Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ганга нуур 30 мянган малын “цэвэрлэх байгууламж“ болжээ

Дорнод зүгийн талын чимэг болсон Ганга нуур ширгэж байна гэх чимээ энэ зун тасарсангүй. Аагим халуунд нуурын ус бараг л юу ч үгүй болтлоо ширгэж байгаа тухай зүүн аймгаас ирсэн хүн бүр толгой сэгсрэн ярилаа. Хэт халснаас болж нуурын ус ууршаад дэгдчихсэн гэж ярих нэгэн байхад учир мэдэх хүмүүс малын баас шээс Ганга нуурыг мөхөөж байна гэв. Нутгийн олон угтаа Ганга нуурыг хөвөө хязгааргүй их далай лугаа адил сэтгэн хайрлан хүндэтгэдэг. Гэсэн ч нуурын ус урьд өмнөх үеэсээ хэд дахин багасаж юу юугүй алга болохын даваан дээр байна. Шалтгаан нь өнгөрөгч зун хэт их халсандаа ч байгаа юм биш. Нуураа бараадан амьдардаг нутгийн айлуудын малтай л холбоотой. Хун шувууд өдөржин шөнөжин гангананхан байдаг Гангын эрэгт өнөө жил 30 гаруй мянган мал зуссан байна лээ. Хөрсөн дээрээ 40 хэм хүрч халахад адуу мал сүрэг сүргээрээ багшралдан нуур руу тэмүүлэх нь ойлгомжтой. Ялаагаа үргээн өдөржин налайн зогсоо мал мэдээж хэрэг усан дотор бааж шээж таараа. Нэг адуу өдөрт таван кг хомоол унагадаг гэж бодвол нуур өдөр бүр 150 тонн малын баас шингээх гэж үйл тамаа цайдаг байж таарах нь. Дээрээс нь 90 гаруй тонн шээс нуур руу ордог гэж тооцоолъё. Ийм байхад нуур ширгэхгүй байхын аргагүй. Яаж харин ийм олон жил тэсч, тэмцэж чадсан юм бол гэмээр. Дээрээс нь урьд өмнө хорин нэгэн булаг шанд Ганга нуураа тэжээн тэтгэдэг байсан бол өнөө жил хоёрхон нь үлдэж. Дагшин булгийн ус тал бүрээс нь цутгаж халгин цалгин мэлтэлзэж байдаг байсан Ганга нуур дээрх хоёр шалтгааны улмаас лаг шавар болтлоо өтгөрч хүн бүү хэл мал орохын эцэсгүй болжээ. Ингэж Монгол орны аль л сайхан нуур цөөрмийг 70 сая эвэртэй нинжа сүйтгээд дуусах нь. Энэ тухай манай сонин өнгөрсөн хавар “Монголын сайхан байгалийг мал сүйтгэх, нинжа сүйтгэх хоёрт чанарын ялгаа алга” гэж бичиж байлаа. Бид оргүйгээс ингэж бичээгүй. Олон газраар, Монгол орны бүх л аймаг, сумдаар томилолтоор явах үедээ олон нуур, цөөрөм хэрхэн алга болж буйг харсан болохоор бичдэг юм. Аль ч нутгийн нуур, цөөрөм ор мөргүй ширгэж алга болсон нь голдуу мал сүрэгтэй холбоотой. Нутгийн иргэд ч энэ тухай ярьдаг. Манай нутгийн тэдний мал өдөржин нуурын усанд зогсчихдог. Тийм үед нуурын уснаас умдаалах бүү хэл хажуугаар нь явахаар хомоол үнэртдэг гэж ярьдаг юм. Ингэж Монголын аль үзэсгэлэнтэй булаг шанд, нуур цөөрөм олон сая малын баасыг шингээх “цэвэрлэх байгууламж” болж байна. Хотын бид зуны амралтаараа ойр зуурхан амралтаар явахдаа ийм байдлыг нүдээр харж мэдэрдэг дээ. Аль сайхан байгальтай, мод ус жигдэрсэн тийм л газар хэдэн мал очоод шавчихсан байдаг. Хөөж туугаад ч нэмэргүй. Майхан барих бүү хэл суух ч газаргүй болтол бааж шээсэн байдаг болохоор цэвэрхэнийг нь бодон хайрга чулуу бараадан явахаас өөр аргагүй болно. Тийм сайхан байгальтай газар хоёр, гуравхан айл зуссаны дараа жил улаан халцгай болоод үлдэх нь бий. Жижигхэн гол горхи тэр олон малын хөлд сүйтгэгдэн мөхөхийн наахна үлдээд байх юм. Зарим нь ч тэнд булаг, горхи байсан гэх ул мөргүй болтлоо юу ч үгүй хатаж хоцорно. Ингэж гол горхи, нуур цөөрөм ширгэж алга болоход мал сүрэг хамгийн их нөлөөлж байна. Дээрээс нь Монгол орон төдийгүй дэлхий жилээс жил ирэх тусам улам бүр хуурайшиж буй. Ийм нөхцөлд бид яах ёстой вэ гэвэл нуур руу мал сүргийг хөлөөр нь оруулж амаар нь уулгахыг л болиулмаар байгаа юм. Нуур усаа хашаалж хамгаалах хэрэгтэй. Гадна талд нь худаг гаргаад өгчихье. Булаг шандын эхийг адуу мал даваад гарчихааргүй хашаа хороогоор хамгаалмаар байна. Ингэвэл ядаж л газрын гүнээс оргилон ундарч буй эхийг нь юу ч үгүй гишгэлээд байхгүй. Харин ойролцоо нь гүний худаг заавал ч үгүй гаргаад өгчих. Булаг шанд оргилж буй газрын ойролцоох гүнд усны ундарга байж л таараа. Иймэрхүү ажлуудыг тухайн орон нутгийн засаг захиргааныхан нэн даруй зохион байгуулмаар байгаа юм. Томоохон нуур цөөрмөөс шуудуу татаад малаа услаад байж болно шүү дээ. Ямар огт ус уулгахаа больё гэж байгаа биш. Хамгийн гол нь сүрэг сүргээр нь нуурын ус руу оруулж өдөржин баалгаж шээлгэдгийг л болиулчихмаар байгаа юм. Том том хөндий, шилд мал бэлчээрлэх газрыг тусгайлан зааж өгөөд тэнд нь худаг гаргаад өгчихвөл болоод явчихна. Хэрэв нуур цөөрөмтэй ойрхон зусаад мал сүргээ өдөржин усанд байлгадаг бол өндөр хэмжээний татвар оногдуулж болно. Тэгэхгүй бол Монголын аль сайхан гол горхи ор мөргүй ширгээд алга болох нь. Энэ янзаар байвал ариун Гангын ус юу ч үгүй болох нь. Хоёр, гуравхан жилийн дараа үр хүүхдээ дагуулан Дарьганга нутагт очоод “Энд мянган хун чуулдаг Ганга нуур байлаа” гээд цэлийсэн хоосон тал ширтээд дурсан суух энүүхэнд болчихжээ. Алдарт Ганга битгий хэл бараг хүн мэдэхгүй шахам хэчнээн нуур цөөрөм энд тэнд ширгэж байгааг тааж хэлэхийн арга алга.

Намар намарт мянган хун цуглуулчихаад хүн бүрийн сэтгэлийг хөвсөлзүүлэн холын холоос даллан дууддаг Ганга нуурын намар энэ жил дэндүү уйтай байгаа даа. Өдийд уг нь алс нутаг руу үрсээ дагуулан нисэхээр бэлтгэлээ базааж хол ойр нисэх хун шувуудад дарагдан хөлтэйхэн байгаа дуулддаг сан. Байгалийн гайхам сайхан энэхүү үзэгдлийг харах гэж дотоодын төдийгүй гадаадын жуулчид нуурын эрэг бараадан багшралддаг байлаа. Гэтэл энэ жил гуравхан хун дэгдээхийгээ дагуулаад уйтайхан намаржиж буй сурагтай. Уг нь дунд сургуулийн сурагч байхдаа “Ганга нуурын усаар үсээ угаасан бүсгүй хүн жаргадаг” хэмээн уншиж билээ. Тэр цагаас хойш сэтгэлдээ Ганга нуурын усыг төсөөлөн очих өдрийг хүлээсэн дээ. Харин нуурын ус намайг очихоос урьтаж малын хөлд дарагдан юу ч үгүй ширгэж алга болчих гээд байх шиг ээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөрөнгө оруулагчид “Хүчтэй дэд бүтэцтэй бол Монголын эдийн засаг сэргэнэ” гэв

“Өдрийн сонин”-ы № 208 (5473) дугаараас авч нийтлэв.

“Монголын эдийн засаг ирэх жилээс сэргэж эхэлнэ” гэж Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Н.Энхбаяр онцолсон бол “Си Ар Юу” группийн Хятад дахь салбарын захирал Жон Жонсон нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ одоогийнхоос доошлохгүй аажимдаа бага багаар өснө гэсэн гэгээтэй мэдээ дуулгав. Тэд “Дисковер Монголиа-2016”-гийн голлох илтгэлийг тавьсан юм. Уул уурхайн баялгаа ахиу үнээр зарж мөнгө олъё гэвэл төмөр зам, цахилгаан станц зэрэг дэд бүтэцдээ анхаарах хэрэгтэй гэсэн санааг илтгэгч бүр хэлж байв. Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр хүчтэй дэд бүтэцгүй бол уул уурхайгаараа дэлхийд өрсөлдөх бололцоогүй хэмээн онцолсон. Оюу толгой төсөл нийт зардлынхаа 30 хувь буюу 200-300 сая ам.долларыг цахилгаан худалдан авах гэж урд хөршийн компанид төлдөг, Таван толгойн цахилгаан станцаа барьчихвал энэ мөнгө дотооддоо үлдэнэ гэсэн тоо ч дуулдав. Дэд бүтцээ даруйхан шийдэж, өрсөлдөх чадвараа сайжруулахгүй бол уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сэргэх ирэх жилүүдэд Монгол Улс хүчтэй тоглогч байж чадахгүй гэсэн санаа “QMC” компанийн ерөнхий захирал М.Дагвын илтгэлээс мөн анзаарагдав. Тэрээр “Уул уурхайн салбарын өрсөлдөх чадвар” сэдвээр илтгэл тавьсан юм. Илтгэгч “Дараагийн өсөлт ирэхэд өрсөлдөх чадвартай улс л өгөөжийг нь хүртэнэ. Өрсөлдөөнд оръё гэхэд хоёр зүйл саад болоод байна. Монголын тухайд компаниуд бор зүрхээрээ өрсөлдөх чадварын судалгаа хийдэг. Гэтэл Австрали гэх мэт том улс орнууд төрийн институтээр дамжуулж өрсөлдөх чадварыг судлаад эхэллээ.

Компани, төр дан дангаараа биш хамтарч байж өрсөлдөөнийг шинээр ойлгоно. Өрсөлдөөний тухай шинэ зургийг тархиндаа бий болгоно” хэмээн онцоллоо.

14 дэх жилдээ болж байгаа уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” чуулга уулзалтад 350 гаруй хүн оролцов. Хөрөнгө оруулагчид өнгөрсөн жил “Популизмгүй уул уурхайн төлөө” уриан дор чуулж байсан бол энэ жил “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриа сонгожээ. Нээлтийн ёслолд засгаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар ирсэн юм. Уул уурхайн сайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг нээлттэй болгоно гэж хөрөнгө оруулагчдад амлалаа.

“Эрдэнэс Монгол” компанийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуу компанийнхаа шинэчлэлийг хөрөнгө оруулагчдад тайлагнасан юм. Тэрээр “Эрдэнэс Монгол бол стратегийн ордууд дээр тусгай зөвшөөрөл эзэмшдэг төрийн өмчтэй компани. Эзэмшдэг ордууд нь асар боломжтой, нөөц ихтэй. Гэсэн хэр нь үнэлгээ хийхээр ганцхан тэрбум ам.доллар болчихдог. Гэтэл манайхаас хэд дахин жижиг нөөцтэй компани олон улсын зах зээл дээр 12 дахин өндөр үнэлгээтэй. Шалтгааныг нь судлаад үзэхээр засаглал сул гэсэн дүгнэлт гарсан. Олон улсын бизнесийн хэл гэж үздэг бүртгэлийн стандартаар тайлан тэнцлээ гаргадаггүй нь бас нэг гол шалтгаан болсон. Шуурхай арга хэмжээ авч хоёр том шинэчлэл хийлээ. Хүний хөгжил сангийн тухай хуулиар манайхыг удирддаг байсныг болиуллаа. Одоо арилжааны зарчмаар явна. Энержи ресурс нүүрсээ хямд зараад баялгаа үнэгүйдүүллээ гэж харамсангуй ярьж байна. 2008, 2012 оны сонгуулийн амлалтын уршиг л даа. Гэхдээ нэгэнт хийсэн гэрээг хэрэгжүүлж, төлөх ёстойгоо төлөөд ард нь гарахаас аргагүй. Цаашид улстөрийн ийм алдаа гаргахгүйн тулд хуулиндаа өөрчлөлт оруулсан. Компанийнхаа дүрмийг шинэчиллээ. Мөн Олон улсын санхүүгийн корпорацитай ярьж байгаад төрийн өмчтэй компанийн засаглалын стандартын дагуу үнэлгээ хийлгэсэн.Цаашид манай компани улстөрөөс хараат бус, тогтвортой, мэргэжлийн, хүмүүс нь ур чадвартай байх ёстой. Үүний төлөө ажиллавал дотоодын болон олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт татаж чадна” гэж ярилаа. Дашрамд сонирхуулахад “Мүүдис” агентлаг “Эрдэнэс Монгол”-ын зээлжих зэрэглэлийг тогтоохоор болжээ.

Хятадын далайн боомт дээр 190 ам.доллар хүрч ханш нь өссөн коксжих нүүрсийг “Эрдэнэс Таван толгой” 27 ам.доллараар урд хөрш рүү экспортолж байгаа. Нүүрсний экспортын 80 хувийг дангаараа гаргаж байгаа “Эрдэнэс Таван толгой” нүүрс экспортлогч хувийн компаниудад өрсөлдөх орон зай үлдээгээгүй гэсэн шүүмжлэлийг шинжээчид хэлцгээгээд эхэлчихсэн.“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Азийн эдийн засгийн өсөлт, гангийн хэрэглээ-Монголын коксжих нүүрс болон төмрийн хүдрийн экспортын боломж” илтгэлдээ ч энэ талаар онцлов. Тэрээр “Монголын уул уурхайд ганибализм буюу бие биенээ барьж идэх процесс явагдаж байна. Үнээ буулгаж өрсөлдсөнөөс болж Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсний бүлэг ордуудад үйл ажиллагаа явуулж буй компаниуд, төмрийн хүдэр экспортлогчид тун хүнд байдалд орчихлоо. Зах зээлээ булаацалдана, дэд бүтцээ булаацалдана, бас боловсон хүчнээ булаацалдаж байна. Бодлогоо нэгтгэж чадахгүйгээс болж эцсийн дүндээ бүгдээрээ хохирцгоож байна” гэсэн шүүмжлэл хэлж байлаа. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх энэ өдөр төслийнхөө талаар илтгэл тавьсан юм.

