Categories
мэдээ цаг-үе

Г.Баасанжав: Олон улсын физикийн олимпиадаас алтан медаль авах зорилго тавиад шавьтайгаа бэлтгэж байгаа

Г.Баасанжав багш шавьдаа “Азийн физикийн олимпиадын футболк нь арай тод аятайхан юм билээ. Солиод өмсчих, медалиа зүүгээрэй” гэж зөвлөж байна. Л.Дөлгөөн хүү багшийнхаа үгийг шууд хэрэгжүүлж, “Олон улсын физикийн олимпиад” гэсэн бичигтэй футболк дээрээ “Азийн физикийн олимпиад”-ынхыг давхарлаж өмсөөд бас Олон улсын физикийн олимпиадын хүрэл медаль дээрээ Монгол Улсын физикийн олимпиадын алтан медалиа зүүчихлээ. Багш, шавь хоёр ийнхүү бэлтгэл хангаад зургаа авахуулсан юм. Л. Дөлгөөн хүүгээс хэдэн медальтайг нь сонирхоход багш нь түрүүлж “30-аад медаль байгаа” хэмээн тоо хэллээ.

Швейцарийн Цюрих хотноо болсон Олон Улсын физикийн олимпиадад 90 орны шилдэг 450 сурагч оюун ухаанаа сорьж, уралдсан юм. Ахлах ангийн сурагчдын дунд болдог уг олимпиадад эх орноо төлөөлж оролцсон хүүхдүүд маань нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн билээ. Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөн, түүний багш Г.Баасанжав нартай ярилцлаа.

Г.Баасанжав багш 1971 онд МУИС төгссөн цагаасаа физикийн багш хийж байгаа. “Шинэ Монгол” сургуульд багшилж байгаад тэтгэвэрт гарчээ. Өдгөө тэрбээр сургуульдаа зөвлөх багшаар ажиллаж, олимпиадын хүүхдүүд бэлтгэдэг.

Олимпиадад хүүхэд “уях” талаар гаршсан ахмад багш Олон улсын физикийн олимпиад хүртлэх үе шатуудыг ийнхүү тайлбарлав.

-Манайх Байгалийн ухааны олимпиад ялангуяа математик, физик, химээр олон улсын түвшинд хүрэх боломж байна. Боловсролын яамнаас өнгөрсөн жилүүдэд физик, химийн иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжийг хот, хөдөөгийн 200 сургуульд хуваарилсан. Энэ нь физикийн сургалтыг сайжруулах нэг гол нөхцөл боллоо. Физикийн олимпиадад зөвхөн тоо боддог юм биш туршилт явуулдаг. Онолын бодлого, туршилтын бодлого гэсэн хоёр үндсэн чиглэлээр явдаг юм. Манай улсад физикийн олимпиад шаталсан хэлбэрээр явдаг шүү дээ. Дүүргийн, хотын, улсын олимпиадаас гадна нэрэмжит олимпиадууд болно. Үүнээс шалгарсан хүүхдүүд Азийн физикийн олимпиадад оролцдог. Азийн физикийн олимпиадаас шалгарсан хүүхдүүд Олон улсын физикийн олимпиадад оролцдог юм. Олон улсын физикийн олимпиадад оролцох хүүхдийн зардлыг Боловсролын яамнаас даадаг. Азийн физикийн олимпиадад оролцох хүүхдүүдийн зардлыг даах газар байдаггүй. Цаашдаа энэ талаар яам, хотын удирдлага анхаараасай. Физикийн олимпиадад нэг ангид таван хүүхэд бэлтгэхэд цаашаа нэг хүүхэд таван хүүхдийг бэлтгэдэг. Олимпиадад бэлтгэх явцад суурь сургалт сайжирдаг. Анхны физикийн олимпиадын хүрэл медалийг 2004 онд нэгдүгээр сургуулийн сурагч М.Отгонбаатар авсан. Дараа жил нь мөнгөн медаль ч авлаа. Одоо алтан медаль авах зорилт зөвхөн “Шинэ Монгол” сургуулийн төдийгүй Монгол Улсын хэмжээнд багш нарын өмнө дэвшүүлж байгаа том зорилт юм гэлээ.

-1971 онд та физикийн багш байжээ. Нийгэм солигдоход хичээлийн агуулга өөрчлөгдөөгүй учраас нийгмийн ухааны багшаас илүү физикийн багш байхад амар байсан болов уу. Гэхдээ далаад оны хүүхдүүд өнөөгийн хүүхдүүдээс маш их ялгаатай байх?

-Физикийн сургалтын агуулга өөрчлөгдөөгүй. Энэ хичээлийг сурагчдад хүргэх арга нь өөрчлөгдөж байгаа л даа. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Гэхдээ одоогийн хүүхдүүд мэдээллийг олон сувгаар авч байна. Мэдээлэл хүлээж авах чадвар сайн байна. Эдэнд тохируулж хичээл заах арга багш болгонд өөр.

-Хүн болгон физикч болохгүй шүү дээ. Харин физикийн хичээлээр амьдралд хэрэг болгох мэдлэгийг олгох хэрэгтэй санагддаг?

-Ер нь дунд сургуульд орж байгаа ерөнхий боловсролын эрдэмүүд математик, физик, биологи хүнийг хүн болгож төлөвшүүлж байгаа юм. Хүний уураг тархийг хөгжүүлж байна шүү дээ. Математикийн долоон томъёог үзсэнээр хүүхэд сэтгэн бодох чадвар нь төлөвших, оюун дүгнэлт гаргах, физикийн хичээлээр Омын хуулийг үзсэнээр хүүхэд цахилгаан хэлхээний гүйдэл хүчдэлийн хамаарлыг ахуй амьдралдаа яаж хэрэглэх мэдлэг олж авна.

-“Физикийн олимпиадад бэлтгэх бодлогууд” гэсэн ном та гаргасан байна. Тухайлбал энэ номонд орсон бодлогууд Олон улсын физикийн олимпиадад ирдэг үү?

-Ирнэ. Өөрөөр хэлбэл энэ чинь бэлтгэл суурь нь болж өгч байна шүү дээ. Олон улсын физикийн олимпиадад бэлтгэх ном тусдаа байна. Их сургуулийн багш нар ийм ном гаргасан. “Шинэ Монгол” сургуулийн, Монгол Улсын гавьяат багш Р.Бавуудоржийн “Олон улсын физикийн олимпиадад бэлтгэх бодлогын ном” бас гарсан. Ингээд бид иж бүрэн сургалтын системтэй, материаллаг баазтай болсон юм.

-Олон улсад өрсөлдөх хүүхдүүдээ тусгайлан бэлтгэдэг үү?

-Би 2004 оноос хойш Олон улсын физикийн олимпиадад хүүхэд бэлтгэж байна л даа. Анх Англид физикийн олимпиадад хүүхдээ авч явж бэлтгэж байсан үеийн бодлогын түвшин одоо үнэхээр өөр болжээ. Зөвхөн дунд сургуулийн сурах бичиг уншаад, олон улсын олимпиадад оролцож чадахгүй. Өндөр түвшинд бэлтгэж байж амжилт гаргана. Гадаадад бол олон улсын олимпиадад системтэйгээр бэлтгэж байна л даа. Олон газар физикийн лицей сургуулиуд байна. Тусгай сургуулиуд бий. Жишээлбэл Хятад, Сингапурт байгалийн ухааны тусгай сургуулиуд байдаг. Лицей, тусгай сургуулиуддаа бэлтгэдэг. Манайд бол олон улсад өрсөлдөх хүүхдүүдээ масс сургалтаас гаргаж, бэлтгэнэ гэдэг их хүч зарцуулдаг ажил. Зөвхөн дунд сургуулийн багш нар бус шаталсан сургалт хийж, МУИС-ийн физикийн багш М.Отгонбаатар, Д.Улам-Оргих нарын хамтын хөдөлмөрийн үр дүнд л хүүхдүүд маань амжилтанд хүрч байна. “Шинэ Монгол”-ын багш нар төдийгүй, нэгдүгээр сургуулийн багш нар, “Сант” сургуулийн багш нар ч хүүхдүүдээ бэлтгэдэг. Хамгийн гол нь манайд авьяастай сурагчдыг сургадаг гүнзгийрүүлсэн сургалттай сургууль алга. Бүх хүүхдийг нэг хөтөлбөрөөр, нэг сурах бичгээр сургахад их хүндрэлтэй. Жишээлбэл Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн тусгай сургалттай сургуулиудыг байгуулаад, тэндээ сурагчдыг хөнгөлттэй сургадаг байх хэрэгтэй. Хувийн сургуулиуд байгалийн ухааны сургууль гээд өндөр төлбөр аваад сургаж байна шүү дээ. Энд авьяастай хүүхдүүд тэр бүр хамрагдаж чадахгүй. Авьяастай хүүхэд Монголын хаана ч бий. Нэгдүгээр сургуульд ч бий, “Шинэ Монгол”-д ч бий. Баянхошуунд ч байгаа. Тэдэнд заадаг багш, материаллаг баазыг бэлтгэж өгөх хэрэгтэй. Долдугаар ангид орж байгаа оюуны чадавхи өндөртэй хүүхдүүдийг сонгож тусгай сургуулиудаар бэлтгэх учиртай. Тэгэх юм бол олон улсад өндөр түвшинд өрсөлдөж чадна. Цаашдаа эндээс өндөр түвшний инженерүүд гарна.

-Одоо хүүхэд бүрийг хөгжүүлнэ гээд байгаа. Тусгайлж хэдэн хүүхэд бэлтгэх амаргүй юу?

-Хүүхэд бүрийг бэлтгэнэ. Шалгарсан хүүхдүүдийг гүнзгийрүүлсэн сургалтаар сургана шүү дээ. Манай “Шинэ Монгол” сургууль өөрийн улсын сургалтын стандартаас гадна Японы сургалтын стандарт программуудыг мөрддөг. Японд суралцаад наймдугаар ангид орж ирж байгаа хүүхэд Боловсролын яамны шугамаар ирсэн “Электрон жаал” гээд угсардаг тоног төхөөрөмжийг хараад “Багш аа, би эд нарыг чинь тав, зургадугаар ангидаа угсарчихсан шүү дээ” гэсэн. Бид хөгжсөн Азийн орнуудаас ч хоцорч байгаа. Тийм учраас яам төдийгүй сургуулиуд ч материаллаг баазаа хөгжүүлэхэд анхаарч байна.

-Олон улсад хүүхэд өрсөлдүүлэхийн тулд их судалгаа хийдэг үү?

-Манайд янз бүрийн төслүүд хэрэгжиж байна. Кембрижийн хөтөлбөрийн сурах бичгийг судалж байна. Манай сургалт ямар байна гэж харьцуулдаг. Олон багш нар Япон явж туршлага судлаад ирж байна. Манай Л.Дөлгөөн ч Японы их сургуульд долоо хоног танилцах аялал хийгээд ирсэн. Манай сургууль багш, хүүхдүүдээ Япон руу их явуулдаг. Харьцуулж хардаг.

-Одоо та нас сүүдэр хэд хүрч байгаа вэ?

-Дал гарч байна.

-Өдий насан дээр хүүхдээ бэлтгээд шинэлэг байж чадна гэдэг мундаг юм аа?

-2000 онд би Англид болсон Олон улсын физикийн олимпиадад ороод “Тэтгэвэрт гарахаасаа өмнө монгол хүүхдийг олон улсаас медаль авахуулах юмсан” гэсэн зорилт тавьсан юм. 2005 онд М.Отгонбаатар гээд одоо МУИС-д багшилж байгаа шавь маань олон улсаас анхны хүрэл медаль авчирч, дараа жил нь мөнгөн медаль авсан. Одоо миний зорилго Л.Дөлгөөнтэйгээ хамт хичээллээд, алтан медаль авахаар зорьж байна. Л.Дөлгөөнд долоо хоногт нэг удаа дөрвөн цагийн хичээл заахын тулд би арваад цаг юм харж интернэтэд орж өөрийгөө бэлтгэдэг.

Гүнзгийрүүлсэн сургалтаар явж байсан хүүхдүүд ЭЕШ-аар 700-800 оноо авч байх жишээтэй. Эд нар Японы Засгийн газрын шалгалтад тэнцээд коллеж их дээд сургуульд суралцахаар явдаг.

Л.ДӨЛГӨӨН: ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДЫН ҮЕЭР ӨМНӨ НЬ ХАРЖ БАЙГААГҮЙ БАГАЖ ТӨХӨӨРӨМЖ ДЭЭР АЖИЛЛАХ БОЛДОГ

Олон Улсын физикийн олимпиадын хүрэл медальт “Шинэ Монгол” сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч Л.Дөлгөөнөөс олон улсын олимпиадын уур амьсгалыг сонирхов.

-Олон улсын физикийн олимпиадын бодлого хэр хүнд байдаг вэ. Олон улс орны хүүхдүүдтэй өрсөлдөхөд юу бодогдох юм?

– Энэ жил 400 гаруй хүүхэд оролцсон. Бодлогын ерөнхий суурь нь ижилхэн. Стиль нь жаахан ондоо. Өмнө нь харж байгаагүй шинэ онолууд орж ирдэг. Тэднийгээ бодлого болгоод хялбарчлаад оруулаад ирдэг. Энгийн

бодлогоос арай жаахан ондоо юм билээ.

-Ерөнхийдөө боломжийн санагдах юм уу. Монгол хүүхдүүдийн хувьд дутагдалтай санагдсан юм юу байв?

-Хүрэл медаль бол боломжийн санагдсан. Бэлтгэл бол яг тэр хэмжээнд байсан. Алтад хүрэхэд бэлтгэл дутуу байлаа. Сандрахгүй хийвэл ер нь бололцоо байдаг.

-Хэр их бэлтгэл хийсэн бэ?

-Долдугаар ангиасаа хойш физик үзэж байгаа. Хичээлийн үеэр бага багаар бэлтгээд явдаг. Олимпиадууд ч бэлтгэл болдог. Зургадугаар сард 20 хоног вакуумжуулсан сургалт хийсэн. Өглөө зургаа, долоон цагаас орой болтол сууж хичээллэнэ. Дундаа амралтын цагтай.

-Хэр олон хүүхэд хамрагдсан бэ?

-Олон улсын физикийн олимпиадад явах таван хүүхэд хамрагдана. Дараа жил явахаар бэлтгэж байгаа таван хүүхэд гээд арвуулаа байсан. Олон улсын физикийн олимпиадад оролцох сургууль сургуулийн хүүхдүүд хамгийн сүүлд хамтарч бэлтгэсэн юм л даа.

-Олон улсын физикийн олимпиадад оролцоход шинээр юу мэдрэв?

-Орон орны хүүхдүүдийг харахад бүгд л нэлээд бэлтгэсэн байлаа. Олимпиадад алт авдаг хүүхдүүд бол биднээс хамаагүй урт хугацаагаар олон жил бэлтгэдэг юм билээ.

-Физикээс өөр дуртай хичээл байдаг уу?

– Ер нь байгалийн ухааны хичээлүүдэд сонирхолтой. Математик хими физик, биологи гээд. Одоо бол физик тал руугаа дагнана. Хэлний хичээлдээ бас сонирхолтой.

-Физикийн хичээл дээр лабораторид ямар туршилт хийдэг вэ?

-Тэнд физикийн томъёо, онолуудаа турших, баталгаажуулах, гараар хэмжилтүүдээ аваад онолуудаа тулгаж харах туршилтууд хийдэг. Олон улсын хэмжээний олимпиад дээр өмнө нь үзэгдэж байгаагүй багаж төхөөрөмжүүд дээр ажиллах болдог.

-Огт хараагүй шинэ багаж төхөөрөмж дээр сандрахгүй ажиллана гэдэг амаргүй байх?

-Ер нь сэтгэлзүйн бэлтгэл нэлээд хийдэг. Өмнө нь Азийн физикийн олимпиадад оролцож байсан болохоор бас жаахан дассан байсан л даа.

-Ямар мэргэжилтэй болно гэж бодож байгаа вэ?

-Яг одоохондоо сонгоогүй байгаа. Ер нь бол инженерийн чиглэлээр л явах байх.

-Төгсөхөөсөө өмнө амжаад олон улсын тэмцээн уралдаанд оролцох уу?

-Олон улсын физикийн олимпиадын алтан медалийн төлөө хичээллэнэ. Гадаадын их дээд сургуульд орох шалгалт гээд бүгдэд зэрэг бэлтгэнэ дээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Монсор: Энгийн орон сууцны үнэ арав гаруй хувиар унаж, тансаг зэрэглэлийн байрууд үнээ алдаагүй

Үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Юу эм си альфа” компанийн гүйцэтгэх захирал Н.Монсортой ярилцлаа.

-Орон сууцны хувьд хэт хөөсөрсөн үнэтэй гэсэн шүүмжлэл бий. Эдийн засаг хямарсан ийм цагт үл хөдлөх хөрөнгийн үнэ унадаг. Орон сууцан дээр үнэ буух хандлага ажиглагдаж байна уу?

