Categories
мэдээ цаг-үе

Ю.Цэдэнбалын комиссар Гэндэндаржаагийн охин Г.Нарангэрэл: Түлхүүрийг нь чулуудчихаад гараад явахад Филатова их цочирдох шиг болсон

Г.ЖАМЬЯН (МУСГЗ)

Маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын комиссараар 36 жил тасралтгүй ажилласан Гэндэндаржаа агсны охин Г.Нарангэрэлтэй ярилцлаа. Тэрээр Ю.Цэдэнбал агсны гэргий А.И.Филатовагийн туслах, орчуулагчаар нь ажиллаж байсан юм.

Олон жилийн өмнө таны аав Гэндэндаржаа гуайтай ярилцаж байснаа санаж байна. Бас танай нөхөр нэрт орчуулагч Ц.Бараадий агсныг “Миний мэдэх таван Бараадий” цувралдаа нийтэлж байсансан. Өнөөдөр тантай ярилцах хувь тохиол байж. Өсөж төрсөн амьдралаа жаахан дурсах уу?

-Тантай ярилцах, над ч гэсэн сонин санагдаж байна. Би төрсөн газраа “Туулын хөвөөнд” гэх үү дээ. Манайх Туулын хөвөөнд зусч байсан юм билээ. Ээж гадаа явж байгаад дуудахаар нь, аав гараад очсон чинь намайг гаргачихсан, хошлонгоосоо зуурчихсан сууж байсан гэдэг. Аав минь намайг боож авангуутаа өөрөө тэргээ бариад бид хоёрыг төрөхөд хүргэж байсан гэдэг юм.

-Нэг үгээр хэлбэл, та нийслэл хотдоо, “дээдсийн хүрээлэнд” өсч өндийсөн хүн байхнээ дээ. Багаасаа сургууль номын мөр хөөгөөд л явчихаа биз дээ?

-“Дээдсийн хүрээлэн” юу байхав дээ. Жирийн л монгол хүүхдийн амьдралаар өсч өндийсөн. Арван жилийн нэгдүгээр дунд сургууль төгсгөөд тэр үеийн ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн орос хэл уран зохиолын ангид суралцаж төгссөн. Дараа нь Комсомолын дээд сургууль төгсгөж орос хэл уран зохиолын багш, орчуулагчийн мэргэжил эзэмшсэн дээ. Тэгээд л МХЗЭ-ийн Төв хороо, Хүүхдийн төлөө фондын төв комисст нийт арваад жил ажилласан.

-Таныг Филатова авгайн “баруун гарын” хүн байсан гэх юм билээ. Яагаад тийм ойр дотно нөхөрлөх болов?

-Монголын хүүхдийн төлөө фондын төв комисс гэдэг цомхон байгууллага эвлэлийн төв хорооны дэргэд байсан юм. Дарга нь А.И.Филатова. нэгдүгээр орлогч дарга нь Эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Дашдовдон хавсарч хийдэг байсан. Би эхлээд МХЗЭ-ийн Төв хорооны үзэл суртлын хэлтэст (С.Даш даргатай) зааварлагчаар ажиллаж байлаа. Нэг өдөр танил хүүхнүүдтэйгээ уулзахаар хүүхдийн төлөө фондын Төв комисс хавиар очсон чинь А.И.Филатова гуайтай таарчихсан. Надаас хэд гурван зүйл асууж танилцсан. Миний Орост сургууль төгссөн, орос хэлний мэдлэгийг авгай анхааралдаа авсан юм билээ. Дараа нь Д.Дашдовдон дарга танилцуулахдаа ар гэрийн амьдрал, Ю.Цэдэнбал даргын комиссарын охин гэхчилэн танилцуулсан нь Филатова авгайд таалагдаж намайг шууд цалин нэмээд үүдэндээ суулгачихсан. Нарийн бичгийн дарга-орчуулагч л гэдэг байсан. Одоогийнхоор бол шадар туслах нь юм даа. Төв комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга Ц.Цэрэндолгор бид хоёр л дэргэд нь байна даа.

-Авгайг хүмүүс олон янзаар хэлдэг. Монголд, хүүхдийн нэртэй асар их зүйлийг бүтээсэн гавьяатай хүн гэж байхад зарим нь Цэдэнбал дарга толгой дээрээ гаргачихсан хэт дураараа хүн байсан гэх тал ч бий. Олон жил дэргэд нь байсан та жинхэнэ зан төрхийг нь сайн мэднэ дээ?

-Мэдэлгүй яахав. Дотор нь орсон юм шиг мэднэ. Товчхон хэлэхэд хүүхдэд, ядарсан хүнд хайртай, Монголын хүүхдийн төлөө бие сэтгэлээ зориулсан хүн байсан. Улаанбаатар хот, аймаг сум болгонд барьсан тэр олон цэцэрлэг сургууль, “Найрамдал” зуслан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Хуримын ордон… бүгдийг А.И.Филатова авгай бариулсан. Өвлийн хүйтэнд муу пальтоныхоо захыг босгочихсон, зуны халуунд хөлсөө дуслуулан тэнд л зогсдог байлаа шүү дээ. Одоо хаа байна, тэгж зүтгэж байгаа тэргүүн хатагтай! Зарим болж бүтэхгүй зүйл дээр Ю.Цэдэнбал даргын нэрийг барих, хүчлүүлэх явдал байсан л байх. Хэн чиг тэгнэ шүү дээ.

-Филатова авгайтай өнгөрүүлсэн сонин дурсамжууд их бий дээ. Заримаас нь сонирхуулах уу?

-Би өдөр тутмынх нь ажилд хамт явна. Орчуулга хийнэ. Нэг өдөр Яармагийн 75 ортой ясли-цэцэрлэгийн комбинатыг хүлээж авах боллоо. Урьд өдөр нь Цэрэндолгор бид нар авгайтай очиж үзэж байгаа юм. Бүх зүйлийг хачин сайхан бэлджээ. Авгай, гал тогооноос нь эхлээд нэг бүрчлэн үзэж явснаа, хүүхдийн хөнжлийн даавуун дээр ирээд толгой сэгсрэн хачин боллоо. Бид бол авгайн нүүрний хувирлаар бүх зүйлийг ойлгодог байсан. За, биш боллоо! гэж бодогдлоо. Авгай тэгсэн чинь: Энэ хөнжлийн даавуунууд болоогүй байна. Дээр нь ромбо хэлбэртэй нүх гаргаж, түүгээр ижил хэмжээний торго цухуйлган, маргааш өглөөний 08 цагт бэлэн болго гэж байна шүү. Цэрэндолгор бид хоёр, тэр хавийн гар машинтай 20 гаруй хүүхэн авчирч шөнөжин оёж хугацаанд нь бэлэн болгож байсансан. Маргааш нь ясли цэцэрлэгийн комбинатын нээлт дээр Намын төв хорооны улс төрийн товчоо ирж байгаа юм. Ердөө хэдхэн минутын өмнө, өөрийнхөө хэлэх үгийг намайг орчуул гэдэг байгаа. Би тийм өндөр хэмжээний арга хэмжээнд орчуулга хийж байгаагүй, ёстой л сандарсан даа. Үгүй гэлтэй биш. Нэг өгүүлбэр орчуулаад л авгайн царайг харна. Их л тааламжтай байх шиг байна. Дараа нь над их сайн орчуулсан гэж урам хайрласан л даа. Ер нь авгайн гол зан чанар бол буруу юман дээр хүнийг хамаагүй загнана. Хал! гэнэ. Тэгээд ачир дээрээ бол зөөлөн хүн. Нэг өглөө ирсэн чинь авгай бууж байна аа! Уурлахаар нь ойртох хүн ч олдохгүй. Хамгийн их аяыг нь олж тайвшруулдаг хүн бол Дашдовдон дарга. Дашдовдон даргын үгнээс бол гарахгүй дээ. Би гүйж очоод Дашдовдон даргыг “очооч” гэж гуйсан чинь, ер үг дуугүй намайг түлхчихээд цаашаа яваад өгдөг байгаа. Арга тасраад өөрөө орж авгайг жаахан тайвшруулсан чинь над нэг сонин үзүүлж байна. “Эд нар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сэтгүүл дээр Монголын хүүхдийн 21 хувь нь өлсгөлөн байдаг гэж бичсэн байна. Яаж байгаа нь энэ вэ! Монголд хөрөнгөтөн орнуудынх шиг өлсөөд үхэж байгаа хүүхэд хаа байгаа юм” гээд л их ууртай байна аа. Тэгтэл ч гаднаас Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд Б.Жав ороод ирлээ. Би ч зөрөөд гарсан. Хэсэг хугацааны дараа Жав сайд нүүр нь час улаан болчихсон гарч ирээд: “Авгайн эрх охид сайхан мэдээрэй. Муу ч гэсэн би Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд хүн шүү” гээд хаалга саван гарч одсонсон. Жав сайд, Филатова авгайтай нэлээн ширүүн маргасан юм шиг билээ. Төдхөн халагдаад тусгай хоёрдугаар эмнэлгийн зөвлөх эмч болсон л доо.

-Авгайг их тансаг амьдралтай хүн байсан гэх юм билээ. Та нар ч түүнд багтаж л байгаа биз дээ?

-Тансаг ч гэмээр юм уу, би хэлж мэдэхгүй байна. Их л зарчимч, өөртөө болон бусдад өндөр шаардлагатай хүнд ээ. Сайд, дарга нарын ар талд амралтын өрөө байдаг л даа. Одоо бол хэн хүнгүй л тийм өрөөтэй болсон. Авгайд амрах өрөө гаргаж өгөх гэсэн чинь эсэргүүцээд хийлгээгүй. Нойлын өрөөнд бол бараг бие засахгүй. “Шалгав” гэснээс бусад хүнсний зүйлд бол уруулаа ч хүргэхгүй. “Шалгав” гэсэн набор, печень, жимсний зүйл авчирч задалдаг л даа. Маргаашнаас нь хэрэглэхгүй бидний л “олз” болно. Ер нь тийм хатуу дэгтэй хүн. Даргын хоол ундыг өөрөө түрүүлж амсаж үздэг байсан гэсэн.

-Том хүмүүсийн чинь нөмөр нөөлөг гэж байдаг. Танд тэр авгай тус болж байв уу?

-Бололгүй яахав. Хүнд их тусархуу хүн шүү дээ. Над олон удаа тус болсон. Мартахын аргагүй. Миний орон байрны асуудлыг нэг удаа сонирхож байсан. Айл гэр болж, тусдаа гарснаас хойш орон байрны хувьд хүндрэлтэй байгаагаа үнэнээр нь танилцуулсан. Авгай их анхааралтай, бичиж тэмдэглэж авч байсан. Ингээд л мартчихаж. Нэг удаа манайд Дэлхийн хүүхдийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм. Тэр төлөөлөгчдийг авгай их сайхан хүлээж авсан. Тэгээд Холбооны яамны сайд Гарам-Очир, Боловсролын яамны хэлтсийн дарга Карма, Цэрэндолгор бид хэдийг төлөөлөгчидтэй хамт Зүүнхараад очууллаа. Бид тэнд агаарын том бөмбөлгөөр таван км аялж, зураг авахуулж байгаа юм. Марканд орох л зураг юм гэсэн. Буцаж ирээд, орой нь том хүлээн авалт болох байв. Тус бүрдээ ажил хариуцсан. Их л ажлын үе байсан л даа. Тэгтэл өдөр нь Филатова даргын эзгүйд хотын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл гуай над руу утасдаж “Танай даргын захиалснаар өөрт чинь хоёр өрөө орон сууц олгож байгаа юм. Ирж түлхүүрээ гардаж ав” гэсэн байхгүй юу. Би баярласан гэдэг жигтэйхэн түлхүүрээ авах гэж яваад жаахан хожимдчихож. Ирсэн чинь авгай ташаа тулчихсан, хөмсөг зангидчихсан, их ууртай байна аа! Би уучлал гуйгаад “Алтангэрэл дарга орон сууцны түлхүүр гардууллаа. Таны л ач буян” гэсэн чинь гэнэт царай нь сайхан болоод, баяр хүргэн, тэвэрч үнсэж байсансан. Тэнд байсан хүмүүст “Миний туслах шинэ байрны түлхүүр аваад ирж!” гэсэн чинь хүлээн авалт дээр бүх хүн баяр хүргэж, цэцэг дурсгаад л ямар сайхан байсан гээ. Тэр хүний ач тусыг бол мартахын аргагүй.

-Хамгийн ойрын шадар хүн-танд ингэж тусалдаг байна. Ер нь хүмүүст хэр зэрэг ханддаг байсан бол?

-Жирийн хүмүүст, тэр дундаа хүүхэд, ядарч зовсон хүмүүст асар их тусалдаг байсан. Олон баримт бий. Би тэр дундаас нэг амьд жишээ хэлбэл ойлгомжтой болов уу. Нэг өглөө ажил дээр ирсэн чинь наймдугаар ангийн жаахан хүү хүлээгээд сууж байлаа. Тэр хүү над, ээж нас барчихаад бид хэд аавтайгаа амьдарч байсан юм. Аав минь төмөр замд ажиллаж байгаад таалал төгслөө. Аавыг нас барснаас хойш хамтран эзэмшиж байсан айл маань бид гурвыг хөөж гаргасан. Одоо нэг зуны амбаарт амьдарч байна. Байрны туслалцаа эрж явна гэлээ. Авгайг ирэнгүүт хүүхдийг танилцуулж учир явдлыг хэллээ. Филатов “Хүүхэд ингэж явж болохгүй. Даруй арга хэмжээ авна” гээд, тавдугаар хороололд хэдэн офицер үе үе цуглаж ажил явуулдаг байсан нэг өрөө сууцыг дор нь суллуулж засуулаад гурван хүүхдийг оруулсан. 5000 төгрөг гаргуулж, доторх бүх тавилгыг нь бэлэн болгож байсансан. Төрбат гэж тэр хүү сүүлд манай нэртэй дасгалжуулагч болсон. Одоо сайн сайхан ажиллаж, амьдарч яваа.

-“Филатовагийн цэцэрлэг ясли”, “Фондын цэцэрлэг ясли” гэдэг нэртэй олон арван барилга байгууламж ашиглалтад орж байсан. Нэр нь авгайнх болохоос хөрөнгө нь улсаас гарч байсан юм биш үү?

-Бүгдийг хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр барьж байсан. Фондод том хүний нэрээр гадаад, дотоодын асар их хандив тусламж цугларч байлаа шүү дээ. Оросын байгууллагууд бол их хөрөнгө хүч гаргасан даа. Гол нь Филатова авгай яг өөрөө харж байж хийлгэдэг байсан. Та “Найрамдал” зуслангийн олон хөөрхөн модон байшинг санаж байгаа байх. Авгай зам дээр эрээн мод бариад зогсчихсон, тэр банз мод ачсан машинуудыг шалгаж, цаг хугацааг нь тэмдэглэж авдаг байлаа шүү дээ. Муу саарал цуваа өмсчихсөн, надаар шүхэр бариулчихаад зам дээр зогсож байгаа нь одоо ч нүдэнд харагдах шиг болж байна.

-Хуримын ордонг бас л тийм замаар бариулсан уу?

-Энэ түүх сонин шүү дээ. Л.И.Брежнев дарга нэг ирэлтээрээ энэ III, IV хорооллыг бэлгэнд өгсөн юм. Орон сууцны асар олон барилга, бүх төрлийн үйлчилгээтэйгээ шүү дээ. Яг тэр үеэр нь Филатова авгай Брежнев даргатай биечилж уулзсан байгаа юм. “Монголын залуучууд хурим найраа хийх тохитой байргүй хэцүү байна. Та энэ бэлгэндээ Хуримын ордон оруулчихгүй юу” гэж гуйсан гэдэг. Л.И.Брежнев дарга жаахан бодолхийлснээ, “болох л юм” гээд одооны энэ хуримын ордонг барьж байгуулсан, Авгай дэргэдээс нь холдолгүй хорин сарын дотор бариулсан гэдэг юм. Тэр их хөдөлмөрийг нь үгүйсгэж болохгүй л дээ.

-Та эндээс яагаад халагдах боллоо?

-Нэг өдөр Хэнтий аймгийн Засаг дарга манай фондод маш гоё гэр бэлэглэлээ. Цэрэндолгор бид хоёрыг очиж бариулаад хүлээж ав гэснийг ёсоор болголоо. Авгай ч гоё гэртэй боллоо гээд их баярлаж байсан. Тэр орой Хэнтийн Засаг дарга болон төлөөлөгчдийг хүндэтгэж цайлах болсон юм. Бас урамшуулал бэлдчихсэн. Ер нь бүх зүйл бэлэн болсон байсан л даа. Энэ өдөр миний хувьд ар гэрийн гачигдал гараад, тэвдэж сандарч явсаар жаахан хожимдчихож. Өрөөндөө хүрээд ирсэн чинь авгай ташаа тулчихсан, учиргүй ууртай угтлаа. Би өөдөөс нь маргаж, зөрж үзээгүй юм л даа. Өдрийнхөө сэтгэлийн хямралд тэгсэн үү, гэнэт дотор бачууран, түлхүүрийг нь гаргаж ширээн дээр чулуудчихаад, хаалгыг нь саван гарч билээ. Залуу ч байж, омголон ч байж. Ингээд л эргэж очоогүй дээ.

-Авгай араас чинь хөөцөлдөж, элдвээр гоочилсон уу?

-Үгүй дээ. Тэр чинь их цайлган хүн. Тэр оройноо л мартаа байх.

-Дахин уулзалдсан уу?

-Уулзсаан уулзсан. Москвад байхад нь би нэг удаа очиж уулзсан. Хүүхдээ ирсэн юм шиг хөөрөөд л, том том нулимс унагаагаад л ямар өрөвдөлтэй байсан гээ. ГУМ-д оруулж 2000 рублийн хувцас авч өгч бэлэглээд…

-Монголд ирэхэд нь уулзаа л биз дээ?

-Уулзалгүй яахав. 1988 онд ирэхэд нь дарга цэргийн байдлаар биш, эгч дүүгийн байдлаар уулзан нэг сайхан орой гадаа модон сандал дээр хууч хөөрч, өнгөрсөн амьдралын жаргал зовлонгоо дурсацгааж билээ. А.И.Филатова гэдэг чинь цайлган хайлган, нэг л сайхан орос эх юм шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөшигийн хөндийд барьж буй онгоцны буудалд өнжлөө

Төв аймгийн Хөшигийн хөндийд барьж буй “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Уг бүтээн байгуулалтын ажил анх эхлэхэд Хөшигийн хөндийд тэнгэрт тулам тоос босч, ачааны том машин тэрэг, элдэв механизмын хүчит моторын дуу хадаж, шөнө дүлээр ч ажил ундарч машин техникийн гэрэл дохио тасралтгүй анивалздаг байлаа. Харсан хүний бахдалыг төрүүлж нүд баясгам. Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа иргэд “Онгоцны шинэ буудал баригдаж байгаа гэсэн. Хурдан ашиглалтад орвол дотор нь орж үзэхсэн” гэсэн хүсэл тээн хоорондоо ярилцдаг. Үнэхээр ч олон түмний чихээ тавьж, битүүхэндээ нээгдэхийг нь хүлээж суугаа барилга бол Хөшигийн хөндийд баригдаж байгаа онгоцны буудал л даа.

Барилгын ажлын гүйцэтгэл нь 94 хувьтай явж байгаа бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг цогцолборыг Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ. Нисэх онгоцныбуудал улсын онцгой обьект гэгддэг учир дотогш нэвтрэхэд зөвшөөрөл авах ёстой.

Харуул хамгаалалт өндөр, дотоод сахилга бат чанга. Япон, Солонгосын чадвартай инженер мэргэжлийн хүмүүс зөвлөхөөр ажиллаж байгаа болохоор сахилга батын хувьд хэлэх юм үгүй гэдэг нь хашаа руу орсон мөчөөс мэдрэгдэнэ. Бүгд хамгаалалтын хувцас хэрэглэл, малгай өмсөх ёстой. Машин, тэргүүд 20 км цагаас дээш хурдалж болохгүй. Эргэн тойронд самбар, таних тэмдэг, мэдээллийн булан олон.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн захирал Н.Энхбат, төслийн менежер Г.Бат нар биднийг угтлаа. Н.Энхбат захирал онгоцны буудлын барилгын ажил эхэлсэн цагаас энд ажиллаж байгаа аж. Онгоцны буудлын барилгын ажлын бүх нарийн ширийнийг гарын арван хуруу шигээ мэддэг энэ эрхэм эндхийн ажлыг зангиддаг гол хүмүүсийн нэг.

