Categories
мэдээ цаг-үе

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Өвөл гэхээр Улаанбаатарт л утаа майндаа баригдаад “уушги зүрх минь яана даа” гэх харуусал төрөөд байгаагаас биш монгол нутгийн өвөл дэндүү сайхан улирал шүү дээ. Өдийд миний нутаг Заг-Байдрагийн голын ай дагуу бөмбийсөн цагаан өвөл айлчлаад, Хар ус, Халиутын рашаан, Оготнотой булгийн харз булгуудаас савсах уур мананг эс тооцвол бүхий л хорвоо ажин түжин оргиод диваажингийн орон ийм байдаг уу гэмээр янзтай сайхан байгаа даа. Дөрөө зурам найгасан шаргалхан өвст талд бодын хар туруу цас орсон байхад л “Малын амны цастай, жаргаж байна аа хө” гэж налайсан өвгөд мод толгойгоо нэрэн, өвлийн илчгүй цагаан нарыг ширтэн бөмбөл цагаан хоньдоо гилэнхэн, дэрсэн толгой тоож үл шүүрдэх оноотой тарган унаа хүрнээ хөтөлсөн шиг аажуу тайвуухан нуруугаа үүрэн алхаж яваа нь харагдана. Бага дөтийн Ихэр, Бөндий, Хүрэн хавцгайн ээвэр дулаан энгэр өвөлжөөнд хэд гурваараа айлсан буусан гэрүүд холоос харахад хуруувчин чинээхэн үзэгдэж, аргал хөрзөнгийн цагаахан суунаг утаа үдийн тэнгэрийг сүвлэн өөдөө хөөрөх нь уранхан нэгэн бүсгүй учиг утсаа татан шаглан ямархан нэгэн хээ угалз мэтгэн байна уу гэлтэй байгаа.

Их дөт, Жаргалант хөндий, Баян хөндий хаа л бол хаа өвлийн идшээ базаасан айлууд өвсний сортой, цасны зөөлөнд адуу малаа гилчихээд, хааяа нэг гарч дурандсан шигээ алсаас л харуулдахаас биш хавар, зуных шиг хариулаад байхгүй нь даанч сайхан. Дэлгэсэн ширний халим тонших алаг шаазгай шаг шаг шагшрахад амны ус хайлуулахаар мөс хормойлон орох гэрийн эзэгтэй “Сайн хэлээ наашаа, саар хэлээ цаашаа” гэж дом болгон шившихэд хангай дэлхий ханайж, жавартай өвлийн жаргалтай аялгуу дуурсаж, цаг хугацаа бүүр зогсчихсон мэт санагдана. Алсын уулсын орой мөнгөн дуулга шиг гялалзсан амар жаргалт өвөл хөдөө нутагт налайхад төв суурин газрын өчүүхэн бужигнаант амьдралаас зугтаж ертөнцийн буйд хязгаарт насыг элээмээр бодогдоно. Төв Азийн Монголд минь амьдрал шиг амьдралыг таниулж, өвөл шиг өвлийг мэдрүүлдэг зүйл бол хүйтэн гуай билээ. Азарган нэхий дээлийн урт нударгыг буулган адуундаа мордоод давхихад уяан дээр бөн бөн чичирч, амгай хэмлэн байсан хүлгийн шандас тэнийж, унасан эзний хийморь сэргэн уурга алдам жаврыг сөрөн удмын золбоог бадраана. Дөрөөн доогуур урсан өнгөрөх газар дэлхий нүдний өмнө жирэлзэж, аргал хомоолхон боловч үл харагдах атал талын тавиуныг ширтэн алсын барааг тольдоход адуу малын зүс ч аяндаа тодроод ирнэ. Морин туурайн төвөргөөн хөлдүү газрыг бөмбөрдөж, үнэгэн лоовуузын соронд цан хүүрэг татахад дэлхийн дайдыг эрхшээсэн тэнгэрлиг өвгөдийн сүнс тэндээс харж байгаа даа гэж ямархан ч аавын хүү цантсан сормууст нүдээр тэнгэрийн цээлийг ширтэнэ.

Өвөл өө гэж. Яг л ийм үед дархад шүлэгч Баттөрийн Мягмаржав андын бичсэнчлэн

“Сургүй мөнгөн хазаар

Хүлгийн толгой хайрчих гээд

Дүрж болохгүй

Өвөл шиг өвөл

Шагайн чинээ бөгж

Хуруу хайрчих гээд

Зүүж болохгүй

Өвөл шиг өвөл

Элдэв бусын чамирхлыг нууж

Энгийн байхын сайхныг нээсэн

Өвөл шиг өвөл

Хээр хоноход галын дэргэд

Хэнхдэг цонож нуруу жиндээд

Хэцэд асдаг янгирын сүрэг

Хэвтэр ханьсан хот бараадаад

Хурдан бууны гохон дээр

Хуруу дөхвөл наалдчих гээд

Амьтан хүнгүй хулхи нь буусан

Антай мантай

Өвөл шиг өвөл өө

Эвхээд мартсан нэхий дээл

Эрсийн биеэр элдүүр орж

Сор нь гүйцсэн лоовуузны дороос

Согоо охидын хацар улайгаад

Өвөл шиг өвөл дандаа болоосой

Өвгөд шиг өвгөд дандаа байгаасай” гэмээр дэндүү сайхан. Согоо охидын хацрыг ягааруулсан тунгалаг өвлийн жаварт хайр хүрнэ. Салхи ч үгүй нам гүмд цантсан өвсөн толгойг дагуулан наран сөрөг харахад солонгын өнгөөр туяарна. Өвлийн солонго хараад баймаар сайхан.

Сумын төвөөс багийн төв, багийн төвөөс айл айлын өвөлжөөг зорьсон түм түмэн морин жим зурайж, аймгийн төвийг зорьсон их зам л цасан цагаан хөндийг хөндлөн гулд татсан тариан шангийн мөр шиг тодоос тодхон зурайна. Их цасан тал юу ч бичээгүй цагаан цаас шиг цавцайж, малын хөлөөр шийрлэсэн хэсэг нь малчин түмний хувь заяаны бичиг шиг дурайна. Хүйтэн жаврын бийрээр бичигдсэн цасан талын хуудас болсон бэлчээр бол малчин хүний хувь заяаны зурхай яахын аргагүй мөөн. Өвлийг бодохуй өөрийгөө аргадуулах гэж туньсан өр зүрхний хавар шиг л төсөөлөгдөнө. Өвөл бол хавар охины ээж нь юм. Идэр ес эхэлж, хүйтний эрч чангарахад тарга сайтай мал тааваар сайхан идээшилж, харин зуны сарыг зургаа юм шиг зугаалж, намрын сарыг найм юм шиг наргин хээрийн соргог бэлчээрт малаа оторлуулаагүй залхуу хойрго малчны хотыг харлуулахаар цасан шуургаар заналхийлж, мөсөн бургидсаар яс янгинатал шавхуурдана. Аз муутай амьтаст аж төрлийн гүн ухааныг заадаг үлэмж мэргэн багш бол өвөл мөн билээ л. Цас мөсөө гайхуулсан Норвеги, Швейцарийн өвөл хэчнээн сайхан ч миний нутгийн өвлийн гоо сайхныг гүйцээ л гэж үү, хорвоо минь. Цагаан баавгай доншуучилсан туйлын орон сайхан чиг оноотой тарган мориндоо дөрөөлөн орчлонгийн жамыг тэсэж гарсан миний өвгөдийн нутагтай дүйцэх нь байдаг л бил үү, бөмбөрцөгхөн минь.

Малчин монголчуудын амьдралд өвөл хэдийгээр гоо сайхны хэмжүүр мөн байж болох боловч аж төрлийн гашуун сургамж хайрладгаараа байгалийн хатуу шалгуурт зүй ёсоор тооцогдоно. Тунгалаг гэгээн төрхтэй уянгалаг сайхан өвөл маань үнэг шиг сүүлээ шарвахад л малын буянд шүтэж ирсэн бидний зүрхэнд сүүдэр унана. Ерээд оны эхээр болсон зуд одоо ч миний сэтгэлээс гардаггүй. Өлсөж өлдсөн үхрүүд минь уулын нэг тарж, долоо хоногтоо нэг бөөгнүүлэхээр мордоход унаа морь улдаж эцээд үйлээ үзэхийн дээдийг үзсэн сэн. Олон хоног хээр хөдөө явсаар цасанд нүд гялбан өвдөж, айлын буурин дээрээс олсон эмэгтэй хүний трикогоор нүдний саравч хийж явснаа яривал мушийх хүн л олдохоос үнэмших хүн цөөхөн биз. Тэр их зуднаар түлэх түлшгүй болсон айл авдар саваа эвдэн шатаагаад, эцэст амиа аргацаахын тулд унь ханаа түлж байсныг зурагтаар үзсэн хүн олон л байх. “Дайны хажуугаар дажин” гэгчээр үхсэн үхэр, адууны сүүл огтолж, шир хуулах хулгайчид олширч байлаа. Айлын амьд бухны сүүл огтолсон, тэмээг амьдаар нь өвчсөн зүй бусын гаж явдал ч гарч байсан нь хүн хэмээх хоёр хөлт, хохимой толгойтны ямар муухай шунаг шунахайг гэрчлэх баримт болон үлджээ. Сүүлээ тасдуулсан хар халзан бух хавар нь хүн амьтны бараа харж чадахгүй уулын таг барин дутаагаад байсан юм даг. Өлсөж турсан мал модны холтос, нэгнийхээ үс ноосыг хүртэл зулгаана. Далан хэдэн онд болсон аюулт зуднаар хонь, ямаад хулгана огтоно барьж идсэн төдийгүй их цастайд мал бараадаж буусан болжморыг хүртэл түүж идэж байсан яриа ч байдаг. Ер нь зудны адуу мал дэл сүүлээ зулгаалцах бол энүүхэнд.

Цас зудтай жил хоног хугацаа ч урагш ахиж өгдөггүй. Арайхийж нэг ес өнгөрүүт л дараагийн ес эхлэх бүхэл бүтэн зуун жил өнгөрөх мэт удаан. Тамын зовлонд л хүн гээч амьтан хоног хугацааг тийн хүсэн хүлээдэг үү гэлтэй. 1999-2000 оны зуд арай л дэндүү удаан сунжрах шиг болсон. Есдүгээр сарын 16-ны өглөө Заг сумын төвд л гэхэд тав зургаан айлын гэрийн багана хугалан, гэр дарж орсон их цас хавар тавдугаар сар гарчихаад байхад л арилж өгөхгүй мөн ч их удаж билээ. Монголын энэ хахир хатуу өвлийг жилийн тэн хагас гэж тооцвол овоо урт хугацаа болно шүү.

Гэвч, энэ л урт хүйтэн өвлийн эцэст монгол нутагт минь урин дулаан хавар айлчилж, удалгүй цэнгэлт зунтай золгодог нь амьдралын нэг баяр бахдал болдог билээ. Тэр л цагт хүн, малын зоо тэнийж өвлийн сайхныг ч, өвлийн хэцүү бэрхийг ч ор тас умартан цэнгэлийн манлайг эдэлнэ. Маргааш ес эхлэх энэ л цагт өвөл шиг өвөл эх оронд минь дандаа л ирж байгаасай гэсэн гэгээн совин билгээр энэ тэмдэглэлээ өндөрлөе.

Categories
мэдээ цаг-үе

Идэр есийн хүйтэнд автомашинаа арчлах нь

Энэ долоо хоногоос эхлэн хүйтний эрч эрс чангарах төлөвтэй байна. Улмаар идэр есийн хүйтэн айсуй. Өвлийн улиралд дулаан зогсоолын олдоц муу байдаг. Үүнээс үүдэн өвөл гадаа хонуулсан автомашин хөлдөж, асахгүй байх нь элбэг. Мөн өглөө машинаа халаах гэж удаан нормалдах буюу асаалттай байлгах нь бензин зарцуулалтыг ердийн үеэс хоёроос гурван литрээр нэмэгдүүлдэг аж. Иймд таны өөрийн хийж чадах зүйлсээс авахуулаад засварын газарт хандан хийлгэх өвлийн бүх техник үйлчилгээг бичихийг зорилоо.

ӨДӨР ТУТАМ АВТОМАШИНАА ГАДАА ХОНУУЛДАГ ЖОЛООЧ НАР “5W”-ТЭЙ ХӨДӨЛГҮҮРИЙН ТОС ХЭРЭГЛЭХ НЬ ЗӨВ

Юуны өмнө хүйтний улиралд автомашин хэвийн асах эхний шаардлага нь хөдөлгүүрийн тос байдаг аж. Хөдөлгүүрийн тосыг ерөнхийд нь минерал, хагас синтетик, бүтэн синтетик хэмээн гурав ангилах бөгөөд өвлийн нөхцөлд хагас болон бүтэн синтетик тоснууд ашиглах нь зөв хэмээн мэргэжлийн хүмүүс зөвлөж байна. Энгийн хэрэглээнд, өдөр тутам автомашинаа гадаа хонуулдаг жолооч нар “5W”-тэй бүтэн эсвэл хагас синтетик тос ашиглахад тохиромжтой юм. Өвлийн тосыг W (англиар Winter-өвөл) үсгээр тэмдэглэгдэнэ.Ангилал дахь тоо өсөх тутам тосон дахь зуурамтгай чанар ихэсдэг байна. Мөн хөргөлтийн шингэнээ зайлшгүй солиулах хэрэгтэй. Манай орны нөхцөлд 40 хэмийн хүйтэнд хөлддөггүй шингэн хийхэд болно. Хугацаанд нь солиогүйгээс шингэний тослох чадвар муудаж зэврэлт үүсэж усны насос муудах, нагар тогтож хөдөлгүүрт байх ёстой хэмжээнээс хэт их халалт үүсэж сальник резин жийргэвчүүд нь муудах, термостат гацах гэсэн гэмтэл гарах ба өвлийн нөхцөлд температур багатай хөргөлтийн шингэн нь царцаж салон руу халуунаар үлээхгүй болох, шингэн хөлдөж хөдөлгүүрийн блок, радиатор болон бусад эд ангиудыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Иймд хөргөлтийн шингэнийг 1-2 жилд заавал солих шаардлагатай юм. Харин хүч дамжуулах эд ангийн тос буюу кропны тос нь өвөл, зуных гэж байхгүй учраас тосыг бохирдсон үед солиулаарай.

БЭЭРСЭН АККУМУЛЯТОРОО ГЭРТЭЭ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ

Автомашин асахгүй байх үндсэн хоёр шалтгаан байдаг байна. Нэгдүгээрт, хэт хүйтэнд аккумуляторын ачаалах чадвар муудаж, хангалттай хэмжээнд ажиллахгүй байх. Хоёрдугаарт, свеча буюу хөдөлгүүрт тог хаягч муудсан болон ашиглалтын хугацаа дууссан байх магадлалтай. Гэхдээ голдуу аккумулятор суусан байх магадлал хамгийн өндөр байдаг билээ. Их хүйтэнд аккумулятор бээрэхээс сэргийлж гадуур нь дулаалга хийх боломжтой. Хэдийгээр автомашины сэлбэг, хэрэгслийн дэлгүүрт зориулалтын дулаалга байдаг ч үнэ өртөг ихтэй. Иймд жолооч та аккумулятортоо тохирсон эсгий дулаалга хийх нь илүү хялбар, зардал багатай биз ээ. Ихэнх жолооч нар орой машинаа гадаа тавих үедээ аккумуляторыг нь салган авч гэртээ хонуулдаг. Хүйтэнд бээрсэн аккумуляторыг шууд авч дулаан газарт хонуулах нь эдэлгээг богиносгож, чанарт нь нөлөөлдөг хэмээн авто инженерүүд зөвлөж байна. Өглөө автомашинаа асаахаас өмнө бээрсэн аккумулятороо бага зэрэг халаах хэрэгтэй. Ингэхийн тулд холын гэрлээ анивчуулах, хөгжмөө асаах шаардлагатай. Ингэснээр аккумуляторт бага зэрэг ачаалал үүсэж, халдаг байна. Дээрх үйлдлийг хийсний дараа автомашинаа асаагаарай. Хэрэв асахгүй бол албадан асаагч буюу зөөврийн тог үүсгэгчээр холбон асаах боломжтой. Энэхүү албадан асаагч нь авто сэлбэгийн дэлгүүрүүдэд 120-260 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг юм байна. Энэхүү төхөөрөмж нь халаасанд багтах жижигхэн хэмжээтэй бөгөөд 220 вольтоос цэнэг аваад 12 вольтийн тогтмол гүйдлийг 10 минутын турш бүрэн гаргах чадалтай юм байна. Ийм болохоор хөлдүү машиныг албадан асаах боломжтой ажээ.

