Categories
мэдээ цаг-үе

Зүүн Герман дахь хөлбөмбөгийн хувьсгал

ХБНГУ-д Лейпциг хэмээх хот байх. Хагас сая хүн амтай, хуучны соц Германы томоохон хотуудын нэгэнд багтдаг, маш олон монгол оюутан амьдарч, суралцаж байсан тун гоё дулаахан хот. Ихээ том банхоффтай(төмөр замын вокзал), Дуурийн театр, Гэгээн Фомагийн сүм энээ тэрээ гээд эрт урьдын сүрлэг барилга байгууламжтай, Бах, Вагнер мэтийн дэлхийн хэмжээний хөгжмийн зохиолчдын өлгий нутаг Лейпциг хотод хэсэг хугацаанд амьдарч байсны хувьд бага сага гадарлана. Ингэж хол нуршихын учир нь энэ хот хэзээ ч спортын, тэр тусмаа хөлбөмбөгийн хот байсангүй гэдгийг хэлэх гэсэн юм. Эмэгтэйчүүд нь гандбол тоглож дэлхийд эрэмбэлэгддэг гэсэн боловч дэлхийд цуурайтдаг спорт биш тул хэн түүнийг нь анзаарах билээ. Хөлбөмбөгийн хувьд хэдийгээр “Лейпциг” гэдэг баг анхны Бундеслигийн аваргаар 1903 онд тодорч байсан гэдэг архивийн материал байдаг ч түүнээс цааш гайхуулах зүйл үгүй. Жилдээ нэг удаа монгол оюутнууд, вьетнам оюутнуудтай хөлбөмбөгийн тэмцээн зохиож хожигддог байсан нь бараг л тэр хотын хөлбөмбөгийн хамгийн том арга хэмжээ байсан гэвэл мэдээж хэтрүүлэг болох ч өөрөөр Лейпцигт хөлбөмбөгийн тэмцээн боллоо гэж сонсогддоггүй байсан нь үнэн юмдаг. Гэтэл өнгөрөгч жилээс “РБ Лейпциг” гэдэг мэргэжлийн хөлбөмбөгийн баг гарч ирж Бундеслигийг ёстой жинхэнэ утгаар нь шуугиулж эхэлдэг байна шүү. Хэдхэн жилийн өмнө сураг ч үгүй байсан, өөрийн гэсэн үүх түүх, замнал гээд хүнд үзүүлчихээр олигтой намтаргүй, тэгээд дээр нь зүүн Германы баг арван тойргийн дараа, Бундеслигийн шинэ улирал эхлээд хоёр сар хагас өнгөрч байхад, хүснэгтийн эхэнд алдарт “Бавари” Мюнхэнтэй хамт адилхан оноотой бусдыгаа тэргүүлээд жагсаж байна гэдэг үнэхээр гайхамшигтай сенсаци бөлгөө. Тэгээд яаж яваад “РБ Лейпциг” гэдэг баг тав, зургаахан жилийн дотор “ядуусын хорооллоос дээдсийн хүрээлэнд” багтсан талаар жаал өгүүлье гэж бодлоо.

Австри улсын иргэн Дитрих Матешиц (Dietrich Mateschitz) гэх 72 настай эр бий. Спортод тун дуртай, бүх төрлийн мотоспортууд, шүхрийн болон уулын төрлийн спортуудад хөрөнгө оруулдаг. Бас сүүлийн үед хөлбөмбөгт их дурлах болсон. Түүний Red Bull GmbH (Ред Булл) хэмээх зургаан тэрбум ам долларын эргэлтийн хөрөнгөтэй пүүс, хийжүүлсэн ундааг нь мэдэхгүй хүн хорвоод үгүй байх. За тэгэхээр энэ эр 2009 онд Лейпциг хотын захад байрлах “Маркранштадт” хэмээх жижиг багаас Германы хөлбөмбөгийн лигүүдийн хамгийн доод талын “шал” болох Оберлигт тоглох лицензийг 350 мянган еврогоор худалдан авчээ. Зүйрлэвэл, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд үндэсний бөхийн дугуйлан нээж ирээдүйн аварга бэлдэнэ гээд хөрөнгө оруулж эхэлжээ. Германд үйлчилдэг хуулиар бол гадаадын иргэн хөлбөмбөгийн багийн 49 хувиас дээш хувьцааг эзэмших боломжгүй юм гэнэ. Түүнчлэн аливаа нэг багийн нэр шууд утгаараа аль нэг пүүс компанийг сурталчлах ёсгүй гэсэн.

Жишээ нь Абрамович “Челси”-г худалдаж авангуутаа “Сибнефть Челси” гэж хэзээ ч нэрлэж болохгүй гэсэн үг. Гэтэл Австрийн тэрбумтан эдгээр дүрмүүдийг хууль зөрчилгүйгээр “уландаа” гишгэжээ. Тэр багийн гишүүн болох өргөдлийн төлбөрийг өндөр тогтоож “РБ Лейпциг” гэдэг нэрийг хүртэл өөрийнхөөрөө тайлбарлана. Хэрвээ та “РБ Лейпциг”-ийнхний өмсгөлийг харвал яах ч аргагүй “Ред булл”-ын хоёр улаан бух мөргөлдөж буй уламжлалт дүрсийг харах болно. Харин албан ёсны тайлбар нь Ред Булл Лейпциг биш Рашен БаллШпорт Лейпциг юм билээ. За нэг ийм зальтай австри эр зургаан жилийн хугацаанд шинэ багаа дөрөвдүгээр лигээс жил бүр нэг шат ахиулсаар Бундеслигт авчирч түүхийг бүтээлээ дээ. Катар, Кувейт, Оросын баячууд шиг шууд л том баг худалдан авч баахан мөнгө цутгасангүй. Жижигхэн багийг хямдхан аваад бүр дороос дээшлэхдээ багийн бүтэц, менежмэнт, бэлтгэлийн бааз, ирээдүйд гялалзах багачуудыг олж таньж хамтдаа дээшлэх, хөгжөөн дэмжигчдийн армийг шинээр төрүүлэх гээд бүхий л зүйлийг энэ зургаан жилийн хугацаанд ари хүн шиг яв цав хийж гүйцэтгэсэн байх юм. Лейпциг хотыг бүрэн дүүрэн хөлбөмбөгөөр “өвчлүүлэхийн” тулд жил бүрийн зун сурагчдын амралт эхлэхээр “хөлбөмбөгийн дунд сургууль” хөтөлбөрөө 6-14 насны хүүхдүүдийн дунд зарлана. Сайн багш, дасгалжуулагчтай, дээд зэргийн сургалтын танхим талбайд сар орчмын хугацаанд хүүхдүүдийг цуглуулж анхан шатны хичээл заадаг гэсэн. Ёр нь “РБ Лейпциг”-ийн сургалтын төвүүд яг одоо Германдаа хамгийн шилдэг нь болчихоод байгаа сурагтай. Үр дүнд нь эндээс сүүлийн үед тун сайн залуучууд төрөх болсон. “РБ Лейпциг” баг эдгээр академи, сургалтын төвүүддээ зориулж жилдээ 35 сая евро зарлагадана. Тийм ч учраас “РБ Лейпциг” багийн гишүүдийн дотор энд “бойжсон” нутгийнх нь залуучууд олон багтаж байгаа. “РБ Лейпциг” Бундеслигт ороод арав тоглохдоо нэг ч хожигдоогүй, долоо хожиж, гурван удаа тэнцсэн. Тэдний өмнө одоогийн байдлаар “Боруссиа” Дортмунд, “Гамбург”, “Вольфсбург” мэтийн ланжгар багууд өвдөг сөхрөөд байгаа шүү гээд болохоор “РБ Лейпциг” зүгээр л “үүлэн цоорхойгоор жаахан амжаад цухуйсан нар” лав биш мэт л санагдаад байх юм. Зүүн Германд хөлбөмбөг дээшилж хувьсгал дэгдээж байна даа.

Бэлтгэсэн Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Жүмпэрэлийн Саруулбуян: Би чинь агуу их Цэндийн Дамдинсүрэн, Амгаагийн Лувсандэндэв нарын хуучцуултай нэг цалингийн цэсэнд нэр бичигдэж явсан хүн шүү

Зүүн гараас СГЗ Ж.Саруулбуян, Ч.Дагвадорж, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Д.Цоодол. Явуугийн цэцэрлэгт хүрээлэн. 2014 он

Бурхан Халдуны урианхан Дэлгэржавын Жүмпэрэлийн Саруулбуян. Зохиолч, зураач, доктор профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн. Монголын утга соёлын төлөөнөө идэр бага исгэлэн халуун наснаасаа өдий хүртэл дөчөөд жил зүтгэсэн. Дөч гаруй ном бүтээн хэвлүүлсэн эрхэмтэй хуучилснаа хүргэе.


-Би таныг бичиг соёлын хүний хувьд хүндэтгэж явдаг. Та ургийн овгоо чухам хэзээнээс мэддэг болсон бэ. Бурхан Халдуны урианхан гэдэг овгоо жаахан тодруулан хэлэхээс ярилцлагаа эхэлбэл ямар бол?

-Ургийн овог авах, ургийн овгоо орхиж марталгүй явах гэдэг хоёр өөр ойлголт байх. Тэртээ хүүхэд бага цагт авга ах Д.Раднаабазар нэг удаа яагаад ч юм Бид чинь Бурхан Халдуны урианханы удмын хүмүүс. Эцэг маань надад нэг удаа тэгж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Бурхан Халдунд байдаг их хаадын хоригийг хамгаалдаг урианхдуудын удамтай хүмүүс юм гэнэ лээ. Миний хүү хожим юм бичдэг энээ тэрээ болбол энэ овгоо марталгүй аваарай. Цаг өөр болж бид эцгийн овгоос ургийн овог руугаа дөтөлбөл хэрэг болно гэж хэлсэн нь сэтгэлд хадгалагдан үлдсэн. Хожуухан ерээд он дөхөх үед би хошууныхаа хүн амын тооллогын данснаас өвөг эцгийн ургийн овгийг урианхан гэдгийг мэдээд улс даяар ургийн овгоо сэргээх үед хамгийн түрүүн Бурхан Халдуны урианханы Дэлгэржавын Жүмпэрэлийн гэж авч хэрэглэдэг болсон. Тэр үед монголчууд ургийн удмын овгоо гээчихээд бараг далаад жилийн дараа сэргээхдээ ноттой сурвалжтай овгоо авсан ихэнх нь боржигон гэдэг овгийг баримжаагаар санаанаасаа авцгаасан. Боржигон гэвэл их хааны овогтой ойртоно гэсэн үг байх л даа. За тэгээд төрсөн ах дүү хүмүүс огт өөр овгийг үзэмжээрээ авсан нь ч цөөнгүй. Жаахан инээдэмтэй, хуудуутай явдал болсон л байх. Эцгээ гэвэл авгаа гэдэг болохлоор би авга ахынхаа үгээр орсон нь энэ дээ.

-Монголчууд хэн хүний үр вэ. Хэт нутаг хаана вэ. Ямар багшийг шүтэж дээдлэн явсан бол гэж уулзаж учирсан хүнээс асуух нь тэр хүнийг лавтай таних ухаан.

-За тэгэлгүй яахав. Хаанахын хэний хүүхэд вэ? гэж асуудаг даа. Багшийг нь асууна гэдэг бол нөгөө хүнийг бараг мэдээд авч байгаа хэрэг.

Миний ажаа эцгээсээ арван гурвуулаа. Энэ арван гурав дотор эрдэмтэй лам, унзад, бурхан урлаач зураач, уран оёдолчин, мужаан сийлбэрч, аюулаас хамгаалах яамны ажилтан, ардын аж ахуйтан малчин, мөрийтэй тоглоомч, даалуучин, уран уургач, уяач гээд олон зүйлийн эрдэмтэй хүмүүс байсан. Тэд хорвоогийн жам ёсоор ихээсээ эхлээд бүгд дараалан ертөнцийн мөнх бусыг үзүүлсээр хамгийн бага нь болсон бага авга ах, ажаа хоёр минь үлдээд ажаа бид ахыгаа бурханд илгээгээд ажаа маань ганцаараа үлдсэн дээ, хөөрхий. Ардын аж ахуйтан, мөрийтэй тоглоомч, уургач, уяач гэсэн нь миний ажаатай хамаатай болно.

-Сонин юм байна. Та ажаагаа ямаршуу хүн байсныг хэлээч, мэдээж малчин, уяачийг нь би мэдэж байна.

-Миний хүүхэд нас нэгдэлжих хөдөлгөөн үүсч, ардын аж ахуйтнуудыг нэгдэлжүүлж малыг нь хураан авч, хүчээр нэгдлийн гишүүн болгож байсан их өрнүүн хувьсгалч үе цагт өсч торнисон юм. Манайх бусдаас илүүрхэх олон малгүй, саалийн хэдэн үнээтэй, эр болгоныг нь хурдан гэж хайрлан сүүлийг нь боодог хэдэн буурал адуутай айл байв. Ажаа хэдэн хүүхдийнхээ дараа хэдэн буурал адуугаа амь шигээ хайрладаг байсан. Хэдийгээр сайн дурын үндсэн дээр нэгдэлжих хөдөлгөөнд орон нэгдлийн гишүүн болж малаа нийгэмчилнэ гэж тэр үед заасан хуультай байсан ч Монгол орон даяар Лениний хоршооллын төлөвлөгөөг үтэр биелүүлэн хамтрал гэдэг сүйтгэлийн дараа нэгдэлжих хөдөлгөөн гэдэг айхтар зүйл гаргаж ардын аж ахуйтнуудыг нэгдэлд элсүүлэн, малыг нь нийгэмчлэн цөөн хэдэн мал үлдэж байлаа. Малчид нэг хэсэг эргэлзэж байсан ч ер олноороо нэгдэлд элссэн жаахан хавчлага ч орсон байх. Манай Идэрмэг сумынхан бүгд шахуу элслээ, малаа нийгэмчилчихлээ. Ажаа маань хэдэн буурал адуугаа хайрлан, хэрхэхээ лам ахаасаа асуужээ. Лам ах нь дүү нартаа; сайн дурын үндсэн дээр гэсэн үг хуульд байгаа. Нэгдэлд орохгүй бол арай шоронд хийчихгүй л байх гэжээ.

Манайхан гурав дөрвөн өрхөөрөө нэгдэлд оролгүй үлдэж, сум, аймаг, улсын хариуцлагатай хүмүүс ч манайхныг ирж ятгаад ятгалганд орохооргүй болохоор нэлээд ширүүлээд дийлээгүй юм. Сүүлд нь бүр ядаад бурхан тахилыг нь хурааж энээ тэрээ гэж сүрдүүлсэн нь ч бий. Сум нэгдлийн удирдлагууд цөөн хэдэн ардын аж ахуйтныг газар доор ортол муулж хавчиж тэднээс хурдан салахгүй бол сум орны нэрэнд муу юм болоод явчихаар, манайхыг, нагац ахынтай хамт Зөвлөлт Монголын хил дээр байдаг партизан Содномдаржаагийн нэрэмжит Эрээний модон тэрэгний үйлдвэрт ажилчнаар яаралтай илгээв.

-Үгүй тэр, мөн хавчиж байжээ.

-Ажаа зургаан бор атандаа хэдэн тэргээ хөллөөд гэрээ ачаад мухлаг тэргэндээ авгай, хэдэн нялх хүүхдээ суулгаад холыг зорин хөдөлсөн юм. Би тэр үед найман нас хүрэх гэж байлаа. Ажаа замдаа Норовлинд морио уралдуулж түрүү айраг хүртэж, Улзын ногоон довд сайхан зусчихаад, өвөлжиж байх үед аймгаас Хэнтийн төлөөлөгч Бадгар нар А-69 хөнгөн тэрэгтэй давхин очиж хөдөлмөр өдөр таслав гэж хэдэн нялх хүүхэдтэй эхнэрийг нь ганц гэрээр орхин, ажааг минь буу тулган баривчлан аваад явж билээ. Дүү бид хоёр ажаагийнхаа хормойноос зүүгдэн уйлалдахад Бадгар цагдаа биднийг түүдэг шиг түлхчихээд машиндаа чихэж суулган одож билээ. Гучаад онд тийм л харгис байсан. Жараад онд ч, далаад онд ч юм ширүүн л байсан шүү дээ. Ажааг баригдаад явсны маргааш манай хотонд гэгээн цагаан өдрөөр хээрийн боохой орж байсан. Эр хүнгүй айлыг хээрийн амьтан ч андана аа гэж үгүй.

