Categories
мэдээ цаг-үе

Вероника үхэхээр шийдсэн нь

Уншигч та бүхэндээ Бразилийн зохиолч Пауло Коэльогийн “Вероника үхэхээр шийдсэн нь” номын тухай товчхон хүргэж байна. Энэ романд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ердөө долоо хоног өнгөрүүлэхдээ сэтгэл зүйн асар их шалгууртай тулгаран тэмцэж буй залуухан бүсгүйн тухай гардаг юм.

“1997 оны арваннэгдүгээр сарын 11-нд Вероника амьдралтай тооцоо хийхээр эргэлтгүй шийджээ. Тэрбээр эмэгтэйчүүдийн сүмд хөлсөлсөн өрөөгөө хичээнгүйлэн цэвэрлэж, шүдээ угаан, орондоо орлоо”. Зохиол ингэж эхэлдэг. Вероника хэмээх хорин дөрвөн настай үзэсгэлэнтэй эмэгтэй нар мандахыг ахиж харахгүй хэмээн гэнэтхэн шийдээд л атга дүүрэн нойрны эм уучихдаг. Ингээд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт ухаан орно. Түүнд ажил мэргэжил, найз нөхөд, аав ээж гээд бүх юм байсан боловч нэг л зүйл дутуу санагддаг байлаа. Харин амьдралаас чухам юуг хүсээд буйгаа өөрөө ч мэдэхгүй байв. Түүний ухаан орсон эмнэлэг бол 1911 онд Словени тусгаар тогтнолоо олсноос хойш ажиллаж эхэлсэн “Вилетте” хэмээх сэтгэл мэдрэлийн өвчтэй хүмүүст зориулсан эмнэлэг. Олон жилийн ял авах хэрэг хийсэн эсвэл мөнгө зээлдэгчдээсээ зугтаж буй хүмүүс энд бүгж болдог байв. Ингэхийн тулд мөнгө төлөхөд л хангалттай. Энэ хананы цаана буй хүмүүсийн дийлэнх хувийг сэтгэл мэдрэлийн өвчтөнүүд бус өөрийн хүсэлтээр ирсэн, эрүүл саруул орогногчид эзэлж байлаа. Ерөнхийдөө бол “Вилетте” нь хэн ч оргохыг хүсдэггүй “хоргодох байр” байж.

Вероникаг сэрэхэд эмч нар түүнд долоохон хоногийн нас үлдсэн гэдгийг хэлнэ. Энэ мэдээ амиа хорлох гээд бүтэлгүйтсэн эмэгтэйд сайхан сонсогдсон нь мэдээж. Эхэндээ тэр цаг хугацаа хурдан өнгөрөөд өгөөсэй, түргэхэн үхэх юмсан гэсэндээ бараг л цаг, минутыг тоолж байв. Гэтэл энэ эмнэлэгт байхдаа найзуудтай болоод зогсохгүй хайр дурлалтай учирдаг. Гэсэн ч түүнд хэдхэн хоногийн нас үлдсэн байхад амьд явах хүсэл хичнээн байгаад ч нэмэргүй байлаа. Зедка, Мари гэх хоёр найзтайгаа ярилцаж ойлголцох тусам амьдралын зарим нэг зүйлсийг ойлгож, эрх чөлөө амьд явахын хүслэнд автана. Гэхдээ тэр амьдрахын төлөө тэмцдэггүй. Гадаа хашаанд нарлаж, унтаж өдрийн ихэнхийг бараад шөнө нь дурлалт залуу Эдуарддаа төгөлдөр хуур тоглож өгөн цаг нөхцөөж үхлээ хүлээнэ. Гэвч түүний дотор хүн сэрж, ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгджээ. Түүгээр ч зогсохгүй тэрээр өөрийгөө үзэн ядахаа больж хайрлаж эхэлсэн байлаа.

Гэтэл “Вилетте”-гийн ерөнхий эмч Игорь, Вероникаг долоо хоногийн настай болсон хэмээн худал хэлсэн байжээ. Эмчийн хийж буй судалгаанд түүний хариу үйлдэл ямар нэг байдлаар ашигтай байсан хэрэг. Залуу бүсгүйн бие нь эрүүл бөгөөд сэтгэл мэдрэлийн ямар ч гаж буруу өөрчлөлтгүй байлаа. Харин ч амьдрах хүсэл тэмүүллээр дүүрэн болжээ.

Мөн зохиолд гарч байгаа Зедка, Мари, Эдуард гурвын түүх ч нэн сонирхолтой. Энд ирэхээсээ өмнө бүгд л өөр өөрийн гэсэн амьдралтай, амьдрах, сэтгэн бодох, тэмүүлэх чадвартай, хүсэл тэмүүлэлтэй хүмүүс байсан. Гэхдээ тэд эцэст нь өөрийгөө олонхиос өөрөөр сэтгэж, өөр зүйлд тэмүүлж байгаагаа мэдэрч түүнийхээ төлөө ямар нэг зүйл хийхийг оролдоход ойр дотнынхон нь ойлголгүй “Вилетте”-д нуужээ. Коэльогийн өөрийнх нь амьдралаар сэдэвлэсэн энэхүү алдартай романаас уншигч та өөрийнхөөрөө байх эрх чөлөөг хүсэмжилж, угтан ирж буй өдөр бүр бүхнийг шинээр эхлэх боломж гэдгийг ойлгож ухаарах учиртай.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Би 2007 оноос хойш үндэсний ёс заншил, эх оронч үзлээ сэргээе гэж үлгэрлэсээр ирсэн. Энэ бол Монголоо аврах хамгийн том тулгуур бодлого

УИХ-ын гишүүн С.Жавхлантай ярилцлаа.


-Өнөөдөр (уржигдар) ордонд арав хүрэхтэй үгүйтэй гишүүн л ажиллаж байх шиг байна. Гишүүд хаачсан юм бэ. Байнгын хорооны хурал ирц хүрэхгүйн улмаас хуралдаж ч чадахгүй юм?

-Аадар бороо орохын өмнө шороо босож байгаад хэсэг нам гүм болдог. Нийгэм яг тэр үе дээрээ байна. Энд суларч доройтож байхад гадна талдаа идэвх орж цэгцэрч чангарч байгаа мэдрэмж төрж байна. Сул улсууд төрд зай бөглөснөөс ийм идэвхгүй нам жим харагдаж байгаа байх.

-Их хурлын гишүүд төдийгүй иргэд ч гэсэн нийгэм, улс төрийн тогтолцоог өөрчлөх тухай ярьж байна. Хэн, хэзээ өөрчлөх юм бэ. Оролдлого харагдахгүй байна шүү дээ?

-Надад нэг болгоомжлол төрж байна. Түмэн олон босох вий дээ. Энэ сул, дорой байгаа байдал, өөрөөсөө өөрчлөгдөхийг хүсдэггүй, монгол ёс жудаг, төрт ёсыг ухаарахгүй гишүүд олонхи нь байна. Яг энэ хэв маягаа өөрчлөхгүй л бол нийгмээрээ босох хэмжээнд хүрэх аюул бий. Энгийн бай, түмэн олон дотроо ор. Хорвоо ертөнцөөс өгөгдсөн хувь заяаныхаа бэлгэ тэмдэг дээл хувцаснаасаа өгсүүлээд монгол үндэсний язгуур зүйлээ дор бүрнээ сэргээ гэж олон санууллаа. Яг энэ хэв маягаараа цааш алхах гэж оролдвол хүссэн ч, эс хүссэн ч тогтолцооны өөрчлөлт рүү явна.

-Монгол дээл өмсөж, уламжлалт монгол ахуйгаар амьдарснаар улс орны нийгэм, эдийн засаг сайжрахгүй биз дээ?

-Монгол газар шороон дээр монгол ёс сэргэж байж л бүх зүйл голдрилдоо орно. Би 2007 оноос хойш үндэснийхээ ёс заншлыг сэргээе, авч үлдье, эх оронч үзлээ сэрээе, газар нутгаа хамгаалъя гэж ярьж үлгэрлэсээр ирлээ. Энэ бол Монголоо аврах хамгийн зөв тулгуур том бодлого. Харин өнгөрсөн 26 жилийн турш аль болох монгол гэсэн бүх зүйлийг хорлож үгүйсгэж, үнэт зүйлс бүхнийг маань доройтуулчихлаа. Ийм төрлийн хүмүүс бодлоо цэгцэлж, өөрчилж чадаагүйгээрээ цаг үеэсээ сэтгэлгээний хувьд хоцорч байна. Хүн төрөлхтөн байгальлаг ухаан руу орж байна. Гэтэл зарим нь байгальлаг бус шуналлаг амьдрал руу зүтгээд байна. Өөрсдөө бүтээж хийдэг, ажил хөдөлмөрлөг бус мөнгөний төлөөх уралдаан руу л яваад байна. Энэ гарцыг олж харж буй маш олон улс байгаа. Суурин иргэншилтэй, залхуурсан байдалтай амьдралаас дэлхий ертөнц зугтааж эхэллээ. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Д.Трамп “Чингис хааны ухааныг олж монгол мэдрэмжээр дэлхийг авч явахгүй бол дэлхий өөрөө гацчихсан байна. Хамгийн хүчирхэг гэж яриад байгаа Америк улс гэхэд олон улсын үйл ажиллагааг зохицуулж чадахгүй байна. Бидний хийсэн аян дайн дандаа бүтэлгүй болж байна. Гэтэл Чингисийн баатрууд эх дэлхийгээ нэг болгож чадсан. Тэр ухааныг судлахгүй бол дэлхий урагш явахгүй нь” гэж байна. Энэ юуны дохио вэ. Монголын цаг ирсний дохио, биднийг дэлхий тэр чигээрээ харж хүлээж байна. Монгол баатрууд тухайн цагт гол ус бузарлаж, суурин сахиж амар хялбарыг хайж залхуурч буй хот балгасыг тарааж тал нутагт нь хөөж гаргаснаар эх дэлхийгээ амрааж аварч байсан бол одоо бид мөн л оюун сэтгэлээр байлдан дагуулах мөч иржээ. Эцэг дээдсийн гэрээст ч “Дэлхий эмээлээ гэдсэндээ авч харлан доройтох тэр цагт мал, малчин, монгол ухаан гурав дэлхийг аварч үлдэнэ” гэсэн цадиг бий. Энэ цадиг өнөөдөр сэргэж байна. Үүнийг амьдралын гарц болгож дэлхийд мандуулъя гэж ярьж, зүтгэж байгаад гол утга учир энд бий. Хүссэн ч, эс хүссэн ч энэ зүйл рүү монгол цаашлаад дэлхий тэр чигээрээ орно. Энэ зүйл дээлнээс эхэлсэн. Дотроо ч, гаднаа ч мөн Монголоо бий болгож нөмөрч явах ёстой. Дэлхий оюун санааны хувьд Монгол руу ирж байна. Харин бид эсрэгээрээ Монголоосоо зугтааж байна.

-Та УИХ-ын гишүүн болсноос хойш хагас жил болчихлоо. Энэ хугацаанд төрийн бодлогыг хэрэгжүүлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ. Ер нь шинэ парламент ямар түвшинд ажиллаж байгаа вэ?

-Жинхэнэ зөвөөр ёсоо дагадаг, дагуулдаг, уриалдаг, ажил хөдөлмөрт үлгэрлэдэг төрийн байлдан дагуулалт алга. Монголд төр байхгүй болжээ. Миний ярьж буй үзэл дээр зургаа, долоон гишүүн нэгдвэл хурдан эргүүлэх боломж бий. Харин яг өнөөдрийн мөнгө, намд баригдаж торлогдсон сэтгэл зүй энэ чигээрээ үргэлжилбэл түмэн олон багалзуурдаж, тасдаж шидэх хэмжээнд очих байх. Би ийм зүйл мэдэрч, харж, санаа чилээж байна. Энэ ордон дотор багачуул нь томилгоотой зууралдаад зодолдож байна, томчууд нь Ерөнхийлөгчийн сонгуулийг харчихсан хэмхэлдэж байна. Түмэн олныхоо хүсээд байгаа зүйлийг хийж зохион байгуулж чадахгүй бол Ерөнхийлөгч, Их хурлын дарга, Ерөнхий сайдаасаа авахуулаад тархиа хага савуулж, мөчөөрөө тасдуулах нь ойлгомжтой дүр зураг харагдаж эхэллээ. Их олон анхаарууллаа. Яагаад ч үг хүлээж авахгүй гэдэг нь тодорхой болоод байна. Маш муу, туйлын муу гэсэн үнэлгээ өгнө.

-Та олон л асуудлаар гишүүдтэй санал бодол солилцож байгаа байх. Үзэл бодол нэгдээд ажиллах гишүүд байна уу?

-Нам, зоосны төлөө биш Монголын төлөө зүтгэх тэр хүмүүсийг би хүлээж байна. Гэхдээ надтай нийлсэн, нийлээгүй ганц дайчин ганцаардахгүй гэдгээр цааш явсаар байх болно.

-Харин ч ганц дайчин ганцаарддаг юм биш үү. Ялангуяа УИХ-д. Жишээ нь та тойргийнхоо сонгогчдын асуудлыг УИХ-аар шийдүүлж чадах уу?

-Нийгмийн оюун санааг цэвэршүүлж зөв үнэн зүйлд уриалан дуудах талаас ажлаа явуулах болохоос биш шийдэх, шийдүүлэх гэсэн асуудал тэр хойно яригдах зүйл. Данс нь хувхайрчихсан, бүгд хулгайлаад гадаадад нуучихсан төрөөр юуг ч шийдүүлэх вэ дээ.

-Сонгогчидтойгоо уулзсан уу?

-Уулзаж байна. Яриа таниулга их хийж байна.

-Эдийн засаг хэцүү байна. Цаашид сэргэх гарц харагдаж байна уу?

-Энэ маягаар байвал сэргэлт байхгүй. Сэтгэлгээний өөрчлөлт хийж, ёс заншлаа сэргээгээд ажил хөдөлмөр рүү эвлэлдэн нэгдэж зүтгэхийг хүсвэл хамгийн том гарц тэр. Зөв зохион байгуулалт, сэтгэл л хэрэгтэй.

-Та УИХ-ын гишүүд хулгай хийж болоод байхад би яагаад дуулж болохгүй гэж гэсэн байна лээ. Яагаад ингэж хэлсэн юм бэ. Гишүүдийг хулгай хийсэн гэх баримт байгаа юм уу?

-26 жилийн турш хулгай хийснийг бид ч мэдэж байна. Тэнгэр ч мэдэж байгаа. Бүгд мэдэж байгаа. Захаасаа нэгнээ барьж идээд, гэсгээгдээд эхэлж байна. Муу үйл заавал илчлэгддэг. Харин миний дуунууд өнгөрсөн хугацаанд дэндүү гэгээн мөр татуулж ирсэн. Хүмүүс өнөөдөр төрд өөрийнхөө хувийн байгууллагыг тордож мөнгө идэж, хар түүх бүтээх гэж орж ирдэг бол Жавхлан үнэнийг тунхаглаж, дуутай хууртайгаа, үлгэрлэж дагуулахаар, цагаан түүх бүтээхээр Монгол төрд орж ирлээ.

-Таныхаар бол яаж сэргээнэ гэж. Монгол ахуйгаа дээдлээд дээл өмсөөд байвал улс төр, нийгмийн тогтолцоо зөв болох юм уу?

-Үндсэн хуулиа өөрчлөх замаар ёсоо дээдэлдэг, ясаа хүндэтгэдэг, усаа хамгаалдаг, эх орноо хайрладаг залуус Монголын төрд эзэн суух цаг ирсэн. Тэгэхгүйгээр ёсоо мартчихсан, усаа хамгаалдаггүй, эх орноороо бахархах биш амин хувь үзлээр зарж хувааж идэж буй булхай хүмүүс бүхий төрт улсад байна. Жинхэнэ монгол төрт ёс үгүйлэгдэж байна. Хүн бүр дор бүрнээ үүнийг ухаарч өөрөөсөө өөрчлөгдөх ёстой. Тархиа 100 хувь өөрчлөх ёстой. Хоосон шаазан аяга, ганц нэг шил архи, атга гурил, цаг тооны бичиг, гуулин бурхан усан амлалтаар Монголын алтан төрийг сольж болдоггүй юм байна гэдгийг түмэн олон эрх биш анзаарч ухаарч байгаа байх. Түмэн олонд шавхрууг нь шидчихээд Монголын төрөөр яаж самарч тоглож болдгийг хангалттай харлаа. Одоо болсоон.

