Categories
мэдээ цаг-үе

П.Тэмүүжин: Монголчууд энэ спортоор улам их амжилт гаргана гэдгийг л мэдрүүлэхийг хичээлээ

Монгол Улсын таеквондогийн үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, Олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Тэмүүжинтэй ярилцлаа. Тэрээр Монголын таеквондогийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх авч, “Рио-2016” наадамд амжилттай оролцсон билээ. Өдгөө 22 настай П.Тэмүүжин таеквондогийн хар бүс, гурван дантай тамирчин юм.

-Олимпийн их наадамд анх удаа таеквондогийн төрлөөр эх орноо төлөөлөн оролцлоо. Олимпийн дэвжээ хэр хатуу байх юм бэ?

-Эх орноо төлөөлөн таеквондогийн төрлөөр анх удаа олимпод оролцсондоо маш их баяртай байна. Олимпийн дэвжээнд гарахад сайхан байлаа. Чадах бүхнээ хийж, төрийнхөө далбааг мандуулах юмсан гэсэн хүсэл оргилж байлаа. Монгол хүн таеквондогоор яаж тулалддаг гэдгийг л харуулъя гэж бодсон. Монголчууд удахгүй энэ спортоор улам их амжилт гаргаж чадна гэдгийг мэдрүүлэхийг хичээлээ. Манайхан энэ спортоор амжилт гаргах бүрэн боломжтой. Монгол хүний дайчин зан чанар бусад орны хүмүүсээс илүү байдаг учраас энэ тулааны урлаг илүү дөхөм гэж боддог.

-Анхны учраа Мексикийн тамирчин таарч ялалт байгуулсан. Өрсөлдөгчдөө хэр судалсан бэ?

-Би өрсөлдөгчдөө сайн мэдэж байсан. Дэлхийд чансаагаараа тэргүүлж буй тамирчид шүү дээ. Намайг бол мэдэхгүй л дээ. Эхлээд таарсан Мексикийн Саул Гутьррес 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн тамирчин. Эхний үед дэвжээгээ сайн мэдэрч чадахгүй, бага зэрэг халтираад байсан юм. Харин хоёрдугаар үеэс өөрийнхөө санасан тоглолтыг гаргаж, гуравдугаар үед алдсан оноогоо нөхөж, 12:11 онооны харьцаагаар ялан шилдэг наймд үлдсэн дээ. Харин Испанийн Г.Бониллатай хагас шигшээд үлдэх эрхийн төлөө тоглохоор болсон. Г.Боннилла бол “Лондон 2012” олимпийн наадмын алтан медальт, 2009, 2011 оны дэлхийн аварга тамирчин байлаа. Түүнтэй мөн л анх удаа учраа таарсан. Тоглолт ерөнхийдөө цээжний хамгаалалт дээр оноо авалцаж өрнөсөн. Гуравдугаар үед толгойд нь оновчтой өшиглөлт хийсэн боловч оноо авч чадаагүй байсаар цаг дууссан юм. Түүнийг хожсон тохиолдолд шилдэг дөрөвт багтаж, медалийн төлөө өрсөлдөх байсан боловч 7:4 онооны харьцаагаар ялагдсан. Харин хагас шигшээд үлдсэн олимп, 15

дэлхийн аварга Испаний Г.Бонилла Йорданы тамирчинд хожигдсоноор дагах тоглолт гараагүй.

-Олимпод оролцсон Монголын анхны таеквондогийн тамирчин болсон. Олимпийн эрх авсан тухайгаа яриач?

-Таеквондогийн төрлөөр манайд төдийгүй дэлхийн тамирчдын хувьд олимпийн эрх олгох ганцхан тэмцээн байдаг. Өөрөөр хэлбэл, олимпийн эрх олгох тэмцээнийг тив болгонд ганц л зохион байгуулдаг юм. Таеквондогийн спорт нь олимпийн эрх авах хамгийн чанга спортын төрлүүдийн нэг. Тиймээс манай тамирчдын хувьд эхний бөгөөд сүүлийн хариуцлагатай боломж байсан. Манай улсаас надтай хамт Инчоны Азийн наадмын хүрэл медальт М.Түмэнбаяр найз маань олимпийн эрхийн төлөө өрсөлдсөн ч тэмцээний II тойрогтоо ялагдсан. Дараа өдөр нь болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль авч чадсан. Гэхдээ найз маань ийм амжилт гаргасан ч олимпийн эрх авч чадаагүй. Тиймээс Монголоос “Рио-2016” олимпод таеквондогийн спортыг төлөөлөн би ганцаараа оролцох болсон учраас маш их хариуцлага ирсэн. Одоо цаашид амжилтаа улам ахиулахын төлөө хичээх болно.

-БНСУ-ын дасгалжуулагчтай хэзээнээс эхлэн хамтарч байна вэ? Өдөрт хэдэн цагийг бэлтгэлдээ зориулдаг вэ?

-Манай багш Н.Эрдэнэбаатар тамирчин байх үедээ Хо Ин Ён багштай хамт бэлтгэл хийдэг байсан. Н.Эрдэнэбаатар багш 2013 оны наймдугаар сард түүнийг урьж авчирсан юм. Түүнээс хойш Монголын таеквондогийн шигшээ багтай хамтарч ажиллаж байна. Өдийг хүртэл Хо Ин Ён багшийн байрны зардал болон цалинг манай Н.Эрдэнэбаатар багш маань өөрөөсөө өгч байгаа. Дасгалжуулагч Хо Ин Ён БНСУ-ын шигшээ багийн тамирчин байсан. Тамирчин байх үедээ улсынхаа тэмцээнд 10 удаа, “Дэлхийн цом”-д мөн түрүүлсэн. Бас 2004 оны Афины олимпод оролцох эрхээ авсан ч гэмтлийн улмаас оролцоогүй юм билээ. Манай шигшээ багийн тамирчид өдөрт 7-8 цаг тасралтгүй бэлтгэл хийдэг.

-Хэдэн онд шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан билээ?

-2013 онд шигшээ багт багтаж байлаа. Миний энэ амжилт энэ спортын төлөө олон жил зүтгэж яваа холбооны үе үеийн удирдлагууд, ерөнхийлөгч Д.Энхбат, ерөнхий нарийн бичгийн дарга С.Ган-Эрдэнэ, хамт олон, шигшээ багийн дасгалжуулагч гээд таеквондогийн спортын төлөө гэсэн хүн бүрийн хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой.

-Та Холливудын жүжигчдийн тулааны хэсэгтэй киног үзэх дуртай байсан гэсэн. Энэ нь таныг тулааны спортод татсан болов уу?

-Тийм шүү. Би Жеки Чан, Брюс Ли, Ван Дам зэрэг жүжигчдийг үзэх дуртай байлаа. Тэр дундаа тулааны хэсгийг нь шимтэн үздэг байсан шүү. Тэднийг хараад л уран гоё өшиглөж сурах юмсан гэж бодогддог байлаа. Манайх 2007 онд Дархан-Уул аймагт амьдардаг байсан юм. Тэр үед Ж.Ариунбаяр багштайгаа танилцсанаас хойш таеквондогийн спорттой амьдралаа холбосон. Тэр үеэс л эхлэн энэ спортод дурласан даа. Дэг жаяг, тэсвэр хатуужил гээд энэ спортын ард хүнийг төлөвшүүлж, бие хүн болгох ур ухаан нуугдаж байдаг. Хичээллэж эхэлснийхээ дараа жил нь аймгийн чанартай тэмцээнд аваргалж байсан. Түүнээсээ урамшиж өнөөдрийг хүртэл хичээллэж байна. Түүнчлэн Оюутны ДАШТ, Азийн АШТ-ий V байр, Зүүн Азийн наадмаас хүрэл, оюутны Азийн АШТ-ээс алт, хүрэл, “Korea Open”, “Jonju Open” тэмцээний хүрэл, “Asian pa­cific championship” тэмцээний алт, УАШТ-ээс таван алтан медаль хүртээд байна. “Asian pacific championship”-д түрүүлэхдээ шилдэг тамирчнаар шалгарсан. Одоо таеквондогийн спорт миний амьдралын нэг хэсэг болсон.

-Та гэр бүлээ танилцуулаач, спортоор хичээллэдэг хүн байдаг уу?

– Би аав, ээж, хоёр ахын хамт амьдардаг. Спортоор хичээллэдэг хүн байдаггүй. Харин миний найз охин мөн таеквондогийн тамирчин. Таеквондогийн спортыг олон улсын болон олимпийн гэж ангилдаг юм. Манай найз охин Г.Оюун-эрдэнэ нь олон улсын таеквондогийн мөнгөн медальтай. Мөн олимпийн таеквондогоор зүүн Азийн наадмын мөнгөн медальтай Монголын ганц эмэгтэй тамирчин байгаа. Хоёулаа ижил хүсэл, мөрөөдөлтэй учраас ойлголцоход амар байдаг. Үргэлж намайг урмаар тэтгэж, хамтдаа байдаг хайртдаа баярлаж явдаг шүү.

-Таны цаашдын зорилго юу вэ?

-Токиогийн олимпод төрийнхөө дууллыг эгшиглүүлэх болно. Тиймээс ирэх дөрвөн жилийн хугацаанд өөр зүйлд сатаарахгүй бэлтгэлээ тууштай хийнэ гэсэн зорилготой байна. Намайг өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ болон намайг үргэлж дэмжиж байдаг бүх хүмүүстээ баярлалаа. Мөн Биеийн тамир, спорт хөгжлийн төв, Үндэсний шигшээ багийн хамт олон, “Алдар” спорт хороо, Монголын таеквондогийн холбоо болон дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, БНСУ-ын иргэн Хо Ин Ён багшдаа талархаж явдаг шүү. Олимпийн их наадамд оролцоход минь сэтгэл зүрхээрээ дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй улам их хичээнэ ээ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.

-Эдийн засгийн хямралаас гарахын тулд цалин хөлсийг багасгаж, халамжуудыг зогсоогоод эхэллээ. МАН амласнаасаа эсрэгээр хөдлөөд байна уу даа?

-Сонгуулиас өмнөх Монгол Улсын эдийн засгийн байдлын ойлголт, өнөөдрийн эдийн засгийн байдлын ойлголт хоёрын хооронд маш их зөрүүтэй асуудал бий болчихлоо. Сонгуулиас өмнө аль аль нам нь ард түмнээ хуураад явчихсан байгаа байхгүй юу. Яагаад гэвэл мөрийн хөтөлбөрүүдэд нь маш их халамжийн бодлогуудтай, сайхан сайхан төсөл хөтөлбөрүүд багтсан байсан. Жишээ нь АН гэхэд “Сайн” хөтөлбөрүүдтэй, МАН уламжлал болгон хэрэгжүүлж байсан хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, зээлийн сангууд бүрдүүлэх зэрэг санхүүтэй холбоотой олон асуудлыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж оруулж ирсэн. Эдийн засгийнхаа байдлыг зөв оношлоогүйгээс аль аль нам нь ард түмнээ хуурах асуудал руу орчихож байгаа байхгүй юу. АН хэрэв тэр “Сайн” хөтөлбөрөө ярьсаар байгаад ялсан бол тэдгээр хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь эргээд асуудал болох байж. Үүнтэй адил МАН буруу мэдээлэл дээр тоглож, буруу статистикийн мэдээлэлд тулгуурлаж мөрийн хөтөлбөрөө боловсруулж сонгуульд орж ялалт байгуулсан нь эргээд хүнд байдалд оруулчихаж байна. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэтэл бодит байдал нь хүнд байна. Ийм л байдал үүсчихлээ.

Би саяхан орон нутагт ажиллаад ирсэн. Одоогийн нөхцөл байдалд сонгуулиар бидний ярьж байсан юм худлаа болж таарах гээд байна.

Муу нуухаар сайн илчил гэгчээр эдийн засгийн үнэн бодит байдлыг ард түмэнд хэлэхгүйгээр мянга сайхан юм яриад цаана нь хэрэгжүүлэх үндэслэл байхгүй байна. Тэгэхээр тэрийг хэрэгжүүлэх нь цаашдын зорилго болж үлдээд ямар нэг шийдвэртэй алхмыг яаралтай хийхгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг бүгд мэдэж байгаа.

УИХ-ын гишүүд Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонсоцгоосон. Монгол Улсын эдийн засаг ирэх жил улам хүндэрнэ. Жил хагас эсхүл хоёр жилийн дараагаас гэрэл гэгээ гарах үндэслэл бий.

-Ямар үндэслэлүүд вэ?

-Мэргэжлийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлж байгаа ажлуудыг харахад зөв бодлого эхлүүлэх гэж байна гэж харж байгаа. Ээлжит бус чуулганаар эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах байх. Засгийн газрын болоод МАН-ын мөрийн хөтөлбөрийн заалтууд ч орж ирнэ. Дэвшүүлсэн хөтөлбөрүүдээсээ ч татгалзах зүйл гарч болзошгүй. Оюутны 70 мянган төгрөг, МСҮТ-ийн суралцагчдад олгодог тэтгэлгээ зогсооё, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь өгье гэж байна. Ийм халамжийн бодлогуудыг жаахан ч гэсэн хойшоо тавиад эдийн засгийг зөв голдирол руу нь оруулахгүй бол болохгүй байна. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдалд мэргэжлийн Засгийн газрын авах арга хэмжээ байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний хувийн бодлоор энэ улс орныг хямралаас гаргахын тулд мөрийн хөтөлбөртөө тусгасны дагуу томоохон мега төслүүдээ явуулах хэрэгтэй. Монгол Улсад ашигтайгаар, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд явуулах хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт, үйлдвэржилтийг яаравчлуулах хэрэгтэй. Өөрсдөө экспортлогч болж, дотоодын хэрэгцээгээ хангахгүй бол импортлогч байгаад байвал эдийн засгаа тэтгэх бололцоогүй болчихно. Гурав дахь асуудал нь хариуцлагагүй асуудалтай тэмцэхгүй бол болохгүй байна. Эдийн засаг, санхүүгийн сахилгагүй байдал их байна. Цаашлаад энэ оффшор дансны асуудлыг сөхөж гаргаж ирэхгүй бол болохгүй болчихоод байна. Магадгүй Монгол Улсын эдийн засгийн нэлээд хэсэг нь оффшор дансанд явж байгааг үгүйсгэхгүй. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулж болж байна. Энэ бол тэвчиж болох зардал байхгүй юу. Цаашид янз бүрийн татварын бодлогуудыг оруулж ирээд бизнес эрхлэгчдэдээ дарамт учруулах гэдэг ч юм уу ийм байдлаар эдийн засгаа сэргээх бололцоогүй. Санхүүгийн хариуцлагын асуудлыг чандалж гаргаж ирэхгүй бол болохгүй. Сангийн яамны мэдээллээр орлогын дөрвөн эх үүсвэртэй явж байна гэсэн. Дөрвөн баланстай гэсэн үг. Дөрвөн эх үүсвэртэй, дөрвөн зарлагатай явж байна. Үүнийг нэгтгэж нэг ойлголттой болохгүй бол эдийн засаг ямар байдалтай явахыг нь сая урьдчилаад гаргачихлаа. Өнөөгийн Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх асуудлуудыг ээлжит бус чуулганаар нэлээд ярина. Эдийн засгийн байдлыг цаашид хэрхэн даван туулах асуудлыг ярих байх.

Нэн тэргүүнд барих ёстой бодлого бол үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид буюу баялаг бүтээгчдийн татварын бодлогыг зөв болгож гаргаж ирэх ёстой. 1.5 тэрбумаас доош орлоготой бол нэг хувь болгоно гэж буй. Үүнийг яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Санхүүгийн хариуцлагын тухайд Хөгжлийн банк төдийгүй төрийн өмчит томоохон байгууллагуудад ч шаардлагатай гэвэл шалгалт оруулах хэрэгтэй байх. Гэх мэтчилэнгээр зөв зүйлээр гаргаж ирэхгүй бол дан гадаадын өр зээлтэй холбоотой асуудлаар явбал хүнд. ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөрийг ярьж байна. Манайх ч бодолцож үзэж байгаа.

-Хүүхдийн мөнгө, оюутны 70 мянгаар голоо зогоодог айл өрх олон бий. Эдгээр халамжуудыг багасгаж, түр зогсоож байна. Энэ байдал хэр үргэлжлэх вэ?

-Үргэлжлэх хугацааг богинохон байгаасай гэж хувийн зүгээс бодож байгаа. Төв орон нутгийнхан эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм биш. Хөдөө орон нутгийнхан ч ялгаагүй хямарч байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ навс уначихсан байгаа байдал нь хөдөөний малчдын амьдрал ахуйд шууд нөлөөлж байна.

