Categories
мэдээ цаг-үе

Вашингтон хотноо хургасан Потомак мөрний жаврыг морин хуурын аялгуу үлдэн хөөв

Тоглолтод оролцсон уран бүтээлчид

-АМЕРИКИЙН МОНГОЛЧУУД-

Шинэ хичээлийн жил эхлээд, сургууль
боловсролтой холбоотой бүхэн завгүй яваа энэ өдрүүдэд буюу есдүгээр сарын 2-ны баасан
гарагийн үдэш, АНУ-ын нийслэлийн алдарт Кеннедийн төвд “Reflections of Morin
khuur – Морин хуурын тусгал” нэртэй концерт тоглолоо. Залуу морин хуурч Урлагбаатарын
Хатанболд АНУ-д морин хуур, монгол соёлыг таниулах үүднээс энэхүү тоглолтыг санаачлан,
уран бүтээлч андуудынхаа тусламжтайгаар зохион байгуулсан юм. Тоглолтоос хийсэн
сурвалжлагаа уншигчдад толилуулахаас өмнө У.Хатанболд гэж хэн болох, Кеннедийн төв
гэж ямар театр болохыг танилцуулах нь зүйтэй.

Урлагбаатарын Хатанболд

Урлагбаатарын Хатанболд 1990 онд
Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, цагаан морин жилтэй. Аймгийнхаа 10 жилийн
сургуулийг төгсөөд 2008-2013 онд Монгол Улсын Соёл урлагийн их сургуульд элсэн суралцаж
“Морин хуурын гоцлооч, багш” -ийн мэргэжил эзэмшжээ. Швейцарь, Франц,
Итали, Герман, Австри, Польш, Орос, Япон, Хятад, Солонгос улсад аялан тоглож, монгол
урлагаа сурталчилж байв. 2014 оноос АНУ-ын Вашингтон ДС хотноо суурьшин, “Морин
хуурын сургалтын төв” нээж, өнөөг хүртэл хориод хүүхдийг дагуулан сургаад байна.

Кеннедийн

тӨв

Үндэсний соёлын төв төслийн хүрээнд
босож, 1971 онд ард олонд үүд хаалгаа нээсэн Кеннедийн төв нь дэлхийн хамгийн нэр
хүндтэй тайз, хүрээлэнгүүдийн нэг юм. 1971 онд нээлтээ хийсэн боловч, бүр 1958 онд
батлагдсан актын дагуу эх үүсвэр нь тавигдсан, ялангуяа Ерөнхийлөгч Кеннеди амьд
ахуйдаа хандив босгох ажлыг шаргуу хийж, Цагаан ордонд хандивын зоог сэлтийг зохион
байгуулан, гол хөрөнгийг нь босгосны тул түүний нэрээр нэрийдэгдсэн байна. Байгуулагдсан
цагаасаа эхлэн дэлхийн урлаг соёлын ертөнцөд нэр нь дуурсан, Оросын алдарт Большой
хэмээгдэх дуурь театр, Кубын Балет Национале зэргээс өгсүүлээд нэр хүндтэй чуулга,
жүжигчдийг АНУ-д анх тоглуулсан хэмээх амжилтыг албан ёсоор хүртэж эхэлсэн аж. Дотроо
судалгааны хүрээлэн, хэд хэдэн томоохон театр, олон чуулга, Үндэсний оркестр, Боловсролын
үйлчилгээ зэргийг багтаасан нүсэр том энэхүү цогцолборт 1997 онд Миллениум Стэйж
буюу Мянганы Тайз байгуулагдсан нь дэлхийн олон улсын соёл урлагийг таниулах гол
зорилготой. Чухам энэхүү тайзнаа У.Хатанболд тэргүүтэй манай жүжигчид тоглосон юм.
Өмнө нь Кеннедийн төвд Монгол Улсаас ганц “Түмэн эх” чуулга л тоглоод байлаа.

Ардын язгуур урлагийг таниулах нэгдүгээр
хэсэг

Есдүгээр сарын 2-ны өдөр миний бие
хэдийгээр тоглолтын цагаас хорин минутын өмнө ирсэн ч урт дарааллын ард зогсов.
Америк, Монгол болон бусад олон улс үндэстэн үзэгчид суудлыг аль хэдийнэ дүүргэж
орхижээ. Кеннедийн төвд тоглолт үзээд сурчихсан, урлагийг шүтэн бишрэгч, туршлагатай
америк үзэгчид эрт ирээд суудлаа эзлээд авдаг юм байна. Азаар сурвалжлагч миний
бие “Өдрийн сонин”-ы үнэмлэхээр нэвтэрч, харин дараалалд зогссон олон үзэгч тусгайлан
татсан хаалтын араас, зогсоогоороо үзэх хэрэгтэй болсон юм.

Концертыг хөтлөгч Төмөрбаатарын
Болормаа юуны өмнө энэхүү тоглолтын зорилго, морин хуур хөгжим, онцлог шинж, үүх
түүхийн талаар товч танилцуулав. Ингээд У.Хатанболд тайзнаа заларч, хамгийн эхэнд
“Дөрвөн Ойрад” хэмээх татлага татлаа. Үүний дараа “Уяхан замбуутивийн наран” дууны
аялгууг тоглов. Тэр бүрийн эхэнд хөтлөгч Т.Болормаа дөрвөн ойрад, уртын дуу гэж
юу болох, татлага гэж ямар учиртай зэргийг ярьж байсан нь америкчуудад зориулсан
түүх, соёл, урлагийн бас нэгэн хичээл гэлтэй. Дараагийн үзүүлбэр дээр морин хуурч
Наадамын Тэлмэн хүч нэмж, “Бий биелгээ” тоглож эхэлсэнд бүжигчин Банзрагчийн Цэнгэлсайхан,
Батсайханы Дэлгэрмаа нар баруун монгол ардын биелгээ бүжив. Ардын язгуур урлагийг
таниулах зорилготой энэхүү хэсгийн төгсгөлд Урлагбаатарын Хатанболд (морин хуурч),
Наадамын Тэлмэн (морин хуурч), Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр (их хуурч), Бат-Очирын
Отгонбаатар (морин хуурч, хөөмийч) дөрвүүл “Алтайн магтаал” дуулж, хөөмийлсөнд хурсан
олон үзэгчид халуун баяр хүргэн алга ташлаа.

Сонгодог бүтээл толилуулсан
дэд хэсэг

Хэсэг хоорондын завсарлагыг бас
үр дүнтэй ашиглажээ. Мянганы тайз нь дээрээ том дэлгэцтэй юм байна. Дараагийн хэсэгт
бэлдэх зуур том дэлгэц дээр морин хуурыг хэрхэн үйлддэг тухай сонирхолтой баримтат
кино үзүүлллээ. Тус кинонд Монгол орны байгалийн зураглал, монгол бичгийн гайхамшгийг
багтаасан нь зөв оновчтой шийдэл болжээ.

Ингээд энэхүү хэсэгт Монголын хөгжмийн
зохиолчдын морин хуурт зориулсан аялгууд болон гадаадын сонгодог хөгжмийн эгшгээс
тоглосон юм. Тухайлбал, Г.Алтангэрэлийн “Аргамаг хүлгийн хурдаар”, Ц.Чинзоригийн
“Идрэнгийн говь”, Ш.Өлзийбаярын “Морин хуурын концерт”, мөн Витторио Монти-гийн
“Монти Чардас”-ыг эгшиглүүллээ. Энд манай морин хуурчид дээр төгөлдөр хуурч Халиуны
Мөнхбайгаль, их хуурч Гомбосүрэнгийн Эрдэнэбаяр, мөн АНУ-ын хөгжимчид болох босоо
ятгачин Анастасиа Пайк, виоленчелист Кэйти Чамберс нар нэмэгдэн, тоглосон нь олон
улсын шинжтэй, цөөхүүл хөгжмийн бүхий л элемент бүрдсэн тоглолт болж өгөв.

Орчин үеийн аялгууг морин
хуурдсан гутгаар хэсэг

Морин хуур нь Монголын язгуур урлагийг
тоглох зориулалттай юм гэдгийг харуулсан, дэлхийн сонгодог бүтээлээс тоглож бас
чаддаг юм гэж үзүүлсэн, тэгвэл энэ удаад орчин үеийн хөгжмийг ч тоглох чадвартай
юм гэдгийг нь зохион байгуулагчид үзүүлэхээр шийджээ.

Эхлээд Тао Нгуены сүүлийн үед ихэд
алдаршаад байгаа зохиол болох “Sad Ro­mance -Уйт романс”-ыг тоглов. Энэ аялгууг
тоглоход өмнө дурдсан бүх хөгжимчид дээр бөмбөрчин Дашдаваагийн Бямбажаргал нэмэгдсэнээс
гадна уран нугараач Эрдэмбатын Мандухай аялгуунд тохирсон нугаралт-бүжиг хийснийг
гаднын үзэгчид ихэд сонирхон, шүүрс алдаж байв. Мандухай тас хар хувцсаар “гоёсон”
нь, “Уйт романс” хэмээх аядаа чухам тохирсон бөгөөд уламжлалт уран нугаралт гэхээсээ
илүү орчин үеийн бүжгийн элемент орсон, өвөрмөц үзүүлбэр бэлдсэн байлаа.

У. Хатанбаатар аав Урлагбаатар, ээж Ариунаа нарын хамт

Дараа нь Клокс анд Клаудс хамтлагийн
Аудеамус аялгууг, араас нь Америкийн шүтээн шоунд Крис Мединагийн дуулж байсан
“What are word” дуу, алдарт “Вива ла вида” дууг морин хуур, бусад хөгжмийн хамтаар
тоглож үзүүллээ.

Ингээд нийт гурван хэсгээ, ерөөс
концертөө төгсгөн, У.Хатанболд гоцлон, нийт хөгжимчид “Хартай сарлаг”-ийг хөгжимдөн,
хөөмийлж дуусгав.

Кеннедийн төвийн зураглаач, найруулагчид
мэдрэмжтэй ажиллаж, морин хуурын татлагын үеэр хурууны нарийн техникийг, хөөмийлж
байхад уруул амны хөдөлгөөнийг татан, тайзан дээрх дэлгэцээр нэн тод үзүүлж байсан
нь сонирхолтой байлаа. Тоглолтын төгсгөлд үзэгчид бүгд босон, удтал алга ташин зогсов.
Хатанболдын аав Урлагбаатар, ээж Ариунаа нар тайзнаа гарч хүүдээ баяр хүргэн үнслээ.

Сүхбаатар аймгаас шууд Вашингтон
хотноо газардаж, хүүгийнхээ тоглолтыг үзээд сэтгэл нь хөдлөн суугаа Урлагбаатар
гуайгаас санал сэтгэгдлийг нь сонсон, хэдэн зүйл асуув.

-АНУ-д ирээд хүүгийнхээ тоглолтыг
үзэхэд сэтгэгдэл ямар байна даа?

-Би ер нь амьдралдаа энэ Америкт
ирэх юм гэж, Америкт миний хүү тоглолт хийж байх юм гэж зүүдэлж ч байсангүй. Бидний
үед чинь Америк гэж их муухай улс байдаг юм, өлсгөлөн ядуурал нүүрлэсэн, дайн байлдаан
болж байдаг улс юм аа л гэдэг байлаа шүү дээ. Тэгсэн тэр улсдаа, бүр нийслэл Вашингтонд
нь ирчихсэн байж байдаг. Сайхан ч улс, сайхан ч хүмүүс байдаг юм байна.

-Тоглолтын зарыг уншсан чинь Урлагбаатар
овогтой Хатанболд,
Наадам овогтой Тэлмэн гээд
л бүр нэг морин хуурын концертонд зориулсан нэрс шиг л байх юм даа.
Танд Урлагбаатар
гэж нэр өгснийг бодоход танайхан урлагийн удамтай айл уу?

-Өө үгүй үгүй. Манайд урлагийн хүн
байхгүй. Надад ер нь яагаад Урлагбаатар гээд нэр өгснийг ч мэдэхгүй юм. Одоо бодоход
бүх л юм учиртай байж дээ. Эртний ерөөл, зурсан зураг байсан юм байлгүй дээ.

Кеннедийн төвийн “Мянганы тайз”

-Таны хүүгийн тоглосон энэ Кеннедийн
төв гэж их алдартай газар шүү дээ.

-Энэ харин миний өмнө харж байсан
театр яг мөн. Их сонин учрал байх юм даа. Манайх чинь дөрвөн охинтой, ганц хүүтэй
айл. Тээр жил Хатанболдын эгч нь оюутны солилцоогоор Америк явсан юм. Тэгээд ирэхдээ
хөргөгчин дээр наадаг хоёр сувинер авчраад. Нэгийг нь манайд, нөгөөг нь дүүдээ өгөхдөө
“Энэ их сайхан театр байдаг юм. Чи очиж тоглох ч юм бил үү” гэсэн юм л даа. Тэгсэн
тэр наадаг зураг нь энэ Кеннедийн төв гээч нь байж. Манайд байж л байдаг, бүр таньдаг
болчихсон байсан юм. Сая тэгсэн, тоглолт дээр ирсэн чинь яг нөгөө эгчийнх нь авчирч
байсан нөгөө сайхан сувинерэн байшин мөн шүү. Миний дүү энд тоглоно оо гэж байсан
юм.

-Хатанболдыг та бүр багаас нь урлагаар
нь явуулсан уу?

-Эхлээд спортоор явуулсан юм. Миний
хүү чинь спортын мастер, тамирчин хүн шүү дээ. Спортын гимнастикаар улсын аваргаас
алт, мөнгө, хүрэл медаль авч байсан. Тэгээд дараа нь спортыг нь болиулаад урлаг
хөөлгөсөн юм.

-За танд баярлалаа.

Ийнхүү АНУ-ын нийслэл дэх алдарт
тайзнаа морин хуурын аялгуу эгшиглэлээ. Кеннедийн төв Потомак голын эрэг дээр оршино.
Монгол хүн айл гэрийнхээ жаврыг морин хуурын аялгуугаар үргээнэ гэж хэлэлцдэг. Тэр
жишгээр бодвол их гүрний нийслэлд хургасан өргөн мөрний жаврыг монгол хуураар үлдэж
өглөө хэмээн бэлгэшээхэд буруу нь юу байхсан билээ.

Тоглолт чанартай, сайн боллоо. Монголыг,
Монголын урлагийг Америкт оршин суудаг энэ залуус ийнхүү өөрсдийн дотоод хүчин чадлаараа
сурталчилж чадлаа. Энэ хэмжээний тоглолт, жүжигчдийг Монголоос авчирсан бол зардал
мөнгө ямар гарах байсан нь тодорхой. Монгол Улсыг гадаад улсад сурталчлах ажлын
голыг гадаад дахь монголчууд нугалж байна, тийм ажилд зориулсан хөрөнгө төсөв гэж
байдаг бол тийш нь чиглүүл гэж байнга үглэж, бичээд байдгийн маань учир энэ юм аа.

Манай сонины
Ваншигтон дахь тусгай сурвалжлагч
М.Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Засаа дарга

Би хөдөөний хүн. Хөдөөний хүн Улаанбаатар хотын дарга болсонд баяртай байгаа.Малчны хүүхэд болохоороо малын эмч даргадаа бүр ч элэгтэй. Хотынхон хотынхноосоо хотын даргаа тавьж чадахгүй байхад хөдөөний бид даргалахаас өөр яах билээ. Хүн зоноо удирдах хүний эмч олдохгүй байгаа цагт малын эмчээр жолоодуулахгүй гээд ч хаачих юм бэ, ер нь.

Дээр үед манай нутгийн малын эмчийн өрөөнд “Хүний эмч хүнийг эмчилнэ, Малын эмч хүн төрөлхтнийг эмчилнэ” гэсэн бичиг байдагсан. Үнэхээр тэр хүн “биомецин” хэмээх малын антибиотикоороо сумынхаа хүн төрөлхтний ханиад томууг эмчилж анагааж явсан түүхтэй. Харин манай хотын даргын тус газар нь “Хүний эмч хүнийг л даргална. Малын эмч хүн төрөлхтнийг даргална” гэсэн шивээс бий гэлцэнэ.

Саяхан интернэтээр тарав даа, манай хотын даргын өрөөний зураг. Ард нь баахан морь малын барималтай. Зий гэх хүний дүрс байхгүй тийм өрөө. Хэтэрхий олон амьтны дүрстэй холилдсон болоод ч тэр үү, өөрийнх нь цээжийг “Энэ чинь ямар амьтан билээ” гэж гайхаад авсан удаатай.

Ер нь хотын дарга маань бүх юмыг малын дүрсээр тэмдэглэж бэлгэддэг мэргэжлийн онцлогтой сайхан хүн юм гэсэн. Жишээлэхэд, ажилтныхаа анкетын ард дорго зурсан байвал матаач, үнэг дүрсэлбэл зальтай, морь харагдвал хурдан гүйдэг, мэгж байвал олон хүүхэдтэй… гэсэн тэмдэглэгээ болдог аж. Хэрвээ иргэн хүний өргөдлийн буланд хуц зурсан байвал ямар учиртайг хэлэх нь илүүц буй заа.