-Орон сууцны үнийг ярихын тулд хоёр зүйлийг заавал ярих шаардлагатай. Юуны өмнө орон сууцны үнэ гэдэг бол зах зээлийнхээ жамаар эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг. Орон сууцны зах зээл дээр нийлүүлэгдэж буй байрнууд хэрэглээний хувьд тансаг зэрэглэлийн гэх мэтээр дотроо ялгаатай. Засаг сүүлийн долоо, найман жилд иргэдээ орон сууцжуулахад анхаарсан. Монголчуудын нэг онцлог нь хуримтлалгүй ард түмэн. Хүн хөрөнгөтэй болно гэдэг хуримтлалын нэг хэлбэр гэдэг утгаараа орон сууцжуулах бодлого маш чухал. Зах зээл дэх орон сууцны метр квадратын дундаж үнэ хоёр сая төгрөг байгаа. Гэтэл барилгын компаниудын хамгийн их мөнгө зарцуулдаг газар, дэд бүтцийг нь үнэгүй шийдэж өгч бариулсан, тусгай хөтөлбөрийн хүрээнд боссон орон сууцны үнэтэй харьцуулаад үнэтэй гэж шүүмжлээд байдаг. Эдийн засаг хөгжсөн улсад бол ажилгүйдэл ихсэхэд орон сууцны үнэ бууж байдаг зүй тогтол ажиглагддаг. Манайд ч ялгаагүй, барилгын салбар унаж, 70 мянган ажилтны ихэнх нь ажилгүй зогсоод ирэхээр орон сууцны үнэ бууж байна. Орон сууцны үнэ жилийн өмнөхөөс арав гаруй хувиар унасан.

-Жирийн орон сууцны үнэ буугаад тансаг зэрэглэлийн байрнуудын үнэ буугаагүй гэсэн мэдээлэл бий. Энэ хэр ортой вэ?

-Бид орон сууцны үнийг шинжлэхдээ хоёр эх үүсвэрийг ашигладаг. Нэг нь “Монгол банк” болон “Тэнхлэг зууч” компанийн гаргадаг орон сууцны үнийн индекс. Үүнээс гадна бид өөрсдөө үл хөдлөхийн зах зээл дээр нийлүүлэгдэж буй орон сууцны үнийг улирал тутам судалдаг. Тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ унаагүй нь үнэн. Тодруулж хэлбэл тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд үнийн өөрчлөлт ороогүй төслүүд маш их байна. Тансаг зэрэглэлийн сууцны тухайд мэдээж ихээр нийлүүлэгдэхгүй. Ашиглалтад оронгуут эрэлт нь бэлэн гэдгээрээ онцлог байгаа.

-Тансаг зэрэглэлийн байрны метр квадратын үнэ дунджаар хэдтэй байгаа бол?

-Тансаг зэрэглэлийн байрны хувьд үнийг нь дундажлаад харахаар 2 сая 269 мянган төгрөгөөс 3 сая 251 мянган төгрөгийн хооронд байгаа.

-Тэгвэл дундаж, жирийн орон сууцнуудын хувьд ямархуу үнэтэй байна?

-Нэг сая 750 мянгаас 2 сая 70 мянган төгрөгийн хавьцаа байна. Энэ бол дундажилж авсан тоо. Зах зээл дэх орон сууцыг гурав ангилж байгаа. Эхнийх нь хоёрдогч зах зээл дээр борлуулагдаж байгаа хуучин орон сууцнууд. Энгийнээр хэлбэл соц үеийн хуучин байрнууд. Хоёр дахь нь баригдаж дуусаад анхдагч зах зээл дээр шинээр борлогдож байгаа орон сууц. Гурав дахь нь баригдаж дуусаагүй, захиалгын явцдаа яваа орон сууц. Гурвуулангийнх нь үнэ харилцан адилгүй. Хуучин байрнуудын хувьд үнэ нь нэлээд буусан. Баригдаж дуусаад зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа байрнуудын үнэ гэж яривал зарим нь хөдлөөгүй, зарим нь буурсан. Ерөнхийд нь багцлаад дундажлаад хэлбэл байрны үнэ жилийн өмнөхөөс 11-12 хувь буураад байна.

-Орон сууц барих нэг метр квадратын өөрийн өртөг ихдээ л 800 гаруй мянган төгрөг гэсэн стандарт үнэлгээ гаргасан байдаг юм билээ. Энэ стандарт бодитой бол үнэ хөөсрөөд байгаа юм биш үү?

-Орон сууц барихад гардаг хамгийн том зардал газар, дэд бүтэцдээ зарцуулагддаг. Бас санхүүжилтын зардал гэж том юм бий. Барилгын компаниуд зээлээ төлж чадахгүй байгаа. Зээлийн хүү нь сар бүр бодогдож таарна. Тэгэхээр барилгынх нь зардал нэмэгдээд байна гэсэн үг. Ийм эрсдэл байгаа учраас орон сууцны үнэ өндөр байхаас аргагүй л дээ. Орон сууцны үнэ буулгах асуудал түрүүн ярьсан тодорхой хөтөлбөрүүд дээр хэрэгжих бололцоотой. Дахин хэлэхэд тунг нь тааруулахгүйгээр төр нь хувийнхантайгаа өрсөлдөөд байшин бариад байвал хэцүү.

-Банкуудын зээлийн хүү өндөр байна, гадны банкийг оруулж ирээд барилга, уул уурхай гэх мэтийн том төслүүддээ хямд хүүтэй зээл татъя гэсэн байр суурь хүчтэй сонсогдож эхэллээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Банк гэдэг эх үүсвэрээ хэн нэгнээс тодорхой хувийн хүүгээр татаж аваад мөнгө шаардлагатай байгаа хэн нэгэн рүү тодорхой хувийн хүүтэй эрсдэл болон үйл ажиллагааныхаа зардлыг нэмээд өгдөг байгууллага. Гадны нэг банк ороод ирэнгүүт юу юугүй хүч тэнцвэргүй айхавтар өрсөлдөөн болоод банкны салбар тэр чигтээ алга болно гэж байхгүй. Мэдээж эрсдлийг тооцож байж, хашилтыг нь тавьж, босгыг нь өндөрсгөсний оруулж ирэх учиртай. Том төслүүдэд хямд хүүтэй зээл татах гарцуудыг хайж, ажил болгож байж бид асуудлаа шийднэ.

-Мөнгөгүйгээс болоод гацсан барилгууд олон бий. Гүйцээгээд барьчихвал барилгын салбарт гацсан өчнөөн тэрбум төгрөг эдийн засагт эргэлдэнэ. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл гацсан барилгууд амилах бол?

-Одоо хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгахад 830 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо бий. Хамгийн том толгойны өвчин гэвэл энэ л байна. Барилга бол далан мянга гаруй хүн ажиллуулдаг том салбар. Эдийн засгийг бүрдүүлэгч том секторуудын нэг. Энэ салбар гацсанаар барилгын материал үйлдвэрлэгч, барилга үйлдвэрлэгч, санхүүжүүлэгчид гээд бүгд гацаанд орчихсон. Гэтэл нөгөө талд нь бодит эрэлт байгаа. Бүтээгдэхүүн нь бэлэн болчихвол худалдаж авах хүмүүс нь бий. Харин төслүүдэд барилгаа дуусгах мөнгө алга. Банкнаас авах лимит нь дуучихсан. Хөрөнгө оруулагч нь ч ялгаагүй. Хурааж хумьсан бүх мөнгөө хийгээд огт мөнгөгүй суучихаад байгаа. Энэ хүндрэлээс гарах нэг л гарц бий. Санхүүгийн зах зээлээ олон тулгууртай болговол зовлонгүй шийдэгдэнэ. Санхүүгийн зах зээлээ ингэж хөгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулж ирэх хэрэгтэй.

-Гадны хөрөнгө оруулалтыг яаж, ямар хэлбэрээр оруулж ирвэл зүгээр гэж?

-Хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлбэрээр. Хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг барилгын төслийг хэрэгжүүлж дуусахад зарцуулаад, барилга, байр нь зарагдсан хойно мөнгийг нь хийх замаар явах гарц бий.

-Таны түрүүн хэлсэнчлэн орон сууцны эрэлт өндөр нь үнэн л дээ. Гэхдээ хүмүүст мөнгө алга. Хямд хүүтэй орон сууцны хөтөлбөр үргэлжлэхгүй бол орон сууцны эрэлт бодитоор бий болохгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Сая миний хэлсэн арга зам бол нийлүүлэлтийг дэмжих механизм. Манайд өнөөдөр бол эрэлтийг дэмжих гарц гэхээр ипотекийн зээл байна. Орон сууцны хямд хүүтэй зээлийн хөтөлбөр миний харж байгаагаар тун боломжийн хэрэгжиж байгаа. Эргэн төлөлт нь ч сайн зээл. Цаашдаа үнэт цаасжуулаад гаднаас мөнгө татна гэхээр эх үүсвэр нь төгрөгөөр яваа тал бий. Мэдээж гадаад зах руу төгрөгөөр гарах боломжгүй. Засгийн газрын хувьд тав, найм, арав эсвэл ес гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд бага хүүтэй зорилтот бүлгүүддээ хандсан хөтөлбөрүүдээ гаргах нь буруу биш. Гэхдээ зааг ялгааг нь сайн гаргаж өгөхгүй бол төр нь бизнестэйгээ, барилгын компаниудтайгаа уралдаж өрсөлдөөд байвал хэцүү л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг барилгын салбарт татах боломжтой гэсэн гарцыг та хэллээ. Гадныхан Монголын барилгын салбарыг сонирхож мөнгөө хийх зайлшгүй ямар шалтгаанууд байна?

-Монгол улс байгалийн асар их нөөцтэй. Хөрөнгө оруулагчдын урт хугацаанд харж байгаа эерэг шалтгаан гэвэл энэ. Тэд нэг л зүйлээс болгоомжилдог. Хууль, татварын тогтворгүй орчин мөнгөтэй хүмүүсийн хувьд хадны мангаа байдаг. Энэ тал дээрээ анхаарчихвал барилгын салбарт гадаадаас хөрөнгө татах асуудал биш.

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Ирэх жилдээ багтааж Түлэнхийн төвийг ашиглалтад оруулна

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.

-Гурван сая Монголын эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг Эрүүл мэндийн сайдаар томилогдсонд баяр хүргэе. Өмнө нь эрүүл мэндийн салбарыг мэргэжлийн бус хүн удирдаж байна гэдэг шүүмжлэл явдаг байлаа. Таныг харин салбарын мэргэжлийн хүн хэмээн олзуурхаж байх шиг байна. Ажлаа юунаас эхэлье гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбар гэдэг бол маш том айл. Эмнэлгээр үйлчлүүлдэггүй нэг ч хүн байдаггүй. Хүн энэ хорвоод дөнгөж төрсөн цагаасаа буцах цагаа хүртэл эрүүл мэндийн салбараар үйлчлүүлдэг тул ард түмний анхаарлын төвд байхаас өөр аргагүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарт бусад нөхдийнхөө нэгэн адил галын фронт дээр мөр зэрэгцэн ажиллаж байсан тул салбарынхаа жаргал зовлонг сайн мэднэ. Эмчээс нь эхлээд эмнэлгийн дарга хүртэл албуудыг хашиж явлаа. “Хийе гэвэл арга нь олддог. Хийхгүй гэвэл шалтаг нь олддог” гэдэг үг бий. Энэ үг үнэхээр ач холбогдолтой, ойрхон үнэн үг санагддаг юм.

Эрүүл мэндийн салбарын хууль эрхзүй, санхүүжилтийн тогтолцоо, салбарын ажилтнуудын цалин хангамж, хүний нөөцийн асуудал харьцаа хандлага, ёс зүй гээд цогцоор нь шийдвэрлэх олон асуудал байгаа. Эдийн засаг ийм хүнд байгаа үед санхүүгийн бага зардлаар асуудлуудыг шийдвэрлэх боломж юу байна гэдгийг судалж шийдвэрлэнэ. Бид заавал хөрөнгө мөнгө гэж байхгүй зүйлийн араас санаа зовж суухаар өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан цөөхөн ард түмэндээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж чанартай үзүүлэх вэ, иргэдийн сэтгэл ханамжийг яаж дээшлүүлэх вэ гэдэг асуудлыг салбар дундын бодлогын түвшинд шийдвэрлэж чадна гэж төсөөлж байгаа. Миний зарчим бол аливаа зүйлийг хуулийн хүрээнд хурдан шуурхай хийхийг боддог. Тэр утгаараа эрүүл мэндийн салбарт ч гэсэн хурдыг бий болгоно. Өнгөрсөн долоо хоногт нэлээдгүй ажлыг амжуулсан. Алслагдсан дүүргийн тусламж үйлчилгээ тэр тусмаа хүүхдийн тусламж үйлчилгээ ямар байдаг вэ гэдгийг судлахаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажилласан. Тэнд дөрвөн хүндрэлтэй асуудал байсныг газар дээр нь шийдэж өглөө.

-Нэг дүүргийн эмнэлгийн асуудал биш нийт эмнэлгүүдийн асуудал тийм л байгаа байх. Тулгамдсан ямар асуудал байна вэ?

-Цаг үеийн байдалтай холбоотой агаарын температурын зөрүүнээс болж олон тоног төхөөрөмж ажиллахаа больсон байсан. Хэт халалтаас шалтгаалан нийслэлийн есөн дүүрэг, тусгай мэргэжлийн 13 төвийн хүрээнд аэркондейшн хамгийн чухал байлаа. Гадаа агаарын температур +38 хэм хүрэхэд дотор температур дагаж өсдөг. Хасах нэг градус +10 градуст ажилладаг тоног төхөөрөмжүүд байдаг юм. Хэд хоногийн хэт халалтаас болоод зарим тоног төхөөрөмж түр зогсолт хийсэн бол зарим нь эвдэрсэн. Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг танилцуулан АСЕМ-ын уулзалтаас үлдсэн 60 кондейшнийг бүх эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг, лабораторийн тасаг, эмийн сангуудад нь байрлуулж өгсөн. Сэхээн амьдруулах тасгийн агаарын сэлгэлт өнөөдрийн шаардлагад нийцэхгүй байна. Эмнэлгийг эмнэлэг гэдэг утгаар нь зураг, төсвийг нь хийдэг компани өнөөдөр алга. Одоогийн манай эмнэлгүүд 1970-1980 оны барилгатайгаа өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

-Эмнэлгээс эмнэлгийн хооронд өвчтөнүүдийг явуулдаг байдлыг хамгийн түрүүнд засах хэрэгтэй гэдгийг иргэд ярьдаг юм билээ. Зарим нь тэгж хариуцах эмнэлэггүй явж байгаад амь насаа алдах тохиолдол бий гэдэг. Энэ мэтчилэн шийдэгдэж байгаа ямар асуудал байгаа бол?

-Яах аргагүй эмнэлэг хооронд шилжүүлэх асуудал тулгамдсан асуудлуудын нэг мөн. Ялангуяа өвчтөн хоорондыг тээвэрлэх тал дээр сайдын тушаал, албан даалгаврууд шинэчилэгдэн гарна. Мөн өчигдөрхөн Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн захирлын сонсголыг удирдлагын багын хурлаар хэлэлцэн эх хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах үүрэг даалгавруудыг өгсөн. Эмнэлгээс эмнэлгийн хооронд явдаг чирэгдэлийг таслан зогсооно гэсэн үг.

Анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн хүлээн авахын эмч нь өвчтөнийг хүнд, хүндэвтэр, өөрөө явах боломжтой гэж эрэмбэлэн ялгадаг. Одоо бол хүнд өвчтэй хүнд анхан шатны эмнэлгийн тусламж үзүүлсэн газар нь бусад бүх үйлчилгээгээ зөөврийн, дуудлагын байдлаар авч ирж үзүүлдэг болох юм. Яаралттай түргэн тусламжийн сүлжээг иргэдэд аль болохоор ойртуулж шаардлагагүй дуудлагын тоог цөөлнө. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл өнөөдрийн байдлаар дуудлага авч байгаа хүн нь эмч хүн биш зүгээр оператор ажилладаг учраас дуудсан дуудлага бүрт эмч очих шаардлага гардаг. Гэтэл утсаар зөвлөгөө өгөх боломж бас байдаг. Тэгвэл нөгөө утгаараа үнэхээр хүнд хүн дээрээ хугацаа алдахгүй очих боломж гарч ирнэ.

Улаанбаатарын “А” цэгээс 22-ын товчоо хүрч түргэн тусламж үзүүлэх, Сонгинохайрхан дүүргээс тэнд очиж тусламж үзүүлэх хоёрт асар их зөрүү бий. Хэдий богино хугацаанд яаралтай тусламж үзүүлж чадна тэр хэмжээнд тухайн хүний амь насыг аврах боломжтой. Тиймээс яаралтай тусламжийн төвүүдийг өөрсдийнх нь дотоод нөөц боломжид тулгуурлан Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт байгуулна. Сонгинохайрхан дүүрэгт харин ийм цэг байдаг. Эмнэлгүүдийн хувьд ачаалал ихтэй байдаг тул зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийхийг зорьж байгаа.

