Categories
мэдээ цаг-үе

МАН-ын эмэгтэй гишүүд яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ?

“Өдрийн сонин”-ы №206 (5471) дугаараас авч нийтлэв.

МАН-ын эмэгтэй гишүүд яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ. Тэд эмэгтэйчүүдийнхээ төлөө, хүний эрхийн төлөө ганц үг ган хийхгүй хатуу сэтгэлтэйгээ харууллаа. УИХ-д хэт олонхи болсон МАН Үндсэн хууль, УИХ-ын дэгийн тухай хууль зөрчиж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг тогтоолын төслөөр хүчингүй болгосон. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын 90-ээс илүү хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байдаг. Тиймээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хүчингүй болгоход ядаж эмэгтэй гишүүд үгээ хэлэх болов уу гэж олон нийт найдаж, хүлээж байв. Гэтэл МАН-ын хатуу сэтгэлтэй эмэгтэй гишүүд хуулийг өмгөөлж дуугарсангүйгээрээ сонгогчдынхоо итгэл рүү хүйтэн ус цацав. Бүр даажигнаж байгаа юм шиг хууль хүчингүй болгохыг дэмжсэн байнгын хорооны санал дүгнэлтийг 13 эмэгтэй гишүүний нэг Н.Оюундарь баясгалантайгаар уншиж танилцуулна лээ. Өмнөх парламент Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэлэлцэж байхад АН, МАХН-ын эмэгтэй гишүүдтэй нэгдээд лобби хийж явсан хоёр гишүүн энэ УИХ-д үнэн нүүр царайгаа харууллаа. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдахад “Гадаа хүн зодохоор гэмт хэрэг болдог. Гэтэл гэр дотроо эхнэрээ зодохоор зүгээр нэг гэр бүлийн харилцааны асуудал мэтээр ойлгодог байсан цаг ард хоцорлоо. Миний хувьд энэ хуулиас гол онцолж харж байгаа нь хөршүүд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгааг мэдвэл хууль, хяналтын байгууллагад заавал мэдээлдэг байхаар үүрэгжүүлж өгсөн” гэж ярилцлага өгч байлаа. Гэтэл Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар хүчирхийлэлтэй тэмцэхгүй гэж кноп дарахыг харахад хүний эрхийн төлөө гэж дөрвөн жил ярьсан нь худал болж таарав. Тэд сонгогчдынхоо, бүсгүйчүүдийнхээ итгэлээр улс төр хийж иржээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ч, хохирогчид ч далд байдаг. Маш олон хохирогч гэртээ аврал эрж байгааг эмэгтэй гишүүд мэддэг болов уу. Энэ оны эхний долоон сарын байдлаар цагдаагийн байгууллагад хандсан хохирогчдын 14 нь наймаас дээш жил байнгын гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байснаа мэдүүлсэн байдаг. 551 хохирогч нэг жил хүртэлх хугацаанд, 91 нь 1-3 жилийн хугацаанд, 25 нь 3-5 жилийн хугацаанд, 20 нь 5-8 жилийн хугацаанд хүчирхийлэлд өртөж байсан талаарх статистик байна. Энэ бол цагдаад хандсан хохирогчдын талаарх баримт. Тэгвэл өнгөрсөн 20 жилийн хугацаанд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд анх удаа ирсэн хүмүүсийн тоог харахад л 19700-д хүрчээ. Хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагад хандаж байгаа хүмүүсийг цагдаад хандсан хохирогчидтой харьцуулахад тав дахин их байдаг. Яагаад гэвэл цагдаа, шүүхэд хандсан хохирогчид зодуулснаа нотлох гэж хэдэн сар яваад хана мөргөж, гомдлоо татдаг. Гэртээ хариад дахиад зодуулдаг. Ингэж олон жил зовсны эцэст амиа алдаад төгссөн харамсалтай тохиолдол олон байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд 95 хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдсан. Статистикийн мэдээнээс харахад сүүлийн гурван жилд хохирогчдын тоо өсч, жилд 24-26 хүн бусдын гарт амиа алджээ. Өөрөөр хэлбэл, сар бүр хоёр хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амиа алдаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хүчингүй болгох шийдвэрийг МАН-ын гишүүд гаргаж байхад сард хоёр хүн амиараа дэнчин тавьж байна.

Шинэчлэн найруулсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль УИХ-ын эмэгтэй гишүүдэд падлийгүй байж мэдэх. Гэтэлэнэ хуулийг шинэчлэн батлахад олон ээжийн нүдэнд итгэлийн гэрэл ассан юм шүү. Олон хүн энэ хуулийг хэрэгжихийг хоног тоолон хүлээж байлаа. Яагаад гэвэл энэ хууль хүний амьд байх эсэх, гэр бүл бүтэн байх үгүйг шийдэх зохицуулалттай. 2004 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хүний эрхийн байгууллагууд “Доголон хууль” гэж тодотгодог. Яагаад гэвэл хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид хэрхэн хариуцлага тооцох, хохирогчийг яаж хамгаалахыг тусгаагүй. Бусад хуульд ч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчид ямар хариуцлага тооцохыг тусгайлан заагаагүй. Зөвхөн хүчирхийлэл үйлдэж болохгүй гэсэн тунхаглалын зохицуулалттай хууль хэрэгжиж ирсэн. Үр дүнд нь 95 хүн амиа алдсан. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл юм. Одоогийн хууль хохирогчоос хүчирхийлэлд өртсөнөө батлахыг шаарддаг. Цоожтой хаалганы цаана хүчирхийлэлд өртөж байгаа хүн өөрийгөө нотлох боломжгүйг 11 жилийн өмнөх хууль харгалзаагүй. Зайлшгүй гэмтэж, амиа алдаж байж гэр бүлийн хүчирхийлэл гэж үздэг. Нөхөртөө байнга зодуулдаг эмэгтэй дөрвөн жилийн өмнө Хүчирхийллийн эсрэг төвийн хамгаалалтад орсон. Тэр бүсгүй нөхрөөсөө салах өргөдөл өгчихөөд гурван сар айдаст автаж, төрийн бус байгууллагын хэдхэн бүсгүйчүүдээр хамгаалуулсан нэр зүүж бэмбэгнэж явсан байдаг. Гэр бүл салгах шүүх хурал болдог өдөр тэр бүсгүй нөхрийнхөө гарт амиа алдсан билээ. Цагдаа, прокурор, шүүх хамтран ажиллах нөхцөлгүй, гэртээ зодуулсан бол хэрэг биш гэж үздэг “Доголон хууль”-ийн үр дагавар ийм л байсан.

Өнгөрсөн парламент шинэчлэн баталсан хуулиар гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт цагдаа, прокурор, шүүх гээд төрийн байгууллагууд ямар үүрэгтэй ажиллах, хохирогчийг хэрхэн хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид ямар төрлийн хариуцлага ногдуулахыг маш нарийн зааж өгсөн. Хохирогчоос гадна хүчирхийлэл үйлдэгчийг шоронд оруулахгүйгээр нийгэмд тустай ажил хийлгэх, сургалтад суулгах гээд хариуцлагын олон өөр тогтолцоог оруулж өгсөн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл дээр ажлын хэсэг есөн жил яс суусан байдаг. Тийм ч учраас усгүй хууль гэж ажлынхэсэгт нь багтсан хүмүүс ярьж байсан. Долоон жил судалж, ажиллаж баталсан хуулийг МАН тогтоолын төсөл гаргаад л хэрэгсэхгүй болгочихлоо. Ц.Цогзолмаа гишүүн УИХ-ын чуулганы үеэр хүчирхийлэлтэй тэмцэхгүй гэж байгаагаа “Санаа зоволтгүй, удахгүй сайжруулаад баталчихна” гэж цайруулж байна лээ. Хуулийн ажлын хэсэгт байсан хүмүүс “УИХ-ын нэг ч гишүүн энэ хуулийн юу болохгүй байна, яаж сайжруулах вэ гэж судлаагүй. Гэр бүлийн хүчирхийлэл ямар түвшинд байгааг ч мэдэхгүй. Тэгсэн атлаа мэргэжилтнүүдийг дорд үзэж, муу хууль батлуулсан гэж худлаа ярьж байна. Тэд нэг удаа хүчирхийлэлд өртдөг эмэгтэйн үгийг сонсоод, түүнийгээ бодлогын түвшинд ярья гэж бодсон бол ингэж даапаалахгүй. Хүнийг биш намын эрх ашгийг нэгдүгээрт тавьж байгаа нь тэр. Эмэгтэй хүн эмэгтэй хүний асуудлыг шийдэж чадна гэж сонгогдчихоод тэр холоос юм мэддэг хүн шиг яриад байж болохгүй” гэсэн юм.

Сонгогчид эмэгтэй нэр дэвшигчдийг “Айлын нарийн ширийнийг зохицуулдаг. Зовлон мэддэг, ойлгодог” гэж итгэж сонгосон. Эмэгтэй нэр дэвшигчид өөрсдийнхөө сурталчилгаагаа “Танай гэрийн асуудлыг шийднэ. Аливаа нарийн ширийн зовлонг бид л ойлгодог учраас хууль тогтоох түвшинд та нарыгаа хамгаалсан шийдвэр гаргуулж, бүсгүй хүний торгон ухаанаар хандана” гэж хийсэн. Ингэж ярьсаар яваад сонгогдсон. Гэтэл тэд зовлон мэддэг нь худлаа юм байна. Энэ УИХ хамгийн их эмэгтэй гишүүнтэй. Гэтэл эмэгтэйчүүд зодуулж, хөгшид дарамтад байх нь тэдэнд падлийгүй. Сонгогчдын хүслээр биш намын даргын дохиогоор кноп дараад сууж байх нь эмэгтэй гишүүдэд чухал юм байна. Тийм хүмүүсийг яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ гэж гайхаас өөр яах билээ.

Ц.Өрнөх

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Хямралыг зөөллөх зарим боломжит хувилбар

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

(Инвэст Монголиа чуулга уулзалтад хэлсэн үг)

Хоёр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996, 2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл, монголчууд дөрвөн жил тутамд голлох хоёр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ. Энэ бол гаж үзэгдэл биш, харин Монголд төрийн инстүүчлэл төлөвшөөгүй учир бүхий л бодлого, чиглэл, төсөл, арга хэмжээ орвонгоороо 180 хэм өөрчлөгддөг нь самуурал юм. Төрийн чиглэсэн нэгдсэн бодлого, төрийн бодлогын залгамж чанар байдаггүй нь сонгогдсон улстөрчдөд юуг ч самрах эрх олгодог тогтолцоотой холбоотой. Төлөвшсөн төр төрийн тогтвортой аппарат дээр тогтдог болохоос дөрвөн жил тутам солигддог “зочин” улстөрчдийн сэтгэлийн хөөрөл дээр тогтдоггүй учиртай.

Сонгуулийн дүн гарсны маргаашаас бүхий л аж ахуйн нэгж, хувиараа биенес эрхлэгчдээс авахуулаад Гадаадын хөрөнгө оруулагчид (ГХО) хүртэл шинэ Засгийн газар ямар бодлого зарлаж ямар арга хэмжээ авахыг хүлээсээр бүтэн сар болоход эрх баригчид томилгоо хийгээд таг суучихав. Нийгэм тэр чигээрээ хүлээлтэд байсан. Үүний эцэст Засгийн газар дампуурснаа зарлаж, төв банк улсын нөөцгүй, тэрбайтугай хасах баланстайгаа баяр хөөртэйгөөр мэдэгдсэнээр зах зээлийг доргиож, нийгэмд гүн цочрол үүсгэв. Авлагатай этгээд өртнөө дэфолт гэж зарлах нэг өөр, өөрийгөө зарлах бас өөр. Өртөн өөрийгөө дэфолт гэж хүлээн зөвшөөрснөөр шаталсан нуралт болж авлагатай болгон Монголыг дэфолт гэж зарладаг. Эм Эм Си компанийг авлагатнууд нь дэфолт гэж зарласан боловч уг компани үүнийг үл зөвшөөрч нэмэлт зээл болон бусад гарцыг хайсаар явна. Монголбанк өөрийгөө хасах нөөцтэй хэмээн эдийн засгийн хэллэгээр хачирхалтай мэдэгдэл хийснээр монгол төгрөгт маш хүчтэй цохилт өгөв. АН сүүлийн дөрвөн жил буруу бодлого явуулсан байж болох ч тэднийг дарахын тулд улсаа хорлож болохгүй л дээ. Үлгэрлэвээс, гэрт дүүрсэн жоомыг устгах нь зөв ч үүний тулд амьдардаг байшингаа шатааж болохгүй.

Засгийн газраас татвар нэмэх, татварын тогтолцоог өсөн нэмэгдэх шатлалд шилжүүлэх, цалин бууруулах зэрэг арга хэмжээ авахаар зарласан нь тэртэй тэргүй биелэх боломжгүй, нөгөөтэйгүүр нийгмийн уур амьсгалыг өдөөн хатгасан, далд эдийн засгийг өөгшүүлсэн арга хэмжээ болно. Амиа хорлосон, галаар наадсан ийм цочмог арга хэмжээ нь нийгмийн тогтворгүй байдал ч үүсгэж болох аюултай.

Гэвч Засгийн газраас авахаар зарласан зарим арга хэмжээ нь зөв зүйтэйгээр барахгүй нэлээд зоримог санаа байлаа. ДНБ-д эзлэх халамжийн хэмжээ нь дэлхийн дунджаас 2-3 дахин их болчихоод байгаа утга учиргүй халамжийг танах, авлига, шамшигдуулал, үрэн таранг дэмжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөр хэмээх мөнгөний арангыг зогсоох, ГХО-тай хамтарсан нэрээр хувьцааг нь авчихаад авдартаа хийгээд мартчихсан ямар ч үнэлэмж тогтоогүй хувьцааг бирж дээр гарган үнэ тогтоож худалдах зэрэг санаачилга нь хямралыг зөөлрүүлэх бодитой алхам болох юм.

Бараг дан ганц уул уурхай дээр тогтдог, нийт хэрэглээнийхээ үнэмлэхүй ихэнхийг импортоор хангадаг Монголын эдийн засаг одоо байгаа эдийн засгийн тогтолцоогоо хэвээр хадгалсаар байх ахул хямрал цааш дор хаяхад таван жил үргэлжилнэ гэж ихэнх мэргэжилтнүүд үзэж байна. Хэрэв хямрал удаан хугацаагаар үргэлжилбэл хүмүүс үүнд дасч эхэлдэг, луйварчин дээрэмчин, зальхай хүмүүс үүнийг ихээхэн ашиг унагах бизнес болгож, хямралаас гарах бүхий л арга замыг хаан боогдуулж эхэлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, хямралаас одоохон гаргана гэсэн уриатайгаар улам хямруулж дундаас нь ашиг унагадаг бүлэглэл үүснэ. Байж боломгүй хямд, хүн үнэмшимгүй ашигтай, Монголыг ердөө л маргааш гэхэд хямралаас гаргах нигуртай төсөл төлөвлөгөө санаачлагчид маш олноороо гарч ирэн, сурталчилж, дарамталж олныг дагуулах болно. Иймээс одоо байгаа эдийн засгийн тогтолцоо, журам, хэв маягаа ухаалаг бөгөөд зоримог өөрчилж хямралыг даван туулах, зөөллөх арга хэмжээ авна уу гэхээс ойрын хугацаанд хямралаас бүрэн гарах тухай ярих нь хэтийдсэн мөрөөдөл болно. Хямралыг зөөллөх, ингэснээр даван туулах арга хэмжээний тухай өөрийн бодлыг энд санал болгохоор би энд ирсэн юм аа.

УУЛ УУРХАЙ. Дагнасан нүүдлийн мал аж ахуйд түшиглэж байсан Монголын эдийн засаг 1970-аад оны дундаас уул уурхайн аж үйлдвэрээс илүүтэй хамаарах болсон. Сүүлийн 10 жилд ДНБ 10 дахин өссөн нь хөрш Хятадын эдийн засгийн огцом өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн цочмог өсөлт, энэ чиглэлээр ГХО ихээр орж ирсний ач буян билээ. Одоо ч хямралтай нүүр тулаад байгаа нь уул уурхайн үйлдвэрлэлийн уналттай холбоотой. Уул уурхайн аж үйлдвэрлэлийг сэргээхийн тулд юун түрүүн нэгэнт хөөгөөд шахаад гаргасан ГХО-ыг дахин урьж залах шаардлагатай. Өдгөө уул уурхай нь өндөр технологи, нау хау, техникийн шийдэл болсон учир энэ салбарт бид нэн хоцрогдолтойгоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүрздээд цагаан хэрэм давуулж шиддэг технологи аль XIX зуунд өнгөрсөн.

Юун түрүүн өнөөдөр Монголд үлдэж хоцорсон дорвитой уул уурхайн үйлдвэрлэл гэвэл Оюу толгой, Гацууртын алтны уурхай хоёр л үлджээ. Одоо өмнө нь ГХО-ыг хөөж гаргасан алдаагаа засахын тулд ГХО-ыг шинэ Засгийн газар байтугай ерөөс Монголын төр дэмжиж байгаагаа сурталчлах төдийгүй нотлох шаардлагатай. Оюу толгойн 34 хувийг УИХ-ын шийдвэрээр найман жилийн өмнө Монголын тал авсан боловч үүнийгээ тэтгэх, бирж дээр гаргах, үнийг нь тогтоох болон бусад бөөцийлөл хийлгүй таг мартсан учир үхмэл хөрөнгө болжээ. Үүнийг юун түрүүн яаралтайгаар олон улсын бирж дээр гаргах шаардлагатай. Гацууртын хэмээх 70 гаруй тонн алттай ордод хөрөнгө оруулахаар Канадын компани хэдэн жил хүлээж байгаа боловч одоо болтол гацсаар буй. Хэрэв энэ байдал цаашид үргэлжилбэл Канадын Ханрэсорс компанийн нэгэн адил арбитражийн шүүхэд очин олон сая доллараар торгуулах болно. Хамгийн гол нь монголчууд ГХО-аас зайлсхийдэг, гадны компанийг хохироодог гэдгийгээ улам батлах болно.

ГХО-ыг хяхан боох, эргүүлж хулхидах, дээрэмдэх явдлаа зогсоож нэгэнт хийсэн гэрээгээ зөрчихгүй явуулмаар байна. Наад захын жишээ хэлэхэд, хуучны Монголболгаргео компанийн мэдлийн ордын Монголын талд ноогдох 50 хувийг Засгийн газар 2009 онд гадаадын өөр компанид 2,4 сая доллараар зараад мөнгөө авчихсан. Гэвч долоон жил өнгөрөөд байхад шинэ эзэндээ шилжээгүй, одоо болтол “эх орончид” эзэгнэж байгаа. Алив хөрөнгө, тэр дундаа ГХО-ын хөрөнгийг хамгаалах нь төрийн үүрэг. Ийм жишээ олон бий. Төр хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлэхгүй бол ийм аймаар газар хэн гаднаас өөрийн хөрөнгөө оруулах юм бэ. Ер нь Монголын төрийг төлөөлж Засгийн газартай хийсэн алив гэрээ хэлэлцээ, санамж бичгийг дараагийн Засгийн газар заавал хэрэгжүүлж байх хууль хийгээд одоо гацаанд орчихоод байгаа ГХО-ын олон гэрээ хэлэлцээрийг сэргээх хэрэгтэй. Ингэж байж ГХО-ыг хүндэтгэх болсон, гэрээ хэлэлцээр хийсэн бол Монголын тал үүргээ биелүүлдэг болж байгаа гэдгээ алхам алхмаар нотлох юм.

Өнөөдөр манай дэлхий дайны өмнөх төлөв байдалд оржээ. Ийм тогтворгүй байдалд улс болгон баялгаа алт болгон нөөцлөх хандлагатай байдаг. Чингэвэл алтны үнэ өснө. Монгол Улс жилд хичнээн хэмжээний алт олзворлодог нь мэдэгддэггүй. Алтны 68 хувийн татвар буй болохоос өмнө бараг 20 тонн алт олзворлож байлаа. Гэнэтийн ашгийн татварын дараа алт олзворлолт болон борлуулалт нь далд бизнес болж, хууль бус бүлэглэлийн гарт орсон. Энэ нь олон хүний амь нас, эрх чөлөө, цус нулимсаар бүтэн, нэгэнт хэлбэршсэн учир төрөөс ямар ч хөнгөлөлт амлаад амар ил гарахгүй. Олзворлож буй алт төв банкаар дамждаг урсгалыг сэргээвэл энэ нь валютын томоохон эх үүсвэр болох нигуртай. Зарим мэдээгээр өдгөө жилд 30 орчим тонн алт олзворлодог байж магадгүй. Цагдаа болон тагнуулын байгууллагын оролцоотойгоор эдгээр хууль бусаар гадагш гарч буй алтны урсгалыг зогсоох арга хэмжээ аван төв банкаар дамжуулах урсгалыг нь дахин амилуулмаар байна. Ингэснээр нинжа гэж нэрлээд байгаа хууль бус үйлвэрлэлийг зогсоож, гэмт хэргийн томоохон үүр болсон тогтолцоог нураан, нийт эдийн засагт хууль ёсны томоохон салбарыг нээх юм. Гэхдээ энэ нь алт олзворлогчдыг баривчлаад хориод хураагаад бай гэсэн үг биш, далдыг нь ил гаргая гэсэн санаа гэдгийг зөвөөр ойлгох буй заа.