Дашрамд дурдахад уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж олсон мөнгө оны эхний долоон сарын байдлаар 400 сая ам.доллараар буурч, 1.8 тэрбум ам.доллар болжээ. Алт, цайрын баяжмал л өөдрөг зурагтай гарч. Алтны экспорт гэхэд 8.5 тонноор хэмжигдэж байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3.9 тонноор өссөн үзүүлэлт гэнэ. Шаргал металлын ханш он гарсаар 25 гаруй хувиар өсч, сүүлийн 40 жил ажиглагдаагүй өсөлт харуулжээ. Зэсийн баяжмалаа зарж олсон доллар түрүү жилийн өдийгөөс 24 хувиар буурсан байна. Харин нүүрсний экспортын хэмжээ нь нэмэгдсэн олсон мөнгөний хэмжээ таван хувиар буурсан гэж статистикийнхан онцолжээ.

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан “Уул уурхайн салбар дахь макро нөлөөлөл, өнөөгийн хүлээлт” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр “Эдийн засгийн хөгжлийн загвартай болох хэрэгтэй. Манай улсад гадаад орчны нөлөө маш бага. Гол буруутан нь төр болчихоод байна. Төрийг маш хүнд, тээвэрлэхэд төвөгтэй ачаатай зүйрлэж болно. Уул уурхайн асуудлаар хангалттай хурал цуглаан зохион байгуулж, баримт бичиг олноор нь баталдаг. Өмнийн говийн дэд бүтцийг хэрэгжүүлэх хөтөлбөр гэж гайхамшигтай баримт боловсруулсан. Аль нь ч хэрэгждэггүй. Хүнд үйлдвэр, төмөр замын салбарт ч мөн адил ийм дүр зураг харагддаг. Тэгэхээр цаг алдалгүй яаралтай хийх зүйл бол төрийн шинэчлэл. Нам, хүн өөрчлөх тухай биш төрийн чадамж, бүтэц, сэтгэлгээний өөрчлөлтийг хийх цаг болсон. Одоогийн Засгийн газар бодит байдлыг ил зарласан нь сайн ч хийх ажлаа хамтад нь зарласан бол зах зээлд гэнэтийн цочрол үүсэхгүй байсан” хэмээн ярьсан юм.

“Инвест Монголиа” чуулга уулзалтын үеэр хөрөнгө оруулагч, банкируудын зүгээс бодлогын хүүг огцом нэмсэн нь эдийн засагт муугаар нөлөөлнө гэсэн тайлбар хийж байсан юм. “Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаанаар бодлогын хүүг 4.5 хувиар нэмсэн шийдвэрийн талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа тайлбар өглөө. Б.Баярдаваа “Одоогийн хатуу бодлогоо хурдан хугацаанд зөөлрүүлэх хэрэгтэйг Монгол банк хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ Засгийн газар төсвийн зардлыг хангалттай бууруулж чадахгүй байна” гэж ярилаа. Товчхондоо бодлогын хүү бууруулах эсэх нь эдийн Засгийн газрын хийх алхмаас хамаарах аж. Банкуудын нийт хөрөнгийн 30 орчим хувь нь засгийн эргэлтэд ороогүй гэж Мөнгөний бодлогын газрын дарга ярилаа. Учрыг нь асуухаар эрсдэл даах чадвартай төсөл ховор, санхүүжүүлэх төсөл алга хэмээн хариулдаг гэнэ.

“MIBG” үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “Дисковер Монголиа” чуулга уулзалтын талаар “Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын аль нэг хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байгаа гурван хайгуулын компани, дөрвөн олборлолтын компани бий. Монголын эдийн засгийг гадаадын хөрөнгийн зах зээлтэй холбодог гол гүүр бол эдгээр компаниуд. Тэд үйл ажиллагаагаа хэрхэн үр дүнтэй явуулах вэ гэдгээ энэ хурлаар шийдэхээр ярьж байна. Эд ашигтай ажиллаж байж Монголын нэр хүнд олон улсад сэргэнэ. Цаашлуулж хэлбэл эдгээр компани гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу дуудах гол зэвсэг. Энэ компаниудын дуу хоолойг төрд хүргэж дэмжих, төрийн бодлогыг компаниудад хүргэх, компаниуд хоорондоо бизнес хэлцэл хийгээсэй гэсэн зорилгоор зохион байгуулж байгаа арга хэмжээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

“Дисковер Монголиа” чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. Энэ өдрийн үдээс өмнөх хуралдаанаар уламжлал ёсоор “Засгийн газрын цаг” болно. “Засгийн газрын цаг”-т Уул уурхайн хүнд үйлдвэр, Байгал орчин, аялал жуулчлал, Эрчим хүч, Сангийн яамныхан оролцох юм байна. Мөн Ерөнхий сайдын эдийн засгийн ахлах зөвлөх Н.Энхбаяр, АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарцогт, Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг нар оролцохоор болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Приус машин мөнгө хэмнэдэг болохоос амь хамгаалдаггүй

Зам тээврийн ослын улмаас амь насаа алдах хүний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Замын цагдаагийн газраас гаргасан статистик тооноос харж болно. Өнгөрсөн онд гэхэд Замын цагдаагийн газарт 92 мянга гаруй дуудлага ирсэн байна. Үүнээс 45 мянган осол бүртгэгдэж, гурван мянга гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Мөн зам тээврийн ослын улмаас 429 хүн амиа алджээ. 2016 оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн осол 193 бүртгэгдсэний 138 нь орон нутгийн замд гарч 43 хүн нас барсан байна. Үүний нэлээд хувийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүйгээс шалтгаалсан осол эзэлж байгаа аж. Энэ мэт зам тээврийн осол өдөр бүр гарч, иргэд амь насаа алдсаар байна. Сүүлийн гурван жилд гарсан зам тээврийн ослоос 920 гаруй хүн амь насаа алджээ. Ингэж л монголчууд зам тээврийн ослоос болж жил бүр 500 орчим хүнээ харамсалтайгаар алдаж, гурван мянга орчим хүн хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтэж байна. ГССҮТ-д авто тээврийн ослын улмаас жилд 2800-3200 гаруй хүн ирдэг байна. Ослоос амьд үлдсэн хэдий ч гар, хөлөө тайруулж, тархиндаа хүнд гэмтэл авч насан туршдаа хүний асаргаанд амьдрах хэцүү хувь тавилантай болдог байна. Гэвч зам тээврийн ослыг хэн ч тоохоо байжээ. “Осол гарч л байдаг юм. Хүн үхэж байдаг” гэж л хүлээж авдаг болсон байна. Замын цагдаагийн газраас анхааруулга сэрэмжлүүлэг гаргахаас өөрөөр жолооч нарт замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, осол юунаас болж гардаг. Жолооч нарын буруутай үйлдэл насан туршдаа харамсах зүйл болж байгаа талаар ойлголтыг тууштай өгдөггүйг холбогдох албаныхан онцолж байна.

ОСОЛ ЮУНААС БОЛЖ ГАРДАГ ВЭ

Хөдөө орон нутгийн замд явж байгаа жолооч нарын олонх нь хурд хэтрүүлдэг. Нийслэлээс гарав уу, үгүй юү хаазаа нэмээд давхичихдаг. Замын саадыг тоох ч үгүй. Гэтэл хөдөө орон нутгийн зам ямар байдаг нь тодорхой. Хичнээн зассан ч хэдхэн хоногт эвдэрдэг зам ч бий. Өндөр хурдтай явж байтал гэнэтхэн эвдэрч, хэмхэрсэн, нүхтэй замтай тулчихдаг. Сандарсан жолооч жолооны хүрдээ хажуу тийш дарж, хурдтай явж байсан машин энерциэрээ замын хажуу руу шидэгддэг. Энэ нь нэг талаар жолооч нар хэдхэн сарын жолооны дадлага хийгээд шууд машин барьдагтай холбоотой. Ур чадвар бүрэн эзэмшиж чадаагүй мөртлөө хурдтай явдаг. Нөгөөтэйгүүр бусдаас сургамж авдаггүй, ирэх аюул, бэрхшээлийг тооцдоггүй. Зам тээврийн ослын нийт шалтгааны ихэнх хувийг дээрх төрлийн осол эзэлж байна.

Мөн жолооч нар нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэж байгаад өмнөөсөө ирэх машинтай мөргөлдөж амь насаа алдах хэрэг цөөнгүй гарч байна. Ихэнх жолооч тэр машинаас амжаад орчихно гэсэн бодолтой байдаг. Ингээд л хоёр талаас хурдтай явсан машин хүчтэй мөргөлдөж, бүгд амь насаа алдах нь ч бий. Нийслэлд гарч буй ноцтой осол болгон хэн нэгнээс түрүүлэх гэж, эсрэг урсгалын машинаас амжиж орох гэж хурд нэмэн дайрдаг жолооч нарын буруугаас болдог гэдгийг Замын цагдаагийн газрынхан хэлж байна лээ. Өөр нэг шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол аваар гаргадаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж байнга хэлж, хууль журмыг чангатгаад байхад л огт тоодоггүй. Цагдаад согтуу явж байгаад баригдчихгүй бол болно гэсэн буруу ойлголт жолооч бүрт байдаг. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхлээд машин жолоодох үед асуудалгүй байдаг. Харин зам ширтээд удаан явахаар нойр нь хүрдэг. Хөдөө орон нутагт жолооч нар айлд согтууруулах ундаа хэрэглэдэг. Ингээд машиндаа дүүрэн хүн чихээд явдаг. Үүнээс болж замын хажуу руу орох, жалга, гуу руу унаж амь насаа алддаг. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад бусдыг дайрч амь насыг нь хөнөөсөн, мөн осолдож, амь насаа алдсан хэрэг өнгөрсөн онд 242 бүртгэгдсэн байна.

ЯМАР МАШИН ХАМГИЙН ИХ ОСОЛДОЖ БАЙНА ВЭ

Жолооч нар автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг огт хангахгүй байгаас болж осол аваарт орох нэг том шалтгаан болдог байна. “Машины таван бул тачигнаад, хэвтээ тэнцүүлэгч хугарчихсан явна лээ. Дугуй хавагнаад хэд хэдэн газраа овойчихжээ. Хянах самбар дээр юу нь мэдэгдэхгүй гэрэл асаад байна” гээд л хэнэггүй зан гаргаад яваад байдаг. Гэтэл хурдтай явж байтал машиных нь аль нэг эд анги элэгдэж удаан явснаас болоод салаад ойчдог. Эсвэл дугуй нь буудчихдаг. Энэ мэт шалтгаанаас болж осол гарч байна. Мөн автомашин хилээр оруулж ирж байгаа ченжүүд эвдэрсэн, хэмхэрсэн, осолдсон машиныг сэлбэг нэртэйгээр оруулаад ирдэг.

Ингээд гадна талыг нь засч янзлаад хэн ч харсан орж ирсэн шинэхэн машин шиг болгодог. Ийм машины явах эд анги нь эвдрэлтэй байдаг. Үүнээс болж мөн л осол их гардаг. Сүүлийн үед Солонгос Улсад үйлдэрлэсэн аксент, соната зэрэг автомашин, Япон Улсад үйлдвэрлэсэн Тоёота Приус маркийн автомашинтай жолооч нар осолдох, цаашлаад амь насаа алдах нь бусдаасаа их байгаа гэх судалгааны дүн гарчээ.Тоёота, приус маркийн автомашин Монголын зах зээлд эрэлттэй байгаа. Монголд 600 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагийн 60 мянга орчим нь приус авто машин гэнэ. Иргэд шатахуун бага зарцуулдаг болохоор дээрх машиныг худалдаж авдаг аж. Гэтэл дээрх машин нь нимгэн төмрөөр хийдэг жин багатай аж. Гадна талаас нь мөргөлөө гэхэд яг л базсан цаас шиг хэдэн талаараа цөмрөөд орчихдог байна. Өөрөөр хэлбэл, тоёота приус маркийн автомашинтай осолд орлоо гэхэд дотроос нь хүн амьд гарч ирэх боломж бараг байхгүй гэгддэг байна.

ЖОЛООЧ НАРЫН СЭТГЭХҮЙН ДОРОЙТОЛ

Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын тодорхой хэсэг хэн нэгэн санаандгүй байдлаар шахчих юм бол заавал гүйцэж түрүүлээд зам руу шахдаг. Тэгснээ хэн нэгнийхээ урд орж шахах гээд зам дээр уралддаг. Мөн урдуур нь машин шахаад орчих юм бол мөн л урдуур нь шахаж орох гээд зүтгэчихдэг. Эсрэг урсгалаас хойшоо эргэх гэж байгаа машин дохиогоо өгөөд явж байхаар төв замаар явж байгаа машины жолооч өмнөөс нь тулж очоод тоормос гишгэдэг. Хэн хэндээ зам тавьж өгөхгүй гээд хоёр талаас улайрсан бух шиг л дайрцгаадаг. Энэ бол замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын өдөр бүр гаргадаг үйлдэл. Үүнээс болоод хоорондоо мөргөлддөг. Эсвэл зам дээр зодоон болдог. Хоёр талаас бие биенийхээ дээр гарах гээд хэл амаар доромжилж, гар хуруугаа гозгонуулаад л үзэж тарна. Хэн нэгэнтэй заавал тэмцэлдэж, ялж байж л санаа нь амардаг гэмээр. Өөр нэг алдаа нь эр, эмгүй л хурдны зам дээр яваа мэт хурдтай давхидаг. Энэ бүхэн манайд замын хөдөлгөөнд соёлтой оролцох жолооч нараа бэлтгэж чадахгүй байгааг харуулж байгаа юм.

ГЭР БҮЛЭЭРЭЭ НЭГ МАШИНД БҮҮ СУУ

Баяр ёслолын үед монголчууд хөдөө орон нутгийг олноороо зорьдог. Тэр тусмаа цагаан сараар золголт хийх гээд гэр бүл, хамаатан саднаараа нэг машинд чихэлдэж аваад л явдаг. Өнгөрсөн цагаан сарын үеэр Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зам дээр нэгэн гэр бүл машинтайгаа онхолдож, бүгд нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Энэ мэт гэр бүлээрээ явж байгаад амь насаа алдсан харамсалтай осол цөөнгүй гардаг. Тухайн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаад зорчиж явлаа гэхэд эсрэг урсгалаас машин хүрч ирээд мөргөчихдөг. Энэ мэт олон эрсдэл байдаг. Гэтэл жолооч нар хоёр машинтай явах санхүүгийн боломж байхгүй. Нэгнийгээ гэрт нь үлдээгээд явж болохгүй гэдэг. Үүнээс болоод гэр бүлээрээ амь насаа алддаг. Гадаадын өндөр хөгжилтэй зарим оронд нэг гэр бүлийн гишүүд ихэнхдээ нэг машинд суудаггүй. Тэд болзошгүй эрсдлийг тооцоолж үздэг ажээ. Уг нь бүх жолооч хууль дүрмээ сахиж, соёлтой боловсон замын хөдөлгөөнд оролцвол хэн ч амиа алдахгүй, эрсдэл хүлээхгүй байх боломж бий.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

М.Тодбилэг: Гадаад, дотоодын компаниуд арай гэж олсон лицензээ бариад хөрөнгө оруулалт хайж явна

Монголын геологичдын холбооны гүйцэтгэх захирал М.Тодбилэгтэй ярилцлаа.

