Categories
мэдээ цаг-үе

У.Ганбаяр: Бид Монголоороо ингэж яваад зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ

“Хүрээлэн” төслийн санаачлагч, гэрэл зурагчин У.Ганбаяртай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн аяллын адал явдлаас тань яриагаа эхэлье?

-Аялал бүхэн сонин хачин зүйлээр баялаг, өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Хамгийн сүүлд бид Ханхэнтийн дархан цаазат газрын аглаг тайга, Онон голын эхэд очсон. Зун, намрын цагт тийшээ морь, мал, машинаар явахыг хориглодог юм билээ. Өвлийн цагт л машинаар очдог. Бид тавдугаар сард очсон болохоор хамгийн сүүлийн машинтай очсон хүмүүс нь болсон. Тухайн үед тайгын цас бууж бид шаварт суугаад, холбоо тасарч, хоол ундгүй хоёр, гурав хоносон. Хандгайн дүрсийг яг хажуугаас нь ойртож авах болон сойр шувууны дүрс, зураг авах гэж очсон юм. Гэвч олигтой дүрс зураг авч чадалгүй, хандгайгаа хальт хараад л ирсэн.

-Тэгээд яаж харьсан бэ?

-Биднийг сураггүй болчихоор ар гэрийнхэн маань санаа зовоод Улаанбаатарт байгаа манай төслийн багийнханд хандсан гэсэн. Манай багийнхан тэдний сэтгэлийг зовоохгүй гэсэндээ “Өчигдөрхөн байгаль хамгаалагчийн утсаар ярьсан. Сайн явж байгаа” гэж хэлсэн юм билээ. Ханхэнтийн дархан цаазат газрын хамгаалагч нар биднийг эрэн хайх ажиллагаа эхлэх гэж байхад бид яаж ийгээд очсон. Үүнийг чинь адал явдал гэх юм уу, бидний зохион байгуулалт муутай явсны алдаа гэх үү, хэлж мэдэхгүй юм. Иймэрхүү зүйл их тохиолдоно. Хүмүүс бидний ажлыг зугаатай, голын зах дээр очиж суугаад шорлог хийж идэхтэй адил гэж ойлгодог юм шиг санагддаг. Тийм амар зүйл биш. Санхүүгийн хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч эрсдэлтэй ажил шүү дээ. Би эмнэлгээс гараад гурав хонож байна. Байнга гэрэл зургийн аппарат, хөл бас бус ачаа үүрч, уул хаданд үсэрч харайж явна. Хүйтэн нойтон газар олон цаг хэвтэж, суухаар хууч өвчин сэдэрдэг юм билээ.

-Зэрлэг амьтдын зургийг авна гэдэг амаргүй ажил. Хамгийн их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан зураг юу байв?

-Зэрлэг амьтад ямар аргамжаатай байх биш, хэцүү. Амьтад үргэлж айж, зугтаж, нуугддаг байгалийн зохилдлогоотой учраас нутгийн иргэд, биологичид болон анчид бидэнд тусална. Нэг удаагийн явдлаар заримдаа гурваас таван мянган км зам туулна. Арваад хоногийн аяллаас ганцхан амьтны зурагтай ирэх тохиолдол алийг тэр гэхэв. Ихэнх нь тийм байдаг. Зураг авахад хамгийн бэрх байсан амьтад бол ирвэс, хандгай, мазаалай. Өвлийн дунд сард ирвэсний зураг авахаар Ховд аймгийн Манхан, Чандмань сумын заагаар анх яваад хоосон ирж байсан. Тэгэхэд тав хоног мөр хайгаад, нутгийн хүмүүс явдаг, гүйдэг газрыг нь сайн мэддэг учраас энүүгээр л явна, тэнд үүртэй гээд зааж өгсөн боловч олж чадаагүй. Хоёр дахь удаагийнхаа оролдлогоор явж байхад шинэхэн цасан дээр яг л мөр нь үзэгдээд байсан. Мөрөөр нь дагаад явахад бидний алхсан мөрөн дээгүүр хоёр ирвэс хөндлөн гараад явчихсан байдаг юм. Ололгүй нэг газар баахан дурандсан. Маргааш нь нөгөө газраа яваад очиход бидний суусан газар ирж тоглоод, хөрвөөгөөд явсан байлаа. Бидний хойноос л яваад байсан юм билээ. Ерөөсөө олоогүй долоо хоносон. Яг буцахын өмнө ирвэсээ хаяад хойлог шувуу авъя гэж ярьцгаасан. Ирвэс хайж явахад хойлог дуугараад байсан юм. Ингээд явж байтал манай нэг залуу нааш ир ээ гээд дуудсан. Яваад очтол дөнгөж сая эндээс хоёр ирвэс суниагаад хөдөлсөн мөр байна гэхээр нь араас нь мөрдөж хөөцөлдсөөр байгаад 20 секундын л дүрстэй ирсэн. Долоо хоногийн хөдөлмөр шүү дээ. Бас хойд тайгаар арваад хоног морин аяллаар яваад хандгайн гучхан секундын бичлэг, гурван зурагтай ирэх жишээний. Учир нь хандгай чийг намагтай, хүний хөл хүрэхэд хэцүү газарт байдаг юм билээ. Нэг зурагны үнэ цэнийг ярихад хэцүү.

-Аяллын үеэр зэрлэг амьтан та нар руу халдах тохиолдол гарч байсан уу?

-Одоогоос жилийн өмнө бид зэрлэг гахайн зураг авсан юм. Гэтэл бидэнтэй хамт явсан морьтой хүн рүү зэрлэг гахай дайрч нохойг нь хазсан. Түүнээс өөрөөр чоно, нохой ч юм уу зэрлэг амьтан дайрч байсан тохиолдол гараагүй.

-“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал хүмүүсийн үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг болсон. Хэд хэдэн сувгаар гардаг. Телевизүүд та бүхэнд контентийн төлбөр төлдөг үү?

-Үндэсний олон нийтийн телевиз саяхнаас өгч эхэлж байгаа. Бусад нь гурваас таван минутын рекламны цаг өгдөг. Гэвч бид голдуу хөдөө гадаа явдаг болохоор тэрийгээ зарж чаддаггүй.

-Нэвтрүүлгийн нэг дугаар ямар зардлаар бүтдэг вэ?

-Аяллаасаа шалтгаална. Хүнд, хөнгөн, хол ойр хэдэн хүн оролцохоосоо хамаарна. Дунджаар гурав орчим сая төгрөгөөр нэг нэвтрүүлэг босдог.

-Аяллын зардлаа яаж олдог вэ?

– Бид айл айлын хаалга тогшоод, авсан зургуудаа үзүүлээд дараагийн аяллын зардлыг дааж өгөөч гээд явдаг. Ингэж гуйлгын маягаар явах жаахан онцгүй л дээ. Хийсэн зураг хөргөө борлуулаад, кино, гэрэл зургийн цомог болгоод өөрсдийгөө санхүүжүүлээд явбал уг нь зүгээр. Гэтэл тэгж хийж чадахгүй байна.

-Энэ хугацаанд Монгол орны хичнээн аймаг сумдаар аялж, хэдэн зүйлийн амьд амьтны зургийг аваад байна вэ?

-Увс, Завхан хоёроос бусад бүх газраар явчихлаа. Гурван жилийн хугацаанд 80 гаруй мянган км явж, 138 зүйлийн хөхтөн амьтны 70 орчим хувийг, 487 зүйлийн шувуудын 160 орчмыг нь гэрэл зургийн хальс, дүрс бичлэгт буулгачихаад байна. Өнгөрсөн зун манай биологич залуу дахиад огт бүртгэгдээгүй хоёр зүйл шувуу нэмэгдлээ гэж хэлсэн. Ингэж яваад бид төсөлд ороогүй, зэрлэг амьтны шинэ төрлийг нээхийг хэн байг гэх вэ гэж боддог.

-Монгол орны байгаль дэлхий сүйдэж, ан амьтдын тоо толгой цөөрч байгаа зүйл ажиглагдсан уу?

-Хандгай, ирвэс, халиун бугын тоо толгой өсч байна. Бид Мэнэнгийн тал, Халх гол, Дорнод Монголын дархан цаазат газраар намартаа зээр бөөнөөрөө сүрэглэн явдаг тухай сонсоод хоёр жилийн өмнө очсон боловч санаснаар болоогүй ээ. Нутгийн иргэд “Сүүлийн хоёр, гурван жил зээрийн том сүрэг орж ирээгүй” гэсэн. Хоёр мянга орчим зээртэй л таарсан. Үүнээс гадна дэлхийн дулаарлаас болоод сүйдэж байгаа газрууд байна. Хустайн нуруунд арваад жилийн өмнө хачин сайхан хус модон ойтой байсан. Гэтэл хусан ой нь одоо сөнөж, өмхийрөөд хожуул болоод дуусч байна лээ. Тиймэрхүү газар зөндөө бий.

-Та бүхэн одоо ямар амьтан дээр ажиллаж байна вэ?

-Бид өвигт тогорууны тухай баримтат кино хийж байгаа. Монголд байгаа ихэнх тогорууны зургийг авсан. Гэвч тухайн амьтны амьдралын бүтэн жилийн циклийг харуулахад энэ нь хангалтгүй юм. Өвигт тогоруу өвөлдөө дөрөв, таван мянган км-ийн зайтай Өмнөд Хятадаар дамжиж, Гималайн уулсыг даваад Энэтхэгт очиж өвөлждөг. Энэ урт замыг туулахдаа ямар зовлон бэрхшээл туулдгийг нь мэдэж хүмүүст хүргэхийн тулд намар шувуудын нүүдлийг дагаж Энэтхэг явах гэж байгаа. Үүний тулд бидэнд мөнгө хэрэгтэй болоод байна. Иймээс Монголын байгаль, амьтдын тухай авсан гоё зургуудаа жаазлаад зарж байгаа.

-Ашиг олох боломжгүй, ийм их эрсдэлтэй зүйлийн хойноос хөөцөлдөх болсон шалтгаан нь юу байдаг юм бэ?

-Монголд энэ төсөл, нэвтрүүлгээр ашиг олох боломжгүй. Гэхдээ бид энэ ажилдаа дуртай. Дуртай ажлаа хийж байгаа хүн аз жаргалтай байдаг. Нөгөө талаар Монгол орны тухай, зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, байгалийн сонин хачны тухай танин мэдэхүйн нэвтрүүлэг манайд байдаггүй. Байхгүй учраас ялангуяа залуу үе энэ талын мэдлэг хомс байна. Хүн мэдэхгүй, танихгүй зүйлээ хайрладаггүй, хамгаалдаггүй. Гэтэл дэлхийн улс орнуудад “wild life” гэж нэрлэдэг зэрлэг амьтан, жигүүртэн шувуудын тухай нэвтрүүлэг, ном сонин, гэрэл зургийн, киноны бүхэл бүтэн жанр болоод хөгжчихсөн байдаг. Тийм учраас бид уран бүтээлээрээ дамжуулж зэрлэг амьтан, жигүүртэн шувууд, эх орноо хайрлах сэтгэлийг залууст бий болгохыг зорьж явна.

-“Балдорж” сангийн шагналыг аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Бид энэ шагналыг авчихна гэж огт бодоогүй. Шагнал гардуулахын урьд орой нь бид хойд тайгаас бууж ирсэн. Эзгүй хойгуур манайхан бидний материалыг бүрдүүлээд өгчихсөн байсан. Сүүлийн арван бүтээлд үлдчих болов уу гэсэн бодол байснаас яг түрүүлнэ гэсэн зорилго ч, итгэл ч байгаагүй. Маш их урам өгсөн. Таван мянган долларын мөнгөн шагнал дагалддаг юм билээ. Түүгээр нь бид бага сага өрөө дараад бас нэг аялалд яваад ирсэн.

Б.Наранчимэг

Categories
мэдээ цаг-үе

С.Хишигжаргал: Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан

Залуу дуучин С.Хишигжаргалтай ярилцлаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-Өнгөрсөн зургадугаар сард “Гэрлийн жил” гэж шинэ клип гаргасан. Манжуур хотод болсон “Олон улсын фестиваль”-д амжилттай оролцоод ирлээ. Одоо киноныхоо нээлтийг л хүлээж байна.

-Өнгөрсөн хугацаанд эротик кинонд хүртэл тоглоод амжсан. Энэ удаа ямар кинонд ямар дүр бүтээв?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард хийгдсэн “Plus mo­tion picture”-ийн бүтээл “Нэг өдрийн дайсан” кинонд гол дүрд тоглолоо. Инээдмийн энэ киногоор баян, ядуу хүмүүсийн хоорондын амьдралд гардаг зөрчлийг нэг өдрийн дотор багтааж, харуулсан. Гол дүрийн баян залуугийн дүрд жүжигчин Билэгжаргал, түүний найз бүсгүйд би тоглосон. Миний бүтээсэн дүр эсрэг. Гэхдээ солонгос кинон дээр гардаг шиг “Хоролмаа” дүр биш. Амьдралаа аваад үлдчихье, гайгүй хүнтэй гэрлээд сайхан амьдаръя гэсэн эмэгтэйг харуулсан. Мөнгөнд дуртай эмэгтэйн дүр байгаа. Кино маань энэ баасан гаригт нээлтээ хийнэ.

-Мэргэжлийн биш хүн кинонд тоглоход хэцүү байдаг уу. Дахиж эротик кинонд тоглох бодол бий юу?

-Мэргэжлийн жүжигчин биш ч энэ мэргэжилд их хайртай. Жүжигчин болохыг мөрөөддөг байсан ч мэргэжлийг нь эзэмшиж чадаагүй. Гэхдээ санаж явбал бүтнэ гэдэг шиг авьяаслаг найруулагч, авьяаслаг мэргэжлийн жүжигчин хүмүүсийн дэмжлэгээр кинонд тоглож, зах зухаас нь суралцаж байна. Өөртөө тохирсон, өөрийнхөө онцлогт таарсан дүрүүдийг боломжийн гаргахыг хичээж байна. “Хоёулаа унтах уу” бол секс, эротик кино. Гэхдээ бодит биш, тэр бол кино. Тоглоход хэцүү байсан. Үүнээс хойш эротик кинонд тоглох санал нэлээд ирсэн ч би тоглоогүй. Цаашдаа ч эротик кинонд тоглохгүй. Яагаад гэвэл манай Монголын кино урлаг нэлээд хөгжиж байгаа ч эротик төрлийн нарийн хөдөлгөөн, эмэгтэй хүний мэдрэмж, гоо сайхан зэргийг ойлгож, дэлгэцийн хальсанд буулгах хэмжээнд хүртлээ хөгжөөгүй санагдсан. Яахав би үзээд алдсан. Үзэгчдээс хүртэл шууд доромжлол ирдэг юм билээ. Уг нь бусдыг шүүмжлэхээсээ өмнө чи өөрөө энэ хүний оронд байсан бол хийж чадах уу гэж бодож үзэх хэрэгтэй байх.

-“Universe best songs” наадамд оролцож байсан дурсамжаасаа хуваалцаач?

-2010 онд аялал жуулчлалын мэргэжлээр сургуулиа төгсөөд, мэргэжлээрээ нэг жил ажиллаж байгаад 2011 онд “Universe best songs”-т орсон. Тухайн үед өрсөлдөөн ихтэй байсан. Би шилдэг 25-д орвол болно гээд өөрөө бодчихсон. Тэгээд л шилдэгт орсон. Уг нь би гранпри авна гээд зүтгэсэн бол авах боломж надад байсан юм байна гэж дараа нь бодсон. Гэхдээ тухайн үед амьдралдаа орж үзсэн хамгийн анхны тэмцээн байсан учраас надад сайн гараа болж өгсөн. Их зүйлийг сурсан, ойлгосон. Гараа сайн бол бариа сайн гэдэг болохоор аль болох эрчээ алдахгүй байхыг хичээдэг.

-Архангай аймгийнх юм билээ. Хаана дунд сургуулиа төгссөн бэ?

-Би Архангай аймгийн Хангай суманд төрсөн. Ээж маань намайг гэдсэнд байхад амралтаараа нутагтаа явж байсан юм билээ. Тэгээд би ээжийнхээ нутагт төрсөн юм. Миний төрсөн газар бол Тэрхийн голын хөвөө.

Тэсийн голын унага, Тэрхийн голын хүүхнүүд гэдэг. Ээжийн маань аавынх тэнд байсан болохоор хүүхэд байхад зуны амралтаараа өвөөгийндөө очдог байсан. Хурдны морь хүртэл унаж байсан удаатай. Гэхдээ нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг төгссөн. Манайхан намайг эрдэм номын мөр хөөлгөнө л гэдэг байлаа. Урлагтай холбогдоод, одоо бол урлагийг орхиж чадахааргүй болсон. Урлаг гэдэг хэн нэгний зав чөлөөгөөрөө хийдэг ажил биш. Зав чөлөөгүй, хичээл зүтгэл, хамтын хөдөлмөр, хөрөнгө мөнгөөр босдог.

-Урлаг хэцүү, хатуу гэдэг. Болимоор, шантармаар үе байдаг уу?

-Болохгүй байна, би яаж болгох вэ гэж боддог. Түүнээс биш болохгүй юм байна, больё гэж бодож байсангүй. Урлагт л амжилттай байхгүй бол өөр хийх зүйл надад байхгүй шүү дээ гэж боддог. Маш их зүйлийг эрэлхийлж, өөрийгөө боловсруулж, бусдаас онцгой, чанартай сайн бүтээл гаргахын төлөө хичээж байна.

-Гэр бүлээ танилцуулаач. Ямар гэр бүлд, ямар хүмүүжлээр өссөн бэ?

-Айлын том охин. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Ээж маань цэцэрлэгийн багш. Аав инженер гэхдээ тусдаа байдаг. Ээж маань намайг хайрлаж эрхлүүлж өсгөсөн. Хүнийг хайрлахыг ээжээсээ сурсан даа. Эмэгтэй хүүхэд хайранд өсөх ёстой гэж боддог. Хэрвээ намайг загнаж өсгөсөн бол би хүн загнах дуртай байх байсан. Одоо бол хамтарч ажиллаж байгаа ойр дотнын бүх л хүнийг хайрлахыг хичээдэг. Ээж минь намайг гадаадад сургуульд явуулж чадаагүй ч зөв хүн байх, бусдыг хайрлахад сургасан.

