Categories
мэдээ цаг-үе

Гэндэнгийн Дашчирэв: Сэгс цагаан Богд уул бол амьдын диваажин болсон түүхт нутаг

“Говийн гайхамшигт-6” уран бүтээлчдийн нэгдсэн аялал өнгөрөгч сард Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутаг, Алтайн өвөр говиор арваад хоног үргэлжилсэн. Аяны замд дөрөө харшсан настан маань Баянхонгор аймгийн Шинэжинст сумын цаг уурчаар насаараа ажилласан Байгаль орчны болон Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан Гэндэнгийн Дашчирэв гуай. Шинэжинст сумандаа баялаг үзмэртэй гэр музей байгуулсан эл эрхмийг МУИС-ийн профессор Р.Самъяа “Нутаг орныхоо байгаль, түүх, хүн-байгалийн ариун дагшин холбооны амьд нэвтэрхий толь” хэмээсэн нь чухам голыг олсон дүгнэлт байлаа. Түүнтэй аян замын турш хөөрөлдсөнөө толилуулъя.


-Тантай Сэгс цагаан богд уулын тухай сайхан хөөрөлдье гэж бодлоо?

-Манай Шинэжинст суманд Богд нэртэй нэг л уул байгаа нь Монгол даяар алдаршсан Сэгс цагаан Богд уул. Монгол Улсын өмнөд хилээс дотогш есөн км-т сүмбэрлэх энэ уул түмэн үеийн түүхийн гэрч, монголчуудын оюун санааны шүтээн хайрхдын нэг. Манай нутгийн хамгийн өндөр хайрхан Залаажинст далайн түвшнээс дээш 2557 метр өндөрт өргөгдсөн бол Сэгс цагаан Богд уул 2480 метр өндөр юм билээ.

-Алсаас харахад налайн хэвтэж буй тэмээ шиг сүрлэг сайхан харагдах эл уул ямархан түүх хүүрнэх сэн бол?

-Эзэн богд Чингис хаан маань Тангудыг дарахаар 1220-иод оны үед Сэгс цагаан Богд уул, Шар хулсны шандаар дайран явсан гэдэг. Тийн явахдаа нэгэн уулыг өөрийн нэрээр нэрлэж, бас нэг уулыг харуулын толгой болгосноор Атас, Чингис хэмээн нэрийдэх болсон гэсэн домог бидний үед уламжлан ирж. Түүнээс хойш 1750-иад онд хятадуудтай наймаа хийх газрыг сонгохдоо энэ нутгийн Хонгор тайж Сэгс цагаан Богдыг баримжаалан, уух ус, амрах газрыг зааж заг чирэн зам гаргасан гэлцдэг. Энэ замаар олон зуун аянчин явж арилжаа наймаа хийж байсан жинчдийн жим буудлын мөр байсаар байдаг юм.

-Сэгс цагаан Богд уул нутгийн та нарт ойрхон боловч хүн зоны хөлөөс зайдуу Алтайн өвөр говийн үзэсгэлэн бүрдмэл сайхан нутаг юм. Эрдэмтэн судлаачдын анхааралд хэдийнээс өртсөн бол?

-Одоогоос 140-өөд жилийн тэртээ Оросын нэрт жуулчин Н.М.Прежевальский Сэгс цагаан Богд орчмоор аялахдаа нутгийн ард олноос баавгай амьдардаг тухай мэдээг дуулж мэдээлснээр анх мазаалайн тухай дэлхий нийтэд түгсэн байдаг. Олон улсын болон манай судлаачид тэр цагаас мазаалайг судалж эхэлсэн юм билээ. 2008 оноос Олон улсын баавгай судлалын ерөнхийлөгч Харри Рейнольдс өөр газар нутагт мазаалай байгаа эсэхийг судалж тогтоохоор ажилласаар ирсэн. Монгол-Оросын шинжлэх ухааны академийн хамтарсан баг П.Д.Гунины удирдлагаар 1976-1986 оны хооронд биологийн иж бүрэн экспедиц, хэт гандуу цөлийн суурин судалгааны анги ажиллуулж, байгаль экологийн бүрэн судалгаа явуулсан байдаг. ХБНГУ-ын Бавари мужийн Байгаль хамгаалах байгууллагын санхүүжилтээр доктор Р.Самъяа багш 2008 оноос нутгийн эко системийг судлахаар байгаль хамгаалах хэсэг байгуулан мазаалай болон бусад зэрлэг амьтдыг хамгаалах, судлах ажлыг хийж байна. Миний бие дээрх хоёр судалгааны багийнхантай хамтран ажилласан хүн л дээ.

-Сэгс цагаан Богд уулыг ховор ургамал, амьтны өлгий гэж ойлгож болох нь ээ?

-Цагаан Богд орчмын газар нутагт хэдэн арван сая жилийн өмнөх олдворууд өнөөг хүртэл хадгалагдан, шинжилгээ судалгааны үнэт олдвор болсоор байгаа. Тухайлбал, жаран сая жилийн тэртээх үлэг гүрвэлийн болон далайн амьтдын чулуужсан яс, мод, тэр үед ургаж байсан жигд, заг, тоорой, сухайн чулуужсан хэлбэрүүд олддог. Би гэр музейдээ нутгийн эл олдворуудаар нэлээд үзмэр гаргасныг та харсан байх. Энэ нутаг байгаль эхийн бүтээсэн ховордсон амьтан, ургамлын зоопарк, цэцэрлэгт хүрээлэн болдог тул 1990 онд ЮНЕСКО-гийн “Шим мандал”-д бүртгэсэн. Энэ хавийн нутагт “Улаан ном”-д орсон 13 зүйл хөхтөн, 10 зүйл шувуу, дөрвөн зүйл мөлхөгч, нэг зүйл хоёр нутагтан, дэлхийд нэн ховордсон амьтны жагсаалтад орсон 13 хөхтөн, долоон шувуу байдаг.

-Говь-Алтайн Ээж хайрхны Ламын агуйд Равдан хэмээх хүн олон жил хүн олноос хөндийрч амьдарсан байдаг. Сэгс цагаан Богдод тийм даяанч хүн нуугдаж байсан болов уу?

-Өнгөрөгч зууны эхээр Оросын нэрт эрдэмтэн эцэг хүү Ю.Н.Рерих Шамбалын орныг олохоор зорин явахдаа энэ хавийг сонгон судалж, газар нутгийн сонин содон түүхийг тэмдэглэн, зураг зурж үлдээсэн байдаг. Арвангуравдугаар Далай лам Түвдэнжамц 1904 оны модон хөх луу жилийн намрын дунд сарын 15-нд Сэгс цагаан Богд орчмоор морилон ирээд манай нутгийн Амарбуянтын хийд орох замдаа Шар хулсны рашааныг “Олон хүнд тус болох орчлонгийн шидэт ус байна” гэж аравнайлснаар өнөөг хүртэл ходоодны хавдраар өвчилсөн олон хүнийг анагаасан юм гэдэг. Тэрнээс энд элдэв лам хуврагууд даяанчлан суусан тухай сонсож байгаагүй шүү.

-Алдарт Жаа ламтай ямар сэжмээр холбогддог гэлээ?

-1920-иод оны үес Дамбийжанцан энэ нутгийн Эхийн гол, Цагаан богдын араар цэрэг цуглуулж өөрийн улсыг байгуулна гэж байгаад “Мазуньшянь” ууланд очиж бэхлэлтээ байгуулсан байдаг. Харин манай хошууны гэгээнтэн Жаалхан ламын дүр буюу Жамбалдамбийжанцанг Сэгс цагаан Богдоор 1933 онд хил давуулж Утай, Гүмбэн рүү явуулсан байгаа юм. Тэр үед аав минь гэгээнтний замчин буюу тогооч хийж явсан гэдэг. Гэгээнтэн Хөлтрөгийн голд очоод аавд минь “Та одоо буц даа, та тэгтлээ их ядарч зовохгүй ээ” гэж адислаад цааш одсон гэдэг.

-Энэ хавиар хятадууд хил зөрчин их орж ирдэг байсан гэл үү?

-1953-1960 оны хооронд Цагаан богдын хилийн харуул татан буугдсан үеэр хятадууд манай нутаг руу орж ирэн ан гөрөө хийж, махыг нь нутаг руугаа зөөдөг байсны дээр Эхийн голын баян бүрд орчимд хар тамхи тарьж байсан гэдэг. Зэвхийнүүд Онгон хайрхан уулын болон алттай гэгдэх газар нутгуудыг хар шоргоолж шиг ухаж байсан талаар Эхийн голд олон жил байгаль хамгаалагч хийсэн Ц.Зэсхүү гуай хуучилдаг юм.

-Та ч аргагүй л Залаа Жинст нутгийнхаа амьд нэвтэрхий толь юм. Алдарт “Сэгс цагаан Богд” найраглалд гардаг газар нутаг бүгд танай суманд байна уу?

-Монголын утга зохиолын сор болсон төрийн шагналт зохиолч Сономын Удвал, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй уран бүтээлчид Сэгс цагаан Богд орчмоор аялан, улмаар тэр алдарт найраглалыг бичсэнээр зохиогч нь төрийн шагнал хүртсэн төдийгүй манай нутгийн сүр сүлд болсон сайхан уулыг алдаршуулсан хэрэг. Манай нутагт Цэцэн Раш буюу Цэрэндаш хэмээх уул усаа шүлэглэн зааж өгдөг хүн байсан юм. Цэрэндаш гуай сухай ташуураа барин нэрлэсэн газрынхаа тийш зааж, зуун найман эрхиний тоогоор уул усыг шүлэглэн хэлдэг байж.

“Анагай гурван цоохор

Ажин гурван ширдэг

Аман гурван сээр

Ах дүү гурван хаалга

Залаатын гурван нуруу

Ямаатын гурван хавцал

Ихэр гурван хавцгайт

Эрээлэх гурван сэрвээт

Цоохор гурван дэл

Шалын гурван хоолой

Ар гурван гүн

Өвөр гурван Жаргалант

Зээрэнгийн гурван тал

Зэгстэйн гурван худаг

Байшинтын гурван шанд

Баяжихын гурван хөндий

Сувраа гурван хар

Суумал гурван улаан

Босго гурван гашуун

Бор гурван хайрхан

Эгэл гурван тооройт

Ижил гурван сэрвээт

Задгай гурван хээр

Зах гурван бамбуу

Өлзийт гурван овоо

Өгөөж гурван хонхор

Гуулингийн гурван хэц

Гурилын гурван цав

Ингэн гурван хөөвөр

Эх гурван бүрд

Төмөртийн гурван хөх

Тахийн гурван ус

Мазаалайн гурван булаг

Манхан гурван элс

Сүүж гурван орших

Сэгс цагаан Богд оо” гээд “За, тэгээд тогтоож амжсан уу” гэж ёжтойхон инээмсэглэдэг хүн байсан гэдэг. Эндээс ардын уран зохиолч маань эх зохиолынхоо санааг олж сайхан найраг туурвисан байж магадгүй юм.

-Найраглал төрсөн түүхийг та аль хэр мэдэх вэ?

-С.Удвал, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, С.Дашдэндэв, С.Лувсанвандан, Д.Нямаа тэргүүтэй Монголын шилдэг зохиолчид говийн айл С.Надмэд гуайнхаар зочилж, найраглалын баатар Н.Сүхбаттай уулзсан түүхээс үүдэлтэй юм билээ. 1969 оны аравдугаар сарын 15-ны өдөр Д.Пүрэвдорж гуайн төрсөн өдөр тохиож С.Удвал гуай түүнд алим бэлэглэж байсан гэдэг. Надмэд гуайгаар нутаг усны сайхныг яриулж, шүлэглэсэн газрын нэрсийг тэмдэглэх зуур Н.Сүхбат хулангийн унагаа тэжээснээ үзүүлж. Буцах болоход Долгорын Нямаа найрагч зүүж явсан тэмдгээ хулангийн унаганы ногтон дээр зүүж өгөөд, хошуун дээр нь үнсээд явжээ. Тэд дараагийн айлд буугаад цэцэн цэлмэг зохиолчид тоглоом наргиагаар “Д.Нямаа хүүхнийг үнсэх гэсэн ч биднээс ичиж бантсандаа унаганы уруул үнссэн” гэцгээснээр найраглал бичих гол гогцоог олсон гэдэг. Тэр үед Д.Нямаа 29-тэй, Н.Сүхбат 17-той байсан юм билээ. Хожим 44 жилийн дараа 2013 оны аравдугаар сарын 25-нд найраглалын баатруудыг уулзахад би хамт очиж байлаа. Д.Нямаа нүдэндээ нулимстай машиндаа суухад сэтгэл уярч суусан минь саяхан мэт.

-Та хөөцөлдөж Сүхбат гуайд батламж олгуулсан гэдэг бил үү?

-Аймгийнхаа номын санд “Сэгс цагаан Богд” найраглалын баатар байгаа тухай хэлснээр номын сангийн удирдлага өөд нь уламжилж, 2013 оны есдүгээр сарын 21-нд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Н.Сүхбатыг найраглалын тэмээчин дүрийн “Домогт баатар”-аар батламжилсан шүү.

-Та өөрийгөө их ярихгүй хүн юм аа?

-Ах нь яах вэ, Баян-Өндөр сумын Баржин гэдэг газар 1950 онд төрсөн хүн. Цэргийн алба хааж ирээд, Ус цаг уурын өртөө байгуулагдахад таван жил ажиглагчаар, 37 жил өртөөний даргын алба хашлаа. Орон нутгийн судлах музейг хоёр удаа байгуулж, арваад орны зуу гаруй иргэн, дотоодын мянга гаруй хүнд үзүүлж харууллаа. Хамгийн гол нь хүн эх нутагтаа л хайртай байх учиртай. Хүний энэ насанд хийх буяны нэг мод тарих юм гэнэ лээ. Би жигд, тоорой гээд мянга гаруй мод тарьж, хүүхдийн байгаль хамгаалах клубийг хориод жил ажиллууллаа. Уржнан жил Баянхонгор аймгийн тэргүүний эко клубээр шалгарсанд ная дөхсөн өвгөн би баярлаж л сууна.

Categories
мэдээ цаг-үе

Нэгэн асуултын үр дүн

Холбоотой ЗурагХорватын шинэ үеийн нэрт зохиолч Антун Шоляны “Нэгэн асуултын үр дүн” өгүүллэгийг хүргэе. “Хүйтэн дайн дэлхийн улсуудыг соёл нь харилцан нэвтрэлцдэггүй, дайсагнагч хоёр бүсэд хуваачихаад байсан тэр үед төв Европын сэхээтний ертөнцөд “жийнсний утга зохиол” хэмээх нэгэн өвөрмөц давалгаа гарсны тод томруун төлөөлөгч бол Шолян юм” гэж Г.Аюурзана “Дэлхийн сонгомол” бүтээлдээ тодотгосон байдаг.


-НЭГЭН АСУУЛТЫН ҮР ДҮН-

Хаалган цаана нимгэн нийлэг хүрэмтэй залуу зогсож байлаа. Хүзүүний ороолтоо эрүүндээ тултал татаж, сайргардуу хөл нь гандсан жийнсэн дотроо чичирч байгаа нь анзаарагдана. Гялгар цаасан хавтсыг эгээ л хүүхэд тэвэрч байгаа юм шиг зүүн гараараа биедээ нааж, баруун гартаа ямар нэгэн юм тэмдэглэж авахад бэлэн байдлаар харандаа бэлджээ. Катарина зүүн гараараа халуу дүүгсэн гэрийнхээ хагас нээлттэй хаалгыг барьж, баруун гараараа гоёмсог, зузаан халаадныхаа энгэрийг хумьж зогсов. Залуу эрүүгээ тачигнуулахгүйг ихэд чармайн байж: -Өршөөгөөрэй, би “Эмэгтэйчүүдийн ертөнц” сэтгүүлээс явж байна л даа. Бид… үгүй ээ… манай сэтгүүл нэг асуулга явуулж байгаа юм… Орчин үеийн эмэгтэйчүүдэд эрчүүдийн юу нь таалагдах тухай.. аа, бас юу нь таалагддаггүй талаар… Хэрэв та юу яах юм бол, би маш талархах байна… Ердөө ганцхан минут… ганц л минут л… Гэвч өмнө нь тогшсон бусад бүх хаалганы нэгэн адил энэ хаалга ч залуугийн өмнө алгуурхан нээгдэж эхлэв. -Юун асуулгад оролцох манатай. Би дөнгөж ажлаасаа ирээд байна. Дараа болъё гэж Катарина хаалгаа хаах зуураа хэллээ.

-Ганц, хоёрхон асуулт шүү дээ. Их амархан асуултууд… гэж залуу царайчлангуй зүтгэхэд харандаа барьсан гар нь аймхай атлаа шийдэмгийгээр хаалганаас зуурав. Магадгүй, тэр хөл дээрээ тогтож ч чадахгүйд хүрснээс дэм авах гэж хаалганаас барьсан ч байж болох юм. Катаринагийн цаана хотын шинэ хорооллын ердийн жижгэвтэр байр байгааг задгай үснийх нь дээгүүр өнгийн харж болохоор. Цэвэрхэн, дулаахан гал зуухных нь ширээн дээр аягалж тавьсан кофе энд үнэртэх аж. Кофены тэр хурц ааг, ажлаасаа ирүүт толгойгоо угаасан Катаринийн шампунийн үнэртэй холилдоно. -Үгүй, үгүй, уучлаарай, чадахгүй гэж Катарина татгалзав. -Би оюутан л даа. Оюутны үйлчилгээний товчооноос… гэнэт л аз болж… Ажил олдсон нь энэ. Тэгсэн чинь өнөөдөр ийм аймаар хүйтэн, хэн ч асуулгад хариулсангүй. Манай үеийн эмэгтэйчүүдэд эрчүүлийн юу нь таалагддаг, юу нь таалагддаггүй нь хэнд ч хамаагүй юм шиг л. Би тэгээд ганц ч хуудас бөглөж чадсангүй. Залуу арга барагдсан дуугаар ийн яриад, баталгаа болгож хавтаснаас цагаан хуудас гаргаснаа харандаагаар заав. Катарина цэвэр цагаан хуудас руу яахаа мэдэлгүй ширтсэнээ, дулаан байр руу нь горьдсон нүдээр шагайх залууг ажиглалаа. Даарсан царай, нулимс гүйлгэнэсэн нүд, улайсан чих нь түүнийг улам доожоогүй харагдуулсан аж. Хүрэм нь доторгүй бололтой. Дээр нь хамаг биеэ хурааснаас хариу ч үгүй чөрчгөр амьтан үзэгдэнэ.

-За, яахав, тийм байж. Орж аяга кофе уу л даа. Би яг гал зуух руугаа орох гэж байсан юм хэмээн Катарина итгэлгүйхэн дуугарав. Баярласандаа царай нь гэрэлтсэн залуу ширээний ард суугаад хавтсаа тавьж, бээрсэн гар руугаа амьсгалан Катаринаг кофе хийж өгөхөд хичээнгүйлэн тосч авлаа. Тэгтлээ баярлахыг нь хараад Катаринад ч тааламжтай болж, өөдөөс нь харан суув. Тагтнаас тусах нарны гэрэлд залуу бүхэлдээ бараан дүр болон үзэгдэнэ.

-Би харин танай сэтгүүл дээр нэрээ гаргахыг хүсэхгүй байна. Хүмүүс дооглоно. Намайг сексийн тухай ярьж байна гэх юм бол… Бурхан минь! гэж Катарина хэлэв.

-Нэргүй асуулга л даа. Та надад бүрэн итгэж болно. Намайг Младен гэдэг хэмээн залуу зөвхөн нэр нь л нууц хадгалах баталгаа болчих юм шиг ятгасан аясаар өгүүллээ. Дулаацаад тэр хүзүүний ороолтоо, хүрэмний товчоо тайлав. -Үнэнийг хэлэхэд, надад эрчүүлийн яг юу нь таалагддагийг би мэдэхгүй юм. Янз янз, тухайн үедээ л…гэж Катарина хэллээ. -Та хамгийн түрүүнд юуг нь анхаардаг вэ? л гэж асуух гэсэн юм л даа. Хэн нэгэнтэй танилцлаа гэхэд… биеийн ямар онцлогийг… Эрчүүд бол, жишээ нь эмэгтэй хүний хөл, хөх, гуя, тиймэрхүү зүйлсийг хардаг. Ингэж хэлээд Младен Катаринагийн “тиймэрхүү зүйлсийг” ширтлээ. Катарина зовонгуй инээмсэглэж, халаатныхаа энгэрийг улам хумив. Түүнтэй ярилцаж эхэлснээсээ хойш анх удаа гэртээ танихгүй эр хүнтэй хоёулхнаа байгаагаа мэдэрчээ. -Тийм л дээ… мэдэхгүй юм аа гэж мөн л итгэлгүйхэн хариулав.

-Би танд асуултаар тусалъя гэж Младен бүсгүйн халаадны хуниас бүр рүү нүдээрээ шургачих шахам ширтэнгээ хэлээд -Жишээ нь, та биеийн хүч чадлыг хэр үнэлдэг вэ? Булчинтай, хүдэр бадир эрчүүлд дуртай биз дээ гэлээ. -Үнэнийг хэлэхэд би… Би мэдэхгүй юм аа. -Заримдаа ч тийм л дээ, гэхдээ… -Тэгэхээр өндөр байх хэрэгтэй гэсэн үг үү. -Үгүй, заавал тийм байх албагүй л дээ… Младен хөмсгөө зангидаж, амандаа ямар нэг юм бувтнан, цаасан дээр нэгэн нууцлаг дүрс тэмдэглэчихэв. Ийн бичиж суух зуур нь Катарина түүний шувтан мөр, үхээнц цонхигор царайтай, туранхай гартай, өнгө алдсан шүдтэйг анзаарлаа.

-Танайх ямар гоё кофетэй юм бэ? гэж тэр аяган дахиа балгаад, -Тэгвэл бэлэг эрхтэн нь гэх нь тэр

-За боль доо гээд бүсгүй инээд алдав. -Үгүй ямар нь танд таалагддаг вэ. Том, бага, бүдүүн гээд л… -Та намайг юу гэж бодоо вэ. Намайг харьцуулаад яриад байхаар тийм олныг үзсэн гэж санаа юу хэмээн Катарина гоморхлоо. -Үгүй ээ. Энэ асуулгын тодорхой насны, тодорхой туршлагатай эмэгтэйчүүдийн дунд явуулахаар тооцсон юм. 22-оос дээш насны, ажил албатай эмэгтэйчүүд гэж байгаа юм л даа гэж Младен учирлав. -За зүгээр дээ, тэнэг юм гээд Катарина ахин инээд алдлаа. Младен тонгойж ямар нэгэн юм тэмдэглэв. “Тэнэг юм” гэж тэмдэглэсэн ч байж мэднэ. Эсвэл, зүгээр л харандаагаа хөдөлгөн юм бичсэн дүр үзүүлсэн ч байж болох юм. -Жишээ нь, та “стеатопиги” гэж юу болохыг огт мэдэхгүй ч энэ тэнэг жаал өөрөөр нь даажигнаад байна гэж бодсондоо Катарина нэлээд ууртай хариулав.

-Та өөрийнхөө дотно хүнийг, нөхрийг…найз залуугаа ч юм уу… төсөөлөөд бод доо… гэхчилэн Младен ер шантрах шинжгүй шалгаалаа. -Надад нөхөр ч, найз залуу ч байхгүй. -Юу? Та гав ганцаархнаа амьдардаг юм уу? гээд энэ үгсийн дараа орчин тойрон нь тэс ондоон болчихсон юм шиг, ийш тийш харав. -Тийм ээ, гав ганцаараа гэж батлаад мөн л эргэн тойрноо ажиглалаа. Гэнэтхэн тэр өөрийгөө жигтэйхэн ганцаардмал, ямар ч булчин шөрмөстэй залуугүй, ямар ч нөгөө юу билээ, аа тийм, стеатопиги ч үгүйг анзаарав. Ганц бие, ажил хийдэг, 22-оос дээш насны, тэгэхдээ эрчүүдийг цэгнэх туршлага суугаагүй эмэгтэй…Харин гадаа жигтэйхэн хүйтэн. Ийм хүйтэнд хүн хариулахааргүй балай асуултууд барьсан энэ жулдрай залуугаас өөр хэн л наашаа зүглэх билээ. Хэн ямар гэдэстэй, бие нь хэр үстэй, эрхтэн нь аль хэр том зэрэг нь тийм чухал юм шиг бодчихсон тэнэг амьтан. Эмэгтэй хүнд бол хажууд нь зүгээр хэн нэг хүн байж байх л хавьгүй чухал шүү дээ. -Таны энэ яриад байгаа биеийн үзүүлэлтүүд шал тэнэг юм аа. Хүн хүндээ жинхэнээсээ таалагдах гэж байдаг шүү дээ хэмээн тэр Младенд хэлэв. Младен ширээн дээр харандаагаа тавиад уртаар санаа алдахад нүд нь бүхэл оройжин эргэлдсэн асуултуудынхаа мананд живсэн мэт бүүдийлээ: -Эмэгтэйчүүд цөмөөрөө л ингэж ярьдаг. Гэхдээ…гэхдээ дандаа ярьснаасаа эсрэг байдаг. Хэрэв тийм л байсан бол, намайг хэн нэг эмэгтэй өөрийн болгох л байсан шүү дээ. Гэтэл тийм биш…Тийм биш нь тодорхой шүү дээ. Энэ үгийг сонсоод Катарина инээд алдаж. -Би бол муухай эр хүн байдаггүй гэж боддог. Хүн бүр өөрийг нь хайрлах хүнийг хайж явдаг. Хүн бүхэнд сайн тал бий. Түүнийг олж харах л хэрэгтэй хэмээн маргаан өдөв. -Үгүй дээ, жишээлбэл би хэнд ч таалагддаггүй, ямар ч эмэгтэй хүнд ялгаагүй. Аман дээрээ бол хүүхнүүд “Бие бялдар хамаагүй” л гэнэ. Цаанаа бол… Жишээ нь надтай юу яана гэж хэнийх нь ч санаанд багтахгүй..гэж Младен хариуллаа. Тэр аяган дээр, нөгөө асуултынхаа дээр, бараг л уйлахаа алдан бөгтийжээ. -Арай ч хэтрүүлж байна аа, гэхдээ би таныг анх удаа л харж байна шүү дээ гэж Катарина айсан шинжтэй бувтнав. -Би зүгээр жишээ болгож хэлсэн юм. Жишээ ч гэсэн дээ, та намайг анх удаагаа харж байхдаа ч сүүлийн удаагаа харж буй гэдгээ мэдэж л байгаа шүү дээ. Тэгвэл би эмэгтэй хүнд анх харахад нь л таалагддаг залуу байхыг хүсдэг. Ядахнаа ганц эмэгтэйд… Тэгээд ч нэмэр алга. Тэгэхээр бие бялдрын үзүүлэлт гол байгаа биз дээ. -Үгүй, та юунд гомдлоод байгаа юм бэ? Эрт орой хэзээ нэгэн цагт хүн бүр хэн нэгнийг олж авдаг шүү дээ гэж Катарина үгийг нь таслав. Тэгж хэлснийхээ дараа “ Үгүй, нээрээ, хүн бүхэн ханиа олдог гэж үнэн болов уу? Хүлээх л хэрэгтэй, гэтэл хэдэн зууны туршид хүмүүс ингээд л өөрийгөө хуураад явсан юм биш байгаа? Би ч гэсэн… Ингэж ярьж байгаа ч, өөрөө хэнийг ч олж чадахгүй, эцсийн эцэст, намайг тоож чангаасан эхний эрийн л эрхэнд орчих юм биш байгаа?” гэж боджээ. -“Эмэгтэйчүүдийн ертөнц” сэтгүүлийнхэн яагаад намайг ийм асуулга авахуулахаар явуулсныг та мэдэж байна уу.