Бид хотын даргыг малаар нь (мэргэжлээр нь) дуудахаасаа өмнө зөвөөр ойлгох ёстой юм. Монгол газрын чоно шөнийн 12 цагаас оройн 18 хүртэл мал руу дайрдаг аж. Иймээс хүн 12 цагаас 18 цагийн хооронд бааранд суувал малаа чононд өгөөд дуусна биз дээ. Ийм учраас мал мэдэхгүй Бат-Үүлийн шийдвэрийг мал мэддэг Су.Батболд өөрчилж баар рестораныг 12 цагт хаалгах шийд гаргажээ. Мөрийцсөн ч болж байна, Су.Батболд даргын үед манай хотын мал өснө шүү, өснө.

За тэр золбин нохойны асуудал байна. Мал мэдэхгүй, нохойны талаар “А”-гүй Бат-Үүл болохоор муйхар буриад зангаараа золбин нохойг буудаад л явсан. Харин Баянзүрх дүүргийн дарга, нохойгоо гэсэн сэтгэлтэй бат зоригтой нэгэн байгаагүй бол юу болох байсныг таашгүй. Тэрээр нохой руу хийсэн зэвсэгт халдлага, түрэмгийллийн эсрэг нохойн хөшөө барих зэргээр тэмцсэний хүчинд тус дүүрэгт эх хүүхдийн эндэгдэл эрс буурсан гэнэ.

Дашрамд дурдахад, хөшөөний ач буян үүгээр зогсохгүй. Танктай хөшөөг Зайсанд аваачсанаас хойш юу яахаа (та нар нэг юм бодоод олчих, тэгэх үү) больсон аж.

Одоо нохой руугаа эргэж оръё. Мал мэддэг хотын дарга маань холч малч ухаантай, уужуу тайвуу малжуу сэтгэлтэй, цэвэр ариун маллаг явдалтай монгол хүнийхээ хувьд гуманист шийдэл гаргаж.

Тэрээр хотын золбин нохойг алж устгахыг хүссэнгүй. Энэ жилийн нохойн орооны цагаар эмзэг давхаргын гичийнүүдийг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх ажил зохиох юм байна. Нохойн сургуулийн хөтөлбөрт “Нохойг хулгай мөрдөхөөс гадна тохиолдлын хавьтлын үед бэлгэвч хэрэглэж сургах” заалт оруулахаас ажлаа эхэлсэн байна. Хэрвээ хээлтэй гичий нь амьжиргааны баталгаажих доод түвшнээс доогуур золбирсон нь тогтоогдвол аборт хийлгэхийг зөвшөөрч байгаа сурагтай.

Нийслэлийн нохойн сүргийн дунд зохиох пиар ажлын хүрээнд ерөндөг тавиулахын чухлыг гичийнүүдэд ойлгуулах хөтөлбөр ч батлагдсан бололтой. Түүнчлэн өсвөр залуу нохойг золбиншуулахаас сэргийлэх үүднээс олон гөлөгтэй нохойнд олгох тэтгэмжийг ч хэрэгжүүлэх юм байна.

Энэ бүхэндээ урамшсан хотын дарга маань биотехнологийн хүрээлэнгийнхнийг дуудаж “Нохойноос хурга ишиг гаргадаг болгох” тал дээр судалгаа шинжилгээ хийх үүрэг өгсөн гэх.Улмаар түүхчдийг цуглуулж “Монгол хүний хонгон дээрх хөх толбо ба нохойд уруулсны дараа биед үлддэг хөх толбо хоёрын харилцан уялдааг судлах тэтгэлэг” зарласнаа сонордуулж хэмээнэ.

Нийслэлийн иргэдэд зориулсан “Гэр хорооллын барилгажилт” хөтөлбөрийг зогсоож, оронд нь хотын нохдод хандсан “хашааны хэвтрийг модон үүрээр солих” программ хэрэгжүүлэх болсон дуулдав.

Ер нь монголчууд хүн аль нэг төрөлдөө нохой болж төрдөг, нохой хоолловол буян хураадаг, нохойн хөшөө босговол депутат болдог хэмээн сургасаар иржээ.

Та бүхэн хотын даргыг хүний асуудлыг орхигдууллаа гэж бүү зэмлэ. Тэр хүнийг эмчлэх гэж бүтээгдээгүй, хүн төрөлхтнийг эмчлэх гэж бүтээгдсэнийг сана. Тийм учраас саяхан нохойд уруулсан өвчтөний гомдлыг хэлэлцсэн шүүх эмнэлгийнхэн “хохирогчийн хонгон дээрх шарх нь эвлүүлэг болохыг тогтоосон”-д гайхах хэрэггүй.

Нэмэлт: Саяхан хотын намын хорооны нууц хуралдаанаар албан тушаалуудын нэршлийг өөрчлөх асуудал хэлэлцсэн гэлцэнэ. “Улаанбаатар хотын захирагч” хэмээх захиргаадалтын шинжтэй, түрэмгий, ер нь бол Бат-Үүл маягийн буриадуудад л таарах нэрийг солихоор болжээ. Хотын удирдлага нэгэнт мал аж ахуйн талд шилжсэнийг тохиолдуулан “Улаанбаатар хотын маллагч” гэвэл зүйтэйгээр үзжээ. Маллана гэдэг бол дан ганц малтай холбогдохгүй, ихээхэн халамж энхрийллийн өгүүлэмжтэй “Хүүхэд маллаж байгаа” гэхчилэн ярьдаг үг юм байна. Бас “Нийслэлийн Засаг дарга” хэмээх Бат-Үүлийн үеийн үгийг зүгээр орхих нь МА намын сул доройг харуулсан явдал болно гэж үзээд “Засаа дарга” болгосон гэх. Энэ нь Бат-Үүлийн гаргасан алдаатай шийдвэрүүдийг (баарыг шөнөжин ажиллуулах, гэр хороололд насаа барах тавилантай улсыг байранд оруулах гэхчилэнгийн) засаад, засаад явах дарга гэсэн утгыг агуулна гэнэ. Үглэдэг хүнийг үглээ гэдэг юм чинь засдаг хүнийг засаа л гэнэ биз дээ…

Categories
мэдээ цаг-үе

М.Уянсүх: Ертөнц өөрөө тэр чигээрээ яруу найраг

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч
Мулцангийн Уянсүхтэй хөөрөлдөв.

-Таныг Солонгосын утга зохиолын
нэр хүндтэй шагнал авсанд баяр хүргэе. Энэ шагналын тухай яриач?

-Баярлалаа. БНСУ-ын Чанвоны КС-ийн
нэрэмжит Олон улсын утга зохиолын шагналыг Монгол Улсаа төлөөлөн анх удаа хүртээд
ирлээ. Анх зохиогдож эхэлсэнээс хойш 27 жил болж байгаа Чанвоны олон улсын утга
зохиолын фестиваль энэ хотоос төрсөн нэрт яруу найрагч Ким Дал Жиний нэрэмжит юм
байна. Үндэсний утга зохиолын шагнал олгох болсноос хойш 21, гадаад уран бүтээлчдийн
хувьд бол долоодахь шагнал. Өнгөрсөн жил ОХУ-ын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын
дээд сургуулийн захирал, зохиолч, орчуулагч Алексей Николаевич Варламов хүртсэн
юм билээ. Энэ дашрамд БНСУ, Монгол Улсын яруу найрагчдын харилцааг сэргээх, хөгжүүлэх
үйлсийг санаачилж эхлүүлсэн яруу найрагч Х.Чилаажав, Ц.Буянзаяа, Г.Мөнхцэцэг болон
МЗЭ-ийн Удирдах зөвлөлд талархал илэрхийлье. Энэ удаагийн шагналд миний нэрийг дэвшүүлсэн
яруу найрагч Л.Өлзийтөгс, Х.Чилаажав, миний намтар, бүтээлийг орчуулсан И Ан На,
фестивалийн үеэр хамт байж, яруу найрагчидтай харилцаа холбоо тогтооход сэтгэл гаргаж
тусалсан Сөүлийн их сургуулийн судлаач, орчуулагч Ч.Цэрэнхорлоо, нэр дэвшүүлэх материалыг
өндөр түвшинд бэлтгэж илгээсэн МЗЭ-ийн Дархан-Уул аймаг дахь “Хязгааргүй орчлон”
төвийн гүйцэтгэх захирал, яруу найрагч, судлаач Г.Бямбажав нартаа баярлалаа гэж
хэлье. Энэ сайхан хүмүүс миний өмнөөс санаа тавьж байхад би өөрөө юу ч мэдэхгүй
сайхан амьтан уулын аглагт тэнүүчилж явлаа шүү дээ.

-Та шагнал гардахдаа ямар үг хэлэв?

-Зохион байгуулагчдын зүгээс надад
товч бөгөөд тодорхой үг хэлэхийг зөвлөсөн болохоор би юун түрүүн Монголын нийт яруу
найрагчдын өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, дараа нь яруу найргийн тухай
өөрийн бодлоо цөөн үгээр хэлсэн. Тэгсэн чинь Японы Осака хотоос ирсэн яруу найрагч
эмэгтэй дараа нь надтай уулзаж ярилцахдаа “Таны хэлсэн үг тэр чигээрээ яруу найраг
байлаа” гэсэн шүү. (инээв.сур) Бас үндэсний утга зохиолын шагнал авсан залуу зохиолч
индэрт гараад “Би их сандарч байснаа Монголын яруу найрагчийн үгийг сонсоод тайвширчихлаа”
гээд хэдэн үг хэлж байснаа дахин сандарч, толгойгоо илсэнээ “Ер нь шүлгээ л сайн
бичье дээ” гэж хэлчихээд тайзнаас буухад хүмүүс бөөн инээдэм болсон. Олон улсын
нэр хүндтэй шагналыг надад Гён Сан Ду аймгийн Хурлын дарга өөрийн биеэр гардуулсан
даа.

-Фестивалийн цар хүрээ хир өргөн
хэмжээнд явагдаж өнгөрөв дөө?

-Үндсэндээ Монгол, Солонгос, Хятад,
Япон гэсэн Азийн дөрвөн орон оролцлоо. Солонгос орны зүг бүрээс олон найрагч хуран
чуулсан нь их сайхан байлаа. Эхний өдрийн үдэш Сөүл хотод цомхон арга хэмжээ зохиож,
цөөн тооны хүн урьдаг юм байна. Гадаадын төлөөлөгчид, БНСУ-ын Зохиолчдын хорооны
дарга, Яруу найргийн холбооны тэргүүн, шүүгчдийн бүрэлдэхүүний ахлагч, бас Солонгосын
яруу найргийн төлөөлөгчид. Яруу найргийн холбооны тэргүүн нь яруу найрагч Ким Дал
Жиний нэрэмжит сангийн ерөнхийлөгч Чой Дон Ху. Энэ сан өнгөрсөн жил БНСУ-ын шилдэг
сангаар шалгарсан юм байна. Ерөнхийлөгч Чой Дон Ху цомхон арга хэмжээг нээж цөөн
үг хэлэхдээ энэ удаагийн шагналыг Монголын яруу найрагч хүртэх болсныг албан ёсоор
зарласан. Дараа нь яруу найрагчид шүлгээ уншиж, бас шүүгчдийн багийн ахлагч тайлбар
хийсэн. Тэр хэлэхдээ “Монголын яруу найрагчийн хувьд бид маш сайн судалсан учраас
санал нэг байсан. Хятадын яруу найрагч модернист шүлэгтэй. Өрнөдөд, ялангуяа Франц,
Испанид их алдаршсан. Хятадаасаа бас олон шагнал авсан хүн. Японы яруу найрагч бол
Осака хотын яруу найргийн шинэ хөдөлгөөний тэргүүн, сэтгүүлийн эрхлэгч, бас өөрийн
гэсэн яруу найргийн сантай” гэх мэтээр тайлбарлаж байна лээ. Фестивалийн хамгийн
сайхан мөч нь шагнал гардуулах ёслолын маргааш Ким Дал Жин найрагчийн гэр музейд
зохиогдсон арга хэмжээ. Энэ арга хэмжээ “Монголын яруу найргийн тухай” миний илтгэлээр
эхэлж, дараа нь яруу найрагчид шүлгээ уншицгаасан. Мөн Ким Дал Жин найрагчийн тосгоныхон
бидэнд өөрсдийн гараар идээ бэлтгэж, зоог барьсан нь сонирхолтой байлаа.

-Ноднин жил та Дэлхийн яруу найргийн
академиас нэг нэр хүндтэй шагнал хүртэж байсан санагдах юм?

-Өнгөрсөн жил АНУ-ын Калифорни мужид
бүртгэлтэй ЮНЕСКО-гийн дэргэдэх Дэлхийн урлаг, соёлын академиас зохион байгуулдаг
Дэлхийн яруу найргийн ХХХV их хурлаас намайг шилдэг яруу найрагчаар шалгаруулсан
юм. Энэ шагналыг “Дэлхийн яруу найргийн антологи”-т орсон шүлгүүдээс Удирдах зөвлөлийн
гишүүдийн нууц санал хураалтаар шалгаруулж, хаалтын ажиллагаан дээр зарладаг юм
билээ. Хаалтын ажиллагаан дээр зарласан учраас батламж нь араас ирж, Г.Мэнд-Ооёо
найрагч надад өөрийн биеэр гардуулсан даа. Англи, хятад, испани хэлт яруу найрагчдын
шүлгүүдийг шүүгээд надад “Англи хэлт яруу найргийн ялагч” гэсэн утга бүхүй батламж
ирүүлсэн. Миний шүлгүүд англи хэл дээр орчуулагдсан байсан учраас тэр л дээ. ХХХV
их хурлаас А.Эрдэнэ-Очир найрагчид “Гарамгай яруу найргийн төлөө” алтан медаль олгосон.
Энэ медалийг өмнө нь Ц.Бавуудорж найрагч бас хүртсэн байдаг юм.

-За тийм байж. Яруу найргийг та
чухам юу гэж ойлгодог вэ. Хэдэн наснаасаа анх шүлэг найрагтай хувь заяагаа холбов?

-Энэ ертөнц өөрөө тэр чигээрээ яруу
найраг гэж би ойлгодог хүн. Анзаарч, мэдэрч чадвал бүх юм нь яруу найраг. Тиймээс
жаргал, зовлон хоёр дээр тогтдог энэ ертөнцийн тэнцвэр нь яруу найраг юм байна гэж
боддог болсон шүү. Намайг анх энэ зүгт хөтөлсөн хүн бол нутаг усандаа “Үлгэрч Банди
багш” гэж алдаршсан авга ах Г.Банди агсан. Авга ахынхаа ярьдаг шидэт үлгэрүүдийг
багадаа сонсох бүртээ өөр ертөнц рүү хөтлөгдөж, сургуульд оронгуутаа номонд дурлаж
эхэлсэн. Гэхдээ зохиол бичнэ, яруу найрагч болно гэж хэзээ ч бодож явсангүй. Нэг
л мэдэхэд бичсэн анхны шүлэг минь оюутан цагийн шүлэг. Энэ шүлгээ алс баруун хязгаарын
Хархираагийн уулсаа, бас ээжээ санаж бэтгэрэхдээ бичсэн дээ. Тэгэхээр энэ нь санагалзаж
тэчьяадсан сэтгэлээс тэсэлгүй алдуурсан үгс байсан гэсэн үг.

-Энэ жил хилийн чинадад явах нэлээд
даллагатай байв уу. Цахим ертөнцөд Оросын Бийск хотод явсан зураг тань тавигдсан
байсан?

-Бийск биш ээ. ОХУ-ын Хакассын нийслэл
Абакан орж, тэндээсээ цаашаа Саяногорск хүртэл явсан юм. Би ерээд оны эхээр хил
гарч, Тувагаас цаашаа Саяаны нурууг хэд хэдэн удаа давж байсан л даа. Гэтэл энэ
жил яагаад ч юм тэр зүг намайг даллаад болдоггүй. Тэгээд л явсан. Өмнө нь би дандаа
Ак-Довуракаар дайрч, баруун Саяанаар давж байсан бол энэ удаа Кызылээр дайрч, зүүн
Саяаны уулсыг давсан. Саяан гээд байгаа маань Сүбээдэй баатрын нутаг, Д.Нацагдоржийн
“Миний нутаг” шүлэгт байдаг Соёны нуруу шүү дээ. Тэндээс эргэж ирээд Хархираа ууландаа
хэд хоног амраад Улаангом орсон үдэш гэнэт Солонгосоос утасдаж, шагнал авах болсон
тухай албан ёсоор мэдэгдсэн. Ер нь би уул ус, тэнгэр хангайдаа их сүсэгтэй хүн.
Жил бүр уулсаа зорьдог. Уулсаа зорьсон аялал бүхэн надад их эрч хүч, онгод хийморь
өгдөг юм.

-Та Монголын яруу найргийн мөнгөн
үеийн гол төлөөлөгчдийн нэг яах аргагүй мөн. Монголын утга зохиолд туурвиж яваа
үеийнхнийхээ талаар хүүрнээч?

-Тэр бүр уулзаж учраад байдаггүй
ч гэсэн би үеийнхэндээ бүгдэд нь хайртай. Ер нь шүлэг бичдэг гэсэн нэр хаягтай бүх
хүнийг хүндэлж явдаг. Надад нэг ийм бодол байдаг юм. Бичиж л байгаа бол тэр хүн
яруу найрагч. Илэрхийлэх хэлбэр нь чанга, сул, тод, бүдэг, энгийн, гүн ямар ч байж
болно. Гэхдээ л тэр чинь тухайн хувь хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл шүү дээ.
Шүлэг байтугай өргөдөл бичиж чаддаггүй албан хаагчид өнөөдөр Монголд олон байна.
Тэгэхээр баргийн хүн шүлэг бичиж чадах нь байтугай уншиж чадах эсэх нь ихээхэн эргэлзээтэй.

