Categories
мэдээ цаг-үе

“Монголыг монголчууд хөгжүүлнэ” уриатай Дарханы төмөрлөгийнхөн

Дархан аж үйлдвэрийн бүс нутаг болон хөгжих бүрэн боломжтой, дэд бүтэцтэй нутаг хэмээн мэргэжилтнүүд хэлдэг. Ер нь хэзээнээсээ аж үйлдвэрийн бус нутаг хэмээн нэрийдэж ирсэн байдаг. Бүтээн байгуулалтын дээд “Төрийн гэрэгэ”шагналыг мичин жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүртсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг “Танайд өнжье” буландаа онцоллоо. Сурвалжлагаа бэлтгэхээр Дархан хотноо очиход намрын хонгор салхи сэрчигнэн байснаа төд удалгүй намирсан зөөлөн бороо болон үргэлжилэв.

“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ДАРХАНЧУУДЫН ИТГЭЛИЙН ГАЛ ХЭВЭЭРЭЭ БАЙНА

1990 оны цагаан морин жил Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн тэр жил Монгол, Япон хоёр орны Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Сайд нарын зөвлөлийн 160 дугаар тогтоолоор Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн Бурхантын хөндийд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” өрхөө татсан түүхтэй. Харин тус үйлдвэр ашиглалтад орсон цаг хугацаа нь 1994 он. Монгол Улсын хүнд үйлдвэрлэлийн салбарын томоохон төлөөлөл болох Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн“Дэлхийн жишигт хүрсэн “Уул уурхай-Металлургийн цогцолбор” үйлдвэр болохын тулд цаг нартай уралдан, дэлхийн шилдэг тоног төхөөрөмжийн хүчээр “зүтгэж” байгаа юм байна. Бурхантын хөндийгөөс зүүн урагшаа 10 орчим км яваад бидний сайн мэдэх Дарханы төмөр хүнийг өнгөрөөд үйлдвэр рүү яваад орчихдог юм билээ. Үйлдвэрийн оффисын хаалгаар оронгуут “Эх орны төмрийн хүдрээс нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын үндэсний тэргүүлэгч компани болох” хэмээх эрхэм зорилго нь харааны түвшинд байрлуулсан тул хамгийн түрүүнд нүднээ тусна. Хаалганы баруун талд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн хамт олны ажил үйлсээрээ манлайлан хөдөлмөрөө үнэлүүлсэн цомуудыг хоргонд ярайтал өрсөн харагдана. Орох айл үүднээсээ гэж монголчууд хэзээнээс хэлэлцэж ирсэн улс. Ямартай ч тус үйлдвэрийнхэн маш хөдөлмөрч хүмүүс гэдэг нь авсан шагналуудаас нь харж болохын дээр том үйлдвэр гэлтгүй тунчиг цэвэрхэн байгууллага гэсэн анхны үнэлэмжээ хэнбугай нь ч шууд өгчихмөөр.

Тус хамт олны уриа “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэсэн ердөө гуравхан үг. Үгийн цаадах утгыг ухаж чадаж гэмээнэ тэдний өмнө ямар том зорилт байгааг түвэггүй ойлгочихно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн нууц ердөө л аж үйлдвэрлэлийг өндөр зэрэглэлд хөгжүүлсэн байдаг. Дэлхийн жишигт нийцэх гэж, даяарчлагдсан бөмбөрцөгийнхнөөс хоцрохгүйн тулд Монголоо өөрсдөө хөгжүүлэх алтан зарчимдаа энэ үйлдвэрийнхэн үнэнч явна. Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай орны хувьд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж дэлхийд өрсөлдөнө гэдгээ мэддэг болсон. Монгол Улсын металлургийн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн ажиллаж байна. Улсдаа л металлургийн салбарын анхдагч тус үйлдвэрийнхэн хүнтэй зүйрлүүлбэл эр бие жагссан эх орны “хүү” болжээ.

Тус үйлдвэр рүү ирэхийн өмнө Дархан-Уул аймагт амьдардаг Л.Отгонбаатартай ярилцаж байхад “Манай төмөрлөг чинь одоо ч гэсэн Дарханы гол үйлдвэр хэвээрээ. Найзууд маань тэнд л ажиллаж ар гэрээ авч явж байна. Нэг үгээр хэлбэл итгэлийн гал одоо ч асаалттай байна” хэмээн ярьж байсан нь санаанд илхэн.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хаягдал төмөр хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж ирсэн. Тэгвэл удахгүй төмрийн хүдрээ түүхий эд болгон ашиглаж ган үйлдвэрлэдэг болох том зорилтын төлөө бүгд л нэгэн дуугаар хичээн ажиллаж байгаа юм билээ. Төмрийн хүдрээ өөрсдөө боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийж чадах Монголын хамгийн том үйлдвэр мэдээж Дарханы төмөрлөгийн үйлдвэр. Тус үйлдвэрийн хамт олон Хонгор сумын нутагт жилд 700 мянган тн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай нойтон соронзон баяжуулах үйлдвэрийг хаягдлын байгууламжийн хамт 2014 онд ашиглалтанд оруулаад авчээ.

Үйлдвэрийн хашааны баруун хэсэгт “Нойтон баяжуулах үйлдвэр” гэсэн том байшин харагдана. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрийнхээ уурхай тус бүр дээр “Хуурай соронзон баяжуулах үйлдвэр” барьжээ. Хуурай соронзон баяжуулах үйлдвэр нь төмрийн хүдрийг хуурай орчинд буталж тээрэмдээд соронзон ангилагчаар төмөртэй хэсгийг ялгаж аваад нойтон баяжуулах үйлдвэр рүүгээ тээвэрлэдэг аж. Үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж явахад Нойтон баяжуулах үйлдвэр нь сул зогсолттой байлаа. Олон улсын зах зээлд төмрийн хүдрийн үнэ унасантай холбоотой юм байна. Нэг үгээр хэлбэл талх үйлдвэрлэгчид 1000 төгрөгийн өртөгөөр бүтсэн талхаа хэзээ ч 900 төгрөгөөр зардаггүй. Үүнтэй л агаар нэгэн зүйл болжээ. Өмнөх жилүүдэд хүдэр экспортолж байх үед нэг тонн төмрийн хүдрийн үнэ 137 ам.доллар байсан бол одоо дэлхийн зах зээл дээр 36 ам.доллар болтлоо огцом буурсан нь сул зогсох шалтгаан болсон юм. Төмрийн хүдрийн зах зээл яг ийм нөхцөл байдалтай байгаа. Бүтээгдэхүүний өөрийнх нь өртөгт ч хүрэхгүй байгаа тул зах зээл сэргэхийг хүлээж байгаа аж. Нойтон баяжуулах үйлдвэр нь жилдээ нэг сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Монгол Улсын хэмжээнд хүчин чадлаараа нэг номер гэсэн үг. Нойтон баяжуулах үйлдвэрээс гараад ирснийх нь дараа барихаар төлөвлөсөн шууд ангижруулсан төмрийн үйлдвэр рүүгээ оруулаад 90-ээс дээш хувийн төмрийн агууламжтай төмөр гаргаж авдаг байна. Ангижруулсан төмрөө гаргаж аваад дангаар нь эвсэл хаягдал төмөртэйгээ хамт хайлуулаад эцсийн бүтээгдэхүүн гаргаж авдаг процессийг төслийн хоёр шатанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаагаа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн хэллээ. Нойтон баяжуулах үйлдвэр дэргэдээ хаягдлын байгууламжтай баригджээ. Хаягдлын байгууламж нь орчин үеийн геомембран доторлогоотой тул төмрийн хүдрээс гарах шороотой зутан газрын хөрсөнд шингэх боломжгүй ажээ. Хаягдлын далан нь 465 мянган метр куб-ын багтаамжтай. Нүдээр үзсэн хүнд уулга алдмаар том юм билээ. Нойтон баяжуулах үйлдвэрийн усны талаар сонирхоход хаягдлын далан руу зутантай орсон усаа эргүүлэн ашиглах гэнэ. Түүнийхээ шугам хоолойг ч тавьчихаж. Нэг хэрэглэсэн усаа дахин хэрэглэнэ гэсэн үг.

Дарханы төмөрлөгийн баяжуулах үйлдвэрүүд нь АНУ-ын “TRIO”, Герман-Хятадын хамтарсан “SANME”, БНХАУ-ын “ZENITH”, АНУ-БНХАУ-ын хамтарсан “ERIEZ MAGNETICS” зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон талаар үйлдвэрийн мэргэжилтнүүд ярьж байлаа. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг тул ажилчдын эрүүл ахуй улам баталгаатай болжээ. Дарханы иргэдийн эрүүл мэндэд хортой болон бүс нутгийн байгаль орчинд сөрөг нөлөөтэй ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нь тус үйлдвэрийн хариуцлагыг илтгээд өгнө. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэрээ барихаар газраа хэдийнэ бэлтгэжээ. Шууд ангижруулсан төмрийн үйлдвэр гэдэг нь бидний хэлж заншсанаар өнөө гангийн үйлдвэр юм. Гангийн үйлдвэр барих гэрээ хэлцэлдээ гарын үсэг зурж, төсөл хэрэгжиж эхлэх эхний алхмуудаа хийгээд байгаа юм билээ. Тус үйлдвэрийг барих төсөл дээр хамтран ажиллах гадны компанийн мэргэжилтнүүд ирээд явсан байна. Одоо зураг төслөө хийх ажилдаа ороход бэлэн болжээ. 400 мянган тонны хүчин чадалтай гангийн үйлдвэр барина гэдэг бол хашаанд байшин барихаас ангид учраас зураг төслөө гаргахад багагүй хугацааг зарцуулах нь. Дарханы төмөрлөгийн үйлдвэр жилдээ хоёр сая тонн бүтээгдэхүүн ачих хүчин чадалтай, 54 вагон нэг удаадаа орох хоёр салаа замтай терминалийг хаягдлын далангийнхаа баруун талд барьжээ.

Тус үйлдвэртэй холбоотой өөр нэг чухал ажил нь Ган бөмбөлгийн үйлдвэр барих. Тоног төхөөрөмжөө Монгол Улс руу тээвэрлэхэд бэлэн болсон тул үйлдвэрийн сууриа цутгах ажлаа эхлүүлэх гэж байлаа. Монгол Улсдаа ган бөмбөлөг үйлдвэрлээд эхэлбэл Эрдэнэт, Оюу толгойгоос эхлээд дотоодын баяжуулах үйлдвэр, станцууд гаднаас өндөр үнээр ган бөмбөлөг авах шаардлагагүй болно. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ган бэлдэц, арматур, булан төмөр гэсэн үндсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол дахин нэг шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэр төрлөө олшруулах юм. Ингэснээр мэдээж өрсөлдөх чадвар нь улам л нэмэгдэнэ. Манай орны хувьд төмрийн үйлдвэрүүд хаягдал төмрөөс хараат байдаг. Үйлдвэрийн төсөл бүрэн хэрэгжсэнээр энэ хараат байдлаас гарчих боломж нээгдэнэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрт уурхай, үйлдвэр нийлээд 1400 орчим хүн ажиллаж байгаагаас 90 гаруй хувь нь Дарханы харьяалалтай иргэд гэнэ. Ямар ч байгууллага ажилтнуудаа сэтгэл хангалуун ажиллах нөхцөл бололцоог хангаж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж чадвал хөдөлмөрийн бүтээмж нь өндөр байдаг билээ. Тэд энэ бүгдийг хийсэн байна.

“ТӨРИЙН ГЭРЭГЭ” ХҮРТСЭН ХАНДГАЙТ-ТӨМӨРТЭЙ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМ ХИЙГЭЭД ЕРӨӨ, ХҮДЭР СУМДЫГ ХОЛБОСОН АВТО ЗАМ

Сэлэнгийн Дулаанхааны дөрвөн замын уулзвараас Ерөө, Хүдэр сум чиглэлийн 104.5 км хатуу хучилттай авто замын ажил ахицтай байна. Төмөртэй орд руу явах гол авто зам нь энэ л дээ. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнийн уналтаас шалтгаалж түр зогсолт хийгээд буй уурхайн ажилчдаа ажлаар хангахын тулд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн тус замын үндсэн гүйцэтгэгч “Пик Девелопмент” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр авто замын газар шороо, далангийн ажлыг хийж байгаа юм. Эл зам ашиглалтад орсноор Ерөө, Жавхлант, Хүдэр сумдын иргэдийн амьдралд томоохон дэмжлэг болох учиртай. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн 104.5 км авто замыг бараг л нийгмийн хариуцлагын хүрээнд барьж байгаа гэхэд болно. Нэгэнт нийгмийн хариуцлага гэж дуугарсных өөр хэдэн зүйл дурсахыг хүслээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай компани гэдэг утгаараа олны ам сайтай байх юм билээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд мөн Дархан-Уул аймгийн Хонгор суманд сайжруулсан шороон зам тавих, ахмадын хорооны байрных нь шугам сүлжээг сайжруулжээ. Налайхад байгуулагдсан Монгол-Германы хамтарсан технологийн дээд сургуульд Дарханы 10 оюутны сургалтын төлбөрийг даан суралцуулж, ахмадууд, хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хариуцлагын чиглэлийн олон ажлыг нь дурдаж болохоор.

104.5 км хатуу хучилттай энэ авто замаар төмрийн хүдэр тээвэрлэхгүй тул замын эвдрэл гарахгүй гэсэн үг. Ямар ч байсан нутгийн иргэд авто замтай болж буйдаа тунчиг сэтгэл хангалуун байгаа юм билээ. Жил жилийн сонгуулийн амлалт болж, хэдэн парламент солигдсон ч ганц хүрз шороо ч асгаагүй байсан зүйлийг ажил хэрэг болгосон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийнхэнд талархсан нутгийн зон олны үг амнаас ам дамжин яригдсаар байна. Дарханы “Бирж” гэж хөлийн газар бий. Тэндээс Ерөө, Хүдэр, Бугантын чиглэлд микро автобусууд явдаг юм билээ. Тус чиглэлийн зорчигч, жолооч нараас “Зам хэр байна гэхэд” “Ерөө өнгөртөл сайхан замтай болсон. Хүдэр хүртэл явах юм гэсэн. Бушуухан дуусчихвал иргэд бидний амьдралд тун хэрэгтэй байна. Өмнө нь машинаа тачигнатал давхидаг байсан бол одоо ч огт өөр болсон” хэмээн ам уралдан ярих. Тус авто замаар явж байхад “Монголчууд зам тавиад сурчихжээ” гэж бодогдохоор. Зарим зам шинээр баригдсан ч энхэр донхол, донсолгоотой байдаг бол энэ замын хувьд ярих юмгүй “шил толь”. Өмнө нь ямартай ч цаг гаруй “санжигнуулдаг” байсан замыг жижиг суудлын авто машинаар 20 минутын дотор л туулж байсан нь цаг хугацаа, авто машины эвдрэл гэмтэл, бензин, шатахуунаас эхлээд олон зүйлд эерэг алхам болсон байлаа. Харин Хүдэр сумын иргэд “Өвлөөс өмнө манай сум холбогдчихвол их хэрэг байна” гэсэн юм. Тус замаар ногоо ачсан портер машинууд салхи татуулан давхицгааж байгаа нь иргэдийн амьдралд ямар нэмэртэй байгааг хэлээд өгнө.

Өнгөрөгч хавар Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөр замын нээлт Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд болж байлаа. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн төмрийн хүдрээ авто замаар тээвэрлэхэд зардал ихээр шаардагдаж байсан тул өөрсдийн хүчээр, онцолбол монголчууд Хандгайт-Төмөртэй чиглэлийн 33.4 км төмөр замыг бүтээн байгуулж чадсан нь тэр байв. Тус төмөр зам нь “Болд төмөр Ерөө гол” компанийн Хандгайт өртөөнөөс Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэй уурхайн чиглэлд хамаарна. Төмөрлөгийн үйлдвэрийнхэн“Уул уурхай-Металлургийн цогцолбор” барих төслийн үе шаттай хийгдэж буй ажлын нэг нь төмөр зам барих, өртөө байгуулах ажил байсан талаар тус үйлдвэрийн Уул уурхайн хэлтсийн мэргэжилтэн Энхбаяр хэллээ. Энэ дагнасан хэрэглээний төмөр зам нь Төмөртэйн орд газраас олборлосон төмрийн хүдрийн баяжмалыг экспортонд болон бусад хэрэглэгчдэд зориулан ачих буулгах, тээвэрлэх зориулалттай байгуулагдсан байна. Төмөртэйн төмөр замын ажлыг “MRC” ХХК хяналт тавин “Пик Девелопмент” ХХК 2014 эхлүүлэн жил гаруйн хугацаанд барьж ашиглалтад оруулснаар улсын комисс хүлээн авчээ. Төмөртэй уурхайн дэргэдэх 13.8 км дэлгэмэл урттай зам бүхий өртөө байгуулсан байлаа. Өртөөнд нийт 3.7 км зам бүхий ачилт буулгалтын терминалтай болжээ. 720 м2 талбай бүхий өртөөний хоёр давхар барилга сүндэрлэжээ. Түүнчлэн төмөр замтай болсноор Монгол Улсад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эд болох төмрийн хүдрийн баяжмалыг хамгийн бага зардлаар тээвэрлэн үндсэн гангийн үйлдвэрт нийлүүлэх нөхцөл бүрдээд байгаа нь энэ.

Төмөртэйн уурхайгаас “Болд төмөр-Ерөө гол” компанийн Хандгайт өртөө хоорондох 33.4 км төмөр зам ашиглалтад орсноор Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэрлэн вагонд ачдаг байдалд цэг тавьж чаджээ. Үүнээс харахад манай улсад мэргэжилтэй хүмүүс дутмаг, ажил хийж чаддаггүй гэдэг үг ул болсон мэт. Хүнээр чанартай ажил хийлгэж чаддаг сайн менежер дутмаг байгаа юм байна гэсэн бодол төмөр замтай танилцаж байхад төрсөн юм. Ямартай ч “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн захирал Д.Батжавхлан өөрийнхөө удирдах чадварыг энэ хоёр зам дээр тод томруун харуулаад өгөв шүү.