-Үндэсний геологийн албыг байгуулах талаар төрийн бодлого, хууль, Засгийн газрын хөтөлбөрт удаа дараа тусгагдаж байсан ч өнөөдөр таг чиг байна. Үндэсний геологийн албыг байгуулах нь манай улсад ямар ашиг тустай юм бэ?

-Газартай харилцдаггүй нийгмийн харилцааны ямар ч салбар байдаггүй болохоор тэр бүгдэд геологийн судалгааны мэдээлэл амин чухал байдаг. Монголын геологийн салбарын алтан үеийнхэн Монголын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй стратегийн орд газруудыг нээн илрүүлж байсан. Гэвч 1990 он гарч манай улс зах зээлийн нийгэмд шилжсэнээр энэ том салбар задарч, уналтанд орсон. Эрх баригчид эдгээр ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэнд оруулахад анхаарлаа хандуулж буй нь нэг талаар зөв боловч геологийн салбарыг орхигдуулж болохгүй. Учир нь геологи бол уул уурхайгаас арван жилийн өмнө түрүүлж явах ёстой. Тиймээс хөрсөн доорх баялгийг шинжлэх ухаанчаар нээн илрүүлдэг геологийн салбарыг хөгжүүлэхэд төрийн тусгай бодлого зайлшгүй байх хэрэгтэй. Үндэсний геологийн албыг төрийн захиргааны үйлчилгээний байгууллага маягаар байгуулж, геологичдын боловсруулж, баяжуулж, шинэчилсэн мэдээллийг төр засаг болон ард олонд хүргэж байх нь зүйтэй. Чухам ингэж чадаагүйн улмаас үзэл баримтлалгүй улс төр, ул суурьгүй эдийн засаг, ашиггүй бизнес, чанаргүй зээл яригдах болж өрөнд баригдаж дууслаа.

-Өнөөдөр манай улсад геологи, хайгуулын ажил ямар түвшинд явж байна. Монгол орны нийт газар нутгийн 20 хувь нь л геологийн заримдаг хайгуулд хамрагдсан гэсэн мэдээлэл байна?

-Геологийн судалгааг гурван түвшинд хувааж үздэг. Шинжлэх ухааны суурь судалгаа болон геологийн зураглал, эрэл буюу 1:200000 машстабтай регионал зураглалаар Монгол Улс 100 хувь, 1:50000 машстабтай зураглалаар Монгол орны нийт газар нутгийн 40 хувийг судалчихаад байна. Үүний дараа хайгуулын лицензийн судалгаа гэж бий. Урт нэртэй хуулиар, голын эх, ойн сан, усан сан, голын хөндийд, мөн улсын тусгай хамгаалалттай, дархан цаазат, улсын тусгай хэрэгцээний газруудад ашигт малтмал хайхыг хориглосон. Ингээд харахаар Монгол орны нийт газар нутгийн 20 хувьд нь ашигт малтмалын хайгуул хийх бололцоотой болж байгаа юм. Гэхдээ эдгээр газруудад геологийн судалгаа хийхийг хориглоогүй. Үүнийг орон нутгийн удирдлагууд ойлгодоггүй. Улсын төсвөөр хайгуул хийхээр очиж байхад алт ухахаар ирсэн гэж бодоод хөөх тохиолдол гарч байсан.

-Нийт нутаг дэвсгэрийн 20 хувь дээр хайгуулын лицензийг хэрхэн олгодог юм?

-Тал хувийг нь шууд цахим өргөдөл нэрийн дор далд байдлаар олгодог. Үлдсэн 50 хувь нь сонгон шалгаруулалтаар явагддаг. Улсаас ашигт малтмал байх магадлалтай гэж судлагдсан газрууд дээр сонгон шалгаруулалт зарладаг.

-Хайгуулын ажилд манай улсын геологийн компаниуд хэрхэн оролцдог вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын эрэл хайгуул хийх хэрэгтэй. Хаана нь юу байгаагаа улс мэдэж, бүртгээд, зураглаж авна гэсэн үг. Шаардлагатай бол өрөмдөөд, эсвэл өрөмдөхгүй. “Эрдэнэс МГЛ”, “Мон Атом” зэрэг төрийн ганц нэг компаниудыг эс тооцвол улсаас хайгуулын ажилд мөнгө гаргадаггүй. Хувийн компаниуд энэ ажлыг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар хийдэг. Гадаадын хөрөнгө оруулалтаар нарийвчилсан хайгуулаа хийлгээд төр засаг тайлан мэдээллээ хүлээж авах системийг 1997 оноос хойш хэрэгжүүлж ирсэн. Сүүлдээ энэ системээр явахад хэцүү боллоо. Гадаад дотоодын компаниуд лиценз аваад, хайгуулаа хийгээд өөрсдийнх нь сонирхсон зүйл байхгүй бол лицензээ буцаагаад өгчихдөг байсан. Гэтэл одоо хайгуул хийлгэхгүй гэж хориглосноос болоод хүмүүс арай гэж олж авсан лицензээ буцааж өгөхгүй байх сонирхолтой болжээ. Тухайн газарт юмтай ч байсан, юмгүй ч байсан түүнийгээ бариад хөрөнгө оруулалт хайгаад явах нөхцөл бий болчихоод байна.

-Ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодож байна. Гадны улс орнуудын жишиг юу вэ?

-Геологийн судалгаа гэдгийг төр засаг ч, орон нутаг ч, ард түмэн ч зөв ойлгох хэрэгтэй. Геологийн судалгааг хориод байж болохгүй. Улсын төсвөөр хийдэг ажил. Төсөв хүнд байгаа ч гэсэн геологийн судалгаандаа төсөв нэмэгдүүлэх шаардлагатай. Эрх баригчид бүгд л энэ ажлыг хийнэ, нэмэгдүүлнэ гэж хэлдэг ч амьдрал дээр хэрэгждэггүй. Канад, Австрали зэрэг ашигт малтмал элбэгтэй орнууд геологийг маш сайн дэмждэг. Япон улсад геологи хайгуулын салбарыг төрийн алба хэлбэрээр явуулдаг. Энэ жишгийг манай улсад нэвтрүүлэх хэрэгтэй байна. Манай улсын геологийн салбар уул уурхайн дагавар салбар болчихоод байна. Уул уурхайн яаманд Геологийн газар, Ашигт малтмалын газарт Газрын тос, геологийн хэлтэс гэж байдаг. Энэ мэтээр Монголын геологийн салбарыг энд тэнд тараагаад хаячихсан байна. Уг нь геологи чинь ганцхан уул уурхайн салбарын дагавар биш. Ерөөсөө нийгэм, эдийн засгийн хөгжлийн суурь байхгүй юу. Агрогеологи, геохими, геодези, гидрогеологи, эрүүл мэндийн геологи гэх мэтээр нийгмийн бүхий л салбаруудтай холбогддог салбар. Тэр ч бүү хэл хаана хогоо хаях вэ, хаана булах вэ гэдгийг геологичид гаргадаг.

-Монголын газар нутгаас хичнээн төрлийн ашигт малтмал олборлоод байна вэ. Тавантолгой, Эрдэнэт шиг томоохон орд газрууд илрэх боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар 700 шахам орд, 8000 гаруй илэрц байна. Гэхдээ бүгд эдийн засгийн ач холбогдолтой байдаггүй. Эдийн засагт хамгийн хурдан хугацаанд ашиг өгдөг салбар нь алт, зэс, хайлуур жонш, нүүрс, цайр, хар тугалга байна. Ураныг ашиглах талаар яригдаж хайгуул хийж байна. Газрын тос олборлосноо гэрээний дагуу экспортолж байгаа. Хэрвээ энэ салбарт хөрөнгө оруулалт хийгдвэл томоохон ордууд гарч ирэх боломжтой. Гадны хөрөнгө оруулалтаар Өмнөговьд газрын гүний өрөмдлөгийн судалгаа нэлээд хийгдсэн. Бусад газар нутагт бараг хийгдээгүй. Манай улс дэлхийн улс орнуудтай зэрэгцэж хөгжихийн тулд газрын гүн рүүгээ судалгаа хийх хэрэгтэй. Улсаас геологийн салбарт жилд наймаас есөн тэрбум төгрөг төсөвлөдөг ч энэ нь геологийн томоохон судалгаа төсөл хэрэгжүүлж, нарийн өрөмдлөг хийж хүрэлцдэггүй. Маш олон компани өрсөлдөж нэг нь авдаг боловч санхүүжилт нь цагтаа орж ирдэггүй. Зээл авч ажилчдын цалингаа тавьж явтал зээлийн хүү нь өсч тухайн компанийг өрөнд оруулдаг. Ингээд геологийн компаниуд ашиггүй ажиллаж, энэ салбарт ажиллах хүмүүсийн тоо цөөрсөөр байна. Монголын геологийн салбарт орчин үеийн техникжилт бүрэн нэвтэрч, чадварлаг геологичид байгаа боловч хууль эрх зүйн салбарын зохицуулалт дутагдаж байна. 1980-аад онд зохиогдсон Газрын хэвлийн тухай суурь хууль хуучирч үеэ өнгөрөөсөн. Үүнийг шинэчилж боловсруулах хэрэгтэй байна.

-Геологийн салбарын хөгжил ингэж удааширч, гацаанд орсон байдлаасаа гарч чадахгүй бол бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Салбарын хөгжлийг удаашруулснаас олон компаниудын үйл ажиллагаанд доголдол гарч, нэлээд хэсэг нь дампуурч, мэргэшсэн мэргэжлийн баг хамт олон тарж, ажилгүйчүүдийн эгнээнд орж, чадварлаг боловсон хүчнүүд нь зэврэхэд хүрлээ. Үүний улмаас ахмад, дунд, залуу үеийн залгамж чанар тасарч, салбарыг уналтанд оруулчихаад байна. Ингэж геологийн салбараа орхигдуулаад байвал хэдэн жилийн дараа геологийн эрэл хайгуулын ажлаа гадныхнаар хийлгэх өдөр ирэхийг үгүйсгэх аргагүй.


Categories
мэдээ цаг-үе

Маса Игата: Мэргэжлийн Засгийн газар байгуулагдаагүйд хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур байна

“Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулагч “Фронтиер конференс” компанийн гүйцэтгэх захирал Маса Игататай ярилцлаа.

-Энэ жилийн “Инвест Монголиа” өмнөх жилийнхээс ямар онцлогтой болж өнгөрөв?

-“Инвест Монголиа”-д ирсэн оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс харьцангуй олон байлаа. Ноднин 680 гаруй хүн оролцсон бол энэ жил 850 хол давлаа. Хөрөнгө оруулагчид тийм олноороо ирсэнгүй. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг татах, холбож өгөх байгууллагын хүмүүс цөөнгүй ирлээ. Элчин сайдын яам, элчин сайдын яамдын харьяанд байдаг бизнесийн байгууллагын төлөөлөгчид, гадны хэвлэл мэдээллийнхэн анхаарч оролцлоо. Хөрөнгө оруулагчидтай холбож өгөх байгууллагуудаас ирсэн учраас ирэх жилээс хөрөнгө оруулагчид олноороо оролцоно гэсэн хүлээлт байна.

-Элчин сайд нар хөрөнгө оруулалтын орчинд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын сэтгэгдэл ямархуу байна вэ?

-Энэ жил шинэ хөрөнгө оруулагч ирээгүй. Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагынханы хувьд танай улсыг олон жил судалсан, танай улсын талаар тодорхой мэдээлэлтэй хүмүүс. Тэд хөрөнгө оруулалтын орчинд юу болохгүй байгааг дахиад л ярьсан. Яриаг нь нэгтгээд дүгнэхэд шинэ Засгийн газрыг өмнөх Засгийн газрууд шигээ мэргэжлийн засаг байж чадсангүй гэж байна. Хөрөнгө оруулагчдын хувьд шинэ Засгийн газар байгуулагдаж эдийн засаг өснө гэсэн хүлээлт байсан. Шинэ засаг өмнөх шигээ чадвартай хүмүүсийг зөв газар нь томилсонгүй. Тэгэхээр өмнөх жилүүдийн алдаа давтагдана гэсэн үг.

-Тав банк бодлогын хүүг огцом өсгөсөн нь хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөөтэй гэсэн байр суурийг “Инвест Монголиа”-д оролцсон зарим банкир онцолж байсан. Энэ шийдвэр цагаа олсон гэж та бодож байна уу, эсвэл…?

-Нөхцөл байдлыг дүгнээд үзье. Төгрөгийн ханш огцом унаж байсан үед бодлогын хүүг 4.5 хувиар өсгөж төгрөгийн ханшийг тогтворжуулсан нь байж болох арга. Гэхдээ дарааллаа бодолцох учиртай байсан. Шийдвэр гарахын өмнө Сангийн яам хүмүүсийг цочролд оруулсан хоёр төрлийн мэдэгдэл гаргасан. Тэр мэдээлэл төгрөгийн ханшийг сулрахад хүргэсэн л дээ. Сангийн яамнаас мэдэгдэл гаргахдаа нэг зүйлийг анхаарах байсан юм. Болохгүй байгаа зүйлийг зарлах нь зөв ч бидэнд ийм төлөвлөгөө бий, дөрвөн жилийн дараа ийм үр дүн гарна гэж гарцаа ярих ёстой байсан. Тэгж хэлээгүй учраас ирээдүйн бодлого, дүр төрх, төсөөлөл тодорхойгүй болчихож байгаа юм. Тэр мэдээллийн дараа “Мүүдис” гэх мэт байгууллага Монгол улсын зээлжих зэрэглэлийг бууруулчихсан. Хөрөнгө оруулагчдын итгэл ч алдарсан.

-Ийм хүнд цагт, сая таны хэлсэн шиг ойлгомжгүй байдал үүссэн үед Таван толгой гэх мэт том төслүүдэд хөрөнгө оруулах сонирхол гадныханд байна уу. “Инвест Монголиа”-д оролцогчид яаж харж байна?