-Ерээд онд Монголын утга зохиолд
хүч түрэн орж ирсэн “Зүс бүгэг” андуудынхаа талаар дурсаач…

-“Зүс бүгэг андууд” ном үнэндээ
гэнэтийн тэсрэлт, үзэгдэл байсан. Тухайн үед Монголд нийгмийн хувьд ч том тэсрэлт
болсон шүү дээ. Гэхдээ энэ ном бичигдэх бэлтгэл шат нь яах аргагүй Д.Урианхай найрагчийн
шүлгүүд. Тэгэхээр энэ номыг цагаа олж гарсан ном гэж хэлж болно. Андуудын хувьд
одоо хааяа нэг тааралдах, утсаар ярихаас өөрөөр уулзалдах завгүй л яваад байгаа.
Гэтэл нэг маань тэнгэрт хальчихлаа. Өнгөрсөн жилээс хойш утга зохиол судлаач Ш.Баттөр
“Зүс бүгэг андууд”-ын тухай баримтат кино хийх санаатай яваад байгаа. Гацаа нь нөгөө
л мөнгө төгрөг. Бид өөрсдөө ч тэр хүнд тус дэм болж амжихгүй л явна.

-Өнөөдөр дэлхийн болоод Монголын
яруу найргийн чиг хандлага чухам хаашаа явж байна гэж та боддог вэ?

-Тойргийн онол гэж нэг юм байдаг
юм. Энэ нь хүн зун болохоор намрыг үгүйлж, намар ирэхээр өвлийг хүлээдэгтэй төстэй.
Гэтэл хавар болж, дараа нь дахиад л зун ирдэг шүү дээ. Яруу найргийн чиг хандлага
өнөөдөр яг ийм байдал руу явж байна. Модернизм, постмодернизм яван хуучирч, хүмүүс
эргээд энгийн үнэн, цэвэр сэтгэл, дотоод ахуй руугаа өнгийж эхэлж байх шиг. Ер нь
сэтгэлгээний хүнд хэлбэрийн урсгал, чиглэлүүд дайн самууны үе, нийгэм-эдийн засгийн
гүнзгий хямрал, сэтгэхүйн доройтол, оюун санааны уналтын үед хүчтэй илэрдэг юм шиг
ээ. Одоо бол харьцангуй амгалан үе явж байна. Тиймээс хүмүүс сайн сайхныг хүсэж,
байгаль руугаа тэмүүлж, нүсэр иргэншлээс залхаж эхэлж байна. Үүнтэй зэрэгцээд яруу
найраг ч бас энгийн болж байх шиг санагдаад байгаа. Залуудаа миний анзааралгүй өнгөрөөсөн
Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдийг одоо уншихад тэр чигээрээ гэрэл гэгээ. Японы Осака
хотын яруу найрагчид гэхэд л Токиогийн яруу найргийн тигтэй зөрчилдөж “Яруу найраг
заавал уламжлалд баригдах ёсгүй. Бас товч бөгөөд энгийн байх ёстой” хөдөлгөөн өрнүүлж
ихээхэн амжилт олж байгаа гэсэн шүү. Өнөөдөр дэлхий өөрчлөгдөж байна. Энэ нь оюунлаг
тал руугаа хандсан өөрчлөлт. Хөгжсөн орнууд иргэдээ боловсруулах, гэгээрүүлэх бодлого
эрчимтэй явуулж байна. БНСУ гэхэд есөн аймагтай. Миний очсон Чанвон хот Гён Сан
Ду аймгийн жирийн хот. Нэг сая хоёр зуун мянган хүн амтай. Япон тэнгистэй хиллэдэг
энэ хот япончуудын анхны довтолгоог няцааж, эзэн хаанаасаа өндөр зэрэглэл хүртэж
байсан түүхтэй. Шагнал гардуулах ёслолын ажиллагааны дараа Ким Дал Жин найрагчийн
“Хайраар…” гэсэн ганцхан шүлгээр монолог, харилцан яриа, бүжиг, этюд, дуу, хөгжим,
шүлгээс бүтсэн бүхэл бүтэн модерн драм тавьж, залуус голдуу үзэж байгааг харахад
ёстой л яруу найргийн хот гэмээр. Пусаны олимп зохиохоос өмнө Солонгос орны нийгэм-эдийн
засгийн байдал тийм ч сайхан байгаагүй юм байна. Харин олимпын дараа л дэлхий нийтийн
анхааралд өртөж, өнөөдрийн хөгжлийн гарц нээгдсэн тухай ярихыг сонслоо. Тэгэхээр
ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилж, амжилттай зохион байгуулсан АСЕМ-ийн цаана
бас ийм холч бодлого, алсын хараа явж байгаа юм биш үү гэж эрхгүй бодогдсон шүү.
Гэтэл бид яаж шүүмжилж, эсэргүүцэж байлаа даа.

-Хаа байсан Баруун Монголын хүн
Дарханд суурьшаад олон жилийг үдэж байна уу?

-Аль хэдийнэ “Дарханы Уянсүх” болсон
шүү дээ. 2002 онд ирсэн гээд бодохоор хэдэн жил болсон байна вэ. Дархан хот, өөрөөр
хэлбэл Бурхантын хөндий надад цалгисан их онгод хайрлаж, бүтээл туурвилын үүдийг
нээсэн нутаг. Бараг л бүх бүтээлүүд маань энэ хотод төрсөн. Одоо би бичсээр л байгаа.
Зогсох талаар бодохыг ч хүсдэггүй. Хэдхэн өдрийн дараа зураач С.Төгс-Оюун эгчийн
чимэг зурагтай “Аниргүй там” өгүүллэгийн түүвэр хэвлэлтээс гарах гэж байна.

-Яруу найрагч хүнтэй уулзаж байж
хайрын тухай асуухгүй өнгөрвөл алдас болох байх?

-Марина Цветаевагийн нэг шад байдаг
даа. “Хайр аймшигтай…” гэж. Надад энэ үг их бодогддог юм. Бас Д.Урианхай найрагч
“Хайр гэдэг чинь яасан аминчхан юм бэ” гэж уулга алдсан байдаг. Одоо бодоход надад
хайрын дурсамж тун бага. Гэхдээ бас “Ярьж болохгүй хайр” гэж байдаг шүү дээ. (инээв)

-Алтан жүнзэн дэх мөнгөн дарсыг
аль хэр хүртэж байв даа?

-Равжаа хутагт, Д.Урианхай ах, Д.Нямсүрэн
найрагч шиг архийг рашаан болгож хүртвэл түүн шиг сайхан юм хаа байхав. Бас манай
Чилаа, Бавуу хоёр байна. Гэтэл бид яадаг билээ. Юу юугүй сагсалзаад л. Миний яаж
уудаг байсныг зарим нэг нь доторлоно. Чи бол гадарлана. Одоо бол бараг больсон доо.
Ууж идэхээ багасгангуут ууж яваа хүмүүстээ санаа зовж эхлэх юм. Б.Баттулга, Ц.Доржсэмбэ
хоёрын төлөө би үргэлж санаа зовдог. Тусалж чадахгүй мөртлөө тэр шүү дээ. Энэ хоёр
найрагчид орон байр бэлтгэж өгөөд, шүлгийг нь бичүүлээд, архийг нь ч уулгаад чирээд
явчих хөрөнгөтэй, мөнгөтэй хүн Монголд цөөн биш. Харин тийм сэтгэлтэн алга. Хамба
хутагтын шавь, Завханы Идэр сумын уугуул, “Шинэ Ази” группын ерөнхийлөгч Л.Төрбаяр
шиг хүмүүс олон байдаг болоосой гэж боддог шүү.

-Монголын хүүрнэл зохиол өнөөдөр
ямаршуухан түвшинд байна даа?

-Энэ тухай ярих хэцүү. Яруу найргийн
олон ном гарч байгаа ч гэсэн надад баримжаа байна. Харин хүүрнэл зохиолын талаар
тодорхой хэлж мэдэхгүй нь. Бөөн бөөн ном бичсэн лут лут хүмүүс дуулдах л юм. Ялангуяа
өөрсдөө сайн мэдэхгүй байж түүхэн сэдэв рүү хошуурч байна. Заримыг нь хальт нээж
үзсэн л дээ. Тэгээд бид өмнөх үеэсээ ухарч байна уу даа гэж бодоход хүрсэн. Гэхдээ
манай үеийн хэдэн хүн байна аа, байна. М.Эрдэнэбат, Б.Баярсайхан, Т.Баянсан, Б.Золбаяр
гээд л. Г.Аюурзаны “Бөөгийн домог” романыг гүйцэж унших зайнаас манай уншигчид хол
байна. Гэхдээ тэр зүг рүү нь хөтлөх уншигчид цөөнгүй байгаа нь сайхан хэрэг.

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай УИХ-ын ээлжит бус чуулган хаасан болон төсвийн тодотголтой холбоотой асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын Ээлжит бус чуулган өндөрлөлөө. Ээлжит бус чуулганаар улсын төсвийн тодотголын тухай хэлэлцсэн нь эерэг, сөрөг олон асуудлыг бий болголоо. Сөрөг хүчний болон хувь гишүүнийхээ хувьд та үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-“МАН ямар зүйл хийчихэв” гэдэг нь олон нийтэд хангалттай хүрчихлээ. Хүн бүр өөр, өөрийнхөөрөө дүгнэж байгаа байх. Төсвийн тодотголоор далимдуулж эрх баригчид юуг хүссэн гэхээр бүх зардлыг нэг тал руу нь хумиад, үндсэндээ санхүү, эдийн засгийн “эргэлт” хийхийг л хүссэн. Өөрөөр хэлбэл, хуучин явж ирсэн төсөвтэй холбоотой бүх эрхзүйн орчинг тэр чигээр нь өөрчлөх процесс явагдсан. Үүнийхээ шалтгааныг тэд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үед төсвийн сахилга баттай байх ёстой гэж тайлбарлаж байгаа юм. Харамсалтай нь өөрчилж оруулж байгаа тэр зүйл нь нийгмийн болоод сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарчихлаа. Эдийн засаг хүнд байгаа нь үнэн. Гэхдээ бид сүйрсэн хэмжээнд очоогүй.

-Монгол Улсын төсөв нэг байх ёстой. Ардчилсан намын үед таван төсөвтэй замбараагүй явж ирсэн тухай эрх баригчид шүүмжилж байсан?

-Монгол Улс хэзээ ч таван төсөвтэй байгаагүй. Монгол Улс нэг төсөвтэй байсан. Энэ төсвийг хянадаг, зарцуулдаг, орлого олдог, баримталдаг хуультай. Ардчилсан намын үед бодлого өөр байсан. Монгол Улс нэг төсөвтэй гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед хүн амын өрхийн орлогыг тогтвортой байлгах, үнийг тогтворжуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цалин хөлсийг бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалж үлдэх зэрэг олон талын арга хэмжээ авсан нь төсвөөс гадуурх хийсэн зохицуулалтууд. Энэ бүхэн буруу байгаагүй гэдгийг тодорхой харж байна.

Төсвийн орлогын гадуур явж байгаа өрхийн орлогын зээл, хөрөнгө оруулалтын банкны зээл энэ бүх зүйлийг төсөв рүү оруулчихаад хэд дахин нэмэгдсэн тоо хэлж нийгмийг цочролд оруулж, эдийн засгийн “шок” руу хүчээр түлхэж байгааг буруу гэж үзэж байна. Үүнээс болж Монголын эдийн засагт учирч байгаа хохирол, эрсдэл өндөр байна. Хэдэн тоог дураараа хасч, нэмдэг. Түүнийгээ нийгэмд мэдээлдэг, олон улсын зах зээл дээр ойлгомжгүй байдал үүсгэдэг ийм зах замбараагүй байдал руу бид их хурдан яваад орчихлоо. Төсвийг хэрхэн бүрдүүлэх вэ гэхээсээ илүү зарлагыг яаж танах тухайд анхаарсан хуучны социалист арга барил руу эрх баригчид шууд орсон. Төсвийн тодотголын тухайд бол ярих ч юм алга. Олон ч зүйлс нь уналаа.

-Ардчилсан намын үед Чингис бондын мөнгө, түүнтэй холбоотойгоор өнөөдрийн улсын төсөв хүндэрсэн гэх дүгнэлтийг Сангийн сайд мэдэгдэж байсан. Та харин өөр байр суурьтай байгаа харагдсан?

-Ардчилсан намын үед 1.5 тэрбум ам.долларын Чингис бондыг гаргасан. Эрх баригчид янз бүрээр л ярьж байна. Идсэн, уусан гээд л. 1.5 тэрбум ам.долларыг идэж, уудаг Ардчилсан нам ч гэж хаа байхав. Харин энэ бондын мөнгө зээл хэлбэрээр үйлдвэрлэгчдэд очсон юм. Энэ хэдэн замыг холбохоос эхлээд дулааны шугам, сүлжээг засч, сайжруулах, дулааны станцыг барих, эрчим хүчийг нэмэгдүүлэх үйлдвэр үйл ажиллагааны өргөтгөл гээд бүх тооцоолол нь ойлгомжтой, хүний нүдэнд харагдах хийсэн ажилтай. Хүн бүрийн амьдралд бодитой мэдрэгдсэн зүйлийг зүгээр улстөржүүлээд үгүйсгэж чадах ч үгүй. Ардчилсан нам юу хийснийг тэртэй тэргүй ард түмэн мэднэ.

-Бондын зарцуулалт дээр АН буруу бодлого явуулсан талаар эрх баригчид ярьж байгаатай санал нийлэх үү?

-Энэ бүхнийг Ардчилсан нам идэж, уугаад өрөнд оруулсан гэдэг зарын шинжтэй зүйл явуулаад түүнийхээ халхавчин дор ийм явуургүй зүйл хийж байгаа юм. 1.5 тэрбум ам.долларын зээлийг олон улсын захаас тухайн үед 4.5 хувийн хүүтэй авч байлаа. Гэтэл өнөөдрийн Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хариуцлагагүй мэдэгдлийн дараа энэ хүү найман хувь болж өсч, валютын ханш хүртэл саваад гадаад зах зээл дээр сөрөг савлагаа үүсгэж байна. Өнгөрсөн сонгуулиар МАН тултал нь шоудсан. Ардчилсан нам баахан зээл аваад өөрсдөө идэж, уугаад дууссан. Өр нь ард түмний нуруун дээр бууна. Иргэн бүр 15 сая төгрөгийн өртэй. Манай нам энэ өрийг байхгүй болгоно гэдэг амлалт өгөөд сонгогдсон. Орсон айл, очсон сум бүхэндээ үүнийгээ л ярьж явсан. Өнөөдөр бодит байдлыг эргээд харъя. Энэ зээлийг ихэнх нь жижиг, дунд үйлдвэрийнхэн, экспортын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд, уул уурхайнхан өөрсдийнхөө бизснесийг өөд нь татахын тулд авсан. Тухайн үед 4.5 хувийн хүүтэй авсан зээл тэдэнд найман хувийн хүүтэй олгогдож байсан бол өнөөдрийн эдийн засгийн энэ олон хариуцлагагүй үйл явцаас болоод 10 гараад “давхичихлаа”. Найман хувьтай байсан зээлийн эрсдэл үйлдвэр эрхлэгчдэд өнөөдөр 15-16 хувьтай. Дээрээс нь Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр бизнес эрхлэгчдээ асар том эрсдэл рүү чирээд оруулчихлаа. Энэ улс орны амьдралыг зөвхөн татвар төлөгч эсхүл нэг татвараар оруулсан мөнгийг зарлагадагчдын хэмжээнд ойлгож болохгүй. Улс орны эдийн засгийн хөдөлгөгч хүч нь ажил олгогчид болон ажил эрхэлж байгаа хүмүүс. Энэ чинь зөвхөн төсвийн тухай ойлголт биш. Тиймээс ч Ардчилсан намын бодлого хатуу байсан юм.

-Яагаад энэ бүхнээ нэг төсвийн хүрээнд хийчихэж болоогүй юм бэ. Үүнээс гадна Ардчилсан намын “Сайн” хөтөлбөрүүд ч гэсэн өнөөдрийн төсөвт дарамт болоод байгаа юм биш үү?

-Нэгдүгээрт, төсвийн бодлого байх ёстой. Төсөв бол төсвийнхөө хүрээнд л явна. Төрийн байгууллагууд төрийн хөрөнгө оруулалттай холбоотой илүү юм руу битгий ороорой, байж болохгүй. Төсвийн эрх мэдлийг, Монголын бүх мөнгийг төрийн уутанд цуглуулаад буцаан тараах хэлбэр нь авлигыг л өөгшүүлдэг, тиймээс буруу гэж. Монголбанк анх удаа мөнгөний бодлогыг өрхийн орлоготой зохицуулах хэлбэр рүү орсон. Энэ нь “Сайн малчны зээл”. Монголын 60 мянган малчин өрх энэ зээлд хамрагдсан шүү. Өрхийн орлого, хэрэглээгээ зөв, зохистой зохицуулдаг, зээл аваад хариуцлага хүлээдэг хэлбэрт шилжсэн юм. Түүнээс биш зээл төсөвтэй уялдах ёсгүй. Төсвөөс зээл олгох ойлголт байж болно. Гэтэл төсөв рүү төвлөрүүлээд буцаагаад зээл олгоно гэдгийг огт ойлгохгүй байна. Яавч тэгж болохгүй. Ипотекийн зээл ч ялгаагүй. Монголбанкны мөнгөний бодлогоор дөрвөн хувийн зээлийг арилжааны банкуудад өгч, арилжааны банкууд найман хувийн зээлийг бий болгосон. “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хашаа” яг тэр хэлбэрээр явах байсан. Энэ чинь эргэн төлөгдөх нөхцөлтэй. Иргэн хүн өөрийнхөө орлого, хөрөнгөөрөө баталгаажуулж зээл авч байна. Энэ төсөвт ямар хамаатай юм. Буруутгахын тулд хэдэн тоо нэмж, хасч зарлахын тулд төсөв рүү хийж байгаа бол туйлын хариуцлагагүй үйлдэл.