-Мэдрээд залуус үй олноороо гадагшаа дүрвээд байх шиг байна.

-Их нь ичиж бага нь уйлахын үлгэр бодижиж байна. Ихэс дээдэс нь олон түмнээ харах нүүргүй боллоо. Сэтгэлээ, үрсээ энд эх орондоо орхиод харийг зорино гэдэг бол эмгэнэл. Элэг бүтэн байх гэдэг бол халуун бүлээрээ гэр орондоо хамтдаа байхыг хэлдэг. Ингэж энэ олон өр, элгийг бэтгэрүүлж салгана гэдэг маш том нүгэл, хар түүх. Монголын ач үрсийг өвтгөж зовоож өнчрүүлсний хариуд Ерөнхийлөгчөөсөө өгсүүлээд гэсгээл амсана. Ямар үйлийн үр тарина, түүнийгээ хүртэх нь хорвоогийн хатуу хууль.

-Энэ бүхнийг УИХ-д сууж байгаа хүмүүс зөв бодлогоор засахаас өөр аргагүй. Жишээ нь та гишүүн болсноосоо хойш ямар хуулийн төсөл дээр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

-Иргэний даатгалын хуулийг бий болгох судалгаан дээр чамбай ажиллаж байгаа. Үүнийгээ боловсруулаад гаргаад ирэхээр “Аан, хууль гэдэг чинь ийм байх ёстой юм байна. Олон түмэн нь ингэж хүлээж авдаг юм байна. Үүнийг жинхэнэ зөв төрийн бодлого гэдэг юм байна” гэдэг жишгийг төгс харуулна. Өнгөрсөн 26 жилийнх шиг алаг цоог, амьдралд хэрэгждэггүй, олны нуруунд дарамт ачаа болдог, сулбагар усан хууль санаачлахгүй. Хүн зонд дэм болдоггүй хууль нэртэй эрээн цааснаас хэрэггүй юм алга. Нөгөө талаасаа бүтээхийн тулд сөнөө гэдэг үг бий. Би энэ тогтолцоо, буруу хэв маягийг арчиж арилгахын төлөө зүтгэж байна. Худлаа хоосон цаас барьж гүйдэг, боловсролтой царай гаргадаг мөртлөө гудамжинд гараад нэг ч хүний үнэн үг сонсож, мэдэрч санаандаа авдаггүй хүмүүсээс ямар хууль гарах юм бэ дээ. Монгол хүний сэтгэл зүрхэнд хадаастай байх наад захын хуулийг дагаж дээлээ өмсөж чадахгүй оюуны тураалд орсон сэтгэхүй дотор би ямарваа нэгэн бодлого боловсруулъя гэхийн оронд түмэн олондоо хандаж зөв үзлээ түгээгээд явж байх нь хамаагүй илүү байна. Явах замд нь бүү саад бол гэдэг шиг мэдрэмжгүй удаан хүмүүсээс залхаж байна.

-Тэгэхээр ойрын хугацаанд ямар зүйл дээр голлож ажиллана гэсэн үг вэ?

-Эхний дүнд эх оронч үзэл, зөв монгол сэтгэлгээг түмэн олондоо дараалалтайгаар хэлж уриалж түгээнэ. Дараа дараагийн алхмууд тод харагдаж байна. Цаг хугацаа аяндаа харуулах биз.

-Засгийн газар төдийгүй Их хурлын гишүүд гаднаас мөнгө олж ирэхгүй бол эдийн засаг үнэхээр хүнд байна шүү дээ. Та энийг мэдэж байгаа биз дээ?

-Дахиад л нөгөө цаас шүү дээ. Хүний амьдрал хэвлэсэн цаасан дээр тогтдог юм уу, хичээсэн хөдөлмөр дээр тогтдог юм уу. Монголчууд хичээж, хөдөлмөрлөж эвлэлдэн нэгддэг байсан цаг үедээ хэнээс ч гуйхгүйгээр амьдардаг байжээ. Хөрс нь үржил шимтэй, таван тансаг малын буян хишиг маань биднийг ивээж тэтгэж байдаг. Газар ус, тэнгэр нь хүртэл харж ивээж байдаг. Ийм сайхан бурхан бумбын оронд төрчихөөд гадаадад хэвлэсэн ногоон цаас гуйгаад явж байна гэдэг залхуурал, шуналдаа идэгдсэн хүмүүсийн л хийх ажил.

-Өөр тэгээд яана гэж. Ямар боломж байгаа юм бэ?

-Бид 30 жилийн өмнө 6000 төрлийн бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлээд зогсохгүй дэлхийн 50 гаруй оронд арилждаг байж. Гэтэл өнөөдөр дөнгөж 300 хүрэхгүй төрлийн бүтээгдэхүүн эд зүйлсийг халтар хултар хийж байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Үүнд зөв зохион байгуулалт л хэрэгтэй. Түмэн олондоо итгэхээ болиод төгрөг цаасанд л итгэх сэтгэлтнүүд байгаад байгаа учраас урагшлахгүй байна. Ард түмнийхээ итгэлийг алдаж хөсөр хаягдчихаад өөр айл руу гүйнэ гэдэг дэндүү муухай увайгүйн шинж. Энэ бол архичин, шуналтай, зальжин, үр хүүхдүүдээсээ юм нууж иддэг, залхай, залхуу хойд эцгийн л араншин. Энэ аавыг хөөж энэ гэр орноос зайлуулаад жинхэнэ аав ах болсон сэтгэлтэй залуус Монголын төрд дуудагдаж байна.

-Та өөрөө тэр муухай аав нарын нэг болчихсон яваа биш үү?

-Хүн бүр л дотроо дүгнэх асуудал. Би хувь үзэлдээ аавын дайтай гэхгүй юм аа гэхэд сайн ах нь байя гэдэг сэтгэл надад байна. Гэвч би ганцаардаад байна. Би энэ чигээрээ Монголынхоо ёс заншил, ажилч байх тухай явсаар дуусна.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудлаар хэд хэдэн хүнийг хэлэлцүүлэгт урьсан. Гэвч таны урилгыг хүлээж аваагүй. Энэ тухай Ц.Нямдорж гишүүн таныг “Эрдэнэт”-ийн асуудлыг мэдэхгүй юм чинь Жавхлантай халз мэтгэлцээд яах билээ гэж байсан. Та сонссон уу?

-Би сонсоогүй. Би халз мэтгэлцэж цэцэрхэх гэж дуудаж уриагүй юм шүү дээ. “Нээлттэй хэлэлцүүлэг”-т л урьсан. Олон түмний төөрөлдөөд байгаа асуудалд нэг байшин дотор нэгнийхээ бөгсийг ухаад тойроод гүйгээд байлгүй бүгд нүүр нүүрээ харж байгаад үнэн мөнөө яриадах гэж л урьсан. Үгийн утгаа хүртэл ухахаа байж дээ хөөрхийс. Дээрээс нь энэ асуудлыг их хурлаар нээлттэй хэлэлцэхийг булзааруулж удаашруулах замаар замхруулах гэсэн хандлага илт мэдрэгдсэн учраас би ийм арга хэмжээ авсан. Шалгаж буй шалгалт нь хүртэл удаашраад байгаа. Үнэн мөнийг л олж хүмүүст харуулъя гэлээ. Тэд ирсэн бол сайн, ирээгүй бол бүр сайн л биз дээ. Ингэх тусмаа л эдний 26 жил наана цаана ярьж асуудал шийддэггүй, худал дүр эсгэж байгаад алга болдог заль нь хүртэл илрээд сайн хүний дүр эсгэж явдаг байсан үнэн царай л бүгдээс нь харагдаж байна. Энийг чинь л драмын театр энд байна, жүжиг тавиад байна гээд байгаа юм. Ирээгүйгээрээ энэ хүмүүс сэтгэлгээний доройтолд орсноо, үгсэн нийлж хулгайд оролцсоноо, хулгайг хаацайлж буйгаа л нотоллоо гэж дүгнэж байна. Энгийн байх, сийрэг байх сэтгэхүйгүй л болж дээ. Ёмбогор омбогор загнаж, юмны хий зайгаар гүйж оноо авчихаад сэмхэн алга болох биш аливаад тууштай байхыг цаашдаа ч зогсолтгүй шаардана. Дахиад иртэл чинь олон дуудна даа. Тархин дотроо юу бодож байгааг чинь би уншиж байгаа.

-Энэ жил их л хэцүү өвөл болох нь гээд байгаа. Тантай малчин түмэн холбогдож байх юм уу?

-Зуд нэг жилийнх, заншил түмэн жилийнх гэдэг. Заншил ёсоо умартсаны хар гайгаар Монголын төр 26 жилийн турш зутарлаа. Энэ хар гайг нь эгэл түмэн нуруундаа үүрлээ. Төрийн энэ салдаггүй зуд бичин жил дуусгавар болоосой гэж ерөөе. Малчин түмэн маань цас цаг хэцүүдвэл бор зүрхээрээ давах гэж мэрийх байх. Хотын гэр хорооллуудаар хоолгүй хонож байгаа айлууд өчнөөн байна. Гэхдээ сайн цаг ирж байна хүн бүр дор бүрнээ хүсэж хичээх нь л чухал. “Хан буурал хорвоо авснаа өгдөг, Хан үндэстэн харин авснаа өгдөггүй” гэдэг. Малчдадаа хандаж хэлэхэд “зуд зулагтай” гэдэг. Малын хорогдол гарвал хан буурал хорвоо минь буцаагаад илүү ихийг бидэнд заяана даа гээд сэтгэл санаагаа өөдөө өргөж амьдраарай гэж уриалмаар байна. Урьд жилүүдийнх шигээ “Илгээлтийн эзэд” аянаа хийнэ гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж: А.Сүхбат тэргүүтэй нөхөд Бөхийн өргөөг булаан авч хувьцаат компани болгохоор улайрч байна

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.


-А.Сүхбат аварга, Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэдэн хүн Монголын үндэснйи бөхийн холбоог шинэчлэх цаг болсон гэж нэлээд бухимдаж байх шиг байна. Энэ ямар учиртай юм. Та нарын дунд байгаа маргаан хаанаас, хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Үндэсний бөхийн холбоо их хурлаа 1990 онд хийхэд би тэргүүнээр сонгогдсон. 1994, 1998 онуудад мөн сонгогдсон. Харамсалтай нь энэ үеэс бөхийн холбоо өмчтэй болсон. Тэр нь бөхийн өргөө. Тэгэхэд зарим бөхийн дотор шуналын гал асч эхэлсэн юм байна. “Монголд өнөөдөр бөхийн өргөөнөөс өөр авах юм алга. Энэ бөхийн өргөөг бид заавал авна” гэж дээрх нөхөд ярьсан байдаг. Тэр үг нь бидэнд ирсэн. Монголд нууц юм гэж алга байна шүү дээ. 1970,1980- аад онд эрчээ авсан бөхийн найрааг арилгахын тулд дөрвийн давааг оноодог болгоод, бөхчүүдийг амжилтаар нь эрэмблэдэг болсон, харцага, гарьд цолыг бий болгосон Энэ шинэчлэл зарим бөхөд таалагдаагүй. Тиймээс энэ шинэчлэл дээр дөрөөлөн бөхийн холбоо руу дайрч Бөхийн өргөөг булаан авахыг улайрсаар өнөөдрийг хүрсэн. Таваас зургаан хүн Бөхийн холбоог авахаар улайрч байна.

-Монголын үндэсний бөхийн холбоо үүссэн түүхээс сонирхуулахгүй юу?

-“Монголын үндэсний бөхийн холбоо” бол 26 жилийн түүхтэй байгууллага. Анх 1990 оны дөрөвдүгээр сард бөхчүүд болон бөхөд хайртай хүмүүс үүсгэж байгуулсан юм. Өмнө нь самбо, жүдо, үндэсний бөхийг хамарсан Монголын бөхийн холбоо гэж байлаа. Тухайн үед тэр холбоонд орон тооны удирдлага байхгүй, төрөөс санхүүждэг төржсөн байгууллага байлаа. Ингэхдээ чөлөөт бөх, самбо, жүдогоо илүүтэй анхаардаг байсан болохоор монгол бөх бол хавсаргын шинжтэй байсан юм. Ийм байдалтай байгаа учраас ирээдүйд монгол бөх гэдэг өв соёл хохирч болохыг анхаарч Монголын үндэсний бөхийн холбоо байгуулаад ажилласнаар энэ байгууллагын түүх эхэлсэн. Анхны “Их эе”-ээ тэр оныхоо арванхоёрдугаар сард хуралдуулж, тэргүүнээр намайг сонгосон. Бид анхнаасаа “Монгол бөхийг дээдлэх үзлийг дээд шатанд гаргана” гэдэг бодлогыг барьж ажилласан, тэгээд дээд шатанд гаргасан. Ингэхдээ монгол бөхөд 50 шинэ зүйл бий болгосон юм.

-Ямар 50 шинэчлэл хийсэн юм бэ?

-Жагсаалт нь байгаа. Энэ тухай ном хүртэл гаргасан. Үүний зөвхөн нэг нь буюу хүний нүдэнд ил харагдаж байгаа нь бөхийн өргөө. Харагдахгүй байгаагаас нэрлэвэл монгол бөх гэх ойлголтыг тодорхойлсон, монгол бөхийн аксиомыг томьёолсон гэх зэрэг олон ажил бий. Манай удирдлагын тогтолцоонд “Их эе” гэж нэрлэдэг их хурал бий. Энэ их хурлаараа тайлангаа хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлт оруулан дүрмээ баталж, Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, тэргүүнээ сонгодог. Мөн хяналтын албаны илтгэлийг сонгон хэлэлцдэг юм. Цэцдийн зөвлөл 67 хүний бүрэлдэхүүнтэй, цэцдийн зөвлөлөөр барилдааны дүрэмтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Цэцдийн зөвлөлөөсөө тэргүүлэгчдийг сонгоно. Харин тэргүүлэгчид сар тутам хуралдаж, тулгарсан асуудлыг хэлэлцэнэ. Бөхийн холбоо бусад спортын байгууллагуудад жишиг болон ажилласаар ирлээ. Тухайлбал, бөхийн малгай, залаа гэдгийг бий болгосноор уяачид, шагайчид малгай, залаатай болсон. Гиннест монгол бөхийг бүртгүүлснээр морины холбоо, шагайн холбоо, сурын холбоо энэ ажлыг хийсэн. Бусад олон холбоо энэ талаар манайхаас туршлага аваад явж байна. Мөн “Монгол бөхийн нэвтэрхий толь” гэдэг түүхэн бүтээл гаргалаа. Энэ мэтээр манайх бусдадаа үлгэр болж ажилладаг. ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвийн хамгаалалтын жагсаалтад монгол бөхийг бүртгүүлсэн. Одоо таван жилийнхээ тайланг бичээд ЮНЕСКО руу явуулах гэж байна. Иймэрхүү ажлуудыг хийж, хэрэгжүүлж, эх орондоо төдийгүй олон улс, дэлхийд монгол бөхийг сурталчилсан. Аймаг, сум бүрт манай салбарууд ажилладаг.

-Одоо бөхийн найраа маш их байна, утгаа алдлаа гэж тэд ярьж байна шүү дээ. Найрааны энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-А.Сүхбат сумын заан таван сая, аймгийн арслан 50 сая, улсын начин 500 сая төгрөгийн найраатай байна гэж ярьж байна. Ийм баримт олсон нь сайн байна. Одоо тэр бөхчүүдийн нэрийг цохоод хэлэх хэрэгтэй. Тэгвэл шударга болно. Бид арга хэмжээ авч, барилдах эрхийг нь хасч чадна. Монгол үндэсний бөхийн аварга цолтой хүн ийм болчимгүй мэдэгдэл хийснээрээ яг өнөө цагт монгол үндэсний бөхөөр барилдаж байгаа, бөхийн алдар цолонд хүрч, түүний төлөө амь амьдралаа зориулан хөдөлмөрлөж байгаа залуу хүчтэнүүдийг бүгдийг нь гутаан доромжиллоо. Залуу зургаан зааны үе гэж монгол бөхөд яригддаг. Тэд үнэхээр уран хурц, дайчин барилдааныг ард түмэндээ үзүүлдэг байсан. Монгол бөх бол үе үеэрээ хөгждөг. Өнөөдөр залуу зургаан зааны үе шиг уран хурц барилдаанаараа үзэгч олноо баясгаж байгаа залуучууд олон бий.