-Ая зохиогч, продюсер Б.Ангирмаа таны багш юм билээ. Энэ хүний шавь байх ямар санагддаг вэ?

-Манай багш их соёлтой хүн. Анхны уран бүтээл болох “Зуны дурлал” дуун дээр ажиллаж байхад Ангирмаа багш над руу залгаж, Анжел дуун дээр хамтран ажиллаж, багш шавь болцгоосон. Нийтдээ миний есөн дуун дээр багш маань ажиллаж, анхны цомгийг минь гаргаж өгсөн.

-Танай багшийг хатуу шаардлагатай гэдэг. Шавь бүсгүйчүүдээ хүүхэд гаргахгүй байх ёстой гэсэн шаардлага тавьдаг гэдэг?

-Ажил дээрээ хатуу, ажлын шаардлага өндөртэй, зарчимч. Хувь хүн талаасаа гайхалтай. Миний мэдэх хамгийн мэдрэмтгий, мэдрэмжтэй хүн. Багш бид хоёр гэрээ байгуулаагүй. Гэрээ байгуулсан тохиолдолд ажил учраас хүүхэд гаргах эсэх зүйл заавал яригдах ёстой. Тухайн дуучны ард маш олон хүн ажилладаг болохоор тэдэн жил би та бүхэнтэй ажиллана, уран бүтээлийн ажлаа цалгардуулахгүй гээд гэрээнд тусгадаг. Түүнээс биш цагдаад, хориод, дарамтлаад байдаг зүйл байхгүй.

-Одоо найз залуутай юу?

-Найз залуутай гэж хэлэхээр яахыг мэдэхгүй байна. Найз залуугүй гэж хэлэхээр хүмүүсийн хандлага хэцүү болж эхэлдэг юм билээ. Найз залуугүй гээд зарлаад яваад байхыг хүсдэггүй.

-Эмэгтэй хүн хэрхэн гоо сайхан байх ёстой гэж боддог вэ?

-Төлөвшил хүмүүжил, өөртөө олж авсан мэдлэг, мэдрэмж нь эмэгтэй хүнийг гоо сайхан харагдуулдаг. Түүнээс биш ямар нэгэн гоо сайхны мэс засалд ороод л эмчийн бүтээсэн гоо сайхнаар гоё харагдана гэж байхгүй. Гоо сайхны мэс засал хийлгэсэн бүх хүнийг үгүйсгэж байгаа юм биш шүү. Би сайхан эмэгтэйчүүдийг хараад, энэ эмэгтэйг яг юу нь сайхан харагдуулаад байна гэж үргэлж бодож үздэг.

-Та эрч хүчтэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе байдаг уу. Хэрхэн даван туулдаг вэ?

-Шалтгаангүйгээр уйлах өдөр хүртэл байна. Гэхдээ би 5-10 минутаас илүү гуниглаж чаддаггүй. Асуудлаа хүнд ярьж тайвширдаггүй. Өөрийнхөө асуудлыг өөрөө давж гарчихаад өнгөрсний дараа зовлонгоо хальт ярьдаг. Өөрөө л даваад, туулаад гарах хэрэгтэй. Зовлонгоос зугтаж болохгүй. Ялагдаж болохгүй. Чиний тархи чинь гүй гэдэг команд өгвөл чиний хөл хэзээд ч гүйхэд бэлэн байдаг гэж үг уншлаа. Дотроосоо хүчтэй байх ёстой. Шаардлагагүй тохиолдолд би ямар ч гоо сайхангүй харагдаж бас чаддаг. Тухайлбал, шөнийн клубт зохисгүй газар гоо сайхан харагдаж, хүмүүсийн нүдний олз болж, ярианы сэдэв байхыг хүсдэггүй. Харин хүссэн газраа хүн бүхнээс илүү гоо үзэсгэлэнтэй харагдах юмсан гэж боддог. Гоо сайхан гэдэг бол хувцасны сайхан, гоё будалт биш. Өөрийнхөө энергиэр, дотоод сэтгэлээр гоё байх л гоо сайхан.

-Гадаад гоо сайхандаа хэрхэн анхаардаг вэ. Зөв хооллодог уу?

-Үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэггүй, гоо сайхны массажинд ч ордоггүй, усаа сайн ууна. Зөв хооллож зөв амьдралын хэмнэлийг дагадаг. Хоолоо сайн иддэг. Гэхдээ өөрийнхөө биед яг хэрэгтэй юмыг иднэ. Жаахан таргалаад ирвэл өдөрт нэг хоол иддэг, бусад үед өдөрт хоёр удаа хооллодог. Элдэв шоколад, газтай ундаа, чипс, зайрмаг зэргийг огт хэрэглэдэггүй. Махан хоол, жимсэнд дуртай. Ус их уудаг. Хүнсний ногоонд дуртай биш ч шаардлагатай үед иддэг.

-Хүмүүс хамт олон дотор ажиллаж, олон хүнтэй баг болж явахдаа өөр өөрийн зан аашийг гаргадаг. Аливаад өөр, өөрийнхөө онцлогоор ханддаг. Та олон дотор ямар байхыг эрхэмлэдэг вэ?

-Урлаг хамтын бүтээл учраас бусадтайгаа нийлээд урсгал дотроо орж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ бусдыгаа дагуулж, манлайлж явах ёстой. Мөн бусдыг зөв зүйлд уриалан дуудаж, өөртөө дүгнэлт хийгээд өөрийнхөө шийдвэрээр өөрийнхөө ажилд хандвал дээр.

-Гоё сайхан харагдаж байгаа бүсгүйчүүдийг их мөнгөөр ийм болоод байна гэх ойлголт байдаг. Та ямар хувцас хэрэглэлд хамгийн их мөнгө зардаг вэ?

-Өөрөө л брэнд бай. Өөртөө зохих, чанартай сонголтоо хийж, маш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Чанартай гэдэг нь үнэтэй гэсэн үг биш. Үүнийг би хэдий хэр хугацаанд өмсөх вэ, ямар материалтай байна гэдгийг барьж үзээд мэддэг байх ёстой юм. Хувцас сонгохдоо өөртөө хамгийн гоё зохидог өнгийг сонго. Хэт гоё чамин зүйлсээс аль болох татгалзвал зүгээр байдаг. Миний мэдэх нэг мундаг эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй нэг гутлаа дөрвөн жил өмсөж байгаа. Гэхдээ түүний гутал үргэлж цэвэр, тоосгүй байдаг. Мөн маш амжилттай явдаг. Тэгэхээр тэр эмэгтэй маш тууштай, өөртөө байгаа юмыг хайрлаж чаддаг хүн гэж ойлгогдож байна. Би эр хүн байсан бол ийм эмэгтэйг эхнэрээ болгоно гэж бодож байлаа. Би тоглолтын хувцсаа оруулахгүйгээр тооцвол сүүлийн хоёр жилд нэг ч хувцас аваагүй, шоппинг хийгээгүй. Шилэн тиркогоо хүртэл урахгүй өмсөж сурсан. Хуучин даашинзаа дахин, дахин өмсдөг. Хүмүүс Хишгээ нөгөө даашинзтайгаа ирж байна. Гэхдээ гоё харагдаж байна гэж харахад л боллоо. Хувцас авалгүй мөнгө хэмнэснээрээ би шинэ цомгоо гаргаж чадлаа. Хувцсанд их мөнгө үрэх хэрэггүй. Боломжтой, мөнгөтэй болсон үед 10 минутын дотор гоё гоё хувцас аваад өмсчихнө. Би бол мөнгөө хамгийн түрүүнд хадгалдаг. Зүгээр л хөөрхөн охид байдаг шүү дээ. Уг нь үнэт чанараараа хүндлэгдэж байвал гоё.

-Хотод стресс их байна гэдэг. Стрессээ хэрхэн тайлдаг вэ?

-Тийм их стресстэхгүй л байна. Хотын замд түгжирч байхдаа ч гэсэн гоё дуу сонсоод л, гоё юм бодоод явах хэрэгтэй. Хүмүүс муухай аашилбал энэ хүн ууртай байгаа юм байна гээд л тоохгүй өнгөрөөчих хэрэгтэй. Үргэлж муухай ааштай байдаг хүн гэж байхгүй шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Хөрөнгө оруулагчид манай улсын эдийн засгийн цаашдын хандлагад эерэг хүлээлттэй байна

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдлаа олон улсад зарласан нь эргээд сөргөөр нөлөөллөө гэх юм. Ер нь ингэж аливаа улс эдийн засгийн уналтаа дэлхийд зарлахын сайн бөгөөд саар тал нь юу байдаг бол?

-Эдийн засгаар улс төржиж болохгүй гэсэн хатуу байр суурийг би баримталдаг.

Эдийн засгийн нөхцөл байдлын талаар Засгийн газар үнэнийг мэдээлсэн нь манай улсад сөргөөр нөлөөлнө гэж харахгүй байна. Харин ч оройтож дуугарлаа. Тэгээд ч Ерөнхий сайд дэлхий дахинд зарлалаа гэж мэдэгдээгүй, дотооддоо, ард иргэддээ мэдээлэл өгсөн. Үүнийг дэлхий дахинд цацсан мэтээр Засгийн газрын ажлыг гуйвуулж болохгүй гэж бодож байна.

Аливаа бизнесийн хамтын ажиллагаа итгэлцэл дээр тогтдог. Итгэлцэл өөрөө үнэнийг шаарддаг. Энэ үүднээс авч үзвэл Ерөнхий сайдын эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэнийг мэдээлснийг харин ч гадаад зах зээлд итгэл төрүүлэх нэг гарц болгон хувиргаж болно. Энэ мэтчилэн зөвхөн сайн, муугаа мэдэгдээд зогсохгүй цаашид авах дараагийн арга хэмжээг цаг алдалгүй зарлах хэрэгтэй.

Манай урд хөрш Хятад улс 1980-аад оны эхэн хүртэл ямар ядуу байлаа. Хүн ард нь олон саяараа өлсгөлөнд нэрвэгдэн үрэгдэж байсныг өөрсдөө ч мэдэж байсан, гадаад ертөнц ч харж байсан. Энэ үед Хятад улсын удирдлагууд бодит байдлаа нуугаагүй дээрээс нь чөлөөт эдийн засгийн бодлогыг авч хэрэгжүүлнэ гэдгээ тов тодорхой зарлаж, гадаад ертөнцөд үүдээ нээсэн. Тэдэнд итгэл төрүүлсэн, гадаадын томоохон хөрөнгө оруулалтууд энэ үеэс Хятад руу цувсан байдаг. Үр дүнд нь асар богино хугацаанд Хятад улс эдийн засгийн хүндрэлээс гарч хөгжлийн зам руу орсон бэлэн жишээ хажууханд байна.

-Тэгэхээр эдийн засгийн байдлаа зарласан нь зөв алхам болсон гэж үзэж байна уу?

-Мэдээж улс орныхоо талаар ярих, ярихгүй юм гэж бий. Эдийн засгийн одоогийн нөхцөл байдлын тухайд бол нуугаад байх юм алга. Ерөнхий сайд хэлсэн хэлээгүй бүгд л байдлыг хараад мэдэж байгаа. Тэр тусмаа манай улстай олон жил хамтарч ажиллаж ирсэн олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад түншүүд мэдэж байгаа. Жишээ нь, Азийн хөгжлийн банк манай улсын эдийн засгийн өсөлтийг 2016 онд 0.1 хувьтай байна, төгрөгийн ханшийг уян хатан байлгах, уналтыг сааруулах арга хэмжээ авахыг жилийн өмнөөс л анхааруулж, хэлээд байсан шүү дээ.

Манай эрх барьж байсан дарга нар “Чөтгөрийн муу амаллаа” гээд тоогоогүй. Хэт өөдрөг бодит бус тоон дээр үндэслэж төсөвт тодотгол хийсэн. Тухайн үед нь засуулах гээд Ч.Хүрэлбаатар, Д.Хаянхярваа нарын гишүүд хичнээн хэлээд ч чадаагүй, олонх хүчээр баталсан. Ингээд эдийн засгийн өсөлтийг дөрвөн хувь гэж тооцож төсөвт тодотгол хийсэн. Гэтэл одоо нэг хувийн өсөлт хүрэхтэй үгүйтэй, дээрээс нь төсвийн алдагдал хоёр их наяд төгрөг хүрчихсэн байна. Угтаа бол эдийн засаг эдийн засгаараа л байх учиртай. Гэтэл ингэж дэндүү улс төртэй хутгасан. Үнэндээ сонгуулийн өмнөхөн угтуулж интервац хийсний хор уршиг өнөөдөр Монгол төгрөгийн ханш хүчтэй унаж, долларын ханш өсөхөд нөлөөлснийг хэн хүнгүй харж, мэдэрч байна. Түүнээс биш валютын нөөц барагдаагүй, эдийн засагт эргэлдэх төгрөгийн хэмжээ хасах заагаагүй байсан бол ам.доллар ингэтлээ өсөхгүй байх боломж байсан.

Одоо шүүмжлээд суух биш, маш яаралтай ханшийн уналтыг сааруулах арга хэмжээг Монголбанк арилжааны банкуудтай нийлээд авах хэрэгтэй юм.

Ерөнхий сайд 12-18 сарын дотор макро эдийн засгаа тогтворжуулж, төсвөө эрүүлжүүлэхээр төлөвлөн ажлаа эхэлж буйгаа мөн гадна дотны хөрөнгө оруулагчдыг хамгаалах бодлого барихаа мэдэгдсэн болохоор найдлага тавьж байна. Эдийн засгаа хямралаас гаргах ажилд улс төрийн намууд саад тушаа бололгүйгээр УИХ, Засгийн газар, Монголбанк бүгд хамтраад ажиллах нь одоо чухал юм.

-Та эдийн засгийн чиглэлээр түлхүү ажилладаг. Олон улсад манай орны эдийн засгийн байдлын талаар чухам юу гэж бичиж, нийтэлж байна вэ?

-Яг үнэндээ манай эдийн засгийн нөхцөл байдлын талаар Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбон тэгтлээ олон улсад анхаарлыг нь татаад, шуугиад байгаа юм алга байна.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан, гадаад дотоодын хөрөнгө оруулалт зогсонги, төгрөгийн ханш нь эрс унасан, зээлжих зэрэглэл буурсан энэ нөхцөл байдал гадаад зах зээлийг цочроох шинэ мэдээлэл биш болсон. Ганцхан жишээ хэлэхэд, Оюутолгойн гадаад хөрөнгө оруулагч “Ivanhoe Mines” компанийн охин компани “Turquoise hill” компанийн хувьцаа Торонтогийн бирж дээр наймдугаар сарын 2-9-ний хооронд буурсан нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын наймдугаар сарын 10-нд хийсэн мэдээллээс болсон гэж хэлэхэд хэцүү. Ер нь сүүлийн хоёр жил эдийн засгийн таагүй байдлын талаар гадаад зах зээлд хангалттэй мэдээлэл цацагдсан шүү дээ.

Мэдээж улсын эдийн засаг, бизнестэй холбоотой улс төрчдийн амнаас гарч буй үг маш хариуцлагатай байх ёстой гэдэгтэй санал нэг байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг хаацайлаад байгаа юм биш, зүгээр л бодит байдлыг хэллээ.

-Хөрөнгө оруулагчид манай улс руу дахин эргэж харах боломж юу байна вэ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар эдийн засагт өөрчлөлт, ахиц гарах уу?

-Эдийн засгийн эрх чөлөөтэй хувийн өмчийг хууль эрх зүйн хувьд баталгаатай хамгаалсан, бодлого нь тогтвортой улс оронд гадаадын томоохон хөрөнгө оруулагчид орж ирж олон улсын зах зээлтэй шууд холбодог. Бид хамгийн түрүүнд алдагдсан итгэлийг сэргээх ёстой. Ингэхийн тулд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад бодит байдлаа ойлгуулж харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөлөө тодорхой болгох, Оюутолгой, Тавантолгой, Төмөр зам гэх мэт мега төслүүдийг урагшлуулах алхмуудыг цаг алдалгүй эхлүүлнэ гэдгээ Засгийн газар зарлах хэрэгтэй. Мэдээж хөрөнгө оруулалт татсанаар эдийн засагт цусны эргэлт бий болно, тэлэлт үүснэ шүү дээ.

Сарын өмнө буюу 2016 оны долдугаар сарын 19-нд www.world economics.org байгууллага манай улсын бизнес, эдийн засгийн цаашдын хандлага, үзүүлэлтэд хөрөнгө оруулагчид эерэг хүлээлттэй байгааг зарласан байна билээ. Энэ нь хөрөнгө оруулагчид сүүлийн нэг сард манай улсын эдийн засаг, бизнесийн салбарт эерэг хүлээлттэй, хөрөнгө оруулах сонирхолтой байсныг харуулсан гэсэн үг. Монголд бизнес эрхлэхэд ямархуу хүлээлттэй байгааг тухайн хөрөнгө оруулагчдаас асууж, хүлээлтийг нь гаргадаг энэ үзүүлэлтээс харахад сонгуулийн дараа манай улсад хөрөнгө оруулагчдын нааштай хандлага ажиглагдаж байна. Үүнийг бид алдахгүй байх хэрэгтэй юм.

Түүнчлэн хөрөнгө оруулалтыг татсанаар төгрөгийн ханшийн уналтыг сааруулах боломж бүрдэнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөх нь төгрөгийн ханшийг дунд болоод урт хугацаанд чангаруулах нөлөөтэй байдгийг 2008-2012 онд авч хэрэгжүүлсэн Засгийн газрын бодлого харуулсан.

Энэ Засгийн газар ч гадны хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдыг татаж ажиллана гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Ерөнхий сайд гадны хөрөнгө оруулагчдыг татах, Монголд оруулж ирэх үүднээс Засгийн газраас дэмжлэг туслалцаа үзүүлнэ, тэдний эрх ашгийг хамгаална. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах зөвлөл байгуулсан гэж мэдээлж байсан.

