Categories
мэдээ цаг-үе

Гишүүдийн Хууль санаачлах эрхийг цэгцэлмээр байна

Одоогийн мөрдөж буй хуулиар Ерөнхийлөгч, УИХ
болон Засгийн газрын гишүүд шинээр хууль санаачлан өргөн барих эрхтэй байдаг. Ямар
ч гишүүн хууль санаачилж болдог учраас зарим нь шөнө зүүдэлсэн зүүдээ хууль болгох
гэдэг болчихож. Ард түмний саналыг авч төр түшилцэж буйн хувьд заавал ч үгүй хууль
санаачлах ёстой гэж бодон өөрийгөө хүчлээд ч болтугай төсөл боловсруулж байна. Тэр
нь ямар ч судалгаа тооцоогүй, гарах үр дүн нь тодорхойгүй. УИХ болон Засгийн газрын
гишүүн л болсон бол ямар ч хамаагүй хуулийн төсөл санаачлах, улмаар батлуулах ёстой
гээд бодчихдог учраас өөрсдийн санаанд орсноороо хаа хамаагүй хандаж байна. Үр дүнд
нь иргэдийн амьдрал, бизнесийн орчинд тээг болсон хууль эрхзүйн орчин бий болдог.
Үүнийг өөрчилж цензуртэй болгомоор байна. Тэгэхгүй бол нэг өглөө босоод ирэхэд амьдралд
огтоос нийцэхгүй хууль батлуулчихсан байдаг болж.

Аливаа сэтгэлийн хөөрлөө даралгүйгээр
баталсан популист шинжтэй хууль шиг хэрэггүй зүйл ард түмний амьдралд байхгүй. Хэвлэл
мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хоёрдугаар бүлгийн наймдугаар зүйлд л гэхэд
редакцийн үүсгэн байгуулагч нь нийтлэлийн бодлогод оролцохгүй гээд заачихсан байдаг.
Гэтэл хөрөнгө санхүүгээ гаргаад тухайн хэвлэл мэдээллийн байгууллагыг үүсгэсэн хүн
нийтлэлийн бодлогод оролцохгүй байна гэж байх уу. Нэг үгээр хэлбэл, дэлгүүрийн эзэн
ямар бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх саналаа хэлж болохгүй гэж байгаатай ижил утгатай.
Бизнес эрхэлж буй хүмүүс иймэрхүү байдалтай төстэй маш олон хуулийн буруу жишээ
ярьдаг. Ялангуяа татварын орчинд хуулийн маш буруу зохицуулалт олон бий. Угаасаа
ганцхан гишүүний үзэмж, оюун бодлоор шүүгдэж буй хууль төдийлөн нийгмийн амьдралтай
нийцэхгүй байна. Тиймээс нэн даруй хууль санаачлах, өргөн барих эрх мэдэлд өөрчлөлт
оруулмаар байгаа юм. Ганц жишээ дурдахад, Францын парламент 577 гишүүнтэй. Хууль
өргөн барих эрх гишүүн бүрт байдаггүй. Нийт гишүүдийн арван хувь буюу 58 гишүүн
нийлж байж хууль өргөн барих эрхтэй болдог. Энэ бол бие даасан, нэр алдарт дуртай
сүгсэлзсэн юмнуудаас сэргийлэх сайн механизм. Яг үүнтэй ижил байдлаар хууль өргөн
барьж буй гишүүдэд цензур тавьдаг байх хэрэгтэй.

Дор хаяж УИХ-ын 15 гишүүн тухайн
хуулийн төсөл дээр нэгдэж, зөв бурууг нь сайтар дэнсэлж байж УИХ-ын даргад өргөн
барьдаг болмоор байгаа юм. Хэрэв энэ тоонд хүрэхгүй бол хууль санаачлах эрхийг хязгаарладаг
болъё. Тэгэхгүй бол ард түмний нүдэнд нэг их сайн хүн болж харагдах гэсэн, маргаашийн
цаад өдрийг харах чадваргүй популист сэтгэлгээний хууль батлагдахыг хэдий болтол
харах вэ.

Categories
мэдээ цаг-үе

34 аж ахуйн нэгж холбогдсон 104 тэрбум төгрөг хаачив?

325 сая төгрөгийн үнэтэй нүх

-ГАЗРАА ЧӨЛӨӨЛСӨН ИРГЭДЭЭС 615 НЬ ТҮРЭЭСИЙН СУУЦАНД АМЬДАРЧ, 400 ИРГЭНГЭР ОРОНГҮЙ, ГУДАМЖИНД ГАРЧЭЭ-

2012-2016 он хүртэл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 24 байршилд 34 төсөл хэрэгжүүлэгч шалгарсан байдаг аж. Өнөөдрийн байдлаар 18 төсөл хэрэгжүүлэгчийн ажлын явц бүрэн зогссоныг тогтоожээ. Үүнээс гурав нь барилгын ажлаа огт эхлүүлээгүй царцаасан гэнэ. Энэ мэт шалтгаанаар төлөвлөсөн ажил удаашралд орсон байна.

Дахин төлөвлөлтийн хүрээнд 78 мянган орон сууц барихаар төлөвлөж байсан ч үүнийхээ нэг хувьд ч хүрээгүй гэдгийг аудитын дүгнэлт хэлж байна. Ажил ингэж удааширч, гацах болсон шалтгаан нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлсөн иргэдийг түр суурьшуулах зориулалттай барьсан 300 айлын орон сууцыг зориулалтаар нь ашиглаагүйтэй холбож буй. Мөн олон газар тархай, бутархай маягаар төлөвлөж, төлөвлөлтийн бүсүүдэд шугам сүлжээ татахад хүндрэл үүссэн байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 барилга барина гэж байсан ч таван мянга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас болж зогсонги байдалтай, амины орон сууц бүхий хороолол энэ хугацаанд огт баригдаагүй аж. Хашаа байшингаа байраар солихоор газраа чөлөөлсөн иргэдээс 615 нь түрээсийн сууцанд амьдарч буй бол 400 иргэн гэр оронгүй, гудамжинд гарчээ. Мөн өнгөрсөн хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулжээ. Гэтэл бодит байдалд энэ хөрөнгө юунд зарцуулагдсан нь бүрхэг байгаа аж. Дээрх мөнгийг зарцуулах зүйлд нь зарцуулсан бол 10 мянган айлын орон сууцанд урьдчилгаа төлбөр болгон өгөх боломжтойгоос гадна мөн одоо бариад гацчихсан 5000 байрны 20 хувийнх нь шугам сүлжээг нь шийдчих боломж байсан гэнэ. Харамсалтай нь энэ 104 тэрбум төгрөг ямар ч үргүй зарлагадсан гэсэн тооцоо гараад байгаа юм. Үүнд 34 аж ахуйн нэгж холбогдож байна. Удахгүй энэ компаниудыг олон нийтэд зарлаж, ямар гэрээ, сонгон шалгаруулалтаар дээрх хөрөнгийг авсан гэдгийг нь дэлгэх гэнэ.

Тухайлбал, Мамба дацан хийд орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэхээр “Их өргөө” компани өнгөрсөн 2014 оны зургадугаар сард гэрээ хийжээ. Гэрээ ёсоор бол тус компани орон сууцжуулах ажлаа өнгөрсөн 2015 оны аравдугаар сард хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн байна. Нийтдээ гурван тэрбум төгрөгөөр хийх ажил байжээ. Харамсалтай нь тус компанийн хариуцсан газар юу баригдсан, ажлын явц нь ямар байгааг дээрх гэрэл зургаас харж болно. Зүгээр л нэг усан тогтоолоор дүүрсэн ухсан нүх. Ухсан нүх орхисноос тэр хавийг хариуцаж ажиллаж байгаа, мэдэж байгаа хүн биднийг очиход байсангүй.

Газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл

Энэ асуудлыг хариуцсан гэх Гэр хорооллын хөгжлийн газар очиход ерөнхий инженер А.Аранжин угтав. Дээрх Мамба дацан хийд орчмын тухай асуухад “Их өргөө” компанийн эзэд гэх хүмүүстэй холбоо бариагүй, тэд сураггүй болсон. Тус компанийн төслийн ажил зогссонтой холбогдуулан иргэдээс их гомдол ирж байгаа. Иргэд гурван асуудлыг тавьж байна. Төслийн гурван талт гэрээний хугацаа дууссан тул гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, энэ тал дээр нийслэлээс ямар дэмжлэг үзүүлэх, түр оршин суух зардлыг тогтоосон хугацаандаа олгож байх гэсэн шаардлага тавьж байна. Баасан гариг болгон ирж уулздаг болсон. Зөвхөн Мамба дацан хавийн иргэд ч биш үйл ажиллагаа нь зогссон олон газар бий. Тухайн байршлаасаа хамаарч иргэд холбоо, төрийн бус байгууллага байгуулсан. Тэд нэгдсэн холбоо байгуулсан байна лээ. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “Их өргөө” компанид уламжилж 20 гаруй шаардлага хүргүүлсэн. Сүүлдээ холбоо барих боломжгүй болсон” гэж хэлэв.

“Их өргөө” компани нь барилгын ажлыг эхлүүлэхдээ урьдчилгаа болгож 325 сая төгрөгийг авсан байдаг юм байна. Ер нь бол нийтдээ гурван тэрбум 689 сая төгрөгийг шугам сүлжээнд зарцуулахаар төлөвлөсөн аж. Хамгийн гол нь 80 орчим айлын газрыг чөлөөлөөд авчихсан гэнэ. Тус газрын иргэд нь хоёр жилийн хугацаанд байр байшин байхгүй, түрээсээр аргацаасан байдалтай байгаа аж. Шугам сүлжээ татагдаад барилга баригдах бүх шаардлага нь хангагдчихсан, зургийнхаа мөнгийг аваад цаашаагаа бүх юмнууд нь төлөвлөгдчихсөн байхад компани нь ажлаа хийгээгүй ийм дүр зураг бууж байгаа юм. Нэг ёсондоо цаад компани иргэд хоёрыг хооронд нь тулгаад шугам сүлжээ барьж өгнө гэж хэлээд ажлаа хаяад явчихсан. Яг үүнтэй холбоотойгоор цаана нь 400 гаруй айл байгаа гэнэ. Эхнээсээ энэ бүхнийг харж тооцоолж болох байсан нэг зүйл нь байрыг хэсэг хэсгээр нь төлөвлөөд хотын ерөнхий төлөвлөлтийг эвдээд энд тэнд компаниудад дахин төлөвлөлтийг зарлаад, тэрэндээ шугам сүлжээ хүргэх нэрээр 104 тэрбум төгрөг үр ашиггүй зарцуулагдсан гэх явдал. Нөгөө талдаа хуулийг буруу хэрэгжүүлсэн асуудал ч байгаа гэнэ. Учир нь 325 сая төгрөг бол төрөх эмнэлэг нэгийг барихад хангалттай хүрэх мөнгө. Энэ хэмжээний мөнгийг шууд гэрээ хийгээд өгчээ. Хууль ёсоороо бол тодорхой хэмжээний шалгаруулалт явуулж байж өгөх ёстой аж.

Иргэд бол амьдрах эх үүсвэр болох байртай болохыг зорьж газраа чөлөөлсөн. Тэрнээс биш түрээсийн мөнгө ч юм уу, байранд түр байх нь иргэдийн гол зорилго биш. Зарим компаниудын оффис нь ч нүүгээд олдохоо байсан гэнэ.

Энд тэнд сарзайсан байшин, карказ, нөгөө л нэг ухсан нүх хоёр л байж байдаг. Олон тэрбум төгрөг гарчихсан гэдэг ч очоод үзэхээр ийм байдалтай байна.

