Categories
мэдээ цаг-үе

Богд уулыг 1950-иад оны үед Чойбалсан уул гэж нэг хэсэг нэрлэж байв

Хотын төв. Соёлын төв өргөө баригдаагүй үе

Улаанбаатар хотын унаган иргэн, өндөр настан Батсүхийн Ганбат
1950-1960-аад оны үеийн Улаанбаатарын тухай дурсамжаасаа хуваалцлаа. Тэрбээр
1945 онд Улаанбаатар хотод төрсөн. 1962 онд Нэгдүгээр цахилгаан станцад зуухан цехийн
слесариар ажиллаж байжээ. Дараа нь жолооч хийж байгаад 1990 онд тэтгэвэртээ гарсан
нэгэн.

Хятад усчин

-Тухайн үеийн нийслэлийг та дүрслээч?

-Миний мэдэх Улаанбаатар хот 1950 онд хойшоогоо 32-ын уулзвар, бурхан
бологсдын газар буюу Далан давхар, Дэнжийн мянга, Дамбадаржаа, зүүн тийшээгээ, Американ
дэнж (сансар хороолол), Консулын дэнж, эмэгтэйчүүдийн хорих анги (Сансар бензин
колонкийн хойно), Маахуур толгой (Их засаг дээд сургууль), Улаанхуаран (Цэргийн
хот), Амгалан хүрдэг байсан. Улиастай, Цагаанхуаран (Нарантуул зах)-д гэр хороололгүй
байсан.

Улаанбаатар хотын Бөмбөгөр, Гэсэр сүмийн орчимд хятадууд амьдардаг.
Гуанз, үсчин, дугуй завсар, махны дэлгүүр, унадаг дугуйн засвар, морины тах хадах,
алт мөнгө, цаг засварын ажлуудыг тэд хийдэг байв. Мөн Амгалан, Зуун айлын орчим
тэд ногоо тарьж, айлуудын усыг морин тэргэн дээр модон торх байрлуулж зөөдөг байсан.
Дөрвөн хүний суудалтай сүйх тэргээр Амгалан, бараан зах, сүүн зах (Зам тээврийн
яам) болон хотын төв гудамжаар зорчигчдыг тээвэрлэдэг байв.

-Танай гэр аль хавьд байв. Бага насны сайхан дурсамж олон байх?

-Манайх Арслантай гүүрний урд талд одоогийн ХXI сургуулийн орчимд
байлаа. 1950-иад оны үед манай тэр хавиар ясли, цэцэрлэг гэж байхгүй. 1954 онд нийслэлийн
XVI сургуульд нэгдүгээр ангид орж байлаа. Манай ойр хавьд дэлгүүр хоршоо цөөн. Тэр
үед автобус гэж байсангүй. Ээждээ хөтлүүлчихээд Өндөр хоршоо руу явган явдаг. Тэр
үед Сүхбаатарын талбай гоё байгаагүй. Энд тэнд овоолгоотой шороо, чулуутай. Өндөр
хоршооноос хатсан яавлаг худалдаж авдаг. Худалдагч нар нь дээлтэй, ханцуйвч өмсдөг
байсан. Туул рестораны хойгуур Баруун Сэлбийн гол урсдаг. Өмхий гэж жигтэйхэн. Ер
нь Сэлбэ гол их өмхий байсан.

-Тэр үед арьс, ширний үйлдвэрүүд байгаагүй биз дээ?

-Айлууд угаадсаа хийчихдэг. Боловсон жорлон байсан биш. Хаа дуртай
газраа морь харна.









Б.Ганбат Багадаа

-Фэйсбүүкт нэг зураг яваад байсан. Хотын гудамжаар морьтой, явган хүмүүс хөлхөлдөөд хэн нэгэн дунд нь суучихсан бие засч байгаа бололтой харагдсан?

-Сууна сууна. Ердөө тоох юм байхгүй. Харин соёлын довтолгооноос хойш
огт өөр болсон шүү. Улаанбаатар хот маань үйлдвэржиж, жараад оноос ЗХУ руу ТМС-т
долдугаар анги төгссөн хүүхдүүдийг явуулдаг болсон. Ямар сайндаа манай ангийнхан
долдугаар анги төгсөөд илгээлтээр Нэгдүгээр цахилгаан станцад ангиараа очиж байхав.
Тэгж амьдралтайгаа залгасан даа. Нэг хэсэг Нэгдүгээр цахилгаан станцын яндан дуугарахад
хүүхдүүд сургуульдаа, ажилчид ажилдаа явдаг. 12 цагт дуугарахад үдийн цай, нэг цагт
цай дуусаад, ажилдаа орох дохио. 17 цагт яндан дуугарахад ажил тардаг байлаа. Улаанбаатар
тэр чигээрээ яндангийн дуугаар хөдөлдөг байсан даа.

-Хятад хүүхдүүдтэй тоглодог байв уу?

-Тэр үед Цагаанхуаранд барилгын хятадууд шинээр ирсэн юм. Тэнд хятад
ажилчдын казарм байсан. Местний оросуудын болон хятад хүүхдүүдтэй тоглодог байсан.
XXI сургуулийн урд бас казах хороолол ч байсан. Гэр хороолол байлаа шүү дээ. Тэр
үед байшин цөөн. Хүүхдүүд дугуйны гадуур хаймранд орж бие биенээ түрж тоглодог байлаа.
Тэвэг өшиглөнө. Сэлбийн гол дээр өвөл гулгана. Тэшүүр байсангүй. Дугуйны обудыг
тайраад, дээр нь банз хадаж, эсгий гуталд хүлээд гулгадаг. Дугуй унана. Аав, ээж
зүлгэн дээр зун шагай нясладаг.

-Загас барьдаг байсан уу?

-Загас нэг их тоохгүй.

-Тэр үед юу идэж уудаг байв?

-Хятад дэлгүүрээс бохь авна. Хар модны бохийг жижиглэж, 50 мөнгөөр
зардаг байсан. Самар цөмнө. Гурван цаас 40 мөнгөний талх хятадууд барьдаг. Арслантай
гүүр, Багшийн сургуулийн орчимд тэр чигээрээ хятад зурагчин, хятад гуанз байсан.

-Хятад гуанзанд юу идэх вэ?

-Хуушуур иддэг. Хуушуур, цуйван гээд захихаар зөөгч нь хоолны захиалга
аваад тогооч руугаа шууд заалнаасаа хашгирчихдаг. Хятад үсчинд үсээ засуулна. Хурц
хутгаар ширх гээд засчихна. Зурагчин толгой дээрээ хар даавуу нөмөрч зураг аваад
долоо, найм хоногийн дараа зургаа авдаг.

-Дээр үед айлуудын жорлонг ухаж зөөх ажил хийдэг хятадууд байсан
гэж сонссон?

-Хятадууд өвөл жорлон ухдаг, түүнийгээ өөрсдөө зөөгөөд, Амгаланд
аваачиж хаяна. Амгалангийн ногооны газраа түүгээр нь сайхан бордчихно шүү дээ. Хятадуудад
хийхгүй ажил гэж байгаагүй, морин тэргээр нүүрс зөөнө, хог хаяна, бурхан болоочдыг
нутаглуулна. Бас түлээ хөрөөднө.

Бид бас кино үзэхдээ Элдэв-Очир кино театр юм уу Ардад ирнэ.

-Ямар кино гардаг байв?

-“Чапаев”, “Ганболд шиг цэрэг” гээд хятад кино, “Цогт тайж”, “Сүхбаатар”
гээд цөөхөн хэдэн кино гардаг. Тэднийгээ л үзнэ. Бас Баянзүрх захын орчимд байсан
Төмрийн заводын клубт ирж кино үздэг байлаа. Сүүлд тавиад онд шинэ хятадууд ирээд
жүжиг ший тоглодог байв.

-Аав чинь том дарга байсан гэсэн үү?

-Миний аав Г.Батсүх гэж хүн байв. Аав маань БНМАУ-ын анхны ударник
цолтой хүн байсан. Аав сургууль төгсөөгүй. Хар ухаанаар явсаар байгаад Гэрэл чийдэнгийн
хороо, Нэгдүгээр цахилгаан станц, Төмрийн завод, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн
нефть боловсруулах үйлдвэр зэрэг байгууллагуудын анхны даргаар ажилласан.

Аав маань Улаанбаатар хотод томоохон барилга байгууламжууд байхгүй
байх үед 1939 оны Халхын голын дайнд олзлогдсон япон хоригдлуудыг авчирч
1945-1947 онд Улсын төв театр (Дуурийн театр), Элдэв-Очирын кино театр (хөрөнгийн
бирж), Төв больниц, Гадаад хэргийн яам, Төв номын сан, Намын дээд сургууль (Одоогийн
Удирдлагын академи), Улаанбаатар рашаан сувилал, Сонгинын амралт, Монгол Улсын их
сургууль, Сүхбаатарын талбайн хуучин асфальтан хучлага, 30 дугаар байр, Алтай зочид
буудал (хотын захиргаа), одоогийн Төрийн ордон зэргийг барихад дайчлан оролцуулсан.

Засгийн газрын ордны анхны хэв загвар нь ЗХУ-ын Ворошиловск хотын
зөвлөлүүдийн ордны барилгын зургийг томсгож барьсан гэдэг.

Улаанбаатар хотын төвийн ихэнх барилгыг Японы олзлогдсон цэргүүдээр
бариулж, тэд Гандан, Хужирбулан, Налайх, Сэлбэ, Толгойтын тоосгоны үйлдвэрүүдийг
ажиллуулж, тоосго их хэмжээгээр үйлдвэрлэж байсан. 1955 оноос БНХАУ-ын барилгачид
Улаанбаатар хотод байрлаж, нэхмэлийн үйлдвэр, ажиллагсдын орон сууцууд 120 мянгат,
40, 50 мянгатын орон сууцууд, Энхтайваны гүүр, “Улаанбаатар” зочид буудал, Биеийн
тамирын ордон, Гэмтлийн эмнэлэг (хуучин), Соёл, урлагийн их сургууль, Пионерийн
ордон, Барилгачдын соёлын ордон, Толгойтын хоёрдугаар цахилгаан станц, Их дэлгүүр,
Урт цагаан, бусад орон сууцнуудыг барьсан гэдэг. Хятадтай харилцаа муудаж, хятад
барилгачид нутаг буцахад Баянгол зочид буудлын барилгын араг яс л үлдэж, сүүлд оросууд
гүйцээсэн шүү дээ.

-Тэр үед ямар баярыг нижгэр тэмдэглэдэг байв?

-Майн нэгэн, Октябрийн баяр, шинэ жил тэмдэглэнэ. Уг нь Цагаан сар
хийдэг байснаа больсон.

-Зурагт байхгүй, яаж өдөр өнгөрөөдөг байв?

-Радио байлаа. Намайг долоон настай байхад манайх араажавтай болсон.
Том дугуй юм байсан. Аав, ээжийг эзгүй хойгуур доторх хүнийг нь харах гээд хар юмыг
нь зүсэж үзсэн. Юун хүн гарч ирэхэв, таг болсон. Бягтруул дээр том пянз тавьж сонсоно.
Хотын соёл огт өөр байв. Цөөхөн хэдэн айл утастай. Дөч, тавин мянгат баригдахад
сэхээтнүүд, дарга нар орсон. Айлд очиход хананаас нь ус гоожихоор гайхаж билээ.
1956 онд аав маань Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн дарга болоход дагаж очсон юм.
505-ын орос хоригдлууд Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийг барьсан. Халуун, хүйтэн устай
гоё газар очсон доо. Тэнд усан сан гэдэг юманд анх орж байлаа.

-Одоо ч нефть боловсруулах үйлдвэр барьж чадаагүй байна шүү дээ.
Тэгэхэд ямархуу янзтай үйлдвэр байв?

-1957 онд энэ үйлдвэрийг монголчуудад хүлээлгэж өгсөн. 1969 онд гал
гарч, үйлдвэрийг хаасан юм. Зүүнбаянгийн нефтийн үйлдвэр бензин, солярк, кокс үйлдвэрлэдэг
байсан шүү дээ.

-Социализмын үед ихэнх айлууд диван, хөргөгч, хавтастай том толь
гэх мэт ижил тавилгатай байж билээ?

-Намайг бага байхад төмөр толгойтой ортой байсан. Гийчин ирэхэд гудас
дэвсээд өгчихнө. Тэр хүн дээлээ нөмрөөд унтчихдаг. Соёлын довтолгооноос өмнө үнэндээ
цагаан даавуутай ор гэж мэддэггүй байлаа шүү дээ. Хорины дарга ирж, хөнжлийн даавуутай
эсэхийг, тогооны алчуур хиртэй байгаа эсэхийг шалгадаг байсан. Ээж маань Р.Рэнцэнханд
гэж Амгалангийн клубийн анхны хөгжимчдийн нэг. Хүрээ хүүхэн байсан даа. Цагаан дугуй
малгайгаар гангарна. Голцуу монгол дээл, пүркэн гутал өмсөцгөөнө. Насанд хүрсэн
эрчүүд нь өргөн өмдтэй, халбийсан хувцастай явцгаадаг.

-Хүүхэд байхдаа очих дуртай газар юу байв?

-Яармагийн дэнж дээр очдог байсан. Улсын баяр тэнд болдог. Хээр хонодог.
Хөдөө гадааны бүх л улс очдог. Зуны цирк тоглодог байлаа. Манай аав Ардын жүжигчин,
алиалагч Ж.Данзантай найз. Тэднийд орно, жижигхэн өрөөтэй. Литрийн шанагаар ус ууна.
Молоко уудаг байсан санагддаг. Шинэ жилээр усан будгаар цаас будаад, гинж хийдэг.
Сургуулиа, бас гэрээ ингэж чимэглэдэг. Өвөл хөлдүү алим аваад усанд хийж идэх хачин
гоё санагддаг байж. Сургуулийн ёлконд амьтан болно.

-Тэр үед ямар хүмүүс од байв?

-Чойбалсангийн тухай домог мэт ярьдаг байсан. Түүнд ер хир халдаахгүй.
Гэр бүлийн харилцааны талаар нь бас сонсогддог. Чойбалсан гуайгаа бурхан болоход
ээжтэйгээ хамт ханцуйндаа гашуудлын туузтай Засгийн газрын ордны зүүн жигүүрээр
ороод хойд хаалгаар гарч байсан. Жаахан байсан болохоор төмөр орон дээр нэг гоё
хүн унтаж байгаа юм шиг харагдсан. Гурав тойроод гарсан даа. Олон хүн салах ёс хийсэн.
“Эрэлхэг Монголын ард түмэнд чимэг болон хайрлагдсан” гэж дуулцгаадаг. Богд уулыг
1950-иад оны үед Чойбалсан уул гэж нэг хэсэг нэрлэж байсан. Жар, далаад онд хөдөлмөрийн
баатрууд, Халх голын дайны баатруудаараа бахархана. Маогийн тухай бас хятад, монголоор
хольж дуулцгаадаг. “Дорно зүгээс нар мандлаа” гэдэг үгтэй. “Хүрэн халзан тоомсгоороо
хүрээд ирдэг Ворошилов” гэж бас дуулдаг. Сүүлд “Маамуу нааш ир” гарч тэрийг дуулдаг
болсон. Дуу ховор байлаа шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Ядуу сэтгэлгээтэй төсөв орж ирлээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Орон нутгийн сонгуульд Баянгол дүүргийн АН ялалт байгуулах нь нэгэнт тодорхой болчихож. Орон нутгийн сонгууль УИХ-ын сонгууль хоёрын ялгаа юу байна вэ. Баянгол дүүргийнхэн ардчилалд үнэнч гэдгээ батлан харуулах шиг боллоо. Энэ удаа УИХ-ын гишүүн асан С.Одонтуяаг дүүргийн Засаг даргаар ажиллуулна гээд шууд зарласан нь нөлөөлөв үү?

-Сонгуулийн процессыг эргээд харахад Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд маш их бүтээн байгуулалт хийсэн нь үр дүнгээ өглөө. Иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг шийдсэн. 2012 онд дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Оросоог бид олонхи болбол Засаг дарга болгоно гэж амлаад нэрийг нь зарлаад оруулж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Манай дүүргийн АН 5А хөтөлбөрөө дэвшүүлж орон нутгийн сонгуульд оролцлоо. Дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт хангалттай гарсан. Баянгол дүүргийн иргэд ямар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэв гэдгийг маш сайн мэдэж байгаа. Эрүүл мэндийн салбарт огт материаллаг баазгүй байсан бол одоо 150 ортой иргэдэд үйлчлэх эмнэлэг, өдөрт 600-700 хүнд үйлчлэх эмчилгээ үйлчилгээний төв, хүүхдийн эмнэлэггүй байсан бол 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орлоо. Хэдхэн хоногийн дараа 150 ортой хүүхдийн эмнэлэг ашиглалтад орох гэж байна. Улсын хэмжээнд ахмад настны анхны 80 ортой эмнэлэг ашиглалтад орсон гээд эрүүл мэндийн салбарт ахмад, хүүхдэд чиглэсэн эрүүл мэндийн салбарыг өнгөрсөн дөрвөн жилд хөгжүүлж чадсан. Үүнийг дөрөв байтугай жилд хийж чаддаггүй бол бид дөрвөн жилд хийж чадлаа.

Хоёрдугаарт, боловсролын салбарт гэхэд 17 сургууль, цэцэрлэгийг шинээр бий болгосон. Үндсэндээ дээврийн их засварын 80 хувь, орон сууцуудын солих шаардлагатай нийт цахилгаан шатны 90 гаруй хувийг шинэчилсэн. Гэр хорооллыг 100 хувь гэрэлтүүлэгтэй болгосон, зам, уулзварын ажлууд гээд нэрлээд явбал бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн дөрвөн жилд хангалттай хийгдсэн. Энэ бүх ажлын үр дүн гарч байна. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй шинэчлэлийн баг маань шийдлийн баг болж ажиллана. С.Одонтуяа маань дүүргээ мэднэ. Энэ дүүргээс НИТХ-ын төлөөлөгчөөр сайн ажилласан. Дараа нь УИХ-ын гишүүн болж бүлгийн дэд даргаар мөн л амжилттай сайн ажиллаж байсныг манайхан мэднэ.

-Гэхдээ өнгөрөгч дөрвөн жилд АН бүтээн байгуулалтын ажил хийсэн ч ард түмэнд бүтээн байгуулалтаас өөр зүйлийг илүүд чухалчилсан үр дүн гарсан л даа. Гэхдээ орон нутгийн сонгууль арай өөр болж байх шиг байна?

-Орон нутгийн сонгуулийн урьдчилсан дүнгээр гуравны нэгт АН ялалт байгуулаад байна. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн үеэр АН-ын гаргасан алдаа маш их байсан. Манай нам хийж бүтээсэн ажлаа иргэдэд ойлгуулж чадаагүй. Ямар байсныг нь ямар болгож, бүтээн байгуулалт хийснээр тухайн иргэнд ямар үр дүнтэй байснаа үнэхээр ойлгуулж чадаагүй юм. “Бид юм хийсэн. Бидний хийснийг харж бай” гэдэг бардамналын үүднээс газарт бууж чадалгүй явсан эхний алдаа.

Мөн дөрвөн жил биднийг идсэн, уусан, өр тавьсан, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн гэдэг гүтгэлэг явсан. Худал үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг шиг ард түмнийг үнэхээр тийм байна гэж итгэтэл нь явуулсан. Үүнд нь бид ямар ч сөрөг тайлбар хийгээгүй, гэрэл гэгээтэй талаас нь тайлбарлаж чадаагүй. Болж бүтсэн зүйлсээ тайлбарлаагүй нь бидний хамгийн том алдаа байсан. Энэ нь сонгуулийн дүнд шууд нөлөөлсөн.

Гуравдугаарт, сонгуулийн тогтолцоо буруу байлаа. Өнөөдөр 65 суудалтай байгаа МАН-ынхан нийт сонгогчдын 50 хувийн саналыг авч чадаагүй. Гэтэл АН 35 хувийн санал авсан хэрнээ есхөн суудалтай үлдсэн. Тэр бүү хэл МАХН 11 хувийн санал авчихаад ганцхан суудалтай гээд бод доо.Хувилаад үзэхээр МАХН дор хаяж 10, Ардчилсан нам багаар бодоход
27-28 суудалтай байх байв. Гэвч төлөөллийн зарчим алдагдсан. Маш бага хувийн зөрүүгээр
маш их савладаг тогтолцооны алдаа байлаа. Сонгуулийн тогтолцоог өөрчлөхдөө АН том
алдаа гаргасан.

-Өөрсдөө эрх барьж байсан байж өөрсдөдөө л гомдох хэрэгтэй байх…

-Хэт бардсан, эрдсэн.

-Засгийн газар 100 хоногийнхоо үйл ажиллагааны тайлангаа тавьж эхэлж
байна. Иргэдийн зүгээс юу ч хийгээгүй гэж байгаа бол нөгөө хэсэг нь удахгүй хийнэ
гэдэг ч юм уу, тиймэрхүү зүйл яригдаж байна. Харин орон нутгийн сонгуулиар иргэдийн
итгэл АН руу хэлбийж байна гэж ярих боллоо?

-Аль ч улс оронд шинээр байгуулагдсан Засгийн газар 100 хоногийн
тайлангаа тавьж, мэдээлэл өгдөг бичигдээгүй жишиг байдаг. Засгийн газар 100 хоногт
ямар ажил хийсэн биш ямар ажлыг хийхээр эхлүүлэв гэдгээ зарладаг. Харамсалтай нь
эрх баригчид гуравхан сарын өмнө дэвшүүлж байсан мөрийн хөтөлбөрөөсөө 180 градус
буцсан зорилт, хөтөлбөр дэвшүүлснээ зарлахад ард түмнийг цочирдуулсан. Тухайлбал,
татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэчихээд татвар нэмэх арга хэмжээ
авахаар болсноо дуулгасан. Нийгмийн хамгааллын түвшнээс ухарсан алхмуудыг хийсэн.
Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно, оюутны 70 мянган төгрөгийг олгоно гэж байснаасаа
ухарсан. Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгохын дээр хүүхэд хамгааллын
тухай хуулиудыг хойшлуулсан. Яагаад хүүхдийн эрхийг хамгаалахаасаа ухраад байгаа
юм. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулсан гээд яриад байвал
олон зүйл бий. Энэ бүгд өнөөдөр эрх баригчдын хувьд залилан мэхлэх замаар төрийн
эрхийг авсан гэдэг ойлголтыг бий болгосон.

Гэтэл сүүлийн үед тэд улс орны эдийн засгийг авахад ийм болчихсон
гэж мэдээгүй. Өрөндөө баригдаад эдийн засаг хямарчихсан байсан юм байна гээд байгаа
ч үнэндээ тийм биш байгаа.

-Эдийн засаг тэгээд тийм сайн сайхан байгаа юм уу?

-Төсвийн алдагдлыг 4.3 их наяд гэж төсөөлж байгаа боловч гүйцэтгэл
нь ердөө гурван хувьтай л байна. Үлдсэн хугацаанд дахиад гурван их наядын алдагдлыг
бий болгож чадах уу гэх мэтчилэн бодит боломжгүй юмыг тэд ярьж байгаа.

Энэ оны төсвийн алдагдал 18 хувьтай байна гэж төсөөлж байгаа бол
бид 2016 оны төсвийг 4.3 хувьтай байх болов уу гээд 950 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай
байхаар баталсан. Гэтэл үүнийг 4.3 их наядын алдагдалтай байлгах гэж эрх баригчид
ядарч байна л даа, хөөрхий. “Сайн” хөтөлбөрүүд дээр гарч хөрөнгийг татаж авч ирээд
төсвийн өр болгоод бичиж байна. Тухайлбал, ипотек, “Сайн хашаа”, “Сайн хувьцаа”,
“Сайн оюутан”, “Сайн малчин” гээд “Сайн” нэртэй эдийн засгийг идэвхжүүлж байсан,
Монголбанкнаас гаргаж байсан мөнгийг төсвийн өр болгоод биччихэж байгаа юм. Үүнийг
төсвийн өр мөн үү гээд аваад үзэхээр биш. Төсвөөс гадуур эдийн засгийг эрчимжүүлэх
чиглэлээр авч байсан хөтөлбөрүүд. Гэтэл үүнийг зогсоочихсон. Балаг нь түрүүчээсээ
эхлээд мэдэгдэж байна. Эдийн засгийн эргэлт удааширч, мөнгөний нийлүүлэлт удааширч
байгаа.

Шууд 4.5 хувиар Монголбанкны бодлогын хүүг нэмдэг Төв банктай улс
манайхаас өөр хаана ч байхгүй. Инфляци нь хоёр хувьтай болчихсон байхад бодлогын
хүүгээ нэмж, мөнгөний нийлүүлэлтээ хязгаарладаг улс манайхаас өөр байхгүй. Энэ нь
эдийн засгийн наад захын мэдлэггүй хүмүүсийн хийдэг алхам л даа.

Хоёрдугаарт, Ардын намынхан “АН-ынхан өнгөрсөн дөрвөн жил эдийн засгийн
талаар ямар ч мэдээлэл өгдөггүй байсан. Тийм учраас бид ийм мөрийн хөтөлбөр боловсруулсан”
гэж яриад байгаа. 2012 онд АН засгийн эрхэнд гарахдаа олонхи болж чадаагүй ч
35-уулаа олуулаа болж очсон. Тухайн үед “Шударга ёс” эвсэлтэй Эвслийн Засгийн газар
байгуулсан. 2014 он хүртэл ажиллаж байгаад МАН орж ирснээр их эвсэл болсон. Тэд
2015 онд арга буюу засгаас буцаад гарсан. Учир нь арга барил таараагүй юм. Энэ хугацаанд
эдийн засгийн талаар мэдлэг, мэдээлэлгүй байсан уу гэхээр тэр бүү хэл эдийн засгийн
захиран зарцуулах эрхтэй байсан. 2012-2014 онд Сангийн сайд, мөнгөний авдрын түлхүүрийг
өнөөдрийн МАН-ын гишүүн Ч.Улаан барьж ажилласан. 2014-2015 онд өнөөдрийн Ерөнхий
сайд Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар ажиллаж захиран зарцуулах бүх зүйлийг хийж байлаа.
Харин 2015-2016 онд Б.Болор Сангийн сайдаар ажилласан. Ингээд үзэхээр дөрвөн жилийн
гурван жил гаруйд нь өнөөдрийн МАН-ын УИХ-ын хоёр гишүүн Сангийн сайдаар ажиллаж
байсан байгаа биз дээ. Ийм байсан байж яахаараа мэдээлэлгүй байдаг юм. Мөнгөний
бодлогын талаар ямар ч мэдээлэлгүй байсан гэж худлаа хэлсэн. Монгол Улсын мөнгөний
бодлогыг тодорхойлдог Монголбанкны Тэргүүн дэд захирлаар өнөөдрийн МАН-ын УИХ-ын
гишүүн Б.Жавхлан ажилласан шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын Төсвийн байнгын хорооны
даргаар өнөөдрийн МАН-ын УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ажиллаж байсан юм.

Өмнөх дөрвөн жилийн сүүлийн гурван жилийн төсвийг боловсруулах ажлын
хэсгийг өнөөдрийн Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалсан. Ингээд яриад байхаар өнгөрсөн
дөрвөн жил АН биш МАН Монгол Улсын эдийн засгийг барьж байсан юм биш үү. Хэрэв хямраасан
гэж үзэж байгаа бол МАН-ынхан зориудаар хямраачихсан юм биш үү гэдэг хардлага төрөхөөр
нөхцөл байдал үүсч байгаа биз дээ. Одоо “Бид төсвийн талаар ямар ч төсөөлөлгүй байсан”
гэж худлаа ярихаа л больчих. Төсвийн талаарх мэдээлэл бүү хэл захиран зарцуулж байсан
хүмүүс чинь, МАН-ынхан. Яаж ингэж ярьж чадаж байна аа гээд өөрийн эрхгүй гайхаж
байна.

-Ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Бүлэг байр сууриа нэгтгэв
үү. Ямархуу төсөв орж ирлээ гэж дүгнэж байгаа бол?

-2017 оны төсөв дээр ажиллаж байна. Төсөв оруулж ирж байгаа хүмүүс
нь төсвийн аргачлалаа мэдэхгүй байна л даа. Ний нуугүй хэлэхэд төсөв боловсруулахдаа
асуудлаа яаж шийдэх вэ гэдгээ тооцоод судалсан зүйл алга. Ирэх оны төсвийг 2.6 их
наядын алдагдалтай байхаар оруулж ирсэн байна лээ. Үүний сацуу намын удирдлагууд
нь Хятад руу явж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олж ирэх асуудал яриад явах юм.
Хэвлэлээс авсан мэдээллээс дөрвөн тэрбум ам.долларын зээл авахаар хөөцөлдөж байна
гэсэн мэдээлэл авсан. Бид одоо бусдаас гуйдгаа больчихвол яасан юм. Яагаад эдийн
засгийн реформыг зоригтой хийхгүй байна аа. Нэг тулгуурт эдийн засгийн бодлогоо
яагаад олон тулгуурт эдийн засагтай болохгүй байгаа юм бэ. Манай улс чинь дааж давшгүй
ачаатай орон биш. Монголын хэрэглээ бага. Яагаад экспортыг нэмэгдүүлэх чиглэлд үйлдвэрлэлээ
хөгжүүлж болдоггүй юм. Тэгсэн хэрнээ дандаа л гаднаас бэлэн мөнгө гуйна. Ийм байдлаар
улс орон хөгжихгүй. Үүнийг би эдийн засгийн хөгжил гэж харахгүй байгаа. Тийм болохоор
2017 оны ядуу сэтгэлгээтэй төсөв орж ирлээ гэж хараад байна. Яахав ээ, өнөө маргаашаа
аргацаасан төсөв байсан. Маргааш (өнөөдөр) АН-ын бүлэг хуралдаж төсвийн тал дээр
байр сууриа нэгтгэнэ.

Манайхан үндсэндээ мөнгөний бодлогоо тавиад туучихсан. Монголбанкны
ерөнхийлөгч нь 1.3 тэрбум ам.долларын нөөцтэй банк хүлээж авчихаад хасах байсан
гэж худлаа зарласан. Түүнээс нь болж ам.долларын ханш өсч, монгол төгрөгийн ханш
400 төгрөгөөр уначихлаа. Энэ чинь юу болоод байна аа. Оны эцэст 500 хүрэх нь байна.

-Тийм л юм бол ингэж хариуцлагагүй мэдэгдэл хийгээд байгаа Төв банкны
ерөнхийлөгчийг яах ёстой юм?

-Энэ нь хэт амиа бодсон хүний арчаагүй үйлдэл. Н.Баяртсайханы анхны
мэдэгдлээс харахад Монголбанкны ерөнхийлөгчийн ажлыг хийж чадахгүй гэдэг нь мэдэгдсэн.
Тийм чадваргүй, эдийн засгийн мэдлэггүй хүн. Банкир хүн огт биш. Зүгээр л санхүүч,
нябо байж магадгүй. Шулуухан хэлэхэд Н.Золжаргалын хаана ч хүрэхгүй.

-6.1 их наядын төсвийн алдагдлыг бонд босгож, зээл авч нөхөхөөс өөр
аргагүй гээд байгаа?

-Одоо боль л доо. Алийн болгон ингэж ядуу сэтгэх юм бэ. Зэсийн үнэ
нэмэгдэх хандлагатай байна. Зэсийн үйлдвэр барихад анхаараачээ. Эцсийн бүтээгдэхүүн
болго л доо. Таван толгойгоо хөдөлгөөд өгөхгүй юм. Хятадуудаас мөнгө гуйхынхаа оронд
нүүрсний үнээ нэмэгдүүлэх талаар хэлэлцээр хиймээр юм даа. Хүнээс хоосон мөнгө гуйж
байхаар манай нүүрсийг зах зээлийн үнээр аваад өгөөч, бид экспортоо нэмэгдүүлье,
та нар импортоо нэмээч гээд яагаад гуйж болдоггүй юм. Хэзээ төлөх нь тодорхойгүй
хоосон мөнгө гуйж байснаас хамаагүй дээр. Энэ чинь бодит, ажил хэрэгч санал байхгүй
юу. 2015 оны байдлаар Оюу толгойн экспортолсон нийт бүтээгдэхүүний үнэ 20 орчим
тэрбум ам.доллартай тэнцэж байсан. Гэтэл манай ДНБ-ий хэмжээ 20 орчим тэрбум ам.доллар
байгаа. Гэтэл тэр мөнгөний тавхан хувьтай тэнцэх хэмжээний татвар төлсөн байна шүү
дээ. Яагаад тэд ингэж Монголыг шулах ёстой юм. Ядаж тэр мөнгө нь яагаад Монголын
банкаар дамжиж болдоггүй юм бэ. Өнөө “шударга” Н.Багабанди чинь тэнд ТУЗ-ийн дарга
ч бил үү, гишүүн нь ч бил үү болчихоод сууж байна. Тэнд юу болж байгааг зоригтой
мэдээлчих хэн ч алга.

Монголд асар их мөнгө байгаа. Тэр мөнгөө яагаад төсөвтөө татаж хэрэглэхийг
бодохгүй байгаа юм. 16 дэд сайд хэнд хэрэгтэй юм. Тэднийг тансаглуулж байхаар Хүүхэд
харах үйлчилгээний хуулиа хэрэгжүүлээд явахгүй яав аа. Зургаан мянган хүүхэд цэцэрлэггүй,
1000 гаруй хүн ажлын байргүй болчихлоо. Нохойд спираль тавина гэж балайрч таван
тэрбум төгрөг ярьж байхаар дөрвөн тэрбум төгрөгөөр Хүүхэд хамгааллын тухай хуулиа
хэрэгжүүлсэн бол илүү үр дүнтэй байх байлаа. Эдний хувьд эдийн засгаа сэргээе, улс
орноо хөгжүүлье гэсэн ямар ч бодлогогүй явна. Ерөнхий сайдынх нь эдийн засгийн онцгой
хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд амлаад байсан зүйл хаашаа алга болчихов.

-М.Энхболд дарга Хятад руу, Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд Японд айлчлаад
ирсэн. Үр дүнг нь юу гэж харж байна вэ. М.Энхболд дарга 20 жилийн хугацаатай, хоёр
хувийн бага хүүтэй зээлийн асуудал яриад ирсэн гэх юм?

-Ж.Эрдэнэбат ажлын айлчлалын хүрээнд Японы Ерөнхий сайдтай уулзсан,
ярьсан, ирсэн. Дорвитой өөрчлөлт гараагүй. УИХ-ын дарга М.Энхболдын айлчлал албан
ёсны айлчлал биш. Намын буюу улс төрийн айлчлал байсан. Намын даргын хүрээнд айлчилсан
бол намынхаа л ажлыг ярих ёстой. Гэтэл улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх
хэмжээний бодлогын асуудлыг гаргаж тавих эрх тэр хүнд байсан уу. УИХ дээр энэ асуудлаа
яриагүй. Жилийн хэдэн хувийн хүүтэй байх нь хамаагүй ээ. Үндэсний аюулгүй байдалд
нөлөөлөх хэмжээний мөнгөний бодлогын асуудал ярих эрхийг тэр хүнд хэн ч олгоогүй.
УИХ-ын дарга бол Их хурлын хуралдааныг зохион байгуулах эрх бүхий хүн болохоос давуу
эрх байхгүй. 76 гишүүний л нэг. Эрх барьж байгаа намын дарга байж болох ч ҮАБЗ,
УИХ-ын шийдвэргүйгээр тэр хүнд Хятадад очиж санал тавьж байгаа юм.

Улстөрч хүний хувьд Хятадад улс төрийн айлчлал хийж байхад Ерөнхий
сайд Японд айлчилсан. Уг айлчлалууд яагаад давхацсан гэхээр Хятадын айлчлалыг саармагжуулах,
олны анхаарлыг сарниулах зорилгоор Ерөнхий сайд нь Японд айлчилсан гэж харж байгаа.
Ерөнхий сайдын айлчлал ямар ч үр дүнгүй байлаа. М.Энхболдын айлчлалаас өмнө Хятадаас
ийм хэмжээний мөнгө авах нь гэсэн мэдээлэл хэвлэлээр гарсан. Үүнийг саармагжуулах
гэж явсан. Олж ирсэн мөнгөө хууль ёсны юм шиг харагдуулах гэж ийм бодлого явуулсан.
Урт хугацаатай, бага хүүтэй хүн сонсоход жигтэйхэн сайхан юм шиг хэрнээ нэг улсаас
хэт их хэмжээний зээл авах гэж байна. ҮАБЗ, Их хурал, Байнгын хороон дээр ярих ёстой
байсан юм.

-Орон нутгийн сонгууль болоод дууслаа. АН-ын шинэчлэл хаашаа явах
бол гэдэг хүлээлт дахин эхлэх байх?

-АН шинэчлэлийн эхний алхмуудаа зөв хийж байна гэж харж байгаа. Хэн
нэгэн хүнийг нөгөөгөөр сольж намын дарга болгох нь шинэчлэл биш. Өнөөдрийг хүртэл
18 нам эвсэл нэгдэж АН-ыг бий болгосон байдаг. Энэ олон намыг эгнээндээ нэгтгэж,
ардчиллын үнэт зүйлийг өөртөө тээж 26 жил явсан нам түүхэн үүргээ амжилттай хэрэгжүүлж
чадсан гэж харж байна. Өнөөдрийн цикльд АН шинэчлэгдэх шаардлагатай. АН үзэл баримтлал,
онолын түвшинд шинэчлэл хийх ёстой. Түүндээ тулгуурласан Үндсэн дүрмийн шинэчлэлийг
хийх цаг болсон. Дараа нь бүтцийнхээ шинэчлэлийг хийх ёстой. Ийм гурван шинэчлэл
хийгдэж байж манай нам жинхэнэ утгаараа олон түмний талархлыг хүлээнэ. Үзэл баримтлал,
онолын өөр өрсөлдүүлэх төсөл байгаа бол гаргаж ирээд тавь. Олны дэмжлэг авсан төслийг
хэлэлцээд батлаад явах хэрэгтэй. Зарим нэг хүмүүс “шинэчлэл, шинэчлэл” гээд цээжээ
дэлдээд л явж байна. “Яг яаж шинэчлэх гээд байгаа юм бэ” гэхээр хариулж чаддаггүй.
Юу шинэчлэх гэж байгаагаа ч мэддэггүй. Зүгээр л шинэчлэх ёстой гээд орилоод байж
хэн ч чадна.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатын ээж Ц.Ганбат: Хүү маань надад хийсэн буруу зүйл байхгүй. Битгий санаа зов гэсэн

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

– Одооэнэхэдмаань сар бүр байрны зээлээтөлөөдявж байна-

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат цагдан хоригдоод арав гаруй хонож байна. Түүнийг албан тушаалаа ашиглан “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг завшсан хэмээн буруутгаад байгаа билээ. Мөн түүнтэй холбогдох зарим албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгээд буй. Энэ асуудлаар Н.Мөнхбатын ээж Ц.Ганбат манай сонинд хандсан юм. Тэрээр хүүгийнхээ эрүүл мэндийн асуудалд ихэд санаа зовниж байгаа аж.

-Таны хүүг АТГ-аас Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал байх үедээ албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган хорьж байгаа. Хүүгээ баривчлагдсаныг хэдийд мэдсэн бэ?

-Өнгөрсөн долдугаар сард миний хүүг ажлаа өгөхөд нь хэрэг үүсгэн шалгаж намайг дуудан батлан даалтад гаргуулж авсан юм. Гадуур байцаана л гэж ойлгосон. Гэтэл энэ сарын 10-ны 18:00 цагийн үед хүү “Ээж ээ намайг баривчилж байна” гэж хэлээд л утас нь тасарчихсан. Би бэр рүүгээ утсаар яриад энэ чинь одоо юу болж байна аа гэхэд харин ийм л юм болчихлоо гэсэн. Эхнэр рүүгээ бас ярьсан юм билээ. Бид ч сандраад ганц нэг өмсөх зузаан цамц, хувцас хунар шүүрч аваад л гэрээсээ гарсан. АТГ-ын гадаа очоод дотор байгаа үгүйг нь ч мэдэж чадахгүй хэдэн цаг зогссон. -Өмгөөлөгчтэй нь уулзсан биз дээ. АТГ-аас цагдан хорих руу шилжүүлэхэд нь үг сольж амжсан уу?

-Бид АТГ дотор байгаа үгүйг нь ч мэдээгүй орой 22 цаг хүргэсэн. Гэтэл аль хэдийнэ аваад явчихсан юм билээ. Өмгөөлөгч нь баривчлагдах үед байсан гэж байгаа юм. Тэрүүхэн хооронд “Сүхбаатар сумын Онгон суманд ажил явдал гарлаа, явлаа” гэж бидэнд хэлсэн. Долоо хоног хөдөө яваад өнгөрсөн долоо хоногийн нэг дэх өдөр л ирсэн. Хүүгээ баригдчихаад байхад бид энэ хооронд өмгөөлөгч байхгүй, ямар ч мэдээлэлгүй, хаана хэнд хандахаа мэдэхгүй, яах учраа олохгүй дэмий л гэртээ ярилцаж суусан. Тэгсэн тав хоногийн хугацаанд гомдол мэдүүлэх ёстой юм байна. Харин бэр маань гүйж яваад Г.Батбаяр өмгөөлөгчтэй уулзаж өргөдлөө бичүүлээд хуулийнхаа хугацаанд гомдлоо багтаагаад өгсөн. Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор яахаа мэдэхээ байчихдаг юм байна.

-Хүүгээ хоригдсоноос хойш уулзсан уу?

-Энэ сарын 18-нд уулзах зөвшөөрөл өгсөн. Хоёр хүн ямар оруулах биш. Эхнэр нь л орсон. Ханиад нь эдгээгүй үгдэрчихсэн бололтой ханиалгаад байсан гэсэн. Нэрэлхээд “Би зүгээр ээ, санаа зоволтгүй” гэж хэлж байгаа ч хоолойгоо байн байн засаад ярихад хүндрэлтэй, хэцүү байна лээ гэж бэр маань хэлсэн. Хоригдохынхоо өмнөх долоо хоногт ханиад хүрчихлээ гэж байсан. Эм ч бүрэн уусан юмгүй тэр чийгтэй, хүйтэн, хөндий газар хоригдчихоор чинь ямар л олиг байхав.

-Хүү тань эхнэртэйгээ юунаас болоод хоригдчихлоо гэдэг ч юм уу ер нь юм ярьсан болов уу?

-Битгий санаа зов. Ээж, хүү хоёрыг битгий нааш нь авчраарай. Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн. Надад хийсэн буруу зүйл байхгүй. Сонгууль гээд уягдаад байгаа байх. Сонгуулийн дараа шийдэгдэх байх гэсэн байна лээ. Иргэдийн төлөөлөгчдийн хэдэн нөхдийг сонгохын тулд хүний эрх, хүний амийг ч үл хамааран ингэж хойшлуулах хэрэг байгаа ч юм уу. Болдогсон бол энэ хүмүүсийг хурдхан шиг очоод сонгуулиа өгөөд дуусгаач гэж хүсэхсэн. Хүүгээ хоригдсоноос хойш нөхөр бид хоёр бүтэн нойртой хоносонгүй. Бид ч яахав. Энэ алгын чинээ хүүгээ харахаар өрөвдөх юм. Ямар сайндаа ач хүүдээ “Аав нь хөдөө ажлаар явсан” гэж хэлэхэв. Ач хүү маань “Аав хэзээ хөдөөнөөс ирэх вэ” гэж цаг тутамд асуудаг боллоо. Хамгийн гол нь би эх хүн. Эх хүнд үр харам гэж үг бий. Миний хүү удмын харшлын гаралтай астматай. Манай өвөө, ээж, би гээд удмаараа яг ийм харшилтай. Багаасаа л эмчийн хяналтад байж, эмчилгээ сувилгаа их хийлгэдэг байсан. Бронхиалны астма гэсэн оноштой. Ямар сайндаа бүр нялхаас нь хөтөлсөн дэвтрийг нь хүртэл аваад явж байна. Астма хөдлөхөөр амьсгаа давчдаж хоолой үрэвсөж юм залгиж ч болохгүй барьчихаад хүн амьсгалж чадахгүй боогдддог. Манай аав, ээж хоёр эмч хүмүүс учраас багад нь их эмчилгээ хийдэг байсан. Өнөөг хүртэл хоол унд, хөдөлгөөнөө тааруулаад л явдаг. Санасныг бодоход гайгүй. Гэхдээ архаг өвчин учраас даарч хөрөх, ханиад томуу хүрэх, бие нь сульдах, дархлаа муудах үед гараад л ирдэг. Гэнэт астма нь хөдөлбөл яах вэ. Янз бүрийн зүйл тохиолдвол яах уу. Хүмүүс хилс хэргээр хүүг минь шоронд аваачиж хийчихээд хэрвээ үхчихвэл “Уучлаарай” гэж нэг бичиг хийж өгөх үү (хоолой нь зангирч хэсэг дуугаа хураав). Саяхан нэг хүн яг ингээд шоронд өнгөрчихсөн гашуун туршлага байгаа шүү дээ.

-Хамгийн гол нь томоохон бондын мөнгийг зүй зохисгүй ашигласан гэж буруутгаад байгаа шүү дээ?

-“Чингис”, “Самурай” бонд гээд өрөнд орчихлоо гэж байгаа. Энэ нь өр биш зээл. Дэлхийн улс орон болгон зээлээр амьдарч байна. Компани болгонд хувааж өгөөд буцаагаад хүүгээ төлөөд явдаг. Буцааж өгөх компаниуд нь тодорхой. Ганцхан хүн рүү хамаатуулаад байх юм. Өөрсдөө иддэг болохоор л идсэн байх гэж харддаг байх. Ажлаа хэзээ ч хийдүүлдэггүй, идэж уудаггүй хүн тэр чинээгээрээ л сэтгэнэ. Хүнийг өөр шигээ бодож алддаг гэдэг үг байдаг. Муу хүн гэж бодож байтал сайн хүн байдаг. Сайн хүн гээд итгээд байхад араас нь хутгалдаг ч юм уу тэгж ярьдаг. Сайн хүн нь жирийн амьдралд олон байдаг ш дээ.

-Та хүүгийнхээ ажил албаны талаар ямар бодолтой явдаг вэ. Үнэхээр тэр их мөнгийг хувьдаа завшсан байж магадгүй гэж хардах хүн олон байна?

-Бид дундаж давхаргын жирийн л нэг сэхээтэн айл. Миний ээж, аав хоёр хоёулаа эмч. Би эдийн засагч мэргэжилтэй. Аав нь барилгын инженер хүн. Одоо ч барилгын талбай дээр ажиллаж байна. Манайх хүү, охин хоёртой. Хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлэхийн тулд ажил хийж олсон таван цаасаахураан, байр орон сууцаа барьцаанд тавин, хамаг бүхнээ л шавхан байж гадаадад сургуульд явуулсан. Дарга нарын хүүхдүүд чинь гадаадын их дээд сургуульд улсын тэтгэлгээр сурдаг гэж ярьдаг. Харин миний хүү өөрийнхөө мэдлэг чадвараар сургуульд сурч өдий зэрэгтэй яваа. Манай бэр ч гэсэн дөрвөн хүүхэдтэй айлын том нь. Эдийн засагч мэргэжилтэй. Бас л өөрийнхөө чадвараар Англид мэргэжил эзэмшсэн. Хүү маань долдугаар сард ажлаа өгчихөөд Хөдөлмөрийн биржид ажилд орох анкет бөглөсөн байсан. Ажлаа өгчихөөр ар гэр нь орлогогүй болчихож байгаа юм чинь, ингэхээс ч яахав. Бид ийм л амьдралтай улсууд. Хүү маань намд элсээд залуучуудын хэлдгээр дарга нарын цүнх барьж яваад байдаг хүн биш.Орос, англи, герман, итали хэлтэй. Өндөр боловсрол эзэмшсэн хүн.

-Хаана, ямар боловсрол эзэмшсэн бэ?

-Австрид сурсан. Миний хүү Нийслэлийн 33 дугаар сургуулийг төгссөн. Тухайн үед сурагчдын дунд уралдаан зарлаад Соросын сангийн тэтгэлгээр АНУ руу солилцооны хөтөлбөрөөр явуулдаг байлаа шүү дээ. Тэр уралдаанд хүү маань түрүүлж Америкт хагас жил дунд сургуульд сураад ирсэн юм. Яваад ирэхдээ англи хэлдээ яггүй сайжраад ирсэн. Ном байнга уншдаг. Үеийнхэн дундаа сурлагаараа манлайлдаг, хичээл зүтгэлтэй хүүхэд байв. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсч хоёр жил сурсан. Манайхны боловсролын тогтолцооны зөрүүнээс хамаараад Монголын их, дээд сургуульд хоёр жил сураад гадаадын сургуульд элсэх боломжтой байсан хэрэг. МУИС-ийн хоёрдугаар курсийг төгсөөд Австрийн Венийн Эдийн засгийн их сургуульд өөрөө интернэтээр бүртгүүлээд шалгалтыг нь өгч тэнцээд явсан. Миний хүү Венийн эдийн засгийн их сургуулийг төгсөж чадсан эхний монгол хүн. Сургуулиа төгсөөд тэндээ өндөр цалинтай ажил хийгээд сайхан л амьдарч байлаа. 2009 онд би дуудсаар байгаад хүүгээ аваад ирсэн юм. Одоо бодоход тэр хөгжилтэй оронд хүүгээ ажиллаж байхад нь яах гэж дуудав гэж ч харамсах шиг.

-Яагаад Австрид ажиллуулахыг хүсээгүй юм бэ?

-Хүүгээ эрэгтэй хүүхэд байна, ирж эцэг, эх хоёртоо хань бол, эх орондоо хийж сурсан зүйлээрээ хувь нэмрээ оруулж хөгжүүлэх хэрэгтэй гэсээр байгаад л аваад ирсэн.

-УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын туслахаар хэзээнээс ажилласан юм бэ. Хэрхэн холбогдсон бол. Та энэ хүний талаар хэр их мэдэх вэ?

-Батбаяр гишүүнийг танихгүй. Ноднин л хүүгийнхээ хурим дээр хүмүүсийн хэлдгээр амьдаар нь харсан. Ард түмэн сайн хүн гээд л УИХ-ын гишүүнээр сонгогдсон байлгүй. Бид мэдэхгүй байж ийм, тийм гэж ярилтай биш. Австриас 2009 онд ирээд танилцуулгаа бариад компаниудад анкет бөглөж хэсэг явсан юм. Монголын томоохон гэсэн компани болгон л хүүг маань ажилд авах сонирхолтой байсан. Ингэж явж байгаад л нэг өдөр УИХ-ын гишүүний багт ажилд орсон. Ямар ч залуу хүн цалин хөлс, хөгжих, дэвших боломж харж л ажилд ордог. Гэхдээ мэргэжлээрээ шүү дээ. Намд орж, алив надад албан тушаал энээ тэрээ гэж гүйгээгүй. Мэргэжлээрээ ажиллаж “Чингис” бондыг босгох техникийн ажлын хэсгийг ахалж байсан гэсэн. Техникийн ажилтан гэдэг чинь судалгаа, шинжилгээ хийж, эдийн засгийн үндэслэл зэрэг мэргэжлийн л ажил хийнэ шүү дээ. Дарга нар бол яахав дээ, наагуур нь гарын үсэг зурж, гэрээ хэлэлцээрт тамга дарж явах нь тодорхой. Ингэж л мэргэжлийнхээ ажлыг хийж дэвшиж явсаар байгаад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал болсон. Энэ хугацаанд сайн ажиллалаа, Монголын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэж төр засаг хүүг маань “Алтангадас” одонгоор шагнасан. Залуу хүний хувьд энэ бол том шагнал шүү дээ. Аав бид хоёр нь насаараа ажиллаад ямар ч одон медаль авч үзсэн биш. Хүүгээрээ бахархдаг. Гэхдээ хүүгийн минь ажил ард түмний нүдэн дээр ил яваад байсан шүү дээ. Тэгэхээр цаана нь ямар нэг улс төрийн хор явж байна уу гэж хардах юм.

-УИХ-ын гишүүний багт ажиллана гэдэг улс төрд орсонтой ялгаагүй биш үү?

-Би хүүдээ байнга хэлдэг.Улс төрд битгий ороорой. Яах гэж мэргэжил эзэмшсэн юм. Мэргэжлийнхээ ажлыг л хий. Монголд юу хэрэгтэй байна. Сайн мэргэжилтэй хүн л хэрэгтэй. Тэрнээс нам дагаж гүйгээд л, нам ярьж мэргэжлийн хүмүүсийг халаад л явдаг зүйл хэрэггүй гэж захидаг. Тийм ч учраас миний хүү мэргэжлийнхээ дагуу л ажиллаж байсан. Гэтэл ажилгүй болгочихоод, хэрэг нээчихээд, гадагшаа явах эрхийг нь хаачихаар энэ хүн чинь амьжиргаагаа яаж залгуулах юм бэ. Ардаа гэр бүлтэй хүн. Залуу хүн. Өөрийгөө аваад явчих мэргэжилтэй хүн чинь ажилд орох хэрэгтэй биз дээ. Гэтэл тэр боломжийг нь хаачих юм. Наад зах нь энэ хүмүүс чинь байрны зээлтэй хүмүүс.

-Таван өрөө тансаг хауст амьдардаг гэж сонсож байсан юм байна…?

-“Чингис” бонд орж ирээд манай эдийн засаг жаахан уужраад моргейжийн зээл хэрэгжиж манай хүүгийнх бусдын л адил байрны зээлд хамрагдсан. 79 метр квадрат байранд орсон. Одоо энэ хэд маань сар бүр байрны зээлээ төлөөд явж байна. Хүүг ажилгүй болсноос хойш бэр ганцаараа байрныхаа мөнгийг төлж байгаа. Ямар хүнд байна гээч. Монголын жирийн л нэг залуу гэр бүл. Бид ч олигтой тусалж дэмждэггүй. Өөрсдийнхөө бор зүрхээр л явж байгаа л хүмүүс. Тэгсэн саяхан бэр маань “Ээж ээ, бид хоёр хадгаламжгүй, хуучны компьютерээс өөр зарж борлуулах юмгүй, гар утаснаас өөр олигтой хөрөнгө ч үгүй юм байна гэдгээ мэдлээ” гэж хэлсэн. Үнэхээр л амьдрахын төлөө ажлаа хийгээд л явж байгаа залуу гэр бүл ш дээ. Хүмүүсийн яриад байгаа шиг таван өрөө тансаг хаусанд амьдардаггүй. Гал тогоо, ванны өрөөгөө нийлүүлээд ч таван өрөө хүрэхгүй орон сууцанд амьдарч байна. Дундаж давхаргын тэг дундуур л амьдралтай айл.

-Хөгжлийн банкны талаар, ер нь ажлынхаа талаар, үзэл баримтлалынхаа тухайд гэр бүлийнхэнтэйгээ хэр санал бодлоо хуваалцдаг байсан бэ?

-Миний хүү хэзээ ч шал шал хийж, шалчиганаж элдэв юманд оролцож явдаг хүн биш. Жинхэнэ зарчимч эр хүн. Хүүтэй минь анх удаа уулзсан хүн ахиад уулзахдаа зан чанарыг нь ихэд хүндэтгэдэг. Өөрөө эдийн засгийн мэргэжилтэй учраас банкныхаа бүх л зүйлд санаа тавьж ажилладаг байсан гэж эхнэр нь хэлдэг. “Уг нь манай улс хөгжихөд их амархан. Даан ч хөгжүүлэх дургүй хүмүүс бас байх юм аа” гэж хаа нэг ам нээж байхыг нь би мэдэх юм. Өөр ажил төрөлтэй холбоотой юм яриад байдаггүй. Манай бэрийн ярьснаар бол анх Хөгжлийн банк солонгос захиралтай байхад хэн ч энэ банкийг мэддэггүй байсан. Гэтэл миний хүү захирал нь болж очоод өдий зэрэгтэй авч яваад ирэхээр хүн болгон анхаарлын төвд ороод ирсэн. Гаднаас тэр том бондыг босгох чинь хүний цэвэр авьяас, харилцаа. Наад зах нь өөрийнх нь орны хэлээр яриад, сэтгэгдэл төрүүлээд ирэхээр өөр шүү дээ. Одоо энэ төрийн өндөрлөгүүд яаж байна. Хараад байхад тийшээ ч явж мөнгө гуйлаа, ийшээ ч явж зээл хүслээ гээд байгаа. Зүгээр ч нэг орчуулагчаар дамжуулаад хүсчихдэг зүйл биш гэдэг нь наад захын бидэнд харагдаж байгаа шүү дээ. Тэр болгон ээж, аав дээрээ ирээд ч байдаггүй. Жилдээ цагаан сараар, наадмаар ч юм уу ганц хоёрхон уулздаг. Манай ах дүү нар хүртэл их зантай, ирдэггүй гэдэг. Юун их зан, улсынхаа төлөө шөнө өдөргүй ажиллаж, тооцоо гаргаж суудаг хүн шүү дээ.

Гэртээ ч ирдэггүй. Ажил, ажил л гэдэг юм. Гэтэл би хажуунаас нь алив ир гээд шаналгаад байхыг хүсдэггүй л дээ. Хамаатан садан нь ойлгохгүй байхад харь элгийн хүмүүс ойлгохгүй байх нь аргагүй ч юм уу.

-Хүүгийн тань найз нөхдийн хүрээлэлд ямархуу хүмүүс байдаг бол. Энэ талаар сонирхож болох уу?

-Хүү маань байнга л ном уншиж, нөүтбүүкнээс салдаггүй. Хаа нэг завсар гарахаараа хүүхэлдэйн кино үзэж харагддаг. Хөгжлийн банкинд орсноосоо хойш ганц ч удаа амраагүй болов уу. Олон хуулийн төсөл, хөтөлбөр бичиж санаачилсныг та бүхэн мэдэж байгаа байх. Товчхондоо, өөрийгөө эх орондоо зориулсан хүн. Тэгж найз нөхөдтэйгөө уулзлаа, уулаа, идлээ гээд байхыг би мэдэхгүй. Хүмүүсийн яриад байгаа шиг надад тийм цалин өг, би тийм бизнес ангиллаар ниснэ, тийм үнэтэй буудалд бууна гэдэг ч хүн биш. Хөгжлийн банкны хууль, дотоод журам, ТУЗ байна. Тэр хүмүүс зохицуулна. Улаанбаатараас Төв аймаг явахдаа ч гэсэн ТУЗ-ийн зөвшөөрлөөр явдаг гэсэн. Тэгээд бэр бид хоёр тэр буруутгаад байгаа томилолтын зардлын үндэслэлийг нь хараад байхад Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын дарга гээд дандаа төрийн тэргүүний айлчлалын бүрэлдэхүүн хэсэгт багтсан байгаа юм. Тэгэхээр тэр хүн чинь багаараа явж байж ганцаараа тусдаа буудалд буучихъя гэхгүй биз дээ. Тиймээс тэр төрийн тэргүүнүүд ч гэсэн адилхан буудалд бууж адилхан зардал гаргасан байж таарах нь. Тэгээд ч бүх хүний зардлыг нэгтгээд ганцхан миний хүүг зарцуулсан мэтээр тавьсан байх жишээтэй.

-Таныг хүүгээ хорихоос гаргахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан гэж сонссон. Нааштай хариу байна уу?

-Өнгөрсөн даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл гаргаад Төрийн ордонд очсон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтантай нь уулзсан. Намайг та наад өргөдлөө энэ хайрцаг руу хийчих. Энэ хайрцагт хийсэн өргөдөл, гомдлыг Ерөнхийлөгч хүлээж аваад танилцдаг гэсэн. Тэгэхээр нь ордны баруун хаалган дээр байдаг шуудангийн хайрцаг руу хийгээд үлдээсэн. Тэрнээс хойш ямар ч чимээ сураг алга. Мөн Японы Элчин сайдад өргөдөл бичсэн. Яагаад гэхээр миний хүүг “Чингис”, “Самурай” бондтой холбоотойгоор Японы хоёр ч банктай хамтарч мөнгө идсэн гэж буруутгаж шалгаж байгаа юм билээ. Тэр хэдэн тэрбум гэх мөнгөний хэмжээг хараад л бид ухаан алдах шахсан. Өмгөөлөгчид хандахаар “Өө ийм их хэмжээний мөнгөтэй холбоотой хэрэг байна. Би хөлсөндөө энэ үнийн дүнгийн тэдэн хувийг авна” гэдэг. Миний хүү хэрэг ч хийгээгүй байхад яагаад энэ их мөнгийг төлөхөв гээд Японы Элчин сайдын яаманд хандсан. Тэгсэн харин их хурдан шуурхай надад хандаад, Шимизү гуай өөрөө хүлээж авч уулзаад “2014 онд ийм хэрэг мандаад аль хэдийнэ ор үндэсгүй зүйл гэдгийг нь баталсан. Энэ бол жирийн процедураар хийгдсэн ажил” гэсэн. Элчин сайдын бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа учраас яваад өгч магадгүй гээд надад туслахынхаа нэрийн хуудсыг хүртэл үлдээсэн. Олон улсын зах зээлд бусад орнуудад ч гэсэн ийм журмаар хэрэгжүүлээд явж байна. Тэгэхэд Монгол Улс яагаад сүйд болоод өлгөж аваад байгааг ойлгохгүй байна.Үнэхээр л асуудал байгаа юм бол тухайн үеийн Засгийн газар, төрийн тэргүүнүүдийг л шалгах хэрэгтэй. Тэрнээс техникийн ажилтныг нь шалгаад юу гарах юм бэ. Бүх ажил аливаа тогтоол шийдвэр, ТУЗ-ийн хурлаар шийдэгдэж байгаа шүү дээ. Гэтэл банкны захирал дуртай үедээ түлхүүр бариад сейф онгойлгоод мөнгө авдаг юм шиг ойлголтыг ард түмэнд өгөх гэж хүчилж байна. Японы талаас хэн нэгнээс байцаалт аваад, асуулга аваад байсан зүйлгүй юм билээ. Тэгэхээр хуурамч хэрэг үүсгэж байгаа нь илэрхий. Японы тал ч гайхаж байна. Миний хүү их зарчимч гэж би хэлсэн. Ардчилсан улс гэж бодож явсан улс нь ардчилсан биш болж таарч байна. 1937, 1939 онд их олон хүнийг хилс хэргээр хороож байсан гэдэг. Зарчмын хувьд тэрнээс ялгаа алга.

-Хүүгээ улстөрчдийн золиос болж байна гэлээ. Ард нь хэн байна вэ. Хэн гэдэг улстөрчдийн өмнөөс ингэж хоригдох дээрээ тулаад байна вэ?

-Ёстой мэдэх юм алга. Олон улсад гүйцэтгэх албаны ажил, төрийн албан хаагч гэдэг улс төрөөс салангид явдаг зүйл. Шинэ үеийнхэн чинь дэлхийтэй өрсөлдөж, сайхан амжилттай ажлаад байхад ажлыг нь хийлгэхгүй юм. Хийж байгаа нэгнийг нь ингээд махны машиндаад байвал дараагийнх нь ээлж ирэхгүй ш дээ. Шинэ үеэ цаазалж хаяад байх юм бол улс орон яаж хөгжих юм бэ. Хохь чинь гээд коммент бичээд суугаад байгаа хүн олон харагдсан. Энэ чинь хүн болгонд хамаатай асуудал.Ямар ч үндэслэлгүй учраас маргааш танай гэрт ч ирж таньд ч хэрэг үүсгэж болох л байхгүй юу. Хоосон зүйлээр хэлмэгдүүлнэ гэдэг хамгийн уршигтай. Тэрнээс ил цагаан хүн зодчихсон бол хамаа алга. Шангаа хүртлээ гэхсэн. Монголчууд өлсөж үзээгүй, зовж үзээгүй гэтэл хэдхэн улстөрчөөс болж дандаа л гадны орноос гуйлгачлаад сууж байна. Энэ залуус чинь ажиллах арга, ажиллагааг нь сурчихаад ирж байна. Ажиллах боломжийг нь нээгээд өгчих. Ийм сайхан боловсон хүчнийг ашиглахын оронд зүрхийг нь мохоогоод хорьж, цагдаад байхаар яах юм бэ.

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Т.Наран: Төрийн компани нь хуулиа зөрчиж, нүүрсний экспортоо унагаад байна

Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Нарантай ярилцлаа.

-Монголчууд нүүрсээ хямдхан өгөөд байгаа юм биш, Австрали ч нүүрсээ уурхайн аман дээрээсээ хямдхан зардаг гэсэн тооцоог нэг эдийн засагч хийсэн байсан. Хэр бодитой тооцоо вэ?

-Нүүрсний үнэ богино хугацаанд асар их өссөн нь үнэн, манайх энэ өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй суугаа нь бас бодит үнэн. Нүүрсний үнэ шалдаа буусан байх үед хийсэн гэрээгээр үнээ тооцоод явж таарахгүй л дээ. Тэр үеэс хойш нүүрсний үнэ 2.5 дахин өсчихсөн. Таван толгойн коксжих нүүрс Бугат, цаашлаад Таншань хүрдэг. Тэнд нүүрс ямар үнэтэйг харахад л бүх зүйл тодорхой. Тээвэрлэлт баяжуулалт зэрэг үйл ажиллагааны зардлыг хасахад Таван толгойн нүүрсийг уурхайн аман дээрээс дор хаяж 50 ам.доллараар зарах ёстой гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ хийчихсэн. Сая таны хэлсэн тооцоог харсан, худалдан авагч талын зардлуудыг нэмсэн байна лээ. Зах зээлдээ очсон хойно гардаг зардлуудыг нэмэх үндэс уг нь бол байхгүй. Худалдан авагч тал авсан нүүрсээ агуулахад хадгалахад хэчнээн мөнгө зарах нь бидэнд хамаагүй. Мөн нүүрсний гарцыг доогуур тавьсан харагдсан. Нэг тонн түүхий нүүрсийг угаахаар баяжуулсан нүүрс гардаг. Тэр хувийг нь 80 гаруй гэсэн байсан. Гэтэл нүүрсний салбарынхан Таван толгойн коксжих нүүрсний гарцыг 94-95 хувь гээд тооцдог.

-Австралийн нүүрс ер нь хэчнээн ам.долларт хүрч өсөөд байна вэ?

-Австралийн нүүрс Хятадын боомтууд дээр 250 ам.доллар хүрч байна. Өмнө нь шалдаа унах үедээ 70 ам.доллар руу уруудаж байсан. “Эрдэнэс Таван толгой” одоо мөрдөж байгаа гэрээгээ тэр үед хийсэн юм.

-Нүүрсний үнэ цаашдаа тэгтлээ өсөхгүй байх гэх юм. Ер нь манай улсын нүүрсээ нийлүүлдэг хэсгийн ирэх жилүүдийн эрэлт хэр байгаа бол?

-Сая урд хөршид ажлаар яваад ирлээ. Хятадын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бол Австрали манайх хоёр. Австрали өндөр үнээр тултал ашиг олж чаддаг ч манайх чаддаггүй. Манай улсын нүүрсээ нийлүүлдэг Хятадын баруун талын нүүрсний эрэлт өсөх нь тодорхой байгаа. Хуучин уурхайнуудынх нь сайн чанарын нүүрсний нөөц барагдсан, төрөөс нь уурхайнуудынхаа ажиллах хоногийг багасгасан гэж ирээд яривал дотоодоосоо олборлодог хэмжээ нь эрс багасч байна. Тэгэхээр нүүрсний үнэ өсөх ирээдүй өндөр.

-Манай улсад нүүрс экспортолдог хэчнээн компани байдаг вэ?

-Нүүрс экспортолдог компаниуд олон. Гэхдээ экспортын нүүрсний 90-95 хувийг экспортолдог зургаан компани л бий. Таван толгойн орд дээр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Таван толгой, Нарийн сухайтын орд дээр “МАК”, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” гэсэн гурван компани байдаг.

-Таван толгойгоос гаргадаг нүүрсний 80 орчим хувийг “Эрдэнэс Таван толгой” экспортолж байна уу?

-Тэр багцааны хувийг гаргаж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н экспортолдог нүүрс сүүлийн жилүүдэд жил бүр өсөлттэй гарч байна л даа. Бусад компанийн тухайд эзлэх хувь нь огцом багассан. Харамсалтай нь “Эрдэнэс Таван толгой”-н нүүрс экспортлох хэмжээ өсч байгаа ч олдог мөнгө нь өсдөггүй зовлон байна. Монголд орж ирдэг валютын хэмжээ өсөхгүй байна гэсэн үг. 2012 онд Монгол Улс нүүрсний экспортоос 2.4 тэрбум ам.доллар олж байсан. Хориод сая тонн нүүрс гаргаад олсон мөнгө. Гэтэл одоо бараг хорин сая тонныг гаргаж байна. Гэтэл 2015 онд 600 гаруй сая ам.доллар л орж ирсэн. Дөрөв дахин бага мөнгө олсон гэсэн үг. 2016 онд ч ялгаагүй, 800 орчим сая ам.доллар л олохоор байгаа. “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн “Таван толгой” гэсэн компаниуд гурван өөр улсын компани шиг уялдаагүй ажиллаж байна. “Эрдэнэс Таван толгой”-г ажиллаж эхлээгүй байхад нөгөө хоёр нь боломжийн үнээр нүүрсээ борлуулдаг байсан. Гэтэл одоо нүүрсээ дажгүй үнээр борлуулж чадахаа больсон. Хажууд нь олборлолт явуулдаг төрийн өмчтэй компани нүүрсээ маш хямдаар экспортлоод байхаар хэн ч өндөр үнээр нүүрс авахыг хүсэхгүй. “Эрдэнэс Таван толгой”-гоос л нүүрс худалдаж аваад байхаар экспортын ихэнх хувийг эзлэхээс аргагүй л дээ.

-Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээнэ, зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан. Таван толгойн зүүн Цанхийн хамгийн сайн давхаргын коксжих нүүрсийг сорчлон зарж, арай сул чанарын нүүрснүүдийг хаяж байна гэсэн шүүмжлэл бий. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-“Эрдэнэс Таван толгой” таны сая хэлсэн заалтыг шууд зөрчиж байгаа. Бас өөр ч заалтыг зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй гэсэн заалт бий. Тэгэхээр Ашигт малтмалын хуулийн голлох хоёр заалтыг зөрчиж байна гэсэн үг. Зах зээлийн үнээс доогуур зарж байгааг сая хоёулаа ярилаа. Төрийн компани гэхээр давуу эрхтэй байж болохгүй л дээ. Авто замаар жишээлье. Шороон замаар нүүрс тээвэрлэж болохгүй гээд “Энержи ресурс”-ын уурхайг нь зогсоож байгаад засмал зам тавиулж байсан түүх бий. Гэтэл дараахан тавьсан замыг нь Засгийн газар авчихсан хэрнээ л хажуугаар нь 100 тоннын машинаар тээвэр хийж байх жишээтэй.

-Зам тээврийн сайд өнгөрсөн жил шороон замаар тээвэр хийхгүй гэсэн тушаал гаргасан санагдаж байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-гоос засмал зам хүртэл арав гаруй км шороон замаар явсаар байгаа шүү?

-Ийм хандлага нүүрсний салбарт их тод анзаарагддаг. Жишээ яривал өчнөөн юм бий.

-Таван толгойд уг нь нүүрс угаах үйлдвэр бий. Угаагаад зарвал арай ахиу үнэтэй, бас дотооддоо нэмүү өртөг бүтээгээд зүгээр санагдах юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сул тал бий ч эерэг тал нь их. Адаглаад л тээврийн зардал эрс багасна. Хэрэггүй шороо ачихаа болино гэсэн үг. Нүүрсийг угааж баяжуулахаар хэчнээн хүн ажилтай байх вэ, угаах үйлдвэрт хэчнээн компани ханган нийлүүлэлт хийх вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Энэ бүх зардал Монголд л шингэнэ. Одоо бол бид уурхайн аман дээрээс нүүрсээ хямдхан зарж орлого олж байгаа. Бусад бүх зардлаа алдаж байна. “Винсвэй”, “Шанхай” өөрсдөө угаах үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн өсөлтөөс хүртэж болох бүх ашиг хилийн гадна гарчихаад байна л даа. Ашигт малтмалын хуульд олборлосон нүүрсийг тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт зах зээлийн үнээр нийлүүлнэ гэсэн утгатай заалт бий. Төрийн компани нь хуулиа зөрчөөд байна л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчтэй компани учраас ард түмний мөнгө яах нь хамаагүй байлаа гэж бодъё. Хажууд нь ажилладаг бусад компаниа татаж унагаж байгаа нь анхаарахаас аргагүй гол асуудал. Монголын нүүрсний экспортын зах зээлийг тэр чигт унагаж боломгүй байгаа юм.

-“Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг эргэж харах талын ажлыг засгаас эхлүүлэх янз байна уу?

-Гэрээний нөхцөлөө сайжруулах талаар Засгийн газар анхаарч ажиллаж эхэлсэн гэж сонссон. Салбарын яамнаас нүүрсний салбарынхны санаа оноог сонсч байна. Гэрээний нөхцөлөө эргэж харахад “Чалко” нэг их дургүйцэхгүй байх. Авахаа зогсоолоо гэвэл “Чалко” хохирохгүй. Цаг хугацаа алдах хэрээр хүү өсөх эрсдэл бий. Зүүн Цанхийн нүүрсийг “Чалко”-гоос өөр газар нийлүүлэх боломжгүй. Ийм гунигтай ч гэмээр, инээдтэй ч гэмээр байдалд орчихоод байна. “Эрдэнэс Таван толгой” яг ийм болно гэдгийг бид олон жилийн өмнөөс сануулсан. “Эрдэнэс Таван толгой”-г 2011 онд олборлолтоо эхэлж байхад дэд захиралд нь “Нүүрсний үнэ унагаж, дотоод өрсөлдөөн үүсгэв ээ. Орон нутгийн Таван толгой, Энержи ресурс зах зээлийн үнээс нь нэг их доошлуулахгүйгээр нүүрсээ зараад эхэлсэн шүү” гэж сануулж байсан. Иймэрхүү сануулгуудыг тоосонгүй л дээ.

-“Таван толгой”-г ашигтай ажиллуулах ямар гарц байна?

-“Эрдэнэс Таван толгой” 100 хувь төрийн өмчтэй байж болно. Гэдээ менежмэнт нь хувийнх байх ёстой. Менежмэнтийн баг “Эрдэнэс Таван толгой”-г хэр өндөр үр ашигтай ажиллуулж байгаагаас хамаарч ашгаа авдаг болчихвол огт өөр дүр зураг харагдана. Засгийн газарт ч, тухайн компанид ч ашигтай хувилбар. Гадны том компаниудыг ажиглахаар зарчим нь ийм л байдаг.

-Төмөр зам дээр байр сууриа илэрхийлэх үү?

-Зам тээврийн сайдын ярьж байгаагаас харахад Хятадаас мөнгө зээлээд хятадуудаар төмөр зам бариулах юм шиг байна. Гэтэл өмнө нь хувийн компаниуд улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төмөр зам бариад тодорхой хугацааны дараа мөнгө төгрөг нэхэхгүйгээр төрд хүлээлгэж өгнө гэж байхад үгүй гэсэн. Таван толгойн тендерт шалгарсан консорциум “Чалко”-гийн өрийг авъя, экспортолсон нүүрсний 25-аас доошгүй хувийг гуравдагч зах зээлд гаргая, тодорхой хэмжээний долларыг урьдчилж өгье, 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барья гэж амлахад үгүй л гэсэн. Эцсийн дүндээ Засгийн газар өчнөөн өртэй дээрээ нэмээд зээл авч төмөр зам тавина гэж яриад эхэллээ. Төмөр зам зардлаа нөхөж, Хятадаас зээлсэн мөнгөө төлнө гэдэг эргэлзээтэй. Төмөр замаар ачаагаа тээх нүүрсний компаниуд өндөр ашигтай ажиллаж байж өрөө төлж таарна. Байдал таагүй бол төмөр зам барьсан мөнгөө Хятадад өгөх цаг боллоо, татвараа нэмэхээс аргагүй нь гэж ярихаас өөр зам төрд үлдэхгүй. Ачаа нь компаниуд, иргэдийн нуруун дээр л ирнэ.


Categories
мэдээ цаг-үе

М.Амбага: Далай ламын захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн

Монгол Улсын төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор М.Амбага нэгэн шинэ онол нээсэн билээ. Түүний шинэ нээлттэй холбоотой бүтээлийг Германы “Lam­bert” хэвлэлийн газраас ном болгон өнгөрсөн наймдугаар сард хэвлэсэн юм. Доктор М.Амбагатай сүүлийн хэдэн арван жилийн туршид хийсэн судалгааны ажил, шинэ онолынх нь талаар ярилцсан юм.

-Анагаах ухааны салбарынхан таныг андахгүй сайн мэддэг. Та манай уншигчдад өөрийнхөө эрдэм шинжилгээний ажлын талаар товчхон танилцуулаач?

-Би бол жирийн нэгэн эрдэмтэн, судлаач хүн. Дөчин жил эрдэм шинжилгээний ажил хийж байна. 1977 онд 22 настай байхдаа л ШУА-ийн Байгалийн нэгдлийн хүрээлэнд доктор Ц.Хайдавын удирдсан Уламжлалт анагаах ухааны судалгааны байгууллагад эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар анх ажилд орж байлаа. Энэ дөчин жилд би нэг л чиглэлийн ажил хийсэн. Гэхдээ өөрийгөө хүн хийдэггүй том юм хийсэн гэж хэлэхгүй. Дөчин жилийн хугацаанд нэг ч өдөр, давруулж ярих юм бол нэг ч цаг шинжлэх ухааны ажлаа мартаж байсангүй. Эргээд харахад миний эрдэм шинжилгээний ажил, хэвлэгдсэн бүтээлүүдийг хэн нэгэн надад тэг ингэ гэж зааж өгөөгүй ч зөв замаар явсан юм уу даа гэж бодогддог. Би хэд хэдэн түүхэн хугацааг дурдмаар байна. 1977 онд анх Байгалийн нэгдлийн хүрээлэнд ажилд орчихоод байсан үе. Маарамба Чойжамц, Доржжанцан, Санжаажав, Баавгай гуай гээд түвд хэлтэй мундаг хүмүүс тэнд ажиллаж байлаа. Тэдний ярьдаг юм нь гэвэл одоо миний судалж, хэлж тайлбарлах гээд оролдоод байгаа хий, шар, бадган, таван махбодын онолын холбогдолтой зүйлүүд байлаа. Ажилд орсон эхнийхээ өдрөөс л би энэ сонирхолтой яриаг сонссон хүн. Гэхдээ тэр чиглэлийн судалгаа руу айхтар гүнзгий орж чаддаггүй байлаа. 1979 онд аспирантурын шалгалт өгөөд ОХУ-д эрдмийн зэрэг хамгаалсан. Тэнд бас нэгэн азтай учрал тохиосон. Миний багш мембраны онолын хүн байсан. А.Х.Коган багш маань надад их хэрэг болсон. Багшийн маань надад ярьсан зүйл дотор мембраны төлөвүүдийн талаарх яриа багагүй гардаг байсан. Тэр ч бүү хэл багш бид хоёр энэ талаар нэг ном бичих санаатай байсан боловч амжаагүй юм. Ингээд настай мундаг маарамбуудаас хий шар, бадган, таван махбодын онол, нөгөө талаас гадаад багшаасаа мембраны төлөвийн талаар сонссон нь яваандаа эдгээр нь хоорондоо холбогдох учир барилдлага болсон. Энэ бол ёстой л нөгөө бурхны аврал байсан гэх үү дээ. Өөрчлөн байгуулалт болж хий, шар, бадганы онолыг судлах талд хандлага зөөлөрсөн. Ингээд аспирантураа төгсөөд 1985 онд энэ сэдвийг аваад судлах боломж бүрдсэн. Тэр үеэс л би хий, шар, бадганы онолыг тайлбарлах гэж оролдсон хүн дээ. Энэ оролдлогын дотор амьд эс дотор гурван төлөв бүхий нэг том тогтолцоо байдаг юм байна гэсэн бодол салаагүй. Гэтэл 1990 оны намар нэг өглөө гэнэт хий, шар, бадганы гурвалсан онол, мембраны гурван төлөв хоёр холбоотой юм байна гэсэн сонин бодол төрж билээ. Дөрвөн жилийн дотор судалгаа шинжилгээний ажлаа хийгээд 1994 онд энэ сэдвээр анагаахын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Үүнээс хойш 1995 онд “Хий, шар, бадган ба мембрант байгууламж” гэсэн анхны номоо бичиж хэвлүүлсэн. 1996 оноос анхны шавиа эрдмийн зэрэг хамгаалуулж түүнээс хойш дөчөөд хүний эрдмийн ажлыг удирдлаа. Хий, шар, бадган, мембраны гурван төлөвт зохицуулгын чиглэлээр 200-гаад ном, 400-гаад өгүүлэл хэвлүүлсэн. Зөв замаар яваад байсан юм уу даа гэдэг маань үүнийг л хэлээд байгаа юм. 2000 онд энэ чиглэлээр сургууль байгуулсан. Одоогийн Шинэ анагаах ухааны дээд сургууль. Ингээд оюутнуудад энэ чиглэлээр өөрөө лекц унших хэрэгтэй болсон тул яавал ойлгомжтой хэлбэрээр ярих талаар өдөр болгон боддог болсон нь онолоо улам боловсронгуй болгоход их сайнаар нөлөөлсөн. Миний эрдэм шинжилгээний бүтээлүүд гадаадын, тэр дундаа өөр өөр улс орны нэр хүнд бүхий арваад томоохон сэтгүүлд нийтлэгдсэн. Энэ бол том алхам гэж боддог. Саяхан Германы хэвлэлийн газраас номыг маань хэвлэсэн. Нэг ийм л үргэлжилсэн удаан атлаа өгссөн хэлбэрийн судалгаа шинжилгээний үйл амьдрал ар араасаа өрнөсөн юм даа.

-Та бол NCM буюу шинэ анагаах ухаан гэсэн нэр томьёоллыг бий болгосон. Яагаад шинэ гэх болсон юм бол, ямар учраас NCM гэж нэрлэснээ тайлбарлаач?

-Уламжлалт анагаах ухаан ба орчин үеийн анагаах ухаан хоёрыг цоо шинэ мэдлэгээр холбож өгснөө би ингэж нэрлэсэн. Эхэндээ би “Уламжлалт анагаах ухаан судлал” гэж нэрлэдэг байсан боловч энэ нэрээрээ уламжлалт анагаах ухаан чиглэлээр хийгдсэн бусад хүмүүсийн судалгаанаас миний эрдмийн ажил ялгарахгүй байсан. Бараа бүтээгдэхүүнээр ярих юм бол давтагдахгүй, брэнд нэртэй болох ёстой юм байна гэж бодлоо. Эхлээд монгол нэр өгье гэж бодсон боловч болоогүй. Тиймээс NCM (Newly Coded Medicine) гэсэн нэр өгсөн. New гэдэг нь шинэ, Code гэдэг нь нэг талаас уламжлалт анагаах ухаан, нөгөө талаас орчин үеийн анагаах ухааны үзэл баримтлалыг холбосон шинэ мэдлэгэн код-хоорондоо үл нийцэгч мэдлэгүүдийг нэгтгэн холбогч гүүр код гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний бий болгосон хоёр том анагаах ухаан хоёр талдаа байхад бидний олсон, бий болгосон шинэ мэдлэгийн код тэдний дунд нь зогсч, хооронд нь нийлүүлснээр цоо шинэ гуравдагч анагаах ухаан бий болж байна гэсэн санаагаар NCM гэж нэрлэсэн. Сургуулиа мөн ингэж нэрлэе гэж бодсон боловч гадаад нэр өгч болохгүй гэсэн тул “Шинэ анагаах ухаан” гэж нэрлэсэн.

-Та өөрөө орчин үеийн анагаах ухааны чиглэлээр сурсан. Энэ хоёр анагаах ухааныг холбож өгөхийн тулд уламжлалт эмчилгээ, эм зэргийг нэлээд судалсан байж таарна.

-Амьд эс гэдэг бий болоод 4.4 тэрбум жил болсон. Уламжлалт анагаах ухаан бий болоод гурван мянган жил болжээ. Хүн, амьтны бие эсээс тогтдог гэдгийг нээгээд 400-гаад жил өнгөрсөн. Анх 1665 онд Роберт Гук, дараахан нь Левенгук амьд эсийг дуран авайн тусламжтайгаар нээсэн юм. 1665 онд хүртэл уламжлалт анагаах ухаан их давамгай байсан бөгөөд амьд эсийн тухай ойлголт байгаагүй. Хүний бие дотор бодитой байгаа юм бол амьд бие, амьд бадган, амьд шар гэж бүгд ойлгодог, үүнийг хэн ч эсэргүүцдэггүй, эсэргүүцэх үндэс ч байгаагүй. Тухайн үедээ бол асар дэвшилттэй төсөөлөл, үзэл баримтлал байсан. Ийнхүү 1665-1860 оны хооронд Европт амьд эсийн тухай үзэл баримтлал төлөвшсөн. Амьд бие амьд хий, амьд шар, амьд бадганаас тогтдог тухай ойлголтыг яаж амьд эсийн тухай энэ хүлээн зөвшөөрөгдсөн үзэл баримтлалтай зөв, зөрчилдүүлэхгүй, аль нэгийг нь буруутгахгүйгээр холбох вэ гэдэг асуудал гарч ирсэн. Энэ л бидний судалгааны үндэс болсон. Уламжлалт анагаах ухаан бол бие дотор байдаг гурван төлөвт байдал бий гэдгийг хэлсэн байдаг. Ер нь уламжлалт анагаах ухаан бол амьд эсийг анх удаа хий, шар, бадгана гэсэн гурвал кодоор томьёолсон гайхамшигтай анагаах ухаан шүү дээ. Энэ хий, шар, бадганаар кодлогдсон зүйл маань угтаа 1665 оноос амьд эс гэдэг нэрээр яригдах болсон тэр зүйл дотор байдаг нь тодорхой болсон хэрэг. Хүний бие дотор 14 триллион эс байдаг гэж үздэг. Эдгээр олон миллиард эсийн доторх мембрант байгууламжийн төлөв байдал өдөрт гурван удаа өөрчлөгдөж байдаг. Өглөө нэг өөр, өдөр нэг өөр, орой нэг өөр. Адууны мах идэхэд нэг өөр, үхрийн мах идэхэд бас нэг өөр болно. Бага балчир насанд, идэр залууд, хөгшрөхөд өөр өөр. Улирал бүр өөрчлөгдөнө. Бидний энэ үзэл баримтлал гарахаас өмнө энэ хоёр шинжлэх ухаан хоорондоо багагүй зөрчилддөг байлаа. Эрдэмтэд нь хоорондоо ойлголцохгүйд хүрдэг явдал ч гардаг байсан. Харин бидний энэ онолоор нарийн ярих юм бол электрон протоны урсгал, мембран дахь гурван төлөв байдал дээр энэ хоёр анагаах ухааны онолууд хоорондоо нийлэн зангидагдаж байдаг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, хоорондоо зөрчилдөх юм юу ч байхгүй нь тодорхой болсон. Сайн муу, илүү дутуу гэж ярихын оронд энэ хоёр анагаах ухааныг NCM буюу шинэ анагаах ухаан руу нийлүүлэн оруулж сургалт, эмчилгээ, эмийн бодисыг судлахдаа ч ашиглаж болох үндэслэлийг бид гаргасан юм. Уламжлалт анагаах ухааны нэг гайхалтай жор байлаа гэхэд түүний үйлдлийн механизмыг мембраны төлөв дээрээ судлаад тайлбарлаад байхад зөрчилдөхгүй. Сая Улаан-Үдэд болсон олон улсын хурал дээр би илтгэл тавьсан. Тэр илтгэлдээ би хоёр номын агуулгыг харьцуулан ярилаа. Нэг нь 1980-аад онд Дарамсалад хэвлэгдсэн “Уламжлалт анагаах ухааны онолын үндэс” гэсэн нэртэй ном. Тэр номын ар дээр Далай ламын хэлсэн гайхалтай үгийг бичсэн байсан. Юу гэхээр, “Уламжлалт, орчин үеийн анагаах ухааныг хооронд нь сөргөлдүүлэхгүйгээр, аль нэгийг нь сайн муу гэлгүйгээр, хооронд нь хольж хутгалгүйгээр энэ салбарын эрдэмтэд хамт суугаад шинэ онол баримтлалыг бий болгох юм бол хүн төрөлхтний түүхэнд энэ хоёр гайхамшигтай анагаах ухааныг багтаасан анагаах ухааны гурав дахь тогтолцоо гарч ирнэ” гэсэн байдаг. Энэ номыг би санамсаргүй олж уншсан юм.

-Далай ламын хэлсэн тэр санааны биелэл нь таны нээсэн шинэ онол буюу NCM мөн үү гэж танаас асуух гээд байна?

-Тийм ээ, мөн. Үүнийг 1980-аад оны үед Далай лам хэлсэн байгаа юм. Дээрхийн гэгээнтэн маань иймэрхүү юм байх ёстой гэдгийг зарчмын хувьд тэр үед тодорхойлсон байна. Гэтэл Монголын эрдэмтэн түүнийг нь мэдээгүй, дуулаагүй байхдаа энэ хоёр анагаах ухааныг холбосон. Далай лам бол ерөнхий санааг нь хэлсэн. Би Дээрхийн гэгээнтэнтэй уулзаж байгаагүй, намайг мэдэхгүй. Гэтэл түүний захиасыг жирийн нэг монгол эрдэмтэн биелүүлсэн байна. Шинжлэх ухаан гэдэг маань нэг иймэрхүү л зам мөрөөр явдаг бололтой юм.

-Хоёулаа тодорхой жишээн дээр ярья л даа. Таныг гаргасан NCM-ийн онолыг ямар өвчнийг эмчлэхэд туршин ашигласан бэ?

-Бидний бүтээсэн салимон, нефромон, хоффитас гээд эмүүд бий. Жишээ нь, дархлаа сайжруулах үйлчилгээтэй эмийг Уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан хэдэн зуун ургамал дотроос олж гаргана гэвэл хий, шар, бадганы ямар кодчиллоор энэ ургамлууд хэрэглэгдэж байсныг эхлээд судлах хэрэгтэй. Тэндээсээ хөөгөөд энэ нэг хэсэг ургамлууд л дархлаа сайжруулах үйлчилгээтэй эм болох боломжтой юм байна гэдэг урьдал санааг мембраны онолын үүднээс туршилт эхлэхээс өмнө оюун бодлын хүрээнд гаргаад ирнэ, дараа нь үүнийгээ батлах судалгааг амьтад дээр явуулна.

Арван мянган жороос яг оновчтойг нь сонгоно гэдэг эрдэмтэн хүний мэдрэмж, зөн совин багагүй оролцдог зүйл шүү дээ. Утга учиргүй судалгаа явуулаад л баахан цаг үрээд, мөнгө зарцуулаад байх хэцүү. Бүр тодруулж хэлбэл, орчин цагийн анагаах ухаанд хэрэглэгдэх зайлшгүй шаардлагатай нэг эмийг гарган авах хэрэгтэй боллоо гэж бодъё. Тэгвэл мембраны онол, редокси потенциалын онол, протоны урсгалын онолыг ашиглаад уламжлалт жоруудаас эрэл хайгуул хийдэг. Ингээд арван мянган жороос гурван мянгынх нь дотор хайлт хийнэ гэсэн үг. Тэрнийгээ багасгасаар байгаад сүүлдээ тав, арван жорыг үлдээж аваад харин тэдэн дээрээ бол ёстой маш нарийн судалгааг явуулах жишээтэй. Өөрөөр хэлбэл, судалгааныхаа ажлын чиг баримжааг өөрийнхөө онолоос авдаг гэсэн үг. Энэ бол зөвхөн шинэ эм дээрх жишээ. Тэгвэл өвчин дээр авч үзье. Халдварт шар өвчнөөр гурван хүн өвчилсөн байна гэж бодъё. Бүгд нэг хүн эсвэл эмнэлгийн хэрэгслээс авсан байж болно. Эмч нар бол дийлэнхдээ үүнийг гурвуулаа адилхан эмгэг жамтай гэж ойлгодог. Тиймээс нэг ижил чиглэлээр эмчилдэг. Бидний шинэ онолоор бол нэг өвчтөн нь төрөлхийн шарын хийсвэр кодтой. Нөгөө нь бадганы хийсвэр кодтой, гурав дахь нь хийн хийсвэр кодтой байсан байж болдог. Энэ тохиолдолд уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолыг оновчтой ашиглаагүйгээс болоод зарим нэг алдаа гарах магадлал өндөр. Мөн дээр нь бидний энэ онолыг дээрх уламжлалт анагаах ухааны хий, шар, бадганы онолоо тайлбарлахад ашиглаж альфа гамма төлөв түвшинд дахиад авч үзвэл алдаа бүр багасна.

Тэгэхлээр биднийхээр бол хий, шар, бадганы онолоо ашиглан оношоо алдалгүй тавиад, дахин орчин цагийн анагаах ухааны оношоо тавиад, дараа нь гурав дахь онолоо барьж байгаад мембраныг түвшинд электрон протоны урсгалын түвшинд бидний нээсэн гээд байгаа протоны урсгалын есөн дамжлагат битүү хэлхээний аль үе шат дээр эсийн түвшинд илүүтэй гэмтсэнийг тогтоож оношоо бүр тодруулаад эмчилгээ явуулбал алдаа тэр хэмжээгээр багасна. Ингэхэд бидний боддогийн эсрэг эмчилгээ хийх үндэслэл гарахыг ч үгүйсгэх аргагүй. Үүнийг сонссон хүмүүс ямар эсрэг юм яриад байна гэж бодож магадгүй. Ингэж эмчилсэн тохиолдолд халдварт шар өвчний дараахь архагшилт үлэмж багасах боломж байгааг бид амьтан дээрх туршилтын нөхцөлд баталсан юм. NCM анагаах ухаан нь бүх өвчний оношлогоо, эмчилгээнд иймэрхүү хандлагыг шинээр бий болгосон. Мэс заслын практикт ч энэ хандлагыг хэрэглэж болно.

-Таны энэ онолыг манай эмч, эмнэлгүүд авч хэрэглэхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Бидний энэ онол хугацааны хувьд сүүлийн 20-30 жил дотор л яригдаж байгаа шинэ зүйл. Иймээс одоохондоо анагаах ухаанд шууд авч хэрэглэхгүй байгааг зөвтгөх зүйлүүд бий. Гэхдээ ОХУ-ын эрдэмтэдтэй энэ талаар бидний эхлүүлсэн зүйлүүд зарим нь хэрэгжээд эхэлсэн. Манай эмнэлэг, эмч нар батлагдсан стандарт эмчилгээ, оношлогоогоо л баримталдаг. Түүнийгээ баримтлахгүйгээр янз бүрийн шинэ санааг хэрэгжүүлээд эрсдэл үүсэх юм бол хэцүү, хууль ч чанга болчихсон байна. Манай улсын эмч, эрдэмтэд бидний онолыг олон улсын түвшинд хэр баталгаажих нь вэ, гадаадын эрдэмтэд хэр зэрэг хүлээн зөвшөөрөхийг хүлээж байсан байх л даа. Гэхдээ сүүлийн хоёр жилд дэлхийн эрдэмтэд бидний шинэ санааг улам бүр хүлээн зөвшөөрсөөр байгаа нь мэдээж судлаач бидэнд бол хамгийн чухал зүйл юм. Гадаадын анагаах ухааны чиглэлээр дагнасан томоохон сэтгүүлүүд бидний бичсэн, явуулсан эрдэм шинжилгээний өгүүллүүдийг дэлхийн эрдэм шинжилгээний төвүүд рүү илгээж, мэргэжлийн өндөр түвшний эрдэмтдээс санал авахдаа “Таны энэ санаа өмнө нь байгаагүй, давтагдашгүй чанартай болжээ” гэсэн дүгнэлтийг ирүүлээд хэвлэж байгаа нь бидний дөчин жилийн хөдөлмөр талаар болоогүйг харуулж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Нарангэрэл: Галчийн буруугаас болж эмнэлэг дэлбэрч хүний амь үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны орой нам даралтын зуух дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас хүүхдээ сахиж байсан 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Төв аймгийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Гэвч “Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн байна” гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Сумын төвийн эмнэлэг дэлбэрсэн хэргийг шалгах үйл явцад Архуст сумын удирдлагууд нөлөөлөх болсон гэнэ. Энэ талаар талийгаач эмэгтэйн хадам эгч Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Нурангид дарагдсан хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ. Өнгөрсөн хавар тархиндаа хүнд гэмтэл авсан гэж байсан?

-Дүү минь нурангид дарагдсанаас хойш сайжрахгүй л байна. Дэлбэрэлт болсны дараа хүүг шууд ГССҮТ-д аваачиж Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Эмч нар “Хүүгийн гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай нь хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан” гэж онош тавьсан. Мөөмнөөсөө ч гараагүй нялх амьтан өнчирч хоцорсон юм шүү дээ. Одоо ой гарантай болсон. Гэвч хөлд орохгүй, өсөлт, бойжилт нь үеийнхнээсээ хоцроод байна. Мөн дэлбэрэлтийн үед хүчтэй доргилтоос болоод хоол боловсруулах эрхтэн нь гэмтэл авчихсан бололтой. Ямар ч хоол идсэн тэр дороо гүйлгээд гаргачих юм. Төмс идлээ гэхэд огт боловсруулахгүй, бүхлээрээ гарч ирээд байгаа. Бид санхүүгийн боломжтой болохоороо эмнэлэгт нарийн шинжилгээ өгнө гэж ярилцаж байгаа. Үнэндээ амьдралын боломж тааруу болохоор хот руу явж шинжилгээ өгч чадахгүй байна. Том хүүхэд нь одоо гурван настай болсон. Харсан эгч, хамаатан саднаа “Ээж ээ” гэж дуудаад л явж байна. Насан туршдаа ээжийн хайр энхрийлэл мэдэрч чадахгүй өнчин өснө гэдэг хамгийн хэцүү зүйл биз дээ. Бидний амьдрал эмнэлэг дэлбэрснээс хойш орвонгоороо эргэж, хүүхдүүд нь өнчирч, бид дүүгүй боллоо.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс бүх зүйл тодорхой болно гэж байсан?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт ч гарсан. Эмнэлгийн нам даралтын зуухны тогооны ус байхгүй байхад галласнаас болж тогоо нь улайсч, дэлбэрсэн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс болж эмнэлэгт дэлбэрэлт болжээ. Бүр тодруулбал, тухайн өдрийн галчаар ажиллаж байсан М.Алтанхуяг гэх залуугийн буруугаас болж манай дүү харамсалтайгаар амь насаа алджээ гэдэг нь Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болсон. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага мөн л нам даралтын зуухаар халдаг. Дөрвөн галч ээлжээр ажилладаг. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажилд гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Гэтэл манай сумын эмнэлгийн галч нар тухайн өдөр хэдэн удаа тогоондоо ус нэмсэн. Хэдэн хэмийн халууны заалт байсан зэргийг огт тэмдэглэж, хөтлөөгүй байсан. Дэлбэрэлт болдог өдрийн урьд орой галчаар гарсан хүн тогооны усаа сэлбэж дүүргээгүй юм билээ. Тэгээд тухайн өдөр гарах байсан Т.Алтанхуяг ажилдаа ирэхгүй байсаар 16:00 цагийн орчимд ирсэн юм билээ. Ээлж хүлээж аваад ус нэмэлгүй шууд их хэмжээний гал өрдчихөөд гараад явчихсан байсан. Тэгээд л дэлбэрсэн байна лээ. Бид хавтаст хэрэгтэй нь танилцсан. Хоёр галч мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан байсан. Харин тухайн өдөр гараатай байсан бага эмч, үйлчлэгч нарын мэдүүлгээр энэ бүхэн тодорхой болсон. Галч залуугийн буруугаас болоод л дүү маань харамсалтайгаар амь насаа алдсан. Гэтэл эмнэлэг дэлбэрсэн асуудлыг улс төртэй хутгаад одоо хүртэл шийдэхгүй байгаад харамсаж байна.

-Яагаад улс төртэй хутгасан гэж үзэж байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Дэлбэрэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд гарсан. Гэтэл огт шийдэгдэхгүй байсаар өдий хүрч байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт зургаан сарын эхээр гарсан юм билээ. Гэтэл сумын Засаг дарга Шүүх эмнэлгийн дүгнэлтийг биднээс нууж байгаад УИХ болон ИТХ-ын сонгууль дууссаны дараа гаргаж өгсөн. Бид “Дүгнэлт гарсан уу” гээд очихоор “Гараагүй байна. Бидэнд ирээгүй” гээд буцаагаад байсан. Тэгтэл зургадугаар сарын 8-нд дүгнэлт нь гарчихсан байна лээ. Дүгнэлтийг биднээс нуугаад байсан шалтгаан нь сумын дарга нар намын нэр хүнд уначих байх гэж айсандаа л болсон гэж бид үзэж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт яагаад ийм удаан байгааг ч асуусан. Мөн л орон нутгийн сонгуулиар энэ хэргээс болоод нэр хүнд нь уначих байх гээд л ингэсэн юм байна лээ. Төв аймаг дээр “Орон нутгийн сонгууль өнгөртөл энэ хэргийг шийдэж болохгүй. Намын нэр хүнд унана” гээд ярьж явсан гэсэн. Үүнийг бид үнэний ортой гэж бодож байна. Дэлбэрэлт болсноос хойш одоог хүртэл сумын удирдлага, эмнэлгийн дарга нарын хэн нь ч бидэнтэй уулзаагүй. Бид энэ хэрэгт сумын дарга оролцоод байна гэж хардаж байгаа. Эмнэлгийн дарга, галч нарт холбогдох хэргийг орон нутгийн сонгуулийн дараа хэрэгсэхгүй болгох гэж байгаа гэсэн яриа манай сумаар гараад байна. Бид энэ хэргийг үнэн зөв шийдээсэй. Ажлын хариуцлага алдсан хүмүүс зохих ял шийтгэлээ аваасай гэсэн байр сууринаас хандаж байгаа. Эрдэнэт хүний амь үрэгдэж, хоёр хүүхэд өнчирч үлдээд байна шүү дээ. Энэ хэргээс болоод бидэнд дарамт шахалт их ирж байгаа.

-Эмнэлгийн дарга болон галч Т.Алтанхуяг нарыг эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар шалгаж байгаа вэ?

-Эмнэлгийн эрхлэгч, галч нарт Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйл заалтын хоёрт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Тус заалтад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүний амь нас хохирсон бол тав хүртэлх жилээр хорих, эсвэл тухайн мэргэжлээр ажиллах эрхийг нь гурван жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна” гэж заасан байна лээ. Хэд хэдэн хуульч бидэнд ийм тохиолдолд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд өнгөрдөг нь бий гэж байсан.

-Дарамт шахалт байгаа гэж дээр хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Дэлбэрэлт болох үед эмнэлгийн эрхлэгч эмэгтэй хүнд өвчтэй ээжийгээ аваад Энэтхэг рүү эмчилгээ хийлгэхээр явчихсан байсан. Тэр хойгуур нь дэлбэрэлт болоод дүү маань нас барж, хүү нь хүнд гэмтсэн. Эмнэлэгтнь дэлбэрэлт болсон гэдгийг эмнэлгийн эрхлэгчийн ээж сонсоод цочролд орсон. Үүнээсээ болоод амь насаа алдсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа гэсэн. “Та нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгснөөс болж эхнэр маань амь насаа алдсан” гэж эмнэлгийн эрхлэгчийн аав биднийг загнаж дарамталсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байна даа. Хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Өвдөж зовсон ч гэлээ дүү минь амьд байсан бол хоёр нялх хүүхдээ арчлаад, эхийн хайраар дутаахгүй өсгөх байсан шүү дээ. Тэгэхэд энэ хэргийг сонгуультай хутгалдуулж, сонгууль дуустал дүгнэлтүүдийг нууж, сүүлдээ хэрэгсэхгүй болгоно гэх мэт яриа гарч байгаа нь биднийг түгшээж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өвөл нь хүйтэн мөс, зун нь халуун засмал дээр дөч гаруй жилийг өнгөрүүлжээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Чанцалтай ярилцлаа.

-Та яагаад дугуйн спортыг сонгон хичээллэсэн юм бэ?

-Би төв аймгийн Угтаалцайдам сумын Хайлааст гэх газар 1949 онд төрсөн. Намайг гурван настай байхад манайх Баянчандмань суманд нүүж ирсэн юм билээ. Би 1957 онд нэгдүгээр ангид орсон. Манай Баянчандмань сумаар Улаанбаатараас Сэлэнгэ хүртэлх засмал зам дайрдаг. Засмал замтай ганц сум байв. Тийм болохоор дугуйн спортын шигшээ багийнхан ирж бэлтгэл хийнэ. Монгол Улсын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаагаар ахлуулсан 10-аад тамирчин ирнэ. Хүүхэд л болсон хойно тамирчдын дугуй, эрээн алаг хувцсыг нь шохоорхож урдуур, хойгуур нь гүйдэг. Тэр унадаг дугуйны нарийхан, чамин байгааг хэлэх үү. Хараа булааж байна гэж жигтэйхэн. Тамирчид давхиад л байдаг байлаа. Бидний үеийн жаалууд дагаж гүйгээд л, ганц унаад үзчих юмсан гэсэн хүсэл дүүрэн явна. Бороотой өдөр дугуйных нь шавар, шавхайг ч арчиж өгнө шүү дээ. Дугуйчид ч биднийг хорхойсч байгааг ойлгосон байх. Нэг удаа тэд “Хүүхдүүд минь унаад үз. Ойрхон газар яваарай. Ойччихвий. Болгоомжтой явна шүү” гэж билээ. Ингээд л анх удаа уралдааны дугуй унаж үзлээ. Тэр үед л дугуйн спорт ямар гоё юм бэ, энэ хүмүүс шиг л болох юмсан гэж мөрөөдөж эхэлсэн дээ.

-Хэзээнээс мэргэжлийн тамирчин болов?

-Би ч багын л гүйж, харайх дуртай хүүхэд байлаа даа. Долдугаар ангиа төгсөх жил пионерийн сурагчдын анхдугаар спартакиад боллоо. Сагсан бөмбөгийн тэмцээнд нь би орсон юм. Манай сум ч түрүүллээ. Харин сумдаас шилдэг хүүхдүүдийг нь авч Төв аймгийн шигшээ багт элсүүлсэн. Ингэж л спортод улам хорхойсч эхэлсэн дээ. Харин анхны шагнал бол Бүх ард түмний спартакиадад хөнгөн атлетикийн халхалттай гүйлтийн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн минь байлаа.

Харин долдугаар ангиа төгсөөд Төв аймгийн арван жилд үргэлжлүүлэн суралцаж, Улсын багшийн дээд сургуульд Биеийн тамирын багшийн ангид элсэн орсон. Гэтэл нэгдүгээр курсээ төгсөх гэж байтал цэрэгт явахаар боллоо. Манай ангийн волейболын тамирчин Мандаа бид хоёр явсан юм. Улиастайд байх Зинетийн 121 дүгээр ангид очлоо. Удаа ч үгүй байтал “Алдар” нийгэмлэгт намайг тамирчнаар явуулсан даа. Өнөөх карентинд дэглүүлж байсан нөхөр чинь дугуйн спортын тамирчин болохоор болчихов. Хүүхэд насны мөрөөдөл ч биеллээ. Спорт хорооны тамирчин ч болсон. Тэр үед ёстой л хөл газар хүрэхгүй баярлаж билээ. Улиастайгаас “Алдар” спорт хорооны багш Баатар гэх хүнтэй шаахайнд суугаад ирлээ. “Алдар” нийгэмлэгийн дарга Жагдаг гэж хүн байсан. Бэлтгэл, сургуулилтаа сайн хийх үүрэг даалгавар аваад л тамирчны амьдралаар амьдарч эхэлсэн дээ.

-“Алдар” спорт хороо таныг гаргах дургүй байсан гэдэг байх аа?

-“Алдар” спорт хорооны тамирчнаар гурван жил явсан. Бэлтгэл сургуулилтаа ч сайн хийсэн. Тэр үед дугуйн спортоор гурван жил уралдахад орсон тэмцээн болгоныхоо бүхий л шагналыг авсан даа. Тамирчин хүний ид үе гэж байдаг бол “Алдар” спорт хороонд байсан гурван жил минь л байж. 1971 онд намайг халагдах үед Бүх ард түмний V спартакиад болж байлаа. Мөн л багаараа түрүүлж байсан сайхан түүхтэй. Харин халагдах гэхэд тухайн үеийн “Алдар” спорт хорооны удирдлагууд “Залуу хүн хэдэн жил тамирчнаа хийж байгаад ажилла. Яарах юу байхав. Чи илүү их амжилт гаргаж чадна” гээд явуулдаггүй. Би сургуульдаа сурах хэрэгтэй гэж гуйсаар, наадмын дараахан халагдсан.

-Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв?

-1974 онд Зуунмод хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд биеийн тамирын багшаар орж байлаа. Жилийн дараа Төв аймгийн Биеийн тамир спортын хороонд дугуй, тэшүүрийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн дээ. Тухайн үед материаллаг бааз байхгүй. Ганцхан ширхэг уралдааны дугуйтай. Гэсэн ч шавь нар маань Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 14 медаль хүртсэн бахдам амжилтаар ажлынхаа гарааг эхлүүлж байлаа. Дугуй олж бэлтгэл хийлгэх гэж их явж байсан юмдаг. Одоо үе шиг бүх зүйл бэлэн байдаггүй байж дээ.

-Та “Авто зам” клубийг байгуулсан тухайгаа яриач?

-Би 1993 онд дугуйн улсын шигшээ багийг дасгалжуулж эхэлсэн юм. 1990-ээд оны эхээр улсын шигшээ багууд тарж клубийн системд шилжсэн л дээ. Тэр үед олдоц муу хэрнээ өртөг өндөртэй орчин үеийн сонгомол техник хэрэгсэл шаардагддаг унадаг дугуй, тэшүүрийн спорт зогсонги байдалд орсон. Энэ үед шавь нартайгаа бэлтгэл сургуулилтаа шантралгүй хийсээр л байлаа. Хүн дуртай зүйлээ хийж л байвал хүнд хэцүүг ажирдаггүй юм билээ. Энэ бүхнийг тэшүүр, тэр дундаа дугуйн спортод сэтгэл зүрхээ гаргасан амьдралаараа батлах байна. Тэр үед хүнд хэцүү байсан ч зүтгэсээр байгааг минь авто замын газар ажилладаг Жаргалсайхан гээд найз минь анзаарсан л даа. Ингээд 1998 онд Монгол Улсын авто замын салбарыг түшиглэн зургаан тамирчинтай “Авто зам” дугуйн клубийг байгуулсан түүхтэй. “Авто зам” дугуйн клуб маань одоо ч гэсэн тамирчдаараа дотоод, гадаадын тэмцээнд төлөвлөгөө, графикийн дагуу бэлтгэл сургуулилтаа хийлгэдэг. Үүний үр дүн гарч тамирчид маань жил ирэх тусам туршлагажиж Монгол Улсынхаа нэрийн өмнөөс тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд амжилттай оролцсоор байна. ДАШТ, Азийн аварга шалгаруулах, мөн олон улсын чанартай тэмцээнүүдээс нийт 100 гаруй медаль хүртсэн. Ер нь дугуйн спортод дөч гаруй жил зүтгэсэн энэ хугацаанд шавь нар маань ямар нэгэн тэмцээнд оролцоход эхний гурван байрт тогтмол шалгарчээ.

-Таны шавь нар хэд, хэдэн олимпод оролцож байсан байх аа?

– Өвөл, зуны олимпийн их наадамд 1980, 1992, 1996 онд орсон. Миний шавь Д.Оргодол Москвагийн олимпод амжилттай оролцсоноос гадна Берлин, Праг, Варшавт дэлхийн шилдэг дугуйчидтай өрсөлдөж байлаа. Энэхүү дэлхийн энх тайвны нэрэмжит тэмцээнээс идэвхтэй дугуйчны шагнал, цомоор шагнуулсан. Тус шагнал нь Монголын дугуйчдын олон улсын тэмцээнээс авсан анхны шагнал болсонд бахархдаг юм. Мөн 1992 оны Барселон хотод болсон зуны 25 дугаар олимпийн их наадамд Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших оролцсон. Тэрээр БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Дэлхийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Ази тивээс шалгаран орж Австрали улсад болсон олон улсын тэмцээнээс хүрэл, ДАШТ-ий бөөн гараатай 180 км-ийн уралдаанаас мөнгө, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг тус тус хүртэж байлаа. Алтансүх шавь маань БНХАУ-д болсон олон усын тэмцээнд нийлбэр дүнгээр түрүүлэн аварга болж, аваргын шар цамцны эзэн болсон. Түүнээс гадна миний шавь А.Содномдаржаа 1992 оны Альбервилийн өвлийн олимпийн их наадамд тэшүүрийн спортын төрлөөр оролцож байлаа. БНСУ-д зохиогдсон олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж мөн л Монголын тэшүүрчдийн буухиаг эхлүүлж байсан түүхтэй. Энэ бүхнээс хараад байхад миний шавь нарын амжилт анхдагч байсанд их олзуурхаж, бахархдаг юм шүү. Энэ амжилтууд ч булган сүүлтэй байж амжилтын буухиа тасрахгүй үргэлжилсээр л байна.

-Амьдралынхаа дөч гаруй жилийг дугуйн спортын төлөө зориулжээ…

– Өвөл нь хүйтэн мөс, зун нь халуун засмал дээр дөч гаруй жилийг өнгөрүүлжээ. Гэхдээ энэ хугацаа минь үр бүтээлтэй, амжилтаар дүүрэн байгаад баяртай байна. Дугуй болон тэшүүрийн идэрчүүд, насанд хүрэгчдийн баг 40 гаруй удаа улсын аварга болж, нийт 1300 гаруй медаль авчээ.

-“Авто зам” клуб хамгийн сүүлд ямар тэмцээн уралдаанд оролцсон бэ?

-Хамгийн сүүлд Америкт болсон ДАШТ-д орлоо. Мөн Японд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд Марал-эрдэнэ маань түрүүлсэн. Мөн Монгол Улсынхаа шилдэг дугуйчидтай хамт БНСУ-д болсон олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр эзэлсэн амжилттай ирсэн.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Турк-Монголын найрамдалт харилцааг бэхжүүлсэн Элчин сайд

БНТУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат
Карагөз Монголд гурван жил ажиллаад нутаг буцах гэж буй ажээ. Элчин сайдын нэг өдрийг
сурвалжлахаар тохирч яаман дээр нь даваа гаригийн өглөө 10 цагт очив. Долоо хоногийн
ажлын эхний өдөр манайд үйл ажиллагаа явуулдаг турк байгууллагын удирдлагууд Элчин
сайдтайгаа уулздаг юм байна. Энэ удаагийн хуралд “ТИКА”, “Turkish air­lines” зэрэг
байгууллагын удирдлагууд иржээ. Тэд өнгөрсөн долоо хоногт ямар үйл ажиллагаа явуулсан,
цаашид юун дээр анхаарах шаардлагатай байгаа талаар бие биедээ зөвлөн хуралддаг
юм байна. Хагас цаг гаруй хугацаанд хуралдсаны дараа Унгарын Элчин сайдын яамнаас
зохион байгуулж буй “Унгарын долоо хоног” арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд
оролцсон. Дараа нь “МОНЦАМЭ”, “Turk­ish airlines” зэрэг газраар зочилсон юм. Мурат
Карагөз нутаг буцах гэж буй учраас сүүлийн үед хамтран ажилладаг байгууллагын удирдлагуудтай
үдэлтийн уулзалт хийж байгаа нь энэ ажээ. Тэрээр 16 цаг хүртэл албан уулзалтууд
хийснийхээ дараа Элчингийн гудамж дахь өргөөндөө ирэв. Түүний амьдардаг гэрийг турк
ёсоор өргөө гэж нэрлэдэг юм байна. 3500 м2 талбай бүхий хоёр давхар уг өргөөний
нэгдүгээр давхарт хүлээн авалтын танхим, зочид хүлээх хэсэг бий. Хоёрдугаар давхарт
нь зочны өрөө, гал тогооны хэсэг байдаг ажээ. Элчин сайд гаднаас ирсэн зочдыг ихэнхдээ
зочны өрөөндөө хүлээж авдаг. Энд тэрээр үйлчлэгч, тогооч нарынхаа хамт амьдардаг.
Гэр нь тэр чигтээ турк ахуй соёл, зан заншлыг шингээсэн хэв маягтай юм. Хананд нь
янз бүрийн уран зураг өлгөжээ. Элчин сайд уран зураг цуглуулах дуртай учраас өөрийнхөө
цуглуулгаар гэрээ чимсэн гэнэ. Болгар зураачийн зурсан бүрэнхийд идээшилж буй морины
зураг түүний хамгийн хайртай зургуудын нэг. Уг зургийг худалдаж авсныхаа дараа морио
дээдэлдэг Монгол Улсад Элчин сайдаар томилогдсондоо ихэд бэлгэшээдэг ажээ. Харин
шалаар нь Туркийн гар хийцийн хивс дэвсчээ. Туркчүүд гар урлал, тэр дундаа нарийн
хээ хуар бүхий хивсээрээ алдартай. Иймд ирсэн зочдод үндэснийхээ үйлдвэрлэлийг таниулах
зорилгоор олон төрлийн хивс дэвсдэг юм байна. Бас уран чамин хийц, хэлбэртэй гоёмсог
мөнгөн эдлэлүүд өржээ. Эдгээрийг тэрээр өөрөө авчирсан гэнэ. Мөнгөн эдлэл цуглуулах
нь Элчин сайдын бас нэгэн сонирхол юм билээ. Ханын чимэглэл, чихрийн таваг, цайны
бүрдэл зэрэг мөнгөн эдлэл дунд тав, зургаан ч мөнгөн аяга байв. Тэднийгбайх хугацаанд
ажил хэргийн холбоотой түншүүд нь бэлэглэжээ. Мөн тэрээр чөлөөт цагаараа хөлбөмбөг
тоглох дуртай. Дунд сургуулийн хүүхэд байхаасаа л бөмбөг өшиглөх дуртай байсан нь
өнөө хэр хэвээрээ. Тоглох бүртээ 10 дугаарын өмсгөл өмсдөг бөгөөд 10-ын тоог аз
авчирдаг хэмээн шүтдэг юм байна. Хөлбөмбөгийн тухайд Ата Туркийн нэрэмжит 109 жилийн
түүхтэй “Фенер бахче” багийн конгрессын гишүүний албан тушаалтай. Харин Монголд
ирээд “Голомт” банкнаас зохион байгуулдаг Элчин сайдын яамдын дундах тэмцээнд орж
хоёр ч удаа хүрэл медаль авчээ.

Гэрийнхээ интерьер дизайныг Элчин сайд өөрөө гаргасан гэнэ. Зочны
өрөөндөө ил зуух тавиад эхний хоёр сар ном уншин суух дуртай байжээ. Удалгүй ингэж
суух ч завгүйгээр хоёр улсын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллах болсон
байна. Уг нь өвлийн ид хүйтэн өдөр ил зуухандаа гал түлээд суухыг хүсдэг ч ингэж
суух чөлөө зав тэр бүр гардаггүй гэсэн. Хувийн амьдралыг нь сонирхвол ганц бие,
нэг хүүтэй гэнэ. Хүү Бату хаан нь Канадад сурдаг ажээ. Хүний нэр тухайн хүний хувь
заяанд нөлөөлдөг гэдэгт итгэдэг учраас хүчирхэг Бат хааны нэрийг өгч байсан гэнэ.

Элчин сайд Мурат Карагөз Монголд анх томилогдсон тухайгаа ярьж өгөв.
2013 оны зургадугаар сарын 22-ны шөнө гар утас нь дуугарчээ. Гадаад хэргийн сайд
нь залгаад “Танд баяр хүргэе. Таныг Монгол Улсад Элчин сайдаар томиллоо” гэж хэлжээ.
Дипломатчаар ажиллаж байсан хүний хувьд Элчин сайдаар томилогдоно гэдэг нэр төрийн
хэрэг. Гэсэн хэдий ч өмнө нь Азийн аль нэг улсад ажиллаж байгаагүй болохоор баярласан
мөртлөө гайхаж хүлээж авчээ. Тэр шөнөдөө нойр нь хүрэлгүй байсаар өглөө нь ажил
дээрээ очжээ. Уулзсан хүн бүр Элчин сайдаар томилогдсонд баяр хүргэж байсан ч Монголд
ажиллах болсныг дуулаад “өө” гэсэн байртай хүлээж авсан гэнэ. Учир нь тэрээр Европын
улсуудад ажиллаж байсан болохоор Ази руу томилогдоно гэж төсөөлөөгүй байж. Үдээс
хойш нь Монголд ажиллаж байсан дипломатуудтай уулзжээ. Тэд бүгдээрээ “Та нэг л зүйлд
итгэ. Монгол Улс танд маш их таалагдах болно. Тэндхийн иргэдийг нь хайрлах болно.
Амжилттай ажиллах бүх зүйлд монголчууд тусална” гэж хэлж байжээ. Ингээд 2013 оны
арваннэгдүгээр сарын 15-нд Монголд ирсэн байна.

Түүнийг Гадаад хэргийн яамны холбогдох
хүмүүс тосож аваад үдээс хойш уулзахыг хүсчээ. Дипломат ёсонд Элчин сайдаар дөнгөжтомилогдон
ирэнгүүт нь уулзах хүсэлт тавих тохиолдол гарч байгаагүй учраас ихэд гайхан хүлээж
авч л дээ. Юутай ч хэлсэн ёсоор нь яваад очтол “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж таныг итгэмжлэх
жуух бичгээ маргааш бариарай гэсэн” хэмээн дамжуулжээ. Уг нь Элчин сайдууд аль ч
улсад очсон бай итгэмжлэх жуух бичгээ барихын тулд олон сар хүлээдэг гэнэ. Гэтэл
Монголын Ерөнхийлөгч түүнийг ирсэн өдрийнхөө маргааш нь жуух бичгээ бариарай гэсэн
нь дипломат ёсон дахь хамгийн том хүндлэл үзүүлсэн хэлбэр байжээ. Ингээд Монголд
ирснээсээ хойш 26 цагийн дараа л машиныхаа урд талд улсынхаа тугийг зоогоод итгэл
дүүрэн ажлаа эхэлжээ. Ерөнхийлөгчийн үзүүлсэн энэхүү хүндэтгэлийг тэрээр амьдралынхаа
ямар ч үед мартахгүй хэмээн ярив.

Элчин сайд Мурат Карагөз 1967 онд Истанбул хотноо төрсөн, айлын ганц
хүү ажээ. Истанбулын их сургуулийн Эдийн засгийн факультетийг Олон улсын харилцааны
чиглэлээр төгссөн байна. Мөн Нью-Йорк хотын их сургуульд Улс төр судлалаар магистрын
зэрэг хамгаалжээ. Ажлынхаа гарааг улсынхаа ГХЯ-ны Зүүн Европ болон Азийн асуудал
эрхэлсэн газарт түр албан хаагчаар эхлүүлж байсан гэнэ. Дараа нь цэргийн алба хаагаад
ГХЯ-ныхаа Зүүн Европын орнуудын хамтарсан эдийн засгийн харилцааны газар атташе,
Болгар дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, НАТО дахь БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн
газар хоёрдугаар нарийн бичгийн дарга, БНТУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар нэгдүгээр
нарийн бичгийн дарга, Нью-Йорк хот дахь НҮБ-ын БНТУ-ын Байнгын төлөөлөгчийн газарт
зөвлөх, АНУ дахь ЭСЯ-нд Элчин сайдын зөвлөх, ГХЯ-ныхаа Балканы орнууд болон Төв
Европын асуудал эрхэлсэн газарт дэд даргаар ажиллаж байжээ. Харин түүний дараагийн
томилгоо БНТУ-аас Йордан улсад суух Элчин сайд гэсэн. Тэрээр гурван жил Монголд
ажиллах хугацаандаа ихэнх аймгаар аялж үзжээ. Очсон газруудаас нь хамгийн их сэтгэгдэл
үлдээсэн газар нь Хэнтийн Дадал. Тэнд Бурхан халдун ууланд гарч хийморио сэргээхийн
зэрэгцээ Онон голын усаар нүүрээ угаан Чингис хаанаар бахархаж явсан гэнэ. Харин
амралтынхаа ганц, хоёрхон өдөрт Тэрэлж рүү ухас хийгээд ирдэг болжээ. Түүний Монголд
байх хугацаан дахь нэг бахархал нь монгол эмэгтэйчүүд гэсэн. Тэрээр манай улсын
тухай маш хүчирхэг эмэгтэйчүүдтэй гэж гадна, дотнын найз нөхдөдөө байнга ярьдаг
гэнэ. Учир нь аль ч салбарт эмэгтэйчүүд ажиллаж чадаж байгаа бөгөөд үүнийхээ зэрэгцээ
ар гэрийнхээ амьдралыг өв тэгш авч явдгийг нь хүндлэх болжээ. Улс төр, эдийн засаг,
хэвлэл мэдээлэл, спорт гээд бүхий л салбарт эмэгтэйчүүд манлайлан ажиллаж өндөр
амжилт гаргаж буйгаас нь бусад орны эмэгтэйчүүд суралцах хэрэгтэй гэж байлаа.

Элчин сайд Мурат Карагөзийн тухайд өдөрт таваас зургаан цаг унтдаг
ажээ. Өглөө босож цайгаа уучихаад 9:30 цагийн үед ажлаа эхлүүлдэг гэнэ. Монголын
үдээс хойших цагт Туркт өглөө болж байдаг учраас тэр үеэр их ажилтай болдог юм байна.
Албан уулзалтуудаа голдуу үдээс хойших цагт товлодог бөгөөд орой бүр хагас цаг ганцаараа
байж тухайн өдрийнхөө ажилд үнэлэлт дүгнэлт өгдөг ажээ. Тэрээр амьдралдаа таван
зарчим баримталдаг бөгөөд монголчуудыг ч гэсэн уг зарчмыг баримтлаасай гэжхүсэж
явдаг гэсэн. Тэрээр ямарваа нэгэн ажлыг тултал нь буюу өмсөж буй цамцыг хөлс чинь
нэвтэртэл ажиллах хэрэгтэй гэв. Мөн өмнөө боломжит зорилго тавиарай, аливаа зүйлд
шийдэмгий байгаарай, гаргасан шийдвэрийнхээ ард баттай зогсож сураарай, шударга
байж ямар ч тохиолдолд ард түмэн болон хамт ажиллаж буй хүмүүстээ үнэнийг хэлж байгаарай,
туршлага хуримтлуулж, туршлагатай хүнтэй хамт ажиллахаас бүү айгаарай хэмээн зөвлөсөн
юм.

Тэрээр Монголд ирсэн хойноо хоёр улсын дипломат бодлогын хүрээг давсан
маш олон үр дүнтэй ажил хийжээ. 2014 онд хоёр улсын хооронд иргэд харилцан 30 хоногийн
дотор визгүй зорчих эрхтэй болсон нь иргэдийн талархлыг ихэд хүлээжээ. Мөн түүхэнд
анх удаа Туркийн Гадаад хэргийн сайдын албан ёсны айлчлалыг зохион байгуулсан байна.
Түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой, гурван жил
дараалан Улаанбаатар дахь Туркийн соёлын өдрүүдийг зохион байгуулж, Туркийн Засгийн
газраас тэтгэлэгт хамрагдаж буй оюутнуудын тоог нэмэгдүүлж 75 болгосон, 21 аймгийн
15-д нь айлчилж Турк улсаа сурталчлан таниулсан, жил бүрийн аравдугаар сарын 1-нд
Батсүмбэр дэх асрамжийн газарт зочилж ахмадын баярыг тэмдэглэсэн, Туркт төгсөгчдийн
“Ата” холбоог байгуулсан, “Монгол дахь Туркийн ул мөр” нэртэй эрдэм шинжилгээний
ном гаргасан зэрэг олон ажил хийжээ. Улаанбаатар дахь Туркийн өдрүүд соёлын арга
хэмжээг маш өргөн хүрээнд зохион байгуулсан бөгөөд энэ үеэр бусад улсын Элчин сайдын
хийж байгаагүй үйл ажиллагаа явуулжээ. Туркийн загвар зохион бүтээгчийн шоу, төгөлдөр
хуурч, дуурийн дуучны тоглолт, сонгодог киноуран бүтээл, хоолны өдөрлөг зэрэг өргөн
цар хүрээнд арга хэмжээ зохион байгуулсан байна. Мөн Анкарагийн гудамж дахь Ататуркийн
нэрэмжит нийслэлийн тавдугаар дунд сургуулийг 700 мянган ам.доллараар зассан байна.
Энэ мэтчилэн Элчин сайдын хувьд Монголд хийсэн ажил олон. Хэдийгээр тун удахгүй
бүрэн эрхийн хугацаа нь дуусах ч гэлээ цаашид Монгол Улстай холбоотой бүхий л асуудалд
анхаарал хандуулан сайн сайхныг хүсэж ажиллана гэж байлаа.

С.АЛТАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Замын уулзварын гэрлэн дохио, төмөр замын хаалт, дуут дохионы зөрчлөөс болж осол гарах дөхжээ

-Жолооч нар буруутай нь тогтоогдвол арга хэмжээ авахуулж, галт тэрэг гэнэт зогсоосны хохирлыг төлнө-

Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын төмөр замын гарам дээр ачааны галт тэрэг ирж байхад хоёр автомашин зам дээр нь тэгнээд зогсчихсон бичлэг энэ сарын 17-ны өдөр цахим мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Машины жолооч яг төмөр замын гарам дээр хаашаа ч гарах боломжгүй машинтайгаа хөндлөн зогсож байх үед нь ачааны галт тэрэг ирж таарсан. Азаар галт тэрэгний машинист залуус хурдаа сааруулан зогсож, осол гарах, хүний амь нас үрэгдэх аюулаас урьдчилан сэргийлж чадсан юм. Хэрэв машинист залуус гарам дээр автомашин хөндлөн зогсож байгааг холоос харж, галт тэргээ яаралтай зогсоож чадаагүй бол гурван иргэн харамсалтайгаар амь насаа алдах байсан. Галт тэрэг гарам дээр зогсож байгаа машинаас метр хүрэхгүйн зайнд бүрэн зогсож чадсан юм.

Н.Уянга: “Галт тэрэг ирж байна, буугаарай” гээд хашгирсан боловч машинд байсан хүмүүс тоохгүй суугаад л байсан

Тухайн өдөр жижүүрээр ажиллаж байсан УБТЗ-ын 406 дугаар гармын жижүүр Н.Уянгаас тухайн үед юу болсон талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Таныг ажил үүргээ гүйцэтгэж байх үед төмөр замын гармын хаалтан дотор олон машин зогсож байсан юм байна. Гэтэл галт тэрэг ирж таарсан. Жолооч нарт галт тэрэг ирж байгаа дохио, анхааруулга өгсөн биз дээ?

-Гарам автомат саадаар тоноглогдсон учир галт тэрэг 1000 метр хүртэлх зайд ойртон ирэхэд хаалт автоматаар буудаг. Хаалт буухаасаа өмнө 8-12 секундын турш дуут дохиогоор жолооч нарт анхааруулга өгдөг. Энэ үед жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримтлан шар зурааснаас хэтрэхгүй зогсох ёстой. Тухайн өдөр автомашины түгжрэл маш их байсан. Замын цагдаа зохицуулалт хийгээд уулзвар дээр зогсож байсан. Уулзварын ногоон гэрэл асаад машинууд урагшаа бүгд хөдлөөд гарам дээр яах ийхийн зуургүй л гарч ирсэн. “Галт тэрэг ирж байна” гээд гараараа дохио өгөөд байхад жолооч нар анзаараагүй. Энэ үед гармын хаалт галт тэрэг ирж байгааг сануулаад автоматаар буусан. Уулзвар дээр зогсож байсан замын цагдаа руу “Машинуудаа татаж аваарай. Галт тэрэг ирж байна” гэж хичнээн удаа хашгирсан. Олон машины дуу чимээнд сонсохгүй байх шиг байсан. Хэд хэдэн удаа хашгирсан боловч сонсоогүй. Цагдаад очиж хэлээд эргэж ирэх хугацаанд галт тэрэг хүрээд ирнэ. Тэгээд осол гарах юм байна гэдгийг тооцоолж байсан. Тийм болохоор байрлах цэг рүүгээ гүйж ороод галт тэрэгний машинист руу станцаар “Гарам дээр олон машин түгжрээд зогсож байна. Зогсоорой” гэж мэдэгдсэн.

-Галт тэрэг ирж байхад жолооч нар машинаасаа буухгүй байсан гэх мэдээлэл байгаа. Энэ үнэн юм уу?

-Галт тэрэгний дуут дохио чанга хангинаад, “Галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой” гэсэн анхааруулага дуугараад, улаан гэрэл асаад байхад гарам дээр зогсож байсан жолооч, зорчигч нар машинаасаа ерөөсөө буухгүй байсан. Галт тэрэг ирж байгаа зүг рүү бүгд хараад машиндаа суугаад байсан. Би “Галт тэрэг ирж байна, буугаарай” гээд хашгирсан боловч тоохгүй байсан. Сандарсан байж магадгүй.

“Жолооч наргалттэрэгирж байгаадохио өгсөөрбайхад төмөрзамынгарамдээргарсануу, үгүй юүгэдгийгшалгаж тогтооно”

Дээрх хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна. Галт тэрэгний хөдөлгөөнд саад учруулан төмөр замын гарам дээр зогссон жолоочийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Энэ сарын 17-ны өдөр галт тэрэг ирж байхад төмөр замын гарам дээр түгжрээд зогсож байсан хоёр жолоочид хариуцлага тооцохоор болсон гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Жолооч нар төмөр замын гарам дээр дохио дуугарсаар байхад санаатай гарсан уу, үгүй юү гэдгийг шалгаж тогтооно. Уулзвар, гарц дээр нь түгжрэл саад үүсээд байхад зөрчөөд орсон байна уу. Эсвэл хаалт, хашлага хаачихсан хойно нь сүлжээд орсон байна уу гэдэг нөхцөл байдлыг эцэслэн тогтоохоор албаныхан ажиллаж байгаа. Үүний дараа асуудал шийдэгдэх байх. Төмөр замын гарам болгон камертай болчихсон байгаа. Камерын бичлэгээс бүх зүйл тодорхой харагдах байх. Жолооч төмөр замын гармын ойролцоо ирсэн тохиолдолд хамгийн түрүүнд галт тэрэг ирж байгаа эсэхийг магадлаад мэдчихсэн байх ёстой. Хэрэв галт тэрэг ирж байвал заавал зам тавьж өгөх үүрэгтэй. Галт тэрэг тэр замаар явах давуу эрхтэй. Яагаад вэ гэхээр галт тэрэгний техникийн өгөгдөхүүн нь автомашинаас овор хүнд, даац, хурдын хувьд шал өөр. Зогсолт хийхийн тулд 600-1000 метр явж зогсдог. Ийм өөр хөдөлгөөний нөхцөл байдалтай байдаг учраас төмөр замын гарам дээр ойртож байгаа жолооч галт тэрэг ирж байгаа эсэхийг сайтар нягталсныхаа дараа замын хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Жолооч нар төмөр замын гармаар нэвтрэх маш тодорхой үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах ёстой. Яагаад вэ гэхээр амь нас нь хохирох эрсдэл маш өндөр. Хоёрдугаарт, галт тэргэнд мөргүүлсэн тээврийн хэрэгсэл дахиж ашиглах боломжгүй болно. Төмөр замын газраас галт тэрэгний гармуудад хаалтуудыг маш сайн хийж өгсөн. Хэдэн жилийн өмнөх мод тавьдаг, тэрийг нь жолооч нар тойроод явдаг байсан үе өнгөрсөн. Галт тэрэгний гармын аюулгүй байдал зарим газар сайн хангагдсан. Мөн аюулгүй байдал хангагдаагүй гарам ч байгаа. Цагдаагийн байгууллага төмөр замын хаалттай, хаалтгүй гарам дээр галт тэрэг ирж байхад дайруулчих гээд өмнүүр нь ордог, гарам сүлжиж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт арга хэмжээ авах ёстой. Түүнээс гарман дээр ажиллаж байгаа ажилтнууд шиг галт тэрэг ирж байхад зохион байгуулалт хийх эрх үүрэг бидэнд байхгүй.

-Жолооч нарын хэлж буйгаар замын түгжрэл маш их байсан. Галт тэрэг ирэх дохио өгөхөөс өмнө гарам дээр урагшаа, хойшоо явах ямар ч боломжгүй болчихсон үед төмөр замын гармын хаалт автоматаар буусан гэх яриа байсан?

-Автомашины замтай огтлолцож байгаа галт тэрэгний гарам цөөхөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12.5 дахь заалтаар түгжрэл саатал үүсвэл орохыг хориглоно гээд зохицуулчихсан байдаг. Тэрэн шиг галт тэрэгний гармын цаад талд түгжрэл үүсчихсэн байвал орохгүй байх боломжтой. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйл заалт дээр “Төмөр замын гарам нэвтрэх” гээд маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Жолооч төмөр замын гарам дээр очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлана. Тэнд “Тэмдэг тэмдэглэгээ, хаалтын байдал, жижүүрийн заалтыг удирдлага болгоно” гээд маш нарийн заагаад өгчихсөн байгаа. Мөн “Гэрэл нь анивчиж ассан, хаалт нь хаалттай, дуут дохио өгч байвал, жижүүр орохыг хориглосон дохио өгч байвал гарам руу орж болохгүй” гэсэн заалт байгаа. Энэ бол жолооч нарын ухамсарт үйл ажиллагаагаар зохицуулагдах асуудал. Хамгийн гол нь жолоочийн өөрийнх нь аюулгүй байдал яригдаж байгаа зүйл. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар дүрмээ мэдэхгүй байна. Дүрмээ мэдэхгүй болохоор хуулиа биелүүлж чадахгүй байна. Амь нас, эрүүл мэндээ өөрсдөө хамгаалах эрхтэй. Амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоо мэдэхгүй амжиж л байвал гээд юу руу ч хамаагүй дайраад байдгийн нэг жишээ энэ.

-Замын түгжрэлээс үүдэлтэйгээр гэдэг ч юм уу, эсвэл санамсаргүй байдлаар иргэд машинтайгаа гарам дээр гарч галт тэргэнд дайруулахгүй гэх баталгаа байхгүй. Цаашид энэ талын аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ?

-Нийслэл хот урд тал руугаа өргөжин тэлж байна. Төмөр зам хотын яг дундуур нь явдаг болж байгаа. Төмөр замын гармаар өдөрт хэдэн мянган автомашин зорчиж байна. Гэтэл ачааны болон суудлын галт тэрэг 30-40 минут тутамд явж байгаа. Үүнээс болоод автомашины түгжрэл үүсдэг. Тэгэхээр автомашины зам, төмөр зам хоёрыг хооронд нь огтлолцуулахгүй байх арга хэмжээг нэн түрүүнд авах шаардлагатай байна. Хоёр түвшний зам хийгээд төмөр замын дээгүүр доогуур нь гаргадаг ч юм уу. Шийдэх ёстой асуудал болоод байна. Үүнийг шийдэж чадвал осол аваар ч гарахгүй. Замын түгжрэл ч үүсэхгүй.

Он гарсаар гарцан дээр зогсож байгаад галт тэргэнд мөргүүлсэн осол хоёр гарсан гэдгийг албаны эх сурвалж онцолж байв. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг судалж байгаа ТББ-ууд Зам тээвэр хөгжлийн яаманд “Галт тэрэг ирж байгааг анхааруулсан төмөр замын хаалт, дуут дохио, замын уулзварын гэрлэн дохио эсрэг ажилладаг. Үүнээс болж осол аваар гарч байна. Галт тэрэг ирж байхад төмөр замын гарам дээрх гэрлэн дохионы ногоон гэрэл асдаг. Жолооч нар ногоон гэрлээр гарам руу ордог. Харин энэ үед галт тэрэг төмөр замаар ирдэг. Үүнээс болоод олон хүн машинтайгаа галт тэргэнд дайруулж амь насаа алдаж байна” гэх утга бүхий албан бичиг өгсөн гэнэ. Мөн галт тэргийг гэнэт зогсоосны улмаас хохирол гарч магадгүй гэнэ. Хэрэв галт тэргэнд эвдрэл гэмтэл гарч, хохирол учирсан бол гарам дээр зогсож байсан дөрвөн жолооч хохирлыг барагдуулах ёстой аж. Төмөр замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид гарам дээр зогсож байсан жолооч нараас мэдүүлэг авч, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

Т.Золбоо: Нэгсекунд л алдсанбол сүйд болох байлаа

Энэ сарын 17-ны өдөр 3105 дугаарын ачааны галт тэргээр Багануур-Улаанбаатар чиглэлд аялж явахдаа яаралтай тоормослож, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депогийн есдүгээр цувааны машинист Т.Золбоотой ярилцлаа.

-Тухайн үед юу болсон юм бэ. Яг хаана явж байхдаа тоормослох шаардлагатай гэдэг дохио хүлээн авав?

-Тухайн үед 406-гийн гарам буюу Замын цагдаагийн урд талын призэртэй авто гарам хүрэх гэж явахад зам их түгжрэлтэй, сигналдаад байхад машинууд хөдөлгөөнгүй зогссон хэвээр харагдаж байсан. Тиймээс тоормослох шаардлага гарах юм байна гэж мэдээд, сигналаа өгөхийн хажуугаар, тоормослоход бэлдэж байсан. Ингээд 700 гаруй метрийн өмнөөс гармын жижүүр “Зогс” гэдэг дохио өгсөн. Тухайн үед яаралтай тоормослох бүх л арга хэмжээг авч ажилласан. Ингээд гарам дээр байгаа машинуудыг арай л шүргээгүй ч их ойрхон тулж ирж зогссон. Бид дээд тал нь 70 километр цагийн хурдтай явах эрхтэй байдаг, тухайн үед би хурдаа саагаад 67 километр цагийн хурдтай явж байгаад л тоормослож зогссон.

-Ингээд зогсоход гарам дээр байсан машины жолооч нар машиндаа сууж байсан уу. Та кабиндаа туслах машинистынхаа хамт явсан юм билээ. Та хоёр муу юм болох вий гэж их айв уу?

-Зүрх хурдан, хурдан цохилоод, дотор харанхуйлаад л хэцүү байлаа. Ингээд хүний амь авчихаж байгаа юм байх даа гэж бодогдсон. Тэр үед биднийг үнэхээр их аз дайрсан даа. Түүнээс биш аймшигтай дүр зураг болох нөхцөл үүссэн. Хамгийн сонин нь машины жолооч нар юу ч болоогүй юм шиг машин дотроо сууж байхыг хараад би их гайхсан. Тэд яагаад машинаасаа буугаагүй юм бол, нэг, хоёр секунд л алдсан бол сүйд болох байсан юм. Хүмүүс эд хөрөнгө, машиндаа хоргодоод бууж чаддаггүй юм болов уу. Тоормослоод ч амжиж зогсохгүй байх магадлал өндөр шүү дээ.

-Тоормослосноос хойш хичнээн хугацааны дараа галт тэрэг бүрэн зогсох боломжтой байдаг юм бэ?

-Жингээсээ шалтгаалаад, галт тэрэгний тоормос барилт нь өөр өөр байдаг. Хөнгөн жинтэй галт тэрэгнүүд нэг километр гаруй зайнаас тоормослож байж зогсох магадлалтай. Ямар ачаатай аль хэр хурдтай, ямар замд явж байна гэдгээс ч шалтгаална. Өөрөөр хэлбэл, уруу замд зогсох хугацаа нь уртасна гэсэн үг. Тухайн үед миний жолоодож явсан галт тэрэг бол 4533 тонн ачаатай, 208 голтой, 52 вагонтой байсан. Бүрэн жинтэй гэсэн үг. Багануураас Улаанбаатар чиглэлд буюу ТЭЦ-4-ийн нүүрс зөөж байсан юм.

-Тоормослоод зогсоход хичнээн машин байв. Цагдаа нар байсан уу?

-Яг гарам дээр нэг “Хариер”, нэг “Приус” маркийн автомашин харагдаж байсан. Гурван ч замын цагдаа ажиллаж байсан юм. Ингээд удалгүй машинууд замын хөдөлгөөнөөр зохицуулагдаад гармаас гараад явцгаасан. Тоормослосны хийсний дараа тухайн ачааны жин, галт тэрэгний голоос хамаараад хэсэг хугацааны дараа хөдлөх хэрэгтэй байдаг. Тиймээс би хэсэг тайвширч аваад, хугацаагаа болохоор хөдөлсөн.

-Өмнө нь ийм зүйл болж байсан уу?

-Урьд нь иймэрхүү тохиолдол хэд, хэд гарч байсан гэж ахмад жолооч нар ярьдаг. Би машинист болсон цагаасаа хойш ийм зүйлтэй тулгарч байгаагүй. Энэ бол маш хэцүү зүйл, хүсэх юм биш.

-Та хэзээнээс зүтгүүрийн депод машинистаар ажиллаж байна вэ?

-Би сургуулиа төгсөөд 2004 онд Зүтгүүрийн депод ажилд орж, туслах машинист зэрэг туслах албанд ажиллаж байгаад, 2012 онд машинистаар томилогдсон. Одоог хүртэл дөрвөн жил машинист хийж байна. Надтай хамт явсан туслах машинист Батсуурь маань өмнө нь Шандын депод машинист хийж байсан юм билээ. Өнгөрсөн жилээс Улаанбаатар төмөр замын зүтгүүрийн депод ажиллаж байгаа юм.

-Та нарын ажлын цагийн хуваарь ямар байдаг юм бэ?

-Дээд тал нь 12 цаг яваад, хамгийн багадаа 24 цаг амрах ёстой байдаг. Мөн Чойр, Зүүн хараа зэрэгт амрах байртай, тэндээ очоод 24 цаг амарчихаад, дараагийн вагондоо гарна гэх зэргээр ажилладаг.

-Та аль нутгийн хүн бэ. Хаана суралцаж машинист болсон бэ?

-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. 1990-2001 онд нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг төгсөөд, 2001-2004 онд Төмөр замын коллежийг техникч мэргэжлээр төгссөн. Би коллежоо төгссөн цагаас эхлэн одоог хүртэл Улаанбаатар төмөр замд ажиллаж байна.

-Гэр бүлийнхнээ танилцуулаач. Төмөр замд ажиллах ямар байдаг вэ. Ажиллах нөхцөл хангамж хэр байна?

-Эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Төмөр замын ажиллах орчин, нөхцөл хангамж боломжийн сайхан байдаг.

-Вагон ирж байгаа нөхцөлд төмөр замын гармаар гарах нь маш аюултай гэдгийг хүмүүс хэр мэддэг бол. Замын голоор хүн гүйх, машин давхиж өнгөрөх зэрэг зүйл хэр ажиглагдаж байна?

-Ийм зүйлийг одоо хүмүүс ойлгож байгаа байлгүй дээ л гэж бодож байна. Замд явж байхад явган хүн гүйгээд л гардаг. Одоо болих хэрэгтэй. Маш аюултай шүү дээ.

-Тухайн үед яагаад машинууд гарам дээр гарчихсан байсан юм бол, уг нь гармын хаалт автоматаар хаагддаг биз дээ?

-Тэрийг би сайн мэдэхгүй байна. Замын түгжрэл, гэрлэн дохионоос л болсон байх. Ер нь бол гарам руу машин орох ёсгүй. Хаалт автоматаар өөрөө хаагддаг.

-Машинист хийхэд хамгийн хэцүү нь юу байна?

-Бидний гол үүрэг бол галт тэргийг аюулгүй зорчуулах шүү дээ. Тиймдээ ч бид замд хүн мал, амьтан дайрчихвий гэхээс хамгийн их болгоомжилно. Мөн дарга нар ч үргэлж аюулгүй байдлын заавар, зөвлөгөө өгч байдаг юм. Хэцүү зүйл бас тохиолдоно оо. Жишээлбэл, “Улаанбаатар II” өртөө буюу Хархорингийн ард талын хэсгээр явж байхад согтуу хүн ихтэй, замаас гарахгүй хэвтчихдэг ч тал бий. Замын хаалт руу хүн орох хориотой байдаг ч манайхан орчихсон л зогсож байдаг. Мөн автомашины жолооч нар ухамсартай байгаасай гэж хэлмээр байна. Сая болсон шиг зүйл тулгарахад ядаж машинаасаа гараад зугтах хэрэгтэй шүү дээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол сарлагийн хөөврөөр шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

“Уужин” ХХК-ийн захирал Сампилийн Жавзандуламыг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа урилаа. “Уужин” компани нь монгол сарлагийн хөөврөөр сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх санаачилгыг гаргасан Монголын анхдагч компани юм. С.Жавзандулам Завхан аймгийн Сонгино сумын харьяат бөгөөд эмээгийнх нь олон сарлагтай айл байжээ. Сарлагийн тугалны том бөөрөнхий өхөөрдөм нүд түүний санаанд тодхон үлдсэн гэнэ. Түүнд эмээ нь хөх сарлаг бэлэглэж байжээ. Эмээгийнхээ өгсөн тэр бэлгийг олон хүнтэй хуваалцахыг хүссэн нь сарлагийн хөөврөөр бараа бүтээгдэхүүн хийдэг компани байгуулах сэдэл болсон гэнэ. С.Жавзандулам ОХУ-д Нэхмэлийн дээд сургуулийг сүлжмэлийн технологич мэргэжлээр 1989 онд төгссөн. Харин 1995 онд “Уужин” ХХК-ийг байгуулж, гар машинаар сүлжмэл хувцас нэхэж эхэлжээ. Компанийнхаа “Уужин” гэх нэрийг монгол эмэгтэйн хүндэтгэлийн хувцас болох уужаас санаа авч өгсөн байна.

Ийнхүү “Уужин” компани өргөжиж 2005 оноос эхлэн сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Учир нь энэхүү байгалийн ховор түүхий эдийн онцлог чанаруудыг хэрэглэгчдэд хүргэхийг зорьсон байна. Монгол орны хангайн нурууны ой модтой үзэсгэлэнт уулархаг бүс нутгийн хүйтэн чийглэг уур амьсгал нь хамгийн сайн чанарын сарлагийн хөөвөр бий болгох нөхцөлийг бүрдүүлдэг аж. Үүнд газар зүйн байршлаар Монголын баруун болон баруун хойд зүгийн бүс нутаг хамрагддаг гэнэ. Тиймээс тэднийх түүхий эдээ Завхан аймгийн малчид болон малчдын хоршоодоос цуглуулдаг байна.

Сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнүүд нь байгалийн өнгөтэй химийн будаггүй, гадны нэмэлт хольцгүй байдаг тул хэрэглэгчдийн таашаалд нийцдэг. Мөн тансаг зөөлөн, дулаан хадгалах чанар сайтай учир манай орны орчин нөхцөлд нэн тохиромжтой байдаг ажээ.

Одоогоор “Уужин”-гийнхан хувцас, гэр ахуйн нэхмэл, сүлжмэл эдлэл, гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэнэ. Төрөл бүрийн хувцаснаас гадна таны төмөр хүлгийг хүйтнээс хамгаалах моторын хучлага, хүүхдийн өлгий, ус чийгийг өөртөө шингээж дулаахан байлгах улавч, орны бүтээлэг, дэвсгэр үйлдвэрлэдэг байна. Эдгээр бүтээгдэхүүнээ дизайн сайтай, шинэ технологиор үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог байна.

Түүнчлэн сарлагийн хөөвөр нь ховор хэрнээ ноолууртай харьцуулахад гарц багатай, хаягдал материал их байдаг гэнэ. Харин тус компанийнхан сүүлийн гурван жилийн турш судалж, туршсаны эцэст үлдэгдэл материалаар улавч, хучлага зэргийг үйлдвэрлэж чадсан байна. Мөн цаашдаа нэхмэлийн утас, гэр ахуйн бүтээгдэхүүн хийх туршилт хийж байгаа гэсэн.

“Уужин” компани нь ноос, ноолуурын гадаад, дотоодын томоохон үзэсгэлэнгүүдэд тогтмол оролддог байна. Тухайлбал, 2016-2017 оны намар, өвлийн загварын Берлиний Mercedes-Benz Fashion Week загварын шоу болон органик, эко бүтээгдэхүүний “Green showroom” олон улсын үзэсгэлэнд Монголоо төлөөлөн оролцсон гэнэ. Мөн ХБНГУ-д зохиогдсон гэр ахуйн чиглэлийн дэлхийн хамгийн том үзэсгэлэн “HEIMTEXTIL”-д амжилттай оролцжээ.

Тэд салбарын хамгийн том шагнал болох Монголын сарлагийн хөөврийн шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр 2013-2015 онд шалгарчээ. “Компани маань амжилт дүүрэн байгаа нь ажилчдын маань хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой” гэж С.Жавзандулам ярьсан юм.

Мөн тэрээр монгол сарлагийн хөөврөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ үргэлж бахархдаг байна. Цаашид улам боловсронгуй болгож, монгол сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг дэлхийн брэнд болгох зорилготой гэсэн.

Түүнд эмээ нь хөх сарлаг бэлэглэж байжээ. Эмээгийнхээ өгсөн тэр бэлгийг олон хүнтэй хуваалцахыг хүссэн нь сарлагийн хөөврөөр бараа бүтээгдэхүүн хийдэг компани байгуулах сэдэл болсон гэнэ. С.Жавзандулам ОХУ-д Нэхмэлийн дээд сургуулийг сүлжмэлийн технологич мэргэжлээр 1989 онд төгссөн. Харин 1995 онд “Уужин” ХХК-ийг байгуулж, гар машинаар сүлжмэл хувцас нэхэж эхэлжээ

О.АРИУНЦЭЦЭГ