-Таны харж байгаагаар Монгол Улс эдийн засгаа сэргээж тогтворжуулахын тулд ямар алхмыг эн тэргүүнд хийх хэрэгтэй вэ?

-Одоо эн тэргүүнд эдийн засагт өндөр өсөлт байна гэж тооцоолсон алдаатай төсөвөө тодотгол хийх замаар засах ёстой. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо оруулаад ирвэл ирэх долоо хоногоос ээлжит бус чуулган зарлаж УИХ хуралдах болов уу гэж харж байна. Тодотголоор эдийн засгийн хүндрэлийг дотооддоо даван туулах бүхий л боломжийг бид хайна. Гэхдээ иргэдийнхээ цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг хасах арга зам урьтал болголгүй, татварын бодлогоор зохицуулалт хийх, тансаг хэрэглээг танах гэх мэт боломжуудыг Засгийн газар оруулж ирнэ гэж найдаж байна.

Тухайлбал, зарим эдийн засагчдын ярьж байгаагаар малын хөлийн татварыг тодорхой хугацаанд авах хэрэгтэй гэдэгтэй би санал нэг байна. Мөн төсвийн мөнгөөр туйлж ирсэн төрийн өмчит компаниудын асуудлыг ч ойрын хугацаанд авч үзэх хэрэгтэй. Засгийн газар ээлжит хуралдаанаараа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагууын цалинг бууруулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээс сард 30 сая хүртэл төгрөгийн цалин авдаг төрийн өмчит компанийн удирдлага байдаг нь харагдлаа. Тэр хүний цалинг 60 хувь буурууллаа гэхэд 12 сая төгрөг сардаа авна. Ийм өндөр цалин, хангамж урамшууллыг хасч болно шүү дээ.

Түүнчлэн, уул уурхайн салбарыг хөдөлгөөнд оруулах нь бас том дэм болно. Тэгээд мэдээж Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө тусгасан “21:100” хөтөлбөрөө хэрэгжүүлж, ажлын байр олноор бий болгох үйлдвэрүүдээ барьж ашиглалтад оруулах ёстой.

-Монгол ардын нам эдийн засгаа яаралтай сэргээж босгох гэхээсээ илүүтэй өмнөх намын юуг буруу хийснийг ярьж, шүүмжилсэн байр сууринаас хандаад байна. Монгол ардын нам Ардчилсан намын хийж байсан бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх болов уу гэсэн асуулт их байна?

-Эдийн засгаа яаралтай сэргээхийн тулд хаана, юу нь өвчилснийг үнэн зөвөөр оношлоод, түүндээ тааруулж эрчимт эмчилгээ хийснээр үр дүн гарна. Тоо худлаа байж болохгүй гэж түрүүн хэлсэн. Эдийн засгийн нөхцөл байдлыг үнэнээр мэдээлсний төлөө өмнөх намыг шүүмжиллээ гэж эмзэглэж болохгүй шүү дээ. Угаасаа л улс орон, ард түмний амьдрал бодит байдлыг нотлоод байхад.

Мэдээж төрийн залгамж чанар гэж бий. Монгол ардын нам өмнөх эрх барьж байсан Ардчилсан намын Засгийн газрын алдааг нь засч залруулж, сайныг нь үргэлжлүүлэн хийнэ.

Categories
мэдээ цаг-үе

Монголбанк “Стэнд бай”-д хамрагдахын тулд хувийн хэвшлээ устгах шийдвэр гаргалаа

Төв банк бодлогын хүүгээ бүхэл бүтэн 4.5 хувиар өсгөчихлөө. Бодлогын хүүг ингэж огцом нэмсэн тохиолдол өнгөрсөн түүхэнд үгүй. 10.5-аас 15 руу үсэрсэн бодлогын хүү эдийн засагт яаж нөлөөлөх бол гэсэн асуултад хариулахын өмнө Монгол банкны тайлбарыг сонирхуулах нь зүйд нийцэх байх. Төв банк албан мэдээндээ “Монголын гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний хагас жилийн байдлаар өмнөх оны мөн үеэс 602.0 сая ам.доллараар сайжирч, урсгал тэнцлийн алдагдал хоёр дахин буурлаа.Валютын орох болон гарах урсгалын тэнцэлд ийнхүү нааштай хандлага харагдаж байгаа ч цаашид макро эдийн засгийн суурийг бэхжүүлэх, төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд Монголбанк төгрөгийн ханшийг хамгаалах, эдийн засгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хангах зорилгоор төгрөгийн активын өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Үүний зэрэгцээ төсвийн болон мөнгөний бодлогын засах арга хэмжээг эрчимтэй авч хэрэгжүүлэх замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах бодлого баримтална” гэсэн болхидуу тайлбар хийсэн харагдсан. Өнөөдрийнх шиг эдийн засаг хямарсан цагт хүүгээ өсгөж гөжүүдэлдэг төв банкийг зах зээл хөгжсөн улсаас лав хайгаад олохгүй. Санхүүгийн хямралын үед зарим улс орон бүр бодлогын хүүгээ тэглэсэн туршлага ч харагддаг.

Бодлогын хүүг энгийнээр тайлбарлавал аливаа улсын Төв банкнаас банк болон санхүүгийн байгууллагуудад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэхэд олгодог зээлийн хүү. Банкууд энэ хүүн дээр тулгуурлаж компани, иргэдэд өгөх зээлийн хүүгээ шийддэг. Бодлогын хүү нэмэгдчихээр банкууд зээлийнхээ хүүг өсгөнө гэсэн үг. Товчхондоо компаниудад зээл өгөхөөс татгалзаж эхэлнэ. Бодлогын хүү өндөр үед банкуудад зээл өгөх сонирхол хэтээсээ төрөхгүй.Эдийн засаг хямарсан энэ үед арай ядан хөл дээрээ тэнцэж яваа үйлдвэрлэгчдэд итгэж зээл өгч, эрсдэл үүрэхийг ямар ч банкны эзэн хүсэхгүй. Тэгснээс ямар ч эрсдэлгүй бизнес болох төв банкны үнэт цаасанд хөрөнгө оруулсан шигээ аж төрөхийг илүүд үзнэ. Хэн ч эрсдлээс зугатаж, ашгийг илүүд үзэх учраас арилжааны банкуудад буруу өгөх аргагүй. Төв банк талаас харвал үнэт цаас нэрээр татаж төвлөрүүлсэн мөнгөндөө бодлогын өндрөөс өндөр хүү төлнө. Энэ улсын санхүүгийн нөөц хөрөнгөнөөс их хэмжээний үргүй зардал гарна гэсэн үг. 2011 онд Монголбанк үнэт цаасны хүүгийн төлбөрт ойролцоогоор 120 гаруй тэрбум төгрөг зарцуулсан гэх тоо дуулддаг. Төв банк 2009 оны хямралаар бодлогын хүүгээ яг ингэж чангатгаж байсан юм. Гэхдээ өнөөдрийнх шиг улайрч огцом нэмээгүйг хэлэх хэрэгтэй.

Өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчид, компаниуд бултаараа зээлтэй. Шинээр зээл авч, өмнөх зээлээ төлж, үлдсэн багахан мөнгөөр нь эргэлтийн хөрөнгөө хийж яваа. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх маягаар ажиллаж, зүтгэж, өчнөөн мянган хүнийг ажилтай орлоготой авч яваа нь нууц биш. Тэгвэл ирэх өдрүүдэд компаниудын зах зээлд эргэлдүүлж буй багахан мөнгө төв банк руу шууд татагдана гээд ойлгочихож болно.

Ариун цэврийн цааснаас эхлээд гутлаа хүртэл өөрсдөө үйлдвэрлэж, зарим нь бүтээгдэхүүнээ Европ, Ази руу экспортлоод эхэлсэн үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд модоо барихаас аргагүйд хүрнэ. Эсрэгээрээ гаднаас ариун цэврийн цаас, даршилсан өргөст хэмх зөөдөг бизнес цэцэглэнэ. ОУВС-гийн зөвлөснөөр гэсэн хаяган дор эрс нэмж буй бодлогын хүү үндэсний үйлдвэрлэлээ соёлтойгоор оршуулж байгаа л нэг хэлбэр.

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Бодлогын хүүг ингэж өсгөсөн нь банкны секторт ашигтай. Харин бусад аж ахуйн нэгж, иргэдэд маш халтай. Бүх зээлийн хүүг дээш нь 4.5 хувиар татна. Бизнесийн зээл 25 хувь байсан бол одоо 30 хувьд хүрнэ гэсэн үг. Хөрөнгийн биржид бонд гаргахаар төлөвлөж байсан 2-3 төсөл яригдаж байлаа. Бүгд нам зогслоо” гэсэн бол валют, хувьцааны арилжаа хийдэг О.Мөнхжин “Бодлогын xүүг иxэсгэснээр зээл аваx нь багасч, эдийн засагт эргэлдэx төгрөгийн давтамж буурна. Ингэxээр үнийн өсөлт, инфляцийг түр xэмжээнд барьж байгаа юм л даа. Xүүгийн өсөлтөөр үнийн өсөлтийг бариx нэг талдаа сайн талтай ч гэлээ бас нөгөө талдаа эдийн засаг xумигдана. Монгол банкны бодлогын xүү буюу бусад арилжааны банкуудад зээлэx xүү өсөxөөр арилжааны банкуудын xүү дагаад өснө. Үнэxээр л гайxамшиг гэгч зүйл л гарч ирдэггүй юм бол Монголын эдийн засаг ойрын арван жилдээ бол xэцүү дээ xэцүү. АНУ 1980-аад оны үеэр 10 гаруй xувийн бодлогын xүүтэй байсан. 2000-аад он гартал ер нь найман хувиас доош ороогүй” гэж онцолсон байна лээ. Эдийн засагч, шинжээч, энэ зах зээлийг гадарладаг улсууд цахим орчинд энэ мэт шүүмж өрнүүлээд эхэлчихлээ. Ихэнх нь шүүмжилсэн өнгө аястай яриа хөөрөө өрнүүлж байна.

Бодлогын хүү өсөхөөр төгрөгийн ханш чангарна, төгрөгийн ханш чангарахаар хүмүүс долларын хадгаламжаа төгрөг болгоно, тэр хэрээр ноён ногооны ханш суларна гэсэн эерэг гаргалгаа бий. Төв банк ийм хүлээлтээр бодлогын хүүгээ огцом өсгөсөн байх магадлалтай.

Гэхдээ эдийн засаг хэцүү ийм үед хувийнхнаас байгаа мөнгийг нь хуу хамна гэдэг зөв алхам биш. Өнгөрсөн дөрвөн жилд хувийн хэвшлийнхнээ авч үлдэх гэж үнэ тогтворжуулах хөтөлбөр, үйлдвэрлэгчдийг дэмжсэн бага хүүтэй зээл гэх мэтээр дэмжсэн тулдаа монголчууд эдийн засгийн хямралыг тэгтлээ мэдрээгүй. Ажлын байр ихээр шингээдэг салбаруудаа дажгүй нөхцөлтэй зээлийн бодлогоор дэмжсэн учраас Батаа, Дулмаа хоёр ажилтай, ажилтай учраас байрны зээлд хамрагдаж, лизингээ төвөггүй төлсөөр өнөөг хүрсэн юм. Бодлогын хүү огцом чангарсан учраас үндэсний үйлдвэрлэгчид эхнээсээ хаалгаа барьж эхэлнэ. Барилгын салбарт гацсан их наяд шахам төгрөг тэр чигтээ царцаж, зээл авсан барилгын компанийн эздийн хүүгийн дарамт өдөр ирэх бүр нэмэгдэнэ. Чанаргүй зээл гэрлийн хурдаар өсөх нь тодорхой. Барилгын салбар сэргэх төлөв мөддөө харагдахгүй гэхээр бага хүүтэй ипотекийн зээл ч өнөө, маргаашдаа үлгэр болж байна. Бидэнд хамаатай бас нэг аюул бол үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ навс унана. Таны, миний, бидний амьдардаг орон сууцны үнэлгээ гэхэд л түүхэнд байгаагүйгээр уруудах эрсдэл бий. Орон сууцны үнэ унахаар сайн гэж мэтгэх хүмүүс гарч ирнэ байх. Улс даяараа ажилгүй, мөнгөгүй болчихоор байр хэчнээн хямдраад хэнд хүртээлтэй гэж…

Монголбанкны энэ шийдвэр ОУВС-гийн зөвлөгөөнөөс улбаатай гэдэг гаргалгааг учир мэдэх хэн ч төвөггүй хийчихнэ. Үр дүнд нь бид хэцүүдсэн улс арга тасрахаараа гуйдаг “Стэнд бай”-д нь багтана. Хямд хүүтэй хөнгөхөн нөхцөлтэй доллар оруулж ирээд тэдний зөвлөгөөгөөр зарцуулж эхэлнэ. Шуудхан хэлэхэд Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Стэнд бай”-д хамрагдахын тулд хувийн хэвшлийнхнээ устгах шийдвэр гаргачихлаа. “Стэнд бай”-н дараа хөрөнгө оруулалт татна, хандивлагчид гоё нөхцөлтэй зээл өгнө энэ тэр гэсэн төлөвлөгөө хүлээлт байж мэдэх юм. Харамсалтай нь “Стэнд бай”-гаар амь тариа хийсэн ядруухан оронтой ижил төвшинд харилцаж, ашигтай бизнес ярих, ногоон валютын хөрөнгө оруулалт хийх улс, бизнесмэн ойрын нэг, хоёр жилдээ лав гарч ирэхгүй. Засгаас бонд энэ тэр гээд арай эрүүл хувилбар ярьж байгаа сураг дуулдсан ч эхний ээлжинд “Стэнд бай”-даж амьтай голтой алхцгааж буй хувийн хэвшлийнхнийхээ амийг таслахаар шийдсэн бололтой. Бодлогын хүүгийн огцом өсөлт ингэж хардахаас аргагүйд хүргэж байна.

ДНБ-ий өсөлт нэмэх гурван хувь дээр байгаа. Хувийнхнаа, үйлдвэрлэгчдээ нугаслачихаар ирэх жил хасах руу орох нь тов тодорхой. Арай гэж хөл дээрээ тэнцээд алхах гэж ядаж байгаа үйлдвэрлэгчдээ төр нь өөрөө цохиод унагачихаж байгаатай ялгаагүй эд л дээ.

Үр дүнд нь зарим нэг арилжааны банк дампуурах эрсдэл ч бий гэж шинжээчид хэлж байна. Тэр үед засаг баригчид “Зах зээлийн жамаар сайн нь үлдэж муу нь уналаа” гээд мөрөө хавчицгаана. Бүүр хойно нь “Банк оф Чайнаг оруулахаас аргагүй” гэцгээнэ. Мэдээж дараа нь Таван толгойг хөдөлгөнө. “Өөр арга байсангүй ээ” гээд хүчээр хөдөлгөж таарах болов уу. Зах зээлийнх нь жамаар, энэ улсад ашигтайгаар хөдөлгөөсэй гэсэн найдлага л үлдэж байна даа.

Англи, Герман, Япон зэрэг хүчирхэг улс бодлогын хүүгээ өсгөхгүй байхад анхаарч, эдийн засаг хэцүүхэн үед компаниудаа тэтгэсэн бага хүүтэй зээлийн бодлого явуулдаг. Бүр дампуурах гэж байсан том компаниудаа төрөөс нь дэмжиж өндийлгөсөн жишээ өчнөөн бий. Гэтэл манайд эсрэгээрээ бодлогын хүүгээ хоёр оронтой тоонд байлгаж, нэг дор дөрөв гаруй хувиар нисгэж, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчдээ сөхрөөх шийдвэр гаргаж, тэрийгээ улсаа аврах зоригтой алхам гэж тайлбарлаж байна.

Зүй нь эхлээд их наядын алдагдалтай төсвөө эрүүлжүүлээд, дэд сайд гэх мэт элдэв шалдав дэмий шахуу зардлуудаа танаж, дараа нь мөнгөний бодлого руугаа орсон бол МАН-ыг нийгэм арай өөрөөр харах байлаа. Дорж, Дулмаа ажилгүй, байрны зээл хөөцөлдөж байсан Цэцгээгийн төлөвлөгөө мөрөөдөл төдий үлдэж, бизнесээ эхлээд хүсэл дүүрэн алхаж явсан үйлдвэрлэгчид хаалгаа барьчихаар доллар мянга хэдэн зуу руу уруудаад маньд ямар нэмэр байхав.

Categories
мэдээ цаг-үе

С.Уудам: Болж өгвөл дэлхийн бүх хүнд хүрсэн дуу дуулахсан гэж хүсдэг

ӨМӨЗО-ны соёлын өдрүүд тохиож байгаа
билээ. Соёлын өдрүүдэд зориулсан урлагийн тоглолтод С.Уудам ая дуугаа барихаар Монголд
ирээд байгаа юм. С.Уудамыг Монголчууд “Алсад суугаа ижий” дууг дуулснаар нь мэдэх
билээ.

-Өмнөд Монголын соёлын өдрүүд болж
байна. Та ямар уран бүтээлээр ая барих гэж байна вэ?

-Намайг “Алсад суугаа ижий” дуугаар
хүмүүс их мэддэг болохоор энэ дуугаар ая барина. Монголд гурван өдөр болоод буцах
гэж байна. Бид Хөлөнбуйр аймгийн “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн дууны бүлгэмийн
багш нар, 30 гаруй хүүхдүүдийн бүрэлдэхүүнтэй ирлээ. Энэ бүлгэмийн багш нар болох
БНХАУ-ын соёлын тэргүүний ажилтан Б.Бүрэнбаяр, О.Урнаа нарыг монголчууд “Чандмань
эрдэнэ” дуугаар нь сайн мэдэх байх. Би энэ бүлгэмийн хамгийн анхны шавь нарынх нь
нэг, долоон настайгаа энэ бүлгэмд элсэж байлаа. Одоо бол зөндөө олон дүү нартай
болсон байна.