-Монголын үндэсний бөхийн холбоог буруутгаад байгаа нэг шалтгаан нь хөрөнгө мөнгөний асуудал байна. Танайх орлогын мэдүүлгээ ил тод гаргадаг юм уу?

-Бөхийн холбоог Монголын төрийн хянан шалгах хороо гээд хянадаг шалгадаг байгууллагууд нь олон удаа шалгасан. Одоо сар тутам, улирал тутам тайлангаа улсад тушаадаг. Одоогоос 10 гаруй жилийн өмнөөс бид одооны шилэн дансны хууль гараагүй байхад шилэн дансны зарчмаар ажиллаж эхэлсэн. Тэр нь юу гэвэл, тайлангаа цаасан дээр бичиж хэвлээд тэргүүлэгчид, бөхчүүддээ тараадаг болсон. Бөх үзэхээр ирж байгаа үзэгчдэд хүртэл тараасан. Үүнээс хойш А.Сүхбат зэрэг хүмүүс биднийг идэж ууж байна гэж гүтгэж ярьж чадахаа больсон.

-2002 онд Үндэсний бөхийн холбооны “Их эе” хуралдсан байдаг. Энэ хурлаас хойш л таныг хууль бусаар ажиллаж байгаа хүн гэдэг болсон байна?

-2002 онд их хурал болсон. Энэ хурлаар А.Сүхбат, Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, Х.Баянмөнх нар намайг энэ ажлаас гаргах хуйвалдаан хийсэн юм билээ. Гэвч тэр нь бүтээгүй. Тийм болохоор Ж.Ганболд, Ц.Дуламсүрэн, А.Сүхбат нар шүүхэд худал нотлох баримт гарган өгч, хэрүүл маргаан үүсгэсэн нь одоо хүртэл үргэлжилж байна. Тэр хурлын тооллогын комиссын дарга нь Ж.Ганболд байсан. Тэр тооллогын комиссын тогтоолыг хармаалаад зугтаасан. Шүүх тооллогын тогтоол байхгүй учраас сонгууль болсныг гэрчлэхгүй гэдэг юм. Гэвч бид ухарч буцалгүй, цуцаж няцалгүй 14 жил олон шинэ ажлыг хийлээ. Харин А.Сүхбат, Х.Баянмөнх, Ж.Ганболд нар түүнээс хойш төрийн өмчийг яаж хувьдаа авч болох вэ, ямар арга байна вэ гэдэг ажлаар хөөцөлдсөн хүмүүс. Шүүхдэж мэргэшсэн хүмүүс юм байна лээ. Спортын төв ордны хажууд байгаа хоёр цогцолборынх нь нэгийг Ганболд, нөгөөхийг нь Сүхбат хувьдаа түрээсэлж авсан. Одоо тэд өөрсдийн хувийн өмч болгосон байна. Ийм л дүнтэй юм.

-Өнөөдөр Монгол ардын нам монголчуудын бүтээн бий болгосон бүх зүйлийг эзлэн авч байна. Тэдний хар саварт ороогүй ганц зүйл нь Монголын үндэсний бөхийн холбоо байх шиг байна. Тиймээс ч Сүхбат, Сумъяабазар тэргүүтэй Ардын намын эрх баригчид сүүлийн өдрүүдэд бөхийн холбоо руу илт дайрч байгаа нь анзаарагдах юм.

-А.Сүхбат Бөхийн өргөөг булааж авах гэж улайран зүтгэж байна. Тэр бөхийн өргөөг хувьцаат компани болгоно гэж ярьж байна лээ. Мөнгө олохын тулд төрийн эзэмшлийн хувьцаагаа төр шууд зарна. Тэр хувьцааг нь Х.Баянмөнх аварга, А.Сүхбат тэргүүтэй таван хүн хувааж авах юм гэнэ. Ингэхийн төлөө тэд үхэн хатан зүтгэж байна. Энэ чинь Монголын бөхчүүдийн эрх ашгийн төлөө зүтгэж байгаа хэрэг мөн үү? Бөхийн өргөө бол Монголын үндэсний бөхийн холбооны өмч. Үүнийг зээлийн барьцаанд тавьж болохгүй, хувьчилж болохгүй. Энэ өмчийн тухай аливаа асуудлыг “Их эе”-ээр шийднэ. Өөр хэн ч шийдэж болохгүй. Энэ барилгыг нуртал нь бөхчүүд энд барилдана. Өнөөдөр барилдаж байгаа хэдэн хүнээр монгол бөх дуусчихгүй шүү дээ. Ирээдүйд барилдах бөхчүүдийн ч өмч. А.Сүхбат Төв аймгийн тойрогтоо гурван хүн тутмын нэгийнх нь саналыг авч гарж ирчихээд, төрийн эрх мэдлээр далайлган Бөхийн өргөөг булааж авах гэж байгаа нь төрийн хүний ёс зүйд нийцэх үү. Энэ нь А.Сүхбат гэж хүнийг ямар чанартай эр болохыг харуулж буй үйлдэл мөн.

-Аваргуудын зөвлөл гэж байдаг юм билээ. Чухам яг ямар байгууллага вэ. Танай холбоонд хамаардаг уу?

-Манай холбоонд ажиллаж байгаад тодорхой шалтгааны улмаас халагдсан нэг залуу Аваргуудын зөвлөл гэж байгуулах тухай яриад ийм зөвлөл байгуулжээ. Тэр зөвлөлд нь олон аварга багтдаггүй байх. Энэ бол сайн дурын байгууллага. Монголын үндэсний бөхийн холбооны зохион байгуулалтын бүтэц, бүрэлдэхүүнд байдаггүй. Анзаараад байх нь ээ Аваргуудын зөвлөл гээчийг Японы мэргэжлийн сумог дуурайж байгуулсан гэдэг. Гэвч тэд буруу ойлголттойгоор, буруу зөвлөл байгуулсан юм билээ. Тодруулбал, Японы сумогийн аваргуудын зөвлөлд нийгмийн бүх давхаргын нэр нөлөөтэй төлөөлөл болсон эрхмүүд багтдаг байна. Багш, эмч, дуучин, улстөрч зэрэг хүмүүсийн бүрэлдэхүүнтэй зөвлөл сумогийн аваргуудынхаа гаргасан алдаа дутагдал, ёс зүйг хэлэлцэж, хариуцлага тооцдог. Тэрхүү аваргуудын зөвлөлд мэргэжлийн сумогийн ёкозүна цолтой нэг ч бөх байхгүй. Гэтэл манайд яг эсрэгээрээ Аваргуудынх нь зөвлөлд үндэсний бөхийн аварга цолтой бөхчүүд багтаж, тэд нийлээд Монголын үндэсний бөхийн холбоонд үүрэг өгдөг, гол нөлөө үзүүлдэг байгууллага мэтээр нийгэмд харагдаж буруу ойлголт төрүүлээд байна. Бөхийн ёс жудгийн тухай, зөв үлгэр дуурайллын тухай тэд ярьж байгаа бол болно гэхсэн. Гэтэл тэс өөр зүйл яриад байна. Монгол бөхийн аваргууд гэдэг бол Монголын өв соёлын дархлаа болсон хүмүүс шүү дээ. Үүнийгээ тэд ухамсарлаж ойлгохгүй байгаа юм.

-Бөхийн өргөөг барихад төрөөс 800 сая төгрөг өгсөн учраас төрд очих ёстой гэж байна.

– Төрийн бус байгууллагын тухай хуульд төрөөс төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлж болно гэсэн заалт бий. Энэ заалтын дагуу 800 сая төгрөгийг төр өгсөн. Тэр нь хуулийн дагуу манайд өгсөн төрийн дэмжлэг юм. Бид “Монгол бөхийн өргөө” гэдэг маш том төсөл хэрэгжүүлсэн.

-Р.Нямдорж тэргүүн хууль бусаар Монголын үндэснйи бөхийн холбоог тэргүүлээд байна гэдэг?

-Төрийн бус байгууллагын тухай хуулийн 12-ын 4-т зааснаар Төрийн бус байгууллагын тэргүүн нь дараагийн тэргүүн ажлаа хүлээж автал ажлаа үргэлжлүүлэн хийж байх ёстой. Энэ хуулийн дагуу ажиллаж байна.

-Та тэргүүний ажлаа өөр хүнд өгчихөж болдоггүй юм уу?

-2014 онд дараагийнхаа хүнд өгнө гэдэг шийдвэрийг гаргачихсан байлаа. Гэтэл дээрх нөхөд дундуур нь орж үймүүлээд хурал хийлгэсэнгүй. Одоо 2017 оны хоёрдугаар улиралд багтаан Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, улмаар “Их эе”-ээ хийж тэргүүнээ сонгоно. Бид энэ ажлыг хүлээлгэж өгнө. Гэхдээ хэнд хүлээлгэж өгөх бэ гэдэг нь хамгийн гол асуудал. Ард түмний толгойг эргүүлдэг хүмүүст өгөхгүй. А.Сүхбат нартай хамааралгүй хүмүүсээс сонгуулна. Монголын бөхчүүд ийм сонголт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Бөхийн холбоо гэж байхгүй, бөхийн өргөөний суурь ч тавигдаагүй байх үеэс нэгэн насны амьдралаа зориулсан болохоор энэ холбоог зөв сайхан сэтгэлтэй хүмүүс авч яваасай гэх хармын сэтгэл төрдөг юм. Зөв бодолтой, зөв зам мөртэй хүн цааш нь үргэлжлүүлэн авч явснаар монголчуудын өв соёлын дархлаа болсон монгол үндэсний бөх зуун зуунд хадгалагдан орших учиртай.


Categories
мэдээ цаг-үе

Үргүйдэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар үүсгэдэг ТРАНС ТОСНООС татгалзах болоогүй юу

Транс тос судасны хананд наалдаж, ойр орчмын бактерийг хуримтлуулснаар судас нарийсдаг

ДЭМБ-аас хүн өдөрт хоёр граммаас илүү транс тос хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Бүр 2009 оноос хойш транс тосыг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалжээ. Зарим орнууд транс тосыг биед сөргөөр нөлөөлдөг хэмээн үзэж хэрэглэхийг тас хориглосон байдаг. Өнгөрсөн зун АНУ-ын Эм, хүнсний бүтээгдэхүүний чанарыг хянах албанаас ургамлын хатууруулсан өөх тос хэрэглэхийг хориглож, ирэх 2018 он гэхэд транс тосны хэрэглээнээс бүрэн татгалзахаар болсон байна.

Дэлхий нийтээр хэрэглэхээс татгалзаад буй транс тосыг үйлдвэрийн аргаар гаргаж авдаг. Тодруулбал, шингэн тосыг тасалгааны хэмд хайлахааргүй хатуу масло, маргарин бүхий бүтээгдэхүүн болгосныг хэлдэг ажээ. Манай улс транс тосыг үйлдвэрлэдэг орон биш учраас өндөр хөгжилтэй улс орнуудаас импортоор оруулж ирдэг. Ихэвчлэн үйлдвэрлэгчид, хоолны газрууд, ресторан, ард иргэд энэ бүтээгдэхүүнийг худалдаж авдаг гэсэн судалгаа бий. Учир нь транс тос хямдхан үнээр борлуулагддаг нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг аж. Цайны газрын хувьд ердийн тосоор хуушуур хайрахад муудаж харладаг бол транс тосыг дахин дахин хэрэглэхэд өнгөө алдаж түлэгддэггүй гэнэ. Гэхдээ уг эдийн засгийн хэмнэлт нь зөв шийдэл үү гэдгийг эргэн харах цаг болжээ.

Анх маслоны олдоц муутай 1880-аад оны үед европчууд ургамлын тосыг хэрхэн хатуу болгож маслоны оронд хэрэглэж болохыг судалж туршиж үзсэн байна. Гэвч 1890 онд Францын Нобелийн шагналт эрдэмтэн, химич Пол Сабатьер транс тосыг нээжээ. Улмаар 1901 онд Германы химич Вилгелм Норманн хүнсэнд хэрэглэхүйц болгон сайжруулж, патентжуулсан байна. 1960-аад оны үеэс АНУ-д транс тосны хэрэглээ эрчимтэй нэмэгдэж ургамлын болон малын гаралтай өөх тосны хэрэглээнээс давжээ. Шингэн ургамлын тос нь зөөвөрлөхөд төвөгтэй, амархан мууддаг, өртөг ихтэй байсан тул үйлдвэрийн аргаар устөрөгчөөр баяжуулж хатуу хэлбэрт оруулан хэрэглэх болсон байна. Транс тос тасалгааны хэмд хайлахгүй, үнэ хямд, удаан хугацаагаар хадгалж болох давуу талтай байсан тул ийн хэрэглээ нь нэмэгдсэн аж. Гэвч лаборатори, техник төхөөрөмж сайжрахын хэрээр транс тосыг хүний биед хортой болохыг тогтоосон юм. Транс тос хүний биед ороод хоёр жил гадагшилдаггүй байна. Өөрөөр хэлбэл, хүний биед орсноос хойш өлсөх мэдрэмж төрүүлэхгүй бөгөөд маш удаан шингэдэг аж. Тиймээс транс тосоор дайны үед цэргүүдийн хоол хүнсийг ихээр бэлтгэдэг байв. Үндсэндээ транс тос хүний биеийн хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа өөхний бодисын солилцоонд гацаа үүсгэдэг юм.

Тодруулбал, сайн өөхний орон зайг эзэлж, судас бөглөрөх өвчинг үүсгэдэг. Транс тос барагтай юманд задардаггүй бөгөөд судасны хананд очиж өнгөр үүсгэн наалддаг байна. Үргэлжлүүлэн хэрэглэх тусам улам бэхжиж судасны хананд ойр орчны нян бактерийг хуримтлуулдаг гэнэ. Үүнээс болж судас нарийсч даралт ихсэх өвчний эхлэл болдог. Цаашлаад судас хагас бөглөрөхөд цусан хангамжийн дутагдалд орж, судас бүрэн тагларахад зүрхний шигдээс, судас хагарахаар харвалт болох эрсдэлтэй. Эрдэмтэд зохиомлоор гаргаж авсан транс тосыг сүүлийн 20 гаруй жилийн судалгаагаар иргэдийн эрүүл мэндэд маш муу нөлөөтэй гэдгийг тогтоосон байна.

Судалгаагаар транс тос үргүйдэл, зүрх судасны өвчин, чихрийн шижин, үе мөч, зарим төрлийн хавдар, ой тогтоолт муудах зэрэг олон өвчлөлийн эх үүсвэр болдог гэдгийг тогтоосон. Мөн элэгний үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр доголдол үүсгэдэг байна. Транс тос хүний өөдрөг байх гормонд өөрчлөлт оруулж сэтгэцэд нөлөөлөн, гутрал үүсгэдэг ажээ. Цаашлаад хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг хэмээн эрдэмтэд нотлоод буй.

Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг төрөл бүрийн түргэн хоол, цайны газруудын хоол, бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний транс тос агуулагддаг. Мөн дэлгүүрийн лангуун дээр байх чанаж боловсруулан, ууталж багласан хоол хүнсний бэлэн бүтээгдэхүүнүүдийн хадгалалтын хугацааг уртасгахын тулд транс тосыг хэрэглэдэг байна. Хамгийн ихээр транс тос хадгалагддаг бүтээгдэхүүнд чипс, майонез, маргарин, боорцог, бялуу, нарийн боов, түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд, вафли, печень, пирожки, хуушуур, чихэр, шоколад, кетчуп зэрэг бүтээгдэхүүн ордог аж.

Манай хүнсний дэлгүүрүүд, захын ТҮЦ, цайны газруудад эдгээр бараа бүтээгдэхүүнүүд дүүрэн байдаг. Тэгэхээр монголчуудад эрүүл амьдрах баталгаа алга байна.