Өмнөговь аймаг эдийн засгийн хямралд илүүтэй өртөнө. Яагаад вэ гэвэл уул уурхайгаас хэт хамааралтай аймаг. Уул уурхай зогслоо. Бүх ажилчид нь ажилгүй болсон. Уурхайн ажилчид харьцангуй өндөр цалинтай учир түүнийгээ барьцаалаад маш олон төрлийн зээлд хамрагдчихдаг. Ингэхээр эдийн засгийн хямралд хамгийн их өртөж байгаа аймаг нь Өмнөговь ч хамгийн хурдан хөл дээрээ босох нь Өмнөговь аймаг. Оюу толгой төсөл, Таван толгой төсөл гээд стратегийн томоохон ордууд Монгол Улсад ашигтайгаар хэвийн ажиллаад явахад ажлын байр бий болно. Саяхан шат дарааллаар нь уурхайнуудаар явж ажил байдалтай нь танилцлаа. Одоо уурхайн удирдлагуудтай уулзахаар төлөвлөчихөөд байгаа.

Улсын хэмжээнд халамж, хүүхдийн мөнгөөр амьдардаг айлууд олон бий. Тиймээс зорилтот бүлэг рүү чиглэсэн энэ халамжийг урт хугацаанд зогсоож болохгүй. Аль болох хурдлуулах. Гэхдээ ямар нэгэн байдлаар бүсээ чангалахгүй бол болохгүй нөхцөл байдал үүсчихээд байгаа байхгүй юу.

Ирэх жил улам хүнд байна. Бондуудын үндсэн зээлийг төлөөд эхэлнэ. Одоо бол зээлийн хүүний асуудал л яригдаад байгаа. Сонгуулийн өмнө хэлж байсан эдийн засаг өнөөдөр бодит хэлбэр рүүгээ орчихлоо. Тэрнээс гарах арга замыг мэргэжлийн Засгийн газар яаралтай гаргаж ирж хамтын шийдвэр гаргах хэрэгтэй.

-Та Өмнөговь аймгийн ИТХ-д сууж байхдаа говийн нэмэгдэл гэдэг зүйлийг санаачилж байсан санагдана?

-Би хувийн секторт ажиллаж байсан л даа. Өмнөговь аймгийн 100 гаруй тэрбум төгрөг батлагдаад улсын төсөвт 7-9 тэрбум төгрөгийн дэмжлэг өгдөг. Өмнөговийн төсөв өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 100 гаруй тэрбум төгрөгөөр л батлагдаад яваад байсан юм. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 14 сумынхаа төсөвт байгууллагуудын буюу төрийн албан хаагчидтай уулзаж үзэхэд тэд бүгд банкны зээлтэй байсан. Тэгэхээр нь говийн нэмэгдлийг санаачилж байсан юм. Түүгээр бол төсөвт байгууллагын ажилчинд жилдээ ойролцоогоор 600 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлчихэж байгаа юм. Орон нутаг нь үүнийг шийдэх бүрэн бололцоотой. Тэр нь цалин, түүнтэй адилтгах орлого биш юм.

Өмнөговьд зардал нь хэт их, дэд бүтэц рүүгээ яваад иргэд рүүгээ хандаагүй. Нийгмийн бодлогоо орхигдуулчихсан байсан. ИТХ-д цөөнх байсныг хэлэх үү. Асуудлыг тэгж тавьж ирсэн. Одоо энэ асуудлыг цааш үргэлжлүүлэх боломжтой ч бас эдийн засгийн чадавхи ямархуу байх нь вэ харах ёстой байх.

-Хувийн сектор гэхээр та ямар чиглэлээр бизнес эрхэлж байв?

-Санхүү, үйлдвэрлэл, барилгын салбарт ажиллаж байсан. Улс орон минь дээр миний хэлсэн гурван үндэслэлээр л хөл дээрээ босно доо. Томоохон төслүүдээ явуулж, үйлдвэржилтийг эрчимжүүлж намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Ингээд сүүлд нь санхүүгийн хариуцлагыг сайжруулах хэрэгтэй байна. Хариуцлага тооцохгүй бол луйвар хийгээд л мөнгө хамаа замбараагүй үрж зугтаагаад л алга болчихож байна. Ийм нөхцөл байдал үүсч байгаа учир хариуцлага тооцоод оффшор дансны асуудалтай холбогдуулан хуулийн төсөл өргөн барих тухай зарим гишүүн ярьж л байна.

Санхүүгийн хариуцлага, сахилга бат гэдэг бол үнэхээр чухал. Би эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй болохоор санхүүгийн сахилга батыг зайлшгүй мөрдөх ёстой гэж хардаг.

-Өнөөдрийн хувьд мэдээллийн орчин, цахим ертөнцөд хүүхдийн мөнгө, оюутны тэтгэлэг, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж зэрэг халамжтай холбоотой асуудал анхаарлын төвд байна?

-36 сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг бууруулахаас өөр аргагүй. Ямар зардлуудыг танах вэ гэж дүн шинжилгээ хийж байна. Тансаглал, томоохон удирдлагуудын зардлыг бууруулж байна.

Өнөөдрийн нөхцөл байдалд эдийн засгаа аврахын тулд ийм алхмаар эхлүүлэхээс өөр онол гарч ирэхгүй л дээ. Монгол Улс бол хөгжих бүрэн бололцоотой. Гуравхан сая хүн амтай, 56 сая малтай. Мал аж ахуйн том салбартай. Түүн дээр нь Монголыг байтугай дэлхийг тэтгэх уул уурхайн баялагтай.

Миний бодлоор хөгжлийн гурван хүчин зүйл байдаг юм. Нэгдүгээр хүчин зүйл нь эдийн засаг, хоёр дахь нь эрх мэдэл, гурав дахь нь сэтгэл. 1.5 тэрбум ам.долларын бонд босгож ирсэн. Эдийн засаг, эрх мэдлийг нь өгсөөр байтал сэтгэл нь дутсан. 56 сая малаа яах вэ, гуравхан сая хүнээ яах вэ гэж бодоод уул уурхайгаа зөв менежментэд оруулж эдийн засгаа санхүүгийн сахилга баттай зөв явуулчих юм бол энэ чинь сэтгэл байхгүй юу.

Энэ удирдах гээд байгаа Засгийн газар, УИХ-ын гишүүд маань сэтгэл гаргаад зөв явуулчих юм бол ямар ч асуудал алга. Их л энгийн асуудал шүү дээ.

Өнөөдрийн хувьд Засгийн газар ийм алхам хийхээс өөр ямар ч арга байхгүй байна. Маш олон талаас нь ярилцаж байгаа. Ээлжит бус чуулганаар бүр ч олон талаас нь ярилцана.


Categories
мэдээ цаг-үе

Ив Летерми: Ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх итгэл үнэмшлээ алдах хамгийн аюултай

Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (Interna­tional IDEA)-гийн хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо эхэлж байна. 2016 онд манай улс тус олон улсын хүрээлэнгийн даргалагч орноор ажиллаж байгаа юм. Ингээд АСДҮОУХ-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ив Летермитэй ярилцсанаа хүргэе.


-Манай оронд ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь ирж байв уу?

-Би Монголд гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ. Ноднин Монголд анхны ардчилсан сонгууль явагдсаны 25 жилийн ойн баярын үйл ажиллагаанд оролцсон юм. Мөн өнгөрсөн гуравдугаар сард олон улсын хурал Монголд болоход ирж байлаа. Ихэнхдээ Улаанбаатар хотод байсан болохоор хөдөө орон нутгаар нь явж чадаагүй. Гэхдээ хүмүүсийн хоорондын харилцаа, ёс заншил, уламжлалын талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Монгол Улсыг ахиц дэвшил тогтмол харуулж, амьд хөгжиж буй орон юм байна гэж хардаг. Европын улс орнууд эдийн засаг болоод нийгмийн хөгжлийн хувьд тодорхой түвшинд хүрээд тогтчихсон байдалтай бол Монгол тийм биш. Байнга хөгжөөд урагшаа яваад байх хэцүү. Бас дээшээ, доошоо савлах юм байдаг. Монгол Улсын хувьд харьцангуй жигд урагшилж байгаа орон юм болов уу гэж боддог. Өөр нэг онцлог нь Хятад, Орос гэсэн хоёр том хөрштэй. Наашаа ирэхээсээ өмнө болон ирээд хүмүүстэй ярьж байхад Монгол Улс гадаад ертөнцтэй илүү ойртох, зөвхөн хоёр хөршөөр зогсохгүй гуравдагч, дөрөвдөгч гээд олон улс орнуудтай геополитик, ардчиллыг хөгжүүлэхээр хамтарч ажиллах, нөхөрсөг байх гэсэн тийм эрмэлзэлтэй орон юм байна гэсэн сэтгэгдэл төрдөг. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй Монголд ирэхээсээ өмнө НҮБ-ын чуулганууд дээр уулзаж байсан. Үнэхээр хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагч хүн гэж боддог. Мөн ардчилал болоод ардчиллын үнэт зүйлсийн талаар хүмүүст маш итгэл үнэмшил төрүүлэхүйц сайхан ярьдаг хүн учраас сайн мэднэ.

-Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн байгуулагдах болсон шалтгаан нь юу байв. Үйл ажиллагааных нь талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Манай хүрээлэн 21 жилийн өмнө буюу 1995 оны хоёрдугаар сард байгуулагдсан. Энэ байгууллагыг үүсгэн байгуулах санаачилга Скандинавын улс орнуудын тэргүүнүүд, манлайлагчдын зүгээс гарсан юм. Тэр үед ЗХУ задраад удаагүй байлаа. Мөн Өмнөд Африкт арьс өнгөний дэглэмийг халаад багахан хугацаа өнгөрч байсан. Ийм өөрчлөлтийг хийсэн орнууд цаашид ардчиллын замаар хөгжиж төлөвшихөд нь тусдаа дэмжлэг хэрэгтэй юм байна. Тэр орнуудыг зөнгөөр нь үлдээх юм бол цаашдаа ардчиллыг хөгжүүлэхэд бэрхшээл гарна гэж үзээд энэ байгууллагыг үүсгэсэн. Байгууллага маань ардчилсан процессыг дэмжих зорилготой үүссэн гэсэн үг. Улмаар олон улсын Засгийн газар хоорондын бүрэн эрхт байгууллага гэсэн статустай болсон. Одоогоор 29 гишүүн оронтой. Дэлхийн өнцөг булан, тив бүрээс төлөөлөлтэй. Бидний үйл ажиллагааны үндсэн гурван чиглэл байдаг. Эхнийх нь ардчиллын процессыг аль болох дэмжих үүднээс мэдлэгийн цөм төв нь болж ажиллах юм. Ардчилал болоод ардчилсан сонгуулийн процессын талаар ном товхимол, тайлан, судалгааны материалуудыг хэвлэж гаргадаг. Түүнээс улс орнууд санаа авах боломжтой. Мөн бид эрдэмтэн, судлаачид энэ чиглэлийн хүмүүсийг үзэл бодлоо солилцож илэрхийлэх талбар болж ажилладаг. Сайн засаглалын чиглэлээр шилдэг арга, практикийг дэлгэрүүлэх талаар улс орнууд харилцан саналаа солилцох боломжийг бүрдүүлж байгаа. Түүнчлэн ардчиллыг хөгжүүлэх чиглэлээр улс орнуудад тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх боломж байдаг.

Манай байгууллага нийт 200 орчим ажилтантай. Төв оффис нь Шведийн Стокгольм хотод байдаг. Латин Америк, Африк, Азид бүсийн оффисууд бий. Бидний үйл ажиллагааны үзэл баримтлал бол аль нэг улс оронд ардчилал цорын ганц ийм хэлбэрээр хөгжих ёстой гэж зөвлөх ёсгүй. Ардчиллын хөгжлийн янз бүрийн түвшин шатууд байж болно гэдгийг хүлээн зөвшөөрч энэ бүх хэлбэр болон үе шатуудад яаж улам боловсронгуй болгож болох арга байна гэдэг дээр мэдлэгийг хуваалцах зорилготой. Засгийн газар хоорондын байгууллага гэдэг утгаараа жил бүр байгууллагыг даргалах улс орнууд нь ээлжилж байдаг. Өнгөрсөн жилийн хувьд Швейцарь улс байсан. 2016 онд Монгол Улс байгууллагыг даргалж байна. Хойтон жил Перу халааг нь аваад үргэлжлүүлэн ажиллана. Тухайн жилдээ байгууллагыг даргалах явцдаа өөрийнхөө ардчиллын үйл явцын талаар мэдээллийг бусад ардчилсан орнуудад хүргүүлэх, туршлагаа солилцох боломж гарч ирдэг. Энэ боломжийг ашиглаад Монгол Улсаас Стокгольмд хэд хэдэн арга хэмжээнүүд санаачилж явуулж байна. Ер нь олон улсын анхаарлын төвд өөрийн улсын ардчиллын процессыг харуулах сайхан боломж юм.

-Манай улс бүс нутгийнхаа хэмжээнд харьцангуй ардчилсан гэж хэлж болохуйц ганц орон. 26 жил ардчилсан нийгмийн замаар явж байна. Нөгөө талаас социализмаас ардчилсан системд шилжсэн болохоор хүмүүсийн сэтгэлзүй өөрчлөгдөх явц явагдаж байгаа. Баян, ядуугийн ялгаа улам холдох хэрээр зөв зам мөн байсан уу, манай улсад ардчилал зохих уу гэсэн асуулт нийтийн дунд гардаг тал бий?

-Таны ярьж байгаа асуудлууд дээр манай байгууллагын зүгээс яг ийм байх ёстой гэж огт хэлдэггүй тухай дээр хэлсэн. Тийм ч учраас бид ардчиллыг шугаман хэлбэрээр нэг чигтээ хөгжинө гэж боддоггүй. Ардчилал өөрөө олон бартаатай замыг туулж байдаг. Энэ нь юугаар харагдаж байна гэхээр ардчилал хөгжөөд олон зуун жил болж байгаа орнуудад ч хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байдаг. Монгол Улсын хувьд анх 1990 онд чөлөөт ардчилсан сонгууль явагдаад түүнээс хойш долоон удаагийн УИХ-ын сонгууль, зургаан удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгуулиар нэг намаас нөгөө намд засгийн эрх нь энх тайвны замаар шилжиж байгаа явдал ардчиллын хамгийн чухал нэг илрэл юм. Нөгөө талаас ардчилсан орнуудад тулгамдсан асуудлууд нэлээд нийтлэг байна. Жишээлбэл, тэгш бус байдал буюу баян, ядуугийн ялгаа ихэсч байгаа гэсэн асуудал их олон газарт гарч ирж байгаа. Харьцангуй хүмүүсийн амьдрал нь жигд гэж тооцогддог Шведэд хүртэл баян, ядуугийн тухай яригдаж байна. Чили, Мексик гээд манай гишүүн орнуудад ч яригддаг. Гэхдээ миний бодлоор тухайн улсын засаглал ардчилсан байгаа эсэхээс үл шалтгаалан баян, ядуугийн ялгаа дэлхий даяар үүсч байна. Энэ нь дэлхийн зах зээл өөрөө даяаршсан, зах зээл чөлөөлөгдөж либераль болсонтой холбоотой. Мөн мэдээлэл технологийн хөгжил дэвшлийг дагаад эдийн засагт өөрчлөлт орсноор ийм үр дүн гарч байгаагаас биш улс орны төр засаг ардчилсан байснаас болж байгаа юм биш. Ер нь ардчилсан засаг яагаад хамгийн үр дүнтэй хэлбэр вэ гэвэл тухайн улс орныг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд хүмүүсийн эрх, эрх чөлөөг хангах чухал байдаг. Үүнийг бүрдүүлснээрээ ардчилсан засаг давуу талтай.

Хоёрдугаарт нь, ардчилсан засаглалыг хүмүүс нь дэмжиж байж улс орондоо үр дүнтэй байж чадна. Харин хүмүүсийн итгэлийг олж авахын тулд ялангуяа хуулийн засаглалтай буюу парламентын тогтолцоотой улс орнуудад улс төрийн намуудад иргэд нь итгэдэг байх нь хамгийн чухал. Улс төрийн намуудын санхүүжилт, үйл ажиллагаанууд нь тунгалаг хариуцлагатай байж хүмүүс итгэнэ. Улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны оновчтой эрхзүйн орчинг бүрдүүлэх замаар иргэдийн итгэлийг олж авна. Энэ тал дээр улс төрийн намууд анхаарсан нөхцөлд ардчилсан засаглалыг хөгжүүлэх зөв алхам болно. Ийм нэг үг байдаг. “Итгэл явган ирдэг. Хэрвээ итгэлийг алдах юм бол морь унаад давхиад явдаг” гэдэг. Түүнтэй л ижил.

-Сонгууль болгоны дараа булхай, луйвартай боллоо гэсэн хэл ам гардаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жижиг мажоритар системээр явууллаа. Үүнийг ухралт болсон гэж шүүмжлэх хүмүүс бий. Сонгууль ямар хэлбэрээр явагдвал хамгийн тохиромжтой байдаг вэ?