БАЙРАНДАА ОРЖ ЧАДААГҮЙ БҮХ АЙЛ ӨГСӨН ГАЗАР ДЭЭРЭЭ БУУХ БҮРЭН ЭРХТЭЙ

Иргэдийн төлөөлөл болгож Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Т.Төмөртогоотой энэ талаар ярилцлаа.

-Та хэзээ анх газраа чөлөөлж өгсөн бэ?

-Манайх газраа өгөөд бүтэн гурван жил, таван сар болж байна. Нэг ч айл энэ хугацаанд байрандаа ороогүй. Түрээсийнх нь мөнгө төгрөгийг яг сар сардаа өгдөггүй. Алдаг оног өгдөг. Эхний жил бөөнд нь өгөөд, дараагийн жил бөөнд нь өгөөгүй. Манайх эхлээд түрээсээ 700 мянгаар тохирсон. Эхний жилдээ 700-гаар өгөөд дараагийн жилдээ 350 мянган төгрөг авч байгаа. Бид хэцүү байна. Энэ хооронд хүний амьдралд янз бүрийн зүйл тохиолдох юм. Нэг айлаас гэхэд л гурван хүн нас барсан. Үүн дээр хүний сэтгэл дутаад байна.

-350 мөнгөн төгрөгийн түрээсийн байр олдож байна уу, ямархуу байр олдох юм?

-350 мянган төгрөгийн байр гэж нийслэлийн хаана ч байхгүй. Нийтийн байранд л орно уу гэхээс өөр арга байхгүй. Хүмүүс хэрүүлтэй, хараалтай мөнгөө олж аваад зарим нь өөрсдөөсөө 150 мянган төгрөг нэмээд 500 мянган төгрөгийн байранд орцгоож байгаа. Ийм байранд орохоор ердөө л нэг өрөө олдоно. Арван хэдүүлээ умгар өрөөнд амьдарч байгаа айл ч бий. Та нар очиж үзэх хэрэгтэй. Түрүүчээсээ түрээсэнд мөнгөө зарцуулаад өмсөх хувцасгүй, унах унаагүй, ээмэг бөгжгүй, юу ч үгүй л болж байна.

-Компанийн захиралтай уулзаж үзсэн үү?

-Тэд чинь бидэнтэй уулздаггүй юм. Анх гэрээ ч хийж байгаагүй, төлөөнийх нь хүнтэй уулзаж гэрээ хийсэн. Компани, иргэн, Гэр хороолол хөгжлийн газар гээд гурвалсан гэрээ хийсэн юм.

-Одоо тэгээд яах юм бэ?

-Одоо бол байрандаа орж чадаагүй бүх айл өгсөн газар дээрээ буух бүрэн эрхтэй. Аргаа ядаад бид холбоо байгуулсан. Хамтарч тэмцэнэ. Өнөөдөр хэвлэлийн хурал хийхээр төлөвлөж байгаа. Хэвлэлийн хурал дээр асуудлыг тавина. Хохирсон болон эрх нь зөрчигдсөн бүх айлын төлөөлөл тэнд очно.

-Гэр хороолол хөгжлийн газартаа хандсан уу?

-Хандсан, энэ газар чинь эрх мэдэл байхгүй юм билээ. Яагаад гэвэл энэ компаниудыг торгох эрх байхгүй. Барилгаа барьж чадахгүй байгаа компаниудын эрхийг цуцлах эрх байхгүй. Тэгэхээр гурвалсан гэрээ хийсэн Гэр хорооллын хөгжлийн газар гэдэг нь өөрсдөө байгууллагаа торгодог, иргэдийнхээ эрхийг зөрчөөд байгаа компаниудынхаа эрхийг цуцалдаг. Ядаж торгууль тавих эрхтэй, улсаас өгч байгаа мөнгөнд нь хяналт тавьдаг байх ёстой биз дээ. Тийм эрх мэдэлгүй учраас Улаанбаатар хотын захиргаанд шаардлага хүргүүлж байна. Шинээр томилогдсон С.Батболд даргатай уулзах хүсэлт гаргасан. Ажил нь болдоггүй юм уу, уулзахгүй байна.

Д.Маргад

Categories
мэдээ цаг-үе

Ш.Цогтоо: Өвөг эцэг маань анхдугаар Үндсэн хууль батлалцаж, ач хүү нь ардчилсан Үндсэн хууль түшилцэж яваагаараа бахархдаг

Ерөнхий сайдын сэнтийд 1930-1933 оны үед заларч байсан Дарьгангын Жигжиджав гэж алдаршсан Цэнгэлтийн Жигжиджавын ач хүү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор Шарын Цогтоотой ярилцлаа. Ц.Жигжиджав хуучнаар Дарьгангын хошуу одоогийн Сүхбаатар аймгийн Халзан суманд мэндэлсэн. Гуч хүртлээ мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газар дайчлагдан улаач, бичээч, бичиг үсгийн багш, хошуу занги зэрэг ажил хийж байсан гэнэ. 1924-1925 онд Улсын анхдугаар их хурлын төлөөлөгч, Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар Сангийн яамны дэргэдэх Гаалийн нягтлан бодохын сургуульд орж, данс тооцооны мэргэжил эзэмшжээ. Ирээдүйн Ерөнхий сайд бага насандаа гэрийн багшаар монгол бичиг, сампин заалгасан юм байж. Тэрбээр өөрийн болон төрсөн ахынхаа, бас өрх тусгаарласан хүүгийнхээ мал хөрөнгөөс нийт 80 бод гаргаж, төрийн санд хандивлан, төр засгаа бэхжүүлэх явдал чухал байгааг уриалсан нь архивын баримт болж үлджээ. Ерөнхий сайд мөн Дарьгангын сургуулийн хүүхдүүдтэй уулзахдаа түрийвчнээсээ хүүхэд бүрт нэг төгрөг хүртээж, ном сурахыг ерөөж байсан удаатай. Тэрбээр ном бичсэн хоёр Ерөнхий сайдын нэг. А.Амар Ерөнхий сайд “Монголын товч түүх” ном бичиж байсан бол Цэнгэлтийн Жигжиджав “СССР ба БНМАУ” хэмээх ном бичжээ. Тэрбээр Манжийн сүргийн үлдэгдлийг ядуу ардын өмчид шилжүүлэх тухай Намын төв хороо, Засгийн газрын тогтоол боловсруулан батлуулж, нутгийнхаа иргэдийг мал хөрөнгөтэй болоход хувь нэмрээ оруулж байсан нэгэн.

-Ерөнхий сайд Ц.Жигжиджавын удмынхан яаж шуухан амьдарсан тухай яриач. “Буу алдаж, амиа егүүтгэсэн” гэгдэж өөд болсон Ерөнхий сайдыг хожим нь хэлмэгдүүлж, Лхүмбийн гэх эсэргүүний хэргийн удирдагч болгосон гэдэг. Энэ бүхний дараа хүүхдүүдийнх нь хувь заяа яаж эргэв?

-Ж.Дагва-Осор гээд том хүү нь насаараа мал маллаж, худалдааны ажил хийсэн. Аавыгаа хэлмэгдсэний дараа зургаан жил цэргийн алба хааж, аюул өнгөртөл нутаг нугаасаа дайжсан хүн. Овог, нэрээ ч сольсон. Хоёр хүүхэдтэй. Том нь Сүхбаатар ах, бага нь Буянсүрэн эгч. Дараагийн хүү Ж.Лхамсүрэн РАФАКТ сурч байсан, Сангийн яамны хэлтсийн дарга, Хөдөө аж ахуйн яаманд бас том ажил алба хашиж, их сургуульд багшилж байсан. Аавдаа тохоосон хэргийн үнэн мөнийг олох гэж зүтгэж, шаналж, үүнээсээ болж өвдөж өөд болсон доо. Тэднийх бас тав, зургаан хүүхэдтэй. Дараагийн хүү нь манай аав Шар. Аавыгаа хэлмэгдсэний дараа найман жил цэргийн алба хаасан. 1946 онд гэртээ ирсэн гэдэг. Мөн л нэр, овгоо сольсон. Зургаан хүүхэдтэй хүн.

-Танай аав нэрээ солиод хэн болсон бэ?

-Манай аавыг Шар гэж нэрлэдэг байсныг цэрэгт явахад нь Лхамсүрэн болгосон юм билээ.

-Ахтайгаа адилхан нэртэй гэсэн үг үү?

-Ахыг нь Ханддорж гэж нэрлэдэг байсан юм. Хүн ойлгохын аргагүй ингэж л нэр усыг нь солино шүү дээ. Алж хядчих гээд байвал ямар л арга ухаан байна, тэр бүгдийг л хүн хэрэглэх болно. Сүүлдээ манай нутгийнхан их, бага Лхамсүрэн гэдэг байсан юм.

-Жигжиджав Ерөнхий сайдыг нас барангуут л Лхүмбийн хэрэгт холбогдуулсан шиг байсан?

-Гурван сарын дараа.

-Тэр хооронд л хөвгүүдээ цэрэгт явуулж хамгаалсан байх нь ээ?

-Ээжийнх нь шийдвэр. Манай эмээ айхавтар хүн байсан. Нутгийн ах дүү нар тусална. Хамаатан садан, найз нөхдийг нь нэг нэгээр нь аваачиж алаад байхаар хөвгүүдээ насанд хүрэнгүүт нь санд мэнд овог, нэрийг нь солиод цэрэгт явуулаа биз дээ.

-Хөрөнгийг нь хураасан гэсэн үү?

-Хүүхдүүд нь цэргээс ирэхэд юу ч үгүй болсон байж. Манай аав цэргээс ирээд Замын-Үүд рүү цэрэгт байсан газар руугаа гурван хөтөлгөө морьтой явж наймаа хийгээд, долоон тэмээтэй ирсэн гэдэг. Нүүж чаддаг байж малаа өсгөнө шүү дээ.

-Таны аав Шар гуай хүүхдүүддээ бага насныхаа тухай ярьдаг байсан уу?

-Юу гэж ярих вэ дээ. Аавыгаа их эрдэм номтой хүн байсан л гэж хэлдэг. Морь чөдөрлөж байхдаа номын хуудас хийсэхээр чулуугаар дарчихаад, номоо хардаг байсан гэж ярьдаг сан.

-Эхнэр нь хэр урт насалсан бэ?

-Манай эмээ ная гарсан. Тэр үеийн бүх хүний амыг үдчихсэн юм чинь бас л юм ярьдаггүй хүн байлаа.

-Ц.Жигжиджаваас үлдсэн зарим дурсгалыг орон нутгийн музейд өгсөн гэж уншиж байсан. Ер нь танд энэ хүний дурсгал өвлөгдөж ирсэн үү?

-Энэ хүнээс үлдсэн зүйлс манай ах дүү нараар тарсан байдаг. Надад хэт цахиур, мөнгөн аяга нь байдаг. Бас өвөг эцгийн маань Доржзодов судар, бурхан тахил эмээгийн дараа манай ээжид дамжаад, одоо манайд бий. Өвөг эцгийг маань сугандаа мөнгөн бурхан зүүж явдаг байсныг нутгийн хүмүүс ярьдаг юм.

-Танай аав сүүлд мэргэжил эзэмшсэн үү?

– Эцгийг нь алаад, эхийг нь хэдэн хүүхэдтэй нь хар нутаг дээр хаячихаар ямар юмных нь боловсрол эзэмших вэ. Малаа л хариулна шүү дээ.

-Аав тань хоёр дайнд оролцсон гэлүү?