Иргэдийн хувьд “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудлын ойролцоо гэр хороолол ихэсч өвөлдөө утаа нь өтгөрснөөс онгоц бууж чадахгүй болсон. Тиймээс онгоцны буудлыг нүүлгэх гэж байгаа гэсэн нийтлэг ойлголттой байсан. Бүр 1993 оноос шинэ нисэх онгоцны буудалтай болох талаар ярьж эхэлсэн юм байна. Тэр үед Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр судалгаа хийж байжээ. Өөр буудал барихгүйгээр “Буянт-Ухаа”-гийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар өөрчлөлт хийх талаар эхлээд ярьж, тээг саад болоод байгаа урд талын уулын оройг авч тэгшилбэл онгоц буухад саадгүй гэж үзэж. Тэгээд тооцоо хийгээд уулын орой хэсгийн шороог зөөнө гэвэл ойролцоогоор 50 тэрбум ам.долларын зардал гарна гэдгийг тогтоожээ. Ийм их зардал гаргахын оронд ерөөс шинэ буудал барих нь зүйтэй гэдэг санал дээр нэгдэцгээгээд Налайхын хөндий, Хүй долоо худаг, Хөшигийн хөндий гэсэн гурван сонголт дээр иржээ. Налайх хөрсөн дороо ихээхэн цэвдэгтэй, Хүй долоон худаг эргэн тойрондоо уулархаг гэсэн шалтгаанаар хасагдаад Хөшигийн хөндий хамгийн тохиромжтой гэдгээрээ үлдсэн аж. Хөшигийн хөндийд бүхий л талаас нь судалгаа хийж нисэх буудал баривал тун тохиромжтой нь тогтоогджээ. Ингээд манайхан онгоцны буудал барих мөнгө төгрөгөө хаанаас олох вэ гэцгээгээд Японы талд хандсан нь зөв болж 2006 оноос япончууд ТЭЗҮ-ийг хийж 2008 оны тавдугаар сараас Японы хөнгөлөлттэй зээлээр баригдах уг төслийн гэрээ албан ёсоор эхэлжээ. Буянт-Ухаад 100 онгоц буухаас 23 нь амжилтгүй буюу бууж чадахгүй хотын дээгүүр эргэлдээд заримдаа буцдаг. Энэ бол олон улсын стандартын хувьд маш муу тоо. Харин Хөшигийн хөндийд 2006 оноос 2014 оны хооронд салхи, бороо, шороо цаг уурын бүрэн судалгааг явуулсан бөгөөд 100 онгоцны 98 нь амжилттай газардана гэж үзжээ. Олон улсад энэ хувийг 95 хувь байхад хангалттай гэж үздэг аж. Тэгэхээр шинээр баригдаж байгаа онгоцны буудалд онгоц газардахад цаг уурын талаас айхавтар хүндрэл төдийлөн гарахгүй гэж хэлж болох нь. Онгоцны буудал баригдаж байна гэхээр хүмүүс терминал буюу зорчигчдын ирж, очих буудлын барилгад л ач холбогдол өгөөд байдаг. Харин онгоцны буудлын хувьд хамгийн чухал нь нислэгийн зурвас. Энэ шинээр баригдсан зурвасын хувьд 3.6 км урт, олон улсын стандартын дагуу баригдсан байгууламж. Япончууд бол ажлын өндөр хариуцлагатай, аливааг чанартай гүйцэтгэдэг учир бүх ажил дээр маш хариуцлагатай ханджээ. Долоо хэмжиж нэг огтол гэдэг үгийг япончуудад зориулж хэлсэн мэт байдаг гэнэ. Бүхнийг урьдаар маш сайн тооцоолж, нягт нямбай, ямар ч алдаа гаргалгүй хийдэг болохоор дараа нь ямар нэг үл ойлголцол, элдэв асуудал үүсдэггүй нь ажлыг хурдан хугацаанд төлөвлөгөөний дагуу явуулахад тус болдог аж. Солонгосчууд ч мөн ялгаагүй хяналт, хариуцлага, сахилга гэдэг зүйлийг алхам тутамдаа мөрдөнө. Тийм болохоор манайхны хувьд тэднээс суралцах, мэдэх зүйл их байдаг юм байна.

Япон, Солонгосын мундаг архитектур, инженерүүд энэ ажилд манайхантай хамт зүтгэж байгаагийн нэг нь өнөө Дубайн алдарт Бурж Халифаг барихад гар бие оролцож, төслийг удирдаж байсан солонгос менежер юм байна.

“Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл” нийт 2090 хоног буюу 43 сар үргэлжлэх юм байна. Үүнээс өнөөдрийн байдлаар 114 хоног үлдээд байгааг төслийн захирал Н.Энхбат хэлж байлаа. Тэрээр барилгын ажил төлөвлөгөөний дагуу ямар нэг саад бэрхшээлгүй явж байгаа гэлээ. Харин нэг хүндрэлтэй асуудал үүсээд байгаа нь төслийн багийнхан барилгын ажлаа дуусгаад ажлаа хүлээлгэж өгөхөд дараагийн шатны улсууд нь хэдийнэ хүлээж аваад ашиглалт энэ тэрийн асуудлаа шийдчихсэн байх ёстой. Угтаа бол өнгөрсөн тавдугаар сард л тэднийг тодруулаад барилгын ажил хийж байгаа баг, компанийнхантай хамт ажиллуулах ёстой байж. Харамсалтай нь сонгууль, наадам энэ тэр гэж нэг цалгардаад засаг солигдлоо гэж дахин саатаад одоо болтол таг чиг байгаа аж. Хэрэвзээ эртхэн шиг энэ ажлыг шийдчихсэн бол барилгыг нэгдүгээр сард Засгийн газар хүлээлгэж өгөөд ирэх тавдугаар сард шинэ онгоцны буудалдаа онгоц хүлээн авах боломжтой гэж үзэж байжээ. Хэрвээ энэ байдлаар үргэлжилбэл онгоцны буудлыг Засгийн газарт хүлээлгэж өгснөөс хойш ашиглалтад оруулах гэж цаг алдвал ихээхэн хэмжээний мөнгө төгрөгийг дулаан, цахилгаан, ашиглалт гээд олон зүйлд зарлагадах юм байна. Японы хөнгөлөлттэй зээлээр барьж байгаа болохоор аль болох л хурдан ашиглалтад оруулж эдийн засгийн эргэлтэд оруулбал бидэнд ашигтай гэдгийг Н.Энхбат захирал ярьж байлаа. Гэхдээ Японы талаас дөрвөн компани нэгдээд манайхтай хамтраад ажиллая гэсэн санал ирүүлсэн гэнэ. Энэ саналыг албаны хүмүүс “Эдийн засгийн ийм хүнд үед ирж болох хамгийн сайн санал. Энэ саналаас татгалзвал дахиад боломж олдохгүй” гэж үзэж байгаа юм байна.

Нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил ид өрнөж, барилгын ажил нь оргил үедээ байхад энд 3500 гаруй хүн ажиллаж байжээ. Харин одоо ихэнх ажлаа нугалчихсан хэдий ч ачаалал нь төдийлөн буураагүй болохоор дунджаар 60 гаруй компанийн 2500 гаруй хүн ажиллаж байгаа юм байна.

Өглөөний цай 06-08 цагийн хооронд. Ажилчид өглөө нэгдсэн журмаар гимнастик хийгээд техникийн аюулгүй байдлын тухай мэдээлэл авна. Ингээд цайгаа уучихаад тус тусын ажилдаа гарна. Ачаалалтай байхад 24 цагаар ажиллаж байсан үе олон гэнэ. Тавдугаар сард спортын уралдаан тэмцээн зохион байгуулахад компаниуд идэвхтэй оролцоно. Намар нь дотор заалны спортын төрлүүдээр тэмцээн явуулна. Бас зуны дэлгэр цаг айлчлах үеэр мөн өвлөөс урьтаад салхинд гарах зэргээр ажилчдынхаа бүтээмжийг нэмэгдүүлж, хамт олонч чанарыг нь нээхийн тулд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг аж. Барилгын салбарын 90 жилийн ойн баяр тохиож байгаа эдгээр өдрүүдэд хамт олноо хошуучилж, хийсэн бүтээснээрээ бусдыгаа манлайлж байгаа нөхдөө ч төрийн одон медальд тодорхойлчихсон байгаа тухай төслийн менежер Г.Бат ярьж байлаа.

Ямар ч дэд бүтэцгүй, хээр талд бүтээн байгуулалт хийнэ гэдэг бүхнийг тэгээс эхэлнэ гэсэн үг. Тог цахилгаан, цэвэр ус, бохир, дулаан гээд бүхнийг төслийн хүрээнд цогцоор нь шийджээ. Эндхийн дулааны станцын хүчин чадал нь Ховдынхтой адил гэнэ. Газар доогуур шугам сүлжээ, кабелиудаа явуулсан тусгай тунельтэй. Тэр тунель нь 1.8 км урт юм байна. Онгоцнуудыг сумлах буюу цэнэглэхийн тулд шатахууны машинаар байн байн зөөх шаардлагагүй болжээ. Тусгайлан бэлдсэн шатахууны цэгээс газар доогуур явуулсан шугамаар онгоцыг сумладаг систем суулгасан нь мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа юм байна. Онгоцны буудлыг тойруулж 9.2 км урттайүерийн далан байгуулсан нь манайдаа л хамгийн томд тооцогдож байгаа аж. Энэ мэтээр уг буудлын эргэн тойронд хийсэн байгуулсан бүтээсэн зүйлсийг дурдвал тоймгүй. Гал команд, цэвэр ус цэвэршүүлэх байгууламж, бохир ус цэвэрлэх байгууламж, засвар үйлчилгээний төв, захиргааны оффис гээд бүгд цогц.

Control tower буюу удирдлагын цамхаг руу явлаа. Тийш очих замд энд тэнд ажилчид барилга барьж, зам тавьж, шугам сүлжээ янзалж байна. Барилгын инженер Б.Ганбат “Төгсөөгийн залуус ч сайхан ажиллаж байна аа. Сүвлэгээ хийж байна. Мөөг шиг сууцгаачихсан” хэмээн нислэгийн зурвас дээр сүвлэгээний ажил хийж байгаа залуусыг харангаа Г.Бат менежерт хандан хэллээ. Инженер бууж ажлын явцыг ажиглан гэрэл зургийг нь авч, ажил тус бүр дээр ахалж байгаа хүмүүстэй нь уулзаж байв. Ингээд бид нислэгийн удирдлагын цамхаг руу орлоо. 40 метр өндөр. Цахилгаан шатнаас барилгын хамгаалалтын малгай сэлттэй дөрөв, таван солонгос бууж ирлээ. Бүгд бөхөлзөн мэндчилнэ. Гэтэл менежер Г.Батаа “Өнөө миний яриад байсан Бурж Халифаг барьсан хүн чинь энэ байна” гэж нэгэн солонгосыг танилцууллаа. Есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй уг цамхгаас хөндийг бүхэлд нь харж болохоор аж. Эндээс нислэгүүдийг удирдаж, бүхнийг зангидна.

Терминалын хүзүүвчийн хоолойн угсралтын ажил, хөнгөн онгоцны зогсоолын хучилтын ажилтай танилцлаа. Түрүүхэн дэвссэн асфальтыг индүүдэж байхад хойно нь аюулгүй байдлын нэг ажилтан, хажууд нь солонгос мэргэжилтэн зогсчихоод бүхнийг нарийн хянаж байгааг нь анзаарлаа. Зорчигчдын ирж очдог хэсэг болох терминалын барилгын дотоод заслын ажил ид өрнөж байна. Гэрэлтүүлгүүд, хана туургыг засч янзлах гээд бүгдийг нэгэн зэрэг явуулж байна. Дээврээсээ нарны гэрэл, байгалийн гэрлийг оруулах зарчмаар гэрэлтүүлгийн асуудлыг шийдэхийг хичээсэн нь гэрэл гэгээ мэдрүүлэх аж. Байгалийн гэрлийг шууд тусгасан хоёр эко хэсэг гаргасан бөгөөд үүнд нь бяцхан цэцэрлэг эсхүл эко орчинтой үйлчилгээний газар бүрдүүлж болох аж. Терминалын хэсэг зургаан хүзүүвч буюу “gate”-тэй. Тав нь олон улсынх. Нэг нь орон нутгийнх. Г.Бат менежер терминалын дотоод бүтцийг нэг бүрчлэн тайлбарлалаа. Түүний ярьснаас үзэхэд зорчигчдын ая тухыг нэгдүгээрт тавьжээ гэдэг нь харагдаж байлаа.

Онгоцны буудлын угтагчдын танхим нь маш саруул, уужим. Явагчдын танхим бүртгэлийн 16 цэгтэй байх юм байна.

Том төслийг явуулахад зохион байгуулалт, нарийн төлөвлөгөө хамгийн чухал байдаг аж. Монголчуудын хувьд ажлын уялдаа холбоо гэдэг зүйлийг мэддэггүй. Хэдэн жилийн өмнө Яармагийн замыг ашиглалтад оруулаад удаагүй байтал доогуур нь тунель хийнэ гээд хэд хэдэн газар нь сэтэлснийг хүмүүс мэдэх билээ. Үүнээс нь л үзэхэд манайханд зохион байгуулалт, хамтач сэтгэлгээ гэдэг зүйл үгүй нь мэдрэгддэг. Харин япон, солонгосчуудтай олон жил хамт ажиллахад ажлын уялдаа холбоо чухал байх нь ажлыг саадгүй хурдан явуулах маш том хөшүүрэг гэдгийг мэдсэнээ ярьсан байлаа, манайхан.

Нисэх онгоцны буудлын барилгын ажилд манай шилдэг гэсэн олон инженер залуус ажиллаж байгаа. Үүний хажуугаар манай туршлагатай ахмад инженерүүд ч мөр зэрэгцэн ажиллаж байгаа юм байна. Тэдний нэг нь Монгол Улсын зөвлөх инженер Ш.Содномдагва гуай. Тэрээр барилгын салбарт 47 дахь жилдээ ажиллаж байгаа аж. Тэрээр Монголын барилгачид, залуу инженерүүдээрээ бахархаж байгаагаа хэлээд “Манай залуус мэдлэг, чадвартай болжээ. Олон орны хэлээр ярьдаг болсон байна. 1980-аад он хүртэл манай барилгачид орос школтой байсан. Дараа нь манай инженерүүд Чех, Польш, Герман, Югославт суралцаж байсан бол 1990-ээд он гарснаас хойш дэлхийн өнцөг булан бүрт очиж суралцах болсон нь эргээд Монголын барилгын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Манай барилгачид, инженерийн хувьд олон улсын хэмжээний стандарт хангасан онгоцны буудал барихад өөрийн гэсэн туршлагатай болж чадаж байна” гэж байлаа.

2020 он гэхэд Хөшигтөд баригдаж байгаа “Чингис хаан” нисэх онгоцны буудал жилдээ гурван сая зорчигч хүлээж авна гэсэн тооцоо байдаг бөгөөд энэ нь жилд 22 мянган онгоц нисч, бууна гэсэн үг юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Эрх нь урдаа байгаад үүргээ мартаж болдоггүй юм

УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржтой ярилцлаа.

-Ардчилсан намынхан эрх барьж байхдаа баталсан голлох хуулиуд нь Эрүүгийн тухай хууль болон Зөрчлийн тухай хууль байсан. Гэсэн ч эдгээр хуулийн хэрэгжих хугацааг ирэх оны долдугаар сарын 1 болгон хойшлууллаа. Хуулиудын хэрэгжилтийг хойшлуулах шалтгаан байгаа юм уу?

-Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсан цагаас хойш Эрүүгийн хуулийг хэд хэдэн удаа шинэчлэн найруулсан. Энэ удаагийнх нь гурав дахь нэмэлт, өөрчлөлт болж байгаа юм. Ардчиллын үнэт зүйлс бэхжиж, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх тусам ялын бодлогод ахиц гарч байх ёстой. Тэр утгаараа зарим хуульчид одоогийн мөрдөгдөж буй хууль хэтэрхий шоронжсон, ялын бодлого нь хатуудсан гэдэг. Жилд шоронд хоригдож буй хүмүүсийн тооноос эхлээд бусад зүйлсийг харьцуулахад тодорхой байдаг. Эрүүгийн хуулийн ялын бодлого нь хатуудсан ч ойр ойрхон Өршөөлийн хууль гарснаар хоригдож буй хүмүүсийн тоо буурсан. Ардчилсан нам 2012 онд Эрүүгийн хуулийг бүхэлд нь шинэчилнэ гэж амласан тул энэ хүрээнд Эрүүгийн хууль батлагдсан. Ялангуяа эрүүгийн эрх зүйчид шинээр батлагдсан Эрүүгийн тухай хуулийг сайн хууль болсон гэдэг. Ардчилсан нийгэмд хүний эрх талаасаа ялын бодлого нь зөв болсон гэж тайлбарладаг. Заавал шоронд ял эдлүүлэхгүйгээр бусад хэлбэрээр ял эдлүүлнэ гэдэг нь зөв. Тухайн хохирогч этгээдийн хохирлыг барагдуулах боломжийг нэмэгдүүлэх, ялтны зорчих эрхийг хязгаарлах гэх мэтчилэн ялын шинэ төрлүүдийг оруулж ирсэн. Энэ нь томоохон шинэтгэл болж чадлаа гэдэг үнэлэлтийг хуульчдын зүгээс өгч байсан. Эрх баригчид Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр болгоод хойшлуулчихлаа. Эрүүгийн хууль 2015 онд батлагдсан. Тиймээс хэрэгжих хугацааг нь 2016 оны есдүгээр сарын 1 гэсэн юм шүү дээ. Хууль хэрэглэдэг, хууль сахиулдаг бүх байгууллагын хуулийг бүхэлд нь шинэчлээд есдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлье гэсэн үүднээс эрүү, зөрчил гэдэг хоёр ойлголтыг ялгаж өгсөн юм, уг нь.

Тэр утгаараа гэмт хэрэг гэж тооцогдож байсан зарим зүйлс зөрчил рүү орсон. Эрүүгийн хэрэг л биш бол дараахь шийтгэлийг ноогдуулна гээд нэг бүлэг болгосон. Энэ бүхнийг нэгтгэн Зөрчлийн хууль болгож зөрчлийн хэв хэмжээнүүд дээр зөрчлийн гэмийн нэг бодлого явуулж байгаа юм. Ингэснээр хууль сахиулагчид болон иргэдэд тодорхой байдлаар цэгцэлсэн. Үүнийг дагалдуулан олон хуульд өөрчлөлт оруулсан. Энэ оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжих боломжтой гэсэн ч хойшлуулчихлаа.

-Эрүү, Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг яагаад хойшлуулж болохгүй гээд байгаа юм бэ?

-Ер нь бол хуулийн хэрэгжих хугацаа хойшилж болдог. Гэхдээ Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль дээр ноцтой зүйл бий. Учир нь зөрчил гэж үздэг зарим зүйлийг зөрчил биш гээд байгууллагын дотоод дүрэм, журам, сахилгын байдлаар зөөлрүүлсэн. Ингэснээрээ хүний эрхийг дээрдүүлж байгаа юм. Хэрэв эдгээр хуулиуд хэрэгжээд эхэлсэн бол хүний эрхийг дээрдүүлсэн олон заалтын хүрээнд ач холбогдолтой байсан. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ гээд тодорхой хэмжээнд хүлээлттэй байлаа. Ял эдэлж буй хүмүүсийн ялын хэмжээ Эрүүгийн хууль дахь дээд хэмжээ нь доошилсон тохиолдолд багасдаг. Гэмт хэрэг гэж үзэж байсан зүйл нь гэмт хэрэг биш болохоор хорих ялаас чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуультай адил зүйлүүд явагддаг байхгүй юу. Ингээд зарим хүмүүс ялаас чөлөөлөгдөж, нэг хэсэг нь шоронгоос гарах байсан бол бүхэл бүтэн арван сараар үүнийг нь хойшлуулчихлаа. Энэ нь хүний эрхийг зөрчин дордуулсан нөхцөл байдлыг үүсгэж байна. Үүгээрээ Үндсэн хуулийн зөрчлийн шинж чанартай болчихож байгаа гэдгээ ойлгож байгаа болов уу. Иргэнийхээ эрхийг хамгаалсан хууль, эрхзүйн орчинг бүрдүүлж баталсан хуулийн хэрэгжих хугацаа хойшилно гэхээр яах аргагүй Үндсэн хуулийн эсрэг зүйл болно.

