Categories
мэдээ цаг-үе

Диана гүнжийн түүх

Англичууд төдийгүй дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг хамгийн ихээр татаж, хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм хүмүүсийн нэг бол яах аргагүй Диана гүнж. Түүнийг амьд сэрүүн ахуйд хамгийн ойр дотно нөхөрлөж басхүү мөрдөн мөшгиж явсан Тина Браун гэх сэтгүүлч алдарт гүнжийн тухай “Диана гүнжийн түүх” хэмээх уг номыг бичсэн юм. Ард түмнийхээ дунд “Сэтгэл зүрхний хатан хаан” хэмээн хүндлэгддэг байсан түүний амьдрал өдгөө ч олны сонирхлыг татдаг. Англи улсын түүхэнд гэнэтхэн орж ирсэн Диана Фрэнсис Спенсэрийн жинхэнэ амьдралыг өнөө хэр үнэн бодитоор бичсэн зохиол тун ховор, бараг байхгүй гээд хэлчихэж болохоор. Харин энэхүү номд түүнийг чухам хэн байв гэдгийг бусдаас илүү бодитой дүрслэн бичжээ. Гоо үзэсгэлэн, нинжин сэтгэл, бусдыг хайрлах зүрх сэтгэлийнхээ хүчээр “дэлхийн хүн”-ий тоонд багтдаг түүний тухай бичсэн энэхүү ном Диана гүнжийн амьдралын эмзэг чухал зүйлсийг хөндсөнөөрөө онцлогтой юм. Уг номоос та бүхэн Диана гүнжийн бага нас, өсвөр насны тухай уншихгүй. Харин Уэльсийн гүнж гэх эрхэм алдрыг хүртсэнээс хойших дарамт шахалт, аз жаргал, гуниг баясал, хайр дурлал, атаа жөтөө, эрхэмсэг гүнж гэх алдрын цаадах эрээн бараан төдийгүй гэрэл гэгээтэй зүйлсийг унших юм. Түүнийг зарим хүн “Диана бол Их Британийн хаадын удмын нэр хүндийг сэвтүүлэхийг хүссэн хийрхэгч” гэж үнэлэх нь ч бий. Учир нь гүнжээр өргөмжлөгдсөн түүний амьдрал дардан байгаагүй. Гүнжийн амьдралд хөндлөнгөөс оролцон тоглож байсан эмэгтэйчүүдийн атаа хорсол, нийгмийн дарамт, үргэлж олны хэл амыг өөр дээрээ цавуу адил наадаг түвэгтэй гэж хэлж болохоор ээж, зальжин эмээ, аймшигтай бэргэнүүд, нас барах өдөр нь хүртэл өөрийн “нүд, чихээ” түүнээс хором ч салгаагүй хатан хааны дарамт шахалтын тухай эл номоос уншаарай. Энэ бүхний хажуугаар дэлхийн алдартнуудын хүрээлэлд хэрхэн томоохон байр суурь эзэлж байсныг ч өгүүлэх юм. Английн алдарт дуучин Элтон Жон, суут загвар зохион бүтээгч Жанна Версаче зэрэг эрчүүдтэй найзлан нөхөрлөж явсан тухай зохиогч нүдэнд харагдтал бичжээ. Харин гүнж чухам юуны учир хааны ордноос татгалзаж энгийн бүхэн рүү тэмүүлж, жирийн нэгэн эрээр хайрлуулахыг хүсэж байсныг “Диана гүнжийн түүх” номд өгүүлжээ. Номын хамгийн сонирхолтой хэсэг нь алдарт хайрын түүхийн хэсэг болох Хаснат Хантай хэрхэн танилцаж, яаж дурлалцсан тухай. Дурлалт хос Парист автомашины осолд орох хүртэлх үеийн сонирхолтой дурсамж түүхийг уншигч та бүхэн “Диана гүнжийн түүх” номоос сонирхоорой.

Дашрамд дурдахад уг номын зохиогч Тина Браун бол Английн дээдсийн хүрээнийхэн дунд маш алдар хүндтэй сэтгүүлч. Тэрээр гүнжийн өөрийн түүхийг төдийгүй ойр орчмынх нь хүмүүсийн амьдрал ахуй, зан аашийг гаргууд сайн мэддэг байжээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

“Би энд шинэ хүн. Нутгийн онцлог, хууль заншлыг сайн мэдэхгүй шүү, уучлаарай” ПепГвардиола

Английн Премьер Лигийг энэ жил донсолгохоор ирсэн баахан шилдэг дасгалжуулагчдын нэг Хосеп Гвардиола Премьер Лигт эхнийхээ алхмуудыг хийлээ. Гурван тоглолтын дараа “Манчестер Сити” есөн гоолтой, гурав хожиж зуун хувийн амжилттай хүснэгтийг тэргүүлээд алхаж байгаа. Том дүгнэлт хийхэд хэтэрхий эрт байгаа ч гэлээ испани дасгалжуулагчийн арга барил шинэ багт нь өгөөжөө өгч үр дүн нь харагдаад эхэлсэн энэ үед Sky Sports-ынхон түүнтэй уулзаж ярилцлага авчээ.

-Премьер Лигийн эхний тоглолтуудаас та юуг анзаарав даа?

-Цаг дуусах үед 2:0 ч юм уу түүнээс дээш тооны зөрүүтэй хожиж байх хэрэгтэй юм байна. Британийн багууд ерэн минутаа дуустал үзэлцэж чаддаг тул сүүлчийн хэсэгт гал алдах магадлал өндөр гэдгийг мэдлээ.

-Өөрийнхөө хөлбөмбөгийг философи талаас нь нэг өгүүлбэрээр илэрхийлээч гэвэл та хэрхэн өгүүлэх бол?

-Би бөмбөг авах ёстой. Мөч бүхэнд үүний төлөө тэмцэнэ. Бөмбөг надад байхгүй бол түүнийг авахын тулд өрсөлдөгчөө элдэнэ. Хамгаалах дургүй. Өрсөлдөгчийн нутагт довтолж тоглох дуртай, би.

-Менежер хүний нүдээр харахад яагаад Лестер аваргалчихав аа. Тэр чинь өмнөх улиралд нь бараг л Премьер Лигээс хасагдах шахаж байсан баг юм шүү дээ.

– Хөлбөмбөг гэдэг чинь ийм л учраас хосгүй билээ. Лестерт итали дасгалжуулагч ирсэн нь том аз байлаа. Би Раньериг сайн мэднэ. Валенсигийн дасгалжуулагч байхдаа Барсаг их зовоодог байсан шүү дээ. Тэгэхэд манай багийг Луи ван Гаал дасгалжуулдаг байсан, бид тэдний багт тогтмол хожигддог байж уу. Клаудио өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ хийж байгаа, би ч гэсэн өөрийнхөө бодол, зорилгоор багаа удирдана.

-Ялалтад хүрэхийн тулд бүхнийг золиосолж чадах уу?

-Хөөе яалаа гэж. Ингэж болохгүй. Юуны төлөө золиосолно гэнэ ээ. Нэг ч тоглолтод ялагдахгүйн төлөө юу? Чи ямар нэг зүйлд итгэдэг бол түүнийгээ биелүүлэх гэж хичээх хэрэгтэй. Түүнээс бус тулгаж, хүч түрэмгийлж болохгүй. Жишээ нь миний багт хаалгач бараг л либеро мэт байх хэрэгтэй. Шууд л урагшаа цөлдөг байж болохгүй. Боломжоороо ийм байдалд ороосой гэж төлөвлөдөг болохоос тушааж чадахгүй.

-Өөрөөр хэлбэл, ялж л байвал уйтгартай тоглосон ч хамаагүй гэдгээс татгалзаж байгаа хэрэг үү?

-За би ялах дуртай. Тун хариуцлагатай байж үзүүштэй сонирхолтой тоглолтын дараа хожих дуртай. Олон гоол оруулж бага бөмбөг алдах маягийн тоглолт.

-Товчхондоо үзүүштэй мөртлөө зорилгоосоо хазайдаггүй тоглолт юм биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эс бөгөөс Сити намайг халчихна шүү дээ.

-“МанСити” баг баян эзэдтэй болсон цаг нь 2008 он. Түүнээс хойш тэд хоёрхон удаа л аваргалсан. Энэ тоо таныг дарамтлах ёстой юу?

-Дарамт шахалтыг тэвчихээс өөр гарц бий юу. Улирал дуусна. Тэгээд ерөнхийлөгч ирээд миний ажилд дүгнэлт өгч надад итгэх үү болих уу гэдгээ шийднэ. Намайг үзэгч, өрсөлдөгч, хөгжөөн дэмжигчид шүүнэ, шүүмжилнэ, дүгнэж цэгнэнэ. Энэ чинь хөлбөмбөгийн салшгүй нэг хэсэг болоод удаж байгаа шүү дээ. Зүгээр л Англид энэ талаар бичдэг сонин нь олон, хөлбөмбөгийн талаар ойлгож дүгнэдэг, анализ хийдэг экс хөлбөмбөгчид бас олон тул жаахан илүү шүүмжлэх байх. Бизнес л юм даа.

-Гэхдээ л Англи гэдэг чинь Герман, Испаниас өөр шүү.

-Надад жаахан хугацаа өгөөч. Хүн бүхэн л тэгж ярих юм. Уг нь бөмбөг хаана ч гэлээ адилхан бөөрөнхий, талбай зүлэгтэй, ногоон өнгөтэй юмсан.

-Энэ хөлбөмбөгч минийх мөн байна гэж яаж таньдаг юм бэ?

-Ямар ч хөлбөмбөгч өөрийн гэсэн сайн, муу онцлогтой. Сайныг улам хөгжүүлж ил гаргах нь бидний үүрэг. Бэлтгэл хийлгэж байх үедээ энэ л тоглогч яг одоо өнөөдөр талбайд гарахад бэлэн юм байна гэдгийг шийдэхээс өөр гарцгүй.

-Английн хөлбөмбөгийн ертөнцөд нэг ийм явган яриа байдаг юм. “Тэр сайн хөлбөмбөгч байж магадгүй. Гэвчиг арваннэгдүгээр сарын хүйтэн салхитай, бороотой үдэш Стокийн талбайд очоод тоглохдоо сайн хэвээрээ байх нь уу гэдгийг харна аа” гэж.

-Тийм л учраас би энд байгаа юм. Би мэдэхгүй учраас таны ярьсан зүйлийг мэдрэхийн тулд энд байгаа юм. Би “Арсенал”-ын эсрэг Аваргуудын Лигт тоглож л байлаа. Бороо орж салхилж л байсан. Хожоод харьж л байсан. Мэдэхгүй юм. Хожмоо “энэ цэнгэлдэх хүрээлэнд би өөрийнхөөрөө байж чадсангүй” гэж хэлэх үе ирэхийг үгүйсгэхгүй. Мэдэрч цочирдоно гэдэг бас л амьдралын салшгүй нэг хэсэг. Испани, Германд хачин муухай цаг агаартай хотууд бас бий шүү. Харж л байя.

Бэлтгэсэн

Б.Хулан

Categories
мэдээ цаг-үе

“Арван бүжиг”-ийн аварга анги

Дорноговь аймгийн Өргөн сумын 1988-1996 оны 8а ангийн хамт олон нэг ангийнхан буланд зочиллоо. Тэд хоёр бүлэг байсан ч тавдугаар ангидаа нэг анги болж Д.Цагаанмаам багшийнхаа удирдлага дор төгсчээ. Саяхан болсон хорин жилийн уулзалтаараа “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд бид суусан шүү” хэмээн ихэд хөгжөөнтэй ярилаа. Учир нь хүүхдийн парк орж галзуу хулгана дээр суужээ. Тэд “Бидний үед ийм тоглоом байгаагүй болохоор ангиараа тоглож үзье гэж бодсон юм. Ёстой л хүүхэд насандаа оччихоод ирсэн шүү” гэлээ. Харин тэд энэ удаад хүүхэд нас, ижилдэн дассан нөхдийнхөө тухай хуучилж, дахин нэг удаа галт тэргэнд суусан юм.

Сурагч ахуй насны хамгийн том тэмцээн уралдаан бол урлагийн үзлэг, спартакиад байдаг билээ. Тухайн үед модоор хийсэн цом урлаг, спортын арга хэмжээнд түрүүлсэн ангид өгдөг байж. Модон цомтой анги сургуульдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог байсан гэнэ. Тэд дунд ангид орсон цагаасаа л модон цомын эзнээр олон удаа тодорсон байна. Наймдугаар ангийн ах, эгч нарынхаа хамгийн хүчтэй өрсөлдөгчид байсан гэдэг. Тус ангийн охин Ц.Энхтуяа, Х.Уранчимэг хоёр шанз, ёочин тоглодог байжээ. Мөн урлагийн үзлэгээр арван бүжгээр өрсөлдөж аварга болж явсан удаатай гэнэ. Тухайн үед 1000 төгрөгийн магнетофоноор ая тавьж хүмүүн төрөлхтөн, задгай цагаанаа бэлддэг байж.

1б ангийн багш Д.Энхцэцэг “Миний дааж авсан хоёр дахь анги бол сэргэлэн цовоо охид, хөвгүүдтэй энэ анги юм. Манай ангид Ц.Мөнхсоёл, О.Болд-Эрдэнэ, Б.Оюунсүрэн, Б.Эрдэнэчимэг, Т.Ариунгэрэл гээд идэвхтэй хүүхдүүд их байлаа. Т.Ариунгэрэл сувилагч, Ц.Энхтуяа маань Эрдэнэт хотын төв эмнэлэгт их эмчээр ажиллаж, ард түмнийхээ эрүүл энхийн манаанд зүтгэж байна. Мөн манай ангиас М. Одбаяр сумын алдарт уяач, С. Алтангэрэл аймгийн алдарт уяач цол хүртэж, сумандаа сайхан амьдарч байгаа. Шинэхэн багш байсан болооод ч тэр үү, энэ анги маань сэтгэлд их тодхон байдаг юм. Д.Мөнх-Эрдэнэ маань их уйланхай хүүхэд байж билээ. Би шавь нартаа “Та нар уншиж дуусахгүй бол явахгүй шүү” гэдэг юм. Тэгэхээр л Д.Мөнх-Эрдэнэ маань уйлна. Заримдаа авахгүй бол бас уйлчихдаг байж билээ.

Энэ зун хүүхдүүд маань 20 жилийн уулзалтаа хийсэн. Саяхан л “А” үсэг заалгахаар ирж байсан хүүхдүүд хэдийнэ аав, ээж болцгоочихсон байх юм. Цаг хугацаа ч хурдан юм даа гэж бодож байлаа” хэмээн дурслаа. Харин 1а ангийн багш Г.Энхжаргал “Ангийнхан маань математик сэтгэлгээ сайтай, хичээлдээ их шамдамтгай хүүхдүүд байсан. Тэр дундаас Г.Жигүүрмаа УБИС-ийг математикийн багшаар төгсөн АНУ-д магистрын зэрэг хамгаалсан. Мөн “Монголын уул уурхайн хөгжилд нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг тооцох” гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Шавь нар минь салбар, салбартаа амжилттай явж байгаад нь үргэлж баярлаж явдаг юм” гэлээ.

Тэд наймдугаар ангиа төгсөхдөө хонхны баяр, зургийн цомогтоо зарцуулах мөнгөө жонш кублэж олж байжээ. 30-аад мянган төгрөг олж ээж, ааваасаа мөнгө авалгүйгээр зургийн цомгоо бэлдсэнээ одоо ч ярих дуртай гэнэ. Энэ ангийн онц сурлагатан, шүлэг бичих авьяастай Ц.Мөнхсоёл нь Хэл бичгийн дээд сургуульд зургадугаар ангидаа уригдаж байжээ. Хэл бичгийн дээд сургуульд уригдсан түүх нь Ардын уран зохиолч Т.Галсан гуайтай холбоотой аж. Учир нь Т.Галсан гуай Өргөн сумын сургуульд ирэх үедээ Ц.Мөнхсоёл хүүгийн шүлгийг уншиж их сайшаажээ. Түүнийг ардын уран зохиолч урамшуулж их сургуульд сурах урилга өгсөн байна.Тэрээр ангийнхандаа зориулсан

Хонхны баяраа тэмдэглэж буй

Хорин долоон ангаахай

Хорвоогийн уудамд нисэх

Хорин долоон шувуухай гэсэн шүлгээ төгсөлтийнхөө зургийн цомогт бичсэн байлаа. Ангийн багш Д.Цагаанмаам нь дүрсгүй хөвгүүдтэй анги дааж авсан болоод ч тэр үү, ширүүн, дориун байдаг байж л дээ. Өнөөх хатуу, чанга багш нь төгсөлтийн баярын өдөр энэхүү дөрвөн мөртийг сонсоод нулимс дуслуулж зогссоныг нь хорвоогийн уудамд ниссэн хорин долоон шувуухай нь хэзээ ч мартдаггүй гэнэ.

Дүрсгүй хөвгүүдээрээ алдартай энэ ангийн атаман бас дарга нь Т.Гантулга байжээ. Ангийн дарга бас атаманаас айхгүй хүүхэд үгүй байжээ. Үеийнхээ жижигхэн биетэй хөвгүүдийг ангидаа оруулж ирээд өмдний бүснээс нь хувцасны өлгүүрээс зүүчихдэг дэггүй хөвгүүн байж. Хэдий бурхны оронд одсон ч дэггүй, сэргэлэн цовоо хүү хэвээр анги хамт олныхоо сэтгэлд хоногшжээ. Мөн ангийн хөвгүүд нь охидоо завсарлагаанаар амттан аваад ирэхээр нь булаана, сургуулийн дээвэр лүү цүнхийг нь шиднэ гээд их л сахилгагүйтдэг байсан гэнэ. Энэ л дүрсгүй ангийг хүмүүжүүлсэн Д.Цагаанмаам, Д.Энхцэцэг, Г.Энхжаргал багш нартаа шавь нар нь үргэлж баярлаж явдгаа хэлсэн юм.

Дунд ангийн багш Д.Цагаанмаам “1996 онд төгссөн 8а анги бол их хэрсүү хүүхдүүдтэй анги байсан. Ямар ч уралдаан тэмцээнд манлайлагч байж чаддаг. Би математикийн багш хэдий ч сумын начин цолтой хүн л дээ. Тиймээс сургуулийн зааланд орж бэлтгэл хийн бас хүүхдүүдэд чадах зүйлээ зааж өгдөг байсан юм. Энэ ангиа дааж авсны дараахан ангийн таван банди маань зодог, шуудгаа барьсаар л “Багш аа, бид бөх болмоор байна, та биднийг бөх болгоод өгөөч” гээд ирж билээ. Тэд маань одоо бүгд аймаг, сумын цолтой бөхчүүд болсон. Тэр таван хүүгээс их спорт руу орсон нь манай О.Болд-Эрдэнэ юм. Тэрээр жүдо, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер. Монгол Улсад жиу-жицу болон Бразилийн жиу-жицу барилдааны спортыг эрчимтэй хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож явна. Тэрээр 2007 онд Монголын жиу-жицу бөхийн холбоог үүсгэн байгуулсан. Шавийн минь хүч, хөдөлмөр талаар бололгүй Монголын тамирчид олон улсын чанартай уралдаан тэмцээн, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Багш хүний хувьд бөх шавь нартай болсондоо их л баярлаж явдаг юм даа” хэмээн хуучиллаа. Тэр дөрвөн хүүгийн нэг болох аймгийн начин Ц.Галбадрах “Манай ангиас М.Сумъяабазар, Т.Гантулга, О.Болд-Эрдэнэ, Б.Эрдэнэбаатар бид тав барилддаг байлаа. Аймгийн өсвөрийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнээс дөрвүүлээ алт, мөнгөн медальтай ирж сургууль, анги хамт олон, тэр дундаа ангийн багш Д.Цагаанмаамыгаа их баярлуулж билээ. Тэр сайхан үе санаанаас хэзээ ч гардаггүй юм” гэлээ. Мөн ангийн хөвгүүн Т.Хүрэлбаатар нь “Green Salon”-ы захирал аж. Тэрээр бүх зүйлийг тэгээс эхэлж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө амжилтад хүрч, Монголын шилдэг мастер үсчдийн нэг болсон гэж ангийн нөхөд нь бахархан ярилаа. Т.Хүрэлбаатар Кёкүшюүзан Батбаярын зодог тайлах ёслолд түүний үсийг засахаар шалгарч Японыг зорьж байжээ.

Дунд ангид ороод хөвгүүд орой болохоор ангийн хөөрхөн охидынхоо дэвтрийг гуйдаг байсан гэнэ. Хаалгыг нь тогшиж, ангийн охиноо дуудсан хүн нь хамгийн зоригтойд тооцогддог байж. Бүх хичээлийнх нь дэвтрийг аваад л харьцгаана. Ээж, аавд нь загнуулах энүүхэнд байж. Харин гэртээ ирээд дэвтрээс нь хичээлээ огтхон ч хардаггүй байснаа дурссан юм. Тэр үед утас, интернэт байхгүй учраас хайр сэтгэлээ захиагаар илэрхийлдэг байж л дээ. Энэ талаарх хөгжилтэй дурсамжийг ангийн охин У.Өлзийбаяр дурсахдаа “Манай хөвгүүд зориг гаргаад захиа өгдөг байсан ч үг, үсгийн алдаа ихтэй явуулж, охидынхоо дургүйцлийг нь хүргэчихдэг байсан шүү. Нэг удаа манай ангийн Б.Алтанбагана маань шохоорхож явдаг охиндоо захиа бичжээ. Гэтэл тэр захиа эзэндээ ч очсонгүй, замаасаа булаалгачихаж. Зүгээр ч булааж авсангүй, анги даяар захиаг нь уншчихсан юм. Харин тэр захиан дээр хайртай гэдэг үгийг хартай гэж бичсэн нь бүр ч хөгтэй юм болж, бид одоог хүртэл Б.Алтанбаганыгаа шоолдог юм” гэлээ.

Тэд хонхны баярынхаа дараа зугаалгандаа бэлдэж, нэгнийдээ очин шуудайны талаар боорцог чанажээ. Бүгд мөнгө нийлүүлж арван нэгэн ширхэг шилтэй ундаа, сироп авч их л тансаг зугаалж байсан гэнэ. Шинэ жил тэмдэглэхэд ангийн охид нь торт, молокогоор ирис хийж авчирдаг байжээ. Мөн тухайн үед ямар хувцас моодонд орж байсан тухай ангийн хөвгүүн О.Болд-Эрдэнэ “Бидний дүрэмт хувцас их л ховор, хүүхдүүд өмсдөггүй болчихсон байлаа. Гэсэн ч хонхны баяраараа манай ангийн хөвгүүд бүгд л костюм өмчихсөн байж билээ. Тухайн үед жинсэн өмд, як, гурван ямаатай, ясан ултай шаахай моодонд орж байлаа. Мөн хөвгүүд орос бакал өмсөөд, офицер цүнх үүрээд, якныхаа захыг нь босгоод явж байвал их л ганган даа ордог байлаа” гэсэн юм.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Би өсгөж хүмүүжүүлсэн аав ээж, эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээнэ

О.Жаутыковын нэрэмжит XII олон улсын олимпиадад оролцож хүрэл медаль хүртсэн Э.Баттулгыг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна. О.Жаутыковын нэрэмжит XII олимпиад өнгөрсөн хавар Казахстан улсын Алма-Ата хотод болсон. Энэхүү олимпиад математик, физик, мэдээлэл зүй гэсэн хэсэгт хуваагддаг. Э.Баттулга мэдээлэл зүйн төрөлд оролцож, 20 гаруй орны чадварлаг сурагчидтай өрсөлдөн бахархмаар амжилт гаргасан байна.

Тэрээр бага ангидаа Нийслэлийн 86 дугаар дунд сургуульд (Ирээдүй цогцолбор) сурч байсан. Харин дөрөвдүгээр ангиа төгсөөд Нийслэлийн нэгдүгээр бүрэн дунд сургуульд математикийн шалгалтад нэлээд дээгүүр байр эзэлж, тав, зургадугаар ангиа алгасч байсан гэнэ. Нийслэлийн нэгдүгээр сургуульд долдугаар ангидаа орж, онц суралцан амжилттай төгсчээ. Баттулга аав ээж, ах дүүгийн хамт амьдардаг гэнэ.

Тэрээр дунд сургуульд байхдаа математик, мэдээлэл зүйн олимпиадад тасралтгүй орж, Монголын мэдээлэл зүйн олимпиадаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Мөн нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдсан олимпиадаас мөнгөн медаль хүртэж байжээ.

Өнгөрсөн хавар ЭЕШ-аа амжилттай өгч, 721 оноогоор МУИС-ийн хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуульд суралцахаар болжээ. Тэрээр улс эх орон болон өсгөж хүмүүжүүлсэн аав, ээжийнхээ төлөө эрдэм номтой сайн хүн болж төлөвшин, их зүйлийг бүтээнэ гэж боддог. Мөн бусдад үлгэр жишээ байхуйц ухамсартай, соёлтой хүн болж, Монгол Улсынхаа сайн сайхны төлөө ирээдүйн инженерийг зөв арга барилаар ажиллуулна гэж боддог гэнэ.

“Би багаасаа математикийн хичээлдээ дуртай байсан. Долдугаар ангиас эхэлж математикийн хичээлийг илүү шимтэж үзэх болсон. Нэгдүгээр сургуулийн математикийн З.Бат-Эрдэнэ багш маань надад их зүйлийг сургаж, зааж, чиглүүлж өгсөн. Энэ үеэс л би математик, мэдээлэл зүйн чиглэлийн арга барилыг гүнзгийрүүлэх хэрэгтэйг ойлгосон юм. Аравдугаар ангид байхдаа мэдээлэл зүйн У.Даваачулуун багш дээрээ очсон. “Багш аа, та намайг чиглүүлж, их зүйл зааж өгнө үү” гэж хэлсэн. Тэгээд л Мэдээлэл зүйн бодлогуудыг бодож, сэтгэлгээ маань задарч, хөгжсөн байх. Ингээд олон улсын олимпиадад оролцож амжилт гаргасан даа” гэж ярилаа. Мөн Ч.Сугардорж, П.Баасанбат багш нар нь их зүйлийг зааж сурган, олимпиадад оролцох бэлтгэл хийлгэдэг байж.

Тэрээр чөлөөт цагаараа найз нартайгаа зугаалдаг. Мөн бусдад математик болон мэдээлэл зүйн чиглэлийн бодлогыг тайлбарлаж, зааж өгдөг гэнэ.

Хүмүүс мэдээлэл зүйн хичээлийн талаар буруу ойлголттой байдаг. Зөвхөн компьютерийн мэдлэг сайтай байх ёстой гэж ойлгодог. Мэдээлэл зүйн бодлого хүний оюун сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна, аливаа зүйлийг харах өнцөг өөрчлөгдөж, янз бүрийн арга чигийг таньж мэддэг аж.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Клод Моне

Клод Моне бол импрессионизмын эцэг. Импрессионизмыг түүний “Сэтгэгдэл. Мандах наран” гэсэн бүтээлийн нэрнээс үүдэлтэй гэж үздэг. XIX зууны сүүлээс XX зууны Францад үүссэн импрессионизм гадаад ертөнцөөс төрсөн сэтгэгдлүүдийг тусган харуулах, орчин тойрноо байгаагаар нь бичиж, зурдгаараа онцлогтой гэж урлаг судлаачид хэлдэг. Клод Монегоос өмнө хэн ч хэзээ ч ногоон навчис дээрх гэрэл сүүдрийн тоглолт, үүлсийн гайхамшигт хэлбэр, хэн нэгний зурвасхан инээмсэглэлийг дуу алдаж, гайхмаар яг тэр агшинд нь зогсоон дүрсэлж чадаагүй юм.

Зураач 1840 оны арваннэгдүгээр сарын 14-нд Клод-Адольф Моне, дуучин Луиза-Жюстин Одрегийн гэр бүлд мэндэлжээ. Төрсөн газар нь Парис. Хүүг таван настай байхад гэр бүл нь ахиу мөнгө олохоор Нормандын Гавр хотноо шилжин суурьшжээ. Тухайн үед эцэг нь хүүгээ мухлагийнх нь бизнесийг үргэлжлүүлнэ гэж бодож байсан ч Клод худалдаа сонирхсонгүй. Орон нутгийн коллежид суралцаж байхдаа шог зураг зурах хорхойтой болж. Хүү багш нараа шоглож зурсныхаа шанд таагүй байдалтай нүүр тулж байсан ч шантарсангүй. Аав, ээж нь хүүгийнхээ хүслийг хорьсонгүй, зурах дуртай нагац эгч нь хөрөнгө санхүүгээр дэмжиж байлаа. 15 насандаа тэр Гавр хотноо сайн шог зураач гэсэн алдартай болов. Алдарт зураач Эжен Будентэй танилцаагүй бол хүүгийн хувь тавилан хэрхэх байсныг таахад бэрх. Хүү шог зургаа зардаг талхны газарт энэ агуу хүнтэй уулзжээ. Зурах дуртай хөвгүүнийг харсан даруйдаа дэргэд нь ирсэн агуу зураач “Таны зураг сонирхолтой, хөнгөхөн, ухаалаг учраас би харах дуртай. Та бол их авьяастай. Төд удалгүй та шог зургаас залхана. Байгалийг зурах хэрэгтэй. Тэнгэр, тэнгис, амьтан, хүмүүс, мод… бурхан тэднийг яаж бүтээсэн яг тэр хэвээр нь, агаар, гэрэлтэй нь зурах хэрэгтэй” хэмээн хэлсэн гэдэг. Тэр үед Будений гэрэл гэгээ, нарны туяагаар амилуулсан тэнгисийн зураг Клодод таалагддаггүй байв. Залуу удаан хугацааны турш байгалийн зураг зурахаас татгалзаж байсан ч багшийнхаа ятгалгаар Гавер хотынхоо зүүн хойд хэсэгт байрлах Рюэлльд очжээ. Багштайгаа өнгөрүүлсэн тэр мөчөө Моне “Буден багш зургийн тавиураа байрлуулаад уран бүтээлээ туурвиж эхэллээ. Яг тэр агшинд би уран зураг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн. Буденд тэр үед л чин зүрхнээсээ талархсан шүү. Зураач болох суурийг минь тавьсан хүн дээ” гэж дурссан нь бий. Клодын “Рюэлль руу харсан нь” гэсэн нэртэй анхны зураг нь Будений байгалийн зурагтай тун төстэй. Түүнээс хойш олон жилийн дараа Моне багшдаа “Би жинхэнэ утгаар нь байгалийг ойлгож байна. Тэр хэрээрээ дурлан, хайрлах болов. Та бол миний байгалийг харахад тусалсан, ойлгож, мэдрэхэд чиглүүлсэн анхны багш” хэмээн бичиж байж.

Будентай танилцсанаас хойш жилийн дараа залуу Парис явж, бүх л амьдралаа уран зурагт зориулахаар шийдлээ. Буден багш нь зураач Константин Труайонд захидал бичиж явууллаа. Урлагийн хүнд Парисийн сургууль шиг сайхан нь юу байхав гэж бодмоор. Гэтэл Клод Парис дахь Францын нэртэй музейнүүдийн нэг Луврт хэдэн өдрийг өнгөрөөсний эцэст, Труайонтэй уулзан зургийн академид сурах хэрэгтэй гэсэн зөвлөгөө сонссоны дараа бодлоо өөрчилж Сюисийн академид орохоор шийдэв. Моне Сюисийн академиас гадна үзэсгэлэн их сонирхдог байв.Энэ үед танилцсан уран бүтээлчдийнх нь дунд Камил Писсаро, Эжен Делакруа, Гюстав Курбе нар байсан юм. Камил Писсаро зураачийн насан туршийн найз болсон билээ. Писсаро бүр хожим Монегийн уран бүтээлийн талаарх анхны сэтгэгдэлдээ “Моне минийхээр бол шижир алт мэт гайхалтай авьяас. Энэ бол урлагийн мастеруудаас ч том зүйл. Моне бол цэвэр байгалийг бишрэгч. Сайтар бодож, ажиллаж бүтээдэг. Мэдрэмж нь гайхмаар шинэлэг байдаг. Жинхэнэ цэцэгсийн зохицлоос бүрдсэн яруу найраг” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Писсарог бишрүүлсэн энэ үедээ Моне урлагийн сургуульд суралцахаас илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэхэд цаг заваа зориулж байв. Эцэг нь хичээлээсээ хөндийрсөн хүүдээ дургүйцэж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс татгалзлаа. Уран зурагт хайртай нагац нь л хуучин шог зургуудыг нь худалдаж мөнгө илгээж байв.

1860 оны намар Монегийн хувь тавиланд огцом эргэлт гарсан юм. Түүнийг цэргийн албанд татаж, Алжир руу илгээв. Африкийн байгаль залууд гүнзгий сэтгэгдэл төрүүлэв. “Би Алжирт хоёр жил болсон. Зогсоо зайгүй ямар нэгэн шинэ зүйлийг олж харж байсан шүү. Ой тойнд минь ямар өргөн мэдлэг өгснийг төсөөлөх ч юм биш. Тэр үед цэцэгс, гэрлээс авсан сэтгэгдлээ хожмоо буулгана гэсэн итгэл байгаагүй. Гэвч ирээдүйн бүх л эрэл хайгуулын маань гол үндэс суурь энд л тавигдсан” гэж хэлсэн байдаг. Моне цэргийн албаа хааж дуусахын өмнө өвдөж Гавер руугаа буцлаа. Удтал өвдсөн хүүдээ эцэг нь маш хатуу багшийн удирдлага дор хичээллэвэл гэсэн нөхцөлтэйгөөр сургалтын төлбөрийг нь өгч Парис руу явууллаа. Тэр садангийнхаа хүний хяналтад тухайн үед алдартай байсан зураач Шарль Глеирийн Парис дахь студид суралцаж эхэллээ. Эндээс уран бүтээлийнх нь жинхэнэ суурь эхэлсэн гэж урлаг судлаачид онцолдог. Хожмоо үүнийг нь дэлхий импрессионизм гэж нэрлэх болсон билээ. Энэ студиэс тэр үеийн алдартай олон бүтээлч төрөн гарсан байдаг. Импрессионизмын төлөөлөгчид болох Парисын захдуу хорооллын ядуу оёдолчны гэр бүлээс гаралтай Огюст Ренуар, Лерогийн сенатч виноны үйлдвэрийн эзний өв залгамжлагч Фредрик Базиль, оффисийн ажилтны гэр бүлээс гаралтай Камиль Писсаро, Гавер хотын хүнсний мухлагийн эзний хүү Клод Моне, хожмоо нэг жилийн дараа тэдэнтэй нэгдсэн Эдуард Мане нарыг юу нэгтгэж байсныг Шарль Глеирийн Парис дахь студиэс хайх хэрэгтэй. Тэдний багш Глейр уран зургийн сонгодог чиглэлийг дэмжигч байв. Парисын ойролцоох нэгэн тосгонд Моне найзуудтайгаа байхдаа багшийнхаа талаар “Хатагтай Глеир бол зургийг маш төгс төгөлдөр гаргадаг хүн. Түүний энэ чадваргүйгээр уран зурагт бид ямар нэг шинэ зүйл илэрхийлж чадахгүй. Харин байгалиас бидэнд заяасан авьяас билиг бусдыг нь бүтээнэ. Мэдээж бүхний түрүүнд нар” гэж хэлж байсан удаатай. Тэр энэ үгээ Парисын дэргэдэх эргэн тойронд нь ой мод найгасан Барбизон тосгонд хэлсэн юм. Энэ тосгон 250 хүнтэй. 100 нь Францын нийслэлд зураачийн мэргэжил эзэмшсэн улс байсан билээ.

Тэр үед Ренуарыг “Надад ийм байгаль хэрэггүй. Ниагарын хүрхрээ ч хэрэггүй. Зөвхөн хотын захын алимны модтой жижигхэн цэцэрлэг байхад л хангалттай” гэж хэлэхэд Моне “Аливаа эд зүйлсийг тус тусад нь хар найз минь. Энэ чинь хоорондоо наалдсан ой биш. Тус тусдаа модод. Тус бүрдээ өөрийн онцлогтой. Нарны гэрлийг нь хүртэл анхааралтай аж” хэмээн хэлж байжээ. Төгс бүтээлийн төлөө ажиллаж байсан Моне нарны гэрэл хүссэнээр нь харах хэмжээнд хүртэл тусахгүй л бол уран бүтээлээ хийж эхэлдэггүй байлаа.

Моне 1864 онд хэд хэдэн удаа байгальд гарч уран бүтээлээ туурвив. Эхлээд Шайи-д. Тэнд зургаа зурж байхад Базль, Ренуар, Сислей ч гэсэн бүтээлээ туурвиж байсан юм. Дараа нь боомт хот Онфлер руу явлаа. Тэндээс Парисд цуврал зургаа авчирсны дунд хоёр бүтээл нь Парисын салоны шүүгчдийн анхаарлыг татсан билээ. Ингээд 1865 онд тэр үзэсгэлэнд оролцов. Өнгөний зохицол гээд бүх л зүйлсийг гайхалтайгаар мэдэрч, зоригтойгоор илэрхийлж, үзэгчдийн анхаарлыг татаж байна гэж түүнийг үнэлж байлаа. Энэ үеэс импрессионистууд чиг урсгалаа хөгжүүлэх, боловсронгуй болгох эрэл хайгуул хийж, бүтээлүүдээ туурвиж байв. Моне тухайн үед “Та харж байгаа зүйлээ аль болох мартахыг хичээ. Мод, байшин, талбай юу ч байсан март. Харин тэр газартаа жижигхэн цэнхэр дөрвөлжин дүрс байна гээд төсөөлчих. Тэр дөрвөлжинг хүрээлсэн ягаан өнгийн дүрслэлүүд гэх мэтээр өөрт бууж байгаа сэтгэгдлээ, нүднээ тусч үлдсэн зүйлсийг дүрслэхийг хичээ” гэж байв. Тэрээр аливааг хуулж зурахаас төсөөллөөрөө туурвиж байсан юм. Нэг бүтээлийг туурвихдаа хэд хэдэн цаасан дээр зэрэг ажиллаж сарниж буй гэрлийг, цацрагийг өнгө ялгаж зурдаг байв. Хожмоо тэрээр Гельмгольц, Шеврел зэрэг физикчдийн онол дээр суурилж уран бүтээлээ туурвих болсон билээ. Өөрөөр хэлбэл, харсан өнгөө дүрслэн харуулахыг хичээж байлаа. Монегийн бүтээлийг харахаар гэрэл зөвхөн модон дээр тусаад зогсохгүй мод руу нэвт шингэж байгаа нь хүртэл мэдрэгддэг. Түүнээс хойш арван жилийн дараа 1874 оны дөрөвдүгээр сарын 24-нд Парис дахь Капуцины гудамжинд байрлах зурагчин Надарын урланд уран зураач, барималч зэрэг олон уран бүтээлчийн нэгдсэн үзэсгэлэн гаргасан билээ. Тэр үзэсгэлэнд гуч орчим зураач орсны дунд Базиль, Сислей, Ренуар, Писсаро, Дега, Мане, Сезанн, Буден болон түүний найзууд байсан юм. Моне энэ үзэсгэлэнд таван бүтээлээ танилцуулсны нэг нь “Сэтгэгдэл. Нар мандах” зураг нь байв.

1865 он. Айл өрх бүрт хийн дүнсгэр гэрэл бүртийдэг байв. Монегийн урлан дахь амьдрал нь хэвийн үргэлжилж байлаа. Залуу зураачид Батиньол гудамжинд байрлах “Гербуа” кафед цугларсан үе. Парисын салоны өндөр зэрэглэлийн шүүгчид хүртэл ирсэн энэ газар шинэ үзэл санааг хэлэлцэж, хуучинсаг үзлийг шүүмжилж байв. Тэдний дунд ирээдүйн нэрт зохиолч Эмиль Золя ч байсан юм. Гэхдээ тэр тухай үед нэр гараагүй, “Эвенман” сонины тоймчоор ажилладаг байлаа. Тэр үед уран зураачдын яриаг анхааран сонсч, Моне руу харц салгалгүй харж зогссон 17 орчим настай Камилла Донсье гэх бүсгүй жожим зураачийн эхнэр болсон юм.

Моне алдарт “Камилла (Ногоон дундах бүсгүй)” бүтээлээ 1866 онд Парисын салонд тавьж урлаг судлаачдын зүгээс өндөр үнэлгээ авсан юм. Энэ зураг олонд хүрэхэд Камилла хөл хүнд болсон байлаа. Гэрлэхгүй бол зураг нь зохих ёсоор үнэлэгдэхгүй хэмээн шүүгчид зөвлөж байв. Хүү нь зөвшөөрөлгүйгээр гэрлэсэн гэх мэдээлэл эцэгт нь хүрвэл санхүүгийн тусламж өгөхгүй гэсэн том эрсдэл байлаа. Мөнгөнд хавчигдсан зураачийг зээлдүүлэгчид нь тайван суулгахгүй зовооно. Гавер, Сент Адресс, Парис зэрэг хотууд руу зээлдэгчдээсээ зугтан амьдарсаар байлаа. Зарим үед бүр амиа егүүтгэхийг ч оролдож байсан гэдэг. Энэ бүгдийн эцэст Клод, Камила хоёрт бага ч атугай тайвшрах боломжийг хуучин анд Фредрик Базиль нь өгсөн юм. Фредрик Базиль зураачийн нэг бүтээлийг боломжийн үнээр худалдаж авсан юм. Хос залуус хуримаа сайн үе иртэл хойшлууллаа. Найзынх нь өгсөн мөнгө анхны хүүхэд төрсний эхэн саруудад хангалттай байлаа. Анхны охин Жанна 1867 онд мэндэлсэн юм. Гэр бүлийнх нь цаашдын амьдрал Клодын амжилтаас шалтгаалж байв. Аз болоход тухайн үед Монегийн бүтээлийг бишрэн шүтэгчид гарч ирлээ. Тэдний зарим нь баян чинээлэг эрхмүүд байсан юм. Чинээлэг шүтэн бишрэгчдийн нэг нь худалдаачин Годибер. Тэр хэд хэдэн бүтээлийг нь худалдаж аваад зогссонгүй, Парис хотоос баруун хойд хэсэгт хэдэн км-ийн зайд байрлах Сена мөрний эргийн ойролцоо байрлах тосгон Сен-Мишель де Бужеваль тосгонд байшин худалдан авч өгчээ. Энд тэр Ренуартэй хамтран “Усан доорх газар”, “Мэлхий нэртэй бяцхан зоогийн газар”-ын талаар цуврал бүтээл туурвисан юм. Моне энэ үед санхүүгийн асуудлаа шийдэж, урт хугацаанд хүлээсэн хуримаа хийлээ.

Залуу хос Нормандын Трувиль хотод шилжин суурьшив. Гэвч хэдэн долоо хоногийн дараа Франц Пруссийн дайн эхэлсэн учраас импрессионист бүлгийн клубүүд түр хугацаагаар хаагдсан юм. Монегийн сайн анд Фредрик Базиль эзэн хаанаа хамгаалах дайнд мордож удалгүй амиа алдав. Зураачид Францаас дүрвэхийг илүүд үзлээ. Моне Камилаг хүүхдийнхээ хамт сайн найзындаа үлдээгээд Лондон явав. Учир нь Монегийн гэр бүлийнхэн эхнэрт нь таагүй ханддаг байсан юм. 1870-1871 оны өвөл тэр зууны хувьд хамгийн хүйтэн жил байлаа. Лондон тэр аяараа чийг утаа мананд автсан байв. Темза, Грин-парк, Гайд-парк бүхэлдээ 24 цагийн турш чийг мананд уусна. Гэвч Монегийн хувьд энэ гайхалтай үзэгдэл байсан юм. Тэрээр өнгө гэрлийн хослолыг тэр л үед олж харсан билээ. Энэ талаараа Рене Жимпельд “Лондон Английн тосгоноос илүүтэй надад таалагдаж байна. Үнэн шүү, би Лондонд дурлаж байна. Яг л ансамбль мэт, гэсэн хэрнээ гайхалтай энгийн. Тэр дундаа Лондонг хучсан манан онцгой таалагдаж байна. Лондонгийн өвөлд би дуртай. Зун бол энд цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн хот сайхан харагддаг л даа. Гэвч Лондонгийн манантай өвөл үүнтэй харьцуулшгүй сайхан. Лондон манангүйсэн бол тийм сайхан харагдахгүй. Манан энэ хотыг гайхалтай харагдуулах юм. Лондонгийн нууцлагдмал энэ бүрхүүл нэг өнгийн, барилга байшингууд нь аварга байгууламж мэт сүртэй харагдахыг яана” хэмээн бичиж байжээ.

Британийн нийслэлд тэр Писсаро, Добиньи хоёртой дотносож, Францын зураач Поль Дюран-Рюэльтэй танилцсан юм. Энэ уулзалт хувь тавилан байв. Импрессионистууд чин үнэнчээр, хэн хэндээ ашигтайгаар нөхөрлөжээ. Дюран-Рюэль тэдний уран бүтээлийг Франц зураачдын нийгэмлэгээс гаргадаг бүх л үзэсгэлэнд тавьж байлаа. Мөн 1870 онд Клодоос хэд хэдэн бүтээлийг нь худалдаж авав. Санхүү нь сайжирсан зураачийнх Аржант хэмээх үзэсгэлэнт газарт нүүж очлоо.

Дараахан нь импрессионистуудын үзэсгэлэнд олон нийт шүүмжлэлтэй хандах үед дахин мөнгөгүйдэж, зээл авахаас аргагүйд хүрч, хүндээр өвдсөн Камила болон хоёр хүүгээ Аржант хотоос Ветей хотод аваачин дөрвөн хүүхэдтэй айлд байлгажээ. Гэвч хувь тавилан бэлгээ дахин задалж урлагийн бүтээл цуглуулагч Жорж Шарпантьегийн эзэмшлийн “Ви Модерн” буюу “Орчин үеийн амьдрал” сэтгүүлийн байранд гаргасан Монегийн 18 бүтээл олны анхаарлыг татсан билээ. Хэвлэлийнхэн шуугьж, бүтээлүүд нь бүгд зарагдлаа. Зураачийн амьдрал дээшилж эхлэв. Монегийн амьдралын идэвхтэй үе ингэж эхэлсэн юм. Дараа жил нь тэр Пети галлерейд 145 бүтээлээ толилууллаа. Алдрын оргилд нэртэй зураач болсон түүнийг шинжлэх ухаан, урлагийг ивээн тэтгэгчид хүрээлж эхлэв. Зөвхөн Дюран-Рюэлиэс олсон орлого нь гэхэд л 1882 онд 20 мянган франкад хүрч байж.

Моне 1886 онд Нью Йорк хотноо бүтээлээ толилуулж дэлхий дахинаа алдаршсан зураач болов. Америкчууд хувийнхаа үзмэрт зөвхөн Монегийн бүтээлийг тавихыг илүүд үзэж байлаа. 1887 онд зураачийн нийт орлого 44 мянган франк, 1891 онд 100 мянган франк, хожмоо бүр хоёр дахин нэмэгдсэн юм. Өр зээл, уналт ядуурал ард үлдэв. Дьеппе, Пурвил, Этрет, Фекан зэрэг дуртай газраа бүтээлээ туурвиж, Антиб, Итали, Швейцарь, Голланд, Норвеги зэрэг дэлхийн өнцөг булан бүрт аялж байв. Мөн Живернн хот дахь хувийн цэцэрлэгтээ уран бүтээлээ туурвидаг байлаа. Эхнэрээ өвчнөөр алдсан Моне Гошедегийн бэлэвсэн эхнэр Алистай гэрлэж аз жаргалтай амьдарсан юм.

Импрессионист чиглэлийн хандлага аажмаар буурч 1883 онд гарсан үзэсгэлэн нь амжилт олсонгүй. 1886 онд гаргасан үзэсгэлэнд пуантилизм урсгалын төлөөлөл болох Жорж Сер, Поль Синьяк нарын бүтээлүүд олны анхаарлыг татаж эхлэв. Моне аль хэдийнэ сонирхол татахаа больсон байлаа. Тэр энэ цагаас олон нийтийн өмнө гарахаасаа илүү хувийн амьдралдаа анхаарах болов. Моне 1892 онд “Бухал” гэдэг цуврал бүтээлээ туурвисан байна. Тэрээр энэ цуврал бүтээлдээ цаг агаар хоногийн дотор хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулсан байдаг. Дараа нь ”Улиангар” хэмээх цуврал бүтээлээ туурвиж, Руаны цогчин дуганыг гэрлийн хугарлаар хэрхэн өөрчлөгдөж байгаагаар нь 50 янзаар зурав.

Тэр үргэлж “Цэцэрлэг. Энэ бол миний бүтээлийн хамгийн сайхан хэсэг” хэмээн хэлдэг байв. Монегийн уран бүтээлийн гол тулгуур нь нарны гэрэл байсан юм. Нас дээр гарсан хойноо тэр уран зургийн шинэ хэлбэрээ цэцгээр илэрхийлжээ. Импрессионизмын эцэг 1926 оны арванхоёрдугаар сарын 5-нд таалал төгсчээ.


Categories
мэдээ цаг-үе

Х.Болорчулуун: Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийнхээ халаасыг тэмтэрч болохгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-УИХ-аар төсөвт тодотгол хийх асуудал яригдаж байна. Төсвийн тодотголын хүрээнд найман татварыг нэмэхээр Засгийн газар санал оруулж ирсэн. Татварын нэмэгдэл дээр ямар байр суурьтай байгаа вэ. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэж байна?

-МАН сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөртөө ямар нэгэн татварыг нэмэхгүй гэж тусган тэр хүрээндээ татвар нэмэхгүй хэмээн ард түмэндээ амласан. Татвар нэмнэ гэдэг чинь ачааны хүндийг ард түмэн үүрнэ гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ. Монголын нийт хүн амын 80 орчим хувь нь өр, зээлтэй өндийх завгүй хөдөлмөрлөж байна. Аж ахуйн нэгжүүд нь шат дараалан хаалгаа барьж, орлогогүй боллоо. Гэтэл үүн дээр нэмээд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэдэг бол байж болшгүй зүйл. Нийгмийн даатгалын шимтгэлээс авч буй 10 хувь хангалттай байхгүй юу. Хэрэв Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмчихвэл аж ахуйн нэгжүүд үүдээ барих нөхцөл улам нэмэгдэж, цалингаа бууруулахаас эхлээд эдийн засгийн далд байдал нэмэгдэнэ. Өмнө нь яг л ийм байсан. Тиймээс нийгмийн даатгалын шимтгэлийг 10 хувь болгож байсан юм. Ер нь 10 хувь гэдэг бол дан ганц Монгол Улсад мөрдөөд байгаа зүйл биш. Олон улсын жишиг ч ийм л байна. Тийм болохоор нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэдэг чинь маш буруу.

-Мөн тэтгэмжийн асуудал дээр иргэд маш их анхаарал хандуулж байна…

-Үнэхээр тэтгэмжийн тал дээр иргэд анхаарал хандуулж байгаа нь үнэн. Эдийн засаг хүнд байгаа үед анхаарахаас өөр арга байхгүй. Оюутны 70200 төгрөгийг гэхэд хавтгайруулан олгож ирсэн. Миний хувьд бүх оюутан гэж хавтгайруулалгүйгээр сурлагын голч дүн нь 70200 төгрөгийг авах шаардлагад тэнцсэн оюутнуудад олгох нь зөв гэж бодож байгаа. Төрийн албанд насаараа зүтгэсэн багш, эмч тэргүүтэй албан хаагчдад нэг удаадаа олгодог 36 сарын тэтгэмжийг 1-12 сарын цалингийн дунджаар олгоно гэж байна. Үүнийг дэмжих боломжгүй. Мөн цалин бууруулна гэх юм. Эдийн засаг хүнд үед цалин бууруулдаг ямар ухаан байна аа. Өнөөдөр зөвхөн цалингаараа амьдарч байгаа маш олон өрх бий. Тэр хүмүүсийн цалин буурчихвал өр зээлээ яаж төлөх вэ гэдэг байдал үүснэ. Засгийн газар хэмнэнэ, бууруулна, танана гэсэн өнгө төрх бүхий төсвийн тодотгол орж ирсэн.

Эдийн засгийн хямралтай үед бүсээ чангалах нь зөв. Гэхдээ яаж ч бүсээ чангалсан ард түмнийхээ халаас руу гараа шургуулна гэдэг байж болшгүй зүйл. Засгийн газар гарын дор гэж амарчилж иргэдийн халаасыг тэмтэрч болохгүй. Цалин тэтгэвэр, тэтгэмжийг бууруулна, хасна гэж байгаа чинь төдийлөн их хэмнэлт дагуулахгүй. Таван тэрбум орчим төгрөгт л хэлбэлзэж байна.

Харин цаашид олж болох орлого байгалийн баялгийн татваруудыг нэмэгдүүлэх ёстой. Энэ тал дээр бид алдаатай бодлого явуулж ирсэн. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нэртэй байгаа бүхнээ туугаад явуулсан. Алт, зэс зэрэг цөөхөн түүхий эдээс л хувь хүртдэг. Хуучин алтны татвар чинь өсөн нэмэгдэхтэйгээ нийлээд 10 хувь байлаа. Үүнийг лоббидож байгаад 2.5 хувь болгосон. Үүнийг эргээд нэмэгдүүлж байгаа нь зөв гэж үзэж байна. Богд хаант Монгол Улсын үед алтнаас 17 хувийн татвар авч байсан. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд алтны ордоо нэг хүн нөгөөдөө ашиглуулахдаа 20-30 хувийг нь авдаг. Монголын төр хувь хүнээс дор байж болохгүй л байхгүй юу.

-Олон улсын зах зээл дээр байгалийн баялгийн үнэ уначихсан байхад хэчнээн татвар нэмээд ч төсөвт нэмэр байгаа юм уу?

-Байгалийн баялгийн тал дээрээ манай улс нүүрс, зэснээс нэлээд хамааралтай. Одоо нүүрсний үнэ эргээд өсөх байх. Австралид үер болсон гэхчилэн асуудлуудаас болж нүүрсний үнэ олон улсын зах зээлд нэмэгдэх боломжтой болчихлоо. Манай орны хувьд Оюу толгойгоос маш бага татвар авдаг. “Эрдэнэт” үйлдвэрээс ч бага татвар авдаг л даа. Оюу толгойн хувьд “Эрдэнэт”-ээс их борлуулалт хийж байж түүнээс бага татвар авч байна. Харин олон улсын зах зээлд алтны үнэ буураагүй. Бусад түүхий эдийг бодоход харьцангуй тогтвортой байгаа.

-Засгийн газраас төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулахаар төсвийн тодотголд оруулж ирсэн. Тиймээс дундаж орлоготой иргэдэд хүндрэл учруулахгүй гээд байна. Татвар нэмнэ гэдэг сургаар дэлгүүрүүд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хэдийнэ нэмчихсэн байна?

-Бусад улс орнуудад тансаг хэрэглээний татвар гэж байдаг. Моторын багтаамж томтой, жийп машин унадаг хүмүүсээс татвар нэмж авах нь зөв. Мөн 150 метр квадратаас дээш орон сууцнаас авах татварын хэмжээг нэмэгдүүлэхээр оруулж ирлээ. Өнөөдрийн нөхцөлд үүнийг хэрэгжүүлээд явах нь тийм ч тохиромжтой биш. Монгол Улсын хэмжээнд эзнээ олоогүй маш олон барилга байна. Тэр байрнууд чинь нэг компанийн нэр дээр явж байгаа болохоор татварыг нэмэх нь буруу.

-Монголбанк бодлогынхоо хүүг 15 хувь болгон нэмэгдүүллээ. Энэ нөхцөлд Сангийн яам зөөлөн бодлого явуулах хэрэгтэй гэж байгаа ч эсрэгээрээ хатуу бодлого явуулж байна гэх юм. Таны байр суурь ямар байна вэ?

-Монголбанк бодлогын хүүгээ нэмдэг нь туйлын буруу зүйл болсон. Манай орон шиг ингэж өсгөдөг улс гэж бараг байдаггүй байх. Манайхан бодлогын хүүг өсгөснөөрөө ам.долларыг хазаарлана гэж ярьж байгаа юм. Бодлогын хүү нь 15 хувьд хүрчихээр арилжааны банкуудын зээлийн хүү 4-5 функтээр нэмэгдэнэ.

Ийм өндөр хүүтэй зээлийг аж ахуйн нэгжүүд авах уу. Авлаа гэхэд тэндээсээ яаж ашиг гаргах вэ. Үйл ажиллагаа явуулна гэдэг итгэл тэнд бараг байхгүй. Ачаа нь дахиад л ард түмний нуруун дээр ирнэ.

Зээлийн хүү өндөр байх тусам инфляци тогтдоггүй. Өндөр хүүтэй зээл аваад үйл ажиллагаа явуулахаар яаж инфляци тогтох юм бэ. Энэ нь өөрөө аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд маш хортой. Монголбанк ингэж бодлогын хүүгээ 15 хувь болгон өсгөсөн нь буруу зүйл болсон.

-Онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гээд байгаа. Үүнд архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн гээд орж байна л даа?

-Онцгой албан татвар гэдэгт архи, тамхи, нефтийн бүтээгдэхүүн ороод явж байна. Хуучин зах зээлийн үнээр татвар авдаг байсан зүйлийг автоматаар лоббидож байгаад ам.долларын ханшийг 1450 төгрөгөөр тооцуулан авахаар хууль баталсан байхгүй юу. Энэ бол байж болохгүй л дээ. Адилхан л зах зээлийнхээ зарчмаар явах ёстой. Тухайн өдөр ам.долларын ханш хэд байна, түүгээр нь л бодох шаардлагатай.

-Засгийн газар татвар нэмэх асуудлыг оруулж ирснээрээ иргэд болон аж ахуйн нэгжүүдийг шоконд оруулсан гэхэд болно. Таны хэлсэнчлэн гарын дор амарчилж татвар нэмэхээс өөр эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх зүйл алга уу?

-Гарын дор амраар нь ард иргэдийнхээ халаас руу төр гараа шургуулж болохгүй гэдгийг дахин хэлье. Тухайлбал, нефтиэс гэхэд Монгол Улс бүтээгдэхүүн хуваах гэрээгээр 20 гаруй хувь хүртдэг. Гэтэл дэлхийн бүхий л орнууд 40-70 хувийг нь бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хүртэж байгаа. Монгол Улс яахаараа дэлхийд байхгүй ийм багаар тооцдог юм бэ. Үүнийг өөрчлөх ёстой. Байгалийн нөөц ашигласны төлбөр төлдөггүй талбай байдаг. Тэндээсээ татвар авах ёстой шүү дээ.

Бидэнд нөөц боломж бий. Манайхан гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалж байгаа нэртэй муу гэрээ хийж, тэднийг хамгаалдаг хүмүүс Их хуралд байдаг. Ихэнх нь саяын сонгуулиар цэвэрлэгдсэн ч одоогийн парламентад болон МАН-д тийм хүмүүс байгаа. Наанаа шударга зүйл ярьчихаад цаагуураа буруу зүйл хийгээд явдаг, муу гэрээг хамгаалдаг хүмүүс бий. Эд нар чинь цаагуураа юманд өртчихсөн хүмүүс байхгүй юу. Монголчууд зөвхөн хусмыг нь аваад байлгүй байгалиа зөв ашиглаад явахад эдийн засагт өөрчлөлт гарна.

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна (III)

320 хүүхдийн сургуулийн шинэ байр

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №200 (5465), 201 (5466) дугаарт

Өнөө жил Бат-Өлзий сумын нутаг ой хөвчид боргоцой их ургажээ. Атгасан гар шиг том том боргоцой байгаа гэнэ. Бороо их орсон жилийн боргоцой том, амт шимтийн хувьд ярилтгүй сайхан байдаг гэж нутгийнхан ярьж байна. Өнгөрсөн жилийнх шигээ самар хураалтын ажилд сумаараа явах байх гэсэн хүмүүс Бат-Өлзийгөөр дүүрэн байгаа харагдлаа. Тиймдээ ч Засаг даргын Тамгын газраас анхааруулга бичиг наасан байна лээ. Анхааруулгад “Самар түүх хориг тавигдаагүй байна. Гадны хүмүүс ирж самар түүх гэвэл Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байцаагч болоод нөхөрлөлийн гишүүдэд яаралтай мэдэгдэнэ үү” гэжээ. Бат-Өлзий сумын иргэд “Байгаль орчны сайд Д.Оюунхорол үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрөл хурдхан олгоосой билээ” гэж ярих. Ууланд явах багаж хэрэгсэл, майхан, өмсөх хувцас, модон муна, хийх шуудайгаа бэлдэж, машин тэргээ хүртэл засч янзалж байна. Нөхөрлөлүүд цайруулсан самраа хураах байшин саваа султгаж бэлтгэжээ. Бүр гэрийн мод хийж зах зээлд борлуулдаг нөхөрлөлийн гишүүд ажлаа зогсоож самар түүхээр ярилцаад байгаа аж. Ингэж л намрын самар хураалтын ажлаа эхлүүлэхээр сум даяараа тэсч яадан хүлээж байна.

Сумынхан өөрсдөөсамар түүдэг болсноор байгалиа хамгаалж чадаж байгаа

Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Баттулгатай сүүлийн үед сум орон нутагт хийгдэж байгаа томоохон ажлууд болон боргоцой хураалтын ажлын талаар ярилцлаа.

-Самар түүх ажлыг энэ жил дахин хийх үү?

-Өнгөрсөн жил бид самар түүх ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан. Хэн хэндээ ашигтай ажиллаж иргэд ч гар дээрээ бэлэн мөнгөтэй болж, нөхөрлөлүүд мөнгөн хуримтлалтай болж, цаашид хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн жилийн хураасан самрыг худалдаж авсан компаниуд ч бүрэн гүйцэд боловсорсон, эрүүл ахуйн шаардлага хангасан самар нийслэлийн иргэдэд худалдан борлуулж байна. Энэ бүгдээс гадна манай сумын Засаг даргын Тамгын газар, ИХТ хамт олон зөв зохистой санааг дэмжиж, амжилттай хэрэгжүүлж чадсан. Үүнийхээ үр шимээр 820 сая төгрөгтэй болж чадсан. Хүүхдийн цэцэрлэг баригдаад дуусах шатандаа орж байна. Мөн Бат-Өлзий сумын байгаль орчин хүний буруутай үйлдлээс болж хогондоо дарагдах, ургаа мод хугарах, ойд гал түймэр гарах хэцүү нөхцөл байдлыг бүрэн зогсоож чадсан. Өмнө нь самар түүхээр ирсэн гадны иргэд энд тэндгүй хог тариад явдаг байлаа. Тэдний отоглож байсан газар хүн харахын аргагүй болно. Мод хугалж, байгаль сүйтгээд мөнгө олж болох юм болгоныг аваад явна. Үүнийг бид бүрэн зогсоож чадсан. Нутгийн иргэд нутагтаа хар буруу санаж, харгис хандана гэж байхгүй. Өнгөрсөн жил самар хураах ажил хийгдэж байхад Засаг даргын Тамгын газар хяналт тавьж ажилласан. Хэний отоглож байгаа газар хог тарьсан байна. Цайруулсан самрын хогийг хаана хаясан байна. Мод хугалж байна уу. Мод руу авирч самар түүж байна уу гээд л хяналт шалгалт байнга хийсэн. Зөрчил, дутагдал мэдээж гарсан. Газар дээр нь хариуцлага тооцож, тарьсан хогийг нь түүлгэчихэж байгаа юм. Гадны иргэд ирээд самар түүгээд явдаг. Тэд гал алдаад ой шатдаг. Сумаараа ойд гарсан галыг унтраах гээд хүн хүч, хөрөнгө мөнгө гээд л олон асуудал гардаг юм. Энэ жил бид Байгаль орчны яаманд есдүгээр сарын 15 буюу хуулийн хугацаанаас сарын өмнө самар түүх зөвшөөрөл хүссэн байгаа. Нарны тусгал байнга тусдаг газрын самар болц нь гүйцсэн байна лээ. Одоо зөвхөн сайдын шийдвэрийг хүлээж байна. Тэгвэл өнгөрсөн жил хэрхэн ажиллаж байсан туршлага дээрээ нэмж бүр боловсронгуй болгосон шийдлээр ажиллахаар төлөвлөөд байна. Хамгийн гол нь түүж байгаа иргэд түүлгэж байгаа бид хариуцлагатай байх нь нэн чухал асуудал.

Улаан” багийн төв дээр баригдсан 30 хүүхдийн гэр цэцэрлэг

-Энэ жил самар түүж олсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоогоор яг тэгнэ, тийм зүйлд зарцуулна гэсэн зүйл алга. Ямар ч байсан самраа хураах дээр анхаарлаа хандуулж байна даа. Үүнийхээ дараа л шийднэ. Манай суманд Ерөнхий боловсролын сургуулийнхаас өөр спорт заал байхгүй. Тэгэхээр сайхан спорт заалтай болох юмсан гэсэн хүсэл нутгийн залууст байна. Залуус спортоор хичээллэж, цагийг зөв зохистой өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал. Энэ талаар бид ярилцаж байгаа. Ирэх аравдугаар сард цэцэрлэг маань ашиглалтад орно. Байгалийн дагалдах баялгийг зөв зохистой ашиглаж,танай сумынхан шиг улсад хэрэгтэй зүйл хийсэн сум Монгол Улсад байхгүй гээд л ирсэн хүн болгон сайшааж байна. Сум орон нутгаа яаж хөгжүүлэх вэ гэж хүн бүр бодож байна. Улсын төсвөөс асуудлыг бүрэн шийдэж өгнө гэж байхгүй. Нэг жил цэцэрлэг барьсан бол дараа жил нь суманд нэн хэрэгтэй байгаа зүйлсийг шийдэж өгөөд явна. Тэгэхээр яах ёстой вэ. Сумынхан өөрт байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэж л сумаа хөгжүүлж, иргэд сумандаа сайхан амьдарна гэж боддог.

-Танай сумын хувьд сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа нь харагдаж байна. Суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярихгүй юу?

-Манай сум арван жилийн өмнө гурван мянган хүн амтай жижиг сум байлаа. Одоо арван мянга хол давсан хүн амтай сум болчихлоо. Уул уурхай, ашигт малтмал гээд байх зүйлгүй газар. Нутгийнхан байгалиа түшиглэж амьдарна. Бат-Өлзий сум гэрийн мод хийж худалдаалдаг олон аж ахуйн нэгжтэй. Монгол Улсын гэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангаж байна гэсэн тооцоо гарсан. Мөн 25 мянган сарлагтай.Сарлагаа өсгөж, сүү цагаан идээ боловсруулж амьдралаа залгуулж байна. Мөн манай сум аялал жуулчлалын бүс нутаг. Улаанцутгалан, Төвхөн хийд, галт уулын тогоонууд болох Тогоо хад, Үүртийн тохой, Хүйсийн шанага нуур гээд үзэж харах зүйл ихтэй. Иймд зундаа гадаад, дотоодын аялагчдад үйлчилдэг айл өрх олон бий. Бат-Өлзий сумын төвд айлууд хашаа хороо, байшингаа засч янзалж өнгө үзэмжтэй хоёр давхар байшинд амьдардаг болоод байна. Дэлгүүр худалдааны төв гэхэд 60 гаруй байгаа. Жил бүр “Сарлагийн фестиваль” зохион байгуулж, өвөлдөө Улаан цутгалангийн хөлдсөн мөсөн дээр улсын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээн хийж байна. Суманд улсын төсвөөр Эрүүл мэндийн төв барьсан. Хуучин эмнэлгээ засч янзлаад ахмадын өргөө байгуулаад байна. Ахмадын өргөөнд өндөр настай иргэд сувилуулж, чөлөөт цагаа шатар тоглох зэргээр өнгөрөөж байна. Мөн нэг өрөөг нь архинаас гаргах эмчилгээ хийлгэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болгосон. Сургуулийн өргөтгөлийн 320 хүүхдийн шинэ барилга ашиглалтад оруулсан. Цэцэрлэгийн 75 хүүхдийн өргөтгөл хийсэн, сумын төвөөр сайжруулсан зам тавьж, гэрэлтүүлэгтэй болсон гээд бүтээн байгуулалт, хөгжлийн талаар олон зүйл хэлж болохоор байна. Нэг үеэ бодвол Бат-Өлзий сум хөгжиж байна. Сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бид бүрэн гаргасан. Энэ дагуу хийгдэх олон ажил биднийг хүлээж байна даа гэв.

ГЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Бат-Өлзий сумын “Улаан” багийн төвд 30 хүүхдийн гэр цэцэрлэг өнгөрсөн сард ашиглалтад оруулжээ. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер У.Долгормаа гэр цэцэрлэг барих ажлыг анх санаачилж, гадаадын иргэдийн хөрөнгө оруулалтаар барьсан гэнэ. Анх аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байхдаа таньж мэддэг хүмүүстээ “Улаан” багийн төв дээр цэцэрлэг байгуулах шаардлагатай байгаа талаар хэлдэг байсан аж. Түүний энэ санааг “Ди Эн Ди” компанийн захирал н.Соёлмаа дэмжиж, гадаадын иргэдтэй холбож өгчээ. Ингээд Франц улсын иргэн Алион гэх эрэгтэй мэдээллийн сайт байгуулж, түүгээрээ Бат-Өлзий сумын “Улаан” багт цэцэрлэг барих хөрөнгө мөнгийг босгожээ. Ингээд таван ханатай хоёр гэрийн дунд жижигхэн байшин барьж холбоод 30 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. Халбага, сэрээнээс эхлээд унтах ор, тоглох тоглоом, багш нарын гарын авлага гээд бүхий л зүйлсийг гадаадын иргэд бэлдэж өгчээ. Ийнхүү олон жил ярьсан гэр цэцэрлэг бага сургуулийнхаа дэргэд ашиглалтад оржээ.

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТӨВ ТЭЛДЭГГҮЙ ШАЛТГААН

Бат-Өлзий сум хэдэн уулын дунд орших аж. Хавтгай жижиг дэвсэг дээр чихэлдэж багширсан байдалтай харагдах юм. Улаанбаатар хот шиг л хүн амын нягтаршил их ажээ. Яагаад тэлдэггүй шалтгаан нь дараахь учиртай гэнэ. Баруун талдаа том уултай болохоор тийшээ тэлэх боломж байхгүй. Зүүн тийшээ сунгаж барих гэхээр битүү намагтай. Хашаа барих ямар ч боломж байхгүй. Харин Могойн голоос хойш улаан эрэг дагаад доод үзүүр хүртэл тавиу сайхан газартай. Даанч тусгай хамгаалалтын бүсэд орчихсон болохоор ашиглах боломж байхгүй гэнэ. Газар байхгүйн зовлон Бат-Өлзий сумын төвийг тэлэх боломжийг хаажээ. Тиймээс Бат-Өлзий сумынхан хурдан морь уралдуулдаг хэсэгхэн тал газартаа сумаа тэлэх хүсэлтэй байгаа аж. Ингэхийн тулд тэр газрыг тусгай хамгаалалтаас гаргах ёстой юм байна. Энэ асуудлыг шийдэж өгнө гэж тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болгон амладаг боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын зах зээлд сойх шинэ төрлийн ноолууран бүтээгдэхүүнүүд мэндэлжээ

Хэсэг судлаач, эрдэмтдийн БНСУ-ын зах зээлд гаргахаар “онилсон” шинэ монгол брэндтэй танилц. Энэхүү шинэ брэнд нь ШУТИС-ийн хэсэг эрдэмтэд, үйлдвэрлэгчдийн хамтран бүтээсэн “Хагас нарийн ээрэх системээр” үйлдвэрлэсэн ноолууран утсаар сүлжсэн цамц, хувцаснууд байх юм. Шинэ брэнд нь уламжлалт ноолууран цамцыг бодвол маш нимгэн, зөөлөн, хөнгөн эд байна лээ.

Монгол ямааны ноолуурын урт, уян чанарт үндэслэн боловсруулсан ээрэх шинэ аргаар гаргаж авсан утас гэнэ шүү. 2015 онд “Шинэ бүтээлийн патент” авсан энэ бүтээл мөн “Шинжлэх ухааны 2015 оны шилдэг бүтээл”-ээр шалгарчээ. Энэ ээрмэл утсаар хөнгөн, нимгэн, бүрзийлт багатай, уян хатан сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Нэхмэл судлалын салбарын профессор, доктор Д.Энхтуяа, ахлах багш, доктор Р.Бадмаанямбуу, ноолуур боловсруулах “Санширо” компанийн захирал, доктор Р.Борхүү, инженер Ч.Жаргал нарын хамтын хүчин чармайлтаар бүтсэн энэ шинэ бүтээлд арваад жилийн хөдөлмөр шингэсэн гэнэ. Энэ бүтээлээр мөн докторын ажил ч хамгаалсан аж.

“100 хувь цэвэр ноолууран инновацийн бүтээгдэхүүн нь уламжлалт ноолууран сүлжмэлээс 3-4 дахин хөнгөн” гэж Д.Энхтуяа доктор тодорхойлсон. Уг технологи нь экспортын ноолууран шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг нээж байгаагаараа улсын эдийн засагт ач холбогдолтой. Шинэ төрлийн ноолууран цамц маш нимгэн харагдаж байсан учраас эдэлгээ даах эсэхийг нь сонирхлоо. Бас угааж цэвэрлэсний дараа хэлбэр нь өөрчлөгдөх болов уу?

“Бүтээгдэхүүний хэлбэрээ хадгалах чадвар өндөр гарсан. Эрсдэл бага, гэхдээ үнэтэй зүйлийг хэрэглэх, арчлах соёл чухал. Ноолуур бол өдөр тутмын хувцас биш шүү дээ” гэж Д.Энхтуяа хариулав.

“Бид шууд бие дээрээ өмсөх бүтээгдэхүүн хийж байгаа. Манайхны хийгээд байгаа ноолууран цамцыг гадуур сүлжмэл гэж нэрлэдэг. Биен дээр нэг хувцас өмсөөд гадуур нь өмсөнө гэсэн үг гэлээ. Дотуур сүлжмэл гэдэг нь шууд биен дээрээ өмсөхийг хэлдэг аж. Ноос ноолууран хувцас нь хөлс ялгарахад чийгийг хурдан шингээдэг давуу талтай. Чийг шингээж байгаа мөртлөө дулаан ялгаруулдаг шидтэй хэмээн тэр тайлбарлав. “Хүүхдийг дулаан байлгана гээд байцаа шиг олон хувцас давхарлачихдаг. Тэднийг эрүүл, дулаан байлгах үүднээс хүүхдүүдэд зориулсан ноолууран хувцас урлах санаа бий. Монгол хүүхдүүд урьд цагт нэхий өлгийд бойждог байсан. Шээсэн ч хайрахгүй, чийгийг нь шингээгээд дулаан байлгадаг онцлогтой. Монголчууд бөөрний өвчингүй, эрүүл байхад монгол гутал, нэхий дээл хувцас нөлөөлсөн хэмээн судлаач хуучлав. Тэрбээр өндөр зэрэглэлийн худалдан авагчдад зориулсан ноолууран унтлагын хувцас хийхийг ч мөрөөдөж байна. Шүдлэн, борлонгийн ноолуураар хийвэл бүр ч зөөлөн болно. Үүнийг хийж чадвал экспортоо нэмэгдүүлэх боломжтой гэлээ.

“Өнөөдөр монгол ямааны ноолуурын 15-20 хувьд нь эцсийн бүтээгдэхүүн хийж байна. Цаашдаа ийм төрлийн утас хийдэг ээрмэлийн үйлдвэрүүд орж ирэх ёстой” гэлээ. Өмнө нь бид герман, франц судлаачидтай хамтарсан судалгааны дүнд монгол ямааны ноолуураар, ямар ч хольцгүйгээр 100 хүртэл номерын ээрмэл үйлдвэрлэх, түүгээрээ 1500-3000 еврогийн үнэтэй дээд зэрэглэлийн костюм хийх боломжтойг тогтоосон. Энэ бол монгол ноолуурын давуу чанар, гэвч манайд тэр технологи нь хараахан орж ирээгүй байна. Цаашид боломжтой болно гэж Д.Энхтуяа доктор сонирхуулсан.

Солонгосчууд болон орос, хятадуудыг ноолууран бүтээгдэхүүний шинэ хэрэглэгчид гэж үздэг байна. Маш өсч буй зах зээл. Ноолууран бүтээгдэхүүний уламжлалт хэрэглэгчид нь европ, япончууд шүү дээ гэв.

Д.Энхтуяа доктор ярихдаа “48/2 номерын утсаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компани Монголд бий. Гэхдээ 70 хувийн ноолуур, 30 хувийн торгоны хольцтой байдаг.

Харин тэд утсаа өөрсдөө үйлдвэрлэхгүй гадаадаас авдаг юм. Бид бол 48-68 номерын утсыг Монголдоо “Санширо” компанид хийж байгаа. 100 хувь монгол ямааны ноолуураар хийж байгаагаараа онцлогтой гэлээ. Солонгосын дизайнеруудтай хамтарч бүтээгдэхүүнийхээ дизайныг хөгжүүлж байгаа гэнэ. Тэдний шинэ бүтээгдэхүүнийг япон, солонгосчууд сонирхож байгаа. Хятадууд ч ирж үйлдвэрээс нь дээж авсан гэлээ. Илүү хөдөлмөр зарцуулдаг учраас шинэ брэнд нь зах зээлд нэлээд үнэтэй борлуулагдах аж.

Монгол ямааны ноолуураар хольцгүйгээр бүтээгдэхүүн хийх боломжтой. Хятадын судлаачид энэ чиглэлээр ажиллаж байгаа. Цэвэр ноолуураар дотуур сүлжмэл хийнэ гэдэг бол жинхэнэ инновацийн ажил гэж тэд хэлсэн.

Тэд яг цэвэр ноолуураар хийхгүй, торгоны хольцтой бүтээгдэхүүн хийж байгаа хэмээн судлаач ярилаа.

-Ч.АЛТАНЦЭЦЭГ: БРЭНД ЖИЖИГ ЗҮЙЛЭЭС ЭХЭЛДЭГ-

БНСУ-ын зах зээлд гаргах шинэ монгол брэнд бүтээх хамтарсан судлаачдын багийн гишүүн, СУИС-ийн дэд захирал, шинжлэх ухааны доктор Ч.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Таныг олон улсын зах зээлд брэнд гаргах, монгол бүтээгдэхүүний загварыг сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа гэж сонслоо. Брэнд юунаас эхэлдэг юм бэ?

-Брэнд бий болгохын тулд брэндийг хайх ёстой. Монгол брэнд бий болгохын тулд эх орныхоо түүхий эдээр хийнэ, Монголын онцлогийг тусгах ёстой, үндэсний хэв маягтай байх ёстой гээд эрэл хайгуул хийгээд явж байгаа үйлдвэрлэгчид ч бий. Брэнд бүтээгдэхүүн гэхээр монголчууд их том юм боддог. Гэтэл жижиг юмнаас эхлээд хөгжиж байж брэнд гардаг юм байна. Гадаад орнуудын амжилттай брэндийн туршлагуудыг харахаар жижгээс эхэлсэн нь амжилтад хүрдэг. Том бодлого яриад суувал зүгээр л яриа болж үлдэнэ. Дэлхийд гарах брэндийг бий болгохын тулд эхлээд ядаж нэг зах зээлд амжилттай гаръя гэсэн юм. Солонгосын зах зээлд монгол брэнд гаргахын тулд тэд юу сонирхдогийг мэдэх хэрэгтэй. Тийм учраас солонгос профессоруудыг урьж авчирсан. Эхний удаа бид хамтарч Монголын инновацийн долоо хоногийн үеэр “Дэлхийн дизайны чиг хандлага: хаягдлыг худалдах уу?” сэдвээр үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явуулсан юм. Солонгосын хувцас дизайны бизнесийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чоннамын их сургуулийн профессор, доктор Бэй Сү Жон, доктор Бэк Жун Хун нар энэ сургалтыг удирдан явуулсан. Солонгос доктор маань Хятадад хэд хэдэн брэнд гаргаж байсан хүн. Энэ сургалтад амжилттай оролцсон хүмүүсээ аравдугаар сард БНСУ-д болох үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ танилцуулах боломжоор хангах юм. Би, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн профессор, доктор Л.Оюунцэцэг, Үйлдвэрлэл технологийн сургуулийн доктор Д.Энхтуяа гээд ноос ноолуурын чиглэлээр ажилладаг гурван профессортой хамтарч энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм. Гол зорилго нь бүтээгдэхүүний загварыг сайжруулаад, олон улсын зах зээлд брэнд гаргах судалгаа хийх. Бид ноос, ноолууртаа төвлөрч ажиллаж байгаа. Урьд нь ноос, ноолууртай холбоотой олон төсөл хэрэгжиж байсан. Биднийх бол арай өөр. Бид юу брэнд болох билээ гээд суух биш Солонгосын Чонбукийн их сургуулийн загвар дизайны профессоруудтай хамтарч ажиллаж байгаа. Манай судлаачид маш нарийн, нимгэн ноолууран утсыг бий болгож чадсан.

Үүний үр дүнд биед маш эвтэйхэн ээрмэлийг бий болгосон юм. Цэвэр ноолуураар ийм нарийн утас хийж болдоггүй. Олон жилийн судалгааны ажлын үр дүн. Үүндээ тулгуурлаж бид брэндээ гаргаж авах юм.

-Дэлхийн дизайны чиг хандлага хаягдлыг дахин боловсруулахад чиглэж байна гэсэн. Хаягдлыг худалдах боломж гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Одоо дэлхий нийт аль болох хаягдалгүй технологи нэвтрүүлэх болсон. Энэ чиглэлээр бид сургалт явуулсан юм. Монголчууд юмыг томоор хардаг. Гэтэл нэг хувцсанд жижигхэн чимэг хийчихэд үнэ нь өсдөг. БНСУ бол хувцасны үйлдвэрлэлээр тэргүүлэгч орон. Дэлхий нийтээрээ хаягдлаар үнэт зүйл брэнд бүтээгдэхүүн хийх болжээ. Хермесийг бид маш үнэтэй брэнд гэж боддог. Гэтэл Хермест хоёрдогч түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүний тусгай хэсэг бий болгожээ. Том брэндүүд дэлхийг бохирдлоос хамгаалах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх үүднээс ийм бүтээгдэхүүнд анхаарал хандуулах болсон. Нэг спорт цүнх гэхэд л маш үнэтэй. Гэхдээ хүмүүс авах дуртай. Энэ цүнхийг үйлдвэрлэхдээ усан онгоцны бризентэн бүтээлгүүдийг дахин боловсруулж хийсэн.

Цүнхийг зарсан орлогын тодорхой хувийг нийгмийн сайн сайхны төлөө зориулдаг юм байна л даа. Чанар чансааны хувьд үнэхээр сайн. Загвар сайтай. Авч байгаа хүн ч сэтгэл хангалуун үлддэг. Энэ мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж байгаа гэхээр худалдан авалт хийхдээ ч буяны үйлсэд оролцож байгаа гэдэг утгаараа дуртай байдаг. Оёдлын үйлдвэрээс маш их өөдөс, даавуу гардаг. Түүнийгээ дахин боловсруулах боломжтой. Тийм учраас бид солонгос профессоруудтай хамтран эхний ээлжинд үйлдвэрлэлийн явцад хаягдаж байгаа ноолууран утсыг эдийн засгийн эргэлтэд оруулах, up-cycling загвар урлалын чиглэлээр сургалт хийсэн юм. Манай сургалтад хамрагдсан ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 16 үйлдвэрийг төлөөлсөн оролцогчид маань ноос, ноолуураас гарсан өөдсүүдээр хөөрхөн жижиг түрийвч, энгэрийн зүүлт, үсний даруулга хийсэн. Зарим жижиг үйлдвэрүүд агуулахад олон тоогоор борлогдохгүй үлдсэн бүтээгдэхүүнээ авчирч, зөвлөгөө авсан юм. Солонгос профессорууд манай ноос ноолуурын үйлдвэрүүдээр явж үзсэн. “Танайд жижиг юм дутаад байна. Жуулчид тэр болгон том, үнэтэй хувцас авахгүй. Гэсэн ч тэд дэлгүүрт ороод ямар нэг юм худалдаж авах сонирхолтой байдаг. Тийм учраас жижиг сажиг зүүлт чимэглэл, дурсгалын зүйлс авах боломж олгох хэрэгтэй” гэж тэд зөвлөсөн. Манайхан жижиг сажиг чимэглэл дурсгалын зүйлсийг тоодоггүй. Гэтэл их зардал орохгүй ч маш хурдан эргэлттэй, ашиг олдог бүтээгдэхүүн бол гоёл, чимэглэлийн зүйлс голдуу байдаг. Аливаа брэнд жижиг зүйлээс эхэлдэг.

Categories
мэдээ цаг-үе

Олон улсад нэр хүндтэй “Project syndicate” байгууллага “Өдрийн сонин”-той хамтран ажилладгаа тайлагнажээ

Хамгийн анхны эх сурвалжаас, өндөр зэрэглэлийн тайлбар тоймыг хүргэдэг гэдгээрээ олон улсад алдартай, бусдаасаа ялгардаг байгууллага бол “Project syndicate” юм. Нью-Йорк болон Прага хотод төвтэй тус байгууллагын тоймчид, комментаторуудын улс төр, эдийн засгийн үйл явдлуудад хэрхэн дүгнэлт өгч, ямар тайлбар өгснийг нь уншиж байж, аливаа асуудлын талаар цэгцтэй ойлголттой боллоо гэж үздэг уншигчид олон улсад цөөнгүй. Уншигчид байтугай томоохон хэвлэл мэдээллийн байгууллага, агентлагууд тэдний байр суурь, өнцгийг харж байж өөрсдийнхөө дүгнэлтийг гаргах нь бий. Тус байгууллага дэлхийн 150 гаруй орны 500 орчим хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, улс орныхоо хамгийн шилдэг гэж тооцогддог хэвлэл мэдээллийн байгуулагад тоймуудаа өгдөгөө онцолжээ. Тэдний зүгээс нийтлэлүүдээ 12 хэл дээр орчуулан хүргэдэг бөгөөд бусад орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх хэл дээрээ хөрвүүлэн уншигчдадаа хүргэдэг юм. Тус байгууллагын зүгээс хамгийн их хүндэтгэл хүлээсэн, үндэснийхээ хэмжээнд шилдэгт тооцогддог, нэр нөлөөтэй хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилладгаа сая танилцуулсны дотор Монголоос цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллагатай буюу “Өдрийн сонин”-той хамтардгаа тайлагнажээ. “Өдрийн сонин”-ы хувьд анх байгуулагдсан цагаасаа “Proj­ect syndicate”-ийн илгээсэн нийтлэлүүд дотроос Монголынуншигчдад сонирхолтой, ойр байж болох мэдээ мэдээллийг сонгон, орчуулан хүргэж ирснээс хойш 17 жил өнгөрчээ. Цаашид ч улс төр, эдийн засгийн нийтлэлүүд болон өрнөж буй үйл явдлыг мэргэжлийн хүмүүсийн тайлбартайгаар уншигчдадаа орчуулан хүргэх болно.

Дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээ, мэдээллийг цаг алдалгүй, мэргэжлийн өндөр түвшний боловсруулалттайгаар уншигчдадаа хүргэдэг “Project syndicate” байгууллага ийнхүү “Өдрийн сонин”-г дэлхийд онцоллоо.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна (II)

Түрүүч нь №200 (5466) дугаарт

Хангайн нурууны зүүн урд хэсэг Өвт хайрхан, Их булаг, Баянхайрхан, Бат-Өлзий, Ар цэгээн уул гээд л Бат-Өлзий суманд сүүлийн арван жил ургаагүй их хэмжээний боргоцой өнгөрсөн жил ургажээ. Хуш мод болгоны мөчирт атгасан гар шиг том том боргоцой ургаж, ойн гүнд үхрийн нүд, аньс, гүзээлзгэнэ тэргүүт жимс хөл гишгэх зайгүй ургажээ. Хуш модны мөчир боргоцойгоо дааж ядан бөхөлзөж, сагсгар сүүлтэй хэрэм модноос мод дамжиж дэлгэр сайхан намар болж байна. Нарны гэрэл илүү туссан газрын боргоцой найман сарын сүүлчээр бүрэн боловсорсон байна. Хуш модыг багахан доргиоход л боргоцойн бороо нирхийтэл бууж байсан гэж нутгийнхан ярьж байна лээ. Байгаль дэлхий ингэж үр өгөөжөө харамгүй өгч байхад яах ёстой вэ. Газар газрын самарчид ирээд ой модоор тэнэж, байгалийн баялгийг нь хуу хамаад аваад явахыг хараад сууж байх уу. Байгаль орчны хэдэн байцаагчаа өдөр, шөнөгүй эргүүлд гаргалаа ч гэсэн хэдэн мянгаараа ирэх самарчдыг яаж ч чадахгүй нь тодорхой. Самар түүхээр ирсэн хүмүүс ой хөвчөөр гэр хийж олон хононо. Байгаль орчин бохирдуулж, хог новш тарина. Гал түлсэн газраа цог нурмыг нь унтраахгүй явчихна. Хэнэггүй нэг нь тамхины ишээ хаяхад л хуурай өвсөнд гал авалцаж, ой мод бүхэлдээ шатна. Ийм л ар араасаа цуварсан асуудал шүдний өвчин болж байжээ, Бат-өлзий сумынханд.

ТОЛГОЙ ӨВТГӨСӨН АСУУДЛЫГ СУМАНД АШИГТАЙГААР ЭРГҮҮЛСЭН АРГА

Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ынхан хэд хэдэн удаа хуралджээ. Ингээд сумын Засаг дарга Н.Баттулга нарын удирдлагууд ийм санаа олсон байна. Нэн түрүүнд байгаль орчноо хамгаалах нь зүйтэй. Ингэхийн тулд байгаль хамгаалагчид яагаад ч дангаараа дийлэхгүй.

Тэгэхээр хамгийн оновчтой бөгөөд нутгийн иргэд болон суманд ашигтай нь нөхөрлөл байгуулах гэсэн зөвшилцөлд хүрчээ. Ингээд сумын баг болгонд нөхөрлөл байгуулах хэрэгтэй юм байна. Хамгийн багадаа 20 гаруй гишүүнтэй 20 гаруй нөхөрлөл байгуулна. Үүнийхээ дараа нөхөрлөл болгонд самар ургасан уулын ам бүрийг хэсэгчилж хариуцуулж, гишүүдэд байгаль орчны байцаагчийн үнэмлэх тэмдэг өгнө. Ингээд гаднаас ирж байгаа хүмүүсийг самар түүх хуулийн хугацаа буюу аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж бид нутгаа хариуцах эзэнтэй байлгаж, гал гарах, байгальд хог хаях гээд толгой өвтгөсөн олон асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж байна. Ой модоо, самраа хамгаалсны дараа яах вэ. Нөхөрлөл болгоныг хариуцаж авсан газраасаа боргоцой түүж, цайруулах зөвшөөрөл олгоё. Нөхөрлөлүүдийг нийслэлээс цайруулсан самар худалдаж авч, борлуулдаг компаниудтай хамтран ажиллах гэрээ хийлгэж, түүж цайруулсан самраа зах зээлийн үнээр худалдах боломжийг нээж өгье гэсэн шийдвэрийг гаргажээ. Бат-Өлзий сум даяар нөхөрлөл байгуулах, нутгийн иргэд элсэх, аль аль хэсгийг хариуцаж хамгаалах, хотоос ирэх хүмүүсийг хөөж явуулах гээд нөр их ажил эхлүүлжээ. Нутгийн иргэд түүхий самар түүх нь ямар сөрөг үр дагавартай талаар мэдээлэл түгээж, эрүүл ахуй болон бусад сөрөг зүйлсийн талаар яриа ухуулга хийж, хуулийн заалтыг тараасан байна.

Үүнийхээ дараа Сум дундын Ойн ангиар Бат-Өлзий сумын газар нутгаас хэдэн тонн самар түүх боломжтой талаарх дүгнэлт гаргуулсан гэнэ. Бат-Өлзий сумын ойн анги 1.2 тонн цайруулсан самар хурааж авах бүрэн боломж байна гэсэн дүгнэлт гаргаж. Эргүүлд гарсан нөхөрлөлийн гишүүд “Боргоцой бүрэн гүйцэд болчихлоо. Хоног хугацаа алдах юм бол унаж, чөмөг нь хатчих гээд байна” гэж Засаг даргад хэл дуулгах болжээ. Хоног хугацаа алдах тусам самар хурааж авах байдал хүндэрч мэдэхээр байсан аж. Ингээд байгалийн дагалдах баялаг болох боргоцойгоо түүхээс өөр сонголтгүй болсон байна.

АЙМГИЙН ДАРГА НАР ДЭМЖИЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САМАР ТҮҮХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

Ингээд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн, одоогийн Засаг дарга Н.Баттулга нартай уулзаж, самар түүх талаараа танилцуулжээ. Бүр Байгаль орчны сайдын А166 дугаар тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүвэл цайруулсан самрын килограмм тутмаас 800 төгрөг, ахуйн хэрэгцээнд түүвэл 500 төгрөг авахаар заасан байдаг. Үүнийг баримталж ажиллан улсад орлого оруулах боломж байгаа талаар танилцуулжээ. Мөн байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргаанд тус нэмэр болох давуу тал байгааг хэлж ойлгуулсан байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга нар дэмжиж, есдүгээр сарын 15-наас эхлэн үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрлийг өгөх, Бат-Өлзий суманд өрнөж байгаа их ажлын талаар танилцуулга бүхий албан бичиг хүргүүлжээ. Байгаль орчны сайд энэ талаар бусад яам, Тамгын газрынхантай хуралдаж есдүгээр сарын 15-наас самар түүх зөвшөөрөл олгосон байна.

СУМАНД БОЛОН ИРГЭДЭД АШИГТАЙ АЖИЛ БУЮУ 820 САЯ ТӨГРӨГ

Тариалангийн бүс нутагт жил болгоны намар өрнөдөг ургац хураалтын ажил шиг Бат-Өлзий суманд боргоцой хураалтын ажил 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр эхэлжээ. Нутгийн иргэд боргоцой унагаах модон муна, самар цайруулах багаж хэрэгсэл хийж, майхан, хоол ундаа бэлтгэж аваад л уул руугаа явжээ. Ойн гүнд хуш модыг түн хийтэл цохих, пирхийтэл боргоцой унах, мод тойрон зогсох хүүхэд, эмэгтэйчүүд унасан самрыг шуудайндаа хийж, нэг газраа овоолох, овоолсон боргоцойгоо эрчүүд нь нэг газраа бөөгнүүлээд цайруулах гээд л нөхөрлөл дотроо өөр өөрийнхөө ажлын чиг шугамтай баг бүрдүүлэн ажиллажээ. Сумын Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт тавихаа ч мартсангүй. Ингэж 20 гаруй хоног Бат-өлзий сумынхан уул хангайдаа пижигнэж, самар хураалтын ажлаа хийж дуусгасан байна. Цайруулсан самраа гэрээ хийсэн компанийнхаа агуулахад аваачиж өгөх, жинлээд сумын Засаг даргын Тамгын газраас баталгаажуулж бичилт хийлгэж, гоожин түүх зөвшөөрлийн бичиг гэдэг шиг самар түүх зөвшөөрлийн бичгээ сунгуулаад уул руугаа дахин явсан их ажил хангайн буйдхан суманд өрнөжээ. Самар түүх зөвшөөрөл тавигдах үе буюу аравдугаар сарын 15-нд Бат-өлзий сумынхан самраа түүгээд дуусчихсан байжээ. Нийтдээ тонн гаруй цайруулсан самар түүсэн тооцоо гарсан байна. Үүний үр дүнд Бат-өлзий сумын төсөвт 820 сая төгрөг төвлөрүүлжээ.

Харин нөхөрлөлийн гишүүд хамгийн багадаа л сая төгрөгийн ашиг орлоготой болсон байна. Бүр нэг гишүүндээ таван сая төгрөг өгсөн нөхөрлөл ч байжээ. Энэ талаар Бат-Өлзий сумын “Өвт хайрхан” нөхөрлөлийн гишүүн Г.Батмөнхтэй ярилцаа.

-Та самар түүгээд хэдэн сая төгрөгийн орлого олсон бэ?

-Гурван сая гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Биднийг уулнаас цайруулсан самраа аваад ирэхэд гэрээт компани килограммыг нь 2500 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин сүүлдээ үнэ нь нэмэгдээд 7500 төгрөгөөр килограмм тутмыг нь худалдаж авсан. Олсон мөнгөөрөө оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж, өвлийн хувцсыг нь бүрэн бэлдэж чадсан. Манай сумын их олон айл өрхийн амьдралд “Боргоцой” төсөл хэрэг болсон. Манай ах дүү хамаатан садангууд өвлийн идэш, цагаан сарынхаа хэрэгцээг хүртэл хангасан. Банкны зээлээ төлж, дэлгүүрт өртэй байсан нь өрөө дараад, дэлгүүр худалдааны төвүүдийн эдийн засаг сэргэж, бараа бүтээгдэхүүн эргэлтэд ороод сайхан байсан.

-Энэ жил та нар самар түүнэ биз дээ?

-Сумынхан Байгаль орчны сайд руу хугацаанаасаа өмнө түүх зөвшөөрөл хүсэж байгаа гэсэн. Тэр зөвшөөрөл гарч хорио тавигдах юм бол түүнэ. Энэ жил самар их ургасан байна лээ. Өнгөрсөн жилийнх шигээ байгалиасаа ашиг хүртэж амьдралдаа тус нэмэр болгох боломжийг нээж өгч байгаад баяртай байна. Манай Бат-Өлзий суманд ургадаг самар ширхэг том, чөмөг ихтэй тул хүмүүс ам сайтай байдаг юм. Хотынхон булаацалдаад л манай нутгийн самрыг авдаг гэсэн. Боргоцой ургаад л байх юм бол Бат-Өлзий сум хөгжөөд л байх боломж харагдаад байна. Сум самарнаас олсон мөнгөөрөө цэцэрлэг барьж байна. Нутгийнхан боргоцойн ашгаар олсон мөнгөөрөө цэцэрлэг бариулж байгаа гээд бүгд л баяртай, сэтгэл дүүрэн байгаа гэв.

Тонн самарнаас байгаль орчны байцаагчийн гаргасан тушаалыг мөрдөж 820 сая төгрөгтэй болжээ. Улсын сан хөмрөгт хадгалж байгаад 100 гаруй сая төгрөгийг нь аймгаас өмнө нь авч байсан татаас мөнгөндөө өгчээ. Мөн залгаа сум болох Хархорин сумын нутгаас самар түүсэн байна гээд мөн л 100 гаруй сая төгрөгийг нь өгсөн гэнэ. Ингээд энэ мөнгөөр иргэдэд тустай юу хийх вэ гэж сумын удирдлага хуралджээ. Иргэдээс ч санал авсан байна. Сумын соёлын төвийг шинээр барих гэхээр 1.2 тэрбум төгрөг шаардлагатай, харин Орхоны модон гүүрийг бетонон болгох гэхээр 1.6 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингээд тулгамдаж буй асуудлын нэг болох цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд шинээр цэцэрлэг барихаар шийдвэр гаргажээ. Өнгөрсөн зургаан сараас эхэлсэн цэцэрлэгийн барилгын ажил удахгүй дуусах гэж байна.

Үргэлжлэл бий