-Та “Авьяаслаг хятадууд” шоунд орж
“Алсад суугаа ижий” дууг дуулснаар маш олон хүний сэтгэлд хүрч, олны танил болсон.
Энэ шоунд орсон тухайгаа яриач?

-Би тэр шоунд ороход 11 настай байсан.
“Таван тансаг Хөлөнбуйр” бүлгэмдээ дуулдаг байлаа. Манай бүлгэмийн н.Баатардорж
ах “Чи энэ дууг дуулах уу” гэсэн. Надад их гоё санагдсан учраас дуулахаар шийдсэн
юм. Түүний дараахан “Авьяаслаг хятадууд” шоу болж оролцож байсан юм. Тэр дууг дуулж,
хүмүүсийн сэтгэлд хүргэж чадсандаа баяртай байдаг. Аз л гэж хэлэх байх. Шоунд гуравт
шалгарч, зургаан дуутай CD бичүүлсэн. Таван жилийн өмнө дуулсан дуунууд болохоор
одоо дуулах гэхээр заримд нь хоолой хүрдэггүй, зарим дуу нь доордоод байдаг юм.
“Авьяаслаг хятадууд” шоуны дараа хүмүүс таарахаараа зургаа даруулъя, гарын үсгээ
өгөөч гэх тохиолдол их байдаг байсан. Одоо том болоод, царай төрх ч өөрчлөгдсөн
болохоор таних хүмүүс багассан.

-Цаашдын зорилго, мөрөөдөл тань
юу вэ. Дуучин болно гэж боддог уу?

-Одоогоор Канадын Ванкуверт сурч
байна. Сургуулиа төгсөөд урлагийн хүн болно гэсэн л бодолтой байдаг. Канадад дуучин
юм уу, жүжигчин мэргэжлээр сурахыг хүсэж байна. Би Монголд нэг удаа ирэхдээ
“Doz” энтертайментийн “Хөх толбот хүмүүс” гэдэг кинонд нэг дүрийн бага насны дүрд
тоглосон. Дуулахаас гадна жүжиглэх ч гэсэн сайхан санагдсан шүү. Канадад их гоё
байгаа, их л зүйл сурч байна даа.

-Канаддаа дуулах боломж хэр байдаг
вэ?

-Тэнд хятад хүмүүс их байдаг болохоор
зарим нь намайг таньдаг юм. Тиймээс хааяа тоглолтод дуулах санал тавьдаг. Хөлөнбуйр
аймагтаа очсон үед найр наадамд уригдаж дуулах үе гарна. Нутгийнхан маань “Манай
Хөлөнбуйр аймгийн дуучин Уудам дуулна” гэж байгаад л бүх дууг минь дуулуулдаг. Тэр
дундаа “Алсад суугаа ижий” дууг заавал сонсохыг хүсдэг. Мөн өөрийнхөө урьд нь дуулж
байсан дуунуудыг ихэвчлэн дуулдаг юм. Би цаашдаа өөрийн гэсэн олон дуутай болоод
тэр дуунуудаасаа сонгоод дуулахыг их хүсдэг шүү. Бас хоосонгүй ээ одоо хоёр шинэ
уран бүтээл дээр ажиллаж байна. Миний мөрөөдөл болж өгвөл дэлхийн бүх хүмүүст хүрсэн
дуу дуулах.

-Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлантай
хамт тайзан дээр гарахад ямар байв?

-Манай Хөлөнбуйрын дуучин н.Батсүх
ах намайг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлан ахтай танилцуулж өгсөн. С.Жавхлан
ахын дуунд нь дуртай, үнэнч сонсогч нь байсан болохоор анх уулзаад, юу хэлэхээ ч
мэдэхгүй дуугарч чадахгүй байсан. Уулзаж танилцаад гэрт нь байж, хамтдаа хөдөөгүүр
яван хорхог хүртэл идсэн шүү. Тоглолтод зориулж надад цагаан өнгийн дээл хийж өгсөн
юм. Одоо надад бүр багадчихсан л даа. Тайзнаас буух үедээ С.Жавхлан ахдаа “Ийм гоё
дээл өгсөнд нь баярлалаа” гээд хэлчихсэн юм. Гэтэл хүмүүс инээгээд, бас алга ташаад
эхэлсэн. Тэгэхээр нь буруу бас ойлгогдохгүй хэлчихлээ гэж бодоод дахиад “С.Жавхлан
ахдаа баярлалаа” гээд хэлчихсэн. Тэр үед сүрдсэндээ, баярласандаа ч юм уу маш их
сандарч байсан. Гэхдээ л тоглолтод нь хамт дуулахад маш сайхан санагдаж байсан шүү.

-Та нэг эгчтэй гэсэн. Эгч тань дуулдаг
уу?

-Би Хөлөнбуйр аймгийн Шинэ булаг
сумын энгийн малчин айлд өссөн. Нэг эгчтэй. Эгч маань цэцэрлэгийн багш мэргэжлээр
сурдаг. Одоо зуны амралтаараа хөдөө эмээ дээр амарч байна. Би Канадаас ирээд эмээ,
эгч дээрээ амарч байгаад Монгол руу шууд ирлээ. Би чинь эмээгийн хайртай хүү шүү
дээ. Миний эмээ их юм боддог, дуугүй хүн байдаг. Канад руу явах үед “Их зүйл сураад,
хамгийн гол нь сайн яваад ирээрэй” гэж захьдаг даа. Эгч маань их дажгүй дуулдаг
шүү.

-Уудам гэдэг нэрийг таньд хэн өгч
байсан юм бэ?

-Намайг уул нь Соном гэдэг байсан
юм. Аав маань нэг орой юм бодож байгаад л “Миний хүүгийн Соном гээд нэр түвд нэр
болохоор их хүчтэй. Миний хүүд хүнддэж магадгүй, тиймээс аав нь хүүгээ Уудам гэж
нэрлэнэ” гээд л хэлсэн. Би тэр үед таван настай байсан хэдий ч аавынхаа надад нэр
өгч байгаа тэр үеийг хэзээ ч мартдаггүй юм. Бодоход санаанд маш тодхон байдаг. Нэрнийхээ
утгыг тайлбарлахдаа тал шиг уудам сэтгэлтэй, сайн хүн болоорой л гэдэг утгаар өгсөн
гэж байсан.

-Та ээж, аавынхаа тухай яриач?

-Одоо ээж, аавынхаа тухай ярихдаа
эмзэглэх нь багассан шүү. Багадаа санаж гуниглах үе мэдээж цөөнгүй байсан. Миний
ээж их сайхан дуулдаг байсан юм. Ээж маань машины ослоор, аав маань эмнэг сургаж
байгаад бурхан болсон. Тийм болоод ч тэрүү машинд суусан үед их хурдлах, гэнэт зогсох
үед бага зэрэг айж, ээжийнхээ тухай бодоод байдаг. Бас морь унахаас айдаг болчихсон.
Гэхдээ одоо аавын минь оронд аав, ээжийн минь оронд ээж болж байгаа хоёр сайхан
багш минь бий. “Таван тансаг Хөлөнбуйр” хүүхдийн дууны бүлгэмийн Б.Бүрэнбаяр, О.Урнаа
багш нар маань намайг өргөж авсан. Намайг өдий болтол өсгөж торниулж, сайн сайхан
явахад минь хамгийн их тусалж байгаа хүмүүс, үргэлж баярлаж явдаг юм.

-Монгол дээл хэр их өмсдөг вэ?

-Цагаан сар, тоглолтод орох үедээ
дандаа дээл өмсдөг. О.Урнаа багш маань хэмжээг нь аваад Монгол руу явуулаад энд
байдаг оёдолчноор хийлгэдэг. Миний төрсөн нутагт энгийн малчин ардууд байдаг болохоор
монгол дээлээ өмсөж, ёс заншлаа дагадаг. Малгай сольж өмсөхгүй, энд тэнд хаяхгүй
байх ёстой гэх мэтчилэн зан заншилаа их хадгалж үлдсэн байдаг.

-Монголд ирэхэд ямар санагддаг вэ?

-Найм дахь удаагаа ирж байна. Үнэхээр
сайхан байгальтай сайхан нутаг. Онгоцноос ч гэсэн тэр байгалийг нь биширч, харж
байлаа. Ирэх тусам олон хүнтэй, олон машинтай болоод л байгаа юм шиг санагдаж байна.
Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй, төв хэсгээр нь байж байгаад л буцаж байна даа.
Өмнөд Монголын соёлын өдрүүдээр монголчуудтайгаа уулзсандаа баяртай байна. Би Монголд
өөрийн ул, мөрөө үлдээж явах юмсан л гэж их боддог.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Бээжинд олуулаа сурдаг нэг ангийнхан

Шинэ цагийн “Нэг ангийнхан” уулзахаараа спортоор хүч сорьцгоодог юм байна. “Үй цай сургууль төгсөгчдийн нөхөрсөг нэг өдөр” хэмээх төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Г.Хулантай танилцсан юм. Тэрбээр 20 настай. Бээжингийн их сургуулийн Санхүүгийн ангид сурдаг. “Үй цай” сургуулийн 2012 оны 12-ын “А” ангийн төгсөгч гэнэ. Тэд энэ удаа төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн юм. “Манай ангийнхан 38-уулаа төгсч байлаа. Талаас илүү нь Хятадад сурч байгаа. Ихэнхи нь Бээжинд сурдаг. Бээжингийн Зам тээврийн их сургуульд гэхэд л тав нь сурдаг. Нэг охин Бээжингийн их сургуулийн анагаахад сурч байгаа. Харин Бээжингийн их сургуульд нийтдээ 20 гаруй монгол оюутан сурдаг. Манай факультетад би ганцаараа монгол” хэмээн Г.Хулан танилцуулав. Санхүүгийн ангид сурдаг хүн мэдээж тооны хичээлд толгой цохидог байж таарна.

-Тоондоо дажгүй шүү. Аав маань тооны багш. Багадаа математикийн олимпиад энэ тэрд орж байгаагүй ч тоонд илүү сонирхолтой. “Үй цай”-д сурч төгссөн болохоор Хятадад сурахад хэлний бэрхшээл байгаагүй. Хятадын Засгийн газрын тэтгэлэг аваад Бээжингийн их сургуульд орсон л доо. Болж өгвөл зун болгон гадаадад сургалтад хамрагдахыг хичээдэг. Энэ жил факультетаас шалгарсан таван оюутны нэг болж, Харвардад 14 хоног сургалтад хамрагдлаа гэж шинэ танил маань хуучилсан. Дүн, идэвхи харгалзаж Харвардад зочлох оюутнуудыг сонгосон гэнэ. “Харвард гоё сургууль байна лээ. Бээжингийн их сургууль ч орчин, сургалт тал дээрээ мундаг. Оюутны том хотхонтой. Сурах нөхцлийг дээд зэргээр хангаж өгдөг. Сургалтын төлбөрийн хувьд байгалийн ухааны чиглэлээр хичээллэж байгаа хүүхдүүд 30 мянган юань. Нийгмийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд 28 мянган юаний төлбөртэй. Харин би тэтгэлгээр сурч байгаа болохоор сарын 2500 юаний хэрэглээний мөнгө авдаг гэж Г.Хулан тайлбарлав. Тэтгэлэгт хамрагдахын тулд хэрхэн бэлтгэх талаар түүнээс лавласан юм. “Жил бүр БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг зарлагддаг. Голдуу хятад хэл дээр голч оноо аваад, тоо, англи хэлний хичээлээр шалгалт авдаг. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад дөрвөөс дээш зэрэгтэй байх шаардлага тавьдаг. Манай сургуулийнхан бол ихэвчлэн зургадугаар зэрэглэлтэй шалгагддаг” гэж тэр хариуллаа. Дунд сургуульд сурч байхдаа Г.Хулан дууны тэмцээнд ордог байжээ. “Хулгана будаанд дуртай” гэдэг хятад дуу дуулдаг байсан гэнэ.

Гэхдээ энэ нь хулгана юм уу будааны тухай биш хайрын дуу. “Хулгана будаанд дуртай байдаг шиг би чамд хайртай” гэх нь аргагүй л тариалангийн соёлтой ард түмний сэтгэлээс гарах үгс. Арваннэгдүгээр ангид байхдаа Г.Хулан “Дорнын аялгуу” хятад дууны тэмцээнд гуравдугаар байрт орсон удаатай. Дунд сургуульд байхдаа тэд дуу, бүжиг, илтгэл, мэтгэлцээн, спорт урлагийн тэмцээнүүдэд оролцдог.

Г.Ариунбуян Санхүү эдийн засгийн дээд сургуулийн 2+2 хөтөлбөр буюу Тайваньтай хамтарсан хөтөлбөрт хамрагдаж төгсчээ. Эхний хоёр жил нь Монголд, сүүлийн хоёр жил нь Тайваньд сурч, хоёр дипломтой төгсдөг. Санхүү менежментийн мэргэжилтэй. Би дунд сургуульд байхдаа математикийн хичээлдээ сайн байсан. Инженер, архитектур сонирхдог ч “Заавал санхүүгээр сур” гэсэн гэрийнхнийхээ “шахаа”-нд орж энэ мэргэжлээр сурах болсон. Эхний нэг улирал дургүйд хүчгүй гэгчээр явсан. Сүүлдээ “Нэгэнт эхлүүлсэн юм чинь эцсийг нь үзье” гээд хичээж сурсан л даа” хэмээн Г.Ариунбуян ярилаа. Тэрбээр гуравдугаар ангидаа “Үй цай”-д шилжиж ирсэн болохоор ангийнхнаа гүйцэх, хятад багштайгаа хэл нэвтрэлцэх бэрх даваа байжээ. “Эхний нэг сар юугаа ч мэдэхгүй явсан. Шарандаа л гүйцсэн дээ” гэж тэр хэллээ.

Манай ангийнхан нийтэч, бүх юмаараа тэргүүлэгч анги байсан. “Үй цай”-д хүүхдүүд ачаалал дааж, сууж сурдаг. Хятад багш нар “чанга” зарчимч. Даалгавар хийх ёстой. Хийгээгүй ирвэл шийтгэдэг хэмээн ангийнхан дурслаа. Шийтгэл нь цээж бичиг бичих, анги цэвэрлэх гэх мэт олон хэлбэртэй. Гаран дээр цохих шийтгэл ч байж. Г.Хулан “Гурван ханз алдвал гурав цохино” гэх мэт дүрэм үйлчилдэг. “Манай ээж аав хүүхдээ нэг их өмөөрдөггүй. Би айлын бага. Нэгдүгээр ангидаа хичээл хийдэггүй. Хичээл дээрээ заримдаа барбигаа авчирдаг охин байсан. Хүүхдүүд өдөр үзсэн хичээлээ гэртээ харихаасаа өмнө давтаж, багшдаа шалгуулаад явдаг. Харин би хамгийн сүүлд тоглоод үлддэг байв. Шийтгүүлсэн гэхээр ээж, аав нэг их юм хэлдэггүй. “Юм сурч байгаа юм чинь” гэдэг. Би бас цохиулчихаад гүйж явдаг хээгүй хүүхэд байж дээ гэнэ.

Г.Хүрэлбаатар сургуульд орохоосоо өмнө уншиж бичээд сурчихсан сүрхий хүү. “Хойд дэнж дээр цэцэрлэгийн байранд нэг сайн сургууль байна гэнэ” хэмээн эмээ, өвөө нь ярилцаад “Үй цай”-г сонгосон юм. Манай Д.Цэцэгмаа захирал “Бэлтгэл эхэлчихсэн, хүүхдийг чинь авахгүй” гэхэд өвөө маань “Сайн хүүхэд байгаа юм, авчих” гэж билээ. Сурагч үедээ эргэж очмоор санагддаг. Одоо Бээжингийн Зам тээврийн их сургуульд сурч байгаа. Төмөр замын тээвэрлэлт, зохицуулалтын чиглэлээр сурдаг гэж Г.Хүрэлбаатар ярилаа. Тэр “Тэр тамирчин баймаар төрхтэй харагдсан ч спортод сайн биш. Өндөр болохоор хүчээр сагс тоглуулдаг юм” гэж хэлсэн. Харин ангийн охид нь түүнийг “Шүлэг сайн бичдэг” гэж магтлаа. Ангийн шүлэгч тэрбээр “Эмээ өвөө болсон ч эргэж уулзаад шоудна” хэмээн шүлэглэсэн удаатай. Харин одоохондоо ирээдүйн өвөө маань аав болж амжсан. Г.Хүрэлбаатар ангийн анхны аав гэнэ. Охин нь хоёр ой хүрч байгаа. “Чамайг түрүүлж аав болно гэж бодсонгүй” гэсэн үгийг мань шүлэгч ханатлаа сонсчээ.

Хамт өссөн болохоор одоо ч дотно байдаг гэж “Үй цай”-гийнхан өөрсдийгөө тодорхойлсон. “Өглөө найман цагаас хичээл эхлээд, үдээс хойш 16-17 цаг хүртэл сургууль дээрээ хамт байсан хүүхдүүд шүү дээ. Бээжинд сурдаг оюутнууд хамт “шоуддаг” гэнэ. Өвөл, зуны амралтаараа Монголдоо ирэхээрээ бусдыгаа уриалж уулздаг. Бээжинд нэгнийхээ өрөөнд цуглаад хуушуур, нийслэл салатаа хийж иднэ. Хамт аймшгийн кино үзэж, паркаар өдөржин тоглож байсан л гэнэ. “Төгсөөд эх орондоо хэрэгтэй юм хийх тухай ярьдаг уу” гэсэн чинь Г.Хулан “Тийм юм ярьсан нь өвөө болдог байхгүй юу” хэмээн наргиа болгов. Харин ангийн хүү Г.Хонгор “Бид хамт суугаад орчлон ертөнцийн зүй тогтол, улс төр, шинжлэх ухааны талаар ч их ярьдаг байлаа. Дунд сургуульд байхдаа ийм юм ярихаар өвөө гэж хочлуулдаг байсан” хэмээн тайлбарлав.