Геологийн хайгуул бол аль ч улс орны далд баялгийг нээж зах зээлд гарах бололцоог нь нэмэгдүүлдэг. Чухам үүний хүчээр зээлжих баталгаа нь нэмэгдэж улс орны зах зээлийн үнэлэмж сайжирдаг. Геологийн хайгуулийг аль болох хямд, хүнд сурталгүй, амар дөт хийлгэж шанд нь мэдээллийг нь төр авч хоцордог. Өдгөө Монголын газар нутгийн ердөө 20 орчим хувь нь геологийн заримдаг хайгуулд хамрагдсан. Монгол орон үнэндээ аль зэрэг баялагтай нь хэнд ч тодорхой мэдэгдээгүй байна. Энэ болгон ил болох тусам улс орны хөгжлийн ирээдүй тодорхой харагддаг. Ашиглалтын гэрээ, хэн хэрхэн яаж ашиглах нь дараагийн асуудал. Тэгвэл яах юм, тэгчихвэл ингэчиж мэднэ гэх мэтийн монгол хардлагаасаа салж энэ дэлхийд ямар жишиг байна түүнийг л дагах учиртай. Геологийн хайгуулиа хориглон хаадаг тийм улс орон өнөөгийн дэлхийд элбэггүй байх аа. Францын төрийн өмчит компани “Ариава” Монголд ураны хайгуул хийгээд хориод жил болж байна. Гадаадаас санхүүжилттэй монгол эх орончид хорин жил тэднийг зовоож байна. Монголын төр хууль ёсны гэрээ хэлэлцээр хийж оруулж ирсэн мөртөө тэдний хөрөнгийг хамгаалах байтугай нийлж дээрэмдэн хулхидсаар. Тэд арбитрын шүүхэд хандвал тэрбумаар тооцогдох торгуульд орно. Төр хөрөнгө хамгаалах үүргээ биелүүлж чадахгүй, мэргэшсэн рэкэтчидээ хуулийн хүрээнд захирч чаддаггүй юм бол ийм эрсдэлтэй хэлцээ эхнээсээ хэнтэй ч хийх хэрэггүй. Сүүлд нь торгуулийн өрөнд л орохын нэмэр шүү дээ. Уг нь Монголд байгаа боломжит ашигт малтмалаас сүүлийн үед үнэд ороод буй ганц нь уран. Ганц жилд үнэ нь 30 хувиар өсчээ.

ХУВЬЧЛАЛ. 1990-1992 мөн 1996-2000 оны хооронд Монголд хувьчлал өргөн далайцтай болсон. Үүний хүчинд ДНБ-ий бараг 80 хувийг хувийн сектор бүрдүүлэх болжээ. 2004 оноос уул уурхайн их бүүмээс болж төр гэнэт цатгалдан баяжсанаас болоод төрийн өмч дахин ДНБ-д эзлэх хувиа огцом нэмсэн боловч эдийн засгийн өгөөж нь улам багассан билээ. Улсын үйлдвэрлэлийн дөнгөж 20 хувь нь ашигтай ажиллаж байна хэмээн 2013 онд Ерөнхий сайд мэдэгдэж байлаа. Ядахнаа ашиггүй ажиллаж байгаа тэр 80 хувиа үнэ дуудан зарах хэрэгтэй байна. Энэ нь хямралын үед юунд зарцуулахаа мэдэхгүй түгжигдсэн мөнгийг эргэлтэд оруулахаас эхлээд үйлдвэрлэх тутмаа төсвөөс мөнгө идэж байгаа олон обьектоос төр салах төдийгүй хувьд очоод ашигтай ажиллахаараа татвар төлөгчийн тоог нэмнэ. Хамгийн эерэг үзүүлэлт нь “хүн өөрийнхөө юмыг хулгайлдаггүй” гэдэг энгийн үнэнд оршино.

Үүнд юун түрүүн МИАТ, Цахилгаан станцууд, улсын мэдэлд байгаа уул уурхайн ордууд хамаарна. МИАТ нь зах зээлд монополь эрх тогтоож, бусад өндийх гэсэн хувийн шинэ компаниудад үхлийн цохилт өгч байдаг, өндөр үнэ өртгөө хамгаалсан, үүндээ гадаадын ганц компанитай хуйвалддаг гэмт хэргийн шинжтэй үүр болжээ. Энэ сүлжээ олон жил амь бөхтэй оршиж буй учир наад зах нь Монголд жуулчлал хөгжих бололцоог хаасаар ирлээ. Цахилгаан дулааны үнийг чөлөөлөлгүй өдий хүрснээр энэ салбар байнгын алдагдал эндэгдэлд өртөн өөрийгөө хөгжүүлэх бололцоогүй явсаар ирлээ. Станцааа харамлаад байвал менежмэнтээр хувьчлаад түгээлтээ бүрэн хувьчилчихвал ядахнаа л тог хулгайд алдах нь эрс багасна шүү дээ. Улс чадахгүй байж бас уурхайчин болох хэрэг байна уу, татвар роялтигаа аваад явбал болно. Монголын төр өөрөө нинжа болчихсон байдлаасаа үтэр түргэн салмаар. Үүний тулд юун түрүүн эдгээр салбарт үнийн чөлөөлөлт хийхгүй бол ямар ч ахиц гарахгүй.

ТАТВАР. Монгол Улс 2007 оноос ойлгомжтой 10 хувийн татвартай болсон. Энэ нь дэлхийн хамгийн сайн татварын тогтолцооны нэг. Анх Хонгконг ойлгомжтой долоон хувийн татвартай болж байв. 1991 оноос шаталсан татварын тогтолцоотой явж үүнийгээ янз бүрээр өөрчилж үзсэн боловч татварын орлого нэмэгдэж байгаагүй. Орлогын хэмжээгээр татварын хувийг нэмэхээр компаниуд өөрийгөө хуваан задлах гэх мэтээр зайлсхийх янз бүрийн арга хэрэглэдэг.

Иргэн бүр татвар төлөх ёстой гэсэн зарчмыг хатуу баримталж татварын орчинг өргөтгөх арга хэмжээ чухал. Өнөөдөр Монголд 90 орчим мянган компани бүртгэлтэй авч 10 мянга орчим нь татвар төлж байна. Зөвхөн татвар төлдөг компанийг улсын бүртгэлд авч, тэр хэрээрээ ямар нэг урамшуулал, илүү эрх эдэлдэг тогтолцоонд оруулж, өгдөггүйд нь компанийн эрх олгохгүй байх хэрэгтэй. Хүн амын орлогын татварыг зөвхөн цалингаас авдаг ба энэ нь нийт орлогод өчүүхэн хувь эзэлдэг. Хүн амын орлогын бусад хэлбэрээс татвар авах нь өнөөдөртөө арай эртэдсэн, нийгмийн ухамсар тийм хэмжээнд төлөвшөөгүй учир энэ тогтолцоо руу аажмаар шилжих хэрэгтэй. Татварыг нэмэх нь өдгөө татвар өгдөг цөөнхөө нэмж зовоохоос хэтрэхгүй. Татварын хүрээг тэлснээр хавьгүй илүү орлого олно. Үүнийг тооцоолж үзэх ёстой юм. Амьдралд хэрэгжих бололцооогүй татвар тавьснаар иргэдийг үй олноор нь хууль зөрчигч, гэмт хэрэгтэн болгон түлхдэг. 100 саяас дээш хадгаламжтай хүнээс татвар авах хууль 2012 онд батлагдсан. Эндээс ганц төгрөг ч олоогүйг банкууд батална, харин олон хүн хууран мэхлэгч болсон.

1992 оноос сонгуулийн дараа байгуулагдсан УИХ болгон архи тамхины татварыг нэмсээр ирлээ. 1990-ээд оны эхээр архи тамхины хэрэглээ огт бүртгэлгүй байсантай харьцуулбал өдгөө энэ төрлийн худалдааны 70 гаруй хувь нь акцесаар дамжин онцгой татварт хамаарч байна. Судалгаанаас үзэхэд, шинэ УИХ татвар нэмэх тоолонд бүртгэлээс гадуур хууль бус худалдаа 5-10 хувиар нэмэгддэг. Энэ нь гэмт хэрэг, хууль бус ажиллагаа, эрүүл мэнд зэрэгт шууд муугаар нөлөөлнө.

Тансаг хэрэглээний татвар олонхи оронд маш өндөр татвартай байдаг атал Монголд энэ нь бараг үгүй гэж хэлж болом. Бүхний нүдэн дээр морь, машин, үнэт эдлэл, хөөрөг гаансны наймаа болон бэлэглэл нэртэй үйлдлүүд явсаар атал эдгээр нь татварын орчинд огт хамрагддаггүй. Сугалаа, шагнал, олз, бэлэглэл, өвлүүлэл зэрэг нь жишээ нь, АНУ-д 70 хувь хүртэл татвартай байдаг нь нийгмийн тэгш хуваарилалт, ёс суртахуун, шударга ёсонд таарна гэж үздэг. Нийгмийн бухимдлыг ч тайвшруулах үйлчилгээтэй гэж үздэг.

НИЙГМИЙН ХУВЬЧЛАЛ. Монгол Улсын төсвийн гуравны нэг нь эрүүл мэнд, боловсрол, соёлд зарцуулагддаг. Эдгээр салбар нь дэлхий даяар өргөн хүрээ хамарсан ашигтай бизнес байдаг атал Монголд эдгээр салбарыг ашгийн бус хэмээн хуульчилсан юм. Мэдээж анхан болон дунд шатны боловсрол, нийгмийн доод түвшинд үйлчлэх эрүүл мэндийн үйлчилгээ, улс орныг суртчилсан соёлын арга хэмжээ зэрэг нь төрийн хяналт болон тэтгэлэгт байх нь ойлгомжтой. Үүнээс дээших болон илүү чанарлаг үйлчилгээ нь бизнес байх ба нэгэнт хувь хүмүүсийн сонголт учир төрөөс ашигт ажиллагааг нь бүрнээ зөвшөөрч татварын орчинд хамааруулах ёстой.

Төрөөс эмнэлгийн үйлчилгээ хүрэлцээгүй бүсүүд болоод нийгмийн ядуулаг хэсэгт үйлчилгээ үзүүлж бусдыг нь даатгалын тогтолцоо болон бизнесийн зарчмаар явуулах ёстой юм. Тэртэй тэргүй төрөөс гаргаж буй эрүүл мэндийн төсвөөс илүү ихийг хүмүүс гадаад оронд төлж тэндхийн бизнес татварын орчинд хамрагдаж байна. Нөгөөтэйгүүр, улсын олон том эмнэлэг үнэн чанартаа хэдийнэ “хувьчлагдсан” байгаа. Төрөөс энэ статусыг нь хүлээн зөвшөөрчих юм бол татвар ч нэмэгдэнэ, үйлчилгээ ч эрс сайжирна. Өрхийн эмнэлэг гэх мэтийг хувьчлах хуулийн орчин хэдийнэ нээлттэй байгаа боловч аль ч Засгийн газар энэ талаар алхам хийсэнгүй өдий хүрлээ. Менежмэнтийн хувьчлал маш ашигтай болох нь 1996-2000 онд хийсэн туршилтаас тод харагдаж байсан авч харамсалтай нь түрүүнийхийгээ дараагийнх нь үгүйсгэдэг монгол зарчмаар 2000 онд бүгдийг нь буцаасан билээ. Тэндээс үлдсэн ганц нь болох Баянзүрх дүүргийн эмнэлгийн амжилттай оршин тогтнож байгаа байдлыг очиж үзэх хэрэгтэй мэт.

Боловсролын тогтолцоо төрийн үнийн бодлогод хавчигдан зах зээлд амьдрах бололцоогүй “мэргэжилтэн” бэлтгэсээр. Ялангуяа дээд мэргэжил нь хувь хүний сонголтын асуудал байтал зах зээлийн хэрэгцээнээс хэдэн арав дахин олон “мэргэжилтэн” бэлтгэж ажилгүйчүүдийн тоог нэмсээр.

Хэрэгцээт мэргэжилтний тоо чанарыг улсаас зарлаж зарим урамшуулал үзүүлж болох ба бусад нь хувь хүний л сонголт шүү дээ.

Нэг талаас улс гэнэт баяжиж, нөгөө талаас УИХ-ын гишүүдэд тэрбумаар нь мөнгө өгөн захиран зарцуулах эрх олгосон 10 гаруй жилийн туршилтаас үүдэн боловсрол, соёл, эрүүл мэндийн үйлчилгээ болон техникийн хүн амдаа харьцуулсан жигд бус хуваарилалт хэрээс хэтэрчээ. Сумд, заримдаа баг хүртэл норм хэмжээнээс хэтэрсэн сургууль, эмнэлэг, соёлын төвтэй болж, харин хүн ам хэт төвлөрөлтэй Улаанбаатарт энэ талын үйлчилгээ техник, байр сав нэн дутагдалтай болсон байна. Сургуулийн хичээлийн байрны ашиглалт 20 хувьтай, ахлах ангид ердөө таван сурагчтай, эмнэлэгт нь жилд хоёр гуравхан хүүхэд төрдөг, соёлын төв нь сумын төвд суудаг хүн амаасаа олон суудалтай ийм сумд байна шүү, цаана чинь. Урсгал зардлыг нь л тооцоод үзэхэд эндээс ямар их хэмнэлт гарч болохоор байна даа. Энэ салбар ашгийн бус хэмээн хуульчлагдсан учраас илүүдэл техник, байр саваа өөр зориулалтаар ашиглах, худалдах, илүүчлэх эрх байхгүй.

БИРЖ. Хэдэн жилийн өмнө Монголын хөрөнгийн биржийн захирал “Манай хөрөнгийн бирж дампуураад хоёр жил болж байна” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил тод зарлахад Монголын зах зээлд ямар ч цочрол гараагүй. Монгол Улс өнөөдөр дэлхий нийтийн эдийн засгийн нэг хэсэг юм бол, дэлхийн эдийн засгаас хамаардаг юм бол нийт эдийн засаг нь ялангуяа хөрөнгийн биржээс хамаарч амьсгалж байх ёстой. Хөрөнгийн бирж байгуулагдаад 25 жил болоход үндсэн хөрөнгийнх нь талаас илүү хувь нь захирлынх нь оруулж худалдсан хонь, үхэр байж бүртгэгдэж байсан. 10 мянган хүнд ноогдох эдийн засагчийн дипломтны үзүүлэлтээр дэлхийд тасархай нэгд ордог орон шүү дээ. Хөрөнгийн биржийг яаралтай хувьчилж ажилд оруулбал Монголын дотор байгаа асар их хөрөнгө эргэлтэд орно. Хөрөнгүүд үнэлэгдэж эхэлнэ. Үүнээс гадна хувийнхан өөрсдийн хөрөнгийн биржээ байгуулах хууль эрхийн бололцоог нээж хооронд нь өрсөлдөөн үүсгэвэл бирж хөгжинө. Оюу толгойн хувьцааг худалдан авах, дамлах, зарж борлуулах хүсэлтэн олон бий ч тэдэнд бололцоо нь нээгдээгүй байна.

ХАЛАМЖ. Монголын халамжийн тогтолцоо ДНБ-тэйгээ харьцуулахад дэлхийн дунджаас 2-3 дахин их байна. 2010 оны хүн ам орон сууцны нэгдсэн тооллогын задаргаа шинжилгээнээс үзэхэд насанд хүрсэн 200 мянган иргэн хөдөлмөр эрхлэх сонирхолгүй нь харагдсан. Удаа дараа болсон олон сонгуулийн үеэр хуурамч халамжийн бүхэл бүтэн сүлжээ үүсчээ. Зарим аймагт хөдөлмөрийн насны иргэдийн маш олон хувь нь сонгуулийн үеэр эрүүл мэндийн группт хамрагдаад авсан баримт ч байна.

2010 оны хүн ам орон сууцны тооллогоор Монголын нийгэмд амьдарч байгаа иргэдийн тухай маш чухал дэлгэрэнгүй мэдээллийн сан үүссэн. Энэ нь магадгүй сүүлийн 25 жилд хийгдсэн хамгийн үнэ цэн бүхий реформын нэг байж болох. Энэ бүртгэлд тулгуурлан халамжид хамаарах ёстой иргэдийг тодорхойлж болно. Олон тохиолдолд халамж жинхэнэ очих эзэндээ хүрэхгүй байгаа. Гэтэл жишээ нь, гадаадад амьдарч буй 100 гаруй мянган иргэн ч халамжийн янз бүрийн хөтөлбөрт хамаарч байгааг бүрэн зогсоох хэрэгтэй. Дээд мэргэжил бол төрийн хариуцлага гэхээсээ хувь хүний сонголт. Зах зээлд дутагдаж байгаа мэргэжлээр сурч, авьяас чадварыг нь дэмжвэл зохих нь мэдэгдсэн тэр хэсэг л зарим дэмжлэг төрөөс авах эрхтэй. Ерөөс УИХ-ын гишүүдийн зүгээс ямар нэг халамжийн тухай шинээр хууль өргөн барихыг хориглох хууль хэрэгтэй байна. Тэдний нэр төрийн уралдаанд улс сөхөрч байна шүү.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх тухай олон жил ярьж асар их хөрөнгө үрсэн боловч өдий хүртэл нүдэнд өртөж гарт баригдахаар үр дүн гарсангүй. Дэмжих нэрээр асар их хөрөнгийг хий дэмий үрж, улмаар энэ нь авлига хээл хахууль, ил далд хуйвалдаан, шамшигдууллын үүр болжээ. Нэг залуу зурагтаар ингэж ярьсан “Би подвальдаа гутлын цех байгуулаад гэр бүлийн хүрээндээ захиалгаар гутал хийж борлуулан зүв зүгээр амьдарч байсан. Гэтэл гэнэт төрөөс дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байна, гутлын үйлдвэр байгуул гээд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл өглөө. Би тоног төхөөрөмж аваад гутал үйлдвэрлэж эхэлсэн боловч хуучин зарж байснаасаа илүүг борлуулж чадсангүй. Зээлээс би хувьдаа ганц төгрөг ч ашиглаагүй, баахан тоног төхөөрөмжтэй, өртэй хүн болж баларлаа. Би тэр зээлийг мөнгөөр нь эргүүлж төлж чадахгүй, тоног төхөөрөмжөө улс эргүүлж авна биз”. Энэ бол маш цөөн тохиолдох шударга хохирогч. Дотоодын үйлдвэрлэл дэмжих янз бүрийн хөтөлбөрийн мөнгийг ихэнхдээ зальтнууд авч өөр зүйлд хэрэглэн шамшигдуулдаг.

Эх орноо гурил будаагаар өөрснөө хангавал социализмын ялалт болно гэсэн 1950-60-аад оны лоозон, тийм сэтгэхүй амь бөхтэй оршсоор буй нь маш том үргүй зардлын үүр болсоор ирлээ. Энэ лоозонг хэрэгжүүлэхийн тулд улс асар их хөрөнгө сүйтгэснийг эргээд тооцоход калкуляторын орон багтахгүй. Хэрэв чингээгүй бол Монголд газар тариалан ихэд хөгжиж, экспортод үнэ хүрэх олон төрлийн ургамал тариалах байлаа. Ийм нөөц бололцоо Монголд хангалттай бий. Шар буурцагнаас эхлээд өөр олон төрлийн тариалан өндөр үнээр авахад бэлэн асар том өлсгөлөн зах зээл Монголтой хиллээд байж байна. Дотоодын үйлдвэрлэл дэмжиж буй нэрээр протектионист бодлого явуулснаар ард иргэдийг илүү өндөр үнэтэй, илүү чанар муутай бараа руу шахаж, далимд нь авлига хээл хахууль далд эдийн засгийг хөхиүлсээр ирлээ. Зах зээлийн эдийн засгийн амин сүнс болсон өрсөлдөөн, чөлөөт худалдааг боосноор юунд хүрч болохыг 250 жилийн өмнө Адам Смит хэлж өгсөн, энэ нь амьдралаар батлагдсан үнэн шүү дээ.

Үнэхээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжих гэж байгаа бол юун түрүүн монгол хүнээ таних хэрэгтэй юм. Барилгын шав тавьчихаад л төчнөөн ажлын байр нэмэгдүүллээ гэж сурталчлах дуртай. Гэтэл монгол хүн ямар ажил хийхэд бэлэн, ямрыг нь огт хийхгүй вэ? Одоо 140 мянган хүн ажилгүй байна гэх боловч мөн тэр тооны ажлын байр сул байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн судалгаагаар үзэхэд 10 сул ажлын байрны төлөө хоёр хүн л саналаа илэрхийлж байна. Үүнийг ялангуяа бизнес эрхлэгчид маш сайн мэдэж байгаа. Тэгсэн мөртөө төрийн албаны нэг орон тооны төлөө 100 хүн өрсөлдөхөд бэлэн байна.

