Categories
мэдээ цаг-үе

Г.Баярсайхан: Ардчилсан намын агаар үнэхээр бохирдсон

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Г.Баярсайхантай ярилцлаа.


-Та өмнө нь Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд энэ удаагийн Засгийн газрын талаар ямар байр суурьтай байгаа вэ. Хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нь мэдээж анхаарч байгаа байх?

-Яах бол ийх бол гээд бүгд л Засгийн газрыг харж байна. Харин МАН-ын Засгийн газар яах ч үгүй, ийх ч үгүй байгаа. Өмнө нь Шинэчлэлийн, Шийдлийн Засгийн газрууд ямар чухал шийдвэрүүд гаргаж, ямар ажлуудыг эхлүүлж байсныг би заавал яриад байх шаардлага алга. Ард түмэн бүгд мэдэж байна. Товчхондоо гэвэл, энэ Засгийн газар шинээр санаачлан хийж байгаа ажил гэж нэг ч алга. Бидний хийж байсан ажлын нэрийг нь солиод л гүйцээ. Үнэн бодит төрх ийм л байна. Ядаж гол зарчмыг нь алдуулалгүй аваад явах хэрэгтэй.

Ардчилсан намынхан эдийн засаг маш хүнд байхад валютын ханшаа барьж чаддаг байсан. Цалин, тэтгэврийг хугацаанд нь өгдөг байсан юм шүү дээ. Саяхан ам.долларын ханш 2700 төгрөгт хүрч хамаг амьтныг цус харвуулах дөхлөө. Эдийн засгийн хяналт алга. Ямар ч байсан бидний хийж байсан ажил зөв байжээ гэдэг нь өдөр ирэх бүр улам тодорч байх шив дээ.

-АН-ын ҮЗХ-ны хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Ардчилсан намын хувь заяаг шийдэх хариуцлагатай цаг үе бидний өмнө тулгарч ирээд байна. Ганц ҮЗХ-г хэлж байгаа юм биш шүү. Энэ цаг үе яалт ч үгүй манай намын өмнө хариуцлагатай мөч. Ардчилсан намынхан ийм үнэтэй цаг хугацаанд хариуцлагатай хандах ёстой. Ардчилсан намын гишүүд дэмжигчид ҮЗХ-ны хуралд маш өндөр ач холбогдол өгөн харж байгаа. Намын дотоод зохион байгуулалт энэ тэр яахав. Эхний ээлжинд намынхаа дүрмийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Бид дүрмээ шинэчлэхийн тулд ҮЗХ-ноос ажлын хэсэг байгуулна.

-Намын даргын асуудлаа яах гэж байгаа юм бэ. Намын дүрмийн шинэчлэл гэж угтаа хүн бүр ярьж байгаа ч ачир дээрээ намын даргын сунгаа л яваад байх шиг?

-Одоо наад намын даргын асуудал чинь хоёрдугаарх нь шүү дээ. Эхлээд намын дүрмээ шинэчлээд бүгд дагаж мөрддөг, дүрмээ зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцож чаддаг байх, ҮЗХ, намын Их хурлыг тухайн цаг үед нь хуралдуулдаг болох хэрэгтэй. Өнөөдөр үнэндээ намын дүрэм маань уриа лоозонгийн шинжтэй болчихлоо.

-Намын даргаа хэрхэн сонгох нь зөв бэ?

-Эхний ээлжинд дүрмээ баталчихъя. Дараа нь намын даргаа сунгаагаар сонгочих нь зөв. Зарим хүмүүсийн зүгээс цагаан сар хүртэл намын даргын сунгааг үргэлжлүүлье гэдэг зүйл ярьж байна. Харин би эсрэг бодолтой яваа. Намын даргын сунгааг аль болох богино хугацаанд цаг алдалгүй явуулж, энэ намыг эзэнтэй болгох нь чухал байгаа юм.

-Н.Алтанхуяг дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ хувь улстөрчийн байр сууринаас илэрхийллээ. Та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулах ёстой Ардчилсан нам маань өнөөдөр удирдлагагүй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний талаар асууж байгаа бол намын дүрэм, намын даргын дараа гуравдугаар асуудал болж таарна. Энэ миний л бодол шүү. Алтанхуяг гэж хувь улстөрч өөрийн үзэл бодлоороо Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлсэн байна лээ. Нэр дэвших хүсэлтэй байгаагаа хэлж болно шүү дээ.

-Ардчилсан намын дарга солигдсоноор, дүрмээ шинэчилснээр танай нам бүрэн шинэчлэгдэж чадах юм уу. АН-ынхны байр суурь янз бүр л байна. Ардчилсан намд яг ямар агаар хэрэгтэй байна вэ?

-Ардчилсан намын агаар үнэхээр бохирдсон. Янз бүрийн томоохон хэрэг түвэгт холбогдоод байгаа хулгайч нараасаа салах ёстой. Нам доторх фракцуудынхаа эсрэг “үгүй” гэж хэлж чадах намын Их хурлаас сонгогдсон эрх дарх бүхий хүн л намын дарга болох шаардлагатай. Өнөөдрийн энэ процесс ганцхан Ардчилсан намын шинэчлэлийн асуудал биш юм шүү. Бид зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш баялгийн хуваарилалтууд явагдлаа.

Эрдэнэтийн асуудлаас эхлээд зөрчил тэмцэл их байгаа үед ганц Ардчилсан намын шинэчлэлээс гадна Үндсэн хуулийн шинэчлэл хэрэгтэй байгаа нь анзаарагдаж байгаа биз дээ. Намууд олонхи болоод Засгийн газраа бүрдүүлсний дараа Ерөнхий сайдаа огцруулдаг ийм байдлаас гарахын тулд Үндсэн хуулиа шинэчлэх хэрэгтэй. Ингэж байж намын дарга нь Ерөнхий сайд болж эрх дархтай бодлогын үйл ажиллагаагаа явуулдаг болох хэрэгтэй. Их хурлаа тарааж чаддаг, сонгодог парламент руу шилжихгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлтийг үлдээж болохгүй. Ардын намынхан ч гэсэн үүн дээр ач холбогдол өгөх байлгүй дээ.

-Та фракцуудын өөдөөс “үгүй” гээд хэлчих намын дарга хэрэгтэй гэж байна. Үнэндээ З.Энхболд дарга фракцгүй Ардчилсан намыг бий болгох гэж үзээд бараагүй шүү дээ. Нэг үгээр хэлбэл фракц алга болохгүй юм биш үү?

-Ардчилсан намын фракцийг алга болгоно гэсэн ийм ойлголт байж болохгүй ээ. Ардчилсан намыг газрын хөрснөөс арчаад хаячихдаггүй л юм бол фракц байсаар л байх болно. Хамгийн чухал нь фракцууд эрүүлээр бодлогын өрсөлдөөнд орох учиртай. Ямар нэгэн фракцийн шахалтад ордоггүй, Их хурлаараа намын даргаа сонгох ёстой гэдгийг дахиад хэлье. Тэгэхгүй бол ҮЗХ-ны хурлаар сонгогдсон намын даргыг фракцууд ярьж байгаад унагадаг. Цаашлаад намын Их хурлынхаа гишүүдийн тоог 1000, 5000 ч юм уу болгох ёстой. ҮЗХ-ны гишүүдийнхээ тоог нэмэхэд буруудаад байх зүйл байхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Л.Балхжав: Ленинградын цагаан шөнүүдтэй хамт миний амьдралын хамгийн сайхан мөчүүд өнгөрсөн

МУУГЗ, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 18 дахь жилдээ болсон билээ. Тоглолт болохын өмнөхөн манай сэтгүүлч түүнтэй ярилцсаныг хүргэж байна. Энэхүү ярилцлагыг “Өдрийн сонин”-ы 2016.11.17-ны дугаараас авч нийтлэв.


-“Миний дуунууд-2016” тоглолт 18 дахь удаагаа тоглогдох гэж байна. Жил бүрийн тоглолт өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ жилийнх ямар онцлогтой байх бол?

-Би анхны бие даасан тоглолтоо 1999 онд хийж байлаа. Түүнээс хойш тоглолт минь тасралтгүй үргэлжилж хүнээр бол эрийн цээнд хүрлээ.

Уран бүтээлийг ургацтай зүйрлэдэг. Манай Гүрээ тоглолт болгон дээр ингэж хэлдэг юм. Гэхдээ энэ жил ургацаас илүү гоё зүйрлэл олсон байна лээ. Үүнийгээ энэ удаагийн тоглолт дээр хэлнэ гэсэн. Ингээд ямартай ч энэ намрынхаа ургацыг хураахад бэлэн болоод байна. Тоглолтод тухайн жилд зохиосон шинэ дуунуудаас гадна, ард түмний хэдийнэ сонсох дуртай болсон уран бүтээлүүд ч эгшиглэнэ. Мэдээж жил бүрийнхээ тоглолтыг шинэлэг, соргог байлгахыг хичээдэг. Энэ жилийн онцлог нь бүх дуу амьд хөгжимтэй байх юм. Хэд, хэдэн оркестртой хамтарсан тохиолдолд фонаграмм тоглуулах шаардлага гардаг байсан. Энэ удаад үүнийг бүр мөсөн өөрчилсөн гэсэн үг. Бусад нууцыг тоглолт дээрээ задалсан нь дээр байх.

-Таны тоглолтыг рок, попын дуучдын цугларалт ч гэж нэрлэдэг. Энэ удаагийн тоглолтод ямар, ямар дуучид оролцох вэ?

-Дууг гурван жигүүртэй гэдэг. Харин тоглолт бол маш олон жигүүртэй. Найруулагч, зураач, бүжигчид, дуучид, хөгжимчид, тайзны ажилтан гээд маш олон хүний сэтгэл, зүтгэл шингэсэн байдаг юм. Тоглолт бүрийг минь хамт бүтээлцдэг хүчирхэг хамт олондоо үргэлж баярлаж явдгаа хэлэх нь зүйтэй байх. Энэ жилийн тоглолтод “Universe best songs”, “My voice” наадмуудын төлөөлөл болсон залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Манай тоглолтын хамгийн залуу уран бүтээлч “My voice” наадмын шилдэг оролцогч 15 настай Э.Анужин охин байгаа.

Мөн мэдээж рок попын шилдгүүд оролцоно. МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, Б.Дашдондог, Хурд хамтлаг, СТА дуучин С.Наран, хөгжмийн зохиолч Чинбат, ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин Б.Амархүү гээд олон сайхан уран бүтээлчид ирэх юм. Мөн хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжимчид оролцоно. Харин гадны дуучид оролцохгүй. Энэ удаагийн тоглолтдоо залуу дуучдаа дэмжинэ гэсэн зорилготой ажилласан.

Хөтлөгчийн хувьд Ш.Гүрбазар маань бүр заавал байх ёстой хөтлөгчийн тоонд орсон шүү дээ. Аргагүй л “Миний дуунууд” тоглолтын нэг өнгө аяс нь юм даа. Ер нь “Миний дуунууд” тоглолт тоглогдож л байгаа тохиолдолд Ш.Гүрбазар заавал байж таарна. Мөн хөтлөгч Гантулга хөтөлнө. Харин эмэгтэй хөтлөгч нь нууц хэвээр үлдэг.

-Үндэсний баяр наадмын сүлд дуу болох “Монгол наадам” дууг зохиосон. Энэ удаагийн тоглолтод эгшиглэх үү?

-Наадмын сүлд дууг хийх саналыг баяр наадмын зохион байгуулах комиссоос тавьсан юм. Ингээд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар шүлгийг нь тэрлэж, рок, попын алдартнууд болон сонгодог, нийтийн дуучдын шилдгүүд дуулсан. Мөн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга болон симфони оркестр хамтран өргөн бүрэлдэхүүнтэйгээр баяр наадмынхаа сүлд дууг амилуулсан юм. Энэ уран бүтээл “Миний дуунууд-2016” тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулагдана.

-Оны дараа дахиад тоглолт хийнэ гэсэн үү?

-Дан хөгжмийн бүтээлүүдээс бүрдсэн “Му music” тоглолтоо ирэх онд хийнэ. “My songs” тоглолтоороо дууны уран бүтээлээ тайлагнаж байгаа юм. Харин сүүлийн үед киноны хөгжим дээр ажиллах боломжийг манай найруулагчид олгосоор байна. Тиймээс морин хуурын гоцлол болон хийлд зориулсан хөгжим зэргээ нэгтгэн дан хөгжмийн бүтээлүүдээ үзэгдчдэдээ тайлагнан тоглолт хийхээр болсон.

-Таны хамгийн анхны уран бүтээл “Амин нутаг” дууг гэдэг шүү дээ…

-Хамгийн анхны уран бүтээл минь “Амин нутаг” дуу юм. Энэ дууны хөгжмийг бичсэнээс хойш 40 жил болжээ. Үүний дараа “Бурхан эх орон”, “Өглөө шиг эх орон”, “Амин хайрын эх орон”, “Гүрэн Монгол чинь хүлээнэ”, “Харийн нутаг давчдаад байна”, “Өнө мөнх эх орон”, “Хайрлахгүй байхын аргагүй эх орон”, “Талын монгол айл” гэх мэт эх орон, нутаг усны сэдэвтэй дуунууд хийсэн. Миний уран бүтээлийн дийлэнх хувийг эх орны сэдэвтэй дуунууд эзэлдэг юм. Мэдээж хайр сэтгэл, ижий аав гээд мөнхийн сэдвээр хийсэн дуунууд бий л дээ. Нийтдээ ая данг нь тааруулсан 1000 гаруй уран бүтээлтэй болжээ.

Би хүний сонсох дуртай дуу л хийхийг боддог доо. Дуунуудыг минь сонсоод ямар нэгэн ухаарал аваасай гэж хүсдэг. Хамгийн гол нь итгэл үнэмшил. Эх орондоо оршин тогтнох сонирхол, бахархлыг аваасай л гэж уран бүтээлээ туурвидаг. Энэ бүхнийг хийж чадаж байгаа үгүйг таашгүй юм.

-Дуу, хөгжим хүний дурсамжийг хадгалан үлдэж зүрх сэтгэлийг нь догдлуулж чаддаг увдистай. Таны тэр сайхан дуунууд ч ялгаагүй олон хүний залуу нас, хайр сэтгэл гээд дурсамжуудыг хадгалсаар л байгаа. Харин өөрийн чинь хувьд ямар дуунд дурсамжууд тань хадгалагдан байдаг вэ?

-“Соёл-эрдэнэ”, “Инээмсэглэл” хамтлагийн дуунуудыг нэрлэхгүй байхын аргагүй. Мөн Х.Төмөрийн дуунууд байна. “Аяны шувууд”, “Нарт тэнгэрийн дор”, “Хайрын хишиг”, “Хунгийн дуу” гээд сайхан дуунуудыг сонсдог байлаа. Тэр сайхан уран бүтээлүүд миний залуу насны дурсамжийг хадгалан үлдэж дээ.

-Эхнэртэйгээ танилцсан тухайгаа дурсаач?

-Би эхнэртэйгээ Ленинградад оюутан байхдаа танилцаж байлаа. Ленинградын цагаан шөнүүдтэй хамт миний амьдралын хамгийн сайхан мөчүүд өнгөрсөн. Амьдралын минь түшиг тулгуур болсон ханьдаа үргэлж баярлаж явдаг даа.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би хотын унаган хүүхэд. Манайх хоёрдугаар дөчин мянгатын айл. Харин аав, ээж минь Төв аймгийн хүмүүс. Зуны амралтаараа Төв аймгийн Алтанбулаг суманд өвөө, эмээ дээрээ очиж зусдаг байлаа.

-Хөгжим бүжгийн сургуулийг төгссөн байх аа?

-Тийм шүү. Би 1979 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын ангийг төгссөн. Төрийн шагналт, ардын жүжигчин Гомбодоржийн Жамъян гуайн удирдлага дор суралцаж төгссөн юм. Багшаасаа их ч зүйлийг сурсан даа. Сургуулиа төгсөөд Улсын ардын дуу, бүжгийн чуулгад хуваарилагдсан. Энэ чуулгад богинохон хугацаанд ажилласан юм. Гэсэн ч олон зүйлийг сурч мэдсэн дээ. Энэ бүхэн өнөөдрийг хүртэл надад ач буянаа хайрлаж байна. Дараа нь Польшийн Лодсын хөгжмийн сургуульд явахаар болсон. Тэрхүү сургуульдаа сурч байгаад Польшид бослого, хөдөлгөөн өрнөсөн учир ЗХУ-ын Ленинград хотын найруулагчийн ангид суралцсан юм. Харин 1986 онд сургуулиа төгсөж ирээд Монголын үндэсний телевиз, Телекино үйлдвэрт найруулагчаар ажиллаж байлаа. Гэтэл хотын захиргааны захирамж гарч шинээр байгуулагдах телевизийн уран бүтээл хариуцсан дэд захирлаар томилогдсон юм. Ингэж 1992 онд “Улаанбаатар” телевизийг үүсгэн байгуулсан түүхтэй.

-Таны “Үзэсгэлэнт минь” гэх шинэ уран бүтээл гарсан даруйдаа л хүмүүсийн сонсох дуртай дууны нэг болжээ. Ер нь сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог хэр байна вэ?

-Сүүлийн үед хэд, хэдэн шинэ уран бүтээл хийлээ. Төрийн соёрхолт Бавуугийн Лхагвасүрэнгийн “Үзэсгэлэнт минь” гэх шүлгэнд аялгуу хөглөсөн. Энэ дууг “Харанга” хамтлагийнхан дууллаа. Одоогоос арваад жилийн өмнө яруу найрагч Цоодолын Хулан, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа бид гурав хамтарч “Нандин учрал” дуугаа хийж байсан. Харин энэ удаа мөн ханийн тухай уран бүтээл гаргалаа. “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуу сонсогчдод таалагдана гэдэгт итгэлтэй байна. Мөн ОХУ-ын Буриад улсын гавьат жүжигчин Б.Амархүү “My voice” наадмын шилдэг оролцогч Э.Анужин хоёрын “Дурлалын од”, С.Нарантай “Тэвэрье” нэртэй дууг хийлээ. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз омог арвин байна.

-“UBS” телевиз кино хийж байгаа гэсэн. Ямар сэдэвтэй кино хийж байна вэ?

-“Говийн домог” гээд морин хуурын тухай түүхэн сэдэвтэй кино ирэх оны гуравдугаар сард нээлтээ хийнэ. “Содура” киноны багийнхан маань “Говийн домог” киног хийж байгаа.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Баяраа: Суралцахуйн бэрхшээл чухам юунаас шалтгаалдгийг шинжлэх ухаан яг таг тогтоогоогүй байгаа

Боловсролын их сургуулийн тусгай хэрэгцээт боловсролын багш, “Үй цай” хятад хэлний сургалттай бүрэн дунд сургуулийн захирал Д.Баяраатай суралцахуйн бэрхшээл гэсэн сэдвээр ярилцлаа.


-Таныг саяхан “Суралцахуйн бэрхшээл”-ийн тухай сонирхолтой илтгэл тавьсныг олж үзсэн. Суралцахуйн бэрхшээл гэж юуг хэлж байна вэ. Хэр түгээмэл ойлголт вэ?

-Өнөөдөр тусгай сургуулиас тусгай хэрэгцээт боловсрол руу шилжиж байгаа цаг үе. Ганцхан манайд ч биш дэлхийн бусад орнууд ч ийм шилжилт хийж байгаа. Америк, ОХУ зэрэг орнуудад уншихын гэм, уншихын бэрхшээлийн талаар нэлээд судалгаа хийж анхаарал хандуулж байгаа юм билээ. Оросын нэг сайтад саяхан “АНУ уншихуйн бэрхшээлтэй хүний тоогоороо нэгдүгээрт, дараа нь ОХУ орж байна” гэнэ. Зарим орнуудад суралцахуйн бэрхшээл гэдгийг боловсрол, анагаах ухаан, нийгмийн талаасаа тодорхойлж, эрх зүйн бичиг баримтуудыг бий болгосон байна л даа. Гэхдээ улс орнуудын судлаач эрдэмтэд суралцахуйн бэршээлийн талаар нэгдсэн ойлголтод хүрээгүй. Английн эмч Морган 1896 онд хэл ярианы эмгэгийн анхны судалгааг хийсэн. Оюун ухаан, сонсголын хувьд эрүүл 14 настай хүүхэд уншиж чадахгүй байж л дээ. Үүнээс үндэслээд уншихуйн гэм гэдэг тодорхойлолтыг гаргаж ирсэн байдаг. 1963 онд Кирик гэж АНУ-ын судлаач Чикаго хотод лекц уншихдаа суралцахуйн бэрхшээл гэдэг нэр томьёо хэрэглэсэн. Энэ ойлголтын хүрээнд унших, бичих, тооцох эмгэгийг авч үзсэн. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хувьд оюун ухаан нь эрүүл ч суралцах явцад нь ямар нэг дутмагшил үүсээд байжээ. Энэ үеэс эхлэн суралцахуйн бэрхшээл гэдэг тодорхойлолтыг өргөн хэрэглэж, АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын эрх зүйн орчинг хүлээн зөвшөөрсөн. Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо, Унших бэрхшээлтэй хүүхдүүдийн бага сургуулийн захирлуудын холбоо, Унших бэрхшээлийн судалгааны төв байгуулагджээ. Суралцахуйн бэрхшээл гэдэг ойлголт гарч ирсэн үүх түүх нь ийм.

-Таны хувьд суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй хэр таарч байв?

-Суралцахуйн бэрхшээл уншихуйн бэрхшээл гэдэг миний мэргэжилтэй ойр дөт ойлголт. Би тусгай хэрэгцээт боловсролын багш, хэл засалч мэргэжилтэй. Хэл заслын шинжлэх ухаан хэл ярианы эмгэгийг засан сайжруулах, зөв хэл ярианд сургах сургалтын арга зүйг судалдаг. Энэ шинжлэх ухааны үүднээс уншихуйн бэрхшээл гэдэг хэл ярианы эмгэгийн нэг төрөл болдог. Суралцахуйн бэрхшээл дундаас хамгийн түгээмэл нь унших, бичих, тооцоолох, хөдөлгөөний бэрхшээл байна. Бэрхшээл гэхээр оюуны хомсдолтой мэтээр хүмүүс буруу зөрүү ойлгодог. Хамгийн гол ялгаа нь тухайн хүүхэд оюун ухааны хэвийн хөгжилтэй, сонсголын бэрхшээл байхгүй. Гэсэн ч уншиж, бичих чадвар дутагдаад байгаа тохиолдлыг л суралцахуйн бэрхшээл гээд байгаа юм. Бидний сайн мэдэх нэр цуутай олон хүн уншихуйн бэрхшээлтэй байжээ. Альберт Эйнштейн, Ханс Христиан Андерсен, Агата Криста, Уинстон Черчилль, Уолт Дисней байна. Эд бүгд уншихуйн бэршээлтэй байж. Хүүхэд байхдаа унших чадваргүйгээсээ болж багшдаа загнуулж, үе тэнгийнхэндээ шоовдорлуулсан хүмүүс. Агата Криста бол бүр 12 настайдаа сургуулиасаа хөөгдсөн түүхтэй. Тэгээд гэрийн багш авч унших бичихэд суралцаад, олон роман бичсэн байдаг. Андерсен шөнө суугаад баахан үлгэр бичээд хэвлэлийн газар аваачиж өгөхөд нь уншаад ойлгодог хүн байдаггүй. Дуустал нь уншиж тэвчсэн хэвлэлийн газрын ажилтнууд үгүй. Нэг удаа бүр үндэсний гол хэвлэлд нь “Эх хэлээрээ цэвэр сайхан бичиж чадахгүй байж зохиол бичнэ гэдэг бол эх хэлээ доромжилж байгаа хэрэг мөн. Энэ хүнийг зохиолч гэж хэлэх үү” гэж шүүмжилсэн гэдэг. Ийм айхавтар бэрхшээл туулсан ч олон сайхан алдартай үлгэрийн ном бичсэн шүү дээ. Учир нь энэ хүмүүс үзэгдэл юмсыг бүхлээр нь дүрсэлж бодож чаддаг. Эцсийн үр дүнг нь томоор харах чадвартай. Тийм учраас гайхалтай түүхийг бүтээдэг. Унших бэрхшээл хамгийн түгээмэл тохиолддог л доо. Унших гэдэг нь харааны хүртэхүйгээр үсгийг ялган таньж, үсэг авиаг нийлүүлэн үе, үг болгож, эцэст нь тухайн үгийнхээ утга санааг ойлгох үйлдлийг хэлдэг. Унших бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийн 40 хувь нь мөн л унших бэрхшээлтэй байжээ. Гэсэн ч ийм бэрхшээлтэй хүмүүс ихэнхдээ оюун ухааны өндөр чадвартай, тэдний уураг тархины зарим хэсгийн хэмжээ ердийн хүмүүсээс том байдаг. Ийм бэрхшээлтэй хүүхдүүд бичих, зүг чиг тогтоох баримжаа султай. Уншиж бичиж сурах эхний үе шатандаа хүндрэлгүй боловч уншиж ойлгох, зөв бичих дүрмийн хэрэглээндээ бэрхшээлтэй тулгардаг. Санаа бодлоо илэрхийлэхдээ үг сонгох, өгүүлбэрт зөв байрлуулахдаа алдаа гаргана. Үгийн дам утга санаа, ёжлох хэлбэрийн үгийг ойлгодоггүй. Уншсан зүйлээ яриа бичгийн хэлээр удаан ойлгодог талтай. Зан төлөвийн хувьд зөрүүд, гутрамхай хүмүүсийн 10-15 хувь нь суралцахуйн бэрхшээлтэй байдаг гэсэн судалгааны дүн бий.

Харин хүүхэд харандаагаа зөв барих, нэг шугамын дагуу үсэг, үг бичих, бодол санаагаа үсэг үг хэрэглэн илэрхийлэх үед бичих бэрхшээл гардаг. Бичих бэрхшээл нь унших бэрхшээл, хэл ярианы хөгжлийн гэм, анхаарлын дутмагшил, хэт хөдөлгөөнтөх эмгэг гэсэн суралцахуйн бэрхшээлүүдтэй зарим талаараа төстэй. Харин тооцоолох бэрхшээл нь тоог эрэмбэлж тоолох, бүлэглэх, цифр, дүрс тэмдгээр тоо ширхгийг тэмдэглэх, бодлого бодох зэрэг математик үйлдлийг хийх чадваргүй байхыг хэлнэ.

Оросын нэг эрдэмтэн ингэж ярьсан байна лээ. Тэр сурагч байхдаа уншиж чаддаггүй, алдаатай бичдэг байжээ. Дээд сургуульд арай ядан элссэн ч хөөгдсөн гэдэг. Гэсэн ч нийгмийн ухааны чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалж чаджээ. Тэр хүн “Би социализмын үед сурсан болохоор ийм их бэрхшээл туулсан. Тэр үед элсэлтийн шалгалт, сургууль төгсөх шалгалтуудыг нэг л загвараар хатуу авдаг байсан. Хавчигдаж шоовдорлогдож явлаа. Одоо цагт энэ бүхнийг ялгаж салгаж, тусгайлан анхаарал тавьдаг болжээ. Гэхдээ улс орны хаа нэгтээ энэ бэрхшээлийг ялгаж салгаж чадахгүй байгаа нь туйлын харамсалтай” гэжээ. Одоо ч манай боловсролын салбарт олон хүүхэд багшдаа, аав ээждээ “Чи залхуу, уншиж бичиж чаддаггүй. Гэрийн даалгавраа хийдэггүй” гээд загнуулж байгаа даа. Бидний суралцахуйн бэрхшээлийн талаар ойлголт төсөөлөл, ийм бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх арга зүй байхгүйтэй адил шүү дээ. Би илтгэлдээ гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдийн бичгийн ажлыг харуулсан. Арваннэгдүгээр ангийн сурагчийн бичсэнийг жишээ татсан байгаа. Арваннэгдүгээр ангийн сурагчид зохиол уншиж илтгэл тавьж, дүгнэлт хийцгээдэг. Гэтэл тэр хүүхэд удаан, зогсолттой уншдаг. Уншсан зүйлийнхээ утга санааг бүрэн дүүрэн ойлгох чадваргүй. Ийм зовлонтой. Бусад нь зохиолоо уншаад дүгнэлт хийж байхад нөгөө хүүхэд дутуу ойлгож, дэмжлэг авч байж даалгавраа гүйцэтгэдэг. Гэсэн ч бусад хичээлдээ сайн. Математикийн олимпиадад оролцдог хүүхдүүдийг тусгайлан бэлтгэдэг группт тэр хүүхэд суралцдаг. Бичихдээ а, о, үгийн төгсгөл, ж, ч, ш гэх мэт үсгүүдийг солино, орхино. Ийм шинж тэмдэг илэрдэг. Ийм тохиолдолд эцэг эх нь “Манай хүүхдийг уншиж бичүүлж сургасангүй” гэх мэтээр сургууль, багшийг буруутгах нь бий. Үнэндээ энд тухайн сурагч ч, багш ч буруугүй шүү дээ. Ийм бэрхшээлтэй хүүхдүүдийг оношлодог хэл засалч, мэдрэлийн эмч, сэтгэл судлаач, тусгай боловсролын багш нараас бүрдсэн баг ажилладаг бол хүүхдүүд байнгын ширүүн шахалт шаардлага дарамт амсахгүй байсан.

Зарим улс орон энэ талаар мундаг хөгжжээ. Зөвлөгөө өгдөг том том төвүүдтэй болсон байна. Америкт Калифорнид Унших бэрхшээлийн төв буюу Центр дислексиа гэж байдаг. Тэр төвийг байгуулсан хүн өөрөө унших бэрхшээлтэй байжээ. Тэгсэн мөртлөө мундаг том бизнесмэн, архитектор, зохион бүтээгч болж чадсан. Тийм хүн судалгааны төв байгуулж, унших, бичих бэрхшээл, хэт хөдөлгөөнтэй буюу анхаарлын дутмагшилтай хүүхдийн эмгэгийг засах арга зүйг боловсруулсан байна. Д.Дейвисийн арга зүйн талаар их ярьж байна даа. Яагаад бид энэ бүхнээс хоцорч байна вэ. Залуу багш нар очиж суралцах, судалгаа хийх хэрэгтэй. Иймэрхүү төв байгуулах шаардлагатай.

-Японд тооцоолоох бэрхшээлтэй хүүхдүүдэд тооны машин ашиглахыг зөвшөөрдөг гэсэн. Монголд ийм хүүхдүүдтэй хэрхэн ажиллах арга ухаанаа хараахан тодорхойлоогүй байх нь ээ?

-Ийм хүүхдүүдтэй ажиллах арга зүй дутмаг байгаа. Гэхдээ багш сэтгэлээсээ хандаж, анхаарал тавихад арга олдоно л доо. Яагаад гэхээр багш ерөнхий сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлал үздэг. Гярхай, ур чадвартай багш энэ хүүхдийн харааны ой тогтоолт сайн юм байна, хийсвэрлэн сэтгэхдээ алдаж оноод байгаа юм байна гээд анализ хийж, таарч тохирох дасгал олж, ажиллаж байж магадгүй. Гэхдээ дийлэнхэд нь энэ арга дутагдалтай байгаа. Дээр нь багшийн ажлыг үнэлэхдээ “Таны сурагч тоогоо бодож чадахгүй байна. Бүр арифметикийн үйлдэл хийж чадахгүй байна шүү дээ. Та яагаад энэ хүүхдийг сургаж чадаагүй юм. Яагаад энэ хүүхдийг хоцроосон” гээд нөгөө багшийн ажлын үр дүнг тооцно. Сурагчийг сурлагаар нь хэмжинэ. Гэтэл тэр хүүхдийн, багшийн буруу биш. Шинжлэх ухаан энэ бэрхшээл юунаас шалтгаалдгийг яг таг тогтоогоогүй байна. Баримжаагаар бол энэ бэрхшээл хүний уураг тархины аль нэг хэсгийн үйл ажиллагаанд ямар нэг саатал байгаатай холбоотой гэж үздэг.

-Суралцахуйн бэрхшээл монгол хүүхдийн тэдэн хувьд илэрдэг гэж нарийн тоо хэлэхэд судалгаа хэрэгтэй байх?

-Боловсролын их сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх ангид сүүлийн хоёр, гурван жил багшилж байна л даа. Багшийн сургууль, Японы Нагоя их сургуулийн багш судлаачидтай хамтарч “Боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдийг дэмжих” төсөл хэрэгжүүлсэн юм. Японы бага ангийн сурагчдын зургаан хувь нь ямар нэг суралцахуйн бэрхшээлтэй байна гэж судалгаагаар тогтоосон юм билээ. Нэг ангид 40 хүүхэд гэж үзвэл гурваас дөрвөн хүүхэд суралцахуйн бэрхшээлтэй гэж үздэг гэж хамтарч ажилладаг эрдэмтэн багш нар ярьж байна лээ. Тийм учраас шинэлэг нэр томьёо, арга барилаар суралцахуйн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжиж ажиллах хэрэгтэй гэж үздэг. Бид япон багш нартай хамтарч Хүүхдийн хөгжлийг дэмжих төв Багшийн сургууль дээр байгуулсан. Энд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох юм. Монгол дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөв байдлыг тогтоох зорилгоор орон нутгийн 380 багшаас асуулгын аргаар туршилтын судалгаа авсан. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн бараг 7-10 орчим хувь нь суралцахуйн бэрхшээлтэй байж магадгүй гэсэн эхний дүгнэлт гарсан байгаа.

-Та хятад хэл дээр сургалт явуулдаг “Үй цай” сургуулийн захирал. Таны хэл засалч мэргэжил гадаад хэл сурч байгаа сурагчидтай ажиллахад тус нэмэр болдог уу?

-Би анх 1973 онд Багшийн сургууль төгсч, бага ангийн багшаар ажлын гараагаа эхэлсэн. Тухайн үеийн ЗХУ-ын Эрхүү хотод багшийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшиж тусгай сурган сэтгэл судлалаар суралцсан. Хос хэлний сургалттай сургалт явуулахад ялангуяа бага ангийн сурагчдад хятад хэл сургахад авиа үг тавих, хэл ярианы хөгжлийг дэмжих чиглэлээр миний мэдлэг туршлага чамгүй нэмэр болдог. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий Веэ Шү Юень гэж багш байлаа. 1975 онд Бээжин хотын шилдэг багшаар шалгарч байсан хятад хэл, уран зохиолын мундаг багш байв. Тэр багш манай сургуулийг байгуулагдаад удаагүй байхад хүүхдүүдэд хичээл зааж байсан юм. Энэ эмэгтэй “Баяраа багш хятад хэл мэдэхгүй байж хятад ханз үсэг заах, авиа үсэг тавихдаа ямар айхавтар туршлагатай юм бэ” гэсэн юм. Хятадын авиа үсэг тавих арга барилтай миний арга барил үндсэндээ нийцэж байсан юм билээ. Одоо ч шинээр ирсэн хятад багш нарт энэ аргаа хэлдэг. Хүүхдийн гадаад хэлний яриа, сонсгол, бичгийн чадвар, хэл яриаг дэмжих манай сургуулийн сургалтын өвөрмөц арга гэж болно. Гэх мэтчилэнгээр нөлөөлдөг дөө.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаатай ярилцлаа.

-УИХ-аар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах тусгай хөтөлбөрийг хэлэлцэж байгаа. Гэвч бодитой хэрэгжих боломж бага, хэтэрхий ерөнхий зүйлс тусгасан гэж үзэж байна. Үнэхээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлээд эдийн засгийн хүндрэлээс гарч чадах уу?

-Улс орны эдийн засаг хүнд байна. Ард иргэд болон шийдвэр гаргах түвшнийхний санааг зовоож буй асуудал болсон. Эдийн засгийн асуудал хэлэлцэж, шийдвэрлэх гэж буй үед бодит байдал чухал нөлөөтэй. Манай улсын эдийн засгийн төлөвлөлт цаасан дээр, уламжлагдаж ирсэн арга барилаараа л яваад байна. Төсөв хямралтай үед инфляцийг 20 хувиар танах гэхчлэн арга барилаар явж байгаа. Яг энэ замаараа бид өнөөгийн үүсээд буй эдийн засгийн хямралыг давах боломжгүй. Тиймээс төлөвлөлт, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. Нэг ёсондоо эдийн засгийн томоохон реформ хийх шаардлагатай байна. Ийм шинэчлэл хийе гэх үүргийг УИХ-ын гишүүд Засгийн газар болон Сангийн яамныханд өгч байгаа. Төсвийг таная гэхээр цалин хасна, орон тоо цомхотгоно гээд байж болохгүй. Юуны тулд бүхэл бүтэн мэргэжлийн яам ажиллаж байгаа билээ дээ. Тиймээс бодит байдал ямар байгаа вэ гэдгийг зөв олж харж байж төлөвлөх хэрэгтэй. Хүнд хэцүү үед хүүхдийн 20 мянган төгрөгийг өгөхгүй гэж байгаа мөртлөө түүнээс илүү ач холбогдол багатай асуудал дээр мөнгө төсөвлөөд явж байна. Ер нь судалгаа шинжилгээ дутуу, асуудалд нухацтай ханддаггүй зүйлс өөрчлөгдөхгүй яваад байна гэх зүйл ажиглагдаж байгаа. Засгийн газар 1.8 жилийн дотор эдийн засгийн бусад эх үүсвэрийг судлаасай. Гаднаас хөрөнгө оруулалт татаж байж л эдийн засгаа сэргээх боломжтой мэт ярих юм. Гэтэл дотоодын нөөц, эх үүсвэрээ ашиглаж эдийн засгаа солонгоруулах арга замыг хаймаар байна. Мэдээж хэрэг хөрөнгө оруулагчдыг татах нь зөв. Гэхдээ эрх зүйн тогтвортой үйл ажиллагаатай болъё л доо. Тэгэхгүй бол гадныхан ч манайд хөрөнгө оруулахаас зайлсхийдэг болсон байна. Гол шалтгаан нь тогтолцооны тогтворгүй байдал. Нэг нам нь гарч ирээд өмнөхийнхөө хийсэн ажил, үйлчилгээг хүчингүй болгоод явдаг. Энэ бүхний цаана Монгол Улсын хөгжлийн тогтвортой байдлыг харах боломжгүй болоод байна.

-Төсөв батлахдаа нэлээн таналт хийсэн гээд байгаа. Гэхдээ бодитоор хасаж чадаагүй гэх яриа бий. Төсөвт ямар, ямар шаардлагагүй зардал тусгасан бол?

-Тодорхой жишээнүүдийг цаас хараад ярьж болно л доо. Гэхдээ ерөнхий агуулга, зарчмын хувьд үнэхээр тэсвэрлэх ёстой зардал юу байв гэдэг зарчмаа тогтох байсан. Үүнийгээ хямралын үед тэсвэрлэх ёстой. Хоморголоод бүх төрийн албан хаагчдын цалинг хасах буруу. Магадгүй өндөр албан тушаалтан буюу арай илүү цалин авч буй хүмүүсийн цалинг 30 хувиар багасгах санал тавьсан. Ийм байдлаар мэдрэмжтэй, зохистой байдлаар танах ёстой. Нөгөөтэйгүүр төсөв хэмнэх гээд байгаа бол тансаг хэрэглээгээ хасаж болно.

-Таны ярьж буй зүйлсийг ирэх оны төсөв дээр танаж чадсан уу?