-Хөгжлийн банкны зээл ч гэсэн улсын төсөвт дарамт болоод байна гэх юм?

-Хөгжлийн банкны зээлийн тухай бас л ярьж байна.

Энэ зээлийг олон арван үндэсний үйлдвэрлэгчид, уул уурхайнхан авсан. Энд танай, манай намын ялгаа байсан гэж би огт харахгүй байгаа. Хэн хэдийг авсан тоо нь тодорхой. Тухайлбал, экспортын үйлдвэрлэл эрхлэхээр 131 аж ахуйн нэгж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл 210, 714 жижиг, дунд үйлдвэрлэгч энэ зээлд хамрагдсан байна. Ямар олон аж ахуйн нэгж зээлд хамрагдаа вэ. Эдийн засгийн энэ бүх хариуцлагагүй үйлдлээс болоод энэ зээлийн үнэ цэнэ өндөр болсон. Энэ бүхэн хэнд ашигтай юм. Хэнд ч ашиггүй. Тиймээс ч зээлтэй холбоотой асуудлыг төсөв рүү оруулж, улстөржиж, нийгэмд зарлаад л. Бүх мөнгөн дүнг төсөвтэй нийлүүлж, нийгмийг шоконд оруулаад л. Энэ бүхний цаана Ардчилсан нам ийм их мөнгийг идэж байсан юм байна шүү гэж ойлгуулах гэсэн далд санаа л агуулагдсан.

-Татвар нэмнэ, тэтгэвэр тэтгэмж хасна, хасахгүй гээд эргэж буцсан олон шийдэл ард түмнийг нэлээд цочирдуулаад авлаа?

-Татваруудыг нэмнэ, хөрөнгө оруулалтаа танана, орон тооны зардлаа цомхотгоно. Өнөөдрийн эдийн засгийн орчин үүнийг яагаад ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь Монголын эдийн засаг маш өргөн цар хүрээнд тэлчихсэн. Энэ тэлэлт зөвхөн төсвийн хүрээнд биш. Хөрөнгө оруулалт, хувийн бизнес, худалдаа үйлчилгээ, хүний хэрэглээ гэх мэт. Харин үүнийг нийгмийг цочролд оруулж хүчээр “агшааж” болдоггүй. Эрх баригчдыг их буруу хөл дээрээ босч дээ л гэж харж байна. Чуулган дээр ийм л зүйлийг хэлсэн. Өнөөдрийнхөө хэрэгцээнд чадан, ядан амьдарч байгаа иргэдийнхээ халаас руу төр хуулиар далайлган дайрч болохгүй гэж.

-Та нар хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг туулна шүү гээд чуулганы танхимд хэлээд байсан чинь ийм учиртай юм уу?

-Тийм. Өнөөдрийн эрх баригчид хүссэн, хүсээгүй Ардчилсан намын туулсан зовлонг адилхан туулна. Хамгийн гол нь дахин хэлэхэд, эдийн засгийг улстөржүүлж болдоггүй зүйл. Эдийн засгийн энэ хүндрэлийн үед Засгийн газрын гишүүн, төрийн сайд болчихоод асуудалд улс төрийн хандлагаар хандаж байгаа нь буруу. Чи хэрэв төрийн сайд болсон бол асуудлыг эдийн засгийн үр өгөөж, Монголын ард түмний нийтлэг эрх ашиг талаас нь урагш харах ёстой. Түүнээс биш хэн нэгэн дайсантай тэмцэх талаас нь харж болохгүй. Асуудалд ингэж хандсан нь эрх баригчдын том алдаа болсон. Харин яаж энэ орлогыг нь тогтвортой байлгах уу, орлогоо нэмэгдүүлэх үү, зөв зохистой хэрэглээ рүү орох уу гэдэгт ухаанаа уралдуулах цаг үед эсрэгээрээ хийсэн.

-Татвартай холбоотой асуудлуудаа эрх баригчид буцаагаад татчихлаа. Эрх баригчид гаргах гэж байсан алдаагаа засчихлаа гэж ойлгож болох уу?

-Хэдийгээр татвартай холбоотой асуудлаа сөрөг хүчний шахалтаар больсон ч намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан байгаа. Энэ нь дахиад л татвараа нэмэх гэж оролдоно гэсэн үг. Тэтгэмж, тэтгэлэг хасах асуудлуудыг хэвээр нь үлдээчихсэн байгаа гээд олон асуудал намрын чуулганаар яригдах байх.

-Төрийн албаны тухай хуультай холбоотой өөрчлөлтүүдийг та их эсэргүүцэж байсан даа…

-Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулсанд эмзэглэж байна. Төрийн албанд ажиллахыг хуулиар баталгаагүй болгочихсон. Анхнаас нь шүүмжилсэн боловч энэ хуулийг баталчихлаа. Төрийн албаны тухай хуульд гурван чухал зүйлийг өөрчилж хөндсөн нь бүгдээрээ буруу. Нэгдүгээрт, эрх барьж байгаа байгууллага хэрэв бүтцийн өөрчлөлт хийх юм бол төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлөхөөр болсон нь төрийн тогтвортой үйл ажиллагаа, төрийн залгамж халааг үгүй болголоо. Энэ бол ноцтой заалт. Хоёрдугаарт, төрийн албан хаагчийг цагаар цалинжуулж болно гээд заачихлаа. Төрийн албаны ажлыг цагаар хэмждэг ажил биш. Тэдний ажлыг яаж цагаар үнэлэх гээд байгаа юм бэ. Чиний авдаг 800 мянган төгрөгийн цалин чинь баталгаагүй боллоо гэсэн үг. Гуравдугаарт, төрийн албан хаагчийн авах шагнал, урамшууллыг үндсэн цалингийн 40 хувиас ихгүй байх заалтыг оруулчихлаа. Нөгөө асуудал нь 36 сарын тэтгэлэг нь 12 сар болчихлоо. Багш, эмч нарын 36 сарын тэтгэлэг байхгүй болсон. Бид аливаа нэгэн зүйлийг өөрчилж, хасч, танаж болно. Гэхдээ өнөөгийн амьдралын дундаж түвшин ямар хэмжээнд байгааг үргэлж анхаарч, харж байх ёстой. Миний хувьд өнөөдөр төрийн албан хаагчийн 800 мянган төгрөгийн цалинг амьдралын баталгаа гэж харахгүй байна. Хэдэн төгрөгийг нь нэг эрх мэдэлтэй дарга нь өөрийн дураар хасч, шагнал, урамшууллыг нь 40 хувиас илүү нэмэх эрхгүй болгочихлоо. Ингэхээр чинь төрд ажиллахын утга нь хаанаа байгаа юм. Авлигад өртөхгүй байх нөхцөл хаана байна гээд олон асуудлыг энд хөндөж болно.

-Тэгвэл таныхаар яана гэж?

-Энэ бүхнийг эсрэгээр нь хийсэн бол бид дэмжиж болох байсан. Тухайлбал, төрийн албан хаагчдын авдаг цалинг нэмээд хоёр сая болгочихъё гэсэн бол өөр хэрэг. Харин ажилдаа хариуцлагатай байх гэх мэт дараагийн асуудал яригдана. Харамсалтай нь төрийн албан хаагч явж, явж төсвийн тодотголоор хохирчихлоо. Төсвийн тодотголыг бүхэлд нь авч үзвэл хүн бүрт хамааралтай болчихлоо. Яагаад гэвэл оюутны 70 мянга нь байхгүй, сумын амьдралыг тэтгэдэг орон нутгийн хөгжлийн санг нь хасчихлаа, мөнгөний хатуу бодлого гэдэг нэрийн дор Монголбанк даарин дээр давс гэгчээр бодлогын хүүгээ нэмчихсэн. Энэ нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл учруулчихлаа. Энд ер нь бүтэж байгаа зүйл гэж байна уу. Бид нэг л зүйлийг сануулж байсан. Төсвийн тодотголоор битгий оролдоо гэж. Одоо байгаа хүрээнд нь төсвийн алдагдал нь нэг их наяд төгрөг байгаа юм бол түүний зөрүүн дээр нь зарлага, орлогоо бодитой тооцоод баталчих л даа. 2017 оноос тэр хийх гээд байгаа шинэчлэлээ бодлоготой хий. Одоо ингэж нийгмийг бужигнуулж болохгүй гэж.

-Ардчилсан намынхан л идэж уугаад тооцооны хуудсаа Ардын намд үлдээчихлээ гээд байгаа шүү дээ?

-Ардчилсан намд нуух юм байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Шилэн дансны тухай хууль санаачилж, батлуулаад бүх зүйл шилэн болсон. Үүнийг ойлгох нэг нь ойлгоод, шүүмжлэх нэг нь шүүмжлээд явж л байсан. Энэ ганц сарын хугацаанд Монгол Улсад ямар их зүйл өөрчлөгдсөн байна. Гэхдээ энэ бүхнээс өнөөдөр ойлгомжтой нь юу байгаа юм. Ирэх онд амьдрах төсөөлөл энэ хэвээрээ үргэлжлэх юм уу. Энэ улс орныг чинь бизнес эрхлэгчид, үйлдвэрүүд авч явахаас биш төр авч явахгүй. Дөрвөн жилийн дараа байдал ямар байхыг хэн ч таашгүй. Мөрийн хөтөлбөрөө эрх баригчид эхнээсээ л байхгүй болгочихсон. Засгийн газрын бүтцийг хийхдээ л мөрийн хөтөлбөрөө зөрчсөн. Өнгөрсөн дөрвөн жилд “давхар дээлтэй” байна гэж хангалттай л шоолсон. Манай С.Бямбацогтоос авахуулаад МАН-ын бүлгийн дарга байхдаа давхар дээл гэж мөн ч их хашгирсан даа. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээл өмсчихөөд хээв нэг сууж л байна. Хүн тэгж хувирч болохгүй. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн нь талаар болсон. Төрд дандаа ах дүү, танил тал, мөнгөтэй хүмүүс нь дүүрчихлээ. Төрийн алба “нянгар”-уудаар дүүрчихлээ шүү дээ гэсэн шүүмжлэл их байна. Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулах биз. Амлалтууд бүр байхгүй болсон шүү дээ. Цалин, тэтгэврийг чинь нэмэгдүүлнэ, Монголыг өргүй болгоно гэх мэт зөвхөн ард түмний саналыг авах гэсэн хөөсөрсөн сүржин амлалтууд өгч болохгүй. Ард түмнийг улстөржсөн хий, хоосон амлалтаар хуураад амьдраад байна гэдэг бол нэг удаагийн арга л даа. Яахав, тэд эцсийн аргаа л хэрэглэсэн нь тэр байх. Төсвийн тодотгол хэлэлцэхэд л тэдний үнэн нүүр царай гараад ирсэн шүү дээ. МАН-ын мөрийн хөтөлбөрийг би өдөр бүхэн сануулна аа гэж хэлсэн, сануулна. Угаасаа биелэгдэх боломжгүй, худлаа зүйл, ойлгомжтой. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь мөрийн хөтөлбөрийн хүрээнд гэсэн боловч хэт ерөнхий заалттай орж ирсэн. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухайд 381 заалттай хэрнээ дэндүү ерөнхий.

-Яагаад ерөнхий гэж?

-Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дотоодод болон гадаад ертөнцөд мэдээлэл өгдөг анхны эх үүсвэр байх нөхцөлийг хангаж чадаагүй. Ганц тодорхой жишээ хэлэхэд эрчим хүчний асуудалд дэндүү хөнгөн хуумгай хандсан. Тэвшийн говь, Шивээ овоо, III цахилгаан станц дээр түшиглэж дулааны цахилгаан станц барина ч гэх шиг. Цаасан дээр ширхэг зураас ч зурагдаагүй зүйлийг Монгол Улсын Засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт оруулж болохгүй. Дэргэд нь Эгийн голын усан цахилгаан станц гэж бэлэн болсон төсөл хэрэгжээд явж байна. Багануурын дулааны цахилгаан станцын төслийн ажил нь эхлээд явж байгаа. Манай улс эрчим хүчний 20 хувийн дутагдалтай. Эрчим хүчийг төлөвлөхдөө дөрөв биш 10 жилээр төлөвлөнө. Өнөөдөр манай хэрэглээ 20 хувь дутуу байгаа боловч ирээдүйн дөрвөн жилийн хэрэглээ дахиад өсөх магадлал асар өндөр байгаа. Хэрэв 10 жилийн дараахь Монголын эдийн засгийг өөдрөгөөр харж байгаа бол олон асуудал яригдана. Гурван улсын хоорон дахь эдийн засгийн коридор, “Талын зам” төслийн хүрээнд хийгдэх асар олон ажил байна. Мөн хүнд үйлдвэрээ хөгжүүлэх, баяжуулах үйлдвэрээ барих, зэс болон нефть боловсруулах үйлдвэрээ барьчихвал бидэнд асар их эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Үүнийгээ харж төлөвлөхгүй юм уу, өмнөх Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлыг таслан, зогсоох нь зөв юм уу. Энэ төрийн залгамж чанар гэж байх юм уу гэх мэт олон асуудал бий. Эдгээр нь зөвхөн Ардчилсан намын тухай асуудал биш. Улс орны нийтлэг эрх ашгийн талаар ярьж байгаа юм. Маш төлөвлөгөөгүй, зах замбараагүй, бодлогогүй асуудлууд орж ирж байгаа нь энэ 60-хан хоногийн хугацаанд тодорхой харагдчихлаа. Энэ алдаагаа засч, залруулахгүй Ардчилсан нам ийм болгочихсон юм аа, бид буруугүй шүү гээд суух юм уу. Одоо Ардын нам сэлмээ хуйндаа хийгээд, мориноосоо буух цаг нь болсон. Ард түмэн та нарыг ажил хий гэж сонгосноос биш Ардчилсан намынхныг муулаад, сөрөг хүчний байр сууринаас ажилла гэж сонгоогүй юм. Одоохондоо тэд ам авч хадуурч давхидаг омголон адуу шиг л байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Сосорбарам: Авлига, хээл хахуульд идэгдсэн өнөөгийн нийгэмд хүний эрхийг сэтгэл зүй, удам судар, эдийн засгаар нь хохироодог болсон

Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамтай ярилцлаа. Тэрээр өчигдөр хэсэг нөхдийн хамт хэвлэлийн бага хурал хийсэн юм.

-Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгахаар болсон. Та 1990 онд хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэж явсан хүн. Тэр үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар дүр зураг харагдаж байна вэ?

-Хүний эрх, эрх чөлөө тухайн үеэс огтхон ч дээрдээгүй байна. Нийгэм дэх бүхий л асуудал мөнгө, хээл хахуультай холбоотой болжээ. Коммунист дэглэмийн үед шууд яргалдаг байсан. Харин авлига, хээл хахуульд идэгдсэн өнөөгийн нийгэмд хүний эрхийг сэтгэл зүй, удам судар, эдийн засгаар нь хохироодог болсон байна. Мөнхийн шоронд байлгана гэсэн үг байхгүй юу. Шууд алахаас илүүтэй оюун санаагаар нь үхүүлж шоронд байлгадаг болсон байна. Би Э.Бат-Үүлтэй найз. Манайхан гэр бүлээрээ найзууд. Үр хүүхдүүд маань ч бие биедээ ахаа, эгчээ болцгоосон улс. Нөгөө талаасаа монгол хүний жам ёсны үнэ цэнэтэй эрхийг авчрахын төлөө 1990 онд хамт зүтгэж байсан журмын нөхөд. Тэр хүнийг хэн бэ гэдгийг би мэднэ. Тиймээс зөв үйлийн төлөө зүтгэж байсан, гүтггэлэгт өртөж буй найзыгаа чин сэтгэлээсээ өмөөрч байна. Ер нь Э.Бат-Үүлээр дамжаад нэг аймшигтай зүйл харагдаад байгаа юм. Тэр нь үнэний, зөвийн төлөө бор зүрхээрээ амьдарч буй тэр бүх хүний зүрх рүү шагайж буй сталинч, хрушевч бууны амны эсрэг л дуугарч байгаа юм.

-Та гүтгэлэг гэж хэллээ. Гүтгэж байгаа нь хэр үнэний ортой юм бэ?

-Цэвэр гүтгэлэг.

-Та С.Зоригтой ч тэр, Э.Бат-Үүлтэй ч тэр ойрхон харилцаатай байсан хүний нэг. Энэ хоёр хүний хоорондын харилцаа ямархуу байсан юм бэ?

