Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Эдийн засгийн ирээдүй болсон эрчим хүчээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй

“Новотерра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

-Хоёр зүйлд анхаарч ажиллалаа. Төрийн өмчит компани гэдэг хэв маяг, уламжлал, тэнд хэрэглэгддэг байсан стандартуудыг яаж олон улсын стандартад нийцсэн, арилжаанызарчмаар ажилладаг бизнес болгох вэ гэдэгт анхаарч ажилласан. Багануур гэж 40 жил ажилласан уурхайг нэг хоногийн дотор өөрчилж шинэчлэх боломжгүй л дээ. Хамгийн түрүүнд хүмүүс нь ойлгож итгэх учиртай. Компани улам сайжирна гэдгийг ухаарч байж үр дүнд хүрнэ. Энэ процесс явж байгаа. Зарим хүний хэлдгээр темасек болгох суурийг тавих ёстой. Тэр суурийг тавих хамгийн гол зүйл бол хүн. Хүн нь ойлгодог, итгэдэг, туршлагатай, чадавхитай байхюм бол шилжилт хурдасдаг. Тэгэхээр хүнээ чадваржуулах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл чадвартай хүнийг ажиллуулах учиртай. Ингэхийн тулд хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой. Өнөөдөр Монголд бизнес босгож, удирдаж чаддаг хүмүүс бий. Гагцхүү тэр хүмүүсийг төрийн өмчтэй компаниуд руугаа яаж татах вэ гэдэг л чухал. -Бизнес босгож чадах хүмүүст ажил санал болгоход хамгийн түрүүнд юуг хардаг вэ?

-Тийм хүмүүс олон зүйл хардаг. Очлоо гэхэд засаглалын орчин ямар байгаа, компани шиг байж чадах эсэхийг харна. Аль нэг нь шийдвэр гаргаж, тэрийг нь үг дуугүй биелүүлдэг орчин байвал, өнөө шийдвэр нь арилжааны бус байвал хэцүү. Ийм орчинд чадвартай хүн хэр барагтай ирдэггүй. Бас өнөөгийн зах зээлд үнэлэгдэж байгаа хэмжээний цалин чухал. Үүнийг хийх гэж зорилоо. Хоёр дахь нь гэвэл Оюу толгой. Оюу толгойд шинээр 2000 ажлын байр бий болсон. Хөрөнгө оруулалт нь, ажил нь эхэлчихсэн яваа. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт хамгийн хэрэгцээтэй өсөлтийг авчрах, ажлын байр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт авчрах сайн талтай. Хэрвээ энэ асуудлыг шийдээгүй бол бүх зүйл гацсан хэвээр өнөөг хүрэх байсан. Яг бизнесийн зарчмаар, тоогоо харж, судалгаагаа хийж байгаад шийдвэрүүд гаргасан. Ингэсний хүчинд гүний уурхайн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. 2000 хүн шинээр ажилд авна гэдэг бол эдийн засагт байгаа бодитой жишээ.

-Ирэх жилүүдэд энэ ажлыг л үргэлжлүүлж хийгээсэй гэсэн бодол байгаа байх. “Эрдэнэс Монгол”-ын дараагийн удирдлагын үргэлжлүүлэх учиртай ажил гэвэл та юуг онцлох вэ?

-“Эрдэнэс Монгол”-ыг төслийг эхнээс нь дуустал нь хийдэг, төсөл эхэлсэн бол дуусгаж чаддаг төв болгох хэрэгтэй байгаа юм. Том төслүүдийг Монголд хэрэгжүүлэх гээд үзэж л байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаануудаас олон зүйл ажиглагдаж байгаа. Эхлээд анхаарах зүйл бол түрүүн ярьсан хүний чадавхи. Чадвар дутмаг байдаг сул тал бий. Чадвартай хүмүүсийг авч ажиллуулах нөхцөл нь бүрдээгүй байдаг. Сүүлийн 25 жилд Монголд янз бүрийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлж, амжилттай, амжилтгүй хийсэн туршлагаас судалсан. Энэ компанийн хувьд өнөөгийн хөрөнгийн нөөцөд нь тулгуурлах ёстой гэж үзсэн. Хөрөнгийн нөөц гэдэг нь Багануур, Шивээ Овоо, Таван толгой, Оюу толгой. Эд бол үнэтэй хөрөнгүүд. Үүнийг стандартын дагуу үнэлэх боломж байдаг. Үүн дээрээ үндэслэж хөрөнгө босгож, босгосон хөрөнгөө дэд бүтцийн салбар руугаа оруулах хэрэгтэй. Уул уурхай дээрээ түшиглэж дараагийн алхмаа хийх ёстой, уул уурхайгаа босгож байж бусад салбараа хөгжүүлэх боломжтой гэж ярьсаар ирсэн нь ийм учиртай. Тэгэхээр ингэж хөгжихөд “Эрдэнэс Монгол” чухал үүрэг гүйцэтгэх газар. Хөрөнгөө зөв үнэлж, ашигтай ажиллуулбал асуудал байхгүй. Том зургаар харвал арав, хорин жилийн дараа энэ компани эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно. Мэдээж энэ процесс цааш үргэлжлээд явна гэдэгт итгэж байна. Ингэхийн тулд компанийн засаглал их чухал. Өмнө хийж байсан аргаараа бүгдийг хийх гээд байвал ажил урагшлахгүй. Шийдвэрүүдээ зоригтой гаргаж, стандартуудаа эргэлзэлгүйгээр авч хэрэгжүүлээд шилжилтийн үеэ аль болох хурдан хугацаанд давах хэрэгтэй л дээ. Дүлгэнэж суусаар байгаад шийдвэр гаргадаггүй, амжилтад хүрдэггүй, эдийн засагт өгөөж авчирдаггүй маш олон жишээ бий. Ямартай ч бид зам дээр нь гаргачихлаа. Цааш үргэлжлүүлээд явбал тав, зургаан жилийн дараа нэлээд өөр болно. Тав, зургаа ч биш бүр хоёр жилийн дараа өөрчлөлт мэдрэгдээд эхэлнэ.

-Та бүхний эхлүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд төрийн өмчтэй уул уурхайн компаниудад чадвартай хүмүүсийг ажиллуулж байж үр дүнд хүрэх нь гэж ойлголоо…?

-Хүмүүс мэргэжлийн гэж яриад байдаг. Миний хувьд аливаа бизнесийг удирдах чадвартай, туршлагатай, олон улсын янз бүрийн стандартуудыг ойлгодог, хэрэглэж үзсэн хүмүүс байвал асуудал гарахгүй. Багануур, Шивээ Овоо, Таван толгой дээр өчнөөн асуудал ярьдаг. Яг нарийндаа бүх зүйл л хүнтэй холбоотой байдаг. Хүн нь туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй бол алдаа гаргадаг. Хаана ч адилхан. Тэгэхээр зөв хүнээ л ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ чадвартай, туршлагатай хүн олон түмний тусын тулд гээд зүгээр ирээд ажиллахгүй. Цалин урамшууллыг нь өрсөлдөхүйц хэмжээнд өгөхгүй бол чадвартай хүнээ хулгай хий гэж байгаатай л ялгаагүй юм болно. Олон нийт ч ойлгох хэрэгтэй санагддаг. Иргэд ойлгохгүй бол энэ шинэчлэлгавьтай явдаггүй тал бий. Энэ компани иргэдийн өмч учраас сайн ойлголттой байх хэрэгтэй. Хэрэггүй хэдэн нөхөр өндөр цалин аваад байна гэдэг сэтгэлгээ арилахгүй бол чадваргүй хүмүүсийг авч ажиллуулна л гэсэн үг. Ганц нэг гэрээ нааш нь цааш нь болгоно гэсэн бодлоор ажиллавал үнэ цэнээ бий болгож байгаа хэрэг биш л дээ. Үнэ цэнийг бий болгоно гэдэг огт өөр ойлголт. Өрсөлдөөнтэй орчинд мэддэг, чаддаг юмаа хийж уралдаж байж бий болгодог. Дараагийн хорин жил тийм байх болов уу. Тэгж байж л бид өнөөдрийн байгаа орчноосоо сална.

-Ажлаа өгчихлөө, одоо ямар чиглэлээр ажиллах бодолтой байна вэ?

-Эрчим хүчний салбар бол Монголын ирээдүй гэдэгт анхнаасаа бат итгэлтэй байсан. Одоо ч итгэсэн хэвээрээ. “Салхит”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. Дараагийн төслийн хувьд санхүүжилтийн гэрээ нь саяхан зурагдсан Цэций. Санхүүжилт нь шийдэгдчихээд байгаа. Нарны, салхин станцуудын төсөл хэрэгжүүлнэ гээд төлөвлөчихсөн. Ер нь сэргээгдэх буюу цэвэр эрчим хүч Монголын хувьд өндөр боломжтой. Байгаа юман дээрээбүгдээрээ очиж зодолдох биш шинэ бизнес бий болгох хэрэгтэй. Том зах зээл дээр ажиллахыг зорьж байна. Бүс нутгийн эрчим хүчний зах зээл гэдэг бол асар том. Бас бөөн боломж. Технологи нь сайжирч хямдарч байна. Улсуудын эдийн засаг өссөн хэвээр байна. Энэ бүхнийг нийлүүлээд тооцоод үзвэл маш том боломж харагдаж байгаа. Эрчим хүчнээс гадна эрчим хүчтэй холбоотой дэд бүтэц байна. Энэ бүхэн Монголын эдийн засгийн ирээдүй. Ирээдүйгээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гомдоллоод суух эрх бидэнд байхгүй. Сүүлийн таван жилд санхүүжилт их өөрчлөгдсөн. Банкууд цэвэр эрчим хүчийг санхүүжүүлнэ гэдэг болсон. Тэр бүхэнд бид дасч зохицох хэрэгтэй. Бүх шаардлагыг нь биелүүлдэг байх хэрэгтэй. Миний сурсан мэдсэн, талхаа олж иддэг салбар энэ л дээ. Тэнд байгаа мөнгийг яаж энд байгаа төсөл рүү авчрах вэ гэдэг бол миний ажил. Төсөл хэрэгжээд эхлэхээр орлого бий болно, татвар төлнө. Татварт өгсөн мөнгөөр сургууль цэцэрлэг барина. Үнэ цэнэ гэдэг зүйл тэгж л бий болдог.

Ц.БаасансҮрэн

Categories
мэдээ цаг-үе

Н.Учрал: Нийгмийн аль ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэрээс хэтэрлээ

Намрын чуулган нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганаар ямар, ямар
асуудал хэлэлцэх вэ?

-Намрын чуулганаар юун түрүүнд 2017 оны төсвийг хэлэлцэнэ. Бүх л
тойргоос сонгогдсон гишүүд өөрсдийнхөө тойрогт хөрөнгө оруулалт хийхийг зорьж байна.
Шаардлагатай байгаа цэцэрлэг, сургууль, дэд бүтцийн асуудлаа шийдүүлэхийн төлөө
ажиллаж байгаа. Гэхдээ ирэх жилийн төсөвт бид бодсоноороо хөрөнгө суулгаж чадахгүй.
Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Гэсэн ч шаардлагатай олон ажил урагшилж
байх ёстой. Гол нь төсвийн зарлагыг бууруулж өгөхгүй бол болохгүй байна. Төсвийг
захиран зарцуулж буй хүмүүст эрх нь байдаг учраас орон тоогоо багасгахын оронд бага
цалингаар олон хүн ажиллуулаад байдаг. Ингэж төрийн бүтцийг данхайлгаад байгаа юм.
Тэгэхээр бүх салбарт орон тооны нормыг тогтоож өгөх хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд
зохицуулалт хийж өгөх хэрэгтэй. Ингэж чадвал төсвөө хэмнэх гарц харагдаж байна.
Төсвийг хэмнэж байж л хөрөнгө гаргаж авахгүй бол заавал хэрэгжүүлэх шаардлагатай
ажил зогсох гээд байгаа. Миний хувьд бүтцийг цомхон болгох тал дээр хэд хэдэн санал
боловсруулсан. Тухайлбал, суманд байгаа төсвийн байгууллагын санхүүгийн аппаратыг
нэгтгэх боломж харагдаж байна. Мөн багийн иргэдийн хурлын даргын нэмэгдлийг зогсоох
шаардлага бий. Татвар нэмэх тухайд хамгийн түрүүнд газрын асуудлыг судалж үзмээр
байгаа юм. 0.07 га газрыг нэг иргэнд биш, нэг өрхөд эзэмшүүлдэг болмоор байна. Тэгэхгүй
бол өнөөдөр уул болгоны амыг хашаад авчихаж. Их хэмжээний газар эзэмшиж буй иргэдээс
өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

-Ээлжит бус чуулганы үеэр Засгийн газраас татвар нэмэгдүүлэх хуулийн
төсөл оруулж ирэхэд УИХ-ын гишүүд дэмжээгүй шүү дээ?

-Үнэхээр шаардлагатай тохиолдолд татвар нэмэх ёстой. Хүн амын орлогын
албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл зэрэг ард иргэдийн халаас руу өнгийсөн
татварын хэлбэрийг оролдмооргүй байна. Харин Зайсан зэрэг уулын аманд том том газар
аваад хашчихсан хүмүүсээс татварыг нь авах хэрэгтэй. Мөн өндөр цалинтай хүмүүсээс
татвар ахиу авахад болохгүй гэх зүйлгүй.

-Хэрэгжүүлж чадах болов уу?

-Саналуудаа тусгаад дуу хоолойгоо хүргээд явъя гэж бодож байна. Миний
сонгогдсон Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд цэцэрлэг, сургуульгүй хороо байна. 10
мянган хүнтэй хороо нэг ч сургууль, цэцэрлэггүй байна шүү дээ. Газрын асуудал мөн
хөндөгдөж байгаа. Дээрээс нь дахин төлөвлөлтийн олон асуудал яригдаад байна. Тэгэхээр
сургууль, цэцэрлэгтэй болох асуудлыг ямар нэгэн байдлаар ирэх оны төсөвт суулгаж
өгөхгүй бол болохгүй. Гэхдээ манай дүүргийнхэн улсын төсвийг харж суухаас илүүтэй
гадны хөрөнгө оруулалтууд хайж л байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын
газар тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ хамтраад 50 сая еврогийн урт
хугацааны зээл авахаар хөөцөлдөж байгаа. Унгарын хөгжлийн агентлагтай энэ талаар
ярилцаад одоогоор санамж бичигт гарын үсэг зурчихлаа.

-Ээлжит бус чуулганаар буцаагдсан хуулиудыг намрын чуулганаар хэлэлцэнэ.
Өмнөх парламентын үед ёсчлоогүй байсан хуулиудыг дахин хэлэлцэнэ биз дээ?

-Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокуроын байгууллагын тухай,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүү, зөрчлийн
тухай хуулиуд өмнө нь ёсчлогдоогүй байсан. Буцаагдсан учраас процессынхоо дагуу
дахин орж ирж байна. Өмнөх парламентын хууль хэдий ч шинэ гишүүд батална. Тиймээс
дахин хэлэлцүүлж явах нь зөв. Хамгийн гол нь энэ болгоныг улстөржүүлэх хэрэггүй.
Ёсчлоогүй, Төрийн мэдээллийн эмхэтгэлд хэвлээгүй учраас дахин хэлэлцэхээс өөр аргагүй.
Хэлэлцээд батална.

-Хэлэлцэх асуудал дунд ач санах тухай хууль гэж байна лээ. Энэ ямар
учиртай хууль юм бэ?

-Насны хишиг тэтгэврийн хуультай холбогдуулаад Ач санах тухай хууль
орж ирж байгаа. Би чуулган эхлэхээс өмнө тойргийнхоо сонгогч олонтой уулзаад ирлээ
л дээ. Иргэд Насны хишгийг тэтгэврийн зөрүү арилгахтай холбож өгөөч гэж байна. Хуучин
нийгэмд хүмүүс ажлын зургаан өдөртэй байсан. Улсад олон жил хөдөлмөрлөчихөөд
200 мянган төгрөгийн тэтгэвэр тогтоолгосон байдаг. Тухайн үедээ мөнгөний ханш чанга
байхад болдог байсан бол өнөөдөр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Гэтэл сүүлийн хэдэн
жил тэтгэвэрт гарч буй хүмүүс дор хаяж дөрөв, таван зуун мянган төгрөгөөр тогтоолгож
байгаа. Тиймээс энэ зөрүүг тооцож үзэх хэрэгтэй болчихож. Ялангуяа Насны хишгийг
олгохдоо доороос нь шаталж олгоё гэж бодож байна. Одоогийн байдлаар 70 настай хүнд
100 мянга, 80 настайд 200 мянга, ерээс дээш настайд 300 мянган төгрөг олгохоор яригдаж
байгаа. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх учраас нэлээн анхаарал хандуулна гэж бодож
байна.

