Categories
мэдээ цаг-үе

Ё.Лхагвасүрэн: Цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд мэдээллээ нууцал

-Зургаан жилийн турш садар самуун бичлэг хийж, мөнгө олдог байсан этгээдийг баривчилсан-

Цахим төрлийн гэмт хэрэг үйлдэгчид сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газраас иргэдэд анхааруулсаар байгаа. Бага насны хүүхдээс эхлээд өсвөр насныхан, залуус цахим гэмт хэрэг үйлдэж, гэмт хэрэгтэн болсон тохиолдол цөөнгүй байгаа гэнэ. Мөн сүүлийн үед өсвөр насны охид, эмэгтэйчүүд цахим гэмт хэргийн золиос болж, хохирох нь ихэсчээ. Шинэ төрлийн гэгдэх цахим гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

-Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн сүүлийн үед ноцтой цахим гэмт хэргүүдийг эрчимтэй илрүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд Баянгол дүүргийн иргэн бусдын хувийн мэдээллийг хууль бусаар олж авч, дарамталсан хэрэг гарсан байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Дээрх хэргийг ярихаас өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс ямар үйл ажиллагаа явуулж байгаа талаар ярья. Энэ хэлтэс интернэт орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хэлтэст цахим гэмт хэрэгт мэргэшсэн алба хаагчид ажиллаж байгаа. 2016 оны гуравдугаар улирлын байдлаар 20 холбогдогчтой 18 гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Интернэт ертөнцийг ашиглан бусдын эд хөрөнгийг далайлган авсан долоон хэрэг гарсан. Фишинг буюу хортой код ашиглан бусдын мэдээллийг хууль бусаар олж авсан, ашигласан дөрвөн гэмт хэрэг шалгагдаж байна. Интернэт орчинд мөрийтэй тоглож, үүнийг зохион байгуулж, эрхлэн явуулсан гэх үндэслэлээр нэг иргэнийг шалгаж байгаа. Мөн бусдыг залилан мэхэлсэн гурав, садар самуун сурталчилсан хоёр хэргийг шалгаж байна. Энэ мэтээр цахим гэмт хэрэг үйлдэгчийг илрүүлсээр байна.

Харилцаа холбооны газраас гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар Монгол Улсын хүн амын гуравны хоёр нь өдөр бүр интернэт ашиглаж, мэдээлэл авч, түгээж байна гэсэн байна лээ. Ялангуяа бага насны хүүхдүүдтэй холбоотой хэрэг их байна. Иймд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ илүү анхаарал тавих шаардлагатай болж байна. Өмнө нь таны хүүхэд гадуур явж байгаад гэмт хэргийн хохирогч эсвэл холбогдогч болдог байсан бол одоо гэртээ байж байгаад цахим гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох боломжтой болсон. Эцэг, эхчүүд интернэт орчинд таны хүү, охин хэнтэй харилцаж байна, ямар мэдээлэл олон нийтэд түгээж байна гэдгийг үзэх, байнга хяналт тавьж байх шаардлагатай. Болж өгвөл бага, өсвөр насны хүүхдэд фэйсбүүк болон бусад хаягийг нээж өгөхгүй, ашиглуулахгүй байх нь зүйтэй. Мөн насанд хүрсэн хүмүүс ч интернэтийг соёлтой хэрэглэх хэрэгтэй юм. Интернэт соёл гэдгийг хүмүүс буруугаар ойлгоод байдаг. Өөрийнхөө гоё гарсан зургийг фэйсбүүк, твиттертээ оруулсныгаа соёл гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ нь өнгөц ойлголт юм. Интернэт соёл гэдэг маань наад захын мэдэгдэхүүнтэй болох шаардлагыг хэлж байгаа юм. Фэйсбүүк, твиттерт холбоо сайтууд бий болсон. Тэнд ихэвчлэн насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл тавьсан байдаг. “Энэ мэдээллийг үзнэ үү”, “Та энэ зар сурталчилгаан дээр дараад орно уу” гэх мэт. Ийм мэдээлэл рүү орох нь аюултай. Үүгээр дамжуулаад хортой код буюу фишинг кодоор дамжуулж таны нууц үгийг хуулбарлаад авчихдаг. Үүнээс болоод таны мэдээллийн аюулгүй байдал алдагдаж байна. Саяхан Баянгол дүүрэгт оршин суух 30 настай Г гэгч нь хортой код ашиглан зургаан иргэний хувийн мэдээллийг олж авч, түүгээрээ дамжуулан айлган сүрдүүлж, дарамталсан хэрэг гарсан. Гэмт этгээд нэг иргэнээс сая төгрөг, таван иргэнээс 2400 ам.доллар авч байсныг илрүүлээд, шалгалтын ажил хийгдэж байна. Б гэгч нь гурван иргэний захидал харилцааны байдлыг зөрчих гэмт хэрэг үйлдсэн. ЭЦГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 135.2, 149.2, 209.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тиймээс иргэд өөрийнхөө фэйсбүүк хаягийг нягталж үзэх шаардлага бий болоод байна. Фэйсбүүк найз болсон хүмүүсээс хэдэн хүнтэй нь танил, огт танихгүй хэдэн хүн байна. Танихгүй хүмүүст та болон таны хүүхдүүд өөрийнхөө хувийн мэдээллийг хэрхэн хүргэсэн байна вэ гэдэгт байнга анхаарал хандуулах хэрэгтэй. Хүмүүс өглөө хэдэн цагт хаашаа явж байгаа, ямар хоол идсэн, аль дэлгүүрээр хэсэж, ямар юм авч байгаагаа хүртэл сошиал ертөнцөд оруулж байгаа нь эргээд танд, таны хүүхдэд хортой гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Саяхан Баянгол дүүрэгт садар самуунд уруу татсан бичлэг төлбөртэйгөөр цацдаг эмэгтэйг саатуулсан гэсэн үү?

-Тийм ээ. Бусдыг садар самуунд уруу татсан контент үйлдвэрлэсэн дөрвөн хэрэг шалгагдаж байна. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн “Өндөр цалинтай ажилд өөртөө итгэлтэй залуу охидыг авна” гэх зарын цаана садар самуунд уруу татан, мөнгө олох хэрэгсэл болгон ашиглаж байсан хэргийг илрүүлсэн. Зургаан жил орчим үргэлжилсэн энэ үйлдлийг Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид нэлээн хугацаанд судалсны дүнд илрүүлсэн байгаа. Баянгол дүүргийн III хороонд оршин суух хаягтай 26 настай, эмэгтэй Г гэгчийг шалгаж байна. Г нь 2010 оноос эхлэн ийм төрлийн хэргийг үйлдэж байсан нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 231.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Энэ хэргийг өмнө нь гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, эсхүл зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.

Сэжигтэн Г нь дээрх зарын дагуу ажилд орохоор ирсэн зүс царай, бие хаа сайтай залуу охидыг шалгаруулан авч, АНУ-д байрлах насанд хүрэгчдэд зориулсан цахим хуудаст өөрийн үүсгэсэн студиэр дамжуулан ажиллах охин тус бүрийг нууц нэр өгөн бүртгэн авч, цахим орчинд вэб камер ашиглан садар самуунд сурталчилсан гаж үйлдэл хийлгэн, төлбөртэйгөөр цацаж ашиг орлого олж байжээ. Тэрбээр гэмт үйлдлээ халхавчлах үүднээс нэг жилээс илүүгүй хугацаагаар байр түрээслэн охид бүсгүйчүүдийг ажиллуулах студийг байгуулдаг байсан нь тогтоогдсон.

-Гэр бүлээрээ түлэгдсэн хүмүүст туслах аян өрнүүлж байна гээд иргэдийн мөнгийг хувьдаа завшсан хэрэг гарсан гэж байна лээ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Өмнө нь цахим төрлийн залилангийн хэрэг гардаг байсан. Ихэнх нь дэлхийн томоохон брэнд бүтээгдэхүүний нэрийг ашиглан “Та сугалаанд шалгарлаа” гэх мэтээр залилдаг байсан. Тэгвэл сүүлийн үед өөр хэлбэрээр залилж эхэлж байна. Фэйсбүүк орчинд бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид “2016 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө нэгэн айлд гал гарсны улмаас гэр бүлийн хүн түлэгджээ. Бяцхан охин түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 1-1,3 сая төлж байгаа тул бусдаас тусламж хүсч байна” гэсэн мэдээлэл цацагдсан. Ийм хандив тусламж хүссэн мэдээлэл гарч, олон хүн уг мэдээллийг бусдад түгээж, зарим сайхан сэтгэлтэй хүн мэдээлэл дээр байх дансанд мөнгө шилжүүлэн сэтгэлийн дэм өгсөн байна. Харамсалтай нь тусламж хүссэн мэдээлэлд дурдагдсан данс нь өөр хүний данс байсныг цагдаагийн алба хаагчид тогтоон шалгаж байгаа. Хэдийгээр нэг айлын гурван хүн түлэгдэн биеийн байдал нь хүнд байдалтай байгаа нь үнэн ч бусдын зовлонгоор ашиг хонжоо хайгчид байхыг үгүйсгэх аргагүй юм. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг судлан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа. Одоогоор ямар зорилгоор өөр хүний данс бичиж олон нийтэд мэдээлэл тараасан бэ гэсэн асуудлыг шалгаж байна. Иргэд бусдад тусламж өгөх гэж байгаа бол өөрийн биеэр очиж, ар гэрийнхэнтэй нь уулзаж байж өгөх нь илүү найдвартай юм.

-Секс сүрдүүлгийн гэмт хэргийн тоо сүүлийн үед буурч байгаа гэсэн үү?

-Энэ төрлийн гэмт хэргийн гаралт өмнөх жилүүдээс хэд дахин буурч байна гэсэн судалгаа гарсан. Гэхдээ секс сүрдүүлгийн гэмт хэрэг бүр гарахгүй байгаа гэсэн үг биш. Өсвөр насны охиддоо эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй. Гэмт хэрэгтнүүд охидын зургийг хууль бусаар олж авч, дараа нь дарамтлах хэрэг гарч байна. Гэмт этгээд “Хэрэв надад мөнгө өгөхгүй бол энэ зургийг нь аав, ээж, хайртай хүнд чинь үзүүлнэ” гэж дарамталсан хэрэг цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа шалгагдсан.

-Цахим гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд юуг анхаарах ёстой вэ. Бусдын дарамт шахалтад орсон тохиолдолд хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Интернэтийн хэрэглээ, хөгжил дэвшил манай улсад маш хурдацтай хөгжиж байгаа. Дэлхий нийтийн жишгээр хүссэн хурдаа авч ашиглаж байна. Хандалт, хэрэглэгчдийн тоо олон улсын стандартын дагуу явж байгаа. Манай улсын хүн амын 70 орчим хувь нь интернэт ашиглаж байгаа. Ийм олон интернэт хэрэглэгч бий болчихсон учир амар хялбар аргаар мөнгө олох гэсэн этгээдүүд байсаар байна. Цахим гэмт хэрэгт өртөхгүй байх ганц боломж бол иргэн та өөрөө. Фэйсбүүктээ байгаа огт танихгүй найзууддаа ямар төрлийн мэдээлэл өгөөд байгаа, хувийн чанартай мэдээлэл хэр олон байгааг харах ёстой. Санал бодлоо солилцож байгаа контент дээр юу бичээд байгааг нь ажиглах ёстой. Хэрэв өөрийнхөө хувийн мэдээллийг хэт их оруулсан бол үүнийг устгах хэрэгтэй. Ингэж байж өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн хэн нэгэн таныг дарамталж, мөнгө төгрөг нэхэх, хууль бус үйлдэл хийхийг оролдох юм бол цагдаагийн байгууллагад тэр даруй хандах ёстой. Гэмт хэрэгтнүүдийн тавьсан болзлыг хүлээж авах тусам тэд даварч, илүү их зүйл шаарддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагдаагийн байгууллага таны хувийн мэдээлэл олон нийтэд цацагдахаас урьдчилан сэргийлж чадна гэдгийг хэлмээр байна.

Э.БААТАР

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Монголчуудын хэвшмэл хөрөнгө оруулалт, эдийн засгийн ойлголтыг засах замаар зөв бүтэц буй болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Бидний ярилцлага улс орны эдийн засаг, цаг үеийн асуудлуудаар өрнөлөө.

-Улс орны эдийн засаг үлэмж сульдсан үед тантай ярилцаж байна. Таныг УИХ-ын даргаар ажиллаж байсан он жилүүдэд манай эдийн засгийн үзүүлэлт 17 хувьд хүрч байлаа. Өөрөөр хэлбэл, бэлтэй төр засаг байлаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлын хувьд намууд нийлж засаг байгуулсан, бэрхшээлтэй л байсан санагддаг. Тэр үед хэрхэн ажиллаж байсан талаараа дурсвал…

-Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ажлын үнэлэмж эдийн засаг, нийгэмд ямар өөрчлөлт гарснаар хэмжигдэх биз. Үнэхээр 2008-2012 онд дэлхийд банк, санхүүгийн хямрал явагдсан ч гэлээ үр дүнгээрээ манай оронд муугүй байдлаар төгссөн. Хямралтай давхцаж томоохон бэрхшээлүүд ч тохиолдсон. Мэдээлэл багатай, түүндээ дүгнэлт хийхгүй бол улс орныг авч явахад учирдаг тийм бэрхшээл бидэнд учирч байлаа. Би нэг жишээ хэлье. 2008 оны сонгуульд МАН, АН нэг хүнд 1,5 сая төгрөг, үгүй бол сая төгрөгийн хувьцаа өгнө гээд амлачихсан. Энэ нь дэлхийн банк, санхүүгийн хямрал хаяанд ирчихсэн байсныг төдий л мэдэхгүй байсантай холбоотой гэж боддог. Хүнд байдалд байгаагаа 2008 оны сонгуулийн дүн гарсны дараа мэдсэн. Банк санхүүгийн удирдлагууд сонгуулийн өмнө дэлхийд ийм хямрал явагдаж байгааг сэрэмжлүүлсэн бол намуудыг иймэрхүү нүсэр амлалт авахаас сэрэмжлүүлж болох л байсан. Эдийн засгийн байгууллагууд, статистик, банк, Санхүүгийн зохицуулах хороо мэтийн байгууллагууд дэлхийн чиг хандлагыг сайтар судалдаг мэддэг байх шаардлагатай. Тэр амлалтаас болоод ихээхэн хүндэрсэн жилүүд бидэнтэй золгож байлаа. Дөрвөн жилийн хугацаанд 3,5 их наядын хэмжээний хөрөнгийг ард түмэнд өгөх ёстой болсон. Хэрэгжүүлэх шахаанд орсон. Зэрэгцээд хэд хэдэн банк дампуурч, зарим нь дампуурахад бэлэн болсноо илэрхийлж байв. Дампуурах шатанд нь зогсоосон банк ч бий. Дахиад нэг жишээ хэлье. Одоо манайд эдийн засгийн хямрал гээд яриад л байна. Монголын бүх салбар хэвийн ажиллаж байна. Мал аж ахуй, газар тариалан, барилга, уул уурхай. Тэгвэл доголдол хаана байна. Банк, санхүүд л байгаа шүү дээ. Монголбанк үнэ тогтворжуулахаар Засгийн газартай ярьж гурван их наядыг ганцхан жилийн дотор зарлаа. Бид амлалтаар гурван их наядыг дөрвөн жилд зарж байв. Аль, аль нь мөнгөө утга учир багатай зарсан хэрэг.

-Улс төрийн намуудын тоймгүй амлалтаас үүдэж түүртсэн, эдийн засгийн тэнцвэргүй Засгийн газар, Монголбанкны чадамжгүй байдал л улс орныг ийм байдалд оруулсан гэж та хэлэх гээд байна аа даа?

-Үнэндээ тийм. Сангийн яам мэргэжлийн үүргээ биелүүлээгүйгээс хүү ихтэй арилжааны зээл авах, гаднаас чамин нэртэй бонд босгож, үр ашиггүй зарж, улсаа өрөнд оруулж, дараа шатны хөрөнгө оруулалт хийж бүтээх, цаашид хийх ажлыг хумиж, улс орныхоо хөгжлийг царцанги байдалд орууллаа. Амлалтаас гадна бас нэг томоохон бэрхшээл бол 2009-2010 оны өвөл Монгол Улс арван сая малаа алдсан. Төлөвлөгдөөгүй том хохиролд орсон. 2009 ондоо мал их туранхай орсон учраас 2010 оны хавар төл авч чадаагүй. Тэр үед мал аж ахуйд том цохилт ирсэн л дээ. Дараа нь барилгын байгууллагууд ч зогсонги байдалд орсон. Эдийн засгийн өсөлт -1,6 хувь болтлоо унасан. Тиймээс 2008-2012 онд бид төсөв санхүү, мөнгөний бодлогын тухайд онцгой анхаарсан. Төсвийн тогтвортой байдлын хууль гаргасан. Бас Төсвийн хууль, Төсвийн тэнцэл хангах шалгуур, өр зээлийн лимит хатуу тогтсон. 2012-2016 оны эрх баригчид эдгээр баримт бичгүүдийг засварлан санаснаараа ажиллах болсон. Өрийн таазыг өндөрлөн зээл, бондууд босгож, дуртай зүйлдээ зарж ёстой л хотонд орсон өлөн чоно адил аашлан санхүү, төсөвтөө хандсан. Үр дүн нь банк, санхүүгээ нураасан өнөөгийн энэ байдал. Дэлхийн банк, санхүүгийн 2008-2010 оны хямрал манай оронд хүнд туссан юм. Бодлого талыг яривал Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтарч бэрхшээлийг давсан шүү дээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагын зүгээс тавьдаг шаардлагаас бэргэх үндэс бидэнд огтхон ч байхгүй. Зарим хүн гар хөлөө хүлүүлнэ, хатуу шаардлага тавьж гаднаас зээл, тусламж авахыг хаана, болгоомжтой бай гэнэ. Засгийн газар алгуурлаж байна. Удаашруулах хэрэггүй. Монголд төсөв, санхүүгийн сахилга тэг болтлоо заачихаад байхад, шууд засах хэрэгтэй. Миний дүгнэлтээр бол дотооддоо Засгийн газар, УИХ-ын ажиллагаа нь Монголбанк, Сангийн яамны хариуцлагагүй байдлыг засахаас эхлэх биз гэж бодох юм. Тухайн нөхцөлд бид 2011, 2012 онд үлдэж байгаа хоёр жилдээ үр ашигтай ажиллах шаардлагатай тулгарсан. УИХ чөлөө завгүй ажилласан. Мөнгөө үр ашгаа өгөх, сэргэлт өгөхөд зарсан. Банкны салбарыг дампууруулахгүйн тулд зарим банкинд 100 тэрбумаар нь мөнгө зээлсэн. Мал аж ахуйгаа өөд татахын тулд бид 2009 онд малчдад 40 тэрбум төгрөг ямааны ноолуурын үнийн зөрүү гэж шууд өгснийг санаж байна уу. Телевизээр байнга л “76 ямаа” гэж УИХ-ыг муучилдаг байв даа. Гэхдээ тэр үедээ хоёр талын сонирхлыг ингэж шийдвэрлэсэн нь ашигтай болсон. Малчдыг өрнөөс нь салгаж, банкны чадавхийг дээшлүүлсэн хэрэг болсон. Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд ч 120 тэрбум төгрөгийн зээл олгосон. Газар тариаланд бид том хөрөнгө хаясаан. Санаж байгаа биз дээ. Атрын III аянг. Нэг тонн улаанбуудайд өгөх урамшууллыг өндөр тогтоосон. Энэ мал аж ахуй, газар тариалан, банкинд зориулсан мөнгө эдийн засийн өсөлтийг хангах боломжийг богино хугацаанд олгосон гэж болно.

-Таны парламентын үед Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Энэ бол үнэхээр түүхэн чухал шийдвэрүүд байж…

-Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Тийм хэмжээний хөрөнгө оруулалт одоо ч хийж чадахгүй л байна. Баялгаа эргэлтэд оруулсныг буруу гэх хүн үгүй биз дээ. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баярын үүрэг их байсан. Харин үр ашгийн талаас хүмүүс үргэлж харамсдаг. Анхны баталсан гэрээ сүүл тийшээ бидний ч харууслыг дагуулах болсон. Тэгэхдээ энэ хоёр ордын ашиглалт үйлдвэрлэл, үйлчилгээнд томоохон боломж дагуулсныг, эдийн засгийн өсөлтийг хангасныг, хангах болсныг хүмүүс анзаарч байгаа байх аа. Өмнөговьд хөгжил дэвшил гарч байна гэж хэн ч харахаар байгаа. Гурав дахь хүчин зүйл, эдийн засгийн өсөлтөд гадна талаас нөлөөлсөн хүчин зүйл бас бий. Дэлхийн банк, санхүү, эдийн засгийн байгууллагууд хямралаас гарахад тусалсан талаар дээр хэлсэн. Үнэндээ Олон улсын валютын сантай бид хэл амаа ололцож ажиллаж чадсан. Тэд санхүүгийн хувьд, эдийн засгийн хувьд сахилга, дэг журмыг хатуу тогтоохыг шаарддаг. Тэр бол зөв шаардлага гэж би боддог. Тэрнээс нь монголчууд халширна гэвэл, улс орныхоо санхүү, төсөв, өр зээлээ замбараагүй байдалд барьж байх тийм салан задгай байдлын хандлага болно. Хямралыг боломж бас болгож болдог.

-Хямралыг яаж боломж болгож болох вэ?

-Хэрхэн давах вэ, яаж боломж болгон хувиргах вэ гэдэг бол тэр төрийн менежмэнт. Энэ тал дээр УИХ-ын гишүүдийн үүрэг их ээ. Тэд тооцно биз. Амжилтад хүрэхэд дотоод талаас тогтвортой Засгийн газар чухал. Засгийн газрын үйл ажиллагааг УИХ бүрэн хянаж чадаж байна уу, үгүй юу гэдэг парламентын гол үзүүлэлт. Өнгөрсөн дөрвөн жилийн үндсэн алдаа энд оршиж байна. Юу яриад байна гэхээр Засгийн газар, УИХ хоорондоо эрх мэдлийн зай барих хэрэгтэй. Үндсэн хуулийн заагласан эрх мэдэл хуваарилах хүрээнд. Би дөрвөн жилийн хугацаанд хоёр Ерөнхий сайдын нүүр үзсэн л дээ. С.Баяр, Сү.Батболд. Үндсэн асуудлаар уулзаж ярилцахаас биш юм болгонд тохирчихоод, түүнийгээ УИХ, Засгийн газрын гишүүдэд тулгаад байвал бусдын санаа бодол, бие дааж асуудал шийдэх боломж, хожмын хариуцлага хохирно. Зайгаа зөв барьж, эрх мэдлээ тус тусдаа эдлэх замаар Засгийн газраа хянах боломжтой.

-Ингэх хэрэгтэй гэдгийг хэлж ярьдаг ч үнэндээ барьж чадаж байгаа нь ховор. Ялангуяа энэ зарчим сүүлийн жилүүдэд алдагдав уу даа…

-Тэр үед би АНУ-ын парламентын урилгаар айлчлахад хоёр, гурван зүйлийг АНУ-ын талаас тэмдэглэж хэлж байсан. Тэрний нэг нь бол Засгийн газраа бүрэн хянаж байгаа парламент гэж танай парламентыг үзэж байгаа шүү гэж. Ерөнхий сайд нь өөрийнхөө бодлогыг явуулдаг, УИХ-д асуудлаа оруулдаг, УИХ бол өөрийнхөө байр суурин дээр байж асуудлыг шийддэг. Энгийн зүйлийг би хэлж байна. Засгийн газраас оруулсан, Оюу толгойн гэрээний орж ирсэн хувилбарыг бид хоёр ч удаа буцаасан. Тэрэнд С.Баяр нэг ч удаа гомдоллож “Нэг намынх мөртлөө миний оруулсан төслийг буцаачихлаа, чи асуудал хойшлуулав” гэж надад гомдол, гоншигнол илэрхийлээгүй. Тэр зарчим сайн барьдаг талтай. Намын дарга, Засгийн тэргүүн гээд омогдоод байдаггүй байлаа. Ингэхэд хүрвэл УИХ-ын гишүүд үг, үйлдлээ хумиад, хянаад эхэлнэ. Ингэвэл хор хөнөөлтэй л болж эхэлнэ. Оюу толгойн гэрээг хуулиар батлахыг бид зөвшөөрөөгүй. Стратегийн ордын асуудал ярьж байгаа гэлээ ч гэрээ байгуулах нь Засгийн газрын бүрэн эрх. Засгийн ажлыг шүүрч эхэлбэл буруу болно биз дээ. Бид ямар зарчим баримталж Оюу толгой болон Таван толгойн асуудлыг шийдвэрлэж болох чиглэлийг л баталж өгсөн. Эцэст нь бид 57 дугаар тогтоол гаргаж Оюу толгойн гэрээг ЗГ баталж болно, гэхдээ гэрээнд тусгагдчихаад байгаа манай талын 34 хувийг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа, Монголын талынхыг 51 хувьд хүргэх заалт өгсөн. Анхны хөрөнгө оруулалтыг 4,5 тэрбум төгрөгөөр тогтоосон. С.Баяр удирдлагын түвшинд хууль, зарчмаа сахидаг, түүндээ захирагддаг нь удирдах хүний сайн шинж.

-Сү.Батболдын Засгийн газрын үед энэ нь хадгалагдсан уу?

-Дараа нь Сү.Батболдын Засгийн газар өөрийнхөө явуулах зүйлүүдийг явуулж, парламентад батлуулах асуудлыг цэгцтэй оруулж байсан. Түүний санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж хөрөнгө босгох, Евро стандартыг Монголд нутагшуулах, гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн мэргэн, ирээдүйтэй санаа хэрэгжиж амжаагүй. Цаг хугацаа байгаагүй юм. Томоохон шийдлийг ярихдаа гол нь би эрх мэдлийн хуваарилалтыг зөв барих, эс барих тухайд зэрэгцүүлэлт хийхийг оролдъё. 2012-2016 онд Н.Алтанхуяг эхнээсээ л дураар авирласан. Тэр 2013 оны төсвийг батлуулахдаа Ерөнхий сайд нь 100 сая төгрөгөө өөрөө мэдээд зарцуулдаггүй юм бол ямар Ерөнхий сайд болох юм гээд л эхэлсэн. Төсөв, төсвийн тогтвортой байдлын болон аль ч хуулиар Ерөнхий сайд зориулалт нь тодорхойгүй мөнгө зарцуулах эрхгүй. Багцдаа тусгагдсан хэдэн арван тэрбумыг зориулалтаар нь зарах боломжтой байдаг. Тэр мөнгөөр зарим эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгсөн. Ховд зэрэг аймагт битүү зах барьсан гэдэг. Ерөнхий сайд дураар аашлан төсвийн сахилга зөрчсөний цаана УИХ-аас баталсан төсвийг мөн л дураар зарцуулах боломж бусад сайд нарын хувьд хэмээс хэтэрсэн болох нь дөрвөн жилийн эцэст тодорхой болоод байна. Харин Ерөнхий сайд байхдаа Н.Алтанхуяг Оюу толгойн асуудлаар УИХ, Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг хатуу зогссон байдал нь нэгэн шалтгаас тод харагддаг. Хөгжлийн банк саяхны шалгалтаар хичнээн тэрбумыг зориулалтын бусаар зарсан баримт, “Чингис” бондын хэдэн зуун тэрбумаар тодорхойгүй төсөл, арга хэмжээнд дураар зарсан нь тодорхой болж байна. Үүнээс ямар дүгнэлт гарч байна вэ. Эрх мэдлийг хэтрүүлэх, дур зоргоор авирлах нь улс орноо ямар байдалд оруулдаг, эдийн засаг, санхүүг босгох уу, нураах уу гэдэгт хүрэх үр дагавар харагдана. Улсын санхүү яагаад дампуурах болов, өрөнд яагаад унах болов. Нэг шалтгаан нь удирдлагууд хуулийг үл хүндэтгэн, эрх мэдлийн хуваарилалтыг үл ойшоон ажилласантай холбоотой.

-Тэгвэл одоо энэ Засгийн газар, УИХ яг юу хийх ёстой юм бэ. Ажлаа аваад хагас жил болох гэж байна. Зүг чигээ олох хугацаа ч болчихлоо…

-УИХ, Засгийн газар хийх юмаа хийж байна. Манай ард түмэн нүүдэлчид. Хөдөлгөөн, хурд ихтэй, сэтгэлгээний хувьд ч ийм. Түргэл, шинэчил гэх, үр дүнг даруй гаргахыг шаарддаг. Нүүдэлчдийн онцлог. Уг нь зөв. Өглөө нь ачаалаад орой нь хярд буучихдаг улс. Монгол хүний ийм сэтгэлгээ төр засагт байнга ташуур болдог. Ард түмэн Засгийн газрыг байгуулагдмагц л удаж байна, 100 хоногийн дотор юу хийсэн бэ. Яагаад үр дүн гараагүй байгаа юм гээд нэлээд хэсэг нь шалгаана. За, энэ ч муу зүйл биш. Гэхдээ бас хүлээцтэй хандах учир шалтгаан бий. Өнөөгийн Засгийн газрын байдал, ажлын үр дүнг би ямар ч байсан энэ оны ажлын дүн, тэгээд 2017 оны хоёрдугаар сарын 15 болоход өөрөөр хэлбэл, ажлын үр дүн, тайлан баланс гарч дуусах үед хариуцлага шаардан, хатуу нэхэлтэй хандвал зүгээр. Харин цаг үеийн шаардлага бол дээр хэлснээр сайн ташуур юм. Монголчууд ташуурдахдаа сурамгай, сайн ч ташууртай. Цаашид ч анхаарууштай зүйл олон байна аа. Яахав 2017 оны төсөв баталлаа. 2017 оны үндсэн чиглэл батлагдаж байна. Байдлаас харахад нааштай үр дүн барин тавин бага л ажиглагдаж байна. Энэ бол санхүүгийн хувьд манай улс доройтолд орсонтой холбоотой. Хамгийн гол нь хөгжлийн явц, эдийн засаг, санхүүгийн байдалд нухацтай дүгнэлт хийх хэрэгтэй. Монголд инфляци нэмэгдээд эдийн засгийн хямрал болоод байгаа юм биш. Ачаа хүнд жирийн иргэн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн нурууг хуга дарах нөхцөлд оржээ. Үүнийг юу гэж үзэх вэ. Энэ ер нь ямар эдийн засгийн шинж, ямар нөхцөлд ийм байдал ажиглагддаг юм бэ?

-Харин танаас л асуумаар байна. Бид хэрхэх хэрэгтэй юм бэ?

-Би бол дифляцийн нөхцөл гэж үзнэ. Дифляцийн нөхцөл бол эдийн засгийн хямралаас ч долоон дор үр дагавартай үзэгдэл. Үндсэндээ төсөв, санхүүгийн дампуурлыг л хэлдэг. Инфляцийн өсөлт, эдийн засгийн хямралыг хэрхэн давахыг бид 2008-2012 онд үзсэн. Гэтэл энэ арга ажиллагаа өнөөгийн нөхцөлд тохирохгүй байх. Дифляцийн буюу санхүүгийн ноцтой доройтлын үед яаж ажиллах вэ гэдгийг шинэ нөхцөл байдалд авч үзүүштэй. Тэрнээс эдийн засаг хямралтай, хүнд байдалд орчихлоо гээд баахан хийх ажлын жагсаалт гаргаад ч нэмэргүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ талаар зориуд авч үзэж шийдвэр гаргах биз. Засгийн газрын хүндрэлийг давах хөтөлбөрт цар хүрээтэй асуудал тусгагдах шаардлагатай байна. Асуудал Засгийн газрын гүйцэтгэх чадвар, бас УИХ-ын хяналт зөв тавихаас их зүйл шалтгаална. Тэгэхээр чадвар, хяналт яаж, ямар аргаар явагдах асуудлууд тусгагдана гэсэн үг. Яагаад хүнд байдалд орсон бэ гэдэг уг шалтгааныг зөв тогтоовол түүнийгээ арилгах арга хэмжээнүүд тодорхой болно. Буруутай эздэд хариуцлага тооцохоос эхлэх биз. Бид бие биенээ муучлаад яах вэ гээд найзан дундаа орхивол байдал засагдахгүй бахь байдгаараа л байх болно. Энэ бүхний цаад учир шалтгааны үндсийг нь тасалбал 2018, 2019 оны үед бидэнд нэн эерэг үр дүн харагдана. Дутагдалд дүгнэлт хийхгүй бол түүнийг давтаж бүр сөрөг үр дагаварт хүрнэ. Тэгж л харагдаж байна.

-Таныхаар тэр таслах ёстой шалтгаан нь юу гэж?

-Цаад уг чанартаа бол Монголд авлига, хээл хахуулийн асуудал эдийн засаг, санхүүг нураасан юм. Гадны зээл тусламжийг аваад үр ашиггүй зарцуулсан л гэнэ. Чухамхүү авлигаар энэ хөрөнгүүдийг үр ашиггүй зүйлд аваачиж чихчихсэн байх шүү. Харин үүнийгээ ойлгож байна уу, үгүй юу.

-Та хариуцлага тооцох ёстой гэж байна. Нэг нам хүчин гарч ирээд нөгөөхөө намнасаар байтал энэ нийгэм хагарч, өс хонзонгоор дүүрэх юм биш үү. Заавал хариуцлага тооцох хэрэгтэй юу?

-Хариуцлага тооцохоор барах уу. Нам хүчин гэж харахаасаа илүү бид авлигатай эвлэрч болохгүй. Бүхэлд нь засах ёстой. Авлигатай дэлхий дахин, улс орон бүр тэмцэл хийж байна. Авлигаас ангижрах нь хэтийн чиглэлтэй үйл явц. Ямар ч гэсэн сааруулж хүчтэй цохилт өгөх хэрэгтэй. Авлига багатай болчихсон оронд яахав Скандинавын орнууд гайгүй гэдэг юм. Европын зарим нэг хэсэг орнууд бол авлигыг сааруулж чадсан. Монголд бол үүнтэй хатуу ширүүн тэмцэл хийж, нам түвшинд аваачихгүй бол авлига Монголын эдийн засаг, санхүүг идсээр байх болно.

-Таны хэлдгээр авлига үнэхээр Монголын хавдар болж байгаа зүйл л дээ. Тэгвэл УИХ үүнд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Энд УИХ гол үүрэгтэй. УИХ-д түрүү түрүүчийн жилүүдэд зарим шийдэмгий арга хэмжээ авч авлигыг нэлээн дарангуйлсан. Сонирхлын зөрчлийн хуулийг бид баталсан. Хөрөнгийн болон сонирхлын зөрчлийн мэдүүлгүүдийг албан тушаалтнаар гаргуулдаг болсон. Хэрэгжүүлэх талаар Авлигатай тэмцэх газрын эрх, үүргийг тодорхой болгосон. Авлигыг 5-10 хувиар дарахад эдийн засаг мөн хэмжээний түвшинд ахиц гарна аа. Хатгаа тусаад хүндэрсэн хүн цээж онгойгоод гайгүй боллоо гээд амьсгаа авах шиг. Авлига яван явсаар хуулийг дэвсэлдэг. Төсөв, санхүүгийн бүх хуулиудыг чанд сахихаа саармагжуулаад эхэлсэн нь үүний илрэл шүү дээ. Дураар авирлах нь авлигын төрсөн дүүгээс өөрцгүй. Ард иргэд төрийг үл итгэлцэлд оруулан хүч алдан, дээр нь эдийн засаг тамирдаж, нийгэмд ёс зүйгүй авирлал газар авдаг. Энэ ноцтой үзэгдэлтэй хүчтэй тэмцэх нь эдийн засгийн уналт, бэрхшээлээс гарах гарц, зам юм. Засгийн газрын бэрхшээлийг туулах хөтөлбөрт энэ том тус болно. Мөн Монголын эдийн засгийн бүтцийг сайжруулах асуудал чухал. Бүтцийн гажуудлаас эдийн засагт хямралт байдал бий болж байна. Ухаандаа нэг төрлийн хоолыг хэт их порцоор идээд пологдож буйтай адил юм уу даа. Нэг салбарын хэт хамааралтай эдийн засаг. Дээхнэтэй дан мал аж ахуйн салбараас хамааралтайгаас, зуд болоход улс орон сүйрдэг байлаа. Одоо уул уурхайн болон гадаад үнийн өсөлт бууралтаас эдийн засаг гуйвж байна. Гайхамшиг болгон ярьдаг 2011 оны 17 хувийн өсөлтийн дараа бид нэг томоохон дүгнэлт хийсэн. Уул уурхайн хамааралтай эдийн засгийн өсөлт аюултай гэж. Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулснаас эдийн засгийн өсөлт уулсын дундах ноён оргил мэт шовойгоод эхэлсэн. Тэнгийн ачааны нэг тал нь том, нөгөө тал нь бага. Холбироод унахад бэлэн. Энэ дүгнэлтээс уул уурхайн хамаарлыг багасгаж бусад салбаруудыг түлхүү хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулаад урт нэртэй хууль баталсан. Стратегийн орд газар ашиглах зөвшөөрөл олгохыг УИХ шийдвэрлэх болгосон. Гадаад хөрөнгө оруулалтын уул уурхайн талын сонирхлыг зөв түвшинд барих, бусад салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх. Энэ үүднээс хөдөө аж ахуй, орчин үеийн технологи нэвтрүүлье. Аялал жуулчлал, оюуны хөрөнгө оруулалтыг хийе гээд Инновацын хууль хүртэл гаргасан. Ард түмэн дэмжсэн. Дараа дараачийн засагласан сайдууд харин дэмжээгүй л дээ.

Сайдууд байгалийн их баялаг, алт, мөнгө, зэсийн орд, хайгуулын зураг гаргаж тавиад л өөрийгөө бодсон, улсаа хохироосон гэрээ хэлцлийн шүүмжлэлтэй замаар алхацгаасан. Улс төрийн тогтворгүй байдал, улсын удирдлагад үл итгэх эргэлзээ гадаадын хөрөнгө оруулагчдыг гайхшруулан зогсоодог. Гэтэл эрх баригчид хууль руу заана. Ийм юм болсон биз дээ. Эдийн засгийн нэг салбарын хамаарлыг багасгаж хөдөө аж ахуй мал аж ахуй, бусад оюуны болон аялалжуулчлалын чиглэлд хөрөнгө оруулалтыг даллана уу, дуудна уу, хөөцөлдье.