Транс тостой бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхын тулд дэлхийн ихэнх оронд хүнсний бүтээгдэхүүний хайрцаг, сав, баглаа, боодол дээр тосны агууламжийг бичихийг шаарддаг. Одоогийн байдлаар Австри, Канад, Бразил, Швед, Англи зэрэг олон оронд транс тосны хэмжээг зааж, бүтээгдэхүүний шошго дээр заавал тэмдэглэгээ хийх болсон аж. Гэтэл манай улсын дэлгүүрүүдэд зарагдаж буй бараа бүтээгдэхүүнүүдэд хэмжээг нь огт бичээгүй байдаг. Та бүтээгдэхүүн авахдаа транс тостой эсэхийг хагас устөрөгчжүүлсэн “trans fat “эсвэл “hydrogenic” гэсэн байвал эрдэнэшиш, наранцэцгийн, шар буурцгийн гэх мэт ургамлын тосыг үйлдвэрийн аргаар нягтрал ихтэй хатуу болгож тухайн бүтээгдэхүүнд хэрэглэсэн байна хэмээн ойлгох хэрэгтэй. Мөн бүтээгдэхүүний шошго дээр ургамлын гаралтай тос гэж бичээстэй байвал транс тос байх магадлал өндөр байдаг гэнэ. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошго дээр транс тостой гэж бичдэггүй учир устөрөгчжүүлсэн тостой гэж байвал транс тос агуулагдсан байх магадлалтай хэмээн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн хагас устөрөгчжүүлсэн ч гэж бичих нь бий. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа шошгоо шалгаж транс тос агуулагдаагүй гэх шаардлагыг тавих хэрэгтэй аж. Хэрэв та транс тосноос татгалзаж, хэрэглээгээ бууруулбал эрүүл мэндэд тустай гэдгийг эрдэмтэд нотлоод байна. Одоогоор манай улсын 127 хүнсний үйлдвэр транс тостой бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг жилд импортоор 2749 тн транс тос оруулж хүнсэндээ хэрэглэдэг гэх тооцоо байдаг. Сүүлийн үед “Талх чихэр” ХК бүтээгдэхүүндээ транс тос хэрэглэхээ багасгаж байгаа гэх гэгээлэг мэдээлэл гаргасан. Тэгвэл тус компанийнхан 16 нэр төрлийн бүтээгдэхүүндээ огт транс тос хэрэглэхгүй үйлдвэрлэж байгаа гэнэ. Энэ мэт үндэсний үйлдвэрлэлүүд ДЭМБ-ын уриалгыг дагаж, транс тосноос бүрэн татгалзах шаардлагатай байна. Ингэж байж манай улсын хүнсний бүтээгдэхүүнүүд аюулгүй болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний бөхийн холбооныхон минь ээ, наад холбоогоо А.Сүхбат мэтийн увайгүй улстөрчдөд алдчихав даа

Монголын үндэсний бөхийн холбоог булаан авах гэсэн бүлэг бөхчүүдийн оролдлого ширүүсч эхлэв бололтой. Нэг хэсэг ийм хэл ам гарахгүй тайван л байсан юм. Гэтэл хэл ам таталдаг тэдгээр нөхөд албан тушаал, эрх мэдлээр хүч, бяраа зузаатгаад дахин хэрэлдэхээр гарч ирэв. Бараг бүгд шахуу МАН-ын гишүүн болцгоочихож. МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, МАН-ын гишүүн, УИХ-ын гишүүн А.Сүхбат, МАН-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, МАН-ын гишүүн, Агентлагийн дарга Г.Өсөхбаяр гээд МАН-ын бөх-улстөрчдийн жагсаалт хөвөрч өгнө. Эдгээр хүмүүс одоо байгаа МҮБХ-г татан унагаж толгойд нь өөрсдийн нөлөөгөө тогтоох гэсэн санаархал нь хэдэн жилийн өмнөөс л олон түмэнд харагдаж “Ээ дээ энэ бөхчүүд гэдэг чинь барилдахаа болихоор улаан хэрүүлч болчихдог юм байна” гэдэг эргэлзээг бөх сонирхогчдод төрүүлчихсэн. Тэдэн дээр А.Сүхбат УИХ-ын гишүүн болж орж ирээд нэмэлт хүчтэй болсон гэдгээ хэвлэлийн хурал зарлаж харуулаадахлаа.

А.Сүхбатыг мэднэ ээ, Төв аймгийн харьяат байгаа юм. Энэ хүнийг ер нь юу хийж гийгүүлж өдий хүртэл явж ирснийг эргээд бодъё л доо. Хурдан шалмаг барилдаан гаргаж наадмын зүлэг ногоон дэвжээнээ гялалзтал уран мэхийг уралдуулж хурсан олныг хуйлруулан дэвж, давж явсан сайхан бөх байсан юм. Гэхдээ ингэж түмэн олноо баясуулж цэнгүүлэх гэхээсээ илүүтэй гомдож, цөхөрч яваагаа уйлагнан байж ярьснаар л сүүлд олон нийтэд танигдсан гэх үү дээ. Үүн дээр нь түүний хадам аав, аварга Х.Баянмөнх хүртэл ач холбогдол үзүүлж дөгөөж суудаг юм. “Хүүхдүүдэд цолыг нь өг” гэж гал дээр шар тос нэмээд л. Ийм учраас А.Сүхбатын зурсан, үлдээсэн, гаргасан өнгөн дээр Төв аймгийнхан бөхгүй болсон гэж учир мэдэх хүмүүс урамгүй үг унагаж байгаа харагддаг. Хэрүүл, тэр дундаа эрчүүдийн уйлагнаж, унжийсан, зууралдсан хэл ам шиг хийморьгүй зүйл гэж байдаггүй. Угтаа бол Төв аймаг алдартай аварга, арслангуудтай, түүх домогт нэр сүрээ үлдээсэн бяр чадал ихтэй эрчүүлтэй нутагсан. Нэг үгээр Монголын бөхийн ариун голомтуудын нэг. Хэрвээ ийм явган хэрүүл энэ олон жил үргэлжлээгүй, бөх нь мэхээ мэдээд явсан бол энэ нутгаас хичнээн ч олон улсын цолтон ар араасаа төрөн гарах байсан юм билээ, хэн мэдлээ.

А.Сүхбат хоёр, гурван жилийн өмнө АН-ын гишүүн гэгдэж “Женко”-той дөрөө харшууланхан гүйж явсан. Гэтэл сонгуулийн өмнөхөн МАН-д элсээд УИХ-ын гишүүн болоод гараад ирчихлээ.

Жирийн амьдрал дээрээ ингэж урваж шарваж алив зүйлд туйлбаргүй ханддаг хүн МҮБХ-г гартаа оруулбал юу болох вэ, та минь ээ. Хэрэв түүнд энэ холбоо оччихвол тараад алга болно. Тайван хотолж байсан хонин сүрэг хээрийн амьтны сургаар сарниад алга болчихдог шүү дээ. Ерөөс шууд хэлье л. А.Сүхбат тэргүүтэй бөх-улстөрчид МҮБХ-г авбал энэ холбоо чинь Монгол ардын намын нэг хэлтэс болоод хувирчихна. Монгол эрсийн хийморь лундаа, ард түмний баяр цэнгэлийн манлай болсон бөхийн холбооны дэвжээг монгол гутлын ээтэн хоншоор биш бохир улс төрчдийн элдэв хуйвалдаан нь л элээж мэднэ. Бүр цаашилбал бөхчүүд хоёр хуваагдаад улсын их баяр наадмаар нэг хэсэг нь, үлдсэн нь дараа нь өөр нэг наадам зохиогоод тусдаа барилдаад ёстой хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан эхэлнэ дээ. Ийм зүйл болно гэдгийг захын нэг бөх сонирхогч таамаглаад мэдэж байгаа учир эрхэм Р.Нямдорж, Д.Данзан нар минь ээ, МҮБХ-гоо наад хэдэн бүлэг бөхчүүдэд битгий алдчихаарай. Монгол бөхийг та хоёр шиг хөгжүүлж өөд нь татаж яваа хүн хаана байна. Нэгэн насаараа хөлс хүчээ дуслуулан байж оюун ухаан, залуу насаа зориуланхан хөл дээр нь босгосон холбоогоо дээрэлхүү, албан тушаал, сандал ширээгээр өвч тоноглогдсон хүмүүст битгий л өгчихөөрэй. Та бүхэн шиг хийж байгаа зүйлдээ бүхнээ зориулан зүтгэж яваа бөхийн зүтгэлтнүүд өөр алга. Тийм болохоор л Үндэсний бөхийн холбооныхон, наад холбоогоо А.Сүхбат мэтийн увайгүй улстөрчдөд алдчихав даа гэж захиад байгаа юм шүү дээ. Ээ дээ, хичээж л үзээрэй та нар. Дээлний тань захыг мушгиж сууя.

Categories
мэдээ цаг-үе

Хятадын зүүн өмнөд нутгаар…

“Жинхэнэ торгыг хуурамчаас нь ялгахын тулд галын цэнхэр дөлөөр шатааж мэддэг” хэмээн худалдагч бүсгүй чанга дуугаар өөртөө итгэлтэйгээр тайлбарлаад торго дурдангуудыг илбэ үзүүлж буй мэт асаагуурын галаар дороос нь нааш цааш гүйлгэв. Хүр хорхойн торгыг асаагуурын хөх дөлөөр удаан төөнөсөн ч шатсангүй. Харин хуурамч нь хүрэв үү үгүй юү л шатав. Мөн илүү гарч сэмэрсэн утсыг нь түлэхэд хуурамч торгоных бөөгнөрөн хатуурдаг бол хүр хорхойн торгоны утаснаас нунтаг үнс үлдэнэ.

…Улаанбаатар дахь Хятадын Соёлын төвөөс зохион байгуулсан Монголын сэтгүүлчдийн багийн аяллын эхний цэг нь Хятадын зүүн өмнөд зүгт орших эртний түүхт Ханжоу хотын Юйхуан уулын ар бэлд байрлах торгоны энэ дэлгүүр байв. Хүр хорхой хэмээх нэгэн төрлийн эрвээхэй ганцхан зуны настай ажээ. Хүр хорхой, эрвээхэй, авгалдайнууд ялам модны навчаар хооллодог бөгөөд энэ мод нь Ханжоу орчимд л ургадаг. Хүр хорхойн эмэгчин нь нэг удаа өндөглөхдөө 400-600 өндөг гаргадаг. Өндөгнөөс гарсан авгалдай сарын дотор найман см хүртэл өсөж томорно. Ийнхүү нас бие гүйцсэн хүр хорхойн биеийн бараг тал хэсэг нь шингэнтэй байх бөгөөд түүнийгээ толгойгоо хаялан наймын тооны хэлбэр үүсгэн амаараа савируулан гаргаж бөмбөлөгөн тор нэхдэг аж. Хүр хорхой хоногт нэг кг орчим утсан бөмбөлөг үүсгэх чадвартай. Өөрөөр хэлбэл, нэг ч залгаасгүй мянган метр урт утас “үйлдвэрлэх” чадвартай юм байна.

Энэ дэлгүүрийн дээд талд Хятадад төдийгүй дэлхийд ганцхан байдаг хүр хорхойн торгоны музей байрлаж буй. Музейг 1992 онд байгуулжээ. Музейн гол үзмэр хүр хорхойн торгон эдлэл. Эртний Мин, Сүн улс, Манж гүрний үеийн хаад ноёд, эгэл иргэдийн хувцас гоёл, эдлэл хэрэглэлийг үүх түүхтэй нь бичээд дэлгэсэн байхын дээр хүр хорхойн торгоор урласан тансаг сайхан урлагийн бүтээлүүдийг ч тавьжээ.

Ханжоуг хүр хорхойн торгоос гадна цайны ургамалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хятад бол дэлхийд хамгийн эрт цай тариалж, хэрэглэж ирсэн орон. Цайны бүтээгдэхүүн, цай тариалах соёл олон улс оронд уламжлагдаж, улмаар өөр өөр өвөрмөц онцлог, үнэр амт бүхий цайны соёл бий болжээ. Өдгөө Хятадад хар, ногоон, өвсөн гэх гурван төрлийн цайг өргөн хэрэглэдэг аж. Ногоон цайнаас хамгийн алдартай нь Лунжин. Ханжоу нутгийнхан энэ цайгаараа алдартай. Нэг килограмм Лунжин цайг бэлтгэхийн тулд 70-80 мянган нялх навч хураах шаардлагатай. Уулынхны тарьсан цай амттайн дээр эрүүл мэндэд ихээхэн тустай. Цайны тариачид нь бийлэгжүү. Тиймдээ ч тэд охид, хүүхнүүдээ нөхөрт гаргах бус хүргэн буулгаж авдаг бардам хүмүүс гэсэн. Ханжоуд ургасан цайг хандлаад уухын зэрэгцээ хоолонд амт оруулан хуурч иддэг юм билээ.

Ханжоу хот есөн сая хүн амтай. Эртний Сүн гүрний нийслэл байсан, гэхдээ тухайн үедээ Линьань хэмээн нэрийддэг байжээ. Одоо бол Жөзян мужийн засаг захиргааны төв. Өнгөрсөн есдүгээр сард Их-20 буюу G-20-ийн уулзалт Ханжоуд зохион байгуулагдсан. Мөн энэ уулзалтыг дагалдаад залуучуудын Y-20 арга хэмжээ ч бас болжээ. Эдгээр том арга хэмжээнд зориулж ихээхэн хүч хөрөнгө зарцуулсан нь нүднээ ил. Цаашид дэлхийн хэмжээний уулзалт, тоглолт, арга хэмжээг зохион байгуулж байхаар болсон тухай аяллын хөтөч дуулгана лээ. Бас тэрбумтан Жак Ма-гийн үүсгэн байгуулсан Alibaba.com-ын төв энэ хотод үйл ажиллагаа явуулдгийг танилцуулахаа мартсангүй. Хот, хөдөөний ялгааг арилгасныг У овогт шавилхан биетэй хөтөч залуу онцлон дурдав. Үүнийг хурдны замын хажуугаар болон тариалангийн талбайн дэргэд жирийтэл барьсан загвар ойролцоо дөрвөн давхар хауснуудаас харж болох ажээ.

Си Ху нуур хоёр мянга гаруй жилийн түүхтэй

Нуурын дунд байрлуулсан чулуун суварга нэг юанийн ард мөнхөрчээ

Хятадад очсон хэн бүхэн заавал үзэх үзэсгэлэнт газрын нэг нь Си Ху нуур. Монголчилбол Баруун гэх. Ханжоугийн төвд орших Си Ху нуур хоёр мянга гаруй жилийн тvvхтэй. Үзэсгэлэнт нуурыг зорин жил тутам 15 сая жуулчин очдог бөгөөд моторт болон сэлүүрт завиар зугаалан аниргүйн дайдаар аялах боломжтой. Энэ нутгаас зохиолч, яруу найрагчид олон төрөн гарсан бөгөөд нуурын тухай зохиол бүтээл, шүлэг найрагтаа мөнхлөн үлдээжээ. Си Ху нуур гурван аралтай. Бас Сү ти, Бай ти, Ян гүн гэсэн гурван далантай. Олон сайхан цэцэг, навч, мод сөөгтэй Сү ти далан дээр дурлалт залуус их очиж зугаалдаг учраас Хосын далан гэж нэрийдсэн аж. Си Ху нуурыг алдаршуулсан бас нэгэн зүйл бол нуурын дунд байрлуулсан суварга ю. Номин цэнхэр усны дунд алсаас ёрдойн харагдах гурван чулуун суварга нь 400 гаруй жилийн түүхтэй. Цувраа гурван эдгээр суварганы дүрс өдгөө нэг юанийн дэвсгэртийн ар талд мөнхөрчээ. Си Ху нуурын тухай үлгэр домог олон байдгийн дээр ардын дунд аман зохиол болон улам бүр дэлгэрсээр байгаа ажээ.

Бид Шанхай хот руу явах замдаа Хятадад төдийгүй дэлхийд хамгийн уртад тооцогдох гүүрээр гарах боломж тохиов. Харамсалтай нь харуй бүрий болсон учир тэрхүү гайхамшигт байгууламжтай сайн танилцаж амжсангүй. Ханжоу Бэйн гүүрийг Зүүн Хятадын тэнгис дэх Нингбо боомтыг Шанхай хоттой залган барьсан байна. Гүүрийн нийт урт нь 36 км. Төмөр болон төмөр бетоноор цутгаж хийсэн гүүр нь далайн хүчтэй шуургыг ч ажралгүй тэсэхээр бат бэх баригдсан гэсэн. Гүүрийг барьж байгуулахад 1,5 тэрбум доллар зарцуулсан юм байна.

Шанхай бол Хятад улсын дөрвөн том хотын нэг. Дорнод Хятадын тэнгисийн эрэг дээр Хөх мөрний цутгаланг дамнан орших энэ хот 23 сая хүн амтай. Дээр нь арваад сая хүн орж гардаг гэсэн статистик байдаг аж. Бас дэлхийн хамгийн том далайн боомтын нэг. Шанхай анх загасны аж ахуй, даавууны үйлдвэрлэл явуулдаг тосгон байж. Эртний Тан, Сүн улсын үед боомт хот болох эхлэл тавигджээ. Шанхай нь зүүн, барууны хоорондох худалдаа арилжааны гүүр байсан бөгөөд 1930-аад он гэхэд санхүү, бизнесийн томоохон төв болж чадсан байна. 1990 онд эдийн засгийн шинэчлэл хийснээр Шанхай дахин эрс хурдтайгаар хөгжиж, 2005 он гэхэд дэлхийн хамгийн том боомтоор нэрлэгдэх болжээ.


Өнөөдөр энэ хот Хятадын худалдаа, санхүүгийн хамгийн том төв төдийгүй олон улсын хэмжээнд томоохонд тооцогдох болжээ. Эдийн засгийн чөлөөт том бүс гэдэг нь аяндаа мэдрэгдэнэ. Худалдааны томоохон төв Пудон дүүрэг ч үүний бас нэг илэрхийлэл. Эртний түүхэн дурсгалт байшин барилгаа яг байсан хэлбэрээр нь харуул хамгаалалттайгаар олон нийтэд үзүүлдэг байна. Мөн хуучны барилгын хэв маягийг өөрчлөлгүйгээр тохижуулсан орчин үеийн пабуудад гаднын жуулчид шар айраг тамшаалан сууцгаана. Энд ирвэл заавал очих ёстой газрын нэг бол эртний Европын өнгө төрх, орчин үеийн хэлбэр хийцийг хослуулсан Нанжингийн гудамж. Урт гудамжаар машин тэрэг явдаггүй, зөвхөн явган зорчигчид хөлхөх бөгөөд шөнө дөл болсон ч дэлгүүр, хоолны газрууд нь нээлттэй их хөлийн газар гэдгийг мэдрүүлнэ. Шанхайн худалдаа наймааны гол төв болох энэ гудамж 1860-аад онд байгуулагдсан түүхтэй юм байна.

Одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр цамхгаар Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод байрлах “Дубайн цамхаг” тодроод буй. “Бурж халифа” буюу “Дубайн цамхаг” 828 метр өндөр. Хоёрдугаарт Шанхай Тауэр (Shanghai Tower) эрэмбэлэгджээ. Шанхай хотын төвд байрлах мушгирсан өвөрмөц хэлбэртэй уг цамхгийг 2008 оноос барьж эхэлсэн бөгөөд 2016 оны тавдугаар сард ашиглалтад оруулжээ. 632 метр өндөр, 127 давхар, 380 мянган метр квадрат талбайтай энэ цамхгийн өртөг 2.2 тэрбум ам.доллар болсон аж. Шанхай дахь Дэлхийн санхүүгийн төвтэй хаяа дэрлэн босгосон Шанхай Тауэрийн дизайныг АНУ-ын “Женслер” компани гаргаж, “Шанхай констракшн”, “Торнтон Томасетти”, “Генслер” зэрэг барилгын салбарт тэргүүлэгч компаниуд хамтран барьжээ. Энэ цамхгийн 119 давхар руу гарахаар жуулчдын дараалалд зогсов. Яг л нисэх буудлын гааль дээр үзүүлдэг шиг шалгуулаад нэвтэрлээ. Харин телевизийн мэргэжлийн камерыг оруулахгүй юм. Яаж ч учирлаад нэмэргүй. Цахилгаан шатанд хүмүүсийг арав арваар нь оруулна. 119 давхарт минут гаруйхан хугацаанд сүнгэнээд гарчих юм. Лифт нь ямар ч дуу чимээгүй, нам гүм. Байгууламжийн мушгиа гадаад хэлбэр дүрс, бүтэц нь салхины хүчийг хорь гаруй хувь бууруулахаас гадна барилгын өртөг зардлыг хэмнэх үүднээс боловсруулсан загвар гэнэ. Мөн мушгиа хэлбэртэй хаалтууд нь борооны усыг цуглуулж халаалтын систем болон агаар цэвэршүүлэхэд зориулагдсан юм байна.

Бидний дараагийн буудал Шанхайгаас зуу гаруй км зайтай орших Сужоу хот. 300 км/ц хурдтай галт тэргээр гуч хүрэхгүй минутад давхиад хүрэв. Урьд өдөр нь Шанхай хот дотор хөлөглөсөн дугуйгүй галт тэрэгний хурд 430 км/ц-ийг зааж байсан нь технологи нарийсч хурд улам өсч буйг харуулна лээ. Дорнын Венец гэж нэрлэгддэг Сужоу бол эртний түүхийг авч үлдсэн Хятадын гурван томоохон хотын нэгд зүй ёсоор ордог байна. Тайху нуураар төв болгосон таваг хэлбэртэй тэгш талд байрладаг Сужоу хотыг газрын диваажин гэж нэрлэх нь бий.

Жуулчдын нүдийг хужирладаг Сужоугийн эртний цэцэрлэгт хүрээлэнгүүдийг ЮНЕСКО 1997 онд “Дэлхийн өвийн жагсаалт”-д бүртгэж авчээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнгүүд нь хүний гараар бүтсэн хэдий ч байгалийн бүтээл мэт байгуулж чадсанаараа онцлогтой. Орон зайн төлөвлөлт, байршил, зохиомж, агуулга зэрэг нь жуулчдын сонирхлыг өөрийн эрхгүй татна. Тухайн цаг үедээ хувь хүний цэцэрлэгт хүрээлэн байсан болохоор талбайн хэмжээ тийм том биш хэдий ч бага орон зайд хязгааргvй уран санааг агуулж, жижгээр томыг, цөөнөөр олныг илтгэж чаддагаараа өвөрмөц гэж хөтөч тайлбарлана лээ. Ялангуяа адилтгалыг өргөн хэрэглэснээр харагдах байдлыг хувиргалт ихтэй, уран нарийн, нүд баясгам болгосноороо бусад цэцэрлэгт хүрээлэнгээс ялгардаг юм байна.

Зам дагуу керамик эдлэлийн дэлгүүр музейд түр саатав. Хөрслөг бор залуу ширээний ард суугаад баримлын шавар шиг зүйлээр жижиг аяга урлаж байлаа. Хийж байсан ажлаа түр хойш нь тавиад бидэнд музейгээ тайлбарлав. Хорь гаруй жил энэ ажлыг хийж байгаа тэрбээр удам дамжсан дархан аж. Энэ музейд тавигдсан үзмэрүүдийг зөвхөн тэр нутагт байдаг бор чулуугаар урладаг байна. Гол төлөв төрөл бүрийн хэмжээтэй гүц аяга хийдэг аж. Гэхдээ тэр бор чулуу ховор олдоцтой болсон учир 1984 оноос Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр олборлодог болсон байна. Бас зөвхөн гараар урладаг учир бүтээгдэхүүнийх нь үнэ өртөг өндөр. Хуучны дархчуул, тайлбарлагч залуугийн багш нарынх нь хэдэн зуун мянгаар үнэлэгдэх бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ. Хорь, гучин сая юань хүрсэн бүтээлүүд ч бий гэсэн.

Тайлбарлагч залуу гүц хэрхэн урладгийг үзүүлэв

Тайлбарлагч залуу нэг гүц хэрхэн урладгийг өөрийн биеэр үзүүлэв. Баримлын шавар шиг болгосон бор чулуугаа модоор тоншиж, төмрөөр хавтгайлж, хутгаар зүсэж барьцалдуулсаар гучаадхан минутад нэг гүц урлаадахлаа. Гэхдээ мэдээж шатаах хатаах гэх мэт бусад технологи ажилбар орохгүйгээр. Түүний ярьснаар өдөрт нэг гүц л гараас гаргадаг гэсэн. Торгон нарийн хийцтэй бол сарын хугацаа шаардагддаг байна. Нэг гүцнээс жижиг аягануудад ус дүүргэж үзүүлэв. Бариулан дээрх нүхэн дээр дарсан эрхий хуруугаараа ус гоожилтыг удирдчих юм. Мэлтэлзсэн мөртлөө аяганы амсар давж асгарахгүй байгаа нь түүхий эд болсон тэрхүү бор чулуутай холбоотой санагдсан шүү.

Лин Шань уулан дахь Да Фү буюу Их Буддагийн хөшөө

Бид Үси хотын Лин Шань уулан дахь Да Фү буюу Их Буддагийн хөшөө сүндэрлэдэг хүрээлэнг үзэхээр зорив. Орой 17:00 цаг дөхсөн учир хаалгаа барихаас өмнө арайхийн амжиж орлоо. Уулын өндөрлөг хэсэгт байрлуулсан Их Буддагийн хөшөө үдшийн бүрийд улам сүрлэг дүнхийн харагдана. Хөшөөний өндөр 88 метр. 700 тн зэсийн цутгамлаар босгожээ. Амар амгалан, нигүүлсэнгүйн дүрээр бүтээсэн Их Буддагийн өлмий дор усан оргилуур, цөөрөм, бадамлянхуа цэцгийг дүрсэлсэн хөшөө бүхий цогцолбор байна. Жуулчид тэр байгууламжийн оройн зүг гар утас, зургийн аппаратаа чиглүүлээд хүлээцгээж байв. Удалгүй хөгжим дуугаран усан оргилуур оргилох мөчид бадамлянхуа цэцгийн дэлбээ дэлгэрч бяцхан Будда мэндэлж байгааг харуулж буй нь бас л сонин. Сүрлэг хэрнээ уянгалаг хөгжмийн аянд дэлбээлэх лянхуа цэцгэн дундаас зүүн гарын долоовор хуруугаа гозойлгосон, буржгар үстэй бяцхан хөвүүн суурин дээрээ аажмаар нар зөв аажмаар тойрон эргэлдэнэ. Оргилсон ус бяцхан хөвүүнийг угаагаад доош урсаж цоргонуудаар гоожино. Таван минут орчим гоожих рашаанаас овсгоотой зарим нь ундааны саваа дүүргэж амжина. Энэхүү рашаанаас хүртэж, нүүр гараа угаавал сэтгэл болоод аливаа муу бүхнээ ариусгадаг хэмээн сүсэглэдэг байна.

Хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс толгойг нь илсээр байгаад гялайлгажээ

Цөөрмийн зэргэлдээ бурхан Буддагийн ариун мутрыг илэрхийлсэн хөшөө харагдана. Бас дээхнэдээ бол айл бүрийн хойморт залардаг байсан шаазан урлалын томруулсан хувилбар Энх-Амгалан хааны зэс цутгамлыг ч байрлуулж. Хааны өвөрт эрхэлсэн хүүхдүүдийн толгой элэгдэж гялайжээ. Хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс илсээр ийм болгосон хэмээн хэлмэрч Батаа тайлбарлав.

Хойд Хятадын Луоян хотоос өмнөд Хятадын Янжоу хот хүрдэг 1700 км урт суваг Суэцийн сувгаас арав дахин том аж. Хятадын их сувгийн бүтээн байгуулалт анх МЭӨ 506 онд эхэлсэн гэдэг. Ингэхдээ сувгийн ойр орчны хэдэн зуун том жижиг гол горхийг татаж, суваг шуудууг томсгох замаар нэгтгэн холбожээ. Сувгийг барьж дуусгасны дараа ихэс дээдэс бараа бологсдынхоо хамтаар энэ сувгаар аялан баян тансаг гэгддэг өмнөд нутгаар зугаацаж цэнгэдэг байж. Юань гүрний үед ч хааны зарлигаар их сувгийг засаж тордож, уртасгах ажлыг хийж байсан гэдэг. Тухайлбал, Бээжингээс Ханжоу хот хүртэл нэмж суваг татсан байна. Эртний Хятадын инженерийн гайхамшигт барилга байгууламжийн нэг болох энэ усан суваг өнөөдөр хэдийгээр бүрэн ашиглагдахгүй болсон хэдий ч орон нутгийн хэмжээнд, тухайлбал аялал жуулчлал, усан замын тээвэрт ач холбогдолтой хэвээр байгаа ажээ.

Нарийн Баруун нуур

Янжоу хотын түүхт дурсгалт гол газруудын нэг нь яахын аргагүй Шөү Си Ху нуур. Янжоу хотын баруун хойт хэсэгт 4,3 км урт сунаж тогтсон байрлалтай. Тиймээс Нарийн Баруун нуур гэж нэрлэжээ. Хуйжоугаас давсны наймаа эрхэлдэг ах дүү дөрвөн худалдаачин Цин эзэнт гүрний хаан Цян Лунтай дотно найзууд байжээ. Тэд хаанд зориулаад нуурын эргэн тойрныг харах, алжаалаа тайлах, зугаалах зориулалтаар цэцэрлэгүүд байгуулжээ. Тэгэхдээ өөрсдийн байнга очиж наймаа эрхэлдэг Хуйжоугийн барилгын загварыг дуурайлган гүүр, арал, далан, ордон, сүүдрэвчүүдийг нуурын эргэн тойронд донж хэлбэрийг нь тааруулан барьсан нь өдгөө жуулчдын үзэх дуртай орчинг бий болгосон аж. Мөн нэг шөнийн дотор Бээжингийн Цагаан суваргыг дуурайлган барьж байсан түүхтэй юм байна. Бас хаан 24 шивэгчин бүсгүйдээ зориулж тус бүрт нь зориулж гүүр барьж өгснийг хөтөч сонирхуулан ярьсан. Сюй юань хүрээлэн, нуман гүүр, жижиг Алтан уул, Чүй тай буюу ший үзэх тайз, нугас галууны тосгон, таван тагттай гүүр, цагаан суварга нуурын үзэмжийг улам тодотгодог байна. Тагт, дээвэр бүхий таван гүүрийг дээрээс нь харахад усан дээр ургаж байгаа бадамлянхуа цэцгийг санагдуулам. Нуман хэлбэрт гүүрнүүдийн дор гаргасан дугуй хэлбэрийн 15 нүхээр шөнийн саран шургахад сарны цугларалт болж буй мэт сонирхолтой, гоё харагддаг гэсэн. Тиймээс ч Янжоуг Сарны хот гэж бас нэрийддэг ажээ.

Бидний дараагийн очсон газрын нэг Жян Сү мужийн төв Наньжин хотын Жүн Шань уулын энгэрт орших Хятадын хувьсгалч Сун Ятсений бунханг зоригсдын хөл хөдөлгөөн их. Сун Ятсен 1911 оны аравдугаар сард Хятадын сүүлийн эзэнт улс болох Манж чин улсыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн аж. 1912 онд Бүгд Найрамдах Хятад Улс байгуулагдахад анхны түр ерөнхийлөгчөөр ажилласан төдийгүй сүүлд Гоминдан намыг байгуулалцаж анхны даргаар томилогдож байжээ. Сун Ятсенийг эзэнт улсаас хойших Хятад улсыг нэгтгэгч зүтгэлтэн гэж үздэг. Хятад болон Тайваньд хоёуланд нь хүндлэгддэгээрээ бусад удирдагч нараасаа ялгардаг юм байна. Түүний улс төрийн амьдрал байнгын тэмцэл зөрчил, дүрвэлт дунд өнгөрсөн бөгөөд хэд хэдэн хувьсгалт засгийн газрыг толгойлжээ. Наньжин хот бол Гоминдан намын Засгийн газрын байрлаж байсан газар. Тиймээс Сун Ятсенд зориулан энэ бунхан Наньжин хотын зүүн хэсэгт орших Жүн Шань уулан дээр 1929 онд байгуулсан ажээ. Нарсан ой модон дунд, уулын дээд энгэрт хувьсгалчийн амьдрал, үйл хэргийг бэлгэдэж Хятадын барилгын уламжлалт хэв загвараар уг бунханг байгуулсан юм байна.

Б.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

Мастеруудыг ялж улсын аварга үсчин болсон оюутан охин

Хэдхэн хоногийн өмнө болсон Үндэсний улсын аварга шалгаруулах үсчин гоо засалчдын уралдаанд Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн 14 оюутан амжилттай оролцсон байна. Энэ удаагийн уралдаанд аваргалж алтан медаль хүртсэн тус коллежийн Үс мастер технологичийн 2а ангийн оюутан Ж.Мөнгөнсувдтай ярилцлаа.


-Яагаад үсчин болохоор шийдэж энэ сургуулийг сонгосон талаар яриагаа эхлэх үү?

-Нэг эгч маань үсчин. Их мундаг үсчин л дээ. Түүнийг хэрхэн үс тайрч байгааг хараад би ч гэсэн үсчин болж чадах юм шиг санагддаг байсан. Гэхдээ Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийг сонгох болсон шалтгаан нь гэвэл бас нэг эгч маань энэ сургуулийг төгссөн. Маш сайн сургууль, сургалт сайтай, төгссөн хүүхдүүд ч нэр хүндтэй байдаг гэж хэлснийг сонсоод л орохоор шийдсэн юм.

-Та оюутан боловч улсын хэмжээний тэмцээнд оролцож алтан медаль хүртлээ. Олон жил ажилласан туршлагатай үсчингүүдтэй өрсөлдсөн. Таныг түрүүлэхэд хэр хүлээн авав?

-Мундаг үсчингүүдээс урмын сайхан үг сонссон. Уралдааны үеэр засалтаа хийчихээд гарч ирэхэд таван удаа тивийн аварга болж байсан үсчин Алтаншагай ах надад “Мундаг байна, сайн хийсэн байна, баяр хүргэе” гэсэн. Ингэж хэлсний дараа хүмүүс надад “Чиний хийсэн засалтыг шүүгчид их хараад байна. Ер нь боломжийн хийсэн бололтой” гэж хэлсэн. Энэ тэмцээнд оролцоход сургуулийн маань дэмжлэг туслалцаа маш их хэрэгтэй байсан.

Намайг оюутан болж энэ сургуульд орж ирснээс хойш тэмцээн уралдаанд оролц гэж байнга шахаж шаарддаг байлаа. Багш нар маань “Чи оролцох ёстой, хичээ, хий, бэлд” гэж байнга хэлдэг. Үүний үр дүнд би энэ медалиудыг авсан гэж боддог.

-Оролцсон төрөл, хийсэн засалтынхаа талаар манай уншигчдад сонирхуулаач.

-Техникийн төрлөөр оролцсон. Эмэгтэй креатив засалт хийсэн. Ер нь бол нэлээн хүнд, тэр болгон үсчид хийгээд байдаггүй. Эмэгтэй, эрэгтэй креатив гэдэг маань дэлхийн хэмжээний тэмцээн дээр хийгддэг засалт.

-Та сая энэ бол нэлээд хүнд төрөл нь гэж хэллээ. Чухам юу нь хүнд байдаг юм бол?

-Энэ засалтыг хийхдээ сэнс, лак ашиглаад өөрийн төсөөлөлд байдаг зүйлээ үсээр илэрхийлнэ гэсэн үг. Үүнд маш олон төрлийн тайралт ордог, өнгөний уусалт, зохицолдоо гэх мэт. Орчин үеийн трендийг хүртэл тусгаж өгдөг маш нарийн ажиллагаатай. Хүн харахад хэлбэржүүлээд будаг тавьсан юм шиг санагдах боловч хийхэд маш нарийн ажиллагаа шаарддаг.

-Энэ тэмцээнд оролцохдоо ийм засалт хийнэ гэдгээ хэзээ шийдэж аль хэр удаан бэлдэв?

-Нэг их удаан бэлдээгүй. Багш нартайгаа ярилцаад олон улсын тэмцээнүүдийн засалтуудаас санаагаа авсан. Яагаад гэхээр сүүлийн үеийн чиг хандлагыг тусгаж өгсөн байх шаардлагатай гэж удирдамжинд заасан байлаа. Багш нартайгаа нийлж судалгаа хийж, өнгө зэргээ сонгосон. Монгол Улсын мастер үсчин Балжинням, Одгэрэл, Булгантуул багш нар маань намайг дасгалжуулж бүгд л дэмжсэн.

-Танай Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн зүгээс нэлээд дэмжлэг үзүүлсэн гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-Манай сургуулиас уг тэмцээнд оролцсон оюутнууддаа туслалцаа үзүүлж засалт хийдэг шинэ маникюр буюу толгой өгсөн байгаа. Тэр нь нэлээд үнэтэй л дээ. Түүнээс гадна тэмцээний бүртгэлийн хураамжийг төлснөөр том боломж олгосон.

-Мэргэжлийн өндөр түвшний үсчидтэй өрсөлдөж байхдаа ялна гэж бодож байсан уу?

-Ялахын төлөө хичээсэн. Яагаад гэхээр манай сургуулийн захирал бидэнтэй уулзалт хийхдээ “Аль болох хичээх хэрэгтэй шүү. Бид та нарт боломжоороо тусалж байна” гэсэн. Ийм өндөр зардал гаргаж тусалж байхад нь хичээх ёстой юм байна гэж бодсон. Тэмцээний өмнөх өдөр би таван минут ч унтаж чадаагүй. Нойргүй бэлдсэн.

-Дараагийн удаа ямар тэмцээнд оролцох юмсан гэж бодож байна?

-Дараагийн удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохыг хүсч байгаа. Аль болох энэ мэргэжлээ хөгжүүлэхийг эрмэлздэг. Миний боддог ганц зүйл гэвэл дэлхийн хэмжээний үсчин болох. Тиймээс дараагийн удаа дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохын төлөө хичээх болно. Хамгийн гол нь энэ мэргэжлийг заалгасан сургуулийнхаа нэрийг, Монгол Улсаа авч явна гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Мэндбаяр: Би хэлсэн бол хийдэг, хийхгүй бол хэлдэггүй

“Глоб”-ын гэдгээр нь хүмүүс андахгүй мэдэх Ж.Мэндбаяр “Хадгаламж зээлийн хошоо”-ны хэрэгт буруутгагдан 10 жил хэртэй хугацаанд хоригдоод өнгөрсөн жил суллагдсан. Тэрээр хорихоос гараад 10 хоногийн дараа олон нийтэд мэдээлэл хийж, “Глоб Кредит” хадгаламж зээлийн хоршооны хохирогч болсон иргэдийн хохирлыг барагдуулна гэдгээ мэдэгдэж байлаа. Саяхан уг хэрэгтэй холбоотой асуудал дээд шүүхээр хэлэлцэгдэж, тухайн үед төрд ажиллаж байсан хэдэн хүний буруутай үйл ажиллагаа хэрэгт нөлөөлсөн болох нь тогтоогджээ. Гэхдээ тэрээр хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын төлбөрийг барагдуулаад, дуусах шатандаа яваа юм байна. Мөн тэрээр “Өнөр хаус” хэмээх үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхийн хажуугаар, хэд хэдэн томоохон төслийн ажлуудыг эхлүүлээд байгаа ажээ. Ж.Мэндбаяртай уулзаж ийнхүү ярилцлаа.


-Сонин сайхан юу байна. Та ямар ажил эрхэлж, ямар бизнес хийж байна вэ?

-Би “Өнөр хаус” гэж компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Энэ манай хүүгийн компани юм.

-Танай компани арай өөр маркетингаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулаач?

-Манайх “Өнөр олуулаа, эв найрамдалтай амьдарна” гэсэн утгатай “Өнөр хаус” гэж компани байгаа юм. Одоогоор үл хөдлөх хөрөнгө зуучлалын чиглэлээр ажиллаж байна. Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компани гэхээр хүмүүс байр зарах, авах гэж байгаа хоёр хүнийг хооронд нь уулзуулахгүйгээр, үл хөдлөх хөрөнгийн арилжааг нь зохицуулж өгч байгаа үйл ажиллагаа гэсэн ганцхан ойлголттой байдаг. Бид үүнийг арай өөрөөр харж байна. Манай компани үл хөдлөх хөрөнгийг зуучлахдаа, нэмэлт үйлчилгээнүүдийг үзүүлэх ёстой гэдэг үндсэн зарчимтай. Жишээлбэл, одоогийн байдлаар байраа зарах гээд орж ирж байгаа хүн нь бичиг баримтын зөрчилтэй байвал бусад компаниуд “танайх болохгүй, баяртай” гээд явуулчихдаг юм байна. Манайх бичиг баримтын зөрчлийг нь хүртэл арилгаж өгнө. Мөн зарим үл хөдлөх хөрөнгүүдийг сайжруулах, засах шаардлагатай бол засварлана. Худалдан авалтын дараа ч үйлчилгээ үзүүлж болно. Манайхаар байраа заруулах гэж байгаа бол өөрөө байраа зарж болохгүй гэсэн хатуу зарчим тогтсоныг ч бид хална. Өөрөөр хэлбэл, манайх үл хөдлөх хөрөнгө зуучлахдаа нээлттэй, хаалттай, онцгой гэсэн гурван өөр төрлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу ажиллана. Ингэхдээ урьдчилгаа төлбөр авахгүй. Мөн амралтын өдөр нэг өрөө байр сонирхож байгаа хүмүүс цуглаад, тусгай автобусанд суугаад, замдаа халуун хоол цайгаа ууж, идэнгээ амралтын журмаар, манайд байгаа бүх нэг өрөө байруудыг яваад үзэх боломжтой зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа юм. Мөн үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлд зуучилж байна. Эдийн засагчдын хийдэг ажлыг бид хийж өгнө гэсэн үг. Үүнээс гадна түрээсийн үйл ажиллагаан дээр бас зуучилна. Зөвхөн түрээслэгч олж өгөх биш. Түрээсийн бүх хугацаанд тухайн түрээслэгчээс мөнгийг нь авч өгнө. Байрыг эвдэлж, бохирдуулсан бол бид засварлуулж өгөх жишээний. Мөн гацсан төслүүдэд ч хөрөнгө оруулалт олж өгнө. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар асуудал байна. Бүгдийг бид шийднэ.

-Орчин цагийн арай өөр нөхцөлтэй зуучлал юм байна. Бусад орны туршлагыг Монголын хөрсөнд буулгаж байна уу. Жишээлбэл Европт иймэрхүү байдаг болов уу?

-Германд нүүлгэлт нь байдаг юм. Бусдыг нь бид зохиочихсон. Би зохиосон юм биш, амьдралд тэртэй, тэргүй ийм хэрэгцээ шаардлага байна.

-Хямрал дагаад манай барилгын салбар зогсонги байдалд орсон. Та хамгийн тулгамдсан асуудалтай салбарт ажиллаад эхэлчихэж, хэр хүндрэлтэй байна вэ?

-Үүнийг би үүргээ гэж боддог. Би энэ улсын иргэн учраас үүрэгтэй. Эрх болгоныг дагаж үүрэг бий. Мөн нэг талаараа би бусдын үл хөдлөх хөрөнгүүдийг зарж өгч амьдрах гээд байна. Би нэгэнт хоолоо олж идэх гэж байгаа учраас гарцыг олох хэрэгтэй. Яаж орон сууцыг эргэлттэй болгох уу. Энэ бизнесээ сайн явуулахын тулд гарц, шийдлүүдийг бусдад санал болгох бодол надад бий. Одоогийн байдлаар шинээр баригдсан орон сууцнууд барьсан эзэндээ зовлон болчихсон байна. Барилгын компанийн эзэд тэрийг барьсныхаа төлөө өнөөдөр цаазын тавцанд зогсож байна шүү дээ. Ийм байдлыг төр бий болгосон. Төр байшин барих боломж олгож өгчихөөд, борлуулах боломжийг нь хаачихлаа. Эрэлтийг дэмжинэ гэдэг чинь нийлүүлэлтийг дэмжинэ гэсэн үг. Товчхон хэлэхэд хамгийн түрүүнд найман хувийн зээлийг олго. Орон сууцнуудыг эргэлтэд оруулахын тулд найман хувийн зээлийг хэзээ үргэлжлүүлэх гэж байна гэдгээ хэл. Хамгийн ашигтай ажиллаж байгаа аж ахуйн нэгж гэвэл банк л байна. Барилгын эзэд зээлэндээ шатаад, машинаа ломбарданд тавьж ажилчдынхаа цалинг өгч байна. Банкууд хэзээ зээл өгөх өгөхгүй нь мэдэгдэхгүй материал аваад л байдаг.

-Банкууд өөрсдийн хамтардаг компаниудынхаа орон сууцнаас авах иргэнд зээл олгоно гэж байна лээ?

-Банкууд өөрөө санхүүжүүлээд барилга бариулчихсан болохоор өөрийнхөө мөнгийг олж авах гэж ийм арга хэрэглэж байгаа юм. Найман хувийн зээлтэй холбоотойгоор ийм олон орон сууц баригдсан. Зээл тасалдахгүй явж байвал орон сууцнууд борлогдоно. Найман хувь үргэлжлэхгүй юм бол энэ болтол ямар арга хэмжээ авах юм бэ. Ямар нэгэн гарц гаргалгаа хийх хэрэгтэй ш дээ. Надад бол гарц харагдаж байна. Төр эхлээд зээл, дараа нь урьдчилгааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Надад аль, алийг нь шийдэх гарц байна. Төрийн мэргэжилтэн, бодлого тодорхойлдог хүмүүст саналаа хэлж, хэрэгжүүлүүлж, би хүмүүсийн орон сууцыг зарж өгмөөр байна.

-Ямар гарц, гаргалгаа харагдаж байна?

– Зээлийн шугамаа нээтэл үнэт цаас ашиглаж болно. Захиалагч нар 30 хувийн төлбөрөө төлөөд байрандаа орчихно. Үлдсэн 70 хувьд нь банкнаас зээл авчихна. Банк тэр үнэт цаасаа компанид өгнө. Компани тэрүүгээрээ буцаагаад банкинд зээлээ төлчихнө. Энэ чинь зээлийн хэрэгсэл шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэдэн сарын тэдэнд, тэдэн төгрөг өгнө гэдэг баталгаа. Тэр хоорондоо компаниуд асуудлаа шийдчихнэ шүү дээ. Монголын үнэт цаас гаргадаг компаниуд 30 хувиа авчих, 70 хувь дээрээ үнэт цаас гаргачих. Мөн иргэд үлдсэн 70 хувиа зөвхөн компанидаа төлөөд байж болно. Зүгээр зогсож байхаар ийм арга хэмжээ хүртэл авч хийж болох байхгүй юу.

-Орон сууцны урьдчилгаа мөнгө нь бэлэн, байр авах хүсэлтэй иргэд олон байна уу?

-Ер нь байрны урьдчилгаа барьчихсан хүмүүс олон байна шүү. Зээл зогсчихсон учраас найман хувь эхлэхийг хүлээж байна гэсэн хүмүүс нэлээд бий. Мөн урьдчилгаа байхгүй гэдэг асуудлыг хүртэл шийдэж болохоор байна. Ийм боломж байна. Үүнд төр анхаарлаа хандуулах л хэрэгтэй. Жишээлбэл, барилгын компаниуд урьдчилгаа болох 30 хувийг хүртэл зээлд хамруулж болно шүү дээ. Ийм нөхцөл тавьж байгаа компаниудыг татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч болно. Барилгын бизнес эрхэлдэг хүмүүс тойрч суугаад ярилцах хэрэгтэй байна.

-Та үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр тууштай ажиллах уу, шинээр хэрэгжүүлэх гэж байгаа томоохон төсөл бий юү?

-Манай компани энэ сараас эхлээд хоёр төсөл дээр ажиллаж эхэлж байна. Би шууд хэлчихье. Улаанбаатар хотыг утаагүй болгох арга надад байна. Утааг арилгахад гурван жилийн хугацаа шаардлагатай. Машины яндангийн утааг би аргалж чадахгүй. Яндангаас утаа хаяулахгүй болгодог арга байдаг байх. Тэрийг өөр хүмүүс нь хийнэ биз. Гэр хорооллын утааны 70 -80 хувийг арилгаж чадна. Гурван мянган жилийн түүхтэй монгол гэр түүхэндээ гурван удаа өөрчлөгдсөн юм байна. Мянган жилд нэг өөрчлөгддөг гэсэн үг. Одоо дөрөв дэх мянган жилдээ орчихож, мянган жилд нэг хийдэг өөрчлөлтийг би хийе. 2030 он хүртэлх гэр хорооллыг сайжруулах бодлого гэж гаргасан юм байна лээ. Хотод нийтдээ 180 мянган гэр байгаа юм. 80 мянга нь гэр хорооллын дахин төлөвлөлт зэрэгт ороход цаана нь 100 мянган гэр үлдэнэ. Одоо гэр орон сууц болох хэрэгтэй байна. Монгол гэрийг өөрчлөхдөө дулааны шугам, цэвэр бохирыг нь хүртэл шийднэ. Дотор нь унтлагын өрөө, гал тогоотой орон сууц шиг байна. Үнийн хувьд 15-20 сая. Зөвхөн газраа барьцаалаад 15 жилийн зээл авч болно. Нэг жилд нэгхэн сая төгрөг төлнө гэсэн үг. Миний хийж байгаа төслийн гэр хоёр, гурав, дөрвөн өрөөний сонголттой, нарны эрчим хүчээр дулаан, цахилгаанаа шийддэг, шалны халаалттай байна. Мөн гэрт зориулсан дугуй загварын барилгууд хийнэ.

-Нэг төсөл нь?

-Ахмадын хот барина. Хотоос 50-60 км-ийн цаана ахмадын хот байгуулна. Тэнд зөвхөн ахмадуудад зориулсан бүх үйлчилгээ байна. Спорт цогцолбор, дугуйлан шатар, даам, даалуу, хөзөр тоглох боломжтой. Ахмадуудад хамгийн хэрэгтэй юм бол найзууд байдаг. Мөн тэнд нь 24-ийн цэцэрлэг, дунд сургууль хүртэл барина гэж төлөвлөж байна. Тэр хот дотроо болж өгвөл машин явуулмааргүй байна. Харин босоо сүйх тэрэг, тэмээн хөсөг, унадаг дугуй, цахилгаан машинууд явуулна. Харин гаднаас очиж байгаа хүмүүст зориулсан тусгай машины гаражтай байна. Тэнд туслах аж ахуй, фермертэй. Тэр ахмадын хотхонд амьдарч байгаа бүх хүн тэндээ хувьцаа эзэмшдэг. Сүү, цагаан идээ, ногоогоо тэндээсээ хангачихна. Ингээд сайхан амьдарна. Энэ бол боловсон халамжийн бодлого. Энэ гэх мэтчилэн төслүүдийн ажилдаа орж байна. Би хэлсэн бол хийдэг, хийхгүй бол хэлдэггүй. Хотын түгжрээг багасгах арга дугаарын хязгаарлалт биш. Дугаарын хязгаарлалтаас болж нэг айл хоёр машинтай болж байна.

Н.ГАНЧИМЭГ

Үргэлжлэл бий


Categories
мэдээ цаг-үе

Дамбын ШАГДАРСҮРЭН: Онцгой байдал хариуцсан Шадар сайд “Зуун жилд болоогүй хатуу өвөл болно” гэж гадны хүний үгээр намирах утгагүй

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй уулзаж хөөрөлдлөө.


-Энэ сарын 1-ний өдөр тантай хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын нутагт явж байхад өвлийн дунд сарын шинийн хоёрны сар гарч та “Энэ сардаа цас зудгүй сайхан байх нь” гэж шинжиж байсан. Сар шинжихэд “Ийм сар гарвал хэдэн километрийн тойрог нутагт цас зуд болохгүй” гэх тийм шинж тэмдэг мэдэгдэх үү?

-Бөмбөрцөг чинь бөөрөнхий. Сая бид шинийн хоёрны сарыг Баянхонгорын Өлзийтөд харлаа. Тэгэхэд Дорнодод харвал нэг өөр, Ховд, Увс, Говь-Алтайгаас харвал бас нэг өөр л харагдана шүү дээ. Шинийн тавны сар гарах үед Өмнөговиос “Шагдарсүрэн гуай та сар харж байна уу. Маш хачин сар байна. Бөөрөнхий хүрээтэй, тэр нь хөх туяатай, голдоо тод одтой” ч гэх шиг утасдаж байна. Гараад харлаа. Улаанбаатарт утаа, чийдэн хоёрт сар ажиглах тун бэрхшээлтэй. Тэнгэр цэлмэг байсан тулдаа байрныхаа гаднаас харлаа. Махирынхаа дотор талд нэг гялгар од яах аргагүй байна. Утаанаас ч болсон уу, хүрээ нь ажиглагдсангүй. Тэгэхээр нь би Өвөрхангайн Хархорин руу нутаг руугаа утасдлаа. Тэндээс “Онцгой юм алга. Сайхан цэлмэг байна” л гэж байна лээ. Одоо сарны тойрог чинь дэлхийд ойрхон хэсэг дээрээ явж байгаа л даа. Эртээр 15-ны сарыг “Орчлонд байхгүй том сар алган дээр чинь буугаад ирнэ” гэж цуураад байсан даа. Сар зуйван дугуй тойргоор дэлхийг тойрч байгаа шүү дээ. Зуйван дугуйгийнхаа хоёр хажуу талд ирэхээрээ сар дэлхийд ойртож харагдана. Хоёр үзүүрт нь очихоороо холдож харагдана. Холын юм гэдэг чинь жижиг харагдана биз дээ. Сарны тойрог чинь ерөөсөө л механик ойлголт. Газарзүйн өргөрөг, уртрагийн хуваариар Өмнөговиос харахад нэг янз, Өвөрхангайн Хархориноос харахаар өөр янз харагдаж байна. Тэрэнтэй адилхан шинийн хоёрны сар ч ялгаагүй аль нутагт ямар харагдана, тухайн орчиндоо л нөлөөлнө гэсэн үг.

-Таныг цаг уурч гэдгээр тань Монголын ард түмэн дэндүү сайн мэднэ. Цаг уурч мэргэжлийг хэзээ эзэмшив?

-Би эзэмшсэн мэргэжлийнхээ дарааллаар сонин хэвлэлд цаг уурч, сэтгүүлч гэж заавал бичдэг юм. МУИС-ийн цаг уурын ангийг 1975 онд төгссөн. Цаг уурч гэдэг дотроо олон салбартай мэргэжил шүү дээ. Уур амьсгал судлалын, цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг синоптикч цаг уур, агаар мандлын дээд давхаргыг судалдаг мэргэжилтэн, бэлчээр ус судалдаг хөдөө аж ахуйн цаг уурч гээд маш олон төрлөөс минийх цаг агаарын урьдчилсан мэдээ гаргадаг нь юм. Их сургууль төгсөөд Дорнод аймгийн цаг уурын товчоонд гурван жилийн гэрээтэй хуваарилагдан хоёр жил найман сар ажиллаад Цаг уурын хүрээлэнд ажиллаж байгаад 1978 онд Дэлхийн цаг уурын байгууллагын олон улсын хайгуул судалгааны экспедицид оролцож Энэтхэгийн болон Номхон далайгаар явж 1979 оны наймдугаар сард ирсэн. Эргэж Цаг уурын хүрээлэнд 1990 он хүртэл ажилласан. Тэндээс Монголын радио гэдэг айлын хүн болсон доо.

-Манай малч удамтай өвөг дээдэс тэнгэр унших өөрийн гэсэн эрдэмтэй улс. Эрдэмтэн лам нар нь одон зурхайгаар бас цаг агаарыг уншдаг байж. Та цаг уурыг урьдчилан таамаглах өөрийн мэргэжлээ өвгөдийн их эрдэмтэй харьцуулж шинжилж үздэг байв уу?

-Судалж үзээд байх ч юу байхав. Манай багш Лувсангийн Нацагдорж хэмээх том эрдэмтэн намайг “Хүн орчин үе рүүгээ урагшаа харж явдаг байхад чи арагшаа ухарч явах юм” гэж шүүмжилдэг л байсан. Би оюутан байхын л өвгөдийнхөө ухааныг шүтдэг хүн байсан. Орчин үеийн шинжлэх ухааны цаг агаарын урьдчилсан мэдээ гаргаад, тэрийгээ богино хугацааны өглөөний нар харах, өглөөний үүл харах ч юм уу, урт хугацааны сар мичдийн тохиол, дунд хугацааны гэхэд урьд сарын 27-ны сар, шинийн хоёрны сар зэргийг ажиглаж дүйх нь үү, үгүй юу гэдгийг анзаарч явдаг байхгүй юу. Би ч багшийн үгэнд орохгүй “арагшаа харж” явсаар үүнийгээ дагнаад хийчихдэг болсон юм. Түвд, хятадаас монгол хэл рүү буулгасан хуучны ном судар ч бишгүй харсан. Хамгийн наад зах нь гэхэд “Элдэв хэрэгт хаш хайрцаг” гэдэг судрыг эргүүлэхээр шинжлэх ухааны зах зух үзчихсэн хүн чинь ардын ухаан үүнийг юу гэж тайлах бол гээд хорхой хүрээд байдаг юм. Заримд нь өөрийн ажиглалт, тайлбараа ч хийнэ.

-Тухайлбал, тэр тайлбар ажиглалтаасаа хуваалцаач!

-Олон хоног урдаасаа, зүүн урдаасаа, баруун урдаасаа салхилаад байвал ар дээр нь тэнгэр заавал муудна. Өмнө зовхисын гурван зовхис байна шүү дээ. Энэ гурван зовхисоос салхилаад байвал цаг уурын мэргэжлийн хэлээр бол өндрийн хотос гэдэг агаарын урсгал орж ирж байгаа юм. Энэ их хөгжих юм бол агаарын циклон болж тогтдог. Урд гурван зовхисоос салхины урсгал дайрч өнгөрөөд салхи дахин эргээд баруунаасаа, баруун хойд талаасаа, хойд талаасаа болоод процесс дуусна гэсэн үг. Яг тэр салхин чиглэлийн уулзвар дээр цаг уурын бидний хэлдгээр агаар мандлын фронт гэж дулаан, хүйтэн хоёр агаарын массын уулзвар нийлдэг. Энэ уулзвар дээр л бороо, цас, хур тунадас орж, шуурга тавьдаг. Өмнө зовхисоос салхилахыг малчид маань салхи урих гэдэг дээ. Араас ирж байгаа цас, бороогоо нэг ёсондоо урьж байхгүй юу.

-Салхи урих гэснээс манай яруу найрагчдын “Бямбадаа орсон бороо нямдаа тогтсонгүй. Бүтэн долоо хоног орох нь” гэж шүлэглээд байдаг бас учиртай байх нь уу?

-Агаар тэнгэрийн муудах үзэгдлийн гурваас долоо хоногийн үелэл байдаг. Газрын мандлаас таван километр өндөр дэх агаарын урсгал газрын гадарга дээрх цаг агаарын байдлыг үндсэнд нь жолоодож явдаг байхгүй юу. Долгион л яваад байгаа юм. Тэр долгилсон юм тухайн газар нутагт дайран өнгөрөх хугацаа бол дунджаар тав, зургаан хоног байгаа юм. Тэгэхээр “Бямбадаа орсон бороо нямдаа зогсохгүй нь” гэдэг чинь долоо хоног орно, цааш үргэлжилбэл цаг агаар муудна гэсэн үг болно. Нөгөө өндрийн хотос чинь гүнзгийрээд өндрийн циклон болоод тогтчихоор шилжилтийн хурд нь багасаад орох хур тунадас нэмэгдээд тухайн газар нутагт цаг агаар удаан хугацаагаар муудаж байгаа юм.

-Зүгээр ч нэг шүлэг биш болоод явчихав аа?

-Биш биш, тэр чинь шинжлэх ухааны үндэстэй юм байхгүй юу. Тэр байтугай ардын дуунд хүртэл ийм үндэслэлтэй зүйл их байна.

-За, ямар дуунд байх юм?

“Баруун хойноос үүл нь гарлаа

Бас л бороо орох нь дээ” гэсэн дуу байна. Энэ бол агаарын фронт хурдан дайраад өнгөрөхийг хэлж байгаа юм. “Бас л” гэдэг чинь дахин дахин гэсэн үг. Түр зуур бороо орох нь ээ гэсэн ойлголт. Нөгөө дуунд чинь

“Зүүн хойноос үүл нь гарлаа

Зүс бороо орох нь ээ” гэж байгаа юм. Нөгөө гурваас тав хоног хоног болоод өнгөрдөг өндрийн хотос чинь тухайн нутаг дээр хурд нь удаашраад, битүү хуйлраа үүсчихэж байгаа юм. Тэгэхээр мөддөө арилж өгөхгүй нь дээ. Нар буруу урсгалтай өндрийн циклон мөд явж өгөхгүй нь ээ гэсэн үг болж байгаа юм. “Зүүн урдаас урьсан зүс бороо” гэдэг чинь удаан хугацааны бороо байхгүй юу. Ардын дуунд хүртэл ийм сонин үндэслэл байж байна гээд бод доо.

-Өвөл, зуны улиралд есөн ес байдаг гээд байгаа. Үүнээс бид мэт нь өвлийн есийг л мэдэх юм даа?

-Халууны ес, хүйтний ес гэж байна. Энэ есүүд улирал сарын ерөнхий төлөв байдлыг дундажлаад хэлчихсэн үзүүлэлтүүд гэж ойлгомоор байгаа юм. Тухайн жил хүйтэн болоод таван ес дуусчихаад байхад тавьсан будаа гэсэхгүй байж болно. Тэртээх 1944 оны мичин жилд таван ес дуусахад тавьсан будаа гэсээгүй байх гэж би дотроо боддог юм. Ес гэдэг тэгэхээр уур амьсгалын дундаж үзүүлэлт л байгаа юм. Идэр гурван ес гэхэд тухайн жилийн хүйтний туйл болдог гэсэн үг.

-Манай төр засгийн эрх мэдэлтнүүд саяхан “Зуун жилд тохиогоогүй хүйтэн өвөл болно” гээд цуурцгаасан. Та энэ мэдэгдлийг юу гэж бодож байв?

-Амьтан тэгж цуураад байгаа дуулдсан юм. Онцгой комиссын хурал арваннэгдүгээр сарын эхээр Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд болсон. Тэр хуралд би сууж байлаа. Тэнд Ус, цаг уур, орчны шинжилгээний дарга Энхтүвшин цаг агаарын ерөнхий төлөв байдал, цасан бүрхүүл ямар байна вэ, цаг хүндрэхэд зудын эрсдэлтэй нутгууд хаа байна вэ гэдгийг тайлагнасан. Хөдөө аж ахуйн сайд гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар танилцууллаа. МҮОНРТ-ээр “Зуун жилд байхгүй хүйтэн болно гэж мэргэжлийн байгууллага мэдэгдлээ” гэж “Цагийн хүрд”-ээр гарсан юм. Энэ тухай би Энхтүвшин даргаас “Танайх ямар үндэслэлээр энэ мэдэгдлийг гаргав” гэж асуулаа. Энхтүвшин дарга “Манайх тийм мэдээ гаргаагүй” гэсэн. Тийм мэдээлэл гаргах үндэслэл яагаад ч байх ёсгүй л дээ. Манай Ус, цаг уур, орчны шинжилгээний газарт зуун жилийн өмнө ямар байсныг харах материал байхгүй. 1936 оноос Чойбалсан, Өндөрхаан, Улаанбаатар, Улаангом, Улиастай, Даланзадгад зэрэг цөөн тооны газарт ажиглалтын станц тавьсан болохоор сайндаа 80 жилийн материал байгаа. Тэгсэн Онцгой комиссын хуралдаан дуусаж байх үед У.Хүрэлсүх сайд гар утаснаасаа харсан уу, яасан “Түрүүний сэтгүүлчийн асуултад нэмж хариулахад Германы сэтгүүл дээр тэгж бичсэн байна” гэж байгаа юм. Германы нэг сэтгүүлчийн бичсэнээр “Монголд аюултай хүйтэн болно” гэж Монгол Улсын төр засаг бодлогодоо оруулна гэдэг туйлын буруу зүйл юм даа. Өөрийн гэсэн албан ёсны мэргэжлийн байгууллага нь мэдээ гаргаагүй гэж байхад гадны хаа хамаагүй хүний ам дагаж намирна гэдэг даанч нэг болохгүй зүйл мөн биз.

-Өвлийн эхэн сар ч ингээд дуусчихлаа. Таны ажигласнаар өнгөрөгч зуун жилийн дунджаар өвөл ямаршуухан болох бол?

-Минийхээр гэсэн арга чарга байхгүй шүү дээ. “Чингис хаан” дээд сургуулийн багш, түүхч Балжинням Монголын түүхийн тухай есөн боть гаргасан. Балжинням ямар нэгэн дүгнэлт хийлгүй, олдсон бүх баримтыг жагсааж бичсэн. Тэр түүхч хүний хамгийн чухал ажил шүү. Энэ номд хэдэн онд, ямар ган зуд болсныг бичсэн байдаг. Тэрнээс өмнө “Халх товчоон”-д Гонгор гуай Монголын нутагт болсон ган зудын талаар мэдээлэл өгсөн байдаг. “1872 онд Халхын төв хэсэгт айхтар ган болж, хээрийн өвс аяндаа ноцож, арван тооны адуу үхэр тутмаас найм ес нь үхэж байв” гэж бичиж үлдээсэн байдаг. Тэр үеийн халхын нутаг гэдэг одоогийн монгол орны газар нутгаас хамаагүй том байсан цаг. Өмнөд Монголын нутаг хамрагдаж байсан байж таарна. Шинжлэх ухааны үндэслэлтэй цаг уурын мэдээ хуримтлуулдаг болсноос хойш хүн бүхний мэддэг 1944 оны мичин жилийн зуд байна. Миний мэдэрсэн 1968 оны мич, 1980 оны мичин жилүүд байна. Мичин жил болгон зуд болж байгаагүй. Сайхан мичнүүд байна. Мичнээс илүү зуд болж байсан жилүүд олон байна. Их гахай жилийн зуд гэж манайхан их ярьдаг. 1947 оны гахай байна. 1932 оны мич нэлээд ширүүн болсон гэж ярьдаг юм билээ. Мичин жил бүхэн ч аюул тариад байдаггүй юм, хөөрхий. 1968 оны мичин жил дөчин дөрвөн оныхоосоо зөөлөн байгаагүй. Гагцхүү ЗХУ-ын тусламжаар даван туулсан байдаг. Нутгийн мөчлөгөөс шалтгаална. Бид хоёрын сая явсан Баянхонгорт л гэхэд юун зудын тухай ярих, харин ч малын амны ус байна уу, үгүй юу гэж ярих хэрэгтэй болж байгаа биз дээ. Эрдэнэсантын тал жилийн жилд цастай байдгаараа жаахан цастай, Төв аймгийн Баянцогтын ар байнга шуурдгаараа явган шуургатай байлаа шүү дээ. Тэгэхэд цааш дандаа бараан байна.

-Монгол орны баруун, зүүн тал ямаршуухан байдаг юм бол доо?

-Дорнодын хойд тал, Хянганы нурууны ар, ерөнхийдөө зүүн аймгуудын нутаг, Дорнод Монголын тал зундаа гандуу байж байгаад намрын сүүлчээр асар их бороо ороод баллаад хаячихлаа. Есдүгээр сард орсон бороонд өвс ногоо ургаад зун болж байгаа юм шиг болж байгаад араас нь цас залгаад мөсөн бүрхүүл тогтоод Дорнодын Цагаан-Овоо зэрэг сумд хачин болчихлоо шүү дээ. Баруун талд хамгийн сонирхол татаж байгаа газар бол Ховдын Байтагийн нуруу байна. Байтаг чинь өдийд малын амны цас байна уу, үгүй юу гэж байдаг газар. Тэгтэл энэ өвөл хамгийн их цастай газрын тоонд орчихсон явж байна. Цаг уурын ажиглалтын талбай дээр 28-30 см цас тогтчихсон, уулаараа морь гэдэсдээд явахгүй байна л гэж байна. Монголын бүх нутаг даяар ширээний тавцан дээр будаг түрхчихсэн юм шиг байдаггүй нь эндээс харагдаж байгаа. Тухайн газар нутгийн онцлог, агаар мандлын орчил урсгалын онцлог анзаарагдаж байна. Байтагт яагаад энэ жил их цас уначихав аа гэвэл миний таамаглаж байгаагаар Уралын гүвээ гэж бидний ярьдгаас доошоо сунасан хотос илүү нам өргөрөг рүү сунаад тэрний баруун урдаас урина гэдэг салхи Бенгаалын булан хавиас чийглэг агаар зөөж ирдэг. Тэнгэр уулыг давж чадвал Шинжааны нутгаар дайрч тэр чигээрээ манайд орж ирнэ. Тэр нөхцөлд баруун талаас ирж буй Сибирийн гаралтай юм уу, Атлантын далайн хойд хэсэг Хөгшин Европын гаралтай хүйтэн агаарын масс яг баруун өмнөд нутаг дээр орж ирж Байтаг богдын хавьд уулзвар нь дайрч, хур тунадас хамгийн их орж байгаа юм. Увсын Малчин, Баянтэс, Завханы Тосонцэнгэл зэрэг нутаг бол жилийн жилд л хүйтэн, хур тунадас их унадаг газрууд. Хөвсгөл энэ жил нийт нутгаараа цас ихтэй байна. Энэ намрын анхны цас орсон газруудад цаг агаар хэцүүдэх төлөв зонхилж байгаа. Манай малчид тухайн өвлийн анхны цасыг “Нутаг үзэж яваа” гэж ярьдаг. Анхны цас орсон газар дараагийн цас барааднаа гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

О.Уранцэцэг: Миний хамгийн анхны үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан

Хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн “Гоёл 2016” наадмын шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарсан “Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан”-гийн захирал, дизайнер О.Уранцэцэгтэй ярилцлаа.


-Та “Гоёл” наадамд урьд нь оролцож байсан уу. Хилийн чанадад болсон олон улсын хэмжээний уралдаанаас шагнал хүртсэн гэж сонслоо. Энэ жилийн “Гоёл” наадам ямар болов?

-“Гоёл” наадам маань сайхан болж өнгөрлөө. Энэ жил хоёр дахь удаагаа “Нүүдэличн гоёл 2” цуврал загваруудаараа оролцож гранпри шагнал хүртсэндээ их баяртай байгаа. Өнгөрсөн жил уг наадамд анх удаагаа оролцохдоо “Шилдэг залуу дизайнер” шагналыг хүртсэн. Үүний өмнө ОХУ-д болсон олон улсын үндэсний хувцасны гуравдугаар наадамд түрүүлж гранпри шагналын эзэн болсон. 2015 онд БНСУ-д болсон 30 орны залуу загвар зохион бүтээгчдийн уралдаанд оролцож хүрэл медаль авч байлаа.

-Энэ удаагийн “Гоёл” наадамд олон загвар зохион бүтээгч оролцсон. Өрсөлдөгчид аль зэрэг хүчтэй байв?

-Их хүчтэй байсан. Манай загвар зохион бүтээгчид маань их мундаг юм байна. Үндэснийхээ онцлог шинж чанарыг агуулсан мөртлөө өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой загваруудыг бүтээсэн байсан.

-Та “Нүүдэлчин гоёл” нэртэй цуврал загваруудыг гаргаж байгаа гэсэн. Энэ цувралаагаа “Гоёл”-д оролцсон. Яагаад “Нүүдэлчин гоёл” гэж нэрлэсэн юм бэ?

-Бидний өвөг дээдэс маань нүүдэлчид. Ерөөсөө л эртний монголчуудын хувцас дээр түшиглэж загваруудаа бүтээе гэж бодсон. Хоёрдугаарт, дээлний соёлоос тодорхой хэмжээгээр авч үлдэх зүйлээ уламжлан авъя гэж бодсон. Эртний монголчуудын хувцсыг орчин үеийн монголчуудад нийцүүлэн хөгжүүлж, өвөг дээдсээс уламжилсан энэ соёлыг орхидуулахгүй улам гоё болгоё гэсэн бодол надад байдаг юм. Ийм бодолтойгоор загваруудаа гаргадаг.

-“Нүүдэлчин гоёл 2” коллекцид хэдэн загвар орсон бэ?

-Бараг 40-өөд дээл орсон. “Гоёл”-ын гала тоглолт дээр түүнээс 20-30 загварыг үзэгчдийн хүртээл болгосон.

-Жил бүрийн “Гоёл” наадам өөр өөрийн онцлогтой болдог. Энэ жил ч гэсэн мөн адил. Тухайлбал энэ жил “Топ модел”-ийг тодруулаагүй. Нягтлан бодогч мэргэжилтэй та шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарлаа. Та хэзээнээс загвар зохион бүтээдэг болов?

-Загвар зохион бүтээгч гэдэг мэргэжилд би бүр багаасаа маш их сонирхолтой байсан. Багаасаа гоё загварын хувцас хийж өмсөх юмсан гэж боддог байлаа. Олон түмэнд хүссэн хувцсыг нь хийж өгдөг болно гэж бодож явсангүй. Өөрөө өөртөө л хувцас оёж өмсөөд өөр ажил мэргэжил эрхэлдэг байсан. Ингээд 2012 оноос эргэлт буцалтгүйгээр энэ чиглэлээр ажиллаж байгаа. Миний хамгийн анхны маань үйлчлүүлэгч УИХ-ын гишүүн С.Жавхлан, түүний эхнэр, уртын дууч Г.Эрдэнэчимэг хоёр. Энэ нь бас их учир жанцантай байсан гэж боддог. Энэ хүн миний оёсон дээлийг өмсөөд олонд таниулна гэсэн бодол ерөөсөө ч байгаагүй. Намайг хэн ч биш байхад тэр хоёр маань олж ирээд “Чамаар монгол дээл хийлгэе” гэсэн. Энэ нь надад маш их урам өгсөн.

-“Эртний монгол хийц үндэсний хувцас урлалийн урлан” олон үйлчлүүлэгчтэй гэсэн. Олны танил хүмүүс ч нэлээд байдаг гэж сонссон юм байна?

-Манай урлангаар маш олон хүн үйлчлүүлдэг. Би бямба, ням гаригуудад ч амарч чаддаггүй. Тэр дунд олны танил хүмүүс ч нэлээд бий. Би тэр тэр гэж нэр цохож ярих дургүй. Яагаад гэхээр олны танил болоогүй ч гэсэн мундаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Хүн чинь мундаг болох тусам даруухан болдог юм билээ. Миний бүх үйлчлүүлэгч мундаг. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой хүмүүс.

-Үйлчүүлэгчид тань ихэвчлэн ямар насны хүмүүс байдаг вэ?

-Ёстой л нөгөө найман настай балчираас эхлүүлээд наян настай буурлууд бий. Насны хязгаар гэж үгүй. Дээл маань аль ч насны хүнд таалагддаг. Хийсэн дээлийг маань өмсчихөөд “Би таван насаар залуу харагдаж байна” гээд баярлах хүмүүс их бий. Охид, хөвгүүд, залуучууд “Монгол хувцсыг овортой харагдуулдаг гэж бодсон чинь ямар дэгжин, өвөрмөц харагдаж байна вэ” гэдэг. Настай байх тусмаа дээл өмсөхөөр улам сайхан залуу харагддаг.

-Танай урланд хэдэн хүн ажилладаг вэ?

-6-8 хүн ажилладаг. Бид яг л нэг хүн шиг сэтгэж бодож, хамтран ажиллаж чаддаг. Тиймээс ч ажил маань өөдрөг байдаг болов уу гэж боддог. Бүгдээрээ л миний нэг хэсэг мэт их зөв хамтарч ажилладаг. Ганц хүний гараас юу ч гарахгүй шүү дээ. Би хичнээн сайхан загвар гаргасан ч гэсэн сайхан урлахгүй бол утгагүй. Монгол дээл хийнэ гэдэг тийм ч амар юм биш.

-Сүүлийн жилүүдэд монгол дээлний загварт нэлээд шинэчлэл хийж урлах болсон. Бидний үндэсний хувцасны загвар ирээдүйд ямар байх ёстой гэж боддог вэ?

-Монгол үндэсний хувцас нь дэлхийд гарах ёстой. Би монгол дээл урлаж эхлэхдээ л бүгдээрээ үндэснийхээ хувцсыг өмсдөг болоосой гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан. Тийм учраас түр зуурын хэрэгцээ мэт хийж болохгүй. Чанартай, бөх бат, даавуу нь ч гэсэн маш чанартай, өнгөний зохицол сайтай гээд бүх талын шаардлагыг хангасан байх ёстой. Цаад санаа маань бол монгол хувцсаа брэнд болгох явдал. Чанарын хувьд сайн байж л брэнд болно. Монголчууд бүгд үндэснийхээ дээлийг өмсдөг болбол сайхан шүү дээ. Хувцас гэдэг чинь бас нэг өв соёл. Эртний хэв загвартайгаар нь өмсөхгүй нь тодорхой. Дээр үед малаа маллаж, ан хийж амьдардаг, нөхцөл нь өөр байсан. Тийм ард түмний өмсч хэрэглэж байсан хувцас нь маш их шалгуур давсан гэсэн үг. Наад зах нь хүний хөдөлгөөнийг чөлөөтэй байлгах, эвтэйхэн, халуун хүйтний улиралд зохицсон гээд л. Үндэс суурь нь нэгэнт байж байгаа болохоор бид улам гоё болгож хөгжүүлэх хэрэгтэй.

-Чанартай монгол дээл урлах талаар та сая ярилаа. Үүнд даавуу их чухал. Ингэхэд дээлнийхээ даавууг танайх хаанаас авдаг бэ?

-Ганц газраас авчирдаггүй. Монголд бага хэмжээгээр даавуу үйлдвэрлэдэг. Тиймээс би эх орондоо үйлдвэрлэдэг даавууг судалж түүнээс худалдаж аваад өөртөө дээл хийж туршиж байгаа. Энэтхэг, Хятад, Солонгос, Австри, Италийн даавуунуудыг ч судалдаг. Ингээд хамгийн чанартайг нь сонгож дээл хийнэ. Италид үйлдвэрлэсэн хэрнээ Хятадын чанартай даавуунаас муу даавуу ч байдаг. Тиймээс тэндхийн даавуу сайн гэж хэлэхэд хэцүү. Бид нар Хятад гээд л муулаад байдаг. Гэтэл тэндхийн чанартай даавууг аваад хийхэд итали даавуунаас илүү байх жишээтэй.

-Ингэхэд та өөрөө хэдэн дээлтэй вэ?

-Загасчны морь усгүй гэдэг үг байдаг шүү дээ. Хийсэн дээлээ өмсөөд явж байхад “Энэ дээлийг чинь авмаар байна” гэдэг. Өмсч байгаа дээлээ өгмөөргүй санагддаг ч миний ур ухаанаар бүтсэн хувцсыг маань ойлгоод, өмссөн байсан ч хамаагүй авъя гээд байгаад их баярладаг. Тэгээд эхэндээ үгүй гэж байгаад л өгдөг л дөө. “Өмсч байгаа шигээ дээл хийгээд өгье” гэхээр “Үгүй, наадахыг чинь л авна” гэдэг тохиолдол ч бий. Хүний өмсч байсан хуучин дээл гэж бодохгүйгээр л авч байна гэдэг миний хийсэн юм ингэж их хүмүүст хүрч байна гэсэн үг гэж бодоод баярладаг. Намайг их сайхан энергитэй гээд л зарим нь онгироодог юм. “Энэ чинь шинэ дээлтэй болсноос гоё” гэж зарим нь хэлэхэд урамшдаг. Гэхдээ дээл бол надад байгаа.