-Нарийндаа бол С.Зориг, Ц.Элбэгдорж гэхчилэн ардчиллын 13 гэж ярьдаг шүү дээ. Бид бие биенийгээ дэндүү сайн мэднэ. Тэр дотор “малыш” Энхтүвшин гэж нөхөр бий. Тухайн үед нууц л байлаа. Одоо бол ил болсон. НАХЯ-наас бидний дунд орж ирээд мэдээлэл авч байсан нөхөр гэдгийг тэр үед гадарлаж байсан. Хожим нь бүр илүү мэдсэн. Биднийг хооронд нь, бие бие рүүгээ арсалдуулж байж Э.Бат-Үүлийг буудаж байна. Би “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт орох үедээ ардчиллын түүхийн нэгээхэн хэсгийг маш бодитой үнэнээр ярьсан. Бид ардчилал гэж дандаа худлаа ярьж байна. Цаг улирах тусам гоёод байдаг зүйл огт биш. Байх ёстой зүйл бодитоороо, байх ёстойгоороо байг гэж ярьсан. “Малыш” гэж хэн байсан, ямар хутгуур байв, НАХЯ-ны ямар хэрэгжүүлэгч байв гэдгийг хэлсний төлөө үгийг нь монтажлаад С.Зоригийг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр алсан юм байна гэх жишээтэй. Энэ удаагийн Э.Бат-Үүлийн гүтгэлэг ингэж эхэлсэн. Би дотроо “Нэг л юм хийх гээд байна. Юу болох юм бол доо” гэж харж байсан. Тухайн үед би дуугараагүй. Чимээгүй харж байя гэж бодож байлаа. Гэтэл өнөөдөр ийм зүйл болж байна. Явцыг нь сайн анхааралтай хараарай. Энэ сарын 9-ний орой Б.Булганыг сулласан. Тэр оройдоо Э.Бат-Үүлд яллагдагчийн дуудлага өгсөн байгаа юм. Сонин байгаа биз. Б.Булган эмэгтэй хүн. Тэр хүнийг яаж тарчлаан зовоож, уландаа гишгэж байсныг мэдэхгүй юм. “Чи зүгээр л Э.Бат-Үүл гээд заачих” гэж чадах улсууд шүү дээ. Ийм муухай арга барилаасаа салаагүй цагт бид ардчилал гэж ярих утгагүй. Тиймээс би юу гэж дотроо бачимдаад байна вэ гэвэл Монголд ардчилал гэж байдаг бол, Ардчилсан нам гэж байдаг бол шинэчлэгдэх ёстой. ҮЗХ гэдэг бол ерөөсөө биш байгууллага. Мөнгөнд идэгдэж, даргыгаа тахин шүтсэн л газар. Тэд шинэчилж чадахгүй. Шууд зарлаад их хурлаа хуралдуулах хэрэгтэй. Их хурлыг сум, багийнханд ч нээлттэй байлгах ёстой юм.

-Э.Бат-Үүлийг мэдээлэл хийхийн өмнө та холбогдсон уу. Юу гэж байх юм?

-Яллагдагчаар татагдахаас нь хоёр, гурван хоногийн өмнө сураг сонссон. Тэгээд найзтайгаа уулзсан. “Юу болоод байна вэ, юу гэсэн үг вэ” гээд ярилцсан. Улаанбаатар хот ямар байлаа даа. Хэзээ байтлаа Улаанбаатар ийм байсан юм бэ. Наад захын жишээ, харгуй замыг нь харчих. Цагдаа, иргэний хоорондын харилцааг хар. Цагдаа чи очиж иргэдэд үйлчил гэдэг Засаг дарга байлаа шүү дээ.

-Танд юу гэж байх юм?

-Мань эр бол өөрөө “Өө гайгүй байх. Шуугиан дэгдээж байгаа байх. Хууль зөрчиж болохгүй. Хуулиас гадуур зүйл яваад байна. Харзнаж байя” гэсэн. Гэвч удаан хараад хэрэг байна уу даа, хөдлөх хэрэгтэй гэж зөвлөсөн. Би одоо хэлж байна, ийш тийшээ хамаагүй битгий яваач гэж. Үр хүүхдээ ч гэсэн хамгаалах хэрэгтэй. Яаж ч мэдэх хүмүүс бий. Мөнгөтэй болсон хүмүүс юу ч хийж, яаж ч мэднэ. Энийг сануулж хэлсэн. Гэтэл надтай уулзсанаасаа хойш хоёр хоногийн дараа хэвлэлийн бага хурал хийж олонд мэдээлсэн. Юу болоод байгаа талаар хэлэхгүй бол болохгүй шүү дээ. Юу ч яриулахгүйгээр аваад явчихвал яах юм бэ. “Малыш”-ыг гэр бүлээрээ хоол идэж байхад нь тэгээд л аваад явчихсан шүү дээ. Тэрэн шигээ зүйл хийвэл хийнэ шүү дээ. Ер нь бүх процесс санаатай явагдаад байгаа. С.Зоригийн эхнэрийг тамлаж тамлаж гаргачихаад тэр оройдоо Э.Бат-Үүлд бичиг явуулж байх жишээтэй.

-Юу юугүй л хэвлэлийн хурал хийж олон нийтэд хандаж байгаагаас нь харахад их айсан мэт харагдаад байгаа. Монгол Улсын баатар хүн ингэтлээ айж сандраад байх хэрэг бий юу?

-Баатар байх энд ямар ч хамаагүй шүү дээ. Баатар хүн дуугүй байж байгаад сүйрэх үү. Энд баатар байна уу, төрийн хүн байна уу гэдэг огт хамаагүй. Хүн нь л өөрөө хэрэгтэй. Хүн болгонд таалагдах ч алба байхгүй. Манайхан баатар хүн тийм байх ёстой, төрийн шагналтай хүн ийм байх ёстой гээд нэг загварт оруулах гээд байдаг. Ёстой юм энэ хорвоод байдаггүй юм. Харин ч ёсгүй нь их байдаг юм шүү. Тийм учраас Монголын ард түмэн ёстой зүйлд битгий баглагдаад бай, ёсгүй юм гэж бас байдаг юм гэж хэлмээр байна. Ёсгүй юмнаас ёстой гэдэг нь ёсзүйг эвддэг юм. Тийм учраас ёсгүй дотор зөв сэлж гар гэж хэлэх дуртай.

-С.Зоригийн хэрэг сөхөгдөх бүрт л хамгийн түрүүнд Э.Бат-Үүлийг хамаатуулаад байдаг. Ямар учиртай юм бэ?

-Тэр үйл явдал болсны дараа Ц.Элбэгдорж тэргүүтэй найз нөхөд, улс төрийнхөн очсон. Э.Бат-Үүл хамгийн дотнын найзынх нь хувьд мэдээж хэрэг яваад очно. Хэн ч байсан санаа зовоод очно биз дээ. Гэтэл гай болж малгайгаа мартчихсан. Мартамхай зан нь бүр багынх. Унаган зан нь ч гэж хэлж болно. Хэрэг сөхөгдөх бүрт Э.Бат-Үүлийн малгай гэж яриад байдаг. Ороод гарахдаа мартсан малгайнаас болж толгойг нь онилоод байна.

-Хэрэгтэй холбогдуулан Э.Бат-Үүлийг шалгаж байгаа нь анхных биш. Зүгээр нэг сүрдүүлэг байдаг юм болов уу?

-Сүрдүүлэг, хэлмэгдүүлэлт хоёр ер нь бол адилхан. Улс төрийн байр сууринаас нь холдуулах, улс төрийн карьерыг нь болиулах гэсэн холын гар орж ирчихээд байна. Дандаа өөрөөсөө өндөрт байгаа хүндээ атаархаж байдаг шүү дээ.

-Э.Бат-Үүлийг гэхээсээ илүүтэй Ардчилсан намын лидерийг унагах гэсэн шоу юм болов уу гэх хардлага бас байна?

-Тийм шүү дээ. Сонгуульд ялалт байгуулах, өрсөлдөгчгүй болгох гэсэн л санаа. Ерөнхийлөгч, намын даргад Э.Бат-Үүлтэй тэнцэх хэмжээний удирдагч Ардчилсан намд одоо байхгүй болсон. Ц.Элбэгдорж найман жил Ерөнхийлөгч хийгээд хугацаа нь дуусах дөхөж байна. Одоо Үүлээс өөр лидер байхгүй. Мэдээж хэрэг Баабар, Ганболд нар улс төр рүү орохгүй юм шиг байна лээ. Тэд бүгдээрээ Бат-Үүлийг өмөөрнө, зүтгүүлнэ. Хэрвээ Ерөнхийлөгч болчихвол асар их гэрэл гэгээ, ёс зүй ярина. Хуйвалдаан ихтэй нийгэмд энэ хүн гай болно гэдгийг мэдэж байгаа болохоор байхгүй болгох гээд байна. Би юу юуны түрүүнд ингэж харж байгаа. Тэр байтугай Э.Бат-Үүлийг МоАХ-ноос өмнө “Шинэ үе” гэж улс төрийн бүлгэм байгуулаад явж байхад НАХЯ дээр дуудаж авчраад алах ял өгнө гэж хашгирч байсан.

-Найз нөхдийн хувьд та өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгч байна. Цаашид хэрэг улам хүндэрвэл яах вэ?

-Би бол тэвчихгүй. Цаашаа ямар арга зам байна, тэр хүртэл явна. Олон улсын байгууллагад хандана. Арбитрын шүүхэд хандана. Хандаж ч эхэлж байгаа. Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ. Одоо гадагшаа явчихсан байгаа ч гэлээ мэдээлэл авч л байгаа. Хууль цагдаагийнханд шаардлага хүргүүлээд хариугаа авна.

-Та хоёр анх яаж танилцаж байсан юм бэ?

-МоАХ анх байгуулагдах гээд дуншиж байсан үе л дээ. “Залуучууд” зочид буудалд дугуй танхим гэж байсан юм. Тэнд цугларч хуралдахдаа зохицуулах зөвлөл байгуулъя гэсэн байдаг. Тэр үед Э.Бат-Үүл “Д.Сосорбарам гэж жүжигчинг оруулъя” гэсэн юм билээ. Бие биенээ таньдаггүй байсан үе л дээ. Дараа нь танилцсан хойноо тухайн үед яагаад миний нэрийг дэвшүүлж байсан юм бэ гээд ярилцсан. Гэтэл “Амьдралын нахиа” кино гарсны дараахь ярилцлагыг үзсэн байгаа юм. Тэр үед би манай систем угширмал байна, өөрчлөхгүй бол болохгүй нь гэхчилэн ярьсан. Тэр яриа Э.Бат-Үүлд их таалагдсан гэсэн. Өөрийнх нь үзэл бодолтой нийлэхгүй юу. Тэгээд л бид найз нөхөд болсон. Сайхан үйл хэрэг, шинэчлэл өөрчлөлтийн төлөө нийлж найз нөхөд болсон. Зүгээр нэг ширээний ард ганц, хоёр шар айраг ууж найзлаагүй. Их ондоо зорилгын төлөө явж байхдаа л найзалж эхэлсэн.

-Улстөрч биш эр хүнийхээ хувьд ямар хүн бэ?

-Хүнд ховор чанар байдаг. Тэр болгон хүн заяагаад байхгүй сайхан чанартай. Хэн нэгнийг гундаж, ядарч явахад нь үргэлж гараа сунгадаг зантай. С.Цогтсайханд бол их тус болсон. Үр хүүхдийг нь байнга анхаардаг. Ер нь бидний нөхөд бие биедээ туслах чин сэтгэлтэй. Байр орноос эхлээд туслах зүйл олон тохиолдоно.

-С.Зориг агсан үгүй болсны дараа та бүхэн найз нөхдөөрөө суугаад ярилцсан л байх. Юу болоод өнгөрөв өө гэж. Чухам юу гэцгээж байв. Янз бүрийн хардлага, таавар их л байсан байх?

-Үнэндээ учраа ч олоогүй. Дараа нь их битүү хэрэг болчихсон. Таахын арга байгаагүй. Тэгсэн юм болов уу, ингээ болов уу гэж ярих гэхээр л хүн буруу хардаад яахав гэж бодогдоно. Тэр дундаа Э.Бат-Үүл хүмүүсийн хий хардлагыг зогсоож байсан хүн. Гадуур янз бүрийн л яриа байсан даа. “МАХН-ынхан хийсэн” гэхэд Э.Бат-Үүл зогсоож байв. Батлагдаагүй, нотлогдоогүй хэргийг хамаагүй ярьж болохгүй. Энэнээс болж ард түмэн хоорондоо хагаралдвал яах вэ гэсэн байр суурьтай байсан. Тэр бүү хэл Н.Энхбаярыг баригдаад явахад “Хэрэг нь нотлогдоогүй байхад хүнийг хэлмэгдүүлж байгаа юм биш үү” гэсэн утгатай зүйл телевизээр ярьж байсан. Шүүхээр шийдэгдээгүй байхад та нар ингэж болохгүй ээ гэж байсан хүн шүү дээ. Уг нь Э.Бат-Үүл, Н.Энхбаяр хоёр тэс өөр үзэл бодолтой хүмүүс. Үзэл бодлын хувьд нийлэхгүй салаа зам ч гэлээ хүнийг ингэж болохгүй гэж дуугарсан хүн. Эндээс Бат-Үүл хэн бэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз дээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагваа: Хойд Солонгос цөмийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилтод гарцаагүй өртөнө

Энэ сарын есний өдөр БНАСАУ дахин цөмийн пуужин харваж дэлхий нийтийн анхаарлын төвд орсон. Солонгосын хойгийн байдлын талаар Стратегийн судалгааны хүрээлэнгийн зөвлөх, Солонгос судлаач, доктор Б.Лхагваатай ярилцсаныг сонирхуулъя.

-БНАСАУ цөмийн пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс энэ явдлыг эсэргүүцсэн мэдэгдэл гаргалаа. Үүнийг бүс нутгийн асуудлаарх шинжээчид юу гэж тайлбарлаж байна вэ?

-Асуудал улам ноцтой болж байна гэсэн дүгнэлт зонхилж байна. Ноцтой учраас холбогдох гол орнууд шууд л нэгдмэл байр сууринд хүрч, дэлхийн хамтын нийгэмлэг бүхэлдээ эсэргүүцэж, зэмлэн буруушааж байна. Өмнөх туршилтууд цөмийн зэвсгийг нь боловсронгуй болгоход чиглэгдэж ирсэн. Харин дараа нь тэр зэвсгийг тээх алсын тусгалтай пуужингуудын туршилтууд хийсэн бол энэ удаад тэрхүү пуужинд байрлуулах цөмийн цэнэгт хошууг туршсанд байгаа юм. Умард Солонгос 2006 оноос хойш цөмийн тав дахь, энэ он гарсаар дунд болон алсын тусгалтай пуужингийн арав гаруй туршилт хийсэн. Туршилтуудын хоорондох зай нь богиносоод хөнөөх чадвар нь ахиад байгаа нь улс орнуудыг түгшээгээд байгаа хэрэг. Энэ бол технологийн талын асуудал.

Үүнээс илүү ноцтой нь бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож буй явдал юм. Улс орнууд аль болох айх аюулгүй, тайван тогтвортой нөхцөлд хамтаараа хөгжил, дэвшилд хүрэхийн төлөө мэрийцгээж, зүйл бүрээр хамтарч ажиллаж байна. Ингэхийн хэрээр харилцан хамаарал улам гүнзгийрч байна. Гэтэл БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн алхмуудаас болоод бүс нутагт цэрэг, зэвсэглэлээр хөөцөлдөх явдал сүүлийн үед илт идэвхжиж, бүр цөмийн стратегийн орчин үеийн шинэ систем байршуулахад хүрээд байна. Бүс нутгийн зарим орнуудад цөмийн зэвсэгтэй болох асуудал ч хөндөгдөж эхэллээ. Тэртэй тэргүй Солонгосын хойг хамгийн их цэрэг, зэвсэглэл төвлөрсөн, хүйтэн дайны үеийн байдлыг хадгалж үлдсэн цэг шүү дээ. Байдал тогтворгүй болоод ирэхээр үл ойлголцол, хардалт сэрдэлт нэмэгдэх нь гарцаагүй. Энэ утгаараа Умард Солонгосын цөмийн үйлдлүүд өдөөн хатгасан, аюулгүй байдалд заналхийлсэн, итгэлцэлд ан цав суулгасан, ард түмнүүдийн аз жаргалтай амьдрал, хамтын ажиллагаанд саад тотгор учруулсан, улмаар бүс нутгийн байдлыг хурцатгасан үр дагаварт хүргээд байна гэж улс орнууд шүүмжлээд байгаа юм.

-БНАСАУ цөмийн хөтөлбөрөө өөрийн улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор, энхийн үйлсийн төлөө хийж буй зүй ёсны зорилт гэж тайлбарладаг биз дээ?

– Өнөө үед аюулгүй байдлыг цөмийн зэвсгээр биш, зузаан түрийвчээр хангадаг юм гэж манай нэг нэртэй улстөрч хэлсэн байдаг. Тэгээд ч цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж, өөрийгөө нээж, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар эдийн засгаа өөд нь татаж, дэлхийн хамтын нөхөрлөлийн хариуцлагатай гишүүн байхыг холбогдох улс орнууд Пхеньянд байнга санал болгодог. Яагаад энэ замыг сонгож болохгүй гэж. Харин ч систем, засаглалаа хадгалж, аюулгүй байдлаа хангах илүү оновчтой ухаалаг арга зам болох ч юм бил үү.

Тодорхой хэлж болох нэг зүйл бол хэрвээ БНАСАУ цөмийн зэвсгээр хөөцөлдөөд байх юм бол улам ганцаардана. Одоо ч ийм байдалд орчихоод байна. Сүүлийн үеийн жишээ л гэхэд Ази, Европын орнууд, Зүүн Өмнөд Азийн орнууд, Зүүн Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтаас БНАСАУ-д хандаж цөмийн хөтөлбөрөө зогсоохыг шаардлаа. Умард Солонгосын эсрэг тавьсан хоригт нэгдсэн орнуудын тоо өмнөх жилүүдээс нэмэгдээд зогсохгүй Ази, Африкийн зарим орнуудын зүгээс БНАСАУ-тай харилцах харилцаагаа эргэж хянаж үзэх, хязгаарлах, түвшинг нь бууруулах, болгоомжлох, нүүр буруулах хандлага гаргаж буй тухай мэдээ сэлт цацагдах боллоо.

Цөмийн зэвсгээс гадна улс орны үндэсний аюулгүй байдалд эдийн засгийн өсөлт мэдээж чухал. Гэтэл хориг болон ганцаардмал байдлаас болж БНАСАУ олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хөрөнгө оруулалт татах боломж хумигдчихаад байна. Нэг үгээр хэлэхэд, өөрийгөө боймлочихоод байна.

-Үйл явдлын цаашдын өрнөлийг ажиглагчид хэрхэн төсөөлж байна вэ?

-Энэ үйл явдалд ерөөсөө эсрэг тэсрэг хоёр л логик үйлчилж байгаа нь тодорхой байна. Нэг нь, цөмийн зэвсэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрүүлэх, нөгөөх нь түүнийг үл зөвшөөрөх явдал. БНАСАУ цөмийн хөтөлбөрөөсөө одоогийн байдлаар татгалзах бодол байхгүй. Цаашид ч цөмийн технологи, чадавхиа улам сайжруулж чамбайруулна гэсэн байр суурьтай байна. АНУ, Япон, БНСУ зэрэг орнууд үүний эсрэг шийдэмгий хариу арга хэмжээ авахаар төлөвлөж, байр сууриа зохицуулж эхэллээ. Энэ зохицуулалтаар БНАСАУ-д үзүүлэх цэрэг, зэвсэглэлийн дарамт шахалт улам нэмэгдэх нь. Маргаан дагуулаад байгаа пуужин амдан сөнөөх Америкийн шинэ системийг БНСУ-д байрлуулах ажил шуударч түргэсэх шинжтэй болчихлоо. Бас тавьсан хориг арга хэмжээ чангарна. Урьд нь хоригт ороогүй байсан нефть, шатахуун зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлт, уул уурхай, эрдэс баялгийн бүтээгдэхүүний импортыг хязгаарлах, валютын санхүүжилтийн эх үүсвэрийг нь хумьж хаахаас эхлүүлээд мөнгө угааж болзошгүй найдваргүй орон, террорист үйлдлийг дэмжигч улсын жагсаалтад БНАСАУ-ыг эргүүлж оруулна. Зарим эрх баригчид, холбогдох байгууллагыг хүний эрх ноцтой зөрчсөн хэрэгт холбогдуулах хүртэл олон талын нэмэлт арга хэмжээнүүд багтаж болзошгүй. Өөрөөр хэлбэл, цөмийн өдөөн хатгалгыг нь тогтоон барих цэрэг стратегийн шахалт, эдийн засгийн хориг, хүний эрхийн асуудал, Умард Солонгосын олон нийтийг гадаад мэдээ мэдээлэл хүлээн авах боломжоор хангах замаар олон нийтэд нөлөөлөхөд чиглэгдсэн зэрэгцээ арга хэмжээнүүд авагдаж магадгүй байна. Хүчирхийлэл хүчирхийллийг төрүүлнэ гэдэг шиг.

Ер нь цөмийн зэвсгийн асуудлаас болж Пхеньян өөр дээрээ гал татаад байх шиг. Хэрвээ цөмийн зэвсэг хэрэглэвэл хариу цохилтод гарцаагүй өртөнө. Амиа хорлоно л гэсэн үг. Тийм болохоор цөмийн зэвсгээр хөөцөлдөөд хожих юм юу ч байхгүй. Хожихоосоо алдах нь хавьгүй их байх болно. 1950-1953 оны Солонгосын дайнд ялагч байгаагүй, хохирол, сүйрэл л сургамж болон үлдсэн.

-Энэ онд АНУ-д, ирэх жил БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. БНАСАУ анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Үүнийг яриа хэлэлцээ сэргэх боломж гэсэн утгаар асууж байна л даа.

-АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама 2009 онд гол гурван дайсантайгаа “гар барих болно” гэж мэдэгдэж байсан. Тэр гурав нь Куба, Иран, БНАСАУ байсан. Ямартай ч Кубатай хагас зуун жил тасарсан харилцаагаа сэргээчихлээ. Ираны цөмийн асуудлаар тохиролцоонд хүрээд харилцаа нь хэвийн болох тийшээ хандаж байна. Харин харамсалтай нь БНАСАУ-ын асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэх болж байх шиг байна. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ ч Умардад хандаж чамгүй олон санал санаачилга тавьсан.

Буланд шахахаас өөрөөр асуудлыг шийдэх хувилбарууд байлгүй яахав. Яриа хэлэлцээ зөндөө хийгдсэн. Одоо ч үүд хаалга нь нээлттэй байгаа. Харамсалтай нь үр дүн нь өнөөгийн энэ байдал. Тэгэхээр өөрөөр нь ойлгуулахын тулд эцсийг нь хүртэл буланд шахах замаар нэг хэсэгтээ үйл явдал өрнөх бололтой. Үүний хажуугаар байдлыг хэт хурцатгахгүйгээр зургаан талт яриа хэлэлцээгээ сэргээгээд явъя гэсэн санал гарч байна.

Үүнтэй холбогдуулаад эцэст нь нэг зүйлийг зориуд онцолж хэлмээр байна. Солонгосын хойгийн асуудал ямар байх нь зөвхөн Умард Солонгосынх ч юм уу эсвэл Солонгосын хоёр талын асуудал төдий зүйл биш. Пхеньян хар амиа бодох асуудал ч биш. Бас зөвхөн их гүрнүүдийн толгойны өвчин ч биш.

Энэ бол бүс нутгийн бүх улс орон, ялангуяа амьдралынх нь хамтын орон зай болсон энэ бүс нутгийн нийт ард түмэнд шууд болон шууд бус байдлаар хамаатай асуудал. Тэнд байдал тайван байвал энд хамтын ажиллагааны үр өгөөж төдий чинээ нэмэгдэнэ. Энэ нь амьдралд эергээр нөлөөлнө. Ийм болохоор Солонгосын хойгийн асуудалд энэ бүс нутгийн улс орнууд гуравдагч хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас хандаж болохгүй нь тодорхой.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Бат-Үүлийг баривчилсан нь танил тал харсан шинжтэй байна

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тянь-Аньмэний бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй. Ерэн зургаан оны сонгуулийн дүнг хэсэг гайхширснаа Оросын хэвлэлд л гэхэд “Монголын хоцрогдсон малчин нүүдэлчид хүртэл коммунизмаас татгалзаж байхад манайд арай ч Зюгановыг сонгочих юм биш байгаа” гэж бичиж байлаа. Харин энэ зуны сонгуулийн дүнг сонсоод жишээ нь Германы “Франкфүртэр Аламайнцайтунг” сонинд бичихдээ “Монголыг ардчиллын жишээ болгож гайхуулаад л манайхан очиж туслаад л хөөрцөглөөд байсан, хаа байна! Төв Азийн тэрхүү хоцрогдсон орон өөрийнхөө байранд ч очиж байгаа биз дээ. Мөнөөх л Киргиз, Узбек, Тажикстан, Азербайжан, Туркменийхээ өрөөсөн гутал л байгаа биз дээ! Болох ёстой юм нь л Монголд болж, тэд өөрсдийн байх ёстой заяаныхаа газраа л очиж, бүс нутагтайгаа нийллээ” гэж дүгнэжээ.

Хэдийгээр энэ оны долоо, наймдугаар сард Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн компанийн шувтаргын тоглолт болж, “Курск” онгоц живж, Москвад бөмбөг дэлбэрч, Малайзад Анвар Ибрахимийг дахин шүүж, Энэтхэгт үер болж, Парист “Конкорд” сөнөж, Колумбид хар тамхины дайн дэгдэж, Киргизэд Бэн Ладэний санхүүжүүлсэн лалын цэргүүд довтолон дэлхийн чихийг дэлдийлгэсэн олон үйл явдал өрнөж буй ч гэсэн ойрноос Монгол хэмээх улсад коммунистууд дахин ялж баривчилгаа явуулж байгаа тухай нэлээд бичих боллоо. Арав хорин жилийн өмнө бол ч ийм сонин сонин биш байж л дээ, харин одоо мөнөөх коммунизм, коммунист гүжирдлэг, коммунист баривчилга зэрэг нь дэндүү ховор зүйл болчихсон болохоор дэлхийн мэдээллийн хэрэгслүүд ихэд олзуурхан шүүрч аваад байх шиг байна.

“Нью-Йорк таймс” сонины наймдугаар сарын 22-ны дугаарт бичихдээ “Саяхан болсон сонгуулиар парламентынхаа бүх суудлыг авсан коммунистууд өш хонзонгийн баривчилга явуулж эхэллээ. Ардчилсан хүчний гол удирдагчдын нэг Э.Бат-Үүлийг өөрийн нөхөр Зоригийн амь насыг егүүтгэсэн хэрэгт холбогдуулан баривчлав. Зориг нь 1998 онд үл мэдэгдэх байдлаар гэртээ алуурчны гарт амь үрэгдсэн юм. Коммунистууд үүнийг ашиглан Ардчилсан хүчнийхнийг энэ хэрэгт холбогдуулан сонгуульд ялсан юм” гэсэн бол “Re­uters” агентлаг “Монголын ардчилсан хүчнийхэн өөрийн удирдагчаа коммунистуудад баривчлуулчихаад шоконд ороод үг ч дуугарч чадахгүй байна” гэж мэдээлжээ. “Лос-Анжелес таймс”, “Зюддойч цайтунг”, “Индепэндэнт”, “Лэ Монд”, “Асахи Шимбүн”, “Вашингтон пост” гээд л энэ дэлхий дээр нөлөө бүхий бүх том хэвлэлүүд дуу дуугаа авалцан “Монгол”, “Махчин коммунистууд”, “Ардчилсан хүчний эрэлхэг хөвгүүн Э.Бат-Үүл” гэсэн мэдээллийг хорвоогоор нэг цацаж эхэллээ.

Ийнхүү мань Бат-үүл Хятадын Шэнь Жин, Малайзын Анвар Ибрахим, Мянмарын Аун Сан Су Чи нарын зиндаанд очиж, Чингис, Хубилай нарын дараа дэлхий даяар алдаршсан монгол хүнээр нэгэнт тодорч эхлэв. Тэрээр удахгүй хүний эрх, эрх чөлөө ардчилал, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч Нельсон Мандела, Лех Валенса, Далай лам, Тереза эх, Мартин Лютер Кинг нарын эгнээнд очин, орчин үеийн дэлхийн бас нэг шинэ домог болон үлдэх хувь заяатай боллоо. Ухаан нь хэдэн жилийн дараа наймаа хийж яваа монгол ганзагачнаас Буркино Фасогийн иргэн гэгдэх хамартаа ээмэгтэй нүцгэн хар авгай “Танай Бат-Үүл гуайн бие сайн уу! Түүнийг муусайн коммунистууд дахиад л хорьчихсон уу?” гэж асууж байх жишээтэй.

Дэлхийн нөлөө бүхий хэвлэлүүд ядуу, бүдүүлэг хоцрогдсон орны чанга дэглэмтэй тэмцээд яваа юм уу, золиос нь болоод хохирч яваа хэн нэгнийг дурсаад магтаад унахаараа орчин үеийн дэлхийд цаадах нь яаж мандан дэвждэгийг бүгдээрээ гадарлана. Нельсон Мандела 25 жил шоронд суусныхаа шанд өнөөдөр дэлхий дээр хамгийн алдартайгаар барахгүй, хамгийн нөлөөтэй хувь хүн болчихсон явна. Польшийн дэглэм Валенсаг гэрийн хорионд хэдэн сар суулгаатахсан чинь цаадах нь Нобелийн шагнал хүртэж удалгүй тэр орны Ерөнхийлөгч болсон. Бирмийн дэглэм Аун Сан Су Чи гэгч авгайг бас л гэрийн хорионд суулгасны төлөө тус улс анхны Нобелийн шагналтантай болоод авлаа. Алдарт физикч Сахаров мэргэжлээрээ биш Горький хотод цөлөгдсөнөөрөө илүү алдаршиж бас л Нобелийн шагнал авсан. Альберт Лютүли, Дэсмонд Түтү, Адольф Эскювэл, Хосэ Рамос Хорта, Карл фон Оссетски гээд л олон хүн өөрийн амьдарч буй дэглэмтэйгээ тэмцсэн буюу золислогдсоныхоо шанд Нобельтой болсон билээ. Ухаан нь Оссетски гэдэг санваартан Гитлерийн дэглэмтэй тэмцээгүй боловч Бухеньвальдад хоригдсон учраас шведүүд түүнийг алдаршуулан шагнажээ. Ригобэрта Мэнчү гэдэг тосгоны авгайг ойр төрлийнхнөөс нь өөр хэн ч таньдаггүй байтал Гватемалын дэглэм түүгээр оролдоод унасан чинь нэг нобельтон дундаасаа төрүүлчих нь тэр. Харин Шэнь Жин Нобелийн шагналд жил дараалан дэвшсээр хариугүй хүртдэгийн даваан дээр хятадууд түүнийг нутгаасаа хөөж Америкт гаргасан учраас хоншоор нь дутсан.

Ингээд мань Бат-Үүл нь Малайзын Ибрахимын хүчтэй өрсөлдөгч болон гэнэт тодорлоо. Анвар Ибрахимыг улсын асар их мөнгө идсэн хэмээн шоронд суулгаж байснаа саяхан буруу хурьцал үйлдсэн хэргээр есөн жилийн ял сонсгосон билээ. Бат-Үүлийг ч гэсэн манай коммунистууд гуанзанд хүн рүү ус цацсан хэргээр шоронд хориод Зоригийг алан хядсан хэргээр үргэлжлүүлэн суулгасан ба тун удалгүй есдүгээр ангид байхдаа багшийгаа зодсон хэргээр ял сонсгох биз. Зоригийн аллагаар нэр цуугаа бадруулан нам байгуулж, сонинд ярилцлага өгч, ном жүжиг бичиж, сайд болж, сонгуульд оролцож, депутат болж тодорсон олон олон хүн бий боловч явж явж хамгийн их хожих хүн нь мань Бат-Үүл л болж таарлаа.

Бат-Үүл ч яахав, Монголын байтугай Төв Азийн анхны Нобелийн шагналтан болж өөрөө дааж чаддаг юм бол алдар суугийн ноён оргилд гарах нь тодорхой. Гэвч энэ нь аль зэрэг шударга хэрэг вэ? Монголд ардчилал буй болоход Бат-Үүл чамгүй үүрэг гүйцэтгэснийг үгүйсгэхгүй. Гэхдээ цөөхөн монголчууд бидний дотроос шилээд авна гэхэд Бат-Үүл хамгийн чухал үүрэг ролийг гүйцэтгэсэн юм гэж үү дээ? Наян найман онд Төв шуудан энэ тэрийн хаалган дээр нууцаар бичиг нааж явсан л гэдэг юм билээ. Ардчилсан намын анхны дарга байсан байх. Өөр түүнд тэгтлээ овойж оцойхоор гийгүүлсэн юм бий бил үү? Даруу бус зан гаргаж буйг минь өршөөгөөрэй, гэхдээ тухайлбал, миний бие энэ нийгэмд Бат-Үүлээс дутахгүй үүрэг гүйцэтгэсэн юм шүү. Тэгэхэд яг шагнал, тэр дундаа Монгол Улсын нэр төрийг дэлхийд дуурсгах Нобелийн шагнал болохоор Бат-Үүлийг сонгож авч байгаа нь дэндүү шударга бус үйлдэл мөн.

Яг баривчлаад нэрийг нь дэлхий даяар дуурсгах дээрээ тулбал, намайг ч оронд нь баривчилж болох л байсан шүү дээ. Талийгч Зоригийг алуулдаг өдрийн өглөө таван цагт намайг Япон руу ниссэн тухай хэвлэлүүд зөндөө шуугьсан. Нэрт улс төр судлаач Эрдэнэтуул ганц Бат-Үүлийг л аллагын захиалагч гэж нэрлээгүй, намайг ч бас дотор нь оруулсан байсан юм шүү. Иймэрхүү улайм цайм сэжгүүд над дээр бэлээхэн байсаар байтал заавал Бат-Үүлийг нэг муу малгай мартсанаар нь далимдуулж шоронд хийн дэлхий даяар алдаршуулж, Нобелийн шагналд тодорхойлж буй нь дэндүү шударга бус байна. “Өнөөдөр” сонины эрхлэгч, мань Бат-Үүл хоёр өвөр түрийндээ орох шахдаг найз нөхөд гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх. “Өнөөдөр” сонин хоёр жилийн турш тэрхүү аллагын жинхэнэ эзэн бол Бат-Үүл гэсэн таамаглал дэвшүүлэн, түүнээ улам баттай болгохын тулд янз бүрийн цуу зохиосоор байгаад цагдаагийнхныг үнэмшүүлж орхисон нь угаасаа Бат-Үүлийг дэлхийд алдаршуулан Нобелийн шагнал олгох гэж эхнээсээ бодсон нууц төлөвлөгөө болох нь батлагдаж байна. Ар өврийн хаалга, сэм хуйвалдаанаар нэгэндээ Нобелийн шагнал олгуулж байгаа энэ явдал бол манай улсын нэр төрийг өргөх биш харин ч унагаж болохоор ноцтой шударга бус үйлдэл юм.

Монголоос Нобелийн шагнал авах анхны хүн бол нэгэнт л улсынхаа нэр төрийг хамт авч явах учраас мэдлэг боловсролтой, хэл амтай, харилцааны соёлтой, харахад нүдэнд дулаахан хүн байх ёстой. Гэтэл Бат-Үүл бол англи, франц байтугай оросоор ч олигтой ойлгодоггүй, багадаа дөчин мянгатад хулигаантаж яваад хамраа муруй болгочихсон, саяхи Малыштай төдийгүй хэдэн жилийн өмнө Рихард Зорге гэгчтэй зодолдож байсан, харилцааны соёлгүй, хар хур гэсэн этгээд билээ. Ийм хүн Монгол Улсыг маань төлөөлөөд тэрхүү нэр хүндтэй шагналыг авчихаар, “цаана нь бүгдээрээ л нэг иймэрхүү хулигаан царайлсан эх хэлнээсээ өөр юм мэддэггүй мангарууд юм байна, энэ монголчууд чинь” гэж дэлхий даяараа бодоход хүрвэл яана. Нобелийн шагналыг дагалдаад цэвэр алтан медаль, нэг сая ам.доллар ирдэг. Энэ их хөрөнгийг зөв зарцуулж, улс орныхоо ядарсан эдийн засгийг өөд татахад хэрэглэх совесть түүнд бий юу? Нөгөө Нобелийн алтан медалийг нь хайлуулаад бөгж хийгээд зүүчихсэн цохиж явбал яана! Нобелийн илтгэл гэж нэг чухал юм байдаг. Энэ илтгэлийг англиар бичиж өөрөө уншдаг ба дараа нь дэлхийн бараг бүх хэлэнд орчуулагдаж цацагдан сурталчлагддаг номтой билээ. Бат-Үүл улс орныхоо нэрийг дуурсгахуйц, хүний сэтгэлд хоногшихуйц, сайхан илтгэл бичиж чадах уу? Нобелийн шагналтанг дараа нь дэлхийн нэр хүндтэй Их сургуулиуд урин лекц уншуулж, доктор цолоороо шагнан алдаршуулдаг. Гэтэл мань Бат-үүл бол юун доктор, уртаашаа л дунд сургуулийн физикийн багш хүн шүү дээ !

Энэ бүхэн ч бас яахав гэж үзье, хамгийн гол нь шударга бус байдлаар түүнийг алдаршуулж байгаа нь дэндүү зарчимгүй хэрэг юм. Алив юманд хэр хэмжээ, логик, зарчим гэж байх ёстой. Ганболд, Гончигдорж, Энхсайхан, уучлаарай, бас би гээд эх орныхоо нэрийг хаана ч нүүр улайлгахгүй аваад явах сайхан залуучууд байсаар байтал очиж очиж Бат-Үүлийг шоронд суулгаж тэр сайхан шагналд дэвшүүлж буй нь шударга ёсыг алдагдуулж байна. Аллагын хэрэгт бидний хэнийг ч холбогдуулан хорьж болох л байсандаг. Шударгаар уралдуулан шүүж тунгаагаад, дараа нь шагналынхаа нэр хүндийг тухайн хүн дааж чадах эсэхийг нь бодолцоод нэгийн нь шалгаруулан авч шоронд хорих ёстой байсан юм. Энэ бүхнээс үзэхэд сая сонгуулиар гарч ирсэн шинэ Засгийн газар эхнээсээ авахуулаад л шударга бус юм хийж эхэлж байгааг ард түмэн үнэн мөнөөр нь ялган, зөвөөр тунгаан шүүх байх гэж итгэж байна.

2000.8.29

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн тусгай зөвшөөрлөөс бусдыг нь Хятадын компаниуд атгаж байна

Таван толгойн нүүрсний ордоос “Гашуунсухайт”-ын боомт хүртэл урт цуваа үүсгэсэн нүүрсний машинууд. Өндөр чанарын коксжих нүүрсийг их хэмжээгээр гаргах улайрлаас болж хүнд даацын тэрэгнүүд осолдох болжээ. 2016.9.12-ны өдөр.

Таван толгойн Зүүн Цанхиас Гашуун сухайтын боомт хүртэл 70-80 тоннын даацтай нүүрс ачсан машинууд эгнэж байна. Оргил үедээ 30 км хүртэл урт цуваа үүсгэж буй энэ хүнд даацын машинуудад ачсан өндөр чанарын коксжих нүүрсний тонн нь 27-хон ам.доллар. Дэлхийн зах зээл дээр, тодруулж хэлбэл, Хятадын далайн боомт дээр 190 ам.доллар хүрч “галзуураад” багагүй хугацаа өнгөрсөн коксжих нүүрсийг зургаа, долоо дахин хямд үнээр тээвэрлэж байгаа нь энэ. Ханш нь огцом өссөн нүүрсийг Таван толгойгоос ийм хямдхан ачиж байгаа учраас 2000 орчим хүнд даацын машин хоёр, гурван км-ийн урт цуваа үүсгэж уралдан зөөхгүй гээд яахав. Товчхондоо, Таван толгойн нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдан авалтыг хятадууд хариуцаж байна. Таван толгойн олборлогч нь Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “TTJVCo”. Худалдан авагч нь Хятадын төрийн өмчит “Чалко” компани. Харин тээвэрлэгч нь “Винсвэй”. Хар үгээр хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс авч цааш нь дамладаг компани. Мөн л Хятадын компани. Өндөр чанарын коксжих нүүрсний арвин нөөцтэй энэ ордын зөвхөн тусгай зөвшөөрөл л Монгол Улсын нэр дээр байна.

Дэлхийн зах зээлийн ханшаас зургаа, долоо дахин хямд нүүрсийг Таван толгойн Зүүн Цанхиас тээвэрлэж байгаа “Винсвэй” компанийн ашиг энэ оны эхний хагас жилд эрс нэмэгджээ. Компанийн хагас жилийн тайлангийн мэдээллийг сонирхъё.

“Винсвэй” энэ оны эхний хагас жилд “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компаниас хоёр сая орчим тонн нүүрс худалдан авчээ. Борлуулалтын үнээ тонн тутамд 475 хонгконг доллараас 495 хонгконг доллар болгон нэмэгдүүлээд авч. “Эрдэнэс Таван толгой”-гоос худалдаж авсан нүүрсний үнийн өөрчлөлт нь харин эсрэгээрээ. 410 хонгконг доллараас 296 хонконг доллар болтол бууруулчихаж. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өсч байхад зууч компаниуд “Эрдэнэс Таван толгой”-гоос авах үнээ бууруулж, ашгаа нэмэгдүүлж чадсан гэсэн үг.

Тайланд нь дурайж буй тоонуудаас “Винсвэй”-н цэвэр ашгийг гаргаад ирэх тийм ч хэцүү биш. “Винсвэй” нүүрс авч, цааш дамласнаараа цэвэр ашгаа тонн тутамд ойролцоогоор 17 ам.доллар болтол нэмэгдүүлж чаджээ. Ердөө хагас жилийн дотор Таван толгойн нүүрснээс 35 сая ам.долларын цэвэр ашиг олсон гээд ойлгочихож болно. Энгийнээр хэлбэл, Таван толгойн нүүрснээс олох ашиг иргэн бүртээ 21 мянган төгрөг тараах гэж “Чалко”-гоос зээлсэн өрөнд биш “ченж” компанийн халаасанд орж байна.

Коксжих нүүрс цаанаа л тийм өндөр үнэтэй болохоос биш наанаа хямдхан байгаа, хилээс цааш далайн боомт хүртэл тээвэрлэлтийн зардал гэж том юм бий гэсэн нухацтай, албаны тайлбарууд сонсогдож байгаа. Тодруулж хэлбэл, “Эрдэнэс Таван толгой”-н борлуулалт хариуцсан захирал “27 ам.долларын үнэ гэдэг бол ямар ч зардал шингээгүй, уурхайн аман дээрээсээ зарж буй ханш. Тийм учраас зах зээл дэх эцсийн үнэтэй харьцуулж болохгүй” хэмээн ярьсан удаатай. Монголын экспортын гол зах зээл болсон үйлдвэрүүд коксжих нүүрсийг тийм хямдхан аваад байна уу, үгүй юу гэсэн асуултын хариуг “China coal resource”-ийн шинжээчдийн мэдээллээс харъя. Бугатын гангийн үйлдвэрүүдийн бүс нутагт Таван толгойнхтой ижил чанарын угааж баяжуулсан нүүрс одоогийн байдлаар 123 ам.долларын үнэлгээтэй байна. Бугат хүртэлх тээврийн болон холбогдох бүх зардлыг шингээгээд шингээгээд “Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрсээ зарж байгаа эцсийн үнэ дээд тал нь 82 ам.доллар л хүрч байна.

Таван толгойн нүүрс Бугатын зах зээлд хүрэх үнээ дор хаяж тонн тутамд 30 ам.доллараар нэмэгдүүлэх бодит боломж байгаа юм билээ. Гэтэл өнөөдөр тэр ашгийг нь дундын зууч хятад компаниуд хүртэж байна.

Таван толгойн зүүн Цанхийн уурхайгаас Гашуунсухайтын боомт хүртэл 70-80 тоннын даацтай ачааны машинууд дээд тал нь 30 км урт цуваа үүсгэн коксжих нүүрсийг урд хөрш рүү зөөж байна. Дэлхийн зах зээл дээр 190 ам.долларт хүрсэн коксжих нүүрс Таван толгойн ордоос 27-хон ам.доллараар гаргаж байгаа учраас ийн урт цуваа үүсгэжээ.

2016.09.12-ны өдөр Өмнөговь аймаг. Таван толгой

“Эрдэнэс Таван толгой”-н хямдхаан зарж байгаа коксжих нүүрсний мөнгө “Чалко”-гийн өрөнд бодитой суутгагдаж чадаж байгаа болов уу гэдэг дээр дахиад тоо бодъё. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний тонн тутмын үнэ нь 27 ам.доллар. Энэ оны эхэнд бид “Чалко”-д 120 сая ам.долларын өртэй байсан. Харин одоо бидний өр 110 сая ам.доллар болсон. Хагас жилийн турш 10-хан сая ам.долларын өрөө л барагдуулаад байгаа. Арван сая ам.долларын өрөө дарсан зургаан сарын хугацаанд “Эрдэнэс Таван толгой”-н зарсан нүүрсний хэмжээ 3.2 сая тонн. Хуваах үйлдэл хийгээд харахаар зүүн Цанхиас ачиж байгаа нэг тонн нүүрс тутмаас ердөө гуравхан ам.долларыг л “Чалко”-гийн өрөнд суутгуулдаг болж таарч байна. Бусад нь олборлолтын зардал нэрээр Хятадын TTJVCо компанийн халаасанд орж байгаа гэсэн үг. Тодруулж хэлбэл, бид дэлхийн зах зээл дээр аль хэдийнэ моодонд орчихсон коксжих нүүрсээ зарсан мөнгөний аравхан хувийг өрөндөө суутгуулж байна. Иймэрхүү маягаар өрөө барагдуулсаар аж төрнө гэвэл 110 сая ам.долларын өрийг барагдуулахад дор хаяж 5-6 жил шаардлагатай. Энэ зуур Цанхийн хамаг сайн чанарын нүүрс зөөгдөж дуусна гэж нүүрсний салбарынхан аль хэдийнэ анхааруулаад эхэлчихсэн.

ТАВАН ТОЛГОЙН КОКСЖИХ НҮҮРС ЯАГААД ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАХ БОЛОВ?



Categories
мэдээ цаг-үе

Д.Алтанхуяг: Дүрмээ баримталсан бол энэ олон алдаа гарахгүй байсан

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, дотоод сонгуулийн хорооны дарга Д.Алтанхуягтай ярилцлаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал удаа дараа хойшлогдсон. Энэ сарын 16-нд хуралдаж дотоод асуудлаа шийдэхгүй бол дараагийн сонгууль хаяанд ирчихлээ?

-Хурал зарлагдсан өдрөө хуралдана. Өмнөх хурлаар арванхоёрдугаар сарын 6-нд Их хурлаа хийх шийдвэр гаргасан. Мөн намын дүрмээ өөрчилье, цаг үе нөхцөл байдалд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг талаас нь ярилцаж байна. Ер нь манай намын дүрэм ямар байх ёстой вэ гэдэг асуудлаар ажиллах ажлын хэсэг гаргах гэхчилэн долоон асуудлыг ҮЗХ-ны хурлаар шийднэ. Уг асуудлыг хэлэлцээд явна.

-Намын даргын асуудал олны анхаарлыг татаж байгаа. 17-нд Ардчилсан нам шинэ намын даргатай болох уу?

-2008 онд манай намын ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрын саналаар намын дарга өөрөө өргөдлөө гаргасан тохиолдолд ҮЗХ-ны хурлаар хэлэлцэж дараагийн даргыг сонгоно гэсэн дүрэмтэй болсон. Түүнээс өмнө нь Их хурлаар даргын асуудлыг хэлэлцдэг байлаа. Харин энэ удаад З.Энхболд дарга өргөдлөө өгчихсөн байгаа болохоор ҮЗХ-ны хурлаар даргын асуудлыг зайлшгүй ярилцана. Гэхдээ ҮЗХ-ны бүрэлдэхүүн хэрхэн, ямар хэмжээнд яаж ярих вэ гэх шийдийг гаргаад явах юм.

-Намын даргын асуудлаас болж АН-ын дотоод зөрчил улам ихэсч байгаа мэт харагдаж байна. Даргын суудалд санаархаж буй хүмүүс бие бие рүүгээ “чулуу” шидээд эхэлчихэж?

-Гадуур манай намыг дотроо хагаралтай байгаа мэтээр харагдуулах хүсэл сонирхолтой хүмүүс бий. Хоорондоо эв түнжингүй гэж нийгэмд ойлгуулахыг хичээдэг бүлэг байдаг. Манай нам олон үзэл бодлын нэгдэл шүү дээ. Энэ утгаараа санал зөрөлдөх, маргалдах асуудал гарна. Нөгөө талаасаа АН-ын даргад нэр дэвших эрх бүх гишүүнд нээлттэй. Ардчилсан нам гаднаас аврал эрэх хэмжээнд сүйрч, дампуурсан зүйл байхгүй. УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд нийт сонгогчдын 47 хувийн саналыг авсан. Энэ нам хэзээ ч аврал эрэх хэмжээнд очихгүй.

-Дүрмийн тухай асуудал дээр гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Энэ удаагийн хурлаар чухам ямар асуудлыг голлон шинэчлэх вэ?

-Манай намын одоогийн мөрдөж буй дүрэм тийм муу биш. Энэ дүрэм тухайн үедээ цаг үеэ мэдэрсэн, олон шүүлтүүрийг дамжиж байлаа. ҮЗХ-ны 20 гаруй гишүүн сар гаруйн хугацаанд ажиллаж дүрмийг боловсруулсан. Тэгэхээр намын дүрэмд буруу өгөх шаардлага байхгүй. Харин дүрмээ биелүүлэхгүй байгаа намын болон сонгуульт гишүүдэд ямар хариуцлага оноох вэ гэдэг асуудалд алдаа гаргасан.

Энэ алдааг дээр, дооргүй бүгд ойлгож байна. Мэдээж АН-ын гишүүн хүн намын үзэл баримтлал, дүрмийг хүлээн зөвшөөрч байх ёстой. Нэгэнт намын дүрмээ хүлээн зөвшөөрч байгаа юм бол тухайн сонгуульт гишүүн дүрмээ баримталсан бол өнөөдрийн энэ олон алдаа гарахгүй байсан.

-Тэгэхээр одоогийн хурлаар дээрх асуудалд гол анхаарлаа хандуулах уу. Нэг ёсондоо гишүүд дүрмээ ягштал мөрдөх тал дээр хатуу бодлого баримталсан шинэчлэл хийх үү?

-Манай намд хамгийн сүүлд таван том нам нэгдсэн. Тэрнээс өмнө бусад жижиг нам үзэл бодлоо нэгтгээд орж ирж байлаа. Нийт 22 улс төрийн намын нэгдэл шүү дээ. Тэгэхээр энэ том нэгдлийг шинэчилнэ гэхээр бүх хүнийг болиулаад шинэ хүн оруулна гэвэл худлаа. Намынхаа төлөө, ардчиллын төлөө зүтгэсэн олон мянган гишүүний итгэл, үнэмшил шингэсэн байгаа шүү дээ. Тэдний ажлын туршлага бүх зүйлийг хослуулж байж намын шинэчлэл хийх ёстой.

-Шинэчлэлийн хороо болон залуусын байгууллага нь нэлээн хүчтэй дуугараад эхэллээ шүү дээ?