Яаралтай тусламж үзүүлдэг бүх эмч, өрхийн эмч нарыг Яаралтай тусламжийн төв дээр давтан сургалтад хамруулна. Шинэ эмийн талаарх мэдээлэл, тоног төхөөрөмж гээд бүх шинэ зүйлийг сургалтаар нь зохицуулна шүү дээ.

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзсан байсан. Дэлхийн эрүүл мэндийн чиг хандлага хаашаа явж байна гэх юм. Манай эрүүл мэндийн салбар хаана нь яваа юм бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч ноён Су Юнт У-г хүлээн авч уулзаж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Өнөөдөр ДЭМБ-ын чиг хандлага нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд өвчилөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд оршдог. Ер нь бол аливаа өвчтөнийг өвчлөхөөс нь өмнө сэргийлэх нь хамгийн бага зардалтай байдаг. Алсын зайн оношилгоог хөгжүүлэх чиглэл дээр төсөл хөтөлбөрийг боловсруулж хамтарч ажиллахаар болсон өөрөөр хэлбэл хөдөө орон нутагт байгаа үйлчлүүлэгч онош тодруулах шаардлагатай үед төвөөсөө зөвлөгөө авах боломжтой болно.

Мөн Сингапурын Темасек сангийнхантай уулзсан. Тэд нийгмийн эрүүл мэндийн асуудал тийм ч сайн биш байна гэдгийг хэлж байна лээ. Тиймээс Темасек сангийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн 160 сургагч багшийг тэнд бэлдэхээр боллоо.

Эрүүл мэндийн яамны харьяаны 16 төв, нийслэлийн эрүүл мэндийн нэгдэл, эмнэлгүүдийн удирдлагуудтай уулзаж ажлын хариуцлага, чанар, хүртээмж, эмнэлгийн ажилтны ёс зүй, үйлчлүүлэгчдээ дээдэлсэн тусламж үйлчилгээн дээр зохион байгуулалтын болон менежментийн ямар өөрчлөлт хийх талаар үүрэг даалгавар өгсөн.

-Манай эмч нар өвчтөнүүдийнхээ гарыг хардаг гэдэг шүүмжлэл их байдаг. Энэ бүгдийг цэгцэлнэ гэсэн үг үү?

-Эмч нар гар хардаг гэдэг дээр нэг зүйл хэлье. Манай монголчууд хартай хүмүүс. Тэр хүний нөхцөл байдал, эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдгийг бид бодох л ёстой. Ачааллаа дийлэхгүй байгаа нөхцөл үүсэв үү, харилцааны доголдол гараад байна уу эсвэл эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотойгоор энэ асуудал гарав уу гэдгийг судлан шийдвэрлэж болно. Монголчууд бид бие биедээ л хүндэтгэлтэй хандах ёстой. Тэр эмч ч, үйлчлүүлж байгаа хүн ч гэсэн Монголын нэг иргэн шүү дээ. Бид эрт цагаасаа л эмч нарыг хайрлаж, хүндэлж ирсэн. Үүний хариуд иргэд үнэхээр сэтгэл ханамжтай тусламж, үйлчилгээ авч байсан. Миний амийг аварсан хүн гээд бурхан биш эмчийг залаад суудаг байлаа. Гэтэл өнөөдөр эмчдээ алуурчин, авлигач гэдэг нэр өгчихөөд тэр хүнээр үйлчлүүлнэ гэдэг бас хэцүү шүү дээ. Энэ хаа хаанаа ярих асуудал. Эрүүл саруул ухаантай хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэж байна.

-Эрүүгийн хуулийн 15.1-д хариуцлага алдсан эмчийг 20 жил хүртэл хорих ялаар шийтгэхээр тусгасан байсан. Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулахаар болж байна. Энэ заалт дээр нэмэлт өөрчлөлт орох уу?

-Эрүүгийн хуулинд мэдээж хариуцлага байж таарна. Гэхдээ хариуцлагын доторх заалтуудыг санаатай, санамсаргүй гэж ялгалгүйгээр хэтэрхий нэг талыг барьсан заалт оруулсан юм билээ. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өмнөх Засгийн газарт шаардлага хүргүүлж, жагсаал цуглаан хийсэн. Ажлын хэсэг байгуулж ч ажилласан. Үүнийхээ дүнд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь өмнөх парламент тарсан тул бид хуулийн төслөө эргүүлэн татаж байгаад дахин өргөн барина. Бодит амьдралдаа нийцсэн заалтыг оруулах нь зөв. Хаа хаанаа хариуцлага бий гэдгийг ойлгох ёстой. Хуулиндаа ч гэсэн эмч нарын хариуцлага байх ёстой, цаашид ч байна. Гэсэн ч санаатайгаар хүн алчихсан хүнтэй дүйцүүлсэн нь буруу.

-Монгол Улсын хэмжээнд эмнэлгийн хүрэлцээ хангамж муу байдаг. Нэг халдварт өвчин дэгдэхэд л эмнэлгийн коридорт хүмүүсээ хэвтүүлсэн харагддаг. Төрийн ордны баруун талын бидний хэлж заншсанаар Төрийн албан хаагчдын эмнэлэг ашиглалтад орж байна гэж дуулсан…

-Би Гэмтэл согог судлалын үндэсний төв, Яармагийн дэнж дээр баригдаж байгаад зогссон 300 ортой төрөх эмнэлэг, Геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн барилга, Төрийн албан хаагчдын эмнэлгээр (хуучин нэрээр) ороод ирлээ. ТАХЭ-ийг одоо бол Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэг болгон өөрчилсөн. Эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж явахдаа маш олон гарцыг олж харлаа. Энэ бүхнээ Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Бидэнд олдсон маш том боломж гэж харах ёстой. Эдийн засаг ийм хүнд байгаа үед бид эмнэлгийн барилга барьж чадахгүй. Нөхцөл байдал дээрээ тулгуурлан ямар арга хэмжээ авах вэ гэдэг гарцыг нь харсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар эмнэлэг нь маш сайн ажиллаж байна. Тусламж үйлчилгээгээ хүртээмжтэй хүргэхийн төлөө төвлөрлийг сааруулах зорилгоор 30 минут тутам үйлчлүүлэгчдээ төв эмнэлгээсээ автобусаар зөөж байна шүү дээ. Ийм сайхан үйлчилгээ явуулж байгааг нь дэмжих хэрэгтэй. Маш том амжилт шүү. Үүн дээрээ бид өөрчлөлт, шинэчлэлтээ зөв хийх ёстой. Манайхан нийтлэг том эрх ашгаа хардаггүй. Жалга довны эрх ашгаа харснаас болоод буруу яваад буй зүйл бий. Ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмжийг ашигладаг газар нь өгөөд танайд хэрэгтэй тоног төхөөрөмжийг аваад ирье гэхээр “үгүй” гээд дайрчихдаг. Үүнийхээ оронд бид нийтлэг эрх ашгаа томоор харж сурах хэрэгтэй. Тэгж чадвал бид нэмж барилга барих, тоног төхөөрөмж авах шаардлагагүй. Олон улсын байгууллагын шугамаар ирсэн эмнэлгийн тоноглолтой микро автобус эрүүл мэндийн хөгжлийн төвд ашиглагдахгүй байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгөхөөр болсон. Нэг нь хэрэглэхгүй байгаа зүйлээ нөгөөдөө өгч яагаад болохгүй гэж. Дотроо зохицоод энэ мэтчилэн зүйлсийг шийдэж болно. Би сайдын ажлаа аваад найм хонож байна. Ямар ч байсан энэ хугацаанд нэлээдгүй зүйлийг амжууллаа. Цаашид богино хугацаанд их зүйлийг хийнэ. Ирэх жилдээ багтааж Түлэнхийн төвийн барилгыг ашиглалтад оруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Төрөх эмнэлгийн асуудлууд яах бол. Яармагийн төрөх эмнэлэг гэж дуншсан барилга нэг байна?

-Өнөөдөр (өчигдөр) өглөө долоон цагт Яармагийн дэнж дээр баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгыг яамныхаа бодлого төлөвлөлт, зохицуулалт, хөрөнгө оруулалтын газрынхантайгаа хамт очиж үзлээ. Энэ барилга дээр нэлээд асуудал бий. Наад зах нь зургаан тэрбум төгрөгөөр дэд бүтцийн асуудлыг нь шийдэх юм байна. Барилгын үлдсэн санхүүжилт гэхэд 20 гаруй тэрбум юм билээ. Тийм их мөнгө байхгүй тул концессын гэрээгээр үргэлжлүүлэх үү, яах вэ гэх зэрэг шийдвэрлэх ёстой олон асуулт байна. Олон асуудлуудын цаана салбар дундын бодлогыг цогцоор нь шийдвэрлэх Засгийн газар ажиллаж байгаа тул энэ бүх асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна. Удахгүй Эмнэлгийн ажилтны өдөр болох гэж байгаа тул салбарынхаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэн, хамтдаа ихийг хийж бүтээхийг уриалж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэн: Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна

“Өдрийн сонин”-ы 2016.08.10-ны 182 (5447) дугаараас авч нийтлэв

“Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан, олимпийн мөнгөн медальт Монгол Улсын гавъяат тамирчин Д.Сумъяагийн аав Н.Доржсүрэнтэй ярилцлаа.


-Охин тань “Рио-2016” олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж, Монголын эмэгтэй жүдочдын анхны медалийг авлаа. Баяр хүргэе. Медаль авна гэж итгэж байв уу?

-Баярлалаа. Маш их баяртай байна. Охин маань 2012 оны Лондонгийн олимпод орсоноосоо хойш жилээс жилд барилдаан нь сайжраад өөрийгөө сайн хөгжүүлсэн. Ер нь медаль авчих байх гэсэн итгэлтэй л сууж байлаа. Жүдогийн спорт сонирхдог хүн бүхэн манай охинд найдвар тавьж байсан байх. Эх орныхоо итгэлийг алдалгүй олимпийн мөнгөн медаль авсан охиноороо бахархаж байна.

-Явахдаа юу гэж байсан бэ. Амлалт өгсөн үү. Бас аав, ээжийн захиас байсан байх?

-Миний охин явахдаа медаль авна гэж том ам гараагүй ч бид дотроо медаль авчих байх л гэж бодож байсан. Охиноо явахад тайван байж өөрийнхөө бодсон бүх барилдааныг үзүүлээрэй, хичээгээрэй гэж захисан даа. Охин маань надад “Ааваа та тайван байгаарай. Сэтгүүлчид яриа авъя гэвэл тайван даруухан бай. Охин нь сайхан барилдчихаад ирнэ” гэж хэлсэн. Тамирчиддаа амжилт хүсээд охиноо үнсээд л явуулсан даа.

-Цагийн зөрүүтэй байгаа шүү дээ. Барилдааныг нь үзсэн үү?

-Үзсэн. Бид охиноо гаргаж өгчихөөд Увс аймгийн Баруунтуруунд нутагтаа ирчихсэн байгаа юм. Төрсөн нутгийнх нь уул усанд залбирч захыг нь мушгиж хамаатан саднаараа дэмжлээ. Баруунтурууныхан шөнө манайд ирээд барилдааныг нь хамт үзсэн. Шөнөжин нутгийн ард түмэн нь баярлаад бужигнаж байгаад 05.00 цагт жаахан амарсан.

-Нэг ёсондоо Увс аймгийн Баруунтуруун сумынхны баяр болж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Баяраа тэмдэглээд эхэлчихсэн л байна. Сэтгэл догдолсон нутгийн ард иргэд маань одоо болтол манайд ирж баяр хүргэсээр байна. Хашаагаар дүүрэн хүн байна. Өглөөнөөс хойш 60-70 дуудлага ирчихсэн байна. Утсаар ярих ч завгүй л байна даа. Нутгийн ард олон, найз нөхөд бүгд л цуглачихсан байна.

-Алтын төлөөх барилдааныг үзсэн үү. Дүрэм зөрчсөн гэх яриа гараад байна?

-Хотоос ярьсан бүх хүн шүүлт нь буруу болчихлоо гэж ярьж байна лээ. Манай нутагт шөнөжингөө бороо ороод яг алтын төлөөх шийдвэрлэх барилдааныг үзэж чадаагүй. Нэгэнт л шүүгчийн шийдвэр бол шийдвэр шүү дээ. Түүнтэй маргалдаад яахав л гэж бодож сууна.

-Д.Сумъяа өөрийгөө бүрэн дайчилж барилдсан гэж бодож байна уу?

-Охин маань өөрийгөө бүрэн дайчилсан. Зурагтаар харж байхад дэвжээн дээр гарахдаа сэтгэл санаа нь их тайван байсан. Их л сайхан барилдаан үзүүлсэн гэж бодож байгаа шүү. Багш нар, жүдогийн холбоо, нутгийн ах дүүс, охиныг маань дэмжсэн Монголын ард түмэндээ бүгдэд нь баярлаад сууж байна.

-Учраа таарсан тамирчдаас хэнийг нь хүндхэн өрсөлдөгч гэж харж байв?

-Олимпод оролцож байгаа тамирчид дунд муу тамирчин гэж байхгүй. Бүгдээрээ л сайн тамирчин. Би Португалийн бөх Телма Монтеро, Японы Каоро Мацүмото хоёрыг л хүнд өрсөлдөгч гэж дотроо бодож байлаа. Хамгийн хүнд барилдаан нь Монтеротой хийсэн барилдаан гэж бодож байна. Каоро Мацүмототой өмнө нь таарч байсан учраас барилдааныг нь мэднэ. Хүссэн мэхээ сайхан хийсэн байх. Бразилын тамирчин Рафаэль Силватай аваргын төлөө барилдаад ялах байх гэж бодож байсан ч санаснаар болсонгүй.

-Медаль авснаас нь хойш охинтойгоо холбогдсон уу?

-Холбогдсон. Хоолой зангираад уйлаад ярьж чадсангүй. Аавыгаа ингэж нэг уйлууллаа даа. Баярлаад нулимс гараад байдаг юм байна. Гайгүй тайвширч байгаад багштай нь ярьсан. Х.Эрдэнэт-Од багш нь эхнэр бид хоёрт баяр хүргэж байна лээ. Аав, ээж нь охиндоо хайртай шүү. Чи бидний болоод Монголын ард түмний бахархал болж чадлаа.

-Нутагтаа хэзээ ирэх вэ?

-Энэ сарын 19-нд ирнэ гэсэн. Тэрнээс өмнө хамаатан садан аав, ээжийгээ аваад Улаанбаатар хот руу явж охиноо тосч авна даа.

-Танайх Улаанбаатар хотод хаана амьдарч байгаа вэ?

-Дэнжийн мянгын IX хороонд амьдарч байгаа.

-Та залуудаа чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан гэсэн. Тэр нь охинд тань нөлөөлсөн юм болов уу. Хэзээнээс бөхөөр хичээллэж эхэлсэн бэ?

-Манай гэр бүлийнхэн спортод сонирхолтой л доо. Би бас чөлөөт бөхөөр барилдаж байлаа. Охин маань бөхөөр хичээллэх их сонирхолтой байсан. Өөрөө хүссэн болохоор зургадугаар ангиас нь дэмжиж уралдаан тэмцээнд оруулж эхэлсэн. Эхнэр бид хоёр охиныгоо их дэмждэг. Өөрөө дур сонирхолтой болохоор том амжилт үзүүллээ гэж боддог юм.

-Анхны багш нь хэн бэ. Х.Эрдэнэт-Од багштайгаа хэзээнээс хичээллэж эхэлж байв?

-“Монгол охид” клубын н.Бадамсүрэн манай охины анхны багш. Багштайгаа нэг жил хичээллэчихээд тэрнээс хойш арав гаруй жил Х.Эрдэнэт-Од багшийн гар дээр хичээллэж өдий зэрэгтэй амжилтанд хүрч байгаа хүн дээ.

-“Рио 2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн хүнд 60 сая төгрөг өгөөд сар бүр гурван сая төгрөг өгнө гэсэн?

-Мэдээгүй л байна.

-Д.Сумъяа найз залуутайгаа хамт Рио де Жанейро хотыг зорьсон гэсэн байх аа?

-Бразилд одоо хамт байгаа. Жүдо бөхийн холбооноос найдвар тавьж байгаа тамирчдынхаа ар гэрийнхнээс нэг хүн авч явж сэтгэл санааг нь дэмжүүлнэ гэсэн юм. Бид ярилцаж байгаад найз залууг нь явуулсан. Найз залуу нь Цогтгэрэл гээд улсын шигшээ багийн тамирчин учраас сэтгэл санааг нь дэмжиж, сайн зөвлөгөө өгөх байх гэж бодсон. Охины маань сэтгэл санааг сайхан дэмжсэн байх.

