Categories
мэдээ цаг-үе

Аюурзанын Алтантуяа: Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож

Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн тэргүүний ажилтан, мастер оёдолчин, “Ур-Ундрах” компанийн захирал Аюурзанын Алтантуяатай уулзаж ярилцлаа.


-“Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн найрагчийг “Монгол савхи” компанийн захирал Хүнийхүү савхин дээлээр мялаадаг уламжлалтай байсан. Танай компани сүүлийн жилүүдэд энэ уламжлалыг хадгалж түрүү найрагчид үндэсний дээл бэлэглэдэг болсоор хэдэн жил болчихов уу?

-“Болор цом” наадмын тэргүүн найрагчийг дээлээр мялаадаг болсоор 14 жил өнгөрч. Энэ жил 15 дахь дээлээ өгнө. Сүүлийн гурав, дөрвөн жилийн “Болор цом” наадмын дээлийг биечлэн гардуулж өгч чадаагүй. Өвөрхангайд болсон наадамд яруу найрагч Л.Моломжамц түрүүлэхэд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал асан Г.Мөнхцэцэг маань “Ямар сайхан дээл вэ” гээд аваад явж байсан. Ноднин Ц.Эрдэнэбаатарыг түрүүлэхэд би Солонгос улсад эмчилгээтэй явчихсан байсан. “Болор цом”-ын дээлийг оёж дуусаад байж байхад Сүхбаатар аймгийн яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очир, яруу найрагч Амартайван нар хараад “Үнэхээр сайхан дээл болж” гэж урмын үгээр мялааж байсан шүү.

-Та чухам яагаад “Болор цом”-ын эздэд дээл өргөн барьж байхаар болов?

-Ээж маань ерөөл, магтаал хэлдэг, уран зохиолд жигтэйхэн дуртай хүн байсан. Миний зулай дээр гишгэж төрсөн ах бэлэн цэцэн үгтэй, үдэшлэг цэнгүүнд шүлэг уншдаг хүн байлаа. Тиймээс би зохиолчдоо их хүндэтгэж явдаг байсан. Би Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж гуайнхаа “Сэгс цагаан богд”, “Гэргийн зүрхний үг” зэрэг олон сайхан шүлэг найраглалыг цээжээр уншдаг байлаа. Их зохиолч Д.Нацагдорж, билгүүн номч Бямбын Ринчен нар бол монгол үндэснийхээ дээлийг яах аргагүй түүхэнд үлдээсэн улс шүү. Нацагдорж гуайн зураг дээр байдаг дөрвөлжин энгэртэй дээлийг хүүхэд байхдаа хараад “Ийм сайхан дээл хийхсэн” гэж мөрөөддөг байлаа. МУИС-ийн хаалгаар монгол дээлтэй хүн оруулдаггүй тэр он жилүүдэд манай их эрдэмтэн Б.Ринчен гуай үндэсний дээлээ өмсөн монгол дээлээ түүхэнд авч үлдсэнд би маш их баярлаж явдаг.

-Та цомын эздээс гадна олон зохиолчид дээл бэлэглэсэн гэдэг байх аа?

-Би эхээс арван гурван настайдаа өнчирч, аав маань найман хүүхэдтэйгээ үлдсэн. Хар багаасаа л үйл үртсээ өөрөө хийдэг сэн. Дөрвөн өнчин дүүгийнхээ дээлийг хийдэг байлаа. Дөчөөд жил дээл хийж. Доржготов, Ш.Гүрбазар нарын олон зохиолч, найрагчид дээл хийж өгсөөн.

-Дөчөөд жил дээл хийсэн гэхээр овоо судалгаатай болоо биз?

-Дээл гэдэг маань “дэвэл” гэсэн үгээс гаралтай. Дэвжин дээшлэхийн утга агуулгатай. Арвангуравдугаар зууны үед монгол дээл зүүнтэйгээс баруун тийшээ зөрлөг энгэртэй хувцас байсан юм билээ. Дуучин С.Жавхлангийн өмсөж буй дээлийг гэхэд Хүннүгийн үеэс, Чингис хааны үеэс өмсөж ирсэн уламжлалтай. Үндэсний хувцсыг түүхэн талаас нь гурав хувааж үзэж байгаа. Их Монгол Улсын үеэс Манжийн эрхшээлд орох хүртэлх, Манжийн үеэс Богд хаант Монгол Улсын үе, Богд хаантын үе, Ардын хувьсгалаас хойших үе гэж үечилж байна. Монгол хүнийг “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс, дэвжих төрийн дээл, тулах төрийн гутал”-аас салгахын аргагүй болохоор эл дөрвөн хувцсыг иж бүрнээр хийх юм, Монголын ард түмэн маань иж бүрнээр нь эдлээсэй гэж боддог. Манай “Ур-Ундрах” чинь жижигхэн үйлдвэр ч гэсэн нэг гуталчин, хоёр малгайчин ажиллуулж байна. Мөөрөлжин захтай дээлийг өвөг дээдэс маань XIII-XVII зуун хүртэл өмсөж.

-Мөөрөлжин зах гэж бөөрөнхий захыг хэлж байна уу?

-Мэдэхгүй хүмүүс “лам зах” гэж нэрлээд байдаг. Түүхч Бадамхатан гуайн номонд мөөрөлжин гэсэн байгаа юм шүү. Монгол үндэстэн маань харийн дарлалд орох үед үндэсний хувцсыг хүртэл устгах бодлого явуулсан байдаг. Тулган дахь галыг нь хар хэрээний хошуу дүрсээр мануулангуут Өндөр гэгээн Занабазар монгол хатан хүний хувцсыг бүргэдийн хэлбэртэй болгосон байх жишээтэй. Монголчуудыг мал дагасан мал гэж битүү доромжлон нударга хийхэд малын туурайн хэлбэрийг өөрчлөн халхын заяаг хадгалах тавин лангийн ембүүний хийцтэй болгосон байдаг. Ерээд оноос эртний эвэр угалзтай хийц хэлбэрийн дээл хувцсыг монголчууд сэргээн хэрэглэж эхэлсэн. Монгол хээ угалз чинь аргаль янгир, малынхаа эвэр угалзыг дуурайлгаж хийсэн хээ байдаг. Манайх Хүннүгийн булшнаас гарсан эвэр хээтэй дээлийн загварыг шинээр хийж Сөүлд болсон олон улсын хувцасны үзэсгэлэнгээс мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та монгол хувцсыг шинэ хэв загварт оруулж, хөгжүүлж яваа хүн шиг санагддаг. Тухайлбал, нэг удаагийн “Болор цом” дээр “Монгол” гэдэг үгийг сувдаар хэлхсэн дээлтэй ирж байсан даа?

-Хувцас гэдэг цаг үеийн түүх. Хубилай хаан монгол хувцсыг монгол үндэстний хувцас гэж 1275 онд хуульчилж байсан байдаг. Мөнх хаан бас хуульчилсан. Даяаршлын эл эринд монгол хувцсаа хуульчлаасай гэж боддог. Дэлхийн хувцсыг дэлгүүрээр дүүрэн оруулж ирчихээд өөрийн үндэсний хувцсаа тоохгүй байх шиг гунигтай юм үгүй. Үндэсний хувцсаа монгол улстөрчид, монгол сэхээтнүүд нь өмсөхгүй бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж мянгантаа хашгичаад нэмэргүй биз дээ. Үндэсний хувцасныхаа товч, шилбэ, энгэр, ханцуй, хээ угалзыг уламжлан орчин цагийн хэв загварт оруулж байгаа нь хөгжил юм. Эмэгтэй хүн бүхэн бэлхүүсээрээ нарийн харагдах дуртай. Тиймээс үзэсгэлэнт сайхан байдалд тохируулж дээлээ хийж байна. Захиалгат хувцасны анги төгссөн маань ч ач тусаа өгч байна.

-Шилдэг загвар өмсөгч шалгаруулах “Гоёл-2016” наадмаас танайх “Үндэсний шилдэг хувцас”-ны тэргүүн байрын шагнал хүртсэнд баяр хүргэе?

-Монгол бичигтэй цагаан ноолууран дээл, хүрмээр тэргүүн шагналыг авсандаа баяртай байгаа. “Бичиг нь босоо юм чинь хийморь босоо байдаг юм байлгүй” гэсэн үгээс санаа авч энэ загварыг бүтээсэн юм. Анх би “Монгол” гэсэн үгийг дээлэн дээр бичсэн загвараа өмсөн, тайзан дээр шүлэг уншихад Өмнөд Монголоос олон хүн утасдаж баяр хүргэсэн. Өмнөд Монголын радиогийн Журамт хэмээх залуу тусгайлан олон дээл захиалж хийлгэж байсан. Эзэн Богд Чингис хаан минь дэлхийн мянганы суут хүн мөн л юм бол зураг хөргөнд ч, үг зарлигт ч мөргөж залбирч байгаасай гэж хүсэн энэ монгол бичигтэй дээлийг хийсэн юм. Миний охин дизайнер Баасансүрэнгийн маань бүтээл л дээ.

-Чингис хааны юу гэсэн зарлиг үгийг буулган бичсэн бол?

-“Дэлхийн хүмүүс чухам юу бодож байгааг олж мэдэхгүйгээр мэдэхийг хичээгтүн. Хүсэж байгааг нь мэдэхгүйгээр тэднийг даруулан тэргүүлнэ гэж үгүй. Аливаа хүний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг эзлэхийг яарагтун” гэсэн бичиг байгаа. “Гоёл” наадмын бичлэгийг зурагтаар үзэхээр тодорхой сайхан харагдана даа.

-Танайх оёдолчдынхоо нийгмийн асуудлыг тодорхой хэмжээгээр шийдсэн гэл үү?

-Орчин үед оёдолчин болох хүн ховордчихож. Дээд мэргэжилтэй болох, гадаад хэл сурах, харьд очиж амьдрах эрмэлзэлтэй болчихсон байна. Социализмын үед эмэгтэй, эрэгтэй хувцсыг стандарт, технологийн дагуу хийдэг байлаа. Тиймээс ч ажилчид маань бүгд л миний заавар зөвлөмжөөр оёдлоо хийж байна. Хөдөөнөөс зориод ирсэн, гартаа уртай, нямбай оёдолчдоор багаа бүрдүүлсэн. Хүн хүнийхээ төлөө л чин сэтгэлээр хандаж байхад бүх зүйл сайн сайхан болно. Япон зэрэг өндөр хөгжилтэй улс оронд явж байхад хүмүүс нь ажлын байраа тэгтлээ солиод байдаггүй юм байна лээ. Арваад жил ажилласан хүмүүс маань гэр хороололд амьдарч, найман хувийн зээлд хамрагдаж чадахгүй болохоор өнгөрсөн жилээс Зурагтад нийтийн байр худалдан авч тэндээ ажилчдаа оруулсан. Халуун устай, цахилгаан зуухтай зөвхөн гэрэл, дулааны мөнгөө төлөөд боломжийн л амьдарцгааж байна. Үр хүүхдүүд нь ч сургууль, цэцэрлэгийнхээ ойролцоо амар болсон. Тэтгэвэрт гартлаа энэ байрандаа амьдарцгаана. Үр хүүхэд нь манайд ажиллавал байрыг нь хувьчлаад өгчихнө. Ийм зарчмаар л ажиллаж байна даа.

-Танайх олны танил үйлчлүүлэгчид ихтэй биз?

-Улсын заан Долгорсүрэн зааныхан ах дүүсээрээ манай үйлчлүүлэгчид. Өнгөрсөн наадмаар Дагвадорж аварга маань ирээд явсан. Тайландын улаан, хүрэн даавуугаар сайхан хувцас хийлгэлээ. Өмсчихсөн байгаа нь зурагтаар сайхан л харагдаж байна лээ. Сумьяабазар гишүүн, Сугаррагчаа ах нь ч дээлээ манайхаар л хийлгүүлдэг.

-Үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ аль хэр хамтран ажиллаж байна даа?

-“Дархан нэхий” компанийн нэхийгээр торгоор өнгөлөөд сайхан дээл хийж байна. Эдний боловсруулсан хурганы арьсаар хөнгөхөн монгол хувцас хийж байгаа шүү. Бид бие биеэ дэмжихгүй бол улс орон хөгжихгүй. Малчдадаа харин захихад хонио тосон будгаар бүү тэмдэглээч, тэмдэглэсэн ч эвэр, толгойд нь тосон будгаа түрхээч гэмээр байна. Тэр будаг чинь хонины нэхий, сэгсүүргэнээс яаж ч боловсруулсан арилдаггүй юм байна шүү. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуай “Одооны хүмүүс мэдэхгүй юмаа мэдэмхийрч яриад, чадахгүй зүйлээ хийнэ гэж дайраад байдаг болж” гэж нэгэнтээ ярьсан байдаг. Миний хувьд энэ оёдлынхоо салбарт бараг дөчөөд жил ажилласан болохоор мэддэг, чаддаг бүхнээ бусдад хэлж байхыг хүсдэг. Тэр утгаар л малчдадаа нэхийгээ сайхан арчлаад үнэд хүргээч ээ л гэж хэлье.

-Танай бүтээгдэхүүнүүд олон улсын үзэсгэлэнгээс ямар шагнал авч байв?

-БНСУ-ын Сөүл хотод болсон олон улсын болон Зүүн хойд Азийн улсуудын үзэсгэлэнгүүдээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль авчирсан. Монголын уламжлалт хувцсыг дэлхий үнэлж байгаа нь сайхан шүү.

-Та түрүүн төрийн түшээдийг үндэсний хувцсаа хэрэглээч гэж байсан. Ямар хувцас өмсөх нь тухайн хүний эрх биш үү?

-Ирэх 2017 онд би Жижиг, дунд үйлдвэрийн зээл авна. Тэгээд төрийн түшээдэд үнэгүй монгол дээл хийж өгье гэж бодож байгаа. Монгол дээл хувцсаа сайхан өмсөж эдлэг л дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуайг НҮБ-ын чуулган дээр монгол үндэсний дээлээ өмсөж очоод үг хэлсэнд би үнэхээр их баярласан.

-Төрийн түшээдэд үнэгүй дээл хийж өгнө гэхээр авлига болчих юм биш үү?

-Үндэсний хувцсаа хэрэглээч гэсэн санаачилга маань авлигад тооцогдохгүй байлгүй дээ. Хэн нь ч зориод ирсэн би сайхан дээл хийж өгнө өө. Бат-Эрдэнэ аварга маань манайхаар байнга дээлээ хийлгэдэг. Хүмүүс ч “Бат-Эрдэнэ гишүүний ногоон даавуугаар дээл хийлгэе” гэх нь сайхан байдаг юм. “Бүлтэнгийн шаргал” гэсэн алдартай торго ч байна. Гавьяат эмч Бүлтэнгийн дээл хийлгэсэн торго гэхэд ийм нэртэй болсон. Баянсэлэнгийн бор гэсэн өнгө ч бий.

-Хятад торго дэлхийд тун алдартай. Гэхдээ танайх хятадаас өөр торго ч авчирдаг бололтой?

-Хятад торго дэлхий дээр хамгийн чанартай. Торгоны хүр хорхой ганцхан Хятадад байдаг амьтан. Япон, Солонгос нийтлэг сайхан торготой. Эднийхний өөрсдийнх нь хувцасны материалууд манай үндэсний хувцсанд тохиромжтой байдаггүй. 45-60 см-ийн өргөнтэй болохоор залгаас их орох гээд байдаг. Далай ламд мөргөхөөр явахдаа Энэтхэгээс жаахан торго татдаг. Манайх чинь жижигхэн байгууллага учраас чингэлэг чингэлгээр бараа авчрах боломж байхгүй л дээ. Тиймээс маш чанартай торго сонгож авчирдаг. Охин маань англи хэлтэй болохоор Тайланд хамт явж торго авчирна шүү.


Categories
мэдээ цаг-үе

Рембрандт

Дэлхийн уран зургийн түүхэнд өөрийн бүтээлээрээ мөнхөрсөн зураачдын нэг бол Рембрандт. Голландын алтан үеийн томоохон төлөөлөгч гэгддэг түүнийг хүний дотоод сэтгэл зовлон, жаргал, шаналал зэргийг бүтээлээр харуулж чадсан анхны зураач гэдэг. Тиймээс Рембрандтыг уран зургийн түүхэнд хувьсгал хийсэн хэмээн тодорхойлдог юм.

Рембрандт Харменсзон 1606 оны долдугаар сард Голландын Лейден хотод төрсөн аж. Түүний аав нь тээрмийн эзэн Хармена Герритсзона ван Рейн. Арван хүүхэдтэй айлын бага нь Рембрандт байжээ. Эцэг, эх нь нэлээд шүтлэгтэй хүмүүс байсан нь хүүхдүүдийн хүмүүжилд нөлөөлсөн гэдэг. Рембрандтыг их сургуулийн дэргэдэх латин сургуульд оруулсан боловч зураг зурах сонирхолтойг нь анзаараад 13 настайд нь зураач Якоб ван Сваненбюрхд шавь оруулсан гэдэг. Гэвч үүнийг гэрчлэх баримт олдоогүй гэдгийг судлаачид дурддаг. Якоб ван Сваненбюрх нь Рембрандтыг өөрийн гэсэн арга барилтай зураач болоход нөлөөлсөн гэдэг нь эргэлзээтэй гэдэг. Рембрандт Амстердамд очиж Питер Ластмандын шавь байхдаа Италид мэргэжил дээшлүүлжээ. Ингэхдээ түүхэн, туульс болон библийн сэдэвтэй зургаар дагнан нэлээд бүтээл туурвисан. Италиас нутагтаа эргэж очоод зураач найз Ян Ливенстэй хамтран урлангаа нээж элсэлт авч хичээл зааж эхэлсэн юм. Ердөө хэдхэн жилийн дотор нэрд гарсан байна.

“Даная”

Зураач Питер Ластман нь алдарт зураачид хамгийн ихээр нөлөөлсөн уран бүтээлч. Багшийнхаа тод өнгийн будгаар зурдаг, үйл явдлыг нарийвчлан үзүүлдэг онцлогийг Рембрандт өвлөн авчээ.

Амстердамд л олны танил болж хүлээн зөвшөөрөгдөнө гэдгийг ойлгосон тул Голландын нийслэлийг зорьсон. Тун удалгүй зорьсондоо хүрч нэрд гарсан байна. Ирээдүйтэй зураач гэдэг нь мэдэгдсэн тул хүмүүс хүлээн зөвшөөрчээ. Рембрандтаар зураг зуруулах гэсэн хүмүүсийн захиалга тасрахаа больсон. “Доктор Тульпийн анатомийн хичээл” зураг нь түүнийг улам ч алдаршуулсан гэдэг. Хүний гарын дотоод бүтцийг судалж буй эмч нарыг наашаа харан зэрэгцэн сууж буйгаар дүрсэлсэн энэ бүтээл нь хөрөг зурагт хувьсгал хийжээ. Зураг дээр дүрсэлсэн олон хүнийг сэтгэл санаа, бодлоороо нэгдсэн байгааг дүрсэлж чадсан нь энэ бүтээлийн нэг онцлог юм. Үүний сацуу хүн бүрийн онцлогийг харуулсан нь уран бүтээлчийн хувьд нэлээд хөгжсөнийг илэрхийлжээ. Амстердамд нүүж ирсэний дараахь хэдэн жил түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан гэдэг. Рембрандт 1964 онд Саския ван Эйленбрюх хэмээх бүсгүйтэй гэрлэжээ. Эхнэр нь хотын даргын охин байсан тулд залуухан зураач дээдсийн хүрээлэлд орох боломж нээгдсэн байна. Яг энэ үед Рембрандт хэдэн арван хөрөг бүтээсэн нь зургаа зуруулах гэсэн захиалагч нэлээд болсныг гэрчилнэ. Тухайн үед номлогч асан Корнелис Анслогийн хөрөг нэлээд шуугиан тарьсан байна. Ийнхүү авьяас чадвараараа чамгүй хөрөнгөтэй болж байшин худалдан авчээ. Энэ байшин нь өдгөө Рембрандтын гэр музей гэгддэг. Эхнэр нь Рембрандтын гурван хүүхдийг төрүүлсэн боловч бүгд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. 1641 онд Саския ван Эйленбрюх хүү төрүүлж Титус хэмээх нэр хайрлажээ. Харамсалтай нь залуухан бүсгүй төрснийхөө дараахан нас барсан юм. Ийнхүү эхнэр нь 29 настайдаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн нь нэрт зураачид сэтгэл санааны маш том цохилт болсон гэдэг. Яахаа мэдэхгүй болсон Рембрандт зураг зурж сэтгэлээ тайвшруулдаг байжээ. Хүүхдэдээ ч анхаарал халамж тавих чадваргүй байсан тул Гертье Диркс хэмээх бүсгүйг асрагчаар авч удалгүй нэрт зураачийн амраг болсон гэдэг. Гэсэн ч Рембрандтын сэтгэл тайвшралыг олоогүй. Хүүхдийнхээ асрагчийг сольж залуухан бүсгүйг ажиллуулахаар болсон байна. Гэтэл Гертье Диркс нэрт зураачийг гэрлэлтийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хэмээн шүүхэд өгчээ. Шүүхээс бүсгүйг буруутай гэсэн шийдвэр гаргаж таван жил засан хүмүүжүүлэх газар хорих шийдвэр гаргасан байдаг. Бүсгүй тэндээс гараад удаагүй байхдаа нас барсан байна. Энэ бүхэн Рембрандтын уран бүтээлд нөлөөлсөн юм.

Эхнэрийгээ нас бараад удаагүй байхад тэрээр “Шөнийн харуул” хэмээн нэрлэсэн бүтээлээ туурвисан. Шинээр баригдсан байшинг чимэглэх зураг хэрэгтэй болсон тул Амстердамын шадар цэргүүдийг дүрсэлсэн зургийг захиалгаар зуруулжээ. Дөрвөн метр бүхий энэ зураг нь хэмжээний хувьд түүний хамгийн том бүтээлд тооцогддог. Уг бүтээлээ туурвиснаасаа хойш Рембрандт нэг хэсэгтээ хөрөг зурахаа больсон гэдэг. XIX зуунд уран зургийн ертөнцөд импрессионизм, реализм хоёр давамгайлна гэдгийг тэр үед урьдчилан харсан аж. “Шөнийн харуул”-д хүнийг хөдөлгөөнтэйгөөр дүрсэлсэн нь хамгийн том дэвшил болсон. Энэ зураг тухайн үедээ нэлээд шуугиан тарьж уран бүтээлчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлжээ. Гэвч нэг дор олон хүнийг дүрсэлсэн нь хүмүүст огтхон ч таалагдаагүй гэдэг. Тиймээс Рембрандтад захиалга өгөхөө больсон нь түүнийг орлогогүй болоход хүргэжээ. Түүний урланд сурч байсан залуусын тоо ч эрс цөөрсөн байна. Ийнхүү алдарт зураачаас бүгд нүүр буруулсан нь уран зургийн ертөнцөд огт өөр уур амьсгал ноёрхох болсонтой холбоотой. Харин Рембранд бууж өгөөгүй. Тэрээр арын фоныг тод өнгөөр зурж, эрс тэс өнгүүдийг хослуулдаг болжээ.

“Доктор Тульпийн анатомийн хичээл”

1640 оноос хойш алдарт зураачийн амьдрал нэлээд хүнд байсан бөгөөд үүнээс хойших үеийн талаар түүнтэй холбоотой түүхэн баримт бичиг бараг байдаггүй гэнэ. Ямар ч байсан Николас Мас гэдэг шавьтай байсан талаарх баримт үлджээ. Рембрандт уран зургийн хосгүй цуглуулгатай, эртний эдлэлтэй байсан. Тиймээс өрөндөө баригдсан түүнийг шүүхэд өгөхөд ховор цуглуулгыг нь зарж талыг нь дарсан. Эцэс сүүлдээ байшингаа заржээ. Энэ үед хүү Титус нь эмээтэйгээ нийлж ховор зураг, эртний үнэт эдлэлийг нь зарах ажлыг зохион байгуулсан юм. Гэсэн хэдий ч өрөө бүрэн дарж чадаагүй тул нэр хүнд нь нэлээд унажээ.

Амьдралынхаа сүүлийн жилүүдэд орлогогүй нэлээд хүнд байхдаа тэрээр сор болсон бүтээлүүдээ туурвисан. Будаг нь цавуу шиг наалдамхай, зотон дээрээ урсаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр зурсан нууцыг өнөөдрийг болтол судлаачид тайлж чадаагүй байгаа.

Рембрандтын бүтээлийг хуулбарлан зурах явдал нэг хэсэг нэлээд газар авсан. Тиймээс 1968 онд Амстердамд хуурамчийг нь жинхэнэ бүтээлээс ялгахын тулд “Рембрандт” төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн эцсийн үр дүнг 2014 онд ном болгон хэвлүүлжээ.

Франциско Гойяа

Голландын нэрт зураачийн талаар ярихдаа “Даная” хэмээх зургийн талаар ярихгүй байхын аргагүй. Эртний Грекийн домгоос сэдэвлэн зурсан уг бүтээлдээ залуухан нүцгэн бүсгүйг дүрсэлсэн байдаг. Эртний Грекийн Аргос хаан Даная хэмээх бүсгүйг үхлийн хэрэгт буруутган хонгилд хорьж нэгэн зарц эмэгтэйг манаачаар нь тавьжээ.

Данаяг орон дээрээ нүцгэн хэвтэж байхад бие дээр нь нарны туяа тусч байгаагаар дүрсэлсэн юм. Зевс бурхан борооны дусал болон Данаягийн хоригдож буй өрөөнд орсон гэдэг. Үүний дараа бүсгүй хүү төрүүлж Перес хэмээн нэрлэсэн гэсэн домог бий Бүсгүйг дүрслэхдээ зөөлөн шаргал өнгийг ашиглаж, сүүдэр гэрлийг нь чадварлагаар хослуулсан нь энэ бүтээлийн нэгэн гайхамшиг, зураачийн авьяасын илэрхийлэл юм. Данаягийн баруун гар нь гэрэл рүү тэмүүлж, зүүн гарынх нь ядам хурууг бөгжтэйгөөр дүрсэлсэн байна. Харин хэвтэж буй орны толгой дээрх сахиусан тэнгэрийг ихэд шаналсан төрхтэйгээр дүрсэлсэн нь бүсгүйн дотоод сэтгэлийг илэрхийлжээ. Энэ бүтээлийн бас нэгэн онцлог нь Зевс бурхныг дүрслээгүй явдал.

Рембрандт амьдралын сүүлийн жилүүдэд гуниг эмгэнэлээр дүүрсэн байсан. Түүний хожим нь хайр сэтгэлтэй болсон бүсгүй нь нас баржээ. Удалгүй түүний хүү Титус болон бэр хоёр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Үүний дараахан алдарт зураач энэ хорвоог орхисон юм.


Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Монголд ойлголцол үнэхээр хэрэгтэй байна, үе дамжсан хонзогнол бий болчих вий дээ

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Ардчилсан намын зургадугаар Их хурал болоод өнгөрлөө. Намын хурал нэлээд ширүүхэн болж өнгөрсөн ч таныг хурлын төгсгөлд гал унтраасан гэдэг зүйл яригдаад байгаа. Намынхаа хурлын талаар өөрийн бодлоо хуваалцахгүй юу?

-Ардчилсан нам ажин түжинтэй, яриа хөөрөөтэй бүх зүйлээ хэлэлцдэг. Тийм л хурал болж өнгөрлөө. Бодлогын хувьд том бодлого дэвшүүлсэн тул үүнийг хоёр өдөр хуралдаад шийдчихдэггүй юм байна гэдгийг мэдэрсэн. Намын дүрмийн шинэчлэлийг намын гишүүдийнхээ саналыг авч, хэлэлцүүлэг явуулж байж Монголын төрд, Монголын ард түмэнд хэрэгтэй зөв бодлого гарах юм байна гэж үзсэн. Тэр утгаараа манай нам хурлаа хаагаад дараагийн Их хурлаараа үргэлжлүүлэхээр болсон. Хурлын үеэр янз бүрийн яриа гарсан. Хурлын наана, цаана, зөвтэй, буруутай олон зүйл яригдсан. Ардчилсан нам бол том нам. Энэ бодлогыг хуралд ирсэн 1210 хүнээр хэлэлцүүлчихээр ард нь байгаа хүмүүс шинэ содон, алсын бодлогын зүйлд санаа оноогоо тусгалгүй өнгөрчих гээд байсан тул та бүхэн хурлынхаа асуудлыг орон нутагтаа очиж хэлэлцүүлээд эргэн хуралд ирэхдээ яривал яасан юм гэдэг санал гаргасныг маань манай намынхан дэмжсэн. Ерөнхийдөө хайрцагласан, фракцын зарчмаар явчихлаа гэдэг яриа гарсан. Үүнийг ардчиллын төлөө 10, 20 жил зүтгэсэн намын жирийн гишүүд хийдэггүй. Фракцын толгойлогчид хийдэг гэдгийг ч мөн хэлсэн. Энэ хурлыг авч гарах, гарахгүйг та нар л шийднэ. Учир нь та нар ар ардаа 10 хүнтэй. Тэр хүмүүс чинь ардаа таван хүнтэй, ийм байдлаар явахаа боль. Ардчилсан намыг чөлөөтэй, бодлогын нам болгож явуулахын төлөө анхаарлаа хандуулах ёстой гэсэн юм. Тэгсэн ч болиогүй. Энэ Их хурлыг нэг тийм сайхан задгай чөлөөтэй хурал болчихсон гэж би хэлэхгүй. Захиалгатай ярианууд байнга гарсан. Ийм л хурал болсон. Ер нь нам бол нам, бодлого бол бодлого байх ёстой. Ардчилсан намын хурлын зорилго дүрмээ батлах, намын даргын сунгаа хийх. Энэ бүхэнд дэлхийн түвшний олон хэмжээс байдаг. Тэр хэмжээсүүдийн аль хэсэгт Монголын төр явах юм гэдэг хэмжээг заах нам нь Ардчилсан нам юм бол хэлсэндээ хүрэхийн тулд жирийн гишүүддээ ойлгуулах хэрэгтэй. Тиймээс намын даргын сунгаагаа хийчих. Намын дарга нь дүрмээ дахиад оруулж ир, энэ сонгууль зөв шударга явагдах ёстой гэсэн юм.

-Гэхдээ л хэцүү харагдах юм байна шүү дээ?

-Манай намынхан дотроо хагаралдаж, түжигнэлддэг цаг огт биш. Тэрнийх, энэнийх хэмээн талцдаг байдлыг манай нутгийн өвөлжөөндөө байгаа Дорж гуай, Бат гуай, Цэмбэл гуай бүгд мэднэ. Тийм болохоор үнэнээ л хэлсэн нь зөв. Намын үзэл баримтлал, итгэл үнэмшил, ардчилсан үзлийн амин сүнсийг тээгчид нь орон нутагт, нийслэлийн хороод, айлын хашаанд байдаг юм.

-Та намынхаа Их хуралд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Хэдэн фракцын дарга нар нь зохион байгуулалттай орсон гэж ярилаа. Ингэхэд та чинь өөрөө “Алтангадас” гэж бүр том фракцын дарга биз дээ. Ингэхээр та өөрөө оролцоод явсан л юм байна ш дээ?

-“Алтангадас” гэж нэг их цүдийсэн гэдэс энэ тэр гээд юм яригдсан шүү. “Алтангадас”-ын явж ирсэн түүх дунд тийм зүйл байсныг би үгүйсгэхгүй. Тийм зүйл байгаа болоод тэр нь илүүдсэн болохоор тэгж ярьсан байх. Гэхдээ “Алтангадас” фракц бодлогыг тээж явсан гол тээгч нь юм шүү дээ.

-Ямар бодлого…?

-Монгол Улсын хөгжлийн төлөөх бодлого. Ардчилсан намыг зөв байлгах бодлогыг хэлээд байна. Магадгүй намайг “Алтангадас” фракцын дарга болсны дараа энэ бодлого алдагдсан. Энэ миний буруу байх. Н.Алтанхуяг даргыг Ерөнхий сайд байхад Г.Батхүү, Ч.Сайханбилэг, С.Баярцогт бид хэд Ерөнхий сайдын уулзалтын өрөөнд яриад сууж байтал “Энэ “Алтангадас” фракцыг Мятав даргадаа даатгая” хэмээн манай Сайханаа, Баярцогтоос эхлээд бүгд л тэгсэн. Тэгэхээр нь “Би авахгүй. Энэ хүмүүст өг” гэтэл Г.Батхүүгээс эхлээд “Яагаад авдаггүй юм. Та л энэ үед авч яв” гэсэн. Дараа нь Н.Алтанхуяг дарга “Бид чамайг гэж байгаа юм. Чи ав” гэсэн. Яахав ээ, “Алтангадас”-ыг хүчгүйдүүлэх үед үүрэг хүлээх хүн нь би байсан юм байгаа биз.

Яг тэр үед намайг “Алтангадас”-ын дарга бол гэсэн хүмүүс надад даргаа өгчихөөд бүгд фракцаасаа гараад явчихсан. Уг нь “Би дарга болчихлоо гэхэд нэг санаатай байх уу” гэхэд бүгд “Тэгэлгүй яахав. Ингээд явчихна” гэцгээж байлаа. Би бол дарга шиг дарга байдаг. Би хариуцсан бол хариуцсан шиг хариуцдаг. Харин хамжлагат ёсны дарга хэзээ ч байгаагүй. Гэтэл төд удалгүй л “МоАН санаачилга” гэж байгуулаад өнөө Н.Алтанхуягийгаа “нухаад” эхэлсэн. Бүр бөөрийг нь гаргачихсан. Н.Алтанхуяг дарга ч нөгөөдүүлдээ яасан их итгэдэг байсан юм. Өнөө хэд нь ч яасан хүн чанаргүй юм. “Та л аваад явбал таны үгэнд орцгооно” гэж байсан хүмүүс юун үгэнд орох болоод явцгаасан. Надад хаячихаад л явцгаачихна гэж бодсон юм байгаа биз. Ам нээвэл уушги нээ гэдэг дээ. Энэ бүхнийг би шулуухан хэлчихье. “Алтангадас” гэдэг фракцаас зугтах тухай асуудал тэр үед яригдсан юм байна гэж одоо бодогддог юм. Гэхдээ би өр нэхнэ.

-Хэнээс ямар өр нэхэх юм бэ?

-Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүүгээс хэзээ ч хүн бай. Үеийн үед хүн бай. Хүн байж чадахгүй бол хойч үеэс чинь чамайг нэхнэ шүү гэх гээд байгаа юм. Би нэг их гавьяатайдаа “Алтангадас”-ын дарга болчихсон юм биш. Мятав муу байсан, Мятав улс төр хийсэн гэж байгаа бол надтай ярь. Надад фракцын даргаа өгөөд зугтчихсан хүмүүсээс хэзээ нэгэн цагт энэ бүхнийг асууна.