Дэлхий нийтийн жишгийг дагаад Монголд ажилчин анги гээч юм үгүй болж, хөдөлмөр эрхлэгчдийн 70 орчим хувь нь үйлчилгээний салбарт ажиллаж байгаа юм. Цэрэг цагдаа, хамгаалал, манаа зэрэг ажлын байранд 70 мянга орчим идэр насны эрэгтэйчүүд хамрагдаж байна. Чухам ийм эрэлттэй хэсэгт ажлын байр буй болгож болох салбар бол аялал жуулчлал юм. Монголд жилд 50 мянга орчим гадаадын жуулчин ирдэг. Энэ тоог бараг хагас сая хүргэн дөвийлгэж статистикт тусгадаг ч үнэн хэрэгтээ хил нэвтэрсэн гадаад хүний тоо юм шүү. Гэтэл Монгол орны байгаль, нүүдэлчдийн амьдралыг сонирхохоор Өвөр Монголд нэг сая гаруй гадаадын жинхэнэ жуулчин ирж байна. Ганцаар ноёлон монополь тогтоосон МИАТ, Кореан-Эйрийн хуйвалдаанаар үүссэн өндөр үнэ юун түрүүн тээг болдог.

Энэ жил АНУ-д ирсэн жуулчдын тоогоор Хятад улс нэгдүгээрт оржээ. Италийн Ерөнхий сайд хэлэхдээ “Хятадаас нэг сая жуулчин жилд авч чадвал хямралаас гарч болохоор байна” гэсэн. Хаяа нийлсэн хөршийн маань тухай ярьж байна. Дорнодын Халх гол сумын цаахна байдаг Хянган аймгийн Халуун рашаан 2000 онд хэдэн мянган жуулчин авдаг байсан бол өдгөө энэ тоо саяар яригдах болжээ. Рашаанд ирсэн дотоодын жуулчид нь нутгийн хилээ үзэх, болбол хил нэвтэрч сонирхох хүсэлтэй. Хятадын талаас ч Монголыын хил хүртэл тулгаад дэд бүтцээ барьчихсан боловч Монголын хүнд суртал, эх орончдын шаардлагаас болоод 10 гаруй жил хариу хүлээж байна. Жуулчлал хөгжүүлэх бололцооотой ийм өөр олон боомт бий. Орос-Хятадын хилийн Манжуур боомтод жилд зургаан сая жуулчин ирдгийн сая гаруй нь Оросоос айлчилдаг. Хэдхэн км-ийн наана Монгол-Хятад-Оросын гурван улсын хил буйг чөлөөт бүс болговол Манжуураас олон жуулчин татна. Төрөөс мөнгө гарах шаардлагагүй, зөвшөөрлийг нь өгчихвөл хувийнхан дор нь хийнэ. Казиног мангас мэтээр зарлаж энэ чиглэлд хөрөнгө оруулсан гадаадын компанийн хоёр сая долларыг завшсанаас хойш бараг 20 жил өнгөрлөө. Гэтэл мөрийтэй тоглоом хориглодог Япон хойтон жил казино нээх гэж байна. Солонгост зөвхөн гадаадын хүн л оруулдаг олон казино бий. АНУ-д казино хориглодог ердөө ганцхан муж буй нь Хавай. Гольф, морин уралдааны дром гээд жуулчин татах өөр олон обьект байгуулах бололцоо маш их. Ард түмнээсээ өөр юм боддоггүй цэвэр ичимтгий, ариун шударга, сайн хүний дүрд хувирч маягласаар маш их бололцоог алдсаар ирлээ.

Монгол хүн ажиллах хүсэлгүй боловч гадаадын ажиллах хүчний тусламжаар хөгжүүлж болох дотоодын үйлдвэрлэл ч байна. Жишээ нь ойн цэвэрлэгээ. Монгол нутгийн 7-9 хувь нь ой хөвч. Энэ нь Солонгосын хойгоос ч том. Ойн цэвэрлэгээ нь том бизнес юм. Унанги модноос авахуулаад түймэр хорхойд идүүлсэн асар их талбай байна. Энэ бизнес нь байгаль орчинд тун ээлтэй, гал түймрээс сэргийлэх, нөхөн ойжуулах бололцоог олгоно. Тэндээс олсон модоор шахмал бэлдэц зэргийг үйлдвэрлэдэг. Мэдээж монгол хүн ийм ажил хийхгүй л болов уу. Гэтэл жишээ нь Хойд Солонгосоос ажиллах хүчин оруулж ирэхэд тэд дуртай хийхээс гадна гайхалтай сахилга баттай ард түмэн юм.

Үүнээс гадна Монголдоо л мега гэж хэлж болохуйц гадаад орнуудтай хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх болон суурийг нь тавих бололцоо байна. Саяхан Ташкентад болсон уулзалтаар Монгол, Хятад, Оросын Ерөнхийлөгч нар Монголоор дайруулж транзит дэд бүтэц байгуулах санамжид гарын үсэг зурлаа. Мэдээж энэ талаар хийгдсэн бэлэн төсөл Монголд ганц ч байхгүй боловч ийм төсөл хийсэн, хийхэд бэлэн, хийж байгаа ажил явдал хилийн цаана нэлээд байна. Тэр байтугай хөрөнгийг нь хаанаас гаргаж болохыг ч заасан дээрх санамжийг ажил болгохын тулд үүнийг хариуцсан төрийн байгууллагыг яаралтай байгуулж хэн нэгэнд хариуцуулмаар. Хятад-Оросын худалдаа 2000 онд гурван тэрбум доллар байсан бол өдгөө 60-70 тэрбумд хүрсэн ба хоёр орон Монголоор дайруулж төрөл бүрийн транзит хийе, хөрөнгө мөнгийг нь шийдье гээд байхад ингэж хойрго хандаж боломгүй мэт.

Монголд гаднаас хөрөнгө оруулж дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бас нэг гарц байна. Ажиллах хүч нь салхи, нар. Дэлхийд салхины гурван том урсгал байдгийн нэг нь Монголын говиор дайрдаг. Монгол нь жилд 300 хоног нартай орон. Технологийн дэвшлийн буянаар ганц салхин сэнс найман мегаватт эрчим хүч гаргадаг бололцоо буй боллоо. Гэтэл аймгийн төв дунджаар дөрвөн мега хэрэглэдэг. Монголоор дайрч буй салхи найман терраватт, нар нь таван терраватт эрчим хүч үйлдвэрлэх бололцоотой гэнэ. Өнөөгийн Хятад улсын хэрэглээ үүнтэй харьцуулахад ердөө нэг терраватт шүү дээ. Хувьсах гүйдлийг тогтмол гүйдэлд шилжүүлээд хэдэн мянган км газар эрчим хүчийг алдагдалгүй зөөвөрлөдөг технологи техник нэгэнт буй болчихлоо. Сэргээгдэх эрчим хүч, ялангуяа салхин сэнсийг зэргэлдээ Өвөр Монголд маш ихээр хөгжүүлэн хэдэн арван мянган салхин сэнс зоочихсон байгааг хэн хүнгүй биеэр харсан биз. Монголд энэ төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй гадны олон компани саналаа илэрхийлсэн. Улаанбаатараас 50 км-ийн урдхан талд анхны туршилт эхэлсэн боловч эрчим хүчний үнэ чөлөөлөгдөөгүйгээс болоод зогсолтын байдалд орчихоод байна. Энэ төслийг АНУ, Япон, Солонгосын компаниуд ихэд сонирхон хөрөнгө оруулахад бэлэн байгаа боловч Монголын төрийн хүнд суртал, хий хардалт, түшмэдийн рэкэт, дарамтаас болоод урагшлахгүй байгаа юм. Хүнээр юмаа эхлүүлээд булааж авдаг, сүрдүүлдэг, хөөж гаргадаг тогтолцоо амьд байсаар ахул хэн ч бидэнтэй хамтрахгүй.

Занараас хямд түлш гаргадаг нээлт саяхан буй болж шуугиулсаар өдгөө эрчим хүчний дэлхийн төв нь Ойрхи Дорнод биш Хойд Америк боллоо. Давхаргын метаныг цуглуулан ашиглах шинэ технологи буй боллоо. Монгол тийм их занартай биш боловч байгаа нь хүхрийн маш бага хольцтойгоороо анхаарал татаж байна. Давхаргын хийн хэмжээ Хятадынхаас 500 дахин их байгаа нь урьдчилсан тооцоогоор ил болсон. Ийм ололтыг хагас дутуу сонссон төрийн түшмэд, хувийн компаниуд, орон нутгийн эрх баригчид нөөцтэй газрыг өөртөө жоорлочихоод хайгуул ч хийлгэхгүй авлига хахууль нэхэн рэкэтэлсээр хэдэн жилийг барлаа. Тухайн газрын тодорхой ашигт малтмалыг хайх, ашиглах гэрээ хийсэн бол бусад ашигт малтмал нь өөр журмаар давхар лицензээр өөр хүнд эрх олгогдон шийдэгддэг олон улсын жишгийг дагасан хууль байдгүйгээс болоод тодорхой газрын лиценз эзэмшигч дээш доошоо хэдэн км-т байгаа бүх агаар болон малтмалын эзэн сууж феодолждог ёс нэгэнт хэвшжээ. Монгол Улсын нийт ард түмний өмч болсон байгалийн баялгийг орон нутаг бүрэн эзэгнэн мэдэх эрхтэй гэсэн ойлголтоос болоод рэкэтчид хонь, ямаанаасаа олон боллоо. Нийт ард түмний өмч мөн боловч захиран зарцуулах эрх нь зөвхөн ЗГ-т байдаг, харин тэндээс буй болсон ашгаас орон нутаг илүү хүртэх эрхийг хуулиар зохицуулдаг хэнд ч ойлгомжтой дүрэм журамд яаралтай шилжмээр.

ХУУЛЬ. Энэ бүхэн болоод өөр олон далд бололцоо зөвхөн хуулийн өөрчлөлт болон шинэ хуулиар л хэрэгжих бололцоотой. Монгол Улсад одоо 500 орчим хууль үйлчилж байгаа боловч маш олон нь хоорондоо зөрчилтэйгөөс гадна үйлчилж буй маш олон дүрэм журамтай шууд эсрэгцдэг. Энэ болгоныг шүүрдэн засах ажлыг эхлүүлж, дэлхийн нийтийн жишигт тааруулж, ялангуяа чөлөөт эдийн засгийн тогтолцоонд тохируулмаар байна. Чөлөөт худалдаа, бизнес зэрэгт утга учиргүй хориг саад тавьсан, хөгжлийг боомилсон хууль дүрэм журмыг яаралтай цуцалж байж л ил далд буй олон бололцоог ашиглах зам мөр гарна. Одоо үйлчилж буй хоорондоо зөрчилтэй олон хуулийн дундуур ашиг олох, бизнес хийх, суурь тавих, хөгжүүлэх олон бололцоо хаагдмал байгаа юм.

Юун түрүүн Гэрээний хууль, Хөрөнгө хамгаалах хууль маш чухал байна. Үүнийг Иргэний хуульд багтаасан гэсэн тайлбар их бий. Тийм юм бол дээр жишээнд татсан Баянхонгорт буй “Монголболгаргео” компанийн хувцааг зарж мөнгийг нь авч хэрэглээд дууссан Монголын төр долоон жил өнгөрчихөөд байхад яагаад эзэнд нь өгөхгүй байгаа юм бэ? Гэрээний болон Хөрөнгө хамгааллын тусгай тодорхой хуульгүйгээр зах зээлийн зарчим хэрэгжих бололцоотой юу?

Компанийн хуульд өөрчлөлт оруулж, татвар өгөхгүй бол компанид тооцохгүйгээр барахгүй эрх нь хавьгүй бага байхаар хуульчилмаар. 20 мянга хол гарчихаад байгаа ТББ-д олон нийтийн сайн дурын байгууллага байх статусыг нь нарийвчлан тогтоож өгөхгүй бол татвараас нуугдах, хууль бус бизнес хийх, улмаар рэкэт хийдэг бүлэглэлүүдийн нэр нүүр болчихоод байна. УИХ-ын гишүүн хууль санаачлах, өргөн барихад хязгаарлалт тавьж, олон улсын жишгээр өргөн барих хууль нь нийт гишүүдийн тодорхой хувийн дэмжлэг авсан байхаас гадна Сангийн яам, Хууль зүйн яамаар орж хөрөнгө мөнгө болон хуулийн бололцоотой эсэхээ шүүлгэн зөвшөөрөгдсөн байх шаардлага тавимаар байна. УИХ-ын болон Засгийн газрын хуульд нэмэлт оруулж Хууль тогтоох болон Гүйцэтгэх засаглалын бүрэн эрхийг нарийвчлан зааж хаана нь хэн нь юугаа хариуцах ба үл хариуцахыг нарийн зааж өгмөөр байна. Засгийн газарт тогтвортой ажиллах бололцоог баталгаажуулж өөрийн эрх мэдлийн хүрээнд гаргасан шийдвэрийг нь хүндэтгэх, хүндэтгэн үзэх бололцоогүй бол огцруулдаг зарчимд шилжих хэрэгтэй мэт.

УИХ нь гэмт этгээдийн нуугдах газар, халдашгүй эрхээр далайлгадаг цэг байгаа урхгийг арилгаж, гэмт хэрэгт орооцолдсон нь шүүхээс өмнө АТГ, цагдаа, прокурор зэргээр нотлогдвол “гишүүн нь гэмт үйлдэл дээрээ баригдвал халдашгүй эрх нь хүчингүйд тооцогддог” ангилалд оруулах хэрэгтэй мэт. Шоронд суух гишүүн нь цагдаагаар харгалзуулан гавтай ирж хуралдаа суун үүргээ гүйцэтгээд шорондоо эргэж очдог “ардчилсан бус” гэмээргүй жишээ ч зарим оронд бий. Авлига, хээл хахууль, шамшигдуулалд холбогдсон этгээдээр юун түрүүн хохирлыг нөхүүлэх арга хэмжээ авдаг болохгүй бол, асар их мөнгө идчихээд жил хагас шоронд суусан болоод гардаг жишиг улам газар авах шинжтэй. Авлига, хулгай, өмчид халдах, шамшигдуулах, бусдын хөрөнгөд халдах зэрэг гэмт хэргийг онцгойлон авч үзэж ил, далд хөрөнгийг нь хураах зэргээр нүцгэлэн хатуу шийтгэл оногдуулж байх тогтолцоонд шилжсэнээр төр нь нийгмийн өмнө шударга, тэгш буйгаа харуулах болно. Өдгөө манай иргэдийн бухимдлын гол шалтгаан нь төр шударга биш байна гэсэн үнэлэмжээс үүдэлтэй.

Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх нэг үндэс бол тэдэнд давхар орлого олох бололцоог нээж өгөх явдал. Үндсэн ажлаасаа гадуур давхар орлого олж буй ялангуяа төрийн ажилтан, тэтгэврийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн давхар орлогод нь хөнгөлөлт үзүүлэх, татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ нь өдгөө дэлхийд их түгээмэл болоод байгаа аутсорсинг хөгжүүлэн дэмжих сайн эх булаг болно.

Эцэст нь хэлэхэд, өнөөгийн хямрал монголчуудаас өөрсдөөс нь болсон, үүнийг монголчууд өөрсдөө л засч чадна. Бурхан хэрэв байдаг бол монголчуудад бололцоо л олгосон болохоос бүх насаар нь зүгээр тэжээнэ гээгүй. Бололцоог ашиглаж чадах эсэх нь монголчуудаас өөрсдөөс нь шалтгаална.

Алдах нь хүний ёс, алдаагаа давтах нь мунхгийн илрэл.

2016.9.6

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ

Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл нууранд аймшигт осол болж таван хүн харамсалтайгаар амиа алдлаа. Ослын улмаас амиа алдсан таван хүний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байсан нь олныг цочирдуулаад байна. Эдгээр хүүхдүүд нэг айлын хүүхдүүд эсвэл тэд загасанд явж байгаад амиа алдсан зэрэг янз бүрийн л мэдээллүүд хэвлэлээр цацагдаж байв. Тиймээс Хөвсгөл аймгийг зорьж үнэн, бодит мэдээллийг хүргэхийг хүссэн юм. Улаанбаатараас Хөвсгөлийн Мөрөн хот хүртэл засмал замаар 800 км явж хүрнэ. Харин осол Мөрөн хотоос 100 орчим км-т орших Хатгал сумаас баруун урд зүгт 30 гаруй км-ийн зайд буюу Жанхайн давааны орчимд нуурын усанд гарчээ. Жанхайн давааны бэлд нуурын эрэг дагаад дөч гаруй амралтын газар байх бөгөөд нутгийн иргэд ч цөөнгүй нутагладаг юм байна. Салхины эрчээр эргийн чулуугаа цүл, пал хийтэл нүдэх далайн давалгаан чимээ, цахлай шувууны дуу хоёроос өөр юу ч үгүй мэт нам гүм. Модны навчис салхинд үе үе сэрчигнэхийг эс тооцвол шүү дээ. Аялал жуулчлалын сар дуусч, амралт зугаалгаар явагсдын хөл татарчээ. Эзгүй хоосон дүнзэн шовоохойнууд, цөөн тооны малтай иргэд л үлдэж. Хэдэн сарлаг нуурын эрэг рүү ус уухаар ойгоос гарч ирэх нь харагдав. Уйлагнах бороонд уулын оройд манан татаж, уйтгарт намрын нэг өдөр үргэлжилнэ. Далайн эрэг даган Жанхайн давааны өвөрт нутагладаг айлууд ч уй гашууд автжээ. Осол гэгээн цагаан өдөр, нутгийн иргэдийн нүдэн дээр болсон учраас амь насыг нь аварч чадаагүйдээ хэн хүнгүй л хөөрхий хүүхдүүдийн араас гэр гэртээ гаслан суугаа бололтой. Учир нь нутгийн айлууд ихэнхдээ хамаатан садан, олон жил хаяа дэрлэн нутаглаж байгаа айл хөршүүд. Харин талийгаачдын ар гэрийнхэн буяны ном хуруулахаар Мөрөн хотыг зорьсон байв.

Талийгаачдын сууж явсан завь

НУУРАНД ХӨВЖ ЯВСАН БАГА НАСНЫ ХОЁР ХҮҮГ ХҮМҮҮС АВРАХАД ЗҮРХ НЬ ЦОХИЛЖ БАЙСАН ГЭНЭ

Наймдугаар сарын 30 буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт 14:00 цагийн үед нутгийн иргэдэд моторт завины чимээ тод сонсогджээ.Гадаад, дотоодын жуулчид нутаг буцсан тул далайд тэр бүр завь гарах нь багассан байна. Тиймээс хэн завьтай нууранд гарав, ямар сүрхий дуутай юм бэ гэж их л санаа зовингуй гэр гэрээсээ гарч харцгаасан тухай ярив. Завьтай хүмүүс нуурын эргээр хэсэг эргэлдэж байгааг харахад тоглож зугаацаж байгаа бололтой байсан аж. Ингээд нэг их удалгүй эрэгт ирж завиа уясан байна.

Тэгснээ төд удалгүй өнөөх завь дахиад нууранд гарчээ. Эргээс их чимээ хадаан хүчээ авч хурдалж 500-гаад метр яваад унтарчихсан байна. Завийг Ч.Нямдалай гэх 26 настай залуу жолоодож явсныг хамаатных нь ах харсан байна. Тиймээс их дуу хадаан хөдлөхөд нь санаа зовж эргээс харж зогсчээ. Гэтэл завь эргээс нэлээд хол очоод унтарчихаж. Хоёр, гурван удаа мотор асах чимээ сонсогдтол яах ийхийн зуургүй завиных нь хамар босч ирээд хөмөрчихжээ. Эргээр явсан хүмүүс шуугилдаж, завины эрэлд гарцгаажээ. Хүмүүс эрэг дагуу байрлах “Тойлогт” амралтын бааз руу гүйж завийг нь гуйсан байна. Ер нь гайгүй завьтай гэсэн бүхэн рүү ханджээ. Завинд чухам ямар хүмүүс явсныг энэ үед хэн ч мэдээгүй байж. Бүгд л үр хүүхдээ дуудаж, бөөн

орилоон хашгираан болсон байна. Тэгтэл суурингийн нэлээд захдуу нутагладаг Чинбат гэх хижээл насны эр хийлдэг завиа мотоциклиор аваад иржээ. Бушуухан завиа хийлж дөрөв, таван хүн сууж гараараа сэлүүрдсээр осолдсон завь руу дөхтөл хажуугаар нь бага насны хоёр хүүхэд хөвж байсан тухай хийлдэг завинд явсан хүмүүс ярив. Тэдний ярьснаар бол хөвж явсан хоёр хүүг эрэг дээр авчрахад гүрээний судас нь цохилж байсан гэнэ. Зүрх нь зогсоогүй байсныг олон хүн хэлж байна. Сумын төв, аймгийн төвөөс эмч, аврагчид ирэх хооронд цаг алдахгүйг хичээж “Байкал” гээд амралтын газрын эмчийг дуудсан байжээ. Гэвч анхны тусламж үзүүлж чадалгүй 6-8 насны хоёр хүү нутгийн иргэдийн гар дээр амьсгал хураажээ. Нутгийн иргэд “Завьтай хүмүүс явж хоёр хүүг эхлээд авчирсан. Тэгэхэд гүрээний судас нь цохилж байсан. Хүмүүс яах учраа олохгүй эмчийн юу хийхийг л дуурайж, дэмий л сандарч байж. Эмч хоёр хүүг доош нь харуулж ар нуруу руу нь хэд хэдэн удаа цохисон. Уг нь учир мэдэх хүмүүсээс сонсоход усанд живсэн хүнийг доош нь биш дээш нь харуулж хэвтүүлээд цээжин дээр нь дарсан бол амьсгалах боломжтой юм билээ. Доош нь харуулахаар амьсгаа авах нь битгий хэл бөглөрдөг гэсэн. Хар ухаанаар бодоход кинон дээр ч гэсэн дээш нь харуулаад л цээжин дээр нь балбаад байдаг шүү дээ. Бид устай газар амьдардаг хэрнээ ямар ч анхан шатны мэдэгдэхүүн байдаггүй юм байна” гэв.