-Ерөнхийдөө нэлээн танасан. Орж ирсэн төсвийн шүүсийг нэлээн шахсан байх гэж бодож байгаа. Нэлээн олон асуудлыг буцаасан. Буцаасны үр дүнд төсвийн өрийн босгыг боломжийн хэрээр багасгасан байх гэж бодож байгаа. Ер нь ерөнхийлөөд яваад байвал үр дүнд хүрэхгүй. Шуудхан 2017, 2018 онд төсвийн алдагдал хэдэн хувиар багасах вэ гэдгийг нарийвчлан тооцож зоригтой тоо тавья гэсэн. Зорилгодоо хүрэхийн төлөө эрмэлзэлтэй ажиллая гэх зарчим дээр тохиролцож чадсан учраас төсвийн өрийн босгыг багасгах чиглэлийн асуудал нэгдсэн ойлголттой, үр дүнд хүрсэн гэж харж байгаа.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа. Хэрвээ уг хөтөлбөрийг эхлүүлвэл төсөвт хэзээ тодотгол хийх вэ. Төсвийн тодотголоор нэн тэргүүнд анхаарах зүйлс юу вэ?

-“Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлэх ОУВС-гийн шинжээчид манай улсад ажиллаад явсан. Дүгнэлт хараахан гараагүй байх. Эцсийн дүгнэлт гарвал мэдээж хэрэг УИХ-аар хэлэлцэх байх. Тэр үед саналаа хэлнэ. “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь хоёр удаа авахдаа төсвийн сахилга батыг сайжруулах тал дээр үр ашгаа өгч байсан. Аль зардлыг хасах, алийг нь үлдээх ёстой вэ гэдгийг нарийн тооцоолж байсан юм билээ. Тэгэхгүй бол бид хоорондоо ярилцаад таная гэхээр аль нэг сайд миний багцаас хасах гэлээ гээд салбар салбараар өрсөлдөөд байдаг. Харин “Стэнд бай”-д хамрагдсанаар асуудлыг эрэмбэлж байгаад шаардлагатай санхүүжилтийг шийдэж өгдөг. Үүгээрээ өндөр агуулгатай. Нөгөөтэйгүүр энэ хөтөлбөрт хамрагдчихвал зээлжих зэрэглэл буураад хөрөнгө оруулагчид үргэх магадлалтай.

-Харин ч зээлжих зэрэглэл дээшилж гадны улс орнууд хөрөнгө оруулалт хийнэ гээд байх шиг байна?

-Үгүй. Өнгөрсөн хоёр удаагийн хөтөлбөрийн үр дүнгээр аваад үзэхэд “Стэнд бай” хэрэгжиж буй цаг хугацаанд хөрөнгө оруулалт буурч байсан. Яахав, Япон зэрэг улс орон тусална гэж буй нь төсвийн сахилга бат сайжрахтай холбоотой. Асуудлаа тодорхой болговол хөрөнгө оруулна гэж байгаа. Түүнээс биш бизнесийн тодорхой салбаруудад хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй. Стратегийн буюу түншлэлийн хүрээнд туслахад бэлэн байна гэж байна.

-Энэ удаагийн парламент нийгмийн халамжид чиглэсэн бодлогыг хумиад байх шиг анзаарагдаж байна. Хүүхдийн мөнгийг л гэхэд 2019 он хүртэл хуримтлал хэлбэрээр хойшлуулсан. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг мөн хугацаанд нь баталсангүй?

-Эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад хүүхдийн мөнгийг зайлшгүй бэлэн мөнгөөр авах ёстой буюу нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаа. Үлдсэн хэсгийн мөнгийг хуримтлал хэлбэрээр буюу бэлэн бус байдлаар олгож байна. Хамрагдах хүрээ хумигдаагүй. Хүүхдүүд бүрэн хамрагдаж байгаа. Хүүхэд харах үйлчилгээний асуудлыг нэг хэсэг зогсоосон нь үнэн. Ажлын байр бий болгож байсан гэх өнцгөөс л хараад байгаа. Олон хүн ажлын байраа бэлдчихээд байтал зогсоочихлоо гэж ярьсан. Гэтэл ажлын хэсэг байгуулагдаад ажлаа эхлэх үед хүүхэд харах үйлчилгээг эрхлэх гэж буй хүн сургалтад хамрагдсан уу, аюулгүй хоол хүнсээр хангаж чадах уу гэхчилэн асуудал хөндөгдсөн юм. Өнөөдөр бодит байдал дээр зарим газар нэг өрөө түрээслээд ямар ч сургалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхдэд өдөрт гурван удаа бантангаас өөр хоол өгөхгүй. Хоол хүнснээс авах амин дэм, витамины хэрэгцээг хангахгүй байна гэхчилэн олон зөрчил илэрсэн. Гэхдээ иргэд нэгэнт энэ үйлчилгээг хүсэж байгаа гэдэг утгаар нь үргэлжлүүлэхээр боллоо. Уг үйлчилгээнд зургаан мянган хүүхэд хамрагдаад, 2500 орчим иргэн ажлын байраар хангагдсан учраас үйл ажиллагааг нь сайжруулаад, аттестатчилал явуулаад үргэлжлүүлье гэж ярьсан. Тэгэхгүйгээр одоогийн байдлаар нь үргэлжлүүлбэл тэнд маш олон хүүхдийн эрх зөрчигдөж байна гэдгийг ажлын хэсэг тодруулчихлаа. Ажлын байр, ажиллаж буй боловсон хүчинд нь аттестатчилал хийх хэрэгтэй. Хүүхэд харах үйлчилгээ нэг ёсондоо яг л цэцэрлэг шиг байх ёстой. Тийм хэмжээнд ажиллуулахыг шаардах нь төрийн үүрэг. Энэ утгаараа цаашид ажлыг нь улам сайжруулаад явна. Ер нь аливаа халамжийн бодлогод хойрго хандаж буй зүйл байхгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль яагаад хойшлогдсон бэ гэхээр хууль эрхзүйн орчин хангалттай хэмжээнд биш байна. 2004 онд уг хуулийн хэрэгжилт тийм ч сайнгүй байсан. Гэр орондоо байхдаа удаа дараа хүчирхийлэл үйлдсэн хүн цагдаад баривчлагдаж 24 цаг болоод зөрчил гэж авч үзээд байсан. Гэр бүл доторх гэмт хэрэг байнга давтагдаж сүүлдээ хүний амь нас хохирох болсон. Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар гэмт хэрэгт тооцогддоггүй байсан юм.

-Одоо Эрүү, Зөрчлийн тухай хуультай хамт орж ирэх үү?

-Тэгнэ. Хугацааг нь хойшлуулсан түр шалтгаан бий. Эрүүгийн хуультай хамт өөрчлөлтүүдийг нь хийх ёстой. Ингэж байж эхнэрээ дарамтлаад байгаа нөхрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч буюу гэмт хэрэгтэн байна гэсэн зүйл заалттай болгох юм. Түүнээс биш өмнөх хуультай ижил байдлаар зөрчлийн хэмжээнд яваад байж болохгүй. Бусад хуультайгаа уялдуулах зорилгоор хугацааг нь хойшлуулаад ажлын хэсэг ажиллаж байна. Ялангуяа эмэгтэй гишүүд бүгдээрээ энэ хуулийн ажлын хэсэгт багтсан. Нэг ёсондоо гурван удаа цагдаагийн дуудлагад бүртгэгдсэн бол давтан хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр гэмт хэрэгт хамааруулж шалгана. Тэгэхгүй бол арав, хорин удаа дуудлага өглөө гэхэд зөрчил гэж үзээд торгоод явуулдаг. Ингэж гэр бүл доторх хүчирхийллийг таслан зогсоох эх сурвалж болж чадахгүй байна.

-УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдээд албан бус бүлэг байгуулна гэж байсан. Албан бус бүлэгтэй болчихвол хэрхэн ажиллая гэж төлөвлөж байгаа вэ?

-Ерөнхийдөө эмэгтэй гишүүд маань албан бус бүлгийн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Ялангуяа нийгмийн шинж чанартай хуулиудын ажлын хэсэгт орсон. Нөгөөтэйгүүр нийгэм дэх хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлээр анхаарал татаж буй асуудлыг анзаарч байгаа. Гэхдээ олон нийтийн анхаарлын төвд орж буй асуудал болгоныг барьж аваад шоу хийгээд байхгүй. Үнэхээр бодитой хуулийн заалтуудыг өөрчилж нийгэмд хэрэгтэй үр дүнгийн төлөө ажиллана. Тулгамдаж буй асуудлыг хуваарилж аваад туршлага, мэдлэгтээ тулгуурлан ажиллая гэж ярилцсан. Жишээлбэл, миний хувьд хоёр ажлын хэсэгт орж хууль өргөн барьчихсан явна.

-Ямар хууль өргөн барьсан юм бэ?

-Хоёр хууль өргөн барьсан. Эхнийх нь хүүхэд төрүүлсэн ээж бүр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байх тухай. Хоёрдугаарт нь, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хууль. Өнөөдөр ажил хийдэггүй хүн ээж боллоо гэхэд хохиролтой. Ажилгүй учраас төрөхийн өмнөх болон дараахь тэтгэмжээ авч чадахгүй байна. Тиймээс ажилгүй ээжүүд хүүхэд төрүүлбэл нийгмийн даатгалын шимтгэлийг улс төлнө. Нэг хүүхэд төрүүлбэл улсад 1.5 жил ажилласнаар тооцож нийгмийн даатгалын шимтгэлийг улсаас төлөх юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэй улсад нэг ч жил ажил хийгээгүй байлаа гэхэд дараа нь зургаан жил ажилласан болж тэтгэврээ тогтоолгоно. Нэг ёсондоо ажилгүй ээжүүдэд чиглэсэн төрийн үйлчилгээ гэсэн үг.

-Эдийн засаг хүнд байгаа үед Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зарим салбарт 90 хувиар хөнгөлөх гэж байгаа. Үүнд хэвлэл мэдээллийн байгууллагыг хамруулах боломжтой биз дээ?

-Олж буй орлогынхоо хэмжээгээр татвар төлдөг нь аль ч нийгмийн үнэн зүйл. Хэвлэл мэдээллийнхэн бол бусад салбартай л адил нийгэмд үйлчлээд явж байгаа. Нийгмийг эрүүлжүүлэхээр ажилладаг. Тэр утгаараа татварын зөв бодлогоор дэмжих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийн 108 дугаарт өдөрт 800 гаруй хүүхэд холбогдож тусламж хүсдэг

Хүүхэд хүчирхийлэлд өртөх байдал жил ирэх тутам нэмэгдэж байгааг
мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн
газрын хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирж буй дуудлагын ихэнх хувийг ямар нэгэн
байдлаар хүчирхийлэлд өртсөн дуудлага эзэлж байна. Тус дугаар 2014 оноос дуудлага
хүлээн авч байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 96 мянга 125 дуудлага иржээ. Өнгөрсөн
сард л гэхэд 12 мянган дуудлага ирсэн байх жишээтэй. Тэгэхээр өдөрт хүчирхийлэлд
өртсөн, хэн нэгэнд зодуулсан, гадуурхагдсан, дээрэлхүүлсэн зэрэг 500-800 хүүхэд
108 дугаарын утаснаас тусламж хүсч холбогддог гэсэн үг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын
хөгжлийн газрын зөвлөгч Х.Энх-Амгалангаас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед хүүхэд хүчирхийлэлд өртсөн гэх дуудлага ихэссэн гэх
мэдээлэл бий. Ихэвчлэн ямар хэлбэрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд 108 дугаарт холбогддог
вэ?

-Хүүхдийн тусламжийн 108 дугаарт ирсэн дуудлагыг бид хэд хэд ангилдаг.
Хүүхэд хамгаалал буюу бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл зэрэг
дуудлага багтах бол зөвлөгөө, мэдээлэл хүссэн дуудлаганд үерхэл, нөхөрлөл, үе тэнгийнхний
харилцаа, цаашлаад хичээл боловсролтой холбоотой зөвлөгөөнүүд багтдаг. Ер нь
108 дугаарын утсанд хүүхэдтэй холбоотой дуудлага хүлээж авснаас хойш хүүхдүүд хүчирхийлэлд,
тэр дундаа гэр бүлд үйлдэгдэх хүчирхийллийн дуудлага жилээс жилд нэмэгдэж байна.
Бид ачаалалтай үед 800 гаруй дуудлага хүлээн авдаг.

-Эцэг, эхдээ зодуулсан ч юм уу ямар нэгэн дарамтад орсон хүүхэд тэр
болгон хүнд нээлттэй хандаад байхгүй. Харин танай лавлах руу зориг гаргаж ханддаг.
Энэ тохиолдолд танайхаас ямар бодит тусламжийг үзүүлдэг вэ?

-Хүүхэд маш эмзэг. Хүүхэдтэй холбоотой мэдээлэл, дуудлагад маш хянамгай
хандахгүй бол эргээд хүүхдийн эрхийг ноцтой зөрчих нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй.
Тиймээс манай тусламжийн утас 152 хороо, 336 сумын хүүхэд хамгааллын хамтарсан баг,
21 аймаг, есөн дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, ерөнхий боловсролын
сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллаж байна.
Хүүхэд, хамгааллын яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх хүрээнд Цагдаагийн ерөнхий
газрын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төв 101, 102, 103, 105 зэрэг тусгай
дугаарын утастай хамтран байнга мэдээлэл солилцон ажиллаж байгаа. Гэр бүлийн орчинд
хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тухай мэдээллийг хажуу айлын хөрш нь ч юм уу өглөө
гэхэд тухайн дуудлагыг цагдаагийн байгууллагад дамжуулж, улмаар холбогдох газруудад
ханддаг. Энэ төрлийн хүчирхийллийн дуудлагыг бид “Халуун дуудлага” гэж нэрлэдэг.
Аливаа дуудлагыг заавал нягталж, хянасны эцэст зохих мэргэжлийн байгууллагад дуудлагын
тухай мэдээллийг явуулдаг. Мэдээж энэ тохиолдолд нууцын зэрэглэлтэй болохыг анхааруулна.
Хүүхдийн тухай мэдээлэл, нууцыг задруулж болохгүй. Ингэснээр эргээд хүүхдийг эрсдэлд
оруулах магадлалтай. Хүүхдийн тусламжийн утас, хүүхдийн байгууллагууд ажиллаж байгаа
хэдий ч хүндрэлтэй, тулгамдсан нэг асуудал байдаг.

-Ямар асуудал?

-Хүчирхийлэлд
өртсөн хүүхэд бидэнтээ холбогдлоо гэхэд хамгаалах байр байдаггүй. Бараг зарим газраас
гуйж нэг цэгийн үйлчилгээ рүү ч юм уу шилжүүлдэг. Иймэрхүү байдалтай л ажилладаг.

-Амиа хорлох түвшинд хүрсэн хүүхдүүдийг утасны цаанаас мэдэх боломжтой
юу?

-Тийм тохиолдол байдаг.Цахим хуудсаараа хэт задгай зургаа алдчихаад
сүрдүүлэгт өртчихсөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөн зэрэг асуудалд орсон өсвөр насныхан
ихэвчлэн амиа хорлох бодолтой байдаг. Ярилцах тусам хүүхдүүд амиа хорлох талаар
бодож байсан, амиа хорлох санаа, сэдэл байна гэдэг ч юм уу их зүйлс ажиглагддаг.

-Гэр бүлийн хүчирхийлэл хаана, ямар орчинд илүү үйлдэгддэг бол?

-Нөхцөл шалтгаан, байршил янз бүр. Мэдээж хүний нүднээс далд хүчирхийлэл
үйлдэгдэж байгаа учраас тэр болгон олон нийтэд ил болоод байхгүй. Зарим тохиолдолд
манайд холбогдож буй хүмүүс “Манай хажуу айл хүүхдээ зодоод байна”, ах дүү хамаатан
садан нь “Тэнд ийм хүүхэд эцгийнхээ дарамтад байна. Бид нэрээ хэлж чадахгүй. Айж
байна” гэдэг ч юм уу маш олон тохиолдлоор мэдээлэл ирдэг. Байршлын хувьд гэр хороолол,
орон сууц, хороололд ялгаагүй л хүчирхийлэл явагдаж байна.Ялангуяа хотхон, хорооллын
орон сууцанд чимээгүй хэлбэрийн хүчирхийлэл явагдах нь их. Гэртээ хүүхдээ ганцааранг
нь орхиж, дэглэх, зодох, дарамтлах асуудал их байдаг. Мөн сургууль, цэцэрлэгийн
орчинд их дуудлага ирдэг. Сурагчид нэгнээ дээрэлхэх, мөнгө төгрөгийг нь булаах,
эсвэл багш хүүхдийн эрхийг зөрчиж гар хүрсэн гэх зэрэг хүүхэдтэй холбоотой байж
болох маш олон дуудлага ирдэг байгаа.

-Танай 108 дугаарт гэртээ ганцаараа үлдсэн хүүхдүүд их холбогддог
гэсэн. Тэр хүүхдүүд холбогдоод чухам юу гэж ярьдаг вэ?

-Арван дуудлага тутмын хоёр нь энэ төрлийн дуудлага байдаг. “Манай
аав, ээж ажилдаа явчихсан. Намайг гэрт цоожлоод үлдээсэн. Би айгаад байна”, “Ганцаараа
байхаас би айдаг”, “Гэртээ ганцаараа цоожтой байна” гэх зэргээр бага насны хүүхдүүд
ярьдаг. Харин арваас дээш насныхан “Гэртээ ганцаараа хийх юм олдохгүй байна. Би
яах ёстой вэ” гэж их ханддаг.Тухайн үед манай операторууд цагаа зөв ашиглах тал
дээр гэрийн даалгавраа хий гэдэг ч юм уу зохих зөвлөгөөг өгдөг л дөө. Хэрвээ таваас
доош насны хүүхдүүд гэртээ харгалзах хүнгүй ганцаараа байна гэвэл яаралтай гэрийн
хаягийг нь тодорхойлж, аав, ээжийнх нь утасны дугаарыг авч холбогддог. Мөн харьяа
цагдаагийн газарт нь мэдэгддэг. Мөн манайд хүүхдийн хүмүүжлийн талаар зөвлөгөө авах
гэж эцэг, эхчүүд ч холбогддог.

-Хүүхдийн тусламжийн 108 дугаарт сард дунджаар 12-13 мянган дуудлага
ирж байгаагийн 1000 гаруй дуудлага нь чимээгүй дуудлага эзэлж байсан.Энэ дуудлагыг
танай мэргэжилтнүүд яаралтай буюу “Халуун дуудлага”-д хамруулдаг юм билээ.Яагаад?

-Чимээгүй дуудлага бол хамгийн эрсдэлтэй гэж үздэг.Тухайн хүүхэд
хүчирхийлэлд өртчихөөд хэн нэгэнд хэлж зүрхэлдэггүй, эсвэл хэлэх боломжгүй нөхцөлд
утасны цаанаас дуугардаггүй байх магадлал өндөр. Тиймээс манай сэтгэл зүйчид, мэргэжилтнүүд
тухайн дугаарын хоёр дуудлагыг хүлээнэ.Дараагийн удаад дахин нягтална. Ингээд тухайн
утас руу холбогдох ч юм уу, цаад учрыг нь олох замаар харилцаа үүсгэдэг. Хүүхдүүд
108 дугаарт залгаснаар хэн нэгэнтэй хуваалцаж чадахгүй, нууж буй зүйлээ илэн далангүй
хуваалцаж зөвлөгөө авдаг. Нүүр царай харагдахгүй учраас илүү тайван байдаг болов
уу. Ер нь хүүхдүүд сэтгэл зүйн хувьд туслалцаа авдаг. Манай эцэг, эхчүүд хооллож,
хувцаслаж байвал хүүхдээ бодож байна гэж ойлгодог. Гэвч энэ нь зөвхөн хэрэгцээг
нь хангах төдий. Тэдний ертөнцөд болж буй бүх зүйлийг мэддэг, гадарладаг байх хэрэгтэй.
Хүүхэдтэйгээ ярилцсанаар илүү дотно харилцаа бий болно. Ингэснээр та хүүхдээ магадгүй
үүсч болох эрсдэлээс хамгаалж буй явдал юм.

Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг байнгын хяналтад байлгах хэрэгтэй. Учир
нь хүүхэд тухайн орчинд байсан цагт дахин хүчирхийлэлд өртөхгүй гэсэн баталгаа байхгүй.
Тиймээс нэн тэргүүнд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байр чухал гэдгийг
мэргэжилтнүүд хэлж байна. Тэгэхгүй бол сайндаа л цагдаагийнхан очиж хүүхдээ зодсон
эцгийг нь ч юм уу, эхийг нь түр саатуулаад л эргээд гаргадаг. Цагдаагийн гараас
мултарсан эцэг, эх хүүхдэдээ өс санаж өмнөхөөсөө ч илүү харгисалдаг гэсэн судалгаа
ч бий.

Д.СҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Н.Сома: Түүнийг нь уншаад, дэлхийн түүхийг үзэхэд бүгд биеллээ олчихсон

Монголын Эзотерик ухааны академийн тэргүүн Н.Сома саяхан “Сионийн
мэргэдийн протокол” номыг уншигчдын хүртээл болгосон юм. Түүнтэй энэ талаар ярилцлаа.

-Монголын Эзотерик ухааны академиас “Сионийн мэргэдийн протокол”
номыг хэдхэн хоногийн өмнө уншигчдын хүртээл болгож нээлтээ хийсэн. Энэ номоо манай
уншигчдад товчхон танилцуулаач.

-Өнгөрсөн хавар нэгэн хөдөлгөөнийг төлөөлдөг хүн над дээр ирээд
“Сионийн мэргэдийн протокол”-ийг хүнээр орчуулууллаа. Өөрийн тань “Алтан эрин үү,
цахим гяндан уу” номыг үзсэн гэсэн. Ингэхдээ сонин юм ярьсан. “Сионийн мэргэдийн
протокол” номыг өөрөө уншаагүй мэдээжийн зүйл учраас сонирхож орчуулуулсан гэж байгаа.
Гол нь үнэн эсэх нь эргэлзээтэй, хүмүүс ч баттай зүйл биш гэцгээдэг гэж хэлсэн юм.
Энэ нь надад их сонин санагдсан юм. Тиймээс өөрөө орчуулахаар шийдсэн. 1988 онд
би Москвагийн Их сургуульд философич мэргэжлээр сурахаар элссэн. Өөрчлөн байгуулалт
эхэлчихсэн, марксизм-ленинизмээс татгалзаж, бүх хаалттай номнууд гарчихсан, юм чөлөөтэй
яригддаг болчихсон үе. Философи бол бүх измүүдийг судалж, танин мэдэхүйн үүднээс
дүгнэлт өгөх үүрэгтэй. Наад зах нь шашнуудыг судална. Жүдаизм гэхэд хөлгөн судрууд
эх сурвалжуудаас нь үзнэ. Эндээс гарсан нийгмийн хөдөлгөөнүүд гэхээр коммунизм,
социализм тэгээд сионизм. Ингээд л сионизмын гүн үндсийг уудлах хэрэгтэй болдог
юм. Ер нь социализмын үед сионистуудын тухай муу үзэл хэмээн их яригддаг байсан.
Одоо ч энэ үзэл дэлхий нийтэд хэвээрээ байдаг. Түүний тулгуур бичгүүдийг үзэхэд
“Сионийн мэргэдийн протокол” заавал яригдаж судлах хэрэгтэй болдог. Энэ бол хүн
төрөлхтний эсрэг аймшигтай нууц төлөвлөгөөний талаарх баримт бичиг. Түүний эх үүсвэрүүд
нь бүр мянган жилийн өмнөх үед хамаардаг. Үүн дээр үндэслээд философич хүний хувьд
жинхэнэ шинжлэх ухаан, гүн ухааны үүднээс, үндэс сууриас нь судалдаг мэргэжлийн
хүний хувьд хэлэхэд энэ бол жүдаизмийн үзэл суртал дээр тулгуурласан жинхэнэ баримт
бичиг.

-Хүн төрөлхтний эсрэг аймшигт баримт бичиг гэж та хэллээ. Үүнийгээ
тодруулаач?

-Товчхондоо хэлэхэд дэлхийн хүн төрөлхтнийг тодорхой, сонгомол, бурхнаас
сонгогдсон нэг ард түмэн бүрэн эрхшээлдээ оруулах тухай баримт бичиг. Өөрөөр хэлбэл,
эрхшээлдээ оруулах программ, арга хэрэгслүүд нь. Үүнд 24 протокол байгаа. Түүнийг
нь уншаад, дэлхийн түүхийг үзэхэд бүгд биеллээ олчихсон. Одоо хамгийн сүүлчийнх
нь буюу иудейн эзэн хааныг тунхаглаад, дэлхийн хүмүүсийг бүгдийг нь нэг дээвэр дор
нэгтгээд, эрхшээлдээ оруулаад хаанаа залах л үлдсэн байгаа.

-Сонгомол ард түмэн гэдэг чухам ямар хүмүүсийг хэлээд байгаа юм бол?

-Сонгомол ард түмэн гэдэг нь еврейчүүд, еврейчүүдийг зарцлагч хар
язгууртнууд левитүүдийн угсаа. Еврей хүн болгон муу биш шүү дээ. Еврейчүүдийг боол
мэт хэдэн мянган жил ашигласан хар язгууртнуудыг хэлээд байгаа юм. Хар язгууртан
дотроос сонгож Давидын угсааны хүнийг хаан ширээнд суулгана гэж энэ номонд бичсэн.
Нэгэнт дэлхийн III дайн эхэлчихээд байгаа. III дайны эцсийн үр дүн нь үүгээр төгсөнө.

-Манай дэлхийн ойрын ирээдүйн талаар хар язгууртнууд юу төлөвлөж
байна вэ?

-Манай дэлхийн хүн амыг наад зах нь 500 сая болгон цэвэрлэнэ. Та
бидний сайн мэдэх дэлхийн тэргүүн баян Б.Гейтсийн “Bill & Melinda Gates” сан
нь ямар ажил хийдэг билээ. Дэлхийн хүн амыг маш үр ашигтайгаар вакцин вирус зэрэг
бусад зүйлийн тусламжтайгаар устгах программыг ивээн тэтгэдэг юм билээ. Тэр нь ч
нууц биш. Янз бүрийн шинэ вирусыг гарган авах ажилд хөрөнгө оруулдаг. Билл Гейтс
нь ийм вирусүүдийг нээснээр дэлхийн хүн амыг тэд болгож багасгана гээд төлөвлөгөөгөө
ил тод илтгээд явдаг. Энэ мэтчилэн хар, шар, цагаан арьстнуудыг хэрхэн цөөлж үржлийг
нь зогсоох талаар, өвчтнүүдийг эмнэхгүй зөвхөн симптомыг нь намжаах, эмээр өвчөнүүдийг
эдгээхгүй байх бодлого ажиллаж байна. Бид өвчнийг эмчлэх бус симптомыг л дарна гээд
эм үйлдвэрлэдэг компаниас эм зүйчдэд хэлчихсэн. Хүн амыг цөөлөх бодлогод өртчихөөд
байгаа хүмүүсийг үүнд анхаарлыг нь хандуулахгүй гээд элдэв бусын төөрөлдүүдсэн янз
бүрийн зөрчилтэй мэдээллээр дарчихаад байна. Тиймээс ч үнэн худлыг нь ард иргэд
мэддэггүй, өөртөө хэрэгтэй мэдээллийг ялгаж авч чаддаггүй.

-Ингэхээр бид яах ёстой юм бэ?

-Гүн ухаантнуудын хэлж байсан нь үнэн юм байна. Энэ ертөнц чинь харанхуйн
эзний эрхшээлд байдаг гэж яриад байсан. Хувьсгалаас өмнөх Оросын гүн ухаантан гэх
Бердяев, Антихрист болон сатанын дундаас гарсан чөтгөрийн үр удам дэлхийг атгах
болно гэж бичсэн нь бий. Гэтэл энэ бүхэн нь зүгээр нэг хийсвэрлэл биш болж таарлаа.
Их зохиолч Л.Толстой хүртэл энэ төлөвлөгөөг сайн мэдэж байсан түүнд оролцож явсан
хүн. “Дайн ба энх” зохиолдоо П.Безуховыг магтаад л биччихсэн байдаг. Бид нар ер
нь түүхийг маш сайн мэдэж байх ёстой. Худал, үнэнийг ялгаж, худал өмсгөлөөс нь салгаж,
жинхэнэ үнэнийг л олох хэрэгтэй. Үнэний хойноос л хөөцөлдөх ёстой. Эс тэгвэл худал
хуурмаг хөшиглүүлчихсэн байна. Хар язгууртнуудын хөлсний түүхчид эрдэмтэн нэр зүүсэн
этгээдүүд дэлхийн түүхийг тэр чигээр нууцлан гуйвуулж, үнэнийг хүмүүст мэдүүлэхгүй
байхын тулд маш ихээр чармайсаар иржээ. Л.Толстой ч хэлж байсан хагас галзуу хүмүүс
дэлхийг атгадаг гэсэн. Дэлхийд нэртэй сэтгэл засалч Хатчнекер гэдэг АНУ-ын хэд хэдэн
Ерөнхийлөгчийн сэтгэл зүйчээр ажиллаж, эмчилж байсан хүн байна. Өөрөөр хэлбэл, тэдгээр
Ерөнхийлөгчид юмтай хүмүүс байж л дээ. Тэр хүн өөрөө еврей хүн байсан бөгөөд хагас
галзуу хүмүүс дэлхийг атгаж иржээ гэдгийг бараг шууд утгаар хэлсэн байгаа. Яагаад
гэхээр улс төр, бизнест цойлоод байгаа хүмүүс үе удам дамжсан сэтгэцийн өвчний түүхтэй
байдаг юм байна. Хатчнекер өөрөө еврей хүн ч гэсэн үүнийг хэлсэн. Энэ бүх мэдээллийн
хэрэгслийг 1913 онд Хадгаламжийн системийг хувьчлан өөрсдийн гарт оруулахдаа л дэлхийн
мөнгөний эзэд өөрсдийнхөө мэдэлд эцэслэн оруулсан шүү дээ. Үнэний төлөөх сэтгүүлчид
хүнд байдалд ажилладаг. XIX зуунд тодорхой хэмжээнд үнэнийг хэлж болдог байсан бол
одоо бол болохоо байчихсан байна. Үнэн ганц гэдгийг энэ Протоколыг бичсэн хүмүүс
өөрсдөө маш сайн мэдэж байдаг. “Сионийн мэргэдийн протокол”-д ч гэсэн үнэн гэдэг
бол ганц гээд биччихсэн. Өөрсдөө нэгдмэл ганц бурхныг шүтдэг. Тиймээс үнэн гэдгийг
маш сайн ойлгодог. Хүн болгоны тоогоор үнэн байдаг гэдэг харьцангуйн үзлийг дэвэргэхэд
харьцангуй онолыг нээсэн еврей Эйнштейн тэдэнд том гавьяа байгуулжээ. Маш их сул
талтай онол бөгөөд физикчид ч өөрсдөө түүнийг буруу гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Өөрөөр
хэлбэл, энэ нь гойчуудад зориулсан онол. Гой гэдэг нь мал гэсэн үг. Малуудад зориулж
дэлгэрүүлсэн үзэл онол. Хүн бүр өөрийнхөө дураар ярьж, үзэл бодлоо бусдад тулгаад
ирэхээр нийгмийн цогц, нэгдмэл байдал үгүй болдог. Ингэхээрээ нийгэм нурдаг. Хувь
хүний эрх чөлөөг, ээж аав, үзэл баримтлал, үнэний гээд бүх юмны дээр тавьчихсан.
Одоо бүр хэр хэмжээнээс давсан тэр үйлдлийг хэвийн зүйл гэж хүмүүст ойлгуулах болжээ.
Ингээд ирэхээр сэтгэцийн гажиг заавал үүснэ. Хувь хүний эрх чөлөөг бүх үнэт зүйлсийн
дээр л залаад дээдэлчихээр, хүмүүсийн хамгийн цадиггүй бурангуй, захирч номхотгож
байгууштай бүх бузар хүслүүд зад алдаж, хүн ба адгуус хоёрыг заалгасан тэр зааг
үгүй болдог. Ингээд ирэхээрээ дээд зэргийн анархизм, задрал, самуурал эзэгнэж, хүн
төрөлхтөн сөнөх жинхэнэ аюул нүүрлэдэг. Өөрөөр хэлбэл биднээр тоглосон байна.

Сионистууд харин өөрсдөө хаанаа тунхаглаад ирэхээрээ бусад үзлийг
бүгдийг нь хаагаад ганцхан тэр хааныг л шүтүүлнэ.

Бид яах ёстой вэ гэвэл уламжлалт соёл шашин үндэсний үзэл эх оронч
сэтгэлээ сэрээж, эх нутагтаа эзний ёсоор амьдардаг, арчаатай хөдөлмөрч ард түмэн
болж ёс зүйгээрээ ариусч төлөвших хэрэгтэй байна даа. Ингээд бусдын изм шашнаас
хамааралгүй болж, харийн хоосон балай үзлийг дагаж далдганахаа зогсоогоод, биеэ
даасан соёл үзэл баримтлалтай, бахархах баатарлаг түүхтэй гэдгээ нийтээрээ ухамсарлах
маш энгийн гарц байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.ТЭМҮҮЛЭН: Австрид манайхаас 20 сарлаг аваачаад сарлагийн махан стейкний ресторан нээчихсэн байх жишээтэй

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Засгийн газраас Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах
хөтөлбөр боловсруулсан. Харин УИХ-ын гишүүд хангалтгүй гэж үзээд дахин ажлын хэсэг
байгуулан сайжруулах гэж байна. Ер нь ямархуу хөтөлбөр болсон бэ?

-Уг хөтөлбөрийг манай бүлгийн хурал дээр ярьж байгаад ажлын хэсэг
гаргахаар болсон. Засгийн газраас оруулж ирсэн хөтөлбөрийг сайжруулах зорилгоор
ажлын хэсэг ажиллаж байна. Монгол Улсад эдийн засгийн хүндрэл биш хямрал нүүрлэчихсэн.
Бүхий л шатанд, аль ч салбарынхан үүнийг мэдэрч байгаа. Хүндрэлийг даван туулах,
тогтворжуулах хөтөлбөр бодитой хэрэгжээсэй, хүрэх үр дүн нь ирэх жилүүдэд тодорхой
харагдаасай гэж бодож байна. Орж эхэлсэн хөтөлбөрт ийм, ийм төслийг урагшлуулна,
ингэснээр эдийн засгийн өсөлт гурван хувьд хүрнэ, орлого тэдэн хувьд хүрнэ гэхчилэн
ерөнхий байдлаар бичсэн байна лээ. Гэхдээ энэ төлөвлөгөөний хүрээнд салбар тус бүрийн
макро түвшинд хүрэх үр дүнг, зорилго, цаг хугацаатайгаар нь нарийвчлан тодорхойлох
хэрэгтэй байна. Мөн өмнөх Засгийн газруудын үед оруулж ирж байсан, олон жил улиг
домог болтлоо яригдаж буй зарим төсөл хөтөлбөрүүд бахь байдгаараа ороод ирчихсэн
байна. Зарим нь бүр сүүлийн арав гаруй жил зүгээр л яриад байдаг хөтөлбөр ч багтсан.
Тиймээс ажлын хэсэг салбар, салбарын чиглэлээр хэлэлцүүлэг, уулзалт хийж эрдэмтэн
судлаачид болон бизнес эрхлэгчдийн санаа бодлыг сонсож байгаа. Ингэж ажиллан хөтөлбөрөө
чамбайруулахаас өөр аргагүй. Тэгэхгүй бол өмнөх Засгийн газрын алдааг давтаад явах
нь. Өнөөдрийн нөхцөл байдалд цаг хугацаа аргацааж, тооцоо судалгаагүй ажиллах боломжгүй.
Бодит үр дүн л хэрэгтэй. Иргэд болон аж ахуйн нэгжүүдийн амьдралд бодит үр дүнгээ
өгөхүйц хямралаас хөтөлбөр байх ёстой гэж харж байгаа. -Үр дүнгийн тооцоо, судалгааг
огт тусгаагүй гэж үү?

-Ерөнхийдөө тусгаагүй. УИХ дээр танилцуулсан байдлаас аваад үзвэл
ерөнхий тунхгийн шинж чанартай л орж ирсэн. Энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлснээр
гадаад валютын нөөц нэмэгдэнэ гэх жишээтэй. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Нэг ам.доллараар,
эсхүл нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх юм уу гэсэн тодорхой үр дүнгийн судалгаа
байхгүй. Нарийн тооцоолъё гэдэг үүднээс ажлын хэсэг байгуулагдсан. Манай аж ахуйн
нэгжүүд зардлын гол ачаалал болоод байгаа банкны зээлийн хүүг бууруулж өгөөч, зогсолтгүй
өсөөд байгаа долларын ханшийг бариад өгөөч гэж хүсээд байгаа. Малчид мал хямд учраас
банкнаас зээл аваад хэрэглээгээ нөхөж байна. Малчид маань гол амьжиргааны эх үүсвэр
болсон малыг нь, махыг нь үнэтэй болгоод өгөөч гэхчлэн бодитой зүйл л хүлээж байна
шүү дээ.

-1.8 жилийн хугацаатай хэрэгжих юм байна лээ. Дунд нь тодорхой хугацаанд
хөтөлбөрийн үр дүнг дүгнээд явах уу?

-Цаг хугацаатай холбоотой, үр ашгийн дүгнэлтийн асуудлыг өмнө нь
огт дүгнэж байгаагүй юм билээ. Түрүүчийн Засгийн газрын үед “Эдийн хямралаас гарах
100 хоногийн хөтөлбөр” баталж байсан. Гэтэл 100 хоногийн дараа бүх зүйл хэвэндээ
л байлаа. Аливаа хөтөлбөр өөр дээрээ үнэлгээний хэсэгтэй байх ёстой. Үнэлгээг хэрхэн
тооцох вэ, аргачлал нь тоон байх уу, чанарын байх уу, ямар хүчин зүйлээр үнэлэх
вэ гэдгээ тодорхой тусгахгүй бол хөтөлбөр өөрөө тунхгийн чанартай болчихдог. Тиймээс
үр ашгийн дүгнэлт маань үнэлгээ хийнэ гэсэн үг.

-Хэтэрхий олон салбар хамарчихсан байна лээ. Уг нь цөөхөн хэдэн гол
салбартаа тулгуурлаад эрчимтэй ажиллаж болохгүй юу. Бүгдийг зэрэг явуулах боломж,
нөөц, чадавхи хомс болов уу гэж бодож байна?

-Эхний зургаан сарын хугацаанд аль салбарт гол ачааллаа үүрүүлэх
вэ. Дараагийн саруудад хүлээгдэж буй үр дүн энэ салбараас ирнэ гэхчлэн нарийвчлах
ёстой. Татварыг нэмээд, татвар төлөгчдийн халаас руу гараа дүрээд санхүүгийн хямралыг
даван туулж чадахгүй. Үүссэн зээлийг дараагийн зээлээр аргацаана гэсэн асуудал бас
байж болохгүй. Магадгүй гаднаас хоёр тэрбум ам.доллар орж ирээд хэсэг хугацаанд
аргацааж магадгүй. Гаднаас мөнгө орж ирлээ гэхэд өдрөөс өдөрт өсөж буй валютын ханшийг
л хэсэгтээ барих байх. Түүнээс биш асуудлыг нэг мөсөн шийдэж чадахгүй. Тиймээс хүссэн
ч, эс хүссэн ч 1.8 жилийн хугацаанд эдийн засгийн макро түвшний хүрээнд том бодлогын
реформ хийх ёстой. Аж ахуйн нэгжүүдэд Засгийн газраас баримтлах бодлого нь хугацаатай,
тодорхой, ойлгомжтой байх ёстой.

-Уг нь энэ хөтөлбөрийг ирэх оны төсөвтэй уялдуулж баталсан бол гарах
үр дүн нь илүү бодитой байх байсан юм биш үү?

-Цаг хугацаа тулсан гэдэг үүднээс төсвөө баталчихлаа. Одоо ОУВС-гийн
хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй байхаа. Бид гурван жил бүсээ чангалж байж
хонгилын үзүүрт гэрэл харагдах уу, үгүй юу л болчихсон байна. 1992 онд П.Жасрай
гуайн “Одоо л нэг хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэдэг шиг 2019 оноос гялтайх
нь уу, үгүй юу гэдэг асуудал байна. Бүр нарийн яривал Монгол Улсын тусгаар тогтнол
эдийн засгийнхаа хүрээнд ямар байх вэ гэдэг зүйлээс ч хамаарах гээд байна. Гурван
жилд зарлагаа 50 хувь бууруулж байж төсвийн тэнцлийг барих боломжтой болно.

-Засгийн газар хангалттай түвшинд ажиллаж байна уу. Засгийн газраас
оруулж ирсэн төсөл хөтөлбөрийг УИХ унагаад байна. Уг нь нэгдээд ажиллах ёстой байтал
нэг л эвлэж өгөхгүй байх шиг харагдах юм?

-Яахав, шүүмжлэлийн өнцгөөс хандаж байгаа байх л даа. Төсвийн тодотгол
болон хэд хэдэн хуулийн төслийг буцааснаас ингэж харагдаж байж магадгүй. Тухайн
үед оруулж ирсэн төсвийн тодотголыг буцаасан асуудал бий. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт
тусгасан байсан бодлогын асуудлаас гажсан зүйл гарсан учраас буцаасан. Татвар нэмэх
тухай асуудлыг ч дэмжиж болохооргүй байлаа. Нэг талаасаа УИХ-ын зүгээс Засгийн газрыг
ирэх дөрвөн жилд ямар бодлого баримталж ажиллах вэ гэдэг асуудлаар тодорхой чиглэл
өгсөн. Ирэх дөрвөн жилд ямар нэг байдлаар хий улс төржихгүйгээр, популизм ярихгүйгээр
ажиллая.

-Өнгөрсөн долоо хоногт ирэх оны төсвийг баталчихлаа. Гэхдээ оноос
өмнө амжаад “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдчихвал тодотгол хийнэ. Тэр үед юун дээр
илүү анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ хямрал айл гэр, аж ахуйн нэгж, бүх түвшинд хүн бүрт мэдэгдэж
байгаа. Иймээс “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж өр зээл нэмэгдүүлэхгүй байх, төсөв,
санхүүгийн сахилга батыг сайжруулах, зардлыг бууруулж эдийн засгийг эрүүлжүүлэх
зайлшгүй шаардлага тавигдаж байна.

-“Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлбэл төрийн албаны данхар бүтцийг
өөрчлөх гэхчилэн олон ажил эхлэх байх. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Төрийн албаны бүтэц сүүлийн дөрвөн жилд үндэслэлгүйгээр 30-40 мянган
албан хаагчаар нэмэгдэж бараг 200 мянгад хүрлээ. Төрийн албаны бүтэц олон улсын
жишиг зарчмын дагуу хамгийн бага бүтцээр, үр дүнтэй үйлчилгээ ард түмэнд хүргэх
ёстой. Төр татвар төлөгчдийн мөнгөөр албан хаагчдаа цалинжуулдаг учраас аль болох
бага зардал гаргах ёстой. Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж буй сая нэг зуун мянга
гаруй хүн бий. Тэдний 200 мянга нь төрийн албан хаагч гээд бодоод үз дээ, бараг
25 хувь. Гэтэл бусад улс орны жишгээр аваад үзэхэд Японд нийт төрийн албан хаагчдын
харьцаа 7-8 хувьтай, Австрали, Америкт дээд тал нь 15 хувьтай байдаг. Төрийн ой
санамж, бодлогын залгамж чанар гэдэг маань боловсон хүчнээрээ уг нь дамжиж хадгалагддаг
ёстой. Би ч өөрөө энэ улс төрийн горыг биеэрээ амсаж, хийж байсан ажил маань зогсоод
харамсаж байсны хувьд хэлж байгаа юм.

-Төсвийн орлогыг нэлээн тулгаж тавьсан байна лээ. Магадгүй тооцоолсон
хэмжээнд хүрэхгүй байж мэднэ. Хоосон горьдохоор нүүрсний үнээ гадаад зах зээлийн
үнээр худалдах боломж байхгүй юу. Гэрээнд өөрчлөлт оруулж болох уу?

-2020 он хүртэл уул уурхайгаас олох орлого нэг их таатай байхгүй.
Дэлхийн зах зээлийн үндсэн хэрэглэгч Хятадын зах зээл сайнгүй байгаа. 2014 оноос
хойш нүүрс, төмрийн хүдэртэй холбоотой бүх хэрэглээгээ хумьсан. 2020 он хүртэл алтнаас
бусад дийлэнх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ төдийлөн сайн байхааргүй байна. Гэхдээ
одоогийн түвшнээс доошоо унахгүй. Тэгэхээр хэсэгтээ уул уурхайн бүтээгдэхүүний үнэ
тэсрэлт хийж байсан үе рүү буцаж очно гэж байхгүй. Тэгэхээр бид зэсээс ч, нүүрснээс
ч айхтар хүлээлт үүсгэх хэрэггүй. Нүүрсний үнэтэй холбоотой ярихад эцсийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэх чиглэлийн бодлого баримтлахгүй бол болохгүй болчихлоо. Өнөөдөр гадаад
зах зээлд 200 ам.доллар байхад бид яахаараа 40 ам.доллараар өгдөг юм гэх асуудал
хөндөгдөж байна. Эцсийн бүтээгдэхүүнийг зөвхөн нүүрсээ угаах байдлаар хязгаарлаж
ойлгож болохгүй. 7.2 тэрбум тонн нүүрсний баялагтай Таван толгойн орд дээр л гэхэд
90 орчим хувь нь эрчим хүчний нүүрс. Цаана үлдэж буй 10 хувь нь коксжих буюу
200 ам.долларын үнэд хүрэх нүүрс. Эрчим хүчний зориулалтын нүүрсээ яах вэ гэдэг
асуудал гарна. Дотооддоо эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэе. Ядаж нүүрсээ угааж нэмүү
өртөг шингээе, боломжит дээд үнэд нь хүргэх гарцаа хайцгаая. Бүгдээрээ энэ их нүүрсний
нөөцөө ашиглаж эрчим хүч үйлдвэрлэдэг, экспортлогч орон болъё. Таван толгойд суурилаад
цахилгаан станц барина гэж бид долоон жил ярьж байна. Би өмнө Эрдэнэс МГЛ-д дэд
захирлаар ажиллаж байхдаа 300 Мвт-ын ТЭЗҮ-ийг 2013 онд хийж дуусгаж байсан. Уг нь
тэр хавраа барилгын ажил эхлээд 2017 оны намар цахилгаан станц маань ашиглалтад
орох төлөвлөгөөтэй явсан. Гэтэл хий улс төржсөөр тэр хүн хүч, цаг хугацаа зарцуулсан
ТЭЗҮ-ийг ашиглалгүй байсаар ямар ч ажил урагшилсангүй. Засгийн эрх барьж буй нам
ТЭЗҮ боловсруулна гэдэг. Миний мэдэхийн дараа нь дахиад хоёр ч ТЭЗҮ хийчихсэн. Дараагийн
дөрвөн жилд дахиад ТЭЗҮ гэж битгий яриасай л гэж бодож байна. Эцсийн бүтээгдэхүүн
буюу эрчим хүч үйлдвэрлээд эхэлвэл байнгын тогтсон үнэтэй, хэрэглэгч нь бэлэн байдаг.
Таван толгойн нүүрсийг түүхийгээр нь экспортод гаргая гэж ярихаасаа илүүтэй урд
хөрштэйгээ хамтраад усны асуудлаа хамтарч шийдээд нүүрсний нөөцөө бүрэн ашиглаж,
6000 мегаваттын хүчин чадалтай цахилгаан станцтай болох боломжтой. Манай дотоодын
хэрэгцээ 1000-1500 мегаватт. Үүний дүнд эрчим хүчний гадаад зах зээлийн хамаарлаас
салж, нүүрс, түүхий эдийн үнийн савалгаа, эрсдэлээс бүрэн хамгаалагдана. Цаашид
бусад нүүрсний төслүүдээ энэ байдлаар ашиглаж чадвал 5-10 мянган мегаватт эрчим
хүчийг жилдээ экспортлох боломжтой болно. Энэ асуудлыг хөрөнгө оруулагчид ч сонирхох
өндөр магадлалтай.

-Оюу толгойн хувьд бүтээн байгуулалтын ажил эхэлснээс хойш иргэдийн
амьжиргаанд эерэгээр нөлөөлж эхэлсэн. Харин Засгийн газар гэрээнд заасныхаа дагуу
яг хэдийгээс үр шимийг нь хүртэх юм бэ?

-Оюу толгойд
Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд
уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг
олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан
ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн.

Тухайн төслийг эхлүүлэхэд Монгол Улсад орох үр өгөөжийг шууд үзүүлэх
өгөөжөөр хэмжиж тохиролцсон. Бусдаар шууд бус үр өгөөж нь ямар ч хэмжээнд байж болно.
Нэгэнтээ Засгийн газар өөрийн төрийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан бизнест орж буй
бол үр өгөөж нь татвар, хураамж болон ноогдол ашгаар хэмжигдэх ёстой. 2009 онд байгуулсан
гэрээгээр Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт
мөнгөн урсгалын 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэй
байлаа. Энэ гэрээний дагуу жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая
ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж 2019 оноос хойш ноогдол ашиг авах боломжтой
байсан. Ноогдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийт татвар хураамж, ногдол
ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл хий
хоосон улстөржөөд, ард түмэнд таалагдахын тулд шийдвэр гаргаж байгаад өмнөх бүх
сайн зүйлүүдээ Дубайд очоод үгүйсгэчихсэн. Харалган бодлого төрд явсны гай л даа.
Өмнөх алдаагаа давтахгүй ажиллах, том төслүүд дээр сургамжтай байхын тулд өмнөх
асуудлыг харин зарчмын хувьд ярьж байх ёстой.

-Тэгвэл төрийн өмчийн энэ олон аж ахуйн нэгжүүдийг цаашид яаж авч
явах, энэ олон төслүүдийг хэрхэн хэрэгжүүлэх ёстой юм бэ?

-Улс төржилт, хий хоосон намчирхлаас ангид байж бизнес зах зээлийнхээ
зарчмын дагуу хэрэгжинэ. Адаглаад ядаж төрийн өмчийн компаниуддаа компанийн сайн
засаглалыг яаж хэрэгжүүлэх вэ, яаж олон улсын жишигт хүргэв гэдгээс эхлэх хэрэгтэй.
Уг нь бол тэр компани төрийнх байна уу, хувийнх байна уу ялгаагүй л ашгийн төлөө
ажиллаж, дэлхийд өрсөлдөх хэмжээний том компани болох зорилготой байгаа. Гэтэл бид
ядаж Хятад шиг, Казакстан шиг, Сингапур шиг төрөөс хараат бус байдлаар бүх үйл ажиллагаагаа
явуулах, зах зээлийнхээ зарчмаар өөрсдөө шийдэх дархлааг нь эрх зүйн орчны хүрээнд
энэ компаниуддаа хийх хэрэгтэй байна. Төрөөс ямар нэг дарамт шахалт, дэмжлэг туслалцаа
ч байх ёсгүй. Дээрх улсын төрийн өмчийн компаниуд төрөөс хэр хамааралтай байгаагаа
өдөр тутам төрөөс ирж буй утасны дуудлага, албан бичгээр нь хэмждэг байна.

-Та хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүн. Малчдын амьдралыг сайн
мэдэх хүмүүсийн нэг. Өнөөдөр хөдөөний амьдралд тулгамдаж буй гол асуудал юу вэ.
Тэнд шинэчлэлийн ямар реформ хийж болохоор харагдаж байна вэ?

-Сүүлийн арав гаруй жил Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур уул
уурхай гэж ярилаа. Хөдөө аж ахуйг бараг мартсан гэж хэлж болно. Уг нь хүссэн хүсээгүй
эдийн засгийн тулгуур салбар хөдөө аж ахуй. Тэр дундаа уламжлалт мал аж ахуй байж
таарна. Би хөдөө орон нутгаас сонгогдсон 48 гишүүний нэг. Өөрөө ч сүүлийн 20 гаруй
жил морь малтай ойр явсан хүний хувьд малчдын маань амьдралд юу тулгарч байна, бид
цаашид юу хийх ёстой вэ гэдэг асуудлыг сайн мэднэ. Хөдөө аж ахуйн салбарт бид өмнө
нь явж ирснээсээ илүүтэй шинэлэг байдлаар бодлого, шийдлээ гаргах зайлшгүй шаардлагатай.

Бодит байдлыг аваад үзэхэд өнөөдөр мал, малын мах, түүний түүхий
эдийн бүтээгдэхүүний үнэ уначихаад байна. Энийгээ дагаад малчдын амьжиргаа дордлоо.
Нэг төлгөөр өнөөдөр хоёр шуудай гурил авч чадахгүй болж байна. Гэтэл төр засаг өнгөрсөн
хугацаанд малчдынхаа амьжиргааны эх үүсвэр болсон малын түүхий эдийн үнийг тогтвортой
байлгах зөв бодлого барьж ажилласан бол өнөөгийн нөхцөлд хүрэхгүй байлаа. Цаашид
бид яаж үнэгүйдлээс хамгаалагдсан мал аж ахуйтай болох вэ. Малчдын маань орлогын
эх үүсвэр махыг бид хэрхэн үнэтэй бөгөөд тогтвортой байлгах вэ. Монгол малыг бид
хэрхэн эрүүлжүүлэх вэ гээд олон асуудал тулгарч байна. Өнөөдөр бид малаа үнэтэй
байлгая, махаа гадаад зах зээлд экспортолъё гэж байгаа бол малаа эрүүлжүүлэх асуудлыг
онцгой анхаарч, төрийн нэгдсэн бодлого, зохицуулалтаар шийдвэрлэхээс өөр аргагүй.
Малаа эрүүлжүүлэх асуудлыг сүүлийн 20 гаруй жил бид орхигдууллаа.

Өнгөрсөн есдүгээр сард Хятадад болсон дэлхийн мах экспортлогч, импортлогч
орнуудын олон улсын хурал, экспод оролцоод ирлээ. Дэлхий ямар түвшинд хүрсэн, юунд
зорьж байна, тэрнийхээ төлөө юу хийж буйтай танилцлаа. Энэ олон улсын хурал, үзэсгэлэнгийн
үеэр хятадууд ирэх жилүүдэд аль улсаас хичнээн хэмжээний мах импортлох квотоо тогтоож
байна. Мах импортлогч улс орнууд ямар шаардлага тавьж байна, юун дээр анхаарал хандуулдгийг
нь бид эндээс сурч, бодлого шийдэлдээ анхаарах ёстой. Дэлхийн хамгийн том зах зээл
болох урд хөрш маань 2017 онд 90 сая үхрийн мах авах гэж байгаа. Хятадын зах зээл
жилээс жилд нэмэгдэж байна. Хоёр жилийн өмнө 60 сая үхэр авдаг байсан бол ирэх жил
90 сая болж өслөө. Дахиад хоёр жилийн дараа магадгүй арван саяар нэмэгдэнэ. Энэ
зөвхөн үхрийн махных нь хэрэгцээ нь шүү, гэтэл бид 60 сая малтай гэж цээжээ дэлдэж
байдаг. Адаглаад ядаж хээлтэгч болон хээлтүүлэгч малынхаа бүтцийг зөв гаргаж ирэхгүй
бол 90 саяаас нэг саяыг нийлүүлэхэд тогтвортой хугацаанд нийлүүлж чадахгүй.

Тэгэхээр бид эрэлт байгаа зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхийн төлөө
зорилготой ажиллах ёстой. Эхний ээлжинд махаа хил гаалиар гаргахад тавигддаг олон
улсын стандарт, шаардлагыг нь хангадаг болох хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал бидний
эдийн засгаа нөгөө солонгоруулах гээд байгаа боломж нэгээр бүрдэнэ. Манай монгол
мал шиг уг нь байгалийн, экологийн цэвэр бүтээгдэхүүн ховор. Гэтэл ирэх жил Хятадад
үхэр нийлүүлэх гэж байгаа Испани, Аргентин, Бразил гээд улсууд өөрсдийнхөө үхрийг
борлуулах маркетинг хийхдээ манай үхэр ямар нэг химийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэдэггүй,
байгальд энэ монголчуудын яриад байгаа шиг тааваараа бэлчээрлэж, 300 гаруй эмийн
ургамал идэж байна, дээр нь манай 36 сартай үхэр 500 кг, өөхний зузааны давхарга
нэг см болтлоо нимгэрж чадлаа гээд хөдөө аж ахуйдаа шинжлэх ухаанчаар хандаж байгаагаа
рекламдаж байна. Өнөөдөр бид малынхаа ашиг, үр шимийг нь сайжруулахын тулд энэ асуудалд
шинжлэх ухаанчаар хандахгүй бол хэдийнэ хоцрогдчихлоо. Манайд идэшний бүдүүн үхэр
250-300 кг л татаж байгаа. Нэг ёсондоо дэлхийн стандартаас хоёр дахин давжаарчихаж.
Дээрээс нь өөхний давхарга ямар байгаа билээ. Мөн хэдэн жил тэжээж байж 250 кг жинд
хүрч байгаа вэ гэх мэтчилэн малаа эрүүлжүүлэхээс гадна үүлдэр угсааг нь сайжруулах
ажил хийхгүй энэ зах зээлд өрсөлдөж чадахгүй нь ээ.

-Та нутагтаа малын шинэ үүлдэртэй болохоор төсөл эхлүүлсэн гэсэн.
Тэр төслийнхөө талаар ярихгүй юу. Таны ярьж буй дэлхийн стандартад нийцэх үү?

-Өнгөрсөн жил Архангайнхаа зарим нэг суманд илүү нугаламтай барга
хуц нийлүүлсэн. Төлгөн хуц гэхэд 50-70 кг жин татаж байгаа. Жирийн малчин айлуудын
хонь нас бие гүйцээд сайн л бол 40-50 кг жин хүрч байгаа биз дээ. Тэгэхээр малчин
түмэн маань тооноос илүү чанарыг эрхэмлэх хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улс 60 сая малтай
байж болно. Нэг малаас хэдэн кг мах гаргаж байна вэ гэдэг чухал. Магадгүй 20 сая
малтай мөртлөө амьдын жингээр 60 сая малтай дүйцэхүйц байж болно. Цаашлаад бэлчээрийн
даацад яаж эерэгээр нөлөөлөх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Малын тоо нэмэгдэж байна
гэдэгт баярлахаас илүүтэй үүлдэр угсааг сайжруулах, эрүүлжүүлэх чиглэлд анхаарах
цаг болсон.

-Ярихынхаа оронд аль нэг аймгийг сонгож аваад жишиг хэмжээнд очтол
эрүүлжүүлээд, үүлдэр угсааг нь сайжруулж болохгүй юу?

-Би яг наадхыг чинь л зориод байна. Өмнө нь бидний мал аж ахуйн салбартаа
хийдэг байсан зүйлүүд маань өнөөдөр байхгүй болчихож, энийгээ эхний ээлжинд ядаж
сэргээе. Сум, баг бүрт байдаг байсан малын угаалгын ванн, усан сан маань алга. Хавар,
намартаа бүх малаа байндаж, туулга хийдэг байсан зүйл алдагдсан байна. Үгүй ядаж
л угаалга, туулгаа хийснээр малын арьс, ширний бүрэн бүтэн байдлыг хадгалдаг байлаа.
Гэтэл өнөөдөр ширээ тушаах гэхээр энд тэндээ хачигт баригдаад цоорчихсон болохоор
үйлдвэрүүд голоод байдаг. Социализмын үед хаврын 13, намрын найм гэсэн мал эрүүлжүүлэх
төлөвлөгөөт ажил хийдэг байсан. Үүнийг ядаж сэргээх хэрэгтэй. Зөв чиглүүлээд, бодлогын
түвшинд ажиллавал монгол малын брэнд үүсгээд явж болно.

-Мал эрүүлжүүлэх тухай олон жил ярьж байна. Дорвитой хийж буй ажил
бий юү?

-Улсын хэмжээнд вакцин үйлдвэрлэдэг ганцхан газар байна. Биокомбинатад
сүүлийн 20 жилд нэг ч хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй. Одоо л Унгараас 25 сая
ам.долларын зээл, тусламжаар шинэчлэл хийхээр ярьж байгаа. Улсын хэмжээнд өнөөдөр
нийт малынхаа 20, 30 хувьд хүрэх хэмжээний л вакциныг үйлдвэрлэж байгаа. Байгаа
нь магадгүй аль 20 жилийн өмнөх стандартын бүтээгдэхүүн. Өнөөдөр гарсан ханиад томууг
дарах боломжгүй болчихсон байдаг. Тиймээс төрийн бодлогоор малаа эрүүлжүүлэх тогтолцоог,
бүтцийг нь үндэс суурьтай нь авч бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр үйл ажиллагаа
явуулж буй жижиг, дунд үйлдвэрүүдийг, хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй болжээ. Хэрэв
төрөөс зөв бодлого баримталж дэмжээд өгвөл аймаг болгонд мал эрүүлжүүлэх чиглэлийн
үйлдвэрүүд бий болно. Үндэсний үйлдвэрлэл гээд байдаг хэрнээ мал эмнэлэг, эмийн
сангуудаар орохоор гаднаас орж ирдэг цагаан тариа гэж бидний хэлж заншсан тариаг
л өргөн авч байна. Үүний оронд үндэсний эмийн үйлдвэрийн ижил чанартай тариа яагаад
байж болохгүй гэж. Ганцхан энэ тариа л монгол малчны түрийвчнээс хэдэн төгрөг гаргаж
байна вэ, хэдэн төгрөг гадагш урсаж байна вэ гэдгийг судалбал маш өндөр тоо гарна.

-Улс бодлогоо боловсруулаад ажиллавал монгол мал хэзээ бүрэн эрүүлжиж
чадах бол. Нэг захаас нь хөөгөөд вакцин тариагаа хийгээд явж болохгүй юу?

-Хөдөө аж ахуйтай холбоотой, монгол малыг эрүүлжүүлэхтэй холбоотой
хуулийн төсөл санаачлаад боловсруулаад явж байна. Засгийн газартайгаа хамтраад ажил
хэрэг болгоно. Бидэнд мал аж ахуйд суурилсан асар том нөөц бололцоо бий. Энгийн
жишээ хэлье л дээ. Хөдөөгийнхөн маань шар сүүгээ асгаж байгаа. Гэтэл Швейцарьт яаж
байна гээч. Шар сүүнд шинжилгээ хийсний дүнд ямар их амин дэм байгааг тогтоочихож.
Судалгаандаа тулгуурлаад шар сүүний ундаа, чихэр, шоколад хийдэг болсон. Гэтэл манайд
мал аж ахуйд тулгуурласан шинжлэх ухааныг орхигдуулсан. Мал аж ахуйн салбар өөрөө
өөрийнхөө хөгжлөөр явж байна. Малчин түмний нуруун дээр л явдаг. Япончуудын бас
нэг судалгаа бий. Тэд монгол сарлагийн сүүг судалсан байгаа юм. 3000 метрийн өндөрт
бэлчээрлэж хамгийн өндөр үр ашигтай ургамал идэж буй мал өөр байхгүй. Тэгэхээр сарлагийн
сүүтэй дүйцэхүйц амин дэм, тослогтой сүү байдаггүй юм. Австрийн өндөр ууланд манайхаас
20 гаруй сарлаг тээвэрлэж очоод ресторан нээчихэж. Австрид монгол сарлагийн махан
стейкний ресторан бий. Жилийнхээ хэрэгцээнд дөрөв, тавыг нь хэрэглэдэг гэсэн. Нэг
таваг хоол 30-40 еврогийн үнэтэй. Гадныхан ингэж монгол гэдэг нэрээр брэнд үйлдвэрлээд
байна. Бидэнд байгаа давуу талыг нээж өгөөд байна. Гэтэл манайхан ашиглаж чадахгүй
юм. Мал аж ахуйгаа бүрэн ашиглаж чадахгүйгээс болоод сүүний хэрэглээнийхээ 90 хувийг
гадаадаас авдаг боллоо. Уг нь мал аж ахуйн орон. Зах зээлийн гажсан тогтолцоог дагаад
өнөөдөр хөдөө үнээгээ бүтэн саадаг айл алга. Өглөөд ганцхан удаа саадаг болсон.
Хонь ямаагаа бүр саахаа больчихож. Тэгэхээр ядаж л сүүнийхээ хэрэгцээг өөрсдөө бүрэн
хангадаг болъё л доо. Өөрсдөд байгаа нөөц бололцоогоо ашиглаж брэнд бий болгох бүрэн
боломжтой. Гэтэл Аж үйлдвэрийн парк гэхчлэн том зүйл яриад байдаг. Том зүйл хайх
хэрэггүй. Үйлдвэр байгууллаа гэхэд “Эрдэнэт” шиг, “Оюу толгой” шиг байх албагүй.
Улс орны хөгжил дэвшил анхан шатны нэгжээс эхэлдэг. Сум дүүрэг, хороо багаасаа эхлэх
ёстой.

-Зорилтот зах зээл рүү нь л хандуулах хэрэгтэй шиг байгаа юм. Америкт
л гэхэд органик хүнсний ногоо бусдаасаа хэд дахин өндөр үнэтэй байдаг. Тэрэн шиг
органик үхрийн махны брэнд гаргаж болох уу?

-Тодорхой зах зээл рүү чиглэхгүй бол болохгүй. Богино хугацаанд ямар
арга хэмжээ авах ёстойгоо тодорхойлох ёстой. Ойрын хэдэн жилдээ махаа түүхийгээр
нь экспортолж чадахгүй юм байж. Тэгвэл эцсийн бүтээгдэхүүнээр гаргая. Бүтэн боловсруулсан,
хагас утсан мах гаргаж болно. Дотоодын хэрэгцээндээ борц болгоод ашиглая. Гадаад
зах зээл рүү утсан мах гаргая. Гадны улсад утаж хатаасан мах нэг кг нь 100 ам.доллар
хүртэл хүрч байгаа. Эцсийн бүтээгдэхүүн ямар үнэд хүрдэг вэ гэдгийг энэ жишээнээс
л хар. Өвөр монголчууд байна. Тэдэнтэй уулзахад сарлагийн сүү, борц авъя гэдэг.
Махаа түүхийгээр нь нийлүүлж чадахгүй юм бол хамгийн гол нь хагас боловсруулаад,
байнга нийлүүлээч гэж байгаа юм. Энэ асуудлыг ажил болгохын тулд Засгийн газар дэмжлэг
үзүүлэх ёстой. Би гэхэд аймгийнхаа хэмжээнд хоёр сум сонгож аваад, Шилийн гол аймагтай
ч юм уу харилцаа тогтооё гэж бодож байгаа. Мөн болж өгвөл ирэх жилээс жижиг, дунд
үйлдвэрүүдийг байгуулъя. Өөрсдийнхөө нөөц бололцоонд тулгуурлаад мах утдаг, хатаадаг
тоног төхөөрөмж оруулаад ирж болно. Хятадад тийм үйлдвэр байна. 20 үхрийн махыг
таван цагийн дотор утаж хатаадаг. Тийм төхөөрөмж 30 сая төгрөгийн үнэтэй. Нэг суманд
ийм техник ахадна. Арай хямд үнэтэй, арай бага хүчин чадалтай машин оруулаад ирье.
Хятадуудыг оруулж ирээд инновацийг нь нутаг орондоо суурьшуулаад авах хэрэгтэй.
Нэг суманд хэрэгжүүлэхэд дорхноо газар аваад үргэлжилнэ. Түүхий эд бүрийг боловсруулах,
нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох бүрэн боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Н.Удвал: Эрүүл мэндийн салбар дандаа үлдэгдлээр санхүүждэг

Би сонгогчдын саналыг авч чаддаг улстөрч. Харин ялалтаа баталгаажуулж чаддаггүй улс төрч байхгүй юу. Заргалдаад шүүхдээд явах газар байхгүй. Би 2008 оны сонгуульд ялчихлаа гэж зарлагдчихаад одоо хүртэл шүүхийн маргаантай яваа. Монголд энэ асуудлыг шийдэх газар байхгүй. Би сэтгэл санаагаар унадаггүй. Харин энийг яаж засах вэ, өөрчлөх вэ гэж явдаг.

Эрүүл мэндийн сайд асан, доктор Н.Удвалтай ярилцлаа. Түүнийг Глобал удирдагч дээд сургуулийн оюутнуудад “Агаарын бохирдлоос амьд үлдэх арга замууд” лекц уншсаных нь дараа ярилцсан юм.

-Агаарын бохирдлын асуудлаар та оюутнуудад лекц уншлаа. Агаарын бохирдлыг даван туулахад иргэд юу хийхийг хэлж өгөх нь чухал шүү?

-Агаарын бохирдол бараг осол гэмтлээс илүү их хор уршигтай болж байна гэж дэлхий нийтээр үзэх болсон. Тийм болохоор хэн нэгэн агаарын бохирдлыг бууруулахыг хүлээж сууж таарахгүй. Энэ бохир агаарыг яаж хохирол багатай даван туулах талаар иргэдэд боловсрол олгох хэрэгтэй байна. Хамгийн нэгдүгээрт жирэмсэн эмэгтэйчүүд агаарын бохирдолд их өртдөг. Ийм бохир агаарт эрүүл хүүхэд төрүүлэх боломж хомс. Хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалтай, эрхтэн системийн гажигтай, эсвэл дутуу, амьгүй төрдөг. Энэ бүхэн ажиглагдаад байгаа учраас агаарын бохирдол гэдэг чимээгүй дайн юм. Иргэд маань бүгд өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байж л энэ бүхнийг даван туулна. Энэ санаачлагыг Глобал удирдагч дээд сургуулийн анагаахын сургуулийнхан гаргаад, намайг “Олон нийтэд боловсрол олгох лекц уншаач” гэж урьсан юм.

-Сайдын ажлаа өгсний дараа та лекц уншихаас гадна юунд анхаарал хандуулав?

-Би сайдын ажлаа өгсөнөөс хойш нэг л зүйлд төвлөрч ажиллалаа.“Эв судар”, үндэсний эв нэгдэл миний хамгийн их анхаарал хандуулсан сэдэв. Засгийн газрын гишүүний ажлаа хүлээлгэж өгсөнөөс хойш “Эвийн хэрэм” гэдэг Үндэсний хөдөлгөөн байгуулаад, эв эеийн эш ухаан буюу шударга журмын онол хэмээх Монгол төрийн онолыг судалсан. Монгол төрийн онол нь хагарал тэмцлээс ангижирч, үндэсний эв нэгдэлд хүрэх, хямрал мухардлаас гарч, хөнөөлгүй хөгжилд хүрэх замыг заасан онол юм. Манайхан социализм капитализм гээд дандаа гадны онолоор явчихсан. Зөв юмыг нь ашиглахгүй буруу тийш нь гажуудуулж хэрэгжүүлсэн гэж боддог. Аливаа улс орон өөрийн гэсэн төрийн онолгүй бол тусгаар тогтнолоо алддаг. Өөрийн гэсэн итгэл үнэмшил, онол суртахуунгүй болчихоод байна. Оюун санааны онолын төр одоо хэрэгтэй. Тийм учраас тэрийг гаргасан гол бүтээлээ бичээд, “Эвийн дуу” хүртэл зохиосон шүү дээ, би. Аяыг нь Чингис хаанд тоглосон А.Энхтайван хийсэн юм. Цагаан сарын битүүний өдөр би номоо дуусгасан. 500-гаад хуудастай ном бүтээлээ. Энэ судраа хураангуйлаад “Эвийн судар” нэртэйгээр хэвлүүлсэн.

Монгол төрийн гарц энд л бий. Бид эвийн хүчээр хөгжинө. Гэхдээ эвтэй байна гэхээр чи бид хоёр нэг нутгийнх, нэг ангид сурч байсан гэдэг биш. Монгол орны тусгаар тогтнол, газар шорооны бүрэн бүтэн байдлын төлөө, ард түмний аюулгүй амьдрал, шударга ёс гээд бид бүхэнд хамаатай хөгшин залуу, аль аймаг ямар мэргэжилтэй эсэхээс үл хамааран бидэнд байдаг нийтлэг үнэт зүйлсээ эвийн таван үндэс гээд байгаа юм. Үүн дээрээ нэгдэж Монголын ард түмэн л улс орноо аврахаас биш гаднаас хэн нэгэн биднийг аврахгүй. Энэ онолыг гаргахаар намын ажлаас нэлээд хол байсан. Нам ярихаар эв нэгдэлтэй харшаад байгаа.

-Намаараа талцаад нэг гэр бүлийн хүмүүс нэгнээ хөнөөсөн хэрэг гарсан. Талцал хуваагдал дээд цэгтээ туллаа шүү дээ. Энэ бүхэн онол, үнэт зүйлээ алдсанаас үүдэлтэй гэж та хэлэх гээд байна уу?

-Хүн ёс дагадаг, нохой яс дагадаг гэж Монгол ардын зүйр цэцэн үг бий. Хүн ёсоо алдахаараа л яс булаалдсан ноход шиг болдог юм байна. Би энэ номд бичсэн. Ёс суртахуунгүй, үнэт зүйл, итгэл үнэмшилгүй болчихоор л эв нэгдэлгүй болж байгаа юм. Ёс журамтай, үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй, үндэсний бахархалтай бол бид ийм байдалд хүрэхгүй. Монгол Улс сэргэе гэвэл үндэсний бахархал, эв нэгдэлтэй байх учиртай. Миний гол зорилго монгол хүн бүрт үүнийг хүргэх. Би үүнийг бичих л гэж хүн болж төрсөн гэж ойлгож байгаа. “Эв судар”-аа чадвал сонсдог ном болгох санаатай.

-“Эв судар” бүтээе гэдэг санаа яаж төрсөн бэ?

-Засгийн газарт ажиллаж байхдаа л энэ улс төр биш болсон юм байна. Бидэн шиг хүмүүс төрд ажиллах дэмий юм байна. Энд бидэнд хийх ажил байхгүй юм байна гэдгийг би ойлгосон.

-Бидэн шиг гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?

-Би бол ард түмний төлөө зүтгэе, энийг сайжруулчих юмсан, тэрийг л нэг бүтээчих юмсан гэж зүтгэдэг. Энэ бүхэн ажил хийсэн гэж тооцогдохгүй. Харин хэнд хэрхэн үйлчилж байгаагаар нь үнэлдэг хэмжээнд очсон төр засаг байсан шүү дээ. Эвслийн Засгийн газар байсан учраас үнэн хэрэгтээ эсрэг талаа хааж боох нь бий. Энэ бол өнгөрсөн хорин жилд өрнөсөн буруу зөрүү бүхний төгсгөлийн шат юм байна гэдгийг би ойлгосон. Заавал би эрх мэдэлтэй байхдаа Монголынхоо төлөө зүтгэдэг юм биш. Яаж улсаа улс шиг болгох вэ, газар шороогоо бүрэн бүтэн, байгаль орчноо унаган төрхөөр нь хадгалах вэ, орчноо эрүүл байлгах вэ гэдэг монгол хүн бүхний санаа тавих асуудал. Энэ санаагаар “Эв судар”-аа бичсэн. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Үүнийг XXI зуунд биеэ засаад, гэрээ зас, гэрээ засаад ураг удам олноо зас, орон нутгаа зас, тэгээд төрөө засах хэрэгтэй гэсэн санаагаар оруулсан.

-Хүмүүсийн үнэт зүйл өөрчлөгдөж байгаа. Та бол социализмын үед хүмүүжсэн. Бараг өөрийгөө мартаад улсын төлөө зүтгэдэг үе байсан. Одоо бол ийм улстөрчид тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг харагдаж магадгүй?

-Байнга л цөөнх болно гэдэг амаргүй. Энэ замыг сонгосон нь миний хувь заяа. Миний улстөрийн замнал амаргүй. Гэхдээ үнэний төлөө зүтгэж байгаа учраас зөв юм. Эрх мэдэл, эд материалд улайран зүтгээгүй. Би ард түмний төлөө эх орныхоо төлөө явж байгаа. Миний зорилго ариун учраас хүмүүс намайг ойлгож хүлээж авдаг.

-Намбарын Энхбаярыг ганцаардсан чоно шиг болсон үед эргэн тойронд нь үлдсэн цөөн хүний нэг нь та. Гэнэн ч юм шиг хэтэрхий шударга ч юм шиг сэтгэгдэл заримдаа төрдөг?

-Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг. Зорилго бид хоёрыг нэгтгэсэн. Нэгэнт зорилго тавиад зарчмаа бариад явахаар би түүнээсээ буцдаггүй. Бас хүн чанараа хадгалах ёстой.Н.Энхбаяр даргад үнэнч гэхээсээ зорилго, зарчимдаа үнэнч туйлбартай байгаа.

-Та Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдсөн ганц эмэгтэй. Энэ бол эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдож болно гэж олон нийтийг бэлтгэх нэг алхам болсон. Гэхдээ таныг МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах тохироотойгоор өрсөлдсөн гэж шүүмжилдэг хэсэг байдаг?

-Зөндөө юм яригдсан. Тэр дунд миний мэддэг юм байгаагүй. Цаагуураа хэн, хэнтэй юу ярьсныг би мэдэхгүй. Би бол хэнтэй ч юу ч тохироогүй. Нам намайг өрсөлд гэхээр нь нүдэндээ нулимстай нэр дэвшээд, сурталчилгаандаа гарч байлаа. Миний мэдэх үнэн бол энэ. Би ялна гэхээсээ намаас өгч байгаа даалгавар гэж хүлээж авсан. Хоёрдугаарт, эмэгтэй хүний нэр хүндийг өргөх ёстой. Ээ энэ нэг юмыг нэр дэвшүүлчихээр яадаг билээ гэхээр байгаагүй л гэж боддог. Дараа дараагийн эмэгтэйчүүд хүлээн зөвшөөрөгдөх нэг алхам болсон.

-Эрэгтэй улс төрчид нутагтаа хаялгатай ажилладаг юм билээ. Тийм ч учраас сонгуулиар нутгаасаа баараггүй гардаг. Гэтэл эмэгтэй улстөрчид нэг тойргийг тойглох гэхээсээ нийт улс орны төлөө ажилладаг юм болов уу?

-Энд хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, эрэгтэй улстөрчид хүмүүст өгдөг мөнгөтэй. Сонгуулийн дүнг засдаг, өөрсдөө өөрсдийгөө сонгодог болчихоод байгаа юм. Ийм маягаар байгуулахаар ямар төр гарах вэ. Нутгийнхан бол “Таныг сонгоод л явуулах юм, яасан хүн бэ та” л гэдэг юм.

-АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Хиллари ялагдчихлаа. Зовлон нэгтэй болохоор өрөвдөв үү яав?

-Нэг их өрөвдөөд байх ч юмгүй, баярлаад байх ч юмгүй. Сонгууль гэдэг бол өрсөлдөөн. Аль ч нэр дэвшигчид дутагдал, давуу тал ч байдаг. Америкийн ард түмний сонголт. Хиллари бол сайн өрсөлдсөн.

-Та ялагдлыг яаж хүлээж авдаг вэ?

-Би сонгогчдын саналыг авч чаддаг улстөрч. Харин ялалтаа баталгаажуулж чаддаггүй улс төрч байхгүй юу. Заргалдаад шүүхдээд явах газар байхгүй. Би 2008 оны сонгуульд ялчихлаа гэж зарлагдчихаад одоо хүртэл шүүхийн маргаантай яваа. Монголд энэ асуудлыг шийдэх газар байхгүй. Би сэтгэл санаагаар унадаггүй. Харин энийг яаж засах вэ, өөрчлөх вэ гэж явдаг. Надад энэ бүхэн ухаарал сургамж болдог. Ялагдал бол ялах ухаарал өгч байдаг.

-Та эмч хүн, Эрүүл мэндийн сайд байсан. Эрүүл мэндийн салбарыг гаднаас нь хараад ямар дүгнэлттэй явдаг вэ?

-Эрүүл мэндийн салбар сайжрах бүрэн боломжтой. Хамгийн гол нь улс төрийн дэмжлэг хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарт улс төрийн дэмжлэг хамгийн их дутагдаж ирсэн. Дандаа л үлдэгдлээр санхүүждэг. Шаардлагатай санхүүжилтээ авч чаддаггүй. Хүмүүсээ муу сургаж байна. Бидний үед сайн эмч нар гардаг байлаа.

-Та өмнө нь бас гэр бүлийн асуудалд анхаарал хандуулаад байл уу?

-Гэр бүлийн боловсролоор маш их лекц уншиж байсан. “Эрчүүд музейд тавигдах уу”, “Эмэгтэйчүүд өөрийн дүрэмтэй юу”, “Гурав дахь үнэн” гэсэн сэдвээр лекц уншиж байлаа. Дандаа л нийтэд хандсан ажил хийж ирлээ.

-Та ямар ном уншиж байна?

-Надад ном уншихгүй өдөр байхгүй. Миний хоёр настай ач ямар сайндаа эмээ кофе, эмээ ном гэж эмээтэй холбоотой хоёр үг мэддэг байх вэ. Хамгийн сүүлд “Шударга ёсны онол” гэж уншлаа. Түүний өмнө Непкогоос хэвлүүлсэн “Итгэлцэл” гэж номыг уншсан л даа. Байнга уншиж байдаг. Унших гэдэг миний хувьд зуршил. Ажилтай ч байсан ажилгүй ч байсан ном уншихгүй өнгөрдөг өдөр байхгүй.

-Ингэхэд эмээгийн үүргээ хэр сайн биелүүлж байгаа вэ?

-Эмээгийн ажилд их муу. Танхай эмээ. Хүү маань ихэр хүүхэдтэй болчихоод “Засгийн газар огцроосой” л гээд байсан. Надаар хүүхдээ харуулах санаатай. Огцроод ч нэмэргүй. Эмээ лекц уншаад, ажилтай хүн л яваад байдаг. Гэхдээ долоо хоногт ямар ч байсан нэг удаа очиж ихрүүдтэйгээ эв санаа нэгтэйгээ илэрхийлнэ. Гурвуулаа нэг уулзана. Нэг хүү маань гурван хүүхэдтэй. Бага хүүхдийнх нь үгсийн санд эмээ гэдэг үг байхгүй. Ичсэндээ хүүдээ ойр дотно байхыг хичээж байгаа. Дутагдлаа засч сайн эмээ болох зорилго тавиад л явж байна даа.

-Таныг ганц бие байхад би хань ижлийн талаар асууж байсан даа. Харин та “Ахиад хань ижилтэй болвол сайн сонголт хийнэ” гэсэн. Ханьтай болсон болохоор сайн сонголт хийсэн байх?

-Сайн ханьтай. Сайн хань гэдэг улстөрчийн хатуу ширүүн замд түшиг тулгуур болдог. Тэр талаар сэтгэл хангалуун явдаг.

Categories
мэдээ цаг-үе

Н.Дашзэвэг: Монголбанкны хэнэггүй, мэдлэггүй удирдлагыг солихгүй бол төгрөгөөс зугтах хандлага ихэснэ үү гэхээс багасахгүй

“Монгол” Эдийн засгийн ахлах сургуулийн захирал, доктор, гавъяат
эдийн засагч Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2700 төгрөг даваад эргэж
уруудлаа. Долларын ханшийн огцом өсөлтийн шалтгаан нь таныхаар юу вэ?

-Суурь нөхцөл муудсан. Өөрөөр хэлбэл төгрөг долларын харьцаа ихээхэн
алдагдсан байгаа. Дээр нь Монголбанк валютын ханшийн зөв стратеги, тактик баримталж
мэдэхгүй байна л даа. Монголбанк зөв бодлого явуулсан бол ханшийн уналт маш бага
байж болох байсан. Тэдний хувьд ядахдаа нөөцгүй болчихсон гэж ярихаа зогсоох ёстой.

-Төв банк энэ сарын 3-наас хойш валютын дуудлага худалдаанд оролцоогүй.
Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн “Интервенц хийгээд ч нэмэртэй юм болохгүй” гэж мэдэгдэж
байснаа нэг ам.долларын ханш 2700 төгрөг давангуут интервенц хийсэн үйлдэл эдийн
засагчдад ямар харагдсан бол. Жишээ нь танд…?

-Энэ бол агуу тэнэглэл. Монголбанкны удирдлага ийм мэдэгдэл хийх
ёсгүй. Төгрөгийн ханшаа, эдийн засгаа алах мэдэгдэл шүү дээ. Ер нь нөөцгүй болсон
тухай Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын өмнөх мэдэгдлүүд ч маш буруу. Долларын
төлөө дайнд уриалсантай ижил утгатай мэдэгдлүүд байсан. Дажгүй сэтгэдэг хүмүүс бол
төгрөгөөс салахын түүс болж байгаа нь булзах аргагүй үнэн.

-Монголбанкны ерөнхийлөгч валютын нөөцгүй, интервенц хийгээд ч ханшид
нөлөөлөхгүй, долларын ханш хэсэгтээ сулрахгүй гэх мэт мэдэгдлийг дөрөв таван удаа
албан ёсоор хийсэн. Мэргэжлийн гэхээс илүү улстөрчийн байр сууринаас асуудалд хандаад
байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэргэжлийн гэхээсээ илүү энгийн логик сэтгэлгээ алгал даа, энэ хүнд.
Монгол банк төгрөгөө, улмаар эдийн засгаа “алснаар” МАН-аа цаашдын сонгуульд оролцох
нүүргүй болгож байна. Ийм л улс төр харагдаж байна. АН-ыг шүүмжлэх аргаа олохгүй
л байна.

-Сангийн сайд хамгийн сүүлд долларын ханшийн өсөлтийг анхааралтай
ажиглаж байна гэж хэллээ. Ер нь Сангийн сайдын үг, үйлдэл мэргэжлийн түвшинд байж
чадаж байна уу. Энэ хүн ам.долларын ханшийг огцом өсгөхгүйн төлөө ямар нэг гарц,
шийдэл гаргаж, ажил хэрэг санаачлав уу, ер нь…?

-Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо.
Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин
зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна.

-Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч зах зээлд паник, шок үүсгэхээр
мэдэгдлүүдийг удаа дараа хийх нь хэр зөв хандлага вэ, бусад улсын хувьд ямар жишиг
байдаг юм бол?

-Маш буруу хандлага. Ер нь ийм жишиг хаана ч бас байхгүй. Бусад оронд
Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой
оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий. “Уучлаарай миний зүгээс
ханш уналтын эсрэг юу ч хийж чадахгүй нь. Өөрөөр сэтгэж өөрөөр ажиллах хүмүүс байвал
энэ ажлыг хийж эх орноо авраач” гэж хэлээд л огцорно.

-Монголбанкны ерөнхийлөгч цаашид иймэрхүү маягаар улстөрчийн байр
сууринаас асуудалд хандсаар байвал байдал ямраар эргэх бол?

-Ханш улам унаж, гадаад өр 100 хувь нэмэгдэж, эцэст нь МАН л хохирно.
Орон нутгийн сонгуулиар иргэд МАН-д дургүйцэж эхэлж буйг бид бултаараа харлаа. Тэгэхээр
Төвбанкны ерөнхийлөгчийн байр суурь энэ янзаараа удвал олон нийт дараагийн сонгуулиудаар
МАН-д эсэргүүцэл үзүүлнэ.

-Ерөнхий сайд ханшийг захиргааны аргаар тогтворжуулах үүрэг чиглэл
өглөө. Ингэх нь хэр зөв шийдэл вэ?

-Одоо захиргааны аргыг хэрэглээд үзэх сүүлчийн боломж л байна. УИХ,
Монголбанк ханшийг барих захиргааны аргыг үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны
найман хувийн зээл зэргээр хийсэн бол төв банк өнөөдөр 3-4 тэрбум ам.долларын нөөцтэй
байх боломжтой байсан.

-Одоо үүсчихээд байгаа нөхцөл байдал Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг
огцруулах хэмжээнд хүрсэн үү. Эсвэл энэ хоёр хүнийг харзнавал аятайхан шийдэл гарна
гэсэн хүлээлт, итгэл байна уу?

-Төвбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын мэдэгдлүүд ханшийг удирдлагагүй
унах зам руу нь туугаад л өглөө шүү дээ. Ялангуяа Монголбанкны одоогийн хэнэггүй,
мэдлэггүй удирдлагыг солихгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн төгрөгөөс зугтах хандлага
ихэснэ үү гэхээс багасахгүй. Ханш гэдэг бол Төвбанкиндаа хэр итгэлтэй байгааг харуулдаг
эд. Энэ итгэлийг Монголбанкны шинэ удирлага бий болгож чадсангүй. Энэ хэрээр эрх
баригч МАН-д дургүйцэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ.

-Долларын ханшийн өсөлтөөс цөөхөн хүн ашиг олж байгаа гэсэн шүүмжлэлтэй
та санал нийлэх үү. Санал нийлж байвал валютын захад ямаршуу байдал үүсчихээд байгааг
энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Ханшаар тоглодог хүмүүс, арилжааны банкууд ашиг олж байна. Валютын
зах дээр сандрал үймээн үүсээд эхэлчихсэн. Дээр нь гадныхан хатгаад өгвөл удирдлагагүй
ханш уналт, түүнийг дагасан инфляцийн цогилт хүчээ авна. Эцэст нь ядуурлын далайд
ард түмэн живнэ. 2012 оны долдугаар сарын нэгэнд долларын албан ханш 1342 төгрөг
байсан. Өнөөдөр 2452 төгрөг болчихсон. 1110 төгрөгөөр буюу 83 хувиар унасан байна.
Ханшийн энэ их уналтаас болж үгүйрч хоосорч буй иргэд, аж ахуй эрхлэгчид босч тэмцэх
эдийн засаг, нийгмийн суурь нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. МАН яаралтайгаар, цаг алдалгүй
Монголбанкны удирдлагыг солихгүй бол иргэд тэмцэлд нэгдэж босоод ирж магадгүй нөхцөл
үүссэн. Энэ тэмцэл цаашилбал УИХ-ыг огцруулах жагсаал үймээн болохыг ч үгүйсгэх
аргагүй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлээ хөгжүүлж байж ам.долларын
ханшийг сулруулна. Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж чадаж байна уу?

-Монголд гадаадын хөрөнгө орж ирэхгүй. Аль салбарт ашиг хийх юм бэ
гэхээр хариулт олдохгүй байна шүү дээ. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна,
таатай нөхцөл бүрдүүлнэ гэх зэрэг гэнэн бодлоо төр засгийн удирдлагууд хаях хэрэгтэй.
Оюу толгойн ил уурхайн хөрөнгө оруулалттай өнөөдрийн хөрөнгө оруулалтыг харьцуулж
ярих нь логикгүй. Харин валютаа бариад ороод ирье гээд байгаа гадны банкийг зохих
дүрэм, дэглэм, хязгаарлалт тогтоож оруулж ирэх хэрэгтэй байна.

-Таныхаар яг яавал, ямар алхмууд хийвэл ам.долларын ханшийг тогтворжуулах
боломжтой вэ?

-Валютын нөөцгүй онцгой байдал үүссэн. Энэ нь ойрын 1-2 жилдээ үргэлжлэх
хандлагатай учраас валютын нөөц, алтны олборлолт, худалдаан дээр онцгой байдлыг
бий болгож, төрийн зохицуулалтаа ухаантай хийх ёстой. Миний хувьд ийм үзэл бодолтой
яваа, УИХ-ын зарим гишүүдийг тааралдвал хэлж байгаа. Энэ арга хэмжээтэй уялдаад
экспорт, импорт дээр ч зохицуулалт хиймээр байна. Улсын төсвөө ч валютын нөөцтэй
уях хэрэгтэй.

-Дифляцийн үед мөнгөний бодлогод инфляцийг найман хувь гэж тавих
нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ. Зарим эдийн засагч ханш 10-20 хувиар өсөх
хүлээлтийг бий болгочихлоо гэсэн тайлбар хэлж байна…?

-2016 оны долдугаар сарын 1-нд долларын албан ханш 1992 төгрөг байсан.
Өнөөдөр 2452 төгрөг болж 460 төгрөгөөр буюу 23 хувь уначихаад байна. Энэ бол тодорхой
хугацааны дараа инфляци хоёр оронтой тоогоор өсөх суурь нөхцлийн нэг л дээ. Ханш,
инфляци хоёр бие биеэ дагаад ойролцоо хувиар өөрчлөгддөг. Гэвч иргэдийн худалдан
авах чадвар сүүлийн жилүүдэд эрс унасан учраас инфляцийг барьж, тэр ч байтугай сүүлийн
саруудад дифляц үүсгээд байгаа. Монголбанк энэ чиглэлийн тооцоо судалгаагаар муу
байх шиг байна. Төвбанкны хувьд инфляцийг өндрөөр онилох нь буруу. Инфляцийн хүлээлтийг
бий болгож төгрөгөөс зугтах үзэгдлийг хөөрөгдөж байна. Монголбанк бодлогын хүүг
нэг нэгжээр нэмэх юм уу бууруулахад ханш, инфляци, эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл,
төлбөрийн болон гадаад худалдааны тэнцэлд ямар хугацаанд ямар тооны өөрчлөлт авчрах
вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Таамгаар хөдөлж байна гэсэн үг.

Засгийн газар, Сангийн яам төсвийн хүрээний мэдэгдэл, улмаар эдийн
засгийн өсөлтөө гурван жилээр таамаглаж болоод байхад Монголбанк төлбөрийн тэнцлээ
гурван жилээр харж ханшийн сценариа бас л гурван жилээр харж ярьж чадахгүй, мэдэхгүй
байна. Мэдлэг нь дутаад байна л даа. Гадарладаг эрдэмтдээсээ зөвлөгөө авах ч үгүй
юм.

-Том төслүүдээ хөдөлгөх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах
нэг том суваг гэж эдийн засагчид хэлж байгаа. Энэ Засгийн газарт одоо яригдаж байгаа
том төслүүдийг хөдөлгөх чадамж байна уу?

-Хөдөлгөх нь гол биш. Ухаантай хөдөлгөх нь чухал. Таван толгойг зөв
болгомоор байна. “Чалко”-тай хийсэн хулхи гэрээг төр засгийн өндөр түвшинд ярьж
өөрчлөхгүй бол компанийн захирлууд өөрчлөх боломжгүй. Хятадын Засгийн газартай төмөр
замын тээврийн дамжин өнгөрөх гэрээ, далайн боомт ашиглах гэрээ гэх мэтээ яаралтай
байгуулмаар байна. Тэгвэл нүүрс, төмөр зам гэх мэт салбаруудад хөрөнгө оруулагчид
орох гэж уралдана, үнэ өснө. Засгийн газрын бонд ч үнэ хүрээд эхэлнэ.

-Долларын ханшийг чангалахгүй байх нэг хөшүүрэг бол мэдээж экспорт.
Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжихэд өнгөрсөн засгийн үед хэр анхаарсан гэж
та боддог вэ. Энэ Засгийн газрын үед экспортын үйлдвэрлэлд анхаарч чадаж байна уу?

-Экспортыг нэмэгдүүлэх боломжтой ямар компани байна түүнийгээ л дэмжье.
Одоо шинэ төсөл гэх цаггүй болж байна. Экспортын үндэсний зөвлөлийг үйлдвэрлэгчид,
эрдэмдтийн оролцоотой яаралтай байгуулж, Ерөнхий сайд нь удирдаж сар бүр хуралддаг
болох хэрэгтэй. Төслийн зөв тооцоо судалгаа чухал байна. Хөгжлийн банк, Чингис бондоор
дөрвөн цементийн үйлдвэр байгуулсан нь илүүдэл үүсгэчихсэн. Үнэнийг хэлэхэд Хятад,
Орос хоёр Монголоос цемент авахгүй. Валютын тогтмол, уул уурхайн бус эх сурвалж,
нөөцтэй болохгүй бол Монгол Улс 5-10 жилийн дараа газар нутгаасаа өгөхөд тулах эрсдэл
байна. Энэ удаа ч яахав, ОУВС, Хятадын зээл гэх мэт түр аргалах хэрэгсэл олдож болох
байх. Арван жилийн дараа арван талаас зэрэг “архирвал” бид яах болж байна вэ гэдгээ
санаж ажилламаар юм даа.

-Монгол банк яг одоо ямар бодлого явуулах ёстой гэж та бодож байна?

-Дэлхийн санхүүгийн зах зээлээс тусгаарлагдсан Монголын өвөрмөц хөрсөнд
ургах тэр бодлогыг Монголбанк явуулах ёстой. Юугаа онилохоо мэдэхгүй байна л даа.
Зах зээл хөгжсөн орнуудад инфляцийг дагаад санхүүгийн хүүнүүд нь хоорондоо уялдаад
хөдлөөд явчихдаг. Төвбанкууд нь ч уялдуулсан, хамтарсан бодлого явуулдаг. Гэтэл
монголд тийм биш байгаа. Инфляци хасах гарч байхад хүүнүүд 15-25 хувьтай л байгаа
нэг хэлбэр. Энэ бол Монголын санхүүгийн зах зээл гажигтай, стандарт биш байгааг
харуулж байна. Гадны санхүү, банкны байгууллага ч Монголд алга, дотоод өрсөлдөөн
ч алга. Стандарт биш арга хэмжээ л мөнгөний зах зээлийн өвчнийг анагаана. Энэ бол
төрийн зохицуулалтыг ухаантай, чадварлаг явуулах хэрэгтэйг харуулж байна. Монголбанкны
удирдлага над мэтийн эрдэмтийг уриад бодлогоо хянуулж, зөвлөгөө авч болно шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Жаргалсайхан: “Стэнд бай”-г хэрэгжүүлэхээс юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа юм

Холбоотой ЗурагБНН-ын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-УИХ ирэх оны төсвийг баталлаа. МАН-ынхан эдийн засгийн байдал хүндийг
нь гайхаад байгаа. Таны байр суурийг сонирхъё?

-Муу биш харин ч боломжийн төсөв орж ирсэн байна лээ. Бодит байдал
дээр төсвийн алдагдал 60, 70 хувьтай байгаа. Гэтэл 20, 30 хувийн алдагдалтай оруулж
ирсэн байсан. Би байсан бол алдагдлыг тэр чигээр нь оруулж ирэх байсан. Өнөөдөр
бид арван төгрөг олж байгаа. Гэтэл наяыг зарцуулж байна. Үлдсэн далан төгрөгийг
яах юм бэ. Тэр мөнгө огт байхгүй байна. Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авахын
оронд алдагдалгүй төсөв баталчихаад түүнийгээ хулгайн аргаар, энд тэндхийн зээлээр
нөхөх гэж байгаа бол гадаад өр улам л нэмэгдээд байна. Ийм байдлаар явбал нэг өглөө
сэрээд л албан ёсоор дампуурлаа зарлана. Яг Грек шиг баларна гэсэн үг. Тэгээд зогсохгүй
улс үндэстэн гэдэг зүйлээ алдаж тусгаар тогтнолгүй болж магадгүй. Тийм учраас УИХ-ын
гишүүд хариуцлагатай хандсан нь дээр байх. Хувийн амбиц, сэтгэлийн хөөрлөөр асуудалд
хандаж болохгүй.

-Төсвийг сайжруулахын тулд ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах
тухай ярьж байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлсний ашиг тус юу байх бол. Ер нь хамрагдах
хэрэгтэй юү?