ТӨМӨРТЭЙ, ТӨМӨРТОЛГОЙ, ХУСТ-УУЛЫНОРД, ДЭДСТАНЦ ХИЙГЭЭД АЯ ТУХТАЙ АЖИЛЛАХ ОРЧИН

Дарханы төмөрлөгийн үйлдвэр Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн төмрийн хүдрийн үндсэн гурван ордыг эзэмшиж байна. Эдгээр ордуудыг нэгдсэн бодлоготойгоор зөв ашиглаж чадвал Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос ч түрүүлээд эдийн засгийн үр шимээ өгөх боломжтой гэдгийг уул уурхайн салбарынхан онцолдог. Төмөртэйн орд руу Дархан хотоос зүүн хойш 130 км давхиад хүрчихэв. Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий энэхүү ордыг ашиглаж эхэлснээр ган үйлдвэрлэгч улс болоход шаардлагатай гол түүхий эдийг эндээс хангаж эхэлжээ. Мэдээж уурхайд ажиллаж буй хүмүүсийн ая тух хамгийн чухал. Уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулсныхаа дараа нөхөн сэргээлт хийдэг бол Дарханы төмөрлөгийнхөн хөрс хуулалтынхаа ажилтай зэрэгцүүлэн байгалийн нөхөн сэргээлтээ хийгээд явдаг нь байгаль орчинд анхаарал хандуулдгийн тод жишээ гэдгийг илтгээд өгчихнө. Сайхан байгальтай газар юмаа гэтэл “Наадах чинь нөхөн сэргээлт хийсэн газар шүү дээ” гэлээ. Нөхөн сэргээлтийг жинхэнэ утгаар нь хийж чадвал унаган байгаль шиг харагддаг юм билээ шүү. Ил уурхайг дагасан дэд бүтцийн бүтээн байгуулалт, уурхайн ажилчдын амьдрал орчин үеийн жишигт нийцсэн кэмп, машин механизмын засварын газар, уурхайн оффис гээд ёстой л уулын мухарт бүтээн байгуулалт босгожээ.Үнэхээр юм хийж бүтээе гэсэн хүнд бол уулын мухар байна уу, Улаанбаатарын төвд байна уу газрын байршил огт хамаагүй юм билээ. “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэгчлэн уурхай ашиглана гэж хөөрцөглөхөөсөө өмнө боловсон хүчиндээ анхаарч ажилладаг юм болов уу гэж бодогдсон. Урам зоригтой ажиллана гэдэг сайхаан. Хүмүүс нь зөвхөн цалин авах гэж биш компаниа улсын тэргүүлэгч гангийн үйлдвэрлэгч болгохын тулд чин сэтгэлээсээ ажилладаг юм билээ. Мэдээж сэтгэл хангалуун ажилтнуудаас сэтгэл хангалуун ажлын бүтээмж, үр дүн гарна. Үүнийгээ Дарханы төмөрлөгийн үйлдвэрийнхэн харин ч сайн хийжээ.

Төмөртэй уурхайг ашиглахын тулд 2014 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 110/10 кВт-ын Ерөө дэд станцын өргөтгөл, Төмөртэйн ордыг цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВт-ын 50 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/6 кВт-ын 16МВт чадалтай Төмөртэй дэд станцыг ашиглалтанд оруулсан нь орон нутгийн иргэдийн амьдралд маш хэрэгтэй зүйлийн нэг болоод байгаа талаар Ерөө сумын иргэн Т.Тэмүүжин хэлж байв. Төмөртэй уурхайг эрчим хүчээр хангахаас гадна орон нутгийн иргэд найдвартай эрчим хүчний эх үүсвэртэй болжээ. Энэхүү бүтээн байгуулалтыг хийснээр Сэлэнгэ аймгийн Ерөө, Хүдэр сум, Бугант тосгон болон Сүхбаатар хотод үйлдвэрлэл, газар тариалан хөгжихөд шаардлагатай цахилгаан эрчим хүчний найдвартай нөөц эх үүсвэрийг бий болгож чаджээ. Харин Төмөртолгойн орд нь 25 сая тоннын нөөцтэй бол Хуст-Уулын орд нь 12 сая тоннын нөөцтэй хэмээн тодорхойлоод байгаа аж. Уурхайн хувьд багадаа 50-60 жил ажиллах боломжтой байна. Мэдээж нөөцөөс хамаараад цаашид ашиглах хугацаа нь нэмэгдэх бүрэн боломж бий.

Тус үйлдвэрийн хамт олон 2012 онд үйлдвэрийн өргөтгөлтэй холбоотой лабораторын тоног төхөөрөмж худалдан авч лабораторыг өргөтгөн Судалгаа шинжилгээний төв байгуулсан нь мөн л уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотроо томд тооцогдоно.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, Дархан-Сэлэнгийн бүс нутагт “Уул уурхай металлургийн цогцолбор” үйлдвэр байгуулах ажлууд хийгдсээр байна. Ган бөмбөлөгний шугам шинээр суурилуулах ажил эхэлсэн бөгөөд шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн техник технологийн судалгаа ч давхар явагдаж байгаа юм. “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл 2018 онд хэрэгжиж дуусах ба 2020 оноос цогцолбор үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх талаар компанийн удирдлагууд хэллээ. Цогцолбор үйлдвэр ажиллаж эхэлснээр одоогийн үйлдвэрлэлтэй харьцуулахад өртөг зардал багасах, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх, дэлхийн жишигт хүрсэн өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ингэснээр Монголын гангийн бүтээгдэхүүн экспортын бүтээгдэхүүнтэй бүх талаар өрсөлдөх том боломжтой болох билээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хийж бүтээсэн ажлуудтай танилцах явцаас нэгээхэн хэсгийг нь хүргэхэд ийм байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гангийн үйлдвэр ашиглалтад орлоо гэсэн ганган мэдээг удахгүй бид дуулцгаах цаг ойрхон байна.

МОНГОЛЫГ МОНГОЛЧУУД ХӨГЖҮҮЛНЭ.

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго Монголын эдийн засгийг аварна

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч С.Дэмбэрэлтэй эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-УИХ-ын гишүүнийхээ албанаас бууж бидний хэлдгээр “Ноосоо тушаачихлаа”. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Энэ тал дээр анхаарал хандуулж л байгаа байлгүй дээ. Яг одоо юу хийж байна вэ?

-Ноосоо тушаачихаад “Лааз өшиглөе” гэсэн чинь Улаанбаатарт лааз олдохгүй шахам болчихож. Өнгөрсөн дөрвөн жилд нийслэлийг ингэж хөгжүүлсэн байна. Хот хөгжинө гэдэг нь хүмүүсийн амьдрал дээшлэхийг хэлдэг. Гэсэн ч хүний амьдралыг хөгжүүлэх дэд бүтцийг нь өнгөрсөн дөрвөн жилд хийчихээд амьжиргааг нь дээшлүүлэх тал дээр анхаарал суларсан нь Ардчилсан намын гол алдаа байлаа.

Монголын улс төр, эдийн засгийг сүүлийн 26 жилд нь дүгнэсэн политэконом талын суурь бүтээл үгүйлэгдэж байсан. Монгол Улсын эдийн засгийг дөрвөн жилийн циклээр боддог биш 26 жилийн эдийн засгийн бодлогын түүхийг судлаад цаашдын хандлагаа тодорхойлон явдаг болох шаардлагатай. Тэр утгаараа судалгааны ном бэлтгээд сууж байна. Манайд дажгүй эдийн засагчид бий. Тэдгээр хүмүүстэйгээ эдийн засгийн “think thank” клуб байгуулдаг юм уу гээд ярилцаж байна. Өөр ч юмгүй шив дээ.

-Өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой байна вэ?

-Гэнэтхэн нэг өдөр тэнгэр дуугарч, аянга бууж, аадар орчихсон юм биш. Ерөнхийдөө эдийн засгийн цаг агаар тааруу байсан нь гадаад болон дотоод хүчин зүйлээс хамаарч байсан. Монголын эдийн засгийг 2005-2015 он гээд 10 жилээр нь аваад үзэхээр дотоод нийт эрэлт, гадаад эрэлт хоёр ээлжлэн муудсан.

Ялангуяа 2008-2009 оны эдийн засгийн хямралтай жилийн дүр зургийг том утгаар нь харахаар дотоод эрэлтийг нэмж байж бизнесийн амьдралд нөлөөлөн тэр хямралыг даван туулсан. Бид хямралтай байна гээд байгаа. Хямрал гэдэг чинь ДНБ хасах тэмдэгтэй гараад гурваас дээш улирал болсон байх ёстой. Тийм зүйл болоогүй. Гэхдээ төсвийн алдагдал, төлбөрийн балансын ихэр дфицит гурван жилийн өмнөөс төлбөрийн баланс дээр суучихсан байсан. Бид 20 гаруй жил төсөв, мөнгөний бодлогоо уялдуулж чадахгүй байна гэж яриа биз дээ. Уялдуулах гол зүйл нь төсвийг алдагдалгүй батлах байлаа. 2005-2015 оны хоорондох 10 жилийн долоод нь төсвийг алдагдалтай баталж ирсэн. Төсөв алдагдалтай баталж байсан жилүүдийг нь аваад үзэхээр дандаа сонгуулийн өмнөх жил болон сонгуулийн жилүүд таарч байна. Сонгуулийн бизнесийн циклд ингэж ордог. Үүнийг цааш нь гүнзгийрүүлээд үзэхээр мажоритар байсан уу, жижиг мажоритар байсан уу, холимог байсан уу гээд үзэхээр жижиг мажоритарын үед төсвийн алдагдал улам нэмэгддэг. Учир нь өнөө 76 чинь хөеөгөө зөөдөг хулгана шиг бүгд өөрсдийн тойрог руугаа хөрөнгө оруулалт чирдэг. Төсвийн ажлын хэсгийнхэн Б.Чойжилсүрэн эсвэл Д.Ганхуягийн өрөөнд ч юм уу сууж байгаад лоббигоо хийдэг л байсан шүү дээ. Энэ бол нуугаад байх зүйл биш. Ингээд л төсвийг алдагдалтай баталдаг байхгүй юу. Ноднин төсвөө ядаж хасах нэгтэй, “0” хувийн алдагдалтай баталчихаач гэж их ч хашгирсан даа. Даанч чадаагүй. Үнэнийг хэлэхэд Ардын намаас хашгирсан ганц хүн нь Ч.Хүрэлбаатар. Би тэгэхэд ИЗНН-ын гишүүн байсан. Би эсрэг талд нь сууж байгаад хашгирдаг байлаа. АН-аас хашгирдаг нь А.Бакей. Олонх цөөнхөөс үл хамаараад энэ 76 хулгана чинь хөеөгөө зөөх гэж лоббидсон байхгүй юу. Энэ нь улс төр, эдийн засагт хортой нөлөөлдөг. Тэр дундаа жижиг мажоритараар явуулсан сонгуулийн жилүүдийн төсөв үргэлж муудсан байдаг.

-Сангийн сайдын хэлж байгаагаар маш муу эдийн засаг өвлүүлсэн гээд байгаа юм биш үү?

-Б.Чойжилсүрэн аймаар эдийн засаг өвлүүлчихлээ гээд яриад байна. Эдийн засаг муудаад байхад бүгдээрээ л хамт байсан. 2012 оны супер цикл буураад эхлэхэд бондономикс граффик ид хүчээ авч дээшээ явж байхад өрхийн бодит орлого найман улирал дараалан унасан. АН-ынхан 2014 онд үүнийг хараагүй байж болох ч 2015 онд үүнийг харж, анзаарч болох байлаа. Өрхийн орлого багасч байсан үед хүртээмжтэй санхүүжилтын орчныг бий болгохын тулд 2015 оны эхнээс “Сайн” хөтөлбөрүүдийг явуулсан бол өнөөдөр ард түмэн үр дүнг нь мэдэрчихсэн АН ялагчийн байр сууринд суух байв. Эдийн засгийн гол шалтгаан нь энэ.

Төсвийн алдагдал руугаа эргээд оръё. 2012-2016 оны төсвүүд яаж батлагдаж ирсэн юм. Сангийн яам эхлээд төсвөө оруулж ирдэг. Орж ирсэн төсвийг нь УИХ-ын гишүүд эвдэж, манай суманд тийм ч цэцэрлэг, сургууль алга гээд эхэлдэг. Өнгөрсөн дөрвөн жилийг харж байхад сургууль, цэцэрлэг, батлан хамгаалахын төсвийг хөнддөггүй байсан. Эдийн засаг өөрөө өрхийн, бизнесийн эдийн засаг гэсэн хоёр баганатай. 2014 оны эхний улирлаас хоёр баганын бодит орлого муудаж, компаниуд зомби хэлбэрт орсон. Аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж буй талаарх тоон мэдээлэл статистикаар гарч байсан ч тоолгүй явж ирсэн. Өрхийн орлогыг нэрлэсэн орлогоор нь бүлэглэхэд 2016 онд Их хурал дээр анх удаа сонсож байгаа юм шиг сүржигнэж, “Монгол Улс нэлэнхүйдээ ядуурсан байна” гэж эдийн засгийн маш муу ойлголттой хүмүүс ярьж эхэлсэн. Сөрөг хүчин үүнийг маш сайн ашигласан. 2012-2016 оны хооронд бид Өрийн удирдлагын тухай хуулиа баталсан. Уг хуулийнхаа дагуу улсын өрийг улиралдаа нэг нийтэд мэдээлж байх ёстой байсан ч тэгээгүй. Монгол Улс гурван жил мөнгөний бодлогоо дэлхийн жишгийн дагуу явуулсан. “Одоо ямар алдаа гарсан юм бэ” гэхээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр явуулсан” гэдэг. Үнэ тогтворжуулчихаар алдаа гардаг юм уу. Нийт бизнест боломж олгоогүй тодорхой компаниудыг сонгож авсан, тэр нь ил тод биш байсан ч гэдэг юм уу алдаа бий. Улс төр талаас нь тоглох зүйл байсан ч нийлүүлэлтийн гаралтай инфляцийг нэг хувь болгож өгсөн. Монгол Улсын инфляци нийлүүлэлтийн шокоос хамаардаг. Одоо нийлүүлэлтийн шок болохгүй байгаа биз дээ. Манайд одоо дизинфляци гэдэг процесс явж байна. Энэ нь эдийн засаг өсөлт, инфляцийн өсөлт хоёр зэрэг уруудахыг хэлж байгаа юм. Үүнийг зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол дифляци руу орох аюултай.

Улс орны Төв банк болгон нөөцийг удирддаг. Валютын нөөц багатай Монгол Улс болон нэлээд олон орнууд “гросс” нөөцөө зарладаг ч “нет” нөөцөө зарладаггүй. Гросс, нет хоёрын болон нийт болон цэвэр нөөц хоёрын хоорондох зөрүү нь үндсэндээ своп юм. Своп гэдэг нь хоёр Төв банкны хооронд хийгдэж буй хэлцэл. Монгол Улс валютын нөөц багатай орон. Тиймээс валютын нөөцөө нэмэгдүүлэх, нөөцтэй байхын зорилго нь валютын ханшийн хэт их хэлбэлзэл гарахаас болгоомжлох болон өрийн төлбөр хийх юм. Эдийн засгийн энгийн зүйлсийг манайхан ярихгүй хамаагүй зүйл ярьцгаадаг. Жижиг эдийн засагтай, зах зээл дээрх оролцогчдод нь сөрөг хүлээлт давамгайлж байдаг оронд валютын ханш, төсвийн алдагдал зэргээ хамаагүй зарлаад байвал хүлээлтийг өдөөчихдөг. Үүнээс улбаалан дамаар буюу чихнээс чихэнд сургаар өдөөгдсөн эрэлт огцом нэмэгддэг. Манайд ийм зүйл болж л байсан. Ерөнхий сайд байсан нэгэн нөхөр ам.доллар 1400 төгрөгт хүрнэ гээд хэлчихсэн чинь л хүлээлт үүсээд ханш нэмэгдээд явсан. Ханш хөөргөдөх ийм зүйлийг хийж болдоггүй юм. УИХ-ын гишүүдийн амнаас гарсан хий бүхэн нийтэд хүрэхдээ хүчтэй хийгээд эмзэг тусдаг. Тухайлбал, би гэхэд чуулганд хожигдож очоод “Угаасаа хожигддог” гээд хэлчихсэн чинь хүмүүст хүчтэй туссан. Жирийн иргэн “Би угаасаа хожигддог” гээд хэлчихсэн бол өөр хэрэг. “Дэмбэрэл стайл” гэж хүртэл бий болоо биз дээ.

-Монгол төгрөг улам хүчгүй болж байна. Яах ёстой юм бэ?

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадварыг унагалаа гэж байна. Монголбанкны тухай хуулинд “Монголбанкны үндсэн зорилго нь үндсэн мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангана” гээд заагаад өгчихсөн. Төгрөгийн тогтвортой байдал гэдэг нь төгрөгийн гадаад, дотоод үнэ цэнээр илэрхийлэгддэг. Инфляцийг нам дор түвшинд байлгаж байж дотоод үнэ цэнэ бий болдог. Төгрөгийнхөө худалдан авах чадварыг хадгалж, иргэдэд инфляцийн дарамт бий болгохгүй байх ёстой. Нөгөө талдаа гадаад мөнгөн тэмдэгт дотоодын мөнгөн тэмдэгттэй солигдох харьцаа буюу валютын ханш маш чухал. 1990 оны үед валютын дэглэмтэй улс орнууд зөндөө байсан. Монгол Улс валютын чөлөөтэй хөвөх дэглэмтэй гээд олон улсын валютын сан, манай хуулинд бий. Хүмүүс валютын ханш ямар түвшинд байвал зохилтой вэ гээд асуугаад байна. Заавал нэг тоо хэлэх шаардлагагүй. Харин ганцхан түвшинд л хар. Валютын ханш инфляцийг хөөрөгдөхгүй байх түвшинд байх ёстой. Онолын хувьд боломжгүй гурвалжин гээд нэг зүйл байдаг юм. Ялангуяа валютын ханш, мөнгөний бодлого ярьдаг хүмүүс ганц удаа уншчихад гэмгүй. Ардын намын мөрийн хөтөлбөрт өрхийн орлогыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэсэн байсан. Үүнийгээ хийх ёстой.

-Мөрийн хөтөлбөр биелэхэд хүнд боллоо шүү гэдгээ л цочир мэдэгдэл хийхдээ хавчуулаад хэлчихсэн юм биш үү?

-Би тэгж бодохгүй байна. Мөрийн хөтөлбөр бол мөрийн хөтөлбөр. Ялангуяа өрхийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийн дарамтыг хөнгөвчилөх тал дээрээ анхаарах ёстой. Өмнөх Их хурлаар Зөвшөөрлийн хууль гэж орж ирээд хэд хэд буцсан даа. Одоо тэр хуулиа бушуухан батлах хэрэгтэй. Мөнгийг нь өгч чаддаггүй юмаа гэхэд хүнд сурталаа багасгачих. Жижиг гуанз нээх гэж байгаа хүмүүс зөвшөөрөл авах гэж маш их явж байна. Явж явж нээчихээр нь бөөн хяналт шалгалтаар дарамталдаг. Уг нь Хяналтын тухай хуулийг батлах гэж байсан ч улс төржсөөр байгаад буцаагаа биз дээ. Одоо энэ мэтчилэн бэлэн хуулиуд байхад батлаад явах хэрэгтэй. Өмнөх парламентын хамгийн сүүлийн чуулган дээр би “Бид татварын орчноо сайжруулж чадсангүй шүү” гэж хэлсэн. УИХ-ын гишүүн хуулийн төслөө Их хурлын даргад өгдөг бол би Ч.Сайханбилэгт Татварын ерөнхий хуулийг бүгдийг нь бэлэн болгочихоод өргөн барьсан. Тэр хууль бэлэн бий. Хуулиа баталчихвал татварын орчин сайжрах боломжтой. Эдийн засгийн өсөлт уруудаж, төсвийн орлого муудаж байгаа үед сууриа нэмэгдүүлье гэвэл бүх татваруудаа жигд буулгах хэрэгтэй. Ардчилсан нам дөрөв арвын бодлого хэрэгжүүлж байсан бол Ардын нам дөрөв наймын бодлого хэрэгжүүл л дээ.

