Categories
мэдээ цаг-үе

Такаши Осава: Донгойн ширээн бичээст Түрэгийн зүүн гарын хаан есөн татаарыг ялсан тухай дурдсан байсан

“Монголын зүүн бүс нутгийн археологийн судалгаа, хадгалалт, хамгаалалт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал саяхан “Улаанбаатар” зочид буудалд болсон. Энэ үеэр манай улсад ирж илтгэл тавьсан Японы Осакагийн их сургуулийн доктор Такаши Осаватай уулзаж ярилцлаа

-Таны “Донгойн ширээн цогцолбор дурсгалын эртний Түрэгийн түүх, археологитой холбогдох” тухай илтгэл сонирхолтой санагдлаа?

-Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс Монголын зүүн бүсийн нутагт орших эртний Түрэгийн дурсгалыг малтан судлах төслийн хүрээнд 2015-2016 онд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутагт орших Донгойн ширээн цогцолбор дурсгалд малтлага судалгаа хийж, бичээсийн утгыг тайлж уншлаа. Шинэ бичээсүүдээс гадна дурсгалын ёзоор хэсгээс бичвэрүүд олдсон.

-Донгойн ширээн цогцолборын бичээст юу гэсэн утгатай үгс байсан бол?

-Эртний Түрэгийн хоёр дахь хүчирхэгжилтийн үеийн Билгэ хааны хүү болон хамаатнуудтай холбоотой бичээс байсан. Тухайн үед Түрэгийн хаант улс есөн овог аймгаас бүрдэж байж. Тэдний нэг есөн татаарууд аймгийнхантай байлдаж ялсан гэсэн утгатай бичиг байгаа. Түрэгийн хаант улс Их Монгол Улсын үетэй адил баруун, зүүн гар, төв хэсэгт хуваагддаг байж. Төв хэсэгт их хаад суудаг, зүүн гарт нь угсаа залгамжлах хаад суудаг байж. Донгойн ширээн дурсгал болохоор Түрэгийн Билгэ хааны зүүн гарын хаант улсын хаантай холбоотой дурсгал байгаа.

-Хөшөөнд бичигдсэн эртний руни бичгийг тайлж уншихад хэцүү байв уу?

-Руни үсгийн дурсгалыг анх арван есдүгээр зуунд Оросын эрдэмтэн Владимирцов хэмээх эрдэмтэн олсон. Хорьдугаар зууны эхээр Радлов, Данийн эрдэмтэн Томпсон нар уншиж тайлан, цагаан толгойг нь хэвлүүлснээр энэ бичгийг тайлж уншихад тийм ч бэрх биш болсон. Эдгээр хүмүүс шинжлэх ухааныг эргэлтэд оруулсан гавьяатай юм. Донгойн ширээд нийтдээ арван дөрвөн бичээст хөшөө байгаа. Үсгийн тоо бол тоолохын аргагүй олон. Зөвхөн нэг хөшөөний гэхэд л гурван талд бичсэн байх жишээтэй.

-Эл бичээсийг тайлж уншсаны түүхэн ач холбогдол юу байна?

-Түрэгийн үеийн зүүн гарын улс хаа байсныг тодорхойлж байгаа юм.

-Японд археологийн судалгаа хэр хөгжсөн байдаг бол?

-Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхнөөс Японд археологийн судалгаа хөгжиж эхэлсэн. Тэр үеэс Японы эрдэмтэн судлаачид Монголтой холбоотой археологийн судалгааг Өмнөд Монголоор дамжуулан хийж ирсэн. БНМАУ-ын социализмын бүтээн байгуулалтын үед япончууд Монголд ирж судалгаа хийхэд хэцүү байсан. Харин ерээд оноос улс төрийн уур амьсгал зөөлөрч, Шинто Като, археологич Цэвээндорж нар хамтарч Чингис хааны онгоныг хайх “Гурван гол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс Япон, Монголын эрдэмтэд хамтран ажиллаж ирсэн. Миний хувьд 1996 оноос Түүхийн хүрээлэнгийн захирал А.Очир гуайтай хамтарч Түрэг, Уйгар, Их Монголын үеийн бичээсийг судалж ирлээ. Гурван жил дараалж ийм судалгаан дээр ажилласан.

-“Гурван гол” төслийн үр дүн юу болсон юм бол. Чингис хааны онгон олдохооргүй болсон уу?

-“Гурван гол” төслийн үр дүн ямаршуухан байдлаар төгссөнийг би үнэндээ мэдэхгүй. Нутгийн олон түмний сэтгэлзүй ч тухайн үед “Чингис хааны онгоныг олох гэлээ” гэж их таагүй хүлээж авсан. Дэлхийн их хааныхаа булш бунханд хэн ч гэсэн гар хүргүүлэх дургүй байх нь ойлгомжтой. “Чингис хааны онгон олдохгүй” гэсэн хүмүүс ч их байсан. Гэхдээ бусад хаад ихсийн булш бунхан, тайлга оршуулгын газар, бусад дурсгалыг хайж бүртгэлжүүлснээрээ “Гурван гол” төслийн эрдэм шинжилгээний ач холбогдол тодорхойлогдоно. Энэ төсөлд ажиллаж байсан япон эрдэмтэд одоо ч Аваргын балгасанд судалгаа, шинжилгээ хийж л байна. Залуу судлаачид ч ажиллаж байгаа гэж сонссон.

-Руни бичгийн дурсгал хэр тархсан байх юм?

-Руни бичгийн дурсгалын зүүн хэсэг нь Өмнөд Монголын Шилийн гол аймаг, баруун хэсэг нь Узбекстан, Самарканд хүртэл өргөн уудам нутагт тархсан байдаг.

-Их Монгол Улсын үеийн бичгийн дурсгал их байдаг уу?

-Санкт-Петербургийн Эрмитажид хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичээс”-ийг, хятад галигаар бидний үед хүрч ирсэн “Монголын нууц товчоо” зэрэг түүхэн эх сурвалжуудыг та сайн мэдэж байгаа байх. Хархорины музейн урд байдаг Өгөдэй хаан, Мөнх хаан нарын байгуулсан перс хүний дурсгалыг хэлж болно. Тухайн үед Их Монгол гүрэн дэлхийд ямар хүчтэй, эдийн засаг, соёлын хувьд ямар хүчирхэг байсныг энэ бүхнээс харж болно. Японы одоогийн Күшюгийн Хакада буланд сүйрсэн Их Юань гүрний хаан Хубилайн флотын үлдэгдлээс Их Монгол Улсын үеийн дурсгалууд гарч ирдэг. Күшюгийн Фукокугийн музейд тэдгээр үзмэрүүд хадгалагдаж байгаа.

-Тэнд чухам юу юу хадгалагдаж байгаа бол. Далай тэнгисийн ёроолоос олдсон зүйлийг археологийн малтлагын олдвортой адилтгаж үздэг үү?

-Далайн археологи гэж тусдаа салбар байна. Далайн гүнд живсэн усан онгоц зэрэг зүйлийг далайн ус сайтар хадгалж чаддаг. Нар, салхины нөлөө тэгтлээ их орохгүй учраас хадгалалт сайн байдаг гэж хэлж болно. Далайн гүнээс олдсон Хубилай хааны усан онгоцны үлдэгдлүүд дотроос шаазан аяга, шавар бүтээгдэхүүнүүд их олдсон. Тухайн үедээ гадаад улс орнуудад экспортод гаргадаг байжээ гэсэн дүгнэлтийг хийж болохоор байгаа. Цэрэг дайны холбоотой зэр зэвсэг, сэлэм, тэсэрч дэлбэрэх бодисууд далайн гүнд маш сайн хадгалагдсан байсан.

-Олон улсын энэхүү эрдэм шинжилгээний хуралд сонирхолтой илтгэлүүд тавигдав уу?

-АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэн Уильям Ханичёрчийн “Дэлгэрхаан уул орчимд хийгдэж буй археологийн судалгааны үр дүн”, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн доктор Ц.Амгалантөгсийн “Дарам уулын дөрвөлжин булшны судалгаа”, БНХАУ-ын Ардын их сургуулийн Вэй Жянийн “Юань улсын Шанд балгас (Дээд нийслэл)-ын малтлага судалгаа ба хадгалалт, хамгаалалт”, МУИС-ийн багш З.Батсайханы “Дорнод Монголын дундад эртний монгол булшууд”, Японы Отани их сургуулийн Такаши Мацукавагийн “Зүүн Монголын нутагт буй кидан үсгийн хөшөө бичиг ба хадны бичээсийн тухай”, Ц.Төрбат, Д.Батсүх нарын “Таван толгойн монгол язгууртны булшны судалгаа” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдлаа.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Д.Хурцбаяр: Бөөрний архаг дутагдалтай хүмүүсийн эмчилгээний зардлыг даатгалаас гаргах хэрэгтэй байна


Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний төвийн гемодиализийн тасгийн эмч Д.Хурцбаяртай ярилцлаа.

-Танай төв хэдэн өвчтөнд үйлчилдэг вэ?

-Манай тасагт 168 өвчтөн 30 аппаратан дээр үйлчлүүлж байна.

-Хүлээгдэж байгаа өвчтөн хэр олон бол?

-Одоогоор манай тасагт хүлээгдэж байгаа 45 өвчтөн бий. Хан-Уул дүүрэгт шинэ аппарат ашиглалтад орсон. Сонгинохайрхан дүүрэгт бас аппарат ашиглалтад орох гэж байна. Тэгэхээр харьяаллын дагуу зарим өвчтөнөө тийшээ явуулчихвал бид ахин хэдэн өвчтөн авах боломжтой.

-Хан-Уул дүүрэгт гемодиализийн төв нээлтээ хийсэн. Хэдэн аппараттай вэ?

-Гурван аппарат ашиглалтад орсон. Манай аппаратанд ордог хүмүүс эмнэлэгт хэвтээд байдаггүй шүү дээ. Нэг өдөр ирээд дөрвөн цаг аппарат залгуулж эмчилгээнд орчихоод явдаг.

-Сонгинохайрханд шинээр хэдэн аппарат ашиглалтад орох вэ, аппарат хүрэлцэхгүй, хүлээгдэл ихтэй байгаа тухай гомдол их явах юм?

-Аппарат хүрэлцээгүй байна гэж олон жил ярьж байгаа. Төр засгаас энэ асуудалд анхаарал тавьж, жил болгон аппаратны тоог нэмэгдүүлдэг. Гэсэн хэдий ч диализэд орох хүний тоо их болохоор хүрэлцэхгүй байна.

-Хувийн эмнэлгүүд ч бөөрний архаг дутагдалтай хүмүүст үйлчилдэг. Гэхдээ өвчтэй хүмүүс төлбөрийг нь тэр бүр дийлдэггүй учраас даатгалаас хувь, хувьсгалын гэлтгүй эмчилгээний зардлын тодорхой хувийг гаргаж байж хүртээмж нэмэгдэнэ гэж ярьцгаадаг?

-Хувийн эмнэлгийн аппаратууд тодорхой хэмжээгээр сул зогсч байгаа. Хувийн эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлдэг. Харин хүмүүс маань мөнгө төгрөгийн боломж муутай. Тэгэхээр энэ үйлчилгээг хүссэн ч авч чадахгүй байна. Цаашдаа энэ төлбөрийг улсаас даах биш даатгалд хамруулах хэрэгтэй байна. Диализийн аппаратаар нэг хүнд үйлчилдэг урсгал зардлыг даатгалын систем гаргаж өгдөг болох хэрэгтэй гэсэн үг. Түүнээс биш хүмүүс бүгд даатгалтай л байгаа. Даатгалын хуульд диализийн үйлчилгээний зардлыг даатгал хариуцна гэсэн заалт байхгүй.

-Даатгал үлдэгдэлтэй гардаг гээд байдаг, ийм өвчтэй хүмүүсийнхээ зардлыг дааж болохгүй юм байх даа?

-Бид төсөв ямар байгааг мэдэж байгаа. Жишээлбэл, манайд 160 хүнийг аппаратанд оруулах мөнгийг улс өгч байна шүү дээ. Төсөв нэмэгдвэл энэ тоог нэмж болох байх. Гэхдээ ийм байдлаар хол явахгүй. Даатгалын системээ боловсронгуй болгох хэрэгтэй. Дэлхийн бусад бүх оронд даатгалын тогтолцоо үйлчилдэг. Хэдэн хувийг нь улс, хувь хүн, даатгал хариуцах юм бэ гэдэг нь улс орны онцлогоос хамаараад өөр өөр байдаг. Дунджаар эмчилгээний зардлын 70-аад хувийг нь даатгал хариуцах жишээтэй.

-Нэг өвчтөн долоо хоногтоо хэдэн удаа аппаратанд орж байна. Нэг орохдоо хэдэн цагаар ордог вэ. Ямар нэг стандарт байдаг уу, үүнийгээ хангаж чаддаг уу?

-Нэг өвчтөн долоо хоногт гурван удаа, нэг орохдоо дөрвөн цаг орох ёстой гэсэн дэлхийн стандарт байдаг. Аппаратын хүрэлцээгүйгээс болоод манай 170-аад хүний 60-аад хувь нь долоо хоногт гурван удаа орж байгаа. Долоо хоногт нэг, хоёр удаа орж байгаа хүн ч бий. Энэ хүмүүс аппаратанд орохдоо хувиасаа мөнгө төлөхгүй байгаа ч эм тариагаа өндөр үнээр авч уудаг. Бөөр гэдэг маань зөвхөн хор шүүдэг эрхтэн биш. Маш олон үүрэгтэй. Түүний нэг нь цус төлжүүлэх үүрэг. Эрдсийн солилцоонд бас оролцдог. Энэ бүхнийг нөхөх эмийг уудаг. Өндөр үнэтэй эмүүд шүү дээ. Кальци фосфорын солилцоонд ордог эм нэг ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй ч байна, арав гаруй мянган төгрөгийн үнэтэй ч эм байна шүү дээ. Эднийг авч уух шаардлагатай болдог. Улсаар даалгаж гемодиализийн аппаратанд орж байгаа хүмүүст хэцүү байхад энэ зардлаа хувиасаа гаргадаг өвчтөнүүдэд яаж тусах нь ойлгомжтой.

Бид ацан шалаанд орж байдаг. Нэгэнт аппаратанд орж байгаа өвчтөнийг хүн шиг амьдруулмаар байна. Гэтэл гэнэт өөр нэг хүн болохоо байгаад хүрээд ирдэг. Тэр хүний амийг аврахын тулд нэг хүн аппаратанд орох хугацаанд ахиад өөр хүн оруулах болдог. Хүмүүсийг үхсэн, амьдын хооронд байлгаж болохгүй. Гэтэл стандартаа мөрдүүлье гэхээр гадаа хүн үхэх гээд байдаг. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдэг шиг тодорхой хэмжээнд зохицуулалт хийгээд явж байна.

-Хүлээлгэнд байгаа хүн хэр удаан хүлээдэг вэ?

-Манай аппаратанд орж байгаа хүн бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орох эсвэл хэвлийн диализийн эмчилгээнд орох, бурхан болсон тохиолдолд л нэг мест гарна. Ганц нэг хүн бөөр солиулах мэс засалд орж байна. Аппаратанд орж байгаа тохиолдолд нас баралт их биш. Тэгэхээр манай дараалал нэг их хурдан явахгүй.

-Танай аппаратанд хамгийн удаан орж байгаа хүн хэдэн жил болж байна?