-Боловсролын зээлийн сангийн тухай хууль орж ирж байгаа. Та өмнө
нь боловсролын салбарт ажиллаж байсан. Уг хууль хэрэгжсэнээр боловсролын салбарт
ямар сайн үр дүн гарах бол?

-Уг зээлийн санд 101 тэрбум төгрөг байршуулъя гэж ярьж байгаа. Үүнээсээ
20 тэрбумыг оюутны тэтгэлэгт буюу 70 мянгад зориулна. Харин дараа жилээс оюутнууд
дээрх сангаас зээл авдаг болох юм. Их зөв хууль орж ирлээ гэж харж байгаа. Ер нь
манай оюутнууд төрөөс 70 мянган төгрөг авснаар сайжирсангүй. Харин ч бэлэнчлэх сэтгэлгээтэй,
хариуцлагагүй болсон. Зүгээр өгч буй, үнэгүй зүйл ямар ч хүнийг бэлэн зүйлд дуртай
болгодог. Харин зээл хэлбэрээр олгосноор оюутнуудын хандлага өөрчлөгдөнө. Эргэж
төлөх мөнгө учраас ядаж л хичээлдээ мэрийж эхэлнэ. Нөгөө талаасаа төр тэдэнд зээл
олгосон учраас мөнгөө буцааж олж авахын тулд сургуулиа төгсөх үед нь ажлын байраар
хангах юм. Тэгэхээр төгсөж буй оюутнуудыг ажлын байртай болгох үүргийг төр хүлээнэ.
Залуусыг ажилд авч буй компаниудыг төрийн зүгээс дэмжих хэрэгтэй. Энэ зээлийн сан
бий болсноор цаашид оюутны ажлын байрыг давхар бий болгох суурийг тавьж өгнө. Ер
нь их сайн судалгаатай, хөрсөн дээр наалдах хуулиуд орж ирж байна. Манайд хууль
гардаг, хэрэгжих гэхээр амьдралд нийцдэггүй. Хууль амьдралтай байх ёстой. Органик
хууль гэдэг юу юм бэ гэхээр батлагдсан хууль амьдрал дээр хэрэгжих бололцоотой байхыг
хэлж байгаа. Ард иргэдийн дунд ямар асуудал байна вэ гэдгийг сайн судалсан, гадны
жишгийн ололттой саналуудыг тусгасан ийм хуулиуд батлах ёстой. Тиймээс ер нь УИХ-аар
хэлэлцэж буй хуулийн төсөлд анхаарал хандуулж, дуугаръя гэж бодож байгаа. Би өөрөө
эрхзүйч мэргэжилтэй хүний хувьд парламентыг мэргэжлийн байх ёстой гэж боддог.

-Та Монголын залуу багш нарын холбооны тэргүүн. Багш нарын баярын
үеэр салбарынхантайгаа уулзсан байх. Ямар асуудал тулгарч байдаг юм бол?

-Багш нар онцгой нөхцөлд ажилладаг. Байнгын дуу чимээ ихтэй. Орчин
нөхцөлийн хувьд ч онцгой нөхцөл гэж хэлж болно. Гадны жишгийг анзаараад байхад олон
хүүхэдтэй ангид заавал туслах багш байдаг. Манай багш нар бүх зүйлийг ганцаараа
болгож байна. Багшийн нөхцөл онцгой нөхцөл мөн үү гэдгийг тодруулж судлахын тулд
Стандарт, хэмжил зүйн газар руу бичиг явуулах гэж байгаа. Багш нар орчин нөхцөлийнхөө
тухайд гомдолтой байдаг. Чимээ шуугиан ихтэй орчинд хүүхэд бүртэй тулж ажиллана.
Дээрээс нь байнга шохой хэрэглэдэг. Тиймээс багш нарыг онцгой нөхцөлд ажилладаг
гэдгийг нь тодорхойлоод өгчихвөл нэмэгдэл авах юм. Ийм гарц бий. Төсөв мөнгө хүнд
байгаа үед заавал шийдэх албагүй. Яваандаа багш нарт маань хэрэгтэй. Ер нь багш
нартай уулзахаар нийгмийн асуудал л ярьдаг. Орон сууцанд оръё гэхээр цалин нь хангалтгүй.
Хуучин дэвтэр засалтын мөнгө авдаг байсан бол одоо тийм нэмэгдэл байхгүй. Миний
хувьд боловсролын салбарт нэг л зүйлийг бий болоосой гэж хүсдэг. Юу вэ гэхээр хүүхдүүдийг
сургуулиар нь ангилдаггүй болгомоор байна. Лаборатори, энгийн сургууль гэхчилэн
маш олон зиндаатай болчихож. Хүүхдүүдийн дунд шилдгүүдийн сургуульд, тааруухан сургуульд
сурдаг гэсэн зааг гарчихсан байна. Гэтэл өнөөдөр Японд ямар ч хүүхэд гэртэйгээ ойр
сургуульд л ордог. Бүх сургууль нь ижил стандарттай. Анги танхим, спорт заал, багш
нар, сургалтын хөтөлбөр нь ялгаагүй. Харин манайд эсрэгээрээ байгаа. Хүүхдүүд сургуульдаа
явахын тулд өдөрт хэдэн цаг зарцуулж байгаа билээ. Эцэг, эх нь хүүхдээ аль гайгүй
сургуульд оруулах гэж хичээж байна. Ингэж хүүхдүүдийг ангилдаг болсон.

-Ялангуяа хотын төвийн сургуульд сурах, захын сургуулийн сурагч байх
хоёр хоорондоо маш их зөрүүтэй болчихсон юм шиг байна лээ?

-Бодит амьдрал дээр тийм л байгаа. Сургуулийн зиндаа, зэрэглэлийг
нэг түвшинд аваачих ёстой. Монгол Улсын дунд сургуулийн хөтөлбөр нэг л стандарттай
баймаар байна. Сургуулийн спорт, урлагийн заал ижил байхыг улс шийдэж өгөх хэрэгтэй
байна. Наад захын жишээ хэлэхэд л Сонгинохайрхан дүүргийн ихэнх сургууль өдрийн
гурван ээлжтэй хичээллэж байгаа. Ийм байхад сурагчид сургууль дээрээ бие дааж хичээллэх
талаар бодохын ч хэрэггүй болоод байгаа юм. Багшийн ачаалал бас хэт их болно. Энэ
асуудлыг л шийдэж өгмөөр байна. Их, дээд сургуулийн тухайд улсынхыг хувьчлахгүй
гэсэн байр суурьтай байгаа. Мөн боловсролын магадлан итгэмжлэлийг анхааралтай ажиглаж
байна. Уг нь магадлан итгэмжилсэн байгууллага тухайн сургуулийн ажлыг сайжруулдаг
байх ёстой. Үндсэн чиг үүрэг нь сургуулийн хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллах
шүү дээ. Шалгадаг байгууллага биш. Гэтэл өнөөдөр магадлан итгэмжлэлийн байгууллага
Мэргэжлийн хяналтынхны хянаж, шалгадаг ажлыг хийгээд байдаг. Манай нийгмийн аль
ч салбарт хатуу хяналт, шалгалтууд хэтрээд байна. Бүх түвшиндээ шалгалттай. Бие
биенийхээ ажил руу хошуу дүрсэн нөхцөл байдлыг цэгцлэх ёстой.

-Гуч гаруй мянган багш тэтгэвэртээ сууж байгаа. Гэтэл байшин бүрт
нээгдсэн өдөр өнжүүлэх төвийг мэргэжлийн бус хүн ажиллуулж байх жишээтэй. Тэтгэвэртээ
сууж буй, ажил хийх боломжтой багш нарыг ашиглах ямар боломж байна вэ?

-Тэтгэвэрт суусан багш нараар гэрээр хичээл заалгах, хичээлийн хоцрогдол
арилгуулах тал дээр ашиглаж болно. 55, 60 настай хүмүүс чинь залуу шүү дээ. Тэд
гэртээ суугаад юу хийх юм бэ. Ихэнх нь хувийн сургуульд багшилж байгаа. Монголын
төр хэрэгцээтэй хүмүүсээ хэт эрт хөөж явуулчихаад байна. Уг нь 65 настайдаа тэтгэвэрт
гарах хүсэлтэй хүмүүс бий. Жишээлбэл, багш нар 65 хүртлээ ажиллах боломжтой гэж
бодож байна. Тэтгэврийн насыг 55, 60-аар хавтгайруулах биш салбар бүрийн онцлогт
нь тааруулж харилцан адилгүй болгомоор байгаа юм.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Цээпээ ахын сургууль

Нэг. ХҮНИЙ НӨМӨР

1980 онд миний найз нарын “бүтэц” өөрчлөгдлөө. Өмнө нь би ангийн нөхөд, халиад л дээд, эсвэл доод ангийн ганц нэг хөвүүнтэй нөхөрлөдөг байв. Гэтэл их сургуулийн оюутан болсноор насаар бараг л үе мултарсан ах, эгч нартай нэг ангийн нөхөд болдог юм байна. “Наадаж өссөн багын нөхөд минь Насаараа нэгэндээ ангийн хүүхэд ээ” гэж дуунд гардаг шиг бид дорхноо л үе тэнгийнхэн мэт дотнослоо. Арван наймтай хөвүүн гучин тавтай ахтай анд бололцлоо.

Тэр үед дээд сургуулийн өдрийн ангид элсүүлэх насны дээд хязгаар 35 байсан юм. Тэдний заримын хүүхэд биднийг дипломоо гарддаг жил 10 дугаар ангиа төгсгөж байсан даг. Залуу насаа үдэн алдаж байсан ах эгч нар бидэнтэй нийлээд залуужиж, хүүхэд зантай болж байгаагаа гайхдагсан. Харин бид тэднийхээ нөлөөгөөр хэрсүүжин амьдралын хөлгүй далайд янз бүрийн алхмуудаа хийж байлаа. Хүний нөлөө янз бүр ээ. Зарим нь амьдралын ээдрээт өнгийг эртээс таниулж, “эр хүн” болгохыг чухалчилж байхад нөгөө зарим нь гашуун нясуун юманд хөөрхөн дасгалжуулна.

Бас нэг нь “элээсэн оймс”-ныхоо тоогоор ахархаж, зааж удирдахыг үүргээ гэж итгэнэ. Гэтэл дараагийнх нь бидний орь залуу ертөнц рүү эргэн уусч, хүүхдэрхүү хонгор зан чанарууд нь сэрж, баяр баясгаланд умбана. Ийм ах нарын нэг нь Цээпээ буюу Ш.Цэрэнпил байлаа. Гэр бүл үр хүүхэдтэй, өрх айлыг толгойлж явсан тэрээр дан хар толгойгоо даасан биднийг бодоход олон хариуцлага үүрсэн хүн байв. Ухаандаа төвийн сонинуудад байнга мэдээ сэлт бичнэ. Биднийг ч бас ингэхийг “уриалж” таван цаасны шагнал нь оюутан хүнд хэрэг болно” гэж ятгадагсан. Зарим нь түүнийг эргүүлээд гоочилно. Хэл амаараа гүйцэгддэггүй Ерэнтэй нэг удаа “Та нар Цэрэнпил шиг мэдээ бичиж баяжигтун” гэж хэлснээсээ болоод мань хоёр сүрхий тар тур хийж билээ.

Бас биднийг авьяастай гэж их магтана. Энэ магтаалд нь би их дуртай байсан боловч зарим нэг хэлдэг үг нь дургүй их хүргэнэ ээ.

Нэг удаа би хичээлээ таслаад ангийнхаа нэг ахтай хөдөө яваад ирэв ээ. Сайхан аялал байсан л даа. Тэгсэн чинь мань Цэрэнпил хэлж байна аа.

-Энэ хүүхэд ирэх хавар цэрэгт явжээ, хөөрхий. Хичээл тасалдгаас нь л явуулдаг юм чинь. Харин цаадах чинь бол цэргийн нас хэтэрсэн хүн юунаас айх билээ. Ингээд сэтгүүлч болох хайран сайхан мөрөөдөл талаар болох нь тэр дээ гэх нь тэр.

Миний уур хүрсэн гэж жигтэйхэн, шууд л намайг харааж байна. Бидний сайхан нөхөрлөлийн дундуур хатгаас хийж байна гэж тусгасан. Бодох тусам уур хүрээд, тэгэхдээ үнэн санагдаад. Үнэн санагдах тусам хор хөдлөөд.

Харамсалтай нь намайг гомдоосон Цэрэнпилийн үг үнэн санагдаад гачлантай байлаа. Үнэхээр л дээд сургуулиуд жаахан залхсан нөхдөө цэрэгт явуулдаг, гурван жил албаа хаагаад эргэж ирж суралцах нь сурдаг, үгүй нь үгүй байсан юм. Ялангуяа манай сэтгүүлзүйн салбар шиг заримдаа жил өнжиж элсэлт авдаг, заримдаа бүр хаагдчихдаг ангид эргэж ирж суралцах гэдэг үнэхээр эргэлзээтэй зүйл байсан юм. Ингээд би жаахан олигтой байх талаар юм бодох хэрэгтэйг сүүлдээ ухаарсан.

Гашуун үгт ах бид хоёр үргэлжлэн улам сайхан нөхөрлөх боллоо. Тэр ганцхан гашуун үг ч хэлдэг хүн биш. Магтаалаа ч хайрлахгүй. Манийгаа дагуулаад энд тэндхийн найз нартаа их магтана. Их авьяастай гэхдээ хариуцлагагүй нөхөр гэж шүүмжилнэ.

Цэрэнпил биднийг “идэвхтэй байж төвийн сонинд юм бичиж өөрийгөө таниул. Сургууль төгсөхөд чинь чамайг авах магадлалтай. Сургуулиа төгсгөөд хотод л үлдэх хэрэгтэй. Хөдөө явбал хайран сайхан авьяас чинь зэвэрнэ” хэмээн их ятгадагсан. Мануус түүнийг нь “уг нь үнэн үг” хэмээн дэмжих боловч дагадаг хүн ховор байж дээ. Ингээд Их сургуулийн он жилүүд нэг л мэдэхэд өнгөрч төвийн хэвлэлд мэдээ сурвалжлагаас эхлээд юм юм тасралтгүй бичиж байсан Цэрэнпил ах “Үнэн” сонинд хуваарилагдан хотод үлдлээ. Түүнтэй үргэлж арсалддаг ч сайн найз нь байсан Ерэнтэй “Тоншуул”-д юм бичсээр байгаад тэндээ бас үлдэв. Харин төвийн хэвлэлд шүлгээ гаргаж байсан миний бие хөдөө явахдаа туллаа. Учир нь бүх юмаа шүлэглэдэг, эсвэл шүлэгчийн орон тоотой газар хотод байсангүй.

Гэтэл улсын шалгалтын өмнөхөн амьдралын нэгэн эргэлт таарч миний бие сургуулиа төгсгөж чадсангүй ээ. Жилийн чөлөө авчихлаа. Үнэн сонины сурвалжлагч болсон “хөгшин” анд маань надаас харилцаагаа тасалсангүй. Чехийн “Консул” гэдэг машинаар цохисон жижиг үсэгтэй олон захиа нь надад байдаг. Тэр үед бид хоёр шиг таваас арван хуудас захиа бичилцдэг хүн ховор байсан буй заа. Тэрээр Үнэн сонины эрхлэгчээр томилогдоод удаагүй байгаа Л.Түдэв гуайг авьяас билиг боловсрол тэгш төдийгүй шинэлэг сэтгэлгээтэй, залуусыг зоригтой дэмждэг хүн хэмээн их магтана.

Ингээд зогсохгүй чамайг их авьяаслаг хүү тэнд байгаа хэмээн нэг бус удаа эрхлэгч Түдэвт магтсан гэдгээ мэдээлдэг байлаа. Ингээд хойтон жил нь сургуулиа дүүргэж дипломоо амжилттай хамгаалсны дараа Цэрэнпилийн өгсөн “мэдээлэл”- ийн мөрөөр Л.Түдэв эрхлэгч намайг дуудан уулзаж билээ.

Мэдээж Л.Түдэв өөрийн хэмжүүр үнэлэмжтэй, ланжгар амьтан байлаа даа. Ингээд удалгүй би тэнд Түдэв гуайн цуглуулсан залуус болох С.Цацралт, С.Батмөнх, Ш.Батмөнх, Д.Батмөнх, Д.Цэрэнжав нарын эгнээнд очиж “Үнэн” сонины алтан гэж болох үед ажиллаж байлаа. Захиалга нь тэр үеийн “Үнэн” сонин шиг 200.000 хувьд хүрсэн хэвлэл одоо болтол манай түүхэнд гараагүй л байна.

Диплом хамгаалахынхаа өмнөхөн би Сэлэнгэ аймаг дахь “Үнэн” сонины сурвалжлагч Цэрэнпилийнд очиж хэд хоног амарлаа. Цээпээ ах эрх мэдлээ ашиглан намайг анх удаа хилийн дээс алхуулсан нь Хиагт орж үзсэн явдал байв. Хүүхдүүд нь “Энэ ах манай төрөл биш байж яагаад манайд хоноод байгаа юм бэ” гэж асуусан гэдэг.