-Одоо 76 гишүүн байгаа юм чинь төсөв бас л эргэлзээтэй, тасрах нь тодорхой болох нь ээ?

-Бид 10 гаруй жил төсвийн тогтвортой байдлаа хадгалж чадсангүй. Одоо дахиад л үргэлжилнэ. Их хуралд 76 гишүүн байна. Нутаг нутаг руугаа юм зөөхийг бодно. Тиймээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа өөрчлөлт оруул. Бид Чилийн туршлагаас нэг зүйлийг орхисон юм билээ. Чилийн төсөв орж ирэхдээ хөндлөнгийн экспертүүдийн гараар ордог. Тэдний гараар орсон зүйлийг гишүүд нь хөнддөггүй. Энэ бүхнийг хуульчилж өгөөд шинээр батал. Үүний дараа харин төсөв томоотой болж болно. Төсвийг алдагдалгүй батлах, төсвийн орой зай бий болгох зорилго чинь дараагийн дөрвөн жилд Монголын эдийн засгийг аварна шүү.

Нөгөө талаас төсвийн хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж байгаа үзүүлэлт нь юу байгаа юм. Ингээд тооцоод үзэхээр маш бага байдаг байхгүй юу. Муу сайн ч гэсэн өндөр хүүтэй зээлээрээ л эдийн засгийн өсөлт чинь явж байна. Дараагийн дөрвөн жилд хүртээмжтэй санхүүжилтыг үргэлжлүүлэх шаардлагатай шүү. Ардын намынхан АН-ынхны ажлыг үргэлжлүүлэхгүй гэж байгаа бол нэрийг нь өөрчлөөд явуул. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” гээд явуулж болохгүй байгаа бол “МАНай малчин”, “МАНай оюутан”, “МАНай хашаа” гээд МАН гэдэг үгээ оруулаад яв л даа. Иргэдэд дэм болж байсан юм шүү. Энэ нь төсөвтэй хамааралгүй явж байсан зүйл. АН-ын хэрэгжүүлж байсан сайн зүйлийг нь аваад муу зүйлийг нь зас л даа. Ардын намын мөрийн хөтөлбөр дээр тэтгэврийн зээлийн хүүг багасгана гэсэн байгаа. Өнөөдөр 210 мянган хүн тэтгэврийн, 265 мянган хүн цалингийн зээлтэй гэдгийг сонгуульд өрсөлдсөн бүх хүн мэдэж байгаа. Иргэд чинь тэтгэврийн, цалингийн, бизнесийн, хадгаламж барьцаалсан, хэрэглээний зээлийн өрөнд баригдчихсан. Өрийн дарамт 40-60 хувь.

Бид 2030 он гэхэд ядуурлыг “0” болгоно гээд Тогтвортой хөгжлийн зорилтдоо суулгаад, баталчихсан. 2016-2020 оны хооронд эхний шавыг нь тавих хэрэгтэй. Энэ дөрвөн жилд хэрэлдэлгүй, давуу талаа ашиглах боломж МАН-д бий. Мөнгөний бодлого, төсвийн бодлого, макро хийгээд өрхийн эдийн засаг, бизнесийн эдийн засаг дээр С.Дэмбэрэл гэдэг хүнийг ашиглана гэвэл надаас ирж зөвлөгөө аваарай. Би тоог нь гаргаж ирээд цаашид хийх зүйлийг нь хэлээд өгнө. Засгийн газрын мөрийн хөтөлбөр гараад ирэнгүүт нь би шүүмжлэхгүй, санаанууд хэлж өгнө.

-Улсын гадаад өрийн хувьд хязгаартаа тулсан гэж нэг хэсэг ярьсан. Шинэ Засгийн газар зээл авах ч юм уу, бонд босгох ямар нэгэн арга хайгаад байх шиг санагдах юм?

-Улсын гадаад өрийн хувьд өрийг өрөөр дарна. Өөр арга байхгүй. Бонд босгож болно. Гэхдээ өмнөх шигээ таатай нөхцөл олдохгүй. Манайхан Оюу толгойн борлуулалтын орлогыг Монголоор дамжуулсангүй гэж загнадаг. Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчтэйгээ хамт сууж байгаад Оюу толгойн удирдлагуудтай уулзаад “Танай борлуулалтын тодорхой хэмжээний орлогыг манай Төв банкинд тусдаа данс нээж байршуулъя. Эхний шаардлагаар чинь гаргаж өгнө” гээд ярих шаардлагатай. Валютын нөөц бага байгаа үед түүнийг нь хэрэглээд явах нь зөв. Таван толгой, Оюу толгой гээд өнгөрсөн дөрвөн жилд гацсан томоохон төслүүд одоо явах байлгүй дээ. Темасек энэ тэр гээд янз бүрийн юм яриад байх шаардлага ч байхгүй. Таван толгойгоо Алунгоо эхийн таван сум гэдэг шиг багцалж байгаад таван консерциумд өгч төр бизнес хийхээ боль. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дотор төр бизнес хийхгүй гэдэг заалтыг нь би гараараа бичиж оруулсан.

Өмнө нь би танай сонинд ярилцлага өгөхдөө алтан хувьцаа гэдэг зүйл ярьж байсан даа. 1980-аад оны үед Теттчер Ерөнхий сайд байхдаа Англид хувьчлалыг амжилттай зохион байгуулсан нь үүнтэй холбоотой. Алтан хувьцаа гэдэг бол хориг тавих хэрэгтэй нэг ширхэг хувьцаа юм. Манайх шиг 34 хувь энэ тэр гэх шаардлагагүй. МАН ирэх дөрвөн жилдээ бидний хийж чадаагүй зүйлсийг хийх хэрэгтэй.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах цаг өнөөдөр мөн үү. Сангийн сайдын мэдээлэл үүнээс өөр зам байхгүй байгааг хэлээд өгсөн л дөө?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана гэдэг чинь мөнгөний бодлогоо эрс хумьж, хатуу мөнгөний бодлоготой болно. Манай орны хувьд төсвийн сахилга баттай болох нь зөв. Харин хатуу мөнгөний бодлого гэдэг дээр нь би эргэлзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл сүүлийн нэг жил дараалан мөнгөний нийлүүлэлт хасах гарлаа. 2009 оны хямралаас мөнгөний нийлүүлэлтийг нэмж гарсан. Эдийн засгийг хэтэрхий их хумьж болохгүй, мөнгө хэрэгтэй байна, цусны эргэлт буурсан байна гэж ярьдаг байсан даа. Тэр хэвээрээ байгаа. Одоо бизнес рүүгээ хандсан зээлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагуудыг ашиглах шаардлагатай. Бизнесийн, цалингийн, тэтгэврийн зээлийн хүүгээ бууруул. Мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруул. Гэхдээ хатуу биш. “Стэнд бай” хөтөлбөрөөс гадна хөгжиж байгаа орон болон өндөр зээлтэй орнуудад зориулсан олон хөтөлбөрүүд байдаг. Гэхдээ бүх хөтөлбөрүүдийн нийтлэг үндэслэл нь “Танай орны мөнгөний бодлогыг чангална” л гэсэн байдаг юм. Бид уламжлалт бус мөнгөний бодлогыг Их хурлаар баталсан. Нэг гараараа кноп дарж баталчихаад нөгөө гараараа үнэ тогтворжуулах хөтөлбөр, моргейжийг нухчих гээд байдаг. Манайхан ярьж байгаа зүйлээ зөв ярих нь чухал.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихаар моргейжээс эхлээд ард түмэнд хэрэгтэй олон төсөл хөтөлбөр зогсох нь гэсэн айдас нийгэмд бий болчихсон байна. Үнэхээр тийм зүйл болох уу?

-Чи байранд амьдардаг уу. Танай найзууд дотор ипотекийн зээлтэй хэчнээн хүн байна.

-Гэрт амьдарч байгаа. Би урьдчилгаагаа бүрдүүлэх гээд л явж байна. Харин 20 гаруй найз маань ипотект хамрагдсан…

-Та яаж ийж байгаад урьдчилгаагаа бүрдүүлнэ дээ. Залуу хүн тийм байх ёстой. LTV буюу зээлийг байрныхаа үнэ цэнд харьцуулсан харьцаа манайд 30 хувь байгаа. Монгол хүний дундаж наслалт 65. Ипотекийн зээлийг хэн авч байна гээд нас, орлого талаас нь авч үзэхээр 25-44 насны идэр үеийнхэн олонх нь байна. Орлогын хувьд нэг сая төгрөгөөс дээш байх шаардлагатай. Намайг залуу байхад ипотек гэж байсангүй. Аав, ээжээрээ яаж ийж байгаад байр авахуулдаг байсан. Орон сууц гэдэг бол залуучуудын амьдралын хэрэгцээ байхгүй юу. Ийм байхад ипотек яахаараа буруу байдаг юм. Тиймээс ипотекийг үргэлжлүүлэх нь зөв. 5-8 хувь гэхээсээ илүү залуучуудын орлоготой нь уялдуулан янз бүрийн хөшүүргүүдийг нэвтрүүлж болно. Үүнийг МАН-ын Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн хоёр тоон дээр эргэлддэгээ боль. Сонгуулиар явж байхдаа цэргийнхэнтэй уулзсан. Офицеруудын дийлэнх нь байргүй байна. Тэдний орлого бол тогтвортой байдаг. Цол дагаад цалин нэмэгддэг. Тэнд байнгын орлоготой хүмүүс байгаа юм чинь “Армийн ипотек” гэдэг зүйлийг бий болго гэж хэлмээр байна. Үүнийг цэргийнхэн маш сайхан хүлээж авсан. Б.Бат-Эрдэнэ сайд гуай нь өөрөө байртай, бага тушаалын офицерууд нь байргүй байж болохгүй л дээ. Цэргүүдээр хямд үнэтэй барилга бариулж тэндээ ипотек хэрэгжүүлээд яв. Армийн офицеруудын орлого бол хамгийн найдвартай. Ингэж чадвал тэдэнд ямар том дэм болох бол. Үүнийгээ салбарын сайд нь Монголбанк, МИК-тай ярь. Энэ мэтчилэн янз бүрийн ипотек хэрэгжүүл. Моргейж цаашаа үргэлжилэх ёстой. Ард түмэн орон сууцаар цангаж байна.

-Зээлийн хүү буурах ганц боломж нь гадны банк орж ирэх гэж ярих болж. Ялангуяа Bank of China орж ирэх сураг байна?

-Хоёр жилийн өмнө Эдийн засгийн хүндрэлээс гарах УИХ-ын тогтоолын төсөл гаргахад ажлын хэсэгт нь би, Д.Зоригт гэх мэт гишүүд байсан. Яг энэ асуудлыг яриад Монголбанкнаас лавлагаа аваад явсан. Шаардлага дээр нь дэлхийн топ 100 банкны нэг байх ёстой гээд байж л байлаа. Япон, Хятадын гэхчилэн хэд хэдэн банк орж ирэх хүсэлтэй байсны нэг нь Bank of China. Хэрэгтэй зүйл байна гээд ажил хэрэг болгох гэтэл гэнэтхэн л “Bank of China-ийн лоббид орсон байна. Эх орноо худалдах гэж байна” гээд хэвлэлээр эсэргүүцээд унаа биз дээ. Арилжааны банкныхан чинь Их хурлын гишүүдийн өрөө бүхнээр яваа биз дээ. Гэтэл сүүлийн хэд хоног сонин уншаад байсан чинь банкууд өөрсдөө “Bank of China”-тай гэрээ хэлэлцээ хийгээд эхэлсэн байна. Хоёр жилийн өмнө гадаадын ямар ч банк жижиглэнгийн зээл олгохгүй. Зөвхөн бөөний хэлбэрийн зээлийг хязгаарлагдмал хүрээнд банкны зах зээлд оролцоно. Монголын банкуудад бага хүүтэй зээл өгөөд явна гээд хямд эх үүсвэртэй зээл л гэж бид харж байсан. Одоо л үүнийг ярьж байгаа юм байна. Сингапурт маш олон банк байдаг. Манай орны банкуудын өмчлөлийн бүтцийг аваад үзэхээр ХААН банкийг нэг япон хүн эрхийг нь эзэмшлээ гээд ямар муу юм болсон юм. Манай банкуудын зээлийн хүү буурахгүй байна гэхээр эх үүсвэрийн зээлийн хүү буурахгүй байна гэдэг. Монголын нийт хадгаламж эзэмшигчдийн нэг хүрэхгүй хувь нь 58 хувийг эзэлдэг. Энэ бол манай хуримтлалгүй эдийн засгийн л бүтэц. Төвбанк нь хадгаламжийн хүүг бууруулах замыг захиргааны бус эдийн засгийн аргаар хийх санаачилгыг гаргах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: Олон чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн харилцааг өргөжүүлэхээр чармайж байна

БНЭУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Ганболдтой онлайнаар ярилцлаа.

-Монгол, Энэтхэгийн эртний уламжлалт харилцааг шинэ зуунд, тухайлбал, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хэрхэн хөгжүүлж, юунд хүргэх ёстой гэж Та зорьдог вэ?

-Монгол, Энэтхэг хоёр улс бол эртний түүх, арвин соёлтой Азийн улсууд. Түүх, соёл, оюун санааны бат хэлхээ, элэгсэг дотно харилцаа биднийг холбож байдаг. Монголчууд бид Энэтхэг оронд Бурхан Будда хутгийг олсон, нирваан дүрд оршсон нутаг хэмээн хүндэтгэдэг. Манай хоёр улс ардчилал, чөлөөт эдийн засгийн харилцааг сонгосон төдийгүй, улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн биеэ даасан байдлаар бататган бэхжүүлэхийг зорьдог. Уламжлалт дотно хэлхээ холбоонд суурилсан энэхүү уламжлалт найрсаг харилцааг чинагш хөгжүүлэх, хоёр талын хүрээнд төдийгүй олон улсын болон бүс нутгийн зангилаа асуудлуудаар өөрсдийн хувь нэмрийг оруулахын тулд бүхий л түвшинд байнга уулзах, санал бодлоо солилцож байх ёстой. Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс төрийн итгэмжилсэн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хүрээг өргөтгөх, эдийн засаг, худалдаа, бусад олон чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх, аж ахуйн нэгж, иргэдийн харилцааг хөхиүлэн дэмжихэд чармайж байна.

-Манай улсын хувьд Энэтхэг бол олон улсын тавцанд тэнцвэртэй гадаад бодлого баримтлахад дэм болох гуравдагч хөрш, оюун санааны хөрш орон. Харин Энэтхэгийн хувьд бидэнд онцгойлон хандах ямар ашиг сонирхол байдаг бол?

-Энэтхэг улс Ази, Номхон далайн бүс нутагт явуулдаг гадаад бодлогоо “Дорнод зүгт чиглэж ажиллах” хэмээн тодорхойлж сүүлийн жилүүдэд идэвхтэй ажилладаг болсон. Бурханы шашин, Буддын гүн ухаан, уламжлалт соёлыг дээдэлдэг Азийн улсуудын хоёр жигүүрт, хоорондоо зайдуу оршдог боловч ардчилал, хүний эрх, олон ургальч үзлийг эрхэмлэдэг, байгалийн баялаг, хөгжлийн боломж бололцоо ихтэй Монгол улстай хамтарч ажиллах боломжтой төдийгүй, шаардлагатай гэж Энэтхэг улс үздэг. Тийм ч учраас хоёр талын харилцаандаа өндөр ач холбогдол өгч, манай талаас тавьсан санал санаачилгад ихэд анхааралтай ханддаг. Энэтхэгийн нийгэм, олон нийт ч Монгол улсад элэгсэг дотно хандаж, харилцах, хамтарч ажиллах эрмэлзлийг байнга илэрхийлдэг. Дашрамд дурдахад Энэтхэгт болон тус улсын нийслэл Шинэ Делид “Монголпури”, “Монголбад”, “Монголор” нэртэй газрууд, “Улаанбаатар” нэртэй гудамж ч байдаг. Энгийн жишээг дурдахад хонины ноос, ямааны ноолуур их хэмжээгээр, байнга худалдан авах, нөхөн сэргээгдэх нар, салхины эрчим хүчийг ашиглах, нүүрс, хайлуур жонш, зэрэг эрдэс баялаг, сансрын салбарт ч хамтран ажиллах ажил хэрэгч санал дэвшүүлдэг.Монголын оюутан залуусыг их дээд сургуулиуддаа хүлээн авч суралцуулах, манай улсын мэргэжилтэй боловсон хүчнийг урт богино хугацаагаар хүлээн авч давтан сургах, дадлага туршлагыг нь дээшлүүлэхэд зориулж тэтгэлэг ч олгодог.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази, Еропын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад тус улс Дэд ерөнхийлөгч Х.Ансари тэргүүтэй өндөр түвшний төлөөлөгчдөө оролцуулсан нь Монгол улстай тогтоосон харилцаандаа чулхалчлан анхаардагийг илтгэн харуулж байна.

-БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модийн өнгөрөгч оны тавдугаар сард Монгол улсад хийсэн айлчлал манай хоёр орны харилцааны түүхэнд шинэ хуудас нээсэн чухал үйл явдал болсон. Ерөнхий сайд Н.Моди Монгол улсыг эдийн засгийн хүнд үед андын гараа сунгаж нэг тэрбум ам.долларын зээл амласан. Зээлийг авч ашиглах үйл явц аль шатандаа явна вэ?

-Монгол, Энэтхэг улсын төр, засгийн газрууд бие биенээ хүлээн зөвшөөрч, дотоод хэрэгт үл оролцох, нутаг дэвсгэр хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх гэхчлэн орчин үеийн улс хоорондын харилцааны түгээмэл зарчмуудын үндсэн дээр албан ёсоор харилцаж эхэлсэнээс хойш нэгэн жарны нүүр үзэж байна. Энэ хугацаанд Энэтхэг улсын Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч нар Монгол оронд маань айлчлан ирж, харилцааны зарчмуудаа үнэлж дүгнэсэн Тунхаглал, гэрээ хэлэлцээр олныг байгуулж амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүний түвшинд ерөнхий сайд Н.Моди 2015 оны тавдугаар сард манай улсад анх удаа айлчилсан. Хоёр тал энэхүү айлчлалын явцад стратегийн түншүүд болсоноо зарлаж, Энэтхэгийн Засгийн газар Монгол улсын эдийн засгийн хөгжил, үндэсний чадавхийг дээшлүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор нэг тэрбум ам. долларын зээл олгоход бэлэн байгаагаа мэдэгдсэн. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрх зүйн салбарт гэрээ хэлэлцээрүүд байгуулагдсан. Айлчлалын үеэр яригдсан асуудлууд, байгуулагдсан гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхээр хоёр талын холбогдох байгууллагууд шаргуу ажиллаж байна.

Монгол улсын Засгийн газар нэг жилийн хугацаанд судалж, УИХ-д танилцуулсны үндсэн дээр нэг тэрбум ам.долларын зээлийн нөхцлүүдийг нягт нямбай хэлэлцээд Зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан.

-Та Элчин сайдын хувьд Энэтхэгийн зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан. Манай улсын өр зээл хэрээс хэтэрлээ гэсэн ойлголт бий. Энэтхэгийн зээл бидэнд хэр хэрэгтэй вэ. Шууд хиллэдэггүй, хол газраас зээлийн 75 хувьд бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авна гэдэг үр ашиг багатай дүр зураг харагдах юм. Та юу гэж бодож байна?

-Энэ бол эхний таван жилд төлбөрөөс чөлөөлөгдөх, дараагийн 20 жилийн хугацаанд жилдээ 1.75 хувийн хүүтэйгээр төлөгдөх зээл. Зээлийг дэд бүтэц гэх мэт стратегийн ач холбогдолтой салбарт, 200 сая ам. доллараас дээш өртөгтэй төсөл хэрэгжүүлэхэд ашиглах тохиолдолд төлбөрөөс чөлөөлөгдөх болон эргэн төлөгдөх хугацаа нь 2-5 жил нэмэгдэх юм. Өнөөдрийн нэг тэрбум төгрөг 25 жилийн дараах хэчнээн төгрөгтэй тэнцэхийг төсөөлсөн ч, арилжааны банкуудын өнөөгийн жишгээр тооцсон ч нэн хөнгөлөлттэй зээл гэдгийг ойлгож болно. Тодруулж хэлэхэд долоон жилийн дараагаас эхлээд 25 жилийн хугацаанд 1.75 хувийн хүүтэй хийгдэх төлбөрийн зөрүүг Энэтхэг улсын Засгийн газар төсвөөсөө төлж барагдуулах утгаараа нэн хөнгөлөлттэй зээл юм.

Энэхүү хөнгөлөлттэй зээлийг төмөр зам, холбогдох дэд бүтцийн салбарт авч ашиглахаар Монгол улсын УИХ, Засгийн газар шийдвэр гаргасан. Зээлийг төмөр замын салбарт ашиглах нөхцөлд өрийн тааз үйлчлэхгүй юм. Нөгөө талаар манай улсын экспортын үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын зах зээл дээрх байр суурийг бэхжүүлэхэд энэ зээл үр өгөөжөө өгнө үзэж байна.

Зээлийн нөхцлүүдийг хэлэлцэн тохирох, гэрээ хэлэлцээрийг эцэслэн байгуулах, ёсчлон батламжлах ажлууд УИХ, Засгийн газар, холбогдох яамд ажил хэрэгч оролцсны үр дүнд харьцангуй богино хугацаанд шуурхай хийгдлээ. Чухам ямар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэхүү хөнгөлөлттэй зээлийг ашиглах талаар Засгийн газар шийдвэрээ гаргаж, Зам, Тээврийн яам, холбогдох байгууллагууд төслийн танилцуулга, техник эдийн засгийн үндэслэл, урьдчилсан тооцоог боловсруулах, зөвлөх болон гэрээлэн гүйцэтгэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах журам зэрэг баримт бичгүүдийг бэлтгэн нөгөө талдаа танилцуулсанаар санхүүжилтийг эхлүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах хариуцлагатай цаг үе тулж ирээд ирээд байна.

Зам тээврийн яам, Монголын төмөр зам компанийн төмөр замын мэргэжилтнүүд Энэтхэгийн төмөр замын байгууллагууд, тэдгээрийн үйл ажиллагаа, хүчин чадал, нийлүүлдэг бараа бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нэлээд сайн танилцаад харьцангуй өндөр сэтгэгдэлтэй ирсэн. Зээлийн 75 хүртэл хувийг Энэтхэгийн бараа, үйлчилгээнд зарцуулах нөхцөлтэй боловч энэ хэмжээг буулгах боломж бий. Аль болохоор үр дүнтэй ашиглахын тулд дотоодын чанар сайтай бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг өргөнөөр авч ашиглах, иргэний агаарын тээврийн компаниудын хооронд “соdе sharing, uni­fied cargo tariff” нэвтрүүлэх, арилжааны банкнууд харилцаа тогтоож төлбөр тооцоог хямд зардлаар шуурхай гүйцэтгэдэг болох, Энэтхэгийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар хамтарсан үйлдвэр байгуулж бүтээгдэхүүнийг нь ашиглах, Энэтхэгээс нийлүүлэхэд эдийн засгийн үр ашиг багатай техник хэрэгслийг бусад зах зээлээс хямд үнээр нийлүүлэх гэхчлэн олон арга зам байгаа. Хийх хүн аргаа олдог, хийхгүй нь шалтагаа хайдаг гэлцдэг .

-Хоёр орны харилцааны бусад ахиц дэвшлээс хуваалцана уу. Монголчууд Энэтхэг орны талаарх эерэг сэтгэгдэлтэй байдаг. Харин энэтхэгүүд монголчуудын талаар хэр мэддэг юм бол. Тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсын дундаж иргэд аялал жуулчлалд цаг хугацаа, мөнгө зарцуулдаг уу. Тэдний зорьж аялах орны тоонд Монголыг хэрхэн багтаах вэ?

-Монгол, Энэтхэгийн харилцаа улс төрийн салбарт идэвхтэй өрнөж ирсэн. БНЭУ-ын Парламентын Лок Сабха-Доод танхимын спикер хатагтай Сумитра Махажан, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин болон, өндөр түвшинд хийгдсэн бусад айлчлал, яриа хэлэлцээ, байгуулсан баримт бичгүүд хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүллээ. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан комисс өнгөрөгч дөрөвдүгээр сард Шинэ Дели хотноо хуралдаж олон чухал асуудлыг хэлэлцлээ. Энэ оны хоёрдугаар хагаст багтаж Гадаад хэргийн яамдын зөвлөлдөх уулзалт, Хил хамгаалах албадын хамтарсан ажлын хэсгийн хурал, Улаанбаатар хот дахь Монгол, Энэтхэгийн хамтарсан дунд сургуулийн газрын асуудлаар зөвлөлдөх уулзалт, Цөмийн болон сэргээгдэх эрчим хүчний асуудлаар ажлын хэсгүүдийн хурлыг зохион байгуулахыг зориод ажиллаж байна.

Тэрчлэн дээд, өндөр хэмжээний айлчлал, уулзалтуудын мөрөөр хэрэгжүүлэх, шинээр хийж эхлүүлэх ажил цөөнгүй байна. Энэтхэгт суралцах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар тус улсыг зорьдог иргэддээ дэмжлэг үзүүлэх, хямд үнэтэй, чанартай эм, эмнэлгийн хэрэгслүүдийг өөрийн оронд оруулах чиглэлээр анхаарч байна. Үр дүн нь эхнээсээ харагдаж байна. Энэтхэг улсын Засгийн газар манай оюутан залуусыг их дээд сургуулиуддаа хүлээн авч суралцуулахад 50, мэргэжилтэй боловсон хүчнийг давтан сургахад 200 тэтгэлэг олгодог. Тэдгээрийн ашиглалтыг сайжруулах, тоо хэмжээг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Хавдар судлалын үндэсний төвд 2.5 тэрбум орчим төгрөгийн өртөгтэй туяа эмчилгээний Бабатрон II төхөөрөмжийг бэлэглэсэн нь хорт хавдарын оношлогоо, эмчилгээнд үр дүнгээ өгч байна. Манай улсын Монгол төмөр зам компанийн мэргэжилтнүүд Энэтхэгийн төмөр замын байгууллагуудтай танилцаж ажил хэргийн харилцаа тогтлоо. Монгол судлалаар олон жил уйгагүй ажиллаж олон бүтээл туурвисан Энэтхэгийн Монголч эрдэмтэн Локеш Чандра, Мансура Хайдар нарт Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг ёслол хүндэтгэлтэй гардууллаа. Манай хоёр орны эрдэмтэд Хэл иргэншлийн дээд сургуультай хамтран “Чингис хаан, түүний өвүүд, Энэтхэгийн соёл” сэдэвт бага хурлыг Улаанбаатар хотноо наймдугаар сарын 19-20-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ бага хуралд Энэтхэгийн эрдэмтэд, нийгэм, соёл, улс төрийн зүтгэлтнүүд өндөр ач холбогдол өгч байна.

Өнгөрсөн түүх, уламжлалаа судлахын сацуу энэ мэт бага хурал, уулзалт ярилцлагад сонирхсон хэн боловч ажил хэрэгчээр оролцох нь ирээдүйд хамтраад юу хийх, хэрхэн ажиллах талаар шинэлэг оновчтой санааг гаргахад тустай гэж итгэж байна.

-“Н.Модийн нөлөө” хэмээх ном таны орчуулгаар уншигчдын гарт хүрч байна. Энэ номыг орчуулах болсны учир юу вэ?

-Энэтхэг улсыг хөгжлийн шинэ шатанд гаргах зорилт тавиад, бүх нийтийн сонгуульд ялалт байгуулж Засгийн газраа тэргүүлэн ажиллаж байгаа улс төрийн намын энэ удирдагчийн тухай Британийн зохиолч Ланс Прайс нэлээд бодитой өгүүлсэн эл ном манай уншигчдад сонирхолтой байх болов уу гэж үзээд монгол хэлнээ хөрвүүлсэн.

Бичиж нийтлэх, хүн ардынхаа мэдлэгт нэмэр болох ном зохиолуудыг орчуулах нь ажлын зав чөлөөгөөр байнга л хийгддэг зүйл. Дашрамд дурдахад Энэтхэгт Монгол орныхоо тухай, аялж жуулчлах боломж нэмэгдсэн талаар, гадаад бодлогын үйл ажиллагааны талаар, олон улсын харилцааны зарим гол асуудлаар баримталдаг байр суурийг сонирхож байдаг учир Шинэ Дели хотод байрладаг Сэтгүүлчдийн байгууллагад гишүүнээр элсч “Индиа Эмпайр”,“Туризм фөст”, ”Индепендент” “Дипломатист” зэрэг суугаа, хавсран суугаа орны сонин хэвлэлд цуврал өгүүлэл нийтлүүлэхээс гадна сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг өөрийн оронд айлчлуулахаар ажиллаж байна.

Ж.Баяр

Categories
мэдээ цаг-үе

Энэ намар тэсрэлт мэт тод өнгийн хувцас моодонд орно

Энэ намрын загварын чиг хандлагыг “Урлах эрдэм” дээд сургуулийн “Жи Ти” загварын товчооны Тэргүүн дизайнер Э.Энхчимэгээс тодрууллаа.

-Энэ жилийн намрын загварын зонхилох дүр төрх ямар байх вэ?

-Нэгдүгээрт эмэгтэйлэг дүр төрх. Эмэгтэйлэг дүр төрх гэдэг нь 1930-аад оны үеийн дэрвэгэр хормойтой юбка, дээгүүрээ бариу цамц. Ийм загвар голлох юм. Хоёрдугаарт модерн, романтик-уян налархай дүр төрх зонхилж байна. Хурц өнгө, эмэгтэйлэг загвар зонхилно гэсэн үг. Материалын хувьд хээ хуартай, хурц тод өнгө энэхүү загварын гол чиг хандлага болж байна. Гуравдугаарт спорт-сонгодог. Энэ нь сонгодог даруухан хэрнээ кант буюу биеийн тамирын хувцасны өнгө аяс оруулсан байдаг. Дөрөвдүгээрт 1920-иод оны үеийн хувцас давамгайлж байна. Бүсэлхийн шугам жаахан доошилсон буюу таазан дээр ирсэн юбка, сарафан юм. Завсрын өнгө, чимэглэлтэй юбка, эрээн цамц зонхилно.

-Өнгө хийц, материалын хувьд ямар байх бол?

-Энэ жилийн намрын хувцасны загварт маш тод өнгө моодонд орно. Тэсрэлт хийсэн юм шиг л. Мөн тод өнгөний хослол давамгайлна. Эрээн, дөрвөлжин, цэцгэн хээтэй тод өнгийг хооронд нь хослуулна. Ягаан өнгө тод өнгөнөөс эхлээд бүдгэрч байдаг. Тэдгээр өнгөнүүд моод болно. Завсрын бохир өнгө буюу бор шаргал, саарал өнгөнүүдийг хүмүүс эрхэмлэнэ. Харин эртний хэв маягийг шингээсэн хээ хуартай, хатгамалтай, гялгар, алтлаг, мөнгөлөг, гялалздаг материал моодонд орох юм. Мөн том цэцэг, навчин хээ хуар болон хүүхэлдэйн баатруудын дүрслэл, тоог хувцсан дээр урлана.

Тухайн хувцасны аль нэг хэсэгт энгэр, ханцуй, хормой зэрэгт чимэглэл, хээ хуар, цацаг нэмэгдэнэ. Тэгэхээр илүү үдшийн гоёл шиг болно гэсэн үг. Гэрэлтсэн, унасан, торон, хамба хилэн материалууд зонхилно. Дотуур хувцасны хувьд корсет, дотуур юбка, сарафан моод болно. Корсет, сарафаныг гадуур өмсч, илүү шинэлэг хэв маягийг гаргаж ирнэ. Тухайлбал, корсетийг цамцан дээр зүүх моод дэлгэрнэ. Сүүлийн үед сарафаныг гадуур өмсөж болохоор хийж байгаа юм.

-Ойрын өдрүүдэд сэрүүсэх төлөвтэй болжээ. Тиймээс гадуур хувцас пальто, цувны загвар ямар болж өөрчлөгдөж байна вэ?

-Намрын сэрүү ороход хүн бүхэн л гадуур хувцас өмсдөг шүү дээ. Тиймээс энэ жил сул загвартай пальто, цув моод болно. Эсгүүрийн хувьд өвөрмөц шийдэл, хуваалттай хийгдэнэ.

-Сүүлийн үед залуучууд чөлөөт загварыг илүүд үзэх болсон. Чөлөөт загварын хувьд янз бүрийн гоёл чимэглэлтэй байх болжээ?

-Тод өнгийн куртка, спорт загвартай болсон. Мөн арьсан жакетыг залуучууд их өмсөх болсон. Эдгээр загварууд гоёл чимэглэлтэй болж шинэчлэгдэж байна.

-Бүсгүйчүүдийн гоёл, чимэглэл, цүнх, гутал ямар байх бол?

-Хүзүүний нүсэр зүүлт чимэглэл моод болно. Гутал цүнхний хувьд дөрвөлжин хуваалттай хэлбэр давамгайлна. Чимэглэл тоног ихтэй.

-Ингэхэд манай улсын үндэсний хувцасны чиг хандлага ямар болж байна вэ?

-Ерөнхийдөө манай дээлний загварын чиг хандлага өдөр тутмын амьдралын хэв маягаас болж өөрчлөгдөж байна л даа. Нүүдлийн амьдралаас шилжиж байна шүү дээ.

-Манайхан загварын шоу их зохион байгуулдаг болсон. Дэлхийн хэмжээнд хэрхэн хөгжиж явна вэ?

-Дэлхийн дизайнеруудын холбоо загварын чиг хандлагыг тодорхойлдог. Дэлхийн нийгэмлэгт багтсан, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд ерөнхий чигийг гаргаж өгнө. Нью Йорк, Парис, Токио зэрэг өндөр хөгжилтэй газрууд долоо хоног бүр загварын чиг хандлагыг гаргадаг. Үүн дээр үндэслэж гаргадаг юм.

Дэлхийн улс орнууд нийгэмлэг, байгууллагууд нийлж хуралдаад дараа жил ийм хувцас зонхилж гаргана гэдэг. Ийн ярилцаж, хэлэлцсэний дагуу дизайнерууд тохироод хувцасныхаа хэв маягийг гаргаж, шоу зохион байгуулдаг. Манай улсад энэ жишиг хараахан тогтоогүй байгаа. Гэхдээ манайд загварын чиг хандлага хурдацтай хөгжиж байна. Залуу дизайнерууд их гарч ирсэн.

-Цаг хугацааны эрхээр аливаа зүйл хувьсан өөрчлөгдөж байдаг. Орчин цагт хувцсыг хувь хүнийг тодорхойлох түлхүүр гэх болжээ. Загварын чиг хандлага ямар давтамжтай өөрчлөгдөж, шинэчлэгддэг вэ?

-Дээр үед хүй нэгдлийн үед гадны нөлөөллөөс хамгаалж л хувцас хийсэн байдаг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хувцас хөгжил дагаж хувьсан өөрчлөгдсөөр байна. Сүүлийн үед бизнес эрхэлж байгаа хүмүүсийн амжилтын гол түлхүүр нь хувцсаар хэмжигдэх болсон. Дээр үед ч гэсэн хүнийг хувцсаар угтаж, ухаанаар нь үднэ гэдэг байсан шүү дээ. Энэ үг одоо ч биеллээ олж л явна. Хувцас амьдралын нэгээхэн хэсэг. Хувцас хийнэ гэдэг бол урлаг. Жилд хоёр удаа загварын чиг хандлагыг гаргадаг. Тухайлбал, энэ намрын зуны загвар оны өмнө гарчихсан байдаг. Өвлийн загварын чиг хандлагаар зуны чиг хандлагыг гаргадаг. Ирж буй улирлаар буюу зөгнөсөн байдлаар гаргадаг. Өвлийн улиралд намар зуны загварууд гарч байх жишээтэй. Тиймээс нэг улиралдаа 1920 оны загвар ч гэх юм уу. Моод загвар дандаа эргэж явдаг юм.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

А.Бакей: Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай

УИХ-ын гишүүн асан А.Бакейтай ярилцлаа.

-Ардчилсан намын ҮЗХ-ны хурал энэ сарын 25-нд хуралдахаар товлогдоод байна. Энэ удаагийн хурлаар намын даргынхаа асуудлыг шийдэх ёстой гэж байгаа юм билээ. Та ҮЗХ-ны хурлаас ямар шийдвэр хүлээж байна вэ?

-Ямартай ч сонгуулийн үр дүн гарсны дараа ҮЗХ-ны хурал болох гэж байгаагаараа онцлогтой. Тэр утгаараа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид, иргэдийн хувьд хүлээлт үүссэн гэхэд болно. Ямар ч байсан энэ их хүлээлтийг үүсгэсэн гэдэг утгаараа үр дүнтэй болох учиртай юм. Хурлаа сайн хийхээс олон зүйл шалтгаалдаг. Тэр утгаараа энэ удаагийн хурал санасан зорьсондоо хүрсэн тийм хурал болоосой гэж хүсч байгаа.

ҮЗХ-ны хурлаар зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан. Үүнээс нэг асуудлыг нь шийдсэн.

-Ардчилсан намын Их хурлын товоо тогтож чадсаныг хэлж байна уу?