ТАЛИЙГААЧДЫН НЭГ НЬ “АМЬ АВРААРАЙ” ГЭЖ ХАШГИРЧ УЛМААР 50 МЕТР СЭЛЖЭЭ

Нутгийн иргэд бага насны хоёр хүүг уснаас аварсан хэдий ч амийг нь аварч чадаагүй байна. Ингээд үлдсэн хүмүүсийг аврахаар дахин осолдсон завь руу явжээ. Гэвч ойр орчимд харагдах зүйлгүй бөгөөд далайн гүн рүү эрэн хайя гэхээр зориулалтын хувцасгүй, дээрээс нь салхи ихтэй тул давалгаанд шидэгдэх гээд хүндрэлтэй байжээ. Ингээд аврагчид ирэхийг хүлээж. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын газрын аврагчид, Цагдаагийн газрын алба хаагчид ирж бусад цогцсыг гаргаж авчээ. Аврагчдын мэдээлснээр бол ослын газраас 50 метрийн зайнаас нэг хүүгийн цогцос олджээ. Ямартай ч уснаас амьд гарахын тулд сэлсэн болохыг эрэг дагуух хүмүүс гэрчилж байна. Хүү “Амь авраарай, амь авраарай” гэж хэд хэдэн удаа хашгирах нь сонсогджээ. Талийгаач хүү өнөө жил 12 дугаар ангид орох байсан бөгөөд тус завийг жолоодож явсан 26 настай залуугийн төрсөн дүү юм байна. Хүүг гэрийнхэн нь усанд их сайн сэлдэг болохыг хэлсэн. Тухайд үед цэргийн гэгддэг изриал шар гуталтай явжээ. Тиймээс гутал нь талийгаачийг сэлэхэд нэлээд хүндрүүлж, саад болсон байх гэж байсан.

ОСОЛДСОН ЗАВИЙГ ГУРАВ ХОНОГИЙН ӨМНӨ ХУДАЛДАЖ АВЧ, ХҮЧТЭЙ МОТОР НЭМЖ ГАГНАСАН БАЙВ

Харин аврагчид завийг гаргахад бүх хүн осол чухам юунаас болсон гэдгийг төвөггүйхэн ойлгожээ. Прогресс хэмээх Оросын хуучны төмөр завинд 40-тэй мотор гагнасан байжээ. Уг завины зориулалтын мотор 20-той жижиг мотор. Ийм төрлийн завь хөнгөн учраас хүчин чадал ихтэй, хүнд мотор тавихаар завь тийрэлт өгнө, эсвэл хүндийн жин нь доош түлхэлт өгдөг байна. Хүмүүсийн таамаглаж буйгаар бол завины явах эд ангид гэнэт гэмтэл гарч унтарсан бөгөөд дахин асаахад доош түлхэлт өгч завинд ус орж хүндрэхэд улмаар хамар хэсэг нь өргөгдөж хөмөрсөн байх гэж таамаглаж байгаа аж. Энэхүү таамгийг батлах хэд хэдэн шалтгаан байгаа гэж үзэж байна. Завь жолоодож явсан залуугийн хуруу моторын тос болсон байжээ. Мөн ямар нэг хүндрүүлэгч, элс зэрэг ачаагүй нь тодорхой болжээ. Өөр нэг шалтгаан бол дандаа бага насны, хөнгөн жинтэй хүүхдүүд авч явсан нь завь хөнгөдөж хөмрөх гол шалтгаан болсон байх талтай гэнэ. Тус завийг талийгаач Ч.Нямдалай осол болохоос гурав хоногийн өмнө хүнээс худалдаж авчээ. Ингэхдээ хамаатныхаа хүнээс “X-Trail” маркийн автомашинаараа тулж наймаа хийж авсан байна. Худалдаж авсан завь нь моторгүй байсан учир дөрвөн сая төгрөгөөр өөр хүнээс мотор нэмж авчээ. Ээж, хоёр эрэгтэй дүүтэйгээ амьдардаг болохоор хэдэн төгрөг олж дүүгийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэх зорилготой байж. Худалдаж авсан завиндаа хүчтэй мотор нэмж гагнаад дүү нартаа хандан “Сайхан амьтан байгаа биз. Одоо ч хэдүүлээ мөнгөөр дутахгүй сайхан амьдарна аа” гэж ярьж байсан тухай түүний төрсөн дүү Бат-Эрдэнэ дурссан. Худалдаж аваад угсарсан унаагаараа хоёр ч өдөр хүн аялуулж, нуурын баруун хойд эрэгт хүрээд буцаж ирсэн байна. Харин гурав дахь удаа түүний завь хэдэн балчир дүүтэй нь хамт үхэлд хүргэх юм гэж хэн санах билээ. Түүнтэй хамт 15 настай төрсөн дүү Баттулга, аавынх нь төрсөн дүү болох Ш.Одгэрэл эгчийнх нь зургаан настай хүү Д.Отгонхүү, 12 настай Д.Олонбаяр болон Мөрөн хотоос амрахаар ирээд байсан найман настай хүү харамсалтайгаар амиа алдсан юм.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн асан, “Босоо” хэмээх С.Ганбаатар: Би дараагийн намаа өөрөө байгуулж, удирдана

УИХ-ын гишүүн асан С.Ганбаатартай ярилцлаа.

-Сонгуулиас хойш С.Ганбаатар нам гүмхэн байна, хаачив гэж сураглах нэгэн байна. Саяхан таныг АНУ-д сургуульд сурч жинхэнэ дипломтой болох гэж байна гээд мэдээлэл гарлаа. Сонгуулиас хойш юу хийж байна вэ?

-Сонгуулиас хойш үндсэндээ нам гүмхэн аж төрж байна. Ингээд сууж байх чинь нэг талаасаа амралт юм. Нөгөө талаасаа зүгээр сууж чаддаггүй, ямар нэгэн зүйл хийхийн төлөө зүтгэдэг хүний хувьд хэцүү юм даа. Яахав ээ, надад гадаадын хэд хэдэн байгууллага, сургууль дэмжээд өгье, сураач гэдэг санал ирсэн. Үүний дараа С.Ганбаатар жинхэнэ диплом авахаар АНУ руу сурахаар явах боллоо гэх мэдээлэл сошиалаар нэлээд шуугиулах шиг боллоо. Үнэнийг хэлэх үү Энхболд оо, улс төр хийгээд тэмцлийн хувьд гадаадын их, дээд сургуулиас сурах зүйл надад байхгүй ээ. Харин Монгол Улсад хийх ёстой ажил их бий. Дипломны хувьд сэтгүүлч Т.Алтаншагайг би шүүхэд өгөх ёстой хүн. Тэр цэвэр гүтгэлэг байсан. Би дөрвөн жил түмнийхээ төлөө явснаараа гүйцэтгэх ажиллагааны шугамаар маш их гүтгүүлсэн. Надаас үнэндээ юу ч олоогүй. Албан тушаалаа ашигласан, тендер, лиценз зарсан, газрын наймааны асуудал байхгүй тул тэдний арга мухардсан. 1988-1993 онуудад зах зээлийн шилжилт явагдаж сурах хүсэлтэй оюутнууд өөрсдөө мөнгөө төл гэдэг тогтолцоо руу орсон юм. Энэ үед зовж зүдэрч, бор зүрхээрээ болгоё, бүтээе гэж зүтгэдэг олон залуу байсны нэг нь би байхгүй юу. Энэ бэрхшээлээр маань довтолгоо хийснийг бодоход би тэднийг ямар их зовоож байсан юм бэ гэдэг нь илүү тодрох байх.

Товчхондоо хэлэхэд, Монголыг минь худалдаж байгаа хүмүүстэй тэмцэх хангалттэй боловсрол надад бий. Нийгэм солигдоод хэцүү байсан үед гадаадын зарим нэг сургуулиа төгсч чадаагүй минь үнэн. Дараа нь би Хөдөлмөрийн дээд сургуулийн эрдмийн цол авсан. Энэ хугацаанд төгсч чадаагүй сургуулиудаа эчнээгээр төгсч болно оо доо. Гэхдээ би ард түмнээ хуурч чадахгүй. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг хүний алдаа бол өөрийнхөө төлөө тэмцэнэ гэдгээс ичих байдаг. Надад тэгж явах шаардлага байгаагүй. Харин төр засгийн дээр сандайлсан хүмүүс яагаад миний асуултад хариулж чаддаггүй юм.

10 ам.доллар гэдэг нь хамгийн бага үнэ шүү. Дээшээ зарвал сайн л байна.

-Та ингээд шууд үнийг нь тогтоочих юм уу?

-Би үнэ тогтоогч биш. Зөвхөн аргачлалыг нь хэллээ. 7.4 тэрбум тоннын нөөцийг нэг тонн тутмыг нь 10 ам.доллараар зарахад 74 тэрбум ам.доллар болно. Монгол Улсыг бүхэлд нь үйлдвэржүүлээд, бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг барихад хоёр тэрбум ам.доллар л хэрэгтэй. Нефтийн үйлдвэр барихад 600 сая ам.доллар л шаардлагатай. Монголын хүнд үйлдвэрлэлийн салбарыг бүхэлд нь хөл дээр нь босгоход таван тэрбум ам.доллар байхад болно. Үлдсэн мөнгөөр нь Норвегийн сан гэдэг шиг баялгийн сан бий болго. Би 2014 онд танай сонинд ингэж бичиж байсан юм. Харамсалтай нь “Нэг тонныг нь 25 ам.доллараар заръя” гээд дундаас нь идэж ууж байгаа гэр бүлүүд улсад нэг ч долларын ашиггүй болгочихсон. Асуудлын гол нь үүнд л байна.

Б.Бямбасайхан гээд залуу хоёр жилийн өмнө “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Оюу толгойгоос бид 44-45 тэрбум ам.долларын ашиг хийнэ” гэж байсан. Ашиг гэж хэлсэн юм шүү. Үнэхээр тийм байсан юм бол Оюу толгойгоо шууд 45 тэрбум ам.доллараар арилжчих л даа. Тэгж чадвал энэ улс хөл дээрээ босно. Юун “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж, гаднын барьцаанд орох вэ. Яагаад миний энэ санал дээр хариулт өгдөггүй юм бэ. Боломжтой бол яагаад хийдэггүй юм бэ. Би шинэ зүйл яриад байгаа юм биш. Австрали хүрэн нүүрснийхээ ордын нэг тонныг нь 11 ам.доллараар зарсан. Ингээд явчих боломжтой юу гэхэд “2038 он хүртэл ногдол ашиг авахгүй” гэсэн. Ногдол ашиг гэдэг чинь бидэнд ногдож буй цэвэр ашгийг хэлж байгаа юм. 2038 он хүртэл ногдол ашиг авахгүй гэхээр гэрээ нь 2039 оны аравдугаар сарын 6-нд дуусна. Тэгэхээр энэ хэзээ ч ашиггүй гэрээ болж таарч байгаа биз. Монголын хамгийн тэргүүний шийдэх асуудал Оюу толгойгоос мөнгө салгаж авах. Гэтэл яагаад хэн ч анхаарал хандуулахгүй байна вэ. Бүгд худалдагдчихсан юм уу.

Дубайн гэрээг анх ил болгож байхад УИХ-ын дарга нь “Наад гэрээгээ надад танилцуулаарай” гэж байсан. Би өөрөө тэр гэрээг орчуулаад танилцуулж байхад хэн ч түүнийг анхаараагүй. Тэгж ажиллалаа гээд надад ямар ч ашиг байхгүй. Харин ч Ганбаатарыг босуулна, хэвтүүлнэ гээд янз бүрээр доромжилсон. Жирийн хүн заавал ингэж ажиллах албагүй. Харин улстөрчид бол ингэж ажиллах албатай. Тэд төрөөс цалин авдаг. Тэгж ажиллана гэж амлалт авч гарч ирдэг. Дубайн гэрээ хэрэгжээд эхэлсэн. Тухайн үед Ч.Сайханбилэг “Энэ гэрээг байгуулснаар доллар 50 төгрөгөөр буучихлаа. Үүнээс хойш доллар бууна” гэж хэлж байсан. С.Баярцогтын 2010 онд хэлж байсан үгийг эргээд санавал “Оюу толгойн гэрээг байгуулаад доллар 80 төгрөгөөр буучихлаа. Одоо долларын ханш дандаа буурна” гэж байв. Монголын ард түмнийг загасны ой санамжтай гэж бодоод байх юм. Дубайн гэрээгээр 4.4 тэрбум ам.доллар орж ирж монголчууд цэнгэлийн манлайд хүрнэ гэж байсан. Тэр үед Монголын газар нутгийг банкны барьцаанд тавьчихлаа гэж би хэлж байсан даа. Өнгөрөгч наймдугаар сарын 6-ны өдөр олон улсын 20 банкнаас 4.4 тэрбум ам.доллар Рио Тинто руу шилжчихлээ. Яагаад энэ талаар Монголын улстөрчид ярихгүй байгаа юм. Эсвэл мэдэхгүй байгаа юм уу. Үнэндээ бид барьцаанд байгаа хүмүүс шүү. Энэ мөнгөний шилжилтийн зардалд 100 сая ам.доллар зарцуулсан байна лээ.

-Тэр нь ямар учиртай мөнгө юм бэ?

-Манайханд өгсөн авлигын мөнгө байх л даа, чааваас. Монголын төлөө зүтгэнэ гэдэг сайхан ажил. Нөгөө талдаа Монголыг минь зарж, худалдаж, идэж байгаа хүмүүст асар их адлуулдаг ажил.

-Ард түмэндээ таалагдах гэж л ажилладаг гэсэн үг үү?

-Би сайлуулах гэж зүтгээгүй. Магтуулах гэж тэмцэл хийгээгүй. Өөрөө өөртөө үнэнч байя. Үр хойчдоо үнэнч байя л гэсэн юм. Намайг өдий дайтай явуулж буй ард түмнээсээ нүүр буруулах эрх байхгүй.

-Сайнхүүгийн Ганбаатар гэдэг бие хүн цаашид ганцаараа тэмцлээ үргэлжлүүлэх үү. Аль эсвэл ямар нэгэн улс төрийн хүчин бараадах уу?

-Сайнхүүгийн Ганбаатар гэдэг хувь хүн өнөөгийн улстөрчдийн нүдэнд мөн ч тэнэг хүн мэт харагдаж байгаа.

-Яагаад?

-Олон хүн надаас “Ийм өндөр рейтингтэй улстөрч байж яагаад энэ хоёр намын аль нэг рүү нь ордоггүй юм бэ” гэдэг. Тэгэхээр би тэнэг болж таарч байнаа даа. Би тогтолцоог өөрчлөхийн төлөө явж байгаа. Түүнээс биш амин хувиа бодоод улстөрчийн нэр хүнд, ашгаа бодоод явсан бол өөр нүүдэл хийх байсан. Ер нь хүчтэй, сайн улстөрч байна гэдэг нь албан тушаал, нэр хүндээ алдчихвий гэдэг айдасгүй байх ёстой юм. Надад тийм айдас байдаггүй. Үүнийг минь Монголын ард түмэн мэддэг. Цаашид би нийгмийн зүтгэлтнээрээ явна. Улстөрч гэдэг үг чинь цаанаа олон давхар утга илэрхийлдэг. Одоогийн нөхцөлд хагас луйварчин гэдэг утгатай болчихлоо. Би нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтнээрээ насан туршдаа явна. Үүнийг надаас салгаж чадахгүй. АН, МАН-ын эвгүй тогтолцоог халахын төлөө зүтгэх ёстой. Миний хувьд Улс төрийн академиа ажиллуулж дараагийн үеийн шинэ улстөрчдийг бэлдэж байна. Энэ ажилдаа нэлээд хүч өгнө. Хоёр намын толгой дээр үеэ өнгөрөөсөн луйварчид бий. Тэд залуу үедээ зайгаа тавьж өгөх ёстой.

Харин одоо бол монгол эрдэмтэдтэйгээ хамтарч бэлчээрийг хамгаалах үүднээс “Мандал” гээд шинэ сорт гаргаж авахаар ажиллаж байна. Цөлжүүлдэггүй ургамлын сортыг яаж гаргаж авах вэ гээд завгүй л явна.

-АН, МАН гэлтгүй улс төрийн бүх хүчин таныг намдаа элсүүлье гэж санал тавьж байсан. Хэрэв орчихсон бол өнөөдөр парламентад сууж байх ч байсан юм бил үү?

-Хүмүүс санал тавьсан. Гэхдээ тэр тэгж ярьсан гээд яриад явах нь ёс зүйгүй зүйл. Гэхдээ нэг ёс зүйгүй зүйл хэлчихье. С.Баярцогт, Ч.Сайханбилэг хоёр 2013 оны арваннэгдүгээр сард С.Баярцогтын өрөөнд Х.Болорчулуун бид хоёрт “Оюу толгойн гэрээ монголчуудыг луйвардах гэрээ хийх гэж байна. Хэдүүлээ хамтарч тэмцье” гэж байсан. Тэр нь одоогийн Дубайн гэрээ л дээ. Энэ хоёр итгэл үнэмшлийнхээ эсрэг явсан. Би хувь хүнийх нь тухай биш хийсэн үйлдлийнх нь талаар ярьж байгаа юм шүү. МАНАН-гийнхны саналд би “МАНАН-д орсонд орвол үхсэн нь дээр” гэж мэдэгдэл хийж байсан. Хүмүүс үхэх хатах тухай сүртэй юм ярилаа гэж бодсон байна лээ. Зөөлрүүлээд хэлэх юм бол МАНАН-д орох нь сүнсээ худалдлаа гэсэн үг. Ингэж итгэл үнэмшил, мөрөөдлөө худалдах ёс зүй надад байхгүй.

-Та дөрвөн жил парламентад суухдаа бие даагчийн байр сууринаас ажилласан. Бие даагч байх хэцүү байв уу?

-Намайг УИХ-ын гишүүн болгосон дарханчууд, МҮЭХ-ны хамт олондоо одоо ч баярлаж явдаг. Тэгж гишүүн болсныхоо хүчээр Монголын ард түмэндээ нууц байсан мэдээллүүдийг ил болгож өгсөн. Буруу бодлого явуулж байгаа Монголбанкны ерөнхийлөгчийг огцруул гэж УИХ-ын дарга З.Энхболд руу дөрвөн жил бичиг цаас шидлээ. Одоо л тэр нь ил болж байна. Уул уурхайн баялгаас монголчууд юу ч олж чадахгүй гэж байна гэж дөрвөн жил хүчтэй ярьсан. Гор нь одоо л гарч эхэллээ. Одоо яах вэ гэж сандарч байна. Өөрийн нэр хүндээрээ доромжлуулж, гутаалгахаас айлгүй ярьж хэлнэ гэдэг бол өмөөрүүлэх ард түмэнтэй хүний үйлдэл. Би ард түмэнтэй хүн. Тэдэнд итгэдэг. Бие даагч байх үнэхээр хүнд. Гэхдээ хэн нэгэн энэ хүндийг үүрэх л ёстой.

-Тэр хүндийг нь мэдэрсэн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн хоёр МАН-д орчихсон юм уу?

-Би хамт тэмцэж явсан хоёр нөхрийнхөө талаар үргэлж сайн сайхныг хэлж явах ёстой. Тэр хоёр маань өөрсдийнхөө сонголтоор, би өөрийнхөө сонголтоор яваа.

-Та ХҮН-ын даргаар очсон. Төд удалгүй ХҮН хуваагдаж эхлэхэд таныг ирснээс болсон гэдэг яриа гарсан. Та үнэхээр ХҮН-ыг самарчихсан юм уу. С.Ганбаатар гэж хүн ХҮН-ын гишүүн хэвээрээ юу?