-Монголын хамгийн том төсөл бол Оюу толгой. Засаг Оюу толгойн өөрт ногдох хувийг зарах нь гэсэн цуу яриа дэгдээд байгаа. Хятадад хамгийн багадаа хоёр тэрбум ам.доллараар зарж одоо хэрэгтэй мөнгөний асуудлаа шийдэх боломж бий гэж “Инвест Монголиа”-д оролцогчид ярьж байна. Таван толгойн тухайд үнэ цэнээ алдчихаад байгаа. Гэхдээ гадны зарим компанийг “Mоngolian mining corporation”-тэй хамтарсан консорциум маягаар нэгтгэж Тавантолгойг хөдөлгөх хувилбар амьдрал дээр хэрэгжвэл ашигтай төсөл байх бүрэн бололцоотой. Амжилттай хэрэгжих боломжтой том төслүүд гэвэл сэргээгдэх эрчим хүчний салбарт байна. Бүр тодруулж хэлбэл салхи, нарны эрчим хүчний төслүүдийг гадаадын хөрөнгө оруулагчид нэлээд сонирхож байгаа. ”Оюу толгой”, “Таван толгой”-д хөрөнгө оруулах хамгийн боломжтой улс гэвэл одоогоор зөвхөн Хятад л байна.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаж магадгүй гэж таамаглахаар алхмуудыг Засгийн газраас хийгээд эхэлчихсэн. Нөгөө талд бонд гаргах боломж бий гэсэн байр суурийг бизнес эрхлэгчид илэрхийлж байгаа. Ер нь манай улсад гаднаас мөнгө босгох ямар боломж, гарцууд байна вэ?

-Монголын хувьд гаднаас мөнгө татах таван төрлийн боломж бий. “Стэнд бай”, бонд, Хятадын Засгийн газраас тусламж авах, Оюу толгой, төрийн өмчийн хувьчлал. Засгийн газрын өгсөн мэссэж, мэдээллээс болж бондын хүү сүүлийн хоёр сарын турш өслөө. Тэгэхээр дахин бонд гаргавал өндөр өртгөөр гаргах учраас боломжгүй хувилбар. Оюу толгойгоос мөнгө босгох асуудал ч шийдвэрт хүрэхгүй болов уу. Төрийн өмчийг хувьчлах аргаар мөнгө босгох нь одоохондоо ашигтай гарц биш. Эдийн засаг хүнд байгаа нөхцөлд төр өмчөө асар бага мөнгөөр зарах эрсдэлтэй. “Стэнд бай”-д орох юм уу, эсвэл Хятадын Засгийн газартай харилцах хоёр гарц л боломжтой харагдаж байна.

-Хятад гэснээс хөрөнгө оруулалтын орчин нэг улсаас нэлээд хамааралтай болчихвол зах зээл талаасаа ямар эрсдэлтэй вэ?

-Хятадын хувьд зүгээр нэг туслах улс биш. Худалдаачны сэтгэхүйтэй улс. Хэцүү байгаа үеийг нь далимдуулаад эдийн засагт нь том нөлөө үзүүлье гэсэн бодлогоор хандах магадлал өндөр. Өмнө нь хийсэн свопынхоо хэмжээг дахиад өсгөе гэсэн яриа гарч байгаа. Хэрвээ Хятадад ийм хүсэлт тавибал “Тэгье, бид өсгөөд өгье. Гэхдээ та нар бидний төлөө юу хийх вэ” гэж асууна. Хятадуудын юу хүсэхийг би мэдэхгүй. Хэрвээ би Хятадын талын шийдвэр гаргах хүн байсан бол “Манай банкинд танай улсад үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл өг” л гэж хэлнэ. Ингэж асуух нь ойлгомжтой. Эрхийг нь өгөөд Хятадын банкууд ороод ирвэл Монгол Улс Хятадад худалдагдах аюул ихэснэ.

-Эрсдлээс хамгаалах арга хэрэглээд мөнгө орж ирэх боломжтой улсад хандаж болно, “Bank of China”-г тодорхой босго, шалгууртайгаар оруулаад ирчихэд болохгүй юмгүй гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Хятадын банк Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулна гэвэл Монгол улс төгрөгөөр биш юаниар гүйлгээ хийдэг орон болох эрсдэлтэй. Нөгөө талаас “Манай улс ийм тийм хязгаарлалт хийнэ” гэхгүйгээр гэрээ хийснийхээ дараа хязгаарлалт хийнэ гээд эхэлбэл хөрөнгө оруулалтын орчин талаас Хятадын итгэлийг алдах том аюул бий. Тэгэхээр тавих хязгаарлалтаа хоёр талаас сайн бодох ёстой. Эхлээд хязгаарлалтаа хийгээд, дараа нь гэрээгээ байгуулах учиртай.

-“Стэнд бай”-д хамрагдахад зайлшгүй анхаарах зүйл гэвэл юу байна?

-Нарийн бодлого, судалгаатайгаар энэ хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Өмнө нь 200 сая ам.долларын төсөвтэйгээр хийсэн бол одоо нэг тэрбум долларын төсөвтэйгээр хийнэ гэж ярьж байна. “Стэнд бай” хэрэгжүүлснээр засаглал, ил тод байдал сайжирна. Эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүс алдагдал хүлээж, эрх мэдэлгүй , хөрөнгө багатай хэсэг нь илүү хожно.

-Хөрөнгө оруулагчдын хувьд Монголын юу нь өөдрөг сэтгэгдэл төрүүлдэг бол, аль салбарт илүү боломж байгаа бол гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Монгол баялагтай улс. Байгалийн болон газар тариалангийн баялагтай. Бүх улсад байдаг баялаг биш гэдгээрээ онцлогтой. Япон, Хонгконг, Сингапур ийм баялаггүй. Хүний сэтгэхүй их сонин. Өөрт байхгүйгээ хүсдэг. Жишээ нь Японд зээлийн хүү тэг хувь. Гэтэл Монгол эрсдэлтэй ч гэсэн зээлийн жилийн хүү нь 17 хувь. Тэг хувьтай байснаас эрсдэлтэй ч гэсэн 17 хувьтай байна гэдэг япончуудын сонирхлыг татахаас аргагүй зүйл. Энэ талаасаа танай орон боломж ихтэй улс.

-Манай улс Японтой чөлөөт худалдааны гэрээ байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэрээ хэрэгжсэнээр ойрын ирээдүйд бидэнд ирэх боломж нь юу бол?

-Ноолуурын салбар үлэмж ашигтай. Мэдээж ноолуурын салбарыг дагалдах салбаруудад ч ашгаа өгнө. Бусад улсуудад 11 хувь байгаа татварыг тэг хувь болгосон шүү дээ. Ноолуурын зах зээлийн гол өрсөлдөгч Хятадын хувьд ч 11 хувийн татвар төлж байж Японы зах зээлд гарах бололцоотой.

-Эдийн засаг хямарсан ийм үед Монголын тухайд яг ямар салбар илүү ашигтай ажиллах боломжтой байна вэ?

-Хямралын үед хамгийн ашигтай салбар бол аялал жуулчлал. Гэтэл аялал жуулчлалын салбарт “МИАТ”, “Корейн эйр” гэж хоёр компани монополь тогтоочихсон. Ийм шалтгаанаар онгоцны билетийн үнэ өндөр байна. Монголд бүх үйлчилгээ хямдхан учраас гаднаас ирэх сонирхолтой улс олон байгаа. Тэд онгоцны зорчих тасалбарын үнэ хэт өндрөөс болж сонголтоо өөрчлөөд байна л даа.

Categories
мэдээ цаг-үе

П.Чулуун: Дүү нартаа аврах хантааз өмсүүлчихгүй даанч яав даа, хүү минь

Үргэлжлэл…

-“САНАА ЗОВОЛТГҮЙ ЭЭ. САЙН ЯВААД ИРЭЭРЭЙ, ЭЭЖ ЭЭ” ГЭЭД ҮЛДСЭН ХӨВГҮҮД МИНЬ ХЭЗЭЭ Ч ИРЭХГҮЙГЭЭР ЯВААД ӨГӨХ ЮМ ГЭЖ ХЭН САНАХ БИЛЭЭ.-

Хөвсгөл нууранд осолдсон талийгаач 26 настай Нямдалай, 15 настай Баттулга нарын ээж П.Чулуунтай цөөн хором ярилцлаа. Түүнийг Мөрөн хотод байхад нь уулзсан юм.

-Осол гарах үед та гэртээ байсан уу. Энэ талаар хэдийд мэдсэн бэ?

-Би осол болох үед байгаагүй. Хажууханд байдаг амралтын газрын захирал нь Мөрөн хот руу явж барилгын материал авчрах гэсэн ганцаараа болчихоод байна гэхээр нь би хамт дунд хүүгээ дагуулаад явсан. Ядаж наана, цаанаас нь өргөөд дуслаад ирье л гэж бодсон.

Том хүү өглөө завиа далайгаас татаж гаргаад “Салхитай байна. Өнөөдөр далайд гарахгүй ээ” гээд дунд дүүтэйгээ үлдсэн. Би та хоёр өдөр хоол хийж идээрэй гээд явсан. Хүмүүсийн ярианаас сонсоход өдөр цаг агаар тогтуун сайхан болсон юм шиг байгаа юм. Том хүү завьтай далайд ганцаараа гарахыг хүмүүс харсан байна лээ. Улаан хантааз өмссөн байсан гэсэн. Харин бага хүү нуурын захад, зогсоолын хажууханд нь байдаг сагсны талбай дээр тоглож байсан юм билээ. Миний таамаглаж байгаагаар том хүү маань завиа зогсоолд тавих хоорондоо дүүгээ дуудаж хамт харьж хоол хийж идье гэсэн болов уу. Ингээд манай хүүг завиа уях хооронд л дүүгийн хүүхдүүд гүйж очсон байх. Хүүхдүүдийн тоглож байсан тоглоом, дугуй зэрэг нь далайн хажууханд байсан нь олдсон. Яахав жаахан хүүхдүүд хойно “Ах аа завинд чинь сууж үзье” л гэж гуйсан байх. Хүү ч юм бодолгүй дүү нараа ганц тойроод баярлуулъя л гэж бодсон байх. Хүү минь дүү нартаа аврах хантааз ядаж өмсүүлэхгүй ч яав даа.

-Завины урдаас арваад хантааз олдсон байсан гэсэн?

-Харин тийм байна лээ. Гэрт завины сургалтад суухад нь өгсөн хантааз хүртэл шинээрээ байсан. Ойрхон эргээд ирье гэж бодтол завь нь тийрээд хол явчихсан болов уу. Мотор нь л асуудалтай. Хүүгийн маань хуруунууд тос болсон байсан. Мотороо янзлах гэж оролдсон юм шиг байна лээ. Янз бүрийн л юм бодох юм.

-Та аймгийн төвөөс хэдийд ирсэн бэ?

-Тав, зургаан цаг болж байхад ирсэн шиг санагдаж байна. Бүх зүйл дууссан байсан.

-Осол болсныг мэдсэн байсан биз дээ?

-Мэдсэн. Хадам дүү залгаад “Чиний хүү миний хүүхдүүдийг минь ус руу авч яваад алчихлаа” гэж хашгирч уйлсан. Би чухам юу болоод байгааг тухайн үед ойлгоогүй. Тэгээд хамт явсан дунд хүүгээ Одгэрэл эгчтэйгээ яриад юу болсныг асуугаадах гэсэн. Яахав хадам дүү маань хоёрын хоёр хүүхдээ алдсан хүн тухайн үед сэтгэл санаа нь тогтворгүй байсан учраас надад тэгж хандсан байх. Би юм бодоогүй ээ. Адилхан л эх хүн шүү дээ. Өглөөхөн “Санаа зоволтгүй ээ. Сайн яваад ирээрэй, ээж ээ” гээд үлдсэн хөвгүүд минь хэзээ ч ирэхгүйгээр яваад өгөх юм гэж хэн санах билээ. Би ч бушуухан Мөрөнгөөс гарсан. Иртэл онцгой байдлын аврагчид дөрвөн хүүхдийн цогцсыг уснаас гаргасан байсан. Дүүгийн маань хоёр хүү, бас хүү, тэгээд миний 26 настай хүү. Харин бага хүү маань байгаагүй. Хамаатан садангийн хүмүүс “Биеэ бариарай. Таны бага хүүг хамт явсан. Цогцос нь олдохгүй байна” гэсэн. Надад үнэхээр хүнд байсан. Хайран сайхан хүүхдүүд. Яагаад ийм юм болчихов оо гэж бодохоос үлдсэн насандаа ч харуусаад барахгүй байх. Миний нөхөр хэдэн жилийн өмнө бас завьтай нууранд яваад амиа алдсан. Би хамгийн ойрын гурван сайхан эр хүнээ би энэ нуурандаа алдчихлаа. Олон жил загасчилж, амьдралаа залгуулж буй далайгаа буруутгалтай биш. Хайхрамжгүй орхиод явсан өөрийгөө буруутгаад л сууж байна.

-Хүүхдүүд тань завь унах туршлагатай юу. Ер нь аавыгаа дагаж далайд их гардаг байсан гэж сонссон?

-Манайх нэг завьтай байсан. Ханийгаа өөд болоход тэр завийг зарчихсан. Харин хэд хоногийн өмнөөс том хүү завь худалдаж авъя, тэгвэл бид мөнгөөр гачигдахгүй болно гээд байхаар нь өөрөө мэд гээд орхисон. Харин ах, дүү нар жаахан дургүй байсан. Дэмий гээд. Би ч хүүгээ зүтгээд байхаар нь хориглоогүй. Аавыгаа дагаж далайд гарч, завь ч жолооддог байсан болохоор болох байлгүй гэж бодсон. Хүү эхний өдөр 65 мянган төгрөг, дараагийн өдөр 75 мянган төгрөг олсон.

-Завиндаа хүн суулгаад уу?

-Тийм. Нэг хүн 15-20 мянган төгрөгөөр суулгаж байгаа гэсэн байх аа. Эхний өдөр гурван хүн ирээд гуйгаад байхаар нь хоёроос нь мөнгө аваад нэгнээс бонус гээд мөнгө авсангүй гэсээр орж ирсэн. Харин осол болдог өдрийн өглөө энэ жил 12 дугаар ангид орох дүүдээ “Ах нь мөнгө олоод дүүдээ гайгүй өвлийн куртик, гутал авч өгнө өө” гэж хэлж байсан. Гэтэл ийм юм болчихлоо. Ганцаараа үлдсэн хүү маань сэтгэлээр унаад дуу ч гарахаа байсан. Хамтдаа эрхэлж, тоглодог байсан ах, дүү хоёроо алдсан болохоор ямар л олиг байхав.

-Том хүү тань эхнэр хүүхэдтэй гэсэн. Талийгаачдын ажил явдлын үеэр ирсэн үү. Та холбогдож амжсан уу?

-Хүүгийн эхнэр хүүхэдтэйгээ тусдаа амьдарч байгаа. Жаахан түнжин тааруу. Энэ намар хүү хэдэн төгрөг олж гэр авч тусдаа гарч Мөрөнд амьдрахгүй бол эхнэр, хүүхдээ алдах нь гэж байсан, хөөрхий. Би ч хажуугаас нь олигтой дэмжээд өгч чадахгүй юм. Өвөлдөө эсгийгээр таавчиг, бойтог гэх мэт гар урлалын юм хийж зарж хэдэн төгрөг олдог.Зундаа амралтын газруудад ойр зуурын ажил хийж хэдэн төгрөг олно. Хоол унднаасаа ч илүү гарахгүй, муу хүүгээ ч тусад нь гаргаж чадахгүй явсаар алдлаа. Сая худуудтай утсаар ярьж эхнэр, хүүхдэд нь номын дуу ч болтугай сонсгоё гэж хэлсэн. Хамт явж ном уншуулсан. Ард үлдсэн алгын чинээ үрийг нь харахаар өр өмрөөд байх юм.