-Тийм. Арванхоёрдугаар сарын зургааны өдөр гэж хугацааг товлосон. Мөн хурлаар хэлэлцэх асуудлаа шийдвэрлэсэн. Их хурлаар улс орны нийгэм эдийн засагтай уялдуулж улс төрийн илтгэл сонсоно. Түүнчлэн 2016 оны Их хурлын болон аймаг, нийслэлийн сонгуулийн үр дүнгийн талаарх санал дүгнэлтийг сонсохоор болсон. Энэ асуудал дээр ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Ардчилсан намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн батлах ёстой. Ардчилсан намын даргыг Их хурлаараа баталгаажуулна. Энэ хурлаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь мэдээж намын дарга хэн болох вэ гэдэг асуудал байх нь гарцаагүй. Өмнөх намын дарга нь өргөдлөө өгчихсөн байгаа тул шинэ даргыг сонгох асуудал анхаарлын төвд байна. Ганц Ардчилсан нам гэлтгүй улс төрийн аль ч хүчин АН-ын дараагийн дарга хэн болох вэ гэдэг дээр анхаарал хандуулж байгаа.

-Ардчилсан намын дараагийн дарга хэн бэ?

-Тодорхой нэг хүний нэрийг хэлэхэд арай эрт байна. Сөрөг хүчний байр сууринд шилжсэн энэ үед намын даргад тавигдах шаардлага хамгийн түрүүнд тодорхой болох ёстой. Шинээр сонгогдох намын даргын эхний шалгуур нь нэр цэвэр, нэр хүндтэй, бусдад болон нийгэмд нөлөөтэй, ажил хэрэгч, намынхаа хүмүүсийг эвдэн бусниулагч биш эвлүүлэн нэгдүүлдэг сайн менежер байх учиртай. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байгаа нөхцөлд сөрөг хүчний дуу хоолой болж тэр тусмаа Ардчилсан нам гэдэг том улс төрийн хүчний үзэл баримтлал, ур ухааныг нийгэмд гаргаж чадах хүн байх шаардлагагүй. Хэрэв тийм хүн гарч ирж чадахгүй бол Ардчилсан нам цаашаа алхана гэдэг хүндрэлтэй. Ардчилсан намын ҮЗХ-ны энэ удаагийн хурал хийгээд намын Их хурал дээр үзэл баримтлалаа яалт ч үгүй шинэчлэх ёстой. Үүнийгээ бид хамгаалж, хөгжүүлж явах зайлшгүй шаардлага бий. Ардчилсан нам бусад намаас илүү ачаа үүрэх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд зарим тал дээр энэ зүйлс бүдгэрсэн. Тиймээс тал бүрээс нь дүгнэлт хийгээд айж эмээлгүй, намаа шинэчлэхийн тулд шүүмжлэх зүйл дээрээ шүүмжлэх хэрэгтэй. Өөрсдийн дутагдлыг нуух биш ил ярих цаг болсон. Бодлогоо бид шинэ түвшинд гаргаж ирэх цаг бол энэ мөч юм шүү.

-Өмнө нь юу саад болж байсан юм бэ?

-Ардчилсан нам эрх барьж байхдаа үндсэндээ албан тушаалын зорилго тавьсан мэт явцуу эрх ашиг нь хэтэрсэн. Ардын нам дээр ч гэсэн одоо тэр байдал ажиглагдаж байна. Манай нам доторх фракциудын өөр хоорондын толхилцоон, утга учиргүй тэмцэл нь өнөөдрийн ялагдал хүлээх болсон гол хүчин зүйлсийн нэг мөн. Улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, ардчиллын үнэ цэнийг хамгаалж хөгжүүлэхээс илүү дотоодын тэмцэл нь их байсан. Одоо энэ байдалд цэг тавих цаг болсон. Шинээр намын дарга болох хүн нэн тэргүүнд хөгжлийн бодлогоо зөв тодорхойлох, ардчиллын үнэт зүйлсийг тууштай хамгаалж, түүний төлөө тэмцдэг байх ёстой. Фракцын явцуу эрх ашгаас ангид хүн Ардчилсан намын дарга болох учиртай.

-Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нүдэнд харагдаж, гарт баригдахуйц олон бүтээн байгуулалтыг хийсэн ч Их хурлын сонгуульд ялагдал хүлээлээ. Ард түмэнд ажил хийх нь чухал биш байсан юм биш үү. Нэг үгээр хэлбэл улсын хөгжил хамаагүй байсан мэт санагдлаа гэж танай намын зарим гишүүд хэлэх юм билээ?

-Өнгөрсөн дөрвөн жил тийм амар байгаагүй. Маш хүндрэлтэй цаг хугацааг бид туулсан. Гадаад талдаа улс төр, эдийн засгийн таагүй орчинтой, дотооддоо эдийн засгийн хүндрэл бэрхшээл нь гүнзгийрсэн байв. Мөн хүчтэй сөрөг хүчний эсэргүүцлийн өөдөөс Ардчилсан нам сөрж ажилласан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам дангаараа засаг барьсан гэхэд хэцүү шүү дээ. Найман сарыг нь одоогийн эрх баригчид болох МАН-тай хамтран барьсан. Түүнчлэн МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвслийг гуйх, аргалах гэх мэтээр янз бүрийн байдлаар арай гэж тогтоож ирлээ. Улс төрийн маш хүнд нөхцөлд ажилласан гэж ойлгоорой. Гэсэн хэдий ч Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд хоёр том зарчим баримталсан. Нэгдүгээрт, улс орны эдийн засаг хүнд байгаа ч Монгол Улсынхаа хөгжлийн бүтээн байгуулалтыг урагшлуулъя гэсэн юм. Үйлдвэржүүлэх, орон сууцжуулах, жижиг дунд үйлдвэрийг дэмжих гэх мэтээр олон зүйлд сэтгэл гарган ажилласан. Энэ бүхэнд ахиц дэвшил гарсан юм шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд наад зах нь Улаанбаатар хотын нүүр царай хэрхэн өөрчлөгдсөн билээ. Хоёрдугаарт, эдийн засаг хүндрэлтэй байсан ч ард түмний амжиргааг дордуулахгүй байх тал дээр хэрэндээ л хичээсэн юм шүү. Шатахууны үнийг тогтвортой байлгах хүрээнд алслагдсан аймгуудын шатахууны үнийг Улаанбаатар хотын түвшинд ижил үнэтэй байлгах, хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох тал дээр хичээл зүтгэл гаргасан ч сонгуулийн үр дүн санаанд оромгүй байдлаар эргэсэн.

Бүтээн байгуулалт хэдийгээр нүдний өмнө харагдаж байгаа ч ард түмэн ходоод хэр зэрэг цатгалан байна, мөр бүтэн байна уу гэх мэтчилэн өрхийн амьжиргаандаа тулгуурлан саналаа өгдөг нь харагдлаа. Ардчилсан намын зүгээс санаачилсан сайн хөтөлбөрүүд байсан ч ард түмэн үр дүнг нь сайтар хүртэж амжаагүй байхад сонгууль явагдлаа. Тухайлбал, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа, “Сайн хувьцаа” гэх мэтчилэн хөтөлбөрүүдээ цаг алдалгүй эрт эхлүүлсэн бол үр дүн өөр гарах байсан болов уу.

-Гэхдээ л Ардчилсан намын алдаа сонгуулийн дүнд нөлөөлсөн юм биш үү?

-Мэдээж манай намд алдаа бий. Алдаагаа бид хүлээн зөвшөөрөх ёстой. Фракц хоорондын сөргөлдөөн утга учиргүй тэмцэл сонгуулийн дүнд нөлөөлсөн гэдэгтэй ч санал нэгдэх учиртай. Мөн орон нутгийн сонгуулийг Их хурлын сонгуультай хамт явуулсан нь зарим талаараа учир дутагдалтай гэдэг нь анзаарагдсан.

-Та хоёр Их хуралд суусан туршлагатай улстөрч. Ялангуяа сүүлийн дөрвөн жил хамгийн чухал байнгын хороодын нэг болох Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажилласан. Шинэ байгуулагдсан Засгийн газар дэд сайдтай, үндсэн чиг үүргийн яамны тоо нэмэгдлээ гэх мэтчилэн сөрөг хүчин байхдаа хэлж байсан бүхнээсээ МАН буцлаа. Та юу бодож байна?

-МАН өнгөрсөн дөрвөн жилд тодорхой хугацаанд засаг хамтран барилцаж, дийлэнх хугацаанд сөрөг хүчин байсан. Тэр үедээ хийж хэрэгжүүлбэл зохистой олон зүйлийг шахаж, шаардаж, ярьж байлаа. Тухайлбал, давхар дээлийг тайлъя, дэд сайдгүй ажиллая, цомхон бүтцээр явъя, үр ашиггүй зардлыг таная, зээлийн хүүг бууруулъя гэх мэтээр маш их сайхан зүйлийг ярьсан. Гэсэн хэдий ч тэр бүгдийг нь өнгөрсөн дөрвөн жилд хэрэгжүүлэхэд улс төрийн хувьд хэрэгжүүлэх боломж хомс байсан. Давхар дээл тайлъя гэхэд л улс төр нь эмзэг байсан тул Засгийн газар нь уначих гээд байлаа шүү дээ. Үндсэндээ боломж олдолгүй, аргалсаар байгаад дөрвөн жилийг өнгөрүүлсэн. Харин одоо бол МАН-д хэн ч саад болохооргүй байна. Тэд үнэмлэхүй ялалт байгуулсан. Тухайн үед ярьж байсан тэр сайхан бүхнээ хэрэгжүүлээд явах боломж нь тэдний гарт байгаа. Одоо эхнээс нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч зарим зүйлсийг нь харж байхад арай ч дээ гэмээр хөдөлж байх юм.

Миний хувьд 2016 оны төсвийг өмнөх жилүүдтэй харьцуулахад бүсээ чангалах зарчмыг баримталсан төсөв болсон гэж үздэг. Ээлжит бус чуулганаар төсвийн тодотгол хийхээр болж байгаа юм билээ. Энэ завшааныг ашиглаад тэр үед ярьж байсан бүсээ чангалах зарчмыг л барих хэрэгтэй. Бүсээ чангал гэсний зоргоор ард түмний гар дээр очих таван төгрөгийг тана, өрхийн орлогыг бууруул гэсэн үг биш. Хамгийн чухал нь нүсэр бүтцээ цөөлж зардлаа хэмнэх ёстой.

Нэгэнт л Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орж дэд сайдгүй ажиллах бүтэц батлагдчихаад байхад хуульд өөрчлөлт оруулан бялуу хуваах зарчмаар явж болохгүй. Аливаа зүйл эхнээсээ хатуу зарчмаа бариад явах юм бол зөв замаар явдаг. Эхнээсээ буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо л тээнэ шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Гучин жилийн дараа уулзаж буй нэг ангийнхан

Чингисийн талбай хөл ихтэй байв. Д.Сүхбаатарын хөшөөний дэргэд хэд гурваараа бөөгнөрч нэг нэгнээ нудран хөхрөлдөцгөөх хэсэг хүмүүс анхаарал татна. Харваас олон жил уулзалдаагүй нэг ангийнхан гэдэг нь илт. Тэд, номин ногоон дээлтэй ахимагдуу насны эмэгтэйг бүчин элдвийг хуучлах агаад заримынх нь духан дээр үнсэх аж. Эмэгтэйчүүд нь халуун дотноор тэврэлдэн хацар шүргэлцэнэ. Ажиглаад байх нь ээ номин ногоон дээлтэй ахимагдуу насны эмэгтэй ангийн багш гэдэг нь төвөггүй мэдэгдэнэ. Ингээд тэднийг сониныхоо уламжлалт “Нэг ангийнхан” буланд урилаа.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын нэгдүгээр найман жилийн дунд сургуулийг 1986 онд төгссөн 8б ангийнхан 30 жилийн дараа уулзалдаж буй нь энэ аж. Ангийн багш З.Лхамноржим нь дөнгөж сургуулиа төгсөн ирээд анхны шавь нараа дааж авсан нь өдгөөгийн энэ хамт олон гэнэ. Ангийн дарга Б.Эрдэнэболд, бүлгийн дарга Б.Болорчимэг, бүлгийн зөвлөлийн дарга P.Цэрмаа гээд нийт 29 хүүхэд төгссөнөөс хөвгүүд 18, охид 11 байжээ. Хөвгүүд олонтой болохоор охидоо их шоглодог байсан бололтой. Цасаар нүүрээ угаалгасан охид нь дурсамжтай, хөгтэй явдлуудаа З.Лхамноржим багшдаа хэлж, оройтсон гэлтгүй ам уралдан ярьцгааж инээлдэх аж.

Наймдугаар анги төгссөнөөсөө хойш нэг ч удаа албан ёсны уулзалт зохиож, анги хамт олноороо цуглаж байгаагүй болохоор нэг нэгнийхээ өөрчлөгдсөн, овор суусан, хэвээрээ байгааг гайхацгааж, басхүү гэгээн гэрэлт дурсамжуудаа хөглөн цөм л хүүхэд насандаа оччихсон шиг жаргалтай харагдацгааж байлаа. Энэ уулзалтыг Р.Цэрмаа анх санаачилж, ангийнхандаа захидал бичжээ. Тэрбээр захидалдаа “Сайн байна уу? Ангийн анд найз чинийхээ амар амгаланг айлтган захидал очих өдрийн халуун мэндийг хүргэн мэдчилье! Найз чиний минь ажил амьдрал өдрөөс өдөрт гялалзан өнөр өтгөн, аз жаргалаар дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна. Намхан боловч эрдмийн сувд гялалзсан төрлөх сургуулийнхаа хаалгаар анх ижий аавтайгаа хөтлөлцөн орж найман хаврын яргуйг угтан арван зургаан насны алтан босгыг үдсэнээс хойш даруй 30 жил өнгөрчөө анд минь. Ажил амьдралын захгүй далайд явахдаа ангийн анд чамайгаа мартахын учиргүй билээ. Нутгийн зөөлөн салхи шиг санаанд минь мөнхөрсөн, нугын цэцэг шиг андаа дурсан суух минь их болжээ. Сурагч насны гэнэн томоогүй үе, наадаж наргиж явсан хүүхэд насныхаа ариун гэгээлэг дүрээрээ ангийн андууд биднийхээ сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн анд чамтайгаа учиран золгохыг хүсч, учирлын хонхыг оройтуулан жингэнүүлсэн ч, уулзахын ерөөлийг өргөн баръя!

Гуч дахь хаврын яргуй энэ жил уярам байна. Гучин жилийн дараа уулзах бидний сэтгэл дэврүүн байна. Ингээд гучин жилийн дараа тохиож буй “Насаараа бид нэг ангийнхан” дурсамж цэнгүүн уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж энэхүү захидлыг илгээж байна” хэмээн уриалжээ. Энэ захидал ангийнхных нь уулзалтын эхлэлийг тавьсан байна. Ингээд Р.Цэрмаа, Г.Нямцэцэг, А.Төгсболд, Б.Ганхуяг, P.Амаржаргал, Н.Ууганбаяр нар “Насаараа бид нэг ангийнхан” уулзалт цэнгүүнийг зохион байгуулжээ.

Цаг хугацаа нэгэнт нисэн одож хүүхэд насны гэгээн цайлган төрхөөрөө хэн нэгнийхээ сэтгэлд мөнхөрсөн эрхэм хүмүүс өдгөө эцэг эх, зарим нь бүр эмээ өвөө болчихсон явна. Гэсэн ч тэд

“Хүүхэд гэхэд сонин байдаг ч

Хүний чихэнд содон дуулдана

Наадаж өссөн багын нөхөд минь

Насаараа нэгэндээ нэг ангийнхан” хэмээн дуулж хүүхэд адил баярлаж нэг нэгнийгээ налан суух аж. Буурь суусан байртай, спорт маягийн дөрвөлжин үсний засалттай, махлагдуу ахыг Т.Оргилсайхан гэдэг аж.

Тэрээр цэнхэр торгон уужтай нэгэн эмэгтэйг хүзүүдэн тэвэрч зогсоод дурсгалын зураг татуулав. Хөндлөнгөөс харж зогссон ангийхан нь “Аая, ангийн дурлалт хоёр байна, гоё харагдаж байна шүү. Зургийг нь сайн дараарай” гэхчилэн цаашлуулахад Т.Өлзийхүү эгч их л ичингүйрэн нөгөө хэд рүүгээ “Дэмий шүү” гэсэн янзаар гараараа зангана. Ийм л хөгжил хөөртэй, уярам догдлом уулзалт 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Чингисийн талбайд дурсгалын зураг татуулав.

Харамсалтай нь 8б ангийн төгсөгчдөөс дөрөв нь тэнгэрийн орноо оджээ.

Ангийнхан нь тэднийхээ дурсгалыг хүндэтгэн Зайсан дахь бурхан багшийн хөшөөнд мөргөж, зул өргөн түр саатаад цааш хөдөлсөн юм.

Энэ үеэр ангийн багш З.Лхамноржимтой цөөн хором хөөрөлдлөө.

Энэ ангийнхан миний алтан шавь нар

-Сайн байна уу, таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Ангийн багшийн хувиар ангийнхантайгаа уулзсан сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Би багш болох анхны гараагаа эхлэхдээ энэ ангийг дааж авч байсан. Хүүхдүүд маань их өөрчлөгджээ. Цөм л өөрийн гэсэн ажил амьдралтай, нийгэмд эзлэх байр суурьтай, салбар салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа юм байна. Гадны улс оронд ажиллаж амьдарч байгаа нь ч бий гэнэ. Тиймээс миний сэтгэл их өег байна. Ер нь багш хүний гол гавъяа бол шавь нар маань сайн сайхан явж, ажил амьдрал нь тогтворжин төлөвших явдал шүү дээ. Эд маань намайг МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг хэл уран зохиолын багшаар төгсөөд очиход жинхэнэ багш болгосон алтан шавь нар минь юм. Тиймээс би хүүхдүүддээ хайргүй байхын аргагүй.

-Та шавь нараа хэддүгээр ангиас нь дааж авсан бэ?

-Тавдугаар ангиас нь дааж авсан. Тэгээд таваас наймдугаар анги төгсгөсөн. Манай Тосонцэнгэл хотод “Улсын тэргүүний нэгдүгээр сургууль” гэж сайхан дунд сургууль байсан. Тэр сургуулийн тэргүүний хамт олон байсан даа.

-Таныг анх багш болж ирж байхад, хүүхдүүд тань тоохгүй ч юм уу, уур уцаарыг тань хүргэх зүйл их гарч байв уу, өөрт тохиолдсон хөгжилтэй дурсамжаа хуваалцаач?

