Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: МАН улс төр, эдийн засгийн тогтолцоог өөрчилж чадахгүй. Тэд идэж л чадна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг хэлэлцэж байгаа. Үнэхээр тийм хэцүү төсөв орж ирсэн юм уу?

-Эдийн засаг хүнд байгаа юу гэвэл тийм. Ийм үед хүнд асуудал ярья гэвэл маш олон зүйл ярихаар байна. Гэхдээ өнөөдөр зохиомлоор алдагдал үүрүүлсэн төсөв боловсруулан оруулж ирлээ гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг барих ёстой юу гэвэл мэдээж хүн бүр дэмжинэ. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг шиг хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёсгүй. Оруулж ирж байгаа төсвийг нь уншаад үзэхээр хөрөнгө оруулалтуудыг огцмоор, зохиомлоор нэмчихэж. Бодит байдалд хөрөнгө оруулалтыг нэмж чадах уу гэвэл чадахгүй. Тэгэхээр хоёр арга зам үлдэж байгаа юм. Нэгдүгээрт, хүндрэлээс гарахын тулд яах аргагүй зээл рүү явна. Хоёрдугаарт, өрийн босгоо нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, зээл авахын тулд зохиомлоор төсвийн алдагдал үүсгэж байна гэж харж байгаа. Түүнээс биш хэмнэлт хийе, хэмнэлтийн горим руу шилжье, тэвчиж болох хөрөнгө оруулалтыг зогсооё гэж ярьж болно. Ер нь нэг үгээр тоймлоод хэлбэл мөрөөдлийн төсөв орж ирсэн.

-Эдийн засгаа сайжруулахын тулд янз бүрийн гарц хайж байх шиг байна. Хэрэгжүүлэх гэж буй төсөв хөтөлбөрийг хэрхэн харж байна вэ?

-Би өмнө нь ч ярьж байсан. Одоо дахиад давтаад хэлье. Хятадаас өгөх үгүй нь мэдэгдэхгүй зээл авах, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын аль, аль нь сайн биш. ОУВС-гаас 400 сая ам.доллар зээлээд төсвийн алдагдлаа нөхөж чадахгүй.

-1-1.5 тэрбум ам.долларын зээл олгоно гээд байгаа биз дээ?

-Ямар юмных нь нэг тэрбум ам.доллар вэ. Үсрээд л 400 сая ам.доллар өгнө. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал тодорхой хүүтэй, нөхцөлтэйгөөр 400 сая ам.доллар өгнө. Энийг авбал буруу. Уг хөтөлбөр хэрэгжлээ гэхэд асуудлаас гарчих юм биш. 400 сая ам.доллар авлаа гэхэд бидэнд дахиад л мөнгө хэрэг болно. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж ийм зүйлүүдээ хэмнэлээ гэж ярьчихаад дараа нь дахиад л зээл ярьж тамирдуулах гээд байгаа хэрэг.

Хятадаас тодорхой хэмжээний мөнгө авлаа гэхэд хугацаа, хүү, барьцааны асуудал яригдана. Бизнесийн зээл гэж 1.5 тэрбум ам.доллар авахад тодорхой төсөл бий юу гэж асууж байсан. Өөдөөс мөнгө орж ирэхээр нь төслөө бодож хөрөнгөө хуваарилъя гэдэг байлаа. Тэгж ярьж байсан хүмүүс одоо эхнээсээ шоронд орж байна. Эхлээд ямар төсөлд хэдий хэрийн хөрөнгө оруулах гэж буйгаа УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Дараа нь уг төсөлд зориулж мөнгө хайх ёстой. Хэрэгжсэн ашгаараа өр төлбөрөө төлж явах зарчимтай. Гэтэл манайд хойноос нь урагшаа явах гээд байна. Урд хормойгоороо хойдохоо нөхөх гээд байдаг. Өнөөдрийн нөхцөл байдал яг л ийм байна шүү дээ. Энийг би буруу гээд байгаа юм.

-Тэгвэл таныхаар ямар гарц байна вэ?

-Нэгдүгээрт, тодорхой төслүүдээ зар. Гадаадын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болдог. Энэ үеэр манай Ерөнхийлөгч очоод манайх шиг таатай улс төрийн тогтолцоотой гоё оронд хөрөнгө оруулаач гэж ярьдаг. Гоё сайхан байх нь хөрөнгө оруулагчдын сонирхдог сэдэв биш. Хөрөнгө оруулагчдад ганцхан сонирхол байдаг нь ашиг. Та нар энэ төсөлд ийм хэмжээний мөнгө оруулбал ямар хугацааны дараа хэдий хэрийн ашиг олох вэ гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, татварын бодлого, Гадаадын хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлын хууль зэргээ ярих хэрэгтэй. Ганцхан жишээ хэлье л дээ. Африкт 1990 оноос хойш хичнээн хувьсгал болсон бэ. Цуст хувьсгалууд зөндөө болж байна. Гэтэл тэд Монголоос илүү гадны хөрөнгө оруулалтыг татаж чадаж байна. Манайд цуст бүү хэл ямар ч хувьсгал болоогүй. Ингээд бодохоор Африкийн дэргэд Монгол шиг тогтвортой улс хаа байна. Гэтэл яагаад хөрөнгө оруулагчид манайхыг биш тэднийг сонирхоод байна вэ. Энд хоёр л шалтгаан байгаа. Орос, Хятадын орчин буюу хилийн бодлого нөлөөлж байна. Хилийн бодлого гэж гаалийн бодлогыг ярьж байна. Монголд бараа үйлдвэрлээд Орос, Хятадын зах зээл рүү гаргая гэхээр татвар өндөр. Тэднээс бараа авахдаа таван хувийн татвар төлдөг. Энийг болиулах хэрэгтэй. Ядаж Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулж Орос, Хятадад нөлөөлмөөр байна. Монголд үйлдвэрлэв гэдэг чинь бид өөрсдөө үйлдвэрлэхдээ ч биш. Монгол руу хөрөнгө оруулалт татаад эх орныхоо газар нутагт үйлдвэрлэсэн зүйлийг хэлнэ. Өнөөдөр бид муу сайн хужаа, муу сайн хятад л гээд байна. Дэлхий өнөөдөр Хятадтай л худалдаа хийж байна шүү дээ. Ийм байхад бид урд хөршийнхөө зах зээлд бүтээгдэхүүн гаргахаас өөр аргагүй. Монголыг өнөөдөр үйлдвэрлэл л аварна.

-МАН 65 суудал авч олуулаа болсон үедээ улс төр болоод эдийн засгийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж ярьж байгаа. Тэд өөрчилж чадах болов уу?

-Чадахгүй. Эд идэж л чадна. Өмнө ч ийм байсан, хойшид ч ийм л байна. Өөрчилж чадах уу үгүй юу гэдэг зүйл яривал тэрийг хэн хийх тухай ярина. Одоо та нар хар л даа. МАН Засгийн эрхийг барьснаас хойш хаана, хаана хэнийг томилов. Томилогдсон хүмүүс нь юу хийж чадахаар, ямар туршлагатай, мэдлэг боловсролтой байна вэ. Ганцхан жишээ хэлье. Японд Анагаах ухааны их сургуулийн захирлаар ажиллаж байсан залуу эх орондоо ирээд ажилд орж чадахгүй байна. Гэтэл өнөөдөр манай анагаахын салбарыг ямар хүн удирдаж байгаа вэ. Ашиг сонирхлын зөрчилтэй хүн л удирдаж байна шүү дээ. Худлаа биш.

-Ирэх онд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Хөрөнгийн бирж, Оргил рашаан сувилал, Төрийн банк гэхчилэн томоохон обьектуудыг хувьчилна гэсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Нөгөө л арга шүү дээ. Гадаадаас нэг удаагийн тариур оруулж ирэхийн тулд дотоодынхоо үйлдвэрийг санаатайгаар дампууруулсан. Яг үүнтэй ижил байдлаар томоохон компаниудыг зохиомлоор дампууруулж байна. Үүнийгээ далдлахын тулд төр муу менежер гэх яриа гаргаад байдаг. Үнэхээр төр муу менежер үү, эсхүл зохиомол нөхцөл байдал үүсгээд байна уу гэдгийг бодох ёстой. Дараа нь хэн авах гэж байна вэ гэдгийг нь хар. Хувьд очоод сайжирдаг гэх баталгаа байхгүй. Бизнес л бол бизнес. Улсын мэдэлд байхаараа муу, хувьд очихоороо сайн ажиллана гэдэг ойлголт бол зүгээр л төөрөгдөл. Хэн удирдах вэ гэдэг хамгийн чухал. Францын жишээг хар л даа. Төрийн өмчийн компаниудаа хувьчлаад дараа нь өндөр үнээр буцаан худалдаж авах гэж зовж байна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал олны анхаарлыг чамгүй татаж байна. Та тэндхийн иргэдтэй байнга уулзаж байдаг хүний хувьд ямар бодолтой явна?

-“Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг би 2013 онд анх ярьсан. Эрдэнэтийн “Найрамдлын өндөрлөг” гэж газарт очоод “Эрдэнэт үйлдвэрийг хувьчлах вий. 49 хувийг чинь аваад явах гэж байгаа шүү” гэж яриад тухайн үедээ шоолуулж байсан. Зарим эрдэнэтчүүд намайг бүр хөөсөн. Дараа нь 2016 оны гуравдугаар сард Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан. “Хоёулаа Эрдэнэтээр мэтгэлцье, зарах гээд байгаа юм уу. Мэтгэлцээд чи ял. Ялвал би дахиж сонгуульд нэр дэвшихгүй. Өнөөдөр өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээсээ татгалзъя. Би улс төрөөс явъя” гэсэн. Дараа нь буюу зургадугаар сарын 11 болоход “Эрдэнэтийн 49 хувийг зарчихсан шүү” гэдгийг анхааруулж хэлсэн. Гэтэл 13-нд нууц зэрэглэлтэй хуралдаж эхэлсэн учраас би цаашид мэдээлэл өгөх боломжгүй болчихсон. Төрийн нууц задруулахгүйн тулд нэг, хоёр өдөр яриад больсон юм. Одоо энэ байдлаар гарах гарц бол хууль. Би аравдугаар сарын 4-нд хуулийн төсөл өргөн барьсан.

-Ямар хууль вэ?

-Байгалийн баялгийн нөөц дуусвал тэнд онгорхой нүх л үлдэнэ. Онгорхой нүх үлдвэл хэн хохирох вэ. Эрдэнэтчүүд хохирч, хамгийн хүнд нөхцөл байдалтай хоцорно. Эрдэнэтийн баялаг хэзээ дуусах вэ гэдгийг үнэнээр нь олон түмэнд ил тод болго. Янз бүрийн тоо хэлж байна л даа. Эрдэнэтчүүд 60, цаашлаад 100 жилийн нөөцтэй гэж мөрөөдөж байгаа. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй нь сайхан юм даа. Үнэндээ бол ямар ч хүн ашигтай зүйлээ зардаггүй. Та өөрт ашигтай машинаа зарахгүй биз дээ. Хэрэв зарлаа гэхэд хоёр шалтгаанаар л худалдана. Мөнгөний хэрэгцээ гарвал, эсхүл асуудал гарсан бол зарна. Тэрэн шиг оросууд хэвийн үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрээ зарахгүй. Монголчуудад нэг муу зан байна. Бүрэн шинжилгээ хийгээд та хорт хавдартай байна шүү гэж хэлсэн хүнд баярлалаа гэхийн оронд яасан муу амтай хүн бэ гэдэг. Тэрэнтэй адил 60, 100 жилийн нөөцтэй байхад ард түмнийг айлгаад байна гээд байгаа. Айлгаад байсан зүйл алга. Нэгдүгээрт, менежмэнтээ тогтооё. Хоёрдугаарт, “Эрдэнэт”-ийн хөгжлийн сан байгуулаад өгөөч гээд байгаа юм. Хувь, улсын мэдлийнх нийлээд 200 сая ам.долларын хөрөнгөтэй сан бий болгоод өгөөч гэж байгаа юм. Би тэндээс сонгогдсон гишүүний хувьд эрдэнэтчүүдийн төлөө хийх зүйл их байна. Наад зах нь 300 орон сууцны асуудлыг зөв шийдмээр байна.

-Юун 300 орон сууц билээ?

-300 орос нутаг буцна биз дээ. Тэдний амьдарч байсан 300 орон сууц үлдэнэ. Зууг нь ахмадуудад өгмөөр байна. Гэх мэтчилэн өмч хөрөнгүүдийг яах вэ. Хангарьд цогцолбор, сувилал, зочид буудал, соёлын төвүүдийн асуудал байна. Энэ бүхэнд УИХ шийдвэр гаргаад Засгийн газарт чиглэл өгч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр 49 хувийг авсан эсэх тухай асуудал нэн тэргүүнд тавигдах ёсгүй. Бидний өмчийн эзэн Ч.Сайханбилэг, Б.Болор, Д.Эрдэнэбат байсан. Өнөөдөр (өчигдөр) АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат М.Энхболдын өрөө рүү ороход нь би хэлсэн юм. “За яасан 49 хувиа зарчихаад одоо МАН-д орох гээд явж байна уу” гэж. Харахаас уур хүрээд байгаа юм чинь хэлэхгүй яахав дээ. Энэ нөхөр анхнаасаа л МАН-ын хүн байсан. Бид энэ хүмүүстэй л ярих ёстой. Түүнээс биш 49 хувийг худалдаад авчихсан компанийн нөхөдтэй юу ярих гээд байгаа юм бэ. Зарсан хүмүүстэй хариуцлага тооцооч гэхээр Засгийн газар хууль, хяналтын байгууллагад хандсан байгаа гэсэн хариу өгсөн. Би анхнаас нь хэлж л байсан. Эрдэнэтийг улстөржүүлэхээ боль гэж.

-Одоо улс төрийн хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрийн даргын томилгооны асуудал яригдаж байна. Т.Бадамжунай, Г.Алтан гэсэн нэр сонсогдож байгаа?

-Т.Бадамжунай биш байлгүй дээ. Би үгүй байх л гэж бодож байна.

-Танай намаар сонин сайхан юутай байна вэ. Н.Энхбаяр даргыг АТГ-аас баривчлах нь гэсэн сураг сонсогдож байгаад намжлаа?

-МАХН-тай холбоотой асуудлыг надаас асуудаг нь нэг талаасаа зөв. Нөгөө талаасаа нэг зүйл ажиглаач. МАН-аас ялалт байгуулсан 65 хүн УИХ-д сууж байна. Тэдний 47 нь Н.Энхбаяр даргын дүү нар. Н.Энхбаярын туслах, хуулийн зөвлөх хийж байсан хүн байна. Хажууд нь гүйж харайж яваад бизнестэй болсон хүн ч бий. Дүү нар нь ахыгаа хүнд байдалд оруулахыг хүсэхгүй байлгүй дээ. Тиймээс гайгүй байх л гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн дөрвөн жилийн З.Баянсэлэнгэ, Ц.Оюунбаатар, О.Баасанхүүгээс хоёр дахин хүчтэй хүн энэ дотор сууж байна. Би бүгдтэй нь уулзаад хэлсэн. “За, чиний дарга шүү. Дарга байхад нь та нар хажууд нь байсан. Одоо та нар энэ хүнийг ядарч явахад нь түшээрэй, туслаарай, хамгаалаарай” гэдэг. Би ганцаараа юу ч хийж чадахгүй байна. Уулзсан хүмүүс бүгд “ойлголоо” л гэсэн.

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт С.Зориг агсны гэргий Б.Булган төрийн ордонд орж ирж хэд хэдэн хүнтэй уулзсан байна лээ. Тэдний нэг нь та. Юу ярьсан бол?

-Эрдэнэтэд “Их залуу” гэж баг байдаг. Тэр багийн иргэдийн дундаас С.Зоригийн хэрэгтэй холбогдсон асуудал гарсан. Хэрэгт холбогдон шалгагдаж буй залуугийн ээж Жавзмаа надад өргөдөл бичсэн байсан юм. Тэрэндээ өмгөөлөгчөөр хангагдаж чадахгүй байгаа тухайгаа бичсэн байна лээ. Үүний дагуу би Улсын ерөнхий прокурор Энх-Амгалантай уулзаж “Дотор болж буй хэргийг би мэдэхгүй. Гэм буруутай эсэхийг шүүх тогтооно. Онц хүнд гэмт хэрэгт сэрдэгдэж буй хүнд төрөөс өмгөөлөгч томилж өгөх ёстой байдаг. Энэ ээж ийм өргөдөл гаргасан байна. Та нар өмгөөлөгчөөр хангаарай” гэсэн. Хэрэг нь шүүхэд шилжсэн байгаа юм байна лээ. Үүний дараахан С.Зориг агсны гэргий Б.Булган манай зөвлөхөөр дамжуулаад уулзах хүсэлт гаргасан. Би уулзаад өнгөрсөн.

-Юу ярьж байх юм?

-Хүмүүс уулзахаараа юу ярьдаг билээ тийм л зүйл ярьсан. Сайн байна уу, сайн гэхчилэн энгийн зүйл яриад явсан байгаа.

-Танаас ямар нэгэн тусламж хүссэн үү. Зүгээр мэнд ус мэдэлцэх гэж уулзаагүй байлгүй дээ?

-Үгүй, тийм нарийн ширийн зүйл бид ярилцаагүй. Нууцын зэрэгтэй хэргийг би заавал мэдэх албатай биш, тэр хүн ч ярих ёстой биш. Тэгээд ч хэрэг төвөгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүнтэй уулзах ямар шалтгаан, шаардлага байгаа юм бэ. Хувь хүнийхээ хувьд л надтай уулзсан.

-Та хоёр өмнө нь бие биенээ таньдаг байсан юм уу?

-Таньдаг байгаагүй. Манай зөвлөхийг мэддэг байсан байх. Өмгөөллийн үйлчилгээ явуулдаг манай компани С.Зориг агсны амьдарч байсан байрны дөрөвдүгээр орцонд 18 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Үнэн мөнийг нь хууль шүүхийнхэн тогтооно биз. Бид хууль, хяналтын байгууллагын асуудалд шууд болон шууд бусаар оролцох боломжгүй. Төрийн нууц, тэр дундаа хүн амины хэргийг няхуур шалгаад явах ёстой. Бодит үнэнийг хуулийнхан тогтооно. Тэр хүн одоо баривчлагдаагүй, хоригдоогүй байгаа. Ийм үедээ хэнтэй уулзаж, хаагуур явах нь тэр хүний л асуудал.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Брестийн цайз мэт Алеппо буюу түүхэнд дуулдаагүй 6000 босогч яагаад оросуудад дийлдэхгүй байна

Сүүлийн үед НҮБ-ын хуралдаан бүрт Москва, Вашингтон хоёр нохой шиг л уралцаж байна. Оросууд “АНУ Сирийн дотоод хэрэгт оролцож, улс орныг сүйрүүлж байна” гэж байгаа бол америкчууд “ОХУ Сирид хүмүүнлэгийн эсрэг гэмт үйл ажиллагаа явуулж байна. Гаагийн олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй” гэж байна. Тэдний хамгийн том хэрүүл Крым байсан бол өнөөдөр Сирийн Алеппо хот болж хувирав. Сүүлийн хэд хоногт энэ хот дэлхий нийтийн анхааралд ороод зогсохгүй, багагүй гайхшралыг төрүүлж байгаа. Сири баруун талаараа Ливан, баруун өмнөд талаараа Израиль, өмнөд талаараа Йордан, зүүн талаараа Ирак, хойд талаараа Турк улсуудтай тус тус хиллэнэ. Исламын ертөнцийн нэг хэсэг Сири улсын хүн амын 74 хувь нь Исламын шашны сунна, 13 хувь нь шиа, арван хувь нь христийн шашинтай. Харин үндэстний бүтцээр 90 хувь нь араб, үлдсэн арван хувь нь курдууд. Нийслэл Дамаск. Тус улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч нь Башар Асад. Тэрээр барууны боловсролтой, эхнэр нь Их Британийн иргэншилтэй.

Сири нь Францын колони байсан. 1946 онд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. 185 мянган км квадрат нутагтай, 2011 оны байдлаар 23 шахам сая хүн амтай байсан ч өнөөдөр 18 сая гаруй иргэн л Сирид байгаа гэсэн таамаг бий. 2010 оны судалгаагаар нэг хүнд ноогдох ДНБ 5000 ам.доллар байсан. Сүүлийн жилүүдэд ДНБ-ий тухай тоо баримт гараагүй байна.

Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Алеппо хот нь Сирийн хоёр дахь том хот бөгөөд Дамаскаас хойш 340 км-т байрлана. Тус хот 2005 оны хүн амын тооллогоор 2.3 сая гаруй оршин суугчтай байсан мэдээ бий. Сири, АНУ, ОХУ-ын хамгийн том сөргөлдөөний талбар болсон энэ хотод 250 мянган хүн үлдсэн аж. Хотын нийт нутаг дэвсгэр 190 км квадрат. Нисэх онгоцны буудал, их сургууль, эртний түүх, дурсгалт олон барилгатай. XII-XVI зууны үед баригдсан ихэнх барилга өнөөг хүртэл хэвээр хадгалагдсан дэлхийн цөөн хотуудын нэг гэнэ. Алеппо хот нь эртний маш том цайз, хэрэмтэй. Тэр нь Дундад зууны үед олон загалмайтны аян дайнд ялалт байгуулах чухал үүрэг гүйцэтгэж байжээ. НҮБ-ын дэлхийн өвд 1986 онд тус хотыг бүртгэж авчээ. 2013 оны нэгдүгээр сарын 15-нд тус хотын их сургууль руу хоёр удаа пуужин харваж 82 хүн алагдаж, 160 гаруй хүн шархадсан аж. Тухайн үед барилгад 30 мянга шахам дүрвэгч байсан гэдэг. Хохирогсдын ихэнх нь дүрвэгсэд бөгөөд түүнээс хойш энэ сургуулийн ажиллагаа доголдсоор өнөөдөр таг зогссон тухай мэдээ байна. Энэ үйл явдлаас хойш тус хотод байсан ОХУ-ын Ерөнхий консул үйл ажиллагаагаа зогсоожээ. Тухайн үед ОХУ энэ үйлдлийг “өршөөлгүй, цуст өдөөн хатгалга” хэмээн буруушааж байсан аж. Харин пуужин харваснаас хойш хоёр хоногийн дараа CNN “Харвасан пуужингийн эзэн нь Сирийн засаг засаг захиргаа” гэж мэдээлсэн нь Кремлийн гадаад хэргийн сайд С.Лавровыг галзууруулах дөхжээ. Тэрээр Душанбед айлчлах зуураа шууд хэвлэлийн бага хурал хийж “Энэ хэрээс хэтэрсэн гүтгэлэг. Тэр тусмаа өөрийгөө хүндлэх ёстой нэр хүндтэй теле сувгийн хувьд” хэмээн мэдэгджээ. Энэ цагаас Алеппо хот сөрөг хүчний үүр болох эхлэл тавигджээ.

Харин өнөөдөр тус хотод байрласан оросууд “алан хядагч, хэт даврагчид”, америкчууд “Сирийн сөрөг хүчин” хэмээн нэрлэж байгаа 6000 этгээд яагаад оршин тогтноод байна гэдэг нь олны анхаарлыг татаж байгаа юм. Тэд Дамаск төдийгүй дэлхийн хамгийн хүчирхэг зэвсэгтэй Улаан армийг хэдэн сар сөрж чадаж байна. Анх иргэний дайн эхлэхэд л тус хот цахилгаан, ус, хүнсний гачаалд орсон тухай мэдээлсэн. НҮБ-ын тусламжийн цуваа бөмбөгдүүлж, ямар ч тусламж хүртэж чадаагүй. Гэтэл тус хотоос өнөөг хүртэл хойд Солонгост өвс идэж байгаа хүүхэд, Каддаффийн бөгс рүү жадтай АКА-гаар сүлбэж байгаа мэт аймшигт бичлэгүүд ирээгүй. Мэдээж дайн болж байгаа газар үхэл, осол цөөнгүй. Энэ тухай бичлэгүүд олон ирсэн. Бас нэг сонирхолтой мэдээлэл бол тэр 6000 босогчийн 80 хувь нь АКА буюу дэлхий даяар 40 гаруй сая ширхэг тарсан гэдэг Оросын алдарт Калашников автоматтай. Цөөн тооны миномет, танк эсэргүүцэгчтэй. Гэтэл Асад олон тооны хүчирхэг танк, хуягттай. Путины нисэх хүчнээс Обама жийрхдэг. Ийм хүч тэнцвэргүй тулаан 1945 оны зургадугаар сарын 22-ноос эхлэн 40 гаруй хоног ЗХУ-ын хилд Герман довтлох үеэр Брестийн цайз дээр л болсон тухай мэдээ байдаг. Сонирхуулахад, Оросын нэгэн сэтгүүлч “АНУ биднийг 40 сая АКА зарсан гэж байгаа. Тэдний бусад орнуудыг сүйрүүлэхэд худалдсан онгоц, танк, пуужингийн дэргэд манай хэдэн АКА дусал төдий наймаа” гэж бичсэн байдаг. Инээдтэй нь дэлхийн хамгийн том зэвсгийн наймаачин бол АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ. Эдгээр орнууд НҮБ-ын энх тайвныг сахиулах үүрэгтэй Аюулгүй байдлын зөвлөлийн онц эрхт гишүүд. Хаана дайн самуун болно, эдгээр улсууд ард нь зогсож байдаг. Энэ удаад Алеппо хот тэдний улс төрийн сөргөлдөөний золиос болж байгаа нь гарцаагүй. Ус, цахилгаангүй Алеппо хот тэсээд байгаа шалтгааныг зарим улстөрчид үзэл суртлын хэрэгсэл болгож байгаа хэмээн хардаж байна. Москва, Дамаск АНУ-ыг алан хядагчидтай нийлж сиричүүдийг хагалж байна гэсэн зургийг дэлхийд харуулахын тулд хотыг яаран чөлөөлөхгүй байна хэмээн нэг хэсэг нь хардаж байна. Бүр цаашилбал, оросууд Клинтоныхныг удам дамжсан Ерөнхийлөгчийн суудлаас ангижруулахын тулд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Алеппог чөлөөлөхгүй гэсэн яриа ч гарсан гэнэ.

Оросын нэгэн эдийн засагч телевизээр “Барууныхан хориг тавьчихаад, эдийн засаг хүнд байхад манай зэвсэгт хүчин 6000 алан хядагчийг устгах нэрээр улсын төсвөөр хэдэн сар пицца идээд хэвтээд байж таарахгүй. Цэргээ яаралтай Сириэс татах хэрэгтэй” гэжээ. Хариуд нь Кремлийн төлөөлөгч “Тайвшир. Бурхны авралаар цэрэг дайны хамгийн том зардал болох дарь, нефтийн үнэ шалдаа буучихсан. Энэ жил манай улс асар өндөр ургац авсан тул та ч хямдхан пицца идэх боломжтой” хэмээн даапаалжээ. Бас нэг сонирхолтой мэдээ бол Кремль Вашингтон хоёр анх Крымээс болж муудсан. Европын холбоо Вашингтоны үгээр ОХУ-д хориг тавьсан. Гэтэл өнөөдөр энэ хоригийн хамгийн том хохирогч нь Европын холбоо болчихсон тухай тус холбооны орнуудын тэргүүнүүд гомдоллосоор. Харин энэ хоригт орсноор ОХУ-ын дотоодын үйлдвэрлэл 20 гаруй хувиар нэмэгдэж, ойрын хоёр жилд хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тэр бүү хэл ОПЕК-ийн нефтийн үнэ өсгөх хөтөлбөрийг оросууд тоож сонссонгүй. Хоригоос хойш богино хугацаанд эдийн засгаа сэргээж байгаа оросууд хямралтай үедээ танктай, пуужинтай Гүржийн армийг нэг өдрийн дотор бут ниргэж байсан түүх саяхных.

Алеппогийн 6000 партизан дийлдэхгүй байгаа шалтгааныг исламын ертөнцийг судлаач таамаг дэвшүүлж байна. Тус хотод 6000 АКА агссан босогчдод байгаа юм биш. Атгасан гар шиг 250 мянган иргэн бий. Иргэд босогчдыг дэмжигч Асадыг эсэргүүцэж байгаа учраас хот тэр чигээрээ хамгаалалтад орсон. Босогчид иргэдэд Асадаас энэрэнгүй хандаж байгаа учраас тэд босогчдыг бүх талаар дэмжиж байх магадлалтай. Мөн Алеппо хот эртний олон нүсэр барилгатай тул иргэд гудманд гарахгүй, агаараас харагдахгүйгээр барилга дотроо амьдраад байх боломжтой. Тэдний үндсэн хоол нь гурил. Гурил, түлээ, ус байхад тэд хангалттай удаан хугацааг тэснэ. Босогчид Засгийн газрын дайралтыг мэдээд зогсохгүй ямар хугацаанд юутай тулахаа тооцоолсон. Эртний хотууд их хэмжээний усны нөөц, ундаргатай байх нь ердийн үзэгдэл. Ихээхэн хэмжээний гурил нөөцөлсөн байхад л удаан хугацаанд амьдрах нөхцөл бүрдэнэ. Мөн лалын ахан дүүс гэдэг шашны суурь үзэл байдаг. Сирийн эргэн тойронд байдаг хөрш орнуудад Алеппо хотын иргэдийн олон ахан дүүс бий. Тэд ахан дүүсээ ямар ч тохиолдолд зовлон дунд орхихгүй. Ямар нэгэн хэлбэрээр тусламж үзүүлэх чадвартай саятнууд олон бий. Алеппо дахь иргэд, босогчдод АНУ, Турк, Иран зэрэг орны баян иргэд ч тусалж байх магадлалтай. Тиймээс тэнд 6000 босогч биш Асадыг эсэргүүцэгч 250 мянган иргэн байгаа гэж ойлгох хэрэгтэй хэмээн судлаач маань үзэж байна.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

А.Хүү-Ухнаа: Монголчуудын зэвсэг галт хэрэгслийн үйлдвэрлэл 1744 оноос хойш тасарсан

Монгол Улсад гар бууны “7.62х23мм” М загварын сум үйлдвэрлэх технологи боловсруулж, амжилттай туршсан Цэргийн техникийн ухааны доктор, профессор, Зэвсгийн мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн, чөлөөнд суугаа хурандаа А.Хүү-Ухнаатай ярилцлаа.

-Сум үйлдвэрлэх технологи боловсруулж, амжилттай туршсан гэж байна. Хоёулаа сумны дариа хэрхэн гаргаж авсан талаар яриагаа эхлэх үү?

-Би 1966-1972 онд ОХУ-ын Пенза хотын цэргийн зэвсгийн дээд сургуульд суралцаж, артиллерийн зэвсгийн инженер мэргэжлийг эзэмшсэн. Тэр цаг үеэс хойш Монгол Улсдаа Дарины үйлдвэр байгуулахыг, ядаж одоо байгаа сумныхаа дарийг шинжлэх лабораторитой болох юмсан гэж боддог байлаа. Манай улс 1990 оноос зарим мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх болсны нэг нь зэвсгийн мэргэжилтэн байв. 1991 онд одоогийн БХИС-д Зэвсгийн тэнхим шинээр байгуулж, намайг даргаар нь томилж, зэвсэг ашиглалтын инженер бэлтгэх ажлыг хариуцуулсан юм. 1992 онд анхны элсэлтээ авч, 1996 онд найман хүн төгссөний гурав нь дарь тэсрэх бодис үйлдвэрлэх судалгаа хийж, дипломоо хамгаалсан. Харин 2010 онд улсын хэмжээнд зарласан “Цэргийн зориулалттай дарь тэсрэх бодис үйлдвэрлэх” сэдэвт шинжлэх ухаан технологийн төсөл шалгаруулах уралдаанд Батлан хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дайн цэргийн урлаг судлалын төвийн дарга, цэргийн шинжлэх ухааны доктор, (Sc.D) профессор Ш.Паламдоржоор удирдуулсан багийн бүрэлдэхүүнд орж манай баг шалгарсан юм. Тэр төслөө амжилттай гүйцэтгэж, 2012 онд хүлээлгэн өгсөн.

-Цэргийн зориулалттай сумны дарь үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болсон гэсэн үг үү?

-Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх судалгаа үргэлжилж байна. Цэргийн зориулалттай дарины иж бүрэн үйлдвэр байгуулахад наанадаж 1.7 наяд төгрөгийн зардал шаардсан нүсэр ажил бөгөөд түүний хэрэгцээ, ашиглалт, борлуулалтад анхаарал татсан олон асуудал байна. Харин түүхий эд нь хямд үнээр олдох бололцоотой зарим төрлийн хольцот дарь, хар дарийг үйлдвэрлэх боломж бий. Эдгээр дарийг үйлдвэрлэж сургуулийн сум, гранатыг цэнэглэж цэрэг дайчдын сургалтанд хэрэглэж болно.

-Тухайлбал, ямар асуудал байна гэж?

-Бид асар их хөрөнгө, хүч зарцуулаад цэргийн зориулалттай дарины үйлдвэр байгуулчихлаа гэхэд манай улс сум үйлдвэрлэх боломжгүй байна. Үйлдвэрлэсэн дариа экспортолъё гэхэд гадны улс орнууд худалдаж авах эсэх нь эргэлзээтэй. Тийм болохоор бид сум үйлдвэрлэх технологийн судалгааг ч мөн хийж байгаа. Олон улсын гэрээ конвенциор сум үйлдвэрлэх гэж буй улс оронд тодорхой нөхцөл тавьдаг. Тухайлбал, ОХУ-ын зэвсэгт зориулсан сумыг бид шууд үйлдвэрлэж болохгүй. Зөвшөөрөл авах эсвэл лицензийг худалдан авах хэрэгтэй болно. Ер нь сум үйлдвэрлэнэ гэдэг нэлээд нарийн төвөгтэй асуудал. 12 төрлийн суурь машинаар 180 технологийн ажиллагаа гүйцэтгэдэг. Сүүлийн жилүүдэд сумны зарим эд ангийг худалдан аваад угсрах технологийг олон оронд хэрэглэж байна. Энэ нь ч манайд одоогоор тохиромжтой. Би “7.62х23 мм М” загварын сум үйлдвэрлэх технологи боловсруулж, сумны бялт, хонгиог нь гаднаас худалдан авч туршсан. Амжилттай болсон. Гар бууны сумны хонгиог 25 удаа, АКА-ны сумны хонгиог таван удаа ашиглаж болдог. Тэгэхлээр дээр дурдсан “7.62х23 мм М” суманд зориулсан гар буу үйлдвэрлэх төсөл боловсруулах шаардлагатай болж байна.

-Хольцот болон хар дарийг сумны хонгионд хийж болох уу. “7.62х23 мм М” загварын сумандаа та ямар дарь ашигласан бэ?

-Болохгүй. Модны болон ердийн хөвөнг нитратжуулан гаргаж авдаг коллоид бүтцийн дарийг ашигласан.

-Цэргийн зориулалттай дариа аль улсын ямар технологиор гарган авсан бэ?

-ОХУ, АНУ, Австрали, БНСУ, Хятад зэрэг улсуудын технологи дээр үндэслэн өөрсдийн боловсруулсан технологиор үйлдвэрлэж байгаа.

-Цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх нь Монгол Улсын Зэвсэгт хүчин болон нийгэмд ямар ач тустай вэ?

-Ямар ч улс орны зэвсэгт хүчний байлдах чадвар тайван цагт хийсэн цэргийн сургуулилтаас ихээхэн хамаардаг. “Тайван цагт хөлс хэр их урсгана, дайны цагт цус бага урсгана”, “Цэрэг эрсийг 1000 өдөр тэжээж, нэг хоромд ашиглана” гэсэн цэргийн жанжин, судлаачдын хэлсэн үг байдаг. Тийм болохоор байлдааны цагийн байдал бий болгох, зэвсэг галт хэрэгсэл эзэмшиж сургахад цэргийн зориулалттай дарь чухал үүрэгтэй. Бидний лабораторийн нөхцөлд гарган авсан хар дарь, хөнгөн цагааны болон аммиакийн шүүний дарийг байлдааны цагийн байдал бий болгох, зэвсэг галт хэрэгсэл эзэмшиж сургахад ашиглана гэсэн үг. Эдгээр дариар тэсэлгээ хийх, тэсрэлтийг дуурайлган үзүүлэх, сургуулийн гранатыг цэнэглэж болох юм. Энэ төрлийн сургуулилт хичнээн ач холбогдолтойг миний амьдралд тохиолдсон сургамжууд надад бэлхэн харуулсан. Тухайлбал, 1973 онд намайг Зүүнбаянд байлдааны гранат шидүүлэх сургалт хийлгэж байх үед армид он удаан жил ажилласан нэгэн дэд хурандаа гранатныхаа хамгаалагчийг авсны дараа шидэж чадалгүй надад эргүүлэн өгч байж билээ. 3-4 секундэд гранат дэлбэрэх ёстой байсан юм. Мөн 1986 онд нэгэн ахлагч шидэх гэж байсан гранатаа алдаж олон хүний амь нас сүйтгэх аюул учруулж байсан. Орчин үед нийгэм ард иргэдэд нэлээн ач тустай, нийгмийг хамарсан эмх замбараагүй байдлыг зохицуулахад аминд халгүй сум гранат чухал үүрэгтэй. Саяхан Монгол Улсад зохиогдсон “Аминд халгүй зэвсэг” сэдэвт олон улсын сургалт семинарт энэ сэдвээр намайг илтгэл тавьж хэлэлцүүлэхэд гадаадын зочид их сонирхож байсан.

-Тэгвэл нийгэмд, хүн ардад ямар ач тустай вэ?

-Улсын захиалгатай цэргийн зориулалттай дарь үйлдвэрлэх технологи боловсруулах төслийн судалгааны ажилд оролцсон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн зэвсгийн албаны даргын туслах, БХИС-ийнмагистрант, ахлах дэслэгч Э.Эрдэнэ-Очир судалгааны ажлаа үргэлжлүүлэн хар дарины үйлдвэр байгуулах бэлтгэл ажлаа хангаж байна. Хар дарийг цэргийн зориулалттай хэрэглэхээс гадна ард иргэд ядарсан малыг тэнхрүүлэх адуу, үхрийн ханиад эмчлэх, хүний бие дээр гарсан түүхий, яр шархыг эдгээх, нохой хээлтүүлгээс урьдчилан сэргийлэх зэргээр хэрэглэж ирсэн. Гэвч энэ нь эрдэм шинжилгээ судалгааны аргаар батлагдаагүй, ардын уламжлалт эмчилгээний арга тул болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн ахлах дэслэгч Э.Эрдэнэ-Очир нь ёслолын буудлагын хэрэгсэл, олон өнгийн пуужин үйлдвэрлэх, пиротехникийн бодис гарган авах судалгааны ажлаа амжилттай хийж байна.

-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас таныг хэрхэн дэмжиж байна?

-Маш сайн дэмждэг. Улс орныхоо батлан хамгаалах чадавхийг дээшлүүлэхэд олон талт арга хэмжээ авахаас гадна дотоод нөөц бололцоондоо тулгуурлан шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилласны үр дүнд дарь тэсрэх бодис, сум гранат үйлдвэрлэх технологи боловсруулах төсөл хэрэгжүүлж байна.

-Монголчуудын зэр зэвсэг, нум сум Чингисийн үед дэлхийд гайхагдаж байсан гэдэг. Түүнээс хойш монгол цэргүүд буу зэвсэг, дарь, сум хийж байсан түүх бий юу?

-Их Монгол Улс байгуулагдахаас өмнө Монголын нутаг дэвсгэр дээр оршин байсан улс гүрнүүд дарь хийдэг байсан. Чингис хаан болон түүний залгамжлагчдын хийсэн дайн байлдаанд дарьт зэвсэг хэрэглэж байсныг гадаадын эрдэмтэн судлаачид түүхэн эх сурвалжуудад үндэслэн тогтоосон. Монголчууд 1220 оноос газрын тостой бортгыг (дарьт сав) гал урвуур (их буу) гэдэг оньсон багажаар хол зайд харвадаг байсан. Энэ нь хот балгасыг эвдэж, хэрмийг цөмлөдөг байв. Мөн Ойрхи Дорнод, дундад Ази, Европт монголчууд дарийг хамгийн анх дэлгэрүүлсэн гэж үздэг. Мөн орчин үеийн шатаагч, утаат, гэрэлтүүлэгч, задран дэлбэрдэг зэрэг олон төрлийн галт хэрэгслийн анхдагч нь монголчууд юм. Монголчуудын зэвсэг галт хэрэгслийн үйлдвэрлэл 1744 онд Зүүн гарын хаант улсын хан Галданцэрэн гүн 50 кг жинтэй, сумтай, мортер (миномот) бууг зохион бүтээж ашиглаж байснаас хойш тасарсан.

-Та энэ салбарт ямар, ямар судалгааны ажлууд хийж байв?

-2006 онд “Монгол орны нөхцөлд галт хэрэгслийн удаан хадгалагдах чадварыг үнэлэх нь“ сэдвээр цэргийн техникийн ухааны докторын зэрэг хамгаалж, 2007 онд БХИС-ийн профессор цол хүртсэн. Үүнээс өмнө “Пуужин артиллерийн зэвсэглэлийн ашиглалтын гарын авлага’’, “Цэргийн зэвсгийн галт хэрэгсэл”, “Дарь, тэсрэх бодисын шинж чанар, үйлдвэрлэл, хэрэглээ”, “Зэвсэглэлийн түүх, орчин үе, хэтийн төлөв” зэрэг 20 гаруй ном, сурах бичиг бичиж хэвлүүлсэн. Монгол орны нөхцөлд дарь, тэсрэх бодис, дарин бүтээгдэхүүн, гар бууны болон ангийн бууны сум, сургуулийн гранат үйлдвэрлэх улсын захиалгатай шинжлэх ухааны төсөл гүйцэтгэж, технологи боловсруулсан нь Монгол Улсад зэвсэг, галт хэрэгслийн үндэсний аж үйлдвэр хөгжих эх суурь болж байна.

-Манай улсад энгийн дарины 20 гаруй үйлдвэр байдаг гэж сонссон. Цэргийн зориулалттай дарь нь энгийн даринаас юугаараа ялгаатай вэ?

-Цэргийн зориулалттай дарь нь тэсрэх бодисын нэг төрөл бөгөөд хүчин чадал баллистик үзүүлэлт, хими физик шинж чанараараа энгийн үйлдвэрлэлийн тэсрэх бодисоос эрс ялгаатай, удаан хугацаагаар хадгалах шаардлагатай байдаг. Тэдгээр 20 гаруй үйлдвэрээс гаргаж авсан тэсрэх бодисыг уул уурхайн тэсэлгээнд голдуу ашиглаж байна. Монгол оронд дарины түүхий эд элбэг байдгаас гадна хүнд аж үйлдвэрийн хаягдал илүүдэл бүтээгдэхүүнийг ашиглах бололцоотой. Жишээлбэл, биодизель түлшний үйлдвэрээс их хэмжээний глицерин хаягдал болон гардаг. Энэ нь нитроглицерин дарины үндсэн түүхий эд болдог. Нитроглицерин дарийг 1888 онд Шведийн эрдэмтэн А.Нобель нээж динамит үйлдвэрлэх болсон. Цэргийн зориулалттай утаагүй дарийг нитратжуулахад хүхрийн хүчил гол үүрэгтэй байдаг. Гэтэл цэвэр зэс боловсруулах үйлдвэрээс хүхрийн хүчил хаягдал илүүдэл бүтээгдэхүүн болон гардаг. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулж 300000 тонн цэвэр зэс үйлдвэрлэж эхэлбэл нэг сая тонн хүхрийн хүчил хаягдал болон гарах тооцоог уул уурхайн эрдэмтэд хийсэн байгаа юм.

-Таны үйлдвэрлэсэн дарийг кино зураг авалтад ашиглаж байсан уу?

2015 онд урлагийн гавьяат зүтгэлтэн Найдандоржийн найруулсан “Тэр жилийн тэр нэг өдөр” киноны байлдааны ажиллагаа, буудлага, тэсрэлтийг дуурайлган үзүүлэхэд ашигласан.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Манайх шиг засаглалтай оронд “Bank of China” орж ирээд ч гавьтай зүйл болохгүй

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Олон улсын валютын сан уу, Хятадын хөнгөлөлттэй зээл үү гэсэн хоёр хувилбар ид яригдаж байна. Таныхаар аль хувилбар нь дээр вэ?

-Монгол Улсын Засгийн газар шууд төлөх ямар ч чадваргүй болтлоо гадаад, дотоодын өрөнд баригдсан учраас хүнээс мөнгө гуйж таарна. Гуйхдаа мэдээж зээлж авна. Бага хүүтэй, урт хугацаагаар өгөх боломжтой нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байх. ОУВС тодорхой нөхцөлтэйгөөр өгдөг. Энэ удаад ОУВС, Хятад хоёр хамтрах боломж бий гэж харж байна. Учир нь Хятадын мөнгө саяхан ОУВС-д орсон. Тэгвэл бид өрөө дарах хэмжээний зээл авчих болов уу. Мэдээж өр дарлаа гээд эдийн засагт өөрчлөлт орохгүй. Гэхдээ энэ маягаараа цаг алдвал илүү их өрөнд орох эрсдэлтэй. Төр засаг эдийн засгаа удирдаж чадахгүй, нийт ард түмнийг гэхээс илүү тодорхой бүлэглэлийг төлөөлөөд байна л даа.

-Бизнесүүдийг дэмжиж байж л эдийн засаг тэлнэ. Компаниудаа яаж дэмжвэл үр дүнд хүрэх бол?

-Бизнесээ дэмжихийн тулд үнийг чөлөөлж, төр бизнест оролцохоо болих хэрэгтэй. Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь хувьцаат компани болгох шаардлага бий. Чөлөөт өрсөлдөөнийг урамшуулж, бонд гэх мэт есөн шидийн мөнгийг хувааж нууж өгдгөөсөө татгалзах ёстой.

-Дифляци гэсэн ойлголт эдийн засагт гараад ирлээ. Иргэдийн худалдан авах чадвар унасан учраас ийм үзэгдэл ажиглагдаж байна гэх юм…?

-Худалдан авах гэж юуг хэлээд байна гэдгээс эхэлнэ л дээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний бараа авах нэг хэсэг бий. Нөгөө талд хадгаламжаасаа том зүйл худалдаж авах дунд ангийн хэрэгцээ гэж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл хүн амын 20 хувь ядуу байна. Ахиад 20, 30 хувь нь ядуу руу ороход бэлэн болчихсон. Хэзээнээсээ өндөр хувьтай байгаагүй дундаж анги харьцангуй багасчихлаа. Тийм учраас сегмент болгоны худалдан авах чадвар юунаас хамаарч байна вэ гэдгийг хэлэхгүй бол ерөнхийлөхөд хэцүү. Жишээ нь өндөр орлоготой хүмүүс дуртайгаа хэрэглээд явна. Хадгаламжтай хүмүүс нэг хэсэгтээ тэвчинэ. Бага орлоготой хэсэг буюу хүн амын бараг хагас нь хэцүү байдалд байгаа нь үнэн. Үүнээс гарах гарц нь ажлын байр. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшилд ажлын байр нэмэх боломж одоогоор алга. Ер нь хувийн хэвшил хумигдаж байна. Компаниудын худалдан авах чадвар буюу хөдөлмөрийн бүтээмж бага байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг идэвхгүй болж байна гэсэн үг.

-Эдийн засаг идэвхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хямралын байдалд орчихоод идэвхгүй болчихлоо л доо. Гадагшаа экспортолдог бүтээгдэхүүний үнэ уначихаар уул уурхайн салбар уруудлаа, ийм шалтгаанаар хямарсан гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ тийм биш. Монголын хувьд үүнээс илүүтэйгээр улс төрийн, засаглалын чанартай хямрал нүүрлэсэн. Бид бонд авснаас болж өрөнд орсон. Бондоо юунд зарцуулахаа төлөвлөлгүйгээр авсан. Энэ бол засаглалын асуудал. Юунд зарцуулахаа тохироогүй, шийдээгүй байж хүнээс мөнгө зээлнэ гэдэг хариуцлагагүй явдал. Тэгээд сандрангуутаа зам тавьчихсан. Гэтэл замыг урт хугацааны дэд бүтцийн хөгжлийн зээл гэж тусдаа зээлээр тавьдаг. Мөнгөө яаж хуваасан нь ил тод биш, бүлэглэлүүд нь хуваагаад авчихдаг гэж ирээд яривал асуудал их бий.

-Дээгүүрээ мөнгө хувааж идээд байгаа бүлэглэлүүдийг задалж хүчийг нь сулруулахын тулд яах ёстой юм бол?

-Ардчилсан оронд зах зээл гэдэг аж ахуйгаа хянаад явдаг зах зээлийн ардчилал гэсэн ойлголт байдаг. Манайд үүнийг явуулах сонирхолгүй хүмүүс төр засаг хянадаг болгоод хувиргачихсан. Улс төрийн нам гэдэг олон хүний үзэл бодлыг илэрхийлдэг институци байхаа больчихлоо л доо. Тодорхой хэсэг бүлэглэлийн сонирхлыг төлөөлсөөр өнөөг хүрсэн. Үүнийг зогсоож, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Улс даяар иргэний нийгмийг хүчтэй болгох шаардлага бий. Ер нь зах зээлийн ардчилалд хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн, иргэний нийгмийн хяналт шалгалт байдаг. Энэ механизмыг сэргээхгүйгээр хямралаас гарахгүй. Ойлгохгүй удах тусам хямралд илүү их өртөнө. Төлбөрийг нь бүгдээрээ нийлээд төлнө. Хожих хүмүүс нь бидний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж өөрсдөө завшаад байгаа этгээдүүд.

-Эрдэнэтийн 49 хувь дээр ямар байр суурьтай байгаа вэ, төр зуун хувь авах нь хэр зөв шийдэл бол?

-Ер нь бол Оросын Засгийн газраас Эрдэнэтийн хувийг авах нь зөв. Процедурын хувьд эргэж харах асуудал бий. Эрдэнэтийн хувийг Монголын Засгийн газраас ч авах хэрэгтэй.

-Эрдэнэтийн хувьтай холбоотой асуудлыг УИХ хэлэлцээд Оросын талд байсан 49 хувийг төр засаг авчихлаа гэж бодъё. Тэгвэл Эрдэнэт өнөөдрийнхөөсөө ч уруудна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдээж. Монголын төрийн эрхийг улс төрийн намууд гартаа авдаг. Улс төрийн намууд нь хэн бэ гэхээр том асуултын тэмдэг гарчихаад байна л даа, яг өнөөгийн нөхцөлд. Товчхондоо, ил тод биш бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намуудыг худалдаад авчихсан.

-Таван толгой гэх мэт том төслүүд яагаад ч юм урагшилж өгдөггүй. Таны яриад байгаа бүлэглэлүүдийн зодоон том төслүүдийг гацаагаад байна уу?

-Бизнесийн нууц бүлэглэлүүд буюу ил тод биш үйл ажиллагаатай компаниудын л хийж байгаа ажил. Дахин хэлэхэд улс төрийн намыг хувьчлаад авчихсан нь гол асуудал болоод байна.

-Улстөрчид энэ тэр нам гэхээс илүү, ашиг сонирхлоороо нам дамжаад нэгдчихлээ гэсэн шүүмжлэл таны хэлж байгаатай агуулга нэг санагдлаа…?

-Компаниуд улс төрийн аль аль намд нь орчихсонд хамаг учир байгаа юм. Энэ талаас нь харахаар улс төрийн нам гэдэг институци бараг алга болчихсон. Ганц манайд ч биш посткоммунист орнуудад улс төрийн намууд гэсэн институциудыг нөлөө бүхий бизнесийн нууц бүлэглэлүүд, үйл ажиллагаа нь тодорхой биш бизнесийн группууд авчихсан байгаа. Монголын удирдлагууд гэхэд л бүгдээрээ том бизнесийн эзэд. Тэр хүмүүсийн хоорондын тохиролцоогоор бүх зүйл өрнөж байна. Намын нэр, өнгө ямар ч хамаагүй болчихсон. Түүн шиг худлаа юм байхгүй.

-“Bank of China” Монголд салбараа нээх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндөх учраас эсэргүүцээд байна л даа. Ер нь манайх шиг засаглалтай оронд “Bank of China” шиг банк орж ирээд гавьтай зүйл болохгүй дээ. Оруулсан нэртэй, гарсан ч юм шиг, орсон ч юм шиг ажиллах болов уу. Жинхэнэ либериал эдийн засагт бусад орнуудын банк орж ирэх нь тийм онцгой асуудал биш. Ер нь өндөр хөгжилтэй, зөв явсан улс оронд мөнгөний, хөрөнгийн урсгал чөлөөтэй байх тусмаа сайн. Гэхдээ төр засаг нь авлигагүй байх ёстой.

-Тэгэхээр одоо яах ч ёстой юм…?

-Наадах чинь асуулт л даа. Иргэний нийгэм хүчтэй хөгжиж, төр засгийг хянадаг шалгадаг системийг хүчирхэгжүүлэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Иргэний нийгмийг хүчтэй хөгжүүлэхийн тулд хараат бус хэвлэл мэдээллийг хүчтэй хөгжүүлэх ёстой. Гол шалтгаан нь бидний толгойноос коммунист сэтгэлгээ арилахгүй байна. Хүчнээс айж байна, хүчний байгууллагууд нь хүчтэй байна. Улс төрийн намуудын удирдлагыг үг дуугүй дагадаг яахаас ч буцахгүй бүлгүүд бий болчихож. Үүнээс гарахын тулд хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Харамсалтай нь ярилцах механизм нь бага байна.

-“Де факто”-гийн зочид их сонирхолтой хүмүүс байдаг. Зочдоо ямар шалгуураар сонгодог вэ?

-Амьдралдаа өөрчлөлт хийсэн, нийгэмд нөлөө болохуйц үзэл санаатай, том хэргийн төлөө зүтгэдэг хүмүүсийг урихыг оролддог. Нэвтрүүлгээ орос, англи, монгол хэлээр хийж байна. Орос, англи хэл эзэмшлээ, баруун зүүнгүй сурлаа, олж авсан мэдлэгээ олон хүнд хүргэе гэсэн чин хүсэлтэй явдаг. Энэ бүхнээ ашиглаад нэлээд баян болъё гэсэн зорилго тавьж байснаа больсон (инээв).

-Хамгийн сонирхолтой ярилцагч чинь хэн байв?

-Олон хүн бий. Мэдээж Далай лам маш сонирхолтой ярилцагч. Уянга гээд хараагүй бүсгүй байна. Яг хараатай юм шиг амьдарч яваа эмэгтэй. Ийм хүмүүсээс эрч хүч авдаг. Улс орны лидерүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, хаан, ханхүү, Нобелийн шагналтан гээд яривал сонирхолтой зочид олон доо. Энэ бүхний цаана тодорхой хувь заяа, өөрчлөлт байдаг. Тэр бүхэн нь яаж бий болсон, ямар зан характер, хэр тэвчээртэй хүн ийм зүйл хийж чаддаг вэ гэдгийг яриулах сонирхолтой шүү. Ер нь амжилтын цаана асар их хөлс хөдөлмөр, шударга ёс, сахилга бат байдаг юм билээ.

-Тэгвэл урьж ярилцахад нэлээд цаг авсан зочин хэн бэ?

-Далай лам. Ярилцах гэж нэг жил хөөцөлдсөн.

-Уриад ярилцаж чадаагүй яваа, ярилцахсан гэж хүсдэг хүн гэвэл хэн байна?

-Түдэв гуай. Хэнээр ч яриулаад хавьтуулахгүй байна. Ухаан санаа нь саруул байгаа дээр ярилцаад авахсан гэж бодох юм. Ер нь энэ хорвоод гайхамшигтай хүмүүс олон бий. Тэр хүмүүсийг монголчуудтайгаа уулзуулж, нөлөөлөхүйцээр асуулт тавиад яриулахсан гэж зорьж явна даа.

-Гадны томчуудаас урихаар төлөвлөсөн хүмүүс өчнөөн биз?

-Зөндөө бий. Тодорхой улсын удирдлагуудаас байгаа. Гэхдээ одоохондоо нэрийг нь дурдаад яахав. Саявтар хойд хөршийн төмөр замын дарга байсан Якунинтай ярилцлаа. Монголд телевизийн ярилцлага өгдөггүй хүн байгаа юм. Их ширүүн характертай нөхөр. Ярилцлага хийх тохиролцоог дөрөвдүгээр сард Москвад хийгээд энд ирэхэд нь ярилцсан.

-Та эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичээд нэлээд удаж байна. Ер нь анх хэний саналаар бичиж эхэлсэн юм бэ?

-Талийгаач Ц.Балдоржийн саналаар. 2009 оны долдугаар сарын 1-нээс бичихээр шийдсэн юм. Хөтөлдөг булангаа нэг ч долоо хоног алгасаагүй. Бичсэн нийтлэлээ бизнес радио 98.9-д орой бүр 18.30 цагт өөрөө уншдаг. Энэ жилээс “Де факто тойм” гэж хийж эхэлсэн. Долоо хоногийн онцлох дөрөв, таван үйл явдлыг, яагаад ийм юм болов гэдгийг хараат бусаар тайлбарлахыг оролдож байна. Юу ч хийгээгүй хэрнээ би тэгэх байсан юм гэж ярьдаг хүмүүсийн нэг болчих вий гэж айдаг. Эргээд харахад өөрөөс хамаарах бүхнээ хийжээ гэсэн мэдрэмж төрөхөөр амьдрах хэрэгтэй. Ер нь би их өөдрөг хүн. Улсаа хөгжиж дэвжинэ гэдэгт итгэдэг. Хүн амын маань хагас нь залуус, дарангуйллын системийг мэдэхгүй хүүхдүүд өсч өндийж байна. Тэр хүүхдүүд эрхийг нь хязгаарласан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь монголчууд хамтраад, хийж бүтээгээд, бүтээснээ дэлхийд зарж борлуулаад сайхан амьдрах бүрэн боломжтой, эрхтэй хүмүүс.

-Англи хэлийг бие дааж сурав уу, эсвэл сургууль номоор нь явж байж энэ хэмжээнд эзэмшсэн үү?

-Ямар нэг зүйлийг төгс сайн эзэмших хэцүү, би англи хэлийг төгс эзэмшээгүй. Гэхдээ төгс сурахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Одоо ч сурсаар яваа. Яаж хэлбэл дээр юм, англи, америк, австрали, канадуудын хэллэгийн ялгаа нь юу байна гэж ирээд яривал хэзээ ч дуусашгүй танин мэдэхүйн ертөнц л дөө. Миний хувьд англи хэлийг 18 наснаасаа 20 хүртлээ бие дааж судалсан. 18-тайдаа Орост очмогцоо англи хэл илүү чухлыг ойлгоод сурч эхэлсэн. 20 настайдаа англиар ойлгож ярих болсон минь миний амьдралд том өөрчлөлт авчирсан гэж боддог. Ер нь гадаад хэл сурахад ахиад нэг хүн бий болж байгаа юм шиг ертөнц хүний дотоодод нээгддэг.

-Таныг олон жил бодибилдингээр хичээллэсэн гэж сонссон. Бодибилдингээс өөр ямар спортоор хичээллэдэг байв. Ер нь спорт хүнд юу өгдөг гэж боддог вэ?

-Москвад сурах үедээ цанаар хичээллэж эхэлсэн. Сургуулийнхаа эдийн засгийн салбарын багт орж цанаар арван километрт гүйдэг байсан юм. Ломоносовын их сургуульд сэлж чаддаггүй хүүхдийг төгсгөдөггүй хуультай. Тавь, жараад онд маш олон залуус усанд сэлж чаддаггүйгээсээ болж үрэгдэж байсан учраас ийм шийдвэр гаргасан байдаг юм. Ийм түүхтэй сургуульд сурсан учраас мэдээж сэлэх дуртай. Талын цанаа хориод жилийн өмнө уулын цана болгосон. Бодибилдингээр 24, 25 жилийн турш хичээллэж том биетэй, булчинтай болж үзсэн л дээ. Хийж байгаа ажилд таарахгүй гэсэн шалтгаанаар больсон. Тэгж их унтаж, идээд байвал хэзээдээ юугаа бичихэв гэмээр юм билээ. Одоо гольф тоглож байна. Ер нь хүн зовлогоо зовоох ёстой. Боломжтой бол биеийн тамир хийж биеэ зовоовол нөгөө зовлон нь бага даа. Өвдөх зовлон нь.

-Төрд ажиллаж байсныг тань мэднэ. Гэхдээ нэг их удаан ажиллаагүй. Дэмий санагдсан уу?

-Хувийн бизнес хийе гэж боддог байсан юм. Хийж эхэлж байтал М.Энхсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд англи хэлтэй хүн хэрэгтэй байна, чи яриад байхаар хийгээч” гэсэн. Тэгээд М.Энхсайханы Засгийн газрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга болж байлаа. Энэ албанд гурван жил хагас ажилласан. Дараа нь баруунд тэтгэлгээр сурах боломж гарч 2000 онд Америк явсан. Найзууд дөч гарсан хойноо мастер хийхдээ яадаг юм гэж шоолж л байсан. Тоохгүй яваад санхүүгээр мастер хийгээд ирсэндээ баяртай байдаг. Эргэж ирээд төрд ажиллаад дэмий юм байна, шийдвэр гаргах түвшинд л биш бол бүх юм дээрээс хамааралтай учраас үр дүн бага гэж бодоод хувийн салбарт арваад жил ажилласан.

-Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?

-Санхүүгийн эрх чөлөөний хувьд юуг ямар хэмжээнд хүсч байгаагаа тодорхойлохгүй бол шунал гэдэг хязгааргүй. Бүх юманд дээд хязгаар гэж байх ёстой. Гэхдээ зарим хүмүүст тийм хязгаар байдаггүй юм шиг санагддаг. Хүний наад захын хэрэгцээ гээд харахаар сайхан ор, тохитой дээвэр, эрүүл саруул уур амьсгал, юу байх нь хамаагүй а-гаас б-д хурдан хүргэдэг унаа байх ёстой гэж боддог. Ийм төвшинд хүрээд урсгал зардлаа даагаад явж байгаа бол санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн гэсэн үг. Би ингэж л боддог.

-Таны хувьд нийтлэл бичих, нэвтрүүлэг хийх ажил бизнес болж чадсан уу?

-Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар нэг хэмжээгээр бизнес болж чадсан. Хэрвээ би хүнд хэрэгтэй үнэ цэнэ бүтээж байгаа бол тэрийг мөнгөөр илэрхийлж болох учиртай. Жишээ нь би компаниудад мөнгөөр лекц уншдаг. Харин залуус, оюутнуудад үнэ төлбөргүйгээр лекц уншдаг.

-Хувийн томоохон компаниудад хэр үнэтэй уншдаг вэ?

-Томоохон, олон ажилтантай компанид бол маш үнэтэй уншдаг. Хэрвээ намайг нэг компани уриад, нэг ажилтандаа ганц шил шар айраг авч өгч байгаа юм шиг үнэ хэлбэл би очихгүй. Учир нь би ажилтнуудад нь нэг шил шар айраг ууснаас илүү үнэ цэнийг өгч байгаа. Тэр үнэ цэнийг би хийсэн юмаараа батлах ёстой. Миний хувьд монгол, орос, англиар бичсэн номнуудтай. Бичсэн номнууд минь хамгийн том баталгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Наранзул: Азийн бусад улстай харьцуулахад Монгол сүрьеэгийн өвчлөл өндөртэй

ХӨСҮТ-ийн их эмч Д.Наранзултай ярилцлаа.

-Сүрьеэгийн өвчлөл ихэсч байна гэж сонсогдох боллоо. Энэ өвчний тархалтад юу нөлөөлж байгаа вэ?

-Сүрьеэг нийгмийн халдварт өвчин гэж үздэг. Тиймээс хүн амын ядуурал, шилжилт хөдөлгөөн, хэт бөөгнөрөл, ажлын байрны хүнд нөхцөл, хоол тэжээлийн дутмагшил, ажлын хэт ачаалал, зарим хавсарсан өвчин эмгэг гээд сүрьеэгээр өвчлөх, түүний тархалтад нөлөөлдөг олон хүчин зүйл байдаг. Манай улсын эдийн засаг тогтвортой хөгжиж, хүн амын амьжиргаа дээшлэн, эрүүл ахуйн нөхцөл сайжирвал сүрьеэ болон бусад халдварт өвчний дэгдэлт, тархалт буурахад нөлөөлнө. Үүнээс гадна иргэдийн эрүүл мэндийн боловсрол, тусламж хайх зан үйлийн хандлага чухал. Тухайлбал, 14 хоногоос дээш ханиалгах, ялангуяа ханиалга дарах эмчилгээнд үр дүнг өгөхгүй бол яаралтай эмнэлэгт хандаж, оношлогоо хийлгэх шаардлагатай. Сүрьеэ нь амьсгалын замаар халдварладаг тул өвчтөн эмнэлэгт хожуу хандах тусам гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олонд халдвар тараахын зэрэгцээ өвчин хүндэрч, амь насаа алдах эрсдэлд ордог.

-Сүрьеэгээр түлхүү өвчилж байгаа аль нэг насныхан байна уу?

-Манай оронд жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны буюу 16-44 насны залуучууд, 10 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд, 70 гаруй хувийг амьжиргааны баталгаажих түвшнээс бага орлоготой иргэд эзэлж байгаа. Энэ нь сүрьеэ өвчин нийгмийн тулгамдсан асуудал болохыг харуулж байна. Түүнчлэн хяналтад бүрэн орохгүй байгаа нь цаашид тэмцэх, сэргийлэх арга замыг улам боловсронгуй болгох, тусламж үйлчилгээг өргөжүүлэх, оношлогоо, эмчилгээний шинэ техник, технологийг нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлага бидний өмнө тулгарч байгааг илтгэж байна.

-Эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тархалт өндөр байгаа гэдэг. Энэ төрлийн сүрьеэтэй хүмүүсийг халдвар тараахгүй байлгах талаар авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээ байдаг уу?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд болон манай улсад сүрьеэгийн эсрэг хамгийн сайн эмүүдэд сүрьеэгийн нян тэсвэржиж байгаа нь ихээхэн сэтгэл түгшээсэн асуудал болж байна.

Эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсэх нь хүнээс л шалтгаалдаг. Ялангуяа өвчтөн сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгэхгүй байх, таслах зэрэг нь нийгэм, тухайн гэр бүлд ихээхэн хор уршиг тарьдаг. Сүрьеэгийн эмчилгээний зардлыг манай Засгийн газар болон олон улсын төсөл хөтөлбөрөөс гаргаж, өвчтөнд үнэ төлбөргүй эмчилгээ хийж байна. Гэтэл манай зарим иргэдийн ухамсар дорой, хариуцлагагүй байдал ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, сүүлийн таван жилийн байдлаар манай улсын хэмжээнд 360 гаруй өвчтөн сүрьеэгийн эмчилгээг тасалсан байна. Энэ нь цаашид эмэнд тэсвэртэй сүрьеэ үүсч эмчлэхэд төвөгтэй нянгийн халдварыг тарааж байна. Иймд сүрьеэтэй өвчтөнг бүрэн эмчилж эрүүлжүүлэхэд хувь хүн, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон ихээхэн үүрэгтэй юм. Сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаанд үргэлжилдэг учраас олон талын дэмжлэг, туслалцаа ялангуяа нийгмийн халамж, дэмжлэг ихээхэн чухал байдаг.

Ер нь сүрьеэтэй өвчтөн өдөр эмээ уугаад, эмчилгээг бүрэн хийлгэсэн тохиолдолд богино хугацаанд халдваргүй болж, орчиндоо халдвар ялгаруулах, цаашид бусад хүмүүст халдвар тархах нь зогсдог.

-Эдийн засгийн хямралтай үед сүрьеэтэй өвчтөнүүдийн эмийн хангамж ямар байгаа вэ. Олон улсын төсөл хөтөлбөр хэр удаан үргэлжлэх бол?

-Монгол Улс сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн хүрээнд болон Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр сүрьеэтэй өвчтөнд шаардлагатай эмийг худалдан авдаг. Манай улсын сүрьеэтэй тэмцэх үндэсний бодлого, хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын эм ханган нийлүүлэх байгууллагын стандартын шаардлага хангасан эмийг худалдан авдаг. Өндөр чанартай сүрьеэгийн эмээр сүрьеэтэй өвчтөнийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм.

Харин цаашид буюу ирэх 2018 оноос Глобаль сангийн төсөл дуусах шат руу орно. Иймд манай Засгийн газар цаашид сүрьеэгийн эмийн зардлыг бүрэн хариуцна гэсэн үг. Бид одооноос энэ бэлтгэлийг хангах ёстой.

-Сүрьеэг эмчилдэг эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа вэ?

-Халдварт өвчин судлалын үндэсний төвд сүрьеэг эмчилдэг тусгай клиникийн эмнэлэг, бүх аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн дэргэд тусгай тасаг, диспансер, Улаанбаатар хотын есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэд сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг ажиллаж байна. Үүний зэрэгцээ бүх Өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төвүүдэд сүрьеэтэй өвчтөн түүний гэр бүлд тусламж үзүүлдэг. Харьцангуй ачаалал ихтэй ч, аль болох тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчид ойр, чирэгдэлгүй зохион байгуулах талаар олон арга хэмжээ авдаг. Тухайлбал, сүрьеэгийн эмчилгээ удаан хугацаагаар үргэлжилдэг учраас эмчилгээг бүрэн хийлгэх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс сайн дурын идэвхтэнүүд сүрьеэтэй өвчтөний ажил, гэрт нь эмийг нь өдөр бүр хүргэж хяналттай уулгах зэргээр үйлчлүүлэгч төвтэй арга хэмжээг олон жил хэрэгжүүлж байна. Энэ нь ч үр дүнгээ өгдөг. Өвчтөн хаана, хэний хяналтад эмчилгээ хийлгэхээ эмчлэгч эмч, гэр бүлтэйгээ харилцан зөвшилцөж сонголт хийх боломжтой. Сүрьеэгийн диспансер, өдрийн эмчилгээний цэг, хоолтой эмчилгээ, сайн дурын идэвхтэн зэргээр хэний хяналтад, хаана эмчилгээ хийлгэхээ сонгох боломж олгож байгаа. Иймээс өвчтөн сонголтоо зөв хийж, боломжийг бүрэн ашиглаж, эрүүлжих нь чухал.

-Ямар үед хүн өөрийгөө эрсдэлтэй гэж үзээд эмчид хандах ёстой вэ?

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд явуулсан судалгаагаар илэрсэн сүрьеэтэй өвчтөнүүдэд ханиалгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг давамгай илэрсэн байна.

Цаашид манай иргэд дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа өрх, сум, аймаг, дүүргийн эмнэлэгт хандаж, сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд зайлшгүй хамрагдах шаардлагатай байна.

Тус судалгаагаар сүрьеэгийн сэжигтэй буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах шинж тэмдэг илэрсэн хүмүүсийн 50 орчим хувь нь эмнэлэгт хандаагүй, 16.6 хувь нь шууд эмийн санд хандсан байна. Ялангуяа хотод амьдардаг залуучууд, оюутнууд шууд эмийн санд очих хандлага давамгайлж байна. Үүний зэрэгцээ эрэгтэйчүүдийн 52.3 хувь нь ямар нэг байдлаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ аваагүй байна. Сүрьеэгийн сэжигтэй шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хандахгүй байгаа хүмүүсийн дийлэнх нь 25-44 насны залуучууд, ялангуяа хотод амьдардаг иргэд байна. Удаан хугацаагаар эмнэлэгт хандахгүй ханиалгах нь гэр бүл, ойрын хамаатан садан, ажлын хамт олон болон нийгэмд сүрьеэгийн халдвар тараах эрсдэлийг бий болгодог.

Тус судалгаанд оролцсон эрэгтэйчүүдийн 44.8 хувь, эмэгтэйчүүдийн 5.5 хувь нь байнга тамхи татдаг. Эдгээр тамхи татдаг эрчүүдийн гуравны нэг нь эмэгтэйчүүдийн 18.2 хувь нь өдөрт 20 ба түүнээс дээш ширхэг тамхи татдаг байна. Үүний зэрэгцээ тамхи татдаггүй хүмүүс ч өдөр бүр дам тамхидалтад өртдөг гэнэ. Мөн судалгаагаар эрэгтэйчүүдийн 63.2 хувь, эмэгтэйчүүдийн 33.5 хувь нь архи хэрэглэдэг гэжээ.

Тус судалгаанд оролцогчдын 27.7 хувь нь артерийн даралт ихсэх эмгэгтэй, 2.5 хувь нь чихрийн шижин өвчтэй гэж хариулсан бол эмэгтэйчүүдийн 31.6 хувь, эрэгтэйчүүдийн 30.9 хувь нь биеийн жингийн илүүдэлтэй байна.

Энэ нь манай улсын хүн амын дунд хорт зуршлын хэрэглээ өндөр, ялангуяа эрчүүдийн дундах архи, тамхины хэрэглээ нэн өндөр байгаа нь сүрьеэ болон бусад өвчин эмгэгт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ дундаж наслалтыг бууруулах, эрт нас барах, амьдралын чанарыг доройтуулах шалтгаан байж болох юм.

-Бусад оронтой харьцуулбал Монгол сүрьеэгийн өвчлөл өндөртэйд тооцогдох уу?

-Монгол Улс нь Номхон далайн баруун бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй дөрвөн орны нэг бөгөөд сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт орж байна. Азийн бусад улс оронтой харьцуулахад сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны нэг хэвээр байна.

-Улаанбаатарын агаарын бохирдол энэ төрлийн өвчинд өртөх нөхцөл бүрдүүлдэг үү. Орон нутгийн иргэдтэй харьцуулахад нийслэлчүүд энэ өвчинд илүү өртдөг болов уу?

-Манай улсад жил бүр бүртгэгддэг сүрьеэгийн өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод гардаг. Нийслэлийн бүх дүүрэг ялангуяа Сонгинохайрхан, Баянзүрх гээд хүн ам, газар нутаг, шилжин суурьшигчид ихтэй дүүргүүдэд сүрьеэгийн өвчлөл өндөр байна. Ер нь манай улсын төв болон зүүн бүсийн аймгуудад сүрьеэгийн өвчлөл ихтэй, ялангуяа төмөр замын дагуух аймаг, орон нутаг, Улаанбаатар хотод сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа дүр зураг харагддаг. Сүрьеэ нь амьсгалын замын халдварт өвчин учраас гадна болон дотор агаарын бохирдол, орчны таагүй байдал нөлөөлөх нэг хүчин зүйл байх боломжтой юм.

-Сүрьеэгийн өвчлөлийн талаар гадаадын судлаачидтай хамтарсан судалгаа хийдэг үү?

-Монгол Улсын Засгийн газар, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын судалгаа”-г 2013-2015 онд үндэсний хэмжээнд хийж дууссан. Судалгааны үр дүнг удахгүй Засгийн газарт хүлээлгэж өгнө.

Хэрэв танд удаан хугацаагаар ханилгах, цэр гарах, биеийн жин буурах, цээжээр өвдөх, амьсгаадах шинж тэмдэг илэрвэл харьяа эмнэлэгт хандан үзлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Тогтмолын Эрдэнэ-Очир: “Суварган цэнхэр уулс” кинонд хорин найман настайдаа тоглож байлаа

“Дэлхийн кино дуу, дүрсний өвийг хамгаалах” өдрийг 2005 оноос ЮНЕСКО зарласнаар, жил бүрийн аравдугаар сарын 27-нд дэлхийн олон улс оронд тэмдэглэсээр иржээ. Харин манай улсад 2013 оноос эхлэн Архивын ерөнхий газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж иржээ. “Суварган цэнхэр уулс” киног бүтээсний 40 жилийн ойг тохиолдуулан уран бүтээлчидтэй уулзах уулзалт Архивын ерөнхий газарт болсон. Уг арга хэмжээнд тус киноны ерөнхий найруулагч ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Зундуй, гавьяат жүжигчин Н.Батцэцэг, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэ-Очир нарын жүжигчид, уран бүтээлчид болон СУИС-ийн РТМУС-ийн мэргэжлийн ангийн оюутнууд оролцсон юм. Мөн улсын алтан сан хөмрөг тусгай төрлийн баримтын архивтай оюутнуудыг танилцуулж, уг киног НD хэлбэрт шилжүүлсэн хувийг үзүүлсэн юм. “Суварган цэнхэр уулс” киноны дэслэгч Цэндийн дүрийг бүтээсэн урлагийн гавьяат зүтгэлтэн, жүжигчин, хөгжмийн зохиолч Тогтмолын Эрдэнэ-Очиртой уулзаж хөөрөлдлөө. Тэрээр Улаанбаатар хотод ХБДС-ийн хуучрын анги, 1981-1986 онд Москвад П.И.Чайковскийн нэрэмжит Хөгжмийн дээд сургуульд суралцаж цэргийн хөгжмийн удирдаач мэргэжлээр төгссөн байна. 1971-1974 онд УАДБЧ, 1976-1993 онд Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгад хөгжимчин, хөгжмийн багш, хөгжмийн зохиолч, удирдаачаар ажилласан байна. “Нар мандуулсан ээж”, “Хүүдээ дуулсан дуу”, “Тэр үүрээр чинь би төрсөн юм”, “Юугаа ч хайрлахгүй аав минь”, “Богд Дүнжингарав уул минь” зэрэг олон дуу, дан хөгжмийн зохиолууд туурвижээ. “Нар хиртсэн жил” киноны Чулуунхүү, “Суварган цэнхэр уулс”-ын Цэнд, “Цөвүүн цагийн богд”-ын Өндөр гэгээн Занабазар, “Их хааны удам”-ын Довчин бэйс, “Уучлаарай хайрт минь” киноны мөрдөн байцаагч, “Төрийн сүлд өршөө” телевизийн киноны Содномын дүрийг бүтээсэн жүжигчин юм. Хуучраар Болгарын Софи хотод болсон олон улсын залуучуудын уулзалт дээр Р.Шубертийн “Серенада”, Ж.Бизегийн “Кармен” дуурийн антракт, Ц.Сүхбаатарын “Жороо сайхан халиун”-ыг, үндэсний хөгжимчдийн улсын анхдугаар уралдаанд Моцартын “Рондо”-г хөгжимдөж өндөр үнэлгээ авч байсан хөгжимчин ажээ.

-Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон “Суварган цэнхэр уулс” кинонд та цэргийн дарга Цэндийн дүрийг хэрхэн бүтээсэн тухайгаа яриач?

-Дэслэгч Цэндийн дүр хэдийгээр уран сайхных боловч Монгол Улсын баатар П.Чогдонгийн түүх намтраас ургасан дүр л дээ. Халхын голын Бойтогт манхан, Элст манханд болсон үйл явдлыг гаргасан байдаг. Манай кинонд Чогдон гуай зөвлөхөөр ажилласан. Халхын голын шумуулын хазаж хатгах гэдэг үйлийн үргүй хэцүү. Тэгэхэд Чогдон баатар ердөө ч тоохгүй шүү дээ. “Олон сайхан анд нөхдөө алдсан Халхын голд хонож, кинонд ажиллах хоногийн тоо гүйцээгүй байжээ” гэж санаа алдаж байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна. Кинон дээр морьдоо Элст манханд хэвтүүлж нуугдаж байгаад гэнэт мордоцгоон дайсны бүслэлтийг сэтлэн гардаг хэсэг байдаг даа. Гучин есөн онд Чогдон гуай яг тэгж бүслэлтийг сэтлэн цэргүүдээ авч гарч байсан түүхэн үйл явдал болсон юм билээ.

-Энэ кинонд та ямар шалгуураар тоглох болов?

-Би өмнө нь ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров гуайн зохиол “Нар хиртсэн жил” уран сайхны кинонд тоглочихсон байсан юм. Өөрөө цэргийн хүн болохоор надад цэргийн даргад тоглох тийм ч хэцүү байгаагүй. Манай Батцэцэг их сургуулийн орос хэлний ангид сурдаг, урьд нь “Эх бүрдийн домог” кинонд тоглочихсон байсан. Арван долоон настай хүүхэд байсан. Бид хоёр түрүүнд нь нэг нэг кинонд тоглочихсон хөөрхөн туршлагатай хоёр байсан байхгүй юу.

-Одоогийн харилцаа дуучдыг хараад байхад дүрдээ итгэнэ гэдэг шиг биендээ сэтгэлтэй болоод сууцгаачих юм. Та хоёрын хувьд нэгэндээ сэтгэл татагдах тохиолдол гарч байв уу?

-Социализмын үеийн хүмүүжил гэдэг лут юм байлаа шүү дээ. Би хорин найман настай байлаа. Гэргий, хүүхэдтэй хүн чинь юу боллоо гэж илүү дутуу юманд сэтгэлээ сатааруулахав. Кинонд тоглохын хувьд л Батцэцэгтэйгээ хамтарч байснаас дурлалын харцаар харж байгаагүй.

-Таныг “Суварган цэнхэр уулс” кинонд тоглосноос хойш охид бүсгүйчүүд захиа их ирүүлдэг байсан гэл үү?

-Захиа их ирнэ. Би ерөөсөө хариу өгдөггүй байсан ш дээ. (инээв. сур) Би чинь их бүрэг томоотой залуу байлаа. “Нар хиртсэн жил”-д тоглосноос хойш захиа их л ирдэг байсан. Кинонд залуу охидтой тоглодог байсан ч арай ахмад байсан болохоороо ухаандаа ичдэг байсан шиг байгаа юм. Наймдугаар ангид байхдаа нэг охинд сайн болоод захиа бичсэн ч өгч чадахгүй зөрөөд явчихсан тийм л ичимхий хүүхэд байсан юм.

-Та аль сургуулийг төгссөн билээ?

-Хөгжим, бүжгийн дунд сургуулийн хуучрын ангийг төгссөн юм. Гуравдугаар сургуулийн дөрөвдүгээр анги төгсөөд, Хөгжим бүжгийн сургуульд тавдугаар ангиасаа орохгүй юу. Миний аав Тогтмол гэж тайж гаралтай мундаг хүн байсан.

-Танайх хэдэн онд хотод шилжиж ирсэн юм?

-Дөчин долоон онд олон тэмээ ачаалж хотод нүүж ирж байсан гэдэг. Аав тайж, ээж зайсан хүний хүүхэд байсан болохоор их баян айл байж. Миний эгч нар Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрцгөөж, би харин хотод төрсөн юм билээ. Гэхдээ миний эгч нар Увс нутгаа сайн мэдэхгүй, би бол киноны буянаар нутгаа сайн мэднэ шүү. Би эхээс есүүлээ ч, гурван эгч бид дөрөв л хүн болсон байдаг. Миний ээж дөчин хоёр настайдаа намайг төрүүлсэн хүн.

-“Нар хиртсэн жил” кинонд та бас л цэргийн даргын дүр бүтээсэн дээ?

-Хорин нэгэн настайдаа тоглосон юм. Цэргийн ёсолгоо ч мэдэхгүй хүүхэд байж. Тэр кинонд мянга есөн зуун далан гурван онд тоглоод, далан дөрвөн онд цэрэгт явлаа. Хилийн цэргийн 05 дугаар ангийн тусгай хороонд алба хааж байгаа юм. Тусгай хороонд очоод жинхэнэ утгаар цэргийн амьдралыг туулсан даа. “Нар хиртсэн жил” чинь яг л миний цэргийн амьдрал даа. Цэрэгт хоёр жил болж улираад, хоёрдугаар сард гэртээ очтол ээж маань юм оёод сууж байсан. Тэр кинон дээ “Хүү ирлээ, сүү хөөрлөө” гэж гардаг даа. Яг тэрэн шиг л юм болж байгаа юм. Ээж маань “Хүү ирлээ” гэж тэвэрч үнсээ л. Аав маань эмч хүн байсан. Одоогоор өрхийн эмч хүн байж. Аав маань их олонтой хүн. Увсаас ирсэн хүүхдүүд манайд л байна. Академич Баатар, Ишдорж нар манайд аж төрж байлаа.

-Таны хань хэн гэж хүн байв?

-Миний анхны хань Чулуун-Эрдэнэ гэж нуруу царай сайтай, сайхан бүсгүй байсан. Цэл залуугаараа бурхан болсонд харамсаж л явдаг. Миний охин Энх-Эрдэнэ одоо Америкт, Чикаго хотноо амьдарч байна. Аав, ээж хоёрынхоо Эрдэнэ нэрийг өвлөж авсан хүн дээ, миний үр. Охин маань цагаан сар болгоноор л бэлэг сэлт илгээнэ. Ах нь дөрвөн хүүхэдтэй хүн байгаа юм. Ач маань энэ жил сургуульд орсон. Миний хань Долгор ч ачид минь их хайртай.

-Та “Суварган цэнхэр уулс” кинонд тоглох үедээ ямар ажил алба эрхэлж байв?

-Хилийн цэргийн ансамбльд хөгжимчнөөр ажиллаж байлаа. Цэргийн хувцсан дээрээ ромбоо зүүчихсэн, хийморьтой л амьтан байж. Хувцсандаа түүртэхгүй байна гэдэг чинь цэргийн хүний нэг том соёл юм шүү. Залуу нас ч өөрөө сайхан жавхаалаг үе байж.

-Цэргийн хувцастайгаа кинонд тоглов уу?

-Цэргийн оёдлын үйлдвэрт кинонд өмсөж тоглосон хувцсыг захиалсан. Саарал шинельтэйгээ гудамжаар явж байхад хүүхнүүд их эргэж харна аа. Бүсгүйчүүлтэй ийм ээ, тийм ээ юм болох ямар ч бодолгүй их гэгээлэг бодолтой явлаа.

-Өнөө цагт нэг киног бараг л өдөрт нь зураг авалтыг хийчихээд байна гэж шүүмжлэх болсон. “Суварган цэнхэр уулс”-ыг хэдий хугацаанд хийсэн бол?

-Дорнодын төв дээр, Сүмбэрийн отрядын төв, Эрс уулын зургадугаар застав дээр зураг авч байлаа. Бараг бүтэн жил болсон байх. Хятад, манай хоёр улсын харилцаа тааруухан байсан үе шүү дээ. Кинонд тэсэлгээ энэ тэр хийхээр л Хятадын талынхан түргэн авна. Манай кино чинь Хятадын армийг түргэн авахуулж байсан кино шүү. Ерээд оноос өмнөх кинонууд төлөвлөгөөтэй, их мундаг байж. Дэслэгч Цэндэд анх ардын жүжигчин Жамсранжав гуайг тоглуулахаар пробонд оруулсан юм билээ. Тэгээд харин азаар намайг тоглуулсан байдаг. Киноны туслах найруулагч, Сэлэм Тогмидын дүрээрээ олны танил болсон Цэрэндорж гуай намайг сонгосон гэдэг.

-Киноны уран бүтээлчидтэйгээ амьдрал дээр хэр ойрхон харьцаатай байна?

-Төмөрбаатар гавьяат, Батцэцэг гавьяат, Жийгээ найруулагч нартайгаа бүгдтэй нь л сайхан харьцаатай явдаг. Энэ киног үзээд цэрэгт явсан хүн их олон байдаг.

-Киноны дөчин жилийн ойгоор та бүхэн ямар ажил зохиохоор болов?

-Манай киноныхон саяхан нэг цуглаад кино бүтсэн нутгаар дахин явах талаар ярилцсан. Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Сэргэлэнтэй уулзаж аяллын багаа танилцуулсан. Яваандаа бид киноны хоёрдугаар ангийг хийх тухай ч яригдсан. Энэ кино одоо болтол гараад байгаа нь зохиолч Санжийн Пүрэв, найруулагч Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаач Зундуй нарын гайхамшигтай авьяастнуудын авьяас билигтэй шууд холбоотой. Хүмүүс “Кино чинь гарч байна шүү” гэж бараг л өдөр бүхэн утасдана шүү. Киноны хөгжмийн зохиол нь ч агуу шүү дээ. Зундуйн Хангал гэж тэр агуу хүн дэндүү уянгалаг сайхан аялгуу зохиож. Үүнээс улбаалж би ч бас олон кинонд хөгжмийн зохиолчоор ажилласан.

-Та ямар кинонуудад хөгжим бичлээ?

-“Сэтгэлийн уяа”, “Зүрхэнд уяатай хайр”, “Амилсан хайр”, “Гэрээс”, “Нүцгэн натур” зэрэг долоон киноны хөгжим бичсэн. П.И.Чайковскийн хөгжмийн сургуульд сурч байхдаа дэлхийн сонгодог хөгжмийн зохиолчдын бүтээлийн хоёр утастай хуучраар тоглоход багш нар маань гайхдаг байлаа. Зөвлөлт холбоот улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Гордяавын удирдлага дор таван жил сурсан минь үлээвэр хөгжмийн гайхамшгийг мэдрэхэд их тус болсон. Хилийн цэргийн ансамбльдаа ирээд үндэсний цөөхүүл хөгжим, үлээвэр хөгжмийг хослуулан холимог оркестр ажиллуулж эхэлсэн.

Л.БАТЦЭНГЭЛ

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ


Categories
мэдээ цаг-үе

“Спорт нөхөрлөл”-ийнхөн нэрээр алдаршсан Л.Шархүү багшийн ангийнхан

Одоогоос дөчин таван жилийн өмнө буюу 1971 оны хавар Баянхонгор аймгийн 10 жилийн I дунд сургуулийг төгссөн Л.Шархүү багштай 10-ын “Б” ангийнхныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Тус ангийнхан таван жил тутамд эх орныхоо үзэсгэлэнт аль нэгэн газарт уулздаг сайхан уламжлалтай бөгөөд 1991 онд төрсөн нутагтаа уулзацгаажээ.

Аймагтаа төдийгүй, улсдаа анх удаа “Спорт нөхөрлөлийн хамт олон” болзлын төлөө амлалт үүрэг авч, түүнийгээ амжилттай сайн хамгаалснаараа ийнхүү түүхэнд дурсагдах болжээ.

Ангийн багш Л.Шархүү нь орос хэлний мэргэжилтэй ч “Биеийн тамирын Шархүү” гэдгээрээ олонд танигдсан, сагс, хөл бөмбөгөөр улсын аваргын тэмцээний алт, хүрэл медальтай мундаг тамирчин, одоо хэр нь ач зээ нараа спортоор хичээллүүлэн дасгалжуулж байгаа “Ясны тамирчин” бий

Ангийн дарга С.Эрдэнэмаам ярихдаа “Манай ангийн Ч.Энэбиш, Г.Содном, ангийн багш гурав нийлэхээрээ сагсан бөмбөгөөр ямар ч багийг урдаа гишгүүлэхгүй. Ялангуяа Содном маань өмнөөсөө гүйгээд ирж яваа тамирчны хоёр хөлний хоорондуур бөмбөгөө залаад гарчихсан, нөгөө хоёр нь самбарын дэргэд аль хэдийнээ оччихсон байдагсан, тэр гурвын хэн нь ч шидсэн, гоол орохгүй байна гэж байхгүй. Хөдөлгөөний эвсэл, авхаалж самбаа, унаган авьяас, байнгын дасгал сургууль нийлэхээрээ л түмний хайр хүндэтгэл, итгэл бишрэлийг тэгж их татдаг байх даа, тэр гурвын тоглохыг үзэх гэсэн хүмүүс заалаар дүүрэн ирчихсэн байдаг байлаа” гэлээ.

Харин анагаах ухааны доктор, профессор С.Пүрэвсүх “С.Цэрэндолгор, М.Пүрэвбат, С.Очирхуяг, П.Батхүлэг, С.Гончигдорж, С.Эрдэнэмаам нар маань спортын гимнастикаар хичээллэдэг, хоёр ч удаа аймгийн аварга болж, улсын аваргын тэмцээнд орчихсон, “лут амьтад” байлаа. С.Цэрэндолгор, П.Батхүлэг нар тэшүүрээр мөн л аймгийн аварга болж, улсын аваргын тэмцээнд оролцож байсан. М.Пүрэвбат маань спортоо хөөж, УБДС-ийн биеийн тамирын багшийн ангийг амжилттай дүүргээд, хөдөө, хотод мэргэжлээрээ олон жил ажиллаж, хэдэн арван сайн тамирчин бэлтгэсэн мундаг багш болсон. С.Цэрэндолгор ч мөн спортоороо дагнан мэргэшиж, “Спортын мастер” цолны эзэн болж, хөдөөгийн уул талаар спортын үрийг олон жил тарилцаж, өндөр ургац хураасан, алдартай сайн багш тамирчин болсон. П.Батхүлэг маань спортын гимнастик, тэшүүрийг хослуулан олон жил идэвхтэй сайн хичээллэж, аймгийн аварга болж, улсын тэмцээнд сайн оролцож байсныхаа үр шимийг өнөө хэр хүртэж яваа нэгэн. Одоо мань эр ангийнхан дотроо хамгийн хөнгөн шингэн, овор багатай, жавхаалаг, чийрэг нь гэж манайхан бахархан ярьдаг, энэ бол яахын аргагүй спортын л хүч. Турникт соонс эргэ гэвэл давхийж гараад, гудийх ч үгүй эргэчихэж мэдэх л эр, яагаад гэвэл сайн тамирчин байсны зэрэгцээ хилийн заставт олон жил офицероор ажилласан, цэрэг эрсийн бие бялдрыг чийрэгжүүлэхэд өөрөө манлайлан зүтгэж, үлгэрлэн үзүүлж явсан болохоор “хуучин бууны хугархай хаачихав” хэмээн бахархан ярилаа.

Эдний ангийнхан урлаг спортоор манлайлагч байж. Аймгийнхаа нэлээд хэдэн сумдаар явж аялан тоглолт хийж байжээ. Ингэхдээ зүгээр ч нэг бүжиг, шүлэг, дууны төдий биш, урлаг, спортын хосолсон үзүүлбэр бүхий, тухайн үедээ л тун ховорхон концерт тоглодог байсан гэнэ.