-Монголын практик дээр дүн шинжилгээ хийгээгүй учраас ерөнхий зүйлийг л хэлье. Аливаа улс оронд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудлыг хугацааны хувьд сонгуультайгаа тулгаж хийх нь тохиромжтой биш байдаг гэсэн туршлага харагддаг. Сонгуулийн хуулийг боловсронгуй болгох процесс мэдээж явагдах хэрэгтэй. Гэхдээ өөрчлөлтийг тулгаж хийвэл хүмүүст хүрэхдээ учир дутагдалтай шүү дээ. Мөн системийн хувьд мажоритар, пропорциональ гэхээсээ холимог хэлбэрээр байвал илүү тохиромжтой гэсэн бодолтой байдаг. Ялангуяа тухайн улс орны хүмүүсийн суурьшсан байдал тархай бутархай зэрэг онцлогтой байгаа нөхцөлд холимог байх нь тохиромжтой. Энэ талаар Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас ч тайландаа дурдсан байсан. Дараагийн нэг зүйл бол сонгууль явагдаж дууссаны дараагаас улс төрийн намууд хамтраад сонгуультай холбоотой гарсан маргааныг шийдвэрлэдэг тогтолцоо, системтэй болох юм. Ингэвэл сонгуулийн тогтолцоо илүү бат бөх, тогтвортой болж чадна.

-Сонгууль дээр нэмээд асуухад эмэгтэйчүүдийн нэр дэвших квот 30 хувь байлаа. Өнгөрсөн сонгуулийн өмнө 20 хувь болгосон. Ер нь эмэгтэйчүүдийн нэр дэвших квот хэдэн хувьтай байх ёстой юм бэ?

-Тухайн улс орны засгийн эрхийг барьж байгаа хүмүүс нь нийгмийнхээ төлөөлөл болно гэдэг утгаараа тэнцвэртэй байх нь тухайн улс орны ардчилал тогтвортой байхад хамгийн гол нөлөөтэй. Энэ утгаараа эмэгтэйчүүд улс төрд байх эсэх дээр ямар ч маргаан байхгүй. Тухайн улс орон авьяас чадвар, оюун ухааны 50 хувь нь эмэгтэйчүүд гэдэг утгаараа түүнийг огт ашиглахгүй байна гэдэг зохимжгүй. Яагаад эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо доогуур байна гэхээр олон зуун жил эрх мэдлийг эрэгтэйчүүд гартаа авдаг байсан учраас процесс нь удаан байгаатай л холбоотой. Тухайлбал, Швейцарь улс харьцангуй ардчиллыг хөгжүүлж байгаа орон гэхэд тэнд эмэгтэйчүүд нь сонгуульд оролцож саналаа өгөх эрхийг дөнгөж 20 дугаар зууны хоёрдугаар хагаст олж авсан байх жишээтэй. Энэ бол зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бүх л оронд тулгамдаж байгаа асуудал. Тиймээс нийгмийн сэтгэлгээг өөрчилж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог идэвхжүүлэхийн тулд квотын систем шилжилтийн үеийн гол арга хэрэгсэл гэж олон оронд ашиглаж байгаа. Квотын системийг нэвтрүүлж ашиглахдаа хоёр зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, нь квотын тоо өндөр байх тусмаа зүгээр. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийн нэр дэвших эрх 20 биш ядаж 30 хувь байх юм бол тохиромжтой. Хоёрдугаарт, хэрвээ пропорциональ тогтолцоотой бөгөөд намын жагсаалт гаргаж байгаа тохиолдолд эмэгтэйчүүд тэр жагсаалт дээр ямар байр суурьтай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Жагсаалтын хамгийн сүүлд эмэгтэйчүүдийг тавилаа гэхэд төрийн эрх барих байгууллагад орох магадлал багасна шүү дээ. Мөн Засгийн газрын гишүүнээр эмэгтэй сайд томилох гэж байгаа тохиолдолд аль болох чухал салбарууд дээр байлгах тусмаа зөв зүйтэй.

-АСДҮОУХ-ийн өмнөх хуралдаан Швейцарьт болсон. Өнөөдөр манай улсад эхэлж байгаа хуралдаан ямар онцлогтой болох бол?

-Монголын талаас зохион байгуулж байгаа хүмүүс маш их хүчин чармайлт тавьж байна. Ялангуяа уулзалтын дэд сэдвүүд нь их өргөн хүрээтэй байгааг хэлэх хэрэгтэй. Мөн хуралд дэлхийн өндөр түвшний энэ чиглэлийн мэргэшсэн экспертүүдийг урьж оролцуулахад хүчин чармайлт гаргасны хүчинд олон улсын гол гол байгууллагууд бүгдээрээ иржээ. Энэтхэг, Индонези гээд энэ бүс нутгаас мөн өндөр түвшний экспертүүд ирж санал бодлоо хуваалцах гэж байгаад баяртай байгаа. Энэ хурлын гол ач холбогдол бол улс орнууд ардчиллыг хөгжүүлж байгаа процессынхоо хамгийн шилдэг практикаа хуралд гаргаж ирж хуваалцах юм. Ингэснээр харилцан бие биенээсээ суралцах боломж байгаа учраас олон улсад оруулж байгаа хувь нэмэр гэж үзэж болох юм. Манай байгууллага энэ хурлаас гарсан дүгнэлтийг олон улсад хэвлэл мэдээллээр хүргэнэ.

-Та манай уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Ардчиллын замаар замнах бааз сууриа бий болгоод цаашаа урагшилна гэсэн итгэл үнэмшилтэй байх нь хамгийн чухал. Эдийн засгийн хүндрэл бэрхшээл аль ч оронд тохиолддог. Дэлхийн олон оронд ядуурал, ажилгүйдлийн асуудал бий. Түүнийг даван туулж болдог. Харин ардчиллын тогтолцоог бэхжүүлэх, хөгжүүлэх итгэл үнэмшлээ алдах юм бол хамгийн аюултай. Тийм учраас монголчуудын хувьд цаашдаа ардчиллыг хөгжүүлэх чиглэлээрээ үргэлжлүүлэн ажиллана гэж итгэж байна.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Ундармаа, Одноо хоёр тайзан дээр ч, хөшигний ард ч хамт

Х-Түц продакшны жүжигчдийг хөшигний араас харлаа. Тэдний тоглосон “Бид амьдралд хайртай” шоу тоглолт Соёлын төв өргөөнд өдөр бүр болж буй. Энэ удаагийн тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа нар хамтарч байгаагаараа онцлог билээ. 18:00 цагт Соёлын төв өргөөг зорин очиход хамтлагийн уран бүтээлчид тоглолтдоо бэлдэж тус, тусын ажлаа амжуулан завгүй гүйцгээх аж. Тайзны арын хувцасны өрөө рүү ороход өрөөг өлгүүрээр хоёр хэсэг болгон хуваажээ. Өрөөний зүүн талд эмэгтэйчүүдийн хувцсаа сольж нүүр будах хэсэг байв. Жүжигчин И.Одончимэг, Г.Ундармаа нар гоо сайхны ширээний ард үсээ янзлуулан, нүүрээ будаж суулаа. Тасалгаатай өлгүүрт янз бүрийн хувцас ёстой л загвар загвараараа байх юм. Нүдний шил, малгай, этгээд загвараас авахуулаад эмээ, өвөөгийн өмсөх гутал ч харагдлаа. Харин баруун талд нь эрчүүдийн хувцас солих хэсэг байх бөгөөд хамгийн түрүүнд жүжигчин Т.Бархүү хувцсаа солин, цэнхэр өнгийн костюм өмсөж байв. Тэрээр толинд харан хувцсаа янзлангаа “Тэвэр улаан наран зулай дээрээс төөнөхөөр, Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ өрөвдөхийн эрхэнд дуулна” хэмээн аялж байлаа.

Тус тоглолтод СУИС-ийн гуравдугаар курсийнхэн хамтарч, бүжиглэж байгаа гэнэ. Бүгд ижил өнгийн хувцсаар жигдэрч нааш, цааш инээд алдан холхиж байв. Мөн жүжигчдийн хүүхдүүд аав, ээжийгээ тойглож хаашаа л явна дагах учир хэн нь хэний хүүхэд болохыг төвөггүй мэдчихлээ. Хэзээ нэг өдөр энэ хүүхдүүдээс тайзнаа гарч ард түмнээ баясгах байх даа гэсэн бодол төрж байв. Энд байгаа уран бүтээлчид бүгд л эрч хүчтэй, баяр баясалтай харагдана.

Харин жүжигчин Н.Онон буйдан дээр тухлангаа асуултад маань хариулсан юм. Тэрээр “Манай X-Түц продакшны намар цагийн нээлтийн тоглолт урьд урьдынхаасаа онцлог болж байна. Манай 20 жил хамтран тоглосон баг бүрэлдэхүүн өөрчлөгдөж, Д.Хүрэлхүү, Г.Ундармаа хоёрыгоо урьж оролцуулж байна. Бидний бэлтгэл, сургуулилт хийх арга барил нь хүртэл өөр байна. Нэг сарын турш сургуулилт хийлээ. Бие биеийнхээ бэлэн болчихсон уран бүтээлийг л үзэж байсан болохоос хэрхэн ажиллаж, бэлэн болдог гэдгийг нь төдийлөн мэддэггүй байж. Бид ингэж бэлддэг гэхэд “Манайх ингэж хийдэг ш дээ, ямар сонин юм” гэх тохиолдол их байлаа.

Ер нь “Сэрүүн хасын нууц”, “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” гээд уран бүтээлүүд дээр маань жүжигчид урилгаар оролцож байсан удаа бий. Ямартай ч бид цаашдаа дахин хамтрах үгүй нь нууц хэвээр байвал сонин байх. Эхний уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэлээ. Урлагт ажилласан цаг хугацаа, нас намбаа бодсон ч бид зөв зүйлийг л тусгах нь зүйн хэрэг. Тиймээс тоглолтынхоо үзэгдэл болгонд хүмүүсийн мэддэг хэрнээ анзаарахгүй алдаа гаргадаг зүйлийг сануулахыг хичээсэн. Олон хүний санаа, сэтгэл нийлсэн сайхан уран бүтээл боллоо гэж бодож байна. Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Баттулгын хувьд жүжигчин Н.Ариунболдтой хамтран уран бүтээлээ туурвиж байгаа. Гэхдээ энэ талаар их юм яриад яахав. Өнгөрсөн хуудсыг сөхөж яримааргүй байна” гэсэн юм. Мөн түүний хувьд “Боловсрол” суваг телевизээс зохион байгуулсан “Яг түүн шиг” шоуны шүүгчээр ажилласан. Шоуны талаар сонирхоход “Шүүгчээр ажилласандаа их баяртай байгаа. Авьяаслаг, чадалтай, найман залууг шүүхэд маш хүнд байлаа. Залуу уран бүтээлчид маань ур чадвар, нөөц бололцоо үнэхээр ихтэй юм гэж бодож байна. Харин үүнийгээ нээхийн тулд бага хөдөлмөрлөдөг юм болов уу гэж бодогдсон. Илүү их хөдөлмөрлөвөл түүнээс ч их авьяас билиг, шинэ содон бүхэн гарч чадахаар харагдаж байсан. Б.Маралжингоогийн дуулсан “Тэнгэр ээж минь өршөө” дуун дээр яалт ч үгүй нулимс дуслуулсан. Ганцхан би ч биш үзэж суусан хүн бүхний сэтгэлийн утсыг хөглөж чадсан. Тэр хүн яг сэтгэлээсээ дуулж байгаа нь мэдрэгдсэн л дээ. Ямар ч уран бүтээл дээр хүний сэтгэлээ шингээсэн бүхэн хүнд хүрч, сэтгэлийг нь хөдөлгөж чаддаг юм. Одоо бол энэ залуучуудынхаа улаан фэн нь болсон. Зурагтаар гарч л байвал үзэж суудаг даа” гэлээ. Ийнхүү ярилцаж суухад тоглолтын цаг тун дөхсөн учир жүжигчин Н.Онон, Д.Хүрэлхүү нар хувцсаа сольж эхэллээ.

Энэ хооронд эмэгтэйчүүдийн хувцас солих хэсэгт гавьяат жүжигчин И.Одончимэг “Миний цагаан палааж харагдана уу” хэмээн асуух нь сонсогдов. Эмэгтэйчүүдийн хэсэгт орвол хувцсаа өмсөж дуусаж байлаа. И.Одончимэг, Г.Ундармаа хоёр яг ижилхэн нил ягаан өнгийн, урт даашинзаар гоёжээ. Г.Ундармаагаас шинэ хамт олонтой, тайзан дээрээ эргэн гарахад ямар байгаа талаар асуухад “Манай урлагийнхан цөөхүүлээ, тиймээс бүгд л нэг хамт олон шиг ойрхон байдаг. Одоо бол гэртээ ирж байгаа юм шиг л байна. Тайзан дээр гараагүй гурван жил болжээ. Дахин тайзан дээрээ гарах юмсан гэж битүүхэн мөрөөддөг байсан. Энэ хүслийг минь сонссон юм шиг Одноо эгч, Онон ах хоёр маань санал тавьсан. Хамгаас хүндэлж явдаг Одноо эгчтэйгээ нэгэн тайзнаа гарах гэж байгаадаа баяртай байна. Маш их догдолж байна. Тайван, сандралгүй байхын тулд бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Хуучин шигээ хурдан дасна гэж байхгүй ч чадлынхаа хэрээр сайн бэлтгэсэн. Би тайзнаа гараагүй хугацаандаа жилд нэг удаа эмнэлэг тохижуулж, бас кинон дээр ажиллаж байлаа. Сайн үйлсийн аян хийж байгаа болохоор маш олон хүнээс урмын сайхан үгс ирж байна. Миний хувьд энэ бол хүмүүст зайлшгүй хэрэгтэй, тэгсэн мөртлөө орхигдсон орон зай юм байна л гэж бодогддог. Цаашид ч зорилгынхоо дагуу энэ ажлууд маань үргэлжилсээр байх болно. Удахгүй инээдмийн жанрын кино хийхээр бэлтгэл ажлаа дуусаад, зураг авалтдаа орох гэж байна” гэсэн юм.

Харин жүжигчин И.Одончимэг хэлэхдээ “Шинэ бүрэлдэхүүнтэй хамтарч тоглож байна. Их сонин байна. Бэлтгэл сургуулилт хийж олон хоногийг дурсамж дүүрэн, сайхан өнгөрөөлөө. Г.Ундармаатайгаа мөн л анх удаа тайзнаа гарлаа. Миний хувьд хүндэлж явдаг Монголын сайхан эмэгтэй жүжигчдийн нэг. Тоглолт маань үзэгчдэд маш сайхан хүрч байна. Хамтран уран бүтээл хийж байгаад ч хүмүүс ам сайтай байна” гэлээ.

Жүжигчин Н.Онон маш хурдан нүүр будалтаа хийж, хувцсаа сольсон байлаа. Хамтлагийн эрчүүд бүгд тоглолтдоо ороход бэлэн тайзны ард зогсчээ.

Т.Бархүү, И.Одончимэг хоёрын охин Б.Сүндари ирсэн байв. Тэрээр ааваасаа огтхон ч салдаггүй бололтой. Аавыгаа тайзнаа гарах хүртэл хөтлөлцсөөр байв. Т.Бархүүгээс шинэхэн шоу тоглолтын сэтгэгдлийг сонсоход “Энэ жилийн намар цагийн нээлтийн тоглолт маань шинэ содон зүйлээр дүүрэн үргэлжилж байна. Бид өөрсдийнхөө ур ухааныг уралдуулж, нөөц бололцоогоо ашиглан туршлагатай хүмүүстэй хамтарч ажиллаж байгаадаа таатай байна. Бидэнд хамтдаа тайзан дээр гарч уран бүтээлээ туурвих мөч олдож байна гэдэг нь хамгийн сайхан. Удаан тайзнаа хараагүй жүжигчдээ үзэгчид маань халуун алга ташилтаар хүлээж авч байна. Манай Х-Түц продакшн ч эмэгтэйчүүдийн баяраас хойш тайзнаа гараагүй. Тиймээс аль болох сайхан тоглолт үзүүлж, эерэг зүйлийг уриалахыг хүслээ” гэв.

Энэ үеэр жүжигчин Д.Хүрэлхүү “Би анх Х-Түц продакшныг үүсгэн байгуулалцаж, нэг жил хамтран уран бүтээл хийж байсан. Түүнээс хойш 20 жил хамт тайзан дээр гарсангүй. Мөн би тайзны урлагаас хөндийрөөд есөн жил болсон байна. Эргэн хошин урлагийнхаа тайзнаа гарч байгаадаа баярлахаас яахав. Сэтгэл их хөдөлж байна” хэмээн яриад эрч хүч дүүрэн тайзнаа гарлаа.

Тоглолт эхлэн жүжигчин Д.Хүрэлхүү, Г.Ундармаа хэмээн зарлахад үзэгчид алга ташилт бэлэглэн, халуун дулаанаар хүлээж авч байлаа. Үзэгдэл эхлэхээс өмнө Д.Хүрэлхүү “Бууны салаа” хэмээн дуудахад, хэсэг залуус үзэгчид рүү усан буугаар шүршсэн нь хүмүүсийг ихэд хөгжөөв. “Бид амьдралд хайртай” шоу нийт долоон үзэгдэлтэй юм. Т.Бархүүгийн аялж байсан “Ээждээ өргөх дуу” тоглолт дундуур дуулагдаад амжлаа. Энэхүү тоглолтын хүмүүст хүргэж буй санаа нь ямар ч зүйл тохиолдсон хайрлах сэтгэлээ бүү гээгээрэй, эрх мэдэл, эд хөрөнгөөс илүү бие биедээ итгэх итгэл, халуун дулаан гэр бүл чухал шүү гэдгийг харуулжээ. Харин тоглолтын сүүлийн үзэгдэлд жүжигчин Г.Ундармаа Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Даваахүүгийн “Соёл эрдэнэ” дууг дуулсан нь үзэгчдэд ихэд таалагдлаа.

Тоглолт дуусан хүмүүс гарах үед настай ээжийгээ сугадсан залуу ээждээ хандан “Гоё байна уу ээж, хааяа ч гэсэн надтай гарч ийм гоё юм үзэж бай л даа” гэхэд “Одоо үзэж байна аа, телевизээр үзэхээс гоё байдаг юм байна” гээд инээд алдан алхлаа. Оюутан залуус ангиараа ирж үзсэн нь цөөнгүй байв. Х-Түц продакшны “Бид амьдралд хайртай” шоу тоглолт нэг сар үргэлжилнэ гэсэн.

О.АРИУНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Д.Мурат: Зээл авна гэдэг чинь маш том найдвар бас чадвар шүү дээ

УИХ-ын гишүүн Д.Мураттай ярилцлаа.

-Та орон нутагтаа хийсэн бүтээсэн зүйл арвинтай гэдгээрээ энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан гэж харагдаж байна?

-Олон түмэн тийм хандлагаар сонголтоо хийсэнд нь баярлаж байна. Манай аймагт Мурат гэдэг нэртэй хүн олон бий. Намайг аймгийнхан маань “Зуухны” Мурат гэдэг юм. Яагаад “Зуухны“ гэж тодотгон нэрлэв гэхээр 1990 онд нийгэм өөрчлөгдөж, зах зээлд шилжих үед ялангуяа хөдөөд байдал маш хэцүү байсан. Цахилгаан, дулаангүй. Сумын нэг сургууль гэхэд анги бүр нь дотроо пийшинтэй. Сургууль, захиргаа, эмнэлэг, цэцэрлэг гээд бүгд л ийм олон тооны зуух галлаж дулааны асуудлаа шийддэг байсан. Тэр үед би 2-3 давхар барилгыг цахилгаан ашиглахгүйгээр, өөрийн эргэлтээр нам даралтаар эргүүлж халаадаг зуухыг тавьсан юм. Аймгийнхаа арван хэдэн сумын сургууль, цэцэрлэг, захиргаа, эмнэлгүүдэд бүгдэд нь ийм зуух суурилуулж байлаа, 1993-1994 онд шүү дээ.

Үүний зэрэгцээ Ховд, Баян-Өлгий аймгийн Цэргийн ангийн халаалтыг энэ аргаар шийдсэн нь маш хямд үнэтэй тусч байлаа. Мөн Увс аймгийн Бөхмөрөн, Малчин, Өмнөговь, Тариалан зэрэг долоогоос найман суманд ийм зуухуудыг суурилуулсан.

-Ингэхээр та дулааны инженер мэргэжилтэй болж таарч байна уу?

-Тийм, дулааны инженер. Ингэж л миний ажлын гараа зуухаар эхэлсэн болохоор хүмүүсээс “Зуухны” Мурат гэдэг нэр авсан. Ард түмнээс ийм нэр авсан болохоор тэрэнд урамшаад ч гэх үү аймгийн Дулааны цахилгаан станцыг хувьчлагдахад дуудлага худалдаанд нь оролцон өрсөлдөөд авсан юм. Ингээд аймгийн Дулааны цахилгаан станцыг хувьчилж аваад арваад жил болсон. Тухайн үед Ховд, Увс аймгийн дулааны цахилгаан станцыг нэг жилийн өмнө хувьчилсан ч үр дүн гараагүй. Нөхцөл байдал нь хүндэрч онц байдал зарлаж, сүүлдээ улсаас 20 орчим тэрбум төгрөг гаргаж станц барьсан л даа.

Харин Баян-Өлгий аймгийн Дулааны цахилгаан станц улсаас ямар ч татаас, хөнгөлөлт, мөнгө төгрөг аваагүй. Зээл ч аваагүй. Эрчим хүчний яамнаас манай хамт олны хөдөлмөрийг үнэлээд надад “Монгол Улсын Шилдэг инженер” шагнал олгож байлаа. Төр засгаасаа өндөр дээд шагналуудыг ч авсан. Ингээд ажлаа хийгээд явж байхад надад улс төрд орно эсвэл баян чинээлэг хүн болно гэсэн хүсэл төрж байгаагүй.

-Таны тухайд, 1990 оны үед ардчиллын тэмцэгчдийн сонин, зурагт хуудсыг хэвлэж өгч явсан гэдэг?

-1989 онд хэвлэх үйлдвэрт ажиллаж байлаа. Тэр үед Ардчилсан холбоо байгуулагдсан. Тэгэхэд манай аймагт хэдэн залуус гарч ирж Ардчилсан холбооны үйл хэргийг эхлүүлэхэд тэдний уриа, лоозонг нь хэвлэж өгч байлаа. Нэг хэсэг ардчиллын үйл хэрэгт оролцсон ч удалгүй зах зээлээ хөөгөөд бизнесээ эхлүүлсэн л дээ. Тухайн үед залуусын нэг хэсэг нь тэмцлийн арга замыг сонгож нөгөөх нь бизнес хөөсөн. Би тэгэхэд 26 настай залуу байлаа. Энд нэг сонин түүх ярья л даа.

Тэр үед би 27 мянган төгрөгөөр “аавын цээж” буюу УАЗ машин худалдан авч байлаа. Тэгэхэд нэг хонь 400 төгрөг, нэг шил архи 500 төгрөг байсан юм, 1990 онд. УАЗ машиныхаа тэвшин дээр жижиг “Хонда” мотор тавьж, авсан зургаа угаагаад явдаг зурагчин байлаа. Нэг хэсэг бизнес хөөгөөд явж байгаад 1993 оноос зуух тавих ажилдаа ханцуй шамлан орж энэ салбартаа тасралтгүй өдийг хүртэл ажиллаад байна. 1997 онд гэхэд аймгийнхаа бүх сумын барилгын халаалтыг нам даралтаар шийдчихсэн байлаа. Нэг барилгын дотор өрөө болгонд нь нэг байсан, нийтдээ 40 жижиг зуухных нь оронд гадна талд нь нам даралтын нэг том зуух байрлуулж шийдсэн гэсэн үг. Ямар ч цахилгаан хэрэглэхгүйгээр өөрийн эргэлтээр халаадаг.

Яг энэ чиглэлээр ажиллаад олон жил болсон. Энэ хооронд улс төрд оръё гэсэн бодол төрөх завгүй шаргуу ажилласан. Улс төрд ороод ч нэмэргүй байсан. Яагаад вэ гэвэл би ардчилал талыг дэмждэг болохоор тухайн үеийн улс төрийн нөхцөл ажилд минь саад болох байсан юм. Тийм болохоор би нам бус явсан. Нуух юу байх вэ, энэ нам, тэр нам гэж талцдаг болохоор зарим бизнес урагшилдаггүй. Энэ үзэгдэл аль ч салбарт байгаа. Тэгж яваад 2012 онд аймгийнхаа ИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдоод дөрвөн жил ажилласан юм.

Аймагтаа анхны найман давхар, цахилгаан шаттай барилга барьсан нь хүмүүсийн анхаарлыг их татсан л даа. Мөн цементийн үйлдвэр барьж байгаа. Баруун аймгуудынхаа хэрэгцээг хангах хэмжээний хүчин чадалтай үйлдвэр босгох юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор баруун аймгийнхан үнэтэй цемент худалдаж авахаа болино.

-Төрд инженерүүд, томоохон бүтээн байгуулалт хийсэн компанийн захирлууд буюу лордууд гарч ирэх нь улс орны хөгжлийг зөв чигт нь оруулна гэдгийг сонгуулийн өмнө Төрийн соёрхолт инженер Н.Нацагням онцолж байсан?

-Уг нь ард түмэн үүнийг л хүсч байгаа байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд өнгөрсөн 20 гаруй жилд Монголын ард түмэн улстөрчдөөс залхсан. Сонгуулийн ажлаар хөдөө орон нутгаар явахад тэр нь ажиглагдаж байсан. Манай аймагт 2-3 удаа сонгогдсон хүмүүсийг дахин сонгох хэрэггүй гэсэн хандлага байсан шүү. Надтай өрсөлдсөн А.Тлейханы хувьд сайн улстөрч. Сонгогчид “Та хоёр ч удаа сонгогдчихлоо. Одоо энэ инженерийг сонгоё. Энэ хүн бүтээн байгуулагч. Хийсэн бүтээсэн нь нүдэнд харагдаж байна” гэж байсан. Хүмүүс “Танай нам ялсангүй. Та одоо яах вэ” гэж асууцгаах юм. Би улс төрд орлоо гээд бизнестээ дэмжлэг авна гэсэн үг биш. Өмнө нь хийж бүтээж байсан бүтээн байгуулалтын ажлыг маань миний хамт олон үргэлжлүүлнэ.

Монголчууд маань эрт үеэс л нэг айлын хүүхдүүд шиг ирсэн. Би 25 жил бизнес хийхдээ дэлхийн олон газраар явж олон ч хүнтэй харьцаж үзсэн. Монголчууд нэгнээ ахан дүүсийн сэтгэлээр хайрладаг. Даанч Монголд улс төрөөс болж ойр дотнын хүмүүс муудалцаж, ахан дүүс ч эвдрэлцэж таран бутардаг. Үүнээсээ л салмаар байна. Энэ бол эмзэг асуудал. Инженер, оюунлаг давхаргынханд улс төр саад болж байна. Юм хийх гэсэн, ажил хийж байгаа хүнд саад болдог. Хийсэн ажил нь нийтэд танигдаад ирэхээр өнөөх гоё ганган ярьдаг улсууд нь саад учруулдаг. МАН олонхи боллоо, юм хийх байлгүй гэж харж байгаа ч Мэргэжлийн Засгийн газар гэж их ярих юм, нэг л биш байна. Ер нь болж өгвөл мэргэжлийнхээс гадна юмаа гардаад хийсэн, салбараа мэддэг, ард түмэн хийсэн бүтээснийг нь үнэлдэг, хүлээн зөвшөөрөгдсөн улсаа дэмжих хэрэгтэй.

-Баян-Өлгий аймагт сонгуульд АН-ыг ялалт байгуулах боломжгүй. Нэг ч хүн гарахгүй гэж зарим тал нь үзэж байсан?

-Тэд худлаа л таамаглаж байж дээ. Баян-Өлгий аймгийнхан АН-ыг дэмжиж байсан юм. Энэ удаагийн сонгуульд манай АН маань МАН-тай өрсөлдөх байтал доторх фракцууд нь хоорондоо өрсөлдсөнөөс л ялагдал хүлээсэн. Энэ бол алдаа. Манай аймагт ч энэ алдаа байсан. Хэт бардам байсан. Угаасаа гарна гэж бардамнаснаас л болж ялагдсан. Манай нутгийнхныг омгоороо хуваагддаг л гэдэг. Гэтэл миний төрсөн нутаг Дэлүүнд манай овгийн дөрөвхөн айл байсан. Тэгвэл бусад нь мөн л саналаа өгсөн болоод надад ялалт ирсэн хэрэг. Тэгэхээр омгийн нөлөө дангаараа ноёрхох ямар ч үндэслэл байхгүй гэдэг нь харагдаж байгаа юм.

-Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн. Энэ хүндрэлээс гарах аргыг гаднаас биш дотроос хайх нь зүйтэй. Эсвэл хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэх зэргээр гарц хайцгааж байна?

-Бизнесээр ярья л даа. Аливаа бизнесмэн бизнес хийж чадах чадвартай хүнийг л сонгож хамтардаг байхгүй юу. Юу ч хийгээгүй, миний амьдрал доройтчихлоо, идэх хоол унд алга гэж ярьж байгаа хүнтэй бизнес ярихгүй шүү дээ. Манай эдийн засаг доройтчихлоо, юу ч үгүй болчихлоо гэж МАН-ын Засгийн газрынхан хэт сүржигнэн зарладаг нь буруу. Энэ бол АН-ынхныг гутааж байвал л боллоо гэсэн хэтэрсэн хий улстөржилт байх. Жирийн нэг гадаадын бизнесмэн орж ирдэггүй байхгүй юу. Энэ улс чинь болохоо байж, ирээдүй нь бүрхэг байна гэж эргэлзэнэ.

Нэг хүн нөгөөгөөсөө зээл авна гэдэг чинь маш том найдвар бас чадвар шүү дээ. Зээл өгч байгаа хүн нөгөө хүндээ итгэх ёстой. Энэ нөхөр надаас зээлсэн мөнгөө эргэж төлж чадах уу гэдэг чинь л гол асуудал.

Бизнесийн гол нь энэ. Энэ нөхөр бүр дампуурчээ гэж үзээд гаднаас орж ирэх гэж байсан хөрөнгө оруулалтууд зогсдог байхгүй юу. Бид эдийн засаг маань доройтлоо гэж муу амлан хэтрүүлж ярих нь нөгөө талдаа нэр хүндийн асуудал. Бүр цаашилбал, Чингисийн Монгол гэж омогшиж ирсэн хүмүүс аливаа юмны өгөөж, өөдрөг талыг харан хийморьтой явах ёстой.

Манай монголчууд хичнээн ядуу ч баян юм шиг явдаг. Би хятад ажилчидтай хамтарч олон л ажил хийж байлаа. Тэд 13 цагт хоол иднэ гэсэн бол тэр цагтаа ажлаа зогсоодог. Цахилгаан ч юм уу ямар нэг юмнаас болоод хоол хойшлох нь ээ гэвэл ерөөсөө хүлээж авахгүй шууд ажлаа зогсоож хоолоо нэхдэг. Жаахан ч хүлээхгүй, тэвчээргүй. Гэтэл монголчууд “Өө тийм үү. За за хоёр цагийн дараа хоол бэлэн болох юм уу. Тэр хүртэл ажлаа хийж л байя” гэдэг. Ингэж ханддаг улс өөр байдаггүй юм. Энд чинь өөрийн гэсэн өөртөө итгэх итгэл, сэтгэл гэж нэг юм бийг харуулж байгаа юм. Ингэж л өөрийгөө бусдад итгүүлж чаддаг.

Манай улс маш хурдтай хөгжиж байгаа, цөөхөн хүн амтай. Гэтэл ид бүтээн байгуулалтыг удирдан чиглүүлж явсан АН-ыг сонголгүй УИХ, Засгийн газраа солих хэмжээний сонголт хийчихдэг нь их том алдаа.

-Улс төрийн тогтолцоог өөрчилж, улс төрийн намуудыг шинэчлэх ёстой гэдэг?

-Энэ олон намаас залхсан. АН, МАН гэсэн хоёр том намын тухайд нөлөө бүхий зарим хүмүүсээ энд ч, тэнд ч оффшор данстай л гэлцэн муулах юм. Энийгээ болиод талцаж улс төр хийхийнхээ оронд улс орны эрх ашгийн тулд ойлголцох хэрэгтэй байна. Хамгийн гол нь Монгол Улсынхаа төлөө эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна.

-Монгол Улс эрчим хүч, дулааны асуудлаа шийдэхийн тулд тал талд л бодлого хэрэгжүүлэх гэж үзэх юм. Усан цахилгаан станц, салхин станц, бүр атомын цахилгаан станц байгуулах нь зүйтэй гэж ч ярьдаг. Таныхаар Монгол Улс аль чиглэлийг баримталбал эрчим хүчний асуудлаа шийдэх боломжтой вэ?