-Намаа шинэчилье гэдэг ойлголтыг зөв харах хэрэгтэй. Өнөөдөр намд байгаа сонгуульт ажилтай бүх хүнийг солиод цоо шинэ хүн гаргаж ирнэ гэвэл шинэчлэл болохгүй. Сонгуульт гишүүдийн ухамсар шинэчлэгдэх ёстой. Хоёрдугаарт, намын дүрмийг яг мөрдөж ажилладаг хэв маяг, зарчим руу орох ёстой. Гуравдугаарт, санаатай болон санамсаргүйгээр намын дүрэм зөрчсөн тохиолдолд хариуцлагаа чангаруулмаар байгаа юм. Ингэж байж цогц шинэчлэл болно. Ганцхан залуус биш ахмадууд маань ч гэсэн намаа шинэчилье гэж байгаа. Энэ олон хүний үзэл бодлыг тусган базаж байгаад хамгийн оновчтой хувилбарыг гаргаж ирэх ёстой. Түүнээс биш хэн нэгэн дарга юм уу хэсэг бүлэг хүнийг солиод шинэчлэгдэхгүй. Шинэчлэлийн гол зорилго бол намын дүрмээ бүгд мөрддөг байя, хариуцлага алдсан бол хариуцлага хүлээдэг байя гэж байгаа юм.

-Сар гаруйн дараа орон нутгийн сонгууль болох нь. АН уг сонгуульд хэрхэн оролцох вэ?

-2016 оны сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд АН оролцоно. Хуулийн хүрээнд манай намын дунд шатны байгууллагынхан өөрсдийн мөрийн хөтөлбөрөө боловсруулж аудитын газраар хянуулан оролцоно.

-Нэр дэвшигчдийг хасаж байгаа тухай мэдээлэл байна. Танай намаас хасагдсан хүн байна уу?

-Нийслэл хотод гэхэд Багахангай дүүрэгт нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх тухай асуудал гарсан. Мөн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хэд хэдэн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх тохиолдол гарлаа. Аливаа хууль Үндсэн хуулиас давж үйлчилдэггүй. Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Сонгогдох эрхээ эдлэх гээд нэр дэвшиж буй хүнийг процессын хуулиар жижиг саад тавьж хасна гэдэг бол Үндсэн хууль зөрчиж байна гэсэн үг. Гэхдээ тойргийн хороо, холбогдох захиргааны хэргийнхэн маргааныг нааштайгаар шийдэх байх гэж үзэж байна. Өнөөдөр (өчигдөр) авсан мэдээллээр Багахангайн 17 нэр дэвшигчийн 16 нь сонгуульд өрсөлдөхөөр болж байх шиг байна.

-Нэр дэвшигчийг хасахдаа ямар асуудлыг үндэслэж байгаа юм бол?

-Бүрдүүлж буй бичиг баримтад маш жижиг ганцхан алдаа байхад л бүртгэхгүй гээд байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулгын мэдүүлгийг бөглөөд ганцхан хуудасны доор гарын үсэг зураагүй бол буцааж байх жишээтэй.

-АН бүх мандатад нэр дэвшигчээ сойж байгаа биз дээ?

-Хуулийн хүрээнд тухайн үе шатны тойргийн хороод өнөөдөр (өчигдөр) нэр дэвшигчээ эцсийн байдлаар зарлаж тогтоол гаргах учиртай.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн хуультай ижил байдлаар явагдана биз дээ?

-Яг л адилхан явагдана. Харин цагийн хувилбарын тухайд өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, нэр дэвшигчид энэ сарын 30-нд тойргийн хорооноосоо албан ёсоор нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авна. Маргаашнаас нь сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх юм.

-Танай намын лидерүүдийн нэг Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан шалгахаар болж байна. Үүнийг орон нутгийн сонгуультай холбож ойлгож байгаа хүмүүс байна?

-АН-ын гишүүдийн хувьд намын удирдлагатай холбоотой асуудлыг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ хуулийн байгууллагын хийх ёстой ажлыг аль нэг намын гишүүн ч юм уу өмнөөс нь заагаад байж болохгүй. Хуулийн байгууллага шалгаж тогтоох асуудал. Иргэд цаг хугацааны хувьд орон нутгийн сонгуультай давхцуулж байгааг буруушаах хандлагаа илэрхийлж байна лээ.

С.АЛТАН

Categories
мэдээ цаг-үе

Э.Энх-Эрдэнэ: Цэргээс ирээд л өөрийгөө дуулдаг гэж мэдсэн

Энэ жилийн
“Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзэн болж шуугиан тарьсан Э.Энх-Эрдэнэтэй
уулзахаар “Хүчит шонхор” зах орлоо. Тэндхийн гурилын тасгаар орж, худалдагч нараас
Э.Энх-Эрдэнийг сураглахад Энхээ өглөөхөн энд явж байсан. Өөр нэг үйлдвэрт бас ажиллаж
байгаа. Тийшээгээ явсан байх гэцгээгээд уг үйлдвэрийнх нь менежерийн утасны дугаарыг
өглөө. Ингээд Э.Энх-Эрдэнэтэй яриад маргааш өглөөний 09:00 цагт ажил дээр нь очиж,
ярилцлага авахаар тохирсон юм. Тохирсон ёсоор, Төмөр замын вокзалын баруун талд
байрлах мянган машины зогсоолын урд талын “Од групп”-ийн гурилын үйлдвэрийн хашаа
руу ороод, нэг ажилчнаар нь Э.Энх-Эрдэнийг дуудууллаа. Түүнийг хүлээгээд, үйлдвэрийн
хашаан доторх сандал дээр сууж байтал туранхайвтар шар залуу хүрч ирээд сэтгүүлч
мөн үү, за ийшээ суучихъя гээд хувцсандаа наалдсан гурилаа гөвөхөөр нь сая л нэг
юм танилаа. Учир нь тэрээр “Авьяаслаг монголчууд” шоун дээр дуулж, алтан баззерын
эзэн болж байснаасаа хамаагүй жижигхэн, хүүхдэрхүү харагдсан юм. Ингээд энгийн ажилчин
ч “Авьяаслаг монголчууд” шоуны анхны алтан баззерын эзэн болж чадсан түүнтэй ярилцлаа.

-“Авьяаслаг монголчууд” шоунд яагаад
орохыг хүсэв. Энэ тухайгаа сонирхуулаач?

-Манай гэр бүлийнхэн болон найз
нөхөд маань намайг энэ шоунд ороод үзээч гэж зөвлөж байсан. Надад ч мөн “Авьяаслаг
монголчууд” шоунд ороод, өөрийгөө сориод үзье гэсэн бодол байсан юм. Тиймээс л зорьж
очоод, бүртгүүлж оролцсон.

-Бага байхдаа дуулдаг хүүхэд байсан
уу?

-Багадаа ер нь дуулж байгаагүй.
Сүүлд цэрэгт явж ирээд л ганц нэг дуулж байсан. Цэргээс ирснээсээ хойш л өөрийгөө
дуулдаг гэдгээ мэдсэн. 2008 онд цэрэгт яваад 2009 онд цэргээс халагдаж ирсэн.

-Гэр бүлээ танилцуулаач. Ээжтэйгээ
өссөн гэж байсан. Эхээс хэдүүлээ вэ?

-Тийм ээ, ээжтэйгээ өссөн. Эхээс
бид тавуулаа. Би дээрээ хоёр эгч, нэг ахтай, доороо нэг дүүтэй. Ээж маань одоо тэтгэвэрт
гарчихсан байгаа.

-Танайх хэзээ хотод нүүж ирсэн бэ?

-Манайх Дорнодын айл. 2000 онд буюу
биднийг бага байхад манайх Дорнод аймгаас Улаанбаатарт нүүж ирсэн. Хотод суурьшаад
16 жил болж байна.

-Эхнэртэйгээ хэзээ танилцаж байв?

-Эхнэртэйгээ 2012 онд танилцаад,
2013 онд гэр бүл болсон. Хамт ажилладаг байхдаа танилцсан. Манайх хоёр хүүхэдтэй.
Том хүү маань гурван настай, бага нь ой гурван сартай охин.

-Хэзээнээс ажил хийж эхэлсэн бэ.
Хаана, хаана ажиллаж байв?

-Би 2000 онд хотод орж ирээд
2003 оноос эхлэн “Шонхор” захад ажиллаж эхэлсэн. Тухайн үед хүүхдүүдийг ажил хийлгэдэггүй
байсан болохоор цагдаад баригдчихна. Тэгээд цагдаагийн өрөөнд өдөржин сууж байгаад
л зах тарахаар, орой гэртээ харина. Дараа нь гурилын павилонд гурил өрөгчөөр ажиллаж
эхэлсэн. Тэгээд л гурил дээрээ өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Саяхнаас “Од групп”-ийн
гурилын үйлдвэрт ажилд орсон. Энэ үйлдвэртээ 24 цаг ажиллаад, 48 цаг амарна. Бусад
өдөртөө “Хүчит шонхор” захын гурилын павилон дээр ажиллаж байгаа. Мөн эхнэр маань
надтай хамт энэ үйлдвэрт ажилладаг юм.

-Багаасаа ажил хийсэн юм байна.
Хэддүгээр анги төгссөн бэ?

-Хичээлийнхээ хажуугаар ажил хийдэг
байсан. Өглөө хичээлдээ явчихаад өдөр ирээд ажлаа хийнэ. Тийм байдлаар явсаар есдүгээр
анги төгссөн. Есдүгээр ангиа төгссөнөөсөө хойш “Шонхор” зах дээрээ ажиллаж байна.

-Олон жил гурил үүрч, зөөдөг ажил
хийхэд хэцүү байдаг уу. Нуруу өвдөх зэрэг асуудал гарч байна уу?

-Ачаа, бараа ихтэй үед хэцүү. Гэхдээ
хэцүү байлаа гээд яахав. Багаасаа ачаа зөөгөөд нуруу жаахан суулттай, намхан болсон.
Мөн хааяа нуруу өвддөг болоод байгаа. Гэхдээ нурууны хамгаалалт, бүс хэрэглэдэг
болохоор бас гайгүй.

-Аавынхаа тухай ярьж болох уу?

-Аавынхаа талаар сайн мэдэхгүй.
Уг нь бол амьд байдаг. Энэ жил буюу намайг бараг 26 нас хүрч байхад над руу залгаад
ярьсан. Гэнэтхэн гарч ирэхээр сонин юм байна лээ. Баянхонгор аймгийн Баацагаан суманд
амьдардаг юм гэсэн. Надад сайхан санагдаагүй, хачин л санагдаж байсан. Утас дуугарахаар
нь аваад “Байна уу хэн бэ?” гэсэн чинь урдаас “Аав нь байна” гэж байсан. 25,26 жил
амьдрахдаа аав гэж хэлж үзээгүй байхад гэнэт нэг хүн залгаад аав нь байна гэхээр
үнэхээр сонин санагддаг юм байна билээ. Тэгээд би “аан за, за 25 жил яриагүй юм
чинь одоо яриад яахав дээ” гэж хэлсэн.

-“Авьяаслаг монголчууд” шоунд ороод
алтан баззер авна гэж бодож байсан уу?

-Алтан баззер авна гэж бол төсөөлөөгүй.
Гэхдээ нэлээд гайгүй оролцчих юмсан. Болчих байх гэсэн горьдлого байсан.

-Өмнө нь тайзан дээр гарч байсан
уу. “Авьяаслаг монголчууд”-ын тайзан дээр гараад сандарсан уу?

-Тайзан дээр гарахдаа хөлрөөд бие
чичрээд их сандарсан. Микрофоноо барьчихсан байхдаа хүртэл гар чичрээд хэцүү байлаа.
Яг миний өмнө уртын дуучин Уранзаяа орсон. Уранзаяа ороод л тэнцээд гараад ирсэн
юм. Тэгэхэд нь энэ мэргэжлийн хүн аргагүй байх. Надад бол хэцүү л юм байна гэж бодож
байлаа. Тэгээд сандраад, яах учраа мэдэхгүй тайзан дээр зогсож байхад Чука шүүгч
чи сандарч байна уу гэж асуусан. Би сандарч байна гэсэн чинь чи сандрахаа боль гэсэн.
Тэгээд л сандрахаа больчихсон. Дуулж дуусаад алтан баззер аваад их баярласан.

-Алтан баззер авах үед юу бодогдож
байв?

-Би чадах юм байна. Сайн дуулжээ.
Дуулж чаддаг байсан юм байна ш дээ, хичээнэ ээ гээд л маш олон юм бодогдсон. Нэвтрүүлэг
гарснаас хойш ажлынхан болон найз нөхөд “Чи гоё байсан шүү. Амжилт найз аа. Гоё
шүү” гээд л баяр хүргээд байгаа. Цаашид амжилттай дуулахын төлөө хичээнэ дээ.

-Хэзээ шалгаруулалтад орсон бэ.
Шалгаруулалтад орсны дараа шүүгчид чамтай уулзаж зөвлөгөө өгсөн үү. “Авьяаслаг монголчууд”-ын
зохион байгуулагчид болон шүүгчдээс таньдаг хүн бий юу?

-Таньдаг хүн ерөөсөө байхгүй. Шүүгчидтэй
уулзаж үзээгүй байгаа. Би тавдугаар сарын 12-нд шалгаруулалтад орсон. Дараагийн
шалгаруулалт, шилдэг оролцогчдын тоглолт хэзээ болохыг мэдэхгүй байна. Монгол
HD телевизээс нэг багш гаргаж өгсөн байгаа. Хаяа очиж бэлтгэл хийж, тайзны хичээл
заалгадаг.

-Цаашид дуугаа дуулаад явна гэж
боддог уу?

-Боломж олдвол дуулаад явахыг их
хүсэж байна. Дуулах юмсан гэсэн бодол бий.

-Өрсөлдөгчид ширүүн байна уу?

-Өнгөрсөн жил “Авьяаслаг монголчууд”
шоу болчихсон болохоор хүмүүс харьцангуй сайн ойлголттой, яаж оролцохоо мэддэг болчихсон
санагдсан. Тиймээс авьяастай, сайн хүмүүс орж байна. Өрсөлдөгчид чанга байгаа.

-Шоунд яаж бүртгүүлсэн бэ?

-Иргэний үнэмлэх, дөрвөн хувь цээж
зурагтайгаа очоод бүртгүүлсэн. Харин насанд хүрээгүй хүүхэд бол эцэг, эхээ дагуулж
очиж бүртгүүлдэг юм билээ. Бүртгэлийн хураамж гэж авдаггүй. Аль ч шатанд мөнгө,
төгрөг авдаггүй юм байна лээ.

-Багш гаргаж өгдөг юм байна. Дараа,
дараагийн шатанд хувцас, бусад зүйлсээр хангана гэж байна уу?

-Цаанаас нь дууны бэлтгэл дээр туслах
багш гаргаж өгөөд, үнэгүй зөвлөгөө заавар өгдөг. Түүнээс биш хувцас, бусад зүйлсээр
хангана гэсэн юм байхгүй ээ. Мөн шүүгчид зөвлөгөө заавар өгдөггүй байх. Тэд зөвхөн
шүүгчийнхээ л ажлыг хийдэг юм билээ. Бидэнтэй тааралдаагүй. Мөн шоуны арын алба,
хүлээлгийн танхим, шалгаруулалтад орохын өмнө бэлтгэл хийх талбай гаргаж өгсөн зэргээс
харахад зохион байгуулалт сайтай харагдсан.

-Оролцогчид өөр, өөр өдөр ээлжээр
орж байсан уу?

-Ээлж, ээлжээрээ орж байсан. Шалгаруулалт
нэлээд олон өдөр үргэлжилсэн байх.

-Өөрөө өргүй амьдарч байвал боллоо
гэж ярьж байсан. Өртэй байгаа юм уу. Эхнэртэйгээ хоёулаа ажиллахаар хүүхдүүдийг
нь хэн хардаг вэ. Хоёр зэрэг ажиллаад мөнгө хуримтлуулж чадаж байна уу?

-Өргүй ээ. Өргүй өөрсдийгөө болгоод
л амьдарч байвал болоо доо. Нэг өдөр эхнэр үйлдвэрт хонож ажиллаад, хоёр өдөр амардаг.
Эхнэр ажилтай үед манай ээж хүүхэд харж өгдөг. Манайх ээжийнхээ хашаанд, Дэнжийн
мянгын захтай ойрхон байдаг юм. Мөнгө юм болохгүй л байна. Уг нь хүүхдүүдийнхээ
ирээдүйд хэрэгтэй гээд мөнгө хадгалах юмсан гэсэн бодол бий.

-24 цаг ажилладаг гэхээр 24 цагийн
турш гурил өргөж, зөөнө гэсэн үг үү. Ямар байдлаар ажилладаг вэ?

-Манай үйлдвэр өглөө найман цагаас
ажиллаж эхэлнэ. Зах зээлд худалдаанд гарч байгаа тав, арав, 25, 50-кг-ын гурилуудыг
хураана гэсэн үг. Харин үдээс хойш дөрвөн цаг хүртэл ажиллаад, 21:00 цаг хүртэл
амралтын цаг байдаг. Энэ хооронд савлагаа зэрэг бусад жижиг ажлуудаа хийнэ. Ингээд
21:00 цагаас хойш өглөө 08.00 цаг хүртэл мөн гурилаа өрнө.

-Ингэж ажиллах хэцүү байдаг уу?

-Ажил гайгүй ээ. Ингэж ажиллаад
сурчихсан. Шөнөжингөө ажиллаад өглөө ажил буухад нойр сэргээд, бүр ч гайгүй болчихно.
Ажилдаа нэг их түүртээд байдаггүй. Үр хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ажиллаж, хөдөлмөрлөх
хэрэгтэй байна шүү дээ.

Н.Ганчимэг