Мөн эдний ангиас эрдмийн зэрэг хамгаалсан сайн эрдэмтэд ч олон төржээ. Тодруулбал, Ц.Шийрэвдамба ОХУ-д их сургууль төгсөөд, дараа нь аспирантурт сурч, дэд эрдэмтнийг алгасан, шууд биологийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр УИХ-ын гишүүн, төрийн сайдын алба хашиж явсан. Харин С.Эрдэнэмаам алдарт М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургууль төгссөн, хэл бичгийн ухааны доктор, профессор цолтой, МУБИС-ийн орос хэлний тэнхимийн эрхлэгчийн албыг 20 шахам жил хашсан, одоо тэндээ профессор багшаар ажиллаж байна.

Мөн С.Пүрэвсүх нь анагаах ухааны доктор, профессор цолтой, “Алтан гадас” одонтой, Д.Төмөрбаатар дотоод, гадаадад хоёр дээд сургууль төгссөн, армийн хурандаа цолтой, “Цэргийн гавьяаны одон”, “Байлдааны гавьяаны одон”, хэд хэдэн медальтай. Д.Шагдар Улсын аварга орос хэлний багш шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальтай, “Алтан гадас” одонтой, Б.Адьяа, С.Гансүх, Г.Содном, М.Пүрэвбат, А.Галсанваанчиг, Р.Даваа, Ж.Лхагваа, С.Цэрэндолгор, С.Эрдэнэмаам нар боловсролын тэргүүний ажилтан, С.Цэрэндолгор бас биеийн тамирын тэргүүний ажилтан гээд л өөр, өөрийн салбартаа тэргүүлж яваа хүмүүс олонтой анги.

10-ын б-гийнхэн өдөр нь ангидаа хичээлээ давтацгааж, орой нь спорт зааланд тоглоцгоодог байж.

Мөн чөлөөт цагаараа ангийнхаа ширээ сандлыг арагш нь татаад хураачихсан, самбарын өмнө нэг ширээн дээр дамартай томоо гэгчийн орос магнитофон тавьчихаад тэр үед моодонд орж байсан Б.Зангад, Д.Банзрагч, В.Оросоо, Д.Машлай, Т.Рэнцэнханд, Ж.Цэцгээ гээд 60-70-аад оны үеийн алдартнуудын дууг их сонсдог байсан тухайгаа дурсан ярих дуртай. Мөн “Подмосковные вечера”-г их дуулцгаадаг байжээ.

Шархүү багш ангийнхнаа арав төгсөхөд нь “Үнэнээр явбал үхэр тэргээр ч туулайг гүйцэж болно гэдэг. Шударга үнэнийг хэзээд эрхэмлэж байгаарай” гэжээ. Ангийнхан нь энэ талаар дурсан ярихдаа “Багшийн маань энэ үнэт сургаал бараг хагас зуун жилийн туршид бидний алтан зарчим болсоор л байна. Эднээ ангийнхан ес, аравдугаар ангидаа хөдөө сумдад очиж, ямаа самнаж, тоосго цохиж байж. Энэ нь биднийг нөхөрсөг, хөдөлмөрч болгосон гэж ярих дуртай аж.

Одоо тэд аравдугаар ангиа төгсөөд 45 жил өнгөрчээ. Сэргэлэн цовоо гэж ээж, аавдаа магтуулж явсан хүүхэд нас, сурлагатай, урлагтай, спорттой гэж сургуулийн удирдлага, багш нартаа тоогдож явсан сурагч нас, мэргэжилдээ сайн, ажилдаа махруу, үнэнч шударга гэж байгууллага хамт олондоо үнэлэгдэж явсан тэдний идэр залуу, хижээл нас аль хэдийнэ ард хоцорч, томоотой, нийгмийн идэвхтэй хэмээн хороо хориныхоо дарга нарт л сайшаагдсан, үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлсэн, намбатай хэдэн буурал болжээ гэж ангийнхан бие биенээ дурсан сууна. Гэхдээ энэ хэдэн мөрийг тэрлэж байхдаа харамсаж, гутарч, гуниглаж байгаа юм огтхон ч үгүй, харин ч аз жаргал, баяр хөөр, амжилт бүтээл, алдар цол, одон медаль, магтаал сайшаалаар дүүрэн, хийсэн бүтээсэн юмтай, үлдээх ул мөртэй, сайн сайхан амьдарч явна даа, манай ангийнхан хэмээн бахархах сэтгэлээр дүүрэн байгаа гэж байна лээ.

Бие биеэ гэсэн сэтгэлтэй, анги хамт олноо үргэлж санан дурсаж байдгийн учир гэвэл эдний ангийнхан таван жил тутамд эх орныхоо аль нэгэн үзэсгэлэнт газар хуран цуглан уулзаж, амарцгаадаг аж.

Тэд хагас зууны шахам нандин агаад хөгжөөнтэй, баялаг сургамжтай түүх дурсамжаасаа шавиагаа ханатал ярилцан, бие биедээ сэтгэлийн асар их эрч хүч бэлэглэх хүслэнт тэр мөчийг тэсч ядан хүлээж суудаг ажээ.

10-ын “Б” ангийнхан уулзахаараа ёстой л нөгөө “хонь хурга нийлэх” гэдэг шиг, харууштай, үзүүштэй, дуу шуутай, уйлаантай сонин сайхан учрал болдог аж.

Ангийн уулзалтын үеэр шилдгүүдээ шалгаруулжээ. Тухайлбал, 11 хүүхэд төрүүлэн, эсэн мэнд өсгөн хүмүүжүүлсэн М.Цэцгээ “Спорт нөхөрлөлийн 10-ын “Б” ангийн “Алдарт эх” номинацид шалгарсан бол, дурсамжийн номд ирүүлсэн материалууд дотроос “Энгүүн сайхан найруулгатай, элгэмсэг дотно үгтэй бүтээл” номинацид Н.Цэенсүрэн тодорч өргөмжлөл хүртсэн байна. Ийнхүү шагналын хур хэсэг буусны дараа ангийн журналд бичигддэг байсан нэрсийнхээ дарааллаар босч, ажил амьдралынхаа тухай, хань ижил, үр хүүхдүүдийнхээ тухай, сурагч ахуй насандаа тохиолдож байсан хөгжөөнт адал явдлуудынхаа тухай энгүүн сайхнаар хуучлан ярьцгаасан нь уулзалтыг улам дотно халуун дулаан уур амьсгалтай, хэзээ ч мартагдахааргүй сэтгэлд бат бэх хоногших дурсамж болгон үлдэхээр байлаа.

Уулзалтын үеэр гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, билльярд, олс таталтын тэмцээнд ангийн хамт олон хэд хэдэн багт хуваагдан оролцсон нь онц сонирхолтой бөгөөд ширүүн өрсөлдөөнтэй болсон юм. Эдгээр тэмцээнийг спортын мастер С.Цэрэндолгор, биеийн тамирын тэргүүний ажилтан М.Пүрэвбат нар хариуцсан нь биеийн тамирын багш мэргэжилтэй, аймаг, улсдаа нэртэй тамирчин явсан хүмүүс нэг иймэрхүү байлгүй яахав дээ гэмээр, маш чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулсныг ангийнхан нь зохих ёсоор үнэлж, өөр хоорондоо магтан ярилцаж байсан.

Гар бөмбөг, билльярдын тэмцээнд Ч.Энэбиш ахлагчтай баг, шатарт Б.Булгаанин ахлагчтай баг, сагсан бөмбөг, олс таталтад С.Эрдэнэмаам ахлагчтай баг тус тус тэргүүлж, өргөмжлөл хүртжээ.

Энэ үеэр “Ардын дуу хэн хамгийн олныг дуулах вэ”, “Хэн илүү вэ?” зэрэг хөгжөөнт тоглоом зохион байгуулахад Б.Булгаанин мөн л авьяас чадвар, ур ухаанаараа бусдыгаа хошуучилсан байна.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Ш.Ганчимэг: МАН-ынхан шударга ёсыг уландаа гишгэн луйвар хийж байна

Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнгээр нийслэлийн Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 22 суудал авч олонхи болсон. Гэтэл тус дүүргийн сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий тодорхой шалтгаан хэлэлгүйгээр Ардчилсан намын зургаан нэр дэвшигчийг хассан тогтоол гаргажээ. Энэхүү шийдвэрийг тус дүүргийн АН-ынхан болоод иргэд эсэргүүцэн жагсаал хийж байгаа юм байна. Өчигдөр Баянзүрх дүүргийн Тамгын газрын байранд очиход үүдээр нь “Шүүхийн дээр Бат-Өлзий байх уу”, “Бат-Өлзий БЗД-ийн сонгогчдыг доромжлохоо зогсоо”, “Хууль бус тогтоол, хууль бус шийдвэр”, “Ардчилсан намаас сонгогдсон 22 төлөөлөгчийн түр үнэмлэхийг яаралтай олгоё”, “Монгол ардын нам ард түмний сонгох, сонгогдох эрхийг уландаа гишгэхээ зогсоо” гэхчилэн уриа хадсан байлаа. Чухам юу болж буй талаар тус дүүргийн V тойрогт АН-аас нэр дэвшигч Ш.Ганчимэгтэй ярилцлаа.

-Ялалт байгуулсан нэр дэвшигчдийг эргүүлэн татаж байгаа гэсэн. Юунаас болсон юм бэ?

-Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт 23-нд болж дүнгээ гаргахад АН 22 суудал авч ялалт байгуулсан. Гэтэл энэ сарын 25-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо ямар ч нотлох баримт, шүүхийн шийдвэргүйгээр зургаан хүний нэрийг хасах тогтоол гаргасан. Энэ тогтоолыг сонгуулийн хорооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй гаргасан байна лээ. Уг нь хуульдаа зургаан гишүүнийг байлцуулан тогтоол гаргах учиртай. Улмаар хууль бус тогтоолынхоо дагуу МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан 19 хүнд түр үнэмлэхийг нь олгосон.

-Ямар үндэслэлээр зургаан нэр дэвшигчийг хассан юм бэ?

-Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзийгөөс ямар үндэслэлээр хасаж байгаа юм бэ гэдгийг тогтоол гарсан өдрөөс хойш асууж байна. Албан бичгээр, өөрийн биеэр гээд байж болох бүхий л хэлбэрээр хандаж байгаа. Гэтэл тайлбар хэлэх боломжгүй гэсэн ганцхан хариулт өгч байна.

-Нэр дэвшигчийн жагсаалтаас хасах тухай тогтоолд юу гэж бичсэн байх юм?

-Сонгуулийн хуулийн 70.1 дүгээр заалтыг зөрчсөн тул мөн хуулийн 159.3 дахь заалтыг үндэслэн нэрийн жагсаалтаас хаслаа гэж бичсэн байсан. Тэр нь сонгогчдын саналыг худалдаж авахтай холбоотой заалт. Гэтэл нэр дэвшигчдийн зүгээс ийм зөрчил гаргасан эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээс тогтоосны дараа дүүргийн сонгуулийн хороо хасах эсэх асуудлыг шийдвэрлэхээр Сонгуулийн тухай хуулийн 3.1.7-д заасан байгаа. Харин өнөөдөр шүүхээр тогтоогдсон ямар ч зүйл алга. Бидний зургаан хүнийг ядаж цагдаагийн байгууллагаас ч дуудаагүй. Шүүхийн ямар ч шийдвэр гараагүй байхад хасах тухай шийдвэр гаргачихсан байна. Харин бид энэ асуудал үүссэний дараа захиргааны хэргийн шүүхэд хандлаа.

-МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан хүмүүст түр үнэмлэхийг нь өгчихсөн гэсэн. Үнэмлэх өгөхдөө ингэж нэг хэсэгт нь түрүүлж өгч болдог юм уу?

-Ямар ч сонгуулийн үед нэр дэвшигчийн үнэмлэхийг аль нэг намд түрүүлж өгөх ёсгүй. Манай дүүрэгт ялалт байгуулсан хүмүүсээс МАН-ынхан л үнэмлэхээ авчихсан байгаа. Ардчилсан намаас ялалт байгуулсан нэг ч хүн үнэмлэхээ аваагүй байна. МАН-ын нэр дэвшигчид үнэмлэхээ авч байна гэдгийг бид мэдээ ч үгүй. Өгөх сургийг нь ч дуулаагүй. МАН-ынхан ардчилсан нийгэмд шударга ёсыг уландаа гишгэж, луйвар хийж байна.

-Нэрийн жагсаалтаас хасагдсан зургаан хүн дараагийнхаа хүнээс хэдэн хүний саналаар илүү байсан юм бол?

-Би гэхэд V тойрогт нэр дэвшээд нэгээр гарч ирсэн. Манай тойрог гурван мандаттай байсан юм. АН-ын гурван нэр дэвшигч нэг, хоёр, гурваар гарч ирсэн. Миний хувьд МАН-ын нэр дэвшигчээс 205 хүний саналаар илүү байлаа. Бусад маань ч 70-80 саналын зөрүүтэй ялж гарч ирсэн. Гэтэл биднийг гурвууланг нь хасчихлаа. Ямар үндэслэлээр, ямар гомдлоор хасаж байгаа нь тодорхой бус. Бид хаанаас, ямар гомдол ирсэн бэ гэдгийг мэдье гээд санал, гомдол хүлээн авдаг бүртгэлийн дэвтрийг үзэх гэтэл байхгүй гээд байгаа. Хурлын тэмдэглэл бас алга. Уржигдар манай намын ажилтанд хурлын тэмдэглэлийн хуулбар нь энэ гээд хуулбар үнэн дарсан тэмдэглэлийг сонгуулийн хорооны нэг гишүүн гаднаас барьж орж ирсэн. Хуулбар нь байгаа юм чинь эх хувийг нь үзье гэхээр гаргаж өгдөггүй. Бид цагдаагийн байгууллагад гомдол гаргаад бүх сэйфийг нь онгойлгож үзэхэд тамга тэмдэг битгий хэл бичиг баримт ч байгаагүй. Уг нь лацдаад байлгаж байх ёстой шүү дээ. Бас нэг зүйл байгаа юм. МАН-ын 19 нэр дэвшигчид түр үнэмлэхийг нь олгохдоо саналын хуудас байсан лацтай, цоожтой өрөө рүү оруулсан байна лээ. Ийм байдлаар сонгуулийн хууль, үйл ажиллагааны зарчмыг зөрчиж байна. Ер нь болж буй үйл явдлыг харахаар нэг зүйл ажиглагдаад байгаа юм. Дүүргийн ИТХ 20 хоногийн дотор анхдугаар хуралдаанаа зарлах ёстой. 50 хоногийн дотор ИТХ-ын дарга, Засаг даргаа сонгох үүрэгтэй. Гэтэл өнөөдөр ямар ч үндэслэлгүйгээр зургаан нэр дэвшигчийг жагсаалтаас хасаж Ардчилсан намыг цөөнх болгож байгаад дүүргийн удирдлагыг гартаа авахаар санаархсан үйл ажиллагааны эхлэл гэж харж байна.

-Хасагдсан зургаан нэр дэвшигч эрхээ хамгаалахаар хэрхэн тэмцэж байна вэ?

-Бид иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон. Тэдний саналыг үнэгүйдүүлж, луйвар хийхийг нь зүгээр хараад суухгүй. Зөв замд нь ортол тэмцэнэ. Хамгийн гол нь О.Бат-Өлзий даргатай уулзахад “Бид буруу шийдвэр гаргасан байна. Шийдвэрээ өөрчилье. Би гишүүдээ дуудаад ирц хүрвэл хуралдмаар байна. Хамгийн гол нь сонгуулийн хорооны гишүүд бүрдэж өгөхгүй байна” гэж тайлбарласан. Ингэж хэлсэн нь бидэнд бичлэгээрээ хүртэл байна. Бараг түр үнэмлэхийг чинь гардуулаад өгчихье гэж олон сонгогчдын саналыг яаж ч өөрчилж болно гэсэн хандлагаар төрийн ажлыг гацааж сууна. Хэрвээ үнэхээр сонгуулийн хороо сонгуулийн хууль зөрчсөн эмээх асуудлыг өөрөө шалган тогтоох боломжтой юм бол бидэнд ч нэмэлт санал хураалтын үеэр МАН-ынхан мөнгө, нүүрс тарааж буй баримтууд бий. Баримтуудаа цагдаагийн байгууллагад өгчихсөн байгаа. Ер нь бол хуульдаа аливаа зөрчлийг хууль хяналтын байгууллага тогтоосны дараа шийдвэр гаргадаг. Гэтэл манай дүүргийн Сонгуулийн хорооны дарга О.Бат-Өлзий дур мэдэн шийдвэр гаргачихаад сууж байна. О.Бат-Өлзий бол БЗД-ийн 53 дугаар сургуулийн захирал, төрийн албан хаагч. 25 настай байхад нь тухайн үед дүүргийн Засаг дарга байсан Б.Батзориг сургуулийн захирлаар томилж байсан. Хуулиар бол төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд ажиллаж болохгүй ээ. Гэтэл О.Бат-Өлзий өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулиар Б.Батзоригийн албан бус менежерээр ажилласан. Сонгуулийн хороонд ажиллаж байсан туршлагагүй хүнийг МАН-аас яг л ийм ажил хийгээрэй гэж дүүргийн сонгуулийн хорооны даргаар томилсон байх гэж хардах үндэслэл ч байна. Дүүргийн сонгуулийн хороо нарийн бичигтэй. Нарийн бичиг нь бүх бичиг цаасны ажлыг төлөвлөж, хурлын тэмдэглэл хөтлөх журамтай. Гэтэл нарийн бичиг нь тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг хөтлөөгүй, тогтоолын талаар мэдээгүй байсан. Сонгуулийн хорооны үйл ажиллагаа дүүргийн Тамгын газрын Соёмбо танхимд явагдаж, гарсан бүх тогтоол, шийдвэр, тэмдэглэл, тамга, тэмдэг бүртгэлийн дэвтэр сэйфэнд хадгалдах ёстой. Гэтэл өчигдөр нарийн бичгээс нь асуухад хэзээ ямар тогтоол гарсныг би мэдээгүй. Тогтоолыг хэн төлөвлөж, хэн бичиж, хэн албажуулсныг ч огт мэдээгүй гээд сууж байна. Уг нь төрийн байгууллага, тэр дундаа сонгуулийн тойргийн хороонд албан бичгийн бүртгэл маш нарийн явагдах ёстой. Ер нь бол МАН-ынхан дүүргийн удирдлагыг гартаа авахын тулд хууль зөрчин улайрч байгаа нь улстөрждөггүй гээд байгаа төрийн албан хаагчдаар нь дамжин илэрч байна. Энэ байдлаас харахад төрийн албан хаагчид улс төрждөг гэдэг нь тодорхой байгаад дүгнэлт хийх хэрэгтэй.

С.АЛТА

Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбаатар: Алтны компани хосгүй үнэт өв болох хүрэл тогоо, сав суулгыг ухаж, эвдэлж авсан байна

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт алт олборлож буй “Бейсик металл майнинг” хэмээх компани олборлолт хийх явцдаа түүхийн үнэт олдворуудыг олжээ. Энэ талаар Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.

– “Бейсик металл майнинг” гэж ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, хаанахын компани юм бэ. Үнэт олдворуудыг гадагш нь гаргаж байгаа тухай та твиттерт жиргэсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Энэ компанийн тухай надад ч бас нарийн мэдээлэл алга. “Жиргээ”-нээс л “Бейсик металл майнинг” нэртэй компанийнхан алт ухаж байхдаа хүрэл зэвсгийн үеийн хүрэл тогоо, хүрэл сав суулга олсон гэдгийг мэдлээ. Монгол улсын Соёлын өвийн тухай хуулиар бол тухайн компани энэ тохиолдолд нэн даруй ажлаа зогсоон мэргэжлийн судалгааны байгууллагуудад хандаж авран хамгаалах ажил хийлгэх ёстой. Тиймээс л би мэргэжлийн хүний хувьд “Жиргээ”- дээр харамслаа илэрхийлж байгаа юм.

-Энэ компани нь аль аймагт үйл ажиллагаа явуулж байгаад дээрх үнэт зүйлсийг олсон юм бол?

-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг Бүдүүний ам гэдэг газар.

-Та тэндээс олдсон олдворуудын зургийг нийтэлсэн байсан. Хэдий үеийн ямар олдворууд харагдаж байна?

-Жиргээн дээр байгаа зургаас харахад одоогоос 3500-4000 жилийн тэртээд холбогдож болох хосгүй үнэт хүрэл тогоо, сав суулганууд харагдаж байна лээ. Эдгээр нь газрын гүнээс гарч ирэхдээ эвдэрч гэмтсэн байсныг харахад техник төхөөрөмжөөр хамаагүй ухаж төнхсөн нь андашгүй байна.

-Өмнө нь ийм хүрэл тогоо олноороо олдож байсан тохиолдол бий юу?

-Манай Монголын нутгаас урьд өмнө нь ийм хүрэл тогоо олноороо, нэг дороос олдож байсан түүх байхгүй. Би мэргэжлийн хүний хувьд тэдгээр хүрэл сав сууулга, тогоонуудыг ямар ч алт эрдэнэсээс илүү чухал үнэ цэнэтэй зүйл гэж хэлнэ. Бидэнд алт, мөнгө олдоно. Алт мөнгийг худалдаад авчихаж ч болно. Аугаа их өвгөдийнхөө түүх соёлоо устгачихвал юугаар ч нөхөж буцааж худалдаж авч чадахгүй. Ийм үнэт өвийн зүйлсийг нэг компани л ухаад сүйтгээд хаячихсан байгаа нь даанч харамсалтай.

-Та бидний үнэт өвийг мөнгөөр зодож аваад байна гэсэн байна лээ. Тухайлбал, хэдэн төгрөгөөр авч, хаашаа гаргаж байгаа юм бол. Энэ талаар мэдээлэл бий юу?

-Надад байгаа мэдээллээр буюу жиргээчдийн хэлж байгаагаар тэд “улсдаа тушаанаа” гээгүй, харин “зарж мөнгө болгоноо” гэсэн байна лээ. Тэгэхээр үүнийг Сэлэнгэ аймгийн Бүдүүний аманд алт ухаж буй “Beisikmetall maining” нэртэй компанийнхан мэдэж байгаа байх.

-Гадны компаниуд санаатайгаар болон санамсаргүйгээр газар ухаж байгаад олдсон түүхийн олдворуудыг дур мэдэн цааш нь гаргах, борлуулах тохиолдол байдаг гэсэн. Үүнийг хянадаг, шалгадаг газар гэж байна уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд Газрын дээр, доор байгаа түүх соёлын дурсгалт зүйлс бол Төрийн өмч гээд маш тодорхой заачихсан байгаа. Мөн Соёлын өвийн тухай хуульд ч бас “…аливаа аж ахуйн нэгж өөрийн үйл ажиллагааны явцад газрын дороос түүх-соёл, археологи, палеонтологийн дурсгал илэрсэн тохиолдолд нэн даруй ажлаа зогсоон, мэргэжлийн судалгааны байгууллагад хандах тухай…” хуульчлаад өгчихсөн байдаг. Энэ компани өдий болтол мэргэжлийн байгууллагад хандаагүйгээс харахад зарж, үрж ашиг олох санаархалтай байхыг үгүйсгэх аргагүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй дотоод, гадаадын аль ч компани дээрх хуулиудын заалтыг ягштал биелүүлэх үүрэгтэй. Монгол Улсын төр ч бас хуулиа биелүүлэхийг шаардах бүрэн эрхтэй.

-Дээрх асуудалтай холбогдуулан та хууль эрхзүйн байгууллага болон цагдаагийнханд хандсан уу?

-“Твиттер” дээр би өөрийнхөө хирээр бусдад түгээж тарааж сэрэмжлүүлсэн нь Цагдаагийн байгууллага үүнд анхаарал хандуулаасай гэсэндээ юм. Миний “Жиргээ” дээр тавьсан зүйлийг та нар харж, ингээд ярилцлага авч болж байгаа юм. цагдаагийнхан бас анхаарал хандуулаад хөөцөлдөх боломж гарах байлгүй дээ.

-Энэ тохиолдолд археологичдыг та ямар үйлдэл хийх, яаж түүхийн үнэт олдворуудаа хамгаалах хэрэгтэй гэж хэлэх вэ?

-Миний нэгэн адил Монголын бүх археологич, түүхчид түүх соёлоо үгүй хийгээд байгаа энэ мэт үйлдлийг сэрэмжтэй харж, хамгаалан өмгөөлөх хэрэгтэй. Монголд “Археологичдын холбоо”, “Түүхчдийн холбоо” гэж байгууллагууд бий. Мэргэжлийн холбоод, мөн түүх соёлдоо хайртай төрийн түшээд, нийт ард иргэддээ хандсан минь энэ. Бид хайрлаж, хамгаалахгүй бол бидний аугаа их түүх, соёлыг хөндлөнгийн хүн хэзээ ч хамгаалахгүй. Түүх соёлын зүйлийг дамлан худалдаалж байгаа хүмүүс өнөөдөртөө өөртөө их ашиг олж байна аа гэж бодох боловч Монгол улсдаа, хойч ирээдүйдээ ямар их гай авчирснаа нэгэн цагт өөрийнхөө яс махан дээр мэдрэх байх.

Бидний аугаа их түүх соёлыг мартагнуулж, өмнөх түүхэн үеүд нь “бүдүүлэг харанхуй байсан” мэтээр ярьж бичдэг, дотоод, гадаадын олон хүмүүс бий. Тэдгээр хүмүүс монголчуудыг газрын хөрснөөс арчина гэж боддог байх. Монголчууд аугаа их түүхээ хайрлан хадгалж, бас хамгаалж чаддаг ард түмэн гэдгийг л би сануулах гэсэн юм.

Ийнхүү ярилцлага авсны дараа эх сурвалжаас өгсөн мэдээллээр түүхийн үнэт олдвор “Бейсик металл майнинг” компанийн лицензтэй талбайгаас олдоогүй бөгөөд лицензийн хүрээнээс гадагш уул ухаж нийтлэг тархацтай ашигт малтмал буюу хайрга дайрга зөвшөөрөлгүй авч байх үед олджээ. Уг нь хуулиараа нэг метр куб нь 500 мянган төгрөгийг улсад тушааж олборлодог уулын чулууг зам тавихад ашигладаг аж. Гэтэл Сэлэнгэ аймгийн холбогдох нэг хүнд 200 мянган төгрөг өгөөд зохицуулсан гэж ярьж байсан гэнэ. Тэгэхээр уулын ажлын зөвшөөрөл ТЭЗҮ ч байхгүй зөвхөн “А” лицензтэй байж олборлолт явуулж байгаа аж. Тус компанийн хувьд голын голдрил өөрчилсөн гээд асуудлууд байгаа юм байна.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол эмэгтэй Сөүл хотын хүндэт иргэн боллоо

Сөүл хотын дарга Пак Вон Сү БНСУ дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний
төвийн дарга Ц.Өнөрзаяад “Сөүл хотын хүндэт иргэн” батламж гардуулав. Монгол
эмэгтэйг Сөүл хотын хүндэт иргэн болгох засаг захиргааны шийдвэр сар гаруйн өмнө
гарсан бөгөөд харин өчигдөр хүндэт иргэний батламж гардуулах ёслол Солонгосын “Сэжун”
хүндэтгэлийн ордонд болсон юм. Ц.Өнөрзаяа батламж гардсаныхаа дараа “Нийгмийн хамгаалал,
хүний эрх, хүмүүнлэг тусламжийн хүрээнд найз нөхөд, хамт олныхоо арав гаруй жилийн
хөдөлмөрийн үр дүнд Сөүл хотын хүндэт иргэн боллоо. Шагнал гэхээсээ илүү том үүрэг
хариуцлага ирлээ. Мэдээж энэ амжилтад хүрэхэд миний ажилладаг Сөүл хот дахь Нийгмийн
хамгааллын үйлчилгээний төвийн хамт олон, ЭСЯ, Ерөнхий консулын газрын дэмжлэг,
Солонгос улсын хамтран зүтгэгч мэргэжил нэгт нөхөд, холбоо нийгэмлэгийнхний итгэл
сэтгэлийн ач тус их байсан” хэмээн тэмдэглэсэн юм.

Тэрбээр мөн “Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Дэмбэрэл, Т.Ганди,
С.Эрдэнэ нарын удирдлага дор Сөүл хот дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг
хариуцан ахалж, жолооч, үйлчлэгч, орчуулагч, менежерээс мэргэжлийн төрийн албан
хаагч болсон” хэмээн дурслаа.

Ц.Өнөрзаяа чөлөөт цагаараа хүмүүнлэгийн болон хүний эрхийн чиглэлийн
Солонгосын төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, монголчууддаа тусалдаг нэгэн.
Тухайлбал, Солонгосын “Мериал шимжан” хүүхдийн зүрхний мэс заслын сан 30 сая воннын
өртөгтэй мэс заслыг Монголын 200 гаруй хүүхдэд амжилттай хийсэн байдаг. Зүрхний
цооролт өвчнөөр шаналж байсан тэдгээр хүүхдүүд өдгөө эрүүл саруул, аав ээжийгээ
баярлуулан өсч байгаа. Солонгосын Кореа Их сургуулийн Кореа Анам эмнэлгийн профессор
Ким Юн Хуан эмчийн тусламжтайгаар Монголынхоо гэрээт ба гэрээт бус ажилчдыг жилд
нэгээс хоёр удаа бүтэн биеийн шинжилгээнд хамруулахад энэ бүсгүйн хичээл зүтгэл
их бий. Ийм дэмжлэг авсан хүний тоо мянга хол давжээ.

Хүний нутагт ядарч зүдэрч, хэрэг төвөгт орооцолдсон, өвдсөн зовсон,
ажил төрөлгүй болсон монголчууддаа тусалж, саад бэрхшээлийг нь нимгэлэхээр Солонгосын
сайн санаат эмч, өмгөөлөгч, хүний эрх хүмүүнлэг тусламжийн ажилтнуудтай хамтран
ажиллаж иржээ. “Бусдад тусалж байж өөрийн ажил үйлс бүтдэг” гэж Ц.Өнөрзаяа хэлсэн.
Энэ эмэгтэй “Цаг минут сахилга хариуцлагыг хатуу чанга мөрдөж байж хүний итгэл авдаг”
гэсэн зарчмаар ажиллаж хөдөлмөрлөдөг гэнэ.

Ц.Өнөрзаяа Хан Доны Их сургуулийг 2005 онд хуульч мэргэжлээр төгсч,
Сөүлийн Их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг 2010 онд дүүргэн, магистрын
зэрэг хамгаалжээ. Тэрбээр англи, солонгос хэлтэй. Сурсан мэдсэн бүхнээрээ монголчууддаа
тусалж байгаа харьд ажиллаж хөдөлмөрлөдөг Монголоо гэсэн сэтгэлтэй мянга мянган
залуусын нэг.

“Ангийнхан маань бүгд л сайн яваа. Ялангуяа МУИС-ийн ангийнхан маань
мундаг сайн хуульчид болсноор нь би бахархдаг” гэж энэ бүсгүй хэлсэн юм. Бас ерээд
оны дундуур олон саад бэрхшээлийг туулан байж, хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
эрдэм өвөрлөхөөр зорьсон монгол залуус маань судалгаа, эрдэм шинжилгээний салбарт
багагүй амжилт гаргаж байна. Зарим нь ажил хөдөлмөрийн талбарт нэрээ дуурсгаж эхэллээ.
Тэдний нэг л жишээ нь миний энэ амжилт байх даа. Гадаадад байгаа монгол залуучуудынхаа
хөдөлмөр зүтгэлийг, төр засаг маань сайн дэмжээсэй билээ гэж тэр ярьсан юм.