Categories
мэдээ цаг-үе

Т.Гансүх: Сансар огторгуйг өөрсдийн хүссэнээр удирдаж болохыг үгүйсгэх аргагүй юм

Солонгосын их сургуульд магистр, докторын хосолсон программаар таван жил суралцаж, 27 насандаа физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан Т.Гансүхтэй ярилцлаа.

-Таны докторын зэрэг хамгаалсан сэдэв тань сонирхол татлаа. Их тэлэлт болон таталцлын долгионыг та өргөтгөсөн байдлаар судалсан байна. Судалгааны ажлынхаа талаар яривал?

-XIX зууны сүүлч ХХ зууны эхэн үе хүртэл сансар судлалын шинжлэх ухаанд философи, гүн ухааны өнгө аяс давамгайлж байсныг шинэ түвшинд, тухайлбал орчин үеийн сансар судлалын шинжлэх ухаан болгосон хоёр нээлтийг юун түрүүнд дурдах нь зүйтэй болов уу. Нэг нь Альберт Эйнштений боловсруулсан “Харьцангуй ерөнхий онол”, нөгөө нь Эдвин Хаблын нээсэн “Орчлон ертөнцийн тэлэлт” юм. Бие биенээсээ тодорхой зайд орших хоёр галактик хоорондын зайнаасаа хамааран тодорхой хурдтайгаар бие биеэсээ алслагдаж буйг Эдвин Хабл ажиглаад манай орчлон ертөнц тэлж байгаа болохыг хэлсэн байдаг. Хэрэв галактикууд бие биеэсээ алслагдаж байгаа юм бол тэд өнгөрсөнд, магадгүй цаг хугацааны эхэнд, тодорхой нэг цэгт оршин байх боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, манай огторгуй асар өчүүхэн цэгээс ч үүдэлтэй байх боломжтой болдог нь бидний сайн мэдэх их тэсрэлтийн онолын анхны санаа гэж хэлж болно. Гэвч их тэсрэлтийн улмаас секундыг хэдэн их наяд, их наяд, их наяд дахин хуваасантэй тэнцэх хугацааны дотор (ойролцоогоор 10’(-36) секунд) манай огторгуй одоогийн байгаа хэмжээтэйгээ харьцуулахуйц хэмжээнд хүртлээ тэлсэн байх ёстой тооцоо байдаг ч энэхүү их тэлэлтийн хууль одоогоор тодорхой болоогүй л байна. Нөгөө талаас Эйнштэйний боловсруулсан онол ёсоор их тэсрэлтийн улмаас таталцлын долгион хэмээх долгион орчлон ертөнцийн тэлэлттэй хамт тархах ёстой болох нь таамаглагддаг. Энгийнээр энэхүү долгионыг усны мандал дээр чулуу хаяхад үүсдэг долгионы жишээгээр ойлгож болно. Гол нь энэхүү долгионыг бүртгэж авах нь орчин үеийн физикийн шинжлэх ухааны нэг чухал зорилт болоод байна. Тэгэхээр миний дипломын ажил энэхүү хоёр нээлт дээр тулгуурлан их тэсрэлтийн дараах, их тэлэлтийг онолын хувьд загварчлах, мөн тухайн загварын хувьд таталцлын долгионы бүртгэгдэх давтамжийг болон энергийн утгыг тооцох онолын суурь судалгаа байсан гэж хэлж болно.

-Их тэсрэлт болон их тэлэлт нь юунаас үүдэлтэй вэ. Энэ нь дэлхий ертөнцөд ямар нөлөө үзүүлсэн бэ?

– Их тэсрэлт болон их тэлэлтийг бөмбөлөг үлээхтэй зүйрлэж болох юм. Шаарыг үлээхийн өмнө шаар өчүүхэн жижигхэн байдаг ч үлээсний дараа өмнөхтэйгөө харьцуулахад харьцангуй том хэмжээтэй болдогтой төстэй. Их тэсрэлтийн дараахь секунд ч хүрэхгүй хугацаанд нэгэн физик процесс явагдсан нь дахин халалт юм. Санаа нь их тэсрэлт, тэгээд их тэлэлтийн дараа манай огторгуй бүхэлдээ асар хүйтэн түүнчлэн хов хоосон орон зай болж хоцрох учиртай. Гэвч өнөөдөр энэхүү хоосон орон зайд бид мөн биднээс гадна тоолж барахгүй гариг эрхэс, од, оддын бөөгнөрөл болон бидний төсөөлж чадахгүй асар том хэмжээний бүтцүүд оршин байгаа нь өөрөө сонирхолтой биш гэж үү. Тэгэхээр эдгээр нь чухамдаа хэрхэн бий болсон байх вэ? гэдэг асуултад хариулах хэрэгтэй болж байна. Хүн төрөлхтөн тэгэхээр Яагаад гэдэг асуултаас ер нь залхдаггүй юм шиг байгаа юм. Товчхондоо энэхүү асар том бүтцүүдийг бий болгохын тулд манай огторгуй тухайлбал, тэрхүү асар хүйтэн орон зай маань дахин халах ёстой. Мэдээж энэхүү дахин халах процессыг бүрэн ойлгохын тулд бидэнд багагүй хэмжээний квант физикийн мэдлэг хэрэгтэй л дээ. Квант физикийн дагуу бидний мэдэх вакум орчинд ч гэсэн бөөм болон анти-бөөмийн харилцан үйлчлэл явагдаж байдаг ба энэ нь үзэгдэх болон үл үзэгдэх бөөм үүсч бас устаж үгүй болж байдаг гэсэн санаа юм. Тэгэхээр энэхүү физик процессын үр дүнд манай огторгуйн температур нэмэгдэж асар өндөр температур бүхий бөөмсийн плазм төлөвийг бий болгоно. Товчхондоо огторгуйн дахин халалтын үр дүнд биднийг төдийгүй орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа эгэл бөөмс үүсэж бий болох ба энэ нь орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа бүрэлдэхүүн хэсгийн дөнгөж таван хувь буюу бидний мэдэхгүй 95 хувь байгааг илтгэнэ.

-Орчлон ертөнцийг бүрэлдүүлж байгаа бидний мэдэхгүй 95 хувьд тухайлбал юу орох вэ?

-Дээр дурдсанчлан бид ердөө л зууны таван хувийг буюу манай огторгуйг бүрэлдүүлж буй бүрэлдэхүүн хэсгийн дөнгөж таван хувийг мэдэж байна гэсэн үг. Эдгээр нь бидний мэдэх эгэл бөөмс юм. Тэгэхээр үлдсэн 95 хувь нь буюу хар матери, харанхуй энерги зэргийг бид сайн мэдэхгүй болж таарч байгаа юм. Энэ чиглэлийн судалгааг хараахан хийж эхлээгүй байна л даа.

-Үүнийг судлах нь хүмүүсийн амьдралд ямар ач тустай вэ?

-Энэхүү докторын дипломын ажил маань онолын суурь судалгаа гэдгийг дахин хэлэх нь зүйтэй байх. Учир нь суурь судалгааны нэг онцлог нь хэрэглээний шинжлэх ухааныг бодвол харагдах ач тус нь өнөөдрийн хувьд бага мэт боловч ирээдүйд бий болгох үр өгөөж нь илүү чухал юм.

Гэхдээ хэрвээ хүн төрөлхтөн таталцлын долгионыг тэр тусмаа их тэсрэлтээс үүдэлтэйг нь бүртгэж чадвал энэ бидний хувьд сансар судлалын салбарт томоохон дэвшил авчрах төдийгүй орчлон ертөнцийн үүслийн талаарх бидний ойлголтыг цэгцлэхээс гадна өөр олон асуудалд хариулт өгнө гэж найдаж байна. Гэхдээ ихэнх тохиолдолд тэдгээр нь хоорондоо ялгаатай, бас ч үгүй багагүй зөрчилтэй байдаг нь чухам аль нь илүү бодит хийгээд шинжлэх ухаанд ойр вэ? хэмээх асуултыг эрхгүй дагуулдаг. Тийм ч учраас мэргэжлийн хүний хувьд шинжлэх ухааны үндэслэлтэй бодит мэдлэг, мэдээлэл, сүүлийн үеийн шинжлэх ухааны баримт фактаар баримтжуулан нийтийн хүртээл болгох нь хүн төрөлхтөнд тустай юм болов уу гэж харж байна. Энгийн хүмүүсийн хувьд тэр тусмаа энэ салбараас хол хөндий хүмүүсийн хувьд ач тусыг нь хүртэнэ гэдэг цаг хугацааны асуудал болов уу. Хэдий тийм ч гэсэн энэхүү салбарыг судалснаар бид сансар огторгуй хэмээх энэхүү асар том лабораторийг өөрсдийн хүссэнээр удирдаж болохыг үгүйсгэх аргагүй юм.

-Таны хувьд космологи, эртний огторгуй судлалаар мэргэшиж байгаа юм байна. Энэ салбарт ямар ололт дэвшил бий болж байна?

-Миний хувьд сансар судлал гэж хувьдаа орчуулаад байгаа энэхүү физикийн шинжлэх ухааны салбар нь орчлон ертөнцийн үүсэл, хөгжил, одоогийн төлөв байдал болон ирээдүйн хувирал өөрчлөлтийг бүхэлд нь цогцоор нь судалдгаараа онцлогтой. Харин техник технологи асар хурдацтай хөгжиж буй өнөө үед энэхүү асуултад хариулна гэдэг тийм ч амар биш. Мэдээж, огторгуй судлал онолын түвшинд аль хэдийнэ судлагдсан. Харин сүүлийн 20 гаран жилд хийгдсэн тэр дундаа сүүлийн таван жилд хийгдсэн ажиглалтын үр дүн энэ салбарыг бие даасан шинжлэх ухаан болтол нь хурдацтай хөгжихөд хөтөлсөн юм шиг санагддаг. Миний хувьд өндөр хүчин чадал бүхий хиймэл дагуулын болон газрын станцуудын цуглуулсан дататай харьцаж хэрэгтэй мэдээллээ гаргаж түүнийгээ өөрийнхөө хийж байгаа онолын судалгааны ажилтай харьцуулна гэдэг үнэхээр том ололт гэж бодож байна. Товчхондоо ийм л ажил хийж байна. Цаашид ч чиг хандлага нь нэг иймэрхүү байх болов уу. Дан ганц физикийн мэргэжил эзэмших бус харин хавсарсан мэргэжил эзэмших нь тухайлбал компьютерийн шинжлэх ухаантай хавсруулан судлах нь энэ салбарыг сонирхож буй хүүхэд залууст тустай байх болов уу гэж боддог.

-Таны насан дээр физикийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах нь хэвийн үзэгдэл үү. Ер нь яагаад физикийн шинжлэх ухааныг сонирхон судлах болов?

-Ер нь бол үүнээс ч эрт докторын зэрэг хамгаалах боломжтой. Гэхдээ манай улсад ингэж хамгаалсан хүн цөөхөн байгаа болов уу, сайн мэдэхгүй байна. Миний хувьд дунд сургуулийн зургаадугаар ангид анх физикийн хичээл орж эхлэхэд маш сонирхолтой санагдаж байсан. Эхний шалгалтын дараа нэлээд таагүй дүн авсан шиг санагдаж байна. Тэр үед багшийн зэмлэж хэлсэн хэдэн үгс одоо ч мартагддаггүй юм. Уг нь их найдлага тавьж байсан чинь таагүй дүн үзүүлсэн нь багшийг үнэгүй лекц уншихад хүргэсэн бололтой. Тэгээд л тэр үеэс хичээж эхэлсэн дээ. Бүрэн дунд сургуулиа төгсөөд 2006-2010 онд МУИС-ийн физик электроникийн сургуульд онолын физикийн чиглэлээр сурч байхдаа энэ салбарын нарийн ширийнд суралцаж, харин сүүлд Солонгост ирээд жинхэнэ утгаар нь шимтэн судлах болсон. Их сургуульд сурч байх хугацаандаа квант физикийн багштайгаа ойр байж, бичиж байсан номынх нь ажилд жил гаруй хугацаанд туслахдаа сансар судлалыг сонирхож эхэлсэн. Тэр үед багшийн бичиж байгаа хэсгийнх нь талаар бодно, асууна, гайхна бас бодно тэгээд дахиад л асууна. Ер нь ч тэгээд бодох, асуух зарчим л энэ салбарыг сонирхох бас судлахад гол сэдэл маань болдог.

-Квант физикийн юу нь таны сонирхлыг татаж, гайхах байдалд оруулж байв?

-Квант физикийн философи нь ч, хэрэглэгддэг математик аппарат нь ч тэр тун сонирхолтой. Тухайлбал, квант механикт физик төлөв байдалд туршилт хийхээс өмнө байж болох бүхий л боломжит хувилбаруудыг авч болох ч харин хэмжилтийн дараа санамсаргүйгээр сонгогдсон нэг утгыг авдаг гэх жишээтэй. Үүнийг өөрөөр тайлбарлах юм бол гаднаасаа доторх нь харагдах боломжгүйгээр тусгаарлагдсан хайрцагт амьд муур хийгээд хайрцгийг гаднаас нь цацраг идэвхт хийгээр хордуулжээ гэж бодъё. Хайрцгийг нээх хүртэл муур үхсэн болон амьд гэсэн хоёр төлөвт орших ба харин хайрцгийг нээсний дараа үхсэн эсвэл амьд гэсэн аль нэг төлөвт л оршино гэсэн үг юм. Эхэндээ ойлгоход төвөгтэй мэт боловч их сонирхолтой.

-Солонгосын ямар сургуульд докторын зэргээ хамгаалсан хийгээд одоо хаана ажиллаж байгаа талаараа товчхон танилцуулбал?

-2010 онд МУИС-д сурч байхад Солонгосын “Sogang” их сургуулийн профессоруудын баг хүрэлцэн ирж МУИС-ийн дугуй танхимд танилцуулга уулзалт хийж билээ. Тэр үед миний докторын дипломыг удирдсан багш болон түүний удирддаг Center for Quantum Space Time(CQUeST) гэдэг онолын физикийн институтийн талаар мэдээлэл аваад холбоо барьж, удаахь намраас нь суралцаж эхэлсэн. Миний хувьд магистр докторын хосолсон программаар таван жил суралцаж төгсөөд одоогоор уг төвдөө үргэлжлүүлэн докторын дараахь программд хамрагдан судлаачаар ажиллаж байна. Судалгааны ажлын тухайд гэвэл их тэлэлтийн дараахь орчлон ертөнцийн дахин халалтад засварласан таталцлын хүч хэрхэн нөлөөлж байгааг ажиглалтын үр дүнтэй харьцуулах гэсэн төсөл дээр ажиллаж байна.Суруулийн тухайд Солонгостоо томоохонд тооцогдох хувийн сургууль төдийгүй одоогийн Пак Ерөнхийлөгч нь сурч төгссөн гэдгээрээ нэлээд нэр хүндтэй.

Б.НаранЧимэг

Categories
мэдээ цаг-үе

Гэйвин О’Коннор: Цус инээдэм хоёрыг кинонд хослуулж болно, Гэхдээ…

Холливүүдийн нэрт найруулагч Гэйвин
О’Коннор жүжигчин Бэн Аффлекийн хамт

Холливүүдийн нэрт найруулагч Гэйвин О’Коннор өнгөрсөн пүрэв гараг буюу аравдугаар сарын 7-ны өдөр Вашингтон Ди Си хотноо ирж, сэтгүүлч голдуу цөөхөн хүний хүрээнд “Нягтлан бодогч” киногоо үзүүлэн, уулзалт ярилцлага хийлээ. Бэн Аффлекийн тоглосон уг кино аравдугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийж, дэлхий даяар кино театруудад нэгэн зэрэг эхлэх боловч түүнээс өмнө ийнхүү сэтгүүлчдэд үзүүлсэн нь хүмүүсийн санаа оноог сонсох, мөн хэр кино болсныг нь цааш олон хүнд хүргэж, үзэгч татах давхар бодлоготой ажээ. Дэлхийн кино урлагаас монголчууд бид үл хоцрон, Улаанбаатарт киноны нээлтийг Холливүүдтэй зэрэг хийдэг цаг нэгэнт ирснийх, миний бие бас “Өдрийн сонин”-оо төлөөлөн, нэрт найруулагчтай уулзлаа.

Гэйвин О’Коннор гэж хэн бэ?

Бидний уулзсан хүндэт зочин бол Америкийн кино найруулагч, кино зохиолч, жүжгийн зохиолч, продюсер, жүжигчин хүн юм. Холливүүдэд бүтээсэн хамгийн анхны томоохон кино нь 1980 онд Америкийн оюутнуудын алдарт ЗХУ-ын хоккейчдыг буулган авч, улмаар Олимпийн аварга болсон тухай өгүүлсэн “Mir­acle” буюу “Зүүд зэрэглээн” хэмээх бүтээл ажээ.

2011 онд найруулан гаргасан “Дайчид” буюу “War­riors” кино нь кино судлаачдаас өндөр үнэлгээ авсан байдаг. Мэргэжлийн зодооны рингэнд ах дүү хоёр тулалдах болсон тухай уран нарийн өгүүлэмж бүхий бүтээл. Ер нь О’Коннорын бүтээлд ах дүүгийн харилцаа их гардаг, өөрөө ихэр ахтай, хамтран олон бүтээл дээр ажилласан хүн аж. Бидний доор өгүүлэх “Нягтлан бодогч” киноны нэг гол шугам нь мөн ах дүүгийн харилцааны асуудал билээ.

2013 онд жүжигчин Наталие Портмантай хамтран ажиллаж, “Jane got a gun” буюу “Жэйнд буу бий” хэмээх киног нь найруулжээ. О’Коннорын кинонууд мэргэжлийн шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авдаг боловч мөнгө их хийдэггүйгээрээ онцлогтой. Харин энэ удаад “Нягтлан бодогч” кино нь тун их орлого олох төлөвтэй байгаа юм.

Нягтлан бодогч, Уорнер бродерс, 2016

Жич: Эрхэм уншигч танд юуны өмнө нэг зүйлийг анхааруулъя. Би өөрөө сайн киног ямар нэг хүний тайлбаргүйгээр, урьдчилан үйл явдлыг нь мэдэлгүйгээр үзэх дуртай хүн. Та миний адил бол энэхүү тайлбар, ярилцлагыг маань хойш тавиад, киногоо үзсэний дараа уншина биз ээ.

О’Коннорын найруулсан энэхүү кинонд Бэн Аффлек, Анна Кендрик хоёр гол дүрд нь тогложээ. Аутизмд нэрвэгдсэн хүү тооны ухаандаа гарамгай. Аав нь түүнийг ахтай нь хамт багаас нь Индонезийн пенчак силат хэмээх тулааны урлагаар хичээллүүлнэ. Ингэснээр өвчтэй хүү тоо, анализдаа гарамгайгаас гадна тулааны урлагийн төгс мэргэжилтэн болон хүмүүжнэ. Том болоод хэдэн сая, тэрбум доллар орооцолдсон гэмт хэргийн нууц бүлэглэл голдуу улсын тайлан тооцоо зэргийг бодож өгөн, мөнгө хийх болжээ. Нэг том компани түүнийг сох дутсан олон сая долларынхаа учрыг олж өгөхийг хүссэнээр жинхэнэ адал явдал эхэлнэ…

Хоёр цагийн турш сэтгэл түгшин, бас догдлон, заримдаа чанга инээж, заримдаа бүр алга ташин үзсэний эцэст танхимд Гэйвин О’Коннор орж ирлээ.

-Ер нь таны энэ кино ямар төрлийн кино вэ? хэмээн асуусанд О’Коннор “Триллер мөн, адал явдалт кино ч мөн, дүрийн судалгаа, илэрхийлэл буй, бас учир явдлын гогцоог хөөцөлдөн тайлдаг кино ч мөн, дундуур нь хайр сэтгэлийн жигтэй түүх ч орсон” хэмээн хариулж байна.

-Таны кинонд ах дүүгийн сэдэв их гарах юм. “War­riors” кинонд тань ах дүү хоёр тулалдах хэрэгтэй болдог. Та ихэртэйгээ их зодолдож өссөн үү?

-Тийм ээ, гэхдээ киноны зодооноос огт өөр. Байнга тулгарч, байнга зөрөлдөж байсан, тэр маань кинонд өөр хэлбэрээр илэрч байгаа нь тэр.

-Аутизмтай хүн ийм чадвартай байх талаар, ааш авирынх нь талаар судалгаа хийсэн үү?

-Найруулагчийн хувьд би ч тэр, жүжигчний хувьд Бэн Аффлек ч тэр, маш нарийн, урт удаан судалгаа хийсэн. Эрдэмтэд, сурган хүмүүжүүлэгчидтэй уулзлаа. Калифорнид судалгааны хүрээлэнгүүдээр явлаа. Гол нь 18-30 насны аутизмтай маш олон хүнтэй биечлэн уулзаж, туршлагаас нь хуваалцсан юм. Тэд аутизмтай хүн сайн талын баатар болон гарна гэдэгт ихэд баярлан, үнэнээсээ тусалж байлаа.

-“Нягтлан бодогч” аймаар цустай атлаа нирхийтэл инээх зүйл ихтэй кино юм. Цус, инээд хоёрыг ингэж нийцүүлэх сонин юм байна.

-Биднийг судалгаа хийж дөнгөж эхэлж байхад “Asperg­er’s are us”-“Аспергерийн синдром гэдэг чинь бид шүү дээ” гэж баримтат киноныхон монтажилж янзлаагүй гурван цагийн эх бичлэгээ үзүүлсэн юм. Аутизмтай, Аспергерийн хам шинж бүхий дөрвөн жүжигчний тухай баримтат кино л доо. Хошин шогийн жүжигчид. Гэрт нь хамт сууж үзээд, гурван цаг үхтлээ инээлдсэн. Энэ бол үнэхээр зүрх сэтгэл тайвшруулсан, тийм өвчин, өвчтөнд хандах хандлагыг маань суллаж, зүгшрүүлж өгсөн мөч байлаа. Инээж дооглож, хошигнож болно гэсэн нээлт болсон юм. Кинон дахь инээд, хошигнол бүгд тэндээс үүдэлтэй.

Цусны тухайд бол би зүгээр нэг санамсаргүй, кинонд зорилгогүй гардаг хүчирхийлэлд дургүй. Харин шангаа хүртдэг, үр дагавар нь араас нь гардаг тийм хүчирхийлэлд дуртай. Миний кинонд хэн ч, хэзээ ч, ямар ч утгагүйгээр зүгээр нэг цусаа асгаруулаад үхээд өгдөгүй. Кристиан Волф буюу Бэн Аффлекийн тоглосон тэр дүр ч утгагүй хүчирхийлэлд уг нь оролцдоггүй хүн. Энэ удаад хөөрхий гэм зэмгүй охин, Анна Кендрик л хэцүү байдалд орсон учраас л эргэж тулалдах ёстой болж байгаа юм.

-Аутизмтай хүн гэхээр ихэвчлэн бие хөгжлийн бэрхшээлтэй хүн төсөөлөгддөг. Бэн Аффлекийн дүр тэгтэл огт өөр байх юм?

-Ер нь бол аутизмтай хүмүүс бүгдээрээ хүчирхэг, хурдан улс биш гэдэг нь тодорхой. Гэтэл харин бидний уулзаж судалсан хүмүүсийн дотор нэг бахим залуу сууж байв. Огт ярихгүй. Тэгсэн чинь гар барилдааны мужийнаварга хүн байж билээ. Тэр хүн бидэнд энэ санааг өгсөн юм. Зодооны хэв маягийн тухайд бол зарим аутизмтай хүн тоондоо гаргууд, маш хурдан сэтгэж бодож чаддаг. Тэгэхээр яг тэр шинжид нь тохирсон, маш хурдан бодож, сэтгэж зодолддог, математик шиг зодооны хэв маяг юу байхыг судалсан л даа. Тэгээд Индонезийн пенчак силатыг сонгосон юм. Бэн Аффлек өөрөө хэдэн сар тэр тулааны урлагаар хичээллэсэн. Маш өндрөөс унаж байгаа нэг хэсэг байна аа даа, тэрнээс бусад бүх тулаан, зодоонд Бэн Аффлек яг өөрөө тоглосон шүү дээ. Орлон тоглогч аваагүй.

-Алуурчинтай ах дүүгээ мэдэлцдэг хэсэг үнэхээр гэнэтийн юм уу? Угаасаа мэдрэгдээд байсан уу?

-Би таны асуултыг сайн ойлгосонгүй. Гэнэтийн байлгах л гэж бодсон хэсэг. Хэрвээ та киноны эхнээс мэдэж байсан бол миний хувьд дүүрлээ л гэсэн үг. Үзэгчийн хувьд бол гэнэт л байх ёстой юм.

-Үгүй ээ, киноны хувьд. Ах дүү хоёр нэгнээ мэдэрч байсан болов уу гэж?

-Аан ойлголоо. Ах нь дүүгээ бол давхар бодоод яваад байгаа өгүүлэмжтэй юм. “Нэг муу мэдрэлгүй амьтан хамаг хүмүүсийг маань алчихлаа” гэхэд дотроо бас “Миний дүү ч бас мэдрэлгүй амьтан даа” гэж бодно. “Нягтлан бодогч ингээд түйвээгээд байгаа хэрэг үү” гэхэд аанай л “Дүү бас тоондоо сайн даа” гэх бодол байгаа. Гэхдээ яг хараад танихдаа бол мэдээж гайхаж, шооконд орсон л доо.

-Таны киноны өгүүлэмж, арын түүх нь их гоё байх юм. Онгод чинь хэзээ орж, ямар сэдвийг сонгохоо хэрхэн шийддэг вэ?

-Гадуур зүгээр явж байхад л сайхан түүх, сэтгэлд хүрэм явдал олон тохионо шүү дээ. Сонссон, уншсан бүхэн маань цаанаа өвөрмөц сонин түүхтэй. Эхнэр маань надад дэндүү сайхан өгүүлэмж, үүх түүх мөн ч олон байна даа гэж дандаа хэлдэг. Миний хувьд тэр олон түүхээс намайг орхихгүй байгаа, эргээд намайг ээрсээр байгааг нь сонгоод, бариад авдаг юм.

-Бэн Аффлек Бэтмэний дүрд тоглосон. “Нягтлан бодогч” дээр тэгтэл нүүхдээ комик ном авч байгаа харагдах юм. Албаар тэгж хийв үү?

-Манай Урлагийн хэлтсийнхэн бүр Бэтмэний комик авч байгаагаар хийх гээд. Би тэр ч арай хэтэрнэ ээ гээд. Супермэний комик бариад явахад бол гэмгүй.

-Ийм том хэмжээний кино найруулахад, олон хүнийг удирдаж ажиллахад маш хэцүү байдаг уу. Уурлаж бухимддаг уу?

М.Саруул-Эрдэнэ холливүүдийн нэрт
найруулагч Гэйвин О’Коннорын хамт

-Хэцүү байгаагүй. Бид өдөр бүр хөгжилдөн инээлддэг байлаа. Би найруулагчийн үүргийг арай өөрөөр хардаг юм. Бүх хүнд нийцтэй, эевэргүү сайхан орчин үүсгэх нь найруулагчийн хамгийн чухал үүрэг. Сайхан кино хийх, сайхан түүх бүтээхээд тэнд ажиллаж байгаа хүн нэг бүрийн хөдөлмөр шингэсэн байгаа шүү дээ. Энэ бол багийн ажил. Тийм учраас би хүн бүрийг айж эмээх аюулгүй, сэтгэл тайван, энгийн сайхан ажиллаасай гэж хүсдэг. Алдаж болно, алдааг бол байх л ёстой юм гэж харах хэрэгтэй. Зөвхөн жүжигчин ч биш, бусад бүх ажилтны хувьд ч алдаанаас айж болохгүй. Ийм найрсаг, айдасгүй орчин бүрдэхэд сайн бүтээл төрнө.

Гэх мэтээр бидний хэдэн сэтгүүлч найруулагч Гэйвин О’Коннортой хууч хөөрөөд, зураг хөргөө авахуулан уулзалтаа өндөрлөв. Би түүнд Монголын түүх, Монголын амьдралаас олон сайхан кино төрөх, сонин сайхан өгүүлэмж бий шүү хэмээн нэмж хэлэхэлд тэрээр өөр улс үндэстний сонин сайхан түүх бас сонирхон хайж яваа, Монголыг заавал сонирхоно хэмээн амласан билээ. Эцэст нь найруулагч бидэнд киноны нэр үг бүхий цамц бэлэглэв. Киног нээгдэхээс нь өмнө үзэж, найруулагчтай нь уулзан ярилцах завшаан олохын нэг гол зорилго нь киноны тухай үг, сэтгэлээ бусдад түгээхэд оршино хэмээн өмнө өгүүлсэн билээ. Тэр үүргээ одоо харин биелүүлье. Аравдугаар сарын 14-ний өдөр нээлтээ хийх “Нягтлан бодогч” киног үзээрэй. Адал явдал, тулаан зодоон, инээд хошигнол, уянга драм, гэнэтийн шийдэл бүхнийг та нэг дор үзэж мэдрэх болно.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч

М.Саруул-Эрдэнэ

Categories
мэдээ цаг-үе

Сэрүүн сайхан Алтай буюу Сутайн цагаан салхи

Усан Зүйлийн гол мэлмэрч Сутай хайрхан
ханайна

Хан их Алтайн арван гурван цаст оргилын нэгэн Сутай хайрхны тэргүүн мөнгөрөн цавцайж харагдана. Говийн Алтайн дүнжгэр хайрхдын ноёлог өндөрлөг, тэнгэрийн цэнхэр мандалд цайвалзах сүүн Богдод золгон Зүйлийнх нь голоос аршаалан хүртэж, зүлгэмэл цагаан салхинд нь адислуулна гэхээс сэтгэл яарнам. Тонхил сумын төвөөс хөдөлсөн бидний цуваа их Сутай руугаа хошуу өлгөлөө. Нам дороос машинаар зүтгүүлэн өгсөх тусам давхар давхар уулсын ноён сэрвээн дээгүүр эрдэнийн гилбэрт цагаан уул дүгэрэглэн манхайна. Яг л хөх пансан торгон дээр томоо гэгчийн эсгий цагаан бүрх титэмлэсэн мэт жавхлантай харагдах нь бий. Өнөө хөх дурдмал торго нь хоёр тал руугаа дээлийн ханцуй шиг нарийн зурвас татуулан үл ялиг намирах нь бүр чиг үзэсгэлэн төгөлдөр. Энгэр бэлээд нь тэмүүлэхэд эрхэмсэг хайрхан тэнгэрийн цээлд ингэж л утга төгс угтаж байгаа юм.

“Энэ жилийн төрийн их тахилгад хайрхан маань нэлмэгэр цагаан манантай, оргил тэргүүнийхээ өмнүүр хөшиг татчихаад бараа дүрээ харуулаагүй. Одоо харин хүүгээ угтаж буй ижий шиг өндөлзөн байх чинь” гэх элгэн халуун яриа чих шүргэнэм.

Хүү нь хэн байх билээ гэх бодол тэрхэн агшинд зурсхийв. Үнэн юм үнэнээрээ сайхаан гэдэг шиг монгол төрийн хасбуу тамгыг атгаж явсан эрхэм буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга өндөр Билэгт ах нүдэнд торойдог байна шүү. Өдгөө далан насны даваан дээр тулж ирсэн тэрээр элгэн саддынхаа хайранд, их Сутайнхаа энгэрт ёстой нэг жаргаж байгаа бололтойдог. Хайрхныхаа салхийг ханатал залгилж, уярам сайхан харцаар усан Зүйлийнхээ голыг тольдон цэнхэр тэрлэгнийхээ хормойг чичрүүлж зогсоно. Өвгөн бүргэд үүрэндээ ирлээ гэдэг шиг өндөр ах минь ууландаа ирсэн нь энэ ээ.

Сутайн тэргүүн овоонд уншлага номоо хөгжөөж, сүүн Богдын шүншиг ерөөлийг хүртчихээд үхэр чулуудын дундуур бандгар олон жийп шил шилээ даран тэнтэр тунтар өгсүүллээ. Лусын бумбат Хүрэн товгорын овооны зүүн дэнжийн цэнхэр асарт Тонхилын зон олон хүндэтгэн угтав. Б.Энх-Амгалан гишүүн “Их хүн гэдэг аргагүй өөр юм. Хоёр аймгийн нутаг дамнаж төрдөг байна” гэж Бээк зөвлөхөө явуулсан нь учиртай. Энэхүү тэлэмгэр хөндий бол Говь-Алтай, Ховдын зааг юм. Үндсэндээ Тонхил, Цэцэг сумдууд Эрээний нуруугаар зааглагдан оршиж байгаа ажгуу. Эрээний нурууг тонгойгоод л алдарт Ард Аюушийн нутаг үргэлжилнэ. Цэцэг нуур цэлэлзэж, жаахан цаашлаад Мянган угалзатын нуруу залгагдана гээд бодохгүй юу.

Монгол төрийн дархан түшээ өндөр Билэгт ах төрсөн бууцнаа

хөөрөг зөрүүлж зогсоо нь

“Сутай хайрхан уул суусан ч боссон ч харагдана, харагдах гэж өндөлзөхгүй харанхуй манан дундаас ч харагдана. Сутайн цагаан салхи дөрвөн сумын нутагт салхилна, Сутайн цагаан үүл дөрвөн сумын нутагт зүмбэртэнэ” гэж Цэцэг нуурын хөвөөнөө төрсөн цэцтэй найрагч Бямбажавын Хүрэлбаатарын шүлэг бий. Уг шүлгийг уншсан шигээ, усан Зүйлийн харгилсан голоос алгаараа савируулан уух сайхан. “Зүсэр цагаан Сутайдаа очъё, Зүйлийн гол мэлмэрч л байгаа даа, Зүүдэн хайлан ээжийдээ золгоё, Зүгийн тэнгэр ширтэнхэн суугаа даа” хэмээн уярмаар дууны аялгуу урсаад л ороод ирнэ. Яруу найрагч Эмүжингийн аав Рэнцэндорж гуайн шүлэг, энүүхэн хажууд ханараад байгаа Алаг хайрхны хүү Баатарын Цэрэндондовын аялгуу, Хан Хэнтийн гавьяат бүсгүйн энэ дууг анх Алтайн дууч Тансармаа олонд хүргэсэн гэдэг. Цэрэндондов гэж өдгөө Эрдэнэт хотод суугаа авьяасын хүүдий түүний олон чиг бүтээл нь энэ л дагшин сайхан уулсын дундаас төржээ. “Сутай зүгийн нутаг минь нартай л дуулдах юм даа, наран тогоруу шувууд нь тийшээ л нисч байгаа даа. Сургийг нь сонсож явахад сэтгэл нялхраад байдаг, сум нутгийн бүсгүй минь тэндээ л суугаа шүү дээ” гэж Гочоогийн Чардагийн шүлэг энэ дууг “Хонгорзул”-ын Энхбат гэж Алтайн дуучин амилуулсныг бид мэднэ.

Өндөр Сутайгаасаа эх аван урсах Зүйлийн голын хөвөөгөөр сарлагийн сүрэг налайгаад намрын сарын тэнгэр дор гэгээн тунгалаг байна. Хуучин цагт энд сарлагийн сүүн заводын тасаг гэж ёстой л нөгөө тос даасан цөцгий шиг нүнжигт газар байжээ. Анжгай Түдэв хэмээх нутгийн олны хүндлэл хүлээсэн аймгийн аварга үхэрчин, дүнэгэр эрийн тухай яриа хөөрө ундарна. Гэргий нь Цэдэв гэж сүү сааль сүү шигээ дэвэрч цалгилсан, түмэн олныг ундаалж цэлмээсэн сайхан хүмүүний дүр бас л сэтгэлд ургана. Сутайгаасаа хөдлөх боллоо. Өндөр Бээк ах минь “Зулай цагаан Алтай”-гаа дуулж, “Дэлгэр зуны улиралд цэцгээ дэвсэж харуулдсан, дэнжийн цагаан гэртээ ээж минь хүүгээ хүлээсэн” гэх бадагт хоолой нь чичирч байна лээ.

Улаан Пүрэв гэх Цоодол багшийн хэлснээр сэтгэлийн хэц нь мэдрэгдсэн эр байна. Тонхилын засаг ноёноор арван хоёр жил сууж, одоо бол байгаль орчны байцаагч сэтэртэй Сутайнхаа салхинд сэмэрч яваа нэгэн. Залуу идэрхэн цагтаа барилдаж, Тонхил, Бугатын наадамд торолгүй түрүүлж аархжээ. Харин сумаа удирдсанаас хойш барилдаж чадалгүй, хий дэмий л төв асрын хойморт тогтож ядан суух болсон гэнэ. “Усан Зүйлийн минь гол мэлмэрсээр л байна уу, улаан Пүрэв ах минь уярсаар л сууна уу” гэх шүлэг сайхан үгс урсана. Сутайд очсон хэн чиг мань эрд хүндэтгэлтэй ханддаг нь нэгийг хэлэх ажгуу. Манай хүн яахав дээ, ирсэн явсан бүхэнтэй хөөрөг зөрүүлэн уярсаар, хөөрсөөр л хоцорч байгаа юм чинь. Гэргий Мөнхцэцэг нь Тонхил нуур шигээ торомгор алаг нүдэн эгч.

Тэрээр ерэн гурван онд “Хүмүүс ээ, надад урам хайрла” хэмээх энхрийлэл элгэмслийн шидэт тарнийн эзэн Тоомойн Очирхүүгийнхээ уран бүтээлийн үдэшлэгт зорин ирж байсан түүхтэй. Тоомой панзын билиг авьяаст хөвгүүн бол Тонхил сумын Алтансоёмбо багийн нутаг Балбархайн хаваржаанд төрсөн найрагч билээ. “Чулууны магтаал” шүлгээрээ наян таван оны “Болор цом”-ыг хүртсэн цалгилсан халуун сэтгэлт түүнийг эл ус нутгийнхан дээдэлнэ гэж жигтэйхэн. Сумын засаг Цэдэнбал дарга Очирхүү найрагчтай эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд алдарт “аргамжааных нь чулуу”-г хамтдаа чирч, гулдчиж явснаа дурссан.

“Төрийн наадмыг миний нутгийн хүүхдүүд эхлүүлдэг” гэж тонхилынхон бас бахархана. Өнөө цагийн нэртэй уртын дуучид болох Баасанхүүгийн Батболд, Батмэнд, урлагийн гавьяат зүтгэлтэн Содномын Эрхэмбаяр нар энэ нутгийнх учир тийн ханхалзаж буй хэрэг л дээ. Батмэнд, Батболд хоёрын аав Баасанхүү бааяа гэж нэгдлийн бурхан жолооч явсныг буурал өвгөдөөс сонсч л байлаа. Сумын төвийн урдхан Тонхил нуур цэнхэрлэн дугариглана. Цэдэнбал дарга “Талын зэрэглээ сүүмэлзсэн Тонхил нуурын захад, ус авахаар очиход минь уулзаж сууснаа санаач ээ. Эхний яриа яасан бэ, үүрд намайгаа мартаа юу” гэж дууг тийм нэг хуучны аялгуугаар нугалааг юуг нь зохирууллаа.

Ардын жүжигчин Дэндэвийн Чимэд-Осор гуайн “Зууны манлай бүсгүй” Цогзолмаа гуайд зориулж бичсэн дуу юм гэдэг. Дөчөөд оны дундуур баруун хил Байтагийн заставыг зорьсон Хэнтийн морин бригад Улаанбаатараар дайрч өндөр Алтайд ирэхдээ Тонхил нуурын захад буудалласан байна. Тэр үеэр уг дуу гарсан гэж нутаг зоныхон хуучилсан. Ингээд л дурсаад байвал домогт Сутай, Тонхилын тухай барагдана гэж үгүй дээ. “Шөнийн саран шингэх зүгт сэрүүн сайхан Алтай минь бий” гэж дуулсан Шоовойн Шажинбат, хагас зуун жил хөдөөдөө сууж хүн зоныхоо төлөө зүтгэж ирсэн ардын эмч Павдайн Шижээ гээд олон хүний тухай хөрөглөн туурвиж болох юм.

Их Алтайгаа нар зөв халиаж яваа бидний цуваа Ихэс нуурын баруун урдуур туушиндаад алдарт Дарвийн цэнхэр нурууг бараалан зогслоо. Нуурын мэлмэрсэн хөвөө рүү хэдэн хонь ямаа зүглүүлээд орхисон залуу тэрүүхэн хажууд байх гэрээдээ год год шогшиж харагдана. Говь-Алтайн Дарви бол Санжийн Пүрэв баавайн маань өлгий билээ. Мөн их утга зохиолын үймээнт эр, билиг танхай Сономын Лочингийн нутаг юм. Утга зохиолын сургуулийн оюутан ахуй цагтаа Пүрэв баавайн “Гурван говийн зэрэглээ” туужийн бүтээлийг уншчихаад “Ийм сайхан хүнтэй нэгэн он цагт амьдарч буйдаа бахархнам” гэж өдрийн тэмдэглэлдээ бичиж байсан жулдрай ямар чиг л байсан Дарвийн цэнхэр нуруунд ирлээ. Эвлэлийн төв хороонд алдарт Лодонгийн Түдэвийн цэрэг байхаасаа л нутаг гүймтгий болж, улаан загалмайн нэрээр хөглөгөр Алтайнхныхаа хөлийг дулаалцуулж ирсэн их Довж ахыгаа уруу татлаа. Цуваанаас түрхэн хоцорч, Дарвийн нуруунд сэржим өргөе гэлээ. Равдан зангийн хүү үүнийг л хүлээж байсан мэт ихэд баясалтай байна. Алтан аягаа аваад, өнөө том сүрдмээр хөөргөө бариад буугаад ирлээ. Алтайнхан аяны замд зогсох бүрийд хөөрөглөж, мэнд усаа мэддэг хүмүүс ажгуу. Жижиг цагаан тэрэг урдуур хөндлөн шунгаснаа зогтусан эргээд хүрээд ирэх нь тэр. Самдандовж даргыгаа таньсан нь мэдээж. Дарви сумын хурлын дарга тэргүүтэй нөхөд байна.

Оройн нар өндөр Сутайн цаахнуур шингэн алдаж, Ихэс нуурын хоймор ханайх Завилаа Богдын тэргүүнд тунарсан шаргал гэгээ алтрах цаг дор Дарвийн нуруунд залбирсан бүлгээ. Энэ л ханарсан их нурууныхаа дундаас гүдэнтэн тодорч, алсаас ажихуйд өлийж суугаад ульж буй чонын дүрстэй ч гэж хэлж болохоор нарийн шовх Хараат хайрхны энгэр бэл, Их гашууны өвөлжөөнд Пүрэв баавай мэндэлжээ. “Өглөөний сэрүүнд газар хороохоор их говиос үүр цүүрээр хөдөлсөн нүүдэл өдөр дунд уулын хормой түшив. Нүүдлийн түрүүнд зам даган цуварсан хэсэг үхэр явдалд залхан, эврээ сэжлэн хүзүү шөргөөж, говь гатлан уул давж үзээгүй тугалууд нь эхийн сүүдэрт нойтон хамраа шургуулан шөрөн шөрөн алхална. Түүний араас энэ хоёр айлын хоньд нарийн хүрэн тоос будруулан тааваараа урагшилна…” гэж “Азын цэнхэр уул” өгүүллэг эхэлдэг сэн. Тэрхүү азын цэнхэр уулыг хараачлан зогсном. Монхоны Ганбаатар хэмээх бас л над шиг Пүрэв баавайгаа жигтэйхэн хайрласан, хүрээд ирэхэд нь Дарвийнх нь нуруу руу дагуулаад “нисчихдэг” эртэй хуучилж зогстол хажуугаас “Энэхүү мөнгөн аяга чинь Алтайн суран хар гэж алдаршсан Амартүвшин зааны маань аяга шүү дээ” гэж Сосорын Цогт дарга хэлж байна. Нээрээ л Дарвиас тодорсон сайхан бөх Чогдовын Амартүвшин заан байсан. Ерээд оны эхээр зааныхаа наадмыг тэмдэглэжээ. Түүний хариу болгож, үндсэндээ сэтгэлийн мялаалга болгон “суран хар” нь тэрхүү аягыг нутгийнхандаа өгснөөр үе үеийн хурлын дарга нарын машинд явдаг дугарааны хундага болжээ.

Дарвийн нурууг шөнө оройд давж, цаашлаад Баян-Уул сум орж хоноглолоо. Бас л утга зохиолын хайрлам авьяастан, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ламжавын Мягмарсүрэн буюу шар Мягаа ахын минь нутаг билээ. Домогт Хүйсийн говийн хаяа дэрлэн бууж, оддыг нь хүлхэж байгаа минь энэ. “Хөөрхий дөө миний муу аав Хүйсийн говьдоо л усчин байсан юм” гэж Дагвын Цахилгаан гуай хэлдэгсэн. Маргааш өглөөний мандах нарнаар Баян хайрхны тэргүүн дээр гарна. Тэндээс л Хүйсийн говь тунарч, алдарт Их Монгол элсний сэжүүр шаргалтаж үзэгдэнэ дээ. Залгуулаад Эрээн нуур, Хасагт хайрхан, Хантайширын нуруу, Дэлгэрийн тал хүлээж байгаа бүлгээ.

Н.Гантулга

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

“Ла Скала” театрт “Чингисхаан” дуурийг тоглуулахыг хүсч байна

-“Жизель” балетыг амжилттай удирдан тоглууллаа. Та энэ балетын тухай манай уншигчдад ярьж өгөөч?

-Жизелийн сэдэв нь их гоё. Тус зохиолыг бичсэн А.Адан тийм ч алдартай биш л дээ. Энэ л балетаараа олонд танигдсан. Романтик балетын төлөөлөл бол Жизель. Мөн балетын олон элементийг тусгаж чадсан. Хөгжим ч мөн ялгаагүй тус балетаа бүрэн дүүрэн илэрхийлж чадахаар байдаг. “Жизель” хоёр үзэгдэлтэй. Үзэгдлүүд нь хоорондоо их ялгаатай. Эхнийх дээр тариачин охины амьдралыг энгийнээр гаргадаг бол хоёрдугаар хэсэгт өнөөх тариачин охин хайр сэтгэлээсээ болжУсан үзмийн тариалан, түнэр шугуйн завсарт эгэл жирийн хэр нь аз жаргал бялхсан бяцхан тосгон оршино. Ургацын баярын завгүй өдрүүд үргэлжилж, тосгоныхон инээд хөөр дүүрэн байх агаад хүн бүрийн хайрыг татсан хонгорхон бүсгүй Жизельд ойн цагдаа Ханс хором тутам сэтгэлээ илэрхийлэх ажээ. Гэвч Жизель тариачны дүрд хувирсан гүн Альбертад хэдийнэ дурласан байлаа…

Гал халуун дурлал, хууран мэхлэлт, итгэл найдвар, гуниг гансрал, үхэл. Гэвч үхлээс хойш ч амьдарсаар байх хайр сэтгэл, сүнсний ертөнц. Энэ бүх үйл явдлын өрнөлийг А.Аданы “Жизель” балетаас та үзэж болох юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 54 дэх улирлын тоглолтоо “Жизель” балетаар нээсэн билээ. Энэ удаад симфони найрал хөгжмийг Италийн алдарт “Ла Скала” театрын удирдаач Стефано Салватори удирдсан юм. Стефано Салватори нь удирдаач, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч болон сонгодог хөгжмийн хэлмэрч юм. мөнх бусыг үзээд сүнс болж байгаагаар илэрхийлэгддэг. Жизелийн булшнаасаа гарч ирээд манан дунд яваа хэсгийг үзэгчид үзээд уйлахгүй байж чаддаггүй. Энэ нь надад ч гэсэн онцгой мэдрэмж төрүүлдэг учраас би Жизелийг удирдах дуртай.

-Монголын театрын уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа. Тэдний ур чадварын тухайд та юу хэлэх вэ?

-Ямартай ч дүрэм, журамд захирагдсан, юу хийх, яах ёстой гэдгээ ухамсарласан, авьяастай хөгжимчид намайг угтлаа. Надаас илүү ихийг сурч, мэдэж өөрийн болгочих юмсан гэсэн хүсэл эрмэлзэл дүүрэн байгааг нь анзаарсан. Аль ч орны дуурь, балетын театрын хөгжимчид маш их ачаалалтай байдаг. Дуу, балетаас гадна симфони тоглодог. Мөн удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байдаг. Өглөө нь дуурь тоглосон бол орой нь симфони тоглох шаардлага гарна. Түүнийгээ дагаж сэтгэл хөдлөл өөрчлөгдөж байдаг. Ийм л хүнд хөдөлмөр юм шүү дээ. Ерөнхийдөө театрын хөгжимчин байх нь тухайн хүнээс маш их золиос шаарддаг юм. Тэгэхээр Монголын хөгжимчид энэ ачааллыг дааж дээрээс нь нэмэлтээр илүү ихийг сурч, мэдэх эрмэлзэлтэй байгаад нь удирдаач миний хувьд сэтгэл маш өндөр байна. Тиймээс хүсэл, эрмэлзлийг нь талаар болгохгүйн тулд энэ хугацаанд өөрийн өгч чадах бүхнээ зааж, сургалаа. Гэхдээ хугацаа, боломж байх юм бол илүү нарийвчилж заахыг хүсч байна.

-Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшинтэй хамтран хэд хэдэн тоглолт хийсэн. Цаашид дахин хамтарч уран бүтээл хийх үү?

-Бид хоёр анх Италийн Милан хотод тоглолт хийж байлаа. Нэлээд том тоглолт болсон шүү. Миланы ойролцоо Аркоре гэж хот байдаг. Мөн Италийн Ерөнхий сайд асан Сильва Берлусконийн амьдардаг жижиг хотод тоглолтоо хийсэн. Милантай ойролцоо Биелла хотод ч бас тоглосон. Тоглолтууд маань маш сайхан болж өндөрлөсөн. Түүний дараа би өнгөрсөн тавдугаар сард Монголд болсон Э.Амартүвшингийн гала концертод уригдан ажилласан юм. Э.Амартүвшин бол гайхалтай хоолойтой дуучин. Дээрээс нь олон чадварыг өөртөө шингээсэн цогц хүн л гэж хэлнэ.

Ямар ч зүйлийг маш хурдан сурдаг. Хамтарч ажиллахад урамтай байсан. Тоглолт хийхэд олон хэл дээр дуулах шаардлага гардаг л даа. Испани, франц, орос гээд л. Э.Амартүвшиналь ч хэлээр дуулсан маш цэвэр хэллэгтэй байсан нь миний гайхшралыг төрүүлсэн шүү. Ази дуучид тийм байх нь ховор байдаг юм. Би Э.Амартүвшингээр дамжуулж Монголын хөгжмийн зохиолчдын гайхалтай бүтээлүүдийг сонссон. Хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурийн хэсгээс Э.Амартүвшин дуулсан юм. Энэ дуурь надад маш сонирхолтой санагдсан. Удирдаач хүний хувьд Италийн “Ла Скала” театрт “Чингис хаан” дуурийг тоглуулахыг хүсэж байна. Энэ нь хэр боломжтой талаар би судалж үзнэ.

Амараа маань Германд дууллаа. Удахгүй Израил, Италид дуулах гэж байна. Ийм амжилттай яваад нь үргэлж баярладаг юм. Хаана, юу хийж, ямар дуурь дуулж явааг нь сонирхон байнга харилцаатай байдаг даа. Дахин хамтран уран бүтээл хийнэ гэдэгтээ итгэлтэй байна.

-Та яагаад удирдаач болсон юм бэ?