-ОУВС-гийн гишүүн таван орон бий. ОУВС буюу АНУ, Англи, Европын холбоо,
Хятад, Япон гэсэн таван улс дэлхийн эдийн засгийн бодлогыг тодорхойлж байгаа. Тэд
биднийг тоогоод, танай улс хэцүү байдалд орох нь гээд урьдчилан сэргийлэх арга хэмжээ
ав, “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүл гэж аль эрт мэдэгдсэн. Манайхан л тойрч зугтаагаад
байснаас биш аль эрт энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан. ОУВС биднийг тоож
харилцаж байгаад баярлах хэрэгтэй. Тэр том дэлхийн айлын гэрт орохоос цааргалах
хэрэггүй байх. Бидэнд л хэрэг болно уу гэхээс ОУВС манай улсаар дутаад байгаа юм
биш. Тэр хөтөлбөрийг авъя гэхээр манайханд гэхээсээ илүүтэй ОУВС-д ашигтай юм шиг
ойлгоод байна. Харин ч тоож байгаа дээр нь баярлаж аваад мөнгөндөө арвич хямгач
байж сурна л биз. Эдийн засгийг жаахан ил тод болгож өгөх байх, үр ашиггүй зардалд
хяналт тавих байх. Тэр юу нь буруу байгаа юм бэ. Эдийн засгийг ашигтай болгож өгөөд
түүндээ үндэслэн зээл, тусламж өгье гэж байна. Юундаа цааргалж, айж үхчих гээд байгаа
юм. Монголыг мөнгөн хуримтлалтай болгох гээд байгаа хөтөлбөр. Тэрнээс биш манайхыг
устгах гээд байгаа зүйл огт биш.

-Хэрэв “Стэнд бай”-д хамрагдчихвал гадаад улсаас зээл, тусламж авах
боломжтой болох юм билээ?

-“Оюу толгой” гэж компани байдаг биз дээ. Тэр компани өнгөрсөн жил
6.5 миллиард ам.доллар зээлж авсан. Тэр ам.долларыг зээлж авахын тулд ОУВС-гаас
1.5 миллиард ам.доллар зээлсэн байдаг. ОУВС 1.5 миллиард ам.доллар тэдэнд зээлдүүлсэн
учраас дэлхийн бусад банкууд зээл олгож байгаа юм. Яагаад гэвэл ард нь ОУВС байсан.
Яг түүнтэй ижил ОУВС манай улсын банк, санхүүгийн тогтолцоонд нөлөөлөөд ирэхээр
бусад гадны компаниуд манайд хөрөнгө оруулж эхэлнэ.

-Гадны банк орж ирвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх
мэтээр ярих юм. Гэтэл гадаадын банкны салбаргүй гуравхан улс дэлхийд байдгийн нэг
нь манайх гээ биз дээ?

-Монголд гадны банкны салбар бий шүү дээ. Төлөөлөгчийн газар ч бий.
Тэд Монголд сайн төсөл байвал санхүүжүүлье гэж байгаа. Түүнээс биш монголчууд аа,
та нар зүгээр суу, бид цалинжуулъя гэж хэзээ ч хэлэхгүй. Аль ч банк ийм л байр суурьтай
ажиллана.

Түүнээс биш алдагдалтай эдийн засаг руу учир зүггүй мөнгөө юүлнэ
гэж байхгүй. Ер нь бол манай улсын эдийн засаг бага учраас гадны банкууд үнэндээ
тэгтлээ сонирхохгүй. Гадны том банкуудын хувьд манай улсад үйл ажиллагаа явуулна
гэдэг зүгээр субботник байхгүй юу. Ганц нэг газар л төлөөлөгчийн газраа байгуулсан
шүү дээ. Тэрийг юуг нь эсэргүүцээд байгаа юм.

-МАН Мэргэжлийн Засгийн газар байгуулсан гэж яриад байгаа. Ярьснаараа
байж чадаж байна уу. Ер нь Засгийн газар ямархуу түвшинд ажиллаж байна вэ?

-Мэргэжлийн гэдэг нэг талаасаа их өрөөсгөл ойлголт байна. Хөдөө аж
ахуйн сайд заавал зоотехникч, эсвэл малын эмч байх ёстой юу. Барилга, хот байгуулалтын
сайд заавал инженер хүн байх уу. Мэргэжлийн гэхээс илүүтэй чадамжтай гэж яримаар
байгаа юм. Гүйлгээ ухаан сайтай, бүх төрлийн боловсролтой, хэл ус сайтай байх хэрэгтэй.
Тэр үүднээсээ Засгийн газрыг бүрдүүлж байгаа бол мэргэжлийн гэхээс илүүтэй чадамжтай
гэмээр байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэхдээ ядаж жилийн дараа шүүмжилье.
Дөнгөж зуу хонож байхад алийг нь муу, алийг нь сайн гэх вэ.

-МАН-аас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг та анхааралтай ажиглаж
байгаа байх. Эрх барьж буй намын үйл ажиллагааны шүүмжлэлтэй, басхүү сайн тал нь
юу байна вэ. Нийгэм, эдийн засгийн тогтолцоог эрх барьж буй дөрвөн жилдээ өөрчилж
чадах болов уу?

-Бид нэг зүйлийн өмнө ирээд зогсчихлоо. Ирээдүйд капиталист орон
болох уу, социалист байх уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн байна. Энэ хоёрын дундуур
20 жил явлаа. Одоо аль нэгийг нь сонгох хэрэгтэй. Зааг дээр нь ирчихсэн байна. Хэрвээ
ОУВС-гаас зээл тусламж аваад явбал капиталист нийгмийг сонгох байх. Улс төрийн бүтцийн
хувьд олон намын системтэй, ардчилсан системтэй, хүний эрхийг дээдэлсэн орон болно.
Социалист замыг сонгох бас боломж байна. Хоёр хөршөөсөө зээл, тусламж гуйгаад олон
улсын байгууллагуудыг хөөгөөд гаргах байх. Дипломат хэрэгцээгээ тасдах хэрэгтэй
болно. Цөөн хэдэн социалист улстайгаа найзлаад явна. Өнөөдрийн нийгэм энэ хоёр нийгмийн
зааг дээр л явж байна. Алийг нь дагах вэ гэдгээ шийдэх цаг болсон. Өнөөдөр Япон,
Солонгост 95, 100 настай өвгөн, эмгэн тариан талбай дээр ажиллаж байгаа. Гэтэл манайхан
50 дөнгөж гарч тэтгэврээ тогтоолгочихоод гэртээ сууж байна. 50 гарсан эрэгтэйгээс
юу хийж байна гэж асуугаад үзээрэй. Хүүхдээ хараад гэртээ сууж байна гэдэг. Эмэгтэйчүүд
амьдралаа залгуулах гээд хөдөлмөрлөж байна. Галт тэргэнд суугаад яваад үзээрэй.
Дандаа хүүхнүүд ганзагын наймаанд явж байгаа. Коммунист, социалист, дээр нь эмэгтэйчүүдийн
улс орон болчихлоо. Одоо сансарт нэг эмэгтэйг нисгэх л дутуу байна. Дорждагвын Дондогдулам
гээд бүсгүйг сансарт нисгэчих. Тэгээд тэр чигтээ эмэгтэйчүүдийн улс орон болъё.

Өнөөдөр жендерийн тэгш эрх гэж их ярьдаг болсон байна. Дандаа эмэгтэйчүүдийн
эрхийн тухай ярьдаг. Эрэгтэйчүүд нь ямар ч эрх, үүрэггүй болчихсон. Тэд гэртээ хүүхдээ
хараад хоолоо идээд байж байг. Дээрээс нь төрийн албыг цомхотгох ёстой. 200 мянган
төрийн албан хаагчийг 100 мянга болгох хэрэгтэй. Сайхан, сайхан залуус конторт суугаад
утсаараа тоглохыг боддог болчихож. Оронд нь хувийн хэвшилд аж ахуйн ажил хий л дээ.
Сайхан мал малла, үнээ саа, аргал түү, ногоо тарь, машины ард ажиллаж сур. Яагаад
контор руу шигдээд байгаа юм бэ. Тийм учраас МАН нэн тэргүүнд төрийн албыг тал хувьд
нь хүртэл цомхотго. ОУВС ч ийм шаардлага тавих байлгүй. Хоёрдугаарт, татвар төлдөггүй
хүмүүсээс татвар авдаг болмоор байна. Ченжүүд яагаад өдийг хүртэл улсад нэг ч төгрөгийн
татаас төлдөггүй юм бэ. Ажлаа хийгээд явж байгаа бид яахаараа татварын байцаагчид
загнуулаад, үргэлж шалгуулж явдаг юм. Энийг болиулах ёстой. Бүх нийтээрээ татвар
төлье. Төлөхгүй бол бүгд больё. Дээрээс нь бид байгаа мөнгөөрөө болсон болоогүй
импортын бараа маш ихийг авч байна. МАН-ынхан иймэрхүү зүйлийг хийж эхлүүлж чадахгүй
бол хэрэг алга.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр Засгийн газраас
УИХ-д оруулж ирлээ. Тэр хөтөлбөрт казино, морин тойруулгатай болох саналууд багтсан
байна лээ. Энэ бүхнийг хэрэгжүүлээд Монголын эдийн засаг өндийх болов уу?

-Казино байгуулбал монголчууд бие биенийгээ шулаад тэрнээсээ болж
хэрэлдэж зодолдох байлгүй дээ. Тэрнээс биш хүйтэн, шороо шуурсан газар казино тоглох
гэж гаднаас нэг ч хүн ирэхгүй байх. Сингапур, Макао гээд хэчнээн сайхан газрууд
байна вэ. Үгүй дээ л ресторанд нь ороход 500 нэр төрлийн хоолны сонголттой. Зочид
буудлууд нь дандаа нэгдүгээр зэрэглэлийн, таван одтой. Үйлчилгээний тухайд ярих
юм биш. Дээд зэргээр хүнд үйлчилж чадаж байна. Ийм байхад гадныхан Монголд ирэх
үү, Сингапурт тоглох уу. УИХ-ын гишүүд миний үгэнд үнэмшихгүй байж магад. Яахав
байгуулаад үзэг. Би бол нэг ч гадны хүн манайд казино тоглох гэж ирэхгүй гэж бодож
байна. Морин тойруулгын тухайд манайх хэдэн уяачтай. Тэд ийм зүйл санаачилсан юм
байлгүй. Яахав байгуулж болно оо. Гэхдээ эзэн хүн өөрөө морио унаад уралддаг байх
ёстой гэх ганцхан зарчимтай байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр насанд хүрээгүй хэдэн хүүхдийн
аарцгийг задалчих гээд зайдан уралдуулаад байж болохгүй. Хар нялхаас нь хамаг эрхтнийг
нь гэмтээж байна. Өөрсдөө том дээл өмсчихөөд гэдийгээд суугаад байдаг. Тэд өөрсдөө
уралд л даа. Тэднийг харъя л даа. Ц.Элбэгдорж, М.Энхболд морио уралдуулж байвал
өөрөө мордоод яв. Тэгвэл ядаж сонирхолтой болно шүү дээ. Тэгэхгүйгээр хүнээр морио
уяулчихаад түрүүлэхээр нь миний морь гэж томроод байдаг. Морь уяж л байгаа бол өөрсдөө
уралдана гэсэн хуультай болгочих. Тэрнийхээ дараа морин тойруулгаа байгуул. Уралдаан
ч сонирхолтой болж олон хүн очиж үзнэ. Их хурлын 76 гишүүний тал нь морьтой байлгүй
дээ. Тэд хоорондоо сайхан уралдана. Бид ч хэний морь вэ гэж таньж цөхөх юмгүй болно.

-Эдийн засгийг сайжруулах ямар гарц харагдаж байна вэ?

-Эдийн засаг тэгтлээ муу болчихсон зүйл байхгүй. Хүмүүс ингэж л амьдарч
байсан. Зам дээр машин түгжирч байгаа юу, хэвээрээ байна. Баар ресторан пиг байдаг
байв уу, тийм. Долоо хоног хоол идсэнгүй гээд өлсөж үхсэн хүнтэй таарав уу. Би лав
таарсангүй. Ийм байхад эдийн засаг хямарлаа, муудлаа гэж хоосон яриад байх хэрэггүй.
Бүх юм байдгаараа байна. Ам.долларын ханш өслөө л гэх юм. Тэрүүгээр яах гээд байгаа
юм. Манай үндэсний валют төгрөг шүү дээ. Одоо эдийн засгийг аврах боломжтой хоёр
том алхам байна. Алдагдлаа эхлээд багасга. Төсвийн үр гамгүй зардлыг 50 хувь багасга.
Хэрэггүй асар их зардал байна. Миний л мэдэхийн хэчнээн компьютер, принтер авав
аа.

Хоёр дахь асуудал бол мөнгөн хуримтлал бий болгох хэрэгтэй. Алдагдлаа
багасгаад мөнгөн хуримтлалтай болчихвол яаж хөгжих вэ гэдэг асуудлыг сая ярих боломжтой
болно. Өнөөдөр ам.долларын ханшийг чөлөөлөхгүйгээр хиймлээр бариад яваад байвал
хамаг баялгаа гадагш алдана. Манайх шиг жижиг улс экспортод анхаарлаа хандуулах
ёстой. Тодорхой хэдхэн бараа, бүтээгдэхүүнийг гадагшаа гарга. Бүх зүйлийг хийнэ
гэвэл угаасаа бүтэхгүй.

-Ямар бүтээгдэхүүн экспортод гаргавал ирээдүйтэй бол?

-Саяхан НҮБ-ын тэргүүн ногоон эрчим хүч, байгаль экологио хамгаалах
олон улсын том протоколд гарын үсэг зурсан. Тэр юу хэлээд байна вэ гэвэл хүн төрөлхтөн
байгалийн гаралтай бүтээгдэхүүнээ хэрэглэе гэдэг болсон байна. Байгалиа бохирдуулдаггүй,
унаган чанарыг нь хадгалдаг байя гэсэн үг. Энэ уриа бидний цөөхөн монголчуудад маш
сайхан таарч байгаа. Мал нь бэлчээрээс хамгийн сайн тэжээлтэй ургамал идэж байна.
Газрын хөрс бохирдоогүй. Манай улсад сонгино тарьсан ч хамаагүй гоё аагтай, шим
тэжээлтэй байдаг. Хөрсний шим тэжээл тийм өндөр байгаа юм. Энд ургуулсан хүнсний
бүтээгдэхүүнийг экспортод гаргая. АНУ-д байгалийн гаралтай, органик хүнсний ногоо
зардаг дэлгүүрүүд бий. Тэндхийн ногоо жирийн нэг супермаркетынхаас арав дахин өндөр
үнэтэй. Энд таарсан менежмэнтийг бид хийх ёстой. Тэгэхгүйгээр юм болгон дээр амарчлаад
төр засгаа хараад байж болохгүй. Төрөөр дамжуулж бизнес хийсний дүнд цөөн хэдэн
хүн жийп унадаг л болсон юм байгаа биз. Илүү гарсангүй. Зуун метр зам тавьсан болж,
цэцэрлэг барьсан болж улсын хөрөнгийг иддэг аргаа зогсоох ёстой.

Дээр нь манай дарга гадаадад очиж нүүрээ ширлэн мөнгөн гуйдгаа боль.
Эрх баригчид гадаад улсад айлчилж байгаа. Тэнд очоод мөнгө гуйхынхаа оронд танай
улсад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс миллиард ам.долларын бараа авъя гэж хэл. Тэд
өгье л гэж бодно. Дараа нь “Абэ ах аа, та нар ч гэсэн манайхаас миллиард ам.долларын
бараа авчих тэгэх үү. Бараагаа сонго. Бид үйлдвэрлэе” гэх ёстой. Ингэж чадвал бид
өдөр шөнөгүй ажиллаад хүзүүний ороолт, малгайгаа үйлдвэрлээд байж чадна. Ингэж тэгш
худалдааны бодлого баримтлах ёстой. Ийм л яриа хэлэлцээр дутагдаад байна.

-Ам.долларын хөөрөгдлийг зогсоох боломж бий юу?

-Хэзээ бид ажил хийж сурна тэр цагт ам.доллар буурна. Эдийн засгаа
алдагдалгүй, мөнгөн хуримтлалтай болгосон тэр цагт л ам.долларын ханш бууна. Тэгэхгүй
бол энэ өсөлт зогсохгүй. Өөр ямар боломж байгаа юм. Дахиад гаднаас зээл аваад ханшийг
нь буулгах уу. Өмнөх Засгийн газар ингэж л алдсан. Ам.долларын ханш өслөө гээд зээл
аваад байсан.

-Өмч хувьчлалаар төрийн өмчит долоон байгууллагыг хувьчилж төсвийн
орлогыг нэмэгдүүлэх болсон. Төр муу менежер нэрийн дор, бас эдийн засаг хүнд байгаа
гэх халхавчаар бага мөнгөөр хувьчлал гээд байх шиг байна?

-Цахилгаан түгээх газрууд хувьчлалд багтаж байгаа юм байна лээ. Иргэд
хувийн өмчтэй, хувьчлалтай болтол дэд бүтцийг төр өөрийн мэдэлдээ байлгах ёстой.
Тэрнээс наана дэд бүтцийг оролдож болохгүй. Тухайн байгууллагын үнийг галзууруулахгүйн
тулд төр хяналтдаа байлгах ёстой. Хувьд оччих юм бол цахилгаан, дулааны үнэ тэнгэрт
хадна. Тийм учраас авч идэхийн дон туссан хүмүүст хандаж хэлэхэд улс орны дэд бүтэцтэй
холбоотой байгууллагыг хувьчлахаа зогсоо. Үр хүүхдээ гэрэл гэгээгүй харанхуйд үлдээх
гээгүй л юм бол дэд бүтцээр тоглохоо боль. Төмөр зам, цахилгаан эрчим хүч, иргэний
нисэх гэсэн гурван салбарыг оролдож болохгүй. Төрийн мэдэлд байх ёстой. Гадны улсуудын
эрчим хүч, дэд бүтцийг төрийн байгууллагууд нь хянаж байдаг. Хувь, төрийн хэвшил
нь хувь нийлүүлээд үйл ажиллагааг нь сайжруулдаг. Манайх зуун хувь хувийн эзэмшилд
өгч болохгүй. Хариуцлагын тогтолцоо гэж юу ч үгүй болно. Дэд бүтэцтэй холбоотой
байгууллагуудыг хувьчилна гэж байгаа нь ёс суртахуунгүй, хариуцлагагүй байгаагийн
шинж.

-МАН Засгийн эрхийг барьснаас хойш ямархуу ажиллаж байгаа вэ. Яахав
дүгнэхэд эрт байж болох ч цаашдын бодлогын чиг, баримжааг нь анзаарч байгаа байлгүй?

-Хүн бүх зүйлийг мэдэх албагүй. Чадах байж ч болно. Бүр эсхүл боловсрол
нь хүрэхгүй байж болно. Хамгийн гол нь сэтгэл зүрхтэй байх ёстой. Чадах юмсан, болгох
юмсан, мэдэхгүй зүйлээ ойлгоод авчих юмсан гэсэн сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Уржигдар
хөнгөн үйлдвэрийн салбарынхан Төрийн ордонд уулзацгаасан. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,
Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй гишүүд бидний саналыг сонссон юм. Би дарга, би Их хурлын
гишүүн гээд оволзоод, сагсагнаад байсангүй. Овоо хүн шиг сайхан сонсоод гарц шийдлийн
талаар илэн далангүй ярилцлаа. Тэр байдал нь таалагдаж байна. Салбар салбарын төлөөллийг
урьж уулзаж байгаа нь зөв. Уулзахаас гадна бодит амьдралтай өөрсдөө явж танилцах
ёстой. Үүнийхээ дараа улс орны амьдралыг яаж цэгцтэй болгох вэ гэдэг талаар бодлого
боловсруулж ажилла. Ингэж чадвал босгоход тийм ч хэцүү эдийн засаг биш шүү дээ.
Энийг л ойлгож ажиллах сэтгэл дутаад байна.