МАШИНАА ХАЛААХГҮЙ ХӨДЛӨХӨД 600 КМ ЗАМ ТУУЛСАНТАЙ ДҮЙЦЭХҮЙЦ ЭЛЭГДДЭГ

Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүмүүс өвлийн улиралд автомашинаа халаах талаар ихээхэн санаа зовдог. Ялангуяа шинэ жолооч нар машинаа хэрхэн халаах талаар мэдлэг хомс байдаг. Гадаа хоносон машиныг өглөө асаахдаа огцом хаазлахгүй нормалдуулж байгаад моторынхоо усны зүүг эхний зураас хүртэл халаагаад хөдлөх ёстой гэнэ. Хэрвээ шууд асаагаад хөдлөх юм бол тос, масло нь эд анги дотроо гүйж амжилгүй элэгдэл үүсгэдэг байна. Өвөл гадаа машинаа нэг хонуулаад шууд асаагаад явбал зургаан зуун км зам туулсантай дүйцэхүйц элэгдэл үүсдэг ажээ. Мөн халаагүй автомашины доторх паарыг шууд ажиллуулах нь халуун үлээдэг төхөөрөмж гэмтэхийг сануулъя.

Машинаа өглөө хурдан асаахын тулд мотор халаадаг системүүд болон хучлага, бүтээлгийг зөв хэрэглэж занших нь чухал юм байна. Төрөл бүрийн моторын халаагуур худалдаанд байгаа ч эдгээрийг буруу хэрэглэвэл галын аюултай гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу. Шинэ жолооч нарт мэдээлэл хүргэх үүднээс хучлага, бусад халаагуурын төхөөрөмж хаагуур ямар үнээр зарагддаг талаар автомашины хэрэгсэл борлуулдаг төвүүдээр орж сонирхлоо. Суудлын бүрээс оёдог бүхий л газрууд машины бүтээлэг, хучлага оёдог юм байна. Гэхдээ материалын чанар, үнэ ханш нь өөр өөр байна.

Хэрвээ та машиндаа хучлага худалдан авах гэж байгаа бол тухайн газрынхаа хучлагын материалыг анхаарч үнэхээр стандартад нийцсэн эсэхийг батлах хяналтын газрын гэрчилгээг үзэх хэрэгтэй шүү. Ер нь сентфонон материал дулаанаа сайн хадгалдаг бөгөөд хамгийн дотор талын материал нь торон байвал машиныг зурж сэвтүүлэхгүй сайн талтай гэнэ. Үнийн хувьд бүтэн хучлага 160-320 мянган төгрөг байдаг юм байна.

Халаагуур, бусад төхөөрөмжийн хувьд мэдээж зориулалтын Европын орнуудын төхөөрөмж сонговол танд илүү баталгаа олдоно. Арай боловсронгуй нь автомашиныг цагаар халаадаг дохиолол хамгаалалтын систем юм. Энэ систем нь цагийн тохиргоо хийж гэрээсээ удирдаж асаах, цагийн давтамжтайгаар тохируулан шөнийн турш машинаа дулаан байлгаж болох гэнэ. Мөн хөдөлгүүрийн халуун, хүйтнийг гар удирдлагаас харж хянах боломжтойгоос гадна хулгайгаас хамгаалах боломжтойгоороо давуу талтай аж.

МАШИНАА ХӨЛДӨӨХГҮЙН ТУЛД ЯАХ ЁСТОЙ ВЭ

Дулаан гарааш битгий хэл ил зогсоол ч олдохоо больсон энэ цагт машинаа гадаа тавихаар бол яндангаа ямар нэгэн зүйлээр бөглөх хэрэгтэй гэдгийг хашир жолооч нар ярьж байна. Учир нь яндаг бөглөснөөр мотор дахь дулаан агаарыг хадгалж, хөдөлгүүрт хүйтэн агаар орохоос бүрэн сэргийлдэг гэнэ. Мөн ус, ундаа гэх мэт шингэн зүйлээ автомашиндаа хонуулахгүй байх хэрэгтэй. Шингэн нь таны автомашины салон дахь агаарын температурыг -5-7 хэмийн хүйтнээр нэмэгдүүлдэг байна. Хэрэв таны машин дизель хөдөлгүүртэй бол машинаа асаахаасаа өмнө халаагчийг нь 2-3 удаа ажиллуулаарай. Үүний дараа “стартер”-аа дарна. Асаах оролдлого хийхдээ хаазан дээрээ хэд хэдэн удаа гишгээрэй. Ингэснээр таны хөдөлгүүрт түлш бүрэн ирж, асалт хурдсах болно.Ингээд ч асахгүй байвал дахин оролдох хэрэггүй, засварын газар хандах нь зүйтэй юм байна. Дизель хөдөлгүүртэй машин асахгүй байх бас нэг шалтгаан бол түлш царцах явдал юм. Ийм нөхцөлд ихэнх жолооч нар илүүдэл түлшээ бага зэрэг халааж, банк руугаа хийдэг. Мөн зориулалтын түлш халаагч байдаг байна. Юутай ч хэт хүйтэнд автомашинаа асаахаасаа өмнө түлш царцсан үгүйг шалгахад гэмгүй.

Харин таны машин бензин хөдөлгүүртэй бол халаагчгүй байдгийг анхаараарай. Бусдаар бол дээрх зарчмаар асаах хэрэгтэй. Гол анхаарах зүйл нь асаах оролдлого хийх үедээ хаазан дээр хэт их гишгэхгүй байхыг сануулъя. Учир нь хөдөлгүүрийн шаталтын хэсэгт бензин их хэмжээгээр орсноос тог хаягч нордог. Улмаар таны автомашины хөдөлгүүр баяжих буюу шаталт эс үүсэх болно. Ийм нөхцөлд свеча буюу тог хаягчаа гарган авч туршлагатай жолоочоор хөдөлгүүр лүүгээ галаар үлээлгэж, илүүдэл бензинийг шатаагаарай. Энэ үйлдлийг хийхдээ анхаарал болгоомжтой байх нь чухал шүү.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Төрийн тусгай хамгаалалттай газрын орлогч дарга П.Батаа, ахлах ажилтан Т.Батбилэг нар цагдаа нарыг зодож, албаны машинаар дайрах гэж оролджээ

-ТЭД ЦАГДАА НАРЫГ ЗОДОЖ, ХУВЦСЫГ НЬ УРЖ, ГАР УТСЫГ НЬ ЭВДЭЛЖ ТАНХАЙРЧЭЭ-

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрч, агсам тавиад байна” гэх дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж шалгажээ. Тэднийг очиход “Фейс” гэх бааранд хоёр согтуу этгээд агсам тавьж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийг элдвээр хэлж, доромжилж байсан гэнэ. Хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх шаардлага тавихад тэд цагдаа нарыг мөн л хэл амаар доромжилж, зодсон гэнэ. Дээрх хэргийн талаар тухайн үед бааранд үйлчлүүлж байсан нэгэн иргэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Цагдаа нарыг зодож танхайрсан хэрэг гарсан байна лээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-50 орчим настай болов уу гэмээр нэг хүн энэ сарын 18-нд бааранд агсам тавьж, ойр хавийн хүмүүсийг элдвээр хэлж доромжилж эхэлсэн. Баарны ажилчид, хамгаалалтын албаныхан тэр хүнийг болиулах гэж оролдсон боловч чадаагүй. Мөн 40 орчим настай хамт явсан залуу нь ч гэсэн агсам тавьж эхэлсэн. Баарны хамгаалагч нарт “Та нар миний биед хүрэх юм бол шууд дуусна шүү. Хэн гэдгийг мэдэж байна уу” гээд ажлынхаа үнэмлэх бололтой бичиг баримт харуулаад байсан. Баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удалгүй хүрээд ирсэн. Гэсэн ч ирсэн цагдаа нарыг газар унагаж өшиглөж, зодож эхэлсэн.

-Ямар шалтгаанаар зодсон юм бол?

-“Та нар намайг хорих юм уу. Муусайн хувцасны голнууд аа. Чи хэн юм бэ. Надад шаардлага тавьдаг” гэх мэтээр агсам тавьж байгаад гарсан. Бид ч тэдний араас дагаад гарсан юм. Нэг цагдааг түлхэж унагаад, цээж рүү нь цохиод байсан. Ахлах ахлагч цолтой цагдаагийн хувцсыг урж, тасдаад л гар утсыг нь газар авч шидээд л бөөн юм болсон. Бүр унаж явсан машинаа асаагаад цагдаа нарыг дайрч ална гээд мөргөчих шахсан. Гэхдээ цагдаа нар агсан тавиад байгаа хоёр нөхрийг гавлаад л аваад явсан.

-Ямар хүмүүс байсан юм бэ?

-Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс юм шиг байна лээ. Төрийн тусгай албаны томоохон албан тушаалтан гэж баарны хамгаалагч нар хоорондоо ярьж байхыг сонссон. Жирийн иргэд бид цагдаа нарын өөдөөс агсам тавих нь битгий хэл том дуугарч ч чадахгүй шүү дээ” гэв.

Төрийнтусгай хамгаалалтынгазрынорлогч даргаП.Батаа, ахлахажилтанТ.Батбилэгнарыгшалгаж байна

Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Энэ сарын 18-ны 01:42 цагт цагдаагийн байгууллагад “Бааранд согтуу хүн агсам тавиад байна” гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаа нар очиж шалгахад Баянгол дүүргийн XIX хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан хэрэг гарсан. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Мөрдөн байцаалт, гэрчүүдийн мэдүүлгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үед олон нийтийн газарт танхайрсан. Мөн цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр шалгаж байна” гэв.

Төрийн тусгай хамгаалалтын албаныхан сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох, танхайн хэрэг үйлдэх нь олширсон. Өнгөрсөн жил тус газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар амиа хорлосон хэрэг гарч байсан. Тэрээр Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдсон байдаг. Улмаар Б нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан юм байна. Үүнээс болж Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар харуулын байран дээрээ ирж, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан байдаг. Энэ мэтээр Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрсан, бусдыг зодсон хэрэг удаа дараа гарч байсан билээ.


Categories
мэдээ цаг-үе

Дүүдэй баатрын охин Үржинханд: Жанчхүүгийн даваанд аавын удирдаж байсан салаанаас Данзанваанчиг, Аюуш, Дампил нарын домогт гурван баатар төрсөн

Зүүн гар талаас Улсын баатар Д.Данзанваанчиг, Т.Дүүдэй, С.Дампил нар. 1976 он

Монгол Улсын баатар Түүвэйн Дүүдэй дөчин таван оны чөлөөлөх дайнд оролцож, Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг эзлэн авах тулалдаанд гарамгай амжилт үзүүлсэн байдаг. Түүний удирдсан салаанаас Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нарын домогт гурван баатар төрсөн юм. Харин салаан захирагч Дүүдэйд чөлөөлөх дайны дөчин жилийн ойгоор буюу 1985 онд Монгол Улсын баатар цол хүртээсэн байдаг. Ингээд Т.Дүүдэй баатрын охин Д.Үржинхандтай ярилцсанаа хүргэе.


-Т.Дүүдэй баатрын талаар өнөөгийн залуус төдий л сайн мэддэггүй байх. Аавын тань удам судар, нутаг усны талаар яриагаа эхлэх үү?

-Миний аав 1921 оны гуравдугаар сарын нэгэнд Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуурт төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр, тэр үеийн хүүхдүүдийн адил мал маллаж өнгөрүүлсэн. 1940 онд 19 настайдаа Увс аймгаас гарч цэргийн албанд ирээд Халх голын дайн, Чөлөөлөх дайнд оролцож явжээ. Аав улсад 42 жил ажиллахдаа 26 жилийг нь цэргийн албанд өнгөрүүлсэн. Энэ хугацаанд жирийн байлдагчаас хошууч хүртэл тушаал дэвшсэн байгаа юм. Аав бидэнд “Та нарын энэ сайхан амьдралын төлөө нэр нь тодроогүй хичнээн баатар амь насаа өргөснийг мартаж болохгүй” гэж хэлдэг байсан.

Аав бас барилгын сургууль, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг төгсөж барилгын трест, намын дарга зэрэг ажлуудыг эрхэлж байсан.

-Улсын баатар болоод улсаас тэтгэвэр, тэтгэмж авч байсан уу?

-Үгүй, тухайн үед партизаны дэлгүүрээр л үйлчлүүлдэг байлаа. Улсаас аавыг нэг удаа Хар далайд очиж амрааж байсан юм байна. Гэхдээ дээхнэ үед Улсын баатруудыг их алдаршуулдаг байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчидтай уулзаад байлдаж явсан тухайгаа ярина. Хүүхдүүд “Аюуш” туужийг уншаад 11 удаа цээжиндээ буудуулж, эх орныхоо төлөө тэмцэж явсныг сонсоод гайхаж биширдэг байлаа. Нэг удаа аав манай ангид яриа хийж байтал манай ангийн дүрсгүй банди “Та нар бүгдээрээ мэргэн буудагч байсан юм уу, тэгээд нэгнийгээ араас нь буудчихдаггүй байсан юм уу” гэж асууж билээ. Аав их гайхаж, “Юу гэж нэгнийгээ араас нь буудах вэ. Бид дайсан хаана байна л гэж явдаг байсан” хэмээн хариулж билээ.

-Аав ээж хоёр тань хэзээ, яаж танилцаж байв?

-Аав дайнаас ирээд 1949 онд ээжтэй танилцаж, 1951 онд том ах маань төрж байсан. Бид эцэг эхээс тавуулаа. Одоо дүү бид хоёр л байна даа. Ээж Жавзан Дорноговь аймгийн хүн. Их намуухан, дөлгөөхөн эмэгтэй байсан.

-Аав тань хүүхдүүдээ хэрхэн сургаж хүмүүжүүлдэг байв?

-Цэргийн хүн болохоор нэг нь л буруу хэрэг хийвэл биднийг тавууланг нь жагсаадаг байлаа. Тэгээд л дээрээс нь эхлээд алганы амт үзүүлнэ. Голдуу ах эгч нар буруу зүйл хийсний төлөө дүү бид хоёр хэлмэгдэнэ шүү дээ. Та нараас болоод бид хоёр дандаа загнуулж байна гээд ах эгч нартаа гомдоно.

Дээхнэ үед цэргийн хүмүүс “түргэн авна” гэж ярьдаг байсан. Аав түргэн авахаар бид бүгдээрээ босоод суучихдаг байсан. Бас аав хоолоо их хурдан иднэ. Тэгэхээр бид дагаад их хурдан идэцгээнэ. Энэ бүр зуршил болчихсон. Одоо ч энэ зуршлаасаа салж чаддаггүй. Ааваас “Та яагаад ийм хурдан иддэг юм бэ, таны чих яагаад ийм хатуу болчихсон юм” гэж асуудаг байлаа. Тэгэхээр аав, дайны үед хоолтой хоолгүй, нойртой нойргүй явна. Хоол олдсон дээр нь хурдан идэхгүй бол ахиад хэд ч хоног хоосон явах аюултай байлаа. Дайн тулаанд орж явахад дэргэд мина дэлбэрэх энүүхэнд. Тэгээд л чих хатуу болсон байх” гэдэг байсан. Аавын дэргэд мина дэлбэрээд хөл нь шархдаж байсан юм билээ.

Аавын минь аливаа зүйлд үнэнч шударга, сэтгэлээрээ ханддаг зан чанар нь надад өвлөгдсөн болов уу. Би одоо ч хүнд худлаа ярьж чаддаггүй. Ярьсан ч дараахан нь инээгээд худлаа гээд хэлчихдэг. Аав минь хайр нь дотроо, хал нь гаднаа хүн байсан. Бидэнд эх орноо хайрлах үзлийг маш сайн суулгаж өгсөн дөө.

-Таны хувьд Улсын баатар аавтай гэдгээ хэзээ анх мэдэж, бахархах сэтгэл төрж байв?