-ХҮН-ыг сайхан залуучууд байгуулж явсан. Хөдөлмөрийн үндэсний намын Их хурлын 100 хувийн дэмжлэгтэйгээр би даргаар нь сонгогдсон. Тухайн үед ард түмний итгэл надад маш өндөр байсан. Тэр итгэлийг л би ХҮН-ынханд өгсөн. Би өөрөө дарга болъё гэхээсээ илүүтэйгээр надад итгэдэг хүмүүсийг дэмжин төрд гаргаж Монголоо аврахыг хүссэн. Гэтэл АН, МАН хоёр үүнээс ухаан алдталаа айсан. Маш их эмээсэн. Тэгээд л хоёр том нам туршуулуудаа манай нам руу оруулж эхэлсэн. Би албан ёсны дарга нь байна гэхээр л хуурамч Дамбийжаа гарч ирээд “Би намын дарга нь” гэдэг. Дээд шүүх нь ч дээд шүүх. Хоёр намын нөлөөгөөр бүртгэхгүй гээд гэдийчихнэ. Сүүлдээ аргаа бараад хүнд ч үгүй, өөрт ч үгүй олон хүний итгэлийг хөсөрдүүлчихвий гээд “Би дарга болъё гэж зүтгээгүй. Тэр дарга болох хүсэлтэй хүнд нь намын даргаа өг” гэсэн юм. Тэгж би өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч ХҮН-аас гарсан. Би ХҮН-ыг самраад надад ямар ч ашиг байхгүй. Харин С.Ганбаатар энэ олон хүнийг төрд оруулж ирнэ гэж айсан хоёр том намын айдас хэдэн биеэ үнэлэгч залуугийн аймшигтай үйлдлээр эцэс болсон. Сүүлд нь яахав, барьцтайгаар нь над руу л дайрсан. Би хэнд нь юу ч хэлээгүй. Надад бууны нохойнуудтай харьцах зав алга. Харин би дараагийн намаа өөрөө байгуулж, өөрөө удирдаж, шинэ үеийн залуусыг Монголын төрд орох замыг нь нээж өгнө.

-Та тэгэхээр нам байгуулах гэж байгаа гэсэн үг үү?

-Монголд тэгээд энэ хоёр нам л яваад байх ёстой юм уу. Гуравдагч хүчний олон намууд надтай уулзаж байгаа. Тэдэнтэй нийлж, ярьж Монголоо аврах дараагийн хүчийг бий болгоход өөрийнхөө хувь нэмрийг оруулна. Шинэ нам байгуулах уу гэдэг нь дараагийн техникийн ажил. Харин би өөрөө намаа удирдсан шиг удирдана. Хоёр том намын бууны нохойнууд орж ирэх орон зайгүй болох гаргалгаануудыг хийнэ. Энэ бол Монголыг аврах арга зам. АН, МАН хоёр Монголыг тарааж суухыг хараад байх юм уу.

-Таны ярианд нийгмийн зүтгэлтэн чигээрээ явна гэдгийг дуулаад бүр улс төрөөс холдож байгаа юм болов уу ч гэж бодлоо. Ямар ч байсан нам байгуулах гэж байна гэхээр улс төрөөс холдохгүй юм байна гэж ойлголоо…

-Би өөрийгөө улстөрч гэж хэлэх тийм ч дуртай биш. Нийтийн эрх ашгийн төлөө зүтгэдэг нийгмийн зүтгэлтэн гэдэг бол миний ажил. Одоогийн улстөрч гээд хэлээд байгаа хүмүүс хэдхэн гэр бүлийн төлөө, нам гэдэг хэдэн бүлэглэлүүдийн төлөө ажилладаг болчихоод байгаа байхгүй юу.

Би “Тэмцэгчийн гарын авлага” гэдэг ном бичиж байгаа. Монголчууд тэмцэх чадваргүй болчихож. Ард түмэндээ тэмцэх чадварыг нь суулгаж өгөхийг хүссэн тийм ном юм. Жил тойрон найр хийсээр байгаад тэдний шарталтаас болж Монгол орон даяараа цалин, тэтгэврээ хасуулж байна. Удаахь номоо “Сэрээч” гэж нэрлэсэн. Хатуу нэртэй байж магадгүй. Монгол орны эдийн засгийн боломж бололцооны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн юм. Муу улстөрчдийн муу муухайг ард түмэн олон жил үүрч явах учиргүй. Муу бөгсийг сайн цээж чирнэ гэж үг бий. Яг энэ процесс Монголд нүүрлэчихээд байна. Сайн цээжинд дарамт бага учруулмаар байна. Муу бөгсийг сайн бөгс болгох хэрэгтэй.

АН, МАН-ын талаар үнэндээ яриад байх зүйл ч алга. Могой арьсаа гээвч хатгадгаа гээдэггүй гэж үгтэй. Энэ намууд арьсаа өөрчилдөг хэдий ч Оюу толгойд бараа бүтээгдэхүүн шахаж амьдардаг бүлэглэлүүд хэвээрээ л байна. Үүний золиосонд ард түмэн хүүхдээ цэцэрлэгт сугалаагаар оруулдаг боллоо. Өнөөдөр бид хориннэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү. Байгалийн баялгаа үй олноор нь гадагш нь зардаг улс. Африкийн ямар ч баялаггүй шороо бужигнасан эрэг дээрх хүмүүсийн цуглуулга Монгол биш. Намайг баялгаа ухуулахын эсрэг тэмцдэг гэж адалдаг. Үр дүнтэй, ард түмэндээ ашигтайгаар ухаж болно гэдгийг дэмждэг хүн юм, уг нь. 2016 оны төсвийн дарамт гэвэл нийт төсвийнхөө 13 хувийг зээлийн хүүнд өгч байгаа. Ирэх жилүүдээс 50 хувийг нь өгнө. Бүтэн дөрвөн жил энэ талаар ярьсан. Намайг ингэж ярьж байхад АН, МАН-ынхан сонсож байсан шүү дээ. Эд яагаад ийм болчихов доо гэж харамсах юм. Миний тэмцэл, миний үг эрх баригчдад хэрэггүй байж магадгүй. Бүр сонсохыг ч хүсэхгүй байж мэдэх юм. Ламд сам, сохорт толь хэрэггүй. Миний үг тэндэнд хэрэггүй ч ард түмний амьдралд хэрэгтэй шүү. Товчоор хэлбэл, өнөөдрийн Засгийн газар мөнгө хүүлэгчдийн Засгийн газар болчихлоо. Уул уурхайн баялгийг цөлмөгчдийн барьцааны Засгийн газар болчихоод байна шүү дээ.

-Өнөөдөр та УИХ-ын гишүүн байсан бол хамгийн түрүүнд ямар ажил хийх байсан бэ?

-Гишүүн байсан бол уу. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой маш том асуулга явуулах байлаа. Гишүүн биш юм чинь энэ надад хамаагүй гэж хэлэхгүй. Бэлчээрээ, Ноён уулаа яаж аврах вэ, Монголын залуу улстөрчдийг яаж хүчтэй тэмцэгч болгох вэ гэдэг ажлууддаа анхаарал хандуулан ажиллах болно.

-Монголчууд тэмцэх чадваргүй болчихлоо гэж та хэлсэн. Тэмцэх чадварт хэрхэн суралцдаг юм. Та өөрөө хэрхэн тэмцэх чадвартай болж байсан юм бол?

-Маш гоё асуулт байна. Би боловсролтой болохын тулд сургалтын төлбөрөө төлж чадахгүй зургаан жил сургуулиас сургууль дамжин явсан. Хөдөлмөрлөөд олсон хэдэн төгрөгөө сургуульд аваачиж тушаадаг байсан. Сургуулиас сургууль дамжин явж байсан оюутан цагийн тэр хүнд үе намайг тэмцэгч болгосон. Над шиг сургуульд сурах хүсэлтэй ч төлбөрөө төлж чадахгүй, тэр олон дүү нараа хүний дайтай болгох гэж зүдэрч яваа олон залуусын төлөө би тэмцэж яваа юм. Өнөөдөр би өөрийгөө бодоод явах юм бол хаана ч амьдраад явах байх. Зөвхөн амин хувиа хичээгээд явж байсан бол өмнө нь төгсч чадаагүй сургуулиар минь далайлган над руу хэн ч дайрахгүй байв. Зөвхөн өөрийнхөө төлөө явдаг амьдрал гунигтай. Та тэмцэх чадварыг хэрхэн суулгах вэ гэж асуулаа. Өнөөдөр бид тэмцэлгүй амь, амиа бодсоноосоо болж гул Аранжин шиг болсноо нийтээрээ харж байгаа.

Достоевскийн “Хүний төлөө гэсэн сэтгэлтэй л бол гар нь боолттой байсан ч ихийг хийх боломжтой” гэдэг үг бий. Би заавал аль нэг намын хаяанд гэрээ барьж тэмцдэг хүн биш. Надад сэтгэл, туршлага, хоёр гарт минь тэмцэл байгаа. Би заргачийн гарын авлагаа бичихэд Монголын мянга мянган залуусыг тэмцэлд уриалан дуудна гэж боддог. “Нурах байшин дотроосоо” гэдэг Ард Аюушийн үгийг санаарай. Одоо л Монгол босно. Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг шиг энэ бүлэглэлүүд өнөөдөр гаарч л байг. Монголын ирээдүй өөдрөг байгаа шүү. Монгол босно.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: Манай улсад шууд биш ч дам хамаарах асуудлаар Орос, Хятад хоёр ингэж ярилаа

G-20 буюу “Их 20”-ийн дээд түвшний уулзалт Хятадын Ханжоу хотноо болж өчигдөр өндөрлөсөн. Уг уулзалтын үр дүнгийн талаар дипломатч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Д. Баярхүүтэй ярилцсаныг сонирхуулъя.

-Энэ удаагийн “Их 20”-ийн уулзалтын хэлэлцсэн хамгийн гол сэдэв нь тогтвортой, шинэлэг, харилцан уялдаатай эдийн засгийг хөгжүүлэх асуудал байсан. Уулзалтаас ямар үр дүн хүлээж байв?

-Эхлээд нэр томьёогоо цэгцэлмээр байна. Оросоор Большая двадцатка гэж нэрлэсний монгол орчуулга “Их 20” гээд яваад байна. Англиараа бол G20 буюу “20-ийн бүлэг”, бүр үгчилбэл The Group of Twenty, ma­jor advanced and emerging economies буюу Тэргүүлэх ба шинээр цэцэглэсэн эдийн засаг бүхий 20-ийн бүлэг гэсэн үг. Тэгэхлээр англи хэлэнд “их” (great) гэсэн үг ороогүй бол дэлхийн жишгийг дагаж “20-ийн бүлэг”, эсвэл шууд G20 хэмээн хэвшүүлэх хэрэгтэй байна. Economies–гэсэн нь эдийн засгууд гэж бууна. Тэгэхлээр энд тусгаар тогтносон улс орнуудыг нэрлэсэн бус, тэдгээрийн хөгжсөн эдийн засгийг нэрлэж, эдийн засгаар нь гишүүнчлэл болгож байна гэсэн үг. Бяцхан түүх сөхье. Тэгж байж ойлголтоо цэгцэлье. Анх буй болсон шалтгаан нь их өвөрмөц. 1990-ээд оны төгсгөл үед дэлхийд нүүрлэсэн эдийн засаг, санхүүгийн хямралын дараа энэ бүлэг үүссэн. Тухайн үед Азийн орнууд санхүүгийн хямралд нэрвэгдэж тэр нь дэлхийд буруу нөлөө үзүүлсэн. Өрнөдийнхөнд мэдэгдэхгүй байж байгаад гэнэт тийм тэсрэлт болсон тул G8 буюу “8-ын бүлэг” санаачилга гаргаж энэ бүлгийг үүсгэхдээ Хятад, Энэтхэггүйгээр дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг гэтлэхгүй гэсэн утгаар энэ хоёр гүрнийг татан оруулсан. Ингээд 1997 онд анх G33 буюу 33 улс орноос бүрдэх бүлэг буй болж, 1999 онд тэр нь G22 болж, шинэ зуун гарах үест G20 дээрээ тогтсон. Эдийн засгийн үзүүлэлт нь гэвэл G20-ийн орнууд нь дэлхийн ДНБ-ий 85 хувийг бүтээж, дэлхийн худалдааны 75 хувийг эрхэлж, дэлхийн хүн амын гуравны хоёр нь аж төрдөг гэдгээрээ ихээхэн нөлөөтэй бас үүрэгтэй. Тэгэхлээр үр дүн гэж асууж байгаа бол дэлхийд хамгийн нөлөө бүхий энэ бүлгээс дэлхийд хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг асуусан хэрэг байх. Үр дүн гэдэг нь яг одоо мэдрэгдээд хэрэгжчихдэг юм биш л дээ. G20 бол өөрөө 19 улсын Засгийн газрууд, төв банкууд, дээр нь Европын Холбооны төлөөлөлтэй албан бус клуб юм. Дээр нь ОУВС, ДХБ, Дэлхийн Банк, НҮБ энэ клубт уригддаг. G20 нь дээд түвшний уулзалтуудаа төлөвлөж хийдэггүй, хямралын үед хямралын эсрэг асуудлаар яаралтай цугларч хуралддаг учраас үйл ажиллагаа нь тогтмолжоогүй, жишээ нь хямралын эсрэг гэдгээр 2008 оны арваннэгдүгээр сард Вашингтонд цугларснаа хагас жилийн дараа 2009 оны хавар Лондонд, тэгснээ мөн оныхоо намар нь АНУ-ын Питтсбург хотноо цугларах жишээтэй. Тэр үед дэлхийн санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих асуудлаар шуурхай ярилцаж нэгдсэн тохиролцоонд хүрсэн байдаг юм. Гэвч тэр тохиролцоо доошооноо практик дээр хэрэгжсэн нь сайнгүй. Үндэсний эдийн засгаа хамгаалах арга сүвэгчлэх, ОУВС-д реформ хийх гэхчлэн Питтсбургэд яригдсан асуудал агаарт замхарсан. Дэлхийн эдийн засгийг сүйрэлд хүргэчихгүй байх, 2008 оных шиг бүх дэлхийн эдийн засгийн хямрал нүүрлүүлчихгүй байх талаар ярилцдаг, хэлэлцдэг, байр сууриа илэрхийлдэг энэ клубээс заавал хэрэгжүүлэх тогтоол шийдвэр, мөрийн хөтөлбөр гардаггүй учраас шууд үр дүн хүлээх шаардлагагүй юм.

-Өчигдөр дээд хэмжээний уулзалт өндөрлөсөн. Та судлаач, дипломатч хүний хувьд уулзалтыг хэрхэн дүгнэх вэ?

-Судлаачийн хувьд байр сууриа дээр хэлчихлээ. Харин улс төрийн учир шалтгааныг нь дипломатчийн байр сууриас би эерэгээр үнэлж байна. G20 бол дэлхийн янз бүрийн өнцөг булангаас цугларсан, хоорондоо зөрчилтэй улс орнуудыг нэгтгэдэг учраас дэлхийн бодлогод тэнцвэр бариулах, ялангуяа дэлхийн лидерүүдийг нэг дор улаан нүүрээр нь уулзуулах албан бус механизм гэдгээр үр дүнг нь үнэлж байгаа хэрэг. “Тулалдааны талбар”-т шууд нүүр нүүрээ харж уулзах гэдгээр нь хэлж байна. Хоёр талын болоод олон талын уулзалтууд маш чухал ач холбогдолтой. Харилцан айлчлаад, айлчлалынхаа үеэр ярилцах нэг хэрэг. Олуулаа сууж ярилцах, тэр дотор хоёулаа сууж халз ярилцах гэдэг өөр хэрэг. Цаг хэмнэх, зардал хэмнэх талаасаа ч олон талт механизмын хүрээнд хоёулаа уулзалдаад байх нь түгээмэл үзэгдэл болсон шүү дээ. Өмнөх уулзалтаас хойш хоёр талдаа бишгүй олон маргаан үүсгэчихсэн, харилцаа хүйтэрчихсэн тохиолдол алийг тэр гэхэв. Тийм үед л энэ G20 гэх форум чухал гарц, боломж болж өгдөг. Жишээ нь, сая Ханжоуд В.Путин А.Меркель хоёр, В.Путин Б.Обама хоёр, Б.Обама Р.Эрдоган хоёр уулзаж, мөн Brexit-ийн дараахь Британийг хэрхэх вэ гэдгээр хэд хэдэн уулзалт болж өнгөрлөө.

-Энэ үеэр манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд уулзсан. В.Путин, Си Жиньпин хоёрын хөндсөн гол сэдэв юу байв?

-Ханжоуд очихынхоо өмнө В.Путин “Bloomberg” телевизэд ярилцлага өгч байсан даа. G20-ийн гишүүд нь олон улсын бодлого дээр бус, эдийн засгийн асуудал дээрээ төвлөрч яриасай хэмээн тэрээр хэлж байсан. Улс төрийн элдэв асуудал ярьж өөрсөд дээрээ ачаа үүрэх хэрэг юу билээ, Сирийн асуудлаар эцэс төгсгөлгүй маргаж, дэлхийн бүх асуудлаар амаа цангатал ярьснаас оронд санхүүгээ, эдийн засгийг бүтцийн талаар өөрчлөхөө, татвараас зайлсхийлгэхгүй талаараа ярилцвал дээрсэн хэмээн В. Путин хэлж байсан. Ханжоугийн уулзалтыг нээж Си Жиньпин даргын хэлсэн үгэнд мөн ийм санаа туссан. Дэлхийн эдийн засаг түүхэн дэх эргэлтийнхээ босгон дээр байна, хэрэглээ унаж байна, зах зээлүүд тогтворгүй боллоо, худалдаа хөрөнгө оруулалт үлбэгэр байна, иймд хоосон яриагаа орхиё гэх үгс тэрээр хэлсэн. Гэх мэт G20 нь эдийн засгийн форум де-факто байхаа больчихсныг манай хоёр хөрш ихээхэн ундууцан тэмдэглэдэг. Тэр өнцгөөс В.Путин, Си Жиньпин нарын уулзалтыг дүгнэх ёстой. Дэлхийн эдийн засгийг эрүүлээр, тогтвортой хөгжүүлэх, глобал эдийн засгийн удирдлагыг буй болгох зорилгын үүднээс ОХУ нь G20-ийн 2013 оны уулзалтыг зохион байгуулж байсан. Тэр байр сууриа Ханжоуд дахин давтлаа. Хятад ч түүнийг нь талархан хүлээн авлаа. Орос-Хятадын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар В.Путин, Си Жиньпин нар ярилцлаа. Өнгөрсөн зургадугаар сард В.Путин Хятадад айлчилсныг БНХАУ-ын төрийн тэргүүн өндөр үнэллээ. Тэр үеэр Найрамдал, сайн хөрш, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсныхаа 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэснээ, мөн хамтарсан гурван чухал мэдэгдэл гаргаснаа, хамтран ажиллах 30 орчим хэлэлцээрт гарын үсэг зурснаа БНХАУ-ын дарга өндөр үнэллээ. Бүх талыг хамарсан иж бүрэн түншлэл, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийн төлөө хоёр удирдагч шийдвэртэй зогсохоо илэрхийлсэн. Олон улсын ба бүс нутгийн бүхий л асуудлаар энэ хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаа нь харагдлаа. Глобал стратегийн тогтвортой байдлыг дэмжих, даян дэлхийд энх тайван, аюулгүй байдлыг хангахын төлөө хоёр улс нэгдсэн уриалга гаргахаа ч мэдэгдсэн. Анхаарал татах нэг зүйл байна. ОХУ, БНХАУ нь улс төрийн харилцан дэмжлэгээ чухалчиллаа. Ялангуяа бүрэн эрхт байдлаа хамгаалах талаар аль аль нь харилцан дэмжлэг үзүүлнэ гэсэн. Энэ нь бодвоос Өмнөд Хятадын тэнгис, Крымын хойгт өрнөсөн үйл явдлыг хэлсэн хэрэг болов уу. Манай улсад шууд биш ч дам хамаарах асуудлаар хоёр тал ингэж ярилаа. Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг болон Хятадын “Торгоны зам”-ын стратегийг ойртуулах, ерөөсөө Москва-Бээжингийн хоорондын стратегийг ойртуулахаар тохиролцсон.

-Уулзалтын үеэр Сири, Украины асуудлыг хэлэлцсэн байгаа. Дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа эдгээр орнуудын байдлыг хэвийн болгох асуудал дээр дорвитой, нааштай тохиролцоонд хүрч чадсан уу?