-Охинд тань сүй тавьж, худууд хадаг тавьсан гэж сонслоо. Удахгүй хуримын тов зарлах байх даа?

-Олимпоос медаль авбал бодсон юм байгаа ааваа гэж хэлж байсан. Ирж байгаад нэг юм бодох байх. Охин маань 25 нас хүрчихсэн шүү дээ. Үеийнх нь найзууд бүгд гэрлээд хүүхэдтэй болчихсон. Спортоор хичээллэдэг хүний амьдрал жаахан оройтдог л доо. Одоо ирж байгаад гэр бүлийн асуудлаа ярилцах байх. Хурим найраа хийгээгүй ч хадаг сүүгээ авчихсан үерхээд, хамт бэлтгэл сургуулилтаа хийгээд явдаг.

Манайх зургаан хүүхэдтэй айл. Сумъяа маань айлын том охин. Доороо дөрвөн эрэгтэй, нэг охин дүүтэй. Эгчийгээ барилдаж улс, дүүргийн аваргын барилдаанд ороход омогшоод би барилдъя гээд хоёр дүү нь дагаж хичээллэж байсан юм. Одоогоор барилдаж байгаа хүн байхгүй. Хүндийн өргөлт, сагс, волейбол гээд өөрсдийнхөө сонирхлоор явчихсан. Манайхан их спортлог гэр бүл л дээ.

-Ээж нь хэр их догдолсон бэ?

-Эхнэрийг маань Ц.Дэлгэрмаа гэдэг. Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуульд багшилдаг юм. Охиныгоо барилдахыг хараад мэдээж их догдолсон. Одоо гэрт хүн ирээд цай, хоол хийгээд завгүй л байна. Энэ олон хүний чин сэтгэлийн талархлын үгийг сонсгож байгаа охиндоо дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Шинэбаяр: “Большой театр”-ын дуучид сайхан дуулах юм, Монголын дуучид дутахгүй юм байна гэж бодогдсон

“Universe Best Songs-2016” наадмын гранпри шагналын эзэн Ц.Шинэбаяртай ярилцлаа. Тэрбээр СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг энэ жил төгссөн, Ардын жүжигчин А.Долгорын шавь ажээ.

-Ялагч болсныхоо дараа Москва хотын “Большой театр”-т тоглолт үзээд ирсэн гэсэн. Их театрт дуулах юмсан гэж олон дуучин хүсдэг. Юу бодогдож байв?

-Мэдээж дуурийн дуучин хүний хувьд мөрөөддөг л дөө. Большой театр гэдэг бол монголчуудын төдийгүй дэлхийн дуурийн дуучдын хувьд мөрөөдлийн театр. Энэ театрт саяхан “Universe best songs” наадмынхаа ачаар, тэр дундаа БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн урилгаар дуурь үзээд ирлээ. Дээд зэрэглэлийн мэргэжлийн хүмүүсийн дуулалт, жүжиглэлтийг үзсэндээ сэтгэл өндөр байна. Үүнээсээ ч маш их эрч хүч авсан. Дуурь үзэхээр ОХУ-д очиход Монголын Элчин сайдын яамныхан их тусалж дэмжсэн шүү. Намайг яаман дээрээ байрлуулж, хоол унд байраар хангаж өгсөн Элчин сайд Б.Дэлгэрмаад баярласнаа илэрхийлж Б.Шаравын хөгжим “Аав ээж хоёр минь” дууг дуулж өгсөн л дөө. Дуучин ээжийн охин болохоор урлагийн мэдрэмж асар өндөртэй хүн байна лээ, Элчин сайд.

-Манай дуурийн дуучид орос школтой гэдэг. Ер нь хэр ялгарч сонсогдох юм бэ?

-Монголын дуурийн театр дэлхийн хэмжээнд гарч байгаа том театр гэж боддог. Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Г.Ариунбаатар гээд дэлхийн түвшинд дуулж байгаа сайхан залуу дуучид бий. Их театрын дуучдын дуулалт сайхан юм. Монголын дуучид ч дутахгүй юм байна даа гэсэн бодол төрж байлаа.

-Дуурийн дуулаачийн уралдаан тэмцээнд өөрийгөө сойж байв уу?

-Мэргэжлийн дуулаачдын дунд дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Учиртай гурван толгой” шилдэг дүрийн уралдаан болдог. Энэ жил гуравдугаар сард болсон. Энэ уралдаанд Хоролмаагийн дүрээр оролцож, дэд байр эзэлсэн. Олон театр, чуулгын дуучид дундаас дэд байр эзэлсэндээ баяртай байгаа. Энэ жил амжилт ихтэй байна.

-Яагаад Нансалмаа биш Хоролмаа гэж?

– Нансалмааг Монголын сайхан хүүхний төлөөлөл гэж хүн болгон боддог. Тэгэхээр би ерөнхийдөө бие намхантай, жүжиглэлт дуулалтаараа байж болох юм гэсэн бодолтой энэ дүрийг сонгосон л доо. Гэхдээ л Хоролмаа Нансалмаагаас илүү хүмүүсийн сонирхлыг татдаг шүү дээ. Багш маань сайхан бэлтгэж өгсөн. Хоролмаа бол хайр дурлалынхаа төлөө эцсээ хүртэл тэмцэж байгаа эмэгтэйн дүр. Гоё дүр. Яавал надад ашигтай байх вэ гэж боддог. Эрсдлээс айдаггүй, зоримог эмэгтэй.

-Дуурийн дуучин хүн “Universe Best Songs”-д түрүүлсэн нь сонирхолтой санагдсан. Шоу маягийн цэнгээнт нэвтрүүлэг шүү дээ. Ари, романс дуулахад хүмүүст тэр болгон хүрдэг билүү?

-Монголд олон шоунууд гарч байна. Хүмүүсийг эстрад дуунууд байлдан дагуулж байгаа. Гэхдээ л сонгодог урлаг ойлгодог хүмүүс нэмэгдсэн гэж боддог. Энэ жил би СУИС-ийг таван жил сурч дүүргэсэн. Мэргэжлийн дуучин болсон. Энэ утгаараа энэ уралдаанд зоримог орсон л доо. Ер нь яагаад сонгодог урлагийн хүн, тэр тусмаа эмэгтэй хүн байж болохгүй гэж. Анх энэ уралдаанд оролцох саналыг А.Долгор багш маань тавьсан юм. А.Долгор багш надад итгээд энэ тэмцээнд орооч гэж байхад би өөртөө итгэхгүй байхдаа яадаг юм гэж бодсон л доо. Өмнөх уралдаанд манай Б. Жавхлантөгс амжилттай оролцож түрүүлж байсан. Эрэгтэй хүн сонгодог дуугаар түрүүлж байхад эмэгтэй хүн яагаад ялагч болж болохгүй билээ гэж бодсон. Шат шатанд маш их бодолтой орсон л доо. Нэгдүгээр шатандаа поп опера дуулсан бол финал дээрээ “Одоо л бүх нөөц бололцоогоо шавхдаг хэрэг” гээд ари дуулах жишээтэй. Энд тэнд явахаар хүмүүс “Хүүе, нөгөө түрүүлдэг охин байна. А.Долгор багшийн шавь байна” гэдэг. “Мундаг байсан шүү, дэмжиж байсан шүү” гэхээр нь маш их энерги авдаг. Одоо бас монголчууд сонгодог урлагийг илүү ойлгодог болчихсон юм байна.

-А.Долгор мундаг дуучин, сайхан эмэгтэй харин хэр багш вэ?

-Миний багш амьдрал дээр ч ажил мэргэжил дээрээ ч гэр оронд нь очсон ч тэр яг л байгаагаараа байдаг. Байгаа байдал нь маш эрхэмсэг гоё санагддаг юм. Эмэгтэй хүн яг л ийм баймаар юм байна гэж багшаасаа үлгэр жишээ аваад хааяа намбалаг байх гэж хичээнэ. Маш сайн багш. Зөвхөн хичээлээс гадна амьдралын маш сайхан зөвлөгөө өгдөг.

-Ингэхэд та уртын дуу дуулдаг уу?

-Дуучны удамтай. Аавын маань ээж Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын хүн байсан. Би ч тэр сайхан нутагт төрж өссөн л дөө. Нутгийн маань энерги нөлөөлдөг болов уу. Эмээ маань уртын дуу сайхан дуулдаг. Найран дээр дуулахаар хүмүүс дахиулдаг байсан гэж ярьдаг. Харамсалтай нь эмээ маань намайг дуучин болохыг харж чадалгүй бурхан болсон. Гэхдээ намайг тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Би багадаа дуулдаг байсан гэсэн. Гурван настай байхдаа “Сүүн далай ээж”-ийг дуулж байсан гэж ээж ярьдаг. Гэхдээ тэмцээн уралдаанд амжилт үзүүлж байгаагүй. Анх уралдаанд амжилт үзүүлсэн нь ноднин СУИС-д дуурийн дуулаачаар сурч байгаа оюутнуудын дунд болсон “Лавай” гээд анхдугаар уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Түүнээсээ улам хүч аваад одоо бол ахиад ямар уралдаан тэмцээн болох нь вэ гээд уяан дээрээ дүүхэлздэг морь шиг л байна шүү дээ. Эмээ маань уртын дуу дуулдаг байсан болохоор уртын дуу бага зэрэг дуулна. Эмээ намайг уртын дуучин болгоно гэж ярьдаг байсан. СУИС-д орохдоо хүмүүсийн зөвлөгөөг дагаад дуурийн дуулаачийн ангийг сонгосон доо.

-Дундговийнхон Н.Норовбанзад гуайгаас авахуулаад олон сайхан дуучидтай?

-Н.Норовбанзад гуай манай Дундговь аймгийн Дэрэн сумынх. Би бол Дэлгэрхангай сумынх. Ардын жүжигчин Г.Хайдав багш байна. “Ардын элч”-ийн Ариунаагийн дүрээр нь хүмүүс сайн мэддэг П.Цэвэлсүрэн гуай гээд сонгодог урлагийн төлөөллүүдтэй. Нутгаас маань олон мундаг жүжигчид гавьяатууд төрж байна. Цаашдаа ч нутгийнхаа нэрийг гаргачих юмсан гэж хичээж яваа.

-Италид сурах гэж байгаа гэсэн үү?

-“Movie English” гээд “Univ­ers best songs” наадмын ивээн тэтгэгч хэлний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг клуб бий. Тэр байгууллага ивээн тэтгэж, Италид нэг жил суралцахаар болсон. Энэ бол хэн хүнд тохиолдохгүй аз шүү. Есдүгээр сараас эхлээд долоон сарын хугацаатай хэлний бэлтгэлд тус клубт явах юм. Дараа жил сургуульдаа явна гэсэн төлөвлөгөөтөй байгаа.

-Дуурийн дуулаачдын хувьд итали хэл чухал шүү?

-Итали дуурийн өлгий нутаг гэдэг утгаараа дэлхийн том том дууриуд итали хэл дээр байдаг. Тэр утгаараа зайлшгүй итали хэл сурахгүй бол болохгүй. Тус клубынхандаа маш их баярлаж байгаа шүү.

-Сурч ирээд хаана ажиллах вэ?

-Ажлын санал ирсэн. Одоохондоо сурах шаардлагатай байгаа учраас хараахан хүлээж аваагүй байна. Ямар ч байсан Италид сурч ирээд хаана ажиллахаа шийдэх бодолтой байна.

-СУИС-д суралцахаас өмнө хаана ажиллаж байсан бэ?

-СУИС-д сурахаасаа өмнө Улаанбаатар их сургуульд монгол солонгос хэл судлаач мэргэжлээр суралцсан. Энэ мэргэжлээр ажиллаж чадаагүй. Урлагт татагдаад байсан л даа. 24 насандаа СУИС-д элссэн. Хөгшин оюутны тоонд ороод цохиж явлаа.

-Гэрийнхнийхээ тухай яриач?

-Гэр бүл гэвэл ээж, аав дүү, охинтойгоо амьдардаг. Ээж аав шиг сайхан амьд бурхан байдаггүй юм байна гэдгийг ойлгосон. СУИС-д сурч байхдаа охиноо тээж төрүүлсэн л дээ. Ээж, аав маань чөлөө авч болохгүй гээд хүүхдийг маань харж өгсөн. Хүүхдээ төрүүлээд хоёр сар болоод л хичээлдээ дүн өвлөөр явж байлаа. Хичээлдээ сууж байхад гэрээс залгаж “Хурдан ирээч” гэдэггүй. Ээж, аавдаа баярлаж явдаг. Анх манай аав, ээж хоёр дуурь сонирхдоггүй байсан бол одоо сонгодог урлагийг сайн ойлгодог, дэмждэг болсон. Тэр тусмаа миний улаан фэнүүд. Намайг дуулахаар аав маань уйлаад сонсдог. “Аргалд явсан ээж”-ийг дуулаад өгөөч гэдэг. Гэртээ би чинь хааяа тайлан тоглолтоо хийнэ шүү дээ.

-Охин чинь ээжийгээ зурагтаар хараад их баярладаг байх даа?

-Охиноо тээж байхдаа дуугаа дуулж явсан болохоор ч тэр үү сонгодог дуунд дуртай. Ямар сайндаа А.Долгор багшийнхаа цомгийг тавихаар “Долгор эмээ дуулж байна” гэдэг. Уралдаан тэмцээний бүх шатанд намайг очиж дэмжсэн. Сүүлийн гала тоглолтын үеэр манайхан эхнээсээ гурав дахь эгнээнд суусан юм. Жаахан сандарч байсан чинь охины минь дуу гараад “Ээж ээ гараад ирсэн” гэж байгаа нь сонсогдсон. Тэгэнгүүт охиноо бодоод сандралгүй дуулсан даа.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: АН шүншиггүй бурхан шиг, сүнсгүй хүн шиг болсон, одоо өөрчлөх ёстой

УИХ-ын гишүүн Ж.Батзандантай ярилцлаа.

-УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөөд байна. Анхдугаар чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилох, байнгын хороодоо байгуулах гэх мэт асуудлыг хэлэлцдэг. Гэтэл энэ чуулганаар Төрийн албаны зөвлөлийн хүмүүсийг халж, томилох зэрэг асуудлыг оруулж шийдвэрлэлээ гэж сөрөг хүчний гишүүд эсэргүүцэж үг хэлж байсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын тухай хуульд анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудлыг маш тодорхой заасан байдаг. Нэгдүгээрт, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүнийг шинээр бий болгох, хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, гуравдугаарт бусад асуудал гэж байдаг. Эрх баригч нам бусад асуудлын хүрээнд Монголбанк, Төрийн албаны зөвлөлийн удирдлагуудыг чөлөөлөх, томилох асуудлыг яаралтай хэлэлцсэн гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ энэ нь төрийн албаны тогтвортой байдал, төрийн бодлогын залгамж халаа алдагдахад хүргэх вий гэсэн эмзэглэл олон хүнд байна.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулах хүлээлт байсан. Гэвч ялгаагүй “давхар дээл”-тэй гишүүдтэй боллоо гэсэн шүүмжлэл байна. Мөн өмнө нь МАН дэд сайдын албан тушаалыг эсэргүүцэж байхгүй болгосон мөртлөө өөрсдөө оруулаад ирлээ гэж байгаа?

-Эрх баригчид амласныхаа яг эсрэгийг хийж эхэлсэн байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн. Гэвч мэргэжлийн бус олон сайдуудыг томиллоо. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүрэгт ажлыг давхар хашдаг байдлыг хална гэж амласан. Харамсалтай нь давхар дээлтэй сайд нарын тоо найм, ес боллоо. Дэд сайдгүй байна гэж амласан. Бүх яамд дэд сайдтай боллоо. Олон зүйл дээр эрх баригчид яг хэлснийхээ эсрэгээр хийж байна. Татварыг нэмэхгүй гэж амласан. Удахгүй нэмэх тухай ярих байх. Өр зээл нэмж тавихгүй гэсэн. Гэтэл өр зээл нэмж тавих тухай яриа ордонд явж байна. Энэ маягаар улс орныг хямралаас гаргах боломжгүй л дээ. Эрх баригчид худал амлалт өгснийхөө төлөө ард иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй. “Бид буруу бодсон байна. Бид худлаа амласан байна” гэдгээ хүлээх хэрэгтэй.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дуулиан одоо ч арилаагүй байна. МАН үнэмлэхүй олонх болж 65 суудал авлаа. Ардчилсан намын ялагдлын шалтгааныг хүмүүс янз бүрээр л ярьж, тайлж байна л даа. Таны хувьд юу гэж үзэж байгаа вэ?

