Categories
мэдээ цаг-үе

Фламинго

Нарийхан урт хөлтэй, урт хүзүүтэй фламинго шувуу нь ягаан, цагаан,
улаан гээд янз бүрийн өнгөтэйгөөс гадна Ягаан, Чилийн, Жеймсийн, Андын, Америк фламинго
гээд олон төрөл байдаг. Энэ шувуу Африк, Азербайжан, Казахстан, Өмнөд, Хойд Америк,
Зүүн өмнөд болон Төв Ази, Франц, Испанийн нутагт амьдардаг. Хойд Америк, Испани,
Францын өмнөд хэсэгт амьдардаг ягаан өнгөтэй нь нүүдлийнх гэгддэг. Фламинго устаж
үгүй болох аюул тулгарсан тул Улаан номонд оруулж, агнахыг хоригложээ.

Сүргээрээ намагт амьдардаг энэ шувууны нэг онцлог нь дотогшоо мурийсан
урт хошуутай. Ийм хошууныхаа ачаар усан дотроос хоолоо олж иддэг. Фламингогийн хошуу
бусад шувуудынхаас ялгаатай бөгөөд дээд тал нь хоолоо идэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Байгалийн хамгийн хүнд нөхцөлд амьдрах чадвартай нь фламингогийн нэгэн онцлог. Тэд
маш давсархаг, шүлтлэг ихтэй нууранд амьдардаг. Ийм усанд загас бараг байдаггүй,
хавч, наймаалж өсөн үржиж байдагтай холбоотой. Хавч, наймаалж нь каротин нэлээд
агуулсан байдгаас фламинго ягаан өнгөтэй юм. Түүнээс гадна усанд ургадаг янз бүрийн
ургамлаар хооллоно. Нэг өдөрт бараг нэг килограмм усны ургамал иддэг болохыг судлаачид
тогтоосон байна. Өндөр газрын нуурууд ихэвчлэн давсархаг устай байдаг. Тиймээс ч
фламинго ийм газар амьдардаг бөгөөд агаарын хэмийн эрс өөрчлөлтөд тэсвэртэй.

Фламингогийн далавчны дотор талынх нь өд хар өнгөтэй. Араатан амьтад
дайрахад нисч зугтдаг. Ийм үед далавчны дотор талын хар өд нь хамгаалагч нь болж
өгнө. Шувуунаас янз бүрийн өнгө ялгаран харагддаг тул араатан амьтдад онилоход түвэгтэй
байдаг гэнэ.

Давсархаг ус, намагт эмгэг бичил биетүүд маш ихээр үрждэг. Тиймээс
шувууны урт хөл жаахан шалбарахад халдвар авах аюултай. Фламингогийн хөлний арьс
нь нэлээд зузаан гэнэ. Өрөвтас зэрэг шувууд мөн л урт хөлтэй, усанд удаан зогсдог.
Ингэхдээ хөлөө амраах мэт нэг хөл дээрээ ээлжлэн зогсдог. Үнэндээ хөлөө ингэж дулаацуулдаг
юм байна. Хүн харахад түвэгтэй мэт санагдах боловч өөрсдөд нь зүгээр байдаг гэнэ.
Энэ нь фламингогийн биеийн бүтцийн онцлогтой холбоотой. Модны мөчир дээр сууж байгаад
унтсан ч унадаггүй нь мөн үүнтэй холбоотой. Учир нь хөлний сарвуу нь модны мөчрийг
сайн гэгчийн ороож авдаг.

Эрдэмтэн, судлаачдын тогтоосноор ягаан фламинго нь манай дэлхий дээрх
хамгийн анх бий болсон шувуудын нэг. Динозавр зэрэг том биетэй амьтад үхэж үгүй
болсон байхад нарийхан урт хөлтэй, туяхан хүзүүтэй энэ шувуу амьд үлдсэн болохыг
эрдэмтэд тогтоосон.

Африк болон Энэтхэгт хамгийн олон төрлийн фламинго амьдардаг. Түүнээс
гадна манайхтай хил залгадаг Казахстанд нэлээд бий. Дийлэнх нь нэг газраа хэдэн
жилээр амьдардаг нь фламингогийн бас нэг онцлог юм.

Фламинго 1.3 метрийн өндөртэй, гурваас дөрвөн килограмм жинтэй. Нэг
сүрэгт хэдэн зуун, мянган фламинго байдаг. Хүнээс зайдуу газрыг сонгон амьдардаг
онцлогтой. Усан дээр үүрнүүдээ маш ойрхон засна. Үүр нь ойролцоогоор 55 сантиметр
өндөр. Нэг удаа 1-3 өндөг гаргаж, 31 хоног дарна. Фламинго нь эхэндээ цагаан өнгөтэй
байх бөгөөд эхний 3-4 жилдээ өнгө нь өөрчлөгддөггүй юм байна. Өндөглөснөөсөө долоо
хоногийн дараа үүрнээсээ гарч явна. Ингэхдээ ээжийнхээ хамгаалалт дор гадаад ертөнцтэй
танилцдаг. Эхчүүд нь идэх юм олж ирэхээр явах хойгуур дөнгөж төрсөн фламингонуудыг
бүгдийг нь нийлүүлж томчууд нь харж хамгаална.

Фламингогийн хамгийн гол дайсан нь үнэг, тас, чоно зэрэг амьтад.
Өөрсдийгөө хамгаалахын тулд шөнөдөө сүрэг шувуудын нэг хэсэг нь унтаж, нөгөө хэсэг
нь манаанд гарна. Аюул нүүрлэж байгаа тухай дохио өгөхөд нэгэн зэрэг бүгд нисдэг
аж. Иймэрхүү маш нарийн зохион байгуулалт нь өөрсдийгөө хамгаалах бас нэг арга юм.

Фламинго шувууд бүжгээрээ алдартай. Энэ нь маш сонин үзэгдэл. Бүгд
нэгэн зэрэг алхах мэт явангаа толгойгоо хоёр тийш нь хөдөлгөнө. Ингэхдээ бүжгийн
нэгэн хамтлаг мэт бүгд зэрэг хөдлөх нь маш сонин. Заримдаа хошуугаа усанд дүрчихээд
биеэрээ тойрон эргэлдэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Чулуунчимэг: Э.Чулуунчимэг гавьяаттай хамтарч уран бүтээл хийнэ гэсэн бодол бий

Нийтийн дууны залуу үеийн төлөөлөл болсон Соёлын тэргүүний ажилтан Энхболдын Чулуунчимэгтэй ярилцлаа. Тэрээр бие даасан “Сэтгэлийн зурвас” нэртэй цомгоо гаргажээ.

-Сэтгэлийн зурвас цомгоо гаргажээ. Ямар дуунууд багтсан бэ?

-Энэ миний ганцаараа гаргасан хоёр дахь цомог. Б.Болдтой хамтран хийсэн цомогтой нийлээд дөрөв дэх цомог минь бэлэн болж байна. Нийт 16 дуунаас бүрдсэн. Хуучин дуунууд болон шинэ уран бүтээлүүд минь багтсан. Энэ сардаа багтаж цомгийн баяраа хийх болно. Мөн цомгийн баяртаа зориулж “Сэтгэлийн зурвас” нэртэй теле концерт хийлээ. 2011 онд оюутан байхдаа гаргасан “Санаандгүй учирсан дурлал” цомог бол миний хамгийн анхны цомог байсан.

Дашрамд сонирхуулахад, “Эрхэмсэг” дуунд минь бүсгүйчүүд дуртай байдаг. Тиймээс мөн бүсгүйчүүддээ зориулж “Зүгээр л инээмсэглэ” гэсэн дуугаа хийж байна. Үгийг нь захиалж бичүүлсэн. Байгалийг бүсгүй хүнтэй харьцуулсан маш гоё үгтэй. “Гол мөрөн миний толь юм

Гоо сайхан миний сэтгэл юм

Уулын жимс миний будаг юм

Урьхан салхи миний сам юм” гэх мэтчилэн. Энэхүү дуугаа удахгүй дүрсжүүлэх болно. Хөгжмийн зохиолч Мөнхжаргал эгчийн уран бүтээл уянгын талдаа байдаг шүү дээ. Харин энэ дуу цоглог, эрэмгий ч гэж хэлж болохоор бүтээл байгаа. Бүсгүйчүүдийн маань сонсох дуртай дуу болно гэдэгт итгэлтэй байна. Ямар ч байсан уран бүтээлээ зогсолтгүй хийх болно.

-Мөнгөнцэцэг, Хандмаа нартай хамтран хийсэн попури фэйсбүүкээр нэлээд хандалттай байсан. Дахиж хамтран уран бүтээл хийх үү?

-Мөнгөнцэцэг, Хандмаа бид гурав их сургуулийн нэг анги юм. Бид гурвын хоолойны тембр өөр л дөө. Өөр, өөрийн хоолойны онцлогтой учраас хамтарч уран бүтээл хийх дуртай. Нэг үеийн уран бүтээлчээс гадна дотнын найзууд. Бид гурав хамтарч “Хүндэтгэл үргэлжлэл” гэх ардын дууны попури хийж байлаа. Дараа нь хөгжмийн зохиолч Мөнхжаргалын долоон уран бүтээлийг цоморлиг болгож дуулсан. Мөн миний “Сэтгэлийн зурвас” цомогт Монгол Улсын гавьяат жүжигчин Одмаагийн 1993 онд дуулж байсан “Санаж явах ижий” гэж ард түмний хайртай сайхан дууг хамтран дууллаа. “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр маш их захиалга авдаг байсан энэ дууг Одмаа эгчээсээ зөвшөөрөл авч дуулсан юм. Шинэ оны дараахан Одмаа эгчтэйгээ хамтарч клип хийхээр төлөвлөж байна.

-Таны мэргэжлийн багш хэн билээ?

-Би СУИС-д найрал дууны удирдаачийн ангид орж байсан. Дуулаачийн ангид орохын тулд хоёр шатны шалгалт өгөх ёстой байдаг юм. Гэтэл хоёрдугаар шатны шалгалтдаа уначихсан. Бүжиг бэлдэж ирэх ёстой байж л дээ. Гэхдээ дараа нь дуулаачийн ангидаа орж Найдалмаа багшийнхаа шавь нь болсон доо. Би дуурийн дуулаачийн ангийг төгссөн юм. Гэсэн ч Найдалмаа багш маань заавал дуурийн дуулаачаа хий гэж шахаж, шаарддаггүй. Хамгийн гол нь уран бүтээлээ хийгээд явахыг л зөвлөдөг. Тийм болохоор бид багшаасаа айж эмээгээд байх зүйлгүй уран бүтээлээ хийгээд явдаг. Тиймдээ ч хожсон гэж боддог шүү. Ер нь багшийн шавь нар дотор нийтийн дууны урлагт өнгөлж яваа бүсгүйчүүд олон бий. Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан. Энхмэнд, Р.Дэлгэрмаа гэх мэт. Багш минь үргэлж зөвлөгөө өгдөг шүү. Их сайхан хүн дээ миний багш.

-Та гавьяат Т.Баясгалангийн фэн шоунд ээж, ааваасаа нууцаар ирж оролцож байсан гэсэн үү?

-Миний аав, ээж хоёр эрдэм, номын мөр хөөсөн, сэтгэл хөдлөл багатай тийм хүмүүс л дээ. Гэр бүлд минь урлагийн хүн байхгүй. Тийм болохоор дууны тэмцээнд оролцоно гэхээр дургүйцэх байх ч гэж бодсон юм уу, хэлэлгүй Дарханаас вагоноор ирж байлаа. Вагон 500 төгрөг байсан санагдаж байна. 2004 онд болсон шоу л даа. Багын л дуучин болохыг мөрөөддөг байсан хэрнээ тэмцээн, уралдаанд оролцож байгаагүй. Тэр шоу миний анхны тайз байсан. Гэхдээ амжилт үзүүлээгүй л дээ. Түүнээс хойш тэмцээн уралдаанд их оролцдог болсон. Миний хамгийн анхны алтан медаль хүртсэн тэмцээн дуучин болох замыг минь нээсэн гэж болно. Медальдаа гол нь биш л дээ. Тэр тэмцээнийг Ардын жүжигчин Хайдав багш шүүсэн юм. Тэмцээний дараа Хайдав гуай “Миний хүү заавал СУИС-д ороорой, дуучин болно шүү” гэсэн. Тэр үг намайг урлагт эргэлт буцалтгүй хөтөлсөн.

-Шоунд орохын тулд вокзалаас Монголын үндэсний телевиз хүртэл алхсан гэсэн…

-Тэр үед өндөр барилга ч цөөхөн байж. Үндэсний телевизийн антен хаанаас л бол хаанаас харагддаг. Цэнхэр есөн давхруудын дундуур ороод Үндэсний телевизийн антенийг чиглээд л алхаад байсан. Одоо бодоход их хол алхсан байгаа биз. Би хийнэ гэсэн зүйлээ хийж байж л санаа амардаг зантай. Тийм болохоор тэр шоунд бүр ормоор санагдаад л Дарханаас наашаа зорьж байсан хэрэг.

-Оюутан байхдаа “халтуур” их хийдэг байв уу?

-Урлагийн сургуулийн оюутнууд заавал төгсөөд уран бүтээл хийнэ гэсэн хууль байхгүй. Сурч байх хугацаандаа уран бүтээл хийж алдахдаа алдаж, туршлага хуримтлуулж байж уран бүтээлч болдог. Ер нь урлагийн сургуульд суралцаж байгаа оюутнууд сэргэлэн байвал зүгээр. Арай илүү хөдөлгөөнтэй байгаа нь дуулах урилга илүү авдаг шүү. Чаддаг юмаа хийгээд мөнгө олчихно. Би анхны уран бүтээлээ хоёрдугаар курстээ гаргаж байлаа. Одоогоос долоон жилийн өмнө юм байна. Залуу хүн болохоор гэгээлэг, хайрын сэдэвтэй дуу дуулъя гэж бодоод захиалж хийлгэсэн. Хүмүүст бас чамгүй хүрсэн гэж боддог. Их булган сүүлтэй уран бүтээл. Ар араасаа олон сайхан уран бүтээл дагуулсан. Дуулсан дуунуудаа яг тоолоогүй юм байна. Цацахгүй орхичихсон уран бүтээл ч байдаг шүү. Ер нь 80-аад дуу дуулжээ.

-Таныг бага байхад эмээ тань гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж дуудан өхөөрддөг байсан гэл үү?

-Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж сайхан дуучин бий. Намайг төрөх үед Чулуунчимэг гуай ардын болон богины дуугаар ид алдаршиж байсан үе. Тийм болохоор эмээ маань намайг ардын болон богины дуун мастер Монгол Улсын гавьяат жүжигчин Эрдэнэтийн Чулуунчимэг гэж явуулж, тоглодог байсан гэсэн. Эмээ минь намайг гурван настай байхад бурхан болсон л доо. Гэхдээ амны билгээс ашдын бэлгэ гэж эмээгийн минь хэлсэн үгийн хүч биелэн дуулж яваа юм болов уу гэж боддог юм.

Надад Э.Чулуунчимэг гавьяаттай хамтарч уран бүтээл хийнэ гэсэн бодол бий. Өөрт нь ч санал тавьж үзсэн. Маш сайхнаар хүлээж авсан шүү. Харин ямар уран бүтээл хамтарч хийх вэ гэдгээ бодоод л явна.

-Мэргэжлийн дуучнаас гадна аялал жуулчлалын мэргэжилтэй байх аа?

-Тийм шүү. Аялал жуулчлалын чиглэлээрээ хийе гэж бодсон юм их бий. Жуулчны баазтай болж, соёлын аялал жуулчлалд өөрийнхөө чадах чинээгээр хүч хөдөлмөрөө зориулна гэж боддог. Одоохондоо уран бүтээлдээ түлхүү анхаарал хандуулж байна. Урлаг бол тодорхой цаг хугацаатай. Хэдэн жилийн дараа шинэ залуу үе гарч ирнэ. Тэр цагт дараа, дараагийнхаа ажлыг амжуулаад явна даа.

-Нийтийн дууны төлөөлөл болсон залуу уран бүтээлчид нэлээн эв найрамдалтай байх шиг харагддаг?

-Манай үеийнхэн их эв найрамдалтай. Нэг нь тоглолт хийх үед бүгд чадах чинээгээрээ тусалдаг. Найдандоржийн тоглолт болох гэж байхад би хэвлэлийн мэдээ бичээд, нэг нь хоол хийгээд л гүйж байх жишээтэй. Билет хүргэлтэд хүн хүрэлцэхгүй бол бас нэг нь явна. Энэ мэтчилэн бүх зүйлд нь гар бие оролцож тус дэм болдог нь их сайхан санагддаг. Мөн энэ хугацаанд Болдоо бид хоёр Монгол бөхийн өргөөнд гурван тоглолт хийсэн. “Илбэе”, “Жаргалтай айл манайх”, “Хос орчлон” гэсэн тоглолтууд маань юм. Мөн л найзууд минь тус дэм болсон. Дуу хуураа ч өргөсөн. Түүнчлэн нийтийн дууны ертөнцийг тодорхойлж яваа залуу уран бүтээлчид учраас дэвшилттэй зүйлийг хийхийг зорьдог. Тоглолтуудаа аль болох өвөрмөц өнгө, аястай байлгахыг хичээдэг юм. Тоглолтын багийнхан их сайн уялдаж ажилладаг шүү. Дүрс, дуу их сайхан нийцтэй байдаг шүү. Хамгийн сүүлд Э.Чинбаяр найзын маань тоглолт боллоо. Энэхүү тоглолт эхлэлээсээ авахуулаад мөн ялгаагүй өвөрмөц болсон. Нийтийн дуу бол массын урлаг. Ардын дууны үргэлжлэл, хөгжил ч гэж ярьдаг. Тиймээс аль болох гэрэл гэгээтэй, сайхан зүйлийг ард түмэндээ хүргэх юмсан гэж хүсэж явна даа.

-Хөдөө орон нутгаар хэр их аялан тоглолт хийсэн бэ?

-Л.Болдоо бид хоёр хөдөө орон нутагт нийтдээ 300 гаруй тоглолт хийсэн байна лээ. 21 аймгаа хоёр удаа тойрч, 200-гаад суманд очиж тоглосон байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөдөө орон нутгаар их явлаа. Мөн хилийн чанад дахь монголчуудтайгаа уулзаж ая дуугаа өргөсөн. Суманд тоглолт хийх маш гоё байдаг шүү. Халуун дулаан уур амьсгал яг л тэнд бүрддэг дээ. Ер нь аль болох л сонсогчидтойгоо ойр байдаг. Биднийг бага байхад зарим олны танил хүмүүс зургаа хамт авахуулъя гэхэд дургүйцдэг байсан нь таалагддаггүй байлаа. Тиймээс залуу уран бүтээлчдийн хувьд аль болох сонсогчидтойгоо ойр байхыг хүсдэг юм.

-Таныг туфль цуглуулах дуртай гэж сонссон. Цуглуулга нь хэр арвин болж байна вэ?

-Өндөр өсгийтийг зохиосон хүнд эмэгтэй хүн болгон өртэй гэдэг үгийг саяхан уншсан. Нээрээ л тийм шүү. Би гоё туфль харахаар шууд л авмаар санагддаг. Гадагшаа явахдаа дэлгүүр хэсэх юм бол заавал туфль авдаг. Авсан юмнуудаа эргээд харахаар бараг бүгд л туфль байдаг юм. Нэг удаа бүр 10 гаран туфль авчихсан байсан. Ер нь олон болж байгаа шүү.


Categories
мэдээ цаг-үе

Михаил Задорнов манай боловсролын шинэчлэл

Боловсролын тогтолцооны хувьд намайг та нар ямар дүгнэлт хийснийг мэдэх үү? Хүүхдүүд огт буруугүй гэсэн дүгнэлт хийсэн. Ямар нэгэн хэмжээгээр шүү гэдгийг удахгүй та нар ойлгох болно. Манай хүүхдүүд уг нь их сэргэлэн, бас ч гэж чамлахааргүй авьяастай л даа, даанч тэд маань яахаа мэдэхээ больчихоод байгаа юм. Бүр, ямар сургуульд элсэхээ ч мэдэхээ больчихсон гээч. Америк боловсролын өнөөдрийн тогтолцоогоор дээд сургууль төгсөөд ирж байгаа цэл залуухан багш нар аль ч сургуулийг зай завсаргүй дүүргэчихжээ. Тэгээд хүүхдүүдэд өндөр мэдлэг боловсрол олгох ажилдаа өдөр шөнөгүй, сунаж унатлаа зүтгэж эхэлнэ дээ.

Орос хэлний нэг багш шавь нараа загнаж байхыг нь би сонслоо:

-“Та муусайнуудтай би эгээ л шоргоолжны үүрэнд ойчсон зөгий1 шиг гэдсээ хүүлүүлэх нь холгүй зовж байна” гэж. Ингэж хараалгасан хүүхдүүд хойшдоо ямар хүмүүс болж хүмүүжих вэ?

Зурагтынхан ч мөн адил толгой дараалан бичиг үсэггүйчүүл! Зөвлөлт засгийн үед бол зурагт руу зүрхэлсэн “хэлгүйчүүл”-ийг шууд л хаалганы цаад руу дохичихдог байж. Өдгөө цагт харин тиймчүүлийг алгаа дэлгэн хүлээж аваад толгойг нь илээд цэнхэр дэлгэцэн дотор залаад байх болж. Дээрээсээ даалгавартай юм уу, яадаг юм, бүү мэд. Тэднүүсээ тэгээд яаж ярихыг нь зөвшөөрдөг гээч? “Цүнх” гэхийн оронд “Цүүнх”2 гэж маяглах болов. Жванецкийг нэг удаа цүүнхээ савчуулан телевизийн дэлгэц дээр гарч иртэл сэтгүүлч нь тосож аваад “Та чинь ингэхэд ганцхан ээмэгнүүд зүүдэг болоо юу?” гэж байх юм. Ээмэг дандаа хоёр л байдаг учраас өөрөө олон тоон дээр ээмэг гэж л хэлэгддэг атал ээмэгнүүд гэж байхыг нь сонсооч! Ганцхан ээмэгнүүд! Хоёр ээмэг биш, ганцхан ээмэгнүүд шүү! Энэ загвараар бол нэг ширхэг ээмэгнүүд зүүж, нэг ширхэг джинснүүд3 өмсөж, нэг ширхэг нүдний шилнүүд4 хамар дээрээ тохох нь байна л даа.

Гэтэл иймчүүлийг байнга харж, сонсож байдаг хэлний эрдэмтэд нь амандаа ус балгасан мэт таг дуугүй. Яагаад гэвэл дээдэс нь яг л ингэж яриад сургачихсан юм чинь. Гадаад явдлын яамны сайд гэхийн оронд Гадаад явдлын сайд, Байгаль орчны сайд ч гэх шиг. Байгаль орчны сайд гэхлээр буга согооны сүргийн толгойлогчийг хэлээд байна уу? За тэгээд цааш нь сонсъё: “Мөнгөний янхан”5, “үнээний үхрийн мах”6 ч гэх шиг. Янхан л бол заавал “мөнгөний” гэх тодотголын хэрэг юу байна аа? Кофе7 гэдгийг эрс хүйсний үг хэмээн үзэх болж. Хэрвээ кофе эрс хүйсний үг юм бол Фурсенко ч гэсэн эрс хүйсний хүн болж таарна аа даа? Аль эсвэл Андрей Александрович Фурсенког манин гэх болж байна уу? Ерөнхийлөгчийн зөвлөх, Оросын төрийн нэн хүндэтгэлт хар хүнийг би манин юм уу гэж асуух гээд байна л даа.

Зурагтын зар, сурталчилгаанаас бол авах юм бүр ч байхгүй. Бонус8, конус хоёрыг ч ялгахгүй, анонс8, анус8 хоёрыг бол тэр тусмаа. “Таны толгойноос тэр дороо л хагийг чинь зайлуулна.” Хаг гээч нь уг нь толгойд биш үсэнд байдагсан. Өөрсдийнх нь толгой дотор л хаг ургачихсан болохоор ингэж ярьдаг байх л даа. “Хөл хуга ташмаар үс” ч гэх шиг. Үс яахаараа “хөл хуга ташдаг”9 байна аа? Толгойтой үс арзасхийгээд, босоод явчихлаа. Шөнө унтаж байх зуур үс маань босч ирээд хөлийг маань хуга ташчихвал яана аа, ий-ий. Энэ ч бас юу ч биш. “Таны өөхийг дор нь шатаагаад өгнө”10 гэж байна. Дундад зууны инквизаци11 санаанд оров байна шүү. Амьдаар минь гал дээр шатаах нь л дээ, ий-ий. Яндан чигээрээ л үхэх юмсан.

Интернэт гэж нэг юм гарснаас хойш залуу үеийнхний маань дээрээс аймшгийн бороо цутгах болов. Гөлмөн төмөр шиг хангир жингэр! Урьд чинь яваа хүн шалбааган дотор уначих юм бол гараас нь бушуухан татаад босгохынхоо оронд гар утсаараа зургийг нь авчихаад дээгүүр нь харайгаад гараад явчихна. Цаг алдалгүй “Цахим танилууд”-даа12 тараахын тулд! Гал асааж чадахгүй, мод хагалж чадахгүй, шатар бүү хэл, даам ч тоглож сураагүй ээ, сураагүй, манай залуус. Шатрын боднуудыг Чапаевын ширээн дээрх төмснүүд гэж л бодно. Олигтойхон Чапаев ч болж тоглож чадахгүй байж. GPS-гүй бол ой руу зүглэж ч чадахгүй, төөрөхөөсөө айна.

Хайр сэтгэл, секс хоёрыг бол харин ч нэг ялгана даа. “Завтай бол явж сексдэх үү?” гэвэл “Зав ч байна шүү” гэж хариулна. Харин “Би чамд хайртай” гэх юм бол нүдээ том болгоно. Яагаад гэвэл сексийг ажил хэрэг, харин хайр сэтгэлийг мөнхийн юм гэдгийг хэр хэмжээгээрээ хар багаасаа дэндүү сайн ойлгочихсон. Тиймээс хайр сэтгэлд гаргах зав байхгүй. Тэгтлээ удах юмаар яах юм бэ, яршиг л байна!

Цахилгаан галт тэргэнд залуухан ээжтэйгээ явж байсан нэг жаал хүү өмнөө сууж байсан эмгэний хөл рүү тувт л өшигчөөд байх юм гэнэ. Эмгэн “Яаж байгаа хүүхэд вэ!” гэж хичнээн хэлээд нэмэргүй болохоор нь аргаа ядаад эхэд нь гомдолловол ээж нь харин “Би хүүхдээ өрнөдийн аргаар сургаж байгаа болохоор юуг нь ч хорьдоггүй юм” гэж. Гэтэл эмгэний хажууд сууж явсан өсвөр насны хүү босоод зажилж байсан бохио гарган мөнөөх залуухан ээжийн духан дээр наачихуутаа “Намайг ч бас ээж маань өрнөдийн аргаар сургадаг юм” гэсэн байдаг. Больж, хохь нь!

Манай боловсролын америк шинэчлэл ээ гэж.

Москвагийн Нисэхийн дээд сургуулийн танилууд маань нэг удаа төмөр замын буудал дээр нийлэлдээд, байгалийн сайхан руу аваачих вагоноо хүлээх зуур зоогойд орж 10 ширхэг хуушуур халаалгаж авахаар болжээ. Худалдагч нь 10 хуушуур богино долгионы зууханд хийчихээд зогсоод байх юм гэнэ. Аливаа юмыг хоёрхон минут халаахын тулд тийм зуух зохион бүтээснийг бараг бүгд мэднэ. Гэтэл таван минут, 10 минут өнгөрлөө гэнэ. Тэсэж ядсан манайхны нэг нь “Одоо болоогүй юү, наадхыг чинь халаахад хоёрхон минут л хангалттай шүү дээ” гэсэн чинь худалдагч урдаас нь “Ээждээ энгэр зөрүүлэхийг битгий заа, нойлын ногоон тэгнүүд! 10 хуушуурт чинь 20 минут хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ” хэмээн тасхийсэн гэх.

Бас нэг танил маань байдаг юм. Нисэхийн дээдэд хамт сурч байлаа. Надаас олон ах л даа. Залуудаа дандаа Авхаалж сэргэлэнчүүдийн тэмцээнд (АСТ) ороод манаргаж явсан эд. Одоо харин тэтгэвэртээ гарчихаад, уйдаагаа гаргахын тулд гадуур хэсэж, хүн амьтныг дөгөөж явдаг өвгөн. Тэр нөхөр хааяа ямар нэг зурагтын дэлгүүрт ороод худалдагчаас нь “Би зурагт худалдаж авах гэсэн юм аа. Танайх Куликовын тулааны13 ахмад дайчдад хөнгөлөлт үзүүлдэг үү?” гэж асуух болжээ. Гэтэл 10 худалдагчаас бараг л ес нь урдаас нь “Үзүүлнэ ээ, үзүүлнэ. Таны үнэмлэх байна уу?” гэж асуудаг гэнэ. Мань өвгөн халаасаа баахан ухсанаа “Өө харла гэж, үнэмлэхээ гэртээ орхичихож” гэвэл цаадуул нь “За яахав, яахав, Куликовын ахмад дайчин гэдэгт чинь үнэмшиж байна” гээд тооны машинаа шүүрэн авч хөнгөлөлтийг нь тооцож эхэлдэг гэдэг.

Ижил мөрнөөр усан онгоцоор дайвалзуулж явахдаа яг өөрийнхөө энэ хоёр чихээр сонссон яриаг дуулгавал, нэг зорчигч залуу хөлөгч өвгөнөөс “Танай хөлөг ямар кабелийн телевизтэй вэ?” гэж асуув.

Хөлөгч: Та аль хотынхыг үзмээр байна?

Залуу: Ярославынхыг.

Хөлөгч: Өө, харамсалтай байна. Ярославын кабель дөнгөж сая голын ёроолын модны ёзоорын үндсэнд тээглээд тасарчихаж. Удахгүй залгана аа…

Хөөрхий тэднүүс маань “америк тогтолцооны боловсрол”-оос өөр мэдлэггүйгээр яаж амь зууна даа.

Арай хижээлдүү насны багш нар намайг сүүлийн үед элдвийн хөгийн жишээ татсан захиагаар булах боллоо. Голдуу л Элсэлтийн ерөнхий шалгалтын лут найруулгатай зохион бичлэгүүдээс авсан ишлэлүүдээр дүүрэн.

Хэдэн жишээ сонсгоё:

-“Түүдгийн дэргэд хоёр хүн, нэг бүсгүй харагдана”. Эмэгтэйчүүд хүний тоонд ордоггүй юмсанж.

-“Австралийн имжнүүд аюул тохиолдсон үед орж нуугдахын тулд гэдэснийхээ гадна талд халаастай байдаг.” Өөр лүүгээ орж буй имжийг нэг харахсан.

-“Тэрбээр азарганы эврээс шүүрэн авав”. Бухны эврээс шүүрэн авлаа гэдэггүйсэн бил үү?

-“Зараа, мэлхий, хараацай нар цэцэрлэгчүүдийн хортой шавьжнуудаас ангижрах албанд сэтгэл харамгүй туслалцаа үзүүлдэг.”

-“Владимир Мономах 10 хүүтэй байсны бүгд нь хөвгүүд”. Ямар гээчийн үржил сайтай эр вэ!

-“Тэр бүсгүй биеийнхээ дээд хэсгээс хамгийн нэгдүгээрт хөхний даруулгануудаа дотуур өмднүүдтэйгөө буулгав”.

Бас нэг элсэгч “металлын зэврэлт” гэхийг “металлын хөвчрөл” гээд бичихсэн байх юм гэнэ14.

Намайг нэгэнтээ “Аягүй гоё” гэдэг зурагтын нэвтрүүлэгт урьсан юм. Шууд нэвтрүүлгийн хөндлөнгийн оролцогчоор. Маш гоё мөртлөө аягүй юманд орохоор элэг хөшөөгөөд хаячихдаг даа.

Хөтлөгч нь нэг оюутан охиноос “Хэдэн тив байдаг вэ, нэрлэнэ үү?” гэж асуулаа.

Хариу нь: “За байз уу, лав л экватор гэж байдаг”.

Хөтлөгч: “Бие дээрээ үзүүлсний хэрэггүй ээ”.

Асуулт: “Австрийн хаадын үе залгамжлагчдын ургийн нэр?”

Хариулт: “Гамбургер”15

Асуулт: “Жанна де Аркийг яаж егүүтгэсэн бэ?”

Хариулт: “Түүнийг хөнгөлсөн”.

Манай хүүхэд залуучууд ер нь хаана ийм муу боловсрол олсон байж таарах вэ? Америкт уу? Үгүй ээ, Оростоо, гэхдээ Америк боловсролын тогтолцоогоор! Яагаад гэвэл, америк боловсролын тогтолцоо гэдэг бол ардчиллын баталгаа учраас манай өнөөгийн төр засаг, манай Боловсролын сайдын зөвлөл (“Боловсролын яамны сайдын зөвлөл”-тэй бүү андуураарай) ийм тогтолцоонд шилжих замыг сонгосон юм! Би үүнийг хаа сайгүй ярьдаг, цаашдаа ч ярих болно. Яагаад гээч? Яагаад гэвэл ардчилалд хэрэгтэй. Муу боловсролтой хүмүүс аливаад эргэлзэх ухаангүй байдаг. Муу боловсрол ард түмнийг биш, ард түмний тодорхой хүрээг л сонгон “боловсруулахад” хэрэгтэй юмсанж. Тэгж “боловсорсон” тодорхой хүрээнийхэн аливаа сонгуульд олон таван үггүй идэвхийлэн оролцдог юм. Тиймээс л тогтолцоо нь тогтсоор байдаг юм.

Youtube-ээс товчлон авч монголчилсон Ж.Нэргүй

Орчуулагчийн тайлбар.

Оросын орчин үеийн нэрт шог зохиолч, тайзны шооч Михаил Николаевич Задорнов (1948 онд төрсөн) бол үгээр айхтар тоглодог хүн. Тиймээс энд хэрэглэсэн үгсийн далд утгыг тайлбарлахаас аргагүйд хүрэв:

1. Уг нь “Жук в муравейнике” гэсэн үг байдаг. Ийм нэртэй том роман ч бий. “Шоргоолжны үүрэн дэх цох” буюу “Алийгаа ч мэдэхээ болилоо” гэсэн зүйрлэл. Гэтэл энэ залуу багш орос хэлнийхээ нарийн ширийн илэрхийллийг мэдэхгүйгээсээ болоод “Шоргоолжны үүрэн дэх зөгий” (“Пчело в муравейнике” гэж хэзээ ч ярьдаггүй) гэжээ. Цаана нь бас “Би маш их зовж ядарч байна” гэж дургүйцсэн санаа илэрч байна.

2. “Портфель” гэсэн үгийг “Поортфель” гэж маяглах болсныг “цүүнх” гэж монголчлов.

3. “Джинсы” (жинсэн өмд) гэсэн, угаасаа олон тоон дээр байдгийн өмнө нэг гэсэн тооны нэр заагаад, “джинса” гэсэн эм үгний ганц тооны хувиралд оруулсныг ийн буулгах нь онох болов уу гэж бодов.

4. Очки. Дээрхтэй мөн адил.

5.“Продажная проститутка” гэснийг.

6. “Мясная говядина” гэснийг.

7. Орос хэлний бичгийн дүрэмд “е”-гээр төгссөн үгийг эрс хүйсний үг (средний род) гэдэг ч, “Кофе” гэдэг үгийг эр хүйсний үг гэж тооцдог уламжлалтай.

8. Бонус- аливаа үнэ, үйлчилгээний хөнгөлөлт. Анонс-олон нийтэд зориулсан арга хэмжээ, үйлчилгээний бичгэн юм уу, зурган зар, зарлал, сурталчилгаа. Анус-хошного.

9. Сногсшибательный- уг нь маш хүчтэй, гайхалтай гэсэн утгатай үг. Харин бүтцээр нь салгавал “с ног”- хөлийг, хөл дээрээс нь, “сшибать”-өшиглөх, түлхэх, унагах, зайлуулах үйлийн утга, бүгд нийлэхээрээ Задорновынхоор “хөл хугалах, хөл таших” гэсэн санаа.

10. “Мы сожжём ваши жиры” гэснийг ийн буулгав. Манай монголчууд ч бас “өөх хайлуулна” хэмээн солиордог болсон.

11. Дундад зууны Европт шашны тэрс үзэлтнүүдийг түүдэг гал дээр шатааж егүүтгэдэг ял байсныг “инквизация” гэдэг.

12. “Facebook” гэдгийг заримуудын хэллэгээр “Нүүр хуудас” гэхийн оронд “Цахим танилууд” гэвэл яах бол?

13. Куликовын тулаан 1380 онд болсон.

14. Эрозия гэж төмрийн зэврэхийг, эрекция гэж мөнөөх юмны босох, хөвчрөхийг хэлнэ.

15. Уг нь Габсбургийн угсаа гэдэг.

Categories
мэдээ цаг-үе

“Эрэлхэг”

Энэ удаагийн “Ном ярьж өгье” буланд сэтгүүлч, яруу найрагч Санзайгалсангийн Ууганбаяр эрхмийн “Алаг толгодын хууч” хэмээх сэтгүүлзүйн шинэхэн номыг онцлов. Оцлохдоо нэгэн хөрөг нийтлэлийг нь сугалан ушигчидтайгаа хуваалцахаар шийдлээ.

Нутаг усныхандаа “Эрэлхэг” гэгдэх нэгэн эрийн тухай энд өгүүлнэ. Эрэлхэг халуун өдөр нэрмэл ууж халамцаад хадны сүүдэрт унтаж, эмээл хазаартай морио алдчихсан юмсанж. Барих гэж баахан хөөцөлдөж ихэд ядарчээ. Гэсэн ч замд таарсан нутгийн айлаас (С.Ууганбаярынх ) эмнэг сурган мордоод алдуул морио бариад ирж байгаа хүнийг чинь Эрэлхэг гэхээс ч яах билээ. Нэг ёсондоо эрэлхэг, шулуун шударга зантай мань эрийн дотоод гэмшил харууслын тухай богино өгүүллэг ч гэмээр юм шиг.

“Ах нь будан адуу, будмал хүүхэн хоёрт тун дургүй хүн дээ хэмээн годон буурал морин дээр уурга бариад мордтол буурал морь хоёр гурав сайн ойгоод авав” (Алаг толгодын хууч, 18 дугаар тал) Тийнхүү шингэх наран зүг тоос манаруулан давхиж одох “Эрэлхэг”-ийг харж зогссон өгүүлэгч (С.Ууганбаяр) маань хэний ч илэрхийлээгүй уран зургийг тэрхэн агшнаа үзэж буйгаар энэхүү хөрөг нийтлэл эхлэх бүлгээ. “Эрэлхэг” бол угтаа Дорноговь аймгийн Алтанширээ сумын харьяат Цэрэнбат заан аж. Нутгийнхан нь “Эрэлхэг, Эрэлхэг” гэсээр жинхэнэ нэрийг нь бараг мартжээ. “Эрэлхэг” ч өөрөө хүнд нэр хоч өгөхдөө гаргууд, нутаг усныхныхаа зан авир, үйлдэл, ул мөрийг нь мөшгөөд голыг нь олсон оновчтой нэр хоч өгчихнө. Өөрөө үргэлж түүгээрээ дуудаж явдаг аж. Жишээлбэл, “Хагархай Дорж”, “Цавьдар Сэнгээ”, “Хэнхэг”, “Шувуун хөлт”, “Тээгэн толгойт”, “Зүдэргээ”, “Хулхи” зэрэг нэр дурдагдаж буй хүмүүсийн нэрийн урд ямар нэгэн тодотгол, хочтой. Зарим нь бүр дан хочоороо дуудуулах жишээтэй.

Батдорж гэдэг хүнийг “Хулхи” хэмээн хочлох болсны учир нь “Зүдэргээ” Энхбат цэрэгт мордохдоо найз хүүхнээ сайн харж хандаж байгаарай гэж захиад явж л дээ. Тэгтэл Батдорж, хос хоёрын дунд хов хутгасан захиа бичсээр байгаад салган Сарааг нь авч суужээ. Харин үүнийг нь мэддэг “Эрэлхэг” “Хулхи Батдорж”, “Гэнэн Сараа” гэх хүний мөн чанартай нь холбоотой нэр хоч өгч, учрыг нь олонд ухуулах болсон юмсанж. Хүний өөдгүй зан чанарыг ил цаагаанаар шүүмжилнэ гэдэг мууд дурлагч гэхээсээ эрэлхэг зан чанар билээ.

Эрэлхэгийг морио барид ирэхэд хоол унд цай цүү болж, хол ойрын сонин хачин хэлэлцэж суусан тэр үеийнхээ явдлыг, ялангуяа Эрэлхэгийн дүрийг сэтгүүлч С.Ууганбаяр үнэхээр чадмаг гаргажээ. Тухайлбал, “Ийн бид хоёрыг ярьж суух зуур айлын хархүү Сайнбаяр адуугаа олсонгүй хэмээн уруу царайлаад ороод ирэв. “Эрэлхэг” тамхи ороонгоо

-Нүдээ салтаандаа хийсэн хар турсага минь танай адуу чинь Зүрхийн овооны баруун дээр л зогсож байна лээ. Чи хө, наад борц шиг хүүхнээсээ арай өөр юм бодож байхгүй бол хийморь лундаа ч үгүй болно шүү. Чиний эцэг чинь хийморь сэвсэн эр байв даа хэмээн дооглох, зэмлэхийн завсарт л шууд хэлнэ. Эрэлхэгийг ингэлээ гээд өөдөөс нь сөргөх хүн манай нутагт өдрийн од шиг ховор. Угаасаа ам хэлээр маргаад ч түүний дээр гарахгүй. Бяр чадлаар үзээд бүр ч дийлэхгүй…”

(Алаг толгодын хууч)

Ийм нэгэн хэлэмгий, шулуун шударга, сайн муу, сайхан муухайг ялгаж таньсан гүдэсхэн эрийн дүрийг сэтгэлд буутал үгээр зурж чадсан эрхэм С.Ууганбаярт талархалтай. Нутаг ус, өвгөд хөгшдийнхөө дүр төрх, үзэл санаа, дотор буй бүхнээ “Алаг толгодын хууч”- аараа Гамзатов шиг хүүрнэн хуучилнам.

Сэтгүүлч Ш.Цэрэнпил агсны “Хэнээт” зэрэг хөрөг нийтлэлийн арвин сан хөмрөгтэй сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн далайд С.Ууганбаяр эрхмийн “Эрэлхэг” зэрэг хөрөг нь ч мөн хүч нэмэн цутгана буй за.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Н.Номтойбаяр: Японы тал Таван толгойн ордод түшиглэж үйлдвэр байгуулах санал тавьсан

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд танай яам ямар ажлууд хийсэн бэ?

-Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам шинээр үүсгэн байгуулагдаж үйл ажиллагааны тайлангаа танилцуулсан. 100 хоногийн хүрээнд ирэх дөрвөн жил манай яамнаас хийх 47 ажлын 13-ыг эхлүүлчихээд байна. Нийт Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийгдсэн 20 ажлын зургаа нь манай яамны хийсэн ажил. Бидний ажлын эхлэл бол ажилгүйдэл. Нийгэмд ажилгүйдэл ихэсч, ядуурал хавтгайрлаа. Төр засгийн бодлого энэ салбарын хүрээнд төсвийн захиран зарцуулалтыг төдийлөн зөв оновчтой зохион байгуулаагүйгээс үүдэлтэй нэлээд асуудал үүссэн байсан. Ахмадууд, залуус, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд гээд асуудалгүй хүн бараг алга. Бидний ажил бол эдгээр хүмүүсийн амьдралын асуудлыг шийдвэрлэх. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал бусад салбарыг бодвол бүх хүнийг хамардгаараа онцлог. Эхийн хэвлийд хүүхэд бий болсноос бурхан болох хүртэл бүх л санхүү, эдийн засгийн харилцааг зохицуулж байдаг үүрэгтэй яам. Бид улс орны эдийн засгийн бодлого боловсруулахад салбарын түвшинд дуу хоолойгоо илэрхийлж байх ёстой. Монгол Улсад макро эдийн засгийн бодлогын баталгаажсан хэлбэр бол ирэх дөрвөн жилийн хугацаанд Засгийн газрын хийж хэрэгжүүлэх хөтөлбөр. Мөн 2030 он хүртэлх Монгол Улсын эдийн засгийн бодлого. Энэ нь хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар зохицуулагддаг. Эдийн засгийн бодлого эргэлдэж байж хөдөлмөрийн салбараа дагаж хөдөлдөг. Хөдөлмөрийн салбар эргэснээр халамж, даатгал, боловсролын асуудал дагаж эргэлтэд ордог. Тэгэхээр хоорондоо хамаарал бүхий эргэлтийн бодлогын хүрээнд салбарынхаа үүрэг, хариуцлагыг мэдэж байх ёстой. Үүний хэрэгжилтийг хангахад насны бүлгээр хувааж ямар ажил хийж байгаагаа гаргасан.

Юуны өмнө 1050 орчим ахмадтай хэлэлцүүлэг өрнүүлж, үр дүнд нь өнгөрсөн долоо хоногт ахмад настнуудын тухай хуулийг Засгийн газарт танилцуулж УИХ-д өргөн барихаар бэлэн болсон байна. Энэ хуульд ахмадуудын хүсэлт, шаардлагын дагуу хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, орон сууц, амралт сувиллын үндсэн таван бодлого багтсан. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлогын байнгын хороон дээр томоохон хэлэлцүүлэг зохион байгуулсан. Миний бие намын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэгт залуучуудын хөгжлийн хэсгийг хариуцсан ахлахаар ажиллалаа. Энэ хугацаанд нийтдээ 27400 орчим залуучуудтай уулзаж, ажил амьдралтай нь танилцсаны үр дүнд залуучуудын хөгжлийн тухай хуулийг боловсруулаад дууссан. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар бид анхны танилцуулгыг хийж, УИХ-д өргөн барина. Өнөөдөр залуучууд нэн ядуу гэсэн томьёололд үндсэндээ багтаж байгаа. Монгол Улсын нийт хүн амын 70 орчим хувийг залуучууд эзэлдэг. 70 орчим хувийг эзэлж байгаа залуучууд ядуу байна гэдэг нь үндэсний хэмжээний томоохон асуудал гэж хэлж болно. Залуучуудын хөгжлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчмыг баримтална. Уг хууль залуучуудын хувь хүний хөгжил, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, чөлөөт цаг гэсэн үндсэн таван бодлогоос бүрдсэн нийт 18 хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Томоохон хуулийн төслийг манай яам хийж дууслаа. Энэ хуулийн үзэл баримтлалын хүрээнд зарим ажил хэрэгжээд явж байгаа. Жишээлбэл, боловсролын зээлийн санг анх бид санаалчилсан. Харьяаллын дагуу Боловсролын яам хариуцаж, манай яамтай хамтран зээл олгогдож эхэлсэн. Төрөөс сургалтынхаа төлбөрийг зээлээд төгссөн хойноо төлье гэдэг зарчимтай ажиллаж байна. Үүний цаана хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг боловсролын зээлийн сангаараа зохицуулалтыг хийх үндсэн ажил орж байгаа юм.

-Гадаадад ажиллах хүч илгээх ажлын хүрээнд Японы талтай санал солилцсон. Энэ ажлын явц ямар шатандаа байна вэ. Танай яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Гадаадад ажиллах хүч авахтай холбоотой томоохон ажлууд хийж байна. Үүний хүрээнд саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй Засгийн газрын гишүүд, холбогдох хүмүүс Япон улсад албаны айлчлал хийсэн. Үүний үр дүнд аравдугаар сарын 21-нд Японы доод танхим дадлагажигч авахыг дэмжсэн. Одоо дээд танхим нь араваннэгдүгээр сарын 30-нд шийднэ. Хууль нь батлагдмагц үүний хэрэгжилтийг хангадаг “Житко” гэх байгууллагын удирдлагууд Монгол Улсад ирж хамтарсан семинар зохион байгуулна. Миний оролцоо бол эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй уялдуулан боловсон хүчнээ Японд бэлтгэж, Монголдоо ирж салбарынхаа хүрээнд ажиллах юм. Жишээлбэл, ССТ буюу цэвэр нүүрсний технологийн Таван толгойн ордод түшиглэж үйлдвэр байгуулах саналыг Японы Ерөнхий сайд Шинзо Абэ бидэнд тавьсан. Энэ нь хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Уг хуванцраар автомашины доторх салоныг үйлдвэрлэдэг. Япон улс жилдээ 13.2 тэрбум ам.долларын пластик буюу хуванцар материал гаднаас худалдаж авдаг тоо бий. Үүнийг Монголд үйлдвэрлэе гэж ярьсан. Үүнтэй уялдуулаад нүүрсний цэвэр технологи буюу нүүрс химийн салбарын хүрээнд сургалтынхаа бодлогыг хамтдаа хэрэгжүүлнэ. Мөн монгол залуусыг Японд очиж дадлагажуулах, хөдөлмөрийн ур чадварыг эзэмшүүлэх, мэргэжил боловсролыг дээшлүүлэх улмаар Монголдоо ирж ажиллах нөхцөл бололцоогоор хангахаар болсон.

Мөн Японоос хуурай сүүний технологи худалдаж авч байгаа. Энэ ажлын үр дүнд 17 мянган ажлын байр бий болно гэсэн техник эдийн засгийн үндэслэл гарсан байгаа. Энэ ажлын хүрээнд манай МСҮТ-ийнхэн эдгээр боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Ийм л эдийн засгийн цикль бүхий уялдаа холбоог хангаж ажиллах гэж байна. Өмнө нь хэн дуртай нь гадагш гараад явчихдаг. Түүнийг нь төр мэдэхгүй, статистик тоо байгаагүй. Бид одооноос мэдээлэлтэй болж байна. Мөн энэ ажлын хүрээнд манай ажилтан Солонгост ажиллаж байгаа. Хэтдээ бид ХХАА-н салбарын хүрээнд Франц улс, эрчим хүнсний салбар болоод ХХАА-н салбарын хүрээнд Герман улс, хөнгөн үйлдвэрлэлийн хүрээнд Чех улс руу тус тус ажиллах хүч явуулна. Чех улсад л гэхэд 138 мянган ажлын байрны эрэлт хэрэгцээ бий.

-МСҮТ-тэй уялдаатай ажиллах юм байна. Тус төвийн санхүүжилтийг зогсоосон. Энэ нь танай яамнаас хийсэн шалгалттай холбоотой юу. Чухам ямар асуудал гарсан юм бэ?

-МСҮТ-д шалгалт хийхэд асуудал бүхий нэг сургууль гарсан. Хаяг бүртгэлтэй мөртлөө хаягаар нь очиход ямар ч сургууль байхгүй байсан. Тэгсэн хэрнээ хувьсах зардал, оюутны 70 мянгыг авч байсан байгаа юм.

МСҮТ-ийн оюутны 70 мянган төгрөгийг хассан. Энэ мөнгө Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүждэг. Энэ сангийн бодлого нь дотоодод хөдөлмөрийн зах зээлээ хамгаалахад хөрөнгө оруулалт хийгддэг. Гэтэл МСҮТ-ийн оюутнуудын 70 мянгыг санхүүжүүлээд тус сан хөдөлмөр эрхлэлтийг санхүүжүүлэх ямар ч эх үүсвэргүй болчихоод байна. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа ажлын байран дээр тавигдаж буй мэргэжлийг судлаад үзэхээр 70 хувь нь МСҮТ-ийг төгссөн хүмүүсийнх байдаг. Хөдөлмөрийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа боловсон хүчнийг бэлтгэх үүрэг хариуцлагыг манай яам хүлээж байгаа. Гэтэл эрэлтэд нийцсэн оюутан залуусыг төгсгөж байна уу гэвэл бас л үгүй. Жишээлбэл, эрчим хүчний салбар байна. Энэ салбар өнөөдөр 10 квт-ын шугам дээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь зургаан квт байсан юм. Гэтэл манайхан зургаан квт эрчим хүч дээр ажиллах боловсон хүчин бэлтгэж байна. Энэ нь ажил олгогчийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлд оролцуулахгүй байгаатай холбоотой. Тийм учраас уг хуулийг бид арваннэгдүгээр сард хэлэлцүүлэхээр томоохон бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Тус хуульд өөрчлөлт оруулна. Дээрээс нь боловсролын зээлийн сантай МСҮТ-ийг холбож төлбөртэй болгоно. Одоогийн байгаа хуулиар төлбөр авах боломжгүй байгаа. Тэд төгсөөд ажилтай, орлоготой болохоороо төлөх нь зүйн хэрэг. Тодорхой хэмжээнд төр МСҮТ-ийн хувь эзэмшлээ хадгална. Заримыг нь хувьчилна. Ажил олгож байгаа байгууллага нь боловсон хүчнээ бэлтгэх бааз болох хэрэгтэй. Ийм хувьчлалын шилдэг загварууд олон бий. Тэгж байж МСҮТ хөгжинө.

-Эдийн засаг хямралтай байгаа цаг үед ажлын байр чухал байр суурийг эзэлдэг. Ажлын байрыг нэмэгдүүлэх тал дээр яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ?

-Засгийн газар өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хямралыг даван туулах онцгой хөтөлбөрийг УИХ-д өргөн барьсан. Энэ хүрээнд улс орны хэмжээнд нийтдээ 20-оод томоохон аж үйлдвэрийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүд урьдчилсан байдлаар суусан байгаа. Одоо УИХ шийдвэрээ гаргаж хэлэлцэнэ. Мэдээж ажлын байр гэдэг хамгийн чухал асуудал. Ажлын байрыг нэмэгдүүлэх арга зам нь өөрөө аж үйлдвэрийг дэмжих шүү дээ. Манай яам үүн дээр нэлээд онцгойлон ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих асуудал дээр арга хэмжээ авч байгаа юу. Тэд ямар нэг байгууллагад ажиллах боломж үндсэндээ хомс байдаг шүү дээ?

-Би ажлаа авмагцаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 80 орчим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзаж үүрэг даалгавар хүлээж авсан. Үүний хүрээнд хийгдэж байгаа эхний ажил хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчино. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах бодлогын томоохон ажлын суурийг тавьж байна. Хамгийн гол нь хөдөлмөр эрхлэхэд таатай байх бодлогыг л хэрэгжүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн эрүүл хүнийг бодвол ажиллах эрмэлзэл өндөр байдаг нь судалгаагаар харагддаг. Манай яам халамжаас хөдөлмөр эхлэлт рүү шилжих бодлого баримтална. Халамжийн төсөл хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүс маш олон байгаа. Үүнийг санхүүжүүлэх арга бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан. 2017 онд бид 62 тэрбум төгрөг энэ сандаа орлогодоно гэсэн төлөвлөгөөтэй байна. Энэ мөнгө халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг санхүүжүүлэх хэрэгжилтийг хангахад зарцуулна. Үүнийг хөдөлмөр эрхлэх боломжтой чадамжтай, хөдөлмөр эрхлэх боломжгүй чадамжгүй гэсэн хоёр томьёоллын хүрээнд харна гэсэн үг. Дээрээс нь энэ судалгааны хүрээнд амьжиргааны түвшин боломжийн хүн халамж хөтөлбөрт хамрагдаад байгаа асуудал байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлэг рүүгээ манай салбарын хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна гэсэн үг. Зорилтот бүлэгтээ мөнгө очихгүй байгаа асуудал ч бий. Үүний дагуу ажлын хэсэг гарчихсан ажиллаж байна.

-МАН эрх барьж өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн сайн хөтөлбөрүүдийг зогсооно гэж байсан ч хүүхэд харах үйлчилгээг буцаан сэргээж байх шиг байна?

-Миний бие хөдөө орон нутгаар ажиллаж хүүхэд харах үйлчилгээ үзүүлж байгаа зарим төвүүдтэй танилцсан. Үнэхээр стандарт шаардлагыг хангаж үйл ажиллагаа явуулж байгаа хувь хүн мэдээж байсан. Үүний хажуугаар саар нь ч байсан. Стандартын дагуу хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст тавигдах хяналт шаардлагаа бид сайжруулна. Үүнд хяналт тавих хэрэгтэй. Бид энэ асуудлыг өргөн барьснаар байнгын хороод дэмжчихээд байна. Үндсэндээ хүүхэд харах үйлчилгээгээр 1392 ажлын байр нэмэгдэж, 6700 хүүхэд хамрагдаж байгаа. Өмнөх Засгийн газар зөв ажил эхлүүлсэн. Гагцхүү хэрэгжилтэн дээрээ алдаа гаргасан учраас бид үүнийг зөв голдрилд нь оруулна.

-Та өнгөрсөн дөрвөн жил тэтгэврийн зээлийн хүүг бууруулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Сүүлийн үед энэ асуудал ахин яригдаад байгаа. Чухам яаж хүүг нь бууруулах юм бэ?

-Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах улмаар цалингийн зээлийн хүүг бууруулах шаардлагыг өнгөрсөн дөрвөн жил цөөнхийн дэд дарга байхдаа тавьж байсан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын зүгээс Засгийн газрын наймдугаар сард болсон хуралдаанаар надад үүрэг даалгавар өгч Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Сайн мэдээ хэлэхэд тэтгэврийн зээлийн хүү, цалингийн зээлийн хүүг бууруулах бүрэн дүүрэн боломжтой. Арга зам нь тодорхой. Ямар ч хууль, дүрэмд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1-ийг удирдлага болгоод бидний цалингаасаа төлдөг нийгмийн даатгалын хуримтлалыг арилжааны банкинд байршуулах замаар бууруулах арга зам байгаа. Харамсалтай мэдээ гэвэл, ажлын хэсгийн дүгнэлтээр Төрийн банкны зардал маш өндөр байна гэж гарсан. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүнд шингэдэгтэй холбоотой. Ажлын хэсэг маржин (банкны үйл ажиллагааны зардал, эрсдэлийн зардал) зургаан хувьд багтаах боломжтой байна гэсэн дүгнэлт өнгөрсөн долоо хоногт өгсөн. Зургаан хувь гэдэг маш өндөр тоо. Энэ зардлыг бид Төрийн банкинд байршуулахдаа хуваалцах шаардлагатай болчихоод байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын сангийн орлого тэр хэмжээгээр буурна гэсэн үг. 2016 оны тавдугаар сарын 17-нд буюу сонгуулийн өмнө нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдэл болох 577 тэрбум төгрөг 11.8 хувийн хүүтэй арилжааны банкуудад нэгээс хоёр жилийн хугацаатай хадгаламж хэлбэрээр байршиж байсан юм байна. Гэтэл тавдугаар сарын 17-ны нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар энэ хүүг бууруулаад жилд есөн хувь болгосон. Өөрөөр хэлбэл, бид 577 тэрбум төгрөгөөс гурван хувийн хүүгийн орлого олох боломжоо алдсан. Энд 17 орчим тэрбум төгрөгийн асуудал хөндөгдөж байгаа. Ийм шийдвэрийг би одоогийн байдлаар гаргаж чадахгүй. Төрийн банкны захирал Д.Баярсайхантай уулзаж зургаан хувиа буулга гэдэг шаардлага тавьсан. Энэ бол цэвэр арилжааны зарчмаар явж байгаа хэрэг. Хэрэв Төрийн банк зургаан хувиа буулгаж чадахгүй бол бусад банкуудад би албан ёсоор хүсэлт тавина. Хэн нь надад бага зардал бүхий маржины хүү санал болгоно тэр банктай л би хамтарч ажиллана. Ихэнх хүн цалингаа Төрийн банк, Хаан банкаар авч байгаа байх. Төрийн байгууллагууд болон тэтгэвэр авагчид үндсэндээ энэ хоёр банкаар үйлчлүүлдэг. Энд шударга өрсөлдөөний зарчмыг хангаж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал үүсээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт бид энэ асуудлыг ярилцсан. Чөлөөт өрсөлдөөний хуулиар цалин, тэтгэврээ авах банкаа сонгодог болгоё гэж урьдчилсан байдлаар ярилцсан. Өөрөөр хэлбэл, энэ монопол бүхий өнөөдрийн хэв маягийг эвдсэнээр банкууд хоорондоо өрсөлдөж эхэлнэ. Өрсөлдөнө гэдэг үйлчилгээгээ сайжруулж, янз бүрийн шимтгэл хураамж авахаа болино. Улмаар зээлийн хүүгээ бууруулна.

-Өмнөх сайд ажлаа хүлээлгэж өгөхдөө нийгмийн даатгалын санд 900 тэрбум төгрөг байгаа гэж хэлсэн. Одоо хэдэн төгрөг байгаа вэ. Үүнийг ашигтай салбарт хөрөнгө оруулалт хэлбэрээр оруулах боломж бий юу?

-Харилцах хадгаламжаа нийлүүлээд нэг их наяд төгрөг байдаг юм. Үүний 587 тэрбум төгрөг нь хадгаламж хэлбэрээр, үлдсэн 500 орчим нь харилцах хэлбэрээр бий. Би энэ ажлыг авснаас хойш эрүүл мэнд, нийгмийн даатгалын удирдлагуудтай ярьж байгаад сангийн мөнгийг банкинд хадгаламж хэлбэрээр өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хадгаламж хэлбэрээр байршуулахад хадгаламжийн хүү дунджаар 15 хувь орчим байгаа. Хадгаламж хэлбэр гэдэг маань тухайн мөнгийг 15 орчим хувьд байршуулах боломжтой гэсэн үг. Харин харилцах хэлбэр нь дунджаар дөрвөн хувь байгаа. Харилцах хэлбэрээр багагүй хэмжээний мөнгө яваад байдаг. Бид 80 тэрбум төгрөгийг харилцах хэлбэрээс хадгаламж хэлбэр рүү шилжүүлье гэдэг тооцоог гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн хувийн хүүтэй байсан харилцах дансыг хадгаламжийн дундаж буюу 15 орчим хувийн хүүтэй байршуулах буюу 11 хувийн хүүтэй орлого олох боломжийг бүрдүүлж байна гэсэн үг. Ийм байдлаар нийгмийн даатгалын хуримтлалд төвлөрдөг сангийн мөнгийг эдийн засгийн идэвхтэй байдалд байлгана. Гадны туршлагаас харахад нийгмийн даатгалынхаа сангаас янз бүрийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашигладаг. Гэтэл ийм байдал руу шилжүүлбэл шийдвэр гаргагч улстөрчдөд тавигдах шударга, ил тод, олон нийтийн санаа бодолд тулгуурлаж шийдвэр гаргадаг ийм зарчим үнэндээ манайд байхгүй.

Ямартай ч би энэ салбарт байх хугацаанд манай баг бүрэлдэхүүн ямар нэгэн байдлаар олны эрх ашигт нийцэхгүй, хулгайн шинж чанартай үйлдэл нэгийг ч гаргахгүй. Эрх зүйн орчин нээлттэй болж хөрөнгө оруулалтын сан хэлбэрт шилжүүлчихвэл миний яриад байгаа шиг шударга биш хүн томилогдвол үндсэндээ энэ сангийн мөнгөөр тоглож дуусна. Тэгэхээр би илүү хамгаалалттай байх бодлого барьсан нь дээр юм болов уу гэж бодож байна. Энэ улстөрчид нь жаахан хөгжих хэрэгтэй. Ард иргэдийн хяналт, шаардлага өндөр болох ёстой. Тэрний дараа энэ асуудал хөндөгдөх байх. Энэ дөрвөн жилд хөрөнгө оруулалтын сан хэлбэрт шилжүүлэхийг би туйлын үндэслэлтэй гэж үзэж байна.

-Ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдэж байгаа. Харин цалин, хөлс нэмэгдэх үү?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ирэх оноос 240 мянган төгрөг болно. Хүний цалин амьдралдаа худалдан авалт хийхэд хангалттай хүрэлцэхүйц байх ёстой байтал өнөөдөр хүрэлцэхгүй байна. Ажил хийж байгаа мөртлөө цалингийн зээлтэй ядуу амьдраад байна. Үүнийг л бид арилгахын тулд ажиллана. 2017 онд цалин нэмэх ямар ч боломж байхгүй. Улсын төсвийн орлого 5.3 их наяд байгаа. Бидний 2017 онд төлөх ёстой зээлийн үндсэн төлбөр 6.3 их наяд шүү дээ. Өөрөөр хэлбэл нэг их наяд сох дутаж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Борис Ельцин

ОХУ-ын бүх ард түмний сонгуулиар сонгогдсон анхны Ерөнхийлөгч Борис Николаевич Ельцин өнөөдөр амьд байсан бол 85 настай байх байсан. Оросын түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн түүний талаар янз бүрээр ярьдаг. Тэрээр хоёр удаа төрийн тэргүүнээр улиран сонгогдсон, Оросын улс төр, эдийн засгийн тогтолцоонд шинэчлэл хийсэн улстөрч. 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр өөрийнхөө хүсэлтээр албан ажлаа өгөхөөр болсноо ард түмэндээ шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ уламжилсан нь дэлхий нийтийн гайхшил төрүүлсэн үйл явдал байсан гэж болно. Ийм шийдвэр гаргасных нь төлөө түүний бүх алдааг уучилж болно хэмээн оросууд ярьдаг. Б.Ельцинг төрийн тэргүүнээр ажиллаж байхад Орос орны хувь заяаг шийдэх олон ээдрээтэй үйл явдал тохиосон билээ. 1991 оны наймдугаар сард Улсын онц байдлын хорооныхон төрийн эргэлт хийхийг завдахад Б.Ельциний удирдлага дор хуйвалдааныг дарсан. Тэрээр Орост Коммунист намын үйл ажиллагааг хориглох шийдвэр гаргаж, Зөвлөлтийн задралыг тууштай дэмжсэн улстөрч юм. Улс орондоо хувьчлалыг эхлүүлж, зах зээлийн эдийн засагт шилжүүлсэн. Түүнийг төрийн тэргүүн байхад буюу 1993 онд Оросын парламент хямралд автсан юм. Энэ үед Б. Ельцин зэвсэг хэрэглэхийг зөвшөөрчээ. Чеченийн байдал хурцдахад тэрээр тушаал гаргаж тус бүс нутагт цэрэг оруулсан гээд олон чухал шийдвэр гаргасан билээ.

Боря ОХУ-ын Свердловск мужийн Бутка хэмээх тосгонд жирийн нэгэн айлд төрсөн. 1917 оны хувьсгалаас өмнө Ельцинийх нэлээд чинээлэг айл байсан тухай тагнуулын албаны баримт бичигт дурдсан байдаг нь одоо ч архивт хадгалагдаж байгаа. Ельцинийх усан, салхин тээрэмтэй, 12 гектар эдлэн газартай, буудай бутлагч машинтай, хөлсний ажилчидтай, морь, ямаа, үхэртэй байжээ. Тэднийх маш их хөдөлмөрлөдөг, түүнийхээ ачаар чинээлэг амьдарч байв. Ийм айлуудад Зөвлөлт засаг дургүй байсныг бүгд мэднэ. Ингээд хамтрал байгуулах хөдөлгөөн өрнөхөд бүх эд хөрөнгөө хураалгажээ. Борис Ельциний аав Николай Ельцин хэлмэгдэж 1937 онд суллагдаад барилга дээр ажиллахаар хуваарилагдсан байна. ОХУ-ын анхны Ерөнхийлөгчийн ээж Клавдия Старыгина оёдолчин аж.

Боря сурлагадаа сайн байсан боловч нэлээд зүггүй бас зодоон хийнэ. Зарим судлаачид хичээлдээ тийм ч сайн байгаагүй гэдэг. Ангийн багш нь сурагчдаа зодож, шийтгэж байгаа нэрийдлээр гэрийнхээ ажлыг хийлгүүлдэг байсныг долдугаар ангийн сурагч Боря Ельцин эсэргүүцжээ. Багштайгаа тэрсэлдсэн түүнийг сургуулиас хөөсөн боловч бууж өгөөгүй. Хотын намын хороонд гомдол гаргаснаар өөр сургууль руу шилжсэн байна.

Б.Ельцин хүүхэд байхдаа зүүн гарынхаа хоёр хуруугаа тайруулсан. Өөрийнх нь ярьснаар гар бөмбөг дэлбэлэх гэж байгаад бэртсэн аж. Харин зарим судлаачид үүнийг үгүйсгэж, цэрэгт явахгүйн тулд ингэсэн гэдэг.

Тэрээр 1950 онд дунд сургуулиа дүүргээд Уралын политехникийн дээд сургуульд барилгын инженер мэргэжлээр суралцсан. Дээд сургуулиа дүүргээд мэргэжлээрээ ажиллаж байгаад 1968 оноос Оросын Коммунист намд ажиллах болсон. Улстөрч болох гараагаа ингэж эхэлжээ. Долоон жилийн дараа Свердловск мужийн намын хорооны даргаар томилогдож удалгүй Коммунист намын Төв хорооны гишүүнээр сонгогдсон байна. Ийнхүү намын шугамаар албан тушаал ахиж Улс төрийн товчооны гишүүн болсон. Гэвч 1987 онд намынхаа үйл ажиллагааг ширүүхэн шүүмжилснийх нь төлөө албан ажлаас нь огцруулжээ. Гэсэн хэдий ч Коммунист намын их хурлын төлөөлөгчөөр сонгогдсон байна. Ингээд намынхаа XXVIII их хурал дээр М.Горбачевыг шүүмжилж, өөрөө намаасаа гарч байгаагаа олон нийтэд зарласан нь тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан түүхтэй.

Улстөрч Борис Ельцинийг дурсахад 1991 оны наймдугаар сард Москвад болсон

явдлыг дурдахгүй байхын аргагүй. Улсын онц байдлын хорооныхон төрийн эргэлт хийхийг завдахад тэрээр удирдан дарсан. Улаан талбайд танк оруулж байсан үе. Үүний дараахан тэрээр Оросын төрийн тэргүүний эрх мэдлийг өргөжүүлсэн тогтоолуудыг гаргаж ОХУ-ын Ерөнхийлөгч гэсэн албан тушаалтай болгох саналыг оруулсан юм. Ингэснээр Зөвлөлт, Оросын хоорондох зөрчилдөөн үүсчихээд байсныг зохицуулжээ. Тухайн үед Орос, Украин, Беларусийн төрийн тэргүүнүүд уулзаж Беловежийн хэлэлцээрийг байгуулснаар М.Горбачев ажлаа ОХУ-ын Ерөнхийлөгч Б.Ельцинд хүлээлгэн өгсөн.

Өөрөөр хэлбэл, улс орныг удирдах ажлыг хүлээн авсан байна. Ингээд хувьчлал явуулж, зах зээлийн эдийн засагт шилжих ажлыг яаралтай эхлүүлсэн юм. 1992-1993 онд Ерөнхийлөгч болон парламентын хоорондох зөрчилдөөн дээд цэгтээ хүрч зэвсэгт мөргөлдөөнд хүргэсэн. ОХУ-ын Дээд Зөвлөлийн гишүүд төв телевиз байрлах Останкиног эзэлж авахыг завдаж хариуд нь Ерөнхийлөгч Б.Ельциний цэргүүд парламентын байр руу гал нээж байсан билээ.

Б.Ельцинийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад Чеченийн салан тусгаарлагчид хүчээ авч эхэлсэн. Асуудлыг шийдэхээр ОХУ-ын Ерөнхийлөгч тус бүс нутаг руу цэрэг оруулжээ. Энэ нь түүнийг шүүмжлэх хамгийн гол бай нь болсон. Гэсэн хэдий ч Оросын төрийн тэргүүн барууны орнуудтай харилцаагаа сайжруулах алхмуудыг хийсээр байв.

1996 оны ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар Б.Ельцин дахин нэр дэвшиж эцсийн шатанд Коммунист намын дарга Г.Зюганов тэр хоёр тунаж үлдсэн. Б.Ельцин “Саналаа өгөхгүй бол ялагдана” гэсэн уриатай оролцсон нь ялалт байгуулахад хамгийн их нөлөөлсөн гэдэг. Нэг хэсэг маш богинохон хугацаанд ОХУ-ын Ерөнхий сайдыг дөрвөн удаа сольсон нь Оросын засаг төр хямралд автсаны нэгэн илэрэл хэмээн ажиглагчид тайлбарлаж байлаа.

В.Черномырдин, С.Кириенко, С.Степашин хамгийн сүүлчийнх нь В.Путин. Залуухан В.Путинг Засгийн газрыг тэргүүлэхээр болоход бүгд л халагдахыг нь хүлээж суулаа. Тэр үед Б.Ельциний бие тийм сайнгүй байсан тул самуурч байна гэсэн яриа ч гарчээ. Үнэндээ өөрийнх нь халааг авч чадахуйц шинэ удирдагчийг хайж байсан гэдгийг сүүлд ньмэдсэн байдаг.

ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашиж байсан В.Путинг эхэндээ Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм. Б.Ельцин түүнийг анх танилцуулахдаа л ирээдүйд халаагаа өгөх бодолтой байгаагаа илэрхийлжээ. Ингээд 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөөр болсноо мэдэгдэхдээ В.Путинг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилсноо хэлсэн.

Б.Ельцин ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр очихдоо онгоцноос халамцуу бууж, төрийн дууллыг тоглохоор очсон цэргийн найрал хөгжмийг удирдсан талаар нэг хэсэг хэвлэлээр шуугьж байсан билээ. Энэ тухай одоо ч ярьдаг. ОХУ-ын анхны Ерөнхийлөгч хоёр охинтой. Том нь Елена, бага нь Татьяна. Татьяна нь аавыгаа төрийн тэргүүн байхад Дьяченко гэсэн овогтой байв. Эцгийнхээ зөвлөхөөр ажиллаж байсан түүнийг Кремлийн хамгийн нөлөө бүхий хатагтай гэнэ. Тухайн үедээ Татьяна Дьяченког Оросын хамгийн чинээлэг эмэгтэй гэдэг байсан боловч энэ нь батлагдаагүй. Гэхдээ Оросын бизнесийн ертөнцөд маш их нөлөөтэй байсан гэдэг нь гарцаагүй.

Төрийн тэргүүнээр ажиллах сүүлийн жилүүдэд Б.Ельциний бие нэлээд мууджээ. Гэхдээ хугацаанаасаа өмнө ажлаа өгөхөд энэ нь нөлөөлөөгүй гэдгийг өөрөө хэлсэн байдаг.

1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр ард иргэддээ хандан уламжлалт ёсоор шинэ оны мэндчилгээ дэвшүүлэхдээ хэлсэн үгийг эргэн нэг харъя. “Эрхэм найз нар аа, миний эрхмүүд минь. Өнөөдөр би та нартаа хамгийн сүүлчийн удаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх гэж байна. Өөр ч хэлэх юм бий. Өнөөдөр би хамгийн сүүлчийн удаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувьд та бүхэндээ хандаж байна. Би шийдвэрээ гаргасан. Энэ талаар маш удаанаар нэлээд нухацтай бодлоо. Өнөөдөр өнгөрч буй зууны сүүлчийн өдөр би ажлаа өглөө” гэжээ. Тэрээр цааш нь ярихдаа эрүүл мэндийн байдлын улмаас бус, олон тулгамдсан асуудлын нөхцөл байдлын улмаас хэмээн тайлбарлааад ард иргэдээсээ хүлцэл өчсөн билээ.

Энэ мэдэгдлийн бичлэгийг хийсэн оператор хожим нь дурсан ярихдаа Б.Ельцин үгээ хэлж дууссаад нэлээд хэдэн минут хөдөлгөөнгүй суусан гэдэг. Энэ үед түүний хацрыг даган нулимс урсч байсан гэнэ. Тэр өдөр нь Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон В.Путин Б.Ельцинг хуулийн байгууллагын зүгээс мөрдөх, шалгах, түүний гэр бүлд эд хөрөнгийн хохирол учруулахаас хамгаалах тухай тогтоол гаргаж гарын үсэг зурсан юм. В.Путин амлалтаа биелүүлсэн.

Б.Ельцин амьдралынхаа сүүлийн жилүүдэд амар тайван амьдарч байхдаа нэлээд хэдэн дурдатгалын ном бичсэн. Тэрээр 2007 оны дөрөвдүгээр сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Түүнтэй салах ёс гүйцэтгэхээр АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Клинтон, Ж.Буш гээд дэлхийн нэртэй улстөрчид Москвад очсон байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Эрдэнэтийн V сургуулийн И.Нарангэрэл багштай 10в ангийнхан

Эрдэнэт хотын тавдугаар арван жилийн сургууль 1987 онд ашиглалтад орж байх үед сургуулийнхаа шинэхэн босгыг алхсан 10в ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна. Тэд 1987-1997 онд суралцаж, дөчүүлээ төгсчээ. Эдний ангийнхан сургуулийнхаа хөдөлмөр нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, манлайлагч анги байсан гэнэ. Ангийн хүү М.Гантулга нийгмийн хичээлдээ толгой цохидог байж. Тэрбээр сургуулиудын мэтгэлцээн, тэмцээнд амжилттай оролцож явсан бөгөөд өдгөө сэтгүүлчийн мэргэжил эзэмшиж, хөдөлмөрийн хүндэт медаль, “Ган үзэгтэн” шагналыг хүртжээ. Хэвлэлийн мэдээллийн тэргүүний ажилтан тэрбээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Дархан” салбарыг тэргүүлдэг. Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн бие төлөөлөгчөөр ажилладаг болохоор саяхан ангийнхныгаа Төрийн ордонтой танилцуулсан гэнэ. Мөн тэд Төрийн ордонд байрлах “Есөн хөлт цагаан тугны өмнө дурсгалын зураг авахуулсан аж. Чуулганы хуралдаанд сууж үзсэн, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа биднийг өрөөндөө хүлээн авсан” хэмээн ангийнхан хуучилж байна лээ. Тэд мөн Дархан хотын амралтын газарт очиж, хүүхэд насаа дурсацгаасан гэнэ. Улаанбаатараас Дархан явах замдаа хүүхэд насанд хүргэдэг галт тэргэнд суугаа юм шиг л явсан гэцгээв. Дарханд тэднийг театрын дуучин, хөтлөгчтэйгөө хүлээж авчээ. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар ангийн найзуудтайгаа сайхан дурсгалтай өдрийг үджээ. Хүүхэд нас бол хамгийн дурсамжтай, мартагддаггүй, амьдралын хамгийн гэрэл гэгээ цацруулсан мөч гэдгийг нэг ангийнхан дурсацгаав. 10в-гийн ангийн даргыг П.Мөнх-Эрдэнэ гэдэг. Зарчимч, цэвэрч нямбай, удирдах чадвартай хүүхэд байж. Тэрээр ШУТИС-ийг инженер, дизайнер мэргэжлээр төгсчээ. Одоо “Баянбэрх” констракшн компанийн захирал аж. Мөн барилгын салбарын тэргүүний ажилтан гэнэ. Эдний ангийн Х.Одгэрэл хамгийн жижиг биетэй, бас хамгийн цэвэр бичигтэй сурагч байжээ. Тэрбээр өдгөө чадварлаг эмч болж, Орхон аймагт өрхийн эмчээр ажиллаж байгаа. 10в-гийнхэн урлагийн авьяастай. Тухайлбал, Т.Дэлгэрцэцэг гитар тоглодог, даруухан, гоё нүд, өтгөн хөмсөгтэй охин байжээ. Тэрээр СУИС-ийг төгссөн бөгөөд одоо “Шар нарт” уурхайд баяжуулагч хийдэг.

Ангийн дарга П.Мөнх-Эрдэнэ ярихдаа “Манай ангид “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин П.Эрдэнэ байсан. Гитар тоглож, дуу дуулж явдаг хүү байлаа” гэлээ. Ангийн охин С.Ариунаа “Ариунаа сури” брэнд гаргаж, Монголын урдаа барьдаг загвар зохион бүтээгч болсон. С.Ариунаа гоё бүжиглэдэг, зурдаг, сэргэлэн нийтэч охин байсан тухай ангийнхан нь ярив. Тэрбээр бараг арав гаруй жил Германд амьдарч, суралцсан. Дайчин, чадварлаг бүсгүй. Хичээл зүтгэлийнхээ үр дүнд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон гэж найзууд нь бахархав. Нэг ангийнхан хамт ажиллах урамтай. Олон хүн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа. Тус үйлдвэрт инженер, механикч хийдэг н.Баасандэлгэр их л даруухан хүүхэд байжээ. Эрдэнэчулуун язгуур урлагийн хамтлагт тоглож байсан аж. Тэр ч бас “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байгаа гэнэ. Цовоо сэргэлэн хүү О.Баттулга бас энэ үйлдвэрийн инженер. Б.Сайнзаяа “Эрдэнэт” үйлдвэрт ажилладаг. Л.Бат-эрдэнэ ШУТИС-ийн уулын баяжуулахын инженерээр төгссөн. Мөн л энэ үйлдвэрт инженерээр ажиллаж байгаад үйлдвэрийн ослоор өнгөрчээ. Урлаг соёлын авьяастай.Сагсан бөмбөг сайн тоглоно. Тооны хичээлдээ сайн. Ухаалаг хүү байлаа гэж ангийнхан нь ярилаа.

Нэг ангийнхнаас хамгийн түрүүлж бизнест хөл тавьсан нэгэн бол С.Мөнхжаргал. МУИС-ийн багшийн ангийг төгссөн. Сургууль төгссөнөөсөө хойш хувиараа бизнес эрхэлж байгаа. Ангийн онц сурлагатан Ө.Өнөрцэцэг орос хэлний хичээлдээ мундаг байсан гэнэ. Одоо тэр ресторан ажиллуулдаг болжээ. Б.Ариун-Эрдэнэ Орхон аймгийн XIII сургуулийн түүх, нийгмийн багш.

Л.Эрдэнэчимэг сагс тоглодог хөдөлгөөнтэй хүүхэд байсан гэнэ. Одоо тэр аялал жуулчлалын менежер хийдэг. С.Жаргалмаа үндэсний хувцасны оёдолчин. “Сайхан дээл хийдэг” гэж ангийнхан нь магтсан. Л.Батцэцэг менежерээр ажилладаг бол Г.Гүндэгмаа ХААИС-ийг төгссөн, эдийн засагч мэргэжилтэй. Магистр зэрэгтэй бөгөөд Японы Хасабей сангийн тэтгэлгээр суралцаж байжээ. Одоо тэрээр Завхан аймагт “Дэлхийн зөн” олон улсын байгууллагад ажилладаг. Мөнхцэцэг харин багш мэргэжилтэй. Ч.Энхбаяр ангийн сахилгагүй хүүхдүүдийн нэг байлаа. “Сахилгагүй хүүхдүүд чинь ангийн чимэг шүү дээ. Харин одоо боксын спортын мастер, Булган аймгийн Засаг даргын Тамгын газарт цэргийн штабын орлогч дарга, хошууч цолтой. Хэд хэдэн удаа энхийг сахиулах ажиллагаанд явж байсан. Тэрбээр энхийн төлөө медаль, Польш улсын дурсгалын медаль, Иракт энхийн төлөө медаль, Африкт энхийн төлөө медаль Дайчин алдар I, II, III шагнал, НҮБ-ын медалийг тус тус авч байсан. Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар хошууч цол хүртжээ. Г.Эрхэмбаяр бол Цагдаагийн академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр, хошууч цолтой, хууль зүйн тэргүүний ажилтан. Тэрээр Монголын залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар, цэргийн алдар медальтай. Одоо Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ахлах, төлөөлөгч гэнэ.

10в-гийнхэн дунд сургуулиа төгсөөд шинэ зууны эхний өдөр буюу 2000 оны нэгдүгээр сарын 1-нд уулзацгааж байсан аж. Мөн Улаанбаатарт арван долоон жилийн дараа уулзжээ. Ангийн урлагийн үзлэг болох гээд хөвгүүд маань “..Бавайсан сахалтай Баатар цогтын нагац..” гэдэг дууг дуулсан юм. Бүгд үндэсний хувцастай хөгжилтэй харагдаж байсан. Манай ангийн Энхүүш, Сайнзаяа хоёр бүжиглэх гээд Соёлын ордноос бүжгийн гутал авчирсан чинь нэг хөлийн хоёр гутал байсан. Тэгээд цаг нь тулчихсан болохоор буруу харсан гутлаа өмсөөд бүжиглэсэн” хэмээн хөгжилтэй дурсамж сөхөв. “Сагсны тэмцээнд ангийн хөвгүүд сайн тоглодог байсан. Охид харин хөвгүүдийнхээ багийг хүчтэй дэмжигчид байлаа. Манай ангийн хамгийн томоотой намуухан, зөөлөн хүүхдүүдийн нэг Д.Гэсэржав хичээлээ огт тасалж байгаагүй, зарчимч сурагч. Одоо харин тэр ноолуурын компани ажиллуулдаг. Харин н.Үүрийнтуяа “Sound of Mongolia”-д ажилладаг. Манай анги зохион байгуулалт сайтай байсан. Оюун гадаадад байгаа. Н.Отгонбаяр хамгийн сурлага сайтай, математик, физикийн хичээлдээ сайн хүүхэд байсан. Ангидаа төдийгүй сургуульдаа гайхагддаг мундаг хүү байлаа. ШУТИС-ийг уулын инженерээр төгссөн. Харин одоо Булган аймагт мянгат малчин. Таван хүүхэдтэй. Уулзахдаа бид “Чи арван жилдээ дэмий онц сурчээ” гэдэг” хэмээн ангийнхан нь хуучлав. Ж.Түмэндэлгэр бол геологич мэргэжилтэй. Тэр ч бас хичээлдээ сайн, нуугдмал авьяастай, шүлэг бичдэг, дуулдаг байсан гэж найзууд нь бахархав. Спортын мэдлэгтэй, газар зүйн өргөн мэдлэгтэй. Монголынхоо газар нутгийн онцлогийг маш сайн мэддэг геологич гэнэ шүү. н.Уртнасан Булган аймгийн Сайхан суманд малчин. Ч.Түмэнжаргал Кино урлагийн дээд сургууль төгссөн. Хэд хэдэн кинонд тоглож байсан, авьяаслаг жүжигчин. Одоогоор Солонгост магистраар сурч байгаа. В.Оюунцэцэг “Ажим мөнх” аялал жуулчлалын компанид солонгос хэлний орчуулагч гэнэ. “Манай ангийн царайлаг хөвгүүдийн нэг бол Ж.Цэлмэг” гэж ангийн охид тодорхойлов. Цэлмэгийг уурлахаар нь “Бүрхэг” гэж шоолдог байсан гэнэ. Тэрбээр зам барилгын чиглэлээр компани ажиллуулдаг. М.Мөнхтуяа нийтэч, нийгмийн идэвх сайтай охин байсан. Харин одоо дөрвөн хүүхдийн ээж болж, алдарт эхийн одон хүртжээ. Ангийн хамгийн олон хүүхэд төрүүлсэн алдарт ээж. Сайн ээж, хүүхдүүдээ сайн хүмүүжүүлдэг. Хүн өсгөнө гэдэг эх орондоо оруулж байгаа хувь нэмэр шүү дээ хэмээн ангийнхан нь магтлаа. Т.Баясгалан “Цагаан цамхаг” барилгын компанийн захирал. Төлөв даруухан, цэвэрч, байнга зангиа зүүдэг хүү байжээ. Хотоос шилжиж ирсэн түүнийг охид их л шохоорхдог байж. Ангийн анд Л.Бат-эрдэнэ, Б.Оргилмаа, З.Жамбалдорж гурав хорвоогийн мөнх бусыг үзсэн хэмээн мөн дурссан юм.

Б.Долгорсүрэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд мэргэжилтэн. Хөвгүүдтэй их найзалдаг байсан гэнэ. М.Энхтуяа Үйлдвэр урлалын коллежид хувцас загвар дизайнерын багшаар ажилладаг. Тэрээр залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар алтан медаль, дизайны академийн хүндэт тэмдэг, хөдөлмөрийн яамны жуух бичиг, боловсролын яамны жуух бичигээр шагнуулж, “Хаврын гоёл” , “Өвлийн гоёл” наадмуудад амжилттай оролцож байжээ. Б.Энхчимэг ресторан ажиллуулдаг.

Б.Батмэнд ангийн сахилгагүй хүүхдүүдийн нэг. Урлаг, соёлын авьяастай. Мэндээ байхад уйдна гэж байдаггүй байж. Аав нь сургуулийнх нь Монгол хэл, уран зохиолын багш байсан учраас сахилгагүйтвэл багш нар аавд нь очоод хэлчих гээд байдаг байжээ. Б.Батмэндийн ах нь Б.Батбаяр математик, физикийн хичээлдээ сайн тул багш нар “Ахыгаа хар, өөрийгөө хар” гээд зүйрлээд байхаар нь “Хоёр өөр хүн шүү дээ” гэж хариулдаг

байжээ. Цэргийн холбооны газарт ажиллаж байсан тэрбээр хувиараа бизнес эрхэлж байна. Эдний ангийн хамгийн өндөр нь Д.Баярхүү. Цагдаагийн академийг төгссөн. Хуульч эрх зүйч болсон. Санхүүч мэргэжилтэй. Орхон аймгийн цагдаагийн газарт эрүүгийн эдийн засгийн төлөөлөгч хийж байжээ. Одоо Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст аж ахуйн нэгж хариуцсан байцаагчийн албыг хашиж байгаа гэнэ. Ц.Булганчимэг нийтэч, Үйлдвэр

хичээлдээ их сайн, хамгийн тайван охин. Математикийн хичээлдээ сайн байсан бөгөөд одоо стандартчилал, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн хийдэг. Тэрээр тэргүүний ажилтнаар шалгарч байжээ. МУИС-ийн Санхүү эдийн засаг төгссөн. Д.Хишигсүрэн бол эдийн засагч мэргэжилтэй. “Гобсек” компанийн захирал аж. Тэрээр “Шилдэг бизнес эмэгтэй”, Засгийн газрын жуух, худалдааны 90 жилийн ойн медаль, “Цагаан сүлд” хэмээх шагналуудыг авсан гэнэ.

С.Ганбаяр бол даруухан бизнесмэн. Хөдөө аж ахуйн газар тариалангийн тоног төхөөрөмжийн машин механизмыг импортолдог. П.Алсзаяа “Гранд мед” эмнэлгийн уламжлалтын эмч. Харин М.Туяа бизнес эрхэлж байна.

“Манай ангийн хөвгүүд малгай шүүрч, дүүрэн цас хийчихээд “Май малгайгаа өмс” гэж сахилгагүйтдэг байсан. Эсвэл малгайг маань модонд өлгөчихнө. Цас авчирч форм руу хийж зүггүйтнэ. Тэглээ гэж уйлдаггүй. Адилхан үзэлцдэг байлаа ш дээ” гэж Б.Долгорсүрэн хуучилсан.

Тэрээр цааш ярихдаа “Манай ангийн багш И.Нарангэрэл “Хүн болгон математикч, физикч, химич болох албагүй. Хамгийн гол нь эрэгтэйчүүд нь айл гэр толгойлно. Эмэгтэйчүүд нь эх хүн болно. Тийм болохоор уяхан сэтгэлтэй, хүнтэй маш эвтэй найртай, зөв найрсаг харилцаж сураарай. Мөн хүн чанартай байх хэрэгтэй. Хүнлэг иргэн л нийгмийг авч явна гэдэг байсан. Манай багш өөрөө тал бүрийн авьяастай, хөдөлмөрч эмэгтэй. Тухайлбал, охиддоо хоол хийж өгөхийг зааж зөвлөдөг байлаа. Улиралд хоёр цаг гэр бүлийн хичээл гэж ордог байсан. Тэрхүү хичээл дээр их олон зүйл зааж өгнө. Амьдралын үнэ цэнэтэй сургамжийг хэлж өгдөг байсан даа. Багшийн гэр бүл оюунлаг гэр бүл. Багш маань бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг. Хүний сэтгэл зүйг маш сайн ойлгодог” гэлээ. 10в-гийнхэн үймүүлэх үедээ үймүүлнэ. Гэхдээ хичээл болон бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцдог байжээ. Мөн шударга шулуун хүүхдүүд байсан гэнэ. Багшийн ачаар өдий зэрэгтэй явж байгаагаа дурссан юм.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Занданшатар: Гүйцэтгэх Засаглал ажлаа хийж чадахгүй байна. Бүх ажлыг нь УИХ зогсоогоод байна

УИХ-ын гишүүн Г.Занданшатартай ярилцлаа.

-Та анхдугаар чуулганы үеэр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүлгэм байгуулах санаачилга гаргасан. Яагаад ийм санаачилга гаргасан бэ. Одоо ямар шатандаа явж байгаа вэ?

Тэр үед би хожим хойно маш том зөрчил бий болгоно шүү гэж хэлж байсан” хэмээн ярьж байлаа. Мөн тухайн үед Чимид гуай ч хэлж байсан юм билээ. “Энэ Үндсэн хууль тогтсон нийгмийг бататгах тухай биш шинэ нийгмийн үндсийг тавьж буй хууль” гэсэн байдаг. Энэ жил Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой болж байгаа. Чимид агсан хууль батлагдсаны 15 жилийн ойн хурал дээр бас нэг зүйл хэлсэн байдаг. “Үндсэн хуулийг хэрэгжүүлэхгүй, хэрэглэхгүй байвал хэлбэрийн хууль болно. Тиймээс хэрэгжүүлж буй практикийг нь авч үзэх нь Үндсэн хуулийн эрхзүйн судалгааны маш чухал шаардлага байдаг” гэсэн. Тиймээс бид Үндсэн хуулийн хэрэгжилтийн талаар хууль, эрхзүйн судалгаа хийж байгаа. Энэ хүрээнд ажиглаж байхад Үндсэн хууль хэрэгжихгүй, хэрэглэхгүй байхаар хуулийн заалтууд олон болсон байна. Хэлбэрийн төдий хэрэгжиж байгаа дээр жишээ хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д тайлангаа тавина гэдэг. Гэтэл ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч УИХ-д тайлан тавих уу, ард түмэндээ тайлагнах уу гэхчилэн зөрчилдөөнтэй асуудлууд олон бий. Тиймээс энэ олон асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй.

-Бүлгэм байгуулчихвал Үндсэн хуулийн өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

-Таван эрх мэдлийн тогтолцоог санал болгож байгаа. Азийн онцлогт тохирсон тогтолцоо л доо. Энэ тогтолцоог агуулга, соёлоор нь авч хэрэглэсэн улс гэвэл Солонгос, Япон.Үндсэн хуулийн таван эрх мэдлийн загварыг шууд хэрэгжүүлсэн гэвэл Тайвань, Сингапур, Хонгконг, БНХАУ. Энэ улсуудын эдийн засаг хамгийн хурдацтай хөгжиж буйг Үндсэн хуулийн нэмэлт хоёр эрх мэдэлтэй холбоотой гэж үздэг. Үүнд нэгдүгээрт, сонгон шалгаруулалтаар бүрдсэн тогтвортой, мэргэшсэн төрийн албаны засаглал, түүнийг дагасан тогтвортой хөгжлийн бодлого. Хоёрдугаарт, хараат бус хууль хяналт шалгалтын засаглал, түүнийг дагасан хуулийн засаглал, хууль дээдлэх зарчим юм. Тиймээс Үндсэн хуулийн таван эрх мэдлийн тогтолцоог хэрэгжүүлэх нь манайд улсад тохирно гэж би үздэг.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар үе үеийн парламент ярьж л байдаг. Гэвч сүүлийн хэдэн жил “гар хүрээгүй” л байна. Ирэх дөрвөн жилд өөрчилж амжих уу?

-Ер нь бол өнөөдрийн санхүү, эдийн засаг, өрийн хямрал нь тодорхой хэмжээгээр тогтолцоотой холбоотой.

Тогтолцооны хямралтай болчихсон байна. Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл хязгаарлагдмал байгаа. Энийг дагаад хариуцлага нь ч гэсэн хязгаарлагдмал. Ерөнхийлөгч, Гүйцэтгэх засаглал, парламентын эрх мэдэл, шүүх эрх мэдлийн хуваарилалт тэнцвэр алдагдсан байна. Тэгсэн мөртлөө парламентын үндсэн үүрэг болох хянан шалгах эрх мэдэл хязгаарлагдмал байгаа. Энэ олон гажуудал манай улсын засаглалын тогтолцоонд бий болчихсон байна.

-Тогтолцоогоо өөрчилье гэж яриад байгаа л даа.Олон өөрчлөлт нэг дор хийж чадах уу?

-Үндсэн хуулийн нөөц боломж шавхагдаагүй. Иймд бүтэн том хэмжээгээр өөрчлөх шаардлага байхгүй гэж үзнэ.Үндсэн хуулийн өөрчлөлтийг дордуулсан гээд байдаг долоон өөрчлөлтөөс эхлэх ёстой гэж үзнэ. Парламентын хянан шалгах эрх мэдлийг өргөжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэх засаглалын гүйцэтгэх эрх мэдлийг өргөжүүлмээр байна. Өнөөдөр гүйцэтгэх засаглал гүйцэтгэх ажлаа хийж чадахгүй байгаа. Бүх зүйлд УИХ оролцож ажлыг нь зогсоогоод байдаг. Таван толгойгоос эхлээд олон том төсөл, хөтөлбөрийг зогсоосон. Үүнээс болж эдийн засгийн бодлого хэрэгжихгүй байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж институцигүй механизм болчихсон байна. Ер нь нэлээн замбараагүй тогтолцоо руу орчихлоо. Эдийн засгийн хямралын гол шалтгаан нь буруу засаглалын тогтолцоо гэж харж байгаа.

-Тэгвэл бидэнд ямар гарц харагдаж байгаа вэ. Тогтолцоогоо богино хугацаанд өөрчилж чадах уу?

-Урт хугацаандаа засаглал сайжруулахаас өөр аргагүй.Сайжруулахын тулд хууль дээдлэх ёс зарчим, хуулийн дор бүгд эрх тэгштэй байх, нийтээрээ дагаж мөрддөг хүчтэй хуулийн засаглал, тогтвортой мэргэшсэн төрийн албыг бэхжүүлэх хэрэгтэй. Үүний тулд таван эрх мэдлийн тогтолцооны хяналт, шалгалтыг Үндсэн хуулийн гол эрх мэдэл болгож улс төрөөс болон аливаа бүлэглэлээс хараат бус болгох нь чухал.

Нөгөө талаас прокурор, шүүх эрх мэдлээс эхлээд багш, эмч зэрэг төрийн албыг меритократ, цэвэр сонгон шалгаруулалтын засаглалтай болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албаны дээд түвшинд ажиллах гэж байгаа бол анхан шатнаас нь авахуулаад бүх шатанд ажиллаж үзэх хэрэгтэй. Төрийн албыг 20 давхар байшинтай зүйрлэвэл давхар бүрт нь тодорхой хугацаанд ажилласан байх шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Тэр хугацаанд ёс зүй болон хуулийн зөрчил гаргаагүй, үр бүтээлтэй ажиллаж байсан бол төрийн өндөр дээд албан тушаалд ажиллуулдаг зарчим юм. Тэгэхгүй бол өнөөдөр бараг тэр салбарт ажиллаж үзээгүй нэг хүн гарч ирээд салбараа удирдаад явж байх жишээтэй. Бусад давхрынхаа амьдралыг мэдэхгүй, цахилгаан шатаар өгсдөг хүн олон. Төрийн алба хүчтэй, тогтвортой, чадавхитай ажиллавал бодлого нь мэргэжлийн болж ирнэ. Ингэж байж улс орон хөгжинө.Би Азийн улсуудын хөгжлийн загварыг харьцуулж үзээд энэ тогтолцоог хамгийн зөв гэж үзсэн. Бүр академик судалгааны үр дүнд нотолсон юм.

-Үндсэн хуулийг өөрчлөх бүлгэмд ямар, ямар хүн орох бол?

-Анхны Үндсэн хуулийг батлан гарахаас эхлээд бүхий л процессын үеэр ажилласан, УИХ-д найман удаа сонгогдож ажилласан Д.Лүндээжанцан гишүүн манлайлж ажиллах байх. Маш олон гишүүн энэ талаар санаачилгатай ажиллаж байгааг л онцлон тэмдэглэх байна.

-УИХ-ын дарга БНХАУ-д айлчлаад ирсэн. Тэр үеэр урт хугацаатай, хүү багатай зээл хүссэн. Ер нь манай улсын ойрын хөрш орнууд Монголын эдийн засгийн асуудалд ямар бодлого баримталж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал туйлын амаргүй нөхцөлд байгаа гэдгийг хүн бүр ярьж, мэдэж байгаа. Төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байна. Манай улсын эдийн засгийн гол асуудал өрийн тогтвортой байдал, банкны системийн тогтвортой хөгжил, төсвийн алдагдал, төсвийн шинэчлэл, сахилга батыг бэхжүүлэх асуудал болчихоод байгаа. Монголчууд бид ингэж л өөрсдөө л хямралаас гарахаас биш хэн нэгэн хүн биднийг асуудлаас гаргахгүй.Бидний аврал бид өөрсдөө. Бас дайсан нь ч өөрсдөө. Монголчууд өөрөө өөртэйгөө барилдаад ойчдог бөх шиг байж болохгүй. Монгол Улс тусгаар тогтнол, язгуур эрх ашгаа дээдлэн хөрш орнуудынхаа язгуур эрх ашгийг хүндэтгэн, элэгсэг дотно, итгэлцлийг бэхжүүлсэн, харилцан ойлголцсон, харилцан үр ашигтай харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэх нь хямралыг даван туулахад онцгой чухал ач холбогдолтой.

-Гадаад улс орнуудад манай улсын үнэлэмж ямархуу хэмжээнд байгаа вэ?

-Нэгдүгээрт, бид “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Үүнд хамрагдахын тулд даацтай шинэчлэлийг өөрсдөө эхлүүлэх ёстой. Гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр цаашид үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй юм.

Төсвийн сахилга батыг чангатгаж эдийн засгийн хувьд мэргэжлийн, тогтвортой, зөв болгох хэрэгтэй. Төсвийн сахилга батыг бэхжүүлэх, хуулийг ягштал дагаж мөрддөг байх шаардлага бидэнд тулгарч байна. Ер нь багцлаад үзвэл макро эдийн засгийн үзүүлэлт, төсвийн алдагдлыг сайжруулахын тулд реформ хийх зайлшгүй хэрэгтэй. Төсвийн орлого, бааз суурийг нэмэгдүүлэх эрс шинэчилсэн бодлого явуулмаар байна. Үүнтэй холбогдуулаад валютын ханшийн тогтвортой байдал, нөөцийн асуудал гарч ирнэ. Экспортыг дэмжих эдийн засгийн тэнцвэрийн бодлогыг оновчтой хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Мөн өрийн тогтвортой байдлын харьцааг 88 хувиар баталсан. Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013-2015 онд байнга алдагдалтай гарсан. Одоогийн байдлаар гадаад валютын нийт албан нөөцийн хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрч буураад байна.

-Засгийн газрын зүгээс эдийн засгийг сайжруулах богино хугацааны тусгай хөтөлбөр боловсруулж байна. Үүнд ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна вэ?

-Эдийн засгийн өсөлт 2011 онд 17 хувьд хүрч байсан. Сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болж суларлаа. Энэ нь ажилгүйдлийн түвшин өндөр байх, хүн амын амьжиргааны түвшин буурах, ядуурлын хэмжээ нэмэгдэх, ДНБ-д эзлэх өрийн хэмжээ өсөх зэрэгт нөлөөлж байна. Ажилгүйдэл 36 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрээд байгаа нь эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах үндсэн шалтгаан болж байна. Банкны зээлийн чанар муудах нь эдийн засгийн агшилтыг нөхцөлдүүлж байна. Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсруулсан.Хөтөлбөр нь нэгдүгээрт, макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх, хоёрдугаарт, дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна лээ.

-Хэрэгжүүлж чадах болов уу. Засгийн газрын оруулж ирсэн санал санаачилга, төсөл хөтөлбөрийг УИХ унагаад байгаа биз дээ?

-Ер нь хөтөлбөр бодлого гэдэг бол дэс дараалал. Бүгдийг зэрэг хэрэгжүүлэх боломжгүй. Бүхнийг зэрэг хийнэ гэдэг бол юу ч хийхгүй болж магадгүй л гэсэн үг. Ямар зорилтыг ямар дарааллаар хэрэгжүүлж, хэрхэн уялдуулах вэ. Байгаа нөөц боломжоо хэрхэн дайчилж, оновчтой хуваарилах вэ, хэрхэн яаж хэрэгжүүлэх вэ гэсэн стратеги төлөвлөгөө байх учиртай. Төсвийн орлого нэмэгдүүлэх экспортыг нэмэгдүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөө, төсвийн сахилга батыг бэхжүүлэх асуудлууд нэн чухал шаардлага болно. Нэг үгээр хэлбэл тохиргоо уялдаа холбоог сайжруулна гэсэн үг.

-Яг өнөөдрийн эдийн засгийн онцлогийг хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрээс хамаарсан орлогын мөчлөг дагасан эмзэг бүтэцтэй. Манай нөөц боломж хязгаарлагдмал, эрсдэлийг даах хуримтлал байхгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул байна.Импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай, мөчлөг дагасан төсвийн тэлэлттэй, нийгмийн хавтгайрсан халамжтай, экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон байна. Үүний үр дүнд сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саараад байна. 2016 оны эцэст төсвийн алдагдлын хэмжээ 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий18 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд анх заасан хязгаарыг давахаар байгаа бөгөөд ирэх жилүүдэд Засгийн газрын өрийн хэмжээг нэмэгдүүлэхээр байна. Эдийн засгийг богино хугацаанд сайжруулах төлөвлөгөө нь бодлоготой уялдсан, дэс дараатай байх учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Шоронд хоригдохгүйн тулд бусдын амь насыг хөнөөсөн байж магадгүй бололтой

Их хэмжээний мөнгө бусдаас залилсан хэргээр шүүгдэх гэж байсан этгээд өөрийгөө бусдын гарт амь насаа алдсан болгох гэж оролджээ. Ээдрээтэй хэргийн талаар уншигч та бүхэнд дэлгэрэнгүйгээр хүргэж байна. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд өнгөрсөн сарын 25-нд үл таних иргэнээс дуудлага иржээ. “Хүмүүс намайг хөөгөөд байна. Хутга, сүх барьсан хоёр хүн намайг ална гээд байна” гэж хэлчихээд гар утсаа салгачихжээ. Залгасан дугаар руу нь эргүүлэн залгасан боловч утсаа аваагүй байна. Нийслэлийн шуурхай удирдлагын төвд өдөрт хэдэн зуугаараа хуурамч дуудлага өгч, цагдаагийн алба хаагчдаар тоглодог. Тиймээс “Хэн нэгэн тоглож байгаа байх” гээд өнгөрөөжээ. Дээрх дуудлага ирснээс хэдэн цагийн дараа Баянгол дүүргийн XX хороо БҮК-ийн замын урд, төв дулааны шугамын орчимд хэн болох нь тодорхойгүй, шатсан цогцос байна гэх мэдээлэл ирсэн байна. Б гэх иргэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Дулааны шугамын ойролцоо хүний шатсан цогцос байна. Биеийнх нь ихэнх хэсэг шатаад байхгүй болчихсон байна” гэжээ. Баянгол дүүргийн цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж үзлэг хийжээ. Үзлэгээр хэн болох нь танигдах аргагүй болтлоо шатчихсан эрэгтэй хүний цогцос болоод бусад эд зүйлс олдсон гэнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “II” бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогджээ. Мөн хэргийн газрын ойролцоогоос Давааням гэх хүний хагас шатсан гадаад паспорт, гар утас олдсон байна. Гадаад паспортын хойд хэсэг бүхэлдээ шатсан хэдий ч Давааням гэх хүний зураг, нэр нь шаталгүй бүтэн үлдсэн байжээ. Мөн гар утасны ар хэсэг шатсан боловч асаалттай байсан гэнэ. Мөрдөн байцаагч гар утсыг нь шалгаад үзтэл “Олон гэмт хэргийн гэрч болсон новш минь чамайг ална даа” гэж хэн нэгэн дарамталж, амь насанд нь заналхийлсэн утга бүхий мессэж ирсэн байжээ. Хэргийн газарт хийсэн анхан шатны үзлэгээр талийгаачийг өс хонзонгийн улмаас амь насыг нь хөнөөсөн байна гэх дүгнэлтэд хүрчээ.

Буяны ажлыг нь хурдан хий гэж лам хэлсэн гэж ар гэрийнхэн нь цагдаа нартмэдүүлжээ

Хэргийн газраас олдсон эд зүйлс

Ингээд цагдаа нар Давааням гэх хүн хэн болох. Түүнийг ямар хүмүүс дарамталдаг байсан. Өс хонзонгийн улмаас түүнийг хэн хөнөөх болов. Гэрээсээ хэнтэй уулзана гэж гарсан. Хамгийн сүүлд ямар хүнтэй холбоо барьсан гэх зэрэг мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлсэн байна. Ингээд Даваанямын ар гэрийнхэнд онц ноцтой хэргийн талаар хэлэхээр очжээ. Ар гэрийнхэнд нь “Даваанямыг бусдын гарт амиа алдсан байна. Дулааны шугамын ойролцоо цогцсыг нь юу ч үгүй болтол нь шатаачихжээ. Хэргийн газраас гар утас, гадаад паспорт нь олдсон” хэмээн хэлсэн байна. Гэтэл ар гэрийнхэн болоод ойр дотнын хүмүүс нь огт цочирдолгүй тайван хүлээж авчээ. Мөн ар гэрийнхэн нь цагдаа нарын өмнө худлаа уйлаад байсан гэнэ. Энэ нь мөрдөн байцаагчдын анхаарлыг ихэд татжээ. Тэгснээ “Өнөөдөр Баянгол дүүргийн шүүх дээр Даваанямын шүүх хурал болох байсан. Өглөө шүүх хуралдаа орно гээд л гэрээсээ гарсан. Хүнтэй уулзана гэж бидэнд огт яриагүй” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар таньж мэддэг хүмүүс, гар утас руу нь мессэж бичсэн хүн хэн болох, хамгийн сүүлд хаана явж байсныг тодруулах ажиллагааг хийжээ. Гэсэн ч түүний амь насыг хэн хөнөөсөн талаар тодорхой зүйлс илрэхгүй байсан юм байна. Гар утсанд нь ирсэн мессэжний дугаар ямар хүний нэр дээр байдаг. Хэн барьж байсан бэ гэдгийг мөрдөн байцаалтын явцад олж тогтоожээ. Үүрэн телефоны компаниас дугаар хямд үнээр худалдаж аваад цааш нь өндөр үнээр зардаг ченж Нэргүй дугаарыг анх авчээ. Түүнээс 35-40 насны үл таних нэгэн залуу “Нэргүй дугаар байна уу” хэмээн сураглаж байгаад худалдаж авсан аж. Ямар царай зүстэй, биеийн өндөр, содон шинж тэмдэг ямар хүн байсан бэ гэдгийг гэрчүүдээс авсан байцаалтаар тодорхой ам зураг гаргажээ. Гэтэл нөгөөх ам зураг талийгаач Даваанямын гэрэл зурагтай таарсан байна. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж хөвөрсөн байна.

Талийгаач хэн бэ

Дээрх хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газар, Баянгол дүүргийн цагдаагийн хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэлжээ. Ингээд Давааням гэгч хэн байв. Шүүхэд ямар хэргээр шалгагдаж байсан. Хэдэн жилийн хорих ялаар шийтгүүлэх байсан талаар судалжээ. Тэрбээр бусдаас зуу гаруй сая төгрөг залилж, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан аж. Даваанямд холбогдох шүүх хурал өнгөрсөн сарын 25-нд болох тов гарсан байжээ. Түүний үйлдсэн гэмт хэрэг 10-15 жилийн хорих ялаар шийтгүүлэх зүйл ангид хамаарах үндэслэл бүхий хавтас хэрэг хийгдсэн юм байна. Харин Давааням гэмт хэрэгт орооцолдсон цагаасаа хойш ойр дотнын болон бусад хүмүүстэй огт уулзаагүй, харилцаа холбоогоо тасалсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогджээ. Цагдаа нар дээрх хэргийн талаар хуралдаж, хэд хэдэн мөрдөн шалгах гаргалгааг хийсэн гэнэ. Хуралдаанаар “Давааням амьд байж магадгүй. Хэрэв түүний амь насыг санаатайгаар хөнөөсөн бол алуурчид гар, утас болон бусад нотлох баримтыг хэргийн газарт үлдээхгүй байсан. Тэгэхээр кинон дээр гардаг шиг арга заль хэрэглэж цагдаа нараар чулуу хөөлгөж хууран мэхлэх гэж оролдож байж магадгүй” гэж үзжээ. Ингээд Давааням хаана нуугдаж байж болох бүхий л газрыг хараа хяналтдаа авч, ар гэрийн хүмүүсийг ажиглаж эхэлжээ. Хэрэг гарснаас хойш төд удалгүй түүний ар гэрийнхэн нь “Талийгаачийн буяны ажлыг хийнэ. Бүр алтан хайрцгийг нь нээсэн лам “Хурдхан буяны ажлыг нь хийж дуусга гэж хэлсэн” хэмээн ярьжээ. Энэ үеэр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Давааням амьд байна” гэсэн мэдээлэл иржээ. Бүр түүнийг амьд байгаа гэдгийг хэд хэдэн гэрч баталсан байна. Ингээд түүнийг хаана байгааг тогтоож ажиллагааг шуурхай хийжээ.

Цагдаа нар түүнийг баривчлахаар очих үед Яармагийн гүүрний дор өөрийгөө бууджээ

“Давааням гэгч Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүр чиглээ ганцаараа явж байна”, “Цагдаа нар намайг амьд байгааг мэдчихсэн байна. Одоо би өнгөрсөн” гэж ар гэрийнхэндээ хэлсэн байна гэх мэдээлэл ч иржээ. Ингээд мэдээлэл авсан цагдаа нар Даваанямыг Яармагийн гүүрний доошоо орж байна гэдгийг сонсоод л шуурхай бүрэлдэхүүн гарсан байна. Гэвч цагдаа нарыг түүний байгаа газарт очихоос хэдхэн минутын өмнө өөрийгөө толгойн тус газраа буудчихсан хэвтэж байжээ. Цагдаа нарыг очих үед их хэмжээгээр цус алдсан хэдий ч амьд байсан юм байна. Иймээс түүнд эмнэлгийн яаралтай түргэн тусламж үзүүлж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжын 103 дугаар төвийн эмчийн хамт ГССҮТ-д аваачиж, яаралтай мэс засал хийлгэжээ. Эмч нар түүний толгойноос Тоз 8 маркийн бууны сум гаргаж авсан байна. Гэсэн хэдий ч Давааням шархаа даалгүй амьсгал хураасан гэнэ.

Залилангийн хэргээр шүүгдэх гэж байсан Давааням гэгч шоронд олон жил хоригдохгүйн тулд дээрх зүйлсийг хийсэн байна. Тэрбээр хэн нэгний амь насыг хөнөөж, цогцсыг нь шатаасан. Цагдаа нарт өөрийгөө бусдад дарамтлуулж байгаад алуулсан гэж итгүүлэх гэж гар утсандаа өөрөө мессэж бичиж үлдээгээд гадаад паспортоо өгөөш болгож хаясан. Бусдын гарт амь насаа алдсан гэж цагдаа нарт итгүүлж, хэргээс мултарч үлдэх гэж энэ бүхнийг хийсэн байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Хэрэв Давааням гэгч гүйцэтгэлээ сайтар нарийн боловсруулж, хийж чадсан бол цагдаа нарыг урхиндаа оруулж чадах байсан. Хэргийг шалгаж байгаа бүх цагдаа эхлээд түүнийг бусдын гарт амь насаа алдсан байна гэж итгэсэн. Монголд анх удаа ийм төрлийн гэмт хэрэг гарсан. Гэхдээ цагдаа нар дээрх хэрэгт ул суурьтай хандаж үнэн зөвийг олж тогтоож чадсан” гэв.

Шатсан цогцос хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байна

Цагдаа нар шатсан цогцос хэнийх болохыг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлтээр уг цогцос нь “II” бүлгийн цустай, 25-35 орчим насны, эрэгтэй хүн болох нь тогтоогдсон ба хэргийн газраас “LEE” гэх бичигтэй бор шар өнгийн метал товч нэг ширхэг, өмдний тэлээнийх байж болзошгүй төмөр горхи зургаан ширхэг, шатаж хэлбэр дүрс нь алдагдсан өмдний тэлээний арал зэрэг эд зүйлс олдсон байна. Хэрэг гарснаас хойш арав гаруй хоног өнгөрөөд байхад талийгаачийн ар гэр цагдаа нарт огт мэдээлэл өгөхгүй байгаа гэнэ. Цагдаа нар гэр оронгүй хүний сонгож амь насыг нь хөнөөсөн байж магадгүй. Эсвэл саяхан нас барсан хүнийг шарилыг оршуулгын газраас ухаж гаргаж аваад хувцас өмсүүлээд шатаасан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна. Хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгааг албан эх сурвалж хэлж байв.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Намбарын Энхбаяр: Эрдэм гэгээрлээр хорхой болохоос аврагдаж эрвээхэй болон нисээрэй

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, дэлхийн сонгодог зохиолуудаас монгол хэлнээ утга төгөлдөр дуун хөрвүүлсэн нэрт гүүш Намбарын Энхбаяр МУБИС-ийн оюутнууд болон утга зохиол сонирхогчдод “Дэлхийн утга зохиол, соёлын түүхээс” сэдэвт илтгэл тавьсан билээ. Эл илтгэлийг толилуулж байна.

Миний өвөө сурган хүмүүжүүлэгч, сэтгэл судлаач Цэрэнжавын Раднагийн зуун жилийн ой энэ онд тохиож байна. Манай өвөө намайг дөрөвтэй байхад болсон. Би өвөөгөө бүдэг бадаг санадаг. Өвдчихсөн байхад нь “Намайг өргө” гээд тоглож байсан. Өвөө маань УБДС-ийн сурган, сэтгэл судлалын багшаар ажиллаж байсан. Миний эхнэр Цолмон ерээд онд МУБИС-д багшилж байсан. Тиймээс Багшийн их сургууль бол манай гэр бүлтэй холбоотой сайхан газар юм. Өвөөгийн аав Цэрэнжав Санктпетербург хотод сурч байж. Цэрэнжав “Лхүмбийн хэрэг” гэгчид 1933 онд хэлмэгдэн гурван жилийн ял эдэлж гараад 1938 онд цаазлагдсан. Эмээ Гарамжавын аав лам Шарав бас 1933 онд Японы тагнуул хэмээн баригдаж, ЗХУ-д цөлөгдөн амь насаа алдсан. Раднагийн Бүдханд гэж миний хайртай ээж минь юм. Ээж маань монгол хэл-утга зохиолын багш. Товчхон түүх ярихад өөрийн эрхгүй хэлмэгдэл гэсэн үг гарч ирж байна. Хэлмэгдүүлэлтийг хэр сайн мэдэх вэ гэж би та нараас асуугаад хэрэггүй байх. Ямар нэгэн байдлаар энэ хар шуурга Монголын бүх айлыг дайрсан гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэлмэгдүүлэлт, тэнэглэл хоёр хамт байдаг. Хэлмэгдүүлэлтийн үед ухаантай хүн тэнэг болдог, тэнэг хүн ухаантай мэт харагддаг. Энийг би нэг жишээгээр ярья. Дундад зууны үед Голландын алдарт зураач Иероном Босх амьдарч байсан. Энэ зураач “Тэнэгүүдийн усан онгоц” гэдэг зургаараа алдаршсан. Та бүхэн зургийг нь харж байна.

Дундад зуунд элий балай болсон хүн төрөлхтөн ямар ч зорилгогүйгээр, дээр нь ямар ч жолоогүйгээр хөлгүй далайн усанд сэлж яваа бэлгэдэл бүхий зураг юм. Энэ уран бүтээлийн цаад санаа нь тэнэгүүд усан онгоцонд суугаад хаашаа явж байгаагаа мэдэхгүй байна гэж нийгмээ шүүмжилсэн. Зурагт гэлэнмаа хүн дуулж хашгираад байгааг дүрсэлж. Лам хүн орилж хашгираад байж байна. Онгоцны дээр дүүжилсэн талх байна. Дундад зуунд дүүжилсэн талхыг гараараа барьж биш амаараа тэмтрэн шүдээрээ хазаж идэх тоглоом байсан. Энэ тоглоомын бэлгэдлийг харуулсан.