Ер нь манай хууль тогтоогчид, парламентынхан аливаа хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар иргэний, байгууллагын, өмчийн, бизнесийн, эдийн засгийн, суурь хүний эрхийг дордуулахаар байх юм бол хугацаа хойшлуулж байгаа асуудлыг ноцтой анхаарч үзэх ёстой. Өмнө нь парламентын гишүүн байхдаа хүний, өөрийн намынханд бүгдэд нь ингэж хэлдэг байсан. Хэрэв тухайн хууль хүний эрхийг дордуулсан байх юм бол тухайн дордуулсан байдлыг буцаан хэрэглэдэггүй. Хүний эрхийн байдлыг дээрдүүлсэн байх юм бол дээрдүүлсэн байдлаар хэрэглэдэг. Энэ чинь өөрөө хугацааны хүчин зүйлтэй байхгүй юу. Хугацаа гэдэг маш чухал хүчин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс л Эрүүгийн хуульд ингэж хандаад байгаа юм.

-Гэхдээ хууль хэрэгжүүлэх нөхцөл боломж бүрдээгүй, эдийн засаг хүнд байна гээд байгаа л даа…

-Энэ хуулийг хэрэгжүүлэхэд зардал, чирэгдэл гэсэн шалихгүй шалтаг яриад байх хэрэггүй.

-Баталсан хуулиудыг буцаалаа гэдэг шүүмжлэлийг энэ парламент руу маш олон хүн хаяглан илгээж байгаа. Үнэхээр тэгж болдог юм уу?

-Хууль ямар нэгэн байдлаар зөрчигдөхөд хууль дээдлэх зарчим алдагдлаа гэдэг. Хууль дээдлэх зарчмын суурь агуулга нь ерөөсөө хуульд захирагдах ёс байдаг. Хууль дээгүүр нь байна гэсэн үг. Хууль дээгүүр байх тул хуулиас доогуур аливаа зүйлийг явуулж болохгүй. Хуулиас доогуур хуулийг зөрчиж, үгүйсгэж болохгүй. Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагалдан гарах таван хуулийн эцсийн редакци дээр холбогдох хүмүүс бүгд гарын үсгээ зурсан. Тавдугаар сарын 31, зургадугаар сарын 23-нд гарын үсэг зурагдсанаар эдгээр хуулийн редакци бэлэн болсон. УИХ-ын Дэгийн тухай хуулиараа батлагдсан хуулийг УИХ-ын Тамгын газар эрхлэн эцсийн редакцид бэлтгэнэ. Тамгын газрын бэлтгэсэн редакцийг УИХ-ын дарга хянадаг. Дараа нь УИХ-ын дарга тухайн редакцийг УИХ-ын нэгдсэн чуулган дээр сонсгоод гурав хоногийн дотор ёсчилдог. Ингэснээр процедур нь явагддаг юм. Өөрөөр хэлбэл, хууль бий болчихсон. Гэтэл хууль бий болоогүй гээд байгаа.

-Хуулиудаа ёсчилж, Төрийн мэдээлэл сэтгүүлд гаргаагүй нь Ардчилсан намынхан та нарын буруу юм биш үү?

-Гэм буруугийн тухай асуудал энэ хуулийн хувьд хоёр, гуравдугаар зүйл байхгүй юу. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль хуулиараа явах ёстой. АН, МАН, та нар гэж байхгүй. Учир нь Монголын парламент нэг. Үндсэн хуулиар төрийн эрх барих дээд байгууллага хууль тогтоох эрх мэдлийг өөртөө хадгалдаг. Сонгуулиар УИХ-ын бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг. Энэ ардчилсан зарчим. Гэхдээ бүрэлдэхүүн өөрчлөгдөх тухай асуудал парламент гэдэг Үндсэн хуулийн институцийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд ямар ч холбоо нөлөөлөл үзүүлдэггүй. Үүнд гол учир нь бий. Бүрэн эрх гэдэг нь эрх, үүрэг хоёр. Тэд үүнийг хийсэнгүй. Тиймээс бид хийхгүй гэдэг зүйл байдаггүй. Монголын парламент шинээр байгуулагдахдаа хувьсгалаар, Үндсэн хууль өөрчлөөд гарчихсан юм биш. УИХ-ын Дэгийн тухай хууль, Үндсэн хуулиа бариад явах ёстой. Дараагийн парламент гарч ирээд хамгийн түрүүнд редакци нь бэлэн болчихсон хуулиа ёсчилдог. УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн өмнө зургадугаар сарын 23-нд чуулганы хуралдаан зарласан ч ирц бүрдээгүй. Энэ хуралдаанд бэлдээд бүх редакциуд бэлэн болчихсон байсан. Чуулганы ирц бүрдэн хуралдаагүй тул уг хуулиудын редакцийг сонсгож чадаагүй. Тэр утгаараа шинэ парламент бүрэлдэнгүүт УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын Тамгын газар, спикерүүд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой. Үүргийн эсрэг эрхийг тавьж болдоггүй юм. Аль ч институцид үүрэг нь, харин иргэдэд эрх нь оногддог байхгүй юу. Төр оногдсон үүргээ хэрэгжүүлэхдээ зайлшгүй холбоотой эрхүүдийг эдэлдэг.

Парламентад шинэ хүмүүс их орж байна. Төрийн алба ч их доргиж байх шиг байна. Төрийн албанд шинээр ажилд орж байгаа хүмүүст хаяглаж хэлэхэд “Та нарт үүрэг зайлшгүй оногддог юм шүү. Тэр үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрхийг түүний үр дагавар нь болгож өгдөг юм шүү. Түүнээс биш эрх нь урдаа байж байгаад үүргээ мартаж болдоггүй юм” гэж захья. Энэ утгаараа УИХ-ын дарга хуулиудын редакцийг Их хурал дээр сонсгоод ёсчлох ёстой. Хууль дээдлэх зарчмынхаа хүрээнд хууль дээгүүр байж хуулийг дагах үүрэг нь парламентад бий. Шинэ УИХ-ын гишүүд урьд парламентаас бидэнд ямар үүрэг шилжиж ирсэн бэ гэдгийг байнга бодож явах хэрэгтэй.

Гэтэл үүргийг нь дээгүүр тавиад тогтоолоор хуулийг буцааж байна. Өмнө нь Монголын түүхэнд байгаагүй практик тул бид ингэж шийдлээ гээд байгаа юм. Уучлаарай. Хуулиар нь заагаад өгчихсөн юм. Хуулийн цоорхой гэдэг ойлголт байдаг даа. Төрд хуулийн цоорхой гэж байдаггүй юм. Төр цоорхойгоор нь явдаггүй. Хуульд заагдсан заавал нэг нөхцөл байдлаар нь явдаг ёстой. Иргэн хүний хувьд хуулиар хязгаарлаагүй бүх зүйлд эрхтэй байдаг. Харин төр хуулийн дагуу явж байх ёстой юм аа. Хуульд заагаагүй зүйлийг бид дураараа хийлээ гэдэггүй биз дээ. Яг л энэ чинь байхгүй юу. Харин би хуульд заагдсан зүйлийн талаар ярьж байгаа шүү. Энэ утгаараа Ерөнхийлөгч хориг тавьсан.

-Эрүү, Зөрчлийн тухай хуулийг дагаж гарсан хуулиуд яах вэ?

-Энэ хууль батлагдсантай холбоотойгоор дагасан маш олон хууль батлагдсан. Тэр утгаараа эдгээр хуулиуд нь буцсан байх л даа. Хуулиудыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуультай. Тиймээс уг хуулиуд амьгүй болчихлоо гэж хэлж болдоггүй юм. Хэрэв буцаана гэсэн бол эдгээр хуулиудыг бүгдийг нь буцаах ёстой. Гэхдээ би буцааж болохгүй гэдэг утгаар нь хэлж байна.

-Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхэд 92 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан. Хууль хэрэгжиж эхлэхэд мөнгөн дүн тийм чухал байдаг уу?

-Эрх баригчид заримдаа шалтаг тайлбар хэлж тэр нь агуулгаасаа хөндийрөөд байгаа. Хүний эрхийг хангаж баталгаажуулсан хуулиудыг заавал хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэр дагуу сургалтууд нь хийгдээд явж байсан. Зургадугаар сарын 29-нд сонгууль болж МАН-аас 65 гишүүн сонгогдонгуут энэ хуулиуд яах бол гэдэг эргэлзээ гарч эхэлсэн. Энэ хуулиад яах бол гэдэг ямар ч эргэлзээ байх ёсгүй. Хуулиар тогтоогдсон зүйл чинь хуулиар тогтоогдсон хугацаандаа хэрэгжээд явах учиртай. Ийм байдлаар асуудалд салан задгай хандсан байх юм бол тэр төрийн байгууллага, албан тушаалтан үүргээ биелүүлээгүй гээд хариуцлагаа хүлээх ёстой. Хариуцлага алдсаны нөгөө талд мөнгөөр хэмжсэн хэмжүүрээр цагаатгаж болдоггүй. Ингэж үнэ цэн бий болдоггүй юм.

Мөнгө төгрөг шаардлагатай гэдэг тэр тооцоонд би эргэлзэж байна. Уг хуулийг хэрэгжүүлээд явахад өмнө нь ийм үйл хөдлөл хийгддэг байсан уу, хийгддэг байсан. Бүх зүйл явдгаараа явдаг л байсан юм шүү дээ. Манай шүүгчид хэзээд бэлэн байгаа. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах албаныханд бэрхшээл үүсээгүй. Процессын хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд нь байгаа. Эдгээр хуулиуд нь процессын хуулиудтайгаа зөрчилдөөд байх юм байхгүй. Бүх хууль бэлэн. Бэлэн биш болгох зүйлсийг нь өөрсдөө хийж байна. Анхдугаар чуулган хуралдахад л ёсчлох байсан. Энэ чинь хууль хэрэглэдэг хүмүүсийн хууль. Хэдэн мянгаар тоологдох хүний, хэдэн мянгаар тоологдох цагийн ажлыг ингэж болохгүй. Ямар нэгэн шалтаг, шалтгаан тавих хэрэггүй.

Ардын намынхан үзэл баримтлалаараа эрүүгийн шинэ хуулийн ялын бодлоготой санаа нийлэхгүй байж болно. Гэхдээ сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь харах юм бол илүү нийцэхээр байгаа юм. Тэгвэл орлох хуулиудыг нь өөрсдөө боловсруулаад өргөн барьж батлаад, хууль батлагдсантай холбогдуулан өмнө нь үзэл баримтлал өөр байсан зүйлсээ засаад явж болно шүү дээ. Энэ хууль нь тодорхой хугацаанд хэрэгжээд явж байна л биз. Ийм хуулиудыг буцаан хойшлуулна гэдэг маш буруу зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг маш олон хүн алга ташин хүлээж авсан. Жишээлбэл, энэ хуулийг дахин өргөн бариад одоохон батална гээд ярьж байна. Юу нь болохгүй байгаа юм гэхээр “Заримыг нь бид гэмт хэрэг болгож байгаа” гэсэн хариулт өгч байна л даа. Гэмт хэрэг болж байгаа асуудал Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд орохгүй. Энэ хуулийг дагалдаж гарах байдлаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль гэж гарна. Тэр нь дутуу гэж байгаа юм бол үүнийгээ хүчин төгөлдөр хэрэгжүүлээд “Энэ хууль үйлчилж эхэлж байгаатай холбогдуулан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад явъя” гээд хийчихэж болно. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хангалттай сайн болсон. Тиймээс Эрүүгийн хууль хэрэгжиж байг. Хэрэгжиж байхад нь нэмэлт өөрчлөлт оруул гэж байгаа юм.

-Сөрөг хүчнээс Эрүү, Зөрчлийн хуулийг Монголын мянга мянган иргэн хүлээж байгаа гэсэн ч Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Тэгж хэдэн мянгаар хүлээгээд байгаа юм байхгүй. Цөөн хэдэн хүнд хамаарна. Битгий ингэж улстөржүүл” гэдэг зүйл хэлж байсан…

-Төр нэг хүний ч эрхийг зөрчиж болохгүй. 400 байна уу, 500 байна уу, хэдэн мянга байна уу хамаагүй. Тэр хүмүүс есдүгээр сарын нэгнээс эрхзүйн байдал нь дээрдэнэ гээд хүлээж байсан. Хуулиар тогтоогдчихсон юм. Нөгөө талаас есдүгээр сарын нэгэнд хууль хэрэгжсэн бол гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэрэг нь шалгагдаад явж байсан, прокурор ялыг нь төлөвлөж байсан гэхчилэн олон хүнд хамаарах байсан.

Энэ хууль Монголын бүх хүнд хамаатай. Заавал гэмт хэрэгтэн байх үгүй нь хамаагүй. Монгол Улсын иргэн би Эрүүгийн хуулийн ямар орчинд миний эрх зөрчигдвөл яах ёстой вэ, хүний эрхийг зөрччихвөл би яах юм гэдэг орчинд нь байдаг зүйл. Манайхан хамаарал гэдгийг холбогдогч болохоор нь л ярих юм. Үгүй шүү дээ. Барилгын тухай хууль надад чухал ач холбогдолтой. Би заавал барилга барьдаг байх албагүй. Тэр барилгын хуулиар зохицуулагдаж буй бүх харилцаа миний өдөр тутмын амьдралд нөлөөтэй байж л байдаг. Үүн шиг бүх хууль бүх хүнд хамаатай.

Хууль зүйн байнгын хорооны дарга болон бусад дарга нар их мэдэж ярих биш их мэдэхийн төлөө бусдыг сонсч сурах ёстой. Өөрийн бодол санааг үргэлж чагнаж үүний болохгүй тал нь юу билээ гэдгийг ухаж засч байхгүй бол болохгүй зүйлийг болгоно гэж баллуурдаж болдоггүй юм. Энэ буруу төлөвшил рүү хөтөлдөг. Ухаантай хүмүүс ойлгодог байх.

-Яагаад ухаантай гэж хэлэв?

-Ард түмэн сонгосон болохоор ухаантай, мэдлэгтэй, сэтгэлтэй, боловсролтой хүмүүс л гэж харж байгаа. Түүнээс биш муулж, муухайлаад байх зүйл байхгүй.

-Эрүү, Зөрчлийн хууль чинь төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг зүйл болчихсон юм биш үү?

-Хуулийг хүнтэй зүйрлүүлээд төрөөгүй хүүхэд ямар юм ч гэнэв, Ардын намынхан ярьж байна лээ. Монголчууд хэзээ ч хүнтэй зүйрлүүлж ярьдаггүй. Хамгийн эмзэг байдаг зүйл нь тэр. Болохгүй бол будаагүй авдар хийчихсэн байна гэхгүй юу. Будаагүй авдартаа юмаа хийж л байна биз. Дараа нь будчихаж болно. Хүний эмзэглэдэг зүйлээр хэзээ ч ярьж болдоггүй. Аав, ээж хоёр нь дутуу хүүхэд хийчихсэн юм уу, яачихсан юм гээд л наад зах нь эвгүйцнэ биз дээ.

-Танай намынхан эрх барьж байхдаа баталсан гол хуулиудын нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэтэл хуулийг бүр хүчингүй болгочихлоо?

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн түүх чинь урт настай байхгүй юу. 2008 оны сонгуулиас хойш ярьсан. Тэр үед хамтарсан засаг барьж байсан. Тэр зөв байсан. Чухал эгзэгтэй үед хамтарч засаг барих нь зөв байдаг.

2012 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө манай нам Хамтын тэтгэврийн тухай хуулийг оруулж, 2016 онд баталж, 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм. Хамаарлын хувьд өнөөдөр тэтгэвэр аваад явж байгаа хөгшчүүдийн асуудал биш. Хүн болгон тэтгэвэрт гардаг. Хүн бүр амьдралаа төлөвлөдөг. Ялангуяа нас ахих тусам цаашид яах билээ гэдгээ илүү төлөвлөж эхэлдэг байхгүй юу. Тэр утгаараа хамтын тэтгэвэр гэдэг чинь хамгийн хүмүүнлэг зүйл. Нэг талаасаа ханиа алдан ганцаарддаг ч үр хүүхэд нь эцэг, эхийнхээ төлөө гэсэн ёс заншил манайханд байдаг. Нөгөө талаас нэг нь тэнгэрт халихад тухайн гэрээс гардаг зардлууд хэвээрээ байх нь бий. Хамтаараа хоёр хүнийхээ тэтгэврээс аргалаад явж байсан орон сууцны төлбөр ч байдаг юм уу ганцаараа төлж дийлэхгүй төлбөр гарч ирдэг. 1+1=2, 2-1=1 гэдэг арифметик биш. 2-1=1.5 гардаг арифметик байхгүй юу. Ийм хариу гараад байна гэдгийг нь л бид хэлж байгаа юм. Бурхны оронд одсон хөгшний тэтгэврийн тодорхой хэсэг нь нөгөө хөгшнийхөө тэтгэвэр дээр нэмэлт болоод олгогдож байх ёстой. 1.5 гэсэн зардлаа төлөөд явж байх ёстой. Ганц манайд ч биш нэлээд олон улсад түгээмэл байдаг зарчим, харилцаа шүү дээ. Тэр утгаараа бид төсөвтөө суулгаж амжаагүй тул 2017 оны төсөвт суулгаад ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр болоод байсан юм.

-Гэхдээ Сангийн сайдын тайлбарласнаар нас барсан нэгнийхээ тэтгэмжийг авч нүгэл үйлдэхгүй, муу ёс гээд ахмадууд захидал ирүүлсэн гэж байсан…

-Монголын ёс заншил хэзээ ч тийм биш байдаг. Би гэхэд өөд болсон эцгийнхээ дээлийг хадгалаад, хааяа санахаараа нөмрөөд сууж байдаг хүн шүү дээ. Монголчуудын сэтгэл тийм байхгүй юу. Насаараа ханилсан хүнээ өөд болоход тэрнээс нь хэзээ ч сэжиглэдэггүй. Харин ч хөгшний минь үлдээсэн буян гээд баярлаж суудаг монголчууд юм шүү дээ. Хаанахын үзэл, шашин номлолд тийм зүйл байдаг юм бол, мэдэхгүй. Ийм зүйл яриад сууж байдаг монгол жудагтай хүн байхгүй л гэж боддог. Хөгшин минь тэнгэрт хальсан ч гэсэн буянаа үлдээлээ гэдэг ард түмэн. Мэнд байхдаа үүнийг надад авч өгч байсан шүү дээ. Энэ байраа тэгж зүтгэж байгаад авсан юм гээд залбирч суудаг. Хөгшин нь өнгөрлөө гээд тэр байрнаасаа гарах нь уу, яах нь уу харж л байхгүй юу.

Аавынхаа үлдээсэн хөөргийг хаях уу, яах уу. Харин ч улам үнэ цэнтэй болдог юм. Надаас холдох тусам улам үнэ цэнтэй, ариун нандин болдог юм шүү дээ. Тэр утгаараа үлдсэн хөгшин нь улам нандигнана, улам гамнана. Миний мэддэг, надад байдаг монгол сэтгэл энэ.

-Ардчилсан намынхан улсын мөнгөөр тансаглаж тансаглаж байгаад явцгаасан. Үүнээс болоод эдийн засгийн хямрал нүүрлэлээ гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид ялбал бүх зүйлийг ийм сайхан болгоод аваад явна гэж амлалт өгөөд 65 суудал авсан нам ийм болсон байж гээд хойшоо ухраад байж болохгүй. Тийм эрхгүй байдаг юм. Сонгуулиар ингээд хийчихнэ гээд үүрэг авчихсан юм, тэд. МАН-ын мөрийн хөтөлбөрт мөнгө бага байгаа учраас ингэж танана гэдэг зүйл байгаагүй. Тиймээс сонгогчид биднийг ийм зүйлийг хийнэ гэж итгээд саналаа өгсөн. Бид хийхээс өөр аргагүй гээд явах ёстой. Ардын намынхан маань эргэж буцаж янз бүрийн зүйл ярих биш, бэрхшээлээ сонгогчдод өгсөн өмнөх нөхцөл байдлаас дордуулахгүйгээр авч явна. Тэр аргыг бид олсон гээд явах ёстой.