-Ер нь хөвгүүд тань тантай хэр дотно байсан бэ?

-Байнга л санаа бодлоо хуваалцдаг байсан. Миний хүүхдүүд уг нь хүнд муу зүйл хийхээр, элдэв ааш зантай хүүхдүүд биш. Их зөөлөн. Яахав боломж бололцоогүй болохоор эрдэм номын мөр бүтэн хөөлгөж чадаагүй. Дунд хүү өнгөрсөн жил сургуулиа дүүргэсэн. Их, дээд сургуульд оруулж чадаагүй хар бор ажил хийгээд л явж байна. Харин хоёр ах нь дүүгээ эрдэм, номтой хүн болгоно гэж их ярьдаг байсан. Бага хүү маань цахилгааны инженер болох сонирхолтой. Харин ах нар нь барилгын инженер болбол зүгээр гэж зөвлөдөг байсан. Гэтэл ингээд нус, нулимс болоод сууж байх гэж. Би хүүхдүүддээ байнга хэлдэг байсан. Далайд заавал хантаазтай гарч бай гэж. Миний нөхөр ч бас хэнэггүй зангаасаа болж эндсэн. Энэ нутгийн хүмүүс ч гэсэн цаашид ийм алдаа гаргаж, насаараа харамсах зүйл битгий хийгээсэй гэж бодож байна гэв.

Хатгал сумынхан ихэнх нь нуураа бараадан амьдралаа залгуулдаг байна. Нуурын эрэг даган амьдардаг иргэд болон амралтын газраас гадна, аймаг, сум, цаашлаад аялах сонирхолтой ирсэн хүмүүс ихэнхдээ өөрсдийн завьтайгаа ямар ч зөвшөөрөлгүйгээр далайд гардаг гэнэ. Усан замыг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй учраас хэн нь ч мэргэжилтнүүдийн үгийг тоодоггүй бололтой. Аялал, жуулчлалын мэргэжилтэн Б.Амартүвшингийн мэдээлснээр бол Хөвсгөл далайд жилд дунджаар 8000 гадаадын жуулчин, 16-17 мянган дотоодын жуулчин ирж аялдаг байна. Гэвч эрэг дагуух амралтын бааз, хувь хүмүүс ердөө 1500 жуулчин хүлээн авах боломжтой. Харин үлдсэн нь өөрсдийн завь, майхантайгаа аялдаг гэхэд болно. Эрэг дагуух амралтын баазаас гадна Хатгалын сумын төв дээрх айл болгон хашаандаа дор хаяж хоёр шовгор байшинтай. Нэг хүн нэг өдөр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөр хонох тарифтай. Харин амралтын баазууд 120-250 мянган төгрөгийн ханштай. Өнөө жилийн хувьд жуулчид бага байсан гэнэ. Ер нь гадны жуулчид сүүлийн жилүүдэд эрс багасчээ. Аялал жуулчлалын мэргэжилтний яриагаар бол орчин нөхцөлтэй холбоотой аж. Гадны жуулчдад нутгийн хэтэрхий өндөр үнээр үйлчилгээ үзүүлэх, наад зах нь далайд гарах завь стандарт, шаардлага хангахгүй учраас дахиж ирээд байх сонирхолгүй бололтой. Учир нь гадны жуулчид аюулгүй байдлыг нэгдүгээрт тавьдаг байна. Харин монголчууд хямд үнээр тохиролцож л байвал ямар нэг стандарт шаардлага хамаагүй бололтой. Энэ тухай жуулчид ч ярьж байна. Канадын жуулчин “Би Монголын тухай, тэр дундаа Хөвсгөл далайг их гоё гэж найзаасаа сонссон. Найзуудтайгаа амрахаар зорьж ирсэн. Энэ аяллыг их удаан хүлээсэн. Байгаль бол үнэн гайхамшигтай. Надад зарим зүйл таалагдаагүй. Завь хөлслүүлдэг хүмүүс ихэнх нь хуучны завьтай. Хамаг хувцас ус болчихсон. Аврах хантааз байна уу гэж асуусан. Тэгсэн зүгээр уядаг оосортой хантааз өгсөн. Их эрсдэлтэй. Мэдээж жолооч нар нь их зоригтой” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. Эрэг дагуух амралтын газар ялангуяа завь хөлсөөр унуулдаг иргэдэд шаардлага тавихаар “Чи хэн юм.Би насаараа энэ далайд завьтай явлаа. Тэр үнэтэй тансаг завийг чинь бид худалдаж авч дийлэхгүй. Ажилгүй хүн өөр яаж гэр бүлээ тэжээх юм” гээд хавьтуулдаггүй бололтой. Бас нутгийн иргэд Хөвсгөлийнхөн их ашиг оллоо гээд байдаг үнэндээ болсон болоогүй хэдэн амралтын баазууд зундаа бужигначихаад яваад өгдөг. Бид нутгаа сахиж үлдсэн хог новшийг нь цэвэрлэж үлддэг. Далайн Захиргааны газар байдаг. Гэвч дорвитой зохицуулалт байхгүй гэдгийг хэлж байсан. Хэрвээ ямар нэг зохицуулалтгүйгээр, хараа хяналтгүй ийм маягаар яваад байвал хүн болгон дураараа аашилж, амиа алдах хүний тоо улам нэмэгдэх болно гэдгийг нутгийнхан онцолж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн урам зоригийг мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй

Ататуркийн нэрэмжит V сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан, Мандширийн Болормаа энэ удаагийн “Багш” буланд зочиллоо.

-Та багш мэргэжлээр тасралтгүй 30 жил ажиллажээ. Ер нь яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

-Би Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул хүн л дээ. Хатгалдаа дунд сургуулиа төгсчихөөд шууд бага ангийн багшаар ажиллаж, нэг анги дааж төгсгөж байлаа. Тэр үед бага ангийн багшийн мэргэжил маш хүнд болохыг мэдэрсэн. Тийм болохоор дунд ангийн багш л болъё гэж шийдээд Улсын багшийн их сургуульд монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр сурч эхэлсэн юм. Түүнээс хойш Ататуркийн нэрэмжит V сургуульд 25 дахь жилдээ ажиллаж байна. Энэ сайхан мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол манай анги удирдсан багш Монгол Улсын гавьяат багш н.Товуу юм. Багшийгаа хараад л ийм мундаг, сайхан багш болох юмсан гэж боддог байлаа. Одоо 80 гарсан ч ануухан, сайхнаараа байна. Анх шавь нартаа сэтгэлдээ хүртэл зааж чадахгүй үедээ шантардаг л байлаа. Одоо бол багш мэргэжил эзэмшсэн дээ үргэлж бахархаж явдаг юм.

-Багш бүрийн заах арга барил өөр байдаг. Таны хувьд?

-Миний заах арга барил бол чөлөөтэй сэтгэх боломжийг нь олгодгоороо онцлог гэж боддог. Ямар нэгэн зүйлд баригдахгүй, хэвшмэл байдлаас гаргахыг эрмэлздэг юм. Миний 25 жилийн өмнөөс л ашиглаж ирсэн энэ арга, барил орчин үеийнхтэй дүйж байгаад нь баярладаг. Сурагчид монгол хэл, уран зохиолын хичээл дээр заавал зохиолын гол дүр, утга санааг ярих албагүй. Энэ зохиол яагаад бичигдэх болов, бүр ямар орчинд бичигдсэн байна гэх зэргээр чөлөөтэй, өргөн цар хүрээтэй сэтгэх нь чухал. Энэ тухайгаа бүгд ярилцдаг болохоор хүүхдүүд улам сонирхолтой зохиол уншихыг хүсдэг юм.

-Хүүхдүүдийг хичээлд нь сонирхолтой, дуртай болгохын тулд яах хэрэгтэй байдаг вэ?

-Хүүхдийг “Чи хичээлээ хийж чадахгүй хоцорсон байна, муу дүн авчихсан байх юм” гэх зэргээр урам зоригийг нь мохоож, итгэлийг нь алдуулаад байвал юм сурдаггүй. Түүний оронд урам зориг өгч, улам дэмжих хэрэгтэй байдаг. “Хашийг эс засвал сав болохгүй, хүнийг эс засвал эрдэм сурахгүй“ гэдэг мэргэн үг байдаг шүү дээ. Би зарим үед хичээл дээрээ бичихээс ярилцахыг илүүд үздэг. Хүүхдүүд их хөөрхөн, ярилцах тусам дотроо байгаа зүйлээ уудалж, айдас нь алга болдог. Эцэст нь “Багш надтай ийм ойр дотно харьцаж байхад би хичээлээ хийгүй бол болохгүй юм байна” гэсэн бодол төрдөг юм. Энэ энгийн боловч хүүхдийг хичээлдээ дур сонирхолтой болгох чухал арга шүү. Ингээд өөрийн нөөц бололцоогоороо хичээлээ хийгээд ирсэн хүүхдэд би муу дүн тавих дургүй. Монгол хэл, уран зохиолын багш хүний хувьд хүүхдийн сэтгэл зүйг сонсох ёстой гэж хамгийн их боддог.

Энэ хичээл дээрээ л чөлөөтэй ярь, өөрийгөө нээж сурах хэрэгтэй гэж шавь нартаа хэлдэг. Хүүхдүүд бие, биенээ их сонсдог юм.

-Танай ангийн ханан дээр монгол бичгээр бичсэн сурагчдын үзэсгэлэн байна. Хүүхдүүд монгол бичигт хэр сонирхолтой байдаг бол?

-Монгол бичигт хүүхдүүд маш их сонирхолтой байдаг шүү. Уг бичиг маань өөрөө их сайхан шүү дээ. Манай сургуулийн сурагчид уран бичлэ гээр сайхан бичдэг. Түүгээрээ үзэсгэлэн гаргаж, бусаддаа толилуулдаг юм.

-Шавь нартаа юу гэж захидаг вэ?

-Амжилттай явж буй шавь нар олон бий. Багшилж ирсэн цагаас минь л хойш шавь нар маань дүүрэг, нийслэлийн олимпиадад амжилттай оролцож байна. Нийслэлийн монгол хэл бичгийн олимпиадаас алт, хүрэл медаль хүртсэн. Монгол бичгийн улсын уралдаанд амжилт үзүүлж байлаа. Ер нь манай сургууль болоод миний шавь нараас олимпиад уралдаан тэмцээнээс эхний арван байранд тогтмол шалгарч байдаг. Гэхдээ би шавь нартаа байнга хэлдэг юм. Заавал дээд сургууль төгсөж диплом авах шаардлагагүй. Хүн ариун цагаан хөдөлмөр, хичээл зүтгэл байхад ямар ч салбарт амжилт гаргаж болдог юм шүү гэж захидаг даа.

-Зарын самбар, албан газрын хаяг дээр үг, үсгийн алдаа их байдаг. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?

-Энэ бол бас л эмзэглэмээр л асуудлуудын нэг байдаг. Би заримдаа телевизүүд рүү ярьж “Үг, үсэг, утгын алдаа гаргахгүйн тулд сайн нягтлах хэрэгтэй” гэж хэлдэг юм. Үсгийн алдаанаас гадна утгын алдаа ч их ажиглагддаг. Үг ямар хүчтэй талаар профессор Ч.Онгоодой гэж хүн “Гадаад хэлээр уншиж, бичиж ойлгодог байх нь нэг хэрэг боловч эх хэлнийхээ яруу сайхныг мэддэггүй, бичих найруулах авьяасгүй бол нэн гачлантай. Үг эвлүүлж, өгүүлбэр зохион, судар ном бүтээх нь тоосго өрж, орд харш босгохтой адил. Өндөр нам өрж, өнцөг буланг нь жигдлээгүй тоосго, барилгыг ямар болгох вэ? Гэгээн оюун зарж, үгийн “тоосгоор” өрж босгосон номын их суварга ч үүнтэй утга дүйх бус уу. Үг сонгож зөв найруулах нь нарийн өрлөг шаарддаг чимхлүүр ажил юм” хэмээн бичсэн байдаг. Цаашид үг, утгын алдаа гаргахгүйн тулд бидний ирээдүй болсон хүүхдүүддээ л сайн зааж, зөвлөх нь чухал. Элсэлтийн шалгалт өгч буй хүүхэд бүр монгол хэл бичгийн шалгалт өгөх нь хамгийн зөв, зүйтэй санал гэж бодож байна.

-Багш мэргэжлийн хамгийн сайхан нь юунд байдаг бол?

-Шавь нь бүгд хичээлээ сайн хийгээд дунд ангиа төгссөн нь ахлах ангидаа, ахлах ангиа төгссөн нь хүссэн чиглэлээрээ их сургуульдаа орохыг харах л хамгийн сайхан байдаг даа. Би спортод сонирхолтой учраас төгсөлт болгоныхондоо “Манай ангийнхан дандаа сургуулийн спортын цом авч төгсдөг шүү. Бүгдээрээ цом заавал авна” гээд л их урам өгдөг. Тэр бүхэн л дахин давтагдашгүй аз жаргалтай, инээд хөөр цалгисан үе байдаг даа.

Харин энэ олон жил ажиллахад хамгийн муухай нь наймдугаар ангиасаа ахлах анги руугаа дэвшиж чадахгүй үлдэж байгаа шавь нараа харах л байдаг юм. Нэг удаа ахлах ангидаа орж чадаагүй хэдэн хүүхдүүд маань хичээлийн дундуур сургуулийнхаа гадна сандал дээр суучихсан “Сайн уу багш аа.

Бид нар тэр коллежид дасахгүй юм байна аа. Ангидаа ороод сурчихаж болохгүй юм уу” гэсэн. Тэр үед хоолой зангираад юм ч хэлж чадахгүй цонхоороо хараад л зогсож билээ.

-Багш хүнд шавь нартай нь холбоотой хэдэн боть ном бичихээр дурсамж хадгалаастай байдаг байх. Мартагддаггүй дурсамжаасаа хуваалцаач?