Г.Хонгор Бээжингийн инженер технологийн их сургуульд “Юмсын интернет” гэсэн мэргэжлээр сурдаг. “Аливаа төхөөрөмжийг интернэтэд холбож, ухаалаг болгоно гэсэн үг” гэж тэр өөрийнхөө мэргэжлийг танилцуулсан. Хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх чиглэлээр ажиллах гэнэ. Физиктээ сайн байсан. Техник сонирхдог. Аравдугаар ангид байхдаа МҮОНТ-ийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлэгт өвөөтэйгээ хамт оролцож байсан. “Өвөө автын инженер хүн. Өвөөгөөсөө жаахан авьяас, хобби өвлөж авсан” гэлээ. Кноп дарахад л цонхны шил арчигч ажиллах учиртай. Цонхны шил яаж арчиж болох вэ гэж өвөөтэйгээ ярьж байгаад бичил схем угсарч, автоматаар цонх руугаа цэвэрлэгч шингэн цацаад, резин нь өөрөө гүйж арчдаг төхөөрөмж хийсэн юм. Миний санаа хэрэгжсэн ч их мөнгө хэрэгтэй болсон. Одоо бол би ухаалаг эд юмс хийдэг хүн болно. Багын хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжтой болсон. Хийхээр хүссэн юм маш их. Миний энэ мэрэгжил 2010 онд дөнгөж үндсэн тодорхойлолт нь гарсан шинэ мэргэжил. Сайн сурч аваад Монголдоо ихийг хийнэ гэсэн бодолтой байгаа гэж тэр хэллээ. Г.Хонгор сурагч байхдаа хөл бөмбөг тоглодог байжээ. Бээжинд очоод бейсболоор хичээллэдэг болсон гэнэ. Хараахан ирж амжаагүй нэгнээ ч дурсацгаав. “Манай ангийн хамгийн толгой сайтай хүүхдүүдийн нэг С.Мөнхтулга Тайваньд тэтгэлэгээр сурч байгаа. Англи хэл зааж байгаа гэсэн. Тайванийн хоёр дахь хэл нь англи хэл. Гэтэл манай хүн очоод оюутануудад англи хэл зааж байгаа” гэж ангийн хүү нь бахархав. “Төгсөөд ирэхийг нь хүлээж байгаа” гэнэ шүү.

Нэг удаа ангийн хамгийн хамгийнаа тодруулжээ. “Хамгийн урт сормуустай”-гаар Х.Ханбогд тодорч байсан гэнэ. Урт сормуустай түүнд охидууд атаархсан гэнэ шүү. Г.Хулан “Би лав хамгийн түргэн ууртай нь болж байсан” гэснээ “Тэрийг хэн шалгаруулсан бэ” хэмээн “нэхэн” заргалдав. Одоо болтол тэр энэхүү шалгаруулалтад гомдолтой явдаг аж. “Хамгийн алиа хүү”-гээр жүжигчин Амбийгийн хүү Б.Эзэнбат тодорчээ. “Ангийнхнаа хөгжөөдөг хүүхэд. Одоо жүжигчний мэргэжлээр Солонгост Кёонги их сургуульд сурдаг гэж нөхөд нь танилцуулсан.

Б.Оргил “Хичээл хийдэггүй, сахилгагүй биш, ангид байгаа байхгүй нь мэдэгдэхгүй чимээгүй хүн байсан” гэж өөрийгөө тодорхойлов. Одоо аавынхаа компанид ажилладаг. Машины мотор засдаг тэрбээр механикийн инженер мэргэжлээр ХААИС-д сурдаг ажээ. “Б.Оргил мундаг зурдаг” гэж ангийн охин нь магтлаа. Ангийн охиныхоо гуйлтаар ээжид нь зориулж мартаар сарнай зурж өгчээ.

Б.Чингүүн Бээжингийн Зам харилцааны их сургуулийг төгсч ирээд байгаа. “Бээжингийн Зам харилцааны их сургуулиас тэтгэлэг өгдөг. Хамгийн анх тэтгэлэг өгч эхлэхэд манай ангийнхан төгсч байсан болохоор манай төгсөлтийнхөн энэ сургуулийг их сонгосон” гэж Б.Чингүүн тайлбарлав. Б.Чингүүн бизнесийн удирдлагаар төгссөн гэнэ. “Манай сургууль Зам тээврийн яам, Улаанбаатар төмөр замтай гэрээтэй жил бүр боловсон хүчин бэлтгэдэг. Хятад дахь хамгийн олон монгол оюутантай сургууль. Харин “Үй цай” сургууль маань улирал болгон ямар нэг тэмцээн зохиодог. Манай ангийнхан хамт олонч. Зундаа төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн, өвөлдөө цасны баяр болдог. Хэдий төгссөн ч сургуультайгаа, хамт олонтойгоо холбоотой байдаг” гэж тэр ярьсан юм.

С.Цэнд-Аюуш Шанхайн шинжлэх ухаан технологийн их сургуулийг олон улсын худалдаа эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо иржээ. Хятад хэлэндээ илүү дуртай болохоороо орчуулга хийх хүсэлтэй гэнэ. “Багадаа байнга онигоонд ордог охин байлаа. Манай ангийн том биетэй Б.Дэнзэнсамбуу гэж хүүхэд одоо сүмо барилдахаар Японд байгаа. Тэр хүүхдийг зогсч байхад очоод “Хоёулаа хөөцөлдөж тоглоё” гэж хэлээд шоолуулж байсан хэмээн тэр дурсав.

С.Эрдэнэбаатар ч бас Зам харилцааны их сургуулийн барилгын факультетийг төгссөн гэнэ. Багадаа дуугүй хүүхэд байсан ч аавын тухай бичсэн зохион бичлэг нь ангийн багшийн сэтгэлд хоногшиж үлджээ. “Долдугаар ангид байхад нь аав нь өөд болсон юм. Аавынхаа мэргэжлийг өвлөж авах зорилго тавьсан хүүхэд. Эхнээсээ зорилгодоо хүрч яваа” хэмээн ангийн багш Ц.Оюунчимэг хэллээ. Харин С.Цэнд-Аюуш “Манай сургуулийн чанга багш. Хүүхдүүдийн хайртай багш. Манай ангийг илүү их батжуулж, дурсамж үлдээсэн” гэж ангийн багшаа магтсан. Хүүхдүүдийн “Арван жилийн дараах өөртөө бичсэн захидал” нь багшид байдаг. Ангийнхныхаа бичсэн зурвасыг багш нь ядрахаараа гаргаж ирж уншиж эрч хүч авдаг гэнэ. С.Цэнд-Аюуш багшийгаа дэлхийгээр аялуулна гэж амласан удаатай. “Би аялах улсаа сонгочихсон байгаа” гэж багш нь наргиа болгосон. “Манай ангийнхан ихэнхи нь төгсч байгаа. Тэтгэлэг авсан хүүхдүүд ирэх жил төгсч ирнэ. Манайхан өвлийн уулзалтаараа жаал ярьж суусан. Шавь нартайгаа мессенжерээр харилцчихдаг. “Hi, багшаа юу байна” гээд мессенжерт ороод ирдэг. Б.Эзэнбат гээд жүжигчин Амбийгийн алиа хүү бий дээ. Тэр юм юм зохион байгуулдаг хэмээн багш нь ярилаа. “Ангийн артерын судас” гэж бас нэг хүү Б.Эзэнбатыгаа тодорхойлсон.

Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа хятад, монгол хоёр ангийн багштай явжээ. Хятад багш нар жил бүр солигдож ирнэ. Нэгээс гуравдугаар ангийнханд монголоор ярьж чаддаг, өвөрмонгол багш нар хятад хэл заадаг. Ойлгохгүй зүйлийг нь тэд монголоор тайлбарлаж өгдөг сайн талтай. Анги өгсөхөд огт монголоор ярьж чаддаггүй хятад багш нар уригдан ирж хичээл заадаг. Ахлах ангийнхан харин хятад багш нартаа оруулагч хийж тусалдаг юм билээ. “Эмээ өвөө болсон ч эргэж уулзаад шоудах” нэг ангийнхны уулзалтын түүх ийм.


Categories
мэдээ цаг-үе

Морган Фримэн -Шөнө мандсан нар

Монголын кино урлагт асар том өв үлдээсэн Дэндэвийн Чимэд-Осор гэдэг нэгэн сайхан буурал байж билээ. Түүний кино урлагт орж дүрээ үлдээсэн анхных нь бүтээл нь “Цогт тайж” киноны цэцэрлэгч өвгөний хөрөг. Тэр уг өвгөний дүрийг бүтээхдээ 33-хан настай байж. Одоо бодохнээ энэ сайхан буурлын бүтээсэн дүрүүд дандаа(гол дүр байна уу туслах дүр байна уу гэдгээс хамааралгүй) сэтгэлд хоногштол нэгийг өгүүлсэн, ухаан нэмсэн ахимаг настны дүрүүд байж үү. Нэг их холоос баахан нуршиж тайлбарлахын учир нь ертөнцийн нөгөө хязгаарт яг манай Чимэд-Осор гуайтай адил шууд “хөгширчихсөн” жүжигчин дэлхийг уяраан амьдарч байна аа гэх гэсэн юм. Түүнийг Морган Фримэн гэдэг. Сарын өмнө IMDb сайтын (кино сонирхогчдын үнэлгээ, үнэлэмжийг бүртгэдэг сайт) гаргасан судалгаагаар дэлхийн шилдэг 250 киног “Шоушенкагийн шоронгоос оргосон нь” гэдэг бүтээл тэргүүлсэн байна лээ. Тэгвэл уг киноны гол дүрийг бүтээсэн Морган Фримэний тухай өнөөдөр өгүүлэх бөлгөө.

Морган Фримэн 1937 оны зургадугаар сарын нэгэнд Теннэси мужийн Мэмфис хотод Морган Портфильд Фримэн хэмээх үсчний гэр бүлд төржээ. Ээж нь цэвэрлэгч, аав нь үсчин мөртлөө тэднийх нэг газраа тогтодоггүй тэнэмэл амьдралтай айл байжээ. Миссисипи, Индиана мужийн хотуудаар хэсэг сэлгүүцсний эцэст Чикагод суурших үед бага Морган сургуульд орох насанд хүрэв. Америкийн кино урлагийн “мөнхийн өвөө” Фримэн уг нь тэгэхэд буюу зургаан настайгаасаа л эхлэн тайзанд гарч анхныхаа дүрүүдийг дархалж байсан гэх юм. Түүний идэр залуу насны амьдралд бусдаас онцгойрохоор зүйл огт үгүй. Дунд сургууль, сайн дурын жүжигчдийн дугуйлан, цэргийн алба гээд байдаг л жирийн намтар. Дараа нь цэргийн нисэх хүчинд таван жил механикч хийх үед 1960-аад он гарч байлаа. Тэр үеэсээ Морган урлагтаа буцаж Сан-Францискогийн “Opera Ring music group”-т бүжиглэдэг байв. 1971 онд анхныхаа кинонд тоглож “урлагийн тогооноос халбагадаад” есөн жил мартагдсан. 1980 онд

“Брубэйкер” хэмээх шоронгийн амьдралын тухай дунд зэргийн кинонд хоригдлын дүрд тоглоод дахиад л мартагдлаа. Долоон жилээс үргэлжилсэн энэ уналтын дараа 1987 онд дэлгэцнээ “Гудамжны залуу” хэмээх кино гарч Фаст Блэк гэдэг эрийн дүрийг бүтээсэн Морган туслах дүрийн “Оскарын” шагналд нэр дэвших нь тэр. Гайхалтай байгаа биз. Тавин насныхаа босгон дээр, урлагт “чанагдаад” гуч орчим жил өнгөрсний дараа л кино урлагийнхан түүнийг анзаарсан байгаа юм. Хэтрүүлж хэлэхэд Морганыг хөгшрөөд үрчлээс суугаад, үс нь одоогийнх шигээ өрвийсэн саарал өнгөтэй болсон хойно л түүнийг “Энэ хүн од юм байна, түүнийг тоглуулбал касс дүүрнэ” гэж дүгнэсэн мэт. Өтөлсөн хойно нь анзаарч од мэт мандах болсон түүнийг “шөнө мандсан нар” гэж найзууд нь магтдаг. Үнэхээр тийм. Түүнээс хойш Морган Фримэн хэзээ ч муу кинонд тоглоогүй.

Америкийн кино урлагт цагаан арьст эрэгтэй жүжигчид нь хар арьст жүжигчдээс хавьгүй олон, илүү авьяслаг нь үнэн. Африк гаралтай Уилл Смит, Самуэль Жэксон, Дэнзель Вашингтон гээд эрчүүд бий л дээ. Гэхдээ тэр хар арьстай эрэгтэй жүжигчдийн дийлэнх нь (хэрвээ бүгдээрээ биш бол шүү) боевик, дайн байлдаантай кинонд тоглодог бие бялдар сайтай, булчин шөрмөс нь зангирсан нөхдүүд байх вий. Харин Морган Фримэны дүрүүд ихэвчлэн ухаантай, амьдралын хал үзсэн, цэцэн цэлмэг нэгэн байдгаараа бусдаас ялгагддаг. Эхний “Оскарт” горьлоод удаагүй байхдаа дараачийн бүтээл болох “Мисс Дэйзигийн хувийн жолооч” кинонд хөгшин жолоочийн дүр бүтээж дахиад л “Оскарт” нэр дэвшсэн. Ер нь тэр цаг үеэс хойш кинонд тоглох бүрдээ сэтгэлд хоногшсон дүр бүтээж тэр жилийнхээ нэр алдартай кино наадмуудын шагналыг тогтмол хамдаг байлаа. Хүмүүс Леонардо де Каприог “шагнал тойрдог азгүй залуу” гээд байдаг. Харин Морган Фримэнийг бол Америкийн кино акедими жинхэнэ утгаараа олон жил “анзаараагүй”. Тэр таван удаа “Оскарт” нэр дэвшсэн мөртлөө ганцхан удаа “Сая долларын бацаан” киноны туслах дүрээр шаргал барималыг атгаж байж билээ. Гэхдээ тэр бусад шиг “харуудыг гадуурхаж байна, арьс өнгөөр ялгарварлалаа” гэхчилэн дэмий үг яриа гаргадаггүй. “Кино урлагийн өнөөдөрт расизм байхгүй, тэр чинь аль эрт уржигдраас эхлээд алга болчихсон. Арьс өнгөөр ялгаварлаж байна гээд байгаа хүмүүс зүгээр л сайн хөдөлмөрлө, залхуурлаа хая” гэж зөвлөдөг хүн шүү дээ. Одоо бага зэрэг хувийнх нь амьдрал руу өнгийе.

Морган Фримэн дөрвөн удаа гэрлэж хоёр хүү, хоёр охины эцэг болсон гэр бүлийн амьдралд “туйлбаргүй нэгэн”. Сууж салсан бүсгүй болгоноо нэг хүүхэдтэй үлдээж байсан ч гэлээ муудаж салдаггүй, эргээд уулзаж учирч санхүүгийн талаар боломжоороо тусалж явдаг гэнэ лээ. Есөн ач зээтэй, тэдгээрийнх нь нэг нь түүнтэй амьдардаг, багахан эдлэн газартай, тэндээ цөөрөм байгуулж загас үржүүлдэг. Ер нь далай тэнгисээр аялах дуртай, франц хоолонд “нугасгүй”, хааяа загасчилдаг, 80 хүрч байгаа ч амьдрал нь буцалж байгаа “залуухан” өвөөгийн тухай өгүүлэхэд ийм байна.

Бэлтгэсэн

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Иржи Шима: Би “Өдрийн сонин”-ыг анх гарсан цагаас нь эхлэн уншиж байгаа Монголч эрдэмтэн

Олон улсын Монголч эрдэмтдийн XI Их хурал болж байна. ”Монгол судлал ба тогтвортой хөгжил” сэдвийн дор болж буй уг хуралд 29 орны 400 гаруй эрдэмтэн, биет бус өвийг тээгч иргэд оролцохоор хүрэлцэн иржээ. Монгол судлаач эрдэмтдийг төлөөлүүлэн Монгол, Хятад судлаач, Чехийн эрдэмтэн доктор, профессор Иржи Шиматай ярилцлаа.

-Та 1960 -аад оны эхээр Монголд оюутан болж ирсэн байдаг. Тухайн үед манай улс танд ямар санагдаж байв?

-Манай Чех улсын Боловсролын яам тухайн үед намайг монгол судлаачаар сургахаар явуулсан юм. Тухайн үед би 18 настай байлаа. Улаанбаатарт ирээд оюутны байранд амьдарч, тусгай программаар суралцаж, сургуулиа төгссөн. Мөн монгол, хятад хэл судалж, сурахаас гадна Чехэд угсаатны зүйгээр суралцаж байсан учир угсаатны зүйн сэдвээр юм хийх, бичих сонирхолтой байсан. Оюутан байхад багш нар намайг гэртээ уриад монгол хэл зааж байлаа. Ингээд би 1962 оны есдүгээр сард ачааны машинд суугаад Увс аймаг явж байв. Замдаа хоноод л яваад байсан. Тухайн үед монгол хэл мэддэггүй хаана хонож, ямар хоол идэхээ ч ойлгохгүй амьтан явж байлаа. Ингэж явахдаа заримдаа гуанзанд хоол идэж, заримдаа айлд орж дайлуулна. Шөнөөр явж байгаад нэг айлд ороход, айлын хүмүүс төвөгшөөлгүй босоод, хоол хийж өгч байгаа нь их сонирхолтой, гайхмаар санагдаж байсан. Анх Монголд ирчихээд Монголчуудын найрсаг, зочломтгой занг ихэд гайхдаг байлаа.

-Монголд сургууль төгсөөд хаана ажиллах хүсэлтэй байв?

-Ингээд 1964 онд сургуулиа төгссөн. Би Чехээс Монголд суралцсан анхны оюутан байсан болохоор сургуулиа төгсөөд, Дорно дахины хүрээлэнд ажиллана гэж бодож, итгэж найдаж байлаа. Гэтэл тэнд орон тоо байгаагүй, ганцхан монгол судлаач ажиллаж байсан нь миний багш байсан. Тиймээс би ч өөрөө буруу бодож тооцоолж байсан санагддаг. Ингээд Бээжинд хятад хэлний орчуулагчаар томилогдон гурван жил ажилласан юм. Харин 1969 оноос хойш Дорно дахины хүрээлэнд ажилласан түүхтэй. Ингээд Монголд суралцсан ганц монголч эрдэмтэн нь би байсан болохоор манай хоёр орны гадаад харилцаатай холбоотой асуудалд би нэлээд явдаг байлаа. Тухайлбал Чехэд монголчууд олноороо ажиллаж байсан болохоор манай төлөөлөгчид Монгол руу зочилно. Тэгэхэд надад бас ашигтай санагдаж байлаа. Яагаад гэвэл тэднийг дагаж орчуулагчаар Монголд ирэх аялах боломж нээгдэнэ. Зарим жил гурав, дөрвөн ч удаа Монголд ирдэг байлаа. Мөн би Элчин сайдын яаманд ажиллаж, Чех, Монголын хамтарсан компанид захирлаар ажиллаж байсан. Тиймээс ажил байдлаас болоод Монголтой холбоотой нарийн сэдвээр тусгайлан судалгаа хийх боломж бага байсан юм. Гэхдээ 1960-1970 оны хооронд Монголын уран зохиол, яруу найргийн бүтээлүүдийг нэлээд орчуулсан. Мөн сургуулиа төгсөөд, анхны Чех-Монгол, Монгол-Чех толь бичиг гаргасан. Дашрамд хэлэхэд надад “Өдрийн сонин”-ы олон дугаар бий. Архивалчихсан байгаа. Би 1990-ээд оны сүүлээс эхлэн “Өдрийн сонин”-ыг өдөр бүр уншиж ирсэн. Чехээс захиалж авдаг юм. “Өдрийн сонин” маань Өглөө бүхэн та бидэнтэй хамт шүү дээ.

-Анх Монголд сурах болоход таны аав, ээж юу гэж захиж байсан бэ. Манай улс тухайн үед харьцангуй нам, тайван байв уу?

-Би өөрөө Чехийн нийслэл Прага хотод төрсөн ч миний аав хөдөөний хүн. Тиймээс аав маань чи залуу байна. Тэр улсад очиж их юм сураарай, залуудаа юм үзэх хэрэгтэй гэж байсан. Харин ээж болохоор бусад ээжүүдийн л адил “Чи юу ч чадахгүй, хэл мэдэхгүй, миний санаа зовоод байна. Хурдан ир” гэдэг байлаа. Ямартай ч намайг анх Улаанбаатарт ирж байхад маш тайван хот байсан. Хот бараг хүнгүй, аюулгүй, орой үдэш явахад айх зүйлгүй, амар тайван.

-Харийн орноос ирсэн хэл мэдэхгүй хүнд бэрхшээл их байсан байх. Танд ямар хүмүүс хамгийн их тусалж байв?

– Хэн хамгийн их тусалсан гэж асуухаар би бага насны хүүхдээс эхлээд мундаг эрдэмтэд хүртэл бүгд тусалсан гэж хэлэх дуртай. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн багш нар хүртэл тусалж байлаа. Тухайн үед Чех, Монголын харилцаа өргөн байлаа. Монголд Чех хүнийг мэдэхгүй хүн гэж ховор байсан. Би ч Монголд их дассан, энд байх улам дуртай болсон. Монголчуудтай хамт байх сайхан байдаг. Манай найзууд, оюутнууд хичээлийн дараа гэртээ их урина, хөдөө хүртэл оч гэдэг. Айлд очиход сайхан хүлээн авч, цай хоолоор дайлна. Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог найзыгаа дагаад хөдөө хүртэл очиж байлаа.

-Монгол, Чех улсын хооронд ямар ялгаа байна. Мөн адил төстэй зүйл юу байна?

-Харьцуулаад харвал нэлээд төстэй зүйл олон. Гэхдээ чехүүдийн мэдэх хүмүүс нь л монголыг мэдэхээс биш. Ихэнх нь мэдэхгүй байгаа нь надад харамсалтай санагддаг. Тухайлбал зарим чех хүмүүс монголд байшин байхгүй гэж бодож байгаа. Улаанбаатарт гэр хорооллын асуудал байдаг бол манай Прагад ч мөн ийм асуудал бий. Гэхдээ Монгол хөгжиж байна. Гурван жилийн өмнө Улаанбаатарт ирж байхад надад хэцүү санагдсан, эмх замбараагүй төвөгтэй болсон санагдаж байлаа. Харин энэ жил нэлээд боломжийн болчихсон байна гэж бодлоо. Явган хүний гарцаар зам гарч байхад машинууд ямар гэрлээр хамаагүй давхидаг, би айгаад монгол хүний гараас хөтөлж зам гардаг байсан. Одоо өөр болсон байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо хүртэл соёлтой болжээ. Гэхдээ нийслэлдээ хүн ам ихтэй болж, өмнө нь Сүхбаатарын талбайгаас дөрвөн уул харагддаг байсан бол одоо өндөр, өндөр барилга барьчихаж. Гэхдээ нэлээд цэцэрлэгжүүлэлттэй, цэцэг ургамалтай болж байгаа нь сайхан санагдаж байна.

-Монголд ирж үзсэн чехүүд манай орны талаар ямар сэтгэгдэлтэй байна. Юуг нь хамгийн их сонирхож байгаа харагддаг вэ?

-Хөдөө болон хот гээд хоёр өөр монгол болчихоод байгаа юм шиг зүйл ажиглагдаж байна. Чехүүд Монголын хөдөө явах дуртай. Тэд Монголд ирэх, монгол хүнтэй танилцаж, найзалж, нөхөрлөхийг хүсэж байна. Би Монгол явах гэж байгаа хүнд танилцуулахдаа Монголчууд найрсаг, зочломтгой, хэцүү байдалд орвол тэд сэтгэлээрээ тусална гэж хэлдэг. Тэгсэн манай улсын нэг иргэн Монгол явж ирчихээд гайхан ярьж байсан. Учир нь Хөдөө хээр эзгүй талд явж байхад нь их бороо орсон чинь гэнэтхэн морьтой хүн давхиж ирээд, гарын хөдөлгөөн, нүүрний хувирлаараа манайд ор, нааш ир гээд морин дээрээ суулгаад аваад явжээ. Тэгээд гэрт нь очиход хоол хийж өгөөд, өмсөх хуурай хувцас өгч, унтаж амар, дахиж хоно гэсэнд ихэд баярлаж, гайхсан байсан. Тиймээс чехүүд Монгол руу явах их дуртай байна.

-Монгол хүний зан араншин, харилцааны онцлог чанар нь ямар байна. Аль нь зөв, аль нь буруу байна. Юун дээр алдаж, юун дээр онож байгаа харагддаг вэ?

-Мэдээж монгол хүний зан чанар европ хүнээс өөр. Тухайлбал Чехэд 6000 гаруй монголчууд ажиллаж амьдарч байгаа. Тэд маш итгэмтгий хүмүүс, гэхдээ дэндүү итгэмтгий гэж би бодож байна. Мэдээж хөдөө амьдарч байгаа монгол хүн хөршийнхөө хүнд итгэхгүй бол болохгүй, энэ зан чанартай нь ч холбоотой байх. Монголчууд хэтэрхий хурдан хүнтэй танилцаж, хэтэрхий хурдан итгэдэг. Гэтэл муу хүн байдаг шүү дээ, манай Чехэд ч муу хүн байна. Тухайлбал тэнд ажиллаж байгаа монголчууд нэг хүнд итгээд, өөр ажилд ордог. Нөгөө хүндээ залилуулаад дахиад өөр ажилд ордог зэргээсээ болоод алдах тохиолдол гарч байна. Чехэд хүний хөдөлмөр шулдаг, шударга бусаар, хэл мэдэхгүйг нь далимдуулж гэрээ хийдэг зэрэг хувийн бизнесийн байгууллагууд байна. Мөн монголчуудын хэтэрхий тайван, хэнэггүй зан өөрсдийг нь хэцүү байдалд хүргэж байна. Тодруулбал визээ сунгуулахгүй, за маргааш больё, дараа болно биз гэж байж байгаад яг сунгуулах гээд очиход таны виз маргааш дуусна, одоо сунгах боломжгүй та Монгол руугаа буц гэдэг. Тэгэхэд нь би өмнөөс харамсдаг. Чехэд байгаа монголчуудын ихэнх нь надтай харилцаа холбоотой, ах дүү шиг байдаг. Тэгээд л над руу утастаад, яг одоо юм орчуулах хэрэгтэй байна гэдэг. Гэтэл би өөр хотод явж байна. Чехийн хөдөө амьдардаг зарим монголчууд миний утсыг мэдэх хирнээ надтай ярихгүйгээр галт тэргэнд суугаад Прага хотод ирчихдэг. Ирчихээд би ирчихлээ, танаар юм орчуулуулах хэрэгтэй байна гэдэг. Гэтэл би хөдөө явж байдаг. Ингээд унааны мөнгө болон хотод хоол буудлын мөнгө зарцуулж, намайг хоёр хоног хүлээж байх жишээний. Ингэхийн оронд миний байгаа газар руу шуудангаар явуулсан бол тэр дор нь орчуулаад, буцаагаад явуулна.

-Монголчууд Чехэд ямар, ямар ажил хийж амьдарч байна?

-Голдуу арьс ширний үйлдвэрүүдэд ажиллаж байна. Мөн машины тоног төхөөрөмжийн үйлдвэр болон оёдлын үйлдвэрт нэлээд хүмүүс ажилладаг. Монголын хамгийн мундаг удирдаач хүний удам дамжсан авьяаслаг хөгжимчин хүү хүртэл Чехэд хар ажил хийж байгаад ирсэн. Надад харамсалтай санагддаг. тэр хүний гар хөгжимд зориулагдсан төрөлхийн авьяастай болохоос биш, хүний нутагт хар ажил хийх гар биш. Мөн монголчуудыг болон гаднынхныг хагас бүтэнд ажиллуулдаг, ажлын хөлсийг нь бага өгдөг, хохироодог зэрэг тохиолдол нэлээд гардаг.

-Чех явж амьдрах хүсэлтэй хүмүүс хэр тааралдаж байна. Манайхан гадагшаа явах их сонирхолтой байдаг. Мөн Чехэд бизнес хийгээд боломжийн амьдарч байгаа Монголчууд бий юу?

– Бизнес хийдэг ганц нэг монгол хүн бий. Тийм боломж бараг байхгүй, хэцүү. Чех явах сонирхолтой хүмүүс байдаг. Гэхдээ Монголоос гараад амьдрал сайхан гэж бодож болохгүй. Монгол сайхан орон. Энд аргыг нь олоод сайхан амьдрах боломж бий.

-Манай орны нийгэм эдийн засгийн байдал Чехтэй харьцуулахад хэр санагдаж байна?

-Эдийн засагч биш болохоор би нарийн ширийн зүйлийг сайн мэдэхгүй юм. Чехэд ч, Монголд ч ялгаагүй хэт баян болон хэт ядуу хүмүүсийн ялгаа их байна. Манай улсад ч гуйлгачин хүмүүс гудамжаар байдаг. Харин Монголд ирээд хэд хоноход нэг ч гуйлгачин хүн харсангүй. Би баярлаж байна. Өмнө нь гудамжны хүүхдүүд их байсан. Тэгэхээр монгол хөгжиж байх шиг байна. Гэхдээ Монголд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хэтэрхий өндөр үнэтэй байгааг би үнэхээр гайхаж байна. 70 сая малтай гуравхан сая хүн амтай улсын махны үнэ манай улсын махны үнэтэй адилхан байна. Сүүний үнэ Чехэд Монголоос хоёр дахин хямдхан. Чехүүд өдөр бүр мах иддэггүй, харин монголчууд нэг өдөр махгүй байж чадахгүй. Монгол уг нь Азийн төв хэсэгт, өргөн уудам баян тансаг газар нутагтай цөөхөн хүн амтай улс болохоор удахгүй сайхан хөгжих байх. Монгол хэзээ ч Америк шиг Орос шиг болохгүй Монгол бол Монголоороо үлдэх, монгол гэдэг язгуур онцлогоороо хөгжих ёстой.

-Монгол судлаач гадны хүний нүдээр харахад манай улсын аль салбарт ямар алдаа байгаа гэж та харж байна?

-Багш, эмчийн боловсролд маш өндөр анхаарах хэрэгтэй. Мөн хамгийн чухал, ач холбогдолтой, хаана ч ажилтай байх мэргэжил. Намайг Монголд оюутан болж байх үед боловсролын чанар, сурагч оюутнуудын хандлага зөвхөн сурахыг эрхэмлэсэн арай өөр байсан санагдаж байна. Аль ч улс боловсролын чанарт өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй. Ийм олон сонголттой, бараа бүтээгдэхүүн, хэтэрхий их импорт хэрэггүй гэж бодож байна. Шүдний оо гэхэд л ганцхан сонголттой байж болно. Хэрэггүй зүйлд өндөр зарлага гаргадаг, хэрэглээ өндөртэй байгаа нь ажиглагддаг.

-Та одоо Чехэд ямар ажил эрхэлж байна?

-Тэтгэвэртэй гарсан. Гэхдээ Чехийн нийслэл Прагад нэг жижиг музей байгуулсан. Хашаандаа гурван гэртэй. Анх Монголд оюутан байхдаа гэр худалдаж авч байсан юм. Надад машин байхгүй, монгол гэр, мянга, мянган монгол найз байна. Музейдаа өвөл зунгүй янз бүрийн үзэсгэлэн гаргадаг. Зургийн уралдаан зохион байгуулдаг. Тэгэхэд Монгол хүүхдүүд хамгийн гоё зургийг зурж байна. Тэдний мэдрэмж, гарын дүй арай л өөр. Япон, Солонгос хүүхдүүд хэзээ ч тийм зураг зурж чадахгүй. Монголчууд маш нарийн өнгөтэй, гайхалтай зурдаг. Хөдөөний амьдрал болон уул ус, Чингис хаан зэргийг голдуу зурдаг.

-Чехэд монгол сургууль бий юу. Монголчуудын хүүхдүүд ямар сургуульд сурч байна?

-Хүүхдүүд Чех сургуульд сурч байна. Харамсалтай нь монгол сургууль гэж байхгүй. Хувийн сургууль ч хамаагүй монгол сургууль байгаасай гэж би боддог. Тэнд төрсөн Монголын тухай мэдэхгүй монгол хүүхдүүд ч олон байна. Арга ч үгүй эцэг эхүүд нь хамгийн сүүлд 10 жилийн өмнө л Монголд очсон гэдэг. Ажил ихтэй, завгүй боломжгүй зэргээсээ болоод Монголдоо ирж чадахгүй байна.

-Чехийн юунд нь татагдаж, монголчууд тэнд амьдраад байна?

-Нийгмийн янз бүрийн нөхцөл нь таалагдаж байх шиг байна. Тухайлбал нэг үйлдвэрт ажиллаж байгаад, хүүхэд төрүүлэхэд хоёр, гурван жил үйлдвэрээс нь цалинжуулж, хүүхдээ харах боломжийг нь олгодог.

-Та монгол эхнэртэй, гэр бүлээ танилцуулаач. Танай хүүхдүүд монголд ирэх дуртай юу?

-Миний эхнэр Монголын нэртэй зураач Балдандоржийн охин. Эхнэрийнхээ аавтай ажлын шугамаар танилцсан эртний холбоотой байсан. Чехэд сурч, ажиллаж амьдарч байсан хүн бий. Одоо 90 гарсан буурал бий. Тиймээс эхнэрээ багаас нь би мэднэ. Бид олон насны зөрүүтэй ч гэр бүл болоод, хоёр хүүхдийн аав ээж болсон. Хүү маань гурван настай, охин маань нэг настай. Манай хүү би Монголд байхдаа монгол, Чехэд байхдаа чех хүн гээд байгаа хэвлүүхэн хүү бий.

Н.Ганчимэг

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Дэлхийн нэг хэсэг болчихсон л бол том талбар дээр тоглож сурах хэрэгтэй

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт таагүй байгаа. Хөрөнгө оруулагчдад Монгол ер нь ямархуу харагдаж байна вэ?

-Өнөөдөр хоёр уулзалт хийлээ. Вьетнамын хөрөнгө оруулагч, Японы компанийн төлөөлөлтэй уулзлаа. Тэд “Танай Монгол чинь ямар гоё юм бэ. Бизнес хийх боломжоор дүүрэн улс байна шүү” гэх жишээний. Боломжийг гэхэд л олон янзаар нь олоод харчихсан. Газар нутаг, байгалийн нөөц ихтэй, хүмүүс нь бэлтгэгдээд дажгүй болоод эхэлчихсэн, өчнөөн мөнгө хийх боломжтой гэж хараад байна л даа. Гэтэл бид өнөөдрийн жаахан юмаа яаж хуваах вэ гэдэг дээрээ л гацчихаад байгаа. “Эрдэнэс Монгол” сүүлийн арван сарын турш яаж дараагийн шатанд гаргах вэ гэсэн гарцыг хайж ажиллалаа. Өнөөдрийн бизнесээ хүн шиг хийж, зардлаа багасгаад дараагийн шат руу шилжье гэж хичээлээ. Эдийн засаг томрох тусмаа л Монголд, монгол хүнд сайн. Томрох сууриа одооноос тавих хэрэгтэй. Гэхдээ төсөл гэдэг юм сэтгэлийн хөөрөл, улстөрийн шийдвэрээр бий болдоггүйг бултаараа харлаа. Ерөнхий сайд сая хийсэн мэдэгдэлдээ ч хэлсэн. Олон жил ярьсан ч одоо болтол зөв хийгдсэн төсөл нэг ч алга гэдэг нь үнэн. Үүнээсээ салах хэрэгтэй.

-Алдаагаа давтахгүйн тулд өмнөх засгийн үед ярьсан, тодорхой хэмжээнд ахиулсан төслүүдээ үгүйсгэх биш, харин ч илүү сайжруулаад явах ёстой байх, тийм үү?