-Ухаан орсон цагаасаа, эх орныхоо төлөө байлдаж явсныг нь мэдсэнээс хойш ааваараа бахархдаг байлаа. Тэр үед аавыг “Эх оронч Дүүдэй” гэдэг байсан юм. Аав минь сүүлд 1985 онд намайг 21 настай байхад “Монгол Улсын баатар” цолоор энгэрээ мялаасан. Тэр үеэс хойш ааваараа бүр их бахархаж, онгирч, омогшиж явдаг болсон. Аавын минь ахалж байсан салаанаас гурван улсын баатар нэг өдөр тодорч байсан юм билээ. Тийм салаа ер нь ховор шүү. Мөн энэ тулалдаанд М.Жанчив онцгой гавьяа байгуулсан тул хожим 1975 онд Улсын баатар цолоор шагнасан байгаа юм. 1945 оны чөлөөлөх дайны үед Жанчхүүгийн даваанд болсон тулааны үеэр Л.Аюуш, Д.Данзанваанчиг, С.Дампил нар онцгой гавьяа байгуулж, тухайн оны есдүгээр сарын 26-ны өдөр тэдэнд Улсын баатар цолыг нь хүртээсэн гэдэг. Аав минь 24 настай, ахлагч цолтой байхдаа салаанаасаа гурван баатар төрүүлжээ гэж бодохоор үнэхээр сайхан.

-Аавын тань талаар түүний салаанд байлдаж явсан цэргүүд хэрхэн дурсаж ярьдаг байв?

-Хааяа аавтай ирж “ганц юм” мултлаад хуучилна. Тэгэхээрээ аавыг цэргүүдийнхээ аав нь, ах нь юм шиг санаа тавьдаг, хэцүү үед цэргүүддээ гутлаа тайлаад өгөх үе ч байсан гэдэг. Гэхдээ бас чанга үедээ чанга гэж ярьж байсан. Намайг дэлгүүрт суудаг байхад нэг удаа С.Дампил гуай орж ирээд надад даналзсан. “Би Улсын баатар Дампил гэж хүн байна. Би та нарын төлөө цусаа урсгаж явсан гэж ирээд надаар архи авахуулах” гэхээр нь “Би таныг мэдэлгүй яахав. Танд нэг шил архи өгье” гээд өгсөн. Тэгээд би “Би таны салаан даргын охин байна” гэсэн чинь “Хүүе, хүүе, яана аа даргын охин юм уу. Даргад хэлж болохгүй шүү. Энэ зөвхөн бид хоёрын нууц шүү” гэж билээ. Миний аавыг тэгж хүндэлж, эмээж явдгийг нь тэгэхэд мэдэж авсан даа.

-Тэгвэл аав тань өөрийнхөө цэргүүдийн талаар ямар дурсамж ярьж, бахархдаг байв?

– Аав Л.Аюуш баатраар их бахархдаг байсан. Л.Аюуш баатар салааны цэргүүдээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгаж явахдаа 11 удаа буудуулсан гэдэг. Тэр үед Аюуш баатрын араас туслахаар Дашдондог гэж цэрэг очсон гэсэн. Тэгээд дараа нь аавыг очиход тэр хоёр хоёулаа давхарлаад нас барчихсан байсан гэж аав ярьсан. Энэ тухай “Аюуш“ тууж дээр байдаггүй. “Бид мартахгүй” кинон дээр Аюуш баатрын тухай гардаг. Аав тэр киног үзээд уран сайхны хэтрүүлэг орсон байна гэдэг. Кинон дээр Л.Аюуш баатар нэг хүүхэнд дурладаг. Түүнийг үзээд аав “Ийм зүйл байгаагүй” гэж ярьсан.

Монголчууд Хятад руу явдаггүй байсан үед юм уу даа. Жанчхүүд байдаг Аюуш баатрын хөшөөнд аав очиж цэцэг өргөхийг хүсэхэд Хятадын элчин зөвшөөрөөгүй гэсэн. Тэгэхэд аав их уурлаж билээ. Би “Аюуш баатрынхаа хөшөөн дээр очмоор байна, цэцэг өргөмөөр байна” гээд өргөдөл хүсэлт өгсөн. Зүрх сэтгэлд нь “Миний муу цэрэг” гэсэн бодол яваад байсан байх. Сүүлд Батлан хамгаалах яамны хэдэн хүмүүстэй Бээжин явахдаа очиж, цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлээд санаа нь амарсан.

-Цэргийн хүн мөрдэс, энгэр хоёроо харж явдаг гэдэг. Аавын тань энгэрт цэргийн хүний авч болох бүх медаль байж?

-Тэгэлгүй яахав. Аавын минь амьдралын утга учир нь энэ хэдэн төмөр л байлаа. Түүндээ ч баярлаж, бахдалтай амьдарсан. Бас аав намдаа их үнэнч байсан. Жил бүрийн гуравдугаар сарын нэгэн, 18-ныг тэсч ядан хүлээнэ. Ямар ч үед гуравдугаар сарын нэгэнд намдаа хандив өгнө гээд явна. Цэргийн баяраар арван баатрын гэгддэг 016 дугаар анги дээр мөр зэрэгцэн тулалдаж явсан нөхөдтэйгөө уулзаж, тэр үеэ дурсан ярьцгаадаг байсан шиг байгаа юм. Урьд орой нь унтаж чадахгүй. Догдлоод, миний баяр гэж боддог байсан байх. Эр хүн болж төрснийх эх орныхоо төлөө тулалдаж, цэргийн хүмүүжлээр, цэргийн амьдралаар амьдарсан нь аавын минь бахархал байсан.

-Аав тань амьдралынхаа сүүлийн он жилүүдэд хэрхэн аж төрж байв?

-Аав цэргийн хүн байсан болохоор бие хөнгөн, өвдөж зовох зүйлгүй 79 насыг зооглосон. Аавыг өнгөрөхийнх нь өмнөхөн манай гэр бүлийнхэн яамны тэнд нэг айлд оччихоод автобусны буудал хүртэл бараг нэг км замд уралдсан юм. Үр хүүхдүүд, ач зээ нар нь бүгдээрээ гүйсэн чинь аав түрүүлсэн шүү. Аав минь эх орондоо талархаж, Монгол Улсын иргэн болсноороо бахархаж, бахдаж амьдарсан.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

КИНО ШҮҮМЖ: “Өвлийн тууж”-д цагдаа нар хаачсан бэ?

“Өвлийн тууж”. Нээлтээ хийгээд удаагүй ч энэхүү кино анхаарал татна. “Хоёр гүүрний цаана”, “Надын аав мангар” ч гэх шиг мангар мангар нэртэй кинонуудыг бодвол анхаарал татахуйц оновчтой, улирал, цаг үеэ мэдэрсэн нэрийг уран бүтээлчид бүтээлдээ өгч чаджээ. Нөгөөтэйгүүр уг кино нь “үнэмлэхүй санаа”-н дээр үндэслэсэн аж. Энэ нь, сүүлийн үед манай нөхөд Холливүүдийн кино сценар дээр тулгуурлан кино хийдэг болсны нэгэн илрэл.

Тэгэхээр “үнэмлэхүй санаа” гэж юу хэлээд байгааг уншигчдадаа тодорхой болгох үүднээс бяцхан тайлбар хийе. Холливүүдэд дэлгэрсэн “A high concept” гэсэн нэр томьёо нь “үнэмлэхүй санаа” гэж орчуулагддаг. “Үнэмлэхүй санаа” гэдэг бол кино сурталчилгааны чанараас үл шалтгаалан хар аяндаа үзэгчдийн анхаарлыг татдаг үйл явдал гэсэн үг юм. Тухайлбал, эр эмийн явдал, хүчирхийлэл, паян, аллага, цөмийн дайн, ДОХ, гэх мэт. Энэ тухай Оросын кино зохиолч А.Червинский “Кино зохиол бичихийн нууц” номдоо дурдсан нь бий. Харин “Өвлийн тууж” киноны тухайд бол аллага болон хүчирхийлэл аль алийг нь илт үзүүлэх ба тэдгээр нь киноны цөм болжээ. Үүнийг киноны үйл явдалтай уяж тайлбарлах гээд үзье.

СОГТУУ ЖОЛООЧИЙН ХАР ГАЙ

Нэгэн согтуу эр (СТА, жүжигчин Б.Батмэнд) баярын туузаа мөрөвчилсөн хэвээр гуйвлан явсаар машиндаа сууж буйгаар кино эхэлнэ. Тэрээр байгууллагынхаа шинэ жилийн баяраас тарж яваа бололтой. Тэгтэл, гудамж талбайд өнгө өнгийн гэрэл анивчиж, сэтгэл гэгэлзүүлсэн арванхоёрдугаар сарын нэгэн үдэш аав, охин хоёр гэртээ харихаар явж байлаа. Мөнөөх согтуу жолооч (киноны нэр нь Ганзориг) хэн нэгнийг дайрч орхино доо гэж бодож дуусаагүй байтал Охиноо тэврэн зам хөндлөн гарахдаа эхнэртэйгээ утсаар ярьж явсан залуу машинд дайруулав. Энэ үед ширээ засаад нөхөр, охин хоёроо хүлээж байсан Ерөө бүсгүй (СТА Б.Хулан) утасныхаа цаанаас хий дэмий л дуу алдана. Харин согтуу толгой Ганзориг тэр даруй эрүүлжин машинаасаа бууж юу хийж орхисноо харчихаад хэргийн газраас ум хумгүй зайлан одов.

Ерөө бүсгүй дарс ууж, уйлж ганихран суугаагаас үзвэл нөхөр, охин хоёр нь нэгэнт үгүй болжээ гэж ойлгогдоно. Харин кадр шилжмэгц Ганзориг гэртээ унтаж байх агаад эхнэр нь үглэн, угзчин сэрээнэ. Шартсан царайтай Ганзориг хоёр хүн дайрчихаад зугтсан гэхэд юу ч болоогүй юм шиг байх аж. Шоронд явах ёстой түүнийг эхнэр нь ажлаасаа халагдлаа гэж загнаж үглээд байх нь гайхаш төрүүлнэ. Гэтэл хэрэг явдал аль хэдийнэ шийдэгдэж, Ганзориг хэргээс мултарчээ. Чухам яаж, яагаад гэдэг нь кинонд даан ч тодорхойгүй. Тэрийг ёстой чөтгөр л мэдэх байх даа.

Ерөө бүсгүй ерөөс дарс уухаар төрсөн мэт дэлгүүр орсон ч гагц дарс л авах аж. Амьдралаас нэгэнт уйдан ганихарчээ. Нөхөр, охиноо зуурдаар алдсан болохоор л тэр биз гэж хэн ч түүнийг зөвтгөж болно. Гэвч Ерөө бүсгүй нөхөр, охин хоёрынх нь гэнэтийн үхэлд хэн буруутай вэ гэдгийг гадарлахаар барахгүй, Ганзориг хөнөөсөн гэдгийг мэдэж байлаа. Ганзориг ганц хүүтэй юмсанж. Нэгэн өдөр Ерөө хүүгийнх нь сургуулийн гадаа Ганзоригтой нүүр тулна. Хүүг нь Ерөө хөтөлчихсөн явж байхыг харсан Ганзориг ухаан алдах шахав. Тэгээд, “Манай гэр бүлээс холхон байгаарай. Намайг ямар ч буруугүй гэдгийг цагдаа шүүхийн байгууллага тогтоочихсон шүү” гэж Ерөөд омогдоно. Харин Ерөө хариуд нь “Хэзээ нэгэн өдөр чамайг нохой шиг үхэхийг үзэх болно” хэмээн өчих билээ.

Энэ завсар учир битүүлэг аллага үйлдэгдэнэ. Алуурчин (СТА Э.Мөнхтөр) угаалгынхаа өрөөнд байх цогцосноос цагийг нь салган шүүгээний нүдэнд байх бугуйн цагныхаа цуглуулгад нэмж хийв. Киноны зохиомж ёсоор энэ бол ердөө л киноны гол баатрыг үзэгчдэд танилцуулж, үзэгчийн сонирхлыг татах замаар гол сюжет рүү хөтөлсөн урьтал нөхцөл байлаа. Алуурчинг Энэрэл гэнэ. Гаднаасаа бол дэгжин хээнцэр, нуруулаг, царайлаг залуу. Гэвч дотроо бол хүн үхэхэд шалтгаан хэрэггүй гэж үздэг цуврал аллага үйлдэгч. Киноны 20 гаруй минутад тэрээр дахиад л нэг хүн алав. Энэ удаад хохирогч өөрөө алуурчны гэрт нь орж шүүгээнээс нь ахынхаа цагийг олсноор Энэрэл ахыг нь алсан гэдэгт бат итгэлтэй болно. Улмаар алуурчинг хөнөөхөөр буу агсан гэрт нь хүлээвч эцэст нь өөрөө алуулдаг билээ. Киноны зохиолч Б.Буяндэлгэр гол баатраа үзэгчдийн хүндлэлийг хүлээсэн дүр (хэдийгээр алуурчин ч гэлээ) байлгахын тулд чармайж ажилласан нь үүнээс харагдана. Баатар өөрийн хийж буй үйлдэл, ажил мэргэжилдээ чадварлаг байх нь үзэгчдэд эерэг хандлага төрүүлдэг. Энэрэл үнэхээр хүн алахдаа мэргэшсэн агаад буутай хүнийг нүцгэн гараараа нударчихаж байна. Гэм нь хөшгөө ярчихаад гэрээс гарснаа, аллага үйлдэж буйг нь хэн нэгэн цонхоор харсан байж болзошгүйг сүүлд анзаарав. Гэвч киноны туршид нэг ч цагдаа үзэгдсэнгүй.

ЦАГДААГ ЧӨТГӨР АЛГАДЖЭЭ

Тэр олон аллага, киноны туршид зургаа, биш ээ долоон (эсвэл ес байх) хүн үхчихээд байхад ч цагдаа хаана яваа юм бүү мэд. Одоо л нэг гараад ирэх болов уу гэтэл байдаггүй шүү. Энэ чинь тоглоом шоглоомоор хэлэхэд бурхан албаар аллагыг нуун дарагдуулаад байгаа хэрэг биш үү. Эсвэл манай улс цагдаа, шүүхгүй болчихсон гэх гээд байна уу. Холливүүдийн кинонд цагдаа нар нь дандаа хожимдож ирдэг ч гэлээ ямар ч л байсан ирдэг юм шүү дээ. “Өвлийн тууж” уран сайхны кинонд болохоор цагдаа гэсэн үг хоёрхон удаа дурдагдаад л гүйцээ. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр, Б.Тулгаа найруулагч аа цагдааг киноноосоо бүр арчиж хаячихаад аллага үйлдээд байдаг чинь арай гэнэн юм биш үү.

Нөгөөтэйгүүр бас нэг учир битүүлэг зүйл бий. Мөн л цагдаатай холбоотой. Ерөө бүсгүй гансран санааширч явахдаа Энэрэлийг гэртээ хүн нухаж байхыг нь харчихжээ. Нэг ёсондоо санамсаргүйгээр аллагын гэрч болчихож байна. Гэтэл тэр цагдаад мэдэгдсэнгүй. Яагаад тэр билээ. Уг нь нөхөр, охин хоёроо зуурдаар алдсан, тэр тусмаа бусдад хөнөөлгөсөн эмэгтэй хүн ийм зүйлтэй эвлэрээд дуугүй өнгөрч болох уу даа. Гээд бодоод үзвэл кинонд нэг цагдаа, ядахнаа хоёрын зэрэг цагдаагийн ажилтан хальт ч болохнээ гарч ирж болох байсан. Ерөө бүсгүй алуурчин залууг өөртөө урвуулан ашиглаж Ганзоригийг хөнөөлгөх төлөвлөгөө боловсруулсан байлаа ч эргэлзэж тээнэгэлзэх, адаглаад нэг удаа утсаа шүүрч болох байлаа. Тэгтэл Б.Тулгаа найруулагч мөн л цагдааг арчиж орхиод Ерөө, Энэрэл хоёрыг шууд нүүр учруулж байх юм. Энэ чинь жирийн үзэгчдэд жигтэйхэн ойлгомжгүй санагдаж байгаа даа. Эцэст нь Ганзориг, Энэрэл хоёр бие биенээ хөнөөж, хоёр цогцосны дунд үлдсэн Ерөө бүсгүй мөн л цагдаад гавлуулалгүй өнгөрчих юм. Чөтгөр алгад гэж, цагдаа хаачсан байсан юм бэ?! Өвлийн ойд цуурайтах буун дууг сонсох чихтэй амьтан байгаагүй юм гэж үү дээ. Цагдааг үнэхээр чөтгөр алгаджээ.