-Өдөр бүрийн хичээл дээр л тэдний минь гэнэн, томоогүй явдлууд өрнөж байдаг. Тэр дундаас онцлох нэгэн дурсамж байдаг юм. Манай ангийн уран гимнастикаар амжилттай хичээллэдэг байсан охин маань бэртсэн юм. Бэртлийн улмаас хагас жил шахуу хичээлдээ явж чадахааргүй боллоо. Бид нар байнга эргэж тойрно. Сүүлдээ анги хамт олноороо ярилцаж байгаад хичээлээ тарсны дараа ээлж, ээлжээрээ үзсэн хичээлээ нөгөөх охиндоо зааж өгдөг болсон. Миний зүгээс хичээлээ зааж өгч болох боловч шалгалтаа өөрөө өгөх ёстой шүү гэж хэллээ. Ангийнхан нь, өөрөө ч тэр хичээсний дүнд шалгалтуудаа сайн өгч наймдугаар ангиа онц төгссөн. Тэр охин маань ангийнхандаа болон багшдаа “Та хэд минь байгаагүй бол би өдий зэрэгтэй яваа ч билүү” гээд үргэлж баярласнаа илэрхийлдэг юм. Би дөрвөн анги дааж төгсгөж байсан. Одоо тав дахь ангиа удирдаж байна. Нийгэмтэйгээ холбоотойгоор жил ирэх тусам л хүүхдийн сэтгэхүй, хандлага өөр болж буй нь ажиглагддаг. Гэхдээ миний хувьд бүх л үеийнхээ шавь нартаа юм бүхэн сэтгэлээс улбаатай байх хэрэгтэй гэдгийг ойлгуулдаг. Миний шавь нар надаас сэтгэл гэдэг үгийг маш их сонсдог доо.

-Залуу багш нартаа юу гэж захимаар байдаг вэ?

– Энэ жил манай сургуульд арав гаруй залуу багш нар ирлээ. Залуу байхад омголон, эрч хүчтэй бүхий л зүйл сайхан харагддаг. Олон жил багшилсан хүний хувьд мэргэжилдээ үнэнч, эзэн нь болоосой гэж хэлмээр байна. Багш хүн эхлээд мэргэжилдээ хайртай болох хэрэгтэй. Дараа нь хүүхдүүдээ хайрлах ёстой.

Түүнээс энэ анги их хэцүү, дүрсгүйтдэг гээд л хичээл заахаас төвөгшөөгөөд байвал тэр хүүхдүүдэд юуг ч зааж, сургаж чадахгүй. Харин өөрийн хүүхэд шиг хайрлавал заасан бүхэн чинь үр дүнгээ өгдөг юм. Энэ зүйлийг би өөрийнхөө туршлага, мэдрэмжээр сайн мэднэ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Буцсанаасаа буцсанаа буцаж…

Cаяхан МАН сонгуулийн амлалтаасаа буцсанаа, удалгүй буцсанаасаа бас буцав. Хэрвээ усны шувуу буцаж явснаа, буцсанаасаа буцвал сүрэг цуваагаараа сүйрнэ. Харин нам засаг яаж ч байсан “ёо” гэхгүй нь сайхан аж.

МАН-ын байгуулсан засаг төр “Татвар нэмнэ-нэмэхгүй, тэтгэвэр хасна-хасахгүй” хэмээн жаал шуугиулаад, буруу зөв нь хамаагүй зоримог алхмаасаа няцсаныг хэлж байна. Хэдийгээр нам засаг ёолдоггүй нь сайхан ч улсын эдийн засаг, олон түмний аж амьдрал ард талд нь ёхлон хямарсаар…

Энэ бүхнээ “МАН буруу алхам хийх гэж байснаа олон түмнийхээ эсэргүүцлээс их юм ойлгож, алдаагаа заслаа. Сайн нам алдаагаа засдаг. Ийм учраас МАН бол сайн нам” хэмээн тайлбарлаж байх шиг байна. (Уг номоороо бол “Алдаагаа засна гэдэг бол зорилгоо солихын нэр биш, харин зорилгодоо хүрэх арга замаа солихын нэр” юм гэдгийг хэлээд ч яалаа, байлаа ч яалаа)

Үнэн хэрэгтээ энэ алхам нь “МАН –ыг олон түмнийхээ санаа бодлыг сонсдог, ёстой хэрэгтэй нам” гэсэн ойлголтыг олон түмэнд төрүүлсэн нь юу л бол. Харин ч нэгдсэн чиг зорилгогүй, зангидсан удирдлагагүй, энэ утгаараа тодорхой бодлого (хэрвээ байдаг бол) хэрэгжүүлэх чадамжгүй нам юм байна гэж бодогдуулах шиг боллоо.

Үлдсэн сургамж нь “МАН-ыг жаахан айлгахад л шийдвэрийг нь буцааж болно” гэдэг логик. Цаашдаа манай засаг төрийн зөв буруу олон алхам нь ийнхүү мухардах зам нээгдлээ. Энэ нь МАН-д гэхээсээ илүү засаглалд хортой жишиг тогтоож байгаа юм.

Алсыг харсан, өнөө маргаашийн ашгаас илүү ирээдүйн өгөөжийг чухалчилсан зоримог алхам, ухаалаг шийдвэр хэрэгтэй байгаа цагт ингэх нь нийт үндэстэнд хортой. Засгийн эрх мэдлийн тодорхой хэсэг гудамжинд буюу ард түмний өмнө сонгуулиар хариуцлага хүлээгээгүй “Эх оронч” хэсгийн гарт байсан уламжлал улам хөгжих нь байна. Ер нь төрийн эрх бараг л зуун хувь гудамжинд очих бололтой.

Харин эрх баригчид аймхай хулчгараа, засаглах чадамжгүй байдлаа халхлах гэж баахан тэнэгтэнэ. Өнөөх, айдаггүй хүн болох гэж алийгээ алдав гэгчээр. Наад зах нь, хэрэгтэй хэрэггүй, нийцэх нийцэхгүй олон журам духандаа наасан, төрийн өмнөөс шалгагч, засгийн өмнөөс журамлагч, “Улсын айлгагч” нар олширно. Өнөө “Өмнө зүгт Тангад улс байгааг өглөө бүр сануулах” гэдэг шиг “Дээр чинь засаг төр (мэдээж, МАН-ын) байгаа гэдгийг өдөр бүр сануулж” байх болно. Тэгэхгүй бол юу ч хийдэггүй, байгаа байхгүй ялгаагүй төр засгаа хүмүүс мартчихна шүү дээ.

Сонгуульд МАН дангаараа ялсан нь сайхан зүйл биш. Гэхдээ сөрөг хүчин гэхээр л өөрийгээ терминатор киноны баатар гэж ойлгоод юм бүхнийг сүйтгэдэг уламжлалтай болсон үед манай парламент үнэмлэхүй олонхитой болсон нь засаглалд олдсон“боломж” байв. Ялангуяа хямрал нөмөрч, зангидсан гар шиг эв нэгдэлтэй шийдвэрээр хямралыг гэтлэх хэрэгцээ гарсан үед энэ нь чухал шийдэл мэт харагдаж байв.

Хүчгүй (Хүчирхийллийн биш шүү, базарваань) сул засаглалд дургүйцсэн олон түмний өгсөн санал ч ийм зорилготой байсан. Сонгогчид, манай нийгэмд тулгамдсан зорилт бол шийдвэр гаргах чадамжтай, түүнийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн засаглал гэж үзсэн хэрэг. (Тал нутгийн морьтон баатрууд үр хойчис сул дорой засаг төрд зөнгөөрөө дургүй) Үнэхээр ч манайд нүүрлэсэн хямралын гол шалтгаан сул дорой, үлбэгэр засаглал.

МАН-ын хувьд ч гэсэн улаан хувьсгалын шуурганд цустсан түүхээ шинэчилж, ардчилал зах зээлийн тогтоцын үед ч сайн нам хэвээрээ үлдсэн гэдгээ батлан, шинэ мянганы босгонд “цолоо бататгах” (бөхөөр бол) шаанс ч байлаа. (Хорвоо мөн муухай шүү. Алдсан боломж болгон сүүлийнх байдаг гэхээр)

Харамсалтай нь, МАН маань албан тушаалд дуртай мөртлөө, өчүүхэн төдий ч хариуцлагаас хэтэрхий айдаг, тэр хэрээрээ шийдвэр гаргах чадамжгүй нам аж. Нөгөө талд нь зогсох АН нь хариуцлагаас хэтэрхий айдаггүй, том бага хариуцлагыг юман чинээ боддоггүй байдлаараа бас ялгарах аж. Манай хоёр гол намын хариуцлагаас айдаг айдаггүй хоёр яг тэнцэнэ. Өнөө “ Уг нь Дулмаа, Долгор хоёрыг нийлүүлчихвэл нэг гайгүй хүүхэн гарах юм байгаа юм ш дээ” гэдэг аман шог шиг.

Түүхэн боломжийг эзэгнэж, олны итгэлийг дангаараа өвөрлөсөн МАН засгийн эрхэнд гараад юу хийв. Өнгөрсөн парламентаар, өөрсдийнхөө оролцоотойгоор баталсан хэдэн хуулийг тогтоолоор эргүүлэн татсан (Тэр нь хууль зөрчсөн байсан), төв талбайн Чингисийн нэрийг хүчингүй болгон Сүхбаатарынх болгосон. Одоо төрийн ордны нэг танхимыг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгохоор хөөцөлдөж байгаа…Аа тийн, машины явуулын аптек зэргийг шалгаж торгох ажил зохиосныг мартвал нүгэл болно. Ингээд гүйцээ. Угаасаа чадах юмаа хийсэн нь ч тэр байх даа.

МАН-ынхан буцсанаасаа буцаад байгаагийн өөр нэг шалтгаан нь хаяанд хүлээж байгаа сум, дүүргийн сонгууль, улмаар уяан дээр үүрсэж байгаа ерөнхийлөгчийн сонгууль. Ийм чухал сонгуулийн өмнө ямар нэг зоримог шийдвэр гаргах нь сонгуулийн дүнд нөлөөлнө гэж болгоомжилсных. Үнэхээр ч 1996 онд ялалт байгуулсан “Ардчилсан холбоо” эвслийн засгийн газар нь үнэ чөлөөлөх зоримог алхам хийснийхээ шанд орон нутгийн сонгуульд хавтгай ялагдал хүлээж байсан.

Тэгвэл өнөөгийн МАН ямар ч шийдвэр гаргах чадамжгүй, хариуцлага хүлээх чадваргүй байж сум дүүргийн сонгуульд бас ялж яах гээд байгаа юм бэ гэсэн асуулт гарч байна. Үүрэх лай улам л нэмэгдэнэ. Яахаа мэдэхгүй байж, нэг л их дарга болохыг хүссэн улс. Яамаар ч юм бэ дээ…

Төгсгөл. Саяхан салбарын сайдынх нь санаачилгаар хөдөө аж ахуйн шавданг бататгахыг бурханд даатгаж маань уншуулсан гэнэ.

Сайдын зөв санагдаад байна. Үнэхээр, бодит боломж үзэгдэхгүй, тодорхой найдлага үлдээгүй ийм цаг үед бурхан л бидэнд тусалбал тусална, үгүй бол үгүй.

Харин бид бурханыг баярлуулчихаар юу хийсэн билээ…бодъё!

Categories
мэдээ цаг-үе

Д.Ганбат: Ардчилсан намыг хохироох гээд ард түмнийг хохироож болохгүй

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.

-Та Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр нэлээд чармайлт гарган ажилласан. Гэсэн ч олонхи болсон МАН-ынхан уг хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахаар болж байна. Уг хуулиудын хэрэгжих хугацаа хойшлох шалтгаан байсан юм уу?

-Эдгээр хуулиуд олон хүний олон жилийн хөдөлмөр байсан гэдгийг эхлээд онцолъё. Монгол Улс ардчилсан хувьсгал хийснээс хойш 26 дахь намартайгаа золгож байна. Монголчуудын амьдрал ахуйд тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх ёстой асуудлуудыг эл хуулиудаар зохицуулсан байсан юм. Гэвч олонхи болсон Ардын намынхан эдгээр хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулахаар оруулж ирсэн нь хууль зүйн салбарын хувьдтомоохон ухралт боллоо. Засгийн газар хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Нэгэнт баталчихсан хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. МАН-ынхан өөр гаригаас ирсэн хүмүүс биш. Уг хуулийн талаар мэдэж л байсан. Өмнөх парламентын хийж хэрэгжүүлсэн ажлыг үргэлжлүүлэх нь төрийн залгамж чанарыг хадгалсан чухал зүйл юм.

Батлаад өгчихсөн хуулийг хэрэгжүүлэхгүй ээ гээд ярьж байгаа энэ хүмүүсийг хараад гомдох ч шиг, уур ч хүрэх шиг болж байгааг нуугаад яахав. Энэ парламентад цоо шинэ хүмүүс ороод ирчихсэн юм биш. Урьдын парламентын гишүүдийн тэн хагас нь орж ирсэн. Хамгийн гол нь Монголын нийгмийн хүсэн хүлээж байсан эрх зүйн шинэчлэлийг гацааж, хойшлуулж байгаа нь цаашид буруу жишиг тогтоож байна. Товчхондоо хэн нь хэн бэ гэдгээ л харуулж байгаа хэрэг.

-Гэхдээ та нар процессын хуулиудаа эцэслэж, хуулиудыг соёрхон батлаагүй. Хууль хэрэгжүүлэх байгууллагууд нь сургалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар хойшлуулж байгаа юм билээ?

-Харин тэгж байна лээ. Энэ бол хууль хойшлуулах шалтгаан биш. Ердөө л шалтаг яриад байгаа байхгүй юу. Аль ч нам засгийн эрхэнд гарсан, хийх л ёстой ажлуудын нэг. Үүнийг улстөржүүлээд тэр тэгээгүй гээд байх шаардлага огт байхгүй. Батлаад өгчихсөн хуулийг үргэлжлүүлээд дараагийн ажил нь хийгдэж байх ёстой юм. Өмнө нь Засгийн газар байсан. Одоо ч Засгийн газар нь байж л байна. Тэр үед гишүүн байсан хүмүүс Засгийн газрын гишүүн гээд явж байгаа биз дээ. Ард түмэнд, Монголын нийгэмд зориулагдсан, монгол гэдэг үндэстнийг хууль эрх зүйн хүрээнд нэг алхам урагш хөтөлсөн ийм зүйлээс ухралт хийж байгаа нь ямар хүмүүс энэ төрд гарчихсан юм бэ гэж эргэлзэхэд хүргэж байгаа юм. Монголын шоронд ял эдэлж буй олон хүний эрх зүйн байдал уг хуулиудаар дээрдэх байсан. Дэлхийн жишигт нийцсэн хуультай болж, хууль зүйн салбараа урагш нь алхуулж чаддаггүй яачихсан хүмүүс юм бэ. Эрүүжсэн, шоронжсон хуульдаа ямар хайртай юм бэ. Хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн бол засч залруулаад явж болдог. Манай хөрш орнууд гэхэд Эрүүгийн болон Зөрчлийн хуулиа гаргачихаад 100 удаа өөрчилсөн байдаг. МАН-ынхны яриад байгаа зүйл ердөө л шалтаг. Хүн тоож авч хэлэлцээд байхаар ч шалтаг биш байсан, үнэндээ.