Үнэндээ Ардчилсан намынхан тансагласан зүйл байхгүй л гэж боддог. Тансаглалын тухай ярих юм бол Монгол Улсын дэд бүтэц, хөгжлийн тал дээр ярих юм бол “тансаглал” байсан байж магадгүй. Нийслэлийг одоогийнх шиг гоё болгох хэрэггүй байсан байж магадгүй. Замыг нь ийм сайхан болгох хэрэггүй байсан байж магадгүй. Үүнийг тансаглал гэж харж байж магадгүй. Хөдөө тийш тавьсан хатуу хучилттай авто замууд хэрэггүй, хуучны донсолгоотой, автомашин нь эвдэрдэг, хэд хоногоор явдаг замыг гоё болгосон “тансаглал” байсан байж магадгүй. Хөрөнгө оруулалтад анхаарч босгосон мөнгөөрөө эдийн засгийн орчинг бүрдүүлсэн нь тансаглал байсан байж магадгүй. Бий болгосон энэ зүйл чинь эдийн засгаа, иргэнээ дэмжээд ирсэн юм. Миний хувьд төсөв гэдэг нарийн зүйлээр битгий шагайгаасай гэж хүсдэг. Хамгийн анхдагч санаа зовох зүйл өрхийн төсөв байдаг. Үүн дээр ярих ёстой. Дараа нь бизнесийн төсөв алдагдалтай болчихвий гэдэгт санаа зовдог байх ёстой. Хамгийн сүүлд улсын төсвийн талаар ярих хэрэгтэй. Би ингэж боддог. Хамтын тэтгэвэр авна гээд нэг хөгшин өрхийнхөө төсвийг 2017 онд төлөвлөөд явж байсан юм. Ийм татварын орчинд би ийм бизнесээ явуулна гэж төлөвлөсөн байсан чинь хууль эрхзүйн орчин нь өөрчлөгдөөд бодож байсан зүйл нь тасалдахвий дээ. Үүнд л санаа зовох хэрэгтэй.

Өнгөрсөн дөрвөн жилд ганцхан Ардчилсан намынхан хийж бүтээсэн гэж хэлэхгүй. Ардын намын 26 гишүүн сууж байсан. Хамтаараа л хийцгээсэн. Төсвөөс юу зараад төсөвт юу орж байна гэдгээр биш нийтийн үнэ, нийтийн үнэ цэн гэж ярих ёстой. Авто зам бий болсноор хотын түгжрэл багасч, хотоос, орон нутгаас тээвэрлэлт хийж байсан бизнес эрхлэгчид энгийн иргэдийн хувьд эдийн засаг талаасаа өгөөжтэй болсон. Энэ үнэ цэнийг зарцуулсан зардалтайгаа харьцуулаад үзэхээр хэмнэсэн мөнгө нь төсөв дээр шууд мэдэгдэхгүй ч өрхийн, бизнесийн гээд жижиг төсвүүд дээр шууд гарч ирдэг. Энэ чинь л үнэ цэн. Тиймээс төр төсвийн эдийн засгаа боддог биш Монголынхоо том эдийн засгийг бодож явдаг. Түүн дотор чинь төсөв гэдэг жижиг зүйл байдаг юм. Ингэж бодож явдаг байгаасай. “Тансаглал” гээд яриад байгаа зүйлс чинь нийгэм, эдийн засагт хийсэн хөрөнгө оруулалтууд шүү дээ.

-Гэхдээ эрх баригчид арай өөрөөр бодоод байх шиг байна лээ?

-Гоё ганган хөшөө босгож барьсан нь юу л бол. Нэг их тансаглаад өөрсдийнхөө цалин хөлсийг нэмээд, орд харш барьж, өрөө тасалгаагаа сайжруулаад явсан нь юу л бол. Сайхан машин унах гэж төсвийн мөнгөөр тансагласан нь юу л бол. Ардын намынхан одоо хүлээсэн үүргээ ухамсарлаж, хөрөнгө мөнгөө босгоод явах цаг болсон. Тиймээс бүх нийтийн оролцоо бүхий эдийн засгийг бий болгохын тулд ажиллах шаардлагатай. Өмнөхөө буруутгаад хэзээ ч зөв зүйлийг олдоггүй. Өмнөх маань алджээ гэсэн бол тэр алдааг давтахгүй явах учиртай. Аливаа зүйлийг цэвэр буруутгачихаар зөв зүйлсийг нь ч бас давхар буруутгачихдаг юм.

-Ардчилсан нам сонгуульд ялагдсанаас хойш шинэчлэл хийх ёстой гэдэг зүйл яригдаж байна. Таны харж байгаагаар тэр шинэчлэл хаанаас эхлэх ёстой юм бэ. ҮЗХ-ны хурал 16-нд хуралдахаар болсон, бас?

-Шинэчлэл гэдэг үгийг их түгээмэл хэрэглэх болж. Гэхдээ Ардчилсан намыг шинэчлэхээс илүүтэй юун дээр алдав гэдгийг нь тодорхойлж, тэр алдааг залруулах нь гол үзэл санаа гэж харж байгаа. Шинэчлэл гэдэг үгээ эхлээд тавьчихаар өмнө нь ямар учраас алдав, юун дээр зөв, юун дээр буруу явчихав, ҮЗХ-ны гишүүдээ хэрхэн сонгодог байв гээд асуудлууд гарч ирнэ л дээ. Ардчилсан намын гишүүд, дэмжигчид гэлтгүй ард түмэндээ хандаж хэлэхэд сонголт гэдэг зүйл ямар нэг үнэ цэнээр хоорондоо солилцдог наймааны хэрэгсэл биш. Сонгогдоно гэдэг нь сонгосон хүмүүсийнхээ өмнө хүлээх үүрэг болохоос сонгосны дараахь өөр дээрээ бий болгох үнэ цэнийн тухай ойлголт биш. Ийм зарчмыг гол сууриа болгоод энэ хэдийд гажиж, энэ хэдийд болохоо болив гэдгээ ухамсарлан засаад явбал намуудын цаашдын төлөвшилд чухал түлхэц болно. Зөв төлөвшил байх ёстой. Зөв төлөвшлийн хурдатгал сайн болно. Тэр байдлаараа төрийнх, тэр байдлаараа сонгогчдынх болдог. Зарим нэг нь даапаалаад та нар ингэж сонгосон. Та нарын хохь гэдэг. Тийм биш. Тэгж болдоггүй юм. Сонгогчид маань өөрсдийн сонголтоо ямар эрх ашгийн үүднээс хийхэв гэдэг сууриа ардчилсан нийгэмдээ зөв төлөвшүүлэх ёстой байхгүй юу. Яагаад зөв төлөвшлийн тухай яриад байна гэхээр 1989 онд ардчилсан хувьсгал хийж байхад төрж байсан хүүхдүүд өнөөдөр 30 нас руу дөхөж байна. Тэр үед 10 настай байсан хүүхдүүд өнөөдөр 40 нас гараад явж байна. Энэ хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Бид биеэрээ мэдэрсэн хүмүүс. Үүнийг мэдрүүлэх хэрэгтэй юм. Тиймээс энэ тал дээр анализ хийгээд явах цаг болсон.

-Намын удирдлагуудын тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Манай намд алдаж оноод үүнийх нь үр дагавар болоод явж байгаа зүйл бий. Тийм учраас ҮЗХ-гоо хэрхэн сонгож байгуулах, намын дарга түүнийгээ хэрхэн сонгох тухай асуудал гэх мэтчилэн нам, олон нийтийн өмнө үүрэг хүлээсэн багаа зөв бүрдүүлэх тухай асуудал чухал байна. Үүнд нам, олон нийтийн оролцоог хангах тухай асуудал бий. Дараа нь тэдний өмнө үүргээ хүлээх тухай асуудлыг зохицуулах шаардлагатай. Нөгөө талаас бодлогын тухай асуудал байна. Үзэл баримтлалын тухай асуудал байна. Үзэл баримтлалаас гарах зарчим, үзэл баримтлал дээр тулгуурласан хөгжлийн бодлогоо тодорхойлох хэрэгтэй. Дараагийн асуудал нь нам, парламент хоёрын хоорондын асуудал байгаа юм. Намын төв байгууллага хийгээд орон нутгийн намынхан хоорондын харилцаа гээд олон олон харилцааг дэлгээд тавьж болохоор. Энэ бүгдийг харах юм бол уран нарийн хээ хуар тавьсан даавуу шиг нэхээстэй зүйл байгаад байна.

-Намын дарга хэн байх вэ?

-Тэрийг би яаж мэдэх вэ.

-Та огт сонирхохгүй байгаа юм уу?

-ҮЗХ-ны гишүүн сонирхохгүй байна гэж худлаа хэлж болохгүй. Ямар ч байсан нам, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх хэрэгтэй. Зүтгэлтэй байх хэрэгтэй. Зүтгэлтэй байна гээд, намын дарга болно гээд өөрөө зүтгээд байх биш өрөөл бусдынхаа дэмжлэгээр гарч ирэх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баатарнум: Иракаас нутаг буцаж явсан монгол цэргийн цуваа руу буудаж байсан

Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн шагналт, зохиолч сэтгүүлч, бэлтгэл дэд хурандаа Г.Баатарнумтай ярилцлаа. Тэрээр энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цөөхөн сэтгүүлчийн нэг юм.

-Уран бүтээл арвин уу?

-Цэргийн албанаасаа тэтгэвэрт гараад чөлөөт уран бүтээлч болсон. Одоо өөрийнхөө уран бүтээлээ хийгээд л явж байна. Гучаад жил дандаа сонины ажил хийж явлаа. Би сониныхоо ажилд хайртай. Зав чөлөөнд нь юм хийгээд л явна. Зэвсэгт хүчиндээ гуч орчим жил ажиллаад тэтгэвэрт гарлаа.

-Та анх яагаад цэргийн хүн болсон юм?

-Миний аав цэргийн хүн. Хилийн цэргээс төрсөн анхны хүндэт чекистийн нэг. Миний хувьд тухайн үеийн Цэргийн ерөнхий дээд сургууль буюу одоогийн Батлан хамгаалах их сургуулийг артилерийн зэвсэглэлийн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн.

Манай сэтгүүлчдээс над шиг ийм мэргэжил эзэмшсэн хүн байхгүй л дээ. Тэгээд би Зүүнбаянд салааны захирагч, салбарын захирагчаар ажиллаж байсан. Уг нь Багшийн сургуульд монгол хэл, уран зохиолын ангид орж байсан хүн. Хувь заяа цэргийн сургуультай холбосон. Москвагийн хилийн цэргийн дунд сургуульд Багшийн дээдээс явуулах гэж байлаа. 1976 онд шүү дээ.

-Тэгвэл хэдийд нь сэтгүүлчээр суралцсан хэрэг вэ?

-Эхлээд цэргийн мэргэжлээрээ төгсөөд сэтгүүлчийн ажлыг бол өөрийнхөө сонирхлоор хориод жил хийсэн. Бүүр сүүлд 45 насандаа олон улсын сэтгүүлч мэргэжлээр Дашзэвэг багшийн удирдлаганд сурч мэргэжлээ эзэмшсэн хүн байхгүй юу. Сэтггүүл зүйн түүхэнд над шиг ингэж 40 гаруй насандаа мэргэжлээ эзэмшсэн хүн ховор болов уу гэж боддог юм.

-Аль нэг мэргэжлээ дагаж болоогүй юм уу. Яагаад сэтгүүлчийн мэргэжилд дурлачихав?

-Дуртай болоод л. Тэртэй тэргүй практикаар сурчихсан, өч төчнөөн алдартай сэтгүүлч зохиолчидтой ажиллаж, курс, семинарт сууж л байсан. Гэхдээ зах зээлийн үед хүмүүс янз бүрийн сургуульд сурах гэж мэрийж байлаа шүү дээ. Мэргэжлээ дээшлүүлэх, чадвараа сайжруулахаас эхлээд. Тэрний нэгэн адил нэгэнт энэ чиглэлээр ажиллаад олон жил болчихсон юм чинь сураад үзье гэж бодсон. Цэргийн ерөнхий дээд сургуулийг төгсөөд Зүүнбаянд зургаан жил ажиллаад хотод шилжиж ирээд Сонгинын 277 гээд Сонгинын их бууны танк эсэргүүцэх хороо гэж дивизоны тагнуулын дарга, сүүлд нь кадрын батальон захирагч хийж байтал 1987 оны хавар манай ангийн штабын дарга тухайн үедээ хошууч цолтой байсан одоо бэлтгэл хурандаа сайхан хүн байдаг юм. Тэр хүн намайг “Маргааш боловсон хүчний өрөөнд бэлэн бай гэдэг юм” би ч учрыг нь мэдэхгүй, айж эмээгээд Батлан хамгаалах яаман дээр очсон. Залуухан офицер би яам, тамгаар тэр бүр орох биш. Айж эмээгээд асууж сураад нөгөө өрөөгөөр нь шагайсан чинь баахан хурандаа, генералууд сууж байна. Миний таньдаг хоёр ч хүн байхаар нь жаахан тайвширлаа. Нэг нь намайг Цэргийн суруульд орж байхад манай ротын дарга байсан Г.Агваансувд гэж дэд хурандаа, нөгөө нь Зүүнбаянд байхад дивизийн их бууны командлагч байсан хурандаа Ж.Цанжид гэж уулын спортын мастер хүн. Тэр хоёрыг хараад сэтгэл жаахан уужирлаа. Тэгсэн чинь тэд намайг Улиастайн дивиз, одоогийн 016 дугаар ангид дайчилгааны офицероор томилох болсноо хэллээ. Үгүй гэх аргагүй. Цэргийн хүн чинь тушаалаар шүү дээ. Тэгээд Улиастайд очсон. Жагсаалын дайчилгааны офицер гэдэг чинь боловсон хүчний ажил. Одоогоор бол хүний нөөцийн ажил байхгүй юу даа. Тэнд очиход танай сонины Тамгын газрын дарга Т.Дашням тэнд МХЗЭ-ийн хороон дарга залуу байлаа шүү дээ.

-Та энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Энхийг сахиулах ажиллагааны түүхэн үйл явцыг таныг бичиж байна гэж хардаг. Баримтат кино хийж, ном бичиж, дуу хүртэл зохиолоо.

-Сэтгүүлч хүний хувьд түүхэн баримтуудыг зохих хэмжээгээр нь үлдээчихье гэсэн бодолтой явдаг. Энхийг сахиулах үйл ажиллагаа ч мөн л түүхэн том үйл явдал.

-Та тийшээгээ сэтгүүлчийнхээ ажлаар явсан уу, эсвэл цэргийн хүний хувьд уу?

-Хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлчээрээ явсан. Тэр үед би Зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2004 он шүү дээ. Надаас өмнө манайхаас хоёр ч сэтгүүлч явсан байсан. Анхных нь сэтгүүлч Ч.Төрмөнх. Дараа нь Зоригтбаатар гэж залуу явсан. Хоёулаа “Соёмбо” сонинд ажиллаж байсан. Гуравдугаар ээлжинд нь бас цэргийн хүн явуулна гэдэг шийдвэр гараад би 2004 оны долдугаар сард явж байлаа. Би нэг юмаар бахархдаг. Тийшээ явахад чинь нэлээд хугацаанд бэлтгэлд гарч байж явна шүү дээ. Би ямар ч бэлтгэл хийгээгүй явчихсан. Жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч, Читийн цэргийн тойрогт томилолтоор яваад бэлтгэл хийх хугацаагүй, тавхан хоног бэлтгэлд гараад л шууд явж байсан. Тэнд жараад градусын халуунд нэг ч удаа даралт өндөрслөө гэж хямарч үзээгүй. Үүгээрээ би бахархдаг. Тухайн үеийн цэргийн сургууль төгссөний ач гавьяа. Яагаад гэвэл тухайн үед асар их хэмжээнд бэлтгэж, хатуужуулж байсан. Тэнд ажиллаж байхдаа сэтгүүлч хүний хувьд түүхэн үйл явдлыг ямар нэгэн хэмжээгээр үлдээе гээд бодож жаахан онгирч, бас өөртөө итгээд найраглал бичиж үзлээ. Мэдээж үйл явдлын мэдээлэл, сурвалжлагыг тухай бүрт нь сэтгүүл зүйн бүхий л төрлөөр Монгол руу явуулж байсан болохоор уран бүтээлийн хэмжээнд энэ бүх үйл явдлыг үлдээе гэж бодоод “Иракт өнгөрүүлсэн 190 хоног” гэж баримтат найраглал бичсэн. Өөрийнхөө байх хугацааны долоон сарын үйл явдлыг ямар нэг байдлаар бүгдийг тусгасан. Найраглал бичиж ирээд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав гуайд үзүүлсэн. Бас жаахан бэргэж айгаад үзүүлсэн хэрэг. Ш.Сүрэнжав гуай “Чи ёстой мундаг юм хийсэн байна. Хориод оны үед Агваанхайдав гэдэг хүн “Баруун Берлинд зорчсон тэмдэглэл” баримтат найраглал бичиж байсан. Найраглалын төрөл нэг үе тасарсан байсан. Зундуйн Дорж Афганистанд нэг очоод “Душманууд” гэж нэг шүлэг бичсэн. Энэ хоёр л байсан. Чи хориннэгдүгээр зуунд Иракийн халуун цэг дээрээс ийм сайхан найраглал бичээд ирнэ гэдэг маш сайн хэрэг. Одоохон ном болгож гарга. Би өмнөх үгийг нь бичиж өгье” гээд “Охинтой нь цуг мэндэлсэн найраглал” гээд маш гоё өмнөх үг бичиж өгөөд би урамшаад найраглалынхаа номыг гаргасан. Иракаас ирээд сарын дотор л номоо хэвлүүлчихсэн шүү дээ.

-Та найраглал бичиж, баримтат кино хийж, тэр дуугаа бас клипжүүлсэн байсан. Өөрөө яг тэнд байсан болохоор үнэхээр л бүгдийг тусгасан байна лээ.

-Тэр дуу бас түүхтэй дуу. 2003 онд Ирак руу нэгдүгээр ээлж явсан. Анх удаа дайны талбарт явж байгаа тэднийгээ хараад сэтгэл гэгэлзээд л цэргүүддээ зориулсан нэг сайхан дуу бичмээр санагдаад ерөөсөө болж өгдөггүй. Эхний мөр нь орж ирээд. Насанбуян гээд хөгжмийн зохиолчтой өмнө нь хэд хэдэн дуу хийж байсан. Насанбуян руу нэг удаа яваад очлоо. “Монгол цэргүүд анх удаа дайны талбар луу явах гэж байгаа юм. Хоёулаа дуу хийвэл яасан юм. Миний дууны шүлгийн мөрүүд орж ирээд байна” гэсэн Насанбуян цэргийн хүн биш болоод ч тэр үү, авч хэлэлцдэггүй. Тэгээд яахав, ганц шил юм уугаад хоёулаа жаахан онгироод, тэгж байтал нөгөөх маань шүлгээ гаргаад ирээч гэхээр нь нөгөө эхний мөрүүдээ сонсголоо. Эзэн Чингисийн хийморьтой

Эрэлхэг Монголын хөвгүүд

Элгэн халуун сэтгэлээр

Эх орноосоо мордлоо.

Миний Монголын цэргүүд

Морьтойгоо дэлхийг туулсан юм.

Миний Монголын цэргүүд

Энхийн үйлсийг зорьсон юм гээд өгсөн чинь “Энэ чинь харин ая ормоор шинжтэй мөр байна шүү” гээд төгөлдөр хуурынхаа өмнө суулаа. Анхны зураглал ингэж шөнө гарчихав. Маргааш өглөө нь манай цэргүүд Ирак руу нисэх гэж байгаа юм шүү дээ. Тэгээд бид хоёр шөнө нь дуугаа хийгээд өглөө нь нисэхийн автобусанд хоёр навсайсан юм суугаад л явлаа. Нисэх дээр яваад очтол цэргүүд, тэдний ар гэрийнхэн, хамаатан садан, зэвсэгт хүчнийхэн бүгд л байна. Манай Борбаатар генерал байж байна. Ингэж дуу хийчихлээ гээд генералд хэллээ. Бороо генерал цэргүүдэд хандаж “Миний хүүдүүд ээ, та нарыг эх орноосоо мордоогүй байхад анхны бүтээл төрчихсөн байна. Миний хүүхдүүд их аз хийморьтой явах нь” гээд маш гоё үг хэллээ. Тэгээд надаар шүлгийг нь уншуулаад л. Одоо энэ дуу маань энхийн сахиулагчийн сүлд дуу гээд нэрлэгдчихсэн. Чад, Ирак, Срелон, Афганистанд манай цэргүүд бүгд дуулна. Оройн тоондоо ч дуулна. Энэнээс хойш олон дуу зохиосон. Цэргийн дуунууд маань гуч орчим болсон. Мөн анхны найраглалаасаа урам авч олон найраглал бичиж. Эднийгээ эмхэтгэж, бас нутаг усныхаа тухай ном, сонин хэвлэлд өгсөн миний өөрийн ярилцлагуудаар бас нэг ном, хүүхдийн ном гээд гаргахаар бэлдэж байна даа.

