Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Үнэ цэнэтэй мөртлөө амаргүй ажилтай хэвлэл мэдээллийн салбарынхан татварын хөнгөлөлтөд хамрагдах ёстой

– ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХАД ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ГИШҮҮД БҮГД НЭГДЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль уг нь өнгөрсөн есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байтал хойшлуулсан. Уг хуулийг шинэчлэн найруулж байгаа. Ямар өөрчлөлт, шинэ зүйл орж байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль нь энэ нийгмийн анхаарал татсан, зайлшгүй гаргаж, хэрэгжүүлэх хууль болчихоод байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар хүчирхийлэлтэй холбоотой 1066 хэрэг гарсан байгаа юм. Энэ бүртгэгдсэн хэргийн улмаас есөн хүн амиа алдаж 956 хүн гэмтсэн тоо баримт байна. Энэ нь юуг хэлээд байна вэ гэхээр гэр бүлийн хүчирхийлэл нь өөрөө нийгмийн анхаарлын төвд ирсэн, үүнтэй тэмцэх шаардлагатай цаг нь болчихсон байна гэдгийг л харуулаад байна шүү дээ. Тийм учраас би хувь хүнийхээ үүднээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой гэдэг байр суурин дээр анхнаасаа зогсч байсан.

Уг хуулийг буцааж татахад нь хүртэл энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой гэж эсрэг кноп хүртэл дарсан юм. Яагаад вэ гэвэл, би сэтгүүлч хүн. Эдийн засгийн чиглэлээр нэвтрүүлэг, тойм бэлтгээд явж байхад ажилгүйдэл, ядуурал нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нэг том шалтгаан болчихоод байгааг олонтаа харсан. Ажилгүй хүн архидан согтуурна. Согтуурч ирээд нийгмийн стресс, уур бухимдал, хүчирхийллээ гэр бүл, үр хүүхдэдээ гаргадаг бодит жишээ олон. Саяхан УИХ-ын нэр бүхий гишүүд Сонгинохайрхан дүүрэгт ажилласан л даа. Тухайн газартаа баг болж ажилладаг нийгмийн ажилтан, цагдаа, өрхийн эмч, хороо, дүүргийн Засаг дарга нартай уулзсан.

-Эдгээр хүмүүс чинь гэр бүл, айл өрхүүдтэй тулж ажилладаг гол хүмүүс нь шүү дээ?

-Тийм. Дүүрэгт гарч байгаа нийт гэмт хэргийн нэгдүгээрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг орж байна. Тэрэн дундаа хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн тоо сүүлийн үед эрс өсөөд байгаа юм билээ. Жишээ нь сая бидний ажилласан Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 3350 хүртэл өссөн байна. Арван эмэгтэй тутмын нэг нь байнга, өдөр бүр гэр бүлийн хүчирхийлэлд өртөхдөө үргэлж зодуулдаг гэсэн судалгаа гаргасан байсан. Хүчирхийллийн байдлыг аваад үзэхээр хүүхэдтэй холбоотой хүчирхийлэл 79, гэр бүлийн хүчирхийлэл 29 хувьтай байна. Гэр бүл салалт их байгаагаас хойд эцэг, эх нь дагавар хүүхдүүддээ анхаарал хандуулаагүйгээс охид нь гудамжинд гарч тэрнээсээ үүдэж хүчирхийлэлд өртөж байна. Хөвгүүд нь гудамжинд гарч зодоон цохионд холбогдож хүчирхийлэлд өртөж байгаа жишээ олон байна. Хаалттай хаалганы цаана хүүхдийн хүчирхийлэл их байгаа юм. Тийм учраас бид Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг яаралтай гаргах хэрэгтэй. Гаргахдаа түүхий, дутуу юм гаргаж болохгүй. Есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхлэх байтал уг хуулийг яагаад буцаасныг судлаад үзэхээр эл хуулийг уг нь Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай хамт цогцоор нь хэрэгжүүлэхээр оруулчихсан байсан ч санхүүжилтийг нь төсөвтөө тусгаагүйгээс мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар татагдсан байхгүй юу. Ажлын хэсгийнхэн уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр тогтчихсон.

Гэхдээ санхүүжилтийг нь давхар шийдэж өгөхгүй бол болохгүй гэдэг нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд очоод газар дээр нь танилцахад мэдрэгдсэн. Санхүүжилт байхгүйгээс хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг байлгадаг хамгаалалтын байр байхгүй, дамжин өнгөрүүлэх байр нь ч хаана байгаа юм. Ер нь ийм зогсонги болчихсон. Тийм учраас үүнийг шийдэхдээ санхүүжилтийг нь цуг шийдэх ёстой гэж байгаа юм. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль өмнөхөөсөө яаж өөрчлөгдсөн юм бэ гэвэл маш том заалт орсон. Тэр юу вэ гэхээр хүчирхийлэл үйлдэж байгаа аливаа нэг хэлбэрт түүнийг гэмт хэрэг гэж үзээд хариуцлага тооцох заалтууд шинээр орж ирж байгаа. Зодсон, тарчлаасан, эрх чөлөөний эсрэг үйлдсэн хэргийг гэмт хэрэг, гэмт хэрэг дундаа эрүүгийн гэмт хэрэг гэж үзээд таслан зогсоох арга хэмжээнүүдийг маш тодорхой заагаад өгчихсөн.

-Хөршийн эхнэр, нөхөр хоёр зодолдоход “Айлын асуудал” гээд аль болох тоохгүй өнгөрөх, хараагүй юм шиг явах нь аминд өлзийтэй гэж үздэг. Тэгвэл үүнийг хуулийн шинэчилсэн найруулгад ямар байдлаар тусгаж байгаа вэ?

-Хуульд орсон нэг том өөрчлөлт нь үүнтэй холбоотой. Мэдээлэх үүрэг. Гэр бүлийн хүчирхийлэл тэр хаалттай хаалганы цаана болж байхад эр, эмийн хооронд илжиг бүү жороол, айлын асуудал бидэнд хамаагүй гэх маягаар ханддаг. Тэгэхээс аргагүй юм. Тухайн хүчирхийллийн талаар холбогдох байгууллагад нь дуудлага өгч мэдээлэхэд хариуд нь хүчирхийлэл үйлдэгч этгээд анх мэдээлэл өгсөн хүнийг, хөршөө, найзаа олж очоод дарамталдаг. Ингэж мэдээлэл өгснөөрөө тухайн мэдээлэгч өөрөө эрсдэлтэй байдалд орчихдог учраас хүмүүс аль болох гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэхээс зайлсхийдэг. Харин хуулийн шинэчилсэн найруулгад гэр бүлийн хүчирхийллийг харсан, сонссон, мэдсэн хүн мэдээлэх үүрэгтэй болчихож байгаа юм. Тэр дундаа хүүхдийн мэдээллийг бүр зайлшгүй мэдээлэх үүрэгтэй гээд оруулчихсан. Мэдээлээгүй бол тэр хүмүүст хариуцлага тооцно. Иргэний хэрэг, Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Нөгөө талдаа мэдээлэл өгсөн хүнийг хамгаална. Хүчирхийллийн тухай мэдээллийн нууцлал болоод мэдээлэл өгсөн хүнийг хамгийн анх хүлээн авсан төрийн албан хаагч хамгаална. Тэр хүн нууцлалыг задруулж хэн гэдэг хүн анх мэдээлэл өгсөн бэ гэдгийг ил болгочихвол холбогдох хуулиудаар хариуцлага тооцох юм. Тооцох хариуцлага нь чанга байх учраас мэдээлэл хүлээн авсан төрийн албан хаагч мэдээллийн нууцлалыг маш чанд хадгална. Мэдээлэгчийн нууцыг хадгалах заалтууд тодорхой орж ирсэн нь энэ хуулийн маш том давуу тал.

-Хүчирхийлэгчийг гэр бүлээс нь хэрхэн тусгаарлах вэ. Электрон гав зүүх, орон зайн хязгаарлалт тавих зэрэг зохицуулалт орж ирэх үү?

-Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн нь гомдлоор болоод шалгалтаар тогтоогдсон байвал яалт ч үгүй хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр оруулсан байгаа. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдээд эхнэр нь гомдол гаргаад хэрэг нь шүүх, прокурорын шатанд явж байтал эхнэр, нөхөр хоёр эвлэрээд хэргээ татаад авчихдаг байсан. Харин шинэ хуулиар эхнэр нөхөр хоёр эвлэрсэн ч хэрэг нь хэрэгсэхгүй болохгүй. Хэрэг нь цаашаа шийдэгдээд явна. Энэ бол маш том заалт шүү. Гадны орнуудын хуулиудыг судалж үзлээ л дээ. Австри, Герман, Япон зэрэг улсуудад маш ноцтой хүчирхийлэл үйлдсэн этгээд давтан үйлдэх гээд байдаг учир тухайн гэр бүлийг дахин эвлэрүүлэхдээ гол биш тэр хэргийг шүүхээр нь шийдүүлээд явчихдаг юм байна. Харин манайд бол гэр бүлийг аль болох салгахгүй талаас нь ханддаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэлэлцээд ирэх оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд баталж амжихаар байна уу. Энэ хуулийг хүлээж суугаа олон мянган хүн байгаа шүү дээ?

-Энэ хуулийг хэлэлцэхийг долоо хоног хойшлуулчихлаа. Энэ хуульд нэмж оруулах заалт, санхүүжилтийн асуудлыг нь дахин нэг харж үзээд их сайн ажиллаж байна. Ажлын хэсэг бол маш сайн ажиллаж байгаа. Өдөр шөнөгүй л ажиллаж, газар дээр нь очиж танилцаж, гадны туршлагуудыг судалж, харьцуулж байна. Гэхдээ Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуультай хамт цогцоороо байж гэмээнэ бодит амьдралд хэрэгжинэ гэж хараад байгаа юм. Цаг алдахгүйн тулд энэ хуулиа ирэх оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжүүлээд эхэлье. Эрүү, Зөрчлийн тухайн хуулийн холбогдох заалтуудаа ч оруулаад ирье гэчихсэн байгаа л даа. Энэ хуульд нэг айхавтар заалт орсон.

-Ямар заалт вэ?

-Хүүхдэдээ эсвэл эмэгтэй хүнд тоглоом шоглоомоор ч юм уу ямар нэгэн нөлөөлөл үзүүлэх гэж оролдох юм бол түүнийг нь гэмт хэрэг гэж тооцно гэсэн заалт явж байгаа.

-Ажлын байр, сургуулийн орчинд тийм үйлдэл их гардаг шүү дээ. Охид, эмэгтэйчүүдийн хормой хотыг нь сөхөхөөс эхлүүлэхээд биед нь халдахыг оролддог үйлдэл элбэг тохиолддог?

-Тэр бүхэн чинь энэ хуулиар хуульчлагдаад явчихаж байгаа юм. Гэмт хэрэг гэгдэж, хүчирхийллийн нэг хэлбэр болчихож байгаа.

-Энэ хуулийг буцаан татахад МАН-ынхан нийгмийн зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, танай намын эмэгтэй гишүүдийг “Хойд эх шиг сэтгэл гаргалаа” гэж шүүмжилсэн. Гэвч энэ хууль шинэчлэгдээд сар гаруйхны дараа хэрэгжиж эхэлнэ гэдэг нь сайн мэдээ болж байх шиг байна?

-Гэр бүлийн амар амгалан байдалтай холбоотой энэ хууль чинь дан ганц эмэгтэйчүүдтэй холбоотой хууль биш байхгүй юу. Сэтгүүлчид УИХ-ын эрэгтэй гишүүдээс энэ хуулийн талаар асуухаар “Манай эмэгтэй гишүүдээс асуу” гэдэг. Нийгэм маань, ТББ, АН-ын эмэгтэйчүүд УИХ-ын эмэгтэй гишүүдээ л буруутгаад байх юм. Гэтэл бид тэмцэж, үүнийг хэрэгжүүлэх ёстой, хийх ёстой гэж яриад харин ч буцаж татаад шинэчлээд явж байна шүү дээ. Юм бүхэнд эмэгтэйчүүдийг буруутгадаг, эмэгтэйчүүдээс алдаа хайдаг тийм зүйл манайд нийгэмд их байдаг юм байна. Жишээ нь, эрэгтэй, эмэгтэй гишүүд гадаадад хамт томилолтоор явахад эрэгтэй гишүүдийнх нь талаар юу ч ярихгүй мөртлөө эмэгтэй гишүүд тэнд зугаалж явна, тийм юм өмсчээ гэж гоочилдог. Нэг иймэрхүү буруу ойлголт нийгэмд байгаад байх шиг байна. Үүнийг их гайхдаг юм. Эмэгтэйчүүд рүү их дайрдаг. Эсвэл эмэгтэйчүүдийг тэгж их хардаг юм уу. Энэ нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Би заримдаа ойлгохгүй юм. Гэтэл би энд, Төрийн ордонд эмэгтэй гишүүн гэдгээрээ биш гишүүн хүн гэдгээрээ л сууж байна. Эмэгтэй, эрэгтэйдээ биш. Хүйс сонин биш. Би олон мянган сонгогчоо төлөөлж энд сууж байгаагийнхаа хувьд үүрэг хүлээж байгаа. Тийм учраас би ажиллах ёстой учраас ажиллаж л байна. Үүнтэй адил бүх гишүүн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, эдийн засгаа аврах тухайд бүгд л нэгдэх ёстой байхгүй юу. Тэгээд цаг хугацаа алдалгүй батлах ёстой.

-Өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан. Эдийн засгийг сэргээх хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ямар нааштай үр дүн гарах бол?

-Энэ бол зайлшгүй хийх ёстой ажил. Харин ч хоцрогдоод одоо л хийж эхэлж байна. Эдийн засаг маань хямрал гэхээсээ илүүтэй дефолт болчихоод байна. Манай улсын зээлжих зэрэглэлийг гадны судалгааны хоёр агентлаг бууруулснаа мэдээлчихлээ. Бизнесийн орчин маань ямар байгаа талаарх Дэлхийн худалдааны байгууллагын дүгнэлтүүд гарчихаад байна. Эдийн засаг, бизнес, мөнгө санхүүтэй холбоотой дээрээс нь нийгмийн үзэгдлүүд болох ажилгүйдэл, ядуурал ямар түвшинд хүрээд байна вэ гэдэг нь судалгаануудын дүнгээс илт харагдаж байна. ДНБ, эдийн засгийн өсөлт гурван улирал дараалаад бууралттай гарчихаад байна шүү дээ. 1.6 болчихлоо. Одоогоос хоёр жилийн өмнө ОУВС, Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.2-0.5-ын хооронд л хэлбэлзэх нь ээ, ийм ийм зүйлүүд дээрээ анхаараач ээ гээд зөвлөж байхад манайхан муу ёрлоод, муу ёрын тоо хэлээд байна гэцгээсэн. Гэтэл өнөөдрийн бодит байдлыг тэр хүмүүс анализ хийгээд урьдчилаад харчихсан байсан байна шүү. Хэрвээ тэр үед нь тэр зөвлөмжийг хүлээж аваад эртхэн шиг арга хэмжээ авсан бол өнөөдөр бид ийм хүнд байдал орох ч байсан юм уу, үгүй ч юм уу. Цаг алдах ёсгүй. Эдийн засгаар улстөржиж болохгүй. Эдийн засгаар тоглож болохгүй гэж би их ч ярьдаг. Хямралаас гарах төлөвлөгөө гэж яриад байсан. Гэтэл сүүлийн арван жилийн дотор дөрөв, таван төлөвлөгөө гарсан байгаа юм. Тэр төлөвлөгөөнүүдийнх нь заалтууд нь төстэй л юмнууд орж ирээд байдаг. Харин оруулж ирж байгаа эзэд нь л солигдоод байдаг. Бодит амьдралд хэрэгждэг ч үгүй. “Атрын III аян” гэсэн бодитой хэрэгжсэн хоёр гуравхан л заалт байгаа даа. Бусад нь ямар ч ялгаагүй. Эдийн засгийн өсөлтийг төдөн хувьд хүргэнэ. Газрын тосны үйлдвэр барина. Төдөн үйлдвэртэй болж төчнөөн хүнийг ажилтай болгож улс орноо үсрэнгүй хөгжилтэй болгоно гэсэн уриа лоозонгийн шинжтэй л байсан. Гэтэл үзүүлэлт нь улам л муудаад байгаа байхгүй юу. Тиймээс одоо энэ бүхэнд цэг тавья. Оруулж ирдэг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байя, хэрэгждэг хөтөлбөр оруулж ирье гэсэн. Зургаан сар гэдэг бол нэг бодлын богино хугацаа. Энэ хугацаанд бид яг юуг өөрчилж чадах юм, тэрийгээ тодорхой тусгая гэдгээ ажлын хэсэг, байнгын хороо, бүлэг дээрээ ч ярьсан. Энэ үүднээсээ олон хүний санаа бодол туссан болохоор сайн хөтөлбөр болсон.

Бид энэ зургаан сарын хугацаанд хаана очих вэ гэдгээ л харуулсан байгаа юм. Ханшийг тогтвортой байлгая. Ханшийг тогтвортой байлгахын тулд яах вэ. Мөнгөний нийлүүлэлтдээ анхааръя. Засгийн газар, УИХ, Монголбанк гурав уялдаатай ажиллая. Эдийн засгийн өсөлтийг өсгөе, гурван хувьд хүргэе. Инфляцийг нэг оронтой тоонд барья гэж байна. Ингэхийн тулд яах вэ гэхээр нөгөөх л ажилгүйдлийг бууруулж, ажлын байрыг олноор бий болгоход анхаарах хэрэгтэй. Дотоод, гадаад хөрөнгө оруулалт хумигдаад байна шүү дээ. Энийг тэлэх бодлого барья. Тэлэхийн тулд аж ахуйн нэгжүүдээ, баялаг бүтээж байгаа, үйлдвэрлэл явуулж байгаа газруудаа тариф болоод татварын бодлогоор дэмжье гэдэг заалт энд орж ирсэн байгаа.

-Үүнтэй зэрэгцүүлэн томоохон мега төслүүдээ ч хөдөлгөх талаар заалтууд орсон байна билээ?

-Мэдээж уул уурхайн Оюу толгой, Таван толгой зэрэг төслүүд, дэд бүтэц, эрчим хүчний, төмөр замын том төслүүдээ эхлүүл. Засгийн газар юугаа хүлээгээд байгаа юм. Шууд эхлүүл. Гэхдээ шударга, хариуцлагатай эхлүүл гэдэг зүйлийг оруулсан. Санхүүгийн секторыг эрүүл болгох хэрэгтэй байна шүү дээ. Гадны судалгааны байгууллагууд манай банкуудад ч хүртэл үнэлгээ өгчихлөө. Тиймээс бид санхүүгийн салбарт хийх дорвитой шинэчлэлийг зоригтой хийх хэрэгтэй байна. Одоо бол улс төрийн мөчлөг дагасан юмнууд явахгүй нь ээ гэдгийг харлаа. Ингээд яваад байвал Монгол Улс бүр ч хүндрээд босох тэнхэлгүй болно. Иймээс энэ удаад заримд хүнд таалагдахгүй ч бай тийм заалтуудаа хийгээд ч болтугай санхүүгийн сектороо эрүүлжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй болоод байгаа юм. Тэгэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын банкийг оруулж ирэх алхмуудыг хууль эрхзүйн хувьд нь бэлэн болгоё, суурийг нь энэ зургаан сард бэлдчихье гэдэг заалт орсон.

-Ирэх онд төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудал яригдаж байгаа. Үүнтэй зэрэгцээд удирдаж байсан албан тушаалтнуудад нь хариуцлага тооцох хэрэгтэй гэдгийг гишүүд ярих болсон?

-Хувьчлахыг нь хувьчилъя. Хувьчлахдаа шударга, богино хугацаанд амжилттай хувьчлахыг нь хийе. Нөгөө талаасаа энэ аж ахуйн нэгжүүдийг ашигтай ажиллуулъя. Жилийн дотор 11 их наядын алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудын захирлуудыг шууд солих, хоёрдугаарт, буцааж энэ алдагдлыг нөхүүлэхийн тулд хариуцлага тооцуулдаг болъё. Хариуцлагын системийг энд ажиллуулъя. Алдагдалтай ажиллаж байгааг нь харсаар байж улс төрийн томилгоо гээд байлгаад л байдаг. Нөгөөх нь идэж идэж тэр газраа ашиггүй болгож, хаяад явчихдаг. Эсвэл зарим нэг бүлэглэл нь тэр байгууллагыг нь ашиггүй болгож байгаад хувьчлаад авчихдаг. Нэг л биш юм яваад байна. Үүнийг халах ёстой. Тиймээс Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө хөрөнгө эргэлддэг төрийн өмчит газруудыг ашигтай ажиллуулна. Ашиггүй ажиллаад эхлэнгүүт тэр даргыг багтай нь солиод улс төрийн арга хэмжээ аваад явчихъя. Алдагдлыг нь нөхүүлье гэдэг заалт тодорхой орчихсон явж байгаа. Хамгийн гол нь энэ хөтөлбөр хэрэгжих нь л чухал байна. Засгийн газар үүнийг хэрэгжүүлээд хянаад явж чадахгүй байна. Бусад улс оронд ийм нөхцөлд Онцгой түр хороог байгуулаад ажилладаг юм байна. Байнгын хороо шиг Түр байнгын хороо гэсэн үг. Эдийн засгийн байнгын хорооныхоо дэргэд юм уу, УИХ-аасаа ийм байнгын хороо байгуулъя гэдэг саналыг бид гаргасан. Энэ саналыг гишүүд дэмжиж байгаа. Тэгэхээр яаж хяналт тавихаа явцын дунд ярьцгаана. Ямар ч байсан хөтөлбөрөө гаргачихлаа. Одоо Засгийн газар хэрэгжүүлэх л үлдэж байна.

-Та яриандаа ажлын байр шинээр бий болгож байгаа болон ажлын байраа хадгалж байгаа аж ахуйн нэгжүүдийг тариф болон татварын хөнгөлөлтөөр дэмжих тухай ярилаа. Хэвлэл мэдээллийн салбарын хувьд ажлын байраа хадгалж үлдэхийн тулд бүхнээ шавхацгааж байгааг та энэ салбарт ажиллаж байсан хүний хувьд мэдэрч байгаа байх?

-Аж ахуйн нэгж, салбаруудаа ялгаварлах нь буруу. Харин аль салбар нь эдийн засаг болоод нийгмийн асуудалд ач холбогдол өгч байна вэ гэдгээр нь бид харах ёстой. Хэвлэл мэдээллийн салбарыг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой. Би энэ салбараас төрөн гарсан. Энэ салбарыг харж байхад нийгмийн түүчээ болж өдөржин, шөнөжин ажиллаж байна шүү дээ. Эдийн засгийн хямрал эндээ байна, үүнийг ингэж засъя, энд шударга бус юм байна гэж шударга ёсны дууч, оюун санааны чиглүүлэгч болж байна. Хэвлэлийн байгууллага, хэвлэх үйлдвэрүүд маань олон хүнийг ажлын байраар хангаж байна. Тийм учраас шаардлагатай тохиолдолд энэ 90 хувийн хөнгөлөлтөд хамрагдах ёстой. Хэвлэл мэдээллийн салбар гэхээр бусдад үйлчилдэг, тэгсэн хэрнээ өөрсдөө юу ч үгүй үлддэг. Тийм байж болохгүй. Нөгөө талаар эздийн хэвлэл мэдээлэл, сурталчилгааны мөнгө гээд том компаниудаас мөнгө авчихдаг гэх мэт янз бүрийн сөрөг мэдээллийн улмаас энэ салбарын нэр хүнд уначихаад байна. Тийм учраас би хэвлэл мэдээллийн салбарын хүн учир хэвлэлийн ил тод байдлыг хадгалах, энэ салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг хамгаалах чиглэлээр хууль эрхзүйн цогц өөрчлөлт хэрэгтэй байна гэж үздэг. Хамаагүй юм хэлэхээр торгуулчих гээд байдаг, үнэний дуу хоолой болж байгаа сэтгүүлчдийг хамгаалах хамгаалалт ч алга. Тиймээс хэвлэлтэй холбоотой төрийн цогц бодлого байх ёстой юм байна. Үүнийг өөрчлөх ёстой юм байна гэдгийг одоо харж байна. МҮОНРТ дээр болж байгаа үйл явдлаас ч тэр харж байна. Хэвлэл мэдээллийг улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн бие биенээ намнах хэрэгсэл болгох гээд байна шүү дээ. Энэ бүхнийг зохицуулах хууль хэрэгтэй юм байна гэдгийг харж байна. Хоёрдугаарт, санхүүгийн хувьд энэ салбарыг дэмжих хэрэгтэй байна. Бие даасан байх хэрэгтэй. Тэгж байж сэтгүүлч хүн үнэний дуу хоолой, оюун санааны түүчээ болсон үүргээ бардам хийж чадна. Би дээр яриандаа дурдсан гэр бүлийн хүчирхийллийг хүмүүс мэдээлэхээс айдагтай адил энд бид дуу хоолой нь болж явдаг шүү дээ. Ийм үнэ цэнэтэй, амаргүй ажил хийж байгаа энэ салбарынхан уг хөнгөлөлтөд хамрагдах ёстой гэж үзэж байна.

Categories
мэдээ цаг-үе

“Шүд сугалах” хуулиар хориотой юу

Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавьж, зулай битүүрснээ зарласан. Гэсэн ч Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нарыг огцруулах тухай яриа гарч байна. Бүр сонин нь МАН УИХ-д 65-уулаа хэт олонхи болсон үедээ Засгийн газрын гишүүдээ огцруулах талаар ам ангайж байгаа нь энэ. Учир нь эдийн засгийн амаргүй цаг үеийг даван туулахад дээрх сайд нар хангалтгүй ажилласан гэж үзжээ. Засгийн газрын кабинетаас зарим сайд нарыг огцруулдаг асуудлыг улс төрд “шүд сугалах” хэмээн нэрших болсон. Ер нь манай улс төрд “шүд сугална” гэдэг хэллэг бий болсоор 20 оныг үдэж байх юм. Учир нь 1996 онд “Ардчилсан холбоо эвсэл” сонгуульд ялалт байгуулж, анхны ардчилсан Ерөнхий сайдаар М.Энхсайханыг томилсон ч “УИХ дахь эвслийн бүлгийн бодлогыг хэрэгжүүлэхгүй байна” гэх шалтгаанаар ганцхан жилийн дотор огцруулж байв. Түүнээс хойш шүд сугалдаг, сугалуулдаг Засгийн газрын нүүрийг хэдэнтээ үзлээ, монголчууд.

Сүүлд гэхэд Н.Алтанхуягийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүн О.Баасанхүү огцруулна хэмээн хэвлэлээр зарлаж байлаа. 2014 оны гуравдугаар сараас эхлэн Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газрын “газар хөдлөлт” ингэж эхэлсэн юмдаг. Чуулганы хаалттай хуралдаанаар хэлэлцэн Х.Тэмүүжинг авч үлдэж байсан. Үүний араас Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Уул уурхайн сайд Д.Ганхуяг гэх мэтээр шүд сугалахаар нэлээд үзсэн ч эцэстээ Н.Алтанхуягийн Засгийн газар бүхэлдээ огцорсноор хэсэг чимээгүй болсон. Гэхдээ асуудал үүгээр дуусаагүй юм. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хэрэг эрхлэхийн даргаар ажиллаж байсан С.Баярцогтоос эхлэн “сугалуулах” сайд нарын нэрс үе үе цухалзсаар байсан ч бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байв. Сүүлдээ энэ нь улс төрийн хүрээнээс хальж хувийн ашиг сонирхлын үүднээс өөрт нь таалагдсан шийдвэр гаргаагүй сайд нарыг огцруулах “шантааж” явдаг болсон.

Харин иргэн П.Баттулга нарын зүгээс УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг огцруулж байгаа нь Засгийн газар танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуульд заасан үзэл санаатай зөрчилдөж байна гэсэн гомдол гаргасан нь нэг талаараа зөв алхам болсон гэж үздэг. Үндсэн хуулийн Цэцээс “УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг УИХ-д тавьж, хэлэлцүүлж байгаа нь Засгийн газрын танхимын зарчмаар ажиллах, Үндсэн хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна” гэх дүгнэлтийг гаргасан юм. УИХ ч гэсэн Цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар Засгийн газрын гишүүнийг хэн нэгэн Их хурлын гишүүн огцруулах санал гаргаад “мулталдаг” байдалд цэг тавьж чадсан. Ингэж “шүд сугалах”-ыг хуулиар хориглочихсон юм л даа. Тиймээс хэн нэгэн гишүүн дургүйгээ хүрэхээр чамайг огцруулна гэдэг асуудал ярих боломжгүй болсон гэсэн үг. Засгийн газар тогтвортой үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж үзсэн учраас Цэц ийм шийдвэр гаргаж байсан билээ.

Гэтэл аанай л Ардын намынхан “Зарим сайдыг огцруулж, хариуцлага тооцох ёстой” хэмээн ил, далд ярих боллоо. АН, МАН-ын аль ч үед “шүд сугалах” ажиллагаа явагдаад байвал шүдгүй арслан шиг Засгийн газарт түмэн олны итгэл алдарч дуусах нь ээ.

Categories
мэдээ цаг-үе

Гулгаанд осол хийхгүй байх аврал нь дугуй, тоормос, дүрэм гурав л юм байна

Ойрын өдрүүдэд нийслэлийн хаана л бол хаана мөргөлдсөн машинууд. Ар араасаа гурав, дөрвөөрөө орж мөргөлдсөн тэрэг. Тэдгээрийн дийлэнх нь “Приус” машин харагдана. Энэ нь иргэдэд ямар айдас төрүүлж байсан гэхээр халтиргаа гулгаанд “Приус” л хамгийн осолтой, найдваргүй, хөнгөн жинтэй болоод тэр юм болов уу гэхчилэн янз бүрийн таамаг байв. Манай сурвалжлах хэсэг замын цагдаа, автын инженерүүд гэхчилэн мэдэж болох бүх л эх сурвалжаас энэ хардлагаа эцэслэж батлахыг зорилоо. Ингээд Замын цагдаагийн газрын мэргэжилтэн Я.Соронзонболдтой уулзахад “Бид бол жолооч нарыг замаа тооцоолдоггүй, дүрмээ зөрчдөг гэхчилэн, мэргэжлийн стандартын нүдээр харж, Замын хөдөлгөөний хуулийн хүрээнд ажилладаг” гэв.

Сүүлийн үед гарсан ослын шалтгааны ихэнх нь дугуйнаас болжээ. Хээ нь арилсан муу дугуйтай жолооч нар халтиргаа гулгаатай энэ өдрүүдэд осол гаргах нь олширчээ. Осол гаргасан жолооч нарын дийлэнх нь зуны дугуйтангууд юм байна. Үүнээс гадна халтиргаатай замд урдах машинтайгаа хэт ойрхон явснаас болж гарах ослын тоо нэмэгдсэн гэх тайлбарыг Замын цагдаагийн газраас өгсөн юм. Ойрхон яваа машинуудын тухайд арын машин нь зай бариагүй явснаас араас нь орж мөргөлддөг байна. Замын цагдаагийн газрын ажилтан ярихдаа “Жолооч нар халтиргаатай замд аль болох хурдаа сааруулж, өмнөх машинаасаа зай барьж явах хэрэгтэй. Мөн зарим жолооч нар дүрэм мэдэхгүйгээсээ болоод осол их гаргаж байгаа” гэлээ. Хүн хоёр цагаас урт хугацаагаар жолоо барихад ядарч, осол гаргах магадлалтай болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тиймээс ямар ч улиралд жолооч нар хэт олон цаг буюу ядартлаа машин барихгүй байхыг замын цагдаагаас анхааруулж байна. Хөдөө орон нутгийн замд халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол их гарч байгаа нь жолооч нарын хотоос гарангуут хурдалдагтай холбоотой гэнэ. Хөдөөний замд яваа жолооч нар халтиргаатай замд хурдаа 5-10 км цагаар багасгаж өмнөх машинаасаа 3-4 машины хэмжээтэй зай барих, жолооны дээд хэсэгт хоёр гараа зөв байрлуулж явах, эргэлт болон шарвах үед тоормос огт гишгэхгүй байх зэрэг зөвлөгөөг замын цагдаа нар өгч байна. Механик тэрэгтэй жолооч нарын хувьд араа салгаж явахгүй байхыг мөн анхаарууллаа.

Замын цагдаа нар ярихдаа “Автомашины хүнд хөнгөний ялгаа, “Приус” машин гулгаанд хамгийн эрсдэлтэй нь мөн эсэхийг жолооны багш нар, автын инженерүүд илүү үндэслэлтэй мэргэжлийн зүгээс тайлбарлах байх” гэсэн юм.

Ингээд жолооны курсын багш нараас халтиргаа гулгааны үед юун дээр анхаарах ёстой талаар сонирхлоо. Машин барих үедээ гарц, буудал зэрэг зогсох шаардлагатай шугамд ойртох үед хаазнаасаа тоормоз руу хөлөө эртхэн шилжүүлж бэлдэх хэрэгтэй гэв. Нуруугаа сандлын түшлэгт наасан байдалтай сууж, шулуун замд огцом тоормослохдоо тоормосоо аль болох чанга гишгэвэл сайн гэнэ. Машин гэнэт шарвахад сандрахгүйгээр гулгаж байгаа зүгт биш өөрийн явах гэж зорьж байсан зүг рүү, чиглэн дараагийн үйлдлээ хийх зөвлөгөөг мэргэжлийн багш нар жолооч нарт өгдөг юм байна. Урдаа юм уу ардаа хөтлөгчтэй машинтай бол хөтлөгчөө дагаж үйлдэл хийхийг тэд зөвлөлөө. Зуны болон дөрвөн улирлын дугуйтай үед халтиргаатай замаар уруудахдаа бага хурдтайгаар тохирсон араанд нь хийж, тоормосыг товших маягаар зөөлөн гишгэж хурдыг сааруулбал эрсдэл бага байх нь. Өвлийн зөөлөн хээтэй дугуйтай тохиолдолд огцом гишгэвэл дугуй эргэхээ больж замын хажуу руу чарга шиг гулгах эрсдэлтэй гэнэ. Тиймээс алсуур уруу бол гуравдугаар араа, огцом уруу бол хоёрдугаар араанд хийж буух ёстой юм байна. Урдаа хөтлөгчтэй машинтай хурдтай явж байгаад гэнэт араагаа хүндрүүлбэл халтиргаатай замд шарвах аюултай, харин хойд дугуйгаараа хөтөлдөг бол шарвах нь харьцангуй бага аж. Хөдөө орон нутгийн зам даваагаар явж байгаа тохиолдолд уруу зам руу орохоосоо өмнө халтиргаатай хэсэгт элс шороо цацах энгийн арга ч байдаг байна. Жолооч нар өвөлдөө гулгаанаас хамгаалах гинж, шүршдэг бодис зэргийг машиндаа байлгах хэрэгтэй гэсэн сануулгыг жолооны багш нар хэллээ.

Б.Баярбат: МАШ ЗӨӨЛӨН, БАРАГ БАЛЛУУР ШИГ БҮТЭЦТЭЙ ДУГУЙГ СОНГОХ ХЭРЭГТЭЙ

“Доктор” авто сүлжээ төвийн ахлах инженер Б.Баярбатаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.


-Жолооч нарт халтиргаа гулгааны үеэр осол авааргүй зорчих энгийн аргуудыг зөвлөөч?

-Хамгийн зөөлөн, бараг баллуур шиг бүтэцтэй дугуйг сонгох хэрэгтэй. Ихэвчлэн нягтаршсан цастай газраар явдаг бол хадаастай дугуй хэрэглэвэл зүгээр байдаг. Хэрэв хойноо хөтлөгчтэй дугуйтай бол дөрвөн дугуйгаа хий сайтай байлгавал сайн. Манай орны нөхцөлд өвлийн дугуйны хээний 50 хувь нь арилсан бол халтиргаатай замд явах бараг боломжгүй. Тиймээс дугуйныхаа бүрэн бүтэн байдал, эдэлгээ чанарт нь маш сайн анхаарах хэрэгтэй. Уруу эсвэл өгсүүр замд явахаас шалтгаалаад, гэр бүлийн жийп, микро автобус зэрэг машинууд ардаа ачаа сайтай явбал зүгээр байдаг.

-Машинтай хүмүүсийн хувьд хамгийн их анхаарах зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-Автомашиныг хамгийн найдвартай байлгах гол зүйл бол тоормос, дугуй хоёр. Тиймээс тоормос сайтай байх, мөн хамгийн сайн чанарын дугуйтай байх хэрэгтэй. Жолооч нар дүрмээ баримтлаад, өмнөх замаа тооцоолж, бусад машинд дохиогоо өгч, гэрлээ шилжүүлж явах хэрэгтэй. Мөн дахин хэлэхэд цас ихтэй, халтиргаатай үед дугуйны хадаасан бүслүүр, гинж хэрэглэвэл аюулгүй. Жолооч болон зорчигчдын амь нас таны машины дөрвөн дугуйнд бий гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.

ЯПОН ДУГУЙ ГУЛГАХ НЬ БАГА БАЙДАГ ГЭВ

Халтиргаа гулгааны ид үед чанар муутай болон зуны дугуйнаас болж гарах осол аваар огцом нэмэгдсэн гэж албаныхан онцолсон учраас замын хөдөлгөөнд оролцож буй 440 мянган автомашины дугуйны эрэлтийг хангадаг “Өгөөмөр” захыг зорилоо. “Да хүрээ” зах даваа гаригт амардаг болохоор “Өгөөмөр” зах хөл хөдөлгөөн ихтэй байв. Энд автомашины дугуй худалдаалдаг 130 гаруй контейнер байна. Нэг контейнер цөөндөө 30-40, олондоо 300-400 дугуй өрсөн харагдана. “Өгөөмөр” зах дээр хамгийн их борлуулалттай нь “Приус” автомашины арын дугуй гэнэ. 195х65х15 харьцаатай, 2009 оных нь 35000 төгрөг, 205х65х15 хэмжээтэй нь 55000 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Мөн жижиг оврын ачааны машин “Пронтер”, “Портер”-ын дугуй эрэлт ихтэй байдаг гэж худалдагч нар нь ярив. “Пронтер”-ийн 5.50хR13 хэмжээтэй арын дугуй 50000 төгрөг, шинэ нь 70-80 мянган төгрөгийн ханштай байсан бол “Портер”-ийн арын хуучин дугуй 35000 төгрөг, Япон шинэ дугуй 55000, Солонгос шинэ дугуй 60000 төгрөгийн ханштай байна. “Өгөөмөр” зах дээр зарагдаж буй дугуйнуудын ихэнх нь Япон, Солонгос улсаас импортолсон хуучин дугуй юм байна. Автомашины эд анги үйлдвэрлэгчид “Приус”, “Аллион” зэрэг суудлын машины дугуйг шинээр үйлдвэрлэх нь ховор учраас хуучин дугуй импортолж худалдаалдаг аж. Харин “Ланд-200”, “570”, “Жийп” гэх мэт тансаг хэрэглээний автомашины дугуйг шинээр үйлдвэрлэдэг гэж “Өгөөмөр” захын худалдаачид ярьсан юм. “Өгөөмөр” захад “Портер”-ийн урд талын хуучин дугуйг 50-60 мянган төгрөг, шинэ дугуйг 130-135 мянган төгрөгөөр худалдаалж байв.

Ам.долларын ханшийн өсөлтөөс болоод дугуйны үнэ өнгөрсөн зуныхаас дор хаяж 15000 төгрөгөөр нэмэгджээ. Өнгөрөгч долоо хоногт цаг агаар эрс хүйтэрч, цас их орж, халтиргаа гулгаа нэмэгдсэн тул дугуйны борлуулалт өнгөрсөн жилийнхээс илүү байна гэж найман жил дугуй худалдаалж буй Б.Сайнхишиг ярьсан юм. Түүнээс халтиргаа гулгаа ихтэй үед ямар дугуй сайн байдаг талаар тодруулахад “Япон дугуй халтиргаанд гулгах нь арай бага байдаг. Манайд “Приус” машинтай хүн их байдаг. Приустэй хүмүүс өвлийн дөрвөн дугуйгаа нэг сольчихсон байхад хоёр, гурван жилдээ ирдэггүй. Ер нь бол 15-тай дугуйнууд их зарагддаг. Миний хувьд өчигдөр долоон өвлийн дугуй зарсан. Өвлийн дугуйны хээ нь муудвал халтирч гулгана. Дугуйны хээ муудах эсэх нь тухайн хүний явалтаас л шалтгаална. Гэр, ажил хоёрын хооронд явбал дугуй нь элэгдэхгүй хоёр жил ч болно. Таксинд эсвэл нийтийн тээвэрт явдаг машины хувьд өдөрт мянган км явдаг учраас дугуйны хээ гурван сарын дотор элэгддэг” гэсэн юм. Хятадаас орж ирдэг дугуйны хувьд ихэвчлэн шинэ дугуй орж ирдэг юм байна.

Тэрээр “Цас орохоор дугуйны үнэ ханш өслөө гэдэг. Энэ бол буруу ойлголт. Хүмүүс дугуй аваад ханачихсан. Өдөр бүхэн талх шиг зарагддаг эд биш шүү дээ. Тэгэхээр цас орохоор 30 мянгын дугуй жар, далан мянга болдог гэдэг бол ор үндэсгүй мэдээлэл” хэмээн ярилаа. Хагарч муудсан ганц, хоёр дугуйгаа солих гэсэн жолооч нар их ирж байгаа гэж худалдаачид хэлж байв.

Энэ бүгдийн эцэст гулгаанаас үүдэлтэй автомашины ослын шалтгаан нь хүнд хөнгөндөө бус дөрвөн дугуй, тоормос, замын дүрэм барьж хөдөлгөөнд оролцож буй жолооч гурваас шууд хамааралтай гэдэг нь ойлгогдлоо.

Н.ГАНЧИМЭГ

Б.НАРАНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГУУДЫГ Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунжаргал: Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн хүчтэй цохигддог

Глобал стратеги менежмэнт институтийн захирал Ц.Оюунжаргалтай ярилцлаа.


-Хямралын үед жижиг дунд компаниуд яг ямар арга хэмжээ авбал тэсч үлдэх боломжтой вэ?

-Хямралын үед ер нь бүх компани стратегиа эргэж харах ёстой. Учир нь эдийн засгийн өсөлтийн үед боловсруулсан дунд хугацааны стратегиараа явах боломжгүй. Өмнө нь эдийн засаг өснө, тэлнэ гэсэн төсөөллөөр зохиож байсан учраас эргэж харахаас аргагүй гэсэн үг. Хэцүү үед компаниуд тодорхой зарчмуудыг барьж ажиллахаас аргагүйд хүрдэг. Зардлаа хэмнэх бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн түрүүнд хүчтэй цохигддог. Учир нь хямралын үед ганцхан бүтээгдэхүүнээс хамаарах ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Бүтээгдэхүүнээ аль болох төрөлжүүлбэл зүгээр. Эдийн засгийн өсөлтийн үед гаргаж байсан бүтээгдэхүүн хямралын үед хүссэнээр нь борлогдохгүй байх эрсдэл өндөр. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлттэй үйлчлүүлэгч, зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй. Шинээр бүтээгдэхүүн гаргаж болно. Эсвэл өмнө нь гаргаж байсан бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг жижигсгэх хувилбар байж болно.