-Энэ удаагийн сонгууль жижиг мажоритар системээр явсан. Жижиг мажоритар системийн үед сонгогчдын санал нэг тийшээ хэт савдаг. Тухайлбал, 1996 онд АН 50 суудал, 2000 онд МАН 70 гаруй суудал авч байлаа. Энэ удаагийн сонгуульд МАН 65 суудал авсан. Энэ бол сонгогчдын үнэлгээ гэхээсээ илүү системийн алдаа юм. Энэ нь хүний төлөө биш, намын төлөө санал өгдөг систем юм. Хэрэв энэ системээр цаашид сонгууль явах юм бол сонгогчдын санал хаашаа ч савж мэднэ. Яг одоо нийт саналын 40 орчим хувь нь гудамжинд ямар ч төлөөлөлгүй үлдлээ. 50 гаруйхан хувийн санал авсан МАН парламентад 65 суудалтай л боллоо. Энэ бол МАН-ын гавьяа гэхээсээ илүү системийн гажиг юм даа.

-Ардчилсан намын хувьд эрх барьж байхдаа маш их бүтээн байгуулалтын ажил хийсэн. Харин иргэд сонголтоо хийхэд тэр нь төдий л нөлөөтэй биш байсан юм биш үү?

-Ардчилсан намын засаглаж байсан он жилүүдэд олон бүтээн байгуулалт хийгдсэнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэхдээ Засгийн газар бодлогын асар олон алдаа завхрал гаргасныг бас мартаж болохгүй. Алдаагаа бусдаас хайх хэрэггүй. Тодорхой хэлбэл сонгогчдоос хайх бүр ч хэрэггүй. Ардын нам зарим тойрогт луйвардсан, царцаа нүүлгэсэн байж магадгүй. Гэхдээ энэ нь сонгуулийн дүнд нийтэд нь нөлөөлөх боломжгүй л дээ. Иймд Ардчилсан нам ялагдлын шалтгаанаа өөрөөсөө хайх хэрэгтэй. АН таван фракцтай. Эрх мэдэл авахаараа фракц хоорондын зодоон өрнөдөг түүхтэй.1996 онд ч ийм байсан. 2012-2016 онд ч ийм байлаа. Ер нь АН-ынхан бид ихэнхдээ өрсөлдөгчтэйгөө бус өөрийнхөнтэйгөө өрсөлддөг. Дотооддоо зодолддог. Нэг фракц нь нөгөө фракцаа ялахын тулд, нэг бүлэглэл нь нөгөөгөө дийлэхийн тулд АН хамаг хүчээ дотооддоо шавхаж дуусгадаг. Энэ бол бидний араншин, бас бидний өвчин. Энэ өвчнөө эмчлэхгүйгээр АН цаашид эрх барих боломжгүй. Төр босоо байдаг бол АН хэвтээ тогтолцоотой. Хэвтээ тогтолцоотой нам, босоо тогтолцоотой төрийг удирдах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гучин тусдаа нам, таван өөр фракцыг дураар нь тавибал юунд хүргэдгийг хангалттай харлаа. Одоо өөрчлөх хэрэгтэй. Хагас босоо тогтолцоо руу АН шилжих ёстой.

Мөн нөгөө талаас АН-ын үед явуулсан эдийн засгийн бодлого зарим талаараа буруу байсан. Ялангуяа Фортуна гэдэг хүн 2012 оноос хойш хямралтай тэмцэх бус, хямралыг дэмжих бодлого явуулж эхэлсэн. Дөрвөн жилийн өмнө миний бие энэ талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт захидал бичиж байлаа. Эдийн засгийн бодлогоо өөрчлөхгүй бол таныг тун удахгүй иргэд, Монголын Улсын Ерөнхий сайд бус, хямралын загалмайлсан эцэг гэж дуудах болно гэж сануулж байлаа. Харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газар ирж буй хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч дорвитой бодлого явуулаагүй. Дэнзэнтэйгээ зууралдсаар байгаад л дууссан, Н.Алтанхуягийн үед Монгол Улс бондтой, Төрийн банкиндаа 500 сая доллартай, төсөв нэмэхтэй гарч байлаа. Туйлдаж сөхрөхгүйгээр, дотоодын эдийн засгаа эрчимжүүлэх замаар хямралын эсрэг тэмцэх бүрэн боломжтой байсан. Дөрвөн жилийн өмнө дэлхийн эдийн засаг унаж, уул уурхайн бараа бүтээгдэхүүний үнэ доод цэгтээ очих нь,төсөвт цоорхой үүсэх нь маш тодорхой харагдаж байсан. Гэвч манай тухайн үеийн эрх баригчид, Засгийн газрын их мэдэгчид өсөлтийн үеийн эдийн засагтайгаа л зууралдаж, тоон үзүүлэлтийн хойноос л хөөцөлдсөн. Хямралаас урьдчилан сэргийлэх ямар ч бодлого гаргаагүй. Мөнгө санхүү, төсөв хөрөнгө оруулалтын бодлогоо ч эхнээс нь зангидаж чадаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг олон салаа замаар олон хэрэггүй зүйлд зарцуулсан.

-АН-ын хувьд энэ сарын 25-нд Үндэсний зөвлөлдөх хорооныхоо хурлыг хийж намын даргаа сонгох асуудлыг ярина. Зарим нь их хурлаараа намын даргыг сонгох ёстой гээд хоёр янзын зүйл яриад байна л даа?

-Одоо АН үндсээрээ өөрчлөгдөх хэрэгтэй. Найман жил их хурлаа хийгээгүй. Сүүлийн тав, зургаан жил намын шат шатны байгууллагадаа салхи оруулаагүй АН ялзралынхаа дээд цэгт хүрсэн. Үндэсний зөвлөлдөх хорооны 200 хүн, тодруулж хэлэх юм бол хэдэн бизнес бүлэглэлийн төлөөлөл АН-ыг сүүлийн найман жил удирдлаа. З.Энхболд дарга энэ намыг өөрчлөх болов уу гэж бид их хүлээсэн. Санаа нь байсан ч сачий нь хүрээгүй. Үндэсний зөвлөлдөх хороогоо ч хуралдуулж чадаагүй, намын дүрэм журмаа ч өөрчилж чадсангүй. Энэ бол АН-ын ялагдлын нэг том шалтгаан. Үүнээс болж АН нийгмийг шинэчлэгч, урагшаа чирэгч улс төрийн хүчин байж чадахаа больсон. Өөрсдийгөө шинэчилж, өөрчилж чадахгүй байгаа намд иргэд итгэхгүй байх нь аргагүй. Энэ удаагийн ялагдал бол АН-ын хувьд маш том ухаарал өгсөн ялагдал. АН өөрчлөгдөж чадвал урагшаа явна. Хуучнаараа үлдвэл сүйрэлд хүрнэ. Энэ бол маш ойлгомжтой харагдаж байгаа. АН-ын шинэчлэлийн төлөө миний бие хувь нэмрээ оруулна, нөхөдтэйгөө хамт зүтгэнэ. АН нам шиг, нам болвол Монгол төр, төр шиг төр болно гэдэгт би итгэдэг.

-Үүний тулд юу хийх шаардлагатай вэ?

-Юун түрүүнд АН хуучирсан, хоцрогдсон дүрэм журмаа хүчингүй болгох хэрэгтэй. Орчин үеийн сонгодог улс төрийн намын дүрэм, журамыг боловсруулах, батлах шаардлагатай. Нам дотор чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, шинэчлэлийн салхи оруулж ирэх хэрэгтэй. Хуучин торхонд шинэ дарс исгэдэггүй гэж үг бий. Ер нь намын хамгийн чухал зүйл бол үзэл санаа, үнэт зүйл юм. Мөн дотоод хариуцлагын систем. Харамсалтай нь Ардчилсан нам үзэл санаа, үнэт зүйлээ гээгээд найман жил болж байна. АН-ыг үзэл санааны лидерүүд бус технократууд найман жил удирдлаа. Сүнсгүй хүн шиг, шүншиггүй бурхан шиг найман жил явлаа даа.

-Дараагийн намын дарга хэн байх бол. Олон хүний нэр л яригдаад байх юм байна шүү дээ?

-АН-ын дарга хэн ч болсон бай хоёр жил тутам намын дээд байгууллагынхаа өмнө ажлаа тайлагнадаг, өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэх асуудлаар санал хураалгадаг байх ёстой. Найман жил хуралддаггүй, гишүүдээсээ зугтдаг намын дарга байж болохгүй. Тодорхой хэлбэл АН-ыг амьд организм болгож хувиргах ёстой. Түүнээс биш хэн нэгэн сайн хүн АН-ын дарга болчихоор АН сайн нам болно гэдэгт би итгэдэггүй. АН сайн дүрэмтэй болбол, АН сайн нам болно. Энэ олон фракциудын зөрчилдөөнийг тас цохисон шинэ дүрмийг бид гаргаж ирэх ёстой. Үндэсний хэмжээний лидер тодруулдаг шинэ журамтай болох ёстой. Сүүлийн жилүүдэд АН-ыг үндэсний лидерүүд бус, фракцийн дарга нар л удирдсан.

АН фракцийн даргыг намынхаа лидер болгодог буруу системээсээ салах хэрэгтэй. АН-ын дарга үндэсний лидер байх ёстой. Үндэсний лидерийг тодруулж чаддаг болсон цагт АН үндэсний хөгжлийг тодорхойлох хүчин болно.Намын лидер гэдэг бол үзэл санааны удирдагч юм. Түүнээс бус өдөр тутмын ажил хийдэг жижиг дарга биш. Манай өмнөх дарга нар 20 хүнтэй сайхан харьцдаг, 200 хүний дэмжлэг авдаг л хүмүүс байсан. Хоёр, гурван сая хүний өмнө очихоороо жулддаг, жижгэрдэг байлаа. Яагаад гэвэл тэдэнд тодорхой үзэл санаа, үнэт зүйл байгаагүй.

Манай намын дарга асан Н.Алтанхуяг “гишүүдээ үзэл санаа бүү ярь, баруун зүүний нам гэж бүү маргалд” гэж загнадаг байлаа. Энэ бол АН-ын ялагдлын эхлэл байсан гэж би боддог. Одоо бид үзэл санааны дасгалаа өдөр болгон хийж, үзэл санааны лидерийг туг болгон залах ёстой.

-Фракцийн хуваагдалтай удаан явсан өнөөгийн ийм нөхцөлд таны ярьж буй шинэчлэлийг хийхэд ярвигтай л юм байна?

-Бүрэн боломжтой. Тийм хүнд ажил биш. Англи, Америк, Герман зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын лидер тодруулдаг системийг бид шууд нутагшуулах хэрэгтэй. Английн улс төрийн намууд лидерээ тодруулдаг өвөрмөц системтэй. Намын гишүүд дээр нэмэх нь дэмжигч гишүүд, үйлдвэрчний эвлэлийнхэн, ажил олгогчдын төлөөлөл оролцож байж намын лидер нь тодордог. Өөрөөр хэлбэл намын лидер гэдэг нь фракцийн биш үндэсний лидер байдаг.

Энэ системийг бид Англи, Америк, Европоос авах хэрэгтэй. Одоо АН-ыг фракцуудаас, фракцийн лидерүүдээс нь салгах цаг болсон. Салгах ганц арга нь орчин үеийн дүрэм журмыг АН батлах хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоогийн Үндэсний зөвлөлдөх хороо татан буугдах ёстой. Өдгөө ажиллаж байгаа хяналтын хороо, дүрмийн хороо, АН-ын бүх шатны байгууллагууд шинээр зохион байгуулагдах хэрэгтэй. АН шинэ зохион байгуулалтад орж, шинэ дүрмээ яаралтай батлаж байж шинэчлэгдэнэ. Ийм эрс шинэчлэл хийх эр зориг АН-ын гишүүдэд байгаа гэдэгт итгэж байна. Түүнээс бус өнөөдрийг аргацаасан, хэлбэрдсэн шинэчлэл хэрэггүй.

-Татан буугдаад шинээр байгуулагдлаа гэхэд нөгөө л хүмүүс эргэж орох магадлал маш их байгаа шүү дээ. Фракц, фракцаараа хайрцаглачихсан байгаа?

-Ний нуугүй хэлэхэд АН-ын хуучин лидерүүд залуу үедээ байр сууриа тавьж өгөх хэрэгтэй. XХI зууны Монголыг бид 90 оны сэтгэлгээгээр, ганзагын наймаачны ченжийн аргаар удирдах боломжгүй. Авлигад идэгдсэн, оффшорт данстай хулгайч нөхдүүд АН-аас холдох хэрэгтэй. Шуудхан хэлэхээд АН-ын бүх гишүүд фракцаасаа татгалзаж нэг АН-ын төлөө нэгдмэл хүчээр зүтгэх цаг нь болсон. Фракцын эсрэг фракц байгуулах,хуучин фракцад толгой хоргодох замаар хол явахгүй гэдгээ одоо ойлгох хэрэгтэй. Хүн тойрч бус, бодлого тойрч нэгдэх цаг болсон.

Ийм эр зориг АН-ын залуу үед, бүх гишүүдэд байгаа гэдэгт итгэж байна. Би намынхаа гишүүдтэй өдөр болгон уулзаж байгаа. Залуучууд, 20, 30, 40-төнгүүд намаа аврахын төлөө нэгдэж байна. Энэ нэгдлийг УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүний хувьд бүх талаар нь дэмжиж ажиллах болно гэдгээ илэрхийлье. АН шинэчлэгдвэл Монгол шинэчлэгдэнэ ээ.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ам.доллар ховордсон энэ цагт найдах ганц юм алт л байна

Доллар хомсдож, ханш нь чангарсан энэ өдрүүдэд гэгээтэй ганц мэдээ гэвэл алт тушаалтын дүн байна. Монгол банкны цахим хуудаснаас харахад алтны нийлүүлэлт 1.7 дахин өсчээ. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, зэс, нүүрсээ зарж олдог ногоон валют багассан энэ цагт онцлохоос аргагүй мэдээ. Шуудхан хэлэхэд бидэнд найдах ганц юм гэвэл алт л байна. Найдлага болсон шаргал металл дэлхийн зах зээл дээр ч үнээрээ цойлж байгаа. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль, Францад болсон террорист халдлага гээд алтны үнийг өсгөх шалтгаан цэнхэр гаригийн хаа сайгүй өрнөж байна. Дэлхийг хэрсэн эдийн засаг, санхүүгийн хямралын эрч өнөө хэр сулраагүй гэсэн шалтгаан бас бий. Байдал эрсдэлтэй болох тусам хөрөнгө оруулагчдын мөнгөө алт болгож хувиргах сонирхол ихэсдэг. Алтын ханш өсөөд байгаа нь ийм учиртай.

Алтанд өөр нэг том онцлог бий. Гоёл чимэглэл, үйлдвэрлэлд ашигладаг гэдэг утгаараа бараа таваар, төв банкууд нөөцөлдөг, хөрөнгө оруулалтын сангууд худалдаж авдаг гэдэг талаасаа валют болдог. Менделеевийн хүснэгт дэх 118 элементээс алт л ганцаараа валютын хэмжээнд үнэлэгдэн хэрэглэгддэг. Тийм ч учраас алтны ханш бусад металл шигээ огцом доошилдоггүй. Өнгөрсөн жилүүдэд алтны ханшид ямар өөрчлөлт орсныг эргэж харъя. 2006 он буюу сүүлийн арван жилд алтны ханш хоёр дахин өссөн гэж шинжээчид онцолдог. Харин бусад таваарын ханш 50 орчим хувиар унасан гэсэн тоо дуулддаг. Сүүлийн жилүүдэд гэж яривал таваарын үнийн уналт хавтгайрсан. “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Бизнесмэнд зориулсан блог”-тоо “Газрын тосны ханш 67 хувь, зэсийнх 48, мөнгөнийх 59 хувиар унаад байхад алтны ханш ердөө 1.4 хувийн л уналттай байна” хэмээн онцолсон харагдсан.Энэ оны тухайд алтны ханш өндөр байх таамаг голлож буй.

Ө.Ганзориг алтны үнэ ханш ямар байх талаар “Геополитикийн нөхцөл байдал болон дэлхийн эдийн засгийн байдал, мөн томоохон дилерүүдийн таамаглалыг нэгтгэж дүгнэвэл 2016 оны эцэс гэхэд нэг унц алтны ханш 1150 – 1400 долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй байна” гэж харжээ.

АНУ-ын төв банк хүүгээ өсгөх эсэх нь алтны үнэд нөлөөлнө хэмээж буй. Хүүгээ өсгөх магадлал 50 хувь байгаа аж. Хэрвээ өсгөвөл эдийн засаг сайжрахын дохио учраас алтны ханш уруудна гэх таамаг бий. Алтны ханшид биет эрэлт нийлүүлэлт, санхүүгийн зах зээл дээрх биет бус эрэлт нийлүүлэлт нөлөөлдөг. Лондонгийн Алтны захын холбооны стандартын дагуу 99.9 хувь хүртэл цэвэршүүлсэн алтан гулдмайг биет алт гэдэг. Гулдмайг төв банкууд, хөрөнгө оруулагчид худалдаж авдаг. Өдгөө Төв банкуудад 31.400 тонн алтыг валютын нөөцдөө хадгалж байгаа. Энэ хэмжээг дэлхийн эрэлтээр тооцвол цэнхэр гаригийн бүхэл бүтэн найман жилийн эрэлт. Цаашлаад яривал биет алтыг гоёл чимэглэл, дурсгал, хадгалалт технологид ашигладаг. Алтыг орчин үед шүдний эмнэлэг, электроникийн салбарт өргөн хэрэглэдэг. Нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас эмнэлэгт ашиглах нь их.