-Миний багш алдарт удирдаач, төгөлдөр хуурч Даниэль Баренбоймягийн энэ асуултад хариулсан үг нь надад маш их таалагддаг. Тэрээр “Би алдартай хөгжмийн зохиолчдын симфонид дуртай байсан юм” гэж энгийн хариулсанбайдаг. Симфонид дуртай, ойлгохыг хүссэн эрмэлзэл нь түүнийг алдартай удирдаач болоход нь чиглүүлжээ. Би ч мөн адил өөрийгөө хөгжмөөр юу илэрхийлж чадах, миний дуу хоолой юу болохыг мэдэхийн тулд хөгжмийн зохиолч, удирдаач болсон.

Би Перугийн Ф.Морлаккигийн нэрэмжит хөгжмийн сургуулийг төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн. Мөн хөгжмийн зохиолч, удирдаач мэргэжлээр Миланы Ж. Вердийн Консерваторыг дүүргэсэн юм.

-Та “Ла Скала” театрын удирдаачаар 2009 оноос хойш ажиллаж байгаа гэсэн. Энэ том театрт удирдаач хийнэ гэдэг амаргүй байх?

-Театр гурван удирдаачтай байдаг. Ерөнхий, туслах мөн зочин удирдаач. Одоогоор би Италийн “Ла Скала” театрын туслах удирдаач хийж байна. Би театрын дэргэдэх академийн тэтгэлэгт хөтөлбөрт оролцох эрхтэй болсноор тэнд театрын удирдаач болох зам нээгдсэн. Харин суралцаж төгсөөд “Ла Скала” театрын бэлтгэгч төгөлдөр хуурч гээд бүх л зүйлийг багаас нь хийж эхэлсэн. Энэ нь надад маш том сургууль болсон гэж боддог. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамгийн алдартай бүжигчид, дуучид, удирдаачид “Ла Скала”-д чуулдаг. Энэ том байгууллагын бэлтгэгчээсэхлээд өндөр албан тушаалтай хүмүүс асуудлыг яаж шийдэж, зохицуулж байгааг харна гэдэг бол маш том боломж, сургууль байсан. Энэ утгаараа би амьдралд болоод “Ла Скала”-д өртэй гэж боддог.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Би мөрөөдлөө ярихын тулд Италийн дуурийн театрын тухай ярих шаардлагатай болно. Итали бол дуурийн урлаг, сонгодог хөгжим, мөн маш олон хөгжмийн зэмсэг үүссэн газар. Гэсэн ч Италийн ихэнх хотын театрт сонгодог урлаг өмнөх шигээ өндөр түвшний байхаа больсон. Зөвхөн “Ла Скала”-д л гайхамшиг үргэлжилсээр байгаа. Харин эсрэгээрээ Германы жижиг хот болгон театруудтай, тэдгээр нь үр бүтээлтэй ажиллаж байна. Түүнийгээ дагаад олон мянган сонгодог урлагийг сонсч, мэдэрдэг хүмүүс бий болсон.

Тиймээс тэр гайхамшигт сонгодог орчинг Италийн өнцөг булан бүрт эргүүлэн авчрахын тулд бид ихийг хийх хэрэгтэй. “Ла Скала”-д ч тэр, сонгодог урлагийнхаа төлөө ч тэр хийх зүйл их байна. Мөн би цаашдаа ерөнхий удирдаач болох мөрөөдөлтэй. Аливаа театрын ерөнхий удирдаач нь хөгжимчдөө сонгох эрх мэдэлтэй болдог юм. Тиймээс өөрийн сонгосон хөгжимчидтэйгөө гар нийлж, нэг баг болон уран бүтээл туурвихыг хүсэж байна. Урлаг хөгжинө гэдэг бол цогц зүйл. Энэ цогц зүйлийг өндөр түвшинд байлгаж, түүнээсээ таашаал авахыг хүсэж байна даа.

-Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Хөдөө нутгаар явж үзсэн үү?

-Би Монголд хэдий хоёр дахь удаагаа ирж байгаа ч хотын төвөөс нэг ч гарч үзсэнгүй. Надад маш их өөрчлөлт, хөдөлгөөн, шинэчлэгдэн өсөж дэвшиж байгаа энерги шууд мэдрэгдлээ. Өндөр давхраас харахад бүтээн байгуулалт эрчимтэй байгаа нь илт байна. Монгол гэхээр хүмүүст нийтлэг ойлгогддог тал нутаг, онгон дагшин байгалийг үзэхийг маш их хүсэж байна. Надтай онгоцонд хамт ирсэн гадныхан бүгд Монголын тэр сайхан байгалийг үзэхээр бэлдэж ирсэн байлаа. Ихэвчлэн уул хаданд авирах зориулалтын хувцас хэрэглэлтэй байсан. Миний байгаа зочид буудал “Хөвсгөл нуур” гэсэн нэртэй. Тэр буудлын зурагтаар Хөвсгөл нуур гарч байдаг. Үзэх болгондоо л 1000 км-ийг өөрийн биеэр туулж, Хөвсгөл нуурт очих хүсэл оргилж байгаа. Дараа тэдгээр жуулчид шиг бэлтгэлтэй ирж Хөвсгөл нуур болон говь нутаг руу явна гэдэгтээ итгэлтэй байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Хятад гүрнээс айж сэжиглэх биш хөгжил дэвшлийг нь ашиглах хэрэгтэй байна

Сүүлийн үед манай улстөрчид болоод улс төрийн өндөр дээд албан тушаалтнуудаас нэг сонин үзэгдэл илт анзаарагдах боллоо. Тэр нь товчхондоо Хятадыг муу улс, хятад хүнийг муу хүн гэх ойлголтыг нийгэмд төрүүлж, тэртэй тэргүй хужаа гэхээр бөөлжис нь цутгадаг ард түмнээ улам л урд хөршөөсөө холдуулаад байх шиг. Тухайлбал, монгол хүн давхар иргэншилтэй байхыг хуулиар зөвшөөрч байгаа. Гэвч хятад улс энэхүү хуульд хамаарахгүй. Аялал жуулчлалыг хөгжүүлж, өмнөх жилүүдээсээ илүү олон жуулчин хүлээж авахаар ажиллаж байна. Харин хятад хүн байж болохгүй. Гадны ажиллах хүчин болоод гадаадын томоохон хөрөнгө оруулалт Монголд орж ирэхэд бүх зүйл нээлттэй. Гагцхүү хятад хүн, тухайн улсынх байж болохгүй юм гэнэ.

Ингэж эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд манлайлж буй Хятад гүрнээс бид айн сэжиглэж, зэнзийрхэн цэрвэх боллоо. Бүр сүүлдээ төвийг сахих үзлийг дэлхий нийтэд сурталчилдаг Монгол Улсын Ерөнхийлөгч маань хүртэл Хятадын банк манай улсад үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж хэлж байх юм даа. Улс төрийн өндөр албан тушаалтнуудын барьж буй бодлого, хийж буй үйлдэл арай л эрүүл биш харагдаад байна. Өнөөдөр дэлхийн хүн төрөлхтний дийлэнх нь анхаарлаа Хятадын зүг хандуулж эдийн засгийн огцом өсөлт, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, улс төрийнх нь хатуу бодлогыг сайтар ажиглах болсон.

Азийн хөгжлийн банкны өнгөрөгч онд гаргасан судалгаагаар Хятадын эдийн засгийн өсөлт 7.2 хувьтай гарсан. Мөн сүүлийн таван жилд Ази тивийн хөгжиж буй эдийн засгийн бүс дэлхийн өсөлтөд 60 хувийн нөлөө үзүүлснийг онцлоод Хятад улс 32 хувийг нь эзэлж байна гэдгийг мэдэгдсэн юм. Энэ нь Америк, Япон болон Европын бүстэй харьцуулбал өндөр үзүүлэлт гэж тодотгосон байдаг. Хятад бол эдийн засгийн өсөлтөөрөө дэлхий нийтэд ингэж нөлөөллөө тогтоож буй улс гүрэн билээ.

Тиймээс аливаа асуудалд эрүүл саруул ухаанаар хандаж өнөө Хятад л бол муу, муухай гэх ойлголтыг арай учиртай болгон, сэжиглэж холдохын оронд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам батжуулахыг чухалчилсан нь дээргүй юу. Зүгээр л харанхуй нулимж байхын оронд туулж ирсэн замнал, амьдралын хэв маяг, ажлын хариуцлага, хөгжил дэвшлийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн бодит үнэ цэнэ, түүхийг нь ойлгож, эргэцүүлж, ухаарч болдоггүй хэрэг үү. Хүн төрөлхтөн дэлхий нийтээрээ даяарчлагдаж буй энэ үед хөрш гүрнээсээ нүүр буруулж, бараг л нэг нүдээрээ ч үзэж чадахгүй байна гэдэг энэхүү эрин зуунд үнэндээ хоцрогдсон үзэл болоод байна. Гэхдээ уг асуудал бас цаанаа эргэлзээ төрүүлдэг. Учир нь бид Хүннүгийн үеийн сэтгэлгээтэй ийм хоцрогдсон улс уу, аль эсвэл Хятадын эдийн засгийн хөгжлийн нууц, техник технологийн дэвшлийг нь монголчуудад үзүүлж болохгүй, огтоос мэдрүүлж, ашиглуулж болохгүй гэсэн далдын бодлого үйлчлээд байдаг юм уу. Дэлхийн зууны чиг хандлагыг тодорхойлж байгаа их гүрний бодлогыг монголчууд мэдчих юм бол гай тарина, тэд зүгээр л уулын мухар сахисан хэвээрээ, Хятадыг үзэн ядсан сэтгэлгээгээр байж байг гэх санаархал хаа нэгтээ нуугдаад байх шиг. Миний бие тэгж хардаж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй дэлхийн тэрбумтан Дональд Трамп саяхан нэг айхтар ултай үг хэлсэн байна лээ. Тэрээр “Мексик улс Америкийн хажууд байсаар байгаад огт хөгжихөө больсон. Яг түүн шиг Монгол Улс Хятадын дэргэд байгаад хөгжил буурай орон болж байна. Иймээс Монголыг Азийн Мексик хэмээн хэлж болно” гэх утгатай үг шоун дээрээ хэлсэн. Түүнээс улбаалаад “Монголыг Хятадын нэг хэсэг гэж Трамп мэдэгдлээ” гээд манай эх орончид баахан сүржигнэсэн. Гэвч ачир дээрээ дэлхийн нэртэй улстөрч, эдийн засагч, стратеги судлаач, бизнесмэнүүдэд Монгол орон ийм ойлголтыг төрүүлдэг байх нь.

Үнэндээ бол Хятадаас өөр улсын бизнесмэнүүд Монголд үлэмж хэмжээний хөрөнгө оруулалт хийж, манай эдийн засгийг тэлнэ гэдэг юу л бол доо. “Монголчууд бид хужаагийн эрлийз болж гүйцнэ”, “Их гүрний бодлого нэг л өдөр Монголыг уусгаад байхгүй болгоно”, “Монгол Улс Хятадын харьяат болно” гэх энэхүү ойлголт монголчуудаас өөрсдөөс нь л хамаарна.

Бид өөрсдөө л шуналаа дарж чадалгүй цусалж байж аманд нь орчихгүй бол тэгж айж болгоомжлохын хэрэг байхгүй. Хөрш орноосоо тусламж авах, найрсаг харилцаатай байх, улс төрийн соёлтой байх зэрэг нь дэлхийн аль ч улс оронд байдаг зүйл. Олон улсын томоохон сүлжээ бүхий Хятадын компаниуд Монгол Улсад үйл ажиллагаа явуулахад манай эдийн засаг л эргэлтэд орохоос өөрөөр муу нөлөө гарахгүй. Бид Хятадын мэдэлд орчихгүй. Хүн төрөлхтний явж ирсэн түүхэн зам мөр, дэлхий нийтийн бизнесийн алтан зарчмаар энэ бүхэн зохицуулагдана. Дахин сануулахад, монголчууд бид л шуналаа дарж чадах эрх зүйн чадамжтай байж сурах хэрэгтэй.

Хятадын банк орж ирэхийг дээрээсээ аваад л хүн бүхэн дэмжихгүй, толгой сэгсэрсэн байдалтай байх шиг байна. Тэгвэл дэлхийн улс орнуудад нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн “Bank of China” Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах цаг нь болсон. Хятад улсдаа эхний дөрөвт эрэмбэлэгддэг тус банк нь хоёр мянгаад оны эхээр Хонгконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж найман тэрбум евротой тэнцэх хөрөнгө босгон шуугиан тарьж байсан удаатай. Алдарт “Форбес” сэтгүүлээс гаргадаг томоохон компаниудын жагсаалтад 2013 онд арваннэгдүгээрт бичигдэж байв. “Bank of China” өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт 45.4 тэрбум юань буюу 7.3 тэрбум ам.доллартай тэнцэх цэвэр ашиг олсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн гэдгийг эдийн засагчид онцолсон. Олон улсын банк санхүүгийн системд ийм өндөр үзүүлэлттэй, маш амжилттай ажиллаж буй банк Монголд үйл ажиллагаа явуулах нь зөв гэж үзэж буй минь үүнтэй холбоотой. Хятадын гол банк Монголд орж ирнэ гэдэг Азийн эдийн засгийн гол судас Монголоор дамжиж урсана гэсэн үг.

Анзаараад байх нь ээ, Хятадын тал айхтар аядуу бодлого явуулах юм. Ухаандаа, Хятад орныхоо тухай цуврал кино телевизүүдээр гаргаж байна. Мөн “Улаанбаатарын үдэш” зэрэг Монголын олон дуу Хятадад хит болж ч байх шиг. Бид Хятадын эрлийз болчихно гэж зүхэхийн оронд энэ бүгдээсээ мөнгө олдог байвал хамаагүй дээр. Наад зах нь Монголын телевизүүд киног нь мөнгөтэй гаргаж, улс хоорондын төсөл боловсруулах хэрэгтэй. Мөн уран бүтээлчид маань хамтлаг дуучдаас нь төлбөр аваад хит болж буй бүтээл бүхэн асар их мөнгөний эргэлтийг бий болгодог системийг бүрдүүлээд эхэлбэл гараад өглөө гэсэн үг. Ингэж соёл урлагаар дамжуулж өөрсдийгөө сурталчлах дээрээс нь бизнесийн маш том том боломж, үүр уурхай бэлээхэн хүлээж байна.

Мөн Монголын залуучууд хятад хэлийг төгс эзэмших ёстой. Тэгж байж тэр агуу ертөнцөд нэвтрэх бүрэн эрхтэй болно. Гэвч “хужаа хэрэггүй” гэх ойлголт шинэ цагийн залуучуудад хүчтэй нөлөөлж, тэд бас сэжиглээд хэл усыг нь сурахгүй байгаа нь харамсалтай. Дэлхийн соёлт орнууд хятад хэлийг сурч, амьдралынх нь философийг мөрдлөг болгон ажиллаж байхад монголчууд эсрэгээрээ Хятадыг үзэн ядаж, хятад хэл үзэж байгаа нэгийг элдэв дээдээр доромжлох болсон. Гудманд алхаж яваад “наад нөхөр чинь хужаа ш дээ” гээд хэлчих юм бол эх оронч имижтэй бүдүүлэг нөхөд шууд ална гэж улайран дайрах болсон Монголын нийгмийн энэ солиорол улс орны ирээдүй хийгээд хөгжил дэвшилд үнэхээр халтай байна. Намайг Хятадыг өмөөрч бичлээ гээд баахан зүхнэ л дээ. “Хятадын шээс минь” гээд л эхэлнэ байх. Ингэж их тэнэглэснийхээ горыг амсаж, Монгол Улс цаг хугацааны дараа хэн ч тоож харахын эцэсгүй хөгжил буурай орон болж, монголчууд бид хүн төрөлхтнөөс гээгдэж уулын мухар сахисан малчдынхаа хувь заяаг давтах вий гэхээс санаа зовних юм. Тэгэхгүйн тулд ядах нь ээ, Хятад гүрнээс айж сэжиглэх биш хөгжил дэвшлийг нь ашиглах хэрэгтэй байна.

Н.ГАНТУЛГА

Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалагтамир: Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч цаашаа шүү

“Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамирын гар утас руу уржигдар өглөө эрт залгав. Түүнтэй мэнд мэдэлцээд гэрт нь очиж сурвалжлага хийх боломжтой эсэхийг асуутал “Хүүе, одоо яана аа” хэмээн уулга алдсанаа “Намаржаан дээрээсээ том гэрээ ачаад явж байна. Хот явахаасаа өмнө том гэрээ өвөлжөөндөө буулгах гээд үүрээр нүүдэл хийсэн юм. Манай гэр орон нүүдэл хийгээд ундуй сундуй байгаа. Бичлэг энэ тэр хийх юм уу. Одоо яана аа” гэв. Тэгснээ залгуулаад “Та нар тав тух алдахгүй гэвэл хүрээд ирж болно. Монгол хүмүүс байна даа. Ярилцаж байтал болох байлгүй” гэв.

Төв аймгийн Өндөрширээт суманд их үдийн алдад очлоо. Өнөө жил Өндөрширээтийн хөндийд өнөтэй сайхан намар болж байна лээ. Сөл нь тасраагүй өвс намрын салхинд хонгортон найгах аж. Замд тааралдах азарга адууны зоо ховилтож, үс нь сорлоод даанч сайхан таргалжээ. Намрын хайлган цагаар мал ингэж таргалахаас өөр яах ч билээ. Туул гол Өндөрширээт сумын зүүн талын шаргал дэрс найгасан хөндийгөөр урсах ажээ. Сумын төвд хэсэг саатаад Б.Эрдэнэбатын намаржиж байгаа Жавхлант толгой руу хөдөллөө. Биднийг гэрийнх нь гадаа яваад очтол хүн алга байв. Удахгүй гэртээ хүрээд ирэх байх гээд хүлээж зогстол баруун талын тод замаар хөх өнгөийн “портер” хөндий талаар тоос татуулан айсуй. Эрдэнэбат, Б.Тунгалагтамир нар хоёр хүүхэдтэйгээ хүрээд ирлээ. Өвөлжөөндөө том гэрээ төвхнүүлчихээд ирж байгаа нь энэ аж. Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд яриа дэлгэлээ. Гэрийн эзэн Б.Эрдэнэбат “Манай эхнэр гэртээ тогтохоо болиод удаж байна. Хотын хүн болчих гээд л байгаа юм. Би хэдэн хүүхдээ хараад үлдэх юм шиг байна. Нөгөөдөр хот явж бэлтгэл сургуулилалт хийх гэнэ.

Хувцас хунар, дуу дуулах сургуулилт хийлгэхэд мөнгө хэрэг болсон юм гэсэн. Хэдэн мал муулаад хот орох санаатай сууцгааж байна даа. Зурагтаар гарснаас хойш манай утас таван минутын чөлөөгүй л дуугардаг болсон. Таньж мэдэх хүмүүсээс эхлээд танихгүй хүн хүртэл залгаж баяр хүргэж байна” гэв. Харин “Авьяаслаг монголчууд” шоуны гурав дахь алтан баззерын эзэн Б.Тунгалагтамир “Сүүлийн гурав хоног утас байнга дуугарч байна. Энд тэндээс хүмүүс ярьж, баяр хүргээд үнэхээр сайхан байгаа” гээд инээд алдав.

Малчид өдийд намаржаандаа буучихаад малаа услах, өвөлжөө, хот хороогоо засч, янзалж, хөрзөн ховхолж, хамарлаж асгасан аргалаа дэлгэж хатаах гээд ар араасаа цуварсан их ажилтай байдаг. Бүгд өвөлжилтийн бэлэн байдлаа хангаж ажилладаг ид үе нь. Б.Эрдэнэбатынх ч ялгаагүй. Өвөлжөөгөө засах, саравчныхаа дээр салхи оруулахгүйн тулд хөрзөн асгах, портертоо барих гээд завгүй байна лээ. Мөн эхнэр Б.Тунгалагтамир нь “Авьяаслаг монголчууд” шоундаа оролцох гээд бүр ч их завгүй байна лээ. Тэднийх өнгөрсөн зун гүүгээ огт бариагүй байна. Үнээ, тугалаа нийлүүлээд эхлээр нь явуулчихжээ. Шоунд оролцож, алтан баззер даруулж байгаа бичлэг зурагтаар гарснаас хойш гэр бүлээрээ аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн байгаа гэсэн. Ах, дүүс нь зочилж ирээд айл саахалтаараа найр наадам болж, баярт үйл явдлыг тэмдэглэсэн байна. Хотоос сэтгүүлч ирсэн гэдгийг сонсоод айл саахалтын хүмүүс цугларч эхлэв. Б.Тунгалагтамир мах чанаж, шөлөнд нь будаа хаяж, зочдоо дайлах юм. Хоол хийх зуураа гэрийн эзэгтэй “Сая хэд хоног өвөлжөөн дээр юм хийчихсэн чинь хоолой сөөчихсөн байна. Бага байхад манай аав миний хэлийг хатгаад цус гаргасан юм. Тэрнээс хойш огт өвдөхгүй байсан. Тэгсэн энэ жил гэнэт сөөгөөд хөндүүрлэж өвдөөд байх юм. Хотод очоод эмчилгээ хийлгэчихвэл зүгээр болчих байх л гэж бодоод байна” гэв.

“Анх шоунд оролцох гээд явахад нь дургүй байсан. Одоо харин байнгаявуулж байгаа” гэв

Ингээд бид Б.Тунгалагтамирын нөхөр Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Таныг эхнэрээ “Авьяаслаг монголчууд” шоунд явуулах дургүй байсан тухай цухас яриа нэвтрүүлгээр гарсан. Та үзсэн үү. Энэ талаар ярихгүй юу?

-Одоо бол явуулах дуртай байгаа шүү. Би эхлээд “Авьяаслаг монголчууд” шоунд орно гээд байхаар нь дургүйцээд байсан юм. Манай хүн чинь нийгмийн идэвхи сайтай. Хаана урлагийн наадам болно. Тэнд сумаа төлөөлөөд дуулж хуурдаад хэд хоногоор яваад өгнө. Эсвэл эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, сонгуулийн ажил, хурал, зөвлөгөөн гээд алга болно. Тэр ажлуудынх нь нэг биз. Зурагтаар үзэж байхад мундаг авьяастай хүмүүс ороод байдаг юм билээ. Манай хүн тэнцэхгүй биз гэж бодоод огт тоохгүй байсан юм. Анх хавар гурван сард нэг явсан. Яг мал төллөж эхлээд байсан үе. Хэдэн зуугаараа хонь, ямаа ишиглэж, хургалаад, гүү унагалаад эхэлчихсэн байсан. Тэгсэн “Би шоунд оролцоод ирмээр байна” гээд байдаг. Би “Чи юу яриад байгаа юм бэ. Мал төллөж байхад хот орж яах гээд байгаа юм. Би ганцаараа хэцүүддэг юм байгаа биз дээ” гэж хэлчихээд адуундаа мордсон. Цас ороод машин тэрэг явах боломжгүй болчихсон байхад “Надад морь бариад өгчих. Морьтой сумын төв ороод цаашаа хот руу явмаар байна” гэж хүртэл гуйсан. Тэгээд адуундаа явчихаад ирсэн чинь бага охины бие өвдөөд халуураад байна гээд сумын төвөөс эмч дуудчихсан байсан. Би ч дотроо бодож л байсан. Манай хүн зургаан хүүхдээ халуурч бүлээрээд эхлэхээр өөрөө л эм уулгаж, домноод зүгээр болгочихдог. Цаашаа л явах гээд байгаа юм байна даа гэж. Тэгээд сумын эмч ч охиныг “Эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай. Хатгаа авах дээрээ тулсан байна” гээд аваад явсан. Тэгсэн шөнө охиныхоо биеийг асуух гээд утас руу нь залгатал аль хэдийнэ хот орчихсон байгаа юм. Ингээд анхан шатны тэмцээндээ тэнцчихээд ирсэн.

-Алтан баззерын эзэн болох гэж явахдаа ч бас танаас арай гэж зөвшөөрөл авсан гэсэн. Шалгаруулалт нь өнгөрсөн тавдугаар сард болсон юм уу?

-Тийм ээ. Таван сарын дундуур хотоос дүү нар гэр бүлээрээ засаа идэх гээд ирчихсэн байсан. Хэдэн бяруугаа засаж байсан чинь цасаар шуураад эхэлсэн. Ингээд маргааш нь бяруу, хурга, ишгээ засахаар болсон. Тэгсэн утас дуугараад “Маргааш тэмцээндээ орж, шалгуулна шүү” гэж хэлдэг юм байна. Би ч бас л дургүйцсэн. “Хурга, ишгээ хөнгөлж байхад чи явж яах гээд байгаа юм. Явуулахгүй” гэсэн юм. Тэгсэн намайг аргалж байгаад л шөнө яваад маргааш нь тэмцээндээ орчихсон байсан. Алтан баззер даруулчихаад над руу залгахаар нь учрыг нь сайн ойлгохгүй. “Чамайг яахаараа шилдэгт багтаадаг байна” гээд хэлчихсэн. Сая зурагтаар үзээд л бүх учрыг нь бүрэн ойлгож мэдлээ шүү дээ. Одоо тэгээд хамаг юмыг нь бэлдэж өгөх гээд өөрөө түрүүлж гүйгээд л сууж байна.

-Та эхнэрийнхээ зан чанарын тухай яриач. Та хоёр ханилаад бараг 17 жил болж байгаа гэсэн үү?

-Бид гал голомтоо бадраагаад 17 дахь жилтэйгээ золгох гэж байна. Манай хүн хүнд тусархуу, ил цагаан, шулуун, баргийн юмыг өөрөө хийнэ, аргална, бүтээнэ гээд л сууж байдаг хүн. Ямар ч ажлаас хойш суухгүй. Гэрийнхнээ өнгөтэй өөдтэй явуулж, арчилж торддог ганц хүн нь юм шүү дээ. Залууд нь дуу хуур, урлагаар нь явуулсан бол бас ч гэж хоосонгүй байх байсан юм болов уу гэж боддог л юм. Гэхдээ “Авьяаслаг монголчууд” болохоос өмнө би тэгж бодож байсан.

Биднийг ийн ярилцаж байтал хотоос Н.Пунцагдорж, М.Мөнхбаяр хоёр хүрээд ирэв. Тэд өвөлжөөг нь янзалж өгөхөөр хотоос иржээ. Мөн саахалт айлын Н.Занданбат ч ороод ирлээ. Бидэнд зам зааж ирсэн Өндөрширээт сумын Засаг даргын орлогч Б.Оролзод гээд олуулаа болсон учир гэрийн эзэд чанасан мах, намрын чимчигнэсэн айраг, цагаагаа дэлгэж, сайхан яриа дэлгэн сууцгаалаа. Алтан баззерын эзэн маань “Янагийн сайхан харц шиг Яргуй нүдлэн мишээсэн” гээд л “Дөрвөн цагийн тал”-ыг сэвэлзтэл сайхан дуулж байна. МУГЖ С.Батсүхийн дуулдаг, сүүлд Эрдэнэзуу хийдийн хамба лам Баасансүрэн дуулж олноо хүргэсэн “Орчлонг хайрлаарай” дууг ч дуулав.

Өндөрширээт сумын Засаг даргын орлогч Б.Оролзодыг яруу найрагч гэдгээр нь мэдэх хүн олон. Оюутан байхдаа “Тогоруутай нуур” тэргүүтэй олон дууны үг бичиж байсан яруу найрагч даргаар “Ширээтийн суурин” гэх алдарт шүлгийг нь уншууллаа. Б.Тунгалагтамир их найрч юм билээ. Чанга чанга инээгээд л дуулаад байв.

Бүртийх ч үүлгүй тэнгэрт одод ярайтал түгжээ. Сарны саруулд хотондоо хэвтсэн хонь яраглах, саахалт айлын нохой хуцах дуу сонсогдох. Гэрээс “Зөн билгийн цэнхэр тогоруу Зэрэглээ зүсэн жигүүр дэлгээд” гэж саахалт айлын Занданбат гэх залуугийн дуулах дуу тодхон сонсогдож байв. Б.Тунгалагтамир МУГЖ, уртын дууч Хонгорзултай уулзах хүсэлтэй явдаг гэнэ. Төв аймгийн дууны наадмуудад хүүхэд байхаасаа байнга оролцдог байсан тухайгаа хуучлав.

“Намайг 40 минутяриулсан. Тэгээд таван минутын бичлэгийг л гаргасан байналээ”

Нар гарах болоогүй байхад гэрийн эзэгтэй Б.Тунгалагтамир босож цайгаа чанав. Мөн хонио хурааж байхад нь гарч очлоо. Гэрийн эзэгтэй ногоон торгон дээлтэй, бакааль өмсчихсөн зогсож байв. Тэмдэг нь арилчихсан хэдэн хонины тэмдгийг сэргээх гэнэ. Мөн хот руу аваачиж зарахаар болсон хонь, ямаагаа ч барих гэнэ. “Улаан эр ямаа шүдгүй болчихсон байна лээ. Бор халзан хонь ч хөгширчихсөн байна. Ер нь энэ жил цаг хатуу болно гээд байгаа. Эм хонь, ямаагаа хийсэн нь дээр байх. Шороонд хаяж байхаар тарган байгаа дээр нь хямдхан ч гэсэн хэдэн төгрөг болгочихвол болно” гээд л ялгаж гарав.

Ингээд бага үдийн алдад хонь, ямаагаа барьж дууссан Б.Тунгалагтамиртай ярилцлаа.

-Та нөхөртэйгөө анх хэрхэн танилцаж байсан бэ. Танай сумынхан энэ талаар ярьдаг юм байна лээ?

-1999 онд бид хоёр дөнгөж үерхэж эхэлж байтал Б.Эрдэнэбатын талынхан намайг гуйх гээд хүрээд ирсэн. Бүр яах ч учраа олохгүй сонин байдалд орсон. Хэн хэндээ ойртож, зан зангаа авалцаагүй, дөнгөж үерхэж эхэлж байхад шууд гуйгаад ирсэн. Манайхан ч хадаг, сүүг нь аваад намайг бэр болгоод өгчихсөн. Ингээд 2000 онд бид хуримаа хийсэн. Манай хүн анх ирдэг байхдаа олигтой юм ярихгүй. Би ч болсон бүх зүйлээ дуржигнатал яриад дуусгачихдаг байлаа. Хадаг, сүү тавиад эхнэр нь болчихоод байхад хүртэл ичээд олигтой юм ярихгүй шүү дээ. Бид ингэж л анх амьдралаа эхэлж байлаа.

-Та найман хүүхэдтэй болно гэж ярьсан байсан. Олон хүүхэдтэй байх сайхан уу?

-Одоо бид зургаан хүүхэдтэй. Хоёр хүүхэдтэй болчихвол найман хүүхэдтэй болно. Хүнд хүн илүүдэхгүй гэдэг биз дээ. Амьдралд юу ч тохиолдоо билээ. Хэн нэгэндээ түшиг хань болж үлдээх гэж л найман хүүхэдтэй болно гэж боддог юм. Би эхээс тавуулаа. Миний дор нэг охин дүү байсан юм. СУИС-ийн кино драмын ангийг төгсөөд Лүн суманд айлын бэр болоод явсан. Хэдэн жилийн өмнө мал хариулж яваад мориндоо чирэгдээд бурхан болчихсон юм. Миний дүү надаас ч авьяастай сайхан дуулдаг байсан. Дүүтэйгээ хонины бэлчээрт цангинатал дуулаад явдаг байж билээ. Дандаа ардын дуу дуулна. Бүр хоорондоо дуугаар өрсөлдөнө. Хээр гарчихаад биенийгээ нэрээр зарлаад л, концертонд орж байгаа юм шиг дуулдаг байлаа. Манай аав их сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн талд ч эвлэгхэн сайхан дуулдаг хүн олон байсан.

-“Авьяаслаг монголчууд” шоунд оролцож алтан баззер даруулахдаа шүүгчидтэй ярилцсан таны чин сэтгэлийн яриа олон хүний сэтгэлд хүрсэн байна лээ. Алтан баззер даруулчихаад юу бодсон бэ?

-Анх шоунд оролцох гээд өглөө эрт очсон. Хүн болгоныг шалгасаар байгаад бүр орой 22:00 цагт орсон. Би тайзан дээр гарч ирээд 40 гаруй минут ярьсан. Миний ярьсан зүйлсийн таван минутын бичлэг л орсон байна лээ. Тайзан дээр гарч ирээд, шүүгч, үзэгчдэд амьдралаа бүгдийг нь ярьсан. Бүгд л миний ярихыг сонсоод инээгээд л байсан. Би өөрийгөө алтан баззер даруулна гэж ерөөсөө бодоогүй. Урьд өдөр нь малаа хөнгөлж байгаад хүрээд ирсэн болохоор студи орж дуугаа бичүүлж амжаагүй. Тэгээд ТВ5 телевизэд ажилладаг нэг найзаасаа шоунд орох гэсэн бичлэг алга. Үлэмжийн чанарыг дуулах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн өөр хүний дуулж бичүүлсэн “Үлэмжийн чанар” дууны аяыг олж өгсөн. Ингээд л утсан дээрээ аяа сонсож, хэд дуулж бэлдээд шууд гарсан. Манай нутгийн, МУГЖ Болд ах миний дуулахыг сонсоод өөрийнхөө хоолойг гаргаж чадаагүй гэж шүүмжилж байна лээ. Алтан баззер даруулж шилдэг 32-т үлдчихээд маш их баярласан. Тайзнаас буухад нэг сонин инээдэмтэй бодол толгойд орж ирсэн. “Алтан баззер даруулж байхад бяруу, хурга засах ч яамай байна аа” гээд ямар ч хэцүү саад бэрхшээл давж шоунд оролцлоо гээд өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн. Тэгээд шууд нөхөртөө хэлэхээр залгасан.

-Танай нөхөр яаж хүлээж авсан бэ?

-Нээх онгирч, хөөрч догдолсон амьтан нөхөр рүүгээ залгасан. “Миний хань аа би алтан баззер даруулчихлаа. Шилдэг 32-т шууд үлдчихлээ” гээд онгирсон юм. Тэгсэн манай хүн өөдөөс “Хэн чамайг тэнцүүлчихдэг байна аа. Чи ч сайхан далим гаргаад энэ зунжин гэртээ тогтохгүй юм байна” гэдэг байгаа. Уур ч хүрэх шиг, гомдох сэтгэл ч төрөх шиг болж байгаа юм. Ингээд сумандаа яваад очлоо. Хүмүүст хэлсэн ерөөсөө тоохгүй юм. Би бодохдоо баяр хүргээд бөөн юм болох байх гэж төсөөлөөд сумандаа ирснийг яана. Бүр сүүлдээ манай сумынхан “Чиний нөгөө тэмцээн чинь хэзээ гарах юм бэ” гээд асуудаг болсон. Тэгээд сумын төвд нэг найзындаа очоод үзлээ. Тэгсэн нөгөө ерөөсөө тоохгүй байсан хүмүүс чинь бүгд баяр хүргээд л сүйд болж байна. Гудамжинд таарсан хүн болгон баяр хүргэж үнсээд л. Намайг загнаад байсан нөхөр одоо инээд алдаад л яваад байгаа шүү дээ. Надад хайртай гэж ч хэлж байх шиг. Хүүхдүүд маань бөөн баяр хөөр болоод их сайхан байна. Мөн маш өндөр хариуцлага ирж байгааг мэдэрсэн.

-Хаана бэлтгэл сургуулилтаа хийж байгаа вэ. Нутгийн зөвлөлөөс таныг дэмжиж ажиллахаар болсон гэсэн үү?

-Олон хүн энд бэлтгэлээ хий. Тэнд сургуулилтаа давт гээд л утасдаад байна. Төв аймгийн театрт ирж бэлтгэл хий гэсэн. Мөн багштай болж байгаа. Энэ удаад ямар ч байсан өөрийнхөө бүх боломжийг дайчилж дуулна. Гэхдээ уртын дуу дуулах байх гэж бодоод байгаа. Хэдэн хонь, ямаа зарж мөнгөтэй болоод л явна даа. Сүүлийн үед өөрийгөө Монголын олон мянган жирийн малчинг төлөөлж энэ шоунд оролцож байгаа шүү. Чи үзүүлээд өгөх хэрэгтэй гээд зоригжуулж байгаа. Талийгаач дүү минь надад “Би дуучин болох мөрөөдөлтэй” гэж хэлдэг байсан. Дүүгийнхээ тэр мөрөөдлийг биелүүлэх юмсан гэж бодож байна даа. “Авьяасаг монголчууд” бол өөрийнхөө юу чаддагийг харуулах, дүүгийнхээ хүрээгүйд хүрэх маш том урам зориг өгсөн шоу. Бас намайг наанаа дэмжихгүй байгаа юм шиг царай гаргадаг ч цаагуураа үргэлж нэгдүгээрт тавьдаг хань, гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Хэдийгээр би дунд сургуулиа төгсөөд л мал дээр гарсан ч харамсах юмгүй сайхан л амьдарч байна. Би их сургуульд элссэн бол ханьтайгаа учрахгүй, зургаан сайхан үрээ төрүүлэхгүй л байсан шүү дээ. Амьдралд бас золиосолж болох, илүү их сайн сайхан зүйл авч болох юм гэж байдаг. Гэхдээ том золиосыг, ялангуяа өөрийгөө орхиж үр хүүхдэдээ бүхнээ зориулахыг эх хүн, эмэгтэйчүүд л чадна. Өөрийгөө тэдний нэг гэж бодож явдаг шүү.

Тэр үнэхээр л цагаан цайлган, ил яриатай, бүгдэд сайхан энерги түгээж суудаг монгол эмэгтэй юм. Бид ийн ярьж дуусахад гэрийн эзэн машинтайгаа усанд явж, гэрийн эзэгтэй бага охин Э.Урангоо, хүү Э.Мөнхдоржийгоо хараад үлдэв. Б.Эрдэнэбатынх 800 гаруй малтай. Дутагдах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байна лээ. Малынхаа ашиг шимийг хүртэж, зургаан хүүхдээ хэнээс ч дутахааргүй сайхан өсгөж байна. Б.Тунгалагтамир “Өндөрширээтээр ирэх л юм бол манайхыг зориод ирээрэй. Эгч нь хурал хуй, тэмцээн уралдаанд явахгүй л юм бол гэртээ байж байна” гээд гараа далласаар үлдэв.

Э.Хүрэлбаатар

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Күрүсү Макото: Үнэн сэтгэлээсээ хичээж ажиллавал муу сурлагатай хүүхэд ч засардаг

Күрүсү Макото багш “Бүтээх ухаан” хичээл заадаг. Тэрбээр ШУТИС-ийн Коосэн загварын технологийн дээд сургуульд багшилж байгаа.

Түүний шавь нарын бүтээсэн шүдний чигчлүүрээр хийсэн бяцхан гүүр нь долоон гр жинтэй ч 25 кг ачаа даадаг гэнэ. Хичээл дээр хүүхэд болгон нэг гүүр хийдэг. Гүүрийг яаж хийх вэ, хэдэн кг ачаа даах вэ гэдэг тэмцээн зохиодог. Нэгдүгээр курсийнхэнд тэрбээр гурав дахь жилдээ энэ хичээлийг зааж байгаа. Монгол хүүхдүүд энэ хичээлд дуртай. Гүүрийн трас бүтээц нь олон үетэй. Үе бүртээ ачааллыг жигд тараадаг учраас нэг газар хэт их ачаалал ногдохгүй. Энэхүү турьхан гүүр “чадалтай” байдгийн учир ийм. Бас нэг чухал үзүүлэлт нь шүдний чигчлүүрийн материал. Японоос шүдний чигчлүүр авчирдаг гэнэ. Хятад шүдний чигчлүүрээр туршихад 25 кг ачаа дааж арай л хүчрэхгүй байжээ. Өөрөөсөө хэд дахин их жинтэй ачаа даах энэ зарчмаар ажилладаг техник гэвэл кран. Бас бүх барилга байшингийн бүтээц нь ийм онолоор явдаг гэнэ. Онол үзэхээсээ өмнө хүүхдүүд иймэрхүү туршилт хийдэг. Аливааг хийхэд материал чанартай, гүйцэтгэл сайтай байх ёстой гэдгийг л өвгөн багш энэ хичээлээрээ шавь нартаа ойлгуулахыг хичээдэг.

Энэ сургуулийн оюутнууд бас хоёр давхраас өндөг шидээд “хагалахгүй газардуулах” ухаанд суралцдаг. Өндгөө зүгээр нэг чулуудчихгүй. “Урлагтай” шидэх учиртай. Өндгөө хагалахгүй унагах санаагаа хүүхдүүд өөрсдөө гаргана. Хүүхдүүд бүгд адилхан нөхцөлд энэ санаагаа хэрэгжүүлдэг. Учир нь тэдэнд бичгийн цаасны хэмжээтэй хоёр ширхэг цагаан цаас ногдоно. Мөн үдээс, хайч оролцуулна. Энэхүү цаасаар урласан шүхрийнхээ аль хэсэгт өндгөө яаж тээх нь тухайн оюутны асуудал. Зарим нь хоёр давхар шүхэр, өндөг агуулах бяцхан хайрцаг, өөр нэг нь жирийн сав ч урласан байна лээ. Тэмцээнд оролцогчид өндгөө таван метрээс дээш өндрөөс шиднэ. Энэ туршилтыг хийхдээ анхаарах хэдэн асуудал бий. Нэг нь унах хурдыг сааруулах учиртай. Унах хурд нь удаан байх тусмаа доргилт багасна шүү дээ. Шүхрээ ямар дизайнаар хийхээс шалтгаалаад уналтын хурд тодорхойлогдоно. Гуравдугаарт, газар унасныхаа дараа доргилтыг өөртөө хэрхэн шингээх вэ гэдэг чухал. Тэнцвэр бас хэрэгтэй. Энэ хичээл дээр хүүхдүүд алдаа гаргах тусмаа сайн гэж багш үздэг. Алдаагаа засч байж сайн бүтээл мэндэлнэ. Бас хүүхдэд тэвчээр суулгадаг. Энэхүү бүтээлүүдээ хийхдээ хүүхэд анхаарлаа төвлөрүүлж сурдаг сайн талтай гэнэ. Туршилтын тухай тайлбар сонсоод, япон багшийг судлах ажилдаа орлоо.

-Күрүсү гуай багш болсон түүхээсээ яриач?

-Одоо би 70 настай. Их сургуульд сурч байхдаа багш болно гэж бодож байгаагүй. Механикийн инженер мэргэжлээр сургууль төгсөх үе маань 1970 он. Японы эдийн засаг хамгийн дээд цэгтээ хүрсэн үе. Төгсөх үедээ хүнд өвдсөн. Бие сайтар тэнхрээгүй учраас аль нэг компанид ажилд ороход хэцүү байсан л даа. Багш болбол ачаалал багатай гэж үзээд энэ замыг сонгож билээ.

-70 хүртлээ багшилна гэдэг гайхалтай. Энэ хугацаанд та хүүхдүүдэд юу өгөв, хүүхдүүд танд юу өгсөн бол?

-Хүүхдүүдтэй харьцахад залууждаг. Хүүхдүүдийн энерги, бодож, сэтгэж байгааг хараад өөрөө ч уян хатан сэтгэлгээтэй болдог. Коосэнд 15-20 настай хүүхдүүд сурдаг. Багшийн хувьд хүүхдүүдэд инженерийн мэдлэг олгохоосоо өмнө хүн болгоход анхаардаг. Хүмүүжил олгоход санаа тавьдаг юм. Би Монголд ч ингэж ажиллаж байгаа. Хичээл дээр бохь зажлах, утас шагайх, бие биетэйгээ ярихыг хориглодог.

Шүдний чигчлүүрэн гүүр

долоон гр жинтэй ч 25 кг ачаа даадаг

-Коосэнгийн сургалтын онцлог юу вэ?

-Их сургуульд онол үздэг. Коосэнд онолыг практиктай хослуулж үздэг онцлогтой. Коосэн анх яаж үүссэн гэхээр япончууд Англи, Германы их сургуулийн тогтолцооноос санаа авсан. Түүнийгээ Японд нутагшуулаад коосэн гэдэг шинэ систем гаргаж авсан юм. Энэ систем 50 жилийн түүхтэй. Коосэн систем зөвхөн Японд л байдаг. Харин коосэн загварыг нэвтрүүлж байгаа хоёр дахь орон Монгол. Мексик, Вьетнам зэрэг улсууд коосэн системийг нэвтрүүлэх хүсэлт тавиад байгаа. Ирээдүйд улам дэлгэрэх байх аа.

-Монголчууд коосэн загварыг нутагшуулж чадах болов уу?

-Хүмүүс ингэж асуудаг. Би 20-иод жилийн өмнө Японд сурч байсан монгол оюутнуудтай танилцсан. Зөвхөн Монгол төдийгүй олон орны оюутнуудтай харилцдаг байлаа. Япончууд хөх толботой учраас өөрсдийгөө монгол гаралтай гэж үздэг. Ажиглаад байхад монгол оюутнууд аливаад анхаарал хандуулах чадвар сайтай, юмыг сонирхолтой хийдэг. Тийм учраас япончуудад тохирдог систем монгол хүнд ч бас нийцэх байх аа.

-Коосэн загварыг Монголын онцлогтой нутагшуулах хэрэгтэй гэж үздэг үү, аль эсвэл япон стандартыг хатуу баримтлаасай гэж боддог уу?

-Би Японд ажилласан туршлагаа л та бүхэнд хэлнэ. Яаж хүлээж авах нь монголчууд та бүхний асуудал. Заавал тийм байх ёстой гэхгүй.

-Коосэн төгссөн инженерүүд юу хийж чаддаг вэ, та юугаар бахархдаг вэ?

-Коосэн төгсөгчид Японд том компаниудад ажилд ордог. Хүмүүжил сайтай гэдгээрээ бусдаас ялгардаг. Японд Коосэн төгсөгчид ажлыг цаг тухайд нь гүйцэтгэдэг онцлогтой. Монгол төгсөгчид ямар байх бол гэж харж байна. Монголчууд хэлсэндээ хүрч, цагийн юмыг цагт нь амжуулдаг бол гадаадаас ч олон захиалга авч, эдийн засаг нь хөгжинө шүү дээ.

-Япон багш нарын ажлын нөхцөл, тэдэнд тавигддаг шаардлага, үнэлэмжийн тухай манай багш нар сонирхох байх?

-Сургуулиа төгсөөд багшлах эрхийн шалгалт өгдөг. Ахлах, бага, дунд сургууль гээд тус бүртээ ялгаатай шалгалттай. Тэр шалгалтад тэнцэж байж багш болдог. Багш нарыгаа гурав хуваадаг. Анхдагч, дундаж, дээд түвшний гэж ангилдаг. Багш нараа байнга сургаж дадлагажуулдаг. Коосэнгийн багш бүр судалгаа хийдэг. Судалгааны үр дүнгээр үнэлэгдэнэ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар нэг өрөөнд бүгд суудаг бол Коосэн, их сургуулийн багш бүр тусдаа өрөөтэй байдаг. Монголын их, дээд сургуулиудад том дарга нар л өрөөтэй байдаг шүү дээ. Эхэн үедээ магистр багш нартай байсан бол сүүлийн үед ялангуяа мэргэжлийн хичээл заадаг багш нар докторын зэрэгтэй болсон. Багшийг ажилд авахдаа олон нийтэд нээлттэй зар тавьж, шалгаруулж авдаг.

-Япон багш нарын цалин бусад мэргэжлийнхэнтэй харьцуулахад ямар байдаг вэ?

-Ерөнхийдөө Коосэнгийн багш нарын хувьд төрийн албан хаагчаас таван хувь илүү цалин авдаг. Тийм учраас багш болох сонирхолтой хүмүүс их байдаг.

-Орчин үеийн хүүхдүүдийг хүмүүжилтэй байлгах хэцүү санагддаг. Коосэнд хүүхдийг яаж хүмүүжүүлдэг вэ?

-Гэр бүлийн хүмүүжил сайн байх учиртай. Дунд сургууль төгстөл нь гар утас, компьютер тоглоом тоглуулахгүй байх ёстой. Хүүхдийг зурагт, ухаалаг утаснаас холдуулна гэдэг орчин үед хэцүү болсон. Хүүхдэд утас авч өгөхдөө товчлууртай утас сонгох нь дээр. Ухаалаг утастай бол хүүхдүүд тоглоом тоглож, интернэтэд хамаг цагаа бардаг. Японд ч нийтийн унаанд суухад бүх хүмүүс утсаа шагайж робот шиг суудаг. Дэлгэцнээс хэт хамааралтай байна гэдэг өрөвдөлтэй санагддаг шүү. Манай сургуулийн хувьд хичээлийн цагаар утас шагайж суувал хурааж аваад долоо хоног хязгаарладаг. Энэ бол миний хувийн зарчим.

-Олон жил багшилсны дараа хүүхдээс залхах мэдрэмж төрдөг болов уу?

-Хүүхдээс залхах бодол төрдөггүй. Харин тэвчээр шаарддаг. Үнэн сэтгэлээсээ хичээж ажиллах юм бол хүүхэд багшийгаа ойлгодог. Хичнээн муу сурлагатай хүүхэд байсан ч засардаг. Энэ нь надад кайфтай байдаг. Хүүхэд бол хүүхэд шүү дээ. Тэднийг хэт шахаж шаардаад байж болдоггүй.

Монголд ирсний дараа хүүхдүүдээс илүү монголчуудын ажилдаа хандах хандлага хэцүү санагдах үе байсан. Хүүхдээ хүмүүжүүлэхийн зэрэгцээ багш нараа хүмүүжүүлэх шаардлагатай болдог. Багш нартай уулзалт хийж, “Энэ чинь япон загварын сургууль шүү” гэж заримдаа сануулах хэрэг гарна. Хурал хийж байхад зарим багш бохь зажилж суух юм. Багш нар ажил дээрээ байгаа учраас тиймэрхүү үйлдэл гаргаж болохгүй. Бид хүүхдүүдийн сургалтын төлбөрөөс цалинждаг учраас хүүхдүүдээ хүндлэх ёстой. Эцэг, эхчүүд багш нарт л найдлага тавьж байгаа шүү дээ. Тэдний найдварыг бид хөсөрдүүлж болохгүй.