-Та тэгээд Норовлинд сургуульд орсон уу?

-Миний сургуульд орох сураг ч үгүй. Тэр үед би морь их зурдаг, нэрээ буруу харуулан бичдэг. Авгаар заалгасан хэдэн монгол бичгийн үсэг бичдэг хүүхэд байсан. Нас ес хүрч байдаг. Тэр жил дүнгэнэсэн хүйтэн цав цагаан өвөл болж билээ. Улз гол их цагаан овгор ус харагддагсан. Дүү, ижий бид хэд ажаагийн баригдаад давсан гүвээг өдөржин ширтэнэ. Хааяа морьтой хүн гарч ирвэл ойртон ойрттол хүлээнэ. Хоёр сар хэртэйн дараа ажаа минь ирж, хэдхэн хоноод л бид өвлийн нүүдэлд бэлтгэлээ. Аймагт албадан ажил хийх болж гэнээ, хугацаа давчуу, хатуу. Тэр өвлийн нүүдэл одоо ч нүдэнд илхэн, сайхан нүүдэл байж билээ. Манайх Норовлингоос Өндөрхаан хүртэл бараг сар тэмээн хөсгөөр нүүсэн байх. Ажаа ч бас жаахан башир аргатай л даа.

-Та тэгээд хэзээ сургуульд орсон юм?

-Тэр намар аймгийн үлгэр жишээ бага сургуульд есөн нас давчихсан дэнхийсэн том жаал бас улаан бүч зүүчихсэн нэгдүгээр ангид орж байлаа. Би бага сургуульд байхдаа дандаа хөдөөнөөс мориор сургуульдаа явна. Сургуулийн хашаанд морио уячихаад хичээлээ тараад би морьтой, миний багын найз Баярхүү унадаг дугуйтай хөдөө гэр рүүгээ уралдан явдаг байж.

-Нөгөө багш нарын тухайгаа хоёул ор тас мартчихаж?

-Бага сургуулийн багш гэвэл Хийгар, Дашзэвэгмаа. Дашзэвэгмаа багш хоёрдугаар ангиас дөрөвдүгээр анги төгсгөсөн. Тэр үед жижигхэн цагаан хүүхэн байж билээ. Бид их айна. Дашзэвэгмаа багшийн няхуур нямбай, олон талын мэдлэг бидэнд их өгөөжтэй байж билээ. Багш маань бага ангийн дөрөвдүгээр ангид байхаас надаар зураг зуруулж “Пионерын үнэн” сонинд миний зургийг илгээн хэвлүүлж, би сургууль даяар гайхагдаж, энд тэндээс их олон захиа авч, жаахан биеэ тоож багшдаа ч аашлуулж байж билээ. Багш хожмоо сэтгүүлч болсон. Бидний бага насны тухай болоод хүүхэд насны хөгжилтэй дурсамжаараа үгийн сүлжээ холбосон хоёр ч ном бичин хэвлүүлэхэд би шавийн хувьд хожим тусалж байсан. Мөн “Пионерын үнэн” сониноос гадна тэр үеийн Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд би зургаа хэвлүүлдэг болсон. Дунд сургуульд орох үедээ бол бүүр томорсон “Залуучуудын үнэн”, “Тоншуул”-д зургуудаа хэвлүүлж зургийн шагнал гэж “их мөнгө” шуудангаар ирдэг, би ажаагаа хааяа ч гэсэн баярлуулдаг байв.

-Та багаасаа зураг зурдаг байж. Удамтай ч холбоотой байх. Харин та хэзээнээс шүлэг бичиж эхэлсэн бол?

-Намайг дөрөвдүгээр анги төгсдөг жил ижий минь өвдөж нэг жаахан хүүгээ өлгийтэй нь бидэнд орхиод бурхны оронд явчихлаа. Үхэл ийм ойрхон байдгийг би арван хоёр настайдаа мэдрэв. Бид ижийгээ оршууллаа. Би нэг л хэцүү юм болоод байгааг мэдэж байв. Тэр үед Ажаа маань мөнөөх албадан хөдөлмөрөөсөө арайхийн гараад аймгийн эмнэлгийн уурын зууханд ажиллаж байв. Оршуулганд албан байгууллагаас хүмүүс явдаг даа. Нэг үл таних залуухан эмэгтэй ижийг минь оршуулж байхад учиргүй чанга инээсэн нь сэтгэлийг минь тэр чигээр нь өмлөчихөж билээ. Тэр инээдмийн дараа би их уйллаа, гэртээ ирээд ч уйлаад л байсан. Ижий маань үгүй болж байхад энэ хүүхэн юунд инээв, инээх байсан юм бол яах гэж ирсэн юм бол. Ерөөс үхэл гэдэг нулимс юм уу, инээдэм хөөр юм уу гэж балчир ухаандаа эргэцүүлэн үзэн ядах ухаан тэр цагт төржээ. Гэртээ ирээд байхад эмээ ижий Бааваа минь галаа асааж байхдаа зуухны таган дээр ганцхан дусал нулимс пад хийтэл унагасныг бас хараад яахаа ч мэдэхгүй би Бааваагийн нүднээс гарах нулимс дуусч гэж бодож билээ. Ижийгээ оршуулж ирсэн оройгоо би “Оршуулгын цуваа” гэсэн нэг хачин уйтай шүлэг шиг юм бичсэн нь хожмоо утга зохиолын хаалга татахад хүргэсэн байх гэж боддог.

-Та чинь бага ангийн багш нараа л яриад байна. Утга зохиол, урлаг руу хандуулсан багш нар гэж олон доо?

-Муу шавь олон багштай, муу билүү их баастай гэдэг дээ. Нэг их эрдэмтэй болсон гэж өөрийгөө хэлэхгүй ч дэндүү сайхан багш нартай учирч тэдний ном эрдмийн гэрэл гэгээнд орж, өөрийн савны хэмжээгээр хутган авсан нь бас бий. Утга зохиол руу хандуулсан багш маань бол намайг зургаадугаар ангид байхад УБДС-ийн дадлагын оюутнаар ирж манай ангид уран зохиолын хичээл заадаг байсан Г.Сүхбаатар гэж инээвхийлсэн нүдтэй шонхор хамартай шавилхан бор залуу байлаа. Тэр М.Цэдэндорж, С.Есенин гээд их ярьж, тэдний шүлгээс яруу тодоор уншина. Тэр бас өөрөө бичсэн шүлгээ уншина.

Би гэж юу юм бэ

Билүү юм уу чулуу юм уу

Хэрвээ би билүү байсан бол

Хорвоод аль хэдийнэ

Хүндтэй нэрийг олох байсан

Дархан хүн билүүг элээж

Давтмал мөнгөн сэлэм хийнэ.

Тэр сэлмээр аавын хөвгүүд

Тэмцэл тулалдаанд

Үүрд мөнхөрнө… гээд л цангинуулж гарна. Багш бид хоёр хичээлээ тараад Хэрлэнгийн хөвөөгөөр зугаацан явахад үргэлж шүлгээ уншиж өгнө. Намайг оюутан болсон анхны жил Г.Сүхбаатар багш минь төрөлх нутаг Батширээтдээ шавь намайгаа урив. Тэнд Баяндуурлиг гэдэг дуниарсан их нарсан ой байдаг. Хэдэн зуун жилийн түүхтэй. Багш бид хоёр Дуурлигийн нарсан дундуур асаадаг манийл нь хугарчихсан, түрээд мордчихдог Иж планеттай зугаацан явж шүлэг зохиол л ярина. Миний анхны номын шүлгүүд тэндээс төрж байлаа. Тэр үед Лхагвасүрэн гэдэг орон нутагтаа суун шүлэг сайхан бичдэг байсан нэг хүний шарил дээр очиж хоёул хүндэтгэл илэрхийлэв. Би орой нь ирээд “Найрагчийн булш” гэдэг шүлэг бичив. Тэр шүлгээ дараа жил нь Монголын зохиолчдын хороон дээр болсон залуу зохиолчдын зөвлөгөөнд Явуу, Чимид нарт уншин магтаал сонсож, “Утга зохиол” сонинд Явуугийн өмнөх үгтэй хэвлүүлж байв.

Дуурлиг бол миний яруу найргийн их хөг дэг, амьдралын их уянга юм. Тэр үед багшийн аав Гомбо гуай энэ Баяндуурлигийн нарсан доор эртний их дээдсийн хэдэн зуун булш байдаг гэсэн домог бий. Хэзээ нэгэн цагт монгол хүн дээдсийнхээ их булшийг нээн үзэж судлах л байх гэж хэлж байж билээ. Энэ үг гучин жилийн дараа биеллээ олж Монгол-Солонгосын хамтарсан “Мон Сол” төсөл Дуурлигт их судалгаа явуулж Хүннүгийн өчнөөн булш бунхан илрүүлэх тэр төслийн нэгэн удирдагчаар ажиллаж дээдсийнхээ онгоныг нээлцэж явснаа эгэн дурсахад сайхан, энэ төсөл одоо ч үргэлжилж байгаа. Би хожим сүүлд хөгжмийн зохиолч, дуучин А.Энхтайван андтайгаа хамт “Баяндуурлигийн дурсамж” гэдэг дуу зохиож нэгэн цагийн их дууч гавьяат П.Ганбатаар дуулуулж Дуурлигаа баясгаж явсаан.

Бидний аравдугаар ангийн багш Зэнэмэдэр. Тэр олон таван үггүй мөртлөө бүх сурагчаа хайрладаг, хайрыг нь ч татдаг увдистай. Бид саяхан уулзалдсан. Ангийн сурагчид нь багшаасаа багаахан ялгарч байна лээ. Математик уянгын түрүүч гэж хэн ч хэллээ дээ. Математикийн багш Зэнэмэдэр энгийндээ тэр бүр дуугарахгүй хэрнээ сэтгэлээ хөвчлөн уясгасан үедээ яруу найраг, уран зохист үгийг ямар ч зохиолч найрагчаас илүү хэлнэ. Олон яруу найрагчийн шүлгийг цээжээрээ мэднэ. Муу шавийнхаа шүлгээс хүртэл цээжээрээ урсгаж гарна. За тэгээд их зураач Г.Одон, Г.Баяр, Ц.Доржпалам, Д.Гүрдорж, Ц.Байды Монголын дүрслэх урлагийн оргилуудаар ном заалган, дүрслэхүй ухаан руу дөтлөн ойртсон. Утга зохиол руу гэвэл агуу их Явуу, Ж.Бадраа, бичгийн их утгач Өвгөөдэй Дамдинсүрэн, Д.Цоодол, Л.Түдэв, утга соёл урлаг руу гэвэл Шукарь хэмээх их жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осор, их дууч Ж.Дорждагва, их хөгжмийн зохиолч Лувсаншарав гээд байна даа. Түдэв багш миний докторын зэрэг хамгаалах эрдмийн ажлыг удирдсан. Хэд хэдэн номыг минь ном төрх рүү оруулж мартагдашгүй сайхан үг бичиж өгсөн.

Өвгөөдэй багш бол О.Жамьян, Б.Шагж нарын их бичгийн хүмүүсээр ном заалгаж, домогт ард Аюуштай нүүр учран заргын бичгийг нь хуулан бичиж авчирч байсан. Маршал Чойбалсантай хамт ажиллаж явсан домогт хүн. Бид хүү Энхсайханы нь хамтаар багшийнхаа мэндэлсний 100 жилээр гурван боть номыг нь гаргаж номын зул өргөсөн.

-Миний мэдэхнээ бараг та бүх багшийнхаа ном бүтээлийг хэвлүүлэн гаргалцсан байх аа?

-За даа, бараглаж тийм байх шүү. Чимэд-Осор багшийнхаа хоёр боть номыг хүү Ч.Болдтой нь хамт, Явуухулан багшийнхаа номыг Д.Цоодол багштай хамт гээд яваад өгнө шүү дээ. Бас тэгээд болоогүй, Дорждагва, Лувсаншарав, Бадраа багш нарынхаа тухай ном бичиж байна. Тэдний шавь болсны хувьд оюуны их өвөөс нь өөрийн чадал хэмжээгээрээ хойч үед хүргэх нь буурай бядуу муу шавийн сэтгэлийн өглөг болно биз гэж бодож явдаг. Өнөөдөр бол миний хоёр багш Д.Цоодол, Ц.Байды хоёр баруун зүүн талаас минь дэмнэн өдий хэмжээнд ухаан хайрласаар явна. Багш нараас өөрцгүй ахай бичгийн мэргэд Ш.Сүрэнжав, Ч.Дагвадорж нарынхаа өмөг хайрыг хэзээ насанд мартахсан билээ.

-Таны ажил амьдралын гараа хаанаас эхлэв?

-Наян онд УБДС-ийн театр киноны зураачийн ангийг зураач, судлаач дипломтойгоор төгслөө. Яг тэр жил Хэнтий аймгийн Соёлын ордон Хан Хэнтий дуу бүжгийн чуулга болоод байлаа. Аймгийнхаа чуулгад очиж тайз, хувцсыг нь хийж, гоё бүжигчин охин авч сууна гэж мөрөөдөж ч нэг үзэж. Хуваарь уншлаа. Миний нэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн нэвтэрхий толийн тасгийн эрдэм шинжилгээний туслах ажилтан, уран сайхны редактор гэсэн ажил дээр дуудагдлаа. Миний амьдралын гараа ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эхэллээ. Хүрээлэнгүүдийн нэгдсэн байрны хойно байдаг Коперникийн нүцгэн толгойтой хөшөөг харахаар залуу нас бодогдоод ирдэг юм. Гэтэл нэг удаа Коперникийн хөшөө маань хулгайд алдагдлаа. Миний залуу нас гэрэл гэгээ ч цуг хулгайлагдах шиг болж билээ. Тэгсэн нэг харсан, хаанаас ч юм олж авчраад тавьчихсан байсан. Би чинь агуу их Цэндийн Дамдинсүрэн, Амгаагийн Лувсандэндэв нарын хуучцуултай нэг цалингийн цэсэнд нэр бичигдэж явсан хүн шүү. Тэндээс номыг нь сурч амжаагүй, номхныг нь ч сурч ухаараагүй гэж бодож явдаг. Гэхдээ л тэр үед Монголын анхны нэвтэрхий толийн үйлсийг эхлүүлэлцсэн гэж бодож явдаг.

-Номхныг нь сураагүй гэж юу гэсэн үг билээ. Номыг нь сураагүй ч номхныг нь сурсан гэдэггүй бил үү?

-Наяад он гэдэг социализмын материал техникийн баазыг байгуулж өндөртөө хүрч байсан үзэл суртлын хатуу чанга дэглэмтэй үе. Ном, сонин хэвлэл, кино жүжиг главлит (хэвлэл утга зохиолыг хянах газар)-ын хатуу давааг гэтэлнэ гэж хэцүү. “Тоншуул” сэтгүүлд хошин шог зураг хэвлүүлнэ. Шагнал өндөртэй, Тоншуулын редакцид тэр цагийн социалист гэгдсэн бүх орны хошин шог сэтгүүлүүд ирнэ. ЗХУ-ын “Крокодил”-аас эхлээд Германы “Оленшпегель”, Югославын “Остен” гээд л. Тэдний хошин шог сэтгэлгээ биднийхээс илүү чөлөөтэй илэрхийлэгдээд байгаа юм шиг санагдана. Тэр үед Гүрсэд , Одгийв, Доржготов, Байды, Ламбаа, Баянзул бидний зургууд “Крокодил”-д хэвлэгддэг байлаа. Надад Германы “Оленшпегель” сэтгүүлийн зураач Х.Бутнер гэдэг хүний зургууд онцгой таалагдана. Тийш нь чөлөөт сэтгэлгээтэй зургуудаа явуулмаар санагдаад байдаг. Главлитаар орвол миний зураг хасагдана. Главлитад үзүүлэлгүй том зориг гаргаад хэдэн зургаа шууданд хийчихлээ. Хэсэг хугацааны дараа “Оленшпигел”-д миний нэг зураг гараад ирэв. Урам ороод дахиад жаахан чангахан, чөлөөтэй сэтгэлгээтэй зургуудаасаа явуулчихлаа. Миний зургуудын зарим нь буцаж ирэх үед замаас нь НАХЯ барьжээ. Ингээд л миний зам буруудан НАХЯ-нд дуудагдаж, хөрөнгөтний чиг урсгалтай зураг зурсан гэж дээр доргүй асуудал үүсэж, хэрэг мандлаа. Тэр үед Хэл зохиолын хүрээлэнгийн Намын үүрийн дарга Х.Сампилдэндэв, Сампил ах намайг их зэмлэж даанч яав даа чи. Чамаас болж би ч ажилгүй болох байх гэж үглэнэ. Бид хоёр ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын Намын хорооны товчоогоор орж бангадууллаа. Ийм үзэл сурталгүй хүн ШУА-д байж болохгүй л гэнэ. Гэхдээ тэд эрдэмтэн улс, намайг ажлаас хөөгөөгүй юм. НАХЯ миний хэвлэн нийтлүүлэх эрхийг жилээр хасах нууц үүрэг өгсөн юм. Хэрэг бишдэхэд намайг гэх хүнгүй болж үл бүтэх амьтан гэж мөн л дээр доргүй хялайлаа. Лувсандэндэв захирал л нэг ч үг хэлээгүй юм шүү. Их хүний зангараг гэж өөр. Тэр их зовлон үзсэн хүн байсан. Хүүхэд байхдаа аавтайгаа цуг шоронд хэдэн жил болж байсан гэдэг. Орос-Монгол толиос болж буруутахад нуруун дээрээ үүрэлцэж явсан хүн. Ерээд оны үед намайг наяад онд хэдэн сар салам байцаасан байцаагч над дээр ирээд тэр үеийн юмыг дэлгэчих вий гэж миний буруу байхгүй шүү гэж уучлал гуйж явж билээ.

-Та ч залуугаасаа эмээлээ дээр дороо авч явсан хүн байна шүү.

-Залуу нас энэ бүхнийг ямар ч гуниг гутралгүйгээр туулдаг юм билээ. 1982 он гэхэд монгол хүн сансарт нисэх их хөөр баяр монгол хүн бүрийн сэтгэлийг булгилуулан, сансрын олон сайхан дуу зохиогдож, Гүррагчааг сансарт нисч байх үед Монголын зураачид “Сансар мандал” зургийн томоохон үзэсгэлэн дэлгэлээ. Би шийтгэлтэйгээ мартчихсан залуу хүний зоригоор нэгэн зурагт хуудас зурж өглөө. Үзэсгэлэнд тавигдлаа. Тэр үзэсгэлэнгийн тухай “Үнэн”, “Улаанбаатарын мэдээ”сонинуудад одоогийн их найрагч Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн сүлдний зохиогч, сэтгэгч, зураач Ц.Ойдов нар тус тусдаа шүүмж өгүүлэл бичихдаа миний “Урдаар нийгэм журам байгуулж…” гэдэг зургийг магтан бичиж билээ. Намын үүрийн дарга Сампилдэндэв дуудаж “Чи үзэл суртлын донгоноосоо гарчих шиг боллоо. Алдаагаа сайн заслаа гэж дээрээс мэдэгдсэн. Нам засгийн “Үнэн” сонинд зургийг чинь магтан дурдсан байна” гэж билээ. Ингээд л би үзэл суртлын хувьд найдваргүй гэсэн данснаас хасагдсан. Үүнийг би гомдож горойгоод байх хэлмэгдэл энээ тэрээ гэж боддоггүй, жаахан чанга яривал хэлмэгдсэн хүн болчих л юм. Гүррагчаа баатар сансраас бууж ирээд хамгийн түрүүнд МРТУХ-ны сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Яг тэр үед би хүрээлэнгээс тэнд оччихсон байсан.

Categories
мэдээ цаг-үе

Баярсайханы Номинтана: Би нэг ч хором зорилгоо мартаж байгаагүй

АНУ-д амжилттай яваа монгол залуусын нэг нь Б.Номинтана. Төр засгийн сургалтын зээл, гадаад дотоодын байгууллагын тэтгэлэггүйгээр, АНУ-ын их сургуульд элсэн суралцаж, сургалтын төлбөрөө өөрөө хөдөлмөрлөн олж, ёстой л “бор зүрхээрээ” бүхнийг туулж, сургуулиа төгссөн, энэ хооронд аюулт хорт хавдар хэмээх өвчнийг дийлж чадан, одоо харин хувийн компани байгуулж, мөрөөдлөө биелүүлсээр байгаа залуухан бүсгүй. Ийм бага жаахан охин өндөр амжилтад хүрснийг нь ихэд гайхан бахархаж, ажил амьдралдаа баримталдаг зарчим, үзэл бодлынх нь талаар ярилцав.


-Монголд аль сургуульд сурч байсан бэ. АНУ-д хэзээ ирэв?

-Би Монгол-Туркийн хамтарсан сургуулийг төгсөөд нэг жил МУИС-д суралцсаныхаа дараа АНУ-д ирсэн.

-Ер нь АНУ-д суралцана гэж төлөвлөж байсан юм уу. Хэзээнээс тийн бодох болов?

-Анх IV ангиа төгсөөд турк сургуульд орж байхдаа л АНУ-д дээд боловсрол эзэмшинэ гэж төлөвлөж байсан. Хол газар ганцаараа явах амаргүй ч Улаанбаатарт гэрээсээ хол, нэг жил оюутан байсных, өөрийгөө дайчилж, бие даан ажиллаж амьдарч сурсан.

-Сургуулиа хэрхэн олсон юм бэ?

-Би интернэтээр юм уншиж, судлах их сонирхолтой л доо. Бүр анх, IV ангид байхдаа, хүмүүсийг ид интернэт ашиглаж сурч эхэлж байхад, хүмүүст и-мэйл хаяг нээж өгөөд 100 төгрөг авдаг байж билээ (инээв). Киноноос Лос-Анжелос гэж их гоё хот харагддаг байв. Тэгээд л энэ хотын сургуулиудыг сонирхон захидал бичиж эхэлсэн дээ. Хүсэлтийг маань хүлээн авч, урилга илгээхэд ямар их баярласан гээч.

-Ирээд сургууль соёл, амьдрал ахуйгаа хэрхэн зохицуулав. Анх хүн танихгүй газар ирэх ч чанга шүү дээ…

-Би ер нь их өөдрөг, зоригтой хүн л дээ. Ганцаараа одоо яана аа, хэцүүдэх байх даа энэ тэр гэж бодоо ч үгүй. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний охин эрдэм өвөртлөн ирнэ гэдэг үгийг санаад л, зорилгоо биелүүлэхийн төлөө зүтгэсэн. Удалгүй ээж минь ирсэн болохоор гайгүй байсан.

-Ээж тань бас сурахаар ирсэн юм уу?

-Үгүй ээ, намайг асрах гэж ирсэн юм. Би ирээд удаагүй байхдаа өвдөөд, эмнэлгээр нэлээд явсны эцэст нэг төрлийн хавдрaaр өвчилснөө олж мэдсэн. Тэр үед хүүхэд байсан болохоор тэгж их сэтгэлээр унаагүй боловч химийн болон цацраг идэвхт эмчилгээ хийлгэнэ гэж сонсоод айж байлаа. Сайн эмнэлэг, сайхан сэтгэлт эмч нар, хамт амьдарч байсан ах эгч, сургуулийн найзууд болон гэр бүлийнхээ ачаар эргээд эрүүл болсондоо үнэхээр их баярлаж явдаг.

-Эмчилгээ хэр удаан үргэлжлэв. Сургуулиасаа чөлөө авcaн уу?

-Зургаан сар химийн, зургаан сар туяаны эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед эмч намайг сургуулиасаа чөлөө ав гэж зөвлөж байсан боловч би гүрийгээд ажил, хичээл аль алинаа таслалгүй явсаар л байcaн. Би зорилгоо нэг ч хором мартаагүй шүү.

-Химийн эмчилгээ хийлгэхэд хүнд байх даа?

-Аан тийм. Яг л кинон дээр гардаг шиг (инээв). Гэхдээ даваад л гарсан, одоо бүх зүйл ард хоцорсон.

-Гэрээсээ хол сурч, хөдөлмөрлөж байхад ээжийн чинь чухам ямар үг, зөвлөгөө тус болдог байв. Ээжийгээ танилцуулж болох уу?

-Сайхан амьдрахын төлөө хүн бүр хичээн зүтгэx хэрэгтэй. Гэхдээ ээж маань “Унатлаа ажиллах чухал биш, ухаантай ажиллах нь чухал” гэж сургадаг байсан юм. Тэвчээртэй байхыг сурах хэцүү ч чухам тийм л байж чадсан хүн алдрын титмийг өмсдөг гэж Далай багшийн их сайхан үгийг байнга хэлдэг байсан. Манай ээж хууль зүйч мэргэжилтэй, олон жил төсвийн байгууллагад ажилласан хүн. Ээж минь намайг эдгэсний дараа их сургуульд суралцаж, одоо эрүүл мэндийн салбарт ажиллаж байна.

-Бага залуу насандаа ийм амжилттай сайн яваагийн тань нууц юу вэ?

-Нууцсаад байх юм юу байх вэ (инээв). Би бусад оюутны л адилаар хичээлийнхээ хажуугаар ажил хийсээр байж л төгслөө. Хамгийн гол нь одоо нэгэнт төгссөн юм чинь сурсан зүйлийнхээ үр шимийг л гаргах гэж хичээж байна даа. АНУ-ын хөрөнгийн бирж дээр гурван жил, мөн энэ жилээс үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавин ажиллаж байна. Миний ажлын гол зарчим бол мэддэг, чаддаг хүмүүст нь хөлсийг нь өгөөд юм хийлгэх, тэд миний цагийг хэмнэж өгөх, би харин тэр цагаа илүү үр ашигтай зүйлд зарцуулах. Намайг унтаж байсан ч, аяллаар явж байсан ч миний мөнгө миний төлөө зогсолтгүй ажиллаж, арвижиж байх ёстой. Тун удахгүй “Ганцаараа баян байснаас гурван саяулаа баяжицгаая, монголчууд аа” хэмээх анхны ном маань та бүхний гар дээр очих болно. Одоо та бидний сайхан амьдрах цаг болсон. Бие биенээ дэмжиж, нэгэндээ хайртай, эвтэй сайхан байвал бид бүгд чадна. Үүнд би итгэлтэй байна.

-Би АНУ-д амжилттай сайн яваа нутаг нэгтнүүдээ олж таних, ярилцаж сурвалжлахыг зорьдог хүн л дээ. Таны бодлоор “амжилттай” хүн гэж ер нь хэнийг хэлэх вэ?

-Миний бодлоор бол өөрийгөө болон хайртай хүмүүсээ баярлуулж, тэдэндээ цаг заваа зарцуулж чаддаг, мөн бусдын амьдралд эерэг өөрчлөлт авчирч чадаж буй хүнийг л “амжилттай” хүн гэх байх. Түүнээс биш өглөө ажилдаа яваад орой тарж ирж, хоолоо идээд унтахыг бол хэн ч чадна.

-Залуу хүний хувьд үе тэнгийнхнийгээ нийгэмд биеэ хэрхэн авч яваасай, бусадтай хэрхэн харилцах ёстой гэж үздэг вэ?

-Залуу насандаа сурч боловсрохыг эрхэм зорилгоо болгож, бусдыг хүндэлж, шударга байх нь хамгийн чухал гэж боддог. Өөрийнхөө туршлагаас хуваалцвал, би бусдад сайхан үг хэлэх, сайхан сэтгэлээр хандах дуртай. Хүмүүстэй сайн сайхан харьцаж, эргээд өөрөө тийм хүндлэлийг олж авах бол маш сайхан мэдрэмж.

-Лос Анжелос хотын монголчуудтайгаа холбоотой байдаг уу. Арга хэмжээнд нь оролцдог биз дээ?

-Тэгэлгүй яахав. Үйл ажиллагаанд нь оролцож, чадахынхаа хэрээр хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Зах зухаас нь дурдвал, Хэл бичгийн ухааны доктор Эрдэнэчимэг эгчийн санаачлан байгуулсан анхны монгол сургуульд багшилж байлаа. АНУ-д сурч байгаа оюутнуудын дунд анх удаагаа зохиогдсон “Надад хэлэх үг байна” чуулга уулзалтад оролцож, “Боловсролтой иргэн хөгжлийн түлхүүр” сэдвээр илтгэл бэлдэн тавьж, хэлэлцүүлж байлаа. Сурч мэдсэнээ эх нутагтаа зориулах сонирхолтой, сайхан залуусын уулзалт байсан. Мөн “Хурд” хамтлагийн 20 жилийн ойн хандивын тоглолт дээр анх арван ам.доллараар дуудагдсан урлагийн бүтээлийг 680 доллараар авсан маань Ажаа гэгээний санаачилсан Монгол дахь хүүхдийн хавдрын эмнэлэгт хандив болон очиж байлаа. Ер нь тэгээд сайн дурын болон хандивын арга хэмжээнд заавал ч монголчуудын гээд байлгүй, аль болохоор оролцохыг л хичээдэг.

-Байгуулсан компанийнхаа тухай ярьж өгөхгүй юү?

-Би 2016 онд “НОМИ проперти менежмэнт” гэж компани байгуулснаар өөрийнхөө бас нэгэн төлөвлөгөөг биелүүлсэн юм. Би ер нь мөрөөдөл биш төлөвлөгөө гэж ярих дуртай. Яагаад гэвэл яг төлөвлөсөн тохиолдолд биелүүлж байж л санаа минь амардаг. Манай компани зөвхөн америкчуудад төдийгүй Монголд байгаа монголчууддаа хүртэл хүрч ажиллан, үл хөдлөх хөрөнгөтэй болж, байршил хамаарахгүйгээр тогтмол орлоготой болох боломжийг олгож байна. Баялагтай Монгол, баян монгол хүнийг буй болгохын төлөө ажиллаж байна гэсэн үг.

-Зорилго гэж үгийг та хэлэх их дуртай юм байна. Зорилгуудаасаа нэг танилцуулаач.

-Миний нэг том зорилго бол Монголд хандивын эмнэлэг байгуулах. Хүн болж төрөөд эрүүл байж, амьд явна гэдэг хамгийн эрхэм зүйл.

-Таны хэлэх дуртай үг юу вэ?

-Мөрөөдөл бол хүрэх цэг биш, харин амьдралын хэв маяг. Би мөрөөдлөөрөө амьдрах дуртай.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Ярилцлага авсан танд бас баярлалаа. Өглөө болгон өдрийн сайхантай золгож, өдөр бүр хүний сайхантай учирч яваарай.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Биеэсээ урт сүүлтэй хонин гүрвэл

Хонин гүрвэл нь элсэрхэг, нам дор элсэн манхантай, дулаахан газраар нутагладаг. Говь гурван сайханы байгалийн цогцолбор газар, баянбүрд, цав толгод, заган ой, харгана бүхий цөл, элсэн манхан нутагт элбэг тааралддаг. Хонин гүрвэл нарийн урт биетэй, зун цагт олон гууждаг, хос богинохон хөлтэй, урт сүүлтэй хэвлээр мөлхөж явдаг хуурай газрын амьтан юм. Ихэнх хонин гүрвэлийн биеийн урт 12-14 сантиметр, эрээн цоохордуу өнгөтэй, хоншоор богино бөгөөд дугуй, сүүлэн дээрээ хөндлөн бараан судалтай байдаг. Энэхүү хүйтэн цустай амьтан нүхэнд амьдарч, өдөр нь шоргоолж, хорхой шавж, таана, хүмүүлийн шүүсээр хооллодог байна. Хонин гүрвэл хүйтэн өдөр наранд халсан халуун чулуу болон малын бууцанд хэвтэж дулаацдаг гэнэ. Хүйтний улирал эхэлж, ногоон ургамал хагдрах үеэр идэш хоол нь хомсдож, бие нь жижгэрч хармаг гэх бутлаг ургамал даган нутагладаг. Намрын эхэн сар гарч хүйтэн бороо орох үед хонин гүрвэлийн хөдөлгөөн удааширч, үзэгдэх нь ховордож эхэлдэг. Энэ нь хонин гүрвэлийн ичих хугацаа болж, хүйтэрч байгаагийн шинж ажээ. Хонин гүрвэл аравдугаар сарын дунд үед үзэгдэхгүй, бүрэн ичиж дуусдаг байна. Харин хавар дөрөвдүгээр сард ичээнээсээ гарч эхэлдэг гэнэ. Тавдугаар сард ичээнээсээ бүрэн гарч тэнхэрсэн хойноо хонин гүрвэлүүд үржилд орж, 10-12 өндөг гаргадаг.