-Сууриа сайн бэлдэхгүй зүгээр л шүүмжлэхийн тулд шүүмжлээд орхивол ахиад нэг нөхөр гарч ирээд бидэнд юу ч алга гэж гомдоллоод сууна. Ахихын тулд системтэйгээр ажиллах хэрэгтэй. Өнөөдөр байгаа хөрөнгөндөө түшиглэж шинэ бизнест орох нь тодорхой. Түүнээс биш хов хоосон бол хэцүү.

-“Эрдэнэс Монгол” хөгжил авчрах том төслүүдээ хөдөлгөх суурийг системтэйгээр бэлдээд эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Товчхондоо тийм. Гол зорилго тодорхой. Ерөөсөө л шинэ бизнес бий болгох. Хүмүүс “холын юм ярьж байна” гэх мэтээр янз бүрээр шүүмжилнэ л дээ. Холын юмыг өнөөдөр барьж авч байж л эдийн засаг томорно. Түүнээс биш өнөө маргаашаа харж, байгаа жаахан юмаа биенээсээ өрсөж идэх гэж өрсөлдвөл эдийн засаг хэзээ ч томрохгүй. Холын юмыг эхлүүлэхдээ дунд нь ямар нэг шат алгасвал буцаад унах эрсдэл бий.

-Та сүүлийн жилийн хугацаанд хийсэн ажлаа энгийнээр тайлбарлаач. Том төслүүдээ хөдөлгөх суурь чухам юу байхав гэдэг нь сонирхол татаж байна?

-Компанийнхаа санхүүгийн тайлан балансыг дэлхийн том дөрвийн нэг “Эрнст Янг”-аар хийлгэчихлээ. Өмнө хэрэглэдэг байсан стандартаа орхиод өөр стандарт руу шилжиж байгаа гэдэг утгаараа их удаан процесс л доо. “Багануур”, “Шивээ-Овоо” гээд хэдэн арван жил ажилласан компаниуд өөр өөрийн гэсэн стандартуудтай байсан. Буруу, зөвийн асуудал биш, зүгээр л өөр стандарт хэрэглэдэг байсан. Стандартаа өөрчлөхийн тулд хүн нь өөрчлөгдөх ёстой, хүн нь өөрчлөгдөхийн тулд шинэ стандартаа ойлгож, хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ бүхэн тэр чигтээ процесс.

-Улстөрчид хэр ойшоох бол доо, хэдэн цаас л байна гээд харахгүй өнгөрөөх эрсдэл манайд бол өндөр шүү. Та тэгж болгоомжлохгүй байна уу?

-Магадгүй. Гэхдээ ийм юмтай байж л бид дараагийн том бизнесийнхээ гарааг хийнэ. Хөрөнгө оруулагчидтайгаа ярьж эхэлнэ. Хэрвээ үүнийг үргэлжлүүлэхгүй, ойшоохгүй орхивол дөрвөн жилийн дараа ахиад л “Шаардлага хангах ямар ч төсөл алга” гэж яриад сууна. Үүнийг хийж чадсан маань их олон давуу талыг бий болгосон. Компаниудын санхүүгийн захирлууд нь ямар ч байсан шинэ стандартаа ойлгодог болчихсон. Ажлаа графикийнхаа дагуу хийдэг болсон. Тайлан бүртгэл нь арай өөр болоод ирж байна. Хоёр жилийн дараа улам сайжирна. Гадныхантай суугаад ярихад харуулах зүйлтэй, ярих юмтай болно гэдэг том давуу тал.

-Азийн хөгжлийн банкнаас авсан санхүүжилт ч энэ зүг рүү чиглэж байгаа байх аа?

-Тийм. Монголд том төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай институци хэрэгтэй. Үүнийг л хийх гээд байгаа юм. Төслийн нэгж гэж яамны дор ч юм уу байгуулчихдаг байсан. Яам бодлого хийх ёстой газар, зохицуулалтаа хариуцдаг институци. Гэтэл дээрээс нь хөрөнгийн удирдлага, шинэ төслийг боловсруулж ажиллана гэхээр чадамж талаасаа хэцүү. Төсөл явдаггүйн гол шалтгаан ерөөсөө л энэ. Олон улсын байгууллагын санхүүжилтыг авч зөв институци бий болгочихвол байдал эерэгээр эргэнэ. Ирээдүйн бизнес бол коннективити. Эдийн засаг болгон хоорондоо санхүү, дэд бүтцийнхээ гээд аль ч хүрээнд уялдаатай холбоотой болчихсныг хэлээд байгаа хэрэг л дээ. Үүн рүү бид орох ёстой. Үүнээс л шинэ бизнес төрнө. Хятадууд “нэг бүс-нэг зам” гээд байгаа нь цаанаа ийм учиртай. Япон, Хятад гэх мэт том эдийн засгууд ирээдүйгээ тавь, зуун жилээр хардаг. Яаж тогтвортой байлгах вэ гэдгээ харж хөгжиж байна. Энэ дунд Монгол бөөн боломж байгаа. Гэхдээ сайн дурын уран сайханч маягаар ажиллавал ахихгүй л дээ.

-Нэг том төслийн нийт хөрөнгө оруулалтын ядаж таван хувь нь эхний шатандаа зарцуулагддаг гэж та ярьж байсан. Таван хувийн зардлаа гаргаж чадахгүй бол төсөлд мөнгө татах боломжгүй юу?

-Ямар ч боломж байхгүй. Өнөөдрийн хувьд төслөө зөв хийдэг болох гэж таван хувийн зардлаа гарган ажиллаж эхлээд байна. Зөв институтциэ бий болгохоор ажиллаж байна. Энэ компанийн чинь эзэн Монголын Засгийн газар. Иргэдийнхээ өмнөөс эзэмшиж байгаа нь засаг гэсэн үг. Энэ компани ямар ч засгийн үед зөв явж, ашигтай ажиллах ёстой. Ашигтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлээд явж байна.

-Ямар ажлыг хэн хийж байна вэ гэдгээс их зүйл шалтгаалаад байх шиг санагддаг. Жишээ нь таны дараагийн хүн хэн байхаас том төслүүд цаг алдалгүй хөдлөх эсэх нь хамаарах байх…?

-Систем гэдэг юм байхгүйгээс хувь хүнтэй холбоотой болоод байгаа юм. Систем нь бүрэлдсэн үед тодорхой шалгуур хангасан хүн нь ирээд энэ ажлыг хийхэд асуудалгүй.

-Систем нь бүрэлдээгүй энэ цагт хувь хүн дээр ярихаас аргагүй л дээ…?

-Бодит байдал тийм л байгаа биз. Компанийн хувьд яривал хувьцаа эзэмшигчид нь бодлогоо тодорхойлдог, тэрэндээ үндэслээд менежмэнтээ томилоод явдаг зарчим бий. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалт чухал гээд хүн бүр ярьж байна. Макро эдийн засгийг тогтворжуулахад хөрөнгө оруулалтыг зайлшгүй нэмэх шаардлагатай. Хөрөнгө оруулалт том төслөөр дамжиж орж ирнэ. Хоосон юманд хэн ч хөрөнгө оруулахгүй. Төслөө хийх хэрэгтэй. Жишээ нь Оюу толгойг стандартын дагуу хийсэн учраас модоор цохисон ч унахгүй байгаа. Дараагийн Оюу толгойг бий болгохгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Улстөрчийн үгээр төсөл бүтдэггүйг бид их сайн ойлгосон. Улстөрийн мэдэгдэл хийгээд байдаг ч бизнес болтлоо өдий шүү дээ.

-Гэхдээ улстөрчид төслийг ийм шат дараалласан процесстой, хугацаа, хөрөнгө шаарддаг гэдэгтэй эвлэрдэггүй, тийм тэвчээр ч байхгүй. Өнөөдөр яриад маргааш эхлүүлнэ л гэдэг улс. Энэ тохиолдолд улстөртэйгээ том төслүүдээ яаж уях вэ?

-Ганц манай улсад ч биш Америкт ч тийм. Улстөр маш хурдан өрнөдөг онцлогтой. Бизнес бол яриа хэлэлцээ өрнүүлж байж тодорхой ахиц гардаг. Анх намайг “Зөв гольдрилд нь оруулахын тулд дөрвөөс зургаан жил хийх ёстой ажил” гэхэд хүмүүс “Чи юу ч хийхгүй л гэж байгаа юм байна ш дээ” гэж байсан. Тайлан балансаа зөв стандартад оруулах гэж л бүтэн жил болж байна шүү дээ.

-Одоо тайлан баланс лав зөв стандартдаа орсон, дэлхийн төвшинд очсон гэж ойлгож болох уу?

-Ямар ч байсан хүнд үзүүлэх юмтай болсон. Ийм хэмжээний хөрөнгө, орлого, зардал, ашигтай юм байна гэдгийг хөрөнгө оруулагчид хараад ойлгодог болсон. Миний сурсан ажлын орчин онцлогтой. Ямар ч зүйлийг дороос нь эхэлдэг. Төсөл хийхийн тулд эхлээд зах зээлээ судалдаг. Зах зээл дээр ямар асуудал байгааг судална. Эрчим хүчний төсөл гэхэд л асуудал нь юу байна, шалтгаан нь юундаа байгаа вэ гэдгийг харж, зах зээл эдийн засгаа судлахаас эхэлдэг. Тэгээд хөрөнгө оруулалтаа ярьдаг. Улстөрийн шийдэл хэрэгтэй бол энэ бүхний дараа хийгддэг асуудал. Гэтэл бид хөрөнгө оруулалтаа өмнө нь тавиад тэрэндээ тааруулах гээд үзээд байдаг. Харамсалтай нь зах зээлийг хэн ч хуурч чаддаггүй. Зах зээл гэдэг өөрийн гэсэн дүрэм журамтай. Тэгэхээр салбарынхаа суурь анализыг хийгээд, тэрэндээ таарсан шийдлийг олсны дараа төсөл боловсрогддог.

-Манайх төслүүдээ дээрээс нь эхэлдэг юм байна. Улстөрийн шийдвэр гаргачихаад дараа нь асуудлаа судлахаар мөнгө босгож чаддаггүй байх нь ээ?

-Зах зээлийн шалгуур хангахгүй болохоор мөнгө босохгүй нь ойлгомжтой асуудал. Хотыг тойроод өчнөөн эрчим хүчний төсөл байгаа боловч аль нь ч хэрэгжихгүй байна гэсэн шүүмжлэл цаанаа ийм учиртай. Том корпорациуд шийдвэр гаргахдаа уддагийн учир нь бүхнийг дороос нь эхэлж судалдагтай холбоотой. Оюу толгойн ТЭЗҮ гэхэд л маш олон шатаар орж батлагдаад, эцэс нь хөрөнгө оруулалтаа босгоод явж байна. Хэр хугацаа зарсныг бид харсан.Олон жил ярьж байгаа макро эдийн засгийг тогтворжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад мэргэжлийн суурь хэрэгтэй. Систем нь, компани нь, институци нь зөв байж хөрөнгө татахаас биш улстөрчдийн үгэнд итгэж хөрөнгө оруулдаг хүн байхгүй.

-“Эрдэнэс Монгол” том хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж чадсан уу?

-Чадсан. Бид портнёруудтай болсон. “Женерал электрик” хамтаръя гэж байна. Мэдээж тэд эхлээд Хятад, Япон, Орос зэрэг том эдийн засгуудаа харна. ”Женерал электрик”-ийн хувьд Монгол бүхэлдээ бизнесийн боломж гэж харагдаж байгаа. Технологийн том компани бизнесийн боломжоо олоод харчихсан гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-ыг портнёроо гээд харчихсан. Өмнө нь хамтарч ажиллая, баримт бичиг гэрээнд гарын үсэг зуръя гэдэггүй байсан. Санхүүгийн тайлан балансаа дэлхийн компаниар гаргуулчихсан учраас тэд ирсэн. “Женерал электрик”-ийн IT хариуцсан захирал гэхэд л энэ долоо хоногт ирж байна. Туршлагаасаа хуваалцъя гэж байгаа. IT-г зөвхөн компьютер гэж харах аргагүй. Бизнесийг амжилттай, ашигтай ажиллуулахад чухал үүрэгтэй эд. Тэр дундаа уул уурхайн бизнест.

-Том төслийг амжилттай бэлдэх суурийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бэлдэж байгаа талаар сая та бид хоёр ярилаа. Энэ санхүүжилт ирэх дөрвөн жилд үргэлжлэх үү?

-Тэгэхийн тулд засаглал зөв байх ёстой. Төрийн өмчтэй бизнесийн засаглал, менежмэнт аливаа улстөрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэж үеийн үед ярьдаг. Мэргэжлийн, хөрөнгө оруулалт, уул уурхай, дэд бүтцээ сайн мэддэг, салбартаа танигдсан, хараат бус хүмүүс ТУЗ-д орж байж компанийн засаглал зөв байна. Төрийн өмчит компанийн ТУЗ-ийг өмнө нь хэдэн яамдын дарга нар байдаг бүтэц гэж ойлгодог байсан. Гэтэл ТУЗ гэдэг компанийнхаа стратеги, бизнес төлөвлөгөөг баталдаг, ашиг орлоготой байх эсэхээ хянадаг, компани, хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хариуцлага хүлээдэг бүтэц. ТУЗ зөв байх нэгдүгээр асуудал. Асуудалд сайн дурын уран сайханч төдий биш мэргэжлийн үүднээс ханддаг болох тухай яриад байна л даа.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах суурь нь мэдээж сайн төсөл. Энэ эрчээ алдахгүй ажиллавал сайн төсөл бэлдэх суурийг гурав, дөрвөн жилийн дотор хийж чадах уу?

-Боломж бий. Хэрвээ тэгж чадвал ахиад хорин жилийн турш хөрөнгө тал нь ашигтай ажиллаад, шинэ бизнес нь тогтвортой өсөх боломжтой.

-Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах бүтцийг засгийн дэргэд байгуулсан нь хэр зөв шийдэл вэ?

-Би Бизнесийн зөвлөлийн даргын албатай. Гурав, дөрвөн жилийн өмнөөс л энэ чигээр ажиллаж эхэлсэн. Засгийн дэргэд бүтэц байгуулсан нь зөв. Гадаадын хөрөнгө оруулагч Монголд их зовдог. Олон шалтгаантай л даа. Өөрийнхөө буруу үйлдлээс болох нь бий. Гэхдээ ихэнхдээ өнөөгийн системээс болдог. Шинэ стандартаар юм хийх гэхээр өнөөгийн стандарттай зөрчилддөг. Тэдэнд тулгарсан асуудлыг Ерөнхий сайдын хэмжээнд бүртгэж аваад, шийдлийг нь гаргаад явбал их зөв алхам.

-“Эрдэнэс Монгол”-ын ирэх дөрвөн жилд анхаарах асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-“Эрдэнэс Монгол”-д Багануур, Шивээ-Овоо, Оюу толгой, Таван толгой гэж дөрвөн том хөрөнгө бий. Юуны түрүүнд энэ компаниудынхаа стандарт, засаглалыг шинэчилж, зөв менежмэнт хийж, санхүүгийн зардлыг нь багасгаад явбал ашигтай ажиллана. Эхлээд хийх ажил бол энэ. Тэгвэл манай баланс эрүүлжинэ. Эрчим хүчний том эх үүсвэр, дамжуулах шугам гэх мэт төслүүд рүү цэвэрхэн баланстай компанитай орж хэрэгжүүлбэл асуудалгүй. Учир нь Засгийн газарт мөнгө байхгүй. Дэлхийн Засгийн газрууд ч ялгаагүй, дэд бүтцийн том төслүүд хэрэгжүүлэхэд ийм зовлон хэлдэг.

Тийм учраас хөрөнгө оруулалт татахад анхаардаг. Засагт өнөөдөр нэг боломж бий. Энэ их хөрөнгөд зөв менежмэнт хийвэл дараагийн зам буюу шинэ төсөл хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Тэгэхээр зардлаа бууруулахад анхаарахаас аргагүй.

-Хөрөнгө оруулагчидтай амжилттай яриа хөөрөө өрнүүлэхэд таны ажлын туршлага их нөлөөлсөн байх…?

-Хөрөнгө оруулалтын банк, том сангууд их цөөхөн. Бүгд биенээ мэднэ. Тэр орчинд худлаа ярьж болдоггүй. Ёс зүйгүй авирлаж болдоггүй. Төрийн өмчийн компани гэхээр мөнгөө төлөхгүй унждаг гэх мэт сул тал байсан. Би нэг юмыг өнөө хүртэл ойлгодоггүй. Бизнесийн орчин нь олон улсын зах зээлтэй нийлчихээд байхад тэрийгээ хүлээн зөвшөөрөхгүй явах нь маш буруу. Прогрессийг удаашруулаад байгаа л хэрэг. “Монголд өөр, та нар юу мэдэх вэ, барууныхаар бүх юм явдаггүй” гэж шүүмжилдэг хэсэг улс бий. Нэг талаасаа зөв шүүмжлэл байх, гэхдээ байнга ингээд байвал хэцүү. Том юмны нэг хэсэг болчихсон л бол том талбар дээрээ тоглож сурах хэрэгтэй. Тод жишээ нь олимп. Бүх юмыг сумын наадам шиг харж болохгүйг олимпийн талбар дөрвөн жил тутам харуулж, мэдрүүлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Эмэгтэй гишүүд албан бус байдлаар зохион байгуулалтад орж ажиллана

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-Сонгуулийн үеэс ярилцлагаа эхэлье. Та НАМЭХ-ны Ерөнхийлөгч, улстөрд шинэ хүн биш. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар УИХ-ын гишүүн, БШУ-ны сайдтай өрсөлдсөн. Бэрх өрсөлдөгч байсан байх?