-Таны найраглалыг уншихаар монгол цэргүүдээрээ бахархмаар болсон.

-Найраглал бичих гол үндсийг манай цэргүүд надад өгсөн. Манай монгол цэргүүд үнэхээр баатарлаг, хийморилиг. Монгол хүн болоод магтаад байгаа юм биш. Үнэхээр өөр байдаг юм.

-Юугаараа тийм онцгой, өөр гэж… Намайг сурвалжлагаар явж байхад Америкийн цэргийн дарга монгол цэргүүдийн тухай магтах үг нь багадаад байсан.

-Бусад орны мэргэн буудагч байлаа гэхэд тэрийгээ нэг номерт, өөр айхтар чадаад байх юм байхгүй. Зөвхөн тэрэндээ л эзэн болно. Монгол цэрэг мэргэн буудахаа чадна, бусдыг нь ч хийж чадна. Тэрүүгээрээ л гайхагддаг байхгүй юу.

-Монгол цэргүүд маань хамгаалалтын албыг хариуцдаг байсан санагдана. Ингэхэд та ер нь харуул хамгаалалтад гарч байв уу?

-Чарли баазын хамгаалалтыг манайхан хариуцна. Ар тал хангалтын том бааз. Хүнс, шатахуун, цэргийн буу зэвсэг, техник бүх л юм тэр том баазад л байна шүү дээ. Оройхон хэрд асар олон, нүсэр нүсэр цуваа орж ирээд хэдэн зуугаараа зогсчихно. Тэд монгол цэргүүд хамгаалж байгаа, айх аюулгүй амар тайван хононо гээд Чарли баазад хоноглоно. Бусад баазыг тоохгүй шүү дээ. Би хэдийгээр сэтгүүлч ч гэлээ яг л байлдааны үүргээ давхар гүйцэтгэнэ шүү дээ. Долоо хоногт гурваас дөрвөн удаа шалган нэвтрүүлэх байранд харуулд гарна. Тэнд найраглал юмаа бичих боломж ховор. Зөвхөн харуулд гарч байхдаа нэг гартаа буугаа бариад нөгөө гартаа үзгээ бариад л бичнэ.

-Цэргийн нууц ил гаргадаггүй гээд нууцлах юм билээ. Тэгэхээр нийтэд ил биш олон зүйл мэдэгдэхгүй өнгөрчихдөг байх гэж боддог юм. Биднийг Иракт очиход л хэдхэн минутын өмнө манайхны байгаа Эко бааз руу меномет харвасан байсан?

-Чарли бааз чинь дараа жил нь Эко бааз руугаа шилжсэн шүү дээ. Сүүлд Эко бааздаа байж байгаад л арван ээлж дуусгаад ирсэн. Менометийн дэлбэрэлт бол болно шүү дээ. Гэхдээ меномет, гар бөмбөг ихэнх нь гар хийцийнх байдаг. Иракийнхан өөрсдөө хийнэ.

-Мөн олон үндэстний хоолны газрын үүдэнд дэлбэрэлт болж, нэлээд хохирол учирсан гэдэг…

-Манайхны хоёрдугаар ээлж шүү дээ. Тэр ээлжийн дараа бид очсон. Би очоод хамгийн түрүүнд нөгөө дуулианы эзэн эрэлхэг залуу Аззаяаг олж уулзаж байсан. Саддамын армийн сургалтын төвийн байр гээд хоёр давхар цагаан байшин байсан даа. Та нар ч очиход байсан биз дээ. Намайг уулзахаар очиход тэр байшингийн дээр нөгөө Аззаяа маань том пулемётын ард мантайсан цагаан залуу сууж байлаа. Тэдний ээлжийнхэн явахаас өмнө манай ээлжийнхэн зөрж очиж байгаа хэрэг. Тэдний явахаас өмнө хэд хоног дадлагажиж, ээлж солигддог юм. Тэдний ээлжийнхэн нутаг руугаа буцахаар машины цуваа хөдлөхөд араас нь нутгийн нөгөө хүмүүс буудаж байсан шүү дээ. Азаар эрсдэл болоогүй. Ийм юм бол дайнтай газар тохиолдоно шүү дээ.

-Энэ талаар бол сонсоогүй юм байна шүү. Ингэхэд 50, 60 хэмийн халуунд арав гаруй килограмм хүнд хантааз, хамгаалалтын малгай зэргийг өмсөөд, дээр нь үүргэвч, буу сум агсаад явах ч бас айхтар юм билээ шүү…

-Ай мөн айхтар шүү дээ. Муусайн хэдэн цэрэг маань ачаатай тэмээ шиг л харагддаг байсан талаар би найраглалдаа бичсэн. Гэхдээ манай цэргүүд үнэхээр хийморилог. Цэргүүд маань тийм сайхан хийморилог болохоор чинь найраглал бичихэд онгод ордог байхгүй юу. Хэрвээ манай цэргүүд унжийсан дорой арчаагүй байх юм бол, надаас бас тийм омогшсон найраглал, уран бүтээл гарахгүй. Уран бүтээлч хүнийг тэр орчин нөхцөл их хөглөж өгдөг. Манай цэргүүдийг Суданд явж байхад нутгийн энгийн иргэд, хүүхэд хөгшидгүй “Good Mongol” (дуудлагаар нь) гээд эрх хуруугаа гозойлгон хашгирна. Бас нэг юм би ажигласан. Монгол хүн маш их өрөвч сэтгэлтэй юм байна. Өөр бусад орны цэрэгт тийм юм мэдэгдэхгүй. Монгол цэргүүд хоолоо идэж дуусаад гарахдаа ундаа, амттан шимттэнээс аль багтахаараа халаасандаа хийгээд гарна.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Яахав дээ. Нөгөө муу иракчуудад өгөх гээд. Тэнд чинь цэргийн баазад ойр тойронд ажил хийж байгаа энгийн ирак иргэд зөндөө. Манай монголчууд л тэдэнд ойр зуурхан идэх юм аваачиж өгнө шүү дээ. Юу идэж, уудаг юм байгаа юм. Ядарсан амьтад байдаг. Манай тэнд нэг усны тэрэгний жолооч ирак нөхөр байдаг байсан. Манай нутгийн Раднаабазар ахтай их адилхан харагдана. Тэр их сэтгэлд дотно санагдана. Тэгээд л тэр хүнд би голдуу юм өгнө. Ирэхэд нь хайрцаг дүүрэн ундаа сэмээрхэн өгнө. Намайг өдөр хоол идээд гарч ирэхэд машинаа цэвэрлэж байгаа аядаад горьдоод зогсч байна. Мэдэгдвэл сүйд болно шүү дээ. Нөгөө муудаа хайрцагтай юмаа өгнө. Хурдхан шиг аваачаад л машиныхаа ард тавьж байгаа харагддаг юм. Бодвол хүүхэд шуухад, эхнэртэй л байж таараа биз. Тэдэндээ өгөх гээд л авдаг байсан биз. Гэх жишээгээр л монгол цэргүүд их өрөвчхөн. Бүгдээрээ л ундаа ч болов авааччихсан өгч байгаа харагддаг юм. Суданд явахдаа би эндээс замын хүнстэй явсан юм. Суданы ядарсан хүмүүсийг харахаараа л өрөвдөнө. Дүрвэгсдийн хуаранд байгаа хүүхдүүд энэ тэр бол дэндүү өрөвдмөөр. Харахаар өрөвдөөд юм өгмөөр санагдана. Тэнд байгаа хүмүүс “Сүйд болно шүү. Шавчихна. Тэгээд хоорондоо бие биенийхээ амийг ч егүүтгэж мэднэ” гээд өгүүлэхгүй байсан. Тэнд бол хүний амь юу ч биш юм билээ. Аймаар. Малыг бол дээд зэргээр тэр дундаа үхрээ бол дээд зэргээр шүтнэ. Олон үхэртэй хүн л тэнд эхнэр авна. Үхэр байхгүй бол эхнэр авна гэж байхгүй.

-Суданд ер нь адал явдал их байв уу?

-Тэр хотын амьдрал, гудамжны хөдөлгөөн бол аймаар л даа. Манайхтай адил гэрлэн дохио энэ тэр байхгүй. Хаанаас л бол хаанаас дайраад ороод ирдэг. Их эмх цэгцгүй сонин газар. Дэргэд нь манай Улаанбаатар диваажин. Дайн дажинтай улсад яваад ирэхэд миний эх орон шиг сайхан нь алга. Хөгжилтэй сайхан орноор яваад үзэхээр ээ дээ, манайх ч мөн болоогүй байна даа гэж бодогддог шүү. Бид Иракаас буцаад Монголынхоо онгоцны буудалд буухад элгээрээ хэвтээд тэвэрмээр санагдаж байгаа юм чинь. Эх орноо санасны шинж. Гудамжинд явж байгаа хог үүрчихсэн бөөвийсөн хүнийг хараад барьж аваад үнсмээр санагдаж байгаа юм. Хайр хүрээд.

-Байлдаан, дайн гэдэг орчин үед ямар болсон юм бэ. Кинонд гардаг шиг хоёр талаас буу шийдэм болоод байлдаад байх нь ховор болсон шиг…

-Хуучинтай адил биш ээ. Наяад онд бид цэргийн бэлтгэл гэж айхтар юм хийдэг байлаа. Одоо бол мэдээллийн л дайн болж байна.

-Жишээ нь…

-Орчин үед чинь мэдээллийн хэрэгсэл айхтар хөгжчихсөн. Мэдээлэл авч, тэрний эсрэг үйл ажиллагаа явуулна. Тэднийх тийм тактиктай байна, тэгэх гэж байна гэдгийг мэдээд л эсрэг арга хэмжээ авна. Тэр байтугай сөрөг сурталчилгаа хийнэ. Орчин үеийн дайн бол мэдээлэл, сурталчилгаа асар их болсон. Тэр тактикийн эсрэг, тийм үйл ажиллагааны эсрэг ийм сурталчилгаа явуулна гэх мэт.

-Гэсэн атлаа байнга л дэлбэрэлтийн дуу сонсогдож, буун дуу гараад байх юм билээ. Тэр ямар учиртай юм?

-Ирак, Суданд бол байдаг л юм. Ялангуяа Өмнөд Суданд омог хоорондын дайн их. Хоёр омог газар нутаг, мал хунараасаа болоод л дайтна. Нэг улс үндэстэн хоорондоо байлдаж байна. Тэрийг чинь энхийг сахиулагчид, НҮБ-ын цэргүүд хамгаалж байна. Тэгэхгүй бол бие биенээ хядаад эхэлдэг. М.Батчулуун гээд хурандааг тэнд байх үед омог хоорондын айхтар тулаан болсон байгаа юм. Гадны бусад орны цэргүүд бас байна шүү дээ. Нөгөө цэргүүд чинь байлдаан болоод буудалцсан чинь юун хамгаалах манатай айгаад амбаарны доогуур ухаангүй шургаж орж байхад монгол цэргүүд яс хамгаалаад л зогсч байна.

-Тэр омог аймгийнхан хоорондоо яаж байлдах уу, буу зэвсэг тэдэнд байх уу?

-Буугаар л байлдана. Ямар нэг шугамаар олно. Өөрсдийнх нь зэвсэгт хүчнийхэн зарим газраа урвачихсан. Тэгээд тэр нөхөд зэвсэг энэ тэр өгдөг юм шиг байгаа юм. Оросын МИ-8 нисдэг тэргийг буудаад намганд унагааж байсан. Очиж авахад их хүндрэлтэй. Бусад орны цэргүүд очиж авч чадахгүй, манай цэргүүд очиж авсан байгаа юм. Нисгэгч нь бие нь тасарчихсан. Их эвгүй дүр зураг угтсан гэсэн. Тиймэрхүү зүйл бол дайнтай үед тохиолдоно.

-Манай эмч нар хүндхэн мэс засал хийж хүний амь авардаг гэж сонссон…

-Зөндөө зөндөө. Байлдааны талбарт, майханд л хагалгаа хийнэ. Хамт мэс засал хийсэн гадны эмч магтаад сүйд болно.

-Энхийг сахиулахаар явсан монгол цэрэг барьцаалагдаж байсан гэсэн үнэн үү? Энд тийм мэдээлэл ер сонсогдоогүй.

-Монголоос анхны энхийг сахиулагч Ч.Ерөөлцэнгэл, Т.Даваадорж гэж хоёр офицер 2002 онд Конго явж байсан. Би “Цэнхэр дуулгатны жимээр” гэж баримтат киног 2014 онд хийгээд одоо л тэр кино маань дэлгэцээр гарах гэж байна. Тэр кинонд Даваадорж маань ярьсан байдаг юм. Ерөөлцэнгэл маань барьцаалагдаж байсан талаар. Тухайн үедээ л наашаа мэдээлбэл дуулиан болно гээд мэдэгдээгүй юм шиг байгаа юм. Одоо бол олон жил болчихлоо. Тийм юм болж байсан гэсэн. Гэхдээ эсэн мэнд гарсан юм билээ. Бид ч бас Иракт байхад Польшийн цэргүүд барьцаалагдсан байна гээд нэг өдөр түгшүүр зарладаг юм байна. Очоод удаагүй байсан үе. Манай тасгийн дарга Гантулга гээд ахмад одоо хошууч цолтой хүн. Тэр хүний бүрэлдэхүүнд би байсан. Дээгүүр Америкийн цэргийн нөгөө айхтар онгоцууд нисээд л. Бидний хамгаалдаг газраас хоёр, гурван километрийн цаана буун дуун тачигнаад байдаг. Тэгсэн чинь л Польшийн цэргүүд отоонд орчихоод байсан хэрэг. Гэтэл Америкийн нөгөө айхтар онгоцууд чинь хэд хэдээрээ гарч ирээд л нижигнээд л явчихаж байгаа юм. Тэгээд л польш цэргүүдээ аварч байсан. Дараа нь эмнэлгийн онгоц ирээд л шархадсан улсаа авч яваад л байсан.

-Байнга дэлбэрэлт болоод байхаар айж эмээнэ биз дээ.

-Тийм чимээ бол тасрахгүй. Анх очиход айж эмээдэг л байсан. Энд хаалга хүчтэй дуугарахад дав дув хийгээд. Сүүлдээ сурчихдаг.

-Зэвсэг, техникийн хувьд ямар болсон бэ. Иракт тэр зэвсэг гэдэг чинь цоо шинээрээ, огт хэрэглэгдээгүй байж байдаг юм билээ…

-Манайхан болоод бусад орны цэргүүд байлдах гэж очоогүй. Энхийг сахиулж байгаа болохоор хамгаалах чиглэлээр очиж байгаа юм. Гэвч тэр техник хэрэгсэл бүгд л байна шүү дээ. Нөгөө талаас сэтгэл зүйд нөлөөлөх гэдэг юм уу, байсхийгээд меномет дэлбэлнэ, бас ганц нэг хүнийг цааш харуулах санаатай ч байдаг юм уу. Тийм юм бол болно.

Бид Иракт бүтэн найман цаг нисээд Америкийн дамжин өнгөрүүлэх баазад бууж байгаа юм. Онгоцноос буутал өөдөөс жаран градусын халуун пүн хийгээд явчихсан. Нүүрний арьс зумраад явчих шиг л санагдсан. Хаашаа л харна элсэн цөл. Таван зуун метр орчмын цаана том том ногоон асрууд харагдаж байна. Тэрүүхэн хооронд хамаг бие усан хулгана болоод л очсон. Дөнгөж анх онгоцноос буухад тийм байгаа юм чинь одоо яана даа л гэж бодож байлаа. Тэгээд л ороод очсон сэрүүцүүлэгч асаачихаж. Диваажин шиг л санагдаж байгаа юм чинь. Нөгөө монгол орны маань цаг агаар, байгаль, уул ус, салхи нүдэнд харагдаж, бодолд орж ирдэг юм билээ. Сая Хонгконгод Балдоржийн нэрэмжит сэтгүүл зүйн шагналтнууд явахад би бас яваад ирсэн. Дандаа л дайн дажинтай газар явж ирсэн хүн чинь үнэхээр сайхан амарлаа. Далимд хэлэхэд Балдорж гэж агуу хүнтэй нэг удаа гар барьж ч үзээгүй. Барааг нь харж байснаас цаашгүй. Энэ агуу хүний нэрэмжит сэтгүүл зүйн шагналыг үнэхээр ямар нэг маапаан орохгүй цэвэр шалгаруулдаг гэж бодсон. Яагаад гэхээр уралдаанд байр эзэлнэ гэж төсөөлөөгүй ч сэтгүүлч хүнийхээ хувьд хоёр материал явуулчихсан. Би тэр шагнал авдаг өдрөө урилга ирэхээр нь өдөр тутам өмсдөг хувцастайгаа, гоёж гоодож ч амжаагүй яваад очсон. Шагнал авна гэж мэдсэн бол ядаж цэргийн хувцастайгаа очих байлаа шүү дээ. Тэгсэн тэнд чинь Н.Багабанди, Ц.Элбэгдорж, П. Очирбат гээд үе үеийн Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд оччихсон. Гэнэт л шагнагдах хүмүүсийн дунд миний нэрийг дуудтал бүр паанигт орчихсон. Энэ шагналыг нэр хүндтэй, булхай ордоггүй юм байна гэж бодсон шүү. Зохион байгуулсан улсуудад танай сониноор дамжуулж талархлаа илэрхийлье.

Categories
мэдээ цаг-үе

Хүннүгийн анагаах ухаан Хятадын Хан улсын анагаах ухааны хөгжилтэй зиндаа нэг байсан

Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, Ш.Болдтой ярилцлаа.

-Та саяхан Хүннүгийн үеийн эмчилгээний тухай шинэ баримт олсон гэсэн. Ямар баримт байв?

-Хүннүгийн анагаах ухааны түүхийн талаар урьд нь гаргасан бүтээлээ баяжуулах боломжтой, тухайн үеийн эмч, эмчилгээний аргатай холбоотой мэдээ материалуудыг тодруулан “Хүннүгээс XXI зууны Монгол Улс хүртэлх үеийн эмч, маарамба, гүүш, бариач нарын цадиг, бүтээлийн ойллого” бүтээлдээ оруулсан. Хүннүгийн үед эмч гэж нэрлэгддэг, мэргэшсэн хүн байсан гэдэг нь баттай тогтоогдсон. “Хан улсын бичиг, Су Ү-гийн намтар”-т: Хан улсын элч Су Ү өөрийгөө илдээр хатган шархадсанд Хүннүгийн хааны зөвлөх Вэй Ли хүннү эмчийг дуудан ирүүлсэнд эмч газар ухан дотор нь зөөлөн гал асаагаад Су Ү-г дээр нь хэвтүүлэн, цусыг нь шахаж гаргав гэж тэмдэглэсэн байна. Энэ аргыг бас халуунаар ангаслах засал гэж нэрлэдэг. Тэгэхээр Хүннүгийн үед халуунаар ангаслах гэдэг эмчилгээний арга байжээ.

Нөгөө талаас Хан улсын хааны зөвлөх Чао Цуо Хан улс, Хүннү гүрний хооронд байгуулсан “Хил хязгаарын харуул, хилийн хамгаалалт”-ын тухай гэрээг НТӨ 169 онд боловсруулжээ. Энэ гэрээний нэг заалтанд: “Хан улс хил дээр шинээр суурьшигчдад зориулж, эмнэлгийн тусламж, шашин шүтлэгийн хэрэгцээг хангах зорилгоор эмч болон бөө нарыг хөлсөлнө” гэсэн байдаг. Уг гэрээний дагуу хүннүчүүд Хан улсын умард хил орчмоор, Цагаан хэрмийн хойгуур нутаглан суурьшиж, хэрэв тэдэнд эмнэлгийн тусламж хэрэгтэй бол эмч, засал хийлгэх, онгон тахиулах, мэргэ төлгө тавиулах бол бөөг хөлсөлж өгөх үүргийг Хан улс хүлээж байжээ гэсэн баримтууд олдоод байна.

-Хүннүгийн үед анагаах ухаан ямар түвшинд хүрсэн байв. Энэ үеийн анагаахын ололт юу байсан бол?