-Дээд тал нь 16-17 жил орж байгаа хүн байна. Дунджаар 5-10 жил амьдарч байгаа хүмүүс дийлэнх нь.

-Бөөрөө солиулж байгаа тохиолдол хэр их байгаа вэ?

-Манай эмнэлэгт саяхан 120 дахь бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдсэн. Манай аппаратанд ордог хүмүүс мэс засалд ороход зовлон бий. Тэд байнга өндөр үнэтэй эм, тариа хэрэглэдэг учраас хагалгаанд орох хэмжээний мөнгө хуримтлуулж чаддаггүй. Мэс засалд ороход 20 гаруй сая төгрөг хэрэг болно. Дээр нь донор байх учиртай. Бөөр олдоц муутай. Цогцосны донор гэж байдаг ч манайд хараахан хөгжиж чадаагүй.

-Шийдвэр гаргагчдаас таны хүсэх зүйл юу вэ?

-Хамгийн их хүсч байгаа юм гэвэл манай эмчилгээг даатгалд хамруулбал олон хүний амийг аврахад тустай. Бид бас улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм хэрэглэж байна. Улсын бүртгэлд байхгүй болохоор компаниуд нь оруулж ирж чадахгүй. Манай өвчтөнүүдийн хэрэглэдэг эмүүдийг улсын бүртгэлд бас даатгалд хамруулчихвал олон хүнд тус болно.

-Ямар насныхан бөөрний өвчнөөр өвдөөд байна вэ. Юунаас шалтгаалаад хүмүүс ингэтлээ хүнд байдалд ордог юм бэ?

-Бөөрний архаг дутагдалд орсон хүмүүс аппаратанд ордог юм. Бөөр үндсэндээ ажиллахгүй болоход орлуулж байгаа эмчилгээ нь ийм. Бөөрний архаг дутагдалд орж байгаа хүмүүсийн ихэнх нь түүдгэнцрийн үрэвслээр өвдсөн байдаг. Түүдгэнцрийн үрэвсэл хөдөлмөрийн насны ид залуу хүмүүст, бүр хүүхэд наснаас эхлээд тохиолддог өвчин. Тэр дундаа эрэгтэй хүмүүс илүү өртдөг. Манай үйлчлүүлэгчид ихэнх нь хөдөлмөрийн насныхан байх жишээтэй. Гэхдээ сүүлийн үед настай хүмүүс олширч байгаа. Чихрийн шижин өвчин маш хурдацтай тархаж байна. Сахараасаа болоод бөөр нь гэмтээд, ажиллагаагүй болдог. Даралт ихсэх өвчин бас бөөрний дутагдалд хүргэнэ. Монгол эрс тэс уур амьсгалтай орон. Хүйтэнд даарч хөрснөөс бөөр их өвчилдөг. Хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол сайн олгох хэрэгтэй байна. Үрэвсэлт өвчнүүдийг үүсэхэд хоолой өвдөх, гадна орчин, хоол унд, харшил нөлөөлнө. Бөөрний өвчнөөс болоод даралт нь ихэсдэг хүмүүс байна. Түүнчлэн даралт нь их байхаар бөөрөө гэмтээх нь ч бий.

-Бөөр өвдөж байгааг яаж мэдэх вэ. Хамгийн түрүүнд өрхийн эмчид хандах ёстой юу?

-Бөөр дүлий эрхтэн. Илрэх шинж тэмдэг бага. Эхний үед зовуурь өгөхгүй. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж, өрхийн эмчдээ тодорхой хугацаанд үзүүлж байх хэрэгтэй. Бид бөөрний өвчинг шинжилгээгээр л оношлодог. Шээсний шинжилгээгээр маш их юм илэрнэ. Шээсээр уураг, бага хэмжээгээр цус хаяхад хүнд мэдрэгдэхгүй. Тийм учраас шинжилгээ өгч байх хэрэгтэй. Өрхийн эмчдээ үзүүлж, шаардлагатай гэвэл дараагийн шатны эмчид хандахыг зөвлөдөг.

-Бөөрний архаг дутагдалд орсон 500 хүн байна гэсэн тоо сонсогддог. Яг нарийн судалгаа байдаг уу?

-Олон улсын жишиг бий. Нэг сая хүнд 150 орчим аппарат хэрэгтэй гэж үздэг. Бид одоо гурван саяулаа болчихлоо. Улсын хэмжээнд 120 аппарат л байдаг. Жил болгон аппаратанд орох шаардлагатай 60-70 хүн нэмэгддэг. Гэхдээ аппарат маань энэ хэмжээгээр нэмэгдэж чадахгүй байна.

Д.Аззаяа: Будаг үнэртэхэд л бид хордлогонд ордог

Бөөрний архаг дутагдалд орсон гэсэн оноштой ч гемодиализийн аппарат хүртэхгүй хүлээж байгаа хүмүүс хэрхдэг бол. Энэ тухай тодруулахаар Д.Аззаяатай ярилцлаа. Тэр 45 настай ч ихэд ядрангуй харагдах бөгөөд хөөж хавагнасан хөлөө арай ядан зөөж байлаа.

-Юунаас болоод бөөрний архаг дутагдалд орчихов?

-Энэ өвчнөөр оношлогдоод жил гаруй болж байгаа. Энэ өвчний хэцүү тал гэвэл эмчилгээ нь өртөг өндөртэй. Одоо бол аппаратандаа цаг тухайд нь орж чадахгүй хэцүү байна даа. Бөөрний архаг дутагдал янз бүрийн шалтгаантай. Би чихрийн шижин өвчнөөр арав гаруй жил өвдсөн. Өвчний хүндрэл явсаар байгаад бөөрний архаг дутагдалд орчихсон. Дутагдалд орсноо мэдэхгүй явсан. Хөл хавдахаар нь үзүүлсэн чинь “Бөөрний дутагдалд ороод, эцсийн шатандаа шилжсэн байна” гэсэн.

-Тэр болтол нь танд илэрхий шинж тэмдэг мэдэгдээгүй юу?

-Хамгийн аймшигтай санагдсан юм нь хурц өвдөлтгүй байдаг. Бас энэ өвчнөөр залуу хүмүүс их өвдөж байгаад эмзэглэж байна. Диализийн аппаратанд 20-той охин орж байна. Тэр охин бөөрний дутагдалд орсноо мэдээгүй явсан гэнэ. Аппаратанд орж чадахгүй яваад байсан чинь цус харваад, өрөөл татуу болчихжээ. Тэр охины залуу нас, анхны хайр, үр хүүхэд хаачих юм бэ. Хамгийн айшигтай нь энэ л санагдсан.

-Та нэг жилийн хугацаанд гемодиализийн аппаратанд хэд орсон бэ?

-Оношлогдсоныхоо дараа муудсан үедээ гурван удаа орлоо. Зүгээр ороогүй, таньдаг мэддэг хүмүүсээр дамжуулаад, гуйж байж эмнэлэгт хэвтсэн. Эмч олдохгүй, оочер дугаар нь ч дийлдэхгүй юм билээ. Их хүнд байсан болохоор намайг гурван удаа аппаратанд оруулсан. Саяхан бас муудаад, сэхээнд дэмийрч очоод бас хэд орсон. Оношлогдсоны дараа нэгдүгээр эмнэлэгт оочерт бүртгүүлсэн л дээ. Би 49 дугаарт бичигдсэн. Миний ойлгосноор бол өмнөх хүмүүс маань бөөрөө солиулах юм уу, ямар нэг арга хэмжээ авагдсаны дараа би аппаратанд орох юм билээ. Саяхан утасдаад “Танай 14 дүгээр төв чинь удахгүй диализийн аппараттай болох гэж байна. Тийм учраас таныг оочероос хаслаа” гэсэн. 14 дүгээр төв болохоор долдугаар сарын 1-нээс хойш аппараттай болно гээд одоо болтол болоогүй л байна.

-Хувийн эмнэлэгт аппаратанд орох боломж байгаа юу?

-Хувийн эмнэлэгт аппаратанд нэг удаа ороход 150 мянган төгрөгөөс дээш төлбөртэй гэсэн. Мөнгө нь байвал би давхиж очоод ормоор л байна. Аппаратанд орчихоор ямар сайхан болдог гээ. Бие хөнгөрөөд л эрүүл хүн шиг болно. Би одоо аалз шиг явж байгаа биз. Аппаратанд орчихвол бараг гүйнэ шүү дээ. Би хэвийн амьдрахын тулд сард хоёр сая гаруй төгрөг зарцуулах юм билээ. Аппаратанд болон авах ёстой уураг, эм тариандаа зарцуулахад л ийм мөнгө гарах юм. Хэрэв би барууны оронд байсан бол диализийн аппарат асуудал биш. Аппаратанд байнга ороод, үр хүүхэд төрүүлж, ажлаа хийх бүрэн боломжтой. Диализийн аппарат гэдэг бол бөөрийг л орлож байгаа төмөр машин шүү дээ. Таван км зам барих мөнгөөр бөөрний диализийн аппаратын хүрэлцээг нэмэгдүүлэх боломжтой гээд зарим хүмүүс тооцоо хийсэн байна лээ.

-Та эрүүл мэндийн даатгал төлдөг байсан уу?

-Төлөлгүй яахав. Би чинь улсад арав гаруй жил ажиллаж тасралтгүй даатгал төлж байсан. Одоо бол миний сарын орлого 196500 төгрөг. Үүгээрээ нэг удаа аппаратанд ороод дуусгачихаж болохгүй, амь дүйсэн үедээ л орно. Амьдрах, идэж уух хэрэгтэй.

-Бөөрний хагалгаа хийлгэхсэн гэж боддог уу, хамгийн их хүсч байгаа юм чинь юу вэ?

-Олон хүн ах дүү, амраг садан, эргэн тойрныхондоо битгий ингэж дарамттай амьдраасай. Аппаратыг нь хүртээмжтэй болгоод өгөөсэй. Надад үхэхэд айх, гомдох юм алга. Будаг үнэртэхэд эрүүл хүмүүс бол “Будаг үнэртэж байна” гээд л өнгөрнө. Бид бол шууд хордлогонд ордог. Бөөр гэдэг ийм л чухал эрхтэн юм байна. Бүх хүнд би энэ тухай заавал хэлмээр санагддаг.

Б.Янжмаа

Categories
мэдээ цаг-үе

Н.Амарзаяа: Шударга бус үйлдэл газар авч, ард түмэн хагаралдсан ийм л нийгэм бидэнд үйлчилж байна

УИХ-ын гишүүн Н.Амарзаяатай ярилцлаа.

-Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар гол хэлэлцэх асуудал нь 2017 оны төсөв. Ямархуу төсөв байх вэ?

-Намрын чуулганаар төсөв, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэл, хэд хэдэн хууль шинээр батлах, нэмэлт өөрчлөлт гээд олон асуудал хэлэлцэнэ.

Одоогоор 2017 оны төсвийн талаар огт мэдээлэл аваагүй байгаа учраас энд тийм ийм гэж хэлэх тоо баримт алга. Ер нь хамгийн хүнд жил рүүгээ л орж байна даа. Ямар мэдээлэл ирэхээс шалтгаалж төсвийн талаар бодлого тодорхойлогдох байх. Нөгөө яригдаад байгаа бонд, ихээхэн өрийн асуудал энэ оноос эхлэн төлөгдөхөөр байгаа биз дээ.

-Зардал мөнгийг танахаар ярьж байгаа ч дорвитой хэмнэлт хийхгүй байх шиг байна. Ялангуяа төрийн байгууллагууд. Уг нь бодитой хэмнэлт хийх боломж байгаа биз дээ?

-2016 оны төсвийн тодотголыг өнгөрсөн ээлжит бус чуулганаар хэлэлцлээ. 2016 оны төсөв бараг таван их наяд төгрөгийн алдагдалтай, өрийн тааз 88 хувьд хүрсэн, эдийн засгийн өсөлт 1.3 хувьтай байгаа ийм л нөхцөл байдал биднийг угтсан. Ингэж угтсан ч төрийн байгууллагуудад хэмнэлт нэрээр шууд зардлыг нь бууруулбал энэ цаг үед зохимжгүй. Мэдээж ард иргэддээ үйлчилж байгаа төрийн үйлчилгээний хувьд ажлын чиг үүрэг давхардсан, нэг хүн хийчих ажлыг гурван хүн хийж байгаа гээд асуудлууд байсан байх.

Мөн цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо нормоороо хэд билээ. Одоо бол хоёроос гурав дахин их хүүхэд байгаа ч тэнд нэг л багш ажиллаж байна. Гэтэл зарим төрийн албан хаагчдын цалин гурван сая давсан байхад багш, эмч, төрийн албан хаагч нарын цалин 300, 400 мянган төгрөгөөс эхэлж байх жишээтэй. Иймд төрийн албаны норм норматив, хэм хэмжээ, стандарт горимыг

нь нэг түвшинд оруулах, тэгэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, алслагдсан хөдөө гээд олон бодит нөхцөлд тулгуурлан зөв горимд оруулах хэрэгтэй.

-Танай намын зарим гишүүд төрийн бүтэц хэтэрхий данхайж байна. Тиймээс цомхотгох ёстой гэж ярьж байгаа. Үүнийг бодитоор хэрэгжүүлэх боломж бий юу?

-Сая төсвийн тодотголоор төсвийн орлого, зарлагын тоон мэдээллийг бодитоор авч төсвийн тэнцэл түүний алдагдлаас болж төсвийн урсгал зардлыг бууруулах асуудал яригдсан нь үнэн. Гэхдээ Засгийн газрын 16 яамыг 13 болгож яамдыг нэгтгэж давхардлыг арилгахыг зорьсон.

Ер нь цаашдаа аль ч нам төрийн эрхэнд гарч ирсэн төрийн чиг үүргийг хэвээр нь үргэлжлүүлээд авч явах нэгдсэн тогтолцоо чухал. Би өөрөө төрийн албанд олон жил ажилласан. Бас ч ажлын ачаалал их байдаг гэдгийг мэднэ. Эдийн засаг хэцүүхэн байгаа. Хямралыг даван туулах ямар гарц байна вэ?

-Хямралыг даван туулах гарцын талаар Засгийн газар хэлэлцэж шийдвэрлэсэн байсан. Энэ бол маш зөв алхам. Монголын төрийн үйл ажиллагааг явуулах гол орлого, эх үүсвэрийг бүрдүүлж байгаа татвар төлөгчид, баялаг бүтээгчид, үйлдвэрлэгчдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалж, төрөөс үзүүлэх хууль эрх зүйн орчинг нь зөв болгож, үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөлийг бүрдүүлж байж төр хямралаас гарч чадна. Энэ талаар дорвитой арга хэмжээ авч байгаад талархаж байна. Одоо бодит үр дүн л чухал.

-Энэ удаагийн парламент хамгийн олон эмэгтэй гишүүнтэй. Тэр утгаараа ямар ажил хийх бол гэсэн хүлээлт нийгэмд байна. УИХ дахь МАН-ын бүлгийн эмэгтэйчүүд юу хийх бол?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байж нийгмийн дунд байгаа тулгамдсан, бэрхшээлтэй олон асуудлын гол гогцоог тайлж нийгмийн олон талын эрх ашгийг хамгаалж, тэдэнд ээлтэй, шударга төрийн үйлчилгээг бий болгох ёстой гэж би хувьдаа үздэг. Нийгэмд хүлээлт байгааг мэдэрч ойлгож байгаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн нэгдлийг хангаж үг дуу хоолойг бүхий л түвшинд хүргэх, гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр ажиллахаар удирдлагаа сонгосон байгаа. Одоо хийх л үлдлээ.