Монгол оронд төмөр гүрвэл, говийн махир хуруут гүрвэл, пржевальскийн нохой гүрвэл, замба гүрвэл, тойрмын хонин гүрвэл, цоохор хонин гүрвэл, монгол гүрвэл, толбот гүрвэл, могой гүрвэл, загалт гүрвэл, гавшгай гүрвэл, зулзагалагч гүрвэл хэмээх 13 зүйл гүрвэл бүртгэгдсэн байдаг аж.

Эдгээрээс улаан номонд орсон тойрмын хонин гүрвэл 59 мм биетэй, сүүл 70 мм урттай. Үндсэндээ түүний сүүл их биеэсээ урт байдаг юм. Тойрмын хонин гүрвэл урт сүүлээрээ биеэ хамгаалдаг бөгөөд өөрийнхөө хоолыг сүүлээрээ боож олзолдог. Тэд хүзүүн дээрээ тод хөндлөн нугачаастай, шилэн хүзүүний орчим нарийн хөх хөвөө бүхий улаан ягаан өнгийн хос толботой байдгаараа бусад гүрвэлээс ялгагддаг байна. Нуруу, биеийн хажуу, сүүлний дээд хайрсууд арзгар өргөсөрхөг бөгөөд Ховдын Булган сумын Ярант, Салхитын хөтөл, Их, Бага Онгог, Давхар хөтлийн бэл зэрэг нутагт тархан нутагладаг аж. Тойрмын хонин гүрвэл цох, эрвээхий, шоргоолж, бясаа, царцаа, ялаа зэрэг шавжаар хооллоно. IV сарын эхээр хээлтдэг байна. Тус гүрвэл шонхор, хэрээ, цахлай, бамбай хоншоорт могойн хоол болдог учир устаж болзошгүй зүйлд оруулж, Монгол Улсын улаан номонд бүртгэсэн байна.

Харин толбот хонин гүрвэл Монгол орны баруун говь, Ховд аймгийн Үенч, Булган, Алтай сумдын нутаг, Баруун хуурай, Давсан хуурай, Ёлхон, Хонин ус, Тахийн усны говиуд, Үенч Бодонч Булган голын ай сав нутгаар амьдардаг. Их биеийн урт 35-75 мм, бадриун бахим биетэй, үзүүр тийш огцом нарийссан сүүлтэй бөгөөд бор цайвар эсвэл ногоон цайвар өнгөтэй байдаг. Нуруугаа даган хөндлөнгөөр цувран байрлах хоёр эгнээ бараан хүрэн толботой аж. Толбот хонин гүрвэл элсэн цөлд бутлаг, сөөглөг ургамлын үндэсний орчимд 15-32 сантиметр гүн нүх ухаж орогнодог юм. Мөн хад чулууны хонгил, хөндий, мэрэгчдийн нүхийг түр зээлэн амьдарна. Аравдугаар сарын эхээр ичээндээ орж, дөрөвдүгээр сард гарч ирнэ. Тавдугаар сарын эхээр үржилд орж, 12 хүртэл өндгийг хоёр удаагийн төрөлтөөр цувруулан гаргадаг байна. Толбот хонин гүрвэл гол төлөв шавьжаар хооллодог. Зараа, хярс, үнэг, дорго, хээрийн бүргэд, шонхор, сохор элээ, тоодог, бамбай хоншоорт могой зэрэг амьтдын идэш болох бөгөөд ган гачиг, хахир өвөл зэрэг байгалийн таагүй нөхцөлийн улмаас өлбөрөх, осгох зэргээр олноороо хорогдож үгүй болдог байна.

Мөн нэн ховор төрөлд орох говийн махир хуруут хонин нүрвэл хоёр нутагтан мөлхөгчдийн аймгийн гүрвэлийн салбар баг болох геккон гүрвэлийн овогт багтана. Энэ амьтны биеийн нийт урт 130 мм-ээс хэтрэхгүй жижиг. Их биеийн урт 58 мм байх бөгөөд сүүл нь 75 мм урт байдаг аж. Энэ хонин гүрвэл мөн л их биеэсээ урт сүүлтэй. Сүүлээ хоол тэжээлээ олж идэхэд ашигладаг байна. Толгой дээрх хайрс нь жижиг мөхлөгөн, нуруун дээрээ гурвалжин хайрстай бөгөөд тэдгээр нь зөв эгнээ үүсгэдэггүй гэнэ. Сүүл нь дээд талаараа трапец хэлбэрийн цагаригласан хайрсаар, доод талдаа нэг эгнээ том хайрсаар хучигдсан байдаг. Бусад нарийн хуруут гекконуудаас ялгагдах онцлог нь хамрын хос хайрс нь сартгар байдаг аж. Бие нь саарал эсвэл цайвар бор өнгөтэй, шилнээс ууц хүртэл таваас зургаа, сүүлэн дээрээ долоогоос арван бор, хүрэн хөндлөн судалтай байх нь элбэг. Залуу гүрвэлүүдийн хөндлөн судлууд тод, сүүлний үзүүр хэсэг цагаан байх бөгөөд эр гүрвэл дөрвөөс долоон ширхэг сүвтэй, тэдгээр нь төгсгөлийн сүвний дээд талд өнцөг үүсгэсэн байдаг аж. Харин эм гүрвэлд ийм сүв байдаггүй гэнэ.

Махир хуруут хонин гүрвэл Алтайн өвөр говийн Шар хулсны баянбүрд, Ногоон цав, Ингэн хөөврийн хоолой, Цуглабарын нуруу зэрэг цөлийн хадархаг нутаг, Цувраа хар, Хэрмэн цав, Наран булаг, Хайч уулд нутагладаг байна. Тэд далайн түвшнээс дээш 700-1300 метрийн өндөрт нутаглах бөгөөд идэш тэжээлийн нөөц нэн хязгаарлагдмал, өвөрмөц орчинд амьдардаг юм. Махир хуруут хонин гүрвэл чулуут цөлийн цав толгодын хормойн хад асга, гуу жалгатай газарт амьдарна. Алтайн цаад говийн Ногоонцавын хоолой, Хуцын хар уул, Цугалбар ус, Цувраа хар, Ингэн хөөврийн хоолой, Шар хулс зэрэг газар 1976 оноос хойш тархжээ.

Categories
мэдээ цаг-үе

Иргэдээс тэрбум гаруй төгрөг цуглуулж барьсан өвлийн хүлэмжээс 90 тонн гүзээлзгэнэ хураана

-“ЧАНДМАНЬ ЖИМСТ”-ИЙНХЭН ШИНЭ ЖИЛЭЭС ӨМНӨ ӨРГӨСТ ХЭМХ, УЛААН ЛООЛИО ЗАХ ЗЭЭЛД ГАРГАНА-

Улаанбаатар хотоос гарч 59 км яваад Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах Х.Алтанцацралтын өвлийн хүлэмжинд очлоо. Замын хойхно талд зүүн урагш харсан энгэр газарт долоон ижил хүлэмж цаснаас ялгагдахааргүй цайран харагдана. Хүлэмж бүрийн дэргэд жижигхэн улаан тоосгон байшин барьжээ. Ажилчдынх нь сууц юм байна. Биднийг очиход арваад хүн ид ажиллаж байв. “Х.Алтанцацралтын хүлэмж мөн үү” гэж лавлахад “Мөн, Цацаа ах тэр хүлэмжинд байгаа” хэмээн зүүн урд талын хүлэмжийг заалаа. Тэр хүлэмжинд гүзээлзгэнэ тариалжээ. Агрономич С.Тунгалаг “Би чинь 9900 хүүхэдтэй. 10х80-ын хэмжээтэй манай хүлэмжинд гүзээлзгэний 9900 бут бий. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд үрсэлгээгээ суулгасан. Одоо цэцэглэсэн хэд хэдэн бут байна. Долдугаар сард ургацаа хураана” гэж ярилаа. Гүзээлзгэний бутнуудыг гялгар уутаар бүтээжээ. Зэрлэг ургамлаас хамгаалах, чийгийг нь барих, хөрсний дулааныг хадгалах гэж ийм арга хэрэглэдэг юм байна. Гучин хэм давсан энэ өдрүүдэд өвлийн хүлэмж дулаахан гэж жигтэйхэн бөмбийж байна. Хаврын хачин дулаахан өдөр шиг орчин биднийг угтав. Биднийг очихын өмнөх өдрийн үүрийн дөрвөн цагт энд гадаа хасах 42 хэм хүрч хүйтэрч. Тэр үед эдний хүлэмж нэмэх 18 хэмийн дулаантай байжээ. Нар гарч байвал хүлэмжинд зун шиг дулаахан байдаг гэж “Чандмань жимст” компанийн ажилчид ярьж байв. Монголын хувьд жилийн 365 хоногийн 300 өдөрт нь нартай байдаг гэнэ.

Сонирхуулж хэлэхэд хүлэмжийн ургамалд зөгийгөөр тоос хүртээдэг юм байна. Агрономич С.Тунгалаг “Гадаа ургадаг ургамал агаар, салхи, шавьжаар тоос хүртдэг.

Харин хүлэмжинд байгаа ургамалд зөгийгөөр тоос хүртээдэг. Тоос хүртсэний дараа жимс нь хурдан гардаг юм” гэж тайлбарлав.

“Чандмань жимст” компанийн захирал Х.Алтанцацралт “Энэ жил эрт хүйтэрч, цас их орсон. Ойрын зуун жил тохиогоогүй хүйтэн өвөл болно, бичин жил сүүлээрээ шарвадаг гээд ярьж байна. Хүйтний улирал гурван сар гартал үргэлжилнэ гэвэл илүү сартай өвөл болох нь. Халуун орны жимс ногоог эрс тэс уур амьсгалтай Монголд, ийм хүйтэн жил тарьж байна. Нуулгүй хэлэхэд заримдаа айдас төрдөг. Маш олон хүн надад итгэж хөрөнгө оруулсан. Тийм болохоор гэр орноо хаяад энд ирж сар гаруй хугацааг өнгөрүүллээ. Өвлийн жавар тачигнахаас өмнө үлдсэн хүлэмжийнхээ дотоод ажлыг дуусгачих гээд хичээж сууна” гэж ярилаа.

Хүлэмжийн дулааныг яаж шийдсэнийг сонирхоход компанийн захирал “ШУТИС-ийн доктор Баяр айл, аж ахуйн нэгжид ирж байгаа 220 вольтын цахилгааныг дөрвөөс тав дахин өсгөдөг технологи зохион бүтээсэн юм. Энэ нь 2015 оны дэлхийн шилдэг 15 бүтээлийн нэг болсон. Бид Баяр докторын багтай хамтраад хүлэмжийн халаалтын системээ зохицуулсан” гэв.

Өргөст хэмхнийх нь хүлэмжээр орлоо. 2250 бут суулгажээ. Энэ хүлэмжинд улаан лооль ч тарьсан гэж агрономич бүсгүй тайлбарлав. Эхний ургацаа шинэ жилээс өмнө хураахаар төлөвлөжээ. Өргөст хэмх, улаан лооль хураах гэнэ. Барьчихсан байгаа долоон хүлэмжийнхээ нэгд нь өргөст хэмх, улаан лооль, гуравт нь гүзээлзгэний үрсэлгээ хийсэн юм байна. Нэг хүлэмжээс нэг удаадаа 25-30 тонн ургац авна гэж агрономич бүсгүй сонирхуулав.

“Чандмань жимст” ХХК-ийн захирал, хүлэмжийн агро парк байгуулах төслийн санаачлагч Х.Алтанцацралт биологич мэргэжилтэй юм байна. “Мөнх ногоон амьдрал” төрийн бус байгууллагаараа дамжуулан иргэдэд экологийн боловсрол олгож, зуны гурван сар мод ургамал тарих сургалт явуулдаг гэнэ. Тэрээр “Газар тариалангийн салбарт ажилладаг хүмүүс өвөлдөө ажилгүй сул суудаг. Өвөлдөө ч ногоо, жимс тарьж ажилтай байх гэж өвлийн хүлэмж ажиллуулж эхэлсэн” гэж ярив. Эхлээд “Чингис” бондоос наян сая төгрөгийн санхүүжилт авч, Шувуун фабрикт өвлийн хүлэмж бариад нарийн ногоо тариалж. Хоёр жил амжилттай тариалсан ч, өвлийн хүлэмжийн аж ахуйг ганц нэгээрээ эрхлэхэд зардал өндөр тусдагийг мэдэрчээ. Нэгдэж, нийлээд менежмэнттэйгээр үнэ цэнийн сүлжээнд орж байж өвлийн хүлэмжийн аж ахуй эрхэлбэл илүү ашиг олно гэсэн санаа тэр үед төрсөн юм байна. Ингээд “Хүлэмжийн агро парк” байгуулах төслийг санаачлан бичжээ. Өмнөх засгийн үед өвлийн хүлэмжийг бондын мөнгөөр санхүүжүүлэхээр болж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас “Голомт” банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гарсан ч сонгууль болоод замхарчээ. Хариуцаж байсан Аж үйлдвэрийн яам нь татан буугдсан учраас банкнаас зээл авах ч боломжгүй болж.

Х.Алтанцацралт төслөө бариад “Голомт” банк, Азийн хөгжлийн банк, Жайка гээд хандаж болох газар бүрт очсон ч санхүүжилт олдоогүй гэнэ. Харин “Голомт” банкнаас “Та өөрөө санхүүжилт босгоод энэ намар хэдэн хүлэмж барьчихвал бид ирэх жилээс дэмжинэ” гэсэн хариу өгчээ. Х.Алтанцацралт “Хаваржин хүлэмж барина гэж ярьчихсан байдаг. Гэтэл есөн сар гарч байхад ямар ч санхүүжилтгүй гацаж орхисон. Одоо л хүлэмжээ барьж чадахгүй бол хавар дахиад ярих хэрэг гарна. Хавар болохоор хүлэмж ярьдаг өвчтэй хүн гэж хэлүүлэхийг хэн хүсэх вэ дээ” хэмээн ярив.

Ингээд твиттер, фэйсбүүкээр 30 сая төгрөгийн санхүүжилт хийвэл төсөл амжилттай хэрэгжсэний дараа нэг хүлэмж өгье гэсэн зар тавьжээ. Өвлийн хүлэмжинд хөрөнгө оруулах сонирхолтой иргэд санаснаас нь их байсан гэнэ. 45-хан хоногийн дотор нэг тэрбум 280 сая төгрөгийн санхүүжилт босгожээ. АНУ-д амьдардаг гурван залуу хүртэл итгэж хөрөнгөө оруулжээ. Солонгост 18 жил ажилласан бүсгүй “Монголд ирээд юу хийхээ мэдэхгүй байсан юм. Таны санал таалагдлаа. Байгальд ээлтэй, хүнд хоргүй гоё бизнес байна” гээд мөнгөө бариад ирж. Ингээд хүлэмж барих ажлаа есдүгээр сарын 17-ноос эхэлүүлсэн байна. Барилгын ажилд нь 100 гаруй хүн оролцжээ. Иргэдээс цугласан мөнгөөр долоон хүлэмж бариад дуусч байгаа аж. Нэг хүлэмж нь 150 сая төгрөгөөр босчээ. Х.Алтанцацралтын “Чандмань жимст” компани одоогоор итгэж мөнгөө оруулсан хорь гаруй хөрөнгө оруулагчтай болж. Тэрээр энд 60 өвлийн хүлэмж байгуулах юм байна. Үлдсэнийг нь ирэх жилээс банкнаас зээл авч барихаар төлөвлөжээ. Банкнаас авсан зээлээ дараа жилийнхээ ургацаас дарах тооцоо хүртэл гаргачихаж. 30 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийсэн хүмүүс эдний барьсан хүлэмжийг өмчлөх эрхтэйгээс гадна ургацынх нь ашгаас ч хүртэх боломжтой аж. Хөрөнгө оруулагчдадаа хүлэмжийг нь өгөхдөө газартай нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй өмчлүүлэх юм байна.

Аймаг, нийслэлээс их олон хүн эдний хүлэмжийг сонирхож туршлага судалж байгаа гэнэ. Х.Алтанцацралт “Монголчууд нэгдэж аймаг бүрт өвлийн хүлэмжийн цогцолбор байгуулж ажиллавал хүнсний аюулгүй байдлын асуудал бүрэн шийдэгдэнэ. Үүгээр ч зогсохгүй жил бүр урд хөршид 20 сая доллар тушааж жимс, ногоо худалдан авах шаардлагагүй болно. НҮБ-ын Хөдөө аж ахуйн байгууллага хятад хүн жилд 350 кг, монгол хүн 35 кг жимс ногоо иддэг гэсэн судалгаа гаргасан байна лээ. Тийм болохоор Орос, Хятад улсад үндэсний сортын, эрүүл ногоо жимсээ экспортлох боломж ч бүрдэнэ. Энэ бол Монголын хөгжлийн нэг гарц. Манай орны хөрс нь, агаар нь эрүүл, ус нь тунгалаг учраас цэвэр эко жимс, ногоо тариалах бүрэн боломжтой” хэмээн ярилаа.

Одоо барьчихаад байгаа долоон хүлэмжийн ургац гэхэд л нийслэлчүүдийн улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэний хэрэглээний таван хувийг өлхөн хангах юм байна.

Х.АЛТАНЦАЦРАЛТ: ЖИМС, НОГООГОО УХААЛАГ УСАЛГААГААР УРГУУЛЖ БАЙНА

“Чандмань жимст” компанийн захирал Х.Алтанцацралтаас зарим зүйлийг тодрууллаа.


-Гэрэл цахилгаан, усалгаа, ажилчдын амьдрах орчин гээд олон асуудлыг цогцоор нь шийджээ. Туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Өнөөдөр монголчуудын хоолны хуваарьт өөрчлөлт орсон. Зөвхөн гурил мах иддэгээ болиод цагаан, ногоон хоолтнууд нэмэгдэж байна. Тийм болохоор химийн бордоогүй, эрүүл монгол хөрсөнд ургасан жимс, ногооны эрэлт нэмэгдсэн. Энэ бол хэзээ нэгэн цагт хэн нэгэн хүн эхлүүлэх ёстой ажил байсан. Мэргэжлийн хүний хувьд би эхлүүлээд байна. Миний тавьж байгаа гол зорилго бол нэг хүлэмжид хоёр хүн ажиллана. Гэхдээ 365 хоног ээлжгүй тулаа ажиллах юм. Тийм учраас амьдрах байр нь ая тухтай байх ёстой. Хятадууд бол 3х3 харьцаатай ногоочны байр гэж барьдаг. Би 6х4-ийн харьцаатай сууц барьсан. Хэмжээ нь багадаж байна. Тэгэхээр сүүлийн хоёр хүлэмжийн ногоочны байрыг 6х5-аар барьсан. Монгол хүн гэдэг бол барууны соёлтой, усанд орох ёстой, интернэтэд орох, зурагт үзэх хэрэгтэй. Тийм болохоор энэ бүх асуудлыг шийдэж байна. Ирээдүйд 60 хүлэмжинд 120 ногоочин ажиллаж, амьдрана гэхээр цэцэрлэг сургууль ч барих асуудал гарах биз. Баянчандманийн ажилгүй залууст ойжуулагч, цэцэрлэгч, ногоочны мэргэжил олгох сургалт явуулсан. Усалгааны хувьд ургамал болгонд дусалж очдог ухаалаг системийг ашиглаж байгаа. Мөн цахилгаан тасарсан үед нөөц зөөврийн цахилгаан үүсгүүрийг байрлуулсан.

-Тариалалтын хувьд төдийд өдийд тарина гэсэн тогтсон хугацаа бий юү?

– Тогтсон хугацаа байхгүй. Үр болгон хэд хоноод жимсээ өгөх өөрийн тогтсон хугацаатай. Тийм учраас зах зээлээ судлаад, хэдийд ургац авахыг хүсч байна, түүнийгээ тооцоод үрсэлгээгээ хийнэ. Манайхан хавар газар гэсэхээр бүгд тариалалт хийгээд намар ургацаа хураадаг. Бүгд ургацаа зэрэг авдаг учраас зах зээл дээр жимс, ногооны илүүдэл үүсч, ашиггүй ажиллах эрсдэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэхэд өвлийн хүлэмж чухал ач холбогдолтой.

-Өвлийн хүлэмж барих хүсэлтэй жирийн иргэдэд хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Хүлэмжийн барилгын үндсэн материал болох тоосго цемент, арматур бол манай улсад элбэг бий. Хучлага хөнжил, дээврийн карказыг Хятад улсаас оруулж ирдэг дистрибьютэр нь манай компани. Хоббигоороо хашаанд өвлийн хүлэмж байгуулаад жимс ногоо тарьж болно. Гэхдээ бизнес эрхлэх гэж байгаа бол аль болох нэгдэж, хоршоолж байж, өвлийн хүлэмжийг үнэ цэнийн сүлжээнд оруулж хийгээрэй гэж зөвлөмөөр байна.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын арслан Д.ГАНХУЯГ: Хадаа аваргыг давчихаад гүйж явсан минь санаанаас гардаггүй

Монгол Улсын арслан Доржпаламын Ганхуягтай ярилцлаа.


-Та ээжийн талаасаа бөхийн удамтай бил үү?

-Би Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрж өссөн юм. Миний аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумынх. Харин ээж Гучин-ус сумын харьяат. Ээжийн удамд Махбал гэж даншгийн заан цолтой хүн байсан юм билээ. Би тэр хүний удмын тав дахь үеийн хүн л дээ. Манай өвөө бас барилддаг хүн байсан. Сумын заан цолтой Доржсүрэн гэж хүн байлаа. Харин өвөөгийн ах Мэгд гэж хүн 1935 онд 25 насандаа аймгийн начин цол хүртсэн гэдэг. Мөн өвөөгийн үеэлүүд аймгийн заан Мижиддорж, аймгийн арслан Аюушжав гэсэн бөхчүүд бий. Бид гурав Өвөрхангайн наадамд 30 жилийн зөрөөтэйгөөр үзүүр, түрүүнд үлдсэн байдаг юм билээ. Мөн Монгол Улсын гавьяат тамирчин Д.Цэрэнханд бид хоёр төрсөн эгч, дүүсийн хүүхдүүд юм. Харин манай аавын талынхан биерхүү хүмүүс байдаг. Бас сайхан ч барилдчихдаг, гарын дүйтэй, уран дархан хүмүүс байдаг даа.

-2000 онд начин цол хүртсэн. Хэнээр начин цол хүртэж байсан бэ?

-Би аавынхаа төрсөн нутгаар овоглуулж явдаг. Манай Өвөрхангайн “Их Монголын хүчтэн” дэвжээ 1998 онд байгуулагдсан. Би 16 настайдаа нутгийнхаа Д.Цэрэнтогтох аваргаар ахлуулсан галд гарч бэлтгэл хийж эхэлсэн юм. Ганбаатар, Долгорсүрэн, Дүвчин, Эрдэнэбат гээд сайхан заануудтай наадмын бэлтгэлд гардаг байлаа. 16-тай хүүд тэр том бөхчүүдтэй наадмын бэлтгэлд гарна гэдэг их сайхан хувь тохиол шүү дээ. Шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг хий гэснийг нь шууд л хийдэг байв. Ах нарынхаа хувцсыг нь хүртэл угаана. Оймсыг нь ч угааж байсан үе бий.

Харин би хамгийн анх 1995 онд 19 настайдаа Өвөрхангай аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Аав намайг аймгийн наадамд явахад “Аймгийн начин болоорой” гэж захисан юм. Аавынхаа захиасыг бүр давуулан биелүүлчихээд холбоон дээрээс гэр лүүгээ залгаж хэл дуулгасан. Тэр үед аав минь маш их баярлаж билээ. Дараа нь 24 насандаа О.Бахыт харцагаар гурав, Д.Эрдэнэбат заанаар дөрөв, дархан аварга Цэрэнтогтохоор тав давж улсын начин цол хүртсэн түүхтэй юм. Энэ чинь 2000 он шүү дээ. Түүнээс хойш цолоо ахиулчих юм шүү гэж их л боддог байлаа.

-2008 онд цолоо ахиулж арслан цол хүртсэн…

-Хэдий цолоо ахиулчихъя гэж хичээсэн ч болдоггүй л байсан. Харин түрүүлдэг жилээ заалны барилдаан нэг ч удаа таслаагүй, бэлтгэл ч сайн байсан. Гэхдээ түрүүлнэ чинээ бодож яваагүй л дээ. Сайн барилдаж цолоо ахиулна л гэж бодож явсан. Харин эргээд бодоход тэр жил миний бэлтгэл ханачихсан байж дээ гэж бодогддог юм. Би улсын заан Б.Соронзонболдтой үзүүр, түрүү булаалдаж түрүүлсэн дээ. Наадмын өмнөхөн нэгэн барилдаанд Б.Соронзонболдод хутгуулаад унасан юм. Тиймээс хутгаж магадгүй гэсэн бодол мэдээж байсан. Харин маш тайван байж санасан барилдаанаа хийж чадсан даа. Их сайхан барилдаан болсон.

-Та заалны барилдаанд Хадаа аварга, Долгорсүрэн заан нарыг давсан гэдэг бил үү?

-Би 17 настай байсан. Аравдугаар ангийн л сурагч байлаа. Жанжин Сүхбаатарын мэндэлсний ойн барилдаанд Хадаа аваргаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв давсан. Хадбаатар аваргатай таараад хоёулаа хаялцдаггүй их уддаг юм байна. Би ч яахав, жаахан хүүхэд тэр том хүнээс зуураад л байлаа. Тэгж, тэгж аварга надад тахимаа өгчихөж билээ. Хадаа аваргыг давчихаад гүйж явсан минь санаанаас гардаггүй юм. Хүүхэд байсан болоод ч тэр үү, аз, од байсан болов уу гэж боддог юм. Манай ангийн багш тэр барилдааныг зурагтаар үзсэн юм билээ. Тийм ч айхтар бөх мэддэг хүн биш л дээ. Тэгсэн маргааш нь “Ганхуягийг би тэр том бөхөд даруулж унахвий гэж айж байлаа. Миний хүү битгий тийм том бөхчүүдтэй барилдаж байгаарай” гэж билээ.

-Х.Намшир багшийнхаа тухай яриач?

-Би эхээс дөрвүүлээ. Гурван ахтай. Хөвгүүд л болсон хойно ноцолдоно. Хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн хүүхдүүд байлаа. Харин аав намайг бөхийн секцэнд явахыг зөвлөсөн юм. Би сургуулийнхаа бөхийн секцэнд хичээллэж байгаад 1998 онд “Хөдөлмөр” нийгэмлэгт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Х.Намшир багшийн шавь болж байлаа. Багаасаа л багшийнхаа удирлаган дор хичээллэсэн учраас юу хэлэх гэж байгааг нь бараг харцаар нь ойлгочихдог болсон гэхэд хилсдэхгүй. Багшийн арга барил бусад хүмүүсийнхээс ондоо санагддаг юм. Хаанаас барьц авахыг нь хүртэл нарийн заадаг байсан.

Анх хичээллэж эхлэхэд минь “Хөдөлмөр” нийгэмлэгийнхэн гадагшаа тэмцээн, уралдаанд их явдаг байлаа. Би тэмцээнд очих хэмжээнд хүртэл бэлтгэгдээгүй байсан л даа. Гэтэл намайг Х.Намшир багш тэмцээнд авч явна гэдэг юм байна. Багш маань “Ухарч хожигддог энэ муу бөхчүүдээс, ялагдсан ч хамаагүй урагшилж довтолдог Ганхуягийгаа авч явна” гэж билээ. Энэ үг надад маш их урам өгч байсан даа. Мөн Биеийн тамирын дээд сургуулийн Монгол Улсын гавьяат багш Ж.Даваажав, Ч.Дамдиншарав, Дамдин, Д.Сэрээтэр, З.Ойдов гээд сайхан хүмүүсийн шавь нь байлаа. Тийм болохоор өөрийгөө их азтайд тооцож явдаг юм даа. Энэ багш нарын ачаар манай ангиас начин Эрхэмбаяр, хурц арслан Отгонбаатар, аймгийн арслан Энхтайван, Цэдэндамбаа, аймгийн заан Оюунбаатар, Мөнхзориг гэх мэт сайхан бөхчүүд төрсөн. Спортын мастер цолтой хүмүүс ч цөөнгүй бий.

-Та сагсан бөмбөгийн “Генералууд” багт тоглодог байсан. Хэдий хугацаанд тоглосон бэ?

-Би Улсын биеийн тамирын дээд сургуулийг төгссөн. Оюутан байхдаа сагсан бөмбөгийн тэмцээн уралдаануудад оролцдог байлаа. Ер нь дажгүй эвсэлтэй, сонирхолтойг минь сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагч Дамба анзаарч байсан юм билээ. Лигийн тэмцээнд оролцохын өмнө “Генералууд” баг сэлгээ хийж, хүч нэмэхээр залуу тоглогчдыг авсан. Энэ үед манай курсын оюутнуудаас хэдэн хүүхэд элсэн орсон юм. Үүнд багтаж хоёр жил гаруй “Генералууд” багийн төвийн тоглогчоор тоглосон. Гэхдээ үндэсний бөхөөрөө амжилт гаргах сонирхол минь давамгайлж сагсан бөмбөгөө орхисон доо.

-Та Өвөрхангай аймгаа төлөөлөн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцдог. Өнгөрсөн жилийн бөхчүүдийн хоорондох тэмцээнд аваргалсан байх аа?

-Одоо Үндэсний лигийн тэмцээнд Өвөрхангай нутгаа төлөөлөн оролцож байна. Мөн “Мөнгөн цагариг” клубээс санаачилж ес дэх жилдээ зохион байгуулж буй бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээн арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэх юм. Энэхүү тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд манай “Их Монголын хүчтэн” дэвжээ аваргалсан. Нийтдээ хоёр түрүүлж, хоёр удаа гуравт шалгарсан юм байна. Би энэ сагсан бөмбөгийн тэмцээнд орохдоо дуртай байдаг шүү. Ялангуяа бөхчүүд сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох нь олон давуу талтай. Энэ нь бөхчүүдийн эв дүй, эвсэл, ур чадварыг нэмэгдүүлдэг юм. Мөн тоглож байх явцдаа их гүйдэг учраас нэг бодлын маш сайн сургуулилт болдог л доо. Энэ жилийн бөхчүүдийн хоорондох сагсан бөмбөгийн тэмцээн аймгийн арслангаас дээш болон доош цолтой бөхчүүдийнх гэсэн ангилалтай болно. Энэ хоёр ангиллын хоёуланд нь Өвөрхангай аймгийн бөхчүүд оролцох юм.

-Та маш олон спортын төрлөөр хичээллэсэн юм билээ. Хичээллэсэн спорт бүртээ чамгүй амжилт гаргасан байсан?

-Бөхийн төрлүүдээр голчлон хичээллэсэн. Хэдий бөхийн төрлүүд дүрэм, барьц нь өөр хэдий ч зорилго нь бол адилхан шүү дээ. Ер нь бөхийн төрлүүдээр хичээллэснээр давуу тал ихтэй байдаг. Би кураш бөхийн Дэлхийн аварга, сонирхогчдын сумо болон самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, сонгомол бөхийн зүүн Азийн наадмын мөнгө, чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний аварга, улсын аварга, оюутны Дэлхийн аваргын мөнгөн медальт, регби Америк хөлбөмбөгийн Монголын анхны тоглогч, мөн жүдо бөхийн хүнд жинд барилдаж байсан.

-Эдгээр спортоор хичээллэж амжилт гаргахын тулд маш их бэлтгэл сургуулилт хийсэн байх?

-Би оюутан байхдаа өдөрт дөрвөөс таван бэлтгэл хийдэг байсан. Манай биеийн тамирын сургуульд хөлбөмбөг, гимнастик гээд хичээлүүд ордог. Тэд бүгд зааланд ордог юм. Түүнээс гадна манайх бөхийн багш, дасгалжуулагчийн анги тул өглөө ирээд бөхийн дасгал, сургуулилт хийнэ. Өдөртөө сагсан бөмбөгийн бэлтгэлдээ эсвэл лигтээ тоглоно гээд нэг цаг 30 минутын хугацаатай дөрвөөс таван бэлтгэл хийдэг байжээ. Оюутан байх хугацаанд зөвхөн бэлтгэлдээ цаг хугацаагаа зориулахад ээж, аав минь дэмжиж тусладаг байсан. Харин гэр бүлтэй болсны дараа эхнэр минь үргэлж дэмждэг болсон доо. Миний эхнэрийг Ганчимэг гэдэг. Бид хоёр нэг сургууль төгссөн. Сургуулиа төгсөөд нэг гэрт ороод, үр хүүхэдтэй болсон ч намайг бэлтгэлээ л сайн хийхийг зөвлөдөг байлаа.

Бид хоёр хүүхэдтэй болоод удаагүй байлаа. Тэр үед эхнэр маань “Хүүхэд шөнө уйлна миний хань өөр өрөөнд унт” гэдэг байв. Хань минь ид барилдаж бөхөд сэтгэл зүрхээ өгч байх үед тийм л их анхаарал хандуулж ар талыг бат даадаг байсан.

-Ам бүл хэдүүлээ вэ?

– Манайх ам бүл дөрвүүлээ, охин, хүү хоёртой.

-Энэ жилийн наадамд начин цол хүртсэн хоёр ч бөхөөс допинг илэрлээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би допингийн эсрэг 100 хувь зогсдог хүний нэг. Хүмүүс уураг, нэмэлт тэжээлэнд допингд хамаарах бодис байдаг, түүнийг санаандгүй байдлаар хэрэглэснээр допинг илэрлээ гэж бодоод байх шиг санагддаг. Уураг, нэмэлт тэжээлд допингийн ямар нэг бодис байдаггүй. Үүнийг олон улсын стандартын дагуу тестээр шалгаж нэвтрүүлдэг юм. Тиймээс допинг санаандгүй байдлаар хэрэглэнэ гэж байхгүй. Хүмүүс өөрсдөө мэдэж байгаа болохоор л хэрэглэж байгаа гэсэн үг. Амжилтын төлөө шунасандаа л хэрэглэж байгаа юм.

-Шавьтай болж байна уу?

-Нутгийнхаа залуучуудтайхоёр жил ажилласан. Ирээдүйд их юм дуулгах сайхан залуучууд бий. Одоогоор дэвжээний бөхчүүдийнхээ бэлтгэл сургуулилтад нь анхаарах гэхээсээ илүү нөхцөл боломжийг нь хангахыг зорьж байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Лхагвын Отгонцэцэг: Найрал дууны “Ундарга” хамтлагийнхан маань Улаан-Үдээс гранпри хүртэж ирсэн

“Нийслэлийн багш-бидний бахархал” хүндэтгэл ёслолын ажиллагаа өчигдөр Монголын хүүхдийн ордонд болж нийслэлийн боловсролын салбарын түүчээ манлайлал болсон 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгч оролцож, “Багшийн эрхэмлэх зүйл”-тэй болсноо зарлан төрийн алтан соёмбот далбаандаа хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр нийслэлийн боловсролын шилдэг ажилтан цол, тэмдгийн эзнээр тодорсон Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн хөгжмийн багш Лхагвын Отгонцэцэгтэй уулзаж ярилцлаа.


-Та хөгжмийн багшийн мэргэжил хаана суралцаж эзэмшив?

-Би 1992 онд Багшийн сургуулийг хөгжмийн багш мэргэжлээр суралцаж төгссөн. Боловсролын салбарт ажиллаад арван зургаан жилийн нүүр үзэж байна. БСШУСЯ-ны лаборатори сургууль “Эрдмийн өргөө” цогцолборт хөгжмийн багшаар тав дахь жилдээ ажиллаж байгаа. Манай сургууль чинь аравдугаар хорооллын 43, 56 дугаар сургуулиас бүрдсэн цогцолбор шүү дээ.

-Хөгжмийн ангид хэн хэнтэй хамт суралцаж байв?

-Продюсер Н.Халиун, Арзаак хэмээх С.Төрбат, соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Байзада, Батболд нарын Монголын хөгжмийн урлагийн нэгэн үеийн төлөөлөлтэй хамт суралцаж төгссөндөө баяртай байдаг. Манай доод ангид урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч П.Ганбат, ая зохиогч, дуучин Норовын Баасандорж нар суралцаж байсан.

-Дунд сургуульд дуу-хөгжмийн хичээлийг хэддүгээр ангийнханд зааж байна?

-Хөгжмийн боловсролын хичээлийг нэгээс есдүгээр ангид ордог болсон. Миний хувьд зургаагаас есдүгээр ангийнханд хичээл зааж байгаа. Бага ангийнханд долоо хоногт хоёр цаг, дунд ангийнханд нэг цаг ордог.

-Арваад жил багшлахдаа олон сайхан шавиа урлагийн харгуйд замчилсан биз?

-Би нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороололд байдаг Төмөрбаатар захиралтай 36 дугаар сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Бүжигчин шавь нар олон байгаа. Тэр сургуулийг “Guys 666” хамтлагийн гишүүн Төгсөө маань төгссөн. Анх эстрадын бяцхан дуулаачдын уралдаанд оролцоод явж байсан жаахан хүү одоо Монголын рок, попын ертөнцөд од болоод гялалзаж явна.

-Багшлах хугацаандаа хэд орчим хүүхдэд дуу хөгжмийн боловсрол олгосон байх юм?

-Ангиар нь тоолбол олон анги бий. Манай “Эрдмийн өргөө” чинь цогцолбор сургууль болохоор одоо би 976 хүүхдэд хичээл зааж байна. Манай сургуулийн онцлог гэвэл найрал дууны дугуйлан хичээллүүлдэг. Найрал дууны сурагчид маань сүүлийн таван жилд олон сайхан амжилтын эзэд болсон. Найрал дуугаараа дүүргийн дөрвөн удаагийн аварга, Улаанбаатар хотын найрал дууны уралдааны тусгай, нэг, хоёр, гуравдугаар байрын шагналыг жил дараалан авлаа. ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог “Поющее детство” олон улсын найрал дууны уралдаанд энэ оны дөрөвдүгээр сард очин оролцож гран при шагналыг авчирсан. Энэ амжилт бол Байгальмаа захиралтай “Эрдмийн өргөө” сургуулийнхны чин сэтгэл, зүтгэлийн ач юм даа. Хичээл зүтгэлийг минь үнэлж анхны “Нийслэлийн боловсролын шилдэг ажилтан” шагналаар шагнасанд баярлаж байна.

-Та ингэхэд яг ямар хөгжмөөр дагнан суралцсан хүн билээ?

-Биднийг суралцаж байх үед хөгжмийн багш хүн юу чадах ёстой байдаг юм, тэр бүх хичээлийг заадаг байлаа. Бүжиг, бүх хөгжмийг заалгасан. Ямар ч үед аль ч хөгжмийг тоглох чадвартай багш нар байх ёстой гэсэн бодлого ч байсан байх. Хөгжмийн удирдаач, найрал дуу, бүжиг, төгөлдөр хуур, баян хуур, ардын хөгжим гээд бүгдийг бидэнд заасан. Агуу их багш нарынхаа зааж сургасны хүчинд л бид өдий зэрэгтэй ажиллаж, амьдарч явна даа.

-Та багш нарынхаа тухай яриач?

-Миний дунд сургуулийн багш бол Архангай аймгийн Цэнхэр сумын дуу хөгжмийн багш Д.Дашцэдэн маань байна. Анги удирдсан энэ багш маань бидэнд маш их өгөөжөө өгсөн. Багшийн сургуульд элсэн ороход ангийн багш Баярсайхан биднийг хүлээж авсан. Монголын урлагийн алтан үеийн од гэмээр урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Сангидорж, дуучин Галхүү, Бүдхүү, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Бямбабаяр, хөгжмийн зохиолч Мөнхбат, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг нараар хичээл заалгасан бид яагаад ч муу байхын аргагүй шавь нар нь юм. Тиймээс бид энэ сайхан багш нараа үеийн үед шүтэн биширч явна.

-Та өөрийн гэсэн бүтээлтэй юу?

-Яг тухайлсан бүтээлгүй ч найрал дууны олон хөг аялгууг түмний хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлчих юмсан гэж зааж сурган хичээн ажиллаж байна.

-Манай боловсролын салбар бол их савлагаатай бодлоготой болчихсон нь нууц биш. Хөгжмийн боловсролын хичээлд энэ аль хэр нөлөөлж байна?

-Ерөнхийдөө бодлого өөрчлөгдөж л байдаг. Орчин үетэйгээ хөл нийлүүлж алхахын тулд сургалтын чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Хүүхэд бүрийг хөгжүүлэх гэдэг зүйл их өгөөжөө өгч байгаа. Урьд нь урлагийн үзлэг боллоо гэхэд ганцхан хүүхэд л дуулж, бүжиглэн, хөгжимддөг байсан бол одоо хүүхэд нэг бүрийн оролцоог чухалчлах болсон. Манай сургууль “Багш аа, надад авьяас бий” уралдааныг гурван жил дараалан зохион байгуулсан. Бүх сурагч энэ тэмцээнд оролцдог. Ноднин жил “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 3754 хүүхдийн тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Монгол Улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ийм тоглолт хийсэн дээ.

-Өнгөрөгч зууны наяад оны сурагчид урлагийн үзлэг болохоор “Дуулуулчих вий, тайзан дээр дуудаад гаргачих вий” гэж их эмээцгээдэг байлаа. Одооны хүүхдүүдийн хандлага ямаршуухан байна?

-Тэр үеийн сурагчид, одооны хүүхдүүд хоёрын хандлага их ялгаатай. Өнөөгийн хүүхдүүд өөрсдийгөө илэрхийлэх талаар маш их хөгжсөн. Тайзан дээр гарч биеэ авч явж сурсан байна. Бидний үед хэчнээн зөв зүйтэй зүйл байсан ч багшаас айдаг байсан бол одоо “Багш аа, энэ чинь ийм, тэр чинь тийм” гэж хэлэх чадвартай болсон.

-Таны шавь нар дотор найрал дуунаас гадна ямар авьяастнууд байгаа бол?

-Манай сургуулийг энэ хавар төгссөн Мэндсайхан гэж мундаг хүү байгаа. “Чонын алтан шагай” уран сайхны кинонд тоглосон. Энэ хүү сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдан хөдөө сурч, аж төрж байлаа. Мэндсайхан миний удирддаг найрал дууны дугуйланд долоон жил сурсан. Наранцогтын Мөнхшүр гэдэг охин гэхэд “UBS” телевизээс зохион байгуулдаг “Universе best songs” тэмцээний шилдэг арван зургаан оролцогчийн нэг болсон. Манай сургуулийн “Гоо үжин” бүжгийн клубт долоон жил хичээллэсэн хүү бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд одоо явах гээд бэлтгэлээ базааж байна. Дэлгэрнасан багшийн удирдлаганд морин хуурын наян хүүхдийн чуулга хичээллэж байна. Дэлгэрнасан багшийг Завхан аймгаас олон морин хуурч хүүхэд төрүүлсэн мундаг хүн гэдгийг Монголын ард түмэн сайн мэднэ. Манай сургуулийн морин хуурын хүүхдийн чуулгынхан гурав дахь жилдээ хичээллэж байгаа гэхэд маш гайхамшигтай тоглолт хийж байсан.

Таны хүүхдүүд урлагийн авьяастай юу?

-Ууган хүү Чулуунтулга маань ШУТИС-ийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Бага хүү Мөнхтулга маань арванхоёрдугаар ангийн сурагч. “Загасчны морь усгүй” гэдэг шиг хоёр хүүгээ урлагийн ямар нэгэн төрөлд ойртуулж чадаагүй. Түмний хүүхдийг болохоор загнаад л сургадаг байтлаа өөрийнхөө хүүхдүүдийг “Хариад хичээлээ давт” гэсээр байгаад хүүхдүүддээ урлагийн боловсрол олгож чадаагүй хүн шүү (инээв. сур)

-Архангайн Цэнхэр сумаас урлагийн одод олон төрсөн үү?

-Цэнхэр сум маань маш сайхан байгальтай нутаг. Төрийн тахилгат Суварга хайрхан байдаг. Арын сайхан хангай нутгийг бөхчүүдийн өлгий нутаг гэж Монгол даяараа мэднэ. Манай сумаас харин ардын жүжигчин Самбуу гуай төрөн гарсан. Эгч нь Дэнсмаа гэж мундаг хөгжмийн зохиолч байдаг. Эднийхэн удмаараа урлагийн гайхамшигтай хүмүүс. Манай аав, ээжтэй бараг л хамаатан садан шахуу тийм ойр нэг нутгийнхан.

-Таны аав, ээж юу хийдэг хүмүүс байв?

-Миний аавыг “Доголон” Лхагва гэхээр нутгийнхан андахгүй байх. Хөл нь тааруухан байсан ч цээж их бяртай хүн байсан. Ямар ч бүдүүн эмнэг адууг чихдэж аваад толгойг нь газарт хүртэл дардаг эрэмгий хүн байсан гэж хөгшчүүл гайхдаг юм билээ.

-Ингэхэд цалин цуух аль хэр авч байна гээд асуучихвал хэтэвч рүү чинь өнгийчихсөн хэрэг болохгүй байх. Амьдралд хүрэлцэх юм уу?

-Багш нар ямаршуухан цалинтай хүмүүс гэдгийг та мэдэх байлгүй. Таван зуун мянган төгрөгийн л цалинтай улс. Амьдрал ахуйд хүрэлцээтэй юү, үгүй юү гэдэг асуудалтай шүү дээ. Зэргийн нэмэгдэл, илүү цагийн хөлс гээд жаахан юм авна. Багш нарын цалин амьдралд яагаад ч хүрэлцэхгүй. Гэхдээ үнэн сэтгэлээсээ, түмний хүүхдийн төлөө л ажиллаж байна. Сайхан хамт олонтой байна гэдэг л багш нарын хамгийн том шагнал. Хамт олонгүйгээр ажил, амьдралаа яагаад ч төсөөлж чадахгүй шүү дээ. Өнөөдөр би шагнал гардлаа гэхэд цэцэг аваад зогсож байна гэдэг чинь хамт олны маань л сайхан сэтгэлийн илрэл биз дээ. Жаргал, зовлон, уралдаан тэмцээн алив бүхэнд тусалж дэмждэг ийм хамт олонтойдоо баярлаж явдаг. Найрал дууны “Ундарга” хамтлагийн тоглолтыг “Корпорайт”-д хийхэд чин сэтгэлээсээ тусалсан сурагчдынхаа эцэг эхчүүдэд маш их талархсанаа хэлье дээ.

Categories
мэдээ цаг-үе

Д.Хаянхярваа: Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлогыг дахин эргэж харах шаардлага гарч байна

Д.Хаянхярваа зурган илэрцүүдУИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Засгийн газрын зүгээс өргөн мэдүүлсэн эдийн засгийн онцгой хөтөлбөрийг танай бүлгийн гишүүд дэмжиж байгаа юу. Онцгой хөтөлбөрт өнөөх том төслөөс эхлээд олон зүйлийг тусгасан ч анзааралгүй үлдчихсэн зүйл байхвий…

-Эдийн засгийн хямралаас гарах тухай асуудал сүүлийн үед хүчтэй яригдаж байна. Ялангуяа өнгөрсөн аравдугаар сарын байдлаар манай эдийн засаг -1.6 хувь боллоо. Өөрөөр хэлбэл, эдийн засагчид болон олон улсын байгууллагуудын таамаглаж байснаас илүү хямрал манай эдийн засагт явагдаж байна л даа. Сүүлийн хэдэн жил уул уурхайн салбарын томоохон төслүүдээ хөдөлгөе гэж ярилаа. Өнөөдөр бид төсөв мөнгөний бодлогоо засан, эдийн засгийн нөхцөл байдалдаа зөв үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй байна.

Нийгмийн сэтгэл зүй хүнд байна гэж би хувьдаа харж байгаа. Тухайлбал, төсвийн тодотголын үеэр 3-4 төрлийн татвар нэмэх асуудал яригдсан. Харамсалтай нь нийгмийн сэтгэл зүйн хана хэрмийг бид давж чадалгүй эгүүлэн татсан шүү дээ. Тэр утгаараа хүссэн ч, эс хүссэн ч бид хэрэглээгээ танахаас өөр замгүй болж байна. Хэрэглээ танах асуудалд хүн бүр сэтгэлээсээ хандмаар байгаа юм. Эдийн засаг амаргүй болчихлоо. Бидний орлого, гаднаас ирдэг валют багасаж байна. Гадна, дотнын хөрөнгө оруулагчдын тоо эрс буурчихлаа. Ийм нөхцөлд бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шиг тэр хэмжээндээ зарлагыг буцааж татах асуудлыг ярих ёстой. Бид төсвийнхөө бүтэц, зарлага, орлого талыг дахин эргэж харах шаардлага гарч байх шиг байна.

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьчлал олны анхаарлын төвд байна. “Улаанбаатар” хэвлэхийн балгасыг 24 тэрбумаар зарж чадсан байхад Хөрөнгийн бирж, Төв шууданг 20 тэрбумаар борлуулж болохгүй юу гэсэн асуулт байгаад байна?

-Ямар нэг ажил хийхэд хэл ам дагуулахгүй байна гэж байдаггүй. Мэдээж хийх ажил нь хуулийн хүрээнд, ил тод, олон нийтийн эрх ашгийг хангасан байх ёстой. 10.3 их наяд төгрөгийн алдагдалтай улсын үйлдвэрийн газар байна гэж эдийн засгийн тоонд дурдагдсан байсныг та санаж байгаа биз дээ. Бидэнд өнөөдөр ийм их алдагдалтай улсын өмчит газрууд байх хэрэг байна уу. Энэ бүгдийг дотор нь ялгаж, салгаж, зааглаж харах хэрэгтэй. Зарим нэг улсын үйлдвэрүүдийг хувьчлах нь зөв. Менежмэнтийг нь сайжруулаад төр дэргэдээ байлгах ёстой зүйлсээ байлгах шаардлага ч бий. Харин хувьчлагдаж буй байгууллагуудын хувьчлал нээлттэй, ил тод байх ёстой юм. Түүнээс биш 1990-ээд оны эхэн үеийн хууль дүрэм бүрхэг байсан шиг замаар явуулж хэрхэвч болохгүй. Өнөөдөр иргэдийн хараа хяналт ил тод байдаг болсон тул өмч хувьчлалыг одоо нийгэмд цацагдаад байгаа шиг хэсэг хүн чимээгүй аваад явчихна гэж бодохгүй байгаа. Гэхдээ бид нэг зүйлээс татгалзах ёстой.

-Тэр нь юу гэж…

-Бид менежмэнтийн хувьчлал гэдэг зүйлээс татгалзах ёстой. Үүн дээр л ил, далд хуйвалдаан явагдаж магадгүй. Өнөөдөр хэд хэдэн менежмэнтийн хувьчлалын асуудал юу болов. Бүгд л харлаа шүү дээ. Гал дагуулсан зүйлсээс хол байх хэрэгтэй. Өнгөрсөн алдаанаасаа сургамж авч байж ийм алдаа гаргахгүй явах ёстой. Бид эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө гэдэг зүйлийг ярьж байна. Зарим нэг хүн эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөө батлагдсанаар эдийн засаг бүхэлдээ хямралаас гарчих юм шиг, тэр төлөвлөгөөн дээр маш их ач холбогдол өгч, түүнтэй уялдуулан нийгэм, эдийн засгийн талаар ярьж байна. Энэ төлөвлөгөө гэдэг чинь Монгол Улсад ирэх дөрвөн жилд хийх зарим ажилд онцгойлон анхаарал хандуулж байгаа зүйл юм. Түүнээс биш цоо шинээр хийх гэж байгаа ажлууд биш. Ажлын арга барил дээрээ ямар өөрчлөлт гаргах вэ, яаж сайжруулах вэ, хэрхэн богино хугацаанд эдийн засгаа сэргээх арга хэмжээ авах вэ гэдэг дээр л анхаарал хандуулж байгаа юм.

-Цаашид ямар оновчтой арга хэмжээ авах ёстой вэ. Таныг Сангийн сайдаар ажиллаж байсан болохоор эдийн засагт нэмэр болчих зүйл хэлчих болов уу л гэж асуугаад байгаа ухаантай юм. Ерөнхий сайдын мэдээллийг сонсч байхад хөдөө аж ахуйн салбарт л өсөлт гарсан гээд байгаа. Төсвөө хэмнэнэ, том төслүүд гээд л… цааш дуугарахгүй юм?

-Хөдөө аж ахуйн салбарт өсөлт гарсаан. Өнгөрсөн зун бороо хуртай, тэнгэр хангай сайхан байсан. Мал өсч байгаль дэлхий ээлээ өгсөн. Төсвөө хэмнэнэ, том төслүүдээ хөдөлгөнө гээд бидний ярьж байгаа зүйл сонсоход тулга тойрсон юм шиг байж магадгүй. Хамгийн гол нь энэ яриад байгаа зүйлсийг хэрэгжүүлж чадалгүй, хийж чадалгүй нэлээд олон жилийг өнгөрүүлсэн шүү дээ. Тиймээс л энэ яриа чинь чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна. Үүнийг шийдэх чадамж энэ төр засагт байна уу гэдгийг л иргэд харж байгаа. Ард түмний хүсэн хүлээж буй тэр зүйлд л хариу өгч ажиллах ёстой. Ингэж чадвал тодорхой үр дүн гарна. Японы Элчин сайдаар олон жил ажиллаад буцаж буй Т.Шимизү гуай “Монгол Улсын эдийн засаг гурван жилийн дараа сэргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн байна лээ. Гадны хүмүүс хүртэл ингэж харж байна гэдэг бол ямар ч байсан итгэл найдвар алдраагүй гэсэн үг. Нэгэнт бидэнд тулгарсан хүндрэл бэрхшээлийг ажил хийж, ухаан зарж давах ёстой. Магадгүй ард түмэнд таалагдахгүй олон шийдвэр гарч мэднэ. Тийм шийдвэрийг зоригтой гаргаж байж үр дүнд хүрнэ. Түүнээс биш хэл ам, элдэв долоон тулга тойрсон ярианаас айгаад шийдвэрүүдээсээ буцаад байх юм бол үнэн хэрэгтээ бид энэ тойрогтоо удна шүү.

-Даваа гаригийн бүлгийн хурлаар эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад Засгийн газрын зарим гишүүд хангалтгүй ажиллаж байгаа учир Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БСШУС-ын сайд Ж.Батсуурь гэсэн сайд нарыг огцруулах хэрэгтэй гэж ярьсан гэх юм. Бүлгийн гишүүдийн байр суурь ямар байна вэ?

-“Сайд нар хариуцлага алдлаа, сайд нарыг огцруулъя” гэдэг нэг ч үг, үсэг бүлгийн хурлаар яригдаагүй. Мэдээж Засгийн газрын гишүүдийг ажлаа шуурхайлж, шийдвэрээ хурдан гаргах ёстой, улс төрийн шийдэл гаргах юм бол хурдан гаргаад яв гэдэг зарчмын шаардлагын талаар бол ярьсан. Нэр зааж, тухайлан ярьсан зүйл байхгүй. Эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үеийг далимдуулаад ард түмний дунд цуурхал тараадаг зүйл бий болчихлоо. “Засгийн газрын сайд нарыг татах гэнэ”, “Ерөнхий сайдыг огцруулахаар болжээ” гэдэг ч юм уу хоосон яриагаар ард түмний тархийг угааж байгаа, нийгэмд тодорхой хэмжээний бухимдал үүсгэх гэсэн асуудал. Эдийн засаг ийм хүнд байгаа үед төр засгаараа оролдоод, сайд нараа сугалж, Засгийн газраа татаж унагах юм бол өнгөрсөн дөрвөн жилийн түүхийг давтана гэсэн үг.

Өнгөрсөн дөрвөн жил гэж ярихаар Ардчилсан нам руу орлоо гэж магадгүй. Гэхдээ тийм биш. Өнгөрсөн дөрвөн жилийн улс төрийн толь бол өнөөдөр манай нийгэмд байгаа дүр зураг байсан. Тиймээс өгөө, аваатай зүйл нь юу байв, сургамж авах нь юу байв гээд цаашид дүгнэлт хийх ёстой.

Түүнээс биш өнгөрсөн байдлаараа явбал бидний өмнөх зам гэрэлтэхгүй шүү. Сайд нарыг огцруулах гэж байна гэдэг бол цуурхал гэдгийг дахин онцолъё.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн даргын марафон эрчимтэй явлаа. Танай намынхан даргаар тавьчих хүн олдохгүй байна гээд байгаа юм биш үү. Бүлгийн хурал дээр энэ талаар ярилцсан уу?

-Бүлгийн ярих асуудал биш. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар гэж бий. Тэндээ яригдаад ном журмаараа явагдана. Мэдээж намын дарга, удирдах түвшний хэмжээнд ярина. “Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй Монголын том үйлдвэр тул боловсон хүчний асуудал дээр нь санаа оноогоо хэлэлгүй яахав. Үүнд санаа зовоод хэрэггүй. Хэвлэлээр гараад байгаа шиг архангайнхан Ч.Ганзоригийг, увсынхан Г.Алтанг захирал болгоно гэсэн шиг юм огт болоогүй. Тэртэй тэргүй “Эрдэнэт” үйлдвэрийн дарга тун удахгүй томилогдоно.

-Танай намын бүлэг олон шинэ гишүүнтэй. Гэтэл шинэ гишүүд нь хэдэн тийшээ хараад суучихлаа гэж байна. Бүдүүн бүлгийг авч явахад таны хувьд хүнд байна уу?

-Ямар юмных нь бэрхшээл байдаг юм. Нийгэмд яригдаад байгаа шиг манай шинэ гишүүд том толгойтой, 40 тийшээ харчихсан байна гэх гээд байна уу. Хариуцлагатайгаар хэлэхэд МАН хариуцлагатай улс төрийн хүчин. Ёс зүйтэй улс төрийн хүчин. Тиймээс бид бүлэг дотроо болон хаана ч байсан олон ургальч үзлийг уралдуулан ярьж хэлэлцэн, санаа оноо нэгдэж, нийлэх, санал зөрөлдөх, хатуу хөтүү үг чулуудах, маргалдах, мэтгэлцэх зүйл бий. Гэхдээ бид эцсийн шийдлээ олонхиороо гаргадаг. Олонхийн шийдвэрээ дагадаг. Манай бүлгийн гишүүд хэсэг бүлэг болж салж сарниад бүлэг, Засгийн газар, нам доторх үзэл бодлынхоо эсрэг яваад байгаа зүйл огт байхгүй. Ийм байлгах гэж бодож байгаа хүмүүс байгаа бол энэ бодлоо орхисон нь дээр болов уу. Бид Монголын ард түмний итгэсэн итгэлийг дааж ажиллах ноён нуруутай улс төрийн хүчин байж ирсэн. Байх ч болно гэж хэлье.

-Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан. Үүний гол шалтгаан юу байна вэ. Үүн дээр анхаарч байна уу. Сангийн яамныхан зээлжих зэрэглэлээ бууруулахгүй гэж нэлээд ярьж хөөрсөн гэдэг яриа байна л даа?

-Зээлжих зэрэглэлийг бууруулах, өсгөх асуудлыг Сангийн яам, Монгол Улс шийдчихдэг юм биш. Олон улсын хэмжээнд зохих түвшинд үнэлэгдсэн зээлжих зэрэглэл тогтоодог байгууллагууд бий. Монгол Улсын эдийн засаг амаргүй болж байна шүү гэж бид эртнээс ярьж хэлж байсан шүү дээ. Эдийн засаг уначихаад байгаа энэ цаг үе эцсийн цэг биш, үүнээс доош унана, агшилт явагдана, амаргүй байна гэдгийг хэлж байсан. Үүний дагуу процесс явагдаж байна.

-Дахиад уналт үргэлжилнэ гэсэн үг үү?

-Эдийн засгийн уналтыг үргэлжлүүлье гэж хүсч байгаа хүн мэдээж байхгүй. Уналтыг зогсоох, гадны хөрөнгө оруулалтаа татах, ажлын байрыг нэмэгдүүлэх, банк санхүүгийн бодлогоо эрүүлжүүлэхээс эхлээд олон арга хэмжээг Засгийн газраас авах ёстой. Шууд хэлэхэд дэндүү доод түвшиндээ хүртэл эдийн засаг самрагдсан байсан тул үүнийг зогсоож, эдийн засгийн уналтыг хязгаарлахад цаг хугацаа шаардлагатай болоод байгаа.

-УИХ-ын дарга БНХАУ-д ажлын айлчлал хийх үеэрээ урт хугацаатай, хоёроос доош хувийн хүүтэй дөрвөн тэрбум ам.долларын асуудал ярьсан гэж байсан. Энэ юу болж байгаа бол. Үүнтэй зэрэгцээд “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой гэж байна л даа?

-Зөвхөн Хятадаас зээл авах гээд байгаа юм биш. Нэлээд хэдэн газраас хөнгөлөлттэй, урт хугацаатай хөрөнгийн эх үүсвэрийг хайж байна. “Стэнд бай” хөтөлбөр ч яригдаж байгаа. Эдийн засаг хүндэрсэн үед бид аль болох хөнгөлөлттэй нөхцөлтэй, хүү багатай хөгжлийн зээл хайж олох ёстой. Ганц манай орон ч биш ийм нөхцөлтэй нүүр тулсан бүх улс орон ийм замыг сонгодог. Бид ийм замаар л яваа. Хятад, ОХУ, Япон, олон улсын банк санхүүгийн байгууллагууд руу ч хандаж байна. Сангийн яамны түвшинд өөр эх үүсвэр хайж байгааг нуугаад яахав. Бид боломжтой бүх нөхцөлийг хайна.

-Өөр нэг чухал сэдэв нь олон жил яригдаж буй төмөр замын асуудал. Хятадын тал уг нь Гашуун сухайт хүртэл төмөр замаа тавьсан юм билээ. Манай тал бахь байдгаараа. Төмөр замаа барья гэхэд зургаан км гүүрний асуудал байгаа. Аль тал нь хөрөнгөө гаргах вэ гээд асуудал болоод байгаа юм уу?

-Таван толгой, Оюу толгой, Гацуурт гэх мэт том төслүүдийн талаар бид тоймгүй их ярьцгаасан. Таван толгойн төсөл өнгөрсөн дөрвөн жилийн Их хурлаар орж ирэхэд гацаах нь ашигтай, ашиггүй гэж ярьсаар байгаад дууссан. Төмөр замын талаар хэдэн жил ярив. Олон жил ярьснаараа ажил сайн байдаг бол, төслийн үр ашиг нэмэгддэг бол бид тамтаггүй их ашигтай төслүүдийг бэлэн болголоо. Харамсалтай нь биднийг ярьж цаг хугацаа алдах тусам энэ төслийн үнэ цэнэ унаж, олон үр ашиг багассан. Түүнчлэн олон талын ашиг сонирхол бий болж асуудлаа эрүүлээр шийдэх боломжгүй болгосон. Тэр олон ашиг сонирхлыг нэгтгэж байгаад шийдвэр гаргана гэх юм бол хэдэн зуун жил ч шаардагдана. Бид ийм л арчаагүй замаар явж байна. Одоо больё. Үнэхээр төр засаг гэж байдаг бол шийдвэрээ зоригтой гарга гэдгийг бүлгийн зүгээс Засгийн газартаа хатуу шаардаж байгаа. Тодорхой улс төрийн шийдвэр гарах ёстой бол бүлэг дэмжлэг туслалцаагаа үзүүлнэ. Зоригтой алхам хийж төмөр зам, ордуудаа хөдөлгөх хэрэгтэй. Оростойгоо байна уу, Хятадтайгаа байна уу хэлцэл хийж байгаа бол цааш нь үргэлжлүүлээд явах ёстой. Эхний ээлжинд Хятадаас ирсэн саналуудыг судлаад ашигтай байвал явуулах л хэрэгтэй. -Манай улс чинь Азийн цээжинд стратегийн бүс, эндээсээ мөнгө олно гээд байсан чинь Хятад, Орос хоёр Монголыг тойруулаад төмөр зам барихаар гэрээнд гарын үсэг зурсан байна лээ…

-Хятадын Ерөнхий сайд Ли Көцянь Орост очиж хойд хөршийн Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзахдаа гарын үсэг зурсан байсныг хэвлэлээс харсан. Монголын төр нэг зүйлийг анхааралтай харах цаг болж. Бид хоёр л хөрштэй. Дэлхийн хоёр том супер гүрний дунд оршдог орон. Энэ хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа анхааралтай хандах ёстой. Үнэндээ бид сүүлийн жилүүдэд хоёр хөрштэйгөө харьцах харьцаандаа бодлогын алдаа гаргасан юм биш биз дээ гэж бодоход хүрээд байна. Аливаад ул суурьтай ухаантай хандах нь чухал.

Ер нь бол төрийн институциуд өөр өөрсдийн хийх ёстой ажлаа хийдэг, төрт ёсны уламжлалаа эргэж санахад хүргэж байна. Төрт ёсны уламжлал, төрийн залгамж чанар, төрийн ажил явуулдаг зарчим гээд олон зүйл манайд алдагдсан. Нуугаад хэрэггүй.

-Монгол Улс эмзэг эдийн засагтай гэдгийг ам.долларын ханш гэнэт 200 төгрөгөөр өссөнөөс харж болохоор байлаа. Валютын ханшийн огцом өсөлт нь эдийн засагт мэдээж тийм ч таатай байхгүй. Монголбанкны ерөнхийлөгчийн чуулганы хуралдаан дээр хэлсэн хариуцлагагүй үгнээс болж байна гэх юм. Нөгөө талдаа арилжааны банкууд зориудын хомсдол бий болгож шок үүсгэлээ гэж байна. Одоо Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах ёстой гээд байна л даа…

-Аль аль нь нөлөөлсөн. Эдийн засаг эмзэг байна. Монгол валютын нөөцгүй боллоо, улс дампуурах юм байна, бүх төгрөгөө валют болгоё, валютаа гадагшлуулъя гэдэг ч юм уу энэ мэтчилэн таагүй цуурхлыг гаргахгүй байх нь чухал. Эдийн засаг өнөөдрийнх шиг үргэлж ийм байхгүй. Өснө, уруудна. Тэр болгонд бид эх оронч л байх хэрэгтэй. Валютын нөөцгүй боллоо гээд бүх төгрөгөө аваад гадаад явахгүй эх орондоо л амьдарна. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдлаа зөв ойлгож, ард түмэндээ зөв мэдээлэл өгч, улсынхаа эдийн засгийг эрүүлжүүлэх талаар бүх түвшинд хамтран ажиллах хэрэгтэй.

Валютын ханшийн жаахан өсөлт гарангуут янз бүрийн мэдээлэл гаргаж 200 төгрөгөөр өсөх хэмжээнд шок бий болгож байгаа нь манай эдийн засагт яав ч сайн зүйл биш. Богино хугацаанд ч гэсэн багагүй хүн хохирч байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хэсэг нь ашиг олдог.

Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид, олон нийт маань туйлын хариуцлагатай байж худал ташаа мэдээллийг баримтгүйгээр цацан иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд 300 давчихсан нүүрсээ 50 ам.доллараар зарна гэж хөөрцөглөх хэрэг байна уу?

“Эрдэнэс Таван толгой” урд хөрш рүү экспортлох нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөсөн нь сүүлийн үед дуулдсан цорын ганц таатай мэдээ байлаа. Өмнөх улирлын үнээс нь 1.8 дахин хувиар нэмж чадлаа гэж “Эрдэнэс Таван толгой” компанийнхан мэдээлнэ лээ. Чамлахаар чанга атга, болж л байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Чалко”-той үнээ дахиад ярь, өсгөж чадахгүй бол өөр зам бий шүү” гэж чанга дуугараагүй бол “Эрдэнэс Таван толгой”-н дарга нар өнөөдрийг хүртэл өмнөх шигээ “Гэрээндээ тэгээд тусгачихсан юм чинь бид юу ч хийж чадахгүй” хэмээн мөрөө хавчсан шигээ суух байсан биз. Тус компанийн удирдлагууд өмнө нь хэд хэдэн удаа “Нүүрсний үнийг нэмэх боломжгүй, тэгээд ч коксжих нүүрсний энэ удаагийн үнийн өсөлт түр зуурынх” гэсэн агуулгатай тайлбар хийснийг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Гэвч “Чалко”-той үнэ яривал дэлхийн зах зээлийн жишгээ дагаад өсгөөд явах бүрэн боломжтойг саяын жишээ харууллаа. Ер нь яаж ч бодсон ямар ч бизнесмэн нүдэн дээр нь хэдэн зуун хувийн үнийн өсөлт үзүүлж буй бүтээгдэхүүнийг ичмээр бага үнээр аваад гүрийгээд сууна гэж байхгүй л дээ. Манай талаас “Дэлхийн зах зээл дээр өндөр үнээр зарагдаж байгаа нүүрсээ бид ийм бага үнээр зарахгүй. Үнээ өсгөмөөр байна” гэчихэд л “Чалко” хэлэлцээний ширээний ард суух байж. Манай талтай хэлэлцэж тохиролцоод өмнө нь авч байсан үнээ 1.8 дахин хувиар өсгөчихсөн нь үүний хамгийн том нотолгоо.

Ямартай ч тонныг нь хориодхон доллараар зарж байсан өндөр чанарын коксжих нүүрсээ ирэх сард 50 ам.доллар, он гаргаад 60 ам.доллараар зарах нь тодорхой болчихлоо. Гэхдээ коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээр галзуурч буй үнийг бодохоор 50 ам.доллар гэдэг тэгтлээ баярлаж хөөрцөглөхөөр ханш биш. Австралийн далайн эргийн боомтууд дээр FOB нөхцөлтэй, сайн чанарын коксжих нүүрс өнгөрсөн долоо хоногт 305-310 орчим ам.доллараар зарагдсан. Өнгөрсөн өдрүүдийн үнийн өсөлт энэ долоо хоногт ч хадгалагдаж байна.

Мэдээж Хятадын зах зээл дэх үнэ дотоод олборлолт гэдэг утгаараа Австралийнхаас арай доогуур л даа. Гэхдээ Австралийн үнийн түвшинг дагаж явдаг онцлогтой. Энэ долоо хоногийн хувьд Хятадын Шанси, Хэбэй, Шандонг зэрэг аж үйлдвэрийн гол бүсүүдэд коксжих нүүрс чанар, үзүүлэлтүүдээсээ хамааран 180-279 ам.долларын ханштай байна. Өнгөрсөн долоо хоногийнхоос дунджаар 150-200 юаниар өссөн үзүүлэлт. Эндээс харахад Австрали, Хятадын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ ханшийн аль аль нь өнгөрсөн сарынхаас ойролцоогоор 25 орчим хувийн өсөлттэй байгаа юм. Харин түрүү жилийн өдийтэй харьцуулахад коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 250-300 хувийн өсөлт үзүүлсэн гэсэн аварга тоо байна.

Коксжих нүүрсний үнэ ирэх жилүүдэд тэгтлээ доошлохгүйг мэргэжлийн байгууллагуудын таамгаас харж болно. “China coal resource”-ийн шинжээчид

Ямартайчтонныгньхориодхондоллараарзаржбайсанөндөрчанарынкоксжихнүүрсээирэхсард 50 ам.доллар, онгаргаад 60 ам.доллараарзарахньтодорхойболчихлоо. Гэхдээкоксжихнүүрснийдэлхийнзахзээлдээргалзуурчбуйүнийгбодохоор 50 ам.долларгэдэгтэгтлээбаярлажхөөрцөглөхөөрханшбиш.

Дахин давтан хэлэхэд төмөр замгүй бол монгол нүүрс моодонд орохгүй. Хэчнээн нэг цонхны үнэтэй байлаа ч, арав хорин ам.доллараар зугуухан нэмээд ч шороон замаар тоос бужигнуулан давхидаг өнгөрсөн зууны болхи тээвэртэйгээ аж төрвөл Таван толгойн нүүрс Австралийнх шиг 300 хүрч өндрөө авахгүй нь хэтээсээ тодорхой асуудал.

“Хятадын Засгийн газар нүүрсний нийлүүлэлтийг буцаагаад нэмэгдүүлэх бодлого барьж эхэлсэн учраас ойрын хугацаанд нүүрсний үнийн өсөлт тогтворжино” гэж байна. Нүүрсний үнэ дээр таамаг гаргасан бусад байгууллагын дүгнэлтүүдийг тоймлоод хэлэхэд одоогийн үнийн өсөлт он гарсаар зогсоно, бага зэргийн бууралт ажиглагдана, гэхдээ өнгөрсөн жилүүдийнх шиг шалдаа унахгүй юм байна.

Таван толгойн нүүрсний үнэ 1.8 дахин нэмэгдсэн нь сайн хэрэг, Баруун Цанхийн олборлолт эхэлж, төсөвт орох мөнгө нэмэгдэнэ гэдэг таатай мэдээ. Гэхдээ өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө цэнхэр гаригтаа томоохонд тооцогддог Таван толгойн нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэхэд бол чамлалттай, гал унтраах төдий арга. Шуудхан хэлэхэд ийм аргаар монгол нүүрс дэлхийн зах зээлийн үнэд хэзээ ч хүрэхгүй. Учир нь дэлхийн зах зээлийн түвшинд зөвхөн угааж, баяжуулсан нүүрс л яригддаг. Хоёрдугаарт, улиг болтлоо яригдсаар ирсэн тээврийн асуудал. Дахин давтан хэлэхэд төмөр замгүй бол монгол нүүрс моодонд орохгүй. Хэчнээн нэг цонхны үнэтэй байлаа ч, арав хорин ам.доллараар зугуухан нэмээд ч шороон замаар тоос бужигнуулан давхидаг өнгөрсөн зууны болхи тээвэртэйгээ аж төрвөл Таван толгойн нүүрс Австралийнх шиг 300 хүрч өндрөө авахгүй нь хэтээсээ тодорхой асуудал. Тээврийн зардалд хамгаа бардаг өнөөгийн загвараар хол явахгүй гэдгийг гадаад, дотоодын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чигийн чуулган бүр дээр ярьдаг ч манай төр төмөр замтай болъё гэж тэгтлээ хүчилдэггүй. Өнөөгийнхөөрөө байвал дарга нарт мөнгө төгрөг ийш тийш зувчуулах боломж илүү учраас гэсэн тайлбар давтамжтай дуулддаг. “Эрдэнэс Таван толгой”-н үе үеийн удирдлагууд засаг солигдож суудлаасаа буунгуут АТГ-ын хараанд ордгийн цаад учир нь ерөөсөө энэ л дээ.

М.Энхсайхан өмнөх засгийн үед Таван толгойг зах зээлийнх нь жамаар хөдөлгөх гээд хүчрээгүй. Мань эр Таван толгой шиг мега төслийн хувьд тээвэр, олборлолт, борлуулалт гээд бүх зүйл нь цогц менежмэнтээр явах ёстой гэж өчнөөн тайлбарлаад бараагүй. Сүүлдээ арга нь барагдаад Швед рүү элчингээр явчих шиг боллоо. Төр, засгийн эрх баригчид мега төслийн талаар М.Энхсайханаас ч муу ойлголттой, Таван толгойг “Сумитото”, “Шинхуа” мэтийн аваргуудтай хамтраад хөдөлгөх нь эдийн засагт нэмэртэйг ойлгохгүй гэнэн тэнэгтээ коксжих нүүрсний ордоо таг гацаачихсан юм биш л дээ. Гэхдээ эдийн засаг тартагтаа тултал уруудчихсан өнөөдрийн хувьд авахаар төлөвлөж буй өр зээлээс өөр найдах ганц юм гэвэл Таван толгойг зах зээлийнх нь жамаар хөдөлгөх. Өндөр чанарын коксжих нүүрсийг нь австраличууд шиг аятайхан үнээр зарах боломж ингэж л нээгдэнэ. Олон улсын үнэлгээний агентлагууд улсыг нь банкуудтай нь өндөр эрсдэлтэй гэж дүгнээд, эдэнд мөнгөө битгий өгөөрэй гэсэн сануулгыг хөрөнгө оруулагчдад өгчихсөн хэцүүхэн үед өөрсдөдөө наалдах хэдэн төгрөгийн төлөө Таван толгойгоо таг гацааж “гэнэн царайлахгүй” байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ганц удаагийн хялмаа мөн ч олон даргын багийг хуулж байна

Улаанбаатар хотод хоёр хоног цас хялмааллаа. Ардын үгээр бол адууны сагагаар татах төдий цас орох шив дээ. Энэ бол Монголын өвөлд байнга л тохиолдох байдаг л нэг үзэгдэл. Европын хотуудын өвлийг ямар гэж санана. Нэг метр, хоёр метр цас орлоо гээд л метр метрээр нь хэмжин ярьдаг. Харин манай хотод орсон ганц удаагийн хялмаа мөн ч олон даргын багийг хуулж байна.

Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр бол нийслэлийн аж ахуйн бүхий л асуудлыг хариуцах ёстой хүн. Хотын зам талбай, цэцэрлэгжилт, цэвэрлэгээ, дулаан хангамж, тохижилт үйлчилгээ гээд энэ бүгд түүнээс хамааралтай. Гэтэл хотын зам мөсөн каток шиг байна. Хүмүүс өдөрт хэдэн арваараа хөл, гараа хугалж, эмнэлэг ачааллаа дийлэхээ болилоо. Улаанбаатар мөсөн гулгуурын талбай болсон нь түүнтэй хамаатай. Энэ нөхөр “Атга давсаа хаагуур цацахаа бид мэднэ” гэдэг. Лавшруулаад асуухаар “Битгий унгас алд” гэж загнах юм. Энэ хотын менежер нөхөр өөрийнхөө жинхэнэ хийх ажлаас есөн шидээр бултаад байна. Уг нь түүний хийх ажил нь яг энэ юм шүү дээ. Дүн өвлийн хүйтэнтэй золгоход нийслэлчүүдийг дааруулж бээрүүлэхгүй халуун дулаан суулгаж, гудамж замуудад халтирч, гулгуулахгүй байх үүрэгтэй. Хахир хатуу өвлийг өнөтэй давах өвөлжилтийн бэлтгэлээ эртнээс бүрэн хангасан байх ёстой. Гэтэл тэрээр өөрийнхөө хийх үүрэгт ажил, албат хариуцлагаа ухамсарлахын оронд “Тэнгэрийг бид захирч чадах биш” гэж бачуурах юм. Э.Бат-Үүлд 13, минийх дээр 13-хан орчихлоо гэж тачаадаж байх шиг. Өнгөрсөн үдэш “ТВ-9” телевизээр ярьж байгааг нь үзээд мэл гайхаж цэл хөхрөв гэгч боллоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хотын ерөнхий менежер хүн “Битгий унгас алд” гэхийг сонсох нь ээ Монголд урьд өмнө үзэгдэж, дуулдаагүй хачирхмаар үзэгдэл болов.

Бид ийм л хүмүүсийг төрд гаргаж иржээ. Тэдний жинхэнэ царай багных нь ард ийм л байна. Түүн шиг багаа хуулагчдын дотор Мишээл Энх-Амгалан гэнэ үү, Мишээдэг Энх-Амгалан ч гэл үү УИХ-ын залуу гишүүн байна аа. Төрийн түшээ хүн ард түмэнд ёс зүйгүй, хүйтэн сэтгэлээр хандахыг хараад яах гэж ийм нөхдийг сонгов оо гэсэн бодол төрөв. Эрхэм гишүүн “Тэр муусайн зун жолооч болсон хүмүүс халтиргаатай замд машин түгжээд байна. Тэдний буруу” гэж загнаж байх юм. Зуны дулаан улиралд жолоо барьж сурсан хүн өвөл машин унаж болохгүй гэсэн хуульгүй. Ингэж л хуулиас давж илүү үглэж байна тэд. Бас болоогүй ээ, дээрээс нь “Зуны дугуйгаа сольж чадахгүй ядарсан юмнууд замын хөдөлгөөнд гай боллоо” гэж нэмнэ. “Мишээл” гэдэг том группт ажилладаг танд зуны дугуйгаа солих нь үдийн будаа идэхтэй адил байх. Харин маргаашийнхаа талхыг яая даа гэж байгаа ард түмэнд бол хэцүү асуудал. Зуны дугуйгаа өвлийнхөөр солих нь хэтэрхий тансаглал болоод байна.

Эрхэм төрийн түшээдийн ард түмнээ адалж, зандрах үүгээр зогсохгүй ээ. Бүр ч эвгүй нь “Ард түмэн гараа хумьчихаад биднийг тэг, ингэ гээд загнаад элдвээр хэллээ” гээд дургүйцэн сэгсчин давхиж байна. Бид гараа хумьж зогсох гэж та нарыг сонгосон. Үүнийг та бүхэн мэдэх үү. Ард түмэн сонгуулийн өдөр гараа хумихгүйгээр та нарыг дугуйлж зурсан. Тиймээс та бүхэн сайн ажиллах ёстой. Ингэж бодон тэднийг сонготол үгүй юм гэнэ. Харин ч тэд зүгээр л бидний дарга гэж шоудаж, ард түмнээ удирдаж байгаа мэт жүжиглэж байна. Сан идэж салхи залгилж давхих юм гэнэ дээ. Ёстой гайгүй байлгүй. Тэгж ярих юм бол ард түмэн та нарыг шаардаж эхлээ ч үгүй байна шүү.

М.МӨНХ