-Манай аав ахмад дайчин хүн. Хоёр дайнд хоёуланд нь оролцсон. 1945 оны чөлөөлөх дайнд мордохдоо өөрийнхөө адуунаас алаг морь унаж явжээ. Урт зам туулахдаа мориныхоо эмээл, хазаарыг авч, амрааж л явсан байлгүй. Гэсэн ч Жэхэд очоод, эмээлээ автал мориных нь нурууны арьс эмээлтэй нь хуураад ирж гэнэ. Хөөрхий морио өрөвдөөд, нуруунд нь шороо үрж, хазаарыг нь мултлаад тавьсан гэдэг. Аав цэргээс ирээд хоёр жилийн дараа нэг өглөө адуун дээрээ очтол алаг морь нь сүрэгтээ ирчихсэн, нуруунд нь цагаан үс ургачихсан байсан гэдэг. Аавынх тэр үед Хужиртын Ар булаг гэдэг газар нутаглаж байсан. Жэхэд хазаарыг нь мултлаад тавьсан морь шүү дээ. Тэр өндөр уул хад, гол мөрөнг яаж гэтэлсэн юм. Чоно нохойг яаж давсан юм. Ямар ч байсан алаг морь нь адуундаа иржээ. Тэгээд “Жэхэ алаг” гэдэг шүлгийг Ц.Ганхуяг гэдэг хүн зохиосон түүхтэй. Энэ хүний аав нь манай аавынхтай айл хөрш байсан юм л даа.

-Ерөнхий сайдын эхнэр хүүхэд нь нутагтаа малаа маллаж байсан гэдэг. Уг нь гэргий нь хот орох гээд бэлтгэл хийж байснаа гэнэт больсон гэдэг юм билээ?

-Гайгүй өнгөтэй дээл хувцсаа өмсөөд, юу юугүй явахаар бэлтгэж байснаа эмээ маань гэнэт явахаа болиод дээлээ авдартаа хийчихсэн гэдэг. Өвөг эцэг маань нутгаараа хоёр долоо хоног машинтай явсан шиг байгаа юм. Машин нь эвдрэхээр нутгийн дарханд “Ийм юм хэрэгтэй байна” гэсэн чинь түүнийг нь зороод машиныг нь хөдөлгөсөн гэдэг. Модоор зорсон байлгүй дээ гэж хүмүүс хэлдэг юм. Дарьгангынхан бол төмөр хайлуулж байгаад л зорсон байх.

-Ерөнхий сайдын гэргийг хэн гэдэг байсан бол, тэр үед хүүхдүүд нь хэр том болсон байв?

-Төгсжаргал гэдэг байсан. Том нь 17-той, манай аав 11-тэй байсан гэсэн.

-Бусад хүүхдүүд нь яав?

-Манай Должин эгч нэг хүү төрүүлсэн. Манай ургийн бичээс Сүхбаатар ахын том хүү Энхжаргалд байдаг юм.

-Энэ хүний ураг удмынхан их дэлгэрчээ?

-Ач гуч олонтой. Дарга, цэрэг, ажилчин, малчин зөндөө хүн бий. Сүхбаатар аймгийн Халзан суманд бараг нэг баг айл байгаа. Ах дүүсийнх нь хүүхдүүд дунд алдарт уяач, мянгат малчин ч бий.

-Та 1990 онд нутагтаа нэр дэвшсэн гэл үү?

-Сонгуульд үзэж байсан. 1990 онд МоАХ-ны нэр дээр АИХ-ын депутатад нэр дэвшиж байсан. МоАХ-ын нэр дээр 1990 онд нэр дэвшинэ гэдэг миний хувьд эр зоригийн хэрэг байсан шүү.

-Та Ерөнхий сайдын гэр бүлээс төрсөн ганц улстөрч нь үү?

-Үгүй ээ. Манай Д.Сүхбаатар ах насаараа Үйлдвэрчний төв зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга хийсэн хүн. Ц.Жигжиджавын төрсөн ахын хүүхэд нь генерал Ш.Дорж агсан шүү дээ. Би юу гэж ганцаараа байх билээ. ШУА-ийн толгойд академич Д.Цэрэнсодном гээд зээ дүү нь байна шүү дээ. Гавьяат багш Н.Оюунханд гэж миний үеэл байна. Манайхан дунд багш, хуульч, эмч нар олон. Сүхбаатар ахын хүү Энхжаргал гадаадын том төслүүдийг хэрэгжүүлдэг том сургуулийн захирал, компьютерийн удирдлагын анхны том мэргэжилтнүүдийн нэг. Миний дүү Цогтбаатар Замын-Үүдийн Гаалийн газрын даргаар ажиллаж байна. НҮБ-д Монголоо төлөөлж байсан О.Оч бол Ерөнхий сайд Ц.Жигжиджавын үр удмын нэг. Энэ мэтээр энэ хүний удам судрынхныг тоолоод барахгүй.

-Ерөнхий сайд Ц.Жигжиджавтай хамт амьдарч байсан бүсгүй хүүхэдтэй үлдсэн гэдэг. Энэ хүмүүстэй танайхан ямар харилцаатай байсан бол?

-Бид маш элгэмсэг харилцаатай байдаг. Уулздаг, хамт хоол иддэг. Зуун жилийн дараа сонин юм яриад явж болохгүй ш дээ. Түүх юм даа. Тэр үеийн удирдагчид дотор эмэгтэй хүнтэй холбогдоогүй гэвэл А.Амар сайдаас өөр хүн дуулаагүй юм байна.

-Таныг удаан хугацаагаар шүүхээр зарга хийж явсныг мэднэ. Яггүй заргач гэж хэлж болох байх?

-Хууль завхруулагчдын эсрэг нэг удаа шүүхэд гомдол мэдүүлээд, долоо, найман жил шударга үнэний төлөө явсан. Тэрнийг заргач гэх юм уу, мэдэхгүй.

-Таныг хууль бусаар ажлаас халсан гэж үзэж, шүүхийн шийдвэр есөн удаа таны талд гарсан гэдэг бил үү?

-Тэрний үр дүнд элэггүй болсон. Хууль завхруулагчид, дээрэмчид, тонуулчид, луйварчидтай тэмцэхэд хүн ингэж л хохирдог.

-Тухайн үед таны хүүг элэгнээсээ аавдаа өгсөн гэж сонссон?

-Тэгсээн тэгсэн. Аргагүй сайн хүү дээ. Одоо бие нь сайн байгаа. Миний хүү мэдээллийн технологийн аюулгүй байдлын чиглэлээр бэлтгэгдсэн сайн мэргэжилтний нэг юм шүү дээ.

-Та Үндсэн хуулийн Цэцийн гишүүн. Хуулийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн очдог алба болов уу?

-Ямар ч байсан хуульч мэргэжилтэй хүмүүсийн хүрч очих оргил нь мөн.

-Та хуульч хүний хувьд санаа тавьж анхаарч судалж байдаг асуудал бий юу?

-Үндсэн хуулиа л мөрдөх ёстой. Үндсэн хуульд нийцэж гарсан 555 хууль, 180 гаруй олон улсын гэрээ үйлчилж байгаа. Үндсэн хуулийг өөрчилнө гэж ярьж байгаа хүмүүс ийм олон юмны рамыг ганхуулна гэсэн үг. Дэлхийн практикийг харахад Үндсэн хуульд нэмэлт л ордог, өөрчлөлт бараг хийдэггүй. Миний багш профессор Б.Чимэдийн “дордуулсан долоон өөрчлөлт” гэж нэрлэсэн долоон өөрчлөлт бол тэр чигээрээ өнөөдрийн засаг төр ухаанаа олохгүй байгаагийн үндэс болсон. Сайд дарга нар улам их эрх мэдэлтэй болох гэж л Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар санаархдаг. Тэр нь бүтдэггүй. Улс орон хөгжихөд Үндсэн хууль саад болоогүй. Үндсэн хууль бол хөгжлийн хөтөлбөр биш шүү дээ.

-Алдартай хүний үр удам байх сайхан мөртлөө амаргүй гэж та хэлсэн?

-Тэр нэр төрийг авч явах хэцүү. Надад байгаа энэ зовлон өнөөдрийн төр, засгийн удирдлагад байгаа бүх хүний хүүхдэд хамаатай.

-Та Ц.Жигжиджавын тухай ном гаргахыг хүсдэг үү. Ерөнхий сайд Ц.Жигжиджав сангийн зүгээс юунд анхаарлаа хандуулах бол?

-Би амьтны атаа жөтөө хүргэсэн юманд дургүй. Монгол Улсын төрийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын Баруун-Уртад сүндэрлэсэн хөшөөг л шинэчилж гоё болгох юмсан гэж боддог. Миний өвөг эцэг Монгол Улсыг шинэчлэх шинэ улс болгох анхны Үндсэн хуулийг батлалцсан төрийн зүтгэлтэн хүн. Өвөг эцэг маань анхны Үндсэн хуулийг батлалцаж байсан бол Ардчилсан Үндсэн хуулийг ач хүү нь түшилцэж яваагаараа бахархдаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг үндэстэн дэлхийд ганц бид л байх

Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг нь дэлхийд ганц бид л байх гэсэн бодол сэтгэлд хорогдоод болдоггүй ээ. Дөнгөж саяхан намрын дунд сарын 17 болж өнгөрлөө. Энэ өдөр хуримаа хийж аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавьсан хос олон байсныг дурдах нь илүүц биз. Аавынхаа голомтоос галаа тасалж, аз жаргалаа өөрөө олж байгаа залуусыг харахаар сэтгэл огшоод сайхан байлаа. Хуримынхаа өглөө хэн л муу санаж гараа аж.

Дүүгийн минь амьдрал эхэлж байгаа өдөр болохоор бид л гэхэд бултаараа аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн энэ өдрийг угтсан. Гэтэл хамаг байдгаараа гоёж чимэглэсэн хуримын машиныг харсан хүмүүс яасан гээ. Бүгд л битүүхэндээ нулимаастай. Хажуу айлын үргэлж инээж явдаг эгч хүртэл нэг л ёозгүй, аз жаргалыг нь авчих вий гэж битүүхэндээ зовоостой. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хуримын гоё өглөөд тийм ч дургүй нэгэн байж гэдгээ энэ өдөр ухаарсан. Аз жаргалаа бусдад булаалгахгүй гэсэн шиг нэг л хүйтэн харцаар хуримын машин руу хардаг байснаа ухаараад сэтгэл зовох шиг болсноо нуух юун. Яг над шиг ийм мэдрэмжинд эзлүүлсэн хүн саяхны өглөө олон байсан байх.

Монголчууд их сонин улс. Хурим хийж яваа улстай таарахаараа аз жаргалыг нь булаачихлаа гэж сэжиглэдэг, үүгээрээ дэлхийд хаана ч байхгүй сэтгэлгээтэй ард түмэн. Намрын дунд сарын 17 саяхан болж өнгөрөхөд энэ хандлагыг илүү тод анзаарлаа. Гэтэл дэлхийд яадаг билээ. Хуримын өдөр хүн бүр л аз жаргалаар бялхаж, хуримаа хийж, амьдралаа эхлүүлж байгаа залуу хосод хамаг сайхныг хүсч, хуримтай өдрийн сайхныг бие, сэтгэлээрээ мэдэрцгээдэг. Хуримтай кинонуудаас гутарсан дүрийг лав хэн ч олж харахгүй.

Магадгүй тэр өдрийн сайхан нь залуу хосын амьдралыг эгнэгт холбодог ч байж мэднэ. Хурим тийм сайхны дунд болж өнгөрдөг. Дүүгийн минь хурим яг л ийм мэдрэмж төрүүлсэн. Ийм их аз жаргал дунд халгиж явахад хажуугаар нь зөрөх төдийд нулимаад байхаар хэнд л олигтой санагдах билээ. Жирийн өдрүүдэд дадсан зуршлаараа нулимдаггүй юмаа гэхэд холуурхан өнгөрөх байсан хуримын машины дэргэдүүр одоо л лав би муухай харж өнгөрөхгүй. Тийм их аз жаргал яагаад надад мууг авчирна гэж. Харин ч аз жаргалыг авчрах бус уу.

Хурим таарахаар сэжиглэдэг монголчуудын сонин араншин хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд бүр ч хурц илэрдэг. Хуримын машинтай таарахаараа аз жаргалаа булаалгалаа гэж нулимдаг монголчууд хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэж байгаатай таарахаараа “буян нь ирэх нь” гэж ихэд бэлгэшээдэг. Хөдлөнгийн хүнд бол их л сонин характер. “Ашгүй энэ хүн үхэж, буян нь надад ирлээ” гэж битүүхэндээ хөөрцөглөж байгаа ч юм шиг. Хуримын машин таарахаар аз жаргалаа булаалгана гэж сандарсан нөхөр, хэн нэгнийг эцсийн замд үдэх ёслолтой таарангуутаа бэлгэшээж баярлалаа гэвэл хэн сайхнаар хүлээж авахав.

Уг нь дэлхийн ард түмэн хаана ч байхгүй ёс заншлаараа баярлаж, бахархдаг. Тэр ёс зүйгээр бол бид энэ хачин хандлагаараа бахархаж хөөрцөглөмөөр. Хаана ч байхгүй ёс гээд бахархаж хөөрцөглөх учир шалтгаан харамсалтай нь алга. Япончууд нэгэн цагт нас дээр гарсан өтгөс буурлаа өндөр ууланд аваачиж орхидог байсан түүхийг хүн төрөлхтөн өнөө ч ам дамжуулан ярьцгаадаг. Гэхдээ бахархаж биш гуниглан ярьцгаадаг.

Монголчууд хуримыг үзэн ядаж, оршуулгыг хүндэтгэн үздэг жигтэй ард түмэн, биднээс бусад үндэстэн огтоосооо тэгдэггүй гэж бахархан ярих нь хаашаа юм. Хэтээсээ омогшихоор зүйл ч биш. Монголчуудын натур нь тийм. Энэ натураасаа салахгүй, байгалийнхаа инстинкээс холдож чадахгүй байж хөгжиж дэвжинэ, тун удахгүй диваажин байгуулна гэж яриад нэмэргүй л дээ. Энэ хандлагаасаа салаагүй цагт хөгжил, өөдрөг ирээдүйн тухай үлгэр шиг зүйл яриад хэтээсээ гавьтай зүйлд хүрэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?

“Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрс уг нь дэлхийн зах зээл дээр үнэ цэнэтэй эд. Хятадын далайн боомт дээр тонн нь 200 ам.доллар хүрч галзуураад эхэлчихсэн. Гэтэл манай улсын төрийн өмчтэй компанийн удирдлагууд нүүрсээ тонныг нь 27-хон ам.доллараар өгсөн шигээ сууцгааж байгаа. Үнэндээ бол 27 ам.доллар ч биш. Яг нарийндаа тонн тутмыг нь гуравхан ам.доллараар үнэлж өгч байгаа. Гурван доллараас бусад нь манай Таван толгойгоос нүүрс олборлож байгаа Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “TTJV­Co”, манай Таван толгойн нүүрсийг урагш нь тээвэрлэж байгаа Хятадын “Винсвэй” компанийн ажлын хөлсөнд явчихаж байгаа юм. Ингээд тооцохоор бид “Чалко”-д нэг тонн нүүрсээ гуравхан ам.доллараар өгч, төлөх ёстой өрөө яст мэлхийн хурдаар урагшлуулж байгаа гэсэн үг. “Чалко”-гоос мөнгө авч иргэн бүрдээ 21 мянган төгрөг болгоод тараачихсан юм чинь өгөхөөс аргагүй. Гэхдээ гуравхан ам.доллараар төлнө гэвэл даруй тав, зургаан жил шаардлагатай гэсэн тооцоог судлаачид аль хэдийнэ хийчихсэн. Ногоон эдийн засгийг онилж, нүүрсний хэрэглээгээ хумьж эхэлсэн урд хөршийн бодлогыг харсан ч тэр, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томчуудын гарын үсэгтэй нүүрсийг хэрэглээнээс шахах хэтийн зорилготой Парисын гэрээг бодсон ч тэр ирэх дөрөв, таван жил бидэнд үнэ цэнэтэй. “Чалко”-гийн өрийг гурван доллараар зарсан шигээ аж төрвөл монгол нүүрс “моод”-ноос жинхэнэ утгаараа гарна.

Нэг их холын биш жишээ татъя, Н.Алтанхуягийн Засгийн газар Багануурын нүүрсийг нэг өвөл гэр хорооллынхондоо хямдруулсан үнээр зараатахсан чинь яалаа. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зөвлөх Л.Гансүхийг нь бариад хорьчихсон. Эгэл жирийн иргэддээ, монголчууддаа нэг өвөл хямдхан үнээр нүүрс түгээж, нурууг нь тэнийлгэснийхээ төлөө Л.Гансүх өнөөдөр шоронд хоригдож байгаа. Багануурын нүүрсийг Таван толгойн өндөр чанартай коксжих нүүрстэй харьцуулах юм биш л дээ. Шороотой, дэлхий дээр хэн ч тоож авдаггүй эрчим хүчний хүрэн нүүрсийг харин ч дажгүй мөнгөөр иргэддээ зарж, “Багануур”-т овоо мөнгө олоод өгчихсөн. Гэр хорооллын иргэдийн нүүрсэндээ зардаг мөнгийг нь овоо хэмнэсэн өгөөжтэй хөтөлбөр. Налайхын ченжүүдээс шуудай гэж хэлэхэд хэцүү жижигхэн тортой нүүрсийг 2000 төгрөгөөр авдаг байсан гэр хорооллынхон тэр жил 50 кг-ын шуудайгаар савласан Багануурын нүүрсийг 3000 гаруйхан төгрөгөөр авч ёстой л башийсныг бултаараа санацгааж байгаа. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд ханш нь дэлхийд 150 хувиар өсчихөөд байгаа коксжих нүүрсээ хорь гаруйхан ам.доллараар зарсан шигээ налайж байна. Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад нүүрсээ зүгээр өгч байгааг нь яах бол гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавимаар санагдаад байх юм.

Төр төлөөлсөн хэдэн нөхөд далдуур тохироо хийж, нам нийлж, сэм хуйвалдаж, гэрээ энэ тэр байгуулдаггүйсэн бол, Таван толгойг төр биш хувийн компаниуд хөдөлгөж зах зээлийн жамаар нь урагшлуулсан бол уурхайн амны нөхцөлөөр тонныг нь дор хаяж 70 ам.доллараар зараад суух байлаа. Эрдсийн шинжээч Л.Наранбаатар энэ талаар нарийн тооцоо хийсэн байна лээ. Тэрээр “2010-2012 онуудад үнэ өндөр байх үед Хятадын зүүн эргийн боомт дээр зарлагдсан коксжих нүүрсний үнийг 45-50 хувь бууруулж тооцоход Ганц модны боомт дээрх түүхий нүүрсний үнэ ойролцоо очдог байсан. Энэ төсөөллөөр авч үзвэл “Эрдэнэс Таван толгой”-гоос гарч буй коксжих нүүрсний үнэ хил дээр 100 орчим ам.доллар, тээвэр болон бусад зардлуудыг хасахаар уурхайн ам нөхцөлөөр дор хаяж 70 ам.доллар байх учиртай. Гэтэл өнөөдөр үнээ нэмээд 30-хан ам.доллараар зарна гэж байна. Энэ үнэ нь бараг өөрийн өртөгтэй нь дүйж байгаа байх. 27 ам.доллараар зарахад алдагдалтай гарсан санхүүгийн тайлан веб сайт дээр нь байна. Хятадад нэг өдрийн дотор 10-15 ам.доллараар үнэ нэмэгдэж байхад манайд нэмээд нэмээд аравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр улирлын үнээ гурван ам.доллараар л өсгөх юм яриад сууж байдаг. Дахиад л бүтэн улирлаар үнээ олон улсын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур түгжээд, өндөр чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь 30 ам.доллараар алдагдалтай үнээр өгөөд суух юм байна. Ядаж 55-64 ам.доллараар зарж байж Чалкогийн үлдэгдэл өрийг төлж дуусгах тухай яриа байж болно. Ингэж чадахгүй бол өрийн хавхнаас хэзээ ч мултрахгүй” хэмээн ярьж байна.

Австралийн боомтын нөхцөлөөр нийлүүлэх коксжих нүүрсний дундаж үнэ оны эхний улиралд 80, хоёрдугаар улиралд 100, гуравдугаар улиралд 150 ам.доллар болж өсөөд байгаа юм. Шинжээчид цаашид ч өсөх өндөр боломжтой гэж ам нийлүүлж буйг met­alsbulletin.com онцолсон харагдсан. Л.Наранбаатарын тооцсоноор “Эрдэнэс Таван толгой” энэ янзаараа жилд таван сая.тн нүүрс түүхийгээр нь борлуулахад таван сая ам.долларын л ашиг олох гэнэ. Удирдлагын болоод хүүгийн зардлыг нэмж тооцвол мэдээж талийж өгнө.

Коксжих нүүрсийг угааж баяжуулаад гаргавал уурхайн аман дээрээс нь шууд зарснаас илүү ашиг олно. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” угааж баяжуулах үйлдвэргүй ч ердөө хажууханд нь “Энержи ресурс”-ийн хөрөнгөө зарж барьсан үйлдвэр бий. Төрийн компанийн томчуудад тэр үйлдвэрт нүүрсээ угааж, баяжуулаад арай ахиу үнээр зарах сонирхол хэтээсээ байхгүй. Уг нь нүүрсээ угааж баяжуулаад зарвал тонныг нь 90 ам.долларт хүргэх боломж бий гэсэн тооцоог Л.Наранбаатар гаргажээ. Олон улсын зах зээлийн ханшид дүйцүүлээд Монгол-Хятадын хилийн боомтын нөхцөлөөр зарвал Монголын Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсийг 90 ам.доллар хүргэх бүрэн боломжтой гэсэн үг. Хэрвээ тэгвэл Таван толгойн нүүрсийг зарж олох жилийн ашиг нь 146 сая ам доллар. Арай ахиулаад 100 ам.доллараар борлуулж чадвал жилийн ашиг нь 190 орчим сая ам доллар. Маш том, эрс тэс ялгаатай тоонууд харагдаж байгаа биз.

Коксжих нүүрсний үнийн огцом өсөлт ойрын нэг жилдээ тогтворжино гэж шинжээчид хэлцгээж байгаа. Учир нь коксжих нүүрсийг хэрэглэдэг урд хөршийн гангийн үйлдвэрүүд дажгүй ажиллаад эхэлчихсэн. Хятадын гангийн экспорт өнгөрсөн наймдугаар сард гэхэд 18 хувиар өссөн статистик бий. Коксжих нүүрс ханшаа алдахгүй байх өөр нэг шалтгаан нь Хятадын коксжих нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал. Төрөөс нь коксжих нүүрсний уурхайнуудынхаа ажлын цагийг багасгаж, үйлдвэрлэлийнх нь хүчин чадлыг 25 хувиар таначихсан. Энэ бол бидний хувьд алтан боломж. Урд хөршийн TTJV­Co, “Винсвэй” компаниуд энэ боломжийг биднээс түрүүлж хүртэх гэж хүнд даацын машины хорь, гучин км цуваа үүсгэн нүүрс зөөж байна даа.

Монголын нүүрсний нийт экспортын 80 хувийг эзэгнэнхэн аж төрж суугаа “Эрдэнэс Таван толгой” Чалкогийн өрийг төлж дуустал өөр компаниудад нүүрсээ борлуулах эрхгүй гэсэн хязгаарлалт бий. Чалко зөвшөөрвөл л борлуулж болно гэсэн инээд хүрэм тохироо байгаа. Юу гэж л тэнд 200 ам.доллараар зарж байгаа юмыг энд 20 гаруйхан ам.доллараар авах боломж байхад “Та нар нүүрсээ өөр компанид ахиу үнээр өгвөл өг” гэх вэ дээ. Илүү ихийг авах гэж шунаж таарна.

Л.Наранбаатар “Эрдэнэс Таван толгой”-н гэрээт олборлогч нь TTJVCo гээд 100 хувь Хятадын компани. Тэр компани ажлынхаа хөлсөнд “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс авдаг. Ингэж нүүрс авахдаа асар өндөр өртгөөр олборлолт хийдэг. Тэгсэн хэрнээ төлбөрөө авахдаа Чалкотой яг адилхан хямд үнээр тооцож бэлэн нүүрс аваад байгаа. Анхаарахгүй байх аргагүй асуудал. TTJVCo ингэж авсан нүүрсээ Хятадын компаниудаар тээвэрлүүлэн хил давуулж, мөн “Винсвэй” гэдэг бас нэгэн хятад худалдааны компаниар цааш нь дамлан зарж ашиг олдог” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон харагдсан.

Коксжих нүүрсний 80 хувийг гаргадаг компани энэ янзаараа цаашилбал Монгол гэдэг улс коксжих нүүрсний зах зээлээс ахиу мөнгө олно гэдэг ёстой нөгөө Мянгуужингийн үлгэр болно. Тэгэхээр одоо ганц л гарц байна. Таван толгойгоос төр ухамсраараа гарах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнд даатгаад татвараа авсан шигээ аж төрвөл төсөвт мөнгө орж, өнөөхөөр нь цэцэрлэг, сургууль бариатахвал маньд л нэмэртэй санагдах юм. Тэгээд ч энэ хувилбар дөнгөж яригдаж байгаа шинэ сэдэв биш. Японы “Сүмитомо”, Хятадын ”Шинхуа”, Таван толгойд нүүр бардам бүтээн байгуулалт хийж чадсан “Энержи ресурс”-ын хослол Таван толгойг нэг цонхны зарчмаар хөдөлгөнө гэсэн тохироог засагтай хийж л байсан. Нэг цонхны гэдгийг хар үгээр тайлбарлавал олборлолт, тээвэрлэлт, худалдаа гээд бүгдийг нь хариуцна гэсэн үг. “Сүмитомо” нь өнөөг хүртэл үлгэр шиг хол байгаа гуравдагч зах зээлд Монголын коксжих нүүрсийг зөндөө мөнгөөр зарах гүүр болъё л гэсэн. За гэвэл ёогүй япончууд ингээд хэлчихээр монгол нүүрс гуравдагч зах зээлд хүрэх нь тодорхой байсан. “Шинхуа” болохоор төдийгөөс өдий хүртэл нарийн, өргөн цариг гэж талцаад барьж чадахгүй суугаа, бондын баахан мөнгө зарж шороо босгосноос өөрийг хийгээгүй төмөр замыг чинь тавиад өгье л гэсэн.

Төрийн өмчийн Таван толгойтой харьцуулбал угаах үйлдвэр, цахилгаан станц, авто замын бүтээн байгуулалт өрнүүлж, тэнгэр газар шиг ялгаатай бүтээлчээр ажиллаж байгаа “Энержи ресурс” коксжих нүүрсний арвин нөөцтэй ордоо зах зээлийн жамаар нь урагшлуулъя л гэсэн.

Өөр ямар ч хувилбар байж болно. Ямартай ч Таван толгойг төр удирдахаар хэдхэн албан тушаалтны халаас түнтийхээс өөр шидгүйг монголчууд бултаараа мэдэрч сууна. Төр Таван толгойг хөдөлгөдөг учраас дэлхийд 200 доллараар зарагдаж буй нүүрсийг 27-хон ам.доллараар зарж, төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй байгаа нь булзах аргагүй үнэн. Тэгэхээр том ордоо хувийн компаниудад даатгаж, зах зээлийн жамаар, цаг алдалгүй даруйхан хөдөлгөх л цорын ганц гарц байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Комикс: Ард түмэнд нүүрсээ хямдруулбал шоронд Хятадуудад нүүрсээ хямдруулбал шагналд

Categories
мэдээ цаг-үе

Нөхцөлийг нь хангаж чадвал ямар ч амьтныг гаршуулж болно

Монголын хамгийн анхны амьтны дэлгүүрээр орлоо. “Angelfish” дэлгүүр нь 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд хамгийн олон төрлийн амьтантай дэлгүүр юм байна. “Аngelfish” дотор ороход яг л ой дунд яваа юм шиг мэдрэмж төрж байв. Энд тэндгүй шувуу дуугарч, олон төрлийн аквариумын усны чимээ сонсогдоно. Мөн энд ч тэнд ч амьтад хөдлөх нь нүдэнд дасал болоогүй болоод ч тэр үү, сонин мэдрэмж төрүүлж байсан юм.

Дэлгүүрийн эзэн амьтан судлаач Ц.Одбаяртай уулзлаа. Түүний амьдрал амьтантай салшгүй холбоотой гэнэ. Тэрээр Москвагийн их сургуулийн биологийн факультетийг амьтан судлаач мэргэжлээр төгсчээ. 16 дахь жилдээ амьтны дэлгүүрээ ажиллуулж байгаа тэрээр найман настайгаасаа л загас тэжээж эхэлсэн бөгөөд 45 жил загас тэжээж байгаа гэнэ.

Уг дэлгүүрт гуч гаруй төрлийн загас, дөрвөн зүйлийн тоть, усан гахай, зурам, муур, орог зусаг, хилэнц, аалз, алаг даахай, гүрвэл, гурван зүйлийн могой, хэрэм, какаду шувуу зэрэг амьтад байлаа. Эдгээр амьтдаа хээрээс, хүний үржүүлснээс, гадаадаас гэх мэтчилэн янз бүрийн газраас авчирдаг аж. Ер нь аль болох тээвэрлэхийг боддоггүй гэнэ. Учир нь зарим амьтад тээвэрлэх замд эндэх эрсдэлтэй байдаг аж. Тиймээс аль болох үржүүлдэг бөгөөд амьтны нөхцөлийг хангаж чадвал ямар ч амьтанг гаршуулж, тэжээж болдог гэж ярьсан юм. Тус дэлгүүрт Монголд ганцхан байдаг могой байна. Энэ могой нь Америкийн урд, Мексикийн хойд хэсэгт амьдардаг аж. Мөн халуун орны аалз байх юм. Харахад л биеийн шар үс босмоор энэ аалз халуун орных ч гэсэн гэрийн температурт амьдраад л байдаг гэнэ. Мөн хэт сэрүүхэн үед нэмэлт халаалт өгч болдог аж. Түүнчлэн Австралийн шар залаат какаду гэдэг шувуу байлаа. Энэ шувуу нэг ч дуугарсангүй. Гэхдээ нэг дуугараад эхэлбэл хүн хажууд нь ярихад ч бэрх байдаг гэнэ. Зуун жилийн настай какаду шувуу энэ дэлгүүрт ирээд 14 жил болж байгаа ажээ. Ховорхон үзэгддэг алаг даахай ч байв. Ц.Одбаяр “Би зарим цөөн тооны амьтдаа зардаггүй л дээ. Манай дэлгүүрээр хүүхдүүд их орж ирдэг учраас танин мэдэхүйн үүднээс байлгадаг юм. Бүх хүн хөдөө явж, машины гэрэлд алаг даахай орж ирэхийг харж чадахгүй шүү дээ” гэсэн юм. Биднийг ярилцаж байх хооронд ч хүүхдүүд орж ирэн, торны цаана байх бяцхан муур, усан гахай, загас зэргийг ихэд сонирхож байлаа.

Амьтан сонирхогчид өнгө, үзэмжийг нь хараад өөрт таалагдсанаа сонгодог бол амьтан судлаач маань төдийлөн хүмүүсийн сонирхдоггүй, үржүүлж өсгөхөд бэрх амьтдыг цуглуулах дуртай юм байна. Хэрвээ үржихэд бэрх амьтдыг үржүүлж чадаж байвал мэргэжлийн хүний хувьд сайхан санагддаг гэлээ. Түүний загаснууд дундаас неон өнгөтэй загас хамгийн их анхаарал татаж байлаа. Жижиг хэмжээтэй хэдий ч гоёмсог харагдах энэ загас үржүүлэхэд хамгийн хэцүүд тооцогддог байна. Агаарын даралт буурах гэж байгааг загас маш сайн мэддэг бөгөөд хүйтрэх үед загас түрсээ шахдаг аж. Тэр үед нь шинэ усаа бэлдэх хэрэгтэй. Учир нь усны бүтэц солигдохоор түрсээ шахдаг гэнэ. Загасны ханш ойролцоогоор таваас 15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хамгийн үнэтэй загас хоёр мянган ам.долларын үнэтэй алтан луу гэдэг загас байдаг юм байна. Алтан луу бол Хятад, Тайландад ч тэр хамгийн үнэтэйд тооцогддог гэнэ. Зарагдаж буй амьтдын үнэ яг тогтмол байдаггүй байна. Ц.Одбаяр ярихдаа “Би хоёрхон тотьтой үлдчихсэн байлаа гэхэд Улаанбаатарт өөр зарах тоть байхгүй бол 80 мянган төгрөгөөр зарж байсныгаа 150 мянга болгож болно, харин элбэг байвал арай хямд үнээр ч зарна. Мөн амьтдаа үржүүлж зардаг учраас их сүрэг нь үлдчихсэн байвал зардаггүй” гэлээ.

Тэрээр тэжээмэл амьтад байгалиас хязгаарлагдмал орчинд байдаг учраас бүхий л хэрэгтэй амин дэм зэргийг хоолоор нь өгч байх хэрэгтэй гэв. Үнэ багатай, тааруухан хоол өгвөл тэжээж буй амьтдад тийм ч сайхан байхгүй. Харин үнэтэй, чанартай хоол өгөөд байвал өнгө зүс ороод, хурдан үржээд л байдаг гэж ярилаа. Мөн амьтан судлаач маань “Амьтан тэжээнэ, үржүүлнэ гэдэг тийм ч амархан зүйл биш. Хамгийн гол анхаарах зүйл бол эрүүл ахуй байдаг юм. Ядаж л ялгадсыг нь цэвэрлэчихвэл өвчин тусахгүй шүү дээ. Тэжээж буй амьтнаа сайн мэдрэх нь чухал. Үс нь өрвийчихсөн байна уу, хоол ундаа идэж байна уу, хөдөлгөөн нь хэвийн байна уу гэх зэрэг энгийн зүйлсийг сайтар ажиглах хэрэгтэй байдаг. Мөн амьтан барьсныхаа дараа заавал гараа угаах хэрэгтэй. Гараа угаахгүй хоол, унд идвэл өвчин ч тусаж мэднэ шүү дээ.

Мөн тэжээж байгаа амьтныхаа талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Жишээлбэл нохой худалдаж авлаа, гэхэд тухайн нохойныхоо зан ааш, зориулалтыг нь сайтар судалж авах нь дараа нь гарах эрсдэлээс хамгаалдаг. Нохой бүр өөр өөрийн онцлогтой. Дундад Азийн кавказ нохойнууд хамгаалалтын үүрэгтэй бол Голден Ретривэр нь хараагүй хүнд хамгийн тустай, ухаантай байдаг. Харин овчарка нохой нь үнэрч чанараараа цагдаа, хилийн цэрэгт тохиромжтой. Үүлдрийн зориулалтыг нь мэдэхгүйгээс болж хамгаалалтын нохой зарим тохиолдолд эзэн рүүгээ дайрах ч үе байдаг. Ийм тохиолдолд хүмүүс нохойгоо гэрээсээ гаргаж орхиод, үүнээс үүдэн олон сөрөг үр дагаврууд гардаг” гэсэн юм.

Тэрээр тэжээмэл хэрэмдээ зориулж модны мөчиртэй, өндөр тор бэлдэж өгчээ. Хэрэмд самар, хүнсний ногоо, алим, лууван зэргийг өгч болдог байна. Харин могой, аалз заавал амьд амьтнаар хооллодог аж. Тиймээс зориулж өт, хулгана зэргийг тэжээдэг байна. Дөрвөн өөр торонд том, жижиг, янз бүрийн өнгөтэй тотинууд байлаа. Түүний хувьд тоть шувууг 10 гаруй жил тогтмол үржүүлж, зарж байгаа гэнэ. Тотинд байнга үг давтаж, хэлж өгөөд байвал дуурайгаад хэлдэг байна. Хооллолтын хувьд төдийлөн ялгаа байдаггүй бөгөөд том жижгээс нь хамаарч идэх будаанд нь самар, жимс нэмж өгдөг ажээ. Маш олон зүйлийн тоть байдаг хэдий ч тэр бүр Монголд авчрахад хэцүү гэнэ. Тоть үржихдээ амаргүй, өнгө зүс нь гоё байх тусмаа өндөр үнэд хүрдэг ажээ.

“Angelfish” дэлгүүрт дээрх амьтад байхаас гадна монгол банхар гэрээрээ үржүүлдэг аж. Тухайлбал, тэднийх 2002 оноос эхлэн монгол банхар, монгол тайга нохой үржүүлж эхэлжээ. Тухайн үед монгол банхрыг хэн ч тоодоггүй байж. Ингээд Ц.Одбаяр 350 мянган төгрөгөөр монгол нохой авч байхад хүмүүс түүнийг тэнэг гэдэг байжээ. Харин Ц.Одбаяр “Миний нүд буруу таньж, шинжээгүй байсан. Одоогоор 20 гаруй монгол банхар бий” гэлээ.

Хүмүүс монгол банхрыг түвд банхартай андуурдаг байна. Монгол банхрын гол онцлог нь Монголын цаг агаарын эрс, тэс уур амьсгалд дасан зохицдог, том биетэй хэдий ч хөнгөн шингэн байдаг аж. Мөн цас, шуургатай үед ч эзэнтэйгээ хамт малдаа явдаг, өвлийн хүйтэнд үүр байхгүй хэдий ч цас малтаж шороог нь гаргаад, эсвэл бууцан дээр цагариглаж хэвтээд үр төлөө гаргачихдаг давуу талтай. Хамгийн гол нь соргог, сайн манаач байж чаддаг байна. Мөн монгол нохой хар, шар, цагаан зүсмийн байж болдог ажээ.

Хамгийн түгээмэл нь халтар. Мөн түвд болон өөр үүлдрийн нохойнууд ч дөрвөн нүдтэй байдаг гэнэ. Монгол банхар нь 500 мянган төгрөгөөс эхлээд хэдэн ч сая төгрөгийн үнэд хүрдэг байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Аль болох бидний орчин нөхцөлд зохицох зүйлсийг судалж, нэвтрүүлэхийг зорьж байна

Шинжлэх ухааны салбарын залуу судлаач, эрдэмтдийг дэмжих Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын инновацийн тэтгэлэг олгох шалгаруулалт шилдгүүдээ тодруулаад байгаа билээ. Шилдэг, залуу 10 эрдэмтний нэгээр шалгарсан Э.Отгонжаргалтай ярилцсанаа хүргэе.

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа амьдралд хэрэгтэй бүтээл болгохоор зорьж буй шилдэг, залуу эрдэмтний нэгээр шалгарлаа. Танд баяр хүргэе?

-Баярлалаа. Би анх Шинжлэх ухаан технологийн их сургуулийн материал технологийн сургуулийг химич, технологич мэргэжлээр төгссөн. Мөн энэ сургуульдаа магистр хамгаалсан юм. Харин сургуулиа төгссөн жилээ буюу 2005 оноос эхлэн Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнд ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа БНСАУ-ын “Kumoh National In­stitute of Technology” сургуульд докторын зэрэг хамгаалсан. Би докторын зэрэг хамгаалсан бүтээлээрээ шилдэг, залуу эрдэмтний нэгээр шалгарлаа. Нийт тавь гаруй судлаач бүтээлээ сойлоо. Шалгарсан арван залуу эрдэмтнээс гадна шалгарч чадаагүй ч маш сайн бүтээл бий. Энэхүү шалгаруулалтад оролцсон бүх бүтээлүүд маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардсан байдаг. Гадаад руу явж илүү зүйлийг сонсож мэдээд түүнийгээ эх орондоо нутагшуулахыг зорьсон олон залуусын хүч хөдөлмөр байгаа гэдгийг онцолмоор байна. Энэ тэтгэлэг бол залуу эрдэмтдийн хөшүүрэг болсон зүйл. Мэдээж шинжлэх ухаан хөрөнгө мөнгөгүйгээр бодит зүйл болно гэдэг хэцүү. Мөн судалгаа шинжилгээ хийхэд тусалсан ажлын хамт олон, багш нар, гэр бүл найз нөхдөдөө маш их баярлалаа. Та бүхний тус дэмээр судалгааны ажил минь урагштай байсан шүү гэдгийг хэлмээр байна.

-Эрдэмтдийн судалгааны ажил үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой эсэх нь тус шалгаруулалтад хамгийн чухал байдаг. Та ямар судалгааны ажил хийсэн бэ?

-Агаар, хөрс нь хүний нөлөөлөл, микро организмоос шалтгаалж бохирдож байдаг. Жил болгон дэлхийд 13 сая орчим хүн хөрс болон агаарын бохирдлоос болж нас барж байна. Мөн сүүлийн үед хорт хавдар ихэссэн нь хүнсний аюулгүй байдал, агаарын болоод хөрсний бохирдол, тоосжилттой холбоотой гэж үзээд байгаа шүү дээ. Агаарын бохирдлын гол хүчин зүйлсийн нэг бол нүүрс. Нүүрсэнд хүнд металл, хортой бодисууд маш их агуулагдаж байдаг. Мөнгөн ус, уран гэх зэрэг бодисууд байдаг юм. Хэдий эдгээр хүнд металл нь хөрсөн дээр байж болох ч устай урвалд орсноороо идэвхжиж улам хортой болдог. Ингэснээр ундны ус ч бохирдож байгаа юм. Энэ мэтчилэн бохирдсон усыг БНХАУ-ын хотуудын 90 хувь нь хэрэглэж байна гэсэн судалгаа бий.

Манайд 2008 онд хөрсний бохирдлын талаар судалгаа хийсэн. Доктор н.Батжаргал судлаачийн энэхүү судалгаагаар хүнд металын бохирдол бий гэж үзсэн байдаг. Тэр дундаа 100 айлын хэсэгт илүү хэмжээтэй агуулагдаж байна гэж үзсэн. Гэтэл 2012 оны судалгаагаар бохирдол буурсан гэж гарсан. Судлаачид бороо хураар угаагдаад багасчихсан байна гэж тайлбарлаад байгаа юм. Гэхдээ химийн бодис хэзээ ч устаж үгүй болно гэж байхгүй. Өөр төлөвт л шилждэг юм. Хэрвээ судлаачдын хэлж байгаагаар усаар угаагдсан бол Туул голын ёроолд эсвэл бохирын хоолойны амсар дээр л байгаа. Эдгээрээс болж хүмүүс хордох муу үр дагавартай. Энэ бүх хор уршгийн талаар яриад л байна. Гэхдээ ямар нэгэн шийдэлд хүрэх ёстой. Тиймээс би судалгааны ажлаа “Хүнд, хөнгөн металл оксианиондыг шингээх шинэ материалын шинж чанарыг сайжруулах” гэсэн сэдвээр хийлээ. Энэ материал нь гол, ус, хөрсөнд байгаа бохирдлыг шингээж аван идэвхгүй, хоргүй болгоно гэсэн үг. Залуу хүний хувьд аль болох гарц болсон судалгаа хийхийг хичээлээ. Аль болох бидний орчин нөхцөлд зохицох зүйлсийг судалж нэвтрүүлэхийг зорьж байна. Манай залуу судлаачид маань энэ материал судлалыг илүү сонирхож судалж байгаа.

-Таны судалгааны ажил хэзээ үр дүнгээ өгч эхлэх бол?

-Одоогоор бүх судалгааны ажил хийгдээд дуусчихсан. Харин яг үйлдвэрлэе гэтэл энэхүү шингээх материал маань хэт нунтаг байгаа учраас ширхгийг нь томруулаад л хэрэглэх боломжтой юм. Шингээлтийн багтаамжийг нь судалж гаргасан. Шингээлт бол маш сайн. 160 литрт нэг гр шингээгч материал хийхэд цэвэрших боломжтой. Судалгааныхаа хүрээнд зарим аймаг, сумдын ундны усыг судалж үзсэн л дээ. Бүгд бохирдолтой байна гэж гарсан. Мөн нэг сумын хоногийн ундны усанд дөрвөн тонн ус хэрэгтэй гэсэн тооцоо гаргалаа. Тэр дөрвөн тонн усан дахь хүнд металлыг цэвэршүүлэхийн тулд 25 гр шингээгч материал байхад л хангалттай. Түүнийг үрэл хэлбэрээр эсвэл амсарт нь ч байрлуулж болох юм. Ирэх жилээс шингээх материалаа нэвтрүүлье гэсэн зорилготой байна. Энэ материалаар хөрсний бохирдлыг цэвэрлэх олон арга бий. Тухайлбал, электрон хими болон өндөр технологитой цахилгаан химийн аргаар цэвэршүүлж болно. Гэхдээ энэ бүхнийг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө мөнгө шаардлагатай.

-Нэг өрх ундны усаа цэвэршүүлэхэд хичнээн төгрөг шаардлагатай бол?

-Баримжаа тооцоо гаргасан л даа. Нэг айл 100-200 төгрөг төлөөд л хоногийн ундны усны хэрэгцээгээ цэвэршүүлчих боломжтой.

-Энэхүү шингээгч материалыг Дэлхий нийтэд хэр их ашигладаг юм бол. Ашиглагдаж байгаа жишээнүүд бий юу?

-Энэ материалыг их ашигладаг л даа. АНУ-д усаа цэвэршүүлэхийн тулд мөн ашигласан байдаг юм. Ямар бодисыг цэвэршүүлэх гэж байна, түүнээсээ шалтгаалж орцууд нь өөрчлөгдөөд явдаг. Үүнээс Монголд нутагших боломжтой, бидний орчинд тохирохыг нь судалсан.

-Цаашид ямар судалгаа хийх бодолтой байна вэ?

-Судлаачид маань гурван жилээр төлөвлөгөөгөө гаргадаг. Түүнийгээ Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамаар батлуулж санхүүжилт авдаг юм. Бодож байгаа сайхан санаанууд байна. Аль болох бидэнд тулгамдаж буй асуудлаар л судалж, гарцыг олохыг хичээнэ дээ.

Нуулгүй хэлэхэд, Шинжлэх ухааны академид шаналсан хэдэн хөгшин, шатсан хэдэн залуучууд л байдаг юм шүү дээ. Ийм зүйл хийчих юмсан гэсэн хүсэлтэй залуучууд л байна. Хамгийн түрүүнд бодож мөрөөдөж байгаа зүйл бол Шинжлэх ухааны академи судалгаа хийх багаж хэрэгсэл нь бэлэн, хүртээмжтэй болоосой гэж хүсэж байна. Би хүмүүст боломж олдвол хэлж байдаг юм. Үнэхээр энэ шинжлэх ухааныг судлаад тасарчихсан залуус нь гадаад гараад явчихдаг. Харин тэр хол тасарчихсан түвшин рүү нийт массыг Шинжлэх ухааны академи залж байх ёстой юм. Ийм л чухал байгууллага юм шүү дээ. Тиймээс хамгийн их ач холбогдол өгч байх хэрэгтэй.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтри: Манай оронд төрийн оролцоотой компани байхгүй

Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангmритай ярилцлаа.

-Та Австралиас Монголд сууж байгаа анхны Элчин сайд. Австрали улс Монголд Элчин сайдын яамаа нээх болсон шалтгаанаас яриагаа эхэлье?

-Би Канберрад ажиллаж байхдаа Монголын асуудлыг давхар хариуцдаг байсан юм. Монголын талаас ЭСЯ-аа Улаанбаатарт нээгээч гэсэн хүсэлтийг манай улсад хэд хэдэн удаа тавьсан л даа. Австралид суугаа Монголын элчин байсхийгээд л ингэж асуудаг байсан шүү. Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой ирэх онд тохионо. Хоёр улсын идэвхтэй харилцаж эхэлсэн хугацаа гэвэл ерээд он хавьцаа. 45 жилийн ой тохиож байгаа учраас манай улсын Гадаад хэргийн сайд Элчин сайдын яамаа нээх цаг болсон гэж үзсэн. Австралийн хувьд улс орнуудад ЭСЯ-аа нэг их нээгээд байдаггүй. Ялангуяа өнөө цагт. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Монгол Улсад Элчин сайдын яамаа нээсэн нь танай орныг стратеги, эдийн засаг, нийгмийн түншийн хувьд ямар чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Стратегийн хувьд гэж яривал ардчилал, зах зээлийн эдийн засгийг зориглон сонгож, тогтвортойгоор хөгжүүлж байгаад нь Монгол Улсаар бахархдаг. Австрали улс Монголын хувьд сайн гуравдагч хөрш байхыг хүсдэг. Эдийн засгийн хувьд ч манай хоёр улсад ижил тал бий. Аль аль нь өндөр чанартай гадаадын хөрөнгө оруулалтыг экспортын баримжаатайгаар уул уурхайн салбарт татаж эдийн засгаа хөгжүүлж байгаа. Нийгэм, хүмүүсийн хувьд ч монгол, австраличуудад төстэй тал их бий. Гэр бүлийг дээдэлдэг, боловсролыг өндөр хэмжээнд чухалчлан үздэг, гадаадын ямар нэг соёлыг маш хурдан хүлээн зөвшөөрч чаддаг, нүүдлийн уламжлалаас улбаатай байгалийг хайрлах үзэл гэж ирээд яривал хоёр улсын иргэдэд адил зүйл олон байдаг. Сая дурдсан эдгээр нь Элчин сайдын яамаа нээх шалтгаан болсон.

-Уул уурхайгаасаа олсон мөнгөөр бусад салбараа тэтгэж хөгжихөөс өөр бодитой гарц бидэнд байхгүй. Австрали уул уурхайн хөгжлөөрөө дэлхийд жишиг болсон орон. Уул уурхайгаа зөв замаар хүчтэй хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж та бодож байна?

-Австралийн тухайд том төслүүдэд гадны хөрөнгө оруулалтыг татаж амжилттай хэрэгжүүлэх тал дээр арвин туршлагатай. Уул уурхайн салбартаа түшиглэн эдийн засгаа босгох гэж байгаа танай орны хувьд манайх шиг улсын алдаа, онооноос сурах зүйл өчнөөн бий. Австрали уул уурхайн хайгуул, олборлолтын шатанд хэрэгжиж байгаа хууль эрх зүйн орчин, бодлого, журам зохицуулалт дээр гурван зарчмыг маш хатуу барьдаг. Юуны түрүүнд тодорхой, ил тод байх хэрэгтэй. Хоёр дахь зарчим нь тогтвортой байх. Харин гурав дахь нь өөр хоорондоо уялдаатай байх. Энэ зарчмыг барьж ажиллах хэрэгтэй. МАН-ын тэргүүлж байгаа засаг энэ талаар ярьж эхэлсэн нь сайн хэрэг.

Монголд Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр хэрэгжиж байгаа. Уул уурхайн салбарын сайн засаглалыг хөгжүүлэх, чадавхийг сайжруулахад төвлөрсөн хөтөлбөр л дөө. Манай улс эдийн засгаа хөгжүүлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтад ач холбогдол өгдөг. Гадаадын хөрөнгө оруулалт хүмүүст ашиг тусаа өгч байгаа тодорхой ажиглагдахгүй тохиолдолд гадны хөрөнгө оруулалтыг сөргөөр хүлээж аваад байдаг. Үүнийг бид туршлагаараа мэднэ. Гадаадын хөрөнгө оруулалтын үр ашиг олон түмэнд ил тодорхой байна гэдгийг төсөв томорсноор хэмжих нь учир дутагдалтай. Үр ашиг нь орон нутгийн түвшинд харагдаж байх учиртай. Өндөр чанартай гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм утгатай. Базаад хэлбэл, хөрөнгө оруулалтын ашиг тус нь үндэсний болон орон нутгийн түвшинд ижилхэн мэдрэгдэх ёстой.

-Уул уурхайдаа түшиглээд бусад салбараа хөгжүүлсэн жишээ өчнөөн байх…?

-Байлгүй яахав, жишээ нь тогтвортой хөдөө аж ахуйн бизнесийг хөгжүүлэх боломж бий. Орон нутагт уул уурхайгаас хамааралгүй хөдөө аж ахуйг хөгжүүлчихвэл уул уурхайн компаниуддаа бүтээгдэхүүнээ нийлүүлээд зогсохгүй. Уул уурхайн компани ажиллахаа больсон ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд нийлүүлж, илүү гарсныг нь экспортлох чадвартай хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй. “Рио Тинто” гэхэд л Австралид төмрийн хүдрийн уурхайгаа түшиглэж хөдөө аж ахуйн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн. Уурхайд хэрэглэсэн усаа цэвэршүүлээд малын тэжээл ургуулах бизнесийг дэмжсэн амжилттай жишээ бий. Иймэрхүү ижил төстэй төсөл хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх сонирхол “Рио”-д байгаа байх.

-Гадаадын хөрөнгө оруулалт орон нутагт ч үр ашгаа өгөх ёстой гэж та түрүүн ярилаа. Манай улсын хувьд энэ тал дээр дутмаг тал анзаарагддаг. Бодлогын хэмжээнд анхаарах зүйл байна уу?

-Австрали холбооны Засгийн газартай. Уул уурхайн чиглэлээр хэрэгжүүлдэг бодлого, хууль нь муж, мужаараа ялгаатай. Гэхдээ байгаль орчны чигийн хуулиудын тухайд улс даяар ижил байх бодлого барьдаг. Уул уурхайн чиглэлийн компаниуд орон нутагт хандив тусламж өглөө гэхэд холбооны улсын татварын хуулиар зохицуулах жишээний. Австрали улс орон нутагт тусламж дэмжлэг үзүүлсэн компаниудад эргээд татварын хөнгөлөлт үзүүлдэг. Энэ бодлого компаниудын орон нутагт хандив өгөх урмыг сэргээж өгдөг. Мэдээж би бүгдийг ойлгосон гэж хэлэхгүй, гэхдээ Монголын хувьд өөр бодлого барьдаг гэж ойлгосон. Донрын янз бүрийн тусламж үзүүлдэг байгууллагуудын дагаж мөрдөх ёстой татварын хууль нэлээд чанга талдаа гэж анзаарагдсан. Тухайлбал, танай улсад компаниудын орон нутгийн хөгжилд зориулан өгч байгаа хандив тусламж татвараас чөлөөлөгддөггүй хуулийн зохицуулалт үйлчилдэг.

-Манай улсын нөөц ихтэй ордууд стратегийн гэсэн ангилалд багтдаг. Тэр ордуудад төрийн оролцоо өндөр байдаг. Ер нь уул уурхайн бизнест төр оролцох нь хэр зөв хандлага вэ. Австралид төр нь уул уурхайн бизнестээ оролцдог жишээ байна уу?

-Австралийн хувьд эдийн засгийг хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол эдийн засгаа нээлттэй байлгах гэдгийг ухаарсан. Тийм учраас манай улсад төрийн оролцоотой компани байхгүй. Төр нь тодорхой хэмжээний хувь эзэмшдэг уул уурхайн компани байхгүй. Төрийн нислэгийн компанитай байснаа хувьчилсан. Төмөр зам, далайн тээвэр, арилжааны банк ч ялгаагүй, бүгд хувийнх. Австралид гадаад, дотоодын компани гэж ялгадаггүй. Бүгдэд адил дүрэм журам үйлчилдэг. Цаашид ямар бодлого хэрэгжүүлэх вэ гэдгээ монголчууд өөрсдөө хэнээс ч илүү мэдэж байгаа. Уул уурхайн салбартаа ямар алдаа хийв гэдэг асуудлын хамгийн сайн шүүгч нь мөн л монголчууд өөрсдөө. Монголын нэг олзуурхам зүйл нь ардчилал маш сайн бэхэжсэн. Хүмүүс нь үзэл бодлоо нээлттэйгээр солилцож, маргаан мэтгэлцээн өрнүүлж чаддаг. Зөв шийдвэрт хүрэх механизм нь байгаа гэсэн үг.

-Монголд хөдөө аж ахуй, эрүүл мэндийн чиглэлээр хийх зүйл их байна гэж та ярьсан байсан. Энэ салбаруудад яг ямар боломжууд харагдаж байна вэ. Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж бий гэж ойлгож болох уу?

-Олон улсын байгууллага, Монголын Засгийн газар, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд, Монголын бизнесмэнүүдийг нэгтгэж хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бий. Гэхдээ төр, хувийн хэвшлийг хамтын оролцоог бий болгоход хугацаа шаардагддаг. Одоогоор Австралийн Засгийн газраас Монголд орж ирж байгаа хөгжлийн тусламжид хөдөө аж ахуйн салбарт зориулсан мөнгө төсөвлөгдөөгүй. Австралийн хувьд төсвийн алдагдлаа бууруулах чиглэлээр нэлээд чармайж ажилласан. Гадны улсад үзүүлдэг хөгжлийн тусламжийн мөнгөнөөсөө нэлээд танаад байгаа. Монголын хувьд гол гэж үзсэн хоёр салбарт тусламж үзүүлж байна. Нэг нь Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр. Нөгөө нь боловсролын салбарт хэрэгжиж байгаа Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр.