-Нийгмийн аль ч салбарт асуудал тулгамдаж байна. Та өнөөгийн нийгмийг хэрхэн харж байна вэ?

-Сүүлийн үед шударга бус, ил тод бус үйлдэл газар авч ард түмнээ хуваасан, ангилсан, ялгасан ийм л нийгэм бидэнд үйлчилж байна. Би өөрөө хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байсан. Бүр баг, сум, аймагтаа энэ байдал илүү давамгай мэт гэж бодож байлаа. Хотын хүн болоод ирэхэд мөн л адил юм. Тэгэхээр үүнийг зогсоох хэрэгтэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх, үүргээ иргэн бүр тэгш хүртэх хэрэгтэй. Харин тэгш хүртэхийн тулд иргэн өөрөө ижил хөдөлмөрлөж, бүтээж, сурч боловсрох хэрэгтэй. Өнөөгийн болон ирээдүйн нийгмийг илүү сайхнаар харж байна. Тулгамдаж буй олон асуудлаа олж харсан улс орон дахиж цаашаа алдахгүй нь лавтай.

-Нэн даруй шийдвэрлэх ёстой ямар асуудал байна вэ?

-Хямралаас гарах, эдийн засгаа сэргээх, ард иргэд өрх гэр бүлийн эрхэлж буй бүтээгдэхүүн нь зах зээлд нэвтрэх, бэлэн мөнгөний гачаалаас гарах, ажлын байраар хангах гэхчилэн олон асуудал бий.

-Та УИХ-ын гишүүний ажлын гараагаа ямар ажлаас эхлэв?

-УИХ-ын гишүүнээр сонгогдоод хамгийн эхний ажлын гараагаа аймгийн нийгэм, эдийн засгийн үндсэн суурь судалгааг мэргэжлийн байгууллагад хандан хийлгэж байна. Энэхүү судалгаанд үндэслэн тулгамдаж буй асуудал, суурь, гарц шийдэл гээд олон асуудал бидний өмнө гарч ирнэ. Ер нь аймгийнхаа ирээдүйн хөгжлийн талаар бие даасан хөтөлбөр боловсруулж, салбар чиглэл бүрээр хийх ажил ид өрнөж байгаа. Аймгийнхаа боловсрол, эрүүл мэндийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхийн төлөө зорьж байна. Мөн хөдөө аж ахуйн салбараа хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг бодож тооцоолж байгаа. Ер нь бидэнд боломж байна.

-Сая ээлжит бус чуулган завсарласны дараа тойрогтоо очиж ажилласан гэсэн. Ямар ажил амжуулаад ирэв?

-Аймгийн Засаг дарга, удирдлагуудтай хамт нутгийнхаа

ард иргэдтэй уулзлаа. Тэднийхээ амьдрал ахуйтай танилцлаа, зохих асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тойрогтоо 12 хоног ажиллаад ирсэн. Шийдвэрлэх ёстой олон нийтлэг асуудал бий. Одоо төр засгийн байгууллагадаа уламжилж ажил хэрэг болгох л үлдлээ дээ.

-Танай тойргийн сонгогч олны өмнө тулгамдаж буй асуудал юу байна вэ. Хэрхэн шийдвэрлэх боломжтой вэ?

-Төсөв мөнгөний хүрэлцээ муу, төрийн сангийн тогтолцоо хүнд, хүүхдийн хувьсах зардал, норм норматив гээд олон асуудал байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, цалин хөлсийг нэмэгдүүлэх, банкны зээлийн хүүг бууруулах, малчдын амьдралд бодитой нүүрлэж байгаа хямралыг зогсоох, үнэгүйдлийг арилгах шаардлага байна. Улсын хэмжээнд үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчин нөхцөл харилцан адилгүй, шударга бус байна гэж иргэд ярьж байна. Зохих түвшинд шийдвэрлүүлэхийн төлөө ард түмнээ төлөөлөн УИХ-д ажиллаж байгаа хүний хувьд асуудлаа хариуцсан яамдад нь уламжилна. Засгийн газартаа уламжилж бодлого шийдвэрт тусгуулах л чухал юм даа.

-Та шинэ парламентад орж ирсэн “битүү” гишүүдийн нэг. Хаана, ямар сургууль төгссөн бэ?

-Энэ үгийг би ер хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр УИХ-д анх удаа гишүүн болсон ч гэлээ Өмнөговь аймагтаа бол өнгөрсөн хугацаанд эрхэлж буй ажил, албаараа олны танил болсон хүн. 1999 оноос хойш аймагтаа ажиллаж боловсролын салбарт гурван жил, санхүүгийн салбарт зургаан жил, улс төрийн салбарт найман жил ажилласан. Аймгийн санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад төрийн албаны тухай хуулийн дагуу 2008 онд өргөдлөө өгөн аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр нэр дэвшиж хоёр удаа улиран сонгогдож аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан. Улс төрийн намдаа бол залуучуудын байгууллагын нарийн бичгийн дарга, аймгийн намын хороонд үүрийн дарга, аймгийн намын хорооны дэд дарга, намын даргаар ажиллаж байсан. Би МУИС-ийг төгссөн. Багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр. Мэргэшсэн нягтлан бодогч. Өөрийгөө товч танилцуулахад ийм байна.

-Ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гуравдугаар сургуульд физик, математикийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. Олон сайхан шавьтай.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Цагаан заан шиг толгод

Эрбор голын хөндий дагуу намхан толгод сунайн цавцайх ажээ. Хөндийд тусах ямар ч сүүдэр, ганц ч мод үгүй бөгөөд наранд гялтганан үзэгдэх төмөр замын хоёр тийшээ чиглэсэн шугамын яг голд өртөө байна. Өртөөний ойролцоо замын эсрэг талд нэгэн барилгын бүгчим сүүдэр үзэгдэх бөгөөд тэнд байх уушийн газрын нээлттэй үүдэнд ялаанаас сэргийлсэн, хэлхмэл хулсан хөшиг дүүжилжээ. Нэгэн америк эр хамт яваа бүсгүйтэйгээ байшингийн гадна талын сүүдэрт тавьсан ширээнээ сууна. Тэсэхүйеэ бэрх халуун, Барселоноос буухиа галт тэрэг иртэл ахиад дөчин хормын зай үлджээ. Мөнөөх галт тэрэг энэ зангилаан дээр хоёр хором зогсоод Мадрид руу хөдөлдөг юм.

-Би тэгээд юу уух билээ? хэмээн бүсгүй асуув. Тэгээд бүрх малгайгаа авч ширээн дээр тавилаа.

-Овоо халуун байна шүү гэж эр нь хэлэв.

-Шар айраг ууя даа.

-Dos cervezas гэж эрэгтэй хөшигний цаад руу хандан дуугарлаа.

-Томоор уу? гэж үүдний хонгилоос эмэгтэй хүн асуух дуулдав.

-Тийм ээ, хоёр томыг.

Үйлчлэгч эмэгтэй хоёр аяга шар айраг, хоёр зөөлөвч тавиур авчирлаа. Авчирснаа ширээнд тавихдаа хархүү, бүсгүй хоёрыг ажив. Бүсгүй цуварсан толгодыг ширтэн суух ажээ. Тэдгээр толгод нарны гэрэлд цавцайн гялалзах бөгөөд хөндий тал нэлэнхүйдээ бор, хуурай гандуу харагдана.

-Яг л цагаан заанууд шиг харагдаж байна гэж бүсгүй хэллээ.

-Би заан ер үзээгүй л дээ гэх зуураа хархүү нь шар айргаа балгав.

-Үгүй, чи тийшээ харсангүй шүү дээ.

-Харалгүй яахав дээ, чи л намайг харсангүй гэж хэлж байгаа болохоос хэмээн хархүү өгүүлэв.

Бүсгүй хэлхмэл утсан хөшгийг ажиглав.

-Тэнд нэг юм биччихэж. Юу гэж байна?

-Anis del Toro. Энэ уух юмны нэр байна.

-Амсч үзвэл яасан юм бэ?

Хархүү хөшигний цаад руу “Үйлчлэгч ээ” хэмээн хашгирахад, нөгөө эмэгтэй уушийн газраас гарч ирээд:

-Дөрвөн реал гэлээ.

-Бидэнд “Anis del Toro” хоёрыг авчраад өгөөч.

-Устай авах уу?

-Чи устай авмаар байна уу?

-Мэдэхгүй ээ, усаар шингэлж уувал зүгээр байдаг юм уу гэж бүсгүй асуулаа.

-Тэр нь дээр л дээ.

-Тэгэхээр та хоёр устай авна гэсэн үг үү хэмээн бүсгүй лавлав.

-Тэгье ээ, устай авъя.

-Энэ яг эмийн ургамал шиг амттай юм гээд бүсгүй аягаа тавив.

-Юм болгон л чамд тийм амтагдах юм аа даа.

-Харин тийм. Үнэхээр уусан болгон л ийм амттай байна шүү. Ялангуяа, чиний удтал мөрөөдөөд явсан нөгөө абсент шиг… гэж бүсгүй битүү егөөдөв.

-За, наад яриагаа больчих л доо.

-Чи л эхэлсэн биз дээ. Би зүгээр л тоглоод хэлж байхад чинь. Би аль болох зугаатай байя л гэсэн юм хэмээн бүсгүй маргалаа.

-За за, тэгвэл зугаатай байх гээд оролдъё л доо.

– Тэгье ээ. Би бол оролдсон шүү. Тэр толгодыг цагаан заан шиг харагдаж байна гэж хэлсэн. Цавцайгаад, тийм л байгаа биз дээ?

-Нээрэн ч цавцайж байна шүү.

-Энэ ундааг амсч үзье гэсэн санааг бас л би гаргасан. Ийшээ тийшээ харж сонирхож, ууж үзээгүй зүйлээ амсч үзэхээс өөр одоо юу хийх юм бэ, тийм биз дээ?

-Тийм ээ, чиний зөв.

Бүсгүй толгодыг дагуулан ширтлээ.

-Үнэхээр гоё толгод юм аа. Яг ч цагаан заан биш л дээ. Моддын чөлөөгөөр зааны арьс үзэгддэг шиг л тиймэрхүү өнгөтэй мэт надад санагдсан юм.

-Хоёулаа өөр юм ууж үзэх үү?

-Тэгье.

Халуун салхи хэлхмэл хөшгийг ширээний өөдөөс хийсгэв.

-Шар айраг ч сайхан сэрүүцүүлчихлээ шүү гэж хархүү хэллээ.

-Ёстой сайхан байна гэж бүсгүй хэлэв.

-Энэ бол ердөө л гар хурууны үзүүрийн, байдаг л зүйл шүү дээ, Жийг. Ямар мэс засал биш гэж хархүү дуугарлаа.

Бүсгүй тонгойж, ширээний хөл тулсан газар луу ширтэв.

-Чи нэг их айж сандраагүй биз дээ, Жийг? Айх ч юу байхав дээ. Тэд ердөө нээгээд агаар оруулах л төдий юм чинь.

Бүсгүй дуугарсангүй.

-Би чамтай цуг очоод, дуусан дуустал нь дэргэд чинь байна аа. Тэгээд ердөө бага зэрэг агаар оруулаад л, тэгээд бүх зүйл номоороо болно.

-Тэгээд бид дараа нь яах билээ?

-Бүх зүйл сайхан болно оо. Бид яг л урьдынх шигээ байх болно.

-Яагаад чи тэгж бодож байгаа юм бэ?

-Энийг л давчихвал бидэнд шаналах зүйл үлдэхгүй. Биднийг зовоож байгаа цорын ганц зүйл бол энэ л байна шүү дээ.

Бүсгүй сүлжмэл хөшиг рүү ширтсэнээ, гараа сунгаж, хэлхсэн хоёр унжуурга барин имэрч үзэв.

-Тэгвэл бүх зүйл маань хэвэндээ орж, жаргалтай болно гэж чи бодож байна уу?

-Тэгэлгүй яахав дээ. Чамд айх юм ерөөсөө байхгүй. Өчнөөн л хүмүүс ийм зүйл хийлгэдэг.

-Тийм л байх л даа гэснээ бүсгүй:

-Тэгээд дараа нь цөмөөрөө маш их жаргалтай болцгоодог байх хэмээлээ.

– За за, чи хүсэхгүй байгаа бол хэрэггүй ээ. Чамайг огт хүсээгүй байхад би албадмааргүй байна. Уг нь маш энгийн зүйл л дээ гэж хархүү хэлэв.

-Чи үнэхээр үүнийг хүсэж байна уу?

-Минийхээр бол энэ л хамгийн зөв алхам. Гэхдээ чи үнэхээр л хүсэхгүй байгаа бол хийлгэх гэхгүй ээ.

-Хэрвээ чи намайг хийлгэчих юм бол чи жаргалтай болж, бүх зүйл урьдынх шигээ байж, чи намайг хайрлах уу?

-Би одоо ч чамд хайртай. Намайг чамд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ.

– Мэднэ л дээ. Гэхдээ хэрэв би үүнийг хийвэл, бүх зүйл эргээд сайхан болж, жишээ нь, хэрэв би зарим зүйлс цагаан заан шиг харагдаж байна гэж хэлбэл чамд тэр бүхэн сайхан санагдах уу?

-Би тиймэрхүү зүйл ярихад чинь дургүй шүү дээ. Надад одоо ч тэр толгод сайхан харагдаж байна. Зүгээр, би яг одоо энэ тухай бодож чадахгүй байна л даа. Сэтгэл санаа тавгүй байгаа үед яаж төвлөрөх билээ, чи ойлгож байгаа шүү дээ.

-Хэрэв би үүнийг хийх юм бол чиний сэтгэл санаа тавгүйтэхээ болих уу?

-Энэ маш энгийн зүйл болохоор миний санаа зовоод тавгүйтээд байгаа юм ч алга л даа.

-Тэгвэл би хийлгэнэ ээ. Надад өөрт ямар байх нь огт хамаагүй.

-Юу гэсэн үг вэ?

-Би өөртөө бол санаа зовохгүй байна.

-За, боль доо, би чамд санаа зовж л байна шүү дээ.

-Өө тэгэлгүй яахав. Харин би өөртөө санаа зовохгүй байна. Би үүнийг хийнэ, тэгээд бүх зүйл сайхан болно.

-Хэрэв чи ийм бодолтой яваа бол би чамайг хийгээсэй гэж хүсэхгүй байна.

Бүсгүй босоод төмөр замын буудлын нэг булан руу дөхөсхийв. Нөгөө талаар уулс хөшилдөнө.

Үүлэн сүүдэр тариан талбай дээгүүр хөвж, моддын чөлөөгөөр голын ус гялтганахыг тэрээр олж харлаа.

-Бид энэ бүхнийг давж гарна. Тэгээд бид хүссэнээрээ байх болно, хойшид бид өдөр бүр үүнийг хийх боломжгүй болно хэмээн тэр хэлэв.

-Юу гэнэ ээ?

-Бид хүссэнээрээ байх болно л гэсэн юм.

-Бидний өмнө бүхий л ертөнц нээлттэй байна.

-Үгүй дээ, тийм биш.

-Бид дуртай газар руугаа явах болно.

-Тийм биш ээ. Юу яасны дараа бол бидэнд хамаагүй шүү дээ.

-Энэ бол биднийх байсаар байх болно.

-За, үгүй дээ. Нэг л удаа тэд аваад, тэгээд л гүйцээ. Ахиж чамд бий болохгүй.

-Гэхдээ тэд авчихаагүй л байгаа шүү дээ.

-Бид хүлээж, давж гарах болно.

-Алив, буцаад сүүдэрт ор. Чи ийм зүйлс бодохоо боль гэж хархүү хэлэв.

-Би юу ч бодоогүй ээ. Зүгээр л мэдэж байна гэж бүсгүй хэллээ.

-Чиний хүсэхгүй байгаа зүйлийг чамаар хийлгэхийг би хүсэхгүй ээ.

-Надад тийм ч сайхан байхгүй гэдгийг би мэдэж байна аа. Алив, ахиад шар айраг авах уу хэмээн бүсгүй дуугарав.

-Тэгье. Гэхдээ чи бас ойлгох хэрэгтэй…

-Би ойлгож байгаа. Ерөөсөө энэ яриагаа боливол яасан юм бэ гэж бүсгүй ундууцлаа.

Тэд ширээндээ сууцгааж, хөндийн гандуу хуурай хэсэг дэх толгодыг бүсгүй ажиглан, харин хархүү бүсгүй рүү, бас ширээ рүү ширтэх ажээ.

-Хэрэв чи өөрөө хүсэхгүй байгаа бол чамайг үүнийг хийгээсэй гэж би хүсэхгүй ээ гэдгийг чи ойлгосон шүү дээ. Чамайг хүссэн тохиолдолд л би сая зориглож чадна гэж тэр хэлэв.

-Чамд тэгээд ямар ч хамаагүй хэрэг үү? За, одоо маргалдахаа больё.

-Мэдээж надад хамаатай. Гэхдээ одоогоор надад чамаас өөр хэн ч хэрэггүй. Би өөр хүн хүсэхгүй байна. Тэгээд ч энэ бол гар хурууны үзүүрийн ажил гэдгийг мэдэж байна.

-Тийм ээ, чинийхээр бол гар хурууны үзүүрийн л ажил.

-Чиний ингэж хэлэх ч зөв л дөө.

-Яг одоо чи миний төлөө ямар нэгэн зүйл хийх үү?

-Чиний төлөө би юуг ч хийнэ.

-Тэгвэл, бурхан минь энэ яриагаа больж үз, больж үз, больж үз гуйя.

Хархүү юу ч хэлэлгүй өртөөний хана түшүүлэн тавьсан цүнх тээш рүүгээ харан суув. Тээшин дээр нь тэдний хоног төөрүүлсэн бүхий л зочид буудлын хаяг наалттай байлаа.

-Гэхдээ би чамд үүнийг хүсэхгүй байна аа. Ер нь энэ тухай бодохыг ч хүсэхгүй байна гэж тэр хэлэв.

-Би хашгирч чарлах байх аа гэж бүсгүй хэллээ.

Үйлчлэгч бүсгүй хөшигний цаанаас хоёр шар айраг барин гарч ирээд, чийгтсэн жийргэвч дээр тавив. Тэгээд:

-Галт тэрэг таван хормын дараа ирнэ гэжээ.

-Юу гэсэн бэ хэмээн бүсгүй асуулаа.

-Аа, галт тэрэг таван хормын дараа ирнэ гэнэ ээ.

Бүсгүй мөнөөх эмэгтэйн зүг талархан инээмсэглэв.

-Би цүнхнүүдээ буудлын нөгөө талд гаргачихъя даа хэмээн хархүүг хэлэхэд, бүсгүй түүн рүү мөн инээмсэглэжээ.

-За за, тэгээд буцаад ирээрэй, шар айргаа дуусгая.

Хархүү нэлээд хүнд хоёр цүнхийг өргөж, өртөөний байрыг тойрон авч явсаар нөгөө зам дээр аваачиж тавив. Тэрээр зам руу хараа сунгасан ч, айсуй галт тэрэгний цуваа үзэгдэхгүй л аж. Галт тэрэг хүлээнгээ юм ууцгааж суугаа хүмүүсийн дундуур тэрээр уушийн газраар дамжин буцаж алхлаа. Баарны лангуун тушаа зогсоод тэр Anis уунгаа хүмүүсийг ажиглана. Цөмөөрөө л галт тэрэг хүлээж буй нь илт. Тэрээр унжуурга хөшгийг яран гарлаа. Бүсгүй ширээн дээрээ сууж байх бөгөөд түүнийг хармагцаа инээмсэглэв.

-Зүгээр биз гэж асуухад нь бүсгүй:

-Зүгээр ээ. Санаа зоволтгүй, тайвширчихлаа гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Афганистанд үүрэг гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад шагнал гардууллаа

Дэлхийн халуун цэг Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад Монгол Улсын зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийнхэн үүрэг гүйцэтгээд иржээ. Тодруулбал, дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ захирагчтай цэргийн хамгаалалтын дайчид Афганистанд долоон сар орчмын хугацаанд үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн байна.

Эдгээр цэргийн бие бүрэлдэхүүнийг төр засаг, цэргийн удирдлагаас даалгасан үүргийг амжилттай биелүүлсэн учраас Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон медалиар шагнахаар болсон. Төрийн дээд одон медаль гардуулах ёслол өчигдөр Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд болсон юм.

Энэ үеэр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж “Та бүхэн зургаан сар гаруй хугацаанд дэлхийн халуун цэг болох Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад, төр засгийн итгэл найдварыг өвөртлөн, тангараг өргөсөн. Цэрэг хүний ёсоор тус орны ард түмэнд эв нэгдэл, тогтвортой байдлыг бий болгох үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, мөр зэрэгцэн алба хааж байгаа бусад орны дайчдад эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалттай байхын үлгэр дуурайлыг харуулж чадсан явдалд та бүхнээр бахархаж байна. Мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болох үйл хэрэгт та бүхний оруулсан хувь нэмэр их гэдгийг энд онцлон хэлье. Дэлхийн улс орнууд гавьяа байгуулсан цэргийн алба хаагчдаараа бахархаж, төрийн ивээл хүртээн шагнаж урамшуулдаг ёс эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байдаг. Зөвхөн шагнаж урамшуулаад өнгөрөх биш тэдний үйл хэргийг залуу хойч үеийнхэндээ сурталчлан таниулах нь чухал юм” гэв.

Нийтдээ 100 гаруй цэргийн албан хаагчдад энхийн төлөө одон, Батлан хамгаалах яамны бусад медалийг гардуулсан юм.

Ингээд энэ удаагийн энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн хошууч Б.Хуягбаатартай цөөн хором ярилцлаа.

-Энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу. Өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд явж байсан уу?

-Сэтгэл өндөр байна. Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд оролцож, үүргээ амжилттай сайн биелүүлээд ирлээ. Салбарын одон медалиар шагнуулсандаа баяртай байна. Нийт шагнал авсан цэргийн алба хаагчдадаа баяр хүргэе.

-Хэдэн сарын хугацаанд үүрэг гүйцэтгэсэн бэ?

-Бид энэ оны хоёрдугаар сард явсан. Долоон сар гаруй үүрэг гүйцэтгээд энэ сарын 28-ны өдөр эх орондоо ирлээ.

-Афганистан бол дайнтай орон. Нөхцөл байдлын хувьд хүнд байсан уу?

-Бид Афганистанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний гуравдугаар ээлжийн дэд хурандаа А.Төгс-Эрдэнэ захирагчтай цэргийн хамгаалалтын ротын дайчид бид шалган нэвтрүүлэх байран дээр үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн ажиллагаа хэвийн байсан. Афганистанд цагийн байдал тогтворгүй байсан ч бид үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирлээ. Хэдийгээр гүйцэтгэх хугацаа сунгагдаж ажилласан ч манай цэргийн алба хаагчид бэлтгэлтэй байсан юм. Манай энхийг сахиулагчдын 80 орчим хувь нь өмнө нь ажиллагаанд оролцож байсан туршлагатай. Тиймээс нэг цул хамт олон болж, нэгнээ дэмжин тэтгэж, үүрэг даалгавар бүрт хянамгай хандаж ажллалаа.

Би өмнө нь 2007-2008 онд Иракийн эрх чөлөө ажиллагаанд оролцож байсан. Урьд нь ажиллагаанд явж байсан учраас туршлагатай. Бусад залуучууддаа тусалсан. Анх удаа энхийг сахиулах ажиллагаанд явсан цэргүүд маань харьцангуй чадварлаг байсан гэж бодож байгаа.

Тус ажиллагааны энхийг сахиулах үйлсэд анх удаа оролцсон дэд ахлагч Т.Буяндэлгэр туршлага хуримтлуулаад ирсэн бол дөрөв дэх удаагаа оролцсон хошууч Э.Сэрээтэр ур чадвараа улам нэмэгдүүлээд ирсэн.

Цэргийн багийн орлогч дарга, хошууч Э.Сэрээтэр:

-Афганистаны Кабул хотын олон улсын цэргийн баазад харуул хамгаалалтыг хариуцаж ажилласан. Ажиллагааны газар орон тийм ч тогтвортой байсангүй. Ялангуяа, дулааны улирал эхлэхээр цагийн байдал хүндэрч байсан. Афганистанд амиа золиослогчид, аюултай халдлагууд болон иргэний дайнтай байсан. Энэ үеэр манай цэргүүд аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжээ алдалгүй оновчтой зөв шийдвэр гаргаж, хамгаалалтын үүргээ гүйцэтгэлээ. Багийн захирагч маань бүрэлдэхүүнээ удирдан ажиллахдаа чадварлаг байсан шүү.

Миний хувьд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид ажилладаг, энхийг сахиулах ажиллагаанд дөрөв дэх удаагаа оролцож байна. Нэг дуулгах сайхан мэдээ гэвэл үүрэг гүйцэтгэж байхад эхнэр маань амаржиж бүл нэмсэн байгаа. Ажиллагааны хугацаанд манай цэргийн багаас есөн цэргийн алба хаагч шинэ хүнтэй боллоо. Гэр бүл, ах дүүс, найз нөхөд, хамт олонтойгоо уулзсандаа баяртай байна гэв.

Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахмад Д.Цэнд:

-Эх орондоо ирсэн чинь намрын урь орчихсон сайхан байна шүү. Бид анх ийм цаг үед эх орон, Зэвсэгт хүчнээсээ үүрэг аваад нисч байлаа. Харин өнөөдөр тэр үүргээ биелүүлчихээд ирж байгаадаа баяртай байна. Гэр бүлийнхэнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөлж байлаа. Гэр бүлээ их санасан байна” гэсэн юм.

Зэвсэгт хүчний 303 дугаар ангид нисдэг тэрэгний механикч Б.Ган-Эрдэнэ:

-Үүрэг гүйцэтгэх бүх зүйл хэвийн байсан. Монгол хүн бусдаас ялгарах давуу онцлогуудтай байдаг. Тийм ч учраас монгол цэргүүд маань дасан зохицох чадвар сайтай байлаа. Хэцүү үе байсан. “Сэтгэлийн хүчээр мянгыг, биеийн хүчээр нэгийг ялна” гэдэг үг байдаг. Энэ үгийг бодож, тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй байлаа. Эзэн хичээхэд амжилт ирдэг юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Харин түүний ээж Б.Энхтуяа “Сэтгэл өндөр байна. Энэ олон аавын хүүтэй миний хүү мөр зэрэгцээд яваад ирсэнд баяртай байна. Манайхан Дорнод аймгийнх. Хүүгээ энхийг сахиулах ажиллагаанд оролцож байхад нь холбоотой байсан. Хүүдээ урам зориг их өгдөг байсан даа гэв.

Б.Уранчимэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо

Засаг хэвтрийн өвчтөн шиг болсон эдийн засагтаа амь тариа хийхээр шийджээ. Амь тариа болохоос эдийн засгаа тэлэх, бизнесээ дэмжих алхам биш гэдгийг онцолъё. Амь тариа гуйх газар нь ОУВС. Авахаас аргагүйд хүрсэн амь тариа нь “Стэнд бай”. Вашингтон руу ниссэн Төв банкны ерөнхийлөгчийн томилолтын нэг зорилго нь энэ. Монголбанкны тэргүүн жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд урьдынхаараа л оролцоод ирнэ гэж харвал хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ОУВС-гийнханд санаагаа цухуйлгаад ирэх нь нэгэнт тодорхой болчихсон.

Засаг уг нь арай ухаалаг алхам хийсэн бол ингэж царай алдахгүйгээр урагшилж болох бодитой гарцууд бидний өмнө байлаа. Гэвч цаг хугацааг ухрааж болох биш, төрд ажиллагсдын цалинг тавьж хүчрэхээ болтлоо туйлдсан төсвийн алдагдал, нэмэгдэх шинжгүй дүнсийж буй гадаадын хөрөнгө оруулалт, хугацаа нь хариугүй дөхсөн бондын эргэн төлөлт, Сангийн сайдын мэдэгдлээс хойш өндрөө авсан засгийн бондын хүү, 2290 төгрөг хүрч цойлсон долларын галзуурал, том төслүүдээ хөдөлгөх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй засгийн хойрго байдал “Стэнд бай” авахаас аргагүйд хүргэчихлээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэвэл энэ. Ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлийг “тусгай” хөтөлбөр хэрэгжүүлж давахаас аргагүйгээ учирлаж, ОУВС-гаас Улаанбаатарт ирэх ажлын хэсгийнхэнтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдчихсэн болохоор “Стэнд бай” нэг их удахгүй эхэлж таарна.

“Стэнд бай” бол ОУВС-гийн гишүүн орнууддаа туслах зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр. Богино хугацаанд бий болоод байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилготойгоор үзүүлдэг тусламж. Гишүүн орнууд нь хүсэлт гаргаснаар хөтөлбөрийн үйл явц эхэлдэг гэж үздэг. Дараа нь ОУВС-гийн зөвлөхүүдтэй улсынхаа эдийн засаг ямар байгаа талаар яриа хөөрөө өрнүүлнэ. Эцэст нь бодлогын ямар арга хэмжээ авахаа тохирно. ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлд хэлэлцэж тохирсон бодлогын арга хэмжээнийхээ танилцуулгыг “Letter of Intent” буюу захиа хэлбэрээр явуулах нь дараагийн хийх алхам. Бас яг ямар байгаагаа, бодлогын арга хэмжээг яг яаж яаж хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй гэгч нь танилцуулна. ОУВС-гийн зөвлөл толгой дохивол хөнгөлөлттэй зээл үе шаттайгаар олгогдож эхэлнэ. Нэг дор бөөнд нь биш, өгөх мөнгөө хэсэгчлэн хувааж олгоно гэсэн үг. Гэхдээ нэг болзолтойгоор. Тохирсон бодлогоо яг таг хэрэгжүүлбэл амласан цаг хугацаандаа өгсөөр байна, хэрэгжүүлэхгүй бол “уучлаарай, та нар хэлснээсээ буцчихлаа” гээд буруу харна.

ОУВС зээл олгохоосоо өмнө хоёр төрлийн нөхцөл тохирдог. Эхний нөхцөл нь макро эдийн засагт хамаатай. Юуны түрүүнд инфляцийг зорилтот түвшинд барих, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг бууруулах, Төв банкны гадаад нөөцийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөлүүдийг тавьдаг. Хоёрт нь банкны хяналт шалгалтыг сайжруулах, татварын системийг шинэчлэх, төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангах, нийгмийн хамгааллын бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөл бий. ОУВС-гийн бидэнд санал болгож байгаа нөхцөл ер нь бол ойлгомжтой. Халамжийн бодлого дээр хэт бага орлоготой иргэдийг хамгаалах гэсэн нөхцөл тавих нь тодорхой. Халамжийг хавтгайруулах биш, хоногийн хоолоо залгуулах төдий иргэдээ түлхүү анхаар гэх байх. Хүүхдийн мөнгө авдаг айлын тоо лав эрс цөөрнө.

Дараагийн даалгавар нь мэдээж төсөв рүү чиглэнэ. Төсвийн бүх зарлагыг нэг дор төвлөрүүл гэнэ. Төсвөөс элдэв замаар хулгай хийдэг улстөрчдийн боломж хумигдана гэдэг талаасаа бол эерэг алхам. Төсөв танагдахаар төрийн албан хаагчдын тоо эрс багасч, олон хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү орж таарна. Засгийн гаргасан бонд хүртэл төсвийн алдагдалд багтаж, өр, зээлийн хүрээ хязгаар яригдаад эхлэхээр нэг эрсдэл гарч ирнэ. Хамгийн том эрсдэлийг үүрэх хүмүүс нь бизнесийнхэн.Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчид. Санхүүжилтээр цангасан, зээлээ эргэн төлж чадахгүй зүдэрч яваа бизнесийнхэнд дажгүй хүүтэй зээл авах боломж улам бүр хумигдана гэсэн үг. Дотоодын арилжааны банкуудаас жилийн хориод хувийн зээл авч мачийтлаа зүтгэдэг хувийн хэвшлийнхэнд засгийн олон улсын зах зээлээс босгож ирсэн бага хүүтэй мөнгө л амин хэрэгцээ байсан. Нөхцөл байдал сайжирч, засаг зөв менежмэнт хийгээд эхэлбэл бага хүүтэй бонд босгох боломж бидэнд бий. Эргэлзээ нь арилаагүй хөрөнгө оруулагчдын хувьд одоохондоо засгаас бонд гаргавал л итгэж мөнгөө өгч магадгүй гэсэн найдлага бас байгаа. Засгаас том төслүүдээ хөдөлгөх ч юм уу, ямар нэг эерэг алхам хийчихсэн бол хямд хүүтэй бонд гаргаад дажгүй мөнгө олох боломж бидний өмнө байсан. Өнөөдөр бол “no” болсон л доо. Гэхдээ итгэл нь алдарсан хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зүйлд л мөнгөө оруулж мэднэ, тэр нь засгийн бонд гэдгийг ор тас анхаарахгүйгээр орхиж болохгүй.

ОУВС мөнгөний бодлого дээр мэдээж эн тэргүүнд инфляцийг онцолно. Төв банк инфляцийг найман хувьд барина гэдгээ зарлаад байгаа. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүл, ханш зах зээлийн зарчмаар уян хатан тогтох ёстой шүү гэж сануулах нь ойлгомжтой. Монгол банк бодлогын хүүгээ огцом нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлчихсэн. УИХ-д өргөн барьсан мөнгөний бодлогын төсөлдөө ханшийг зах зээлд нь даатгана, огцом савлагаа гарвал л зохицуулна гээд тов тодорхой заасан байгаа. Тэгэхээр ОУВС-гийн мөнгөний бодлого дээр шаардах нөхцөлүүдийг бид хангачихсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг дэмжих талд анхаарах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, сайн засаглалыг дэмжих гэсэн нөхцөлүүд бас бий. Урт хугацаандаа баялгийн сангийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, аж үйлдвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх энэ тэр гэсэн нөхцөл байгаа.

2009 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай”-д инфляци нэг оронтой тоонд орсон, огцом суларсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан гэх мэт давуу тал байгаа ч анхаарч харахаар нэг өнцөг бий. “Стэнд бай” хэрэгжсэнээс хойш жилийн хугацаанд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ерөнхийдөө сайн, ажилгүйдлийн түвшнээс бусад нь дажгүй гарсан гэдэг. Төсвийг хэт танаж, хямд хүүтэй бонд гаргах замыг хааж, мөнгөний бодлогыг хатууруулчихаар эдийн засаг хумигдаж таарна. Эдийн засаг хумигдахаар ажлын байр багасах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг л тодорхой зүйл. Яг нарийндаа ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлж байж л Дорж, Дулмаагийн орлого нэмэгдэж, бултаараа сайхан аж төрнө. Товчхондоо зээлээ төлж чадахгүй тэвдэж яваа, үлдсэн цөөхөн ажилтнаа халчихгүй юмсан гэж толгойгоо өвтгөж суугаа, хямд эх үүсвэртэй зээл, санхүүжилт хайж байгаа хувийн хэвшлийнхэн “Стэнд бай” хөтөлбөрийн хатууг үүрнэ. Гэхдээ шургаж унах гэж буй төсвөө амилуулж, ноён ногооныг тавиад туучихгүйн тулд одоохондоо бидэнд энэ хөтөлбөр шиг хэрэгтэй юм алга шиг байна. “Стэнд бай”-г амь тариа гээд байгаа нь ийм учиртай. Хэвтэрт орсон өвчтөн шиг болчихсон эдийн засгийг үхүүлчихгүйгээр торгоож барих л арга. 2009 оны хямрал гэснээс тэр үед “Оюу толгой” гэдэг аварга төсөл хэрэгжсэн нь бидний хувьд зол болсон. Тухайн үед хэрэгжсэн “Стэнд бай” сайнаар дурсагдах нь Оюу толгойн нөлөө ч байсан гэх гээд байна л даа. ОУВС-гаас Грек, Кипр зэрэг орнуудад хэрэгжүүлсэн “Стэнд бай”-г тойрсон шүүмжлэлийг ч “эдийн засгийг хумьсан учраас” гэсэн тайлбар дагадаг. Гэхдээ 2009 оноос хойш ОУВС зээлийн нөхцөлөө харьцангуй уян хатан болгож, бага орлоготой иргэдийг хамгаалах, нийгмийн хамгааллын бодлогыг авч үлдэхэд голлон анхаарч ирсэн гэх тайлбар бий. Хэлцэл цааш хэрхэн өрнөх, ОУВС бидэнд ямар нөхцөл тавих, бид ямар санал өгөх нь одоогоор тодорхой биш байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Нийслэлийнхний алхдаг БОГД УУЛЫН ЖИМЭЭР

Зайсангийн цаахна, Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийнхэн тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт манай сурвалжлах баг Богд руу авирсан юм.

Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз тогтоожээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны санаа аж.

Өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихэж. Зуун метр зайд хорь орчим хүн алхаж байсан гээд бодохоор өглөө эртлэн цэвэр агаар амьсгалах хүмүүс хоёр, гурван жилийн өмнөхөөс лав эрс өсчээ. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгааж байв. Тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Жаран настай гэнэ. Долоо хоногийн таван өдөр ууланд алхдаг юм байна. Зургаан жил алхаж байгаа гэж сонирхуулав. Бие нь муудаад ууланд алхаж эхэлжээ. Тал харвасан, даралт өндөр, 127 килограмм жинтэй гээд нэлээд асуудалтай байж. Зайсангийн нэг кафед сууж байхдаа ууланд алхдаг хүмүүс байдгийг олж мэдээд л авирч эхэлсэн гэж ярилаа. Одоо бие нь ямар нэг зовиургүй болж, 42 килограмм хаяжээ. “Ажлын өдөр хүн цөөтэй учраас оройхон, өглөөний долоо өнгөрөөгөөд гардаг юм. Амралтын өдөр хүн ихтэй учраас таван цаг гээд гарна. Өвөл явах хачин сайхан. Орой дээр нь гараад биеэ цасаар угаана.

Харзны усаар угаана. Эхээс нь ус аваад уулан дээр очоод биеэ угаадаг юм. Миний үүргэвчинд хоосон сав байгаа. Биеэ угаачихаад буугаад ирнэ дээ” гэж байна. Эхлээд уулын оройд гарч чадалгүй, 300 гаруй метр яваад бууж ирдэг байжээ. Одоо бол нэг ч амрахгүйгээр оройд нь гарчихдаг юм байна. Ууланд аялагчид ихэссэнд олзуурхаж явдгаа ч хуваалцав. Анх ууланд алхаж эхлэхэд нь дөч, тавиад хүн л гардаг байж. Харин одоо амралтын өдрөөр 2000-3000 орчим хүн алхдаг болсон гэнэ. Хашир уулчид хүн ихтэй амралтын өдөр эртээ гэгч нь алхчихаад буугаад ирдэг байна. Улаанбаатарт амьдардаг болон аялж жуулчилж яваа гадныхан ажлын өдрөөр түлхүү явдаг аж. Хүн цөөтэй үед нь алхах гэж ажлын өдрийг зориуд сонгодог бололтой.

Замын танил маань “Хагас, бүтэн сайн өдөр оройхон алхахаар хүн битүү. Мөргөлдчих нь холгүй юм болно шүү дээ. Найз нарыгаа алхъя гэж зөндөө гуйдаг ч ганц нэг яваад шантарчих юм. Өнгөрсөн баасан гаригт бороотой байсан даа. Улаанбаатар хот сая 200 мянган хүн амтай. Бүгдээрээ залхуу, тэнэг, арчаагүй биш баймаар. Би ганцаараа алхаж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодлоо. Бууж байхад тээр доор ганц нэг хүн таарсаан таарсан. Ууланд гардаг улсын хувьд бороо, цас, шавар шавхай хамаагүй. Уг нь бүтэн сайны өглөө доор байгаа амралтын газрын зогсоол пиг болдог. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн ням гаригт гуч, дөчөөдхөн хүн гарч байх жишээний. Бороотой болохоор тэгдэг шиг байгаа юм” гэж хэлээд шалмаг алхсаар явж одов. Тавь, жар, далаад насны байнга гардаг улс их байдаг гэнэ.

Уулын бэлээс өгсөхөд сэрүүвтэр, салхитай байсан ч моддын дунд ороод ирэхээр ер бусын нам гүм орчин угтав. Алхаад тэр үү, даарах мэдрэмж ч дороо сарнив. Амралгүйгээр алхахад хөлс цувах шинжтэй юм. Богд уулын захиргаа аялагчдын үдлэх цэгүүдийг маш сайхан тохижуулжээ. Захиргаанаас гадна олон жил аялсан уулчид ч аялагчдын амарч үдлэх газрыг сэтгэл гаргаж тохижуулдаг аж. Модон сандал, саравч, голтой газраа модон гүүртэй цэгүүд Богд уулын энэ жимд гурваас дөрөв лав байна. Хажууханд урсах голын чимээ, навчсын үл мэдэг сэрчигнээн, өглөө эртийн цэнгэг гэж жигтэйхэн агаар, гацуур, шинэс моддын таатай үнэр хүмүүсийг уул руу татдаг бололтой. Найман зуу орчим метр алхаж яваад дараагийн аялагчаа сонгов. Доороос тааваараа алхахад л амьсгаадаж, хэдэнтээ амарч байхад ядарсан шинжгүй гүйж явсан нь анхаарал татсан юм. Хөлс нь цувчихсан гүйж явсан залууг Бат-Өлзий гэдэг юм байна. Уулын тал хүртэл гүйж, талаас цаашаа нь алхсаар оройд нь гардаг гэнэ. Тал хүртэл гэдэг нь километр гаруй газар. Бат-Өлзий “Гэр бүлээрээ ууланд алхдаг хүмүүс олон байдаг юм. Өглөө эрт цөөвтөр ч нар мандсаны дараахнаас ёстой цувж өгдөг. Миний хувьд жин нэмж, бие тавгүйрхэж эхлэхээр нь эмнэлэгт хандсан юм. Хоёр жилийн өмнөх явдал л даа. Эмч нараас жингээ хая, хөдөлгөөн хий гэсэн зөвлөгөө сонсоод ууланд алхаж эхэлсэн. Алхах тусам ууланд дурладаг юм билээ. Одоо бүр гүйдэг болчихсон шүү” гэж хэлээд хөгжилтэй инээсээр аялалдаа яарав. Бат-Өлзийгийн хэлснээр үүрээр гэр бүлээрээ алхагчид цөөвтөр харагдсан ч 10 цагаас хойш илт олширчихдог юм билээ. Бүр дөнгөж төрсөн нярайгаа салхилуулаад явж байгаа гэр бүл ч харагдсан. Хэзээний алхаад сурчихсан догь жаалууд ч байна, ээж, ааваасаа зүүгдэж, байсхийгээд амарч эрхлэнгээ зугаалах хүүхдүүд ч олон таарсан. Бат-Өлзийтэй ярьснаас хойш зуу гаруй метр явж байтал долоо, найм орчим насны хүүтэйгээ ярьж зогсоо бүсгүй таарав. Хажуугаар нь өнгөрөхөд “Миний хүү аль болох бага амар. Ийм саадыг давж байж л амжилтанд хүрнэ шүү дээ” гэх нь чих дэлсэв.

Явсаар 1500 метрт ирлээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны энд өлгөсөн пайзнаас аялагчид 1500 метрт ирснээ мэдэхээс гадна “Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ” гэсэн бичгийг хараад цааш алхацгаах аж. 1500-гаас цаашаа нэлээд өгсүүр болж ирэв. Чулуурхаг энэ газарт саявтар орсон борооны ул мөр болж үлдсэн шалбааг үе үе таарна. 2000 метрт ирснээ дор хоёронтоо таарсан танил пайзнаас хараад мэдэв. Дээр нь “Амьдрал бол уул юм. Бид удаан авирч түргэн урууддаг” гээд биччихэж. Энэ пайзны дэргэд хэсэг зогсоход зөрж өнгөрсөн хэд хэдэн залуу зургаа авахуулцгаав. “Бичгийг нь гаргаарай” гэж байгаад л патиараа татуулцгаах юм. 2000 метрээс дээшээ харин нэлээд өгсүүр зам туулах хэрэг гарлаа. Ханиндаа алхаж яваа жар гаруй насны хоёр хөгшин “Одоо юухан байхав, 500 хүрэхгүй метр яваад Дугуй цагаандаа очлоо доо” гэж ярьсаар зөрөв. Хэсэг алхсаны эцэст тээр дээр моддын чөлөөгөөр цэнхэр тэнгэр үзэгдэв. Ойрхон ойн чөлөө бий гэдгийг төвөггүй харчихаар юм. Удсан ч үгүй цэлийсэн задгай талд гараад ирэв. Захаараа битүү модтой, дундаа хангарьдын дутуу барьсан хөшөөтэй, амарч үдлэнгээ цайлахад зориулсан сандал саравч нэлээдийг барьчихсан сайхан газар юм. Есөн цаг өнгөрч байхад ойн чөлөөнд ирсэн болохоор тэр үү, тодоос тод наран таатайяа ээнэ. Улаанбаатарт бол тээр хол ёлтойж харагддаг нар энд хачин ойрхон, тод гэж жигтэйхэн гялалзана. Хоёр хөгшний яриад байсан Дугуй цагаан гэдэг нь энэ аж. Ойн чөлөөнд дөнгөж оронгуут самар зарж байна. Нийслэлд 3500 төгрөгөөр зардаг том шилтэй самрыг энд 2000 төгрөгөөр зардаг юм байна. Стакантай нь ч хотод зардгаас хавьгүй хямдхан юм. Самарчид түүсэн самраа тэндээ цайруулаад зарж байгаа нь энэ. Биднийг очиход Дугуй цагаан дээр амьдрал ёстой л бужигнаж байна. Шорлог, халуун кофе, уулнаас дөнгөж түүсэн хад жимсийг худалдаж аваад амтлах боломж энд байна.

Амарч цайлдаг саравчны наахна тойрч зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. “Хербалайф”-ын эрүүл хооллолтын клубийнхэн гэнэ. Найман шаргын хавьцаа ажилладаг “Мөрөөдөл-4” гэсэн нэртэй энэ клубийнхэн долоо хоногийн лхагва гариг бүрт ууланд алхдаг юм байна. Алхах дуртай нь амралтын өдрөөр бас аялцгаадаг аж. Энэ клубийг ажиллуулдаг Л.Сэрчмаа “Клуб гэдэг бол санаа нийлсэн хүмүүсийн л нэгдэл шүү дээ. Бид зөв хооллоё, эрүүл амьдаръя гэсэн хүслээр нэгдсэн хүмүүс. Уул руу алхах их эрч хүч өгдөг. Эрүүл амьдрахын наян хувь нь хоолноос шалтгаалдаг бол хорин хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Хэчнээн зөв хооллолоо ч хөдөлгөөн хийхгүй бол хэцүү. Хөдөлгөөн хийдэг байлаа ч хооллолтдоо анхаарахгүй бол зуун хувь эрүүлжихгүй. Монголчууд сүүлийн үед хоолондоо анхаарч эхэлсэнд олзуурхдаг” гэж ярилаа. Тэдний хажууханд бас нэг клубийнхэн дасгал хийцгээж байв. Улаанбаатар хотын гаалийн байцаагчидтай энд таарав. Арваад байцаагч долоо хоног бүрийн хагас сайнд ууланд алхдаг юм байна. Ихэвчлэн Богд руу алхдаг гэнэ. Өглөө долоон цагаас уулзаад аялцгаадаг аж. Байцаагч Б.Одсүрэн “Хүмүүс хог их хаях юм. Бид сүүлдээ хогны уут авч явдаг болсон. Самрынхан гараад хог их харагдах боллоо. Хоёр, гурван жилийн өмнө цөөхөн хүн алхдаг байсан бол одоо өчнөөнөөрөө аялж байна. Өвөл ууланд алхах ямар гоё гээч. Цэвэр агаарт хоёр гурван цаг алхахад 24 цагийнхаа хүчилтөрөгчийг нөөцөлж авдаг гэдэг шүү дээ. Утаа эхэлж байгаа энэ үед ууланд алхахын ач тусыг хэлэх юм биш. Алхаад байхаар сүүлдээ бүр явмаар санагдаад эхэлдэг” гэж ярилаа. Улаанбаатар хотын гаалийнхан улиралдаа нэг удаа Цэцээ гүн рүү алхдаг юм байна. Гаалийн байцаагчид дугуйгаар аялах төлөвлөгөө ч гаргачихаж.

“Flex gym” фитнесс клубийнхэн бэлтгэл хийх зорилгоор иржээ. Тус клубийн багш Г.Гантөгс “Манай клубийнхэн долоо хоногт хагас, бүтэн сайны аль нэгэнд нь ууланд алхдаг. Цэцээ гүн рүү бас гарна. Манай хүүхдүүд нэг сард тэмцээнтэй. Тэмцээний өмнө дотор өөх шатаах зорилготой кардио дасгал хийж ууланд гардаг л даа. Дотор өөх хайлна гэдэг маш сайн. Зүрх, элэг, уушги гэх мэт дотор эрхтнүүд чөлөөтэй ажилладаг. Ер нь алхсаны ач тус их. Үе мөчний өвчин ор мөргүй алга болно. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнесст их явдаг болсон. Фитнессийг сонгосон хүмүүсийн хувьд эмнэлгийн маршрутыг фитнессийн маршрутаар сольж байгаа гэсэн үг. Фитнессийг сонгосон хүмүүс баар руу биш уул руу л алхаж байна даа (инээв). Манай клубт үе мөчний өвчтэй, нурууны суулттай хүмүүс их ирдэг. Нурууны суулттай тэргэнцэр дээр орж ирсэн улс тэмцээнд ордог болтлоо сайжирдаг. Фитнесст яваад хөдөлгөөн хийгээд эхлэхээр сахарын хэмжээ багасдаг. Хоёр, гурван сар явахад л сахарын хэмжээ нь огцом багасдаг” хэмээн ярив. Тэдний хажууханд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус ирчихсэн, тойрч суугаад хөгжилдөцгөөж байлаа.

Бид ойн чөлөөнөөс 13 цаг өнгөрөөгөөд буусан юм. Буух үед “Өгөөж” компанийнхан зөрцгөөв. Тэд цэнхэр малгайгаар ижилсжээ. “Өгөөж”-ийн логотой малгайгаар жигдэрсэн лав л гуч, дөчөөд хүн харагдав. Арван жилийн сурагчид ангиараа их алхацгаадаг бололтой. Уруудах үед гэхэд л тав, зургаан анги зөрсөн. Нэг байрны найз хүүхнүүд ч таарав. Сонирхуулж хэлэхэд, уулын клубийнхэн Дугуй цагаанаас цаашаа “Тэнгэр хад”, “Цэцээ гүн” гээд илүү хол зайд аялдаг юм байна.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, згхэг-ын дэд дарга асан Д.Нямжав нарын ангийнхны дөчин жилийн уулзалт

Увс аймгийн Монгол Улсын маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит арван жилийн нэгдүгээр сургуулийн 8б ангийг 1976 онд төгссөн нэг ангийнхны төгсөлтийн дөчин жилийн уулзалт өнгөрөгч долоо хоногт болов. Нийслэл хотын төв талбайд сэтгэл догдлон цугласан тэд хорин зургуул эх орны өнцөг булан бүрээс хуран цуглажээ. Найм төгсгөсөн ангийн багш нь Боловсролын тэргүүний ажилтан, Алтан гадас одонт Ж.Чулуун хэмээх дал гаруй насны ануухан хүн байна. Математикийн багш мэргэжилтэй Ж.Чулуун бүсгүй эдний ангийг 1972-1976 онд удирдан төгсгөжээ. Ангийн дарга Н.Баяртсайхан нь талбай дээр хараахан ирээгүй ч ангийнхнаа өөрийн албан байгууллага “Монгол банк”-н дээр хүлээн авахаар тохирсон байв. Бүлгэмийн дарга Бямбаагийн Орлом хэмээх царайлаг төв бүсгүй багын сурсан зангаар ангийнхнаа манлайлан чиглүүлэх нь ясны даргын шинжтэй. Олон жил уулзаагүй биесээсээ гэрэвшсэн хөдөөдүү нэг нь “Энгэртээ тэмдэгтэй, амандаа яриатай улсын уруулыг угзраарай” гэсхийгээд нэгнийхээ хойгуур орох санаатай.

Д.Оюунгэрэлийн хувьд сувилагчийн сургууль төгссөнөөс хойш Увс нутагтаа 33 жил мэргэжлээрээ ажилласан гэнэ. Барилгын сантехникийн инженер Л.Цэрэнчимэд Эрхүүгийн политехникийн их сургуулийг дүүргэж, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрт белазын хэсгийн мастераар хорин долоон жил ажиллаж байгаа аж. Багадаа “сармагчин” хочтой байсан А.Гантулга Увстаа Барилга угсралтын трестэд жолоочоор ажиллаж Онц тээвэрчин болсон гавьяатай. Д.Балган бол ангийнхныхаа хамгийн авьяастай нь гэж хэлж болно. Аймгийнхаа Усны аж ахуй, есдүгээр баазын агрегет засварчнаар ажлын гараагаа эхэлсэн эл эрхэм 1986 онд Ардын язгуур урлагийн наадамд бий биелгээгээр алтан медаль авч, Монгол Улсын зуун өв тээгчийн нэгээр шалгарсан нэгэн юм. Эдний ангийг гуч гаруй сурагчид төгссөн ч эдүгээ арваад нь бурхны оронд оджээ. Тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, ангиараа Ганданд очиж буяны ном уншуулсан нь хар багын найзуудаа үгүйлэн санасны гүн илрэл гэлтэй. Улсын залуу аваргаар тодорч явсан онц тээвэрчин Р.Дамдинхүү “Увс хүнс” компанид ажиллаж буйгаа дуулгасан бол Ц.Ганхөлөг мөн л аяны шар замд жолоо мушгиж ургацын аварга болж байснаа хүүрнэв. Шатахуун тээврийн есдүгээр баазын тэргүүний жолооч З.Сүхбаатарыг том биетэй хүүхэд байсан учир “Аав, эцэг” хэмээдэг байсныг ангийнхан нь шивнэв. Б.Уранчимэг бүсгүй нягтлан бодогч мэргэжилдээ хайртай гэдгээ хэлж байна. Хувиараа бизнес эрхлэгч Х.Нансал-Орломыг “шулуун зантай, шувуун амтай” гэж хөвгүүд нь танилцуулахад тэрээр яг л хүүхэд ахуйн янзаар ичингүйрэх нь инээдтэй. Хөдөөгийн уул талаар соёлын үрийг тарьж хүүхэд багачуулыг гэгээрүүлж явсан М.Цэзэн “Гермес” төвд багшилдаг бол тэргүүний оёдолчин Г.Цэцэгмаа цагтаа Германд суралцаж эсгүүрийн мастер мэргэжлийн эзэн болсноороо бахархав. Түүнийг өргөн магнайтай болохоор “Ленин багш” гэж хочилдог байсан нь одоо ч мартагдаагүй аж. З.Уртнасан бүсгүй хилийн цэргийн даргатай ханилж, Орос-Туватай залгах Монгол Улсынхаа торгон хил дээр “Хилийн заставын хар нүдэн бүсгүй” болж насаараа амьдарлаа гэх. Цэцэрлэгийн багшаар олон жил ажилласан Г.Эрдэнэцэцэг эдүгээ “Говь” компанид ажиллаж байгаа юм байна. Онц тээвэрчин Г.Ганзориг хүүхэд байхдаа ёстой нэг охидын нүд унагасан нүд хөмсөг болсон залуу байж гэнэ дээ. Увс нутгийн хурдан мориороо алдаршсан Б.Далайгийн эгч Б.Бадамсүрэнгийн намтар дэндүү баялаг. Тэрээр төрөлх нутагтаа багийндаргын албыг 12 жил хашсан бөгөөд хувиараа газар тариалан эрхэлж энгэрээ “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, Нутгийн удирдлагын тэргүүний ажилтны цол тэмдгээр мялааж, орон нутгийн сонгуульд дөрвөн удаа сонгогджээ. Тиймээс ч “УИХ-д Цэндийн Нямдорж дархан суудалтай, Улаангомд Бадамсүрэн нэг дархан суудалтай” гэсэн хэлц үг хүртэл түүнд зориулагджээ.

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Б.Байгалмаа аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн лаборантаар 34 жил ажилласан байна. Т.Цэцэгмаа эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт гучаад жил ажиллаж эрчим хүчний тэргүүний ажилтан, тэргүүний уурхайчин болжээ. Нийслэлийн тэргүүний ажилтан С.Баяр-Өлзий бол Нийтийн аж үйлдвэрийн яамнаас ажлын гараагаа эхэлж 18 аймаг, дөрвөн хотын цэвэр усны системийг ашиглалтад оруулсан буянтан. Тэрээр Нийслэлийн захирагчийн ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Улаанбаатар хотын болон “Улаанбаатар нэгтгэл”-ийн ерөнхий инженерийн албыг хашиж иржээ. “Чөтгөр” хэмээх М.Очирбат Онцгой байдлын газарт насосын нэгдүгээр зэргийн жолоочоор ажилласан осолгүй манлай, онц тээвэрчин гэнэ. Увсын эрчим хүчний байцаагчаар ажилласан С.Уламбаяр Дархан хотод мал маллаж байгаа аж. Эрчим хүчний тэргүүний ажилтан энэ эрхэм ангийнхныхаа дараагийн уулзалтын ууцны хонийг бэлдэнэ гэдгээ амлаж байгаа дуулдана лээ. Д.Нямжавын намтар бусдынхаасаа хавьгүй зузаан гэлтэй. Тэрээр УБДС-ийг түүхийн багш мэргэжлээр дүүргэж, аймгийнхаа Намын хороонд лектороор ажиллаж улмаар Москвагийн Нийгмийн ухааны дээд сургуулийг төгсөн, Увс аймгийн МАХН-ын хорооны даргаар дэвшин долоон жил ажилласан нэгэн. Нэгэн үе ГХЯ-нд мэргэжилтнээр ажиллаж, 2001 оноос Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдсон түүхтэй. Тэрчлэн 2008-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдон ажиллахдаа С.Баяр, С.Батболд, Н.Алтанхуяг нарын гурван ч Ерөнхий сайдтай гар сэтгэл нийлсэн төр нийгмийн зүтгэлтэн аж. Д.Нямжав сүүлийн дөрвөн жил Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын захирал, дэд захирлын албыг хашиж байгаа аж. Ангийнхныхаа уулзалтыг голлон зохион байгуулагч тэрээр найз нөхдөдөө аль болох л тусалж дэмжиж явдгийг ярьцгааж байсан.

Ерөнхий сайд Санжийн Баярын багт багтаж Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийг тэглэхэд оруулж явсан гавьяа түүнд бас харьяалагдана. Д.Нямжав ЭСЯ-ны урлаг соёл, боловсрол, спортын чиглэлийн бүхий л ажлыг хариуцаж ажилласнаар тухайн үед зуун оюутан л ОХУ-д сурдаг байсныг 300 гаруй болтол өсгөсөн гэдэг. Тэрээр 2005-2008 онд С.Баяр даргын зөвлөхөөр ажиллаж, УИХ-д 34 суудалтай байсан намаа 45 суудалтай болгож байж. Ангийн дарга Надмидын Баяртсайханы тухайд эдүгээ Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байна. Ангижавууд нь Баяраагаа “Монгол Улсын албан ёсны хоёр тамгатай Ерөнхийлөгчийн нэг нь манай ангийнх” гэж өмчилдгөө нуусангүй. Н.Баяртсайхан УИХ-д гурвантаа сонгогдож, Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайдаар ажилласныг ард түмэн сайн мэднэ. Бага байхдаа ангийнхан хүүхдийн гэнэн зангаар их дүрсгүйтдэг байж. Охид хөвгүүдгүй цүнхээрээ байлдацгаах. Нэгэнтээ Сүхбаатар цүнхээр Нямжавын “гурвын дунд” цохин амьсгалыг нь боогдуулж унагажээ. Үүнийхээ хариуг Нямжав нь Орломын цүнхийг эргүүлж байж шидсэнээр авсан бөгөөд Сүхбаатарын зүүн хацарт цүнхний төмөр шигдэн орж сорвитуулснаар “байлдаан” өндөрлөж байсан гэх. Бас нэг инээдтэй түүх хүүрнэхэд, Сүхбаатар биерхүүдээ эрдэн охидыг шүүрэн цээжээр нь аг чиг тэвэрч авахад хөвгүүд цуварч үнсэн үйлийг нь үздэг байсныг охид ичингүйрэн дурсав.