-Сонирхолтой асуулт. Олон баримт өгүүлж болно. Тодорхой жишээ хэлье. НТ 261-341 оны үеийн Хятадын анагаах ухаантан Ге Хонг гэдэг хүний бичсэн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага” (Zhou Hou Fang)-д Монголчуудын өвөг дээдэс хүннүчүүдийн бүтээсэн “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” эмийн тухай тэмдэглэсэн байна. Тухайн үедээ ч, өнөөдөр ч дэлхийн анагаах ухааныг тодорхойлоход томоохон байр суурь эзэлдэг Хятадын уламжлалт анагаах ухааны нэртэй эрдэмтэн Ге Хонг Хүннүгийн эмийн жорыг зүгээр ч нэг сонгон авч өөрийн номдоо оруулаагүй байх аа. Хүннүгийн анагаах ухааны хөгжил хөрш зэргэлдээ орны эмч нарын сонирхлыг татах хэмжээнд байсан учраас л тэд бүтээлдээ эшлэл татсан байж таарна. Үүнээс үзэхэд Хүннүгийн анагаах ухааны хөгжил Хятадын Хан улсын анагаах ухааны хөгжилтэй зиндаа нэг байсан гэж үзэж болохоор байна.

-Хүннүгийн үеийн эмчилгээний жоруудаас өнөөг хүрч ирсэн “ноу хау” байдаг уу?

-Шууд уламжлагдаж ирсэн жорыг одоогоор тогтоогоогүй байна. Харин дам байдлаар Хятадын эртний эмийн сударт бичсэн баримтад тулгуурлан тодорхойлж болно. Хумхаагийн эсрэг шинэ эм бүтээж, Нобелийн шагнал хүртсэн Хятадын уламжлалт анагаах ухааны эрдэмтэн Ту Юү-юү профессор өөрийн нээлтийн эх сурвалжаа дээр дурдсан Ге Хонг эмчийн бичсэн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага”-ыг судалж “Ar­temisia annua” гэдэг эмийн ургамлаас өндөр идэвхтэй бодис хандлан авах нууц түлхүүрийг нээсэн. Ге Хонг эмчийн “Яаралтай тусламжид хэрэглэдэг жорын гарын авлага” бүтээлд “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” эмийн тухай бичсэн. Одоогоор “Хүннүгийн нүүдэлчдийн үрэл” “Нүүдэлчдийн үрэл”, “Нүүдэлчдийн их үрэл” болон “Дотрыг амирлуулах нүүдэлчдийн их үрэл” гэсэн дөрвөн үрэл эм байсан нь тогтоогдоод байна.

-“Ар Монголын чоно шархаа гурав долоогоод эдгэдэг” гэсэн хэллэг монгол кинонд гардаг. Шүлс хамгийн анхны эмчилгээний арга байсан гэсэн үү?

-Амьтанд байдаг шархаа долоодог зөн анхандаа хүнд ч байсан. Одоо ч энэ нь хадгалагдаж үлджээ. Бид чинь заримдаа гараа зүсчихээд шууд л амандаа хийгээд цусыг нь сороод эхэлдэг. Жишээ хэлье. “Монголын нууц товчоо”-нд “Чингис хаан тэр байлдаанд хүзүүний судсыг шархдуулж цусыг нь тогтоовоос үл болон тэвдүүлэхэд нар шингэмэгц мөн тэндээ сэрэмжлэн бууж бөглөрсөн цусыг Зэлмэ амаараа шимэн шимэн амаа цусдаж, тэр бусад хүнд үл итгэн сахин сууж…” гэсэн баримт буй. Чингис хаан хүзүүндээ шарх олж цус гарсныг Зэлмэ амаараа сорсон нь шүлсэн дэх бактерийн эсрэг ферментийн нөлөөгөөр шарх хурдан аньж, түргэн эдгэрэх боломжтой болгожээ. Энэ арга нэн эртнээс анх шархадсан амьтан шархаа долоон эдгээж байсныг харан тэдгээр амьтдыг дуурайн хэрэглэж эхэлсэн тухай аман домгийн бодит жишээний нэг болохын зэрэгцээ дээрхтэй адил баримтууд Лувсанданзаны “Алтан товч”-д мөн бичигдэн үлджээ.

-Та судас барьж оношилдог хүн. Энэ чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Монголчууд хэдий үеэс судсаар оношилж эхэлсэн бол?

-Судас барьж оношлодог арга анх Хятадад үүссэн гэдэгтэй ихэнх судлаачид санал нийлдэг. Тиймээс тэдэнтэй хөрш зэргэлдээ амьдарч байсан Өвөг монголчууд энэ аргыг огт мэдэхгүй байсан гэвэл худлаа болно. Гэхдээ аливаа мэдлэг шинжлэх ухааны нотолгоонд үндэслэсэн байх ёстой. Өнөөгийн байдлаар монголчууд судсаар оношлох аргыг нэн эртнээс хэрэглэж байсан гэдгийг баттай тогтоох баримт олдоогүй байна. Хамгийн бодит баримт нь XV зууны сүүлч, XVI дугаар зууны эхнээс судсаар оношлох аргыг эмнэлгийн практикт хэрэглэж эхэлсэн байжээ.

-Хүн нүд нь өвдвөл нүдний эмчид, бөөр нь өвдвөл бөөрний эмчид хандана. Энэ маягаар өвчний шалтгааныг олохын тулд маш олон шинжилгээ өгч, эмч нарын гар дамжих хэрэгтэй болно. Харин судас бариад өвчний шалтгааныг хэлдэг дорнын анагаах ухааны эмч нар оношлох чадвараараа техник технологийн дэвшилтэй өрсөлдөж чадах болов уу?

-Ирээдүйд яахыг хэлэхэд эрт юм. Учир нь судас барьж шинжилнэ гэдэг маань бодит байдал дээр гарын бугуйн анхдугаар нугалааснаас цон, ган, чаг гэж гурав хэмжээд арьсанд, маханд, ясанд төдий дараад л эрүүл, өвчтэй эсэх, өвчтэй бол ямар өвчтэйг нь эмнэл зүйн дагуу хэлээд байгаа мэт боловч чухамдаа судсыг хуруугаараа гэхээсээ илүү сэтгэлээрээ, оюунаараа, эмч хүний зөн, мэдрэмжээрээ барьдаг юм аа. Тиймээс хүн шиг сэтгэлтэй, сэтгэдэг, зөн мэдрэмжтэй техникийг бүтээхэд амаргүй байх. Гэхдээ шинжлэх ухаан үнэхээр гайхамшигтай хурдан, өргөн далайцтай, үнэмшилтэй, нотолгоонд суурилан хөгжиж байна.

-Монголчууд “Эхийн ус” гэж ярьдаг. Харин ямар нэг өвчтэй хүний шээс ашиг тустай чанараа алддаг уу?

-Монголын уламжлалт анагаах ухааны судар номонд өвчтэй хүний шээсийг эмчилгээнд хэрэглэдэг тухай ойлголт байхгүй. Харин эрүүл хүний, найман настай эрэгтэй хүүхдийн, улаан зүстэй үнээний шээсийг хэрэглэдэг тохиолдол бий. Эрүүл хүний шээсийг хэрэглэх хүрээнд эхийн ус буюу шээсийг оруулж үзнэ. Төвд хэлээр бичсэн анагаах ухааны сударт таны хэлдгээр шээсийг ус гэж бичдэг. Хүнээс гардаг хирийн нэг учраас нэрийг нь цээрлэж байгаа юм. Мөн өтгийн шүүс, домти гэж нэрлэдэг.

-Та Монголын анагаах ухааны түүхийг маш их судалсан хүн. Ингэхэд Чингис хаанд ямар эмч үйлчилдэг байсан бол. Монголчууд аян дайн их хийдэг байсан учраас шархтай хүмүүсээ эмчилдэг тогтолцоо байсан байж таарна?

-Чингис хаан гадагшаа дайнд мордвол буудлын ордныг сахих шадар цэргийн дотор тусгай мэргэжилтэн томилж эм, эмнэлгийн ажлыг хариуцуулж байв. Жишээлбэл: 1204 онд Чингис хаан Найман аймагтай байлдахаар мордох үедээ цэргийн дотроос тусгай хүнийг томилон эм, эмнэлгийн ажлыг хамааруулж байжээ. Чингис хаан Хэрэйд аймгийг дайлаад буцаж ирмэгцээ “Их засаг” хэмээх хууль тогтоож, түүндээ эмч, эрдэмтэн, хуулийн түшмэлээс татвар авахгүй гэж шийдвэрлэж байв.

Солонгосоос олдсон “Их засаг” хуулийн 17 дугаар зүйлд: Өвчилсөн цэрэг байвал сайн эмчид үзүүлж, эм уулган анагааваас зохимой. Жигүүр тус бүр сувилгаа хийх, сайн хүнийг сонгон сувилуулах бөгөөд өвчнийг дагнан сувилах ба өвдсөн цэрэг сэхэн илааршсан цагт сая халаа харуулд нөхөн илгээх, түүний тоог уг жигүүрт нь зохисыг үзэж мэдэгдэх хэрэгтэй гэхчилэн заасан байдаг.

Түүнчлэн Елюй Чуцай их бичгийн хүн байснаас гадна цэргүүд хижиг өвчнөөр өвдөхөд гишүүний үндсээр засч, түмэн хүнийг эдгээсэн оточ хүн байсан болон Хявцаг гэж мэс засалч байсан тухай баримтууд бий.

-Монголын уламжлалт брэнд эмчилгээ байдаг уу?

-Байна аа. Өнөөдөр дэлхий нийтээрээ хэрэглэж байгаа төөнө засал бол яах аргагүй монголчуудын үүдэн бүтээсэн эмчилгээний арга. Мөн бидний өвөг дээдсийн нэртэй салшгүй холбоотой хануур засал, бариа засал, бумбадах засал, утах, тархины доргилтыг засах аргууд бол Монголын уламжлалт брэнд эмчилгээ мөн.

-Тархи хөдлөхөд монголчууд бариулдаг. Харин Европт бол ийм тохиолдолд гурав хоног хөдөлгөөнгүй хэвтэхийг зөвлөдөг гэж сонссон?

-Хөдөлсөн тархийг домнох нь монголчуудын эмчилгээний брэнд болсон арга. Одоогоор тархи домнохыг Монголоос өөр хаа ч хэрэглэдэггүй. Хэрэглэхэд хялбар, эмчилгээний үр дүн хурдан гардаг. Чухамдаа ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд зайлшгүй бүртгүүлэх арга шүү дээ.

-Бас гавлын ясанд хагалгаа хийж байсан баримт олдсон гэсэн. Монголчууд энэ хагалгааг хийж байсан уу, эсвэл Монголд амьдарч байсан гадаад хүмүүс хийсэн юм болов уу. Хэдий үед хамаарах олдвор бол?

-За ямар ч байсан Увс аймгийн Улаангом сумын Чандмань уулаас олдсон НТӨ VII-III зуунд хамаарагдах трепанаци (гавлын ясыг нээх мэс ажилбар) бол гол баталгаа. Хожим Цагаадай хаанаас Чингис хаанд өгч явуулсан домын сударт: “Тархины яс хальс хагарсанд ясыг нь цоолоод тархинаас (цусан хурааг) авч хальсыг нь эвлүүлээд төөнө” гэж бичсэн байдгаас үзэхэд уг арга Өвөг монголчуудын эмчилгээний аргын нэг болох нь гарцаагүй юм.

-Дорнын анагаах ухааны эмчилгээний аргууд архаг өвчинд тустай гэж ДЭМБ хүлээн зөвшөөрсөн гэсэн. Монгол анагаах ухаан хүн төрөлхтөнд шинэ брэнд эмчилгээ санал болгох боломж байгаа юу?

-Ер нь XXI зууны анагаах ухаан архаг өвчний эмчилгээнд анхаарлаа хандуулах нь гарцаагүй үнэн. Энэ зовлонг гэтэлж чадах арга уламжлалт анагаах ухаанд бий. Үнэхээр өвөг дээдсийнхээ үлдээсэн анагаах ухааны өв санг уудлан дэлхийн хүн зоны өмнө тулгараад байгаа эрүүл мэндтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэх аргуудыг шинэчлэн гаргаж ирэх боломж байгаа нь нэгэнт тодорхой болж байна. Эдгээр нь зүгээр нэг аргууд бус брэнд аргууд байх болно. Үүнийг гаргаж ирэхийн төлөө, шинжлэх ухааны үндсийг нь олж тогтоохын төлөө уламжлалт анагаах ухааны эрдэмтэд, судлаачид уйгагүй ажиллах л шаардлагатай байна.

Categories
мэдээ цаг-үе

Хар тамхичид манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц болсон уу

-БАРИГДАЖ БУЙ СЭЖИГТНҮҮДИЙН 50 ОРЧИМ ХУВЬ НЬ КАННАБИСЫГ ТҮҮЖ, БЭЛТГЭН, БУСДАДЗ АРЖ БОРЛУУЛСАН БАЙДАГ АЖ-

Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх ургамал хэрэглэж, тээвэрлэж явсан хүмүүсийг өнгөрсөн амралтын өдөр баривчилсан. Сэжигтнүүд Баянзүрх дүүргийн XX­VII хорооны нутаг Дарь-Эх орчимд каннабисын төрлийн ургамал хэрэглэж байсан аж. Мөн тэдэнд байсан хар ногоон өнгийн нунтаг ургамлыг эд мөрийн баримт болгон хураан авчээ. Баривчлагдсан иргэд Улаанбаатар хотын харьяат 18-29 насны залуус байсан аж. Тэдний хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй байсан бөгөөд нэг нь хар тамхины хэргээр өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байгаа юм. Сэжигтнүүдийг саатуулан, мөрдөн байцаалт явуулж эхэлсэн аж. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар сүүлийн хоёр сарын хугацаанд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой арван гэмт хэрэг гарчээ. Хэргүүдийг шалгаж, 23 хүнийг сэжигтнээр татаад буй аж. Хар тамхины хэргээр баригдаж буй сэжигтнүүдийн 50 орчим хувь нь каннабисыг түүж, бэлтгэн, бусдад зарж борлуулсан байдаг байна. Нийслэлийн ойр орчмын дөрвөн цэгээс уг ургамлыг түүж буй учир тухайн газарт нь хуулийнхан устгал хийж эхэлсэн аж.

Хэрэв энэ төрлийн ургамлыг төр ямар нэгэн байдлаар хамгаалалт, хяналтдаа байлгадаг байсан бол залуус ийм олноороо цагдаагийн байгууллагын дансанд орохгүй, баригдахгүй, хэрэглэхгүй байсан тухай хуулийнхан хэлж буй юм. Хар тамхины хэргээр тэдэн хүн баригдлаа, энэ төрлийн хэрэг нэмэгдэж байна гэж дээр дооргүй дэврээгээд байгаа болохоос үнэндээ тэр ургамал ургадаг тодорхой цэгүүдийг анхаардаг байгууллага байхгүй. Үүнээс л харахад төр засгаас энэ төрлийн хэрэгт анхаарал хандуулахгүй байгаагийн нэг илрэл юм. Харин хар тамхи хэрэглэж байгаад баригдсан сэжигтнүүдийн үлдсэн 50 хувь нь энэ төрлийн ургамал бус хар тамхины төрлийн бодис хэрэглэгчид байдаг байна. Дээрх Дарь-Эх орчимд каннабисын төрлийн ургамал хэрэглэж байгаад баригдсан гурван хүний нэг нь өмнө нь энэ төрлийн ургамал хэрэглэж байгаад шүүхээр шийтгүүлжээ. Тэрбээр гурван жилийн ялаа эдлээд гарч ирсэн нэгэн юм байна. Энэ төрлийн хэргээр шүүхээр шийтгүүлж байсан хүмүүс суллагдсаныхаа дараа ч хар тамхи хэрэглэж байгаад баригдсан цөөнгүй жишээ байдаг аж.

Манайд хар тамхи хэрэглэсэн хүнд дунджаар 3-5 жил, хар тамхи тээвэрлэсэн хүнд арван жил хоригдох ял оноодог юм байна. Бусад орнуудын энэ төрлийн хэрэгт оноож буй хамгийн бага ял гэж хуулийнхан хэлж байгаа юм. Энд нэгэн баримт дурдъя. 2010 оноос өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар бүртгэгдсэн хар тамхины хэргийн 30 орчим хувь нь давтан хэрэг үйлдсэн судалгаа байдаг аж. Тухайлбал, энэ оны эхний зургаан сарын байдлаар 52 гэмт хэрэг бүртгэгдэж, 102 хүн холбогдсон байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал 34 хувиар өссөн гэсэн үг. Харин хар тамхины төрлийн хэрэг давтан үйлдсэн хүний тоо хараахан гараагүй байгаа аж. Тэгвэл Өршөөлийн хуулиар хар тамхины хэрэгт холбогдсон хэдэн хүнд өршөөл үзүүлснийг харъя. Хар тамхины есөн хэргийн холбогдогч болох 24 хүнд өршөөл үзүүлсэн мэдээ байна. Уг нь аливаа улс орон хар тамхины хэрэгтэй хатуу тэмцэж, цаазаар авах ял хүртэл оноодог. Манайд бол эсрэгээрээ байна гэж харахаар байгаа юм. Хүүхэд залуус зугаалахдаа очоод сонирхоод татчихдаг хар тамхины ургамал ил задгай ургаж байна. Дээрээс нь өршөөчихдөг. Хар тамхичдыг өршөөнө гэдэг дахиад хэдэн хүнийг энэ төрлийн бодист донтдог болгоод ирээрэй гэж буйтай агаар нэг юм. Гарсан хүмүүс нь бусдыг уруу татаж, мөн л хар тамхины төрлийн бодис татаж байгаад буцаад шоронд ордог болжээ. Гэтэл дэлхий нийтээрээ энэ төрлийн бодисыг татсан хүн нэг л хэрэглэж үзэх юм бол гарч чаддаггүй гэдгийг хэлсээр, анхааруулсаар ирсэн.

Энэ хэргийн гаралт буурахгүй өсч байгаагаас дан ганц хорих ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх замаар хар тамхичидтай тэмцэх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Учир нь олон улсын жишгээр бол хар тамхи хэрэглэдэг хүнийг эмчилдэг, шаардлагатай гэвэл эмнэлгийн тодорхой хяналтад байлгадаг. Манай улсад хар тамхины хэргээр орсон хүнд наад зах нь ямар ч эмчилгээ хийдэггүй байна. Мэдээж анхан шатны эмчилгээ хийлгээгүй хүн дахин хэрэглэхгүй байх арга замаа олж чаддаггүй гэдгийг сэтгэл судлаачид хэлж байна. Нэг үгээр хэлбэл, эмчилгээ үйлчилгээ явуулдаг байгууллага бас тэмцэх хэрэгтэй.