-Анх багшлахад амаргүй нөхцөл байдалтай учирна л даа. Нэг удаа би нэг хүүгээ үгэнд орохгүй байна гээд толгой дундуур нь саваа модоо хугартал нь цохичихсон юм даг. Тэгээд саваа модоо хугарчихаар нь айгаад айлын хүүхдийг арай ч дэндүүлчихэв үү дээ, яана аа толгой тархи нь зүгээр байгаа даа гээд л айлаа. Хичээл завсарлахаар л эмчид үзүүлье дээ гэж бодоод санаа зовоод байлаа. Тэгтэл нөгөөх чинь миний савааны хугархайг ширээн дороосоо гаргаж ирээд “Багш аа, маргааш би танд саваа хийж авч ирж өгнөө, надаас болж саваагаа хугалсан юм чинь…” гээд юу ч болоогүй юм шиг сууж байдаг юм. Тэгэхэд л би хүүхэд гэдэг чинь ямар цайлган цагаахан, хайрламаар юм дээ гэж их баярлаж байсан. Одоо саваагаар хүүхэд цохих юм бол шоронд орох биз. Тэр хүүхэд маань одоо энэ Төгсболд шүү дээ. гэв

Тэгтэл А.Төгсболд хажуугаас “Харин би нэг удаа энэ P.Цэрмааг цохиж уйлуулчихаад ааваас нь айгаад, аргадаж гэрт нь хүргэж өгөхөд аав ээж нь намайг зодсон гэж тоож байгаа ч юм алга. P.Цэрмаа аав ээждээ ховлоход “Өөрөө болоогүй л юм байгаа биз дээ” гээд боорцог өгсөн. Тэр үеийн эцэг эхчүүд тийм л сонин хүүхдээ хэр барагтай өмөөрдөггүй байсан юм гэнэ. Тэгтэл нэг нь тосч аваад

“Адал явдал зөндөө байлгүй яах вэ..Хичээлээ тараад сургуулийн хойд талынхаа гуанз руу орно. Т.Өлзийхүү их талон авч ирдэг байж. Бид хэд бөөрөнхий хуушуур авдаг байсан. Баавгайтай чихэр орос дэлгүүрээс картаар авдаг байсан юм. Заримдаа хөвгүүддээ булаалгана. Тэгээд л бөөн уйлаан майлаан болно шүү дээ гэнэ. Ийм л хөгжил хөөртэй нэгэн ангийнхан 30 жилийн дараа уулзалдлаа. Гудиггүй, хөгжил хөөртэй явсан тэдний хүүхэд нас, мөнгөн хонхны жингэнээ нь он оныг өртөөлөн одоо ч сэтгэл зүрхэнд нь цангинасаар байх авай.

Г.Дорж

Ө.Өлзийсайхан

Categories
мэдээ цаг-үе

Уран бүтээл хийхийн тулд сэтгэл зүрхээ хөглөх хэрэгтэй

“Маск продакшн”-ий жүжигчин П.Эрдэнэзаантай ярилцлаа.

-Танай үеийнхэн ажил амьдралынхаа гарааг 90-ээд онд нийгэм солигдож байсан хэцүү үед эхэлжээ, залуу хүн уран бүтээлийн гараагаа том мөрөөдөлтэй эхэлсэн байх?

-1994 онд СУИС-ийг төгсөөд “Орчин үе” гэж театрт орж байлаа. Хуучин Армийн драмийн театр гэж байгаад 90 оны үед зах зээлд шилжихэд татан буугдсан юм. Түүний суурин дээр “Орчин үе” театр маань байгуулагдахад жүжигчнээр орж байлаа. Тэнд дөрөв таван жил ажиллаад Драмийн театрт жүжигчнээр орсон. Драмд мөн дөрөв таван жил ажиллаад “Өнгөт инээд” хамтлагт орсон. Тэндээсээ “Маск” продакшнаа байгуулаад өдий болж байна даа.

-Яг одоо тоглолтынхоо бэлтгэлийг хийж байгаа юм байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Наймдугаар сарын 7-нд “Маск” продакшны 10 жилийн ой болно. 10 жилийн ойгоо угтаад наймдугаар сарын 19-нээс нэг шинэ уран бүтээл шоу тоглолт хийх гээд бэлтгэл ажил ид дундаа явж байна. Жанраа дагаад инээдмийн тоглолт хийнэ. Сар гаруй тоглох байх.

-Уран бүтээл хийхэд хөдөлмөрлөж байнгын бэлтгэл хийгээд маш их энерги зурцуулдаг нь харагдаж байсан. Эрч хүч, онгод хийморио юунаас авдаг вэ?

-Уран бүтээл хийхийн тулд эхлээд сэтгэл зүрхээ бэлдэх хэрэгтэй. Хөглөх ёстой. Тэгж байж уран бүтээл төрдөг. Тэрнээс биш зүгээр цаасан дээр биччихсэн юмнуудыг уншаад гаргачихдаг юм биш л дээ. Тийм учраас уран бүтээлч хүн уран бүтээлдээ эхлээд дурлах хэрэгтэй. Тэгж байж юм гардаг. Зүгээр л бодож суугаад гараад тоглочихдог юм биш. Уран бүтээлдээ хөглөгддөг байх хэрэгтэй. Багаасаа зураг зурдаг байсан. Зураг зурж байгаа маань жүжигчний мэргэжилд маш их хэрэг болдог. Зураг сэтгэлгээг өсгөдөг давуу талтай.

-Маш өвөрмөц санаа олсон үедээ бушуухан шиг тоглолт болгочих юмсан гээд л яарна биз?

-Энэ зунжингаа л эрэл хайгуул хийлээ. Ер нь бол байнга л эрэл хайгуул хийж байдаг даа. Бүгдээрээ уншиж судална, уулзах хүмүүстэйгээ уулзана. Бас ийш тийшээ хөдөө гадаа явна. Хүмүүстэй уулзана. Ерөнхийдөө байнгын судалгаа, эрэл хайгуул хийж байгаад намар бүгдээрээ цуглаад зохиол дээрээ ярилцана даа. Ер нь би уран бүтээл хийж байх үедээ алхах дуртай. Алхахаар янз бүрийн санаа орж ирдэг юм. Жишээ нь “Нинжа” гээд манай нэг номер байдаг. Золбин нохой хүний аяганд байсан алтыг залгиад зугтчихсан явдлаас сэдэвлэсэн юм. Хүмүүс тэр нохойг хайж эхэлснээр өнөө нохой хамгийн үнэтэй нохой болсон байдаг. Гол санаа нь бол нохой байтугай алт залгичих юм бол хүн ч юу ч биш болдгийг харуулах гэж зорьсон. Алт гэдэг бол тийм хүчтэй зүйл. Ядарсан нэг тэнэмэл хүний гэдсэнд алт орчихвол хүмүүс яаж хандах бол. Үүгээрээ хүний үнэ цэнийн асуудлыг хөндөж байгаа юм. Инээдмийн төрөл боловч цаанаа маш том зүйлийг дуугарч байгаа юм даа.

-Нэг хүний жүжгийн уралдаан СУИС дээр болоход та шүүгчээр ажилласан шүү дээ. Энэхүү жүжгийн талаар юу гэж боддог вэ?

-Моно жүжгийн хувьд уран бүтээлч хүн заавал орж өөрийгөө сорих нэг төрөл гэж боддог. Яагаад гэвэл ганц хүн, ганц уран бүтээлч тайзыг эзэгнэж, үзэгчдийг байлдан дагуулна гэдэг бол тухайн жүжигчнээс чадвар, авьяас зэрэг маш олон зүйл шаарддаг. Тийм учраас маш их дэмждэг. Би өөрөө “Маск”-д ажиллаж байгаа залуучуудыг ч гэсэн моно жүжигт орж өөрийгөө сорих хэрэгтэй гэж хэлдэг. Ингэснээрээ туршлага сууна, чадварын хувьд өснө. Хувь хүний бие даасан уран чадварын хувьд бол хэрэгтэй.

-Монголд моно жүжгийн төрөл хөгжих боломж харагдсан уу?

-Монголд моно жүжгийн төрөл дөнгөж эхэлж байна. Драмын театрын жүжигчин Баясгалан олон улсын тэмцээнд орж том амжилт гаргасан. Моно жүжгийг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж явдагт нь талархдаг даа.

-Ингэхэд танд энэ төрөл тохирох юм шиг санагддаг. Энэ төрөлд хүчээ үзье гэсэн бодол бий юу?

-Одоохондоо яг санасан бодсон юм алга. Гэхдээ тоглож үзэх юмсан гэж бодож л байна. Тогловол ямар ч дүрд тоглож болно. Жүжигчнээс ямар ур чадвар гарч болохыг харуулсан тийм зохиол байх юм бол тоглоно.

– “Хайр харуусал” кино үзэгчдийн үзэх дуртай кино болсон. Дахиад кино хийх талаар төлөвлөсөн юм байгаа юу?

-Манай “Маск” продакшн киноны төрөлд нэг юм хийх гээд үзээд л байна. Одоохондоо боломж нь болж өгөхгүй байна. Тийм учраас хойшлуулаад байгаа.

-Мэдээж танд киноны санал тасардаггүй байх?

-Киноны санал бол их ирдэг. Гэхдээ бид энэ ажилдаа дарагдчихаад боломж, цаг зав гарч өгөхгүй л байна. Кино бол ямар л сэдэв байна бараг бүх чиглэлээр хийгдэж байна.

-Сүүлийн үед кино, жүжгийн зохиол ховордлоо, сайн зохиол төрөхгүй байна гэх юм. Үнэхээр тийм байна уу, танд ямар бодол байна вэ?

-Зохиолчид янз бүрийн санал тавьдаг. Бид эндээ ирээд, уншаад үзээд судалдаг. Гэхдээ инээдмийн төрлөөр чанарын шаардлага хангахуйц бичдэг зохиолч алга.

-Цаашдаа олон улсад уран бүтээлээ таниулах тал дээр бодсон юм байгаа юу?

-Мэдээж бодсон мөрөөдсөн юм байгаа. Хошин урлаг гэдэг энэ төрөлд олон жил үнэнчээр зүтгэсэн байна. Тийм учраас өөрийнхөө тоглож байгаа энэ төрлийг тодорхой хэмжээнд гадаадын зах зээлд яаж гаргах вэ гэж бодож санаж явдаг. Олон орны уран бүтээлчидтэй уулзаж, гадаад дотоод явж судалгаа хийж л байна. Энэ гэхдээ тийм амар ажил биш. Ямар ч байсан олон жил зүтгэснийх эхлэлийг нь тавьчих юмсан. Цаашаа хөгжөөд явах байлгүй л гэж бодож байна. “Маск” продакшны уран бүтээлчдийн хийх гэж бодож төлөвлөсөн зүйлс зөндөө бий. Мөн хувь уран бүтээлчийн хувьд ч хийх юмсан гэж бодож мөрөөдөж яваа зүйлүүд ч байна. Ямар ч байсан тэр санаанууд маань хэрэгжих байхаа. Мэдээж хэлний асуудал бэрхшээлтэй байгаа. Гадаадад тоглоно гэдэг чинь гадаад хэлээр л тоглоно гэсэн үг. Тэгэхээр тийм амар зүйл биш. Гэхдээ энийг давж туулж болохоор болсон гэж бодож байгаа. Одоо манай уран бүтээлчид бүгд хэлтэй болж байна.

-Уран бүтээлч хүн уран бүтээлээ дэлхийд гаргахад мэдээж монгол ахуй, ёс заншлаа түлхүү судлах шаардлагатай. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Хүн юу сонирхох вэ гэдгийг л их бодох хэрэгтэй. Цаашлаад монголчуудын онцлог юу билээ, ахуй соёл нь юу билээ, болбол тэрийг л тусгаж үзүүлбэл мэдээж сонирхоно. Тэрнээс биш Английн зохиолоор уран бүтээл хийгээд Англид тоглох бол хэн ч үзэхгүй шүү дээ. Тэгэхээр монгол хүний сэтгэлгээ, өв соёл зэргийг тусгаж өгвөл илүү сонирхох болов уу, ялангуяа нүүдэлчид гэж хэн байсан юм бэ, тэдний зан заншил, өв соёлыг сурталчилбал зүгээр болов уу гэж боддог. Одоо дэлхийн хөгжил өөрөө зогсонги байдалд орчихоод байна. Хүмүүсийн сэтгэлгээ ч өөр болчихож. Хүний мөн чанар гэдэг зүйл газарт уначихсан байна. Монголчуудын нүүдлийн соёлыг гадныхан сонирхоод эхэлчихлээ. Үүн дээр л ажиллаж өгөх хэрэгтэй. Нүүдлийн соёл иргэншил гэдэг чинь зүгээр нэг хэдэн хүн хөдөө тэнээд явж байсан юм биш байхгүй юу. Монголчуудын амьдрал байгаль дэлхийтэйгээ хамааралтай байж ёс заншил нь уламжлагдаж явдгийг гадныхан мэдээд сонирхоод эхэлчихлээ. Тэгэхээр тэр талынхаа юмнуудыг илүү сурталчилж, ойлгуулах хэрэгтэй юм болов уу. Мөн аль ч урлагийн хувьд энэ талаас нь чухалчлан уран бүтээлээ хийгээсэй гэж уран бүтээлч хүнийхээ хувьд боддог.

-Мюзикл хийнэ гэж та өмнө нь ярьж байсан. Ямархуу шатандаа явж байгаа бол?

-Мюзикл хийнэ гэхээр нэлээн өргөн хэмжээний юм болчих гээд байна. Өнөө маргаашдаа яриад хурдан хийчихдэг асуудал биш л дээ. Гэхдээ явагдаж л байна. Зохиол, хөгжим гээд. Болвол үндэсний хэмжээний монгол сэтгэлгээ орсон гоё юм хийчих юмсан гэж бодоод л байна. Уран бүтээлчидтэйгээ санал бодлоо солилцоод явж байна. Болох байхаа.

-Гадуур хошин шогийн зарим хамтлагууд салж нийлээд байгаа сурагтай. Танай хамтлагийн хувьд бүрэлдэхүүн нь хэвээрээ байгаа юу?

-Манай хамтлагийн гишүүд хэвээрээ байгаа. Мөн шинэ залуу жүжигчид нэмэгдэж орсон. Болбол залуу уран бүтээлчдийг дэмжих юмсан гэж боддог. Өнөөдөр олон уран бүтээлч төгсч гараад ажлын байргүй яваа.

Бидний хувьд төрөөс дэмжлэг хүсээд юм шаардаад байдаггүй. Боломжоороо ажиллаад залуусаа амьдралтай, ажилтай болгочих юмсан гээд зүтгэж байна.

-Та ямар шашин шүтдэг вэ, танай хамтлагт бөө нэлээд байдаг гэж сонссон…

-Шүтээд сүйд болоод байхгүй ээ. Буддын шашныг хүндэтгэж явдаг. Зүг чигээ гаргах ч юм уу, ээждээ зориулж зул өргөх ч юм уу тиймэрхүү хэмжээнд л шүтдэг. Манай хамтлагт бөө байгаа. Ганзориг, Дэлгэрсайхан нар бөө шүү дээ. Тиймээс энэ хүмүүстэй их ойр байгаа учраас бөөгийн шашныг бол хүндэтгэж үзнэ. Байгаль дэлхийтэй холбоотой онгод бөө гэдэг чинь байх л ёстой зүйл. Анхнаасаа л байсан юм чинь. Яахав сүүлийн үед олшроод үндсэн мөн чанарыг нь алдагдуулаад байгаа юм болов уу гэж боддог. Энэ бол хаана ч байх ёстой зүйл. Ганцхан Монголд биш дэлхийн олон оронд байдаг зүйл шүү дээ.

О.ӨНӨРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Албан тушаалаа ашиглаж улсыг хохироосон бол хамгийн багадаа ёсзүйн хариуцлага хүлээнэ

“Өдрийн сонин”-ы 2016.08.12-ны №184 (5449) дугаараас авч нийтлэв

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Сангийн сайдын хийсэн мэдэгдэл сүүлийн хэдэн өдөр дуулиан тарьж байна. Мэдэгдлээс өмнөх Засгийн газрын алдаатай шийдвэрүүд эдийн засгийг дампууруулсан гэх өнгө аяс цухалзаж байгаа?

-Хэдийгээр МАХН тухайн үед засаг барихад хамтарч оролцсон гэж ярьж байгаа боловч бодитоор аваад үзэхэд миний хувьд нам, засаг дотроо сөрөг хүчин байсан. Би их шүүмжлэлтэй хандаж байлаа. Үнэнийг хэлэхэд бүх зүйлд тооцоо судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр хандаж нөхцөл байдлыг дордуулсан. Тухайн үед Монгол Улсын нэр хүнд өндөр байсан. Бондыг жилийн дөрвөн хувийн хүүтэй оруулж ирэхийг бүх гишүүд 100 хувь дэмжсэн. Би ч дэмжсэн. Гэхдээ тодорхой төсөл байхгүй, хэзээ төлөгдөх нь ойлгомжгүй, хэрвээ Монгол Улс өрөнд орвол гарах гарц нь тодорхой биш байна. Эхлээд үүнийгээ яриад тодорхой болгочихоод зээлээ аваач гэж хэлж байлаа. Гэтэл ороод ирэнгүүт нь шууд төмөр зам руу хийсэн. Одоо төмөр замын үлдэгдэл мөнгөө хийж чадахгүйгээсээ болоод хэдэн хүмүүсийг шоронд хийх гээд явж байна. Зээлийн хүү бага байсан ч богино хугацаатай зээлийг хурдан эргэлтэд оруулах ёстой. Тэгэхээр 2017 онд Монгол Улс зээл, хүүгээ төлөх гэж байгаа яг энэ мөчид бол хаа хаанаа хомсдол үүсчихсэн байгаа нь бодитой үнэн. Монголбанк дураараа аашилсан. УИХ-ын гишүүдэд мэдэгдэлгүйгээр асар их мөнгө хэвлэгдсэн гэж би ойлгож байгаа. Жишээлбэл, 1072 хувьцааны мөнгө хаанаас гарав. 21 мянган төгрөг ард түмэндээ тараахад 350 сая ам.доллар гарч байсан. Одоо 300 мянган төгрөгийг тараахад хичнээн хэмжээний мөнгө гарсан бол. Тэр мөнгийг Монголбанк хэвлээд гаргачихав уу эсвэл гадны хүмүүс оруулчихав уу. УИХ-ын гишүүд нь бодит мэдээллээр хангагдахгүй байна. Одоогийн Засгийн газрыг дөнгөж байгуулагдахад нь би ихэнх сайдтай нь уулзаж яг бодит мэдээллээ гаргаж өгөөч ээ. Одоо төсөв яах юм гэж асууж байсан. Гэтэл өнөөдөр (өчигдөр) төсвийн төсөөлөл гээд төсөл нь орж ирж байна. Жишээлбэл, Эрдэнэтэд гурван тэрбум төгрөгөөр барих үерийн даланг 23 тэрбум төгрөг гээд оруулаад ирсэн байна. Ийм л болчихоод байна шүү дээ.

-Хямд зардлаар барьчихаж болох зүйлийг илүү үнэлээд байна гэж үү?