-Та “Алтангадас”-т Н.Алтанхуяг, Р.Гончигдорж хоёроос өөр хүн үлдсэнгүй гээд өмнө нь ярьж байсан…

-Тэр чинь хууччуулаас байхгүй юу.

-Р.Гончигдорж дарга байгаа юу. Бас л МоАН-д орчихсон гэж яриад байх юм байна лээ?

-Мэдэхгүй юм. Хашир хүн янз бүрийн зүйлд орж гараад байхгүй байлгүй дээ.

Ерөнхийдөө Н.Алтанхуяг дарга гээд л байгаа юм. Засгийн газрынх нь үеийн бүх протоколыг үзээрэй. Намайг байнга шүүмжилж байсан. Би эр хүн. “Алтангадас”-ын хүн болохоороо Н.Алтанхуяг даргыг дэмжээд байгаа ч юм биш. Туг барьж байхад нь тойрч гүйчихээд тугал хариулаад явж байх үед нь зайгаа бариад явдаг хүмүүст үнэндээ дур гутдаг. Энэ миний араншин.

-Ойр тойрны хүн гэвэл та л байгаа байх…

-Би “Алтангадас”-ын дарга юм чинь ажлаа л хийнэ. Төрд байгаа хүмүүсийг жаахан дээшээ явахаар нь вакумжуулдаг, хараагүй болгодог. Н.Алтанхуяг дарга тэр замаар явчихсан. Тойрсон хүмүүс нь бүгд зугтсан. Өөрийг нь төхөөрөх зүйлийг бүгдээрээ хийсэн. Монгол төрийн төлөө зүтгэсэн, төрийн сайдынх нь хувьд Н.Алтанхуяг даргыг хүндэлдэг юм. Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болоход нь би гаж юм яриагүй. Сайханбилэг, Гончигдорж дарга бид гурав сууж байгаад ярьсан юм байдаг. Сайханбилэгийн зүгээс “Та Хөдөлмөрийн сайдаа өгөөд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажилла. Би шийдсэн байгаа. Та татгалзаж болохгүй шүү” гэж ярьсан. Харин эцсийн мөчид асуудлыг өөрөөр шийдсэн. Одоо үүнийг яриад, мэрээд яадаг юм. Ер нь ямар ч хүн төрийн өндөр албанд өгсөх тусмаа тойрсон хүмүүсийнхээ вакумд ордог. Хэнд ч тохиолдож болох зүйл. Хүн гэдэг чинь дэргэдээ байгаа хүмүүсийн л үгэнд ордог юм билээ. Нэг битүү өрөөнд презентаци сонсоод махаа зулгаагаад сууж байдаг юм шүү дээ. Энэ хүмүүс хийхийн төлөөх агуу их зүтгэл байлаа ч тэгээд “суучихдаг”. Өөрт нь очдог мэдээллүүдийг би мэдээлэл гэж хэлэхгүй. Хамгийн ойр байгаа болон өрөөнд нь хамгийн олон орж байгаа хүмүүсийн үгийг үнэн гэж итгэж болохгүй. Одоо Элбэгээ дарга энэрэл хүндлэл дунд вакумтай байгаа. Би эр хүмүүстэй л нөхөрлөдөг, нөхөрлөж ч ирсэн. Элбэгээ даргыг албаа өгөөд, сайхан уужирсан хойно нь эр хүн шиг очиж нөхөрлөнө.

-Сүүлийн үед намын даргын сунгаа ид яригдаж байна. Таныг Ардчилсан намын даргад нэр дэвшиж магадгүй гэж, зарим хэвлэл бүр нэр дэвшинэ гээд бичээд эхэллээ. Та намын даргад нэр дэвших үү. Нэг их тойруулж дүлээд байлгүй шулуухан хэлчих?

-Намайг намын даргад өрсөлдөөч гэсэн янз бүрийн хүмүүс бий. Би чинь одоо өнөөдрийн байдлаар Ардчилсан намынхнаас хамгийн өндөр албан тушаалд очсон хүн.

-УИХ-ын дэд даргыг хэлээд байна уу?

-Яг тийм. УИХ-ын дэд дарга гэсэн энэ том албан тушаалд ирчихээд “Би намын дарга болно оо” гээд зүтгэх сэтгэл алга. Манай намд тодорхой хугацаанд “чанагдсан” хүмүүс намыг авч явах ёстой. УИХ-ын дэд дарга болчихоод “Намын дарга болъё” гэсэн сэтгэл надад байхгүй. Би чинь жирийн ардын хүүхэд төр түшилцэж, УИХ-ын дэд дарга боллоо. Одоо хазаараа татах ёстой. Манай хөдөөнийхөн “Ганц дээлт барилдаанч, ганц морьт уралдаанч” хэмээн ярьдаг. Миний хувьд улс төрийн өндөр албан тушаалд байгаа хүний хувьд барилдаанаа цөөлөх хэрэгтэй. Нэг, хоёр барилдаанд орно. Гэхдээ хаана, хэзээ вэ гэдгээ би өөрөө шийднэ. Тэгэхгүйгээр миний өмнөөс “Мятав намын даргад өрсөлдөнө” энэ тэр гэж яриад байхаар гайхах юм. Ингэж худлаа дэвэргээд хэрэггүй. Миний журмын нөхөд өрсөлдөх ёстой. Бүх зүйл дээр би очих ёстой гэж улайран дайрч болохгүй. Эсвэл би бүгдийг нь авна гэж байгаад үхэж болохгүй. Энэ удаа миний хувьд хүрэх албан тушаалдаа хүрчихээд байна.

Одоо харин намын даргад өрсөлдөж байгаа хүмүүс зөв шударга, намаа хагалчилгүй яваасай, намын даргад өрсөлдсөн хүмүүс ялсан хүнээ дагаад бүжиглээсэй л гэж хүсч байна даа. Тиймээс Санжмятав энэ удаагийн намын даргад өрсөлдөхгүй гэдгийг албан ёсоор хэлье. Надад өөр уралдаан байгаа. Ер нь бол би “гал тогоо”-ны л хүн. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр над шиг намын генсек хийх хүн энэ намд байхгүй л гэсэн үг. Би ер нь намын гал тогооны ажлыг бүх шатанд их сайн хийж ирсэн хүн байгаа юм. Хуулиараа өнөөдрийн миний албан тушаал генсек хийх боломжгүй учраас намын дэд даргад л өрсөлдөх боломжтой. Хэн ч намын дарга болсон би хамтарч ажиллана. “Би намын дэд дарга болъё” гэж хэлнэ. Би тал улс төр хийе, тал “гал тогоо” хийе. Хэн ч намын дарга болсон, үүнийг би хэлнэ. Харин намайг тоохгүй бол болино биз.

-Тэгвэл хэн нэгнийг эртнээс дэмжиж байж намын дэд дарга болох ёстой юм биш үү?

-Би тийм шогийн юм хийхгүй. Манай намын өнөөдрийн дүрмээр дэд даргыг Их хурлаар сонгоно. Намын дарга нэр дэвшүүлэх байх. Миний хувьд заалнаас нэрээ дэвшүүлнэ. Надад өөрийгөө дэвшүүлэх эрх байгаа. Би намын дэд дарга болох чадамжтай хүн. Үүнийгээ ч хэлнэ.

-Би намын дарга болчихвол чамайг генсекээр, дэд даргаар ажиллуулна гэдэг зүйл яваад байгаа юм биш үү?

-Намайг санал болгохгүй бол заалнаас нэрээ дэвшүүлчихнэ. Намын дэд даргад яс үзнэ.

-Зарим хэвлэлээр “Я.Санжмятав намын дарга болох болоогүй” гээд улс төрд дөнгөж ороод буй залуустай харьцуулан бичиж байна л даа. Таныг уг нь МОХ-ноос эхлээд ардчиллын үйл хэрэгт анхнаасаа оролцсон гэж ойлгодог л доо?

-Лидер, зангараг гэдгийг хөмсгөө зангидаж, микрофоноор чанга дуугардаг, хэвлэлээр пиар хийдэг тийм хүн гэж ойлгож магадгүй. Би залуудаа ааштай байсан. Олон ч хүнийг гомдоосон. Сая гадаадад Элчин сайдаар томилогдсон М.Энхсайханд хатуу үг хэлж байснаас болоод сонгуульд дэвшүүлээгүй байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг олон удаа цочоож ааштай үг хэлж байсан учраас магадгүй намайг дэмжсэн байх. Алийн болгон ааш аягийг нь тэвчихэв гээд намайг аашилж ч байсан байх. Төрийн золголт дээр л золгож байснаас гэрт нь очиж золгож байна гээд тал засч явсангүй. Ямар нэгэн байдлаар хэн нэгнээр “крандуулж” ирсэнгүй. Би даргын хүүхэд, харцын хүүхэд гэж ялгаж яваагүй.

Улс төр гэдэг тийм ч амар биш. Нэг өдөр гудамжинд эрх чөлөөтэй, нүүр бардам алхах орон зайтай амьдрах нь чухал. Ядаж “Энэ Мятав тэрнийг хорлосон” гэж хэлүүлмээргүй байна. Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр гээд нэг үеийнхэн байна. Улс төрийн хувьд харин би дунд үе. Дунд үеийнхэн нь овоо өсөөд улс төрийн алба хашаад ирэнгүүт нь авлигачаар нь дуудаад шоронд хийдэг байж болохгүй. Дараагийн үе тэгээд хаана төрөх юм. Шинэчлэл, ардчиллын төлөөх хөдөлгөөн ч гэдэг юм уу юм бий болгоод тэнд 20 гаруй хүн орчихсон байхыг хэлдэг юм уу. Монголын төрийн төлөө 20-30 жил зүтгэсэн хүмүүс бүтэн нүүрээ хараад явахын төлөө явах ёстой. Бид нэгдмэл л байх ёстой. Дээрээ ч, доороо ч, нам нь ч, засаг нь ч тэр нэгдмэл байх зайлшгүй шаардлагатай.

-Ардчилсан намын даргад өрсөлдөх хүмүүсээс 250 сая төгрөг авна гээд шуугиан дэгдлээ. Та ямар байр суурьтай байна вэ?

-Дэлхийн жишиг бол хэн энэ намыг авч явж чадах вэ гэдгийг харж байгаад гишүүд нь дэмждэг. Санал өгөх хүн мянган төгрөг хандивлаж болно. Үүнээс айх юм биш. 250 сая төгрөг өгч чадахгүй гээд суух хэрэггүй. Надад байгаа мөнгө нь энэ гээд үнэнээ хэлээд дэмжүүлээд мөнгөө босго. Харин өөрийг чинь дэмжиж хүн мөнгө өгөхгүй бол намын дарга болох найдвар алга гэж ойлго. Үнэхээр рейтинг өндөр байгаа бол хүмүүс 250 сая байтугайг хандивлах байлгүй. Өөр намын хүн ч дэмжиж болно. 250 сая төгрөг цуглахгүй бол миний хэмжээ энэ юм байна гээд зогсчих. Өөрийгөө хэмжих нэг хэмжүүр шүү. 250 сая төгрөг гээд сүртэй юм болгоод байх юм. Үнэндээ энэ чинь аймгуудыг тойрох машины түлш, сурталчилгааны материалын чинь зардал. Өмнө нь далд байсан зүйлийг манай нам ил болгож байгаа байхгүй юу. Далд эдийн засгийг ил болгож байгаа Ардчилсан намын шинэчлэлийн эхлэл юм шүү. Энэ мөнгийг эсэргүүцэж хэрэггүй.

-Та түрүүн “Ардчилсан намынхан дотроос өнөөдөр хамгийн өндөр албан тушаалд байгаа нь би” гэж хэлсэн. Гэтэл таныг бүлгийнхээ хэдэн гишүүдийг аваад явчих зангараг алга гэх юм. Энэ хэд чинь таны үгэнд орохгүй байгаа юм уу?

-Үгэнд орохгүй байгаа юм байхгүй ээ. Би үгэндээ оруулъя ч гэхгүй. Голдрилоороо юм нэгдвэл явдаг. Эрх баригчид 65 гишүүнийхээ 39-ийг цуглуулж чадахгүй байхад есөн хүнийг “Чи чадахгүй байна” гэж хэлэх эрх байхгүй. Тэр дундаа намын дарга, Ерөнхийлөгчийн сонгууль гээд улс төрийн шатлалууд байгаа тул би намынхаа хамгийн өндөр албан тушаалтай хүн гээд хүнд тоогдох гэж өрөөгөөрөө оруулж болохгүй л дээ. Өөрийгөө хамгийн өндөр албан тушаалд хүрсэн хүн гэж ойлгож байх тусмаа хүмүүсийг чөлөөтэй байлгах ёстой. Би аль нэгэн фракц гэдэг юм уу дэд дарга нь гээд бүх зүйлийг шийддэг байхаас ангид соёлыг түгээх ёстой.

Хэзээ, хаана, хэнд зангаргаа гаргах уу, хэнд юу хэлэх вэ гэдгээ би сайн мэднэ. Ардчилсан намыг хүнд байдалтай байх үед шат шатны сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан хүн би хэмээн орилохгүй байгаа нь намайг илтгэх байх. Өнөөдөр Ардчилсан намд эв дан, ойлголцол, зохицуулалт, арга зам, арчилгаа хэрэгтэй байна. Түүнээс биш бяртай нь бяргүйгээ нухдаг, би бүгдийг нь мэднэ гэдэгт ийм ойворгон зан байх ёсгүй.

-Та өнгөрөгч Их хурал, орон нутгийн сонгуулиар Завханд үнэмлэхүй ялалт байгуулахад гол үүрэгтэй оролцсон хүн. Сонголт ингэж эргэчихээд байхад намаа ялуулна гэдэг амаргүй байх?

-Айл гэр аавтай, ээжтэй байдаг шиг аль ч газар эзэнтэй байх ёстой. Манай аймгийн ялалт бүх шатандаа эзэнтэй байсных юм. Эхлээд хүн байх ёстой л доо. Тэр утгаараа нам харгалзахгүй саналаа өгсөн гэж боддог. Хүн дээшээ өгсөх тусмаа даруухан, намбатай, хор нь бага байх хэрэгтэй. Ард түмэн минь дэмжээд ингэж яваа шүү гэдгээ байнга бод. Ард түмэн, нутгаа гэсэн сэтгэлтэй байхад болно гэж боддог. Би тийм хүн. Намайг үхэхээр миний шарил дээр Ардчилсан намын туг мандуулж, хөшөөн дээр намын лого зурах юм уу. Тийм юм байхгүй. Тэр утгаараа нам гэж талцах хэрэггүй. Өнөөдөр Монголын улс төрд ойлголцол, эв нэгдэл үнэхээр хэрэгтэй байна. Үе удам дамжсан өшөө хорсол бий болчих вий дээ гэж үнэхээр санаа зовж байна. Би Хуягаа даргыг, Женког очиж уулзаад ойлголцоод явцгаагаачээ гэж олон удаа хэлсэн. Зөөлрүүлэхийг үнэхээр хичээдэг. Тэгээд л болдоггүй. Ганц манай нам ч биш улс төр, бизнесийн гээд Монголын нийгмийн бүх л салбарт улс орныхоо хөгжлийн төлөө зүтгэж байгаа хүн бүхэн эв зүйгээ ололцож, дэлхий хавтгай гэдгийг ямагт бодож, үүний төлөө оюун ухаанаа цацаж биш цуглуулж ажиллаж, амьдрах тийм л цаг үе ирээд байна гэж боддог. Бид зөв л байх ёстой. Тэгж байж л хойч үедээ бүтэн улс, бүтэн нэрээ үлдээнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Ганхуяг: Намын дарга Ерөнхий сайд байх ёстой, үгүй бол хямрал үргэлжилнэ

– ӨНӨӨГИЙН УЛСТӨРЧДИЙГ МООДНООС ГАРГАХАД СЭТГҮҮЛЧИД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭНЭ-

“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг иргэд “ХАС”-ын гэдгээр нь мэднэ. Тэрээр “ХАС” банкийг үүсгэн байгуулагч боловч өнөөдөр жирийн хувьцаа эзэмшигч. Мөн МАН-ын Бага хурлын гишүүн, Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газарт жил гаруй хугацаанд Сангийн дэд сайдаар ажиллажээ.


-Өнөөгийн эдийн засгийг хэрхэн харж байна?

-Эдийн засаг жижигхэн. Өнөөгийнхөөс жижиг байсан. Гэхдээ жилийн 17 гаруй хувийн өсөлттэй байсан түүх бий. Энэ өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлүүд байдаг ч бас муутгадаг хүчин зүйл байдаг. Жижигхэн эдийн засаг улс төрийн нөлөөнөөс болж амархан савладаг. Өөрөөр хэлбэл, улс төрийн тогтворгүй бодлогоос болж өнөөгийн эдийн засгийн хямрал үүссэн гэсэн үг. Манай бодлого тодорхой биш. Хэт их популизмтай байна. Би ардчилал, зах зээлийн эдийн засагт замнаж багагүй зүйл хийснийг үгүйсгээгүй. Гэхдээ л засах, төгөлдөршүүлэх зүйл их байна. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэдгийг буруу ойлгож байгаа гэж боддог.

-Энэ бол танай намаас гаргасан хэллэг шүү дээ.

-Би аль нэгэн намыг буруутгах, зөвтгөх гээгүй.Мэргэжлийн Засгийн газар гэдэг бол технократ байх ёстой.

-Технократ гэдэг нь…

-ХАА-н мэргэжилтэй улстөрч ХААЯ-ыг удирдах биш. Улс төрөөс хол байсан ХАА-н мэргэжилтэнд улс төрийн мэдлийг шилжүүлэхийг хэлж байгаа юм.

-Өнөөгийн хямралын хэдэн хувь биднээс, хэдэн хувь нь гаднаас хамааралтайг тоогоор илэрхийлж болох уу?

-Би өөрийн баримталдаг философио хэлье. Монголчууд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж ярьдаг. Аливаа асуудлыг болохгүй талаас нь харвал хэзээ ч бүтэхгүй. Болох талаас нь зүтгэвэл бүтдэг. Нүүрсний үнэ унасан шалтгааныг хямрал гэж хараад байдагтай би санал нийлдэггүй. Манай гол экспорт нүүрсний үнэ унасан ч, алтны үнэ унаагүй, зэсийн үнэ бага зэрэг унасан. Нөгөө талдаа бидний хамгийн их валют гадагшаа урсгадаг нефтийн үнэ маш их буурсан. Хувийн хэвшлийн 600-700 сая доллараар босгосон үйлдвэрт нүүрсээ угаагаад “Монгол нүүрс” брэнд гаргах боломж байж л байна. “АПУ” гэдэг үйлдвэрийг ад үзэхийн оронд төрөөс даалгавар өгөөд дэлхийд гарах брэнд хийж болно. Бид гадны өндөр үнэтэй брэнд архийг ууж л байна. Түүнтэй адил өөрийн архийг гадагш нь гаргаж валют олох аргыг хайхгүй л байна. Төрийн том хүлээн авалт дээр тэр архиа сурталчлаад “Манай архийг татвараас чөлөөлөхгүй юм гэхэд өөрийн зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөөч” гэж гуйх нь ичгүүртэй хэрэг биш. Энэ мэт валют олох олон жишээ байна. Би “Чоно эдийн засаг” гэдэг эдийн засгийн загвар яриад, улстөрчид эдийн засгаа солонгоруулах тухай ярьж олон жил боллоо.

-Яагаад хэрэгжихгүй байна?

-Үндэстэн даяараа нэгдэн зүтгэхгүй байна. Бид дотроо маргалдаж болно. Гадагшаа нэг цул байж л санаагаа хэрэгжүүлнэ. Зүгээр л идэж уух сэтгэлгээ нийгмийн хөгжлийг тушаад байна. Улстөрчид дэндүү увайгүй аашилж байна.

-Манай улсад зах зээлийн эдийн засгийн зарчим үйлчилж байна уу?

-Манай эдийн засагт төрийн оролцоо маш их байна. Төрийн зохицуулалт гэдгийг гажуудуулсан. Төр зах зээлийн зохицуулагч, шүүгч л байх ёстой. Хууль, журмыг гаргаад хэрэгжүүлэх л үүрэг хүлээнэ. Төр компани байгуулж иргэнтэйгээ арсалдаж болохгүй. Төр төмөр нүүртэй байдаг. Иргэнтэй өрсөлдөхөөр юу болох вэ. Төр стратегийн салбарыг хариуцаж болно. Уул уурхайг хэлээгүй шүү. Энэ салбар том учраас төр оролцоно гэж болохгүй. Уул уурхайг хувийн хэвшил авч явж чадаж байгаа бол түүнд төрийн оролцоо шаардлагагүй.

-Уул уурхайд төр оролцох нь буруу гэж үү?

-Хувийн хэвшил авч яваад байхад төрийн оролцоо ямар хэрэг байгаа юм. Төрийн ч бай, хувийн бай татвараа авна шүү дээ. Төр оролцоно гэдэг нь даргыг нь томилно гэсэн үг. Тэр эрх мэдэлтэй дарга нар компанийн даргыг тавьснаар авгай хүүхдээ чадах, чадахгүй албан тушаалд шахна. Хэрэгтэй, хэрэггүй бараа өндөр үнээр шахна. Эцэст нь ашигтай ажиллах боломжгүй болно. Төрийн ямар нэгэн компани ашиггүй ажиллаад хариуцлага хүлээсэн тохиолдол байна уу. Зөвхөн уул уурхай дээр яриагүй бусад олон салбарт энэ үзэгдэл газар авсан. Хямраад байгаа шалтгаан ердөө л энэ. Боловсрол, эрүүл мэнд, зам, эрчим хүч, хил хамгаалах асуудалд төр оролцож болно. Мөн нийтийн тээврийг хариуц.

-Төрийн автобус олигтой үйлчилгээ үзүүлж чадах уу?

-Одоо хувийнхан тийм сайн үйлчилгээ үзүүлж байгаа гэж бодохгүй байна. Намайг дэд сайд байхад 30 тэрбум төгрөг нийтийн тээвэрт өгдөг байсан. Одоо 50 болсон байх. Өнөөгийн явж байгаа автобуснууд ямар байдалтай байна. Тэгвэл төр нийтийн тээврийг мэдэлдээ аваад жил бүр өгдөг 50 тэрбум төгрөгөөрөө парк шинэчлэх бололцоо байсан. Иргэний хувьд би ингэж л боддог.

-1990 онд төрийн албан хаагчид ажлаа хаяад ганзагын наймаанд явж байсан. Өнөөдөр залуус намын гишүүн болж төрийн албанд орох гэж улайрч байна…

-Улстөрчдийн жолоогоо буруу мушгисны гай. Эрх мэдлийг хэт төвлөрүүлсний уршиг. Албан тушаал дээр очсон хэний ч амьдрал богино хугацаанд эрс дээшилж байхад хүн бүхэн тийшээ тэмүүлэх хүсэл төрнө.

-Төрийн албан хаагчийн цалин өндөр биш шүү дээ.

-Гарын үсэг, тендер шалгаруулалт, гадагшаа аялах боломж гээд албан тушаалтанд жирийн иргэнээс хавьгүй өндөр орлого олох боломж байгаа нь авлига хөгжиж эдийн засаг буурах хөрс үүсгэдэг. Энэ бол улстөрчдийн байгуулсан тогтолцооны гамшиг. Өнөөгийн улстөрчдийг моодноос гаргахад сэтгүүлчид чухал үүрэг гүйцэтгэнэ.

-Та тэдний нэг шүү дээ?

-Би тэдний нэг нь үнэн. Гэхдээ нэг хүн хийх бүтээх чадал хязгаарлагдмал. Хуучин тогтолцоонд дассан хэн ч дорвитой өөрчлөлтийг хүсдэггүй. Би хувийн хэвшил болон төрд ажиллаж үзсэн. С.Батболдын Засгийн газарт ажиллахдаа маш их юм сурсан, туршлагажсан.

-С.Батболдын Засгийн газарт дараагийн Засгийн газруудаас давуу тал байна уу?

-Энэ Засгийн газрын үед л МАН залуусаа маш зоригтой өндөр албан тушаалуудад тавьж эхэлсэн. Энэ уламжлал өнөөдөр ч хадгалагдаж байна. Энэ Засгийн газрын үед л Оюу толгой хөдөлсөн. Зарим хүмүүс бизнес хийх орчингүй болсон учраас улс төрд орсон гэж ярьдаг. Би улс төрд бизнесээ хөгжүүлэх, эсвэл хамгаалах гэж ороогүй.

-Ер нь шударгаар бизнес эрхлэх боломж байна уу?

-Намайг улс төрд ороход нийгэм нэлээд бужигнаантай байсан. Улс төр болохгүй байгаа дохио шүү дээ. Тухайн үед би гудамжны тэмцэл хийж үймээн самуунаар асуудлыг шийдэх нь буруу гэж үзсэн. Харин зохих замаар нь нийгмийн өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн. Тэгээд л улс төрд орсон. Бизнесийн орчны хувьд ном журмаар нь явахад нэг их саад байхгүй.

-Та эрх баригч намын гишүүн шүү дээ.

-Би бизнесийг намгүй байхдаа эхэлсэн. Амжилтад хүрчихсэн хойноо улс төрд орсон. Мэдээж саад тотгор бий. Гэхдээ удаан ч гэсэн журмаар нь явахад шууд хориг тавиад байдаг юм байхгүй.

-Яагаад бизнесийн орчин, боломж байхад өнөөгийн залуус улс төр рүү зүтгээд байна?

-Миний бодлоор богино хугацаанд том мөнгө хийх сонирхолдоо хөтлөгдөөд улс төр лүү улайраад байна.

-Та бие дааж нэрээ дэвшүүлж байсан даа.

-2008 онд бие дааж нэр дэвшээд, 2009 онд МАН-д элссэн.

-Тэгээд шууд дэд сайд болсон.

-2010 онд Ерөнхий сайд надад дэд сайдын албан тушаалыг санал болгосон. Жил гаруй ажиллаад, 2012 онд дахин нэр дэвшээд унасан.

-Дэд сайд болоод юу амжуулсан бэ?

-Дэд сайдын ажил, үүргийн хуваарь их бүдэг байдаг. Миний хувьд гааль, татварын орлого бүрдүүлэлтэд хяналт тавих ажил гол байсан. Засгийн газрын хуралд орохгүй. УИХ, Засгийн газрын гишүүдтэй олон юм яриад байх боломж, туршлага ч байгаагүй. Гэхдээ тухайн үед би Еранхий сайдад хийх ажлынхаа жагсаалтыг барьж очсон. Заримаас нь дурдвал тэтгэврийн шинэчлэл, хөрөнгийн зах зээл, банкны салбарт ужгирсан асуудлыг шийдэх.

-Үр дүн?

-Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийг хараат бус гишүүдээс бүрдүүлсэн. Үр дүнд нь хөрөнгө оруулалтыг их татаж чадсан. Засгийн газрын бондын арилжааг нээлттэй болгох ажлыг эхлүүлсэн. Одоо бол Засгийн газрын бонд биржээр зарагдах нь ердийн үзэгдэл биз дээ. Нэг банк тэтгэвэр тавьдгийг болиулах гээд хүчрээгүй.

-Одоо танай нам эрх барьж байгаа үедээ энэ асуудлыг шийдэх үү?

-Тухайн үед дэд сайд байсан Номтойбаяр сайд болсон. Энэ байдлыг маш сайн ойлгодог, мэддэг хүн. Одоо хэрэгжүүлэх гээд ажлын хэсэг байгуулж байна.

-Та Н.Алтанхуягийн Засгийн газрыг нэлээн шүүмжилсэн дээ.

-Та намайг твитерээр шүүмжилдэгтэй л адилхан. Алдааг нь сануулж байсан. Миний зөв байсан. Дараа нь Сайханбилэгийн Засгийн газар зөв тийшээ алхсан гэж боддог. Гэтэл намын дарга нь улс төрийн эрхээ эдлээд Засгийн тэргүүн нь эрхгүй байх буруу жишгийн гор гарсан.

-Тэр нь юу гэсэн үг вэ?

-Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд нь гадаадад явж байхад унагасан. Таван толгой хөдлөх боломжтой байсан. Япон, БНХАУ-ын хөрөнгө оруулалт орж ирэх байсан. Гэтэл АН-ын улс төрийн товчоо болсон Гүйцэтгэх зөвлөл энэ бүхнийг зогсоосон.

-Намын дарга Ерөнхий сайд тусдаа байснаас энэ бүх алдаа гарсан гэж үзэж байна уу?

-Тийм. Намын дарга Ерөнхий сайд байх ёстой. Улс төрийн эрх мэдэлгүй Ерөнхий сайд зоримог, хурдан шийдвэр гаргах боломжгүй. Өнөөгийн намын дарга Ерөнхий сайд тусдаа байгаа тогтолцоо нь үргэлжилбэл хямралаас гарахад хүндрэлтэй байх болно.

-Тэгвэл яагаад танай нам энэ загварыг давтаж байгаа юм бэ?

-Анх 2004 онд намууд ойролцоо суудал аваад МАН-ын (тухайн үеийн МАХН) дарга Н.Энхбаяр намын даргаа аваад УИХ-ын дарга болсон. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн. Манай нам энэ хувилбарыг сонгож авсан байх гэж ойлгож байгаа.

-Тэгвэл намын дарга Ерөнхийлөгч болохгүй бол Ерөнхий сайд болно гэсэн үг үү?

-…Би сайн мэдэхгүй байна.

-Танай нам эрх бариад зургаан сар боллоо. Ямар ч зоримог алхам, бодлого харагдахгүй байна…

-Энэ нь намаасаа улс төрийн эрх аваагүй Ерөнхий сайдтай байгаагаас болж байгаа болов уу гэж бодож байна.

-Та намынхаа Бага хурлын гишүүн. Яагаад Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшихээс татгалзав?

-Амарбаясгаланг би сайн мэднэ. Шударга, боловсролтой, шаргуу хөдөлмөрч сайн залуу. Өнгөрсөн хугацаанд нийслэлд АН засагласан. Энэ хугацаанд НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажилласан. Сонгуульд ялахын төлөө маш сайн ажилласан. Бат-Үүл өөрөө “цунамидуулсан” тухайгаа яриа биз дээ. АН-ын лидер Бат-Үүл, Баттулга нарыг ялна гэдэг том ялалт. Энэ бүхнийг удирдан зохион байгуулсан хүн намын Ерөнхий нарийн бичгийн дарга байх эрхтэйгээр барахгүй, үүрэгтэй гэж би үзсэн. Манай намынхан ч надтай санал нэг байсан.

-Намын даргын даалгавар биелүүлсэн юм биш үү?

-Үгүй ээ. Манай нам жинхэнэ ардчилсан нам гэдгээ харуулж чадсан. МАН-ын Бага хуралд орон тооны нарийн бичгийн даргад Н.Төмөрхүүгийн нэрийг намын дарга дэвшүүлсэн. Харин заалнаас Ц.Бат-Энхийн нэрийг УИХ-ын гишүүн Д.Гантулга дэвшүүлж санал хураалгасан. Энэ өрсөлдөөнд Ц.Бат-Энх ялалт байгуулсан. Даргын үгээр яваагүй байгаа биз дээ. Манай намын давуу тал бол гишүүд нь нэг нэг фракцын хайрцганд ордоггүй.

-Ингэхэд яагаад С.Батболдын Засгийн газрын үед эхлүүлсэн “Эдийн засгийн форум” зогсчихов?

-Энэ форум нийгэм, гадаадын хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлогыг танилцуулдаг гүүр байсан. Сэтгүүлчид хөтлөөд УИХ, Засгийн газрын бодлогыг нийгэмд, хөрөнгө оруулагчдад танилцуулдаг боломжийг нээж өгдөг. Би Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад “Энэ форумаа зохион байгуулаарай. Шүүмжлэлээс айх хэрэггүй. Тамга нь Цагаан даргад байна. Түүнийгээ аваад ном журмаар нь үргэлжлүүлээч” гэсэн санал тавьсан.

-Хариу нь?

-Ерөнхий сайд “Би энэ форумд итгэхгүй байна” гэсэн. Одоо би намын даргад санал тавих гээд байж байна. Нийгмийн бүх давхаргыг оролцуулж санал бодлоо солилцдог, гадныхан хамгийн зөв бодит мэдээлэл түгээдэг хамгийн том суваг шүү дээ.

Х.Баттөгс

Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэчимэг: Тэнгэр, газар хоёр байхгүй болчихсон юм шиг л санагдсан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.


-Таныг хамгийн сүүлд “Өвлийн тууж” кинонд тоглосон гэж сонссон. Найруулагч Б.Тулгаа “Манай кино тэр чигээрээ таавар” гэж хэлж байсан. Тиймээс ч тантай холбоотой таавруудын хариултыг олохоор ярилцахыг хүссэн юм?

-Уран бүтээлч хүн амьдралынхаа цонхыг цэлийтэл нээчихээд сууж болохгүй л дээ. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч өөрөө ч бас таавар шиг байх ёстой. Хийж байгаа болон хийсэн ажлаа л олонд тайлагнах учиртай болохоос бус хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй ярьж, хүссэн бүхэнд тайлбар өгөөд байх шаардлагагүй гэж боддог.

-Таны талаар хоёр, гурван ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн, нөхрөөсөө салснаасаа хойш урлагаа орхисон гэх мэт яриа их байдаг л даа…

-2000 оны үед шар хэвлэлүүдээр нэлээд бичигдэж байсан байх. Түүнээс хойш өөрийгөө их нам гүм амьдарч байгаа гэж бодоод байгаа ш дээ.

-Таны үеийн урлагийнхан ч шар мэдээлэлд их эмзэг ханддаг байлаа шүү дээ?

-Тухайн үедээ надад сэрдхиймээр мэдээллүүд дуулдаж л байсан. Гэвч араас нь эрэн сурвалжлаад, хэл ам хийж, тэмцэлдээд байхыг хүсээгүй. Магадгүй, сониноо борлуулах гэсэн нэг арга юм байлгүй дээ гээд л өнгөрөөж байсан. Ойр дотнын хүмүүс маань л миний өмнөөс шаналдаг байсан болов уу.

-Та одоо хэн, хэнтэйгээ амьдарч байна вэ?

-Хүүтэйгээ хамт амьдарч байна.

-Нэгэн үе телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчийн сургалт явуулдаг “Stage” төвийг ажиллуулж байсан. Дараа нь их сургуульд багшилж байна гэж дуулдсан. Та ингэхэд одоо ямар ажил эрхэлж байна вэ?

-Ар гэрийн асуудалтай холбоотойгоор сургалтын төвөө хаасан. Нөгөөтэйгүүр, дөрвөн жил сургаж байж олгодог мэргэжлийг би хэдхэн сарын дотор эзэмшүүлээд, чанаргүй боловсон хүчнүүд бэлтгээд байгаа юм болов уу гэж бодсон юм.

Нэгэн үе Үндэсний их сургуульд сэтгэл судлал, хүний хөгжлийн хичээл зааж байсан. Энэ жилээс “Зохиомж” дээд сургуулийн жүжигчний нэгдүгээр курсын ангийг дааж аваад, багшилж байна.

-Сэтгэл судлал, хүний хөгжлийн хичээл заадаг байсан гэж бодсонгүй. Магадгүй, жүжигчин хүн өөрөө сэтгэл судлаач байдаг гэдэг утгаараа амархан хөрвөсөн байх даа?

-Би Украинд жүжигчний мэргэжил эзэмшиж төгссөн шүү дээ. Мөн 2003 онд гадаад худалдааны менежер мэргэжил эзэмшсэн. Энэ хоёр мэргэжлийн маань түлхүү үзэх ёстой хичээлүүдийн нэг нь сэтгэл судлал. Хүн өөрөө нийгэмд амьдарч оршин тогтнохын тулд өрөөлийн болоод өөрийнхөө сэтгэлийг ойлгох учиртай гэдэг утгаараа мэргэжил бүхэнд сэтгэл судлал хэрэгтэй л дээ.

-Таныг хөндлөнгөөс ажигладаг хүмүүсийн дийлэнх нь гал цогтой, дүрэлзсэн эмэгтэй гэж боддог байх аа?

-Тийм гэж үү? Би тун амгалан хүн шүү дээ. Тийм гал цогтой байж чаддаг юм болов уу.

-Найруулагчид таны гал цогийг олж харсан учраас л тийм дүрд хуваарилдаг байлгүй?

-Магадгүй, тийм санагддаг байх. Харин сүүлийн жилүүдэд дийлэнхдээ л ээжийн дүрүүд санал болгож байна. Гэвч бас нурмайсан, бууж өгсөн эмэгтэй бус хүүхдийнхээ хайр дурлалыг эсэргүүцсэн, хорьж цагдсан, бүхнийг эрхшээсэн ээжийн дүр санал болгоод байгааг бодоход тийм ч юм болов уу.

-Та одоо ямар ч ээжийн дүрд тоглоход бэлэн байна уу?

-Тийм ээ, бүх дүрийг туршиж үзье л бодож байгаа.

-Хүүгээ хэр хорьж цагддаг вэ?

-Хүүдээ их зөөлхөн. Залуудаа төрүүлсэн болохоор найз шиг л харилцдаг.Бараг өөрөө хүүгээсээ зөвлөгөө аваад л явж байна.

-Ээж гэдэг хүн зөөлөн ч байсан, хатуу ч байсан бурууддаг юм шиг ээ?

-Хүн үр хүүхдээ болон аав, ээжээ өөрөө сонгож төрдөггүй шүү дээ. Би өөрийгөө хангалттай сайн ээж байж чадаагүй болов уу гэж боддог. Дийлэнхдээ л зөөлөн ханддаг. Харин миний ээж хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн ухаалаг, мундаг хүн байсан юм. Би хүүдээ заримдаа хатуурхахыг хичээдэг. Гэвч бууж өгөөд л дуусдаг даа. Ер нь, ээж хүн заавал тийм байх ёстой гэсэн албан ёсны шалгуур, шаардлага байдаггүй байх аа.

-Хүүгээсээ бусад эрчүүдэд ч бас зөөлөн ханддаг уу?

-Үгүй шүү.

-Хатуурхсандаа харамсаж байв уу?

-Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн төлөө харамсдаггүй ээ.

-Амьдрал зөөлнийг хатууруулж, хатууг зөөлрүүлдэг юм болов уу?

-Тийм шүү. Тэр тусмаа жүжигчин хүн сэтгэл хөдлөл ихтэй, бодит амьдралаас төдийгүй уран бүтээлээсээ их зүйлийг ажиглаж, дүгнэж цэгнэдэг болохоор амархан хувьсаж өөрчлөгддөг юм болов уу. Би ч бас их өөрчлөгдсөн санагддаг.

-Амьдралынхаа хамгийн гал цогтой үеийг дурсаач?

-Уран бүтээлчийн хувьд хамгийн завгүй ажилласан үе бол 1993-2006 он.

-Уран бүтээл дээр гялалзлаа ч амьдрал дээр гялалзахгүй үе ч бас бий?

-Бодит амьдрал дээр би энгийн л байдаг. Хамгийн гол нь байгаа зүйлдээ сэтгэл хангалуун. Хэтэрхий их оргилсон үе надад байгаагүй байх аа.

-Гал нь унтарчихсан мэт сүүмэлзэж байсан үеүд олон тохиолдов уу?

-Зовлонгүй, бэрхшээлгүй амьдрал гэж үгүй шүү дээ. Гэвч тэр бол нэгэн мөчлөг л байдаг. Тиймээс тухайн үед хүн өөрийгөө зоригжуулаад, урагшаа зүтгэх хүчээ өөрөөсөө олж авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тухайн агшинг хүн өөрөө ямар өнцгөөс харж, хэрхэн үнэлэхээс л бүх зүйл шалтгаалдаг. Миний хувьд тиймэрхүү үед өөрийгөө хянаж, удирдаж чаддаг.

-Амьдрал өөрөө хүний маш сайн багш шүү дээ.Гэвч амьдрал танд маш сайн заасан боловч та өөрөө зөрүүдлээд сураагүй зүйл ч бас байна биз?

-Байна, байна. Хүн үхэн үхтэлээ сурдаг гэдэг шүү дээ. Ээж маань “Залуу нас, гоо сайхан гэдэг мөнх биш. Бүхнийг залуугаасаа амжуулж хийх л ёстой шүү” гэдэг байлаа. Тэр үед дөч, тавин нас хаа хол санагддаг байлаа. Хүүхдээрээ л байгаад байх шиг. Одоо тэр насны босгон дээр ирээд эргээд харахад юу ч хийж амжаагүй л байна шүү дээ.

-Бүх зүйл мөнх бус гэдгийг аав, ээж хоёр тань өөрийн биеэр мэдрүүлж одох тэр мөч хүнд туссан уу?

-Аав, ээж хоёр хажууд байхад хүн юу ч боддоггүй юм билээ, цаас шиг л салхины аясаар хийсэж явдаг юм билээ. Аав минь түрүүлж бурхны оронд одсон юм. Тэр үед газар байхгүй болчихсон юм шиг л санагдсан. Хаана гишгэж яваагаа ч мэдэхгүй болтлоо үймэрсэн. Араас нь ээж минь явахад, бүр газар, тэнгэр хоёр хоёулаа байхгүй болчихсон юм шиг санагдаж, би хаана оршин тогтнож байгаагаа ч мэдэхгүй болчихсон. Тэр хоёр маань жар жаахан гараад л яваад өгсөн дөө. “Дахиад хэдэн жил хамт амьдарсан бол…” гэж бодогддог. Гэвч бас дөчин жил шахам хамт амьдарснаа бодоход би азтай хүн. Аав, ээжтэйгээ дөрвөн жил ч хамт амьдарч чадаагүй хүн цөөнгүй шүү дээ.

-Хоосорсон тэр орон зайг юугаар нөхөв?

-Жүжигт тоглохоо больчихсоны дараа болсон болохоор мэргэжлээ золиослох хэрэг гарсангүй. Сургалтын төвөө хаагаад, гадагшаа явж, ээжийгээ эмчлүүлсэн. Бурхан болсных нь дараа буцаад ажилдаа орох тэнхээ хүрэлцээгүй. Өөрийгөө зоригжуулж чадахгүй хэрнээ хэний ч үгийг сонсож хүлээн авахад хэцүү болчихсон байлаа. Тэгээд “Хүмүүс ийм үеийг хэрхэн даван туулдаг юм бол…” гэж бодсон л доо. Тэр үед хүү маань Италид сурч байсан. Бүхнээ орхиод хүү дээрээ очсон. Хүү маань л тэр хоосон орон зайг нөхсөн.

-Италид тийм ч удаан амьдраагүй байх, тийм үү?

-Тийм ээ. Тэнд би юу хийх вэ дээ. Хэсэгхэн зуурын сэтгэл уналтаа давчихаад л эргээд ирсэн. Тэгээд бүхнийг шинээр эхлэхийг хичээсэн дээ.

-Б.Эрдэнэчимэг гэдэг хүнийг юунд ч бууж өгдөггүй эмэгтэй гэж боддог байлаа. Гэвч та бүгдэд бууж өгөөд явсан мэт яриад, бүр эргэлзүүлчихлээ?

-Уучлах, өршөөх, бууж өгөх гэдэг зүйл миний амьдралд олон бий.

-Гэхдээ бууж өгдөггүй чанар ч бас танд байдаг байх аа?

-Хүн амьдарч байна гэдэг маань л бууж өгөөгүйн шинж шүү дээ. Ээж, аав хоёр үгүй болоход тэр чигээрээ нураад унавал унахаар л байлаа. Бууж өгдөг бол тэр үед буугаад л өгөх байсан биз. Ер нь хүн шантарч, бууж өгдөггүйдээ л амьдарсаар байдаг юм болов уу.

-Хамгийн сүүлд тоглосон “Өвлийн тууж” киноны дүр тань танаас эрс өөр гэж сонссон юм байна?

-Тийм ээ. Энэ дүрд тоглоход багагүй бэрхшээлтэй санагдаж байсан. Яагаад гэвэл би харгис хэрцгий, хүнийг туйлдуулсан амьдралаас холхон байхыг хичээдэг хүн.

-“Уйлах эрхгүй хайр” кинон дээр гардаг шиг гал халуунаар дурлаж үзсэн л биз дээ?

-Хүн дурлахаараа өөрөөсөө ч тэс өөр болдог, хэзээ ч хийхгүй үйлдлүүдээ ч хийдэг. Энэ ч утгаараа хайр дурлал гэдэг зүйл хүнийг урагшлахад хийгээд ухрахад их чухал үүрэг гүйцэтгэдэг юм болов уу. Би дурлахаараа их уйламхай болчихдог юм. Гэвч түүнийгээ хайртай хүндээ харуулалгүй, зөвхөн өөрөө өөртөө л шаналдаг. Сэтгэл хөдлөлөө тэр хүндээ илэрхийлэлгүй, өөртөө хав дарчихдаг. Ингээд бодохоор харгис ч юм шиг.

-Сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй эмэгтэйчүүд дийлэнхдээ хайртай хүнээ алдаад явуулчихдаг шүү дээ?

-Би ч бас тэгсэн л байх. Магадгүй, тохироо нь бүрдээгүй гэр бүл байсан ч байж болно. Хүмүүсийн ярьдаг шиг олон хүнтэй амьдрал зохиогоогүй болохоор олон шалтаг шалтгаан тоочиж чадахгүй л байна.

-Аз жаргалтай мөчөө ямар өнгөөр төлөөлүүлдэг вэ?

-Цагаан өнгөнд дуртай. Би өөрөө өвлийн хүн л дээ.

-Цагаан хувцас тань толботчихвол харамсах уу?

-Их дуртай хувцас маань толботчихвол харамсалгүй яах вэ. Толбыг нь арилгах гээд л үзнэ дээ.

-Яг үүнтэй адил бид ч бас энэ орчлон дээр цав цагаан л ирдэг байх. Гэвч биднийг толботуулдаг зүйл даанч олон юм?

-Өөрөө толботсон үедээ өөрийгөө хүчээр тайвшруулахыг л хичээдэг. Хүнийг болон амьдралыг дандаа баяр баясгалантайгаар харна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс өөртэйгөө ярьж, өөрийгөө л дасгалжуулдаг. Хүүдээ ч бас “дараагийн боломжийн эрэлд гар” гэж л захидаг. Хаях ёстой зүйлийг хаях хэрэгтэй. Гэвч бусдыг хэзээ ч арилшгүйгээр толботуулж болохгүй. Тэр хар толбоны сүүдэр эргээд над дээр тусна шүү дээ. Ер нь, цаг хугацаа л бүхнийг уяруулдаг даа.

-Та “Цаг хугацаа их хурдан юм” гэж дээр хэлсэн. Энэ цаг хугацаатай уралдаж амжуулахыг хүсэж байгаа зүйл тань юу вэ?

-Уран бүтээлээ олон жил орхижээ. Одоо уран бүтээлдээ идэвхтэй оролцохыг хүсэж байна. Суралцах ёстой гэж бодсоор явтал юу ч сураагүй хэрнээ их олон зүйлийг сонирхоод л орхичихож. Тэр бүхнээ гүнзгийрүүлэхийг хүсэж байна.

-Хувийн амьдралын тухайд?

-Их л амгалан хандаад байна л даа.

-Амьдралаас ямар нэгэн зүйл хүлээгээд байгаа юм уу?

-Хүлээлт, мөрөөдөл байна аа. Хүн хүлээлтгүй, хүсэл мөрөөдөлгүй болчихвол, амьдрал тэр үедээ л дуусах байх. Хүмүүс нөхөрт гарахаараа л жаргалтай амьдрах юм шиг ярьдаг л даа. Гэтэл бас нөхөр нь зовлон болбол яана. Миний хувьд хамгийн дээд жаргал бол сэтгэл амгалан байх явдал. Тиймээс ч хүлээж байгаа зүйл маань зовлон битгий болчихоосой гэж бодох юм.

О.ТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Д.Сарангэрэл: Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүйгээс “Үдийн цай” хөтөлбөрт асуудал үүсч байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Танай байнгын хороонд сүүлийн үед ямар чиглэлийн өргөдөл, гомдол их ирж байна вэ?

-Өргөдөл, гомдол олон чиглэлтэй байна. Гэхдээ ирж байгаа өргөдөл, гомдлын 90 гаруй хувь нь хувийн шинжтэй. Оюутны төлбөр, эмчилгээний зардал, зээл зэрэг гол төлөв ахуйн чанартай хувь хүний хувийн асуудлыг шийдэх чиглэлд байдаг. Үлдсэн хувь нь нийтийг хамарсан, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлууд байна.

-Эцэг, эхчүүдээс сурагчдын “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотойгоор гомдол их ирж бүх газар дээр нь очиж ажилласан байна лээ?

-Баянзүрх, Чингэлтэй дүүргийн сургуулиудын сурагчдын эцэг, эхчүүдийн зүгээс Өргөдлийн байнгын хороонд “Үдийн цай” хөтөлбөр хангалтгүй хэрэгжиж байгаа тухай, үүнд анхаарал хандуулна гэсэн хүсэлттэй өргөдлүүд олон ирсэн. Манай байнгын хорооныхон хүсэлтийн дагуу дээрх хоёр дүүргийн сургуулиуд дээр очиж газар дээр нь байдалтай нь танилцсан. Нийслэлийн тавдугаар сургууль дээр очсон. Гурван мянга гаруй сурагчийнх нь 1600 нь “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг юм байна. “Үдийн цай” хөтөлбөр 2006-2007 оны хичээлийн жилд анх хэрэгжиж эхэлсэн. Тэгэхэд 1-3 дугаар ангийн хүүхдүүд хамрагдаж байсан. Нэг хүүхдэд 300 төгрөгийн зардал төсөвлөж байсан. Дараа нь 2008 онд энэ хөтөлбөрт 1-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг болоод нэг хүүхдэд оногдох зардлыг 400 төгрөгөөр тооцож байсан юм. 2012 оноос 1-5 дугаар ангийн хүүхдүүд хамрагдах болсон. Үндсэндээ жил ирэх бүр аль болох хамрагдах хүүхдүүдийн тоог нэмэгдүүлэхийн тулд ангийг нь ахиулаад байсан. 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулдаг болгоод нэг хүүхдэд ногдох зардлыг 600 төгрөгөөр тооцсон.

Тавдугаар сургуулийн хувьд 600 төгрөгийг нь бага гэхээсээ илүүтэй хүүхдүүдэд халуун хоол, ундаагаар үйлчлэхгүй байна гэдэг гомдол ирсэн л дээ. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас цайны газрын талбай стандартад нийцэхгүй, бага байна гээд халуун хоол, цай хийхийг нь хорьчихож.

-Тэгээд хүүхдүүдэд ямар хоол, унд өгч байна, тэнд?

-Нэг жижиг еэвэн, эсвэл нэг ширхэг кекс өгч байна. Тэгээд нэг аяга шүүс. Шүүс нь хүйтэн ч гэлээ, багш ажилчид нь хүйтэн улиралд ханиад томуу их байгаа болохоор чацаргана, аньсны шүүсээ өөрсдөө халаагаад өгч байна. Тэнд хүүхдүүддээ сэтгэлээсээ хандаж байгаа хандлага байна шүү. Мэргэжлийн хяналтын газар стандартын зүйл яриад түүнийг нь хангахгүй бол хаана, торгоно гэсэн ийм юм яриад байдаг. Нөгөө талд нь эцэг, эхчүүд болоод айл өрхийн ахуй амьдрал, эдийн засгийн байдал ямар байгаа билээ. Хүүхдүүдээ тэр “Үдийн цай” хөтөлбөрт нь хамруулаад хоол, цай идүүлчихье, хоолыг нь тэрүүгээр нь аргалчих юмсан, сургуулиас нь өдөрт ганц ч удаа болов хоол, унд өгчихээсэй гэсэн хүсэл нь маш их байгаа юм байна. Яагаад гэвэл өөрсдийнх нь амьдрал хүнд байгаа байхгүй юу.

Энэ нөхцөл байдлыг бид сайн бодолцох хэрэгтэй. Тавдугаар сургуулийн тухайд цайны газрынхаа талбайг томсгочих бололцоо нь байгаа байхгүй юу. Бид газар дээр нь очоод юу гэж дүгнэсэн бэ гэхээр бололцоо нь байгаад байхад хөөцөлдлөгөө алга. Дээр нь манай мэргэжлийн, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй байна. Үүн дээр сургууль нь өөрөө санаачилгагүй байна. Мэргэжлийн хяналтын байгууллага нь хаагаад л яваад өгдөг. Ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм билээ. Улсын хэмжээнд 700 гаруй сургууль “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн 200 гаруйд нь иймэрхүү асуудал байна.

Тиймээс манай байнгын хороо ирэх долоо хоногийн хуралдаанаараа яг энэ “Үдийн цай” хөтөлбөрийн асуудалтай холбоотойгоор төрийн байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулаад үүний шийдлийг гаргана. Үүнээс гадна энэ хөтөлбөр дээр бас нэг асуудал байгаа нь 2014 оныг хүртэл тухайн сургууль сургууль дээрээ “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компаниа олоод тэднийгээ өөрсдөө хянаад ажиллаж байсан юм байна. Гэтэл 2014 онд Нийслэлийн өмчийн харилцааны газарт сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх компанийн сонгон шалгаруулалтыг төвлөрүүлчихэж. Сонгон шалгаруулалтаар шалгараад тухайн сургууль дээрээ уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжүүд нь сургуулийн зүгээс өгдөг шаардлагуудыг үл биелүүлж, тоодоггүй болсон байна. Энэ нь эцэг, эхчүүдийн зүгээс гомдол гаргах бас нэг үндэслэл нь болсон. Тийм болохоор өмнөх шигээ сургуулийн зүгээс өөрсдөө хяналтаа тавиад явах бололцоог нь дахин олгох нь зүйтэй юм гэсэн дүгнэлтийг ирэх долоо хоногийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.

-Ирэх сарын нэгнээс хэд хэдэн хууль хэрэгжиж эхэлнэ. Одоо УИХ-ын чуулганаар ч олны анхаарлыг татсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Эдгээр хуулийн төслүүдтэй холбоотой санал, гомдол ирж байна уу?

-Манай хорооны анхааралд нэг асуудал ороод ирсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжид хамрагдах хувийг бууруулчихсан. Тухайлбал, харааны чадамж нь 70 хувь байхад тэтгэмжид хамрагддаг байсан бол одоо “Та тэтгэмжид хамрагдахын тулд харааны чадамж тань 80 хувь руу орох шаардлагатай” гэж байна. Харааны чадамж нь бүр муудсаны дараа тэтгэмж авах боломжтой болох юм байна л даа. Энэ юу гэсэн үг вэ. Өнгөрсөн хавар ийм өөрчлөлт орсон юм байна. Үүн дээр маш олон өргөдөл, гомдол ирж байгаа. Үүнийг бас асуудал болгож хэлэлцэнэ.

-Байгаль орчны бохирдолтой холбоотой гомдол их ирж байгаа гэсэн?

-Ирж байгаа. Байгаль экологийн чиглэлээр манай хороон дээр олон өргөдөл гаргагчтай гомдол ирчихээд байгаа. Байгаль орчны хохирлыг нөхөн сэргээх асуудлаар ирүүлсэн өргөдлүүд дээр ажиллаад судалгаа хийгээд явж байна. Уул уурхайн компаниуд олборлолт хийчээд нөхөн сэргээлт хийхгүй, тэр чигээр нь орхичихдог. Нөхөн сэргээлтэд нь ямар арга хэмжээ авах юм бэ. Байгаль орчны яамны уул уурхайн компаниудаа шахаж, тэр нөхөн сэргээлтийг нь хийлгэмээр байна. Нөхөн сэргээлт хийгээгүй бодит жишээ, судалгаанууд нь ирчихсэн байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй бол тэр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь цуцалдаг хууль бий. Энэ хууль хэрэгждэггүй. Тухайлбал, Туул голыг тойрсон 54 аж ахуйн нэгж элс, хайрга, дайрга олборлож байна. Тэд нараас ганц нь ч нөхөн сэргээлт хийгээгүй. Тэнд очоод үзэхэд талыг там болгочихсон байгаа. Хөрсөөр нь эргүүлээд хаячихсан. Тэнд нь бороо, цас орж хүмүүс хогоо хаяж, үхсэн мал, нохойгоо аваачаад хаячихдаг. Үнэндээ хүн явах боломжгүй, мал бэлчих газаргүй болчихсон. Ийм нөхцөл байдал улсын хэмжээнд олон бий. Нөхөн сэргээлт огт хийгдэхээ больсон.

-Ханиад томууны дэгдэлт өмнөх шигээ дэгдэж хүүхдийн эмнэлгүүд ачааллаа дийлдэхгүй л ажиллаж байна. Энэ талаар гомдол танай хороонд байнга ирдэг байх аа?

-Эмнэлгүүдийн ачаалал хоёр дахин нэмэгдээд байна. Эмнэлгүүд эмч, ажилтнуудынхаа өрөөг чөлөөлөөд өгчихөөр тэнд нь тавих ор дутчихдаг, эмч нар нь ачааллаа дийлэхээ больж дээрээс нь амьсгалын аппарат нь хүрэлцэхгүйн зовлон гарч ирдэг. Ийм асуудлууд гараад байна. Эмэгтэй гишүүд саяхан эмнэлгүүдээр явж ажилласан. Дахиж явж ажиллах шаардлага тулгарч байна. Эрүүл мэндийн яам дээр дурдсан дутагдаад байгаа зүйлүүдийг нөхөх чиглэлд ажиллахгүй бол болохгүй нь. Илүү цагаар ажиллаж байгаа эмч нарын илүү цагийн мөнгө нь олгогдохгүй байна. Ор, амьсгалын аппарат нь хүрэлцэхгүй байна.

Эмнэлгүүдэд согтуу хүн, өвчтөнүүд, хүүхдүүд хамтдаа ирээд уйлаан майлаан, агсам согтуу бүгд өрнөж байна. Энэ асуудал 2016-2020 онд хуулийг боловсронгуй болох үндсэн чиглэлд орчихсон байгаа ч их хойгуур байгаа. Тэр асуудлыг нааш татаж оруулж ирж яаралтай шийдвэрлэхгүй бол эмч нарын хувьд эмчилгээнд нь хамгийн их садаа болж байгаа зүйл нь согтуу хүмүүс болчихоод байна. Эмч нар согтуу хүнтэй зууралдаад байна. Үүнийг яаралтай шийдэх талаар Нийгмийн бодлогын байнгын хороонд санал гаргачихаад байж байна.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан “Эрчүүдийн эсрэг хууль болж байна. Хүчирхийлэлд өртдөг эрэгтэйчүүд маш олон байдаг. Муухай ааштай, адайр зантай эхнэрүүд маш олон байдаг нь гэр бүлийн хүчирхийллийн галыг ноцоодог гол хүчин зүйл. Эр хүний ноён нурууг хугартал хэл амаар доромжилдог эмэгтэйчүүд олон. Тэр үед заримдаа тэвчихийн арга байдаггүй. Ийм эмэгтэйчүүдэд ч энэ хуулиар хариуцлага тооцох ёстой” гэсэн саналыг эрчүүлийн зүгээс гаргаж байгаа юм билээ?

-Хүйсийн тэгш байдлын асуудал ганцхан эмэгтэйчүүдэд хамаатай биш. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгмийн харилцаанд тэгш байх тухай асуудал. Сүүлийн үед эрчүүд ч гэсэн биеийн хүчний биш юмаа гэхэд сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж байгаа гомдлууд байгаад байгаа юм. Тэгэхээр энэ хууль эмэгтэйчүүд, хөгшчүүл, хүүхдүүдэд л үйлчлэх хууль гэж эндүүрч болохгүй. Нөгөө талаас хүүхдээ гэртээ оройтоод ирэхээр аав нь хатуухан үг хэлчихээр тэр нь хүчирхийлэл болчих гээд байна гэх зүйлийг яриад байгаа. Тэгэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль ганцхан эмэгтэйчүүд, хүүхдүүдэд хамаатай биш хүчирхийлэлд өртөж байгаа хүн болгонд зориулсан хууль. Бүгдэд нь үйлчилнэ. Түүнээс гадна эрэгтэй талдаа илүү сөрөг байна аа гэж ойлгоод байгаа бол хайр нь дотроо хал нь гаднаа байдаг аавуудад чиглэсэн хууль биш шүү. Дөрвөн настай дүүгээр нь заазуур авчруулаад зургаан настай ахыг нь заазуурдсан тэр харгис эцэг, тийм үйлдэл гаргадаг хүмүүст л чиглэсэн хууль юм. Хамгийн гол нь та гудамжинд хүнийг алгадчихвал гэмт хэрэгтэн болдог. Гэртээ хүн зодчихоор зөрчил болчихдог. Энэ байдлыг л үгүй хийж байгаа юм. Гэхдээ гар хүрсэн юм уу, ямар нэг хүчирхийлэл үйлдсэн эрчүүд шууд шоронд орчих асуудал биш. Сургалт явуулах, гэр бүлээс нь тусгаарлах зэргээр гадаад улс орнуудад хэрэглэдэг гэхдээ монгол орчинд, Монголын хөрсөнд буух тийм зохицуулалтуудыг хийсэн байгаа юм. Өмнөх хууль нь их сайн хууль болсон. Шинээр гарсан ажлын хэсэг тэр өмнөх хуулиас юуг нь өөрчилсөн юм, ямар давуу тал, дэвшил гарав, ямар заалтыг өөрчилж тусгаж байгаа юм гэдгээ тодорхой хэлмээр байгаа юм. Шуурхай ажиллах шаардлага байна. Ажлын хэсгийн түвшинд удаашралтай ажиллаж байна гэж дүгнэж байгаа учраас УИХ-ын чуулган дээр Хууль зүйн байнгын хороонд шаардлага тавьсан. Энэ хуулийг хурдан гаргах шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: “Стэнд бай”-гаас гадна хөнгөлөлттэй зээл авч, том төслөө хөдөлгөж байж л хямралыг давна

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ойрын найдвар “Стэнд бай” болоод байна. Манай улсад энэ хөтөлбөрийн хүрээнд ихдээ хэчнээн ам.доллар орж ирэх боломжтой вэ?

-Өнөөгийн нөхцөл байдал биднээс өмнөх алдаагаа давтахгүй зээл, олсон орлогоо зөв, тооцоо судалгаатай зарцуулахыг шаардаж байгаа. Ер нь зээл болон бүх шатны төсвийн зарцуулалтыг зөв чиглэлд, судалгаа шинжилгээтэй, үр дүнд суурилсан байдлаар шийдэлгүйгээр энэ хүндрэлийг даван туулах боломжгүй л дээ. “Стэнд бай” хөтөлбөрийн хувьд Монгол Улс 1991, 2009 онд авч хэрэгжүүлсэн. Сүүлийн хөтөлбөрийн хүрээнд 122.6 сая зээлжих тусгай эрх буюу 200 орчим сая долларыг авч 2010 оны аравдугаар сард аль аль тал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн дүгнэж хааж байсан. Үүнээс гадна гурван удаа бага хэмжээний харьцангуй урт хугацаатай зээлийг ОУВС-гаас авч ашигласан түүх бий. 2011 оноос валютын сангийн зүгээс хөтөлбөрүүдийг өөрчилж, зээлийн хэмжээг бас нэмсэн. Валютын сангийн зүгээс гаргасан өөрчлөлт, Монголын эдийн засгийн хэмжээ өссөн зэргээс шалтгаалж бид өмнөх зээлээс илүүг авах боломжтой. Нэг тэрбум ам.доллараас багагүй хэмжээний зээл авчих байх. Энэ зээлийг валютын сангийн зүгээс тавих шаардлагын дагуу болон улсынхаа эдийн засагт үр ашигтай өөрчлөлтүүдийг хийх зүйлд зарцуулах нь чухал. Миний хувьд аливаа эх үүсвэрийг үр ашигтай дэд бүтцийн салбар, өрсөлдөх чадвар өндөр салбаруудад эдийн засгийг төрөлжүүлэх зорилготойгоор зарцуулах нь өгөөжтэй гэж боддог. “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд эхний хувилбарт зарцуулах боломж нь зээлдүүлэгчийн шаардлагаас хамаараад илүү боломжтой байх магадлал өндөр.

-“Стэнд бай” хэрэгжээд эхэлсний дараа Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээл авах зайлшгүй шаардлагатай, тэгж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурьтай та санал нийлж байна уу?

-Аливаа улс оронд хөнгөлөлттэй зээлийг ашиглах шалтгаан, цаг хугацаа гэж байдаг. Олон улсын байгууллага, хандивлагчдын хүрээнд хөнгөлөлттэй зээл тусламж ашиглаж байсан үе манайд бий. Япон зэрэг гол хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авч байсан зээлүүд эдийн засагт хэрэгтэй үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн нь ч бас бий. Харин сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг өсч хөнгөлөлттэй зээл тусламж авахаа зогсоосон байсан. Буурай хөгжилтэй орноос хөгжиж буй орны ангилалд орох болж хандивлагчидтайгаа түншүүдийн хэмжээнд харилцах цаг болсныг зарлаж явсан цаг ердөө саяхан шүү дээ. Энэ боломжтой зэрэгцээд Монгол гэдэг улс анх удаа арилжааны зээл авах боломжтой болж 2012 онд 580 сая ам.долларын бонд, араас нь “Чингис” бондыг гаргасан.

Гэвч боломжоо зөв ашиглаж чадаагүй. Бондуудын мөнгө, уул уурхайгаас орж ирэх орлогыг бодлогогүй буруу зарцуулснаас болж түүхэндээ хөнгөлөлттэй зээл тусламжийн тухай маш богино хугацааны дотор эргэн ярих болж байгаа нь харамсалтай хэрэг. Өнөөгийн нөхцөл байдалд таны сая дурдсан орнууд болон бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авахаас аргагүй. Учир нь ойрын жилүүдэд бий болох өрийн дарамт, эдийн засгийн хүндрэлий дан ганц “Стэнд бай” хөтөлбөрийн зээлээр давах боломжгүй. Гэхдээ чухам юунд зарцуулах, зээлдэгчидтэй хэрхэн зөвшилцөх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй.

-Гадны улс орны хөнгөлөлттэй зээлийн давуу болон сул тал нь юу вэ?

-Хөнгөлөлттэй зээл гэдгийг урт хугацааны, хүү болон үндсэн төлбөрийн хувьд харьцангуй таатай нөхцөл бүхий зээл гэж ойлгож болно. 2012 оноос өмнө бид энэ хүрээнд гадны улс орон байгууллагуудаас тусламж дэмжлэг авсаар ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн давуу тал нь арилжааны зээлээс урт хугацаатай хүү багатай ч зээлдэгчийн тавьсан шаардлага, хязгаарлалтын тодорхой хүрээнд зарцуулах шаардлагатай болдог. Үүнийг нь сул тал гэж хэлж болох юм. Сүүлийн дөрвөн жилд авсан арилжааны зээлүүдийн хувьд өндөр хүүтэй, харьцангуй богино хугацаатай ч юунд хэрхэн зарцуулах нь бидний асуудал байсан. Зээлийн эх үүсвэрийнхээ хувьд давуу тал л даа. Харамсалтай нь энэ давуу талаа ашиглаж чадалгүй их хэмжээний мөнгийг бодлогогүй зарцуулснаас болж хэцүү байдалд орчихоод байна.

-Хятадын хөнгөлөлттэй зээлийг авлаа гэхэд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Аль ч улстай эдийн засаг, санхүүгийн харилцаанд орохдоо тухайн харилцааны өнөөгийн эерэг талаас гадна ирээдүйн үр дагаврыг тооцоолох хэрэгтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Чингис” болон бусад бондыг гаргахдаа их мөнгөтэй болох тухай бодсоноос биш яаж зөв зарцуулах, эргүүлж хэрхэн төлөх талаар бодлогогүй хандсан. Өнөөдөр тодорхой нэг улстай санхүүгийн харилцаанд орохдоо энэ бүдүүлэг алдаагаа давтаж болохгүй. БНХАУ манай худалдаа, бизнес, санхүүгийн хамгийн гол харилцагчдын нэг байсаар ирсэн, байх ч болно. Өнөөдөр өмнөд хөршийн эдийн засаг хүчирхэгжиж бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон байр суурь эзэлж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй хөгжих хандлагатай байгаа. Бидний хувьд өмнөд хөршөөс бүх талын хамааралтай, зээл авснаар энэ хамаарал улам нэмэгдэх эрсдэл бий. Иймээс хэр хэмжээтэй зээлийг ямар нөхцөлөөр авах, гол нь юунд зарцуулах нь тодорхой байх хэрэгтэй. Мэдээж эргэн төлөх тодорхой төлөвлөгөө зайлшгүй чухал. Дэлхийн хэмжээнд гээд харахаар Хятадын санхүүгийн хараат байдлаас хамаарч газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах, үндэсний мөнгөн тэмдэгтээ урд хөршийн үндэсний валютаар солих тохиолдол ойрхон гарч байгааг анзаарахгүй орхиж болохгүй.

-Зээл авахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий юу. Байгаа бол тодорхой гарц, хувилбарууд хэлээч?

-Гурван жилийн өмнө бол болно гэж хэлэх байлаа. Тухайн үед нөхцөл байдал маш өөр байсан. Тэр үедээ л төр, төсвийн шинэчлэлээ цогцоор нь хийж, өрийн удирдлага, уул уурхайн талаарх том жижиг асуудлаа зөв шийдчихсэн бол “Стэнд бай”, хөнгөлөлттэй зээл ярих хэмжээнд хүрэхгүй байсан гэж би хувьдаа үздэг. Нүүр тулсан өрийн дарамт, төсвийн томоохон алдагдал, хүндэрсэн эдийн засаг, гадаад зах зээл дэх нэр хүндийн уналт гээд олон сөрөг хүчин зүйлийн дарамт нэмэгдсэн энэ үед зээл авахаас өөр арга байхгүй. Гэхдээ зээл тусламж аваад л эдийн засаг сэргэчихнэ гэж бодох нь өрөөсгөл хандлага. Зээл бол эдийн засгаа сэргээх олон ажлын зөвхөн нэг нь. Үүнээс гадна төсвийн шинэчлэл, төрийн хариуцлага, эдийн засгийн гол болон бусад салбараа сэргээх оновчтой бодлого тодорхойлох гэх мэт олон ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

-Ойрхон хугацааны арга гэвэл том төслүүдээ хөдөлгөж байж л хямралаас гарах байх…?

-Уул уурхай, тухайн салбарын томоохон төслүүд эдийн засгийн тулгуур гэдэгтэй санал нэг байна. Том төслүүдийг хэрхэн хөдөлгөх, өмнөх төслүүдэд гарсан алдааг засч чадах эсэхээс эдийн засаг сэргэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ сүүлийн хэдэн жилд уул уурхай, гадаад зээлд хэт анхаарлаа хандуулж, тухайн чиглэлийн мөнгөнд хэт дулдуйдсан эдийн засаг, төсвийн шийдвэр гаргалтыг хийснээс болж алдаанд хүрсэн байх талтай.

-Таван толгойн хэлэлцээ дахин эхэллээ. Ер нь Таван толгойг яаж хөдөлгөвөл эдийн засагт өгөөжөө өгнө гэж та бодож байна?

-Таван толгойн асуудлаар эерэг мэдээллүүд гарч, тодорхой үр дүнд хүрч байгаа нь сайн хэрэг. Төслийг бүрэн шинэчлэн хэрэгжүүлэхийн хувьд өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шалгаруулсан тендерийн үр дүнд ялсан консорциумыг боломжийн хувилбар байсан гэж үздэг. Одоо “Шинхуа”, “Сумитомо”, “Энержи ресурс” гэсэн гурвалтай хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүй.

-Тавдугаар цахилгаан станц, нүүрсээ тээвэрлэх төмөр зам гэх том төслүүд өчнөөн жил яригдсан ч өнөөг хүртэл ажил болоогүй. Таныхаар шалтгаан нь яг юундаа байна вэ?

-Манайд цаасан дээр батлагдсан бодлого, хөтөлбөрүүд хангалттай их бий. Гэхдээ бодит байдалд буулгаад харахаар биелсэн нь маруухан байдаг нь гэм биш зан болчихсон. Хэрвээ уул уурхай, төмөр зам, хүнд үйлдвэрлэлийн талаар өмнө батлагдсан бодлого, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалтай суухгүй байсан. Энэ мэтээр яриад байвал бидэнд маш олон “хэрвээ” байгаа. Гол шалтгаан нь төрийн бодлогын алдаа, тогтворгүй байдал, хэт улстөржилт. Төрийн нэгдсэн ул суурьтай, тооцоо судалгаатай хөгжлийн бодлого байхгүй нь бидний гол алдаа. Нэг нам эрх барих хугацаандаа төрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тэр нь өмнөх бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг, цаг зуурын шийдвэр гаргадаг. Энэ л өнөөгийн хямралын гол шалтгаан. Дээрээс нь хэт улстөржилт, улс төрийн амлалтад тулгуурласан буруу шийдвэрүүд нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

-Манай улсын болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг саявтар буулгасан. Зээлжих зэрэглэл буурсан шалтгаан нь юу вэ. Зээлжих зэрэглэл буурснаар бидэнд ирэх сөрөг нөлөөлөл…?

-Зээлжих зэрэглэл буурсантай холбоотой олон талын байр суурь байна. Эхлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүний дараагаар банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь бусад байгууллагын зээлжих зэрэглэлийг эргэн харах суурь нөхцөл болсон гэж харж байна. Бууруулсан үндсэн шалтгаан нь Монгол Улсын хувьд өрийн дарамт нэмэгдсэн, шийдвэрлэх арга зам тодорхойгүй хэвээр байгаа болон төсвийн алдагдал гэж харж байна. Харин арилжааны банкуудын хувьд чанаргүй зээлийн хэмжээ, валютын ханшийн дарамт, бодлогын өндөр хүү зэрэг нь голлон нөлөөлсөн. Энэ нь Монгол Улсын банкуудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлээс үнэт цаас болон бусад хэлбэрээр эх үүсвэр нэмэгдүүлэх боломжийг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Ингэснээр валютын орох урсгалын санхүүгийн салбарын дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурсан нь хөрөнгө оруулагчидтай хийх тохиролцоо, гадаад санхүүжилт авах байдлыг харьцангуй төвөгтэй байдалд хүргэнэ гэж харж байна.

-Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлого эдийн засгийн хямралын энэ үед хэр оновчтой гэж та бодож байна вэ?

-Төв банкны зүгээс бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хямралын нөхцөл байдалд тийм ч зохистой зүйл гэж үзэхгүй байна. Төв банк тодорхой эрсдэлийг бууруулах зорилготой гэж тайлбарласан. Бодлогын хүүг огцом нэмснээр валютын ханшийн өсөлтийг саармагжуулах зорилгоо бол биелүүлсэн. Харин эдийн засгийн хувьд эерэг нөлөө багатай. Энэ утгаараа одоогийн байгаа өндөр хүүг удаан хадгалахгүй гэсэн хүлээлттэй байна. Бодлогын хүүг энэ хэвээр хадгалах нь мөнгөний нийлүүлэлтэд хязгаарлалт болж эдийн засагт тодорхой эрсдэл учрахаас сэргийлэх сайн талтай. Гэхдээ эдийн засгийн уналтыг даамжруулах, сэргэлтийг удаашруулах сөрөг нөлөөллийг бий болгох өндөр магадлал бий. Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг хязгаарласан нь сайн ч гэлээ мөнгөний хэт хумих бодлого барих нь өнөөдрийн хувьд тийм ч тохиромжтой биш.

Categories
мэдээ цаг-үе

М.Энхтуяа: Хувцасны дизайнер мэргэжлээр сурах эрмэлзэлтэй хүүхэд ирэхэд сайн дизайнер болгоно гэж боддог

М.Гандигийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн хувцасны дизайны багш М.Энхтуяаг энэ удаад “Багш” буландаа урьсан юм. Тэрээр саяхан болж өнгөрсөн “Гоёл 2017” наадамд оролцож үндэсний хувцасны төрөлд шилдэг дизайнераар шалгарсан байна.


-Таны мэргэжил уг нь дизайнер юм байна. Ямар сургууль төгссөн юм бэ?

-ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн дизайны сургуулийг хувцасны дизайнер мэргэжлээр дүүргэсэн.

-Дизайнер хүн яаж яваад багш болов?

-Би багш болно гэж ерөөсөө бодож байгаагүй. Хэзээ ч багш болохгүй гэдэг байсан. Гэтэл сургуулиа дөнгөж төгсчихөөд байхад нэг найз маань Үйлдвэрлэл урлалын сургууль гэж байдаг. Их гоё сургууль. Тэнд хувцасны дизайны багш авна гэж байна гэж хэлсэн. Би очоод анкетаа бөглөөд ярилцлаганд ороод тэнцсэн. Одоо 13 дахь жилдээ багшилж байна. Сургуулиа төгсөөд л багшаар ажлынхаа гарааг эхэлсэн.

-Та бол дизайнер багш юм байна. Багш мөртлөө нэлээд онцлогтой ажил байх гэж бодож байна?

-Дизайнер бол хүний имижийг өөрчилдөг. Тиймээс оюутнуудынхаа тэр чадварыг нь хөгжүүлж, гаргаж ирэхэд нь тусалдаг гэж хэлмээр юм уу даа.

-Тэгвэл таны хичээл заах онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

-Миний хичээл заах онцлог гэвэл практик тал руугаа нэлээд хандсан. Бүтээл гаргах, үр дүн нь шууд л нүдэн дээр ил харагдаж байдаг мэргэжил.

-Үйлдвэрлэл урлалын политехник коллежид багшилснаасаа хойш хичнээн оюутанд хичээл зааж хувцасны дизайнер, оёмол бүтээгдэхүүний оёдолчин мэргэжлээр төгсгөв?

-Миний тооцоогоор 300-аад оюутанг төгсгөсөн. Намайг анх энэ сургуульд ажилд ороход хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр гурван жил сургадаг байсан. Дараа нь хувцасны загвар зохион бүтээгч гэдэг мэргэжлээр аравдугаар ангийн аттестаттай төгсгөдөг болсон. Хувцасны дизайнч мэргэжлээр бол гурван жил сурдаг.

-Танай сургуульд л хувцасны дизайнч мэргэжлээр сурах гэсэн юм сонирхолтой хүүхдүүд ирдэг үү?

-Ер нь бол тийм хүүхдүүд ирдэг шүү.

-Багш хүний хамгийн том бахархал бол шавь нар нь. Та 300-гаад оюутанг төгсгөсөн юм байна. Эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай яваа шавь нарынхаа талаар яриач?

-Бахархдаг шавь нар байлгүй яахав. “Ану-Үжин” салоны дизайнер Оюунтуяа гэж бий. Өөрөө салон нээгээд ажиллуулж байгаа шавь нар байна. Хөх хотод мэргэжлээрээ бараг 7-8 жил ажиллаж байгаа Түвшинзаяа гэж бий. Тэндээсээ ирж “Гоёл” наадамд хоёр ч удаа оролцож шагнал урамшуулал хүртсэн. ОХУ-д очиж үндэсний хувцасны коллекцийг танилцуулсан байгаа “Чиг” гэдэг салонд дизайнераар ажилладаг Туул байна. Мөн хувцасны дизайн чиглэлээр хувиараа ажиллаж байгаа хүүхдүүд ч олон.

-Та “Гоёл-2017” наадамд амжилттай оролцсон юм байна. Ямар бүтээлээрээ шилдэг дизайнераар шалгарав?

-Энэ жил манай сургууль байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан маш олон бүтээл гаргасан. Тэдний нэг “Хатдын жавхаа” нэртэй үндэсний коллекцийг оёдлын багштайгаа хамтран хийлээ. Эдгээрийг Монголын хатдын чигч шулуун, зоримог, дайчин зан чанараас сэдэвлэн судалгаа хийж зохиосон байгаа. Дээд зэргийн торгыг ангийн үс, капронтой хослуулан, шүр, сувд, гар хатгамал хээгээр чимж, гутал болон малгайтай хослуулан хийсэн. Эдгээр загваруудыг бүтээхэд манай сургуулийн удирдлагууд болон сургалтын албаны зүгээс маш их дэмжлэг үзүүлсэн. Үүний хүчинд энэ хүндтэй шагналыг хүртсэн гэж боддог.

-“Гоёл” наадам дээр толилуулсан загваруудыг урлахад оюутнууд тань тусалсан биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдгээр загварууд олон хүний хүч хөдөлмөрөөр бий болсон. Шүр чимэг гэхэд л 18 мянган ширхэг орсон байгаа. Энэ их ажлыг оюутнууд маань нугалж өгсөн.

-Загвар зохион бүтээгч, загвар өмсөгчийн мэргэжил одоо моодонд орчихоод байгаа. Дизайнер болно гэж эргэлт буцалтгүй шийдсэн, маш шаргуу дайчин оюутнууд байдаг биз?

-Зорилгодоо хүрэхийн төлөө тууштай, хичээнгүй зүтгэдэг оюутнууд бий. Манай сургуулийг дүүргэчихээд одоо ШУТИС-д сурч байгаа Цэнд-Аюуш гэж шавь байдаг. Маш дайчин, ямар нэг зүйлийг суръя гэж бодсон бол огтхон ч шантардаггүй. “Ану-Үжин” салонд ажиллаж байгаа шавь Оюунтуяа байна. Ер нь нэрлээд байвал олон хүүхэд бий. “Чиг” салонд ажиллаж байгаа Туул бол унаган авьяастай. Багадаа Хүүхдийн ордны дугуйланд явчихсан, дизайны маш өндөр мэдрэмжтэй. Ер нь бол ирээдүйд юм дуулгана гэж боддог. Хувцасны дизайнер мэргэжлээр юм сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд ирэхэд би сайн дизайнер болгоно гэсэн зорилготой ажилладаг. Хамгийн гол нь оюутнууд маань хүсэл эрмэлзэлтэй, түүнийхээ төлөө явдаг байх ёстой. Гэтэл дундаас нь шантраад хаячихдаг хүүхдүүд ч бий. Ер нь бол дизайнер гэдэг бол их гоё мэргэжил шүү дээ. Хүмүүс бидний бүтээсэн хувцсыг хараад маш их таашаал авдаг.


Categories
мэдээ цаг-үе

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (III)

Бичигтийн боомт дээр үлдсэн 400 гаруй адуу

Түрүүч нь №288 (5553), 289(5554) дугаарт

Шадар сайдын хилийн боомтоор адуу гаргахыг бүр мөсөн хориглосон шийдвэр гарсны дараа адууны наймаачид Бичигтийн боомт дээрээс Улаанбаатар хот руу адуугаа ачиж эхэлсэн юм. Хүчтэй салхи гарахад л үсрээд ойчмоор болтлоо сэнсэрч, турж, эцэж, яс нь горзойсон адуунуудыг 890 километр замд тээвэрлэж, хот хүргэх гэнэ. Замдаа ачилтын ая дан даахгүй хэд нь үхээд очих нь тодорхойгүй юм. Адуу ачиж байгаа залуус “Яс арьс болж хэрзийсэн, хэлхээтэй хэдэн ясыг улсын хилээр нь гаргадаггүй бол үнэтэй мах килограммаар нь авч иддэг хотынхонд өгөөд хэдэн төгрөг болгоно доо. Бүр болохгүй бол хиамны үйлдвэрүүдэд тараагаад өгнө. Булаацалдаад л авна ш дээ” гээд л хоорондоо инээлдэх. Машины тэвшин дээр өөрөө харайгаад гарах нэг ч адуу байсангүй. Бүгд л хөлөө дааж ядан дэнчигнэж, арай л гэж гарах аж. Бүр зарим нь хамраараа газар шаагаад унах. Унасныг нь өргөөд босгохын оронд өшигчиж харагдана. “Энэ хэдэн адуу ямар миний эд хөрөнгө биш. Хилийн боомт дээр амьд авчирсан л бол миний үүрэг гүйцэж байгаа нь тэр. Хөлдөөд үхнэ үү, өлдөөд үхнэ үү, надад ямар хамаа байна” гэх жолооч нарын үгс чих мултармаар хахир дуулдана. Ченжүүд “Хятадууд ямар адууны өөх идэж чадах биш. Том жижиг, тарган туранхай гэж гоочлох ч биш. Тэвшин дээрээ хүлээтэй л хэвтэж байг. Бүгд үхчих юм бол бөөнөөрөө хэл ам хийж байгаад тэр У.Хүрэлсүх сайдаас нь мөнгө авна” гэх утга бүхий зүйлс ярьж байсныг хэлэх хүн ч цөөнгүй байна. Тэдэнд адууны ачилтын хөлс, боомт дээр хонож байгаа илүү цагийнхаа мөнгийг л авч байвал адуу хөлдөж, өлдөж тарчилж үхэх нь огт хамаагүй бололтой. Нэг илүү хөдөлгөөн хийхээс залхуурч, дулаан гэрт биеэ оторлоод хэвтээд байсан аж. Түүнээс амьд амьтан хөхөө өвлийн хүйтэнд өвс, тэжээлгүй 20 хоноход үхэж үрэгдэнэ гэдгийг бүгд мэдэж байсан. Амьтныг хайрлан энэрэх зөөлөн сэтгэл тэнд байсан хүмүүсийн хэнээс нь ч гараагүй нь харамсалтай.

Хэрэв Шадар сайд У.Хүрэлсүх адуу хилээр гаргахгүй хэмээн тодорхойгүй хугацаагаар хорьсон шийдвэрээ нэг мөр сунгаагүй байсан бол 1200 гаруй адуу бүгд боомт орчимд өлбөрч үхэхгүй байсан нь тодорхой. Монголчууд хэдэн үеэрээ малынхаа буянд өнөөдөртэй золгож, ашиг шимийг нь хүртэж яваа ард түмэн. Тэгсэн мөртлөө малдаа хайргүй, зөвхөн идэж, ашиглахаа боддог. Зун, намаржин архи, айраг, найр наадам хэсэж, зугаалж цэнгэж яваад өвөлтэй золгодог. Өвс хадлангаа олигтой ч зэхэж бэлддэггүй. Тэгээд л хотоо харлуулж, хэдэн зуугаар нь малаа өлсгөж алдаг. Энэ нь бараг хэвшил болчихсон. Үүний нэг илрэл нь Бичигтийн боомт дээрх 1000 гаруй адуунаас шуудхан харагдаж байгаа юм. Монгол малчдаас өөр малаа өлсгөж, турааж, тарчлааж үхүүлдэг ард түмэн байхгүй биз ээ. Бүр амьтны эрхийг хамгаалж, амьтан зовоож тарчлаасан хүмүүст хорих ял, торгуулийн арга хэмжээ авдаг газар ч олон.

Сүхбаатар аймгийн ажлын хэсгийнхэн сэг зэмийг нүхэнд булж ариутгалын бодис цацаж байлаа

ӨЛДӨЖ, ХӨЛДӨЖ ҮХСЭН73 АДУУНЫ СЭГ ЗЭМИЙГ ЭХНИЙ ЭЭЛЖИНД УСТГАЛД ОРУУЛЧИХЛАА

Машины дуу энд тэдгүй хадаж, хар утаа яндангаар нь олгойдсоор 20 гаруй машин ар араасаа цувран хөдөллөө. Мөн адуу ачсан машин хөдлөхтэй зэрэгцээд Сүхбаатар аймгаас Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийнхэн ирж таарав. Аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналт, малын эмч ажлын хэсэгт багтжээ. Тэд У.Хүрэлсүх сайдын гаргасан шийдвэрийг биелүүлж, хяналт тавихаар иржээ. Мөн боомтын ойролцоо байгаа адууны сэг зэмийг булах ажилтай юм байна. Сүхбаатар аймгаас ирсэн ажлын хэсгийнхэн боомтын ар талын жалганд байгаа 70 гаруй адууны сэг зэмийг портерт ачиж, хогийн жалганд аваачиж байлаа. Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч Г.Ариунболдтой уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Ажлын хэсгийг Бичигт боомт дээр ирэх үед нөхцөл байдал ямар байсан бэ?

-Анх арваннэгдүгээр сарын эхээр хилээр адуу гарахыг хориглох үед 500 гаруй адуу боомт дээр байсан. Ингээд ар араасаа цувран ирсээр байгаад 1300 орчим адуу болсон. Эрдэнэцагаан сумын цагдаа нар энэ сарын 6-нд ирээд амьд адууг ачиж буцааж эхэлсэн. 800 гаруй адууг ачиж явуулаад байна. Үлдсэн 400 гаруй адууг нь удахгүй хот руу явуулах байх. Бид хилийн боомт хавиар байгаа сэг зэмийг цуглуулсан. Ингээд төвлөрсөн хогийн цэгийн буланд шинээр нүх ухаж сэг зэмийг нь хийгээд тусгай ариутгалын бодис цацаж, халдваргүйжүүлэлт хийгээд булж байна.

-Одоогоор хэчнээн адууны сэг зэм булаад байна вэ?

-Анх биднийг энд ирэх гэж байхад 40 гаруй адуу үхсэн гэх мэдээлэл ирсэн. Бид өлдөж, хөлдөж үхсэн 73 адууны сэг зэмийг эхний ээлжинд устгалд оруулаад байгаа. Хавар цаг агаар дулаарахаар бид дахин халдваргүйжүүлэлт ариутгал хийнэ гэв.

Хилийн боомт дээр ажилгүй залуус олон байдаг аж. Тэд турж үхсэн адууны ширийг өвчиж, хилээр гаргаж ширхэг бүрийг 60 мянган төгрөгөөр урд хөршийн ченжүүдэд өгчээ. Адуу үхээд эхлэхээр ширийг нь авах гэсэн залуус портертой давхиж ирдэг болжээ. Өглөө, оройд жолооч нарт архи авчирч өгч, үхсэн адууг нь ачиж аваад явдаг байна. Ингээд хашаанаас 300 метр хүрэхгүй жалганд аваачиж, өвчиж авахаа авчихаад явчихдаг гэнэ.

Үхсэн адуугаа жолооч нар зам дээр хаясан байв

Бичигтийн боомт дээр өнгөрсөн өдрүүдэд хоёр асуудал илүүтэй яригдаж байв. Нэг нь монгол адуугаа БНХАУ руу амьдаар нь гаргаж байгаа нь буруу. Нөгөөх нь “Дэлхийд монгол махаа гаргаж, малчдынхаа амьжиргааны түвшинг нэмэгдүүлнэ гэж УИХ-ын гишүүд болгон ярьдаг. Тэгсэн мөртлөө адуу гаргаад эхлэхээр хориг тавьж байгаа нь буруу. У.Хүрэлсүх ямар ч судалгаагүйгээр худлаа ярьж байгаа хүмүүсийн үгэнд ороод ийм шийдвэр гаргачихаж байна” хэмээн ярих хүн ч олон байна.

БНХАУ-ын адуу худалдаж авч байгаа газрууд хүний санаанд оромгүй үйлдэл гаргадаг. Монгол адууны шөрмөсийг тасалж, нүдийг нь сохолж байгаад нядалгаанд оруулдаг гэв. Энэ талаар Г.Батмягмар гэх жолоочоос асууж тодрууллаа.

-БНХАУ-ын адуу нядалгааны газар монгол адууг тамладаг гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдэх үү?

-Мэдэлгүй яах вэ. Хэдэн ч удаа БНХАУ-ын хил давж, адуу нядалгааны газарт очсон. Анх хараад сэтгэл эмзэглээд хэцүү байсан. Одоо ч дасаж байна даа. Хятадууд адуутай ямар ноцолдож чадах биш. Чих нь хөдлөхөөр айгаад зугтаадаг нь олон. Тэгээд нүдийг нь сохолж, шөрмөсийг нь таслах арга хэрэглэдэг болсон юм гэсэн. Машины тэвшин дээрээс буулгахдаа нэг талынх нь хаалтыг шууд буулгана. Ингээд нөгөө талаас шовх үзүүртэй шилбүүр шиг урт төмрөөр хатгаад хүчээр буулгачихдаг. Үүнийхээ дараа шууд нүд рүү нь сохолдог бодис цацчихдаг. Тэр дороо л нүд нь сохорчихдог юм байна. Үүнийхээ дараа хөлийнх нь шөрмөсийг таслаад нядалгааны цех рүүгээ оруулдаг юм байна лээ. Хятадууд ийм л арга хэрэглэж адуу нядалдаг гэсэн. Харин мах, гэдэс зэргийг нь дэлхийн стандартын дагуу янзалж бэлтгээд, ясыг нь үйрүүлээд кальци, эм бэлдмэл хийдэг гэсэн.

-Хятадууд монгол адууг машинаар дайрч байгаа бичлэг цахим ертөнцөд тавигдсан байна лээ. Хятадууд үнэхээр тэгж зугаагаа гаргаж байгаа юм уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй байна. Хятад хүмүүс дунд адуунд ойртож чадахаасаа чадахгүй нь олон. Айж зугтаад л бээвийгээд хэцүү л харагддаг юм билээ. Хятад улсад монгол адууны мах маш их эрэлт хэрэгцээтэй байдаг. Тэгсэн мөртлөө туранхай адуу бидэнд хэрэгтэй гээд байдаг юм. Уг нь Монголдоо стандартад нийцсэн нядалгааны газартай болчих юм бол махыг нь худалдаж аваад байж болно. Ийм үйлдвэр оруулаад хөрөнгө оруулалт хийхэд асуудал байхгүй гэж манай компанийн захиралд хятадууд санал тавьсан гэсэн гэв.

Яс, арьс болтлоо турсан мянган адуу нийслэлчүүдийн энэ өвлийн хоол хүнс болох гэнэ. Турж, эцсэн адуу тэжээгээд ямар ч нэмэргүй байдаг. Нэгэнт муудсан мал огт сэхэл авахгүй байсаар үхчихдэг. Тиймээс нядалгаанд оруулахаас өөр ямар ч сонголтгүй болжээ. Молор эрдэнэ болсон адуугаа сэтгэл муутай хэдэн залуус ингэж л 20 гаруй хоног тарчлааж, зовоосон байна. Биднийг нийслэл хот руу хөдлөх гэж байхад 400 гаруй адуу Бичигтийн хилийн боомт дээр үлдсэн юм. Эзэд нь хилийн шугамын ойролцоо бэлчээрт гаргасан байв. Ихэнх адууны хөл доголжээ. Мотоцикльтой туухаар бүгд догонцоод явж чадахгүй юм. Тууж байгаа адуунаас хоцорсон гүүг шилбүүрээр тас хийтэл ороолгож, хашгирч гуугчин байв. Бичигтийн боомтоос бид Эрдэнэцагаан сум руу нар жаргаж, бүрий болсон байхад хөдөллөө. Хэсэг явж байгаад л үхсэн адууны сэг зэмтэй таарах аж. Өдөр хот руу хөдөлсөн жолооч нар л үхсэнийг нь гээгээд одсон бололтой. 800 километр газар туулаад очиход хэд нь үхэж, үрэгдэж очих бол. Уг нь бидний өвөг дээдэс монгол адуугаар дэлхийн талыг эзэлж байсан буурал түүхийн шастиртай ард түмэн юмсан.

1961 онд Төв аймгийн Мөнгөнморьт сумаас Вьетнам руу тусламжийн агтанд явуулсан адуунаас хар хүрэн азарга БНХАУ-ыг хөндлөн туулан хоёр жилийн дараа буюу 1963 онд нутагтаа гүйж ирсэн байдаг. Хар азаргыг нутагтаа ирэхэд нь дөрвөн туурай нь мултарчихсан байсан гэх өрөвдөм, гайхан биширмээр түүх байдаг. Сүлдэнд мөнхөрсөн монгол адуу цэвдэг сэтгэлтэй монголчуудын гар дор даанч харамсалтайгаар тарчилсаар хөлдөж, өлдөж тарчилсаар үхжээ. Үлдсэнд нь ч амьд үлдэх сонголт байсангүй.

Э.ХҮрэлбаатар

Categories
мэдээ цаг-үе

Д.Дорлигжав: “Чи хөгшин, эсвэл залуу” гэсэн үзэл улс төрд байдаггүй

АН-ын ҮЗХ-ны гишүүн Д.Дорлигжаваас тодрууллаа. Тэрээр АН анх байгуулагдаж байхад анхны даргаар сонгогдож байсан юм.


-АН Их хурлаа хийлээ. Нийгэм юуг илүү сонирхож байгаа бол?

-Их хурлыг намын гишүүд төдийгүй нийгэм маш анхааралтай харж байгаа. Алдаа, оноогоо мэдэж байгаа эсэх, хэрхэн дүгнэх бол гэдэг нь цаашид АН хаашаа явах, итгэл үзүүлж болох эсэхийг л илүүтэй сонирхож байгаа гэж бодож байна. Түүнээс гадна алдаагаа ойлгож байгаа эсэх, ойлгож байгаа бол яаж засах гэж байна, дарга нь ямар хүн болох вэ гэдэг нь үнэхээр олон нийтийн сонирхох асуудал л даа.

-2000 онд өнөөгийнхөөс хүнд улс төрийн нөхцөлд та АН-ын анхны даргаар сонгогдож байсан. Эхний ээлжинд ямар асуудлыг шийдэх хэрэгтэй гэж үзэж байна?

-Эхний ээлжинд дүрмийн өөрчлөлтийг маш зөв, оновчтой хийх хэрэгтэй. Одоогийн мөрдөж байгаа дүрэм нэг их муу дүрэм биш л дээ. Дүрмээ баримталдаггүй, хэрэгжүүлдэггүй байсанд алдаа байгаа юм. Гэхдээ одоогийн дүрмийг сайжруулах шаардлагатай.

-Жишээлбэл?

-Бүлэг, фракц байж болно гэсэн заалт байгаа. Гэхдээ байвал ямар хэлбэрээр оршин үйл ажиллагаа явуулах, юу хийж болох, болохгүй тухай ямар ч заалт байхгүй. Дараагийн чухал асуудал бол намын дарга хэн байх вэ гэдэг асуудал. Хэдийгээр дүрмээр үйл ажиллагаа явуулах нь тодорхой ч, ямар туршлагатай, хэн байх вэ гэдгээс олон зүйл шалтгаална.

-Намын даргад ямар шалгуур байх ёстой вэ?

-Миний харж байгаагаар намын ажилтай зууралдаж үзсэн хүн. Намын анхан шатны амьдралыг мэддэг, намын жаргал зовлонг туулсан, намын гишүүдтэй тулж байсан хүн байх нь зөв болов уу. Өөрөөр хэлбэл намын тогоонд чанагдсан хүн байвал зүгээр байх.

-Дүрэмд оруулах хамгийн гол зарчим юу байх бол?

-Дүрэмд оруулах өөрчлөлт нь хариуцлагын асуудал байх ёстой. Өнгөрсөн хугацаанд маш хариуцлагагүй явж ирсэн. Дарга бол юу ч хийж болдог. Хурлаа хийхгүй дүрэм зөрчинө. Даргад гишүүд нь юм хэлж болдоггүй. Ротациа явуулахгүй. Ийм дураараа байдал ноёрхсон. Энэ нь намыг нийгэмд муухай харагдуулаад зогсохгүй гишүүд итгэл алдрахад хүргэдэг.

-Нам “будаа” болсон шалтгаан юу байв?

-Нам дотор дүрмээ сахидаггүй. Хариуцлага тооцох механизмгүй болсон нь л ийм байдалд хүргэсэн гэж бодож байна. Мөн фракц гэдэг намын дээр гараад суучихсан хэдэн нөхөд намын дүрэм хэрэгжүүлэх нь бүү хэл ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочихсон. Сонгуулийн өмнө энэ тухай сануулж байсан. Дүрмээ өөрчилж аваад, фракцуудаа цэгцлээд сонгуульд орох санал тавьж байсан. Би одоо ч энэ байр суурин дээр байгаа.

-Заавал дүрэмд фракцын тухай суулгах шаардлагатай юу?

-Намын үйл ажиллагааг дүрмээр л зохицуулна. Дүрэмд фракцын тухай оруулахыг эсэргүүцээгүй. Байж болно. Гэхдээ ямар хэлбэр, түвшин, асуудлаар яаж үйл ажиллагаа явуулахыг дүрэмд тодорхой заагаад өгчих хэрэгтэй.

-Жишээлбэл ямар асуудлаар фракц байж болох вэ?

-Боловсон хүчний бодлогоор фракц байж болно. Бас тодорхой асуудлаар фракц үйл ажиллагаа явуулж болохгүй гээд заагаад өгчихөж болно.

-Нам дөрвөн жил “лааз өшиглөх” хугацаандаа юу хийх хэрэгтэй вэ?

-Нам лааз өшиглөх гэж ярьж болохгүй л дээ. 2000 онд нам ганц гишүүнтэй байхад тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байсан. Үр дүнд нь 2004 оны УИХ-ын сонгуулиар “Эх орон ардчилал” эвсэл 36 суудалтай болж байсан. Өнөөдөр тухайн үетэй харьцуулахад намын бүлэгтэй байгаа. Гэхдээ дараагийн сонгууль хүртэл нам дотооддоо хийх ажил их байна. Анхан шатны үүрүүдээсээ эхлээд хурлаа хийх хэрэгтэй. Бүх шатанд хурлаа хийж удирдлагуудаа сонгох ажлыг зохион байгуулах нь зөв. Нам тэр чигээрээ гудманд гарсан гэж ойлгож болохгүй. Шат, шатны хуралд манай намын гишүүд байгаа. Нам энэ хугацаанд нийгмийн дуу хоолой болж байх ёстой. Яаж улс орноо цааш авч явах бодлогоо тодорхойлох хэрэгтэй.

-АН-ын өвгөчүүд байр сууриа тавьж өгөхгүй байна гэсэн шүүмжлэл байдаг…

-“Чи хөгшин, эсвэл залуу тул яв” гэдэг үзэл улс төрд байдаггүй. Яг тийм бодлого хэзээ ч хэрэгжиж байгаагүй. Сонгогчдын саналыг залуу нь ч, хөгшин нь ч авдаг. Хуучингүй шинэ гэж байдаггүй. Намыг аваад явчих туршлагатай боловсон хүчин хангалттай бий. Миний дэмжиж байгаа нэг зүйл бол намын даргыг бүх гишүүдийн оролцоотойгоор сонгох. Бүлэг фракцаар биш, намын гишүүдээр даргаа сонгоно гэдэг бол маш зөв асуудал.

-Таны анхны даргаар сонсогдож байсан фракцгүй нам өнөөдөр фракцалж байна. Ямар ялгаа байна?

-Маш их ялгаа бий. Хүчтэй фракцлаад ирэхээр намын дүрэм, гишүүд, нийгэм, тэр бүү хэл улс орны хөгжил ч хамаагүй болоод нам гэдэг хэдэн фракцын тэргүүний мэдэлд орчихсон.

-Улс төрийн намд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Намуудын тухай хууль хэтэрхий ерөнхий заалттай. Бүх намд фракц, санхүүжилтийн асуудал байгаа. Нэг мөр намуудын хуулиар шийдчих хэрэгтэй. Ингэвэл намууд нэг тоглоомын дүрмээр шударгаар тоглоно шүү дээ.

-1990 онд МоАН байгуулагдаж байхад Улсын бага хуралд хуулийн төсөл оруулахдаа Б.Галсандорж та хоёрын үгийг их сонсдог байсан. Одоо энэ уламжлал байна уу?

-Бараг л тасарсан даа. Одоогийн дүрмийн өөрчлөлтөөр хуульчдын бүлэг ч юм уу ямар нэгэн бүтэцтэй болох тухай яригдаж байгаа.

-Ёсчлоогүй гэсэн шалтгаанаар зарим хуулиуд хэрэгжихгүй байна?

-Нийгэмд маш чухал үүрэг гүйцэтгэх хуулиудыг зогсоосон. Батлагдаасай л гэж бодож байна.

-Та одоо ямар ажил хийж байна?

-Энгийн иргэдэд зориулсан хуулийн тайлбар маягийн ном бичиж байгаа.

-Хэзээ гарах вэ?

-Яг хэлж мэдэхгүй байна.

Х.Баттөгс