Сонирхуулж хэлэхэд манайд олборлож буй алтны шороон ордуудаас гарч байгаа гулдмайн дундаж сорьц нь 87 орчим хувьтай байдаг аж. Олон улсын зах зээл дээр эргэлддэг алтны ихэнх хэсэг нь биет бус хэлбэрээр дансанд байршдаг. Тодруулж хэлбэл дансны алт. Дансны алтыг авч зарах дилерүүд, хөрөнгө оруулагчдын арилжаа алтны захын том хэсгийг бүрдүүлдэг. Ө.Ганзориг “Алтны фундаментал анализ 2016”-даа “2000 оноос хойш биет бус алтны сангууд үүссэнээр хүн бүр алтанд хөрөнгө оруулах боломжтой болсон. Нэг талд нь иргэд алтны сангийн эрхийг худалдан авна. Харин алтны сан цаад талд нь биет алт авч нөөцөлж байдаг. Ингэснээр иргэд биет алт авах, зарах төвөгтэй харилцаанаас бүр мөсөн ангижирсан. Алтны сангууд зөвхөн алтыг худалдан авч хөрөнгө оруулалт хийдэг бол дилерүүд өдөр тутам алтны ханшны өөрчлөлтөөс ашиг олох зорилгоор их хэмжээгээр авч зарж байдаг. COMEX бирж дээрх алтны цэвэр позиц одоогийн байдлаар 500 тонн хүртэл өссөн нь дилерүүд алтны ханшийн талаар эерэг хүлээлттэй суугааг харуулж байна” гэсэн нь бий.

Дэлхийн бүх алтны 25 хувь болох 540 мянган гулдмай алтыг Нью-Йорк дахь АНУ-ын Холбооны нөөцийн банкинд хадгалдаг, эдний ихэнх нь гадны Засгийн газрын хөрөнгө, сүүлийн 100 жилд олборлосон алтны 70 хувь нь өнөөдөр гүйлгээнд явж байгаа гэх мэт алт тойрсон сонирхолтой статистикууд өчнөөн.

-П.СҮХБААТАР: ЕСӨН ТОНН ШАХУУ АЛТЫГ ЦЭВЭРШҮҮЛЭЭД ВАЛЮТЫН НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛСЭН

Монголбанкны Мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатараас алт тушаалтын талаар тодруулсан юм.

-Өнгөрсөн жилүүдэд алт олборлогчдыг дэмжсэн ямар бодлого хэрэгжүүлж ирэв?

-2013 онд Ашигт малтмалын газар, Сангийн яам, Уул уурхайн яам, Монголбанк хамтарч Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргасан. Хуульд өөрчлөлт орсноор алтны татвар эрс багассан. Өмнө нь алтнаас нөөц ашигласны татвар рояалти гэж арван хувийн татвар авдаг байсан юм. 2013 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр татварыг хувь хэмжээг 2.5 болгож бууруулсан. Алт олборлогчдыг бодитоор дэмжсэн алхам болж чадсан. Үүнээс хойш алтны хэмжээ өссөн л дөө. Тодруулж хэлбэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс өссөн. Монголбанк 2013 онд 12 тонн алт хүлээж авсан бол өнгөрсөн жил 15.1 тонн алт авсан. Өнгөрсөн сарын сүүлийн байдлаар 8.5 тонн алт хүлээж аваад байна. Алтны олборлолт их хэмжээгээр өссөнийг энэ тоонуудаас харж болно. Бид бараг есөн тонн шахуу алтыг цэвэршүүлээд валютын нөөцөө бүрдүүлж байна. Дундажлаад үзвэл, 1295 ам.доллар гэсэн ханшаар бодож үзэхэд 250 гаруй сая ам. долларын валютын нөөц бүрдүүлчихсэн гэсэн үг.

-Энэ жил хорин тонн алт авна гэсэн төсөөлөл бий. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх болов уу?

-Оны эцэс гэхэд ямар ч байсан өнгөрсөн оныхоос 15 тонноос илүү гарна гэсэн таамаг байна. Таны хэлсэн 20 тонн гэдэг бол таамаг. Алтны зарим лицензүүдийг сэргээсэн, үйл ажиллагаагаа түр зогсоосон аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт орж ирснээр ажиллаж эхэлнэ гэсэн тооцоогоор 20 тонн гэсэн тоо тавьсан юм. Ер нь бол алтны олборлолт нэлээд өсөх хандлага ажиглагдаж байна. Хорин тонндоо хүрэх магадлал өндөр гэж бодож байгаа. Алтны оргил үе дуусах болоогүй. Найм, ес, аравдугаар сар байна. Өнгөрсөн сарын хувьд ихэнх нь баяр наадам амралтын өдөр байсан. Гэхдээ л хоёр тонныг авч байна гэхээр алт тушаалт цаашид илүү эрчимжих байх.

-Алт олборлогчдын тухайд төрөөс үзүүлнэ гэсэн санхүүгийн дэмжлэгээ өгчихвөл алт тушаалт 20 тоннд хүрэхэд асуудалгүй, ирэх жил илүү ихийг тушаах боломж ч бий гэж байгаа. Төв банкнаас энэ тал дээр хэр анхаарч байна?

-Нэгдүгээрт манайх санхүүжилт өгдөг газар биш. Гэхдээ бид өнөөдөр (өчигдөр) алт олборлогчидтой, алтны холбооныхонтой уулзаж, санаа оноо, тулгамдаад байгаа асуудлыг нь сонслоо. Алт олборлогч байгууллагууддаа 250 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно гэсэн гурван яамны хамтарсан гэрээ зурагдсан байгаа л даа. Үүний дагуу ямар нэгэн шийдвэр гараагүйг, санхүүжилт шаардлагатай байна гэж алт олборлогчид ярьж байна. Ялангуяа яг өдийд, ид сезоны үед түлшээр хангаад өгчихвөл алт олборлох ажлаа улам эрчимжүүлнэ гэж байна. Арилжааны банкуудтай уулзаж байгаа ч зээл өндөр гэсэн бэрхшээл байна, өндөр хүүтэй зээл авч ажиллаж байгаа, өмнөх өрөө дарж дуусаагүй учраас дахин зээл авах боломж алга, мөнгөгүй учраас шатахуунгүй, шатахуунгүй болохоор зарим техникээ зогсоохоос аргагүйд хүрлээ гэцгээж байна. Бидний хувьд алт олборлогчдод тулгамдаад байгаа энэ асуудлыг холбогдох яам тамгын газруудад нь уламжилж ажиллана. Ямартай ч байдал ямар байгаа талаар газар дээр нь танилцлаа. Ажилласан тайлангаа энэ пүрэв гаригт удирдлагууддаа танилцуулна. Баасан гариг гэхэд холбогдох газруудад нь саналаа хүргүүлнэ гэсэн төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна. Ер нь алтны компаниудын хувьд санхүүжилт шаардлагатай байхаас аргагүй. Асар үнэтэй техник хэрэглэдэг. Нэг том дугуй гэхэд л 50 сая төгрөгөөс эхэлдэг. Шинэ техник технологи худалдаж авахаас аргагүй салбар. Саявтар гэхэд л нэг компани 34 тонн шороо хутгадаг шанага авсан байна. Ямар үнэтэй техник хэрэглэдэг вэ гэдгийг сая худалдаж авсан шанаганы хэмжээнээс харчихаж болно.

-Алтны үнэ өндөр байгаа. Цаашид ямаршуу байх төлөв ажиглагдаж байна вэ?

-Одоо бол алтны үнэ харьцангуй өндөр болж байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, Туркийн төрийн эргэлт гэх мэт үйл явдал алтны ханш өсөхөд нөлөөлж байгаа. Сүүлийн үед алтны ханш 1300 ам.доллараас буухгүй байна. 1367, 1380 байна. Цаашдаа нилээн өсөх болов уу гэж харж байгаа. Алтны ханш өсөөд ирэхээр алт олборлогчдод ч түлш шатахууныхаа мөнгийг төлөх боломж гарч ирэх байх.

Бэлтгэсэн

П.МӨНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосормаа: Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна

Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаатай онлайнаар ярилцлаа.

-Таныг Бразилд суух Элчин сайдаар томилогдох үед хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан. Одоо бол олимп болж байна. Монголчуудад Бразил магадгүй спорттой холбоотойгоор хоногшсон байх. Таны хувьд ч илүү спортлог Элчин сайд болж хувирсан болов уу?

-Үнэхээр тийм үйл явдлууд давхацсан нь миний хувьд их хувь тохиож байна. Олимпийн наадамд баг тамирчдаа хүлээн авна гэдэг Элчин сайдын хувьд өндөр нэр төр, үүрэг хариуцлага бас аз завшаантай хэрэг. ЭСЯ маань байгуулагдсан цагаасаа эхлэн олимпийн бэлтгэл ажлыг хангахад анхаарч ажилласан юм. Эхний үр дүн гарч байна. Олимпийн баг тамирчид, албаны хүмүүс “Бразилд ЭСЯ-тай байгаа нь ямар сайн хэрэг вэ” гэж хэлэхийг ойрын өдрүүдэд олон сонслоо. Бразил манай орноос алслагдмал, 12 цагийн зөрүүтэй, монголчуудын хувьд төдийлөн танил биш учраас бэлтгэл ажлыг хангах ЭСЯ-ны үүрэг хариуцлага их байлаа.

-Хамгийн олон монгол тамирчин олимпод оролцож байгаа. Олимпод оролцох тамирчдаа угтаж бэлтгэл хэр их хийв?

-Рио 2016 олимпод оролцох эрхийг өмнөх жилүүдээс хамгийн олон буюу 43 тамирчин авсан нь манай улсын хувьд олон медаль авах магадлалыг нэмэгдүүлж байна. Тамирчид шинэ орчиндоо хурдан дасан зохицож, бэлтгэлээ хангах нь хамгийн чухал. Бидний сонгосон бэлтгэл хангах баазын үйлчилгээ манай тамирчдад таалагдсан гэж найдаж байна. Бэлтгэл хангах “Функционар” клубийнхан манай тамирчдыг халуун дотноор хүлээн авч, бүх талаар туслалцаа үзүүлж байна. Хэн хэндээ сэтгэл хангалуун байгааг хараад бид ч баяртай байгаа. Манай тамирчид их хичээж байгаа, тэдний дусал хөлс ямар их үнэтэйг энд мэдэрч сууна.

-Манай тамирчид монгол хоолоо идэж байгаа гэсэн үү?

-Шигшээ багийнхан эмч, бариач, эрдэм шинжилгээний ажилтан, монгол тогоочтойгоо ирсэн. Бразилийн хоол амт, чанартай ч борцтой шөлөө уухаараа тамирчид маань улам хүч ороод байдаг юм уу гэж бодсон шүү.

– ЭСЯ-наас олимп үзэхээр зорьж байгаа монголчуудад зориулж зөвлөмж гаргасан гэсэн үү?

-ЭСЯ-ны нэн тэргүүний үүрэг бол монгол иргэд, баг тамирчдынхаа аюулгүй байдлыг хангах юм. Бразилийн Засгийн газраас аюулгүй байдлыг хангах талаар бүхий л арга хэмжээг авч байна. Гэсэн хэдий ч тайвширч болохгүй тул аливаа эрсдэл, зика вирусээс сэргийлэх талаар бүх талын зөвлөмжийг бэлтгэж, энд ирсэн иргэддээ анхааруулж байна. Онгоцны буудал ба жуулчдын аялдаг газруудын мэдээллийн цэгүүд, онлайнаар санамжаа байршуулсан. Хүн бүхэнд сонор сэрэмж хэрэгтэй цаг үе. Терроризмын аюулыг ч мартаж болохгүй. Энд сэрүүний улирал эхэлсэн тул шумуул цөөрч, зика вирусын халдвар дарагдаад байна. Бразилийн Засгийн газраас ч шаргуу тэмцэл явуулж зика вирусын халдварыг хяналтандаа авсан гэдгээ зарласан.

-Бразил кофегоороо алдартай шүү дээ. Та хэр кофечин бэ?

-Усыг нь уувал ёсыг нь дагана гэж монголчууд хэлдэг. Энэ нь хүний нутагт сэтгэлээ өгч, хурдан дасан зохицвол амжилт гаргах тухай сургамжилсан монгол ухаан гэж би ойлгодог. Анхны Элчин сайдын хувьд суугаа болон хавсран суугаа улсынхаа түүх, соёл, амжилт бүтээлийг шунан судалж байна. Кофе ууж сурахаас илүү кофены чанарыг ялгаж сурч байна. Хөл бөмбөгийг хөгжүүлсэн хүчин зүйлсийг уншиж байна. Уул уурхайн орлогыг нийгмийн шударга хуваарилалтад оруулсан Чилийн туршлагыг судалж байна. Перугийн уул уурхайн сургамж, нутгийн иргэдтэй зөвшилцлийн аргаар асуудлаа шийдвэрлэж байгаа аргачлалыг сурч байна. Порта Алегра хотын иргэдийн оролцоотой төсвийн туршлагыг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Элчин сайд хүн байнгын судлаач байж улс оронд маань хэрэгтэй сайн туршлагыг эх орондоо түгээн дэлгэрүүлэх, холбогдох байгууллагатай холбож өгөх үүрэгтэй.

-Дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч оронд та ажиллаж амьдарч байна. Ялангуяа бразилчууд махны экспортод жин дардаг. Манайхан мал аж ахуйн орон гэдэг ч мах экспортлох талаар төдийлөн амжилт олоогүй байна. Мах үйлдвэрлэлээр амжилтанд хүрэхийн тулд бид яах ёстой бол?

-Бразилийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах стандарт дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Бразилийн үхрийн мах аль ч улс орны өндөр үнэтэй рестораны тансаг зоогт тооцогддог. Дэлхийн 150 гаруй улсад мах махан бүтээгдэхүүн нийлүүлдэг энэ орон манай хоёр хөршийн махны хэрэглээг хангагч гол улс. Бразилийн махны технологийг Монголд нэвтрүүлэхийг бид зорин ажиллаж байна. Махныхаа чанарыг сайжруулж эрүүл ахуйг хангах ажил бэлчээртээ хяналт тавихаас эхэлдэг. Өөрөөр хэлбэл хагас эрчимжсэн фермер хөгжүүлэх хэрэгцээ шаардлага бидний өмнө тулгарч байна. Улмаар үүлдэр угсаа, махны гарцыг сайжруулах эрдэм шинжилгээний ажилд хөрөнгө оруулалт хийх нь зайлшгүй. Урагвай улсад ХАА-н эрдэм шинжилгээний байгууллагаа хөдөө аж ахуйн бизнес эрхлэгч нар санхүүжүүлдэг юм билээ. Төр ба хувийн хэвшил хамтын санхүүжилт хийж, ачааллаа хуваалцах аргаар эрдэм шинжилгээний байгууллагаа хөл дээр нь босгон хөгжүүлсэн. Эрдмийн ажлын үр шимийг хамгийн эхэнд хүртэгчид бол малчид, тариаланчид. Хөдөө аж ахуйн хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэл маш чухал. Мөн хоршоолон хөгжих загвар энд нийтлэг. Асуудал мөнгөндөө биш харин менежментдээ л байдаг юм байна.

Дараа сард Бразил-Монголын худалдааны танхимын төлөөлөгчид манай орныг зорин очиж Монгол-Бразилийн бизнес эрхлэгчдийн анхдугаар уулзалтыг зохион байгуулах юм.

-Манайхан Бразилаас юу авах боломжтой вэ, тэдний хувьд манай юу сонин байх бол?

-Бразилаас хүнсний бүхий л төрлийн бүтээгдэхүүн авах боломжтой. Нэг жишээ хэлэхэд Бразилийн кофег манайх Солонгосоос импортлодог юм байна. Одоо бол тахианы мах, кофе, чихэр, жимсний шүүс, эрдэнэ шиш, шар буурцаг болон бусад бүтээгдэхүүнийг шууд импортлох боломжтой. Бразилийн урд мужуудад сэрүүхэн тул манай ноолууран бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол бий. Бэлэн бүтээгдэхүүнээс гадна технологийг нь суралцан нутагшуулах боломжийг эрэлхийлж байна. Өмнөд Америкийн сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буй улс орнууд бүгд Ази тэр дундаа Хятадын хязгааргүй зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн төлөө өрсөлдөж байна. Дараагийн гучин жил Азийн хэрэглээний эрин эхэлнэ. Нэг жишээ хэлэхэд Хятад Улс зэс, хөнгөн цагаан, гангийн дэлхийн экспортын 40 хувийг хэрэглэдэг бол 2025 онд 50 хувь болно гэсэн таамаглал байна. Мөн нүүрсний том зах зээл гэдгийг бид мэднэ. Ийм цаг үед бид далайд гарцгүй гэж гомдоллоод суух уу эсвэл хоёр том зах зээлийн дунд орших давуу талаа хөгжил болгон хувиргах уу гэдгийг сайн бодох хэрэгтэй байна.

Бразил Улс хамгийн том хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орнуудын нэг. Дэлхийн зах зээлд үхрийн махны 30, тахианы махны 40, чихрийн нишингэний 45, жүржийн шүүсны 86, кофены 32, шар буурцагны 40, эрдэнэшишийн 10 хувийг тус тус нийлүүлж АНУ ба Европын холбооны дараа гуравдагч нийлүүлэгч орон болоод байна. Энэ бол шинжлэх ухаандаа хөрөнгө оруулалт хийсний үр дүн. Бразил хөдөө аж ахуйн хөгжилдөө тулгуурлан эдийн засгийн хямралаас гарах бодлогоо шинэчлэн тодорхойллоо.

-Мах гэснээс төмсний тухай бас яримаар санагдаад. Та фэйсбүүк хуудастаа Перуг төмсний вант улс гэж нэрлэжээ. Тэр олон төмсөн дунд Монголын нөхцөлд тохирох нь хэр олон байсан бол. Үнэндээ бид хоолондоо төмс хэрэглэж заншсан ч бидний мэддэг шар төмснөөс огт өөр олон төрлийн төмс харагдсан шүү?

-Перу улсын Лима хотод Олон Улсын төмсний төв ажилладаг. ЭСЯ-ны зүгээс ХХААЯ-тай холбох эхний алхмуудыг хийлээ. Перу бол төмсний эх орон. XIX зуунаас эхэлж эндээс л төмсийг Европын орнуудад тариалж эхэлсэн түүхтэй. Одоо танигдаад байгаа 4000 гаруй төрлийн төмсний 2000 гаруй нь Андын нуруунд ургадаг. Бидний сонирхлыг татаж байгаа нь хүйтэн, сэрүүнд тэсвэртэй төмс. Хойд Солонгост амжилттай тариалсан хүйтэнд тэсвэртэй төмсийг Монголд нутагшуулах боломж байгаа гэж найдаж байна. Би Лимад очиж, төмсний төвтэй танилцан, олон төрлийн өнгө, хэлбэр дүрстэй төмсийг хүүхэд шиг л шохоорхлоо. Монголд тариалах төмсний амт, чанарыг сайжруулж, нэр төрлийг нэмэгдүүлж эрдэмтэн судлаачдаа бэлтгэх чиглэлээр энэ төвтэй хамтран ажиллах шаардлага бий.

-Бразил бол хөл бөмбөгийн эх орон. Алдарт Зико Бразилийн хөл бөмбөгийн технологийг Монголд нэвтрүүлэхэд тусална гэсэн үү?

-Бразилийн домогт хөл бөмбөгч Зико манай улсад ирэхээр төлөвлөж байгаа. Монголын хөл бөмбөгийн холбооны урилгаар зочлох юм. Зико өөрийн нэрэмжит клубээ байгуулах өөрөөр хэлбэл Бразилийн хөл бөмбөгийн арга технологийг Монголд нэвтрүүлэх зорилготой. Монгол хүүхдүүд тал нутагт морь унаж давхиж өсдөг тул эрүүл чийрэг, хөл чангатай байдаг, байгалийн унаган өгөгдөл бий. Хөл бөмбөг хүүхдийг багаар тоглож сургадаг, эв нэгдэл, эх оронч үзлийг төлөвшүүлдэг сайн талтай. Бразилд хүү төрөхөд аав нь хөл бөмбөг, футболк бэлэглэж дэмждэг багийнхаа фэн болгодог уламжлалтай. Манай бөхчүүд хүүдээ зодог шуудгаа өвлүүлдэгтэй адил. Хөл бөмбөгийн клубуудыг дэмжиж санхүүжилсэн компаниуд татвараас тодорхой хэмжээнд чөлөөлөгдөх хуулийн зохицуулалт бий. Хөл бөмбөгийн клуб хүүхдийг сургахдаа хичээлээ таслахгүй байх, дундаас дээш дүнтэй суралцах болзол тавьдаг. Өөрөөр хэлбэл хөл бөмбөгчин хүн юуны өмнө боловсролтой, хариуцлагатай иргэн байх ёстой гэж үздэг юм билээ.

-Эмэгтэй Элчин сайдын хувьд анхаардаг сэдэв бий болов уу?

-Эмэгтэй Элчин сайдын хувьд би Бразилийн Конгрессийн хоёр танхимын эмэгтэй бүлгүүдтэй ойр ажилладаг. Бид хамтраад ирэх аравдугаар сард “Гэр бүлийн хүчирхийллийн эрх зүйн шинэчлэл”-ийн асуудлаар арга хэмжээ зохиохоор төлөвлөсөн юм. Монгол Улс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сүүлийн хорь гаруй жилд ихээхэн туршлага хуримтлуулсан. УИХ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийг саяхан шинэчлэн баталлаа. Манайд хуулийн орчин цогц бүрдсэн болохоор туршлагаа бусадтай хуваалцах цаг иржээ. УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгээс ирж оролцохыг урьж байгаа. Харин дараа жил Бразилийн Конгрессийн гишүүдийг Монголд урьж, тэдний туршлагыг сонсоно доо.

-Элчин сайд аа, өнгөрсөн хугацаанд хийсэн ямар ажилдаа сэтгэл хангалуун байдаг вэ?

-Хийсэн ажилдаа сэтгэл дүүрэн эсэх тухай хэлэхэд эрт байна. Юутай ч олимпийн наадмаа хамтдаа амжилттай давцгаая. Бразилийн хөх тэнгэрт Монголын маань төрийн далбаа олон удаа мандаж, төрийн дуулал эгшиглэх болтугай гэж л хүсч байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баярхүү: Намаа бодож чимээгүй явсаар ийм болчихлоо. Одоо ярилцаад нэг талд нь гарах цаг болсон

Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Баярхүүтэй ярилцлаа.

-Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээлээ. ҮЗХ-ны гишүүний хувьд үүнийг юу гэж харж байгаа вэ?

-Сонгуулийн дүнд нөлөөлдөг дөрвөөс таван фактор байдаг. Хамгийн том нь мэдээж намын фон байдаг л даа. Ялангуяа засаг барьж байгаа намыг хүмүүс маш анхааралтай ажигладаг. Намын фон гэдэгт нь намын удирдлагуудын үйл ажиллагаа орчихдог. Үүний дараа тухайн дүүрэг, орон нутгийн намын хороодын үйл ажиллагаа хэр байна вэ гэдэг асуудал. Мөн тухайн тойрогт нэр дэвшигч, мөрийн хөтөлбөр, тактик байдаг юм. Ойрын жишээ хэлье. Сэлэнгийн Ардчилсан намын хувьд бид намын фон, тактик хоёр дээрээ алдсан. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд иргэд, намын гишүүдтэйгээ уулзаж, тэднийг сургалтад хамруулахаас эхлээд хангалттай сайн ажилласан. Аймгийн хувьд хүндээ анхаарч, дөрвөн жилийн хугацаанд 47 залууг Удирлагын академи төгсгөлөө. Ингэж хүнээ боловсруулснаар намд маш том сэлгээ болж өгдөг. Сэлэнгийн хувьд аймгийн намын фон, мөрийн хөтөлбөр дээрээ алдаагүй.

Өнгөрсөн дөрвөн жилд АН маш их зүйлийг хийж, бүтээсэн. Нийслэлийг хар л даа. Сэлэнгэ аймагт сүүлийн хэдэн жилд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил хийсэн ч ард түмэн хийсэн ажилд дүн тавиагүй байхгүй юу. Манай намын дарга нарын дээгүүрх зодоон доошоо очиж туссан. Ардын намын буруу гэж юу байхав. Угаасаа л дөрөөлдгөөрөө түүн дээр нь дөрөөлсөн. Энэ удаагийн сонгууль АН-ынхан гарахаараа нийслэлийг ийм болгодог юм байна гэдэг шинэ жишгийг гаргаж ирлээ. Су.Батболд Э.Бат-Үүл шиг ажиллаж чадах эсэх нь иргэдийн нүдэн дээр байнга байх юм. Үүл шиг ажиллаж чадахгүй бол уучлаарай 2020 онд МАН дахин ялахгүй. Ард түмэн нэгэнт ийм жишиг тогтоочихлоо. АН-ын доторх будилаан яах вэ засагдана. Том зургаараа АН юм хийж чаддаг юм байна. Харин одоо МАН яах нь вэ гэдгийг л харна. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол Улс мундаг хөгжсөн. Одоо бол дөрвөн жилийн дараах Улаанбаатар шал өөр болсон байх ёстой байхгүй юу.

-Ардчилсан намын ялагдал нь яг юунаас болчихсон юм бол?

-Намын удирдлагуудаас л болсон. АН сахилга бат, дэг журамгүй болсон. Үнэнийг хэлэхэд АН-ынхан дөрвөн жил намаа бодоод юу ч дуугараагүй. ҮЗХ нь хуралдахгүй, хуралдлаа гэхэд гарсан шийдвэр нь будилаантай байх жишээтэй. Бид мангар хүмүүс биш. Үүнийг мэдэлгүй яадаг юм. Тэр утгаараа намаа бодож байна гэсээр байгаад ийм болгочихлоо. Одоо бол үүнийг нь хэлж нэг талд нь гарах цаг болсон.

-Наймдугаар сарын 25-нд ҮЗХ хуралдаж намын даргаа сонгоно гэж байна. Маш олон хүн намын дарга болох хүсэлтэй байгаа бололтой байна лээ. Одоо орон нутгийн сонгууль, ирэх жил Ерөнхийлөгчийн сонгууль гээд сайн хүнийг л олж тавихгүй бол хэд хэдэн сонгууль хүлээж байна даа?

-Удирдлага хэн болж өөрчлөгдөх нь нэг өөр зүйл. Хамгийн гол нь нам хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг нь л чухал. 1990 оноос хойших сайн шинэчлэл бүрийг Ардчилсан нам хийсэн. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй.

Өнгөрөгч сонгуулийн ялагдлын нэг шалтгаан нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан явдал гэж иргэд хамгийн их ярьж байсан. Бид яах гэж 2012 оны УИХ-ын сонгуульд орсон юм. Засгийн эрхийг авах гэж л орсон. Тэр засгаа өөрсдөө унагаачихсан нь эхний бүдрэлт байв. Хэд хоногийн өмнө хуралдсан ҮЗХ-ны хурал дээр “Эвтэй байх ёстой. Нам нэгдэх ёстой” гээд ярьж байна лээ. Үнэндээ бол эвтэй байхаас түрүүнд зарчимтай байх ёстой. Бид эвийг эрхэмлээд зарчмаа алдаж болохгүй. Тиймээс намын дарга гэсэн ганц хүний асуудал биш, намын шинэчлэлийн асуудлыг ярих хэрэгтэй. Үүнийг мэдэхгүй, чадахгүйдээ биш, хэсэг нөхөд л хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Өөрсдийнх нь санаснаар болохгүй байгаа болохоор хөдлөхгүй байна. Эртээдийн ҮЗХ-ны хурал дээр өмнөх Засгийн газрыг огцруулсан асуудал дээр хариуцлага тооцох, үл тооцох тухай яригдсан. Чухамдаа хариуцлага тооцох ёстой. Үүнээс эхлэх ёстой. Тэгж байж дараа нь эв нэгдлийн тухай яримаар байна. Одоо бол ёс суртахуунтай, цэгцтэй нам болох хэрэгтэй.

-Төрийн эрх мэдэл гэдэг чинь хамгийн хүчтэй зэвсэг болоод байна…

-Үнэн хэрэгтээ улс төр гэдэг чинь хүн болгоны хийгээд байдаг ажил ч биш. Төр удирдана гэдэг бол хүн бүрт олдоод байдаг чадвар, завшаан бүр биш. Энэ томилгооноос эхлээд завхарсан зүйл их болж байна. Аль ч намд төрийн бодлого боловсруулаад явчих хэмжээний тулхтай, голч нуруутай хэзээ ч хуучирдаггүй цөөн хүн бий. Гэсэн ч харамсалтай нь тэднийг дагасан будилаантай хүмүүс ч олширох нь бололтой. Нам доторх будилаанаа бид цэвэрлэх ёстой. Үүний дараа намын даргын асуудлыг ярих хэрэгтэй. ҮЗХ-ны хурал дээр намын үзэл баримтлал, үзэл бодлыг өөрчилье гээд ярьж байсан. Би л гэхэд 26 жил АН-д үзэл бодолгүй явж ирсэн байх нь уу. Хамгийн чухал нь бид үзэл баримтлалынхаа дагуу ажиллаж чадахгүй байна. АН барууны үзэл баримтлалтай нам. Гэсэн хэдий ч өнгөрсөн хугацаанд хамгийн их үзэл бодлоосоо ухарлаа. Ард түмнээ хөрөнгө чинээтэй болгохыг уриалдаг намын дарга нь хамгийн том компаниа унагаадаг, бизнесүүдээ шалгаж, хорьдог. Энэ нь өөрөө барууны намын үзэл баримтлал биш. Боломжийг нь бүрдүүлж өгөөд “Чи ажилла” гэх ёстой байхгүй юу. Бизнес хөгжсөнөөр улс хөгжинө. Гэтэл санал авахын тулд зүүний нам ч юм шиг болоод л, гарч ирсэн үндэсний хөрөнгөтнүүдээ ч олигтой ажиллуулахгүй явж ирлээ. МАН маш тодорхой зүйлийг хийж эхэллээ. Аж үйлдвэрийн яамыг байхгүй болгосон. Барууны чиглэлийн нам чинь аж үйлдвэрийг хөгжүүлдэг. Аж үйлдвэр хөгжсөнөөр улс хөгждөг. Үзэл бодлын ялгаа ердөө л энэндээ байгаа юм. Бид 2016 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт Сэлэнгэ аймагт дэд бүтэц, аж үйлдвэр, хөнгөн ба хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавьж сонгуульд орсон. Энэ бүхэн хөгжиж байж улс хөгждөг учиртай.

-Одоо тэгээд яах ёстой вэ?

-Яваандаа ардчиллын үнэ цэнийг байхгүй болгох гэж үзэх байх. Хатуухан хэлэхэд МАН-д байгаа нөхдүүд хэзээ ч ардчиллыг дэмжиж байгаагүй. Тиймээс л АН, МАН гэж хуваагдсан. Хэдэн жилийн дараа тэд “Та нар АН энэ тэр гээд яваад байсан. Үнэндээ Ж.Батмөнх гуай наад ардчиллыг чинь хийчихсэн шүү дээ” гээд яриад явах вий гэхээс айдаг. Намын гишүүд “Өчнөөн жил л АН-ыг дэмжлээ. Олон сонгуульд дэмжиж орлоо. Энэ нам бидэнд юу өгсөн юм” гэж асуудаг. “Манай намынхан Монголын ард түмэн хэдэн зуугаар тоологдох боломж, эрх чөлөөг олгосон шүү. Тендер авсан, сургуульд соёлд хамрагдсанаар нь хэмжихгүй. Бид ард түмний өмнө ийм том гавьяат байгуулсан” гэж би хэлдэг юм. Малыг малчдад өгсөн гээд л байдаг. Үнэн хэрэгтээ АН-ын гишүүд, АН-ын бодлогоор хийгдсэн ажил. Тэр утгаараа АН-ын гишүүд тийм мундаг гэдгээрээ бахархах хэрэгтэй.

Хуучин компанийн захирлууд дандаа л Ардын намынхан байсан. Бүгдээрээ газраа аваад явсан уу явсан. Дараа нь ардчиллын буянаар бүгд газраа авсан уу авсан. Мөн өөрсдийгөө тариаланч гээд байгаа юм. Үнэндээ тариаланчид чинь цаана хоцорчихсон шүү дээ. Ахмадууд нь ажилгүй болоод залуучууд нь цалингаа аваад явж байна. Хатуухан хэлэхэд газрын эзэн тариаланч хоёр гэдэг чинь “Галсан мээрэнгийн авгай” гэдэг шиг шал өөр зүйл байхгүй юу. Газар, талбай авах болоод ирэхээрээ би тариаланч гээд унадаг. Чухамдаа хөлсөө гоожуулан үрэлгээ хийж, комбайн барьдаг жинхэнэ тариаланчид цаана нь байдаг юм. Энэ тухай Сэлэнгэ аймгийн АН-ы мөрийн хөтөлбөрт тодорхой зааж өгсөн л дөө. Яахав ард түмэн боломж олгосонгүй.

-Ардчилсан намын жирийн гишүүд дэмжигчид юу бодож явдаг юм бол?

-Аль ч аймаг, дүүрэгт 40-60 насны АН-д анхнаасаа зүтгэсэн хүмүүс байдаг. Тэд 1990 онд бусдаас илүү харж өнөөдрийн нийгмийг мэдэрч чадсанаараа хохирч болохгүй. 20 гаруй жилийн дараагийнхыг харна гэдэг чинь тухайн үед өндөр боловсрол, эр зориг шаардсан зүйл байлаа. Үүнийхээ төлөө тэд ад шоо үзэгдэх ёстой юм уу. Дарга нар гэдэг бол өрмийг нь аваад явчихдаг хүмүүс. Харин сүүг нь хөөрүүлсэн хүмүүс чинь жирийн гишүүд, дэмжигчид байдаг. Тэр сүүг хөөрүүлээгүй бол хэзээ ч өрөм тогтохгүй. Эрх чөлөөний одонгоо зүүчихээд баярлаж яваа хүмүүстэйгээ хамт байж байгаад хотод ирээд хуралд суухаар үнэнийг хэлэхэд ой гутдаг. Ардчилсан намыг авч яваа цөм нь жирийн гишүүд. Түүнээс биш Гүйцэтгэх зөвлөл, ҮЗХ биш. Сэтгэлээрээ яваа тэр хүмүүс л өнөөдрийн ардчилсан намыг авч яваа.

-Орон нутгийн ихэнх АН-ын дарга нар ажлаа өгөх сураг байна. Та ч бас өгөх үү?

-Нэгдүгээрт, нам энэ чигээрээ байх юм бол би аймгийн намын дарга байтугай намын гишүүн ч баймааргүй байна. Би анхнаасаа ийм намд элсээгүй. Нам гэдэг янз бүрийн хүмүүсийн нэгдэл хэдий ч хэтэрхий сонин хүмүүстэй нэг вагонд сууна гэдэг амаргүй.

Хоёрдугаарт, бид намаа шинэчилье гэж байгаа бол маш хурдан хийх ёстой. Би сумын намын даргыг 10 гаруй жил, Сэлэнгэ аймгийн АН-ын даргыг дөрвөн жил хийлээ. Энэ хугацаанд би цаг зав зориулж, өөрийнхөө хөрөнгөөр хангалттай санхүүжүүлсэн. Үүний дүнд ардчилал Монголд төгс ялаасай л гэж хүссэн. Тийм бодолтой явдаг олон хүмүүсийн нэг нь байхгүй юу. Би Ардчилсан намд хайртай. Гэхдээ хайртай байлаа гээд шударга биш, ёс зүйгүй зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй. Энэ миний хатуу байр суурь. Саяын сонгуулиар Сэлэнгийн нийт сонгогчдын 44.6 хувь нь АН-д саналаа өгсөн гэдгийг МАН-ынхан мартаж болохгүй. Гэтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгч есөн хүний суудлаас ердөө нэгийг нь л АН-д өгсөн. АН-ынхан гурван тэргүүлэгчтэй байлаа гээд тэдэнд нөлөөлөх нөлөөлөл нь бага. Тэд дараагийнхаа сонгуульд бэлдэж байна уу гэхээс Сэлэнгэ аймгийн хөгжил энэ тэрийг харсангүй. Даргаа дагаж далдганасан хэдэн хүний дөрвөн жилийн ажил болох гэж байгааг шүүмжилж байгаа юм. Ардчилсан үзэл бодолтойнхоо төлөө иргэд хохирч болохгүй. Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын дарга Бямбаа хоёр АН-д 44.6 хувийн санал өгсөн ард түмэн байгаа шүү гэдгийг мартах ёсгүй. Ж.Эрдэнэбат, С.Бүрэнбат, Ш.Оргил нар 12 жил Засаг дарга хийхдээ Сэлэнгэ аймагт ямар хөгжил бий болов гэдгийг бид харна. Бусад аймгууд ч гэсэн тийм байгаа. Дөрвөн жилийн дараа “Бид дампуурсан улсыг авсан” гэж хэлээд зогсож байх вий дээ. АН-ынхан тийм байхад нь ч гэсэн юм хийж байсан. Төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс айдастай байна. Төрийн залгамж халааг үргэлжлүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж яваа төрийн албан хаагчдыг халж, сольж болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

М.Билэгт: Малчдын амьдрал ахуйг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллана

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-Таныг “Ачлал”-ын М.Билэгт гэдгээр хүмүүс сайн мэддэг. Харин өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж УИХ-ын гишүүн боллоо. Улстөрд орох бэлтгэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

-Манай орон зах зээлд шилжсэн эхний жилүүдэд ганзага хийж, гахай үүрч хувийн бизнесээ босгох гээд суурин суудаггүй байлаа. Ингэж байгаад намын гишүүний хувьд МАН-ыг сонгуульд ялуулахын тулд 1996 оноос хойш идэвхтэй оролцож ирсэн дээ. 1996 оноос хойш 20 жил өнгөрчээ. Нам, олон нийтийн ажилд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо хүргэж явсаар аяндаа тохироо бүрдэж “За би ер нь шийдвэр гаргах түвшинд УИХ-д нэр дэвшье” гэж шийдэж яг хийж зориглосон үе бол 2007, 2008 он байсан.

-2012 оны сонгуульд таныг нэр дэвшиж байсныг санаж байна?

-Тэр үед манай ард түмний олонх нь Ардчилсан намд саналаа өгсөн. Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвших боломж гарсан л даа. Энэ удаа Монголын ард түмний дийлэнх нь МАН-д итгэл хүлээлгэлээ. Манай иргэд сонгуульд оролцож сурч байгаа юм байна. Төрийн эрх барих үүргээ тодорхой хэмжээгээр ойлгодог, тэр үүргээ биелүүлэх боловсролтой болсон нь өнгөрсөн сонгуулиар харагдаж байлаа.

-Өмнөх хэд хэдэн сонгуульд АН, МАН хоёр УИХ-д ойролцоо суудал авч байсан. Ингэснээр аливаа асуудлыг гацаадаг, бие биенийхээ ажлыг тушдаг гэсэн шүүмжлэл дагуулдаг байлаа. Харин энэ удаа иргэд нэг намд нь саналаа өгье. Тэд ачаагаа үүрээд, ажлаа хийг гэсэн шийдвэр гаргачихав уу даа?

-Шууд тэгж шийдсэн байна. Яагаад гэвэл өнгөрсөн дөрвөн жилд ажил хийж амьдралаа авч явахад жирийн ард иргэдийн хувьд хүнд байсан. Иргэд олноор ажилгүй болсон. Тэгэхээр цалингүй, орлогогүй гэсэн үг. Үүнийг дагаад жижиг бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн борлохгүй. Өөрөөр хэлбэл цусны эргэлтгүй болсон нь ард иргэдэд маш хүнд туссан. Тиймээс ер нь тогтмол ажил, цалин, орлоготой л байх ёстой юм байна, сайхан барилга байшин барьж байгаад, зам тавьж байгаагаар аж амьдрал дээшилдэггүй юм байна гэдгийг иргэд сая ойлгосон. Ингээд л сонголтоо хийлээ гэж бодож байгаа. Учир нь МАН үеийн үед Монгол Улсыг удирдаж байхад ард түмэн хоёр идээгүй ч хоосон хонохгүй ажилтай орлоготой байжээ гэдгийг сүүлийн гурван жил ард түмэн ойлгох шиг боллоо гэж бодсон. Би ард түмнийхээ сонголтод сэтгэл хангалуун байгаа. УИХ-д 65 суудалтай болсон нь ард түмнийхээ сэтгэлд хүрсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж юм. Сүүлийн 20 гаруй жилийн улс төрийн байдлын нэг том алдаа нь заавал улс төр хийж нэгнийгээ шүүмжилж, гацааж түүгээрээ олонд танигдах улстөрчид олширсон. Эдийн засгийн хямрал болчихоод байхад улс орныг хөгжүүлье, ард түмэнд хэрэгтэй шийдвэр гаргая гэсэн сэтгэлээр биш зөвхөн өөрийгөө таниулах популизм хийх гэсэн хандлагатай УИХ-ын гишүүн олон сонгогдож байлаа. Сая гэхэд 76 гишүүний 38 нь анх удаа сонгогдсон хүмүүс байна шүү дээ. Олон түмэн бас зөв юмаа харж сонгосон байх гэж харж байгаа.

-Таны хувьд ямар асуудалд анхаарал хандуулж ажиллах вэ. Өмнөх Их хурлын эмэгтэй гишүүд хүүхэд, гэр бүлийн чиглэлийн хуулиуд дээр нэгдэж анхаарлаа хандуулж ажиллаж байсан?

-Би малчны хотонд төрж, өсөж, тэр амьдралыг бие махбодиороо мэдэж, мэдэрсэн хүн. Тиймээс малчин түмэн, хөдөө суманд амьдарч байгаа ард иргэдийн төлөөлөл болох, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, аж амьдралыг дээшлүүлэх, ажил үйлчилгээ хийж байгаа зүйлийг нь тогтвортой явуулах тийм бодлого шийдвэрийг гаргахад дуу хоолойгоо хүргэх юмсан гэж дандаа бодож зорьж явсан хүн. Сүүлийн хоёр жилд бол малчны хотонд үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ үнэхээр унасан шүү дээ. Тэгсэн мөртлөө ард иргэдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүний үнэ өсөөд байдаг. Долларын ханш өсч байгаа учраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс аргагүй. Манайх үйлдвэрлэгч орон биш. Эргээд харахад манай орон малчныхаа хотонд мах, сүү л үйлдвэрлэдэг байсан юм байна. Монгол орныг малчингүйгээр төсөөлөх аргагүй. Бид гадаадаас мах импортолдог болчих юм бол тэрний үнэ дааж давшгүй хэмжээнд очно биз дээ. Монголчууд махгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй. Өөрөөр хэлбэл мал аж ахуй дээр манай орны гол үйлдвэрлэл явж ирсэн юм байна. Тэгэхээр малчин түмнийхээ хотонд үйлдвэрлэгдэж байгаа тэр бараа бүтээгдэхүүний үнийг дээшлүүлж, байнга тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд, тэнд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар гарц байдаг юм, ямар хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх ёстой байдаг юм үүн дээр л одоо шийдвэр гаргах түвшний хүмүүстэй санаа бодлоо уралдуулж, ойлголцож, зөв шийдвэрүүд гаргахын төлөө ажиллана. Миний гол зорилго бол энэ. Өөр бас нэг зүйл бий.

-Тэр нь?

-Зах зээлд шилжсэнээс хойш 20 гаруй жилийн хугацаанд манай иргэдийн эрүүл мэндийн асуудал анхаарахаас аргагүй байдалд хүрсэн. Би эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн биш. Үйлчлүүлэгчийн байр сууринаас харж тав, зургаан жилийн өмнөөс үнэхээр эрүүл мэндийн салбарыг өөд нь татах, ард иргэдээ эрт оношлоход ямар туслалцаа, хувь нэмрээ оруулж болох юм бэ гэдгийг бодож эхэлсэн. Ингээд өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний менежментийг оруулж ирэхэд юу хэрэгтэй юм бэ гэдгийг судалж үзсэн л дээ. Монголчууд “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэж хэлдэг шүү дээ. Түүн шиг өндөр хөгжилтэй орны эрүүл мэндийн менежментийг Монголдоо нэвтрүүлэхэд хамгийн түрүүнд шаардлага хангасан эмнэлгийн барилга хэрэгтэй юм гэдгийг мэдэж авсан. Ингээд Японы эмнэлгийн барилгын стандартыг хангасан эмнэлэг барьчих юм бол япончууд тоног төхөөрөмжтэйгөө, менежментийн багтайгаа орж ирнэ. Тэгвэл манай иргэд тэр өндөр хөгжилтэй орны эмнэлгийн оношлогоонд Монголдоо хамрагдах нөхцөл бүрдэж болох юм байна гэдгийг энэ судалгааныхаа явцад мэдэж авсан. Тэр эмнэлэгт ажиллах боловсон хүчний 80-90 хувь нь монголчууд байна. Улмаар таваас арван жилийн дараа Японы эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа менежмент Монголд нутагшаад үлдэх боломжтой болох юм. Ингээд 300 ортой хавдрын эмнэлгийн барилгыг барьж эхэлсэн. Эхний 120 ортойг нь өнгөрсөн дөрвөн жилд барьчихлаа. Өргөтгөл 180 ортой эмнэлгийн барилгын суурийг хийчихсэн. Монголд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад хамтарч ажиллах японы багтай санаа нэгдээд байгаа. Энэ одоо миний монголчуудынхаа төлөө хийх хамгийн чухал ажил болоод байгаа. Үр дүн нь ч гарна. Ирэх жилийн өдийд гэхэд би эхний 120 ортой эмнэлгийг ашиглалтад оруулчих төлөвлөгөөтэй байна. Монголчуудаа эрүүл урт наслахад хэрэгтэй хамгийн эрт оношлогоог хийх өндөр хөгжилтэй орны менежментийг нэвтрүүлэх боломжийг бүрдүүлээд явж байгаагаараа өөрөөрөө бахархдаг.

-УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Өргөдлийн байнгын хороонд хуваарилагдсан байсан. Яагаад эдгээр байнгын хороог сонгох болов?

-Би эмэгтэй хүний хувьд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд орох хүсэлтээ өгсөн. Энэ байнгын хороогоор дамжуулан өрх гэр бүлийн амьдралыг дээшлүүлэх, тэнд хэрэгжүүлэх ажилд нь өөрийнхөө дуу хоолойг хүргэж бодлого боловсруулахад оролцъё гэж бодсон. Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд орох хүсэлтээ тавьсан. Олон гишүүд тэр байнгын хороонд орох гэсэн юм шиг байна лээ. Ингээд Өргөдлийн байнгын хороонд хуваарилсан. Гэхдээ Өргөдлийн байнгын хороогоор дамжаад ард иргэдийнхээ өргөдөл санал бодлыг шийдвэрлэх боломжтой шүү дээ.

-Таны хувьд олимпийн аварга Н.Түвшинбаяртай нэг тойрогт өрсөлдөж 98 хүний илүүгээр ялалт байгуулсан. Хамгийн өрсөлдөөнтэй тойрог байсан байх. Энэ зун тойрогтоо очиж ажиллах уу?

-Бүх сумдаараа явж уулзалт хийнэ гэж бодож байгаа. Гэхдээ бас очихдоо хэлэх юмтай очьё гэж бодож байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсрогдож гарахыг хүлээе. Үүнтэй холбогдуулаад бас ээлжит бус чуулган хуралдана гэж манай намын УИХ дахь бүлгээс зарласан. Тэгэхээр ээлжит бус чуулганаар МАН-ын мөрийн хөтөлбөртэй холбоотой тодорхой шийдвэрүүдийг гаргана байх гэж итгэж хүлээж байгаа. Ингээд есдүгээр сарын эхээр хөдөө сумдаараа явж уулзалт хийнэ гэж төлөвлөж байна даа.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж байсан ч мөн л “давхар дээл”-ийг давтлаа. Мөн дэд сайдуудын орон тоог арайхийж алга болгож байхад буцаагаад оруулаад ирлээ гэсэн шүүмжлэл сөрөг хүчний зүгээс хэлж байгаа. Үүн дээр УИХ-ын гишүүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Урд нь 16 “давхар дээл”-тэй сайд байсан бол сая тав болголоо. Ард иргэдийн олонхийн саналыг аваад УИХ-ын гишүүн болсон, олон түмний итгэлийг хүлээсэн хүмүүсээс Засгийн газарт оруулснаар илүү хүчтэй, тогтвортой болох боломж бүрдсэн байх гэж харж байгаа. Мэргэжлийн бус гэдэг бол зүгээр шүүмжлэл болов уу. Салбараа удирдаж чадах сайн менежерүүд сонгогдчихлоо гэж харж байгаа. Хамгийн гол нь тухайн салбарыг сайн удирдаад, сайн менежер хийж чадах сайд байх юм бол тэр мэргэжлийн өндөр чадвартай боловсон хүчнүүдийг ашиглаад салбарыг босгоод ирж чадна шүү дээ. Дэд сайд ямар хэрэгтэйг өнгөрсөн хавар бид харсан. Эрүүл мэндийн сайд нь ажлаа хийх боломжгүй болсон үед тэр яам ажил үнэхээр цалгардаж байсан шүү дээ. Сайд нь ажлаа явуулах боломжгүй нөхцөл бүрдсэн тохиолдолд тэнд дэд сайд байснаар ажил цалгардахгүй. Дэд сайд орлоод хийгээд явчихна. Тэгэхээр дэд сайдыг хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Цаашдаа ч тэр яамандаа сайд хийх сайн боловсон хүчнийг бэлдэхэд дэд сайдын албан тушаал хэрэгтэй юм байна гэж харж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН