Categories
мэдээ цаг-үе

Б.Тунгалаг: Гайхалтай бишрэл хүндлэлийг алтан үеийнхэн өөрсдөө бий болгосон

“Ичээнд нь”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш” гээд олон кинонд тоглож үзэгч олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын урлагийн ажилтны холбооны ерөнхийлөгч Б.Тунгалагтай ярилцсан юм.


-Та Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгссөнөөсөө хойш 40 гаруй жил театрт урлагийн төлөө ажиллажээ?

-Бидний үед дөрвөн жил болоод нэг удаа драмын жүжигчин, найруулагчийн мэргэжлээр элсэлт авдаг байлаа. 1956 онд Багшийн дээд сургуулийн Кино, драмын анги анхны төгсөлтөө хийсэн. Манай ангийнхан гурав дахь төгсөлт нь. Би 1971-1981 Улсын эрдмийн театрт, 1981-2005 онд “Армийн театр” буюу “Орчин үеийн театр”-т жүжигчин, уран сайхны удирдаач, даргын ажлыг хийлээ. 2005 оноос хойш Монголын урлагийн ажилтны холбоонд ажиллаж байна. Биднийг жүжигчин мэргэжлээр төгссөнөөс хойш Багшийн дээд сургууль жил бүр элсэлт авдаг болсон учир сүүлдээ тэд дэх төгсөлт гэж ярихаа больсон.

-Жүжигчний мэргэжил эзэмшсэн хүн олшроод байна гэж та боддог уу?

-Яахав зүгээр ээ, төгсч л байг. Харин жүжигчин болж шүүрэн шанаган дээр шалгарч үлдэнэ гэдэг хэцүү. Янз бүрийн нөхцөл байдлын улмаас мэргэжлээрээ ажиллахгүй болсон ч гэсэн энэ мэргэжил хүнийг маш сайн хүмүүжүүлж өгдөг. Бид сайн багш нараар жүжиглэх, найруулах ур чадварыг заалгасан. Тэр агуу эрдмээр өнөөдрийг хүртэл буюу 40 гаруй жил их урлаг гэдэг том айлд ажиллаж амьдарч явна.

-Та сүүлийн үед нэлээд хэдэн кинонд тоглосон. Тэр дундаас “Ээжийн дайсан”-д бүтээсэн дүр үзэгчдэд нэлээд хүрсэн юм шиг санагдсан.

-Тийм ээ, хэд хэдэн кинонд тоглосон. “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, инээдмийн ”Ээжийн дайсан” байна. Ийм хөнгөн инээдмийн жанрын кинонд өмнө нь тоглож байгаагүй. Намайг настай болсон хойно сайхан алдар хүнд өгсөн дүр юм гэж бодогддог. Хүнд нэр алдрыг амархан өгдөг дүр гэж байдаг даа. Хамгийн сүүлд “Бүү март” гээд улс төрийн сэдэвтэй кинонд Ж.Батмөнх гуайн эхнэр Дариймаа гуайн дүрд тоглосон. Өмнөх нийгмийн амьдралыг харуулсан бүтээл. Ардчилсан хөдөлгөөн эхлэхэд буун дуу гаргуулалгүй, залуучуудын гарт төрийн эрхийг атгуулсан Ж.Батмөнх гуайн тухай. Төрийн хүний ухааныг харуулсан бүтээл. Ер нь манай хоёр хөршийн улс төрийн нөлөө гэдэг асар хүчтэй байдаг. Миний бодоход 1921 оны ардын хувьсгал манайд маш ээлтэй үйл явдал болж, үсрэнгүй хөгжлийг авчирсан.1932 онд гэхэд Бөмбөгөр ногоон театр сайн дурын хэлбэртэй байсан. Хүмүүс нь дуу хуурыг мэдэрчихсэн тул цаашаа театр болж хөгжсөн.

-Таны уран бүтээлийн талаар ярихад “Ичээнд нь” киноны Заяа хатны дүрийн талаар ярихгүй байхын аргагүй. Түүнээс гадна “Хүний төлөө”, “Сахиул уу, сахиус уу”, “Хуучин сүмийн нууц”, “Шинэ үсгийн багш”, “Хэлтгий заяа”, “Тусгай салаа” зэрэг кинонуудад тоглосон.

-Жүжигчин хүн болгонд овоглогддог дүр гэж байдаг. Би “Ичээнд нь” киноны Заяа хатны дүрээр овоглоод явж байна. Ардын жүжигчин А.Очирбат гуай гэхэд Итгэлт баян, ардын жүжигчин Н.Сувд гэхэд “Мандухай сэцэн хатан” гэх жишээтэй. Энэ бол жүжигчний ур чадвартай холбоотой асуудал. Өөрөөр хэлбэл, жүжигчин хүн сайн бүтээлээрээ алдаршдаг. Одоо бол өөр болж уран бүтээлчийн сэтгэлгээ чөлөөтэй болчихсон. Уран бүтээлчид дотроо байгаа, олон түмэнд хэлэх юмсан гэсэн юмаа хэлж нэг үгээр хэлэхэд хүслээ биелүүлж байна. Гэвч Монголын кино урлагт дорвитой, сайн, муу гэж хэлэхэд хэцүү олон бүтээл гардаг болжээ. Ийм л болчихоод байна.

-Таныг “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрд тоглуулах гэж байсан гэж дуулсан?

-Тийм ээ. Дулмаад тоглуулах гээд пробонд орсон юм. Би 10 дугаар анги төгсөөд дөнгөж хоёр жил болж байсан. Намайг ахимаг настай харагдуулах гээд нүүрэнд маань тамхины цаас нааж үзсэн боловч болоогүй. Бас нүдэнд нь амьдрал үзсэн хүний нэг тийм гуниг байгаагүй гэсэн. Тэгээд л Дулмаагийн дүрд манай ангийн гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг тоглуулахаар болж билээ.

-“Ичээнд нь” кинонд хэрхэн тоглох болсон тухайгаа яриач?

-Пробонд ороод тэнцсэн. Би “Кинонд шалгуулахаар тэнцдэггүй юм аа” гээд инээгээд гарахад найруулагч маань “Энэ бол Заяа хатны инээд байна” гээд сонгож авсан юм.

-Таныг дөнгөж жүжигчин болох гэж байх үед кинонд тоглох, одоо тоглохоос өөр болсон биз?

-Тэгэлгүй яахав. Тэр үед Кино үйлдвэр жилдээ хоёрхон кино хийнэ. Бүр үйлдвэрээрээ хөдөлж байж шүү. Тиймээс чанаргүй уран бүтээл хийх эрх байдаггүй байсан. Кино гэдэг өөрөө их хүртээмжтэй урлаг. Бид нар бригадаар Баянхонгор аймагт очоод жүжигт тоглоод явж байхад бидний тоглосон шинэ кинонууд тэнд гарч байх жишээтэй. Таван айл байсан ч цагаан даавуугаа татаад л киногоо гаргадаг байлаа шүү дээ. Ер нь кино урлаг гэдэг их хүртээмжтэй. Урлаг нэг цаг мөчид, нэг юманд олон хүнийг төвлөрүүлж чиглүүлж чаддагаараа их хүчирхэг. Одоо бол урлагийн хүч суларчихаад байна. Энэ нь алдаа, оноотой хоёр талтай. Нэг талдаа нээлттэй болсон хэдий ч, нөгөө талдаа чанарын асуудал тавигдаж, үнэлж цэгнэх цензургүй болсон. Ингэхээрээ уран бүтээлийн чанарын цаана, жүжигчин хүний дүр бүтээх гэдэг асуудлыг ярихад хүнд болчихдог.

-Ингэхэд та шинээр хийгдэж байгаа кинонуудыг хэр үзэж байна?

-Үзнэ. Шинэ уран бүтээлийн нээлтэд урилга өгдөг. Шинээр хийгдэж байгаа киног ч тэр, жүжгийг ч тэр үзэхэд найруулагчийн орон зай ямар их дутагдаж байна вэ гэж бодогддог. Сайн операторууд гарч ирж байна. Кино гэрэл сүүдрийн урлаг, түүнийгээ тавьчихдаг операторууд, шинэ залуу жүжигчид байна, уламжлал байна. Ганцхан найруулагч гэдэг тэр ид шидтэй хүн алга. Сүүлийн үеийн кинонуудыг үзэх болгондоо энэ яагаад найруулагчгүй юм бол гэж бодогддог. Оролдоод хийх гээд зүтгэж байгаа хүмүүс бий. Гэвч тэдний хамгийн гол алдаа нь юмыг гүехэн бодож байна. Хүний амьдрал, дотоод сэтгэл гүехэн байж болохгүй, бидний хийж байгаа ажил гүехэн байж болохгүй. Яагаад гэхээр хүн кино, театрын урлагаас маш их юмыг авдаг, сайныг ч, мууг ч дуурайдаг. Тэр битгий хэл жүжигчдийнх нь хувцаслалтыг хүртэл дуурайдаг шүү дээ. Урлаг олон түмнийг дагуулж явдаг иш шидтэй. Ялангуяа залуучууд кинонд хошуураад байна гэдэг үүнийг харуулж байгаа гэж боддог.

-Та бол манай урлагийн алтан үеийнхэнтэй цуг ажиллаж байсан жүжигчин. Тухайн үедээ залуу үеийн жүжигчид гэгдэж байсан та нар тэднээс хэрхэн суралцаж байсан талаараа дурсаач?

-Намайг театрт очиход алтан үеийнхэн бүгд байсан, театр бүтэн байлаа. Ахмад, дунд, залуу үе гээд бүгд цуг ажиллаж байсан. Тиймээс л энэ уламжлалаа бидэнд өвлүүлсэн. Жүжигчний уран чадвар, уран бүтээл, театрын ёс зүй гэдэг нийгэмд ямар хэрэгтэй, театрын жүжигчин гэж ямар хүнийг хэлдгийг биеэрээ, ухаанаараа, авьяасаараа үлгэрлэсэн. Үүнийг зөвхөн өнөөдөр энд бус зуунаас зуун дамжуулан ярих болно.

-Та нар ахмад үеийнхээ жүжигчдийн зааж сургасныг их сайн сурсан гэсэн үг үү?

-Бид их даруулгатай байлаа. Хоёрдугаарт, хүндлэл гэж байсан. Аргагүй л сүрддэг байсан. Жүжигчин Цэвээнжав гуайн хажууд дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн би юу вэ, хэн бэ. Энэ хоёрын хооронд том зааг байгаа биз. Тийм учраас бид коридороор явж байхад нь хүртэл зогсоод өнгөрөөдөг байлаа. Явж байвал заавал мэндэлнэ. Урдуур нь гүйж гарна гэсэн ойлголт байгаагүй, араас нь явна. Тийм бишрэл, хүндлэлийг тэр алтан үеийнхэн өөрсдөө бий болгосон. Одоо бол бидний үе театрт байхгүй байна. Би дээр хэлсэн бидний үед театр бүтэн байсан гэж. Одоо бол задарчихсан. Театр гэдэг маань 70, 60, 50, 40 настан гээд бүгд байж дэг жаягтай байдаг, ёс зүйгээ сахина. Ийм байж уламжлал хадгалагдана. Түүнээс гадна ахмад үеэсээ суралцана, би залуу үеэсээ сурна. Энэ бүхэн одоо байхгүй болчихсон. Хүүхэд залуучуудын театр байхгүй болсон. Энэ нь жүжигчин хүн бүтээлээ туурвих орон зайгүй болсон гэсэн үг. Кино үйлдвэрийг хар даа, одоо юу болоод байгааг бүү мэд. Эргээд эмх цэгцэндээ орохгүй байна. Эдийн засаг л гээд байдаг. Нийгмийн салбарын гол хүч болсон соёл урлагийнхан эвлэлдэж өгөхгүй байна. Удирдах боловсон хүчний бодлого алдагдаад байна. Орон нутагт гэхэд ямар байна. Найруулагч, хөгжмийн, бүжгийн, дууны багш, зураач, концертмейстер гээд удирдах боловсон хүчнүүд алга. Эдгээр мэргэжил байж удирдах ажилтан байна. Бид бол гүйцэтгэх уран бүтээлчид. Соёл, урлагийнхан нийгмийнхээ өмнө алхаж байх ёстой байтал өнөөдөр араас нь дагаж явна. Авьяас бол дундарч алга болно гэж байхгүй. Эмх замбараагүй болчихоод байна гэдгийг л хэлэх гээд байна.

-Танд кинонд тоглох урилга их ирж байна уу?

-Ирдэг. Би зав чөлөөгөө хардаг. Хоёрдугаарт, за даа гэж бодсон бол хэрэггүй л дээ. Надад мөнгө нь бол хэрэгтэй л дээ. Бидний үе өөрийгөө хуурах шаардлагагүй. Залуучууд хорхойгоо дараад юмаа хийж л байг. Харин үзэгчдийн өмнө очоод юу болох вэ гэдэг хамгийн аймаар.

-Сүүлийн үеийн кинонуудаас гайгүй бүтээлүүд байна уу?

-“Зэрлэг цэцгийн хүлэмж” кино гайгүй болчихсон юм уу гэж би боддог. Би өөрөө тоглосондоо биш л дээ. “Аав”, “Ээж” гээд кино байна. Жүжигчин Урнаагийн хийсэн кино байна. Жүжигчин Амраагийн тоглосон хоёр ч кино байна. Сүүлийн үеийн кинонуудын хэлэх гэсэн санаа нь хүчтэй орж ирээд байгаа боловч цаанаа л нэг дутагдалтай. Энэ нь нөгөө л найруулагчийн асуудалтай холбоотой.

-Соёл урлагийн их сургуульд найруулагчийн анги байдаг биз дээ?

-Байдаг, төгсч чадахгүй байна. Өнөөдөр Монголд гарын таван хуруунд багтах хэдхэн найруулагч л байна.Хөгжмийн удирдаач нь мөн л гарын таван хуруунд багтана. Орон нутгийн театр бол миний зүрхийг хамгийн их өвтгөдөг газар.

-Театр, киноны талаар ярихад танай ангийнхныг дурдахгүй байхын аргагүй. Багшийн дээд сургуулийг цуг төгссөн ангийнхныхаа тухай яриач?

-Манай ангиас Драмын театрт дөрвөн хүн очиж байлаа. Нэг нь жүжигчин Ё.Гантөмөр. Одоо цэргийн хурандаа цолтой. Б.Цэцэгбалжид гээд “Анхны алхам” киноны гол дүрд тоглосон сайхан жүжигчин байсан. Дөнгөж 49-хөн настайдаа өөд болсон нь их харамсалтай. Нэг нь би бас нэвтрүүлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаяр. Бид дөрөв очиж байлаа. “Сүхбаатар” киноны Янжмаа “Тунгалаг Тамир” киноны Гэрэл хатны дүрийг үнэхээр сайн бүтээсэн Нямаа гэдэг жүжигчин байлаа. “Тунгалаг Тамир”-ын Дулмаад тоглосон Ш.Дэлгэржаргал, Чойн. Хүрэл гээд мундаг жүжигчин байна. Киноны мастер гэгддэг Ш.Цэцэг гэж бий. Найруулагч Ж.Доржсамбуугийн эхнэр Цолмон гэж Хүүхэд, залуучуудын театрын гол жүжигчдийн нэг байсан. Манай ангиас олон сайхан уран бүтээлчид төрсөн.

-Багш нарынхаа талаар дурсаач?

-Ардын жүжигчин Ц.Гомбосүрэн, гавьяат жүжигчин Уртнасан, Огоон, Хар Раднаа гэж нэртэй багш, найруулагч, сайхан жүжигчин байсан. “Үер” кинонд хошуу ноёны дүрд тоглосон хүн. Л.Ванган С.Гэндэн гуайн дараа Орост ГИТИС буюу Театр урлагийн дээд сургуулийг найруулагчаар төгссөн. Эдгээр хүмүүс бидэнд жүжигчний ур чадвар гэдэг юмыг маш сайн суулгаж өгсөн. Бид чинь тэр заасан эрдмээр нь урлагт 40 жил амьдарч байна. Сайн багштай байсан тул ангийнхан маань ч их сайн явсан. Тэр битгий хэл манай ангиас Ч.Ломбо гээд мундаг хүндэт дипломатч төрсөн шүү дээ. Тиймээс бид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж би боддог.

Ю.Дэлгэрмаа

Categories
мэдээ цаг-үе

Дуучин Б.Баярцэцэг: Өөртөө тохирсон уянгын романтик кинонд тоглох юм сан гэж боддог

Дуучин Б.Баярцэцэгтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн олз омог их үү. Хамгийн сүүлд “Аз жаргал” уран сайхны киноны дууг дуулсан байсан?

-“Аз жаргал” киноны “Жаргалаа олсон нь” гэдэг дууг дуулсан. Аялгууны хувьд өмнөх дуунуудаас тэс өөр байснаас гадна киноны зохиол нь маш их таалагдсан болохоор догдлон байж дуулсан. Хамгийн хайртай уран бүтээлүүдийн минь нэг болоод байна. Он гараад уран бүтээлийн чиглэлээр нэлээд зүйл хийхээр төлөвлөсөн байгаа.

-Шинэ он удахгүй гарах гэж байна. Шинэ жилийн баяртай холбоотой хамгийн сайхан дурсамжаасаа хуваалцаач?

-Одоо бодоход аав ээж, ах эгч нартайгаа халуун ам бүлээрээ байсан он цагууд л хамгийн үнэ цэнэтэй байж дээ. Аав минь одоо бурхан болсон. Тэр үед одоогийнх шиг дэлгүүрээс гацуур худалдаж аваад, өнгийн бөмбөлөг, саагаар чимэглэдэггүй байлаа. Аав минь уулнаас нарс авчраад л, ээж гэрийнхээ хана, тааз гээд жижиг хэсгийг хүртэл үлдээлгүй чимэглэдэг байсан. Эгч маань усан будгаар цонхон дээр зураг зурна. Манайх хоёр хоёр насны зөрүүтэй долоон хүүхэдтай айл болохоор бүгдэд нь баг авчраад цөмөөрөө багаа өмсөөд өөрсдийнхөө хэмжээнд баярладаг байсан. Алим мандарин бэлгэнд аваад идэхэд их л сайхан амттай байдаг байж билээ. Одоо бол баяр нь ч их болж, бүх зүйл бэлэн зэлэн байхаар хүмүүс хэт уйдамтгай болчихож. Би чинь хар багаасаа эхлээд л сургуулийн шинэ жилээр цасан охин, шинэ он, хуучин он, амьд хөгжмийн хамтлагийн хөгжимчин, дуучин гээд л оролцохгүй ч юм байдаггүй байлаа. Сүүлд шилдэг сурагч болж байсан. Тэр үед л 100 хувь аз жаргалтай байжээ гэж бодогддог.

-Эмэгтэй хүн болж төрсний үнэ цэнийг та юунаас мэдэрдэг вэ?

-Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Яагаад гэвэл гэр бүл, найз нөхөд гээд ойр дотны хүмүүсийнхээ алган дээр нь бөмбөрч, “муур” шиг хайранд умбаж явна. Намайг бага ангид байхад ангийн хөвгүүд “муужгай” гэж шоолдог байсан. Тэгэхээр багаасаа л эрх танхи харагддаг байсан байх. Бас эмэгтэй хүн бүрт өөрийн гэсэн гоо сайхан бий.

Түүнийгээ харж, аз жаргалыг мэдэрдэг.

-Гоо сайхан харагддаг нууцаасаа хуваалцахгүй юу?

-Зөв хэмнэлээр амьдардаг. Ус сайн ууна, нойр сайн авна. Аль болох стресстэхгүйг хичээдэг. Платс гээд спортын төрлөөр хичээллэж байгаа. Энэ бол фитнесс, иога, кардио, аэробекийг хослуулсан өвөрмөц дасгал. Энэ мэтээр тодорхой хэмжээнд өөртөө анхаарал хандуулж чадсанаар наснаасаа залуу харагддаг гэж боддог.

-Орос дууг яагаад онцолж дуулдаг вэ?

-Жил бүр орос дууны тоглолт хийдэг. Тэр дуунуудад миний аав ээжийн үеийнхэн их дуртай. Намайг бага байхад аав ээж хоёр “ОРТ”-оор гардаг орос дуучдын концертыг байнга үзнэ. Манай Алтанбулаг чинь Орос Монголын хил дээр байсан болохоор ээж аавыгаа дагаад Орос руу гарч хоол хүнсээ цуглуулна. Тэр дуунууд хит болж байх үед би юугаа ч мэдэхгүй хүүхэд байсан. Гэхдээ аав ээжийнхээ тэр үеийнхний хайрлаж дурлаж явсан сайхан дурсамжийг сануулсан дуунуудыг дуулж, хүмүүст аз жаргал бэлэглэх нь их сайхан санагддаг.Тэгээд ч орос дуунууд их гоё аялгуутай шүү дээ.

-Багаасаа дуулж бүжиглэдэг урлагт ээлтэй хүүхэд байсан ч СУИС-ийн шалгалтад тэнцээгүй гэдэг. Дуучин болоогүй бол өдийд юу хийж явах байсан бол?

-СУИС-д намайг шалгуулахад миний амыг ангайлгаад шүд нь тэнцэхгүй юм байна гээд явуулсан. Тэр үед би дуугаараа гологдоогүй, шүлэг уншсан, этюд үзүүлсэн бүх зүйл дээр нь тэнцсэн боловч хамгийн сүүлд шүд нь тэнцэхгүй гээд хасч байлаа. Урлагийн хүн гэдэг цаанаасаа өөр байдаг шиг санагддаг. Сэтгэл хөдлөл ихтэй, фантастик хүмүүс байдаг. Би тиймэрхүү салбарын л хүн болох байсан болов уу. Түүнээс биш нягтлан бодогчоор сурсан гээд тоо бодсон, ноцтой царай гаргасан хүн болж чадахгүй байх.

-Танд кинонд тоглох санал ирдэг үү?

-Нэг удаа ирж байсан. Урлагийн хүн юм чинь яагаад кинонд тоглож болохгүй гэж. Өөртөө тохирсон уянгын романтик кинонд тоглох юм сан гэж боддог. Жүжиглэлт гэдэг өөрийнхөөрөө байхыг хэлдэг юм шиг санагддаг.

-Таны хоолойны тембер их содон, өвөрмөц сонсогддог. Энэ чадварыг яаж сурч эзэмшсэн бэ?

-Биднийг жаахан байхад ямар одоогийнх шиг бичлэг хийж болдог байсан биш. Тийм болохоор багадаа яаж дуулдаг байснаа санадаггүй. Намайг өсвөр насанд байхад аав ээж хоёр анх систем хөгжим авчирч өгсөн. Тэр үед Селин Дион, Хьюстон, Мариан Керри гурвыг, англи дууг анх сонсоод дуучин хүн гэж ийм хоолойтой байх ёстой юм байна гэж ойлгосон. Өсвөр насандаа өөрөө өөртэйгөө их сайн ажилласны хүчинд одоогийн энэ темберийг өөрийн болгосон гэж боддог.

-Монгол дуучдаас хэний дууг их сонсдог байв?

-Сараа эгчийн дууг их сонсоно. Зүгээр ч нэг сонсохгүй зүрхээрээ сонсож уйлдаг байлаа. (инээв)

-Фенүүдээсээ авч байсан хамгийн содон бэлэг юу байв?

-Намайг зурсан зургуудыг фенүүд маань их өгдөг. Эрдэнэтэд миний хоёр фен залуу миний мартагдсан дүр төрхүүдийн зургийг коллекц болгоод өгч байсан.

-Та үзэгчдэд дуугаа хүргэхдээ юуг хамгийн их чухалчилдаг вэ?

-Нэгэн үе би өөрийнхөө хоолойны темберт их итгэдэг байсан. Гэхдээ хоолойноос гадна дууны амин сүнсийг ойлгож, мэдэрч дуулах нь их чухал. Зүрхнээс гарсан үг зүрхэнд хүрдэг гэдэг шиг тийм дуу их урт настай байдаг гэж боддог.

-Сэтгэлээ дэлгээд хуваалцдаг найз нөхөд хэр их бий вэ?

-Арван жилийн, их сургуулийн гээд олон найз бий. СУИС-ийн эстрад дуулаачийн ангийг найман хүүхэд төгсөж байсан. Тэд нартайгаа бүгдтэй нь холбоотой байдаг. Гэхдээ бүх зүйл дээр итгэж, найддаг амьдралын гурван найз бий. Дандаа эгч бүсгүйчүүд. Нэг нь хошин урлагийн Ааяа эгч. Намайг 100 хувь мэднэ. Миний өмнөөс шийдвэр гаргах эрхтэй. Бас дуу оруулагч Оюун эгч надад миний төрсөн эгч шиг ханддаг. Ааяа эгчтэй анх 2008 оны сонгуулиар Сэлэнгэ рүү нэг машинд сууж яваад танилцсан. Ааяа эгч их гоё гэгээлэг хүн. Ямар ч хүнээс сайн талыг нь олж харж чаддаг. Харин Оюун эгч бид хоёрын хувьд хоёулаа дуу хоолойнд дурладаг ижил сонирхолтой хүмүүс байсан. Намайг “Шүрэн бугуйвч”-ийн дууг дуулж байсан үеэс “Энэ охинтой танилцах юмсан. Ёстой гоё хоолойтой юм” гэж бодсон гэсэн. Би болохоор Оюун эгчийн дуу оруулсан киног үзэх дуртай, дуу оруулалт нь сэтгэлд хоногшчихсон байсан. Тэгтэл Ааяа эгчийн бас дотны найз нь байсан юм билээ. Нэг найз маань Ирландад байдаг. Бид дөрөв их сайхан нөхөрлөдөг.

-Хорин жилийн дараах өөрийгөө яаж төсөөлдөг вэ?

-Би их том мөрөөдөлтэй. Хорин жилийн дараа мөрөөдлийнхөө далаас, наян хувийг биелүүлчихсэн байх болов уу гэж боддог. Охиндоо маш сайн ээж, сайн эмээ болчихсон байх болов уу. Бас “Мюзик академиа” нээчихсэн, олон төслүүдээр уялдсан, надтай надгүй явж байдаг өөрийн гэсэн бизнестэй болчихсон байна гэж боддог. Мөрөөдөлдөө хүрэх эхний алхмуудаа хийгээд эхэлчихсэн байгаа.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Эрвээхэйний хатаамал цуглуулдаг байсан. хүмүүст өгсөөр байгаад дуусчихсан. Дараа нь загас тэжээдэг байснаа анхаарал хандуулж чадахгүй болохоор асрамжийн газарт өгчихсөн. Одоо бол цаг л гарвал охинтойгоо хамт байхыг хичээдэг болсон. Охиноо жаахан том болохоор хамт бүжгээр хичээллэнэ гэж боддог.

-Охинд тань ээжийнх нь авьяас өвлөгдсөн шинж илэрч байна уу?

-Одоохондоо хоёр настай. Гэхдээ цэцэрлэгийнхээ оны шилдэг хүүхэд болсон. Багш нь ахлах ангийн хүүхдүүдийн сурахгүй байгаа дуу, бүжгийг их хурдан сурсан гээд магтаж байсан . Гэхдээ би хүүхдээ мундаг гэж магтдаггүй. Миний охин сайн байна. Илүү сайн хийгээрэй гэж хэлдэг дээ.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил

-Д.ДАШЦОГЗОЛ:
СҮҮЛДЭЭ ХАДГАЛАМЖИНДАА МӨНГӨ ХИЙХГҮЙ Л БОЛ ТАЙВШРАХАА БОЛЬЧИХДОГ ЮМ БИЛЭЭ-

Нарантуул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины
хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч
байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй
хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ
өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ.
Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг
мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр
үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө.

Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ.
Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд
хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа
Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж
авч таксинд явж эхэлж.

Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа
хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө
амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно.
Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа
цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе
гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол
тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж Доржоо ярьж байсан. Портероор ачаа бараа зөөх
нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ.
Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг.
Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог
юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг.

Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй
явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар
авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг.
Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа
хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй
шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан.
Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм
гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж
ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан
авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө.
“Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд
ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна.
Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг
тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаар бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг.
Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд
л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ
Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд очиж англи хэлний
курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч.

IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс
эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг
барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан
мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа.

Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй
гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг
хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс
дээш хуримтлалтай. Монголчууд бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их,
бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын
нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр
13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт
эргэлдэх нь.

Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн
төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах
татвар өснө. Ажилгүй, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж
мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан
улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн онцлох 10 үйл явдал

-ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАЛТАЙ ЖИЛ-

Энэ жил ерөнхийлөгчид
халтай жил гэхэд хилсдэхгүй. Тухайлбал, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Өмнөд
Солонгосын төрийн тэргүүн Пак Гын Хэ нарт парламентын гишүүд нь итгэл үзүүлэх эсэх
асуудал хөндөгдөж байлаа. Бразилийн төрийн тэргүүнийг Петробас компанийн хэргийн
хүрээнд шалгаж, авлигын хэрэгт буруутгах болсон. Үүний дараа парламентын гишүүд
өнгөрсөн дөрөвдүгээр сард санал хураалт явуулж, итгэл үзүүлж болохгүй гэсэн шийдвэр
гаргасан. Түүнээс дөрвөн сарын дараа парламентын дээд танхим нь Д.Руссефийг албан
тушаалаас нь огцруулж байв. Үүнтэй адил нөхцөл байдал Өмнөд Солонгост үүсэв. Тодруулбал,
тус улсын төрийн тэргүүн Пак Гын Хэд мөн парламент нь итгэл үзүүлэх эсэх талаар
санал хураалт явуулснаар 300 гишүүний 234 нь огцруулахыг дэмжсэн. Улмаар албан тушаалаас
нь түдгэлзүүлсэн юм. Одоо Үндсэн хуулийн цэц нь түүнийг бүрэн огцруулах эсэх асуудлыг
180 хоногт багтааж шийдэх л үлдсэн. Үүний зэрэгцээ Узбекстаны анхны Ерөнхийлөгч
Ислам Каримов, Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро, Тайландын эв нэгдлийн бэлгэ
тэмдэг болсон эзэн хаан Пумипон Адульядет нар таалал төгсөв.

-ТУРКТ ТӨРИЙН ЭРГЭЛТ БОЛСНЫ ДАРАА “ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ” ХИЙВ-


Туркт өнгөрсөн долдугаар сард төрийн эргэлт хийх оролдлого бүтэлгүйтэв. Үүний улмаас 294 хүн амиа алдаж, 1440 хүн шархадсан юм. Төрийн эргэлт хийх бүтэлгүй оролдлогын дараа эрх баригчид нь нийгмийн бүх давхаргад “их цэвэрлэгээ” явуулжээ. Улмаар 76 мянган хүн ажилгүй болсон, мөн олон мянган хүнийг хорих болсон. Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган уг хэрэгт Ф.Гюленийг буруутгасан байдаг. АНУ-д амьдарч буй тэрбээр үүнийг үгүйсгэсээр байна. Хамгийн сүүлд Анкара хотноо ОХУ-ын Элчин сайд А.Карловыг хөнөөв. Энэ нь хоёр талын харилцаанд дахин асуудал үүсгэв. Өмнө нь Сирийн агаарт үүргээ гүйцэтгэж явсан Оросын сөнөөгч онгоцыг устгасан нь хоёр талын харилцаанд сэв суулгаад байсан билээ. Олон сар үргэлжилсэн энэ сөрөг харилцааг сэргээгээд удаагүй байхад дахин ийм хэрэг гарсан нь асуудал үүсгээд байна. Ямартай ч талууд Оросын элчин сайдын аминд хүрсэн хэрэг нь хоёр талын харилцаанд нөлөөлөхгүй гэж мэдэгдсэн билээ.

-КОЛУМБАД 52 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ИРГЭНИЙ ДАЙНД ЦЭГ ТАВЬЖЭЭ-


Колумбын
эрх баригчид болон Фарк хөдөлгөөн буюу Колумбын хувьсгалт зэвсэгт хүчний хооронд
52 жил үргэлжилсэн иргэний дайнд цэг тавив. Сөргөлдөгч талууд Кубын нийслэл Хавана
хотноо дөрвөн жил хэлэлцсэний дүнд энхийн гэрээ байгуулсан юм. Үүнд тус улсын Ерөнхийлөгч
Хуан Мануэль Сантос үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэн Нобелийн хорооноос түүнд
энх тайвны шагналд тодорхойлсон билээ. Х.Сантос тус байгууллагаас дагалдан ирэх
мөнгийг дайнд хохирол амссан иргэдэд хандивлахаа мэдэгдэж байв. Колумбын иргэний
дайн 1960-аад оны үеэс эхлэлтэй.
Анх газар өмчлөх эрхийн асуудлаас үүдсэн маргаан хожмоо бослогод хүргэж, улмаар
иргэний дайнд шилжсэн. Хагас зуун жил үргэлжилсэн энэхүү дайнд 220 мянган хүн амиа
алдсан гэдэг. Мөн зургаан сая гаруй хүн орон гэрээсээ дайжжээ.

-АНУ-ЫН 45 ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Д.ТРАМП СОНГОГДОВ-


Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 8-нд болж өндөрлөсөн. Тус сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдсөн тэрбумтан Д.Трамп ялалт байгуулж, тус улсын 45 дахь төрийн тэргүүнээр тодорсон билээ. Сонгуулийн өмнө явагдсан гурван ч удаагийн халз мэтгэлцээнд үнэмлэхүй ялалт байгуулж байсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон ялах магадлалтай гэж үзэж байсан юм. Гэвч санал хураалтын дүн олныг гайхашруулаад авсан. Үнэмлэхүй ялагч гэдгээ Д.Трамп өнгөрсөн мягмар гаригт ч батлаад авав. Тэрээр төлөөлөн сонгогчдын санал хураалтаар 304 санал авч ялсан билээ. Гол өрсөлдөгч нь байсан Ардчилсан намын төлөөлөл Х.Клинтон 227 санал авсан аж. Д.Трампын мөрийн хөтөлбөртөө цагаачдын талаар хатуу бодлого явуулж, Мексикийн хил дээр хана босгох, алан хядагчдаас сэргийлэх үүднээс Исламын шашинтнуудыг нутагтаа нэвтрүүлэхгүй, мөн Номхон далайг дамнасан түншлэлийн гэрээнээс улсаа гаргана гэж амласан. Д.Трамп ирэх оны нэгдүгээр сарын 20-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажилдаа орно.

Д.ЦЭРЭНДОЛГОР

-ПАРИСЫН ХЭЛЭЛЦЭЭР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОВ-


Арваннэгдүгээр
сарын 4-нд Парисын хэлэлцээр албан ёсоор хүчин
төгөлдөр болов. Уг хэлэлцээр нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж,
хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж
үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад хоёр хэмээс хэтрүүлэхгүй байж 1.5 хэмд
хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн түүхэн ач холбогдолтой олон улсын хэмжээний
баримт бичиг юм. Энэ хэлэлцээр нь Киотогийн протоколын дараах дэлхийн цаг уурын
хууль ёсны хоёр дахь хэлэлцээр болсон билээ. Шинэ хэлэлцээрт 2020 оноос хойшхи
дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үйл ажиллагааны зохицуулалтыг хамруулсан бөгөөд
хэлэлцээрийн хүрээнд дэлхий даяар хүлэмжийн хийн ялгаралтыг богино хугацаанд
бууруулж, XXI зууны сүүлийн хагас гэхэд хүлэмжийн хийн ялгаралтыг тэглэх зорилт
зорилттой.

-БРАЗИЛИЙН
ОЛИМПОД АНУ-ЫН БАГ ТҮРҮҮЛЛЭЭ


Хүн төрөлхтөний их наадам зуны олимп Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-ний хооронд амжилттай болж өнгөрлөө. Олимп хаяанд ирчихсэн байхад олимпийн бэлтгэл ажил хангалтгүй учир өөр хотод зуны наадмын эрхийг шилжүүлэх эсвэл товыг нь хойшлуулах тухай элдэв яриа гарч байсан. Мөн Өмнөд Америкаас гаралтай үхлийн зика вирус тархсан нь Бразилийн олимпийн үеэр дэгдсэн бас нэг шуугиан байсан билээ. Дэлхийн алдартай тамирчид зика вирусийн халдвараас сэргийлж “Рио-2016”-д оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ мэт элдэв саад бартаа тулгарсан ч Олон улсын олимпийн хороо олимпийн нээлтээ Рио Де Жанейрогийн “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд хийж чадсан. Энэ удаагийн олимпод 207 орны 11 мянган тамирчин 28 спортын 306 төрөлд хүчээ сорьсон юм. АНУ-ын баг 46 алт, 37 мөнгө, 38 мөнгө нийт 121 медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Их Британи 27 алт, 23 мөнгө, 17 хүрэл медалиар аман хүзүүдсэн. Удаах байруудад БНХАУ, ОХУ, Герман, Япон, Франц, БНСУ, Итали, Австрали улсын баг орсон билээ. Харин манай улс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 67 дугаар байрт орсон.

Д.ГАНСАРУУЛ

-АМЕРИК-КУБЫН ХАРИЛЦАА
САЙЖИРЛАА


1959 онд хувьсгалын удирдагч гэгддэг Фидель Кастро төрийн эргэлт хийж засгийн эрхэнд гарсан юм. Түүнээс хойш АНУ, Кубын харилцаанд маш том өөрчлөлт гарсан билээ. 1960 онд АНУ нь Кубын эсрэг худалдааны хориг тавьж нэг жилийн дараа тус хоёр улс дипломат харилцаагаа тасалсан юм. Харин энэ жил хоёр талын харилцаанд томоохон өөрчлөлт гарсан онцгой жил байлаа. 50 гаруй жил ямар ч харилцаагүй байсны эцэст сүүлийн хоёр жил нааштай өөрчлөлтүүд гарсан юм. Өнгөрсөн жилийн зун Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Кубад айлчлахдаа Хавана хотод АНУ-ын ЭСЯ-ыг нээх ажиллагаанд оролцсон юм. Харин өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсад албан ёсоор айлчилсан нь хоёр улсын харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Ийнхүү 1928 оноос хойш АНУ-ын төрийн тэргүүн анх удаагаа Кубад айлчилсан юм. Үүний дараа хоёр улс агаарын болон усан замын харилцаагаа сэргээж, Куба ч АНУ-д ЭСЯ-аа нээсэн билээ. Фидель Кастро засгийн эрхэнд байгаа цагт тус хоёр улсын харилцаа хэзээ ч сайжрахгүй хэмээн ажиглагчид бичдэг байсан. Даяаршиж буй энэ үед бусдаас тусгаарлагдмал байж болохгүй гэдгийг ч Кубын удирдагчид ойлгосон бололтой. Энэ жил Куба улсын түүхэнд тэмдэглэх үйл явдлууд нэлээд болсон юм. Түүний нэг нь хувьсгалын удирдагч, 47 жил засгийн эрхийг барьсан Фидель Кастро өнгөрсөн арваннэгдүгээр сард хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.

-СИРИЙН ХЯМРАЛ


2011 оны хавар Сирид зэвсэгт мөргөлдөөн
гарсан нь иргэний дайн болж хувирсан. Энэ байдал одоо үргэлжилж Сири хямралаас
гарч чадахгүй байна. Нэг талаас тус улсын Ерөнхийлөгч Б.Асад болон түүнийг
дэмжигчид, нөгөө талаас сөрөг хүчнийхний хоорондох тулаан үрэгжилсээр. Сирийн
сөрөг хүчнийг барууны орнууд, Ерөнхийлөгч Б.Асадын талыг ОХУ-ын эрх баригчид дэмжиж
байгаа нь нөхцөл байдлыг улам хурцдахад хүргэсэн. Түүгээр ч зогсохгүй Ойрхи
Дорнодын байдлыг улам тогтворгүй болгож байна. НҮБ-аас мэдээлсэнээр энэ
хугацаанд 220 мянган хүн амь үрэгдэж, маш их хохирол учруулсан. Сирийг дэмжих
олон улсын бүлэг байдлыг хэвийн болгохын тулд АНУ, ОХУ хоёр санаачлан талуудыг
хэлэлцээрийн ширээний ард суулгах гэсэн боловч өнөөдрийг хүртэл амжилт
олсонгүй. Сүүлийн үед Алеппо хотод талуудын зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр
байна. Сирийн хямрал олон улсын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Б.Асад
тэргүүтэй тус улсын эрх баригчид, сөрөг хүчин хоёр хэл амаа ололцохгүй
байгаагаас жирийн сиричүүд хамгийн их хохирол амссаар. Сирийн хувь заяа нь
дэлхийн улс төрийн байдалд ч сөргөөр нөлөөлсөөр байна.

Ю.Дэлгэр

-ИХ БРИТАНИ ЕВРОПИЙН
ХОЛБООНООС ГАРЛАА


1959 онд
хувьсгалын удирдагч гэгддэг Фидель Кастро төрийн эргэлт хийж засгийн эрхэнд
гарсан юм. Түүнээс хойш АНУ, Кубын харилцаанд маш том өөрчлөлт гарсан билээ.
1960 онд АНУ нь Кубын эсрэг худалдааны хориг тавьж нэг жилийн дараа тус хоёр
улс дипломат харилцаагаа тасалсан юм. Харин энэ жил хоёр талын харилцаанд
томоохон өөрчлөлт гарсан онцгой жил байлаа. 50 гаруй жил ямар ч харилцаагүй
байсны эцэст сүүлийн хоёр жил нааштай өөрчлөлтүүд гарсан юм. Өнгөрсөн жилийн
зун Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Кубад айлчлахдаа Хавана хотод АНУ-ын
ЭСЯ-ыг нээх ажиллагаанд оролцсон юм. Харин
өнгөрсөн тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсад албан ёсоор айлчилсан нь хоёр
улсын харилцааны түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Ийнхүү 1928 оноос
хойш АНУ-ын төрийн тэргүүн анх удаагаа Кубад
айлчилсан юм. Үүний дараа хоёр улс агаарын болон усан замын харилцаагаа.

ҮБ-ЫН ЕРӨНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮНИЙ БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦАА ДУУСЛАА


Ирэх оны нэгдүгээр сарын 1-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа юм. Түүний оронд Португалийн Ерөнхий сайд асан Антонио Гуттерешийг томилохоор болсон. Түүний нэрийг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс дэвшүүлжээ. Тэрээр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагын тэргүүнээр 10 жил ажилласан туршлагатай. Энэ хугацаанд Сири, Афганистан, Иракийн дүрвэгсдийн хямралтай нүүр тулж байсан бөгөөд барууны орнуудыг дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулахыг уриалж байжээ. Тэрээр Аюулгүй байдлын зөвлөлийн 15 гишүүнээс хамгийн өндөр санал авсан тул ийн дараагийн 10 жилд НҮБ-ыг удирдахаар болж байна. Түүний хувьд Португалийн дарангуйллын засаглалыг хувьсгалаар буулгасны дараа буюу 1976 оноос улс төрд хүчин зүтгэж иржээ. Улмаар 1992 онд Социалист намынхаа даргаар сонгогдож 1995 онд Ерөнхий сайд болсон аж.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Зул сарын баяр

Зул сарын баяр зурган илэрцүүдЖил бүрийн арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Христосын шашинтнуудын хамгийн гол баяр болох энэ өдөр Исус Хритосыг мэндэлсэн гэдэг. 431 онд анх Зул сарын баярыг тэмдэглэхээр болсон хэмээн бичсэн байдаг.

Харин өнөөдөр дэлхийн 140-өөд орон албан ёсоор тэмдэглэдэг юм. Европын зарим орнуудад Зул сарын баяр болохоос нэг сарын өмнөөс бэлтгэж эхэлдэг бөгөөд энэ хугацааг Адвент хэмээн нэрлэдэг. Гэрээ цэвэрлэж айл болгон гацуур модоо чимэглэдэг нь элбэг дэлбэг байж, мөнхийн амьдралыг билэгддэг аж. Үүдэндээ гацуур модны мөчрийг чимэглэн өлгөсөн байдаг. Баярын өмнөх өдөр нь орон болгонд өөрийн гэсэн нэртэй. Жишээ нь Германд хайлигеабенд гэдэг. Энэ нь манайхаар бол битүүний өдөртэй ижилхэн. Зул сарын баярын өдөр гэр бүлээрээ цугларч баярын ширээгээ засч угтдаг заншилтай. Энэ бол хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр. Учир нь Санта Клаус буюу өвлийн өвгөн аав ирж бэлгээ тараадаг гэнэ. Зул сарын баяр болохын өмнөхөн хүүхдүүд өвлийн өвгөнд өөрийн хүсэл, ямар бэлэг авмаар байгаагаа бичин илгээдэг уламжлалтай. Санта Клаус хүүхдүүдийг унтсан хойно нь ирж гацуур модны дор бэлгийг нь орхиод явдаг гэнэ. Зарим орнуудад бэлгийг нь оймсонд нууж тавьсан хэмээн ярьдаг.

Улс орнууд зурган илэрцүүдЗул сарын баярыг гэр бүлийн баяр ч гэдэг. Тиймээс энэ өдөр орон болгонд өөрийн ёс заншил, уламжлалтай холбоотой хоол хийнэ. Зул сарын баярыг улс орнуудад хэрхэн тэмдэглэдэг талаар товчхон өгүүлье.

Германд зул сарын баярыг зурган илэрцүүдГерман

Германд энэ баярын өмнөхөн хотуудын төв талбай дээр Зул сарын баярын зах гардаг уламжлалтай. Зах дээр цугларсан хүмүүс янз бүрийн амттан худалдаж авахаас гадна халуун дарс буюу глювайн заавал ууна. Баярын өмнөх өдөр буюу манайхаар битүүний өдөр нь хамгийн чухалд тооцдог. Хайлигеабенд хэмээн нэрлэдэг энэ өдрийн өглөө гацуур модоо чимэглэж орой нь гэр бүлээрээ цугларна. Энэ өдөр заавал сүмд очиж мөргөл үйлддэг уламжлалтай. Сүмээс ирэхэд нь хүүхдүүдийн бэлгийг гацуур модны доор тавьсан байдаг. Харин баярын ширээнд шарсан галуу эвсэл нугас, уламжлалт аргаар бэлдсэн штолен хэмээх үзэмтэй нарийн боов тавьдаг. Зул сарын баярын эхний өдөр эмээ, өвөө, ээж аавындаа айлчилснаар баяр үргэлжилдэг аж.

Испани

Испани зул сарын баярыг зурган илэрцүүдИспаничууд энэ баярыг маш хөгжилтэйгээр тэмдэглэдэг гэнэ. Зул сарын баярын өдөр хотуудын төв талбайд нэлээд хөл хөдөлгөөнтэй байдаг. Үндэснийхээ хувцсаар гоёсон испаничууд сүмийн үүдэнд цугларч гар гараасаа барилцан дуулж бүжиглэдэг аж. Орой нь найз нөхөд, гэр бүл, хамаатан садангуудтайгаа хамт баярын ширээндээ суудаг. Зарим нь дуртай зоогийн газартаа хооллодог гэнэ. Арванхоёрдугаар сарын 23-24-ний өдрүүдэд тус улсад “El Cordo” хэмээх сугалааг зохион байгуулдаг. 1818 оноос энэ сугалааг явуулдаг болсон бөгөөд 1996 онд түүнийг нь 30 сая хүн худалдан авсан гэсэн судалгаа байдаг. Испанийн төв нутгийнхан энэ өдөр шарсан тугал эсвэл тоорой, өмнөд нутгийнхан шарсан цацагт хяруулаар ширээгээ чимдэг. Харин хүүхдүүдийн бэлгийг оймс эсвэл гуталд нь хийдэг уламжлалтай.

Итали

Итали улсад  зул сарын баярыг зурган илэрцүүдИталичууд зул сарыг хамгийн амттай баяр хэмээн нэрлэдэг аж. Гэр бүлээрээ цугларахдаа зөвхөн амттай хоол идэх төдийгүй хамгийн баяртай мөчүүдээ эргэн дурсдаг уламжлалтай. Италийн бараг бүх нутагт баярын ширээнд банштай шөл байдаг. Түүнээс гадна гахайн махаар хийсэн хиам, чихэрлэг талх иддэг аж. Италичууд Зул сарын баярын өдөр хуучин хувцсаа цонхоороо гаргаж хаядаг гэнэ. Ингэснээр өнгөрсөн онд болсон муу муухай бүхнийг зайлуулж байгаагийн илэрхийлэл аж. Харин Италийн хойд нутагт зул сарын зах гардаг аж.

АНУ

Америк зул сарын баярыг зурган илэрцүүдАмерикт олон үндэстэн амьдардаг. Тиймээс их содон тэмдэглэн өнгөрүүлдэг гэж болно. Зарим нь шарсан цацагт хяруул, зарим нь шөл, байцаатай хоол зэргээр ширээгээ чимнэ. Баярын өглөө хүүхдүүдийг сэрэхэд бэлгийг нь гацуур модны дор тавьсан байдаг ньуламжлал болсон гэж болно. Ингэхдээ шөнө унтаж байхад Санта Клаус ирж бэлэг орхиод явсан хэмээн тайлбарладаг. Зул сарын баярын өглөөний цайн дээр заавал рулет идэж кофе ууна.

Их Британи

Лондон зул сарын баярыг зурган илэрцүүдИх Британид ч мөн адил Зул сарын баярыг гэр бүлийн баяр гэнэ. Тиймээс бүгд цугларч шарсан цацагт хяруул, цэлцэгнүүр идэж бие биедээ бэлэг өгдөг уламжлалтай. Баярын ширээнд уламжлалт аргаар бэлдсэн нарийн боов заавал тавьсан байх ёстой. Түүн дотроо зоос хийнэ. Зоос таарсан хүн нь тэр жилдээ азтай байна хэмээн ерөөдөг аж.

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхмаа: Цус ойртолт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц болсон

1000 хүнд ногдох “Оюуны хомсдол”-ын газарзүйн тархалт

Өнгөрсөн долоо хоногт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнгийн 25 жилийн ойд зориулсан “Аюулгүй байдал судлал-25 жил” эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө. Бага хурлыг тус хүрээлэнгийн захирал, доктор Д.Ганбат нээж үг хэллээ. Уг бага хуралд олон сонирхолтой илтгэл тавигдсан бөгөөд “Монгол Улс, ОХУ-ын харилцаа, анхаарах асуудал” сэдвээр Оршин тогтнохуйн судалгааны секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Нарантуяагийн илтгэлээр эхэллээ. “Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, анхаарах асуудал” сэдвээр тус секторын ажилтан, хурандаа М.Ганбат, “Монгол Улс ба Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудал” сэдвээр судлаач Н.Доржсүрэн, “Монгол Улсын “Гуравдагч хөрш”-ийн бодлого, өнөөгийн байдал” сэдвээр судлаач Л.Бямбаханд, “Үндсэн хуульт байгууллын аюулгүй байдлын зарим асуудал” сэдвээр Нийгэм төрийн судалгааны секторын эрхлэгч, судлаач доктор Д.Мөнхтөр, “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдал” сэдвээр тус секторын мэргэжилтэн, доктор Э.Энхмаа, “Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал” сэдвээр Эдийн засгийн судалгааны секторын эрхлэгч Б.Ариунзул нар тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр нь бүгд Монгол Улсад тулгамдсан асуудлыг хөндсөн, тун чухал, цаг үеэ олсон илтгэлүүд боллоо гэж тус хуралд оролцогсод дүгнэсэн юм. Эдгээрээс онцолж доктор Э.Энхмаагийн тавьсан “Монгол хүний удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдал” илтгэлийг уншигч та бүхэнд хүргэе. Илтгэгч “Цус ойртолт нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц болсон. Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг” хэмээн онцолж байсан.

-Та бүхний түмэн амгаланг айлтгая.

Хүн амын удмын сан, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах үндсэн нөхцөл нь удмын сангийн дотоод тэнцвэрийг хадгалж байх явдал байдаг. Хүн амын удмын сан хэдийд тэнцвэртэй байдаг вэ гэхээр генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл. Генүүд алагших буюу цус холилдох үзэгдэл харилцан тавь тавин хувийн орчинд байгаа үед удмын сан дотоод тэнцвэрээ хадгалж байдаг. Хэрвээ хүн амын удмын сан генүүд ижилсэх буюу цус ижилсэх үзэгдэл хэт их давамгайлаад, цус холилдох үзэгдэл буураад ирэхээр удмын сангийн дотоод тэнцвэр алдагдаж, хүн амын цус ойртоод орж эхэлдэг. Монголчууд ураг төрлийн хүрээнд цус ойртож гэрлэхээс сэргийлж овгоо мэддэг, овог дотроо үл гэрлэх зарчмыг хатуу баримталдаг, угийн бичгээ хөтөлдөг, үр хүүхэддээ аман болон бичгийн хэлбэрээр өвлүүлдэг, есөн үеийн дотор ураг холбохыг цээрлэдэг гайхамшигтай соёлтой ард түмэн байсан.

Харамсалтай нь 1925 онд Монгол Улсын Засгийн газрын нууц тогтоол гарч, монгол хүн овгоо мэдэх, угийн бичгээ хөтлөхийг хаачихсан. Ингээд өнгөрсөн 91 жилийн хугацаанд монголчууд овгоо мэдэхээ больсон. Овог чинь хэн бэ гэхээр аавынхаа нэрийг хэлдэг болсон. Гэрийн угийн бичгээ хөтлөхөө больсон. Есөн үеийн өвөг дээдсээ битгий хэл өөрөөсөө дээш гуравдахь үеэсээ эхлээд өвөг дээдсийн мэдээлэл харанхуй болсон.

Өнөөдөр хүн ам дахь цус ойртолтын түвшин хүн амын генетикийн тооцооллын аргаар судалж үзэхэд Монголын хүн амд цус ойртолтын түвшин 0,0223-аас 0,1145-ын хооронд хэлбэлзэж байна. Цус ойртолтолтыг F коэфициентээр илэрхийлдэг. Энэ коэфициент 0-1-ийн хооронд утга авдаг бөгөөд хэрвээ F нь 0-тэй тэнцүү байвал хүн амын дотор цус ойртолт байхгүй. Ингээд аймаг бүхний хүн амд энэ коэфициентийг тооцоолоод үзэхэд цус ойртолт илрэхгүй байгаа аймаг гэж байхгүй байна. Тиймээс танай аймаг цус ойртолт ихтэй, манайх багатай гэх мэтээр мэтгэлцээд байх шаардлагагүй хэмжээнд хүрчихэж. Үндсэндээ таван том голомт байгаа. Улсын дунджаар цус ойртолт 0,0651. Хүн 32040 гентэй гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Үүний 16020 буюу тавин хувийг эцгээсээ, үлдсэн 16020 генийг эхээсээ авдаг байна. Ингээд хүн аав, ээжтэйгээ цусны тавь, тавин хувиар хамаатай. Энэ харьцаа нь дээшээ үе ахих тусам хоёр дахин буураад явдаг. Ингэж явсаар жишээ нь, миний судсаар өвөг дээдсийн ес дэх үеийн цусны 0,19 хувь л эргэж байгаа. Арав дахь үеийн өвөг дээсийн цусны 0,09 хувь эргэнэ. Ингээд 10 дахь үеийн өвөг дээдэстэйгээ би харь элгийн хүн болж байгаа юм. Тэгэхээр есөн үеийн дотор ураг барилдахыг цээрлэдэг байсны шинжлэх ухааны үндэслэл нь энэ. Бидний тооцоолж гаргаж ирсэн 0,0651 гэдэг коэфициент нь долиор илэрхийлсэн тоо. Энэ тоо нь хаана ирж бууж байна вэ гэхээр надаас дээш дөрөв дэх үе буюу хуланц өвгийн түвшинд бууж байна. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр өнөөдөр Монголын хүн ам өөрөөсөө дээш гурваас дөрөв дэх үеийн ах дүү нар хоорондоо гэрлэхэд илэрдэг тийм түвшний цус ойртолт бий болчихож. Хамгийн их нь гурав дахь буюу элэнц өвөө эмээ дээр, хамгийн бага нь хуланц эмэг өвгийн түвшинд байна. Тэгэхээр энэ нь өнөөдөр хүн амын удмын сангийн дотоод тэнцвэр ноцтой алдагдаад үндэсний аюулгүй байдлын хэмжээнд ярих түвшинд хүрчихжээ гэдгийг хэлэх гээд байгаа юм. Хүн өөрийнхөө эмээ өвөөг яалтгүй мэдэж байгаа ч тэрнээс дээшхи үе удмаа мэдэхгүй байна. Өнөөдөр арай ч эмээ өвөөгийнхөө түвшинд гэрлэлт явагдахгүй байгаа ч тэрний дээд элэнц эмэг өвгийн түвшинд цус ойртолт ороод ирчихсэн байна аа гэдэг бол үнэхээр ноцтой байдалд байгаа харуулж байна. Жишээ нь, гэрлэсэн хосууд байлаа гэхэд тэд дээшээ дөрөв дэх үеийн ах дүү нар байх жишээтэй. Ийм хэлбэрийн цус ойртолтын түвшний дэвсгэр бий болчихоод байна. Гэрлэж байгаа залуус бид хоёр цусан төрлийн хамаагүй ээ гэдэг зөвхөн баримжаагаар гэр бүл болдог зуршил бий болчихжээ.

Газар зүйн тархалтаар нь цус ойртолтын хамгийн их голомт нь монгол орны хойноос буюу Хөвсгөл аймгаас Өмнөговь аймаг руу явах чиглэлд цус ойртолтын түвшин хамгийн их байна.

Үүний цаана хүн амын нягтрал хэтэрхий бага сийрэг байгаатай холбоотой юм. Цус ойртолтод нөлөөлдөг бас нэг хүчин зүйл бол хүн ам дахь гэрлэлтийн бүтэц, гэрлэлтийн тогтолцоо байдаг. Өнөөдөр нэг баг, сум, аймгийн дотор гэрлэлт явагдаж байхад тухайн нийт гэрлэлтийн 73.9-86.1 хувь нь тухайн баг, сум, аймгийн уугуул хүмүүс хоорондоо гэрлэж байна. Тухайн орон нутагт гаднаас хүргэн, бэр болж очиж байгаа хүн бараг байхгүйтэй адил.

Цус ойртолт нь ямар үр дагавар авчирдаг вэ гэдгийг хүний генетикийн шинжлэх ухаан гаргаад ирчихсэн.

-Хүний оюун ухаан, сэтгэхүйн түвшин буурдаг,

-Оюуны хомсдолтой хүүхдийн тоо өсдөг,

-Удамшлын өвчин, төрөлхийн согог гажигтай хүүхдийн тоо өсдөг,

-Аливаа өвчнийг эсэргүүцэх дархлаа сул болдог,

-Бие бялдрын хөгжил давжаа болдог

-Аминчхан буюу амиа аргацаах сэтгэлгээтэй хүний тоо хүн амын дотор эзлэх хувь нь байнга нэмэгдэж байдаг.

Өнөөдрийн хүн амд тооцоолж гаргаж ирсэн цус ойртолтын энэ түвшин нь бидэнд ямар үр дагавар, ямар гай түйтгэр авчирч байгаа талаар товч дурдъя.

Сүүлийн үед манай хүн амын дотор төрөлхийн согог гажигтай нярай хүүхэд маш олноор төрдөг болсон. Улсын хэмжээнд бүртгэх ажлыг 2005 онд ЭНЭШҮТ-д эхлүүлсэн. Энэ байгууллагын мэдээлснээр, 2005-2009 оны эхний есөн сарын байдлаар Монголд дараах 10 төрлийн гажигтай хүүхэд төрсөн байна. Үүнд:

-Зүрхний гажиг

-Уруул сэтэрхий

-Уруул, тагнайн сэтэрхий

-Зөөлөн тагнай, хүүхэн хэл сэтэрхий

-Зөөлөн тагнайгүй

-Хошного битүү

-Хэвлийн урд хана хөгжөөгүй

-Тархины усжилт

-Нугасны ивэрхий

-Олон эрхтэн тогтолцооны хавсарсан гажиг.

Хамгийн аюултай нь төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг нэг ч байхгүй. Мөн мэдээлэл бүрэн бус. Энэ бүрэн бус мэдээллээс харахад дөрвөн жил хагасын хугацаанд Монгол Улсын хэмжээнд төрөлхийн согог гажигтай хүүхэд 689 төржээ. Энэ тоог аваад бидний тооцоолж гаргаж ирсэн цус ойртолттой эдгээр нь ямар нэгэн байдлаар холбоотой эсэхийг судалж үзсэн. Ингээд судалгаа хийгээд үзэхэд Монгол орны уртрагийн дагуу буюу Баян-Өлгий аймгаас Дорнод аймаг руу чиглэлтэй цус ойртолтын түвшин, гажигтай төрөлтийн түвшин нэмэгдэж байна. Монгол орны өргөргийн дагуу Хөвсгөлөөс Өмнөговь руу чиглэлд цус ойртолтын түвшин, цус ойртолтын түвшин мөн нэмэгдэж байна. Ер нь цус ойртолтын түвшин нэмэгдэх тусам бусад өвчнөөр өвдөх нь өсөөд байдаг дүр зураг харагддаг. Цус ойртолт нь монгол хүний өвчлөлд нэмэлт дарамт болж байгаа нь тодорхой байна. Цус ойртолт нэмэгдэх тусам хүн амын өвчлөл нэмэгддэг шугаман хамааралтай нь харагддаг. Манай улсад 32 төрлийн хорт хавдар өвчин бүртгэгдсэн. Гэтэл цус ойртолт нэмэгдэх хэрээр иргэдийн хорт хавдраар өвдөх магадлал мөн шугаман хамаарлаар өсөөд байдаг. Элэгний хорт хавдрын өвчлөлөөр Монгол Улс дэлхийд тэргүүлдэг. Зөвхөн 2014 оны элэгний хорт хавдрын өвчлөл дээр авч үзэхэд уг өвчлөл өндөр байдаг гурван том голомт байна. Элэгний хорт хавдрын өвчлөлд цус ойртолт ямар хамаатай байгааг судалж үзэхэд монгол орны 42 хувьд нь 60-99 хувийн өндөр эрсдэлтэй, хүчтэй хамааралтай гэж гарсан. Хүн ам дахь оюуны хөгжлийн доройтолд цус ойртолт хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг судалж үзэхэд 2016 оны байдлаар насны бүлгээр авч үзэхэд 15-64 насны хүн ам буюу эдийн засгийн хамгийн идэвхтэй, улс орны ачааг үүрч яваа гэгддэг хүн амд оюуны хомсдлын түвшин хамгийн өндөр байдаг. Цус ойртолттой холбоотойгоор судалгаа хийж үзэхэд монгол орны газар нутгийн 31.5 хувьд 50-98 хувийн хүчтэй хамаарал илэрдэг. Зах хязгаар нутгуудад цус ойртолт асар өндөр байна, эндээс улбаатай оюуны доройтлын түвшин маш өндөр байгааг хэлмээр байна.

Хүн амыг цус ойртолтоос хамгаалахад чиглэсэн бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ. Ямар санал, зөвлөмж байна вэ гэхээр, нэгдүгээрт, Монгол Улсын иргэд өөрсдийн угийн бичгийг хөтлөх, шинжлэх ухааны аргачлалтай ургийн бичигжүүлье. Угийн бичгийн хуультай больё. Мөн ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт удам угсааны талаар хичээл оруулдаг болгоё. Монгол орны засаг захиргааны нэгжийн хэт жижиг байгааг зохистой байдлаар томруулах бодит алхам хийе. Энэ зөгийн үүр шиг олон хэсэг хуваачихсан тогтолцоо нь төрийн үйлчилгээг ард түмэнд хүргэх талаасаа сайн байгаа боловч энэний цаана хүн амынхаа хөдөлгөөнийг хязгаарлачихаад, хүн ам хоорондоо чөлөөтэй зорчиж цус холилдох нөхцлийг түгжчихээд байнгаа юм. Мөн хэт төвлөрлийг сааруулж, хүн ам нь хэт цөөрсөн нутгуудад суурьшлын бүсүүдийг бий болгох арга хэмжээг авах хэрэгтэй байна.

Тэмдэглэсэн Я.БАЯРБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Бяцхан үрстээ бэлэг нэртэй хор өгөхөө хэзээ болих вэ?

Бид бяцхан үрстээ шинэ жилийн өвлийн баяраар хамгийн их чихэр, печень амттан орсон, нэр төрөл олонтой бэлэг авч өгдөг билээ. Ганцхан аав, ээж ч гэлтгүй өвөө, эмээ, ах, эгч тэр ч бүү хэл сургууль, цэцэрлэгээс нь шагнаж, урамшуулан уут уутаар нь өгдөг. Тэгвэл бидний үр хүүхэддээ өгч буй тэрхүү бэлэгт хэчнээн хэмжээний сахар агуулагдаж байдаг талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас судалгаа хийж гаргажээ.

жүүс хортой зурган илэрцүүдТухайлбал, 750 мл-ээр савласан жүүсэд 82 гр, 130 гр үрлэн чихэрт 85 гр, 274 гр печеньд 112 гр, 100 гр резинэн чихэрт 91 гр, 50 гр шоколадад 26 гр, 35 гр хөөсөн чихэрт 16 гр сахар тус тус агуулагдаж байдаг байна. Ингээд бодохоор нийтдээ зургаахан нэр төрлийн амттан хийсэн нэг уут бэлэгт 412 гр сахар агуулагдаж байгаа юм. Насанд хүрсэн хүний өдөрт авах ёстой сахарын хэмжээ ердөө 25 гр байдаг аж. Ингэхээр бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг сүйтгэгч чамин тансаг савлагаатай болохоос нэг ёсондоо хор бэлэглэсээр байх уу гэдэгт анхаарах цаг хэдийн болжээ.

Хүүхдийн бэлэгт ямар нэр төрлийн бүтээгдэхүүн ихэвчлэн орж буй талаар болоод ямар үнэ өртөгтэй зарагдаж байгааг сурвалжлахаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн хэд, хэдэн дэлгүүрүүдээр орлоо. Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор дэлгүүрийн лангуун дээр бэлэг түмэн янзаараа өрөөстэй байсан юм. Тус дэлгүүрүүдэд нэр төрлөөсөө хамаараад үнэ өртөг нь харилцан адилгүй бэлэг худалдаалагдаж байлаа. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах “Таны төлөө” хүнсний супермаркетэд бэлэг 3100-12500 төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Бэлэгнүүдэд ихэвчлэн нөгөө л сахарын агууламж нэн ихтэй газтай ундаа, чипс, резинэн чихэр, шоколад, жигнэмэг зэрэг байсан юм.