-2016 оны сонгууль телевизийн ярилцлагад орох, сонгогчдод хувиараа юм амалж болохгүй гэх мэт асар хатуу хуулийн зохицуулалттай болсон. Гэхдээ ард түмний амьдрал ахуйд тулгарсан асуудлыг аль нам нь мөрийн хөтөлбөрөөрөө шийдэх бодлого, зорилт гаргаж ирсэн байна вэ гэдэгт л иргэд дүгнэлтээ өгдөг юм байна. Яг үнэнийг хэлэхэд эрх баригчид 1072 хувьцааны мөнгө гээд 300 мянган төгрөг тараасан шүү дээ. Гэвч сонгогчид маань үнэхээр сонгуулиа өгч сурчээ. Сонгуулийн өмнө улстөрийн намууд, хөндлөнгийн байгууллагууд нэр дэвшигчдийн рейтингийн судалгаа хийж байсан. Тэр судалгаануудаас иргэд улстөрчдөд үнэлгээ, дүгнэлт өгч чаддаг болчихсон нь харагдаж байлаа. Мөнгөтэй, төгрөгтэй хүн гэхээс илүү бидний төлөө хэн ажиллах вэ, тэр хүнээ сонгоно гэсэн хатуу байр суурь анзаарагдаж байсан. Ингээд өнөөдрийн хүнд байдлаас хэн бидэнд туслах вэ гэсэн хүнд асуултынхаа хариуг л хайж МАН-д саналаа өгсөн. Тиймээс олонхоороо ялалт байгуулна гэдэг нэг асуудал. Одоо хамгийн чухал нь энэ өндөр итгэл үнэмшлийг маш сайн ажиллаж хариулах ёстой. Ийм л байр суурьтай байгаа.

Өрсөлдөгчийн тухайд сонгуульд муу учраа гэж байхгүй шүү дээ. Сайн өрсөлдөгчтэй таарсан. Тиймээс сайд гэдгээрээ салбарынхнаа ашиглалгүй шударга өрсөлдөөсөй гэж бодож байсан. Сургуулийн захирал байлаа гэхэд хувь хүнийхээ зүгээс Ц.Цогзолмааг дэмждэг ч сайд нь өрсөлдөхөөр үгүй гэж чаддаггүй зан манайханд байдаг шүү дээ. Ийм зүйлс болоод сонгуулийн луйвар битгий гараасай гэж бодож байсан. Гэхдээ энэ удаагийн сонгуулийн хууль их чанга байлаа. Хар пиар технологи талаасаа огт юм гараагүй гэж хэлэхгүй. Гэхдээ харьцангуй шударга өрсөлдсөн шүү.

-Өнгөрсөн сонгуулиар бүх л нам эмэгтэй нэр дэвшигчдээ хатуу учраануудтай тулгачих шиг болсон. Мөн УИХ-д нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг улам буурууллаа?

-Өөрөө их зөв анзаарсан байна. МАН төдийгүй бүх эмэгтэйчүүд торгуулийн батальоноос гарч ирсэн. Квотыг 30 гэж байгаад аравхан хоногийн өмнө 20 болгосон. Уг нь соёлт хүн төрөлхтний нийгмийн харилцаанд өдгөө эмэгтэйчүүд эхэлж сонголтоо хийдэг үнэт зүйл үйлчилж байгаа. Эмэгтэй хүн эхлээд сонголтоо хий, үгээ хэл гэдэг. Машинд суусан ч эмэгтэйгээ түрүүлүүлдэг биз дээ. Гэтэл яг улстөрийн халуун тогоонд байдал эсрэгээрээ байсан. Аль ч нам эмэгтэйчүүд эхлээд тойргоо сонгочих гэсэн боломж олгоогүй. Би энэ соёлд бүх улстөрийн намууд суралцаасай гэдгийг бүх намын удирдлагуудад болон залуу эрэгтэй улстөрчдөд уриалж хэлэхийг хүсч байна. Сая бол эрчүүд сонголтоо түрүүлж хийчихээд бөхөөр бол тунасан бөхчүүд чинь л эмэгтэйчүүд байлаа шүү дээ.

Гэхдээ эмэгтэйчүүдийн сонголт тал дээр өндөр үр дүн гарсан. Энэ бол сонгогчдын маань боловсролд өөрчлөлт гарсны нэг илэрхийлэл. Би НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн хувиар эмэгтэйчүүдээ дэмжих цаг болсон шүү гэдэг энэ үр дүнгийн төлөө гурван жил тасралтгүй яг тээврийн жолооч шиг ажилласан. 21 аймгаараа тойрсон. Эмэгтэй сонгогчдодоо энэ удаагийн сонгуулиар намчирхалгүйгээр эмэгтэй л нэр дэвшигчдээ сонгоорой гэж уриалж байлаа. Учир нь сүүлийн 25 жил Монгол Улсын нийгмийн өөрчлөлт, гарч байгаа бодлого шийдвэрүүдийн ихэнх нь эмэгтэйчүүдэд ээлгүй байна. Ер нь Монголын нийгэм хүнээ орхичихжээ. Уул уурхай, том макро эдийн засгийн бодлого төслүүд яриад л байдаг. Гэтэл халамж хамгааллын бодлого, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд энэ бүх зүйлийг чинь эмэгтэйчүүд анхаардаг. Эмэгтэй нэр дэвшигчид олноороо сонгогдоод гараад ирэх юм бол хүүхдийн мөнгийг чинь хасуулахгүй, ялгаваргүйгээр олгоно. Хүүхэд ямар сургалтын хөтөлбөрөөр ирээдүйд жинхэнэ монгол хүн болох юм бэ гэдгийг боловсролынх нь системд суулгаж өгнө. Нэг сайд болсон хүн Кембриж ярьдаг, нөгөө сайд нь өөрийн төгссөн Японы боловсрол ярьдаг тийм савлагаатай байж болохгүй шүү дээ.

-Өмнө нь УИХ-д байсан эмэгтэй гишүүд нам харгалзахгүй лобби бүлэг байгуулж ажиллаж байлаа. Гэр бүлийн тухай, хүчирхийллийн эсрэг хуулиуд дээр ахиц ч гарсан. Энэ удаа чамгүй олон эмэгтэй гишүүд сонгогдсон. Гэхдээ нэг нам үнэмлэхүй олонх болсон учраас эмэгтэй гишүүдийн оролцоо нь бүдгэрэх болов уу?

-Нэг нам дангаараа олонх болсон. Нам дотор бид намынхаа улстөрийн бодлого дээр ямар байр суурьтай байх бол өөр асуудал. Ард түмэн олон эмэгтэйчүүдийг сонгосон. Хариуд нь боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гээд олон асуудал дээр эмэгтэй гишүүд албан бус байдлаар зохион байгуулалтад орж ажиллана. Үүнийг эсэргүүцэх нэг ч эмэгтэй гишүүн байхгүй. Яагаад гэвэл эмэгтэй гэдгээр нь сонгогчид маань тэр хүнд санал өгчихөөд байна шүү дээ. Тийм учраас бид сонгогчдынхоо сонголтод бодитой үйл ажиллагаа, хуулийн төсөл өргөн барьж, эрх зүйн хүлээгдэж байгаа олон шийдвэрүүдийг гаргаж хариу барих ёстой. Би бүдгэрэхгүй л гэж бодож байна. Харин ч энэ сонгогдсон эмэгтэй гишүүд дотор баялаг бүтээгч, улстөрч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтан, эрүүл мэндийн салбарын гээд төрөл бүрийн хүн байна. Тийм учраас салбар салбарынхаа бодлогын шинжтэй хууль эрхзүйн өөрчлөлтийг их нарийн мэдрэмжтэй хийнэ.

-Та УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хуваарилагдаж ажиллахаар болсон байсан. Яагаад эдгээрийг сонгох болов?

-Миний хувьд МАН-ын боловсон хүчний шалгуурыг давж намынхаа хамт олны дэмжлэгээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Жишээлэхэд нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллахдаа хүүхэд, залуучууд, гэр бүл гээд нийгмийн салбарын асуудалд илүү анхаарч ажиллаж байсан туршлага бий. Тийм учраас НББСШУ-ы байнгын хороонд орж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд надад бага ч гэсэн туршлага байгаа. Нөгөөтэйгүүр хууль иргэндээ очиж, иргэнээ хамгаалах л ёстой байдаг. Аль ч Засгийн газар, УИХ-ын үед маш олон хууль батлаад гаргадаг. Гэхдээ батлаад л орхичихдог. Магадгүй төрийн албанд ажилладаг, мэдээлэлтэй холбогддог хүн л тэр хуулийн энэ заалт миний амьдралд хэрэгтэй юм байна гэж мэднэ. Түүнээс гэртээ хоногийн хоолгүй, хороон дээрээ очиж асуудлаа тавьж чаддаггүй иргэд мэдэхгүй. Тийм учраас баталж байгаа хууль болгоны мэдээллийг тойргийнхоо иргэдэд цаг алдалгүй очиж хүргэнэ. Ингэвэл манай тойргийн нэг иргэнээр дамжуулаад ах дүү, найз нөхдөд нь хүрнэ. Ингэж бага ч гэсэн энэ дээр хувь нэмрээ оруулья гэж бодож байгаа. Харин АБГБ-ын байнгын хорооны хувьд үнэхээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, ер нь монгол үндэстэн цаашаа яаж улс эх орныхоо тусгаар тогтнолыг авч явах вэ гэдэг асуудалд хүрсэн. Тиймээс энэ чиглэлд эх хүн, эмэгтэй хүн, сонгогчдын төлөөлөл болж буй хүний хувиар нэлээд дуу хоолойгоо гаргаж ажиллая гэж бодож байгаа.

-МАН-ын бүрдүүлсэн Засгийн газар мэргэжлийн биш, “давхар дээл”-тэй гэх хэл ам дагуулж байгаа. Мөн дэд сайдуудын орон тоог эргүүлээд гаргаад ирлээ гэдэг. Хувь гишүүний хувьд хэрхэн харж байгаа вэ?

-Ер нь Монгол оронд улстөрийн намууд хэрхэн төлөвшиж байгаагаас улстөрийн тогтолцооны төлөвшил хамаараад байгаа юм. Улстөрийн намууд маань эхлээд орчин цагт яаж ард түмэнд ил тод нээлттэй байх, намынхаа боловсон хүчний нөөцийн бодлогыг хэрхэн зөв авч явах юм бэ гэдэг тал дээр эрс өөрчлөлт хийх шаардлагатай. Иргэд мэргэжлийн бус хүн тавьчихлаа гээд бухимдаад байна гэдэг чинь өөрөө боловсон хүчнийхээ нөөцийн бодлого нь ил тод байгаагүйтэй л холбоотой. Аль ч улстөрийн намууд өнөөдөр тэр салбар дээр ийм чадвартай хүнийг ажиллуулна гэдэг зарчмаа нийгэмдээ гаргаад тавьчих ёстой. Тэгэхээр Дорж юмуу Батын асуудал яригдахгүй, харин шалгуурт тэнцэж байгаа хүмүүс л тухайн албан тушаал дээр өрсөлдөнө гэсэн үг. Тийм зүйлийг удирдлага зарчмаа болгохгүй байгаа учраас иргэд маань өөр том хүлээлттэй байгаад байдаг. Тэгтэл улстөрийн намууд иргэдийн хүлээлтэд нийцэхгүй хүмүүсийг гаргаж ирснээр иргэдийн хүлээлт, улстөрийн намын шийдвэр хоёрын хооронд зөрчил үүсээд байгаа юм. Монгол төрийн босго өндөр байх ёстой. Энэ чиглэлд улстөрийн намууд өөрчлөлт хийх болсон. Эрчим хүчний сайд, Байгаль орчны сайд ийм мэргэжилтэй, төдөн жил төрд ажилласан хүн байна гэдэг босгыг нь тавьчихвал санамсаргүй хүн сонгосных нь төлөө иргэд бухимдахгүй.

-Намуудад хуульчлаад өгчих ёстой юм биш үү?

-Ер нь одоо хуульчлах л хэрэгтэй. Бид хуулийн дор л тэгш эрхтэй амьдрах ёстой шүү дээ.

-Сангийн сайдын мэдээллээс үүдээд бондын үнэ уналаа, долларын ханш өслөө гэж байна. Мөн Ерөнхий сайд, Сангийн сайдын мэдэгдлүүдээс ерөөсөө мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм байна гэсэн мессеж гарч байгаа. Үнэхээр МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн боловч одоо хасах тухай ярьж байна шүү дээ. Ер нь эдийн засгийн ийм орчинд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх боломжтой юу?

-МАН сөрөг хүчин байсан. Засагт зургаан сар ороод буцаад гарчихсан байлаа. Эдийн засгийн нөхцөл байдлын яг бодитой үнэлгээ мөрийн хөтөлбөрийг боловсруулж байх явцад байгаагүй. Гэхдээ ямар ч байсан эдийн засаг хүнд байгааг мэдэж байсан. Улс эх орноо хөгжүүлэх гэж засгийн эрх авах гэж байгаа учраас бодлогын түвшинд зохицуулаад, тодорхой түвшиний зорилтуудыг тавиад хэрэгжүүлэхийн төлөө явна. Олонх болоод Засгийн газар байгуулаад тамга тэмдэг авсан хүмүүс тайлан судалгаа, дансаа үзээд ирэхээр урдын бидний мөрийн хөтөлбөрөө боловсруулж байх үеийн төсөөллөөс хамаагүй муу үр дүн гарч ирж байгаа юм. Тэгэхээр хамгийн шударга арга нь ард түмэндээ үнэн бодит байдлыг зөв мэдээлэх байсан. Тийм учраас МАН-ын дарга ч, Ерөнхий сайдын түвшинд ч гэсэн бүх сайдууддаа салбар салбарынхаа үнэн бодит статистикийг эхний ээлжинд гаргаж тавь гэж байгаа.

-Энэ чинь сөрөг талтай юм биш үү?

-Сөрөг тал байгааг үгүйсгэхгүй. Бирж дээр бондын үнэ унаж байна гэж байгаа. Энэ сөрөг тал мөн. Гэхдээ хамгийн зөв хувилбар бол үнэнч шударгаар нөхцөл байдлыг мэдээлэх юм. Сөрөг талтай, дараагийн сонгууль ойрхон байна гээд худлаа мэдээлэл өгье гэх байдлаар хандвал улам хэцүү байдалд хүрнэ. Мэдээж хэрэг сөрөг хүчин байгаа учраас олон талын юмыг тооцсонгүй мэдээлэл хийлээ гэхийг үгүйсгэхгүй. Үнэнээ хэлснээрээ бид мөрийн хөтөлбөрөөсөө татгалзаж, буцаж байгаа асуудал ерөөсөө биш. Бодит үнэлгээгээ гаргачихаад аль асуудлаасаа эхлэхээ хийх төлөвлөлтийн асуудал байгаа. Сайн төлөвлөлт сайн үр дүнгийн эхлэл. Худлаа тоон дээр ямар төлөвлөлт хийх юм. Тэрнээс биш МАН эдийн засаг ийм байна гээд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй гэж хэлэх гэж байгаа шалтаг шалтгаан ерөөсөө биш.

-Ерөнхий сайд халамжийг хумих, зөвхөн зорилтот бүлэгт олгох талаар ярьсан. Тэгвэл жишээ нь, хүүхдийн мөнгө, оюутны сургалтын зээл зэрэг яах бол?

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг намын мөрийн хөтөлбөрт ялгаваргүй өгнө гэсэн заалт байгаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас 20 мянган төгрөгийг сар бүр авах шаардлагагүй гэр бүлүүд байна шүү дээ. Тиймээс дахиад бодит судалгаа хийгээд зорилтот бүлэг буюу орлого багатай, өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэй зэрэг гэр бүлүүддээ эхний ээлжинд хүүхдийн мөнгийг өгөх арга хэмжээг Засгийн газар авах байх. Ийм саналыг эмэгтэй гишүүд болон бусад Их хурлын гишүүд гаргаж байгаа. Оюутны сургалтын төлбөрийн тухай асуудал дээр энэ том асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүлж хууль эрхзүйн асуудлыг шийдэх ёстой. Ямар хуулийг үндэслээд оюутны төлбөрийг төрийн сан болон банкны зээлээр санхүүжүүлэх юм бэ гэдэг асуудал дээр мөн ялгаагүй БСШУСЯ ажиллаж байгаа.

-Таныг нөхрөө Төрийн нарийн бичгийн дарга болгох гээд байна гэдэг мэдээлэл сошиалаар явсан. Түүнд ямар тайлбар өгөх вэ?

-Миний нөхөр эрчим хүчний мэргэжилтэй, энэ салбартаа 20 гаруй жил ажилласан хүн. УИХ-ын гишүүний нөхөр учраас улсад ажиллаж болохгүй гэдэг хууль байхгүй шүү дээ. Мөн би гишүүн болчихоод нөхрөө том дарга болгоё гэж огт яваагүй. Аяндаа шийдвэр гараад ирэхээр манай нөхөр шийдэгдэх нь үү, хэн шийдэгдэх нь үү гэдэг ард түмэнд уншигдана. Миний хувьд тийм юм яриад намдаа шахалт үзүүлээд явсан юм ерөөсөө байхгүй. ОХУ-д энэ чиглэлээр сураад ирсэн энэ салбартаа ажиллаж байсан хүн мөн үү гэвэл мөн. 2012 оны сонгуулиар нам ялагдахад намын бүх хүн ажилгүй болдог нийтийн жишгээр ажлаасаа халагдсан. Ингээд гэртээ ач, зээ нараа хараад байж байгаа. Намайг 2012 оны сонгуульд ялагдангуут нөхөр маань хоёр сарын дараа ажилгүй болсон. Ц.Цогзолмаагийн охин, хүргэн, бэр гэдэг шалтгаанаар манай гэр бүлийнхэн ажлаасаа халагдаж байлаа. Надаас болж мэргэжлээрээ зүгээр ажлаа хийж байсан таван хүн ажилгүй болж байсан. Мэдээж орлогогүй болно гэдэг залуу гэр бүлийн хувьд хэцүү л байсан байх. Гэхдээ эцэг, эхээ ойлгоно. Харин хараад байхад хүүхдүүд маань ажилгүй болсон ч нэг талдаа хувиараа юм хийж, ажилгүй амьдрахад их сайн суралцсан байх гэж бодож байгаа шүү.

Ж.БАЯРСАЙХАН