-Одоо манайд хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо шүү дээ. Хөрөнгө оруулалтыг татахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ. Ялануяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт…

-Манайх баялагтай алт, зэс байгаа үүнийг бид гаргаад өгнө өө гэж гадаадынхны нүдийг гялалзуулж хөрөнгө оруулагчдыг итгүүлдэг. Тэрнийхээ тусын тулд сайд дарга нар хөлөө хугалчих шахуу гүйдэг. Үүнийгээ зогсооё. Хөрөнгө оруулалт хуулиас болж зогслоо гэдэг. Хуулиа зассан ухарсан. Одоо хаана байна. Харин хуулиа олон өөрчилбөл тэдний эргэлзээг төрүүлнэ. Мал аж ахуй, газар тариалан, шинэ технологи, оюуны салбарын хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй. Ингэх юм бол өнөөдөр эс боловч хойдын өдөр бид эдийн засгаа зөв тэнцвэртэй, бас үр ашигтай болгоно. Эдийн засгийн бүтцийг 25 жил ярихдаа төр, хувийн хэвшлийн өмчийн харьцааг авч үзэж ирлээ. Хувийн хэвшлийнхэн хөлөө олсон. Төрд одоо өмч гэх зүйл бага үлдсэн байх аа. Санхүүгийн хүндрэлийн нөхцөлөөс гээд сүүлчийн өмчийг хувьчлах шатанд орсон. Одоо салбарын бүтцүүдийн доторх жин дарах нөхцөл нь бол жижиг дунд үйлдвэрлэлийг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх явдал. Бид явцуу ойлголтоос гарч асуудлыг нэлээд өргөн авч үзэх шаардлагатай. Баялаг бүтээгч хэн бэ гэж. Баялгийг бүтээгч нь нийт ард түмэн. Баялаг бүтээхэд оролцдоггүй тийм хөдөлмөр гэж байдаггүй. Одоо бол зөвхөн үйлдвэрлэдэг хүмүүсийг баялаг бүтээгч гээд манайхан ойлгочихож. Үйлдвэрлэгчид баялаг бүтээж байгаа нь үнэн. Үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг бүтээж буй нь гайхамшиг. Гэхдээ баялгийг бүтээх нь оюуны салбарт ч явагдана. Орчин үеийн технологи дэвшлийг ашигласнаараа үлэмж үр дүнд хүрэх боломж байна. Монголчууд ажиллах чадвартай, авьяаслаг. Баялгийг худалдаа, тээврийн салбарт ч бүтээж болно. Орос, Хятадын зах зээлийг холбосон транзитийн худалдаа, тээврүүдийг хөгжүүлэхэд л Монгол үлэмж баялаг олз хуримтлуулж болно. Энэ хоёр улсын баялгаас сороод авч байна гэсэн үг. Дэлхийд газрын хэвлийн баялаггүй орнууд гайхмаар баян чинээлэг амьдарч байгааг бид харж л байна. Зарим орнууд аялал жуулчлалаас өөрийнхөө үндэсний баялгийн ихэнхийг босгож байна. Банк санхүүгийн механизмыг ашиглан баян болж болно шүү дээ. Мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байхгүйгээс ноос, арьс шир, мах бараг хэрэггүй болж малчдын хөдөлмөрийн үр шим будаа. Эдийн засгаа солонгоруулъя гэдэг дээр бодлогоо одооноос энэ зүгт чиглүүлбэл ирээдүйн үр өгөөж өндөр байх магадлалтай. Ашиглах нөөц арвин байна. Өнөө маргаашийг бодвол нэг хоёр стратегийн ордыг сонгон ашиглах, бас гаднаас зээл, тусламж авах замаар дөрвөн жилийн өнгөрөөж болно. Тэгэхлээр энэ бүхэн юу харуулж байна вэ гэхээр монголчууд бидний хэвшмэл ойлголтыг засах замаар хөрөнгө оруулалт, эдийн засгийн зөв бүтэц буй болгохын эргэлтийн шинжтэй зорилт хэрэгтэй. Баялаг бүтээх бол цогц арга хэмжээ юм. Байгалийн баялгаа ашиглах, үр өгөөжийг дээшлүүлэх шийдлээ тодорхой болгоё. Алдаа их гарч байна. Оюутолгой жилд 220 сая ам.доллар татвар оруулж байна. Ямар сайхан юм бэ гэнэ. Тиймээ, гэхдээ бидний бодож, төлөвлөж, анх ярилцаж байсны хагасын хагаст хүрэхгүй байна шүү дээ. Гэрээ батлах үед ямар их үр ашигтай гэж шагшин танилцуулж байлаа. Одоо болохоор еэвэнгийн талыг бус талын талыг харуулж байна. Шударгаар, тэгэхдээ мэдээж хөрөнгө оруулагч талыг хохироохгүй байхаар ажиллая. Оюу толгойн валютын ядахдаа Монгол талын оруулсан хувь хэмжээтэй дүйцүүлэн 34 хувь нь Монголын банкаар гүйлгээг хийж болно доо. Үүнийг яагаад ярилцаж болохгүй гэж.

Оюу толгойгоос авч болох боломжуудыг манай гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтнүүд алдаж, дураар авирласан. Дубайн гэрээгээр Монголын талын авах ашгийг олон жилээр хойшлуулсан. Яамдын хийсэн шалгалтаар гурван тэрбум ам.долларын зөрчил илэрч 1,2 тэрбум доллар манайд төлөхөөр байхад санхүүгийн асуудлыг дахин ярихгүй гэснээр хаасан. Тэрбум ам.доллараар шийдэгдэх ийм эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт УИХ лав өгөөгүй юм даг. Төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, дураар авирлах нь улсад ямар хохиролтой үр дагавартайг эндээс харж болно. Дахин ийм явдал гаргуулахгүйн тулд эрх мэдэлтнүүдээр хуулийг чанд мөрдүүлэх, эрх үүргийн хуваарилалтыг хатуу сахиулах хэрэгтэй. Хэн үүнийг хэрэгжүүлэх вэ. УИХ, Үндсэн хуулийн Цэц, магадгүй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болох.

-Энэ Засгийн газрыг харьцангуй залуу хүмүүсээр бүрдүүллээ. Ерөнхий сайд нь ч залуу хүн. Та энэ Засгийн газрын ур чадвар, чадамжийн талаар юу хэлэх вэ?

-Уг нь парламент бодлогын газар. Тэнд олон жилийн туршлагатай хүмүүс ажиллаж, харин гүйцэтгэх ажилд залуучуудыг шигшин тавих нь зөв хандлага. Гүйцэтгэх засаглал шуурхай ажиллагаа, ур чадвар шаарддаг. Яамдын сайдаар залуу хүмүүс тавигдлаа, туршлагатай хүмүүс ч орсон. Үр дүнд хүрч ажиллах боломжтой.

Манай улс төрийн хүрээнд учирсан нэг лай ланчиг бол өндөр эрх мэдэлтний дураар авирлах, сагсуурах явдал юм. Эдийн засгийн хүндрэл доройтлын нэг үндэс шалтгааныг эндээс эрж болно. Энэ их хурц тод илэрч байна. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажилагаанаас харж болно. Хоосон шоуддаг, дураар авирладаг явдлыг гүйцэтгэх засаглалаас холдуулах хэрэгтэй. Тэнд залуучууд байж болно. Ажил хэрэгч, улсаа хөгжүүлье, эх орноо гэсэн сэтгэлтэй, эдийн засаг, хуулийн хэрэгжилтийг хангах чадамжтай цар хүрээтэй тийм залуучууд байвал амжилтад хүрнэ. Тэнд нийгмийн баялаг, мөнгөний сонирхол бүхий этгээдүүд шургалах аваас гэрээ, хэлцэл, эцэст нь байгалийн баялгаа зөв ашиглах асуудалд дээр дурдсан будлиан тарихаас эхлээд идсэн уусанд хүрэх, засаглалын нэр хүндийг унагана. Би Засгийн газрын залуу гишүүдийн тухайд ийм л зүйлийг хэлэх байна. Энэ нь хууль сахиулах байгууллагын удирдлагад ч хамаатай. Гүйцэтгэх засаглалын ажлыг бүхэлд нь сайжруулах, бэрхшээлийг гэтлэх санаачилга, сахилга, зохион байгуулалт, дэг журам бэхжүүлэх, нийгмийн хөгжлийн олон талт ажилд залуу сайдууд хүчээ сориг, туршлагажиг. Ямар ч ажил зохиогоогүй, сэрэмжлүүлээгүй байж хүмүүст хоосон хариуцлага тулган, Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорт хөтөлж аваачихааргүй хууль дээдлэн, төрийн албаны ёс зүйг сахиж, төрийн албаны соёлд суралцаг.

Ийм зүйлүүд одоогийн гаргаад байгаа төсөв, төлөвлөгөө, төсөл арга хэмжээ, үндсэн чиглэлд тусгалаа олбол 2017, 2018, 2019 онд манай Засгийн газар үр дүн гаргана. Цар хүрээтэй арга хэмжээ авахгүй бол байдгаараа юм үргэлжилнэ.

-МАНУИХ-д үнэмлэхүй олонх болж, 65 суудал авсан. Сүүлийн сонгуулиудад гарч байгаагүй том боломж ирж, давуу олонхийн саналаар асуудлаа шийдэх боломж гарлаа. Та 2000-2004 оны УИХ-ын 72 суудалтай том бүлгийн гишүүн ч байсан. Олонхиор шийдэх боломжтой энэ үед ямар хуулиудыг батлаад авах хэрэгтэй вэ?

-Тодорхой зорилгоор гар хүрэх хуулиуд бий. Би тодорхой хууль дээр түшиглэж ярья. Төрд байгалийн баялгаас гадна хүн хэмээх баялаг хамааралтай. Хүний баялаг дотор хүний мэдлэг, боловсрол, оюуны чадамж орно. Монголын төр байгалийн баялгаа ашиглах гээд зовлонд ойчоод байгаа юм шиг байгаа нь хүний, боловсон хүчний нөөцөө зөв ашиглахгүй байгаатай холбоотой. Гаднаас акулууд ирээд идчих гээд, тэрний аманд явчихлаа хэмээн халагладаг. Гадныхан ирж янзалсан нь бага байхаа. Хүний нөөцийн баялгийг дотооддоо намууд шийдэж байгаа. Хүнийхээ чадамжийг зөв ашиглахад бүх юм болоо биш үү. Ардчилсан намын Засгийн газар гарч ирэнгүүтээ улс төржин, чадвар, ажил мэддэг, туршлагатайг үл харгалзан төрийн албаны ажилтнуудыг намынхнаар хуу сольсон. Энэ нь Засгийн газар амжилтгүй ажиллах нэг шалтгаан юм. Хүний нөөцийг зөв ашиглаж чадсангүй. Манай нам энэ дутагдлыг давтчих вий, мөрөөр нь орчих вий гэж санаа зовних юм.

Энэ бүхнээс дүгнэлт хийж Төрийн албаны хуулийг шинэчлэх хэрэгтэй. Төрийн албанд мэдлэг, чадвар, ёс зүйн хэм хэмжээний шалгуур гаргаж тавих хэрэгтэй. Туршлага суулгах, тогтвортой, шат ахиулах зарчмаар тушаал дэвшүүлж ажиллуулах хэрэгтэй. Улс төрийн зорилгоор гүйцэтгэх албанд нам оролцдог зарчмыг халах ёстой. Улс төрийн албан хаагчдыг нам мэдэж болно. Төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний бүх албан хаагчдыг шат шатны төрийн эрх мэдэлтнүүд өөрөө мэдэж тавьдаг, хариуцлага хүлээдэг болох нь чухал. Одоо хуулиар олгогдсон эрхийг байгууллагын дарга нь биш нам, намын байгууллага шүүрэн авч байгаа нь хууль үл хүндэтгэж буйн илрэл.

Та онож хэллээ. Саяын байгуулагдсан УИХ, Засгийн газарт ч энэ асуудал ихээхэн хамаатайг нийтээр шүүмжилж байгааг та анзаарсан байх аа…

-Байгалийнхаа баялгийг зөв ашиглаж чаддаггүй, хүнийхээ нөөц баялгийг цөөхөн хүнтэй мөртлөө зөв ашиглаж чаддаггүй болохоор ямар сайн юм харагдах билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг удаа Төрийн нарийн бичгийн даргын алба төрд 15 жил ажилласан хүн тавигдах алба, энэ албан тушаалд мерит зарчим баримтална, бас сонголтын зарчим баримтлах ёстой гэж мэдэгдсэн. Би энэ нөхөр үүнийгээ л хэрэгжүүлээд өгөөсэй гэж бодож байсан. Тэгээд, байхгүй л байхгүй юу. Төрд ажиллаж байгаагүй хүн би УИХ-ын гишүүний сонгуульд явсан учраас л удирдах албан тушаалд очих ёстой гэнэ. Тийм юм байхгүй шүү дээ. Тийм шалгуур, хэмжүүр дэлхий дахинд хайгаад ч олдохгүй. Би УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдоод гарч ирэхдээ миний энэ хүнийг албан тушаалд тавьж өг гэж нам, намын ажилтнуудыг хүндрүүлж байгаагүй.

-Харамсалтай нь хүн бүр тэгж асуудалд хандахгүй байна л даа. Бүгд л хариу бариу өгнө гээд төрийн албыг хүндгүй хэврэг болгож байна. Өөр өөрчлөх шаардлагатай хууль юу байна вэ?

-Дараачийн өөрчлөлтөө хүлээж буй хууль бол намуудын хууль. Намуудын буруу гэх нь хаашаа юм, ер нь мөнгөний эрхшээлд орчихсон. Намууд улс төрийн бодлогоо зүй бус эрхшээлийн дор явуулах боллоо. Мөнгөөр эрхшээгчдийн бурууг шүүмжилдэг. Асуудал төр нь ядахдаа парламентад суудалтай намуудыг санхүүжүүлдэг байх, намууд төрийн сонгуульд орох зардлыг зохих түвшинд олгодог болчихвол мөнгөтний төр гэхээ болих үндэстэй. Нэлээд хүмүүс улс төрийн нам хэрэггүй юм гэсэн ойлголтод хүрч байгаа. Маш муу үзэгдэл юм. Өдгөө төрийн ойлголтыг улс төрийн намгүйгээр төсөөлөх аргагүй. Үндэсний аюулгүй байдлын хуулийг шинэчлэх ёстой гэж боддог. Аюулгүй байдлын асуудал багагүй сөхөгдөх хандлага гарч байна. Жишээ нь, бидний ярилцаж буй гурав, дөрвөн жилийн дотор улсын санхүүгээ нурааж болох нөхцөл үүссэн болон санхүү, эдийн засгийн доройтол, Оюу толгой, Эрдэнэт цөм Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр асуудлууд. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл авч үзсэн байх л даа. Энэ мэтийн томоохон хуулиудын өөрчлөлтийг дагаж хуулиудад засвар хийх, өөрчлөх асуудлууд аяндаа шийдэгдэнэ.

-“Эрдэнэт”-ийн талаар хүмүүс олон талаас ярьж, маргаан дэгдэж байна. 49 хувь Монголд ирэх нь зөв боловч авсан арга зам ойлгомжгүй, тодорхой болгох хэрэгтэй гэхчлэн ярьцгааж байна. Та саяхан энэ байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Таныг төрийн чигч хар хүний хувьд үүн дээр бодит мэдээллийг өгнө гэж найдаж байна?

-Эрдэнэтийн асуудал яах аргагүй олон нийтийн анхааралд байна. Иргэн болгон энэ тухай сонирхож байх шиг байна. Энэ нь 49 хувийн тухайд анхаарах зүйл байгаад тэр болов уу. Нийгэмд багагүй маргаан, талцал, тэмцэл болж байна. Хууль зөрчсөндөө тулбал маш төвөгтэй нөхцөл, олон асуудал дэгдэнэ. Эрдэнэт ямар ч тохиолдолд бөөн ашиг, орлого. Хэнбугай нь ч шимтэнэ. Төр ч, хувь компани ч, иргэд ч. Ийм болохоор яриа өрнөж таарна. Энэ чухал, том асуудлыг ийм байдалд хүргэсэн хүмүүс буруутай. Өмнөх Засгийн газрын тэргүүн, сайдууд “ичиг ичиг” л гэмээр байна. Одоогийн 49 хувийн маргаан хууль зөрчөөгүй бол ажил хэвийн үргэлжлэн явагдана. Харин хууль зөрчсөн булхай гарсан бол 49 хувийг төр авч тэдний мөнгийг нь өгч, шударгаар хувьчлал хийхэд хүрнэ. Ийм л хариулт өгье дөө.

-Хувьчлал нэгэнт болсон байхад буцвал багагүй хэмжээний торгууль өгнө шүү дээ. Ядаж байгаа эдийн засаг дээр түүнийг төлнө гэхээр…

-Зуун сая ам.долларын торгууль энэ тэрээс айх юун. Гэрээ, хэлцэлд ийм заалт оруулсан этгээдүүдээр өөрсдөөр нь хохирлыг гаргуулна биз. Зүй нь төр 49 хувийг аваад нээлттэй ил тод хувьчлал явуулж, төрд хохиролгүй, харин ч ашигтай байх эсэхийг сайн бодоогүй л юм болов уу. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ч хувьчлалын нэг хэсэгт нь оролцох бололцоотой гээд олон асуудал бий шүү дээ.

-Хууль зөрчсөн гэж үзвэл хариуцлагыг хэн хүлээх юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ, хэн хууль зөрчихөд хүргэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх болно шүү дээ. 2003 оны долдугаар сарын 1-нд Эрдэнэт үйлдвэрийн талаарх Монгол, Оросын Засгийн газрын хэлэлцээрийг УИХ соёрхон баталж хуульчилсан. Мөн Монгол, Оросын-Монросцветмет компанийн тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газрын хэлэлцээрийг 2009 оны нэгдүгээр сарын 16-нд соёрхон баталж хуульд нь би гарын үсэг зурсан. Эрдэнэт болон Монросцветметийн хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт протоколоор өөрчлөлт орсныг 2015 оны аравдугаар сарын 22-ний өдөр УИХ-аар хуульчлан соёрхон баталж З.Энхболд гарын үсэг зурж баталгаажуулсан гарын үсгийн бэх нь ч хатаагүй байхад асуудал шийдвэрлэгджээ. УИХ-ын дөрвийн дөрвөн хуулийг ач холбогдолгүй гэж үзсэн юм болов уу. Стратегийн ордын асуудлыг УИХ мэдэх ёстой, зарчимтай болохыг манай бараг бүх иргэн мэдэх байх. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцагдсан байх учиртай. Асуудал шийдсэн нөхөд хариулах биз дээ.

Монголын тал авсан нь чухал гэж бүхнийг хаацайлах явдал байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт, хувьцаатай аж ахуйн байгууллагын оролцоог дан Монголын талынх байх ёстой гэсэн атгаг санаа, нэг талыг барьсан “шунал”-ын зарчим Монголд үйлчлэх ёсгүй. Эрдэнэтийн маргаад буй 49 хувийг олон улсын түвшинд нээлттэй зарлах боломжтой. Энэ бол “зөвхөн Монголдоо” гэдэг үгэнд хашигдахгүй зүйл. Одоо УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг л харж байна даа.

-Ерөнхий захирлыг нь тавих удаашраад байна уу?

-Эрдэнэт үйлдвэрийг удирдах хүн шударга, хууль, дүрэм журмаа сахидаг, мэдлэг, туршлага, ур чадвар өндөр, нэр цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Ийм хүн нэр дэвшвэл би дэмжихэд бэлэн. Одоогийн удаашраад байгаа шалтгаан дээрх шаардлагад тохирох хүнийг эрж сонголт хийхээр цаг алдаж байгаа хэрэг болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Д.Трамп: Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнээс АНУ гарах болно

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ирэх нэгдүгээр сарын 20-нд тангаргаа өргөж ажилдаа орно. Тэрээр албан үүргээ хүлээж авсны дараа эхний 100 хоногт ямар ажил хийж гүйцэтгэх талаараа танилцуулжээ. Юуны өмнө тэрбээр Б.Обамагийн санаачилсан Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнээс гарахаа мэдэгдлээ. Мөн Д.Трамп америкчуудын ажлын байрыг булаагаад буй хууль бус цагаачдын визний асуудлыг шалгана гэдгээ амлав. Тэрээр сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэрээ Мексик улстай залгаа орших хилийн дагуу хана барина гэж сүр дуулиантайгаар мэдэгдэж байсан юм. Гэвч 100 өдөрт хийх ажлаа танилцуулах үедээ энэ талаар нэг ч үг дурдаагүй байна.

Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээ гэж юу вэ?

Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээ (TPP) гэдэг нь олон улсын хамтарсан томоохон хэмжээний худалдааны гэрээ юм. Энэхүү гэрээнд АНУ, Япон, Малайз, Австрали, Шинэ Зеланд, Канад, Мексик зэрэг улсууд багтдаг. 2015 онд гарын үсэг зурсан тус гэрээ нь хараахан хүчин төгөлдөр болоогүй байна. Гэрээний гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг сайжруулах, гишүүн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог гүнзгийрүүлэхэд чиглэгдэх аж. Мөн албадан хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны стандарт, зохиогчийн эрх болон бусад хууль, эрх зүйн хамгаалалтын талаар арга хэмжээ авах зорилготой байгуулагджээ. Тус гэрээнд дэлхийн эдийн засгийн 40 хувийг эзлэх 12 орны төлөөллүүд гарын үсэг зурсан.

Д.Трамп яагаад дээрх гэрээг эсэргүүцэх болов?

Д.Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр зарим нэг маргаантай гэрээ хэлэлцээрийг эсэргүүцэж байсан. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард тэрээр “Дээрх гэрээ нь АНУ-д том аюул авчрах юм. Учир нь энэхүү гэрээ нь манай улсыг булааж эзлэх гэсэн нэг илрэл” гэв. Тэрээр уг гэрээнээс гарах тухай төлөвлөгөөгөө танилцуулахдаа “АНУ шударга хэлэлцээ хийж, хоёр талын худалдааны гэрээг байгуулан, ажлын байр бий болгосноор АНУ-д үйлдвэрлэлийг хөгжүүлнэ” гэж онцолсон юм. Ингэхдээ АНУ-ын асуудлыг нэн тэргүүнд тавина гэдгээ мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Д.Трамп доорх таван асуудлыг яаралтай зохицуулах болно гэв. Үүнд:

lАНУ-ын эрчим хүчний бүтээгдэхүүн дэх хоригийг цуцлах

lБизнесийн дүрэм журмыг багасгах

lЦахим халдлагын эсрэг төлөвлөгөө боловсруулах

lАмерикчуудын ажлын байрыг булаагаад буй хууль бус цагаачдын визний асуудлыг шалгах

lЗасгийн газраас гарч буй хүмүүст таван жилийн хориг тавих гэсэн ажлууд багтжээ.

Тэр ямар хүмүүстэй баг болон ажиллах вэ?

Д.Трамп өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь эргэн тойронд ажиллах багаа бүрдүүлсэн байна. Тэрээр “Миний багт маш гайхалтай, авьяаслаг хүмүүс багтсан байгаа. Удахгүй Засгийн газрын нэг хэсэг болох болно” гэв. Одоогоор зарим чухал албан тушаалтнууд тодорсон байна. Үүнд: 1986 онд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан үг хэллэг хэлснийхээ төлөө Засгийн газрын шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн Алабамагийн захирагч Жефф Сэшнс Хууль зүйн сайдаар томилогдоод буй. Мөн уламжлалт үзэлтэй “Breitbart” сайтын ерөнхий редактор Стифен Бэннон Д.Трампын стратеги бодлогын ахлагчаар томилогдоод байгаа аж. Д.Трампын амлалтын талаар бусад орны төр, засгийн тэргүүнүүдийн байр суурь

Австралийн Ерөнхий сайд Малколм Төрнбүлл: “Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнд нэгдсэн 11 орон маш хүчтэй дэмжлэгийг үзүүлэн гэрээг хүчин төгөлдөр баталсан. Тэгэхээр ноён Трамп болон түүний шинэ Конгресс Америкийн сонирхолд нийцүүлэн шийдвэрээ гаргах боллоо” гэж онцолжээ.

Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак “Ардчилсан сонгуульд ялалт байгуулан АНУ-ын шинэ удирдагчаар сонгогдсон Д.Трамп бодлогоо зөв гэж тодорхойлон шийдвэрлэсэн бол түүний зөв” гэсэн байна.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Кэй “АНУ бол арал биш. Зүгээр сууж байгаад дэлхий сөнөх хүртэл худалдаа хийхгүй гэж бодож болохгүй. Шийдвэр гаргахын тулд сайтар бодож тооцоолох хэрэгтэй” гэжээ.

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ: “АНУ тус гэрээнээс гарвал утга нь алдагдана” гэв.

Өнгөрсөн долоо хоногт болсон АПЕК-ийн уулзалтаар Ази Номхон далайн удирдагчид Перу улсад уулзаж, Д.Трампын шийдвэрийг үл тоон гэрээгээ цаашид хэрэгжүүлэхэд анхаарна гэж мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Бичил уурхайчид сум, суурин газруудад мөнгөний шууд нийлүүлэлт хийж орон нутгийн хөгжилд нэмэр болдог

Бичил уурхайчид нөхөн сэргээлт хийж, мод тарих аян зохион байгуулдаг болжээ.

“Бичил уурхайг албажуулах замаар эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх нь” сэдэвт баруун бүсийн зөвлөгөөн энэ сарын 16-17-ны өдрүүдэд Ховд аймагт боллоо. Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран зохион байгуулсан уг зөвлөгөөнд баруун таван аймгийн 160 гаруй төлөөлөгч оролцсон юм. Аймаг, сумдын Засаг дарга нар, байгаль орчин хариуцсан мэргэжилтнүүд голдуу ирсэн байлаа. Бичил уурхайг хууль, журмын хүрээнд зохион байгуулалтад оруулж, албажуулснаар бичил уурхайн салбарын орон нутгийн болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмэр, ач холбогдлыг дээшлүүлэх боломжийн талаар оролцогч талуудыг мэдээллээр хангах, хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд энэ удаагийн зөвлөгөөний зорилго оршиж байгааг зохион байгуулагчид нь дурдаж байлаа.

Ховд аймгийн хувьд гар аргаар алт олборлогч иргэд, малчдын тоо сүүлийн жилүүдэд өсч байгаа юм байна. Түүнийг дагаад байгаль орчинг сүйтгэх, иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирох, хувиараа алт олборлож байсан иргэд тусгай хамгаалалттай газар нутаг руу халддаг хууль бус үйлдлүүд гарч байгааг Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх зөвлөгөөний нээлтийн үеэр хэлэв. Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн ахлах эксперт Т.Энхцэцэг Швейцарийн хөгжлийн агентлаг Монголд хэрхэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн талаарх түүхийг сонирхуулсан юм. Уг агентлаг нь 2000 оны үеэс ган, зудад нэрвэгдсэн малчдад туслах, орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж хүмүүнлэгийн чиглэлээр ажиллаж эхэлсэн юм байна. Ерөнхийдөө хүнсний аюулгүй байдал, мэргэжилтэй боловсон хүчин, иргэдийн оролцоотой сайн засаглал, бичил уурхай гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг аж. Монголд албан бусаар 100 гаруй мянган “нинжа” буюу бичил уурхай эрхлэгчид байдаг гэсэн тоо бий. Тэдний 60 гаруй мянга нь Тогтвортой бичил уурхай төслийн үр шимийг хүртэж байгаа аж. Тэдний 10 хувь нь буюу зургаан мянга нь л хууль ёсны дагуу ажилладаг юм байна. Энэ төслийн хүрээнд бичил уурхайд хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад дэмжлэг үзүүлэх, бичил уурхайн олон улсын мэдлэгийн төв байгуулахад анхаарч ажиллаж байна.

Нэгэн үе “нинжа” гэж хоч өгсөн нийгмийн бүлэг хэсгийг олон нийтээрээ буруушааж хууль бус этгээдүүд гэж нүд үзүүрлэдэг байсан. Харин тэднийг хуулийн хүрээнд зохион байгуулаад стандартын дагуу ажиллуулж, хүний эрхийг хангуулах тал дээр анхаарал хандуулаад эхэлтэл өмнөх байдал ор мөргүй алга болж байгаа юм байна. Энэ салбарт олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжсэнээр төрөөс бичил уурхайчдад үзүүлэх үйлчилгээ сайжирч, эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах болжээ. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны нөхцөл сайжирч, осол аваарын тоо буурсан бөгөөд эрдэнэсийн санд тушаасан алтны хэмжээ ч нэмэгджээ. Мөн бичил уурхайчид уул уурхайн компаниудтай ч сайн харилцаатай болж, хамтран ажилладаг болсон гэх сайн мэдээнүүдийг энэ үеэр илтгэгчид дурдаж байв.

Бичил уурхайчид 2013 онд Монголбанкинд 3.2 тонн алт тушааж байсан бол 2015 онд 5.9 тонныг тушаажээ. Ашигт малтмал ашигласны төлбөрт өнгөрсөн онд 10.1 тэрбум төгрөг өгчээ. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан бичил уурхайчдын тоо 2013 онд 3500 байсан бол өнгөрсөн онд 15.4 мянга болж нэмэгдсэн байна. Энэ бүхнээс харахад манай улсад бичил уурхай зөв зам руу орж байгаа гэж харж болно.

Баруун аймгуудад бичил уурхай төдийлөн хөгжөөгүй учир энэ удаагийн зөвлөгөөнийг ерөнхийд нь дүгнэвэл “Хэрвээ танай аймагт бичил уурхай бий болбол ийм ийм зүйлүүд дээрээ анхаараарай. Тийм тийм хууль тогтоомж байдаг. Анхнаас нь ийм байдлаар аваад явчихвал зүйтэй шүү” гэсэн зөвлөгөө өгч, туршлагаасаа ярьсан арга хэмжээ болсон. Баруун аймгууд, тэрэн дундаа Баян-Өлгий аймгаас ирсэн төлөөлөгчдийн хувьд энэ тухай зөвлөгөө, туршлага сонссон нь бичил уурхайн “Цагаан толгой”-н ном уншсан хэмжээний анхан шатны мэдлэг өгсөн хэрэг байлаа. Учир нь тус аймагт нинжа гэх ойлголт бараг үгүй. Тийм ч болохоор илтгэгчдийн тавьсан мэдээ мэдээллийг төлөөлөгчид нь нэгд нэгэнгүй тэмдэглэн авч байгаагаас нь харж болохоор байв.

Бичил уурхайчдын хувьд энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 9.7 тонн алтыг Монголбанкинд тушаагаад байгаа нь хямралын үед улсынхаа санд хөмрөгийг баяжуулахад эерэг нөлөө үзүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Үүнээс үүдээд аймгуудад алт худалдан авах “Нэг цонх”-ны үйлчилгээ бий болгох шаардлага тулгарч байгаа аж. Бичил уурхайчдын хувьд хөлс хүчээ зориулан байж гаргаж ирсэн алт, ашигт малтмалаа зах зээл дээр хэдэн төгрөгийн үнэ ханштай байгааг төдийлөн мэддэггүй бөгөөд сум, суурин газарт тэднийг хүлээж байдаг ченжүүдийн хэлсэн үнээр борлуулчихдаг юм байна. Хэрвээ аймаг, сумдад алт хүлээн авах албаны газар байвал бичил уурхайчид өөрийн биеэр очиж тушаах бодолтой байдаг аж. Зарим хүмүүс нинжа гэхээр бичил уурхайнуудын эргэн тойронд том жийп машинтай, хуруу гараараа дүүрэн алтан бөгж зүүсэн, баахан хамгаалагч дагуулсан алтны ченжүүдээр төсөөлөөд байдаг. Тэд бол бичил уурхайчид биш шүү гэдгийг энэ үеэр бичил уурхай эрхлэгч иргэд хэлж байлаа. Энд тэнд архины шил хөглөрч, хог овоорсон, ухсан нүхээр дүүрэн газруудад нинжанууд байдаг гэдэг ойлголт хэдийнэ алга болсон гэнэ. Тэднийг одоо нинжа гэх нэрнээсээ салж нөхөн сэргээлт хийдэг өөрсдийн гэсэн арга аргачлалтай болж, байгальтай харьцах хандлага нь өөрчлөгдсөн эко хүмүүс болсон гэж байлаа.

Бичил уурхайчид олсон алтаа өдөр өдөрт нь ч юм уу байнгын давтамжтайгаар газар дээр нь борлуулаад олсон мөнгөөрөө хоол хүнс, ахуйн хэрэглээ, машин теникийнхээ тос, шатахууныг ойролцоохь сум, тосгон, суурин газраас худалдан авдаг. Тэдний энэ мөнгөөр шууд гүйлгээ хийдэг энэ үйлдэл нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлнэ. Алтны уурхайтай, алтны илэрцтэй ойролцоо газруудын сум, суурингийн дэлгүүр, хоршоо, цайны газар, шатахуун түгээгүүр, үсчингүүдийг бичил уурхайчид л олсон мөнгөөрөө тэтгэж хөл дээр нь босгож, хөрөнгө оруулалт хийж байгааг зөвлөгөөний үеэр ярьж байлаа. Аливаа нэг суманд алтны том компани олборлолт хийхээр болбол ажилчдынхаа 00-ын цааснаас эхлүүлээд машин техникийн тос тослох материал, шатахуун зэргээ Улаанбаатараас хангалт хийгээд бөөнөөр нь авчихдаг учир тухайн сумын цайны газар, дэлгүүр, шатахуун түгээгүүрийн газарт өчүүхэн ч ашиг орлого оруулдаггүй юм байна. Тийм болохоор иймэрхүү уул уурхай хөгжсөн сум суурин газрын үйлчилгээ эрхлэгчид бичил уурхайг хөгжүүлэх нь орон нутагт нь шууд хөрөнгө оруулалт болж, эдийн засагт нь эерэгээр шингэдэг гэж байлаа.

Зөвлөгөөний үеэр Баянхонгор, Төв аймгийн бичил уурхай эрхлэгчид өөрсдийн сайн туршлагаасаа хуваалцсан юм. Бичил уурхай эрхлэгчид буюу нинжа гэхээр л хүмүүс харь гаригаас хүмүүс ирээд эх нутгийг нь ухаж төнхөөд алтыг нь ухаад архидаж, согтуураад байгаа мэтээр өрөөсгөл төсөөлдөг. Гэтэл бичил уурхайгаар амь зуулгаа арав гаруй жил залгуулж хотод үр хүүхдээ их дээд сургуульд сургаж байгаа хүмүүс олон байдаг аж. Бичил уурхайд гэр бүлээрээ ажиллаж байгаа өрхүүдийн дунд оюутангүй айл гэж бараг байдаггүй юм байна. Бичил уурхай эрхлэгч иргэдийн дундаж нас 46 гэсэн судалгаа гарчээ. Хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хувьд 50 хувь нь гэрт, 41 хувь нь хашаа, байшинд, долоон хувь нь орон сууцанд, хоёр хувь нь түрээсийн байр саванд амьдардаг юм байна. Ер нь энэ чиглэлээр амьжиргаагаа залгуулдаг иргэдийн дунд овойж оцойтлоо баяжсан хүн байдаггүй аж. Энд тэнд атгын чинээ алт олжээ. Лут баяжжээ. Тэр аймгийн тийм суманд их хэмжээний алт гарч байна гэсэн дам яриа үе үе гарч, хүмүүс хэсэг бүлгээрээ, гэр бүлээрээ тийш нь яваад оччихдог. Гэтэл ингэж баталгаагүй мэдээлэл, сэтгэл хөөрлөөр алтанд явах нь маш олон эрсдэл дагуулдгийг Баянхонгор аймгийн Политекникийн коллежийн захирал Ш.Чимгээ сануулж байлаа.

Үргэлжлэл бий.


Categories
мэдээ цаг-үе

С.Ламбаа: “Толгойгүй нам” болсон гэж байгаа бол манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн, Эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай намын шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-д дүнгээ тавьсан гэж хүмүүс ярьж байна. Сая орон нутгийн сонгууль болж АН 100 гаруй сум, дүүрэгт ялалт байгуулсан. Улстөрч хүний хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Судалгаанаас харахад 2016 оны УИХ-ын сонгуульд ард түмэн МАН-д 51, Ардчилсан намд 43, бусад нам, бие даагчдад зургаан хувийн санал өгсөн гэж байна. Ойрын хэдэн сонгуульд АН, МАН хоёр иймэрхүү харьцаатай л явж ирсэн, түүнээс нэг их өөрчлөгдөөгүй гэсэн үг. Энэ судалгаагаар хувь талаас нь харвал МАН хэдхэн хүнээр ялахаар байгаа юм. Гэтэл МАН-аас 65, АН-аас есөн хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

-Сонгуулийн ялагдлын гол шалтгаан гэвэл та юуг нэрлэх вэ?

-МАН 2012 оны сонгуульд дөрвөн хүнээр ялагдчихаад хар машинаас боллоо гэж АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүдэд 37 онд хэлмэгдүүлсэн хүмүүс шигээ хувцас өмсүүлчихсэн талбай дээр жагсаал цуглаан хийж байсан санагдана. Одоо тэд 65 суудал авчихаад хар машины талаар таг чиг болж. Бодвол хар машинд хайртай болсон биз. Миний хувьд ард түмний сонголт иймэрхүү дүнтэй гарсан нь мажоритар тогтолцооны гажиг гэж үздэг. 2000 онд яалаа, АН 49 хувийн санал аваад МҮАН ганцхан суудалтай үлдсэн. Үүнээс болж 2012 оны сонгуульд мажоритар тогтолцооноос татгалзаж, холимог тогтолцоог хуульчилж, том тойргоор сонгууль явуулснаар манай нам УИХ-д хамгийн олон суудал авч, нийслэлд дийлэнх олонхийн суудал авч ялалт байгуулсан. Гэтэл 2016 оны сонгуульд 2012 онд ялалт авчирсан сонгуулийнхаа тогтолцооноос ухарч, өмнө нь ялагдал хүлээж байсан мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж ялагдал хүлээлээ. Энэ нь цэвэр манайхны улс төрийн бодлогын алдаа байсан. АН дөрвөн жилийн хугацаанд бидний амьдарч ирсэн зарчмыг өөрчилж, ирээдүйгээ харсан асар том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Харамсалтай нь мажоритар тогтолцооны мөн чанар нь бүтээн байгуулалт яриад үр дүнд хүрдэггүй.

-Холимог тогтолцоог үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгочихсон биз дээ?

-Цэцийн шийдвэрээр намын нэр дээр жагсаалтаар сонгож байсан тогтолцоог хүчингүй болгосон ч том тойргоор сонгууль явуулж болох байсан. Аймаг, дүүрэг нэг тойрог гээд хуучнаараа үзсэн бол арай ч ийм үр дүн гарахгүй байсан.

-Одоо АН-ыг шинэчлэх тухай асуудлыг танай намын залуучууд хөндөж, янз бүрийн хөдөлгөөн өрнүүлж байна. Үнэхээр агаар салхи энэ намд хэрэгтэй байгаа гэх юм…?

-Залуучууд гэлтгүй нийгмээрээ л АН-ын шинэчлэлийг хүсч, хүлээх болж. Намын шинэчлэлийн тухайд гэвэл АН 2000 онд УИХ-д ганц суудалтай үлдсэний дараа ардчилсан хүчний таван нам нэгдэж, эх эзэн Чингисийн төр улсаа төвхнүүлсэн цаг дор Их хурлаа хуралдуулж, шинэчлэлийн хөтөлбөрөө баталж урагшаа алхсан. Бидний хэдэн хүн цоо шинээр байгуулагдсан АН-ын удирдлагаар томилогдож таван намын нэгдлийг хангаж, намаа цоо шинээр сэргээхийн тулд гурван жил Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч жирийн гишүүдтэйгээ уулзаж, нөр их хүчин чармайлтаар намаа босгож чадсан. Түүний үр шимийг АН-ынхан өнөөдрийг хүртэл хүртэж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл, 2004-2013 онд болсон бүх шатны сонгуульд АН амжилттай оролцож, УИХ-д хоёр удаа эвсэх түвшинд, нэг удаа эрх барих түвшинд суудал авч, Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа ялсан. Орон нутгийн сонгуульд ч амжилттай оролцож ирсэн. Энэ бол манай нам хүчтэй байсныг илэрхийлэх чухал үзүүлэлт. Би хэлье гээд онцолж хэлж байгаа юм шүү. Хамгийн харамсалтай нь манай намын лидерүүдийн намын дүрэм журмаа зөрчиж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрч, үүнээс улбаалсан албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл АН-ыг муухай харагдуулж, нам дотроо хагарсан бутарсан юм шиг сэтгэгдлийг нийгэмд төрүүлсэн. Энэ нь бусад улс төрийн хүчнүүдэд өгөөш болж ирсэн. Тэр ч бүү хэл манай зарим залуучууд цэцэн цэлмэг юм ярьж, залуу занднаараа гайхуулж, ахмад үеэ дайрч доромжилж, өнгөрсөн түүх уламжлалаа нулимах болж. Би үүнийг манай намын ахмад үеийн зарим төлөөлөл, лидерүүдийн чи, би дээ тулсан олхиогүй хэрүүл маргаан, шинэ үе рүүгээ дайрч давшилсан ёс зүйгүй авирлалаас үүдэлтэй гэж боддог. Ингэж болохгүй л дээ. Бид хамтын оюун ухаанаар үүссэн нөхцөл байдлын “учрыг нь олж, хужрыг тунгааж” асуудлаа зөв шийдвэрлэх ёстой. Манай нам бол 26 жилийн урт хугацааны дотор асар хүнд замыг туулж ирсэн хүчирхэг улс төрийн хүчин. Өнөөдрийг хүртэл тулгуур багана нь болж ирсэн ардчиллын, АН-ын хэнийг ч гэсэн ялгаварлан гадуурхаж хөөж туух, гомдоох эрх дархтан, өөрсдийгөө дөвийлгөсөн хэн нэгэнд байх ёсгүй. Тэгэх аваас энэ нам юу ч биш болж, зөрчил тэмцэл үргэлжилж, гарч ирсэн дараачийн “лидер”-үүд ч хэн ч биш болж хувирна.

-Тийм болохоор яах ёстой гэж?

-УИХ-д сонгогдсон цөөн ч гэсэн хэдэн гишүүд маань төрийн бодлогод оролцсон шиг оролцож, бусад нь нам дээрээ улс төрийн бодлогоо төвлөрүүлж ажиллах хэрэгтэй. Яг 2000 онд байгуулагдсан АН шиг. Одоо болох гэж байгаа намынхаа зургадугаар Их хуралд мянга мянган гишүүдээ төлөөлж ирэх төлөөлөгчид бол шинэ нам байгуулах гэж ирж байгаа юм биш шүү. Намынхаа удирдлага зохион байгуулалтын алдаа оноог засч залруулах зорилгоор хамтын оюун ухаанаа уралдуулан намын үзэл баримтлалын

үндсэн зарчим, дүрэм журмаа шинэчлэн батлахад оролцох гэж байгаа юм. Энэ бол маш хариуцлагатай, түүхэн үүрэг хүлээж байгаа хэрэг. Дараа нь намын хэрэг эрхлэх газар шинэ дүрмийнхээ дагуу хийх ажлыг ажлын хэсэг, хороодыг байгуулж эрэмбэ дараатай, ямар нэг фракц, бүлэглэлээс ангид, хатуу дэг журамтай зохион байгуулж, намын даргаа гишүүдийнхээ оролцоотойгоор сонгон шалгаруулж намын VII Их хурлаараа баталгаажуулаад арагшаа биш урагшаа хараад явах хэрэгтэй. Ингэж байж л манай нам зөв голдрилд орно.

-Сонгуульд ялагдал хүлээсэн нэг гол шалтгаан нь танайхан төрийн эрх мэдлийг булаацалдаж хоорондоо хэрэлдэж толхилцож ирсний үр дүн юм биш үү?

-Олон шалтгаан бий байх. Би хувьдаа Засгийн газраа өөрсдөө санаачлан огцруулсан нь манай намын “буруу замаар будаа тээх” нөхцөл бүрдсэн гэж үздэг. Энэ зовлонг бид 1996-2000 онд амсахаараа нэг болсон шүү дээ. Тэр үед гурван удаа Засгийн газраа огцруулж, улмаар ардчилсан хүчний эвсэл задарснаар бид 2000 оны УИХ-ын сонгуульд сонгогчдоосоо ямар шан хүртлээ. МҮАН л ганц суудалтай хоцорсон шүү дээ. Миний бодлоор өмнөх сургамжаа тооцож, манай нам Засгийн газрыг огцруулах асуудлыг АН-ын ҮЗХ-оор оруулж, улс төрийн шийдвэр гаргах ёстой байсан. Ийм шийдвэр гаргаагүй нөхцөлд өнөөдөр хэн нэгнийг буруутгаж, Засгийн газрынхаа эсрэг санал өгсөн, хуралдаа ирээгүй УИХ-ын гишүүдэд намаас арга хэмжээ авах тухай яриад ч хэрэггүй. Нөгөө талаар сөрөг хүчний зүгээс АН-ын засаг төрийн үйл ажиллагааг цаг мөч бүрт муулж, хийсэн ажлыг нь үгүйсгэсэн үзэл суртлын ажил сонгогчдын сонголтод нөлөөлсөн гэдгийг үгүйсгэхгүй байна. Таны хэлсэнчлэн өнгөрсөн дөрвөн жилд улс, аймаг, дүүрэгт төрийн эрх мэдэл авсан манай зарим нөхдийн “сагсуурал”, намынхаа хамт олноос салж “тэнгэрийн хүн” болсон арчаагүй авирлал, зөрчил тэмцэл, эрх баригч хүчний хувьд хийсэн зарим бодлогогүй, болчимгүй алхмууд ялагдлын үндэс болсон. Энэ бол хатуу ч гэсэн үнэн. Үүнд АН, түүний жирийн гишүүд, дэмжигчид ямар ч буруугүй. Тийм учраас би дарга нарт алдаагаа бусдаас биш өөрсдөөсөө эрж хайх нь зөв шүү гэж хэлдэг.

-Та АН-ыг засгийн эрх барьж байхад УИХ-ын даргын ахлах зөвлөх, ажлын албаны дарга, сүүлд АН-ын Бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга болсон. Бодлогын зөвлөлийн ажил хэр зэрэг явагдсан бэ?

-АН-ын дарга З.Энхболд АН-ыг фракцгүй нам болсныг зарлаад дараа нь бодлогын зөвлөл байгуулах тухай шийдвэр гарч намайг зөвлөлийн ажлын албыг хариуцаж ажилла гэсэн. Бид зөвлөлийн дүрмийг хийж батлуулаад маш богино хугацааны дотор ҮЗХ-ны гишүүдийн саналыг авч тэднийг 12 зөвлөлд хуваан байршуулаад гишүүд дэмжигчдээс оролцох хүмүүсийн саналыг хүлээн авч зөвлөлүүдийн хурлыг хийж эхлүүлсэн. Гэтэл намайг Эрүүл мэнд,спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар томилж, би УИХ-ын даргын ахлах зөвлөх, хоёр ч ажлын албаны даргаас чөлөөлөгдсөн. Түүнээс хойш намаас бодлогын зөвлөлүүдийг хуралдуулж, дарга нарыг нь сонгон салбар хурлуудаа хийж эхэлсэн. Бид эрүүл мэндийн асуудлыг нийгмийн бодлогын зөвлөлд оруулж хэлэлцүүлж байсан. Зөвлөл байгуулснаар ҮЗХ-ны болон намын идэвхтэй гишүүдээ намын бодлого боловсруулах ажилд татан оролцуулах боломж бүрдэж, намд хамгийн зөв тогтолцоо бүрдэж эхэлсэн. Харамсалтай нь сонгууль тулчихсан болохоор тийм хүчтэй үйл ажиллагаа явуулах түвшинд хүрч чадалгүй зогсонги байдалд орсон.

-АН-ын дарга, УИХ-ын дарга асан З.Энхболд АН фракцгүй боллоо гэж зарлахад танай намын фракцын дарга нар бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө тодорхой үр дүнд хүрээгүй. Цаашид яах ёстой вэ?

-Фракцгүй нам болохыг бүгд л уухайлан дэмжсэн. Гэвч хэрэг дээрээ тодорхой үр дүнд хүрч чадаагүй. З.Энхболд даргын өрөөнд Шонхорынхон цуглаад байна, Ардчилсан хүчний холбооныхон орон нутагт бүсийн зөвлөгөөн хийгээд байна, алтангадасынхан Н.Алтанхуягтай уулзаад байна, МҮДН-ийхэн Хэнтийн Биндэрт цугласан гэнэ гээд л бие биенээ хардаж сэрдэж, үйл ажиллагаа нь үргэлжлээд байхаар яаж фракцгүй нам болж чадах юм бэ. АН-ын тулгын чулуу гэвэл 1990 оны ардчилсан хувьсгалын галыг асааж, дөлийг бадраасан Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо гурав. Энэ суурин дээр анхны ардчилсан хүчний намууд болох Ардчилсан нам, Монголын Социал демократ нам, Монголын үндэсний дэвшлийн нам байгуулагдаж байсан. Түүнээс хойш манайхан дотроос хичнээн хүн “охин компани” гэдэг шиг намаас тасарч шинэ “нам” байгуулав. Хэд нь дахиад хөрсөн дээрээ бууж АН-даа нэгдэв. Түүхийн шар хуудсанд бүгд бичээстэй л байгаа шүү дээ. АН өөрөө ардчилсан гэх маш олон улс төрийн хүчнүүдийн нэгдэл, үзэл санааг тээгч болж байдгийн хувьд өнөөдрийн АН-ын суурь хөдөлгөгч хүч нь бидний мэддэг Монголын Ардчилсан холбоо, Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбооны гишүүд дэмжигчид хэвээрээ хадгалагдаж байна. АН өнөөдрийг хүртэл муу, сайнаараа дуудуулаад бат бөх байгаа нь зөвхөн үүнтэй холбоотой гэж би үздэг. Үнэндээ АН-ыг сульдуулаад байгаа хүчин зүйл нь тэд биш, тэдний оролцоогүй үүсдэг фракцууд. Би АН дахь энэ фракцуудыг тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлыг харж өөрсдөө Их хуралд нэр дэвших квот олж авах, сайд даргын албан тушаал дээрээ үлдэх, эсвэл сайд дарга болох гэсэн амбицтай манай намын “лидер” гэгддэг хүмүүсийн санаачлан байгуулсан бүлэглэлүүд гэж хардаг. Тэд ҮЗХ-ны гишүүдийг тасдан бөөгнөрүүлж улмаар намын дотоод зөрчлийг бий болгосноос нам дүрэм журмынхаа дагуу хурлаа хийж чадахаа больсон. Намын нэр хүндийг олон түмний дунд унагаж, дүрэм журамгүй, үзэл баримтлалгүй мэт харагдуулж байгаа үндсэн суурь хүчин зүйл нь энд л байгаа. Мэдэж байгаа мөртлөө энэ бүлэглэлийг манай намын үе үеийн дарга нар, “лидер” хэмээн өргөмжлөгдсөн хүмүүс өөрсдөө тайван амгалан байхын тулд хүлээн зөвшөөрч, их хурлын квот өгч, сайд, даргын суудал хувааж өөгшүүлсээр ирсэн гэдгийг хэлэх хэрэгтэй. Одоо бүр залуучууд маань ч энэ замыг сонгож амар хялбар замаар албан тушаал, эрх мэдэл олж авах сонирхлоор элдэв хөдөлгөөн, фракц байгуулж байна.

-Танай нам чинь хамгийн мундаг дүрэм, журамтай гэдэг биз дээ?

-Байлгүй яахав, байх байхдаа манай намын дүрэм, журам тийм ч муу биш. Гол нь дүрмээ зөрчдөг, намын удирдлагууд дур зоргоороо авирладаг зүй бус тогтолцоо бүрдээд удлаа. Үүнийг л засах хэрэгтэй. Засахын тулд эхний ээлжинд одоо мөрдөж байгаа дүрэм, журмаа шинэчилж намын бүх шатанд дүрмээ хэрэгжүүлэх механизмыг тодорхой болгох, улмаар дүрэм зөрчсөн тохиолдолд бүх шатны намын удирдах байгууллага, намын дарга нарын хүлээх хариуцлагын тогтолцоог чангатгах гэж байгаа нь зөв. Манай нам гишүүд, дэмжигчдийнхээ оролцоог нэмэгдүүлж нээлттэй болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, АН гишүүд, дэмжигчдийнхээ дунд орж ажилладаг, бүх шатны хурлаа дүрмийн дагуу зохион байгуулдаг, даргаа дүрмийн дагуу сонгодог, ҮЗХ-ныхоо ротацыг хугацаанд нь явуулж цусаа сэлбэдэг байх ёстой. Энэ удаагийн намын Их хурлын үндсэн зорилго, чиг үүрэг нь ийм дүрэм журам батлахад л чиглэгдэж байна. Үүний дараа нэгэнт хүлээн зөвшөөрөхөд хэцүү болчихсон одоогийн ҮЗХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хороодын бүтэц бүрэлдэхүүн намын шинэ дүрмийн дагуу татан буугдаж дараагийн алхам руугаа орох хэрэгтэй.

-Дараагийн алхам гэдэг нь юу вэ?

-Намын даргаа сунгаагаар гаргаж, цагаан сарын өмнөхөн намын VII Их хурлаараа батламжлах. За тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах гээд ажил ундарна шүү дээ. Энэ бүхэн ямар үр дүнд хүрэх нь одоо болох Их хурлаас батлах дүрмийн шинэчлэлтээс ихээхэн хамаарах учраас төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг журмын дагуу хариуцлагатай сонгож, хурлын бэлтгэлийг өндөр түвшинд хангахад ажлын хэсгүүд сэтгэл гаргаж ажиллах ёстой. Хугацааны хувьд ч маш шахуу байна.

-Танай залуучууд намынхаа ахмадуудыг зайл гэдэг болж. Ингэхэд та ямар замаар энэ намын лидер улстөрч болсон бэ. Зүгээр л залууст сургамжтай юм уу гэж асууж байгаа юм шүү?

-Их сайхан асуулт байна. Нэг зүйлийг хэлэхэд би өөрийгөө нэг их лидер, мидер гэж өргөмжилдөг хүн биш шүү. Миний хувьд 1990 оноос “Шинэ дэвшилт холбоо”-нд Д.Батсүх, Да.Ганболд, Р.Амаржаргал, Н.Батбаяр, Ш.Алтангэрэл Б.Мэдрээ, Д.Сүхэрдэнэ, О.Энхтуяа, Ү.Наранцэцэг, Д.Нэргүй гээд журмын нөхдийнхөө хамтаар туг далбаа барьж, бичиг цаасан дээр сууж байсан ч 1996 он хүртэл аль нэг шатны сонгуульд нэр дэвшиж байгаагүй. 1996 онд намайг сонгуульд орох тухай зүүдлээ ч үгүй Төв аймгийн Баянцогтод явж байхад Да.Ганболд маргааш өглөө бэлэн бай гэж дуудуулж, шөнө яаран сандран ирсэн. Өглөө нь Төрийн ордонд Ц.Элбэгдорж даргатай уулзахад олон таван үггүй “За Ламбаа гуай та УИХ-ын гуравдугаар тойрогт нэр дэвшинээ” л гэсэн. Ингээд Хүүхдийн ордонд тангараг өргөж, УИХ-д нэр дэвших гэрээнд гарын үсэг зурж улс төрд орсон. Шалтгаан нь дарга нар тухайн үед намайг Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргын хувьд орон нутагтаа танигдсан хүн гэж, хоёрдугаарт, 1995 онд нийслэлийн багш нарын онц их хурлыг зохион байгуулж, улс орон даяар өрнөсөн багш нарын ажил хаялтыг дэмжиж, идэвхтэй оролцсон миний улс төрийн тэмцлийг үнэлж Их хуралд дэвшүүлсэн юм болов уу даа. Үнэндээ багш нарын 1995 оны ажил хаялт ардчилсан хүчний 1996 оны ялалтад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр цаг мөчөөс хойш өнөөдрийг хүртэл АН-ын үйл хэргийн төлөө үнэнчээр зүтгэж, архангайчуудынхаа итгэлийг хүлээж УИХ-д гурвантаа сонгогдож, намынхаа шийдвэрээр хоёр удаа Байнгын хорооны дарга, хоёр удаа төрийн сайдын алба хашсан. Үүнийг би өөрийнхөө сайнаар бус АН-ын нэр хүнд, гишүүд, дэмжигчдийн дэмжлэг, үе үеийн намын удирдах байгууллагаас хүлээлгэсэн итгэл, үүрэг даалгавар гэж үзэж ирсэн. Дарга, сайд болъё гэж хэзээ ч хэн нэгнийг ад үзэж, албан тушаалын төлөө арсалдаж явсангүй. Хий гэсэн ажлыг нь хийсэн шиг хийж, монгол түмнийхээ итгэлийг хүлээхийн төлөө зүтгэсэн.

-Бас нэрээ татаж байсан чинь хэдэн он билээ. Бусдадаа боломж олгоё гээд байсан санагдана…

-2012 онд АН-ын нэр дэвшигчид тойрог булаацалдаад хүндхэн байсан үед намын удирдлагад “Одоо би боллоо. УИХ-д залуучууд, эмэгтэйчүүдээ дэмжиж нэрээ татлаа” гэж хэлээд ҮЗХ-ны хуралд орж гишүүддээ амжилт хүсч, сэтгэлийн үгээ хэлээд УИХ-ын сонгуулиас нэрээ татсан. Миний энэ алхам тойрог булаацалдаж ширүүхэн болох гэж байсан хурлын уур амьсгалыг зөөллөж, эв зүйгээ олсон хурал болж дууссан. Гэхдээ би улстөрч хүний хувьд УИХ-аас нэрээ татаад санаа амраад явахыг хүсээгүй. Намайг байнга дэмжиж байсан архангайчуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулъя гэж бодоод 2012 оны орон нутгийн сонгуульд Архангай аймгийн Ардчилсан намыг орон нутагт ялуулахын тулд аймгийн АН-ын мөрийн хөтөлбөрийг бие даан боловсруулж, сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг бэлтгэн 25 мянган хувь хэвлүүлж, “АН ялбал аймгийн Засаг дарга болно” гэж зарлаад сонгуульд орсон. Үүний үр дүнд Архангай аймгийн АН 12 жилийн дараа орон нутагт ялалт байгуулсан. Ялалтын дараа залуучууд маань “Бид орон нутгаа удирдана” гэсэн, би “Тэгээ” л гэсэн. Өнөөдөр бид ялагдчихаад л сууж байна. Тэгэхээр манай залуучууд эрх мэдлийг үг хэлээр дайрч давшилж “булааж авах” бус ажиллаж, зүтгэж намын үе үеийн лидерүүдийнхээ итгэлийг хүлээж, ард түмнийхээ дунд танигдаж, нэр хүндтэй нэгэн болох замаар улс төрийн “тавцанд” гарах хэрэгтэй. Тийм боломжийг олгоход нам залуучууддаа тусалж, тэднийг тууштай дэмжих хэрэгтэй. Бид чинь мөнх биш шүү дээ. Ирээдүйн залгамж холбоо болох залуучуудаа бэлтгэж, намынхаа хүч чадлыг бэхжүүлэх нь бидний үүрэг, хийх ёстой ажил.

-АН-ыг улстөрчид үнэт зүйл, үзэл бодлоо гээсэн, “толгойгүй нам” болсон гэх болж. Та үүнтэй санал нийлэх үү ?

-АН бол хэн нэг дарга биш. АН бол Монголын ардчиллын бамбарыг асааж, түүний гэрэл гэгээнд бий болсон асар их үнэт зүйлийг тээгч болж түүний төлөө сэтгэл зүрхээрээ шатаж яваа мянга мянган гишүүд, дэмжигчид. “Толгойгүй нам” болсон гэж байгаа бол толгойны тухай, манай намын лидерүүдийн тухай л ярьж байгаа хэрэг. Үүнд АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид огт хамаагүй. УИХ-ын сонгуульд АН ялагдсаныг жүжигчин Амраагийн “би юу хийчих вэ”-гээс боллоо гэж шуугьсан, түүнийг янз бүрээр “гоочилсон”. Гэтэл жүжигчин Амраа “Би ардчиллыг биш АН-ын удирдлагыг л шүүмжилсэн” гэж товч бөгөөд тов тодорхой хариулт өгсөн байна лээ. Бид иймдээ тултал сэтгэлгээний ядууралд орж болохгүй л дээ.

-Танай намын лидерүүд намын даргад өрсөлдөнө гэдгээ зарлаад эхэллээ. Та хэнийг намын дарга болоосой гэж хүсч байгаа вэ?

-Одоо хэн нэгнийг нэрлэх боломжгүй. Нэр дэвшилт албан ёсоор зарлагдаж эхлээгүй байна. Ямар ч байсан АН-ын гишүүд, дэмжигчид, тэр ч бүү хэл Монголын ард түмэнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, АН-ын үйл хэрэгт үнэнчээр зүтгэсэн, ажил албандаа чин сэтгэлээсээ ханддаг, улс төрийн бодлогын алсын хараатай бай ёстой. Үнэнч шударга, авлигаас ангид, хүнээ дээдэлсэн харилцааны соёлтой, нийтэч, эх орон, ард түмэндээ хайртай, жудагтай улстөрч хүн байгаасай л гэж хүсч байна. Бас нэг зүйлийг нэмээд хэлчихэд манай намын эрхэм лидерүүд намын даргад өрсөлдөхдөө АН-аа л битгий муулаарай гэж хичээнгүйлэн гуйя. Яагаад гэвэл энэ намын ард түүнийг хүлээн зөвшөөрдөг монгол түмэн, АН-ын мянга мянган гишүүд дэмжигчид минь байгаа шүү.

-АН-ын ҮЗХ-ны хурал энэ сарын 16-нд чимээ анир багатай хуралдсан. Хүмүүсийн хүлээлтэд хариу өгсөн хурал болж чадсангүй гэсэн шүүмжлэл сонсогдож байна?

-ҮЗХ хуралдаад намын дүрэмд өөрчлөлт оруулах, ирэх сарын 06-нд товлосон АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулаад завсарласан. Миний хувьд хуучин дүрмээр энэ ҮЗХ-оор ямар нэг асуудал хэлэлцээд улс төрийн шийдвэр гаргахад намын хамт олонд хүлээн зөвшөөрөгдөх эсэх нь эргэлзээтэй болсон гэж үздэг. Ийм уур амьсгал манай намын гишүүд, дэмжигчид төдийгүй нийгэмд тэр аяараа давалгаалж байна. Тийм болохоор ирэх сарын зургаанд VI Их хурлаа хийж АН-ын дүрмээ шинэчилье гэж шийдсэн. Дараа нь шинэ дүрмийнхээ дагуу бүх шатны намын удирдах байгууллагыг шинээр бүрдүүлж, намын даргыг бүх гишүүдийнхээ саналаар гаргаж цагаан сарын өмнө намын VII Их хурлаараа баталгаажуулах нь зөв гэж үзэж байгаа. Энэ талаас нь авч үзвэл энэ удаагийн ҮЗХ үүргээ гүйцэтгэсэн гэж бодож байна. ҮЗХ-ны хурлаас батлагдсан хоёр ажлын хэсэг шуурхай ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат даргатай АН-ын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн 60 гаруй хүн Бичиг баримт боловсруулах, Санхүүгийн асуудлыг зохицуулах, Хурал зохион байгуулах гэсэн гурван ажлын дэд хэсэгт хуваагдан ажилдаа орсон. Миний ахалсан бичиг баримт боловсруулах ажлын дэд хэсэг “Намын Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын төслийг боловсруулж “Намын VI Их хурлыг зохион байгуулах ажлын хэсэг”-т оруулж батлуулаад манайхан зохион байгуулах ажилдаа орсон.

-Их хуралд төлөөлөгч сонгох журам ямар байх бол. Амралтын өдрүүдээр төлөөлөгчдөө сонгоно гэсэн. Төлөөлөгчдийнхөө зардал мөнгийг хэрхэн зохицуулж байгаа юм бол?

-Ардчилсан намын Үндсэн дүрэм батлах VI Их хуралд аймгийн төвөөс тус бүр гурав, нийт 57, Дорноговь аймгийн Замын-Үүд, Завхан аймгийн Тосонцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Сайхан, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас тус бүр гурав, нийт 18, Дархан-Уул аймгийн Дархан сумын баг тус бүрээс нэг, бусад гурван сумаас тус бүр нэг, нийт 21, Орхон аймгийн Баян-Өндөр сумын баг тус бүрээс нэг, Жаргалан сумаас нэг нийт 23, үлдсэн 299 сумаас тус бүр нэг, нийт 299, Нийслэлийн хороо тус бүрээс нэг, нийт 152, Аймгийн ИТХ-д АН-аас сонгогдсон 211, НИТХ-д АН-аас сонгогдсон дөрөв, Дүүргийн ИТХ-д АН-аас сонгогдсон 92, ҮЗХ-ны 255, Хяналтын ерөнхий хорооны ес, Ардчилсан ахмадын, эмэгтэйчүүдийн, залуучуудын холбооноос тус бүр 23 төлөөлөгч нийт 1210 төлөөлөгч оролцоно.

Их хурлыг арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд “Соёлын төв өргөө”-нд зохион байгуулна. Орон нутгаас ирэх төлөөлөгчдийн аймгийн төвөөс Улаанбаатарт ирж, буцах унааны зардал болон байр, хоолны зардлыг нам хариуцах юм.


Categories
мэдээ цаг-үе

Н.Оюундарь: Санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.

-Танай намын бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг хэлэлцлээ. Онцгой хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэхээр болж байна вэ?

-Засгийн газраас оруулж ирсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөр дээр намын бүлгээс ажлын хэсэг гарч ажилласан. Эдийн засгийн хүндрэлийг хэрхэн алдагдал багатай даван туулах хийгээд Монгол Улсын зээлжих зэрэглэл “-B”-гээс “С” зэрэглэл руу унаад байгааг буцаан сэргээх асуудлыг оруулж ирсэн байна. Зээлжих зэрэглэл буурч байгаа нь манай орны хувьд эдийн засагт маш том дохио өгч байгаа юм.

-Манай зээлжих зэрэглэл буурах болсон гол шалтгаанууд юу байсан юм бол?

-Ер нь бол гурван шалтгаан байгаа гэж үзсэн юм билээ. Эхний ээлжинд төсвийн алдагдал, түүний дараа хувийн хэвшил болон бодит секторыг дэмжихэд бодлогын ямар арга хэмжээ авч байна вэ гэдгийг харсан. Мөн төсвийн салхилга бат, гадны донор орнуудаас авсан зээлийн бүтцээ хэрхэн өөрчилж байна вэ гэдгийг сайтар шалгасны дүнд зээлжих зэрэглэл буурсан. Манай орны хувьд эхний ээлжинд зээлжих зэрэглэлээ нэмэгдүүлэхгүй бол эдийн засгийн уналтыг зогсоох, цаашид өсөлт гаргана гэдэг маш хүнд. Манай орны хувьд зээлжих зэрэглэлээ бууруулахгүй байя гээд байгаа ч эдийн засгийн томоохон байгууллагуудын хүсэн хүлээсэн хэмжээнд байж чадсангүй. Бүлгээс гарсан ажлын хэсэг ямар ч байсан зээлжих зэрэглэлийг +В зэрэглэл рүү оруулахаар ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг хэрхэн зогсоох тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Онцгой хөтөлбөрийн хүрээнд том төслүүдээ урагшлуулна гэдэг дээр бүлэг санал нэгдсэн. Том төслүүдийг урагшлуулахдаа төсөл тус бүр дээр тусгайлан арга хэмжээ авахгүй бол үр дүн багатай байж магадгүй гэж харж байгаа юм. Оюу толгой гэхэд төслөө хөдөлгөхийн тулд дөрвөн тэрбум гаруй ам.долларыг босгож чадсан. Харамсалтай нь энэ мөнгөө манай оронд биш гадаад бүсэд байршуулсан. Дөрвөн тэрбум ам.долларыг босгохтой холбоотойгоор үйл ажиллагааны зардал нь 300 гаруй сая ам.доллар гарсан юм билээ. Гэсэн ч энэ мөнгө нь манайхаас гарах хасах зардалд шингэчихсэн. Энэ мөнгийг ямар нэгэн байдлаар манай орны банкинд байршуулсан бол валютын нөөцөд ч эерэг хандлага гарч болох байсан. Энэ мэтчилэн нарийвчилсан зүйл тэр бүр тусгагдаагүй. Засгийн газрын зүгээс хийж хэрэгжүүлэх ажлын дарааллаа гаргасан. Бодит эдийн засгийг нэмэгдүүлэх хүрээнд баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, төрийн дарамтгүй бизнес эрхлэх орчинг бий болгох, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг сайжруулах хүрээнд бодлогоор дэмжихээр болж байна.

-Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх юм. Засгийн газар бүр л бизнесийн эрх зүйн орчинг сайжруулна гэдэг ч нааштай үр дүн гардаггүй?

-Гааль, татвар, мэргэжлийн хяналтаас үзүүлж буй дарамт шахалтыг багасгахаар болсон. Манай намын мөрийн хөтөлбөрт өгч буй лицензүүдийн тоог гурав дахин бууруулахаар тусгасан. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тал дээр мэдээж анхаарч ажиллана. Хямралын эдийн засаг үргэлжилж байгаа энэ үед ажлын байрыг хадгалж үлдсэн байгууллагуудыг ямар нэгэн байдлаар дэмжих ёстой. Төр засаг л мөнгөгүй хэцүү байгаа юм биш. Хувийн хэвшлийнхэнд бүгдэд нь хүнд байгаа. Тиймээс тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх ч байдаг юм уу урамшуулах нь илүү зөв зүйтэй алхам болох байх. Бодлогын томоохон арга хэмжээ авч чадвал хувийн хэвшлийнхэнд маш том дэм болно. Мөн шинээр бий болж буй бизнесүүдийг нэлээд сайн дэмжих шаардлагатай.

-Шинээр бий болж байгаа гэхээр ямар бизнесүүдийг хэлж байгаа юм бэ?

-Үүнд заавал том бизнес багтах шаардлагагүй. Хөл дээрээ тогтох гэж эдийн засгийн шуургыг сөрж зогсоо IT чиглэлийн ч байдаг юм уу бизнесийнхнийг бодлогоор дэмжиж хөгжүүлэх хэрэгтэй байна. Аливаа том бизнесийг дагаж шинэ жижиг бизнесүүд гарч ирж байдаг. Эдийн засгийн хямралтай, даван туулах гэж зүтгэж буй улс орнуудын жишээг харж байхад илүү тодорхой байдаг юм. Ямар ч улс орон эдийн засгийн хямралаас гарсан том алхам нь бизнесийн орчноо сайжруулж, тэднийг дэмжиж байж гарсан байдаг л даа.

-Банк санхүүгийн салбарт нэлээд хөдөлгөөн орж магадгүй байх шиг байна?

-Засгийн газраас оруулж ирсэн мөнгөний бодлогын хүрээнд Төв банкны засаглалын бүтцийг сайжруулах ёстой. Банк санхүүгийн систем ил тод нээлттэй байх шаардлагатай. Банкны систем гэдэг мөнгө олдог ганцхан эх үүсвэр биш. Тиймээс бид санхүүгийн зах зээлээ илүү хөгжүүлэх хэрэгтэй юм. Санхүүгийн зохицуулах хороо лиценз өгдөг ч үйл ажиллагаа хийхээсээ гадна мэргэжлийн чигэллээрээ IPO гаргадаг байгууллагуудтайгаа хамтран ажиллах цаг болсон. Бид санхүүгийн зах зээлийг дэмжиж байж банкнаас хараат бус байна.

Энэ хүрээнд гадны банкны салбарыг Монголд байгуулах хэрэгтэй. Үүнийг би үргэлж дэмжиж ирсэн. Засгийн газрын зүгээс эдийн засгийн онцгой хөтөлбөртөө гадны банк оруулж ирэх асуудлыг судлахаар болсон байна лээ. Түүнчлэн төсөв болон өр зээлийн менежмэнтийг сайжруулах зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Урт хугацаатай бага хүүтэй зээл авах тал дээр анхаарах хэрэгтэй юм.

Мал эрүүлжүүлэх хөтөлбөр дээр онцгой анхаарч байгаа. Манай орны хувьд мах болон малаас гарч буй түүхий эдийг экспортлох гол углуурга нь эрүүл мал. Тэр утгаараа хөдөө аж ахуйн салбарт илүү өсөлт гаргахын тулд малаа эрүүлжүүлэх нь бидний том зорилтын нэг болоод байгаа.

-Эдийн засгийн онцгой хөтөлбөрийн хүрээнд бооцоот морин уралдааны төв байгуулах, казино байгуулах асуудлууд тусгагдсан байгаа юм билээ. Эдгээрээс үнэхээр мөнгө босгох боломж нь хэр байгаа юм бол?

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчинг бий болгох, бараа бүтээгдэхүүнээ экспортлохоос гадна далд хэлбэрийн экспортыг дэмжих гэдэг утгаараа эдгээр заалтууд орж ирсэн. Хурдан морины тал дээр мэргэжлийн хүн биш болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Монголчуудын хувьд баяр наадмаа зохион байгуулаад сурчихсан хүмүүс бооцоот морин уралдаанаа түүнээс дутахгүй зохион байгуулах байлгүй дээ л гэж боддог. Бооцоот морин уралдааныг гадаадын хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэй манай орны хувьд хууль эрх зүйн орчингүйгээр хөдөө орон нутаг сумдад байнга л бооцоот морин уралдаан зохион байгуулж байдаг. Тиймээс үүнийг хуульчилж өгөх нь зөв байх.

Казиногийн хувьд хойд Америкийн бүст илүүтэй хөгжсөн. Лас Вегас, Невада гэх мэтчилэн баруун эрэг тэр чигээрээ казиног хөгжүүлж чадсан. Тэдний барьдаг бодлого нь нэг ирсэн тоглоомчинг дараа дахин ирүүлэх байдаг. Харин Ази руу болоод ирэхээр Сингапур, Малайз, БНСУ, Хонгконгод казиногийн үйл ажиллагаа явуулдаг. Казиногийн хувьд монгол хүн тэр казинод орж тоглож болох уу, үгүй юу гэдэг дээрээ маргаан дагуулдаг л даа. Тиймээс сайтар судалж байгаад байгуулах нь зөв болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Эрх баригчдын амнаас болж Монголын зээлжих зэрэглэл шалдаа буулаа

Олон улсын санхүүгийн үнэлгээний “Мoody’s” агентлаг өнгөрсөн есдүгээр сард манай улсын зээлийн хүүг В2-оос В3 болгон бууруулж “Ирж буй 12-18 сарын хугацаанд Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлалтай. Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэхүйц болж нэмэгдэнэ. Гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларч, төсвийн алдагдал өндөр байна” гэж тайлбарласан юм. Үнэлгээний байгууллагууд улс орны нөхцөл байдал өөрчлөгдөх үед дахин үнэлгээ хийж, зэрэглэлээ шинэчилдэг жишигтэй.

Гэтэл өнгөрсөн баасан гаригт Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В3 ангиллаас Caa1 ангилал руу буулгачихлаа. Тус байгууллагынхан энэ сарын 16-ны өдөр Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг хэлэлцэн дүгнээд зээлжих зэрэглэлийг бууруулах шийдвэр гаргасан аж. Энэ үнэлгээг дэлхийн үнэлгээний зах зээл дээр монополь байр суурьтай гурван байгууллагын нэг “Мoody’s” гаргасан гэдгийг онцолъя. Нөгөө хоёр нь Standard&Poor’s, FitchRat­ings. Энэ гурвын үнэлгээ ерөнхийдөө ижил түвшинд гардаг. С зэрэглэлийн үнэлгээ нь доод ангилалдаа ордог. “Мoody’s”-ийн ААА үнэлгээг хөрөнгө оруулахад сайн гэж үзэх бөгөөд ВВВ-г боломжийн улсад өгдөг үнэлгээ гээд ойлгочихож болно. BBB, BB гээд уруудаж явсаар B1 бол ерөнхийдөө муудаж байна гэсэн үг. Биднийг үнэлээд буй Caa1 үнэлгээг энгийнээр эрсдэлтэй хэмээн ойлгож болно. Уг үнэлгээнээс доошилбол санхүүгийн чадамжгүй, сэргэх магадлал бага бүр сэргэх магадлал туйлын бага зэрэглэлд орж, хөрөнгө оруулагчдаа бүрэн алдана гээд үнэлчихэд хэтрүүлсэн болохгүй.

“Мoody’s” гадаадын хөрөнгө оруулалтын сонирхлыг хамгаалж, урьдчилан анхааруулга өгөх үүрэгтэй ажилладаг олон улсын байгууллага. Зээлжих зэрэглэл тогтоодог үнэлгээний байгууллагууд зэрэглэл тогтоохдоо олон шалгуур үзүүлэлтийг хардаг бөгөөд тэр дундаа эрсдэлийн үнэлгээг маш нарийн явуулдаг юм. Нөхцөл байдлыг ихэвчлэн хамгийн муу тохиолдолд гэсэн байр сууринаас авч үздэг. Үнэлгээг улс орны онцлог, салбарын эрсдэл, бизнесийн эрсдэл, санхүүгийн эрсдэл гэсэн ерөнхий чигийг барьж тогтоодог. Ерөнхийдөө найдвартай байдлыг харгалзан тогтоох замаар хөрөнгө оруулагчид болоод зах зээлд мэдээлдэг юм. Энэ судалгаагаар гарсан зэрэглэл сайтай улс, компанид хөрөнгө оруулалт их хийгдэх, зээлийн хүү бага тогтох давуу тал болдог бол бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл багасдаг. Тиймээс хөрөнгө оруулагчдаа татахын тулд улсын зэрэглэлийг өндөр байлгах нь чухал. Учир нь компани, санхүүгийн байгууллага, банк хичнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынх нь зэрэглэл муу бол хөрөнгө босгох магадлал эрс буурдаг. Энэ утгаараа зээлжих зэрэглэл сул байх тусам улсын эдийн засаг унадаг эрсдэлтэй.

Хэдхэн жилийн өмнө зээлжих зэрэглэлийн үнэлгээ тогтоодог “Standard & Poor’s” B+, “Moody’s” манай улсад B1 гэсэн үнэлгээ өгч хөрөнгө оруулагчдад мөнгө зээлж болно хэмээж байлаа. Харин одоо эдэнд мөнгөө өгч болохгүй гэх анхааруулга гаргачихлаа. Цаашлаад Засгийн газрын зээлжих зэрэглэл буурах, хөрөнгө оруулагчдын мөнгө буюу долларын урсгал хаагдах эрсдэл өндөр гэж судлаачид сануулж байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан шалтгааныг дурдъя. МАН эрх барьснаас хойш Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар “Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг давлаа. Гадаад худалдаа өмнөх оноос 13 хувиар буурч, Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлын санхүүжилт хасах баланстай байна” хэмээн сөрөг мэдээлэл цацаж эхэлсэн. Энэ мэдээллийг сонссон хөрөнгө оруулагчдад эмээлт, эргэлзээ үүссэн юм. Мэдээж хэн ч Монголбанк, Сангийн яамнаас нь эдийн засаг сайнгүйгээс мэдээлэл хийгээд байхад итгэл үзүүлж хөрөнгө оруулахгүй. Үүнээс үүдэн “Moody’s” үнэлгээний байгууллага Монгол Улсын нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас, дахин үнэлгээ хийх хэрэгтэй хэмээн үзжээ. Үнэлгээгээр Монгол Улсын зээлжилтийн зэрэглэлийг дахин нэг шат буулгасан байна. Монголчууд эртнээсээ гадаа гараад амаа, гэрт ороод галаа хэмээн хэлцсээр ирсэн ард түмэн. Ийн эрх баригчид амнаасаа болж хөрөнгө оруулагчдын монголчуудад итгэх итгэлийг сулруулж, зээлжих зэрэглэлийг буурууллаа.

Эрх хүүхэд шиг гоншигонож байж эх орныхоо зээлжих зэрэглэлийг буулгасны дараа Засгийн газраас Монголбанктай хамтран энэ шийдвэрийг бодит бус гэж үзэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлж мэдэгдэл хүртэл гаргаж тэс хөндлөнтөв. Тус мэдэгдэлд “Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж баталсан. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурна. УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан. Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд тус сангийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны арванхоёрдугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” хэмээжээ.

Гоншигонож гомдоллож байхынхаа оронд аль эрт мэдэгдэл гаргасан бол эх орны маань зээлжих зэрэглэл буурахгүй байх байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ираны экс Ерөнхийлөгч хонь хариулж, нийтийн тээврээр зорчдог

Ираны Ерөнхийлөгч асан Махмуд Ахмадинежад цагтаа дэлхий нийтийн анхаарлын төвд байсан улстөрч. Исламын Бүгд Найрамдах Улсын зургаа дахь Ерөнхийлөгч тэрээр 2013 онд албан ажлаа хүлээлгэн өгснөөсөө хойш улс төрөөс хөндийрсөн юм. Уг нь бол шинэ нам байгуулна хэмээн ярьж байсан.

Өдгөө Тегеран хотын Нармак дүүрэг дэх хуучин байшиндаа амьдарч байгаа түүний тухай саяхан Казахстаны нэгэн хэвлэлд бичжээ. М.Ахмадинежад чөлөө заваараа хөдөө хонь хариулж, оршин суудаг дүүргийнхээ гудамжийг шүүрдэж цэвэрлэгээний ажилд тусалдаг гэнэ. Төрийн тэргүүний албаа өгсний дараа тусгай тэтгэврээс татгалзахдаа “Тэтгэвэр авахын тулд бус ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэсэн” хэмээн тайлбарласан байна. Тиймээс өдгөө багшийн цалингаар амьдардаг. Ажиллахын сацуу энд тэндхийн нэртэй сургуулиудад уригдан очиж лекц уншдаг түүний сарын орлого нь 250 ам.доллар.

Ираны цөмийн хөтөлбөр нь дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг асуудал. М.Ахмадинежад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн бодлогыг тууштай баримталсан нэгэн. Энэ нь АНУ, Ираны харилцааг улам хурцатгасан юм. М.Ахмадинежадын үед Иран цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг хэрхэн бүрэн шийдэх талаар дөрвөн хэсгээс бүрдсэн саналыг боловсруулан Их Британи, ХБНГУ, Франц гуравт хүргүүлсэн. Гэвч хариуд нь дээр дурдсан гурван орон хариу саналаа хүргүүлсэн юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг уг хөтөлбөртэй холбоотой бүх баримт бичгийг өгөхийг Иранаас шаардаж, Аюулгүйн Зөвлөлөөс Иранд сарын хугацаанд уран баяжуулахыг хориглосон билээ. Энэ үед М.Ахмадинежад Аракт хүнд усны үйлдвэрийн нээлтийг хийлгүүлж өөрөө түүнд оролцсон. Ийнхүү багагүй шуугиан болсны эцэст 2012 онд Ираны цөмийн асуудлаар зургаан талт хэлэлцээ эхэлсэн. Туркийн Истамбул хотноо болсон уг хэлэлцээр бас л тохиролцоонд хүрч чадаагүй.

Харин М.Ахмадинежадыг ажлаа өгсний дараа энэ асуудлаарх хэлэлцээнд ахиц дэвшил гарсан юм.

М.Ахмадинежад Ерөнхийлөгч байхдаа ч ер бусын үйлдлээрээ олныг үргэлж гайхшруулж байсан улстөрч юм. У.Чавес, Ф.Кастро, С.Лукашенко. М.Каддафи зэрэг улстөрчидтэй хамгийн сайн ойлголцдог байсан. Төрийн тэргүүнээр сонгогдоод албан өргөөнд очиход үнэтэй перс хивсээр гоёсон байсныг бүгдийг нь авахуулж Тегераны нэгэн Исламын сүмд хандивлан оронд нь ердийн хивс дэвсүүлжээ. Тэрээр Ерөнхиийлөгч болсон даруйдаа хөрөнгийн мэдүүлгийг өгсөн. Түүнд нь 1977 онд үйлдвэрлэсэн “Peugeot” машин, эцгээсээ 40 жилийн өмнө өвлөн авсан Тегеран хотын чинээлэг бус хүмүүс амьдардаг нэгэн дүүрэг дэх байшин хоёроос өөр юм бараг байгаагүй гэдэг. Энгийн амьдрах нь түүний амьдралдаа баримталдаг хамгийн гол зарчмуудын нэг.

Тиймээс ч төрийн тэргүүн байхдаа сайдаар томилогдсон хүмүүсийг баяжиж болохгүй, өөрийнх нь болон гэр бүлийнх нь гишүүдийн дансыг шалгана гэсэн заалттай баримт бичигт гарын үсэг зуруулдаг байжээ.

М.Ахмаднежадын үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудыг гайхшруулсан явдал ч нэлээд болдог байсан гэдэг. Төрийн тэргүүн өдрийнхөө хоолыг гэрээсээ авчирч иддэг байжээ. Эхнэр нь өглөө бүр оливийн тос түрхэж, бяслаг тавьсан хар талхаа бэлдэж өгнө. Исламын шашинтан тэрээр ганцхан эхнэртэй.

Найман жил Ерөнхийлөгчийн албыг хашихдаа улсын төсвөөс сохор зоос ч аваагүй тэрээр “Бүх баялаг ард түмний хүртээл болох ёстой” гэдэг. Түүнийг төрийн тэргүүн байхад ч эхнэр нь медрес буюу шашны дунд сургуульд цэвэрлэгчээр ажиллаж байжээ. М.Ахмадинежад Ираны Ерөнхийлөгч байхдаа Америкийн “Fox News” телевизэд ярилцлага өгсөн. Сэтгүүлч түүнээс “Та өглөө болгон өөрийгөө толинд хараад юу гэж хэлдэг вэ” гэхэд “Чи бол нэг зарцаас илүүгүй гэдгээ мартаж болохгүй” хэмээн хариулсан байдаг. Түүний хэлсэн энэ үг тухайн үедээ нэлээд шуугиан тарьж байсан.

Экс Ерөнхийлөгч одоо ч маш энгийн амьдардаг, бусдын адил ажилдаа нийтийн тээврээр явдаг гэнэ.

М.Ахмадинежад 2010 онд төрийн тэргүүн байхдаа хөрөнгийн мэдүүлэгтээ бичсэн 1977 онд үйлдвэрлэсэн “Peu­geot” машинаа дуудлагаар худалдсан. Шинэ “Peu­geot” машин нь 9000 ам.долларын үнэтэй, хуучин нь 2000 ам.доллараар зарагдаг. Харин Ираны экс Ерөнхийлөгчийн хуучин машин нэг сая ам.доллар хүрсэн гэдэг.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Найзууд маань намайг их гэрэл гэгээтэй бичлэгтэй гэж хэлдэг юм

“Утгын чимэг-2016” богино өгүүллэгийн наадамд Монголын радиогийн “Алтан сан” радиогийн продюсер, зохиолч, яруу найрагч Балсангийн Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар” бүтээлээрээ түрүүлсэн юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Таныг Ховдын багшийн дээд сургуулийг төгссөн гэж сонслоо. Хэдэн онд дээд сургуулиа дүүргэсэн бэ, та аль нутгийнх вэ?

-Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх.1992 онд Ховдын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн. Аравдугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орохдоо МУИС-ийн сэтгүүлчийн ангид орох санаатай байсан ч чадаагүй. МУИС-ийг сонирхож байсан болохоор Ховдын сургууль руу их л дургүй явж байлаа. Хожим нь эргээд бодоход Ховдын багшийн дээд сургуульд сурсан нь маш их хувь заяа байж гэж бодогддог. Тэнд л хамгийн сайхан багш, найз нөхөдтэйгөө учирсан. Азаар надад олон сайхан уран бүтээлч найз нөхөд бий. Урд нь гараад манлайлаад байсангүй ч ард нь нэг их хоцорчихгүй, сураг ажиг тасарчихгүй шиг явж л байна. Монголын радио гэх энэ эрхэм айлын оноож өгсөн албыг цалгардуулахгүй бусдын дайтай сэтгүүлч гэж хэлэгдэх хэмжээнд хүргэсэн нь миний багш нарын ач гавьяа, тиймээс баярлаж урамшсан энэ өдрүүдэд багш нарыгаа л бодож байна даа.

-Багш гэснээс таныг зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн шавь гэж сонслоо.

-Би их азтай хүн бололтой. 1991 оны “Морин хуур” наадамд миний үгийг нь бичсэн “Салж эгээрэх хорвоо” дуу дэд байрын шагнал хүртсэн. Тэгэхэд би оюутан байсан. Үүнээс хойш “Салж эгээрэх хорвоо”-гийн Лхагвасүрэн гэдэг нэрийн хуудсаар олон сайхан уран бүтээлчтэй танилцсан. Намайг анх Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг ах Монголын радиогийн дарга байсан зохиолч П.Баярсайхан дээр дагуулж ирээд танилцуулахад “Аан нөгөө “Салж гэгээрэх хорвоо”-гийн Лхагвасүрэн үү” гэж билээ. Тэгээд Баярсайхан дарга зохиолч С.Пүрэв гуайг өрөөндөө дуудаж танилцуулаад тухайн үед С.Пүрэв ахын удирдаж байсан Уран зохиолын редакцид ажиллаж эхэлснээр би радиогийн хүн болсон доо. Ингэж анх удаа тэр гайхалтай мундаг том зохиолчийг харж билээ. Манай уран зохиолын редакцид нэрт зохиолч МУСГЗ Д.Намсрай, СГЗ Ж.Саруулбуян, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, нэрт сэтгүүлч П.Соёлдэлгэр зэрэг уран бүтээлчид ажиллаж байлаа. Ийм мундаг хүмүүстэй ажиллана гэдэг дахиад нэг их сургууль дүүргэсэнтэй адил болсон. Би С.Пүрэв ахыг та миний багш гэж байгаагүй, Пүрэв ах ч намайг чи миний шавь гээгүй. Гэхдээ өдөр тутам тэднээсээ үлгэр авч, тэдний хүн, уран бүтээлч байх ухааны зах зухаас өөрийн хэрээр өөртөө үлдээсэн гэж боддог.

“Утгын чимэг” наадамд С.Пүрэв ахтайгаа цуг оролцсон. Би ер нь ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй, нам гүм байдаг хүн, анх удаа л энэ нэр хүндтэй наадамд найз нөхдийнхөө шаардлага түлхээсээр оролцлоо. Би нэг их авьяастайдаа биш сайхан багш нар, мундаг сайхан найз нар дэргэд маань байдаг учраас хүн аргагүй өөртөө шаардлага тавьж, тэднийхээ энд хүрч цойлохгүй ч гэсэн араас нь явах гэдэг юм уу, нэг юм байдаг юм билээ. 1990-ээд онд уран бүтээлээ туурвиж эхлээд өдгөө нэртэй яруу найрагч, зохиолчид болсон олон сайхан найз нар минь намайг цаг үргэлж дэргэдээ дагуулж чимээ алдраад алга болчихолгүй бич, номоо гарга гэж шавдуулдаг. Одоо үгэнд нь орноо. Энэ үйл явдал надад маш их урам зориг итгэл өглөө. “Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэгийн нэг нь болжээ гэж сонсоод би үнэхээр их баярласан. “Миний өгүүллэг шилдэг аравт орчихлоо. Энэ чинь найзад нь түрүүлснээс ялгаагүй” гээд л найз нартаа гайхуулж байлаа. Гэтэл түрүүлчихсэн чинь их гоё байна. Хүмүүс намайг мэдэхгүй, Батын Лхагвасүрэн эгчтэйгээ зэрэгцээд сууж байсан чинь түүнд баяр хүргээд. Тэгсэн Батын Лхагвасүрэн эгч маань “Энэ хүн” гээд заасан. Миний урд талын эгнээнд нэрт орчуулагч Ж.Нэргүй сууж байсан. Эхний таван өгүүллэг уншигдсаны дараа эргэж хараад “Лхагвасүрэн гэж чи юу, өгүүллэг чинь түрүүлнэ ээ” гэж хэлээд надад баяр хүргэхэд үнэхээр их догдолсон. Миний өгүүллэг тав дахь өгүүллэг болж уншигдсан юм л даа. “Утгын чимэг”-ийн тэргүүн байран дээр нэмэх бас нэг том шагнал байсан нь Ж.Нэргүй ахын хэлсэн тэр үг.

-Та урьд нь ямар ч тэмцээн, уралдаанд оролцож байгаагүй гэлээ. Яагаад “Утгын чимэг”-т оролцохоор шийдэв?

-Уг нь би оролцоно гэж бодоогүй. Манай радиогийн дарга зохиолч, сэтгүүлч Б.Баярсайхан нэлээд дээхнэ чи “Утгын чимэг” наадамд өгүүллэгээ өгөөрэй” гэж байсан. Тухайн үедээ би чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн ч Баярааг харахаараа нээрээ өгүүллэгээ бичье байз гэж бодоод л өнгөрнө. “Утгын чимэг”-ийн өгүүллэг авч дуусах сүүлийн өдөр манай “Шинэ эрин”-ий сэтгүүлч Цогт-Эрдэнэ орж ирээд “Та нар “Утгын чимэг”-т өгүүллэгээ өгсөн үү. Манай Бавуу ах, Мийгаа ах, Нямлхагва ах аль хэдийнэ өгчихсөн” гэж байна. Тэгэхээр нь би тоглоомоор “Хөөе Эрдэнэ-Очир оо, нөгөөдүүл чинь өгчихсөн гэнэ шүү. Бавуу хүртэл өгүүллэг өгсөн байна шүү дээ… Хоёулаа эднийг нам дарах уу” гээд л марзаганаж билээ. Тэгсэн А.Эрдэнэ-Очир маань “Хүүе тэгье. Надад ч нэг юм байгаа. Тэрийгээ янзлаад маргааш аваад ирье. Чи ч гэсэн өгүүллэгээ өгчих” гэхэд юугаа өгдөг билээ гэж бодсон. “Намар оройхон” гэж нэг өгүүллэг бичээд арай дуусаагүй байсан. Миний бодлоор бол их гайгүй. Гэтэл “Утгын чимэг”-ийн шалгуур нь гурван хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Тиймээс “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээ маш хурдан бичсэн. Санаа нь сэтгэлд байсан л даа. Тийм болохоор амархан бичигдсэн.

-Нэг шөнө суугаад бичсэн гэсэн?

-Тийм ээ, бүтээл авах сүүлийн өдөр болохоор их ч сандарсан. Гэхдээ санаа нь сэтгэлд явж байсан. Уран уншигчид өгөхөөсөө өмнө төгсгөлөө жаахан зассан юм. Миний өгүүллэгийг жүжигчин Т.Энхдөл үнэхээр сайхан уншсан. Дорноговийн театрын жүжигчин Төмөрбаатар гэдэг хүний хүү юм байна лээ. Аргагүй урлагийн хүний хүүхдийн сэтгэл ур мэдрэмж байна даа гэж бодсон.

-Та түрүүн “Салж эгээрэх хорвоо” дуу 1991 онд “Морин хуур” наадамд дэд тэргүүн байр эзэлсэн гэсэн. Энэ дуу яаж төрсөн бол?

-Тэгэхэд би гуравдугаар курсийн оюутан байсан. Манай Ховдын “Жангар” гэж гоё хамтлаг байлаа. Нэг өдөр завсарлагаанаар ангийнхантайгаа цонхон дээр яриад зогсож байтал тус хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Н.Цолмон ирээд ээждээ зориулж дуу хийх гэсэн юм, шүлэг бичиж өгөөч гэсэн. Одоо санахгүй байна аа, нэг шалтгаанаар их л яаруу, өнөөдөр байвал сайн байна гэсэн. Цолмон бас иймэрхүү санаатай байвал зүгээр гэж хэлж өгсөн л дөө. Тэгээд л “Тэгье, одоо бичээд өгье” гээд цонхны тавцан дээр сууж байгаад шүлгийг нь бичиж өгч билээ. Тэгээд “Юу ч гэсэн үүнийг аваад явж бай” гэсэн. Орой нь очоод гурав дахь бадгийг нь бичихээр болсон. Гэтэл цааш нь бичих гэсэн боловч ерөөсөө болоогүй. Ингээд л хоёр бадагтай дуу болсон доо. Тэр үед ээждээ зориулж дуу хийх гээд яарч сандарч яваа Цолмонг хараад өрөвдсөн үү, ээжийгээ хачин их санадаг байсан болохоор тэр үү. Тэр дууны үг их л хурдан гарсан даа. Тухайн үед сургуулийнхаа яруу найргийн дугуйланд явдаг байсан. Бас яруу найрагч, миний багш Дашзэвэгийн Мөнхтөр болон яруу найрагч Д.Цогбадрах, Т.Баянсан, Х.Эрдэнэбаатар, М.Уянсүх нарынхаа хөг аялгуунд автаж шүлэг их бичдэг байсан. Би ер нь дандаа л сайн найз нар, багш, хамт олонтой учирч явдаг юм байна. Тэдний маань нөлөө маш их юм даа.

-Та бичсэн шүлэг, өгүүллэгээ ширээнийхээ нүдэнд хадгалаад байдаг юм уу даа, “Утгын чимэг” наадамд түрүүлээд шагналаа гардан авч байхдаа “За одоо нэг ном гаргана даа” гэж бодогдож байв уу?

-Бодогдсон. Шагнал гардуулсны дараа манай уран бүтээлчид Зохиолчдын хороон дээр очсон. Тэр үед надад нэг юм бодогдсон. “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээс маань илүү байж магадгүй өгүүллэг надад байгаа ч юм шиг. Өгүүллэгийнхээ номыг гаргая, ном болчих шүлгүүд ч бий. Тууриар дагнах юм бол мөн л нэг ном болох байх даа гэсэн юм бодлоо. Найз нөхөд маань баяр хүргэж жаахан суусны дараа сэтгэл их догдолчихсон гэртээ ирээд шөнөжин хэдэн хавтсаа эргүүлээд харж суухад нэлээд юм байна лээ. Гэртээ сэтгэлд хүрсэн сайхан бичгийн ширээ, тухтай сандал, их олон тэмдэглэлийн дэвтэртэй. Бас үнэхээр сайхан амттай чанадаг кофе чанагчтай. Энэ хэдтэйгээ нөхөрлөөд л чимээ аниргүй удаан явлаа. Одоо номоо гаргаж уран бүтээлчдийн дунд орж ном бүтээлээр нь мэддэг болсон хүмүүсээ зүс төрхөөр нь таньдаг болъё доо, намайг тоовол тэмдэглэлийн дэвтэртээ тэдний ухааны далайгаас чадлын хэрээр тэмдэглэж үлдээе дээ гэж л бодож байна. Тэмдэглэл ямар үнэ цэнэтэйг би Ж.Саруулбуян ахаасаа сурсан.

-Бичсэнээ эргээд харахад ихэвчлэн ямар сэдвийг илүү хөндсөн байна?

-Найзууд маань намайг их гэрэл гэгээтэй бичлэгтэй гэж хэлдэг шүү. Би цэнхэр, хөх гэдэг үгийг их хэрэглэдэг. Шүлгэнд маань гэхэд тав, зургаа, бүр арав гаруй удаа цэнхэр гэдэг үг орсон байдаг. Тэглээ ч нэг үг олон давтагдсан гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй гэж уншсан хүмүүс хэлдэг. Би өөрөө ч тэгж боддог. Харин саяын түрүүлсэн өгүүллэгийн эхний хэдхэн мөрөнд хөх гэдэг үг дөрөв тав орсон байгаа. Ингэж болох уу гэж нэг уншигч сайтад тавигдсан өгүүллэгийн маань доор сэтгэгдэл хэсэгт нэлээн шүүмжилсэн байна лээ. Би ер нь алив нэг юмны тухай удаан боддог. Амьдрал энгийн амар амгалан байгаасай. Хүмүүс ч гэсэн бие биедээ ээж аав, ахан дүүс, хань ижлийн сэтгэлээр дулаан дотно хандаасай. Мянга мянган жил амьдрахгүй болохоор хүйтэн сэрүү татмаар биш найрсаг дулаахан байгаасай л гэж боддог. Гаднаас нь харахад үнэтэй тансаг өмсгөлтэй гоё ганган хэдий ч ширэв татаад ихэмсэглээд алив бүхэнд ялгавартай хандаж байгаа хүнийг хараад яагаад ч юм өрөвддөг, бас жийрхдэг.

-Та Монголын Зохиолчдын Эвлэлд элсээгүй гэсэн байх аа?

-Тийм ээ. СГЗ, яруу найрагч Ц.Чимэддорж, П.Баярсайхан ах маань амьд сэрүүн байхдаа намайг батлан даагаад элсүүлье гэж байсан боловч би жаахан хойш суугаад элсээгүй. Дараа нь Ц.Бавуудорж, Б.Баярсайхан хоёр маань элсүүлье гэсэн боловч бас л хойш суугаад хоцорсон. Хувь хүнийхээ хувьд би тиймэрхүү хэнэггүй ч юм уу, дорой ч юм уу, чимээ аниргүй нам гүмд л ном уншаад тав тухтайхан сууж байвал сайхан санагддаг хүн л дээ.


Categories
мэдээ цаг-үе

Аав, хүү, бэр Цагдаа

Цагдаа гэр бүлийнхэнтэй ярилцлаа. Аав С.Дорж Улаанбаатар хотын цагдаагийн холбооны албанд холбооны инженерээр 1968 оноос ажилласан. Цагдаагийн газрын анхны холбооны ажилтны нэг ажээ. С.Дорж гуай цагдаагийн хошууч цолтой. С.Дорж гуайн гэргий Ц.Нина ч нэгэн үе хэв журмын цагдаа хийж байсан гэнэ. Хүү нь ч бас гэр бүлээрээ цагдаа.

Доржийн Гантулга ахлах ахлагч цолтой. Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэв журмын цагдаа хийдэг. 18 наснаасаа ажлын гараагаа эхэлж, өдгөө 25 дахь жилдээ цагдаагаар ажиллаж буй. Түүний гэргий Х.Энхжаргал цагдаагийн байгууллагад арав дахь жилдээ ажиллаж буй. Дүүргийн хөдөлмөрийн аварга болж байсан ч “Хамгийн том шагнал нь “Алдарт эх”-ийн одон” гэнэ. Нөхөр Д.Гантулга Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн аварга, дүүргийн хөдөлмөрийн аварга, Нийслэлийн тэргүүний ажилтан, ЦЕГ-ын Хүндэт жуухаар шагнагдаж байжээ.

Д.Гантулгад эхний асуултаа тавилаа.

-Таныг цагдаа болоход аавын нөлөө байсан уу, яагаад цагдаа болохоор шийдсэн бэ?

-Гэр бүл, өөрийн сонирхол нөлөөлсөн.

-Цагдаагийн байгууллагад ажилладаг ээж, аав хүүхдэдээ нэг их цаг гаргаж чаддаггүй байсан болов уу, хүүхэд насныхаа тухай дурсаач?

-Хүүхэд байхад аав, ээж хоёр “Түргэн авлаа” гээд хоёр, гурав хоног явдаг. Аав маань жижиг бор түргэний чемодантай байсан. Түүнийгээ бариад гараад явдаг байлаа. Бид аав, ээжийгээ хүлээсэн улсууд. Эхээс наймуулаа.

-Гэр бүлээрээ цагдаад ажиллаж, найман хүүхэд өсгөнө гэдэг амаргүй байх?

С.Дорж: -Цагдаад нийтдээ 38 жил ажилласан юм байна. Баяр наадмаар баярлаж байгаагүй. Ямар ч баяраар хамгаалалтын ажилтай байна. Баярын дараа бүх юм дууссан хойно биенийхээрээ орж гардаг. Одоо ч эд яг адилхан. Улсын баярын дараа долдугаар сарын 14-15-нд хүүхдүүдээ цуглуулдаг.

-Танай хүүхдүүд цэцэрлэг, яслиар дамжсан уу?

– Миний ээж хүүхдүүдийг маань харж өгсөн л дөө. Хүүхэд томроод ирэхээрээ том нь жижгийгээ хараад явдаг. Ямар сайндаа цэцэрлэгт хүүхдээ өгчихөөд, шөнө орой болтол авч чадахгүй, хасагдаж байх вэ. Би хамгаалалтад явчихсан. Авгай жижүүртэй, утсан дээр суучихсан. Одоогийнх шиг утсаар холбогдох биш. Шөнө яваад очиход 12 цаг болчихсон. Хүү маань манаач дээр үлдчихсэн байлаа. Гурав дахь хүүхэд маань ингэж цэцэрлэгээс хасагдсан юм. Хэдэн хүүхдээ унтаж байхад шөнө цоожлоод л гардаг. Одоотой адилхан унаа байх биш. Манайх Хайлаастад, хоёулаа шогшсоор байгаад ороод ирдэг. Тэр үеийн жолооч нар сайхан байсан. Хэрэв машин явж таарах юм бол зогсоод суулгадаг байлаа.

-Ийм амаргүй ажлыг хүү тань бас өвлөж авна гэхээр яаж хүлээж авсан бэ?

-Дөрвөн хүүтэй, гурав нь цагдаагийн албаар дамжсан. Төрийн ажил хийж л байвал болж л байна. Сайхан ажил. Зүтгэсний хүчинд одоо тэтгэвэр аваад, амар сууж байна. Тэтгэврийн мөнгө өөрт маань бол хүрнэ шүү.

-Таныг ажиллаж байх үеийн онцгой тохиолдлууд олон байх. Санаанд үлдсэн ямар түүх байдаг вэ?

-Улаанбаатарын хэмжээнд 1968 онд хоёрхон том ресторантай байлаа. “Туул” ресторанд согтуучууд цугладаг. Эргүүлийн гурав, дөрвөн тэрэгтэй. Тэндээс хүнээ ачаад ирдэг байлаа. Сансарт нэг ресторон нээгдэхэд нөгөөдүүл тийшээ шилжиж билээ. Холбооны алба байгуулагдсан жил стадионд анх удаа богино долгионоор бид холбогдсон. Тэгэхэд архичид, танхайчууд “Хэрэг тарьж болохоо байлаа. Суугаад босоход нэгийгээ дуудаад авчихдаг болж” гэж байсан гэдэг. Станцаар бие биетэйгээ яриад “Тэнд болохоо байлаа шүү, очоод ав” гэхэд л авчихдаг байхгүй юу. Элчингийн хүүхэд дугуйтай явж байгаад Сансарт дээрэмдүүлчихсэн. Бид станцаар зарлачихсан юм. Цаг гаруйн дараа бариад ирсэн. Элчингийнхэн “Та нар яаж олов” гээд гайхаж билээ.

-Хамгийн том хэрэг юу байв?

-Нэлээн дуулиантай хэрэг нь Хүнсний 20-ийн зодоон. 1972-1973 оны хэрэг юм уу даа.Тэр үед цэргийг комендат журамладаг байсан юм. Хоёр цэргийг комендат журамлаж байхыг ард түмэн хараад нөгөөдүүл рүү дайрсан. Ардууд оролцсон нэлээд том зодоон болсон юм. Барих мөртлөө барихгүй зодож нүдсэн шиг байна лээ. Нэлээд том зодоон болсон. Тавь, жаран хүн оролцсон байх.

-Тэр үед цагдаа нар хамгаалалтын ямар хэрэгсэлтэй байсан бэ?

-Бороохой ч байгаагүй. Ер нь цагдааг бүх л юманд дуудна шүү дээ. Арай л “Би шээж чадахгүй байна” гэж дуудахгүй юм. Одоо бол айлын хүүхэд уйлсан ч дууддаг болж.

-Гэр бүлийн хүчирхийллийн асуудалд нэлээд анхаарал хандуулдаг болсон байх шүү?

Д.Гантулга: -Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг цагдаа нар нэг номерт авдаг болчихоод байгаа шүү дээ. Орой үдэш “Манай хажуу айлд хүүхэд орилоод байна” гээд л дуудлага ирдэг. Очоод шалгахад хүүхэд нь тоглоод орилж байх нь ч бий. Эхнэр, хүүхдээ зодсон тохиолдол ч таарна.

-Социализмын үед цагдаа нарын хангамж ямар байв?

С.Дорж: -Хангамж гэхээр юм байхгүй. Гэхдээ тэр үеийн дарга нар цагдааг их хамгаалдаг байлаа. Цагдаа зодуулчихаад ирэхэд прокурор зодсон хүнд арга хэмжээ авдаг. Одоо цагдаад нь арга хэмжээ авдаг болсон. Цагдааг очиход согтуу улсууд эсэргүүцнэ, зодолдоно, нүдэлдэнэ. Тэгээд сүүлд нь “Намайг зодсон” гээд эднийг шийтгүүлчихдэг.Бидний үед цагдаа хүчний байгууллага гэж явдаг байсан. Одоо бол цагдаа үйлчлэх ёстой гэдэг болсон. Согтуу улс “Та нар бидэнд үйлчлэх ёстой, гэрт хүргэж өг” гэж загнадаг. Хуучин бол согтуу хүний хажуугаар цагдаа гарахад эмээдэг, бараг эрүүл болчихдог байсан.

Д.Гантулга: -Бид одоо бүх үйлдлээ камераар нотолгоожуулдаг болсон. Хоёр цагдаа гардаг. Нэг нь камертай. Шаардлагатай бол эрүүлжүүлчихээд маргааш нь болсон явдлыг өөрт нь үзүүлнэ. Согтуу үедээ хүн яаснаа санадаггүй. “Ингэсэн юм уу” гэдэг.

-Цагдаа хүчний байгууллагын хүн гэж цагдаа ч, иргэд ч ойлгодог байсан. Харин одоо үйлчилгээний байгууллага гээд байна. Энэ хооронд цагдаад сэтгэлгээний шилжилт яаж хийгдсэн бол?

-Сургалт семинар байнга явна шүү дээ. Цагдаагийн академи, Хууль сахиулах сургуульд харилцааны соёлын талаар ээлж ээлжээр сургалтад хамруулна. Үйлчилгээний байгууллага болоод Ёс журмын эргүүлтэй болсон. Цагдаа зөрчил гаргавал Ёс журмынхан очиж шалгадаг.

-Цагдаагийн ажлын сайхан нь юундаа байдаг вэ?

Д.Гантулга: -Цагдаа нар ард түмэндээ үйлчилдэг гэдгээрээ бахархдаг. Аврал эрсэн нэгэнд тусламж үзүүлж, болохгүй нэгийг нь албадан саатуулна.

-Баяр талархлын үг сонссон тохиолдол олон байх?

-Байлгүй яах вэ. Нэг удаа эргүүл хийж байхад төрийн ордны ард нэг машин замын голд зогсчихсон байлаа. Хамт явсан цагдаа бид хоёр жолоочид нь хиймэл амьсгал, иллэг хийсэн. Түргэн дуудсан ч 30 минутын дараа ирсэн л дээ. Унадаг өвчтэй хүн байсан шиг байгаа юм. Долоо хоногийн дараа ирж бидэнд “Амийг минь аварсанд баярлалаа” гэж хэлсэн. Цэцэрлэгээс хүүхдээ авах гэж яваад замын голд бие нь муудаад зогссон юм билээ.

-Ховор олддог амралтаа яаж өнгөрүүлдэг вэ?

-Ээлжийн амралтаараа аавынхаа зусланд очиж, байгальд уул хадаар тэнэсэн шигээ сайхан амардаг.

-Гадаадад аялж байв уу?

-Ажлаар Москва явж үзсэн. Төмөр замын цагдаагаар дүүрэг болгоноос нэг хүн сардаа нэг удаа явуулдаг байсан юм. Дээрэм тонуул ихтэй үед нэг вагонд нэг цагдаа явдаг байсан. Замд арав хоног яваад ажлаа хийнгээ гадаад орон үзчихээд ирж байгаа юм. Нэг өдөр Москвагаар тэнэх боломж гардаг. Улаан талбай, захаар нь явсан.

-Цагдаа нар ихэнхдээ албаны хувцас өмсчихдөг байх. Энгийн хувцас хэр олонтой вэ. Яаж гангалдаг вэ?

Х.Энхжаргал: -Гоёлын даашинз, сэлгээний хэдэн хувцас бий. Гараатай үед жагсаал хувцастай л явна. Энгийн хувцас өмсөх үе бага. Сүүлийн энэ хувцас амьсгалдаг, агаар нэвтэрдэг гээд байгаа. Худлаа шүү дээ. Битүү хөлстэй явна. Бид халууцлаа гээд хувцсаа тайлах эрхгүй, энгэр заамаа задгайлж болохгүй. Эдэлгээ муутай. Эмэгтэй хүн навсайж явж болохгүй. Хувиасаа мөнгө гаргаад оёулж өмсөх жишээтэй. Хуучны цэнхэр хувцас маань нормын хугацаагаа даадаг. Энэ хувцас жилээ даахгүй. Хоёр жил өмсөх нормтой болохоор дунд нь нэг удаа оёулж таардаг.

-Цагдаа хосууд маань яаж танилцав?

Х.Энхжаргал: -Цагдаа болоогүй байхдаа нөхөртэйгөө танилцсан. Гурван хүүхэд төрүүлсний дараа цагдаагийн байгууллагад бичээчээр ороод, сүүлд цагдаа болсон. Одонгийн хүүхдийг цагдаад ороод гаргасан. Ид ачаалалтай, хамгаалалт ихтэй үед цагдаад орсон. Том хүү маань л дүү нараа харж ханддаг. Түргэн авбал хоёулаа л гүйнэ. Гараа зөрсөн тохиолдолд “Сайн уу, сайн” гээд өнгөрнө. Багыгаа л их бөөцийлдөг.

-Анх нөхрөө хараад яаж хүлээж авч байв?

Х.Энхжаргал: -Манайд хулгай ороод, дуудлагаар ирэхэд нь анх харж байлаа.

-Заяаны хань зам дээр гэдэг л болжээ?

Х.Энхжаргал: -Гэрээс мөнгө алга болчихоод маргааш нь би усан нүдлээд ээжид хэлсэн чинь “Таньдаг цагдаа байдаг. Хорооны цагдаа явуулъя” гэсэн. Дэнж дээрээс өндөр цагдаа инээд алдаад ирсэн. Нүүр дүүрэн нүд л байсан.

-Их л “буян”-тай хулгайч байж дээ?

-Нөхөр маань орой нь манайд отолтоор хоноод, тэгээд танилцаад дотноссон. Манай ээж цагдаатай суулгахгүй гээд танилцуулсан хүн дээрээ очоод “Энэ цагдаа чинь охиныг минь эргүүлээд байгаа юм уу, ажлаа хийгээд байгаа юм уу” гэж л дээ. Дарга нь манай хүнийг дуудаад асуусан чинь “Ажлаа ч хийнэ, охиныг нь ч эргүүлнэ” гэж. Тэгээд л аваад суучихсан шүү дээ. Хулгайн хэргийг ч маш хурдан илрүүлсэн. Манайх гурван хүү, нэг охинтой. Том хүү 21 настай. Бага нь хоёр ойтой. Цагдаагийн амьдрал сайхан. Дасчихдаг юм даа. Хүүхдүүд хүртэл хувь тавилантайгаа эвлэрчихдэг юм. Дунд хүү маань л цагдаа болно гэдэг. Өөрсдөө мэд л гэдэг.

-Гэр бүлийн хамгийн том баяр юу вэ?

Х.Энхжаргал: -Хүүхдүүдийн төрсөн өдөр хамгийн том баяр. Хөл хүнд байхдаа нөхөртэйгөө хамт эргүүлд гардаг байлаа. 24 цаг үүрэг гүйцэтгээд хамт харина. Жирэмсэн юм чинь өөр хүнтэй гарахаар миний өмнөөс хэн дуудлаганд явж өгөх вэ. Хүүхдүүдээ хараад л стресс тайлагддаг. Төрсөн өдрийг нь заавал тэмдэглэхийг хичээдэг дээ. Бусад баярыг хүүхдүүд нь өөрсдөө “болгочихдог”. Хэв журмын цагдаагийн хувьд жирэмсэн үедээ албан үүргээ гүйцэтгэх амаргүй.Цагдаа дүрэмт хувцсандаа багтах ёстой. Өмдөө сунгаад, томсгоод багтах гэж үзнэ. Нэг удаа хөгжилтэй юм болсон. Ёс журмын шалгалт ирэхэд төрөх дөхчихсөн байсан. Шалгалтаар ирсэн дарга “Чи наад энгэр заамаа битүүл, хэнийг дуурайгаад задгай зогсоод байгаа юм” гэсэн. Нөхөр маань “Жирэмсэн юм” гэсэн чинь дарга гэнэт зөөлрөөд “Өө, яана аа, энэ хар халуунд наадмыг яаж давна аа” гэсэн. Би ч хамаг бие хөлрөөд, хэрэг тарьсан хүн шиг л зогсч байсан. Манай хэв журмын дарга, дэд хурандаа цолтой Б.Ууганбаяр дарга маань бидэнд их тус болсон. Болж өгвөл “А” зэрэглэлийн хүнд хамгаалалтад жирэмсэн албан хаагчдаа зогсоодоггүй. Тэрэнд их баярладаг. Үүрэг хүлээсэн юм чинь зогс гэвэл зогсох л учиртай. Нийслэлийн цагдаагийн газрын 90 жилийн ойн баярыг тохиолдуулан цагдаагийн бүх албан хаагч, мөрдэс нэгтэй анд нөхдөдөө, гэр бүлийнхэнд нь цагдаа гэр бүлийнхний зүгээс баярын мэнд хүргэе.