Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Төсвийн тодотголыг харж байхад МАН Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд эхэлжээ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэд хэдэн төрлийн татварыг нэмэхээр оруулж ирж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүллээ. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа нэг удаадаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болгож байгаа гэхчилэн олон зүйл л яваа харагдах юм. Та ямар бодолтой байна вэ?

-Төсвийн тодотголыг Их хурал хэлэлцэж байна. Инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй ч гэх юм уу тийм л төсвийн тодотгол орж ирлээ. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж эхэлснээр бодлогын хүү 15 хувь боллоо. Ингэснээр банкнаас гарах зээл хязгаарлагдана. Хоёрдугаарт, арилжааны банкны Монголбанкин дээр байлгах нөөц нэмэгдэнэ. Энэ хэрээр зах зээл рүү орох мөнгөн урсгал хумигдана гэсэн үг. Монголбанк мөнгөний хатуу бодлого явуулж байгаа үед Сангийн яам эсрэгээрээ зөөлөн бодлого явуулах хэрэгтэй байдаг л даа. Сангийн яам зөөлөн бодлого явуулах ёстой байтал татвар нэмж ард түмний халаасанд буй жаахан мөнгийг татвар болгон эргүүлж, дээрээс нь гаргаж буй зардлаа татаж эхэллээ.

Тухайлбал, хүүхдийн 20 мянга, оюутны 70200, тэтгэвэр, тэтгэмжээр зах зээл рүү гарах ёстой мөнгийг хязгаарлаж байна гэдэг бол хоёр иституци хоёулаа бэлэн мөнгийг татах бодлого явуулж эхэллээ. Ингэснээр иргэдийн худалдан авах чадвар муудаж, жижиг дунд бизнесүүд хаалгаа барихад хүрнэ. Эдийн засаг бие барьсан хувцас өмсөхөд ямар байдаг билээ, яг тэр зарчим руу орно. Ийм тохиолдолд гаднаас бараа бүтээгдэхүүн импортлох нь багасна. Ам.долларын урсгалыг ингэж зогсоох гэж байна л даа.

-Яагаад заавал энэ арга замыг сонгох болсон юм бол. Та юу гэж харж байна вэ?

-Ардчилсан нам эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн юм аа. Үүний үргэлжлэл явж байна гэдэг пиарыг хийх зорилгоор ийм алхам хийж байгаа. Гурван сарын дараа зах зээл дээр ам.долларыг худалдан авах чадваргүй болоод ирэхээр валютын ханш бууна. Мөн он гарангуут мөнгөний бодлогоо суллах арга хэмжээ аваад эхлэхээр зах зээл рүү орох мөнгөн урсгал нэмэгдэнэ. Тэр үедээ “Бид эдийн засгийг сайжруулчихлаа шүү” гэдэг мессэжийг Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан гаргаж ирж оноо авна. Ердөө л энэ. Үүнд л зориулсан төсвийн тодотгол орж ирж байна.

-Ийм төсвийн тодотголыг АН-ын бүлэг дэмжихгүй байх тийм үү?

-Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгох ёстой гэж хамгийн их хашгирсан хүмүүс бол Ардын намынхан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь олгоё гэхэд тэд л хамгийн их эсэргүүцсэн. Энэ МАН-ынханд ой санамж гэж юм байна уу. Одоо болохоор хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гээд оруулж ирэх юм.

Мөн оюутны 70200 төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэж мөрийн хөтөлбөртөө МАН-ынхан тусгаа биз дээ. Одоо тэгээд юу яриад байгаа юм. Энэ мөнгийг нь олгоно гэж оюутнуудаас санал авчихаад маргааш нь “Та нар бидэнд хэрэггүй байсан шүү” гээд салаавч үзүүлж болохгүй. Түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийг багасгаж байна. Тухайлбал, бүх насаараа төрийн албанд зүтгэсэн хүмүүсийн тэтгэвэрт гарахдаа ганц удаа авдаг байсан 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгон багасгаж байна. Нэгээс 12 сар гэдэг нь нэг сарын тэтгэмж ч олгож болно гэж байгаа юм. Ингэж ард түмний аж амьдралд хэрэгтэй байсан зүйлсийг устгаж буйгаараа энэ удаагийн төсвийн тодотгол онцлог болохын дээр мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмыг хийлээ. Ингэж ард түмний амьдрал ахуйд таатай бус төсвийн тодотгол өргөн барьж байхад бид яаж дэмжих юм бэ.

-Ерөнхий сайд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан. Одоогийн Сангийн сайд нь жил бүрийн төсвийг өөрийнхөө өрөөнд шахам боодог байсан талаар ярьж байна. МАН-ынхан үнэхээр төсвийн талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм уу. Сөрөг хүчнийхээ хэлж ярьж буйг эрх баригчид хэр сонсож байна?

-МАН-ынхан ганцхан бодлого барьж байгаа нь Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихсэн гэж ярих явдал. Үүнийг нь бид засах гээд явж байна гэж ярьдаг. Үнэндээ ямар аргаар, яаж засах гэж байгаа талаараа огт ярихгүй байна. Зээл авах уу, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах уу, татварын бодлогоороо эдийн засгийг сайжруулах уу гээд алийг нь сонгож байгаа нь мэдэгдэхгүй байгаа. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн гарцаа тодорхойлохгүй хэрнээ УИХ дээр цэвэр улс төрийн шинжтэй зүйлс ярьж байгаа юм. Эдийн засгийн болж бүтэхгүй байгаа бүх л зүйлсээ АН-д нялзаах гэж зүтгэж байгаад үнэнийг хэлэхэд эмзэглэж байна. Өнгөрсөн дөрвөн жилд МАН Их хуралд хүчтэй сөрөг хүчин байсан. Мөн МАН өөрсдөө АН-ын хаяанд ирж гэрээ барьж, Засгийн газарт орж байлаа. Эдийн засгийн хүндрэлийн үед хамтдаа төр засгийг удирдаж байсан гэдгээ мэдэхгүй ингэж ярьж буй нь ядаж хүн чанар талаасаа бодох л ёстой зүйлсийн нэг.

-Өнгөрөгч дөрвөн жилд иргэдэд хэрэгтэй хуулиуд баталсны нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байлаа. Ахмад настнууд маш өндөр хүлээлттэй хэрэгжих хугацаа нь хурдан болоосой гэж байсан бол хэрэгжилтийг нь хойшлуулахгүйгээр бүр хүчингүй болгуулахаар оруулж ирж байгаа нь тэдэнд таалагдахгүй байна…

-Энэ бүхнийг үе шаттай ярих нь зөв байх.

Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд сар бүр олгодог байсан 20 мянган төгрөгийг зорилтот бүлэг гээд тал хувьд нь олгохгүй байхаар орж ирж байна. Оюутнуудын 70200 төгрөгийг нь өгөхгүй гэлээ. Залуу идэр үеийнхний бизнес эрхэлж буй хүмүүст татвар нэмэх аргаар дарамт учруулж эхэллээ. Ахмадуудын хамтын тэтгэврийг байхгүй болголоо. Ардын намын явуулж буй энэ бодлого нь бүх шатандаа Монголын ард түмэн рүү нуруугаа харуулж буй тод хэлбэр. Ардчилсан намын бүлгээс энэ бүхнийг хэвийн явуулаач ээ л гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Гэтэл “Эдийн засаг муудсан” гэдэг гуравхан үгээр хаалт хийж, ард түмний амьдрал ахуйд муугаар нөлөөлсөн шийдвэрүүдийг гаргаад байна.

-Энэ мэтчилэн зүйлс дээр Ардчилсан нам ямар байр сууринаас хандах вэ. Хэдий цөөхүүлээ ч гэсэн сөрөг хүчин хангалттай сайн ажиллах хатуу шаардлага тулгараад байна л даа. Ардын намын зарим гишүүд төсвийн тодотголыг дэмжихгүй байна гэж байгаа ч ярилцлага өгөхөөрөө намаа муулж болохгүй байна гээд байна л даа?

-Ардын намынхан хувь улстөрчийг улс төр хэрхэн хийх нь вэ гэдгийг хатуу хянадаг юм шиг байгаа юм. Тиймээс гишүүд нь дотроо хэчнээн эсэргүүцэж байсан ч ил гаргаж чаддаггүй. Ард түмэнд ярьж хэлж санал авч байсан зүйлсээ бодоод ярих гэхээр намаа эсэргүүцэх болчихдог. Дотроо эмзэглэж байгаа ч намын удирдлагаасаа айгаад өөрийнхөө бодож байгаагийн эсрэг улс төр хийж байна. Тэр хийж байгаа улс төр нь маш хиймэл харагдаж байгаа. Өөрийнхөө бодож байгаагийнхаа эсрэг явахаар яаж үнэн байх юм. Намаа эрүүл байлгая гэвэл өөр өөрийнхөө үзэл бодолд үнэнч явах л хэрэгтэй.

-МАН-ын мөрийн хөтөлбөрөөс ард түмэнд хамгийн их таалагдсан нь цалин, тэтгэврийг үе шаттайгаар нэмнэ гэсэн өгүүлбэр. Бараг л оюутнуудыг үнэгүй сургачих юм яриад байсан. Одоо бол мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг алхмуудыг хийж байна. Ирэх жилүүдэд тус намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломж хэр байгаа бол?

-МАН-ынхан эдийн засгийг сайжруулах тодорхой бодлогогүй явж байгаа. Хэрэв эдийн засгийг тэгж сайжруулна гэж бодлоготойгоор ажлаа эхлүүлбэл ядаж хийх зүйлс нь тодорхой байна. Эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ гэсэн бодлого нь тодорхойгүй тул мөрийн хөтөлбөрөө юугаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй болчихсон. Үнэхээр харамсалтай.

-Сангийн сайд 20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэдэг зүйл ярьж байна. Үүнтэй санал нийлэх үү?

-20 мянган төрийн албан хаагчийг цомхотгоно гэж Сангийн сайд чуулганы хуралдаан дээр хэлсэн. Үнэндээ энэ хүмүүсийг халах үндэслэл байхгүй. Төрийн албан хаагчдын тоо яагаад ихэссэн бэ гэхээр өнгөрсөн дөрвөн жил маш их сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсан. Энэ газруудад чинь хүн ажилладаг юм байгаа биз дээ. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барьчихаад байхад хүссэн хүсээгүй тэнд ажиллах хүнийг авах ёстой. Эдийн засаг тэлсний хэрээр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн тул ажлын байр нэмэгдсэн байхгүй юу. Хороодын нийгмийн ажилтнаас эхлээд бүгдийг нь төрийн албан хаагч болгосон. Үүнтэй холбоотойгоор автоматаар нэмэгдсэн юм. Мөн сургууль, цэцэрлэгийн галчаас эхлээд хүмүүсийг төрийн албан хаагч болгосон. Ингэхээр төрийн албан хаагчдын тоо нэмэгдэхгүй яах юм бэ. Түүнээс биш АН засгийн эрхэнд байхдаа төрийн албан хаагчдын орон тоог нэмчихсэн зүйл огт байхгүй. Хөрөнгө оруулалтаас шалтгаалан төрийн албан хаагчид нэмэгдсэн. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. 20 мянган төрийн албан хаагчийг хална гэдэг бол төрийн үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийг л хална гэсэн үг. Энэ бол байж болшгүй асуудал. Бидний хүүхэд эрүүл саруул байх ёстой, бидний хүүхдүүд боловсролтой байх ёстой. Гэтэл төрийн албан хаагчдыг хална гэдэг бол Монголын ирээдүйг байхгүй болгож байгаатай яг адилхан зүйл.

-Жилийн 30 сая төгрөгөөс дээш орлоготой хүмүүсийн татварыг 25 хувь болгон нэмэгдүүлнэ гэж байна. Сард хуваагаад үзэхээр хоёр сая 500 мянган төгрөгийн цалин авдаг хүн түүнд хамаарч байгаа юм. Энэ нь сарын мянган ам.долларын цалин авч байна гэсэн үг. Монголд мянган ам.долларын цалин тийм өндөрт орох уу?

-Ардын намынхан аль ч төрлөөр татвар нэмэхгүй гэсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг явж байна. Баялаг бүтээж, цалингаа аваад явж буй хэвийн амьдралтай хүнд дарамт болон очиж байгаа. Хоёр сая 500 мянган төгрөгийн цалинтай хүн 200 метр квадрат байртай байгаа шүү дээ. 200 метр квадрат байртай байсан тэр хүний цалингаас нь өндөр татвар авчихаар ипотекийн зээлээ яаж төлөх вэ. Цалин нь хүрэхээ больж эхэлнэ биз дээ. Хоёрдугаарт, 200 метр квадрат байртай тэр хүний Үл хөдлөх хөрөнгийн татвар нь нэмэгдэнэ. Хэвийн амьдарч байсан хүнийг ингэж дарамтад оруулж болохгүй ээ. Ингээд ирэхээр цалингаа хоёр хувааж өөр дансаар авч эхэлнэ. Уршиг нь далд эдийн засгийг бий болгоно. Энэ бол дэмжээд байхаар зүйл биш.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг буулгахтай холбоотойгоор иргэдээс эсэргүүцлээ илэрхийлж утсаар ярьж, мессэж бичиж байна. Иргэдийнхээ төлөө бид ажиллана.

-Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт ирэх есдүгээр сарын нэгнээс эхлэх байсан ч 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр МАН-ынхан оруулж ирлээ. Заавал ингэж хойшлуулах шалтгаан юу байсан юм бол?

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах болсон нь хоёр шалтгаантай. МАН-ын зүгээс уг хуулиудтай холбогдсон дүрэм, журмыг боловсруулаагүй, бэлтгэл ажил хангаагүй, сургалт явуулаагүй гэдэг шалтгаан хэлж байгаа. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг эсрэг байр суурьтай байна. Уг асуудалтай холбогдуулан завсарлага авсан.

Уг хуулийг буцаах болсон нэгдүгээр шалтгаан нь 2017 оны тавдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр нэр дэвших тул уг хуулиудыг хэрэгжүүлээд эхэлбэл тэр хүний ялтайд тооцогдох хугацаа ирэх есдүгээр сарын 1-нээр дуусах юм. Уг хуулиудын хэрэгжилт долдугаар сарын 1 болж хойшилсноороо Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно. Ардын намынхан өөрсдийн саналыг хуваачихна хэмээн айж байгаа тул улс төр хийж уг хуулиудыг хойшлуулж байна.

Хоёрдугаарт, Ардын нам хүний эрх, эрх чөлөө, баталгааны тухай ам ангайдаггүй нам. Тиймээс уг хуулийг хойшлуулж, дахин өөрчилж хуучны хуультайгаа адилхан хүн нь байвал гэмт хэрэг нь олдоно гэдэг зарчмаар ажиллах гэж байна гэж харж байгаа. Энэ хуулийг ард түмэн маш их хүлээж байна. Өөрсдийнхөө хүний эрхийн баталгааг дээд түвшин рүү аваачих байх гэж харж байгаа ч харамсалтай нь Ардын нам үүний эсрэг яваад байгаа л даа. Ингэснээрээ тэд хүний эрхийн төлөө байдаггүй, хүний эрх, эрх чөлөөг ярих дургүй, хуулийн салбарын шинэчлэлийн талд байдаггүй нам гэдгээ улам бататгаж байгаа хэрэг.

-МАН-ын хийж хэрэгжүүлж байгаа зүйлс нь ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд чиглэгдэж байна гэж та хараад байгаа бололтой. Таны хэлсэн хэд хэдэн зүйл дээр тэгж санагдлаа?

-Өргөн барьсан төсвийн тодотгол хийгээд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг харж байхад яах аргагүй Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байгаа нь илт харагдаад байна. Угаасаа тэгж ч байгаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал есдүгээр сарын 16-ны өдөр болохоор хойшиллоо. Хойшлох болсон гол шалтгаан нь юу байсан юм бол. Уг нь хэлэлцэх асуудал нь тодорхой байгаа шүү дээ?

-Ардчилсан нам шинэ өнгө төрхтэй болох ёстой. Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жилд хэтэрхий дарга нарын нам явж ирлээ. Их хурал дахь нам болж хувирсан. Тиймээс өнөөдөр Ардчилсан нам ард түмний нам болох хэрэгтэй байна. ҮЗХ-ны хуралдаан хойшилсон нь шинэ дүр төрхийг манай хууччуул гаргахгүйн төлөө тэмцэж буй тэмцэл гэж харж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баяраа: Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн

“Өдрийн сонин”-ы №198(5463) дугаараас авч нийтлэв.

Зуны олимпийн наадмын эрэгтэй чөлөөт бөхийн 65 кг-ын жинд Г.Мандахнаран хүрэл медалийн барилдаанд ялж яваад, барилдаан дуусахад эргэлзээтэй ялагдал хүлээсэн билээ. Тус барилдааны шүүлтийг дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нар эсэргүүцэн дэвжээн дээр хувцсаа тайлан дургүйцлээ илэрхийлсэн юм. Энэ барилдааны талаар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Баяраатай ярилцсанаа хүргэе.

-Монголын чөлөөт бөхийн тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй гэж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос зарласан тухай яриа гарч эхэллээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид өнөөдөр хуралдана. Энэ хурлаар ярилцах болно.

-Та “Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн барилдааныг юу гэж харж байна вэ?

-Олимпод дэлхийн шилдэг тамирчид оролцдог. Шилдэг тамирчид өрсөлдөж шилдгийн шилдэг нь тодордог. Тиймээс би олимпийн алт, мөнгө, хүрэл медалийг нэг медаль гэж боддог юм. Энэ шилдэгт яах аргагүй манай тамирчин маань орж, олимпод финалдлаа. Хүрэл медалийн төлөөх барилдаан 5:55 минут хүртэл бидний гарт байсан. Бид хожсон. Гэтэл сүүлийн гурван секундэд идэвхгүй барилдлаа гэж сануулга өгсөн ч тэр нь шүүгчдээр дэмжигдээгүй мөртлөө үндсэн цаг дууссанаас хойш нөхөн торгууль өгсөн. Дүрэмдээ бол гурван шүүгчийн санал нэгдэн үндсэн цаг дуусахаас өмнө ялалт, ялагдлыг шийдсэн байх ёстой. Энэ бол шүүгчдийн алдаа.

-Шүүгчийн буруу гэх хүмүүс ч байна. Зарим нь арай эрт баярлачихсан ч гэх юм…

-Спорт бол цогц. Бяр чадал, тэсвэр тэвчээр, ухаан, хурд хүч гээд хүний чадавхийн дээд хэмжээг үзүүлж байдаг цогц зүйл юм. Үүнд үзэгчидтэйгээ харьцах, сэтгэл хөдлөлөө хуваалцах ч орно. Өөрийнхөө амжилтад бат итгэсэн тохиолдолд сэтгэл хөдлөлөө хуваалцах нь аль ч спортод байдаг. Сэтгэл хөдлөлгүйгээр спорт хөндий хоосон л зүйл болж хувирна. Мандахнаран гурван секундэд л гараа өргөж сэтгэл хөдлөлөө хуваалцсан. Гэхдээ энэ хоорондоо нуруугаа харуулаагүй, зугтаагаагүй. Өрсөлдөгчийнхөө довтолгооны зайнаас бултсан гэсэн ч хойноос нь эргээд хөөхөд нь яг урдаас нь л харж байсан. Тэр үед барьж аваад оноо авч чадаагүй байж тэр моментийг эсрэгээр нь ашиглаж л ялалт авсан шүү дээ. Тамирчны ялалтыг луйвардаж авч болохгүй.

– Та энэ шүүлтийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн…

-Аль ч спортын шүүлтэд будлиан явагддаг. Энэ олон будлианы эсрэг тамирчин, дасгалжуулагчид чадлынхаа хэрээр л эсэргүүцдэг. Тамирчин хүний амжилт нөр их хөдөлмөрийн үр дүн байдаг гэдгийг бүгд л мэдэж байх учиртай. Мэдээж тэр барилдаан дээр бид тэгж эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн юм бол байгаагүй. Үнэндээ бид дэвжээн дээр тамирчныхаа төлөө хийж чадах зүйл тэр л байсан. Дасгалжуулагч хүнд нүцгэн бие, өмссөн хувцаснаас өөр юу байхав дээ. Тиймээс өмссөн хувцсаа л тайлж эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүнээс бид хүн зодож, үг хэлээр доромжлолтой биш дээ. Ийм үйлдэл гаргасан бол энэ ёс зүйн алдаа болж хувирна. Бид шавийнхаа бас ард түмнийхээ итгэлийн төлөө л тийм үйлдэл хийсэн.

-Ц.Цогтбаатар дасгалжуулагч та хоёрын энэ эсэргүүцэл гадаадын олон хэвлэл мэдээллээр цацагдсан байсан?

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэ буруу шүүлтийн үйл ажиллагаанаас болж олимпоос хасагдах дээрээ тулсан. Энэ бугшсан, муу, муухай зүйлээсээ болж үзэгчдээ ч алдаж, олон тамирчны урмыг хугалж байгаа. Энэ бол эвлэрч болшгүй зүйл. Энэ асуудлын талаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч “Би энэ муу, муухай зүйлтэй тэмцээд ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй байна” гэдгээ удаа дараа мэдэгдэж байсан. Мөн “Бүгдээрээ хамтраад энэ луйвар, буруу шүүлттэй тэмцье” гэсэн. Тиймээс бид энэ уриалгын дагуу дэлхий нийтэд, шүүгчдэд сануулга өгсөн гэж ойлгож байгаа. Бидний өөрсдийгөө золиослон байж хийсэн энэ үйлдэл маань ёс зүйтэй, боловсронгуй, булхайгүй, цэвэр шүүлттэй, спортын шударга өрсөлдөөний талбарт хүргэх болтугай. Энэ бүхнийг үзсэн үзэгчид, дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийнхэн биднийг дэмжиж, бидний талд байсныг би харсан, сонссон, мэдэрсэн. Барилдааны дараа тэр зааланд байсан бүх хүн Монгол гэл орилж байсан. Ер нь бокс болон чөлөөт бөхийн өмнөх барилдаануудад гарсан буруу шүүлт дээр үзэгчид тэр дундаа Бразилийн ард түмэн эсэргүүцлээ илэрхийлж байсан. Эндээс би Бразилийн ард түмнийг эсэргүүцлээ илэрхийлж, шударга зүйлийн төлөө нэгдэж чаддаг, мэдрэмтгий, спортлог ард түмэн байна даа гэж харж байлаа.

-Барилдааны дараа бусад орны тамирчид, дасгалжуулагчдын хандлага ямар байсан бэ?

-Герман, АНУ, Япон, БНСУ, Иран, Молдав, Болгар, Польш гээд олон орны тамирчид бидэнтэй ирж уулзсан. Тэд “Та бүхнийг дэмжиж байна. Санал нэг байгаа шүү. Зөв зүйл хийлээ. Бид яахаа мэдэхгүй үе зөндөө байсан, бидэнд тусалсанд баярлалаа” гэж хэлсэн. Биднийг дэмжсэн хүмүүсээр л хүрээлүүлж байгаад ирсэн.

-2016 оны Оросын улсын аварга шалгаруулах тэмцээнийг Чөлөөт бөхийн холбооноос томилогдож шүүсэн Б.Төмөрбаатар, Д.Сэрээтэр нар үймүүлсэн мөн шүүгчийн бүрэлдэхүүнд Азербайжанд суурьшсан узбек хүн багтсан байсан нь шүүлтэд муугаар нөлөөлсөн гэх мэдээллүүд байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Узбек, Казахстан, Дагестан гээд энэ орнууд хэл ч нэгтэй, сэтгэл ч нэгтэй. Тамирчид нь хамт сургууль төгсөж, нэг дор хүмүүжиж, чанагдсан нэг улс шиг л байдаг. Гэтэл ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнийг манай хоёр шүүгч будлиулчихсан. Үүнд дургүйцлээ илэрхийлсэн Дагестаны баг тэр чигээрээ Оросын аваргыг орхисон. Мөн спорт сонирхогчид, тамирчид, дасгалжуулагчдын дургүйцлийг маш их хүргэсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр хүртэл цацагдаж байлаа. Нэг буруу шүүлтийн ард олон хүний хөлс хөдөлмөр, зүтгэл, сэтгэл шингэсэн байдаг. Олимпийн өмнө Монгол гэдэг нэрийг баллаж, олон хүний өш хонзон, дургүйцлийг хүргэсэн. Тэр балаг нь биднийг хохироолоо гэж бидний мэргэжил нэгт хүмүүс харамсаж байна.

-Г.Мандахнарантай хүрэл медалийн төлөө барилдсан Узбекийн бөх Ихтияр Наврузов шөвгийн наймын барилдаандаа луйвар хийж, тухайн барилдааныг хянаж байсан гурван шүүгчийг хөөсөн…

-Эхний тойрогтоо ч, хоёрдугаар тойрогтоо ч тэр луйвардаж гарч ирсэн. Хоёрдугаар тойрогтоо Дэлхийн аваргын мөнгөн медальт Пуэрто-Рикогийн Фрэнклин Гомесын гарцаагүй авсан оноог нь луйвардаж гарч ирсэн. Шулуухан хэлэх юм бол манай тамирчинтай финалд гарч ирэхээргүй л байсан бөх.

-Хүрэл медалийн барилдааны дараа Г.Мандахнаран та бүхэнд сэтгэгдлээ хэрхэн хуваалцаж байв?

-Барилдааны дараа “Багш аа, энэ хүрэл медалийг бид авсан, чадсан. Бид олимпийн медальтнууд болж чадсан шүү. Та нартаа баярлалаа” гэж хэлсэн. Түүний хувьд олимп эхлэхээс өмнө түрүүлнэ гэж бат итгэлтэй байсан. Үзэгчид, Монголын ард түмэн ч ямар барилдаан хийснийг нь харсан. Маш хүнд барилдаануудыг хийхдээ өрсөлдөгчдөө оноо алдахгүйгээр л гарч ирсэн дээ. Энэ бол тухайн хүний сэтгэлийн хаттай бас маш том зорилго тавьсныг л харуулж байгаа юм. Нас нь 30 шүргэж байгаа гэхэд тэр олон барилдааны дунд ядарч, туйлдахгүй, барилдаанаас барилдааны хооронд сайжирч байлаа. Ачаалал хэрхэн сайн дааж барилдах ёстой вэ гэдгийг энэ хүн үзүүлж чадсан. Энэ нь өнөөх л сургалт, дасгалжуулалтыг чанартай хийж бэлтгэгдсэнд байгаа юм. Мөн тэр жинд аварга болсон ОХУ-ын бөхтэй хамгийн ойрхон үзүүлэлттэй барилдсан. Алтан медаль хүртсэн бөх бусад бөхчүүдийг илт давуу ялсан. Ганцхан Г.Мандахнарантай л ойролцоо барилдсан.

-Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Дагвадорж ажлаа өгч байгаа талаараа цахим хуудаснаа жиргэсэн байсан. Энэ талаар таны бодол?

-Эрэгтэйчүүдийн барилдааныг холбооны ерөнхийлөгчийг үзэж байгаа гэж бодсон. Гэтэл Г.Мандахнарангийн барилдааны үеэр холбооноос ямар ч хүн харагдахгүй байхад үнэхээр гайхсан. Тэр үед л явсныг нь мэдсэн. Ер нь чөлөөт бөхийн холбоо ганцхан Д.Дагвадоржтой холбоотой юм биш. Энэ хүн бол ерөнхийд нь удирдаад явж байгаа. Түүний дор маш олон хариуцлагагүй хүмүүс бий. Ганц жишээ хэлэхэд л хуурамч визний асуудал байна. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж түүхэн амжилтыг гаргах боломжтой байсан. Гэтэл гол гурван тамирчин нь багштайгаа хамт хуурамч визний асуудалтай хүний нутагт шоронд сууж байлаа. Энэ бол Монголд байтугай Дэлхийн улс оронд гарч байгаагүй асуудал. Холбооны зүгээс тамирчдаа дэмжих, дэм болох үүрэгтэй байдаг. Хөлс, хөдөлмөрийг нь нураах биш. Бид тамирчдынхаа сайн сайхны төлөө эв найрамдалтай, хамтарч ажиллах ёстой. Цаашид өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна.

-Энэ удаагийн олимпод чөлөөт бөхийн шигшээ баг хэрхэн бэлдэв?

-Спортын бэлтгэл, сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт гэж байдаг. Энэ төлөвлөлт маань олон цикльд хуваагдаж тэр бүрдээ зорилтуудыг тавьж ажиллана. Сэргэлт, ачаалал авах гээд сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг маш нарийн хийж байж техник тактик, биеийн ерөнхий болон тусгай хөгжил, сэтгэл зүй, эрчимтэй ажиллах зэрэг нь өндөр түвшинд хүрч очдог. Өндөр зэрэглэлийн тамирчны стандартад хүргэж ажиллах, түүнээсээ давж байж амжилтад хүрдэг. Энэ бүх зүйлийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлснээр манай баг тамирчдын амжилт сайжирсан. Шигшээ багийн тамирчид 22 жилд дэлхийн зургаан медаль авдаг байсан бол өнгөрсөн дөрвөн жилийн дотор л зургаан медаль хүртсэн. Мөн энэ хугацаанд манай баг тамирчид Ази тивийн шилдэг баг боллоо. Өнгөрсөн жилийн дэлхийн аваргын тэмцээнд 200 гаруй орноос АНУ, Япон, БНСАУ, БНХАУ-ын баг тамирчдыг ардаа орхиж багаараа дөрөвдүгээрт орлоо. Мөн Дэлхийн шилдэг багуудын тоонд орж Дэлхийн цомын тэмцээнд гурван удаа оролцсон. Энэ дөрвөн жилийн хугацаанд анхны хамгийн том амжилттайгаар олимпийн наадмыг угтлаа. Мөн Монгол Улсын түүхэнд анх удаагаа олимпийн зургаан эрхийг авч бүтэн багаараа оролцсон.

-Та хэзээнээс чөлөөт бөхийн дасгалжуулагч хийж эхэлсэн бэ?

-Би арван жил чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Дасгалжуулагч хүн гуталчин, барилгачин хүмүүс шиг эд материалтай ажилладаггүй. Хүнтэй ажилладаг. Хэрвээ үйлдвэрийн гологдол гаргалаа гэвэл хүнээр гологдол гаргана гэсэн үг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүнээр буруу бэлтгэл сургуулилт хийлгэвэл насаар нь тахир дутуу болгоно. Харин эсрэгээрээ үйлдвэрийн сайн бүтээгдэхүүн гаргавал тэр хүнийг амжилтад хүргэж чадна. Оюун ухаан, үзэл бодол, сэтгэлзүйн маш олон чанартай зүйлээр үйлдвэрлэл явуулна гэдэг чинь хариуцлага, судалгаа шинжилгээ шаардаж байдаг. Давуу талыг нь тогтвортой байлгах, сул талыг нь дэлхийн хэмжээний тамирчидтай эн зэрэгцүүлэх гээд өв тэгш хөгжүүлэх шаардлага гарна. Тиймээс тухайн хүнийг эхлээд хүмүүжүүлнэ дараа нь ур чадвар, тэсвэр хатуужлыг бий болгоно. Ийм зүйлийг л бид хийх ёстой байдаг.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

С.Соронзонболд: Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр зайлуулдаг гэдэг

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболдтой ярилцлаа.

-Та саяхан болж өнгөрсөн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын үеэр “Монгол ятга тэнгэрийн хөгжим болохын учир” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Яагаад тэнгэрийн хөгжим гэж үзсэн бэ?

-Манай СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн профессорын баг Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн үеэр Монгол хаадын ордны долоо, ес, 11 чавхдаст ятгыг сэргээн бүтээхээр зорьсон юм. Санааг нь би гаргаад, “Эгшиглэн магнай” хөгжмийн үйлдвэрийн мундаг урлаач П.Байгальжавт хэлсэн. Санаа зовоож байсан нэг зүйл байв. Алтай ятга манай эриний V, VI зууны үеийнх мөртлөө хийхэд түвэгтэй, маш их хөдөлмөр орсон байна гэж хөгжим судлаач, зэмсэг урлаачид хэлсэн. “Хаана ч байхгүй цорын ганц хувилбар” гэж Жаргалант хайрхнаас олдсон алтай ятгыг Германы эрдэмтэн Сюзанна Шулц тодорхойлсон байна лээ. Эртний хөгжмийн олдвор Алтайгаас олдсон. Бас Хятадын Шинжаан, Уйгараас босоо ятга зургаа олдсон. Цагаан хэрэмийн хойд талаас л олдоод байгаа юм. Хубилай хааны ордны хөгжим гэнэт бий болчихоогүй. Өмнө нь Мөнх хааны ордонд олон найрал хөгжимчин тоглож байсан, хөгжим сэргээн бүтээж байсан мэдээ байдаг. Монгол хаад хөгжимд дуртай байжээ. Тийм учраас энэ гурван ятгыг Хубилай хааны ойгоор босгоё гэж шийдсэн юм. Яаж босгох вэ, хөглөх вэ гээд олон асуудал гарч ирнэ. Хийсэн хөгжмийг маань манайх мөн, биш гээд яриа хөөрөө гарна шүү дээ. Асуулт гарах нь ойлгомжтой учраас хариулт бэлтгэх санаатай баахан үзсэн. Эхлээд ятга гэдэг нэрийн учрыг хайсан л даа. Ж.Бадраа гуай ятга нэрийг итгэ, итгүүлэх гэсэн үгнээс гаралтай, ятга ятгуулах гэсэн утгатай гэсэн сайхан тайлбар хийсэн юм билээ. Мөн ятга гэдэг нэрийн эртний хэлбэр болох идтэй юм, итгэлтэй юм гэсэн утгатай ятуган гэсэн үг 1382 онд зохиосон “Хуа-и и-юй” толь бичигт үлдсэн тухай тэмдэглэжээ.

Харин би болон манайхан бөө мөргөлтэй байсан учраас бөөгийн талаас нь хайгаад үзье гэж бодлоо. Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбатын “Тэнгэр хөллөсөн халх бөө” бүтээлд зүүний 44 тэнгэрийн нэгнийх нь нэрийг “Ятга тэнгэр” гэжээ. Энд дурдсан хар тэнгэрүүдийн нэр хэдийд хаанаас бий болсон нь тодорхойгүй гэнэ. Эртний яруу найрагчид ч ятгын тухай бичжээ. Ятга хөгжим эртний том яруу найрагчдын шүлэг бүтээлд их туссан юм байна. Эгшиг өнгө аяс, гарвалыг нь найрагчид тодорхойлж хэлж байжээ. Түүнээс гадна монголчууд улаан шар толгойтой, хар хошуутай, цэнхэр далавчтай өнгөлөг шувууг ятга шаазгай гэдэг.

-Тэр чинь бас яадаг ид шидтэй шувуу вэ?

-Ятга шаазгай хуш модтой ойд нутагладаг. Хушны самраар голдуу хооллодог учраас тэнгэрийн идээ хүртдэг жигүүртэн хэмээн дээдэлдэг. Ятга шаазгай бас бусад шувууд амьтны дууг дуурайх идтэй гэдэг. Ятгын тухай олон домог бий. Нэг домогт ятга хөгжмийн үүслийг өгүүлжээ. Тэнгэрийн оронд буюу диваажинд ятга бий болжээ. Гэхдээ өөрөө бүтсэн гэнэ. Ятгын хөгийг их тэнгэр зохиожээ. Их тэнгэрийг нь хайтал Гэсэрийн туужид найман Их тэнгэр гэж байх юм. Бас нэг ийм сэжүүр бий. Ятгын хөгийг Сугавадын оронд Их тэнгэр зохиож, энэ тивд Баянхүү дэлгэрүүлсэн гэсэн домог байдаг. Ятга муу юмыг зайлуулж хөөдөг, хүнд оршсон адын сэтгэлийг зайлуудаг гэж үздэг байж дээ. Манайхан цагаан, хар сүлдээ тахидаг. Сүлдний тахилгад хамгийн сүүлд 1936 оны хавьцаа ятга эгшиглэж байсан гэсэн мэдээг эрдэмтэд бичиж үлдээсэн.Түүнээс хойш хэлмэгдүүлэлтийн үеэр сүлд тахих уламжлал алга болсон. Буцаж сэргэхдээ ятга нь уламжлагдаагүй. Одоо ганцхан Өвөрмонголын Ордост ятга хадгалагдаж тоглогдож үлдсэн тухай мэдээ бий. Тэнд бас Тэнгэрийн 12 дуу гэж байдаг. Тэр дууг ятгатай тоглодог. Өвөрмонголын Ордосын тахилгад хэрэглэгддэг өвлөж уламжилж ирсэн дуу гэнэ. Тэр дууны үгийг ямар ч монгол хүн ойлгодоггүй. Түүнийгээ тэнгэрийн хэл гэж нэрлэдэг юм байна.

-Бусад оронд ятга байдаг уу. Ятгын үүслийг юутай холбож тайлбарладаг вэ?

-Ятга дэлхийгээр тархсан хөгжим. Өрнө дахинд ч хөгжмийн үүслийг бурхадтай холбож тайлбарладаг. Эртний Грекийн дуучид хөгжимчдийг ивээгч Аполлон бурхан хөгжимчин байсан бөгөөд түүнтэй ур чадвараар өрсөлдсөн нэгнийг цээрлүүлдэг тухай домогтой. Анхны лир ятгыг Гермес бүтээсэн гэж үздэг. Өмнөд Энэтхэгт вина хэмээх чавхдаст хөгжим нь нандин шүтээнд тооцогдоно. Вина нь бүх бурхад дара эхийг төлөөлж чадах бөгөөд нүгэлтний нүглийг цайруулах увдистай гэдэг. МЭӨ XXV -XXIV зуунд баригдсан нэгэн тайлгачийн бунханд археологийн малтлага хийхэд ятга гарч иржээ. Ятган дээрх чимэглэл ихээхэн сонирхол татдаг. Бух, үнээний дүрээр бурхныг хатантай нь дүрсэлсэн гэж үздэг. Эртний Энэтхэг, Грект ятгыг бурхад, дар эхээс, монгол домогт тэнгэр бурхдаас үүссэн гэж үздэг. Гүр дууны судар бичигт үлдсэн нэгэн домогт нэгэн галав юүлээд завсрын галав юүлсний дараа ятга хөгжим үүссэн тухай өгүүлжээ. Ятгыг Гандирсын хөгжмийн зэмсэг гэж байгаа юм. Бас бүтээгч эхтэй холбоотой гэдэг. Ардын домогт ятгыг халамжит ханиа үгүйлсэн сэтгэл, ачит эхээ санагалзсан сэтгэлээс үүссэн ч гэдэг. Хүнд оршсон адыг хувилгаан хөгжимчний дэлдсэн ятгын эгшгээр хөөн зайлуулдаг тухай домогт үлдсэн. Энэ домогт ятга нь ятгах увдистайг өгүүлжээ. Тэгээд би “Монгол ятга нь тэнгэрийн хөгжим болохын учир” гэж дүгнэсэн учир ийм.

-Ер нь хэдэн төрлийн ятга байдаг вэ?

-Монголд 36 төрлийн ятга хэрэглэж байжээ. Юань улсын хааны их ордонд ятгын чуулга байсан тухай жуулчид аялагчид өгүүлсэн байдаг. Марко Поло “Их хаан уухыг хүсвэл аягач нь хундгыг авч өгсний хойно гурван алхам гэдрэг ухраад, дорогш сөгдөж ёсолдог бөгөөд, бусад олон зочид нэг адил ёсолно. Өдий төдий олон тооны ятгач нар хөгжмөө цохих зэргээр хааныг уух тусам дуустал нь хөгжмөө дуугаргана” гэж тэмдэглэжээ. Хубилай хааны найрал хөгжимд тоглож байсан “Өдий төдий олон ятга” гэдэгт нь төрийн 27 ятга, агуу их 14 ятга, нийт 41 ятгыг хэлжээ. Зарим ятганд шинээр нэр өгч байж. “Өлзий ятга” гэж Б.Ринчен гуай нэр өгсөн байдаг. Манай нэг урлаач ятга урлаад Б.Ринчен гуайд үзүүлж “Та нэр хайрлаач” гэсэн юм байж.

Одоогийн концертод тоглож байгаа ятга нэг өөр. Ахуйд хэрэглэж байсан ятга бас өөр. Хүүхэд хөлсөөд байвал хуучны улсууд долоон утаст цуур гээд ятган дээрээ ая тоглоод, хүүхдээ саатуулчихдаг байжээ.

-Хубилай хааны ойгоор ятганд зориулсан бүтээл тоглоод байл уу?

-Ятгаа хийчихсэн ч утас сонгоход их учир бий. Хятад, солонгос, япон утас хийхээр монгол биш хөг аялгуу дуугараад болдоггүй. П.Байгальжав монгол болгоно гээд Буриадаас утас авсан. Ятгандаа ая оруулаад дуугаргаж үзлээ. Тохирох ая гэхээр “Цэнхэр залаа”-гаа тоглуулахаар таарахгүй. Таарах аялгуу олдохгүй юм байна гэсэн чинь “Цэнхэрлэн харагдах уул”-ын аялгуу сайхан таарлаа. Оюутнууд маань “Багш аа, та яг энийг дуурайсан бүтээл хийхгүй бол болохгүй нь” гэж надад “шифи” өгч байгаа юм. Хүн шиг байгаа биз. Хүн болгон өөр. Ааш араншинд нь тохируулсан юм хийхгүй бол болохгүй л дээ. Тэгээд тохируулж юм бичсэн болсон.

-Ятганы утас шөрмөсийг юугаар хийдэг байж вэ. Эрт үед гаднаас утас авчирна гэж байхгүй. Малын гаралтай түүхий эд ашигласан юм болов уу?

-Хилийн цаадах Алтайгаас олдсон скифийн ятга МЭӨ V-IV зууны үеийнх шүү дээ. Ятганы утсыг оросууд “Малын утсаар хийсэн” гээд байгаа юм. Харин манай “Алтай” ятганы утас олдоогүй. Гэхдээ утас байх ёстой газар нь өлөн байсан ул мөр илэрчээ. Малын гаралтай эдээр л хийсэн байгаа юм. Хэлмэгдүүлэлтийн үеэр хүнээс гадна хөгжмийн зэмсэг бас хэлмэгдсэн шүү дээ. Язгууртны хөгжим гэж ад үздэг. Бүр манжийн үеэс олуулаа нийлж, дуу хуур үүсгэх, бүжиг наадам хийхийг хоригложээ. Даншиг наадам, хүрээ цамыг л зөвшөөрсөн. Ордны хөгжим, соёлыг манжууд хаасан нь учиртай. Дахин сэргээд аятайхан болж байтал 1930-аад онд ардын хөгжимчдийг бас тараасан. Дараа нь хэрэгтэй юм байна гээд буцаагаад цуглуулах болсон чинь олон юм мартагдаж алга болсон байв. Бид өөрсдөө хүртэл танихаа байгаад ятга гэдэг үг орсон юм байна уу гээд хайхдаа тулжээ.

-Та сая энэ сэдвээр Монголч эрдэмтдийн их хуралд илтгэл тавихад судлаачид яаж хүлээж авсан бэ?

-Маш их асуулт ирж байна лээ. Бидэнд тулгардаг нэг хэцүү юм энэ. Би чинь Орост Свердловскийн Хөгжмийн дээд сургуульд сурсан. Баахан орос ном үзчихсэн, монгол ном үзээгүй. Төгсч ирсэн хойноо өөрөө хичээж, монгол юмаа үзэж байгаа. Надтай адилхан орос номтой улсууд их. Одоо бол Монголоос бусдыг нь судалчихсан улсууд олон. Унаган монгол мэдлэг муутай. Сая илтгэл тавихад хүмүүс сайхан хүлээж авч байна лээ. Хэлэлцүүлэг маягийн юм өрнөсөн.

-Таны бүтээлүүд “Тэнгэрийн дуудлага”, “Тэнгэрийн онгод”, “Эзэн сүлд”, “Онгодын дуулал” гээд л ахуйгаас хальсан маягтай юм аа?

-Энэ ийм учиртай юм. Хойно сурч байхад манай багш монгол хөгжим судлаачийн бүтээлийг уншуулаад байв. Оросын бөө судлаачдын бүтээл, бурхны шашны судлаачдын бүтээлийг их уншуулна. Манай багш бас жаахан үздэг хардаг. “Чи гэр рүүгээ залга даа, хүүхэд чинь өвдчихлөө” гэх жишээтэй. Би багштайгаа зөрчилдөөд “Би хөгжим зохиох техник сурах гэж ирсэн болохоос биш монгол юмаа сурах гэж ирээгүй” гээд хичээлд нь очихгүй зургаан сар болж билээ. Бүх хичээлдээ яваад, ганцхан багшийнхаа хичээлд очоогүй. Хөөрхий, их зөв юм ярьж байж. Нэг юм зохиохоор “Өө чи Чайковскийг хуулчихсан байна”, “Энэ чинь Бетховен байна” гээд их хэцүү. Хүний хийсэн юмыг базаж аваад, хогийн сав руу чулуудчихдаг хүн байлаа. Бүр гэдэн хөдөлгөдөг. Би аргаа олохгүй бүлтийсэн юм байсан даа. Монгол уламжлал соёлд чинь их юм байна гэдгийг ойлгуулах гэж ядаж байхад нь би эсэргүүцээд байсан юм билээ. Одоо бодоход ичмээр юм. Тэгж дургүйцэн байж сурсан юм чинь тэр. Социализмын үед дандаа л ажилчин анги, малчин түмэн гээд магтаж байсан. Ардчилал монгол хөгжимд их үүрэг гүйцэтгэсэн дээ. Хүн өөртөө, монгол хүндээ, шүтлэг бишрэлдээ зориулж бичих ёстой. Хөгжмийн зохиолчид дунд нэг айдас байдаг. “Бөөгийн юм оролдож болохгүй, хөл хугарчихдаг юм” гэх жишээтэй. Монгол бүтээл хийж байхад тэнгэр нь харж үзнэ шүү дээ. Юу гэж хөл хугарах вэ. Өөр юмнаас л болоо биз. Бидний ухамсарт социализмын үеийн айдас хадгалагдаж үлдсэн байдаг юм болов уу даа.


Categories
мэдээ цаг-үе

Хулгайлагдсан охидын хувь заяа хаашаа эргэх бол?

“Боко Харам” бүлэглэлийн интернэтэд байрлуулсан бичлэгээс авсан зураг

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны дөрөвдүгээр сарын 14-15-нд шилжих шөнө “Боко Харам” лалын бүлэглэлийнхэн Нигерийн Чибок хотын нэгэн дунд сургуулийн дотуур байранд байсан 276 охиныг хулгайлсан билээ. Төгсөлтийн шалгалтаа өгөх гэж байсан сурагчдын амьдардаг дотуур байрыг Нигерийн зэвсэгт хүчний цэргүүд хамгаалж байжээ. Алдан хядагчид сургуулийн агуулахаас хүнсийг нь дээрэмдэж охидыг автобус, ачааны машинд суулган авч явсан хэмээн тухайн үед мэдээлж байсан. Энэ явдал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа.

Сурагчдыг суулгасан машин замдаа эвдрэн зогсоход 10-15 охин зугтаж амжжээ. Ийнхүү өнөөдрийг хүртэл 219 охины хувь заяа яасан нь тодорхойгүй байна. Тэдний талаар саяхныг болтол ямар нэгэн мэдээлэл байгаагүй. Энэ хэргийн дараахан тус бүлэглэлийн гишүүд нь дахин найман охиныг хулгайлсан юм. Нигерийн эрх баригчид барьцаалагсдыг хайж олох талаар арга хэмжээ авсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй. Засгийн газрын цэргүүд болон террористуудын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч үүний улмаас “Боко Харам”-ын 40-өөд гишүүн амь үрэгдсэн. Харамсалтай нь сурагчдын байгаа газрыг тогтоож чадаагүй. “Боко Харам” бүлэглэлийн тэргүүлэгч Абубакар Шекау мэдэгдэл хийхдээ “Би охидыг хулгайлсан гэдгээ дахин хэлье.

Тэд нөхөрт гарах ёстой. Бид барууны боловсролыг эсэргүүцдэг. Барууны боловсролоо зогсоо гэж хэлмээр байна. Эмэгтэйчүүд нөхөрт гарах ёстой. Би охидыг хулгайлсан, тэднийг зарна гэдгээ Аллахын нэрээр тангараглаж байна” гэсэн. НҮБ-ын албан ёсны төлөөлөгч энэ хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийсэн боловч тус болоогүй. АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама “Бидний охидыг эргүүлэн өг” гэсэн бичигтэй зургаа хүртэл интернэтэд байрлуулж, алдарт жүжигчин, НҮБ-ын сайн санааны элч Анжелина Жоли, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон гээд бүгд энэ явдлыг буруутган охидыг суллахыг шаардсан билээ. Хэдхэн хоногийн өмнө “Боко Харам” бүлэглэлийнхэн хулгайлагдсан охидыг харуулсан бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Ийнхүү энэ сэдэв дахин хөндөгдсөн юм. Бичлэг дээр лалын дайчдын ар талд толгойгоо алчуураар боосон 50-иад охин зогссон байгааг та бүхэн харж байна.

Христосын шашин шүтдэг айлын хүүхдүүд болох тэднийг хүчээр исламын шашинд оруулжээ. Нигерийн шоронд хоригдож буй “Бохо Харам”- ийн дайчдыг чөлөөлөх юм бол тэднийг явуулна гэсэн болзол тавив. Бичлэгт охидын яриаг ч оруулсан байна. Барьцаанд буй сурагчид Нигерийн Засгийн газарт хандан террористуудын тавьж байгаа шаардлагыг биелүүлж, өөрсдийг нь суллуулж гэрт нь хариулахыг хүссэн. Дүрс бичлэг дээр буй хүмүүсийн хамгийн арын эгнээнд нялх хүүхэд тэвэрсэн эмэгтэй зогсоно. Үүнээс үзэхэд барьцаалагдсан охид хүчирхийлэлд өртөж, заримыг нь нөхөрт гаргасан болох нь тодорхой гэсэн дүгнэлтийг ажиглагчид хийжээ. “Боко Харам” бүлэглэлийнхэн овоолсон цогцсыг харуулаад тэднийг агаараас бөмбөгдөх үед амиа алдсан охид хэмээн тайлбарлав. Өнгөрсөн тавдугаар сард Нигерийн цэргүүд ойгоос хүүхэд тэвэрсэн залуухан бүсгүй, залуу хоёрыг олсон. Эмэгтэйг барьцаалагдсан охидын нэг гээд харин залууг нь “Боко Харам” бүлэглэлийн гишүүн хэмээн сэжиглэж шууд л баривчилсан байдаг. Өнгөрсөн оны эхээр Нигерийн эрх баригчид тус бүлэглэлийн эсрэг нэлээд хэдэн цэргийн ажиллагаа явуулж Камеруны хил рүү шахсан. Үүний дараахан алан хядагчид Нигерийн эрх баригчидтай холбогдохдоо 10 тэрбум нигер найд буюу 35 сая гаруй фунт стерлинг өгвөөс сурагчдыг суллана гэсэн болзол тавьжээ. Харин энэ удаа “Энэ бол барьцаанд буй охидын эцэг эхэд хандсан бичлэг. Хүүхдүүд нь амьд байгаа гэдгийг тэд мэдэх ёстой. Хоёрдугаарт, Нигерийн эрх баригчид бидний ахан дүүс болох дайчдыг даруйхан суллахыг шаардаж байна” хэмээн алан хядагчид ярьжээ. Нигерийн хэвлэл мэдээлэлд бичлэгийг интернэтэд байрлуулахаас хоёр долоо хоногийн өмнө хийсэн гэсэн таамаглал дэвшүүлсэн.

“Боко Харам” бүлэглэлийн дайралтад өртсөн дунд сургуулийн дотуур байр

Яг энэ үеэр тус бүлэглэлийн тэргүүлэгчийг сольсон тухай зарим хэвлэл мэдээлсэн. “Боко Харам” нь “Исламын улс” бүлэглэлтэй нэгдэж байгаа талаар ч бичсэн. Өөрөөр хэлбэл, “Боко Харам” бүлэглэл дотор хагарал гарчээ. Үүний дараа террористууд ийм бичлэгийг интернетэд байрлуулсан болохыг ажиглагчид онцлон дурдаж байгаа юм. “Боко Харам” бичлэгийг You Tube-д тавьсны дараа барьцаанд буй нэгэн охины аав нь охид дундаас өөрийнхөө хүүхдийг олж харжээ. Түүний хүүхдийг Доркас гэдэг бөгөөд хулгайлагдсанаас нь хойш амьд эсэхийг нь мэдэхгүй байсаар өнөөдрийг хүргэсэн байна. Ямар ч байсан охин Доркас нь амьд байгаа аж. Харин охины ээж нь Нигерийн Засгийн газар өнөөдрийг хүртэл барьцаалагдсан охидоос нэгийг ч суллуулж чадаагүй хэмээн ихэд гомдолтой байгаагаа ярьсан юм. Ердөө хэдхэн охин л зугтаж чадсан байдаг. “Боко Харам” лалын бүлэглэл нь Нигерийн хойд нутагт лалын шашинтай Шариатын улс байгуулахаар төлөвлөсөн. АНУ-ын Ерөнхийлөгчийн терроризмтэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөхийн хүсэлтээр тус бүлгийг алан хядах үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хар жагсаалтад оруулсан юм. “Лалын улс”, “Боко Харам” бүлэглэлүүд 2002 оноос үйл ажиллагаа явуулсан гэдэг. Тэд 2009 онд Нигерийн хойд нутагт эмх замбараагүй байдал үүсгэж христосын шашинтнууд болон сүмд халдаж тус бүс нутгийн байдлыг нэлээд тогтворгүй болгоход хүргэсэн юм. Одоогоос хоёр жилийн өмнө НҮБ нь “Боко Харам” бүлэглэлийг мөн л хар жагсаалтад оруулсан. Харин өчигдөр тус бүлэглэлийг толгойлогч Абубакар Шекау маш хүнд шархадсан гэсэн мэдээлэл Нигерийн хэвлэлд нийтлэгдээд байна. Дашрамд дурдахад, тус бүлэглэл алан хядах ажиллагаа явуулж эхэлснээс хойш 13 мянган хүний аминд хүрсэн гэсэн тооцоо байдаг аж. Харин тэдэнд барьцаалагдсан 200 гаруй охиноос хэд нь амьд эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Ном ярьж өгье: “Франкенштейн”

Мэри Шэллей өөрийг нь алдарт хүргэсэн “Франкенштейн” романаа 19 настайдаа бичиж дуусгасан юм гэдэг. Энэ бүтээл дэлхийн шилдэг 100 зохиолын нэгээр өргөмжлөгддөг хэдий ч монгол хэлээр орчуулагдсаныг нь үзэж байсангүй. Харин 1818 онд хэвлэгдсэн тус зөгнөлт романаас сэдэвлэсэн олон кино бий. Мэдээж зохиол нь кинотойгоо адилгүй. Тиймээс “Франкенштейн” романы үйл явдлаас маш товчлон хүргэе. Мөс зүсэн урагшилж яваа усан онгоцны багийнхан нохой чаргатай нэгэн аварга хүн явааг хараад гайхан ярилцдаг. Тэсгим хүйтэн, хүн амьтангүй зэлүүд мөсөн дунд хэн нэгэн явж байна гэдэг сонин үзэгдэл. Гэвч гайхах болоогүй байжээ. Хэдэн өдрийн хойно мөсний хагархай дээр хөвж яваа өөр нэгэн хүнийг олно. Тэр хүн маш их өлсөж, цангасны дээр хөл нь хэдийнэ хөлджээ. Хэд хоног асарсны эцэст нөгөө хачирхалтай эр усан онгоцны ахмадтай ярилцах тэнхэл суулаа. Нэрийг нь Хэнри Франкенштейн гэдэг аж.

Тэрбээр өөрийгөө дандаа бараан амьдрал туулаагүй хэмээгээд төрөлх тосгондоо өнгөрсөн аз жаргалтай бага насныхаа талаар хүүрнэдэг. Өсөж өндийгөөд том хотод суралцахаар одно. Их сургуульд суралцаж байхдаа цахилгаан гүйдлийн хүчээр үхмэл махбодид амь оруулж болох тухай онолоо дэвшүүлдэг. Харин багш нь түүнийг энэ чиглэлд авьяастай боловч боломжгүй зүйл ярьж байна гэж үзнэ. Залуу эрдэмтэн санасандаа хүрэхээр шийджээ. Ингээд оршуулгын газраас хүүр авчирч цахилгаан гүйдлийн хүчийг ашиглан амилуулахаар чармайна. Энэ ажилдаа олон сарыг зарцуулж махран оролдсоор санасандаа хүрдэг. Гэвч олон зүйлт, залгаасаас бүрдсэн аймшигт бүтээл нь амь ормогцоо түүнийг дагахад гэрээсээ гаран зугтана. Ухаан мэдрэлгүй гүйж байхдаа сургуульд суралцахаар ирсэн багынхаа найзтай тааралддаг. Найзын хамт гэртээ очиход мангас хэдийнэ алга болсон байв. Энэ өдрөөс хойш тэрбээр эгэл жирийн амьдралдаа эргэн орж найзтайгаа хамт уран зохиол, урлаг сонирхон судалж эхэлнэ. Жил, сар урсан өнгөрөхийн хэрээр өөрийн бүтээлийг мартагнах аж. Гэтэл нэгэн өдөр төрсөн дүү нь бусдын гарт амиа алдсан тухай мэдээ хүлээн авна. Гэртээ очих замдаа тэрбээр нэгэн хүн модон дундаас өөрийг нь ажиглаж буйг анзаардаг. Тэр бол өөрийнх нь бүтээл байлаа. Дүүг нь хэн нэгэн багалзуурдан хөнөөжээ. Хэрэгтэнг ч олсон байв. Олон жил тэдний гэрт асрагч, үйлчлэгч хийсэн нэгэн эмэгтэй алтан гинжинд нь шунаж амийг нь бүрэлгэсэн болохыг баримтаар тогтоосон аж. Харин эрдэмтэн Франкенштейн өөрийнх нь мангас үүнийг хийснийг мэдэж байлаа. Тиймээс буруугүй эмэгтэйг хамгаалахыг оролдоно. Харамсалтай нь ярьсан түүх нь хүмүүст үнэмшилтэй санагдсангүй. Түүгээр барахгүй уй гунигтаа автсандаа эмэгтэйг хамгаалахыг оролдож байна гэж бодоцгооно. Шүүх хурал болж чанга хатуу эрүү шүүлтийн дараа хөөрхий эмэгтэй хүний амь хөнөөсөн хэргээ хүлээж дүүжлүүлдэг. Франкенштейн мангасыг олохоор ууланд гарна. Мангас ч түүнтэй уулзахыг хүсч байжээ. Тэр хоёр уулзан мангасын овоохойд очдог. Өөрийнх нь бүтээл анх амь орохдоо хэрхэн нялх хүүхэд шиг байсан хийгээд өөрөөс нь айн зугтсаныг ойлгоогүй тухай ярина. Бүгд л түүнийг мангас хэмээн үзэж айн зугтаж байсан тул ууланд гарч жимсээр хооллон хэсэг амьдарчээ. Тэгж байтал нь цагаан нунтаг тэнгэрээс бууж хөл, гар нь бээрч эхэлсэн гэнэ. Нунтаг бодис нь цас байсан аж. Зовж зүдэрч тэнэж явахдаа ууланд нэгэн сохор хөгшин хүүхдүүдтэйгээ амьдардаг байшингийн ойролцоо очжээ. Энэ үеэрээ тэдний өвсний амбаарт амьдарсаар ярьж сурсан байна. Хүмүүст дасч эхэлжээ. Нэгэн өдөр түүнийг хүүхдүүд нь мэдэж хөөж байхдаа хөлөнд нь буудав. Шархдаж, айж, зугтаж байхдаа хүн төрөлхтнийг үзэн ядаж эхэлсэн байна. Тэгсээр нэгэн өдөр цовоо балчир хөвгүүнтэй таарчээ. Өөрөөс нь айгаагүй тэр хүү бүтээгчийнх нь дүү байв. Үзэн ядалтдаа багтарч түүнийг нэг базтал хүзүү нь хугарч үхсэн аж. Харин мангас модны ёроолд амарч байсан эмэгтэйн халаасанд гарт нь тасарч үлдсэн алтан гинжийг шургуулсан байна. Энэ бүх түүхийг яриад хэрвээ өөрт нь эмэгтэй хамтрагч хийж өгвөл хүн амьдардаггүй зэлүүд нутаг руу явна. Үгүй гэвэл гэр бүл, гэрлэхээр төлөвлөсөн бүсгүйг нь хөнөөнө хэмээн сүрдүүлдэг.

Залуу эрдэмтэн гэр бүлийг нь тайван орхивол эмэгтэй мангас хийж өгөхөөр тохирдог. Түүгээр барахгүй бүтээнэ. Гэхдээ яг амь оруулах гэж байх мөчдөө хоёр мангас бүтээх эсэхдээ эргэлзэж буцаагаад хэдэн хэсэг болгочихдог. Мэдээж энэ нь мангаст таалагдсангүй. Хэдийгээр эрдэмтэн бэлтгэлтэй байсан боловч хуримынх нь шөнө сүйт бүсгүй болоод хөгшин эцэг нь хөнөөгдөнө. Орь ганцаар үлдсэн Франкенштейн өөрийн бүтээлийг хөнөөхийг амьдралынхаа зорилго болгон олон улсаар дамжин ангуучилсаар Орос орны хүний хөл хүрээгүй хүйтэн газар хүртэл мөрджээ. Хүйтэн хахир байгальд чарганых нь ноход үхэж өөрөө хүндээр өвдсөн байхдаа усан онгоцтой таарсан аж. Түүхээ ярьж дуусаад насан эцэслэсэн шөнө нь мангас усан онгоцны цонхоор орж ирнэ. Өөрийнхөө бүтээгчийг нас барсныг үзээд гашуудан шаналдаг нь сонин. Өрөөнд байсан онгоцны ахмадад “Бидний тооцоо дууслаа” гэж хэлээд хүйтэн, харанхуй мөсөн орны гүн рүү одсоноор зохиол төгсдөг.

Ж.БАЯР

Categories
мэдээ цаг-үе

Урлаг, спортын арга хэмжээнээс хоцордоггүй, манлайлагч анги

Сүхбаатар аймгийн Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн дунд сургуулийг 1969 онд төгссөн 16 дугаар төгсөлтийн хамт олон энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тэд хүүхэд ахуйн гэгээн мөчүүдээрээ аялж инээд хөөрөөр дүүрэн байдаг үе бол яах аргагүй сурагч ахуй үе юм гэдгийг хэдэн жилийн дараахь уулзалтууд улам их мэдрүүлж байна хэмээн ярьцгаана. Саяхан л салаа гэзэгтэй жаахан охид, гэрэлтсэн нүдтэй хөвгүүд байсан бол хэдийнэ өвөө, эмээ болжээ гэж бяцхан харуусал тээн байгаа нь илт. Гэсэн ч тэд “Чи яасан өтөлдөггүй юм бэ, Чи минь яг хэвээрээ байна. Чиний бие ёстой чулуу юм, байнга л ийш тийш харайж явах юм, бурхан чамд урт нас хайрлана” гэж бие биеэ хөөргөнө. Саяхан тэд өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялжээ. Сурч байсан сургууль, анги танхимдаа мөр зэрэгцэн сууцгааж яг л хүүхэд ахуй үедээ очсон юм шиг болсноо ярьсан юм. Тэднийг долдугаар ангид орох хүртэл нь Д.Сүхбаатарын нэрэмжит аймгийн төвийн 10 жилийн цорын ганц дунд сургууль “Урт цагаан” гэсэн нэртэй байж. Баруун, зүүн үзүүр нь харагдахгүй нарийхан урт сургууль байсан тул ингэж нэрлэсэн гэнэ. Харин наймдугаар ангид ороход нь сургууль нь шинэчлэгдэж хоёр давхар болсон төдийгүй ягаан өнгөтэй болжээ. Тэд хичээлийн ширээнүүдээ эгнүүлэн тавиад одон бөмбөг тоглож, хоёр давхраас ойр орчинтойгоо танилцаж гайхширцгаадаг байснаа дурслаа. Бас хөвгүүд нь тэвэг өшиглөж, хувцсаа урагдтал бөх барилдаж байснаа ч ярьсан юм. Аймгийн төвийн шинэ жилийн баяр, нийтийн бүжиг гээд бүхий л арга хэмжээ тэдний ягаан сургуульд зохиогддог байсан аж.

Тэд “Манай багш нар цаг наргүй ажиллаж, бидэнд их зүйл зааж сургахын төлөө мэрийж байсанд үргэлж талархаж явдаг юм даа. Ер нь тэр үеийн сургуулийн захиргаа, санхүү, ахуйн ажилтнууд, дотуур байрны багш, тогооч, үйлчилгээний ажилтнууд үнэхээр хүүхдийн төлөө “За ” гэж хэлдэг байж дээ. Бидний үеийн төгсөгчдийн тал хувь нь дотуур байранд сурч хүмүүжиж байсан. Дотуур байр бол сурч боловсрох, хүмүүжилтэй болох номын өргөө байсныг одоо дурсахад таатай байна. Тэр л өргөөнд ангийн нөхдийн минь сурагч ахуй насны гэгээн дурсамжууд өнгөрсөн юм даа” хэмээн дурсацгаалаа.

Тус ангийн хамт олон сурлага, хүмүүжил, бие биедээ туслах зан чанараараа бусад төгсөгчдөд үлгэр дуурайл болдог байж. Хүнд ямар ч зүйлд суурь хүмүүжил хамгийн чухал байдаг. Тиймээс ч өнөөдөр манай ангиас олон алдартан төрсөн юм шүү дээ гэнэ.

Тухайлбал, ангийн хөвгүүн Р.Тогоо нь сурагч ахуйн таван онцын эзэн цол тэмдгийг “Академич” нэрээр сольж дэлхийд данстай эрдэмтэн болжээ. Тэрбээр 1975-1984 онд ШУА-ийн Физик техникийн хүрээлэнд, 1984-1995 онд ОХУ-д Дубна хотод эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1995 оноос ШУА-ийн ФТХ-нд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж, 2011 онд АНУ-ын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон байна. Тэрээр хичээл номондоо шамдамтгай, аливаад үнэн сэтгэлээсээ ханддаг, уран зургийн төрөлхийн авьяастай, сургууль болоод ангийнхаа ханын сонин, үзүүлэнг хийчихдэг авьяаслаг хүү байсан аж. Мөн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Гомбосүрэн хүүхэд ахуйдаа л төрөл бүрийн хөгжим тоглодог, сайхан дуулдаг, жүжиглэдэг, бас ч үгүй чамгүй барилдчихдаг байжээ. Түүнийг анги, хамт олныхоо төлөө амиа ч хайрлахгүй зүтгэдэг нэгэн гэж нөхөд нь ярьсан юм. Тэрбээр дөнгөж 10 дугаар ангиа төгсөөд л Сүхбаатар аймгийнхаа Соёлын ордонд дагалдан жүжигчнээр орж байж. Тэрээр найруулагч, соёлын ордны даргаар дэвшин он удаан жил ажиллаж Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн гэх эрхэм алдрын эзэн болсон байна. Түүний тухай Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов “Хөдөөгийн театрын тайз нь түүнд багадаж байна” хэмээн бичиж байв. Монголын үндэсний олон нийтийн телевизээр ч тэр бас гарсан. “Тэрслүү хүн” хөрөг нэвтрүүлгээр ажил амьдрал, урлагт зүтгэсэн гавьяат үйлсийг нь тод томруун харуулжээ. Ангийн хөвгүүн Д.Доржготов минь Монгол Улсын гавьяат багш болж биднийг ихэд баярлуулсан даа. Бидний хайртай У.Халтар, Я.Хүрэл, Ш.Төмөр, Ш.Чойжоо багш нар минь л энэ гэгээн мөртэй мэргэжилд түүнийг дурлуулсан болов уу. Манай Д.Доржготов ч физик, математикийн онолын мэдлэгээ амьдралд олон туршсан хүн. Түүнийгээ ч шавь нартаа эзэмшүүлсэн гавьатай багш юм шүү. Тэрээр залуу техникчдийн сургуулийг аймагтаа байгуулж шавь нар нь улс, бүсийн тэмцээнээс медаль хүртэж гялалзаж явлаа даа. Зүгээр сууна гэж үгүй. Хүүхэд нь бие засах дохио өгдөг аппарат, ажлаас ирэхэд нь цайг нь буцалгадаг автомат данх гээд л олон сонин зүйл ярьж биднийг алмайруулдаг юм гээд л ангийн нөхөд нь хуучиллаа. Саяхан л гэхэд ангийнхнаа гэртээ урин үдийн зоог барьж цаашид хийх олон туршилт, бүтээлч санаагаа танилцуулжээ. Мөн энэ ангиас Монгол Улсын гавьяат уяач, тээвэрчин төрсөн. Алдарт уяач Ц.Бямбадорж нутгаасаа морьд авчирч уралдана гэсэн хүсэлдээ хөтлөгдөн Баяндулаан хайрхныхаа унаган үрээг авчирч улсын наадамд гуравт хурдлуулж байжээ. Монгол Улсын алдарт уяач цол хүрттэлээ улс, бүс, аймгийн түүхт ойнуудаар олон айраг, түрүү авсан гэнэ. Түүний тухай ангийн охин, сургуулийн авьяаслаг гоцлол дуучин Г.Бямбадаш ярихдаа “Манай Ц.Бямбадорж дотуур байранд суудаг царайлаг бас томоотой хүү байсан” гэлээ. Харин Ц.Бямбадорж “Би тийм царайлаг байгаагүй ээ гэхдээ муухай ч эр байгаагүй шүү. Томоотой байсан гэдэг бас худлаа байхаа даа” гээд нэгэн дурсамж хуваалцлаа. Би Дарьганга сумынхаа сургуульд сурч байхдаа ангийнхаа нэг охиныг шалихгүй цохичихсон юм. Гэтэл түүнийг Лхасүрэн эрхлэгч мэдчихээд намайг дуудлаа. Тэрээр “Ц.Бямбадоржийн аав Цэнд бид хоёр нэг хонхрын хүмүүс байгаа юм. Муу аавыг нь хөдөөнөөс ирүүлээд яахав. Төлөөлөгч Жамсранг дуудуулж байгаад энэ дүрсгүй нөхрийг сургуулийн аргалын цаана аваачаад буудуулчихъя” гэдэг юм. Би ч айсан гэж жигтэйхэн, уйлаад л байлаа. Тэгэхээр томоотой бор хүү байгаагүй бололтой” гэв.

Энэ ангийн анхны доктор нь С.Батсүрэн гэнэ. Тэрээр бага ангид байхаасаа л сурах бичигт байгаа бүх тоог бодчихоод, ахлах ангийнхаа номон дээрх тоог бодож суудаг байсан гэнэ. Угийн ухаалаг тэрээр 10 дугаар ангиа төгсөх жилээ Польш улсад болсон олон улсын математикийн олимпиадад эх орноо төлөөлөн амжилттай оролцож, сургуулиа алтан медальтай төгсөж байжээ. Мөн доктор С.Дамдинсүрэн нь Монголын шилдэг арван эрдэмтний нэгээр тодорсон байна. Энэ ангиас төрийн яам, аймаг орон нутгийнхаа засаг захиргааны байгууллагад удирдах алба хашиж байсан олон хүн байдаг. Мөн хилийн цэрэг, цагдаа, хүчний байгууллагад ажилладаг ангийн хөвгүүдээс Ш.Эрдэнэбаяр, О.Борхүү, Р.Аварзэд, Ж.Сүрэнхордорж болон Ч.Жамьяндорж, Ням, Г.Энхтайван, Х.Чимэдцэрэн зэрэг олон офицер төрсөн онцлогтой аж. Салбар байгууллагын тэргүүний ажилтан олон төрсний дотроос бурхны оронд заларсан ч ангийн нөхөд, гэр бүл, эх нялхсын эрүүл мэндийн манаанд тэргүүлэх эгнээнд явсан их эмч Ц.Нацагдоржийгоо санан дурсдагаа ярилаа. Хүүхэд ахуйн цагаахан нөхөрлөлөөр ижилсэн анги хамт олны дундаас хэд хэдэн гэр бүл төрсөн байна.

Энэ ангийг төгсөх жил анх удаа конкурс гэх шинэ элсэлтийн журам баталж байжээ. Анх удаа конкурс өгсөн төгсөлт шүү хэмээн бахархдаг гэнэ. Тэд хэдий тал, тал тийшээ нисэн одоцгоож эрдэм ном, амьдралын их замаа хөөсөн хэдий ч үргэлж ойр, дотно нэг нэгэндээ дэм болсоор өдийг хүрчээ.

Ангийнх нь хүүхдүүдийн зарим нь бараг мартчихсан хөгжөөнтэй, нандин дурсамжаасаа Г.Энхтайван гуай хуваалцлаа. Тэрээр “Ш.Болдбаатар бид хоёр тавдугаар ангидаа аймгийн намын хорооны байранд хамт амьдардаг байлаа. Ш.Болдбаатарынхаа дугуйг унаж хааяа нэг салхи сэвэлзтэл давхина. Басхүү даалгаврыг нь хуулж “онц” авдаг байв. Мөн Монгол Улсын их сургуульд ч хамт суралцаж билээ. Намайг төгсөхөд найз минь дипломын ажлын хавтсыг минь хусны үйсээр сийлбэрлэн хийж өгч байсан шүү. Бас сурагч ахуйгаас их сургуульд хүртэл хамт сурч байсан Д.Буд бид хоёрын нэг хөгтэй явдал байдаг юм. Шинэхэн оюутан болоод удаагүй байтал факультетуудын дунд спортын тэмцээн явагдлаа. Намайг жижиг биетэй болохоор чөлөөт бөхийн 48 кг-д барилд гэж декан үүрэг болгов. Эхний нэг, хоёрдугаар тойрогт бас ч гэж ялчихлаа шүү. Харин гурав дахь барилдаанд спортын мастер Ганбаттай таарахаар нь зугтчихлаа. Харин маргааш нь боксын тэмцээн болов. Манай Д.Буд 48 кг-д хоёр ялчихжээ. Гурав дахь тулаан дээр нэлээн хүнд гартай учраа таарахаар оноолт гарсан юм. Гэтэл мань хүн алга болчихов, бодвол миний зугтсан тактикийг хэрэглэсэн байх. Ингэж бид хоёрын тамирчин болох зам бүдгэрсэн юм даа. Залуу насанд ийм хөгтэй, хоржоонтой дурсамжууд их л болдогсон. Бас нэгэн дурсамж хуучлахад Ш.Болдбаатар бид хоёртой Ц.Содномдаржаа минь нөхөрлөдөг байлаа.Тавдугаар ангид байх жил түүхийн багш нар бидэнд түүхийн эд, өлгийн зүйлс цуглуулах даалгавар өгсөн юм. Гэтэл Ц.Содномдаржаа эмээгийнхээ бурхныг авчирч өгчээ. Харин би маргааш нь тэр тухай багшид хэлж байгаад эмээгийн бурхныг нь авчирч өгөөд баахан чихрээр шагнуулж билээ. Гэтэл өнөөх чихрийг минь манай Ц.Содномдаржаа гудамжинд зогсож байгаад идчихсэн шүү. Бас 8-10 дугаар ангид байхдаа Г.Үржин дотуур байранд суудаг байлаа. Манайхтай их ойрхон болохоор ээжийн минь гарын хоолыг их идсэн дээ. Тэр үед бид хоёр химийн дугуйланд суралцаж бэх, гутлын тос хийж сургуулийнхныхаа хэрэглээг хангадаг байлаа шүү дээ” гэсэн юм.

Тэд урлаг, спортын арга хэмжээнээс хоцордоггүй манлайлагч анги байжээ. Төгсөх жилээ урлагийн үзлэгээр аймгийнхаа Ард түмний гавьяат гэгддэг Ч.Хүрэл ахаараа найруулагч хийлгэн жүжиг тоглож, их сайн болсон учир сумдаар тоглох эрхийн бичгээр шагнуулж байжээ. Тэд “Холдох мөч ойртох дөхсөн ч яриа дуусахгүй, сэтгэл нэг л хөндүүр оргиод байх юм билээ. Бид дараагийн уулзалтаа Дорнод аймагт суугаа нөхдийнхөө урилгаар товлосондоо баяртай байна. Хүндэтгэх шалтгааны улмаас ээлжит уулзалтад оролцож чадаагүй эрхэм нөхөд маань бие биеэ сургууль, багш нар, нутаг усаа хүндэтгэн дараагийн арга хэмжээнд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Бид энэхүү аяллаа баримтат бичлэг болгон хадгалсан” гэлээ. Мөн ангийн хөвгүүн Г.Энхтайван нь “Зүрх сэтгэлийн гэгээ” гэдэг ном ангийнхандаа зориулж хэвлүүлж байжээ. Энэхүү номдоо төгсөлтийнхөө 66 найзын гэр бүл, үр хүүхэд, ажил албыг танилцуулж намтарчилсан байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Майкл Корс: Та амжилтад хүрсэн гэж бодвол бүх юм дууслаа гэсэн үг

Энэ сарын 9-ний өдөр Америкийн алдарт загвар зохион бүтээгч Майкл Корсын төрсөн өдөр тохиосон юм. 1959 онд Нью-Йорк мужийн Меррик хотод мэндэлсэн тэрээр 19 настайгаасаа загвар зохион бүтээсэн. Хоёр настай байхаас нь түүнийг зөвхөн эмэгтэйчүүд хүрээлж байсан бөгөөд тэд гайхалтай бүсгүйчүүд байсан хэмээн хожим нь тэр дурсан ярьсан байдаг. Түүний жинхэнэ нэр нь Карл Андерсен. Таван настайд нь ээж нь гэрлэхэд хойд аавынхаа овгийг авч нэрээ сольж Майкл Корс гэгдэх болжээ. Тэрээр багаасаа сурталчилгаанд тоглож, маш сайн зурдаг байсан гэдэг. Тиймээс багаасаа загвар зохион бүтээгч болохоор шийджээ. Ингээд 16 настайдаа дэлгүүр нээж лаа, хүзүүний ороолт, цүнх зэргийг зарж анх бизнест хөл тавьсан юм. Оюутан болсон боловч удалгүй сургуулиа орхиж загвар зохион бүтээгчээр ажилласан түүхтэй.

1981 онд эмэгтэй хувцасны шинэ чиг хандлагыг бий болгож түүний зохиосон загваруудыг Нью-Йоркийн бутикуудаар худалдах болсон. Шинэ, дэгжин загварууд хурдан борлогдож Майкл Корс ч нэрд гарчээ. Нэг загварын хувцсыг олноор нь худалдаанд гаргасан анхны загвар зохион бүтээгч гэгддэг тэрээр Францын “Celine” загварын ордонд шинэ бүтээгдэхүүн хариуцсан захирлаар ажиллаж байгаад өөрийнхөө брэндийг бий болгосон түүхтэй. Өнөөдрийг хүртэл Нью-Йорк хотод амьдарч буй Майкл Корс ижил хүйстэн, найз залуутай гэдгээ нуудаггүй.

Өдгөө түүнийг танихгүй хүн бараг үгүй. “Michael Kors” гэсэн бичигтэй цүнх, даашинзаар хүүхднүүд тэр дундаа олны танил болсон алдартнууд гоёдог. Америкийн тэргүүн хатагтай түүний урласан даашинзыг өмсдөг. Дэлхийн томоохон хотуудыг “Michael Kors”-ийн бүтээгдэхүүнүүдийг борлуулдаг дэлгүүргүйгээр төсөөлөхийн аргагүй. 1999 онд эмэгтэй хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч байсан тэрээр найз залуугийнхаа хамрт Нью-Йорк хотноо амьдардаг юм. Түүний “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагыг сонирхуулъя.

-Та бол Америкт төрсөн. Майкл Корсийг Америк стилийн бэлгэ тэмдэг гэж болно. Америк хүн байх, америк маягаар хувцаслана гэдгийг та тайлбарлаж өгөөч?

-Америкчууд хамгийн анх хэв маягийг амьдралд нэвтрүүлсэн. Амьдралын хэмнэлээс хоцрохгүйн тулд өглөө, өдөр, оройд өөр өөр харагдах зүйлс хэрэгтэй болсон. Яваандаа энэ нь нэг тивээс хальсан. Ертөнцийн нэг хязгаараас нөгөө рүү аялдаг хүмүүсийн тоо ч нэмэгдсэн. Бүгдээрээ хаана ч байсан чемоданаа хурдан баглаж, тэгсэн мөртлөө сайхан харагдахыг хичээдэг боллоо. Интернэт хил хязгаар гэсэн ойлголтыг үгүй болгож Москвагаас Милан хүртэл бүгд нэг трендээр амьсгалах болсон.

-Та Нью-Йоркийн Загварын технологийн дээд сургуульд сурч байгаад ажил хийхийн тулд гарсан. Яагаад тэр вэ?

-Ямар хувцас бүтээхийг хүсч байгаагаа би мэддэг тул сургуульд ороод удалгүй эсгүүрийг хэрхэн гаргах зэрэг дээр багш нартайгаа санал нийлэхээ больсон. Нэг профессор маань “Та нарт энд хийх юм байхгүй. Явж ажил хийцгээ. Та нар бэлэн биз дээ” гэж хэлснийг сайн санаж байна. Би “Lothar’s” бутикт хагас цалинтайгаар ажилд орохоор болж нэг улиралд хоёр хослол зүгээр өгнө гэхээр нь шууд л зөвшөөрч билээ. Ингээд хэдхэн сарын дараа өөрийнхөө нэрээр шинэ загварын хувцас гаргаж, дэлгүүрийн үзмэрийн цонхыг чимэглэж, хүмүүсийг удирдан ажилласан. Бусад нь түүх болон үлдэж дээ.

-Танд хэн хамгийн ихээр нөлөөлсөн бэ?

-Миний ээж. Намайг хамгийн их дэмждэг байсан бөгөөд таван настай байхад маань хуримынхаа даашинзаар хувцас оёхыг зөвшөөрсөн. Моод, хувцас, үйлчлүүлэгчтэйгээ хэрхэн харилцах талаар ээжээсээ маш ихийг сурсан. Тэр байгаагүй бол би яах байснаа төсөөлөхгүй байна.

-Таны урласан даашинзаар Мишель Обама гоёдог. АНУ-ын тэргүүн хатагтайн хувцсыг урлахад ямар байдаг вэ?

-Маш том нэр хүнд. Бүсгүйчүүд надад хандан даашинз урлаж өгөхийг хүсэх болгонд би тэднийг мэдэрч байдаг.

-Таны урласан хувцсаар гоёсон алдартнуудаас хэн нь сэтгэлд тань хамгийн их нийцсэн бэ?

-Метрополитен музейд болсон цэнгүүн дээр барынх шиг эрээн даашинзыг маань өмссөн Женнифер Лопес. Түүний үсний засалт нь хүртэл янзтай байсан. Түүн шиг гоё хүн байгаагүй.

-Моод бол маш хурдан өөрчлөгддөг. Энэ талаарх таны бодол?

-Үүнийг хүн бүр өөрийнхөөрөө ойлгодог. Миний хувьд бол үүнийг ардчилсан моод гэнэ. “Miсhael Kors”-ийн “Michael” хэмээн нэрлэсэн чиг хандлагыг тансаг зүйлсийг эмэгтэй хүн бүрийн хүртээл болгоно гэсэн үүднээс санаачилсан. Эмэгтэй хүн бүр төгс цүнх, даашинз хоёрыг хэрэглэх боломжтой. Миний гаргасан энэ загваруудын хамгийн гол зорилго нь хөрөнгө оруулалт. Нэг юм худалдаж аваад түүнийгээ насан туршдаа хэрэглэнэ гэсэн үг.

-Та гаргасан загваруудаа prefall гэж нэрлэсэн боловч transeason болгон өөрчилсөн.

-Тавдугаар сард ч, есдүгээр сард ч өмсч болох хувцас надад илүү таалагддаг. Цаг агаар ямар байхаас үл хамааран, сэтгэл санааг тань өөдрөг байлгах хувцас өмсөх хэрэгтэй.

-Моод гэдэг бол шинэ загваруудаа толилуулдаг үдэшлэгүүд. Тэдгээр үдэшлэгүүдийн аль нь танд хамгийн сайхан санагдсан бэ?

-“Miranda” нүдний шилийг танилцуулсан үдэшлэг. Энэ арга хэмжээ Нью-Йоркийн загварын долоо хоногтой давхцаж билээ. Төгсөгчдийн уулзалт шиг санагдсан бөгөөд би уулзах юмсан гэж бодож байсан олон хүнтэй тэнд таарсан.

-Таны амжилтын нууц юу вэ?

-Та амжилтад хүрсэн гэж бодож байгаа бол бүх юм дууслаа гэсэн үг. Би байнга л өөрийгөө хөгжүүлж, бусдын ялангуяа үйлчлүүлэгчдийн саналыг сонсдог. Тэдний оронд өөрийгөө тавьж үзэж чаддагт амжилтын нууц байгаа болов уу. Бас нэг зүйл бий. Би их сониуч зантай.

Categories
мэдээ цаг-үе

Д.Отгондалай: Залуу байна, цаашид илүү их амжилт гаргана

“Өдрийн сонин”-ы № 197 (5462) дугаараас авч нийтлэв.

“Рио-2016” олимпийн наадамд оролцсон Монголын багийн бокс болон чөлөөт бөхийн баг тамирчид өчигдөр эх орондоо ирлээ. Бразилд болсон Зуны олимпийн XXXI наадамд манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Сумъяа мөнгө, боксын төрөлд Д.Отгондалай хүрэл медаль хүртсэн билээ. Ингээд олимпийн хүрэл медальт Д.Отгондалайтай хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Олимпийн хүрэл медаль өвөртлөн эх орондоо ирлээ. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Эх орондоо ирээд сайхан байна. Олимпийн дэвжээнд анх удаа гараад хүрэл медалийн эзэн болсондоо баяртай байгаа. Үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Өөрийнхөө сэтгэлзүйг бариад олон улсын тэмцээнд оролцож байгаа шигээ тоглолоо. 2014 онд Азийн аваргад түрүүлсний дараа дэлхийн аварга, олимпийн наадмаас медаль авах зорилго тавин бэлтгэлээ хийсэн. Намайг үргэлж дэмжиж байсан гэр бүлийнхэн, багш, дасгалжуулагч, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “АПУ” хувьцаат компани, Монголынхоо ард түмэнд маш их баярлаж байна.

-Мөнгөн медалийн төлөөх тулааныг шүүсэн шүүгчдийн шийдвэрийн талаар таны бодол?

-Энэ чухал тулаанд мэдээж бүхий л хүч чадлаа дайчилсан. Гомдолтой санагдаж байгаа хэдий ч би залуу байна. Цаашид улам амжилт гаргана. Тийм болохоор улам л хичээх болно. Миний хувьд эхний тоглолт хийсэн болохоор үндсэндээ гурван тулаан хийсэн. Эхний өрсөлдөгч болох Нидерландын боксчинд өмнө нь 3:0-ээр ялагдаж байсан юм. Өмнө нь тоглоод үзчихсэн болохоор тоглолтыг нь сайн мэдэрч чадсан. Харин Алжирын боксчин дэлхийн чансаанд тавд эрэмбэлэгддэг. Түүнийг ялна гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан. Харин мөнгөн медалийн төлөөх тоглолтод ялсан бол Бразилийн боксчинг ялах боломж өндөр байлаа. Өмнө нь хоёр ч удаа ялж байсан болохоор боломж байсан.

-Та цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Цаашдаа бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцох болно. Биднийг 2018 оны Азийн тоглолт, 2019 оны ДАШТ гээд олон тэмцээн уралдаан хүлээж байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг тусгай байгууллагатай болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Өнөө жил хэдий хэрийн ургац авахаар байна. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэх үү. Есдүгээр сард нэлээд хэд хоног цочир хүйтрэх төлөв дуулдаж байна. Хөрсөн дээр цочир хүйтэрснээс ургац алдаж байсан жишээ ойрмогхон бий шүү?

-Улсын ургацын комиссын анхдугаар хуралдаанаа хийсэн. Хуралдааны үеэр ургацын урьдчилсан балансыг танилцуулсан байгаа. Өнөө жил манай тариаланчид сайн ажиллаж, байгаль хангай ч сайхан ивээсэн болохоор арвин ургац авах урьдчилсан баланс гарсан. Энэ жил улсын хэмжээнд 377 мянган га-д үр тариа, үүнээс 355 мянган га-д улаанбуудай, 14.5 мянган га-д төмс, 8.2 мянган га-д хүнсний ногоо, 63.8 мянган га-д тосны ургамал, 28 мянган га-д тэжээлийн ургамал, 4.2 мянган га-д эмийн ургамал нийтдээ 495.9 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 501 мянган үр тариа, үүнээс 482 мянган тонн буудай, 174 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

Өнөө жилийн хувьд тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудад зуншлага харьцангуй сайн байсан. Энэ нь ургацад нэлээд эерэг нөлөөлсөн. Га-гаас 13-17.6 центнер авахаар байна. Харин Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гантай байсан учир ургац алдаж байна. Дунджаар нэгжээс 5.2-6.5 центнер буюу улсын дунджаар нэгжээс үр тариа 14.1 центнер, төмс 120 центнер, хүнсний ногоо 143 центнер ургац тус тус хураан авах урьдчилсан дүн гараад байна.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчил зүйл болох гангийн улмаас 20.1 мянган га талбай ургац алдаж, болц дутуу байснаас 1.2 мянган га талбай тэжээлд шилжсэн. Ингээд нийтдээ 21.3 мянган га талбайн ургац алдсанаас улсын балансад ороогүй.

Сайдын ажил авснаас хойш газар тариалангийн бүс нутгуудаар явж ажилласан. Тариаланчидтайгаа газар дээр нь уулзсан. Санал бодлыг нь сонсоход дөрвөн төрлийн хүсэлт тавьж байсан. Ямар хүсэлт вэ гэхээр нэгдүгээрт, тариаланчдад Хөгжлийн банкнаас олгох ёстой байсан 11.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдээд одоо олголт нь эхлээд явж байгаа. Мөн тариаланчид маань намрын ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэхэд зориулж шатахуун олгож өгөөч гэсэн.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулж тариаланчдаас 50 хувийн урьдчилгаа аваад үлдсэнийг нь ургац хураалтын дараа авахаар зээлээр шатахуун олгохоор тендерийг нь зарласан. Өнөө, маргаашдаа дүнгээ гаргаад энэ ажил явна. Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүн бүрэн, Цагаан нуур сумын чиглэлийн 100 км замын засварын ажил бий. Энэ засварын ажлыг Засгийн газрын хуралдаанаар оруулаад Зам, тээврийн хөгжлийн яаманд шийдэх чиглэл өгсөн. Засварынх нь ажил эхлээд явж байгаа. Өнгөрсөн жил ган болсон учир манай тариаланчид ургац алдаж, эдийн засаг, санхүү, сэтгэл санаа, эд материалын хувьд маш хүнд байдалтай байна. Тийм учраас тариаланчид буудайг ноднингийн мөн үеийнхээс багагүй үнээр аваач ээ. Будааг худалдах, худалдан авахад дэмжлэг үзүүлээч ээ гэж санал тавьсан. Уг саналыг Засгийн газрын хуралдаанд оруулаад арилжааны банкуудад 60 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэ гэсэн ийм үүрэг өгсөн. Үүнийг бид буудай худалдаж авахад зориулж арилжааны банкуудтай хамтарч ажиллана. Тариаланчдынхаа тавьсан энэ мэт саналуудыг бид биелүүлсэн гэж хэлж болно.

-Намрын намарт гурил үйлдвэрлэгчид, тариаланчдын хооронд хэрүүл гардаг. Гурил үйлдвэрлэгчид тариаланчдын буудайг голдог. Нөгөөдүүл нь эх орны хөрсөнд ургасан буудайг заавал ав гэдэг. Үүн дээр нь төр оролцоод улаанбуудайг улстөржүүлчихдэг?

-Энэ бол уг нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явах ёстой юм шүү дээ. Тариаланчид мэдээж тарьсан буудай, хөдөлмөр шингэсэн ургацаа үнэтэй зарахыг хичээнэ. Гурил үйлдвэрлэгчид чанартай мөртлөө хямд буудай авч ашигтай ажиллахыг бодно. Тэгэхээр нэг нь үнэтэй өгөх гэсэн, нөгөө нь хямдхан авах гэсэн хоёр хүний дунд төр энэ зохион байгуулалтыг хийж өгч байгаа байхгүй юу. Ер нь бол зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тэгэхдээ гурил, мах Монгол Улсын стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрөөс зохицуулалт хийх гэж энэ бизнесийг эрхлэгчдийг бүх талаас нь дэмжиж байгаа. Ийм чиглэлээр явж байсан. Манай яамны хувьд энэ асуудал дээр бодлогын өөрчлөлт хийх ёстой. Холбогдох хууль, эрх зүйн бичиг баримтад нь өөрчлөлт оруулах маягаар бодлогын нэлээд өөрчлөлт хийнэ гэж төлөвлөж байгаа. Үүнийг Засгийн газар, УИХ дээрээ ярьж шийдэх ёстой. Яам бол бодлогыг нь л ярина. Бодлого боловсруулаад хөгжлийн чиг хандлагыг нь тодорхойлж байх ёстой. Түүнээс биш яам нь аж ахуйн үйл ажиллагаа, зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хүмүүсийн хоорондын зөрчилтэй харилцаанд оролцоод байвал яамны нэр хүнд, ажил төрөлд сөргөөр нөлөөлдөг учраас ерөөсөө энэ хөдөө аж ахуйн үнэ тарифыг зохицуулдаг хууль эрхзүйн боломжийг хайж байгаа. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг зохицуулах байгууллагатай байх ёстой гэсэн ийм шийдлийг олоод бодлого боловсруулаад ажиллаж байна.

-Өнгөрсөн жил яамны зүгээс малчдад хандан “Зуд болно. Малаа эртхэн шиг зах зээлд оруулж борлуулаарай” гэж зөвлөж байсан. Өнөө жилийн хувьд ч өвөл сайнгүй байх бололтой. Юм мэддэг улсууд “Бичин жил сүүлээ айхавтар шарвадаг” гэх юм?

-Урьдчилсан байдлаар харахад энэ өвөл их хүнд байна. Цаг агаарын төлөв байдал ч тэр эрт хүйтэрч байна. Есдүгээр сарын дундаас хойш хөрсөн дээр цочир хүйтэрнэ гэсэн мэдээг холбогдох байгууллагаас нь өгсөн. Их тогтворгүй, хүйтэн өвөл болох шинжтэй. Өвлийн бэлтгэл ажилтай холбоотойгоор албан даалгавраа өгсөн. Өвлийн бэлтгэлдээ анхаарал хандуулж, хадлан тэжээлээ сайн хангах шаардлагатай. Ер нь бол манай малын тоо нэлээд өссөн. Тэгэхээр малчид мах бэлтгэл талдаа онцгой анхаарч, малаа бэлтгэж авахад буруудах юм байхгүй. Хуучцуул ярьж байгаа, энэ бичин жил сүүл рүүгээ хэцүү. Энэ өвөлжилт, хаваржилт нэлээд хэцүүднэ. Зуншлага сайн байдаг зүүн тал, зүүн өмнөд, зүүн хойд нутгуудад гангийн байдалтай байгаа учир хадлан тэжээлийн асуудал хүндрэлтэй байна. Бүс нутаг, аймгуудаас хадлан тэжээлийн газар олж өгөөч. Хадлан тэжээлээ хаанаас авах вэ гэж санал хүсэлтүүдээ тавьж байна. Энэ асуудалд яам нэлээд бодлоготой ажиллаж байна. Малчид маань мал, махаа бэлдэж өвөлдөө чамбай орохын тулд сэтгэл санаа, эд материалын хувьд бэлтгэлтэй, хадлан тэжээл сайтай байх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил хаана хаанаа бэлтгэл сайн байсан учир зудыг харьцангуй хохирол багатай давсан гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллагаас дүгнэсэн. Энэ жил өнгөрсөн жилийнхээс ч илүү хахир байна гэсэн үг үү?

-Өнгөрсөн жилийн хувьд өнөтэй өвөл болсон шүү дээ. Байгаль хангай ивээсэн. Эхэндээ нэлээд хүйтэн байснаа 11, 12 дугаар сард гайгүй өнгөрсөн. Хүйтэн нь ч гайгүй, цасан шуурга нь ч гайгүй, байгалийн давагдашгүй нөхцөл, үзэгдэл нь гайгүй байсан. Сайхан өвөл болсон. Монголчууд чинь амны хишигтэй ард түмэн. Бид чинь уламжлалт нүүдлийн соёлтой ард түмэн. Нүүдлийн аж ахуйгаа бид, ялангуяа малчид маань их сайхан зөв аваад явчихдаг. Хувь хувийнхаа бэлтгэлийг эрвийх дэрвийхээр хангачихдаг хөдөлмөрч улсууд болохоор ямар ч өвлийг сайхан даваад гарчихдаг. Тэрүүгээр л явах байх. Гэхдээ байгаль, цаг уурын давагдашгүй хүчин зүйл, их хүйтэн, малын идэш, тэжээлийн асуудал гэвэл байдал хүнд шүү. Тийм учраас бид бүх зүйлд бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй байх ёстой гэж үзэж байгаа.

-Эдийн засгийн байдал хүндэрч хасалт, таналт хийж, халамжуудыг эхнээс нь зогсоогоод эхэллээ. Хэмнэлт, таналтыг салбар бүрт л хийж байна. Танай салбарын хувьд энэ үед хэрхэн ажиллаж байна вэ?

-Эдийн засгийн байдал улс орны хэмжээнд улсын төсөв, санхүү хүнд байгаа. Муу нуухаар сайн илчил гэдэг. Бүх хүн мэдсэн байх. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа. Тал талдаа л хичээж ажиллах, үнэн зөв байх шаардлага гарч ирж байна. Засгийн газрын зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт нэг их огцом таналт хийгээгүй. Аль болох бид стратегийн гол зүйл болох гурил, мах, хоолтойгоо байх ёстой. Мал эрүүлжүүлэх, мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаанууд, өвөл хаврын бэлтгэл, ургац хураалт, намрын хадлан тэжээлийн асуудлууд байгаа учир онцгой анхаарал хандуулж ажиллах ёстой гэсэн чиглэлтэй учир манай яамны үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэсэн учир яамны хэмжээнд гайгүй байна.

-Гадагшаа мах гаргах ажил нэг хэсэг их өрнөсөн. Энэ ажил одоо ямархуу үргэлжилж байна?

-Махны экспортын асуудал хүнд байгаа. Мах боловсруулах өндөр хүчин чадалтай, олон тооны үйлдвэрүүд байгуулагдсан. Махаа экспортод гаргах чиглэлийг бүх талаас нь бодож шийдвэрлэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр ээлжит бус чуулганаар батлагдана. Энэ мөрийн хөтөлбөрт манай яамнаас махны аян, гадаад экспортын асуудлаар бодлогын олон асуудлыг оруулсан. Олон ажлыг шат дараатай хийж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Үүнд хамгийн чухал асуудал бол мал, махаа эрүүл байлгах чиглэлд онцгой томоохон төсөл хөтөлбөр боловсруулж ажиллах ёстой. Манай яамны хамгийн гол бодлого бол “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” гэдэг үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын хэмжээнд хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа. Мал, мах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээ эрүүл, чанартай, олон улсын стандартад нийцсэн болгож байж дараа нь экспортын асуудал, малаа үнэтэй болгох тухай асуудал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ үнэтэй болгох асуудлаа ярих ёстой. Олон улсын чанар, стандартад нийцсэн хүнс, махтай болох чиглэл рүү ажлаа чиглүүлнэ.

-Зээл авахад хэцүү болж жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид зээлийн дарамтад орж, аж ахуйн нэгжүүд олноор үүдээ бариад байна. Хөнгөн үйлдвэрийн чиглэлд ямар томоохон ажил эхлүүлэх вэ?

-Бодлогын гажуудал байгаа юм. Бодлогын дорвитой өөрчлөлтийг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийнэ. Яаманд гурав, дөрвөн чиглэлээр ажлын хэсгүүд гарчихсан ажиллаж байна, судалгаа хийж байна. Бодлогын боловсруулалт хийж байна. Ер нь бол нэг их олон үйлдвэр байгуулаад байхдаа биш. Жигтэйхэн том үйлдвэрүүдийг энд тэнд барихдаа биш. Хамгийн гол нь эрсдэл хүлээж, хөрвөх чадвартай, өөрөө өөрийгөө аваад явах, ашигтай ажиллах жижиг, дунд оврын ийм үйлдвэрүүдийг зах зээл, түүхий эд, хэрэглэгчдийг нь түшиглүүлээд эрэлт нийлүүлэлтийг нь зохицуулаад байгуулах нь зүйтэй. Дээр нь жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хил орчмын худалдааг өргөнөөр зохион байгуулъя гэж төлөвлөж байгаа. Хөрш орнуудтайгаа худалдаа хийе. Үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд олон ажил хийнэ гэж гадна, дотнын олон байгууллага, компанитай ярьж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр гадны өндөр технологийг оруулж ирж тэдний туршлагыг судалж, үндэсний уламжлал, шинэчлэл хоёроо нийлүүлж ашигтай, ард түмэн маань өөрсдөө яваад явж чадах, хүндрэл бэрхшээл багатай жижиг, дунд үйлдвэртэй болох зорилго тавина. Энэ чиглэлээр салбар салбар дээр загвар аж ахуй, үйлдвэрүүдийг байгуулж ажиллахаар болж байна. Гаднаас туршлага судална.

-Загвар аж ахуй, үйлдвэр байгуулах энэ ажил эхэлж байгаа юу?

-Эхэлж байгаа. Мөрийн хөтөлбөр батлагдангуут л шуурхай явчихна.

-Улсын хэмжээнд хэд хэдэн аймагт малын халдварт өвчин гарчихаад байна. Манай мах борлогддоггүй нэг том шалтгаан нь энэ л дээ?

-Шүлхий, цэцэг өвчин гарсан. Голомтдоо байгаа, ер нь бол хяналтад байгаа. Энэ чиглэлээр Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага, Онцгой байдлын газар цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг өвчний голомттой хэсгүүдэд ажиллаж байна. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр маань малыг эрүүлжүүлэх чиглэл рүү чиглэгдэнэ. Үүнээс гадна малаа эрүүлжүүлэх тухай хөтөлбөрийг явуулна. Мал эмнэлгийн үйл ажиллагааг цогцоор нь авч үзнэ. Боловсон хүчин, санхүүжилт, вакцинжуулалт, малын эмч нарын асуудал гээд цогцоор нь авч үзэж байж энд дорвитой өөрчлөлт хийх ёстой. Малын халдварт өвчнийг эмчилдэг стратеги тактикийг хүртэл хүмүүс өөрсдийнхөө дур зоргоор өөрчилсөн тохиолдлууд ч гардаг гэж байгаа юм. Үүнийг олон улсын стандарт дүрэм журмынх нь дагуу яаж тэмцэх ёстой юм тэр дагуу нь явуулах ёстой гэж бид үзэж байгаа.

-Монгол Улсыг эдийн засгийн хямралын энэ үед мал аж ахуйн салбар нь л тэжээнэ. 56 сая малаа зөв менежментэд оруулж чадвал хямралаас гарах нэг томоохон хөшүүрэг болно гэдгийг зарим эдийн засагчид онцолж байна?

-Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл гэдэг бол эргэн төлөгддөг баялаг л даа. Эргэн төлжиж байдаг баялаг. Уул уурхайн баялгийг нэг л аваад явбал эргэж ургадаггүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл бол ургаж, төлжиж байдаг сайхан салбар. Монголчуудын хувьд ямар ч хүнд үед өлсч үзээгүй ард түмэн. Дайны жилүүдэд ч өлсч үзээгүй. Ямар ч хямралын буянд хэдэн малынхаа буянд сайхан ажиллаж, амьдарч ирсэн улсууд. Энэ уламжлал, амны бэлгэ, ерөөл эдийн засгийн энэ хүнд үед биднийг аварна аа гэж бодож байгаа. Манай малчид амьдралаа мэднэ, аж ахуйгаа сайхан аваад явж ирсэн. Уламжлал технологи, арга барил, соёлтой. Одоо харин бид нүүдэлчдийн уламжлалт амьдралын энэ хэв маягаа орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, шинэ дэвшилтэй холбоод малаа олон болгоно гэхээсээ илүүтэй ашиг шимийг нь илүү үр дүнтэй болгохын тулд тооноос чанар руу шилжих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Т.Билэгжаргал: Худлаа яриад яахав, манай кино урлаг сүйрч байна

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Билэгжаргалтай ярилцлаа.

-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юу байна?

-“Нэг өдрийн дайсан” гэж кинонд тоглосон маань энэ жилийн хамгийн гол уран бүтээл байлаа. Энэ кинонд баян залуугийн дүрд тоглолоо. Сайхан чадварлаг хамт олонтой ажилласан. Гэхдээ нэг жилд дөрвөн кинонд тоглочихлоо. Уг нь би жилд ганцхан кинонд чанартай тоглох ёстой гэж боддог ч олон кинонд тоглосондоо жаахан санаа зовж байгаа. Уран бүтээлч хүн уг нь ингэж ажиллах онцгүй.

-Таныг үзэгчид баян, романтик дурлалт залуугийн дүрээр тань илүү мэддэг. Ихэвчлэн ийм дүрд тоглоод байгаа шалтгаан нь юу байна. Эсвэл өөрөө амьдрал дээр яг тийм залуу юм уу?

-Тухайн дүрдээ тохирсон хүмүүсийг сонгох нь тухайн найруулагчийн ажлын 50 хувь байдаг гэж үг бий. Хүмүүс намайг яг өөр шиг чинь бодоод байдаг юм. Найруулагчдын харж байгаагаар дурлалт залуугийн дүр надад илүү ойрхон санагддаг юм шиг байгаа юм. Анзаарвал эсрэг тэсрэг дүрд ч мөн тоглосон. Уран бүтээлч хүн үргэлж ургуулан боддог, асар их эрэл хайгуулчид байдаг. “Боолын гэрээ” киног найруулсан Болдоо ах маань намайг “Архичин, ээжийгээ зовоодог, тэнэг залуугийн дүрээр” харж байсан. Ингэж намайг өөрөөр харж, чадна гэж итгэж байгаад нь би түүнд баярладаг. Найруулагч тухайн жүжигчнээ яаж харна. Тэр дүрийг тэгж амилуулах нь чухал. Анх “Ийм нэгэн дурлал” төслийн шалгаруулалтад тэнцээд, жүжигчин Тэмүүжин, Алтаншагай бид гурав гол дүрд тоглож байсан. Энэ жил энэ жүжгийн маань 10 жилийн ой болж байна. Тиймээс бид ойдоо зориулаад “Ийм нэгэн дурлал 3” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Мэргэжлээ хэрхэн сонгож байв?

-Манайх Өвөрхангайн гаралтай. Хужиртын айл. Манайхан дээр үеэс нэг хүнээ хар, нэгийг нь шар болгодог заншилтай. Мөн есөн үеэрээ цэрэг армид ажиллаж, амьдралаа зориулсан хүмүүс. Тиймээс би аравдугаар анги төгсөх хүртлээ армийн хүн болно гэж боддог байлаа. Гэтэл 2004 онд Үндсэн хуулиар армийн хүн болох эрх минь хасагдсан. Өөрөөр хэлбэл, хуульд орсон өөрчлөлтөөр метр 72-оос өндөр хүнийг цэрэг, цагдаагийн байгууллагад авна гээд заачихсан. Ингээд аравдугаар анги төгсөх жилээ нэг жүжиг үзэхдээ, театрын үнэрийн өвөрмөц сайхныг мэдрээд, жүжигчин болох санаа төрсөн. Мөн би жүжигчин болох юм бол бүх мэргэжлийн хүн болж үзэх боломжтой юм байна гэж бодсон. Жишээлбэл, багш, эмч, цэрэг армийн хүн гээд аль ч дүрд тоглох боломжтой шүү дээ. СУИС-д шалгаруулалтад орж байхдаа Н.Сувд багшид ингэж тайлбарлаж байсан нь шалгалтын оноонд маань эерэгээр нөлөөлсөн.

-Өөрийн зүтгэж буй урлагийн салбарыг хөгжүүлэхийн тулд залуус ямар байх шаардлагатай гэж бодож байна?

-Хүн аливаа зүйлийн мөн чанар руу хандаж, чиглэж байх нь чухал юм болов уу. Би сүүлийн үед нэлээд судалгаа, эрэл хайгуул хийж байна. Өөрийн орны урлагийн хөгжил болон гадны томоохон улс орнуудын урлагт хандах зарчим, практик зэргийг судалж байгаа. Мөн кино урлагийн түүхэнд их чухал байр суурь эзлэх томоохон төслийг олон жил бодож явлаа. Одоо хийхэд бэлэн болж байгаа. Гэхдээ баярлах болоогүй байна. Урлагийн хүн болоод 10 жил өнгөрчихлөө. Тиймээс олон тийшээ үсчиж, урваж шарвалгүй дэлгэцийн урлагаар тууштай дагнана гэж боддог. Мөн дараагийн түвшинд би хэрхэн яаж ажиллах вэ зэрэг бодож буй зүйл их байна.

-Урлагийн хүн байх хэцүү байдаг уу?

-Үнэндээ Монголын нөхцөлд урлагийн хүн байх хамгийн хэцүү. Манай иргэдийн сайхны тухай ойлголт, гоо зүйн хэм, хэмжээ улс төрчдийн засаглалын түүнд хэрэгжүүлж байгаа бодлого, түүнийг нь гардаж ажиллаж байгаа хүмүүсийн онцгүй үйлдлээс хамаараад урлаг хэцүү болж байна. Уг нь манай уран бүтээлчид авьяастай, цаанаасаа төрсөн өгөгдөлтэй, нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл кино урлагт бөмбөрцгийн хаана ч гологдохгүй шүү. Гэхдээ кино урлаг хөгжиж байна уу гэж асуухаар манайхан хөгжиж байна гэдэг. Энэ салбарт сайн төлөөлөгчид байдаг ч цөөхөн. Худлаа яриад яахав, миний ажиглаж байгаагаар манай кино урлаг сүүлийн үед сүйрч байна. Хэллэг, нийгэмд өгч байгаа мессэж, сэтгэлгээ авах юм алга. Хүний тархинд үр тарих биш, хүмүүсийн халаасыг сэгсрэх хүслээр ажиллаж байгаа киночид өөртөө дүгнэлт хийгээд бодох хэрэгтэй. Өөрсдийгөө юу хийж байгаагаа харах, дахин дахин бодох ёстой байна.

-Ширээн дээрээ янз бүрийн чулуу тавьж, арц уугиулаад, мөн зэс аяганд сүү уудаг юм байна. Мөн гартаа эрх зүүдэг зэргээс тань харахад орчин цагийн залуусаас арай өөр харагдлаа. Энэ таны үзэл бодлын илэрхийлэл үү?

-Би боксын спортын мастер, хошууч генерал хүний бага хүү. Аливаа хүний ертөнцийг үзэх үзэл тухайн гэр бүлийн орчин, хүмүүжлээс эхлэлтэй байдаг. Энэ бол миний ертөнцийн нэгээхэн хэсэг. Олон янзын цуглуулга байдаг ч ил гаргаагүй байна. Мөн очиж үзээгүй газар орноор явахдаа тэндхийн чулууг авдаг. Гартаа эрх зүүдгийг манай ард түмэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байх. Би янз бүрийн сонирхолтой, олон сайхан сэдвээр хүмүүстэй нээлттэй ярилцах дуртай. Залуучууд мэддэг, чаддаг сонирхдог зүйлээ бусадтайгаа хуваалцаж байвал гоё. Өөрөөр хэлбэл, би суу ухааны, шашин,соёлын болон улсын бодлого тодорхойлогч, улстөрчид зэрэг хүмүүстэй ярилцах дуртай. Миний үгийг сонсдог, надтай ярилцдаг олон найз нөхөдтэй болж байгаа. Ном унших, олон зүйлийн тухай эргэцүүлэн бодох дуртай. Гэхдээ одооны залуус мэдлэг, мэдээлэл хоёрыг ялгахгүй байх шиг санагддаг.

-Та нээлттэй, өөдрөг хүн шиг санагдлаа. Сэтгэлээр унах, гуних үе тохиолдоход хэрхэн даван туулдаг вэ?

-Хүмүүст муугаар хэлүүлж, муухай харагдаж, буруугаар ойлгогдож бас хайр сэтгэл, амьдрал бүтэлгүйтсэн хүнд хэцүү сэтгэл хямрах өдрүүд одоогоос хэдхэн жилийн өмнө байсан. Гэхдээ би ийм зүйл тохиолдоход, тийм хэцүү байх ёстой гэдгийг ойлгож байсан болохоор даван туулж чадсан. Гайхалтай хайр байдаг ч бас хайрын гурвалжин байна. Гэхдээ би барагтай бол гуньж, гутардаггүй, тийм зүйл болоогүй юм шиг байж чадна.

-Гурван охин хамтлагийн дуучин Г.Анхмаа та хоёр олон жил үерхээд, хөөрхөн охины ээж, аав болцгоосон. Гэхдээ та хоёрыг хоёр тийш болоход гайхаж, бас харамсах хүмүүс олон байгаа нь ажиглагдсан. Охинтойгоо хэр ойр уулзаж байна?

-Миний охин одоо таван настай. Охиноо тав дахь өдөр болгон аваад, хагас бүтнээр охинтойгоо хамт байдаг. Хааяа ажлын шаардлагаар, хөдөө гадаа явах тохиолдолд 14 хоногоор ч уулзахгүй үе бий. Охинтойгоо уулзахгүй 14 хонох хэцүү. Хүний үр гэдэг хамгийн сайхан үгээр хэлшгүй нандин байдаг юм. Хайр гэдэг бол сайхан бүхний охь, гайхамшиг бүхний ундарга юм. Сайхан хайраас ургасан ганц охинтой.

-Ойрын хугацаанд гэр бүл зохиох бодол бий юу?

-Ойрын хэдэн жилдээ ээж, охин хоёр минь надад байхад хангалттай. Одоохондоо гэр бүл зохиох бодол, төлөвлөгөө байхгүй. Намайг мэдэхгүй хүмүүс намайг хараад, дүгнэж байгаагаас би их өөр хүн. Эмэгтэй хүн эргүүлж гадуур дотуур явдаггүй, ганцаараа бол ганцаараа хичнээн хугацаагаар ч хамаагүй үнэнч байж чаддаг.