Categories
мэдээ цаг-үе

Ц.Баатархүү: Хотын удирдлагууд юу хийх, хаанаас эхлэхээ мэдэхгүй байна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Ардчилсан намын бүлгийн
дарга Ц.Баатархүү дараахь тодруулгыг өглөө.

-НИТХ уржигдар хоёр дахиа хуралдаж хороо, дэд хороогоо
байгууллаа. Хурлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэлийг танай бүлгийн зүгээс хэлж
байсан. Одоо голдрилдоо орж байна уу?

-Өчигдөр л хоёр дахь хуралдаанаа хийлээ. НИТХ-д төлөөлөгчид,
Засаг даргын Тамгын газрын зүгээс хэлэлцэх асуудлыг өргөн барьдаг. 2012 оны
эхний зуу хоногт Засаг даргын зүгээс маш олон асуудлыг өргөн барьсан. Засаг
даргын өргөн барьсан асуудлуудыг заавал ажлын хороогоор дамжуулж хэлэлцэх
ёстой. Тэр бүрийг тухай бүрт хэлэлцээд явдаг байсан. Харамсалтай нь одоогоор
Засаг даргын зүгээс ямар нэгэн асуудлыг НИТХ-д өргөн бариагүй байна. Мөн НИТХ
дэгээ зөрчиж хуралдаанаа хийхгүй хоёр удаа тасалсан. АН-ын бүлгээс дэгээ барьж,
хуралдаанаа хийхийг шаардсан шүү дээ. Энэ шаардлагыг хүлээж аваад өчигдөр
хуралдаж хороо, дэд хороогоо байгууллаа.

-Засгийн газрын зуу хоног гэж ярьдаг. Нийслэлийн удирдлагууд
ажлаа эхэлсний зуу хоногийг бас дүгнэх гэж байгаа юм уу?

-НИТХ шинээр бүрэлдээд зуу шахам хонож байна. 2012 оны
сонгуулиар бүрэлдсэн НИТХ-ын зуу хоногийг, одоогийнхтой харьцуулж яривал илүү
ойлгомжтой байх. Нэн тэргүүнд НИТХ-ын ажилладаг зарчим эрс өөрчлөгдсөн. 2012
оноос өмнө НИТХ хуралддаг эсэх нь тодорхойгүй, жилдээ төсвийн тодотгол хэлэлцэх
үед л хоёроос гурав хуралддаг байлаа. 2012 оны сонгуулийн дараа НИТХ сар бүрийн
сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт нээлттэй хуралддаг болсон. Тэндээс ямар
шийдвэр гарч байгааг чөлөөтэй авах боломжтой болж, бүх шийдвэр тогтоолыг хэвлэл
мэдээллийн байгууллагаар дамжуулж иргэдэд хүргэдэг байсан. Өөрөөр хэлбэл,
иргэдийн хурлын үйл ажиллагаа эрс өөрчлөгдсөн. Зуу хоногийн дотор нийслэлийн
иргэдийн хурал таван удаа хуралдчихсан байлаа. Тэр таван хурлаараа НИТХ,
нийслэлийн Засаг дарга нийлж байгаад Улаанбаатар хотын бодлогын менежмэнтийг
сайжруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гаргасан. Улаанбаатар хотын байдалд
анализ, дүгнэлт хийж ямар асуудлыг шийдэх вэ гэдэгт эрэмбэ дараалал
тогтоочихсон байсан. Энэ нь суурь ажил юм байна гэдэг жагсаалтыг гаргачихсан
байлаа. Асуудал болгоныг барьж авах биш ямар асуудлыг шийдсэнээр иргэдэд нөлөө
үзүүлэх вэ гэдэгт судалгаатайгаар хандаж байсан. Хамгийн түрүүнд гэр хорооллын
дахин төлөвлөлтийн томоохон төсөл хөтөлбөрийг эхлүүлчихсэн байлаа. Өмнө нь
газрыг төр өөрөө захиргааны аргаар үнэ тогтоогоод авчихдаг байсан. Харин 2012
оноос газрын харилцаа зах зээлийн харилцаанд орсон. Хоёрдугаарт, Улаанбаатар
хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг баталж гаргасан.
Улаанбаатар хотын хөгжих чиг, алсын хараа тодорхой болсон гэсэн үг.

-Одоо байдал ямар байгаа гэж?

-Харамсалтай нь 2016 оны сонгуулиас хойш Улаанбаатар хот ямар
чиглэлээр хөгжих вэ гэдэг нь тодорхойгүй болсон. Хэвлэл мэдээллийнхэн ч асууж
байна, иргэд ч сураглаж байна. Хариулт алга.

-Шинэ удирдлагууд ажлаа хийхгүй байна гэж үү?

-Уг нь зуу хоногийнхоо тайланг тавьж байх ёстой үе. Гэтэл хийсэн
ажил гэж алга. Ерөөсөө л хотын шинэ удирдлагууд юу хийх, хаанаас эхлэхээ
мэдэхгүй байна. Юу хийхээ мэдэхгүй байгаа хүмүүс хаанаас эхлэхээ яаж мэдэх
билээ. Тиймээс Улаанбаатар хотын олон ажил эзэнгүйдэж байна. Цэвэр цэмцгэр
Улаанбаатарын асуудал эзэнгүйдэж хог хаягдлаас эхлээд иргэдийг бухимдуулах
асуудал багагүй гарч байгаа. Ерөөсөө л бүх ажлыг зогсоочихсон. Хөрөнгө
оруулалт, барилгын ажил, зөвшөөрөл гээд зогсоож болох бүхнийг зогсоож
гацаачихлаа. Ерөнхий сайд хүртэл “Цөөнх байхдаа гоё гоё юм ярьж болдог байсан.
Олонхи болсон чинь маш хэцүү” гэдгийг хэлчихсэн. Засаг дарга хуралд юу өргөн
барихаа ч мэдэхгүй байна. Нохой устгал гэж ярьсан иргэд шүүмжлэхээр нь болъё
гэв. Цахим газар өмчлөлийг зогсооно гэсэн. Иргэдийг шүүмжлээд эхлэнгүүт “За
больё” гэх жишээтэй. Уг нь Засаг дарга нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалд
дүгнэлт өгөөд түүндээ үндэслэн бодлого гаргах ёстой. Тэр бодлогоо хэрэгжүүлэх
үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулмаар юм. Тэгэхгүйгээр нохой устгах гэх
мэтийн аж ахуйн ажил л ярьсаар байна.

-Хотын дарга өнгөрсөн лхагва гаригт мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн
барьсан. Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрхэн үнэлж байна вэ?

-Бидний гар дээр тэр хөтөлбөр ирээгүй байна. Танилцсаныхаа дараа
байр сууриа илэрхийлнэ. Сураг сонсоход бидний боловсруулж батлуулсан
Улаанбаатар хотын 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнөөс аваад
тавьчихсан байгаа бололтой. Харин МАН-ын намын сонгуульд оролцсон мөрийн
хөтөлбөрийн гол хэсэг болох нэг өрх, нэг байр энэ тэр нь байхгүй бололтой.
Түүнээс болж бүлэг дээрээ маргаан гарсан гэдэг мэдээлэл сонссон.

-Үндэслэлгүйгээр төрийн албанаас халагдаж байгаа иргэдийн
гомдлыг хүлээж авах утас ажиллуулж байгаагаа мэдэгдсэн шүү дээ. Хэр их гомдол
ирж байна вэ?

-Маш их гомдол ирж байгаа. Удахгүй энэ талаар нэгдсэн байдлаар
мэдээлнэ. Төрийн албан хаагчид ажиллах хүсэлгүй болчихсон. Тэднийг ажлаар ч
хангахгүй байна. Өөрсдийнхөө хүмүүсийг томилж дууссаны дараа гэсэн хандлага
байгаа бололтой.

Categories
мэдээ цаг-үе

Хорин жилийн түүхтэй хос мэргэжлийн эзэд

Мандах бүртгэл дээд сургуулийн татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд хэдийнэ 20 жил өнгөрчээ. Монгол Улсад 1994 онд байгуулагдсан Татварын ерөнхий газар нь тухайн үед мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсан учир эхний үед янз бүрийн дээд мэргэжилтэй хүмүүсийг татварын байцаагчаар ажиллуулж байжээ. Иймд тус байгууллагын өмнө мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч Мандах бүртгэл дээд сургуультай гэрээ байгуулан хот, хөдөөгийн татварын албанд ажиллаж байсан мэргэжлийн бус хүмүүсээ тус сургуульд суралцуулахаар элсүүлжээ.

Мандах бүртгэл дээд сургууль нь 1992 онд байгуулагдсан шинэхэн сургууль боловч их дээд сургуульд олон жил багшилсан туршлагатай эрдэмтэн профессор, багш нартай байсан тул Татварын ерөнхий газар ийнхүү итгэл үзүүлж, боловсон хүчин бэлтгүүлэхээр гэрээ хийжээ. Тус сургуулийн босгыг алхан орж татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшихээр эх орны өнцөг булан бүрээс татварын 22 улсын байцаагч тус сургуулийн анхны эчнээ ангийг бүрдүүлж, хос мэргэжлийн эзэд гэгдэх болжээ.

Залуу багш нараас ахимаг насны боловч сурах эрмэлзлээр дүүрэн, хичээл чармайлттай оюутнууд байжээ. Эдний ангийнхан шалгалт ойртсон үед өөрсдөө санаачлан багш нартайгаа тохиролцож давтлага авдаг идэвхтэй оюутнууд байж. Энэ ажлыг ангийн дарга С.Цэрэндаш хүлээнэ. Учир нь тэдний дундаас арай ахимаг настай бөгөөд үндсэндээ энэ ангийнхны өмнөөс бүхнийг хийдэг аав шиг хүн болж хүндлэгджээ. Ангийн дарга хэнд ямар асуудал тулгараад байгааг мэдэж тус дэм болдог байсан талаар ангийнхан ам уралдан ярьсан юм.

Харин ангийн багшаар Я.Мишиглүндэн дарга сонгогдсон байв. Дарга гэсний учир нь мэргэшүүлсэн сургалт эхлэх үед Я.Мишиглүндэн багш Үндэсний татварын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж, хүний нөөцийнхөө бодлогыг хариуцдаг байжээ. Ангийн багш Я.Мишиглүндэн Би Мандах бүртгэл дээд сургуулийн татварын анхны эчнээ ангийнхнаар бахархдаг. Тухайн үед суралцаж байхад нь би тогтвор суурьшилтай ажиллаад өгөөрэй гэж хэлдэг байсан юм. Амжилттай суралцаж төгсөөд одоо ч мэргэжлээрээ татварын албандаа зүтгэж яваа шавь нараараа би багшийн хувьд бахархдаг” гэж оюутнууддаа хандан хэлсэн юм.

Багшийнхаа үгийг сонссон ангийн дарга С.Цэрэндаш “Суралцаж байх хугацаанд маань нягтлан бодох бүртгэлийн үндсээс эхлээд дээд шатны бүртгэл хүртэл профессор Г.Нанжид, доктор профессор С.Өлзийбат, гавьяат эдийн засагч Р.Батжаргал, Б.Нацагдорж, Ц.Ядамсүрэн, н.Энхтуяа, Б.Амарбаясгалан гээд олон эрдэмтэн мэргэн багш нар маань хичээл зааж биднийг сайн нягтлан бодогч, сайн санхүүч болгохын төлөө бүхий л эрдэм мэдлэг, сэтгэл оюун, сайн сайхан бүхнээ зориулсан. Ангийн багш болоод багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн нэмж хэллээ.

Мандах бүртгэл дээд сургуулийн багш нар эдний ангийнхныг дандаа магтан, дурсаж ярьдаг ажээ. Мандах бүртгэл дээд сургуулийн гүйцэтгэх захирал, доктор (Ph), профессор С.Өлзийбат дурсамжиндаа “Тэр үед компьютер тоног төхөөрөмж, ном сурах бичиг ховор байсан болохоор эчнээ ангийнхан маань 23:00 цаг хүртэл сургууль дээрээ давтлага хийж, багшийн заасан лекцийг ярилцаж, бодлогоо бодож суудаг байсан. Энэ нь манай сургуулийн өдрийн ангийн оюутнуудын сургалтад ч сайнаар нөлөөлсөн байдаг юм шүү. Тэднийг 1996 онд сургуулиа төгссөнөөс хойш Мандах бүртгэл дээд сургууль нягтлан бодох бүртгэл-аудит, нягтлан бодох бүртгэл-татварын ангийн элсэлтийн эхлэлийг тавьж, шинэ хөтөлбөрөөр тэр үеэс элсэлт авч эхэлсэн” гэж дурссан бол Монгол Улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Одоогийн байдлаар 10 хүн мэргэшсэн нягтлан бодогчийн тусгай зөвшөөрлийн шалгуурыг хангасан байна. Аль ч сургуулийн тухайн ангийн төгсөгчдөөс 50 орчим хувь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан тухай мэдээлэл байгааг би сонсож байгаагүй. Энэ амжилт бол анги хамт олны нэгэн бахархал гэж хэлж болно” хэмээн ярьж байна.

Эдний ангийнхан хоёрхон жил хамтдаа суралцсан ч “Нийт нь нэгийн төлөө, Нэг нь нийтийн төлөө” гэсэн сэтгэлтэй болжээ. Тэд одоо ч хэн нэгэндээ тохиолдсон баяр жаргал, зовлон гунигийг орхилгүй хамт туулдаг гэнэ. Үүнийг тайлбарлахаар И.Мөнхцэцэг (Үндэсний татварын ерөнхий газарт ажиллаж байгаа) “Биднийг төгсөх хавар Т.Нэргүй (Налайх дүүргийн татварын албаны хэлтсийн дарга) төгсөлтийн шалгалтын үеэр нялх хүүхэдтэй байсан учраас жилийн чөлөө авах тухайгаа хэлсэн юм. Манай ангийнхан ярилцаж байгаад шалгалтын үеэр хүүхэд чинь хоёр сартай байна. Чи хүүхдээ аваад ир. Бид чамд тусална гэсээр байгаад Говь-Алтай аймгаас нялх хүүхэдтэй нь ирүүлж билээ. Хичээл, шалгалтын үеэр хүүхдийг нь ээлжилж харах хуваарь гаргачихна. Тэгсээр байгаад л бид Т.Нэргүйтэйгээ сургуулиа хамтдаа төгссөндөө баяртай байдаг. Т.Нэргүйн охин манай ангийн 23 дахь оюутан болж төгссөн гэхэд болно. Сүүлд төгсөлтийн баяр болоход бидний хэнээс нь ч бишүүрхэхгүй тэврүүлдэг болчихсон байж билээ. Ангийнхан маань одоо ч байнга холбоотой байдаг учраас жилдээ нэг удаа ангиараа уулзалт зохион байгуулж, бие биенийхээ талаар мэдээлэл авч, хууч хөөрдөг уламжлалтай” гэв.

Түүний яриаг үргэлжлүүлэн Х.Ундраа (Сангийн яамны мэргэжилтэн) “Манай ангийн анхны танилцах үдэшлэгийг Д.Дамирансүрэн ах Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр зохиож байсан юм. Тухайн үед хөгжим байхгүй өөрсдөө дуулж, аянд нь бүжиглэж, хөгжилдсөөр нэг нэгэнтэйгээ танилцаж байлаа. Бас анхны хичээл ороод эхний завсарлагаанаар ангийн сахилгагүй оюутан Хөвсгөлийн Ё.Пүрэвсүрэнтэй анх танилцаж байлаа. Гэтэл хожуу хойно шооч зангаараа “Их л атаман байдалтай, эрүүгээрээ зааж ирээд л надаас асуулт асууж байсан шүү чи” гэж ангиар маань инээлгэдэг байж билээ хэмээгээд инээд алдлаа.

Инээж зогссон Т.Энхтайван (Татварын ерөнхий газрын ажилтан) нэг зүйл санасан бололтой “Манай ангийнхан нэг шинэ жилээ ангидаа тэмдэглэж байлаа. Пүүжээ цэргийн халуун тогоо авчирч, ангийн хүргэчүүд ирж өргөн хүрээг хамарсан сүр дуулиантай баяр хийсэн юм. Идэж ууж, бүжиглэж, тоглож наадан шөнөжин сайхан баярласан. Үүрээр ангиараа Ганбаа ах, Пүүжээ хоёрыг гаргаж өгөөд, нөгөө хоёр маань өвлийн хүйтэнд “Зил-130” машины тэвшин дээр суугаад Хөвсгөл нутаг руугаа явж байсансан. “Зил-130”-тай дурсамж манай ангийнханд цөөнгүй бий. Сургуулиа төгсөөд төгсөлтийн баяраараа “Шонхор” зусланд амарсан юм. Галт тэрэг, “Зил-130” машинаар очиж, хорхог хийж идчихээд л усаар байлдаж, сагсны тэмцээн, үдэшлэг хүртэл зохион байгуулж байсан. Залуу насаа дурсах сайхан шүү” гэж сонирхолтой яриа өрнүүлэв.

Ангийнхныхаа яриаг анхааралтай чагнаж суусан Д.Дамирансүрэн (“Хайрхан бор” ХХК-д барилгын инженер) “Тэр үед бүгд л хөдөө орон нутгаас ирж суралцаж байсан болохоор гэр орон, үр хүүхдээ санана, хоолны мөнгөгүй болно, шантрах үе мөн ч олон гардаг байсан. Тэр бүгдэд бие биедээ дэм болж, хоолоо хувааж идэн, хичээлээ хамт давтаж, өвдсөн нэгийгээ эргэж тойрдог байлаа. Ангиараа жаргал, зовлонгоо хуваалцаж сургуулиа төгссөн. Ц.Пүрэвсүрэн эгч маань хойгуураа гарсныг хооллосон, урдуураа гарсныг ундалсан буянтай эгч байсан юм. Бид гэрт нь очоод хоол хийж, гэртээ байгаа юм шиг л дураараа байна. Манай ангийнхны байнга очиж

хичээлээ давтдаг, бужигнадаг газар тэднийх байсан. Пүүжээ эгч маань залуугаараа биднийг орхин одсон юм даа. Өнөөдөр бидний дунд Ч.Энхтөр маань бас алга. Баруун аялгаар ярьж биднийгээ үргэлж хөгжөөж байдаг найзынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Анги хамт олныхоо дунд хүндтэй байр суурь эзэлдэг ч биднийгээ орхин бурхны оронд заларсан нөхдөө бид уулзах бүрдээ дурсан санадаг” гэж ярихад бүгд чимээгүй болон хэсэг суулаа.

Тэд 1994 онд Мандах бүртгэл дээд сургуульд элсэн орж 1996 оны хавар 22 оюутан татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж төгсчээ. Бүгд л эх орныхоо хэрэгцээт газар төрийн болон хувийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Эдний ангийнхнаас ес нь эзэмшсэн мэргэжлээрээ буюу хөдөө орон нутаг болон нийслэл, дүүргийн татварын хэлтэст ажилладаг гэнэ. Өдгөө Хөвсгөл аймагт Г.Ганбаатар, Сэлэнгэ аймагт Ц.Энхцэцэг, Дорноговь аймагт Н.Чандаганцагаан, Үндэсний татварын ерөнхий газар Ц.Алтанцэцэг, И.Мөнхцэцэг, Д.Энхтуяа, Т.Энхтайван, Б.Халиунаа, Налайх дүүрэгт Т.Нэргүй нар татварын улсын байцаагч, ахлах байцаагч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа юм байна. Мөн Ё.Пүрэвсүрэн татварын албанаасаа гараад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, Х.Энхбулаг Чингэлтэй дүүргийн статистикийн хэлтэст, Б.Энхсүрэн аудитын компанид, Саранцэцэг Шунхлай ХХК-ийн дотоод аудитын хэлтсийн даргаар, Балбармаа БТЕГ ХХК-д эдийн засагч, Ж.Эрдэнэбилэг Эрдэнэт УҮГ-т санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байгаа гэнэ. Харин ангийн дарга С.Цэрэндаш, Л.Цэцэг-Эрдэнэ нар улсдаа хийж бүтээхээ хийгээд өдгөө гавьяаныхаа амралтаа эдэлж байгаа ажээ.

Одоо эдний ангийнхнаас зургаа нь магистр цол хамгаалж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн хоёр “Алтан гадас одон”, дөрвөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 16 “Санхүү банкны тэргүүний ажилтан”, дөрвөн “Эдийн засгийн тэргүүний ажилтан”, нэг “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, нэг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан”, нэг “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан”, дөрвөн “Нийслэлийн болон ТЕГ-ын шилдэг байцаагч”-аар тус тус шагнуулсан амжилттай байгаа гэнэ.

Мандах бүртгэл дээд сургуулийн анхны эчнээ ангийн төгсөгчид 20 жилийнхээ ойгоор уулзалдаж ангийн дурсамжаа бичсэн номоо өлгийдөн аваад байгаа юм байна. Тэд ирэх оны тавдугаар сард Мандах бүртгэл дээд сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулж анги хамт олноороо уулзалт зохион байгуулахаар тов тараагаад байгаа ажээ.

Categories
мэдээ цаг-үе

Сү.Батболдын нэр холбогдсон оффшорын хоёр дахь дуулиан

УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр холбогдсон оффшор дансны хоёр дахь дуулиан өчигдөр дэгдлээ. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Багамын арлуудад бүртгэлтэй компаниудыг ил болгожээ. 176 мянган компани, сангийн захирлуудын нэр багтсан уг мэдээллийн системд Монгол Улсын нэрээр хайлт хийхэд илэрц гарч ирээгүй. Гэхдээ The Guardian сонин Багамын арлуудад бүртгэлтэй оффшор дансны тухай нийтлэхдээ олон улсад алдартай компани, улстөрчдийн нэрс байгааг мэдээлсэн. Тэр дунд Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд бий гэдгийг онцолсон байна. Энэ талаар өчигдөр eagle.mn сайтад тодорхой мэдээлсэн билээ. The Guardian сонинд “Багамын баримтуудад илэрсэн оффшор хаягуудын нэг нь Монголын алтны компанийнх бөгөөд захирал нь Сүхбаатарын Батболд” гэжээ. Мөн түүний нэр холбогдсон оффшор данс нь цаг хугацааны хувьд Засгийн газрын гишүүн болохоос нь өмнөх явдал гэдгийг ч тайлбарлажээ. Энэ тухай eagle.mn сайтад “Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын баримтад 1997-2000 оны хооронд “Boroo Mongolia Mining Corporation Limited” нэр дээр бүртгэлтэй байсан. Гэхдээ энэ үед Сү.Батболд Засгийн газрын гишүүн байгаагүй. Харин тус компанийн захирлаар ажиллаж байжээ. Багамын арлуудад бүртгэлтэй компанийн бүртгэлээс түүний нэрийг хайхад гарч ирэхгүй. Тэрээр хэдэн жилийн өмнө Багамын баримттай холбоотой нийтэд мэдээлэл хийхдээ “Boroo Mon­golia Mining Corporation Lim­ited” компани Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан, үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод байдлаар явуулдаг хэмээн мэдэгдэж байжээ. УИХ-ын гишүүн Сү.Батболд Багамын материалд нэр нь холбогдсон тухай байр сууриа одоогоор илэрхийлээгүй байна” гэжээ.

УИХ-ын сонгуулийн өмнө буюу өнгөрсөн тавдугаар сард Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум 140 орчим улстөрчийн оффшор дансны материалыг ил болгоход Монголоос цөөнгүй нэр дурдагдсаны нэг нь Сү.Батболд байсан. Уг мэдээлэл гарсан даруйд УИХ-ын гишүүн Сү.Батболд хэвлэлийн бага хурал зарлаж “Монгол Улсад хүн бүр хуулийн дагуу хувьцаа эзэмших эрхтэй. Надад оффшор данс байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний хувьд 2004 оны нэгдүгээр сарын 5-нд Капитрон банкнаас хуулийн дагуу, ил тодоор өөрийн нэрээр гүйлгээ хийж, хувьцаа худалдаж авч байсан. Өөрөөр хэлбэл, ямар нэг оффшор компаниар дамжуулалгүй өөрийн нэрээр бүртгүүлсэн. 18771 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 21 сая төгрөгийг шилжүүлсэн. Гэвч 2005 онд тус компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй байсан учраас энэ компаниас гарсан. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тухай хууль 2007 оноос хэрэгжиж эхэлсэн учраас 2005 онд гарсан компанийнхаа тухай, үүнтэй холбоотой хөрөнгө орлогын мэдүүлгийг мэдүүлэх боломжгүй байсан. Хууль мөрдөгдөж эхэлсэн цагаас хөрөнгө орлогын мэдүүлгээ шударгаар мэдүүлсээр ирсэн. Би 1992 оноос “Алтай трейдинг” ХХК-ийг байгуулсан. Миний хувьд хувьцаа худалдаж авсан, хувьцаагаа зарсан. Хувьцааны худалдаа хийх үйл ажиллагаа л явуулсан. Энэ компани хэд хэдэн удаа Улсын шилдэг татвар төлөгч компаниар шалгарч байсан. Тэрнээс биш оффшор компанитай ямар ч холбоогүй. Оффшор данс эзэмшиж байгаа эсэх дээр хууль хяналтын байгууллагад хандана” хэмээн мэдэгдэж байсан. Түүнээс хойш хуулийн байгууллагад хандсан эсэх нь, хуулийнхан шалгаад ямар дүгнэлт хийсэн нь ч тодорхойгүй байсан.