Баяртсайхан, Цэрэнчимэд хоёр зодолдож байтал нэгнийх нь эсгий гутал сугарч одсон хөөрхөн түүх он жилүүдийн цаанаас дурсагдаж байна. Баяр-Өлзий Баянхонгороос шилжиж ирсэн болохоор эдний ангийн ганц халх хүүхэд байж. Тэрээр Уралын их сургууль дүүргэснээ хуучлахдаа “Борис Ельцин бид хоёр нэг сургуулийнх” гэж ирээд хөөрхөн “томров”. Баяртсайхан их “коммун” зантай болохоор ангийн хөвгүүд ярилцаж байгаад Улаан ууланд дагуулан очиж “Беломорканал” татуулчихаад “Ангийн дарга л биднийг тамхи тат гээд байсан” гэж багшдаа ховлон хэлмэгдүүлж, уйлуулж байснаа инээлдэн хүүрнэлдэв. Цэрэнчимэд өөртөө үйлчлэх Голын дэлгүүрээс ууттай хар чавга “туугаад” музей үзэнгээ найз нараа дайлж байснаа ярьж байна. Олег Васильевич Носков хэмээх орос багшийнхаа үйлийг ч ёстой барж өгдөг байж дээ. Ямар сайндаа л тэд “Тавдугаар сарын 1” гэхийг “Таван майяа” гэж хэлээд багшийнхаа элгийг хөшөөж байхав. “Ганхөлөгийг яагаад Гомбоо гэдэг байлаа” гэж нэгнийгээ асуухад “Яахав, Сүхбаатар жанжны туслах болохоор Гомбоо гэчихгүй юу” гэж нөгөөх нь хариулна. Дуламжав гэж эрүү жаахан урттай, түүхийн багш бүсгүй байж. Энэ багшаа ангид орж ирэхэд нийтээрээ “Эрүү цагаан болжмор шувуу нь хө…” гэж дуулан уйлуулж байснаа бас дурсана.

Хөдөлмөрийн багш Хүрэлжавын хичээл дээр урласан модон буугаар байлддаг байснаа, улсын тэргүүний бүлэг болохын өмнөх жил ангийн дарга Баяртсайхан нь гахай тэврэн, жагсаал алхаагаар бүгдээр анги хэссэн хөгжилтэй түүхээ тэд мартсангүй. Бас наймаачин оросоос нүцгэн хүүхний зурагтай хөзөр худалдан авч хичээл дээр охиддоо нууцаар үзүүлж, нүдий нь орой дээр нь гаргаж явснаа тэд нулимсаа гартал инээлдэн ярих нь халуухан дурсамж сэдэрсний шинж аж. Х.Цэвэлмааг багш нь самбарт дуудаад сонсохгүй байсан тул “Хөөе, чихгүй толгой” гэж дуудсанаас хойш аав, ээжийн өгсөн нэр мартагдаж Чихгүй толгой болсон нууцыг ч тэд дэлгэв. Бүлгэмийн дарга Орлом бол насаараа монгол хэл-уран зохиолын багшаар ажиллаж, Улаангом хотын хөдөлмөрийн хошой аварга, аймгийн ажил мэргэжлийн аваргаар тодорч байсан “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тан. Дөчин жилийн дараа уулзсан нэг ангийнхан “Чингисийн хүрээ” жуулчны баазад тухалж, Монголбанкны эрдэнэсийн сангийн музей, Төрийн түүхийн музейд саатан, төрийн ордонд айлчлан, есөн хөлт цагаан тугнаас адис аван, Жаргалантын амралтын газар хэд хоног саатаад салахын цагт нүд дүүрэн нулимстай байцгааж. Тэд ангийн багш Чулуундаа урлагийн бүтээл болох морины урлал бэлэглэсэн нь маш их таалагдсан гэнэ. Ангийн бас нэг онц тээвэрчин Т.Цэцэнцол ангийнхнаа амралтын газарт гүйцэн очсон гэнэ.

Бүлгийн дарга Орлом ангийнхаа дөчин жилийн уулзалтын талаар “Жаргалантын амралтанд очсон оройгоос ирэх хүртлээ хүүхэд насны хөгжилтэй мөчөө дурсан, элгээ хөштөл инээлдэж үнэхээр хэдэн насаар залуужлаа. Манай ангийн Нямжавыг найз нөхдийнхөө илүү дутууг нь гүйцээж, зовлон жаргалыг нь хуваалцаж, заавар зөвлөгөө өгч, дэмжиж тусалж явдаг талаар тун чиг олон хүн дурсан ярьцгаах юм. Нэг удаа Уламбаярыг хөдөөнөөс ирэхэд нь “Найз нь чамд архи авч өгөхгүй, миний машинд суучих, хоёулаа саунд очиж оръё” гээд аваачиж саунд оруулахад анх удаа саунд орж үзсэн Уламбаяр маань цээж нь дүүрч бачууран “Нямжав аа, би орж чадахгүй юм байна. Хөгшин чинь гараад чамайг хүлээгээд сууж байя” гэсэн гэнэ. Тэгэхээр нь Нямжав “Залуу, зүгээр зүгээр, наад арьсны чинь нүх сүв нь онгойгоод чамд хэрэгтэй” гэсэн боловч би тэсэлгүй гарсан” гэж бөөн инээд тарилаа. “Манай ангийн хөвгүүд ямар сайхан хүмүүс болсон юм бэ, хүүхэд байхдаа бидний нүд сохорчихсон байсан болов уу” гэж Оюунгэрэл маань харамссан янзтай ярьж дахиад бөөн инээдэм боллоо. Ангийнхаа охинд хайртай байснаа илчилж чадалгүй байсаар байгаад хадамд гаргасан тухайгаа Гангаа, Сүхээ нар ярьж, хэдий тийм ч одоо сайн ханьтай учирч, үр хүүхэдтэй, ач зээтэй гачигдах дутагдах юмгүй сайхан амьдарч байгаа тухайгаа бахархан ярилаа. Дотроо бодож байхаар хэлэх нь яасан юм, амьдрал болох ч байсан юм бил үү яаж мэдэх вэ, дэндүү оройтож дээ гэж охид бөөн инээд боллоо. “Манай ангийн даргын хэлэх үг нь хүртэл эмх цэгцтэй, товч тодорхой, агуу хүн шүү, Монголын эдийн засгийг одоохон босгоно оо” гээд л даргаа магтацгаасан. Манай ангийн хөвгүүд ямар гоё дуулдаг гээч. Баяр-Өлзий, Гантулга, Нямжав, Цэрэнчимэд гээд л. Баяр-Өлзийгөөрөө “Хөөрхөн халиун”-ыг нь дахин дуулуулмаар байсан. Нямжав маань Дуурийн театрт очиж олон түмний сонорыг мялааж, сэтгэлийг баясгамаар дуучин юм. Цэрэнчимэд гадаадын орнуудаар аялж жуулчилсан зургаа үзүүлэн, өнгөтөөр ярихаас гадна өвөрмөц камераар бичлэг хийн, биднийгээ баярлуулав. Түүний сайхан яриаг Байгалмаа бүр биширч байсан. Б.Цэцэгмаа маань миний бичсэн мессэжийг уншаад эмчилгээ сувилгаагаа орхиод онгоцоор нисээд ирснээ ярихад нүдэнд өөрийн эрхгүй нулимс мэлтгэнэсэн. Цэзэн, Нямжав хоёр “Хүн хөдөлж үхэхгүй, хөшиж үхнэ” гэдэг юм гэж дасгал хөдөлгөөн сайн хийх тухай зөвлөж дасгал зааж өглөө. Ангийн багш маань ануухнаараа, андууд маань өнгөлөг цоглог байсаан. Бид ач үрээ дагуулсан эмээ өвөө нар биш, арван зургаан настай охид хөвгүүд шиг л нялхарсан даа. Уулзалт үнэхээр сайхан боллоо. Сална гээд бодохоор цээж харанхуйлаад, дотор бачуураад байна аа гээд нулимс унагацгаалаа. Бид Жаргалантаас хөдлөхдөө

“Он жилүүдийг хамт элээсэн ангийн охидууд

Орон зайг хамт өнгөрүүлсэн ангийн хөвгүүд…

Сурагчийн хувцсаар ижилдэн гоёсон

Сургуулийн амьдралд дэндүү дасчээ…

Хун хундаа дасдгийн адилаар

Хүн хүндээ дасдаг юм байж дээ …

Хуран цугласан нөхөд минь буцлаа

Хурын нулимс нүдийг минь бүрхлээ” гээд сурагч насны олон дуу дуулж хүүхэд насандаа очлоо. Эцэст нь нүдэндээ доголон нулимстай, бие биеэ тэврэн гурван жилийн дараа Увс нуурынхаа хөвөөнд багштайгаа уулзахын ерөөл дэвшүүлэн машиндаа сууцгаасан даа” гэж сэтгэл догдлон өгүүлж байлаа. Наймын б ангийн төгсөгч А.Гантулга ангийнхандаа зориулж

“Одонтын удмын Баяраа

Оройд нь манлайлж яваа

Орлом, Цэзэн тэргүүтэн

Оюуны ундраа багш нар

Түмэнд танигдсан Нямжав

Төрийн ордон хавьдаа

Нийслэлийн инженер Баяр-Өлзий

Менежер хийгээд завгүй

Няхуур зантай Урнаа, Цэцэгмаа

Нягталж шалгадаг ажилтай

Янжинлхам шүтээнтэй

Язгуур урлагийн Балган

Ядрахыг мэдэхгүй зүтгэдэг

Яггүй хөдөлмөрч Бадамсүрэн

Дамиа, Гангаа, Сүхээ, Цолоо

Дардан замын бурхан жолооч нарыг

Даалгавар хийдэггүй Гантулга

Дагаж давхиад л байгаа” гэж шүлэглэснээ багшдаа гардуулж өгчээ. Хүүхэд ахуйн гэгээн нөхөд ийнхүү дөчин жилийн дараа нийслэл хотноо цуглаж амьдрал жаргалын сайхан мөчүүдийг хамтдаа хуваалцсан ажээ.

Л.Батцэнгэл

Categories
мэдээ цаг-үе

Элсэн цөл дундаас Израил улсыг босгосон Шимон перес

Израилийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Шимон Перес энэ сарын 28-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг оршуулах ёслол өчигдөр боллоо. Шарил дээр нь “Хэтэрхий залуугаараа таалал төгссөн” хэмээн бичээрэй гэж талийгаач захисан гэнэ. 70-аад жил төрдөө зүтгэсэн түүнийг дэлхийн хамгийн өндөр настай улстөрч гэдэг. Урт насалсан нууцаасаа хуваалцаач гэхэд маш их ажиллаж, мөрөөдөхийг зөвлөөд “Амралт авах хэрэггүй. Амьдралд хамгийн сонирхолтой юм бол ажил” хэмээн хариулж байжээ.

Шимон Пересийн амьдрал Израил улсын түүхтэй салшгүй холбоотой. Ерөнхий сайдын албыг хэд хэдэн удаа хашсан тэрээр улсынхаа ес дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тэрээр 12 Засгийн газарт ажиллаж, 1959-2007 онд хууль батлах дээд байгууллага болох Кнессетийн гишүүнээр тасралтгүй улиран сонгогдсон улстөрч.

Израил улс байгуулагдсаны дараахан 1947-1949 онд еврейчүүд арабуудтай дайтсан. Еврейчүүд үүнийг эрх чөлөөний төлөөх дайн гэдэг. Тэр үед залуухан Шимон Перес Батлан хамгаалах яамны ерөнхий даргын (сайдын дараахь албан тушаал) туслахаар ажилд оржээ. Тухайн үед Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан Давид Бен-Гурион чадвартай, ирээдүйтэй залуу хэмээн Шимон Пересийг ихэд дэмжсэн. Тиймээс ч цэрэгт явуулалгүй яамны зэвсэг худалдан авалт, цэрэг татлага зэрэг хамгийн чухал асуудлуудыг хариуцуулжээ. Израил улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал нэн чухал байсан үе.

Ерөнхий сайд залуухан боловсон хүчинд маш их итгэл үзүүлж АНУ дахь Израилийн БХЯ-ны төлөөлөгчөөр томилжээ. Шимон Перес Нью-Йоркт ажиллахын хажуугаар Харвардын их сургуульд суралцаж, судалгаа хийж. Нутагтаа эргэж очоод 29 настайдаа Батлан хамгаалахын яамны ерөнхий даргаар томилогдож зэвсэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж гадаадаас захиалга авдаг болгожээ. Ийнхүү ажиллахдаа сайшаалын үг нэлээд сонссон гэдэг. Түүнээс ч дутахгүй шүүмжлэлд өртсөн хэдий ч маш сайн гүйцэтгэгч гэдгээ харуулсан байна. Найз нарынх нь ярьснаар Ш.Перес шинжлэх ухааны судалгааг ашиглан үйлдвэрлэл хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гэнэ. Израил 1954 онд байлдааны онгоц, танк үйлдвэрлэх анхныхаа захиалгыг Францаас авсан. “Рафаэль” онгоцыг захиалгаар нийлүүлж, зэвсэг үйлдвэрлэдэг болсон нь яахын аргагүй Ш.Пересийн гавьяа. Өнөөдөр тус улс нь онгоц, цахилгаан хэрэгсэл, зэвсэг үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Шимон Перес Израилд цөмийн төслийг хэрэгжүүлэхийг анх санаачилж Димон, Сорекет цөмийн хөдөлгүүрийг бариулсан. Энэ бүхэн улс орны эдийн засаг хөгжих үндэс суурь нь болжээ. Элсэн цөл дунд орших улсыг хөл дээр нь босгож дэлхийд тэргүүлдэг болгоход түүний оруулсан хувь нэмар асар их.

1956 онд Израил Францтай хамтран Египетийн эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулсан. Ерөнхий сайд Давид Бен-Гурион энэ талаар Францын талтай нууц хэлэлцээ хийхээр хамгийн их итгэдэг хэдхэн хүнээ дагуулан Парисыг зорьсон гэдэг. Тэдний нэг нь Шимон Перес байж. Хожим нь түүнийг тусгай ажиллагааг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн хэмээн Францын Ерөнхийлөгч “Хүндэт Легион”-ы одонгоор шагнасан юм.

Ш.Перес Кнессетийн сонгуульд анх нэр дэвшихдээ ялалт байгуулж Батлан хамгаалах яамны орлогч сайдын албыг давхар хашсан. 1960-аад оны эхээр Израилд нутгийн ажилчны намын даргын албан тушаалд тус улс төрийн хүчний залуу болон ахмад үеийнхний хооронд нэлээд ширүүн тэмцэл өрнөсөн түүхтэй. Хэрвээ залуучууд ялсан бол Шимон Перес Засгийн газрын тэргүүн болох байсан гэдэг. Гэвч залуу гишүүд ялагдаж Ш.Перес нэг хэсэгтээ төрийн албанаас холджээ.

Насаараа Израил улсын төлөө зүтгэсэн тэрээр Польшийн нутаг байсан өдгөө Беларусийн нийслэл Минск хотын ойролцоо орших Вишнево тосгонд 1923 онд төрсөн. Жинхэнэ нэрийг нь Сеня Перский гэдэг. Өвөөтэйгөө ихэд дотно байсан бөгөөд түүний ачаар яруу найрагт дуртай болжээ. Өвөө нь ач хүүдээ Л.Толстой, М.Достоевскийн зохиолыг уншиж өгч, шашны сургаал айлдана. Ш.Перес хожим нь “Өвөө маань маш ухаалаг хүн байсан” хэмээн ярьсан байдаг. Тэр үед Вишнево тосгон болон түүний ойролцоо 200 еврей гэр бүл амьдардаг, бүгд л Палестин руу цагаачлах хүсэлтэй байжээ. 1931 онд Шимон Пересийн аав Палестинд очиж улаан буудайн наймаа эрхэлж чамгүй ашиг олж эхнэр хүүхдээ татан авчээ. Шимон Палестинд очиж Бальфур хэмээх нэлээд нэр хүндтэй гимназийн сурагч болсон. 18 настайдаа сионист хөдөлгөөний гишүүнээр элсч улстөрч, зохиолч гээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан гэдэг. 1946 онд Швейцарийн Базел хотод болсон Дэлхийн сионистуудын 22 дугаар чуулганд оролцсон нь түүнийг улс төрд ороход хамгийн ихээр нөлөөлсөн.

Ойрхи Дорнодын байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа. Еврей болон палестинчуудын зөрчилдөөн одоо ч үргэлжилсээр. Тус бүс нутагт энх тайвныг тогтоох эсэх нь Шимон Пересээс хамаарч байсан үе ч бий. Тэрээр Ерөнхий сайдын албыг хашихдаа асуудлыг бүрмөсөн шийдээгүй ч маш их дэвшил гаргасан хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Хэзээ ч эвлэрэхгүй гэгддэг Израил, Палестины эрх баригчдыг 1993 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадсан юм. Палестины удирдагч Я.Арафат, Ш.Перес хоёрын гар барьж байгаа зургийг дэлхий нийтээр цацаж байсан түүхтэй. Түүгээр ч зогсохгүй Израилийн эрх баригчид хамгийн их зөрчилддөг Сири, Иорданитай хэлэлцээ хийж эхэлжээ. Ийнхүү Ойрхи Дорнодод энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шимон Перест Нобелийн энхтайвны шагнал олгосон. Тэр үед “Палестинчууд бидний хамгийн ойрын хөрш. Миний бодоход тэд бидний хамгийн сайн найз болж чадна” хэмээн хэлсэн нь нэлээд шуугиан тарьж байлаа. Учир нь Израилийн улстөрчдөөс палестинчуудын талаар ингэж нааштайгаар хэлсэн хүн байдаггүй.

Улс төрийн өндөрлөгт гарахын тулд Шимон Перес 30 жил тэмцсэн гэдэг. Нам дотроо ширүүхэн дайралттай тулгарсан ч энэ нь түүнийг улам хатуужуулсан байна. Юмыг маш хурдан хүлээж авдаг, ер бусын шинэ санаа гаргаж, зорьсондоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг чанарын ачаар ялалт байгуулж чадсан гэдэг. Л.Толстой, В.Набоков, А.Камю, Жан-Поль Сартрыг шүтдэг, зохиолыг нь шимтэн уншдаг тэрээр Гадаад хэргийн сайд, Бүс нутгийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд гээд ажиллаагүй салбар үгүй.

“Авод” намыг байгуулсан тэрээр 2007 онд Израилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гурван хүүхдийн аав, зургаан ач, зээтэй. Иврит, идиш, польш, англи, франц хэлтэй түүнийг агуу мөрөөдөгч гэдэг байсан. Тэрээр “Том мөрөөдөлтэй бай. Хэдий чинээ том мөрөөдөлтэй байна, төдий чинээ амжилтад хүрнэ” хэмээн хэлжээ.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ цаг-үе

Монгол улсын аварга С.Мөнхбат: Эрхэмбаяр аваргыг хаячих байх гэж бодож өнөө жилийн наадмаар амласан

Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай ярилцлаа.

-Энэ жилийн баяр наадам аварга, арслан цолтон төрсөн сайхан наадам боллоо. Ч.Санжаадамба анх удаа түрүүллээ. Энэ тухайд таны сэтгэгдэл…

-Монголчууд тусгаар тогтнол, эв нэгдлийнхээ баярыг Үндэсний их баяр наадмаараа тэмдэглэдэг гэж ойлгодог юм. Эрийн гурван наадмын чимэг болж эр бяр тэгширсэн хүчит бөхчүүд нь зодоглож түмэн олноо баясгадаг. Энэ жилийн наадамд үе тэнгийн минь бөх Ч.Санжаадамба маань түрүүллээ. Түүнийг төрийн наадамд түрүүлэхэд хэн ч маргахааргүй, яах аргагүй сайхан бөх. Түрүүлэх ёстой хүн нь түрүүлж л гэж бодож байна.

-П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдааны талаар та юу хэлэх вэ?

-Тухайн үед би барилдаж байсан учраас сайн харж чадаагүй. Гэхдээ сүүлийн үед манай монголчуудад нутгархах үзэл хэт их байна. Арлын Японд манай монгол залуус сумо бөхөөр амжилт үзүүлээд, эзэгнэж л байна шүү дээ. Япончууд уурлаж, уцаарлахгүй л байгаа биз дээ. Ийм байдал байх хэрэггүй л гэж боддог юм. Тэр барилдааны тухайд хоёр ч удаа барилдаад шийдэгдсэн.

-Та наймын даваанд Г.Эрхэмбаяр аваргыг амласан. Эрэмбээрээ бол та амлах нь зөв. Гэхдээ аварга, аваргаа амласан нь үзэгчдэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Та яагаад Г.Эрхэмбаяр аваргыг амласан юм бэ?

-Наадмаас хойш энэ талаарх яриа чих дэлсэж л байна. Гэхдээ үндэсний бөх гэдэг бол хувь хүний спорт, амжилт байдаг. Тиймээс би өөрийнхөө амжилтыг л бодож ийм ам авсан. Ганцхан би ч биш дархан аваргууд гурвын даваанд нэгнийгээ амлаж л байдаг ш дээ. Эрхэмбаяр аварга бид хоёрын барилдаан хариуцлагатай даваа байсан. Тийм учраас би амласан. Давчих болов уу ч гэж харсан бас цааш цаашдын олон зүйлийг бодсон. Тухайн үеийн нөхцөл байдлаас л харж амлаж байгаа болохоос заавал аваргыг амалъя гэж төлөвлөөгүй. Бас наадмын өмнөхөн аваргуудын нэрэмжит барилдаанаар Г.Эрхэмбаяр аварга бид хоёр үзүүр түрүүнд үлдсэн юм. Би их амархан хаясан. Тэгээд ч тэр үү болчих юм шиг л сэтгэл зүйтэй байлаа. Гэтэл Г.Эрхэмбаяр аваргын маань бэлтгэл наадмаар нэлээн чамбайрч, сайн болж орж ирсэн. Би бол сайхан л барилдаан болсон гэж боддог. Унасандаа харамсдаггүй. Бөх хүн унаж, хаях гэж л бөх болдог. Гэхдээ наадам болгонд түрүүлнэ гэж бодож барилддаг даа. Нэг зүйлийг бас бодож явдаг юм. Үндэсний бөхийг дагасан явган яриа их байдаг. Амлачихаад давж чадахгүй бол мөнгө авчихаж, аварга амлавал амлаж чадахаа байж, давчихвал мөнгө өгчихөж гээд л. Гэхдээ аливаа зүйлд хэт туйлширч болохгүй шүү дээ. Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Мөн бөхийн ногоон дэвжээг амьдралаа болгосон, түүний төлөө зорьж яваа залуу бөхчүүдийн минь зам мөр нь дардан байгаасай билээ л гэж хүсмээр байна даа.

-Таныг улсын наадамд түрүүлэх жил аав тань манай сонинд өгсөн ярилцлагадааНэг зүйлийг бас бодож явдаг юм. Үндэсний бөхийг дагасан явган яриа их байдаг. Амлачихаад давж чадахгүй бол мөнгө авчихаж, аварга амлавал амлаж чадахаа байж, давчихвал мөнгө өгчихөж гээд л. Гэхдээ аливаа зүйлд хэт туйлширч болохгүй шүү дээ. Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Мөн бөхийн ногоон дэвжээг амьдралаа болгосон, түүний төлөө зорьж яваа залуу бөхчүүдийн минь зам мөр нь дардан байгаасай билээ л гэж хүсмээр байна даа.

-Таныг улсын наадамд түрүүлэх жил аав тань манай сонинд өгсөн ярилцлагадааНэг зүйлийг бас бодож явдаг юм. Үндэсний бөхийг дагасан явган яриа их байдаг. Амлачихаад давж чадахгүй бол мөнгө авчихаж, аварга амлавал амлаж чадахаа байж, давчихвал мөнгө өгчихөж гээд л. Гэхдээ аливаа зүйлд хэт туйлширч болохгүй шүү дээ. Миний бие ёс заншил, нандин зүйлийг шингээсэн үндэсний бөх минь цэвэр байж улам хөгжөөсэй, олон үзэгчтэй, барилдахыг хүссэн залуучуудаар дүүрэн, бөхийн цол үнэ, хүндтэй байгаасай гэж хүсдэг хүний нэг. Мөн бөхийн ногоон дэвжээг амьдралаа болгосон, түүний төлөө зорьж яваа залуу бөхчүүдийн минь зам мөр нь дардан байгаасай билээ л гэж хүсмээр байна даа.

-Таныг улсын наадамд түрүүлэх жил аав тань манай сонинд өгсөн ярилцлагадаа-Аливаа зүйлд сав дүүрнэ гэж байдаг. Тэр үед миний бэлтгэлийн сав нь дүүрсэн гэж боддог юм. Хамт бэлтгэл хийсэн Ө.Бат-Оршихтойгоо намар нь цэргийн наадамд үзүүр түрүүнд үлдэж байсан. Тэрнээс өмнө “Цэргийн наадам удахгүй болно, үзүүр түрүүнд хоёулаа үлдэнэ” гэж ярьж байлаа. Тэр үед би аймгийн заан, Ө.Бат-Орших аймгийн арслан байсан юм. Ө.Бат-Орших маань “Би чамайг гуйхгүй” гээд л наргиж билээ. Яах ч аргагүй л ир орчихсон байж дээ. Улсын наадамд цол авна гэсэн бат итгэлтэй байсан.

Юм гэдэг их сайхан ерөөлтэй. Би Монгол Улсын заан Ч.Батзоригоор тав давж Монгол Улсын начин цол хүртсэн юм. Шинжлэх ухаан, технологийн их сургуульд сурч байхдаа нэгдүгээр курсээ төгсчихөөд амралтаараа гэртээ харьчихсан байлаа. Тэр үед Монгол Улсын начин Ж.Алтансүх начин цолоо хүртээд удаагүй байсан юм. Сум руугаа явах үедээ манайхаар дайрлаа. Зүүнговь сум руу нь би хүргэж өгөхөөр болсон юм. Тэр үед Хяргас суманд Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит барилдаан болж таараад оролцлоо. Харин гурвын даваанд Ч.Батзориг заан намайг амладаг юм байна. Ч.Батзориг зааныг татаад хавирах гэхээр нь хутгаад давахаа алдлаа. Хүмүүс ч юу болов гэж шуугиад. Хэдий унасан ч тахимаа өгөхдөө би их бэлгэшээж билээ. Өөртөө бол “Яасан гоё юм, өөр шигээ том бөх болгоорой” гэж бодож байсан. Тэр ерөөлөөр ч юм уу, Монгол Улсын начин гэх эрхэм цолыг тэр хүнээр хүртсэн дээ. Тэр үеэс хойш хүн сайн сайхныг хүсэж явбал бүтдэг юм байна гэж их итгэсэн.

-Ер нь бөх хүнд аз, од гийнэ гэж байдаг болов уу?

-Намайг “Шонхор” биеийн тамирын сургуульд орж байхад маш олон бөх болох сонирхолтой залуучууд байсан. Бүгд л бөхийн оргил цолонд хүрэхийг мөрөөдсөн залуус байлаа. Эргээд харахад мөрөөдөлдөө эзэн болж чадаагүй хүмүүс нь хойно хоцроод байна уу даа гэж харагдах юм. Харин тууштай, дайчин нөхөд нь мэдээж амжилтад хүрсээр байна. Үүнээс гадна том хувь байдаг гэж бодогддог юм. Эцэг эх, уул ус, ард түмний минь буян заяа түшдэг байх. Хүний хувь заяа л юм болов уу даа.

-Монгол Улсын арслан Б.Ганбат танай нутгийнх байх аа?

-Тийм. Манай Баруунтуруун сумынх. Бөх болох гэж хорхойсч явах үед минь зургаан залуу зааны нэг Монгол Улсын арслан Б.Ганбат ах минь ид байлаа. Зургаан залуу заан бол Монголын ард түмнийг үндэсний бөх рүү маш их татаж чадсан шүү дээ. Тиймээс тэднийг, тэр дундаас нутгийн бөхөө дэмждэг байсан. Тэр үед одоогийнх шиг зурагт элбэг биш учраас радиогоор сонсоно. Дараа нь хотод орж ирээд л Б.Ганбат арслантай уулзсан. Тэр үед заан байсан л даа. Түүнээс хойш хамт бэлтгэл сургуулилт хийсэн. Гадуур хамт явж байх үед хүмүүс “Ганбат заан явж байна” гээд л их хүндэлж, биширдэг. Тэр үед мундаг юм аа гэж их бахархдаг байлаа. Ахаасаа их зүйл сурсан даа.

-Ахмад бөхчүүд үнэтэй сургаалаасаа харамгүй л хайрладаг байх. Энэ талаараа яриач?

-Ахмад нь багачуудаа сургадаг монгол ухаан бий. Тэр дундаа үндэсний бөхөөр барилддаг хүнээс монгол эр хүний загварыг хардаг байх ёстой. Тиймээс ахмад бөхчүүд сургааль хайрлаж, зөв байлгахын тулд хичээдэг болов уу. Миний хувьд улсын наадамд түрүүлдэг жилээ Х.Баянмөнх аварга дээр очиж байлаа. Манай нутгийн бөх Д.Бумбаяр заан “Баянмөнх аваргаас очиж зөвлөгөө ав” гээд намайг өөрийн биеэр дагуулж очсон. Надад хэтэрхий бага зүйлд дэвэрч хөөрч болохгүй, барилдаан бүхэн чухал гэдгийг захиж байсан.

Тэр зөвлөгөө бол наадамд хийсэн миний хамгийн том мэх байсан даа. Аваргын үгийг сонсоогүй, өөртөө суулгаагүй байсан бол яах ч байсан юм билээ.

-Удахгүй намар цагийн барилдаанууд эхэлнэ. Бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Бэлтгэл яг жигдрээгүй байна. Удахгүй бэлтгэлдээ орно. Намар цагийн барилдаанууддаа оролцох болно. Бөх хүнд л Монгол Улсын аварга гэсэн сайхан цол бий. Үүнийгээ хадгалж сайхан л барилдъя гэж боддог. Надад Тува, Өмнөд Монголоос маш их үнэ өртөг бүхий бооцоотой барилдаанд хүч үзэх санал ирдэг. Би давна гэдэгтээ мэдээж итгэлтэй байна. Өөрийнхөө ахуй амьдралыг бодвол өндөр бай шагналтай тэр барилдаануудад очих нь надад ашигтай. Гэхдээ би Монгол Улсын аварга цолтой бөх хүн. Тийм байж тэнд очоод уналаа гэхэд Монголын нэр сүр цуг унана. Энэ цолны үнэ хүнд ч гэсэн. Тэгэхээр аварга боллоо ч үүнийг дааж явна гэдэг их том үүрэг хариуцлага байдаг юм шүү дээ.

Ийм болохоор бас аймгуудын наадамд ч зодоглодоггүй. Үргэлж зөв байж, үлгэр жишээ байх юмсан гэж хичээдэг юм.

О.Ариунцэцэг