-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт ихэвчлэн төрийн албан хаагчид хамрагдаад байх шиг анзаарагддаг. Австралид сурах сонирхолтой хувийн хэвшлийн залууст боломж хэр байдаг вэ?

-Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хувьд зөвхөн төрийн албанд ажилладаг хүмүүст зориулсан тэтгэлэг биш. Энэ тэтгэлэг Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэн 1992 оноос эхлэлтэй. Монголд өрнөсөн ардчилал дэлхий дахинд сюрприз болсон. Тухайн үед ардчилал, чөлөөт зах зээлийг сонгосон Монголыг яаж дэмжих вэ гэдэг хэлэлцүүлэг Австралид өрнөсөн. Эцэст нь Монгол гэдэг улсыг цааш нь удирдаж авч явах хүмүүсийг нь боловсролоор дэмжье гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр магистр, докторын түвшний сургалтад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хамруулах хэлбэрээр эхэлсэн. Эхэндээ төрийн албаныхныг түлхүү хамруулсан ч яваандаа хувийн салбарынхныг ч шалгаруулах болсон. Одоогоор Австралийн Засгийн газрын тэтгэлгээр хувийн болон төрийн албанд ажиллаж байгаа 400 гаруй хүн суралцаад байна. Хувийн зардлаараа суралцсан хүмүүсийг нэмбэл 6000 гаруй монгол хүн манай улсад суралцсан байдаг юм. Австралид сураад ирсэн залуус Монголын хөгжилд том хувь нэмэр оруулж байгаад баяртай явдаг. Австралид төгссөн монголчууд Mozzies нийгэмлэг гэж байгуулсан байгаа. Ийм том нийгэмлэг Монголд байгуулагдчихсан үед сайдаар ирсэн нь миний хувьд аз завшаантай хэрэг. Дашрамд хэлэхэд, хоёр дахь үеийн Mozzies-ууд гараад ирчихсэн. Австралид боловсрол эзэмшсэн, Австралид амьдарч байгаа хүмүүсийн хүүхдүүд манай улсад боловсрол эзэмшиж байна. Үнэхээр талархууштай хэрэг шүү. Австралид суралцсан монголчууд бидний хувьд хамгийн том Элчин сайдууд. Бас хүүхдүүд нь ч гэсэн (инээв).

Монголчуудын англи хэлний чанартай боловсрол авахаар сонгодог улсын дотор Австрали АНУ-ын дараа хоёрт жагсдаг. Энэ бямба (маргааш) гарагт гэхэд л “Хил хязгааргүй Австрали” гэдэг боловсролын үзэсгэлэн болох гэж байна. Австрали болон дэлхийд нэлээд дээгүүрт ордог 15 их сургуулийн төлөөлөгч ирнэ. Австралид сурах сонирхолтой хүмүүс сургуулиудаас нь шууд мэдээлэл авах боломж нээгдэж байгаа гэсэн үг.

-Австралид ажиллах сонирхолтой монголчууд олон бий. Ийм хүсэлтэй хүмүүст визний хувьд хөнгөлөлт ч юм уу, тодорхой дэмжлэг үзүүлэх боломж хэр байгаа вэ?

-Оюутнуудын хувьд санхүүгийн чадвараа баталбал гэр бүлээ аваад явж болдог. Австрали гадаадын оюутнуудад долоо хоногт тодорхой цагаар ажиллах зөвшөөрөл өгдөг. Хичээлээ гүйцээд шалгалтуудаа сайн өгөөд байвал сурахынхаа хажуугаар ажиллаж болно гэж Австралийн Засгийн газар үздэг. Манай тогтолцооны хүмүүсийг илүү ихээр татдаг элемент нь энэ болов уу. Австралийн хувьд ажиллах болон амрах гэсэн визний төрөл бий. Жуулчны визтэй төстэй ч жуулчлангаа ажил эрхлэх боломжоор хангадаг юм. Австрали улс энэ визийг нэлээд олон оронд хэрэгжүүлдэг. Монголын хувьд хамрагдах боломжтой. Засгийн газрын хэмжээнд ярьж байна. Мэдээж хоёр талд ижилхэн боломж үйлчлэх хэрэгтэй. Австраличуудад ч ийм боломжийг өгөх учиртай гэж бодож байна. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилтой уулзахдаа энэ саналыг тавьсан. Дараа жил юм уу, хоёр жилдээ багтаагаад шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлж болно гэсэн хариу хэлсэн.

-Монголд ирээд төрсөн хүчтэй сэтгэгдлээ хуваалцаач?

-Монголд ирсэн хүн бүрд хүчтэй сэтгэгдэл төрдөг байх шүү. Би өмнө нь Монголоос гадна Япон, Солонгосын хойгийг хариуцаж ажилладаг байсан юм. Хариуцдаг улсын хувьд танай оронд өмнө нь дүн өвлөөр ирж байсан. Монголын өвөл ямар хүйтнийг ярих юм биш. Би Монголд ирэхээс өмнө энэ ертөнцийн хамгийн хүйтэн газрыг Берлин гэж боддог байсан шүү (инээв).

-Таныг монгол хэл сурч байгаа гэж сонслоо. Хэр хэцүү санагдаж байна?

-Би хоёр мэргэжилтэй. Эхний мэргэжил маань инженер. Дараа нь хэл шинжээчийн мэргэжил эзэмшсэн. Монгол хэл сурахад хэцүү байна. Гэхдээ мэргэжил маань хэл шинжээч учраас их сонирхон сурч байгаа. Би японоор ярьдаг. Япон хэлтэй хэлнийх нь үндэс нэг учраас сурахад харьцангуй амар юм. Япон хэлний авиа зүй хялбархан байдаг. Англи хэлийг японтой харьцуулбал бага зэрэг хүндрэлтэй. Гэтэл монгол хэл их өөр. Англи хэлэнд ч байдаггүй маш олон авиа, дуудлага байна. Үг бүр нь хэцүү санагдаж байгаа шүү (инээв). Монгол хэлийг өвөрмөц, сонирхолтой сонсогдуулдаг нэг зүйл байна. Хоолойн лх гэх мэт хоёр гийгүүлэгчийг нийлүүлж хэлэхээр гардаг авиа. Монгол хэлний характерыг ямар нэг зүйлтэй зүйрлээч гэвэл би уурын зүтгүүр шиг гэнэ. Яруу найраг сонсохоор ямар мэдрэмж төрдөг билээ, яг тэгж сонсогддог хэл юм. Миний хувьд танай улсын хэл голын урсгалын чимээг сонсч байгаа мэт мэдрэмж төрүүлсэн. Ер нь нүүдлийн соёлтой улсын хэл үүсэл хөгжлийн баялаг түүхтэй байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Оюун сэтгэлийг гэрэлтүүлсэн “Утга зохиолын тухай өгүүллүүд”

“Их нүүдэл” цувралаар “Моодун шаньюй”, “Хүүхэн шаньюй”, “Тэнгэрийн ташуур Аттила” гурамсан романаа уншигчдад өргөн барьсан нэрт нанхиадач, МЗЭ-ийн болон утга зохиолын “Алтан өд” шагналт зохиолч Ядмаагийн Ганбаатарын “Утга зохиолын тухай өгүүллүүд” ном хэвлэлийн будаг ханхалсан шинээрээ өмнө минь байна. Эдүгээ Тайваньд консулын алба хашин буй эрхэм эрдэмтний бүтээлийн цоморлигт нийт хорин долоон өгүүлэл багтжээ.

Энэ ном Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Амитаба” хэмээх гайхамшигт найргийн тухай “Амитаба бурхны сэтгэлээр мөнхийн найраг туурвихуй” гэсэн дорвитой өгүүллээр эхэлж, “Ертөнцийн явдал” олимпийн тэнгэрт хур болон бууж, дэлхийн сонорт эгшиглэнэм”, “Б.Галсансүхийн гурван гавьяа”, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн талаар бичсэн “Хүннү туульс” хүчирхэг дуурьсаж байна”, “Д.Нацагдоржийн уламжлал буюу Б.Золбаярын яруу өгүүллэгүүд”, “Күнз ба Равжаа”, “Зян Рунгийн “Чонон сүлд” хийгээд монголчууд бид” зэрэг уншууртай, даацтай бүтээлүүд багтсан нь сайн оюут бичгийн мэргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.

Я.Ганбаатар бол өмнөх мөрөө тэмтчин бэдичдэг жирийн нэгэн сохор судлаач биш харин оюун сэтгэлгээний шинэ арал нээхээр зориг шулуудсан билгүүн төгөлдөр бичгийн хүмүүн юм гэдгийг бичсэн өгүүлэл шүүмжүүдийг уншаад мэдэж болно. Энэ бол магтаалын цаасан малгай духдуулсан явдал биш гэдгийг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй гадарлана. Үүнийг нь Монголын зохиолчдын мэргэжлийн байгууллагаас зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” дээд шагналыг “Нангиадын утга соёлын товчоон”, Хүн гүрний үеийн тухай “Их нүүдэл” гурамсан романуудаараа хоёронтоо хүртсэн явдал бэлээхэн гэрчилнэ.

Я.Ганбаатар зөвхөн утга зохиол, хэл соёлын талаар л дуугардаг, хятад хэлнээ дулдуйдсан өчүүхэн бичээч биш гэдгийг энэ номонд орсон “Түвд банхар, монгол банхарын тухай өгүүлэхүй”, “Гурван улсын үлгэр” их туурвилын тухай товчхон өгүүлэхэд”, “Монголын газрын зураг” хэмээх бүтээлийн тухайд”, “Манайд хэл бичгийн бодлого байна уу”, “Яруу найраг хүн төрөлхтөнийг аварна”, “Норвегийн ой” хэмээх анхны хайрын дууль”, “Монгол бол их чанартай, чадалтай үндэстэн”, “Яруу найргийн үзэсгэлэнт аралд зорчсон тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам” лайтай ном” зэрэг өгүүлэл, тэмдэглэл, шүүмжүүд гэрчилнэ.

Уншсан хүнд саргүй харанхуй шөнөөр гар чийдэн шиг гэрэл гэгээ болчихмоор санаа сэдэл болчихмоор нарийн ширийн зүйл захаас аван таарах нь бичгийн их чадалтай хүний арга барил яах аргагүй мөн. Ганц нэг жишээ татахад их эрдэмтэн Чой.Лувсанжав багшийнхаа цагтаа хэчнээн их харам байсан тухай нь “Гудамжинд явж байхад нь өөдөөс нь таньдаг хүн ирж харагдвал гудамжны нөгөө тал руу бушуухан гараад явчихдаг байсан гэж өөрөө ярьдаг байлаа. Цаг хугацаа гэдэг алдвал эргэж олддоггүй тийм л үнэтэй нандин зүйл байсныг яс махаараа мэдэрсэн хүний үг дээ” гэж бичсэн нь өнөөгийн бидэнд нэн хамааралтай юм. Ноён хутагт Равжааг тэрээр хятадын их ухаантан Күнзтэй адилтган зохиол бүтээлийг нь зэрэгцүүлэн жишиж судалсан нь яах аргагүй сонирхол татна. Эрдэмтэн-зохиолч Я.Ганбаатарын “Утга зохиолын тухай өгүүллүүд” дэлхийн сонгодог болоод Монголын утга зохиолын их далайг харьцуулсан үнэлэмжээрээ манайд шинэ зам нээсэн бүтээлийн чуулган болсныг дурдах нь зөв болов уу. Номын гэрэлт жим оюуны их харгуй болон өргөсч, зон олныг замчлах болтугай!