Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: Бид сахилга, хариуцлагаа сайжруулахгүй бол дахиад хичнээн ч Чингис бонд байсан урагшаа явахгүй

УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.

-Та Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийг ахалсан. Мэдээж Засгийн газрын ирэх онуудад хийж хэрэгжүүлэх ажил ард түмний амьдралтай хамгийн их холбоотой байдаг. Энэ удаагийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг та амьдралд хэр нийцтэй болсон гэж харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан нам олонхио бүрдүүлсний дараа Засгийн газраа байгуулсан. МАН-аас УИХ-д 65 суудал авсан МАН-ын бүлгийн гишүүдийн хийж хэрэгжүүлье гэж байсан ажлуудыг хийх ёстой гэж үзсэн тул Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг нь баталсан. Таны хэлсэнчлэн ард түмэнд хэрэгтэй, амьдрал ахуйд нь нэмэртэй заалтууд багтсан байгаа. Өнгөрсөн дөрвөн жилд зогссоны улмаас ард түмний амьдралд хүрч чадаагүй зүйлсийг цогцоор нь хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүний үнийн уналт, үүнтэй холбоотой мал эмнэлгийн үйл ажиллагаа доголдлоо, үүнийг сайжруулъя гэдэг үүднээс хийгдэж байсан “Монгол мал” хөтөлбөрөө эрчимжүүлэхээр болсон. Залуучуудыг ажил орлоготой болгохын тулд 20 мянган залууг мэргэжилтэй боловсон хүчин болгож бэлдэнэ. Сүүлийн үед ард түмний дунд хэрүүлийн алим болоод байгаа шүүх, прокурорын байгууллагын тухай хуулийн алдааг засах хүрээнд бүх нийтийн эрхзүйн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан. Мөн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд сургалтын төлбөрийг төлөөд сургаад байхад чанаргүй оюутан, дипломтой ажилгүйчүүд бий болоод байгаа тул үүнд анхаарахаар болсон. Биднийг багад сурагчдаас гадна эцэг, эхчүүдийг давхар шахдаг байсан.

БСШУСЯ-тай хамтран боловсролын түвшин, түүний чанар, үйлчилгээг үнэлэхдээ эцэг, эхчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ. Ингэснээрээ боловсролын салбарын хариуцлага зөвхөн сургуулийн хаалгаар сурагч, оюутнууд орсноор багш дээр буух биш эцэг, эх, сураг, боловсролын байгууллагын гэсэн гурвалсан харилцааг бэхжүүлснээр чанартай боловсролтой иргэнийг бэлдэнэ гэж байгаа юм. Зарчмын өөр нэг зүйл нь хүмүүжил. Эх оронч, энэрэнгүй, боловсролтой иргэн болгон төлөвшүүлэхэд мэдлэг, хүмүүжлийг хичээлийн хөтөлбөрт суулгана гэсэн тусгайлсан заалт орж ирсэн.

Мөн бидний өмнө тулгараад буй асуудал нь Төрийн албаны тогтвортой байдлын тухай хууль. Үнэхээр төрийн албаны бүтэц бүрэлдэхүүн болж байгаа юм уу, үгүй юу гэдэгт Засгийн газар шинэ бодлого гаргаж ажиллана гэх мэтчилэн маш олон зүйлс Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан. Энэ хүрээнд хамгийн чухал нь сахилга, хариуцлагыг дээшлүүлж, албан тушаалаа ашиглан төрийн өмчийг шамшигдуулахыг хориглох, төрийн албан хаагчдын ёс зүйг чандална гэж оруулж өгсөн. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөөс цухас дурдахад ийм байна. Мэдээж эдийн засгийн хүндрэлтэй цаг үеийг даван туулахын тулд эдийн засгийн онцгой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

-Гэхдээ ардчилсан засгийн үед хийж хэрэгжүүлж байсан бүх зүйл дээр танай намынхан хаалт тавьчихлаа. Ер нь бол ард түмний амьдралд хэрэгтэй олон зүйлийг устгачихсан юм биш үү. Ядаж л сайн хөтөлбөрүүд байсан бол аштай юу даа?

-Үүнд ойлголтын зөрүү байгаа юм. Гоё нэрний ард хэрэгжих боломжгүй зүйлсийг оруулж ирсэн. Нэг үгээр хэлбэл, цонхны цаанаас чихэр долоолгох гэж оролдсон. Гоё нэрийг юунд ч өгч болно. Гоё, муухай нэртэй байх нь хамаагүй хамгийн чухал нь ажил хэрэг болж хэрэгжих хэрэгтэй. Нэгдүгээрт, шударга, хоёрдугаарт, хэрэгжих боломжтой, гуравдугаарт, үнэлэхүйц зүйлсийг оруулж ирэх нь хамгийн зөв алхам. Ардчилсан намын Засгийн газрын үед хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрүүд үр дүн муутай, хэрэгжих боломжгүй болохоор нь Эрүү, Зөрчлийн хуулиас эхлээд “сайн” хөтөлбөрүүдийг буцаасан. Шинэ үед бий болсон хуулиуд Монгол Улсын Үндсэн хууль гэдэг нэг малгайн доор багтаж байх ёстой юм. Гэтэл бид гоё нэртэй, амьдралд хэрэгжих боломжгүй олон хуулийг баталсан. Үүний нэг нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль байсан. Иргэдтэй уулзаад явж байхад хуулийг мэдэхгүйн улмаас алдаа гаргасан зүйл байна уу гэвэл байна. Үүнийг ард иргэдэд энгийнээр, тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүст хүндрэл дарамтгүй хэрэгжүүлэх нь төрийн үүрэг. Гэтэл Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөв нь батлагдаагүй гэх мэтчилэн дутуу зүйлс их байсан. Хэн нэгнийгээ түрүүлж буруутгахаас илүүтэй олонхи болсон 65-аас гадна 76 гишүүн дотор шинээр сонгогдсон залуу гишүүд олон бий. Бид бүгдээрээ л сайн сайхан Монгол орны төлөө явж байгаа. Түүнээс биш алдаагаа хэн нэгэн рүүгээ чихдэг үе өнгөрсөн. Монголын залуучууд шинэ үеийг өөрсдийнхөөрөө төсөөлж гаргадаг болсон. Та хэдэн настай билээ

-29 настай…

-Би 37 настай. Та бид хоёрын ялгаа ийм байна. Гэтэл таны хүсч байгаа зүйлийг би ч хүсч байгаа. Миний хүсч байгаа зүйлсийг та ч хүсч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ хамгийн чухал нь ил тод, хуулиа дээдэлсэн, хүмүүсийн хүсэн хүлээгээд байгаа нийгмийг үр хүүхдүүддээ үлдээе. Би ч гэсэн түүний нэг хэсэг нь байя гэж яваа юм. Ялангуяа сүүлийн 20 гаруй жилийн хэт улстөржилтийг цөөхөн хүн хийж байна. Үүнээс салах болсон. Залуучууд банкны лизингэд хамрагдахад нам, үзэл суртал огт хамааралгүй байх ёстой. Ажлын байранд өөрийн чадлаараа ордог байх ёстой. Хамгийн гол нь чаддаг байх нь чухал. Хүн төрөлхтний түүхэнд хамгийн хэцүү нэг зүйл байгаа нь өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрдөг хүн зууны нэг хувьд л байдаг юм байна. “Энэ миний буруу” гээд төрийн албаны ёс зүйгээрээ Япон улс үлгэрлэж байгаа юм билээ. Европт багахан хэмжээнд бий. Харин бусад орнуудын хувьд алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, шашин, арьс өнгө, улс төрийн үзэл баримтлалаар ялгаварладаг байдал яг хэвээрээ. Бид тэр алдааг өөрчилж ирсэн. Одоо аливаа алдааг засах цаг болсон гэж залуу хүний хувьд боддог. Энэ утгаараа олон жил буруу явсан алдааг засах хэрэгтэй. Залуучууд бидэнд хүндрэлтэй зүйлс байгаа юу гэвэл байгаа.

Цалин, бизнесийн зээлээс эхлээд энэ бүхнийг бид яагаад олон жил ярих ёстой юм. Үүнийг хурдхан засъя л гэсэн бодолтой байна даа. Манай намаас сонгогдсон залуу гишүүд залуучуудынхаа амьдралыг дэлхийн дундаж залуучуудын түвшнээс дээгүүр байлгах юмсан гэдэг бодол тээж яваа гэдэгт итгэж байна.

-Та хувийн хэвшлийн салбараас төр түшилцэх УИХ-ын гишүүн болсон. Улс орны эдийн засгийн хамгийн чухал ачааг үүрэлцдэг хувийн хэвшлийн тал дээр ямар бодлого баримтлах вэ?

-Эхний ээлжинд нам болж талцдаг байдлаа болимоор байна. Төр нь төр шиг, хувийн хэвшил нь хувийн хэвшил шиг өмнөх ажлаа л сайн хийгээд явчих. Бид Монголын төлөө байх ёстой. Хувийн хэвшил нь төрөө дарамталж, зарим хувийн хэвшил нь төрийн оролцоотой шударга бус байдлаар зах зээлд үйл ажиллагаа явуулж болохгүй. Бодит үнэн ердөө л энэ.

Бид хувийн хэвшилд ажиллаж байсан гээд хувийн хэвшлийнхний гаргасан алдааг өмөөрөх ёсгүй. Төр нь өөрсдийн бодлогыг мянга зөв гээд хувийн хэвшлээ нухчин дарж болохгүй. Үүний төлөө Монголын шинэ үе, Монголын залуучууд ажиллах хэрэгтэй. Хувийн хэвшил нь нэг тал, төр нь нэг тал болсон дүр зураг бий болчихоод байгаа. Бид бие биенээ талцуулж ханалаа. Одоо харин нийлж байгаад болохгүй байгаа зүйлсээ шийдэхийн төлөө яваад үзэх цаг болсон. Монголын үе үеийн Ерөнхий сайдууд юу ярьж, хэлж байсныг мэднэ. Энэ цаасыг ингэж урлаа, үүн дээр зөвшөөрөл өгөхгүй байна, ил тод байна гэж бид тавхайгаа эргэтэл явсан. Залуучууд минь сүүлийн 16 жилээ эргээд хар даа. Бидний амьдралд юу өөрчлөгдөв. Бид яаж урагшилчихав. Цалингаа авч, татвараа төлөөд явж л байна. Төр бидний амьдралын хүссэн хэмжүүрийн жишгийг тогтоож өгөх хэрэгтэй. Гэхдээ хариуцлага, сахилга бат гэдэг зүйлийг эртхэн хүлээн зөвшөөрөх тусам бид урагшилна гэдгийг ухамсарлах ёстой.

Бид улс орныхоо алдааг хамтдаа харлаа шүү дээ. Монгол Улс мөнгөтэй байж үзлээ. Тэр мөнгөө цацаж үзлээ. Харамсалтай нь яагаад тийм их мөнгө зарцуулчихаад байхад үр дүн гарахгүй байна гэдэг нь дахиад л хариуцлага дээр очно. Эцсийн дүндээ залуу хүмүүсийн хувьд хайран цаг хугацаа болж үлддэг. Бид нийлж байгаад энэ болохгүйг чинь хийе гэдэг хувийн хэвшилтэй, “Энэ үнэхээр болохгүй болчихсон юмаа ард түмэн минь. Бүгдээрээ нэг талдаа гарч энэ алдааг засъя” гэдэг төр засагтай болчихвол бид урагшилна. Үүнийг ажил хэрэг болгохын төлөө энэ дөрвөн жил ажиллах бодолтой байгаа.

-Та хуучны хэдэн улстөрчид л улс төр хийгээд байна гэж хэлсэн. Энэ удаагийн парламентад залуучууд олон байгаа тул лобби бүлэг байгуулаад сая ярьсан зүйлсээ хэрэгжүүлэх боломж байгаа юм биш үү?

-Энэ удаагийн парламентын дийлэнх олонхи нь шинэчлэгдэж, залуу боловсон хүчнээр цус сэлбэсэн. Нөгөө талдаа улс төрийн өнцгөөс харах юм бол манай нам ахмад, дунд, залуу үеийн гурвалсан холбоогоор монгол төрийг аргамжиж явдгийнхаа хувьд Ардын намын гишүүд дунд зөв зүйлд нь чиглүүлж, алдаанаас нь холдуулдаг эрхэм гишүүдтэй. Залуу, дунд үеийнхэн маань энэ дөрвөн жилдээ нэлээд цэгцэрчих байх аа.

-Засгийн газрын 100 хоног дөхөж байна. Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийнх нь ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүний хувьд ямар дүгнэлт өгөх вэ. Нэг хэсэг нь Засгийн газрыг шүүмжилж байхад нөгөө талд нь дэмжих хэсэг ч байна л даа?

-Монголын ард түмэн МАН-д 48 сар төрийн эрх барих эрх өгсөн. Гэтэл эхний дөрвөн сар нь ч дуусаагүй байна. Цаана нь бидэнд дахиад 44 сар бий. Бид эдийн засгийн хямралын оношийг тогтоох гээд ажиллаж байгаа. Хуруунд орсон өргөсийг авангуут эдгэчихдэггүй. Хүндрэл байгаа нь үнэн. Бид олон жил буруутныг биш дундаж байр суурийг барьж явснаараа алдсан зүйл бий л байх. Монгол Улс маань ийм хүнд хэцүү байхад бид сахилга хариуцлагаа л сайжруулахгүй бол бидэнд дахиад хичнээн ч Чингис бонд байсан урагшаа явж чадахгүй. Томилогдсон, сонгогдсон нь ч тэр өмнөх ажлаа л сайн хийгээд явах хэрэгтэй. Хэт улстөржилтийг бид л өөрсдөө дэвэргэж байгаа. Хувь хүнийхээ байр суурийг илэрхийлэхэд одоо болно л гэмээр байна. Сонгуулиар ялагдсан Ардчилсан намынхан маань сонгуулийн шокноосоо гарах хэрэгтэй. Сөрөг хүчин бидэнтэй хамтраад шинэ зүйл санаачил л даа. Тэгэхгүйгээр энэ 100 хоногт чинь бид ийм юм хийчих байсан гээд байх юм. Магадгүй. Хүний хийсэн юмыг муулах биш өөр юу хийх боломж байсан юм гэдгээ хэл л дээ. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох боломж байсан юм бол мөнгө нь хаана байсан юм бэ. Хамтын тэтгэврийн хуулиа хэрэгжүүлнэ гэж байсан юм бол Хамтын тэтгэврийн сан алдагдалгүй, мөнгө нь энэ байна. Үүнийг үргэлжлүүл гээд хэлчих. Мөнгө нь байсан юм бол энэ мөнгөөр Хүүхэд харах үйлчилгээний хуулийг хэрэгжүүл гээд хэлэхгүй яасан юм бэ. Тэд хэлж чадахгүй байна. ОУВС дээр очоод “Бид стэнд бай”-д хамрагдахгүй гэдгээ хамгаал л даа. Одоо бол болоод өнгөрснийг үгүйсгэж биш болох зүйлсээ яриад, хамтраад яваач ээ. Үүний зэрэгцээ улс төрийн хүчнүүд маань аль аль нь төлөвших хэрэгтэй байна. МАН харьцангуй шинэчлэгдэж чадлаа. Улс төрийн намууд бодлогын түвшиндээ залуусаа гаргаж ирмээр байна. Зөвхөн чуулганы танхимд биш нийгэмд ажилладаг олон залуу улс төрийн намд бий. Тэр хүмүүстээ боломж олгох болоогүй юм уу. Дэлхий нийтээрээ өөрчлөгдөж байна шүү дээ. Яагаад Канад, Грек залуу ерөнхий сайдтай, яагаад Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн олонхи нь 1970-аад оныхон байгаа юм бэ. Энэ чинь цаг хугацаа, ойлголтын зөв гэдгийг нотолж буй хэрэг. Бид 100 хувь ийм болгочихъё гэж байгаа юм биш. Олон улсын жишиг, тренд ийм болчихлоо. Дэлхий нийтээрээ тогтвортой ажлын байр, зохистой харьцаа руу явчихлаа. Алийн болгон бид хасъя, бууруулъя гэх юм бэ. Дэлхий нийт зарим зүйлсийг нэмж байгаа. Сахилга, хариуцлага гэдэг бол улс орны хөдөлгүүр. Тэд хөгжиж чадаж байгааг бүгдээрээ харлаа. Бид үүн рүү л очих хэрэгтэй. Шийдлийн цаг, шийдлийн он жилүүд үргэлжилж байна.

-Та өнгөрөгч сонгуулиар АН-ын лидерүүдийн нэг Н.Алтанхуягтай өрсөлдөж ялалт байгуулсан. Олон хүн магадгүй ялалт нөгөө талд гэж харж байсан байх?

-Нутгийн уул, ус арай илүү харсан юм байлгүй дээ. Мөн аваргыг давж аварга болдог гэдэг байх аа. Би сонгуулиар ард түмэндээ үүнийг ярьж явсан. Увсынхан маань надад итгэл үзүүлсэн. Монголын ард түмэн шинэ цаг, шинэ үе төрж байна гэдэгт итгэж олон залуу хүнийг энэ удаагийн парламентад илгээлээ. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Магадгүй энэ үеийн шилжилтийн дундаж нас 1996 онд Ардчилсан холбоо эвсэл олон залуугаар эгнээгээ бүрдүүлж байснаас арай ахимаг байж магадгүй. Монголын баруун хязгаар шинэ үе, тэдний дуу хоолой, шинэ итгэл, шинэ хариуцлагыг үүрүүлье гэдэг ард түмний итгэл, сэтгэл намайг монгол төрийн түшээ болгосон.

-Асуулгүй үлдсэн зүйл байгаа бол нээлттэйгээр хариулах боломжийг танд үлдээе?

-Эдийн засагт хүндрэл байгаа нь үнэн. Бид гарц шийдэл олохгүй бол ард түмнээ хэтэрхий хуваачихлаа. Хямрахаа хүрэхээр бүгд хямарчихдаг. Жаахан зүйл олчихоороо миний, чинийдээ тулдаг. Нийт дүнгээрээ харахаар бид бүгдээрээ алдчихсан байна. 26 жилийн өмнө бидэнтэй хамт хуучин системд байж байгаад салсан орнуудын дундаж нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үзүүлэлтийг харахад бид доор нь орчихоод байгаа юм.

Уг нь бид ижил гараанаас хөдөлсөн. Зарим талаараа тэднээс ч давуу байсан. Яагаад ийм байдалд хүрчихэв гэдгээ эргээд нэг бод доо. Та ч, би ч залуу хүн. Хийх зүйл их байна. Бид сахилга, хариуцлага гэдэг зүйлийг хуучин нийгэмтэй нь хуу хамаад хаячихсан чинь ийм байдалд хүргэчихсэн. Буруу, зөв гэдгийг нь түс тас хэлчихдэг хүн алга болсон. Хэтэрхий гоё зүйл хийж, гаднаас хэтэрхий их зүйл худалдаж авлаа. Энэ бүхэн нь бидэнд баялаг болсонгүй. Хувийн хэвшил нь жаахан өндийхөөр төр нь орж ирээд бизнесийг нь булаацалддаг. Төр, уул уурхай дагасан компаниуд нь төрдөө илүү татвар төлөөд яв гэхээр тэгдэггүй. Ийм байхад Монголын төлөө хэн өөрийгөө “золиосолж” итгэл, зүтгэлээ зарцуулах юм бэ. Төрдөө сайн ажиллаж байгаагаа бид тордож чаддаггүй. Хувийн хэвшил нь ч ялгаагүй сайн ажиллаж байгаагаа торддоггүй. Мөнгөтэй болохоороо бүгд баян юм шиг. Мөнгөгүй болохоороо бүгд ядуу болчихдог. Монголын тэрбумтан баячуудынхаа листийг гаргахаар бүгд баян болчих гээд олон улсын дунджаар татвар тогтооё гэхээр бүгд ядуу болчихдог ийм л сонин нийгэмд амьдарч байна.

Энэ бидний хөгжил биш шүү. Хуулиа ягштал мөрдөж бизнес хийгээд өндөр ашиг олсон ч гэсэн төр дэмжих л ёстой. Хууль зөрчин хэт ашиг олж байгаа бол хуулийн хариуцлага хүлээх л ёстой. Энэ шинэ үеийн зарчим гэж харж байгаа.

Э.ЭНХБОЛ

Categories
мэдээ цаг-үе

Н.Батсуурь: Би гурван үе дамжсан бөхийн удамтай азтай хүн

Монгол Улсын арслан, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, “Увс нуур” дэвжээний бөх Н.Батсуурьтай ярилцлаа.

-Өвөө тань Ж.Гэлэг гэж улсын начин хүн байсан. Ингэхээр та гурван үе дамжсан бөх байх нь ээ?

-Тийм шүү. Би гурван үе дамжсан бөхийн удамтай азтай хүн. Миний өвөө Ж.Гэлэг гэж улсын начин хүн байсан. 1921 онд төрсөн Ардын хувьсгалтай чацуу хүн байлаа. Өвөө маань 1950 онд Ардын хувьсгалын 29 жилийн ойгоор Ш.Батсуурь аваргаар тав давж Монгол Улсын начин цолны болзол хангасан юм билээ. Гэхдээ тэр үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын начин гэсэн цол өгч байсан юм билээ. Ш.Батсуурь аварга наадамд хоёр дараалан түрүүлчихсэн ид үедээ л байсан гэдэг. Ш.Батсуурь аварга, манай өвөө хоёр нэг оны цэргүүд байсан. Найзыгаа төрийн наадамд түрүүлээд байна гэхээр нь барилддаг хүн чинь зориг орсон хэрэг л дээ. Тэр үед зам харгуй хэцүү, баруун аймгийн нутгаас хүмүүс их л удаан явж ирдэг байж. Шууданд суугаад явсаар байтал наадмын өглөө амжиж орсон гэдэг юм. Харин миний аав Монгол Улсын харцага Гэлэгийн Намсрайжав гэж хүн бий. 1988 онд 29 настайдаа улсын арслан Б.Ганбаатарыг давж улсын цол авч байсан.

-Өвөө тань Ш.Батсуурь аваргаар начин цолны болзол хангасан учраас энэ нэрийг тань хайрласан гэл үү?

-Манай эгч уул нь миний нэрийг өгсөн юм билээ. Би хоёр эгчтэй айлын отгон хүү.

-Аавын тань ах дүү нарт долоон бөх байдаг гэсэн үү?

-Аав минь эхээс арван нэгүүлээ. Найман хүү, гурван охинтой. Эрэгтэйчүүд нь бүгд барилддаг. Хамгийн бага цолтой нь сумын заан. Сумандаа арван нэгэн удаа ч түрүүлсэн хүн бий. Аавын ах, 1982 онд улсын начин болсон Г.Даваасамбуу гэж хүн бий. Даваасамбуу ах маань үндэсний бөхийн начин цолтойгоос гадна химийн ухааны доктор, мундаг хүн байдаг. Ээжийн минь талд ч Олимпийн хүрэл медальт, улсын начин Р.Даваадалай, улсын начин Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр гээд бөхчүүд бий. Ийм сайхан бөхийн гэр бүлд төрсөн азтай хүн дээ. Миний аав Увс аймгийн Ховд сумын харьяат. Харин ээж маань Ховд аймгийн хүн шүү дээ. Ер нь бөхчүүд нутаг усныхаа нэрийн хуудас нь байдаг. Таньж мэдэхгүй сумдаар явахад энэ чинь тэр бөхийн нутаг гэхээр л мэддэг. Бөх хүн нутаг усныхаа бахархал нь байдаг болохоор хичээж явах л ёстой гэж бодогддог юм.

-Танайхаар аавын чинь найз, нутаг усны гээд бөхчүүд их ирнэ биз?

-Аавын минь найзууд гэж сайхан бөхчүүд ирдэг байлаа. Бөхчүүд ч их наргианч шүү дээ. Бие биенийгээ их иддэг ч гэдэг юм уу, жижиг алдааг нь анзаарч шоглох үе зөндөө л байна. Ер нь тэгээд анзаараад байхад хүүхэд аавынхаа хийж байгаа үйлдлийг үлгэрлэдэг, дуурайдаг юм шиг байгаа юм. Тийм болоод ч тэр үү, аавынхаа барилдахыг харна, ойр тойронд дандаа бөхчүүд, гэрт далбаа шуудаг л байх жишээтэй. Энэ бүхэн л намайг бөхийн спорт руу татсан. Мөн аавыгаа заалны барилдаан болоод улсын баяр наадамд оролцоход нь байнга үзнэ. Бөх хүн гэхээр л сайхан бие хаатай, нэг л түшигтэй харагддаг байлаа. Энэ бүхнээс л аав, ах нар шигээ бөх хүн болохыг хүссэн. Аав минь мэддэг, чаддаг бүхий л зүйлээ зааж зөвлөдөг юм. Ааваараа үргэлж бахархаж, хүндэлдэг дээ.

-Та таван настайдаа үндэсний бөхийн тэмцээнд түрүүлж 3000 төгрөгөөр шагнуулж байсан гэл үү?

-1993 онд юм байна. Бүх цэцэрлэгийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа үндэсний бөхөөр барилдаад түрүүлсэн. Одоогоор бол “Хуйрнан шуугигч” гээд тэмцээн шиг л юм уу даа. Их л олон хүүхэд байсан санагддаг юм. Ерөнхий сайд байсан Ж.Наранцацралт агсны хүү бид хоёр багын найзууд л даа. Тэр тэмцээнд бид хоёр үзүүр, түрүүнд үлдсэн нь тод үлджээ. Харин анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай шагналыг нь гардуулж гурван мянган төгрөг өгч байлаа. Би “Монгени” цогцолбор дунд сургуулийг төгссөн юм. Манай сургууль биеийн тамирын заалгүй байсан. Гэсэн хэдий ч биеийн тамирын хичээлийг маш сайн ордог. Төмөр замын далан тойрч гүйнэ. Энэ бүхэн бөх болох хүсэл сонирхлыг минь нэмэхээс гадна бэлтгэл болдог байж. Сургууль маань одоо заалтай болсон л доо. Намайг улсын баяр наадамд түрүүлсний дараа миний нэрэмжит бөхийн дэвжээтэй болсон.

-Таны хувьд жүдо бөхийн спортоор хичээллэдэг байсан. Одоо үндэсний бөхөөрөө л дагнаж байгаа юу?

-Би жүдо бөхийн +100 кг-д барилддаг байсан. Энэ жиндээ барилддаг жүдочдын дунд намдаад байдаг юм. Тийм болохоор амжилт гаргах боломж нь бага гэсэн үг. 2011, 2012 оны Улсын аваргын тэмцээнээс алтан медальтай. Мөн Азийн аварга, дэлхийн цомын хоёр хүрэл медаль бий.

-Та аялал жуулчлалын мэргэжилтэй. Мөн Японд сурсан байх аа?

-Би “Соёл-Эрдэм” сургуулийг Аялал жуулчлалын мэргэжлээр төгссөн. Дараа нь Японд хоёр жил сурсан. Миний хувьд мэргэжлээрээ ажиллаж болох л байх. Гэхдээ өдрийн хоёр бэлтгэлтэй учраас ажил хийж амждаггүй юм. Одоо бол бөхдөө л бүх амьдралаа зориулчихсан байна. Япон яваад хэсэг завсардсан ч эргээд барилдмаар л санагдаад, санагалзаж эхэлдэг юм билээ. Тэнд бол тогтмол бэлтгэл хийдэггүй. Сардаа ганц, хоёр удаа л хийнэ. Хакухо М.Даваажаргал ахыг таних учраас сумогийн дэвжээн дээр хэд хэдэн удаа бэлтгэл хийж байсан. Харин бэлтгэл сургуулилт бага байсан болохоор ч тэр үү, Японд байхдаа нэлээд жин нэмсэн. Монголдоо ирээд жингээ хасч эхэлсэн дээ. Тамирчин хүнд жин хасах гэдэг хамгийн хэцүү зүйл байдаг. Н.Түвшинбаяр аварга маань Бээжингийн олимпийн дараа жин нь 125 кг-тай байсан. Харин Лондонгийн олимпоор 100 кг болоод л амжилт үзүүлж байгаа юм. Энэ нь тухайн хүнээс маш их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр шаарддаг.

-Наадам дөхөөд ирэхээр догдолдог уу. Түрүүлчих юм шиг мэдрэмж төрж байв уу?

-Төрдөг юм билээ шүү. Их л зоригтой болоод, санаанд багтаад байдаг юм билээ. Тэр олон бөх байхад чинь унахааргүй юм шиг санагдаад л. Сэтгэл зүйн байдал бэлтгэл сургуулилттай шууд холбоотой л доо. Бэлтгэл сайн байж л хүн өөртөө итгэлтэй, зоригтой болно. Анх улсын цол авах мөч их сайхан байсан л даа. Цол автлаа олон шалгуурыг давах хэрэг гарна. 2009 оноос 2013 он хүртэл дээш гарч чадахгүй л шороодчихдог байв. Заримдаа шантрах ч үе байсан. Би цол авч чадахгүй ч юм болов уу. Ингээд орхидог ч юм бил үү гэж бодогддог байлаа. Гэхдээ бэлтгэл сургуулилтаа сайн хийвэл болох ёстой зүйл болдог л юм билээ. 2014 онд үндэсний их баяр наадамд ес даван түрүүлж, улсын арслан цолны болзол хангаж их баярласан даа. Их ч урам орсон.

-Таны барилдааныг шуурхай, уран хийцтэй гэдэг. Харин та барилдааныхаа талаар юу хэлэх вэ?

-Миний хувьд дэвжээн дээр гарахдаа их тайван байдаг. Тайван байгаа болохоор аль болох шийдсэн мэхээ л хийхийг бодно шүү дээ. Тэр таарчихлаа гэж айж, бэргэж сандрах зүйл байдаггүй.

-Гэр бүлээ танилцуулаач?

– Манайх ам бүл дөрвүүлээ. Хоёр хүүтэй. Эхнэрийг маань Саранжаргал гэдэг. Монгол Улсын Их Сургуулийн гадаад хэлний сургуулийг төгссөн. Орос, англи хэлний багш мэргэжилтэй.

-Та хувиараа бизнес эрхэлдэг үү. Зөвхөн үндэсний бөхөөр барилдаад амьдралаа аваад явах боломж хэр байдаг юм бэ?

-Ерээд оны үед зургаан залуу заан мандаж байх үед магадгүй боломж байсан байх л даа. Тэр зургаа ч сайн байсан учир хүмүүс ч маш их хүндэлж, сэтгэлийн дэм болдог байсан. Одоо бол ер нь хэцүү шүү дээ. Бөхчүүд их хэмжээний бай шагнал авдаг, хэмээлшгүй их баян гээд л. Мэдээж тэр олон бөхөөс илүү гарч, амжилт үзүүлж хөлс хөдөлмөрөө үнэлүүлж байгаа нь буруу юм биш. Мөн бөхчүүд идэж, унтахаас өөр ид шидгүй гэсэн нийтлэг хандлагатай байдаг юм шиг ээ. Яг үнэндээ бөхийн спортоор хичээллэж байгаа нь бидний хувьд ажил байдаг. Зарим хүмүүс оюуны хөдөлмөр хийж байгаа бол бид биеийн хөдөлмөр хийдэг. Цаг хугацаатай уралдаж амжилтын төлөө зүтгэж байна шүү дээ. Спорт бол залуу насны л ажил. Бид одоо л цагтай уралдаж амжилт бүтээл гаргах хэрэгтэй.

-Таны Ч.Санжаадамба арслантай хийсэн нэгэн барилдааны зураг олон нийтийн дургүйцлийг маш их хүргэсэн. Яагаад аманд нь гараа хийх болов?

-Хүмүүс яг амнаас нь татаад давчихсан юм шиг л яриад байдаг юм. Хэн ч гэсэн барилдахдаа унахгүйг л хичээнэ. Амь тэмцэж байгаа л хэрэг шүү дээ. Олон давхраас унахгүйн тулд хүн ямар нэгэн барьц авахыг л бодно биз дээ. Тэр гэхдээ санаандгүй л юм болсон. Харин тэр агшинг зурагчин онож авсан байна лээ. Манай монголчууд хүн муулах дуртай хүмүүс шиг санагддаг. Ямар нэгэн өө гарвал л тэрэн шиг муу хүн байхгүй болчихдог. Гэхдээ дөчин хувьд нь муу хэлэгдээд, үлдсэнд нь сайнаар яриулаад явж байвал болох нь тэр л гэж боддог доо. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Тиймээс цаашид л алдахгүй байхыг хичээж явна даа.

-Үндэсний бөхийн дүрэм, журамд өөрчлөлт оруулчихмаар зүйл байдаг уу?

-Шийдчихмээр зүйлүүд байх л юм. Тэр болгонд хэл, ам гаргаад явахыг ч бодохгүй л байна. Гэхдээ наанадаж шөвгийн 16 бөхийн сэргээшийн хариуг хурдан гаргаж байх хэрэгтэй, мөн баяр наадам болоод томоохон тэмцээнүүдийг сайтар камержуулах шаардлагатай байна. Бөхчүүд амжилт гаргахын тулд л өдөр болгон бэлтгэл хийж, хөлсөө дуслуулдаг. Тэр дундаа амжилтаа ахиулахын тулд баяр наадмаа маш их хүлээдэг. Тиймээс гадны нөлөөлөл, булхай оруулахгүй байх ёстой юм. Хүний амжилт жил, жилээр л хэмжигдэнэ шүү дээ. Үүнийг шийдээгүйгээс болж энэ жилийн баяр наадам бас л түмэн олныг талцууллаа. Энэ жилийн баяр наадмаар улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва нарын барилдаан маргаантай болсныг хүн бүхэн мэдэж байгаа. Би энэ хоёр бөхийн аль нэгнийх нь талд орж байгаа юм биш л дээ. Хоёулаа л миний хүндэлж явдаг сайхан бөхчүүд. Ийм асуудал гарч байгаа нь Үндэсний бөхийн холбооны л буруу. Би тухайн барилдааны бичлэгийг сайтар үзсэн. П.Бүрэнтөгс тахимаа авах гэж элэг бүсээ тайлаад зогсож байхад нь дахин хуралдаж барилдуулахаар болчихсон. Эхний гаргасан шийдвэрээрээ л байх ёстой юм шүү дээ. Би тэр хоёрын давсантай нь барилдах гээд хүлээж байлаа. Үндэсний бөхийн холбоо шийдвэрээ гаргаж чадаагүйгээс болж наадам ч гэсэн сунжирсан. Энэ мэт асуудал гарсаар л байна. Шударга байдлыг тогтоох нь Үндэсний бөхийн холбооны хийх ажил л баймаар юм гэж бодогдож байна.

-Увс аймгийнхан дуулдаггүй бол барилддаг, барилддаггүй бол дуулдаг байж таарна гэсэн хошин яриа байдаг?

-Д.Насандэлгэр начин 2005 онд улсын начин цолоо авсан. Түүнээс хойш 2009 он хүртэл Увс аймгаас шинэ цолтон төрөөгүй юм. Тэр үед хүмүүс “Дуучид их төрж байна аа, одоо дуулуулахаа болиод барилдуулъя” гэж хошигнож байсан.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Захуй Зармангийн говьд айлчилж, Захын усны хулан, хавтгайгаар нүд хужирлав

Түрүүч нь өдрийн сониний№241 (5506) дугаарт

Бөөн цагаан нуурын дээд эхээр тойрч, гадагшаа урсалгүй элгэн нутагтаа шингэдэг “эх оронч” гол хэмээгддэг алдарт Байдрагийн голыг гатлан говийн Алтай нутгийг зорилоо. Намрын сэр сэр салхи унаанаас буух үед энгэр заамаар шурган, цаанаа л нэг жихүүхэн. Улаанбаатараас гарахад цас ороод хүйт уначихсан болохоор аян замд даарах байх гэж болгоомжилсон минь оносон мэт. Чандмань сумын нутагт орох үес улсын заан Давааням агсны тухай яриа өрнөж, энэ сайхан бөхөд зориулсан овоо байдгийг мэдэж авав. Энэ нутгийн хөх их уулсын дунд төрсөн Улаан загалмайгаар овоглодог Р.Самдандовж ах юуны түрүүнд санаанд

орж ирж байна. Гичгэнийн нурууг давахаар шөнөжин сайр даган явсаар Цогт сумын Баянтоорой тосгонд үүрийн цолмонтой уралдан очив. Баянтоорой албан ёсоор баг гэгддэг ч үнэндээ Монгол Улсын ямар ч сумаас дутахгүй. Арван хоёр жилийн сургууль, цахилгаантай, утасны сүлжээтэй, хамгийн гол нь энд Говийн их дархан цаазат газрын захиргаа контоорлоно. Дархан цаазат газрын сургалт, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Э.Цэцэгмаа гэж монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй, сүрхий аманцар бүсгүй байна. Ардын багш Ш.Чоймаагийн гарын шавь эл бүсгүй Үндэсний номын сангийн түвд номын фондод эрдэм шинжилгээний ажилтнаар уригдаад байснаа нэг л мэдэхэд хувь заяаны эрхээр говийн их дархан газрыг зорьжээ.

Говийн их дархан газар АИХ-ын зарлигаар Халиун суманд 1975 онд байгуулагдаж, Баянтоорой сууринд төвлөрсөөр дөчин жилийн ойтойгоо золгожээ. Говийн их дархан цаазат газарт Говь-Алтай аймгийн Алтай, Цогт, Эрдэнэ сумд, Баянхонгорын Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутаг багтдаг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд эхний 15-д ордог гэхээр овоо их зай талбай эзэлдэг аж. Хавтгай хамгаалах Английн сан, Олон улсын баавгай судлалын хүрээлэн гээд олон байгууллагатай шууд харилцаатай. Монголын говьд ямар ан амьтан хэдэн тоо толгой байгааг эднийхэн л ганцхан мэднэ. Хавтгай хэмээх хоёр бөхт зэрлэг тэмээ Монголд л 623 толгой байгааг хоёр жилийн өмнө түүврийн аргаар тоолж тогтоожээ. Өмнө нь хавтгай 450-500 толгой байгаа гэж багцаалдаж байж. Халуун зэвсэг агссан хулгайн анчдын гэмт үйлдэл багассан ч зарим нөхөд ховор амьтан унагасан тохиолдол гарсаар байгаа аж. Шинэжинст суманд гэхэд өвөлжөөн дээрээ хавтгайн буур төхөөрснийг Англиас мэдэгдэж, байгаль хамгаалагчид дохиолол дуугарсан газар нь халуун мөрөөр нь давхиж очиж барьж байсан тохиол гарчээ. Өнгөрсөн жил хоёр хар сүүлт зээр унагасан нөхдийг дөрвөн сая төгрөгөөр торгож, хэргийг хуулийн дагуу шийдүүлсэн байна. Эндхийн байгаль хамгаалагчид ноогдох газар нутгийн хэмжээ нь хоёр, гурав дахин их. Богд уулын амуудад гэхэд гуч гаруй байгаль хамгаалагч байдагтай харьцуулбал тэнгэр газар шиг ялгаатай гэнэ.

Цэцэгмаа бүсгүйгээс энэ мэт албан мэдээлэл авсан бид Баянтооройгоос арваад км-т орших торон хашаа бүхий хамгаалалтын газарт очив. Энд хулангийн дөрвөн унага тэжээжээ. Хул хонгор зүсмийн илжигний төрлийн эл амьтны үрс урт цулбууртай ногттой хэдий ч хүний бараа харуут тожир тожир зугтах нь онгон зэрлэг янзаараа. Хааш хаашаа холхон саахалтын зайтай хашаанд буландуулан шахаж барьж авахад нүд нь гялалзан, бөөрөө түхэлзүүлж, чихээ дэлдгэнүүлнэ. Хүний гараар угжуулж “мал болсон” атал их Явуу найрагчийн шүлэгт гардагчлан “тэнгэрийн салхинаас бусдыг нуруун дээрээ гаргахгүй” санаатай. Хулангийн дөрвөн унаганы хамгийн сэргэлэн нэгэнд Баянхонгор аймгийн төвийн урд дүнхийх Номгон хайрхны нэрийг хайрлажээ. Цэнхэр зэрэглээт говийн уудам цээлд тоостойгоо уралдаж явдаг эл зэрлэг илжгийн үр садыг “хурууныхаа өндгөөр имрэх” шахуу ойроос барьж патиараа татуулах аяллынхан маань тэнгэрийн салхи хөлөглөж тив дэлхийг тойрсны дайтай хөөрцгөөнө. Энэ үед яагаад ч юм бэ сэтгэлд жаахан гуниг төрж

“Шөрмөстийн алдрыг өргөсөн

Хурмастын тэнгэр салхин

Хулан хэмээх амьтан

Булан тохойд шахагдахнь хөөрхий” гэсэн шүлгийн санаа сэтгэлд харваж, нутгийнхаа хайрхны алдрыг өвлөсөн Номгон хулын ногтыг мултлан тавилаа. Ногтноосоо мултарсан Номгон нар руу татсан зам байдаг сан бол салхи одъюу гэлтэй тоодгор сүүлээ моодойлгон моддын мөчир шүжигнүүлэн толгой гэдийлгэн давхиж одов. Тэр давхилаа давхилаа гээд торон хашаан дотроосоо хаа холдох билээ. Говийн гайхамшигт зургаагийн нэгээр тодорсон хулан бидний нүдийг ийн хужирлав.

Баянтооройн төгөл, говийн ховор модлог ургамлын цэцэрлэгт хүрээлэн, Уртын булгийн мод үржүүлгийн газартай танилцаж, жигд модны самар цөмсөн шигээ үд өнгөрүүлээд Баянтооройгоос тавин км-т орших Ээж хайрхныг зүглэлээ. Алсын газраас дүнхийн харагдах говийн цулдан уулыг харсан Батхуяг найрагч

“Уулс уулсын Ээж уул аа

Уудам Алтайн дээд уул аа

Холын холоос сэтгэл аргамжсан

Баян тооройн тэжээмэл хулангийн унаганууд

Захын усны үржүүлгийн хавтгайн тором

Хонгор зүрхний хайр уул аа” гэж уулга алдав. Ээж хайрханд айлчилж ирсэн хүн гурвантаа золгодог учиртай гэдэг. “Хүслийн цагаан шувууг амилуулж нисгэх” Ээж ууланд өмнө нь хоёр ч удаа иржээ, би. Найман жилийн тэртээ “Эх орны хилээр” уран бүтээлчдийн аяллаар явахдаа яруу найрагч Д.Урианхай, Арлааны Эрдэнэ-Очир, Мөнхөөгийн Билэгсайхан, “Болор цом”-ын эзэн Норовын Гантулга нарын хамт ирж, нүд сэтгэлээ баясгаж байсан, Батлан хамгаалах яамны сайд Л.Болдтой нисдэг тэргээр тэргүүн дээгүүр нь нар зөв гурвантаа тойроод явж байсан санагдахад “Ертөнцийн бүхий л эжийд үнсэхийн хувь дутааж ерөөлт Ээж хайрхандаа гурвантаа ирлээ, би” гэж театр хадан дээр нь зогсоод чанга дуудмаар бодогдоно. Тагтаа хадны сүүл тасран унасныг харахад ертөнцийн салхи, цаг хугацаа хоёр юуг ч элээх чадалтайг илтгэх мэт. Мөнөөх л ембүү хэлбэрт хаданд мөргөж эд баялаг гуйгсад их хааны дүрт мөнгөн дэвсгэртийг уран цацсаныг харлаа. Энэ цагийн ёс этгээд болоод хачин аж. Ламын агуй, есөн тогоо, хаан сэнтий, янзага хадыг үзэж сонирхсоор хээрийн отогтоо ирвэл Алтай нутгийн аялагч зочид маань холын зам эвхэн тухалжээ. Ламын агуйд торгууд гаралтай Равдан хэмээх лам цаг төрийн үймээнээс дайжин амьдарч байсныг түүхийн ухааны доктор Д.Очирбат баримтаар баталжээ. Ээж уулын савдаг эм хүйстэй учирэр хүн эндчих гээд байдаг гэж нутгийнхан үнэмшилтэй хүүрнэх. Хэдэн жилийн өмнө ирэхэд “Зугаалгаар ирсэн багш, сурагч хоёр есөн тогоонд эндсэн” талаар ярьж халаглаж байсан бол уржнанхан зургаан настай хүүгээ аврахаар аав нь хаданд тогтсон тогооны усанд орж хоёулаа нас барсан талаар хөтөч маань ярьж элэг эмтлэв. Тиймээс ч есөн тогооны тэр хавьд татлага олс унжуулжээ.

Говь-Алтай аймгаас Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Я.Жаргалцэцэг, Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Э.Цэцэгмаа, байгаль хамгаалагч Б.Доржсүрэн, “Миний нутаг” телевизийн найруулагч Р.Хишигжаргал, зураглаач Н.Алтанхуяг, “Алтай” телевизийн захирал Э.Болормаа, сэтгүүлч Д.Мөнх-Эрдэнэ, Насан туршийн боловсролын төвийн багш, зураач Н.Энхжаргал, яруу найрагч Н.Бямбасүрэн, жолооч Э.Энхболд, сум дундын ойн ангийн жолооч Ч.Отгонбаяр нар хоёр машин хөлөглөн иржээ. Болзсон газартаа урьтаж очсон бидэнд бол зочин ч гэмээр аяллыг зохион байгуулагч Алтайнхан дотроос хавтгай маллагч Г.Цог-Эрдэнэтэй баахан хөөрөлдөв. Цог-Эрдэнэ хавтгайг Эхийн голд тэжээж эхэлсэн цагаас өнөө хүртэл маллаж байгаа туршлагатай, нэрт сэтгүүлч Ц.Балдоржийн хамаатан аж. Наяад оны сүүлээр Алтайн өвөр говиос хавтгайн 22 ботго барьж хашин тэжээж эхэлснээс тэжээвэр хавтгайн тоо 29 болтлоо өсөж. Өнгөрөгч онд гэхэд зургаан ботгоор сүргээ сэлбэж. Хавтгайн буурыг нас бие гүйцээд ирэхээр хээрийн сүрэгт нь нийлүүлэхгүй бол хүн барьчих гээд ёстой нэг үйлийн лайгаа дэлгэдэг гэнэ. Ямар сайндаа дархан цаазат газрын дарга буурын ороо орох цагаар хамгаалалтын хашаан дотор машинтайгаа явж байтал хавтгайн буур шуугин ирж жийпнийх нь хамар дээр тэгнэж хэвтээд, урд салхивч шилийг нь хөөсөөрөө будан зэгнийчихээд золтой л үнхэлцгийг нь хагалчихаагүй аж.

Цог-Эрдэнэ хавтгай, монгол тэмээ хоёрын ялгааг “Хавтгай бол дэлхийн миссийн тэмцээнд оролцож буй сайхан бүсгүй, монгол тэмээ бол нас намба суусан жирийн авгай” гэж хошигноод авав. Захуйн баянбүрдийн Захын ус хэмээх задгай устай газарт хашаалан үржүүлж буй хавтгайнууд монгол тэмээтэй хамт байхыг харахад эл үгийн үнэн батлагдах шиг санагдсан. Хавтгай гэрийн тэмээг бодвол өндөр зэгзгэрээс гадна ноос ноолуур тачир сийрэг учир цаанаа л нэг гоолиг чилгэр харагдах юм. Хээрийн зэрлэг нь бол бүр ч зэгзгэр цэмцгэрийг ойроос харах хувь аялагч бидэнд тохиосон билээ.

Үргэлжлэл бий

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Цэрэнсамбуу: Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжиг хийж байна

Улсын драмын эрдмийн театрын захирал Д.Цэрэнсамбуутай ярилцлаа.

-УДЭТ-ын Түүхэн жүжгийн өдрүүдийн хүрээнд МЭӨ 209 оноос XX зуун хүртэлх
түүхэн он цагийн хэлхээгээр аялах юм байна. Театрын хувьд ч 85 жилийн ойгоо хийж
байна гэдэг бас л том түүх?

-Монголчууд үндэсний соёл урлагийн эртний түүхтэй ард түмэн. Хубилай
хааны ордонд 500 хүнтэй их найрал хөгжим байсан гэдэг. 1800-гаад оны үед Равжаагийн
Саран хөхөө театр байсан гээд бодит баримтууд бий л дээ. Шинэ цагийн мэргэжлийн
урлагийн гал голомт болсон манай театр 85 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1921 оны
ардын хувьсгалын дараа шинэ цагийн анхны байгууллага болох улаан гэр, Жанжны клуб,
Хятад ажилчны клуб, Ардын цэнгэлдэх хүрээлэн байгуулагдсан. Эд бол мэргэжлийн соёл,
урлагийн байгууллагын үүсэл гэж судлаачид үздэг. Ардын авьяастнууд, сайн дурын уран
сайханчдын хөдөлгөөн соёл, урлагийн байгууллагууд үүсэхэд түрлэг өргөсөн. 1931 оны
арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх товчооны
50 дугаар тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан түүхтэй. Орчин үеийн мэргэжлийн
театр байгуулахын тулд тухайн үеийн Зөвлөлт улсаас театрын найруулагч, багш, зураач,
хөгжмийн зохиолчдыг урьж, жилийн хугацаатай курс нээн ажиллуулсан гэдэг. Үр дүнд
нь С.Буяннэмэхийн “Үнэн” жүжгээр орчин үеийн мэргэжлийн театр Монголд үүд хаалгаа
нээсэн юм.

Өрнийн театрын онол арга зүй дэг сургууль, монголчуудын авьяас нэгдээд
театрын урлагийн хөгжлийн түүх эхэлсэн. Удалгүй хот хөдөөд төрийн харьяалалтай соёл,
урлагийн байгууллагууд бий болсон юм. Аймгуудад Соёлын ордон, нийслэлд Улсын цирк,
Хүүхэлдэйн театр, өнөөдрийн ҮДБЭЧ-ын анхны байгууллага Эстрад концертын товчоо бий
болсон. 1963 онд Дуурь, бүжгийн театр байгуулагдаж, одоогийн байрандаа байрлаж,
манайх драмын урлагийн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулахаар энэ байрандаа нүүж
ирсэн дээ.

-Манай театрын зорилго болбол… гээд дуу байдаг. Социализмын үед
театр олон түмнийг гэгээрүүлэх, ухуулан сэнхрүүлэх үүрэгтэй үзэл суртлын зэвсэг
байсан. Харин нийгэм солигдоход театр яаж өөрчлөгдсөн бэ?

-Театр байгуулагдаад дайны үе, социализмын бүтээн байгуулалтын үеийг
туулж, үзэл суртлыг голлодог байсан. 1990-ээд оноос хойш театрын урын сангийн бодлого
нээлттэй, чөлөөтэй болсон гэж болно. Ард түмнийг соён гэгээрүүлэх нь урлагийн үндсэн
үүрэг шүү дээ. Ард түмний оюуны хөтөч байх эрхэм үүргээ хэрэгжүүлэх үүднээс урын
сангийн бодлого төлөвлөгддөг.

-Орчин үед кино, телевиз, интернэтээс хүмүүс маш их юм үзэж хардаг
болсон. Ийм нөхцөлд театр хэрхэн оршин тогтнож, үзэгчдээ яаж барьж тогтоох бол?

-Театрын амин сүнс, үнэт зүйл нь үзэгчдэд амьд тоглолт үзүүлдэгтээ
байдаг. Гэртээ зурагтаар уран бүтээл үзэх, театрт ирээд тоглолт үзэхийн хооронд
асар том ялгаа бий шүү.

-Үзэгчидтэй илүү амьд харилцаатай байлгах үүднээс тоглолтын үед үзэгчтэй
харилцах гэх мэтээр олон хэлбэр туршиж байдаг бололтой юм?

-Тэр байтугай бид тоглолтоо хийчихээд зохиолч, найруулагч, хөгжмийн
зохиолч, жүжигчид, тайзыг бүтээсэн арын албаныхантай “Тоглолтын дараа” гэсэн үзэгчид,
уран бүтээлчдийн уулзалт хийж байгаа. Гэртээ телевизээр кино үзчихээд дараа нь уран
бүтээлчидтэй уулзаж чадахгүй шүү дээ. Яагаад тэр уран бүтээлийг сонгосон юм гэдэг
чухал. Аливаа шинэ уран бүтээл уран бүтээлчийн эмзэглэлээс эхтэй. Уран бүтээлч,
үзэгч саналаа солилцдогоороо ач холбогдолтой. Энэ нь урын сангаа төлөвлөхөд нөлөөтэй,
хэрэглэгчтэйгээ эргэх холбоотой болж байгаа гэсэн үг. Америкт Бродвейн театрт тоглож
байгаа “Парисын дарь эхийн сүм”-ийг яагаад монгол үзэгч эх орондоо, эх хэлээрээ
үзэж болохгүй гэж. Бид дэлхийн театрын урлагийн хөгжлөөс суралцах хэрэгтэй шүү дээ.
Үндэсний түүхэн бүтээлүүд, орчин үеийн сэдэвтэй зохиол бүтээлүүд манай театрын урын
санг бүрдүүлдэг. Манай үзэгчдийн 70-80 хувь нь 18-35 насныхан байдаг гэсэн судалгаа
бий. Бидний дөрөв дэх чиглэл гэвэл хүүхдэд чиглэсэн уран бүтээл. Дэлхийн театрын
хөгжил хаана явна. Тэндээс бид хоцормооргүй байна. Театр цаг үргэлж, үзэгч олон
түмэндээ оюуны талх өгч байх учиртай байгууллага.

-Сүүлийн үед багцын сонголт санал болгодог болжээ. Хүмүүс долоо хоногийн
турш театрт цагаа зориулах сонголт хийж байгаа гэсэн үг үү?

-Та анзаарч байгаа бол сүүлийн жилүүдэд бид сонгодог жүжиг, орчин
үе, хүүхдийн жүжиг, түүхэн жүжгийн өдрүүд гэх мэтээр бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна.
Шинэ жүжиг хийж байгаа үедээ тав, арав хоногоор үргэлжлүүлээд тоглодог. Тэр үед
үзэж амжаагүй хүмүүст зориулаад манай авдарт ийм бараа байна гээд гаргаж тавьж байгаа
хэлбэр. Театрын тоглолтын тасалбар өндөр үнэтэй биш л дээ. Бид үзэгчид ямар цалинтай
билээ гэдгийг ч бодолцох учиртай. Багцын борлуулалт хийхээр хүмүүст сонирхолтой
байгаа юм. Нэг жүжгийн үнээр гурван жүжиг үз гэж байна шүү дээ. Тэгэхээр тухайн
хүнд эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй.

-Шинэ жүжиг тавигдаад ямар хугацааны дараа архивт шилждэг вэ?

-Тухайн жүжгийн жанраас шалтгаалдаг юм. Орчин үеийн сэдэвтэй, хөнгөн
маягийн уран бүтээлүүд харьцангуй удаан тоглогдоно. 20-иод хоног, сар тоглоход бараг
тайзнаас буухгүй шүү. Сонгодог жүжиг, түүхэн том бүтээлүүд бол тийм биш. Гэхдээ
зардал өндөртэй бүтдэг.

-Маш их зардал гаргаж том бүтээл тавьсны дараа архивт шилжинэ гэхээр
харамсалтай юм. Тэр бүр театрыг зорьж ирж амждаггүй үзэгчдэд зориулаад CD, цомог
хэлбэрээр хүргэх боломжтой болов уу?

-Сонгодог жүжиг, түүхэн бүтээлын үнэ цэнэ гаргаж байгаа зардалдаа
оршдоггүй. Бүтээл нь үнэ цэнэтэй юм шүү дээ. Тавь, жараад оны алтан үеийн бүтээлүүдээ
бид бичиж авч үлдэж чадаагүй. “Цогт тайж” киног бол бид дэлгэцнээс үзчихдэг. Театрын
хувьд жүжгээ бичиж авах технологийн боломжгүй үе байсан. Сүүлийн жилүүдэд хийгдсэн
бүтээлүүдээ бүгдийг нь бичиж авч, хадгалж байгаа. Тодорхой хугацааны дараа телевизийн
алтан фондод бичүүлдэг юм. Мөн өөрийн архивт хадгалдаг. Театрын 80 жилийн ойгоор
бид хэд хэдэн бүтээлүүдээ DVD бичлэг болгож, борлуулсан. Оюуны бүтээлийн хулгай
гэдэг аймшигтай. Бид “Тамгагүй төр” жүжгээ бичээд, борлуулах гэхээр баахан хувилаад,
илүү хямд зарчихдаг аюул байна. Уран бүтээлээ үнэ цэнтэй хадгалах нь зөв гэж боддог.

-Тэр бүр хот орж ирээд театр үзэж чаддаггүй орон нутгийнханд театр
өөрөө хүрч очдог юм билээ. Аялан тоглолт хэр их хийж байгаа вэ?

-Мэргэжлийн театр үүсэн бий болсон цагаасаа л хөдөөгийн уул талаар
соёлын үрийг тарьж ирсэн. Ялангуяа 1967 оноос өмнө бол телевиз байсангүй. Хөдөө
орон нутагт урлагийн бригад аялдаг байсан. Энэ бол театрын онцгой үйл ажиллагаа
мөн. 1990 оноос хойш бригадаар явах байтугай театр оршин тогтноход хүнд байсан үе
бий. 2002 оноос хойш аялан тоглолтоо сэргээгээд УДЭТ-ийн өдрүүд аялан тоглолтыг
зохион байгуулж, 18 аймгийг бүтэн нэг тойрсон. Одоо бол хоёр дахиа тойрч байгаа.
Хөдөө, орон нутгийн иргэдийн талархлыг хүлээсэн сайхан ажил болдог. Социализмын
үед бол сум бүрт хүрдэг байсан. Одоо аймгийн төвүүд, зам дагуу сумдад тоглож байна.
Яваандаа нэгжид хүрч үйлчилдэг болно доо. Жил бүр аялан тоглолтоор явж байгаа. Хавар,
намрын бригад гэж явдаг. Хавар бид Эрдэнэт, Дарханаар аялан тоглоод ирсэн. Намар
Улаан-Үдэд Монгол туургатны театрын наадамд оролцсон учраас намрын бригад маань
явж амжаагүй. Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, театрынхаа 85 жилийн ойд бэлтгэж
завгүй ажиллаж байна. Ирэх жил Хөвсгөл, Завханы чиглэлд аялан тоглолт хийнэ дээ.

-Танай театр хүмүүст юу үзүүлэх вэ гэдгээ их урт хугацаагаар төлөвлөдөг
юм билээ. 2017 он хүртэл ажлаа төлөвлөсөн гэсэн. Түүнээс цааш монголчууд юу үзэх
бол?

-Театр урлаг соёлынхон ард түмнээсээ нэг алхмын өмнө явж байх учиртай.
Хүний оюуны эрэлт хэрэгцээ гэдэг хоол, хувцаснаас дутахгүй. Бид 2001 оноос хойш
дөрөв, таван жилээр төлөвлөлт хийж ирсэн. 2008 онд найман жилийн хөтөлбөр боловсруулсан
юм. Найман жилийнхээ хөтөлбөрийн хэрэгжилтийн гүйцэтгэл, үр дүнг тооцож байна. Мэргэжлийн
байгууллага тухайлбал СЭЗИС, Удирдлагын академи гээд мэргэжлийн байгууллагуудтай
хамтарч хийдэг л дээ. 2017 оноос хойш дахиад таван жилийн хөтөлбөр боловсуулахаар
ажиллаж байна. Ой угтсан ажлын хүрээнд бид СУИС, Соёл урлаг судлалын хүрээлэнтэй
хамтраад театрын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний том хурал хийх юм. Энэ хурлаар
өчигдөр театрт юу болов, өнөөдөр юу болж байна, маргааш юу болох вэ гэдэгт гурван
цагийн хэлхээсээр хариу өгнө. Монголын үндэсний театр уламжлалдаа суурилна. Шинжлэх
ухаанчаар хандана. Дэлхийн театр урлагийн хөгжилтэй уялдуулна. Урлаг судлаачид,
түүхчид, уран бүтээлчид үнэлэлт дүгнэлт өгч, шүүж тунгааж байж дараагийн таван жилийн
хөгжлийн хөтөлбөрөө боловсруулна. Ер нь театрын урын сангийн үндсэн төлөвлөлт үндэсний
түүхэн бүтээлүүд, дэлхийн сонгодог уран бүтээл, орчин үе, залуус хүүхдэд хандсан
бодлого хэвээрээ үргэлжилнэ.

-Театрт байсан өнгөт зурагтаа зараад, уран бүтээлчдийнхээ цалинг
тавих үе байсан гэсэн. Театр хүмүүсийн сонирхлыг татсан уран бүтээл хийгээд, орлогоороо
санхүүжээд амьдрах ёстой юм уу, эсвэл хүн ардыг соён гэгээрүүлэх үүрэгтэй гэж үзээд
төрөөс дэмжих учиртай юу?

-Театрын урлаг 300-400 жил хөгжсөн, хүн ам ихтэй улс орнуудтай харьцуулахад
манай театр залуугаараа байна. Ер нь хөгжсөн аль ч улс оронд соёл, урлаг, музей,
номын сан, үндэсний театраа төр нь ивээлдээ байлгадаг. Орос гэхэд л Их театраа Ерөнхийлөгчийнхөө
ивээлд байлгадаг шүү дээ. Өнөөдөр ч манай театр төр, олон түмнийхээ ивээлээр явж
байгаа. Бизнесийн зарчмаар хөгждөг урлагийн төрөл бас бий. Социализмын үед төрийн
харьяалалтай урлагийн байгууллагууд хүн амынхаа тооноос хамаарахгүйгээр хөгжлийн
түвшиндээ хүрчихсэн. Дуурь, манай театр урын сангийн хувьд томд тооцогддог театрууд
шүү дээ. Төр ивээлдээ авч, дэмжиж туслах хэрэгтэй. Харин үйл ажиллагаанд нь саад
болж болохгүй. Төсвийн санхүүжилт байр, халаалт, цахилгаан дулаан, халуун хүйтэн
усны зардалд яваад өгдөг. Үндсэн үйлдвэрлэл, уран бүтээлд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
учиртай. Салбарынхныг Ерөнхий сайд, салбарын сайд хүлээж авахад бид зовлон жаргалаа
ярьсан. “Урлаг хөгжүүлэх сан” гэж хуучин байсан бол одоо яам ч үгүй, сан ч үгүй
болсон. Эргээд “Урлаг хөгжүүлэх сан”-г бий болгохоор Засгийн газрын мөрийн хөтөлбөрт
оруулсанд бид баяртай байгаа.

-Театрын төрсөн өдөр хүртэл үлдсэн хугацаанд хүмүүст юу үзүүлж харуулах
вэ?

-Д.Нацагдоржийн нэрэмжит театрын хувьд түүний амьдрал уран бүтээлээс
сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдаан зарласан юм. Тайзны шалгуур даах уран бүтээл
ирээгүй. Зохиолч, сэтгүүлч Ш.Гүрбазартай хамтраад “Жаргаагүй нар” жүжгийг хийж байна.
Арваннэгдүгээр сарын эхээр энэ жүжгээ нээнэ дээ. “Монгол ардын суут” гэрэл зургийн
үзэсгэлэн гаргах гэж байгаа. Сонирхолтой хөтөлбөрүүдээр үзэгчдэдээ бэлэг барина.


Categories
мэдээ цаг-үе

С.Батханд: Үнэн худал нь хамаагүй хүүхдийн тайлбарыг сонсох хэрэгтэй

Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан С.Батхандтай ярилцлаа. Тэрээр цэнхэр торгон дээл, ромбоороо гоён Октябрийн районы 46-р бага сургууль буюу одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд томилогдож байжээ. 24 дэх жилдээ багшилж буй тэрээр одоо сургуулийнхаа ахмад багш нарын тоонд ордог гэсэн.

-Та багш гэх хариуцлагатай мэргэжлийг яагаад сонгох болов?

-Бидний үед нийгэмд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг харахаас илүү сонирхлоороо болон бусдаас үлгэрлэн, дуурайж л мэргэжлээ сонгодог байж. Би Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. Бага ангийн багш маань Баяраа гэж маш мундаг хүн байлаа. Хэдий дунд сургуулиа төгсөөд 30 жил болсон ч ангиараа уулзах болгондоо л Баяраа багшаа дурсдаг юм. Эргээд харахад багш маань бидэнд маш сайн суурь тавьж өгчээ гэж боддог. Мөн дунд ангид ороход математикийн Тогоо гэж багш маань дааж авсан. Би математикдаа уул нь гайгүй л хүүхэд байсан юм. Гэтэл монгол хэлний багш болчихсон. Энэ хоёр хүн намайг багш болгох сонирхолтой болгосон доо. Тогоо багш маань “С.Батханд аа, улаан шугамны урдуур орчихсон байна шүү. Мэргэжлээ сонгоороо” гэсэн. “Хөдөлмөр”, “Үнэн” сонин дээр сургуулиудын жагсаалт гарчихсан байлаа. Тэгээд л багш болох хүсэлтэй байсан болохоор Улсын багшийн их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орсон юм.

-Та одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд томилогдож байсан тухайгаа яриач?

-Би Улсын багшийн их сургуульд 1988 онд элсэн орж таван жил суралцаж байлаа. Манай үеийнхэн хамгийн сүүлд тэтгэлэг авсан мөн таван жилээр төгссөн анги. Биднийг төгссөний дараа дөрвөн жил суралцаж, сургалтын төлбөр төлдөг болсон юм. Манай ангийнхныг өөрсдийнх нь орон нутагт хуваарилсан л даа. Би Октябрийн районы 46 дугаар бага сургууль буюу одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд хуваарилагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлэхэд минь ахмад багш нар зааж зөвлөдөг байлаа. Залуу багш нар ч ховор байж дээ. Шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг юм болгонд л гүйнэ. Хэлсэн болгоныг нь биелүүлж, заавар зөвлөгөөг нь дагаж явсаар л багш болсон доо. Ганцхан монгол хэл, уран зохиолынх ч биш бүх л ахмад багш нарын үг, үйлдэл намайг багш болгосон. Ямар ч үүрэг даалгавар байсан өөрөөр минь хийлгэсэн нь маш үр дүнтэй байсан гэж боддог. Хэрвээ ахмад багш нартайгаа барьцаад л байсан бол юу ч сураагүй үлдэх байж. Ингэж явсаар нэг мэдэхэд л сургуулийнхаа ахмад багш нарын нэг болсон байна шүү. Цаг хугацаа их хурдан юм аа.

-Анхны юм бүхэн санаанд тодхон байдаг. Самбарын өмнө гарч байсан тэр мөч мартагддаггүй биз?

-Залуу багш нарын туулах ёстой нэг зүйл бол самбарын өмнө анх гарах үе байдаг. Анхны юм бүхэн л туршлага болдог юм билээ. Заах хичээлээ бэлдчихсэн. Ер нь бүх зүйл бэлэн байхад л сандарч, чичрээд байснаа санадаг юм. Тэр мөч мартагддаггүйтэй адил 1996 онд дааж авч байсан анхны ангийнхан минь санаанд тодхон үлджээ. Миний анхны шавь нар 30 хэдийнэ гарчихсан ажил, амьдрал эхлүүлээд явцгааж байна. Тэдэнтэйгээ үргэлж л холбоотой байдаг. Монгол бичгийн цагаан толгой зааж байснаа санадаг юм. Манай сургууль “Монгол бичгийн цагаан толгойн баяр” гээд сайхан арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Захирлын нэрэмжит тус арга хэмжээг миний дааж авч байсан анхны ангийнхан ивээн тэтгэж, дүү нартаа тусалдагт үргэлж баярладаг даа.

-Сурагчдыг үзсэн хичээлээ өөрийн болгож, мартуулахгүй байхын тулд яах хэрэгтэй байдаг юм бол?

-Өөрсдөөр нь л хийлгэх нь чухал. Шаардлагаа тавина. Мэдээж онолын ойлголтоо өгөөд, сайтар чиглүүлж, тайлбарлаж өгдөг. Ямар ч хүн нэг удаа сонсоод, хараад мэдлэг болгож чадахгүй. Сүүлийн үеийн багш нар мэдээллийн технологийг их ашигладаг болсон. Хичээлүүдээ үзүүлэн байдлаар бэлддэг. Энэ нь багш нарыг илүү бүтээлч болгох давуу талтай санагддаг. Харин үзүүлэн хичээлээ эхлээд сурагчдаараа дуурайлгаж хийлгэдэг.

Үр дүнгийн хувьд ярихад багш яриад, самбар дээр бичээд хүүхэд шууд хуулаад л байвал долоо хоногийн дараа гэхэд санана гэдэг юу л бол. Үзүүлэн маягаар хийж харуулаад, дуурайлгаж хийлгэвэл тал хувийг нь санадаг юм билээ. Харин баг болгон хуваагаад даалгавраа хуваарилж өгвөл сайн тогтооно. Хамтарч ажилласан нь ч мэдэгддэг юм. Тестээр шалгалт авлаа гэхэд өөрөөр нь л шалгуулчих нь зүйтэй. Зөв үгүйг нь шалгаж байх үедээ нүдэлчихдэг юм шүү дээ. Ер нь шавь төвтэй байхыг л голчилдог доо. Хүүхэд өөртөө багш, бусдадаа зөвлөгч байх хэрэгтэй юм шүү дээ. Үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгч хаан бол бидний хувьд сурагч л хаан байх ёстой юм.

Бас хүүхдийг маш сайн сонсох нь чухал. Сурагч маань гэрийн даалгавар хийгээгүй, их цэвэрлэгээтэй өдрөө ирээгүй тохиолдолд шалтгааныг нь сонсохыг боддог. Үнэн худал нь хамаагүй хүүхдийн тайлбарыг сонсох хэрэгтэй. Тэр нь ангийнхан болоод багшийнхаа өмнө өөрийгөө илэрхийлж сурах дадал болж байдаг. Эхний удаа шалтаг хэлсэн бол дараагийн удаа заавал ирдэг, ирэхгүй тохиолдол гарвал утасдаж мэдэгддэг. Нэг удаа тасалж шалтаг хэлсэн бол дараа нь хариуцлагаа ч ухамсарладаг болно. Харин загнаад байх тусам хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болчихдог. Зөв хариултыг мэддэг байсан ч дуугарахгүй байж магадгүй юм шүү.

-“Сэтгэмж” цогцолбор сургуулийн манлайлагч анги таны шавь нар байдаг гэсэн. Манлайлагч шавь нартай байхын нууц нь юу вэ?

-Миний дааж авсан анги “Сэтгэмж” цогцолбор сургуулийн урлаг спорт, хичээлдээ хамгийн манлайлагч нь байдаг. Багш хүн тал бүрийн авьяастай байдаг гэдэг. Гэхдээ би тийм биш л дээ. Зохион байгуулах авьяас л байдаг байх. Харин сурагчид маань урлагийн үзлэг, спортын тэмцээнд маш сайн оролцдог. Миний хувьд сурагчдадаа “Багш нь хөгжим, анги, хувцсыг нь олчихно. Миний хүүхдүүд юу чаддагаа харуул, та нар чадахгүй бол өөр хэн чадах юм” гэдэг. Нөхцөл боломжийг нь эцэг эхтэй нь хамтарч бүрдүүлээд л ёстой дураар нь тавина даа. Магадгүй би бүжиг зааж өгч чадахгүй ч итгэл төрүүлж чаддаг байх.

Мөн миний нэг онцлог байдаг. Дунд болон дээд сургуулийн багш нар маань эрэгтэй хүмүүс байсан болоод ч тэр үү, ямар ч зүйлд шулуун шударга, товч тодорхой олон зүйл нуршдаггүй, шаардлага өндөртэй байсан. Энэ арга барил нь надад суучихсан юм байна гэдгийг багш болоод мэдэж билээ. Багш ямар байна, хүүхэд яг л тийм болдог. Мөн би бусад багш нарыг бодвол хурдан ярьдаг. Ахлах ангид бол хурдтай байх нь зүгээр л дээ. Дунд ангид орж эхэлснээс нь хойш хичээл орчихоор сургуулиа төгсөхдөө миний арга барилд бүр дасчихсан байдаг юм. Багш хурдтай байх тусмаа хүүхэд хурдан сэтгэдэг, хийдэг болно. Эсрэгээрээ багш удаан байвал хүүхдүүд назгайрна.

-Шавь нараа амжилттай явахыг харах нь багш хүнд хамгийн бахархам байдаг байх?

-Би “Мөнгөн үзэг” гээд уран уншлагын дугуйлан хичээллүүлдэг байлаа. Энэ дугуйланд маань хүүхдүүд зохиосон шүлгээ уншина. Хоорондоо өрсөлдөж, түрүүлсэн нь “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцдог. Амжилттай оролцсон хүүхдүүд маань Монгол Улсын боловсролын их сургууль, Их Монгол, Гурван-эрдэм гээд их, дээд сургуулиудад урилгаар сурч байлаа. Миний шавь нараас бас багш болсон хүүхдүүд ч олон шүү. Тэгэхээр бас үлгэрлэж, багш болох сэдэл төрүүлж чадсан юм болов уу гэж бахархдаг юм. Гэхдээ заавал амжилт үзүүлснээр нь гэхээс илүү хүүхэдтэй харьцаж, тэдэнтэй ойр байна гэдэг л бахархам байдаг. Хүүхэд хамгийн гоё ертөнц юм шүү дээ. Үргэлж хүүхэдтэй харьцдаг болохоор өөрсдөө ч хүүхэд шиг болчихдог юм билээ.

Би нийгмийн ороо бусгаа үед мөнгө олох гээд бизнес эрхэлж болох л байсан. Гэхдээ хэзээ ч багш мэргэжлээ орхиод мөнгө олж, бизнес хийе гэж бодож байгаагүй. Залуухан байхдаа мэргэжлийнхээ сайхныг ойлгож мэддэггүй л байж. Одоо багш мэргэжил сонгосондоо баярлаж, бахархаж явдаг. Миний хань Хөдөө аж ахуйн их сургуулийн биеийн тамирын багш л даа. Хоёулаа багш гэхээр их сайхан санагддаг шүү. Өөсрдийнхөө боломж бололцоогоор ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, мэдлэг чадвартай сурагчдыг бий болгохын тулд хичээж л явна.

-Хүүхдийг айл гэрийн толь гэдэг. Тэр толинд харагдаж байгаа бүхнийг багш хүн хамгийн их анзаардаг болов уу?

-Анзаарагдалгүй яахав. Мэндэлж байгаа байдал, нүдний харцнаас л мэдрэгдэнэ. Мөн өнчин өрөөсөн, баян ядуу, эрх танхи байгаа нь шууд харагддаг. Түүнээс гадна сурагчид бага ангиа төгсөөд дунд анги руу орж ирэхдээ л тодорхой байр суурьтай болчихсон байдаг. Манлайлагч эсвэл идэвхгүй, мөн хэсэг хэсгээрээ найзалдаг гэх мэт. Энэ бүхнийг өөрийн хэмжээндээ шийдвэрлэхийг л боддог доо. Баг болгож нийтэд нь үүрэг даалгаврыг нь тэнцүү болгоно. Хэсэг, хэсгээр нь найзлуулахгүй нийтэч байлгахыг хичээнэ гээд л. Түүнчлэн эцэг, эхтэй нь ойр дотно байдаг. Би дүн гарсны дараа эцэг, эхийн хурал хийдэг юм. Жилдээ нийт дөрвөн удаа гэсэн үг л дээ. Тогтмол хугацаандаа хийдэг болохоор эцэг, эхчүүд ч ирц сайтай ирдэг.

-Жил бүрийн хонхны баяр болоход шавь нараа үддэг. Төгсөөд явсан шавь нараа санагалздаг уу?

-2002 онд хамгийн анхны дааж авсан ангиа төгсгөсөн. Тэднийгээ төгсөхөд, шавь нар минь явах нь гэж бодохоор яалт ч үгүй уйлчихсан. Дасчихдаг юм билээ. Надад дурсгалын дэвтэр үлдээсэн юм. Анхандаа нэг их юм бодохгүй л уншдаг байлаа. Одоо хааяа ажлын заваараа харахаар уйлчихдаг юм. Харин 2014 онд төгсгөсөн ангийнхан минь надад зориулж “Ардын багш” гэсэн сүлд дуу зохиолгож өгсөн. Хонхны баяраар ангиараа дуулж өгсөн нь надад маш том гэнэтийн бэлэг болж байлаа. Энэ мэтчилэн багш болгон л сайхан дурсамжуудтай байдаг. Энэ бүхнийг бодохоор л өөрийгөө азтай хүн шүү гэж боддог юм.

Бид олон хүүхдэд хичээл заадаг болохоор хүүхдүүдэд хэлсэн, сургаснаа төдийлөн санадаггүй. Харин хүүхдүүдэд их тод үлддэг юм билээ. Сургуулиа төгссөн хойноо ч тэр “Багш аа, таны хэлсэн тэр үг надад ингэж тусалсан, хэрэг болсон” гээд ярьдаг. Үүнтэй холбоотой нэг дурсамж ярихад, сургуулийн коридорт нэг хүү уйлчихсан явж л дээ. Би тэр хүүгийн толгойг нь илээд “Миний хүү яагаад уйлаа вэ. Одоо тайвшир” гэж. Би тэр явдлыг ер санадаггүй юм. Гэтэл сургуулийн маань 40 жилийн ой 2011 онд тохиож, үе үеийн төгсөгчид ирлээ. Өнөөх хүү надад ирж тэр түүхээ яриад “Яагаад уйлснаа санахгүй байгаа ч таныг аргадсаныг сайн санаж байна. Таныг толгойг минь илсэн чинь тайвшраад уйлахаа больчихож билээ” гээд ярьсан. Жижигхэн ч бай бидний үйлдэл хүүхдийн сэтгэл зүрхэнд том дурсамж үлдээдгийн нэг жишээ энэ байх гэж боддог юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Акош Мадари: Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхож байгаа

Энэ өдрүүдэд “Улаанбаатар хот дахь Унгарын долоо хоног” тохиож байна. Уг арга хэмжээ даваа гаригт 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ. Энэ үеэр Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Акош Мадаритай уулзаж, манай хоёр улсын харилцаа сүүлийн үед хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцсан юм. Дашрамд дурдахад тэрээр Москвагийн их сургуулийн оюутан байхдаа монгол хэл сурсан бөгөөд өмнө нь манайд ажиллаж байсан туршлагатай дипломатч юм байна.

-Нэг хэсэг үйл ажиллагаагаа зогсоосны дараа 2015 онд Унгар улс дахин Улаанбаатарт ЭСЯ-аа нээсэн. Өнгөрсөн хугацаанд танай яамнаас хийсэн ажлынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Өнгөрсөн оны тавдугаар сард манайх Монгол Улс дахь ЭСЯ-аа дахин нээсэн. Үүнээс өмнө Унгарын Ерөнхийлөгч, дараа нь манай Гадаад хэргийн сайд танайд айлчилсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хоёр улсын Засгийн газар хоорондын Эдийн засгийн хамтарсан комиссын ээлжит хуралдаан болсон юм. 2016 оны нэгдүгээр сард Унгарын Ерөнхий сайд Монголд айлчилсан бөгөөд түүнийг дагалдан 100 төлөөлөгч ирсэн. Энэ бол маш өндөр ач холбогдолтой үйл явдал гэдгийг хэлмээр байна. Учир нь манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжихөд нөлөөлсөн. Унгарын ЭСЯ дахин нээгдсэнээс хойш манай хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаа. Ялангуяа эдийн засаг, соёл, боловсролын салбарыг онцлон хэлэх нь зүйтэй болов уу. Түүнээс гадна бид янз бүрийн салбарт төслүүд хэрэгжүүлэх талаар ярилцаж байгаа. Саяхан танай Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Унгарт айлчилсан бөгөөд энэ үеэр Биокомбинатын шинэчлэлийн ажлын талаар ярилцсан. Удахгүй энэ ажлыг ямар арга, технологиор хийхийг нарийвчлан тохирно. Хамгийн гол нь Унгарын технологийг хэрэглэх юм. Ирэх арванхоёрдугаар сард Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан Будапешт хотноо болох бөгөөд Монголын бизнесийн төлөөлөгчид энэ үеэр Унгарт очно. Ер нь Унгарын бизнес эрхлэгчид Монголыг их сонирхдог, бараг долоо хоног бүр манайхаас төлөөлөгчид ирж байна. Тэд янз бүрийн төслийн талаар санал тавьдаг. Сүүлийн жил манай хоёр улсын гадаад худалдааны гүйлгээ нэмэгдсэн. Унгарын үнэт цаас хэвлэдэг компани танай шинэ иргэний үнэмлэхийг хэвлэж байгаа. Электрон иргэний үнэмлэх нь чиптэй, орчин үеийн технологийг ашиглан хийгдсэн. Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийг Унгарын компаниуд сонирхож байна. Энэ чиглэлээрх төслийн санхүүжилтийг шийдэх бөгөөд манай EXIN банк энэ ажлыг дэмжиж байгаа. Өөр нэгэн Унгарын компани Монголд газрын тос олборлох, цэвэрлэх инженерийн технологийг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна. Ер нь бол хамтран ажиллах боломж нэлээд байна. Жишээ нь Будапешт, Улаанбаатар хоёр идэвхтэй хамтран ажиллаж байгаа. Энэ жил Унгарын нийслэлийн орлогч дарга танайд айлчилсан. Ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотын захирагч Будапештад айлчилна. Энэ үеэр нийслэл хотууд эдийн засгийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцох юм. Мөн “Смарт сити” төслийн технологийн талаар ярилцахаар төлөвлөсөн. Манай техник технологи нь чанарын хувьд сайн, Франц, Герман зэрэг орнуудынхтай харьцуулахад хамаагүй хямд. Эдийн засгаас гадна боловсролын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаа. 2015, 2016 онуудад хэдэн зуун монгол залуус Унгарт суралцахаар явсан.

-Эдгээр залуус нь Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа юу?

-Тийм ээ. Манай Засгийн газраас сургалтын төлбөрийн асуудлыг шийдсэнээр ийм боломж бүрдсэн. Унгарын Ерөнхий сайд Монголд айлчлахдаа суралцагсдын тоог ирэх жилээс 200 болгон нэмэх шийдвэр гаргасан юм. Энэ бол миний бодлоор хамгийн сайн тусламж. Учир нь сайн боловсон хүчин Монголыг хөгжүүлэх хүч нь болж өгнө. Танайд хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа. Тиймээс энэ чиглэлээр суралцах Монголын залууст тэтгэлэг олгож байгаа. Техник, технологийн мэргэжлээр суралцагсад эх орондоо ирээд сурч мэдсэнээ нэвтрүүлнэ.

-Монгол-Унгарын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд учирч байгаа гол бэрхшээл нь юу вэ?

-Хамгийн гол бэрхшээл нь хоорондын зай. Хоёр улс 4000 орчим км зайтай оршдог. Сүүлийн үед Монголд Унгарын барааг нэлээд оруулж ирсэн. Хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамтарсан төслүүд бий гэхдээ тэднийг ямар аргаар санхүүжүүлэхийг хараахан шийдээгүй байна. Төслүүдийг зээлээр хэрэгжүүлэх боломжтой гэж үздэг боловч банкны баталгаа хэрэгтэй.

-“Улаанбаатар дахь Унгарын долоо хоног”-ийн хүрээнд ямар ямар арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Энэ жил 1956 оны Унгарын хувьсгал, эрх чөлөөний тэмцлийн 60 жилийн ой тохиож байгааг дурдсан. Үүнтэй холбогдуулан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийг даваа гаригт хийлээ. Үүнд манай нэрт хөгжмийн зохиолч Бела Бартокийн талаар өгүүлсэн зургууд тавигдсан. Үүнээс гадна Унгарын хамгийн сайн чанар бүхий, дэлхийд нэртэй бүтээгдэхүүнүүдийг монгол анд нөхдөдөө толилууллаа. Энэ үеэр Унгарын дарс импортлогчдыг дэмжиж тэдний бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан. Мөн Унгарт төгсөгчдийн холбоо, Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэг гэж бий. Танайд Унгарт их, дээд сургууль төгссөн 600-гаад хүн байдаг. Тэднийг бид дэмжин ажиллахыг хичээдэг. Энэ долоо хоногийн арга хэмжээний хүрээнд Унгарт төгсөгчдийн холбоотой хамтран найрсаг уулзалт зохион байгуулна. Энэ үеэр оролцогсод хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар саналаа хэлэх байх. Даваа гаригт болсон үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Монголын хоёр компани оролцсон. Эдгээр компаниудын дарга нь Унгарт төгссөн бөгөөд маш чанартай арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Түүнийг нь би өөрөө хүртэл худалдан авч унгар найзууддаа бэлэглэхэд маш чанартай юм байна гэж их магтаж байсан. Манайд сургууль төгссөн хүмүүс ийнхүү амжилттай ажиллаж байгаад миний сэтгэл маш хангалуун байдаг. Тиймээс ч бид ийм хүмүүсийг заавал дэмжих ёстой гэж боддог.

-Ингэхэд та монголоор их сайн ярьж байна. Хаана сурсан бэ?

-Би 1992-1997 онд Монгол дахь Унгар улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд монгол хэл сурсан.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Эрдэнэтийн 49 хувь дээр маргах шаардлагагүй, жам ёсоороо л явж байна

Image result for Ч.ХашчулуунМУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Таван толгой төсөл хөдөлбөл эдийн засагт том нэмэр болно гэж байгаа. Ойрын хугацаанд хөдлөх янз ажиглагдаж байна уу?

-Ямар ч нам засгийн эрх барьсан стратегийн хоёр дахь том төсөл болох Таван толгойг хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Энэ Засгийн газрын хувьд эхний 100 хоногтоо багтааж БНХАУ, Япон Улсуудтай Таван толгойн хамаарах гол сэдвүүдээр ярьчих шиг боллоо. Төсөл амжилтад хүрэх нэг алхмыг хийчихсэн гэсэн үг. Зах зээлд яаж оролцох, хөрөнгө оруулалтыг нь хэрхэн хийх вэ гэдгээ тохирох учиртай. Таван толгой төслийг цаашид яаж хөдөлгөх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Хятадтай хэлэлцээр хийж байгаагийн сайн тал нь энэ чиг рүү явах эхний алхмаа хийсэн болов уу гэж харж байна. Нарийн ширийн деталь асуудал нь хожим гарч ирэх байх. Гэхдээ зарчмын хувьд шийдэлд хүрнэ гэдэг бол том алхам. Таван толгойн хоёр дахь том сонирхогч бол Япон. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж байсан улс. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ сэдвээр яриа хөөрнөө өрнөж, Японы зах зээлд Монголын нүүрсийг туршилтаар хүргүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Гуравдагч зах зээлд хүрэх замаа зайлшгүй нээх ёстой л доо. Хэдийгээр Хятадын зах зээл том, манай нүүрсийг шингээх бололцоотой ч Монголын хувьд нэг биш хэд хэдэн худалдан авагчтай байх нь илүү ашигтай.

-Таван толгойн гол асуудал бол төмөр зам. Төр төмөр замаа өөрөө барих ёстой, худалдан авагч талын хөрөнгө оруулалтаар барихаар нөгөө талд илүү ашиг ирнэ гэх юм. Энэ тал дээр байр сууриа хэлээч?

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт томоохон уурхайнуудын дэд бүтцийг аль болох хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой гэсэн заалт бий. Төмөр замын хөрөнгө оруулагч нь хэн ч байж болно. Гуравдагч орон, худалдан авагч улс, дотоодын гээд аль нь ч болох хувилбар. Учир нь төмөр замгүй бол аль ч талд хохиролтой, байвал хоёуланд нь ашигтай. Нэг нь илүү ашиг олох гээд байна гэж хардах шаардлагагүй. Хятадын компани төмөр замд хөрөнгө оруулж барилаа гэхэд саад бэрхшээл үүснэ гэж бодохгүй байна.

-Таван толгойд төрийн оролцоо өндөр байх ёстой юу, эсвэл хувьд даатгасан нь дээр үү?

-Дэлхийн жишгийг харахад төр уул уурхай, гутал, хоол хүнсний үйлдвэрлэлд оролцох нь зохимжгүй нь нэгэнт батлагдчихсан зүйл. Учир нь төр бол зохицуулагч. Төр бүхнийг үйлдвэрлэх ёстой гэдэг үзэл бол аль социализмын үеийн баримтлал. Зах зээлийн эдийн засагтай улсуудад төрийн өмчтэй компаниуд тодорхой тоогоор байдаг ч сүүлийн үед аль болох хувьчлах тал руугаа хандах болсон. Жишээ нь Япон төмөр замаа тэр чигт нь хувьчилсан. Бидний сайн мэдэх BBC компани гэхэд л хувьчлалд орж байна. Баруун Европын улсууд төрийн мэдлийн компаниудаа хувьчилж байгаа. Солонгосын Хөгжлийн банк хувьчлагдсан. Ерөнхий хандлагыг нь анзаарахаар улс орнууд томоохон компаниудаа хувьчилж байна. Төрийн мэдлийн компаниудаа хувьчилсаны эерэг нөлөө гэж яривал маш их. Учир нь тухайн компанид хөрөнгө оруулагчид орж ирснээр зардалд нь тавих хяналт, менежмент сайжирдаг. Хөрөнгө оруулагчид аль болох үр ашигтай ажиллуулахыг хичээдэг. Энэ нь эцсийн эцэст улсад л хэрэгтэй. Төрийн өмчтэй компаниуд ашигтай ажиллаж эхэлнэ, төсөвт өгөх татвар нь өснө. Алдагдалтай, татаастай, өрөнд баригдсан олон компани төрд хэрэггүй л дээ. Төсвийн алдагдал ихсэхээс өөр шидгүй шүү дээ. Мэдээж төр зохицуулалт, хяналтын үүргээ бол гүйцэтгэнэ.

-Төрийн оролцоо гэснээс сүүлийн үед Эрдэнэт дээр энэ асуудал халуун сэдэв болж байна. Зарим улстөрч Эрдэнэтийг 100 хувь төрд байх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлсэн. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт бол улсын том үйлдвэр. 51 хувь нь Монгол Улсын мэдэлд байгаа. 49 хувийг нь ОХУ-ын компани эзэмшиж байгаад зарчихлаа. Оросын талын хувь хувийн компанид очсоноор энэ компанийн хяналт илүү сайжирна. Зардал нь танагдана. ТУЗ-дөө холбогдох өөрчлөлтийг хийнэ биз. Төр нэгэнт илүү хувь эзэмшиж байгаа бол эзэмшигчийн хувьд эрхээ эдлэх нь ойлгомжтой. Эрдэнэт дээр айхтар маргаад байх зүйл байхгүй шүү дээ. Жам ёсоороо л явж байна.

-ОУВС-гийн төлөөлөл энэ сарын 20-нд ирнэ, “Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо. ОУВС-тай хэлэлцээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ. Энэ хөтөлбөрт орохоос аргагүй зайлшгүй шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Талцсан маргаан байр суурь бий ч “Стэнд бай” зайлшгүй хэрэгтэйг бүгд ойлгож байх шиг байна. “Стэнд бай” авахаас аргагүй хамгийн гол асуудал гэвэл ерөөсөө л өнөөгийн тогтолцоо. Санхүүгийн тодорхой хүндрэлтэй тулгарангуут хаа нэг газраас зээл авч түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөж ирсэн туршлага бидэнд бий.Өнгөрсөн жилүүдэд ийм арга хэрэглэсээр ирсэн. Ингэснээрээ санхүүгийн систем сайжраагүй, улам муудсан. Эдийн засгийн санхүүгийн төлөвлөлт маань болохгүй байгаа хэрэг. Тогтолцоо нь үрэлгэн, зардлаа зөв тооцож, танаж чадахгүй байна. Эцсийн эцэст зардал дээр нэг л гол асуудал бий. Их танахдаа биш юуг танах вэ гэдэгт гол учир байгаа юм. Улстөрчид таналт дээр сул улс. Яагаад гэвэл манайх ардчилсан тогтолцоотой. Улстөрчид дөрөв дөрвөн жилээр сонгогддог.

Тэр утгаараа улстөрчдийн зүгээс зардлаа таная гэж ярих нь маш хэцүү. Харин эсрэгээрээ зардлаа нэмэгдүүлье, ийм тийм юм хийж өгье гэж ярих нь илүү амар байдаг. Эцсийн дүндээ зардлаа танах биш, зардлаа нэмэгдүүлэх байдал руу хүссэн хүсээгүй орчихдог. Бүгд сонгогчдын гарт орсон учраас тэр л дээ. Тэгэхээр энэ асуудлыг монголчууд өөрсдөө шийдэж чадахгүй болчихсон. Ямар ч нам таналт хийж чадахгүй учраас гаднаас тусламж гуйхаас аргагүй. Өөрсдөө нөхөж чадахгүй болсон, их мөнгө урсдаг болоод удаж байгаа том нүхээ гадны байгууллагаас тусламж авч таглах шаардлага бий. Ингэж байж тогтолцоо сайжирна. “Стэнд бай” авч асуудлыг шийдэхээс аргагүй гэдгээ улстөрчид өөрсдөө мэдэж байгаа. Өөрсдөө шийдэхэд хэцүү учраас олон улсын байгууллагын хүрээнд шийдэх гэж оролдож байх шиг байна. Мөнгө авах бол дараагийн асуудал. Хамгийн гол асуудал нь тогтолцоогоо сайжруулах. Тогтолцоогоо сайжруулах чиглэлд ОУВС хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөх байх.

-Төсвийн зардлаа өөрсдөө танаж чадахгүй гэж та сая ярилаа. Жишээ нь төсвийн бодлого дээр онцолж хэлэхээр яг ямар алдаа байна вэ?

-Засгийн газар төсвийн төслөө боловсруулаад УИХ-аар батлуулахаар оруулдаг. УИХ зардлаа багасгах биш нэмэгдүүлэх шахалтад орчихсон байдаг учраас нэмэгдүүлчихдэг. Зардлаа нэмэгдүүлэнгүүт төсвийн алдагдлыг тэг болгох гэж байсан сайхан санаа алга болдог. Сонгуулийн амлалттай холбоотой, ямар нэг тооцоо судалгаагүй хэрэгтэй хэрэггүй төслүүд орж ирдэг. Энэ бол намаас үл хамаарсан тогтолцооны гажуудал. Гэтэл Германд огт өөр жишиг үйлчилдэг. Засгийн газрын оруулсан төсвийг нэг бол тэр хэвээр нь баталдаг, эсвэл тэр чигт нь буцаадаг. Ийм хоёрхон хувилбар үйлчилдэг. Гэтэл манайд Засгийн газрын оруулсан Төсвийн төсөл дээр баахан зүйл нэмж, танигдахааргүй болгоод баталчихдаг. Танигдахааргүй болтол нь төсвийг зардлыг нэмдэг энэ сувгийг хаах ёстой.

-“Стэнд бай”-д орсон улсуудын үр дүн адилгүй байдаг. Амжилттай нь ч бий, амжилтгүй болж улам дордсон жишээ ч байгаа. Муу жишээ болохгүйн тулд ОУВС-тай хэлэлцээрт орохдоо бидний зүгээс юунд анхаарах ёстой гэж та бодож байна?

-ОУВС-гийн хувьд эдийн засгийн түргэн тусламж үзүүлдэг байгууллага. Хүүхдээр зүйрлэвэл Дэлхийн банк удаан хугацаанд өсгөн бойжуулж хөл дээр нь тэнцүүлдэг байгууллага. Харин ОУВС бол халуурангуут нь өвчнийг нь оношилж эм өгч халууныг нь буулгадаг газар. Халууныг нь буулгахаар улс орны эдийн засаг босч ирэх ёстой. Босч ирэхгүй тохиолдол бий. Тухайн үеийн зах зээлийн байдал сайжраагүй байж болно. Эмээ дуустал уугаагүй байж болно. Жишээ нь Грек ОУВС-тай гэрээ хийсэн, мөнгө авсан, гэхдээ хийнэ гэж амласан зүйлийнхээ 75 хувийг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл эмээ уугаагүй гэсэн үг.

-Манай улс Грек шиг амласнаа биелүүлэхгүй бол…?

-Олон улсын байгууллагад хандаад хамтран ажиллая гэж байгаа нь тоглоом биш. Нэгэнт л ОУВС-гийн зөвлөмжийг авч, эдийн засаг, санхүүгийн тогтолцоогоо сайжруулъя гэж байгаа бол амлаж, амласнаа биелүүлэх хэрэгтэй. Мэдээж тухайн үедээ төдийлөн таатай байхгүй гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ урт хугацаанд тогтолцоо эрүүлжинэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өнөөдрийнх шиг байнгын мөнгө урсдаг тогтолцоогоо хэвээр байлгавал ямар ч мөнгө орж ирээд нэмэргүй л дээ. Тэгэхээр ОУВС-тай гэрээ хийхдээ тогтолцоон дээрээ яаж анхаарах, Төсвийн хууль болон холбогдох бусад хуульд ямар заалт тусгах, төсвийг нэмэгдүүлдэг зарлагыг хуулиар яаж зогсоох гэх мэт зүйл дээр зөвлөгөө авах нь зөв болов уу. Түүнээс биш ОУВС-гаас түр хугацаанд мөнгө авч гал унтраах бол гол асуудал биш. Тогтолцоогоо засахад л анхаарах хэрэгтэй. Монголын хувьд ОУВС-тай хоёр, гурван удаа хамтарсан.

Ямартай ч хөл дээрээ тогтож өндөр хурдтай хөгжих зам руугаа орсон. Азийн хямралын үеэр Монголын санхүүг хөл дээр нь босгож эрүүлжүүлсэн газар нь ОУВС. Энэ удаагийн тухайд Азийн хямрал ч юм уу, дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас биш дотоодын асуудал хурцдаж улсаа хүнд байдалд оруулсан. Нийгмийн халамжийг зайлшгүй хүртэх ёстой хэсэгт нь хэрхэн чиглүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зайсанд амьдардаг, гэр хороололд аж төрдөг айлын хүүхдүүдийг ялгалгүйгээр хүүхдийн мөнгө өгөх нь зохимжтой биш. Оюутны автобусны хөнгөлөлтөд сургууль руугаа машинаар ирдэг оюутнууд хамрагдах шаардлагагүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

С.Наранцэцэг: Гадаадад эмчлүүлэх 39 төрлийн өвчнөөс аблаци эмчилгээг хасуулах боломж бүрдсэн

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, анагаах ухааны доктор С.Наранцэцэгтэй ярилцлаа.

-Зүрх, судасны өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд тэргүүлэх эгнээнд орох болсон. Танай эмнэлэг энэ төрлийн өвчнийг оношилж, эмчлэх дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал ямар шинэ технологи байгаа вэ?

-Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр 2016 онд зүрхний мэс засал, мэдрэлийн мэс засал, судас хатуурах оношлогоо эмчилгээний нийт 12 шинэ технологи нэвтрүүлээд байна. Орчин үеийн анагаах ухааны хамгийн дэвшилтэт технологиуд юм. Тухайлбал, зүрхийг компьютероор оношилдог оношилгооны шинэ аргыг нэвтрүүлж, чихрийн шижин өвчин болон захын судасны эмгэгтэй хүмүүс судасны өвчнөөс болоод хөлөө тайруулдаг байсан. Тэгвэл хөлийг нь тайрахгүйгээр хиймэл судас орлуулж судасны урсгалыг авардаг шинэ технологийг нэвтрүүллээ. Мөн окулапластик буюу нүдний гэмтэлийн гаралтай эмгэгүүдийг пластик эмчилгээгээр эмчилдэг шинэ хагалгааг энэ онд нэвтрүүлж, одоогийн байдлаар хоёр хүнд амжилттай хийгээд байна. Үүнээс гадна зүрхний хэм алдагдлыг оношилж эмчлэх аблаци эмчилгээг нэвтрүүлж, 28 хүнд амжилттай хийсэн. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамны сайдын зайлшгүй шалтгаанаар гадагшаа явах 39 төрлийн өвчнөөс аблаци эмчилгээг хасуулах боломж бүрдээд байгаа юм.

-Зүрхний хэм алдагдах өвчтэй хүн гадаадад аблаци эмчилгээ хийлгэхэд хичнээн төгрөгийн өртөг зарцуулдаг байв. Манай улсад энэ төрлийн шинэ технологиудыг нэвтрүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

-Аблаци эмчилгээг гадаадад явж эмчлүүлэхэд ойролцоогоор 40, 50 саяын зардал гардаг байсан. Харин эх орондоо энэ эмчилгээг хийдэг болсноор эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгтэй эмчилгээнд орж, дөрвөөс таван сая төгрөг хувь хүнээс гарах боломж бүрдээд байна. Ингэснээр иргэдээ эдийн засгийн хямралд орохоос хамгаалж, монгол улсын технологи эрүүл мэндийн салбарын эмчилгээ үйлчилгээний технологи сайжраад гадагшаа явах урсгалыг багасгасан юм.

-Танай байгууллага “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага”-р тодорчээ. Үүнийхээ хүрээнд энэ сарын 13-ны өдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулсан талаараа?

-ЭМЯ-ны 2015 оны төсвөөс тэрбум 50 сая төгрөгийн хөрөнгө гаргаж энэ технологийн аппарат, багаж хэрэгслийг оруулж ирсэн. Бид дээрх шинэ технологиудыг нэвтрүүлж чадсанаар хэдэнзуун хүн аврагдаж, аюулт өвчний улмаас хорвоог орхих юмуу хөдөлмөрийн чадвараа алдах, амьдралын чанар буурах нөхцөлийг багасгаж чадлаа. “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага” нээлттэй өдөрлөгийн үеэр 350 гаруй иргэнд шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээнийхээ талаар танилцуулж, зөвлөгөө өгч, үзлэг оношилгоо хийсэн.

-Тархины харвалт өвчний эмчилгээнд ямар шинэ технологи нэвтрүүлсэн бэ?

-Бид урьд нь тархины судасны цүлхэнг тархийг нь нээж байгаад хавчиж эмчилдэг байсан. Энэ нь тухайн өвчтөндөө тодорхой хэмжээний зовиуртай, хүндрэл гарах эрсдэл дагуулдаг байлаа. Тэгвэл дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд, Америк, Япон, Солонгост хийгддэг тархины судсан дотуурх эмчилгээг нэвтрүүлж, нутагшуулаад байна. Энэхүү эмчилгээ нь тархины судсан дотуур ялтсан утас явуулж, артерийн судасны цүлхэнгүүдийг хагарахаас урьдчилан сэргийлдэг юм. Эмчилгээний явцад хүндрэл байхгүй, нас баралт тохиолдоогүй байна.

-Зүрхний шигдээс, тархины цус харвасан өвчтөнийг хөдөлгөхгүй байлгаж байгаад эмчилгээнд оруулах хэрэгтэй гэдэг. Хөдөө орон нутагт энэ төрлийн өвчнөөр өвдсөн иргэдэд танай эмнэлэг хэрхэн тусламж үзүүлдэг вэ?

-Эрүүл мэндийн яамнаас 2014 оны аравдугаар сараас алсын түргэн тусламжийн үйлчилгээг гурван эмнэлэгт шилжүүлсэн. Манай эмнэлэг 2016 эхний арван сарын байдлаар 200 гаруй алсын түргэн тусламж үзүүлсний 30 гаруй хувьд нь газар дээр нь очиж тархины мэс засал хийсэн. Манай эмнэлэгт зүрх судас, тархины хавдарын мэс заслаар мэргэшсэн 50 гаруй жилийн түүхтэй том баг ажилладаг.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Их говийн дархан цаазат алтайн өвөр говиор

Улаанбаатараас аравдугаар сарын 7-ны баасан гарагийн үдээс хойш Баянхонгор аймгийг зорин гарав. Хэд хоногийн өмнө Содномсамдан хэмээх содон нэртэй залуу өөрийгөө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн гэж танилцуулж, уран бүтээлчдийн нэгдсэн аялалд аяны жолоо хамтатгаач гэсний дагуу ардын уран зохиолч Тангадын Галсан багш, Аюурзана зохиолч хоёрт утас цохьсон ч тус тусын ажилтай гэсэн сэн. Ямартай ч яруу найрагч шавь Зоригтын Батхуягтайгаа ийн нутгийн зүг одож, зам зуур унаанаас бууж шөнийн тэнгэрийн од ширтэн зогсохдоо

“Дуун сүүн замтай

Бөөнцагаан нуураа зорьсуу

Энх мэндийн учиртай

Ээж хайрхандаа сүсэлмүү

Сэтгэл зүрхний гунигаа

Сэрүүн салхинд нь гээюү

Итгэл зоригийн гэгээгээр

Ирэх цагийг угтмуу” гэсэн мөрүүд цээжин цаана бичигдэн, алс одох сэтгэлийн дарцгийг хийсгэн байв. Үүрээр аймгийн төвд очвол “Хүрэн морь” яруу найргийн наадмын тэргүүн найрагч Адьяагийн Батжаргал, гэргийнхээ хамт угтан авав. Баянхонгорын багш нарын баяр очсон өдөр тохиожээ. Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хавиар гоёлын хувцсаараа гангарсан хүмүүс хөлхөлдөнө. Хэвтэж буй номхон барын дүртэй Номгон хайрхны бэл дэх Оготнотой булаг дээр очвол нэг нөхөр баахан мод буулгачихсан ганцаараа нүх ухаж зогсоно. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарьж байгаа нь тэр юм гэнэ. Бор шороотой ширэгний хөрсийг дөрвөлжлөн хуулж байхыг нь харахад мод таригч буянтан гэхээсээ илүү хайран сайхан эрүүл газрыг сүйтгэж байгаа солиотой хүний дүр нүдэнд өөрийн эрхгүй тодорно. Галзуу хүн л ингэж харзны тархин дээрх онгон хөрсийг хөндөж мод тарина гэж дүвчигнэх байх даа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нэгэн үе Баянхонгорт аж төрөхдөө энэ сайхан булгийн хөвөөнд ирж авьяас онгодоо хөглөж явсан гэхээр цаанаа л сэтгэлд дотно. Ямар сайндаа л нутгийнхан “Чинжигийн ганцаардлын булаг” гэж нэрлэх билээ. Эндээс

“Намираа цэнхэр бороо шивэрсэн

Намрын хонгор үдшээ дурс даа” гэсэн “Намрын дурсамж” зэрэг олон уран бүтээл нь мэндэлж, их туурвилчаа мөнхөлсөн түүхтэй.