-Төрийн аудит гэж байгаа юм бол бүх гүйцэтгэл дээр аудитын дүгнэлт гаргаач ээ. Мөн төсвийн төслөө оруулж ирэхдээ аудитын дүгнэлтээ давхар хавсаргадаг байх хэрэгтэй. 76 гишүүн бүгдээрээ мэргэжлийн хүмүүс биш. Тиймээс тухайн газар даланг гурван тэрбумаар барих юм уу, 23 тэрбумаар барих юм уу гэдгийг шууд мэдэхгүй. Мэргэжлийн байгууллага оруулж ирсэн байх гээд нүдээ аниад үеийн үед төсөв баталж байсны гай гарч байна. Зөндөө жишээ бий. 2008-2012 оны үед Хан-Уулд барьж эхэлсэн төрөхийн барилга одоо царцчихаад байна. Таван тэрбум төгрөгийн өртгөөр барих худгийг таван сая ам.доллар гээд хийчихсэн. Ямар ч аудит гаргаагүй 10 ширхэг худаг ухчихсан газар байна шүү дээ. Энэ бүр дэндүү замбараагаа алдчихсан байхгүй юу. МАН-ын үед ч, АН-ын үед ч ийм байсан. Тэгэхээр одоо үүнийгээ цэгцэлье. Бие бие рүүгээ чихээд яахав. Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа юу гэвэл хүнд байгаа. Хэнээс болов гэдгийг эхний ээлжинд ярихаа больё. Харин төсвөөс мөнгө хийсэн, хийх гэж байгаа гэсэн бүх ажил дээрээ хөндлөнгийн санхүүгийн шалгалт оруулъя. Жишээлбэл, “Сайн” малчин, оюутан, хашаа гэдэг хөтөлбөрүүд сайн зүйл үү гэвэл тийм. Гэхдээ “Сайн” хөтөлбөрийг санхүүжүүлэх мөнгө байсан уу гэвэл би мэдэхгүй байна.

-Өмнөх Засгийн газарт МАХН орж ажиллаж байсан. Тийм учраас алдаатай шийдвэрүүд байвал хариуцлага хүлээх байх?

-МАХН хамтарч засаг бариагүй шүү дээ. МАХН-д байсан хэдэн хүн сайдын суудал нэртэй авсан. Тэдний ихэнх нь ураг төрөл, хамаатан садан, хамгийн сүүлд нууц амрагаа хүртэл агентлагийн даргаар тавьж байгаад тэрэнтэйгээ хамт МАН-д урваад орчихсон. Үлдсэн хэдэн хүмүүсийг нь АТГ барьж авна гэх мэтээр үйл явдал өрнөсөн. Ийм учраас МАХН хариуцлагыг үүрэх бололцоогүй. Ардын нам засагт хамтарч байхдаа зургаан сайд тавиад зургаан мянган хүнийг ажилтай болгосон юм. МАХН дөрвөн сайд тавиад дөрвөн жил дараалан балбуулаад, нүдүүлээд хэдэн ураг төрөл хамаатан саднаа ажилтай болгосноос өөр олигтой бодлого явуулж чадаагүй. Үүнийг би шүүмжилж байсан. Сайд хийж байгаа хүмүүс сайн ажиллах хэрэгтэй. Гэхдээ ний нуугүй хэлэхэд намынхаа багаар, намынхаа боловсон хүчнээр хийх ёстой болохоос сайдын хамаатан, цүнх барьдаг хүн хийх ёсгүй. Одоо МАН тэрийг дуурайгаад л явчихлаа. Монголын төр тэдэнд өртэй юм уу хаашаа юм. Нөгөө хэдийн цүнх барьдаг хүмүүст дэд сайдаас эхлээд есөн шидийн албан тушаал өгөөд л явж байна. Одоо Монголын төрөөр тоглохоо больцгооё. Сангийн сайдын мэдэгдэл бол ажлаа авсан хүн мэдээлэл өгсөн байх. Өмнө нь байсан хүмүүс худлаа мэдээлэл гэж өөрийгөө өмөөрөх эрхтэй.

-УИХ дээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан валютын нөөц хасах болсон гэдэг мэдээлэл өгч байсан. Сангийн сайдын мэдэгдэл хийсний дараа манай улсын бондын үнэ унасан, долларын үнэ өссөн зэрэг сөрөг үзэгдэл харагдаж эхэллээ. Та үүнийг юу гэж үзэж байна?

-Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад эсвэл УИХ-аас тогтоосон тусгай дэгээр явуулаагүй бол ард түмэн мэдээллийг ил тод, нээлттэйгээр авах эрхтэй. Одоо үүн дээр хоёр сонголт байна. Бодит мэдээллийг ард түмэнд өгөөгүй, эдийн засгийг ийм болтол нууж байсан хүмүүс хариуцлага үүрэх ёстой. Эсвэл бодитой биш мэдээллээр ард түмнийг бужигнуулаад, эдийн засагт хохирол учруулсан гэж үзэж байгаа бол тэр хүмүүс хариуцлага хүлээх ёстой. Нэг үгээр худлаа ярьж байгаа бол хариуцлага хүлээх хэрэгтэй. Харин үнэхээр ийм болчихсон бол бид мэдэх л ёстой шүү дээ. Бид төрийн санхүүгийн талаар мэдээллийг авах эрхтэй бөгөөд үүрэгтэй. Үндсэн хуулиар тэр эрхийг олгочихсон. Тийм учраас би 1072 хувьцааны мөнгө хаанаас гарсан, Эрдэнэтийн 49 хувийн 400 сая ам.доллар ямар эх сурвалжаас гаралтайг гаргаж ирнэ үү гээд УИХ-ын гишүүний хувьд Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Дээрээс нь Сангийн сайдын мэдээлэл бодитой эсэх асуудал байна. Миний хэлээд байгаа бодит санал бол төрийн аудитыг оруулчихъя. Аудитын дүгнэлт гаргуулчихъя. Тэгвэл АН, МАН-ын мэдээлсэн шиг байна уу гэдэг тодорно. Мэдээлэл бол ноцтой. Үүнийг үнэн эсэхийг эхлээд тогтооцгооё.

-Сангийн сайдын мэдэгдлийг аудитаар шалгаад АН, МАН-ын аль нэгнийх нь буруу боллоо гэж бодъё. Тэгвэл ямар хариуцлага хүлээлгэх юм бэ?

-Төрийн онц чухал мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан хариуцлага үүрч магадгүй. Би одоогоор мэдэхгүй байна. Эсвэл нөгөөдүүл нь хэрвээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан бол ядаж улс төрийн буюу ёсзүйн хариуцлага хамгийн багадаа хүлээнэ. Эрүүгийн хариуцлага ч үүрэх хууль эрхзүйн орчин байгаа шүү дээ.

-Эдийн засаг хүндэрсэн нөхцөл байдлаар далайлгаж байгаад гадаадаас зээл авах, гадны банкийг оруулж ирэх гэж байна гэсэн хардлага олон нийтэд байгаа. Таны хувьд ямар нэгэн хардлага байна уу?

-Бидэнд эдийн засгийг аврах дөрвөн боломж байгаа. Нэгдүгээрт, “Стэнд бай” хөтөлбөрт орж болох юм. Гэхдээ тэр нь аюултай. 500 сая ам.долларын төлөө бид эдийн засгийн хараат байдалд орно. Эсвэл бонд босгох юм уу гадаадаас мөнгө зээлнэ. Гэвч Монгол Улсын нэр хүнд ийм байхад бидэнд өмнөх шиг таатай нөхцөлтэй зээл олдохгүй. Мөн дээрх хоёр хувилбар Монгол Улсад ч ашиггүй. Гуравдугаарт, таатай нөхцөлөөр төсөл хөтөлбөрийг Монгол Улсад байлгах. Жишээ нь, Оюу толгойн борлуулалтын орлогыг Монгол Улсын банк санхүүгийн системээр явуулахыг хатуу шаардаж болно. Тэр мөнгө энд байршиж байж бид борлуулалт дээр хяналт тавьж, мөн долларын ханшаа буулгана. Монгол Улсад ажиллаж байгаа бол манай орны санхүүгийн дүрэм, журмыг дагах ёстой. Бид татварын хөнгөлөлттэй нөхцөлөө тохирсон болохоос гадаадын банкинд мөнгөө хийхээр тохироо хийгээгүй. Би хуульч хүний хувьд хариуцлагатай хэлж байна шүү. Популизм хийгээгүй. Иймэрхүү байдлаар хурдны зам ч юм уу ярьж байгаа томоохон төслүүдийн мөнгийг яаралтай Монгол Улсын банкинд байршуулах нөхцөлтэйгөөр хийх ёстой. Ингэвэл зөв системээр эдийн засгаа эрүүлжүүлж чадна. Дөрөвдүгээрт, тодорхой төслүүдээ гадныханд зарах. Жишээлбэл, 34 хувиа эсвэл Таван толгойн ордуудаа зарж болно. Ийм л дөрвөн арга байгаа. Өөр арга алга. Ийм яаралтай арга хэмжээ авч байж эдийн засгаа аварна. Банкны хувьд одоо байгаа зургаан олигархи банкийг дампууруулахгүйн тулд Монголбанк мөнгө хэвлэж зээлүүлчихлээ. Энэ буруу. Зах зээлийн хууль байдаг юм бол зургуулаа дампуурвал дампуураг. Зах зээлийн өрсөлдөхүйц систем оруулж ирэхгүй юм бол өөр яах гээд байгаа юм. Өөр гарц байна уу. Эсвэл зургаан банкаа авар эсвэл шинэ банк оруулж ир. Чайна банк байна уу, Франц банк байна уу айх хэрэггүй. Монгол Улсын иргэд ажилтай орлоготой байх хэрэгтэй. Жилийн нэг хувийн хүүтэй зээл өгдөг банк байвал алга ташаад авах хэрэгтэй. Жилийн 25 хувийн хүүтэй зээл өгдөг банкаар яаж амьдрах гээд байгаа юм бэ. Үүнийг эрүүлээр сэтгээд бүгдээрээ ажиллая л даа. Бүгд ажилтай байвал орлоготой байна. Орлоготой байвал эдийн засаг чинь өөрөө өсөөд л явчихна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ш.Доржсүрэн: Бид Монголын кино урлагийн салбарт шинэ зам гаргах гэж зорьсон

“Doz” энтертайментийн захирал, жүжигчин, найруулагч Ш.Доржсүрэнтэй ярилцлаа.

-Тун удахгүй “Нэг өдрийн дайсан” кино нээлтээ хийх гэж байна. Киноны тухай товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-“Doz” энтертайментийнхан эхэндээ тайзны уран бүтээл хийж байсан. Гэхдээ дэлгэцийн уран бүтээлд ороод нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ. Бид “Арт хаус” чиглэлийн кино хийдэг. Энэ төрлийн кино хийхэд маш их өртөг гардаг учраас залуучуудыг дэмжсэн уран бүтээлд орж байгаа. Монгол залуучуудын орон болж байна. Тиймээс тэдэнд хэрэгтэй, сэтгэлийг нь хөглөх кинонуудыг хийж байгаа. “Plus motion picture” гэж шинэ компани байгуулаад манай хүү Д.Эрдэнэбулган удирдаж, найруулаад киногоо хийж байгаа юм. “Plus motion picture”-ын хоёр дахь бүтээл болох “Нэг өдрийн дайсан” киногоо амжилттай хийж дууслаа. Энэ кино наймдугаар сарын 26-нд нээлтээ хийх гэж байна. Намар үзэгчид маань амралт зугаалгаас кино саначихсан ирдэг. Санасан ирж байгаа үед киногоо нээж, үзвэрийн сонголттой болгож байгаад баяртай байна.

-Киноны гол дүрд ямар жүжигчид тоглосон бэ?

-Намайг тоглооч гэж урьсан л даа. Би өөрөө кинонд тоглоогүй удсан учраас нэлээд бодож байж шийдсэн. Киноны дүр миний хуучин тоглодог байсан гацаа хүүгийн дүрд суурилж, хөдөөгийн хүү хотод ирсэн байдлаар хийвэл яах вэ гэсэн санааг гаргасан байсан. Тэр санаагаараа киногоо хийж дууслаа. Кинонд царайлаг залуу, царайлаг эмэгтэй жүжигчид тоглох их чухал юм билээ. Над шиг царай муутай хүн голлоод байх шаардлага байхгүй. Гадны киноны контентыг харахад ихэвчлэн царайлаг эмэгтэйчүүд, залуучууд тоглодог. Урлаг тодорхой хэмжээний гадна талын хэлбэрийг хардаг учраас царай их хамаатай. Л.Цогзолмаа гуай “Урлагийн хүн царайлаг байх ёстой. Зураг авч байхад хаашаа ч харсан гоё харагдах нь том шалгуурын нэг” гэж ярьдаг байсан. Тэр утгаараа туршлага сууж байгаа, кинонд зүрх сэтгэлээ зориулдаг жүжигчин Т.Билэгжаргалыг киноны гол дүрээр сонгосон. Эмэгтэй гол дүрд дуучин С.Хишигжаргал тоглосон.

-“Doz” энтертайнментийн киног харахад голдуу гадаадад зураг авалтаа хийсэн байдаг. Өртөг мөнгөний хувьд арай илүү зардал гарах байх даа?

-Хэлбэр харж гадаад руу яваад байгаа юм биш. Амайг би гадаадын олон газраар бадарчилж, нүд тайлж, тэдний соёлыг улсдаа авчрахад үүрэг гүйцэтгэсэн хүн гэж боддог. Тэрэнтэй адилхан манай “Doz”-ынхон маш олон газраар явж гадны кинотой танилцсан. Зарим оронд нь киногоо хийсэн. Бид гадныхантай хамтарч ажиллах, тэдний зах зээл дээр киногоо гаргах оролдлогуудыг 10-аад жил хийлээ. Найруулагч болоод тайзнаас гадна нэлээд олон кино хийсэн байна. Наян хувь нь гадны оронд очиж хийсэн кино байгаа. Энд хөрөнгө мөнгөний асуудал мэдээж өндөр гардаг. Зөвшөөрөл, хоол унд, буудалд зардал гээд гарна. Гэхдээ бидний толгойд гаргасан зардлаасаа илүү мэдлэг орсон болов уу. Биднээс гадна биднээр дамжуулаад манай иргэд гадныхны киноны хэв маягийг мэдэж авсан. Хүн мартамхай амьтан учраас өчигдрийн зүйлийг мартаж байдаг. Тиймээс дахин сануулж хэлэхэд бид Монголын кино урлагийн салбарт шинэ зам, шинэ жимийг гаргах гэж зорьсон. Энэ нь мөн манай киноныхонд нөмөр нөөлөг өгсөн. Яагаад гэвэл гадны киноны стандарттай ажиллахад болох юм байна гэдэг сэтгэлийн дэмийг өгсөн байх.

-Монголын кино ямар түвшинд байна гэж харж байгаа вэ?

-Манай монголчууд их авьяастай хурдан сурч, хурдан мартдаг. Кино хийх хүсэлдээ хэт автаад байгаа нь нэг алдаа болдог. Яаж хийхийг нь сайн мэдэхгүй, гаргалгаагаа судлалгүйгээр бүтээлдээ орох тал байдаг. Манайд боловсон хүчин бэлддэг сургуулиуд нь киноны чиглэлээр дорвитой ажил хийхгүй байна. Хуучны оросын зүйлийг улиг болтол ярихаас татгалзаж одооны зах зээл дээрх киноны хэв маягийг харах хэрэгтэй. Нөгөө талаас кино хийх хүсэлдээ автаад аливаа нэг зүйлийг шууд хуулбарлан ашиглах сэтгэл зүй рүү орж эхэлдэг. Бидний хувьд гадны зах зээлд хүмүүстэй уулзаад бүх юм өөрийн оюуны өмчийн баталгаа, хөгжим, зураг авалтууд албан ёсны байх зарчмаар ажиллаад сурчихлаа. Тиймээс дараагийн кино энэ чиглэлээр бүрэлдээд явна гэсэн үг.

Манай дотоодын зах зээлд хийж байгаа залуусын киног би муу байна гэж хэлэхийг хүсэхгүй байна. Хөгжиж байгаа. Гадаад орны маш их өртгөөр босч байгаа кинотой өрсөлдүүлж байгаа нь эх орны хувьд шоовдорлож үзэж байгаа шинж гэж үзэж болно. Сая киноны хууль батлах гээд чадсангүй сонгууль өнгөрлөө. Гадны киног дэмжих бодлого манайхаас өөр оронд байдаггүй байх. Дийлэнх нь өөрийн орны киног илүү тавьж, бусад киног шүүлтүүрээр оруулж, татвар авдаг. Гэтэл манайхан гадныханд найр тавьдгаараа тавьж байна. Дотоодынхон яахаа өөрсдөө шийдэцгээ гэсэн байдалтай байдаг учраас Монголын кино өөдлөхөд хэцүү байна.

-Киноны зохиолын хувьд хэт хэтрүүлэгтэй хийсэн байгаа харагддаг. Танайх киноны зохиолоо яаж сонгодог вэ?

-Сэдэв бол кино хийгчдийн өөрсдийнх нь торгон мэдрэмжээр сонгосон сонголт байдаг. Бидний хувьд хамгийн анхны киног туршлага суулгахын тулд “Дурласны маргааш” киног ийм хүмүүсийн ийм бүтээлээс сэдэвлэн бүтээлээ гээд бид монгол хувилбарыг оруулж, өөрсдийн санааг оруулсан. Тэр киног бид эзнийг нь нэрлээд ил гаргаж ирж хийсэн. Одоо тэр маань далд хэлбэр рүү шилжээд зохиолч нь тодорхойгүй мөртлөө маш олон кино хийгдэж байна. Тэгэхээр одоо зохиолч нараа шалгахаа ч больчихлоо. Чанарыг ч шалгахаа больчихож. Сэдвийн хувьд монгол хүнд чиглэсэн байх ёстой. Зарим киног харахад Монголд огт байдаггүй, хэзээ ийм юм боллоо гэсэн зүйл үйлдвэрлэгдэж гардаг. Энэ мэдээж хуулбар сэдвүүд байдаг. Жишээлбэл, Монголд ямар мафи байгаа юм. Хар машинтай, хар хослолтой залуус яваад байгааг мэдэхгүй байна. Монголын асуудлыг дэлхийд гаргаж ирдэг байх ёстой. Гэтэл хаанаас ирсэн санаа Монголын кино болж гараад байгаад би жаахан хардаад байдаг юм. Тиймээс эхний удаад туршлага суулгахын тулд ийм зүйл хийхийг үгүйсгэхгүй байя гэхэд энэ нь өөрөө Монголын залууст эерэг зөв санаа өгдөг байгаасай гэж хүсдэг. Яагаад гэвэл киногоо сонирхолтой болгохын тулд пивоны шилээр толгой руу нь хайр найргүй цохиж байгаа хэсэг манайд хэрээс хэтэрч байна. Бие биенийгээ юу ч болоогүй юм шиг алж, бассейн руу живүүлж байгаа тухай кино эрээ цээрээ алдаж байна гэхэд болно. Энэ нь өөрийн нөлөөллөөр үзэгчдэд хэвийн л зүйл гэж харуулж байгаа нь аймшигтай. Гадны зохиолоос сэдэвлэж болох ч хүний төлөө байх ёстой. Бид үзэгчдийг хүндлэх ёстой. Хүмүүс дэлгүүрээс талх авахдаа барьж үзэж байгаад авдаг бол урлагийн бизнес арай өөр. Зар сурталчилгааг үзсэний дараа мөнгөө төлсний дараа бүтээгдэхүүнээ үздэг. Үүнийг дагаад реклам сурталчилгаа нь гоё ч бүтээлээ үзэхэд чааваас гэж хэлүүлэхээр байна гэдэг нь киног унагаад байгаа юм. Тиймээс чанартай, орчин цагтайгаа нийцсэн кино хийхийг хүсдэг.