Хоёр. ИЧГҮҮР ДУНДААС ТАСАРСАН БАХАРХАЛ

Ш.Цэрэнпил манай үеийн ахмад сэтгүүлч. Нас ахмад хүмүүс “манай үеийн” гэж хэлэгдэж явах нь олонгүй. Үргэлж шинэчлэлийг хайж, шинэ үеийнхэнтэйгээ нөхөрлөж явдаг хүн цаг үеэсээ хоцордоггүй аж.

Манайхан мэднэ дээ нэг тийм, туршлага дурсамж хоёроос өөр юмгүй болчихсон улс байдаг даа. Тэд ямар дарамттай байдаг гээч. Ярьдаг юм нь багадаа амсаж, эдэлж, туулсан бэрх амьдрал. Магтдаг юм нь “өөрийг нь оруулаад өөрийнх нь үеийн гэх мундагчуулын баатарлаг зам, дундрахгүй авьяас” гээч юм. Голдог юм нь “одоогийн авьяасгүй, хатуужилгүй” залуус. Нэг ийм нөмөр нөөлөг гэхээсээ дарамт болсон ахмад үе байдаг даа.

Ийм үеийг л Цэрэнпил надтай танилцсан цагаасаа эхлэн шоолдог, тэднээс зайлсхийдэг нэгэн байсан. “Үнэн” сонинд байхдаа ч тэр хамгийн зоримог, хурц шүүмжлэлтэй юм бичдэг сэтгүүлчдийн нэг байлаа. Сэлэнгэ аймагт байхдаа аймгийн нэг томоохон даргыг хатуухан шүүмжилж бичсэн юмдаг. Тэр үед ер нь бол манаач, цэвэрлэгчээс дээш хүнийг шүүмжлэхдээ болгоомжилдог, дарга нарыг шүүмжлэх гэхээр давхар нам засгийг шүүмжилсэн асуудалд унагаачихдаг хэцүү үе байсан. “Үнэн” сонин гагцхүү Түдэв гуайн эр зоригийн хүчээр нэлээн тийм эрэлхэгдүүхэн байдалтай байсан цаг.

Ер нь одоо ч гэсэн сонины эр зориг гэдэг ерөнхий эрхлэгчийн эр зориг хэвээрээ байгаа. Миний удирдлага, манай дарга нар намайг хамгаалж чадна гэсэн итгэлтэй сэтгүүлч л төр засаг, хүчирхэг бүлэглэлийн булхайг илчлэх зоригтой байдаг билээ. За энэ ч яах вэ.

Гол нь манай Цэрэнпилд шүүмжлүүлсэн тэр дарга төрийн том одон авах бэлтгэлээ хангаад байсан юмсанж. Гэтэл сонин дээр шүүмжлүүлсэн гээд одонгийн оочер нь ухарчихжээ. Ингээд зогссонгүй мөнөөх одонгоос хоцрогч дарга чинь “Үнэн” сонины ажилтнуудын хувь заяаг шийдэлцдэг нэг даргын маань хамаатан байсан юмсанж. Ингээд Цэрэнпилээс хариугаа тэд нэлээн тойруу замаар аваад Дорноговь руу хөөгөөд явуулчихсан юмдаг. Ерэнтэй бид хоёр Цээпээ ахынхыг Сибирийн хөвчийн өмнө үзүүрээс Говийн их цөлийн ар луу төмөр замаар нүүлгэлцэж, ганц нэг юм хуваан, өнөө айхавтар даргыг ханцуй дотроо зүхэцгээн салж билээ.

Бид уулзахаараа л нам засгаа муулна. Тэр үед “нам засгаа муулах” гэж тусгай нэр томьёо байсан. Энэ нь итгэлтэй хүмүүс сэмхэн нийлээд нууцгайгаар засаг төрөө магтахгүй юм ярихыг хэлж байгаа юм. Удалгүй ардчилсан хувьсгал гарлаа. “Үнэн” сонины залуус мөр мөрөө хөөн одоцгоосон. Цэрэнпил ардчилсан хувьсгалыг талархан угтсан ч “Үнэн” сониндоо нэг хэсэгтээ байлаа.

Түүний үеийнхэн ихэнхдээ зах зээл, ардчиллыг халуунаар хүлээн авч чадаагүй ба “Ардчилсан холбооны хулигаанууд, Алт дилерийн луйварчид, Зориг эрлийз, Элбэгээ хулгайч” гэж олдсон цаасныхаа хэрээр сараачсан, шагнал гавьяа ч чамгүй хүртсэн. Харин тэд ардчилал зах зээлийн буяныг хамгийн түрүүн хүртсэн, хамгийн эхэнд тарга хүч гүйцсэн боловч шинэ үеийг улам л харааж, эсвэл хараалгах ажлыг санхүүжүүлж байсан даа.

Уул нь Будда багш “Олсон орлогынхоо арван хувийг буян үйлдэхэд зориул” гэж захисан гэдэг. Харин тэд олсон орлогынхоо арваас дээш хувийг, олдсон эрх чөлөөнийхөө хориос дээш хувийг өөрт нь энэ бүхнийг авчирсан ардчилсан хувьсгал ба түүний хүүхдүүдийг зүхэхэд зориулж байсан юмдаг. Тэд өөрсдөө ч яахав зөв юм хийсэн гэж итгэсээр одоцгоох биз. Харин үр ач нь аавыгаа, өвөөгөө дурсаад, ийм гавьяат тийм одонт хүн байсан, бичсэн юм нь энэ гээд гаргаад ирэх гэхээр л дандаа ирээдүй рүүгээ цацсан шороо, үсэргэсэн шүлс нь нүдний булай болж гарч ирээд бөгс улайна гээч болох байх даа. Ингээд үеийнхнийхээ өмнө түлэгдэхгүйн тулд тийм өвөөтэй гэдгээ нууж явах байх даа. Хувь тавилан ч хүнээр хөөрхөн тохуурхдаг золиг л доо.

Харин Цэрэнпил өөрийн үе насны сэтгүүлчид дотроосоо ардчилсан хувьсгалыг халуунаар тосон авсан олонгүй хүний нэг нь. Тэр ардчилсан холбоонд элсч, Ху намын улаан батлахаа урж шидэж зориглоогүй ч гэсэн айсуй цагийн өөдөөс шороо цацаагүй билээ. Тэр хичнээн дургүй байсан ч салхи сөрж нулимж болохгүй гэдгийг мэддэг хүн юм. Хуучин юм үргэлж гологдож элэгдэж, хүссэн хүсээгүй шинэдээ зайгаа тавьдгийг тэр идэр залуугаасаа мэдэрсэн байсан. Ардчилсан хувьсгалын удирдагчдыг өөрийн үе насныхан дотроос хамгийн анх магтан бичиж байсан хүний нэг нь Цэрэнпил байлаа.Баабарын тухай бичсэн түүний хөрөг нь тухайн үеийнхээ шилдэг сайн нийтлэлд ордог. Цэрэнпил удалгүй төвийн голлох хэвлэл “Ардын эрх” сонинд шилжин ирж тоймчоор ажилласан юм. Өөрийнхөө араас түрэн ирсэн залуустай дахин мөр зэрэгцэж ирсэн нь энэ байлаа. Цэрэнпил ах өнөө үеийн сэтгүүлч, сайн бүтээлүүд нь өнөөдөр ч гарч байгаа учраас нийтэд танил хүн. Түүний сайныг нотлохын тулд “тээр жил нэг гоё юм бичиж билээ” хэмээн архив ухалтгүй, одоо бичиж байгаа юмыг нь харчих хэрэгтэй.

Цээпээ ахтай нөхөрлөсөн он жилүүд намайг хоёр юманд сургажээ. Нэгдүгээрт, араасаа түрэн ирж байгаа шинэ үеийг сонсч, тэднийг хамгийн түрүүнд ойлгож дэмжих явдал. Шинэ үеэ ойлгохгүй байгаа бол чиний хоцрогдол болохоос, тэдний буруу биш. Туршлага хуримтлуулна гэдэг нэг талаасаа шинэчлэл төгсөхийн тэмдэг. Цэрэнпил ингэж ухааран миний үетэй нөхөрлөсөн, биднийг бас ингэхийг зааж үлгэрлэдэг.

Миний амьдралд хувь заяаны ивээл, сайн үйлийн үрээр учирч дэм өгсөн олон сайхан хүн байдаг. Тэдний нөмөр нөөлөг л хээр талын цулгуй хаваржаанд малчны гэрт төрсөн хүнийг өдий зэрэгт өөд татжээ. Тэдний нөмөр надад бас нэг зүйл сургасан юм. Энэ нь шинэ үеийнхнийхээ сайхан чанаруудыг олж харж, дэмжиж тэтгэж байх явдал. Хүн тийм үүрэгтэй төрдөг юм шиг байгаа юм. Цэрэнпил ахын нөмөр над ингэж хэлээд байдаг. Одоо юм юм өөр болж. Гэхдээ л хүнд хүний нөмөр хэрэгтэй байдаг. Ялангуяа авьяаслаг чадварлаг залуусыг дэмжихэд урамтай.

2007 оны арванхоёрдугаар сарын 26.

Зохиогчоос: Орчин үеийн Монголын сэтгүүл зүйн дүр төрхийг бий болголцсон сэтгүүлчдийн нэг Ш.Цэрэнпил маань бурхны оронд одоод олон жил өнгөрчээ. Дээр толилуулан буй өгүүлэл ч бичигдээд удсан бөлгөө. Тэнгэрт хальсан анд нараа дурсах сайхан ч тэд маань магтаал зэмлэлийн алийг ч сонсон дуулахгүй оронд одсон гэдгийг санахад гашуун. Харин энэ бичлэгийг бурхан болооч амьд сэрүүндээ уншиж, талархал дүүрэн харцаар ширтэж байсныг санахад сайхан байнам.

Б.ЦЭНДДОО

Categories
мэдээ цаг-үе

Д.Дамба-Очир: ОУВС хатуу шаардлага тавих юм бол түүнээс татгалзах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудал хүчтэй яригдаж байна. Орхон аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ сонгуулийн өмнө болсон асуудал. Би Эрдэнэтийнхээ иргэдийг маш сайн ойлгож байгаа. Миний хувьд ажил, амьдралын гараагаа энэ л хотоос эхэлж байсан юм. Цаашлаад “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар нь хүртэл ажиллаж байсан хүний хувьд үүнийг маш анхааралтай ажиглаж байна. Уг үйлдвэрийг дагаад өнөөдрийн Эрдэнэт хот бий болсон түүхтэй. Тэр утгаараа бүхэл бүтэн улсыг тэжээгээд явж ирсэн үйлдвэрийг Худалдаа хөгжлийн банк гээд нэг байгууллага тэр тусмаа нэг хувь хүн авсанд эрдэнэтчүүд эмзэглэж байгааг хамгийн ихээр ойлгож байгаа.

Хоёрдугаарт, тойргийн маань иргэдийг айдаст автуулаад байгаа зүйл нь цаашлаад бид ажилтай байх уу, үгүй юу гэдэг асуудал болоод байна. Хэрэв “Эрдэнэт” үйлдвэр хувийн хэвшилд оччихвол янз бүрийн дэмжлэг, ажилчдын хангамж алга болох вий гэдэгт санаа зовж байгаагаа хэлсэн.

-Гэхдээ л “Эрдэнэт” үйлдвэр Монголын талд 100 хувь шилжээд ирчихлээ шүү дээ?

-Мэдээж монголчууд 100 хувь эзэмшихээр болсонд талархалтай хандаж байгаа. Үүний сацуу 49 хувийг хэрхэн авсан гэдэг нь тодорхой болох ёстой. Энэ хувийг хуулийн дагуу авсан уу, ямар замаар явсан бэ гэдгийг нь шалгуулахаар УИХ-ын гишүүн О.Содбилэг бид хоёр Ерөнхий сайдад хандаж байгаад дөрвөн сайдаас бүрдсэн ажлын хэсэг гаргуулсан. Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх юм билээ. Ямартай ч эхний ээлжинд дүгнэлт гарчихсан.

-Яг ямар дүгнэлт гарсан юм бэ?

-Засгийн газрын хуралдаанаар орж баталгаажих тул одоохондоо бидэнд мэдээлэл өгөөгүй байна. Пүрэв гаригт Ерөнхий сайд Эрдэнэт хотод томилолтоор ажиллана. Энэ үеэрээ гарсан дүгнэлтийг танилцуулах байх. Засгийн газраас ямар дүгнэлт гарах нь вэ түүнийг нь Эдийн засгийн байнгын хороо УИХ-аар хэлэлцээд явна. Гэхдээ Засгийн газрын дүгнэлтийг шууд хүлээгээд авчих болов уу гэж харж байгаа. Энэ бүхнийг эцэслэн шийдсэний дараа ТУЗ-ийг нь байгуулаад 49 юм уу, 51 хувийнхаа талаар ярилцах нь зөв. Төрд байгаа 51 хувийг эзэнгүйдүүлдэг юм уу энэ бүгдийг цэгцлэх үүднээс сая ТӨХ-г байгуулсан гэж бодож байгаа л даа. Төрийн өмчийн хороон дээрээ 51 хувиа авсан. Хуучин Сангийн яаман дээрээ 30 гаруй хувь, ЗГХЭГ-т 20 орчим хувь гэдэг асуудал байсныг нэгтгээд ТӨХ-н дээр аваачсан. Төр 51 хувийг нь эзэмшдэг гэдэг утгаараа захирал удирдлагуудыг тавина гэж бодож байгаа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрт 6000 ажилчин ажиллаж байгаа бөгөөд тэднээс нэг ч хүнийг ажлаас халахгүй болохоор Эрдэнэтийн иргэд тайван байж болно.

Одоо бол Засгийн газрын шийдвэрийг л харж байна. Бүх зүйл хуулийн дагуу явах хэрэгтэй. Үүний дараа шийдвэрээ гаргаад явна.

-Монголчууд монгол хүн үйлдвэр аваад үйл ажиллагааг нь явуулах гэхээр луйвардаж авсан гэж зүхдэг. Гадныхан үйл ажиллагааг нь явуулахаар цөлмөөд зөөгөөд дуусгалаа гэдэг. “Эрдэнэт” үйлдвэрийг Оросын талтай тохиролцоод авчихаад байхад танай бүлгийн зарим гишүүн хуучин байранд тавих ёстой гээд хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан гэрээг яг яах ёстой гээд байгаа юм бэ?

-Оросын талд 49 хувийг нь буцааж өгнө гэдэг дээр би санал нэгдэхгүй байгаа юм. Тийм зүйл ч болохгүй. Оросын тал манайд 49 хувиа зарчихсан. Дахин хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь Монголын талд ирсэн нь сайн хэрэг. Харин манайд ирсэн 100 хувь чинь төрд нь байх юм уу, хувьд байх уу гэдгээ тодорхой болгох шаардлагатай. Одоо бол Худалдаа хөгжлийн банк хуулийн дагуу авсан уу гэдгээ л тодорхой болгож байгаа. Хууль бус байдлаар шийдэгдэж байгаа бол болохгүй л дээ. Тэр утгаараа хуулийн дагуу шалгах ёстой гээд байгаа юм. Хууль бусаар, хулгайгаар, луйвраар авсан бол хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

-Монгол Улсын эдийн засаг амаргүй байна. Засгийн газраас эдийн засгийн тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд байгаа. Хямралыг даван туулах боломжийг та хэрхэн харж байгаа вэ?

-Энэ талаар бүлэг дээр ярилцсан. Манай бүлэг 65 гишүүнтэй тул бараг л Их хурал гэсэн үг. Бүлэг дээр гарсан шийдвэр Их хурлын шийдвэр гэж ойлгож болно. 2017 онд бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Ингэж, тэгж цалин тэтгэвэр нэмье гэхчилэн нийгмийн асуудлуудыг ярьж байгаа нь зөв. Гэхдээ үүнээс илүү санаа зовоож байгаа зүйл чинь бондын төлөлтийг бид яаж хийх вэ гэдэг асуудал. Бондын эргэн төлөлтийг хойшлуулах уу, яах уу гэдэг дээр ярилцаад гарах шийдвэр маш чухал. Үүний дараа бусад асуудлуудаа ярих нь зүйтэй.

Хоёрдугаарт, орон нутгаар яваад ирэхэд татвар нэмэх, нийгмийн халамжийн асуудлыг хөндөх цаг нь биш байна гэдэг нь тодорхой харагдсан. Иргэдийн амьдралаас гадна аж ахуйн нэгжүүд маш хүнд байдалтай байгаа. Засгийн газар иргэдийнхээ цалин, тэтгэврийг одоохондоо нэмж чаддаггүй юм аа гэхэд хасч болохгүй. Харин бусад зардлуудаа танаад явах ёстой гэж харж байгаа.

Мөн уул уурхайн чиглэлийн томоохон төслүүдээ яаралтай хөдөлгөх цаг нь болжээ. Том төслүүд хөдөллөө ч өнөөдөртөө шууд мөнгөө өгчихдөггүй, тодорхой хугацаа шаарддаг. Бүлгийн хурал дээр Сангийн сайд ирээгүй. Монголбанкны ерөнхийлөгч мөн байхгүй байгаа юм билээ. Бодвол мөнгө төгрөг хөөцөлдөөд гадагшаа явсан юм байлгүй. Энэ маш чухал. Хөрөнгө оруулалт, хөрөнгө босгох тал дээр хөөцөлдлөгөө хэрэгтэй. Ард түмэн өнгөрсөн сонгуулиар бидэнд өгсөн. Иргэдтэй уулзаад явж байхад эдийн засаг маш хүнд байна гэдгийг дээр дооргүй мэдэж байна. Гэхдээ Засгийн газар янз бүрийн юм ярьж гоншгоноод байлгүй хийх зүйлээ хий, та нарт 65 суудал өгсөн гэж байна лээ. Бидэнд эрх мэдэл бүх зүйлийг нь хангалттай өгчихсөн болохоор хийж хэрэгжүүлье гэсэн зүйлсээ зоригтой хийгээд явах нь зөв. Эдийн засаг ийм хүнд байна, ийм эдийн засаг хүлээж авлаа гэж хангалттай ярьсан. Одоо зайлшгүй гаргах ёстой шийдвэрээ гаргаад явах хэрэгтэй. Магадгүй хямралыг давах төлөвлөгөөний хүрээнд хүндрэлийг хурдан хугацаанд давах шаардлага тулгарна. Түүнд нь ард түмэнд таалагдах зүйл ч байна, таалагдахгүй зүйл ч бий. Бүх хүний хүсэлд нийцсэн зүйл гарна гэж байхгүй. Тэгж байж хоёр, гурван жилийн дараа үр дүнг нь үзнэ. 2017 ондоо хямралыг бүрэн зогсоож 2018 оноос эдийн засгийн өсөлт гарах ёстой.

-Тэр боломжоо ашиглах эрх нь танай намд нээлттэй байгаа биз дээ?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа УИХ-д 65 суудал авсан манай намын хувьд цаашлаад Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай хуулиа шинэчлээд явах нь зүйтэй. Энэ дөрвөн жилдээ бид шийдэхгүй бол дахин 65 суудалтай болох боломж гарахгүй байх. Нэг зүйлд би санаа зовж байна. Өнөөдөр МАН 65 суудал авч олонхи болчихоод хямралаас нь гаргахгүй бол ард түмний итгэл алдарна. Тэртэй тэргүй Ардчилсан нам болохгүй байна гээд түшиж тулах ганц нам нь Ардын нам гээд сонгочихоод байхад асуудлыг нь шийдэхгүй бол ард түмэн улам хүнд байдалд орох байх. Тэгэхгүйн тулд МАН хариуцлагаа хүлээж, ухамсарлаж явахаас өөр арга зам үгүй. Манай намын давуу тал нь төр улсаа боддог, дотроо талцдаггүй, улсын хэмжээний асуудлыг шийдээд явчихдаг, хувийн эрх ашгаа хойш нь тавьж чаддаг. Бид хамгийн эхэнд 2017 оны төсвөө батлаад томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй.

Чихэнд чимэгтэй ганц мэдээ сонгогдож байгаа нь Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил л байх шив. Энэ хүрээндээ хэдэн хүн ажилд авч байна. Цас нь орчихгүй бол ургац гайгүй авчих төлөвтэй байгаа. Бусдаар бол амаргүйг мэдэж байгаа байлгүй. Амаргүй байсан болохоор л ард түмэн Ардын намд саналаа өгчихсөн юм. Үндсэн хуульдаа бид л өөрчлөлт оруулах хэрэгтэй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад 57 гишүүн дэмжих шаардлагатай байдаг. Өнөөдөр бид 65-уулаа байгаа болохоор дордуулсан долоон өөрчлөлт, засаглалын хэлбэрээ цэгцлэх цаг ирсэн.

-Ардын намынхан 65-уулаа байлаа гээд Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэвэл бусад улс төрийн хүчнүүдтэйгээ зөвшилцөөгүй гээд хүчтэй дайралттай тулгарах байх даа?

-Ардчилсан намын бүлэг Их хуралд бий. Ямартай ч Ардчилсан намынхан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжих байх. Өнгөрсөн дөрвөн жилийн парламент үүнийг шийдчих хэрэгтэй байсан л даа. Одоо ч гэсэн манайхан санаачилгыг гаргаад явахад бусад улс төрийн хүчнүүд дэмжинэ гэдэгт итгэж байгаа. Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах юм. Түүнээс цааш үр хүүхдүүддээ бид ямар нийгэм үлдээж, тэд ямар нийгэмд амьдрах гээд байна вэ. Хамгийн гол нь бид зөв нийгэм үлдээх шаардлагатай.

-Монгол Улсын Ерөнхий сайд ОУВС-тай хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм байна гэж ойлгоод байгаа. “Стэнд бай” хөтөлбөрийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Хэлэлцээр хийх нь зөв. Өөр бусад олон улсын байгууллагуудтай ч хэлэлцээр хийх ёстой. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд хатуу нөхцөлийг нь хүлээж авахгүй байх хэрэгтэй. Тэр нь юу гэхээр хөтөлбөр хэрэгжих хугацаанд олон улсын байгууллагаас хөнгөлөлттэй зээл авах боломжтой байх ёстой гэсэн үг. Тэгэхгүйгээр ОУВС хатуу шаардлага тавих юм бол түүнээс татгалзах хэрэгтэй. ОУВС нэг тэрбум ам.долларын зээл олгох юм шиг байна лээ. Нэг тэрбум ам.доллар гэдэг бол тийм их мөнгө биш. Тиймээс үүнийг авахын тулд бүх зүйлээ барьцаалаад хүнд нөхцөлийг хүлээж авна гэдэг амаргүй зүйл. Монголын эдийн засаг тэлэх ёстой. Бүтээн байгуулалтыг хийж эдийн засгаа хөдөлгөх хэрэгтэй. Гурван сая хүн амтай, ийм их баялагтай Монголын эдийн засаг сэргэх нь амархан гэж боддог. Тиймээс заавал Олон улсын валютын сан гэх нь ч хаашаа юм. Гэхдээ ОУВС-тай хэлэлцээ хийх шаардлагатай. Юу юугүй тэднээс зайгаа барьж болохгүй. Бид тохиролцоонд хүрч чадвал цаашаа явах ёстой.

-Сангийн сайдын мэдэгдсэнээр ирэх оны хавраас томоохон төслүүдээ хөдөлгөж эдийн засагт эерэг дохио авч ирнэ гэж байсан…

-Заавал ирэх хавар гэх шаардлага байхгүй. Түүнээс өмнө хэлэлцээрт орж хавраас л бүтээн байгуулалтаа хийдэг юм байгаа биз. Бидэнд хугацаа байхгүй.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Бөөн баяр”-тай багш нарын өдөр

“Дөрөв гэсэн дугаартай цэцэрлэг, сургуулиуд энэ жил тэргүүний болж байгаа юм байна” гэж БСШУС-ын сайд Ж.Батсуурь тайзан дээр хошигнов. Үнэхээр ч ДБЭТ-т болсон Монголын багш нарын өдрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээний үеэр дөрвийн тоо цөөнгүй дурдагдлаа. Сэлэнгэ аймгийн дөрөвдүгээр сургуулийн биологийн багш Г.Цолмон “Оны тэргүүний багш”-аар тодорсон бол “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр Дундговь аймгийн Сайнцагаан сумын дөрөвдүгээр цэцэрлэг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр цэцэрлэг, Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр цэцэрлэг шалгарсан. Ж.Батсуурь сайд багш нартаа баярын мэндчилгээ хүргэсний дараа тайзнаас бууж, сэтгүүлчдэд “байцаагдлаа”.

НҮБ-аас 2016 оныг “Багш нарын үнэлэмж, статусыг дээшлүүлэх жил” болгон зарлажээ. Сэтгүүлчид багш нарын нийгмийн асуудлыг хэрхэн шийдэхийг шалгаасан. Ж.Батсуурь сайд “Багш нараас гадна манай соёл, урлагийн байгууллагынхан ч маш бага цалинтай. Энэ асуудалд манай Засгийн газар ээлж дараалан анхаарал хандуулж байна. Төсвийн орлого муу, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй цаг үед Засгийн газар байгуулагдсан. Удахгүй 100 хоног болно. Энэ хугацаанд бид эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хөтөлбөр боловсруулж УИХ-д өргөн бариад байна. Ойрын хоёр жилд эдийн засгаа сайжруулах, томоохон төсөл хөтөлбөрүүд эхэлж, орлого нэмэгдэхийн хэрээр тэтгэвэр тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг ээлж дараалан нэмэх нь ойлгомжтой. Багш нарт таван жилийн тэтгэмж, тэтгэвэрт гарахад нь ажилласан жилтэй нь уялдуулаад 36 сарын цалинг олгож байна. Засгийн газраас үүнийг бууруулах, олгохгүй байх ямар нэгэн төсөл өргөн бариагүй. Тийм учраас цаашдаа олгогдоод явна” гэлээ.

Сайд сонгуулийн амлалтаа ч дурдаад авлаа

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Сургуулийн орчинг сайжруулна. Ерөнхий боловсролын сургууль хоёроос ихгүй ээлжээр хичээллэнэ” гэж тусгасан. Энэ хичээлийн жилд Улаанбаатар хотод 36 сургууль гурав, дөрвөн ээлжтэй хичээл эхлүүллээ. Мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх дөрвөн жилийн хугацаанд амлалтаа хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотод цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд олон байна. Мөн арав гаруй хороо огт цэцэрлэггүй байна. Бид судалгаа хийж, цэцэрлэг яаралтай барьж байгуулах, газар чөлөөлөх ажлыг Улаанбаатар хотын захиргаатай хамтарч эхлүүлж байна. Энэ онд нийслэлд 30-40 цэцэрлэгийн шинэ барилга баригдана. Эхний 20 цэцэрлэг барьж байгуулахаар жагсаалт гаргаад, газрын асуудлыг шийдвэрлэсэн. Засгийн газар, Сангийн яам үүнд онцгой дэмжлэг үзүүлж байгаа. Донор орнууд Япон, Хятад болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк манай боловсролын салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Сургууль, цэцэрлэгийг барьж байгуулахад тэд ч мөн дэмжлэг үзүүлж байна. Мөн концессын гэрээгээр олон сургууль, цэцэрлэгийн барилгыг барина. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо энэ дөрвөн жилд бүрэн хэрэгжүүлж чадна гэж бодож байгаа гэлээ.

Боловсролын салбарт өмнөх засгийн үед эхлүүлсэн шинэчлэл үргэлжлэх эсэхийг багш нар лавладаг. Тэгвэл Ж.Батсуурь сайд “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг ээлж дараатай тэнцвэржүүлэх, сургууль болгон харилцан адилгүй хөтөлбөрөөр хичээллэж байгааг зогсоох, арван хоёрдугаар анги төгссөн хүүхэд дэлхийн аль ч улс оронд суралцах хэмжээний хөтөлбөрөө үзэж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн шүү. Хүүхэд харах үйлчилгээг зогсоосон гэх мэдээлийг хэвлэлийнхэн түүнээс тодруулав.

-Хүүхэд харах үйлчилгээг зогсоосон юм огт байхгүй. Бид стандарт хангасан цэцэрлэгээр л үйлчилгээ үзүүлнэ. Хувь хүн хүүхдээ хэн нэгнээр харуулж байгаа бол гэрээний үндсэн дээрээ төлбөрөө шийдэх байх аа. Хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулж болно, тэр нь мэргэжлийн багштай байх гэх мэт стандартад нийцсэн байх учиртай гэж сайд хэллээ. Д.Баатархүү: Ухаалаг удирдлагатай худаг ажиллуулж байгааОны тэргүүний багшаар шалгарсан ХААИС-ийн Инженер

технологийн сургуулийн Цахилгаан хангамж электроникийн тэнхимийн багш Д.Баатархүүтэй ярилцлаа.

-ХААИС-ийн багш нар малчид, тариаланчдын ажлыг хөнгөвчлөх олон шинэ технологи гаргадаг бүтээлч хүмүүс. Энэ удаа та бүхэн юу санал болгож байгаа вэ?

-Бид Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Хужирт багийн Жирмийн худаг гэдэг газрын худгийг автоматжуулсан. Худгийн ховоонд мал ойртоход малын хөдөлгөөнийг мэдрээд ус автоматаар гоождог юм. Орчин үеийн ухаалаг удирдлага бүхий худгийг тэнхимийн хамт олонтойгоо хамтарч хийсэн.

-Үнэ өртөг нь хэд болох вэ?

– Ховоо, жижиг төхөөрөмж суурилуулах, орон байр барьж өгөхөд сая гаруй төгрөг орсон.

-Амьдралд нэвтрүүлэх боломжтой гэсэн үг үү. Бизнес эрхлэгчид сонирхож байгаа юу?

-Дулааны улиралд ашиглах бүрэн боломжтой нь тогтоогдсон. Хүйтний улиралд ус ховоонд үлдвэл хөлдөх эрсдэл бий. Дор нь дулаан ялгараад ус хөлдөхөөргүй түвшинд байлгах талаар манай багш нар судалж байна. Жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой болно гэж найдаж, хүлээж байгаа даа. Дундговьд суурилуулснаас хойш малчид их сонирхож “Манай худагт суурилуулж өгөөч” гэсэн хүсэлт ирүүлж байгаа. Санхүүгийн дэмжлэгтэй бол амьдралд бүрэн хэрэгжих боломжтой ажил. Манай багш нар мөн химийн бордоо, хор хэрэглэхгүйгээр ургац нэмэгдүүлэх судалгааны ажил хийж байна. Мөн бидөндөр хүчдэлийн технологийг ашиглаад хогийн ургамлыг устгах ажил хийж байгаа. Үүнээс гадна бид айргийг муутгахгүйгээр жилийн турш хадгалах боломжтой гэж үзээд туршилт хийх гэж байна.

-Багш нарын баярыг яаж тэмдэглэдэг вэ?

-Хамт олонтойгоо тэмдэглэнэ дээ гэв.

Б.Ундрал: Сургууль хүүхдийн гэр шиг байгаасайНийслэлийн Багануур дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Б.Ундрал 22 жил бага ангийн багшааражиллаж байгаа гэнэ. Оны тэргүүний багш тэрбээр “Шавь нарыгаа мундаг хүн болгохын төлөө ажилладаг. Хүүхэд бүрийг судлах шаардлагатай. Хүүхдүүд маань хоёр дахь гэр болох сургуульдаа ирэх дуртай байгаасай. Сургууль нь хүүхдүүдийн гэр шиг байгаасай гэж хүсдэг” гэлээ.

-Ангиа гэр шиг болгож тохижуулсан гэсэн үү?

-Ангийн арын өрөөгөө хүүхдүүд тоглох, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин болгон бүрдүүлсэн. Хүүхдүүд мааньэндээ тоглож, бие биенээсээ суралцдаг.

-Та хэдэн сурагчид ном зааж байна вэ?

-34 сурагчид хичээл зааж байна.

-Та хүүхдүүдээ судалдаг гэсэн үү?

-Миний хувьд хүүхдүүдээ юу сурахыг хүсч байна. Хичээлээс гадуурх ажлаар юу хийхийг хүсч байгааг нь судалдаг. Тэдний хүсч байгаа зүйлийг хийхийг зорьдог. Дуртай юмандаа хүн сэтгэл хангалуун байдаг шүү дээ.


-Шавь нар тань ямар амжилт гаргасан бэ?

-Олон улсын математикийн кенгуру олимпиадад хүүхдүүдээ бэлтгэдэг. Диплом, медалиар 10 гаруй хүүхэд шагнуулсан. Би өөрөө шатар тоглодог. Шатар бол оюуны спорт. Шатраар амжилт гаргасан хүүхдүүд бас бий.

-Бага ангийн хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд хүүхдээ хичээлд нь яаж дуртай байлгах вэ гэдэг чухал сэдэв?

-Нэг, хоёр гээд дарааллаар нь тоолж сур гэж хүүхдийг албадах хэцүү. Тийм болохоор эцэг, эхчүүдэд хэлдэг. “Хоёр оймсоо аваад ир”, “Нэг улаан цамц аваад ир” гэх мэтээр математикт багаас нь сургах ёстой гэдэг. Хүүхэд орчноосоо суралцдаг. Багш гэрийн даалгаварт хүүхдийн чаддаг сэдвийг өгвөл гэрийн даалгавраа хийх дуртай байдаг.

-Сурагчидтайгаа хичээлээс өөр сэдвээр яриа өрнүүлдэг үү?