Үдээс хойхно аймгийн Аялал жуулчлалын газрын гаднаас Алтайн өвөр говийг зорих баг бүрдлээ. Харин Алтайн их говийг туулах унаа минь хэдийгээр орос ах нарын үйлдвэрлэсэн фургон ч гэсэн “Үүгээр хаа ч хүрэх билээ” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Хуучнаас хуучин төдийгүй хаалга нь дотроосоо онгойдоггүй, цонх нь нээгддэггүй машинаар хол явна гэдэг ямархан хэцүү болохыг явж үзсэн хүн л зовлонг нь дэндүү сайн мэдрэх биз. Наран хэвийх үед Баацагаан сумыг зорьж буй бидний аялагчид анхандаа хэн нэгнээсээ гэрэвшсэн маягтай, үг солих ч үгүй хэсэг явцгаав. Удалгүй “Говийн гайхамшигт-6” гэсэн аялалд нэгдсэнээ мэдэж “Тахийг ч Хустайн нуруунд үзсэн”, “Хавтгай бидэнд харагдах болов уу”, “Хар сүүлт гэж ямар амьтан байдаг юм бэ”, “Хулан тоосоо манаруулаад давхихаараа ч ёстой гүйцэгдэхгүй шүү”, “Мазаалай баавгайг Монголын таних тэмдэг болгох зөв, буруу”, “Бөхөн ч голдуу Ховдын чигт л таардаг даа” гэсэн яриагаар хачирлан танилцаж эхэлцгээв. Аяллын бүрэлдэхүүнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн найруулагч Дааганбатын Сарантуяа, Шинэжинст сумын харьяат орон нутаг судлаач Г.Дашчирэв, “News­com.mn” сайтын сэтгүүлч, яруу найрагч З.Батхуяг, яруу найрагч П.Баярсайхан, зураач Т.Батжаргал, “Хонгор нутаг” гэрэл зураг сонирхогчдын клубийн гишүүн П.Отгонбаатар, Э.Батзаяа, “Соогоо сейко” сургуулийн багш, яруу найрагч С.Мөнхтогтох, “Хонгорын сор” хоршооны гишүүн П.Сандагсүрэн, гэрэл зурагчин Л.Батбаяр, “ТВ-10” телевизийн зураглаач Б.Алтансүх, “Дельфин” бичиг хэргийн газрын эрхлэгч Э.Цэрэндулам, БОАЖГ-ын жолооч Г.Батнасан нар багтжээ.

Оройхон гарсан бид ширүүхэн дарсаар, Баацагаан сумын төв орохдоо зам зуур төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа алдарт “Хүрэн морь” найраглалаас

“Оройн улаан нар

Онц туяа татуулаад

Сунаж хөвсөн үүлсийн

Сугыг нэвт шагайж

Урваж хөрвөж байгаа

Хурын бараан үүлийг

Улбар шар өнгөөр

Хувиргаж сайхан чимлээ.

Сүрэг тарган адуу

Суурь бэлчээрээ солиход

Сүүлд нь явсан хүрэн

Сугарч хойно нь хоцроод

Сургаж өгсөн эзнийхээ

Сургийг сонсох гэсэн шиг

Сухай улаан өнгөөр

Суниаж байгаа нарыг

Эгцэлж нэг хараад

Эргэж нэг унгалдав” гэж сөөнгө хоолойгоор унших Мөнхтогтох багшийн уянгад уярсхийж, авьяасын гэрэлт их зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн “Алган дээрээ бөмбөрүүлсэн

Айлын хооронд үүрсэн

Азай буурал ээжийнхээ

Ачийг яаж хариулна даа” гэсэн дууг аялан дуутай шуутай явав. Түрүүнээс хойш чимээгүй явсан онгоо бор залуутай танилцвал дуучин Төрмандахын гэргий Гансувдын дуулсан

“Бүүвэйн дуугаа аялан аялан

Бүлтгэр үрээ өхөөрдөх нь хөөрхөн

Бүлээн сүүгээр нь ундаалснаа бодохоор

Бүхнээс илүү та минь сайхан

Мэлмий дүүрэн мандсан нар шиг

Миний ээжий наддаа ганцхан

Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг

Миний ээжий хамгийн хөөрхөн” дууны шүлгийг зохиосон яруу найрагч Мягмарын Цэрэнтогтох аж. Сумын соёлын төвд хоносон бид ургахын улаан нарнаар найрагч Лхамсүрэнгийн гэр музейгээр зочилж, үр хүүхдүүдийнх нь босгосон цагаан суваргад хүндэтгэл үзүүлээд, Монгол бөхийн овоог зорив. Талд шовойх таван ханатай гэрийн дайны эл овоо алсын газраас торойн харагдах сүр бараагүй ч эртнээс нааш улсын цолтой том бөхчүүдийн зорин ирдэг шүншигт газар болсон гэх. Дархан аварга Бат-Эрдэнэ ид барилдаж байхдаа энд жил бүрийн зуны шөнийн үүрээр ирж мөргөөд наран ургахад оддог байсан бол сүүлийн жилүүдэд аварга Эрхэмбаяр нарын бөхчүүд төдийгүй УИХ-д нэр дэвшигчид хүртэл зорин ирж, хүслээ шивнээд буцдаг болжээ. Ардын их найрагч Лхамсүрэнгийн мэндэлсний зуун насны ой ирэх арван долоон онд болох учраас Баацагаан сумынхан эртнээс ойд бэлдэж буйгаа ярьж байсан.

Сумын байгаль хамгаалагчийг “Бүсгүй хүн гарч болдоггүй овоо байгаа юм” гэж эрчүүдэд учирлаж зогсох зуур аяллын гурван бүсгүй маань мөнөөх овоог хэдийнэ нар зөв тойроод гороолж явахыг үзсэн бид “Манай гурваас ч мундаг бөх төрөх нь гарцаагүй боллоо” гэцгээн цувраа гурван Аргалантын наана цайвалзан мэлтэлзэх Бөөн цагаан нуурыг зорилоо. Бөөн цагаан нуур шувууд ч үгүй амгалан амирлана. Төдөлгүй намрын сэвэлзүүр салхин тунгалаг мандлыг нь гүвэлзтэл долгисуулахад эрчилсэн цагаан давалгаа ар араасаа уралдан хөвөөгөө алгадан сүртэй чимээ гаргана. Есөн жилийн өмнө ирэхэд саваа багагүй дундарсан байсан Бөөн цагаан нуур энэ зун цатгалан сайхан байсныг хөвөөнд нь очих зуур ус нэвчсэн гутал минь гэрчлэх нь тодорхой. Нутгийнхны “Цагаан далай ээж” хэмээн нэрийдсэн Монголын говийн давст Бөөн цагаан нуурт миний төрж өссөн Заг-Байдрагийн голууд цутгадаг сан билээ. Нуурын уснаас магнайдаа хүргэхэд ээжийн минь гар илээд авах шиг цаанаа л нэг дотнохон. Бөөн цагаан нуурын шувууд үүрлэдэг арал жилээс жилд эзгүйрэх болсон талаар нутгийнхан шүүрс алдан ярьцгаах аж. Усны шувууд хүний хөл үймээнээс дайжин ийнхүү төрөлх нууртаа ч ойртохоо больсон бололтой. Далай ээжийг хөвөөлөн явсаар цутгал голыг гэтлэх үед манай машины жолооч Батжаргал ах маань барьц алдан голд унаагаа унтраахдаа “Говийн хүү болохоос би голын жараахай биш” гэж тунирхсан үг унагаж хамгийн анхны онигооны эзэн болов.

Үргэлжлэл бий

Л.БАТЦЭНГЭЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Ажилгүйдлийг багасгах, ажлын байр нэмэгдүүлэх гэдэг тэнгэр газар шиг ялгаатай

Image result for хүн нийгэмАжилгүй хүмүүс их олон байна аа. Нэг айлд багадаа хоёр, ихдээ гэр бүлээрээ ажилгүй хүмүүс гиюүрч сууна. Тэд ажилтай ганц нэг хүнийхээ цалингаар чадан ядан амьдарч байна. Хүүхдийн 20 мянган төгрөг амьдралд нь дэм болдог байсан ч зурагт, хөргөгчтэй гэдэг шалтгаанаар хасагдсан айл олон. Эдийн засаг хумигдан, компаниуд хаалгаа барихын хэрээр ажилгүйчүүдийн эгнээ тэлсээр.

Гадны сонгуулийг харж байхад ажлын байр нэмэгдүүлнэ гэдэг гол амлалт нь байдаг. Ажлын байрыг төдөн хувиар нэмнэ гээд тов тодорхой бичдэг. Дараа нь сонгогчид үүний биелэлтийг нь харж байж сонголтоо хийнэ. Үнэхээр ажлын байр нэмсэн бол дэмждэг, нэмэгдээгүй бол хариуцлага тооцдог эрүүл тогтолцоотой. Ингэж өрсөлддөг.

Харин манай намууд сонгуулиар ажлын байр огт амласангүй. Ажилгүйдлийг багасгана гэдэг ерөнхий том лоозон тавьчихаад сонгуульд ордог тэр хэвээрээ. Дөрвөн жилийн дараа сонгууль болоход “Бид амласнаараа ажилгүйдлийг багасгасан” гэж яриад сууж байдаг. Ажилгүйдэл огт буураагүй байхад ч бууруулсан гэдэг. Бид олон хүнийг ажилтай болгосон гэдэг. Энэ нь яах аргагүй үнэн. Харамсалтай нь ажилтай болсон хүний тоогоор ажилгүйчүүд нэмэгдэж байна. Нэг хүнийг ажилд авахын тулд хуучин ажиллаж байсан нэгнийг хөөгөөд явуулчихаар чанарын өөрчлөлт яаж гарах вэ. Угтаа бол одоо байгаа ажлын байрыг бууруулахгүй, бүр дээр нь нэмж байж л хүмүүсийг ажилтай, орлоготой болгох ёстой. Сүүлийн үед хэвлэлээр гарч байгаа мэдээллийг харахад сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хэдэн мянгаар нь хоморголон халж эхэлжээ. Хоёр, гуравхан хоногийн өмнө Сангийн яамны харьяа “Тогтвортой амьжиргаа-3” төслийн 105 ажилтан ажлаасаа халагдсан тухай хэвлэлийн хурал хийлээ. Яам, тамгын газрууд ч бүтцийн өөрчлөлт нэрээр нийт ажиллагсдынхаа 50 хувийг халж байгаа сураг байна. Ажлаас халагдсан хүний тоо одоогоор 2000 хүрсэн гэх аман мэдээлэл бий. Зарим нь өдийд халагдаад гэртээ нулимстай сууж байгаа бол заримыг нь орон нутгийн сонгуулийн дараа халах тухай сураг дуулдаж байгаа юм. Нэгийг ажилд авахын тулд нөгөөг халдаг энэ үзэгдэл хойд хормойгоо аваад урд хормойгоо нөхөж байгаатай утга нэг юм.

Статистик мэдээллийг харахад бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо Монголд 50 орчим мянга байдаг бөгөөд бүртгүүлээгүй ийм тооны ажилгүйчүүд байдаг аж. Гурван сая хүн амтай улсад 100 мянган ажилгүй иргэн байна гэдэг том тоо. Ийм том хүчийг хөдөлмөрийн зах зээлд гаргавал тэд л баялгийг бий болгоно.

Төрийн хийх үүрэг бол хувийн хэвшлийг дэмжиж, бизнесийн таатай орчин бүрдүүлэхэд л анхаарах ёстой. Элдэв татвар хураамж, авлига, хүнд суртал, авлигад баяртай гэж хэлж чадвал хувийн хэвшлийнхэн төрийн хичнээн жил амласан ажилгүйдлийг дор нь багасгана. Тэд л ажлын байр бий болгож, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж, эдийн засгийг эргэлтэд оруулж, тэлж байдаг.

Ажлын байр нэмэгдүүлж байж л амьдрал сайжирна. Ажилтай хүмүүст архи уух зав гарахгүй. Ажил хийж байж л айл гэрт орлого орно. Тогтсон ажил, тогтвортой боломжийн сайн цалинтай хүмүүсийн хандлага нь зөв байдаг бөгөөд нийгмийн хариуцлагаа ухамсарласан байдаг. Ядаж л тэд сигнал чарлуулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчдөггүй. Яагаад гэхээр ажилтай хүмүүст стресс бухимдал харьцангуй бага байдаг юм. Хүн болгон ажилтай, орлоготой болчихвол хэн нь дарга сайд болно, хэн нь сонгуульд ялна амьдралд нь онцын өөрчлөлт гардаггүй, янзаараа л хөвөрч байдаг. Харин манайд нам дагасан нь ажилтай орлоготой байдаг буруу жишиг тогтсоноос сонгууль, түүний дараахь томилгоо зэрэг нь дараагийн сонгууль хүртэлх дуулиан шуугиан болсоор байна.

Орчин цагт улс төрийн намыг сонгохдоо үзэл бодлоороо санал өгдөг нь хэт өрөөсгөл болчихжээ. Танай, манай нам гэдэг талцсан үзлээсээ ч татгалзмаар санагддаг юм. Нэг нам нь Монголыг мандуулах гээд, нөгөө нам нь хорлох гээд байдаг юм биш. Аль ч нам нь адилхан улс орноо хөгжүүлэх нэг зорилготой гэдэгт би итгэдэг. Харин яаж хөгжүүлэх вэ гэдгийг нь харж байж л сонголтоо хийдэг болъё. Тухайлбал, аль нам нь ажлын байрыг яаж нэмэх юм, дөрвөн жилийн дотор хичнээн ажлын байр шинээр бий болгох юм гэдгээр нь л сонгож байя. Ажлын байр нэмж чадсан бол дахиж сонгоно. Нэмж чадаагүй бол хариуцлагаа үүрээд зайгаа тавьж өгдөг тийм л сонголт хийж байя. Ажилтай бол айл гэр орлоготой, бүрэн бүтэн, сэтгэл хангалуун амьдарна. Улс орны хувьд эдийн засаг сайжирч, хөгжлийн үүд нээгдэнэ.

Түүнээс биш ажилгүйдлийг багасгана гэдэг хэт ерөнхий амлалтад хичнээн жил хууртах билээ.

Д.ОЮУНТУЯА