дэлгүүр зурган илэрцүүдХарин Баянзүрх дүүргийн 27-р хорооны “Хан Хөхий” дэлгүүрт ороход бэлэгнүүд нь 3000-7550 төгрөгийн ханштай байв. 3000 төгрөгний бэлгэнд рулет, соруултай ундаа, цэлцэгнүүр, иштэй чихэр байлаа. Гэтэл рулетийнх нь хугацаа арваннэгдүгээр сард дууссан байв. Энэ талаар дэлгүүрийн худалдагчид хэлэхэд “Анзаарахгүй ууталчихсан юм байлгүй” гээд хамт байгаа хүндээ “Тэр гурван бэлгэнд байгаа рулетийг авчихаарай” гэв. Энэ мэтчилэн хугацаа нь дууссан, хадгалалтын горим алдагдсан чихэр, печень амттанг гоёмсог зурагтай бэлэгийн уутанд нь хууртаж авч өгөхгүй байхыг эцэг, эхчүүд анхаарах хэрэгтэй юм. Ганц хоёр дэлгүүрээр орж гарт таарсан эхний бэлгийг анзаарахад л ийм байна шүү дээ.

Энэ тухай зарим нэг иргэдээс санал сонсоход Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны иргэн И.Намжил “Яг үнэндээ бид нэр төрөл ихтэй л бэлэг худалдаж авч өгөхийг боддог болохоос доторхийг нь уудалж хугацааг нь хардаггүй. Хүүхдээ баярлууллаа л гэж сэтгэл өег суудаг шүү дээ. Гэхдээ мэдээж энэ тал дээр анхаарах нь зүйтэй юм байна шүү. Биднийг арван жилийн сургуульд сурч байхад шинэ жилээр алим, мандарин бэлэглэдэг байлаа. Тэрний амт чанарыг одоогийнхтой харьцуулахын аргагүй л дээ. Бас хамгийн үнэтэй бэлэг нь 35 үсэгтэй тэмдэглэлийн дэвтэр байсан. Одоо их өөр болжээ. Олон төрлийн амттантай бэлгүүд л өгдөг болсон байна. Түүний ч гор байлгүй. Ач нарыгаа хараад байхад багаасаа л бүх шүд нь хорхойтсон байх юм. Чихэр, жимсний нэр төрөл ч яасан их нэмэгдсэн юм. Онц гойд амт, шимтгүй хэрнээ хүүхдийн анхаарал сонирхол татахаар хэлбэр, дүрстэй чихэр их байх юм” гэсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн С.Энхгэрэл “Би хоёр хүүхэдтэй. Шинэ жилээр бололцоогоороо хүүхдээ баярлуулдаг. Гэхдээ анзаараад байхад дэлгүүрийнхэн бэлэгийн уутанд ганц том чипс хийгээд хажуугаар нь чанартай чанаргүй нь мэдэгдэхгүй хэдэн чихэр печень хийсэн болоод боочих юм” гэж байлаа.

Хүүхдүүддээ олон төрлийн чихэр л авч өгч байвал хамгийн том бэлэг болно гэсэн бодол бидэнд зах зээл хөгжөөгүй тэр үеэс л суучихжээ. Бүгд картын бараанд дугаарлаж, лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйлгүй тэр үед алим, жимс ёстой л нүдний гэм байсан. Хүүхдүүдэд алим, жимс, цагаан самар, нар хамба, нандин чавга аваад ирвэл ёстой л нар нь гардаг байсан тэр үе одоо ард нэгэнт хоцорч үеэ өнгөрөөж шүү дээ. Бүх зүйл элбэг дэлбэг болсон энэ үед аль болох чанартай, сөрөг нөлөөгүй чихэр жимс, сахарын агууламж багатай амттанг сонгож сурах соёл бидэнд суух цаг болжээ. Сахарын илүүдэл нь бага насны хүүхдийн шүд хорхойтох хамгийн том шалтгаан болдог бөгөөд бодисын алдагдал үүсгэснээр кальцийн шимэгдэлтийг бууруулж, шүдийг хэврэгшүүлдэг байна. Мөн хүүхэд ханиад ойр ойрхон хүрч буй нь сахарын илүүдэлтэй ч холбоотой байдаг аж. Түүнчлэн 2010 онд хийгдсэн “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний IV судалгаагаар судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 4.7 хувь нь тураалтай, 6.7 хувь нь илүүдэл жин эсвэл таргалалттай гэж гарчээ. Бага насны хүүхдийн дунд тохиолдож буй хоол тэжээлийн дутагдлын дийлэнх хувь нь тэдний зохисгүй хоолтой холбоотой байдаг. Тэр дундаа сахарын замбараагүй хэрэглээ нь хүүхдийг шим тэжээлийн дутагдалд оруулж, тэдний эрүүл саруул өсөж бойжих нөхцлийг бууруулж, төрөл бүрийн халдварт өвчин, хоол боловсруулах замын эмгэг, цаашлаад таргалалт, чихрийн шижин, хавдар зэрэг архаг өвчнөөр өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Тиймээс ч гадны хөгжингүй орнуудад хүүхдүүддээ амттанаар дүүрэн бэлэг өгөхөөс аль болох зайлсхийдэг байна. Тэд ихэвчлэн үр хүүхдэдээ ямар зүйл хэрэгтэй байгааг урьдчилан судалчихсан байхаас гадна өвлийн өвгөнд бичсэн захианаас нь мэдчихдэг байна. Энэ нь хүүхэддээ ч тэр эцэг, эхчүүдэд ч тэр зөв сонголт хийх хамгийн хялбар арга байж болох юм. Ер нь заавал амттан гэлтгүй бээлий, малгай ороолт, сонирхол татахуйц тоглоом, бөмбөг, ном соёлын төрөл бүрийн зүйлс бэлэглэж болно шүү дээ.

О.АРУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Х.Нямбаатар: Гишүүдийн хэлээд байгаагаар оффшорын хуулийг баталбал Үндсэн хууль зөрчинө

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа. Тэрбээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай буюу бидний яриад байгаагаар Оффшорын хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.


-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэзээ батлах юм бол. Байнгын хороон дээр хойшилчихлоо. Уг нь олон хүний анхаарлын төвд байгаа хууль биз дээ?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар нийтийн албанд ажиллаж байгаа тодорхой албан тушаалтнуудыг гадаадад өөрийн нэр дээр хувийн харилцах данс, хадгаламж, хувьцаа эзэмшихийг хориглосон хуулийн төсөл оруулж ирсэн юм. Энэ хууль нэлээд маргаан дагуулж байгаа нь үнэн. Ард түмний хувьд шударга ёсны хүсэмжлэлийг шаардан нэр бүхий улстөрчдийг төрөөс идэж уусан мөнгөө гадаадад нууж, байршуулсан хүмүүсийн нэр дурдагдаж, хардлага төрүүлээд байна. Би ажлын хэсгийг ахалж байгаа. Яагаад энэ ажил удаашраад байна вэ гэхээр Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төсөл байнгын хорооны анхны хурал дээр уначихсан л даа. Тухайн долоо хоногийнхоо чуулганы хуралдаанаар ороод байнгын хорооны дэмжээгүй саналыг чуулганы гишүүд дэмжээгүй тул боссон юм. Боссон гэдэг нь хэлэлцэхээр болсон гэсэн үг. Ажлын хэсэг маш олон удаа хуралдсан. Оффшор бүс, оффшор бүст компани байгуулах, хөрөнгө эзэмшихтэй холбоотой харилцааг гадаад улсад хэрхэн зохицуулдаг талаар судалгаа хийлгэсэн. Оффшортой холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх зүйн зохицуулалт, оффшорын өөрийнх нь үндсэн шинж чанарын талаар танилцуулга хийсэн.

-Яг гол асуудал нь юу юм бэ?

-Эсрэг байр суурьтай гишүүд нэгдүгээрт, гэр бүлийнхээ гишүүдийн нэр дээр оффшор данс эзэмшихийг бүр мөсөн хориглооч ээ гэж байгаа. Хоёрдугаарт, гадаад гэж хэт өргөн хүрээг хамруулж байна. Тиймээс зөвхөн оффшор бүсээ тоочин, нэр дурдах ёстой гэсэн. Гуравдугаарт, бие даасан хууль гаргаач гэж байгаа л даа. Дөрөвдүгээрт, оффшортой холбоотой Өршөөл үзүүлэх тухай хууль гаргах ёстой гэсэн шаардлага тавиад байгаа юм.

-Энэ дөрвөн шаардлагыг биелүүлэх боломж байгаа юм уу?

-Энэ тухай танд дэлгэрэнгүй ярих ёстой байх. Нэгдүгээрт, бие даасан хууль гаргана гэхээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой харилцааг зохицуулж байгаа. Үүнтэй зэрэгцүүлэн адил төрлийн харилцааг зохицуулсан бие даасан хууль гаргах нь хууль эрх зүйн системийн хувьд зөв зүйтэй биш л дээ. Тэр утгаараа бие даасан хууль батлан гаргах нь зохимжгүй гэдгийг ажлын хэсгээс бусад хүмүүст хэлээд байгаа юм. Тэр байтугай төрийн албан хаагчийн ах дүү, хамаатан саданг гадаадад данс эзэмшихийг хоригло гээд хууль гаргах нь 1966 оны эдийн засгийн соёлын эрхийн факт, Үндсэн хууль, бусад хүний эрхийн тухай баримт бичгүүдэд заасан жам ёсны эрхийг зөрчинө гэж үзэж байгаа.

-Ер нь бол гишүүдийн хэлээд байгаа саналыг оруулах юм бол Үндсэн хууль зөрчих юм байна, тийм үү?

-Тэгнэ. Манай Үндсэн хуулинд иргэн бүр аж ахуй эрхлэх эрхтэй гэж заасан. Мөн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авч эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрх нь үндэсний болон олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд заачихаад байхад хүний эрхийг зөрчиж болохгүй. Бид хуулиндаа ямар санаа оруулж байгаа вэ гэхээр гадаадад бусад хүмүүс аж ахуй эрхэлж болно. Гагцхүү хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ данс, дансны үлдэгдлээ тайлагнаад яв гэж байгаа юм.

-Гишүүдийн хэлээд байгаа өөр нэг зүйл нь оффшор бүсүүдийг зарла гээд байгаа. Та ч дээр ярилаа. Хэрэв зарлалаа гэхэд олон улс талаасаа бүдүүлэг алхам болох уу?

-Гишүүд оффшор бүсийн 60 орныг зарлаад энэ улсад данс эзэмшиж болохгүй гээд хуулиндаа зааж өгөх ёстой гэдэг асуудал яриад байна. Гадаад харилцааны яам олон улсын харилцаа, дипломат ёсны хувьд энэ энэ нь сайн улс, эдгээр нь муу улс гэсэн томъёолол оруулах нь зохимжгүй гэдэг байр суурь илэрхийлсэн. Өнгөрөгч арваннэгдүгээр сард гэхэд Германд төрийн өндөр дээд албан тушаалтнууд гадаад улсад хадгаламж эзэмшихийг хориглосон зохицуулалтыг хуулиндаа оруулж ирсэн. Анзаарч байвал оффшор гээгүй гадаад улсад гэж байгаа биз. АНУ-д энэ төрлийн хууль өргөн баригдах асуудал яригдаж байгаа юм билээ.

-Өөр нэг зүйл нь өршөөл үзүүлэх ёстой гэдэг байр суурийг гишүүд гаргасан гэсэн. Ийм боломж байгаа юм уу?

-Гадаадад данс эзэмшиж байгаа хүмүүст уучлал үзүүлэх хугацаа зарлаж хөрөнгө мөнгөө Монголд оруулж ирэх Өршөөлийн хууль гаргаач ээ гээд байна л даа. Өнгөрсөн 2014 онд Их хурал Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль, Өршөөл үзүүлэх тухай хуулиудыг батлан гаргасан байдаг. Төрөөс хулгай хийсэн, татвараас зайлсхийсэн хүмүүсийг жил бүр өршөөгөөд байна гэсэн чинь юу гэсэн үг вэ. Хэрэв ингээд Өршөөлийн хууль гаргачих юм бол жинхэнэ утгаараа УИХ ашиг сонирхлын зөрчилтэй харагдана гэж ажлын хэсгийн даргын хувьд үзэж байгаа. Харин одоогийн хуулиар гурван сарын дотор гадаадад эзэмшиж буй бүх дансаа хаан харилцаагаа дуусгавар болгоод тодорхойлолтоо аваад ир гэж байгаа юм. Гэр бүлийн гишүүд, эхнэр, нөхөр, ах дүү, хамаатан садан нь гадаадад данс эзэмшдэг бол тэрийг нь хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнаад явахаар туссан. Гадаадад данс эзэмшиж, мөнгө байршуулсан хүмүүс энэ хууль батлагдсаны дараа хуулиар халхавчлаад өршөөгдөх гэж байна гэсэн шүүмжлэл байгаа.

-Нээрээ тийм зүйл яригдаж байсан. Үнэн юм уу?

-Тийм зүйл огт байхгүй. Эрүүгийн хуулинд хууль бусаар хөрөнгөжих, татвараас зайлсхийх, нуун дарагдуулах, албан тушаалаа урвуулан ашиглах гээд олон төрлийн гэмт хэргийн зохицуулалтууд бий. Гадаадад үнэхээр их хэмжээний мөнгө төгрөгтэй байсан нь илэрсэн тохиолдолд хууль хяналтын байгууллага шалгаад холбогдох процессын ажиллагаа явуулаад ял шийтгэл ноогдуулах эрх зүйн орчин хэвээрээ байгаа.

-Гэхдээ манайхны хувьд оффшор гэдэг зүйл чинь муу муухай бүхний үүр уурхай мэт ярих юм л даа. Буруу ойлголт нийгэмд давамгайлчихлаа?

-Янз бүрийн ойлголтууд байна. Хууль бусаар олсон мөнгөө татвараас нуун байршуулсан муу муухай газрыг оффшор хэмээн манайхан ойлгоод байгаа юм. Оффшор гэдэг чинь үг зүйн утгаараа эргийн гадна, хилийн чанадад, хилийн гадна гэсэн утгатай. Оффшор нь татварын таатай бүс, нэргүйгээр бизнес эрхлэх, валютын хязгаарлалтгүй, компани бүртгүүлэхэд тавигдах шаардлага хялбар, хувьцаа эзэмшигчдийн хурал, санхүүгийн тайлан нь маш энгийн, банкны мэдээлэл нь маш нууцлаг гэсэн үндсэн шинжүүдийг агуулдаг.

Европ, Хойд америк, Карибын бүс, Номхон далайн бүст хуваадаг бөгөөд 60 гаруй газар оффшор бүсийн статустай байдаг. Манайхан энэ хүмүүс оффшор бүст мөнгө байршуулсан гээд байгаа. Тэдний хувьд тухайн хүмүүсээ хууль хяналтын байгууллагад өгөөд шалгуулах эрх нь нээлттэй.

-Оффшорчдыг дэмжсэн хууль гаргах гэж байна гэсэн шуугиан дэгдээд байгаа шүү дээ?

-Энэ хууль ямар нэгэн оффшор данс эзэмшиж байгаа хүнд боломж олгож байгаа юм биш. Ингэж мушгиж болохгүй.

-Зарим гишүүдийн зүгээс оруулж ирсэн хуулийн төсөл дээр хариуцлага оногдуулсан зүйл алга гээд байгаа. Хувийн хэвшлийнхнийг хүртэл хамруулах ёстой гэдгийг зарим гишүүд хэлээд байх юм. Бусад хуулиудад шингэчихсэн заалтыг заавал оруулах ёстой юу?

-Нэгдүгээрт, хувийн хэвшлийнхнийг оффшор бүст данс эзэмшихийг хориглож, хязгаарлана гэдэг бол хүний эрхийн түгээмэл тунхаглал, дээр дурдсан НҮБ-аас батлан гаргасан Эдийн засаг, соёлын тухай факт, 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг бүгдийг нь зөрчинө.

Хоёрдугаарт, хариуцлагын тал дээр энэ хуулинд хориглосон зохицуулалт бий. Хориглосон бол энэ хүн нийтийн албанд ажиллах боломжгүй гэсэн үг. Тухайн мөнгөнийхөө эх үүсвэрийн нотолж чадахгүй бол хууль бусаар хөрөнгөжсөн, татвараас зайлсхийсэн гэдэг зүйл заалтаараа эрүүгийн хариуцлага хүлээнэ. Хамгийн том хариуцлага чинь эрүүгийн хариуцлага биз дээ.

-Гэхдээ яг ямар хүмүүс энэ хуульд хамаарах вэ гэдэг дээр шийдлээ олсон уу. Нэлээд маргаантай байгаа сураг байсан?

-Маргаантай байгаа нь үнэн. Хуулийн төслийн эхний оруулж ирснээр хөрөнгө орлогын мэдүүлэг бөглөж байгаа 38 мянган хүнийг хамруулъя гэсэн байсан. Жагсаалтыг Хууль зүйн байнгын хороо баталдаг. Энэ тоо нүсэр байсан тул ажлын хэсэг дээр би тусгай санал хураалгасан. Франц улс гэхэд долоон мянган хүнийг л энэ хуулийн хүрээнд хамруулж байхад Монгол Улс 38 мянган хүнийг хамруулна гэж байгаа юм.

-Тэгээд хэд байх нь зөв гэж?

-Миний хувьд 17 мянга 300 орчим хүнийг хамруулъя гэдэг саналаа хүргүүлчихээд байна. Энэ хууль гарах нь юу юунаас илүү чухал. Бид ямар ч хориглосон зохицуулалтгүй Монгол Улс дахь мөнгөний урсгал гадагшаа гардгийг тодорхой хэмжээнд хязгаарлая гэдэг хуулийн үзэл баримтлал бий.

-Хууль яг хэзээ гарах юм. Ингээд хойшлуулаад байх юм уу?

-Ирэх долоо хоногт иргэний нийгмийн ажилтан, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд хэлэлцүүлэг зохион байгуулна. Бид аль болох оффшорын асуудлаа хурдан шийдэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Атомын цахилгаан станц барих шаардлагатай

-УТААГ БАГАСГАХЫН ТУЛД ЭХНИЙ ЭЭЛЖИНД ЦАХИЛГААНААР ХАЛААДАГ АРГА ЗАМЫГ СУДАЛНА-


Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэлтэй ярилцлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатар хотын утааг бууруулах даалгаврыг тус академид үүрэг болгон өгчээ.


-Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд удчихлаа. Өнгөрсөн жилүүдэд утааг бууруулах талаар нэлээд ажил хийж, мөнгө зарж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Тиймээс хотын утааны асуудлыг шийдвэрлэх том үүрэг хариуцлагыг Шинжлэх ухааны академид үүрэг болгосон юм байна. Энэхүү үүрэг чиглэлийн дагуу юунаас ажлаа эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 20-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Ж.Батсуурь бид хоёрт хотын утааг бууруулах арга замыг олох даалгавар өглөө. Улаанбаатар хотын утааг эрс багасгах санааг олох ёстой гэсэн үг. Сайд бид хоёр энэ даалгаврыг баяртай хүлээж авсан боловч үүнийг хэрэгжүүлэх нь амаргүй ажил гэдгийг ухамсарлаж байгаа.

Ийм том даалгавар өгч байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг бөгөөд маш том хариуцлага боллоо. Мөн маш их итгэл хүлээлгэж байгаа юм байна гэж ойлголоо. Утаа бууруулах ажил 2009 оноос эхэлсэн байдаг. Гэвч энэ асуудалд олон арван тэрбум төгрөг зарцуулсан боловч ихэнх нь цаасан дээр бичигдсээр иржээ. Ер нь хэвлэл мэдээллээс утаанд зарцуулсан мөнгөн дүнг харахад улсын төсвөөс 100 гаруй тэрбум төгрөг гаргасан байна. Хувийн хэвшлээс болохоор 200-гаад тэрбум төгрөг гарчээ. Гэтэл утаа улам бүр ихсэж байна. Утааны хэмжээ, азотын давхар ислүүд тэдэн хувь байна гэж яриад ч хэрэггүй болсон.

Угаасаа хотын утаа зөвшөөрөгдөх хэмжээнээс хамгийн багадаа 10-20 дахин их буюу гамшгийн хэмжээнд хүрчихсэн байна. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд утааг бууруулах арга нь шал буруу байжээ. Олон зуух, шахмал түлш хийж үзсэн ч үр дүн гарсангүй. Тиймээс энэ удаа Ерөнхий сайд бидэнд энэ асуудлыг даалгаж байгаа нь утааг бууруулах ажлыг бизнесийн нүдээр биш, шинжлэх ухааны аргаар харж, шийдвэрлэх байх гэж итгэсэн юм болов уу. Бид хамгийн эхлээд утааг эрс бууруулах санал гаргаж, техникийн шийдлийн хамт боловсруулж танилцуулна. Тэгэхээр энэ нь нэлээд олон хүний хүч хөдөлмөр шаардах, багагүй хугацаа орох ажил. Бид сүүлийн хоёр өдөр хуралдаж, утааны асуудлыг яаж хурдан шийдэх вэ гэдэг асуудлаар санал солилцож байна. Энэ чиглэлийн томоохон эрдэмтдийг урьж ярилцлаа. Ямартай ч энэ ондоо багтаагаад зохион байгуулалтын ажлаа хийчихье гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Улаанбаатарын утааг бууруулах ямар арга байна. Шинжлэх ухааны академи ямар аргыг хэрэглэх гэж байна?

-Манайхтай төстэй, хөгжлийн түвшин харьцангуй буурай орнуудад үндсэндээ утааг бууруулах хоёр л арга байдаг. Нэгдүгээрт, орон сууцжуулах, хоёрдугаарт цахилгаан халаагуур ашиглах. Нэгдүгээр аргыг хэрэглэнэ гэхээр дааж давшгүй их хөрөнгө хэрэгтэй болно. Цахилгаан, усны нөөц нь хүрэх үү гэдэг асуудал гарна. Мөн хийн түлш хэрэглэх арга байдаг ч хугацаа шаардлагатай. Тиймээс бид цахилгаанаар халаадаг, арга зам руу судалгаагаа чиглүүлье гэж бодож байгаа юм. Бидний ерөнхий чиг энэ. Ерөнхий сайд ч мөн энэ чиглэлийн ажил байж болно гэсэн. Нэг шийдчихвэл энэ нь төгс шийдэл. Эхлээд суурь судалгааны ажлуудыг хийх хэрэгтэй байгаа. Ямар ч байсан манай шинжлэх ухааны академийн эрдэмтэд гэдэг нь ашиг сонирхлын зөрчилгүй санал боловсруулах хүмүүс. Монгол орныхоо хөгжлийн төлөө, улаанбаатарчуудын эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрхээ гаргаад харьцангуй хямд төсвөөр утааны асуудлыг шийдэх хүмүүс бол академийн эрдэмтэд байна.

-Академийн эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр хийсэн бэлэн судалгаа, технологи бий юу?

-Олон бий. Хамгийн наад зах нь таван ханатай гэр халаахад хэр хэмжээний цахилгаан зарцуулах вэ, гэр хаагуураа хэдэн хувийн дулаан алддаг юм гэх зэрэг судалгаанууд бий. Ядаж л гэрийн үүдэнд амбаар барих хэрэгтэй юм байна. Гэрийн бүрээсийг ямар материалаар яаж хийвэл дулаан алдалтыг багасгах вэ гэдэг судалгаа ч бий. Мөн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр тодорхой хэсгийг хангах боломжтой. Ер нь бид төсөл боловсруулах техникийн танилцуулгаа гэгээлгээр харж байна. Утаа бууруулах шийдлийг Шинжлэх ухааны академи харьцангуй богино хугацаанд гаргаж чадахгүй юм бол өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй.

-Хамгийн багадаа хэдий хугацаанд хотын утаа эрс буурах боломжтой бол. Ерөнхий сайд үүрэг даалгавар өгөхдөө хугацаа заасан уу?

-Ямар хугацаанд бууруулахыг ажлын хэсэг нэлээд судалж байж хэлнэ. Ерөнхий сайд ерөнхий чиглэл өгсөн, хугацаа нарийн заагаагүй. Хөх хот зэрэг хамгийн богино хугацаанд утаанаас салсан хотуудын туршлагыг судлах хэрэгтэй байна. Мөн хамгийн бага эрчим хүчээр хамгийн их дулаан ялгаруулдаг халаалтын төхөөрөмжийн загварууд дэлхийн хаана байна. Төхөөрөмжүүдийг авч, харьцуулж, задалж шинжилж үзнэ. Түүнээс биш хаана ч байдаг цахилгааны хэрэглээ асар өндөр үнэтэй тень хэрэггүй. Тэр дундаас хамгийн хямд загварыг бид сонгож авах ёстой гэх зэрэг олон ажил бий. Ер нь бид гурваас, дөрвөн жилд багтах асуудлыг л зохион байгуулна. Энэ бол байж болох маш богино хугацаа.

-Өнгөрсөн жилүүдэд манайхан төслийн зуух, утаа гаргадаггүй зуух гэж нэлээд хошуурлаа. Ер нь утаагүй зуух гэж байдаг, байх боломжтой юм уу?

-Нүүрс түлж байгаа л бол заавал утаа гарна. Ямар ч шаталт байсан шаталтаас утаа гарна шүү дээ. Нүүрс түлэхэд жижиг ширхэгтэй тоосонцор нь агаарт дэгдэж, том хэсэг нь хөрсөн дээр унадаг. Ингээд хүний амьсгалын хэмнэлээр уушги руу орно. Нүүрсний утаа хортой юу гэвэл үнэхээр хортой. Нүүрсний утаанд угаартсан хүн эргэж бараг сэргэдэггүй. Энэ утаанд азотын хийн хүхэрт бодис бий. Энэ нь нярай болон бага насны хүүхэд, өндөр настанд илүү сөргөөр нөлөөлдөг.

-Шинжлэх ухааны академийн эрдэмтэд өмнө нь утаа бууруулах ажилд оролцох боломж, нөхцөл байгаагүй юм уу?

-Утаа буруулах талаар манай дулаан, цахилгаан, эрчим хүчний чиглэлээр ажилладаг эрдэмтэд төр засагт маш олон санал, төсөл хүргүүлж байсан. Гэтэл шалгаруулдаг комисс нь авч үзэж байгаагүй. Хэн нэг хүний ширээн дотор л тэр материалууд байж байгаа. Угаасаа төр засаг шинжлэх ухаан руу харъя гэж боддоггүй. Одоо харж байгаад нь баяртай байна. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий.

-Агаарын бохирдлын 10-20 хувийг машины угаар эзэлж байна. Машины утааг бууруулах сайн технологи юу байна?

-Нэгдүгээрт ашиглах бензинийхээ чанарыг сайжруулах хэрэгтэй. Нэг нь катализатор тавих арга. Катализаторын хүчээр бензиний бүрэн шаталт явагддаг. Утааг бууруулах ажилд автомашины угаарын асуудал тусгагдсан байгаа.

-Утаанаас салахын тулд дулааны станц барихдаа байгальд ээлтэй технологи ашиглах ёстой байх. Тэр нь ямар арга байх вэ?