-Манай улсын хувьд өнөө маргаашдаа атомын цахилгаан станц хэрэггүй. Өртөг зардал өндөр, гуравхан сая хүн амтай, дээрээс нь байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл нь ямар билээ дээ. Сэргээгдэх эрчим хүчнээс усан цахилгаан станц байгуулах боломж манайд бүрэн байна. Заавал цөмийн цахилгаан станц гэхгүйгээр олон улсад нэг их дэмжигдэхгүй байгаа ч гэсэн нүүрсээ түшиглээд эрчим хүч үйлдвэрлээд гадагшаа экспортлох боломж байгаа. Энэ бол баруун аймагт, ялангуяа нүүрсний нөөц ихтэй Увс аймагт боломжтой. Дэд бүтэц байхгүй ч станц барих бүх боломж нь бий. Баян-Өлгий аймагт Турктэй хамтраад усан цахилгаан станц барихаар ТЭЗҮ-ийг хүртэл гаргачихсан. Энэ ажлыг жаахан л дэмжээд өгвөл цааш явах бололцоотой байгаа.


Categories
мэдээ цаг-үе

С.Зориг агсны эхнэр Б.Булганд холбогдох хэргийн мөрдөн байцаах ажиллагаа дуусчээ

-СЭЖИГТНҮҮД ТАЛИЙГААЧИЙН АМИЙГ ХӨНӨӨСӨН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ҮҮ

Ардчиллын удирдагч, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн эхнэр Б.Булганыг нь цагдан хориод олон сар болж байна. “Маш нууц” гэх нэрийн дор буй энэ хэрэгт Б.Булганыг шалгаад дуусч буй гэсэн мэдээллийг хуулийн байгууллагын эх сурвалж өглөө. Эх сурвалж “Энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагаа явуулаад дууссан. Хэргийг хараахан прокурорт шилжүүлээгүй байна” гэв. Нэг үгээр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч прокурорт хэргийг шилжүүлэхэд дөхөж байгаа гэнэ. Мөн өнгөрсөн оны сүүлчээр Б.Булгантай хамт С.Зориг агсныг хөнөөсөн байж болзошгүй гэсэн хоёр иргэнийг Орхон аймгаас баривчилж, цагдан хорьсон байдаг. Тэдний гэм буруутай эсэхийг тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа мөн дуусч, хавтаст хэргийг прокурорын хяналтад шилжүүлэхэд бэлэн болжээ. Харин сэжигтэн этгээдүүд талийгаачийн амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл чих дэлсэв.

Хуулийн эх сурвалжийн мэдээллээр анх гурван хүнийг сэжиглэн барьсан байдаг. Тэднийг Содномдаржаа, Чимгээ, Ганхуяг гэдэг тухай өмнө нь хэвлэлээр мэдээлж байв. Тэдний нэгийг хуулийнхан батлан даалтад гаргасан гэх мэдээлэл ч байдаг. Дээрх сэжигтнүүдийн нэгийнх нь ээж Жавзмаа нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Би үнэхээр гараа сарвайтал бичиг бичлээ. Үртэй хүний гол тасрахгүй. Үхчихдэггүй л юм бол би хөлөө хүрэх газар хүртэл явна. Явахгүй байж би чадахгүй. Би Ц.Нямдорж гишүүнд бас бичсэн юм. Ганцхан тэр хүн надтай утсаар ярьсан. Хөөрхий минь ёстой их санаа нь зовсон шүү дээ.

Миний бүх учир байдлыг тэвчээртэй утсаар сонссон. Тэгээд надаас “Таны хүү өмнө нь хэрэг төвөгт орж байсан уу гэж асуусан. Би үгүй ээ, миний хүү ерөөсөө хэрэг төвөгт орж байгаагүй гэж хэлсэн. Тэгээд Ц.Нямдорж гишүүн наадах чинь яасан хэцүү явдал вэ. Би таны хүүг ингэж ярилцлаа гээд шоронгоос гаргачих биш. Бүх юм маш төвөгтэй шүү дээ. Би чадахаараа л анхаарал хандуулъя. Та өөрөө сэтгэлийн хаттай байгаарай гэж хэлсэн. Үртэй хүний гол тасрахгүй. Хоёр ч өмгөөлөгч аваад чадлаараа л явж байна даа. Хүүгийнхээ төлөө би юунаас ч айхгүй. Юугаа ч харамлахгүй. Эцсээ хүртэл үзнэ л гэж бодож байгаа. Даанч надад чадал алга” хэмээсэн байдаг.

Эх сурвалжийн мэдээллээр дээрх сэжигтнүүд нэр бүхий улстөрч агсны малчид болохыг хэрэг үйлдсэн хутгаар нь нотолсон гэж буй. Мөн дээрх улстөрчийн малыг хариулдаг нэгэн эмэгтэйн үс хэргийн газраас олдсон тул баривчлан хорьсон гэдэг. Үсийг Япон улсад шинжлүүлсний дүнд ДНК нь бүрэн нийлж байгааг баталсан гэх мэдээлэл бий. Харин сэжигтэн этгээдүүдийн эзэн нь одоогоор амьд бус гэдгийг эх сурвалжууд хэлдэг. Юутай ч С. Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсгийнхний эргэн тойронд ийм мэдээлэл байна. Харин энэ хэргийн талаар хэн юу гэж ярьсныг тоймлон эргэн сануулъя.

Улс төр, стратеги судлалын төвийн тэргүүн, улс төр судлаач Л.Эрдэнэтуул “Сонгууль өнгөрчихлөө аль хэдийнэ Ерөнхий сайд нь солигдчихлоо. Цагдаа, тагнуулынхан ч гэсэн тэнэг биш. Удирдлагууд нь өнөө маргаашгүй солигдоно. Бусад хүмүүс ч ажил дээрээ үлдэх эсэх нь тодорхойгүй. Улстөрчдийн захиалгаар ажилладаг үй олон хүн хүчний байгууллагад байгаа. Тэднийг цэвэрлэх хэрэгтэй. Дээр нь шинэ Засгийн газар байгуулагдангуут Б.Булганы асуудлыг яаралтай шалгаж, шийдвэрлэж өгөөсэй гэж хүсэх байна. Ерөнхий сайдад болон УИХ-ын дарга М.Энхболд нарт биечлэн хандаж Б.Булганы асуудлаар хүсэлт тавина гэж бодож байгаа. Яагаад түүнийг олон cap хорж тарчлаан зовоов. Хэрэв үндэслэл байгаа бол шалгаж, дараагийн шатанд нь шилжүүлж өгч, хамгийн гол нь ил тод мэдээлэлтэй байлгах хэрэгтэй гэж бодож байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсч байна”.

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Б.Булганы эрх ноцтой зөрчигдөж байгаа юм байна гэдэг нь ажиглагдсан. Хоёрдугаарт, Ардчилсан оронд хүнийг маш нууц обьект мэтээр олон түмнээс, ар гэрээс нь, УИХ-ын гишүүдээс нууж болдог тогтолцоон доторх ардчилсан бус тогтолцоо үүсчихсэн байна. Энэ тогтолцоог яаралтай цэгцлэх шаардлагатай. Ийм тогтолцоо Ардчилсан оронд байх ёсгүй. Сүүлийн 20 гаруй жил хүний эрхийг хамгаалж олон газраар явж үзсэн. Гэхдээ өнөөдрийнх шиг хүнийг нуудаг ийм сонин тогтолцоо манай улсад байна гэж зүүдлээ ч үгүй. Энэ бүхнийг хууль хэрэгжүүлэх байгууллагуудын гар, хөл оролцоод хийж байгаа нь Ардчилсан засаглалтай оронд байж боломгүй үйлдэл. Б.Булганыг залхаан цээрлүүлж байгаа шинж тэмдэг олон ажиглагдсан” гэжээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зориг агсны гэр бүлийн хүн Б.Булганы ээжээс ирсэн өргөдлийг манай байнгын хорооноос Монгол Улсын Ерөнхий прокурорт шилжүүлж, шалгуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэний ч эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Хэн нэгнийг эрүүдэн шүүх замаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг хориглодог… Миний бие ӨБХ-ны даргын хувьд прокурорт хүсэлт гаргаж, Б.Булгантай уулзах бодолтой байгаа. Тэр хүнийг шалгаж байгаа нөхцөл байдлыг биечлэн харахыг хүсч байна. Аливаа хэргийг шалгахдаа монгол хүний үндсэн эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэв зөрчил байгаа бол түүний эсрэг хуулийн арга хэмжээ авна” гэж дуугарсан бол Ё.Сагсай хэлэхдээ “Талийгаач С.Зориг агсантай холбоотой хэрэг. Үүнд цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Прокурорын байгууллага хамтарсан ажлын хэсэгт хяналт тавьдаг. Тэгэхээр нэгэнт хэрэг маань нууцын зэрэгтэй явж байгаа учир ажлын хэсгийн үр дүн гэдэг чухал. Ар гэр, шаардлагатай гэр бүлийн гишүүд, өмгөөлөгчдийг уулзуулах асуудал журам зааврын дагуу шийдүүлж болох байх. Энэ бүх өргөдөлтэй танилцсаны дараа албан ёсоор хариуг өгнө” гэж хэлсэн байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Энэ хэрэг ямар шалтгаанаар нууцын зэрэглэлд орсон гэдэг албан ёсны тайлбараа УИХ-ын гишүүн миний нэр дээр ирүүлбэл сайн байна. Байцаан шийтгэх үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцох эрхгүй. Гэхдээ хууль хэрэгжүүлэхийг шаардах эрх нь УИХ-ын гишүүнд байдаг. Б.Булган гэж хүний хорих хугацааг сунгасантай холбоотой түүний ээж Д.Байгалмаа надтай яриад “Би 80 гарсан хүний хувьд эрүүл мэнд хүнд байна. Гэхдээ нөхцөл байдлыг тэвчээртэй харж байгаа. Хамгийн гол нь үр хүүхэдтэйгээ уулзмаар байна” гэсэн.

Б.Булганы ээж Д.Байгалмаа “Эх хүний хувьд хэлэхэд миний охин шоронд орохоор хэрэг хийгээгүй. Өөрийнх нь байж байгаа байдал, амьдралын нөхцөлийг хар. Монгол Улсад үйлчилдэг хууль дүрмийг биелүүлдэг болохын төлөө хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн бүх л хүмүүс дуугарч надад туслаач гэж хэлье. Өндөр настай надад хийж чадах юм алга. Монголд байгаа хууль дүрмийг хэрэгжүүлэхэд түлхэц болох байгууллага байвал бидэнд туслаач. Энэ талаар дуугараач. Хүний төлөө анхаарахаа байчихсан нийгэм юм биш үү, энэ нийгэм чинь. Ардчилал гээд л байдаг. Энэ ардчиллыг нас өндөр болсон надад бодитоор харуулаач. Охинтойгоо эсэн мэнд уулзмаар байна. Бушуухан гаргаж авмаар байна. Түүний С.Зоригтой суусан зургаан жилийн амьдралыг харахад тэд хэн нэгнээ алчихаар ширүүн, догшин харилцаатай байгаагүй. Ер нь ямар эмэгтэй хүн нөхрийгөө маргааш Ерөнхий сайд болно гэж байхад хүмүүстэй нийлж алах юм бэ. Тийм хүнийг би лав мэдэхгүй. Тэр тусмаа манай охин хэзээ ч тийм муу зүйл хийхгүй. Булганыг минь хар шуурга шиг юм дайраад л өнгөрсөн. Охин минь золиос болж 17 жил явлаа. 17 жилийн турш үргэлж сэтгэлийн шаналалтай явсан” гэсэн байна. Тэгвэл олон улсын байгууллагууд байр сууриа илэрхийлээд байгаа. Тухайлбал “Олон улсын парламентын холбооноос С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт эхнэр Б.Булганыг сэжиглэн шалгаж буй болон сүүлийн үеийн нөхцөл байдалтай холбогдуулан манай улсад тайлан, зөвлөмж ирүүлсэн.

Үүнд “Эх үүсвэрүүдийн нотолж байгаагаар, гэм буруугүйн презумпцийг үл хүндэтгэхээс гадна Булганыг Монгол улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, мөн олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчин хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байгаа ажээ. Мөрдөн байцаах ажиллагаа эхэлснээс хойш түүнийг ийнхүү хоёр дахь удаа хорьсон байна. …С.Зоригийн амь насыг хороосонтой холбогдуулан гаргасан шийдвэрийн дагуу шударга ёс ялахын төлөө өөрсдөөс хамаарах бүхнийг хийхийг дахин зөвлөмж болгож байна. С.Зоригийн бэлэвсэн эхнэрийг хууль бусаар хорьж, эрүү шүүлт тулгаж байна гэх ноцтой мэдээ сонсоод, мөн үүнтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас өгсөн мэдээлэл байхгүй байгаад цочирдож, гүнээ санаа зовж байна. Холбогдох хууль тогтоомжийг хатуу баримтлан түүнийг даруй суллахыг уриалъя. Түүнийг хэрэгт сэжигтнээр татах ямар нэг нотлох шинэ баримт байгаа бол зөв зохистой ажиллагааны хэм хэмжээг, түүний дотор гэм буруутайг нотолсон шүүхийн эцсийн шийдвэр гарах хүртэл гэм буруутайд тооцохгүй байх эрхийг бүрэн хэмжээгээр ямагт дээдлэн хүндэх ёстой. Урьд өмнө мөрдөн байцаах ажиллагааны явцад сэжигтэнтэй буруу харьцаж, албадан мэдүүлэг гаргуулж байсан. Тухайлбал, мөрдөн байцаах ажиллагаа дөнгөж эхлэх үед дээрхийн төстэй нөхцөлд Булганы анх баривчилж байсантай холбогдуулан хэд хэдэн тохиолдолд, санаа зовниж байгаагаа илэрхийлж байсныг мартаж болохгүй. Хороо энэхүү хэргийг үргэлжлүүлэн судалж, зохих ёсоор эргэж тайлагнахыг хүсч байна” гэжээ.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Түмнийг туйлдуулах төсөв өргөн барилаа

“Өдрийн сонин”-ы наймдугаар сарын 24-ий №194(5459) дугаарт гарсан нийтлэлийг хүргэж байна.

Энэ сарын 25-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар товтой байгаа ч УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж захирамж гаргаагүй байна. Б.Чойжилсүрэн сайд өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдод Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив. Ээлжит бус чуулганаар Төсвийн тодотгол хэлэлцэх болсноор хэдэн жилийг үдсэн. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголыг тойрсон асуудлууд Рио-гийн олимпийн медалийн шокноосоо гараагүй монголчуудын хувьд давхар цохилт болон хувирав. Төсвийн тодотголоор нэгдсэн төсвийн урсгал зардлын хэмжээг 6.655.6 тэрбум төгрөг байхаар тооцоолсон нь анх батлагдсан түвшнээс 432.9 тэрбум төгрөг буюу долоон хувиар, 2015 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 14 хувиар нэмэгдэхээр төсөвлөөд байгаа аж. Төсвийн тодотголд туссан олны анхаарал татаж буй зарим заалтыг хүргэе.

ХАМТЫН ТЭТГЭВЭР БАЯРТАЙ

Саяхандаа, 2015 оны арванхоёрдугаар сарын дөрөвний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж 88.1 хувийн саналаар АН, МАН-ын гишүүд хамтдаа уг хуулийн төслийг баталж байлаа. Түүнээс хойш ердөө найман сарын дараа МАН-ын Засгийн газраас Хамтын тэтгэврийн хуулийг “амь” орохоос нь өмнө цаазлахаар оруулж ирлээ. Учир нь уг хуулийн төсөлд туссанаар гэр бүлээ албан ёсоор батлуулан 15-аас дээш жил амьдарсан ахмад настан, гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувийг хань нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авахаар тусгаад байсан. Хуулийн хэрэгжиж эхлэх хугацаа нь дөрвөн сарын дараа буюу ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэх байв.

Яригдаж эхэлсэн цагаасаа хойш дөрвөн жил дуншсан “Хамтын тэтгэврийн тухай хууль” ханиа алдсан ахмадуудад хань болохгүй ч дэм болох учиртай байсан ч ийнхүү эцсийн амьсгалаа татах цаг нь энэ ээлжит бус чуулган болж таарах нь. Уг хуулийн төслийн хэрэгжих хугацааг нь хойшлуулж болох байтал тэр чигт нь хүчингүй болгуулахаар оруулж ирсэнд ахмадууд үнэхээр гомдолтой байна.

Хууль хэрэгжихэд эргэлзэх зүйлгүй хэмээн тухайн үед УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нараас гадна УИХ дахь МАН-ын ялангуяа эмэгтэй гишүүд хамгийн их ярьсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг мэндлэх гэж буй хүүхэд байсан гэж үзвэл ахмадууддаа арай л эрт төмөр өлгий зэхсэн байж, энэ төрийн түшээд. Уг хууль хэрэгжиж эхэлбэл 53.3-75.6 тэрбум төгрөгөөр тэтгэврийн сангийн зардал нэмэгдэж, алдагдал мөн нэмэгдэнэ гэж үзжээ. Алдаа онооны дэнсийг атгаж, алдаж өнөөдрийн Монголыг босгосон ахмадуудаасаа энэ зэргийн мөнгөө харамлах үгүйгээ ээлжит бус чуулганаар дэнсэлнэ.