-Хямралын үед юмны үнэ эрс буурдаг гэдэг ч манай компаниудын ихэнх нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эдийн засаг өндөр өсөлттэй байх үеийнхээсээ нэг их буулгахгүй байгаа. Энэ хэр зөв хандлага вэ?

-Олонхи компани эдийн засгийн өсөлтийн үед байсан үнийн бодлогоо хэвээр бариад байгаа нь зөв биш. Зайлшгүй эргэж харах ёстой. Худалдан авах чадвар асар их буурсан энэ үед өндөр үнээрээ явбал зах зээлээс гарах, шинээр гарч ирж буй, хурдтай, ухаалаг бодлого явуулж байгаа компаниудад шахагдах эрсдэл бий. Боломжуудыг хараад, худалдан авах чадварт нийцсэн шинэ юм уу шинэчилсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал. Мэдээж нэг төрлийн бизнес, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамаарахгүй байх хэрэгтэй. Ер нь хямралын үед тэсч үлдэх стратегийг л ярих учиртай. Үүнээс гадна стратегийн зөвлөх хүний хувьд компаниуд хямарсан ч гэлээ тодорхой хэмжээнд өсөлтийн стратеги баримтлах хэрэгтэй гэж зөвлөдөг.

-Хүн бүр мөнгөө хэмнээд эхэлчихсэн, олдог хэд нь хумигдсан өнөөдрийн хувьд их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, их ашиг олно гэсэн ойлголт байхгүй байх. Үйл ажиллагааны зардлаа бууруулах хамгийн ухаалаг шийдлийг компаниудад зөвлөөч?

-Өмнөх шигээ ихийг үйлдвэрлэвэл борлогдох зах зээл нь хумигдсан гэдэгтэй санал нэг байна. Өнөөгийн хэцүү нөхцөлд зардлаа хэмнэх үүднээс дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, IT-жуулбал илүү зөв гарц болно. Захиалга борлуулалтаа интернэтээр авч, хийх гэх мэтээр үйлчлүүлэгчтэйгээ ч IT орчинд харилцвал сайн. Ийм компаниуд илүү орчин үеийн бөгөөд үр ашигтай байж чадна. Урд хөрш гэхэд энэ чиглэлд асар том дэвшил хийсэн. Нэг тэрбум гаруй хүний 600 сая нь интернэтээр худалдан авалтаа хийдэг болчихлоо шүү дээ.

-Та түрүүн нэг төрлийн бүтээгдэхүүн, бизнес дээр төвлөрсөн компани өндөр эрсдэлтэй гэж ярьсан. Жишээ нь нарийн боовны жижигхэн цехэд өөр төрлийн бизнес хийх боломж байхгүй шүү дээ?

-Заавал өөр бизнестэй бол гэсэн үг биш л дээ. Нэг төрлийн бизнестэй бол бүтээгдэхүүнээ ангилах хэрэгтэй. Ер нь аливаа бизнес, бүтээгдэхүүнийг саалийн үнээ, од, асуултын тэмдэг, dog буюу нохой гээд ангилчихсан байдаг. Таны асуусанчлан нарийн боовны жижигхэн цех хэд хэдэн төрлийн нарийн боов хийдэг байж таарна. Тэр дундаа саалийн үнээ, од бүтээгдэхүүнтэй байж хямралыг давна. Саалийн үнээ, од болох нь мэдэгдэхгүйг нь асуултын тэмдэг бүтээгдэхүүнд оруулдаг юм. Бүтээгдэхүүний ангиллаа ингээд хийчих, тэгээд алдагдалд хүргээд байгаа dog бүтээгдэхүүн, бизнесээсээ хурдан салах хэрэгтэй. Асуултын тэмдэг бүтээгдэхүүний хувьд саалийн үнээ, од болох уу гэдгийг нь цаг алдалгүй шийдэх ёстой. Dog бол шууд татгалзаад цаашлах ёстой. Групп компанийн хувьд ч ялгаагүй. Алдагдалтай бизнесээсээ татгалзаж байж хямралыг тэсч гарна.

-Дэлхийн компаниудын гүйцэтгэх захирлуудын хамрагддаг хөтөлбөрийг Монголд эхлүүлж байгаа гэж сонссон. Яг ямар хөтөлбөр юм бол?

-“Leadership coaching” гэдэг хөтөлбөр. Хөгжсөн зах зээлд ная, ерээд оноос эхэлж үүссэн үйлчилгээ байгаа юм. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын гүйцэтгэх түвшний удирдлагууд, ялангуяа гүйцэтгэх захирлуудыг ийм хөтөлбөрөөр бэлддэг. Ер нь дэлхийн компаниудын хувьд гүйцэтгэх захирлуудаа энэ хөтөлбөрт хамруулж, тав арван жилээр бэлтгэсний эцэст албан тушаалд нь томилдог хандлага бий болчихсон. Би 20 жил ажиллахдаа 15 жилд нь банк санхүү, олон улсын байгууллагад удирдах шатны алба хашсан. Долоон жилд нь “coaching” авч байсан юм. 30, 40 жил менежмэнтийн ажил хийсэн Америк болон Их Британийн зөвлөхүүдээс “coaching” авч асар ихийг сурсан. Удирдагчийг бэлддэг хэрэгсэл гэдгийг олон улсын түвшинд баталсан хөтөлбөр л дөө.

-“Coaching” гэдгээ энгийнээр тайлбарлаач?

-“Coaching” гэдэг бол спортоос орж ирсэн ойлголт. Спортын ертөнцөд тамирчин дасгалжуулагчийн хоорондын харилцаа гэж байдаг. Сайн “coach” буюу дасгалжуулагч байж сайн тамирчин гарч ирж амжилт үзүүлдэг. Яг энэ ойлголтыг бизнест оруулсан хэрэг л дээ. Бизнесийн ертөнцөд менежерүүдийг бэлдэхийн тулд маш сайн дасгалжуулагчид хэрэгтэй гэж үзээд гаргаж ирсэн шийдэл. Гүйцэтгэх захирлуудын асуудал манай улсад төдийгүй дэлхийд ч их байдаг.

-Дэлхий даяар хэрэгждэг, шинэ залуу захирлуудыг бэлддэг хөтөлбөр байх нь ээ?

-Зөвхөн шинэ, залуу захирлууд гэж ойлгож болохгүй. Дэлхийд нэрээ гаргасан Уоррен Баффет, Билл Гейтс бүгдээрээ дасгалжуулагчтай. Дасгалжуулагчидтайгаа зөвлөлдөж байж шийдвэрээ гаргадаг. “Гүүгл”-ийн гүйцэтгэх захирлаар 12 жил ажилласан Эрик Шмидтийг дэлхий андахгүй. “Гүүгл” гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулаад түүнийг сонгож л дээ. “Гүүгл”-ийг үүсгэн байгуулсан хоёр хүн Эрик Шмидтэд дасгалжуулагч санал болгоход нь мань эр “Би хангалттай туршлагатай менежер хүн, яахаараа дасгалжуулагчтай байх ёстой юм” гээд их дургүй байсан гэдэг. Гэтэл “Гүүгл”-ийн хувьцаа эзэмшигчид “Ямар ч байсан ажиллаад үз, гурван сарын дараа асуудлыг эргэж ярья” гэсэн хариу өгсөн байдаг юм. Гурван сарын дараа Эрик “Энэ бол хамгийн зөв шийдвэр байжээ” гэж хүлээн зөвшөөрсөн. Эрик “Гүүгл”-ийг 12 жил удирдахдаа тэр хүнтэй л хамтарч ажилласан байдаг.

-Танайхаас зөвлөгөө аваад амжилттай яваа компаниуд ер нь ямархуу арга хэрэглээд ашигтай ажиллаад байна вэ?

-Компаниудын амжилттай ажиллах зарчмын нэг нь маркетинг бас маркетинг байдаг. Зарим компани үүнийг их сайн ойлгож, эхнээсээ ашигтай ажиллаж байна. Хэд хэдэн компани бүх ажилчдаа борлуулагч болгоно гэсэн уриан дор ажиллаж байгаа. Манайх нэг жижгэвтэр компанид зөвлөгөө өгдөг юм. Саяхан очиход нягтлан нь хүртэл борлуулалт хийчихсэн сууж байна лээ. Компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулбал цалин дээр нь тодорхой хэмжээний бонус нэмдэг урамшууллын тогтолцоо бий болгочихвол маш үр дүнтэй арга.

-Бизнес нь амжилтгүй яваа компаниудын хамгийн гол алдаа нь юу байна?

-Компани сайн эсвэл саар явах уу гэдэг нь шийдвэр гаргадаг хүнээс өндөр хамааралтай байдаг. Тэр хүний алсын хараа, манлайлах ур чадвар, менежмэнтийн чадвартай шууд холбоотой. Орчин цагийн менежмэнтийн ухааныг үндэслэгч Питер Дракерын нэг үг бий. Тэр хүн “Менежерийн хамгийн гол ур чадвар бол зөв хүнийг сонгож зөв албан тушаалд тавих явдал” гэж хэлсэн байдаг. Сайн, саар компаниудыг харахаар алдаа, оноонууд нь эндээ л байгаа харагддаг. Нөгөө талаас багаа сайн бүрдүүлэх ёстой. Ганц сайн хүнээр хол явахгүй. Удирдлагын баг маш чадварлаг байх учиртай. Удирдлагын багийг бүрдүүлэхэд гурван F-ийн зарчим гэж бий. Монголчилбол дотнын найз, гэр бүлийн гишүүн, ухаалаг биш хүнээс хол яв гэсэн зарчим. Ингэж байж илүү мэргэжлийн удирдлагын баг бүрдэнэ. Зарим компани хүнд зориулж албан тушаал бий болгоод байдаг талтай. Эхлээд стратегиа боловсруулж бүтцээ гаргачихаад албан тушаалын шалгуур үзүүлэлт болгоныг гаргах ёстой. Тэгж байж хүний асуудал яригдах учиртай.

-Танайхаас Business leadership forum-ыг “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд” сэдвээр зохион байгуулах юм билээ. Хямралыг дажгүй давах хүсэлтэй жижиг, дунд бизнесмэнүүдэд хэрэг болохоор зөвлөгөө, туршлагыг форумын үеэр хуваалцах уу?

-Манайхаас арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулах форумын үеэр санаа сэдэл авахаар олон сайн туршлагыг сонсох боломжтой. Биднээс зөвлөгөө авч, сургалт, хөтөлбөрт хамрагдаад амжилттай яваа компанийн захирлууд хямралын үед ашигтай ажиллаж буй туршлагаа хуваалцана. Түгээлтийн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлээд амжилттай яваа нэг компани бий. Захирал нь манай “coaching”-ийн хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа ердөө сар гаруйхны хугацаанд борлуулалтаа 50 хувиар өсгөж чадсан. Жишээ нь тэр залуу богино хугацаанд үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцана. Өмнөговийн бизнес эрхлэгч нэг бүсгүй манай сургалтад суусныхаа дараа олон жил бодсон ч хийж амжаагүй явсан ажлаа эхлүүлсэн. Улаанбаатарт байгуулсан шинэ компани нь төслийн түншлэлийн талбар гэдэг маш сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна. Залуусын дунд бизнесийн шинэ саналын уралдаан зарласан юм. Ер нь бол гарааны бизнесийг дэмжих төсөл л дөө. Шалгарсан төсөл энэ компаниас тодорхой хэмжээний санхүүжилт авна. Тэр бүсгүй илтгэл тавихаар болсон. Монголын Хөрөнгийн биржийн арилжааны албаны даргын илтгэл ч сонирхолтой байх болов уу. Өсөлт хийхийн тулд компаниудад санхүүжилт хэрэгтэй. Манай бизнес эрхлэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авч, банкны төлөө ажилласаар байгаад дуусдаг. Зээлээс зээлийн хооронд амьдарч яваа нь нууц биш. Хөрөнгийн биржийн илтгэгч санхүүжилтийн өөр ямар боломж байгааг ярина. Банкны зээлээс өөр боломжуудыг танилцуулна гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Тангадын Галсан: Хоёр дахь наран болсон ном хүнийг дотроос нь ариусган гэрэлтүүлдэг

“Өдрийн сонин”-ы 2016.11.29-ний №273, 274 (5538, 5539)

“Номын жор” өдөрлөгт ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Тангадын Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Лувсандамбын Дашням, төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Нацагийн Жанцанноров нар оролцож, залуучуудад сургамжтай сэнхрүүлэг үгсээ хайрласан юм. Энэ удаад бид ардын уран зохиолч, эрдэмтэн зохиолч хоёрын энгүүн сайхан яриаг буулган хүргэж байна.


Зээ, гурван ахыгаа эрдэм авьяасын буянт эзэн гэж итгээд, гулууз алтнаас үнэтэй итгэл, сэтгэл, зүтгэл өвөртлүүлж буцаана гэж найдаад, гудам болгон мөсөн гулгуурын талбай болчихсон энэ үед гудиггүйхэн дэрвэлзэж ирсэн халуун итгэлтэй, дулаан сэтгэлтэй дүү нартаа өвгөн ах нь баяр хүргэе. “Номын жор” гэдэг нийгэмлэгээс энэ их эрдэмтэн, Монголын ард түмний байтугай дэлхийн сонорыг дэлдийлгэчихсэн хөгжмийн их зохиолч, феодолизм, социализм хоёрыг залгичихсан одоо капатализмаас мөлжиж байгаа өвгөн бид гурвыг урьсанд талархлаа. Намайг зөөлөн чихтэй гэж барьж аваад эхлээд ярь гэж байгаа юм байна. Би одоо “сайн хадам” болсон шүү дээ. Сайн хадам гэж мэдэх үү. Таг дүлий болчихсон хүнийг сайн хадам гэж байгаа юм шүү дээ. Охин, хүргэн юу болж байгааг сонсохгүй бол сайн хадам. Ор нь цөм цөм үсрээд туранхай банз болж байгааг сонсохгүй бол онц хадам. Орлого, зарлагын тухай юу ч ярихгүй маани уншаад суугаад байвал сайн хадам. Орцонд нь буу тасхийгээд дуугарахад “Хөгшөөн, цаана чинь хүүхэд аяга хагалчихав уу даа” гээд сууж байвал онц хадам. Гэхдээ ч бас ойрын юм сонсоод байна аа. Ингээд номын тухай ярья. Хорвоо хоёр нартай. Нэгдэх нарыг нь бурхан бүтээсэн. Бурхан ч гэж дээ, тэнгэр бүтээсэн. Хоёр дахь нарыг нь хүн ард бүтээсэн. Тэр бүтээгчдийн хамгийн том төлөөлөл нь цөөхөн атлаа олноос дутдаггүй, муухан атлаа сайнаас дорддоггүй манай монголчууд. Худлаа гэхнээ, дорнын их гүн ухаантан, Энэтхэг орныг харийн дарлалаас гаргаж эрх чөлөөт хүчирхэг гүрэн болгосон Жавахарлал Неру гуай “Монголчууд бол дорнын номт таван гүрний нэг мөнөөсөө мөн” гэж миний багш эрдэмтэн Бямбын Ринченд айлдсан байдаг. Ингээд хоёр нарныхаа тухай эргэж ярья. Нэг нар нь бөөрөнхий, нөгөө нар нь дөрвөлжин. Бөөрөнхий нарыг тэнгэр бүтээсэн, дөрвөлжин нарыг нь хүн бүтээсэн. Хүн гурван зиндаатай байдаг. Эрдэнэт хүн, хүн сүрэг, хүн хог гэж байдаг юм. Хүн хог бол ном бүтээж чадахгүй. Гагцхүү өлсөхгүйн тулд цусалж чадна. Даарахгүйн тулд дулаалж чадна. Үр удмаа үлдээхийн тулд цаасан хайрцганд ч үржиж л байна. Хоёр дахь зиндаа нь хүн сүрэг. Сайн, мууг агуулан урсаж байдаг нийгмийн олонхи. Ном бүтээгчид бол эрдэнэт хүмүүн юм. Гачлалтай нь Монголын ном бүтээгчдийг, энэ дэлхийг төрт ёсонд оруулж өгсөн бидний дээдсийг “Хар феодалаа устга” гээд хүний тоолонгоор сум ирүүлж хядуулаад дуусгачихсан. Тэд бол “Монголын нууц товчоо”-г зохиогчид байсан. Номт лам нарыг “Шар феодалаа устга” гээд устгуулчихсан. Лам нар маань дөрвөн уулын дунд таван хэлийн мэргэд байсан. Аз болоход одоо Монгол минь ном бүтээгчидтэй болсон. Хоёр нар хоёулаа адилхан ачтай. Нэг нь болохоор дэлхийг байтугай бүхэл бүтэн нарны аймгийг гэрэлтүүлж, гадна талаас илч дулаанаараа ивгээж байдаг. Харин хоёр дахь наран болохоор хүнийг дотроос нь гэрэлтүүлж ариусгаж байдаг. Энэ бол эрдэнэт хүний бүтээсэн хоёр дахь нар-ном юм. Энэ сэдвээр ач зээ шигээ хүүхдүүд та нарт сэнхрүүлэг хийх болжээ. Би түрүүн өөрийгөө феодализмын үлдэгдэл гэж хэлсэн. “Феодализмын үед Монгол бол мал дагасан малууд байсан, малаасаа ялгаатай нь дээлийнх нь үс дотогшоо, малынх нь үс гадагшаа байсан” гэж манайхныг мичилдэг. Үнэндээ Монголын хүн амын наян хувь нь лам байсан гэдэг нь наян хувь нь сэхээтэн байсан гэсэн үг. Түвд, жагар хэлээр ном айлддаг байсан гээд бодохоор Монголын хүн амын наян хувь нь гэхэд юу юм бэ, тавин хувь нь эх хэлээсээ гадна харь хэл мэддэг, дорнын гүн ухаан, таван ухаан, анагаах ухаан, зурхайн ухааныг бүгдийг мэддэг, ая эгшиглэнгийн гайхамшгийг мэдэрдэг, тэр хэрээрээ хүн төрөлхтөнд байхгүй уртын дууг уянгалуулж бор гэрээсээ бүхэл бүтэн сансарт цойлоод ертөнцийг эргэдэг ийм л ахуйд би төрж өссөн. Манайд хэдэн судар байлаа. Орой болохоор аав, ээж минь тэврүүлэн гэр гороолуулдаг байсан. Гороолж явахдаа “Мэгмид зээвий дэрчин Жанрайсиг Дэмид чинбий ванбай Жамбиян…” гээд мэгзэм уншдаг. Юу уншиж байгаагаа мэдэхгүй ч өөрийнх нь удмын хүүхэд ой тогтоолт буюу тархины бичлэг сайтай юм уу гэдгийг мэдүүлэхээс гадна орчлонгийн жамаар гурав гороолчихдог болгох, унтахынхаа өмнө цэвэр цэнгэг ариун агаарт хүүхдээ нэг гаргачих, юу эс байсан юм бэ дээ. Гэтэл нэг удаа аав минь хурал хуйд явж ирэнгүүтээ бурхан тахил, ном судраа бүгдийг хамж аваад тулгандаа хийтэл тооно долоон дүрэлзсэн их түймэр манай гэрт авалцав. Есөн эрдэнээр бичсэн судар есөн өнгөөр солонгорон, гэрэлтэн, бичиг нь уйлан, урсан дуусдаг юм билээ. Тэрийг би үзэж байсан. Ээж яаж уйлж чарлан, дүү бид даган енгэнэж, манай гэрт ямар том эмгэнэл болж байсныг одоо би хааяа хар даран зүүдэлдэг юм. Тэр бол жаахан бага улс харийн эрхшээлд орсон үед үзэл суртлын үл үзэгдэх сэлэм айл бүрийн гэрт байсан аугаа өв соёл, үүх түүхийг устгадаг байсны гэрч байжээ гэж боддог юм. Сургуульд орохдоо, ёстой л Нацагдорж их зохиолчийн бичсэнээр “хөмөрсөн тогооны доторх хонин хорхой шиг” амьтан байснаа би сайн санаж байна. Сургууль явж байх замд тэртээ дэнж дээр олон майхан харагдлаа.

-Аав аа, ямар олон майхан бэ? гэсэн чинь

-Майхан гэдэггүй юм аа, миний хүү. Байшин гэдэг юм аа гэж билээ. Тэр үед би машин огт хараагүй байлаа.

-Аав аа, тэр үхэр тэргүүд яасан хурдан юм бэ гэвэл аав,

-Үхэр тэрэг биш ээ машин гэлээ. Зам дээр тойгон чинээ чулуу, төө хүрэхгүй мод хэлхээтэй хэвтэхийг үзээд

-Аав аа, тэнд хөөрхөн тоглоом байна гэтэл аав мориноосоо буун харайж тэр тоглоомоор миний духан дээр адислаад:

-За, миний хүү ном сурахаар явах замдаа харандаа, баллуур хоёр оллоо. Миний хүү харандаа, баллуур хоёр элээж явах хүү байна гэсэн сэн. Ийм эргүү мунхгийн бэтигтэй, соёлтой атлаа бүдүүлэг харанхуй орчинд би өссөн. Тэгэхэд миний хэнз балчир тархи, зүрх хоёрт Монгол ардын өчнөөн арван үлгэр, Монгол Жангарын эсэг бусаг бүлгүүд байжээ гэж бодохоор тийм ч хоёр хөлтэй хорхой байгаагүй бололтой. Ингээд сургуульд ороод номын бараа харж ботго байгаа хуудсыг харж байгаад “Унага” шүлэг унших жишээтэй, тархины ой тогтоолт сайтай, харааны тогтоолт байхгүй ийм л хүүхэд байсан юм билээ. Тийм хоёр хөлт адгуусыг ардын багш л хүн болгож өгсөн юм. Монголчууд “Багш дор мөргөмүү, ном дор мөргөмүү, Бурхан дор мөргөмүү” гэдгийн учир тэр биз ээ. Эргүү хурга байсан Галсанг өдий зэрэгт хүргэсэн Баянхонгор аймгийн Заг сумын бага сургуулийн Бат хэмээх багшийн минь сүнс одоо баярлаж байгаа байх аа.