Катарина түүн рүү хараад ярианы сэдвийг өөрчилсөнд нь баярлан инээмсэглэлээ: -Та л ийм ажилд яг тохирно гэж хэлэхэд хэцүү л байна. -Ийм асуулгад зөвхөн оюутан охидыг явуулдаг юм. Залуучуудаас ганцхан намайг л авсан. Намайг гэм халгүй амьтан, эмэгтэйчүүдээс асуулга авахдаа элдвийн юм хийчихгүй гэж үзсэндээ тэр байхгүй юу. Би хүссэн болохоор тэр биш. Огт чадахгүй учраас л тэр. Одоо та ойлгов уу? -За та боль доо гэж Катарина хэлэв. Оюутан улам атийснаа, сайхан залуус, сайхан хүүхнүүд нүцгэн зугаалах ширэнгэ ойг төсөөлөнгөө өрөөнийхөө хүйтэн буланд шигдчихээд, дүүрэн хиам шиг булчин, пүүгийн туухай шиг нударгатай болохыг ямар ч найдваргүй мөрөөдөн суудгаа ярилаа. -Сүүлдээ эр хүн гэдэгтээ ч итгэхээ байсан. Жишээлбэл, ямар нэгэн эмэгтэй намайг сонирхоно гэдэгт би ерөөсөө итгэдэггүй гэж тэр төгсгөлд нь хоолойгоо зангируулан өгүүлэв. -Хэн танд тэгж хэлсэн юм бэ? гэж асуухдаа Катаринагийн хоолой хачин бөглүү сонсогдлоо. Энэ үгнээс өөрийгөө ч, залууг ч өрөвдсөн өнгө дуулдав. Бүсгүй босоод аяга авах гэж байгаа юм шиг гараа сунгаснаа түүнийхээ оронд залуугийн толгойг тэврэн авч, хэн нэгэнд зориулагдах ёстой байсан төвгөр хөхнийхөө тушаа татан ойртуулаад нойтон хамар, чичирсэн уруултай тэр толгойгоор халаатныхаа энгэрийг үрэн задгайллаа. -Хэн танд тэгж хэлсэн юм бэ? Хэн танд тэгж хэлсэн юм бэ, хэн танд тэгж хэлсэн юм бэ… гэж тэрээр тас зуурсан шүднийхээ завсраар давтан өгүүлж, нарны гэрэлд гялбасан нүдээ анин, залуугийн хүйтэн нүүрийг бие дээгүүрээ хөтөлнө. Ийм маягаар нөгөө асуулга чинь хотын шинэхэн хорооллын, шувууны тор шиг жижигхэн нэг өрөө байранд, цэвэрхэн цагаан хэрэглэлтэй орон дотор, ажил тарсан оройн цагаар, тийм тэнэг асуултууд барьчихаад хүйтэн гудамжаар тэнэж явсан ямар ч эр хүн мөрөөдмөөр сайхан үргэлжилжээ. Гүнзгийрүүлсэн асуулгаар хэн хэн нь биенийхээ олон онцлогийг судалж таньсан нь лавтай. Асуулга ч бай, ер нь ямар ч ажил нэгтээ дуусдаг ёсоор дууссан нь мэдээж. Оюутан маань эм хүнээр бүр дэндүү цангаж явсан болоод ч тэр үү, хагссан хүсэл нь ханахдаа бүсгүйн хүлээж байсныг даанч гүйцэлдүүлсэнгүй. Асуулгын эцсийн үр дүнд эмэгтэй хүн, орчин үеийн ертөнц хоёр урьдынхаараа л үлджээ. Халууцаж, эгээ л сугалаанаас азтай тасалбар хожчихсон аятай сэтгэл ханасан Младен биеийнхээ төдий л түүртэмгүй жингээс Катаринаг чөлөөлснөө, эхлээд орон дотор, дараа нь өрөөн дотуур ам хуурайгүй чалчин сэлгүүцэж гарав. -Энэ ч ёстой зөгнөл гэсэн үг юм аа. Ийм юм надтай хэзээ ч тохиолдож байсангүй. Харин чамд тохиолдож байсан уу? Зөгнөлт зүүд ийм л байдаг байх. Хэдийгээр надад нөгөө үзүүлэлтүүд байхгүй ч гэсэн…За, тэр ямар хамаа байна. Тэгэхээр, бүхнийг анхны харцаар эхэлж болох нь байна. Бурхан минь, ямар гайхалтай юм бэ? Чамд надтай байхад сайхан байсан уу? Үнэхээр сайхан байсан уу? Сайхан байсан, тийм үү? Катарина, хэл л дээ, сайхан байсан уу, тиймээ? гэхчилэн дуустал нь ярьж амжихгүй байх вий гэж айсан юм шиг эцэс төгсгөлгүй ганцаараа ярина. -Тийм ээ гэж Катарина хариуллаа. Тэр өрөөн дотуур нь баяр хөөрт автан эргэлдэх залуугийн чөргөр биеийг ажиглав. Дараа нь юу яриад байгааг нь ч анхаарахаа болилоо. Гэнэтхэн түүнд ганцаархнаа байх адгуу хүсэл төрөв.

Гэвч залуу түүний бяцхан вант улсад аль хэдийнэ тухлаад гэрэл зургийн цомог сөхөж (Хонгор минь, энэ чинь одоо юун залуу байдаг билээ?), шүүгээнд байсан лонх шарзыг асуух ч үгүй авч хэдэнтээ балгаад, угаалгын өрөө рүү нь орж хаалгаа ч хаалгүйгээр давсаг суллах зуураа ам хуурайгүй ярьж, хүр хүр хийтэл биеэ маажих аж. Одоо ч тэр гал зуухны өрөөнөөс үе үе юм зажлан үгээ таслаад, мөн л ярьсаар. Катарина яаралгүй өндийж, халаадаа өмсөөд галын өрөөнийхөө үүдэн дээр зогслоо. Нүцгэн, нуруун дээрээ батгатай чөргөр залуу хөргөгчний өмнө явган суучихсан, өглөө идэхээр бэлдсэн хиамыг нь шууд гараараа аван идэж байв. -Чи хэвтэж бай л даа. Би одоохон… гэж тэр амнаасаа хагас зажлагдсан хиам цухалзуулан өгүүлээд: -Ахиад хоёулаа түрүүнийхийгээ хиймз гэлээ. -Ахиад бидний хооронд юу ч болохгүй гэж Катарина аяархан хэлэв. Младен аанай л нөгөө суусан янзаараа бүсгүй рүү асуусан харц өргөлөө. -Чи одоо яв гэж бүсгүй өгүүлэв. Цаадах нь тостой гараа нүцгэн гуяндаа яаран арчсанаа ухасхийн бослоо: -Тийм ээ, тийм. Тэгэлгүй яахав. Чи ажилтай шүү дээ. Би одоохон, одоохон. Үнэхээр гайхамшигтай байлаа. Тийм биз дээ? Бид ахиад уулзана тийм ээ? Катарина өмднийхөө шуумгийг олж чадахгүй байгаа чөрчгөр хөл, батгатай нүүр, өөрийнх нь байдлыг таамаглах гэж ядах аймхай нүд рүү нь ширтээд, өмнө нь яг манаач шиг зогссоор байлаа. -Маргааш чиний ажил хэдийд дуусах вэ? Яг өдийд …Юу яавал яасан юм бэ? Юу гэж бодож байна? За тэгье, маргааш шүү. Чи бид хоёр хэн хэндээ зориулагдсан хүмүүс байх аа. Маргааш харин, арай удаан цуг байвал ямар вэ? Би нааш номнуудаа аваад ирсэн ч болно шүү дээ. Хувцаслаж дуусалгүй тэрээр бүсгүйг тэврэх гэж оролдов.

-Үгүй ээ, үгүй гэж Катарина санаад оромгүй ууртай хүйтнээр түлхээд хүрэм, хүзүүний ороолт хоёрыг нь түүн рүү чиглүүлэн өмнөө бамбай мэт барьсаар үүд рүү түрлээ. -Бид хоёр таарах хүмүүс биш. Тэгэхээр маргааш ч, нөгөөдөр ч уулзалдахгүй. -Ингэхэд гэнэтхэн юу болчихов оо? гэж Младен асуув. -Анхны харцаар өдөөгдсөн гайхамшигтай сайхан юм ер байгаагүй. Энэ бол зүгээр л эндүүрэл. Чи цуг байхадсайхан эр ч биш, энд азарган тахиа шиг донгодоод байхаар юу ч хийгээгүй. Энэ бол ганцхан миний, миний л алдаа. Гэртээ амьд хүн хараагүй удсанаас л тэр. Өөр юу ч биш. Ажилдаа явах, ажлаас ирэхээсээ бусдыг мартсанаас л болж байхгүй юу. Хүмүүс бие биедээ таалагддаг тэр ертөнц рүүгээ чи явж үз. Ямар нэгэн хэсэг хэсгээрээ таалагддаг, зарим эрхтэн нь таалагддаг, тэр хэсгүүдээс бусад бүх юм нь хэвийн хүмүүс байх нь л дээ. Чиний тэр эмэгтэйчүүдийн ертөнцөд, эмэгтэй хүнд түүнээс өөр асуудал байхгүй юм байна. Ийм юм бодож олж л байдаг, түүнд чинь тэр сонин сэтгүүл чинь л итгэдэг юм байгаа биз? Тэгээд бас тэр тэнэг асуултуудаараа хүмүүсийг төөрөлдүүлэх санаатай. -Гэхдээ, хонгор минь сонс л доо…Катарина байз л даа…

-Бас юун “хонгор” вэ? Мөн бодож олов оо? Нэгэнт л хорвоо надад эмэгтэй хүний минь хувьд ийм зүйл оноож байгаа бол…, чамтай ч хамаагүй үзэх хэрэгтэй л гэж бодсон юм. Магадгүй, надад өөр тохиолдол таарахгүй ч юм бил үү гэж бодсон. Бие бялдар, эрхтэн нь таалагдахгүй болохоор л татгалзаж болно гэж үү? Магадгүй, би асар үнэтэй баялгаа гээсэн ч байж мэднэ. Баялгаа шүү, чөтгөр ав, гэхдээ би эд баялаг гэх мэтийг тооцсон биш л дээ. Зүгээр л надад аймаар байна. Надад дараа ийм санамсаргүй, ийм тэнэгээр хүрч ирээд, үе үеийн хүмүүс ийм л замаар дурлалцаад, эцэст нь бүх юм утгагүй төгсөж, урьдынхаасаа улам ч ганцаардмал үлддэг байх вий гэж айж байна. Тиймэрхүү хямд бэлгийн төлөө хорвоод баярлалаа. Бэлгэнд ийм морь ирэх болбол эхлээд шүдийг нь татаж харах хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол юуны өмнө сайн шүдний бахь хэрэгтэйг ойлгоно. Чи наад асуулгадаа ингэж бичээрэй! Катарина ийм үгс хэлээгүй ч байж магадгүй. Гэхдээ шаналж, эвгүй байдалд орсон залууг шат руу өршөөлгүйгээр түлхэн гаргахдаа яг ийн бодсон юм. Залуу хүрмээ товчилж ч амжаагүй байтал хаалга тасхийтэл хаагджээ. Эргэн тойрноо хараад хоосон гэртээ ганцаар үлдсэнээ ойлгуут Катарина ирээдүйн өмнө хоромхон зуур айн сүрдэх шиг болов. Гэвч угаалгын өрөөнд орж халуун шүршүүр доор зогсохдоо бяцхан тусгаар тогтнолоороо бахархаж, хувь заяаны ямар ч дэмий бэлгийг хүлээж авахгүй, хэнтэй ч санаа нийлэхгүй араншингийн өөртөө байгаа тэр жаахан хэсгийг таатайяа мэдэрлээ.

Categories
мэдээ цаг-үе

Төрийн тогтолцоог өөрчлөх саналыг бүгдээрээ дэмжье

Өдрийн сонины 2016.11.12 Бямба ¹261 (5526) дугаарын “Хэлэх эрхийн индэр” буланд нийтлэгдсэн Дорнод
аймгийн иргэн Л.Санжаасүрэн
гийн саналыг хүргэж байна.


ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХ САНАЛЫГ БҮГДЭЭРЭЭ ДЭМЖЬЕ

УИХ ба Засгийн газрын эрх хэмжээний тухай асуудал болгон оруулах гэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлтийн саналууд нь асуудлын голыг оноогүй, эргэн тойронд нь эргэлдсэн шинжтэй байна. Өмнөх УИХ-ын үед зарим хүний санал болгосон гишүүдийн тоог 99 болгох зэрэг нь хоёр танхимтай болгох санааны эхлэл байсан юм. Хоёр танхимтай болохоос өөр гарцгүй. Энэ нь зардал ч нэмэхгүй. Яагаад гэвэл дээд танхим зөвхөн жилд хоёр удаа хуралдахдаа л зардал гаргана. Бага хурал 55-60 гишүүнтэй л байхад болно. Бага хурал иргэдийн төлөөлөл биш. УИХ-ын 150-350 гишүүн иргэдийн төлөөлөл болно. Ингэж санаа зовоод байгаа иргэдийг төлөөлөх тооны асуудал хангалттай шийдэгдэнэ. Үнэндээ намуудын саналаар гарч ирж сонгогддог УИХ-ыг эрх хэмжээгээ хэтрүүлсэн бага хурал гэхэд хилсдэхгүй.

Дээр нь ард түмний хяналт байсангүй. Намын бүлгүүд, нам дамнасан олигархиудын л эрх ашиг ноёрхож ирсэн нь одоогийн хямралд хүргээд байгаа билээ. Хоёр танхимтай байх ёстойг Ерөнхий сайд асан Д.Содном гуайгаас эхлэн цөөнгүй сэхээтнүүд санал болгодог. Энэ бүхнийг төр нийгмийг удирдаж ирсэн асар их туршлагын үр дүнд хэлж байгааг ойлгох цаг болсон байх. Хууль, эрх зүй мэддэг хүмүүс Засгийн газрын бүтэц баталсан субьект нь, томилгоо хийх эрхгүй гэж үздэг. Иймээс хоёр дахь субьект дээд танхим гарцаагүй байх ёстой. Энэ мэт олон шалтгаанаар ихэнх оронд хоёроос доошгүй танхимтай байдаг. Манай зарим улстөрчид хоёр танхим холбооны улсад байдаг журамтай гэж хаанаас уншсан нь мэдэгдэхгүй онол ярьцгаадаг. Бид бүх зүйлд гадаадыг дуурайх шаардлагагүй.

Бид цагтаа дэлхийд хуульт ёсны анхдагчид болж байсан улс. Түүнээс гадна өргөн уудам газар нутаг, цөөн хүн ам, газар зүй, геополитикийн орон зай гээд бусад ямар ч оронтой адилгүй улс. Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжигчид ч мэр сэр байх шиг байна. Бараг нэг айлын гарт улсын эрх мэдлийг өгснөөр ямар үр дагавар гарч буйг Дундад Азийн “стан”-уудад гарч буй нийгмийн үзэгдлүүд бэлхнээ харуулж байна. Иймээс хамтын шийдвэр гаргадаг парламентын засаглалаа бэхжүүлэх учиртай. Хоёр танхимтай болгосноороо ард түмэндээ илүү эрх өгөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөөнөөс гараагаа эхэлсэн хүүхдийн эмч нар

Хүүхдийн эмч гэдэг хамгийн хүнд мэргэжил. Юу нь өвдөж, ямар зовуурьтай
байгаагаа хэлж чадахгүй болохоор нялх хүүхдүүд бүр ч хэцүү. Тиймээс өвдсөн тохиолдолд
эмчээс гадна эцэг эхийн асаргаа сувилгаа, анхаарал халамж хамгийн чухал. Манай эцэг,
эхчүүд хүүхдийнхээ өвчин, биеийн байдлыг шууд л эмчтэй холбох гээд байдаг гэнэ.
Хүүхдийн эмч өвчтөнөөсөө гадна эцэг, эх, эмээ өвөө гээд ар гэрийнхэнтэй бүгдтэй
нь холбоотой болдог. За тэгээд худууд, хадам бэр, хүргэнүүд хоорондоо муудалцаж,
тэрнээс л болж хүүхэд өвдчихлөө, тэрэнд тэгээд хэлээд өгөөч гээд л эмч нарт зовлонгоо
тоочиж гардаг гэнэ. Хүүхдийг нь эмчилж байгаа эмч ар гэрийн асуудлыг хүртэл зохицуулах
нь энүүхэнд аж.

Хүүхдийн эмч хэмээх энэ амаргүй мэргэжлээр 1986 онд Анагаахын дээд
сургуулийг 80-аад оюутан дүүргэсэн байна. Тухайн үед Хүүхдийн факультет гэдэг байсан
бөгөөд дотроо группээр хуваагдана. Нэг групп 12 оюутантай. 1986 онд дээд сургуулиа
дүүргэсэн Хүүхдийн факультетийн долдугаар группийг бид энэ удаа “Нэг ангийнхан”
буландаа урьсан юм. Ч.Ванган, Г.Цэен, Ж.Батжаргал, Ч.Нямаахүү, Ч.Энх-Амгалан, Ч.Сэрчмаа,
Ц.Алтанцэцэг, А.Алтантуяа, Ц.Сэржмаа, Г.Оюунцэцэг, Д.Тунгалаг хэмээн нэг нэгийгээ
овогтой нь хэлж байлаа. Аргагүй л зургаан жил цуг сурсан гэдэг нь мэдрэгдэж байв.
Тэд саяхан төгсөлтийнхөө 30 жилийн ойг тэмдэглэжээ.

1986 он гэдэг цаг өөр байсан үе. Арваннэгүүлээ төгссөн долдугаар
группийнхэн дипломоо гардаж аваад бүгд хөдөө ажиллахаар томилогдсон байна. Ингээд
гурав, дөрвөн жилийн дараа ихэнх нь хотод ирж мэргэжлээрээ үргэлжлүүлэн ажиллажээ.
Хөдөө орон нутгат ажиллах тэр жилүүдэд л холбоо тасарсан аж. Түүнээс хойш хамгийн
багаар бодоход жилд хоёр удаа уулздаг.

1981 он нэгдүгээр курс

Уулзах болгондоо оюутан ахуй цагаа, хэрхэн хичээлдээ шамдан мэрийж,
өдөр шөнөгүй давтдаг байснаа ярина. Эдний групп бүгд л жигд сайн сурдаг, маш даруухан,
хичээлээ тараад л номын санд сууцгаана. Группээрээ нийлж хичээлээ давтахдаа бие
биедээ ярьж өгнө, тайлбарлана, тусална. Бусад их, дээд сургуулийн оюутнууд хичээлээ
тараад кино үзэх гээд явж байхад эднийхэн номын санд очно. Бие биетэйгээ өрсөлдөнө,
атаархана гэсэн ойлголт байгаагүй гэнэ. Хичээлээ тараад 50 мөнгөний гөөхий нэгийг,
10 мөнгөний үнэтэй аяга хар цай уухад л болчихно, тэгээд л номын сан руу явна. Нэг
төгрөгтэй байхад бол өлсөхгүй. Хагас порц аарц 50 мөнгө, печень 40 мөнгөний үнэтэй
байсан цаг. Стипенд буух бол хамгийн аз жаргалтай үе. Мөнгөтэй болохоороо группээрээ
“Улаанбаатар” орж хуйцаа авч иднэ. Завсарлагаанаар явдаг болохоор хичээлийн цаг
болчихоод яарцгаана. Ингэж суухдаа “Ресторан гэдэг бол хүлээнэ гэсэн үг” гээд л
бие биеэ тайвшруулдаг байжээ. За тэгээд архи ууна гэсэн ойлголт байгаагүй гэнэ.
Эмэгтэй хүн бол согтууруулах ундаа хэрэглэж болохгүй гэсэн бодолтой, хоорондоо ам
мурийж байсан үе үгүй гэхэд хилсдэхгүй.

Долдугаар группийн ахлагч Ч.Ванган. Тэрээр хуучнаар бол сайд нарын
буюу Нэгдсэн II эмнэлэгт ажиллаж байгаад Анагаахын дээд сургуульд орсон болохоор
аль ч талаасаа бодсон хамгийн туршлагатай, насаараа ч ахмад нь. Тэгээд ч ангидаа
цорын ганц эрэгтэй. Ч.Ванган л бүгдийг нь зангидан, удирдаж, зохицуулж, зааварлаж,
хичээлийг нь давтуулдаг байжээ. Дөнгөж аравдугаар анги төгсөөд ирсэн охид түүнийг
Ванган ах аа гэж дуудна. Одоо ч ингэж дууддаг гэнэ. Цагаан сараар бүгд Ванган ах
дээрээ очиж золгодог бичигдээгүй хуультай.

Эдний группт өнөөдрийг хүртэл хүүхдийн эмчээр ажиллаж байгаа хоёр
хүн байдаг. Ийм хэцүү ажлыг 30 гаруй жил хийж байгаа нь үнэхээр бахархмаар хэмээн
биширнэ. Тэдний нэг Г.Цэен. Баянгол дүүрэгт амьдардаг эцэг эхчүүд түүнийг анддаггүй.
Г.Цэен эмч Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийг байгуулалцсан эмч нарын нэг. Одоогоос
гуравхан жилийн өмнө буюу 2013 он гэхэд тус дүүрэг нь Хүүхдийн эмнэлэггүй цорын
ганц дүүрэг байсан гэдэг. Г.Цэен эмч одоо бол гавьяаныхаа амралтыг эдлээд сууж байх
ёстой юм. Гэвч хүүхдийн эмч ховордсон энэ үед түүний туршлага, мэдлэг чадвар нь
юу юунаас илүү үнэтэй тул эмнэлгийнхэн нь үргэлжлүүлэн ажиллаач хэмээн гуйжээ. Г.Цэен
дээд сургуулиа дүүргээд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд хуваарилагдан очсон. Түүнд
Ж.Батмөнх даргын албан даалгавраар томилолт өгсөн бөгөөд тухайн суманд нэг эмчийн
орон тоог нэмж гаргаж байсан түүхтэй. Ингээд л гуравхан сартай хүүхдээ тэвэрчихсэн
очихдоо ажил дээрээ ч очиж амжилгүй дуудлагаар явж байснаа дурсав. Эмнэлэгт жижүүр
эмчээр хоносон өдрүүдээ нийлүүлээд бодоход зургаан жил болсон гэнэ. Эдний группийн
А.Алтантуяа мөн мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа. Сонгинохайрхан дүүргийн Хүүхдийн
эмнэлгийн эмч. Ангийнхныхаа уулзалтад ирэх гэсэн боловч өвчтөн хүүхдийнх нь бие
хүнд байгаа тул очиж чадахгүй нь хэмээн утасдав.

1982 он хоёрдугаар курсийн дадлагын
хичээл

“Нэг ангийнхан”-ы маань бас нэгэн бахархал нь доктор Ж.Батжаргал.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хоол судлалын төвийн захирлаар ажилладаг. Эх,
хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн стандартыг боловсруулахад оролцож түүгээрээ докторын
зэрэг хамгаалжээ. Хүүхдийн эмчээр төгссөн долдугаар группийн зарим нь уламжлалын
эмч болсны нэг нь Ц.Сэржмаа. Тэрээр өдгөө “Монгол эмнэлэг” төв буюу хуучнаар “Улаанбаатар”
сувилалд ажилладаг. Хөдөлмөрийн баатрын охин Д.Тунгалаг нь “Шинэ эрин” сувиллын
эмч. Өдгөө Чехэд амьдарч байгаа Г.Оюунцэцэг уламжлалын чиглэлээр дагнан хилийн чанадад
эмчээр ажилладаг.

Анагаахын дээд сургуулийн оюутан болоод анхны хичээл нь 111 дүгээр
өрөөнд орсныг дурсав. Анатомийн хичээл заахаар орж ирсэн багш нь шууд л оросоор
лекцээ уншсан байна. Ер нь тухайн үед Ангаах ухааны дээд сургуулийн бүх хичээл орос
хэл дээр ордог байсан гэнэ. Номнууд нь ч бүгд орос. Тиймээс маш сайн сурсан аж.

Ийнхүү хүүхдийн эмчийн долдугаар группийнхэн нэг л мэдэхэд IV курстээ
орсон байв. Зөвхөн хичээлдээ шамддаг байсан охид бүгд найз залуугүй байгаагаа гэнэт
анзаарчээ. Мэргэжлийн хичээлүүд нь түлхүү ордог болж ачаалал нь харьцангуй хөнгөрсөн
байсан гэнэ. Харин V курстээ бүгд найз залуутай болцгоож зарим нь гэрлэж ээж болцгоосон
байна. Хамгийн сайн багш нараар хичээл заалгаж байсан тэд өөрсдийгөө их азтайд тооцдог
аж. Ингээд багш нарыгаа дурсав. Доктор, профессор Агваандорж, Хөдөлмөрийн баатар,
гавьяат эмч Гэндэнжамц, гавьяат эмч, доктор, профессор Малчинхүү, гавьяат эмч, мэс
заслын багш Ичинхорлоо, ардын эмч Жав. Тухайн үед багш нар нь маш хариуцлагатай
ажилладаг, оюутнууддаа ихэд анхаарал тавьдаг байв.

Эдний группийн зарим нь одоо ч хөдөө орон нутагтаа ажиллаж байгаа.
Ч.Нямаахүү гэхэд Ховд аймагт хүүхдийн мэдрэлийн эмчээр ажилладаг. Ч.Энх-Амгалан
нь Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга. Ц.Сэрчмаа нь Өвөрхангай аймгийн Засаг
даргын харьяа Эрүүл Мэндийн газрын даргаар ажилладаг.

Тухайн үед сангийн аж ахуйд явах нь хамгийн сайхан байсан гэж бүгд
л хэлцгээх. Зарим нь бүр сангийн аж ахуй явна гэж уйлж байжээ. Анх оюутан болсон
намраа л явсан. Нийтдээ таван жил дараалж явахдаа ургацын далайгаа идээд л, орой
нь намжаадна. Бүжиглэхээ ингэж хэлдэг аж. Болоогүй, группийн дарга Ч.Ванган хангалтын
албыг хариуцдаг байсан болохоор охидууддаа талх, мах арын хаалгадаж өгнө.

Ардын хувьсгалын 60 жилийн ойгоор 1000 оюутны жагсаал болж байж.
Түүнд эдний групп оролцсоноо дурсан ярив. Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр байрлаж,
Төв цэнгэлдэх хүрээлэн дээр бэлтгэл хийнэ. Бүгдийнх нь биеийг борлуулна гээд Туул
голын эрэг дээр аваачиж наранд шарна.

Эмч хүн гэдэг гэртээ ч, ажил руугаа явах замдаа ч үргэлж өвчтөндөө
сэтгэл зовниж байдаг гэнэ. Эмнэлгийн хаалгаар орж ирэхэд шөнө ажилласан сувилагч
нарын царайг хараад өвчтөнүүд нь ямар хоносныг мэдэж болдог. Царай нь баргар бол
нэг л юм болсон гэсэн үг. Харин намбатайхан алхаад, царай нь гэрэлтэж байвал бүх
юм зүгээр.

Хүүхдийн эмч нар маань өөрийнхөө хүүхдүүдийг бол эмчилчихдэг гэнэ.
Харин ач, зээ нараа бол зүрхэлдэггүй аж. “Өөрөө эмчилж байна гээд хүндрүүлбэл хэцүүднэ”
гэж боддог. Тиймээс хүүхдүүдийнх нь хүүхдүүд өвдөхөд ангийнхан руугаа утасдаад л
“Алив чи үзээдэх, одоо очлоо” гэнэ.

Ер нь эмч хүн гэдэг хамгийн гол нь хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй
байх нь хамгаас чухал хэмээн тэд ярьцгааж байв.

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн өндөр цамхаг хаана байдаг вэ

“Бурж халифа” буюу “Дубайн цамхаг”

Техник технологи, инженерийн салбар дэлхий нийтэд урлагийн бүтээл болтлоо хөгжиж, энэхүү хөгжлийг дагаад үүл нэвтэлж, тэнгэр баганадсан өндөр цамхгийн тоо ч жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн 2014 оны байдлаар 200 метрээс дээш өндөртэй 97 барилга бүртгэгдэж байсан бол энэ тоо өнөөдөр 900 хол давжээ. Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр цамхгаар Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод байрлах “Дубайн цамхаг” тодроод байна. “Бурж халифа” буюу “Дубайн цамхаг” хэмээх 828 метрийн өндөртэй энэхүү цамхгийг зургаан жилийн турш барьсан гэдэг. Нийт 162 давхар, сая гаруй метр квадрат талбайтай уг барилгын дизайнд барилгын орчин цагийн загварын өнгө аясыг ашигласан ч загварын зарим шийдэлд нь Исламын ёс заншлын онцлогийг тусгажээ. Зохион бүтээгчид нь энэхүү барилгыг хүчтэй салхи, өндөр баллын газар хөдлөлтөд ч тэсвэртэй гэдэгт итгэлтэй байгаа аж. Энэхүү барилга нь нийтдээ 58 цахилгаан шаттай бөгөөд цахилгаан шатнууд нь нэг секундэд 10 метр хурдалдаг гэдгээрээ дэлхийн хамгийн хурдан цахилгаан шатанд тооцогддог байна. Мөн “Дубайн цамхаг” 2957 машины зогсоолтой, 304 зочид буудал, 904 орон сууцтай. Цамхгийн зураг төслийг гаргасан Америкийн архитекторчид гурван талт одыг санагдуулам суурийг гаргаж үүнийг Чикагогийн инженерүүд гүйцэтгэжээ. Харин барилгын ажлыг Өмнөд Солонгосын “Самсунг инженеринг констракшн” компани хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү барилгыг гол ишнээс нь гурван урт навч ургадаг гименокаллис цэцгийг дуурайлган барьсан гэнэ.

Дэлхийн хамгийн өндөр барилгын хоёрдугаарт “Шанхай цамхаг” орно. БНХАУ-ын Шанхай хотод байрлах энэхүү цамхгийг 2008 оноос эхлэн барьсан бөгөөд 2015 онд ашиглалтад оруулсан байдаг. “Шанхай цамхаг” нийтдээ 632 метр өндөртэй, 127 давхар, 380 мянган метр квадрат талбайтай ажээ. Тус барилгын дизайныг АНУ-ын “Женслер” компани гаргасан бөгөөд захиалагч нь БНХАУ-ын төрийн өмчит компани аж. Шанхайн дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон энэ цамхгийн орой хэсгийг далайн түвшнээс дээш 630 метрийн өндөрт барьж байгуулсан байна. Мөн барилга барих зардал нийт 2.2 тэрбум ам.доллар болжээ. Энэхүү цамхгийг “Шанхай констракшн” болон “Торнтон Томасетти”, “Генслер” зэрэг барилгын салбарт тэргүүлэгч компаниуд хамтран бүтээн байгуулжээ.

Дэлхийн цамхгуудын хамгийн өндөр барилгын гуравдугаарт “Абраж эл Бэйт цамхаг” орж байна. Саудын Арабын Мекка хотноо орших 601 метрийн өндөртэй 120 давхар барилга. Тодруулбал, энэхүү барилга нь “Арабын цагтай цамхаг” хэмээх нэрээр олон улсад алдартай. Саудын Арабын вангийн буюу нэг ёсондоо төрийн өмчид хамаарагдах энэ цамхгийг тус улсын дотоодын компаниуд хувьцаа нийлүүлэн хөрөнгө босгож барьжээ. Энэхүү цамхаг нь лалын шашны ариун сүмийг бэлгэдсэн архитектурын шийдэлтэй ба дэлхийн хамгийн том цаг суурилуулсан гэдгээрээ онцлогтой. Барилгыг 2004-2012 оны хооронд барьсан байна. Дэлхийн хамгийн өндөр барилгын дөрөвдүгээрт АНУ-ын Нью-Йорк хотноо байрлах “Эрх чөлөөний барилга” орж байна. Манхеттэний шинэ гоо үзэсгэлэн болсон “Дэлхийн худалдааны төв”-ийн 541.3 метрийн өндөртэй 104 давхар энэ барилгын угсралтын ажил 2013 онд бүрэн дууссан ч дотоод засал чимэглэлийн ажил үргэлжилсээр буй гэнэ. Террористуудын халдлагаар нуран унасан “Дэлхийн худалдааны төв”-ийн ихэр цамхгийг орлон сүндэрлэсэн энэ аварга барилгын гүйцэтгэгчээр Тишман Констракшн компани ажиллажээ. Архитектурыг “Скидмор Овингс ба Меррил” фирм хийсэн аж.

Харин дэлхийн өндөр цамхгуудын тавдугаарт Тайванийн нийслэл Тайпей хотноо сүндэрлэх “Тайпей 101” цамхаг нэрлэгдэж байна. 2004-2010 оны хооронд дэлхийн хамгийн өндөрт тооцогддог байсан Тайпей цамхаг 101 давхартай ба 509 метрийн өндөртэй. 1999-2004 оны хооронд Тайпейгийн санхүүгийн төв корпорацийн захиалгаар “Торнтон Томасетти” компани барьж байгуулсан бөгөөд цамхгийн архитектурыг Cи Уай Ли ба Түншүүд нь гүйцэтгэжээ.

“Тайпэй 101”-ийн цэнхэр-ногоон өнгийн гадна хавтангууд нь давхар шиллэгдсэн бөгөөд өндөр хэмийн халуун болоод хэт ягаан туяанаас 50 хүртэл хувь хамгаалах чадвартай, долоон тоннын даралтыг тэсвэрлэх чадалтай ажээ. Гадна талын шил болон хөнгөн цагаан давхарга нь барилгын гол даацын хананд найман давхар тутамд бат бэх холбоосоор бэхлэгдсэн бөгөөд ямар нэгэн ачаалал ирэхэд зөвхөн тухайн давхартаа гэмтэл учрах байдлаар хийгдсэн нь эрсдэлийг бууруулж байгаа юм. Түүнчлэн газар хөдлөлтийн даралтыг тэсвэрлэх боломжтой юм байна.

“Тайпей 101”-ийн дээвэр болон давхар хоорондын борооны ус тогтоох байгууламжууд нь тус барилгын нийт усны хэрэгцээний 20-30 хувийг хангадаг бөгөөд энэ шийдлээрээ “Дэлхийн хамгийн өндөр Ногоон байгууламж” шагналыг 2011 онд хүртэж байжээ.

Барилгын бэлгэ тэмдэг нь дэлхийн төв гэсэн утгыг агуулж ертөнц болон тэнгэрийг холбосон дөрвөн зүгийг илэрхийлсэн гэнэ. Барилгын өндрийн тоо ч мөн баяр ёслолын утгыг агуулжээ. Учир нь барилгыг яг шинэ зууны эхэнд барьж дуусгасан бөгөөд 2000 оны нэгдүгээр сарын 01 гэдэг утгаар 101 давхар нэрлэжээ. 100 гэдэг тоо нь Хятадын уламжлалаар бол хамгийн дээд тоо бөгөөд орчин үеийн тооны бэлгэдлийг ч илэрхийлдэг аж. Барилгын найм дахь давхар нь найман хэсэгтэй. Учир нь наймын тоо хятадуудын хувьд аз болон баяжихын тоо билээ.

Орох хаалганы хажууд араб тоогоор 101 гэж шивсэн эртний загвараар хийсэн дундаа нүхтэй гурван ширхэг зоос байрлуулсан байдаг. Тахиралдсан хээтэй Хятадын эртний Рюи-г барилгын үндсэн загвар бэлгэ тэмдэг болгожээ. Рюи нь ихэвчлэн диваажингийн үүлэн чимэгтэй эртний Хятадын хаадын нэг хэрэгсэл юм. Рюи бүрийг барилгын найм дахь давхар бүрт найман метрийн өндөрт байрлуулсан байдаг аж.

Үдэш бүр барилгын шовх оройд шар гэрэл асдаг нь лаа эсвэл бамбар мэт харагдаж, энэ нь эрх чөлөөг илэрхийлж мөн тавтай морил гэсэн утгыг агуулж буй гэнэ. Орой болгон 18-22 цагийн хооронд цамхгийн гэрлүүд солонгын долоон өнгийн аль нэгээр ээлжлэн солигдоно. Энэ нь долоо хоногийн долоон өдрийг тодорхойлж байгаа юм. Даваа гариг нь болор мэт гялтганасан өнгөөр, мягмар гариг нь шар, лхагва гариг нь тод улаан, пүрэв гариг нь нил ягаан, баасан гариг нь хүрэн, бямба гариг бол индранилын өнгөтэй, ням гариг нь саарал гэх мэт байдаг гэнэ. Эдгээр нь дэлхийг тэнгэртэй, дэлхийн хүмүүсийг хооронд нь холбож байгаа гэсэн утгатай юм.

Абраж эл Бэйт цамхаг

“Тайпей 101” нь XXI зууны өндөр барилгын рекордыг шинэчлэн тогтоосон барилгуудын нэг бөгөөд бизнес, соёл үйлчилгээний төв хэдий ч уг барилга нь технологийн маш олон дэвшлүүдийг шингээн баригдсаны учраас өөрөө маш том үзэсгэлэн юм.

Өндөр барилгуудад тулгардаг хамгийн том бэрхшээл нь лифт бөгөөд лифтний хурд гэдэг зорчигчдын хувьд хамгийн чухалд тооцогддог. Тайпей 101 барилгын нэгэн гайхамшиг, “Японы Тошиба элеватор” болон “Building Systems” корпорацийн хамтын бүтээл болох хоёр давхар лифт 2004 онд хамгийн хурдан лифтээр шалгарч байсан аж.

101 давхар барилгын лифт нь зорчигчдыг таван давхраас 89 давхар хүртэл зөөхдөө ердөө л 37 секунд зарцуулдаг байна. “Тайпей 101”-ийн 85 давхарт европ хоолны “Dia­mond Tony’s” ресторан болон Тайванийн хоолны “Shin Yeh” 101 зоогийн газар байх бөгөөд 86 давхрыг “Ding Xian 101” хэмээх тайвань ресторан бүхэлд нь эзэлжээ.

Түүнээс гадна хэд хэдэн давхар дамнасан худалдаа үйлчилгээний төв байх бөгөөд энд хамгийн тансаг бараа бүтээгдэхүүн, нэртэй зоогийн газрууд, цэнгээний газрууд болон бусад хүний хэрэгцээт үйлчилгээнүүд бий. Хамгийн анхаарал татах зүйлийн нэг нь эндхийн интерьер дизайн бөгөөд уламжлалт элементүүдийг орчин үеийн гоёмсог шийдлүүдтэй чадамгай хослуулжээ.

Шанхай цамхаг

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эх оронч үзэл

Энэ удаад уншигчдадаа Японы алдарт зохиолч Мишима Юкио (1925-1970)-гийн “Эх оронч үзэл” хэмээх эмгэнэлт өгүүллэгийн тухай ярьж өгөх гэж байна.

1936 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Японы Токио хотод “залуу дарга нарын” бослого болжээ. Үймээн дэгдээгчид Япон улсыг цаашид хөгжин цэцэглүүлэхийн тулд Азид ноёрхлоо тогтоох дайн зарлах хэрэгтэй хэмээн тулган шаардсан байна. Энэхүү бослогыг дарах тушаал авсан Гвардын тээврийн батальоны дэслэгч Такэяама Шинжимаш хүнд байдалд орлоо. Учир нь тэрээр дотнын найзуудаа уг бослогод оролцсоныг олж мэджээ. Дэслэгч найзуудаа хөнөөх аль эсвэл эх орноосоо урвах гэсэн хоёр сонголтын дунд гацмагцаа харакири хийж үхэх шийдвэр гаргадаг. Самурай хүний хамгийн дээд үхэл бол харакири юм.

Залуу дэслэгч хуримаа хийгээд жил ч болоогүй байсан бөгөөд хорин гуравхан настай үзэсгэлэнт эхнэр нь эр нөхөртөө туйлын үнэнч, түүний төлөө үхэхээс ч буцахгүй нэгэн байлаа. Тэд Аобэ хэмээх гудамжинд хоёр давхар бяцхан байшинд аж төрнө. Хуримын анхны шөнөө дэслэгч эхнэрээсээ “Самурай хүний гэргий нөхрийнхөө үхэлд үргэлж бэлэн байх ёстой. Ийм зүйл хэзээ ч тохиолдож болно. Тэр үед чи айхгүй биз дээ” гэж асуухад эхнэр нь өөрийн гэрийн үе уламжилж ирсэн богино илдийг хуйнаас нь сугалан өвдөг дээрээ тавьжээ. Үүнээс хойш дэслэгч эхнэрээ огт шалгаагүй бөгөөд тэд нэг нэгэндээ анхнаасаа заяагдсан юм шиг яв цав тааран амьдарцгааж байлаа. Такэяама хуаран дээрээ байхдаа зав чөлөө л гарвал эхнэрээ бодож суудаг бол Рэйко харин гэртээ өнжихдөө нөхрийнхөө зургийг л ширтэж сууна. Аз жаргалтай хос гэж тэднийг л хэлэхээр байлаа, тэр нэг өдөр хүртэл.

Хоёрдугаар сарын 26-ны үүрээр буун дуу тачигнаж, дэлбэрэлт болоход Такэяама илдээ зүүгээд цасан дундуур явж одов. Рэйко 28-ны орой хүртэл эр нөхрийнхөө барааг харсангүй. Тэрээр юу болоод байгааг бүгдийг нь сайн ойлгож байсан төдийгүй нөхрийнхөө хийх гэж байгаа үйлийг зөн совингоороо мэдэрч байв. Өөрийнхөө юу хийх ёстойг ч маш сайн мэдэж байсан болохоор юм хумаа эмхэлж эхэлнэ. Нөхөр нь түүнийг маргаашийн төлөө санаа зоволгүй өнөөдрөөрөө амьдарч сургажээ. Тэрээр кимононуудаа дунд сургуулийн найз хүүхэндээ гэрээсэлж үлдээгээд өдрийн тэмдэглэлээ хуудас хуудсаар нь урж шатаана. Гэр орноо цэвэрлэж нөхөртөө усанд орох ус халаан хүлээж байтал гутарсан, туйлдаа хүрсэн, шавар шавхай болж гүйцсэн нөхөр нь гэртээ ирдэг. Тэд юу ч ярилгүй харцаараа ойлголцож байлаа. Яг эндээс эхлээд уншихад улам бүр хэцүү болж, үхлийн ч гэмээр тийм гашуудалтай, аймшигтай бас аниргүй мэдрэмж таныг нөмрөн авах байх. Шинжи эхнэрээ өөрийг нь дагана гэдэгт огтхон ч эргэлзээгүй учраас харакири хийх үедээ түүнийгээ өөрийн кайсяку болгохоор шийджээ. Энэ нь харакири хийж байгаа хүнийг гэрчлэх амьд гэрч юм. Өөрөөр хэлбэл, нөхөр нь түрүүлж харакири хийхэд эхнэр нь гэрч болж харин дараагаар нь өөрийнхөө амийг егүүтгэнэ.

Үхэлтэй нүүр тулах гэж байгаа хосуудын хувьд энэ орой ердийн нэгэн орой шиг л өнгөрч байлаа. Нөхөр нь усанд орж гэрийн халаадаа өмсөөд орондоо ороход эхнэр нь усанд орохоор зөрж явав. Хөнжилдөө шурган хэвтэж байхдаа Такэяама хоёр давхрын шатаар өгсөн ирж байгаа эхнэрийнхээ хөлийн чимээг сонсоод уй гунигт автана. Яг энэ чимээг сэтгэл догдлон хэдэн ч удаа хүлээсэн юм бэ. Тэд сүүлчийн шөнөө хамтдаа өнгөрөөгөөд босч хувцаслан “ёслол”-доо бэлдэцгээв. Цаг болоход дэслэгч эхнэрийнхээ царай руу сүүлчийн удаа шийдэмгий хараад илдээ гэдэс рүүгээ гүн гэгч шаалаа. Харакири хийх гэж чухам юу байдаг, ямар зан үйлтэй юм, хэрхэн тарчилж үхдэг вэ гээд аймшигтай дүр дүрслэлийг энэхүү өгүүллэгээс уншина. Тийм болохоор уншигч та сэтгэл зүйгээ бэлдэх нь зөв болов уу. Хайртай нөхрийнх нь хамаг цус нүдэн дээр нь юүлэгдэн дуусч амь тавьж байгааг харж дуусмагцаа Рэйко түүнийхээ уруул дээр сүүлчийн удаа үнсэж тамгалаад эцсийн хүчээ шавхан байж чичлүүр хутгаараа гүрээнийхээ судсан дээр чангаас чанга дарлаа.

Сонирхуулахад, өгүүллэгийн зохиолч Мишимиа Юкио 1970 онд өөрөө харакири хийж нас барсан байдаг.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Даваасүрэн: Ирэх онд нийт орлогын 17 хувийг уул уурхайн салбараас олно гэж төлөвлөсөн

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байгаа. 2017 онд төсөв болоод Монголын эдийн засаг хүндхэн байхыг улстөрчид болоод эдийн засагчид сануулж байна?

-Манайхан чинь уул уурхайн бүтээгдэхүүний хэлбэлзэл, үнийн өсөлтөд хувь заяагаа даатгаад, хараад суучихаж байна. Амнаас нь “уул уурхайн томоохон төслөө хөдөлгөнө” гэсэн үг л унаж байна. Түүнээс биш манай улсын хөгжлийн загвар ямар байх юм, яавал тогтвортой эдийн засгийн бүтэцтэй болох юм, ямар зорилт тавьж, түүнийхээ төлөө зүтгэх юм гэдэг бодол алга байна. Тэр 2011 оны үед уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, ялангуяа нүүрсний импорт, Оюу толгойн импорттой холбоотойгоор эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн болохоос биш хэн нэг ухаантай Ерөнхий сайд гарч ирээд оновчтой бодлого явуулаад ийм үр дүн гарчихсан юм биш. Ийм маягаар явах юм бол цаашид ч уул уурхайн үнэ өсөхгүй тохиолдолд эдийн засаг хүнд байх нь тодорхой. Тэр тусмаа ирэх жил их хэмжээний өр төлнө. Гэхдээ эдийн засаг маш хүнд болсон гээд хямрал руу буруугаа чихээд амлалтаа мартаад суучихаж болохгүй.

-2017 оны төсвийг томоор харвал зоригтой, эрс шийдэмгий алхам хийхээсээ илүүтэй болгоомжилсон, хассан, танасан шинжтэй байна. Томоохон мега төслүүдээ хөдөлгөнө гэж ярьж байгаа ч тэр нь хурдан хугацаанд үр шимээ өгөхгүй учир эдийн засгийг хөл дээрээ босоход шууд нөлөөлөхгүй гэж үзэх хүмүүс байна?

-Санал нэг байна. Эдийн засаг, бизнесээ идэвхжүүлж, татварын орлогоо нэмэгдүүлнэ гэдэг бол ихээхэн зүтгэл гаргах ажил гэдэг нь тодорхой. Хасна, танана гэдэг бол амархан, шийдвэр гаргаад, санхүүжилтээ багасгаад л болно. Ийм бодлоор хандаж байгаа хүмүүсийг шүүмжилбэл урдаас чинь “тэгээд өөрөөр яах байсан юм” гэж уцаарлана. Ер нь нэг тархиа гашилгаж, зүтгэл гаргахгүй шиг хялбархан арга замаар л хөгжих тухай л бодоод байх шиг. Наад мега төсөл гэдэг үг чинь тийм л бодлын илрэл биз дээ. Ер нь бол Оюу толгой хөдөлж байгаа, бүр төлөвлөж байснаасаа ч илүү хурдацтай хөдөлж байгаа юм билээ. Таван толгой ч гэсэн нөгөө Оюу толгойгоос урьдчилж авсан зээлийг чинь төлөөд хөдөлмөөр л болж байгаа. Сэтгэл, зүтгэл гаргавал үүнээс ч илүү сайн явах боломж байгаа.

-Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэдгийг та жаахан дэлгэрүүлж тайлбарлавал?

-Би өмнө хэллээ шүү дээ. Манай томоохон ордуудын төсөл чинь хөдөлчихсөн байхгүй юу. Тэр Оюу толгойн далд уурхайн асуудал чинь хөрөнгө оруулалтын гэрээгээрээ Рио тинто өөрөө хариуцах болохоос биш манай Засгийн газарт шууд үүрэг хүлээж хамаарах асуудал биш. Хэн нэг хүн очоод ухсан нүхийг нь таглаад суучихаагүй биз дээ.

Зогсоосон бол тэд өөрсдөө зогсоож гэрээгээ зөрчсөн асуудал. Тэр гэрээний үүрэгт нь Засгийн газар очиж хутгалдах ямар ч хэрэг байгаагүй. Мөнгөний үнэрт л татагдсан байх. Түүнийгээ тайлбарлах гэж хачин юм ярьцгаагаад л, нөгөө хөрөнгө оруулагч нь хэдхэн хүний үгэнд гомдоод ажлаа хаяад явчихсан юм шиг асуудал яриад сууж байна. Ер нь бол эдгээр төслийг яаж явуулах вэ гэдэгт л асуудал байгаад байх шиг. Оюу толгой шиг хэдхэн хүн өөрсдийнхөө эрх ашгийг хангаад харийнхны мэдэлд шилжүүлэхийг л “мега төслөө хөдөлгөх” гээд байгаа юм болов уу ч гэх хар төрөх юм. Ийм замаар явбал өөрийн чинь хэлсэн шиг эдийн засагт сайнаар шууд нөлөөлөхгүй л дээ.

-Ирэх оны төсөвт төмөр зам барихаар мөнгө суулгаж байна гэх юм. Ямар төмөр зам юм бол?

-Концессын гэрээгээр “барих-шилжүүлэх” нөхцөлөөр “Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордын 33.4 км төмөр замын ачих буулгах зогсоол барих”-д гээд хөрөнгө суулгасан байсан. Түүнийг хэлж байгаа бол төсвийн хэлэлцүүлгийн явцад уг хөрөнгийг хассан байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрийг дараагийн том хэмжээний зээл, бондод хүрэхэд туслах амь тариа гэж дүгнэхийн зэрэгцээ уг хөтөлбөр хэрэгжих нь улс орны төсөв нэг байгууллагын хараа хяналтад орно гэж болгоомжлолыг төрүүлж байгаа?

-Өөрийн чинь асуултанд би асуултаар хариулъя. Нэг улсын хяналтад орсноос дээр биш үү гэж. Олон улсын валютын сан гэдэг бол олон улс орнуудыг гишүүнээр элсүүлсэн олон улсын байгууллага юм. Нэг эх үүсвэрээс их хэмжээний зээл авах юм бол тэр улсынхаа нөлөөнд автаж, эдийн засгийн хувьд хараат болно. ОУВС-гаас бол олон улс орнуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр бодлогын зээл олгодог. Тэр бодлого гэдэгт нь эдийн засгаа босгоход чиглэсэн хатуухан нөхцөлүүд тавьдаг. Үүнд нь дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэе гэсэн нэг нь болгоомжилж байж болох шүү дээ. Одоо ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаас өөр зам байхгүй болсон байх.

-Ам долларын ханш нэмэгдсээр байна. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд 400 гаруй төгрөгөөр өссөн нь Монголбанкны хариуцлагагүй байсантай холбоотой гэж УИХ дахь АН-ын бүлгээс шүүмжилж байсан?

-Манайхан чинь цөөнх болоод ирэхээрээ ухаан сууж буруу, зөвийг тунгаадаг болох юм. Монголбанкны өмнөх ерөнхийлөгч улс орноороо тоглочихоод явчихсан. Одоо зүв зүгээр л явж байна. Манайхан цөөнх байхдаа шүүмжлээд л, хараагаад л байсан. Гэтэл хариуцлага тооцохгүй, чимээгүй л болчихлоо. Улс орноо хөлдөө чирчихсэн ийм хүмүүст хариуцлага тооцдог байхгүй бол дараагийнх тэр замаар л явна. Одоогийн ерөнхийлөгчийг би түүнээс арай дээр гэж өмөөрч байгаа юм биш шүү. Энэ хүн чадна гээд л очсон байх. Түүнээс биш ганц суудал авчирч гавьяа байгуулаагүй л хүн шүү дээ. Өмнө хаана байсан юм, бүү мэд. Ер нь бол хүнд зорилгоо хэрэгжүүлэх тодорхой хугацаа өгөөд харах ёстой. Би тэгж л харж байгаа. Мөнгөний бодлогыг байнгын хороо, чуулган дээр хэлэлцэхэд би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Тодорхой хугацааны дараа өөрийн чинь ажлын үр дүнг ярина аа гэж. Цаашид төгрөгийн ханшны уналт үргэлжлэх юм бол асуудал ярихаас өөр аргагүй. Ямар ч арга алга гээд суугаад байж болохгүй. Чадахгүй байгаа бол чаддаг нэгэнд нь ажлаа өгч, улс орноо бодохгүй бол болохгүй биз дээ.

-Монголбанкийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн захиалгаар ажиллаж, долларын ханшийг өсгөж байгаа гэж хардаж байгаагаа ч тус бүлгийнхэн илэрхийлж байсан?

-Экспорт хийж, доллар олж ирдэг хүнд бол төгрөгийн ханш унах ашигтай. Сангийн сайдын компанийн хувьд экспорт гэхээсээ барилга, машины импорт гээд харин ханш хатуу байх нь ашигтай биш үү. Наад асуултанд чинь тодорхой хариулж чадахгүй юм байна.

-БНХАУ-аас зээл авах хүсэлтээ манай тал албан ёсоор илэрхийлсэн. Хэрвээ тус улсаас зээл өгвөл хэрхэн зарцуулах нь зүйтэй вэ?

-Өмнөх хөршөөсөө юанийн своп гээд их хэмжээний зээл авсаар байгаа. Миний бодлоор одоо төлөх хугацаа нь тулчихсан нэг тэрбум ам.долларын зээлийн хугацааг хөнгөлөлттэй нөхцөлтэйгөөр солих хэмжээний зээлийн тухай л ярих хэрэгтэй. Түүнээс илүүг нэг эх үүсвэрээс зээлэх нь эрсдэл дагуулж мэднэ. Яваандаа янз бүрийн нөхцөл ч тавигдаж мэднэ. Ер нь болгоомжтой хандах ёстой.

-Манай улсын төсвийг зарлага талдаа ажиллаж, орлого талаа орхигдуулдаг гэж шүүмжилдэг. Ирэх онд Монгол Улс аль аль салбараасаа хэдий хэрийн ашиг олох тооцоо байгаа вэ?

-Манай улсын төсвийн гол орлого уул уурхайгаас ордог талаар дээр ярьсан. Нийт орлогын 17 хувь буюу нэг их наяд төгрөгийн орлогыг тус салбараас орно гэж төлөвлөсөн байгаа. Мөн орлогын албан татвар, НӨАТ, татварын бус орлогоор тус тус нэг их наяд төгрөгийн орлого оруулахаар төлөвлөсөн.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулган дээр УИХ-ын гишүүн Б.Наранхүү томоохон компаниудаа дэмжих цаг ирсэн, мөн амжилттай яваа бизнесмэнүүдээ дэмжиж түшвэл Монгол Улсын эдийн засаг хөл дээрээ эргэн босох боломжтой гэсэн. Үүнийг эдийн засгийн талаас нь харвал хэр зөв хувилбар вэ?

-Ер нь өнгөрсөн хугацаанд УИХ-аар бизнес, татварын чиглэлээр гарсан шийдвэрүүдийн дийлэнх нь том бизнесээ дэмжихэд чиглэсэн. Жишээ нь, зөвхөн гадны хөрөнгө оруулалтыг дэмжихээ больё гээд том компаниудаа хамруулсан. Ер нь бол төрийн халамж хэтэрсэн үү гэхээс дутаагүй. Гишүүний үгийн санаа өөр чиглэлд хандсан байсан болов уу. Харин амжилттай, бүтээн байгуулалт хийж яваа бизнесүүд бол баялаг гэдэгтэй санал нэг байна. Хүнийг хүнээр орлуулж болдоггүй. MCS-ийн Оджаргал нүдэнд харагдах олон бүтээл байгуулалт хийсэнтэй маргах юм алга. Харин юу ч бүтээгээгүй атлаа ард түмнийхээ өмнө хийсэн бүтээснийг худалдаж аваад явах бол өөр зүйл шүү. Энэ хоёрыг ялгаж, салгаж үзэх ёстой.

-Ирэх онд манай улс ихээхэн хэмжээний өр төлнө. Төлөх өрийнхөө хэмжээтэй дүйцэхүйц бонд гаргах талаар яриад байна?

-Өр бол төлөх нь үнэн. Тиймээс ярилгүй яах вэ. Одоо энэ богино хугацаанд экспортоо нэмэгдүүлж нэг тэрбум доллар олоод зээлээ төлнө гэж байхгүй нь тодорхой. Харин ямар эх үүсвэрээр төлөх бэ гэдэг бол асуудал. Миний бодлоор бол одоогийн төлөх өрөө урт хугацаанд төлөх, хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр солихоос өөр боломж байхгүй болов уу.

-“Стэнд бай” хөтөлбөр тодорхой хугацаанд хэрэгжих нь эргээд манай эдийн засаг, санхүүгийн салбарт сахилга батыг боломжийн хэмжээнд тогтооно гэж харж болох уу?

-Өнөөгийн нөхцөлд би “тийм” гэж хэлнэ. “Стэнд бай” хөтөлбөрийн зээлийн ард төсөв, санхүүгийн сахилга батыг сайжруулах нөхцөлүүд дагалддаг юм. Түүнийг биелүүлж байж, зээл авах эрх нээгддэг. Нөхцөлийг биелүүлэхгүй бол зээл олдохгүй гэсэн үг.

-Нэг нам олонхи болсон нь улс төрийн байдал тогтвортой болсон гэх ойлголтыг гадныханд зарим талаар төрүүлдэг. МАН-ыг яг энэ талаас нь “Гадныхан биднийг дахиж сонирхож эхэлж байна” гэж тайлбарлах болсон?

-Энэ талаас нь сонирхож байгаа бол зөв. Түүнээс биш “ашиг харж шулах боломж олдлоо” гэж харвал юу болдгийг Оюу толгой бидэнд харуулсан. Энэ гашуун сургамжийг бид хэзээ ч мартаж болохгүй. Ер нь бол хөрөнгө оруулалт харилцан үр ашигтай байдалд тулгуурладаг байх ёстой. Түүнээс биш эмзэгхэн хүн шиг ааштай хөрөнгө оруулагч олж ирээд тэдэнтэй нийлж улс орныхоо баялгийг хэдхэн хүн шулаад байж болохгүй.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын начин Д.Бадрах: Хүүхдийн сайн сайхны төлөө л чиглэсэн үйл ажиллагаа хийхийг зорилоо

Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний зөвлөх дасгалжуулагч, самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл, дэлхийн цомын хошой мөнгөн медальт, ОУХМ, Олон улсын шүүгч, Монгол Улсын начин Доёдын Бадрахтай ярилцлаа.


-“Хантайшир” дэвжээнийхэн Эх нялхаст шаардлагатай тоног төхөөрөмжийг нь бэлэглэжээ. Бөхийн дэвжээнээс анх удаа сайн үйлсийн аян эхлүүллээ гэж хүмүүс ам сайтай байна. Төхөөрөмж бэлэглэх болсон тухайгаа ярихгүй юу?

– Энэ жил манай Говь-Алтай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний 15 жилийн ой болж байна. Манай дэвжээний бөхчүүд, удирдлагууд ойн хүрээнд ямар ажлуудыг хийх талаараа нэлээд ярилцсан юм. Нийгэмд чиглэсэн ажил хийх нь зүйтэй гэсэн санаачилгыг дэвжээний бөхчүүд маань гаргасан. Ингээд чамгүй судалсны эцэст Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Мэдээгүйжүүлэх мэс заслын тасгийг сонгосон л доо. Энэ тасаг нь Монголд ганцхан байдаг юм билээ. Тус тасагт долоо хоногт 200-300 хүүхдэд төлөвлөгөөт ба төлөвлөгөөт бус мэс засал хийдэг. Хүүхдэд зориулсан томоохон эмчилгээнүүдийг хийдэг тасгийн нэг байсан. Түүнчлэн жижиг гэлтгүй бүхий л тоног төхөөрөмж шаардлагатай байгааг судалж байх явцдаа мэдсэн юм. Энэхүү Мэдээгүйжүүлэх тасагт улсаас төсөв мөнгийг нь баталж тоног төхөөрөмж өгдөг ч жилд 8-10 мянга хүүхдэд мэс ажилбар хийдэг болохоор эд зүйлс элэгдэж муудах нь их байдаг талаар эмч, ажилтнууд хэлж байсан. Ингээд манай бөхийн дэвжээнээс тус тасгийн эмчилгээнд шаардлагатай амьсгалын аппарат, тэргэнцэр, баллон гэх мэт тоног төхөөрөмжүүдийг бэлэглэсэн. Бага ч гэлтгүй сэтгэлийн дэм болгож, эх орны минь ирээдүй болсон бяцхан үрстээ туслахыг зорилоо.

-Хүүхдүүдэд ном хандивласан гэсэн үү?

-Тийм. Манай “Хантайшир” дэвжээний бөх, Монгол Улсын гарьд Ганбаатарын төгссөн сургууль болох 39 дүгээр сургуулийн бага ангийн сурагчдад ном хандивласан. Бага ангийн сурагчид унших боломжтой нийт 200-гаад ном өгсөн. Ер нь манай дэвжээнийхэн ойн хүрээндээ хүүхдийн сайн сайхны төлөө л чиглэсэн үйл ажиллагаа хийхийг зорилоо.

Түүнчлэн “Хантайшир дэвжээ 15 жилд” гэсэн сэтгүүл маань бэлэн боллоо. 2000 хувь хэвлэгдэж байгаа энэ сэтгүүлдээ дэвжээтэйгээ холбоотой, тусалж дэмжиж байсан бүхий л хүнийг оруулахыг хичээсэн.

-Бөхийн барилдаан болно гэсэн. Ямар, ямар бөхчүүд зодоглох вэ?

-Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан маргааш Монгол бөхийн өргөөнд болох юм. Ямартай ч өнөө цагт өнгөлж яваа хүчтэнүүд зодоглоно гэдэгт итгэлтэй байна. Мөн манай дэвжээний бөхчүүд барилдана.

– “Хантайшир” дэвжээ бол ууган бөхийн дэвжээний нэг. Үндэс суурийг нь улсын заан Р.Давааням гуай тавьсан гэдэг бил үү?

-Манай Говь-Алтай аймагт Хантайширын нуруу гэж сайхан уул бий. Энэ сайхан уулынхаа нэрээр нэрлэсэн дэвжээ маань 2001 онд байгуулагдаж байлаа. Манай дэвжээг улсын заан Р.Давааням, улсын начин Б.Пүрэв нар анх санаачилж, нутгийнхаа бөхөд элэгтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулсан түүхтэй юм. Улсын заан Р.Давааням бол Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат хүн шүү дээ. Хоёр хүүг нь Монголын ард түмэн андахгүй мэднэ байх. Улсын начин Д.Лхагвадорж, мэргэжлийн сумо бөхийн ёкозуно Д.Бямбадорж нар юм. “Хантайшир” бөхийн дэвжээ болоод, Говь-Алтайн бөхөд хайртай хүн болгон улсын заан Р.Даваанямд баярлахгүй байхын аргагүй. Биеийн бяраас гадна ухааны цараатай хүн байлаа шүү дээ. Тиймдээ ч аймаг тус бүр бөхийн дэвжээ, гал голомтоо бадрааж байхад “Хантайшир” бөхийн дэвжээний тулгын гурван чулууг бат нягт тавьж өгсөн юм. Одоо манай дэвжээний тэргүүнээр “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнэ ажиллаж байна.

-Алтай нутгийн нэгэн хүчтэн бол Шаравын Батсуурь аварга даа?

-Ардын хувьсгалын жилүүдэд Монгол Улсын дархан аварга цолтой бөх долоо төрсөн байдаг юм. Түүний нэг нь Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат Шаравын Батсуурь аварга. Г.Батсуурь аварга 1947 оны улсын наадамд Г.Цоодолоор ес давж түрүүлж арслан, 1948 онд мөн Г.Цоодолоор ес даван түрүүлж аварга, 1957 онд Б.Түвдэндорж аваргаар найм давж үзүүрлэн даян аварга, 1963 онд Д.Жадамбаа начингаар зургаа давж дархан аварга цол хүртэж байсан түүхтэй. Тэрээр 1949 оны баяр наадмаар үзүүр түрүүнд Баянхонгор аймгийн П.Аюушийг даваагүй юм билээ. Түүнийхээ төлөө олон жил хэлмэгдэж, ид барилдах үедээ гундуухан явсан гэдэг. П.Аюуш, Ш.Батсуурь гуай нар нэг айлын хүргэн байсан юм. Маршал Чойбалсан “Ах, дүүгээрээ нийлж наадам будилууллаа” гэж ихэд уурлан дэслэгч цолыг нь хураан, говьд гурван жил ажиллуулах тушаал уншчихсан гэдэг. Ухаандаа яг ч хуйвалдаад бууж өгөөгүй л юм билээ. Би 1970-аад оны сүүлчээр “Алдар” нийгэмлэгт байх үедээ анх бэлтгэлд гарч байлаа. Манай “Алдар” нийгэмлэг ахмад цолтой, аваргууд олонтой байсан. Түүн дотор Ш.Батсуурь аварга, Ч.Бээжин аварга, Д.Хадбаатар аварга, Д.Жамц арслан гээд сайхан, сайхан бөхчүүд байсан шүү. Тэр үед бид цэргийн том палатканд хөнжил, гудсаа тавиад, хоолоо өөрсдөө хийн, бэлтгэлээ базаадаг байв. Тэр сайхан үе саяхан мэт л санагдаж байна.

-Та начин цол хүртэж байсан тухайгаа дурсаач?

-Би 1990 онд “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн даншиг наадамд тав давж начин цол хүртсэн. Тухайн үед Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул, улсын заан Ё.Ишгэнээр тав давж байсан. Тэр даншиг наадамд Б.Бат-Эрдэнэ түрүүлж дархан аварга цол хүртэж байсан.

-Энэ жилийн баяр наадмаар танай дэвжээнийхэн хэр өнгөтэй байв?

-Манай дэвжээний бөхчүүд “Мөнхийн үсэг” ХХК-ийн шинэ спортын зааланд бэлтгэл хийж байна. Манайд 150-200 бөх хичээллэдэг. Үүнээс тогтмол хичээллэдэг нь 60-аад бөх байна. Зундаа Тэрэлжийн ойр “Мандал” амралтын газарт гал болон бэлтгэлээ базаадаг. Бараг арваад жил энэ амралтын газар гал болж гарч байгаа юм байна шүү. Би өнгөрсөн хавар хүртэл дэвжээнийхээ ерөнхий дасгалжуулагчийг хийж байсан. Одоо манай Багахүү начин ерөнхий дасгалжуулагчийн албыг хашиж байна. Би зөвлөх дасгалжуулагч, менежерийн үүргийг гүйцэтгээд явж байна даа. Манай дэвжээнийхэн дажгүй сайхан барилдсан. Хоёр бөх шөвгөрлөө. Аймаг, сумын цолтой бөхчүүд ч цөөнгүй төрлөө. Цаашид шавь нар минь улам хичээж цолоо ахиулна гэдэгт итгэлтэй байна. Бэлтгэл сургуулилт тогтмол, сайн хийгдэж байгаа.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ж.Цогтсугар: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг дүүрэн сумтай автомат буу барьчихсан зогсож буй хүнээс өөрцгүй

-2016 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН БАЙДЛААР МАНАЙ УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗАМ ТЭЭВРИЙН
ОСЛЫН УЛМААС 418 ХҮНИЙ АМЬ
НАС ХОХИРЧ, 1082 ХҮНХҮНД, ХӨНГӨНГЭМТЖЭЭ-

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-аас “Зам тээврийн ослын улмаас хохирогсдын дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг жил бүрийн арванэгдүгээр сарын гурав дахь долоо хоногийн “ням” гаригт дэлхий нийтээр зохион явуулдаг билээ. Харин манай улс “Зам тээврийн осолд өртөж, хохирсон иргэдийн дуу хоолойг сонсох өдөр” нэртэйгээр энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ хүрээнд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг хүмүүст хүргэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулах юм байна.

Дэлхий нийтэд жил бүр 1.3 сая хүн зам тээврийн ослоос болж амь насаа алддаг, 50 сая гаруй хүн гэмтэж, эдгээрээс нэлээдгүй хэсэг нь тахир дутуу болж үлддэг гэсэн мэдээлэл бий. Иймд тогтвортой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд жил бүр 1.9 сая хүн нас барах статистикийн прогноз гарсан аж. Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 64/2551 тогтоолоор 2011-2020 оныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны 10 жил” болгон тунхаглаж, уг ослын улмаас хүний амь нас эрсдэх явдлыг 50 хүртэл хувиар бууруулах, үндэсний, бүс нутгийн, дэлхийн хэмжээнд ажил өрнүүлж, үхлийг “тогтворжуулаад багасгах” зорилт дэвшүүлсэн байдаг. НҮБ Монгол Улсыг автозамын ослын эрсдэл өндөртэй улсын тоонд багтаажээ. НҮБ-аас гаргасан энэ тогтоол шийдвэрийг манай улс хүлээн авч Засгийн газрын 146 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-г баталсан. Энэ дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг батлан хэрэгжүүлж байгаа ч зам тээврийн ослоор нас баралтын түвшин буурахгүй байгаа юм. Энд тоон баримт сөхье.

2016 оны эхний 10 сарын байдлаар манай улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 418 хүний амь нас хохирч, 1082 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Үүнээс нас барсан хүүхэд 48 буюу нийт нас барсан хүний хоёр хувийг, гэмтсэн хүүхэд 199 буюу нийт гэмтсэн хүний 18.4 хувийг тус тус эзэлж байна. Үүнээс нийслэлийн хэмжээнд 109 хүний амь нас хохирч, 610 хүн гэмтсэн бол орон нутагт 309 хүний амь нас хохирч, 471 хүн гэмтжээ. Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар зам тээврийн осолд 5611 хүүхэд өртсөнөөс 222 хүүхдийн амь нас хохирч, 5389 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэн байх юм. Нас барсан хүүхдүүдийн 44 хүүхэд нийслэлд, 178 нь орон нутгийн замд осолд орсон бол тэдний 72 нь дугуй унан зорчиж байгаад замын осолд өртөн амь насаа алджээ. Энэ бол харамсалтай гэхэд хэтэрхий харамсалтай тоон мэдээ. Харин өнгөрсөн 2015 онд 54 хүүхэд нас барж, 1089 хүүхэд гэмтсэн байна.

Эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 5485 хүн амь насаа алджээ. Замын цагдаагийн байгууллагын мэдээллээр мөн хугацаанд 3758 хүн амь насаа алдсан, 11154 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон тухай мэдээ байна. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, бүртгэх аргачлалаас хамааран нас баралтын тоон үзүүлэлт ялгаатай гардаг. Жилд дунджаар зам тээврийн ослын улмаас Монголын төр 550 иргэнээ буюу нэг сумын насанд хүрсэн хүн амтай тэнцэх хэмжээний хүмүүсээ алдаж байгаа нь харамсалтай үзүүлэлт юм.

Монгол Улсын автозамын сүлжээ 49.5 мянган км гэж тооцогдон үүнээс инженерийн шийдэл бүхий асфальт, бетон, хайрган хучилттай, сайжруулсан автозам долоон мянга орчим км гэсэн тооцоо байна. 2013 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар “автозамын чанарын үзүүлэлт” нь 139 орноос 137 дугаар байрт буюу хамгийн муу, чанаргүй, эрсдэл бүхий замтай улсын тоонд орж байсан. Хэдийгээр сүүлийн жилүүдэд автозамын барилга, арчлалтын ажилд улсаас ихээхэн анхаарал тавьж, тэр тусмаа Улаанбаатар хотод хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, уулзвар гарцуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээг багагүй хэмжээгээр авч хэрэгжүүлж байгаа ч тэр болгон “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин”-г хангалттай нэмэгдүүлэх хэмжээнд хүргэж чадахгүй байгаа юм. Энэ нь авто ослоор амиа алдагсдын тоо буурахгүй байгаа нэг шалтгаан гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Улсын хэмжээнд аймгийн төвүүдийг хатуу хучилттай замаар холбохоор төлөвлөгдсөн байгаа. Гэтэл замын нөхцөл байдлыг сайжруулан шинээр автозамыг барьж байгуулж байгаа ч эдгээр замын тодорхой хэсгүүдэд зам тээврийн осол давтагдан гарч байгааг гагцхүү жолоочийн буруутай үйлдэлтэй холбон тайлбарлах бус хөдөлгөөний аюулгүй байдлын үндсэн шаардлага, тэдгээр замуудад шаардлагын түвшинд хүртэл хийгдэхгүй байна гэж судлаачид үздэг. Сүүлийн жилүүдэд хур тунадасын хэмжээ багасч байгаа хэдий ч энэ өвөл цас их унах төлөвтэй байгаа бөгөөд замын халтиргаа гулгаа нэмэгдэх хандлагатай байна.

Дийлэнхдээ авто осол Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул, Орхон-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгуудад гардаг аж. Үүнийг зам нь хөдөлгөөн ихтэй, нөгөө талаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахгүй байгаатай холбон үздэг. Ялангуяа орон нутгийн замд амрах зогсоолуудыг байгуулах, жолоочийн анхаарлыг сарниулахгүйн тулд зориудаар донсолгоо хийх зэргээр байгаа боломжид тулгуурлан зам тээврийн ослыг бууруулах гарц, арга зам байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан 2015 оны тайланд Монгол Улсын 100 000 хүнд ногдох 2013 оны нас баралтын үзүүлэлтийг 21.0 хувь буюу мэргэжлийн байгууллагын тооцооллоор 19.8 хувь гэж гаргажээ. Эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлог өөр өөр боловч зам тээврийн ослын улмаас хүн амь насаа алдах, гэмтэх тохиолдлыг бүртгэх аргачлалыг уялдуулах боломж эрэлхийлэх нь зүйтэй гэсэн чиглэл ч өгсөн байгаа юм.

Аюулгүй байдал судлалын судлаач Ж.Цогтсугартай ярилцлаа.


-Зам тээврийн осол өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Шалтгаан нь юу байна вэ?

-“Архи” гэдэг үгийн ард маш олон эрсдэл, муу үр дагавар байдаг. Монголын нийгмийн аюулгүй байдал алдагдаж, монгол хүний, монгол айл гэрийн амгалан тайван байдал үгүй болж байна. Энэ нь цаашлаад улсын маань ирээдүй болсон хүүхдэд хүртэл нууц байдлаар сөрөг нөлөө үзүүлж байна. Манай монголчууд согтууруулах ундааны зүйлс хэрэглэх нь улам бүр ихэсч байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрчээ. Монголчууд бие биедээ хор найруулж өгч байна. Ингэж байгаа нь өөрийгөө хөнөөж байгаатай адилхан юм шүү дээ. Сүүлийн үед хүчирхийлэл, зам тээврийн осол, ядуурал, гэр бүл салалт зэрэг нь ихэсч байна. Энэ бүхний цаана нууцлагаар оршиж буй зүйл бол архидалт юм. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд гэмт хэрэг гэж ярихаас биш, архи гэдэг зүйлийг огтхон ч ярьдаггүй. Хүний санаандгүй байдлаас болж гэмт хэрэг их гардаг гэдэг. Тэр нь тийм. Гэхдээ үүний ихэнх нь архидалтаас болсон байдаг.

-Архидалт олон аюулын гол шалтгаан гэдгийг л хэлээд байна аа даа?

-Энэ бүхний гол фон нь архидалт юм. Манай улсын хүн амын эрт нас баралт, гэмт хэрэг, хүчирхийлэл нь архидалттай шууд холбоотой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн оюун санааны хувьд өөрийгөө авч явах ямар ч чадваргүй болчихсон байна гэсэн үг. Энэ нь зам тээврийн осол болоод хүчирхийлэл үйлдэхэд бэлэн болчихсон гэсэн дохио. Сүүлийн үед ийм хүмүүс тээврийн хэрэгсэл жолоодож байна. Эдгээр хүмүүс урьд нь гудамжинд тээврийн хэрэгсэл жолоодоод үзчихсэн. Сотуудаа уг үйлдлээ хийж болно гээд бодчихсон. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг маш аюул заналтай үйлдэл. Энэ нь дүүрэн сумтай автомат буу барьчихсан хүнээс өөрцгүй. Одоо миний санааг хамгийн их зовоож байгаа асуудал бол замын хөдөлгөөнд оролцож буй согтуу жолооч нар.

-Согтуу жолооч замын хөдөлгөөнд оролцох тохиолдол их. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Манай улсад иргэн согтуугаар машин жолоодож байвал торгодог. Энэ нь их буруу. Үүний оронд жолооны сургалтад дүрмийг заах явцдаа архи, согтууруулах ундаа хэрэглэх нь ямар их хор хөнөөлтэйг сайн ойлгуулчих хэрэгтэй. Мэргэжлийн байгууллагад нь хандаж, сургалт явуулж, лекц, бодит киног үзүүлэх нь хамгийн шалгарсан арга. Хүн болгонд архи хэрэглэчихээд тээврийн хэрэгсэл жолоодвол нэг насны зовлон танд нүүрлэж магадгүй гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Ингэж ойлгуулж чадвал явган хүн зам гарахдаа улаан гэрлээр зогсоно. Ногоон гэрлээр гарна гэдэгтэй яг адилхан ойлголт өгчихнө гэсэн үг. Үүнийг л оюун сэтгэхүйд нь суулгачихвал зөв арга барил тогтчихдог юм.

Б.Уранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Гадныхан Монголд эрсдэлийн удирдлага байхгүй гэж үздэг

Өчигдөр “Туушин” зочид буудалд “Монгол Улсын эрсдэлийн удирдлагын форум 2016” зохион байгуулагдлаа. Тус форумыг зохион байгуулсан “Мандал даатгал” компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлантай ярилцлаа. Тэрээр ШУТИС-ийг компьютерийн программист мэргэжлээр төгсч, Токио хотод Мэдээлэл, технологийн төслийн удирдагчаар таван жил ажилласан туршлагатай. 2008 оны хямралын үеэр түүний ажиллаж байсан компани дампуурч эх орондоо иржээ.

-Форумын зорилго юу вэ?

-Анхны форум 2010 онд зохион байгуулагдаж байсан. Энэ үед нийгэм болон бизнесмэнүүдэд эрсдэл гэж юу вэ гэдгийг ойлгуулах энгийн зорилт тавьдаг байсан. Форумыг жил бүр зохиосоор өнөөг хүрлээ. Энэ жилийн форумаар эрсдэлийн удирлагын талаар ярилцсан. Эрсдэлийн удирдлага гэж юу болох, түүнээс яаж урьдчилан сэргийлэх, эрсдэлд орсон тохиолдолд хэрхэн хохирол багатайгаар даван туулах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

-Форумд хэн оролцож, ямар шийдвэр гаргав?

-Ихэнх нь бизнесмэнүүд байсан. Төр засагт урилга илгээсэн боловч цөөн хэдэн хүн харагдсан. Хангалттай оролцсонгүй.

-Сүүлийн эрсдэлийн индекс гэдэг ойлголт нийгмийн сонирхлыг татаж байна.

-Дэлхийд эрсдэлийг тоогоор илэрхийлдэг аргачлал байдаг. Гэтэл энэ нь Монголд тохирдоггүй.

-Яагаад?

-Эрсдэлийн жагсаалт газар хөдлөлт, цунами, терроризм гэх мэт жагсаалтаас бүрддэг. Гэтэл зуд гэхэд манайхаас өөр газар байдаггүй тул маш бага индексээр хэмжигдэнэ. Гэхдээ бид энэ аргачлалыг Монголдоо тохируулсан хувилбар гаргаж эрсдэлийг анх удаа тоогоор илэрхийлж индексийг гаргаж чадсан. 1-9 онооны үнэлгээгээр индексийг тооцсон. Байгалийн болон нийгмийн чиглэлийн эрсдэлээр судалгаа хийсэн.

-Яагаад энэ чиглэлийг сонгов?

-Бидний орчинд байгаа эрсдэл нь энэ салбаруудад давамгайлж байгаа учраас энэ чиглэлийг сонгож авсан. Судалгаанаас харахад байгалийн эрсдэл 5.5, нийгмийн эрсдэл зургаа давсан үзүүлэлттэй байна. Нийгмийн эрсдэлд таван хүчин зүйлийг авч үзсэн. Үүнд өвчлөл, гэмт хэрэг, зам тээврийн осол, обьектод гарсан гал гэх мэт. Тэдгээрийн сүүлийн хэдэн жилийн статистикийг ашигласан. Эндээс харахад 2009 оноос хойш дээрх эрсдэлүүд тасралтгүй өссөн байна.

-Эрсдэлийн үнэлгээг хийчихлээ. Цааш нь юу хийх ёстой вэ?

-Эрсдэл ихсээд байгаа нь индексээр батлагдаж байна. Тэгэхээр дараагийн жилүүдэд тэдэн хувиар бууруулна гэхээр худлаа болчихож байгаа юм. Харин эрсдэлээс сэргийлэх ямар бодлого боловсруулах вэ гэдгийг ярих ёстой. Хөтөлбөр боловсруулж хийх ажлаа жагсаагаад хэрэгжүүлнэ. Энд төрийн оролцоо хэрэгтэй байгаа юм.

-Галын эрсдэлийг иргэд мэддэг. Тодорхой хэмжээгээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг. Эрүүл мэндийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах талаар юу хийдэг бол?

-Эрүүл мэндийн эрсдэл өсөн нэмэгдэхээс гадна хүрээгээ тэлж байгаа нь судалгаанаас харагдсан.

-Яаж сэргийлэх вэ?

-Хоол хүнснээс эхлээд амьдралын хэв маягаа өөрчлөх гээд олон арга хэмжээ авах хэрэгтэй. Хүнсний аюулгүй байдал маш чухал.

-Агаар, хөрсний бохирдол хамгийн аюултайд тооцогдоно биз дээ?

-Бидний судалгаанд энэ аюул хамрагдаагүй. Учир нь энэ талын статистик байдаггүй. Хэрэв энэ судалгаанд хамрагдсан бол эрүүл мэндийн эрсдэлийн индекс бүр аюултай түвшинд гарна. Агаар, хөрсний бохирдол дам утгаараа нөлөөлдөг. Гэтэл энэ талаар хийсэн тоон үзүүлэлтийн судалгаа огт байдаггүй юм байна.

-Эрсдэлийн учруулсан, ирээдүйд учруулах хохирлын тоон үзүүлэлт байдаг уу?

-2015 оны судалгаанд тулгуурласан тоон үзүүлэлт гаргасан. Тус онд нийтдээ нэг их наяд шахам төгрөгийн хохирол учирсан байдаг. Энэ зөвхөн шууд хохирлын хэмжээ. Дам хохирлыг тооцвол бүр их тоо гарна.

-Дам хохирол гэдэг нь.

-Та эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээ хийлгэхээс гадна эмнэлэгт очих, ажлаасаа чөлөө авах, эргэж тойруулах гээд олон төрлийн зардал гардаг. Гэтэл энэ бүхнийг тооцохгүйгээр зөвхөн эмнэлгийн зардлыг нь судалгаанд хамруулсан. Алдагдсан боломжуудыг тоогоор илэрхийлээгүй байхад ийм өндөр хохирол гарч байна. Зарим тохиолдолд шууд хохирлоосоо дам хохирол илүү байдаг.

-Эрсдэлээс хамгаалах, даван туулах хууль, эрх зүйн орчин манайд байна уу?

-Тодорхой хэмжээгээр бий. Манайд эрсдэлээс хамгаалах төрийн 20 орчим байгууллага байдаг. Нэг тал төрийн байгууллагууд. Энд Онцгой байдлын газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалалах газар, Түргэн тусламж гэх мэтийн байгууллагууд хамрагдана. Тэтгэврийн сан хүртэл эрсдэлээс хамгаалах байгууллагад тооцогдоно. Нөгөө талд нь хувийн болон ТББ-ууд байдаг. Төр дангаараа эрсдэлийг үүрч чаддаггүй. Тиймээс хувийн хэвшил энэ ачааг үүрэлцдэг туршлага дэлхий дахинд түгээмэл болсон. Энэ утгаараа манайд хувийн даатгалын компаниуд байгуулагдсан.

-Хувийн хэдэн даатгалын компани, хэр хэмжээний эрсдэлийг даатгасан тухай судалгаа бий юу?

-Иргэдийн даатгалын 15 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Даатгал гэдэг маань иргэдийн дундын сан шүү дээ. Багахан хэмжээний мөнгө төлөөд томоохон эрсдэлийг давах зарчим дээр үндэслэсэн тогтолцоо. Даатгалын компаниудын нөөцийн сан 150 орчим тэрбум төгрөг. Хураамжийн орлого 110 тэрбум төгрөг.

-Энэ зөрүүг яаж нөхөх вэ?

-Эрсдэлээ давхар даатгал буюу олон улсын зах зээл дээр тараан байршуулах замаар том эрсдэлээс сэргийлдэг.

-Би танай компанид итгээд даатгуулчихлаа. Дампуурахгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

-Богино хугацааны даатгалын хувьд нэг их асуудал үүсэхгүй байгаа юм. Харин урт хугацааны даатгал иргэдийн сэтгэлийг түгшээдэг. Олон хүн ийм асуулт тавьдаг. Ердийн даатгалын компаниудын хувьд нэг жилийн гэрээ хийдэг болохоор иргэд итгэдэг. Харин урт хугацааны даатгалын хувьд л эргэлзээ төрж, иргэд болгоомжлоод байна.

-Жишээлбэл насны даатгал гэсэн урт хугацааны даатгал хэр урагштай байна?

-Нэг их сайн явахгүй байгаа юм шиг байна. Манайхны сэтгэлгээ уламжлалт бус урт хугацааны даатгалд дасан зохицоход хэцүү байх шиг байна.

-Гадныхан бас оролцсон. Тэд юу ярьж байна?

-Тэд аль нэг намаас хараат бус. Асуудалд шууд мэргэжлийн үүднээс хандаж байна.

-Жишээлбэл?

-Би эрсдэлийн удирдлага манайд том компаниудад хэрэгжиж эхэлж байна гэж байхад гадныхан шууд “Монголд эрсдэлийн удирдлага байхгүй” гэж байна.

Х.БАТТӨГС