МАН УИХ-д үнэмлэхүй олонхи болсны дараа оффшор данстай холбоотой эрх зүйн зохицуулалт хийхээ мэдэгдсэн. Тухайлбал, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр манай сонинд өгсөн ярилцлагадаа “…Хууль зүйн хариуцлага гэдэг нь тухайн байрлуулсан мөнгө нь бохир, авлига авах, мөнгө угаах, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, эсвэл үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн шинжтэй байна уу гэдгээсээ хамаараад одоогийн Эрүүгийн хуульд заасны дагуу тухайн гэм буруутай үйлдэлдээ хариуцлага хүлээдэг, ийм зохицуулалттай. Тусгайлан хориглосон заалт байгаагүйг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн чиглэлийн дагуу ийм зохицуулалттай болгохоор ажиллаж байна. Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэгдээд УИХ-ын намрын чуулганд оруулна” гэсэн. Мөн тэрбээр “…Энэ хууль батлагдчихвал гурван сарын дотор оффшор бүст данстай, мөнгө байршуулсан эсвэл хуулийн этгээд байгуулсан өндөр албан тушаалтан болон төрийн албан хаагч байх юм бол түүнийгээ мэдэгдэж татгалзах ёстой. Цаашид ийм үүрэг хүлээх юм. Харин хаасан мөнгөө Монгол Улсдаа оруулж ирэх шаардлагатай. Ингэлээ гээд түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. С.Баярцогт сайдын жишээн дээр их ярьж байна. Мөн “Panama papers”-тай холбоотойгоор Монголын 46 иргэний асуудал хөндөгдсөн. Эдгээр хүний дотор төрийн алба хашиж байгаа хүн бий. Гэхдээ дийлэнх нь бизнес эрхэлж байгаа хүмүүс багтсан. Манайхан энэ хүмүүс бүгд болж бүтэхгүй шүү гэдэг ойлголтыг өгчихөж байгаа. Энэ хууль батлагдсаны дараагаас бизнес эрхэлж байгаа хүмүүс оффшор мөнгө байршуулах нь хууль ёсны дагуу болж хувирна. Тиймээс ямар нэгэн хуулийн хариуцлага ярихгүй. Харин улстөрчид, төрийн албан хаагчид хууль бус болж хувирна гэдгийг нэг мөр ялгаж хэлж өгч байгаа хэрэг” гэсэн юм.

Ц.Өрнөх

Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

-Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайхан байлаа. Ургац арвин байгаа байх. Намрын ургац хураалтын явц ямар түвшинд байна вэ?

-Энэ жил улсын хэмжээнд 482 мянган тонн будаа хурааж авна. Гурил үйлдвэрлэгчдэд 375 мянган тонн хүнсний улаан буудай нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ сарын 20-ны байдлаар 84.6 мянган га талбайгаас 122 мянган тонн үр тариа, 6.6 мянган га-гаас 69 мянган тонн төмс, 3.4 мянган га талбайгаас 40.4 мянган тонн хүнсний ногоо, 4.8 мянган га-гаас 13.2 мянган тонн тэжээлийн ургамал, 3.9 мянган га-гаас 2.6 мянган тонн тосны ургамал тус, тус хурааж аваад байна. Ургац хураалтад мянга гаруй комбайн ажиллаж байгаа. Цаг агаар тааламжтай байвал ирэх сарын 15-20-ны өдрүүдэд ургац хураалтаа бүрэн дуусгахаар төлөвлөж байна. Энэ жилийн хувьд Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл, Архангай зэрэг газар тариалангийн гол бүс нутгийнхан нэг га талбайгаас 12-19 центнер ургац хурааж байна. Хэнтий, Дорнодод гандуухан зун болсон учраас га-гаас 8-10 центнер орчим ургац авч байгаа. Өнөөдрийн байдлаар томоохон үйлдвэрүүд хүнсний улаан буудайг ямар үнээр худалдан авч байгаа талаар харилцан ярилцаж байна. Яамны зүгээс тариалангийн бүс нутагт нэлээн ажиллаж тариаланчидтай уулзлаа. Мөн гурил үйлдвэрлэгч, тариалан эрхлэгчдийн холбоо, газар тариалангийн холбооныхонтой уулзахад тэдний зүгээс яаманд дөрвөн төрлийн санал тавьсан.

-Юу гэж байх юм?

-Нэгдүгээрт, Тариалан эрхлэлтийг тогтворжуулах чиглэлээр Хөгжлийн банкны санхүүжилтээр олгох 16 тэрбум төгрөгийн асуудал байсан. Үүнийг Засгийн газрын хэмжээнд ярилцаж байгаад тариаланчдад зээл хэлбэрээр олгуулахаар болсон. Хоёр дахь асуудал нь газар тариалангийн ид улирлын үед намрын хадлан тэжээл, ургац хураалтын ажилд зориулан шатахуун зээлээр өгөхийг хүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэж 50 хувийн урьдчилгаатай шатахуун зээлээр олголоо. Гуравдугаарт, Сэлэнгийн бүс нутагт 100 км зам засаж өгөхийг хүссэн. Үүнийг Зам, тээврийн яамтай хамтран шийдсэн. Мөн энэ жил тариаланчид арвин ургац авна. Будааг нь гайгүй боломжийн үнээр борлуулж өгөөч гэж хүссэн. Энэ дагуу Засгийн газрын тогтоол гарч арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэр олж тариаланчдын будааг худалдаж авах үүрэг даалгавар өгсөн. Үүний хүрээнд арилжааны банкуудтай ямар боломж байгаа талаар ярилцаж байна.

-Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн улаан буудайг ямар үнээр худалдаж авч байгаа юм бэ?

-560 мянган төгрөгөөр худалдан авч байна. Цавуулгаас шалтгаалаад хамгийн хямддаа 500 мянгаар авч байгаа. Хамгийн доод талын үнийг 520 мянгаар тогтоосон боловч цавуулаг нь шаардлагад хүрэхгүй байгаа болохоор үнээ багасгасан.

-Засгийн газар мөнгөгүй учраас улаан буудайгаа худалдаж авахгүй байна гэх юм?

-Будаа худалдаж авах мөнгө үнэндээ алга. Ямар сайндаа арилжааны банкуудад хандаж байна. Одоогийн байдлаар шийдэгдсэн мөнгө алга. Улс будаа худалдаж авахгүй шүү дээ. Гурилын үйлдвэрүүд худалдаж аваад гурил хийдэг процесстой. Стратегийн гол бүтээгдэхүүн гэдэг утгаараа төрийн зүгээс зохицуулалт хийх гэж оролдож байна.

-Арилжааны банкууд ямар нөхцөл тавьж байгаа вэ?

-Арилжааны банкны төлөөлөлтэй уулзаж байна. Хөрөнгийн эх үүсвэр тааруу байна гэх банкууд бий. Өнөө, маргааш дахин хэд хэдэн банктай уулзахаар төлөвлөж байгаа. Эх үүсвэрийг шийдчих байх гэж бодож байна.

-Энэ жил ургац дотоодын хэрэгцээнээс илүү гарах болов уу?

-Энэ жил үндсэндээ 100 гаруй мянган тонн будаа илүү гарах урьдчилсан таамагтай байгаа.

-Илүүг нь яах вэ?

-Ургац хураалт дуусаг. Дүн мэдээгээр дотоодын хэрэгцээнээс хэр зэрэг будаа илүү гарах вэ гэдгийг харъя. Төлөвлөж буйгаар будаа илүү гарах л байх. Ерөнхийдөө экспортод гаргая гэх төлөвлөгөө бий.

-Энэ тал дээр яамны зүгээс ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Мэдээж хэрэг хойд хөрш манайхаас будаа авахгүй байх. Тэгэхээр урд хөрш рүү худалдах уу?

-БНХАУ руу экспортолъё гэж яригдаж байна. Манай яамны харьяа газрууд энэ талаар судалгаа хийгээд эхэлчихсэн. Мөн гурил үйлдвэрлэгчдээ сонсъё. Ер нь бол улс тодорхой хэмжээгээр будаагаа нөөцлөөд авчихсан байхад буруудахгүй гэж бодож байгаа.

-Хадгалах сав хэр хүртээмжтэй байдаг юм бэ?

-ТЭДС 120 мянган тонн орчим будаа хадгалах савны нөөцтэй. Энэ савныхаа хэмжээгээр будаа авна. Тариаланчид маань санд тодорхой хэмжээний өглөгтэй байдаг. Ингээд тооцоод үзэхээр 60 мянга орчим тонн будаа худалдаж авах санаатай ажиллаж байна.

-Өнгөрсөн жил тариаланчдын хувьд хүнд байлаа. Энэ жил харин арвин ургац хураатал худалдаж авах мөнгөтэй газар алга. Яамны зүгээс энэ нөхцөл байдлыг хэрхэн зохицуулъя гэж бодож байна вэ?

-Юутай ч арилжааны банкуудаас 60 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдүүлье гээд ажиллаж байна. Ингэснээр гурилын үйлдвэрүүд будаа худалдаж авах боломжтой болох юм. Тариаланчдынхаа будааг борлуулах, гурилын үйлдвэрүүдийг ажилтай болгох зорилгын дагуу л ажиллаж байгаа. Тариаланчид будаагаа аль болох үнэтэй зарах гэдэг, гэтэл гурилын үйлдвэрүүд аль болох хямд авах гээд үзчихдэг. Энэ хоёрын дунд яам зохицуулалт хийж байна. Өнөөдөр тариаланчдаас ирж буй мэдээллээр гурилын үйлдвэрүүд 380-460 мянган төгрөгөөр тонн будаа худалдаж авч байгаа юм билээ.

-Ургац хураалтыг ирэх сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөж байгаа гэсэн. Энэ үеэр тариалангийн гол бүс нутгийн цаг агаар ямархуу байх юм бол. Нойтон цас орж хүйтэрнэ гэх мэдээ бий?

-Цаг агаарын урьдчилсан төлөв гарчихсан байгаа. Энэ сарын 23-26-нд нойтон цас орж агаарын хэм өмнөх өдрүүдээс 8-13 хэмээр буурна. Шөнөдөө 0-5 хэм хүрч цочир хүйтрэх төлөвтэй байна гэх мэдээг Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн. Тариаланчид маань цаг агаарын таатай үед бүх л боломж бололцоогоо ашиглан ургацаа хурааж байгаа. Хадланчид мөн талбайд ажиллаж байна. Хадлан, тэжээл нэлээн сайн бэлтгэгдэж байна.

-Өнгөрсөн жил Төв аймгийн зарим сумынхан төмс тэргүүтэй зарим хүнсний ногоогоо хойд хил давуулан зарж байсан. Энэ жил ургац сайн байгаа болохоор нэгдсэн журмаар экспортод гаргах ажлыг зохион байгуулж болох уу?

-Төмсний тухайд энэ жилийнхээ дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангаад цаана нь 50 гаруй хувь нь илүү гарч байна. Хадгалах тухай асуудал ярьж байгаа. Хүнсний ногооны хувьд дотоодынхоо нийт хэрэгцээний 80 хувийг хангах төлөвлөгөөтэй явж байна. Ерөнхийдөө тариаланчид маань сайн ажиллаж арвин ургац хурааж байна. Яамны зүгээс хүнсний ногоо тариаланчдыг дэмжиж “Намрын ногоон өдрүүд-2016” арга хэмжээг зохион байгууллаа. Энэ жил “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор үргэлжиллээ. Нийслэл болон 17 аймгийн 100 гаруй ажу ахуйн нэгж байгууллага, 306 орчим ногоочин өөрсдийн брэнд болсон 933 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцлоо. Монголчууд хүнсний ногоо, жимс жимсгэнээ үнэхээр сайн тариалдаг болсон. Яамнаас хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөр үр өгөөжөө өгч буй нь харагдаж байна. Мөн ямар ч химийн бордоогүй эрүүл, цэвэр хөрсөнд тарьсан органик хүнс, жимс ногоог зах зээлд нийлүүлж байна. Ер нь цаашдаа энэ чиглэлээр нэлээн ажиллана гэж бодож байгаа. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай санамж бичигт гарын үсэг зураад хотын 434 цэгт хүнсний ногоо борлуулж байна. Ингэж нийслэлийн иргэдийг өөрт ойр худалдааны цэгээс шинэ ногоо худалдаж авах боломжоор хангаж байгаа юм. “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэнгийн хамгийн гол зорилго нь дундын зуучлалгүй борлуулалт байлаа.

-Уг үзэсгэлэнд оролцогчдод зориулан бартерын худалдаа явуулах боломж нээж өгсөн нь их шинэлэг санагдаж байсан?

-Малчид, ногоочдын хэрэгцээнд зориулан бартерын худалдаа анх удаа зохион байгуулсан. Жишээлбэл, мал махаараа гэр, малын саравч худалдаж авах боломж олгосон. Хүнсний ногоогоороо ахуйн хэрэгцээний бараа бүтээгдэхүүн сольж авлаа. Үзэсгэлэнд оролцож буй хүмүүс зарах гэж буй хүнсний бүтээгдэхүүнээрээ өөрт хэрэгтэй бараагаа аваад буцах жишээтэй. Мөнгө байхгүй үед иймэрхүү худалдаа зохион байгуулбал хэн хэндээ хэрэгтэй байгаа юм.

-Өвлийн идшээр бартер хийж байгаа хүн ч харагдана лээ?

-Яамны зүгээс “Малчны лавлах 109” гэж тусгай дугаарын утас ажиллуулдаг. Тэр утас руу малчид, тариаланчид маань утасдаад юу хэрэгтэй байгаа, юугаар солихоо хэлээд л болно. Бид холбож өгч байгаа юм. “Намрын ногоон өдрүүд-2016” үзэсгэлэнгийн үеэр “Өвлийн идэш” арга хэмжээ зохион байгуулж байгаа. Надад ийм зүйл байна, өвлийн идшээр сольё гээд хоорондоо тохирчихно. Эдийн засаг хүнд, гар дээр мөнгө муутай байгаа ийм үед малчид, тариаланчдынхаа эрэлт, хүсэлтийг хангахаар ажиллаж байна. Ажил дөнгөж эхэлж байгаа ч гэлээ иргэд сэтгэл хангалуун байгаа.

-Хадлан тэжээлийн бэлтгэл ажил ямар түвшинд явж байна вэ. Өвөлжилтийн бэлтгэл ажил ямархуу байгаа вэ?

-Хэдхэн хоногийн өмнө отрын бүс нутгаар яваад ирлээ. Малчдын өвөлжилт, хаваржилтыг өнөтэй байлгах зорилгоор тодорхой бүс нутгийг хамгаалалтад авсан байдаг. Тухайн талбайгаа дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл чөлөөлж бэлчээрийн даац сайжруулдаг. Улсын хэмжээнд арван нэгэн отрын бүс нутаг бий. Тэр газруудаар яваад ирэхэд хаягдсан, сахилга бат суларсан тал нэлээн ажиглагдсан. Энэ тал дээр отрын бүс нутгийн захиргааныхантай хамтарч ажиллана. Ерөнхийдөө отрын бүс нутгийн бэлчээрийн даац нутаг нутгаасаа хамаарч харилцан адилгүй байгаа. Мөн отрын бүс нутгийн даац жил бүр хэтэрдэг. Тухайлбал, энэ жил Хэрлэнбаян-Улааны отрын бүс нутагт гэхэд 194 мянган толгой мал өвөлжих боломжтой гэж бэлчээрийн даацыг тодорхойлсон. Гэтэл одоогоор 550 мянга орчим мал өвөлжүүлье гэх захиалга ирчихсэн байна. Тэр хавийн даац нэг их сайнгүй байгаа. Тэнд гаднаас ирж суурьшсан айлууд дөрөвдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний хооронд нутгаа чөлөөлж өгөхгүй байгаагаас болоод бэлчээрийн даац муудаж байна. Шаардлага тавиад ч үгэнд орохгүй байна гэдэг. Мөн Малхын талд 25 мянган мал өвөлжих бэлчээрийн даацтай гэж үзэж байгаа. Гэтэл одоогоор 79 мянган мал өвөлжүүлье гэсэн хүсэлт ирчихээд байна.

-Ерөнхийдөө отрын бүс нутагт өвөлжих малын тоо толгой даацаасаа хэд дахин хэтэрчихээд байгаа нь юутай холбоотой вэ?

-Малын тоо толгой их өссөн. Тэр хэрээрээ бэлчээрийн даац нэлээн муудсан төлөв байдал ажиглагдаж байна. Бидний хувьд засаг төрөөс бодлогоор хамгаалалтад авсан отрын бүс нутгийн хамгаалалтыг улам сайжруулах, бэлчээрийн менежмэнтийг сайжруулах чиглэлээр ажиллана. Мөн малчид хариуцлагатайгаар отрын бүс нутгаа хуульд заасан хугацаанд чөлөөлдөг байх хэрэгтэй.

-Бичин жилийн зуд болно гэж малчид ярьж байна. Тиймээс мал их нядалж байгаа сурагтай. Махны үнэ ч хямд байгаа?

-Бичин жилийн өвөл хаяанд ирчихлээ. Малын тоо толгой ч их өссөн. 54.9 сая малаас 19 сая төл хүлээж авсан. Энэ өвөл 10-15 сая мал идшэнд бэлтгэнэ гэж тооцоолж байна. Махны борлуулалтын тухайд хүндрэлтэй талууд бий. Дундын буюу ченжийн гар дамжуулалгүйгээр зарахыг бодож байгаа.

-Намрын ногоон өдрүүдтэй адил идэшний цагаар ченжийн гар дамжаагүй үзэсгэлэн худалдаа зохион байгуулж болох уу?

-Намрын ногоон өдрүүдийн үеэр мах, идэшний бартерын худалдаа зохион байгуулсан. Цаашид үргэлжлүүлэх байх. Манай улсад малын халдварт өвчин гараад байдаг. Үүн дээр яамны мал эмнэлэг, үйлчилгээний газар идэвхтэй ажиллаж байгаа. Цэцэг, шүлхийн өвчлөл харьцангуй гайгүй болж байна. Ховд аймагт бог малын мялзан гэж өвчин гарсан. Үүнийг хамгаалалтад авч вакцин тарих ёстой гэж үзээд манай яамны дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Засгийн газрын зүгээс анхаарал хандуулан ажиллаж, шаардлагатай хөрөнгө санхүүжилтийг олгож байгаа. Хамгийн гол нь бүс нутгаа хамгаалалтад авч хорио цээр, дэглэм тогтоогоод гаднаас нь хумих байдлаар тэмцэхээр болсон. Одоо вакцин ирэхийг хүлээж байна. Ер нь богино хугацаанд малын халдварт өвчнийг дарах хамгийн чухал.

-Мах экспортлох асуудал юу болж байгаа вэ?

-Энэ чиглэлээр бид маш шаргуу ажиллаж байгаа. Хоёр хөршийнхөө албаны хүмүүстэй уулзалт, хэлэлцээр хийж байна. Яг өнөөдрийн байдлаар гэхэд ОХУ-ын мал эмнэлгийн газраас экспертүүд ирчихсэн махны үйлдвэрүүдэд аттестатчилал хийж байгаа. Аттестатчиллын үндсэн дээр махаа экспортод гаргана. Хятадын талтай мөн холбогдож байна. Хорио цээрийн газрын орлогч дарга, яамны холбогдох албан тушаалтнууд ирээд явлаа. Бүх төрлийн хэлэлцээ хийж байна. Ирэх сарын эхээр мөн Хятадын хөдөө аж ахуйн яамнаас баг бүрэлдэхүүн ирж манай улсад ажиллахаар болсон. Ер нь яамны гол зорилгын нэг нь мах экспортлох. Энэ чиглэлд идэвхтэй, сайн ажиллана. Бидэнд махаа гаргахад тулгамдаж буй гол зүйл нь малын гоц халдварт өвчин. Өвчин гараад байхаар л хөрш орнууд мах авахаас цааргалаад эхэлдэг. Тиймээс хамгийн түрүүнд малаа эрүүлжүүлэх асуудал дээр анхаарч байна.

-Мэдээж хэрэг боловсруулсан мах экспортлох байх. Гэхдээ төрөлжүүлэхгүй бол хэцүү гэж ярих юм?

-Нэмүү өртөг шингээгээд боловсруулж гаргана. Савлагаатай, ариун цэврийн шаардлага дээд зэргээр хангана. Худалдан авч буй улсууд стандарт, шаардлагаа гаргана. Харин яамны зүгээс малыг амьдаар нь гаргахын эсрэг байр суурьтай байна. Түүнчлэн Засгийн газрын 2016-2020 он хүртэлх мөрийн хөтөлбөр батлагдлаа. Манай яамны хувьд ажлын хэсэг гаргаж эрдэмтэн мэргэд, үе үеийн сайд, салбарын мэргэжилтэнтэй хамтарч нэлээн хэдэн төсөл хөтөлбөрийг боловсруулан тусгалаа. Үүний нэг нь “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” хөтөлбөр. Энэ хөтөлбөрийг улс орны хэмжээнд өрнүүлье гэж ярьж байна. Бид хүнс, хоолоо эрүүл байлгасны дараа хөгжлийн тухай асуудал ярина. Үүний хүрээнд мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр баталъя гэж ярьж байгаа. Ерөөсөө мал, махаа эрүүл болгоё. Олон улсын чанар, стандартыг хангасан мах бэлтгэдэг болъё. Арьс, ширээ ч гэсэн үйлдвэрийн аргаар бэлтгэдэг болох хэрэгтэй. Гар аргаар бэлтгэсэн арьс, шир энд тэндээ зүсэгдсэн, дотор нь өлөнг нь боогоод хийчихээр наалданги үүссэн байдаг. Энэ мэтээр нийт бэлтгэсэн арьсны 30 хувь нь үйлдвэрлэлд гологдож байна. Дээрх бүхэн арьс ширний үнэ, малчдын орлогод нөлөөлөөд байдаг. 2013, 2014 онд арьс ширний бүтээгдэхүүнийг хагас боловсруулж гадаад худалдаанд оруулна гэсэн тогтоол байсан учраас түүхий арьс, шир худалдаж болохгүй байсан. Харин долоо хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанд манай яамны зүгээс санал оруулж тогтоол гаргуулсны хүчинд арьс, ширийг түүхийгээр худалдаанд гаргахыг зөвшөөрлөө. Үр дүнд нь хонины нэхий 3000, 3500 төгрөг хүрч байна. Өмнө нь боодол бохины үнэд хүрэхгүй, ихэнх нь хаягдаж байсан шүү дээ. Хөдөө орон нутгаар явж байхад хонины нэхий жалгаар дүүрэн хаясан байсан. Иргэдтэй уулзахаар мал махны үнэ, арьс, ширний үнийг өсгөөд өгөөч гэж байлаа. Өмнө нь хонио нядаллаа гэхэд нэхийг нь сумын төв дээрээ аваачиж дөрөв, таван мянган төгрөгөөр зарж мотоцикльдоо шатахуун хийдэг байсан. Малчид, иргэд ингэж яриад маш олон санал ирүүлсэн юм. Яамны зүгээс судлаад арьс ширний холбооныхонтой уулзлаа. Энэ салбарыг төрөөс дэмжиж урамшуулал хүртэл өгдөг. Үйлдвэрүүдийг ч мөн дэмжиж байна. Ирэх оны наймдугаар сарын 1-нийг хүртэл түүхий арьс, ширийг худалдаанд оруулах боломж олгоё гэсэн Засгийн газрын тогтоол гарчихсан байна. Энэ нь цаашаа үргэлжлээд эдийн засагт эерэгээр нөлөөлөх юм. Мал, мах бэлтгэх үеэр 10 сая хонь нядаллаа гэхэд нэхийгээр дамжиж 40 тэрбум төгрөг малчдын гарт очно.

-Малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулна гэж байгаа. Намрын чуулганаар батлах уу?

-Малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулъя, нийгмийн даатгал төлдөг болъё гэж ярьж байгаа. Намын бүлэг, Засгийн газрын хэмжээнд нэлээн идэвхтэй яригдаж байна. Мөн малчны хүүхдийг зургаагаас найман насны хооронд сургуульд оруулдаг болъё. Тэгэхгүй бол зургаан настай хүүхдийг сургуульд явуулахын тулд ээж нь сумын төв дээр харах хэрэгтэй болдог. Аав нь хөдөө хэдэн малаа хараад үлдэнэ. Ингэж айл гэр хоёр салж амьдрах хэцүү. Тиймээс зургаагаас найман настай байхад нь хүүхдээ сургуульд оруулдаг байхаар зохицуулсан. Зургаан настай хүүхдийг сумын төв дээр дотуур байр юм уу, айлд суулгая гэхээр арай нялхдаад байдаг. Залуу малчдын хувьд хүндрэлтэй асуудал байлаа шүү дээ.

-Хүнс, хөдөө аж ахуй бол монголчуудын өдөр тутмын амьдралтай холбоотой салбар. Цаашид яамны зүгээс ямар шинэ бодлого баримталж ажиллах вэ?

-Яамны тухайд бүх газартаа ажлын хэсэг байгуулсан. Үр дүнтэй ямар ажил хийх ёстой вэ гэж судалгаа явуулж санал боловсруулаад дуусаж байна. Мал аж ахуй, бодлогын газарт мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын мал эмнэлгийн газрыг дахин сэргээн ажиллуулъя гэлцэж байна. Одоогийн байгаа бүтэц, бүрэлдэхүүний хэмжээнд ингэж ажиллах боломжтой. Мал эмнэлэг, үржлийн газар гэж 40, 50 хүний бүрэлдэхүүнтэй газар бий. Аймагт хөдөө аж ахуйн газар, суманд тасаг ажилладаг. Малын гоц халдварт өвчин гарлаа гэхэд улс өөрийн худалдаж авсан вакцинаа хувийн мал эмнэлгүүдэд өгч байна. Тэнд ажиллаж байгаа боловсон хүчний талаас илүү нь 50-иас дээш насныхан. Иймд яамны зүгээс хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх тал дээр түлхүү анхааран ажиллана. Улсын мал эмнэлгийн ерөнхий газрыг бүтцийн хувьд батлаад өгчихвөл ядаж л өндөр үнэтэй вакциныг цаг хугацаанд нь, технологийн дагуу хийнэ. Төр өөрийн хүч хөрөнгөө зарцуулж малаа эрүүлжүүлэх ёстой. Дээрээс нь малчид малаа эрүүл байлгах асуудал дээр хариуцлагатай хандах хэрэгтэй. Аль аль талдаа хариуцлагын тухай асуудал ярьсан, хууль эрхзүйн үндэстэй бодлогын баримт бичиг боловсруулаад явж байна. Ер нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт дорвитой өөрчлөлт хийх цаг болжээ.

-Танай яаманд хөнгөн үйлдвэрийн салбар хамаардаг. Уг салбарт ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх чиглэлээр түлхүү анхаарч байна. Ерөнхий сайд үүрэг өгсөн. Төрийн болон төрийн бус байгууллагууд дотоодын бүтээгдэхүүнээ худалдан авч хэрэглэж байя гэсэн тогтоол гаргах гэж байгаа. Энэ асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцүүлнэ. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, дотоодын худалдан авалтаа идэвхжүүлье гэсэн уриалга гаргах юм. Төрийн байгууллагууд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж худалдан авалт хиймээр байна.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэхээр эсгий шаахай, арьсан цүнхнээс өөр зүйл ховор. Хүнсний бүтээгдэхүүн нь импортын бүтээгдэхүүнээс өндөр үнэтэй. Ийм байхад дотоодын үйлдвэрлэлээ дэмжих таатай биш шүү дээ?

-Тийм тал бий. Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн импортын бараанаас өндөр үнэтэй байгаад байдаг. Тиймээс эдийн засгийн ашиг, үр өгөөжөө бодоод гадны бүтээгдэхүүн хэрэглэдэг асуудал байдаг. Үүнд эх оронч байдлаар хандаж аль болох дотоодын бүтээгдэхүүнээ худалдаж аваач гэж байгаа юм. Ялангуяа төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж байя гэж байгаа юм.

-Үнэ хямдруулах арга байдаггүй юм уу. Хэрэв дотоодын үйлдвэрлэлээ дэмжүүлье гэж байгаа бол яамны зүгээс үнэд нөлөөлөх боломж бий юу?

-Зах зээлээ судлаад, зардлаа тооцоод, дээр нь бага зэрэг ашиг нэмж байгаа үнэд оролцох боломж байхгүй. 2015 онд 336 дугаар тогтоол гарч худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан 12 нэр төрлийн 101 бүтээгдэхүүний жагсаалт баталсан байдаг. Эдгээрийн нэр төрөл, тоог олон болгох чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. Өнгөрсөн онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авсан бараа бүтээгдэхүүний тайланг нэгтгэж үзсэн. Уг тайланд төсвийн 30 байгууллага дотоодын бүтээгдэхүүнээс 60.6 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн гэж гарсан байна лээ. Энэ жилийн тухайд бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр олон ажил зохион байгуулах ёстой. Зарим дотоодын худалдан авалт, үйлчилгээний талаарх мэдээлэл хомс байна. Мэдээллийг үнэн зөв байлгахад анхаарна. Импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед дотоодын худалдан авалтаа сайжруулах шаардлага бидэнд бий.

-Үндэсний үйлдвэрлэлийг зөвхөн дотоод гэлтгүй хилийн гаднах бүс нутгийн иргэдээр дэмжүүлэх боломж байгаа мэт харагддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Хил орчмын худалдааг өргөн хэмжээнд байнга зохион байгуулъя гэж ярьж байгаа. Үндэсний үйлдвэрлэгчдэдээ хилийн худалдаа хийх боломжоор хангаж ам.доллар оруулж ирэхэд анхаарал хандуулж байна. Олон боомтод түшиглэж худалдаа хийхээр хоёр хөршийнхөө холбогдох албанд хандсан. Эхнээсээ ажил хэрэг болон хэрэгжиж байгаа. Баянхонгор аймгийнхан хилийн худалдааг эхлүүлэх гээд бэлтгэл ажилдаа орлоо. Харин хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг газартай болох шаардлага байна. Хууль, эрхзүйн үндсийг боловсруулаад холбогдох дүрэм журамд нийцүүлэх хэрэгтэй. Тариаланчид улаан буудайгаа борлуулах асуудал дээр л гэхэд аль болох үнэтэй зарахыг бодно. Нөгөөдүүл нь хямд авахыг бодно. Арьс шир, ноос ноолуур дээр ч ялгаагүй. Нэгэнт төрийн зохицуулалт үгүйлэгддэг учраас бодлогын хувьд оролцдог хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний үнэ зохицуулах байгууллага зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүй бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр явж байдаг зүйлийг зохицуулахын тулд бодлого боловсруулах ёстой яам нь маш их хүч хөрөнгө, цаг зав зарцуулаад байна. Ийм газартай болчихвол олон асуудал маш амархан цэгцэрнэ.

-Та сайд болохынхоо өмнө УИХ-ын чуулган дээр хуурай сүү зэрэг дотоодод хангалттай үйлдвэрлэх бүтээгдэхүүний импортод анхаарал хандуулна гэж байсан. Одоо бид хүнсний ногоогоо эх орондоо хангалттай хэмжээнд тарьж байна. Урд хөршөөс орж ирдэг хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт тавьж болох уу?

-Бид 1990-ээд оны үед дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ ямар ч шаардлага, нөхцөл тавиагүй юм билээ. Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм, журмаар импортоор орж ирж буй бараа, бүтээгдэхүүнд хамгийн ихдээ 20 хувийн татвар тавих боломжтой. Ийм хэмжээнд татвар нэмээд нэмээд гаднаас орж ирж буй хүнсний бүтээгдэхүүн дотоодынхоос хямд байгаад байна. Энэ бүхэн дотоодын үйлдвэрлэл хөгжихөд саад болоод байдаг. Өөрчлөлт хийж болохгүй. Гэхдээ өөр ямар гарц байж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Тухайлбал, Францын Элчин сайдын яамтай ярилцаж байгаад газарзүйн баримжаатай бүтээгдэхүүн гэдэгт чацаргана бүртгүүлэх чиглэлээр ажиллаж байгаа. Увсын чацарганыг газарзүйн баримжаатай бүтээгдэхүүн гээд бүртгүүлчихвэл Европын холбооны улсад экспортод гаргах боломжтой. Сүүний хувьд Засгийн газар богино хугацаанд сайн ажиллалаа. Манай улс боломжит сүүнийхээ 30 хувийг л ашигладаг. 70 хувь нь бэлчээртээ явж байдаг. Саахаа больсон. Тэгэхээр малчдаа орлоготой болгохын тулд төсөл санаачлаад явж байна. Саасан сүүгээ тусгай төхөөрөмж рүү хийгээд хуурай сүү болгодог Японы технологийг судлаад оруулж ирэхээр болж байна. Эхний ээлжинд 100 суманд жижиг оврын сүүний үйлдвэр байгуулж иргэдийн сүүг худалдаж авна. Түүнийгээ хуурай сүү болгож боловсруулаад дотоодын хэрэглээгээ хангах, улмаар экспортод гаргах боломжтой. Хуурай сүү экспортлох асуудлаар Хятадын холбогдох байгууллагатай санал солилцож хамтран ажиллаж байгаа. Ядаж импортын хуурай сүүний оронд дотооддоо үйлдвэрлэсэн сүүгээ аваг л дээ. Тэгэхгүй бол өнөөдрийн байдлаар гаднаас орж ирж буй сүүний хэрэглээ дотоодынхоос илүү байгаа. Дээрх төсөл хөтөлбөрийн ТЭЗҮ хийгдээд явж байна.

-Эдийн засаг аль ч салбарт хүнд байна. Таны хариуцаж буй салбарт эдийн засгийн хямрал хэрхэн нөлөөлж байна вэ?

-Улс орны төсөв, санхүүгийн байдал маш хүнд байгаа. Ерөнхий сайд, Сангийн сайд нар эдийн засгийн бодит байдлын талаарх мэдээллийг ард түмэнд өгсөн. Шинэ Засгийн газар байгуулагдаад улс орны эдийн засэг, санхүүгийн төлөвийн мэдээ сонсоход үнэхээр хүнд байгаа нь мэдэгдсэн. Маш их өр, зээлийн асуудал яригдаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувь нь өрөнд явж байгаа. Мөнгөний чадавхи суларч, валютын ханш өслөө. Ийм үед үндэсний үйлдвэрлэгчид ажиллах, орлого олох боломж маш хүнд. Үндсэндээ бодлого алдагдсан, хяналт суларсан, хэт үрэлгэн байсан нь салбар салбарт ажиглагдаж байгаа. Гурилын үйлдвэрүүд дээр л гэхэд дотоодын нийт хэрэгцээнээс гурав, дөрөв дахин их хэмжээний хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй байна. Улсын төсвийн хөрөнгө, зээлээр авчихаж. Энэ бүхэн эргээд салбарын эдийн засагт бэрхшээл хүндрэл учруулна.

-Мэргэжлийн Засгийн газар байгуулагдах үед таныг салбараа сайн мэдэх хүн гэж тодорхойлж байсан. ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласныг тань бас мэднэ. Тэрнээс өмнө ямар ажил хийж байв?

-Би УБИС, СЭЗДС-ийг тус, тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. 1995 оноос хойш мэдээлэл технологийн чиглэлээр хувийн бизнес эрхэлж байлаа. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт багагүй хугацаанд ажилласан байна. Сэлэнгэ аймгийн Орхон суманд Шар хөтлийн бригад гэж газарт тариа будаа тарьж явлаа. Мал аж ахуйн салбарт гэвэл манайх малчин удамтай айл. Багаасаа морь малтай ноцолдож өссөн. ММСУХ-нд сүүлийн найман жил ажиллалаа. Яамны бүтцэд хөнгөн аж ахуйн салбар нэмэгдэж орж ирсэн шүү дээ. Миний хувьд хувиараа бизнес эрхэлж байсан учраас жаргал зовлонг нь мэднэ. Хоёрдугаарт, Италийн Турин хотод байдаг ЮНЕСКО-гийн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх сургуульд Жижиг, дунд үйлдвэрлэлийг төрөөс удирдах нь чиглэлээр суралцаж байлаа. Италид байхдаа хагас, бүтэн сайн бүр тэндхийн жижиг, дунд үйлдвэрүүдтэй нэгдсэн журмаар танилцдаг байсан. Жижиг, дунд үйлдвэр хөгжүүлэх зөв тогтолцоо, бодлогоос суралцаж байсны хувьд Монгол Улсад өрсөлдөх чадвартай, зах зээлд тэсэж үлдэхээр, урт хугацаанд тогтвортой ажиллах үйлдвэр бий болгох зорилт тавиад бодлого боловсруулан ажиллаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Мэндбаяр: Гарваагийн дүрийг бүтээхэд сэтгэл тавгүйтэж, хамаг бие минь чичирдэг байлаа

Улсын драмын эрдмийн театрт 1963 оноос хойш ажиллаж Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийн Луйза, К.А.Треневийн “Любовь Яровая” жүжгийн Любовь Яровая, У.Шекспирийн “Отелло” жүжгийн Дездемон зэрэг тайз дэлгэцийн олон бүтээлийг амилуулсан Монгол Улсын ардын жүжигчин Дагвадоржийн Мэндбаяртай ярилцлаа.

-Та Ховд аймгийн Манхан сумын харьяат байх аа?

-Тийм. Иргэний үнэмлэхээ авах үедээ Ховд аймгийн Манхан сумын захчин ястан гэдгээ ааваасаа сонсож байлаа. Ингэж энэ нутаг усанд харьяалагдах болсон юм. Аав, ээж минь нэг нутгийн хүмүүс л дээ. Намайг хоёртой, ахыг минь дөрвөн настай байхад аав, ээж минь хоёр тийш болсон. Түүнээс хойш аав, ах бид гурав Улаанбаатарт ирж суурьшсан юм. Хоёрхон настай нутгаасаа гарсан болохоор уул, ус, газар нутгаа сайн мэдэхгүй. Аав, ээжийн минь талын төрөл, садангууд их л байдаг юм гэсэн. Одоо хөгшчүүл нь бурхан болоод ач, зээ нар нь л бий байх. Тэгэхээр сайн танихгүй л болоод байна.

Миний аав Лооройн Дагвадорж гэдэг хүн байлаа. Төмөр замын хамгийн анхны ажилчдын нэг. Халхын голын дайнд орсон “Бид ялав” гэсэн тэмдэгтэй, “Алтан гадас”, “Цусан гавьяаны одон”-той хүн байсан даа. Бага нас минь Зүүнхараад өнгөрсөн. Аав минь ах бид хоёрыг Сайншанд хүртэл вагондоо авч явдаг байсан. Зуны цагт яшик гэдэг жижиг ачааны вагонд амьдардаг байлаа. Ингэж явсаар л аав минь бид хоёрын хөлийг дөрөөнд, гарыг ганзаганд хүргэсэн. Ах, бид хоёрыг хойд эхийн гар харуулаагүй, ёстой л гэрт орж эм, гадагш гарч эр хүн болдог байлаа. Их сайхан сэтгэлтэй хүн байсан юм шүү.

-Та дотооддоо жүжигчин мэргэжлээр анх удаа дээд сургууль төгссөн хүмүүсийн нэг. Анги удирдсан багш тань Нямын Цэгмид гуай байсан гэдэг бил үү?

-Би нийслэлийн 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байлаа. Хичээлийн шинэ жил эхлээд дөрөвхөн хонож байсан юм. Тэр үед улс даяар урлагт дуртай, жүжигчин болох сонирхолтой хүмүүсийг сонгон шалгаруулж байсан. Шалгарсан хүмүүсийг Улсын Багшийн их сургуулийн драмын жүжигчний ангид элсүүлэх зорилготой байж л дээ. Манай сургууль дээр сонгон шалгаруулалт явагдаж “Сүхбаатар” киноны Богдын дүрд тоглодог ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн тэргүүтэй хүмүүс ирсэн юм.

Манай ангиас “Алтан өргөө” киноны Сүмбээгийн дүрд тоглодог Б.Зориг, телевизийн спортын редакцид найруулагч хийж байсан С.Бадрах бид гурав тэнцэж есдүгээр ангиасаа их сургуулийн босго алхаж байсан түүхтэй. Энэ мундаг хүмүүсийн нүдэнд өртсөнөө их л азтайд тооцож явдаг. 1963 онд жүжигчин болж төгсөж байсан. Тухайн үеийн Соёлын яам жүжигчин мэргэжлээр төгссөн 20 оюутныг соёл урлагийн байгууллагуудад хуваарилан, томилолт өгч байлаа. Тэр дундаас “Нүгэл буян” киноны ламын дүрээр үзэгчдийн танил болсон, гавьяат жүжигчин Ж.Бужгар, Нарантуяа, Лхамхүү, Б.Зориг, С.Бадрах бид хэд театрт хуваарилагдсан нь бас их азтай тохиол юм шүү.

-Та алтан үеийнхэнтэй олон сайхан дүрийг театрын тайзнаа бүтээсэн биз?

-Бид оюутан байхдаа “Хоёр эх” буюу “Афродит” жүжгээр дипломын ажлаа хамгаалсан юм. Арьс, өнгөний ялгааг эсэргүүцсэн хүмүүсийн үзэл бодлын талаар өгүүлдэг жүжиг л дээ. Би 16 настай Кейт охины дүрд тоглосон. Тэр жүжиг минь сайн байсан тул театрын тайзнаа тоглогдох болсон юм. Тэр үед миний ээжийн дүрд ардын жүжигчин Т.Хандсүрэн, хар арьст эхийн дүрд Т.Цэвээнжав, Д.Ичинхорлоо гуай нар ээлжилж тоглодог байлаа. Хэтрүүлэгтэй хэлэхэд гавьяат жүжигчин Т.Цэвээнжав гуайг ярихад театрын тайз доргих шиг болдог байлаа шүү дээ. Тийм сайхан дуу хоолойтой. Харин Г.Гомбосүрэн гуай тайзны хамгийн ар хэсгээс шивнэх төдий ярихад л суудлын хойно суугаа үзэгчдэд сонсогдохоор байдаг байсан. Анх удаа томчуудтай хамтарч тоглож байгаа нь тэр л дээ. 1963 онд энэ жүжгээр анхны дээд мэргэжилтэй боловсон хүчин төгсч, театрт ирж байсан түүхтэй.

Энэ цагаас хойш театрын тайзнаа тоглогдсон 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон. Энэ тоглох бололцоог олгож хамтран ажиллаж байсан хүмүүс маань алтан үеийнхэн гэж нэрлэгддэг ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн, Т.Цэвээнжав, Ч.Долгорсүрэн, Т.Хандсүрэн гуай гээд театрыг анх үүсгэн байгуулалцаж байсан хүмүүс. Энэ хүмүүс биднийг театрын тайзан дээр хүлээн авч, “Театрын жүжигчин” гэх үнэмлэх гардуулж байлаа. Тухайн үеийн хамгийн залуу жүжигчин нь Ц.Гантөмөр, Л.Жамсранжав, “Хөхөө гэрлэх дөхлөө” кинонд тоглож байсан Б.Дашдаваа нар байсан. Энэ сайхан хүмүүстэй хамтарч театрын тайзнаа олон арван жүжигт тоглосон. Ээж, аав, эгч дүү, найзууд шиг драмын урлагийг түгээж болох бүхий л газруудаар явж байлаа.

Театрын найруулагчаар С.Гэндэн, Л.Ванган гуай нар ажиллаж байв. Мөн хайртай Э.Оюун багш минь бидний жүжгийг найруулдаг байсан. Э.Оюун багш монгол жүжгийн зохиол олдохгүй үед гадны сонгодог зохиолуудаас орчуулж, театрын тайзнаа тавьдаг байлаа. Тэр үед ажиллаж байсан уран бүтээлчид театрын ачааллыг нуруундаа үүрч сурсан хүмүүс байсан. Хөдөө орон нутагт хамгийн анх удаа сонгодог жүжгийг хүргэж байлаа. Тэр нь дэлхийн сонгодог бүтээлийн нэг болох Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжиг байсан юм. Мөн Буриад руу ахмадуудтайгаа олон удаа явсан.

Ер нь жараас наяад он бол театрын оргил үе гэж хэлж болохуйц санагддаг. Олон сайхан бүтээл тавигдсан нь Э.Оюун багшийн хөдөлмөрийн үр дүн юм. Тухайн үед Улсын драмын театр гэж байсан бол өнөөдөр академик театр гэж нэрлэгдэх хэмжээнд хүрчээ. Үүнд тэр үед ажиллаж байсан уран бүтээлчдийн ач гавьяа маш их бий. Өнөөдөр залуучууд тэр их ачааг үргэлжлүүлэн үүрч, ахмадууддаа хийсэн уран

бүтээлээ үзүүлэн хамтарч ажиллаж байгаад нь их баяртай байдаг. Энэ жил театрын маань 85 жилийн ой тохиож байна. Театрын үе, үеийн жүжигчид тэдний гэр бүлийнхэнд баярын мэнд хүргэе. Ойн хүрээнд театрт тоглогдож байсан түүхэн жүжгүүдээ сэргээж тоглоно. Би ч гэсэн тоглож байсан дүрүүддээ тоглож, үзэгчидтэйгээ уулзах болно.

-Алтан үеийнхэн танд юу гэж зааж зөвлөдөг байв?

-Төрийн шагналт, ардын жүжигчин, зохиолч, орчуулагч, урлаг судлалын ухааны доктор Э.Оюун багш Э.Войничийн “Овод” жүжгийн найруулагчаар ажиллаж байлаа. Би Жеммагийн дүрд тоглохоор бэлдэж байсан юм. Би тэр үед хар судалтай, цэнхэр өнгийн өмд өмсчихсөн ирсэн юм л даа. Надад бол их л гоё өмд шиг санагддаг байлаа. Гэтэл Э.Оюун багш “Хөөе Мэндбаяр аа, тайзнаас буу. Чи театрын тайзыг яасан хүндэтгэдэггүй юм. Чам шиг ийм жүжигчин гэж байхгүй” л гэлээ. Би ч өрөө лүүгээ ороод уйлаад л суучихлаа. Тэр үед ардын жүжигчин Т.Хандсүрэн гуай орж ирээд “Миний охин загнууллаа гэж гомдоод явах гэж байгаа юм биш биз дээ. Э.Оюун багш чинь чамайг жирийн хувцастайгаа тайзан дээр гарлаа л гэж байгаа юм. Хувцсаа сольчихоод бэлтгэлээ хий. Дараа нь тайзны хувцастай ирээрэй” гэж билээ. Тухайн жүжигтээ тохирсон хувцсыг өмсөж, түүнийгээ өөрийн болгож сурах хэрэгтэй гэдэг байсан нь өнөөдөр бидний тайзан дээр биеэ авч явах соёл, сургуулилт хийхдээ яаж хийх вэ гэдэг арга барилд суралцуулж чадсан юм. Явж барагдахгүй театрын тэр том тайзан дээр алхаа, гишгээ ямар байх ёстой талаар, дуу хоолойны өнгө, улс, үндэстний хувцсыг яаж өмсөх вэ гээд бүхий л зүйлийг ахмадуудаасаа сурч байлаа. Энэ бүх арга, ажиллагаанууд нь театрын тайзнаа шилдэг байх замыг минь засаж өгч байж дээ. Бидний дотоод сэтгэлийг хөглүүлэхийн тулд янз, янзын зүйлээр сэтгэлийг минь хөдөлгөдөг байсан. Инээж сурахыг хүртэл зааж байлаа шүү дээ.

-Та “Энэ хүүхнүүд үү” кинонд тоглох болсон тухайгаа яриач?

-Энэ кинонд тоглох үед оюутан байлаа. Кино найруулагч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Р.Доржпалам гуай манай ангид киноны түүхийн хичээл заадаг байлаа. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай тайзны яриа, Э.Оюун багш театрын түүх заадаг байсан. “Энэ хүүхнүүд үү” кино 1962 онд хийгдсэн юм шүү дээ. Багш нар маань энэ кинонд тоглосон, найруулсан болохоор манай ангийнхан бүгд туслах дүрд тоглох боломж олдсон юм. Манай Н.Мягмар Дулмаагийн дүрд, би найз охин Должингийнх нь дүрд тоглож байлаа. Кинонд тоглох эхлэл болсон энэхүү сайхан уран бүтээл өнөөдрийг хүртэл хүмүүсийн үзэх дуртай кино хэвээр байдагт баярлаж явдаг даа.

-“Мандухай сэцэн хатан”, “Эдлэх ёсгүй эрх”, “Жаргал даахгүйн зовлон” зэрэг кинонуудад бүтээсэн дүрүүд тань үзэгчдийн сэтгэлд хүрсэн байдаг. Харин таны сэтгэлд хамгийн их үлдсэн нь ямар дүр байдаг вэ?

-“Мандухай сэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглосон юм. Тэр үед Монголын кино урлагт түүхэн кино их холдчихсон байсан л даа. Нэг сонин түүх ярихад би зах орох гээд унаанд суучихсан явж байлаа. Гэтэл өөдөөс хараад сууж байсан охин над руу харж инээгээд л “Та намайг таньж байна уу. Таны хор өгсөн охин байна” гэдэг юм байна. Цуг сууж явсан хүмүүс над руу бүгд сонин харлаа. Би бүр гайхаад болдоггүй. Гэтэл “Би “Мандухай сэцэн хатан” кинон дээр таны хор өгдөг Алтжин байна” гэж билээ. Нас биед хүрээд аль хэдийнэ ээж болчихсон байсан. Ер нь уран бүтээлийг сайнаар ч тэр, муугаар ч тэр хүмүүсийн сэтгэлд хүргэж чадсан л байвал жүжигчин хүний чин хүсэл, бас хөдөлмөрийн үр шим юм даа. Мөн театрын тайзнаа бүтээсэн дүр бүхэн хамгийн хэцүү байдаг. Өдөр, шөнөгүй хөлсөө дуслуулж, нойр хоолгүй бэлддэг, их ч загнуулдаг байж дээ. Харин хүмүүсийн сэтгэлд ч тэр, бас миний санаанаас гардаггүй нэгэн дүр байдаг. Э.Оюун багшийн зохиол “Гарваа” жүжгийн Гарваад тоглосон юм. Тэтгэвэрт суусан багш хүний тухай өгүүлдэг. Тэр хүн ганц хүүхэдтэй ч тэр нь өргөмөл. Өргөмөл хүүхэд нь ээждээ “Та ямар нойтон сормуустай юм унагаж үзсэн биш дээ” гэж хэлдэг. Ийм хатуу үгийг тэр хүн анх удаа сонсож байгаа нь тэр. Тэр хэсгийг бүтээхэд надад маш хүнд байсан. Би уйлаад, сэтгэл тавгүйтэж бүр хамаг бие минь чичирдэг байлаа. Мөн телевизийн хоёр ангит жүжиг болох “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүр хүмүүст их хүрсэн байдаг юм. Тэр үед залуу байсан болоод ч тэр үү, найруулагчдадаа дандаа хөгшин, настай хүний дүр өглөө гэж дургүйцдэг л байлаа. “Гарваа” жүжгийн Гарваа, “Найрын ширээний ууц”-ын Ханджав, “Эдлэх ёсгүй эрх”-ийн Бадамлянхуа гээд л. Гэхдээ ухаантай найруулагчид гэдэг их ондоо юм билээ. Өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртэй, урт настай дүрүүдэд намайг сонгож тоглуулсанд нь их л баярлаж явдаг юм.

-Та хамгийн сүүлд “Ээж” кинонд тоглосон байсан?

-Би эхийн хайрыг үзээгүй, аавтайгаа өссөн. Эх хүний хайр хүүхдүүддээ ямар их хэрэгтэй байдаг юм бэ гэдгийг үргэлж бодож явдаг байсан л даа. Энэ санаа бодолд минь таарсан, илэрхийлэхийг хүссэн санааг минь тусгасан зохиол миний сэтгэлийг их хөдөлгөж чаддаг. Тийм учраас ээж, эх хүний дүрд их тоглодог. Үр хүүхдийнхээ төлөө гэсэн эх хүний сүүн цагаан сэтгэлийг өнгө, будаггүй харуулахыг хичээж байна. Түүнээс зөвхөн хувцсаар өөрчлөгдсөн эхийн дүрийг бүтээхийг бодохгүй.

-Ээжтэй тань таны хань П.Цэрэндагва гуай уулзуулж байсан гэсэн. Энэ талаараа яриач?

-Миний хань надаас түрүүлээд ээжтэй минь уулзаж байсан. Ээж маань Баян-Өлгийд амьдардаг байсан юм. П.Цэрэндагва тийшээ тоглолтоор явах үедээ уулзаад, надтай ээжийг минь утсаар яриулж байсан. Би бүр дараа нь наяад оны дундуур Баян-Өлгий рүү тоглолтоор явахдаа ээжтэйгээ анх удаа уулзсан л даа. Театрынхантайгаа хамт очиж хоол, унд идчихээд, орой нь тоглолтоо үзүүлсэн юм. Охин минь ирж байхад гээд байшингийнхаа үүд хүртлээ цагаан эсгий дэвсчихсэн байж билээ. Би нэг хоносон л доо. Ярих юм олддоггүй юм билээ. Миний төрсөн өдөр яг хэзээ юм бол л гэж асуусан. Аав минь болохоор цэрэгт яваад ирэхэд л гарчихсан байсан гэдэг юм. Ээж минь олон ч хүүхэд гаргасан болоод тэр үү бас сайн санахгүй байсан. Бид өглөө нь явах болоход ээж минь намайг гаргаж өгдөггүй. Би гайхаад автобусандаа суучихлаа. Автобусны цонхоор эргээд хартал ээж минь хашааныхаа завсраар хараад зогсож байсан. Тэр үед миний дотор их сонин болж, тэсэлгүй л нулимс дуслуулж байсан даа. Уйлчих гээд их л хэцүү байсан байх. Тэр үед ээжийгээ их өрөвдөж билээ. Гадагшаа гаргаж чадахгүй ч дотроо их хайрладаг, эмтэрч явдаг хүн байна даа гэж бодож байсан. Яг хоёулаа уулзах юм бол их уйлалдах байсан болов уу. Сүүлд суусан хань ижил, үр хүүхэд, хамаатан садангууд нь гээд хүмүүс байсан юм.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Тэр жилийн нүүдэл

Миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум. Хуучнаар Ахай бэйсийн хошуу хожим нь Наранжаргалант уулын хошуунаас үүсч, 1931 онд байгуулагдсан түүхтэй, Аргалант, Баян-Уул хэмээх хоёр том уулын дунд орших талын нэгэн суурин бол манай сумын төв.

Намайг мэдээ орсон цагаас эхлэн манайх гэдэг айл Сэлэнгэ голоор нутагладаг байлаа. Манай голынхон ер нь өвөлдөө уулаа бараадаж өвөлжчихөөд, хавартаа голоо дагаад буучихна. Харин зундаа сумын төвөөсөө хойшоо, Мөрөн, Түнэлийн нутаг руу дөхөөд, өндөрлөг тал, сэрүүвтэр, хаг, нууртай газарт зусацгаана. Учир нь зун малдаа нуурын давсархаг ус уулгаж, мараа долоолгох зэрэгт ач тустай байдаг юм. Намар нь мөн Сэлэнгэ голынхоо захаар намаржаад, уулаа бараадаж өвөлжинө гэх зэргээр дөрвөн цагаа дагаж, нүүсэн малчдын амьдрал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ.

1990-ээд оны дунд үеэр буюу биднийг сургуульд ороогүй байхад нүүдэл хийнэ гэдэг том ажил байлаа. Үхэр тэргээр, замдаа бууж, хоноглоод, 50-60 километр газар явж зусландаа хүрнэ. Ингэхдээ өдрийн сайныг харж байгаад зургаа, долоон үхэр тэрэгт гэрээ ачааллаад, үүрийн бүрэнхийгээр шахуу хөдөлнө. Ингэж явсаар замдаа нэг хоноод, зусландаа хүрдэг юм. Морь тэргээр нүүвэл арай хурдан явна. Нүүдэл харсан айл болгон цай, идээ авчирч өгнө, зам тосоод гар даллан цай барьж гүйж ирсэн айлын эхнэр, хүүхэд болгоны цайг ууж, тайван явсаар ийнхүү хоноглон малынхаа хөлийг амраана. Замд үхэр оодгонож, алга болох, хонио айлын хоньтой нийлүүлэх, хурга тугал эцэх зэрэг бэрхшээл тулгарах нь энүүхэнд. Тиймээс аль болох зохион байгуулалттай явахын тулд тэрэгтэй ачаатайгаа ойрхон, хоёр нь хонио тууж, нэг нь үхрээ, нөгөөх нь адуугаа хариулах зэргээр ажлаа хуваарилан явахыг хичээнэ. Ингэхдээ ээж хоёр дүүг хажуудаа суулгаад үхэр тэргээ жолооддог бол би арын тэргэн дээр суугаад ачаагаа харж явах үүрэгтэй байдаг ч үдийн наранд нозоорч унтсаар байгаад л таарна. Харин аав, ах нар малаа тууна. Нүүхэд ах дүүсийн хүмүүс тусалдаг нь бичигдээгүй хууль. Мөн нүүдэл хийх, ямаа самнах, хадлан хадах зэрэгт айл саахалтын, нэг голын хүмүүс тусалж дэмжээд их ажлаа нугалчихдаг. Сүүлийн үед энэ байдал арай өөр болжээ. Өөрөөр хэлбэл, гэрээ машиндаа ачаад нүүцгээнэ, зарим нь малаа мотоциклиор тууж яваа харагддаг болсон байна билээ.

Айлууд ах дүү, аав ээжийнхийгээ бараадаад, хоёр гурван гэрээрээ саахалтын зайтай бууцгаана. Өвөл, зунгүй манайх ээжийн аавынхтай хоёр гэрээрээ буудаг байсан бол аавын ээжийнх бага авга ахынхтай байдаг, мөн нэг километр хүрэхгүй шахуу зайд том авга ахынх мөн тэднээ хүүгийнх, хүргэнийх байна. Дахиад нэг километр хэртэй зайд аавын дүүгийнх хадмынхтайгаа зэрэгцэн аж төрцгөөнө.

Зуны дэлгэр цагт шимийн архинд халамцан, морин дээрээ хазгай суугаад найгаж, давхисан эрчүүд нэлээд үзэгдэнэ. Тогоо нэрж байгаа айл андашгүй, яндангаас нь их утаа гарна,тиймээс эрчүүд айлын эзэгтэйн гараа гаргаж, нэрсэн шимийн архийг уух гээд л давхиж яваа нь тэр. Тэд яг гэрийн үүдэнд ирж морио барьж суугаад шимийн архи уучихаад дараагийн айл руугаа давхина.

Манай нутагт бороо их орно. Нэг орохоороо долоо, найм хоногоор зүсэрч ороод өмсөх хуурай хувцасгүй болно. Борооноор адуу олдохгүй бол ах нар маань ээлжлээд адуугаа хайгаад явчихна. Хонь ямаа осгож, шил нь татах нь энүүхэнд. Намар наймдугаар сарын 10-даас эхлээд бид жимсэнд явцгаадаг байв. Их жимс идэхээр дараа нь нэрс харахаар шүд хорсох шиг мэдрэмж төрдөг нь ер санаанаас гардаггүй. Намартаа Сэлэнгийн гол руугаа нүүдэллээд очиход хөхөө донгодож, чоно улиад л цаанаа л нэг сүртэй. Байсхийгээд л хонио араатанд алдах, хазуулах зүйл тохиолдоно. Хонины хоолойг хазсан бол шилүүс, сүүлийг хазсан бол чоно гэж оношилно. Хээрийн амьтад бол яахав, байгалийн амьтан жамаараа, авах ёстойгоо авж байна гээд манайхан барагтай бол тоохгүй. Харин зарим жил зудтай байвал хүчин мөхөстдөг юм. Бага байхад бид зургадугаар сард Сэлэнгийн голдоо сэлээд, усанд ороод өнжинө. Нэг усанд орчихоор, халуун өдөр байсан ч даараад, уснаас гарж чадахгүй болчихно. Харих санаатай голоос гардаг ч, даараад буцаад л гүйгээд орчихдогсон. Том хайлаас мод голд хийж байгаад дээр нь суун модоор сэлүүрдэж тоглоно, нохой самардаан гэж нэрлээд сэлцгээнэ.

Орой болохоор айлууд хонио саачихаад, хонь, ямаагаа бүгдийг нь хамгийн гүнзгий, хөлгүй гол руу шахчихдаг юм. Зарим нь урсаж байгаад голын цаана гарна, гэхдээ манай тэндхийн хонь дасал болчихсон. Хонь шахаад ус бөөн шавар болохоор л бид аргагүйн эрхэнд голын уснааас гарч, харьцгаадаг байлаа. Нэг өдөр миний дүү, үеэл хоёр гол дээр тоглож байтал манай дүү ус руу унаад урссан байдаг. Гэтэл араас нь нөгөөх нь чулуу шидээд урсгаж байсан юм. Харин ч амьд гаргаж авсан, дүү маань хоёрхон настай, туранхай, жижигхэн хүү байсан бол одоо Ц.Содномдоржийн шавь болоод, аймгийн заан цол хүртсэн сайхан залуу бий. Дүүгийн маань усанд урсаж байсныг манайхан одоо ч дурсан ярьцгаадаг. Мөн авга ах нар маань Сэлэнгийн голоор морьтойгоо гарч байгаад унахаараа мориныхоо сүүлнээс зүүгдээд гараад ирдэг тухайгаа ярина.

Манай сумынхан Гандан хийддээ байх “Хар морьт сахиус”-аа ихэд бэлгэшээн шүтдэг, хар морьт сахиус хол яваа, нутгийн хүмүүсээ илүүтэй харж ханддаг, ойр байгаа алс явдаггүй зарим хүмүүст хатуу ханддаг гэх яриа байдаг юм. Манай нутгийнхан хол замд гарахдаа заавал хар морьт сахиусандаа мөргөдөг заншилтай.

Тосонцэнгэлийн хүн амын ихэх нь халх, хотгойдууд. Зарим сумаас ирсэн дархад, урианхай зэрэг ястан цөөвтөр бий. 2000 оны дундуур Улаанбаатарт ирээд Тосонцэнгэлийнх гэхээр хүмүүс “Тийм сум байдаг юм уу. Завханы Тосонцэнгэл үү” гээд ер мэддэггүй байлаа. Харин одоо Хөвсгөлийн Тосонцэнгэлийнх гэхээр Содномдоржийн сумынх уу гэдэг юм. Яахын аргагүй нутаг орныхоо нэрийг улс даяар цуурайтуулж, яваа улсын харцага Ц.Содномдорж бол манай нутгаас төрсөн, өнөө цагийн залуу.

Содномдоржийн аав Цэдэв гуай сумын заан цолтой, дунд зэргийн нуруутай, найрсаг, нөхөрсөг хүн байдаг. Тэднийх долоон охин, гурван хүүтэй, Ц.Содномдорж, доороо хоёр эмэгтэй дүүтэй айлын найм дахь хүүхэд. Түүний том ах нь мөн сумын заан цолтой, Нацагдорж гэж эр бий. Намайг бага байхад Содномдорж барилдаж мэдэгдээгүй. Дунд ангид ороогүй байхдаа шахуу ах, эгч нарыгаа дагаад хотод амьдардаг байсан юм.

Ингээд 2006 оны цагаан сарын барилдаанд сумандаа очиж, барилдаад түрүүлж байхад Манай аав “Цэдэв гуайн бага хүү сайхан хүчтэй, сайхан биетэй мундаг бөх болж байгаа юм байна” гээд бахархан ярьсаар сумын төвөөс ирж байлаа. Сономдоржийн ээж нь Д.Цэрэндолгор гэж өндөр нуруутай, төлөв даруу эмэгтэй бий. Түүний аав, ээж одоо хоёулаа Улаанбаатар хотод аж төрцгөөж байгаа. Манай сумынхан Содномдоржийн барилдахыг харах гэж л бөх үздэг болов уу гэлтэй байдаг. Хазайхад нь дагаж хазайна. Давахад нь өөрөө давсан мэт баярлацгаана. Мөн улсын начин Б.Баянмөнх зэрэг манай сумаас төрөн гарсан улс, аймгийн цолтой бөхчүүд олон бий.

Эрт дээр үед манай суманд Годон Дампил гэж хүчтэй бөх байсан тухай домог байдаг юм. Годон Дампил анх “Намайг түрүүлэхгүй бол миний толгойг ав” гэж хэлээд Амбаны бөхтэй барилдаж түрүүлж байсан гэдэг. Түүнээс хойш Ахай бэйсийн хошуундаа алдар цуугаа дуурсган, 56 нас хүртлээ тасралтгүй барилдсан хүч, бяр ихтэй, зоригтой эр байсан түүхтэй.

Манай сумынхан ер нь найрсаг, нөхөрсөг, зочломтгой, эрэгтэй хүүхэд болгон нь шахуу барилддаг, бөх сайтай, аварга малчид, алдарт уяачид олонтой сум. Манай аавын аав Бүгд Найрамдах Монгол Ард Улсын аварга малчин Дулам гэж хүн байсан бол аав маань зургаан насны морийг аймгийн наадам бүрт түрүүлгэж, айрагдуулаад 1996 онд буюу алдар цолны шагнал хатуу байх үед, 30 гаруйхан настайдаа аймгийн алдарт уяач цол хүртэж байсан юм. Уяачийн хүүхэд би бараг морь унаж сураагүй. Ах нар болон дүү нар маань хурдан морио унана. Тэр бүү хэл аав “Архангай, Цэцэрлэг, Түнэлд айлын банди нар нь үнээгээ саадаг юм байна гээд ах нараар үнээ саалгана. Эрчүүд бол хамаагүй, ганц охиноо морь унуулаад, гар хөлийг нь өвтгөчихвөл яана, ёстой болохгүй. Гүү саалгахгүй өшиглүүлчихнэ. Ус зөөхөө ч боль гар, мөр нь муухай болчихно. Дээл оёж сурах хэрэггүй, хүзүү хөшөөд хэцүү. Охиноо мэргэжилтэй, төвийн хүн болгоно” гэдэг байлаа. Ер нь манай нутгийнхан эмэгтэй хүнийг охиноо их хайрлана. Манай амьдрал болон миний бага нас, манай нутгийнхны аж амьдрал нэг иймэрхүү, тайван амгалан өрнөсөөр байдаг байлаа. Одоо манай суманд тог цахилгаан, утасны сүлжээ, засмал зам зэрэг нэлээд хөгжил бий болоод байдал жаахан өөр болсон ч хүн зоны аж, амьдралын онцлог бараг хэвээрээ.

Манай нутгаас Бавуу генерал, уртын дуучин, гавьяат жүжигчин Долгоржав, Өлзийсайхан, Ягаанцэцэг, Монголын анхны нисгэгч хурандаа Жамбаа зэрэг улсын алдар цолтой олон хүн төрөн гарсан байдаг юм.

Тосонцэнгэл сумын маань газар нутгийн 20 гаруй хувийг ой мод эзэлдэг бол 70 гаруй хувь нь бэлчээрийн бүс нутаг бөгөөд уулс хоорондын хөндийн өргөн 3-5 км, далайн түвшнээс дээш 1100-1400 м өргөгдсөн нутаг юм. Хамгийн өндөр цэг нь Халзан бүргэдэй уул, 2263 м өндөрт оршдог. Эх газрын сэрүүвтэр, эрс тэс уур амьсгалтай. Ойт хээрийн бүсэд хамрагддаг. Гол мөрөнд нь төрөл бүрийн загас жараахай, ой модонд олон төрлийн ан амьтан элбэгтэй баян нутаг даа. Зарим жил өвөлдөө 40 хэм хүртэл хүйтэрч, зундаа 35 хэм хүртэл хална. Нутгийн өмнөд хэсгээр Сэлэнгэ мөрөн, баруун урд талаар Дэлгэрмөрөн гол урсдаг юм. Мөн Хавчуу, Тээл, Тосон, Баянбулаг, Их бага тахилт зэрэг олон гол горхитой. Сэлэнгэ мөрний дагуу 1080 метр өндөрт өргөгдсөн өндөр уудам хөндий, үржил шим сайтай хөрстэй, таван хошуу малын сайхан бэлчээртэй баян хангай. Улаанбаатар хотоос Эрдэнэт, Булганы замаар 680 км давхиад аймгийн төвөөс 64 км наана байх Тосонцэнгэлийн төвд хүрнэ. Тосонцэнгэл сум зүүн талаараа Их-Уул, хойгуураа Түнэл, урд талаараа Рашаант, баруун талаараа Төмөрбулаг сумтай хиллэн оршино. Сэлэнгэ мөрнөөс урд тал руугаа Рашаант, хойшоогоо Тосонцэнгэл сумын нутагт тооцогддог юм.

Categories
мэдээ цаг-үе

П.Очирбат: Албан тушаал худалддаг улстөрчидтэй харьцуулбал над шиг шударга, цэвэр хүн байхгүй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай ярилцлаа.

-Эдийн засгийн хямралд өртсөн шалтгааныг янз бүрээр тайлбарлах юм. Үүний зэрэгцээ уг хямралыг олон жил үргэлжилнэ гэсэн гутранги зүйл ярьцгааж байна. Хямрал олон жил үргэлжлэхээр байна уу?

-Өнөөгийн нөхцөл байдалд Монгол Улсын эдийн засаг нэлээд хүндрэлтэй байна. Үүнд нөлөөлж байгаа хоёр хүчин зүйл байгаа юм. Нэг нь, дэлхийд түгээмэл байгаа эдийн засгийн хямрал үүнд нөлөөлж байна. Манайх гадаад зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, гадаад эдийн засгийн харилцаанаас маш их хамааралтай болчихсон орон. Даяарчлалын үед улс орнуудын эдийн засаг бие биенээсээ зайлшгүй хамааралтай болчихоод байгаа юм. Дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй орон байлаа ч өөрийн орны бүх хэрэгцээгээ ганцаараа хангаад байдаг тийм хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Ухаан нь одоо Япон технологийн асар өндөр хөгжилтэй ч тэр эдийн засаг, технологио хангаад явах байгалийн нөөц байхгүй. Тэгэхээр тэднийх байхгүй юмаа заавал гаднаас авна. Гаднаас юм аваад оронд нь өөрт байгаа юмаа өгдөг худалдаа, эдийн засгийн харилцаатай.

Монгол энэ утгаараа гадаад нөхцөл, зах зээлийн байдлаас шууд хамааралтай орны нэг мөн. Монгол Улс буруу бодлого явуулаад гадаад орнуудаас хамааралтай болчихсон юм биш. Аль ч орон ийм л байгаа. Тийм учраас үүнийг дэлхийн даяаршсан хямрал гэж үзээд байгаа юм. Энэ хямрал муу нэртэй, муу үр дагавартай ч тодорхой мөчлөгөөр эргэлдэж л байдаг зүй тогтолтой. Дэлхий нийт анх удаа ийм эдийн засгийн хямралд өртөөд байгаа юм биш. Өмнө нь энэ шиг өлдөж л байсан, давж л байсан. Нэг ээлжит мөчлөг нь одоо явагдаж байгаа юм. Үүнийг бид яалтай билээ. Яаж ч чадахгүй. Харин энэ нөхцөл байдлыг ашиглаж Монгол Улс өөртөө ашигтайгаар энэ хямралыг даваад, дараахь үе шатанд бэлтгэлээ нэлээд хангачихсан, хөгжлийнхөө өсөлтийг боломжийн хэмжээгээр бүрдүүлчихсэн тийм суурьтай байх ёстой юм. Сайн, муу зэрэгцэж явдаг болохоор муу талын хажуугаар зөв ашиглаж чадвал ийм эерэг үр дагаварт хүрч чадах нөхцөлтэй.

-Хоёр дахь хүчин зүйл нь?

-Дотоодын хамаарал. Эдийн засгаа зөв жолоодож чадахгүй байгаа юм. Төрийн залгамж бодлого алдагдаад байна.

Шинэ Засгийн газар гарч ирээд өмнөх Засгийн газар, төрийн бодлогыг үргэлжлүүлээд сайхан авч явах. Магадгүй зарим нэг оновчтой биш зүйл байвал орхичихоод болж бүтэж байсан, үйл ажиллагаанд нэвтрээд үр дүнгээ өгөөд явж байгаа бодлогыг цааш нь үргэлжлүүлээд явах ёстой. Тэгэхээр манайд төрийн энэ залгамж чанар алдагдаад зүгээр л нэг сонгууль хоорондын бодлого, сонгууль хоорондын үйл ажиллагаа маягтай явуулаад байхаар Монгол Улс эдийн засгийн бодлогоо алсын хараатай, тууштай явуулж чадахгүй байна. Бид эдийн засгаа удирдахдаа гол асуудлаа барьж тууштай, зоригтой шийдэж чадахгүй байна. Эдийн засагтаа хувь нэмэр болох, эдийн засгийнхаа асуудлыг шийдэхэд гол суурь нь болж чадаж магадгүй мега төслүүдийн хэмжээний том ажлуудаа явуулахгүй байна. Хамгийн гол нь хүн. Хүн хөгжлийг бүтээж байгаа. Үйлдвэрлэл, бизнес юу ч бай бүхнийг хүн бүтээдэг. “Бид ийм зорилго тавиад байна шүү. Цугаараа хөдөлмөрлөж бүтээж аж амьдралаа дээшлүүлье” гээд хүнээ сайхан бэлтгэх тал дээр бид алдаад байгаа юм. Үүнийгээ намын бодлого, тухайн улс төрийн хүчний боловсон хүчин, хүний нөөцийн бодлого энээ тэрээ гэсэн юмаар авгайлж халхалдаг. Үнэн хэрэгтээ төрийн мэргэшсэн ажилтан, албан хаагчид тогтворжиж өгөхгүй байна. Нэг хэсэг нэг бодлого дээр төвлөрөөд ажиллаж байтал сонгуулийн дараа бүгдийг нь шинэчилчихээр нөгөө хүмүүс урдах хүмүүсийнхээ хуримтлуулсан туршлага, бодож байсан зорилго, зорилгодоо хүрэхээр төлөвлөж байсан нарийн юмнуудыг мэдэхгүй, шинээр эхэлж байгаа юм шиг ажилладаг. Ихэнх нь шинээр эхэлж гийгүүлж байгаа юм байхгүй, мунгинаж ажлынхаа учрыг сая нэг олох гэж байтал дөрвөн жил нь дуусчихдаг. Монгол Улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх талаар хүн болгонд, мэргэжилтэн болгонд төлөвшсөн, төвлөрсөн тийм сайхан туршлага, дадлага, санаачилга зэрэг дутагдаад байгаа юм. Тухайн хүний мэдэхгүй, чадахгүйтэй холбоотой биш. Систем нь өөрөө хүнийг, боловсон хүчнээ ингэж баллаад байгаа юм. Тиймээс хүн нь ийм тогтворгүй байгаагаас бодлого, ажил нь замдаа саармагжаад тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Нөгөө нэг нь болбол, бид Ш.Дулмаагийн шүлгээр бүтсэн “Амьдрал хайр дээр тогтдог” дууг дуулаад байдаг шүү дээ. Амьдрал хайр дээр тогтдог нь үнэн. Үүнтэй адил өнөөгийн нөхцөл байдалд Монголын эдийн засаг юун дээр тогтож байна гээч.

-Юун дээр?

-Эрдэс баялгийнхаа салбар дээр тогтож байгаа байхгүй юу. Нэгэнт тэр нь үнэн юм бол түүнийг хичнээн муу хэлээд тэрнийхээ оронд гаргаад тавих юмыг бид өнөөдөр бэлдэж чадаагүй л байгаа байхгүй юу. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч, сайн хэлсэн ч, муу хэлсэн ч энэ эрдэс баялгийнхаа салбар дээр тулгуурлаж хөгжөөд, тэндээс олсон, буй болсон хуримтлалаараа эдийн засгийнхаа бусад салбаруудыг солонгоруулах ёстой. Эдийн засаг нэг салбараас хэтэрхий хамааралтай болох нь хэцүү. Дэлхийн зах зээл дээр эрэлт нь буурахаар эдийн засаг нь савлаж байдаг, багахан өөрчлөлтөд үнэ нь буурахаар л эдийн засаг унаж байдаг. Ийм хэтэрхий шууд хамааралтай биш. Нэг нь хямрахад нөгөөх, хажуудах нь түшээд авдаг ийм эдийн засгийн бүтцийг буй болгох. Тэр бүтцийг буй болгох эх сурвалжийн нэг нь өөрийн баялаг байгаа юм. Өөрийнхөө баялаг, эрдсийн баялаг хоёроо хослуулчихаар бид нийгэмдээ орлого, ашиг, хуримтлал бий болгочих юм. Хоёр дахь эх үүсвэр нь гадаадын хөрөнгө оруулалт. Зээл биш, тусламж биш. Гадаадын шууд хөрөнгө оруулалт юугаараа давуу байдаг юм гэхээр тэр хөрөнгө оруулж байгаа хүн хөрөнгө оруулалтынхаа үр дүнг үзэх хариуцлага өөрт нь ногдож байгаа юм. Ашиг оруулах гэж хөрөнгө оруулж байгаа болохоос биш ах дүүгийн тусламж үзүүлж, биднийг хөгжүүлэх зорилгоор оруулж байгаа юм биш. Өөрөө ч ашиг олж, биднийг ч хөгжих боломжийг хангах ийм давхар харилцан ашигтай ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлэх гэж орж ирдэг.

-Эдийн засгаа тогтвортой байлгах тал дээр манайхыг маш туршлагагүй гэж гадныхан дүгнэдэг. Тэр дундаа гадны хөрөнгө оруулагчид?

-Багахан өсөлт, уналт мэдэгдвэл “За, одоо төсвийн тодотгол хийнэ ээ. Тэгэхгүй бол баларлаа” гээд л юм хасч танаад эдийн засгаа бүхэлд нь самраад хаячихдаг. Оюу толгойг тэглээ. Одоо Таван толгой байна. Тавантолгойг хоёр, гурван жилийн өмнө дэлхийн зах зээл дээр чөлөөтэй тендер зарлахад том том орнууд өрсөлдөж байсан шүү дээ. Тэгтэл тэрийг янз бүрээр саатуулж, хойшлуулж урагшлуулсаар байгаад эцэст нь жил хагасын өмнө арайхийж хоёр том зах зээл, хоёр том өрсөлдөгч орж ирсэн. Хятад улс “Манайх хөрөнгийг чинь оруулаад өгье. Энэ үйлдвэрийг чинь мега төслийн хэмжээгээр нь босгоход оролцъё” гэсэн. Азийн болоод дэлхийн зах зээлийг эзэлдэг Япон “Бид зах зээлийг нь зохицуулаад өгье. Бид арилжаа наймаа, зах зээл, хэрэглэгчийг нь олоод өгье. Та нар, монголчууд өөрсдөө олборлоод ухаад угаагаад баяжуулаад өг. Гурвуулаа ингэж тодорхой функцийг хувааж аваад дундын үйлдвэр бариад энэ Таван толгойг чинь босгоё” гэсэн. Гэтэл “Үгүй ээ” гэж байгаа байхгүй юу. Засгийн газраараа юмыг нь хийлгэхгүй. Өнөө УИХ нь “Бид шийднэ” гэсэн. Тэд яаж шийдсэн бэ гэхээр унагаж л шийдсэн. Бид ингэж л өөрөө өөрсдийнхөө юманд тээг тавиад унагаад байдаг байхгүй юу. Эдийн засгийг төр удирдаж чадахгүй байгаа юм. Ухаан нь нэг сонгуулиар зохион байгуулагдсан Засгийн газар, УИХ хоёр л хэл амаа олохгүй байна шүү дээ. Бие биенийхээ ажилд саад болоод л. Уг нь эдийн засгийн асуудлыг Засгийн газар хариуцах Үндсэн хуулийн тогтолцоотой. Засгийн газрын ажил байтал гэнэтхэн яасан нь бүү мэд УИХ дундуур нь орж ирээд өнөө гэрээ, бичиг цаасан дээр гарын үсэг зурах гэж байтал зогсоогоод хаячихлаа.

Яг энэ хямралтай үед гэрээ хэлэлцээрээ хийж, хэл ам хэрүүл шуугианаа таслаад нэг талдаа гарах ёстой. Төмөр зам барина гэж найман жил боллоо шүү дээ. Нарийн, өргөн царигтай барих уу гээд л. Тэр болгоныг шийдчихсэн бол өдийд барьдгаа бариад дээгүүр нь нүүрсээ ачаад явж байх байсан. Гэтэл байхгүй. Дахиад л шороо овоолох, тэгшлэх юм яриад байна. Ингэж эдийн засгаа өөрөө өөрсдөө унагаад байгаа юм. Үүнд хямрал ямар ч хамаагүй юм. Ийм хоёр хүчин зүйлээс бид хямралд өртөөд юу ч үгүй байна.

-Татвар нэмэх боломжгүй бол зээл авах, бонд босгохоос өөр гарц үлдсэнгүй гээд байгаа?

-Зээлэх бол хамгийн эрсдэлтэй. Нөгөө хүн зээлүүлчихнэ. Чи энэ мөнгөөр яана уу, дураараа бол. Би чамаас зээлсэн мөнгөө хүүтэй нь авна. Чи найр наадам хийгээд үрэн таран хийгээд үрнэ үү, үйлдвэр барина уу хамаагүй. Чи миний зээлийг хүүтэй нь л төл гэдэг. Ингэж өрөнд идэгддэг байхгүй юу. Өр тавихыг маш ухаантай хийж, би энэ зээлээр ийм обьект бүтээнэ. Тэгээд үүнээсээ ингэж, ингэж ашиг олоод зээлээ ийм графикийн дагуу төлнө гэж төлөвлөх ёстой. Энэ бүхэн харин өнөө зээлдүүлэгчид хамаагүй. Зээлийн хариуцлагын асуудлыг ярихаар манайх шиг заримдаа цамаан, болгоомжгүй юм зардаг улсад зээл осолтой.

-Зээл авахад ур ухаан, авьяас чадвар шаарддаг. Чадвартай хүмүүс л гаднаас их хэмжээний зээл авчирдаг гэдэг?

-Зээл авахад авьяас хэрэгтэй. Тэгэхдээ тэр авьяас бол хүнээс зөвхөн юм салгах авьяас биш. Хүнээс салгасан юмаараа юм бүтээхийг давхар бодсон авьяасыг хэлж байгаа юм. Түүнээс биш худал үнэн юм ярьж аргалж байгаад л мөнгө салгахыг хэлээгүй. Манайхан “Зээлдүүлсэн мөнгөө гээсэн гэж бод” гэдэг шүү дээ. Тэгэхгүй. Зээлдэхэд их ухаан хэрэгтэй. Буцалтгүй тусламж гэж бас нэг хөрөнгийн эх үүсвэр бий. Тэр бол огт хэрэггүй шахуу эд байгаа юм.

-Буцааж авахгүй гэж зүгээр өгч байгаа юм?

-Өнөө маргаашийг аргацаасан, хоногийн хоол залгуулсан, өлсч байвал нэг удаа хоол өгч цатгаад тэгээд гүйцээ. Мөр бүтэн биш, хувцас хунар муутай байвал хуучин, шинэ муусайн хувцаснуудаа угааж индүүдээд чамд өгөхийг буцалтгүй гэж байгаа юм. Хүний хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулж түүгээр амь зогоож амьдарч болохгүй. Тэр бол нэлээд их ядарч зүдэрсэн үед, бидний хувьд 1990-ээд оны эхээр аргагүй тийм юмнуудыг авч байсан. Будаа, гурил мэтийг. Тэр чинь бол яг энэ намрын хураасан будаа нь биш. Тэр будаагаа чамд өгөхгүй. Иргэний хамгаалалтын журмаар агуулахдаа нэлээд олон жил хадгалчихсан, одоо тэрнийгээ сэлбэх болчихсон байвал хуучнаа өгнө шүү дээ. Тэгээд оронд нь энэ жилийнхээ шинэ будааг хийнэ. Үндэстэн өөрийнхөө аюулгүй байдлыг хадгалдаг тогтсон журам, хэм хэмжээтэй. Тийм болохоор үүн дээр биднийг хулхидаж байна, бидэнд муу муухайгаа өгч байна гэж бодохын аргагүй. Энэ мэт эх үүсвэрүүдээс хамгийн чухал эх үүсвэр бол өөрийн хүч. Өөрийн хүнээрээ, өөрийн баялгаараа баялгаа бүтээгээд амьдралаа дээшлүүлэх. Манайх үүнийгээ хийж чадахгүй байгаагаас эдийн засаг хямарч, хүнд байдалд ороод байгаа юм.

-Манайхтай төстэй эдийн засгийн бүтэцтэй орнуудын хувьд хямралын үед өрх бүр нь үйлдвэрлэгч байж, ард нийтээрээ хөдөлмөрлөж жижиг дунд үйлдвэрээ хөгжүүлсэн байдаг. Манай хувьд өнгөрсөн хугацаанд бондуудын мөнгөөр жижиг, дунд үйлдвэрүүдээ тодорхой түвшинд гаргаж ирсэн ч мега төслүүд хөдлөхгүй болохоор эдийн засгийг бүхлээр нь хөдөлгөх мотор ажиллахгүй байна гэж харж болох юм?

-Таны хэлдэг зөв л дөө. Ер нь хүн болгон хөдөлмөрлөж, бүтээж байж өөрийнхөө амьдралыг өөд нь татах нь зах зээлийн үндсэн зарчим. Бид үүнийг иргэддээ, хүмүүстээ их сайхан ойлгуулж, тэднийгээ дэмжих зөв бодлого тодорхойлж, баримталж тэрнийгээ хэрэгжүүлэхэд нь тусалж чадахгүй байгаа юм. Манай улсын ДНБ-ий өсөлт 17.5 хувь болж бид чинь өнөө бар гээч нь болох нь гээд л гадна, дотногүй баярлаад эхэлсэн шүү дээ, тийм ээ. Тэрний гол орлого бол эрдэс баялгийн салбараас л орж ирсэн. Нөгөө талаас их хэмжээний зээлийн эргэлт тодорхой хэмжээгээр манай санхүү, валютын ханшийг тэнцвэртэй, тогтвортой байлгахад нөлөөлсөн. Тэрний хүчинд өсөлт гарсан. Тэр өсөлт үнэндээ бидний хөдөлмөрөөрөө бүтээсэн өсөлт биш зээл, уул уурхайгаас бөөнөөрөө орж ирсэн орлогын үр дүнд буй болсон юм. Үүнийгээ хуримтлалд хадгалж арвижуулалгүй нийгэмдээ тараагаад өгчихсөн. Ингэж тараасан гол гай нь сонгууль. Сонгуульд өрсөлдөж байгаа нөгөө хоёр улс төрийн нам чинь “Иргэн болгондоо сая төгрөг өгнө өө” гэхээр нөгөөх нь сонгуульд ялчих санаатай “1.5 саяыг өгнө” гэдэг. Тэгээд л хоёулаа нийлээд 2.5 сая төгрөг. Яах вэ тэгж амлаад сонгуульд хоёулаа ойролцоо гарлаа л даа. Үүнээс болоод 2.5 сая төгрөгөө өгөхөөс өөр аргагүй болоод халамж, тэтгэвэр, тэтгэмжүүд өгч ингэвэл төдийг, тэгвэл төдөн төгрөг өгнө гэдэг нь дэндсэн л дээ. Бид чинь тэр үед тэтгэврийн улс болчих дөхсөн шүү дээ, улсаараа. Үнэхээр хавтгайруулчихсан байхгүй юу. Халамж бол буруу, хэмжээнээсээ хэтэрсэн, халамжлах эзнээ оновчтой олоогүйгээс манайхны хувьд хүн болгон хөдөлмөрлөх шаардлага байна уу даа, үгүй юу. Төр маань хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүй тэтгээд байхад зовлогоо зовоож ажил хийх шаардлага байна уу гэдэг сэтгэхүй олонхид нь төрчихсөн байсан байж магадгүй. Төр нь ажил олж өгөөд хөтөлж аваачаад “Чи энд ажил хий” гэдэг юм байхгүй шүү дээ. Ажлын байр бий болгох аятай таатай нөхцөлийг бүрдүүлчихээр бизнесийнхэн нь чөлөөтэй хөдөлмөрлөөд явах хэрэгтэй. Манайд юм л бол төр оролцоно. Төр оролцохдоо 51, 52, түүнээс ч дээш хувиар оролцож эзэмшинэ гэж оролцоогоо нэмэгдүүлээд байгаа юм. Франц чинь хувцасны моодыг гаргадаг гэсэн биз дээ. Тэрэнтэй адил Австрал улс уул уурхайн моодыг гаргадаг. Тэнд уул уурхайд төр нь ерөөсөө оролцдоггүй шүү дээ. Гэтэл манайд хэрэггүй юманд төрийн оролцоо хэтрээд байгаа юм. Төрийн энэ ухаалаг биш хандлагын үр дүнд их эмзэг эдийн засагтай болчихсон. Өөрөө өөрсдийгөө тэтгэх эдийн засгаа хөгжүүлье гэж 1990-ээд онд ярьчихаад одоо болохоор төр л хамаг юмыг нь хамж аваад оролцоод байх юм. Өөрт нь тийм боломж, хөрөнгө ч байхгүй. Зах зээлийн эдийн засгийг төр хийдэггүй. Бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэндээ тулгуурласан эдийн засгийн хөгжил чинь л улс орныг ерөнхийдөө авч яваад байгаа юм шүү дээ.

-Төрийн оролцоо, төр гэдэг ухагдахуунаа өөрсдөө сайн ойлгодоггүйгээс энэ бүх гажуудал гараад байна уу. Сүүлдээ бүр Монголд үндэсний хэмжээний том удирдагч хэрэгтэй. Путин шиг хүн хэрэгтэй болж байна ч гэх шиг?

-Энэ нэг сэтгэлзүйн хачин, хуучин юмнаасаа ерөөсөө салахгүй юм. Зарим нэг юм нь социализмын үед ихээхэн цэцэглүүлээд муу хэлээд байсан, сүүлдээ социализмыг нураасан нэг фактор одоогийн энэ төрд байгаа байхгүй юу. Ардчилал, зах зээлийн эсрэг гэж байгаа улс төрийн хүчин Монголд байхгүй. Дэлхий нийт ч Монголд ардчилал хөгжөөд байна гэдэг. Тэрний цаана хуучин угшил, юм тодорхой хэмжээгээр оршоод байдаг. Тэр рүүгээ нэг их буцаад орчихгүй ч гэсэн, урагшаа түргэн явахын оронд жаахан тээнэгэлзэж цаг алдаад, удаашруулаад байгаа юм. Цаг хугацаа, дэлхийн ерөнхий хурд асар түргэн яваад байна. Бид болохоор ухарч, хаширлаад байх юм. Энэ их саад болж байна.

Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн гурван эрх мэдлийг Үндсэн хуулиар хэн нь юу хийх ёстой вэ гэдгийг тогтоогоод бүгдийг нь заагаад өгчихсөн. Гэтэл манайд бие биенийхээ эрхлэх ажил руу ихээхэн орно. Ингэж юм юманд хамгийн их оролцдог гол газар нь УИХ. Өнөө муу Засгийн газрынхаа ажлыг шүүрч аваад болохгүй, зөвшөөрөхгүй гэдэг.

Зөв үйл ажиллагаа явуулаад ард түмнийхээ тусын тулд, тэднийхээ амьдрал ахуйг сайн сайхан болгохын тулд ихээхэн үр дүнтэй хүчин зүтгэл гаргаад байгаа бол тэр хүн чинь аяндаа нийгэмдээ таалагдаад хүндэтгэлийг нь хүлээгээд хүмүүс араас нь дагаад л явна шүү дээ. Тэгж ард түмнээрээ хүрээлүүлж, хүндэтгүүлж, ард түмэндээ сайн сайхныг бүтээж байгаа нь бага учраас хүмүүс зохих хэмжээнд үндэснийхээ лидер гэж хэлж чадахгүй байна. Манайд зарим оролдлого байсан л даа, өөрийгөө үндэсний удирдагч, удирдлага ч гэл үү дээ, тэгж нэрлүүлэх гэсэн. Тойрон хүрээлэгч гэдэг хуучин ойлголт бий шүү. Тэр чинь социализмын үед биш, манай энэ удирдлага дор цухалзаж, тойрон хүрээлэгчдээрээ өөрийгөө үндэсний удирдагч гэж хэлүүлчихсэн тийм үйл явдал ардчиллын жилүүдэд бас л гарсан л даа. Гэтэл чухамхүү үнэхээр үндэсний удирдагч байж, тэр хэмжээнд гарч чадсан уу гэвэл бас л эргэлзээтэй. Тийм биз дээ. Манайд ажиглагдаж байгаа бас нэг ноцтой зүйл бол улс орны эрх ашгийн дээд талд намын эрх ашгаа тавиад “Манай нам, манай дарга” гэж намынхаа эрх ашгийг давын өмнө хамгаалуулах.

-Монгол орныг сонгуульжсан, улстөржсөн орон гээд буй. Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ ороод “Би ч дэвшинэ, тэр ч дэвшинэ, тэрийгээ дэвшүүлнэ” гэцгээж ойр зуураа намналцаад эхэллээ?

-Сонгууль бол ардчиллын гол зарчим. Ардчилсан улс мөн үү, биш үү гэдэг үзүүлэлтийн хамгийн дээр явдаг нь Бүх ард түмний сонгууль. Заримдаа парламентын гишүүд дотор чинь хүмүүст таалагддаггүй гишүүн байдаг бололтой юм байна шүү дээ. Тийм хүний ярьж байгааг хараад “Ишш, энүүний оронд би байвал” гэж голох ухааны юм ярьдаг байхгүй юу. Хүн болгон төрийн энэ албыг гүйцэтгэхэд одоо байж байгаа хүмүүсийн заримыг голж байгаа учраас өөрсдийгөө дэвшүүлэх сонирхол бий болчихдог.

Өөрийгөө үнэлэх гэж нэг юм бий. Тийм хүмүүс асар их болсон байна. Төрийн тэргүүн Ерөнхийлөгч байна гэдэг бол нэлээд том шалгууртай хүн баймаар байгаа юм. Гэтэл хүмүүс нэрээ дэвшүүлчихдэг л дээ. Зургаан хүн нэрээ дэвшүүлээд Ерөнхийлөгчид өрсөлдөж байхыг үзсэн. Их хөрөнгө мөнгөтэй, дур хүсэлтэй тийм улсууд үзээд алдъя гэдэг. Тэд “Ерөнхийлөгч байхад нэг их мэдлэг, туршлагын хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн маягийн тийм юм үүсгэчихэж. Хүн өөрийнхөө боломжийг үнэлэх үнэлгээний хэмжүүр их суларсан байна. “Би энийг хийчих юм байна дөө”, “Хэн ч байсан яадаг юм” гэдэг ч юм уу.

Ухаандаа, Ц.Элбэгдорж бол дэлхийд Монгол Улсыг төлөөлж чадаж байгаа Ерөнхийлөгч байхгүй юу. Дэлхийн хамгийн том байгууллага болох НҮБ асар их үнэлдэг, сонсдог. Гэтэл улс орон, дэлхий нийтэд тэгж үнэлэгдэж чадахгүй, монголоос өөр хэл мэдэхгүй, тийм хүмүүс одоо гологдоно. Дэлхийн том түвшин, том хүрээнд ажиллаж байгаа нөхцөлд гологдоно. Тийм учраас энэ бол зөвхөн дотоод амьдралын асуудал биш гадаад, дотоод аль аль нөхцөл байдалд маш их нэр хүндтэй ажиллаж чадах тийм мэдлэг, боловсрол, туршлага, авьяас чадвар, авхаалж самбаатай, сэргэлэн, хүний хүндэтгэлийг хүлээж, татаж чаддаг тийм хүн байх ёстой.