ХҮЧИРХИЙЛЛЭЭС ХҮЧИРХИЙЛЭЛ ТӨРӨХ ҮҮ?

Энэрэл бол гол баатар гэдгийг дээр дурдсан билээ. Ерөө, Ганзориг нар бол ердөө гол баатрыг тододгогч хамтрагч дүрүүд. Ялангуяа Ганзоригийн дүрээр аливаа кино уран бүтээлд зайлшгүй байх ёстой, тухайн киноны уран сайхны талыг нь өргөж өгдөг салбар сюжетыг сайн гаргаж өгснийг энд онцлох хэрэгтэй байх. Ганзориг ялгүй үлдсэн ч, хоёрын хоёр хүний амь бүрэлгэчихсэн болохоор амьдрал нь яаж өөдлөх билээ. Цаагуураа бүх зүйл нь, ажил үйлс нь нураад ирж байна. Эхнэр нь ажилгүй болсон архичин гэж байнга үглэж яншин залхаана. Хүү нь гар утас нэхнэ. Хүүгээ гар утастай болгох гэж улайм цайм хүний утас булааж зугтана. Түүндээ гутран архи ууна. Бас нэгэн гэр бүлийн дарамт, хүчирхийлэл л тэнд харагдаад байх. Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ойлголтод дан ганц эр нь эмийгээ хүчирхийлээд байдаг юм биш. Эм нь ч бас эрийгээ элдвээр хэлж сэтгэл санааг нь гутаах байдлаар хүчирхийлж байдаг гэдгийг харуулжээ. Мөн манай өнөөгийн нийгэмд 40-өөс дээш насныхан ажил орлоготой болно гэдэг үлгэрийн далай болсныг ч Ганзоригийн жишээ гэрчилнэ. Ийм салбар сюжет нь үзэгчийг уйдаахгүйгээр үл барам тухайн баатрын дүрд үзэгч өөрийгөө тавьж жишин зэрэгцүүлж үзэх боломжийг олгодог.

Харин Энэрэлийн хувьд хар багаасаа гэр бүлийн хүчирхийлэлд өртжээ. Эцэг нь гэж хүний адаг. Эхийг нь байнга зодож дарамтлан элдвээр хараан зүхнэ, Хардаж сэрдэнэ. Эх нь ажил хийж, олсон орлогыг нь эцэг нь ууж дуусгаад дараа нь зодож дарамтална. Үнэхээр тийм харгис хэрцгий эцэг хүн амьдрал дээр байдаг бол аймшиг, гамшиг, там гэхээс яалтай. Улмаар Энэрэлийг зургаахан настай жаалхүү байхад эцэг нь эхийг нь зодож хөнөөжээ. Энэрэлийг гаднаас орж ирэхэд тархиа хага цохиулсан эх нь газар үхлүүт хэвтэж байх агаад хэрцгий балмад эцэг нь хүү рүүгээ ч улангасан дайрахад бэлхэн харагдана. Ээж нь зугт хүү минь гэж хүчлэн хэлж буйг сонсоод Энэрэл гэрээсээ гарч зугтах билээ. Гэхдээ бүр мөсөн зугтаад явчихсангүй. Эцгийгээ унтсан хойно гэрээ тэр чигт нь шатааж байгааг дэлгэцнээс олж үзлээ. Аймшигтай хүчирхийлэл болоод эцэг, эх хоёроосоо тэр ингэж хагацжээ. Өөрөөр хэлбэл, Энэрэл зургаан настайдаа анх эцгийгээ шатааж хөнөөжээ. Түүнээс хойш алуурчны замаар явах болжээ гэсэн санааг уг кино багийнхан дэвшүүлж байна. Энэ бүхнийг үзэгчид Энэрэлийн зүүдээр дамжуулан мэдэх билээ.

Зүүд гэснээс зүүдэн дотор их юм бий. Энэрэлийг багад ээж нь “Алтаншагай хүү” гэдэг үлгэр ярьж өгдөг байжээ. “Алтаншагай хүү, алтан шагайтай юмсанжээ. Алтан шагай хүүгийн эцэг нэгэн өдөр шуламтай таарч идүүлэхийн даваан дээр Алтаншагай хүүгээ шуламд өгөхөөр тохирч амь аврагджээ…” хэмээх үлгэр Энэрэл хүүд хар багаас нь нөлөөлж хэн нэгэн хүн өөрийг нь хэзээ нэг өдөр золиослох юм шиг үргэлж айдас хүйдэстэй амьдарч иржээ гэж ойлгогдоно. Магадгүй энэ л сэтгэлзүйн байдлаасаа болж тэрээр зожигрон ганцаардаж, өөрийгөө золиослогдох, тав тухыг нь алдагдуулах тохиолдол бүрийн эсрэг тэмцэж, зарим тохиолдолд “нухаж” орхиход бэлхэн явж ирсэн шиг.

Гэвч Энэрэл, Ерөөтэй танилцаж учирсан хэдхэн хоногт хэн нэгнийг хайрлаж чадах хүн гэдгээ батлан харуулж, эцэст нь өөрөө золиослогдоно. Харин амийг амиар төлүүлнэ гэж хатуу шийдсэн Ерөө бүсгүйн хувьд зорьсондоо хүрч. Ганзоригийг үгүй хийж байж санаа нь амарч байгаа ч, хэдийгээр энд аллага үйлдэгдсэн ч Ерөөд бол энэ нь амжилт юм. Гэвч, “Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ” гэдэг. Хэрэв Ерөө өшөө хорсолдоо тэгтлээ автаагүй бол, Ганзориг амьд, Энэрэл ч амьд үлдэж болох байсан. Ерөө ч аз жаргалтайгаар хэвлийдээ бүрэлдэн буй үрдээ “Алтаншагай хүү”-гийн үлгэрийг ярьж өгөхгүй байхсан биз ээ.

Ингэхэд киноны хэлэх гэсэн санаа юу байсныг та ойлгов уу, би ч бас барим тавин таамаг төдий зүйлийг л хэлж чадах байна. Уг нь аливаа кино уран бүтээлд “Logline” буюу киноны хэлэх гэсэн санааг найруулагч, уран бүтээлчид нь өөрсдөө ганц өгүүлбэрт багтаан илэрхийлэх ёстой ч манайд энэ нь ёс юм шиг гээгдэх юм даа.

Миний дэвшүүлсэн “Lo­gline” бол: Өдөр бүр та хэн байхаа сонгодог.

Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

Урлан нь компьютерт багтсан төрийн соёрхолт барималчийнх

Төрийн ордны өмнөх “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн хөшөө, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Сэрэлтийн Бумаагаараа олонд хайрлагдсан Т.Цэвээнжав, Улс төрийн товчооны Д.Төмөр-Очир, Мэргэн гүн Гомбожав зэрэг алдартнуудын өөрийн гэсэн характер нь хачин тод сийлэгдсэн, өвөрмөц шийдэлтэй хөшөөнүүдийг урласан Төрийн соёрхолт Л.Болдынд өнжлөө. Барималчийнх цэнгэлдэх хүрээлэнгийн урдхан талын Номун хотхонд амьдардаг юм байна. Оронгуут л хүүхдийн шулганасан яриа, цангинасан инээд угтав. Амралтын өдөр учраас ач нь иржээ. Хүү, охин нь тусдаа гарсан өвөө, эмээгийн жаргалтай өдрүүдийн нэг гэдэг нь харваас илт. Гэрийн эзэн “Манайх чинь хүү, охинтой айл. Хүү маань эдийн засагч. Охин АНУ-д менежмэнтийн чиглэлээр сурч төгсөөд тэндээ аж төрдөг. Бага залуудаа хүүхэдтэй болчихоор тэдэнтэйгээ хамт л өсч төлөвшдөг бололтой юм. Хүүхдийн өхөөрдөм, хайрлам, хөөрхөнийг тавь гарсан насандаа, яг өдийд л жинхэнэ утгаар нь мэдэрч байна.

Уран бүтээлчид бүтээлээ хүүхэд шигээ санадаг гэдэг. Сэтгэл гаргаснаа л зүйрлэж хэлж байгаа байх. Тэрнээс биш үр хүүхдийг юутай ч зүйрлэх аргагүй л дээ” гэж хэлээд инээвхийлж байна. Гэрийн эзэн Сэлэнгийнх, эзэгтэй Сарангэрэл Улаанбаатарынх гэнэ. Аав, ээжийн нутаг ус гэж яривал Л.Болд барималчийн аав нь Хэнтийн хүн аж. Харин эзэгтэйн аав Завханых юм байна. Аавыгаа “Сууж байгаад сургаал хайрлаж байсныг нь санадаггүй. Аав минь тийм байгаагүй. Зөв аж төрөхийг амьдралын хэв маягаараа харуулсан хүн. Мянган сургаалаас илүү үлгэрлэл шүү” хэмээн дурслаа.

Бидний анх орсон өрөөг Л.Болд “Найз нөхөдтэйгөө үүрлэдэг үүр” гэж хошигнов. Ширээ тойруулсан буйдантай, урлаг цэцэглэсэн Тан улсын үеийн бүтээлүүдийг хуулбарласан баримлуудтай, ханандаа Гүюг хааны тамганы дардсыг жаазалж өлгөсөн тохитой гэж жигтэйхэн өрөө юм. Эзэгтэйн бэлдсэн ширээний ард яриа хөөрөө өрнүүллээ. Ардчилсан холбооны Зохицуулах зөвлөлийн анхны хурал урлангийнх нь өрөөнд болж байж. Гэрийн эзэн “Зохицуулах зөвлөлийн 11 гишүүний нэгээр Э.Бат-Үүлийг хүчээр оруулж байсан юм. Мань хүн сэтгүүлч болж тэмцэнэ гээд тэрүүхэндээ хөөрхөн юм болсон” гээд хөгжилтэй инээв. “Одоо таны урлан хаана вэ” гэтэл “Монголд урлангүй ганц хүн би л байх. Миний урлан энэ шүү дээ” гэж хажуудаа байсан цагаан өнгийн i mac-ийг заагаад жуумалзав. Барималч урдаа байсан халуун байхууг оочлонгоо “Москвад хөшөө дурсгалын мэргэжлээр төгссөн хоёр хүний нэг нь би. Тиймээс өдөр тутмын жижиг баримал энэ тэрд сэтгэл татагдаад байдаггүй юм. Хөшөө дурсгалаа гүйцэтгэх, боловсруулах ажлыг энэ өрөөндөө л хийдэг. Гүйцэтгэх болохоороо тав, арван метрийн өндөртэй заал түрээсэлдэг” гэж ярилаа. Өрөөндөө найзынхаа аавын хөргийг бүтээж эхэлжээ. Ойрын хүнийх нь аав учраас жижиг баримлын ажил эхэлсэн бололтой.

Удам сударт нь урлагийн хүн байсан эсэхийг сонирхоход “Би анх ном, замаар нь яваад барималч болсон гэж боддог байлаа. Арван жилийн маань ангийн багш мужаан, дүрслэх урлагийн дунд сургуулийн төгсөгч гэсэн зам л барималч болгосон гэж сэтгэнэ. Ихдээ л аавыгаа бодно. Аав минь хуучин бичгээр хачин гоё бичнэ л дээ. Чөлөөлөх дайнд штабын бичээчээр ажиллаж байсан хүн. Нэг удаа төрийн хүлээн авалтын үеэр хэсэг уран бүтээлчтэй уг удмаа ярилаа. Н.Жанцанноров гуай ээжийгээ сайхан дуулдаг гэж яриад. Н.Сувдаа гуай ойлгомжтой. Ээж нь мундаг. Би аавыгаа хэллээ дээ. Гэтэл гавьяат Г.Эрдэнэбат “чи боль л доо” гээд дургүй гэж жигтэйхэн байна. Аав маань Хэнтийн Батноровынх болохоор мань эр аавыг мэднэ. Тожил дархнаас гаралтай нутгийн хүн байж гэж ирээд нэг их зэмлэсэн нь санаанаас гардаггүй юм. Тийм л дээ, Монголын уран дархны агуу хийц тэнд байдаг. Тэр дундаа цутгаж бүтээдэг Батноров хийц. Би одоо болтол барималч гээд хөөмөл цутгаад явж байна. Миний аав тэр дархыг хийгээгүй, уламжлаагүй ч гени нь надад байгаа хэрэг. Тэр үеэс хойш өөрийгөө Хэнтийн Батноровын үр хойчис, урлалыг нь дамжуулж яваа нэгэн гэж боддог болсон” гэж байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөг цоолж балласанд эмзэглэж яваагаа нуусангүй. “Засах гээд цагдаа цэрэг болоод байх шиг. Сэтгэл шимшрээд очиж үзээгүй ээ. Хүмүүсээс дуулах нь ээ, 200 гаруй цоолсон сурагтай” гэв.

“Чингисийн хамгийн бодитой гэж хэлж болох зураг Тайваньд байдаг гэдэг. Ордоны өмнөх хааны дүрийг бүтээхдээ ямар зургийг барив” гэхэд “Миний шийдэл. Олон янзын үзэл байсан учраас өөрийнхөөрөө бүтээсэн” гэж байна. Хятадын зарим эх сурвалжид Чингис хааныг 197-201 см өндөр, зөв царайтай гэж дүрсэлсэн байдаг бол хэд хэдэн эрдэмтэн Тайваньд байдаг хааны хөргийг бодитой биш гэж үгүйсгэдэг гэнэ. Төрийн ордны урд талын Өгөөдэй, Хубилайг харин маргашгүй гэдэг утгаар нь Тайванийн зургаар бүтээжээ.

Өмнөд Монголд Чингис хаан болон Их Монголын түүхтэй хамаатай хэд хэдэн хөшөө урласнаа нөүтбүүкээсээ сонирхуулав. Хорчин нутагт хорчин гэж үгийг морины хэлбэрээр урласан хөшөө нь анхаарал татахаар содон юм. “Хорчин хошууны 84 хувь нь монголчууд болохоор тэр үү, хятадууд нь хүртэл монголоор ярьдаг юм билээ” гэх мэтээр урд зүгийн монголчуудын тухай баахан яриа өрнүүлэв.

Л.Болд барималчийн “Есүхэйн захиас” гэж хөшөө Сөүлээс ойрхон Ичон гээд газарт олон улсын баримлын паркт байдаг юм байна. Зургийг нь харлаа. Гарны хэлбэртэй өвөрмөц бүтээл юм.

Гэрийн эзэн Жанрайсигийг бүтээх ажлыг таван жил удирдсанаа ярьж сууснаа Ардчилсан холбоотой хамаатай бас нэгэн түүх дэлгэв. “Ардчилсан холбооны анхны хурлаар шууд надтай хамааралтай гурван зорилго тавьсан юм. Эхнийх нь хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хөшөө босгох. Хоёр дахь нь өв соёлоо сэргээхийн тулд оросуудын бууны сум хийхээр авч явсан гэх Жанрайсигийг бүтээх. Гурав дахь нь Чингис хааныхаа хөшөөг мөнхжүүлэх. Хувь тавилангаар уу, азаар гэх үү гурвууланг нь би хийсэн. Ардчилсан холбооны анхны хурал дээр өгсөн даалгаврыг биелүүлсэн гэсэн үг. Энэ болгонд Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарсан. Ухаандаа Ардчилсан холбооноос дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд Н.Энхбаярын оролцоо байдаг юм” гэснээ үе үеийн төрийн тэргүүнүүдийг “Бүгдээрээ урлагт хайртай, элэгтэй, урлагийг үнэлэх үнэлэмжтэй улс” гэж магтав. Л.Болд барималч Урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяртай харилцаж байж. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай “Шууд харилцах ажил үүрэг байхгүй ч урлагийн өндөр үнэлэмжтэйг нь мэднэ. Уран зургийн хоббитой. Өөрөө зурдаг, хувийн маш баялаг галлерейтэй. Ордны өмнөх цогцолборыг эхлүүлэх шийдвэр гаргахад голлох нөлөөтэй ажилласан” гэж ярив.

Сонирхуулж хэлэхэд, Төрийн соёрхолт барималч маань оюутан ахуйдаа хамтлагт цахилгаан гитар тоглож манаргаж явж. Төрийн соёрхолт С.Саранцацралтын нөхөр зураач Бат-Эрдэнэ, “Нохойн орон” бүтээлээрээ нэг хэсэг шуугиан тарьсан Д.Төрмөнх гээд хэсэг зураач залуус хамтлаг болж явжээ. Хамтлагийнх нь найзууд өнөөдрийн Болдыг бүтээхэд нөмөр түшиг, хөг болсон хэмээн гэрийн эзэн ярилаа.

Барималч өрөөнийхөө хойморт Бурхан багшийн хөргийг залжээ. “Шүтэхдээ философи болгож судалсангүй. Бодол, сэтгэл цэгцлэх цэг, түшиг тулгуур маань бурхан багш болчихоод байна л даа. Хүнийг сайхан руу чиглүүлэх нь шашны мөн чанар гэж хардаг. Тэр талаас нь бодож хүндэлж, шинийн 29-нд Очирваань бурхандаа мөргөх хэмжээний л шүтлэгтэн” гэж өөрийгөө тодорхойлов.

Номын сан нь их даруухан юм. Зураг, баримал, урлагийн голдуу ном өржээ. Үе үе дэлгэж хардаг нь 30000 жилийн дэлхийн урлагийг багцалсан зузаан гэгчийн цагаан хавтастай ном юм байна. Сингапураас монгол төгрөгөөр бол хагас сая орчим төгрөгөөр авчээ. Зураг сайтай, товч, ойлгомжтой тайлбартай энэ номд Монголоос Занабазарын нэг бүтээл багтжээ. Гэрийн эзэн номоо бидэнд сонирхуулчихаад “Ямар ч байсан хүмүүний урлагийн түүхэнд дурсагдах агуу уран бүтээлчтэй л ард түмэн” гэж хэлээд номын сан руугаа эргэв.

Гэрийн эзэн “Зураач хүн гэхээр зурахаас өөрийг мэддэггүй гэж шүүмжилдэг. Спортынхныг ч ялгаагүй. Гэтэл Түвшинбаярыг олимпийн аварга болоход монголчууд яалаа. Талх үйлдвэрлэдэг хүн биш л бол юу ч хийдэггүй нөхөд гэсэн ойлголтыг эвдэж чадсан. Уран бүтээлчээс гадна Улаанбаатарт амьдарч яваа хүний, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож явдаг сонгуульт болон томилогдсон ажлууд бий. Урлагийн зөвлөлийг байгуулсан. Ирэх жил 15 жилийн ой нь болно. Өнгөрсөн жилүүдэд зургаан сая ам.долларыг Монголын урлагт олж ирж зарцуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл улаанбаатар хотын ерөнхий зураач гэсэн ажилтай. Орон тооны биш л дээ. Жил бүрийн наадмын чимэглэл гэхэд миний нуруун дээр. Цалингүй, сэтгэлээрээ хийдэг ажлууд. Үүргээ л биелүүлж яваа гэж ойлгодог доо” гэсээр биднийг үдлээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Монголбанк, Сангийн яам ажиглах биш эдийн засгийн уналтыг нэн даруй зогсоох үүрэгтэй. Юуг нь ажиглаад байгаа юм бэ

Өдрийн сонины №293 (5558) дугаараас

Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар хаа хаанаа л хичээж байна. Хямралыг даван туулах гол арга зам юу байх бол. Манайхны ярьж байгаагаар “Стэнд бай” хөтөлбөр, гадны зээл гэх юм. Монгол Улсын эдийн засгийн дотоод нөөц боломж энэ бүхнийг даван туулахад хангалтгүй юм уу?

-Эдийн засаг хямралтай байна. Хямралаас гарахад мэдээж дотоод, гадаад нөөц бололцоо гэж байлгүй яахав. Бид аль алийг нь зөв ашиглах хэрэгтэй. Дотоод нөөц боломж гэвэл орлогоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлэх, шинэ төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэхчилэн замууд бий. Болж өгвөл хөнгөлөлттэй зээл, тусламж авах нь чухал байлгүй яахав. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг харилцан үр ашигтай нөхцөлөөр явуулах гээд гарцууд байна. Гэхдээ бид алийг нь ч хэрэглэсэн ачааны хүндийг өөрсдөө л үүрч гарах ёстой. Гаднаас хэн нэгэн мөнгөтэй хүн ирээд Монгол Улсын эдийн засгийг хямралаас гаргаад өгнө гэж хүлээх нь учир дутагдалтай. Тиймээс бид дотоод нөөц бололцоогоо дээд зэргээр дайчлах хэрэгтэй байгаа биз дээ. Төсвийнхөө алдагдлыг багасгаж, орлого, зарлагаа баланслуулах тал дээр томоохон алхам хийх шаардлагатай. Манайхан “Бүсээ чангална, бүсээ чангална” гээд маш их ярьдаг. Үнэндээ бид бүсээ чангалаагүй яваа юм шүү дээ. Хэмнэлтийн горимд шилжих зэрэг арга хэмжээг авах цаг болсон. Эдийн засгийн энэ хүнд байдлаас гарахад амаргүй. Эдийн засаг хэдий чинээ хүндэрсэн байна, түүнийг эрүүлжүүлэх эм төдий чинээ гашуун байна гэсэн үг. Өнөөдөр бид гашуун эм уугаагүй л байгаа.

Гадаад талдаа бусад оронтой хамтын ажиллагаагаа хөгжүүлье гэж байгаа бол “Монгол Улстай хамтран ажиллаж болно. Өнөөдөр эдийн засаг нь хүнд байгаа ч гэсэн үүнээсээ гарч чадна” гэсэн итгэл үнэмшлийг төрүүлэх хэрэгтэй. Эдийн засаг нь хямарчихсан, зээлжих зэрэглэл нь буурчихсан үед тэр итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг нь харин асуулт байсаар байна. Засгийн газар шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах ёстой. Тэр нь “Стэнд бай” хөтөлбөр байж болно. Эдийн засгийн өсөлтийг дэмжих хөтөлбөр ч байж болох юм. Манайхан л “Стэнд бай” гээд байгаа болохоос Олон улсын валютын сан дотроо олон хөтөлбөртэй. Гэхдээ ийм хямралтай үед хямралаас гарах, тогтворжуулах хөтөлбөр хэрэгждэг. Тийм болохоор нэн даруй Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг авах хэрэгтэй л дээ. Ингэснээр наад зах нь гурван гол үр дүн гарах учиртай.

-Яг ямар үр дүнгүүд юм бол?

-Нэгдүгээрт, Монгол Улс хямралаас гарах зөв бодлоготой болно. Олон улсын валютын сан дэлхийн 200 гаруй орныг нэгтгэсэн том байгууллага. Дэлхийн олон оронд ажиллаж байсан арвин туршлагатай. Ийм байгууллагатай хамтран зөв бодлогоо тодорхойлох ёстой. Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй байна гэдэг бол бодлого нь зөв боллоо гэдэг мессэж очих эхлэл юм.

Хоёрдугаарт, тодорхойлсон бодлогоо хэрэгжүүлэх сахилгатай болно. Манайхан сайхан бодлого, гоё хөтөлбөр гаргадаг л даа. Хэрэгжилт дээрээ харин таг зогсдог. Таг зогсдог гэдэг нь таг мартчихдаг гэсэн үг. Манайд асар их хөтөлбөр, төлөвлөгөө байгаа. Үүнийгээ харин хэрэгжүүлэхээ ор тас мартдаг. Сонгуулиас хойш Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дараа нь эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр гэхчилэн хангалттай хөтөлбөрүүдийг баталлаа. Харамсалтай нь үүнийгээ тууштай хэрэгжүүлэх сахилга байдаггүй. Олон улсын валютын санд хамрагдчихвал сахилгатай болно. Валютын сан хамтран боловсруулсан хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангуулахын тулд хяналтаа тавина. Тиймээс бодлогоо хэрэгжүүлэх сахилга сайжрах юм.

Гуравдугаарт, дэлхий дахинд зөв сигнал очно. Монгол Улс Олон улсын валютын сантай хамтран ажиллаж байгаа, бодлоготой, сахилгатай улс. Одоо хямралтай байгаа ч хөрөнгө мөнгө оруулаад явах боломжтой гэдэг мессэж очно. Хамгийн наад зах нь ийм гурван үр дүн гарна. Тэр утгаараа Олон улсын валютын сангийн хөтөлбөрт нэн даруй хамрагдах нь зөв. Засгийн газар дэндүү удаан байна. Сонгуулиас хойш хагас жил өнгөрчихөөд байхад хөтөлбөр авах уу, үгүй юу гэдгээ нэг мөр тогтож чадсангүй. Валютын сангийнхан 2-3 удаа манай улсад ирлээ. “Хэрвээ Монголын тал хөтөлбөрт хамрагдахаар болоод санал тавивал бид хамтарна” гээд байна.

-Манайхан яагаад ингэж удаад байгаа юм бол. Зээл хүлээгээд байгаа юм уу. Ер нь цаг алдалгүй асуудлаа шийдээд явах нь хамгийн зөв гарц баймаар юм?

-Өдий болтол манайхаас Олон улсын валютын сантай хамтрах санал тавиагүй л байхгүй юу. Яахав манайхан болгоомжилдог байж магадгүй. Валютын санд хамрагдчихвал нөхцөл тулгаад эрх чөлөө хязгаарлагдана гэсэн айдас байдаг. Тулгана гэдэг чинь тохирсон бодлогоо хэрэгжүүллээ л гэсэн үг. Ил тод бай, төсвөө сахилга баттай зарцуул л гэж байгаа юм. Энэ шаардлагаас айгаад эрх чөлөө хумигдах нь гэж өнгөцхөн ойлгож байгаа бол Засгийн газрын буруу. Валютын санд хамрагдлаа гээд бусад улс орнуудтай хамтрах нөхцөл хоригдохгүй. Хэнтэй ч хамтран ажиллалаа гэсэн эдийн засгаа сэргээхэд чиглэсэн эдийн засгийн зөв бодлогын хамтын ажиллагаа байх ёстой юм. Өөр этгээдээс зээл авч болно. Гэхдээ өндөр хүүтэй арилжааны зээл авч болохгүй. Учир нь манай эдийн засаг даахгүй. Тиймээс урт хугацаатай хөнгөлөлттэй зээл ав, чөлөөтэй гэж байгаа. Ийм хүнд нөхцөлд орсон үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь эдийн засгийн ганц баталгаа болж өгнө. Тэр утгаараа эргэлзэж, тээнэгэлзэн болгоомжлоод байх шаардлага байхгүй. “Стэнд бай” хөтөлбөрт бид гурав дахь удаагаа орж байна. Өмнө нь өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байсан. Энэ болгонд манай эдийн засагт эерэг үр дүн гарч байсан. Дахин хэлье, ганц зөв зам бол валютын сангийн хөтөлбөртэй болох.

-Урт хугацаатай, бага хүүтэй Хятадын зээл яригдаж байгаа. Тэр нь улс төрийн зээл байгаад улсаа дэнчин тавьчих вий дээ гэсэн болгоомжлол байх юм. Энэтхэгийн нэг тэрбум ам.долларын зээлээр газрын тос боловсруулах үйлдвэр барина гээд л байна. Энэ бүхнийг та хэрхэн харж байна вэ. Эдийн засагт ногоон гэрэл асаахад хэр дэмтэй байх бол?

-Ер нь улс орны хамтын ажиллагаа олон талын болоод хоёр талын гэсэн хэлбэртэй байдаг. Олон талын гэдэг нь олон улсын байгууллагад элсээд гишүүн байгууллагуудтайгаа хамтран ажиллахыг хэлнэ. Хоёр талын хамтын ажиллагаа бол улс гүрнүүд хоорондоо хамтран ажиллах. Гэхдээ өнөөгийн нөхцөлд тохирсон хамтын ажиллагаа, зээл, тусламж байх хэрэгтэй. Олон улсын байгууллагын дунд тогтсон “хөгжлийн албан ёсны тусламж” гэдэг хамтын ажиллагааны хэлбэр байдаг юм. Энэ нь урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл байхгүй юу. Манайхан ч үүнийг өмнө нь зөндөө л ашиглаж байсан. Ийм төрлийн зээл хэдийг бол хэдийг авч ашиглаж болно. БНХАУ гэхэд Олон улсын валютын сангийн гишүүн улс. Хятадаас энэ чиглэлийн зээл авахад чөлөөтэй.

Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломж бий. Тэгэхгүйгээр өндөр хүүтэй, богино хугацааны зээл авчихвал манай эдийн засаг өөрөө эрсдэлтэй байгаа тул цаашид өрийн дарамтад орох магадлалтай. Ийм тусламжийг бид авч болохгүй. Хамтын ажиллагаагаа л хөгжүүлэх нь чухал болохоос заавал тэрнээс зээл ав, тэрнээс болохгүй гээд байх зүйл байхгүй. Зөвхөн Хятадаар бид хязгаарлагдаж болохгүй. Дэлхий дээр зээл авчихаар олон улс гүрэн бий. Тухайлбал, Тайваниас зээл авч болно. Тайвань эдийн засгийн хувьд чадвартай болчихсон. Эдийн засгаараа дэлхийд эхний тавд багтдаг. Тэгж ярих юм бол АНУ, япон, хятадууд Тайваниас зээл авчихсан байна. Бид яагаад тэднээс хөнгөлөлттэй зээл авч болохгүй гэж. Боломж байгаа биз дээ.

-Далай ламыг Монголд айлчилснаас болоод Хятадын зээл бүтэхээ байчихлаа гээд “боож үхчих” гээд байцгаах юм байна шүү дээ. Одоо өнгөрсөн, цаашаа ингээд элгээрээ мөлхөх нь гээд сүр бадруулаад байх юм?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа, улс төр хоёрыг бид зааглах хэрэгтэй. Зээл тусламж авах, хөтөлбөрт хамрагдах бол эдийн засгийн хамтын ажиллагаа. Улс төртэй огт холбоогүй. Энэ хоёр тусдаа асуудлыг хүчээр холбох гээд эсрэг тэсрэг болгоод байх шаардлагагүй. Далай лам айлчилснаас болоод эдийн засгийн сөрөг нөлөө гараагүй, гарах ч үгүй гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр баталсан. Тэнд Оюу толгой, Таван толгой, Гацууртын ордыг ашиглах болон хэд хэдэн цахилгаан станцыг барихаар төлөвлөсөн. Энэ бүхэн эдийн засагт ямар нөлөө үзүүлэх боломжтой вэ?

-Эдийн засаг хүнд байгаа үед өөрсдийн нөөц боломжоо хамгийн дээд зэргээр дайчилж чухал ордуудаа эргэлтэд оруулах нь огт буруу биш. Гэхдээ яаж оруулах вэ гэдэгт асуудал бий. Харилцан үр ашигтай байлгамаар ашигламаар байна. Оюу толгой шиг сайхан зүйл хүсч байгаад эцэст нь үр дүн муутай хамтын ажиллагаа болчихдог гашуун түүх сургамж байгаа. Үүнээс сургамж аваад харилцан үр ашигтай байхаар ажлаа урагшлуулах нь зөв. Өмнө нь байгуулсан гэрээ хэлцлүүдээ дахин хянах хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тодорхой бий. Тэр бүү хэл Оюу толгой, Таван толгойн гэрээ хэлцлийг дахин хянаж, харилцан ашигтай байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гээд заачихсан. Тодорхой болчихсон төслүүд дээрээ идэвхтэй, хурдтай ажиллах зайлгүй шаардлага бий.

-Засгийн газрыг удаан ажиллаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Та ч гэсэн яриандаа хэдэнтээ онцоллоо. Ямар шалтгааны улмаас цаг алдаад байгаа юм бэ?

-Засгийн газрын үйл ажиллагаа удаан байна. Өөрөөс нь хамаарсан шалтгаан бий л байх. Асуудлаа өөрийн болгож, хурдан хугацаанд боловсруулах хурд дутаж байгаа нь илт харагдах юм. Дээрээс нь Их хурал Засгийн газрыг удаан болгоод байх юм л даа.

-Яагаад Их хурал гэж. Танай бүлэг чинь Их хуралд 65-уулаа байж гацаах шалтгаан байгаа юм уу?

-Тэр тусмаа. Яагаад удаан байна гэхээр бодитой зүйлдээ цаг бага гаргаад төсөв, төлөвлөгөө боловсруулахад хамаг цагаа зарцуулж байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр боловсруулна гээд 60 хоног ажилласан. Дөнгөж боловсруулж дуусаад хэрэгжүүлж эхлээгүй байхад нь Эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр гаргана гээд дахиад 60 хоног хуралдлаа. 60 хоног хуралдаж хөтөлбөрөө баталж дуусахаар нь одоо л ажилдаа орох нь гэтэл оны эцэс болоод тулгамдсан асуудлууд хоолой дээр нь тулчихсан. Дөрвөн жилийнх нь хөтөлбөрийг батлаад өгчихсөн юм бол хурдтай ажиллах бололцоог гаргаж өгөөд эрх зүйн зохицуулалтуудыг нь шуурхай хийж өгөх хэрэгтэй. Тэгээд Засгийн газраа түргэн ажиллуулах шаардлагатай байна. Тэгэхгүйгээр нэг хөтөлбөр гаргахаар нь төлөвлөгөө гаргана гээд төлөвлөгөө гарахаар хуульд өөрчлөлт оруулна гээд хууль дээрээ очихоор өнөөхөө боловсруулж байна гээд цаг алдаад байгаа юм. Хуульд өөрчлөлт оруулъя л гэж байгаа юм бол ямар зохицуулалт хэрэгтэй юм, түүнийг нь хийгээд өгчих хэрэгтэй. Хагас жил өнгөрчихлөө. Цаг нартай уралдаж байгаа бидний хувьд их ажил амжуулчих хугацаа.

-Олон улсын зах зээл дээр алт, зэс, нүүрсний үнэ өсөөд байна л гэх юм. Манайхан энэ бүгдийгээ гаргасан хэвээр байгаа атал эдийн засагт өөрчлөлт гарсан юм алга. Өмнөх жилүүдээс экспортын хэмжээ огт буураагүй юм билээ?

-Бодит хэмжээгээр өсч байгаа. Гэсэн хэдий ч орж ирдэг нь буураад л байна. Энэ бодит үнэн. Сүүлийн саруудад зэс, нүүрсний үнэ өсөх хандлагатай байгаа нь эдийн засагт эерэг нөлөө авч ирэх байх. Одоо эдийн засагт мэдрэгдсэн зүйл байхгүй байна гэдэгтэй яах аргагүй санал нэгдэх ёстой.

-Ер нь бол танай намынхан өмнөх дөрвөн жилд АН, МАХН хамтарч засгийн эрх барьж байхдаа эдийн засгийг навс унагасан гэдэг зүйл ярьдаг. Таны хувьд Сангийн сайдаар ажиллаж байсан шүү дээ. Тэгэхээр эдийн засгийн энэ хямралд таны оролцоо ч байгаа юм биш үү. Таныг Сангийн сайдаар ажиллаж байхад эдийн засаг яг ямар байсан юм бэ?

-Гэнэтийн юм гэж байдаггүй. Тэр тусмаа улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил гэнэт нэг өдөр муудаад, нэг өдөр сайжирчихдаг юм биш. Урт хугацааны тогтвортой бодлого гараад бодлогын дагуу тууштай, зөв ажиллаж чадвал сайжраад л явна. Бодлогогүй, урсгалаараа яваад байвал байдал эрс муудна. Тиймээс үүн дээр нэлээд ул суурьтай хандах хэрэгтэй. Миний хувьд үндсэндээ таван Засгийн газарт Засгийн газрын гишүүнээр ажилласан. 1990 оноос хойш эдийн засгийн шилжилтийн үед УИХ-ын гишүүн, Сангийн сайдын албан тушаал хашиж байлаа. Энэ чиглэлд санаа зовж, дүгнэлт хийх гэж хичээдэг эрдэмтэн, судлаач хүн. Тэр утгаараа аваад үзэх юм бол бидэнд хэд хэдэн анхаарах зүйл байна. Нэгдүгээрт, бодлогоо тууштай хэрэгжүүлж чаддаггүй. Бид дандаа бодлого гаргадаг ч түүнийгээ мартдаг. 1995 онд Монгол Улсыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гэж гаргаж байв. Гэтэл энэ бодлого орхигдсон. Угтаа одоог хүртэл хэрэгжээд явж байх ёстой байсан. Дараа нь 2008 онд Эдийн засгийн хөгжлийн цогц бодлого гэж гаргасан. Мөн л 2020-2030 он хүртэлх бодлого. Бас л мартагдсан. Өнгөрөгч өвөл бид Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого гээд гаргасан. Бид ингээд бодлого гаргаад байдаг ч хэрэгжүүлэх дээрээ тулахаар мартдаг талтай.

Хоёрдугаарт, эрх барьж буй улс төрийн хүчнүүд дандаа шинэ зүйл хийх гэж оролддог. Үүнээс болж урагшаа алхдаггүй, байрандаа л байдаг. Төрийн залгамж чанар уламжлагдаж, шинэчлэгдэж явах ёстой. Гэтэл шинэчлэл нь давамгайлаад уламжлалаа бид мартдаг. Бүх зүйлийг шинээр хийх гэж оролддог нь бидний сул тал.

Гуравдугаарт, эвсэж, хамтарч ажиллахдаа учир дутагдалтай. Өнгөрсөн 26 жилийн нийгэм, эдийн засгийн хөгжил, бүтцийг он оноор нь судлаад үзэхэд хамтарсан Засгийн газрын үед эдийн засаг дандаа муудаж ирсэн дүр зураг харагддаг. Урт хугацааны, уламжлагдсан бодлогогүй учраас манай хөгжил догонцдог. 1992 оноос хойш явагдсан бүх УИХ-ын сонгуулиудыг аваад үз. Дөрөв, дөрвөн жилээр энэ хоёр нам ээлжилж засаг барьсан. Дараалан найман жил Их хуралд ялалт байгуулсан улс төрийн хүчин байдаггүй. Сайн үр дагавар гарч байгаа бол аль алинд нь хамаатай. Муу үр дагавар гарсан бол мөн л аль алинд нь хамаарна. Тиймээс тэрнээс болоод эдийн засаг муудсан гэх нь учир дутагдалтай тул ялгаж, салгаж ярих ёстой. 2012-2016 оны эхний хоёр жил АН, МАХН хамтарч “Шинэчлэлийн” Засгийн газарт ажилласан. Энэ хугацаанд хөгжлийн эх үүсвэр босгож, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд нэлээд ахицтай ажилласан. Сүүлийн хоёр жил орчимд нь “Шийдлийн” Засгийн газар ажилласан. Энэ Засгийн газрын үед харин эрч хүч нь суларч, гадна талд хийсэн гэрээ хэлцэл дээр буулт хийж Монголын эрх ашигт нийцээгүй зүйл заалт дээр гарын үсэг зурсан. Түүнчлэн төсөв, хөрөнгө мөнгөний тал дээр сахилга батгүй, замбараагүй болсон. Ингэж үе үеэр нь ялгаж, салгаж ажиллах хэрэгтэй. Түүнээс биш Улаанаас болсон гэж байгаа бол учир дутагдалтай.

-Эдийн засгийн энэ донсолгоотой байдал тэгэхээр улс төртэй салшгүй холбоотой болж таарах нь ээ…

-Эргэлзэх зүйлгүй шууд хамааралтай.

-Одоо тэгэхээр УИХ, Засгийн газрын гишүүд яг ямар байж гэмээнэ эдийн засагт хор хүргэлгүй явцгаах юм бол. Популизм хийдэг гишүүдээс болоод эдийн засаг хямарсан гэж онцолдог шүү дээ?

-Юуг популизм гэж байна гэдгийг ялгаж салга. Байгалийн баялгаа зөв ашиглая, өгөөжтэй байя, завшуулахгүй байя гэж шаардлага тавьж байгаа хүнийг популист гэж байгаа бол би л хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин нөгөө талд байгаа нөхдүүд зориудаар ийм яриа гаргаж байна гэж ойлгох хэрэгтэй. Оюу толгойгоо үр дүнтэй ашиглая, монголчууддаа илүү өгөөжийг нь хүртээе, байгалийн баялгаасаа өгөөжөө хүртэж хурдан хөгжье гэж хэлсэн хүн яагаад популист байдаг юм. Буруу нь юу байгаа юм. Эдийн засгийг улстөржүүлж болохгүй.

-Гэхдээ яаж ийж байгаад л улстөржүүлчих юм…

-Манайд улстөржилт дээд цэгтээ хүрсэн. Сууж байгаа мөчрөө хөрөөддөг хүн хамгийн тэнэг байдаг биз дээ. Эдийн засаг чинь нийгмийн хөрс суурь, мөчир нь байхгүй юу. Харин улс төр гэдэг чинь үүн дээр бий болсон давхарга. Гэтэл улс төр нь дандаа мөрчөө хөрөөдсөөр ирлээ. Үүнийг ойлгоод бид эдийн засгийн тал дээр үр ашиг чанар талаас нь ханддаг болох хэрэгтэй. Манайд өнөөдөр харамсалтай нь бүх зүйлийг улс төр талаас нь харж байна. Үүнээс болоод бид хүнд байдалд орж байгаа. Дээр нь гаднын явуулга байгаа гэдэгт огт эргэлздэггүй.

Би хувьдаа хамтын ажиллагааг үгүйсгэдэг хүн биш. Манайх шиг хөгжлийн түвшин буурай, байгалийн баялаг ихтэй, шийдвэрлэх асуудал олон байдаг улсад хамтын ажиллагаа маш чухал. Үүнд цаг хугацаа шаардагддаг. Чуулганы хуралдаан дээр “Оюу толгой үр ашиггүй байна” гээд ярьсны төлөө популизм хийлээ гэж зэмлүүлж байсан. Энэ чинь улс төр биш шүү дээ.

-Д.Тэрбишдагва гишүүн та хоёр Оюу толгойн асуудлаар асуулга тавьсан. Засгийн газар хэзээ хариулах юм бэ. Хойшлоод байх шиг байна?

-Нэлээд хугацаанд хойшлогдоод хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй болчихлоо. Эдийн засгийн хямралаас гарах арга замыг идэвхтэй хайж байгаа энэ үед анхаарлаа төвлөрүүлж яриад, санаа бодлоо нэгтгээд, цаашаа явах нь зөв л дөө. Оюу толгой төслийн үр ашгийн тал дээр анхаарах асуудлууд бий. “Рио Тинто” Монголын баялгийг барьцаалаад асар их хэмжээний зээл авсан. Тэр зээл нь бидний хяналтад биш гадна байгаа. Валютын нөөц шавхагдсан гээд байгаа энэ үед Монголын баялгийг барьцаалаад авсан дөрвөн тэрбум ам.долларын эх үүсвэр “Рио Тинто”-гийн дансанд хадгалагдаж байна. Хэрэв тэр доллар Монголын банкны системд орж ирсэн бол манай орны валютын нөөц гэж харагдаж үнэлэгдэх юм. Зээлжих зэрэглэл ингэж унахгүй байсан. Энэ мэтчилэн тулгамдсан шийдэх гээд байгаа асуудлууд дотор гарах арга зам байгаа. Нүдээ нээх хэрэгтэй байна. Тэр утгаараа үүнийг яриачээ гэдэг асуудлыг оруулж байгаа хэрэг. 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил байгаа. Үүнийгээ шийдэх хэрэгтэй. Тэгж чадвал ирээдүйд бидэнд ирэх өрийн дарамт багасна. Хугацаа алдах шаардлагагүй зүйл дээр ингэж хойшлогдож байгаа нь Засгийн газар удаан байна гэдэг дүгнэлтийг нотлоод байгаа юм. Валютын сантай аль эрт учраа олчихсон бол ажил нэлээд урагшилчихсан байх байлаа.

-Эдийн засгийн уналт үүнээс цааш үргэлжлэх үү?

-Унаж байгаа нь ойлгомжтой. Уруудаж яваа зүйлийг аль болох тогтоох нь зүйн хэрэг. Зөнгөөр нь унагаагаад байж болохгүй. Эдийн засагт ёроолдоо хүртэл уначихлаа гэдэг шалгуур байдаггүй юм. Унасаар байгаад юунд хүрч болох вэ. Ямар сөрөг үр дагавар гарч болох, тэр бүхэн рүү явна. Тийм их эрсдэл рүү явуулж болохгүй. Төр байгаа юм бол ажлаа хийх ёстой. Үндсэн хуульдаа бид “Төрийн зохицуулалттай зах зээлийг хөгжүүлнэ” гээд заачихсан. Энэ хямралыг зөнд нь орхиж аз турших ёсгүй. “Зараа зам дээр зогсоод азаа үзлээ” гэдэг шиг явж огт болохгүй. Төр зөв бодлого явуулж энэ хямралыг зогсоож авах нь чухал. Зогсоосны дараа тогтворжуулж аваад сайжруулах зүйл ярих ёстой. Зөнд нь орхивол өргөн хэрэглээний барааны үнэ ханш жолоодлогогүй болно. Энэ зам ойрхон шүү.

1992 онд бид жилдээ 360 хувийн инфляцитай байсан. Боддоо, жилд юмны үнэ 360 хувиар өснө гээд. Тэр хэмжээгээр иргэдийн худалдан авах чадвар муудна. Ийм зүйл рүү явуулж болохгүй. Дээрээс нь валютын нөөцөө шавхаад дуусгаж болохгүй. Гадаадын зээлийн төлбөрийг төлөхгүй дампуурах юм уу. Олон улсын зах зээл дээр дампуурлаа зарлах юм бол хаанаас бид хөрөнгө оруулалт авч хөгжих юм. Тэр нь утгаар нь зөнд нь орхиж аз туршиж болохгүй, ажиглаад суугаад байж бүр болохгүй. Манайд ажигладаг моод гарчихсан юм уу хаашаа юм. Монголбанк нь ажиглаж байна, Сангийн яам нь ч ажиглаж байна гэх юм. Юуг ажиглаад байгаа юм бэ, тэд. Тэд ажиглах үүрэгтэй биш байхгүй юу. Эдийн засгийн уналтыг нэн даруй зогсоох үүрэгтэй. Дараагийн алхам нь эдийн засгаа нэн даруй сэргээх ёстой. Энэ чиглэл рүүгээ л анхаарлаа хандуул. Өнөөдөр нийгмийн халамж руу анхаараад хамаг цагаа алдаж байна. Гэтэл хөрөнгө мөнгөө хэрхэн нэмэгдүүлэх эх үүсвэр нь хаана байгаа юм бэ. Үүнийгээ ярихгүй байж жишээтэй. Их яриа маань төлөвлөгөө болж гардаг, төлөвлөгөө нь ажил болдоггүй. Учир нь эх үүсвэр хөрөнгө мөнгөтэйгөө уялддаггүй.

-Монгол Улсын хэмжээнд төрийн өмчид бүртгэлтэй 94 компаниас 87 нь үйл ажиллагаа явуулж байгаа ч алдагдал нь хэрээс хэтэрсэн байна. Удахгүй хувьчлал явуулна гэж ярьж байна. Хувьчлалын тал дээр ямар бодолтой байна вэ?

-Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж болохгүй. Эдийн засагтаа улстөржиж ханддагаас болоод томилгоонуудыг улс төржүүлэн хийснээс улбаалан мэргэжлийн бус хүмүүс улс төрийн шалгуураар очоод төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа шалдаа хүртэл унасан. Энэ дээд зэргийн хариуцлагагүй явдал. Нэн даруй зогсоох ёстой. Дээрээс нь хянаж шалгаж, тусалж дэмжих учиртай. Тэгэхгүй болохоор дарга нар нь хэмжээгүй эрхт хаан болчихсон мэт аашилж, аж ахуйн нэгжүүдээ бүгдийг нь унагаагаад авсан байна. Эдийн засаг хүндрэлтэй, хөрөнгө мөнгө хомсдолтой байгаа үед хувьчлах, хөрөнгийн эх үүсвэр босгох шаардлага бий. Гэхдээ бид байгаа зүйлсээ дээд зэргээр ингэж үр ашиггүй алдагдалтай болсон үед нь ингэж хувьчлах юм бол хамгийн хямд үнээр л хувьчилна. Хувьчилна гэдэг чинь хэрэгцээгүй болсон зүйлээ хүнд худалдахын нэр бас биш. Хүн өөрт байгаа зүйлийг үнэ хүргэж хувьчлах ёстой. Одоо бол зүгээр л өгөх гэж байна. Ингээд хувьчлах юм бол эдийн засагт ямар дэм болох юм. Энэ жил 160 тэрбум төгрөгийг хувьчлалаас оруулна гээд төлөвлөчихсөн. Тэр хэмжээгээрээ төсөв дутагдчихсан. Энэ чинь өр л болно. Одоо хувьчлах бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Бэлтгэл хийнэ гэдэг чинь бичиг баримт бүрдүүлэхийн нэр биш. Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийг хэлж байгаа юм.

-Үр ашиг гэж та ярилаа. Үр ашгаа нэмэгдүүлэх боломж хэр байгаа юм бол доо?

-Бүх зүйл дээр үр ашиг ярьдаг болмоор байна. Орон тоо, зардал чирэгдэл, үйл ажиллагаан дээрээ ч гэсэн ярих шаардлагатай. Эдийн засгийн хямралыг даван туулах эхний арга зам үр ашгаа дээшлүүлэх. Нэг төгрөг бүрийн үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Төрийн, төсвийн, ард түмний хөрөнгийг зөв зүйлд зарцуулах сахилгаа сайжруулах хэрэгтэй байна л даа. Хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа эрэмбийг зөв тогтоох нь чухал.

Монголбанк, Сангийн яам ажиглаад, зөвлөгөө хүлээгээд байдгаа зогсоомоор байна. Гардан барьж аваад ажиллах ёстой хүмүүс чинь зүгээр суугаад юу болж байгаа нь энэ вэ. Ингэж болохгүй биз дээ. Ялангуяа Засгийн газар чинь өдөр бүр оволзож байх ёстой гал тогоо. Халуун гал дээр үүнийг буцалгаж, шарж түчигнүүлж байх ёстой биз дээ. Жаахан анхаарал сулрахад үнс нурам болно биз дээ. Ингэж болохгүй байхгүй юу. Тиймээс л би хурдан ажилла гээд байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд мэргэжлийн биш, салбартаа ажиллаж байгаагүй, салбарын ажлынхаа гүнд орж ажиллаж үзээгүй хүмүүс шуурхай ажиллаж чаддаггүй юм шүү дээ. Юу руу шуурах гээд байгаагаа мэддэггүй юм. Тиймээс танин мэдэхүйн үе шатаа дуусгаад ажилдаа ормоор байна. Ажиглаад байна гэдэг чинь танин мэдэхүйн үе шат. Хөндлөнгөөс очсон хүн яадаг юм бол гээд учраа олохгүй гайхаад байгаа хэрэг шүү дээ.

Монголбанк, Сангийн сайд хоёр нь ажил хийх гэж байгаа нь энэ гээд хамаагүй мэдэгдэл хийгээд байж ч болдоггүй юм. Ярих зүйл, ярихгүй зүйл гэж байдаг. Валютын ханшаа савлуулж болохгүй. 1992 онд ямар хэцүү байлаа. Валютын хомсдолд орчихсон, бүх зүйл нуран уначихсан, картын бараатай байсан. Нэг жилийн дотор картын барааг халсан. 1993 оны наймдугаар сар гэхэд картын барааг халлаа гэж зарласан. Тэр нь яасан гэхээр бараа таваарын хэмжээ буцаад хэвийн болсон гэсэн үг. Гэх мэтчилэн бодлогын асуудлыг богино хугацаанд шийддэг байхгүй юу.

-2000 онд төрийн албан хаагчид цалингаа авч чадахгүй, сургууль, цэцэрлэгүүд хөлдөх хэмжээнд хүртлээ хэцүүдсэн байсан. Тэр цаг үеийг хэрхэн даван туулж байсан юм бэ?

-Тэр үед хэд хэдэн бодлогын арга хэмжээ авсан. Нэгдүгээрт, Монгол Улсад болоод төсвийн байгууллагуудад байгаа санхүүгийн эх үүсвэрүүдийг ил болгож нэгдсэн зохион байгуулалтад оруулсан. Яг үнэндээ сургууль, цэцэрлэгүүд цалингаа тавьж чадахгүй байна гэсэн боловч төсвийн байгууллагууд дор хаяж 10, 20 дансанд мөнгөө байршуулаад дарга нар нь өөртөө ашигтай хэрэгцээтэй гэсэн зүйлдээ зарцуулаад цалин, тэтгэвэр олгодоггүй байсан. Санхүүгийн дээд зэргийн сахилгагүй байлаа шүү дээ. Тооллого хийж бүх дансыг гаргаж ирээд тодорхой болгоод хянасан. Үүнийг удирдах төрийн сангийн тогтолцоог бий болгосон. Үүнээс цаашлаад албан байгууллага, улсын өрийн асуудлыг шийдсэн. Төрийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг батлан гаргасан. Урьд нь зардал санхүүжүүлдэг байсныг болиулж ажлын үр дүн санхүүжүүлдэг болсон юм. Ингэж шуурхай ажиллах ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Г.Батцэнгэл: “Шинхуа”, “Сүмитомо”, “Энержи ресурс” Засгийн газартай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

Таван толгойн хэлэлцээр хэрхэн үргэлжлэх, ажлын хэсгийн түвшинд ямар тохироо хийгдсэн талаарх мэдээлэл олны анхааралд байна. Хэлэлцээрт Таван толгойн өмнөх тендерт ялсан Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа”, Монголын “Энержи ресурс” компаниуд консорциум болж оролцох эсэх дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй энэ сэдвээр ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан танай компанийн мэдэгдлээс Засгийн газрын Таван толгойн ажлын хэсгээс консорциумтай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхээр боллоо гэж ойлгосон…?

-Тийм ээ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс өнгөрсөн пүрэв гарагт консорциумд албан ёсны захидал ирүүлсэн. Нээлттэй хувьцаат компанийн хувьд олон нийт, хөрөнгө оруулагчдадаа мэдээллийг цаг хугацаанд нь түгээх ёстой учраас тухайн өдрийнх нь орой энэ талаар мэдээлсэн юм. Таван толгойн өмнөх тендерт шалгарсан “Энержи ресурс”, БНХАУ-ын “Шинхуа” групп болон Японы “Сүмитомо” корпорацийн хамтарсан консорциумтай Засгийн газрын шинээр байгуулагдсан ажлын хэсэг яриа хэлэлцээрээ хийгээд, Тавантолгойн төслийг үргэлжлүүлэх юм байна гэсэн утгатай мэдэгдэл байгаа.

-Шинэ ажлын хэсэг эхний өдрөө “Шинхуа” группийн удирдлагуудтай уулзсан нь “Ганцхан Шинхуад Таван толгойг өгөх нь” гэх хар дагуулсан. Тэгэхээр “Шинхуа” ганцаараа биш гурван орны консорциум бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрт ороод явна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Консорциумын бүтэц анхнаасаа ойлгомжтой байсан. Тэр хэвээрээ байгаа. Монголын талаас “Энержи ресурс”, Хятадын талаас “Шинхуа” групп, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах үүднээс Японы “Сүмитомо” корпораци хамтарсан. Энэ бүрэлдэхүүнээрээ л Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна.

-Таван толгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэхтэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын удирдамжид өмнөх гэрээний нөхцөлүүдийг сайжруулна гэж онцолсон харагдсан. Чухам ямар сайжруулалт хийгдэх тал дээр тодорхой мэдээлэл байна уу?

-Ерөнхий сайдын удирдамжид төслийн компанид Монголын талын хувь эзэмшил доод тал нь 51 хувьтай байна, төмөр замын 51 хувьд Монголын төрийн өмчит МТЗ компани оролцоно, олборлосон нүүрсийг зөвхөн Монголдоо боловсруулсны дараа экспортолно, төслийн боломжит бүх л үе шатанд дотоодын туслан гүйцэтгэгчдийг олноор оролцуулах ёстой гэсэн нөхцөлүүдийг маш тодорхой зааж өгснийг харсан байх. Гэрээ маш олон зүйл, заалтаас бүрддэг. Засгийн газрын тусгайлсан саналуудыг бид хүлээж аваад, консорциум дотроо ярилцаж, аль боломжтой байдлаар саналуудаа тусгаад явах бодолтой байгаа. Тодорхой өөрчлөлт гэвэл жишээ нь, төмөр замын бүтээн байгуулалт дээр Монголын төрийн өмчит МТЗ компани 51 хувийг эзэмшинэ, үлдсэн 49 хувь дээр “Шинхуа” групп оролцоод явна гэсэн өөрчлөлтүүд орсон байна лээ. Гэх мэтчилэн шинэчилсэн нөхцөлүүдийг хүлээж авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн захидалд дурдсанаар бол арванхоёрдугаар сарын 21-нээс хэлэлцээр албан ёсоор эхэлнэ. Тэгэхээр хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар, ажлын хэсгээс тухай бүрт нь мэдээлээд явах байх.

-“Шинхуа” группийн хувьд гол зах зээл БНХАУ-д тээвэрлэлтийн сүлжээ эзэмшдэг бол “Сүмитомо” Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад чухал үүрэгтэй. Энэ стратегийн давуу талууд ашиглагдах хэвээрээ юу?

-Консорциумын санал анхнаасаа маш тодорхой байсан. Ерөөсөө Монгол Улсын Засгийн газраас тавьсан шаардлагад нийцүүлж л саналаа тавьж байсан. Энэ стратегийн давуу талууд мэдээж хадгалагдана. Тухайлбал, нийт бүтээгдэхүүний 75 хувийг Хятадын зах зээлд, үлдсэн 25 хувийг далайн чанадын зах зээл, тэр дундаа Япон, Солонгос, Энэтхэг гэх мэт улсад борлуулна гэдгийг саналд тодорхой заасан.

-Ерөнхий сайдын удирдамжид Таван толгойн нүүрсийг зайлшгүй дотооддоо боловсруулж байж экспортолно гэж заасан. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нүүрсний томоохон төслийг хөдөлгөхөд, ялангуяа Таван толгойн ордын хувьд хоёр зүйл маш чухал. Эхнийх нь мэдээж экспортын төмөр зам, дэд бүтэц. Төмөр замтай болчихвол Монголдоо нүүрс тээвэрлэхээс гадна далайн боомтын зах зээлд хүрэх боломж нээгдэнэ. Дараагийн анхаарах асуудал бол мэдээж олон улсын зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд хүрэхийн тулд нүүрсийг түүхийгээр нь биш боловсруулж экспортлох. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолсноор экспортын орлого нэмэгдэх давуу талтай. Уул уурхай, геологийн талаасаа ч ордын нөөцийг бүтнээр нь ашиглах, сорчлохгүй байх гэсэн хуулийн заалттай бүрэн нийцэж байгаа. Ийм учраас нүүрсийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортлох чиг баримжаатай ажиллана. Шаардагдах хөрөнгө оруулалтуудаа ч хийгээд явна. Бидний хувьд Монголдоо баяжуулсан нүүрс экспортлогч ганц компани учраас хуримтлуулсан туршлага, технологийн давуу тал хангалттай бий. Одоо байгаа үйлдвэр маань жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулах чадалтай. Төслийн хүрээнд хүчин чадлыг нь 30 сая тонн хүртэл нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр Таван толгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахад маш чухал ажил болно. Өнөөдрийнх шиг орд газрынхаа нөөцийг сорчлоод, зөвхөн хамгийн сайн чанарын нүүрсийг түүхийгээр нь олборлож гаргаад байвал ердөө 5-6 жилийн дараа Таван толгой ордын үнэ цэнэ тэг болоод дуусна. Ордыг сорчлох нь ямар аюултайг уул уурхайн мэргэжлийн хүмүүс андахгүй. Өнөө, маргаашдаа ашиг өгч байгаа мэт харагдах ч тухайн орд газрыг олон арван жил ашиглана, нөөц нь бүрэн ашиглагдах ёстой гэдэг талаас харвал маш аюултай. Канад, Австралийн бодлогыг харах хэрэгтэй. Австрали улс бүх нүүрсээ баяжуулж гаргадаг.

-Таван толгой төсөлд зөвхөн консорцуимаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү татан оролцуулна гэж Ц.Дашдорж сайд мэдэгдсэн. Оролцооны түвшин, нөхцөл тодорхой болсон юм болов уу?

-Дотоодын аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн түвшинд хэлэлцээрийн саналыг авсан байх. Гэхдээ бидний ойлгосноор, бүх компани туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцъё гэсэн байдлаар сонирхлоо илэрхийлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагааг зангидаж удирдана гэсэн үг. Гэхдээ энэ ажлыг ганцаараа хийнэ гэж байхгүй, монголчууд, Монголын аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л нийлээд хийнэ. Ямар оролцоотой байна гэдгээрээ л ялгаатай болохоос биш Таван толгой монголчуудын л төсөл шүү дээ.

Жишээ нь 2008 оноос хойш манай компани Ухаа худагийн төслийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Ухаа худагт ажиллаж байгаа бүх боловсон хүчин 100 хувь монголчууд. Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, уурхай, уурхайн төлөвлөлт, геологи, тээвэрлэлт зэрэг бүх ажлыг монголчууд 100 хувь өөрсдөө хийгээд явж байна. Дээр нь сүүлийн зургаан жилд бид давхардсан тоогоор 3000 гаруй дотоодын аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан байдаг. Ханган нийлүүлэлт, гэрээт гүйцэтгэгч, уурхайн тэсэлгээний ажил, өрөмдлөг гээд бүх л ажил дээр 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтарч ажиллаж байна. Гэх мэтээр эдийн засгийн цар хүрээгээрээ монгол компаниудаа татаж оролцуулдаг, тэдэнтэйгээ хамт хөгждөг зарчмаа цааш нь үргэлжлүүлээд л явна. Ингэснээрээ монголчууд ажилтай орлоготой, монгол компаниуд бүтээн байгуулалтад оролцоод явна гэж харж байна.

-Цаг хугацааны хувьд нүүрсний үнэ боломжийн сэргэсэн энэ “цонх”-ыг ашиглаж Таван толгой төслийг хөдөлгөх нь зөв гэсэн судлаачдын байр суурьтай та санал нэг байна уу?

-Мэдээж санал нэг байна. Үнэ нэг хэсэг өссөн ч одоо Австралийн далайн боомтууд дээр дахиад буугаад эхэлчихлээ. Би өмнө нь ч хэлж байсан, Цагаан сар хүртэл нүүрсний үнийн өсөлт үргэлжилж магадгүй, түүнээс хойш бол эргээд буурах байх гэж. Иймээс хүлээлт бол нүүрсний салбарын хувьд тийм амар биш. Гэхдээ шаардлагатай бүтээн байгуулалтаа хийгээд, тээвэрлэлт ложистикийн асуудлаа шийдээд, нэг “цонх”-ны бодлогын хүрээнд зангидвал Монголын нүүрс урт хугацаандаа өрсөлдөх чадвартай явах бүрэн боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч эрэлт ихтэй байна

Хүүхэд багачуудын хувьд шинэ жилийн баяр бол хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр билээ. Сурсан, мэдсэнээ багш нар болоод эцэг, эхдээ үзүүлдэг энэ баяраар хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсөж гангардаг. Тун удахгүй буюу энэ сарын 20-ноос эхлэн ихэнх цэцэрлэг, сургуулийн шинэ жилийн баяр болох тов гараад буй. Энэ сургаар томоохон худалдааны төвүүдэд охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч, төрөл бүрийн амьтны хувцас, баг, хөвгүүдийн ёслолын хослол эрэлт ихтэй байгаа аж. Хүүхдийн шинэ жилийн гоёл ямар үнэтэй байгааг сурвалжлахаар Дүнжингарав худалдааны төв дээр очлоо. Тус төвийн дунд хэсэгт хүүхдийн хувцасны төрөлжсөн лангуунууд байдаг юм байна. Цагаан өнгийн хүүхдийн гоёлын даашинзууд лангуу болгон дээр дэлгээстэй харагдав. Зарим хэсэгт нь ягаан, улаан, цэнхэр өнгийн даашинзыг төрөлжүүлэн хүний нүдэнд харагдахаар өлгөжээ. Мөн хөвгүүдийн хослолыг өнгийн сонголттой дэлгэсэн байв. Лангууны хажуугаар эцэг, эхтэйгээ өнгөрөх охид даашинзуудыг сонжин харж, зарим нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ. Худалдан авалт хийхээр охиноо дагуулж явсан Баянзүрх дүүргийн иргэн Г.Учрал “Ганц охины маань цэцэрлэгийн шинэ жил болох гээд цалин буумагц таалагдсан даашинзыг нь авч өгөх санаатай дагуулаад явж байна.

Сонголт их болохоор бид хоёр алийг нь авахаа мэдэхгүй эргэлзээд л явна. Охин маань өөрөө энэ 75 мянган төгрөгийн даашинзыг л сонирхоод байна. Эхний ээлжинд цагаан триког нь авчихсан л даа. Одоо ямар даашинз авахаасаа шалтгаалаад гутал, титэм, сахиусан тэнгэрийн далавчаа сонгоно. Эхнэр маань завгүй ажилтай болохоор зургийг нь явуулчихаад саналыг нь хүлээнгээ өөр зүйлс хараад явж байна” гэв. Түүний охин У.Солонго “Би цэцэрлэгтээ цасан охиноос хөөрхөн сахиусан тэнгэр болох гэж байгаа. Аав надад авч өгнө. Тийм ээ” гээд зальтай нүд гарган инээмсэглэв. Аав, охин хоёр ийн ярьж, шинэ жилийн гоёлоо өмсөж үзсээр үлдсэн юм.

Ерөнхийдөө “Дүнжингарав” худалдааны төвд хүүхдийн гоёлын даашинзын үнэ 45-95 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байв. 95 мянган төгрөгөөс илүү үнэтэй даашинз авах нь тун ховор учир бараг авчирдаггүй юм байна. Энд гүнжийн титэм 5000-7000 төгрөг, сахиусан тэнгэрийн далавч 7000, 8000, 10000 төгрөг, охидын цаа бугын эвэр, туулайн чихтэй үсний даруулга 2000, 5000 төгрөг, гоёлын бээлий 5000 төгрөгөөр худалдаж байгаа аж. Мөн амьтны хувцас 12000, 23000, 28000 төгрөг, баг 5000, 8000 төгрөгийн үнэтэй борлуулж байна. Эрэгтэйхүүхдийн ёслолын хослолыг хар, саарал, хөх, бор өнгийн сонголттойгоор 65 мянган төгрөгөөр худалдаж байлаа. Цагаан сорочкин цамц 15-25 мянган төгрөг байсан бол өмд 18-25 мянган төгрөгийн үнэтэй борлуулж байна. Охидын туфль 25000-45000 төгрөгийн үнэтэй байсан бол эрэгтэй ботинк 35000-50000 төгрөгийн сонголттойгоор өрсөн харагдав.

Худалдагч М.Дэлгэр “Арванхоёрдугаар сар гарах үед Бээжин рүү шинэ жилийнхээ бараанд явдаг. Голдуу л охидын цагаан даашинз, элдэв гоёл, хөвгүүдийн ёслолын хослол авчирдаг юм. Энэ жил өмнөх жилээ бодвол юань өссөн учраас барааны үнэ бага зэрэг өссөн байна. Гэхдээ хэрэглэгчээ алдахгүйн тулд зарим барааг хуучин үнээр нь зарж байгаа. Бидний хувьд ч бараа таталтаа эрс багасгасан. Ерөнхийдөө арванхоёрдугаар сарын 10-д гаргаад худалдан авалт эрс сайжирдаг. Хүмүүс хямралтай байсан ч гэсэн хүүхдүүддээ гар татдаггүй. Шинэ жилийн гоёлын хувцаснаас үлдсэнийг нь хавар үсэглэлийн баяр болон хүүхдийн баяраар гаргаж зардаг” хэмээн ярилаа.

Худалдагч нараас энэ жил охид ямар даашинзыг илүү сонирхож байгааг асуухад “Жаахан хүүхдүүд учраас голдуу ганган, олны дунд онцгойрохуйц хээнцэр даашинз сонгодог. Материал, загвараасаа шалтгаалаад даашинзуудын үнэ өөр өөр байгаа ч охид голдуу гүнжийнх шиг бөмбөгөр хормойтой цагаан даашинз авдаг. Харин хөвгүүд ёслолын хослолоос гадна сорочкин цамц, өмд худалдаж авдаг” гэлээ.

Эндээс гараад “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Энд “Дүнжингарав” худалдааны төвийг бодвол үйлчлүүлэгч арай их, сонголт өргөн байсан юм. Үнийн тухайд хүүхдийн гоёлын даашинз 25-100 мянган төгрөг байв. Энд охидын титэм шүдтэй, шүдгүй, нөмрөгтэй гэх зэрэг олон сонголттой бөгөөд 3000, 5000, 10000 төгрөгийн үнэтэй худалдаж байна. Мөн хөвгүүдийн ёслолын хослол өнгө өнгийн сонголттойгоос гадна 48, 50, 55 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Мөн охидын гоёлын даашинзанд тохируулан зүүх хослол 10-25 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дан бөгж өнгө үзэмж, хэмжээнээсээ шалтгаалаад 5-10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа юм байна. Мөн амьтдын хувцас 20-25 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол багуудыг 5000-8000 төгрөгөөр борлуулж байв. Тус худалдааны төвийн худалдагч А.Оюун-Эрдэнэ “Энэ жил худалдан авагчдын чадвар эрс муудсан нь мэдэгдэж байгаа шүү. Үнийн хувьд дундажлан 55 мянган төгрөгийн даашинз авч байгаа. Өмнөх жилүүдэд тав, зургаан сая төгрөгөөр бараа татдаг байсан бол одоо гурав, дөрвөн саяар л бараагаа татдаг болсон. Үлдэгдэл үлдээхгүйн тулд аль болох дундаж үнэтэй даашинз сонгодог” гэлээ. Харин худалдан авагч Сүхбаатар дүүргийн иргэн Ү.Жаргалмаа “Ажил хажууд байдаг учраас цайны цагаараа орж ирээд хоёр охиндоо даашинз харж байна. Хөөрхөн загвартайгийнх нь үнийг дийлэхгүй янзтай. Амралтын өдөр зах орж үздэг юм бил үү гэж бодож байна” гэсээр гарч одсон юм. Худалдааны төвүүдийн хүүхдийн хувцасны лангуунуудад охидын цагаан даашинз нэлдээ шүхэр мэт бөмбийн цайрч харагдана. Аав ээждээ хөтлүүлсэн танхил бяцхан охид тэрийг ч авна, энийг ч авна гэж зааж, сонголтоо хийсээр үлдлээ.

Гэрэл зургуудыг Г.Лхагвадорж

Categories
мэдээ цаг-үе

ӨД БЭХ: Хөххүү

“Болор цом”-ын тэргүүн шагналт зохиолч, яруу найрагч Баттөрийн Мягмаржавын эл өгүүллэг “Утгын чимэг-2016” наадмын дэд байрын шагнал хүртсэн юм.


Манай сумынхан нэгэн учир битүүлэг айдаст нэрвэгдээд дөрвөн жил гаруй болж байна. Энэ айдас эхлээд хоёрхон хүнд маш хүчтэй илэрсэн цагаас хойш халдварт өвчин мэт хүрээгээ тэлсээр одоо гучин хэд, дөчин хэд хэмээн сумаараа маргахад хүртлээ өсчээ. Энэ айдсын хорлонтой нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс хос хосоороо тусдаг бөгөөд хамгийн гол нь тэр хоёр заавал нууцлаг нарийн холбоотой байж гэмээнэ хүчин төгөлдөр болдог хачин золиг. Тэгсэн мөртөө эхнэр, нөхөр хоёрт огт халддаггүй нь гайхаш төрүүлнэ. Манай энэ айдаст өвчнийг хэн ч тусахгүй гэсэн баталгаа байхгүй. Хөл хорио тогтоогоод ч нэмэргүй. Хаа л бол хаанаас энэ өвчнийг тээгч олдож болно гэдгээрээ бүүр ч аюултай. Тэр ч байтугай талийгаач хүртэл тусч болдог энэ аймшгийг дарахад орчин үеийн шинжлэх ухаан ч хүчин мөхөсдсөн билээ.

Бүхэл бүтэн суманд айдас хуруулсан энэ явдал тэр жилийн хавар саамгар Дашийн Хөххүүг галзуурснаас үүдэлтэй болохыг сум даяараа мэднэ. “Таван онцын эзэн”, ангийн дарга байсан Хөххүү гэнэт галзуурч аймаг руу түргэний тэргээр явсансан. Сумынхан “Зодоон цохион хийж яваад тархи толгойдоо гэмтэл авсан уу? Хаврын элдэв саа дайрлагад өртсөн үү?, хайран хүүхэд толгой сайтай юмсан” гэх зэргээр нэг хэсэг ярилцаж байснаа тэгсгээд мартагдаж билээ.

Тэр жилээс эхлэн Хөххүү хавар болгон сонгуульд нэр дэвшиж галзуурдаг болов. “Би сонгуульд бие даан нэр дэвшээд явж байна. Миний төлөө саналаа өгөөрэй. Яагаад гэвэл би энэ сумын бүх үнэнийг мэднэ” гэж ирээд л улс амьтан үймүүлж, бас миний мөрийн хөтөлбөр хэмээн сумын захиргааны гадаах самбар, дэлгүүр хоршоо, сургууль соёлын хашаа хорооны ханан дээр ухуулах хуудсаа наана. Сумандаа цор ганцаараа галзуу тэрнийг хүүхдүүд шоолж, хөгшид өрөвдөн, залуус зугаа наадам хийнэ.

Гэтэл нэр дэвшигч Хөххүүгийн нэгэн ухуулах хуудас нь хамаг амьтны анхаарлыг тэр дор нь татаж орхилоо. Тэр хуудсан дээр юу гэж бичсэн бэ гэвэл “Тал булаг” дэлгүүрийн эзэн ахар Лхагваагийн хүүхдийг сургуулийн манаач Жаргалын эхнэр Жавзан төрүүлсэн нь үнэн болно” гэсэн зарлал байлаа. Тэр хавар сонгууль болж таарсныг хэлэх үү. Тэгтэл манай Хөххүүгийн сурталчилгааны хуудас олныг хуйлруулж, нам намаас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг ёстой л нам дарж шуугиан тарилаа.

Энэ ухуулах хуудсыг үзсэн учир мэдэх хүмүүс аргагүй л таараад байна. Энэ золиг худлаа галзуурч байгаа нь гарцаагүй гэх боловч галзуу хүний хажууд галзуу гэж хэлдэггүйг санаад ч тэр үү? Хөххүүд хэлсэн хүн огт үгүй. Харин энэ хүмүүсийн талаар хаанаас мэдсэн юм бэ? гэж асуухад “төрийн нууц” гэчихээд улам ч албархана.

Эхлээд хийх ажилгүй хэрэгт дуртай хэсэг хүмүүсийн бах тавыг хангаж байсан Хөххүүгийн сурталчилгааны самбар сүүлдээ сум даяар анхаарал татаж, өглөө болгон очиж үзэж шинэ мэдээлэл авдаг бараг л албан ёсны зарлалын самбар болж байлаа. Зарим хүний муу үзэхийг хүсэгчид “маргааш хэн хэн нэмэгдэх бол?” гэхдээ нойр нь хулждаг болоод байлаа. Дургүй хүргээд байвал Хөххүүд хэлж бичүүлнэ шүү гэж тоглоом шоглоомын завсарт бие биенээ сүрдүүлдэг болсон юм. Харин Хөххүү энэ мэтийн хов живийг үл тоож зөвхөн өөрийн олж авсан баримттай материал дээр үндэслэн ухуулгын самбараа ажиллуулна.

Тэгж байтал өнгөрсөн хаврын нэг өглөө “Засаг дарга Болхоогийн таван настай хүүг хоёрдугаар багийн малчин Цэцэгмаа тэжээж байна” гэсэн сурталчилгаа гарсан нь сумын хөдөлмөрчдийг тэр чигт нь хуйлруулав. Энэ тухай ам ярианд итгээгүй нь заавал сумын төв орж тэр сурталчилгааг амьдаар нь харж байж сая нэг үнэмших жишээтэй. Малчдаа эргэхээр явахдаа Засаг дарга Болхоо Цэцэгмаагийнхаар бууж морддогийг ч учир мэдэх хүмүүс жиг жуг ярих боллоо.

Болхоо дарга энэ талаар хурал зөвлөгөөн дээр “Галзуу хүний үгийг битгий тоо” гэж хэдэнтээ хэлсэн боловч хэн нэг нь за ч гэсэнгүй бас үгүй ч гэсэнгүй, харин ч даргынхаа өөдөөс үнэнийг эрсэн нүдээр цоо ширтээд сууцгаадаг болжээ. Хөдөлмөрчид ийнхүү дуугүй байгаа нь даргынхаа явдлыг зөвшөөрсний тэмдэг болон хувирч байлаа.

Болхоо дарга тэгэх тусам бууж өгсөнгүй. Аймаг руу өдөр болгон утасдаж байж Хөххүүг эмчилгээнд явуулаад сая нэг бүтэн амьсгаа авч эхлээд долоо ч хоноогүй байтал мөнөөх гайхал нь буцаад ирдэг юм байна. Учрыг лавлавал хэл ам, хэлбэр дүрсээрээ галзуу боловч хорхойд хоргүй түүнийг хэд хоног байлгаж байгаад “орчиндоо аюулгүй” гэсэн дүгнэлтээр буцаан явуулжээ. Хөххүү аймагт байхдаа Болхоо даргатай холбоотой бас нэг чухам үнэнийг олж ирээд сумынханд дэлгэснээс болж Болхоо дарга арга буюу хадам дүүдээ ажлаа өгөөд өөрөө наймаагаа хөөх боллоо.

Дэлгүүрийн эзэн Лхагваагаар эхэлсэн Хөххүүгийн сурталчилгаа сумын Засаг даргыг ажлаа өгөхөд хүртэл нөлөөлөх замдаа яг ийм арав гаруй “жинхэнэ үнэн”-ийг сөхөн гаргаснаас таван гэр бүл салж сарнин хоёр тийш болж, одоо арваад айлын эхнэр, нөхөр хэрүүл тэмцлийн шатандаа яваа ажээ.

Энэ явдлаас хойш манай сумын улс төрийн хүчнүүд эхлээд сөрөг хүчний талаас хэн нэгнийг ингэж илчлээсэй хэмээн битүүхэн хүлээдэг байсан бол яваандаа өрсөлдөгчөө унагахын тулд Хөххүүд захиалга өгөх гэж үзжээ. Гэвч Хөххүү “Би ямар ч нам эвсэлтэй нэгдэхгүй. Бүх сонгуульд бие даан нэр дэвшинэ” гээд огт халгаалгүй өдий хүрсэн юм. Тэгээд ч зогссонгүй энэ хаврын сонгуулийн үеэр Хөххүүг нухчих юмсан гэсэн улс төрийн хүчин байхад зарим нь хамгаалалтад авах тухай ч яриад амжлаа.

Энэ үеэр насаараа сонгуульдаа оролцож арав гаруй төрийн нүүр үзсэн туршлагатай сонгогч Гангаа өвгөн “Манай Хөххүү ч үнэнийг олж мэдэх шиг мэдэж, хэлэх шиг хэлнэ дээ. Уг нь сонгочихмоор байдаг. Даан ч галзуу юм даа” хэмээн ярьж явсан удаа бий.

Манай суманд Хөххүү гэж нэг ийм галзуу одоо хүртэл байгаа. Заримдаа Хөххүү эрүүл харин бид галзуу юм биш биз? гэсэн хачин ёрын бодол төрөхөд зүүн урд зүг рүү гурав нулимчихаад явахад хэсэгхэн зуур сэтгэл санаа гайгүй болно. Тэгэвч үе үе ингэж бодогдоод байхаар нь би өөрөөсөө айж эхэлсэн юм.

Тэгээд энэ айдас минь өдөр ирэх бүр улам нэмэгдсээр ерөөсөө хот орж Шархаданд үзүүлье гэж бодох боллоо. Тэгээд Хөххүүтэй хамт сонгуульд нэр дэвшчихсэн сумаар нэг сурталчилгаа хийж зүүдлэхдээ ямар их баяр хөөртэй явна гээч.

Харин сэрсэн хойноо “энэ сумын хоёр дахь галзуу нь би юм биш биз?” гэж бодохоор ар нуруу луу хүйт оргино.