-Сири, Украины тухайд дорвитой тохиролцоо гэх зүйлийг Ханжоугаас олж харсангүй. БРИКС (Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк) гэх эвслийн уулзалтыг Ханжоуд G20-ийн уулзалтын өмнө зохион байгуулсан нь байр сууриа ойртуулах гэсэн нэг чухал алхам боллоо. Ойрхи Дорнод, Арабын ертөнц дэх сунжирсан хямрал, иргэний дайн, хаос, тэр бүс нутаг олон улсын терроризмын плацдарм болсон тухай, дүрвэгсдийн нүүдэл хяналтаас гарсан, “Лалын улс” өргөжин тэлсэн, тэр нь дэлхий дахинд аюлгүй байдлын шинэ бодит аюул болж буй тухай БРИКС-ийн удирдагчид сэтгэл түгшин ярилцсан байна билээ. Оросын хувьд Сирийн хэрэг явдалд оролцох болсон шалтгаанаа тайлбарласан. Оросгүйгээр эдгээр асуудлыг шийдвэрлэх аргагүй юм байна гэдгийг ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд хүлээн зөвшөөрсөн гэсгээд цаашаа хэлэх зүйл алга. Украины тухайд 2014 онд Крымыг ОХУ-д нэгтгэснээс үүдэн Оросыг гэсгээх оролдлого 2014 оны арваннэгдүгээр сард Австралийн Брисбенд болсон G20-ийн уулзалтаар харагдсан. Аюулгүй байдал ба Украины хямрал гэх сэдэв голлосон. ОХУ-ын Ерөнхийлөгч уулзалтыг орхиж нутаг буцсан. Тэглээ гээд Оросыг ганцаардуулж чадаагүй, Орос хотойгоогүй. 2015 онд Туркийн Антальед G20-ийн тэргүүнүүд дараагийнхаа дээд түвшний уулзалтад цугларахад ОХУ-ыг ганцаардуулах талаар ганц ч үг ганхийгээгүй. Тэр үед Украины гэхээсээ Сирийн асуудал хоолой дээр тулчихсан тул түүнийг тойрч ярилцсан. Энэ мэтээр Украины сэдэв алслан одож байх шиг. Германы Франк-Вальтер Штайнмайерын саяхан хэлэхдээ “G8 нь G7 болж хувираасай гэж бид хүсэхгүй байна. Европын хөрш зэргэлдээ бүс нутаг- Сири, Ирак, Ливид өрнөж буй ужгирсан мөргөлдөөн, Ираны цөмийн хөтөлбөр тойрсон сөргөлдөөнийг зохицуулахад ОХУ бидэнд хэрэгтэй байна” гэсэн. ХБНГУ-ын Эдийн засгийн сайд З. Габриэль “ОХУ бол бүс нутгийн гүрэн бус дэлхийн тавцан дээрх чухал тоглогч. Тийм учраас би ОХУ-ыг бүлэгтээ эргэж нэгдээч, G7-г G8 болгож хувиргаач хэмээн уриалмаар байна” гэжээ. Энэ хоёр зүтгэлтний үгээр G20 дахь ОХУ-ын байр суурь, жин нөлөөг дүгнэчихэж болмоор санагдах юм.

-Газрын тосны үнийн асуудал мөн гол сэдвүүдийн нэг байсан. Сүүлийн үед нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгаа. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон бэ?

-G20 бол шийдвэр гаргадаг байгууллага биш. Албан бус клуб, нэг ёсны нээлттэй индэр шүү дээ. Газрын тосны тухайд G20 дотор нефтийн хоёр хүчирхэг нь ОХУ, Саудын Арави юм. В.Путин Саудын Аравийн угсаа залгамжлагч хунтайж Мухаммед бен Салмантай Ханжоуд уулзсан. Мэдээж газрын тосны асуудлаа ярилцсан байгаа.

-Уулзалтын үер Европын орнуудын дүрвэгсдийн талаар баримталж байгаа бодлогыг хэлэлцэж төлөөлөгчид санал зөрөлдсөн. Энэ талаар та тодруулаач?

-Дэлхийн дүрвэгсдийн хямрал нүүрлэлээ гэх мэдэгдэл, сануулга бишгүйдээ л дуулдаж байна. Англиар Global Refugee Crisis гэсэн нэр томьёо хэвшсэн. Эл хямралыг зохицуулахад дэлхийн бүх улс орон хамтаараа хариуцлага үүрье гэх уриа дуудлага тогтмолжих төлөвтэй. Тэр тухай л Ханжоуд ярьсан байна билээ. Гомдоллогч нь Европ ба Турк. Дээд түвшний уулзалтын дүнгээр гаргах албан мэдээний төслийг хэлэлцэх үеэр энэ тухай багагүй маргах шиг боллоо. Бусад улс орнууд эл хямралыг зохицуулахад оролц гэх шаардлагыг турк, европынхон шаргуу тавилаа. Монголыг ч энэ асуудлаас ангид бүү бай гэх шаардлагаа зарим нэг улс тавьж байгаа шүү дээ. Жил бүр 3000 дүрвэгч Араб, Ойрхи Дорнод, Афганистанаас Монголд хүлээн авах, эсвэл дэлхийн дүрвэгсдийн хямрал зохицуулахад жил бүр таван сая ам.доллар тушаах шаардлага манайд тавьж байсныг би сайн мэдэх юм.

-БНХАУ-ын дарга энэ үер Солонгосын хойгийн асуудлыг хөндсөн. Гэтэл яг энэ үеэр буюу өчигдөр БНАСАУ дахин Япон тэнгис рүү гурван ч баллистик пуужин харвасан тухай мэдээлсэн. Энэ нь уг уулзалтын уур амьсгалд хэрхэн нөлөөлөх бол?

-Хойд Солонгос пуужин харваад G20-ийн уулзалтад нөлөөллөө гэхэд хэн итгэх юм бэ? Энэ бол хэвлэлээр байнга дэгдээдэг сенсаци байна. Харин БНХАУ-ын дарга БНСУ-ын Ерөнхийлөгч нар уулзахдаа Өмнөд Солонгост Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах Тhaad системийн эд анги байрлуулахыг эсэргүүцсэн байна билээ. Си Жиньпин, Пак Гын Хе нарын уулзалтын мэдээнээс үзэж болно. Хямралыг цааш нь газар авахуулахгүй байх, гал дээр тос нэмэхгүй байхыг Хятад хүсч байгааг илэрхийлнэ лээ. БНХАУ-ын эсрэг чиглэж болзошгүй амдан сөнөөгч 48 пуужингийн зургаан суурь төхөөрөмж Хятадын хамар дор ирж байрлана гэдгээс Хятадын хувьд эмээж байгаа бололтой юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Цүлтэмийн Мөнхжинтэй ярилцлаа.

Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

Сүүлийн үед шинэ зурагнууд зурж байна. Би ноднин арван сараас дөрвөн сар хүртэл Бугат хотод ажиллаж байгаад ирлээ. Уран бичлэг бичдэг Бугат хотийн уран бичигчдын нийгэмлэгийн дарга хятад хүн Ц.Энхжин бид хоёрын зургийг сонирхож үзээд тэнд “Энхжин Мөнхжин” гэж урлагийн төв нээн орон даяар мэдээлэл түгээе гэж санал тавьсан юм.

Хоёр улсын харилцааг соёл урлагаар улам баяжуулъя, хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой, гэрээгээ хийгээд ашгаа хувааж авах эдийн засгийн сонирхолтой юм билээ. Тэгээд хятадын зураачдыг тэр хүн төлөөлөөд хамтран ажиллахаар болсон юм. Надад гурван өрөө байр гарган өгч, орчуулагч, жолооч, хоол унд гэх мэт бүх зардлыг гарган жилийн гэрээ хийсэн. Гэхдээ би долоон сар ажиллаад ирсэн. Байгаад байвал байгаад л байхаар юм билээ уг нь.

Мөн Хөх хотод дөрвөн сарын сүүлээр Оросын Эрхүүгээс ирсэн зураачтай мөн Хятадын галлиграф уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж танилцуулаад ирсэн. Гурван улсын найрсаг харилцаанд урлаг соёлоор дэмжиж хувь нэмрээ оруулж байна гэсэн утгатай үзэсгэлэн болсон юм. Бид хоёрын уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт бие даасан байдалтай гурван улсын туг далбаатай, улс төрийн их ач холбогдол, агуулгатай болсон. Бие биедээ хүндэтгэлтэй хандах гурван улсын харилцаа гэдэг нарийн журамтай юм байна лээ. Удахгүй Бугатын нэг том компанитай хамтран, тэр хүн зохион байгуулж Бээжин хотын орчин үеийн том уран барилга дотор тусгай зааланд энэ үзэсгэлэнгээ гаргана. Тэнд урлаг, эдийн засгийн янз бүрийн арга хэмжээнүүд явагдана. Тэдний нэг нь манай үзэсгэлэн юм. Бээжин хотод ажилладаг Тавингурав гэж Өвөрмонгол хүн надад орчуулагч хийж биднийг холбож өгч байна.

-Гадаадад үзэсгэлэнгээ гаргаж байхад монголын урлагийг хэр хүлээж авдаг вэ?

-Би Австрали, Латин Америкт үзэсгэлэнгээ гаргаагүй. Арабын орнуудаас бусад орнуудад гаргасан даа. Миний өөрийн туршилгаар бол жирийн үзэгчид үзэсгэлэнгийн танхимд орж ирээд үзэж сонирхоод л худалдаж авдаг. Гэхдээ хүн үзэхгүй зарагдахгүй байна гэж байхгүй. Цөөвтөр зарагдах үе бол байна. Япон, Германд бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бусад нь дандаа хамтарсан үзэсгэлэн. Бүх юм гэрээтэй явагддаг. Ашиггүй үе гэж бараг байгаагүй. Америкийн Нью-Иорк хотод болсон үзэсгэлэнд миний гурван зургийг тэнд амьдардаг Ганхуяг гэж залуу оролцуулаад гурвуулаа л зарагдсан. Тэгэхээр Ц.Энхжин бид хоёр гэлтгүй манай зураачид ингэж л ариун цагаан хөдөлмөрөөрөө амьдарч явна даа.

-Зураг зураад амьдрахад Монголд ер нь боломж байна уу? Зураачдыг төр засгаас хэр дэмжиж ажилладаг вэ?

-Манай Төр Засаг гадаад орнууд шиг мөнгө өгөөд зургийг нь худалдаж авах нь байтугай жирийн хүмүүсийн талхыг ч дийлэхгүй байна шүү дээ. Жишээлбэл Соёлын яамны урлагийн сангаар дамжуулаад зураачдын зургийг уран зургийн галерей, улсын сан хөмрөгт худалдаж авна гэсэн тогтоолтой юм. Тэгээд Засгийн газраас мөнгө гаргаад жилдээ тавин саяыг өгдөг. Манайд албан ёсоор Урчуудийн хороонд бүртгэлтэй таван зуу гаруй зураач байна. Гишүүн болоогүй олон хүн цаана нь байгаа гэж бодоход тавин сая бол тал жипний үнэ ч хүрэхгүй шүү дээ. Тэрийгээ сүүлийн хоёр жил бараг өгөхгүй байгаа. Зураач хүн чинь “хоол идэхгүй биш” иднэ шүү дээ. Тэгэхээр зэрэг манай Төр засаг урлаг соёлынхноо хаячихсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Төр засаг чамайг сэтгүүлч гэж намайг зураач гэж ялгалгүй бүгдийг нь тэжээх үүрэгтэй шүү дээ. Хубилай сэцэн хааны үг байна. “Ард олон гэдэг бол улс орны үндэс. Ард олны үндэс бол идэх өмсөх юм” гэж. Тэгэхээр улс орон ард олонгүй бол байхгүй болно биз дээ, ард олон нь идэх хоолгүй өмсөх юмгүй бол байхгүй болно биздээ. Манай төр засаг сүүлийн хорин зургаан жил ард иргэдээ хангаж чадахгүй байна шүү.

-Таны аав Н.Цүлтэм гуай Барилга архитектурын чиглэлээр олон цуврал ном гаргаж байжээ. Аавынхаа талаар ярьж өгөөч?

-Манай аавын цуврал ном Япон улсад Юнескогийн зардлаар хэвлүүлсэн байдаг. Уран барилга, уран баримал, гоёл чимэглэлийн урлаг, их уран бүтээлч барималч Занабазар гээд таван цуврал гаргасан. Занабазарыг шашны тэргүүн улстөрийн талаас нь мэддэг байсан. Харин манай аав урлагийн талаас нь анх түмэнд нээж өгсөн. Үүнээс үндэслээд Н.Энхбаяр Соёлын яамны сайд байх үедээ Америкт том үзэсгэлэн гаргаж байсан. Манай аав их хүн чанартай хүн байсан тиймээс агуу их авьяас нь гундаагүй өрнөж байжээ гэж боддог. Аав маань нэг удаа Даваацэрэн хэмээх орос эхнэр дагуулаад ирсэн барималчид гурван өрөө байраа өгч байсан гэж ээж маань ярьж байсан. Орос эхнэртэй учир яаж гэрт амьдрах вэ гэж бодсон хэрэг. Үүнээс гадна аав П.Балдандорж гуайг эхнэртэй нь жил орчим амьдруулж байсан. Тэр үед би бага байж дээ. Дараа нь Самбуу гээд энэтхэгээс ирсэн буриад лам байсан. Тэр хүнийг ажилд оруулж өгөөд манайд бас жил амьдарсан. Миний мэдэхийн энэ хоёр хүн байна. Миний аав бол их тусч хүн байлаа. Олон хүнийг ажилд оруулж ажил амьдралтай нь залгуулсан даа.

-Та олон шавьтай юу? Ажил амьдралынхаа гарааг хаанаас эхэлж байсан бэ?

-Дүрслэх урлагийн дунд сургууль гэж байх үед Ардын зураач Д.Амгалан багш намайг ЗХУ-аас сургууль төгсөөд ирэхэд “Хот чимэглэлтийн анги” гэж тусгай анги гаргаж өгч байсан. Тэр үед дизайн гэдэг үгийг Монголчууд мэддэгүй байсан. Автобус унаа, зам харгуй, буудлын тохижилт, үйлдвэрийн бараа сав боодол зэргээр хүүхдүүдийг анх бэлдэж байлаа.Тэрнээс гадна бүх нэгдүгээр ангийн сурагчдад үсгийн урлаг гэж хичээл ордог байлаа. Уран зураг, хар зураг, зохиомж гээд олон хичээл орж байсан. Тэнд сурч байсан сурагчид бүгд л миний шавь байх ёстой. Гэтэл зарим залуучууд эхлээд багшаа, багшаа гэж байгаад сүүлдээ Ц.Мөнхжин ахаа л гэчихсэн явж байдаг юм. Жаахан нэр алдарт хүрэхээрээ тэгдэг юм шиг байна лээ. Гэхдээ уран бүтээлч хүнд хүн чанар гэдэг хамгийн чухал чанар байх ёстой юм шүү.

-Одоо үед уран бүтээлч гэлтгүй энгийн хүмүүс ч хүн чанаргүй болж байна. Уран бүтээл хаанаас төрдөг юм бэ?

-Уран бүтээл эх орноо гэсэн сэтгэлээс төрдөг. Уран бүтээлч хүн гэдэг бол заавал авьяастай байж, авьяасаараа л бүтээлээ хийдэг. Авьяасгүй хүн бол хичнээн мэрийгээд хэрэггүй. Авьяасыг тордож байхгүй бол гунддаг. Гэтэл түүнийг тордох юм нь хүн чанар байдаг. Хүн чанараа алдаж байгаа хүний уран бүтээл сайн сайхан болоод урлагийн түүхэнд үлдчихсэн юм нэг ч байхгүй. Агуу бүтээлч байсан хүмүүс бол дандаа эх оронч сэтгэлтэй байсан. Урлагийн түүх судална гэдэг чинь зүгээр нэг зурсан зургийг нь үзээд тэрнээс нь хуулбарлаад байх хэрэг биш. Тэр хүнээс үлгэр жишээ, сургамж авч байх ёстой. Гэтэл манай зураач нар үлгэр авдаггүй. Зураачдын хүн чанар их муудаж байна. Тэгэхээр авьяас нь нэг л өдөр гундана. Өнөөдөр ганц хоёр зургийг нь хүмүүс худалдаж аваад би болж байна гэж бодож байтал тэр нь үлдэхгүй шүү дээ. Хэрвээ уран бүтээлч хүн уран бүтээлээ мөнхөд байлгая гэж бодож байгаа бол үүнийг бодох хэрэгтэй. Хүн бол мөнх биш. Харин уран бүтээл бол мөнх байдаг. Жирийн хөдөлмөрөөс уран бүтээл үүгээрээ л ялгаатай. Үүнийг мэдэхгүй хүн чанараа гээгээд байх юм бол авьяас нь улам л зэврээд байна гэсэн үг. Хүний юу боддог ямар үзэл бодолтой юм гэдэг нь уран бүтээлд нь тод илэрдэг юм.

– Уламжлалт урлаг монголд хэр хөгжиж байна вэ? Уламжлалаа бид яаж авч үлдэх вэ?

-Түүх гэдэг чинь уламжлал шүү дээ. Манайх уламжлалт урлагаа хөгжүүлэх түүхээ үргэлжлүүлэх гэдэг юмаа хаяад байна. Гадаадын юмыг их дуурайж байна Солонгос кино их үзэж байна. Тийм болохоор царай нь монгол боловч сэтгэхүй нь гадаад болоод байна. Гадаадынхныг бишрэн шүтдэг тэгээд түүндээ төөрөлдчихсөн. Гадаадаас тусламж авна л гэнэ. Дэлхийн агуу их эдийн засагтай агуу их төрт улсыг байгуулж байсан түүхээ эргэн харж үлгэр аваачээ. Чингис хааны үеийн ганцхан түүхийг ярихгүй шүү. Тэрнээс өмнө арван гуравдугаар зуун хүртэл өчнөөн улс байсан. Хүннүгээс хойш тэр улсууд чинь мандах үедээ мандаж, буурах үедээ буурч явсан. Тэд агуу их соёл, эдийн засгаа яаж авч явж байсан бэ, үүнээс суралцах хэрэгтэй шүү дээ. Уламжлал гэдэг маш өргөн хүрээтэй уламжлалаа үргэлжлүүлж аврах хэрэгтэй. Тэрнээс биш хөгжүүлнэ гэж ярьж болохгүй. Өнөөгийн хүмүүсийн мэдлэг юу ч биш болж байна.Түүхээ судлахгүй ам дамжсан яриагаар дандаа худлаа ярьдаг болж. Түүхээ хүндлэхгүй уламжлалаараа бахархахгүй юм бол яаж миний эх орон гэх юм бэ. Түүхээ мэдэж байж монгол сэтгэхүй гарна биз дээ.Түүхээрээ бахархахгүй бол яаж эх орноо гэх вэ.

– Түүхээсээ бид дэндүү хол хөндий болсон юм шиг санагддаг. Социализмын 70 жилд монголчууд түүхээ мартчихсан юм биш үү?

– Муу л бол хойд талын хар овоохой гэгчээр социализмруу бүх юмыг чихэж болохгүй. Тэнд сайн юм их байсан шүү. Тэр суурин дээр Монголоо хөгжүүлэх ёстой байтал дордуулчихаад социализмийн үеэс л боллоо гэж ярьж болохгүй. Тэр үеийн сэхээтнүүд өнөөдөр байсан бол энэ боломжтой нийгэмд их юм бүтээнэ шүү. Манай улстөрчид юу ч хийж чадахгүй байгаа чинь арчаагүй байгаагийн илрэл. Гаднаас хайгаад байх юм байхгүй эх оронд маань бүх юм нь байж байна шүү дээ. Бид нар үндэс угсаагаа ярьвал Чингис хаан агуу их өвөг дээдсийн үр сад. Удмаа ярьвал агуу түүхтэй биздээ. Тэгээд яагаад өнөөдөр ийм ядуу байна гэвэл төр засаг зөв бодлого явуулахгүй байгаатай л холбоотой. Улс төрч хүн гэдэг бол хамгийн түрүүнд алсын хараатай байх ёстой. Мөн үзэл суртал нийгэмд маш их нөлөөлж байна.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрөв дэх засаглал гэчихээд агуулгаар нь хийхгүй байна. Дандаа хүмүүсийг будилуулах юм хийж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа мэдээллийг буруу зөв гэлтгүй хоёуланг нь зэрэг цацчихдаг. Уг нь бол дүгнээд энэ нь зөв энэ нь буруу гэж ялгаж цацах ёстой. Бид одоо ч түүхийг бүтээсээр байгаа юуг бүтээгээд байна вэ гэдэг дээрээ анхаарах хэрэгтэй.

Би Монголын сэхээтэн хүн. Тиймээс эх ороныхоо ирээдүйн төлөө санаа зовж байна. Хүнд эх орноос илүү дээд юм гэж байхгүй. Хүүхэд байхаас нь заах, хүмүүжүүлэх хэрэгтэй. Түүхээсээ, ахмад үеэсээ суралцах хэрэгтэй. Миний эх орон өөр орноос дутхааргүй, монгол хүн хэний ч өмнө нүүр бардам явдаг.Бусад хүмүүс биднийг хүндэлдэг байгаасай гэж би хүсдэг. Өнөөгийн бид алдаа дутагдлыг нь шүүмжилж хандвал өөрийгөө өмгөөлөөд, гаднаас бурууг хайдаг, тэр бүү хэл түүхрүүгээ түлхдэг. Үүнийгээ л засах хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Эрүүл мэндийн салбарын түүхийг хагас зуун жил бичилцсэн Ониогийн Бямбаагийнх

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Ониогийн Бямбаагийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. О.Бямбаа 50 шахам жил төрийн байгууллагад ажиллаж улс орондоо өөрийн бодитой хувь нэмрийг оруулсан хэмээн сайшаагдаж энэ жил Төрийн их баяр наадмаар Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор энгэрээ мялаалгасан юм. Түүнийг эрүүлийг хамгаалахын удирдлага, зохион байгуулалтаар мэргэшсэн, тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор гэдгийг хүмүүс мэднэ.

Тэрээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий эмчээр ажиллаж байгаад гавьяаны амралтандаа гарчихсан байгаа юм байна. Тэднийх Улиастайн Их цуурайн ам гэх газар зуслангийн газартай аж. Биднийг зусландаа ирэхийг урьсан юм. Хашаагаар нь ороход үүдэндээ машин тавих зориулалтын талбай засчээ. Байшин руугаа явах явган хүний зам гаргачихсан учраас хашааны зүлэг нь сайхан ногооноороо байв. Нэг эгнээнд олон төрлийн мод ургуулсан бөгөөд цаахна талд нь хүлэмж, сагсны талбай, салхилж суух саравч байгаа нь их л эмх замбараатай. Хашаандаа хоёр давхар байшинтай ч наахна талд нь монгол гэр барьсан байв. О.Бямбаа гуай гэргий Х.Бямбасүрэнтэйгээ биднийг угтан авч монгол гэртээ урилаа. Тэрээр “Улаанбаатар хотоос манайх хүртэл бүтэн нэг цаг явдаг юм. Алжаасан байх. Цай, хоол идээд жаахан амарчих” гэснээ зусланд байгаагаа тайлбарлан “Манай хүн бид хоёр эндээ жаахан ногоо тарьдаг юм. Ногоогоо хурааж дуусчихаад л хот руу орно доо. Ач, зээ нар маань зунжин бужигнаж байгаад албандаа явчихсан болохоор жаахан нам гүмхэн л байна” гэж байв. Ямар ногоо тарьдаг талаар сонирхоход Х.Бямбасүрэн гуай “Манайх 2001 оноос хойш хашаандаа 200 гаруй мод тарьсан. Сүүлийн долоон жил үхрийн нүд, чацаргана, мойл, нохойн хошуу, интоор гээд жимсний мод тариалж байна.

Харин сүүлийн таван жил ногоо, найман төрлийн нарийн ногоо, жимс тариалсан. Хашаандаа худаг гаргаад газраар нь хоолой гүйлгэчихсэн учраас услахад зовоод байх асуудалгүй болсон” гэж ярилаа.

Эхнэр нь цай хоол хийж байх зуур О.Бямбаа гуай найрсаг яриа хөөрөө үүсгэх нь энгийн сайхан монгол айлыг мэдрүүлнэ. Эдний гэрийн хуучны хоёр ч шүүгээ, арслантай авдар, төмөр ор нүдэнд тусч байв. О.Бямбаа гуай “Хөгшин бид хоёр гэртээ л байх дуртай. Өглөө босоод л гэртээ орж цай хоолоо бэлтгэж өдөржин байчихаад орой байшиндаа орж унтдаг. Бид хоёр анх айл болж гарахдаа барьж байсан гэрээ хот руу нүүж орохдоо зарчихсан юм. Хуучин гэрээсээ үлдсэн оосор бүч, энэ хэдэн тавилгаа тавьчихсан учраас үүнийгээ анхны гэрээ гэж сэтгэх дуртай. Тэгж ч ярьдаг юм” гэв. Хоёр хөгшин Улаанбаатар хотод бага хүү Отгонбаатартайгаа амьдардаг гэнэ. Хотод очиж хэсэг байж байгаад утаа униар эхлэх үеэр эндээ ирээд тухалчихдаг гэнэ.

О.Бямбаа гуай Ховд аймгийн Алтай сумын уугуул. Тэрээр “Миний овог Онио. Би ээжээрээ овоглодог. Ээжээрээ овоглосон мундаг хүмүүс олон байдаг шүү дээ. Би тэдэн шиг мундаг болоогүй ч дутагдсан зүйлгүй сайхан л байна. Өдий болсон хойно ээжээрээ маш их бахархаж байна даа” хэмээв. О.Бямбаа гуайн ээж Онио арван хүүхэдтэй айлын дөрөв дэх охин байж. Аав, ээжийнхээ голомтыг Онио гуай авч явдаг байсан учраас Бямбаа гуайн бага нас хөдөөний хүүхдүүдийн жишгээр малаа хариулж ээждээ дэм болж өнгөрсөн гэнэ. Найман настайдаа Ховд аймгийн Алтай сумын бага сургуульд элсэн орж, дөрөвдүгээр ангиа дүүргээд, Ховд аймгийн Булган сумын сургуульд арван жилээ төгссөн байна. 1967 онд Анагаах ухааны их сургуульд элсэж орсон аж. О.Бямбаа 1972 онд их сургуулиа төгсөөд өөрийн саналаар нутагтаа очиж, ээжийнхээ дэргэдээс ажлын гараагаа эхэлжээ. Тэрээр “Бага байхад ээж маань их өвддөг байсан. Ээжийнхээ ачийг хариулж, эмчлэх хөлийг нь хучихаар шийдээд эмч болж байлаа” хэмээн дурслаа.Сургуулиа төгссөнөөс хойш сумандаа ажиллаж 1977 оноос Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт 1985 он хүртэл найман жил эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллажээ. Мөн 1988-1991 онд Ховд аймгийн эрүүлийг хамгаалах газарт эмчилгээ хариуцсан ахлах байцаагч хийсэн байна. Тэрээр сумандаа таван жил, аймагт 14 жил ажилласан бөгөөд нийтдээ 20-иод жил хөдөө ажиллаж амьдарсан аж. Энэ хугацаанд нутгийнхаа Х.Бямбасүрэн гэх бүсгүйтэй ханилж, өдгөө таван хүүхдийн эцэг эх болжээ. Гэргий Х.Бямбасүрэн нь монгол хэл, уран зохиолын багш бөгөөд О.Бямбааг хаашаа л нүүнэ дагаж, очсон газрынхаа сургуульд багшилдаг байсан гэнэ. О.Бямбаа гэргийнхээ тухай “Бид хоёр нэг голын хүүхдүүд байсан. Гэргий маань “Таван онцын эзэн”, Д.Нацагдорж тэмдэгтэн сүрхий охин байлаа шүү дээ. Нэг голынхон учраас ерөнхийдөө мэддэг байсан хэрэг. Хорь гарсан хойноо нэгнээ мэдэлцэж би эмч болоод сумандаа очдог жил буюу 1973 онд анх айл болж байлаа. Бид 1970 оноос өдийг хүртэл 46 жил ханилж, жаргал зовлонгоо хуваалцсан байна. Би шинэ ажилд хуваарилагдах бүртээ эхнэр, хүүхдүүдээ орхичихоод л явдаг байсан. Гайгүй хөл дээрээ зогсоод ирэхдээ гэр бүлээ татна гэж бодсон хэрэг. Тэр хугацаанд эхнэр маань л хүүхдүүдээ өсгөж байлаа даа. Хөгшин маань ар гэрээ үнэхээр сайн авч явдаг хүн дээ” хэмээв. Хүүхдүүдээ ганцаараа яаж хардаг байсан талаар асуухад Х.Бямбасүрэн гуай “Өдөр хичээлтэй нь үсээ самнаж чадахгүй самаа бариад л хүрээд ирнэ. Ангидаа оруулж үсийг нь самнаад, сургуулийнхаа гуанзанд оруулж хоол идүүлчихээд л хичээлд нь оруулна. Хичээл тарсан хойно шалгалт авсан дэвтрээ засангаа хүүхдүүдээ хүлээж байгаад тарахаар нь гэр рүүгээ хамт явдаг байсан. Ээж маань тэр үед аймагт байсан болохоор их тус болдог байсан л даа” гээд инээмсэглэв.

О.Бямбаа гуай нутагтаа 20-иод жил ажиллаад байтал хотод дүү дээр нь байсан ээжийнх нь бие муудсан гэх мэдээ ирж ээжийгээ сахихаар хот явжээ. Ээжийгээ сахиж байхад нь Эрүүлийг хамгаалахын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Г.Зуунай Монголын анагаах ухааны хүрээлэнгийн эдийн засгийн секторт ажиллах санал тавьжээ. Түүний дээд төгсөлт учраас танихаар барахгүй хөдөө сайн ажиллаж байсан гэж дуулаад О.Бямбаагаар анагаах ухааны эдийн засаг судлуулах гэж буй хэрэг. Тэгээд анагаах ухааны хүрээлэнд Г.Зуунайгийн удирдлага дор судалгаа шинжилгээний ажил хийж байжээ. Налайх хотын эрүүлийг хамгаалах хэлтэст даргаар ажиллуулах саналыг Улаанбаатар хотын эрүүлийг хамгаалах газраас тавьж, Налайх хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга С.Лхагвасүрэн орон сууц өгье гэснээр амьдралын шаардлагаар уг саналыг хүлээн авчээ. Гэтэл ардчилсан зарчмаар эмнэлгийн хэлтсийн даргын сонгон шалгаруулалтад өрсөлдөх болж нутгийн зургаан хүнээс 77.5 хувийн саналаар хол түрүүлж Налайх дүүргийн эмнэлгийн хэлтэст ажиллаж эхэлсэн байна. Төд удалгүй О.Бямбаа Ховд аймгаас гэр бүлээ татаж Налайх дүүрэгт ам бүлээрээ амьдрах болсон аж. Тэрээр “Налайхад ажиллаж эхэлснээс жилийн дараа намайг Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын Москвагийн курсэд явуулсан. Монголын эрүүлийг хамгаалахын салбарын удирдлагыг нэг жилээр бэлтгэдэг том курс л дээ. Тэнд сурч ирээд Налайхад зургаан жил ажилласан даа” хэмээн дурслаа.

Хууч хөөрч байх зуур гэргий Х.Бямбасүрэн “Хүүхдүүд ирэх гэнэ. Байшингаа галлаадахъя” гэв. Бид ч байшинг нь сонирхохоор хамт гарлаа. Хоёр давхар байшинд угаалгын өрөө бэлдсэн ч хараахан худагтайгаа холбоогүй байгаа аж. О.Бямбаа гуай “Худагтаа холбоод цахилгаантай болчихвол ч хотын байшингаас ялгаагүй болох гээд байгаа юм” хэмээв. Байшингийн үүдээр ороход гал тогооны өрөө байв. Цаана нь байх зочны өрөөний хойморт гэр бүлийн зургаа өлгөсөн харагдав. О.Бямбаа “Хотын гэрт Ерөнхийлөгчөөс шагнал авсан зураг минь өлгөөтэй байгаа. Бас зургийн альбом ч бий” гэж байна. Шатны хажууханд хоёр хөгшний унтлагын өрөө байв. Харин хоёр давхар нь том цэлгэр талбайтай бөгөөд тэндээ хүүхдүүд нь ороо засч унтдаг гэнэ. Саруулхан цонхоор гадагшаа харвал уул, ус, мод гээд байгалийн үзэсгэлэн тогтсон сайхан газар юм. Энэ тагтан дээр ач, зээ нар нь ирж шалгалтдаа бэлддэг гэсэн. Байшингаас гарч зуны гал тогоог нь сонирхлоо. Х.Бямбасүрэн гуай хоёр арвын бидоноор тараг бүрчихэж. Мөн ааруул хийгээд хатаахаар тавьчихсан байв. Танайх үхэртэй юм уу гэж асуухад тэрээр “Зуслангийн энэ хавьд байдаг үхэртэй айлаас очиж сүү авдаг юм. Түүгээрээ цагаан идээ хийчихээр ач, зээ нар маань дуртай идээд зүгээр байдаг юм” гэв.

Жимсний бутаа янзалж суугаа О.Бямбаа гуайгаас та Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллаж байсан байх аа. Хэзээнээс ажилласан юм бэ гэж асуухад “Налайхаас ирээд Эрүүл мэндийн улсын хяналтын албанд ахлах байцаагчаар дөрвөн жил ажилласан. Тэрний өмнө Налайхад ажиллаж байхад 1996 болон 2000 онд эрүүлийг хамгаалах яаманд ажилд авъя гэсэн. Гэтэл 2001 онд Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч даргаар ажилд авъя гэж санал тавилаа. Яаманд очвол бодлогын ажил, нийслэлд очвол мэргэжлийн ажил хийнэ. Тэгээд Ц.Ганхүү даргын саналыг хүлээн авч орлогчоор нь дөрвөн жил ажилласан юм. Дараа нь 2004 оноос Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн даргаар есөн жил ажиллаад тэтгэвэртээ гарсан даа” хэмээв. Тухайн үед гэр нь Улаанбаатар хотод нүүгээд ирчихсэн 11 дүгээр хороололд амьдардаг байж. Тиймээс Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажлын байр гарч тийшээ шилжсэн аж. Тус эмнэлэгт зургаан жил ажиллаад жаран настайдаа тэтгэвэрт гарах төлөвлөгөөтэй байсан ч дүүрэг, нийслэлээс гаргахгүй байжээ. Ингээд ахиж гурван жил ажиллаад 2012 онд 63 настайдаа тэтгэвэртээ гарчээ. Тэрээр “Тэтгэвэрт гараад удаагүй байхад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Даш-Яндаг намайг хамт ажиллая гээд дуудсан. Б.Даш-Яндаг дарга дээр очоод компанийн бодлогод оролцоод явж байтал намайг ерөнхий эмчээр томилсон юм. Ийм байдлаар Б.Даш-Яндаг даргын эмнэлэгт дөрвөн жил ажилласан. Хамт олонтойгоо гар нийлж, сайхан ажиллаж байгаад энэ хавар 67 насандаа тэтгэвэрт гарчихсан байгаа нь энэ дээ” гээд ажил хийхгүй гэрт сууна гэдэг хэцүүхэн л байна. Ямар сайндаа л мод бут, жимс ногоогоор оролдохов гэж байлаа. Та насаараа дарга хийсэн хүн юм аа даа гэхэд манай дунд хүү Цогтбаатар ямар сайндаа “Намайг төрөхөд л миний аав дарга байсан, одоо ч дарга хэвээрээ” гэж ярьдаг байсан хэмээв. Мөн тэрээр “Энэ хавар Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан болоод Монголын эрүүл мэндийн байгууллагад 50 шахам жил би юу хийв гэж бодоход салбарынхаа бүхий л түвшинд ажиллаж, хийсэн ажилтай, хэлэх үгтэй байжээ” гэж бахархангуй дурсан сууна. Ажиллаж байсан газартаа хийж бүтээсэн бодитой ажлууд маань үлдсэн дээ гэсээр “Би сайхан амьдралын үндэс суурийг хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, боловсруулах гэж боддог хүн” хэмээсэн нь бид сайхан амьдарч байна гэж хэлж байгаа мэт санагдав. Учир нь эднийх таван хүүхэдтэй. Гурван хүү, хоёр охинтой. Бүгд салбартаа хийж бүтээсэн зүйлтэй, ид хөдөлмөрлөж байгаа залуус. Том хүүг нь Цагаанбаатар гэдэг. “Таван цагираг” сонины спортын сэтгүүлч гэдгээр нь хүмүүс андахгүй. О.Бямбаа гуай “Том хүүг их сургуулиа төгсөж байхад М.Зулкафиль багш намайг дуудаж уулзаад миний хүүг сургуульдаа багшаар үлдээх саналтай байгаагаа хэлж байлаа. МУИС гээд нэр хүндтэй сургуулийг онц дүнтэй төгсөж, бас багшлах санал авахад нь үнэхээр их баярлаж байсан. Гэтэл хүү маань багшлах дургүй, сэтгүүлчээрээ ажиллана гээд сэтгүүлч болсон. Би багшлуулах сонирхолтой байсан ч хүүгийнхээ хүсэл тэмүүллийг дэмжсэн юм. Тэр нь одоо зөв байж дээ гэж боддог. Хүү маань одоо Монголын триатлоны холбооны үүсгэн байгуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч гэх албан тушаалтай ажиллаж байгаа” хэмээн бахархангуй ярилаа.

Эдний таван хүүхэд тавуулаа магистр хамгаалсан бөгөөд хоёр хүүхэд нь доктор хамгаалсан юм байна. Хоёр дахь охин болох Цэнгэллхам. Тэрээр Вьетнам улсад бакалавр, Монгол Улсад магистр, доктор хамгаалсан бөгөөд одоо Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнд судлаач эрдэмтэн хийдэг аж. Нөгөө доктор нь гурав дахь хүү Цогтбаатар аж. Тэрээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлаар ажилладаг. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн тэрээр Анагаах ухааны их сургуульд бакалавр, Америк улсад магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан аж. “Би өөрөө эрдэмтэн болох сонирхолтой байсан юм. Миний хүүхдүүд хүсэл мөрөөдлийг маань гүйцээж байна даа” хэмээн О.Бямбаа гуай хэлэв. Түүний бага охин, хүү хоёр нь ихэр аж. Баярлхам, Отгонбаатар хоёр хоёулаа МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгсөөд охин нь Токиогийн их сургуулийн магистр, хүү нь Нийгатад Японы олон улсын харилцааны их сургуульд магистраар суралцжээ. Хүү Отгонбаатар нь Гадаад харилцааны яаманд ажлынхаа хажуугаар мөн Японы Васедагийн их сургуульд докторантурт сурч байгаа гэнэ. Бага охин Баярлхам нь аав, ээж хоёр дээрээ ирчихсэн амарч байв. Баярлхам МУИС-ийн Олон улсын харилцааны бакалавр, Токиогийн их сургуулийн магистр, Люксембургийн их сургуулийн магистр хамгаалчихаад нутагтаа ирээд удаагүй байгаа гэнэ. Ээж Х.Бямбасүрэн “Охин маань саяхан төгсөөд ирчихсэн учраас би жаахан амраад ав гээд байгаа юм” гэж ярих зуураа охиныхоо толгойг илж үнэрлэж харагдлаа.

Бүх хүүхдэдээ номын дуу сонсгох гэж их л ухаан зарцуулсан байх даа гэж асуухад О.Бямбаа “Том ах нь дүү нараа чиглүүлдэг юм. Манай хүүхдүүд өөрсдөө шалгалтаа өгөөд гадаад явах тэтгэлэгт тэнцээд суралцсан. Аав, ээжээсээ мөнгө авахгүй биеэ даагаад зэрэг цолоо хамгаалаад ирсэн дээ. Хичээнгүй байдагт нь хүүхдүүдээрээ бахархаж явдаг. Миний амьдралын хамгийн чухал эрхэмлэдэг зүйл бол миний ээж, үр хүүхэд, хань, ач, зээ нар маань. Тиймээс ингэж сайхан амьдруулсан ээждээ би баярладаг. Одоо ч тэнгэрээс харж байгаа ээждээ хүү нь гялалзаж явна гэж өдөр болгон хэлдэг юм” гэлээ.

О.Бямбаа, Х.Бямбасүрэн хоёр 1990 оны сүүлээс эхлээд хүүхдүүдийнхээ амжилт бүтээлийг шинэ оны зааг дээр урамшуулдаг болсон байна. Мөн аливаа тэмдэглэлт баяр болоход заавал ширээ засан гэр бүлээрээ тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Хүүхдүүд нь тэр оны гэр бүлийн шилдэг болохын тулд хичээл номондоо мэрийн суралцдаг байна. Аав маань биднийг үнэхээр сайхан урамшуулдаг юм гэж бага охин Баярлхам ярив. Эднийх одоо таван ач, нэг зээтэй юм байна. 2006 оноос эхлэн гэр бүлийн оны шилдэгтээ өргөмжлөл, ном бэлэглэдэг болжээ. Хоёр буурал маань одоо ач зээ нарынхаа амжилтыг урамшуулж, ахиулахын төлөө энэ аргаа хэрэглэдэг гэнэ. Ийм л гэгээлэг, оюунлаг гэр бүлд хагас өдөр саатаж хууч хөөрлөө. Улаанбаатар хот руу хөдлөхөөр унаандаа суухад хоёр хөгшин ажлын амжилт хүсч, ирж байгаарай гэсээр биднийг үдсэн юм.

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

МАН хэвлэл мэдээллийн байгууллагыг тагнуулаар шалгуулж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж эхэллээ

Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хуралдаан хаалттай горимоор болсон билээ. Уг хуралдааны талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд аль болох нийтэд мэдээлэхийг зорьсон. Тэрэн дундаас “Ардын эрх” сонины нийтэлсэн мэдээлэл МАН-ынханд таалагдсангүй бололтой. “Манай хаалттай хуралдаан дээр гишүүдийн маань хэлсэн үг, гаргасан санал, дүгнэлт “Ардын эрх” сонины есдүгээр сарын 2-ны өдрийн дугаарт “МАН-ынхан хаалттай хаалганы цаана юу ярив” гэдэг гарчигтай хэвлэгдсэн байна. Төрийн мэдээллийн нууцлал, аюулгүй ажиллагаа алдагдсан учир мэдээлэл хэрхэн алдагдсаныг шалгаж өгнө үү” гэсэн утгатай хүсэлтийг Тагнуулын ерөнхий газарт гаргасан байна, ардын намынхан. Тус бүлгийн дарга Д.Хаянхярваа гишүүний гарын үсэгтэй уг хүсэлтийг хараад хэд хэдэн зүйлд гайхлаа. Ер нь энэ мэт хаалттай хуралдаан үе үе болдог. Хэвлэл мэдээллийн байгууллагууд үүргээ биелүүлж ард түмэндээ тэр хурлын талаарх мэдээллийг хүргэхийн тулд баттай эх сурвалжуудаас мэдээ сэлт цуглуулж чаддаг. Тэр бүү хэл “Хаалттай хуралдааны нээлттэй сурвалжлага”-ыг олонтаа л хүргэдгийг олон нийт мэднэ. Ийм сурвалжлагуудыг аль ч цаг үед сонин, телевиз гээд хэвлэлийн байгууллагууд үзэгч, уншигчдадаа хүргэсээр ирсэн. Гэтэл МАН-ын бүлгийнхэн яаж байгаа нь энэ вэ. Бүлгийн хуралдааны ярьсан зүйлүүдийг нь анзаарвал ихэнх нь л цаашид хэрхэх вэ, яах вэ. Ерөнхий сайдтай яаж хамтрах вэ, алдаа оноо юу байна вэ гэж үйл ажиллагааны шинжтэй л юм ярьсан байна билээ шүү дээ. Энэ чинь тэгээд төрийн нууцтай холбоотой асуудал болж таарч байна уу. Иймэрхүү уур амьсгалтай хурал хуй болж л байдаг. МАН-ынхан яагаад үүнд эмзэглээд сүр үзүүлж тагнуул, хүчний байгууллагаар хэвлэл мэдээллийн байгууллагыг шалгуулах хүсэлт илгээв. Зарим эх сурвалжийн ярьснаар МАН-ынхан тэр хаалттай гэх хуралдаан дээрээ намынх нь нэр хүнд унаж байна, ингэж унахад нөлөөлж байгаа том шалтгаан нь хэвлэл мэдээллийн байгууллага. Тэд биднийг шүүмжилж байгаа нь намын нэр төрийг унагаж байна гэх утгатай юм ярьсан байгаа юм. Ингэж хэвлэл мэдээлэл гэх том салбарт буруугаа чихэж, захаас нь айлгаад эхэлье гэж яриад дуусаагүй байтал нь тэр хуралдааных нь талаар мэдээлэл сонин дээр нийтлэгдчихээр барьц алдсандаа ингэж тагнуул, хүчний байгууллагаар сүр үзүүлэхийг зорио юу.