Дээр нь шарсан тахианы махны хойноос хутга барин зүтгэж байгаа хүн байна. Бас бөөлжиж байгаа хүн байна. Идэж, уухаа багтааж шингээхээ болихоор хүн мал, амьтнаас ялгаагүй бөөлжиж буйг харуулсан. Архи дарсанд умбаж усан онгоцноос унах гэж байгаа хүн ч байна. Хөгжмийг эмэгтэй хүний бэлэг эрхтэн гэж дундад зуунд үзэж байсан. Гэлэнмаа эмэгтэй хүний бэлэг эрхтэний бэлгэдэл бариад дуулж байна гэдэг садар самуун явдалд оролцож, бусдыг уриалан дуудаж байна гэсэн санаатай. Гэлэнмаа болоод лам хүн ийм садар самуун явдалд оролцож байна гэдэг чинь жирийн иргэдийн ёс суртахууны тухай яриад хэрэггүй гэсэн үг. Цаашаа хараад сууж буй алиа салбадай байгаа. Та бүхэн Шекспирийн зохиолуудыг уншсан байх. Алиа салбадайн дүр түүний зохиолуудад элбэг тохиолддог. Алиа салбадай дандаа үнэнийг хэлдэг. Шекспирийн “Лир ван” жүжигт гэхэд хаанд үнэнийг хэлж чадахгүй хүмүүс гарч байхад алиа салбадай хэлж байдаг. Алиа салбадай албан ёсоороо тэнэг юм шиг атлаа үнэн хэрэгтээ асар их ухаантай хүн юм. Уг нь инээгээд ханиагаад, уугаад идээд бусдын дунд сууж байх ёстой хүн яагаад буруу хараад сууж байна гэхээр дундад зууны Европт хүмүүс бүгд алиа салбадай болоод, алиа салбадай ухаантан болсныг Босх үзүүлж. Хэлмэгдүүлэлтийн үед ухаантай хүн тэнэг юм шиг харагддаг. Босхын “Амьдралын таашаал” гэж зураг бий. Тэр нь манай Марзан Шаравын “Монголын нэг өдөр”-тэй ерөнхий зохиомжоороо адилхан. “Тэнэгүүдийн усан онгоц” зургийн яг эсрэг “Ухаантнуудын усан онгоц” гэсэн бүтээл бий.

Оросын хувьсгалч В.И.Ленин, Троцкий нарын алдартнуудыг та нар мэднэ. Тэд тушаал гаргаж Оросын нийгмийн шилдэг тэргүүний сэхээтнүүдийг усан онгоцонд суулгаад эх орноос нь алс холд хөөсөн. Оросоос гараад Герман хотод очсон усан онгоц. Ленин зарлиг гаргаж шилдэг эрдэмтэн, зохиолч, философич, сэтгүүлчдээ энэ усан онгоцоор цөлсөн. Тухайлбал, нэрт философич Н.Бердяев, С.Булгаков, Н.Лосский, Ильин нар энэ онгоцонд байсан. Босхын зургаас ялгаатай нь эдгээр ухаантнууд архи дарс уугаагүй, усан онгоцныхоо хажуу руу тонгойж бөөлжсөн зүйлгүй, садар самуунд автаж хөгжим тоглосон явдалгүй, амьдралын утга учрыг эргэцүүлэн зогсчихсон, эх орноосоо хөөгдсөндөө харамссан байдалтай байгаа. Босхын зурагт шарсан галууны махны хойноос үхэлдэж буйг харуулсан бол “Ухаантнуудын усан онгоц”-нд цовдлуулсан Христийн хөлийг дүрсэлсэн байгаа. Энэ философичдын олонхи нь Христийн шашныг судалсан, алдартай бүтээл туурвисан хүмүүс байсан учраас ийн бэлгэдсэн хэрэг. Орос хүн мөн чанар, Оросын түүхийг дэлхийн тавцанд гаргасан энэ алдартнуудыг одоо эх оронд нь ид судалж, шуугин биширч байна. Өнгөрөгч зууны хорин хоёр онд хөөгдсөн энэ алдарт философичид өнөөдөр их сонирхол татаж байгаа. “Ухаантнуудын усан онгоц”-той холбоотой хэдэн тоо баримт хэлье. Лениний зарлигаар 20-40 хүнийг эх орноос нь заавал хөөх болсон байдаг. Цөлөгдсөн хүмүүс биедээ юу авч явах зөвшөөрөлтэй байсан бэ гэвэл “Өвөл, зуны пальто тус бүр нэг ширхэг, нэг костюм, бүрх малгай нэг, хоёр ширхэг хос оймс, дотуур өмд хоёр, хоёр гутал, нэг чемодан” авч явах л ёстой байсан. Нэг чемоданд ер нь юу багтах вэ? Ийм л хувцас хунар үлдээгээд бүх хөрөнгийг нь хурааж байсан.

Монголын хэлмэгдэл бол туйлын эмгэнэлтэй юм болсон. Гучин долоон мянган хүн амь насаа алдсан гэсэн тоо баримт байдаг. 1918-1937 он хүртэл Монголын 90 мянган хүн амь насаа алдсан байгаа юм. Жилд 5.3 мянган хүнээр өссөн тоо байдаг. Шууд утгаар авч үзэхэд амь үрэгдсэн хүмүүсийн тоог хүн амын өсөлттэй харьцуулахад бүтэн долоон жилд нэг ч хүн төрөөгүй юм шиг харьцуулалт харагддаг. Хэлмэгдүүлэлт гэдэг ийм аймшигт үзэгдэл юм. Лам хувраг, эрдэмтэд, сэхээтнүүд, язгууртнуудаа барьж устгасан гэдэг утгаараа Монголын нийгмийн хөгжилд хортойгоор нөлөөлсөн.

“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч

Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ

Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө

Чиний төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх алдарт шүлгийг бичсэн Ц.Цэдэнжав гэж сайхан найрагч байлаа. Би аз болоход Цэдэнжав гуайгаар түүх яриулдаг байсан. “Баригдаж алуулчих гээд байсан учир амь гарахын тулд галзуу солиотой юм шиг болсон. Нэлээд хэдэн жил элий балай юм шиг болсон. Юм дуугарч болохоо байсан учир хэдэн жилийн турш хэлгүй юм шиг болж, нэг ч үг яриагүй” гэж байсан. Хүн нэлээд хэдэн жил байтугай нэг өдөр хэлгүй болж чадах уу. Хэлмэгдлийн үед ингэж ухаантай нь тэнэг болдог юм байж. Би Ерөнхийлөгч байхдаа зарлиг гаргаж хэвлэсэн “Дэлхийн утга зохиолын тавин боть”-д Монголоос ганцхан “Монголын нууц товчоо” багтсан. “МНТ”-нд Бодончир мунхаг гэж гардаг. Мунхаг гэж тэнэг гэсэн үг. Ах дүү нартаа тэнэг гэгдэн хөөгдсөн Бодончир шувуугаар ан гөрөө хийж амьдарч байсан. Ах дүү нартаа эргэж очихдоо “Хүн ахтай, дээл захтай” гэдэг үгийг олон дахин хэлсний эцэст ойлгодог. Түүнээс хойш Монголын нийгмийн харилцаанд “Хүн ахтай, дээл захтай” гэдэг зарчим маш хүчтэй орж ирсэн. Монголчууд хөөрхөн хүүхдийг “муухай” гэж өхөөрддөгтэй адил Бодончирыг мунхаг гэсэн нь цэцэн ухааныг нь тойруу утгаар нэрлэсэн байхыг үгүйсгэхгүй. Дува сохор гэхэд маш холыг хардаг хүн байсан гэж гардаг. Тиймээс бид энэ бүхнийг бодож, алсыг харж хэлмэгдэл гэгч аймшигт мангасыг дахин амилуулахгүй байх үүрэгтэй юм. Оросын андууд маань жил бүрийн аравдугаар сарын 30-ны өдрийг хэлмэгдэгсдээ дурсах өдөр болгож, хэлмэгдсэн хүн бүхний нэрийг дууддаг. Манайх бас ийм өдөртэй болоосой гэж хааяа боддог.

Радна өвөө минь далан жилийн өмнө зүүд нойрны тухай лекц уншиж байсан тухай шавь Самбуугийн Бадраа гуайн бичсэн байдаг. Тиймээс өвөө минь өнөө амьд мэндсэн бол зүүдний тухай ийм илтгэл тавих байсан болов уу. Зүүд нойрны талаар сэтгэл судлаачийн талаас биш утга зохиол судлаачийн хувьд ярья. Эртний Грект Парис баатар Елена гүнжид дурлан хулгайлснаас Трой хотод аваачсанаас дайн дэгдэж, хот сүйрсэн тухай домгийг соёлт хүн төрөлхтөн мэднэ. Дэлхийн соёлд хамгийн их судлагдсан, бичигдсэн энэ түүхэнд Парисыг төрүүлэхдээ эх нь асаж буй бамбар төрүүллээ гэж зүүдэлсэн тухай өгүүлдэг. Зүүд тайлагч бүсгүй эл зүүдийг “Трой хотыг шатаах хүн байна” гээд нялх Парисыг ууланд аваачиж хаяулж. Парис өсөж том болоод Трой хотдоо ирэхэд зүүд тайлагчийн үгийг умартсанаар хожмын их гай гамшиг үүдсэн байна. Тройн морь гэдэг бэлгэдлийг хүн бүхэн мэднэ. Асар том модон морийг хотынхоо хана хэрмийг эвдэн оруулснаар дотор нь нуугдсан цэргүүд шөнө гарч ирж сүйтгэдэг. Тройн морь гэвэл гай гамшиг гэж ойлгож болно. Исламын шашны зөнч мэргэн Мухаммед Аллах бурхныхаа анхны сургаалыг зүүдэндээ сонссон гэлцдэг. Армяны Христийн шашны ариун санваартан гэгддэг Ашрип Маштоц зүүдэндээ армян үсгээ тэмдэглэсэн гэж ярьдаг. Өндөр гэгээн Занабазар зүүдэндээ соёмбо үсгийг зохиосон гэж ярьж байхыг би олонтаа сонсож байсан. Зигмунд Фрейд зүүдний олон тайлыг “Зүүдийг тайлахуй” гэсэн онолын бүтээлдээ бичсэн. Фрейдийн үзсэнээр зүүд бол хүний нуугдмал хүслийг тайлах түлхүүр. Хүний зүүдээ ярихдаа хэрэглэсэн түлхүүр үг, дүрсийг ашиглаж тайлдаг байсан. Хүний санаа бодол анхнаасаа тогтчихсон зүйл учраас зүүд бол бодит юм гэдэг. Хүн зүүдлэхдээ ямар дүрс зүүдлэв гэдгээр толь гаргасан. Хүн байшин зүүдэллээ гэхэд гөлгөр ханатай байшин зүүдэлбэл эрэгтэй хүнийг, овгор товгор ханатай байшин эмэгтэй хүнийг төлөөлдөг гэж үзэж байсан. Эзэн хаан, хатан хаан зэрэг өндөр хэргэмтэн зүүдэлбэл аав ээжийгээ, жижиг хорхой шавьж зүүдэлбэл дүү нараа зүүдэлж байгаа нь тэр гэдэг байж. Хүн төрөхийг устай холбож, үхэх хагацахыг төмөр зам, вагонд суух гэж үзэж байв. Зүүд бол бодитой ертөнц гэж тэр том шашин, соёл судлаач үзэж байв.

Дэлхийн философи, соёл урлагт томоохон үүрэг гүйцэтгэсэн хоёр зүүдний тухай ярья. Хятадын Даогийн шашныг үндэслэгч Жуанзы унтаж байгаад эрвээхэй боллоо гэж зүүдэлсэн байгаа юм. Шавь нар нь “Юу зүүдлэв” гэхэд “Би эрвээхэй болж зүүдэллээ. Нисээд л байлаа. Нисээд л байлаа. Жинхэнэ жаргалыг эдэллээ” гэж тэр хариулж. Тэр удтал бодлогоширсны эцэст “Би нэг л зүйл ойлгосонгүй. Би эрвээхэй болов уу, эрвээхэй Жуанзы болов уу. Эрвээхэй намайг зүүдэлсэн байж магадгүй” гэж хэлж. Түүнээс хойш “Жуанзы ба эрвээхэй” гэсэн дэлхийн философи, соёл, шашин, утга зохиолд үлдсэн байгаа юм. Хүн бодит байдлыг танин мэдэхдээ шууд бодитоор хүлээж авах уу, эсвэл арай өөр өнцгөөс хүлээж авах уу гэдэг асуудал тавигдаж эхэлсэн. Зүүд, эрвээхэйн тухай зүйрлэл нь Даогийн шашны мөн чанар болж “Хүн мөнх наслах” бэлгэдэл болж үлдсэн. Мөнх наслахыг хөөцөлдөж хөөцөлдөж даочид “Үхэл бол мөнх амьдралын заавал туулах ёстой шат” гэсэн гаргалгаанд хүрсэн юм. Жуанзы эрвээхэй зүүдлэх нь маш их утга учиртай. Хятадын эртний соёлд эрвээхэй мөнх насны бэлгэ тэмдэг. Эрвээхэй өт болдог, өт болсноор ахиад амилдаг. Христийн шашинд ч өт эрвээхэй болох, эрвээхэй өт болох физик хувирлыг мөнх амьдралын, дахин дахин төрөхийн бэлгэдэл болгодог. Хүн заавал сэрж байж оюун ухааны дээд түвшинд гардаг. Би Бурхан багшийн сургаалыг зах зухаас нь судалсан. Бурхан багш зүүдэлсэн тухай хэзээ ч уншиж байгаагүй. Бид оюун ухааны доод түвшинд байгаа учраас ертөнцийн аливаа нууц бүхнийг харж чадахгүй байгаа. Тиймээс бид дахиад сэрэх ёстой. Гэгээртлээ бид олон дахин сэрэх учиртай. Жуанзын эрвээхэйн тухай зүүд бол сэрээч ээ гэж хүн төрөлхтөнд ирүүлсэн дохио. Бурхан багш сэрчихсэн, сэхээрчихсэн учраас зүүдэлдэггүй, зүүдлэх шаардлагагүй байх гэж боддог. Унтаж байж л зүүдэлдэг. Тэгэхэд Бурхан багш сэрчихсэн учраас зүүдэлдэггүй юм байна гэж би бодож байгаа. “Бурхан багшийн зүүд” гэсэн зохиол бичвэл мөн сонин доо.

Жуанзын зүүд бол сайхан зүүд. Одоо аймшигтай зүүдний тухай ярьж өгье. Франц Кафкагийн “Хувирал” өгүүллэгт Григори Замза сэрэхдээ хорхой болоод хувирчихсан байдаг. Энэ бол хорьдугаар зууны хамгийн аймшигтай, өрөвдөлтэй зүүд. Жуанзы эрвээхэй болсноо ярьснаас, эрвээхэй Жуанзы болсон тухай яриа одоогоор алга. Тэгэхээр эрвээхэй Жуанзы болсон тухай бичвэл мөн сонин оо. Григори Замза хорхой болж хувираад яриад байгаа юм. Хорхой дүгнээд, яваад байдаг. Григори Замза бол баатарлаг гавьяа байгуулах биш жижигхэн юманд санаа зовоод байдаг айдастай байсан хүн. Аавынхаа өрийг таван жилийн дараа төлж дуусгах, өвчтэй ээждээ эмний мөнгө олох, авьяастай дүүгээ хөгжмийн сургуульд оруулахсан, ажлаасаа хоцорчихвол яана аа, галт тэрэгнээс хоцрохгүй байх гэсэн жижигхэн айдсын золиос болсон хүн байсан. XX зууны эхэнд хүн тийм болсон гэж Франц Кафка үзсэн. Айдас хүнийг хорхой болгодог гэж нэг талаас тайлбарлаж болно. Айгаа л байвал хүн хорхой болно. “Хорхой болтол нь айлгана” гэсэн хэлц үг хүртэл байдаг даа. Хорхой болтол айсан хүн төрөлхтнийг бичсэн Кафкаг фашизм төрөхийг зөгнөсөн их ухаантан гэж судлаачид үздэг. Өнгөрөгч зууны хориод онд фашизмыг хорхойгоор зүйрлэж бичнэ гэдэг гайхамшиг. Фашизм хүн төрөлхтнийг хорхой болтол айлгасныг түүх баталсан. Тиймээс айх гэдэг аюултай юм. АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт “Хамгийн их айж байх ёстой юм бол айхаасаа” гэж хэлсэн. Үүнийг тэр болгон хүн санадаггүй. 2016 оны утга зохиолын Нобелийн шагнал авсан алдарт дуучин Боб Диланы нэгэн дууг орчуулснаа сонсгож энэ илтгэлээ өндөрлөе. Дэлхийг өөрчилсөн “айхаасаа л айдаг” хүний гайхамшигт шүлгийг хүргэе. Хэлмэгдлийг Монголд дахин бүү амилуулаарай. Хэзээ ч хорхой бүү болоорой. Жуанзы зүүдний эрвээхэй болоорой. Эрдэм гэгээрлээр хорхой байхаас аврагдаж ХҮН болоорой!

Тэмдэглэсэн Л.БАТЦЭНГЭЛ

ХҮЧИТ САЛХИ

Хичнээн холын зам туулсных нь дараа

Хэн нэгнийг хүн хэмээн тоодог юм бол?

Хэдэн далай гэтэлснийхээ дараа

Хээрийн галуу унтаж амардаг юм бол?

Хэдэн удаа их буугаар буудаж байж

Хэрэггүй “тоглоом” гэдгийг нь ойлгодог юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн жил уулс сүндэрлэж байгаад

Хүчирхэг давалгаанд идэгддэг юм бол?

Хэдэн жил амьдарч байгаа хүмүүс

Хэний ч боол биш гэдгээ ойлгодог юм бол?

Хэдэн удаа нүүрээ буруулсны дараа

Хэний ч зовлонг олж харахаа больдог юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Хэдэн удаа дээшээ харсныхаа дараа хүн

Хөх тэнгэр байгааг олж хардаг юм бол?

Хэн нэгний уйлж байгааг сонсохын тулд

Хэдэн чихтэй байх ёстой юм бол, хүмүүн?

Хэдэн хүн үхсэний дараа хүмүүс

Хэтэрхий олон хүн үхсэнийг ухаардаг юм бол?

Хүчит салхи хариуг нь мэднэ, найз минь

Хүчит салхи хариуг нь хэлнээ.

Боб Дилан