Энэ хүмүүс Монголын ард түмний төлөө ажиллах гээд байна уу, үгүй юу гэдэгт эргэлзэж байна. Монголчууд үүнийг ялгаж, салгаад ойлгочих хэмжээний ухамсартай гэдгийг мэдэх л ёстой баймаар юм. Үнэхээр засч залруулахаар зүйл байгаа бол бага дээр нь засч залруулаад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлээд явах ёстой. Монголын ард түмэн, Монгол Улсад хэрэгтэй хууль тогтоомж нэг өдрийн ч өмнө байсан хэрэгжих л ёстой байдаг. Гэтэл эд юун хойшлуулах юм яриад явна аа. Үүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар нь салбарын сайд нь байна. Нэг сонин зүйл ярьсан нь олон хүн энэ хуулиудыг хүлээгээгүй гэж байгаа юм.

-Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд чуулганы хуралдаан дээр тэгж мэдэгдэж байсан. Тэрийг хэлээд байна уу, та?

-Яг тийм. Олон хүн хүлээгээгүй. Цөөхөн 500 гаруй хүн гэдэг юм ярьж байна лээ. Үнэндээ хууль гэдэг чинь нэг хүнд ч гэсэн илүү сайн үйлчилж байх ёстой юм. Байнгын хорооны дарга нь 500 хүний эрхийг зөрчиж болдог ч юм шиг зүйл яриад сууж болохгүй. Би Ц.Нямдорж гишүүнтэй таараад “Яагаад хууль буцаагаад байгаа юм. Энэ хуулиудыг хэрэгжүүлэх ёстой юм биш үү” гэсэн. Мань хүн “Энэ хуулийг чинь ёсчлоогүй. Тэр З.Энхболддоо хэл” энэ тэр гээд өнгөрсөн. Хуулийг ёсчилно гэдэг бол хэлбэр төдий зүйл. УИХ-ын чуулган нээгдсэн бол таван минутад л хийчихдэг ажил. Хэний төлөө, юуны төлөө зүтгээд байна вэ гэдгээ МАН-ынхан харуулж байна. Хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө төгрөг шаардлагатай гэж байна лээ. Шаардлагатай хуулиуд дээр зохих ёсны төсвийг нь батлаад явах ёстой. Монголчуудын амьдрал ахуйд хэрэгтэй хуулийг батлахад шаардлагатай гээд байгаа мөнгө нь тийм ч их биш. Ямар ч мөнгөнөөс үнэтэй ард түмэн гэж байдаг юм.

-Хамтын тэтгэврийн тухай хуулийг бүр хүчингүй болгуулахаар Их хурал хэлэлцэж байна. Уг нь ахмадуудад хэрэгтэй л байсан гэж ярих юм…

-Олонхийн бүлэг олон алхмаас ухарч байгаагийн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль. Сайн сайхан зүйл хийдэггүй юм аа гэхэд хүний хийгээд өгчихсөн зүйлийг ядаж сайжруулаад явдаг байх ёстой биз дээ. Өмнөх парламентынхаа хийсэн ажлуудыг улддаг, өдөр хоногийг аргацаасан тийм зүйл л хийж байна. Энэ бол маш буруу. Энэ Их хурлын өмнө шийдэх ёстой олон асуудал бий. Аргыг нь олж ажлыг хийдэг. Түүнээс ухралт хийх шаардлагагүй. Үнэхээр юу хийхээ мэдэхгүй байгаа бол ард түмнээсээ асуу л даа. МАН-ынхан өөрсдөө мөрийн хөтөлбөртөө юу тусгасан юм. Яаж шийднэ гэсэн байснаа эргэн санах нь зөв. Ард түмнийхээ амьдралыг улам дордуулна гэж мөрийн хөтөлбөр хийгээгүй л байх. Би тэгж бодохгүй байна. Эрх баригчдын мөрийн хөтөлбөр бол ард түмэнтэйгээ байгуулсан гэрээ байдаг. Энэ гэрээгээ мөрдөхгүй бол ёс суртахууны хувьд ямар байх нь ойлгомжтой. МАН-ынхан таван хүний амиар тоглож байсан. Тэдний мөрийн хөтөлбөрийг сайн байсан гэж ард түмэн саналаа өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө биш харин ч эсрэгээр нь 180 градус эргэсэн алхам хийж хэрхэвч болохгүй.

-“Ардчилсан намынхан эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн” гэдэг ганц өгүүлбэрийн хүрээнд бүх асуудлыг шийдэж байна. Танай намынхан чинь үнэтэй ресторанд орж тансаглачихаад төлбөрөө Ардын намынханд үлдээгээд явчихсан юм биш үү?

-Ардчилсан засгийн үед Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны даргыг нь хийж байсан хүмүүс чинь МАН-ынхан. 20 гаруй жил Төрийн ордонд буг шахам болчихсон хүмүүс ийм зүйл ярьж болохгүй. Төсвөө хамтраад баталж байсан хүмүүс чинь гэнэтхэн ийм байсангүй, тийм байсангүй гээд яриад сууж байгаа нь ёс зүйн хувьд хэр зохимжтой вэ. МАН-ынхан бүгд харь гаригаас зургадугаар сарын 30-нд буугаад ирчихсэн юм уу, хаашаа юм. Өөрсдийнх нь бодлогогүй мэдэгдлээс болж Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Аль ч засгийн үед асуудлууд байж л байдаг. Харин үүнийг шийдэхийн тулд Засгийн газрын гишүүн болсон гэдгээ мартаж болохгүй. Ямар нэгэн байдлаар заавал мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой. Ардчилсан намынхан үнэхээр идээд уучихсан тийм зүйл байгаа юм бол, албан тушаалаа урвуулан ашиглаад хортой зүйл хийчихсэн юм бол хуулийн хүрээнд шийдэх боломж байгаа шүү дээ. Тэр хүмүүсийнхээ нэрсийг зарлаад хариуцлага тооцооч. Идсэн уусан гэж ярьж байхынхаа оронд шалгуулаач. Буруу бодлого явуулсандаа тулах юм бол 20 гаруй жил төр барьсан аль аль намынх нь буруу. Хий хоосон зүйл яриад явдаг байдлыг ард түмэн хүлээж авахаа больчихсон. Ажлаа хийгээд явж байгаа хүнд ард түмэн дуртай байдаг юм аа.

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг 60 хувьд нь олгож, оюутны 70200 төгрөгийг бүр өгөхөө больж байна. Төрийн албанд насаараа ажилласан хүмүүс нэг удаадаа 36 сарын тэтгэмж авдаг байсныг 1-12 сар болголоо гээд асуудлууд бий. Нийгмийн халамжийн чиглэлийн зүйлс дээр хатуу бодлого бариад эхэллээ л дээ?

-Монгол Улс гурван сая хүнтэй, 1.5 сая км квадрат газар нутагтай, хоёр том зах зээлтэй, байгалийн маш их баялагтай. Ийм оронд амьдарч байгаа мөртөө иргэдээ яагаад ингэж амьдруулах гээд улайраад байгаа юм бэ. Насаараа төрд ажилласан хүмүүс чинь тэтгэвэрт гараад тэтгэмжээ авчихаад тэгнэ, ингэнэ гээд төлөвлөчихсөн байдаг юм. Хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр тийм юм авна гээд тооцчихсон байгаа. Оюутны 70200 төгрөгөөр сургалтын төлбөрөө хийнэ гээд бодчихсон яваа хүмүүсээ яах юм. Утга учиргүй дэд сайдуудаа буулгаач. Дэд сайдынхаа асуудлыг болиулчихаад дараа нь энэ тухай яривал хүн сонсож магадгүй. Гэтэл төсвийн тодотголоор өөрсдөө зардлаа нэмэгдүүлэн, өөрсдийнх нь саналаар байхгүй болсон дэд сайдын албан тушаалыг бий болгосон. Эдийн засаг үнэхээр хүнд байгаа юм бол хүүхдийн мөнгө, цалин тэтгэврээр наадаж байхаар наад сайдуудаасаа хэмнэлтээ эхлээч дээ. Өөрсдөө зардлаа нэмэгдүүлчихээд ард түмэн дээрээ ирэхээрээ эсрэгээрээ ажиллаад байж болохгүй ээ.

-Татваруудыг нэмнэ гэж байсан ч Засгийн газар саналаа эгүүлэн татлаа. Таны байр суурь ямар байна вэ?

-Татвар нэмж эдийн засгийг сэргээсэн түүх байдаггүй. Тэгээд ч эдний яриад байгаа татварыг нэмлээ ч олигтой мөнгө босохгүй юм билээ. Дарга нарынхаа зардлыг хасаагүй байж ард түмний халаас руу гараа шургуулж болохгүй. Эдийн засаг ингээд хүндэрсэнд ард түмэн буруутай юм уу. Та нар биднийг сонгосон гэж ард түмнийг ингэж шийтгэж болохгүй. Эдийн засгийн хүндрэлийг татвар нэмж биш эдийн засгаа тэлж давдаг. МАН-ынхан мордохын хазгай болчихлоо. Ардын намынхан авлига авахын тулд аль болох ард түмнийг өөрсдийн хараат байлгах гэж зүтгэж байна. Ингэх гэж л энэ олон хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэхгүй гэж байгаа юм. Үнэнийг хэлэхэд, хуулийг дээдэлсэн засаг биш нам тойрсон, авлига тойрсон зүйлийг энэ намынхан явуулах гээд байна уу гэсэн хардлага ард түмэнд бий болсон. Би ард түмний нэг нь. Ийм байлгаж байгаад Африк, Латин Америк шиг болгох гээд байгаа юм уу хаашаа юм. Таван хүний амь насыг аваад одсон шиг дахиад ийм зүйл битгий хийгээсэй. Аз болоход татвар нэмэх төслөө Засгийн газар нь эгүүлэн татаж байх шиг байна. Тэгмээрсэн дээ.

Шүүгчдийн цалинг хасч байгаа нь шүүхийг хараат болгох гэсэн оролдлого. Шүүгчид ч гэсэн үүнийг ойлгох хэрэгтэй. Өмнөх парламентын үед Үндсэн хуульд нийцүүлэх, шүүхийг хараат бус байлгах гэж миний бие тэр заалтыг нэлээд зүтгүүлж байж батлуулсан. Хэн нэгэн хүний дохио зангаагаар хөдөлдөг тийм шүүхтэй болох гээд байгаа юм уу. Өмнө нь тийм байсныг залруулсан.

Бусад орны шүүхийн хараат бус байдлыг судлаарай. Тэд хараат бус шүүхтэй байдаг юм шүү. Тэд ямар ч байсан тэнэг мангар хүмүүс биш болохоор зөв шийдлийг олсон байж таараа. Шүүгчдийн авч буй 2-3 сая төгрөг гэдэг бол тийм ч өндөр цалин бас биш. Гэхдээ Монголын төрийн өнөөдөр өгч чадах боломж нь тэр юм. Нэг нам шүүх, УИХ, засгаа барих гэсэн оролдлого. Тэд дарангуйллын бодлого явуулах далд санаатай байгаа. Үүний хариуцлагыг бид өндөр үнээр төлөх болно. Ард түмэн үүнтэй чинь эвлэрэхгүй л байх.

-Ерөнхий сайд томилогдсоноос хойш яг 60 дахь хоног нь өнөөдөр тохиож байна. Энэ хугацаанд харж байхад сайн сайхан амьдрах боломж хэр байна гэж харагдаж байна вэ. Засгийн газар 100 хоногоо дүгнээгүй байгаа ч одоо ямар нэгэн байдлаар төрх нь гарчихсан байх?

-Аливаа зүйлийг засч залруулахад оройтно гэж байдаггүй. Болохгүй байгаа зүйлсээ засаад авчихвал энэ хэдэн даргын амьдрал биш, гурван сая монголчуудтай холбоотой гэдгийг ухаарч алдаагаа засаасай гэж хүсч байна. Өнөөдрийн яриад байгаа хөрөнгө мөнгө олдоно оо. Ард түмний чинь итгэл дахин олдохдоо хэцүү шүү.

МАН-ынхан өөрсдөө шинэ зүйл сэдэж чаддаггүй юм бол өмнөх Засгийн газар, Их хурлын хийсэн ажлыг үргэлжлүүлж, хуулиудыг нь хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ Засгийн газрыг Ардын намын Засгийн газар биш ард түмний Засгийн газар гэж ойлгож байгаа. Цаг хугацаа, эрүүл мэнд, амьдрал гэдэг чинь хүнд эргэж олддоггүй юм. Энэ хүмүүсийн авдаг таван төгрөгийг нь хасаад байвал нэг унасан эдийн засаг дахин сэргэхэд хэцүү шүү. Ардчилсан намыг хохироох гэж байгаад ард түмнийг хохироож болохгүй.

-АН-ынхан өнгөрөгч сонгуулиар ялагдал хүлээсэн. Үүнээс улбаалан нам дотроо шинэчлэл хийх цаг нь болсон гэдгийг ярьцгаасан. ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-нд хуралдуулахаар боллоо. Намын шинэчлэлээ хаанаас эхлэх ёстой вэ. Намын дарга хэн байх вэ гээд л асуултууд гарч ирээд байгаа?

-Ардчилсан намд сайн, муу аль аль нь бий. Гэхдээ Ардчилсан нам ард түмний бүтээл. Манай нам наанаа эв зүйгээ ололцохгүй мэт харагдаж байна уу. Бүх зүйл нь ил нам ийм байдаг юм. Ардчилалтай нам ийм байдаг юм. Ардчилсан намынхны чухал чанар нь ярилцаж байгаад хамгийн зөв шийдвэртээ хүрдэг. Ард түмэн алдаагаа засах сануулга өгсөн.

-Намын дарга нь хэн байх ёстой вэ. Олон хүний нэр дуулдаж байна?

-Ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, зөв хүнээ манай нам гаргаад ирнэ ээ, тун удахгүй.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл нууранд завьтай яваад амиа алдсан таван хүн садан төрлүүд байжээ (II)

Үргэлжлэл…

Хөвгсөл нууранд яваад
осолдсон завинд нэг том хүн, дөрвөн хүүхэд байсныг бид мэдээлсэн билээ. Талийгаачид
осол болох үед ямар ч аврах хантаазгүй байсан гэдэг. Хэрвээ аврах хантаазтай байсан
бол… гэж харуусах олон хүн байна. Ослоос хоёр цагийн дараа аймгийн Онцгой байдлын
аврагчид болон Цагдаагийн газрын алба хаагчид, шүүх эмнэлгийн эмч нар ирсэн байна.
Улмаар нууранд шумбалт хийж 26 настай залуу болон 12 настай хүүгийн цогцсыг уснаас
гаргажээ. Мөн нуурын гүнээс осолдсон завийг гаргасан байна. Харин тус завины урд
хайрцгаас найман ширхэг аврах хантааз олджээ. Завь жолоодож явсан залуугийн ээжийн
яриагаар бол хүү нь далайд гарах болгондоо хантаазтай явдаг байж. Харин нутгийн
иргэд тэр хавиар завьтай явдаг хүмүүс ихэнхдээ хантааз өмсдөггүй болохыг дурдсан.
Хэн дуртай нь төмөр, модон, хамераар хийсэн ямар ч хамаагүй завь унаад өмсч байгаа
хувцастайгаа далайд гарч л байдаг гэнэ. Энэ нь тэдний хувьд хэвийн үзэгдэл бололтой.
Далайн эргээс 40 метр орчим яваад талийгаачдын гэрт хүрлээ. “Байкаль” амралтын газрын
хашааны урд буланд жижгэвтэр дүнзэн байшин байх бөгөөд хойно нь нэг гэр байна. Гэртэй
айл нь П.Чулууных, байшинтай айл нь Ш.Одгэрэлийнх. Хоёулаа хань ижлээ алдсан бэлэвсэн,
өрх толгойлсон эмэгтэйчүүд юм байна. Энэхүү ослоор мөн л хоёр хоёр сайхан хүүгээ
алдаад буй. П.Чулууныд ортол гэрийн эзэд байсангүй. Харин 15, 16 настай хоёр хүү
ийш тийш бүлтэлзэн, цай аягалангаа “Чулуун эгч Мөрөн рүү ном уншуулахаар явсан”
гэв. Энэ айл 26, 17, 15 настай гурван сайхан хүүтэй байжээ. Харамсалтай нь энэ ослоор
том хүү, бага хүү хоёроо алдаад буй. Харин гэр сахиж буй энэ хоёр хүү талийгаач
бага хүүгийнх нь ангийн найзууд гэнэ. Гэрийн эзэгтэй ганц үлдсэн хүүгээ дагуулан
ном уншуулахаар явсан тул гэрийг нь галлаж, зул таслалгүй өргөж суугаа нь энэ. Тэдний
нэг “Баттулга бид гурав багын найзууд. Тэр өдөр бид хоёр түүнийг хамт самарт явъя
гэсэн чинь дурамжхан байсан. Ийм муухай зүйл болохыг мэдсэн бол уурлуулаад ч хамаагүй
дагуулаад самарт явдаг л байж” гэж хоолой нь зангирч, хацар даган бөмбөрөх нулимсаа
буруу харан арчиж харагдав. Тэгээд “Та урд айлд орвол том хүн байгаа байх аа. Одгэрэл
эгч Чулуун эгчтэй хамт Мөрөн явсан байх даа” гэлээ.

“ЗАДЛАН ХИЙХГҮЙ
ОЧИХООР ДАРГА НАР ЯМАР АЖИЛ ХИЙСЭН ЮМ ГЭЭД ЗАГНААД БАЙДАГ”

Урд байшинд гурван ч
том хүн байна. Бүгд л талийгаачдын ажил явдалд иржээ. Зуны зориулалттай дүнзэн байшингийн
онгорхой, цоорхойгоор салхи сэвэлзэж, шүгэлдэх нь цаанаа л нэг хүйтэн. Орон дээр
дээл нөмөрч хэвтсэн 60 гаруй насны хөгшин “Тэнгэр хангай онгойх шинж алга. Осол
болсны оройноос л бороошиж эсвэл салхилж, далайн ус маань зэвхий өнгө даах боллоо.
Ямар үйлийн үр юм, хайран сайхан хүүхдүүд” хэмээн эрхи эргүүлж маань уншин, хүрд
эргүүлэх аж. Энэ хооронд галд түлээ нэмж суусан бүсгүй “Манай эгч гал дээр цай тавих
үедээ цонхоор харсан гэсэн. Тэгэхэд хүүхдүүд нь гэрийнхээ хажууханд тоглож байсан
юм билээ. Ерөөсөө л цай буцлахын хооронд л болчихсон зүйл. Эгч цайгаа буцалгачихаад
хартал хүүхдүүд нь харагдаагүй гэсэн. Энэ хавийнхан ер нь хүүхдүүдээсээ нүд салгадаггүй.
Нуур ойрхон учраас л байнга л ус руу ойртож тоглож болохгүй шүү гэдэг. Тэгтэл завьтай
хүмүүс живчихлээ гээд хүмүүс бөөн шуугиан болонгуут эгч ч юу болов, хэн хаана явж
байгаад осолдчихов гээд гарсан байсан. Эхлээд хүүхдүүдээ модон дотор, хаа нэгтээ
тоглож байгаа байх гэж бодсон юм билээ. Хүүхдүүдээ хайж баахан хашгиртал хүмүүс
тэр завинд суусныг харсан гэж хэлсэн юм билээ. Эгч ч ухаантай, ухаангүй нааш, цааш
гүйж ах, дүү нар руугаа утасдаж, тусламж хүссэн байсан. Ш.Одгэрэл эгч маань
4-15 насны дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь дөрвөн настай охин. Энэ гайтай ослоос
болж хоёр сайхан хүүгээ алдчихлаа. Нялх үрээ алдчихаад байхад орой нь шүүх эмнэлгийн
эмч гээд гурван эмэгтэй талийгаачдын цогцсонд задлан хийнэ гэж дайрсан. Осол юунаас
болсон нь тодорхой байсан шүү дээ. Тэглээ ч ар гэрийнхэн нь дургүйцээд байхад “Бид
заавал ингэх ёстой юм. Задлан хийхгүй бол очихоор дарга нар ямар ажил хийсэн юм
гээд загнаад байдаг. Та нар битгий ажилд саад болоод бай” гэсэн. Тэд адилхан эх
хүн, эмэгтэй хүн. Нүдний цэцгий мэт хайрлаж, хамгаалж ирсэн хүүхдүүд нь хорвоогоос
үгүй болчихоод байхад хөөрхий амьтдын биеийг тайван орхихгүй задлан хийсэн. Үүнээс
болж эгч нар маань их хямарсан. Харин Мөрөнгөөс ирсэн хүүгийн ар гэрийнхэн нь замд
авч явах боломжгүй болчихно гээд задлан хийлгээгүй” гэсээр яриагаа дуусгалгүй нулимсаа
арчсаар гараад явав. Харин түүний нөхөр “Ер нь эндхийн завинууд дандаа л энд тэндээс
зүйж эвлүүлсэн, гар аргаар янзалж сэлбэсэн завинууд харагддаг. Тэр унаж явсан завинд
ч бас зориулалтын бус том мотор тавьсан байна лээ. Миний сонссоноор бол өмнө бас
л тэр завинаас болж хүн амиа алдаж, бас бэртэж гэмтэж байсан юм уу даа. Тэгэхээр
далайд гарч буй бүх завийг хянадаг, аюулгүй ажиллагааг хангасанд нь зөвшөөрөл олгодог
болмоор юм. Эндхийн хүн бүхэн л мөнгө олохын тулд хямд төсөр аргаар завь хийж, хэдэн
хүн суулгаад эсвэл загасчилж таван цаас олдог. Харин аюулгүй байдал, амь насны баталгааг
яриад ч хэрэггүй. Ядаж л энэ мэт осолд орсон завиудаа шууд устгалд оруулах ёстой”
гэв. Талийгаачдын унаж явсан завь өмнө нь мөн осолдож, нэг эмэгтэй амиа алдсан бололтой.
Энэ тухай нутгийн бараг хүн бүхэн л мэдэх аж. Өнгөрсөн жил уг завинд бие давхар
эмэгтэй аялахаар суугаад завьтайгаа хөмөрч гэмтэж байжээ. Улмаар гэмтлээ даалгүй
өөд болсон гэх яриа байна. Түүний өмнөх жил мөн л хүн унаж хүнд гэмтэж байсан гэнэ.
Энэ мэтчилэн өмнө нь осол гаргаж, эвдэрч байсан завийг бие биедээ дамнуулан зардаг
бололтой. Тэр болгон завь олдоод байх нь ховор учир нутгийн иргэд ашиг хонжоо хайсан
нэгнийхээ аманд унадаг байна.

“ХЭРВЭЭ ЖААХАН АМЬСГАА
АВААД НЭГЭН ДЭЭР НЬ Ч БОЛТУГАЙ ТӨВЛӨРСӨН БОЛ АМИЙГ НЬ АВРАХ БОЛОМЖ БАЙСАН”

Талийгаач хүүхдүүдийн нагац эгч Ш.Отгон:

-Та ослын дараа нэлээд хүмүүс рүү гүйж завь
гуйсан гэсэн.
Хэр хугацааны
дараа осол болсон газар анхны тусламж хүрсэн бэ?

-Бараг 20-иод минутын
дараа манай нөхөр, эгч Туяа зэрэг дөрвөн хүн Чинбат гээд ахын хамт хийлдэг завьтай
явж хоёр хүүг авчирсан. Нялх амьтдыг харахад зүрх зүсэгдэх шиг болсон. Гүрээний
судас нь цохилж байсан. Эрэг дээр авчрах хооронд эмч доош нь харуулж нуруун дээр
нь баахан цохиж хиймэл амьсгал хийхийг оролдсон юм билээ. Бид хоёр хүүхдийн хооронд
дэмий л сандарч гүйгээд байсан. Хэрвээ жаахан амьсгаа аваад нэгэн дээр нь ч болтугай
төвлөрсөн бол амийг нь аврах боломж байсан гэж бодохоос өөрсдийгөө зүхээд ч барамгүй.

-Танай төрсөн эгчийн хоёр хүү, бэр эгчийн
тань хоёр хүүтэй хамт бас нэг хүүхэд явсан гэсэн?

-Нэг нь Одгэрэл эгчийн
хүргэнийх нь хүү. Маргааш нь Мөрөн буцах байсан. Миний төрсөн ах хэдэн жилийн өмнө
бас далайд завьтай явж байгаад амиа алдсан. Түүний эхнэр Чулуун эгч гурван хүүгийнхээ
хамт энд нутагладаг. Харин миний төрсөн эгч Одгэрэлийн нөхөр гурван жилийн өмнө
уушгины хорт хавдраар өөд болсон. Эгч маань дөрвөн хүүхэдтэй хоцорсон. Хоёр эгч
өнчирч хоцорсон хүүхдүүдээ хүн болгох гэж урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж
яваа ядарч яваа эмэгтэй хүмүүс. Хүүхдүүд нь эхнээсээ тусад орж, одоо л нэг нэмэр
болох нь гэж байтал ийм аймаар юм тохиолдлоо. Ямар хувь тавилан гэхээрээ энэ хоёр
эгчийн маань хүүхдүүдийг хоёр хоёроор нь авч одож, шар махтай нь хатааж, амьдын
шаналалд унагана вэ. Бид ийм л үйл лайтай учрах хүмүүс юм байлгүй. Уул ус, нууртайгаа
буруу харьцаж, буруу үйлээр амьдарч яваа хүмүүс юм болов уу гэж харуусч сууна. Ямар
өөрсдөдөө ирсэн зовлонгийн шалтгааныг бусдад нялзаалтай биш. Бид л дүү нартаа хатуу
ширүүн үг хэлж, дураар нь тавьдаггүй байж.

-Уг нь завиа зогсоолд уяж байсан гэсэн.
Яагаад гэнэт дахиад далайд
гарчихсан юм бол оо. Өмнө нь танай дүү нар завь жолоодож байсан юм уу?

-Талийгаач ах завьтай
байсан. Үр хүүхдүүд нь ч гэсэн аавыгаа дагаж загасчилдаг байсан болохоор бид нэг
их тоогоогүй. Хүүхдүүд завьтай эргээр тоглож л байдаг. Ядаж хантаазаа өмсчихгүй
дээ. Тэгсэн бол багачууд нь ч болтугай усанд хөвж амьд үлдэх боломжтой шүү дээ.
Өмнөх орой нь Одгэрэл эгч хүүгээ, мөн хүргэнийхээ хүүг дагуулж манай дэлгүүрт орж
ирсэн. Мөрөнгөөс хадмууд ирсэн гээд жаал жуул чихэр боов аваад, маргааш хүүхдүүдээ
сургуульд нь хүргэж өгнө дөө гээд гарсан. Хүү нь сургуульд орно гээд бөөн баяр явсан.
Гэтэл өдөр эгч “Миний хүүхдүүдийн явсан завь хөмөрчихлөө. Эгч нь одоо яах вэ. Завь
олоодхооч” гээд яриагаа ч дуусгалгүй утсаа тасалсан. Би гарч гүйгээд “Тойлогт” амралтаас
завийг нь хүнээр гуйлгасан. Гэвч хөдлөөгүй. Осол болсныг мэдээгүй. Хүн сууя гэнэ
л гэж сонссон гэсэн. Уг нь том завь. Тэр завь ирсэн бол бидэнд хүүхдүүдийг аврах
боломж байсан л байх. Тэнд хөөрхий хүүхдүүд аврал эрж амь тавьж байхад бид энд хүн
царайчлаад гүйхээс өөр юу ч хийж чадаагүй гэж бодохоор л…(нулимсаа барьж чадсангүй
бололтой мэгшив).

Хажуугаас түүний нөхөр
“Бид сэлүүрддэг завьтай цаг хугацаа алдсан. Далайн эрэг дээр онцгой байдлын аврагчид
байсан. Тэд Сүхбаатар онгоц явахаа болингуут аврах багаа Мөрөн рүү татсан. Осол
яг маргааш нь гарсан. Гэтэл иргэд дунд усанд сайн сэлэх нь битгий хэл усанд живсэн
хүнд анхан шатны тусламж үзүүлэх нэг ч хүн байгаагүй. Бид ямар ч ойлголтгүй хэрнээ
ямар ч дүрэм журамгүйгээр усанд гарч загасчилдаг. Эндхийн хүн бүхэн л амьдралаа
залгуулахын тулд бүдүүн хадуун байдлаар үздэг. Бидний энэ буруугаас болж хүүхдүүд
ч буруу үлгэр дуурайл авч байна. Энэ осол хатуу сургамж үлдээлээ. Бас аврагчдыг
энд байрлуулах ёстой гэж бодож байна” гэв. Ямартай ч талийгаачдын унаж явсан завь
өдгөө Хатгал сумын Захиргааны хашаанд хэвтэж байна. Тухайн үед завинд байсан аврах
хантаазнууд ч харагдсан. Гурван хүүхдийн, дөрвөн том хүний хантааз байна. Гэхдээ
хантаазнуудын зарим нь оосор бүчгүй байв. Хоёр, гурав нь л зориулалтын хантааз харагдах
боловч гэдсээр бүсэлдэг ганц бүчтэй харагдав. Харин зарим нь давуун завсар хөөсөнцөр
хийснээс харахад гар хийцийнх бололтой. Тэгсэн атлаа ямар ч оосор бүчгүй бөгөөд
усанд орлоо гэхэд мултраад уначихмаар юм. Нуурын эрэг орчмоор аялал, жуулчлалын
үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ихэнх нь зорчигчдодоо ийм хантааз тарааж өгдөг болохыг
иргэд хэлж байна. Арай гайгүй гэсэн том амралтын бааз орчин үеийн хантааз тараадаг
бололтой. Харин хувь хүмүүс бол хөөсөнцөр хавчуулж оёсон хантааз, борооны ногоон
цув л өгдөг байна.

Үргэлжлэл бий.