-Манай эрдэмтэд янз янзын санаачлага хэлдэг. Минийхээр атомын цахилгаан станц барих хэрэгтэй. Гэхдээ атомын цахилгаан станц цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг дэлбэрч сүйд болно гэж ойлгож болохгүй. Ашиглалт буруу болохгүй юм бол цөмийн цахилгаан станц дэлбэрэх магадлал маш бага. Манайх шиг нүүрсний асар их нөөцтэй улс нүүрс түлдэг дулааны станцаас бүрмөсөн сална гэхэд амаргүй. Тиймээс нүүрсээр ажилладаг станцуудыг хотоос зайдуу, хөдөө газар бариад, эрчим хүчээ гадны орнууд болон бусад хотууд руу борлуулдаг байх хэрэгтэй.

-Аливаа улс орон шинжлэх ухаанаа түшиглээд хөгжвөл илүү бодит үр дүнтэй байх болов уу. Академийн эрдэмтэд утаа бууруулахаас гадна эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ямар, ямар ажил хийхэд бэлэн байна?

-Төр засаг төрийн захиргааны төв байгууллагууд орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд Шинжлэх ухааны академид захиалга өгвөл тэр захиалгыг шийдвэрлээд өгөх хүний нөөц, боломж бололцоо байна. Аливаа улс орон дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ нэг хувиас дээш төгрөгийг шинжлэх ухаанд зарцуулаад байвал улс орныхоо эдийн засгийг өсгөх, хөгжүүлэх бодит хүчин зүйл болдог. Академийн эрдэмтдийн бүтээл дэлхийд харьцангуй өндөр үнэлэгдэж байгаа. Монгол эрдэмтдийн гадаадад хэрэгжүүлж байгаа төсөл, инноваци Азид 19 дүгээр байрт орж байгаа юм. Гуравхан сая хүнтэй, 1500 орчим орон тооны эрдэм шинжилгээний ажилтантай улс гэхэд энэ өндөр амжилт. Манай мэргэжилтнүүдийн боловсруулчихсан технологи 200 орчим байна. Бүтээгдэхүүн болгоод аваад явах нь 100 орчим бий. Технологийг үйлдвэржилтэд нэвтрүүлдэг холбох гүүр, байгууллага манайд алга. Тиймээс шинжлэх ухааны парк байгуулах хэрэгтэй байна. Дэлхийн ихэнх улс шинжлэх ухааны парктай байдаг.

-Жишээлбэл үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгтэй ямар, ямар технологи байна?

-Жишээлбэл, тосыг нь авчихсан шингэн сүү гэж байдаг. Тэр шингэн сүүнээс уургийг нь ялгаж аваад бүтцийг нь жаахан өөрчлөөд кофе шиг уусдаг болгочихдог. Энэ технологи манайд байгаа. Үүнийг социализмын үед Хятад, Финланд зэрэг улсад экспортолдог байсан юм. Одоо дэлхийд гаргаж болно. Энэ нь хамгийн өндөр чанартай, оригнал уураг байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

“Snow melody” шинэ жилийг мэдрүүлнэ

Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони гурав дахь жилдээ шинэ жилийн баярыг тохиолдуулан хамгийн олон уран бүтээлчид оролцсон “Snow melo­dy” хөгжмийн концертыг тоглох гэж байна. Тоглолтод Улсын филармонийн Симфони найрал хөгжим, “Баянмонгол” жааз найрал хөгжим, Морин хуурын чуулга, Филармонийн гоцлол дуучид зэрэг 200 гаруй уран бүтээлч оролцож, шинэ жилийн сэдэвт дэлхийн болоод Монголын шилдэг бүтээлүүдээс толилуулах ажээ. Маргааш болох энэхүү тоглолтын талаар Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүн, тус тоглолтын ерөнхий найруулагч төрийн шагналт бүжиг дэглээч С.Сүхбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. “Snow melody” шинэ жилийн баярын концертын тоглолтын тасалбарын үнэ суудлаасаа хамаарч 20-30 мянган төгрөгийн ханштай байгаа ажээ.

Монгол Улсын төрийн шагналт С.Сүхбаатар: -Шинэ жилийн баяр нь Европоос гаралтай баяр. Тийм ч учраас бид дэлхийн томоохон улс гүрнүүдийн адил энэхүү баярыг тэмдэглэдэг билээ. Тэр дундаа Монгол Улсын Филармони жил бүрийн шинэ жилийн баярыг угтан энэхүү тоглолтыг хийдэг болсон. Энэ жилийн тоглолт нь дэлхийн сонгодог хөгжмийг, орчин үеийн жааз оркестртэй, үндэсний бахархал болсон Морин хуурын чуулгатай хамт гайхамшигтай аялгууг тоглохоороо онцлог юм. Мөн үндэсний дуу болон дэлхийн сонгодог дуунуудаас хүргэхээр бэлдэж байна. Монголын хөгжмийн зохиолчдын бичсэн зарим мартагдсан дуунууд болоод бид бүхний багадаа сонсож өссөн шинэ жилийн тухай дуунууд дуулагдана. Миний хувьд энэ тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллаж байна.

Улсын филармонийн маркетингийн менежер Б.Билгүүн: -Монголдоо хамгийн том гэж хэлж болохуйц шинэ жилийн концертыг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Өмнө манай оркеструуд маань тус тусдаа шинэ жилийн тоглолт зохион байгуулдаг байсан. Харин өнгөрсөн жилээс энэ гурван оркестроо бүх гоцлол дуучид маань нийлээд нэг том тоглолт хийх ёстой юм байна гэж үзээд “Snow melody” гэх энэ тоглолтыг зохион байгуулж үзэгчдэд нэлээд сайн хүрсэн. Одоогоор уран бүтээлчид сургуулилтадаа ороод явж байна.

Тоглолтод филармонийн гоцлол дуучид бүгд ая дуугаа өргөх аж. Мөн Морин хуурын чуулга “Хачатурян Вальс маскарад”, “Дурлалын вальс” зэрэг уран бүтээлүүдийг тоглох юм байна. Харин Филармонийн симфони найрал хөгжим шинэ жилийн холбогдолтой дууны цоморлигийг сьют хэлбэрт оруулсан бүтээлүүд тоглох бол “Баянмонгол” жазынхан шинэ жил, цас, өвлийн холбогдолтой бүтээлүүдийг өөрсдийнхөө жанраар тоглохоор бэлдэж буй аж. Мөн энэхүү тоглолтод урилгаар ардын жүжигчин Б.Зангад, Монгол Улсын гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа нар оролцох юм байна.

Л.НАСАНБУЯН: “ALL WANT FOR CHRISTMAS” ДУУГ ҮНДЭСНИЙ ХӨГЖИМТЭЙ ХОСОЛЖ ДУУЛНА

Ингээд тус тоглолтод Америкийн алдарт дуучин Мариан Керигийн “All want for Christmas” хэмээх уран бүтээлийг толилуулах гэж буй Филармонийн гоцлол дуучин Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Л.Насанбуянтай ярилцлаа.Зууны манлай страдын дуучин поп дива Б.Сарантуяагийн гарын шавь гэдгээр нь түүнийг олон хүн мэдэх болов уу.


Та хэзээнээс Улсын филармонд гоцлол дуучнаар дуулж эхэлсэн бэ?

– Монгол Улсын филармонид анх 2010 онд дагалдан гэрээт дуучнаар дуулж эхэлсэн. Улмаар 2011 оноос эхлэн албан ёсны гоцлол дуучнаар эхлэн ажиллаж байна. Одоо зургаа дахь жилдээ ажиллаж байна даа. Мэргэжлийн сургуулиа төгссөн залуу дуучны хувьд энэ том байгууллагын гоцлол дуучнаар ажиллана гэдэг бол гайхалтай нэр хүнд. Тэгээд энэ хугацаанд өөрийн бие даасан хоёр ч тоглолтоо хийсэн. Цаашдаа ч өөр өнгө аястай сонирхолтой тоглолтууд хийхээр төлөвлөж байна.

-Анхны цомгоо хэдэн онд гаргаж байв. Мөн одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-2012 онд поп урсгалаар дуулсан есөн дуунаас бүрдсэн “Хэзээ ч мартагдашгүй” хэмээх нэртэй анхны цомгоо гаргаж байлаа. Одоогоор хоёр дахь цомог дээрээ ажиллаж байна. Эхнээсээ ганц хоёр дууны дүрс бичлэг хийгдээд явж байна. Цомог гэж ярихаасаа илүүтэйгээр өөрийн уран бүтээлдээ нухацтай хандаж, олон түмэндээ жинхэнэ хит болох сайхан дуунуудаа өргөн барих зорилготой ажиллаж байгаа. Мөн Насаа гэдэг дуучныг илэрхийлсэн гайхалтай уран бүтээл гарахын тулд өдөр шөнөгүй бэлдэх болно. Хоёр дахь цомгоо ирэх онд багтаагаад гаргахаар төлөвлөж байгаа. Гурав дахь бие даасан тоглолтоо мөн энэ ондоо амжаад хийх санаатай байна. Их л ажилтай завгүй хүн л явна даа.

-Та 2004-2005 оны үед болж байсан “Оддын эрэлд”-д тэмцээнд оролцож байсан. Тэр үеэ дурсахгүй юу. Хүмүүст хуучны сайхан цаг үеийг сануулсан сонин, содон дурсамж байх болов уу?

-Тухайн үед би Соёл урлагийн их сургуулийн нэгдүгээр курсnaн оюутан байсан юм. Тэр үед “Оддын эрэлд” гэдэг тэмцээн болж байна чи ороод үзээч” гэж ойр дотны хүмүүс маань хэлсэн. Тэгээд дуртай нь аргагүй явж очоод л бүртгүүлж байсан. Эхлээд өөрийгөө ч нэг их хүчлээгүй л дээ. Харин шат шатны шалгаруулалт бүрт ороод яваад л байсан. Тэр уралдаан ч маш олон сар үргэлжилсэн шүү дээ. Тэмцээнд ороод түрүүлнэ гэж ер бодоогүй ээ. Зүгээр л өөрийгөө сорих зорилготой орсон чинь шилдэг дөрөвт үлдсэн. Тэр уралдаанд орсон маань надад их урам зориг өгсөн дөө.

-Таныг уран бүтээлчид болоод олон түмэн Зууны манлай дуучин поп хатагтай Б.Сарантуяагийн шавь хэмээн үнэлдэг. Маргааш болох тоглолтод таны багш хүрэлцэн ирж, ая дуугаа өргөх юм байна. Та багштайгаа хамт тайзан дээр гарах уу?

-Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа багшийнхаа шавь нь болсон би үнэхээр азтай, хувьтай хүн. Тийм мундаг дуучны шавь болсондоо өөрөөрөө бахархдаг. Анх 1996 онд “Хайрын бурхан” тоглолтыг нь үзэж байлаа. Тэр цагаас хойш Сараа эгчийн бүх дууг сонсдог, үнэнч фэн нь болсон юм. Тэгж явсаар 2007 онд анх нүүр тулан уулзаж байв. Тухайн үед багшийнхаа утасны дугаарыг нь олж аваад, олон ч удаа залгасан. Тэгээд л нэг сайхан өдөр хадаг, сүү барьж очоод шавь орж байсан юм. Монголын рок попын амьд бурхан болсон багшийнхаа 60 гаруй тоглолтод оролцож, олон газар хамт явж, их ч юм сурсан даа. Өнөөдөр ч энэ хүнээс сурч мэдэх, үлгэр дууриал авах зүйл их бий. Багштайгаа хамт дуулах үгүйг маргааш болох тоглолтод хүрэлцэн ирж үзээрэй.

-Тоглолтын тухайд ярихгүй юу. Таны хувьд ямар уран бүтээлээр хүрэлцэн ирсэн үзэгчдээ бэлэг барих гэж байна вэ?

-Улсын филармони жилдээ “Бид нэг гэр бүл”, “Snow melody” “Өвөл цагийн нээлт” хэмээх хэд хэдэн том тоглолт хийдэг. Үүний нэг нь яах аргагүй “Snow melody” юм. Учир нь манай филармонийн бүх уран бүтээлчид болоод Морин хуурын чуулга, “Баянмонгол” жааз орекестр, симфони найрал хөгжим, дуучдын бүрэлдэхүүн бүгдээрээ оролцдогоороо энэхүү тоглолт онцлогтой байгаа. Гурван оркестртэйгоо манай дуучид өөр өөрсдийн төрөл жанраараа дуугаа дуулах байгаа. Мэдээж хэрэг “snow melody” буюу цасан аялгуу тоглогдох учраас хүн болгоны зүрх сэтгэлд хоногшсон шинэ жилийн тухай гайхалтай уран бүтээлүүдийг амьдруулж үзэгчдэд хүртээл болгохоор бэлтгэлдээ ороод явж байна. Миний хувьд энэхүү тоглолтод дуучин Мариан Керигийн “All want for Christ­mas”, “Содура” киноны дуу “Хайр” хэмээх дууг бусдаас өөр өвөрмөц найрууллагаар буюу Морин хуурын чуулгын ятгын дөрвөл тэй хамтраад дуулж байгаагаараа онцлог. Учир нь хүмүүс энэхүү уран бүтээлийг өмнө цахилгаан хөгжмөөр сонсож байсан бол маргааш болох “Snow melody” тоглолтын тайзан дээрээс үндэсний хөгжим, тэр дундаа ятгын дөрвөл хөгжимтэй хамтран дуулах болно.

Э.МӨНХТҮВШИН