Даяаршил нэртэй золбиншил, дангааршил нэртэй зожигролын үед монгол үндэстэн үлдье гэвэл амин сүнс болсон хэл, үндэсний соёл, бичгээ нандигнан дээдлэх учиртай. Энэ бүхэн үгүй бол далай шиг их усан дунд халбага цасан чихэр цацсан шиг Монгол оршин тогтнох аргагүй болно. Ийм учраас эзэн Чингисийн Монгол эрлийз монгол болох учиргүй. Энэ дэлхийг хоёр удаа төрт ёсонд оруулж явахдаа дэлхий дээр байгаа бүх амьтан, ургамал, шинжлэх ухааны ололтыг монголоороо нэрлээд авчихсан өвөг дээдсийн суу алдарт биширмээр. Тэрийгээ бичигтээ дархалчихсан ард түмэн бол монголчууд. Манай Баянхонгорын Загийн голын унаган хүү, Гэгээрлийн сайд Цэндийн Баттөмөрийг “Гадаадаас гуйхгүй ганцхан юм Монголд бий” гэсний төлөө Шар хөвийн дөрөлжийн тэнд өөрөөр нь газрыг нь ухуулан буудаад булсан. Төрсөн дүүг нь Гэгээрлийн сайдаар тохоон томилсон. Төрсөн ахынхаа барьж байсан тамгыг бариад, ширээн дээр сууж байхдаа хүн юу эсийг бодох бол. Монголын өв соёлыг харийнхан ингэж л устгаж байсан. Үүнийг би хүүхдүүд та нарт хэлэхгүй юм бол энд би цол гуншингаа дуудуулан суухын хэрэг юу билээ. Тархинд чинь Мандухай, Чингисийн ухаан бүрэлдсэн бол, зүрхэнд чинь тэр дээдсийн цус гүйж байгаа нь үнэн бол ээжийнхээ сүүтэй цуг хөхсөн эх хэлээ битгий эрлийз хэл болгооч гэж гуйя. Үгийн дунд нэг харь үг ороход л сүүнд угаадас нэмэх шиг санагддаг юм. Харь хэлийг сайн сурах хэрэгтэй. Үг хэл, өмсөж зүүсэн хувцас, үзэл санаагаараа Монголоо аварч байсан миний багш Б.Ринчен “Эрдэм сурахад харийн хэл бол ээх нарны гэрэлтэй” гэж захисан юм шүү. Эх хэлээ хэдий чинээ сайн сурсан хүн харийн хэлийг төдий чинээ сайн сурдаг. Ойрмогхоны нэг жишээ хэлье. 1989 онд намайг Ховдын Багшийн дээд сургууль дээр очиж уулзалт хийхэд таарч байсан яруу найрагч Дашзэгвийн Мөнхтөр Туркт очоод барууны орны гурван хэлийг сураад ирсэн байна. “Туркийн яруу найргийн дээжис” гэдэг гайхамшигтай ботийн нэгдүгээр ботийг гаргасан байна. Эрдэм сурахад, хэл сурахад хожууддаггүй юм байна шүү. Багшийн их сургууль дүүргэсэн Саруул-Эрдэнэ хүү өнөөдөр Индианагийн их сургууль, тэр байтугай АНУ-ын Төрийн департаментын монгол хэлний багш болоод явж байна. Ийм сайхан жишээ олон. Хэрвээ чи нагацтай, авгатай бол эрдэмд шамд гэсэн энэ үгийг Галсан гуайгаар дамжуулан хэлж байна даа гэж бодоорой. Алдарт биш авьяаст шүтэж ном унш. Уншина гэдэг үсгийн мангас болохын нэр биш. Ингэж хэлж болдог оо гэж гайхан биширмээр бадаг, мөр болгоны доогуур зурж байгаад унш. Номын агуулгыг, бүтэн романыг таван хуудсанд багтаан тэмдэглэж чадвал чи үе тэнгийнхнээсээ хоёр толгой илүү, өгүүлэх чадвараараа хэний ч урд доогийн бай болохооргүй болно. Уншсан, цээжилсэн хоёроо үеийн нөхдөдөө ярь. Энэ бол агуу суут хүмүүсийг ахин амилуулах арга. Их хувьд зарагдах, их үйлд дарагдах хоёр л хүн өөрөө шавар шиг байснаа чулуун шуумал шиг шовойн гарч ирэхийн үлгэр болно.

ЛУВСАНДАМБЫН ДАШНЯМ: ОРДОСЫН ҮЗЭСГЭЛЭН АГУУ МУНДАГЧ ЧИНГИС ЗОГСОЖ БАЙСАН ГЭХ ГАЗАР НЬ ТЭНД ҮГҮЙ ЮМ ДАА

Ийм олон номонд дуртай, хайртай залуучууд ирээд энэ танхимыг дүүргэсэн байгааг харахад үнэхээр сэтгэл хөдөлж байна. Залуучуудаа бид юу юугүй элдэв муу үгээр булах хэрэггүй юм байна. Та нар маань ямар сайхан бодол сэтгэлтэй болсон юм бэ. Номын тухайд бид өлгийд байгаа юм шиг бодож болмоор санагдаж байна. Бид энэ хорвоо дэлхийд аав ээжээс эхлээд байгаль дэлхий, орчлонт ертөнц, ном заалгадаг багш нар гээд маш олон багштай. Тэр олон багшийн дотроос хамгийн гайхамшигтай нь ном гэж би боддог. Ном гэдэг багш маань миний хажууд сууж буй Тангадын Галсан гуайгаас хэцүү багш. Ном ярьдаг юмаа ярина, хэлдэг юмаа л хэлнэ. Асуугаад чиг хэлэхгүй. Тэр багшийг ойлгодог, үгийг нь хэлүүлдэг зүйл болох ном унших эрдмийг бид өөрсөндөө бий болгох ёстой. Ном унших эрдмийг өөртөө бага багаар бий болгож байгаад номонд шохоорхож, дуршиж, дурлаж, номгүй бол нэг юм дутаад байгаа юм шиг болсон хүн бол гайхамшигт ертөнцийг өөртөө нээжээ гэсэн үг. Номоос бид их олон юм авна. Суралцаж буй оюутан залуус голдуу мэдлэг авч байгаа байх. Судлаачдын үзэж байгаагаар мэдлэг бол түвшний хувьд янз бүр. Ердийн буюу доод түвшний мэдлэг, хэдэн мянган жилд хураагдчихсан амьдралын буюу практик мэдлэг, дээр нь шинжлэх ухааны мэдлэг гэж янз бүр байна. Шинжлэх ухааны мэдлэг гэдэг нь нотлогдсон, нэг хонхрын, нэг улс орны биш дэлхий даяарт хүн төрөлхтөнд түгж, буян дэлгэрч байдаг зүйл. Шинжлэх ухааны мэдлэгийг авъя гэж нэг хэсэг нь номонд ороод шамдаж байгаа. Номыг бүтээж байгаа улс янз бүр. Ер нь хэн ч байсан бүгд л ном бүтээж чадна.

Эртний гүн ухаантан Платон өөрөө ном бичсэнгүй. Шавь нар нь Платоны үгийг бичээд дамжуулахаар Платоны ном болдог. Күнз шиг хүн төрөлхтний түүхэнд агуу эрдэмтэн ховор. Гэхдээ Күнз өөрийн гараар ном бичсэнгүй. Күнзийн шавь нар үгийг нь ном болголоо. Бидний сайн мэдэх монгол судлаач профессор Поппе “Монгол хэлний сурах бичиг”-ийг бас өөрөө бичсэнгүй. Нэг өдөр шавь нь “Багш аа, таны уншдаг лекцийг миний тэмдэглэсэн энэ” гэж авчирснаар ном болгож гаргасан. Тэгэхээр бидний хэн нь ч л “Аавын маань хэлдэг байсан үг” гээд бичээд байхад нэг ном, “Ээжийн минь захидаг байсан үгс” гээд бичээд байхад нэг ном, “Надад хайртай байсан залуугийн хааяа уулзахдаа хэлдэг үг” гээд тэмдэглээд байхад дахиад нэг ном болчих юм. Энэ номууд эргээд өөрөө эрдэнэс болж, оюуны баялаг болон хувирч байгаа юм. Бид өнөөдөр баялгийг бүтээх, оюуныг тэмдэглэн үлдээх яриа руу л явж явж орж байна шүү дээ. Монгол түмэн бол онцгой үндэстэн. Бид өөрсдөө омогшоод, “Хүн төрөлхтнөөс хамгийн мундаг нь монголчууд” гэж боддог шиг байгаа юм. Заримдаа тэр үнэн, заримдаа тэр худлаа. Хүн үүссэн цагаас эхлээд хэдэн сая, мянган жил зогсолтгүй гишгэсэн газар бол монгол нутаг мөн. Бид Алтай соёлын хүмүүс шүү дээ. Алтай соёлыг хамгийн их уламжилж, хөгжүүлж, оюуны баялаг болгож байгаа хүмүүс бол монголчууд. Монгол хот суурин нэг их босгосонгүй, түүх үзэхэд босгосноо ч нурааж байж. Тариалан тарьж гишгэх газаргүй болтлоо газраа хагалсангүй. Тийм учраас хүн төрөлхтний түүхийн архив нь Монгол орон юм. Архив нь хадандаа, модондоо, хөрсөндөө, эртний түүхийг хадгалсан орон өнөөдөр Монгол болж байна. Бид үүнийгээ мэдэх тусмаа, энэ тухай бичсэн мэргэдийн номыг унших тусмаа оюун нь баян болж, ухаан нь тэнийж, хийж бүтээхийн хүслэн ундардаг байх. Ном гэдэг гайхамшиг юм.

Манай оюутан залуус “Багш аа онгод гэж юу юм бэ, авьяас гэж юу вэ” гэж их асуудаг. Би шавь нартаа “Авьяасыг мэдээд, онгодыг мэдэж яах гээд байгаа юм бэ” гэж асуудаг. “Мэдээд авчихъя л даа” гэж намайг шална. Авьяас, онгод гэдэг мэдэнгүүт гараад ирдэг юм биш. Ер нь аливаа хийсвэр ойлголтыг биежүүлж байж л юм гэдгийг нь мэддэг. Юмыг хийсээр байж л танигдана. Бусдаас онцгой байж чадах нь уу, хүний хийгээгүйг хийж чадах нь уу гэдэг нь шалгарсаар авьяастай, авьяасгүй нь тодордог. Марко Поло гэхэд шоронд байхдаа Их Монгол Улсад очсоноо ярьж бичүүлсээр түүхэнд үлдсэн юм. “Залуу гварди” хэвлэлийн 50 жилийн ойгоор би очсон юм. Орон бүхэн номын үзэсгэлэн гаргаж. Тэндээс би ном гэдэг чинь зүгээр нэг бодсон тэмдэглэснээ хавтаслаад гаргаад тавьчихдаг эд биш байна. Нэгэнт л хүнд хүртээл болгож байгаа юм чинь гадна талаасаа ч сайхан зүйл байх ёстой юм байна гэж бодсон шүү. Тэмдэглэлийн дэвтрийн шүлэг, халаасны шүлэг гэдэг нэг хэрэг юм. Түмэн олонд хүргэхэд учиртай юм байна лээ. Өнөөдөр би Галсан гуайдаа “Байх, байх үгүйн дунд” гэдэг номоо өргөн барьсандаа баяртай байна. Би дэлгүүрт номоо тэгтлээ их тавьдаггүй. Юунд баярлаж байна гэхээр энэ хүн миний номыг тоосонд даруулчих, юу бичсэнийг нь мэдэхгүй орхичих хүн биш. Номыг олон жилийн дараа харахаар дурсамж юм шиг санагдаж байна. Манай нэрт соён гэгээрүүлэгч, их гүүш Мишигийн Цэдэндорж гуай ном унших гайхамшигтай жортой хүн байсан. Тухайн номыг уншаад тэмдэглэсэн, хажууд нь зурсан, санаагаа бичсэн зүйлс бол үнэхээр гайхамшигтай.

Монгол орон, бидний туулсан түүх байгаа цагт монгол судлал байх болно. Ер нь монгол судлал гэхээр Монгол Улсын хэмжээнд ойлгож болохгүй. Дэлхийд монголчууд Хүннү нарын хүрч нутаглаж байсан тэр нутагт л тархан амьдарч байна. Дэлхийд монгол судлал маш их хөгжиж байгаа. Монголын түүхийг үзэхгүйгээр дэлхийн түүх бүтэн болохгүй. Эдийн засгийн сонирхлоор монгол хэл, соёлыг бас их судалж байна. “Вашингтон пост” сонины нэрлэсэн “Мянганы суут хүн” Чингис хаанаас улбаалж Монголын түүхийг судалж байна. Ерээд оноос хойш гэхэд Чингис хааны тухай янз бүрийн хэлээр зуу гаруй ном зохиогдсон байна. Чингис хааны юу нь агуу вэ гэхээр маш цөөхүүлээ байтлаа дэлхийн их гүрнийг байгуулж чадсан. Гуравхан сая монголчуудаас дэлхийн ямар нэг уралдаан тэмцээнд очоод түрүүлээд байдаг нууц нь юундаа байна гээд судалгааны үзүүрт байж байна. Тэглээ бид “Намайг ирээд судал” гээд зүлгэн дээр зүгээр хэвтээд байж болохгүй. Өөрсдөө ч монгол ахуйд төрж өссөн монгол хүн учраас Монголоо өнгөрсөн, одоотой нь судлах ёстой. Бидний монголчуудын тэн хагас хилийн өмнө байна. Газар нутгийн ихэнх нь үлдчихсэн тэнд бас Монголоо судалж байна. Ордост “Монголын нууц товчоо”-ны бүх үйл явдлаар дэглэсэн, бүтэн дөрвөн цаг явж байж үзэж дуусгадаг үзэсгэлэн байгаа. Ордосын шавь нар маань “Агуу мундаг байгаа биз” гэж асууж байсан. “Агуу мундаг байна. Чингис маань энд зогсож байсан гэх газар үгүй юм даа” гэж би хариулсан. Чингисийн төрж өссөн, гишгэж байсан газар нь харин энд байгаа шүү. Чингис хааны үед монгол морины хурдаар дэлхийн талыг байлдан дагуулсан гэх үзэл бий.

Хурд гэдэг ч яг хөгжлийн түлхүүр биш юм аа. Желаль Аддин ч хурдан мориороо манайханд гүйцэгдэхгүй зугтчихаа биз дээ. Одоогийн энэ хурдан араб адуунууд чинь тэр үед тэдэнд байсан. Хэтэрхий хурданд бас юм бүдэгрээд алга болчихдог. Солонгын долоон өнгийг маш хурдан эргүүлэхэд л ганцхан цагаан өнгө болж харагддаг. Хүний амьдралын утга учир бол ертөнцийг улам сайн сайхан болгох. Улам сайн сайхан болгохын тулд хүн төрөлхтөн хэдэн зуун мянганаар зүтгэсээр ирсэн. Бидний уламжлал гэдэг чинь бүх юмыг хадгалахыг хэлээгүй. Сайныг нь аваад цагаа элээсний нь орхихыг л уламжлал гэж байгаа юм. Юуг нь орхих вэ гэдэг нь л чухал. Сайн сайхнаа хадгалах хэрэгтэй. Уламжлалаа хадгалж байна гээд боловсон дулаан газарт азарган үстэй дээл өмсөцгөөчихөөд хөлсөө гоожуулан суугаад байвал утгагүй биз дээ. Монгол гэдэг сэтгэлгээний дархлаагаа авч үлдэх хэрэгтэй. Хүн төрөлхтөн сайн, муугийн тухай одоо хүртэл маргалдаад л, хэлэлцээд л байгаа. Үүнээсээ болоод хүн төрөлхтөн жаргал гээч юмыг бүх хүн нэг мөртөө тодорхойлж чадаагүй л байгаа. Тэглээ ч бид сайн юмыг мэдэж л байх ёстой. Сайн ном бол маш олон хүний сайн, сонгодог гэж үзсэн номуудыг л хэлж байгаа юм. Тэр сайныг өөрийнхөө зорилгод ойртуулж чадвал гайхамшгийг бүтээж чадна.

Categories
мэдээ цаг-үе

Физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө

Монгол Улсын Их сургуулийн Цөмийн судалгааны төвийн захирал, физикийн шинжлэх ухааны доктор Цэдэнбалжирын Энхбатынд өнжлөө. Түүний “Скалар лептокваркууд ба LHC дахь хигс бөөмийн хос төрөлт” эрдэм шинжилгээний бүтээл нь Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн шилдгээр тодорсон юм. Мөн энэхүү бүтээл нь их энергийн физикийн олон улсын нэр хүнд бүхий “Journal of high energy physics” сэтгүүлд хэвлэгдсэн байна. Физикийн эрдэмтэн маань “Шинжлэх ухаан” номын орчуулагч билээ.

Тэрээр Увс аймгийн Улаангом суманд төржээ. Аав нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат бол ээж нь Хэнтий аймгийн Биндэр сумынх гэнэ. Хоёулаа барилгын инженерийн мэргэжилтэй учир алба ажлын эрхээр танилцаж гэр бүл болцгоосон аж. Цэдэнбалжир гуайнх далаад оны эхээр Улаангом руу гэр бүлээрээ томилогдон ажиллах үед хүү Энхбат нь мэндэлсэн гэдэг. “Би чинь Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбал даргын нэрэмжит I сургуульд бэлтгэл ангид явж байлаа. Дархан хотын бүтээн байгуулалт ид өрнөж байх үед буюу 1981 онд манайх нүүж ирсэн. Аав Орон сууц, нийтийн аж ахуйн дарга, инженерээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан. Ээж мөн хөдөлмөр хамгааллын инженерийн хариуцлагатай албыг бүхий л насаараа хийсэн хүн” гэж тэрээр ижий аавынхаа тухай товч танилцуулав. “Манай хадам аав, ээж үнэхээр сайхан хүмүүс байдаг. Ухамсарт амьдралынхаа туршид инженерээр ажилласан хүмүүс амьдралд илүү бодитой, шударга ханддаг юм” хэмээн гэргий Ж.Отгонтуяа нь цай цүй бэлдэх зуураа хэлэв.

Ц.Энхбат багын л техник, технологид сонирхолтой хүүхэд байж. Үүнд аав, ээжийн нөлөө их байсан гэв. Зөөлөн аядуу дуутай энэ эрхэм “Би эхээс дөрвүүлээ. Надаас бусад нь барилгын инженер мэргэжилтэй. Аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн гэсэн үг л дээ.

Ээж, аав минь орос ном их авчирдаг байлаа. Манайх дүүрэн ном болсон л айл байсан. Биднийг багаас л номтой нөхөрлүүлж өсгөсөн дөө. Тэр дундаа хүүхдүүдээ шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр хөгжүүлье гэсэн зорилготой байсан шиг санагддаг юм. Тэр үед оросын “Квант” гэж сайхан сэтгүүл байсан. Янз бүрийн физикийн бодлого, багаж төхөөрөмж, хүүхэд хийж болохоор загваруудын тайлбартай. Түүнийг их сонирхон, уншдаг байв. Одоо ч аавындаа очиход тэр орос сэтгүүл номын шүүгээнд нь байж л байдаг юм” хэмээн өгүүлэв. Дунд сургуулийн сурагч байхдаа залуу зохион бүтээгчдийн дугуйланд явдаг байснаа мөн сонирхуулсан юм. Нисэх онгоц, автомашин, усан онгоц, радио холбооны төрөл гээд хэд хэдэн чиглэлээр хичээллэнэ. Дөрөвдүгээр ангиасаа автомашины төрлөөр хичээллэж, түүндээ хорхойсч эхэлсэн байна. Дур сонирхолдоо хөтлөгдөн хичээлээ орхиж, сүүлдээ муу дүн аваад эхэлсэн гэнэ. Түүнийг нь аав, ээж нь анзаарч физикийн сонгоны ангид оруулчихаж. Маш сайн багш нартай таарсан нь түүнийг ирээдүйн физикийн шинжлэх ухааны доктор болох суурийг нь тавьжээ. Наймдугаар анги төгсөх жил нь “Монгол Улсын их сургуулийн харьяа гүнзгий сургалттай дунд сургуульд хүүхдүүд шалгаруулж авна” гэх яриа гарчээ. Ингээд уг сургуульд суралцахаар математик, физикийн дэвтрээ цүнхэлсээр аавыгаа дагуулан хотод ирсэн түүхтэй.

Ерэн таван онд их сургуулиа төгсөөд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн босго алхсанаар түүний амьдралын гараа эхэлжээ. “Биднийг оюутан болсон жил ардчилсан хувьсгал ялчихсан. Манай багш нар Социалдемократ нам байгуулчихсан. Гончигдорж гуай манай дээд талын ангийн багш байсан юм. Ид бужигнаж байлаа. Бид чинь яг л шилжилтийн үеийн оюутнууд шүү дээ” хэмээн оюутан ахуй цагийн дурсамжаасаа хуваалцлаа.

Ц.Энхбат 1998 онд магистрын зэрэг хамгаалсныхаа дараа Итали улс дахь Нобелийн шагналт Абдул Саламын нэрэмжит олон улсын Онолын физикийн төвд сурахаар болжээ. Энэ тухайгаа “НҮБ-аас гуравдагч орны эрдэмтдэд боломж олгох дэлхийн хэмжээний төв байгуулах асуудлыг жараад оноос ярьж эхэлсэн юм. Маш олон улс өрсөлдсөний дүнд Италид энэхүү төвийг байгуулахаар болсон. Энэхүү Онолын физикийн төв нь гуравдагч орон буюу шинжлэх ухаан сайн хөгжөөгүй газруудаас ирээдүйд амжилт гаргах залуучууд, эрдэмтдийг цуглуулж дэлхийн хэмжээний судалгааны орчинд авчирч ажиллуулдаг. Нэг жилийн эрчимтэй сургалтад оруулдаг юм. Одоогоор Монгол Улсаас энэхүү төвд арав гаруй залуу суралцсан юм билээ. Би гурав дахь нь болсон. Миний мэдэхээр УИХ-ын гишүүн Ундраа байдаг юм. Манай дээд талын ангийг төгссөн юм шүү дээ” гэв. Тэрээр онолын физикийн их энергийн салбарыг нь сонгон суралцжээ. Энэ сургуульд чиглэл, чиглэлээрээ дэлхийн хэмжээнд судалгаа хийдэг эрдэмтэд хичээл заадаг аж. Харин төгсөгчдөө Европын сургуулиуд руу докторын зэрэг хамгаалуулахыг чармайдаг байна. Дэлхийн хэмжээний олон ч эрдэмтэн төрсөн энэхүү төвд манайхаас мундаг залуучууд их явж байгаа гэсэн.

Тэрээр энэхүү төвдөө чамгүй амжилттай сурч, 2006 онд Америкийн Нэгдсэн Улсын Оклохомагийн их сургуульд докторын зэрэг хамгаалахаар болжээ. Тэрээр “Энэ том сургуульд сурах боломж Онолын физикийн төв болоод багш нарын дэмжлэгтэйгээр нээгдсэн юм. Манай онол, физикийн төвөөс нийт гурван оюутан шалгарч докторын зэргээ амжилттай хамгаалж байлаа. Докторын зэрэг хамгаалсны дараа Итали дахь Онол физикийн төвөөс ирж ажиллах санал тавьсан юм. Энэ байгууллагын докторын дараахь судалгааны ажил болоод бусад шалгуур нь маш өндөр. Харвард, Кембрижийн их сургуулийг төгссөн хүмүүс ч орохын тулд маш их өрсөлддөг. Ийм том газар намайг авъя гэсэн нь маш том завшаан, миний амьдралд тохиосон хамгийн сайхан боломжуудын нэг байсан. Нийтдээ дөрвөн жил ажилласан л даа. Үндсэндээ энэхүү байгууллага нь хоёр жилийн хугацаанд ажиллуулах дүрэмтэй байдаг. Хэрвээ нэмэх шаардлага гарвал нэг жил л нэмэгдэх боломжтой. Гэтэл би бүр дөрвөн жил ажилласан. Миний багш зүтгэсээр байгаад хоёр жил нэмж ажиллуулсан шүү. Маш их зүйлийг сурч, мэдсэн дээ” гэж ярилаа.

Докторын зэргээ хамгаалж ирээд удалгүй эхнэртэйгээ танилцжээ. Одоогоос яг арван жилийн өмнө 2006 оны арваннэгдүгээр сарын 26-нд танилцсан байна. Тэрээр Австри, Унгарын эзэнт улсын гол боомт байсан Триест гэх хотод амьдардаг байжээ. Тухайн хотод Италид суралцдаг оюутнууд улс тунхагласны баяраар уулзалт зохион байгуулсан нь заяаны ханьтайгаа учрах тохиол байсан гэнэ. “Аливаа зүйл учир утга, цаг хугацаатай л байдаг байх. Монголд байхдаа хүнтэй суухгүй байсан мөртлөө гадагшаа яваад л хүнтэй суучихсан.Тэнд л учрах ёстой байж дээ гэж боддог юм. Би Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгссөн. Одоогийн Ерөнхий сайд Эрдэнэбат бид хоёр чинь нэг анги байлаа. Хэдий үйлдвэрлэлийн менежмэнтийн чиглэлээр төгссөн боловч Тээврийн байгууллагад есөн жил менежер хийсэн. Тухайн үед гадагшаа сургуульд сурсан нь зүйтэй юм байна гэж бодоод Итали руу явсан юм. Тэр оюутнуудын уулзалтын үеэр бид хоёр ёстой л анхны харцаар дурлалцсан. Хамгийн сонин нь бид хоёр тэнд цугларсан оюутнуудаас хамгийн ахмад нь мөртлөө хоёулаа гэр бүлгүй байсан шүү” хэмээн гэргий нь анх танилцсан үеийнхээ нандин учралыг хуваалцлаа. Анх учирсан цаг үе нь нүдэнд нь харагдав уу гэлтэй тэр хоёр инээд алдан, их л жаргалтай ийн ярив.

Тэд 2010 онд Хангарьд гэж хөөрхөн хүүтэй болжээ. “Сант” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч тэрээр эхэндээ биднээс бишүүрхэн буйдангийнхаа араас ээжийгээ дуудаж байв. Хангарьд дүү нэхээд байгаа учир тэд удахгүй хүүхэдтэй болно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Ц.Энхбат 2010 онд Тайваний хамгийн том их сургууль болох Тайванийн Үндэсний их сургуульд уригдан ажиллажээ. Азид төдийгүй дэлхийд алдартай энэ их сургуулийн эрдэмтэд, судлаачид нь бүтээл туурвил ихтэй байдаг гэнэ. Энэ сургуульд гурван жил ажиллажээ. Түүнийг ажилд авах газрууд цөөнгүй байсан ч Монголдоо амьдрах шалтгаан нь олон. “Би анх явахдаа л Монголдоо заавал ирж амьдарна, сурсан мэдсэнээ хойч үедээ зааж сургана гэсэн бодолтой байсан. Юм сурсан бол өөрийнхөө мэдлэгийн хүрээнд үр шимээ гаргах нь зүйтэй гэж бодсон л доо. Түүнээс гадна намайг явахад аав, ээж минь 50 дөнгөж гарсан л хүмүүс байлаа. Гэтэл эргээд ирэхэд үс нь цайчихсан, тэтгэвэрт гарчихсан байсан. Тэр үед л хамт байх ёстой юм байна гэдгийг маш сайн ойлгосон доо. Ер нь ч тэгээд хүний нутгийн хөгжилд баясаад амьдарна гэдэг бол залуу насны л ажил. Гадаадад амьдрах мэдээж сайхан. Гэхдээ хүний нутаг бол хүний л нутаг шүү дээ. Нас 40 гараад эхлэхээр ёстой л сэтгэлийн дуудлага гэдэг нь юм уу, эх орноо үгүйлээд ирдэг юм билээ” гэж хуучлав. Биднийг ийн ярилцаж суух зуур бишүүрхэж байсан Хангарьд хүү “Би Италид төрсөн. Гэхдээ би монгол хүн” гэж хэвлүүхэн хэлэв.

“Монгол гурван сая хүн амтай жижиг улс. Монгол олон эрдэмтэнтэй гэдэг нь өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад худлаа юм. Манайд суурь судалгаа хийж буй эрдэмтдийн тоо 1000 хүрэхтэй үгүйтэй л байна. Нэг сая хүн амд 300 орчим гэсэн үг. Энэ тоо дундаж хөгжилтэй орнуудад 1000, өндөр хөгжилтэй оронд 2000-3000 байдаг. Гэхдээ манай оронд шинжлэх ухааны салбарт сүүлийн 100 жилийн хугацаанд асар том дэвшил гарсан. Гэсэн ч одоогийн түвшинд сэтгэл ханаж болохгүй юм. Эрдэмтдийн тооноос гадаад дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хэдэн хувийг судалгаа, инновацид зарцуулж байна гэдгээр нь орнуудыг жагсаадаг. Манайх 0.17 байсан бол саяхнаас 0.23 болж нэмэгдсэн. Дэлхийд Израил таван хувиар нэгдүгээр байрт ордог. Манайх таван хувьтай харьцуулахад инээдэмтэй тоо байгаа юм л даа. Өнөөх Африкийн Зимбабве хавьцаа л яваад байна. Бас эдийн засаг хэцүү үед тийм байх ёстой гээд шаардах ч хэцүү л юм. Тиймээс энэ үед эрдэмтдийн зүгээс залуу үеэ бэлдээд, сургалтаа сайжруулаад л явж байх хэрэгтэй. Эрдэмтэд төгсөөд ирэхээр нь лабораторийг нь байгуулаад өгчих. Мэдээж түүнийгээ дагаад судалгаа нь сайжирна. Энэ мэтчилэн зохицуулаад өгвөл оюутан, залуус судалгаа хийж сурна. Одоогийн байдлаар их, дээд сургуульд сургалт, судалгаа нь салангид байгаад байна. Тэгэхээр иймэрхүү шат дараатай, бодлоготой явах хэрэгтэй юм. Үнэхээр оюунлаг, аливаад шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонголт хийдэг ард түмэнтэй байхын тулд энэ салбарт хөрөнгө зарцуулах л хэрэгтэй. Цаг алдахгүй, зөв бодлогоор дэмжээд л явчих юм бол Монголын шинжлэх ухаан хурдан хөгжинө. Монгол Улс зайлшгүй хол харж чадвал эх орноо зөв түвшинд авч явах салбар бол шинжлэх ухаан, технологийн салбар юм” гэж ярилаа.

“Би шинжлэх ухаан сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ энэ салбарт хань минь сэтгэл зүрхээ зориулж яваа болохоор асуудлыг нь чихнийхээ хажуугаар өнгөрүүлээд сууж чаддаггүй юм. Шинжлэх ухааны академид дадлагажигч ажилчдын цалин бол маш бага. Ер нь эрдэмтэн, докторуудынх нь ч мөн адил. Банкны теллер тэгэхэд хавь илүү авч байна. Гадаадад физикийн чиглэлээр доктор хамгаалсан нэлээд хүн бий. Гэхдээ манай хүн шиг хүрээлэндээ ирж ажиллаж байгаа нь маш цөөн. Тиймээс ийм хүмүүсээ алдахгүй байх л хэрэгтэй. Улсаас мөнгө авч сураагүй хэрнээ л эргээд Монголдоо ажиллаж байгаа юм” гэж гэргий нь хэлэв. Тэрээр эрдэмтдийн өмнөөс их бухимддаг нь ажиглагдаж байв. Харин Ц.Энхбат “За Туяа минь бухимдаад яахав. Болно, хөгжинө. Уурлаж бухимдаад хувьсгал гаргаад бүх зүйл сайн сайхан болно гэж байдаггүй юм. Бодлоготой, төлөвлөгөөтэй байж л бүтдэг. Хурдан, гоомой хийсэн юм үр дүнгээ өгөхгүй” хэмээн инээмсэглэж харагдсан.

“Манай хүн бол салбараа өмөөрнө. Бодит үнэнийг нууна шүү дээ. Гэхдээ ханиараа маш их бахархдаг. Их сургуулийн оюутнуудад ганцхан цагийн хичээл заахын тулд шөнөжин сууж судалдаг. Тайваньд байхдаа хоногийн 24 цагийн, 18-19 цагт нь ном, компьютер шагайгаад л суудаг байлаа. Хэрэв нөхөр маань бизнесмэн хүн байсан бол тийм их цагийг ажилдаа, мөнгө олохын тулд зарцууллаа гэж би бухимдах л байх. Номын хүн гэдэг цаанаа л өөр байдаг. Ёстой л гэрэл цацруулсан сайхан хүн дээ миний хань. Мэдэхгүй юм их ховор шүү дээ. Хэн ч мэдэхгүй улсын Ерөнхийлөгчийг асуухад ч мэднэ. Нөгөө “80 саяын уналт” нэвтрүүлэгт хамтрагч олоод орвол яадаг юм бол гэж бодоод байгаа юм” гэхэд Ц.Энхбат “Тийм биш ээ, манай хүн намайг илүү магтаж байна” гээд даруухнаар хэлсэн юм.

Энэ гэр бүл зундаа дугуйгаар аялах, бассейнд сэлэх тун дуртай гэсэн. Харин амралтын өдрүүдээр тогтмол кофе шопт орж гурваас дөрвөн цагийг ном уншиж, хичээлээ давтан, ер нь хийх дуртай зүйлээ хийн өнгөрүүлдэг аж. Энэ нь бүр хэвшчихсэн учир амралтын өдрөөрөө кофе шопт ороогүй бол шинэ долоо хоног урам муутайхан эхэлдэг гэж байв. Ц.Энхбат доктороос судалгаа, бүтээлийнх нь талаар асуухад ийм хариулт өгсөн юм. “Би Шинжлэх ухааны академийн физик, технологийн хүрээлэнд судалгаагаа үргэлжлүүлж байна. Их энергийн физикийн судалгаа хийдэг. Тэр дундаа хигс бөөмийн судалгааг хийж байна. Хигс бөөм гэдэг нь материт масс олгодог бөөм гэсэн үг л дээ. Одоогийн байгаа онолыг нь өргөтгөж судалж байгаа юм. Шинжлэх ухаан төдийлөн сайн мэддэггүй хүмүүс хэзээ үр дүнгээ өгөх, эдийн засагт ямар ашигтай талаар асуудаг юм. Энэ талаар тайлбарлая л даа. Альберт Эйнштэн “Харьцангуй ерөнхий онол”-оо 1915 онд дэвшүүлсэн. Энэ нь таталцлын онол л доо. Энэхүү онол нь өнөөдөр бидэнд үр ашгаа өгч байгаа. Тодруулбал, бидний өдөр тутам хэрэглэж буй утсан дахь GPS юм. GPS амжилттай ажиллаж байгаа нь тэр онолуудыг сайтар тооцсонтой холбоотой. Ойролцоогоор зуун жилийн дараа үр дүнгээ өгч байгаа биз. Мөн 1905 онд нэгэн эрдэмтэн 26 насандаа шинжлэх ухааны дөрвөн өгүүллийг бичсэн. Тэр дөрвөн өгүүлэл дөрвүүлээ хувьсгал авчирсан юм. Түүний нэг нь квант механикийн онол. Орчин үеийн бүх хагас дамжуулагч, интеграл системүүд, компьютерийн амин сүнсүүд квант үзэгдэл дээр үндэслэдэг. Хиймэл дагуул, харилцаа холбоо, телевиз ч мөн ялгаагүй. Тэр үед энэхүү үзэгдлийг нээхдээ байгалийн тулгуур хуулийг нээлээ гэж бодсоноос биш өнөөдрийн техник технологийн хөгжилд маш чухал үүрэгтэй гэдгийг мэдэхгүй л байсан. Түүнээс хойш зуун жилийн хугацаанд технологийн тал дээр их судалгаа шинжилгээ хийгдэж, бүхэл бүтэн том салбарууд ч бий болсон. Яг үнэндээ суурь судалгааг нь хийсэн хүн ийм өндөрлөгт хүрнэ гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр эрдэмтэд, судлаачдад таньж мэдэх, байгалийн зүй тогтлыг нээх зорилго тэмүүлэл л байна уу гэхээс мөнгө, эдийн засгийг нь бодож судалдаггүй юм. Шинжлэх ухаан яаж хөгждөг вэ гэхээр тухайн хүнд танин мэдэхүйн судалгаа хийх эрх чөлөөг нь олгоход байдаг. Харин тэр судалгааны үр дүнгээс эдийн засгийн ашиг олох нь тусдаа асуудал. Технологийг хөгжүүлдэг хүмүүс нь тусдаа юм шүү дээ. Гэхдээ гинжин холбоотой байх нь гарцаагүй. Түүнчлэн олон нийтэд шинжлэх ухааны ололт, амжилтыг таниулахын тулд Засгийн газраас хөрөнгө зарж байх ёстой. Тийм мэргэшсэн хүмүүс ч байх хэрэгтэй юм. Шинжлэх ухааныг таниулаагүй учраас нэгэн эмэгтэй мөнгө дуудна гэхэд л бөхийн өргөө дүүрэн хүн цугларч, духандаа 20 мянган төгрөг наачихаад мөнгө дуудлаа гэж итгээд байгаа юм шүү дээ. Дээрээс нь тэр хүнд итгүүлэх авьяас байгаа нь мундаг юм л даа. Гэхдээ ард түмнээ муулах нь хаашаа юм. Бид л ард түмэндээ духандаа хиртэй түрүйвчээ наагаад баяждаггүй юм аа гэдгийг ойлгуулаагүй байна” гэсэн юм.

Тэднийх 15 жилийн турш Итали, Америк, Тайваньд амьдарчээ. Монголдоо ирээд гурван жил болж байгаа гэнэ. Одоогийн “Marshal town” дахь гурван өрөө байрандаа ороод удаагүй байгаагаа дуулгалаа. Монгол Улсын ирээдүй болсон физикийн шинжлэх ухааны эрдэмтнийд өнжсөн тэмдэглэлээ товчхон хүргэлээ.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

А.Цогцэцэг: Хоёр сайд маань түргэн тусламжийн тэрэгтэй суманд машин хуваарилахыг шаардсан юм

Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгтэй ярилцлаа.


-Та сайдын ажлыг хүлээж аваад дөрвөн сар боллоо. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ. Ямар асуудлуудыг шийдэж амжив?

-Би эрүүл мэндийн салбарт анх оюутны ширээнээс гараад 30 дахь жилдээ ажиллаж байна. Тийм болохоор салбартайгаа танилцах гэдгийг арай өөрөөр тайлбарлах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Салбарын өнөөгийн байдлын талаар яривал их олон юм ярих хэрэгтэй болох байх. Өмнө сайдуудын үед хийгдсэн сайшаалтай болон шийдэгдэж чадаагүй олон асуудал оршсоор байгаа нь нууц биш. Тиймээс тэрхүү асуудлуудыг шийдүүлэхийн төлөө мэргэжлийн хүмүүсийнхээ санал бодлыг тусган ажиллаж байна. Ер нь хүмүүс төрийн хар хайрцагны бодлого алдагдлаа гэж их ярих болсон. Үүнийг би хувьдаа ямар ч нам эвслээс үл шалтгаалаад өмнөхөө хэт үгүйсгэлгүй ололтыг нь хөгжүүлж, алдааг нь засаж явахыг хэлдэг болов уу гэж боддог.

Өнгөрсөн хугацаанд бид эрүүл мэндийн салбарт тулгамдаж байсан багагүй асуудлуудыг шийдлээ гэж харж байгаа. Гэхдээ цаашид засч, сайжруулах олон асуудал бий.

Аливаа салбарын шинэчлэл нь хууль, эрх зүйн орчинг бодлогын түвшинд шийдвэрлэх, түүнийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, санхүүжилтийн ухаалаг тогтолцоог бий болгох гэсэн үндсэн гурван шаардлага хангахыг хэлдэг. Гэтэл өнөөдөр манай улсад энэ үндсэн гурван тулгуур бүрдсэн бил үү гэдгийг нэг бодож үзэх учиртай. Үүний нэг жишээ бол эрүүл мэндийн салбарын гол гажуудлын нэг болох шууд төсвөөс хараат байдал. Гэтэл үүнийг нийгэм хүлээж авахдаа хэрэглэгч талаасаа хандаж байснаас биш хэрэгцээндээ тулгуурласан санхүүгийн төлөвлөлт хийгддэггүй олон жил явсныг тэр бүр анзаардаггүй.

-Мэдээж тулгамдсан асуудлууд байгаа л байх даа…

-Өнөөдөр манай салбар 20 тэрбум орчим төгрөгийн өртэй, дэлхий нийтээр улс орны хөгжлийг хэмждэг гол үзүүлэлт болсон эхийн эндэгдэл 100 мянган амьд төрөлтөд 61.7, хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 24.5 болж Мянганы хөгжлийн зорилтод хүрсэн амжилтаасаа ухарсан. Халдварт өвчин 100 мянган хүн амд 167.8 хүрсэн байдалтай байна. Мөн сумын эрүүл мэндийн төвийн 70 хувь нь машины ашиглалтын хугацаа болон гүйлтийн норм хугацаа дууссан, түргэний машингүй болсон нийт 99 сум, эмнэлгийн зориулалтын дуусаагүй 21 барилга байж байх жишээтэй. Мэргэжлийн хяналтын байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болон шинээр барих шаардлагатай 49 эрүүл мэндийн барилга байгууламжтай биднийг угтан авсан. Мэдээж бид энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаа ч өргөс авсан мэт зүгээр болдог зүйл биш гэдгийг ойлгох учиртай.

Нэмж жишээ дурьдахад чухалд тооцогдож байгаа олон улсын төслүүд хэрэгжүүлэх шатандаа гацчихсан байгаа нь нууц биш. Таныг асуусан учраас хэллээ. Хэн нэгнийг буруутгаж шүүмжлэх гэсэнгүй. Эрүүл мэндийн салбар ийм байдалд хүрэхэд нийгэм, эдийн засгийн болоод экологийн олон асуудал нөлөөлж байна. Асуудлуудыг шат дараатайгаар шийдвэрлэхээр ажиллаж байгаа.

-2017 оны төсөв батлагдлаа. Танай салбарын хувьд асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэв үү?

-Эрүүл мэндийн сайдын багц 654.9 тэрбум төгрөгөөр батлагдсан. Үүнээс 587.9 тэрбум нь урсгал зардал, 67 тэрбум нь гадаадын зээл тусламжаас бүрдэхээр байгаа. Бид эрүүл мэндийн салбарын автомашины парк шинэчлэлийг хийж, 151 автомашин нийлүүлэхээр 4.2 тэрбум төгрөгийг батлуулж чадлаа. Энэ ажлаа эхлүүлж, улсын онцгой комисс болон Засгийн газарт асуудлаа тавьж, эхний байдлаар автомашингүй 22 сумыг машинтай болгосон. Есөн лавлагаа төв, нийслэлийн 25 эрүүл мэндийн байгууллага, 21 аймгийн 70 орчим эрүүл мэндийн байгууллага салбар нэгжүүдэд засвар хийхээр төлөвлөөд байгаа. Олон жил дамжсан арав гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэсэн.

-Шинээр барилга барих уу. Яармагт гэхэд урт удаан настай төрөх эмнэлэг гээд асуудлууд байгаа шүү дээ?

-Улс орны эдийн засгийн байдал ямар байгааг хүн бүхэн мэдэж байгаа. Гэхдээ бид мөнгөгүй гээд гараа эвхээд суулгүй бүх боломж, гарцыг хайж ажиллаж байна. Яармагийн дэнжид байгаа 300 ортой төрөх эмнэлгийг барьж дуусган ашиглалтад оруулах нөхцөлтэйгөөр концессын гэрээгээр гүйцэтгүүлэх ажлын жагсаалтад оруулсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажлын тендерийг шалгаруулах ажил үргэлжилж байгаа. Цаашид Чингэлтэй дүүрэг, Ховд аймагт загвар нэгдсэн эмнэлгийн барилгыг барих ажлыг Азийн хөгжлийн банкны төслөөр барих асуудлыг хэлэлцэж байна. Бид зөвхөн барилга барих тухай ярихгүй байгаа юм. Тэнд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж эхэлсэн. Тоног төхөөрөмжийг нь нийлүүлэх асуудлыг ч зэрэг хийж байгаа шүү.

-Ер нь эмч мэргэжилтнүүдийн хүрэлцээ, ур чадвар ямар байдаг юм бэ. Орон нутагт очиж ажиллах эмч байхгүй гэдэг яриа бий?

-Би салбарынхаа эмч мэргэжилтнүүдийг мэдлэггүй, ур чадваргүй гэж хэлэхгүй. Эрүүл мэндийн салбарын 47 мянга гаруй ажилтны мэдлэг ур чадвар янз бүрийн түвшинд байгаа байх. Бид эмч мэргэжилтнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр онцгой анхааран ажиллаж байна.

Миний хувьд ажил хүлээж авмагцаа эх, хүүхдийн нас баралт өндөртэй байгаа аймгуудад мэргэшсэн эмч нарыг орон нутагт томилон ажиллуулж, ажлын байрны сургалтыг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн. Эхийн эндэгдэл ажил хүлээж авахад 100 мянган амьд төрөлтөд 61.7 байсан бол одоо 48.6 болж, хүүхдийн нас баралт 10 мянган амьд төрөлтөд 24.5 байсан бол 21.3 хүртэл буурууллаа. Мөн сайдын нэрэмжит тэтгэлгийг бий болгож, энэ чиглэлд олон улсын байгууллага болон бусад хандив тусламжаар эмч сургах, онц сурсан оюутанд тэтгэлэг олгох ажлыг эхлүүлсэн. Ялангуяа хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой, эцэг эхийнхээ мэргэжлийг өвлөж эмч, эмнэлгийн мэргэжилтэн болж байгаа хүүхдүүдэд илүү дэмжлэг үзүүлж байна.

Эмч, эмнэлгийн мэргэжилтний нийгмийн баталгааг хангах, эмнэлгийн тусламж үйлчилгээний эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход онцгой анхаарч, Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг шуурхай хийж байгаа.

Нэмж хэлэхэд, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний эрсдэлийн хууль, Донорын тухай, Нялх, балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль зэрэг бодлогын баримт бичгүүдийн төслийг боловсруулаад, батлуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

-Тэгвэл яамны зүгээс иргэд рүү чиглэсэн эмнэлгийн хүлээгдэл, чирэгдлийг багасгах тал дээр анхаарч байгаа юу. Байнгын бухимдал байдаг л даа?

-Сүүлийн жилүүдэд өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гемодиализ эмчилгээнд орж чадахгүй байна, элэгний “С” вирусийн эм, шинжилгээний үнэ өндөр байна гэсэн мэдээлэл цацагдаж байсныг санаж байгаа байх. Тэгвэл бид энэ асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Гемодиализ эмчилгээний ачаалал төрийн өмчит эмнэлгүүдэд хэт их, иргэд бухимдалтай, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн аппарат иргэн өөрөө төлбөр төлдөг учраас ашиглагдахгүй байсан. Улсын хэмжээнд 514 хүн гемодиализ эмчилгээнд хамрагдаж, цаана нь 50 хүн эмчилгээнд хамрагдаж чадахгүй байсан юм. Тэдний 44 нь нийслэлд байсныг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, иргэний эрүүл мэндийн даатгалаар дамжуулан хувийн хэвшлийн эмнэлэгт гүйцэтгэлээр нь эмчилгээний зардлыг олгох асуудлыг шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийг иргэд маш таатай хүлээж авсан.

-Ханиад томууны улирал эхэлсэн байна. Вакцинжуулалт хийгдэж байгаа болов уу?

-Жил бүр өвлийн улиралд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлгийн ачаалал нэмэгддэг байдлыг багасгах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвийн өдрийн эмчилгээнд санхүүжилт олгох, хүүхэд өвдсөн тохиолдолд ээжид нь магадлагаа биш лист олгодог болгохоор ажиллаж байгаа. Мөн хүүхдэд нэн шаардлагатай эмийн нөөцийг даатгалын санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан нийлүүлэх зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанд тавьж тэмдэглэл гаргуулан хэрэгжүүлж эхэлсэн. Томуугийн 33 мянган хүн тун вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан оруулж ирж, иргэдийг дархлаажуулах ажил хийгдэж байна. Цаашдаа 45 мянган хүн тун томуугийн вакциныг АНУ-ын Өвчний хяналтын төвөөс үнэгүй авахаар ярилцаж, гэрээ байгуулсан.

Мөн нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төвд шинжилгээ өгөхөөр ирж дугаарлан ачаалал үүсгэдэг байдлыг багасгаж, өрхийн эрүүл мэндийн төвд нь цусны сорьцыг авч, холбогдох журмын дагуу шинжилгээ хийх байгууллага руу зөөвөрлөх асуудлыг эхлүүлсэн. Энэ нь эмнэлгийн ачааллыг бууруулж байгаа тул иргэд маш сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бид цаашид уг үйлчилгээг чанаржуулахын тулд өрхийн эрүүл мэндийн төвийг нэн шаардлагатай багаж хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм.

Алсын дуудлагыг шуурхай болгоход цахимаар зөвлөгөө өгч хэвшүүлсэн. Энэ нь хүнд өвчтөнд мэргэшлийн тусламжийг шуурхай хүргэхээс гадна эрүүл мэндийн байгууллага иргэн, тэдний ар гэрийнхэнд үүсэх санхүүгийн дарамтыг бууруулж байгаа том үр дүнтэй ажил болсон гэж ойлгож болно. Түүнчлэн эмнэлгүүдийн яаралтай тусламжийн хэсэг, оношлогоо хийлгэхэд хувцас сольдог хэсэг, сахиурын өрөөнүүдийг ая тухтай байлгах чиглэлд анхаарал хандуулж ажилласан.

-Эрүүл мэндийн салбарынхан “Шилэн эрүүл мэнд” гэж ярьдаг болсон байна лээ. Яг юуг нь хэлээд байгаа юм бэ. Үйлчилгээ юм уу, төсөв санхүүг нь хэлээд байгаа юм уу?

-Манай салбарыг хаалттай, иргэдэд мэдээлэл өгдөггүй гэсэн шүүмжлэл байнга явдаг. Энэ байдлыг арилгах үүднээс Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд ил тод байх зорилго тавьж ажиллаж байна. Хүнд өвчтэй, төрсөн, мэс засал хийгдсэн иргэний талаар ар гэрт нь мэдээлэл өгөхгүй удах нь иргэдийн эрүүл мэндийн байгууллагад итгэх итгэлийг алдуулж байгаа нэг том алдаа. Манай эмч, мэргэжилтнүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ рүүгээ илүү анхаараад иргэдэд өгөх зөвлөгөө, зөв мэдээлэл өгөх талаа орхигдуулснаас ийм байдал үүсдэг. Иймд бид мэс заслын өрөө, төрөх өрөө, эрчимт эмчилгээний тасгийг камержуулж, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хүссэн тохиолдолд уг бичлэгийг үзүүлэх, камераар хүнээ харах боломжийг бүрдүүлж эхэлсэн.

Ихэнх эмнэлгүүдийн тасгууд үүдэндээ тухайн тасгийн онцлогтой холбоотой иргэдэд өгөх зөвлөгөөг байршуулсан байгаа. Тухайлбал, УГТЭ-ийн Зүрх судасны тасгийн коридор хүлээлгийн хэсэгт зүрхний өвчин эмгэгээс сэргийлэх талын зөвлөгөө байрлуулсан байх жишээтэй.

-Саяхан таныг Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нарт загнууллаа гээд бичлэг явсан. Уг нь адилхан сайдууд бие биенээ загнах эрх байдаг юм уу?

-Хүмүүс янз бүрээр л харж байх шиг байна. Энэ бол ажил хийж байгаа хүмүүст тулгардаг асуудлуудын нэг. Үнэндээ сайд нар бие биенээ загнаж, загнуулаад байгаа хэрэг гэж харахаас илүүтэй өнөөгийн төрийн санхүүгийн чадамж ямар байгаа талаар бид бодож санаа зовох учиртай юм.

Ер нь бол Улсын онцгой комисс хуралдах явцад хоёр сайд маань түргэн тусламжийн автомашинтай суманд машин хуваарилахыг шаардаж байсан юм. Эрүүл мэндийн салбарт хөрөнгө санхүүгийн асуудал яалт ч үгүй тулгардаг. Үүнийгээ хаа хаанаа ойлгох нь чухал. Тиймээс бодлогын хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг шаардлагатай байгаа газруудад нь юун түрүүнд нэн шаардлагатай машин, тоног төхөөрөмжийг хуваарилдаг. Би түрүүн хэлсэн, одоогийн байдлаар улсын хэмжээнд сумын эрүүл мэндийн төвийн 70 гаруй хувь нь автомашины парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай байгаа. Иймээс эдгээр сумдад шаардлагатай 151 автомашины 4.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгаж өгсөн. Үүнээс 21 автомашиныг нь нэн шаардлагатай сумдад энэ долоо хоногт хүргүүлж эхэлсэн.

-Дорнод аймгийн Халхгол суманд хүмүүс архи гэж андууран метилийн спирт ууснаас болж хордсон байна. Тэдний дөрвөн хүний амь нас эндээд байгаа мэдээлэл бий. Энэ тал дээр танай яамнаас ямар арга хэмжээ авсан бэ?

-Тийм, үнэхээр харамсалтай хэрэг болсон. Үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас олон хүн хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирлоо. Тухайн үед Эрүүл мэндийн яамны удирдлагууд тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн дарга, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурлыг яаралтай хийсэн. Ингэснээр өвчтөнүүдийн биеийн байдал, тусламж үйлчилгээний явцтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт ажиллуулахаар яаралтай томилон ажиллуулж байна.

Өмнө нь ингэж олноор хордож, амь насаа алдсан тохиолдол Багануурт мөн гарч байсан удаатай. Ер нь иргэд маань хэрэглэж буй зүйлийнхээ гарал үүслийг нягтлаагүйн улмаас эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тиймээс хоол хүнс болоод хэрэглэж буй зүйлдээ анхаарч байх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Н.Амгалан: Сийлэгмаа бид хоёрын “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, МУГЖ Н.Амгалан хэдхэн хоногийн дараа “Ардын дуундаа жаргалтай” нэртэй уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байгаа юм. Түүнтэй уулзаж ярилцсанаа сонирхуулъя.


-Та бол ардын дуугаар дагнасан уран бүтээлч. МУГЖ Б.Сийлэгмаа та хоёрын дуулсан “Ханан сүлжээ нэхээс”-ийг “Монгол тулгатны 100 дуу”-д оруулан дүрсжүүлсэн бичлэгийг саяхан үзлээ. Энэ дууг хамтран дуулах болсон талаараа яриач?

-Энэ бол 1988 онд зохиогдсон дуу. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл бид хоёр дуулж байгаа. Яагаад ийм урт удаан настай дуу вэ гэхээр, бид хоёрт зориулж хийгдсэн бүтээл. Тиймээс өнөөдрийг хүртэл үзэгчид, сонсогчид маань шинэ мэт хүлээж авдаг. 1980, 1990-ээд онд төрсөн хүүхдүүд ч шинэ дуу юм уу гэдэг. Энэ дуу маань үе, үеийн сонсогчдын сонорыг мялааж байгаад баяртай байдаг. “Ханан сүлжээ нэхээс” дуунаас хойш Б.Сийлэгмаа бид хоёрын хамтран дуулсан олон дуу бий. “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Алтан сайхан хоёр луу” гээд. Хамгийн сүүлд Саруулбуянийн шүлэг, Батсүрэнгийн ая “Эрхний хээ” хэмээх дуу дуулсан. Энэ дуугаа хэдхэн хоногийн дараа болох уран бүтээлийн цэнгүүнийхээ үеэр үзэгчдийн хүртээл болгоно.

-Та бие даасан уран бүтээлийн цэнгүүн дээрээ “Ханан сүлжээ нэхээс”-ээ дуулах уу. Энэ дууг яагаад дуулах болсон юм бэ?

-Б.Сийлэгмаа тоглолтод оролцож байгаа л бол “Ханан сүлжээ нэхээс” дууг ард түмэн сонсохыг хүсдэг юм. Бид хоёр хааяа өөр дуу дуулъя гэхээр ард түмэн ч заавал энэ дууг сонсох гээд байдаг юм л даа. Тиймээс дуулалгүй яахав. 1987 онд Б.Сийлэгмаа бид хоёр Хилийн цэргийн ансамбльд хамт орсон. Тухайн үед уран сайхны удирдаачаар нь миний хайртай багш урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Бадарч ажиллаж байлаа. Тухайн үед нэг нь сопран, нэг нь альт хоолойтой хоёр ижилхэн охин яваад байж л дээ. Тэгээд бид хоёрт зориулж нэг дуу хийе гэж бодож. Тэр үед театр зэрэг урлагийн газруудад утга зохиолын ажилтан гэж байлаа. Тэгээд бодлогоор дуу, шүлгийг нь дуучдадаа зохионо. Манайд ийм уран бүтээл хэрэгтэй юм байна гээд бүтээлээ туурвидаг байж. Яг ийм байдлаар бид хоёрт зориулж энэ дууг зохиосон түүхтэй. Яруу найрагч Б.Доржпалам, УГЗ Д.Бадарч гэж энэ хоёр агуу хүн зохиосон. Ингээд дуугаа хийчихээд, хувцасныхаа эскизийг гаргаж, багштайгаа хамт Их дэлгүүр рүү ороод дээлнийхээ өнгийг сонгож авсан. Энэ л өнгө таарна гээд надад ногоон, Сийлэгмаад бор өнгийг авч байлаа. Унждаг сувдан ээмэг, бас сийрсэн малгай авч өгөөд, дээлнийх нь эмжээрийг хүртэл ижилсүүлсэн. Ингэж дуу маань бүтсэн дээ.

-Энэ дуугаа анх Хилийн цэргийн ансамблийн тоглолт дээр дуулсан гэсэн. Үзэгчид хэрхэн хүлээж авч байв?

-Маш сайхан хүлээж авсан. Энэ дууны үг нь ч тэр, ая нь ч тэр ардынх юм шиг. Бид хоёр ч хүүхэд байсан болохоор хүмүүс их өхөөрддөг байлаа. Шляп малгай тавиад, цагаан ороолт зүүчихээд л. Хүрээ хүүхэн шиг, хувцаслалт ч тэр, донж маягийн хувьд ч тэр нэгэн цаг үеийг санагдуулсан байна л даа. 1980-аад онд энэ дуугүй юм байгаагүй. Дуэт дуу маань үнэхээр олон түмэнд хүрсэн. Өмнө нь бол дуэт зөндөө дуулагдаж байсан л даа. Цэцэгээ, хүүхдийн дууны Долгор гуай нар хоршин дуулсан байдаг. Гэхдээ эмэгтэй хоршил дуу өгүүлэгдэж байсан үе. Б.Сийлэгмаа бид хоёрт ороогүй тоглолт, концерт гэж байгаагүй. 1980-аад онд бол одоогийн хэлдгээр энэ дуу хит болж байлаа.

-Та хоёрын хослон дуулсан “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай” гэж бас нэгэн сайн дуу бий.

-Энэ бас их сайхан дуу. Гэхдээ энэ дууг бид хоёроос өмнө олон сайхан дуучид дуулчихсан байсан. Бид хоёрыг Хилийн цэргийн ансамбльд байсан учир бодлогоор дуулуулсан. Аливаа бүтээл уламжлагдаж байдаг болохоор.

-Сүүлийн үед ямар шинэ бүтээл туурвив?

-Би 23 жил Үндэсний урлагийн их театрт ажиллаж байгаа уран бүтээлч. 1993 оноос эхлэн ажилласан. Хуучнаар бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга маань жилд хоёр удаа уран бүтээлээ тайлагнадаг. Тэр бүгдийг алгасдаггүй. Манайх хорин хэдэн дуучинтай, тиймээс ч бүх тоглолтод оролцдог. Бүжгийн дуугаа ч дуулна, гоцлолоо ч дуулна. Миний хамгийн сүүлд гаргасан том бүтээл гэх юм бол 2015 онд найруулагч Ганболдын тавьсан “Оройн дээд” нэртэй дуулалт жүжгийн Дондогдулам их хатны дүрд тоглосон. Энэ бол үнэхээр гайхамшигтай дүр. Ийм мундаг түүхэн хүний дүрд би хоёр дахь удаагаа тоглолоо. Хоёр дахь нь найруулагч Болдын “Үлэмжийн чанар” гээд дуулалт жүжгийн хутагтын баруун гар байсан Дачура хэмээх бодит хүний дүр. Ийнхүү уран бүтээлээ хийгээд ер нь их завгүй л явна. Энэ жил манай Үндэсний урлагийн их театр АСЕМ-ын үеэр тоглолт хийлээ. Монголын нүүр царай болсон энэ театрт хийх ажил зөндөө, тиймээс ч завтай байх нь ховор.

-Та бие даасан уран бүтээлийнхээ тоглолтоор үзэгчдэдээ ямар “бэлэг” барих гэж байна?

-Уг нь бол энэ нууц байсан юм. Гэхдээ яахав хэлье. Би хүүхэд байхаасаа л Д.Бадарч багшийнхаа “Хөх даалимбан тэрлэг”-ийн бүүвэйн дууг хоортой дуулж үзэх юмсан гэж мөрөөдсөн. Энэ мөрөөдлөө биелүүлж байгаа. Цэргийн дуу бүжгийн ансамблийнхаа жаз оркестртой, хоортой дуулна. Өчигдөр би очоод бэлтгэлээ хийхэд багш маань нүдэнд харагдаад хоолой зангирч байлаа. Хүн нас ахиад ирэхээр багшийгаа их санадаг юм байна. Бүтээлээ хийгээд явахаар тэр сайхан багш нарын хүчинд өдий зэрэгтэй яваа даа гэж улам их бодогдох юм.

-Таны багш УГЗ Д.Бадарч бол Монголын урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан хүн. Багшийнхаа тухай яриач?

-Миний багш үнэхээр агуу хүн байсан. Түүний зохиосон дуунуудыг одоо ч залуучууд дуулдагт их баярладаг. Би ч багшийнхаа дууг залуучуудад өгч дуулуулдаг. Багш маань эгэл даруу, ихэмсэг сайхан, маш сайхан инээмсэглэдэг хүн байлаа. Би багшийнхаа уурлаж байгааг хараагүй, дандаа л инээмсэглэж явдаг. Ямар ч сайхан царайлаг хүн байсан юм бэ дээ. Их гоё үстэй, сайхан хүн байсан даа. Багш маань нэг их сургаал хайрлаад байдаггүй хүн л дээ. Сайхан дуулах хэрэгтэй л гэж хэлдэг байсан. Дуучин хүн бол дуулж л явах хэрэгтэй гэнэ. Хүн ирээд чамайг дуулаад өгөөч гэвэл гүйж очоод л дуулаад өг гэнэ. Дуулж л байвал сайхан уран бүтээл хийнэ гэдэг байлаа. Тэр үед их дэгтэй байсан. Багшийгаа хараад хамаагүй юм ярихгүй, их хайрлана бас эмээнэ, болгоомжилно. Юу гэж хэлэх вэ, юу гэж асуух вэ гэж их боддог, хүмүүжилтэй байлаа. Багшийгаа бид чинь аав гэж дууддаг байсан. Морины Батбаяр, Сийлэгмаа бид хэд ингэж дуудна. Багш маань ч яг л аав шиг минь байсан. Биднийг “Миний охид” гэнэ. Тухайн үед намайг ирэхэд Ардын жүжигчин Д.Лувсаншарав гуайд “Чамд хоёр сайхан охиноо өглөө. Миний хоёр охины уран бүтээлийг нь дэмжиж байгаарай” гэж захисан байдаг. Би чуулгад ирэхдээ Цэргийн дуу бүжгийн ансамбльд орлоо гээд худлаа хэлсэн юм. Тэгэхгүй бол тухайн үед намайг бас явуулахгүй байсан. Гэтэл багш маань аль хэдийнэ мэдчихсэн, цаагуур нь захиж байсан байгаа юм. Бүр сүүлд нь Д.Лувсаншарав гуай надад түүнийг нь хэлсэн.

-Таны хүү морин хуурч гэж сонсон юм. Таны тоглолтонд оролцох уу?

-Би урьд урьдынхаа тоглолтонд хүүгээсээ гадна ахыгаа оролцуулдаг байлаа. Ах маань манай театрт эвэр бүрээчин, саксфон, бишгүүр тоглоно, надаас илүү авьяастай хөгжимчин бий. Энэ удаад ах, хүү хоёроо оруулахгүй гэж бодож байгаа. Урьд нь үзсэн тоглолт мэт болчихно. Тиймээс энэ удаад ЦДБЭЧ-ын уран бүтээлчидтэй, манайд тавигдсан дуулалт жүжгүүдээсээ толилуулна. Зөвхөн дуулаад байдаггүй бас дуулалт жүжгүүдэд тоглосон юм шүү гэдгээ харуулахыг хичээсэн.

Categories
мэдээ цаг-үе

Ё.Баатарбилэг: Долларын ханш 200 төгрөгөөр өссөн асуудлыг шалгах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.

-Та ном, сонин цуглуулдаг юм уу. Таны энэ цуглуулгыг харахад олон жилийн л цуглуулга шиг харагдах юм?

-Би чинь хүүхэд байхын л ховор сонин түүхийн холбогдолтой зүйлс сонин, сэтгүүл дээр гарсан байвал хайчилбар хийдэг байсан. Сонин их уншина аа. Ялангуяа “Өдрийн сонин”-ыг байнга захиалж уншдаг. Манайхан сүүлийн үед сонин уншихаа байсан юм шиг санагдах болсон. Үнэндээ сонин гэдэг чинь өөрөө гайхалтай зүйл байхгүй юу. Хүмүүс гадаад орнуудаар яваад ирэхээрээ янз бүрийн зоос, сувинерийн зүйлс авч ирж цуглуулгадаа нэмэрлэдэг. Харин би очсон газрынхаа тэр өдрийнх нь өдөр тутмын сонинг авч хадгалдаг юм. Тухайн өдөр тэр улс оронд юу болж өнгөрснийг баталгаажуулж үлддэг цорын ганц зүйл нь сонин. Миний мэргэжилтэй ч холбоотой байж мэднэ. Манайхан сүүлийн үед таблет, гар утсаараа цахим сайтууд, сошиалаас мэдээлэл авдаг болсон. Цаг үеэ дагасан зөв хэлбэр хэдий ч цаасан сонин унших шиг кайф байдаггүй. Сонингийн цаасыг шажигнуулан эргүүлээд суух нь цаанаа л нэг сайхан. Та анзаарсан уу. Цаасан сонингийн үнэр нь хүртэл нэг л өөр байдаг. Ядаж л онгоцонд явж байхад таблет удаан харахаар нүд өвддөг бол сонин уншихад хэзээ ч нүд өвдөхгүй байх жишээтэй.

-Таны гэр бүлийн зургийг хараад байхад их л өнөр өтгөн өссөн бололтой. Архангай аймгаас Их хурлын гишүүн болсон. Өмнө нь Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан гээд энэ бүхнээс харахад таныг тэр нутгийн хүн юм болов уу гэж бодлоо?

-Унаган Архангайн хүүхэд. Аав минь аймгийн дэлгүүрт манаач, ээж дэлгүүрийн цэвэрлэгч хийдэг байлаа. Манайхан аав, ээжээс есүүлээ. Би ээжийнхээ 37-ны жил дээр долоо дахь хүүхэд нь болж мэндэлсэн юм. Дээрээ нэг ах, таван эгчтэй, доороо хоёр дүүтэй ч эрх талдаа өссөн. Тэр үеийн айлууд хамгийн багадаа л 6-7 хүүхэдтэй, өнөр өтгөн байсан. Цэцэрлэг хотынхоо гэр хороололд тоглож өссөн гэхэд болно. Хавар, зун, намар оройхон гудамжиндаа гарч “маатаг” энэ тэр гээд тоглоомоор тоглоно. Нэг айлаас 6-7 хүүхэд гарч ирж тоглохоор чинь манай гудамж хүүхдийн цэцэрлэгийн тоглоомын талбай шиг л харагдана. Бас болоогүй ээ, онц сурчихна. Гэрийн даалгавраа начигнуулчихаад “Тамир” кино театрт кино үзэж, “Дугуй” дэлгүүрээс ном авч уншиж, аймгийн музейн сонин содон зүйлсийг сонирхоно. Энэ бүхэн хүүхдийг танин мэдэх, мэдлэг мэдээллийг цогцоор нь олгож байсан юм. Одоо ч бидний багынх шиг бодит зүйлс улам л хумигдаж байна. Ер нь хүүхдийг бодит орчинд өсгөж хүмүүжүүлнэ гэдэг чинь чухал байхгүй юу. Бидний хүүхдүүдээ хүмүүжүүлж байгаа орчин нөхцөл ч хүнд болж дээ. Ялангуяа төв суурин газар аюулгүй байдал, эрүүл ахуй талаасаа ч тэр хэцүү болсон.

-Одоо ч олон хүүхэдтэй айл цөөн болчихсон. Амьдрал ахуй хэцүү болохоор олон хүүхэдтэй болох боломж алга л гэх юм байна шүү дээ?

-Тэр үед аав, ээж хоёр есөн хүүхдээ цалингаараа болгоод л байсан байгаа юм. Манаач, цэвэрлэгчийн цалин гэдэг чинь тухайн үедээ хамгийн бага байсан. Ямар ч байсан гэдэс цатгалан, мөр бүтэн өсгөсөн. Миний багын амьдралын хэв маяг одоо бодоход тайван амгалан байж. Социалист нийгэм байсан ч бүх зүйл цогцоороо байдаг байлаа. Одоогийн хүүхдүүдэд тайлбарлаад байгаа шиг харанхуй бүдүүлэг байгаагүй юм шүү. Тухайн үед гэрэл гэгээтэй зүйл их байсан. Монгол хүний мөс чанар гэдэг зүйл чинь жинхэнэ утгаараа байв шүү. Худаг дээр ус авах гээд ирэхэд түрүүлж ирсэн хүүхэд нь чулуу тавиад яваад өгнө. Хойно нь ирсэн хүүхдүүд нь очер урагшлахаар чулууг нь хүн байгаагаар тооцож урагшлуулдаг байсан. Өөрөөс нь өмнө ирсэн хүүхдийнхээ цаг хугацааг нь хүндэлж байгаа биз дээ. Одоо ийм зүйл байхгүй болж. Хүчтэй нь хүчгүйгээ гэдэг онол номлол түрсээр байна. Өнөөдөр манайхан хариуцлага гэж маш их ярих болсон. Тэгвэл социализмын гэх тэр үед чинь хариуцлагыг жинхэнэ утгаар нь тооцдог байлаа. Өөр өөрсдийнхөө өмнөх ажилд яг эзэн болно. Чадахгүй бол хариуцлага тооцуулна. Хийсэн ажлаа үнэлүүлж цалингаа авна. Энэ мэт зүйл өнөөдөр үгүйлэгддэг л юм. Монголчууд ардчиллаас олон зүйлийг олж авсан. Үүний зэрэгцээ ёс жудаг, мөн чанараас эхлээд мөнгөөр хэмжиж болохгүй зүйлсээ бид алдсан. Монголчууд 20 гаруй жилийн турш бүсээ чангалж, амьдрах гэж зүтгэлээ. Зүтгэсээр байгаад гараад иртэл эрүүл мэндээ алдсан. Өнөөдөр 40-50 насны өвчин ярьдаггүй хүнийг хайгаад үзээрэй. Байхгүй шүү. Бүгд ямар нэг эмгэгтэй болсон.

-Давуу тал ч гэсэн олон бий?

-Үг хэлэх эрх чөлөө, ил тод байдал, шударга ёс, хариуцлагын талаар 25 жил ярилаа. Ачир дээрээ ил тод байгаа юу, шударга ёс тогтсон уу, хариуцлагын тогтолцоо бий болсон уу гэх мэтчилэн анзаарах зүйлс бий. Өнөөдөр бид хэтэрхий их шүүмжилдэг болсон. Юм хийж байгаа хүнийг шүүмжилнэ. Юм хийхгүй байгааг нь ч шүүмжилнэ. Өөрөө яг яаж байгаа билээ гэхээр хир халдаах дургүй. Энэ чинь монгол зан биш байхгүй юу. Бид дотоод мөн чанараа харах нь чухал. Юмны агуулга чухал. Улстөрчид гадаад мөн чанараараа хүмүүст таалагдах гэж юм хийж болно. Найр наадам хийж болох ч иргэдийн амьдрал ахуйд нь хэр хүртээлтэй, юу үлдэх вэ гэдгээ бодож үзэх асуудал байна. Бид агуулга тал руугаа явах нь зөв гэж ойлгодог. Өнөөдөр улстөрчдийн хэлсэн үг хэдэн жилийн дараа буруу болж нийтээрээ хараан зүхэгдэх тийм байдалд орох энүүхэнд. Ийм зүйлд би болгоомжтой ханддаг. Түүх шоглоомтой шүү дээ.

-Та багаасаа л түүхч болъё гэж зорьсон юм уу?

-Намайг долдугаар ангид байхад 1990 оны хувьсгал гарч, юм чөлөөтэй болж эхэлсэн. Үүний дүнд шашин соёл, уламжлалт соёлыг дэлгэрүүлж байна гэж бужигнаад, Намын төв хороо, Улс төрийн товчооны хаалттай байсан түүхэн баримтууд сониноор хэвлэгдэж эхэлсэн юм. Танд түрүүн үзүүлсэн хайчилбаруудыг цуглуулан уншихад асар сонирхолтой байлаа. Нэг л мэдэхэд надад маш их түүхтэй холбоотой сан бүрдсэн. Манайхан өндөр өвөг талаасаа бичиг номын хүмүүс байсан. Монголын мундаг хутагтууд дотор өвөөгийн авга ахын нэр байдаг юм. Өвөөгийн номын найз нь академич Базарын Ширэндэв гуай долдугаар ангиа төгсөөд шинэ эргэлтийн бодлого энэ тэр гээд 1929 онд Чулуут суманд хамтралын даргаар очсон. Т.Жамган гэж өвөө минь тэгэхэд багийн дарга байсан тул Б.Ширэндэв гуайд тусалж явсан юм билээ. 1990 оны дундуур би Б.Ширэндэв гуайтай уулзаж, багш шавь болсон. Багшаасаа зөвлөгөө авч байгаад “Монголын түүхийн 17 жаран” гэдэг түүхийн он цагийн лавлахыг таван жил сууж байж 2000 онд хэвлүүлсэн. СОРОС-ын сангаас энэ номыг минь бүх аймгуудын номын санд худалдан авч тэр мөнгөөр нь оюутан байхдаа орж ирсэн “эксел” машин авч байлаа. Энэ ном минь намайг түүхийн шинжлэх ухааны салбарынханд багагүй таниулж, хөөрхөн орлого оруулж, МУИС-ийн шилдэг оюутан болгож байсан юм. Би МУИС-ийг түүхч, археологич-антропологич мэргэжлээр төгсч байв. Намайг гуравдугаар курст байхад академич Б.Чадраа агсан Шинжлэх ухааны академид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар авч цалинжуулж байсан. “Сургуулиа төгсөөд академид ажилд ороорой” гэж байлаа. Харин МИУС-ийн багш нар маань “Чи тэнхимдээ багшаар үлдээрэй” гээд би гуравдугаар курстээ хоёр ажлын санал авчихсан догь оюутан явлаа.

-Таныг Н.Багабанди, Н.Энхбаяр нарын туслах байсан гэдэг. Улс төрд хэрхэн орсон юм бэ?

-Дөрөвдүгээр курст дөнгөж ороод байж байтал Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдсан юм. Төрийн албаны зөвлөлийн дарга Цэдэндамбаа гуай “Уулзах хэрэг байна. Ирэхдээ өөрийнхөө ном бүтээлийг аваад ирээрэй” гэв. Яваад очтол Ерөнхийлөгч Н.Багабандийн Улс төрийн бодлогын зөвлөх Долгоржав “Манайх түүх, уламжлал, ёс заншил хариуцсан референт авах хэрэгтэй байна. Чи оюутан байх хугацаандаа дадлагажаад ажиллаач. Боломжтой бол чамайг төгсөхөөр хэсэг хугацаанд харъя” гэхээр нь сонирхолгүй байсан тул яваад өгсөн юм. Сургууль дээр очоод багш нартаа “Ийм санал тавьж байна. Дэмий биз дээ” гэтэл “Юу гэж байгаа юм бэ. Ийм сайхан санал тавьж байхад тийшээгээ яв. Хажуугаар нь хичээлдээ яваад, судалгааны ажлаа хий” гэхээр нь нэлээд эргэлзээтэй маягтай дадлагажигчаар ажилласан. Би хэнийг ч таньдаггүй байсан. Түүхийн чиглэлээр төгсөх курсийн оюутнуудыг судалсан чинь ном гаргасан, юм бичдэг, судалдаг хүн байна гээд нэлээд судалж байгаад авсан гэдгийг хожим нь хэлсэн.

Н.Багабанди даргын наадам, цагаан сар, шинэ жилээр хэлэх үгийнх нь төсөл дээр сууна. Өөрөө мундаг хүн байсан болохоор өнөө цаасыг чинь улаан цоохор болгоод өгнө. Их ч зүйл сурсан. Ингэж л төрийн албаны ажлын гараа эхэлсэн юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн албаны сүүлийн жил ахлах референт бөгөөд Шадар туслахаар нь ажиллаж байхад Ерөнхийлөгчийн сонгууль болж Н.Энхбаяр дарга ирж байлаа. “Яах бол” гэж бодоод байж байтал үргэлжлүүлээд ажилла гээд 2009 он хүртэл ажилласан. 2009-2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөхөөр ажилласан юм. Н.Багабанди, Н.Энхбаяр дарга нарын референт, Шадар туслахаар тасралтгүй найман жил ажилласан минь надад залуу насны нэг том сургууль, нэр хүндийн хэрэг байсан юм. Хоёр Төрийн тэргүүнтэй хамтарч ажилласан азтай хүн л гэж өөрийгөө боддог. Хөдөөний нэг оюутан хичээлээ хийгээд гүйж явахад дуудаж авч ирээд ажилд оруулна гэдэг чинь их хувь тохиол. Харин 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж улс төрд орох алхам хийсэн. Н.Энхбаяр даргын үед 23 цаг өнгөртөл ажилладаг байсан. Дөрвөн жилийн хугацаанд 220 гаруй суманд очиж ажилласан байдаг. Зүгээр очоод өнгөрөх биш асуудал шийдэл гээд явна. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт ажиллаж байхдаа хүүхдийн үдийн цайны санаачилга гаргаж, түүнийг шийдэж байх жишээтэй.

-Таныг Засаг даргын ажлаа өгсний дараа АТГ-аас шалгаж байсан. Тэр юу болсон бэ?

-Тэр Засаг даргын ажилтай холбоотой биш юм аа. Ерөнхийлөгчийн дэргэд ажиллаж байсантай холбогдуулан шалгасан юм. Хүнийг заавал барьж, хорьж байж шалгадаг энэ байдлаасаа салах ёстой гэж боддог. 1937 он биш шүү дээ. Ажлаа хүлээлгэж өгчихөөд сургууль соёлын мөр хөөх санаатай байтал хардлага сэрдлэг болж хорьж цагдсан. Эхнэрийг маань ажлаас нь халахаас эхлээд үндсэндээ амьдрахад нэлээд хүнд болсон. Дахиж олон аавын хүүг битгий хэлмэгдүүлээсэй гэж хүсдэг.

-Сүүлийн үед танай намынхныг төрийн албан хаагчдыг хоморголон халлаа гэдэг зүйл яригдах болсон. Та ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийн ажлыг явуулах нь чухал. Төрийн албаны халаа сэлгээ гэж их ярьж байна. Энэ хоёр талтай. Үнэхээр ажлаа хийж чадаж байна уу гэдэг асуудал бий. Тэгвэл нам нь яллаа гээд өөрөөс нь олон жил ажилласан хүмүүсийг хоморголон халаад өөрөө оронд нь суучихсан нөхдүүд байдаг. Төрийн албаны хуульд нь өөрчлөлт оруулж байж шийдэх ёстой. Шийдвэр гаргаж буй албан тушаалтны хууль зөрчиж буй зүйлд битгий оролц. Хууль зөрчсөн буруу шийдвэр гарлаа гээд л байгаа биз дээ.

Бичиг баримтын боловсруулалт дээр нь төрийн албан хаагчид суудаг. Тэр хүн “Ингэж болохгүй дарга аа. Би ийм зүйл хийхгүй” гээд хэлчихдэг зоригтой байх хэрэгтэй. Тэгж хэлээд халагдах юм бол түүнийг хамгаалдаг эрх зүйн орчинтой болох шаардлагатай. Ингэж байж л төрийн албан хаагчид айдасгүй ажиллах юм. Дарга нар нь хууль бус зүйл хий гэхээ болино.

-Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэх хүмүүс их байна. Та ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа 48 сар. Дөнгөж ажлаа эхэлж байна. Бид дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн.

Ард түмэн нэг талаараа мөрийн хөтөлбөрт үнэлгээ өгсөн, нөгөө талдаа өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын алдаатай бодлогод хариуцлага тооцсон. Өмнөх парламент чуулганаа ч хаалгүй алга болсон. Төсвийн тодотголыг тав зургаан сард хийнэ гэсэн ч хаяад явчихсан. Шинэ Засгийн газар түүнийг нь авч ирж тодотгол хийсэн. Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлийг баталсан. Одоо ажлаа л хийх хэрэгтэй.

Төсөв мөнгөнөөс эхлээд бэрхшээл байгаа л юм билээ. Зарим нэг зүйл дээр яарснаас болоод алдаатай зүйл оруулж ирсэн нь бий л байх. Гэхдээ бүх зүйлийг нь тэгж харж болохгүй. Өнөөдөр бидэнд тогтвортой төр засаг хэрэгтэй байна. Гадныхан тэгж харж байгаа. Бизнесийнхэн, иргэдийн төрдөө итгэх итгэл нэмэгдэх ёстой. Зарим зүйл дээр хурд дутаж байгаа зүйл харагдах л юм.

-Ам.долларын ханш сүрхий савлалаа. Ер нь эдийн засгийг аврах биш алж байгаа Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдыг огцруулах ёстой гэж байна?

-АН-ын зарим нэг гишүүн Монголбанк интервенци хийхээс өөр арга зам хайх ёстой гэж ярилцлага өгсөн байна лээ. Үнэн. Хайх ёстой. Гэхдээ өөрсдөө хангалттай валютын нөөцтэй байхдаа интервенци хийх байтугай аргаар валютын ханшийг барих боломжтой байсан. Монголбанк сайн ажиллах ёстой. Ховор зүйл үнэтэй байдаг гэдэг чинь зах зээлийн зарчим. Харин сүүлд 200 орчим төгрөгөөр долларын ханш өссөн асуудлыг шалгах хэрэгтэй. Хэсэг бүлэг хүмүүс, банкууд зохиомлоор хомсдол үүсгэж үнэ өсгөсөн байхыг үгүйсгэхгүй. Би тэгж хардаж байгаа. Арилжааны банк ашгийн төлөө явдаг. Банк тэгж тоглолт хийсэн бол шууд буруутгах аргагүй. Гэхдээ манай үндэсний банкууд эх оронч байх хэрэгтэй л дээ. Тэднийг ашигтай байх боломжийг Монголын төр хангалттай бий болгосон. Гадны банк оруулж ирнэ гэхээр л Монголын банкуудыг дампууруулах нь гээд эсэргүүцдэг. Өөрсдөө болохоор тэнгэрийн хүүтэй, эндээ “даам” гарчихсан. Хүүгийн өрсөлдөөнөөс айгаад Монголдоо хэдүүлхнээ хуйвалдаад гурван сая ард түмнийг мөлжөөд суух сонирхолтой болчихсон юм уу гэж хардаж байгаа. Үндэстэн дамнасан улс бүрт байдаг санхүүгийн корпорациуд бий. Тийм банкуудаас яагаад салбараа оруулж болохгүй гэж. Тэд хадгаламж, арилжааных нь хүүг тогтоогоод өгчихнө. Иймэрхүү байдлаас үүдээд арилжааны банкуудыг би хардаад байгаа юм. Үе үе ингээд эмзэг эдийн засагтай жижиг зах зээлийг савлуулаад байвал яах юм бэ.

-Эдийн засгийн онцгой хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүндрэлээс гарах боломж юу байна вэ. Том төслөө хөдөлгөнө, “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдана, Хятадаас зээл авна гээд л яригдах юм?

-Эдийн засгийн онцгой нөхцөлд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөрт туссан. Эхлээд эдийн засгийн хүндрэл юунаас болов гэдэг дүн шинжилгээ хийх ёстой. Судалгааны байгууллага, хөндлөнгийн экспертүүдийн судалгаа байгаа эсэхийг мэдэхгүй. Дэлхийн эдийн засгийн чиг хандлага аль тал руугаа тэлэгдэж, аль тал руугаа хумигдаж байгааг анзаарах ёстой. Эхний ээлжинд уналтыг зогсоох, алдаатай зүйлсийг засч залруулах, хэвийн горимд оруулах тал дээр ажиллана гэж байгаа нь зөв. “Стэнд бай” хөтөлбөр хэрэгтэй. Гэхдээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдлаа гэхэд манай эдийн засгийн хүндрэлийг даван туулах хэмжээний хөнгөлөлт байхгүй юм билээ. Үүний зэрэгцээ өөр эх үүсвэр хайх шаардлагатай.

-Тэр нь Хятад юм биш үү?

-Сүүлийн үед авсан мэдээллээр хэд хэдэн улс руу хүсэлт явуулаад байгаа юм билээ. Чухам хариу нь ирсэн үгүйг нь мэдэхгүй байна. Казиногийн хуулийг эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрт тусгасан байна. Энэ хуулийн төсөл олон жил яригдаж, олон ч улстөрчийг хөлдөө чирсэн. Миний хувьд Казиногийн хууль дээр нэлээд хатуу байр суурьтай байгаа. Казино байгууллаа гэхэд хэдэн хүн ирээд тоглох л байх. Монголын эдийн засгийг сэргээнэ гэж байгаа бол тэрэн шиг худлаа юм байхгүй.

-Арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Нийтээр тэмдэглэх баярын өдөр болгосон. Та хууль санаачлагчдын нэг байх аа. Яагаад энэ өдрийг сэргээхээр болсон юм бэ?

-Арваннэгдүгээр сарын 26-наас АН-ынхан яагаад ингэж болгоомжлоод байдаг юм бэ. Яалт ч үгүй 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулийг баталсан. Анхдугаар Үндсэн хууль баталсан тэр өдөр үндсэндээ Монгол Улсад Бүгд найрамдах засаглал тогтсон. Хэдийгээр дэлхий нийт хүлээн зөвшөөрөөгүй ч Азид анх удаа ардчилсан төрт Бүгд найрамдах засаг тогтож байгаа байхгүй юу. Ардчилал ярьж, өмчилдөг нөхдүүд яагаад ардчилсан засаглал тогтсон энэ өдрөөс цэрвээд байгаа юм бэ.

-Шинээр Их хурлын гишүүн болсон. Одоо ямар бодолтой яваа бол…

-Их хурлын гишүүнээр сонгогдоод өөрийн эрх мэдлийн хүрээ, үүрэг хариуцлагын шугамаа судалж байна. Их хурлын гишүүн гэдэг бол өндөр хариуцлага. Тиймээс Их хурлын гишүүний өндөр нэр хүндтэй, хариуцлагатай суудал дээр эхлээд зөв сууж сурах хэрэгтэй биз дээ.

-Та Их хурлын сонгуулиар Н.Батбаяртай өрсөлдсөн. “Өнгөрсөн хугацаанд аймгийн төвд маш их ажил хийсэн. Фортуна гарах нь дамжиггүй” гэж яригдаж байсан шүү дээ. Сонгууль хэр хүнд болж өнгөрсөн бэ?

-Гишүүн асан Н.Батбаярын хувьд таван удаа Архангайд нэр дэвшээд сүүлийн гуравт нь дараалан гарсан. Нутгийн том улстөрч. Засгийн газрын гишүүнээр хэд хэдэн удаа ажиллачихсан. Улстөрч, хувь хүн талаасаа нутаг орондоо хийсэн зүйл зөндөө л байсан байх. Аймгийн Засаг дарга байхдаа хамтарч ажиллаж байлаа. Өнгөрөгч сонгуулиар намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Тэгээд л нэр дэвшсэн. Ард түмний сонголт энэ байсан. Хүссэн болгон нь сонгуульд орж, хүссэн болгон нь Их хурлын гишүүн болдоггүй. Миний хувьд Н.Батбаяр гишүүнийг хүндэлж явдаг. Сонгуулиар сайхан шударга өрсөлдсөн. Сурталчилгааны эхэн үед нэг тааралдаад бие биедээ амжилт хүсч, шударга өрсөлдөнө өө гээд салцгаасан. Хэн нэгнийхээ талаар муу муухай зүйл явуулаагүй. Гэхдээ нэг зүйлийг бүгдэд нь шивнэчихсэн юм шиг сонголтыг ард түмэн хийсэн. 1990 оноос хойш Архангай аймгаас олон том улстөрч төрөн гарсан. Бүгдтэй нь гар нийлэн ажиллаж байсан. Р.Гончигдорж дарга гэхэд мэргэшсэн парламентч. Нэг ч удаа Засгийн газрын гишүүн болоогүй зөвхөн парламентын гишүүнээ л хийсэн гэх мэтчилэн олон улстөрч манай нутгаас төрөн гарсан байдаг.

-Шинэ гишүүдийн мэдлэг нимгэн, нунж дорой байна гэж шүүмжлэх боллоо. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шинэ гишүүн гэдгээрээ хаацайлж буруу зөрүү зүйл хийж, алдаа гаргасан бол түүнийгээ дарах гэж байгаа болохгүй. Мэдээж мэдэх, мэдэхгүй зүйл гарна. Ард түмний итгэлийг даагаад гараад ирнэ гэдэг чинь өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн бодолтой хувь субьектууд гэж хардаг. Тэр утгаараа энэ нь илүү, тэр нь дутуу гэсэн хөндлөнгийн үнэлэмж байх нь зохимжгүй. Зарим зүйл дээр шинэ гишүүд юм чинь гээд хойш нь тавьчих гээд байх хандлага ажиглагддаг. Тиймээс аль болох тийм байдал гаргуулахгүй байх ёстой гэж боддог. Олон хүн дотор янз бүрийн үзэл бодолтой хүмүүс багтсан учраас хааяа нэг хөндлөн зүйл гарна. Хамгийн гол нь улс орныхоо эрх ашгийг тэргүүн зэрэгт тавьдаг, хувийн тоглолт бага хийдэг байх ёстой.

Categories
мэдээ цаг-үе

​Шигшээгийн тамирчнаас уртын дуунд “урвасан” Д.Түвшинжаргалынд өнжлөө

Монгол Улсын гавьяат жүжигчин, уртын дуучин Д.Түвшинжаргалынд өнжлөө. Очиж өнжих хүсэлтэй байгаагаа утсаар хэлж, гэрийг нь заалгаж явсаар түвэггүйхэн олоод оччихлоо. Тэднийх Зайсангийн “Кёкүшю сан”-гийн ойролцоохь таван давхар орон сууцны тавдугаар давхарт аж төрж байна. Биднийг ороход Д.Түвшинжаргал гуай хоолоо хийж байв. Тэрээр биднийг угтах зуураа гадаа цас ихтэй хүйтэн байгаа болохоор адууны мах чаначихлаа. Миний дүү нар цайгаа уучихаад мах идээрэй, бас будаатай шөл хийж байгаа. Сэтгүүлч ирнэ гэхээр нь гал тогоондоо туслуулах санаатай хоёр шавийгаа дуудчихсан. Энэ хоёр маань тагтан дээр гараад цэвэр агаарт зогсчихлоо хэмээв. Тэрээр яриагаа цааш үргэлжлүүлэн “Ангийн найз маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумаас өнөөдөр ирчихээд байж байна, мөн Нарийнтээл сумын нутгийн зөвлөлийн дарга Ц.Ганбат сая орж ирээд, бид хэд мах идэнгээ нутгийн сонин сайхан яриад сууцгааж байлаа. Манай ангийн энэ залууг Ц.Дэгиддорж гэдэг юм. Улсын аварга малчин хүн.

Өнгөрсөн жил нутагтаа явж байгаад би найзыгаа улсын аварга малчин болсон гэж сонсоод, оройжин, шөнөжин давхисаар хүрч очсон. Эднийх чинь өвөл зунгүй уулын хярд нутагладаг, баргийн унаа машин очиход хэцүү газар байдаг юм. Ингээд шөнө очиход эдний эхнэр гавьяатдаа хуучин хоол өгөхгүй, заавал шинэ хоол цай хийж өгнө гээд шөнөөр шинэ цай чанаж, мах татаад бууз хийж өгч байгаа юм. Ингээд найрлацгаасан, найз маань жаахан согтчихсон, гавьяатдаа өвлийн идэшний үхэр явуулна шүү гэж байсан юм гэв. Би тухайн үед сонсоод л өнгөрсөн, дараа нь мартчихаж, гэтэл нэг өдөр хүн залгаад Өвөрхангайгаас таны идэшний үхэр ирсэн, тосоод аваарай гэж байна. Ñүрхий том үхэр төхөөрөөд явуулсан байна лээ. Миний найз чинь үнэнч шударга, өглөгч хэрнээ малыг мянга, мянгаар нь өсгөж байгаа хөдөлмөрч эр гэж нэмлээ. Ц.Дэгиддорж гуай бидэнд хандан ярихдаа “Ах нь хэлсэн бол яг хэлсэндээ л хүрдэг. Хүнд жижиг, муу мал өгч үзээгүй, хамгийн том, тарган сайн малаасаа барьж өгнө. Тэгээд ч бага залуу мал хүнд өгөхөөр тэр айлд гурав, дөрөвхөн өдрийн хоол болоод дуусна, бага малаа хүнд өгөөд байвал мал өсөхгүй шүү дээ, том малаа хүнд өгч, бага малаа өсгөнө. Тэгэхдээ айлд хөгшин мал өгч үзээгүй. Өгснөөрөө хүн хоосордоггүй юм. Харамч байж болохгүй, шуналтай байх хэрэггүй, бодолтой, тооцоотойхон байхад болдог юм. Манай Ерөнхийлөгч малчид биднийг мянган мэргэжилтэй гэж өндрөөр үнэлээд байгаа болохоос биш ах нь өөрийгөө 200 мэргэжилтэй гэж боддог. Мал маллахад 200 мэдлэг, чадвар ухаан хэрэгтэй шүү дээ” хэмээн ярилаа. Биднийг ийнхүү хөөрөлдөж байх зуурт хоол бэлэн болжээ. Д.Түвшинжаргал гавьяат хоолоо аягаллаа. Ясны шөлийг цагаан болтол аарц хийчихсэн, амттай гэж жигтэйхэн будаатай шөлөөр дайлав. Энэ нь тэдний нутгийн брэнд шөл аж. Нутгийнхан шөлтэй хоолонд ахиухан аарц хийдэг нь заншил болсон гэнэ.

Д.Түвшинжаргал гуай 1973 онд 17 настайдаа Өвөрхангай аймгаас Баянхошууны 0119 дүгээр цэргийн ангид хуваарилагдаж ирээд цэргийн барилдаанд зодоглож, үзүүрлэжээ. Тухайн үед 300 цэрэг барилдсан бөгөөд Увсын Ө.Тулгаа заан түрүүлсэн байна. Ингээд 1975 онд “Хүч” нийгэмлэгийн тамирчин цэрэг болж, 25 нас хүртлээ самбо, жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин байсан аж. Харин Ñпортын төв ордонд болдог “Тамирчдын шинэ жил”-д самбо, жүдогийнхныг төлөөлөн уртын дууг хөгжимгүй дуулжээ. Түүний дуулж байхыг сонссон гавьяат жүжигчин Б.Лхамжав гуай 300 мянган төгрөгийн цалинтай чуулгын дуучин болох санал тавихад нь тамирчны цалингаас бага юм байна, дуучин болохгүй гэжээ. Харин дараахан нь Унгар руу тэмцээнд явчихаад, хөдөө гэртээ очиж амраад иртэл “Хүч” нийгэмлэгийн дарга, Соёлын яамны сайд хоёр хоорондоо ярилцаад түүнийг чуулгад дуучнаар авчихсан байжээ. Ингээд дараа нь Э.Оюун гуай чи “Өвгөн шувуу хоёр” гэж дууг Ж.Дорждагва багшаар заалгаж дуул. Ж.Дорждагва багшийг олж уулз гэсэн байна.

Энэ талаар Д.Түвшинжаргал гавьяат ярихдаа “Чуулгын дуучин болчихоод, Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Д.Дорждэрэм, Ш.Цэцэгээ зэрэг гавьяатуудтай баруун, зүүн аймгуудаар тоглолтоор явдаг байлаа. Би тэдний дээлийг зөөнө. Улсын шигшээ багийн тамирчин байхад Женко Х.Баттулга, Î.Балжинням аварга зэрэг дүү нар миний цүнхийг үүрээд гүйдэг байлаа. Барилдаж байхдаа Д.Амгаа заан, Г.Жамсран, Дамдин О.Балжинням, Д.Цэнд -Аюуш заан бид хэд нөхөрлөж, хамтдаа нутгийн айраг ууцгаадаг байв. Харин дуучин болоод эгч нарын дээлийг зөөгөөд тоглолтод оролцохгүй болохоор дээл зөөгчөөр орсон юм шиг санагдаад, больё гэж багшдаа хэлж байсан. Ингэж байтал харин Францад байдаг дэлхийн ардын урлагийн төвөөс нэг хүн ирж манай дуучдаас Францад тоглох хүмүүсийг сонгоход Нэргүй бид хоёр сонгогдсон. Урлагаар гадаад явах их гоё санагдаж байлаа. Тамирчин байхад гадаад явах хэцүү, жин хасна гээд нэг байшинд хэвтчихнэ, идэж, уух хүртэл хориотой байлаа. Ингээд би Францад очиж дуулахдаа уртын дууг гадаадынхан хэрхэн хүлээж авч байгааг хараад, уртын дуу бол гайхамшигтай зүйл юм байна гэдгийг мэдэрсэн. Би чинь Н.Норовбанзад багшийн багш Ж.Дорждагва гээд алдарт уртын дуучны гэрт нь очиж дуу заалгаж байсан гарын шавь нь шүү дээ. Дорждагва багш маань 82 настай байхдаа 25 жилийн чинь хоолыг бэлдэж өглөө шүү гээд надад таван дуу зааж өгсөн. Тухайн үед би залуу байсан болохоор тавхан дуугаар 25 жил хооллоод байхдаа ч яахав дээ гэж бодож байлаа. Ж.Дорждагва багштай анх уулзахдаа би улсын шигшээ багийн тамирчин, Ардын дуу бүжгийн чуулгад дуучнаар орсон гэж өөрийгөө сүрхий танилцуулж билээ. Ингээд Ж.Дорждагва багшийн өмнө зогсоод “Ар хөвчийн унага” дууг жаахан аялсан чинь болно, болно миний хүү гэчихээд, бурхнаасаа арц авч уугиулаад л намайг шавиар авч байлаа. Багшийнхаа зааж өгсөн “Эртний сайхан”, “Түмэн эх”, “Дуртмал сайхан”, “Өвгөн шувуу хоёрын шувууны дуу”, “Эр бор харцага”-аар би 30 гаруй жил хоолоо олж идэж явна шүү дээ. Тухайлбал, Эрдэнэ засгийн унага Эрвэлзүүлэнхэн жороо Элст манхан нутагтай Эмгэн буурал ээжтэй шүү гэхээр уул ус нь хүртэл бодитойгоор харагдаж байгаа биз дээ. Ингээд зүрхнээс гарсан юм чинь мөнх болчихож байгаа юм. Зүрхнээс зүрхэнд очиж байгаа айзам уртын дуу бол чанадын чанадаас ирсэн аялгуу” гэлээ.

Д.Түвшинжаргал гуай одоогоос 20 жилийн өмнө буюу 1996 онд гавьяат хэмээх эрхэм цолыг хүртэж байжээ. Тэрээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Шаргын голд төрсөн. Өвөрхангайн Нарийнтээлд найман настай балчраас эхлээд, наян настай буурал хүртэл уртын дуугаа дуулдаг гэнэ. Түүнийг Б.Лхамжав болон Ж.Дорждагва багш нь уртын дууг өвлөн авч явах ёстой эрэгтэй дуучин хэмээн ийнхүү уртын дууны өв соёлыг өвлүүлэн үлдээжээ. Эрэгтэй уртын дуучин бараг байхгүй болж байсан үе аж. Тэрээр 30 гаруй жил уртын дууг хөгжүүлэхийн төлөө явахдаа Монгол уртын дууны холбоо байгуулж, уртын дууг Юнеско-д бүртгүүлж, Чингис хааны 800 жилийн ойгоор, 800 дуучинг удирдан тоглуулсан 33 жил төрийн наадам нээсэн, Төрийн хан хуур, сүлдэт морин хуурыг залахад ганцаараа есөн морин хууртай дуулсан гээд их ажлыг Монголын уртын дууны ертөнцөд бүтээжээ. Мөн дөрөвдүгээр далай ламд зориулан бүтээсэн “Ялгуусан эрхт” дууг Ардын жүжигчин, морин хуурч Ч.Батсайханы хамт Энэтхэгт очиж, Далай ламын өмнө дуулж байжээ. Түүнийг дуулахад Далай лам тэвэрч үнсэж, ихэд баярлаж буйгаа илэрхийлж байсан аж.

Уртын дуучин Д.Түвшинжаргал гуайтай ийнхүү ярилцлаа.


-Та хичнээн шавьтай болж байна. Төрмөл авьяастай сайн дуучид гарч ирж байна уу?

-Дуу дуучнаа голно уу гэхээс биш, дууг дуучин голдоггүй гэдгийг манай залуус ухаарах хэрэгтэй. Би ÑУИÑ, Хөгжим бүжгийн коллежид 13 дахь жилдээ багшилж байна. 30-40 шавь төгсгөлөө. Үндэсний бөх, уртын дуучин хоёрыг төрдөг юм байна гэж би ойлгодог. Хүүхдүүд уртын дууг маш сайн сурч байгаа ч мөн чанар, амин чанарыг олж дуулж байгаа нь ховор юм. Уг нь сайхан дуучид төрчихсөн байна. Гэхдээ дуучид маань асар их юм унших хэрэгтэй, ядаж орчлон, ертөнц хорвоогоо ойлгох ёстой байгаа юм. Îрчлон, хорвоо, ертөнц гурвыг ойлгохгүй, ялгаж салгахгүйгээр уртын дууг ойлгохгүй.

-Танай удамд дуучин хүн бий юү. Та ээж, аавынхаа тухай дурсахгүй юу?

-Миний ээж, аав хоёр Социализмын үед нэгдэл нийгмийнхээ төлөө зүтгэж явсан, сайхан хөдөлмөрч эгэл жирийн хүмүүс. Би эцэг, эхээс долуулаа. Миний төрсөн дүү харцага Ч.Даваадорж гэж хүн байсан. Ч.Даваадоржийг аав төрсөн эгчдээ өргүүлчихсэн юм. Îдоо хүү нь Д.Төмөрхүлэг гээд залуу барилдаж байна. Бид өдий зэрэгт яваа нь миний ээж, аав уул, ус нутгийн минь буян. Цаашлаад уртын дууг дуулж байгаа нь хүн төрөлхтний буян шүү дээ. Би Н.Норовбанзад багштайгаа Япон, Солонгос зэрэг орноор дуулж явлаа. Хоёр, гурав дахиулахад Норвоо багш маань халхын эр, эм хоёр уртын дуучин занхайтал авлаа шүү тийм ээ гэдэг байж билээ. Ж.Дорждагва, Н.Норовбанзад багш нарынхаа зааж сургасныг хойч үедээ өвлүүлж л явна. Манай ээжийн ах Доржготов гэж шимийнхээ айргийг уучихаад сайхан дуулдаг хүн байсан юм.

-Бөхийн тухайд?

-Далай даян, дархан аварга Д.Цэрэнтогтох Шаргын голд төрсөн. Б.Ренчинпэлжээ сайд, Ардын зураач Ц.Сангицохио, Нарийн сайхан хээрийн Ñ.Нямлхагва тэнд төрсөн. Агуу бүтээгч түүхэнд мөнхөрсөн хүмүүс манай нутагт төрсөн байдаг. Шаргын гол уртын дуучид, бөхчүүд төрдөг нутаг юм байна гэж ойлгож байгаа. Манай дүү нар найранд дуутай, сумынхаа наадамд даваатай залуус бий. Сүүлийн үед монголчууд яс, цус удам судар гэж их ярьдаг болсон байна. Мөн ургийн бичиг хөтөлдөг болжээ. Энэ их зөв шүү.

-Таны хүүхдүүд бүгдээрээ дуучин байна уу?

-МУГЖ Баясгалан байна. Миний охин чинь сэтгэлээрээ, аялгууг зөв дуулдаг. Îлон түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан дуучин болоод явж байгаад нь аав нь охиноороо бахархаж, баярлаж суудаг. Миний хүү мөн дуучин болсон, ховор авьяастай хүмүүсийн ажилладаг Мариинский театрт дуучнаар ажиллаж байна. Одоо Б.Шаравын уралдаанд оролцох гээд ирчихсэн байгаа, хүүгийнхээ дуулахыг харлаа. Ñонсоод огшлоо. Бага охин маань Хөгжим бүжгийн коллежийг төгссөн.

-Та энэ байрандаа ганцаараа амьдарч байна уу?

-Манай хүргэн Д.Батбаяр, Ч.Батзориг заан хоёр жүдогийн клуб ажиллуулдаг юм. Манайх бөхийн өргөөний цаана байгаа. Амралтын өдрүүдээр жүдогийн хүүхдүүдэд хичээл ордог, хичээлдээ ойр гээд хааяа эндээ байрладаг юм. Хажуухан талд жүдогийн клуб бий.

-Танай зээ хүү барилдаж байгаа юу?

-Жүдогийн клубт явж байгаа. Ч.Батзориг зааны хүү, охин хоёр ч хичээллэдэг. Хүүхдийг спортоор хүмүүжүүлнэ. Хүмүүжилд спорт их чухал гэлээ. Тэрээр дээл хувцсаа өмсч “Алтайн магтаал”, “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулж өгөөд, Ж.Дорждагва багшийнхаа хүлээлгэн өгсөн хашилга сумыг сонирхуулж, цомгоо гардуулаад, ерөөл өргөж, духан дээр үнсээд биднийг үдлээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН