Categories
мэдээ цаг-үе

М.Дагва: Төр Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа Монголын Хөрөнгийн биржээр арилжаалбал эрүүл, гоё тогтолцоо болно

QMC группийн захирал,судлаач М.Дагватай ярилцлаа.

-Эрдэнэтийн 49 хувийг үндэсний компани авчихлаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Өнгөрсөн дөрвөн жилд санамсаргүй ч гэх үү, тохиолдлоор ч гэх үү Эрдэнэт рүү орж ажиллах боломж гарсан. Эрдэнэтийн удирдлага өмнөх дөрвөн жилд компани дээрээ жил бүр үүрэгдээд яваад байдаг нийгмийн зардал гэдэг юмыг яаж харах ёстой юм бэ гэдэг асуултыг өөрсдөдөө тавьсан юм. Эрдэнэт үйлдвэр жил бүр 30-40 сая ам.долларын нийгмийн зардал үүрч явдаг.Тэр нь бүр тогтсон хэм хэмжээ юм шиг болчихсон. Эрдэнэтэд хоёр үнэн бий. Сонгуулийн үеэр гурав дахь үнэн нь гарч ирлээ л дээ. Нэг үнэн нь жил ирэх бүр Эрдэнэтийн ордын нөхцөл хүндэрч байгаа. Баян, гоё, өндөр агуулгатай зэсийн хүдэр нь одоо ядуурсан. Уурхайн хувьд ч олборлох зардал нь ихэсч байгаа. Зах зээл хөгжсөн улсын уурхайнуудад байдаггүй, социалист уурхайнуудад байсан тогтолцоо Эрдэнэтэд арилахгүй байна. Эрдэнэтийг аль ч тал хамтарч эзэмшсэн бай, жил бүр гарч буй нийгмийн зардлыг бодолцох л ёстой. Эрдэнэтэд байгаа, нийгмийн цехүүд гэсэн нэртэй соёлын ордон, спорт комплекс, амралтын газар, эмнэлэг сувилал гээд үйлдвэрийнх нь нэгж шиг болоод явчихсан зүйлс бий. Социалист системд байсан уурхайнуудад байдаг тогтолцоо. Оросуудын хувьд уурхай ашигладаг нь алс бөглүү нутгууд. Нарийн яривал нийгэм, байгаль орчин талын асуудал айхтар хурцаар тавигдахгүй газарт маш их уурхай байх шиг анзаарагддаг. Ийм учраас л оросууд санаа зовохгүйгээр Эрдэнэт шиг том уурхай байгуулчихаад жижиг хоттой нь орхиод явчихдаг юм байна л даа. Монголын хувьд Эрдэнэтээ орхиод явна гэхээр хэний ч санаанд багтахгүй. Эрдэнэт Оросын нүдээр харвал зуухан мянган хүнтэй томоохон тосгон. Гэтэл Монголын хувьд гурав дахь том хот нь. Ийм том хотоо хаячихаад нүүх ард түмэн гэж байх уу.

-Тэгэхээр бид яах ёстой гэж?

-Монголын хувьд бодох ганцхан асуудал бий. Эрдэнэтийн нөөц сайнаар бодвол тавь, жаран жилийн дараа дуусна. Муугаар бодвол тав, арван жилийн дараа нөөцөө барна. Тэр үед энэ хотыг яах вэ гэдэг монгол төрийн санаа зовох асуудал. Хоёрт, тэнд амьдарч байгаа 100 мянган иргэний санаа зовних асуудал. Гуравт нь, тухайн компанийн бодлоо чилээх асуудал. Дөрөвт нь, орхоныхны санаа зовох асуудал. Өндөр цалинтай, хангалуун байсан улс гэнэт л сөнөсөн хотын золбин иргэд болохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдийн санаа зовних асуудал болчихож байгаа юм. Ийм том асуудал дээр Монголд сайн туршлага байхгүй. Муу нь Налайх байна. Налайхыг харахаар төрд найдах хэцүү болчихоод байгаа юм. Монголын тухайд төр, хувь гэдэг нь бүр нийлчихсэн. Сүү, ус гэж төсөөлбөл хярам шиг болчихсон. Сүү, усаар нь ялгаж чадах уу гэсэн асуудал бий. Ганц компани, ганц яамны хийж чадах асуудал биш гэх гээд байна л даа. Тал талаас оролцсон том баг, гадна дотнын зөвлөхүүд ажиллаж байгаад маш урт хугацааны төлөвлөгөөгөөр шийдэх асуудал. Гурван жилийн дотор энэ асуудлыг шийднэ гэвэл магадгүй дөрөв дэх жилд нь Эрдэнэтэд бослого гарна.

-Эрдэнэтийг маш баян, саалийн үнээ гэж бодоод улстөрчид нь элдэв мэдэгдэл хийж, олон нийт ч өмнөх ойлголтоороо акцент өгөөд байх шиг. Эрдэнэт үнэхээр тийм мундаг саалийн үнээ хэвээр байгаа юу?

-Тухайн хүнийг засаг барих үед юм уу, эрх мэдэлтэй аж төрж байхад Эрдэнэт саалийн үнээ байсан. Одоо бол саалийн үнээ биш. Ганцхан морьтой, ядруухан амьдралтай хүний өдөр шөнөгүй унаж байдаг, нэг удаа ч адуутай нь цуг тавиад өвс идүүлчихээгүй яндсан морь шиг л болчихсон. Эрдэнэтийг өнөөдөр ийм нүдээр харж, ийм логикоор дүгнэж ажиллах ёстой. Юу яасан саалийн үнээ.

-Сая та Эрдэнэтийг социалист загварын уурхайн хэв маягаасаа салаагүй гэж ярилаа. Ер нь 100 хувь хувьд шилжүүлчихвэл яадаг бол?

-Миний хувьд Монголын төр 51 хувиа Монголын Хөрөнгийн биржээр гаргана, хувьцаат компани болгоно гэвэл эрүүл, гоё л тогтолцоо. Тэнд хэчнээн чадварлаг, шударга хүн томилогдлоо ч Монголын төр нь төрийн өмчит компаниудаа дарамталсан хэвээр байгаа тохиолдолд байдал эерэгээр эргэнэ гэж найдахад хэцүү. Монголын төрийн өмчит компаниас алдагдалтай нь хэд билээ. Статистикаас төрийн өмчит компаниуд өндөр ашигтай ажиллаж чаддаггүй нь тод харагддаг. Тэр утгаараа нийтийн өмчит компани болгоод явчихвал хөгжлийн нэг өөр шат болно.

-Төрийн өмчийг нэг дор бөөгнүүлэх бүтэц ид яригдаж байна. “Эрдэнэс Монгол” шиг Темасек загвараар ажиллаж, дэлхийтэй дэлхийн хэлээр ярих эхний алхмаа хийчихсэн байгууллагуудын хувьд хайран санагдаж байгаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-“Эрдэнэс Монгол” маягийн корпораци байгаад, тодорхой хувь нь төрийн оролцоотой, дийлэнх хувь нь бирж дээр, биржийн хувьд зарим нь Монголын, зарим нь олон улсын том бирж дээр байж чадвал өөр л дөө. Байж болох бүтэц гэж харж байгаа. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Бямбасайханы хувьд бизнесээс орсон, Темасекийн загварыг маш сайн хараад судлаад явж байгаа хүн. Тэр хүний толгойд энэ асуудал багтаж байгаа бол эцсийг нь хүртэл явах байх. Сонгуулийн дараа маш их өөрчлөлт явагдсан ч Б.Бямбасайханыг өөрчилсөнгүй. Монголчууд шат ахих тусмаа сургамж авсны л үр дүн. Том концепци боловсруулаад явж байгаа хүнийг тэр зүг рүү нь зүтгүүлээд улстөржихгүй байна гэдэг олзуурхам хэрэг.

-Төрийн өмчийг удирддаг нэгдсэн газрын тухайд тодруулж асуумаар байна л даа, тэр дотор нь уул уурхайн өмч байвал яах вэ…?

-Төрийн өмчийг удирддаг агентлаг байгуулаад, тэр агентлаг нь төрийн төрөл бүрийн өмчийг базвал, тэр дотор нь уул уурхайн өмч байх юм бол би нэг их зүйл хүлээхгүй. Яагаад гэвэл уул уурхайн бизнесийг ойлгоод, дэлхийн уул уурхайн том корпорациудтай, зөвхөн уул уурхайн менеж хийх асуудлаар дагнасан компаниудтай өрсөлдөхөд хэцүү. Монголд “BHP”, “Рио” шиг уул уурхайн корпораци бий болох юм гэж хараад, төрийн өмчтэйнүүд дээр нь “Эрдэнэс Монгол” маягийн бүтэц байх юм, хувийнх нь бол нэгдэж нийлэх, нэгнийгээ худалдаж авах маягийн зүйл болоод “Рио” шиг том корпораци болно гэвэл хоёр гараа өргөөд дэмжинэ. Учир нь Монголд орон нутгийн компаниуд л байгаад байвал хоногийн хоолоо аргацаах төдийд болно. Дэлхийд өрсөлдөх компани бий болбол өөр. Хөгжлийг авчрах, хөгжлийн дараагийн шатанд хүрэх мөнгийг авчрах талаас нь харвал их өөр зүйл л дээ.

-“Дисковер Монголиа”-гийн голлох илтгэлийг тавина гэж сонссон. Илтгэлээ ямар сэдвээр тавих гэж байна?

-Монголын уул уурхайн салбарын дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадварын тухай ярих сонирхол байна. Мэдээж илтгэлийн нарийн ширийнийг “Дисковер” дээр ирсэн хүмүүс сонсоно. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн хугацаанд болсон цөөхөн хэдэн баримт бий. Олон улсын зах дээр эрдэс бүтээгдэхүүний үнэ унаж, олон компани алдагдалтай ажиллах, хаалгаа барих, түр болон удаан хугацаагаар зогсч байгаа ч бүх уурхай хаалгаа бариагүй. Дэлхий уул уурхайн бүтээгдэхүүн хэрэглэдэг хэвээрээ. Тэр бүү хэл яг энэ хямралын үед зарим компани хүчин чадлаа нэмж байна. Үнэ бага үед өрсөлдөх чадвар муутай компаниудыг зах зээлээс албаар шахаж байна. Харин илүү өндөр үр ашигтайгаар, илүү хямдаар нийлүүлдэг компаниуд зах зээлийнхээ дийлэнх хувийг эзлэх бизнесийн том стратеги явж байна л даа.

-Манай уул уурхайн компаниудын хувьд өрсөлдөх чадвар тийм ч сайн биш шиг санагддаг. Адаглаад л төмөр замгүйгээс болоод тээврийн зардал дээрээ бүдэрдэг. Монгол дэлхийн уул уурхайн бизнесээс шахагдаж гарах магадлал өндөр гэсэн болгоомжлол төрж байна…?

-Бидний хувьд яагаа ч үгүй эрт гараа өргөж зах зээлээс хөөгдөөд гарах тоглогч мөн эсэхээ нухацтайгаар бодох хэрэгтэй. Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар заяагдмал давуу тал дээрээ яваад байна л даа. Ашигт малтмал нь газрын гадаргатай ойрхон, нөөц ихтэй учраас хамгийн хямдаар авч болдог, хямд ажиллах хүчтэй нь манай заяагдмал давуу тал. Гэхдээ заяагдмал давуу тал дээр удаан явж болдоггүй. Бусад өрсөлдөх давуу талууд руу орох ёстой. Заяагдмал давуу тал бол их эмзэг. Удахгүй шахагдчих эрсдэлтэй. Заяагдмал давуу тал нь бусад сул талаа нөхөөд явчихаар олон орд ашиглаад байгаа мөртлөө улс нь баяжиж чаддаггүй, үр ашиг нь гэвэл цөөхөн хэдэн хүний цалингаас хэтэрдэггүй. Уул уурхайд өрсөлдөх чадвараа нэмэхийн тулд дэлхийн бусад том корпораци юу хийдэг, бусад улс орнууд ямар бодлого барьдаг вэ гэдгийг судалж байна. Миний хувьд уул уурхай бидний хийх гэж зориод байгаагаас өөр тийшээ явах гээд байна шүү гэдгийг амьхандаа мэргэжлийн хүрээнд дуугарч байсан. Уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөр ашигтайгаар зараад болоод байх үед хүмүүс юу ч сонсдоггүй юм билээ. Тэр үед үр ашиг, өрсөлдөх чадвар, хямд зардлаар олборлох гэх мэт үгнээс илүүгээр их хэмжээгээр олборлох, хэн эзэмших вэ, ард түмэнд яаж хувь хүртээх вэ мэтийн өөр асуудлыг дуулиан шуугиан болгочихсон. Маш ихээр олборлож асар их ашиг хийх давалгаа, хийрхэл явчихаар зардлаа бууруулах тухай яриа бүр хойгуур орчихож байгаа юм. Харин үнэ унаад, уул уурхайн компаниудын амьд үлдэхийн төлөө тэмцэл эрчимжингүүт эхний нэг хоёр жилд үр ашиг муутай ажиллаж байсан компаниудын хувьд үрэлгэн зардлаа хасахаас эхэлсэн.

-Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ санаснаас их унаад зардлаа хасаад ч ашигтай ажиллах боломжгүй болчихлоо шүү. Энэ тохиолдолд бидэнд гарц байна уу?

-Үрэлгэн зардлаа хасах асуудал 2014, 2015 онуудад явсан. Зардлаа хэчнээн хасаад үнэ түүнээс доошоо орчихоор өөр юм бодохоос аргагүй болсон нь үнэн. Ийм асуудал руу орсон дэлхийн хэд хэдэн компани маш сонирхолтой аргуудаар зардлаа бууруулж, үр ашгаа дээшлүүлж чадсан байдаг юм билээ. “Дисковер”-т тавих илтгэлдээ тэр жишээнүүдээс нь дурдаж ярина. Ер нь бол бизнесийн, технологийн түвшинд гарч байгаа зардлаа бууруулах, нийгмийн чиглэлээр гарч байгаа болон дэд бүтцийн зардлаа илүү оновчтой болгох гэх мэт олон арга бий. Төмөр зам барьчихвал тээврийн зардал их хэмжээгээр буурах яриа байгаа. Гэхдээ улиг болтол ярьсан учраас энэ удаа дэлгэрүүлж хөндөхгүй. Яг уурхай дотроо компаниуд бизнес, технологийн түвшинд яаж зардлаа хэмнээд байгаа тухай ярья гэж бодож байна. Уул уурхайн үр ашгийг монголчууд зөв хүртэж байгаа эсэх дээр өчнөөн жил ярьсан ч яриагүй өнцгүүд бий. Саяхан нэг судалгаа гарсан байна лээ. Уул уурхайн компаниудын нийгэмд үзүүлж байгаа ихэнх хөрөнгө оруулалт орон нутгаас их дээд сургуулийн оюутны төлбөр явдаг гэж. Үнэн л дээ. Голдуу уул уурхайн чиглэлээр сурдаг залууст компаниудын тэтгэлэг хөлөөр нэг хөглөрч байна.

-Уурхайн хаалтын хурал лав л арваад жил болж байна. Ингэхэд ирэх лхагва гаригт болох уурхайн хаалтын хурал болохоос аргагүй ямар шалтгаан байна вэ?

-Уурхайн хаалтын хурлыг 11 дэх жилдээ зохион байгуулж байна. Ирэх лхагва гаригт болно. Хамгийн анх нөхөн сэргээлтийн сайн талыг бусдад түгээдэг хурал байсан. Нөхөн сэргээлтийг ойшоодоггүй байсан захирлуудын бодлыг өөрчилж чадсан арга хэмжээ л дээ. Уул уурхайн нөлөө их болсон. Дундаж уурхай гэхэд л нэг аймгийн төсвийг аваад явчихаж байна. Улсаас татаас авахаа больсон аймаг гэхэд Сүхбаатар байна. Тэнд цайрын уурхай ажилладаг. Орхон аймаг татаасгүй. Булган гэхэд л зөвхөн Эрдэнэт үйлдвэрт нийлүүлдэг усаараа төсөвтөө багагүй мөнгө олчихдог. Уурхайн эзэн нэг айлын амьдалыг авч явдаг үе дуусаад нэг аймгийг, нэг бүсийг авч явдаг хэмжээнд хүрээд байгаа. Энэ утгаараа уул уурхай зогсвол нэг аймагт, нэг бүс нутгийн эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээнд хүрчихсэн. Тэр утгаараа уурхайн хаалт гэдэг бол аль аль талдаа анхаарахаас аргагүй асуудал. Австралиас хүн урьж туршлага яриулна. Бидний зүгээс уурхайн хаалт дээр олон улсын хууль эрх зүйн жишээг харж байгаад тодорхой гарцууд ярина. Уурхайн хаалттай холбоотой эрх зүй ойрын хугацаанд шинэчлэгдчих болов уу. Яамны зүгээс өндөр дэмжлэгтэй ажиллаж байгаа.

-Салбарынхаа сайдтай уулзсан уу?

-Уулзсан. Салбарт хэрэгцээтэй хуулиудаа 2017 ондоо багтаагаад цэгцэлчихье гэсэн бодолтой ажиллаж байгаа юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна

Бат-Өлзий суманд баригдаж байгаа хоёр давхар 75 хүүхдийн
цэцэрлэг

“Өдрийн сонин”-ы №200 (5465) дугаараас авч нийтлэв

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 75 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэж байна. Цэцэрлэгийн барилгын 70 гаруй хувийг гүйцэтгэгч компани бариад байна. Аравдугаар сарын 1-нд шинэ цэцэрлэг бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгын ажилтнууд цэцэрлэгийн барилгыг гэрээнд заасан хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр өглөөний нарнаас үдшийн бүрий болтол тасралтгүй ажиллаж байна лээ. Бат-Өлзий сумын хүн ам арван мянга хол давчихсан. Үүнийгээ дагаад төрөлт сүүлийн хэдэн жил хэд дахин нэмэгджээ. Иймээс сургууль цэцэрлэгийн хүрэлцээ толгой өвтгөсөн асуудал болж. Цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд Бат-Өлзий суманд бий. Хуучин болоод шинээр баригдсан хоёр цэцэрлэг уг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч нөхцөл байдалдаа тааруулаад 360 хүүхэд хүлээн авдаг байна. Гэсэн ч 400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг аж. “Дахиад шинээр цэцэрлэг барьж өгөөч” гэж улсад асуудал тавихаар “Танай суманд 450 сая төгрөгөөр 75 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн биз дээ. Бусад суманд цэцэрлэгийн хүрэлцээгүй хэцүү байхад юун дахиж цэцэрлэг барьж өгөх вэ” гээд тас загнаад буцаадаг байна. Сумын Засаг даргын Тамгын газрынхан өнгөрсөн жил нэгэн мэргэн санаа олжээ. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлж, хуш модны самарнаас 800 гаруй сая төгрөг босгож чаджээ. Самарнаас олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж буй нь энэ аж. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Бат-Өлзий сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. Замд хэдэн залуустай тааралдаж, самрын болц өнөө жил ямар байгаа талаар асууж тодрууллаа. Тэд хотоос Бат-Өлзий суманд самар түүхээр зорин ирээд гар хоосон буцаж байгаа талаараа ярив. Мөнгөншагай гэх залуу “Бат-Өлзий сумынхан самар түүх гээд ирсэн хүмүүсийг хавьтуулахгүй байна.

Замд тосч ирээд л “Төр нөхөрлөлийн байгаль хамгаалагч байна” гээд үнэмлэх тэмдэг үзүүлээд “Энд самар түүх хориотой. Байгаль орчны тухай хуульд аравдугаар сарын 15-наас эхлэн хуш модны самар түүхийг зөвшөөрдөг” гэсэн хуулийн заалт үзүүлээд хөөж туугаад байх юм. Хэдэн хоног хулгайгаар самар түүх гэж оролдлоо. Нутгийнхан нь газар нутгаа сайн мэддэг болохоор гаргаахгүй бариад авах юм. Сумын цагдаа нарт баригдаад явж байна. Архангай аймаг руу явж самар түүхээс” гэж ярив.

Хангайн нурууны зүүн урд хэсэг Орхон голын ай сав газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум оршино. Уул ус, ургамал тэгширсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий сайхан нутаг ажээ. Сумын төвийн баруун урд хэсгийн айлуудын хашааны цаанаас эхлээд л хуш модон ой нүргэлэн, өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан ногоон дэнж угтах юм. Сумын төвийн дундуур урсах Хүйтний булгийн эргээр хэдэн зуун сарлаг бэлчиж, айлууд гэрийнхээ гадаа утаа май тавьжээ. Харин сумын төвийн хойгуур эмжин мяралзан урсах Могойн голын эрэг дагаад адуу мал багширна. Айлуудын хашаанаас банз хадах, хөрөө раамны нүргэлсэн дуу тасралтгүй сонсогдох юм. Бат-Өлзий сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сумдын нэг. Айл болгон хашаандаа хоёр давхар байшин бариад шинэхэн зүссэн шаргал банзаар хашаагаа барьж, өнгө үзэмж дараад байсан хашааныхаа хаалгыг хээ угалзтай төмөр хаалгаар сольжээ. Бүр хашаандаа явган хүний зам тавиад, спортын талбай хийсэн айл ч олон байна лээ. Жаргаж буй нарны гэрэлд шинээр барьсан байшингуудын улаан, ногоон, цэнхэр дээвэр тодорч, айл болгоны амьдрал илтэд сайжирсан нь энэ бүгдээс тод харагдах ажээ. Засаг даргын Тамгын газрын намхан цагаан байшин, соёлын төвийн хөндлөн дүнзэн хүрэн байшингаас бусдыг шинээр барьсан байна лээ. Хоёр давхар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөл баригдаж ашиглалтад орсон байна. 2004 онд гурван мянга хүрэхгүй хүн амтай байсан Бат-Өлзий сумын иргэд өнөөдрийн байдлаар арван мянга хол давжээ. Сумын төвийнхөн нийслэл рүү нүүдэг байсан бол сүүлийн хэдэн жил нийслэл, ойр хавийн сумдаас айлууд нүүж ирэх болсон гэнэ.

“Намар хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бөөнюм болно шүү дээ”

Бат-Өлзий сумынхан самрын мөнгөөр баригдаж байгаа цэцэрлэгээ “Боргоцой” цэцэрлэг гээд хэдийнэ нэрлэчихсэн байх ажээ. Сумын төвд явж байгаа 50 эргэм насны эмэгтэйгээс “Шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга хаана байгаа вэ” гэж асуухаар “Боргоцой” цэцэрлэгийг хэлээд байна уу. Сумын Засаг даргын Тамгын газрын хойно байгаа. Манай сумын удирдлагууд сумын иргэдээр самар түүлгэж, компаниудад худалдаж, дундаас нь мөнгө олсон юм. Тэр мөнгөөрөө цэцэрлэг барьж байгаа. Өвөрхангай даяар Бат-Өлзийн самарчид гэж нэр авчихсан шүү дээ” гээд л инээд алдан ярих. Тэгснээ манай суманд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд намар болохоор бөөн юм болно. Хотын цэцэрлэгүүд шиг л хэрүүл тэмцэл, уур бухимдал болно. Танил тал, авлига хээл хахууль хүртэл яригдана. Үнэхээр 700 хүүхдээс 300 хүүхэд авч байгаа болохоор яах юм бэ. Хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүснэ. Тэгээд л сугалаа сугалж азаа үзнэ шүү дээ. Харин шинээр цэцэрлэг баригдаж байгаад их баяртай байна. Манай сум энэ жил цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж байгаа гэж дарга нар хэлсэн. Шинэ цэцэрлэг ашиглалтад ороод багийн төв дээр бага сургуулийн хажууд гэр цэцэрлэг гадаадын төслөөр баригдаж байгаа” гэв.

Бид чанартай барилга барихаар хичээж байна гэв”

Ингээд “Боргоцой” цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахаар очлоо. Өвөрхангай аймгийн “Эрч хүч хөгжил” ХХК цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Компанийн захирал В.Самданцоодол угтаж авлаа. Тэрбээр “Орон нутгийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд болсон тендерт манай компани шалгарсан. Тэгээд шууд ажилдаа орсон. Одоогоор барилгын ажлын 30 орчим хувь нь үлдээд байна. Дотоод засал чимэглэл, дээвэр, цонх, гадаад тохижилтын ажил үлдээд байна. Хоёр давхрын өрлөгийн ажил дөнгөж саяхан дууслаа. Шавар, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажлыг өнгөрсөн долоо хоногт бүрэн дууссан. Цэцэрлэгийн гадна талын хашаагаа гагнуулаад аваад ирсэн. Хашаагаа угсарч дуусаад гадаад тохижилт, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийж гүйцэтгэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэж өгнө. Ажилд саад болсон зүйл огт байхгүй. Манай компанийн хувьд сумын удирдлагуудын зөв зохистой шийдвэрээр байгалийн дагалдах баялаг болох самарнаас мөнгө босгож хүүхдийн цэцэрлэг барьж байгааг дэмжиж байгаа. Монголд самраар цэцэрлэг барьсан сум хаана ч байхгүй. Бидний зүгээс цэцэрлэгийн барилгыг олон жилийн настай, сайн барилга барьж өгөх гэж хичээж байна. Тэр ч утгаараа бүх зүйлд хянамгай хандаж, барилгын материалын чанартайг нь сонгож авч байна. Сумын төвийнхөн “Боргоцой” цэцэрлэгийн ажил юу болж байна гээд л хүрч ирээд бидний ажилтай танилцаад явна. Шинэ цэцэрлэгт хүүхдээ явуулах нь гэж олон эцэг, эх баярлаж байгаа” гэв.

Бат-Өлзий суманд 2006 оноос хойш самар огт ургаагүй гэнэ. 2006 онд самар түүхээр ирсэн хүмүүсийн балгаар ой шатаж, сумын иргэд сар гаруй түймэр унтраах гэж ноцолджээ. Бороо, цастай нийлж арай гэж унтрааж авсан байна. Харин өнгөрсөн жил самар ургаж эхэлж. Мод болгонд боргоцой ургажээ. Болц, амт шимт “тасархай” гоё байсан гэнэ. Байгалийн баялаг болсон энэ их боргоцойг яах вэ. Хууль бусаар самар түүгчид ирээд хуу хаман авч, ой модоор дүүрэн хог новш тарихыг хараад сууж байх уу гэх асуудал тулгарсан байна. Ингээд хоорондоо ярилцаж байгаад ой модоо хамгаалах, ашиг олох боломж гарцыг олжээ. Ингээд сумынхан 800 сая төгрөг боргоцойноос олж чаджээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Ж.Бат-Эрдэнэ: Ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих боломж бий

“Өдрийн сонин”-ы №200 (5465) дугаараас авч нийтлэв.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Эдийн засаг хүндэрсэнтэй холбогдуулан Засгийн газраас хэд хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэх санал УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулж ирж байна. Үүн дээр МАН-ын зарим гишүүн ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Бид олон жил онолын бус эдийн засагтай явсан. Эдийн засгийн сахилга бат бариагүй. Энэ нь эдийн засгийн гүн хямралд орох нэг үндэс нь болчихоод байгаа юм. Тэгэхээр гүн хямралаас гарахын тулд тодорхой том алхмуудыг хийхээс өөр аргагүй болж байна. МАН мөрийн хөтөлбөртөө иргэдийнхээ төлөө хийх зайлшгүй зүйлүүдийг тусгасан. Гэхдээ яг мөрийн хөтөлбөрөө Засгийн газрын үйл ажиллагаанд тусгаад хэрэгжүүлэхэд 26 их наяд төгрөгийн төсөв хэрэгтэй болж байгаа. Засгийн газраас гаргаж байгаа хөтөлбөрт сонгуульд орсон мөрийн хөтөлбөрийнхөө 90-95 хувийг оруулсан. Үүнийг хэрэгжүүлэхэд эхлээд тодорхой хэмжээний санхүүгийн зөв голдрилд оруулах ёстой. Хоёрдугаарт, нөхцөл байдлаа ард иргэдэд илэн далангүй мэдээлэх хэрэгтэй. Ингээд өнөөгийн байр байдлаа тодорхой болгоод эдийн засгаа сайжруулах арга хэмжээнүүдийг авч явах ёстой. Бид мөрийн хөтөлбөрөө дөрвөн жилээр хийж байгаа шүү дээ. Тэгэхээр эхний хоёр жилд эдийн засгийн хямралаас гарах бодлогыг барья гэж байгаа. Энэ хүрээнд татвартай холбоотой асуудлууд, цалинг хасах, халамжийг бууруулах зүйлүүд орчихож байгаа юм.

-МАН-ын мөрийн хөтөлбөрт цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ гэсэн мөртлөө одоо бүр 20 мянган хүн ажлаас халах тухай Ерөнхий сайд ярьж байна?

-Нийгмийн байдал өнөөдөр хүнд байна. Иргэд тэр тусмаа манай намын гишүүдээс өөрийн чинь ярьснаар нэлээд эсэргүүцэл гаргаж байна л даа. Мөрийн хөтөлбөр дээр байсан зүйлсээ хэрэгжүүлэхгүй, хэлснээсээ буцлаа, иргэдийн халаас руу орлоо, мөнгөн орлогыг хаалаа гэж байна шүү дээ. Гэвч бодит байдлыг хэлэх ёстой гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. Жишээ нь, наймдугаар сарын тэтгэврийг Булган аймагт хэдхэн өдрийн өмнө хамгийн эцсийн байдлаар тавьж дуусч байна. Сарын эхэнд олгогдох ёстой мөнгө. Тэтгэвэр олгох мөнгө, санхүүжилт маань цаанаасаа алга байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар дүгнэлт хийхэд энэ жил нийт долоон их наяд төгрөгийн төсөв баталсан. 1.6 их наядаар тасрах нь. Дээрээс нь гурван их наяд гаруй төгрөгийн зээл болон зээлийн хүү, зээлийн үйлчилгээний мөнгийг бид төлнө. Үүнээсээ болоод өнөөдөр тэтгэврээ өгч чадахгүй хэмжээнд очлоо. Төрийн албаны ажилчдын цалин хөлсийг өгч чадахгүй байна. Тэгэхээр гадна, дотноос авч санхүүжилт хийх мөнгө хайхаас өөр аргагүй боллоо. Наад зах нь Олон улсын валютын сантай бид буцаж тохиролцоо хийх хэмжээнд очихгүй бол болохгүй байна. Одоо ерөөсөө наашаа хардаг газар бол ОУВС л харагдаж байгаа юм.

-Одоо бонд босговол олон улс өмнөх шигээ итгэхгүй. Засгийн газар “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар зэхэж байна гэсэн хардлага гараад байгаа?

-Аль аль нь хоёр талтай. Бид нэг айл гэж бодоход өнөөдөр санхүүжилт маань байхгүй байна. Яг ийм тохиолдолд бид зайлшгүй бүсээ чангалах, аливаа нэг зардлыг хэмнэх тал руу орохоос өөр аргагүй. Хамгийн түрүүнд бололцоотой төслүүдээ хөдөлгөх, гадаад худалдаагаа яаралтай өргөн хэмжээнд нээх хэрэгтэй. Мөн өөр нэг бололцоо бол жижиг худалдаа хийдэг иргэд рүүгээ хүрсэн, иргэд өөрөө үйл ажиллагаа явуулаад мөнгө олох талын ажлуудыг хамгийн түрүүнд оруулах гарц л харагдаж байна.

-Халамжуудыг танах гэж байгаад эсэргүүцэл их байна. Тухайлбал, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болсон. Өмнө нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч зорилтот бүлэгт хүүхдийн мөнгө олгохоор оролдож байлаа. Үүнээс үзэхэд халамжийг ямар нэгэн байдлаар танах нь гарцаагүй байсан юм шиг ээ?

-“Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэж үг байна. Төрийн санд маань ямар хэмжээний орлого орж ирж байгаа билээ. Эдийн засаг хэр хүчин чадалтай болж байна. Буцаж орж ирэх орлого хэр байгааг тооцохгүйгээр ерөөсөө л иргэддээ таалагдах намуудын хоорондын уралдаан нэлээд хэсэг явчихлаа шүү дээ. Ард иргэдээсээ санал авахаа л бодож явсаар эдийн засгаа нэлээн хүндрүүлчихлээ. 2017 онд 5.5 их наяд төгрөгийн орлого олох тооцоо гарч ирж байна. Бусад завсрын орлогоос гадна үндсэн олох орлого 5.5 их наяд гэсэн үг. Буцаад зөвхөн зээл, зээлийн хүүндээ бид 5.6 их наядыг нь төлнө. Тэгэхээр та бод. Олох орлогоо тэр чигээр нь өгөөд цаана нь хасахтай гарч байна. Ийм нөхцөлд бид мөрийн хөтөлбөр дээр гаргаад өгнө, өгнө гээд явж болно. Тэгвэл иргэдээ хуурах гээд байна шүү дээ. Бодит байдал хүнд байхад зайлшгүй цалин, тэтгэврээ төлөхийн тулд тодорхой хэмжээний зарлагаас заримыг нь танахаас өөр аргагүй болж байна.

-Сонгуулийн өмнө Булган аймагт УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр та хоёрын аль нэг нь нэр дэвших магадлалтай яваад байлаа. Та ч цахим хуудсандаа уг нь их хичээсэн юмсан бүтэхгүй нь бололтой гэсэн утгатай зүйл бичиж байсан. Гэвч таныг нэр дэвшихэд ямар тохироо явсан бол гэсэн яриа гарсан л даа. Яг юу болж өнгөрсөн юм бэ?

-Тэр ерөөсөө энгийн асуудал. Яг үнэндээ бол бид чинь өрсөлдсөн юм шүү дээ. Нам дээр хэн тухайн тойрогтоо рейтинг өндөртэй байна тэр хүнийг нь хамгийн түрүүнд дэмжинэ гэсэн ийм зарчим барьсан. Өнөөдөр хэвлэлийнхэн судалгаа ямар байсан гэдгийг сайн мэдэж байгаа. Удирдах зөвлөл дээр өрсөлдөөн явагдсан даа.

-Та тойрогтоо очоод гурван жил хэвтчихсэн хүн. Тэр бас нөлөөлсөн байх л даа?

-Төрийн нарийн бичиг байх үедээ мэдээж ажлын шугамаар Булгантайгаа нэлээд ойрхон байсан. Булган аймгийн хөрөнгө оруулалтын асуудлуудыг дэмжиж ажиллаж байсан. Тэгээд очоод гурван жил ажилласан. Би чинь өөрөө яг тэнд төрж, өсөж, ажилласан хүн биш шүү дээ. Энэ утгаараа анх очиход рейтинг бага л байсан байх. Явцын дунд намын дарга хийсэн, иргэдтэйгээ ойрхон байсан, гэрээ шилжүүлсэн гээд олон хүчин зүйл нөлөөлсөн болов уу. Сонгуулийн өмнө бол рейтингийнхээ хэмжээгээр л сонгон шалгаруулалт явагдсан.

-Та тойрогтоо амьдарч байгаад УИХ-д сонгогдож ирсэн хүн. Булган аймагт тулгамдаад байгаа, шийдвэрлэвэл зохих ямар асуудал байна?

-Ер нь бол улсын хэмжээнд хүмүүсийн амьжиргаа муу байна шүү дээ. Тэр тусмаа Булган аймгийн төв хажуудаа Эрдэнэт үйлдвэр, том хоттой. Булган, Төв аймаг ялгаагүй л бүх үйлдвэр үйлчилгээ нь төв хот руугаа орчихдог. Эдийн засгийн хөдлөх хүрээ нь хумигддаг. Ингээд ирэхээр ер нь амьжиргааны түвшин дээшээ өсч чаддаггүй. Орлого орох бололцоо хаагдмал байж байдаг гэсэн үг. Бид сонгуульд орохдоо 2017, 2018 онд том зээлүүдийнхээ хүүг төлнө гээд ярьж байсан. Энэ хэрээр хөрөнгө оруулалт улсын хэмжээнд танагдана шүү дээ. Одоо ерөөсөө ард иргэд рүүгээ хандсан жижиг бизнесийг дэмжих ийм боломж харагдаж байна. Иргэн бүр хөдөлмөрлөдөг, өөрийн гэсэн үйлдвэрлэлтэй. Тэр үйлдвэрлэл нь чухам юу байх вэ гэдгийг л бодлогоор дэмжих, зах зээлийг нь л төрөөс нээж өгөх асуудал байгаа. Мэдээж хамгийн түрүүнд малчдын хэмжээнд түүхий эдийн үнийг нь өсгөх асуудал байна. Наад зах нь нэхийг нь хоёр мянган төгрөгт хүргэчих хэрэгтэй. Нэг малчин “Наанадаж л мянган төгрөг болгочихооч ээ. Тэгвэл бид гомдоллохгүй” гэж байсан. Одоо бол хаягдаж шүү дээ. Ядаж түүхий эдийн үнээ өсгөөд хуучин байдалд нь оруулаад хог дээр хаягдахгүй болгочих асуудал. Хоёр дахь асуудал нь бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй. Зах зээлээ өргөжүүлэх тал дээр нь туслалцаа үзүүлье. Булганы худалдаачдын хувьд гэхэд л Эрдэнэт рүү орох зах зээлийг нь нээх хэрэгтэй байна. Жижиг амьжиргааны төслүүдийг их өргөжүүлмээр байна. Ногоо тарьж байгаа хүмүүсийг өргөжүүлье. Зээл авах бололцоог нь хангая. Жимс жимсгэнэ гээд шинэ төрлийн зах зээлийг нээж өгье. Чацарганыг бид аймгийн хэмжээнд нэлээд ярьсан. Энэ асуудлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхантай яриад явж байна. Увсын чацаргана олон улсад нэртэй брэнд болчихсон байгаа шүү дээ. Бас маш ашигтай зөгийн балны бизнес байна. Ард иргэд өөрсдөө үүн рүүгээ орох, зээл авах бололцоотой. Буцаад гадагшаа гаргах зах зээлийн бололцоог нь бид хангах ёстой.

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох зээлийг төрөөс өгөх үү. Монголбанк бодлогын хүүгээ 15 хувь болгочихсон болохоор арилжааны банкууд зээлээ хумих байдал харагдаад байна?

-Орон нутгийн хэмжээнд бид шийдэх бололцоо бий. Жишээ нь, Эрдэнэт үйлдвэрээс Булган аймгийн Байгаль хамгаалах санд усны мөнгө орж ирж байгаа. Тэгвэл үүнийг тооцоолж үзээд чацаргана, жимс жимсгэнэ рүүгээ оруулахад жилдээ 40 тэрбум төгрөг Булган аймгийн хэмжээнд олох бололцоо харагдаж байгаа. Өмнөговийн Булган суманд малчин, малгүй бүгдээрээ говийн улаан лоолио тариад амьдарч байна гэж байна. Нэг өрх жилд багадаа ес, арван сая дээд тал нь 20-иод сая төгрөг олдог. Иймэрхүү яг гол стратегийн зүйл рүүгээ ядаж хоёр, гурван жил шууд дагнаад орчиход болохгүй юмгүй. Бид мэдээж эдийн засгийн орлогыг сайжруулах том төсөл хөтөлбөрүүддээ санаа тавих ёстой. Гэхдээ ард иргэдээ жижиг, дунд үйлдвэрлэл рүү оруулахад анхаарах хэрэгтэй. Ингэхийн тулд стратегийн бүтээгдэхүүнээ зөв тодорхойлоод явах хэрэгтэй л дээ. Түүнээс биш бид модон эдлэл хийдэг үйлдвэрүүдийг зөндөө л байгуулж байсан шүү дээ. Нөгөөх нь зах дээр аваачиж зарахаас цааш хэтэрдэггүй. Тэгвэл Булган эсвэл нийт хангайн бүсийн аймгууд яагаад чацаргана, жимс, жимсгэнэ тариалж болохгүй гэж. Мал аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэл цаашлаад мэдээж эдийн засаг өөрөө эрчимжээд ирэхээр макро эдийн засгийн том үйлдвэрлэл рүү өөрсдөө ороод ирнэ шүү дээ.

-Та Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан хүн. Аливаа салбарт ажиллаж байсан хүнийг тухайн салбарынхан өөрсдийнх нь талд дуугарна гэж харж байдаг. Таны хувьд юу юунд анхаарч ажиллахаар төлөвлөж байна?

-Автотээврийн газарт ажиллаж байлаа. Дараа нь Зам тээвэр, аялал жуулчлалын яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга хийсэн шүү дээ. Тэр утгаараа дэд бүтэц талдаа нэлээд олон жил болж бодлогын хэмжээнд нь оролцоод явжээ. Энэ тал дээр мэдээж анхаарна. Гэхдээ сүүлийн гурван жилийн хугацаанд хөдөө аж ахуй руу нэлээд орлоо. Булган аймагт ажилласны хүрээнд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хөдөөний амьдралыг хэрхэн дээшлүүлэх гэдэг дээр толгойгоо гашилгаад явж байна.

Мал аж ахуй гэдэг өөрөө бизнес шүү дээ. Бизнес хийж байгаа энэ олон малчны бизнес ашигтай байх ёстой. Тэд цэвэр мөнгөний төлөө, малынхаа ашиг шимийн төлөө явах ёстой юм. Түүнийг нь төрөөс харж үзэх хэрэгтэй. Сүүлийн хэдэн хоног ХХААХҮ-ийн сайдтай уулзаж ярилцаад явж байна. Хөдөө аж ахуй руу нэлээд орох шинжтэй байна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд орж ажиллаж байгаа. Энэ хоёр дээрээ дагнах болов уу.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Ханш нь дэлхийд 60 хувиар өссөн коксжих нүүрсээ урд хөрш рүү зүгээр шахуу гаргасаар байх уу?

“Энержи ресурс”-ын гүйцэтгэх захирлын нүүрсний үнийн талаарх жиргээ олны анхаарлыг татав. Г.Батцэнгэл захирал “Олон улсын зах зээлээ дагаад зургадугаар сараас хойш нүүрсний үнийг 15 ам.доллараар өсгөх гэж үзлээ. Гэтэл Эрдэнэс-Таван толгой улирлаар нь үнээ 25 ам.доллар дээр фикс хийсэн гээд “янаглаж” байна даа” гэж жиргэсэн юм. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр сэргээд багагүй хугацаа өнгөрсөн учраас хувийн хэвшлийнхэн ингэж жиргэхээс аргагүй л дээ. Хөрөнгө зардал гаргаж барьсан үйлдвэртээ коксжих нүүрсээ баяжуулаад ахиу үнээр худалдах бүрэн боломжтой “Энержи ресурс”-ын хувьд харин ч өчнөөн тэсч байж дуугарсан нь энэ болов уу. Коксжих нүүрсний үнэ ханш дэлхийн зах зээл дээр ямаршуу байгааг сонирхъё. Австралийн “Business insider” сэтгүүл коксжих нүүрсний үнэ сүүлийн таван жилд анх удаа бодитой өсөлт үзүүлж байгаа талаар тоймлон бичжээ. Тэд тоймоо бичихдээ нүүрсний зах зээлийн хамгийн гол судалгааны фирм “Platts”-ын судалгаанд үндэслэсэн байна. Сайн чанарын коксжих нүүрсний тонн тутмын үнэ Австралийн боомтууд дээр энэ оны хоёрдугаар сараас хойш 60 орчим хувиар өсч, 120-125 орчим ам.доллар хүрчихэж. Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт хамгийн сайн үзүүлэлттэй байсан гэж шинжээчид онцолж байна. Бүхэл бүтэн таван жилийн турш тасралтгүйгээр үнэ нь уналттай байсан коксжих нүүрсний зах зээлийн тухайд энэ бол тун эерэг мэдээ. Коксжих нүүрсний үнэ өссөн хэд хэдэн шалтгаан байгаа юм билээ. Эхнийх нь нийлүүлэлт багассан, тасалдсан гэх шалтгаан. Хятадын гол нийлүүлэлтийн мужуудаас гадна Австралийн Куинслэндэд үер болж, олон уурхай нийлүүлэлтээ зогсоогоод байгаа нь нүүрсний үнэ өсөхөд нөлөөлж. Нийлүүлэлт тасалдсантай холбож ярих өөр хэд хэдэн жишээ бий.

Наад зах нь гэхэд дэлхийд гэж яригддаг “Вале” компани Мозамбикийн цэргийн үймээнээс болж уурхайгаа зогсоогоод байгаа. Нүүрсний ханш өсч буй хоёр дахь шалтгаан нь урд хөршийн бодлого. БНХАУ нүүрсний нийлүүлэлтийг багасгаж, эрэлтийг хүчээр нэмэгдүүлэх алхмыг шат дараатай авч хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Уурхайнуудыг долоо хоногт зөвхөн таван өдөр ажилладаг болгож, ажлын цагийг нь богиносгоод байгаагаас гадна жижиг уурхайнуудыг хаах, хөдөлмөрийн аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг чангатгах гэх мэт алхмыг ч хийгээд эхэлчихсэн. Хар алт хаданд гарах болсон гурав дахь шалтгааныг шинжээчид урд хөршийн хүнд үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбарт идэвхжил үүсч, эрэлт нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Коксжих нүүрсний үнийн өсөлт аажимдаа бага багаар өгссөн графиктай үргэлжилнэ гэсэн гэгээтэй мэдээг шинжээчид ам нэгтэй хэлэх болсныг онцолъё.

Дэлхийн зах зээл дээр хэдхэн сарын дотор 60 хувиар өссөн коксжих нүүрсний үнэ манайд ч нөлөөллөө үзүүлэх нь зах зээлийн жам, хууль. “Энержи ресурс” үнээ өсгөх оролдлого хийж байгаа ч төрд данстай “Эрдэнэс-Таван толгой” гэдэг компаниас болж, төрийн хөшүүн удаан менежмэнтээс шалтгаалж яаж ч чадахгүй байдалд хүрчихснийг сүүлийн үед өрнөж буй үйл явдлаас төвөггүй харж болохоор байна. “Эрдэнэс Таван толгой” компани сайн чанарын коксжих нүүрсийг түүхийгээр нь уурхайн аман дээрээсээ гаргасаар байгаа. Хоногт 500-700 тээврийн хэрэгслээр Хятад руу гаргадаг, тонн тутмыг нь 20 гаруй ам.доллараар үнэлж зардаг гэж удирдлага нь саявтар хэлсэн. ”Эрдэнэс-Таван толгой компанийн гүйцэтгэх захирал Т.Билгээ “Чалко компанитай байгуулсан гэрээний дагуу хоёрдугаар улирлын индексээр нэг тонн коксжих нүүрсийг 24.4 ам.доллараар борлуулж байгаа. Одоо талууд гэрээг тогтвортой мөрдөх, гэрээнд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх замаар урьдчилгаа төлбөрийг барагдуулахад анхаарч ажиллаж байгаа” гэж ярьсан байна лээ. Түүний ярилцлагыг байгууллагынх нь www.erden­estt.mn цахим хуудаснаас харж болно. Даргын үгнээс “Таван толгойн сайн чанарын коксжих нүүрс 24 ам.доллараас мөддөө өсөхгүй” гэсэн дүгнэлтийг хөнгөхөөн хийчихэж болж байна. TTJVCO гэх хятад компани Таван толгойд ажиллаж, Цанхийн хэсэг бүхэлдээ Хятадын мэдэлд орсон гээд байгаа нь угтаа ийм учиртай.

“Чалко”-гийн өрийг дарж байгаа гэдэг ч урд хөршийн компанид өгөх учиртай өр 110 сая ам.доллараас огт буудаггүй нь бас хачирхмаар хэрэг. “Чалко”- д төлөх өр оны эхэнд 121.2 орчим сая ам.доллар байсан гэхээр бүхэл бүтэн есөн сарын хугацаанд арав гаруйхан сая ам.доллар л төлсөн гэсэн үг. Цанхийн сор болсон нүүрс их хэмжээгээр гараад байдаг, өр нь дарагддаггүй зовлон үүсчихээд байгаа. “Чалкогийн урьдчилгаа төлбөр жилийн 10 гаруй хувийн хүүтэй, сард дунджаар 900 мянга орчим ам.долларын хүү төлж байна” гэж “Эрдэнэс-Таван толгой”-н гүйцэтгэх захирал ярьсан байсан. Хөгжлийн банкны 200 гаруй сая ам.долларын зээл ч бий гэж учирласан харагдсан. Төр бизнест орохоор яаж дампууруулдгийн тодоос тод жишээг сая хэлсэн тоонуудаас харчихаж болж байна. Нүүрсээ хятадуудад өгч байгаа үнэ 24 ам.доллар. Гэтэл нөгөө талдаа гүйцэтгэгч TTJVCO-д тонн тутамд 32 ам.долларын хөлс төлдөг гэсэн аймаар тоо бий. Тэгэхээр төрд данстай орд маань хөдлөх бүрдээ зоос олох биш алдсаар байгаа гэсэн үг. Алдагдал хүлээн барин нүүрсээ сорчлон гаргаж байгааг яая гэхэв гээд орхиж болох юм. Гэхдээ үүний цаана байгаа эрсдэл нь юу гээч. Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах дээр өсч байгаа энэ үед төрийн өмчит “Эрдэнэс-Таван толгой” монгол нүүрсний өрсөлдөх чадварыг үгүй хийж байна.

Билгээ захирлын ярилцлагад шүүмжлэхээс аргагүй нэг хэсэг бий. “Энержи ресурс”-ын сул шахуу зогсч байгаа 15 сая тонны хүчин чадалтай угаах үйлдвэрийг ашиглаж болохгүй хэрэг үү гэсэн асуултад эдийн засгийн ашиггүй, түүхийгээр нь зарсан нь илүү дээр, тодорхой хугацаанд баяжуулахгүйгээр зарна, тэгээд ч хятадууд түүхий нүүрс авах сонирхолтой байгаа гэх маягийн хариу өгсөн харагдсан. Хар ухаанаар бодоод үз дээ. Угааж баяжуулаад зарах коксжих нүүрс түүхийгээсээ ашиггүй байх уу. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж, түүхий нүүрснээс татгалзаж эхэлсэн урд хөрш угааж баяжуулсан нүүрс авахгүй гэж зүтгэх үү. Австрали угааж баяжуулсан коксжих нүүрсээ дажгүй үнээр борлуулаад байхад бидэнд өрсөлдөөний гол тоглогч байх бүрэн боломж бий. Захирлын яриа цааш хуульд заавал баяжуулна гэсэн заалт байхгүй, баяжуулах үйлдвэрийн төслийг тусдаа хэрэгжүүлнэ, гадны компаниар жилд 20 сая тонн нүүрс баяжуулах ТЭЗҮ боловсруулж батлуулсан, Японы компанитай хуурай аргаар баяжуулах туршилтын үйлдвэр барих ажлыг эхлүүлээд явж байна, солонгосчуудтай жилд 1.2 сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах загвар төсөл хэрэгжүүлнэ гэх мэтээр үргэлжилсэн байна лээ. Үр ашиггүй баахан төсөл хэрэгжүүлж мөнгө унагах сонирхол үе үеийн засагт байдгийг Т.Билгээ захирлын ярианаас уншчихаж болж байна. Төр бизнесийг ингэж л хардаг, ингэж л “алдаг”.

Нүүрсний үнэ бага ч гэлээ аажимдаа өсч буй энэ үед ийм уруу дорой тайлбар хэлээд суугаад байвал Монголын Таван толгой коксжих нүүрсний наймаагаараа Австралитай өрсөлдөж чадахгүй. Амьдралаа залгуулах гэж чадан яван яваа төрийн албан хаагчдаа халж, цалинг нь буулгалаа гээд төсөв хасагдаж танагдана гэдэг юу л бол. Төсөв байдгаараа улайсан ийм цагт бөөсөнд хутга гээч л болно. Таван толгойг үнэд хүргэж, ховордчихоод байгаа ноён ногооныг ахиухнаар нь чирээд ирэх нэг л гарц бий. Зах зээлийнх нь жамаар хөдөлгөчихөд л бүх зүйл OK болоод ирнэ. Хувийн аль нэг компанидаа “Та нар боломжоо ашиглаад гаднаас хөрөнгө оруулалт татаад ир. Таван толгойг төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь бүтээн байгуулаад ашигла” гэчихэд л өмнө дурдсан элдэв дэмий саад төвөггүй арилна. Өмнө нь “Шинхуа”, “Сумитомо” гэсэн дэлхийн томчуудтай ингэж ажиллах тохироо хийж л байсан.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Өмчөөр баяжихгүй, алдагдлаар хоосрохгүй нийгэм

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

“Юмжаагийн Цэдэнбал” хэмээх намтрын ном “Түүхэн эрхмүүдийн цэдэг” цувралын хүрээнд хэвлэгдэж худалдаанд гарлаа. Энэ цувралаар урьд нь Д.Бодоо, Х.Чойбалсан, Д.Намдаг, Д.Нацагдорж, Чин ван Ханддорж, Ц.Дамдинсүрэн, Ж.Батмөнх зэрэг ХХ зууны Монголын шилдэг эрхмүүдийн намтар ном хэвлэгдсэн ба өдгөө Б.Ширэндэв, Богд хаан, Р.Чойном, А.Амар, Бадамдорж зэрэг зүтгэлтнүүдийн намтар бэлтгэгдэж буй. Цэдэнбалын намтрын зохиогч Баабар урьд нь “Хорлоогийн Чойбалсан” номдоо түүгээр төлөөлүүлэн ХХ зууны Монголын эхэн хагасын түүхийг харуулсан бол “Юмжаагийн Цэдэнбал” номоороо ХХ зууны хоёрдугаар хагасын түүхийг дэлгэн үзүүлэхийг чармайжээ. Уг номын нэг хэсгээс танилцуулж байна.

Томас Моор Утопи зохиолдоо бичсэн нь:

Коммун нийгэмд боломжийн жишиг бүхий амьдралыг буй болгож чадна гэдэгт би итгэхгүй. Хэн ч хүчээ шавхаж ажиллахгүй учраас хомсдол үргэлж байх болно. Ашиг олох нь өөрт нь хэрэггүй юм бол хүн бүр залхуурч хойш суун, өөр хэн нэг нь өмнөөс нь ажиллахыг хүлээх болно. Ингээд бүх юм буруудаад ирэхээр аллага, бослого, үймээн зайлшгүй гарах болно. Учир нь, ялангуяа эрх мэдлийг хүндэтгэх хүнгүй нийгэмд хэн ч өөрийн хөдөлмөрийн бүтээмжийг хуулиар хамгаалж чадахгүй. Ангигүй нийгэмд өөрөөр байх арга зам би мэдэхгүй юм байна.

Хачин юм шүү, марксизмыг буй болгосон гурван том тулгуурын нэг нь утопи социализм юм гэж Ленин бичээд, гол төлөөлөгчөөр нь Томас Моорыг цохон тэмдэглэдэг байсан Лениний энэ сургаалыг коммунист бүх нийгэмд, түүний дотор Монголд 70 жил сурталчилж, хүн болгонд албадан цээжлүүлж, байнга шалгалт авдаг байсан байхад Томас Моор нь өөрийн хамгийн сонгодог “марксист” зохиолдоо ингэж анхааруулсан байх юм. 1516 онд анхлан латин хэлээр хэвлэгдсэн энэ номын нэр нь орчуулбал Бодит бус гэсэн утгатай.

Цэдэнбалын заалгасан онол, үзсэн социализм байгуулалт хийгээд Монгол дахь бодит байдал хоёр даанч зөрүүтэй байлаа. Улсын өмчийн ганцхан хэлбэр бүрэн эзэгнэсэн Зөвлөлттэй харьцуулахад монголчууд өмчтэй байлаа. Хүмүүс хувьдаа өмчтэй байвал тэнд ямар ч социализм, марксизм байхгүй гэсэн үг. Монголын дээд удирдлагад орж ирүүтээ л тэрээр монголчуудыг өмчөөс нь салгах арга ухаан сэдэж эхлэв. Монголчуудын гол өмч бол мал. Гэтэл малыг нь хурааж авахыг Чойбалсан яасан ч зөвшөөрөхгүй байв. Ер нь ч тэгээд газрыг тариачдаас хурааж авах тухай марксист онолд нарийвчлан заасан болохоос мал хураах тухай тэнд юу ч өгүүлээгүй аж.

Чойбалсан хувийн мал аж ахуйг хөгжүүлэхийг зүйл бүрээр дэмжиж байлаа. Тэрээр олон малтай болохыг уриалдаг төдийгүй тэгж чадсаныг нь одон медалиас өгсүүлээд янз бүрээр хөхиүлнэ. Мянгат малчны улсын зөвлөлгөөн гэдгийг үе үе зохион хувийн хөрөнгөө арвижуулж баяжсан малчдыг урамшуулан бусдад нь үлгэр жишээ болгоно. Хэдийгээр тэднийг албан татвараар зовоодог байсан авч эцсийн бөлөгт хувийн малаа олон болгохыг л шаардана. Цэдэнбал Чойбалсанд монголчуудын ганц өмч болох малыг нь хурааж хамтрал байгуулахыг олон удаа шахаж шаардаж байсан боловч цаадах нь 1930-аад оны хамтралжуулалтын гашуун туршлагыг ярьж зүйл бүрээр эсэргүүцэж байлаа.

Өмчгүй нийгэм Цэдэнбал бол марксизмын фанат байлаа. Өмч хөрөнгө болон шашныг үзэх түүний үзэл хэт туйлширсан байв. Ийм л учраас Монголын нүүдэлчдийн магадгүй цорын ганц өмч болох малыг нь хурааж хамтралжуулснаа Монголын түүхэнд гарсан хамгийн том хувьсгал гэж үнэн голоосоо итгэж байсан юм. Хувийн өмчийн ямар ч хэлбэрт тэрээр дайсагнан хандана. Хувиараа хөдөлмөр эрхлэгч жижиг үйлдвэрлэгч, гар урчуудын хөрөнгийг мөн нийгэмчлэн Үйлдвэр хоршоолол гэгчийг байгуулсан ба тун удалгүй улсад хурааж авсан билээ. Хувиараа үйлдвэрлэл явуулах, худалдаа үйлчилгээ хийх зэрэг иргэдээс илүү орлого олох гэсэн алив оролдлогыг дайсагнаж үзнэ.

Жараад оны эхнээс Монголд гагцхүү улсын өмч дангаар ноёрхох болжээ. Үүнийг социалист өмч ба хоршооллын өмч гэж өөрөө хоёр ялган тайлбарлах авч үнэндээ ямар ч ялгаа байсангүй, нэг л хэлбэр аж. Үнэн чанартаа нийгмийн гэх өмч нь хэний ч харьяаллын биш, өөрөөр хэлбэл, эзэнгүй зүйл учраас иргэдийн өмчид хандах хүйтэн цэвдэг хандлага мөн үеэс үүсчээ.

Нийтийн болж хувирсан малыг маллах хүн олдохоо болив. Малчид өөрснөө биш гэхэд үр хүүхдээ малаас аль болох зугтаалгах хандлагатай боллоо. Чухам энэ хандлага л Монгол орныг үйлдвэржиж, хотжиж, иргэншиж, соёлжиход гол түлхээс болсон өөрийн үнэлж баршгүй сайн талтай. Нүүдлийн мал аж ахуй захиргаадлын эдийн засгийн хэлбэрээр хөгжиж, малын тоо толгой өсөхөө болив. Ган зуд зэрэг байгалийн үзэгдэлд хамгийн эмзэг, сүйрэмтгий болж хувирлаа. Тэр хэмжээгээрээ нүүдлийн мал аж ахуйд оруулах хөрөнгө оруулалт өсч байсан юм. Хэдэн мянган худаг, өвөлжөө хаваржаа улсын төсөв болон зээлийн хөрөнгийг уудаг аранга болж мал аж ахуйг тогтоон барьж байх эрмэлзэлд бүх хүнийг чадахын хэрээр дайчилна. 1970-1990 онд ЗХУ-аас зээлсэн 17 тэрбум доллартай тэнцэх хөрөнгийн 60 гаруй хувь нь Монголын нүүдлийн хамтралжсан мал аж ахуйг тогтоон барьж байхад зарцуулагджээ. Энэ нь нийт малын өртгөөс давсан хэмжээ юм. Үүн дээр мал аж ахуйд суурилсан хэдэн зуун жижиг сууринг хүчээр барьж байхад зарцуулсан хөрөнгийг нэмбэл толгой эргэм тоо гарна.

Социалист хулгай Эдийн засгийг үр ашиг гэдэг талаас нь харах ахул Цэдэнбалын буй болгосон “социалист эдийн засаг” нь социалист л болохоос эдийн засаг биш ажгуу. Архи, спирт зэрэг хэдхэн нэр төрлийн үйлдвэрлэлийг эс тооцвол эдийн засгийн үр ашигтай ганц ч салбар үнэндээ байсангүй. ЗХУ-тай хамтран байгуулсан зэсийн том уурхай “Эрдэнэт” ч үйлдвэрлэх тутмаа хохиролтой тооцоо гарсан нь эцэстээ Цэдэнбалын засаглалыг унагах нэг гол шижим болжээ.

Илүү орлого олох бүх зам бололцоо хаалттай болохоор хүмүүсийн идэвх санаачилга огт үгүйн дээр ийм нийгмийн гишүүдэд байдаг моралийн уналт түгээмэлжлээ. “Социалист өмчөөс” бололцооны хэрээр хулгайлах, шамшигдуулах, хүйтэн цэвдэг хандах, үрэн таран хийх явдал жилээс жилд нэмэгдэнэ.

Шамшигдуулах явдал нийгэмд хүчтэй болж эхэллээ. Үүнтэй бусдад жигшүүлэх, айлгах аргаар тэмцэхээр шийдэв. 1964 онд “махны хэрэг” гэгч илрэв. Бүлэг этгээд Мах комбинатаас дэлгүүрт хүргэх сүлжээнд ажиллан жин дутуу тооцох, барааны чанарыг бууруулах зэргээр нийтдээ 25 мянган төгрөг идсэн нь тухайн үеийн ханшаар Чехословакт үйлдвэрлэсэн жижиг гарын ганц Шкода машины үнэ байлаа. Бүлэглэн шамшигдуулсан долоон этгээдийг хүндээр цээрлүүлж, гуравт нь цаазаар авах ял оноосон юм. Социалист өмчийг шамшигдуулсан гэх энэ хэргийг бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр цацаж энд тэндгүй “үзэн ядах цуглаан” зохион байгуулж байлаа. Гэвч ердөө 15 жилийн дараа гарсан “кондукторын хэрэг” гэгчид хоёрхон кондуктор нийлээд хэдхэн жилийн дотор сая төгрөг завшжээ. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг нэгэнт хэтэрхий хавтгайрсан байсан учир хоёр гэмтэн ердөө хэдхэн жилийн ял авсан байна.

1978 онд социалист өмчийг хайрлан хамгаалах МАХН-ын Төв хорооны тогтоол гарлаа. Тогтоолоор өмч хамгаалах санаа зөвхөн коммунист оронд л байж болох зүйл. Харин хэрэгжүүлэх арга механизм нь өөр хаана ч байж боломгүй болхи бүдүүлэг үзэл суртал болсон юм. Юун түрүүн тогтоолоо хүн толгойтой болгонд цээжлүүлэхээс ажлаа эхэллээ. Социалист өмчийг нүдний цэцгий мэт хайрлах нь хүн болгоны үүрэг мөн гэж тунхагласан уг тогтоолд “туйлын” гэдэг ганц үг нэмж оруулахын тулд Төв хорооны бүгд хурлыг дахин хуралдуулжээ. Тогтоолын орос орчуулгыг ихэд чухалчилж сэхээтнүүдийг орос, монгол хэлээр цээжлэхийг шаардав. Шалгалт улс орон даяар өрнөлөө. Сургууль, албан газар болгонд Намын эвлэлийн, Үйлдвэрчний эвлэлийн шугамаар хоёр тогтоолыг цээжилсэн эсэхийг шалгана. Сүүлдээ эмнэлэгт өвчтөн эргэх гэж ирсэн ар гэрийнхнийг хүртэл үүдэн дээр цээжилсэн тогтоолыг уншуулж байж нэвтрүүлнэ. Ийм түвшинд хүрсэн болохоор албан ёсны мэдээллийн хэрэгсэл яаж солиорсныг дүрслэхэд ч хэцүү. Монголын радио телевиз нэвтрүүлэг эхлэхдээ болон төгсгөхдөө мөнөөх социалист өмчийн тухай тогтоол лоозонгоор ёслол үйлдэнэ.

Социалист өмчийг хайрлах дараагийн алхам нь улсын өмчийг дээр нь “социалист өмч мөн” гэсэн хаяг тавин дугаарлаад хариуцах эзэн нь хэн болохыг зааж өгөх кампанит ажил өрнөлөө. Энэ оронд байгаа бараг бүх хөрөнгө “социалист” учир ямархуу цар хүрээтэй болсон нь ойлгомжтой. Гуанзангууд халбага сэрээн дээрээ хаяг тавьж эхэлсэн бол байшингууд ханан дээрээ сараачиж гарав. Дундговь аймгийн Гурвансайхан сумын төвд буй 10 орчим дан барилгын ханан дээр маш томоор, тосон будгаар “Энэ байшингийн өмч хариуцагч нь сумын ерөнхий нягтлан Чулууны Ганбаатар” гэх мэтээр эрээлсэн байв. Бараг огт машин дайрдаггүй говийн болон талын хээр газар социалист өмчийг хайрлах тухай намын цэцэн лоозонг асар том төмөр хавтан дээр бичин самбар болгосон нь нэн элбэг. Гэвч хүмүүс хулгайлсаар л байлаа. Яагаад гэвэл энэхүү социалист өмч нь лоозонгийнхоо нэгэн адил цаанаа хариуцах, өмчлөх эзэнгүй байсан юм.

Социалист үр ашиг Захиргаадлын эдийн засаг дангаар, цэврээрээ оршин тогтнох ямар ч бололцоогүйг Лениний цэргийн коммунизм, Сталины хамтралжуулалтын үе, Камбожийн улаан кхмерийн үе тов тодорхой баталсан билээ. Сайн дурын чөлөөт арилжаа ор тас алга болж цэвэр захиргаадлын эдийн засаг 100 хувь ноёрхвол шууд өлсгөлөн гамшиг залгадаг, цаашлаад өөрийн эрхгүй иргэний дайн үүсэх нөхцөл бүрддэг. Иймээс коммунист эдийн засаг оршин тогтнохын тулд “капиталист зөөлөвч” заавал хэрэгтэй. Зөвлөлт засгийн үед газрын дөнгөж хоёр хувь нь аминд байдаг байсан авч Зөвлөлтийн ихэнх төрлийн хүнсний ногоо болоод цэцэгт таримлын 90 хувийг хангадаг байжээ.

1960-аад он хүртэл Монголд чөлөөт арилжаа ямар нэг хэлбэрээр оршин тогтсоор байв. Нүүдэлчдийн гол арилжаа бол мэдээж мал. Тэдэнд өргөн хэрэглээний бараа хүргэх үүргийг улс дангаараа монополь байдлаар хүлээжээ. Иймээс арилжаа улс-малчин гэсэн харилцаанд хагас чөлөөт арилжааны шинжтэй. Улс өргөн хэрэглээний бараандаа хатуу хөдөлшгүй үнэ тавина, малчин цаг улирлаас хамаарч илүүтэй зах зээлийн шинжтэйгээр үнээ тогтооно. Гэхдээ улс ч малчдаас авах түүхий эдийн үнийг хатуу тогтоох боловч ховоргүй байсан хувийн худалдаачид, үйлдвэрийн хоршоологчид, жижиг үйлдвэрлэгчидтэй шууд зах зээлийн утгаар тогтсон үнээр арилжаа хийдэг байлаа.

Асуудал 1960-аад оны үеэс үндсээрээ өөрчлөгдлөө. Юун түрүүн нэгдэлжих хөдөлгөөнд малгүй болсон үй олон нүүдэлчин хот орон амьдрах болсноор Монголд хотууд үүсч түүнээ дагасан шинэ хэрэглээ буй болов. 1960 онд баталсан Үндсэн хууль Монголын нийгмийг ажилчин анги, хоршоолсон малчин, хөдөлмөрийн сэхээтэн гэсэн заагдсан гурван ангид хуваасан учир иргэн болгон аль нэгэнд нь хамрах, эс бөгөөс нийгмээс шахагдах үйлтэй болсон юм. Иймээс хуулиар хувиараа аж ахуй эрхлэх, худалдаа арилжаа эрхлэх явдал цаазлан хоригдлоо гэсэн үг. Эндээс хувиараа эдийн засгийн харилцаанд орох нь хууль зөрчсөн үйлдэл болж “хөдөлмөрийн бус орлого” гэсэн нэр томьёо үүслээ. Хуулийн аль ч шатны байгууллагын эрхэм үүргийн нэгэнд хувиараа аж ахуй эрхлэн худалдаа наймаа хийхтэй тэмцэж, “хөдөлмөрийн бус орлогыг” хурааж байх явдал тооцогдсон байна. Малчдын хувьд үлдээсэн цөөн хэдэн малыг ч улс тогтоосон үнээрээ дээрэмдэн авах ба үүнээс өөрөөр борлуулсан байвал хуулийн хариуцлага хүлээх болжээ.

1960 онд шинэ хуулийн зарчмаар Улаанбаатар хотод байсан дөрвөн бараан захыг хаалаа. Гэвч чухам бараан зах буюу хар захгүйгээр социализм байгуулж дөнгөхгүй нь тэр дороо мэдэгдэв. Ийм зөөлөвчгүйгээр нийгмийн харилцаа хөдлөхгүй. Ингээд хар захыг “ирээдүйд устах зүйл” гэдэг ангилалд оруулан хатуу хяналтын дор дахин нээлээ. Үзэл суртлын болоод хяналтын дайн зарлан байж довтлох боловч оршин байгааг нь эрхгүй зөвшөөрсөөр Монголын хар зах социализмын төгсгөл болтол байсаар байсан юм.

Иргэд хар зах дээр гар урлалын зүйлс, хүнсний бараа зарах боловч ихэнх зүйлс нь социалист худалдаагаар орж ирсэн олдоц муутай бараа, мөн хил дамнуулан олж ирсэн гадаад бараа байдаг байлаа. Импортоор орж ирсэн бараагаар бүтээгдэхүүн хийж борлуулахыг хориглосон хуулийн заалт байсан учир хамгийн болхи хийцтэй гар урлал ч “хөдөлмөрийн бус”-д тооцогдох тул хар зах дээр хийгдэх бүх наймаа хууль бус байсан юм. Үүнийг гарын салаагаар харан өршөөх боловч хэрэгт оруулъя гэсэн хэнийг ч энэхүү энгийн үйлдлээр нь дарамталж болох учир үнэн хэрэгтээ монгол иргэн болгон төрийн өмнө потенциал гэмт хэрэгтнүүд байлаа. Хууль сахиулагчдын хувьд ч ерөнхий зарчим үгүй болж тухайн асуудлыг аль өнцгөөс яаж харснаас хамааран тухайн субьектын хувь заяа шийдэгдэнэ. 1980 онд “Бохирын хэрэг” гэгч дуулиант явдал гарч байсан нь үүний нэг жишээ юм. Хотын бохирын санг өвөл хөлдсөн хойно нь ухаж цэвэрлэдэг бизнес байж. Үүнийг гүйцэтгэх байгууллага, хүн олддоггүй учраас хувь хүмүүс гэрээгээр хийнэ. Голдуу хятад иргэд мөнгө сайтай ийм ажил хийх нь элбэг. Гэтэл маоизмтай тэмцэх ээлжит кампанит ажлын нэг мөчлөг тааран тэднийг дарамтлах хэрэг гарчээ. Цаадуул нь хөлдүү бохир цэвэрлэхдээ техник хэрэглэсэн нь тогтоогдов. Бүх техник улсынх. Ингэхээр хөдөлмөрийн бус орлого олсон байж таараа. Ингээд тэднийг цээрлүүлэн шоронд илгээлээ. Харин бохир цэвэрлэх хүн дахиж олдохгүй болсон юм.

Монголын социализм оройн дээд цэгтээ хүрсэн 1989 онд Улаанбаатарт нийт гурван мянган автомашин хөдөлж байсны 100 нь хувийн өмч байлаа. Энэ 100 машины хөдөлгөөн болгоныг улсаас хянаж байсан юм. Цагдаа төдийгүй мэдээллийн хэрэгслийнхэн энэхүү ариун хяналтад орж машинаа такси болгон ашиглахаас сэргийлнэ. Тэднийг гэзэг даран мөрдөнө үү гэхээс жишээ нь шатахуунаар боомилох ямар ч бололцоогүй. Хэдийгээр улсын клонк тэдэнд маш бага шатахуун өгдөг боловч хар зах дээр бензинээс их юм байсангүй. Нэг литр бензиний улсаас тогтоосон үнэ нэг төгрөг 30 мөнгө. Харин хар зах дээр литр бензин 20-30 мөнгөний хооронд эргэлдэнэ. Бүх шатахуун зөвхөн импортын бараа, оруулах түгээх борлуулах бүх дамжлага нь зөвхөн улсын монополь эрх. Гэхдээ улсын үнээр хувьдаа шатахуун худалдан авдаг тэнэг хүн нэгээхэн ч байсангүй. Шалтгаан нь их энгийн, улсаас амархаан хулгайлчиж болно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой

“Өдрийн сонин”-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв.

Эрүү, Зөрчлийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулах санал Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа. Тус асуудлаар АН-ын бүлгийн авсан завсарлага өчигдрөөр дууссан. Тэгвэл өчигдөр Эрүү, Зөрчлийн хуулийн талаар АН-ын бүлгийн хурал дээр Хууль зүйн сайд С.Бямбацогт болон бусад холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Ингээд АН-ын бүлгийн хуралдаан хэрхэн өрнөсөн талаар хүргэе.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг Засгаас буцааж татах гэж байгаатай холбогдуулан холбогдох хүмүүсийг байлцуулж хэлэлцүүлэг явуулахаар шийдлээ. Энд ямар нэгэн улс төрийн зорилго агуулаагүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж процессын хуулиуд батлагдсан байгаа. Процессын хуулиуд дээр сүүлийн найруулга сонсоогүй байсан. Хууль бол хүчин төгөлдөр батлагдсан гэж бид үзэж байгаа юм. Хууль зүйн яамны мэдээлэл танилцуулгыг эхлээд сонсоё.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулиудыг 2015 оны арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдөр 2016 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр баталсан. Гэхдээ есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөд тодорхой хүндрэл, бэрхшээл тулгарахаар байгаа. Эрүү, Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гол нөхцөл болсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны хуулийн шинэчилсэн найруулга, Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэн баталсан боловч эцсийн найруулгатай танилцаж, ёсчлогдож, албан ёсоор хэвлэн нийтлээгүй байгаа. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулиудыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах боломжгүй болсон. Тухайлбал, дээрх хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 70 орчим журам заавар, аргачлал, загвар зэрэг эрхзүйн дэд актуудыг холбогдох Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор болон олон субьект дангаараа болон хамтран батлахаар заасан байдаг. Харамсалтай нь Эрүү, Зөрчлийн хуулийг дагаж гарах таван хууль маань ёсчлогдоогүй байгаатай холбогдуулан энэ журам зааврыг батлах боломж хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад гаргахгүй байгаа юм. Ийм учраас боловсруулалтын шатанд байгаа журам, зааврууд маань өнөөдөр батлагдах боломжгүй болчихоод байна. Хоёрдугаарт нь, Эрүү, Зөрчлийн хуультай хэрэгжилтийн нягт холбоо бүхий бусад хуулиудын үзэл баримтлал, агуулга, мөн чанарыг олон нийтэд сурталчлан таниулах хэрэгтэй. Ард түмэн маань энэ хуулийн агуулга, үзэл баримтлалыг мэдэж байх ёстой. Ийм бололцоо бүрдээгүй. Хуулийг хэрэгжүүлэх 40 гаруй мянган албан хаагчийн хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх шатанд тогтсон хэвшлийг өөрчлөх зорилгоор сургалт бусад арга хэмжээг хийх учиртай. Энэ сургалтууд цаг хугацаа шаардсан ажил болно. Мөн ШШГЕГ дээр 1500 орчим орон тоо шинээр бий болж энэ хууль хэрэгжих хүн хүчний бололцоо бүрдэнэ. Үүнтэй холбоотой зардал улсын төсөвт суугаагүй. Энэ бас шалтгаан болж байна. Мөн ШШГЕГ дээр хаалттай болон нээлттэй хорих ангиудыг шинээр барьж байгуулах шаардлага гарч байгаа. Үүнийг шийдвэрлэхэд 91 тэрбум төгрөг хэрэгтэй. Өнөөдөр мөн л 91 тэрбум төгрөгөөр шинээр хорих анги барих, өөрчлөн байгуулах бололцоо боломж байхгүй байгаа юм. Иймэрхүү нөхцөл байдлын улмаас Эрүү, Зөрчлийн хууль болон бусад дагалдах хуулиуд хэрэгжих бололцоогүй байгаа. Хэн нэгэн зориуд санаатай хойшлуулах гээд байгаа юм биш” гэв.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Засгийн газрын хувьд би нэг зүйлд харамсаад байгаа. Эрүүгийн хуулийн шинэчлэл бол өнгөрсөн УИХ-ын хийсэн хамгийн том шинэчлэл байсан. Энэ Засгийн газар хамгийн түрүүнд Монголын 26 жилийн ардчилсан түүхийн том ололтоос ухрах санал шууд оруулж ирж байна. Олон зуун хүн ажиллаж, улс эх орон даяараа хөдөлж, бүхий л хүний эрхийн ТББ-уудын санал, дүгнэлтүүдийг тусгаж энэ хуулийн шинэчлэлүүдийг хийсэн. Гэтэл дургүйд хүчгүй гэгчээр дөнгөж эцсийн найруулга сонсох ёстой хэдэн хуулийнхаа эцсийн найруулгыг сонссонгүй. Цаана нь олон хүний эрх зөрчигдөж байгаа нь харамсалтай байгаа юм. Яг албан ёсоор Их хуралд өргөн барьсан хуулийн төсөл дээр буцаах гурван үндэслэл байгаа юм. Олон нийтэд сурталчлаагүй, сургалтыг зохион байгуулаагүй, холбогдох дүрэм, журмыг боловсруулаагүй байна гэж байгаа. Хэрвээ энэ хуулиудыг ёсчлоод өгчихсөн бол энэ бүх сургалт, бэлтгэж байсан сурталчлан таниулах асуудлууд чинь хэрэгжээд явчих байсан. Ер нь энэ хууль шиг сайн сурталчлагдсан хууль байхгүй шүү. Худлаа үндэслэл хэлээд байна. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэгт холбогдох яамны хүмүүс байсан. Тэднээс асуухаар “Бүх журам маань бэлэн болсон. Ганцхан ёсчилчих юм бол маргааш нь ажилдаа ороход бэлэн” гээд байгаа юм. Ийм зөрүүтэй юм ярьж байна. Энэ хуулиуд бол 1990 оны ардчилсан хувьсгалтай тэнцэх, дүйх хэмжээний ололт гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа шүү. Та бүхэн үүнийг буцааж байна. Одоо бас ардчилсан хувьсгалаа үгүйсгээд Монгол Улсад эргээд дарангуйлал бий болгох уу. Эцсийн эцэст ийм л дүгнэлтэд хүрч байна. Шинэ хуулиар 1500 хорих газрын ажилтан авна гэж байна. Тийм юм байхгүй. Энэ хууль хүчин төгөлдөр болоход хүн болгон дээр өгч байгаа ял өөрчлөгдөнө. Олон шорон, хоригдол байх шаардлагагүй. Бүх насаар нь гэмт хэрэгтэн, хулгайч, дээрэмчин болгох тогтолцоо биш иргэн бүрийг алдаа хийсэн бол эргээд нийгэмдээ оруулдаг ийм л тогтолцоог бий болгох гэж хуулиудыг хийсэн. Өөрийн чинь ярьж байгаа шиг олон шинэ шорон барьж, 1500 шинэ харгалзагч авах шаардлага байхгүй. Ийм боломжгүй үндэслэлүүдээр энэ эрхзүйн шинэчлэлийг буцааж байгаа нь энэ Монголын нийт ард түмний хувьд туйлын харамсалтай байгаа юм. Би та нарт яг үзмэрч шиг хэлчихье. Эрүү, Зөрчлийн хуулийг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой. Энэ дотор Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль байгаа. Олон олон эмэгтэйчүүд, ахмадууд, хүүхдүүдийн асуудлыг бид нийгмээрээ ярьж байж гаргасан. Энэ хуулиудыг хамт татаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүнд нэг өдөр ч гэсэн үнэтэй. Тэр бол амьдралын өдөр байдаг. Энэ бүгдийг хэдэн сар жилээр хойшлуулж, ажлаа хийхгүй, би дургүй гэсэн хүсэлт эрмэлзлийнхээ дор өнөөдөр Монголын нийгмийг хойш нь татсан алхам хийж байна. АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Хуулийн дагуу тав хоног өгөх ёстой. Гэтэл Хууль зүйн байнгын хорооны дарга анх удаа УИХ-д орж ирээд анхны хуралдаанаа даргалахдаа гаргасан шийдвэр нь хууль зөрчиж АН-ын бүлгийн тав хоногийн завсарлагыг нэг хоног гэж доромжилж байгаа нь байж болохгүй зүйл. Бид хууль ёсны байгууллагад нь хандаж эрхээ хамгаалах болно гэдгээ хэлье.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Л.Болд гишүүний хувьд харамсаж байна. Шүүхэд хандаж болно та. АН-ын хийсэн хууль эрхзүйн шинэчлэлээс ухарч байна гэж хэлж байна. Ухраагүй. Ардчилсан парламент бий болсноос хойш хуулиа ёсчилж батлахгүй Их хурал нь тарчихсан нөхцөл анх удаа бий болж байгаа. Ийм нөхцөл байдлыг зохицуулсан зохицуулалт алга байна. Үүнээс чинь болоод хууль хэрэгжих боломжгүй болчихоод байна. Тодорхой үндэслэлүүдийг хэлж байхад өдөр болгон өөр тайлбар хэлж байна гэж хүнийг гүтгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн хуулийг 2015 оны арванхоёрдугаар сард баталсан. Гэхдээ зоосны хоёр тал болсон дагаж хэрэгжүүлэх Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон холбогдох бусад хуулиудыг хамтад нь батлаагүй, ёсчлоогүй. Үүнээс болоод хуулийг сурталчлах, сургалт явуулах бололцоо боломж бүрдсэнгүй. Энэ нөхцөл байдал яагаад бий болчихсон юм. Үүнийг би эргэж яримааргүй байна л даа. Хуульд хаалттай, нээлттэй шорон барих, ШШГЕГ-т 1500 орон тоо шинээр бий болгоно гэчихсэн байна. 2016 оны төсөвтөө суулгаад бэлэн болгочихгүй яасан юм. Зуун задгай жаран хагархай явж ирчихээд хэтэрхий улс төржиж байна гэдэг байдлаар матрын нулимс унагаад байх хэрэггүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Гишүүд болон оролцож байгаа хүмүүс Эрүү, Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих эсэх тал дээр ярилцъя. Хуулийн нарийн зохицуулалт заалт руу орох шаардлагагүй. Гол зарчим энэ хууль цаашаа хэрэгжих юм уу, үгүй юу.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Цаашаа хаалттай, бүлгийнхээ дотор ярья л даа. Ингээд олон нийтэд яриад байх хэрэггүй байх гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Эрүү, Зөрчлийн тухай хуулиуд батлагдсанаас хойш нийтдээ есөн сар гаруйн хугацаа өнгөрч байгаа. Энэ хуулийг Засгийн газраас татаж авахдаа ард иргэдэд тайлбарлаагүй. Хуулийн байгууллагуудад сургалт явуулаагүй гэх шалтгаан хэлж байгаа. Ер нь бол энэ буруу жишиг тогтоох гэж байна. Хууль батлагдаж гарсан даруй хэрэгжих ёстой. Гэтэл хэрэгжүүлэх байгууллага нь бид энэ сургалтыг хийгээгүй. Тийм учраас Засгийн газар татаж ав гэдэг шаардлага тавьж байна гэдэг ерөөсөө институци хоорондын зөрчлийг гаргах үндэс болж байна. Жишээ нь, төсвийн тодотголын хуулиар татвар нэмж байгаа. Гэтэл Хан-Уул дүүргийн татварын албаныхан “бид ард нийтэд танилцуулаагүй, журмаа гаргаагүй” гээд УИХ-аас гаргасан татвар нэмэх заалтыг хэрэгжүүлэхгүй хойшлуулж өг гэвэл яах вэ. Дурын байгууллагууд хууль, журам хэрэгжүүлэхгүй байх боломж олгож байна. Тэгэхээр энэ үндэслэлгүй байгаа юм. Энэ хуулийг улс төрийн шалтгаантай буцааж байгаа нь нэгэнт ил болсон. Нэгдүгээрт, Ардын нам хүний эрх, эрх чөлөөний талаар амнаасаа ганхийж дуугардаггүй нам. Тийм учраас хуулийг буцааж тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж буцаагаад эрүүгийн нөхцөл байдлаа хэвээр нь үлдээх бодлоготой байна. Хоёрдугаарт нь, Ерөнхийлөгчийн сонгуульд хандсан улс төр явж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт байвал тавья. Дараа нь саналаа тавья.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Хаалттай хуралдсан тохиолдолд би тодорхой мэдээлэл тоо баримт ярина. Нээлттэй яриад байх шаардлагагүй.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Нууцын зэрэглэлтэй юм байхгүй шүү дээ.

Хууль зүйн сайд С.Бямбацогт:

-Асуултад нээлттэй хариулах боломжгүй. Журмаа барь.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Таныг нууцын зэрэглэлтэй асуултад хариулт өг гэж хэлээгүй. Бид хаалттай журам зарлаагүй. Засгийн газрын сайдын хувьд та бүлэг дээр мэдээлэл өгөх үүрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг утгаар биш Хууль зүйн сайдын хувьд та энд тайлбар өгөх ёстой шүү. Хуульзүйн байнгын хороо нээлттэй хуралдаж байсан учраас нуух юм байхгүй.

(Хууль зүйн сайд С.Бямбацогт хаалттай хэлэлцэхгүй бол тайлбар өгөхгүй гэсээр шууд гараад явлаа. Түүний дараахан тус яамны холбогдох хүмүүс гарсан юм)

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл:

-Энэ хуулиудыг хэлэлцэж байхад Хууль зүйн байнгын хороонд байсны хувьд тайлбар өгөхөөр ирсэн юм. Хууль зүйн сайд С.Бямбацогт ард түмэнд сурталчлагдаагүй учраас хойшлуулах гэж байна гэж хэлж байна. Энэ бол дээд зэргийн үндэслэлгүй тайлбар. Би сурталчилсан гэдгээ батлахын тулд шаргал хувцас өмсч ирлээ. УИХ-ын түрүүчийн парламентад байсан эмэгтэй гишүүд эдгээр долоон хуулийг баталсны дараа бүгдээрээ шаргал цамцтай ирээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх цогц бодлоготой боллоо гэж өргөн сурталчилгаа явуулсан. Яг гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн эрх ашиг есдүгээр сарын 1-нээс эхлээд дээд зэргээр зөрчигдөх гээд байна. Иргэн бүр хүүхдийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй болох байлаа. Гэр бүлийн хүчирхийлэлд амь нас, эрүүл мэнд аюултай байдалд орсон үед цагдаагийн албан хаагч шууд эхний дуудлага болж очих үүрэгтэй болж байсан. Хүчин төгөлдөр болчихсон таван хуулийг ёсчлоход ердөө нэгхэн өдөр хэрэгтэй. Тэгэхэд шинэ чуулган нээлтээ хийснээс хойш 43 хоног өнгөрчихсөн байгаа. Маш олон харгалзагч хэрэг болно гэдэг үндэслэлгүй. Энэ Эрүүгийн хуулиар бид хорихоос өөр төрлийн дөрвөн ял оруулж өгсөн шүү дээ. Гэтэл бидэнд илүү шорон, харгалзагч хэрэгтэй байна гээд байгаа нь магадгүй Эрүүгийн хуулиа Хууль зүйн сайд уншиж амжаагүй байгаатай холбоотой болов уу гэж бодож байна. Өнгөрсөн хавар, зуны турш хуульчид сургалтад хамрагдсан. Маш олон хуульчид хамрагдсан шүү. Тэр хуульчдыг бүгдийг нь халаад хаячихаагүй юм бол маш олон байгаа. Сургалтад хамрагдсан хуульчдаа халах жагсаалтад оруулчихсан учраас ийм буруу юм яриад байгаа байж магадгүй. Бид 20 гаруй жил хүсэн хүлээсэн эрүүгийн тогтолцоогоо хийсэн. Үүнээс Монгол Улс ухарч болохгүй. Ухарвал хүүхдийн амь нас, эрүүл мэнд, өдөр тутам учирч байгаа хохирогчдын зовлонгоор төлөгдөнө. Муухай үгээр хэлмээргүй байна. Гэхдээ хуулийг ухрааж байгаагаас зовлон, чарлаан, тарчлаан үнэртэж байна. Хаалттай хаалганы ард байдаг зовлонг дуусаасай л гэж бид энэ хуулийг гаргасан шүү дээ.

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ:

-Хариулт өгөх Хууль зүйн сайд маань хаалттай горим шаардаад гараад явсан. Тэгэхээр одоо зөвхөн санал хэлье. Дүгнэж хэлэхэд Хууль зүйн яамнаас сая эдийн засгийн тооцоо судалгаа багатай, үндэслэлгүй тайлан мэдээлэл өгч байгаад хуралдаан даргалж байгаагийн хувьд харамсал илэрхийлж байна. Монголд өнөөдөр юу л байна, шорон байгаа. Нэмж шорон барих шаардлага ерөөсөө байхгүй. Бидний шинээр гаргаж байгаа хууль дүрмээр хоригдож байгаа хүн буурна уу гэхээс нэмэгдэхгүй. Хоригдлын тоог аль болох бууруулах, хүний эрхийг дээрдүүлэх энэ чиглэлийн хуулиудыг санаачилж оруулсан. Хорихоос бусад хэлбэр загварыг оруулсан хууль байсныг цохож хэлмээр байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын одоо ажиллаж байгаа орон тоотой тэнцэх орон тоог ч нэмэх шаардлага байхгүй. Тийм судалгаа тооцоо ч байхгүй.

Ийм үндэслэлгүй толгой тархийг угаасан ядмаг тайлбараар Эрүү, Зөрчлийн тухай хуулийг буцаах гэж байгаа нь харамсалтай байна. Нэгэнт хүчин төгөлдөр болсон батлагдсан Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулна гэдэг хэрэгсэхгүй болгох эхний алхам гэж АН-ын бүлэг харж байгаа. Ёсчлогдоогүй таван хууль байгаа. Энэ таван хуулийг татах эрх Засгийн газарт байхгүй. Хуульд Засгийн газар өргөн барьсан хуулийг хэлэлцүүлгийн аль ч шатанд татаж авч болно гэж байгаа. Гэтэл ёсчлох асуудал нь өөрөө хэлэлцүүлгийн аль нэг шатанд байдаггүй юм. Хууль алх цохисноор хүчин төгөлдөр болсон. Энэ байхгүй эрхийг эдэлж хуулийг татах саналыг оруулж ирж хуульд заасан эрхээс давсан үйлдлийг Засгийн газар хийх гэж байна гэж харж байна. Хуульчид үүнийг маш сайн ойлгож байгаа байх.

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:

-Хууль зүйн сайдын хэлсэн үгийг бүгдээрээ сонслоо. Эд нар 65 гишүүнээрээ дулдуйдаж хүч түрэх бодлого барьж байна. Ганцхан хүний эрхийн асуудал биш. Энэ Засгийн газрын хэлэлцэж байгаа мөрийн хөтөлбөр нь ерөнхийлсөн, тоо баримт байхгүй, эзэнгүйдүүлсэн ийм л юм болж байгаа. Тэр 40 гаруй мянган хүнийг давтан сургах асуудал байна. Маш олон сургалт хийсэн. Х.Тэмүүжингийн үеэс эхлээд Д.Дорлигжав сайдын үед олон сургалт хийсэн. Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгждэг. Хууль батлагдсаны маргаашаас хэрэгжүүлээд зохион байгуулаад явчихдаг хүмүүсийг басамжилсан үг хэлж байна. Есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхэд 40 гаруй мянган хуульчийг бэлэн байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Хаалттай нээлттэй шорон барина гээд яриад байх юм. Бид шоронгоос хүн чөлөөлөх гээд байгаа юм шүү дээ. Дүрэм журмыг өнгөрсөн хугацаанд хийгээд явж байсан яамныхныг ч Төрийн нарийн бичгийн даргаас доош бүгдийг нь халах юм байна.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Төсөв зардалтай холбоотой асуудлаар хүний эрхэнд, баялаг бүтээгчдийн эрхэнд халдаж болохгүй. Төрийн албан хаагчдын эрхэнд халдаж болохгүй. Төсөв зардалтай холбоотой асуудлаар 80 мянган иргэний орон сууц өмчлөх эрхэнд халдаж болохгүй л дээ. Харамсалтай нь өнөөдөр зөвхөн төсөв, зардал гэж байгаа. Энэ хүрээндээ АН-ын хийсэн бүхнийг үгүйсгэлээ. Хууль эрхзүйн ололтууд байхгүй болж байна. Би бүлгийн даргад байр сууриа хатуу илэрхийлье. Эрүү, Зөрчлийн хууль болон түүнд холбогдох таван хууль бол Монгол Улсын өмнөх парламентаар батлагдсан хууль гэдэг дээр АН хатуу байр суурь барих ёстой. Хэрвээ үүнийг зөрчөөд Засгийн газар асуудал оруулж ирэх юм бол Засгийн газрыг огцруулах саналыг АН гаргах ёстой. Зардал, төсөвтэй холбоотой асуудал байж болно. Харин хүний эрхтэй холбоотой асуудлаар ийм хууль зөрчсөн үйлдэл гаргаж байвал Засгийн газрыг огцруулах асуудлыг АН маргаашаас эхлээд тавих ёстой. Бид яагаад ийм хүлцэнгүй байх ёстой юм бэ. Тэр 65 гишүүн бүгдээрээ эрээ цээрээ алдсан, нэг кнопонд орчихсон гэж бодохгүй байгаа. Хүний эрхийг хамгаалах хүмүүс байгаа байх. Ийм саналыг та бүхэндээ тавьж байна” гэснээр АН-ын бүлгийн хуралдаан үргэлжлэн хаалттай горимд шилжсэн юм.

Ж.БАЯРСАЙХАН

Categories
мэдээ цаг-үе

Нэхий боодол бохины үнэгүй болсны учир (II)

“Өдрийн сонин”-ы №199 (5464) дугаараас авч нийтлэв

-ЭХ СУРВАЛЖИЙН МЭДЭЭЛЛИЙН МӨРӨӨР ҮНЭНИЙГ ХАЙСАН НЬ-

Төрөөс үйлдвэрлэлийг дэмжиж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж өмнөх дугаарт өгүүлсэнчлэн Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол гаргасан. Уг тогтоолд зааснаар хилээр хагас боловсруулсан арьс гаргахыг зөвшөөрч байгаа. Тэгтэл энэ тогтоол гарахтай зэрэгцээд “Эмээлт” дэх хятад ченжүүд боловсруулах үйлдвэрийг түрээслээд, хямд үнээр авсан арьс ширээ боловсруулаад гаргадаг болжээ. Тэд Монголд арьс, шир боловсруулсан өртгөө малчдаас түүхий эд авдаг үнээсээ хасчихсан. Тиймээс л малчдын нэхий бохины үнэ хүрэхээ больчихсон талаар өмнөх дугаартаа мэдээлсэн билээ.

ӨӨХ Ч БИШ, БУЛЧИРХАЙ Ч БИШ

Шинэчлэлийн Засгийн газар арьс ширний салбарыг бодлогоор дэмжиж, арьс ширний үйлдвэрүүд бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаадад экспортлох зорилго тавьсан. 76 сая малтай малчдынхаа малаас гарах түүхий эдийг үнэд хүргэх зорилго төрд бас бий. Гэтэл Чингис бондоос 140 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан арьс ширний үйлдвэрүүд хятадуудын малчдаас хямд үнээр авсан арьсаа угаах дамжлага болчихсон. Малчид хониныхоо нэхийг бохины үнээр өгөхөөс түвэгшээгээд хотондоо хаячихдаг боллоо. Өнөөх эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ хангах, гадагшаа гаргах, малчдын түүхий эдийг үнэд хүргэх бодлогын үр дүн яагаад өөрөөр эргэчихэв.

Засгийн газрын 300, 330 дугаар тогтоолд арьс ширийг хагас боловсруулах буюу вет-блю техникийн шаардлагаар боловсруулж хилээр гаргах тухай заасан. “Вет-блю” гэж химийн аргаар үсийг нь унагаасан, үсний угийг нь бүрэн гүйцэд авсан, механик аргаар халимлаж шар махыг авсан, өнгөн болон шар махан тал нь цэвэр толигор, нугалаасгүй, толбогүй, сульфат хромын суурилаг давсаар нэвт идээлэгдсэн, жигд өнгөтэй нойтон хөх арьс, ширийг хэлж байгаа юм. Ингэж боловсруулсан арьс хилээр гаргахад асуудалгүй.

Гэтэл манайд хувиараа гутал, цүнх үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрүүд гутал хийх материалаа урд хөршөөс авдаг. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого эндээс алдагдаж байгаа хэрэг.

Засгийн газар ачир дээрээ “Боловсруулсан арьс л хилээр гаргана” гэсэн шийдвэр гаргалаа гэдэг. Гэтэл хятадууд энд үйлдвэрүүд түрээсэлж арьс ширээ хагас боловсруулаад явдаг, нутагтаа очоод гутал, цүнх хийх материал, савхи болгочихоод буцаагаад монголчуудад зарчихаж байна. Жинхэнэ нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн тэндээс наашилж байгаа хэрэг.

Хэрвээ үйлдвэрлэгчид арьс, ширээ энд бүрэн боловсруулж гутал, цүнх, хүрэм, бээлий хийх материал бэлэн болгодог бол үндэсний үйлдвэрлэл хөгжиж байна гэж ойлгож болно. Гэтэл энд үйлдвэрүүд цөөн тооны арьс л бүрэн боловсруулдаг. Тэр нь өртөг өндөртэй учраас хятад бүтээгдэхүүнээс үнэтэй байхаас аргагүй. Харин үйлдвэрлэл маш сайн хөгжсөн Хятадад их хэмжээгээр боловсруулсан материал Монголд хамаагүй хямд зарагддаг. Тиймээс арьс ширний үйлдвэрүүд тоног төхөөрөмжөө хятадуудад түрээсэлж олсон мөнгөөрөө Чингис бондын зээлээ төлж байсан нь өлзийтэй байдаг гэнэ.

Тэгэхээр Засгийн газрын 300, 330 дугаар тогтоол үйлдвэрлэгчдийн хувьд өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр болж малчдын түүхий эд үнэгүйдэх нөхцөл болжээ.

Чингис бондоос санхүүжилт авсан үйлдвэрүүд арьс шир боловсруулах технологи, тоног төхөөрөмжөө шинэчилж чаджээ. Зах зээл байвал арьс, ширийг краст (хагас боловсруулсан арьсанд нэмэлт идээлэг хийж, элдэж, тэлж хатаасан, өнгө оруулаагүй арьс), савхи (хувцасны зориулалтаар гүйцэд боловсруулж, өнгө засал хийсэн хонины арьс), илэг, нубук (гүйцэд боловсруулсан арьс, шир), хром (гүйцэд боловсруулж өнгө засал хийсэн шир) болгох бүрэн боломжтой аж. Өөрөөр хэлбэл, Хятадаас орж ирдэг материалыг эндээ хийж чадна гэсэн үг. “Дархан нэхий”, “Монгол шверо” гэх мэт цөөн тооны үйлдвэр арьс, ширийг бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн хийж байгаа. Ихэнх нь түрээсээр хагас боловсруулалт хийж, гадагш нь гаргадаг.

Энэ салбарынхны ярьснаар төр бодлогоор зохицуулалт хийх бол гадаадаас экспортолж байгаа арьсан эдлэл, материалд татвар ноогдуулах ёстой гэнэ. Тэгвэл дотоодын үйлдвэрүүд арьс, шир бүрэн боловсруулж борлуулах боломж бүрдэх аж. Үндэсний үйлдвэрүүдийн дотоодод хийсэн арьсан гутал, цүнх 40, 50 мянган төгрөгөөр зарагддаг. Гэтэл Хятадаас арьсан гэх дуураймал бүтээгдэхүүн хэдэн мянгаараа татваргүй орж ирээд хямд зарагдчихдаг. Тэгэхээр үндэсний үйлдвэрүүдэд зах зээл байхгүй. Бүтээгдэхүүнээ БНХАУ, ОХУ руу гаргах гэхээр тэндээ өндөр татвар төлөхөөс өөр аргагүй. Ийм шалтгаанаар алдагдалтай ажилласнаар хятадуудад байраа түрээслээд зээлээ төлөхөөс аргагүй зовлонг бас ярьсан юм.

ЧИНГИС БОНДЫН 140 ТЭРБУМ МАЛЧДАД ҮР ДҮНГЭЭ ӨГСӨНГҮЙ

Чингис бондоос арьс, ширний үйлдвэрүүдэд 140 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэр гарсан. Арьс, ширний салбарын 35 үйлдвэрийн ихэнх нь зээл авсан билээ. Зээл авч тоног төхөөрмжөө шинэчилснээр өдөрт 1000-аас дээш богийн арьс шир боловсруулах хүчин чадалтай 18 том үйлдвэр ажиллаж байна. Бусад нь өдөрт 200-1000 ширхэг арьс шир боловсруулах чадалтай. Судалгаагаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүд жилд 20 гаруй сая ширхэг арьс ширийг вет-блю болгох хүчин чадалтай гэсэн дүн гарчээ. Манай улс жилд 10 сая бог мал нядалдаг статистик бий. Тэгэхээр хагас боловсруулалт хийх боломж бүрэн гэсэн үг. Тэгсэн атлаа үйлдвэрүүд хагас боловсруулалт хийхэд анхаарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоо нь буурчээ. Статистикийн мэдээнээс харахад 2012 онд 1.2 мянган тонн улны шир үйлдвэрлэж байсан бол 2014 онд энэ тоо 0.8 мянган тонн болж буурсан байна. Дөрвөн жилийн өмнө 1.7 мянган тонн хром, булигаар үйлдвэрлэсэн бол одоо 1.3 мянган тонн үйлдвэрлэжээ. Ерөөсөө үндэсний үйлдвэрүүд нийт арьс ширний 25 хувийг гүн боловсруулж, 75 хувийг хагас боловсруулж байгаа аж.

Арьс, ширний үйлдвэрүүдэд зээл олгосноор энэ салбар жилд 1.0 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 460.0 сая америк долларын экспорт хийх, 20 гаруй мянган ажлын байр бий болгох боломж байна гэж тооцоолсон. Мөн аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 28.6, хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний 62.7, улсын нийт экспортын 18.2, аж үйлдвэрийн нийт ажиллагсадын 16.5 хувьтай тэнцэх хэмжээний үр дүн авчирах боломж бүрдэнэ гэж үзсэн. Харин өнөөдөр арьс, ширний салбар жилд 43 тэрбум төгрөгийн арьс, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Түүний ихэнх нь арьс хагас боловсруулснаас олсон орлого аж.

Төрөөс үйлдвэрлэгчдэд 140 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан ч тэднийг түүхий эдээр хангадаг малчдад энэ хөрөнгө оруулалтын үр дүн гарсангүй. Харин ч арьс, ширний үнэ навс унасан. Тиймээс Засгийн газар дахин шийдвэр гаргаж татвар төлөгчдийн мөнгөнөөс малчдад бэлэн мөнгө тараахаар болсон. Энэ нь үндэсний үйлдвэрүүдэд арьс, ширээ тушаавал урамшуулал олгох тухай Засгийн газрын 2013 оны 394 дүгээр тогтоол юм. Хонины нэхийгээ үндэсний үйлдвэрт тушаасан малчинд 3000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Үүнийг энэ салбарынхан падаан гэдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, малчид үндэсний үйлдвэрээс падаан бичүүлж, түүгээрээ мөнгө авдаг байсан. 2014 онд 19 аймгийн 29811 малчинд нийт хоёр тэрбум 711 сая 691 төгрөгийн урамшуулал олгосон баримт байна. Төсвийн ачааллаас болж энэ мөнгийг тэгсхийгээд зогсоосон. Одоо малчдаас нэхий авдаг үндэсний үйлдвэр ч цөөн болсон. Энэ шалтгаанаа үйлдвэрийн эзэд “Дэлхийн зах зээл дээр арьс, ширний үнэ шалдаа буучихсан. Зах зээл алга. Итали руу цөөн тооны арьс гаргаж байна. Вьетнамчуудтай хэлэлцээр хийх гээд л байна. Эрэлт бага байна. Үүнээс гадна манай малчдын нэхий дэлхийн зах зээл дээр шаардлага хангадаггүй. Малчдаас авсан нэхийний таван хувь нь л шаардлага хангаж, бусад нь гологдол болдог. Малаа эрүүлжүүлээгүй цагт түүхий эдийн үнэ өсөхгүй ээ. Энэ өвөл өслөө, өслөө гээд 2000 төгрөг л болох биз” гэж тайлбарлаж байгаа юм.

НЭХИЙНИЙ ҮНЭ УНАСАНД МАЛЧИН БУРУУТАЙ

Нэгэн эх сурвалж “100 нэхий авахад тав нь л шаардлага хангадаг. Бусад нь гологдол байдаг” гэж ярилаа. Ийм мэдээлэлд үнэмшилгүй боловсруулах үйлдвэрт очлоо. Тэндхийн чанар шалгагч “Малчид малаа кралинд оруулчихаад байвал хачиг, хувалзанд бариулахгүй. Тэгтэл ихэнх нэхий хачиг, хувалзанд идүүлсэн сорвитой. Боловсруулахаар тэр арьс гологдол болчихдог” гэж ярилаа. Малчид малаа вакцинжуулж, эрүүлжүүлээгүйгээс арьс нь эцсийн бүтээгдэхүүн болох боломжгүй болчихдог аж. Вакцин хийлгээгүй малын арьсны хүзүү хэсгийг ашиглах ямар ч боломжгүй, өвчлөлттэй байдаг гэнэ. “Малчид малын эмчийг загнаж байгаад вакцин хийлгэсэн гэдэг бичиг авчихдаг. Зарим суманд тарилгыг шингэлж хийсэн ч тохиолдол гардаг. Хоттой хонь нь өсөөд байдаг. Гэтэл бүгд шахам өвчтэй, хачигт баригдсан байгаа. Ийм малын арьсыг гадныхан хараад л гологдол гээд үнэгүйдүүлдэг” гэж үйлдвэрийн ажилтан ярьсан.

Мөн цөлжилтт ихэссэнээр мал шивээнд баригдчихдаг болжээ. Шивээнд идэгдсэн малын арьсыг боловсруулахаар шүүрэн шанага шиг нүхтэй харагдах юм. Эхний боловсруулалт хийсэн арьсанд ч шивээ зоогдоостой байгааг харлаа.

Мөн мал гаргаад арьсыг нь хурдан хугацаанд давсалж хадгалдаггүй. Эвхээд хоёр цаг болгочиход л дотор нь бактери үрждэг гэнэ. Боловсруулаад харахаар өнөөх нь том, том толбо болж харагдах юм. Өлөн гэдсийг нь арьсан дотор удаан хадгалахад мөн л бактери үржиж, гологдол арьс болдог ажээ.

Үүнээс гадна малчид сүүлийн үед мал гаргахдаа арьсыг нь хутгаар салгадаг болсон. Ялангуяа Эмээлтэд мал гаргах үйлчилгээ үзүүлдэг нөхөд цаг хожихийн тулд хутгаар арьс хуулдаг. Өнөөх арьс үйлдвэрт ирэхэд зүсэгдчихсэн гологдол болдог байна. Монголд мал нядлах зориулалтын газар бараг байдаггүй. Махны хэдхэн компани нядалгаа хийдэг. Тэндээс гарсан арьсыг эс тооцвол ихэнх нь арьс зүсэгдсэн байдаг талаар үйлдвэрийнхэн ярилаа. Үнэхээр ч үйлдвэрт гологдол гэж ялгасан арьс овоолоостой харагдлаа. Энэ байдал, үйлдвэрийнхний яриагаар малаа эрүүлжүүлээгүй, шаардлагын дагуу нядлаагүй, арьс буруу хадгалсан малчид буруутай юм шиг.

ИРЭЭДҮЙ ХААНА БАЙНА ВЭ?

Энэ жил идэшний цагаар нэхий ямар үнэтэй болох бол гэхэд 2000-аас өсөхгүй дээ гэх хүн олон байлаа. Яавал түүхий эд үнэд хүрэх бол гэхэд малын удмын санг сайжруулж, эрүүлжүүлэхэд төрөөс бодит ажил хийх ёстой гэнэ. Энэ бол үр дүн хол гарах ажил.

Ирэх сард гадаадад арьс, ширэн бүтээгдэхүүний хэд хэдэн үзэсгэлэн худалдаа болох гэнэ. Тэр бүгдэд манай үйлдвэрүүд оролцож хагас боловсруулсан арьс, арьсан бүтээгдэхүүнээ танилцуулж зах зээл хайх гэнэ. Ирэх сард гурван улсын эдийн засгийн чуулга уулзалт, үзэсгэлэн болно. Түүнд манайхан оролцохоор бэлтгэж байгаа аж.

Дотоодын үйлдвэрүүдийн гол түнш нь италичууд аж. Мөн АСЕМ-аар ирсэн вьетнамчууд хөрөнгө оруулалт хийхээр судалж байгаагаа мэдэгджээ. Тэд монголчуудаас боловсруулсан арьс авах хүсэлтэй байгаа аж.

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас ирээдүй ямар байгааг тодруулахад “Сүүлийн хоёр сарын байдлаар хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний экспорт сэргэсэн. Хувь хүмүүс хүртэл экспорт хийж байгаа. Сүүлийн сард БНХАУ-ын үйлдвэрүүд сэргэж эхэллээ. Үүнээс болж тэнд эрэлт бий болж байна. Дотоодын зах зээлд хаягдаж байсан түүхий эд борлуулагдах боломж одооноос сэргэж байгаа” гэсэн юм.

Боловсруулах үйлдвэрүүд арьс шир экспортлоход мэргэжлийн хяналтын байгууллага, гаалийн байгууллага хоёрт яг адилхан баримт бичгийг хоёр удаа бүрдүүлэх шаардлага гардаг. Түүний дамжлага, төрийн албаны хүнд суртал үйлдвэрлэгчдэд хүндрэлтэй байдгийг ч бас ярьсан.

Үүнээс гадна манайхан хагас боловсруулсан арьс, шир гаргахаас илүүтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ашигтай. Дагаад түүхий эдийн үнэ өснө. Үүн дээр үйлдвэрүүдэд баталгаа гаргаж өгвөл бодит дэмжлэг болно гэдгийг ч хэлэх хүн олон байлаа.

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Э.Ундрах-Эрдэнэ: MRI аппаратаар хэвлийд байгаа ургийн гажгийг ч илрүүлж болно

“Интермед” эмнэлгийн Радиологийн тасгийн эрхлэгч Э.Ундрах-Эрдэнэтэй соронзон үелзлийн зураг буюу MRI оношлогооны талаар ярилцлаа.

-Одоогоос арван жилийн өмнө MRI аппарат манай улсад анх орж ирсэн. Харин өнөөдөр хичнээн MRI аппарат байна вэ?

-Арван жилийн өмнө Хоёрдугаар эмнэлэг анх MRI аппараттай болсноор монголчууд зардал, чирэгдэл болж гадагшаа явалгүйгээр тархи, нугас, нурууны гэмтэл, хавдар, цус харвалт зэрэг олон төрлийн өвчнийг эх орондоо оношлуулах боломжтой болсон. Дараа нь 2007 онд нэгдүгээр эмнэлэгт улсын төсвөөр анх MRI аппарат авч тавих үед би тэр тасгийн эмчээр ажиллаж байсан юм. Өнөөдрийн байдлаар улсын нэгдүгээр эмнэлэг болон госпиталд MRI аппаратын оношлогоог эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр хийлгэх боломжтой байгаа. Мөн манайхаас гадна Сонгдо, Грандмед, Мөнгөн гүүр, Люксмед зэрэг хэд, хэдэн хувийн эмнэлэгт MRI аппаратаар оношлогоо хийж байна.

-Хөдөө орон нутагт MRI оношлогоо хийгдэж байгаа юу?

-“Эрдэнэт медикал” эмнэлэгт MRI оношлогооны аппарат бий.

-MRI аппаратаар хичнээн төрлийн өвчнийг оношлох боломжтой вэ?

-Манай улсад 0.35т, 1т, 1.5 тесла хүчин чадалтай аппаратууд бий. Манай эмнэлгийн хувьд Герман улсын SIEMENS компанийн Magnetom Avanto 1.5 тесла хүчин чадалтай, 2013 онд үйлдвэрлэгдсэн аппаратаар оношлогоо хийж байна. Сүүлийн үеийн аппарат учраас илүү олон өвчнийг ялган оношлох программ суулгагдсан байгаа. Жишээ нь, элэгний хавдрыг эрт үед нь илрүүлдэг өвөрмөц шинжилгээ хийдэг. Энэ нь элэгний циррозтой хүний циррозын зангилаанаас үүдэх эрт үеийн хавдрыг ялган илрүүлнэ гэсэн үг. Мөн зүрх, тархи, нуруу, дээд, доод биеийг хэсэгчлэн MRI аппаратаар 24 цагийн турш оношилж, яаралтай хариуг хоёр цагийн дотор гаргаж өгдөг. MRI аппарат нь эхо, рентген шинжилгээгээр харж чадахгүй байгаа анатомийн бүтцийн зааг ялгаа, хэлбэр хэмжээ, тоо ширхгийг илүү нарийн гаргаж ирдэг. Зөөлөн эдийн хавдар, төрөлхийн гажиг, судасны гажгийн ялгаа оношлогоо зэрэгт илүү ач холбогдолтой, чухал мэдээллийг өгч чаддаг. Жишээлбэл, цус харвасан хүн байлаа гэхэд тэр нь толгойны компьютерийн шинжилгээгээр харагдахгүй байх боломжтой. Тухайн моментад MRI шинжилгээ хийгээд үзэхэд тархинд цус харвасныг харуулж өгч чаддаг.

– Үнийн хувьд ямар байдаг вэ?

-Рентген, эхо, компьютерийн шинжилгээнээс илүү үнэтэй. Ерөнхийдөө 300-600 мянган төгрөгийн хооронд байдаг. Гэхдээ гадаадын улс орнуудтай харьцуулбал манай улсын MRI оношлогоо харьцангуй хямд. Тухайлбал, Солонгост өвдөгний MRI шинжилгээ хийлгэхэд 800 мянган вонн. Харин манайд 300 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм. Япон, Солонгосын зарим эмнэлэгт Интермед эмнэлэгт ашиглаж байгаа MRI аппарат байдаггүй. Манайхан эрүүл мэндийн мэдлэг муутай учраас Солонгос, Японы эмнэлэг гэхээр мундаг гэж ойлгодог. Гэтэл тэр улсад ч бас нэг, хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүд, хувийн, улсын, чанартай, чанаргүй эмнэлгүүд бүгд л бий. Үүнийг тооцолгүй гадаад явахыг чухалчилдаг хүмүүс бий.

-Хүний биеийн эрүүл эсэхийг мэдэхийн тулд урьдчилан сэргийлэх зорилгоор MRI аппаратад орох боломжтой юу?

-Урьдчилан сэргийлэх зорилгоор орохгүй. Энэ аппарат тухайн хүний хаана, юу нь өвдөөд байгааг нарийн ялгаж оношлох зорилготой. Элэгний B, C вирусийн халдвар авсан хүний элэг олон жилийн дараа хатуурч, цироз буюу янз бүрийн хатуурлын зангилаа үүсдэг. Энэ олон зангилааг Эхо-гоор харахаар бүгдээрээ хоргүй зангилаа юм уу, аль нь элэгний хорт хавдар үүсгэх хорт зангилаа мөн эсэх нь мэдэгддэггүй. Харин MRI аппаратаар оношилдог. Тэгэхээр элэгний хатууралтай, цирозтой, элэгний B, C вирустэй хүмүүсийн хувьд элэгний эрт үеийн хавдар үүссэн эсэхийг урьдчилан сэргийлэх зорилгоор үзүүлж болно.

-MRI аппаратаар оношлуулахад хүний биед хортой зүйл бий юу?

-Соронзон орон ашиглаж хүний биеийн тухайн хэсгийг хэдэн зуун зургаар гаргаж харуулдаг. Тийм учраас хүний биед ямар ч хоргүй. Хоргүй учраас хэдэн ч удаа энэ шинжилгээнд орж болно. Хүн төрөлхтөн өөрөө байгаль дээр амьдарч байгаагийн хувьд амьсгалж буй агаар, сансар огторгуйгаас рентген туяаны ачаалал үргэлж авч байдаг юм. Жирэмсэн эмэгтэйчүүд хүртэл MRI шинжилгээнд орж болно. Тэр ч бүү хэл эхийн хэвлийд байгаа ургийн гажгийг төрөөгүй байхад нь эрт үед нь MRI-аар оношилж болдог.

-MRI аппаратаар оношлуулах гэж буй хүмүүс ямар бэлтгэл хангах хэрэгтэй вэ?

– – MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул шинжилгээний өрөөнд орохдоо гар утас, соронзон карт зэргийг авч орвол эвдэрч гэмтэх аюултай. Шинжилгээнд орохдоо үнэт эдлэл, металл эд зүйлсээс гадна зүрхний хэм тохируулагч пайсемейкер, хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгац, зүрхний титэм судас тэлэгч хавчаартай бол энэ шинжилгээнд огт орж болохгүй. Мөн хүүхдийн унтуулгатай MRI зөвхөн манайд хийгдэж байгаа. MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлстэй шинжилгээнд орохыг хориглодог. Үнэт эдлэл, металл эд зүйлсээс гадна зүрхний хэм тохируулагч пайсемейкер, хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгац, зүрхний титэм судас тэлэгч хавчаартай бол энэ шинжилгээнд орж болохгүй. Шаардлагатай тохиолдолд тодосгогч бодис тарьж шинжилгээнд оруулдаг. Энэ тохиолдолд заавал бөөрний үйл ажиллагааны шинжилгээ өгч, тодосгогч бодисоос харшилтай эсэхээ сорилоор шалгуулдаг. MRI шинжилгээг биеийн аль хэсэгт хийхээс шалтгаалаад 20-45 минут үргэлжилнэ. Шинжилгээнд орохдоо аль болох өөртөө эвтэйхэн, цахилгаан эсвэл металл түгжээгүй хувцас өмсөх хэрэгтэй.

Б.Наранчимэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

МАН төрийн бодлого тээгчдийг дахиад л хоморголон халаад эхэллээ

Өнгөрдөг баасан гаригийн УИХ-ын чуулганы үеэр төрийн албан хаагчдыг халах солих яриа өрнөв. Төрийн албан хаагчдыг сүүлийн дөрвөн жилд 40 мянгаар нэмэгдүүлсэн учраас талыг нь хасахаас өөр арга алга, уучлаарай бид 20 мянган төрийн албан хаагчийг ажилгүй болгоно гэж МАН-ын засаг учирлана лээ. Өнгөц сонсоход МАН их л сэтгэл гаргасан харагдаад байгаа юм. Хөөрхийс аргаа барсандаа л өнгөрсөн дөрвөн жилд АН-ын нэмсэн 40 мянган албан хаагчаас ядаж 20 мянгыг нь хасахаас аргагүйд хүрч гэж өрөвдөн бодож гэж уучилмаар харагдаж байгаа биз. Гэтэл дараахан нь УИХ-ын дарга асан З.Энхболд сургууль, цэцэрлэгийн ажилчдыг төрийн албан хаагчдын тоон дээр нэмсэн шүү дээ гэсэн тайлбар хийж харагдсан. Сургууль, цэцэрлэгт ажиллагсад бол том арми. Төрийн албан хаагчдын дунд чамлахааргүй хэсэг эзэлнэ. Тэгэхээр МАН тоон дээр ажиллаж байгаа гэсэн үг. Ингэж тоон дээр тоглосноор А, Б, В яамны Дорж, Дулмаа, Дондогийг халах боломж МАН-ын өмнө нээгдэж буй хэрэг.

УИХ-ын чуулганаар 20 мянган төрийн албан хаагчийг ажлаас халах яриа өрнөсний дараахан цагтаа төрийн албан хаагч байсан, өдгөө УИХ-ын гишүүний суудалд тухалсан нэг эрхэм 20 мянгаас ч илүү төрийн албан хаагчийг халах хэрэгтэй гэж дуугаа чангална лээ. Ингэхэд ер нь төрд хүмүүсийг яагаад ажилд авч, ямар шалтгаанаар халдаг юм бэ? Одоо ад үзээд байгаа 20 мянган төрийн албан хаагч өнгөрсөн дөрвөн жилд зүгээр нэг компьютер ширтэж суугаагүй нь ойлгомжтой. Дор бүрнээ, тус тусдаа ажлаа амжуулаад хөлсөө дуслуулж явсан байж таарна.

Манайд нэг гаж зуршил бий. Аль нэг нам нь ялахаараа өрсөлдөгч намынхаа дарга нарыг биш, танил шиг минь хөлсөө дуслуулан байж төрийн хамаг ажлыг нугалсан жирийн албан хаагчдыг ад үзээд унадаг. Зүй нь төрийн албан хаагчдыг ад үзээд байгаа төрийн томчуудыг өдий дайны болгосон нөхөд нь хэн билээ. Ажлаа алдаж, байрны лизингээ төлж чадахгүй нь гэж шанаагаа тулж суугаа өнөө төрийн албан хаагчид шүү дээ. Халахаар бэлдсэн өнөө 20 мянган төрийн албан хаагч. Төрийн томчуудын энэ хүртэл мандан бадарсан нууц нь ердөө л төрийн жирийн албан хаагчид. Шуудхан хэлэхэд төрийн албан хаагч гэдэг их том ойлголт. Дугаар байрны оршин суугч тэр гэх хувь хүнээс илүү том зүйл төрийн албан хаагчийн ард бий. Сүржин сонсогдож магадгүй. Төрийн албан хаагч бол монгол төрийн ой санамж, хүчирхэг байхын үндэс нь. Орос, Хятад гэх том гүрний дунд өнөө хүртэл өөрийн өнгө төрх, орон зайтай оршин буй Монгол гэдэг улсын дархлаа нь төрийн албан хаагчид.

Төрийн албан хаагчдыг буруугаар ойлгодог гэнэн гэмээр хандлага нийгэмд бий. Аль нэг нам нь ялахаар хэн нэг даргын үзэмжээр сувинер шиг тавигдчихдаг хэдэн нөхөр гэж төрийн албан хаагчдыг хардаг нь нууц биш. Үнэндээ төдийгөөс өдий хүртэл цөөхөн хэдэн төгрөг авч ажилласаар ирсэн төрийн албан хаагчдад сая хэлсэн гэнэн хандлага хэтэрхий жижигдэнэ. Тэд төрийн бүх л хар ажлыг хийсээр өнөөг хүрсэн улс. Өнөө маргаашийн цөөхөн төгрөгөөс илүү үнэ цэнэ байгаа учраас төрд ажилладаг жирийн албан хаагч өчнөөн бий. Эдний л хүчээр төрийн хүнд механизм урагшилдаг юм. Түүнээс биш сонгуульд ялбал гишүүний зөөлөн суудалд тухалчихаад ялагдахаараа бизнесээ эрхлээд явчихдаг улсын нуруун дээр монгол төрийн дархлаа тогтдоггүй.

Өдгөө засгийн эрхийг барьсан МАН гэхэд л төрийн албан хаагчдад яснаасаа дургүй, төрөлхийн хадаргаатай нам. 2000 онд 15000 төрийн албан хаагчийг ажлаас нь халж байсан МАН өдгөө 20 мянган төрийн албан хаагчийн хувь заяагаар тоглоно гэдгээ улс даяар ил тодоор зарлачихлаа. Одоо хална гэж зарлаад байгаа 20 мянган албан хаагчийг МАН-ын өрсөлдөгч АН ажилд аваагүй. Тэднийг төр ажилд авсан юм. Тэд төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа улс. Аль нэг улс төрийн хүчин нь сонгуульд ялангуутаа төрийн албан хаагчдыг хоморголон халаад байвал Монголын төр хэзээ ч хүчтэй байж чадахгүй. Учир нь төрийн дархлаа, төрийн ой санамж бол зөвхөн төрийн албан хаагчид. Аль нэг нам засгийн эрх авангуутаа төрийн албан хаагчдыг өчнөөн мянгаар нь халаад байвал энэ төр чинь яаж тусгаар ихэмсгээр оршин тогтнох юм.

Их Британийн Ерөнхий сайдын ажлын албанд ажиллаж байсан залуугийн үгийг энд онцолмоор санагдаж байна. Ерөнхий сайд нь солигдож л байдаг, ажлын албаныхан нь солигддоггүй гэж тэр ярьж байсан. Танил маань ”Сайдын туслах л солигддог, бусад нь ажиллаад явдаг. Гэтэл манайд эсрэгээрээ юм аа” гэж мөрөө хавчиж билээ. Үнэндээ манайд эсрэгээрээ. Шинээр гарч ирсэн засаг хуйгаар нь сольж байж сая санаагаа амраадаг. Юун төр, юун төрийн дархлаа, юун уламжлал, юун хар хайрцагны бодлого…. Зүй нь монгол төрийн зангараг гэж том зүйл байх учиртай.

МАН бас нэг поп зорилт өмнөө тавьчихаад улаан тугаа намируулж яваа. Ихээ олон хүн өнөө зорилтыг нь дэмжээд байгаа юм шиг санагдсан байх. “Бид төрийн өмчит компаниудын захирлын цалинг хуйгаар нь танаж байгаа. Тэд одоо бидэн шиг л цалинтай ажиллана” гэж дуугаа өндөрсгөж байна. Бод доо, өөрөөс нь бага цалин авчихаад, өөртэй нь адил зовлон яриад, өөртэй нь адил таваргаад байгаа нөхрийг даргаа, удирдагчаа гэж харах хүн гарах уу. Төрийн өмчит компанийн үнэ цэнийг өргөх ажлыг өнгөрсөн засгийн үед дажгүй хийчихсэн. Саяхан гэхэд л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан төрийн өмчит компаниуд санхүүгийн тайлангаа олон улсын стандартаар гаргадаг болсон гэж мэдээлсэн. Төрийн өмчит компаниуд дэлхийн жишгээр ажиллах эхлэлээ тавьчихсан энэ үед Ерөнхий сайдын таналт дэлхийд хэр ухаалаг харагдах бол?… Бодох учиртай өнцөг.

Тэгэхээр сонгуульд ялж засаг барьж буй намд алтан зөвлөгөө болохоор нэг санал байна. Юуны түрүүнд төрийн ой санамж, дархлаа болсон төрийн албан хаагчдыг халахаа боль. Тэгтлээ их халж солих хүсэлд автаад байвал улс төрийн албан тушаалуудынхаа хүрээнд л эрхээ эдэл. Өнөө амтат бялуугаа энэ хүрээндээ л хуваа. Монгол төрөөр битгий оролд. Энэ Монголын хөх төр чинь 2200 гаруй жилийн арвин түүхтэй. Хүннүгээс эхлээд Их Монгол, бүр сүүлд гэвэл Манжийн эсрэг барьсан зуун дамнасан их бодлого, за тэгээд ардын хувьсгал, Орос гэдэг ганц гүрнээс хамаатай далан жилийн түүх, ардчилал ялснаас хойших 26 жил, өнөөг хүртэл Монголоороо оршин буй нь монгол төрийн хэдэн мянганаар өвлөгдөн ирсэн төрийн дархлаатай холбоотой. Сүүлийн жилүүдэд нэг нам нь гарахаараа төрийн албан хаагчдыг хоморголон халдаг боллоо. Тэр дундаа МАН засгийн эрх авахаараа төрийн албан хаагчдыг ямар нэг өрөвдөм шалтгаан хэлж “заналтайгаар” хоморголон халдаг. Төрийн дархлаа суларч байгаагийн хамгийн том шалтгаан нь ерөөсөө энэ. Төрийн албан хаагчдыг хуйгаар нь халах хэрээр төрийн тусгаар тогтнол хэврэгшиж байгаа нь хатуу ч гэлээ үнэн.

“Өдрийн сонин” Монголын төрийг түвшин, тусгаар тогтносон, бүрэн бүтэн, хүчирхэг байхын төлөө үгээ хэлсээр өнөөдрийг хүрсэн. Өдгөө төрийн албан хаагчдыг хоморголон халахын эсрэг дуугарч байгаа нь ч цаанаа ийм шалтгаантай. Ажлаас халах тушаал хүлээн авах гэж буй 20 мянган төрийн албан хаагчийг нэгдэж тэмцэж дуугараасай, тэр дууг нь илүү тодоор төрд хүргэхсэн гэсэн хүсэл зорилго бидэнд бий.

Уг нь МАН-ыг ард түмэн төрийн албан хаагчдыг хуйгаар нь халж олон хүнийг ажил амьдралаас нь салгаарай, монгол төрийн дархлааг үгүй болгоорой гэж сонгоогүй. Наад зах нь л талх тариагаа аваад байрны лизингээ төлөх дайны цалинтай амьдрах гэж, цаад зах нь улсаа эдийн засгийн дажгүй хөгжилд хүргэх хүслээр МАН-ыг сонгосон юм.

Categories
мэдээ цаг-үе

“Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны эрдэмтэн Төрхүүгийнд

“Говь Хянганд тулалдсан нь” киног хийхээр ид ажил өрнөж байсан 1972 он. Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Д.Сумхүү гуай Мао Зэдуны дүрд тоглуулах жүжигчинг хайж өдрийн бодол шөнийн зүүд болж байжээ. Шөнө унтахаар хэвтэж байгаад гэнэт “Ёо” хэмээн орилон босч ирээд Маогийн дүрд тоглуулах жүжигчнээ олсондоо учиргүй баярлаж гэртээ байсан ганц шил юмнаасаа аяганд хийгээд залгилсан гэдэг. Ёо гэдэг нь жүжигчин Ёоторын Гантөмөрийг хэлсэн аж. Найруулагч Д.Сумхүү маргааш өглөө нь босоод шууд л Драмын театрт ирж түүнтэй уулзжээ. Ийнхүү Ё.Гантөмөр гуай Мао Зэдуны дүрд тоглох шахсан түүхтэй.

Тухайн үед Драмын театрт Гантөмөр нэртэй хоёр жүжигчин байсан. Нэг нь Ардын жүжигчин агсан Ц.Гантөмөр. Тэднийг хооронд нь ялгахын тулд нөгөөг нь цагаан Ганаа гэх болжээ. “Агуйн нууц”, “Саруул талын ерөөл”, “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” зэрэг кинонуудад тоглон, үзэгч олны танил болсон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ё.Гантөмөрийнд бид энэ удаад өнжсөн юм. Гэрт нь очиход тэрээр ач зээ нараа тойруулчихсан хөзөр, шатар тоглосон шигээ сууж байв. Хоёр охин, нэг хүү бүгд л “Өвөө, өвөө” гэцгээн ам амандаа шулганана. “Та гуравхан ач, зээтэй юм уу” гэхэд “Үгүй, бараг арав гарсан. Зарим нь гэртээ байгаа. Уг нь бол олон байгаасай гэж боддог юм. Энэ хүүхдүүд чинь олигтой өндөглөж өгөхгүй юм” гээд инээмсэглэж билээ.

Цагаан Ганаа гуай ануухан, их сайхан харагдаж байлаа. Инээмсэглэх нь хүртэл нэг л сайхан. Яагаад цагаан Ганаа гэдэг болсон нь ойлгомжтой. Тэрээр цаанаа л нэг нямбай, цэмцгэр, мэргэжлийн жүжигчин хүн болохоор ярьж, хөдөлж, алхаж байгаа нь хүртэл цэгцтэй. Ярихаараа сэтгэл нь ихэд хөдөлнө.

Дээр дурдсан “Говь Хянганд тулалдсан нь” кинонд Мао Зэдун гардаггүй, яагаад өөрийг нь тоглуулах тухай яригдсан талаар хамгийн түрүүн сонирхов. Киноны зохиолд бичсэнээр Хятадын экс удирдагчтай хэсэг байсан гэнэ. Тиймээс найруулагч нь түүний дүрд тоглох хүнийг хайж нэг хэсэгтээ л бөөн юм болжээ. Гэтэл тухайн үед нам, засгийг тэргүүлж байсан Ю.Цэдэнбал гуай “Улс төрийн асуудал хүнд байхад Жү Дэ, Дян Сяопин, Мао Зэдун гурвын хэрэг байгаа юм уу” гэж хэлээд болиулсан байна. Драмын театрынхан цагаан Ганааг цаашлуулж “Чи мөн азгүй хүн шүү. Хэрвээ Маогийн дүрд тоглочихсон бол цаад хятадууд чинь нэрэлхсэндээ байдаг одон медалиараа чиний энгэрийг мялааж, Хятадад хүртэл урьж аваачаад бөөн юм болох байсан даа” гэдэг байжээ.

Ё.Гантөмөр гуай Архангай аймгийн Цэцэрлэг суманд тавдугаар сарын нэгэнд буюу олон улсын хөдөлмөрчдийн эв санааны өдөр төржээ. Аав Ёотор нь Архангай аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах газарт, ээж нь цэцэрлэгийн хүмүүжүүлэгчээр ажиллаж байжээ. Ё.Гантөмөр гуай бүр багаасаа л урлагт өөрийн эрхгүй дурласан гэдэг. 1960-1970-аад оны үе. “Сүхбаатар”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Газар уснаа явагч” зэрэг кинонууд аймаг дээр гардаг байж. Киноны тасалбар нэг төгрөгийн үнэтэй. Гантөмөр хүү ч тэдгээрийг уйгагүй дахин дахин үзнэ. Мөнгө л олдвол кино үзнэ. Ээж, ааваасаа мөнгө гуйж нэг үзнэ. Найз Тунгалаг, Алтангэрэл хоёртойгоо нийлээд үзсэн киноныхоо хэсгээс дуурайж тоглоно. Тунгалаг нь Ариунаа, Алтангэрэл нь Дүлзэн болж Гантөмөр гуай өөрөө цагаан цэргийн генерал болно. Сэлэм зүүчихээд л Сүхбаатарыг дуурайгаад “Миний баруун гар ядрах болоогүй” гээд сэлмээ сугалдаг байснаа дурсан ярив.

Бас сургуулийнхаа драмын дугуйланд явна. Яагаад сэтгэл нь урлагт татагдсанаа өөрөө ч тайлбарлаж мэдэхгүй байлаа. Түүнийг есдүгээр ангийн сурагч байхад Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай бригадаар Архангай аймагт очиж байсныг ярив. Амидаатайгаа анх ингэж учирсан түүхтэй. Түүнийг харж, ярихыг нь сонсох тэр мөч одоо болтол санаасаа нь гардаггүй гэнэ. “Од” шүлэг уншсан нь сэтгэл зүрхийг нь хамгийн ихээр догдлуулснаа ярихдаа Ё.Гантөмөр гуайн нүд цаанаасаа гялалзаж байлаа.

Дунд сургуулиа төгсөх дөхөж, жүжигчний ангид элсэлт авахаар Монгол Улсын Гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров тэргүүтэй элсэлтийн шалгалтынхан Архангай аймагт очиж. Сурагч Ё.Гантөмөр ч шалгуулаад амжив. Янз бүрийн этюд хийлгэсэн гэнэ. “Нэг сайн найз чинь онгоцоор яваад өглөө гэж бодъё. Чи яахав, этюдээр үзүүл” гээд л. Шүлэг уншуулж, дуу дуулуулж авьяастай эсэхийг нь мэдэхээр янз бүрээр үзсэн гэнэ. Ямар ч байсан Ёотор гуайн эрх банди Гантөмөр Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид тэнцжээ. Дашрамд дурдахад аав, ээж хоёр нь хүүгээ хачин их эрхлүүлдэг байсан гэнэ. Наймдугаар ангид байхад нь мотоцикль авч өгч, дөрөвдүгээр ангид байхад аав нь дуран хараатай калибраар буудуулж байжээ. Тиймээс ч анх эхнэртэйгээ гэр бүл болоход хүмүүс “Нэг нь айлын эрх хүүхэд, нөгөө нь айлын том. Энэ хоёр бүтэхгүй” хэмээн ярьж байсан гэдэг.

Гантөмөр хүү Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид суралцахаар Улаанбаатарыг зорив. 1967 онд тус сургуульд орсон хэсэг залуус 1971 онд жүжигчин, найруулагч гэсэн мэргэжлээр дүүргэсэн. Эдний ангийнхан бараг бүгд Монголын урлагт өөрсдийнхөө хувь нэмрийг оруулсан нэртэй зүтгэлтнүүд болсон гэхэд хилсдэхгүй болов уу. Ё.Гантөмөр гуай дээд сургуулийнхаа ангийн монтажийг үзүүлэхэд дэлгэцнээ олны танил болсон жүжигчид нэлээд харагдав. Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Гарын таван хуруу” киноны Шагдарын эхнэрийн дүрээр бид бүхний танил болсон Ш.Цэцэгээ, “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн Ш.Дэлгэржаргал, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Батбаяр, Сүхбаатарын гэргий Янжмаад тоглосон Д.Нямаа, “Ичээнд нь” кинонд тоглосон Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Монгол Улсын Соёлын тэргүүн ажилтан жүжигчин Б.Цэцэгбалжид, UBS телевизийн найруулгч С.Болд, Элчин сайдаар гадаадад олон жил суусан Ж.Ломбо гээд л.

Ё.Гантөмөр хоёрдугаар курсын оюутан байхдаа “Агуйн нууц” кинонд мөрдөн байцаагч, ахлах дэслэгч Доржийн дүрийг бүтээсэн. Энэ киног үзэгчид маань андахгүй. “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо” киноны эрдэмтэн Төрхүүгийн дүрээр нь хүмүүс сайн танина. “Саруул талын ерөөл” кинонд Монголын нэрт зохиолч С.Буяннэмэхийн дүрд тоглохдоо түүний амьдрал, уран бүтээлийг нэлээд судалсан тухайгаа ярив. Дээд сургуулиа төгсөхдөө кинонд тоглочихсон, чамгүй туршлага хуримтлуулсан байв. Драмын театрт жүжигчнээр авах хүүхдүүдийн жагсаалтын хамгийн нэгдүгээрт түүний нэр бичээстэй байсан гэдэг. Үүнийг сонсоод бөөн баяр хөөр болж байжээ. 20 настайдаа дэлгэцнээ анхныхаа дүрийг мөнхөлж, 23 настайдаа Драмын театрт жүжигчин болсон түүхтэй. Тэр үед театр бидний ярьдгаар алтан үеийнхэн тэр чигээрээ ажиллаж байсныг дурсаад “Би ч их азтай хүн шүү. Театрт ч маш сайхан хамт олонтой байсан үе” гэв. Алтан үеийнх гэгддэг Монголын театрын урлагийн тулгын чулууг тавилцсан жүжигчдээс хэнтэй нь илүү ойр дотно байсан, хэн нь илүү байсан талаар сонирхоход “Тэр энэ гэж хэлэхийн аргагүй. Бүгд л их сайн ханддаг, сайхан хүмүүс байсан. Ах, дүү, ээж аав шиг л байлаа. Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Лха.Долгор хоёртой илүү ойр ажилладаг байсан юм уу даа” гэв. Ё.Гантөмөр гуайг театрт ирэхэд алтан үеийнхнээс хоёр л хүн байгаагүй гэнэ. Цагааны Цэгмид, Цэндхүү хоёр аж. Жүжигчин болоод хамгийн түрүүн “Отелло”-д тоглохдоо Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайтай илүү ойр хамтран ажилласнаа дурсав. Жүжигт тоглохдоо юу хэлж байгаагаа ч сайн ойлгохгүй байсан, тэгэхэд Г.Гомбосүрэн гуай “Чи юу хийчихээд ирэв ээ” гэж ч хэлж байсан гэв.

Тэрээр Б.Брехтийн “Эхийн сэтгэл” жүжгийн Симон Хахавагийн дүрээр дипломынхоо ажлыг хамгаалж, Ардын жүжигчин Ц.Гантөмөр, Д.Мэндбаяр хоёртой хамтран тоглосон байна. Дипломоо онц хамгаалаад театрт ирэхэд хоёр дахь Гантөмөр ирлээ ч гэж ярьж байсан гэдэг. Энэ үеэс цагаан Ганаа гэгдэх болсон.

Д.Намдаг гуайн бүтээл болох “Оролмаа” жүжиг бол түүнийг жинхэнэ уран бүтээлч болгосон аж. Жүжигт тоглох гэтэл хөдөлгөөнийг нь хөшүүн байна гээд ийш тийш нь баахан алхуулж байсан гэнэ. Ё.Гантөмөр гуай Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сумхүүгийн найруулсан хэд хэдэн кинонд тоглосон. “Сахиул уу, сахиус уу” киноны данжаадын дүрийг тун ч сайн гаргасныг үзэгчид маань сайн мэддэг.

Драмын театрын жүжигчин маань яаж яваад хурандаа цолтой болж цэрэгтэй амьдралаа холбосон талаар асуухгүй байж чадсангүй.Тухайн үеийн нөхцөл байдлын улмаас тайзаа орхисон хэмээн тайлбарлав. 14 жил ажилласан театраа орхиход амаргүй байжээ. Түүнийг театраас явсны дараахан Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарам тэндээс явж дараа нь Д.Равдан, Д.Тунгалаг, Л.Чаминчулуун нар гарсан байна. Эдгээр цуг ажиллаж байсан мэргэжил нэгт нөхөд нь гавьяат болсонд ихэд баярладаг гэдгийг заавал бичээрэй хэмээн захиж билээ. “Идэр залуу насандаа ажаа нь үгүй явлаа даа” гэдэг шиг, шударга хүний хүү аливаа дутагдлыг хараад дуугүй өнгөрч чадаагүй аж. “Театр гэдэг чинь ариун сүм гэж багш нар маань хэлдэг байсан. Гэтэл энд үнэн юм алга. Хэн нь гавшгайч, хэн нь гавьяат болохов гэдгээ мэддэг болчихож” гэж хэлснээс болж хамаг юм буруугаар эргэжээ. Дарга, даамлууд ч хавчиж эхэлсэн байна. Энэ зовлонгоо хэнтэйгээ хуваалцах билээ. Хар багаасаа ханилсан эхнэртээ хэлэхэд “Чи хоёрын хоёр дипломтой байж” гэж зоригжуулжээ.

Ё.Гантөмөр гуайн хадам аав, эхнэр, эхнэрийнх нь дүү нар бүгд цэргийн хүмүүс. Хадам аав нь хуучнаар Барилгын цэргийн ерөнхий газрын нэгдүгээр орлогч дарга асан, Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин, хурандаа Д.Бямбаа гэдэг хүн байсан. Дашрамд дурдахад, хадам аавынх нь насны ой саяхан тохиожээ. Жүжигчний маань эхнэр Б.Эрдэнэчимэг 073 дугаар ангид нууцын эрхлэгчээр ажиллаж байгаад өдгөө гавьяаны амралтанд суугаа. Ё.Гантөмөр гуайн ууган хүү Г.Эрдэнэбаатар нь Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга. Цэргийн хүн, мөн л хурандаа цолтой.

Хурандаа цолтой жүжигчин маань 40 нас хүрсэн хойноо цэргийн хүн болсон гэнэ. Жүжигчин хүнд театр, тэр тусмаа тайзаа орхин явна гэдэг мэдээжийн хэрэг тун ч амаргүй. Энэ тухайгаа дахин дахин ярихдаа урт гэгчийн амьсгаа авч байлаа. Театраас явсныхаа дараа нэг хэсэгтээ л тайзаа байнга зүүдэлдэг байсан гэнэ. Одоо ч урлагийн ариун сүм гэгддэг театрынхаа тайзан дээр Г.Гомбосүрэн багштайгаа сургуулилт хийж байна гэсэн зүүд салдаггүй аж.

Театраасаа гараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа хорих анги, байгууллагад сурган хүмүүжүүлэгчээр нэлээд олон жил ажилласан. Анх цэргийн газар ажилд ороход нь есөн сарын турш энгийн байлгаж байгаад шууд л ахлах дэслэгч цол өгсөн гэнэ.

Тэрээр Марксизм-Ленинизмийн дээд сургуулийг оройгоор төгссөн нь цаг хатуу үед их тус болжээ. Драмын театрт түүн шиг хоёр дипломтой жүжигчин байгаагүй гэнэ.

Ё.Гантөмөр гуай хорих ангийн байгууллагад үнэнч сэтгэлээр олон жил зүтгэсэн. Тиймээс ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тэргүүний ажилтан болжээ. Олон жил ажилласан болохоор өөрийгөө цэргийн хүн гэдэг. Тэнд ажиллаж байхдаа “Буян” компанийн Жаргалсайхантай ажил хэргийн шугамаар хамтарсан тухайгаа дурсав. Тус компани нь Засан хүмүүжүүлэх газар хоригдож байсан хүмүүсийг ажиллуулдаг байсан нь хүмүүжиж байсан хүмүүст ихэд эерэгээр нөлөөлсөн аж.

Ё.Гантөмөр гуайнх зургаан хүүхэдтэй. Хамгийн том хүү нь цэргийн хүн, дараагийнх нь Хот тохижуулах газарт тэгээд сувилагч, хувиараа бизнес эрхэлдэг гээд хүүхдүүд нь янз бүрийн ажил эрхэлдэг. Харин жүжигчний мэргэжлийг нь өвлөсөн хүүхэд байхгүй гэв. Гэхдээ ач, зээ нар нь өвөө шигээ урлагийн хүн болох ч юм бил үү. Ямар ч байсан хамгийн бага зээ охин Э.Энхдалай нь өвөө шигээ цэргийн хурандаа болно гэж ярьдаг гэнэ. Хамгийн сүүлд Ё.Гантөмөр гуай Ж.Батмөнх гуайн тухай “Бүү март” кинонд Улс төрийн товчооны гишүүн Б.Ламжавын дүрд тоглосон. Нэг сайхан лам хүний дүрд тоглох юмсан хэмээн бодож явдаг байжээ. Энэ хүслээ биелүүлж “Цагаан Дарь эх” кинонд Шанзав ламын дүрийг бүтээсэн гэнэ.

Архангай аймгаас урлаг, соёлын олон алдартан төржээ. Тэднийг бүгдийг нь дурдах юм бол дуусахгүй, зөвхөн Ардын жүжигчин гэхэд л Д.Ичинхорлоо, Ц.Гантөмөр, Д.Чимэд-Осор гээд гурван хүн бий хэмээн тэрээр онцлон дурдаж байлаа. Үүнийг ч заавал оруулж өгөөрэй хэмээн захисан юм.

Театр, урлагийн талаар ярихад өөрийн эрхгүй сэтгэл нь догдолж үе үе санаа алдана. Урлагийн эх уурхай болсон Кино үйлдвэр, цирк хоёрыг хувьчилж үгүй болгосонд хамгийн ихээр эмзэглэж явдаг хэмээн түүний харц нэг л гунигтай болов. Гэтэл ач, зээ нар нь “Өвөө, өвөө” гэсээр гүйлдэж ирээд л юм асууна. Тэднтэйгээ ярих зуур нүдэн дэх гунигийн сүүдэр нь тэр дороо алга болчихов. “Би ч эд нартайгаа тоглож, хүүхэдтэй хүүхэд болоод л сууж байдаг хүн дээ” гэв. Ингэж хэлэхэд “Хань” киноны архитекторын дүрд тоглосон цаанаа нэг цэвэрхэн тэр төрх яг л хэвээрээ харагдав.

Гэрэл зургуудыг ц.Мягмарсүрэн