За юутай ч МАН-ын хувьд ингээд хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх чөлөөг боомилж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж эхэллээ. Эхнээс нь тагнуул, хүчний байгууллагад хүсэлт гаргаж шалгаад өг гэж байна. Үүнээс нь үзвэл тус нам ирж буй энэ дөрвөн жилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын нүд, чих, амыг таглах гэж нэлээд үзэж, элдэв янзаар дарамт учруулах нь гэж таамаглахад нэг их буруудах юм алга.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Баатар: Азийн бар улсууд шинжлэх ухаанаараа дамжуулан хөгжиж байна

Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнгийн даргын үүрэг гүйцэтгэгч, академич, физикийн шинжлэх ухааны доктор Ц.Баатартай ярилцлаа.

-Үйлдвэрлэл хөгжихөд физикийн шинжлэх ухаан ямар үүрэгтэй юм бэ?

-Азийн бар болсон орнууд шинжлэх ухаанд маш их мөнгө зарцуулж байна. Тодруулбал, тэд хэд, хэдэн шинжлэх ухааны хүрээлэн байгуулаад, тодорхой салбарт хөрөнгө оруулаад, тэр суурин дээрээ аж ахуй эрхлээд байгаа юм. Ингэж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, авч явж байна гэсэн үг. Манайх хүртэл ингэж шинжлэх ухааны үндэслэлтэй улс орноо хөгжүүлэх хэрэгтэй байгаа юм. Мөн физикийн шинжлэх ухааны суурь судалгаа гэж бий. Уг нь үүнийг нарийвчлан судлаад, хэрэглээний физикээр дамжуулан, улс ардын аж ахуйд хэрэгтэй чиглэлүүдэд нэлээд анхаарч ирсэн түүх манайд бий. Монел гэж байхад төхөөрөмжийн үйлдвэр нэрээр дотооддоо бид эхлээд компьютер угсарсан. Мөн Оросын шинжлэх ухааны академи бусад электрон багаж төхөөрөмжүүдийг манайд нийлүүлж байсан. Манай хүрээлэнд сансрын нисгэгч Гүррагчаа баатрын анхны туршилтын материалуудыг хүртэл бэлтгэсэн юм.

-Хөдөөгийн малчид нарны цахилгаан үүсгүүрээр гэрэл асааж, зурагт үздэг, утсаа цэнэглэх зэрэгт ашигладаг болсон. Уг нарны зайг анх физик, технологийн хүрээлэнгээс санаачлан гаргасан бил үү?

-Тухайн үед хөдөөгийн малчдыг гэрлээр хангана гэдэг том асуудал байсан юм. Тиймээс манай хүрээлэнгийн эрдэмтэд Нэгдсэн үндэсний байгууллагад төсөл бичээд, нарны зайн тусламжтайгаар дөрөв, таван цагийн хугацаанд гэрэл өгөх, хүлээн авагч цэнэглэх боложтой болох төсөл хэрэгжүүлсэн. Ингээд 100 мянган айлын нарны зайн прокт зах зээлд нийлүүлсэн юм. Тухайн үед манайхтай зэрэгцүүлэн, худалдаачид Хятадаас ашигт үйлийн коэффициент багатай гурван мянган ширхэг нарны зай оруулж ирсэн нь чанаргүй зай үйлвэрлэж гэх ташаа ойлголт нийгэмд төрүүлж байсан юм. Гэхдээ тухайн үед хэвлэл мэдээллээр үнэн зөвийг мэдээлж байсан. Манай хүрээлэнгээс хөдөөгийн малчдыг гэрлээр хангах дээр ингэж зөв алхам хийсэн.

-Сүүлийн үед физикийн ямар, ямар чиглэлээр судалгаа хийж байна?

-Физикийн онолын цөм ба эгэл бөөмийн физик, хатуу биеийн автоматжуулалтын электроник, информатик болон агаарын бохирдолтой холбоотой арав гаруй чиглэлээр судалгааныхаа ажлуудыг явуулж байна. Мөн Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлын судалгаа хийж байгаа. Манай нийслэлд хөрс, агаарын бохирдол их байна. Мөн суурь судалгаа нэлээд хийж байна. Аливаа шинжлэх ухаан суурь судалгаагаа сайн хийж байх хэрэгтэй байдаг юм. Суурь судалгаа нь багадаад ирвэл цаашдаа хөгжил нь буурчихдаг жамтай.

-Суурь судалгаан дээр үндэслээд, ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ?

-Бусад хөгжилтэй улс орнууд суурь судалгаан дээр үндэслээд, шинжлэх ухааны үндэслэл дээр суурилж тухайн зүйлийг хэрэглээнд ашиглаж, судалгаагаа ажил хэрэг болгодог. Манайх тийм өндөр түвшинд судалгаа хийж, хэрэгжүүлж арай л чадахгүй байна. Бусад улс орнууд гадны бусад оронд юу, юуг судлаад, хэрхэн яаж хэрэгжүүлж байна гэдгийг даган дуурайж, үргэлж судалж байдаг. Дэлхийн бараг бүх хэл дээр бүх улс орны хэрэгжүүлсэн шинжлэх ухааны судалгааг өөрсдөө ч мөн судалж, боломжтой чиглэлээр нь үйлдвэр эрхэлдэг. Гэхдээ манайд шинжлэх ухааны чамлахааргүй олон судалгаа, тайлан бий. Тайлан хэлбэрээр л байгаад байгаа юм. Үүнийг авч ашиглаж, туршиж ажил хэрэг болгож байгаа зүйл бараг алга. Гэхдээ сүүлийн үед инновацийн төсөл, цөм, технологи зэргийг хэрэгжүүлж байгаа нь багахан ахицтай яваа байх. Гэхдээ л шаардлага хангахгүй байна. Яагаад гэхээр цаанаасаа өгч байгаа мөнгө их бага. Эрдэм шинжилгээний ажилчдын цалин маш бага, судалгаа хийх хангамжгүйгээс болоод энэ салбар хөгжихгүй байна. Мөн хийсэн судалгааг нь ажил хэрэг болгодоггүй. Статистикийн мэдээнээс харахад манай улсын дундаж цалин 800, 900 мянга гэж харагдах юм. Тэгвэл шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн эрдэмтдийн цалин дунджаас бага шүү дээ.

-Манай улс томоохон нарны цахилгаан станц барьж байгуулах боломж хэр байна?

-Манай улсад нартай өдрийн тоо 275-300 байдаг юм. Тиймээс нарны зайгаар ажилладаг станц, төхөөрөмж ашиглах боломж өндөр. Мөн л төр засгаас дэмжихгүй, шинжлэх ухааны салбарын бодлогыг хаяж байгаагаас болоод хэрэгжиж байгаа нь цөөхөн байна.

-Шинжлэх ухааны салбарт ажиллах залуусын тоо буурч байна уу. Хими, физикийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд ажлын байр хэр байна?

-Ажлын байр цөөхөн. Уул уурхай болон томоохон салбарт ийм мэргэжлийн хүмүүс цөөн тоогоор хэрэгтэй байдаг учраас өндөр цалин амлаад авчихдаг. Тиймээс шинжлэх ухааны хүрээлэнд бага цалинтай ажиллаж, судалгаа хийх залуус цөөхөн байна. Залуус тархи бага зовоох мэргэжил эзэмших сонирхолтой байгаад би их санаа зовдог. МУИС-ийн физикийн ангид гэхэд л харьцангуй цөөхөн хүүхэд ордог болжээ. Холбогдох яамдаас бодлогоор зохицуулах хэрэгтэй. Залуу, хойч үе маань шинжлэх ухаан сонирхохгүй байна гэдэг улсын хөгжилд муугаар нөлөөлнө гэж ойлгож болно. Гэхдээ яахав, нэг ийм завсрын үе байгаа байх. Ирээдүйд өөр болох байлгүй. Шинжлэх ухаан, технологийн салбараар дамжуулж улсын бодлого төлөвлөгөөгөө хийхгүй бол ийм байдал сайн зүйлд хүргэхгүй байх талтай.

-Та физик технологийн чиглэлээр хэзээнээс эхэлж ажиллаж байгаа вэ?

-Би 1969 оноос эхлэн физикийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн. Физик болон бусад шинжлэх ухааны салбарыг дэмжих ажил хийх хэрэгтэй гэж боддог. Дэлхийн өндөр хөгжилтэй улсууд бүгд хэрэглээний шинжлэх ухааны судалгааны үр дүнг үйлдвэржилтэд нэвтрүүлж хөгжиж байна.

-Цөмийн физикийн хөгжил манай улсад ямар түвшинд байна бэ?

-Цөмийн физикийн хөгжил олон жилийн урт удаан түүхтэй. Манай салбарын эрдэмтэд болон залуус уг нь дэлхийн хэмжээний судалгаа хийж чадна. Шинжлэх ухааны чиглэлээр амжилттай суралцсан зарим залуус гадны улсуудад ажиллах сонирхолтой байна.

-Физикийн шинжлэх ухаан манай улсад хэр хөгжиж байна?

-Физик технологийн хүрээлэн бол шинжлэх ухаан ба технологийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэлхийн жишгээр явуулж байна. Мөн судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх, байгалийн шинжлэх ухааны орчин үеийн ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Материал судлал, нанотехнологи биофизик, биотехнологи, эгэл бөөм, цөмийн физик, техник, технологи, информатик зэрэг зургаан салбарт орчин үеийн физикийн чиглэлээр суурь судалгаа явуулж, физик технологийн инноваци, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой.

-Эрдэмтэд улс төрд орж улсын бодлого тодорхойлох сонирхолгүй байна уу. Яагаад энэ салбарт орохгүй байна?

-Үнэн худлыг мэдэхгүй юм. УИХ-д нэр дэвшихийн тулд олон сая төгрөг төлдөг гэж сонссон. Тэгэхээр насаараа эрдэм шинжилгээний ажил хийсэн хүмүүст тийм их мөнгө байхгүй болохоор улс төр сонирхох боломжгүй шүү дээ.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Сансраас ирсэн дохио

Xарь гарагийг судалдаг “SETI” (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн судлаачид HD 164595 одны ойролцоогоос Оросын эрдэмтэд ер бусын дохио хүлээн авсан тухай саяхнаас мэдээлэх боллоо. HD 164595 од нь нарнаас 94 гэрлийн жилийн зайтай оршдог, Геркулес оддын ордод байрлах бөгөөд ойролцоогоор 6,3 тэрбум жилийн настай юм байна.

Өнгөрсөн 2015 оны тавдугаар сард анх ийм дохиог Оросын “РАТАН-600” телескоп хүлээн аваад бүртгэжээ. “РАТАН-600” телескоп нь Карачаево-Черкесст байрладаг. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн уг төхөөрөмж дэлхийд хамгийн томд тооцогддог радио долгион хүлээн авагч. Маш өндөр мэдрэмжтэй тул нар, нарны салхи, од гариг, хиймэл дагуул зэргээс ирж буй бүх дохиог тэр дор нь мэдрэх чадвартай. HD 164595-аас ирсэн дохио нь хоёр секунд үргэлжилсэн бөгөөд 11 гигагерцийн давтамжтай байжээ. Одоогоос хоёр жилийн өмнө яг ийм дохио хүлээн авсныг эрдэмтэд дурдсан байдаг.

Оросын телескоп өнгөрсөн хавар дохиог хүлээн авсан боловч саяхнаас л хэвлэл мэдээлэл, сошиалаар бичигдсэн. Америкийн зохиолч, “Centau­ri Dreams” сайтын редактор Пол Гилстер хамгийн анх энэ тухай олон нийтэд мэдээлэхдээ гадаадын судлаачдын баг үүн дээр ажиллаж байгааг онцолжээ.

Одон орон судлаачдын үзэж байгаагаар сансар огторгуйд олон гараг байдгаас хүн амьдрах боломжтой ч бий гэнэ. Тиймээс 1950-иад оноос эхлэн SETI (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн эрдэмтэд өөр гариг дээр хүн амьдрах боломжтой эсэх талаар судалгаа хийж эхэлсэн. Энэ ажилд эрдэмтэд, одон орон судлаачид болон сайн дурынхан оролцдог бөгөөд сонин хачин үзэгдлүүд нэлээд тохиолдсон гэдэг. Нэг жишээг дурдъя. 1977 онд одон орон судлаачид нэгэн дохио хүлээн авчээ. Тухайн үед доктор Жерри Эйманн үүнийг ихэд онцолж ач холбогдол өгсөн байдаг. Тэр дохио өнгөрсөн хавар нь хүлээж авсан дохиотой тун ижилхэн байсан гэнэ.

Харь гараг дээр амьдрал байхгүй хэмээн үздэг эрдэмтэд нэлээд олон судалгаагаа үргэлжлүүлсээр байгаа. Харин энэ удаагийн дохио нь судлаачдын анхаарлыг маш ихээр татсан шалтгаан нь манай дэлхийгээс өндөр хөгжилтэй газраас илгээсэн байх гэсэн таамаглал дэвшүүлсэнтэй холбоотой. Ийм таамаглал дэвшүүлэх болсон бас нэг шалтгаан нь дохио маш хүчтэй байсан гэдэг.

Гэхдээ манайхаас өндөр хөгжилтэй гарагаас илгээсэн гэдгийг батлах баримт хараахан байхгүй.

Оросын эрдэмтэд дохиог хүлээн авсныхаа дараа гадаадын мэргэжил нэгтнүүддээ энэ талаар захидал илгээгээд, судалгаа хийхэд хамтарч ажиллах хүсэлт тавьжээ. Ийнхүү сансраас хүлээн авсан дохио дэлхийн судлаач, эрдэмтдийн анхаарлын төвд байна. Тиймээс ч энэ сарын 27-ны өдөр Мексикийн Гвадалахар хотод болох Олон улсын одон орон судлаачдын 67 дугаар чуулган дээр энэ талаар тусгайлан хэлэлцэхээр төлөвлөжээ.

Сансраас хүлээн авсан дохиог судалж, харь гараг дээр амьдрал байгаа эсэхийг тогтоохоор одоогийн байдлаар одон орон судлаачдын хоёр баг ажилдаа орчихоод байгаа. Хоёр тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж буй эдгээр эрдэмтдийн нэг хэсгийг олны танил одон орон судлаач Сет Шостак, нөгөө багийг нь Дук Вакоч ахлан ажиллаж байгаа аж. Тэд одоогоор хангалттай баримт байхгүй тул харь гарагаас илгээсэн гэдгийг баттайгаар хэлж чадахгүй гэдгээ онцолсон юм. Дээр дурдсанчлан уг дохионы талаар судлаачид янз бүрийн байр суурьтай байгаа. Техасын их сургуулийн одон орон судлаач Ник Санцеффийн үзэж байгаагаар 11 гигагерцийн давтамжтай дохио нь цэргийнхний үйл ажиллагаа явуулдаг бүсэд байдаг тул энэ дохио манай дэлхийтэй холбоотой хэмээн ярьжээ. Гэхдээ дахин ийм дохио ирэхийг хүлээж байж тодорхой дүгнэлт хийхээс өөр аргагүй гэсэн. Харь гарагийнхантай холбоо тогтоох хөтөлбөрийг удирдан ажиллаж буй Дуг Вакоч өнгөрсөн даваа гарагт HD 164595 оддын ойр хавьд судалгаа хийжээ. Тэрээр “Allen Telescope Ar­ray” телескопыг ашиглан ажиглалтын хийсэн боловч ямар нэгэн дүгнэлтэд хүрээгүй гэдгээ хэлсэн. Энэ нь эхний шатны ажиглалт байсан тул цааш нь нарийвчлан судлах шаардлагатай гэсэн.

Нэлээд хүчтэй дохио ирсэн нь төхөөрөмжид бүртгэгджээ

Үүнтэй холбогдуулан Оросын “РАТАН 600” телескопын талаар зарим нэгэн мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Тус төхөөрөмжийг 1974 онд байгуулсан бөгөөд нар, од, гараг болон сансар судлалд ашигладаг. Далайн түвшнээс дээш 970 метрийн өндөрт байрладаг түүн шиг өндөр мэдрэмжтэй төхөөрөмж одоогоор байхгүй.

Оросын зарим эрдэмтэдийн ярьж байгаагаар сансраас ирсэн дохио нь үл танигдах нисдэг биет үзэгддэгтэй ижилхэн гэжээ. Тэгэхлээр хэн нэг нь “Би үл танигдах нисдэг биет харсан” хэмээн яривал хүмүүс бараг тоохгүй. Үүнийг харь гарагаас ирсэн сансрын хөлөг гэсэн бодол хүмүүсийн оюун ухаанд суучихсан байдаг.

Оросын Шинжлэх ухааны академийн Одон орон судлалын хүрээлэнгийн эрдэмтэн Д.Вибе энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр энэ нь манай дэлхийгээс өндөр хөгжилтэй харь гарагаас ирсэн дохио гэдгийг үгүйсгэх арга байхгүй гэжээ.

Aстрофизикчдийн мэдэгдсэнээр HD 164959 одын ойр орчмоос ийм хүчтэй дохио өгснийг манай дэлхий дээр хүлээн авна гэдэг бол маш өндөр хөгжилтэй гарагаас илгээсэн гэсэн үг хэмээн онцолжээ.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчийг өндөр хэмжээнд ашигладаг болохын илэрхийлэл аж. Дэлхийн өнөөгийн хөгжилтэй харьцуулахын аргагүй. Гэхдээ харь гарагаас илгээсэн дохио болохыг батлах бас нэгэн зүйл бий. Энэ нь дахин дахин давтагдах юм бол бидэнтэй холбоо тогтоох хүсэлтэй байгаагийн илэрхийлэл болно. Тиймээс дахин давтагдах эсэхийг хүлээх хэрэгтэй.

Сүүлийн 150 жилийн туршид дэлхийгээс харь гарагтай холбоо тогтоох гэж нэг бус удаа оролдсон. Үүнд хариу өгсөн гэсэн баталгаа өнөөдөр хүртэл байхгүй. Гэхдээ харь гарагаас манай дэлхий рүү янз бүрийн сонирхолтой дохио илгээдэг гэдгийг дурдах нь зүйтэй байх. 1997 онд “Cassini-Huygens” хэмээх нисгэгчгүй сансрын хөлгийг Санчир гараг руу илгээсэн. Удалгүй сансрын хөлөг уг гарагийг тойрсон замд ороход нэгэн сонин дохио хүлээн авсныг судлаачид одоо болтол тайлбарлаж чадаагүй. Иймэрхүү сонин дохио бүртгэгдсэн тохиолдол нэлээд хэд байдаг аж.

Оросын эрдэмтэд дохио хүлээж авснаа нэг жилийн дараа мэдэгдсэнд “SETI” (Search for Extraterrestrial Intelligence) хүрээлэнгийн америк эрдэмтэд сэтгэл ихэд дундуур байгаа гэнэ. Хэрвээ тэр дор нь мэдэгдсэн бол дахин давтагдах эсэхийг манай дэлхийг тойруулан байрлуулсан томоохон гурван телескопын тусламжтайгаар ажиглах боломжтой байжээ. Ямар ч байсан Америкийн SETI хүрээлэнгийн захирал Сет Шостак үүнийг маш сонин явдал хэмээн онцлоод “Хэрвээ ийм дохио нь харь гарагийнх байж болзошгүй гэсэн таамаглал байгаа бол бусдадаа мэдэгдэх ёстой бөгөөд ингэснээр бусад нь түүнийг ажиглаж баталгаажуулж өгнө” гэжээ.