Манайхан ярьдаг шүү дээ. Арван хуруу тэгш хүн гэж байх биш дээ, алдаж онож л байдаг юм гэж зөөлрүүлдэг. Тэр нь ортой. Гадаад орны төрийн тэргүүнүүдийг харж байхад бас л алдаж оносон нь улс орондоо яригдаад загнуулаад шүүмжлүүлээд явж л байх юм. Тэрнээс болдог юм уу даа хүмүүс “Би нэрээ дэвшүүлнэ” гэж хөөцөлдөөд байх жишээтэй. Өөрийгөө мэдэж, өөрийгөө үнэлж чаддаг байх ёстой байхгүй юу. Биеэ үнэлнэ гэдгийг манайхан нэг л буруу, бүсгүй хүний явдлын наана цааныг төсөөлөх гээд байдаг. Тийм биш шүү дээ. Хүн чадах, болох, мэдэх, хийхийгээ өөрөө үнэлээд “Би энийг чадахгүй, энэ бол миний хийх ажил биш” гэж голж сурах хэрэгтэй. Өөрийгөө үнэлэхийн нэг чухал зүйл бол өөрийгөө голох. Миний мэдлэг, чадвар, туршлага энэ улсыг тэргүүлэх хэмжээнд хүрээгүй дээ, би бол яршиг гэж өөрийгөө голж чадах хэрэгтэй. Манайд энэ байхгүй болчихсон. Сүүлийн үед залуучууд ичих булчирхай байхгүй болсон гэж ярьдаг болсон. Тэр булчирхай нь байдаг бол жаахан муудчихсан улсууд л байж магадгүй биш байгаа даа. Тийм учраас нэлээд бодож цэгнэх хэрэгтэй. Хүн таны нэрийг дэвшүүлэх гэж санал тавьж магад. Тэгэх юм бол “Ээ, ах нь барахгүй ээ. Над шиг хүн ч дээ. Наадах чинь ч дээ хүнд алба” гээд өөрөө татгалзаж болно доо. Тэгэхгүй шууд л “Тэгвэл тэгье л дээ” гээд л. Яах гэж ч тэгдэг юм. Эсвэл намайг дэвшүүлээд аль гэж харайлгаад. Сонгуульд дэвших, олон түмний итгэл найдвар хүлээнэ гэдэг бол өөрөө асар том шалгуур байхгүй юу. Тэр том шалгуурын өмнө өөрөө өөрийгөө шалгах хэрэгтэй.

-Та саяхан Казахстанд цөмийн энергийн чиглэлээр томоохон хуралд оролцоод ирсэн байна билээ. Тэнд ямар яриа хөөрөө өрнөв?

-Монголд цөмийн эрчим хүч, энергийн талаар хууль гаргалаа. Цацраг идэвхт ашигт малтмалын талаар хууль гаргалаа. Тэгтэл үүнээсээ алхам алхмаар ухраад л байна.

Гэтэл Казахстан улс байна. Бид 1990-ээд онд нэг гараанаас гарсан улсууд. Би сая тэдний ураны уурхай, үйлдвэрүүдээр яваад ирлээ л дээ. Тэнд байдаг Семиплатинскийн цөмийн туршилтын талбарыг хаасны 25 жилийн ойг тэмдэглэсэн юм, дэлхийн улс орнууд. 21 дүгээр зууныг цөмийн зэвсэггүй дэлхий болгож хувиргацгаая гэдэг сэдвийн дор 55 орны төр, нийгэм, бизнес, иргэний 400 гаруй төлөөлөгч оролцсон том хурал болсон. 55 илтгэл тавигдсан. Тэр илтгэлүүдийг сонссон. Цөмийн зэвсгийн аюул буураагүй байна. Цөмийн зэвсгээр хөөцөлдөх ажил тасрахгүй байна. Үргэлжлээд байна, туршилт хийгээд байна. Энэ болгон буруу. Үүнийг зогсоох хэрэгтэй байна. Олон улсын хориглосон шийдвэр байдаг ч үүнийг биелүүлэхгүй байна гэсэн асуудлуудын хүрээнд ярилцсан юм. Тэгсэн чинь өнөө Казахстан улс чинь 2016 оны байдлаар ураны хайгуул, олборлолт, боловсруулалтынхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлж байна. Тийм өндөр түвшинд хүрчихжээ. 24 уурхай нээчихэж. Тэрнийхээ 14-т үйлдвэр байгуулж, төрийн өмчит “Казатомпром” компани нь энэ бүхнийг зохион байгуулаад явж байна. Казахстан хайгуул, олборлолт, боловсруулалтаараа тэргүүлэхээс гадна дэлхийн том орнуудын шар нунтаг, саарал нунтгийн зах зээлийг эзэлжээ. Гэтэл манайд өнгөрсөн 25 жилд ураны тухай яриагүй биш, ярьсан. Яриад л байгаа. Нэг ч кг шар нунтаг хийгээгүй. Манайх холоос эрж Англи, Америк, Франц гэж дэлхийгээр тэнэж явахынхаа оронд Казахстантай энэ чиглэлээр хамтарч ажиллахад уг улс дэлхийн түвшинд хүрчихжээ.

-Хоёр хөрш маань Монголд атомын цахилгаан станц барьж, гангийн үйлдвэр байгуулахад дургүй байдаг нь биднийг мөнхийн ядуу, сул байлгах зорилготой гэж хардах нь бий. Цөмийн зэвсэгтэй болчихвол ямар ч орныг айлгах сүр хүчтэй болно гэж үзэж, түүнийгээ илэрхийлдэг хүмүүс ч байдаг?

-Үгүй. Наадах чинь буруу. Шал дэмий яриа. Манайх хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох шаардлага байхгүй. Цөмийн эрчим хүч, цөмийн энергийг энх тайвны зориулалтаар ашиглах, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, шинжлэх ухааны янз бүрийн тоног төхөөрөмж хийхэд ашиглах тухай ярина уу гэхээс биш цөмийн зэвсэгтэй болох талаар огт ярьж болохгүй. Дэлхий нийтээр устгая, хаая гэж яриад байхад хэний эсрэг тэрийг хэрэглэх гэж тийм юм ярьж байгаа юм. Наадах чинь чинь амиа хорлохтой адилхан үг, өгүүлбэр байна. Тэгж амиа хорлох шаардлага монгол үндэстэн, Монголын ард түмэнд байхгүй. Тиймээс наадах чинь огт хэрэггүй. Хоёр хөрш маань цөмийн зэвсэгтэй. Цөмийн зэвсэгтэй таван орноос Монголын цөмийн зэвсэггүй статусыг хамгаална гээд баталгаа авчихсан. Тавуулаа гарын үсгээ зурчихсан. Тэгэхээр бид цөмийн зэвсгээс айх шаардлага байхгүй. Хэрэглэх орчин байхгүй, бид хэнтэй байлдах гэж цөмийн зэвсэгтэй болох юм. Монгол Улс хөгжье цэцэглэе гэж байгаа бол зөвхөн эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Эдийн засгаараа л дэлхийд өрсөлдөх чадвартай үндэстэн, улс болох хэрэгтэй. Энэ цөмийнхөө энергийг, цацраг идэвхт ашигт малтмалаа энх тайвны зориулалтаар ашиглах хэрэгтэй. Бид чанар муутай гээд байдаг хүрэн нүүрсээ боловсруулаад полимер гарган авч болно. Металль, бие ангийг орлох материал гээд байгаа. Хамгийн наад зах нь сав суулга, ахуйн орчинд ашиглана. Техникийн орчинд бол полимер металл хийц, барилгын материалуудыг орлох мундаг түүхий эд. Полимер гэдэг маш сайн материалыг гаргаад байна шүү дээ, цаана чинь. Ад үзээд байгаа нүүрсээ полимер болгоод өөрийнхөө хэрэгцээг хангаад дэлхийн зах зээл дээр зарах ёстой. Полимерыг гарган авахад маш их энерги хэрэгтэй. Тэр энергийг цөмийн цахилгаан станцаар шийдэж хангаж болно. Ийм сайхан ирээдүй байгаа юм, наад уран, нүүрс хоёрт чинь. Аль алийг нь ийм чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй.

-Монголчуудын хувьд төрт ёсоо дээдэлж, хүндэтгэдэг. Энэ хүндэтгэлээ аль болох ил гаргахыг хичээдэг нь анзаарагддаг. Гэтэл энэ ёс жаяг сүүлийн үед илт алдагдаж, төрийн тэргүүнээ хүртэл үл хүндэтгэж элдэв үгээр харааж цоллож байгаа харагдах юм?

-Мэдээллийн твиттер, фэйсбүүк зэрэг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг хэрэгсэл байгаад байна. Энэ нь байж байг. Энд хэлэгдэж байгаа зүйлсийг анхаарч харах юм бий. Зөвхөн муу муухай яриад хүн амьтан руу дайрч давшилсан, хэрэгтэй хэрэггүй юм бичээд байдаггүй. Хэрэгтэй юм бий. Харамсалтай нь муу юм нь түлхүү байна. Заримдаа тэнд гарч байгаа харилцааг нь харахаар хэрүүл. Үг сөрвөл хэрүүл, үүл сөрвөл бороо гэгчээр хэрүүлийн тавцан болгоод байгаа юм. Хүмүүс энэ мэдээллийн хэрэгслүүдийг урьд өмнө нь ашиглаж байгаагүй, шинэ сэргэг болохоор уйдсан нь тэрийг илүү ашиглаад байгаа юм уу. Ерөнхийдөө боловсрол, мэдлэг, соёлын түвшин нэлээд доогуур байгаагийн илэрхийлэл. Түүнээс биш өөрөөр илэрхийлж болдог. Монгол үгэнд егөөдөөд хэлдэг хэлбэр, уран зохиолын хошин шог байдлаар хэлэх гээд зөндөө хэлбэр байна шүү дээ. Доогломоор байвал заавал сохор, доголон, хазгай муруйгаар нь биш өөр хэлбэрээр хэлж болно. Боловсрол, соёл мэдлэг, үндэсний уламжлал зэргээ өөрийн болгож чадаагүй хүмүүсийн гол хийдэл байна уу гэж ойлгодог юм.

Монголчуудад нэг сонин чанар байдаг юм. Их сониуч бас уйдамтгай. Жишээ нь, хоёр удаа улиран сонгогдохоор уйдаж эхэлж байгаа байхгүй юу. Одоо солих хэрэгтэй гэнэ. Тэртэй тэргүй хуулиараа солигдоно л доо. Тэрийгээ илэрхийлэх гэж сайн муу хэлээд байгаа юм л даа. Энэ хүн бол бүрэн эрхийнхээ хугацаанд ер нь тун боломжийн сайн ажиллаж байна гэж би хувьдаа, энэ ажлыг дайраад өнгөрсөн хүний хувьд үзэж байна. Ялангуяа Монгол Улсын гадаад ертөнц дэх нэр хүндийг өргөх талаар үнэхээр гайхамшигтай ажилласан. Монголын түүхэнд Чингис хаанаас хойш манай гадаад бодлогыг ингэж хүндэтгэж байсан үйл явдал олон бичигдээгүй. Дэлхийд танигдаж, хүндлэгддэг байсан Монгол алга болоод удав. Ямар ч байсан Ази, Европ тив Монголыг сая АСЕМ-аар дахин мэдлээ. Энэ хоёр тивд чинь хүн төрөлхтний далаад хувь амьдардаг. Монголыг НҮБ-ын гишүүн гэхээс гадна монгол үндэстэн чинь асар их хүндэтгэлийг хүлээхээр соёл, уламжлалтай, тэр сайхан уламжлалаа одоо хүртэл хадгалаад үлдсэн аугаа их улс юм байна гэж үнэлсэн. Уламжлалаа авч үлдсэн үндэстнийг аугаа үндэстэн гэдэг юм.

-Таныг Монголын анхны Ерөнхийлөгч гэдгээр тань хүндэтгэдэг. Гэхдээ мөн л элдэв асуудалтай холбож, хөрөнгө мөнгө идсэн уусан, их хэмжээний цалин авдаг, ард түмнээс бэлэглэсэн байрыг 1.5 тэрбумаар зарсан гэх зэргээр ярилцдаг. Мөн өнгөрсөн жил таны зээ, ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг асуудалд холбогдоход таныг бас янз бүрээр хардсан. Заримдаа иймэрхүү яриа хөөрөө сонсохоор гомдох сэтгэл төрж эмзэглэдэг үү?

-Нэг их гомдож сүйд болоод байх юм байхгүй ээ. Наад яриануудын чинь ихэнх нь худлаа. Надад том, багтаж ядсан өмч хөрөнгө байхгүй. Орон сууц ч бараг байхгүйтэй адилхан. Надад орон сууц барьж ав гээд 50 сая төгрөг өгсөн юм.

-Бүр газрыг нь шийдээд байшин бариад өгчихсөн байсан юм биш үү?

-Байшин өгсөн юм биш ээ. Надад 50 сая төгрөгийн эрх өгсөн байхгүй юу. Тэрнийг би хөөцөлдөж байж газар аваад хоёр давхар товхийсон байшин бариуллаа. Ганц өнчин байшин чинь эдэлж хэрэглэхэд бас их ярвигтай байдаг юм. Дулааны шугам чинь тэр байшинд ирээд цааш явж сүлжээ үүсгэдэггүй, мухар олгой шиг болохоор сантехникийн юмнууд хагарна, цоорно. Манай муу Цэвэлмаа тэнд амьдардаг байхдаа гайгүй слесарь болсон шүү дээ. Хоёрдугаарт, би чинь олон ах дүүтэй. Тэдний дотор эмч ч бий, сувилагч ч бий. Нас өтөлж байна, зарим үед тэднийгээ хажуудаа авч өөрийгөө тойлуулмаар байна шүү дээ. Иймэрхүү шалтгаанууд байлаа. Тэгтэл MCS-ээс тэнд томоохон барилга барья гэдэг санал ирлээ. Тэд наад газар дээр тань байшин бариад бүхэл бүтэн давхар, оффис, гарааш энэ тэрийг таны өмчинд өгнө гэсэн юм. Зарсан юм биш. Ирээдүй цагийн бартер байхгүй юу. Тэр байшингаа ирээдүйд босох байраараа сольж байгаа ухаантай юм. Тэр барилга ашиглалтад ортол тус компанийнхан намайг орон сууцаар хангах үүрэгтэй. Одоо тэдний орон сууцанд түр сууж байна. Би чинь тухайн үед тэр 50 сая төгрөг дээрээ хүүхэд шуухад, ах дүүгээсээ цуглуулаад 165 сая төгрөгөөр байшингаа босгосон юм, 1999 онд шүү дээ. Тэр үеийн ханшаар биш одоогийн ханшаар тооцоод бүхэл бүтэн нэг давхрыг мөн дээр нь оффисс авах гэж байгаа юм. Орон сууцны нэг давхартаа өнөө муу хэдэн ах дүүсээ мөн хүүхдээ авчирч хань татах гэж байна шүү дээ. Тийм тохироо хийгээд одоо гурван жил болж байна. Баригддаггүй. Суурь нь баригдчихсан, дээш барих гэтэл хажуу талын айл нар салхи хаах гэж байна гээд эсэргүүцэл гомдол гаргаад шүүхээр хоёр, гурван жил заргалдаж байна. Байшинг нь дээш нь бариулдаггүй, зарга нь дуусдаггүй. Би өгдгөө өгчихсөн. Байшингаа бушуу бариач гээд л шаардаад, энэ түр байранд чинь тохь тух алга байна шүү. Гэртээ байх, хугацаатай байранд байх хоёр чинь мань шиг нас өндөр улсад хэцүү байна шүү. Энийгээ түргэлүүл гэж хэлдэг юм. Нэг ийм л байдалтай байж байна. Миний ирээдүй цагт буй болох үл хөдлөх хөрөнгө бол энэ. Буй болох шүү. Одоо аль нь ч байхгүй. Таван толгойн 1072 хувьцаа гэж нэг юм яриад байна шүү дээ. Энэ бол худлаа. Хэрвээ үнэн гэж бодвол надад тэр хувьцаа л байна. Бас ирээдүй цагийн. Намайг амьдад буй болох юм уу, явсан хойно бий болох юм уу, бүү мэд. Өөр юм бол надад байхгүй. Байдаг юм гэвэл машин тэрэг энэ тэр гээд байлгүй яахав дээ, тийм биз дээ. Хөл дүүжлэх унаатай. Бусад нь бүгд худлаа.

Миний үед авлига авна, төлбөртэй үйлчилгээ гэдэг ойлголт байгаагүй юм. Би чинь ардчиллын хамгийн хэцүү зовлонтой 1990-1997 онд Ерөнхийлөгч байлаа шүү дээ. Тэр үед чинь сонгуульд хандив өгөх, мөнгө цуглуулах тухай юу ч мэддэггүй байсан. Албан тушаалыг чинь мөнгөөр үнэлдэг болсон юм байна шүү дээ. Албан тушаал сая, миллиард өөр юу ч гэнэ үү, мөнгөөр үнэлдэг болчихож. Тийм ойлголт байгаагүй юм аа. Тийм болохоор надад баяжих тухай бодол төсөөлөл байсангүй.

-Уул уурхайн чиглэлд хувь эзэмшдэг байх нь гарцаагүй ч гэдэг?

-Улиастайн ам өгсөөд явж байтал нэг их урт хашаа байна. Тэгсэн чинь тэндхийнхэн “Энэ Очирбат гуайн хашаа” гэж байх юм. Тэр хашаа эзгүй шахуу ч хэдэн байшин барьчихаж. Миний нэрийг зээлдээд тиймэрхүү юм хийчихсэн байж мэдэх юм байна гэж бодсон л доо. Намайг оршуулахад тийм том хашаа хэрэггүй. Надад бол нормын дагуу өгдөг газар нь байхад л болоо шүү дээ. Надад өөр газар хаа ч байхгүй. Би нэг хэсэг “Энержи Ресурс”-ын УЗ-д гадны, хөндлөнгийн ТУЗ-ийн гишүүн байлаа. Жилд 24 мянган долларыг өгдөг юм. Гэтэл тэрийг жилд биш сард тийм хэмжээний цалин авдаг гэж худлаа бичсэн. Албан тушаал хавсарч хийж хууль зөрчлөө, тэгээд ийм их хэмжээний орлоготой гээд намайг бичив ээ. Бүгдийг нь би үгүйсгэсэн. Худлаа учраас. Худлаа гэдэг нь ч тогтоогдсон юм. Ерөөсөө л энэ ш дээ. Юман дээр дөрөөлж муулах сонирхолтой хүн байж болно шүү дээ. Юу гэж л түмэн олонд бүгдэд нь таалагдана гэж явах вэ. Би чинь 1972 оноос хойш төрийн албанд ажилласан. Энэ хугацаанд хэдэн мянган хүний дундуур, төрийн тэргүүн болоод хэдэн сая хүний дундуур явж өнгөрсөн болох гээд байгаа байхгүй юу. Тийм хүнд чинь бусдад таалагдахгүй юм байж болно. Над шиг шулуун шударга, цэвэр хүн байхгүй, өнөөгийн энэ хэдэн заваан юмнуудтай харьцуулаад үзэх юм бол. Яагаад гэвэл Монголын нийгэмд тийм бузар булай юм байгаагүй. Харин сүүлийн үед энэ хэдэн муухай юмнууд гарч ирээд албан тушаал худалдаад. Мөнгөөр ажил албан тушаал худалдаж авдаг нийгэмд, зөв шударга төрийн шударга албан хаагчийг сонгож авна гэдэг бол үнэн хэрэгтээ бүтэхгүй. Тэр сайхан туршлага, дадлагатай хүнд мөнгө байхгүй. Мөнгөгүй юм чинь албан тушаал худалдаж авч чадахгүй. Хийж чаддаггүй хүн мөнгөөр албан тушаал худалдаж авна. Боловсон хүчнээ сонгох зарчим нь мөнгө болчихсон. Үүнээс яаж Монголын ард түмэн минь салмаар юм бэ дээ. Хатуу, заавал мөрддөг зарчмыг Монголын төрд тогтоомоор байгаа юм.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүний тань эрх ирэх арваннэгдүгээр сард дуусч байгаа бил үү?

-Би чинь Үндсэн хуультай 1990 оноос хойш зууралдаж байгаа хүн. Боловсруулж батлах, сүүлд нь хэрэгжүүлэх, тэгээд манаач нь болж байна.

-Шүдгүй арслан гээд байгаа шүү дээ?

-За тэр шүдгүй арслангийн чинь үүргийг гүйцэтгэв ээ. Миний хувь тавилан их сонин таарч байгаа юм. Үндсэн хуультайгаа насан туршдаа гэж хэлж болохоор төрийн албанд яваад байна. 50 нас хүрээгүй байхдаа л Үндсэн хуультай зууралдаж эхэлсэн байна шүү дээ. Одоо 75 нас хүрч байна. Ингэхээр хамаг л ухамсартай амьдралаа төр, Үндсэн хуультайгаа холбосон учраас үүнийгээ би бас л хувь тавилан, аз завшаан гэж хайрлаж хүндэтгэж, үүндээ шударга зүтгэдэг юм. Сайхан тал нь энэ. Хэцүү тал бас байна.

Би мэргэжлийн хуульч биш, улстөрч, инженер хүн. Тэгэхээр хуулийн нарийн ширийн юман дээр учрыг нь олоход цаг их үрдэг зовлонтой. Нөгөө зовлон нь өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх боломжгүй. Би чинь бодсон санаснаа хэлдэг бас ч гэж чөлөөтэй иргэн л дээ. Гэтэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүн өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй хэлж болохгүй гээд хорьчихсон. Би сүүлийн 12 жил амаа үдүүллээ. Одоо энэ албаа дуусгаад нэлээд задгай ярина аа (инээв). Миний бүрэн эрхийн хугацаа дуусахад сар хүрэхгүй хугацаа үлдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга алдарт уулчин Стивен Эдвард Нейшийг морь аргамждаг гадсаар хөнөөжээ (II)

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №218(5483) дугаарт

Б.Гантулга шунахайн сэдэлтэйгээр Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейшийн амь насыг хөнөөсөн гэж цагдаа нарт мэдүүлжээ. Б.Гантулга 158 сантиметр өндөр нуруутай, туранхай биетэй гэнэ. Хүний амь нас хөнөөх хүч чадалтай нэгэн биш гэж Тэрх багийн ард иргэд ярьж байна лээ. Бүр хоёр метр өндөр нуруутай, гадаадын тамирчинг хөнөөсөнд бүгд гайхаж, эргэлзэж байсан. Гэхдээ амьдралын тарчиг байдлаас болж хүний аминд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг ч хэлж байв. Учир нь тэр сүүлийн жилүүдэд Тэрх баг, Хангай сумын дэлгүүр, айлын эд хөрөнгө, мал зэргийг удаа дараа хулгайлж байжээ.

ТАЛИЙГААЧИЙН ЦУСТАЙ ФУТВОЛК, ХАНТААЗ, БИЧИГ БАРИМТ, БЭЛЭН МӨНГӨНИЙ КАРТЫГ ХАМАР ӨТӨГИЙН ӨВӨЛЖӨӨНИЙ ХАДАНД НУУСАН БАЙЖЭЭ

Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Б.Гантулгыг хэргийн газарт авчирсан байна. Хоёр гарт нь гав зүүж, хоёр цагдаагаар харгалзуулан Хайрханы эхийн хөндийд авчирчээ. Цагдаа нарт Б.Гантулга талийгаач Стивен Эдвард Нейшийн хөнөөсөн газрыг зааж өгчээ. Мөн Хамар өтөгийн өвөлжөөний хаданд очсон байна. Түүний зааж өгсөн газраас мөнгө болон бичиг баримтаа хийдэг байсан олон халаастай хантааз олджээ. Мөн цустай футволк, цамц байгаа газрыг ч зааж өгсөн байна. Бэлэн мөнгөний карт, бичиг баримт, газрын зураг зэргийг тэндээс холгүйхэн газар нуусан байснаа ч зааж өгсөн гэнэ. Б.Гантулга Хамар өтөгийн өвөлжөөний ойр хавийн хад асганд энэ бүгдийг нуусан байсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Мөн зөвхөн халаасанд нь байсан 200 орчим мянган төгрөг, 150 ам.долларыг авсан бөгөөд цүнхэнд нь байсан хоёр мянга орчим ам. долларыг аваагүй байжээ. Одоогоор мөрдөн байцаалт хийгдэж байгаа гэнэ. Б.Гантулга гэгч Стивен Эдвард Нейшийн амь насыг хөнөөсний дараа цустай хувцсыг нь тайлж, өөр хувцас өмсгөсөн байсан гэнэ. Тайлж авсан футволкоор нь цус болсон хэсгийг арчиж, цэвэрлэж, хэргийн газрын ул мөрийг баллах ажлыг хийсэн бололтой. Талийгаачийн цогцос дээшээ хараад хэвтчихсэн. Хөл гарыг нь засаж янзалж, шарх сорвийг нь цэвэрлээд орхисон байж магадгүй байгаа гэсэн. Үүргэвчийг нь хүртэл хажууд нь босгож тавьсан байжээ. Стивен Эдвард Нейшийн цогцос байсан газраас хэн нэгний гутлын мөр огт олдоогүй байна. Бүр талийгаач эрийн гутлын мөр ч байхгүй байжээ. Цагдаа нар цус маш ихээр алдсан байсан. Хэрэв айл руу цус алдсан чигтээ тусламж дуудахаар явсан бол мөр нь гарах ёстой. Тийм зүйл огт байхгүй байгаа. Тэгэхээр цогцсыг хэргийн газраас зөөвөрлөж ойролцоо авчраад хөл нүцгэн үүрч авчран тавьсан байж магадгүй. Ил цагаан зам дээр, ойр хавьд нь айлтай газарт шууд амийг нь хөнөөнө гэж байхгүй хэмээн цагдаа нар үзэж байгааг албаны эх сурвалж онцолж байв. Энэ бүгдийг үйлдэхдээ хэн нэгнээс туслалцаа авсан байж магадгүй гэнэ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Гантулгын Хангай суман дахь гэр. Эхнэр хүүхдээ явсанаас хойш Б.Гантулга гэртээ ирэхээ больсон гэнэ

Хэргийн газраас холгүйхэн хоёр километрийн зайд намаржиж байсан Гэлэгжунайн хүү Г.Баярсайханыг шалгаж байгаа үндэслэл нь ийм учиртай юм байна. Г.Баярсайхан талийгаачийг амьд явахад нь харсан хамгийн сүүлчийн гэрч, цагдаа нар гэрийг нь шалгаж байхдаа “Танайд буу байгаа юу” гэж асуужээ. Тэгтэл “Манайд буу байхгүй, ан хийдэггүй гэж хариулсан байна. Харин цагдаа нар гэрийнхээ ойролцоох өвсөнд хоёр ч буу нуусан байсныг илрүүлжээ. Харин малчин Н.Доржпалам талийгаачийн цогцсыг харах үедээ буутай явж байсан юм байна. Иймд дээрх хоёр иргэний хэн нэг нь Б.Гантулгатай нийлж гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн хэргийг шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, талийгаачийг нэг нь буугаар сүрдүүлж байхад нь нөгөөх нь морь аргамждаг гадсаар дүрсэн байх боломжтой гэнэ. Хангайн нуруунд гарсан хүн амины ноцтой хэргийг цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байна.

“ЦАГДАА НАР ХҮҮГ МИНЬ БУРХАНД НЬ МӨРГҮҮЛЧИХЭЭД Л АВААД ГАРСАН”

Бид талийгаачийг гэрийнхээ гадаа хонуулсан Б.Адъяасүрэн болон гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа Б.Гантулгын гэрт очлоо. Хот айлынхан бүгд л айдастай, сэтгэлийн дарамттай байна лээ. “Энэ хэргээс болоод нутгийнхаа хүмүүсийн царайг ч харж чадахгүй хэцүү байна. Цагдаа нар ирж шалгалт хийж, байцаалт авч байгаа” хэмээн ярьж байв. Харин Тэрх багийн малчин Б.Адъяасүрэн хэргийн талаар “Манай энд айхтар хэрэг гараад хэцүү байна. Талийгаач манай хотонд ирж хоносон. Их найрсаг, сайхан зантай хүн байсан. Манай гэрт хоол цай идэж уучихаад майхандаа унтсан. Бидэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж зураг хүртэл авахуулсан. Хэргийн талаар тодорхой мэдэх зүйл алга ” гэв. Харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа Б.Гантулгын ээж хэцүүхэн байдалтай угтсан юм. Гэмт хэрэг гарсан гэдгийг сонссон цагаас хойш сэтгэл санаа нь хямарч, ухаан алдах болжээ. Б.Гантулгын аав Батсүх, ээж, Р.Чимэгээ нар “Хүүгээ ийм хэрэг үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа. Манай хүү тархи толгойны өвчтэй. Бага байхаасаа л ухаан алдаж унадаг өвчтэй байсан. Сургуульд оруулсан боловч биеийнх нь байдал хүндэрч, ухаан алдаж унаад байсан болохоор гаргачихсан юм. Багаасаа мал дээр гарсан. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр нь өнгөрсөн хавар ажил хийнэ гээд хот явсан. Хэргийн талаар мэдэх юм алга. Уг нь манай хүүхэд их тусч, сайхан сэтгэлтэй. Сүүлийн үед л хулгай хийгээд эхэлсэн. Тархи толгойн өвчин сэдэрсэн байх гэж бид яриад байгаа. Цагдаа нар аймгийн хорих ангид саатуулан шалгаж байгаад энд авчирсан. Гэрээр нь оруулаад гаргасан. Цагдаа нар “Ойрын хэдэн жилдээ гэртээ ирж чадахгүй байх. Бурхандаа мөргөөд, ээж аавдаа үнсүүлчихээд яв” гэж хэлж байсан.

Тэрх багийн төв

Цагдаа нар гэрт оруулж ирээд бурханд нь мөргүүлчихээд л аваад гарсан. Надад үнсүүлэхдээ “Хүүгээ уучлаарай, ээж ээ. Биеэ сайн бодож байгаарай” гэж хэлээд л уйлаад байсан” гэв. Б.Гантулгын ээжийн талынханд өнгөрсөн зунаас эхлэн уй гашуу тохиолдсон байна. Р.Чимэгээгийн ээж өнгөрсөн гурван сард өөд болсон байна. Мөн долоон сард эгч нь цус харваж нас баржээ. Харин гэмт хэрэг гарах үед нагац ах нь хотод мөн л өвчний улмаас өөд болсон байна. Ээжийгээ буяны ажилд явсан хойгуур нь гэмт хэрэг үйлдсэн бололтой.

ГЭМТХЭРЭГТСЭЖИГЛЭГДЭН ШАЛГАГДАЖ БАЙГАА Б.ГАНТУЛГА ГЭГЧ ХЭН БЭ

Б.Гантулга 1981 онд Хангай суманд төрсөн байна. Тэрх багийн иргэдийн хэлж буйгаар хүүхэд байхдаа хүнд байнга тусалж явдаг тусч хүү байсан. Найз, нөхөд олонтой байсан. Зан харилцааны хувьд энгийн, даруухан нэгэн гэнэ. Найман жилийн өмнө эхнэртэй болж, айл гэр болсон юм байна. Хоёр хүүхэдтэй гэнэ. Хөдөө амьдарч байгаад өнгөрсөн жил сумын төв оржээ. Хадмынхаа хашаанд гэрээ барьж амьдарсан гэнэ. Хоёрдугаар ангийн боловсролтой аж. Гэхдээ гарын үсгээ ч зурж чаддаггүй, эхнэр нь өмнөөс нь гарын үсэг зурдаг байсан гэж нутгийнхан нь ярьж байв. Хоёр жилийн өмнөөс Б.Гантулгын зан ааш нь хувирч, эвдэрч эхэлсэн байна. Хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдэх болжээ. Хангай сумын Мөнхбат гэх хүний дэлгүүрээс гүйлгээний мөнгө хулгайлсан байна. Мөн Бат-Оргихын дэлгүүрээс ч бараа хулгайлсныг хүмүүс ярьж байв. Түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдэх болсноос хойш нутгийнхан нь зайгаа барих болжээ. Түүнтэй нийлдэг найз нөхөд нь ч холдсон гэнэ.

Б.ОЛЗВОЙ: АЯЛЛЫН КОМПАНИУД ГАДААДЫН ИРГЭД ТАНАЙ СУМАНД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА ГЭДГИЙГ ХЭЛЖ БАЙМААР БАЙНА

Тэрх багийн Засаг дарга Б.Олзвой “Гадаадын иргэн амь насаа алдсан гэдгийг нутгийн малчин анх хэлсэн. Сумын цагдаатай хамт цогцсыг нь манаж хоносон. Манай Хангай сумынхан найрсаг, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Өмнө нь гадаадын иргэдийн амь насыг хөнөөсөн хэрэг гарах нь битгий хэл нутгийнхан хоорондоо муудалцаж, зодолдсон асуудал ч гарч байгаагүй. Гэвч харамсалтай зүйл болчихлоо. Талийгаачийн ар гэрийнхэнд хэцүү байгаа байх. Танай сониноор дамжуулан эмгэнэл илэрхийлж байна. Цаашид гадаадын иргэд аль нэг сум, орон нутгаар аялах гэж байгаа бол зуучлагч аяллын компанийнхан сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж баймаар байна. Бидэнд аялал жуулчлалын компаниуд мэдэгдчих юм бол аюулгүй байдлыг нь хангах талаар илүү их анхаарна шүү дээ. Хэн, хэзээ, хэдийд ирэх нь тодорхой бус байхаар энэ талаар тодорхой ажил хийж болохгүй байгаа юм. Бидэнд аялагчид ирэх гэж байгаа талаар мэдэгдчих юм бол ядахдаа л зам харгуй, бартаа саад заагаад өгнө. Нутгийн иргэдэд ч гэсэн аялагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгааг хэлж ярьж ойлгуулна шүү дээ” гэв.

Талийгаач Стивен Эдвэрд Нейшийг энэ ууланд амь насыг нь хөнөөсөн гэж цагдаа нар үзэж байна

Хангайн нуруунд гарсан хүн амины хэргийн зангилаа ийнхүү тайлагдаж байна. Дараа нь үүсэх муу үр дагаврыг огт бодолгүйгээр хэдхэн төгрөгөөс болж амь насыг нь хөнөөсөн бололтой. Хэн нэгний болчимгүй үйлдлээс болж нэгэн эрдэнэт хүний амь сүйдэж, Монголын үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэх гэж зорин ирдэг аялагчид болон бусад оронд манай улсын нэр хүнд уналаа хэмээн нутгийн иргэд ярьж байв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

П.Цэвэгмид: Нэгдүгээр эгнээгээр зорчсон жолоочийг торгох ямар ч үндэслэл байхгүй

-ТҮҮНИЙ НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН БҮХ ТОРГУУЛИЙН ХУУДСЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ-

фицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх төв замын нэгдүгээр эгнээгээр автомашинуудыг зорчихыг хориглосон байдаг. Тэгвэл нэгдүгээр эгнээгээр зорчсон ч тухайн торгуулийг төлөх үндэслэлгүй гэдгийг нэгэн иргэн Замын цагдаагийн газраар хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Улмаар торгуулийн хуудсуудыг нь хүчингүй болгожээ. Ингээд П.Цэвэгмидтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.

-Танд замын хөдөлгөөн зөрчсөн гэх хичнээн торгуулийн хуудас ирээд байсан бэ?

-Тоогоо алдсан. Мэргэжлийн түвшинд асуудлыг тавиад үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг шиг Замын цагдаагийнхан үнэнд гүйцэгдсэн л явдал. Намайг энэ асуудлыг тавьтал өөрсдөө ч мэдээгүй явсан л байгаа байхгүй юу.

-Ихэвчлэн аль замд дүрэм зөрчсөн гэж торгууль ирэх үү?

-Офицеруудын ордноос Таван шарын уулзвар хүртэлх замын нэгдүгээр эгнээгээр зорчих болгонд л ийм торгууль ирнэ. Та нэгдүгээр эгнээгээр явсан гээд л торгуулийн хуудас ирнэ. Би өдөрт энэ замаар өчнөөн удаа явдаг. Би ямар ч дүрэм зөрчөөгүй. Би замын тэмдэг, тэмдэглэгээний дагуу дүрмээ биелүүлээд явдаг. Нэгдүгээр эгнээг тусгаарласан тэмдэг тэмдэглэл гэж байгаа. Эгнээг тусгаарлах ёстой тэмдэглэлүүд хийхийн оронд зогсохыг хориглосон тэмдэглэл хийчихсэн. Нэгдүгээр эгнээг хориглох тэмдэг тавьж хориглох ёстой. Гэтэл одоо байгаа хориглосон тэмдэг нь нэгдүгээр эгнээгээр бус голын эгнээгээр зорчихыг хориглосон байх жишээтэй. Би Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг тэмдэглэгээг л баримталж хөдөлгөөнд оролцсон. Замын хөдөлгөөний дүрмийн 7.1 гэсэн заалтад үргэлжилсэн цагаан шугам гэж бий. Үргэлжилсэн цагаан шугамаар хэрвээ нэгдүгээр эгнээгээ тусгаарлачихсан бол тэр шугамыг давахыг хориглодог. Гэтэл үргэлжилсэн шар шугамаар хийчихсэн байгаа юм. Шар шугам бол зөвхөн зогсохыг л хориглодог болохоос биш эгнээг тусгаарладаггүй. Уулзвар болгоны эхэнд нэгдүгээр эгнээгээр орохыг хориглох тэмдэг тавих ёстой. Гэтэл тэр тэмдэг нь нэгдүгээр эгнээгээр бус хоёрдугаар эгнээгээр зорчихыг хориглочихсон байгаа. Тиймээс та нар намайг торгохдоо голын эгнээ буюу хоёрдугаар эгнээгээр явсан гэж торгох бол хүлээн зөвшөөрнө. Харин нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглоогүй байхад нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж үзэж байгаа бол би торгуулж чадахгүй гэж хэлсэн. Би дүрмийн дагуу л голын эгнээгээр зорчихгүй байгаа.

-Тэгэхээр нэгдүгээр эгнээгээр жолооч нар явахад ямар ч асуудалгүй гэж ойлгож болох уу?

-Тавьсан тэмдэг тэмдэглэгээний дагуу бол ямар ч буруугүй. Хэрвээ жолооч замын хөдөлгөөний тэмдэг, тэмдэглэгээг баримталж хөдөлгөөнд оролцох ёстой л юм бол. Би энэ замаар дээрх журам хэрэгжсэнээс хойш дөрвөн жилийн турш явж байна. Би Замын цагдаагийн бүх шатны хүмүүст нь хандсан. Ерөөсөө тоодоггүй. Замын тэмдэглэгээгээ засдаггүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн даргад хандсан. Батцоож дарга тэр бичгийг хүлээж аваад мэдээж холбогдох мэргэжлийн хүмүүстээ зөвлөлдөж байж хариу өгсөн болов уу. Захын эгнээгээр явж байгаа хүн хоёр эгнээний цаадах үргэлжилсэн хос шугамыг давсан учраас торгуулийн хуудас ирүүлсэн гэсэн байсан. Яаж ийм байж болох юм бэ. Би шууд Нийслэлийн замын цагдаагийн газар хандсан. Тэгсэн нөгөө намайг буруутгаад байсан олон зүйл заалт хасагдаад та Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчихдоо 7.2 заалтыг зөрчсөн байна гэсэн хариу өгсөн.

-Замын хөдөлгөөний дүрмийн 7.2 дахь заалтад яг юу гэж тусгасан байдаг вэ?

-Хашлагын дотуур тавьсан үргэлжилсэн өргөн шугам байдаг. Түүнийг давсан гэж үзэж байгаа. Харамсалтай нь тэр яриад байгаа зураас нь Энхтайваны өргөн чөлөөн дэх замд нэг см ч байхгүй. Ингээд би Замын цагдаагийн газарт хандсан. Яахаараа байхгүй тэмдэг, тэмдэглэгээн дээр хүн торгодог юм бэ гэж. Замын цагдаагийн газар хуралдаад буруугаа хүлээн зөвшөөрөөд энэ хүнд оноосон торгууль ямар ч үндэслэлгүй юм байна гэж үзээд надад ирсэн бүх торгуулийг хүчингүй болгосон.Би дүрэм зөрчдөггүй жолооч. Дүрэм зөрчихийг ч хүсдэггүй. Дүрэм зөрчинө гэдэг маань өөрөө зам тээврийн осол руу түлхэж байдаг.

-Та энэ чиглэлийн мэргэжилтэн байж таарах нь ээ?

-Би ОХУ-ын Замын цагдаагийн сургуулийг төгссөн. Улаанбаатарт ирээд Замын цагдаагийн газарт ажилладаг байсан. Замын цагдаагийн газарт замын хөдөлгөөний зохион байгуулалтын албыг анх бий болгосон хүн. Замын хөдөлгөөнийг аюулгүй, түргэн шуурхай зохицуулж явуулах үүрэгтэй инженерийн алба.Ганцхан эгнээний хөдөлгөөнийг зохион байгуулж чадахгүй байж сая гаруй хүнтэй мегаполис хотын замын хөдөлгөөнийг зохицуулна гэж юу байдаг юм бэ. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалт яг галзуу хүний өдрийн тэмдэглэл л гэсэн үг. Юу ч ойлгох юм байхгүй. Хот дотор цагт 80 км хурдтай явж болно.

-Яагаад. Зөвшөөрөгдсөн дээд хурд нь цагт 60 км байдаг шүү дээ?

-Цагт 72 км хурдтай яваад торгуулаад тэр торгуулийн хуудсаа хүчингүй болгосон тохиолдол надад бий. Улаанбаатарт 80 км цаг хурдтай явах тэмдэг тэмдэглэгээ байхад 60 км явах ёстой гээд торгож байх жишээтэй. Хот суурингийн гадна мөрддөг зохион байгуулалтыг хот дотор хийчихсэн байгаа юм. Ийм зохион байгуулалт хийчихсэнээ өөрсдөө мэдээ ч үгүй байгаа, хөөрхийс. Тийм атал хэдэн мянган жолоочийг хурд хэтрүүллээ гэж торгож байна. Мөн 2016 оны долдугаар сарын 5-ны байдлаар нэгдүгээр эгнээгээр зорчсон гэж 648 мянга 807 жолоочийг торгосон байдаг. Хууль гаргахаас өмнө 8000 төгрөг байсан байх аа. Одоо бол 19200 төгрөгөөр торгож байгаа шүү дээ. Ингээд бодоод үзэхээр хичнээн мянган жолоочийн халаасыг хоослон улайм цайм дээрэм хийж байна вэ. Замын хөдөлгөөний зохион байгуулалтын тухайд авах юм үгүй. Замын цагдаагийн газраас дугаарын хязгаарлалт хийгээд нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувь бууруулна. Томоохон зах, худалдааны төвийн ажлын цагийн хуваарийг өөрчилж 15 хувь, төр захиргааны байгууллагуудын ажлын цагийг өөрчилж 10 хувь гээд хөдөлгөөний ачааллыг нийтдээ 45 хувь бууруулна гэсэн байдаг. Үүн дээр нийслэлээс “Гудамж төсөл”-ийг хэрэгжүүлж 40 хувь, техникийн захыг 22-ын товчоо руу нүүлгээд 40 хувь ачааллыг бууруулна гэж байсан. Техникийн зах нүүгээгүйг эс тооцвол дээрх бүх журам хэрэгжчихсэн байгаа. Үр дүнд нь замын хөдөлгөөний ачаалал 85 хувь буурсан байх ёстой. Харамсалтай нь өнөөдөр буурах нь битгий хэл бүр ихэсчихсэн явж байна. Би өнгөрсөн намар Замын цагдаагийн дарга Жаргалсайхан дээр ороод “Ингэж худлаа хэлж болохгүй ээ. Хөдөлгөөний ачааллыг хувиар хэмждэггүй. Чи намайг мэдэж байгаа. Би мэргэжлээрээ ажиллаж байсан хүн. Замын зохион байгуулалтын инженерийн боддог аргаар бол ачааллыг коэффициентээр хэмждэг. Ачааллын коэффициент 0.65-аас бага бол ачаалал бага байна гэж үздэг. 0.65-0,75-ын хооронд ачаалал хэвийн гэж үздэг. Ачаалал 0.75-аас дээш гарвал ачаалал хэтэрлээ гэж үздэг. Ачааллын коэффициент нэг болоход хөдөлгөөн зогсдог. Намайг ингэж хэлснээс хойш Замын цагдаагаас замын хөдөлгөөний ачаалал тэдэн хувиар буурлаа гэж ерөөсөө ярихаа больчихсон. Ийм худал зүйл ярьж очиход Засаг дарга нь итгээд ИХТ батлаад өч төчнөөн хөрөнгө урссан байж таараа. Одоо энэ явуургүй санаачилгыг гаргасан хүмүүстэй нь хариуцлага тооцох хэрэгтэй ш дээ.

-Одоо манай замын хөдөлгөөн хэдэн коэффициенттэй яваа бол?

-0.38 л байсан. Тухайн үед 60 гаруй мянган автомашин л явдаг байсан байх. Одоо Улаанбаатар хотын замын хөдөлгөөн эмх замбараагүй. Зүгээр хаус. Мэргэжлийн чиг баримжаагаа алдчихсаны хамгийн тод жишээ энэ. Хийдэг ажил нь интернэт ухаад л “Өө эмийн сантай байх ёстой юм байна. За нэг ослын гурвалжин хийчихье” гэх жишээтэй. Өөр бас юу гэлээ.

-Галын хор уу?

-Тийм. Галын хортой байх ёстой юм байна. Галын хор нэхчихье гэдэг ч юм уу. Иргэдийн халаас руу дайрахаас мэргэжлийн чиг үүрэг бүхий ажил хийж байгаа зүйл алга. Энэ байгууллагыг мэргэжлийн хүмүүсээр удирдуулаач ээ. Надад торгууль бичиж буй цагдаагаас даргаа хүртэл дүрэм журмаа ч өөрсдөө сайн мэдээгүй явсан. Манайхан гадагшаа дотогшоо яваад ирэхээрээ л тэр улсад тийм юм хэрэгжүүлж байсан гэж ирээд л ямар ч судалгаа, шинжилгээгүйгээр нутагшуулахыг оролддог.

-Таныг пост бичсэний дараа хүмүүс их хандаж байна уу?

-Хүмүүс их хандаж байна. Үнэндээ миний сөхөөд буй асуудал бол дээд түвшиндээ гаргасан шийдвэрийг дунд түвшиндээ хэрхэн завхруулдгийн л жишээ. Төрөөс гаргасан хууль, захирамжийг хаана замхруулж байна, тэнд хариуцлага тооцож сурах хэрэгтэй. Өнөөдөр хүмүүс талхныхаа мөнгийг олох гэж яаж зүтгэж байна. Гэтэл хууль бусаар халааснаас нь 19200 төгрөг дээрэмдэж байдаг. Би мэргэжлийн хүн учраас хажуугаас нь хууль бус үйлдлийг хараад тэвчээд сууж үнэхээр чадсангүй. Яахав, зарим танил нөхөд намайг “Чи Замын цагдаатай яах гээд зууралдаад байгаа юм” гэдэг. Би хариуд нь цэргээс нь эхлээд даргатай нь хамт “дээрэлхэж” байгаа юм гэж хэлсэн.

-Ямар утгаараа?

-Над шиг “дээрэлхүү” улсууд олон гараасай. Зөвхөн энэ салбарт ч бус. Эдийн засаг, уул уурхай, боловсрол, зам тээвэр гээд бүхий л салбарт над шиг “дээрэлхүү” хүмүүс их гарч ирээсэй. “Дээрэлхүү” гэдэг нь мэргэжлийн чадамжийг хэлж байгаа юм.Төрийн албыг мэргэжлийн хүмүүс хаших ёстой. Сая баруун, зүүн дөрвөн зам дээр улаан гэрлээр баруун гар тийш эргүүлнэ гэсэн санал авч байгаа биз. Энэ саналыг санаачилсан, авсан хүмүүс эрүүл байгаадаа. Инженерийн шийдэл дээр иргэний саналыг авдаг гэнэ ээ. Инженерын шийдэл байхгүй юу. Баруун гар тийш эргүүлбэл аль замд хөдөлгөөний ачаалал нэмэгдэх үү гээд бүх зүйл инженерийн шийдэл. Удахгүй Энхтайваны гүүрийн нэг тулгуурыг авчихъя гэх вий дээ.

-Таныхаар бол хотын түгжрэлийг бууруулах ямар арга зам байна вэ?

-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулж болох уу. Болно. Ингэхийн тулд таван чиглэлээр ажиллах ёстой. Хууль эрх зүй, зохион байгуулалт, хот төлөвлөлт, тээвэр зохицуулалт, хяналт шалгалт гэсэн цогц чиглэлээр ажиллавал түгжрэлийг зогсоох бүрэн боломж бий.

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Өөрийнхөө намын эсрэг босч, Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй

Ардчилсан намын гишүүн, Иргэний хөдөлгөөний удирдагч О.Магнайтай ярилцлаа.

-УИХ-ын сонгуулийн үр дүн Ардчилсан нам олонхи болж ажилласан дөрвөн жилд ард түмний тавьсан дүн байв уу. Парламентын гаднаас УИХ-ын сонгуульд өрсөлдсөн хүний хувьд сонгуулийн үр дүнг хэрхэн харж байна вэ?

-Сонгуулийн дүнд анализ хийж үзэхээр Ардчилсан нам 2012 онд иргэдээс авсан хэмжээнийхээ саналыг 2016 онд ч авсан. Өөрөөр хэлбэл, сонгогчдын 34, 35 хувийн саналыг авсан шүү дээ. Идэвхгүй, өөрийгөө юунаас ч худалдахаас сийхгүй нөхдүүд нийгмийн 20 орчим хувийг эзэлж байна. Тийм хүмүүсийг өнгөрсөн хорин жилийн хугацаанд бий болгожээ. Тэр нөхдүүд нөгөө талд саналаа өгснөөр сонгуулийн дүн ингэж гарсан. Мэдээж сонгуулийн тогтолцоо нөлөө үзүүлсэн. Сонгуулийн мажоритар тогтолцоо яах аргагүй нэг талыг олонхи болгодог. Мажоритар тогтолцооны ид шид гарлаа л даа.

-Мажоритар тогтолцоог танай нам олонхи байхдаа батлуулсан.

-Бүх зүйл хоёр талтай. Өнгөрсөн дөрвөн жилд дандаа л хамтарсан засаг байгуулагдаж ажиллалаа. Хамтарсан засаг байгуулагдсаны сул талыг бид бүгд харлаа. Зоригтой шийдвэр гаргадаггүй, засаг нь хэврэг. Харин энэ сонгуулиар нэг нь олонхи болж бодлогоо хэрэгжүүлэх боломжийг олголоо.

-Тээг садаагүй тууштай ажиллах боломжийг яах аргагүй олгосон.

-Тууштай гэж хэлмээргүй байна. Боломжийг л олгосон. Харж л байя.

-Сонгогчдын 20 орчим хувь нь өөрсдийгөө юунаас ч худалдахаас сийхгүй байсан гэж ярилаа. МАН сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үү?

-Монголын улс төрд гаднаас интервенц хийсэн нь энэ сонгуулийн бас нэг онцлог байлаа. Маш их хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн. Түүх уншиж байхад илэрдэггүй юм гэж байдаггүй юм билээ. Тэгэхээр тавь, зуун жилийн дараа үнэн илэрч, учир тайлагдах биз дээ. Ер нь их л муу жишиг тогтоолоо. 1911 онд хувьсгалаа хийчихээд монголчууд хоорондоо муудалцаж нэг хэсэг нь Гамингийн цэргийг авчраад тусгаар тогтнолоо үгүй хийж байлаа шүү дээ. Агуулгаараа тиймэрхүү л юм боллоо гэж харж байгаа.

-2008 оны сонгуулиар ч нэлээд олон тойрогт иймэрхүү асуудал гарлаа гэж байсан. Таны өрсөлдсөн тойрогт сонгуулийн будлиан болсныг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулсан, цаашлаад “Долдугаар сарын 1”-ний үймээн болсон шүү дээ. Энэ удаад санал худалдаж авсан, будлиулсан асуудлыг зүгээр орхих нь зөв байв уу?

-Манай эдийн засгийн байдал сайнгүй, бараг муу байгаа. Улсын рейтинг ч доод түвшинд оччихсон байна. Ийм үед сонгуулиа хийж чадахгүй, сонгуулийн дараа янз бүрийн үймээн гарвал улс төрийн тогтворгүй байдал үүсч эдийн засгийн байдал бүр доош унана. Монголчууд бүгдээрээ хохирно. Сонгуулийн дүн нэгэнт гарчихсан, тэр нь гадна дотнын нөлөөтэй гэдгийг хүмүүс дор бүрнээ мэдэж байгаа. Нотлох баримт байхгүй учраас хүн бүр хэлэхээс, гаргаж ирэхээс болгоомжилж байгаа биз. Ямар ч байсан 2016 оны сонгуулийн дүн ард түмний хүсэл зоригоос гарсан үр дүн биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

-Нэгэнт МАН үнэмлэхүй олонхи болж, Мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газар ажлаа хийгээд эхэлчихлээ. Энэ Засгийн газрын ажлын эхлэл, сайдуудын хийсэн мэдэгдэл нь тун таагүй ойлголтыг төрүүлж байна.

-Бид есдүгээр сардаа багтаагаад “МАН 100 хоногт” гэдэг тайланг гаргана. Тэр үед сэтгүүлчидтэй уулзаж, засаг авсан нөхдүүд ийм, ийм зүйлийг хийсэн байна гэж ярилцана гэж төлөвлөж байгаа. Ерөнхийдөө нийгмийг их айлгалаа, улс орон дампуурах гэж байна гэж итгүүллээ. Улс орон дампуурах нь гэж хүмүүсийг айлгалаа. Зохиолоороо бол нэг аврагч гарч ирэх учиртай. Тэр аврагч нь гаднаас гарч ирнэ. Тэдэндээ юмаа тавиад туух ёстой. Ийм л зохиол цааш үргэлжилнэ. Зуун жилийн дараахь өндөрлөгөөс харахад тэр нь энэ сонгуульд ялсан төлбөр болж таарах биз гэж л харж байгаа.

-Ямар айхавтар зохиолын тухай ярьж байна вэ?

-Хүн бүрт ойлгуулах албагүй. Миний ярьж байгааг ойлгох нэг нь ойлгож байгаа. Ойлгохгүй нь хэзээ ч ойлгохгүй.

-Та гадаадын цөөнгүй бизнес эрхлэгчидтэй найз нөхдийн холбоотой. Таны зохиолын нэг хэсэг гэж ярьсан Сангийн сайдын айлгах мэдэгдлийг тэд хэрхэн хүлээж авсан бол?

-2015 оноос хойш Монголын талаарх сайн мэдээ бараг гараагүй. Дэлхийд томд тооцогддог “Рио тинто” компанитай манай Засгийн газар заргалдсан. Хүнээр яривал 40 давсан эр арван настай хүүхэдтэй л үзэлцсэн хэрэг л дээ. Ийм хүч тэнцвэргүй байхад монголчууд нэг тал байж чадаагүй. Сөрөг хүчин байсан МАН бодит байдлыг ойлгосон уу, ойлгосон атлаа хорлох гэсэн нь үү илт нөгөө талыг өөгшүүлсэн мэдээлэл хийж байсан. Энэ бүхний үр дүнд дэлхий даяар Монголын талаар буруу имижийг бий болгосон. Буруутан хайвал тэндээс эхлэх нь зүйн хэрэг. Сонгуулийн дараахь сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын хүлээлт эерэг тал руугаа болсон. Нэг нам дангаараа ялчихлаа, улс төрийн тогтвортой байдал бий болно гэсэн хүлээлт байсан. Гэтэл засгийн эрхэнд гарсан нөхдүүд маань Ардчилсан намыг муухай харагдуулах гэж хичээхдээ “Жоомоо алах гээд байшингаа шатаах”-ын үлгэрийг харуулчихлаа. Тэгэхдээ энэ нь санаандгүй зүйл огт биш. Нэгдүгээрт, Ардчилсан намыг муухай харагдуулах , хоёрдугаарт, нийгэмд айдас бий болгох зорилготой. Монголчууд үндэстний хувьд насанд хүрээгүй, ямар нэгэн асуудал гарахад хэн нэгнээс аврал заавал хайдаг онцлогтой. Айсан хүмүүс аврагчийг хүсч л таарна. Тэгэхээр миний түрүүнд ярьсан зохиол л үргэлжилж байгаа хэрэг.

-МАН-ын 100 хоногт хийсэн ажлын тайланг гаргаж мэдээлэх юм байна. Цаашид яах вэ?

-Унших нэг нь уншиг. Юу хийснээ эргээд нэг хараг. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан гээд байгаа засаг 100 хоногт юу хийснийг иргэд багцлаад нэг үзэг. Тайлангаас өнөөдөр үр дүн гарахгүй байж болно. Зуун жилийн дараа хэн нэг нь хараад энэ харанхуй үед монголчууд бүгдээрээ хонь шиг номхон байгаагүй, зарим нь эсэргүүцлээ илэрхийлээд тайлан ч гэсэн гаргаж байж гэдэг түүх үлдэг.

-Та зуун жилийн дараахь үр дүнгийн талаар яасан их ярьж байна вэ. Одоо үед тэгтлээ итгэл алдарчихсан юм уу?

-Өнөөдөр Монголын түүхийн нэгэн харанхуй үе явж байна. Европт ч ийм үе байсан. Загалмайтны аян дайны үед мухар сүсэгт баригдаад, хаад ноёд нь авлигад бүрэн идэгдэж, хэн нь шашин, аль нь төр гэдэг нь мэдэгдэхээ больсон. Иргэд нь бүгд ядуурч, халдварт өвчинд нэрвэгдсэн харанхуй үе тохиож байсан. Өнөөгийн Монголын зуун жилийн дараа судлаачид, түүхчид “Монголын түүхийн харанхуй үе” гэж дүгнэнэ. Мухар сүсэгт бүрэн автчихлаа. Хувьсгалаас өмнө байсан бүх гэгээнтэн дахиж тодорч байх шиг. Мухар сүсгээр өөрсдйин валютыг гадагшаа урсгаж байна. Оюун санааны үүднээс харахад дархлаагүй, мухар сүсгийн харанхуй ангал руу хурдтайгаар явж байгаа. Шүтэж байгаа шашныхаа ч мөн чанарыг ойлгохгүй ид шид хүлээгээд байна. фэйсбүүкт базсан мөнгөний зураг тавиад түгээвэл баяжина гэхэд л хэдэн мянган хүн шэйрлэж байгаа нь инээдэм биш. Ийм үеийг харанхуй гэж дүгнэдэг юм. Үүний дараа дахин сэргэлтийн үе ирдэг. Тэр үе нь хурдан ирж гэрэл гараасай. Бидний гаргах тайлан хүртэл тэр гэрлийн нэг оч нь байгаасай гэж хүсэх юм.

-Үнэмлэхүй олонхи болсон намынхан ураг садныхныгаа төрийн өндөр албан тушаалд томилдог. Хэн нэг нь Монголд хортой мэдэгдэл хийхэд олон нийт шогшроод өнгөрөхөөс хэтрэхгүй байна. Танай нам парламентад хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй. Энэ үед Иргэний хөдөлгөөний дуу хоолой яалт ч үгүй үгүйлэгдэж байх шиг?

-Засгийн газар байгуулагдаад зуу хоног болоогүй байна. Зуу хоног нь дуусаг, түүний дараа дүгнэе гэсэн хүлээлт хаа, хаанаа байх шиг. МАН-ынхны хийж байгаа ажил, байж байгаа байдал нь дэвшил шинэчлэл гэхээсээ илүү их ухралт, харанхуй руу гүн орж байгаа шинжтэй байгаад харамсч байна.

-Засгийн газрын зуу хоногоос гадна танай намын шинэчлэл олны анхааралд байгаа. Гэтэл танай нам цуглаж сонгуулийн үр дүнгээ ч хэлэлцсэнгүй, цаашид яахаа ч ярилцсангүй?

-Нэг хурал хуралдаад, шинэ дарга томилогдох нь Ардчилсан намын шинэчлэл биш. Ямар нийгмийг ямар нийгмээр солихын тулд, ямар үнэт зүйлийг нийгэмд бий болгохын тулд 1990 оны хувьсгал хийсэн бэ гэдэг тунхгийг өнөөдөр гаргах ёстой. Дэлхийн бүх орон хувьсгал хийснийхээ дараа тунхаг гаргадаг. Тэр тунхаг нь Үндсэн хуультай адил эрх зүйн чадамжтай байдаг. Ардчилсан намын шинэчлэл яг энэ үнэт зүйлийн тунхгаас эхлэх ёстой. Ийм, ийм үнэт зүйлийг хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа юм гэдгийг ойлгож, ойлгуулах ёстой. Коммунист, нэг хүнийг тахин шүтсэн, гаднаас Монголын төрийг удирддаг, хүнийг хэлмэгдүүлж болдог нийгмийг, хөмөрсөн тогоо шиг харанхуй нийгмийг эсэргүүцэж Монголын ард түмэн хувьсгал хийсэн. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмээ хамгаалахын тулд Ардчилсан нам байгаа гэдгийг эхлээд ойлгох ёстой. Түүнээс МАН-тай адил авгай, ах дүүгээ дарга цэрэг болгох, хэн нэг Доржийг нөгөө Доржоор солихын төлөөх нам байж болохгүй гэдгийг Ардчилсан намын шийдвэр гаргах түвшний хүн бүр ойлгох учиртай. Ардчилсан нам яагаад Монгол байх ёстой гэдэг нь 1990 оны ардчилсан хувьсгалтай ямагт хамт ойлгогдох үнэт зүйл. Гэтэл энэ нийгэмд үнэт зүйл байхгүй болсноор нэг коммунист удирдагчийн 100 жилийн ойг орон даяар тэмдэглэнэ гээд УИХ-аас тогтоол гаргаж байна. Хойшоогоо 100 алхаж байгаагийн илрэл энэ биз. Ардчилсан намын үүрэг бол ардчиллын үнэт зүйлийг хамгаалах. Шинэчлэл эндээс эхлэх ёстой. Нэг тогоонд чанагдаж байгаа нэгийг нөгөөгөөр сольж Намын даргыг нөгөөгөөр солилоо гээд юу өөрчлөгдөх юм бэ. Үнэт зүйлээ мартаад Доржийг Доржоор солиход анхаарсан учраас Ардчилсан нам нийгэмд байхгүй байсан ч болох юм шиг ойлголт нийгэмд төрчихөж. Ардчилсан нам байгаа учраас ардчиллын үнэт зүйл оршин тогтнож байгаа гэдгийг ойлгож, ойлгуулж байж шинэчлэл зөв замдаа орно.

-Үнэт зүйлсээ тунхаглахаас шинэчлэлээ эхлэхийн тулд танай намынхан цугламаар байна. Гэтэл ҮЗХ-ны ирц ч бүрдэхгүй байна шүү дээ?

-Ярилцаж байгаа байх. Хамаагүй яараад дэмий байх. Их хурлаа хийгээд үнэт зүйлээ хамгаалахаас шинэчлэлээ эхэлнэ гэж итгэж байна.

-Даргатай болж байж шинэчлэл эхэлж, голдрилоороо явна биз дээ?

-Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын ихэнх дарга ҮЗХ-ны хурлаар сонгогдсон. Хоёр зуу гаруйхан хүний саналаар сонгогдсон хүний хүлээн зөвшөөрөгдөх чадвар нь ч муу байдаг юм байна. Үүндээ ч дүгнэлт хийж байгаа биз. Миний ойлгож байгаагаар нийт гишүүдийн дунд марафон хийж намын даргыг тодруулахад санал нэгдэж байгаа болов уу. Орон нутгийн сонгуулийн дараагаас марафоноо эхлүүлээд арванхоёрдугаар сарын 6-ны Их хурлаараа батламжилна гэж хүлээж байгаа. УИХ-д цөөхөн суудалтай сөрөг хүчин байгаа үед намын дарга бүх гишүүнээр хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Түүнээс хоёр зуун хүний зуугийнх нь толгойг эргүүлээд дарга болчихдог. Дараа нь өөрийгөө дарга гэж хэлэхээс ч ичдэг, нөгөө хүнийг дарга гэж гишүүд нь хүлээн зөвшөөрдөггүй. Ийм байдлыг зогсооно гэж итгэж байгаа.

-Фракц нэртэй нам дотрох намууд ийм шийдэлд санал нэгдэх болов уу. Фракцууд дайтаад хурлаа ч хийж чадахгүй байна гэх юм?

-Үүнийг ярихын тулд 1990 он руугаа орохоос аргагүй. 1990 онд МАХН-ыг хуулиар хориглоод хөрөнгийг нь хураагаагүй нь тухайн үеийн хувьсгалчдын хамгийн том алдаа. Энэ нь эргээд тэнцвэргүй өрсөлдөөнийг эхлүүлсэн. МАХН-ын эсрэг бүхэн нэг дор цугларчихсан нь өнөөдрийн Ардчилсан намыг бий болгосон хэрэг. Тухайн үед МАХН-ын эсрэг л бол гэдэг үзлээр нэг талдаа гарчихсан нь өнөөдрийн фракцууд нам доторх намыг бий болгочихож. Улс төрийн намуудыг шинэчилж, зөв голдрилд нь оруулахын тулд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, улс төрийн намуудын тухай хуулиа өөрчлөх ёстой. Дараа нь бүх улс төрийн намуудаа тараагаад шинээр бүртгэх ёстой. Нэгэнт хундаамаа мурий тавьчихсан. Цаашаа нүдээ аниад мурий хундаам дээрээ бариад байвал тэр барилга нэг л өдөр нурна. Нурааж байж арга хэмжээ авах уу, нурахаас өмнө нь өөрсдөө буулгаад шинээр барих уу. Аль нь зардал багатайг тооцож, шийдвэр гаргах ёстой. МАН-д ч фракцуудын зөрчил байгаа.

-Энэ дөрвөн жилд Улс төрийн намын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад нэмэргүй биз дээ?

-Маргааш юу болохыг тааж хэлэхээс айгаад байдаг юм. Манай гаригт бүх зүйл боломжтой шүү дээ. АНУ-д Трамп ерөнхийлөгч болохгэж байна. Хоёр жилийн өмнө Трампыг ерөнхийлөгч болно гэсэн бол хэн ч итгэхгүй л байсан. Тэгэхээр юу ч болж болно. Бүх сайн сайхан зүйлд итгэж байх хэрэгтэй. Өөрчлөлт хийхийн төлөө бодож байгаа, тэмцэх гэж байгаа хүмүүс олон бий.

-МАН-ын фракцууд ч засгаа унагаана гэсэн яриа гаргаад зөрчилдөөд эхэллээ гэх юм?

-МАН засгаа унагаж чадахгүй. Тийм эр зоригтой хүн МАН-д байхгүй. Нэг хүчтэй даргыг тойрсон зориггүй нөхдүүд тэр намд байдаг. Өөрийнхөө намын эсрэг босч Монголын ард түмний талд орох зоригтой хүн МАН-д байхгүй. Харамсалтай л байна. Ах дүү, амраг саднаа сайд, агентлагийн дарга болгож байх шиг байна. Дараа нь ахаа, дүүгээ Ерөнхий сайд болгох нь. Хэдэн жилийн өмнө “Өөрийнхөө хүнээр сайд хийлгэлээ” гэх шүүмжлэл байсан бол одоо өөрийнхөө тоглоомын хүнийг Ерөнхий сайд болгодог боллоо. Бас л Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шиг эрх мэдэлтэй болж энэ улс орны төлөө шийдвэр гаргах чадвартай болно. Тоглоомын нөхдүүд ээлжилж гараад ард нь муур багш суучихаад удирдаад байвал хохирогч нь Монголын ард түмэн л болно.

-Ард түмэн хохироод байна л гэдэг. Нэг хүний зангаагаар төрийн сайд, агентлагийн дарга томилогдоход хэн ч эсэргүүцэхгүй, дуугарахгүй л байна шүү дээ?

-Ард түмний 30 хувийн саналыг авч сонгогдоод оодрохоос илүү 80, 90 хувиар сонгогдсон нөхдүүдийг хүртэл нэг л өдөр хөөгөөд явуулчихдаг л юм билээ. Ард түмнийг сэрэхийг хүлээнэ гэж байгаа юм биш. Бодит байдлыг ярьж л байх хэрэгтэй. Яагаад гэвэл ард түмэнд зоригжуулагч хэрэгтэй. Өнөөдөр ярьж байгаа зүйл олон хүний зүрхэнд байгаа ч амнаас нь гарч чадахгүй үг л дээ. Магнай хэлсний дараа дахиад хэдэн хүн зоригжоод хэлэг. Дахиад зуу, мянган хүн ярина. Тэр хүмүүс бүгд нийлж, нэгдээд нийгмийг өөрчилдөг.

-Хэдэн жилийн өмнө та орон нутгаар явж иргэдтэй уулзалт хийгээд ард түмэн хувьсгалыг хүлээж байгааг олж харлаа гэсэн. Одоо тэр хүлээлт хэвээрээ болов уу?

-Маш том шинэчлэлийг хүсч байна. Хувьсгал гэх үү, өөрчлөлт гэх үү мэдэхгүй юм. Ямар ч байсан энэ байдлаараа яваад байвал өшөө буруу тийшээ хазайна гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Төр удирдаж байгаа нь, сөрөг хүчин нь, гаднаас нь хараад сууж байгаа иргэд ч мэдэж байгаа. Төр удирдаж байгаа хүмүүсийн эр зориг, хүсэл зорилгоос олон зүйл шалтгаална.

-Ардчилсан нам орон нутгийн сонгуульд даргагүй, менежертэй орохоор болж байна. Эерэг үр дүн харагдаж байна уу?

-Ямар ч судалгааны байгууллагын судалгааны дүн, сонгуулийн бодит үр дүнтэй зөрдөг болсон. Орост ч, Монголд ч зөрөөтэй л байна. Яагаад гэвэл сонгуулийн үр дүнг нөхдүүд өөрчлөөд байна шүү дээ. ОХУ-ын сонгуулийн дүн гарлаа. Бүх судалгаагаар олонхи болох нь өнгөрлөө гээд байсан нам дахиад Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чадах хэмжээний олонхи болчихлоо. Нийгэм юу хүлээж, хүсч байгаагаас үл хамаарч сонгуулийн дүнг өөрчилдөг технологи яваад байгаагийн илрэл энэ. Орон нутгийн сонгуулийг МАН-ын технологиор хийх болов уу гэж харж байгаа.

-Та Баянгол дүүргийн Ардчилсан намд ажиллаж байгаа юм уу?

-УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа бид хоёр Баянгол дүүргийн Ардчилсан намын орон нутгийн сонгуулийг хариуцаад ажиллаж байна.

-Ирэх өвөл тойрогтоо нүүрс тараах уу?

-Тойрогтоо биш л дээ. Сонгинохайрхан дүүргийн иргэдэд нүүрс тараана. Та надаас сонгогчдодоо гомдсон уу гэдэг өнгө аясаар асууж байна. Иргэдэд гомдож болохгүй. Ард түмнийг бодлогоор ядуу байлгаад дараа нь худалдаж авахдаа бэлдээд байгаа нэг хэсэг бүлэглэл бий. Тэр бүлэглэл л өөрийнхөө мэхийг хийгээд тэр мэхэнд ард түмэн орчихсон хэрэг. Магнай ард түмэнд гомдох шаардлага байхгүй. Гомддог ч үгүй. Харин нэг хүний зүрхэнд байгаа өөрчлөлт хийхийг хүссэн хүсэл ямар их хүчтэйг ард түмэн үргэлж бодож, мартахгүй гэдэгт итгэж байна. Магнай өнөөдөр нэг хүний мөнгөнд ялагдсан нь жижиг асуудал. Энэ харанхуй үеэс хурдан гарах нь л чухал. Тавин мянган төгрөгт ялагдаад сонгуулиа алдаад байвал харанхуйгаас гарах цаг хойшлоод л байна. Ганц Магнай биш Монголын ард түмэн бүгд алдаж байгаа юм. Монгол Улс хөгжвөл бүгдээрээ сайхан амьдарна, харанхуй байгаад л байвал бүгдээрээ л дуусахгүй зовлон эдэлнэ. Харамсалтай нь өнгөрсөн сонгуульд монголчууд бүгдээрээ ялагдсан. Харанхуй үеийг дуусгах хугацааг дөрвөн жилээр хойшлуулчихлаа.