АМЬТНЫ ҮРИЙГ АЛАГ ҮЗЭХҮҮ

Хүүхдийн 20 мянган төгрөгөөр амьжиргаагаа залгуулдаг өрхүүд хэдэн мянгаар тоологдоно. “Адилхан амьтны үрийг алаг үзэж болохгүй. Бүх хүүхдэд 20 мянгыг нь өгөх ёстой хэмээн хамгийн их хашгирсан улс төрийн хүчин бол МАН. Өдгөөгөөс жилийн өмнө Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоно гэхэд “Хүүхдийн төлөө за гэж хэл” хэмээн мөн л микрофоны араас хамгийн их орилж бүх хүүхэд хүүхдийн мөнгөө авахаар болсон. Харамсалтай нь энэ удаагийн мөнгийг амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлгийн өрхийн хүүхэд бүрт олгоно хэмээн Төсвийн тодотголоор орж ирлээ.

Энэ удаа хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх, цаашид төсвийн боломжтой уялдуулан 2019 оноос бүх хүүхдэд олгохоор хуулийн төсөлд тусчээ. 2020 он бол сонгуулийн жил, сонгуулийн өмнө хүүхдийн мөнгийг бид бүх хүүхдэд олгохоор боллоо хэмээн сонгуулийн шоугаа эхлүүлэх нь дамжиггүй. Нэг үгээр хэлбэл, өөрсдийн гараар устгасан зүйлээ буцаан бий болгож өөрсдөө шинэ зүйл сэдсэн мэт шоудах нь л дээ гэсэн хардлага хаа хаанаа байгаа юм. Үнэндээ хүүхдийн мөнгөө буухаар хичээлийн хэрэгсэл, форм авч өгөх гэсэн хэчнээн эцэг, эх хүлээж буйг МАН-ынхан мэдэх л учиртай.

2016 оны 7-12 дугаар саруудад өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, амьжиргааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгохоор тооцсон нь эцэг, эхчүүдээ байг гэхэд олон хүүхдийг бүлтийтэл өмөлзөхөд хүргэлээ.

ОЮУТНЫ 70200 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ЗОГСОЖ, АВТОБУСНЫ БИЛЕТИЙН ТАЛ ҮНИЙГ ОЮУТНУУД ТӨЛНӨ

Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70200 төгрөг олгохыг зогсоохоор төсвийн тодотголд тусгаад байгаа нь “Сайн оюутан” хөтөлбөр хэрэгжихээсээ өмнө зогссонд бухимдаж буй оюутнуудын бухимдал дээр тос нэмэв. Оюутны 70200 төгрөгийг татсанаар 2016 онд 11.7 тэрбум төгрөг, цаашид жил бүр 33.7 тэрбум төгрөгийн зардал буурахаар тооцоод байгаа юм.

Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоохоор тусгажээ. Харин төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх зохицуулалтын арга хэмжээг авахаар тооцоод байгаа аж. Энэ хэмнэлтийг хийснээр энэ оны төгсгөлийн гурван сард 9.6 тэрбум төгрөг хэмнэх бол цаашид жил бүр 19.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоод байна. Оюутны нийтийн тээврийн татаасны 50 хувийг төрөөс хариуцах, бусад хэсгийг тухайн оюутан хариуцдаг болохоор тус тус тооцоод байгаа юм.

ЗУРГАА БИШ ГУРВАН САРЫН ТЭТГЭМЖ ХҮРТЭНЭ

Энэ удаагийн төсвийн тодотголоор бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөх төрийн албан хаагч гурван сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг болох юм байна. Төрийн албаны тухай хуулийн дагуу олгох бүтцийн өөрчлөлтийн тэтгэмжийн хэмжээ тооцох хугацааг зургаан сар байгааг гурван сар болгон бууруулахаар тооцсон ба 2016 онд 1.697.8 сая төгрөг хэмнэх боломжтой гэж үзжээ.

Мөн эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуужээ. Жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулахаар тусгаад байна.

ШҮҮГЧИД БОЛОН ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЦАЛИНГ БУУРУУЛНА

Төрийн өндөр албан тушаалтны цалин бууруулах болсон талаарх мэдээлэл гарахад дарга нар нь таагүй хүлээж авсан нь үнэн. Зарим улсын үйлдвэрийн газруудын дарга нарын цалин 30 сая төгрөг байдгийг дуулсан монголчууд золтой л цус харвачихаагүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн алдагдлыг богино хугацаанд үе шаттай бууруулах шаардлагын улмаас зардал бууруулах арга хэмжээг төрийн албаны бүх түвшинд авч хэрэгжүүлэх, үүний дотор нэн тэргүүнд төрийн удирдах албаны зардлыг бууруулахаар төсвийн тодотголд тооцоод байгаа юм. Улс төрийн болон төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахаар тусгав.

Мөн төсвийн тодотголоор шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай ижил түвшинд хүргэж, бууруулахаар тусгасан байна. УИХ-ын 2011 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2013 оны 45 дугаар тогтоолоор шүүгчийн албан тушаалын цалинг хоёр сая 700 мянган төгрөгөөс гурван сая 300 мянган төгрөг байхаар тогтоож хэрэгжүүлсэн. Гэсэн ч нийт 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлэн тогтоодог байхаар хууль эрх зүйн орчинг өөрчлөхөөр төсөлд тооцож тусгав. Ингэснээр 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөгөөр цалингийн санг бууруулах аж.

ЦӨӨН ҮГЭЭР:

Засгийн газрын зүгээс орлого нэмэгдүүлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ авахаар ээлжит бус чуулганыг хүлээж байна.

-Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөх юм.

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем нэвтрүүлэх. Хадгаламж эзэмшиж гаднын орнуудынхан шиг хөлжиж чаддаггүй монголчуудын хувьд цөөн хэдэн төгрөг хадгалуулсан бол таны орлогын хүүгээс татвар авахаар тусгаад байна.

-Алтыг Монголбанкинд тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөр “0” хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэлх хугацаанд үйлчлэхээр байгаа юм. Энэ хувь хугацааг 2017 он болгож урагшлуулах,

-Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх,

-Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй (4500см³-аас дээш) суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш долоогоос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах,

-150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулахаар тусгасан нь олны анхаарлыг татаж байгаа юм. Харин Сангийн яамны зүгээс зарлага бууруулах чиглэлд арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн. Үүнтэй танилцана уу.

-Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэхээр тусгасан байна. Нэг үгээр хэлбэл, ганц жилийн дараа насныхаа тэтгэвэрт суух байсан бол дахин хэдэн жил ажиллах ёстой болж таарч байгаа юм.

-Дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг таван пунктээр нэмэгдүүлэхээр тусгаад байна.

-Тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус 9.5 хувь болгохоор тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг ч хэзээ ч үр дүнг нь хүртэж байгаагүй хэмээн гомдоллодог монголчуудын хувьд улам дарамт болж ирэх нь тодорхой.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.

-Монгол Улс эдийн засгийн хувьд үнэхээр хямралд орсон гэдгээ Засгийн газрын зүгээс олон улсад албан ёсоор зарласан нь эргээд улсын нэр хүндэд нөлөөлж байна?

-Манай улс эдийн засаг хямралд орсон нь дотоод, гадаад орчинд ил болсон зүйл. Эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд, ард түмний аж байдал ч үүнийг бэлхнээ харуулж байна. Ард түмэндээ бодит байдлыг хэлэх нь энэ засгийн үүрэг гэж бодож байна. Нөхцөл байдлаа үнэн зөв тодорхойлж байж, өөрөөр хэлбэл оношоо зөв тавьж байж эмчилгээгээ хийнэ биз дээ. Тиймээс бусдын мэдэхгүй нууцыг дэлгээд, үүний улмаас улс орны нэр хүнд олон улсад унаж байна гэж дүгнэх нь хэр оновчтой юм бол доо.

-Эдийн засгийг хэвийн байдалд оруулахын тулд эхлээд эрүүлжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ гэж буй. Таны харж байгаагаар бид эдийн засгаа сэргээхийн тулд ямар алхам хийх нь зүйтэй вэ?

-Засгийн газар байгаа нөхцөл бололцоогоо ашиглахаар чармайн ажиллаж байгаагийн нэг илрэл нь төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах шийдвэрээс харагдана. Агентлаг, газрын даргаас дээр албан тушаалтнуудад цалингийн бууралт хамаарна гэж ойлгож байгаа. Жирийн төрийн албан хаагчдын цалин угаасаа амьдралд нь хүрдэггүй, цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдардаг улс. Аман дээрээ өндөр албаны хүмүүсийн цалинг танана гэдэг ч ачир дээрээ дунд шатны албан хаагчдын цалин, ур чадвар, зэрэг цол, удаан жилийн нэмэгдэл рүү нь ордог байдал өнгөрсөн хугацаанд ажиглагдаж байсан. Үүнийг давтахгүй байх хэрэгтэй. Төрийн албаны хуулийн төслийг хэлэлцэх үед энэ саналаа хэлснийг Ажлын хэсэг хүлээж авсан. Эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих үед хөдөлгөөнд орохооргүй хуульчилж байж төрийн албан хаагчдын амьдралын баталгааг хангах нөхцөл бүрдэх юм билээ. Цалин бууруулах бол түр зуурын л арга хэмжээ. Хамгийн гол нь бизнес эрхлэгчдээ дэмжих бодлого хэрэгжүүлэх нь л чухал. Үйлдвэрлэл, үйлчилгээгээ дэмжиж ажлын байр, орлого нэмэгдүүлэх боломжтой болно. Я.Содбаатар бидний хэдэн гишүүн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөл санаачилж нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд зогссон байгаа. 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд жилд нэг удаа нэг хувийн татвар авдаг болох тухай төсөл юм. Ингэснээр байн байн тайлан гаргах гэж цаг алдахгүй, үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэх, ажилчдынхаа цалин мөнгийг нэмэх, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх улмаар том аж ахуйн нэгж болох боломжийг бүрдүүлэх юм. Энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэж баталбал бизнес эрхлэгчдээ бодитой дэмжсэн ажил болно. 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн 60 гаруй мянга нь янз бүрийн шалтгаанаар хаалга үүдээ барьчихаад байж байгаа. Одоо бизнесийнхэндээ уужуу амьсгаа авах боломжийг итгэлтэй хамт өгөх хэрэгтэй.Тэд маань л эдийн засгаа аварна. Элдэв дарамт шахалт, хяналт шалгалтаа зогсоож, зарим нэг зөрчлийн асуудал байвал шийдэж өгөөд цаашаа явах бололцоог нь нээж өгөх хэрэгтэй гэж бодож байна.

-Та Өргөдлийн байнгын хорооны даргаар сонгогдсон. Уг байнгын хороог төр, ард түмний гүүр гэж тодотгох нь бий. Иргэдийн зүгээс сүүлийн үед ямар өргөдөл голдуу ирж байна. Мэдээж эдийн засгаа яаралтай сэргээх хэрэгтэй байна гэсэн захидал хүсэлт, санал олон ирж байгаа болов уу?

-Өргөдлийн байнгын хороо бол УИХ-д 2012 оны сонгуулийн үр дүнд бий болсон шинэ бүтэц. Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлд заасан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаанд иргэд,олон нийтийн харилцааг хангах зорилготой,олон улсын жишгийн дагуу байгуулагдан өнгөрсөн дөрвөн жил амжилттай ажилласан байнгын хороо. Өргөдлийн байнгын хороо бүрэн эрхийнхээ хугацаанд 94040 иргэний 11575 өргөдлийг хүлээн авч асуудлыг багцлан хэлэлцэж, холбогдох хуулийн төсөлд тусгах саналыг нэгтгэн боловсруулах, хуулийн зөрчлийг арилгах, хэрэгжилтийг хангах, хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг, чиглэл өгөх, Байнгын хорооны гишүүдийн саналыг хуралдааны тэмдэглэлээр хүргүүлэх,тогтоолын биелэлтийн талаарх мэдээллийг эргэн сонсох зэргээр хяналт, шалгалтын чиг үүргээ амжилттай биелүүлж ажилласан.

Өрөөнөөс гадагшаа гарч ажиллах, өргөдлийн дагуу газар дээр нь очиж нөхцөл байдалтай нь танилцах, өргөдөл гаргагч, холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг хийх, нээлттэй сонсгол хуулийн хүрээнд байнгын хорооноос зохион байгууллаа. Гэр хороолол болон ашиглалтын шаардлага хангахгүй нь мэргэжлийн байгууллагаар тогтоогдсон орон сууцны барилгуудын дахин төлөвлөлт, Цэргийн албан хаагчдын нийгмийн асуудал, цолны нэмэгдэл, Туул голын бохирдол, Биокомбинатын иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулсан карьерын зэрэг олон асуудал байнгын хороон дээр хэлэлцүүлэг, шийдлээ хүлээгээд байж байна.

Өргөдлийн байнгын хороо төр, ард түмнийг холбосон гүүр юм. Төр, ард түмний амьд харилцааг хадгалан, улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлаар ирүүлсэн иргэдийнхээ үнэт саналыг хууль тогтоох үйл ажиллагаанд тусган,хуулийн хэрэгжилтэд иргэдтэйгээ хамтарч хяналт тавьж ажиллана. Зарим хүн Өргөдлийн байнгын хороонд хийхгүй ажил, хөндөхгүй сэдэв гэж алга гэж шүүмжилдэг. Байнгын хороо иргэдийн өргөдөлд үндэслэн хууль дутуу дулимаг хэрэгжиж байгаагаас үүдэн нийгэмд тулгарч байгаа асуудлыг дэлгэн тавьж шийдвэрлэх үүрэгтэй. УИХ хууль гаргадаг, харин хэрэгжилтэд нь хяналт тавих ажил хангалтгүй явсаар ирсэн. Тэр нь ч өргөдлийн байнгын хороог УИХ-д нэмж байгуулах үндэслэл болсон. Өнгөрсөн хугацаанд ирүүлсэн өргөдлийг үзэхэд 10 гаруй хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн, 90 гаруй хувь нь хувийн асуудлаар хандсан өргөдөл байна. Ард түмний амьдрал, аж байдал хүнд байгаа нь хувийн чанартай өргөдөл дийлэнх байхад хүргэж байна гэж бид дүгнэдэг. Цаашдаа нийтийн эрх ашгийг төлөөлсөн нь нэмэгдэх байх. Тэгвэл амьдралд нийцсэн хэрэгждэг хуультай болох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих иргэдийн оролцоо нэмэгдэхэд илүү түлхэц болох юм.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн ч мэргэжлийн бус хүмүүсээс гадна давхар дээлтэй нэлээд гишүүд байна. Өмнөх засгийн үед МАН “давхар дээл”-тэй байхыг эсэргүүцэж байсан шүү дээ?

-УИХ-ын гишүүд зохистой харьцаагаар Засгийн газарт ажиллахыг би хувь гишүүнийхээ хувьд дэмждэг. Гишүүн-сайд илүү хүчтэй ажиллах боломж гэж хардаг учраас тэр шүү дээ. Түүнээс гадна шилдэг гэсэн хүмүүсээ тухайн улс төрийн намууд парламентын сонгуульд нэр дэвшүүлдэг.

Өнгөрсөн хугацаанд “гишүүн-сайд”-ыг манайхан шүүмжилсээн, үнэн. Тэр миний хэлээд байгаа зохистой харьцаа дэндүү алдагдсан байсан. Засгийн газрын 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүд байсан. Энэ нь чуулганы ирцэд нөлөөлж, улмаар зарим үед парламент нь гүйцэтгэх засаглалаа хянаж чадахгүйд хүрч байлаа. Ямар сайндаа л гишүүн-сайд нарт урд эгнээнд нэг дор тусад нь суудал гаргаж өгч байхав. Ирцийг нь олон нийтэд ил болгох гэсэн санаа л даа. Одоо давхар дээлтэй сайд нарын тоо 50 хүртэл хувиар буурлаа. Энэ бол дэвшил. За, мэргэжлийн бус Засгийн газар боллоо гэж шүүмжлээд байгаатай төдийлөн санал нийлэхгүй байна. Хөдөө аж ахуй, барилга, эрүүл мэнд гээд бүх яаманд мэргэжлийн хүмүүс томилогдсон. Олон нийтийн хүсэл, сонгуулийн мөрийн хөтөлбөр аль аль нь мэргэжлийн Засгийн газар хэмээх нэг цэгт огтлолцож байсан учраас хүндэтгэлтэй ханддаг. Ер нь бол мэргэжлийн хүн гэхээсээ илүүтэй бодлого тодорхойлдог, сайн менежер хүн яам толгойлох нь илүү оновчтой гэсэн бодлоо би орхидоггүй.

-МАН-ынхан их өр зээлтэй, хэцүү байдалтай улс орныг хүлээж авч байгаагаа ард түмэнд зарлаад байх юм. АН өнгөрсөн дөрвөн жилд бүтээн байгуулалтыг зоригтой эхлүүлж эх орноо чирсээр та бүхэнд авчирсан. Төрийн залгамж чанараар өмнөхөө муулах биш алдааг нь засаад явах ёстой биш бил үү?

-Дахин хэлэхэд нөхцөл байдлаа зөв үнэлж байж дараа дараачийн ажил, арга хэмжээгээ авна. Энэ Засгийн газар МАН-ынх биш, хэдэн сайд нарынх ч биш, Монголын ард түмний Засгийн газар. Тийм учраас эзэд нь нөхцөл байдлынхаа талаар үнэн бодит мэдээлэл авах эрхтэй. Хүнд нөхцөл байдлаас, эдийн засгийн хямралаас Засгийн газар ард түмэнтэйгээ хамт л гарна. Ялангуяа халуун тогоонд нь ороод Засагт ажиллаад ирэхээр янз бүрийн өр шир, гэрээ хэлцлүүд далд байсан бололтой юм дуулдаад л байна. Энэ бүхнийгээ хэлж ярьж, ойлголцож шийдээд явахаас өөр аргагүй. Бодит байдлаа ард түмэндээ нэг сайн ойлгуулж аваад цаашид хойшоо биш урагшаа хараад ажиллаад явах нь зүйтэй гэдэгтэй санал нэг байна.

-Өмнөх УИХ-д байсан эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтарч ажиллаж олон ажил амжуулснаа тайлагнаж байсан. Энэ удаад эмэгтэй гишүүд маань бараг бүгд шахуу нэг намынх байгаа нь илүү давуу тал болох болов уу гэж ажиглагдаж байна?

-Өнгөрсөн дөрвөн жил таван намын төлөөлөл бүхий 11 эмэгтэй үзэл бодол өөртэйг үл харгалзан хамтарч ажиллаж чадсан нь миний хувьд мартагдашгүй сайхан дурсамж. Энэ удаа парламентын түүхэнд хамгийн олон буюу 13 эмэгтэйд ард түмэн сонгогчид маань итгэл үзүүлсэнд талархаад барахгүй. Энэ итгэлийг бид зүтгэлээр хариулах учиртай. Эмэгтэйчүүд нийгмийн тулгамдсан асуудалд, хүн рүү чиглэсэн асуудлаар илүү байж чадна гэж үзэж итгэл үзүүлсэн гэж бодож явна. Тиймээс энэ чиглэлийн хууль, тогтоомж санаачлах ажлыг бид хэдийнэ эхлүүлсэн. Гурван нас хүртэл нь хүүхдээ харж буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасрахгүй байх бололцоог бүрдүүлэх, хүүхдийн тоогоор ажилласан нэг жилийг нь 1.5 жилээр тооцдог байх зэрэг хуулийн төслүүд бэлэн болж Засгийн газарт очсон байгаа. Одоо тав хүртэлх насны хүүхдийн эмийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг байх хуулийн төсөл боловсруулж байна.

-Өнгөрсөн дөрвөн жилд эмэгтэй гишүүд Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийг төсөвт суулгах гэж ихэд хичээсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө энэ асуудлыг шийдчих шиг боллоо?

-Хуучин барилгыг нь нурааж 2013 онд шавыг нь тавьсан Түлэнхийн төвийн шинэ барилгын төсөв шийдэгдэхгүй жил дамнаад л яваад байгаа юм. Эмэгтэй гишүүдтэйгээ Түлэнхийн төвд ажиллахад байдал газар дээрээ бодсоноос хүнд байсан. Хувийн эмнэлэгт түрээсээр ажиллаж байгаад төлбөрөө дийлэхээ болиод Гэмтлийн эмнэлгийн нэг мухарт байрлан ажиллаж байгаа юм билээ. Орчин нөхцөл, өрөө талбайн хэмжээ шаардлага хангахгүй, дийлэнх нь буюу өвчтөнүүдийн 90 шахам хувь нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг учраас бүгд сахиуртай, агааргүй, хүнд орчинд эмчилгээ үйлчилгээ явагдаж байна. Тангараг өргөсөн эмч, ажилтнууд тулдаа л тэсдэг байх гэж бодогдохоор. Нийт төсөв нь 26 тэрбум төгрөг. Үүнээс 2015 онд зургаан тэрбум, 2016 онд хоёр тэрбум төгрөг төсөвт суусан ийм байдалтай байгаа. Ерөнхий сайд Кувейтын Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэрээ Кувейтын сангийн санхүүжилтээр Монгол Улсад парламентын ордон барихад зориулах 12 сая ам.долларын буцалтгүй тусламжийг эрүүл мэндийн салбарт, тэр дундаа Түлэнхийн төвийн барилгыг барихад зарцуулах саналтай байгаагаа хэлсэн байна лээ. Парламентын ордон яахав, хүлээж болно. Харин хүлээж болохгүй юм чинь эмнэлэг болчихоод байгаа энэ үед үнэхээр зөв сайхан яриа хийжээ гэж Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдад талархаж байгаа.

-Нэр бүхий гишүүд 18 хүртэлх насны олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд Нийгмийн халамж үзүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад буй. Уг хуулийн төслийн авууштай талууд нь юу юу байна?

-Д.Оюунхорол гишүүн маань ахлаад бидний хэдэн гишүүн олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүддээ төр халамж тавьдаг байх тухай хуулийн төсөл санаачлаад Засгийн газраас санал авахаар өгсөн байгаа. Улсын хэмжээнд 1990-ээд онд өрх толгойлсон 13 мянган эмэгтэй байсан бол Статистикийн газрын судалгаагаар өрх толгойлсон 80828 эх, 22354 эцэг бүртгэгдсэн байна. Үүнээс 18 хүртэлх насны хүүхэдтэй эх 40433, эцэг 7971 байна. Энэ нь нийт өрхийн 14.7 хувийг эзэлж байна. Бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүд хөдөлмөр эрхлэх боломж бага, орлогын эх үүсвэр хангалтгүй байгаагаас хүүхдээ эрүүл өсгөж бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулж чадахгүй байгаа юм. Дээр нь өнчрөл хагацал, салалтаас үүдсэн хямрал, сэтгэл санааны дарамтыг даван туулах сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ ч үгүйлэгдсээр байна. Дээрх нөхцөл байдлыг хөнгөвчлөхөд хуулийн төсөл чиглэж байна гэж ойлгож болно.

-Хүүхдээ гурван нас хүртэл нь харах хугацаанд эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэл тасардаггүй байх боломжийг бүрдүүлэх хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн. Энэ төслийг эмэгтэйчүүд ихэд сонирхож байна?

-УИХ-ын гишүүн С.Чинзориг нарын гишүүдтэй хамтран санаачилсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах” тухай хуулийн төслийн гол зорилго нь эхчүүдийг хүүхдээ гурван нас хүртэл нь асрах, чөлөө авахыг Хөдөлмөрийн хуулиар зөвшөөрсөн байдаг. Гэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч төлөх хууль байдаггүй учраас хүүхдээ асарсан энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөхгүй, ажилласан жил тасрахад хүрдэг. Тиймээс хүүхэд төрүүлсэн болон гурав хүртэлх настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл нь өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно. Эхчүүд маань даатгуулсан хэлбэрээсээ үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж авдаг болно. Тухайлбал, хамтын гэрээ хэлэлцээр, бусад эрх зүйн актаар шимтгэлийг ажил олгогч нь төлөхөөр тохиролцсон бол уг тохиролцооны дагуу ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Сайн дураар нийгмийн даатгалд хамрагдсан эхийн даатгалын шимтгэлийг даатгалын сангаас олгодог байхаар тус тус зохицуулж өгсөн. Мөн малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгох хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр уг хуулийн төслийг боловсрууллаа.


Categories
мэдээ цаг-үе

Орон сууцны урьдчилгаанд мал болон хашаа байшин, машин өгөх боломжтой болжээ

Орон сууцны найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг ч урьдчилгаа төлбөрт өгөх бэлэн мөнгө байхгүйгээс болоод хамрагдаж чаддаггүй. Тэгвэл сүүлийн үед зарим барилгын компаниуд шинээр ашиглалтад орсон орон сууцаа борлуулахдаа, урьдчилгаа төлбөрт нь хашаа байшин, мал болон бусад хөрөнгийг авч эхэлж байгаа юм байна. Энэ талаар сурвалжлахаар эхлээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудтай холбогдож мэдээлэл авлаа. Тодруулбал, “Актив зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн менежертэй холбогдож энэ талаар тодруулахад “Манайхаар зуучлуулдаг барилгын компаниуд нэлээд бий. Гэхдээ ихэнх нь урьдчилгаа төлбөртөө бэлэн мөнгө авдаг. Зарим нэг нь зээлээр биш, шууд зарах тохиолдолд машин, хуучин орон сууц, газар зэргийг оролцуулж бартер маягаар борлуулах тохиолдол байдаг. Яг урьдчилгаанд нь хашаа байшин, мал авна гэсэн орон сууц одоохондоо алга. Тийм нөхцөл ер нь бол гарч эхэлж байгаа юм билээ. “Содон хороолол” шинэ орон сууцаа найман хувийн зээлд хамруулахдаа урьдчилгаанд нь мал, хашаа байшин авч байгаа гэж байсан. Гэхдээ тэднийх манайхаар зуучлуулдаггүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна” гэв.

Харин “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн маркетенгийн менежертэй холбогдоход “Орон сууцны урьдчилгаа төлбөрт мал, машин, хашаа байшин авч байгаа компани одоохондоо мэдэгдээгүй байна гэв. Мөн “Марко Агенси” үл хөдлөх зуучлалын компанитай холбогдоход “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Шинэ Монгол” ахлах сургуулийн ойролцоо байдаг “Хийморь-13” орон сууцны хороололд нэг, хоёр, гурван өрөө байруудыг мал, машин, үл хөдлөх хөрөнгө, бага метр квадраттай байраар солих, зээлээр авах тохиолдолд ярилцаж байгаад урьдчилгаанд нь бусад үл хөдлөх хөрөнгө болон машин, мал оролцуулж болно гэж байгаа. Дээрх орон сууцны нэг метр квадрат нь нэг сая 950 мянга гэж байна. 37.5 метр квадрат хоёр өрөө байрнаас эхлээд 65 метр квадраттай гурван өрөө зэрэг сонголтууд байгаа.

Мөн өөр компанийн бэлэн мөнгөөр биш, бартер солилцоогоор зарж болно гэсэн ганц нэг байр бий. Уулзаж ярилцаад, байраа үзээд авахаар болбол дээрх байрнуудаас боломжийн нөхцөлөөр сонгож авч болно. Харин бэлэн мөнгөөр авна, эсвэл урьдчилгаагаа бэлнээр төлнө гэвэл нийслэлийн бүх дүүрэгт бүх төрлийн сонголттой маш олон байр бий” гэж ярилаа. Ингээд “Хийморь-13” орон сууцны хорооллын борлуулалтын албаны менежертэй холбогдоход “Шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрт мал машин, хашаа байшин оролцуулах боломж одоохондоо байхгүй. Хувь хүмүүс тийм нөхцөлөөр орон сууцаа зарж байгаа байх. Мөн “Содон хороолол” орон сууцаа борлуулахдаа урьдчилгаанд нь хашаа байшин, мал оролцуулж байна гэх мэдээлэл байсан” гэлээ.

Иймээс “Содон хороолол”-ын борлуулалт хариуцсан менежер Г.Батбаяраас дараахь тодруулгыг авлаа.

-“Содон хороолол” орон сууцны урьдчилгаа төлбөрт таван хошуу мал болон хашаа байшин авдаг болсон юм байна. Ямар малыг хэдэн төгрөгөөр үнэлж авах вэ?

-Орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөрт мал болон хашаа байшин оролцуулж болно. Үлдсэн 10 хувийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлнө гэсэн үг. Ингэхдээ үхэр, хонь, ямаа голдуу авна. Малыг яг тухайн өдрийн ханшаар нь авна. Жишээлбэл, махны зах дээр хонины мах хэдэн төгрөгийн үнэтэй байна, яг тэр үнээр нь бодож авна гэсэн үг. Мах авч болно. Амьд хонийг ч мөн тухайн өдрийн ханшаар авна. Манайх 22-ын товчооны ойролцоо мал, мах хүлээн авах цэг байгуулах гэж байгаа, тэндээ төвлөрүүлээд авна гэсэн үг.

-Байр ямар үнэтэй байна. “Содон хороолол”-ын аль ч байрнаас сонгох боломжтой юу?

-Тийм ээ, сонголттой. Манай орон сууц нэг метр квадрат нь сая 700 мянга гэж байна. Доод тал нь 47 сая 498 мянган төгрөгийн үнэтэй нэг өрөө байр байна. Иргэд хөнгөлөлттэй нөхцөл болон мал, байшин, машин зэргийг оролцуулж байр авах санал тавиад байгаа учраас ийм ажлыг эхлүүлээд байна. Мөн урьдчилгаа төлбөртөө машин тооцуулж өгч болно. Хүмүүс барьцаанд тавина гэж ойлгоод байгаа. Тийм биш. Урьдчилгаа мөнгөндөө өгнө гэсэн үг. Гэхдээ орон сууцны найман хувийн зээлд хамрагдах нөхцөлийг хангасан хүмүүст ийм боломж байгаа гэсэн үг. Харин хөдөөний малчид болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр байр авахаар бол 50 хувиа бэлэн төлөөд дараа жилд нь ямар ч хүүгүйгээр үлдэгдэл 50 хувиа хувааж төлөх боломж бий.

-Хашаа байшинтай айлууд хашаа байшингаа урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувьд өгнө гэсэн үг юм байна. Хашаа байшинг нь хэдэн төгрөгөөр яаж үнэлэх вэ. Ийм нөхцөлөөр байр авах сонирхолтой олон хүн байна уу?

-Энэ сард манайх “Содон хороолол”-ын орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд хашаа байшин, мал мах авна гэж албан ёсоор реклам явуулаад, ийм нөхцөлийг олон нийтэд танилцуулсан. Мөн нэмээд хэлэхэд, машин ч оролцуулах боломж бий. Иргэд маш их сонирхож байна. Орон сууцтай болох хүсэлтэй ч урьдчилгаа мөнгөгүйгээсээ болоод найман хувийн зээлд хамрагдаж чаддаггүй юм байна. Орон сууц худалдан авахаар байр сонирхож байгаа иргэд болон энэ нөхцөлийн талаар тодруулах хүмүүс олон байна. Тиймээс манай борлуулалтын байр ачаалал ихтэй байгаагаас болоод бид хүн бүхэнд хүрч нарийн тайлбарлаж чадахгүйд хүрч байна. Мөн зарим иргэд хашаа, байшин, малаа барьцаанд тавьчихаад, орон сууц авч болох юм байна гээд буруу ойлгож ирээд байна.

-Содон хороололд хэдээс хэдэн өрөө байрны сонголт байгаа вэ?

-Нэг, хоёр, гурван өрөө байрнууд бий.

-Найман хувьд хамрагдах боломжгүй ч орон сууц зээлээр аваад төлөөд байх чадвартай, малчдад зориулсан зээлийн нөхцөл бий юу?

-Энэ удаагийн хашаа байшин, мал, машин оролцуулж, урьдчилгаа төлбөр авах нөхцөл нь найман хувийн зээлд хамрагдахад бэлэн болчихсон. Зээлийн бүх нөхцөлийг хангасан. Банкнаас зээл олгох боломжтой гэсэн хүмүүст зориулсан байгаа. Яагаад гэхээр, иргэд энэ хямралын үед тэр бүр гар дээрээ бэлэн мөнгөгүй байгаа учраас манай компани ийм ажил хэрэгжүүлж байгаа юм. Угаас иргэд байр авах өөр ямар хөнгөлөлттэй нөхцөл, боломж байна гэж их асуудаг. Малчдад хүртэл зориулсан зээлийн нөхцөл шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Малчид улсад татвар төлдөг ямар нэгэн компанийн нэр дээр байр аваад, байрныхаа 50 хувийг бэлнээр юм уу, мал оролцуулж төлөөд, үлдсэн 50 хувийг нь нэг жилийн дотор төлөх боломж бий. Мөн малчид болон найман хувьд хамрагдах боломжгүй байгаа иргэдэд зориулсан зээлийн нөхцөлийг судалж, эрэлхийлж байна. Иргэдээ боломжтой нөхцөлөөр байртай болгохын тулд болон борлуулалтаа өсгөх зорилгоор манайх байж болох хөнгөлөлттэй нөхцөлийг цаашид хийж хэрэгжүүлнэ гэж байгаа.

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Г.Батмөнх энэ талаар ямар сэтгэгдэлтэй байгааг сонслоо.

-Орон сууц худалдан авахдаа урьдчилгаанд нь мал, хашаа байшин өгөх боломжтой болж байгаа юм байна. Энэ танд ямар санагдаж байна.

– Орон сууц худалдаж авах хүсэлтэй байдаг ч иргэд бид урьдчилгаа төлбөргүйгээс болоод худалдан авч чадахгүй байна. Манайх гэхэд хашаа байшинтай. Тухайн компани нь бидний мал, хашаа байшинг хэдэн төгрөгөөр үнэлэх нь чухал. Хашаа байшингаа зөвхөн урьдчилгаанд нь өгөөд, зээлээр байр авчихлаар сар бүр төлөх мөнгө нь өндөр бол бас хэцүү. Банкны өр гэдэг чинь бас их хариуцлага шүү дээ.

-Танай хамаатнууд дунд хөдөө орон нутагт байдаг хүмүүс бий юу. Хөдөөнийхөн мал оролцуулж байр авах сонирхолтой байдаг юм болов уу?

-Байлгүй яахав. Мал ч байсан хамаагүй, ямар нэгэн боломжийн нөхцөлөөр байр авах юмсан гэдэг. Гэхдээ орон сууц арай л үнэтэй санагдаад байдаг юм. Нэг, хоёр өрөө байр худалдаж авна гэдэг чинь жирийн малчдад бас амар зүйл биш шүү дээ. Зээлээр авлаа гэхэд сар бүр мөнгө төлөх нь тогтсон цалингүй хүмүүст хэцүү. Тэгэхээр барилгын компаниуд малчдад зориулсан нөхцөлөөр орон сууцаа борлуулах арга хэмжээ авбал зүгээр байх. Эхнээсээ мал оролцуулж болно гэж байгаа нь сайн хэрэг.

Мөн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д.Оюунаас дараахь зүйлийг тодрууллаа.

-“Содон хороолол” орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөртөө таван хошуу мал, хашаа байшин авдаг болжээ. Үүнийг та сонирхож үзсэн үү?

-Мал болон хашаа байшинг хэдээр үнэлж авч байгаа юм. Зах зээлийн ханшаар авах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол зах зээлийн ханшаас хамаагүй бага, тал үнээр нь авбал малчид дургүй байна. Сүүлийн үеийн орон сууцнууд зах зээлийн үнээс давсан үнэтэй байгаа. Түүн шигээ малчдыг хохироох арга биш байгаа гэж бодож байна. Яг нарийн нөхцөлийг нь сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. Эсвэл зах зээлийн ханшаар мал авна гэвэл заавал “Содон хороолол”-д төлөх хэрэг байна уу. Мал авдаг газар нь тушаагаад бэлэн мөнгөө төлж болно шүү дээ гэв.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Уламбаяр: Би амьдралаас өнгөлөг, өөдтэй, сайн сайхан зүйлийг мэдрэхийг хүсдэг

“Киви” хамтлагийн дуучин Ука буюу Д.Уламбаяртай ярилцлаа

-Сүүлд гарсан “Маргаашийн нар луу хамт явах уу” дуунд монгол хэв маягийг шингээсэн байсан. Энэ дуу өвөрмөц, стиль жанртай болжээ?

-Үндэсний их баяр наадмаар хүмүүс маш гоё дээлнүүд өмссөн байсан. “Маргаашийн нар луу хамт явах уу” дууны клипэн дээр монголчуудынхаа үндэсний гоёл болох дээл өмссөн. Энэ нь монголчуудын дээлээ зөвхөн үндэсний баяр ч биш, есдүгээр сарын нэгэн болон ямар нэг тоглолтыг үзэх үедээ ч гэсэн өмсөж байгаасай гэсэн санаа. Үндэсний хувцас гэхээр үндэсний баяраар л ганцхан өмсөх ёсгүй шүү дээ. Монгол дээлийг өдөр тутмын хэв маяг руу оруулах гэсэн санааг тусгасан юм. Дээлийг яагаад дэлгүүр хэсэхдээ өмсөж болохгүй гэж. Зуны улиралд нимгэн тэрлэг үнэхээр гайхалтай. Өвөл үстэй дээл хамгийн дулаахан, сонгодог хувцас юм шүү дээ. Үндэсний дээлийг өдөр тутмын гангараа болгоё. Бодоод байхад хамгийн амархан өмсөж, тайлдаг төвөггүй, хүний биеийн өө сэвийг хаачихна, эсвэл сайхан зүйлийг нь ч тодотгож өгдөг шүү дээ. Монгол бүсгүйчүүд эрт дээр үеэс тэрлэгийг саалиа саахдаа өмсөж ирсэн уламжлалтай. Үүнийг эргэж үндэсний хэв маягт оруулахыг илтгэж өгсөн юм.

-Монгол хүн болж төрсөн учраас монгол ёс заншлаа их дээдэлдэг бололтой?

-Манай найруулагчид уран бүтээлд маань монгол ёс заншлыг их тусгаж өгдөг. Ерөнхийдөө манай үндэсний ёс заншлыг тодорхойлдог гол хүчин зүйл юу вэ. Мэдээж хэрэг морь, монгол гэр, нүүдэлчин соёл маань шүү дээ. Их энгийн хэрнээ хүний сэтгэлд тод тусдаг юм. Энэ бүгдийг тусгахыг хичээсэн.

-Та шинэ уран бүтээлээ юун дээр тулгуурлаж хийж байна вэ?

-Ерөнхийдөө Монголын анхны классик хөгжмийн оргил зохиолчид болох Мөрдорж, Лувсаншарав зэрэг чадварлаг хөгжмийн зохиолчдын зохиолоос санаа авч ажилласан байгаа. 60, 70-аад оны утга санааг илтгэсэн. “Киви” хамтлагийнхан маань надад маш их тусалж, дэмжиж байгаа. Хамтлагаараа шинэ уран бүтээл дээр ажиллаж байна. Миний эргэн тойрон дахь бүх л хүмүүс чадлаараа тусалж, дэмжиж байгаа. Маш их баяртай байна.

-Ирэх есдүгээр сарын 2-нд хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ гэсэн. Тоглолтынхоо үеэр гурав дахь цомгоо танилцуулна гэсэн үү?

-Ирэх есдүгээр сарын 2-нд “Маргаашийн нар луу хамт явах уу” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийнэ. Үндэсний соёл амралтын хүрээлэнд байдаг “Хар сувд” усан онгоцон дээр 20:00 цагаас болно. Цаг гучин минутын тоглолт болно. Тоглолтдоо “I am in love”, “11.06” цомгийн дуунуудыг үзэгчдэдээ дуулж, сонордуулна. Мөн гурав дахь цомгоо танилцуулна. Бие даасан гурав дахь цомгийг маань залуучууд болон бүх насныхан сонсох боломжтой нөхцөлөөр бүтээлээ хийж байгаа. Гурав дахь цомог маань миний хамгийн оргил хэсэг гэж бодож, ажиллаж байна. Тус цомогтоо маш олон өнгө төрхийг хамаатуулж байгаа. Өнгөрсөн үеэ санан дурсахуй гэсэн хэв маягийг шингээнэ. Монгол Улсынхаа соёл урлагт хийж буй томоохон ажил, уран бүтээлийн маань нэг юм. Үзэгч, сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна. Би “Гоёо” брэндтэй хамтарч ажиллаж байгаа. “Гоёо” брэнд маань монгол үндэсний уламжлалт, өргөн цар хүрээтэй компани. Ийм амжилттай үйл ажиллагаа явуулж буй Монголынхоо брэнд компанитай хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Ирэх есдүгээр сард шинэ цомог, шинэ хэв маягийг гаргаж ирнэ.

-Анхны гэсэн юм бүхэн хүний сэтгэлээс гардаггүй шүү дээ. Та “I am in love” анхны бие даасан цомгоо 2011 оны аравдугаар сарын 27-нд гаргасан. Цомгоо гаргачихаад биеэ барьж чадахгүй маш их баярлаж, “Киви” хамтлагийн продюсер Ангирмааг таван минут орчим тэврэн уйлсан гэсэн. Та их сэтгэл хөдлөлтэй бололтой?

-Би хамгийн анхны цомгоосоо маш их зүйлийг сурч, туршлагажиж авсан. “Ука” гэсэн тодотгол явж байгаа учраас анхны цомгоо мэргэжлийн өндөр түвшинд хийх юмсан гэж маш их зорьж, тэмүүлж ажилласан. Тэгээд “I am in love” цомгоосоо маш олон зүйлийг сурч, ойлгож авсан юм. Харин хоёр дахь цомгоо яг өөрийн хүсэлдээ тааруулж, дуулахыг хүсч буй уран бүтээлээ сонгож дуулсан. “11.06” цомогтоо хүссэн мэдрэмжээ гаргасан. Гурав дахь цомогтоо юу тусгаж, гаргаж ирэхийг хүссэн бэ гэхээр, би үзэгч, сонсогчдынхоо хүрээг тэлэхийг хүссэн. Энэ нь аав ээж, ах эгч нар миний цомгийг сонсоосой гэсэн зорилго юм. Өмнөх цомгууд маань аав ээж, ах эгч нар нэг удаа үзээ л ёстой сайхан бүтээл болж гээд орхисон (инээв).

-Уран бүтээлч хүн их эрч хүчтэй байх ёстой. Та юунаас эрч хүчийг илүү их мэдэрдэг вэ?

-Эргэн тойрон дахь бүхий л сайн сайхан гэсэн зүйлсээс урам, эрч хүч авдаг. Маш мундаг, алдартай уран бүээлчдийн уран бүтээлийг сонсч урам авна. Өөрт таалагдсан хувцас өмсөөд эрч хүч авдаг. Их гоё цай, кофе ууж сэтгэл маань сайхан болдог. Миний мэдэрч буй бүхий л зүйл сонин содон байдаг. Миний хийж, бүтээж буй уран бүтээл болгон өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, шинэ тэсрэлттэй. Тиймээс би шинэ тэсрэлт, хэв маягаас эрч хүч авдаг. Хүн төрөлхтөн бие биенээсээ шинэ мэдрэмж, шинэ хэв маягийг олж авдаг шүү дээ.

Би гэр бүлтэй болсноос хойш уран бүтээлээ илүү их хийж байна. Гэр бүлийн хүн маань намайг маш их дэмжиж, урамшуулдаг. Эргэн тойрны хүмүүс маань намайг гэр бүлтэй болоод улам жавхаалаг болсон байна гэж хэлсэн л дээ. Илүү их урам зориг, амжилтыг хүсч байгаа. Тиймээс асар их эрч хүч авч байна. Одоо л өөрт байгаа хүчээ гаргаж, уран бүтээлээ хийх хэрэгтэй. Ажлаа сайн амжуул гэж нөхөр маань хэлдэг. Харин хөгширсөн хойноо хамт зугаалж аялаад, сайн сайхан зүйл үзнэ гэдэг. Гэр бүлийн дэмжлэгээс миний гэсэн бүх зүйл ундарч гарч байна. Долоо хоногийн таван өдөр хөдөлмөрлөж, ажил хийдэг. Хагас сайн өдөр нөхөртэйгөө болздог. Бүтэн сайнд гэр бүлээрээ хүүдээ цаг заваа зориулдаг даа.

-Та дуу дуулж байхдаа бүжиг бүжиглэдэг. Дуу, бүжгийг хослуулна гэдэг амаргүй байх?

-Бүжиг бол хүн төрөлхтөн өөрийгөө илэрхийлэх нэг хэв маяг. Соёл урлаг, спорт өөрөө хүний дотоод ертөнцөд дутагдаж буй зүйлүүдийг нөхөж өгдөг. Бүжиг бол хүн төрөлхтний соёлын хэмжүүр. Бүжгийн хамтлаг хүнийг их хөглөж, эрч хүч сэлбэж, стресс тайлна. Ач холбогдол өндөртэй. Юу хүсч тэмүүлж байна, тэрхүү тэмүүллийг бүжиг үйл хөдлөлөөр гаргаж, хэмнэлээр илэрхийлдэг. Дуу дуулж байгаад бүжиглэхэд дотроо хүсч буй бүх зүйлээ давхар гаргаж байгаа юм шиг санагддаг. Сэтгэл дотор маань хуралдаж буй тэрхүү мэдрэмжийг биеийн хөдөлгөөний цацалтаар гаргадаг. Иймээс маш их эрч хүч, сэтгэл хөдлөлтэй хүмүүс дуулж, бүжиглэдэг байх. Хүний оюун санаа дотроо маш олон төрөл шүү дээ. Сэтгэл дотроо нуугдаж буй тэрхүү зүйлийг бичгээр илэрхийлж, оюун санааны бядаар сэтгэлийн хэмнэлийг гаргадаг хүн байхад дуу хөгжмөөр илэрхийлдэг хүн ч байна шүү дээ.

-Та бага байхдаа ээждээ би цасан охин болно, дуу дуулна гэдэг байсан гэсэн. Багаасаа урлагийн хүн болно гэдгээ мэдэрч байсан уу?

-Ер нь хүүхэд бүхэн өнгө үзэмж сайтай, өөрийнхөө анхаарлыг татаж буй бүх зүйлд өөрийгөө сорьж, дайчилж, би энэ хүн шиг болно ч гэдэг юм уу. Хүн бүхэн хорвоо ертөнц дээр төрөөд барилга байшин, радио телевиз өөр бусад хамгийн сайхан санагдсан, тэрхүү зүйл рүү тэмүүлж, сонголт хийдэг шүү дээ. Би ийм хүүхдүүдийн адил байж болох хамгийн сайхан, үзэсгэлэнтэй зүйл рүү тэмүүлж, аав ээж болон гэр бүл, найз нөхдийнхөө хайрыг татаж, хайр хүндлэлийг хүлээх юмсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй байсан. Багаасаа хүнийг дандаа баярлуулж явах юмсан л гэж боддог байлаа. Бага байхад миний анхаарлыг татдаг байсан зүйл бол урлаг. Урлагтай холбогдсон хүн сэтгэл хөдлөл маш их гаргадаг. Урлаг, спортынхныг харахаар л сэтгэл минь сэргэж, миний явах ёстой зам мөр мөн байна гэж бодогддог байлаа. Тэгээд л би урлагтай зүрх сэтгэлээ холбосон юм.

-Эх хүн хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрх нь мөнхөрдөг гэдэг. Ээж тань миний охин өөрийнхөө бор зүрхээр өдий зэрэгтэй явж байгаа, их хөдөлмөрч гэсэн байсан. Таны хөдөлмөрч зан уран бүтээлээр нь илэрхийлэгддэг?

-Ямар сайхан үг вэ. Хөдөлмөрч, хичээнгүй төрлийн хүмүүсийн нэг байхыг хичээдэг. Хүн өөрийнхөө хийсэн зүйлийг бусдад үнэлүүлнэ гэдэг хамгийн гайхалтай мэдрэмж. Би аав ээж, гэр бүл, найз нөхдөөрөө бахархаж явдаг даа.

-Таны сонирхол юу вэ?

-Хоёр хоцрогдсон шивээстэй. Шивээс хийлгэх дуртай. Магадгүй нэг өдөр бүх биеэрээ шивээстэй болчихож магадгүй юм. Гэхдээ яг шивээс хийлгэх үү гэдгээ сайн мэдэхгүй байна. Амьдрал баян ш дээ. Хэзээ нэг өдөр маш их хүсэж, тэмүүлж магадгүй ш дээ. Манай нөхөр ч гэсэн шивээс сонирхдог, дуртай.

-“Мөрөөдөл бид хоёр” дууныхаа тухай ярихгүй юу?

-Хүн бүхэн мөрөөдөлтэй байдаг. Тэрхүү мөрөөдлөө биелүүлсний дараа бүгд аз жаргалтай болж, бүжиглэж, залуучууд шоуддаг. Тэгээд хамгийн гоё гэж бодсон үдэшлэг дээр дуу дуулдаг. Ийм утга санааг гаргасан. Хүн хайрлаж, дурласаар байгаад насыг бардаг шүү дээ. Хайрласаар, дурласаар би өдөр бүр тэмүүлсээр гэсэн үгтэй. Тиймээс хүмүүс миний энэ дууг сонсоод сайн сайхан зүйлийг хүсэж, мөрөөдөөсэй гэж бодож байна.

Миний хийж байгаа зүйлд миний хүсэл мөрөөдлийн өнгө аяс илэрхийлэгдэж байгаасай гэж зорьдог. Тэгээд продюсерууддаа өөрийнхөө бодсон утга санаа, өнгө төрхийг ойлгуулж, найруулагч нартайгаа ярилцдаг. Би амьдралаас өнгөлөг, өөдтэй, сайн сайхан зүйлсийг мэдрэхийг хүсдэг. Энэхүү гэгээлэг бүхнийг үзэгч, сонсогчдодоо түгээдэг юм.

Б.УРАНЧИМЭГ