-Нэг удаа ангидаа ороод ирсэн чинь хүүхдүүд маань бөөгнөрөөд зогсчихсон байсан. Бялуу тавьчихаж. Тэгэхэд би 34-тэй байсан. Гэтэл 37 гээд тоо тавьчихсан байлаа. “Багш нь 37-той биш ш дээ” гэсэн чинь “Тэгээд хэлээ биз дээ” гээд хоорондоо муудалцаад байж билээ. Тэр их дурсамжтай өдөр байсан. Хүүхдүүдийнхээ чин сэтгэлийг мэдэрсэн. Төгссөн бүх шавь нар маань холбоотой байдаг гэлээ.

1927 онд байгуулагдсан Өмнөговь аймгийн нэгдүгээр сургууль 90 жилийн ойн босгон дээрээ “Улсын тэргүүний сургууль” болжээ. Орон нутгийн шилдэг сургуулиуд эко орчин, ногоон хүрээлэн бий болгосон онцлогтой юм байна. Улсын тэргүүний сургуулиар шалгарсан Өвөрхангай аймгийн “Орхон” цогцолбор сургуулийнхан ЭЕШ-аар улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй шалгагдаж байжээ. Тэд бага ангийн сурагчдаа хэт их хичээлээр дарахгүйн тулд гэрийн даалгавар өгдөггүй гэнэ. Сурагчид нь сургууль дээрээ хичээлээ давтаж, мэдэхгүй зүйлээ бие биенээсээ суралцдаг гэсэн.

ДБЭТ-ын уран бүтээлчид багш нарт зориулж ая дуугаа өргөсөн. Багш нарын сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн уран бүтээл хүүхдүүдийн дуу байлаа. Олон хүүхэд цангинатал дуулахад танхим тэр аяараа гялбам, хөнгөн өнгөөр сүлэгдэх мэт санагдана. “Бөөн баяр” хэмээн шавь нар нь дуулахад багш нар нь суудлаасаа босч, алга ташиж байв.

Б.Янжмаа

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхбаяр: Арилжааны банкууд ипотекийн зээлд зориулж дотоод эх үүсвэрээ гаргах цаг болсон

-Ипотекийн зээл үргэлжилж байгаа юу. Яамны зүгээс үргэлжилж байна гэж буй хэдий ч арилжааны банкууд зээлээ зогсоосон байна?

-Мөнгө байхгүй байгаагийн шинж шүү дээ. Иргэдэд хамгийн их хүрсэн, хамгийн их хэрэгцээтэй, тодорхой үр дүнд хүрсэн зээл бол ипотекийн зээл. Эргэн төлөлт нь ч өндөр хувьтай байгаа. Тиймээс аль ч Засгийн газрын үед үргэлжлээсэй гэх хүлээлт иргэдийн дунд бий. Шинэ Засгийн газрын хувьд Ерөнхий сайдын 2016 оны наймдугаар сарын 9-ний 33 дугаар захирамжаар ипотекийн зээлийн хэрэгжилт, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд миний бие ахалж байна. Бүрэлдэхүүнд нь Монголбанк, Сангийн яам, Монголын ипотекийн корпораци багтаж байгаа. Ажлын хэсэг хуралдаад гурван зүйл дээр өөрчлөлт хийхээр тохиролцсон. Нэгдүгээрт, ипотекийн зээлийг 80 м.кв талбайтай орон сууцыг хамруулж байсан хязгаараа томсгоё. Яагаад гэвэл худалдан авах чадамжтай хэсгийн эрэлт нь том талбайтай орон сууцыг сонгож, сонирхож байна. Худалдан авах чадвартай байгаагаасаа болж ипотект хамрагдах боломж нь хаагддаг байж болохгүй шүү дээ. Найман хувийн зээлээр орон сууц авахгүй байгаа. Тиймээс энэ ажиллагааг эрчимжүүлэхэд анхаарна. Гуравдугаарт, сар бүр төлдөг эргэн төлөлтийн хэмжээг багасгах гарцыг хайж байна. Үүнд өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой бодлого баримтлахгүй бол болохгүй байна. Бидний бодлого гэвэл ипотекийн зээлтэй иргэд сард дунджаар 460 мянган төгрөг төлж байгаа. Энэ 20 жилийн хугацааг нь 30 болгоод сунгавал сар бүр төлдөг 460 мянган төгрөг багасна. Үүний төлөө ажлын хэсэг судалж ажиллаж байна. Ажлын хэсгийн дээрх саналыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулахад үе шаттайгаар явуулах хэрэгтэй гэсэн. Нэгдүгээрт, 80 мкв гэснийг 100 мкв болгож өөрчиллөө. Одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Монголбанкны хамтарсан тушаалаар бусад асуудлыг шийдсэн журамд өөрчлөлт оруулна. -Ямар журамд өөрчлөлт оруулах юм бэ?

-Хөдөө орон нутагт ипотекийн зээлээр орон сууц худалдаж авсан бол жилийн хүү таван хувь байна. Мөн ипотекийн зээлийн хугацааг 20 биш, 30 жил болгох өөрчлөлт оруулахаар болсон. Хамгийн сайшаалтай зүйл нь өнгөрсөн долоо хоногт мөнгөний бодлогыг өргөн барихдаа ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ Монголбанк мэдэгдсэн.

-Зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэр бий юу?

-Эх үүсвэрийн хувьд олон зүйлийг харж байна. Гэхдээ шийдэл дээр хараахан тогтоогүй байгаа. Барилга, хот байгуулалтын сайдын хувьд яаж шийдээсэй гэж харж байгаа вэ гэвэл өнгөрсөн туршлага өөрөө нэг зүйл хэлээд байгаа. Ямар нэгэн хугацаа өнгөрөхөөр үргэлжлэх үү, эх үүсвэр бий юу гэдэг асуудал л давтагдаад байна. Одоо эх үүсвэрийг шийдэхдээ хэдий хэрийн мөнгө гаргаж байж эргэн төлөлтдөө хүрэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Ипотекийн зээл бол хамгийн сайн эргэн төлөлттэй байгаа шүү дээ. Яаж ийж байгаад орон сууцанд орсон иргэн байраа алдахгүйн тулд хариуцлага хүлээгээд эхэлдэг. Тиймээс эхний ээлжинд хэр зэрэг хөрөнгө байвал өөрөө өөрийгөө нөхөх хэмжээнд ажиллах вэ гэдгээ тодорхойлж эх үүсвэрээ шийдүүлэх ёстой. Ингэж чадвал бидэнд олон янзын шийдлийн санал байна. Даанч ингэж шийднэ гээд шуудхан хэлчихэж болохгүй байна.

-Яагаад тэр билээ?

Барилга, хот байгуулалтын яам бол санхүүгийн эх үүсвэрийг олдог, механизмыг зохион байгуулдаг газар биш. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх эх үүсвэрийг олох ажлыг Сангийн яам хийх хэрэгтэй. Бидний хувьд журмыг иргэдэд ойрхон байлгах үүднээс өөрчилье гэсэн байр суурьтай байна. Иргэдэд маш ойлгомжгүй журам байгаа шүү дээ. Орон сууц худалдан авах гэж буй иргэн банкин дээр очоод 30 хувийн урьдчилгаагаа төлье гэхээр байцаалт явуулчихдаг. Энэ мөнгийг ямар аргаар, хаанаас олсон бэ гэдэг. Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Банкинд тийм эрх байдаг юм уу.

-Банкныхан 30 хувийг бүрдүүлэхдээ зээлсэн байж магадгүй гэж үздэг юм билээ? -Тэгвэл зээлтэй эсэхийг өөр талаас нь судалж болно шүү дээ. Угаасаа энэ журам Монгол Улсын иргэн орон сууцны зориулалтаар анх удаа зээл авахад үйлчилнэ. Гэтэл банкныхан илүү зүйл шаардаад байна. Тухайн иргэн өөр банкнаас зээлтэй эсэхийг банкныхаа журмаар шалга л даа. Түүнээс биш чи энэ мөнгийг хаанаас бүрдүүлсэн бэ гэдэг илүү асуулт. Яах гэж иргэнээс ийм зүйл асуудаг юм бэ. Үүнээс эхлээд журамд өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байна. Тиймээс бид Монголбанкаар дамжуулан чиглэл өгөх бололцоотой. Ер нь ипотекийн зээлийг ойлгомжтой байдлаар олон улсын жишгийн дагуу явуулах хэрэгтэй. Арилжааны банкууд өөрсдөө давхар үүрэг хүлээсэн байдаг. Ипотекийн зээлийг өөрсдийн дотоод эх үүсвэрээсээ шийдэх ёстой гэж. Гэтэл өнөөдөр арилжааны банкууд дотоод эх үүсвэрээсээ хэдэн төгрөг гаргасан юм бэ. Өнөөг хүртэл дотоод эх үүсвэрээсээ ипотекийн зээлд зориулж хөрөнгө гаргаагүй байгаа. Тэгсэн мөртлөө орон сууц худалдаж авах гэж буй иргэнээ дарамтлаад байна.

-Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгохын тулд дотоод эх үүсвэрээ ашиглана гэдэг журам байгаа юм уу?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдъя гэсэн хүсэлтээ арилжааны банкууд гаргасан. Монголбанкны хуваарилсан эх үүсвэрийг банкин дээрээ байршуулж зээл олгож байгаа банкнаас дотоод эх үүсвэрээсээ хэдэн тэрбум төгрөг гаргасан бэ гэдэг асуудлыг өнөөдөр хэн ч сөхөж ярихгүй байна. Тэгэхээр арилжааны банкууд үүргээ биелүүлж дотоод эх үүсвэрээсээ хөрөнгө гаргахгүйн тулд ипотекийн зээлд аль болохоор бага хүн хамрагдаасай гэсэн хандлагаар явж байгаа нь нууц биш. Арилжааны банкууд ипотекийн зээлд зориулж дотоод эх үүсвэрээ гаргах цаг болсон.

-Одоо тэгвэл яамны зүгээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд дотоод эх үүсвэрээсээ гарга гэж шахаж болохгүй юу?

-Би сүүлийн үед дандаа тэгж дуугарч байгаа.

-Шийдэгдэх боломж хэр байгаа вэ?

-Бололцоотой. Арилжааны банкууд одоо зээл олгохгүй байгаа. Ялангуяа барилгын салбартай холбогдолтой зээл бүгд зогссон. Арилжааны банкууд дотоод эх үүсвэр бий гэж үзээд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан болохоор одоо үүргээ биелүүлэх хэрэгтэй.

-Таван хувийн бүсчлэлийг тэлэх боломж бий юу?

-Түүнийг Монголбанкнаас асуух хэрэгтэй. Монголбанк таван хувийн зээл хэрэгжих боломжгүй. Жилийн найман хувийн хүүтэй байх нь зөв гэдэг. Харин таван хувийн хүүтэй зээл хөдөө орон нутагт хэрэгжвэл зохимжтой. Бод л доо, Улиастай хотод найман хувийн зээлээр орон сууцтай болох, Улаанбаатар хотод байртай болохын алийг нь сонгох вэ. Ямар ч хүн мэдээж хэрэг нийслэл хотоо л бараадна. Хүү, хугацаа, сард төлөх төлбөр нь адилхан байхад нийслэлд орон сууцтай болохыг хичээнэ. Энэ бүхнийг юугаар журамладаг вэ гэхээр ерөөсөө л эдийн засгийн хөшүүрэг. Аймагт нийслэлээс хямд өртөгтэй орон сууц барьж байж, сард төлөх хугацаа бага байж гэмээнэ хөдөө орон нутаг дахь барилга эрэлттэй болно. Иргэд ч хот руу зүтгээд байх шаардлагагүй болно.

-Сарын төлөлтийг багасгахын тулд зээлийн хугацааг уртасгаж 30 жил болгоно гэж байна. Гэтэл 30 настай залуус орон сууцны зээлээ 30 жилээр авъя гэхээр таны зээл дуусахаас өмнө та тэтгэвэрт гарчих юм байна гэдэг. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ?

-Заавал тэтгэврийн настай холбох хэрэггүй. Тэтгэвэрт гарсан мөртлөө хуримтлал үүсгэсэн хүн олон. Банкны заалтыг журамлаж болох байх. Сангийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамтарч гаргасан журамд дээрх өөрчлөлтүүдийг тусгах юм.

-Арилжааны банкууд дотоод эх үүсвэрээ гаргалгүйгээр ипотекийн зээлийг зогсонги байдалд оруулж буй ийм үед гадны банк орж ирээд зээл олгоод эхэлбэл яах вэ?

-Буруу зүйл байхгүй. Олон улсын жишиг нь тийм байдаг бололтой байна. Томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон улсын зах зээлээс санхүүжилт олдог. Санхүүжилтийг нь нээлттэй болгочихоор биржээр дамжуулаад эх үүсвэр нь ороод ирдэг. Үүний төлөө Засгийн газар эрсдэл хүлээхгүй. Иргэд л зээлд хамрагдана шүү дээ. Хэрэв зээлээ төлж чадахгүй бол тухайн иргэн л хариуцлага хүлээнэ. Түүнээс биш Засгийн газарт ямар нэгэн хүндрэл учрахгүй.

-Өнгөрсөн амралтын өдөр Хятадын улс төрийн товчооны гишүүн манай улсад айлчилсан. УИХ-ын дарга М.Энхболд түүнээс ипотекийн зээлийг үргэлжлүүлэх дэмжлэг хүссэн байна лээ. Хэр үр дүнтэй байх бол?

-Зээлийн эх үүсвэрийн дэмжлэг үзүүлээч гэсэн. Бүтвэл сайн л байна. Одоо бидэнд мөнгө алга. Дахин мөнгө хэвлэх бус санхүүжилтийн эх үүсвэрийг өөр шугамаар, бодитоор олох хэрэгтэй.

-Түрээсийн орон сууц хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ. Өнгөрсөн жил уг хөтөлбөрийг эхлүүлэхэд маш олон иргэн түрээсийн байранд орохоор хүсэлтээ гаргаж байсан?

-Түрээсийн орон сууцанд таван жил амьдарсан бол суллаж өгөх журамтай байсан. Үүнийг өөрчилнө. Хугацаагүй болгох ёстой. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ тухай асуудлыг хэлэлцэх юм. Ямартай ч хугацаа заадаг байсныг болиулах хэрэгтэй. Үүнд санал нэгдэх байх гэж бодож байна. Ер нь хугацаа заагаад өгчихөөр иргэд тухайн амьдарч буй орон сууцандаа өөриймсөг сэтгэлээр хандахгүй. Нийтийн орон сууцанд ариг гамтай суух ёстой. Гэтэл түрээсээр түр оршин сууж буй иргэн иэнгэхгүй байх талтай. Тиймээс хугацаа заахыг болиулах гээд байгаа юм.

-Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа ипотекийн зээлээр ч юм уу өөрийн болгох боломж гарч ирэх үү?

-Тодорхой хэсгийг тийм боломжоор хангая гэж байгаа юм. Гэхдээ өнөөдрийн байдлаар түрээсийн орон сууцны хүрэлцээ харьцангуй бага байна. Нийслэлийн хэмжээнд гурван мянга орчим, орон нутагт 1400 орчим түрээсийн орон сууц бий.

-Зарагдахгүй байгаа барилгуудыг түрээсийн орон сууцболгож болохгүй юу. Түрээсийн орон сууцны эрэлт их байдаг биз дээ?

-Одоогоор “Буянт-Ухаа” дээр борлогдоогүй түрээсийн орон сууц байна. Нийт 200 орчим байр байгаа юм билээ. Гэхдээ дандаа 69 ба 98 мкв бүхий гурван өрөө орон сууцнууд үлдсэн. Яагаад үлдсэн бэ гэхээр анх түрээсийн орон сууц хөтөлбөрийг эхлүүлэхдээ 30-50 мкв орон сууц түрээслэх боломжтой гээд журамлачихсан. Тиймээс том талбайтай орон сууцнууд нь үлдчихсэн байна. Удахгүй энэ заалтыг хүчингүй болгохоор ажиллаж байгаа. Уг нь том талбайтай гурван өрөө орон сууцыг түрээслээд амьдрах боломжтой айл зөндөө бий. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд хотын захиргаатай хамтран ажиллахаар ярилцаж байна. Нэгэнт борлогдохгүй байгаа орон сууцыг хашаа байшингаар солих бололцоог нээж өгье. Одоохондоо Нийслэлийн Засагдаргатай нарийвчлан ярилцаагүй байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд эрт байна. Ер нь бол нэгэнт татвар төлөгчдийн мөнгөөр барьсан орон сууцанд иргэдийг оруулахдаа сугалаа сугалуулна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ямартай ч “Буянт-Ухаа”-гийн борлогдоогүй гурван өрөө орон сууцыг хашаа байшингаар солихыг иргэдэд санал болгоно.

-Барилгын салбар Монголын эдийн засгийг дампууруулчихлаа гэж байна. Хөгжлийн банк ихэнх зээлээ барилгын үйлдвэрлэл эрхлэгчдэд гаргаж өгсөн гээд байгаа. Тэр үйлдвэрүүд өнөөдөр ямар хэмжээнд ажиллаж байна вэ?

-Барилгын салбарынхантай бид өдөр бүр уулзаж байна. Хөгжлийн банкнаас авсан гээд байгаа 1.1 их наяд төгрөгөөс зээл авсан гэх компаниуд маш ховор байна. Барилгын томоохон үйлдвэрлэгчид дээрх мөнгөнөөс огт зээл аваагүй юм билээ. Ийм их хэмжээний зээл хэнд очсоныг мэдэхгүй. Аргаа бараад судалгааг нь гаргуулж авсан. Ямар үйлдвэр барихаар зээл авсан, үр дүн ямар байна вэ, үр дүн гараагүй бол яамны зүгээс ямар бодлого баримталж үйл ажиллагааг нь явуулах вэ гэхчилэн ажиллах ёстой. Сайн ажиллаж байгаа хэд хэдэн үйлдвэр байна л даа. Жишээ нь Барилгын дулаалгын хөөсөнцрийг халж байгалийн чулууг ашиглан дулаалгын материалыг бүрэн шийдсэн үйлдвэр байна. Тэд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийх санал гаргаж байгаа. Үүнийг бид дэмжинэ. Мөн Байшин үйлдвэрлэх комбинатыг шинэчлэхээр ажиллаж байна. Яамны зүгээс бас дэмжих бодлого баримталж байгаа. Тэд авсан зээлээ үр дүнтэйгээр ашиглаж байгаа юм. Тиймээс бодлогын хэмжээнд дэмжээд өгөх хэрэгтэй.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнхжавхлан: Философи эргэцүүлж сурахад тусалдаг

Өнөөдрийн бидний нийгэмд философийн мэдлэгийн ач холбогдлыг үнэлэх, философичдын үзэл санаа, бүтээлүүдийг шимтэн унших залуусын тоо улам бүр нэмэгдэх болжээ. Тиймээс философи хэмээх өвөрмөц мэдлэгийн тухай МУИС-ийн ШУС-ийн Философи шашин судлалын тэнхимийн багш, докторант Б.Мөнхжавхлантай ярилцлаа.


-Философийг та манай уншигчдад энгийнээр юу гэж тайлбарлах вэ. Хэдийд үүссэн юм бол?

-Философич Рене Декарт нэгэнтээ “Сайн сэтгэдэг байх чухал, гэхдээ сэтгэснээ хэрэгжүүлэх бүр илүү чухал” гэж хэлсэн байдаг. Түүний адилаар философидох, философидож буйгаа амьдралд хэрэгжүүлэх нь үлэмж чухал. Гэхдээ зарим хүмүүс философийг хоосон цэцэрхэл, хийсвэрлэл эсхүл дэврүүн үзэл санаа гэж боддог. Энд дараахь тайлбарыг хийж болно. Тухайлбал, бид өдөр тутамдаа ертөнцийн олон сонирхолтой үзэгдэл үйл явдалтай учирч хүмүүстэй, нийгэмтэй харилцах явцдаа философийн олон асуудалтай тулгарч байдаг. Тухайлбал, дэлгүүрээс бараа авахдаа татвар төлдөг, дотно найзтайгаа уулзахдаа инээж баясдаг гэх мэт. Энэ болгоныг бид бодол мэдрэмждээ хөтлөгдөн шийдвэрлэдэг боловч яагаад татвар төлж буйгаа, эсвэл яагаад сайн найз гэж сонгосноо, сайн гэдэгт юуг оруулж боддог тухайгаа, ер нь өөрийнхөө бодлын үнэн эсэх тухай бодолгүй орхидог. Арай өөрөөр хэлбэл, философичдын асуудал бол хуулийг дагахад гол биш, хууль өөрөө шударга байна уу гэдэгт анхаарлаа хандуулдаг гэж ойлгож болно. Тэгэхээр бидний тэрхүү үлдээчихээд байгаа зүйлд философи байдаг. Энэ бол толгойгоо өвтгөх хамгийн чухал зүйл нь юм шүү. Иймээс философи хоосон цэцэрхэл, дэврүүн бодол биш юм.

Энгийнээр хэлбэл, философи бол сайтар эргэцүүлэх тухай, ухаалаг үндэслэгээ гаргах тухай, маргах тухай, эцсийн дүндээ цэцэн мэргэнд дурлах тухай юм. Тэр тусмаа асуудлын гүнд нэвтэрч биднийг улам бүр бодуулж, бидний мэдлэг ямар өнгөц болохыг сануулж байдаг. Философи угтаа бодит байдал гэж юу вэ, амьдралын утга учир юунд байна вэ, бид хэрхэн таньж мэддэг вэ гэх зэрэг суурь асуултаас эхэлнэ. Мөн оюун ухааныг хөгжүүлж, шинэ ойлголт, мэдлэг бүтээх нь философийн ажил.

Харин философи мэдлэгийн бие даасан төрөл болж хөгжсөн цаг хугацааны эхлэлийг бид Христийн тооллын өмнөх V-VI зууны үеэс хайх хэрэгтэй.

-Философи болон ертөнцийг үзэх үзэлд ялгаа бий юу. Ер нь хүмүүсийн ертөнцийг үзэх үзлийг философи гэж ойлгож болох уу?

-Хүмүүс өөрсдийн орчин, өөрийн үйл хөдлөл, аливаа асуудлыг ухамсартайгаар ойлгож эхэлсэн цагаас эхлэн амьдралын талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болчихдог. Гэхдээ хувийн үзэл бодол, философи мэдлэг хоёр өөр юм. Мэргэжлийн утгаар тэр болгоныг философи гэж ойлгож болохгүй. Харин философитойгоор асуудалд хандаж байж болно.

-Бидний амьдарч буй эрин үе асар хурдацтайгаар өөрчлөгдөж байна. Ингэхээр философийн үзэл баримтлалууд ч бас өөрчлөгддөг болов уу?

-Ер нь философийн мэдлэг бол үнэлэмжийн шинжтэй байдаг. Нэг ойлголтыг бүх цаг үед ганцхан байдлаар тайлбарлана гэж байхгүй.

Жишээлбэл, бидний шударга, сайн гэж үзэж байсан зүйл өөр нэг цаг үед сайн зүйл биш болчих тохиолдол байдаг. Хүн төрөлхтний мэдлэг тэлж, оюун санааны хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр нийгэмд шинэ асуудлууд бий болно. Ингэх тусам философийн шинэ асуудал, хандлага бий болж байдаг.

-Орчин цагийн залуус философийг хэр сонирхож, философийн хичээлд хэрхэн хандаж байна?

-Бүх цаг үед залуус философийг сонирхож байдаг. Философийн мэдлэгт суралцах хүсэлтэй, энэ тухай ярилцдаг залуус олон бий. Үүнд би их талархалтай ханддаг. Хүний оюун санаа аливааг танин мэдье гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрэн байдаг шүү дээ.

Философийн хичээлийг судлахаар ирж буй, мөн философийн мэргэжлийн ангид элсэн суралцаж байгаа олон залуус философичдын үзэл баримтлалуудтай танилцсан, бүтээлүүдийг нь уншчихсан, олон асуулт тээчихсэн орж ирдэг. Энэ их гайхалтай сайн хэрэг.

-Философийг судлахын тулд хамгийн түрүүнд юуг сонирхож, философийн ямар бүтээлийг уншиж судлах ёстой вэ?

-Философи хүнийг сайтар эргэцүүлж, өөрийн оршихуй, мөн чанарын тухай бодуулж, төлөвшүүлж, эргэлзэхэд сургаж байдаг. Эдгээрт суралцахын тулд мэдлэг хэрхэн бий болдог тухай, ёс суртахууны тухай, гоо зүйн тухай, оршихуйн тухай сонирхох хэрэгтэй. Хүмүүсийн сонирхон, шимтэж уншдаг бүтээлүүд, тэдгээрийн агуулга янз бүр. Тийм болохоор эхлээд дээрх суурь асуудлуудын талаар бичсэн бүтээлтэй танилцах хэрэгтэй.

-Ёс суртахууны хэм хэмжээ, ёс суртахуунтай байна гэдгийг философи үүднээс хэрхэн авч үзэх вэ. Хүмүүсийн ёс суртахуунгүй байдлын шалтгаан?

-Ёс суртахуун бол философийн судалдаг хамгийн чухал асуудлуудын нэг юм. Хүн хэрхэн амьдрах ёстой вэ, үйлдлийг ямар нөхцөлд сайн эсвэл муу гэх вэ гэсэн эхлээд бодоход хялбар мэт атлаа эргэцүүлэх тусам ярвигтай асуудлыг энд ярьдаг. XVII зууны үеийн философич Ж.Ж.Руссо, Т.Гоббс нар ёс суртахууныг хүний сайн муу уг чанартай холбож ярьсан байдаг.Алин боловч хүн хувь хүн болохын хувьд бас нийгмийн нэг гишүүн болохын тулд бултаараа аз жаргалтай, таатай амьдрахын төлөө бүгдээр хэлэлцэн тогтсон тийм хэм хэмжээнүүдийг баримталж байдаг.

-Тийм хэм хэмжээ байхгүй байсан бол яах бол?

-Харин тэрхүү хэм хэмжээний цаана буй ойлголтуудын дундаас хүн сайн эсвэл муу байх эсэхээ шийддэг.

-Тэгэхээр улс төр ч бас энд холбоотой байх нь?

-Төр оршин байхын учир юу вэ. Яагаад бид дагах ёстой гэж. Хэнд эрх мэдлийг өгөх вэ зэргийг бодохоор яах аргагүй улс төрөөс ёс зүйн асуудал руу орно. Би аз жаргалтай амьдрах тухай нэгэнтээ дурдсан. Хүн аз жаргалтай амьдарч болох шударга, сайн нийгмийг байгуулж амьдрахын тулд тодорхой зохион байгуулалтад ордог биз дээ. Харин тэр шударга, сайн гэдэг ойлголтыг мэдэж ухамсарласан хүн л төрийг барих ёстой юм.

-Философийг аливаа шинжлэх ухааны суурь гэж ойлгож болох уу?

-Философи бол бүх шинжлэх ухааны суурь гэж үздэг хандлага, тайлбар бий. Миний хувьд философийн мэдлэгийг бусад шинжлэх ухаануудтай мэдлэгийн хувьд зэрэгцээ байр сууринаас авч үзнэ. Ер нь философийн мэдлэг байгалийн болон бусад шинжлэх ухаануудтай тодорхой сэжмээр хоорондоо уялдаатай байдаг. Философи бусад шинжлэх ухааны нэгэн адилаар өөрийн ойлголт категори бүхий мэдлэгийн нэг төрөл болж байдаг.

-Уран зохиолыг хэн нь сайн бичсэн гэж дүн тавьж болдоггүй гэдгийн нэгэн адилаар философийг дүгнэх боломжгүй гэж хэлж болох уу?

-Уран зохиол бол хүний догдлол, мэдрэмжийн бүтээл байдаг. Урлагийн бүтээл туурвигч, тэрхүү бүтээлийг хүлээн авагчийн мэдрэмжид шалгуур тогтоох нь философийн үүднээс боломжгүй. Философи бол үнэлэмжийн мэдлэг гэж би хэлж байсан.

-Манай улсад философийг судлах, хөгжүүлэх асуудал хэр байна гэж та боддог вэ?

-Манай философийн эрдэмтэн, судлаачид өнөөдөр өөрсдийн судалгааны чиглэлийн дагуу судалгаа шинжилгээний ажлаа үргэлжлүүлсээр байна. Их дээд сургуулийн хөтөлбөрийн агуулгуудыг шинэчлэх ажлууд хийгдсэн. Өдгөө бидэнд шинээр судалгаа шинжилгээний асуудлуудыг нэвтрүүлэх, судалгаанд цаг гаргах, мэргэжлийн түвшинд философийн бүтээлүүдийг орчуулж, хөрвүүлэх хэрэгцээ шаардлага байна.

-Та өөрөө ямар чиглэлээр хичээл заадаг вэ. Философи дахь хувийн туршлагаасаа хуваалцаач?

-Би орчин үеийн философи, дорно дахины философи, улс төрийн философийн чиглэлээр судалгаа хийдэг. Одоо философийн мэргэжлийн бус ангийнханд философийн үндэс гэх хичээл зааж байна. Норвегийн зохиолч Жостейн Гаардерийн өсвөр насныханд зориулсан Софийн ертөнц гэдэг номыг орчуулсан.

Энэ ном дэлхий даяар түргэн гүйлгээтэй номын тоонд байнга ордог, философийн түүхийг хялбаршуулсан байдлаар бас уран зохиолын аргаар бичсэн ном байгаа юм. Залуус, хүүхдүүд их сонирхдог. Философийн мэдлэгийг залууст таниулахад тун хэрэгтэй ном гэж би боддог.

-Багш хүний хувьд боловсролын чанар муу, залуус дээд боловсролыг чанаргүй эзэмшиж байна гэдэгтэй санал нийлэх үү?

-Багш мэдлэгээ улам бүр тэлж, заах арга, өөрийн чадавхиа зогсолтгүй нэмэгдүүлж байх ёстой. Бас мэдлэгээ мэргэжлийн өндөр түвшинд бусдад хүргэх үүрэгтэй юм. Энэ байдлыг хангахад ажиллах орчин, хувь хүний зүтгэл хоёул чухал. Миний бодлоор өнөөдөр багш нар мэргэжлийн үүргээ сайн биелүүлж байна гэж боддог.

Тэгээд ч залуус чанаргүй боловсрол эзэмшиж байна гэхээс илүүтэй чанартай боловсрол олгох тогтвортой бодлогод анхаарах хэрэгтэй байна. Өнөөдөр залуус мэдлэгт суралцах өргөн боломжтой, хүсэл тэмүүлэлтэй байна. Гэхдээ энэ боломжийг хэрэгжүүлэх нөхцөл байгаа юу гэдэг эргэлзээтэй.

-Та бид хоёр философийн төдийгүй өөр сэдвийг хөндлөө. Философийн мэдлэгийн ач холбогдлыг та юу гэж үнэлэх вэ?

-Юуны түрүүнд бид философид суралцсанаараа юмыг байгаагаар нь хүлээн авдаг, тоомсоргүй байдлаасаа татгалзах хэрэгтэйг ухаардаг. Улс төрийн философи, ёс зүйгээс эхлээд амьдралын философи, экофилософи, эрх зүйн философи гээд олон урсгал чиглэл философид бий.

Философид суралцсанаар хүн өөрийнхөө болон бусдын оршихуйн утга учрыг ойлгож, нээж, аливаад илүү нухацтай ханддаг болгодог.


Categories
мэдээ цаг-үе

Б.Ихэрсувд чөлөөт цагийг завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог

“Авьяаслаг монголчууд” шоуны 0050 дугаартай оролцогч Б.Ихэрсувдтай ярилцлаа.

-Та яагаад “Авьяаслаг монголчууд” шоунд оролцохоор шийдсэн бэ?

-Би өөрийгөө үг хэлээр бүрэн дүүрэн илэрхийлж чаддаггүй юм л даа. Тийм учраас дуу, хөгжмөөр хүмүүст өөрийгөө хэн гэдгийг харуулахыг хүссэн.

-Өөрийгөө харуулж чадсан уу. Шоунд оролцсоноос хойш таныг хүмүүс мэддэг болж байгаа байх. Таны хувьд ямар санагдаж байгаа вэ?

-Харуулсан гэж бодож байна. Ойр дотнын хүмүүс маань шоуны эхний шалгаруулалтыг үзсэнээс хойш намайг үнэлэх үнэлэмж нь нэмэгдсэнд би баяртай байгаа. Олон хүн намайг мэдлээ, танилаа гээд надад ямар нэг өөрчлөлт орохгүй. Амьдрал маань явдгаараа л явна.

-Дөрвөн шүүгч таныг их дэмжиж байсан. Урмын үг сонсох ямар санагдаж байв. Хэр бодит шүүж байна гэж харж байгаа вэ?

-Шүүгчдийн үгийг сонсоод их урам авсан. Шүүгчид тус тусдаа хувь хүн учраас дөрвөн өөр талаас нь маш сайн шүүлтүүрээр шүүдэг гэж хардаг.

-Эхний үзүүлбэртээ яагаад заавал гадаад дуу дуулсан юм бэ?

-Би юкилили буюу жижиг гитар хөгжмөө хоёр жилийн өмнө хамаатны эгчээсээ бэлгэнд авч байсан. Анх юкилилигээрээ тоглож сурсан дуу маань дуучин “Vance Joy”-ийн “Riptide” дуу байсан. Тиймээс л миний хувьд дуугаа дуулах хамгийн анхны том тайз гэдэг утгаараа энэ дуугаа сонгож дуулсан юм.

-Зургаан утастай том гитар хөгжим тоглодог уу?

-Тоглодог. Анх таван жилийн өмнө гитар тоглож сурч байсан. Бие дааж сурч байсан болохоор эхэндээ хэцүү л байлаа. Гэхдээ өмнө нь шанз хөгжим тоглож сурсан байсан маань дөхөм болсон. Ер нь бусад хөгжмийг ч тоглох сонирхолтой. Нэмээд шинэ хөгжмийн зэмсэг тоглож сурахыг хүсч байгаа.

-Хамтлагт дуулдаг уу. Шүүгчид өөрөө дуу бичээрэй гэж захиж байсан?

-Би хамтлагт байсан. Гэхдээ одоо гарчихсан л даа. Ер нь өөрөө дуу бичих сонирхолтой. Өөрийн гэсэн нэлээд хэдэн дуутай шүү.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу. Айлын хэд дэх хүүхэд билээ?

-Намайг Баатарын Ихэрсувд гэдэг. Би 18 настай. Айлын том хүүхэд. Доороо хоёр эрэгтэй дүүтэй. Дунд дүү Тэнүүн долоон настай. Одоо “Олонлог” сургуульд суралцдаг. Бага дүүг маань Нэгүн гэдэг. Хоёр настай. Цэцэрлэгт явдаг. Аавыг Ш.Баатар, ээжийг Г.Хосбаяр гэдэг. Аав, ээж хоёр хувиараа бизнес эрхэлдэг хүмүүс бий.

-Та одоо хаана суралцаж байгаа вэ?

-Би арван жилийн Орос гуравдугаар сургуулийг төгссөн. Харин одоо МУИС-ийн сэтгэл судлалын ангид хоёрдугаар курст суралцдаг.

-Орос гуравдугаар сургууль гэхээр оросоор чөлөөтэй ярих нь ээ?

-Би орос, англи хэлтэй. Франц хэл бас гадарладаг.

-Багадаа хэр эрх хүүхэд байв. Аав, ээж тань их зөв хүмүүжүүлсэн юм шиг санагдсан?

-Би 12 жил айлын ганц хүүхэд байсан. Мэдээж аав, ээждээ эрхлэлгүй яахав. Гэхдээ аав, ээж хоёр маань намайг зөв эрхлүүлж өсгөсөн юм.

Надад бие дааж сурахыг зааж, хариуцлагатай, тууштай, өөрийнхөөрөө байхыг зөвлөдөг байсан. Одоо ч би аав, ээжээсээ суралцсаар л байна.

-“Аав, ээжээрээ 18 нас хүртлээ тэжээлгэсэн одоо болно шүү дээ” гэж хэлж байхыг чинь сонсоод хүмүүст хэрсүү санагдсан байх. Өөрийгөө болгоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Би арван жилээ төгссөнөөс хойш аав, ээж хоёроосоо өдөр тутмын хэрэглээний мөнгө аваагүй. Багаасаа хүүхдийн хадгаламжаар хуримтлал үүсгэсэн байсан. Аав, ээж маань арван жилд байхад миний хуримтлалд сар бүр 150 мянган төгрөг хийдэг байсан юм. Түүнийгээ одоо бага багаар хэрэглэдэг. Мөн цагаан сар, шинэ жилээр хүмүүсийн өгсөн мөнгийг цуглуулж байгаад хэрэгтэй зүйлээ авдаг. Одоо ч тэгээд л болоод байгаа. Мөнгө үрээд байх шаардлага гардаггүй. Би санхүүгийн тал дээр их тооцоотой л доо. Хэрэггүй зүйлд мөнгө үрдэггүй.

Гэхдээ сургалтын төлбөр гэх мэт зайлшгүй их хэмжээний мөнгийг авдаг л даа. Тэрийгээ төрсөн өдөр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийн бэлэг болгож авдаг юм.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Би долоо хоногийн ажлаа урьдчилаад төлөвлөчихдөг. Тиймээс өдөр бүр харилцан адилгүй байдаг.

-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Чөлөөт цагийг би завтай үедээ өөрийгөө хөгжүүлэх цаг гэж боддог.

Тийм учраас аль болохоор мэдэхгүй зүйлээ сурч өөрийгөө хөгжүүлэхийг зорьдог. Завтай үедээ иог, фитнесс гээд өөрт хэрэгтэй зүйлээрээ хичээллэдэг.

-Найзуудтайгаа хийх зүйлгүй дэмий уулзахаар цаг хайран санагддаг гэж байсан?

-Найзуудтайгаа уулзаад юу хийхээ тохирсон байдаг учраас дэмий уулздаггүй. Хамтдаа хийх зүйлээ хийгээд, нэгнийдээ цагийг сайхан өнгөрүүлдэг. Түүнээс гэнэт л гараад ир гэж дуудахад нь хийх зүйлгүйгээр гарах дургүй.

-Та ирээдүйд хийх зүйлээ төлөвлөсөн байх. Нууц биш бол юу хийхээр зориод байгаа вэ?

-Одоо хэлэхээс илүү ирээдүйд бодож байгаа зүйлээ харуулахыг хүсч байна.

-“Авьяаслаг монголчууд” шоунд хожвол үүргэвчтэй аялал хийнэ гэж байсан. Хаагуур аялах уу. Өөр зүйл бодсон байгаа юу?

-Шоуны үр дүн гарах болоогүй учраас энэ талаар эрт яримааргүй байна.

-Дараа дараагийн шатандаа ямар үзүүлбэр үзүүлэхээр бэлдэж байгаа вэ?

-Үүнийг нууцлаад үзэгчдэд гэнэтийн бэлэг болгоод үлдээе гэж бодож байна. Мэдээж өөрийнхөө хэмжээнд бэлтгэлээ хийж байгаа.

-Та мөрөөдөлтэй юу?

-Мэдээж мөрөөдөлтэй. Гэхдээ зүгээр мөрөөдөөд суухийг хүсдэггүй. Тэмцэж л явна даа.

-Та хэзээний төлөвшсөн хүн шиг өөрийн гэсэн байр суурьтай юм аа. Өрөөндөө өөрийнхөө ертөнцийг байгуулчихсан байх. Цуглуулга бий юу?

-Тэгэлгүй яахав. Өрөөндөө би өөрийнхөө хүссэн зүйлийг хийдэг. Бага байхдаа задгай мөнгө цуглуулдаг байсан. Харин одоо ширээний цаг цуглуулах дуртай болсон. Өрөөнд маань одоо зургаан ширээний цаг бий.

-Ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгө өөрийгөө илэрхийлдэг учраас би бүгдэд нь дуртай. Хоёр өнгө уусаад өөр өнгө гаргадаг болохоор бүгд л надад үзэсгэлэнтэй санагддаг.

-Ном их уншдаг уу?

-Би багаасаа унших хичээлд илүү дуртай байсан. Нийгэм, уран зохиолын сэдэвтэй ном унших дуртай. Одоо Мүраками, Харукогийн “Эрэг дээрх Кафка” гэдэг ном уншиж байна.

Ямар ч зузаан ном байсан гурав хоногт уншаад дуусгачихдаг. Зарим номыг англиар утсан дээрээс уншдаг учраас арай илүү цагийг зарцуулдаг.

-Та цаашдаа дуугаа дуулаад явна гэж бодож байгаа юу?

-Тийм. Би дуу, хөгжмөө орхихгүй. Өөрийгөө илэрхийлж, тайвшруулж байгаа зүйл учраас хаяж чадахгүй. Хөгжим тоглож байхдаа би өөрийнхөөрөө байж чаддаг.

С.Ариунжаргал

Categories
мэдээ цаг-үе

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан: Эмэгтэй даавар ихэсгэдэг бодис хоол хүнсэнд ихэссэн нь эрэгтэйчүүдийг эмэгтэйлэг болгож байна

Манай орон хоол хүнс, эд бараа, материал технологи гэх мэт дийлэнх хэрэгцээгээ хилийн чанадаас авдаг. Харамсалтай нь орж ирж буй бараа бүтээгдэхүүний хэдэн хувь нь стандартад нийцсэн байдаг вэ. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн хоргүй, аюулгүй гэсэн баталгаа бий юу? Ингэж үзэж эргэлзээ тээх шалтгаан нь монголчуудад олон бий. Учир нь импортын бараанд тавигдах чанар стандарт журам байдаггүй гэхэд хилсдэхгүй. Тэдгээрийн орц найрлагыг хянаж шинжлэх лаборатори, хэмжих техник хэрэгсэл, мэргэжлийн хяналт шалгалт дутмаг байдагтай холбоотой. Мөн дээрээс нь баталгаагүй хуурамч эм орж ирэх болсон нь хүний биеийн дархлаа төдийгүй генд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Энэ нь юугаар баталгаажиж байна вэ гэхээр бидний өдөр тутамд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа мал болон амьтны гаралтай маханд антибиотик их хэмжээгээр илэрч байгаа нь өнөө цагийн гол хөндөх сэдэв болж байгаа юм. Антибиотик их хэмжээгээр илэрч буй бүтээгдэхүүнээр хооллосноор сүүлийн үед эрчүүд мэдэгдэхүйц эмэгтэйлэг шинжтэй болж байгааг эмч нар онцлож байна. Иймд үндэсний аюулгүй байдал, монгол үндэстний эсэн мэнд оршиход заналхийлж буй аюулын талаарх баримт нотолгоог бид дэлгэж буй юм. Нөгөө талаар дэлхий нийтээр энэ бүхний эсрэг цогц арга хэмжээ авч эхэлж буйн жишээ нь ДЭМБ-аас зохион байгуулж буй ”антибиотикийн долоо хоногийг ирэх арваннэгдүгээр сарын 14-21-ний өдөр болгон зарлаж байгаа аж. Антибиотик гэдэг нь ямар бодис агуулдаг, яагаад эрчүүд эмэгтэйлэг шинжтэй болж байгааг хөндөхөөс өмнө нэгэн судалгааг хүргэе.

Манай улсад насанд хүрсэн хүмүүсийн нас баралтын хоёр дахь үндсэн шалтгаан нь хорт хавдар. Жилд 3000 орчим хүн энэ өвчнөөр өвчилдөг гэсэн судалгаа бий. Үүнийг хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт. Түүнчлэн хорт хавдраар өвчлөгсдийн 60-70 хувь нь хожуу үедээ хүрсэн буюу бүр эмчлэгдэхгүй оноштой байдаг байна.

Судалгаанд хорт хавдар үүсгэгч гадаад хүчин зүйлүүдээс архи, тамхитай холбоотой 20, бие махбодийн нөхөн төлжилтөөс 10, бусад хүчин зүйл 25 хувийг эзэлж байна. Харин хүнс тэжээлтэй холбоотой нь хамгийн өндөр буюу дангаараа 45 хувийг эзэлж байгаа юм. Энэ 45 хувийн дийлэнх нь мал болон амьтны гаралтай махнаас үүдэлтэй болохыг эрдэмтэд тогтоожээ.

Бид малын махнаасаа яагаад хордож

байна вэ?

Бид малын махыг хамгийн органик, эрүүл, аюулгүй гэдэгт итгэж ирсэн. Гэтэл яагаад хордох болов. Нэгдүгээрт, эмийн бүртгэл мэдээллийн үйл ажиллагааны хяналт маш муу байдагтай холбоотой гэнэ. Нөгөө талаас малын эмийн чанарын хяналт, шалгадаг лаборатори муу. Мах, сүүний эрүүл аюулгүй байдлыг эмээр, вакцинаар дамжуулж хордуулж байдаг аж. Түүнчлэн зориулалтын дагуу малд эм, вакцин хэрэглэсэн ч гэсэн тодорхой хугацаа өнгөрсний дараа хүнсэнд мах, сүүг нь хэрэглэх ёстой. Гэтэл монголчууд гурав хоногийн дараа сүүг нь зарчихсан, махыг нь идэж байх жишээтэй. Энэ байдал нь дам утгаараа ямар нэгэн өвчин эмгэг үүсгэхэд голлох нөлөө үзүүлж буй шалтгаануудын нэг аж. Малын мах, махан бүтээгдэхүүн болон сүү, сүүн бүтээгдэхүүн дэх эмийн үлдэгдлийн хяналтыг хийж чаддаггүй. Хоёрдугаарт, зах зээлд нийлүүлж байгаа мах, сүүг зарж байгаа малчин ч, ченжүүд ч шинжилгээнд өгч хянуулдаггүй. Захуудад жижиг лаборатори байдаг ч хүчин чадал муутай. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж, өвчин үүсгэгч болж байна. Гэтэл бид аажуухан дамаар хордуулаад байгаа хордлогыг авч хэлэлцдэггүй. Энэ мэтээр эмийн замбараагүй хэрэглээнээс экологийн цэвэр бүтээгдэхүүнээ хортой болгочихож буй юм.

Тахианы мах

хүний биед хор болсон түүх

Тахианы цээж мах сайн гэх ойлголт анх Америкаас дэлгэрсэн. Үнэхээр ч уургаар баялаг нь үнэн. Энэ хэрээр дэлхий нийтэд тахианы махны хэрэгцээ эрс нэмэгдсэн. Тиймээс фермерүүд, үйлдвэрүүд эрэлтийг хангахын тулд тахианд элдэв гормон, антибиотик хэрэглэж эхэлсэн байдаг. Үүнээс болж тахианы мах бас хүний биеийг хордуулагч бодис агуулах хэмжээнд хүрчээ. Саяхны нэг жишээг онцолъё. Түргэн хоолны “KFC” сүлжээ рестораныг антибиотик тарьсан тахианы махаар үйлчлэхээ зогсоохыг АНУ-ын иргэд саяхан шаардсан. Иргэд нийт 350 мянган хүний гарын үсгийг цуглуулан “KFC”-гийн толгой компани болох “Yum! Brands”-т хүргүүлжээ. Тахианы өсөлтийг хурдасгаж, өвчнөөс сэргийлэх зорилгоор антибиотик тарьсны уршгаар АНУ-д жилдээ 23 мянган иргэн амиа алддаг гэж эрүүл мэндийн судлаачид тооцоолсон байна. Тиймээс зоогийн газрууд энэ төрлийн тахиаг хэрэглэхээс татгалзаж эхэлжээ. Харин “McDonald’s” АНУ, Канад дахь салбартаа антибиотик тарьсан тахиа ашиглахаа зогсоохоор болсон ч “KFC” дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.Тэгвэл эрдэмтдийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар тахианы мах хүний биед хортой байж магадгүй гэсэн үр дүн гарсан байна. Эрүүл амьдралын төлөө Жон Хопкинс төвийн эрдэмтэд тахиаг өсч, хөгжихөд зориулан хэрэглэдэг химийн бодис болон антибиотикт шинжилгээ хийж үзсэн байна. Амьтанд хэрэглэхийг хориглосон антибиотик, түүн дотор агуулагдах хүнцэл гэх элемент, Тайленол, Бенадрил зэрэг толгойны эмийн хольц байгааг илрүүлсэн байна. Гэхдээ хүний амь насанд шууд нөлөөлөх химийн бодис олдоогүй ч аажимдаа нөлөөлдөг болохыг тогтоожээ.

Антибиотик ба эмэгтэй дааврын хэмжээ

Малын болон амьтны гаралтай махнаас гарч буй хүнцэл гэх элемент нь антибиотикийн төрлийн вакцин, эмнээс үүсэлтэй болох нь нэгэнт тогтоогдоод байгаа юм. Энэ элемент дотор хүний эрүүл мэндэд хортой бодис агуулагдаж бамбай булчирхайн дааврын бодисын солилцоонд өөрчлөлт оруулдаг төдийгүй эрэгтэй хүний нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Энэ нь ялангуяа Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй болон голдуу Азийн орнуудад ихээр элбэгшиж буй гэнэ. Аажимдаа энэ өөрчлөлт нь бий болдог бөгөөд эхлээд эмэгтэй дааврын хэмжээг ихэсгэдэг аж. Ингэснээр эр хүний дотоод сэтгэлгээ өөрчлөгддөг гэнэ. Дараа нь гадаад төрх, биед нь энэ өөрчлөлт орж турьхан болж ааш араншин нь хувирамтгай болдог гэнэ. Эцэст нь нөхөн үржихүйн тогтолцооны хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг байна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалантай энэ талаар ярилцлаа.

-Сүүлийн үед эрэгтэйчүүд эмэгтэйлэг болох хандлагатай болж байна. Энэ нь антибиотикийн зохисгүй хэрэглээтэй холбоотой гэх юм. Мэргэжлийн хүний хувьд та юу гэж үзэж байна?

-1990-ээд он болтол бид социалист нийгэмд амьдарч байсан. Харин одоо ардчилсан нийгэмд амьдарч байна. Өнөө цагт ёс зүй болон хувь хүнд өгөх шаардлага өөрчлөгдсөн шүү дээ. Тэгэхээр хүний бэлгийн амьдрал бол тухайн хүний асуудал. Энэ байдалд хандах хандлага багагүй өөрчлөгдчихсөн. Энэ утгаараа нийгэмд ямар нэгэн цензур байхаа больсон. Нэг үгээр хэлбэл, манай нийгэмд эрх чөлөө, хүн байх зааг алдагдаж байна. Сүүлийн үеийн судалгаагаар эмэгтэй даавар ихэсгэдэг бодисын хэмжээ хоол хүнсэнд ихэссэн гэдгийг нотлох болсон. Тиймээс энэ байдлаас шалтгаалж эрэгтэй хүмүүс эмэгтэйлэг болох хандлага ажиглагдаж байгааг үгүйсгэхгүй. Энэ нь өндөр хөгжилтэй орнуудад илүү түгээмэл харагддаг.

-Тэгэхээр энэ нь хоол хүнснээс шууд хамаарах болсон гэсэн үг үү?

-Эр хүний эрэгтэйлэг шинж чанар нь буурч байна. Энэ нь хоол хүнснээс болж байна. Далд хэлбэрээр аажимдаа ийм болж байна. Эрэгтэйлэг шинжээ алдсан эрчүүд эмэгтэйлэг шинж рүүгээ хувьсан өөрчлөгдөж байж болох юм.

-Хүмүүс антибиотикийн хор нөлөөг тэртэй тэргүй эмнээс авч байдаг. Үүнийг эртнээс шинжилж тогтоолгож болдог уу?

-Ампициллин, ципозелин зэрэг эм уухад тухайн хүний өвчин эдгэж буй мэт санагдаж болох авч ихэнх бактерийн 70-90 хувь нь устдаггүй. Тиймээс ханиад хүрсэн ч ямар нянгаар үүссэнийг тогтоож зориулагдсан антибиотик хэрэглэх ёстой. Бактерилогийн шинжилгээ өгөх ёстой. Энэ шинжилгээний хариу гурав хоногийн дотор гардаг. Дүүрэг болон гурав дахь шатлалын эмнэлгүүдэд хийгддэг.

-Нянгийн тэсвэржилт нь хүний идэж буй хоол хүнсээр дамжих уу?

-Олон улсын судалгаагаар антибиотикийн тэсвэржилтийн аян зөвхөн хүнд биш мал эмнэлэгт явуулах ёстой гэж үздэг. Эргэн тойронд явж буй нян зөвхөн хүн биш малд халдварладаг. Малд тодорхой зохицсон антибиотик хийх ёстой. Мах болон хүнсэнд хэрэглэхэд нөлөөлөхгүй. Мал амьд организм учраас эргэлдэж буй нянгууд тэсвэржилт үүсгэх магадлал байдаг.

-Антибиотикийн зөв зохистой хэрэглээ гэж юуг хэлээд байгаа юм бэ. Тухайн хүн юун дээр анхаарах ёстой вэ?

-Өнөө үед дэлхий нийтээр антибиотикийн тэсвэржилтийн асуудлыг ярьж байна. Учир нь 1940 онд анхны антибиотик болох пенициллинийг хийсэн байдаг. Энэ нь тухайн үед бүх бичил организмд хүчтэй үйлчилж, ирээдүйд ихэнх өвчинг төгс анагаана гэж ярьж байсан. Бичил организм өөрөө маш түргэн хугацаанд тэсвэртэй, дасан зохицож чаддаг. Харин сүүлийн үед гарч буй шинэ антибиотикуудыг хэрэглэснээр бичил организмд маш хурдан хугацаанд тэсвэржилт үүсэж байна. Үүний үр дагавар нь хатгаа, менингит, бактерийн нянгаар үүсгэгддэг бүх халдварууд юм. Тиймээс эдгээр өвчинг эмчлэхэд маш хэцүү, хүндрэлтэй байдаг.

-Сүүлийн үед антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэж ямар өвчин түгээмэл байна вэ?

-Эмнэлэгт олон эмийг хольж хэрэглэсний хор уршгаар ирж буй хүмүүс маш их байна. Тухайлбал, хатгаа нэлээн хэдэн жилийн өмнө пенициллин уугаад дарагдчихдаг байсан. Гэтэл одоо хатгааг үүсгэж буй үүсгэгч нь олон янз. Тэдгээр үүссэн бактерууд ямар ч антибиотик уусан маш тэсвэртэй байна. Тиймээс хатгаа авсан хүнийг эмчлэхэд гарах сөрөг үр дагавар ихтэй. Ер нь ямар нэг өвчин туссан л бол заавал эмчид хандаж, эмчийн заавраар эм хэрэглэж байвал сөрөг үр дагавар гарахгүй.

-Манай улсад антибиотикийг хэрэглэх журам заалтыг эмч болон эмийн сангийн байгууллагууд дагаж мөрддөг болов уу?

-Ямар өвчинд ямар антибиотик хэрэглэх вэ гэдэг удирдамж гарсан. Тиймээс бид эмч хүний үүднээс байнга зөвлөж, зөв цагт нь зөв эм антибиотик хэрэглэж байж манай улсын эмийн зохистой хэрэглээнд шилжиж чадна. Нэгдүгээрт, эмч нар антибиотикийнхоо зөв зохистой хэрэглээг анхаарч ажиллах хэрэгтэй. Хоёрдугаарт, иргэд өөрсдөө дурын антибиотик авч хэрэглэхгүй байх ёстой. Үүнийг заншил болгомоор байна. Заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, жорын дагуу хэрэглэх хэрэгтэй. Гуравдугаар эмийн сангууд орлого хөөж болохгүй. Энэ нь цаашлаад хүний амь настай холбоотой асуудал шүү дээ.

-Амьд организмд үүсч буй нянгийн тэсвэржилт гэж юу вэ?

-Нянгийн тэсвэржилт хүнд байгаа нян хэд дахин үржээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хүн халдвар авсан тохиолдолд тэсвэртэй байгаа нян дээр нэмэгдээд өвчин үүсээд байна гэсэн үг. Хүн нэгэнт л өвчин туссан байхад өөрөө мэдээд хэрэггүй антибиотик хэрэглэх нь өөрийгөө хэд дахин хорлож байгаа юм. Учир нь антибиотик үнийн хувьд өртөг өндөртэй шүү дээ. Тиймээс нэг л удаа зөв цагт, зөв аргаар, зөв жороор өөрийгөө эмчлүүлчих юм бол олон өвчнөөс сэргийлж чадна.

Д.Маргад Б.Уранчимэг

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг, 100 хонож зулай нь битүүрэхээс өрсөн юу юуг хориглосон бэ?

Аливаа зүйлийг нүдээр үзэж, учир начрыг нь олж байж дараа нь асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухайгаа боддог жамтай. Энэ бол хүмүүний ертөнцийн бичигдээгүй хууль юм. Хүний хүүхэд байтугай амьтны үр төл ч нүдээ нээснийхээ дараа шүдээ үзүүлдэг. Харин нүдээ харуулахаасаа өмнө шууд шүдээ харуулж, эргэн тойрон дахь бүхнээ тасчаад эхэлнэ гэвэл аймшигтай. Тэр тухай бодохоос жихүүдэс төрж, ар нуруу руу хүйт оргино. Гэтэл “мэргэжлийн” гэх тодотголтой шинэ засаг төр байгуулагдсан цагаасаа л “араа шүдээ” хурцлан ард түмэн рүүгээ улайран дайрч, амьдралд хэрэгтэй гэсэн бүхнийг нь хориглож эхэлсэн. Чухам юу юуг хориглосныг эргэн саная.

Шинэ Засгийн газар бараг л анхны хуралдаанаараа монголчуудын талархан хүлээж авсан “Сайн хөтөлбөр”-үүдийг зогсоохоо мэдэгдсэн. “Сайн малчин”, “Сайн оюутан”, “Сайн хашаа” зэрэг хөтөлбөрүүд нь нийгмийн аль ч давхаргын иргэдийн амьдралд бодитой нөлөө үзүүлж, бусдын гар харалгүй аж төрөх нөхцөлийг бүрдүүлсэн байв. Хөдөөгийн ард иргэдэд итгэл үнэмшил төрж, Улаанбаатарын гэр хорооллынхон “сайн хашаа”-ны үр шимээр сайхан амьдрах цаг нь ирлээ гэж баяр баясгалан болж байлаа. Гэтэл энэ бүхнийг “өмнөх нам засгийн юм” гэх улс төрийн өчүүхэн дорой сэтгэхүйгээр үгүй хийж иргэдээ хорлосон. “Ардын намын нөхөд улс төрийн зорилгоор ард түмнээ хохироож болохгүй. Эдгээр хөтөлбөрүүдийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсвөөр төлдөггүй юм” гэж Ардчилсан намын удирдлагууд арга ядахдаа хэлсэн. Гэвч эрх баригчдад өрсөлдөгч намынхаа бодлогыг няцааж л байвал ард түмний амьдрал огтхон ч хамаагүй гэдгээ баталсан.

Ийм шийдвэр гаргасныхаа дараа “Төрийн мэргэшсэн албан хаагчдыг ажлаас нь хална, цалинг нь хасна” гэж мөн л шүдээ зууж байгаад хэлсэн. Залгуулаад Сангийн сайд нь “Монгол Улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар” гэж нүдээ бүлтгэнүүлж ирээд цочир мэдэгдэл хийх нь тэр. Мөн төв банкны ерөнхийлөгч нь “Монголын валютын нөөц -400 сая ам.доллар” гэх сүржин тайлбар өглөө. Эл бүгдийг сонсох нь ээ, харь орноос харь элгийн хүмүүс ирж монголчуудаар доог тохуу хийн, үйл тамыг нь үзээд ч байгаа юм шиг. Бүр нэг бах таваа ханган доромжилж байгаа мэт санагдахаар. “Та бүхэн биднийг сонгосон. Одоо хохь чинь ээ, өлсөж цангахын зовлонг ханатлаа амсана даа” гэж дахин дахин тавлан хэлээд байх шиг санагдаж байв.

Шинэ засаг төрийн дараалсан эдгээр цочмог тайлбар мэдэгдлийн дараа хүн бүр битүүхэндээ нэг л айдастай болчихсон. “Одоо яах бол, юу гэж мэдэгдэх бол. Энэ монгол ер нь юу болоод байна аа” гээд өөр хоорондоо шивэр авир хийхээс цаашгүй байлаа. Тэгтэл юу болсон гэж санана. Татвар нэмнэ гэх нэрээр ард түмнийхээ халаас руу аймшиггүйгээр “хар савраа” шургуулж эхэлдэг байгаа. Өнөө “мэргэжлийн” гэх засгийнх нь төсвийн алдагдлыг бууруулах “цахилгаан төлөвлөгөө” нь ердөө татвар нэмэх юм гэнэ. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгохоос аваад ханах, танах олон боломж байсаар байтал ядарсан иргэдийнхээ халаасыг дахиад хоослохоор найман төрлийн татвар нэмэхээр болсон. Үүнд 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 25 хувийн татвар авна, 100 саяас дээш төгрөгийн хадгаламжтай бол хүүгээс нь мөн татвар авна. За тэгээд автомашин болон архи, тамхины онцгой албан татварыг нэмнэ, алт олборлогчид ашигт малтмалын нөөц ашиглагчдаас татвар авна гэх хуулийн төсөл боловсруулаад ард түмнийхээ өөдөөс дайрдаг юм. Гэвч олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч, дараа нь Их хурал нь буцааж байж уг асуудал намжсан.

Татварын шуугиан намжаагүй байтал Ерөнхий сайд, Сангийн сайд хоёр маань хөгөө чирсэн мэдэгдэл хийж, Монголоор дүүрэн инээд ханиад, эмгэнэл болсон. Хамтын тэтгэврийн тухай хуулийг зүгээр л орхичихгүй, монгол хүмүүний сэтгэлгээнд, үзэл бодол, итгэл үнэмшилд нь буухааргүй зүйл ярьж, амьтны элэг доог болж байгаа юм. Сангийн сайд нь “Монголчууд сүсэг бишрэлтэй учраас талийгаач болсон хөгшнийхөө өмнөөс би энэ тэтгэврийг авмааргүй байна гэж хэлээд байгаа” хэмээн худал хэлж, үгэндээ ороогдон нийгэм даяар онигоо болон элдэв дээдээр зүхүүлж байтал дөнгөж маргааш нь Ерөнхий сайд “Хоёр хөгшин тэтвэр авахын төлөө хоёр биенээ нухах муухай юм боддог” гэж хэлээд бүр бантанг нь хутгаж өгсөн. Ард түмэн ийм хүмүүсээр удирдуулж байгаадаа үнэндээ гутрах шиг болсон. Ингэж шинэ сайдуудын ард түмнээ доромжилсон мэдээллүүд шил шилээ дарж байсан нь аймшигтай.

Энэ засаг төрийн “араа шүд”-нд хяргуулж хэрчүүлээгүй иргэн гэж ховор. Нялх балчир үрс маань хүртэл Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ эдэлж чадалгүй ад үзэгдээд байж байна. Хүүхдийн мөнгийг ялгаварлан олгох нь Үндсэн хууль зөрчсөн гэж иргэд Цэцэд гомдол гаргаад буй. Бүхий л насаараа монгол түмнийхээ оюун ухаан, эрүүл энхийн төлөө үнэнчээр зүтгэсэн багш, эмч нарын тэтгэвэрт гарахдаа авдаг 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж байхгүй болсон. Тэд “төрийн минь хайр хишиг” гээд хичнээн баяртай, сэтгэл дүүрэн тэтгэвэртээ суудаг гэж санана.

Нийслэл хотын дахин төлөвлөлт, утаатай тэмцсэн асуудал тэр бүхэн “Үүл баатрын юм чинь” гээд үлгэр болов бололтой. Эрх баригч нам “Өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтад элсэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ. Төлбөрийн дарамтгүй оюутан хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэж амласан. Гэвч өнөөдөр бодит амьдрал дээр “Сайн оюутан” хөтөлбөрийг зогсоож, оюутны тэтгэмж 70 мянгыг олгохыг болиулсан. Энэ бүхэн больдог юмаа гэтэл “Ирэх гурван жилд гадаадын их, дээд сургуульд суралцах тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй” гээд тас зогсоолоо.

Ард түмний ганцхан найдвар “ипотекийн зээл үргэлжилнэ” гэх мэдээлэл юм. Гэвч уг зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулж, тэр нь батлагдаагүй байгаа. Тэгэхээр бас л эргэлзээ төрүүлэх нь мэдээж. Ард түмэн Ардын намынхны сэтгэл хөвсөлзүүлсэн сайхан үгтэй муухай амлалтад одоо итгэхээ больж эхэлж байна. Түүний баталгаа дээрх бүх үйл явцаар хэмжигдэнэ. Мөн олон айл өрх, бүсгүйчүүд итгэл хүлээлгэн горьдлого тээж байсан зүйл нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль. Тэгтэл эрх баригч нам нь Их хурлынхаа дэгийн тухай хуулийг, эцэг хуультайгаа хамт зөрчиж байж Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хүчингүй болгосон. Аргаа барсан олон “Ардын намын эмэгтэй гишүүд яасан хүйтэн сэтгэлтэй юм бэ” гэх цөхрөлийн үг хэлээд хоцорсон.

Эзэн Чингисийн талбайг Их жанжин Сүхбаатарын талбай болгосон, ард иргэдийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг ганц цонх “11:11” төвийг татан буулгах болсон гээд “шүдээ үзүүлсэн” шийдвэрүүд барагдахгүй. Баар, рестораныг шөнө орой хаана , ТҮЦ-ийг нураана гэдэг ч юм уу иргэдийн амьжиргаагаа залгуулдаг ямар л суваг, судас байна тэр бүгдийг тас хэрчих гэж зүтгэцгээх болов. Бүр сүүлдээ хурааж танахын дон шүглэсэн юм шиг нохой, муурын засааг хүртэл зүгээр орхилгүй “хурааж” байна.

Удахгүй орон нутгийн сонгууль болно. Сонгуулийн дараа ахиад л ард түмнийхээ амийг чангаан дайрцгаах биз. Энэ бүхний үр дүнд Монголын банк санхүүгийн байдал, гадаад бодлого, стратеги төлөвлөлт бүхэн ямар ч дархлаагүй боллоо. Одоо болно оо, нөхөд минь. Нүдээ харахаасаа өмнө шүдээ харуулсан засаг чинь 100 хонож зулай нь битүүрч байна. Эрх биш ир бяр, ааг омог чинь дарагдаа байлгүй. Бүгдийг нь сонгоод өгсөнд өширхөж байгаа юм шиг сонгогч олон руугаа шүдээ зууж тэмцсэн тэмцлээ зогсоо. Томоохон төсөл хөтөлбөрүүдээ эхлүүлж сөхөрсөн эдийн засгаа сэргээж, монгол түмнийхээ амьдралыг өөд татах цаг чинь ирсэн байна.

Н.ГАНТУЛГА