Б.Янжмаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: Монголын төрийг хэсэг бүлэг нөхөд мафийн тогтолцоогоор эзлээд авлаа

Иргэн О.Магнай өчигдөр “Монгол ардын нам 100” хоногт хэмээх хараат бус тайлангийнхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Түүний хувьд МАН сонгуульд ялалт байгуулснаас хойш 100 хоногт ямар ажил амжуулсан талаар судалгаа хийж, товхимол бэлджээ. Түүнийг АН-ын хүн гэж харах ч энэ удаа тэрбээр жирийн иргэний хувиар улс төрөөс ангид байхыг илүүд үзсэн гэдгээ мэдээллийн эхэнд онцолсон юм. О.Магнай “2016 оны УИХ-ын сонгуулиар мөнгө төгрөгөөр хүн худалдаж авсан ч гэсэн ямар ч байсан нэг нам явж, нэг нам Засгийн газраа байгуулсан. Засгийн газар байгуулагдаад 100 хоноогүй байгаа ч МАН сонгуульд ялснаас хойш 100 хоног өнгөрсөн. Тэд энэ хугацаанд юу хийв. Монгол Улсыг хааш нь аваачих вэ. Иргэдийн хүлээлт их байсан нь хаашаа эргэчихэв гэдэг дээр судалгаа хийсэн юм. Улстөржсөн биш иргэний байр сууринаас гарсан хараат бус тайлан. Би тайлангаа гурван хэсгээс бүрдүүлсэн. “Эхнийх нь МАН юу амлав” гэдгийг гаргаж ирсэн юм. Амлалт эсрэгээрээ явна гэж байдаг бол 180 градус эсрэгээрээ эргэсэн. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их явсан зүйл нь томилгоо. Миний хийсэн судалгаагаар УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд өөрийн ах дүү, хамаатан садны 20 хүнийг албан тушаалд томилсон байна. Энэ чинь улс төрийн нам мөн үү. Нэг хүн зөвхөн дарангуйлал тогтоох гээд ах дүү, амраг саднаа мофиёз байгуулж байгаа юм уу. Мофиёз гэдэг чинь цэвэр гэр бүл дээр тогтдог. Нэг гэр бүлийн улс төрийн нам болж байна уу гэдгийг бодоод үзэхээр үнэхээр бэрх байна. Мөн МАН-ын удирдах албан тушаалтнуудын томилгоо гэхэд УИХ-ын дарга М.Энхболдын хүү Анар Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал, УИХ-ын гишүүн Н.Энхболдын худ А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд, МАН-ын дарга асан Сү.Батболдын хүү Б.Баттүшиг Монголбанкны Бодлогын зөвлөлийн гишүүн, Мөн Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт Гаалийн ерөнхий газрын дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн хүү Улам-Өрнөх Худалдан авах ажиллагааны газрын дарга, Сангийн сайд асан Т.Очирхүүгийн хүү О.Эрдэмбилэг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн хүү Анхбаяр Гадаад харилцааны Яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын дүү С.Тунгалагтамир Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны газрын дарга болсон. Морин спорт уяачдын холбооныхон бүгд төрийн албанд дарга болсон байгаа. Тухайлбал, ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ш.Лхамсүрэн Барилга хот байгуулалтын дэд сайд, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны дарга н.Мөнхбаясгалан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, тэргүүлэгч Ц.Баяржаргал Хүнс хөдөө аж ахуйн яамны газрын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн дүү Отгонбаяр Барилга, хот байгуулалтын яамны газрын дарга, УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы эгч Саран Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хүргэн Алтаннар Оюу толгой ТУЗ-ийн гишүүн гэх мэтчилэн олон хүн очсон. МАН, Засгийн газар 100 хоногийн хүрээндээ хийсэн ажил. Судалгаагаар өндөр албан тушаалд томилогдсон томилгооны 70 хувь нь МАН-ын Их хурлын гишүүн, удирдах албан тушаалтантай ямар нэгэн байдлаар ах дүү, амраг садан болж холбогдож байгаа юм. Энэ чинь Монголын төр юм уу, М.Энхболд гэдэг хүний төр юм уу. МАН-ын хэсэг бүлэг хүний ах дүү, амраг садны төр юм уу. Ийм төр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд бүрэлдэн бий болжээ. Юун шударга ёс тогтоох. Мөрийн хөтөлбөрийнх нь 4.2.7-д “Төрийн байгууллагыг удирдаж байгаа хүмүүс ах дүү хамаатан саднаа ажилд авахыг хориглоно” гэсэн байна л даа. Бодит амьдрал дээр ямар зүйл болж байгааг бид харж байна. Ирэх дөрвөн жил Монголыг удирдах удирдлагын баг бол МАН-ын удирдах албан тушаалтнуудын гэр бүлийн баг 2020 он хүртэл удирдах дүр зурагтай болчихлоо. МАН-д хамаатан байхгүй жирийн монгол иргэн Монгол Улсад мөрөөдлөө биелүүлэхгүй тийм нийгмийг бий болгож байна. Үүнд нь баяр хүргэх нь хаашаа юм.

Хоёрдугаарт, МАН-ын Засгийн газар 100 хоногт юу хийв. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг аваад үзэхээр бодитой зүйл юу ч хийсэнгүй. Нэг өдрийн дотор бүх зүйл сайхан болохгүй. Ядаж энэ хугацаанд зөв чигээ авах ёстой. Авлига, албан тушаалын гэмт хэрэг бүх шатандаа эх захаа алдсан. Ард түмэн авлигатай яаж тэмцэх юм бэ гэдгийг харж байлаа. Харамсалтай нь юу ч хийсэнгүй. Сонгуулиас өмнө ч тэр МАН-ынхан эдийн засаг хямарлаа гэж хамгийн их ярьсан. Энэ нөхдүүд эдийн засгийн хямралаас гарах төлөвлөгөө баталж чадахгүйгээр 100 хоногийг өнгөрүүллээ. Тэтгэвэр, залуучуудтай холбоотой зогсоосон, гацаасан асуудал маш их байна. Бидний тооцоогоор Засгийн газрын хуралдаан болгон дээр 2-3 асуудлыг МАН-ын шинээр байгуулагдсан Засгийн газар зогсоосон судалгаа гарсан. Энэ бол юм хийдэг биш зогсоодог Засгийн газар бий болжээ гэж харж болно.

Гуравдугаарт, бид 1990 онд оюун санааны хувьсгал хийсэн. 1992 онд Үндсэн хууль батлахдаа хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэсэн. Гэтэл коммунист удирдагчийн, коммунист дарангуйлагчийн 100 насны төрсөн өдрийг Монгол орон даяар татвар төлөгчдийн мөнгөөр МАН тэмдэглэсэн. Өнгөрсөн нийгэм буруу гээд сольчихсон байхад өнгөрсөн нийгмээ санагалзан ухарч байгаа энэ явдал оюун санааны хувьд хойш нь алхууллаа. Өмнө нь манайхан тоглоомын сайд гэж ярьдаг байсан. Гэтэл одоо бүр тоглоомын Ерөнхий сайдтай болж хувирлаа. Өөрийнхөө хүнээр Ерөнхий сайд тавиад ард нь сууж байдаг шинэ жишгийг тогтоож байна” гэдгийг онцоллоо. Ийнхүү мэдээлэл хийсний дараа түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Та төрийн өндөр албан тушаалтнуудын 70 хувь нь МАН-ын удирдлагуудын хүмүүс гэлээ. Тэр хүмүүс өмнө нь ямар ажил эрхэлж байсныг судалсан юм уу?

-Ёс зүй гэж нэг юм байна. БНСУ-д гэхэд Гадаад хэргийн сайдын охин нь аавдаа хэлэлгүйгээр шалгалт өгөөд Гадаад хэргийн яаманд ажилд орохоор болоход аав нь огцорсон. Ёс зүй гэдэг ийм байх ёстой. Улс төр хийж байгаа хүмүүс ёс зүйтэй байх ёстой. Хууль дүрэм зөрчсөн гэхээсээ илүүтэйгээр цэвэр ёс зүйн асуудал. Багаа бүрдүүлэхдээ ах дүү, амраг садныхаа хүмүүсээр багаа бүрдүүлж чадлаа.

-Та ялсан намын дарга Ерөнхий сайд болох ёстой. Буруу жишиг тогтлоо гэлээ. Гэхдээ энэ жишиг АН-ыг засаг барьж байхад тогтсон. Тэр үед та ямар байр суурьтай байсан бэ?

-Би угаасаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын эсрэг байсан. МАН үнэхээр шударга ёс тогтооё гэж байгаа бол Сайханбилэг гэдэг хүнд хариуцлага тооцох ёстой. С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэдэг хүмүүс Монголоор яаж тоглосон бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Зүгээр ч Засгийн газрыг огцруулаагүй юм байна. Ардаа том бүлэглэлтэй байсныг тэр үед би ойлгоогүй байсан.

-Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөр гэж хараад байх шиг байна. Эсвэл зээл авна гэж байна. Та ямар бодолтой байна вэ?

-65 суудалтай МАН засаг барьж байгаа юм бол өөрсдийн бодсон, санасан, төлөвлөсөн бүх зүйлээ хийх боломж нь байна. Гэвч харамсалтай нь энэ нөхөд морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Олон улсын валютын сангаас зөвлөхүүд авч ирээд “Стэнд бай” хөтөлбөр рүү орох нь ойрхон гарц болж харагдаад байна. Харамсалтай л байна. Өөр юу хэлэхэв дээ.

-Сонгуулийн өмнө 60 тэрбумын тухай бичлэг шуугиан тарьж байсан. Та хараат бус тайлангийнхаа төгсгөлд бас дурдсан байна л даа?

-Би дөнгөж сая Авто тээврийн үндэсний төвд ажиллаж байсан хүмүүстэй уулзлаа. Тэнд УИХ-ын найман гишүүний, найман туслах даргаар очиж байна гэж байна. Бод доо. Ердөө Монголын төрийг хэсэг бүлэг нөхөд мафийн тогтолцоогоор эзлээд авч байгаа байхгүй юу. Ураг төрлийн холбоогоороо төрийг удирдаж болдог юм уу.

-Энэ тогтолцооноос салах арга байгаа юм уу?

-Үүнээс салахын тулд Монголд байгаа улс төрийн намуудыг татан буулгаад дахин байгуулах ёстой.

-Тийм боломж байгаа юу?

-Хүн болгоны зүрх үүнийг хүсч байгаа бол биелнэ. Магнай ч гэсэн энэ хүслийг биелүүлэхийн төлөө явна.

Э.БОЛД

Categories
мэдээ цаг-үе

Ханс Холзхакер: Казахстаныг хямралаас гаргахад Засгийн газрын оролцоо өндөр байсан

асгийн газар сан байгуулж чанаргүй зээлүүдээ худалдаж авсан нь эерэг нөлөө үзүүлсэн гэж

би хувьдаад үгнэдэг-

Казахстаны эдийн засаг 2008-2009 онд манай улс шиг хүнд байдалд орсон ч Засгийн газар нь зөв бодлого барьснаар хямралаас гарч чадсан юм. Зүүн, Төв Европын болон хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байсан орнуудаар дагнасан эдийн засагч Ханс Холзхакертай улсынх нь хямралаас гарсан туршлага, Монголын хувьд хямралаас гарах ямар боломж байгаа талаар ярилцсан юм. Ноён Ханс Холзхакер Казакстаны Нархозийн Их Сургуулийн шинжлэх ухааны ахлах зөвлөх, АТФ банкны ахлах эдийн засагч, ЮниКредит группийн гишүүн банкинд ОХУ, Украйныг хариуцсан ахлах эдийн засагчаар ажиллаж байсан юм.-Казахстаны эдийн засгийн хямралын шалтгаанаас яриагаа эхэлье?

-Америкийн 2008 оны хямралаас өмнө дэлхий даяар мөнгөний бодлого харьцангуй хөнгөн, зээлийн хүү доогуур байсан гэдгийг та мэдэх байх. Эдийн засгийг тэлэх бодлого үргэлжилж байсан л даа. Казахстаны банкуудад гаднаас хямд эх үүсвэр татах боломж нээгдсэн нь үүнтэй холбоотой. Манай улсын банкууд хямдралтай орж ирж буй мөнгөний эх үүсвэрийг ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө рүү шилжүүлсэн. Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн хөөс үүссэн юм. Хүмүүс зөвхөн өөртөө үл хөдлөх хөрөнгө аваагүй. Нэгэнт авчихсан үл хөдлөх хөрөнгөө барьцаалж дахин үл хөдлөх хөрөнгө авч байсан нь хөөсрөлийн шалтгаан болсон. 2007 он хүртэл байдал энэ янзаар үргэлжилсэн ч 2008 онд Америкийн хямрал болж манай улс руу орж ирж байсан хямд эх үүсвэр татарсан.

-Хямд эх үүсвэртэй мөнгөний урсгал хумигдчихаар үл хөдлөх хөрөнгийн ханш унаж, чанаргүй зээл өссөн байх нь…?

-Тэгсэн. Хямд эх үүсвэр татарчихаар таны сая хэлсэншиг үл хөдлөх хөрөнгийн ханш унаж эхэлсэн л дээ. Ханш нь уначихаар банкинд барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгөний үнэ унаж таарна. Өөрөөр хэлбэл зээлийн хямралд орсон гэсэн үг. 2008-2009 онд үл хөдлөх хөрөнгийн хөөс хагарсан юм. Мэдээжбанкууд хямарч эхэлсэн. Хамгийн том жишээ нь BTA банк. Чанаргүй зээлийнх нь 60 орчим хувийг үл хөдлөх хөрөнгийн зээл эзэлж байсан статистик бий. Казахстаны үл хөдлөх хөрөнгөнөөс гадна Оросын үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийгдчихсэн байсан л даа.Үл хөдлөх хөрөнгийн хөөс хагараад ирэхээр банкуудад өмнө нь нэгэнт үүсчихсэн байсан асуудлууд нь ч ил гарч ирсэн. Ер нь зээлийн эргэн төлөлт бүхэлдээ муудсан юм.

-Тэр үеийн Казахстаны эдийн засгийн нөхцөл байдлыг Монголын өнөөгийн таагүй байдалтай харьцуулаач гэвэл та юу хэлэх вэ?

-Казахстаны 2009 оны байдал Монголын өнөөдрөөс ч хэцүү, хүнд байсан. Банкны системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ 20-30 хувь хүрсэн статистик бий.

-Хямралаас амжилттай гарсан орны нэг бол танай улс. Засгийн газрын оролцоо, дэмжлэг өндөр байсан учраас хямралаас гарсан гэж шинжээчид онцолдог. Казахстаны Засгийн газар яг ямар шийдвэр гаргаж эдийн засгийн хямралаас гарсан бэ?

-2009 оны хямралаас гарахад Засгийн газрын оролцоо өндөр байсан гэдэгтэй санал нэг байна. Үүнээс гадна томоохон гурав, дөрвөн банк өмнө нь хямд эх үүсвэрээр татсан гадаад зээлүүддээ дефольт хийсэн. Засгийн газар газрын тосны орлогоос тодорхой хувийг нь хуримтлуулдаг Үндэсний баялгийн сангаасаа ДНБ-ий найман хувьтай тэнцэхээр мөнгө гаргасан юм. Энэ мөнгөөр голлох банкуудаараа дамжуулж хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн, арилжааны банкууддаа хадгаламж маягаар мөнгө байршуулсан, жижиг дунд бизнест хандсан зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх замаар бизнесийг дэмжсэн. Ер нь базаад хэлбэл гурван арга хэмжээний үр дүнд Казахстан хямралаас гарсан. Нэгдүгээрт сая хэлсэн хөтөлбөрүүдэд Үндэсний баялгийн сангаасаа ДНБ-ийнхээ найман хувьтай тэнцэхээр мөнгийг зарцуулсан. Хоёрдугаарт гадаадын зээлүүдэд дефольт зарласан. Ойролцоогоор ДНБ-ийхээ арав орчим хувьтай тэнцэхүйц хэмжээний зээлийн дахин санхүүжилтийг хийсэн юм. Гурав дахь гарцын хувьд манай улсын эдийн засаг тэр чигтээ банкуудаас хамааралтай байгаагүй. Газрын тосны үйлдвэрлэл тухайн үедээ нэмэгдэж байсан эерэг тал бий. Бас нэг эерэг тал гэвэл хүмүүс банк руу гүйлдэж мөнгөө татаж аваагүй. Хямралыг давсан бас нэг шалтгаан гэвэл энэ. Муу зээлүүдийг шийдэхэд их хугацаа орсон. Одоо ч энэ асуудлыг бүрэн шийдээгүй байгаа л даа.

-Казахстаны Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлыг шийдэхийн тулд сан байгуулсан гэж сонссон. Яг ямар сан юм бол?

-Засгийн газар чанаргүй зээлийг арилгахын тулд Чанаргүй зээлийн сан гэж үүсгэсэн. Банкуудаас чанаргүй зээлийг нь худалдаж авах сан гэж ойлгож болно. Ингэснээр муу зээлийг тодорхой хэмжээнд шийдэж, эерэг нөлөө үзүүлсэн гэж би хувьдаа дүгнэдэг. Чанаргүй зээлүүдэд тавигдах шаардлагын хувьд өндөр байсан тал бий. Наад захын жишээ гэхэд үл хөдлөх хөрөнгийн зээлүүд ороогүй. Хуулиараа банкууд барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгөө түрээслэх гэх мэт аргаар мөнгө олох боломжгүй байсан. Гэхдээ үүнээс гарах гарцыг олсон л доо. Банкууд тусгай зориулалтын хэрэгсэл үүсгэсэн. Энгийнээр хэлбэл хуулийн хүрээнд банкнаас тусдаа компани байгуулсан гэсэн үг. Тэр компанийнхаа нэр дээр муу зээлүүдээ байршуулсан. Тусгай зориулалтын компани нь барьцааны үл хөдлөх хөрөнгийг түрээслэх гэх мэт аргаар мөнгө олж эхэлсэн юм. Муу зээлийг шийдсэн бас нэг арга гэж ойлгож болно. Монголын хувьд ч иймэрхүү аргаар чанаргүй зээлүүдээ шийдэх боломж бий. Чанаргүй зээлийн сан байгуулах нь маш чухал алхам. Гэхдээ шаардлагыг нь манай улс шиг хатуу биш уян хатан байдлаар тавибал илүү үр дүнтэй байх болов уу.

Б.ИДЭРЭЭ

Categories
мэдээ цаг-үе

Б.Чинбат хээрийн салхи горхины чимээ хүртэл хөгжим

-Хамгийн сүүлийн үеийн сонин сайхан юу байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна бэ?

-“Никитон”-той хамтраад шинэ цомог гаргах гэж байна. Би эргээд “Никитон” хамтлагтаа орсон. Цомгийнхоо ажилд бид их ач холбогдол өгч байгаа. Энэ хамтлагийг дахин өөр түвшинд харуулна, арай өөр өнгө аясаар бүтээлээ гаргана. Мөн хятадуудтай хамтарч “Жангар”-аар бүжгийн жүжиг хийсэн. Үүний нээлт Шинжаан Уйгурт болно. Хятадын хотуудаар аялан тоглолт хийж байгаа жүжиг. Миний хувьд энэ жүжгийн хөгжмийг бичсэн. Мөн түүнчлэн Хятадын “СС” телевизтэй хамтраад кино хийсэн. Саяхан ОХУ-д болсон наадмаас “Ромео Жультта”-гийн шилдэг хөгжмийн зохиолч шагнал хүртлээ. Уран бүтээлийн ургац арвин сайхан байна.

-Сайн бүтээл төрүүлсэн, амжилт олсон, шагнал хүртэж байх үедээ та хамгийн түрүүнд ямар зүйлийг боддог вэ?

– Би ОХУ-д очиж амжаагүй учраас “Ромео Жульетта” жүжгийн шилдэг хөгжмийн зохиолчийн шагнал хүртсэнийг найруулагч Наранбаатараас гардаж авсан. Шагналаа авч байхдаа за болсон байна, гайгүй юм биччихэж, дараагийн түвшинд яаж ажиллах вэ, илүү сайн юм хийчих юмсан гэж бодож байлаа. Ямарч уран бүтээлч хүн шагнал авч байхдаа уран бүтээлээ боддог. Уран бүтээлчдийн хүсэл үргэлж л оргилж буцалж, сэтгэл өөдрөг байдаг. Мөн эх орондоо би юу хийж, бүтээж чадах вэ гэж бодож байх ёстой.

-Уран бүтээлчдэд хямрал хэр нөлөөлж байна?

-Бие даасан, чөлөөт уран бүтээлч хүний хувьд хямрал нөлөөлөлгүй яахав. Манай нийгэм их бухимдалтай байна. Агаарын бохирдол, гэр хорооллын утаа, замын түгжрэл зэрэг төвөгтэй асуудлуудад нийслэлчүүд маань живж байна шүү дээ. Үүнээс арай өөр өнцгөөр эх орноо харуулах, гоё сайхнаар сурталчлах, сайн, сайхан гайхамшигтай бүтээлүүдийг гаргаж хийе гэсэн бодол бий. Манайхан бүгдээрээ эв нэгдэлтэй, нэг санаатай байвал амжилтад хүрцгээнэ шүү дээ. Солонгосчууд айхтар хүмүүс юм. Тэдний бие биенээ гэх сэтгэл, сэтгэлгээ гайхамшигтай. Тэд 18,19 жилийн дотор дэлхийн анхаарлын төвд хүртлээ хөгжиж чадлаа. Манайхан яагаад чадахгүй байгаа юм. Бид салбар, салбартаа л үр бүтээлтэй, сэтгэлтэй ажиллаж байвал болох ёстой юм ш дээ.

-Та Америкт маш амжилттай ажиллаж амьдарч байсан. Тэндээ амжилтаа бататгаад, санаа амар амьдарч болох байх. Харин нутагтаа ирэхэд тань их өөр нийгэм угтсан, одоо ч ийм байна. Буцаад явчихмаар санагдах үе байдаг уу?

-Америкийн хэмжээнд хөгжимчин хүний байх ёстой хамгийн дээд оргилд би хүрчихсэн. Гэсэн ч тэндээ удалгүй Монголдоо ирсэн юм. Эх орон хүнийг дуудаг юм байна. Төрсөн, заяасан нутгийнхаа урлагийн салбарыг хөгжүүлье гэсэн чин зорилготой ирсэн юм. Намайг явсны дараа хамтарч ажиллаж байсан продесорууд маань их гайхсан. Тэд ийм өндөрлөгт хүрчихээд, эндээс явчихдаг Б.Чинбат мэдрэл муутай хүн юм уу гэж ярьцгааж байсан. Хүний хувь заяаг хөтлөх эрчим хүч байдаг гэж би боддог. Цаашид олон сайхан уран бүтээл туурвина. Манай урлаг дэлхийд үнэлэгдэхүйц хэмжээнд хүрчихсэн. Тиймдээ ч эх орныхоо өв соёлыг дэлхийд таниулах, илүү сурталчлах, эх орноо өөр өнцгөөс харуулахын төлөө уран бүтээлчдийн зам, гүүр болох ажил хийж эхэлж байна.

-Залуучуудыг урлагаар дамжуулж хүмүүжүүлэх боломж бий. Тухайлбал хэрхэн, ямар чиглэлээр хөгжүүлэх хэрэгтэй байна?

-Би төрийн дууллаа дуулмаар санагдаж байсан. Бид дуулсан. Түүнээс хойш цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл хичээлдээ орохдоо зүрхэн дээрээ алгаа тавиад төрийн дууллаа дуулдаг болсон байна. Ийм уран бүтээл хийсэндээ огшиж явдаг. Энэ мэт уран бүтээлээр дамжуулж хийх ажил олон.

-Өндөр хөгжилтэй гадны улс орнууд урлагийн салбараа ямар бодлогоор, яаж хөгжүүлж байна вэ?

-Солонгосын рок, поп урлаг нь төрөөсөө хамааралтай. Ганнам стайл дуулаад дэлхийд хит болгосон шүү дээ. Энэ чинь төрийнх нь бодлого. Тэд ингэж эх орноо сурталчилж чадлаа. Тэр дуу дэлхийд хит болсноор дэлхийн бараг бүх хүн Солонгост очиж үзэхийг хүсч байна. Солонгосоор аялах дуртай, тэндхийн урлагийг үзэж сонирхох хүсэлтэй болсон байна. Дуу хөгжим гэдэг энэ тэнгэрийн үйл чинь ийм л далайцтай юм шүү дээ.

-Солонгос кино хүртэл хувцас, бараа, гоо сайхны бүтээгдэхүүнээ сурталчилж, улсынхаа эдийн засагт асар их хөрөнгө оруулж байх шиг байна?

-Яг тэгж байна. Би солонгос кино ерөөсөө үздэггүй л дээ. Харин Солонгост байхдаа нэг удаа “Жангум” гэж киног үзэхэд их аятайхан санагдаад, Солонгос хоолны газарт орж хоол идмээр санагддаг болсон. Тэд киногоор дамжуулаад, хоолны ёс заншил гэдэг зүйлийг дэлхийд таниулчихлаа шүү дээ. Энэ кино гарснаас хойш Монголд маш их солонгос хоолны газар бий болсон. Манайд “Тэ Жангум” гэдэг нэртэй хоолны газар хүтэл нээгдчихсэн байсан. Тэд ийм хэмжээнд хүртэл сурталчилж чадаж байна.

-Та чөлөөт цагаараа юу хийдэг, ямар хоббитой вэ?

-Монголын үнэртэй салхи гайхамшигтай. Яг Монголын үнэртэй салхи байдаг байхгүй юу. Миний Монгол үнэхээр гайхамшигтай, би чөлөөт цагаараа хөдөө гарч морь унана. Хөдөөгийн талд тоглож болох спортуудаар хичээллэдэг. Теннис тоглоно. Нэг хэсэг билльярд тоглодог байлаа. Би чинь уг нь 1996 оны Монголын рок попын билльярдын аварга байгаа юм. Одоо ч тоглож чадахгүй болчихсон байна лээ.

-Ямар хүн сайн хөгжмийн зохиолч болдог юм бэ?

-Сайн хөгжмийн зохиолч цаанаасаа төрдөг байх гэж би боддог. Мөн сургуульд нь сурч боловсорч хөгжиж байж сайн болно. Гэхдээ л төрдөг юм шиг байгаа юм.

-Урлаг танд юу өгсөн бэ.

-Урлаг надад гайхамшигтай олон зүйлийг өгсөн. Урлагийн буянаар би байгаль дэлхий, өвөг дээдэс, ээж аав, гэр бүл, найз нөхөд, эх орон гээд олон зүйлийн гайхамшгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Монгол хүн болж төрсөндөө их баярлаж, өөрийгөө хэмжээлшгүй азтайд тооцдог. Тиймдээ ч сүүлийн үед гарч байгаа уран бүтээлүүд маань язгуур урлаг тал руу чиглэж байгаа, цаашид ч ийм байна.

-Та ямар төрөл жанрын дуу сонсож, урлагийн аль салбарт илүү хайртай байдаг вэ?

-Бүх төрөл, жанрын дуунд дуртай. Заримдаа Монголын сайхан эх орон гэдэг дуу сонсмоор санагдана. Хааяа хүнд рок, үхлийн рок хөгжим сонсоно. Миний сэтгэл зүрх монголынхоо язгуур урлагт юм хийгээч гээд түлхээд байгаа юм шиг санагддаг. Тиймээс сүүлийн үед үндэсний хэв шинж агуулсан бүтээл хийж, хийхийг хүсч байна. Манай уртын дуу зүйрлэшгүй гайхамшигтай, үнэ цэнэтэй аялгуу юм шүү дээ.

-Монгол хүн болж төрснөөрөө баярлаж, бахархдаг гэж ярилаа, гэтэл зарим залуус гадны орныг шүтэх, гадаад явж амьдрах хүсэлтэй байдаг. Үүнийг та юу гэж боддог вэ. Монгол хүн болж төрсөндөө яагаад баярлах ёстой юм гэдгийн учир шалтгааныг залууст хэлж өгөөч?

-Би хэзээ ч эх орноо голох тухай бодож байгаагүй. Хүн ээж аав, эх орноо сонгоод төрчихдөггүй шүү дээ. Тэгэхээр би монгол хүн болж төрснөө маш том хувь заяа, би өөрийгөө аавынхаа, эцэг өвөг дээдсийнхээ үргэлжлэл гэж боддог. Өнөөдөр улс орны амьдрал хэцүү байна гээд зарим залуус гадаадад амьдарцгааж байна. Амьдрал, эдийн засгаа бодоод, яахав ингэж болно. Ер нь болж өгвөл гадагшаа гарч, юм үзэж, нүд тайлж бусад улс орны хөгжилтэй танилцаж, олон зүйлийг мэдрэх хэрэгтэй. Явах боломж байвал явах хэрэгтэй. Үнэхээр гадагшаа гарчихсан хүмүүс эх орноо хаячихдаг гэж би бодохгүй байна. Тэд эх орноосоо гарчихаад, магадгүй хоёр гурван сарын дараа өөрийн эрхгүй Монгол минь гэдэг. Урлагийн буянаар их олон улс орноор явахдаа, тэнд амьдарч байгаа монголчуудтай уулзаад явж байхад бүгд л эх орноо гэсэн асар их сэтгэлтэй байдаг. Залуус гадны улсаас сайныг сураад, эх орондоо ирж, өөр, өөрийн чадах мэдэх салбарыг хөгжүүлж, хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

-Ажил бүтэхгүй байх, стресстэй үеийг та хэрхэн даван туулдаг бэ?

-Хүн болгонд стресс их байна. Гараад машин бариад л стресст өртдөг. Миний духны хооронд байгаа үрчлээс Монголд ирэхээр нэмэгдчихээд байгаа шүү. Наргиан болгож хэлэхэд гадны орнуудаар яваад байхаар бараг үрчлээ маань арилаад, нүүр толийх шинжтэй байна. Бид өглөө гэрээсээ гараад л асар их стресс рүү орчихоод байх шиг байна. Гэхдээ Америкт амьдарч байгаад зургаан жилийн өмнө ирэхэд үүнээс ч илүү байсан шүү. Тэр үетэй харьцуулахад нийслэл маань хөгжиж байна. Одоо нийслэлийг удирдах дарга нар цаашид улам их анхаарах байлгүй дээ. Их юм хийгээсэй гэж горьдох л юм. Уг нь манай нийслэл хөгжиж байна. Гэтэл стресс их. Тиймээс би байгальд гарах дуртай. Байгаль тэр чигээрээ хөгжим, салхи, горхины чимээ хүртэл хөгжим. Чи 15 минут бясалгаад, голын чимээг сонсоорой, голын шоржигнох чимээ янз бүрийн өнгийг, үгийг хэлж байдаг юм шүү дээ.

-“Sweetymotion” хамтлагийн дуучин Сарнай та хоёр гэр бүл болоод олон жил өнгөрсөн байна. Танай охин том болж байна уу. Удам дагаад, урлагийн хүн болох шинж ажиглагдах юм уу?

-Манай охин таван настай. Урлагийн хүн болох байх. Дуулна, бүжиглэнэ. Заримдаа удирдана. Яг би л харагдаад байгаа юм. Би бага байхдаа оркестр удирддаг байсан. Миний охин бас л өнөөдөр телевизийн өмнө зогсоод, удирдаач болж тоглож байх жишээний. Дотроо бол 200,300 хүн суулгачихсан удирдаад байна гэж төсөөлж байгаа байх. Монголд хүүхдээ хөгжүүлэх боломж, сайн багш нар олон байна. Би хүүхдээ сайн монгол хүн байгаасай л гэж бодож байгаа юм. Монгол хэл бичиг, ёс заншлыг илүүтэй зааж байна. Гэхдээ охин маань Америкт очихоороо англиар яриад явчихдаг юм. Хүүхдийг багаас нь монгол хүн болгож төлөвшүүлэх их чухал. Уран зургийн зэрэг олон дугуйланд хичээлүүлж байгаа.

-Гэр бүл болоод амьдрахад жаргал, зовлон ээлжилж байдаг. Хамгийн гол нь яаж ойлголцож, ямар зүйлийг ухаарч, ийм үлгэр жишээ үнэ цэнэтэй гэр бүл болдог юм бэ?

-Сарнай бид хоёр 20 жил болчихсон байна. 20 жилийн дотор амьдралын уналт, өгсөлт олон байсан. Бид хоёрт мөнгөгүй үе ч байсан мөнгөтэй үе ч байсан. Бидний эрхэлж өссөн ээж, аав маань нэг нэгээрээ орхиод явсан. Ийм үед хань гэдэг чинь түшиг болж байдаг, хайрламаар хүн. Зовлон жаргал бүрт хань минь хажууд байсан. Хөгжимд дурлах, хөгжмийг хайрлах гэдэг чинь хүн байх, хүнийг хайрлах сэтгэлтэй болгодог юм байна. Бид хоёр нэг зүйлийг нэг багшаар заалгасан, хоёулаа хөгжимд дурласан, бие биедээ хайртай. Бүх л зүйлд хамтдаа байгаад 20 жил болж байна. Сар жил ямар хурдан өнгөрч байна вэ. Хүн болж төрснийх үр хүүхдэдээ, эх орондоо юу үлдээх вэ гэдэг их чухал. Хүмүүс энэ тухай бодож байх хэрэгтэй.

-Яаж ойлголцдог вэ, амьдралд ярилцах чухал уу?

-Их ярилцдаг. Хүн бие, биедээ хайртай байх, хүндлэхийн үндэс нь ярилцах, ойлголцох. Аль болох ярилцаж ойлголцож байх хэрэгтэй. Хайр гэдэг асар том агуу зүйл, бие биенээ хайрлана гэдэг их нандин.

-Байгальд гарах, байгалийн чимээг сонсох нь таны уран бүтээлийн өгөгдөл болдог уу?

-Хүн байгаль эжийгээс төрсөн. Яагаад монголчууд хайрхнаа хүндэлдэг, ус голоо хайрладаг байсан бэ гэхээр тэр болгон амьтай байхгүй юу. Энэ сайхан эх оронд хүн болж төрсөн учраас бид эх орноо, байгалиа хайрлан шүтэх ёстой.

-Хүүхдийг сайн монгол хүн болгон хүмүүжүүлэхийн тулд дуу, хөгжим сонсгох, байгальд ойрхон байлгах хэрэгтэй гэж ярьдаг. Хөгжим хүүхдийн хүмүүжилд их нөлөөтэй юу?

-Асар их нөлөөтэй. Бүүвэйн дуу сонсож өссөн хүүхэд хэзээ ч муу хүн болдоггүй, бүүвэйн дуунд асар их ид шид, эрчим хүч байдаг. Тиймээс эрчүүд эмэгтэй хүнийг хайрлах хэрэгтэй, бүхэл бүтэн хүн төрүүлж, хөхнөөсөө сүү асгаруулж, хүүхдээ өсгөхийн тулд асар их ухаан зарж байна. Тиймээс эмэгтэй хүнийг маш ихээр хайрлах л ёстой. Бүүвэй, бүүвэй гэдэг дууг том хүн хүртэл сонсоод тайвширдаг байхгүй юу. Тиймээс тал нутгийн тэр гайхамшигтай, хүчирхэг уртын дуу бол гайхамшиг шүү дээ.

-Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэг шиг дэлгэрдэг гэдэг?

-Адгийн тэнэг эхнэрээ магтана гэдгийг би ойлгодоггүй, яагаад хүн ханилсан ханиа магтаж чаддаггүй юм. Эмэгтэй хүнийг хайрлах тусам цэцэг шиг дэлгэрдэг гэдэг үнэн.

-Тэгвэл монгол эр хүн, хүний хань ямар байх ёстой юм бол?

-Монгол эрчүүд өрхийн тэргүүн. Монгол эр хүнийг би уртын дуутай зүйрлүүлнэ. Уртын дуу хэнд ч баригдахгүй, хэнд ч захирагдахгүйгээр тал нутгийг бүрхэн цуурайтдаг. Тиймээс манай эрчүүд дор бүрнээ л нэгийг сэтгэж, хоёрыг бодож, зүрх сэтгэлээ чангалж хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүн бүр би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж бодох хэрэгтэй. Болох зүйлийг нь барьж авч хий л дээ. Огт болохгүй зүйл гэж бас байдаг. Бүгдээрээ маш богино хугацаанд асар хүчтэй, ажиллаж хөдөлмөрлөж, эх орноо хөгжүүлмээр байна. Солонгосчууд шиг шоргоолж мэт ажиллаж босох хэрэгтэй.Яагаад бид болдоггүй юм, болно шүү дээ. Биднийг эв нэгдэл л ийм хүчтэй болгоно.