Өнгөрсөн 2003 онд 36 эрүүгийн хэрэгт 96 хүн шалгагдаж байсан бол 2014 онд 61 эрүүгийн хэрэгт 153 хүн шалгаж байсан. Энэ нь нэг дахин өссөн үзүүлэлт. Харин 2015 онд 79 эрүүгийн хэрэгт 169 хүнийг шалгаж, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг бүлэглэлийн хэлбэр рүү шилжих болсон байна. Тэр дундаа өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүмүүс оролцож байгаа гэнэ. Хоёр ба түүнээс дээш этгээд оролцсон л бол бүлэглэлийн шинжтэй гэж цагдаагийнхан үздэг болсон байна. Өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдөр гэхэд Монгол Улсын иргэн Т, Б, С, Г нар нь бүлэглэн мансууруулах бодисын төрөлд орох “Ice” буюу мөсийг бусдад зарж борлуулах зорилгоор авч явж байсныг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192-192.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Шалгалтын явцад дээрх этгээдүүдийн гурав нь давтан гэмт хэрэгт холбогдсон байх жишээтэй. Тэд мөн л Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс байсан гэдгийг хуулийнхан хэлж байгаа юм. Өнгөрсөн зургадугаар сарын 15-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хилээр хар тамхи оруулж ирж, худалдан борлуулсан, хэрэглэсэн хэрэгт холбогдсон дөрвөн залуу, нэг бүсгүйн гомдлыг хэлэлцсэн байдаг. Х.Ермек, Э.Агар, Б.Явуухулан, Б.Энхболд, И.Гомбо-Очир, Э.Уянга нарт холбогдох хэргийг өмнө нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутайг нь тогтоож байсан ч давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр буцааж байсан юм. Уг хэрэгт холбогдсон шүүгдэгч Э.Агар нь “Ice” буюу “мөс” хэмээх мансууруулах бодисыг 2014 оны хоёрдугаар сарын 24-нд Замын-Үүд боомтоор Монгол Улсад нэвтрүүлсэн, Х.Ермек, Б.Энхболд нартай хамтран тухайн оны гуравдугаар сарын 2-нд И.Гомбо-Очирт худалдсан, Х.Ермек нь хоёрдугаар сарын 21-нд Замын-Үүдээс Эрээн рүү гарч, дээрх бодисыг оруулж ирэн Баянгол дүүргийн нутаг дахь “Мөнгөн тойг” зочид буудалд хэрэглэсэн байдаг. Шүүгдэгч Б.Явуухулан, Б.Энхболд, Э.Уянга нар дээрх хүмүүсээс удаа дараа “мөс” авахдаа 300-800 мянган төгрөг болон “IPhone 5S” маркийн утсаа төлбөрийн хэрэгсэл болгон өгсөн нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон аж. Анхан шатны шүүх тэднийг хар тамхи хилээр оруулсан, бусдад худалдсан, хэрэглэсэн гэм буруутайд тооцож, Х.Ермек, Э.Агар нарыг 11 жил, Б.Явуухуланг 10 жил нэг сар хорих ял шийтгэсэн байна. Тэдэнд ногдуулсан зарим ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан аж. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид дахиад л анхан шатны шүүхээр энэ хэргийг хэлэлцүүлэхээр буцаасан байдаг. Ингэх болсон үндэслэл нь анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ зөрчил гаргаж, прокуророос яллах дүгнэлтэд дурдсан нэг зүйл ангид заасан хэргийг нь шийдвэрлэж, ял шийтгэлгүй орхисон гэж үзсэн юм. Шүүхийг хэн ч шүүх эрхгүй гэдэг. Гэвч жинхэнэ хар тамхины хэрэг ийм байдлаар удааширч эцэстээ хэрэгсэхгүй болгодог нэг жишээ байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Хар тамхины асуудал өнөөдөр зөвхөн хуулийн байгууллагын ажил биш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн анхааралд оржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албанаас гаргасан мэдээллээр өнөөдөр сэтгэцэд нөлөөлөх бодис, мансууруулах хар тамхийг хэрэглэж буй хүмүүсийн тоо 16 мянгад хүрсэн гэж хэлж байгаа. Олон улсын дүгнэлтээр нэг хэрэглэгчийн ард дунджаар дөрвөн хүн байдаг гэдэг. Тэгвэл 16 мянгаа энэ дөрвөн далд хэрэглэгчээр үржүүлэхээр 64000 гэсэн тоо гарч байгаа юм. Энэ бол манай улсын нэг аймгийн хүн амтай тэнцэхүйц том тоо гарч ирж байна. Ийм тоо сонсоод бид цочирдохгүй, түгшүүр төрөхгүй байхын аргагүй.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Жамсранжавын Оюундарь: Өөрийн бүтээсэн хөдөлмөрөө төрөөр үнсүүлж, үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм билээ

УДЭТ-ын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Жамсранжавын Оюундарьтай ярилцлаа.

-Уран бүтээлч хүнд амрах цаг ховор байдаг байх. Энэ зуныг юу хийж өнгөрөөсөн бэ?

-Наадмын нээлтийн зохиомжийг манай театрын Н.Наранбаатар найруулсан. Тиймээс зургаа, долдугаар сард ажил ихтэй байлаа. Манай театрынхан хамт олноороо завгүй гүйцгээж ажилласан. Наадам дуусаад бидний амралт эхэлсэн. Би энэ зуны амралтаа өөртөө зориуллаа. Өмнө нь ихэнхдээ ажил ихтэй, амарч чаддаггүй байсан. Кинонд тоглох хүсэлт ирж, уран бүтээл дээр ажилладаг байсан. Харин энэ жил кинонд тоглох хүсэлтийг зөвшөөрөөгүй юм. Иймээс яг өөрийнхөөрөө эрх чөлөөтэй сайхан амарлаа. Архангай аймагт очиж, байгалийн сайханд амраад ирлээ. Мөн Тэрэлжид хэд хоногийг өнгөрөөсөн. Гэр бүлээрээ аялж, зугаалсныхаа дараа олимпоо үзсэн. Олимпод оролцож буй тамирчдаа харж, инээж, уйлж, сэтгэл маань их хөдөлсөн дөө. Ингээд ажилдаа орлоо.

-Та их хөдөлмөрч хүн шиг харагддаг. Энэ зан чанар уран бүтээлээр тань илэрхийлэгддэг. Мөн зүйр цэцэн үгээр өөрийгөө их зоригжуулж байдаг шиг санагдсан?

-Ээж маань монгол ардын зүйр цэцэн үг их сайн мэддэг. Зүйр үгийг бодит амьдралаас үүдэлтэй зохиодог шүү дээ. Би өөртөө нэртэй хүний зүстэй охин учраас муу явах эрхгүй, ийм нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг хариуцлага надад оногдсон гэж хэлдэг. Мөн “Эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг үгийг бодож, хүн хөдөлмөрлөх ёстойг мэдэрч, хичээж явдаг. Тэр чинээгээрээ миний хэлдэг үгнүүд надад их эрч хүч өгдөг. Мөн аливаа зүйлийг ухамсарлаж, ойлгоход их нөлөөлдөг. Би мэргэжилдээ чин үнэнчээр хандаж, дурлаж, хайрладаг учраас эрч хүчтэй харагддаг байх.

-Таны аав, ээж охиноо эмч болохыг зөвлөж байсан гэсэн. Дөнгөж сургуулиа төгсөөд аавтайгаа хамт кинонд тоглосон байдаг. Ааваасаа хэрхэн магтаалын үг сонсож байсан бэ?

-Театрын урлагт хамт яваа ахмадууд магтаалын үг хэр барагтай хэлдэггүй. Одоо ч гэсэн адилхан. Нэлээн хэдэн зүйл хийж, бүтээж, ажилласны дараа “за нэг болж байна даа” л гэдэг. Өөр янз бүрийн юм хэлдэггүй. Их шударга. Харцнаас нь л би зөв явж байгаа юм болов уу гэж бодогддог. Гэхдээ хатуу, зарчимч байсных нь үр дүнд бид өнөөдөр өдий зэрэгтэй явж байна. Жүжигчний мэргэжил чанга, хатуу ш дээ. Биднийг чиглүүлэгч бол найруулагчид. УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, СТА Ч.Түвшин нар жүжигчдийг зөв чиглүүлдэг. Мөн уран сайхны зөвлөл гэж байна. Дотоод нарийн ширийн ажлыг хянасны дараа гадаад хяналт руу ажлын тайлангаа өгдөг. Үзэгчдэд сайн муу зүйл хүргэхээс сэргийлж, алдаа оноог маань зааж залруулдаг. Ахмадууд чиглүүлэгч байр суурийг анхаарч, өөрсдийнхөө мэдлэг дээр тулгуурлаж, шийдвэр гаргадаг. Үүний нэгэн адил аав маань чадварлаг сайн жүжигчдийн нэг юм. Дөнгөж сургуулиа төгссөнийхөө дараа аавтайгаа хамт “Нүглийн золиос” кинонд тоглож байсан. Хор ууж татаж унаад л. Тухайн үед ёстой л хүмүүсийн сэтгэлд хоногшиж чадсан. Мөн “Эзэнгүй айл”, “Угсраа мэх”, “Ромео, Жульетта”, “Хүйтэн сэнтий” зэрэг жүжигт хамтарч тоглож байлаа. Үүний дараа “Шинжихэд их чимхлүүр, сайн уран бүтээлч” гэх үгийг ааваасаа сонссон. Хамгийн сайхан урмын үг. Энэ үг одоо ч намайг хурцалсаар байдаг.

-Сүүлийн үед та ямар дүр бүтээж байна вэ?

-Нэг хэсэг надад эерэг талын дүрүүд оногддог байсан. Сүүл рүүгээ эсрэг талын дүрүүдэд хувирах болсон. Манай театрынхны хийж буй уран бүтээл амьдралын нэг хэсгийг бодитоор харуулдаг. Амьдралд янз бүрийн зан ааш, төлөв байдалтай хүмүүс байдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүн судлалын гүн рүү ордог гэж хэлж болно. Гүн рүү шумбаж орохыг улам их тэмүүлж байна даа.

-Таны бүтээсэн дүрүүд маш олон. Өөрийн тань сэтгэлд хамгийн ойр байдаг дүрийнхээ тухай яриач?

-Миний хамгийн анхны тоглож байсан дүр сэтгэлд ойр байдаг. Огтхон ч мартагддаггүй. Армийн театрт “Худалч эхнэр”, “Аянгын бороо” гэсэн хоёр жүжигт тоглож байсан. Дөнгөж оюутны ширээнээс гарч, ажил дээр очиж байсан үе. Нэг нь инээдмийн жүжиг, нөгөө нь драмынх. Манай хошин урлагийн хамтлаг болох “X” түц хамтлаг тоглож байсан. Ажлын хамт олон маань их сайхан хүмүүс байсан. Ялангуяа Тунгаа эгч болон Мөнхдорж найруулагч нартаа баярладаг. Хэрвээ би Армийн театрт орж ажиллаагүй байсан бол миний ажлын гараа зам, мөр ямар байхыг би мэдэхгүй. Өдий зэрэгтэй амжилттай яваа минь аав, ээж хоёрын минь хэмжээлшгүй их ач гавьяа. Мөн ажлын гараагаа эхэлж байсан Армийн театртай салшгүй холбоотой. Хүн уйгагүй хөдөлмөрлөх ёстой. Жүжигчин хүн театрынхаа тайзан дээрээс ч юм уу, ажлын газраасаа холдчих юм бол мэргэжлээсээ хөндийрсөн юм шиг байдаг.

-Таныг “Сити” дээд сургуульд багшилдаг гэж дууллаа. Хоёр ажил амжуулна гэдэг амаргүй байх?

-Мэргэжлийнхээ талаас бусадтай хуваалцаж, сайхан зөвлөгөө, туршлагаасаа ярихыг эрхэмлэдэг. Тиймээс би “Сити” дээд сургуульд багшилж байгаа. Энэ сургуульд багшлаад зургаан жил өнгөрсөн байна. Нэг ангийг дааж төгсгөсөн. Хоёр дахь ангийнхандаа зааж, зөвлөж, сургах гээд хичээж явна. Би өөрийнхөө олж авсан мэдлэг, туршлагыг харамгүй хуваалцдаг. Уран бүтээлчид бие биендээ туршлагаасаа хуваалцаж, байгаа бүх зүйлээ зориулах ёстой. Миний эзэмшсэн мэргэжил гээд л ганцаараа мэддэг царайлаад яваад байж болохгүй. Бусдад өгч, бусадтай хуваалцаж байж, дээшилж дэвжинэ шүү дээ. Энэ ч үүднээс надад багшийн урилга ирсэн байх. Манай сургуулиас сайхан хөдөлмөрч, мундаг уран бүтээлчид төрөн гарсаар байна. Тухайлбал, Цэрэнболд, Тодгэрэл гээд нэрлэх байна.

-Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөдөг вэ?

-Миний чөлөөт цаг үргэлж л мэргэжилтэй маань холбогддог. Жүжигчин хүнийг нухсан гурил шиг байх ёстой гэдэг. Найруулагч надад өнөөдөр ямар ч дүр, ямар ч хэв маягтай үзэгдлийг өгч магадгүй. Тиймээс би тэр болгонд сэтгэл зүйн болон бусад нөхцөлөөр бэлэн байх ёстой. Байнга өөрийгөө дайчилж ажиллахыг хичээдэг. Хэрвээ надад чөлөөт цаг гарвал чадахгүй зүйлээ мэдэж суралцахын тулд тэмүүлдэг юм. Аливаа зүйлийн анхны алхам хэцүү байдаг шүү дээ. Тэрхүү хэцүү давааг л амжилттай давчих юм бол боломж гараад ирдэг. Амьдрал их баян. Сурч барахгүй юм байна лээ. Бид бодит амьдралд байгаа зүйлийг үзэгчдэд хүргэхийг зорьж, уншиж, мэддэг. Тиймээс суралцахаас өөр арга байхгүй. Зах зухаас нь судлаад өөрсдөө гүйдэг дээ. Сүүлийн үеийн залуучууд мундаг болжээ. Юм бүхнийг сурах гээд л тэмүүлж, хичээж байна.

-“Би эр хүнд хайртай” жүжиг хүмүүсийн сэтгэлд их хоногшсон байдаг. Энэ жүжгийн талаар яриач?

-“Би эр хүнд хайртай” жүжиг Болд найруулагчийн уран бүтээл. Миний дүрд анх Эрдэнэчимэг гээд жүжигчин тоглож байсан. Тэгээд Эрдэнэчимэг хоёр удаа тоглоод гурав дахь удаагаас “намайг тоглох уу” гэж байсан. Тиймээс гэнэт шахагдаж орсон. Нэг өдрийн дотор л орсон. Гайхалтай сайхан зохиомжтой жүжиг. Зохиолыг нь С.Жаргалсайхан гуай бичсэн. Энэхүү жүжиг бол хамтын уран бүтээл. Би Урнаа, Өлзийхүү, Энхтуулаар их бахархдаг. Бид дөрвийн санаа сэтгэл нэгдэж, нийлж байж энэхүү жүжиг гарсан юм. Чин зориг, хүслээрээ урлагийн төлөө нэгдсэн. Энэ ч үүднээс уран бүтээл гайхамшигтай болсон. “Би эр хүнд хайртай” жүжгийг хөдөө орон нутагт тоглосон. Энэхүү жүжгээр 2009 оны “Гэгээн муза” наадамд С.Жаргалсайхан “Шилдэг жүжгийн зохиолч”-оор шалгарч байлаа. Зохиол нь их сайн. Үзсэн хүн бүр зохиол нь яасан мундаг юм бэ. Зохиолч нь хэн юм бэ. Шоронд өөрөө орж үзсэн хүн юм уу гэж хүртэл асууж байсан. Зохиолч, найруулагчид их чадварлаг хүмүүс. Ижил дүр гаргахгүй өөр өөрийн гэсэн хэв маяг, өнгө төрхийг гаргасан юм. Зохиолоо уншиж үзэхэд миний дүр хүний төлөө байгаа бүх зүйлээ өгөхөөс буцахгүй. Тийм хүмүүс байна ш дээ. Гэхдээ заримдаа тэд чимээгүй алга болдог. Хүнд дурсагддаггүй. Хүнд дээрэлхүүлж байдаг. Энэ байдлыг гаргасан юм.

Нийгэмд янз бүрийн л хүмүүс байна. Зальтай хүмүүс байдаг. Иймээс хүний төлөө сэтгэлтэй байх ёстой гэдгийг харуулсан. Сайхан чанарыг хүмүүст шингээх юмсан гэж бодож ажилласан. Хамгийн сүүлд миний дүр болох Чимгээ үхдэг. Бид энэ жүжгийн хоёрдугаар ангийг хийе гэж ярьж байсан. Чимгээг үхүүлэхээ больё, ухаан алдсан. Чимгээг үхүүлбэл хүний сэтгэлд үлдээсэн дурсамж нь тод байна гэдэг ч юм уу. Тухайн үедээ янз бүрээр ярьж байсан. Хүний сэтгэлийн хамгийн дээд мөн чанарыг энэхүү дүрээс харж болно.

-Театрын жүжигчид нэг уран бүтээл дээр ажиллахад ямар хугацаа зарцуулдаг бол?

-Тухайн уран бүтээлийн дүрээс шалтгаалдаг. Ихэнхдээ хоёр, гурван сар бэлддэг. Найруулагчид бүр эртнээс, жилийн өмнөөс, зохиол уран бүтээлээ хийж байдаг. Харин бидний ажил гурав, дөрвөн сарын хугацааг шаарддаг.

Жүжиг дээр өөр хүний дүрийг нөхөж ажиллана гэдэг их хэцүү байдаг. Бүх зүйл бэлэн болоод гарсан жүжиг дээр нөхөж орох их төвөгтэй. Уншлагыг өөрөө ганцаараа уншина. Ганцаараа бүх зүйлийг хийнэ. Гамлетад Урнаа тоглож байсан. Тэр дүр дээр би ажилласан. Тухайн дүрийн бүх л хэсгийг эхнээс нь цээжилж хийнэ гэдэг хариуцлага. Урьд нь задаргаа хийсэн байдаг юм. Харин шинээр нөхөж байгаа хэмжээнд нь гаргана гэдэг хэцүү. Дүр нөхөж ажиллахад сарын хугацаа багаддаг. Жүжиглэнэ гэдэг хүнээс маш их авьяас, ур чадварыг шаарддаг. Мөн жүжигчин хүн хамгийн гол нь дүрээ мэдрэх л чухал. Зохиолоо сайн унших ёстой. Зохиолын дагуу зорилгоо л сайн ойлгох хэрэгтэй.

-Та 2011 оны наадмаар МУГЖ хэмээх цол тэмдгийг хүртэж байсан. Тэр үеэ дурсвал?

-2011 оны долдугаар сарын 10-нд “Оролмаа” жүжигт тоглож байсан. Жүжгийн дундуур нүүрээ будах гээд л гүйгээд өрөөндөө орсон чинь утас дуугарсан. Хотын захиргаанаас ярьж байна. МУГЖ Оюундарь уу гэхээр нь гайхаад юу гэнэ ээ гэж асуулаа. Тэгсэн та МУГЖ боллоо. Таньд баяр хүргэе. Маргааш өглөө Засгийн газрын ордонд ирээрэй гэсэн. Тэгсэн би ерөөсөө ойлгоогүй. Тайз руу гарах гэж байсан учраас яаран за за дараа дараа гэсэн. Жүжигт тоглочихоод орж ирээд өрөөний Сувд, Сарантуяа, Урнаа нарт хэлээд сая юу гэчих вэ, тоглоод байгаа юм уу гэсэн. Тэгсэн шагнал авах гэж байгаа юм байна. Маргааш чи хийсэн ажлаа үнэлүүлнэ гэж хэлсэн. Манайхан баяр хүргэлээ. Би ч за за баярлалаа гээд л инээдэм болж билээ. Тэгээд маргааш өглөө нь Аглуу бид хоёр хамт авсан даа. Тэрхүү хүндтэй шагнал, тэмдгийг авч байхад юу ч бодогдохгүй байсан. Бурхан минь, яасан сайхан юм бэ “Төрийн ордон” ямар гоё юм бэ, сайхан юм. Мундаг хүмүүстэй уулзаад. Шагналаа аваад гарсан чинь манай театрынхан бүгд гадаа хүлээж авсан. Жамсранжавын Оюундарь гэж дуудах үнэхээр гайхалтай сайхан байсан. Манай аав номон дээрээ бичсэн байдаг л даа. “Лоолийн Жамсранжав гэж дуудах их сайхан байлаа” гээд бичсэн байдаг. Харин би тухайн үед зүгээр л аав ингэж бичиж дээ гээд л өнгөрсөн. Гэтэл тэр өдөр их сайхан байдаг юм байна даа гэж бодогдсон. Аав минь ийм л сайхан мэдрэмжийг авч байж дээ. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж. Өөрийн хийсэн хөдөлмөрөө төрөөр үнсүүлж, үнэлүүлнэ гэдэг хамгийн сайхан мэдрэмж юм байна лээ.

-Та монгол эмэгтэйчүүдийнхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Би монгол эмэгтэйчүүдээрээ их бахархдаг. Сүүлд хатдын ном уншсан. Тэрхүү номд Чингисийн охид аавынхаа явуулсан бодлогыг барьж байсан. Дөрвөн талд бат бөх зогсож байгаа байдлыг харуулсан. Заримдаа монгол охид хөвгүүдээс илүү хүчирхэг байдаг. Яг энэ ч үүднээс эргэцүүлээд бодоход, нээрээ л Монголын эмэгтэйчүүд их дайчин, алсын хараатай, нарийн мэдрэмжтэй. Би зохиолч Б.Энхтуяагийн “Охин үрээ хайрла” шүлгийг цээжилнэ гэж бодож байгаа. Амьдралын ихэнх хэсэг, хүнд ачааг эмэгтэй хүмүүс үүрдэг юм болов уу. Эмэгтэй хүнийг монгол эрчүүд их хайрлах хэрэгтэй. Зарим эрчүүд бүдэг бадаг хайрладаг. Тэр болгон бүх зүйлд оролцоод байдаггүй. Эмэгтэй хүн болж төрснийх хүүхэд гаргана гэдэг бол агуу гайхамшиг. Ийнхүү олон зан чанар, уян хатан байдлыг өөртөө агуулж багтааж явдаг юм. Тиймээс эрчүүд эмэгтэй хүнийг “ээжийгээ” гэж бодоод хайрлаж байгаарай гэж хэлье.

-Драмын театрын 85 жилийн ойн баяр арваннэгдүгээр сард болно гэсэн. Ойн хүрээнд ямар ажил хийгдэх вэ?

-Энэ жил Драмын театрт хийгдэх ажил, ойн баярууд их байна. Драмын театрын ойн баярын хүрээнд ахмадуудын тэгш ойг тэмдэглэж, эрдэм шинжилгээний ажил хийгдэнэ. Эрдэм шинжилгээний ажлаар жүжигчид ахмадуудынхаа талаар судалгаа хийж, өөрийн бэлтгэсэн ажлаа танилцуулдаг юм.

Надад Д.Цэндсүрэн гуайн уран бүтээл, ажил амьдралыг судлах ажил оногдсон. Мөн бид хүүхэд залуучуудын театрын тухай судалж бичнэ.

-“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам ирэх сарын 11-15-нд Буриадын Улаан-Үд хотноо болно. Энэ наадамд УДЭТ-ын уран бүтээлчид нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байгаа талаар сонслоо?

-Сүүлийн үед Драмын театрын гадаад харилцаа өргөжих болсон. Энэ жилийн “Алтан Сэргэ” олон улсын театрын наадамд УДЭТ-ын уран бүтээлчид анх удаа маш олон хүний бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэйгээр явна. Тус уралдаанд “Ромео, Жульетта” жүжгээрээ оролцохоор болсон.

Өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгүүдээр оролцож байсан.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Коммунистууд засгийн эрхэнд гарахаараа бурхан, хэвлэл хоёртой л үзэж тардаг

МАН туг зурган илэрцүүдМАН бурхныг хуц гэлээ. Ингэж доромжилсон нь анхны тохиолдол биш л дээ. Эд төрийн эрхэнд гарч ирэхээрээ л бурхан, хэвлэл хоёртой ач тач үзэж тардаг зантай. Бэлээхэн түүх нь ч байна. Монголын түүхэнд хар мөр үлдээсэн 1937 оны цуст хэлмэгдүүлэлтээр эд бурхан шашинг яаж доромжилж, олон мянган хүний амийг бүрэлгэлээ. Бурхан тахил, шүтээнүүдийг сүйтгэж, алга хавсарсан болгоныг атаатан хэмээн үзэж “Бурхан минь” гэж уулга алдсан хүнийг хүртэл баривчилж байсан гашуун түүх бий.

Энэ удаад бурхныг хуц гээд зогссонгүй бүр заамдаж аваад духан дээр нь няслах хэмжээнд улайрчихаж. Засгийн эрх барьж байгаагаа хүн төрөлхтний итгэл үнэмшил, бэлгэ тэмдэг, ёс суртахуунаас дээгүүрт тавих хэмжээний зиндаанд оччихлоо гэж андуураад байх шиг. Өнгөрсөн долоо хоногт болсон тус намын УИХ дахь намын бүлэг хуралдах үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Өнгөрсөн зургадугаар сарын 29-нд бидний жаргал дууссан. Ирэх дөрвөн жилд бид дандаа зовлон ярих болно. Эрх баригчдын зовлонгийн тойрог эхэлсэн шүү. Та нар өнөөдөр сайжруулаад зовлон дуусчихна гэж бодож байна уу. Дөрвөн жил зовно. Хэвлэл мэдээллийн хэрэгслийг анхаарахгүй байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оруулж ирсэн саналаа зөвтгөх гэж дайраад байх юм. Ингэх нь буруу. Гишүүдийнхээ үгийг сайн сонс. Зөвтгөж ярихынхаа оронд ямар алдаа гаргаснаа олж харж, түүнийгээ яаж засч сайжруулахаа л бодох хэрэгтэй. Бид улс төрийн мэдрэмжтэй байх хэрэгтэй байна. Ер нь орон нутгийн сонгуулийн өмнө төсвийн тодотголыг оруулж ирсэн нь буруу болчихлоо гэж бодох боллоо. Цалин хасах саналын цаана 400 мянган хүн байгаа гэсэн тооцоо гарсан бол энэ чинь 400 мянган хүний саналыг алдаж байна л гэсэн үг шүү дээ” хэмээгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хиаруулах хуучны “жор”-оо хэрэглэхийг сануулаад авав. Энэ хурал дээр МАН-ын гишүүд иймэрхүү өнгө аястай зүйлс цухалзуулж, бүлгийн дарга Д.Хаянхярваа нь ч бурхныг хуц хэмээхүйд бусад нь нижигнэтэл алга ташин дэмжжээ.

Ужиг өвчин гэнэт сэдэрдэг шиг МАН-ынхны ужиг хөдлөөд нэг сонинг барьж аваад тагнуулын байгууллагад өгчихлөө. Тэгтэл тэр сонин нь МАН-ын нууц эзний хэвлэл байж таарав. Тус намын доодчуул үүнийг яаж мэдэх вэ дээ. Гадарлах ч үгүй болохоороо ингэж эзнийхээ сонинг барьж аваад өгчихөж байгаа байхгүй юу. Тагнуулын дарга нь тэр нууц эзнийх нь хуурай хүү болохоор юу ч гэж шалгаж сүйд майд болох вэ дээ.

МАН буюу МАХН 2000 онд гарч ирсний дараа Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь садар самуунтай тэмцэх нэрийдлээр сонинуудыг хоморголон хааж байсныг ард түмэн санаж буй. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрх чөлөөг боомилсон энэ үйлдлийг тухайн үед “МАХН өөрсдийгөө муулуулж, шүүмжлүүлэхгүй гэхдээ ингэж хэвлэлийг гарын аясаараа хөдөлгөхийн тулд хоморголол явуулж байна” гэж дүгнэж байсан билээ. Тэр үед “Өдрийн сонин”-ы Ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч, Төрийн шагналт Б.Цэнддоо “Бандааштай ухна” гэж нийтлэл бичиж Ц.Нямдоржийг нэг сайн улалзуулж, олны элэг доог болгочихож билээ.

Энэ удаад манай коммунистууд хуучин барилаа тавьсангүй. Бурхныг хуцуулах гэж, хэвлэлийг хорих гэж зүтгэж эхэллээ. Энэ нь коммунистуудын гэм биш зан буюу өнөө муу ужиг хууч нь сэдэрсний илрэл юм хөөрхий.

Categories
мэдээ цаг-үе

Канадын аварга Монгол охин

Т.Дариа аав ээжийн хамт Канад улсад амьдардаг нэгэн. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Монголчуудын бахархал болсон залуу тамирчин энэ долоо хоногт Канадын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн болсон юм. Т.Дариа олон улсын зэрэглэлтэй тэмцээн уралдаанд Монголынхоо нэрийг цуурайтуулж, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг хичээдэг гэнэ. Талбайн теннисний спортоор найм дахь жилдээ хичээллэж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 17н д болсон талбайн теннисний 14 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд аваргалж, Монголын талбайн теннисний түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Уг тэмцээн Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж, 18 орны шилдэг 76 тамирчин хурд, авхаалж самбаагаа сорьжээ.

Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдсөн. Т.Дариа улсынхаа шигшээ багт орж тоглож, аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4, 6:2-оор хожиж, бахархмаар амжилт үзүүлжээ. Тэрээр манай улсын талбайн теннисний анхны Ази тивийн аварга юм. Ийнхүү 14 насандаа Ази тивийн аварга хэмээн өргөмжлүүлсэн залуу тамирчин Канадад Монголын нэрийг гаргалаа. Манай монголчууд спортод амжилт гаргах өөрийн гэсэн нэг чанар, чадавхитай байдаг. Тиймээс Т.Дариа өөрт байгаа бүх ур чадвараа дайчилж улсынхаа нэрийг олон улсын тавцанд мандуулж байна. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцан дээр дуудуулна гэдэг тухайн хүнээс хурд авхаалж, уян хатан байдал, мэдрэмж, авьяас билиг шаардана. Мөн тухайн хүн спортын тэмцээнд оролцож байх үеийн сэтгэл зүй ч чухал байдаг. Т.Дариа эдгээр зан чанарыг бүгдийг нь хослуулсан учраас амжилтын эзэн болсон биз ээ. Тэрбээр Азийн аваргад орохдоо Солонгос, Хонгконг, Хятад, Филиппиний тамирчдыг хожиж тэргүүлсэн байна. Тус тэмцээний хоёрдугаар хэсэгт зургадугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр хоёрдугаар байрын шагнал хүртжээ.

Түүний аав нь спортын дасгалжуулагч. Тиймээс ааваасаа заавар зөвлөгөө авч, арга барилыг эзэмшиж, спортын ур чадварт суралцдаг. Мөн аливаа спортын мөн чанар өөрийн авьяас чадвараас гадна маш их хичээл чармайлтын үр дүнд амжилт гардаг. Тиймээс тэрбээр “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх монгол үгийг өөртөө хэлж, зориг, эрч хүчтэй болдог аж. Түүнийг интернэт орчинд ирээдүйн Монгол Шарапова гэж нэрлэжээ.

Т.Дариа зурган илэрцүүд

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Оросын эстрадын хатан хаан Алла Пугачёва

“Брежнев гэж хэн бэ? гэхэд Алла
Пугачёвагийн үед амьдарч байсан улс төрийн зүтгэлтэн” хэмээн тайлбарласан гэдэг. Оросуудын дунд ийм нэгэн хошин яриа байдаг. Энэ нь дуучин Алла Пугачёва
Орост ямар алдартай болохын нэг баталгаа. Түүний тухай үлгэр домог мэт зүйл өнөөдрийг
хүртэл яригдсаар. Удирдагчид, улстөрчид солигдож нэг нь ирж нөгөө нь буцна. Харин
Оросын урлагийн ертөнцөд нэрээ мөнхөлсөн Алла Пугачёва алдрын тайзнаас
буугаагүй.

Жирийн л нэг айлын охин урлагийн
алдартай зүтгэлтэн болж өнөөдөр Оросын шоу бизнесийн ертөнцийг бараг “атгаж” байгаа
гэдэг. Түүнтэй ам мурийсан дуучид томоохон концертод оролцох эрхээ хасуулдаг гэсэн
яриа ч бий.

Алла Пугачёвагийн аав Борис Пугачёв,
ээж Зинаида Одегова нар дайнд оролцож байсан бөгөөд 1946 онд танилцан гэр бүл болжээ.
Анхны хүүхэд нь төрснийхөө дараахан өвчний улмаас нас барсан байна. 1949 онд хоёр
дахь хүүхэд нь төрж Алла хэмээх нэрийг хайрлажээ. Зөвлөлтийн үеийн алдарт жүжигчин
Алла Тарасоваг бодож охиндоо ийм нэр хайрласан гэдэг.

Аллаг таван нас хүрэхэд нь хөгжмийн сургуульд оруулж тэр жилдээ бяцхан охин томоохон хэмжээний концертод
оролцож анх удаа тайзан дээр гарчээ. Ангийнх нь хүүхдүүдийн ярьснаар Алла сурагч байхдаа нэлээд хөдөлгөөнтэй, ихэд өвөрмөц ааштай байсан гэдэг. Өөрийнхөө үзэл бодлыг тууштай хамгаалдаг, бодсоноо шууд хэлдэг гээд л. 14 настайгаасаа тамхи татаж эхэлсэн байна. Наймдугаар ангиа төгсөөд М.М.Ипполитова- Ивановагийн нэрэмжит хөгжмийн сургуулийн найрал дууны удирдаачийн ангид элсэн орж төгсөөд Цирк
эстрадын урлагийн сургуульд ажиллаж байхдаа Миколас Орбакастай танилцаж гэр бүр
болжээ.

Алла Пугачёва 1974 онд Бүх холбоотны
эстрадын жүжигчдийн V уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн явдал нь нэр алдрын
оргилд хүрэх гараа байжээ. Түүнд “Весёлые ребята” хамтлагт дуучнаар ажиллах санал
тавьсан байдаг. Нэг жилийн дараа “Золотойорфей” олон улсын дууны
уралдаанд эх орноо төлөөлөн оролцохдоо Болгарын зохиолч,
дуучин Эмила Димитровагийн “Арлекино” дууг дуулжээ. Тэргүүн байрын шагнал
хүртсэн уг тэмцээн, “Арлекино” дуу хоёр залуухан дуучны хувь заяаг орвонгоор нь
эргүүлсэн юм. Түүнээс хойш олон улсын д уун ы тэмцээнүүдэд оролцох урилга
тасраагүй. 1976 оноос хойш түүний дуулсан дуу болгон нь оны шилдгээр шалгарч байлаа.
“То ли еще будет…”, “Миллион роз”, “Паромщик”, “Две звезды”, “Как тревожен этот
путь” гээд А.Пугачёвагийн дуулсан дуу болгон нь хит болж, монголчууд ч сайн мэддэг. Оросын Ардын жүжигчний урын санд 500-гаад дуу байдаг. Тэрээр
авьяаслаг дуучин төдийгүй найруулагч, жүжигчин, продюсер, мөн бизнес эрхэлдэг.

Зөвлөлтийн үеэс нэрд гарсан дуучин
маань хатуу дэглэмийн үед барууны орнуудад очиж тоглолтоо хийдэг
байсан Оросын цөөхөн уран бүтээлчийн нэг байлаа. Швед, Финланд, Норвег, Нидерланд,
Бельги, баруун Герман, Швейцарь, Япон зэрэг орнуудад очиж уран бүтээлээ үзэгчдийн
хүртээл болгосон. 1979 онд “Женщина которая поёт” киноны гол дүрд Алла Пугачёва
тоглосон бөгөөд өөрийнх нь амьдралаар хийсэн кино ч гэдэг. Ийнхүү тэрээр авьяаслаг
жүжигчин болохоо харуулсан юм. Тэрээр И.Резник, И.Крутой, Р.Паулс зэрэг нэртэй хөгжмийн зохиолчидтой хамтран ажилласан.
1997 онд “Евровидение”-д анх удаа эх орноо төлөөлөн оролцсон билээ. Тэр үед ОХУ-ын
нэр хүнд дэлхийд уначихсан амаргүй цаг байсан тул ОХУ ямар дуучинтай болохыг харуулсан
гэдэг. 2005 оноос Орост зохиогдож буй “Песня года” хөгжмийн наадмыг нэрт дуучин
анх санаачилсан түүхтэй. Одоо бол жил бүр болдог. Мөн Юрмала хотод “Новая волна”
наадмыг Алла Пугачёва анх зохион байгуулснаас хойш уламжлал тасраагүй. Тэрээр нэлээд
хэдэн кинонд тоглож, телевизийн нэвтрүүлэг хөтөлдөг.

Нэрт дуучны хувийн
амьдралын талаар Зөвлөлтийн үед хэвлэлд бараг бичдэггүй байсан. Харин
1990-ээд оноос хойш Оросын хэвлэлийн анхаарлын төвд байдаг сэдэв болсон. Алла Пугачёва
таван удаа гэрлэжээ. Анхны нөхөр нь буюу охин Кристина Орбакайтегийн аав нь Миколас
Орбакас. Дараагийнх нь Александр Стефанович, гурав дахь нь Евгений Болдин. Тэд бүгд
л урлагийн ертөнцтэй нягт холбоотой ажилладаг хүмүүс. Харин сүүлийн хоёр гэрлэлтийн
талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо ч ярьж, бичдэг.

Болгар гаралтай залуухан дуучин
Филипп Киркоров 1988 онд анх Оросын эстрадын хатан хаан гэгддэг А.Пугачёватай танилцжээ. Тэр үед залуухан дуучин Хөгжмийн сургуулиа дүүргэж, Ялтад болсон дууны наадамд оролцож, Монголд алба хаадаг Зөвлөлтийн цэргүүдэд уран бүтээлээ толилуулчихаад байсан үе. Тэрээр А.Пугачёватай хамт Австри, Германд
тоглолтоор явахдаа дотноссон гэдэг. Ингээд 1994 оны хавар Ф.Киркоров өөрөөсөө 18 насаар эгч бүсгүйд
гэрлэх санал тавьсан байна. Тэд сүй тавьснаа албан ёсоор зарласныхаа дараахан буюу
гуравдугаар сард Ленинград хотод гэнэт хуримаа хийжээ. Шинэ хосууд “Атлантик-Сити”-д
хамтарсан тоглолтоо хийж, Израилиар аялан тоглож, цомог гаргаж нэг үгээр хэлэхэд
уран бүтээлийн арвин ургац хураасан. Филипп Киркоровыг нэр алдрын оргилд хүрэхэд А.Пугачёва хамгийн их нөлөөлсөн хэмээн одоо ч ярьдаг. Харамсалтай
нь тэд 12 жил хамт амьдраад салсан юм. Филипп Киркоров сэтгэл санааны том цохилтод
орсон бөгөөд А.Пугачёвагийн сэтгэлийг эргүүлэн татах гэж нэлээд хичээсэн боловч бүтээгүй. Ингээд 2005 онд салцгаажээ. Филипп Киркоров салсан хойноо
ч түүнд хайртай хэвээрээ гэдгээ нэг бус удаа илэрхийлж байсан. Охиндоо Алла-Виктория
хэмээх нэр хайрласан юм. Тэд одоо ч сайхан харилцаатай хэвээрээ төдийгүй
Ф.Киркоровын унтлагын өрөөнд Аллагийн томоос тос зураг өлгөөстэй байдаг
гэдэг.

Оросын эстрадын хатан хаан Москва
хотноо “Алла” нэртэй радиотой. Алла гэсэн нэрийг оруулсан янз бүрийн нэвтрүүлэг
цацдаг уг радио нь богино хугацаанд маш олон сонсогчтой болжээ. А.Пугачёва 2008
онд 15 дахь буюу хамгийн сүүлчийнхээ цомгийг гаргаж түүнээс нэг жилийн дараа хэвлэлийн
бага хурал хийлгэж дахин аялан тоглолт хийхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.
Энэ нь тайзаа орхисон гэсэн үг биш байлаа. Тэрээр бие даасан тоглолт хийхээ больсон
хэдий ч өнөөдрийг хүртэл дуулсаар байгаа. Алла Пугачёваг хурим найр, баяр цэнгүүн
дээр дуулуулахын тулд чамгүй мөнгө төлдөг.

Оросын нэрт дуучин
маань муугүй бизнесмэн болох харуулсан. Тэрээр “Alla Pugachova” маркийн гутал, гоёлын
зүүлт, үнэртэн гаргаж, түүнийгээ нэлээд сурталчилсан. Брэнд болсон “Alla
Pugachova” нэртэй бүтээгдэхүүнүүдийг оросууд андахгүй сайн мэднэ.

Нэрт дуучин нэг хэсэг улс төрд ч оролцсон. Тэрээр сөрөг хүчинг дэмжиж 2011 онд “Правое
дело” намд элсч тэрбумтан М.Прохоровыг дэмжиж байгаагаа
илэрхийлсэн. Нэр дэвшигчдий н халз мэтгэлцээнд оролцож В.Жириновскийд хатуухан үг хэлж байсан удаатай. Тус намын их хуралд
оролцож, Ерөнхиийлөгчийн сонгуульд М.Прохоровыг дэмжсэн. 2015 онд тэрбумтан намаасаа
гарсны дараахан А.Пугачёва ч гишүүнчлэлээсээ татгалзаж байсан юм.

2011 оны арванхоёрдугаар сарын
23-ны өдөр 62 настай Алла Пугачёва 35 настай хошин шогийн жүжигчин
Максим Галкинтай хуримаа хийж байв. Дашрамд дурдахад тэднийг өмнөх нөхөр нь болох
Ф.Киркоров танилцуулсан гэдэг билээ. Тав дахь удаагаа гэрлэлтээ батлуулсныхаа дараа
А.Пугачёва “Энэ бол миний хамгийн сүүлчийн гэрлэлт” хэмээн хэлсэн. Нууцаар шахуу хуримлаж, цайллагад нь ердөө 50-хан хүн уригдсан. Энэ гэрлэлтийн
талаар ёстой л нэг янз бүрээр ярьж, бичдэг. Олон түмний сонирхлыг хамгийн ихээр
татсан гэрлэлт болсон. Тиймээс “HТВ” телевиз “Алла + Максим. Исповедь
любви” хэмээх хоёр ангитай баримтат кино хийжээ.

Үе мултарсан нөхөр нь алдарт дуучин эхнэртээ зориулан Москва хотын ойролцоох Грязь
хэмээх тосгонд харш бариулсан. Хоёр жилийн дараа тэд тээгч эхийн тусламжтайгаар
хоёр ихэр хүүхэдтэй болсон нь нэлээд шуугиан тарьсан бөгөөд өдгөө хүүхдүүдийнхээ
хамт аз жаргалтай амьдарч байна.