-Урлагийн гэр бүл учраас хүүхдүүд тань урлагт дурлаж байгаа байх?

-Хуучны гэр бүлүүдийн адилаар дагаж явсаар байгаад эхнээсээ өөрийн үзэл бодолтой болоод заримдаа миний үгийг тийм байдаггүй гэж шийдэхээр хэмжээнд хүрлээ. Тэгэхээр энэ миний хувьд сайхан санагдаж байгаа. Мэдээж хэцүү давааг давах амьдрал руу орчихлоо. Сэтгэж, зөв шийдвэр гарах, ачаалал даах, өлсөж сурах гээд энэ бүгдийг хийж сурдаг л ажил. Бага охин Энх-Энэрэл маань урлаг руу бас их сонирхолтой юм байна. Цаг зав зарцуулж чадахгүй ч гэсэн хадмууд маань өсгөж байгаа. Эмэгтэй хүнд боловсрол чухал учраас илүү ихээр боловсролд нь анхаарч байна.

-Та хоёрыг нөхөр нь найруулаад эхнэр нь гол дүрд тоглодог гэсэн шүүмж яваад байсан. Сүүлийн үед Мөнгөнзул тоглохоо больчихсон юм шиг харагдаж байгаа?

-Нэг хэсэг Дооёо найруулаад Зулаа тоглодог гэдэг байсан. Нэг талаараа ортой байх. Үүнд тайлбарлаж хэлэх тайлбар их байдаг. Утгагүй зүйлийн төлөө араас нь хөөцөлдөх хэрэггүй гээд орхидог. Нэг гэр бүлийн хоёр хүн хамт бизнес хийж байгааг монголоор нэг харж болно. Өглөө босоод л ажилдаа хамт яваад ирж байна. Улаанбаатар хотын ихэнх машинд эхнэр, нөхөр хоёр ажлаа яриад л явж байдаг. Энэ бол тийм хортой зүйл биш болов уу гэж бодож байна. Нөгөө талаас бид бие биенээ юу хийх гээд байгааг ойлгодог. Ойлголцол жүжигчин найруулагч хоёрт нэлээд удаж байж төлөвшдөг зүйл. Ажил дээр бид ажлын хандлагаар л ханддаг. Зулаа маш сайн зохион байгуулагч. Ар талын ажлыг сайн хийдэг. Зулааг жүжигчний карьераа хэн нэгнээс болоод болиосой гэж хүсэхгүй байна. Манай хүн одоо өөр киноны санал авчихсан байгаа. Гадны кинонд тоглохоор хоёр ч санал авсан. Цаг хугацаа баримталдаг учраас ажилдаа бэлтгэлээ хангаад байж байна.

-“Doz” энтертаймент олон ангит кино хийх үү?

-Маш сайн реклам хийдэг студи кино хийж чадахаа больчихсон байдаг. Энэ нь ажлын дадалтай холбоотой. Мөн нэг ангит кино хийдэг хүмүүс реклам хийхэд дандаа уртдуулчихаад байдаг. Бид нэг ангит кинон дээр ажиллаад сурчихсан учраас олон ангит руу орохдоо их судлах хэрэгтэй. Шууд чадна гээд орох буруу л зүйл. Бололцоо боломжоо судлах хэрэгтэй. Олон ангит кино нэг ангиас нөгөө анги руу шилжихдээ үзэгчдээ алдахгүй байх шаардлагатай. Эхний гурван ангийг нислэгийн үе гэдэг. Энэ гурван анги их онцгой байх ёстой. Түүний дараа үзэгчдийнхээ сэтгэл зүйг барьж авна гэдэг чухал. Манайхан олон ангит киног телевизийн гэдэг талаас нь хараад байдаг. Тэрийгээ дагаад зохиомж тал руугаа явчихсан байдаг. Кино гэдгийг мартаж болохгүй.

Дэлхийн үзэгчид олон ангит кинонд орчихлоо. Энэ бол хүний амьдралтай шууд холбоотой. Зарим тохиолдолд үүнийг хүмүүс алсын хараа зорилгоо алдаж эхэлж байна гэж дүгнэдэг. Хүмүүс амьдралынхаа төлөө биш киноны дараагийн анги зорилго нь болж эхэлдэг. Жишээ нь “Халтар царайт” хүмүүс бүгд ирээдүйгээ харж чадахаа больсон байхад гарсан кино. Маргааш яах бол гэж голоо зогоож амьдралаа болгож байгаа юм. Монголд олон ангит кино хөгжиж эхэлж байна. Дэлхийн олон ангит кино маш өөр болсон. Нэг ангит уран сайхны кино шиг хийгдэж байгаа. Тиймээс бид хуучны өнцгөөс хийж байгаа олон ангит киногоо өөрчлөх ёстой гэж бодож байна.

-Кинонд баг бүрдүүлэлт чухал. Та жүжигчнээ яаж сонгодог вэ. Киног чинь харахад нэрд гараагүй жүжигчдийг сонгосон юм шиг санагддаг?

-Нэгд хүнийг нь харах ёстой. Энэ их чухал. Бидний хувьд баг бүрдүүлэхдээ алдаж байсан асуудал бий. Багаа их сайн сонгох хэрэгтэй. Кино хийхэд сэтгэл хамгийн чухал. Зөвхөн кино гэлтгүй бүх зүйл дээр харагддаг. Туршлагатай жүжигчин эсвэл хүсэл тэмүүлэлтэй хүн байвал би хүсэл тэмүүлэлтэйг нь сонгодог. Заавал алдартай байх шаардлагагүй. Бид баг болж ажиллаж чадах, өөртөө итгэлтэй байх, ажилдаа хүсэл мөрөөдөлтэй тэмүүлэлтэй хүн байхад болно гэж боддог.

-Та киноны нээлтэн дээр хэр догдолдог вэ?

-Нээлтэн дээр догдлох амьд байгаагийн шинж. Зураг авалт эхлэхэд ч сандардаг. Хэрэв би өөрийгөө сандрахаа больчихсон байгаагаар мэдрэх юм бол энэ ажлыг зогсоох хэрэгтэй. Яагаад гэвэл юу ч мэдэрч чадахаа больж байгаагийн хэлбэр. Тиймээс киноны нээлтэн дээр их сандарч, догдолдог. Оюун санаанаасаа гарсан зүйлийг хүнд хүргэнэ гэдэг том шалгуур. Хүмүүс баяр хүргэж гар барихад ямар байгаа нь мэдрэгддэг. Ер нь сэтгэл догдлуулсан мөчүүдийн нэг гэж болно.

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн ханш өгсөх эсэх нь эргэлзээтэй ч алтны үнэ өндрөө авах нь

“Өдрийн сонин”-ы 2016.08.12-ны №184 (5449) дугаараас авч нийтлэв

Австралийн Засгийн газар саявтар зарим эрдсийн үнэ эргээд унах нь гэсэн гутранги таамаг гаргасныг “Блүүмбэрг” онцоллоо. Нөөц өсч, бодит эрэлт буурсан, Австралийн олборлогчид зардлаа бууруулж хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаа гэх үндэслэлийг тэд хэлж. Товчхондоо эцсийн хэрэглэгчдийн эрэлт сул байгаа нь ингэж таамаглах шалтгаан болжээ. Австралийн хувьд гол зах зээл нь БНХАУ. Хятадын эдийн засаг сайнгүй хэвээр байгаа нь ийм таамаг гаргахад хүргэсэн хэрэг. Урд хөршийн эдийн засгийн сүүлийн үеийн статистикийг сонирхъё. Хятадын экспорт түрүү жилийнхээсээ 4.4 хувиар, импорт нь 12.5 хувиар агшжээ. Энэ бол өнгөрсөн сарын статистик, долларт шилжүүлснээр тооцсон хувь. Сүүлийн 25 жилийн түүхэнд нь байгаагүй энэ уналт Австрали, манай хоёр шиг эдийн засгийг нь эрдсийн экспорт чирч явдаг улсуудад таагүй нөлөө үзүүлсээр байгаа юм. Импорт, экспортын агшилтаас гадна улсын үйлдвэрүүдийнх нь өрсөлдөх чадвар, улсын, өөрийн гэлтгүй хавтгайрсан өрийн өсөлт зэрэг “хадны мангаа” урд хөршид бий. Энэ оны хавар гарсан “The global growth conundrum” тайланд 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхий даяар өрийн хэмжээ өссөнийг онцолсон. Энэ тайлангаас харахад Хятадад хувийн болон Засгийн газрын өрийн хэмжээ аль аль нь 2008 оноос хойш өссөн зурагтай гарч. Гэхдээ хувийн секторын өсөлтийн хувь Засгийн газрынхаасаа хоёр дахин өндөр. Хувийн секторын өрийн энэ өсөлт Хятадын эдийн засаг төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлөх аюултай түвшинд хүрсэн гэж шинжээчид болгоомжилж байна. Жорж Соросын дүгнэснээр бол Хятадын асар их өрийн тэсрэх бөмбөг дэлбэрэх дөхөж байгаа. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас илүү сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн болгоомжлол бий. Хятадын хотын бүс нутгийн хүрээнд таван өрхийн орон сууц тутмын нэгээс илүү нь хоосон байгаа гэсэн тоог зарим судлаач хэлдэг. Зарагдаагүй орон сууцны талбайн нийт хэмжээ 657 км.кв болсон гэх тоо ч дуулддаг. Энгийнээр хэлбэл Сингапурын газар нутагтай тэнцэхээр хэмжээ. Хөрөнгө оруулагчид болон зуучлагчдын худалдаж авсан талбайг оруулаагүй гэхээр хүн амьдраагүй эзгүй орон сууцнуудын талбайн хэмжээ Сингапураас ч том болчихсон гэсэн үг.

“Capital Economics” компанийн эдийн засагч Жулиан Эванс-Притчард БНХАУ-ын экспортын өсөлт доогуур хэмжээнд хэсэг зуур байна гэж таамаглажээ. Мэдээж дорнын луугийн таагүй байдал хэр хугацаанд үргэлжилнэ, тэр хэрээр дэлхийн эдийн засаг удааширна гэдэг хэнд ч ойлгомжтой гаргалгаа. Гэхдээ Хятадын эдийн засагт эерэг гэж хэлж болохоор зүйлс ажиглагдсаныг орхигдуулж болохгүй. Найман жилийн турш хүндхэн байсан гангийн зах зээлд энэ он гарсаар өсөлт ажиглагдаж эхэлсэн таатай мэдээ бий. Сүүлийн үед АНУ-д орон сууцны зээл хүсэгчдийн тоо өссөн гэх мэдээ дуулдаад эхэллээ. Энэ нь зэсийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарт эрэлт нэмэгдэх дохио боллоо гэж шинжээчид ярьж бичиж байна. Хятадын гангийн үйлдвэрт ажиглагдаж буй сэргэлт энэ хэвээр удаан үргэлжилбэл, орон сууцны зээл дагаад Америкийн барилгын үйлдвэрлэл сэргэвэл зэсийн үнэ нааштайгаар эргэж мэдэх юм.

Судалгааны “Эгүлэ капитал” компанийнхан “Үндсэн металлуудын үнэ Хятадын эдийн засгийн нөхцөл байдал болон барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын идэвхээс өндөр хамааралтай. Хятадын эдийн засгийн идэвхижилт суларч байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог Австрали, Канад, Орос, Бразил, Монгол зэрэг улсуудын эдийн засагт шууд, хүчтэй нөлөө үзүүлж байна. Цаашилбал, Хятадын эдийн засаг металл үйлдвэрлэгч Glencore , BHP, Rio Tinto, Vale болон бусад компаниудын зах зээлийн үнэлгээ, хувьцааных нь ханшид шууд нөлөөлж байна” хэмээн онцлоод буй. Тэдний гаргасан тайланд зэсийн үнийн талаар “Манай улс валютын орох урсгалынхаа 30 орчим хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлдэг. Төсвийн 2016 оны тооцоололд нэг тонн зэсийн үнийг 5.137.7 ам.доллар байхаар төсөөлж, 1.361.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцсон. Иймд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн хэлбэлзэл болон эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйл. Нэг паунд зэсийн ханш 2015 оны 11 дүгээр сард 2.2002 ам.долларт хүрч, 2009 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Өмнө нь 2008 оны хямралын үед нэг паунд зэс 1.25 ам.доллараар арилжаалагдаж байсан бол 2000 онд нэг паунд зэсийн ханш 85 центээр арилжаалагдаж байлаа. Энэ нь зэсийн үнэ цаашид үргэлжлэн унах орон зай хэвээр үргэлжлэх боломж бийг харуулж байна. Иймд 2016 онд зэсийн ханш сүүлийн 15 жил дэх хамгийн бага үнэдээ хүрэх үү гэдэг асуулт олон шинжээчдийн толгойд эргэлдсээр байна” хэмээн тодотгожээ.

“Эгүлэ капитал”-ын шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн ханш буурахад гурван хүчин зүйл гол нөлөө үзүүлж байгаа аж. Эхний шалтгаан нь өмнө цухас дурдсан урд хөршийн эдийн засгийн идэвхижил буурсан явдал. Зэсийн хамгийн том хэрэглэгчийн эрэлт буурсан нь дахин тэнцвэржүүлэлт буюу хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг хумьж хэрэглээ болон үйлчилгээ рүү чиглэсэн урт хугацааны шилжилт хийх тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй нь холбоотой гэж тайланд дурджээ.

Тэд хоёр дахь шалтгааныг ам.долларын чангаралт хэмээн үзэж. АНУ бодлогын хүүгээ энэ дагуу нэмэгдүүлэх бодлого барьсаар байвал зэсийн үнэ эргэж сэргэхэд хүнд сорилт болно хэмээн тайлбарлажээ. Гурав дахь шалтгаан нь нефть, эрчим хүчний үнийн бууралт аж. Долларын ханш чангарах хандлагатай байгаагийн хажуугаар Хятад, Европ эдийн засгийн өсөлт удаашралтай үргэлжилж буй нь металлын салбарыг 2016 он сэргэхэд хүнд бэрхшээл байх болно гэсэн таамгийг “Эгүлэ капитал”-ынхан хэлж байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед зэсийн ханш бага зэргийн өсөлт үзүүлж буй нь АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ яаран өсгөхгүй гэх хүлээлт зах зээлд хүчээ авсантай холбоотой. Энэ хүлээлт ам.долларыг сулруулж, таваарын эрэлтийг дэмжээд байгаа. Зэсийн ханш голлох биржүүд дээр нэг орчим хувийн өсөлт харуулсан нь сүүлийн хоёр долоо хоногт ажиглагдаагүй өндөр өсөлтөд тооцогдож буй нь үүний нэг нотолгоо юм.

Тэгэхээр зэсийн үнэ өсөх үү, уруудах уу гэдэг нь одоогоор эргэлзээтэй байна. Харин алтны зах зээл өнгөлөг үргэлжилнэ гэж шинжээчид дуу нэгтэй хэлж байгаа. Өмнө хэлсэнчлэн Хятадын дотоод дахь “бөмбөг” дэлбэрвэл, дэлхийн улс орнуудын эдийн засгийн таагүй байдал энэ хэвээр үргэлжилбэл, цэнхэр гаригийн зарим өнцөг булан дахь үймээн намжихгүй хэвээр байвал хөрөнгө оруулагчид ам.долларт биш алтанд илүүтэй итгэх нь ойлгомжтой. Тэр хэрээр алтны үнэ өсөх нь гарцаагүй зүйл. Он гараад 20 хувь өсөөд буй алтны ханш 1300 ам.доллараас уруудахгүй гэсэн ойрын таамаг бий. Оны эцэс гэхэд 1500 ногоон хүрнэ гэх багцаа тоог шинжээчид хэлээд эхэлчихсэн. Ойрын ирээдүйд шаргал металлын ханш огцом өсөлт үзүүлнэ гэх өөдрөг таамаг ч дуулдаж байна. “Эгүлэ капитал”-ынхан алт, мөнгөний үнийг голчлон судалдаг Hubert Moolman-ний судалгааг хөрвүүлжээ. Тэдний нийтлэлээс товчлон хүргэе. Өнгөрсөн зууны далаад онд алтны ханшийн хүчтэй өсөлт ажиглагджээ. Тухайн үед тодорхойлсон Эллиотын давалгааны эхний хэсэгт нэг унци алтны ханш 35 ам.доллараас 195 ам.долларт хүртэл цойлж, 458 хувийн өсөлт үзүүлсэн байна. Hubert Moolman-ийнхан нийтлэлдээ “Харин одоогийн үнийн өсөлтийн давлагаанд 252 ам.доллараас 1920 ам.доллар болж өссөн нь 661 хувийн өсөлт юм. Шууд харьцуулаад харахад одоогийн үнийн өсөлт 70-аад оныхоос өндөр мэт харагдаж болно. Гэвч 458 хувийн өсөлтийг үзүүлэхийн тулд таван жил (1970-1975) шаардагдсан бол одоо 661 хувийн өсөлтийг үзүүлэхийн тулд 10 жил таван сар шаардагдсан байна. Хэрэв 70 оны өсөлтийг одоогийнх руу тэнцүү жингээр шилжүүлбэл 1000 гаруй хувийн өсөлт үзүүлэхээр байжээ” хэмээн онцолжээ. Өмнөх өсөлтүүдтэй нь уяад харахаар алтны үнэ ойрын ирээдүйд 2100 ам.доллараас ч хол давна гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.

Нүүрсний зах зээлийн хувьд байдал таагүй хэвээр байна. Хятадын 17 мужийн нүүрсний компаниуд нүүрс олборлолтын жилийн хүчин чадлаа 72.27 сая тн-оор бууруулжээ.

Энэ жил Хятад улс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооных нь төлөвлөсний дагуу нүүрс олборлох жилийн хүчин чадлаа 250 сая тн-оор бууруулах төлөвлөгөө гаргаад байгаа юм. Нүүрсний үнийн уналтаас болж Хятадын нүүрсний үйлдвэрлэл өмнөх жилийн түвшнээс буураад байна. Энэ оны эхний хагас жилд 1.63 тэрбум тн нүүрс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн дүнгээс 9.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Нүүрс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулж байгаа нь нүүрсний үнэ сүүлийн саруудад өсөхөд нөлөөлж байгаа ч дэд бүтэц сул, өрсөлдөх чадвар тааруу манай улсын хувьд эерэг сайн гэхээр нөлөө үзүүлэхгүй.

Гэхдээ урд хөршийн нүүрсний дотоод үйлдвэрлэл буурсан, гангийн үйлдвэрлэл бага ч атугай сэргэсэн, Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон Хятадын удирдлагуудын шийдвэр гэсэн шалтгаанууд манай улсаас экспортлох нүүрсний хэмжээнд эерэгээр нөлөөлөөд буй. Гэвч үнэ нь эрс буурсан учраас төсөвт ямар ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй юм.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН