Categories
мэдээ цаг-үе

Си Жинь Пинийн эрин үеийн Хятадын гадаад бодлогын 10 онцлох шинж

2012 оны аравдугаар сард болсон Хятадын Коммунист намын 18 дугаар Их хурлаар БНХАУ-ын дарга Ху Зиньтао, Ерөнхий сайд Вэн Зябао нар шинэ үеийн удирдлагад халаагаа өгч Си Жиньпин, Ли Кэцян нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын халааг авсан билээ. Дараагийн ХКН-ын 19 дүгээр Их хурал 2017 оны намар Бээжин хотноо болох товтой байна.

Эдүгээ БНХАУ-ын гадаад бодлогод Дэн Сяопины “Нээлттэй хаалга”-ны, Зян Зэминий “Өөрийн орны ашиг, сонирхлыг нэмэгдүүлэхэд тухайн нөхцөл, байдалтай уялдах”, Ху Зиньтаогийн “Тайван замаар улсаа хөгжүүлэх” бодлогууд багтана. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын удирдлага өнөөгийн улс төрийн тогтолцоог илүү нээлттэй болгох, авлигатай тэмцэх, иргэдийн санал, шаардлагыг сонсох, төсвийн зарцуулалтад тавих хяналтыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой алхмуудыг хийж байна.

Си Жиньпин БНХАУ-ын удирдагч болсноор ОУ-ын байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр ахиц гарч, улмаар Хятадын гадаад бодлого илүү санаачилгатай, хүчтэй, бие даасан шинжтэй болсон билээ. Мөн түүнчлэн Жиньпин Ерөнхийлөгч гадаад ертөнцөд өөрт хамгийн ашигтай байр суурийг эзлэхийг хичээн эдийн засгийн хурдацтай хөгжлийг хангахад чиглэсэн бодлого явуулж байна.

Си-гийн Засгийн газрын гадаад бодлогын 10 онцлох шинжийг дор дурдъя.

1. Си Жиньпин намын удирдлагын залгамж халааг авахдаа “Socialism core value” буюу “Социализмын үнэ цэнэ”-ийг танилцуулсан. Социализмын үнэ цэнэ гэдэг нь “хөгжил цэцэглэлт, ардчилал, соёл иргэншил, эв нэгдэл, эрх чөлөө, тэгш, шударга байдал, хууль ёс, эх оронч үзэл, чин сэтгэл, үнэнч, нөхөрсөг байдал” зэргийг багтаасан ойлголт юм. Сайтар ажиглавал Си Жиньпинийн Засгийн газар барууны үнэт зүйлс болох “ардчилал”, “хүний эрх” зэрэг ойлголтыг өнөөгийн Хятадад хуулбарлаж байгаа мэт харагдаж байгаа боловч Хятадын тал барууныхантай ижил сэдвээр, ижил түвшинд харилцах боломжийг бүрдүүлж байгаа юм.

2. Хятад улс Иракийн дайнаас хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд санал өгөхөөс түдгэлзэх хандлага гаргаж байсан боловч АНУ-ын Исламын бүлгийн орнуудад чиглэсэн агаарын довтолгооны үед Барууны орнууд чимээгүй байхад Хятад улс дэмжлэг үзүүлж байсан билээ. Одоо Си-гийн эрин үед, Хятадын түдгэлзэх хандлага улам бүр багассаар байна.

3. 2013 онд Си даргын дэвшүүлсэн, гол сэдэв бол “Хятад мөрөөдөл”. Энэхүү уриа нь ард түмний дунд нийгмийн хөгжлийн тэгш байдлыг бий болгохоос гадна цаашдаа “Америк мөрөөдөл”-ийг гүйцэж түрүүлэх хэтийн зорилготой нь нууц биш билээ.

Ху Зиньтао дарга “Хятадын загвар болох улс төрийн эрх чөлөө хязгаарлагдмал, төрийн шууд оролцоотой зах зээлийн эдийн засгийн загварыг өөр оронд хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь улс орны хөгжлийн гарц өөр хоорондоо ялгаатай байдаг” гэж удаа дараа мэдэгдэж байсан билээ. Гэтэл Си дарга эсрэгээр “Хятадын загвар”- ыг олон улсад түгээж зарим хөгжиж буй орнууд эдийн засгийн загвараа болгон ашиглаж байна. Энэ нь Хятадын гадаад бодлого хэр гадагшаа чиглэлтэй байгааг харуулж байна.

4. Си Жиньпин Хятадын гадаад, дотоодын аюулгүйн бодлогыг нэгтгээд “Үндэсний аюулгүй байдал” гэсэн нэгэн үзэлд хамруулж, Засгийн газрыг цомхотгож, илүү ил тод, олон нийтэд үйлчлэх үүрэгтэй засаглал бий болгохыг хичээж байна.

5. Хятадын Өмнөд тэнгисийн бүрэн эрхт байдлыг хамгаалахын тулд Cи-гийн Засгийн газар маргаантай хэсгүүдэд хатуу чиг баримтлахаар шийдсэн байна. Газар нутгийн маргаантай хэсгийн төлөөлөл бол Зүүн тэнгис (Сенкакү арлууд) болон Өмнөд Хятадын тэнгис (Спратли арлууд) зэрэг билээ. Хятад улс өөрийн санаачилгаар Зүүн тэнгист Зүүн тэнгисийн агаарын хамгаалах бүсийг тогтоосон нь Өмнөд Хятадын тэнгист мөн адил агаарын хамгаалах бүс тогтоох вий хэмээн зарим барууны орнууд сэрдэж байна. Мөн Парасели, Спратли арлууд болон Жунгша арлуудыг хянах “Санша” нэртэй хиймэл арлыг (Газрын гүний хөдөлгөөнийг зогсоох зорилготой барьсан арал гэсэн мэргэжлийн тайлбартай) байгуулсан нь тэдгээр арлуудын бүрэн эрхт байдлыг хамгаалсан бодлого явуулж буй нь харагдаж байна.

6. Си-гийн засаглал дор Хятадад олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд хүч түрэн идэвхтэй байгуулагдаж байна. 2013 онд БРИКС-ийн хөгжлийн банкны төв Шанхай хотод байгуулагдсан. Хятад улс тус банкны Онцгой байдлын нөөц сангийн бараг тал хувийг эзэмшдэг. Дараа нь 2014 онд Азийн бүс нутгийн интеграцийг дэмжих Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, Азийн хөгжлийн банктай адил зорилготой юм. 2014 онд Хятадын Бээжин хотноо зохион байгуулагдсан АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Си Жиньпин “АПЕК-ийн худалдааны чөлөөт бүс” байгуулах санааг өргөн дэвшүүлсэн. Энэ нь Бүс нутгийн цогц эдийн засгийн түншлэл (RCEP) болон Транс-Номхон далайн түншлэл (TPP) зэрэг олон улсын байгууллагуудтай ижил төстэй юм.

7. “Нэг бүс, нэг зам” төсөл нь Оросын Төв Ази дахь нөлөөллийг тэнцвэржүүлэх далд зорилготой. Энэхүү төсөл нь далайн эргийн хөгжлийг эх газрын дунд байрлаж буй орнуудад түгээх, мөн Европ, АНУ, Япон улсаас хэт хамааралтай байдлыг бууруулах зорилготой юм. Хятад улс нь “Хятад загвар”-ыг бусад орнуудад сурталчилж, улмаар дэд бүтцийн загвар, хөрөнгө оруулалт, хүний нөөцийг хөрш зэргэлдээ орнуудад түгээх стратегийн сонирхолтой бодлого явуулж байна. Ингэснээр, Ази, Номхон далайн улс орнууд аажмаар эдийн засгийн хувьд БНХАУ-тай хамааралтай болох юм.

8. 2015 оны тавдугаар сард Си Жиньпин “Азийн аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын талаар мэдээлэл хийсэн. Энэ нь “Хятад загвар”, “БНХАУ-ын үнэ цэнэ” зэрэг ойлголтуудын үргэлжлэл болсон билээ.

9. Мэдээлэл улам бүр даяаршиж, ардчилал сэргэн хөгжиж байгаа энэ эрин үед Хятад ч бас ард түмнийхээ дуу хоолойг сонсох технологийн нээлттэй бодлого явуулж байна. Мэдээллийн хэрэгслээр дамжуулан Хятад улс өөрийн имижээ дээшлүүлэх тал дээр урьд урьдаасаа эрчимтэй ажиллаж байна.

10. БНХАУ-ын төрийн болон хувийн албан тушаалтнуудын авлигын хэргүүдийн дийлэнх нь гадаадын мөнгө угаах хэрэг байдаг ба авлигын эсрэг тэмцэхэд Си Жиньпин дотоод, гадаадын байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалсан. Түүний хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх болон үндсэрхэг хөдөлгөөнүүд нь өргөн далайцтай явагдаж байна. Мөн Си монопол бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг үнээ буулгахыг шаардсан бөгөөд үүнд Microsoft болон Mercedes-Benz зэрэг гадаадын том корпорациуд орно.

Ойрын жилүүдэд Хятадын гадаад бодлого ийнхүү өнөөгийн чиг хандлагаа баримтлан тогтвортой хөгжих төлөвтэй байна. Улс орных нь эдийн засаг болон цэрэг армийнх нь хүчин чадал нэмэгдэхийн хэрээр тус улсын гадаад бодлого цаашдаа хэрхэн өрнөх нь олон улсын судлаачдын анхаарлыг улам илүү татах нь эргэлзээгүй.

Л.Даваажаргал


Categories
мэдээ цаг-үе

“Стэнд бай” орж ирэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудна

Найман шарга захын өчигдрийн хаалтын ханшаар ам.долларыг 2497 төгрөгөөр авч 2499 төгрөгөөр зарж байна. “Стэнд бай” хэрэгжээд эхлэхээр ам.долларын ханш буурна гэсэн хүлээлт валютын зах дээр байгаа юм. Наад зах нь 1900 төгрөг рүү орно, цаашлаад яривал илүү буух ч магадлал бий аж. “Стэнд бай”-н хүрээнд яригдаж буй 1-1.5 тэрбум ам.долларын түрүүч хоёрдугаар сараас ороод ирнэ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө. ОУВС-тай за зүй болоод гар хөлийн үсэг зураад авбал Японы хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл ороод ирнэ гэсэн сайн мэдээ бий. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх нь тодорхой болчихоор ногоон валютын ханш сулрах нь тодорхой гэж эдийн засагчид хэлж байна. Өмнө нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид иймэрхүү өөрчлөлт гарч байсныг валютын ханшийн түүхээс харж болно.

Засгийн газар 2009 онд хямралын эсрэг арга хэмжээнүүд авсны нэг нь ОУВС-тай тохирсон “Стэнд бай” хөтөлбөр байсанюм. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард шийдвэр гарч байв. Тухайн үед 229 сая ам.долларын зээлийг валютын нөөцийг зузаатгахад авч ашигласан түүхтэй. Тэр үед манай улс яг өнөөдрийнх шиг валютын багахан нөөцтэй, долларгүйгээс болж валютын ханшийн огцом хэлбэлзэл бий болчихсон байсан юм. Ийм шалтгаанаар эдийн засгийн тогтворгүй байдал даамжрах төлөвтэй болчихсон тэр цагт нүүрс, зэс гэх мэт гадагшаа зарж олдог бүтээгдэхүүний үнэ ч таагүй байсныг эдийн засагчид онцолдог. Экспортоор орж ирдэг валютын урсгал эрс багассан гэсэн шалтгаанаар импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан маань тэр үеийн сонин хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. ОУВС-гийн “Стэнд бай” орж ирэхээс өмнө буюу 2009 оны гуравдугаар сарын 31-нд 2048 төгрөг хүрч цойлсон ам.доллар “Стэнд бай”-н шийдвэр гарсны дараахан 1428 төгрөг болж бууж байж. Тодруулж хэлбэл тэр жилийнхээ тавдугаар сард нь. Ногоон валютын ханш 620 төгрөгөөр уруудсан гэсэн үг. Өнөөдөр ам.доллар 2499 төгрөгт хүрсэн гэхээр ирэх сарын сүүлээр юм уу, гурав, дөрөвдүгээр сард наад зах нь 1900 төгрөг болж буух нь.

Эдийн засаг агшчихсан ийм цагт “Стэнд бай”-н хүрээнд орж ирэх дөрөв шахам тэрбум ам.доллар ногоон валютын ханшийг үүнээс ч буулгаж мэднэ гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. 2009 онд ОУВС-гаас 229 сая ам.доллар авч байсан бол энэ жил авах мөнгө тэрбумаар яригдаж байгаа гэсэн ялгаа ч бас бий. ОУВС-тай 2009 онд гэрээ байгуулсны дараа Засгийн газарт олон улсын санхүүгийн байгууллагууд болон донор орнуудаас мөнгө олох боломж өнөөдрийнх шиг нээгдэж байв. Тухайн үед 160 сая ам. доллартай тэнцэхүйц хөрөнгийн эх үүсвэрийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсын Засгийн газар хоёр жилийн хугацаанд олгохоо амлаж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэгвэл өнөөдөр “Стэнд бай”-г дагаж ирэх мөнгө хоёр тэрбумаар яригдаж байгаа.

Тэгэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудаж 1700 төгрөг рүү орохыг ч үгүйсгэх аргагүй. Зах зээл томрох, бизнесүүд хөгжих, бүтээн байгуулалт өрнөх, эдийн засаг тэлэх талаас нь харвал “Стэнд бай” тэгтлээ хүсэхээр хувилбар биш.

Гэхдээ өчнөөн жилээр өвчилсөөр ирсэн төсвөө эрүүлжүүлж, алдагдлыг нь багасгахын тулд олон улсын байгууллагын хараа хяналт дор мөнгө төгрөгөө зарцуулж зөв төсөвтэй болох давуу тал бий. Бас ам.долларын ханш уруудаж халаасан дахь төгрөгийн маань үнэ цэнэ мэдэгдэхүйцээр өсөх өгөөж “Стэнд бай”-н ард байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Батзориг: Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой

УИХ-ын гишүүн Б.Батзоригтой ярилцлаа.


-Шинэ парламент ажиллаад хагас жил өнгөрсөн байна. Гол хийсэн ажил нь юу байв?

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. 2016 оны намрын ээлжит чуулган аравдугаар сарын 3-нд эхэлсэн. Энэ хооронд хэд, хэдэн томоохон ач холбогдол бүхий хууль тогтоомжийг баталлаа. Юун түрүүнд мэдээж хэрэг 2017 оны төсвийн тухай хууль. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай, Эдийн засгаа сэргээх хөтөлбөр гэхчилэн хууль тогтоомжийг баталсан байна. Төсвийн орлого 6.1 их наяд, зарлага 8.5 их наяд. Алдагдалгүй төсөв батлах гэж нэлээн хичээсэн ч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас яалт ч үгүй хамаарсан. Одоо харин урагшаа харж ажиллах хэрэгтэй байна. Хамгийн гол нь МАН сонгуулиар түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг хичээж байгаа. Эдийн засаг хүнд байгаа ч гэлээ Боловсролын зээлийн санд 104.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Мөн хүүхдийн мөнгийг 60 хувьд нь бэлнээр олгож байна. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулиа үргэлжлүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд 2557 иргэн хүүхэд харагчийн гэрчилгээгээ авчихсан байгаа. Хөтөлбөрт 6300 гаруй хүүхэд хамрагдана. Бас ахмад настны нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж өгсөн. Жилдээ хоёр удаа насны хишиг олгож байхаар боллоо. Үүнд 20.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ахмадууд маань цагаан сар болон улсын их баяр наадмын өмнө дээрх хишгийг авах юм. Харин оны эхэнд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд шинэчилсэн найруулгаар өөрчлөлт оруулах гэж байна. Мөн тэтгэвэр, тэтгэмж, малчдын нийгмийн даатгалын тухай зэрэг хуулийн төслийг хэлэлцээд явж байгаа. Гэх мэтчилэнгээр маш олон хууль, тогтоомж батлаад байна.

-Эдийн засаг хүнд байгаа. Гэтэл танай нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нэрийдлээр мөнгө тарааж байна. Халамжийг хавтгайруулахгүй байж болдоггүй юм уу?

-Эдийн засгийг сэргээхийн тулд томхон төсөл, хөтөлбөрүүдээ хөдөлгөе гэсэн байр суурьтай байгаа. Оюу толгойн далд уурхайн төслийг урагшлуулахаар ярьж байна. Таван толгой, Төмөр замын төслүүдийг хөдөлгөх хэрэгтэй байна. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд гадны банкны салбарыг эх орондоо оруулж ирэхээр ажиллаж байна. Бизнесийн чиглэлийн төслүүд зах зээлийнхээ жамаар хэрэгжээд явна. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд ард түмэндээ амласнаа биелүүлэх ёстой. Тэр утгаараа халамжийн төслүүдийн санхүүжилтийг төсөвт суулгаад явж байгаа. Өнөөдөр иргэдийн амьдрал хэцүү байхад төр барьж буй хүмүүс хараагүй мэт царайлаад явж болохгүй. Тиймээс амласнаа биелүүлж байна. Хүүхдийн мөнгө, насны хишгээ олгоё гэдэг үүднээс ажиллаж байгаа. -УИХ-ын дарга Эмиратад айлчлах үеэр бэлэн төсөл, хөтөлбөр байвал санхүүжүүлье гэсэн байна лээ. Гэтэл манайхан мөнгө л хэрэгтэй гэхээс биш юунд зарцуулахаа нарийн хэлж мэдэхгүй байгаа юм биш үү?

-Том төсөл, хөтөлбөр бол бий. Таван толгойгоос эхлээд ярьж болно. Гол нь зөв хөдөлгөх хэрэгтэй. Эрдэмтэн судлаачдаа оролцуулсан хэлэлцүүлэг өрнүүлж улс орондоо ашигтай байдлаар хөдөлгөмөөр байгаа юм. Төмөр замын төсөл байна. Бидэнд маш хэрэгтэй төсөл. Томхон төслүүдээ ямар нэгэн байдлаар улстөржүүлэлгүйгээр явуулах ёстой. Аливаа нэг том төслөө хөдөлгөе гэхээр улстөржөөд байдаг. Гадны банк оруулж ирье гэхэд дотоодын арилжааны банкууд эсэргүүцээд эхэлдэг. Өнөөдөр манай улсын ажил хөдөлмөр эрхэлдэг ихэнх хүн цалингийн зээлтэй байгаа. Аж ахуйн нэгжүүд ч зээлээр ч бизнесээ эрхэлж байна. Жилд доод тал нь 20 хувийн хүүтэй зээл авч хүүгийн дарамтад амьдарч байна. Гэтэл гаднаас бага хүүтэй зээл өгөх банк оруулаад ирэхэд юу нь буруу гэж. Маш олон төсөл бий. Санхүүжүүлэх мөнгө л дутаж байна.

-Таван толгойг хөдөлгөх асуудал юу болж байна вэ. 49 хувийг хятадуудад худалдах нь гэх яриа гарч байна. Энэ талаар танай намын бүлэг дээр юу гэж ярьсан юм бол?

-Томхон төслүүдээ хөдөлгөхөөр ярьж байгаа. Гэхдээ яг ширээний ард суугаад хоёр талаасаа хэлцэл хийж байгаа зүйл байхгүй юм билээ. Ер нь яаж хөдөлгөх вэ гэдэг тал дээр судалгааны ажлууд хийж байгаа гэх мэдээлэл Засгийн газраас өгсөн.

-Оны эхээр ОУВС-тай хамтарч ажиллах ажил нэлээн тодорхой болно гэж байсан. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах явц юу болж байгаа вэ?

-Засгийн газар ажиллаж байгаа. Өнгөрсөн онд манай улсын зээлжих зэрэглэл –B байсан бол он гарснаар С болж байна. Байдал улам муу болж байна гэсэн үг. Хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа газрууд судалгаагаа явуулж байгаа байх. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга.

-Засгийн газар хэтэрхий удаан ажиллаад ямар ч асуудал шийдэж чадахгүй байгаа юм биш үү?

-Удаан ажиллаж байна гэж хэлж болохгүй. Харин ч энэ удаагийн парламент маш богино хугацаанд Засгийн газраа бүрдүүлж ажиллаж чадсан. Ажиллаад дөнгөж зургаан сар болж байна. Хийх ёстой ажлуудаа хийгээд л явж байгаа. Байгуулсан Засгийн газраа дэмжиж, үр дүнг нь харах ёстой. Өнөөдөр байгуулчихаад маргааш нь муулаад байвал ажил яаж олигтой урагшлах вэ. Бүтэн жил ажиллаадхаг. Тэр үед сайн уу, муу юу гэдгийг ярья. Хувь гишүүнийхээ хувьд Засгийн газрыг боломжийн ажиллаж байгаа гэж бодож байна.

-Та Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга. Дорвитой ажил хийхгүй юм уу. Улаанбаатарчууд утааны асуудлаас хэзээ гарах юм бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүлж байгаа. Оны өмнөхөн агаарын бохирдлыг бууруулахын тулд хийж буй ажлуудаа танилцуулсан байх. Агаарын бохирдол нийслэлчүүдийн санааг зовоож буй нь үнэн. Манай улсын тулгамдсан асуудлын нэг болчихлоо. Иймд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хөтөлбөртэй болсон. Хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Зүгээр нэг ярьсан төдийгөөр агаарын бохирдлыг бууруулна гэж байхгүй. Аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо, санаачилга их чухал. Мэдээж хэрэг төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй байлгүй яахав. Юуны түрүүнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цааш нь үргэлжлүүлэх ёстой. Гэр хорооллын дундуур инженерийн шугам сүлжээ татъя гэж байгаа. Жишээ нь, Баянзүрх дүүрэгт Амгалангийн цахилгаан станц ашиглалтад орсон. Түүнийг түшиглээд аж ахуйн нэгж, иргэдийг дулаанд холбох боломжтой. Ерөнхийдөө гэр хорооллын айл өрх рүү инженерийн шугам сүлжээ татах ажлыг төрөөс бодлогын хувьд дэмжиж ажиллана. Мөн нийтийн тээврийг дизелийн түлш хэрэглүүлэхгүй. Манай улс шиг нийтийн тээвэртээ дизел түлш хэрэглэдэг улс орон бараг байхгүй биз. Тиймээс нийтийн тээвэрт үйлчилж буй том оврын автобусыг дизель түлш хэрэглэхийг нь хязгаарлана. Оронд нь хий, газ ашиглаж болно. Үүнийг Засгийн газраас бодлогоор зохицуулна.

-Түүхий нүүрсний хэрэглээг яах вэ?

-Түүхий нүүрс хэрэглэхээс татгалзаж байгаа. Яаж эхлүүлэх вэ гэхээр эхний ээлжинд төрийн байгууллага үлгэр жишээ болох хэрэгтэй. Гэр хорооллын сургууль, цэцэрлэг, хороо, өрхийн эмнэлгийг дандаа нүүрсээр халааж байгаа. Үүнийг халж нарны эрчим хүч болон цахилгаанаар халаалтаа шийдэх хэрэгтэй. Оны өмнөхөн Ерөнхий сайд эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэх зоригтой шийдвэр гаргасан. Энэ ажил маш олон жил яригдаж байгаад энэ оноос хэрэгжиж байна. Миний мэдэхээр 2000 оноос хойш яригдаж байгаад Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэгжиж байна. Одоо нэгэнт эрчим хүчний хэрэглээний шөнийн үнийг чөлөөлсөн юм чинь дагаад хийх олон ажил гарч ирж байна. Гэр хорооллын эрчим хүчний хүчдэлийг сайжруулах, кабелийг өргөтгөх, трансформаторыг шинэчлэх гэхчилэн ажил бий. Үе шаттайгаар хэрэгжүүлэхээр иргэд дулаанаа цахилгаанаар шийдэх байх. Ингэвэл маш олон яндан шөнийн цагаар ажиллахгүй. Тэр хэрээр утааны асуудал багасна. Гол нь иргэд, аж ахуйн нэгжийн санаачилга их чухал. Ерөнхий сайдын шийдвэртэй холбоотойгоор зарим нэг компаниуд эхнээсээ маш зөв санал гаргаж байна. “Мон ват” гэж компани л гэхэд шөнөдөө цахилгаан хуримтлуулдаг төхөөрөмж бүтээчихэж. Иймэрхүү санаачилгыг зоригтой дэмжээд ажиллавал ахицтай үр дүн гарах байх.

-Эрчим хүчний шөнийн хэрэглээг төлбөргүй болгосон уг шийдвэр хэр амь бөхтэй байх бол. Иргэд халаалтаа цахилгаанаар шийдсэн хойно эргээд хүчингүй болгочих юм биш биз дээ?

-Иргэд халаалтын системээ цахилгаанаар шийдээд агаарын бохирдол дорвитой буураад явбал уг шийдвэр үргэлжлээд явна.

-Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бэлэн төсөл, хөтөлбөр байхгүй тул ШУА-тай хамтран ажиллана гэж байсан. Тэндээс ямар нэгэн санаачилга гарч байгаа болов уу?

-Аж ахуйн нэгжүүдээс санаачилга гараад эхэлсэн. Үүний хажуугаар нүүрсний хэрэглээнээс татгалзъя гэж маш олон компаниас санал гарч байна. Үртсэн, хорголжин гээд янз бүрийн түлшний санал гарч байгаа. Иймэрхүү санаачилгыг төр зөв олж харж дэмжих нь чухал.


Categories
мэдээ цаг-үе

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (I)

-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрнээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны дээд эх хүртэлх Туул голын эрэг даган хэдэн өдөр явж, сурвалжлага бэлтгэлээ. Үнэндээ жирийн иргэд бид Туул гол руу шууд яваад орох ямар ч боломжгүй болжээ. Голын эрэг дагаад битүү төмөр хашаа татсан байлаа. Нэг хашаа дуусахад дараагийн хашааг яг залгуулаад барьчихсан байх аж. Мөн Туул голын эргийг тэгшилж, шороо овоолж нягтаршуулаад хөл гишгэх зайгүй орон сууцны барилга, хаус, худалдааны газар, баар, ресторан барьжээ. Шуудхан хэлэхэд, Алтан тэвшийн хөндий хэмээн нэрлэгдэх болсон Туул гол Монголын хэдхэн эрх мэдэл, өндөр албан тушаалтай толгой баячуудын мэдэлд очжээ.

Сайд Г.Мөнхбаярын гэгдээд байгаа “Элеганс” хотхоны барилга

САЙД Г.МӨНХБАЯР ТУУЛ ГОЛЫН ЭРЭГДЭЭР НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТАЙ, ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Сонсголонгийн гүүрний хажууханд “Тулгат өргөө” компанийн захиалгаар “Хас дөл” компанийн гүйцэтгэж байгаа “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд дүнхийн харагдах ажээ. Хотхоны барилгыг голын эрэг дээр яг тулгаад барьчихсан байх юм. Зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр борлогдох “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны цонхоор Туул гол мэлтэлзэж, шугуйнх нь бургас алган дээр тавьчихсан мэт ойрхон харагдахаар цэлгэр цонхтойгоор зохион байгуулалтыг нь хийсэн байна. Ирэх хавар гэхэд барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад орох юм гэнэ. Зурагчинтайгаа хамт баригдаж байгаа барилгын тэр хавиар хэсэг явж үзлээ. Туул гол руу орох газар битгий хэл нүх сүв үнэндээ байсангүй. Аргаа бараад барилга манаж байгаа харуул хамгаалалтын залуутай уулзлаа. “Энэ хавиар Туул гол руу орох газар байна уу. Танай компанийн хашаа тулчихаад гол руу орж болохгүй юм” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс гайхсан байдалтайгаар харж байснаа “Та нар энэ хавиар Туул гол руу орно гэж байхгүй. Хүний хувийн эзэмшилд шууд халдсан болно. Уг нь манай хашаагаар дамжаад орж болдог юм. Гэхдээ та нарыг бид оруулж болохгүй. Дарга нарт толгойгоо хяргуулна. Төв цэвэрлэх байгууламжийн доод талаас орж болно. Эсвэл Яармагийн гүүрний тэр хавиас ордог газар байгаа” хэмээн гараараа занган зааж өгөв. Туул гол руу тулгаад баригдсан “Элеганс” хотхоны газрыг хэдэн жилийн өмнө дуудлага худалдаанд оролцож, хоёр тэрбум төгрөгөөр авсан гэнэ. Голынхоо эрэг дээр наран шарлагын газартай, “Элеганс” цогцолбор нь 1080 айлын орон сууц, 145 айлын хаус, орчин үеийн төлөвлөлттэй 150 хүүхдийн цэцэрлэг, 350 хүүхдийн сургууль, үйлчилгээний төв бүхий томоохон хороолол байхаар төлөвлөгдсөн байна. Үүнд, 15 давхар барилга хоёр ширхэг, 12 давхар барилга 15 ширхэг, нийт 17 блок бүхий 1080 айлын орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй байх гэнэ.Дээрх барилгын цаад эзэн нь хотын Засаг дарга асан, одоо Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Эндээс эхлээд л голоо өгсөөд баячууд Туулыг эзэгнэж байна. Сонсголонгийн гүүрнээс доош Туул голыг арьс, ширний үйлдвэрүүд бохирдуулдаг. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн бохиртой холилдон урсдаг болохоор тоож газар авах хүн байхгүй. Харин түүнээс дээших тунгалаг ус урссан Туул голын хөвөөг хэдхэн хүн эзэмшиж байна.

Сайд асан Р.Бурмаагийн дүүгийнх нь уурын зуух, Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа газар

Р.БУРМАА САЙДЫН ДҮҮ БОГИНЫН АМЫГ ТЭРЧИГТ НЬ ЭЗЭМШИЖ, ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНА

Туул голоо өгсөөд явлаа. Яармагийн гүүр өнгөрч, Богинын ам арай хүрэлгүй шинээр тавигдсан хурдны замын хажууханд дунд оврын уурын зуух баригдсан байлаа. Туул голоос 30 метр хүрэхгүй зайтай юм. Мөн голын өндөрлөсөн эргийн шороог тэгшилж, дээрээс нь шороо нэмж асгаад газрыг нь тэгшилжээ. Энэ газрын эзэн нь нийслэлчүүд өвлийн улиралд олон жилийн турш гулгадаг байсан Богинын амыг бүхэлд нь авчихаад байгаа Р.Бадрал гэгч гэнэ. Р.Бадрал нь УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү юм байна. Өндөр настай иргэдийн тарьсан 200 гаруй модыг бүгдийг нь сүйдэлж барилга барьсан байдаг. Богинын амны газрыг Р.Бадрал дамлан наймаалдаг талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайд асан Р.Бурмаагийн дүү Богинын аманд эзэн суугаад хэдэн жил болж байна. Бүхэл бүтэн 30 га газар нэг хүний мэдэлд очсон байдаг. Ямар замаар энэ амыг бүхэлд нь авсан нь тодорхойгүй байна. Нэлээд мөнгөтэй компаниудад “Та нар энд барилга бариад өгвөл би газраа өгнө” гэж наймаа хийдэг гэсэн. Ардчилсан намын ахмад гишүүдийн суулгасан модыг бүгдийг нь сүйтгэж, газар дээр нь барилга барьсныг нь харж байгаа биз дээ” гэв.


“Бөхбат” компани Туул голын эрэг дээр хотхон барьжээ

ЗАЙСАНГИЙН ГҮҮРНЭЭС МАРШАЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ ТУУЛ ГОЛЫН ХОЙД ЭРГИЙГ ЭЗЭМШИГЧ “СТАНДАРТ ГРУПП”

Туул голын ай сав газарт 30 гаруй айл тог цахилгаангүй амьдарч байна. Дээрх айлуудад газрын гэрчилгээ, хаягжуулалт огт хийгдээгүй байна. Тэр битгий хэл цахилгаангүй гурван жил болж байгаа аж. Ингээд голоо өгсөж явсаар Зайсангийн гүүрний баруун талд хүрээд ирэв. Зайсангийн аманд барилга барьж, газрын маргаанаас болж оршин суугчидтай тэмцэлдэж байсан “Бөхбат” компанийн барьсан орон сууцны хотхон яг Туул голын эрэг дээр тулаад сүндэрлэжээ. Хэдэн жилийн өмнө баригдаж дуусаад, хэдийнэ иргэд худалдаж аваад дууссан байв. Ингээд зогсохгүй Зайсангийн гүүрнээс эхлээд Туул голын хойд эрэг дагуу битүү барилга, орон сууц баригдсан байна лээ. Мөн л голын эрэг рүү хүн очих ямар ч боломжгүй. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай. Хэрэв гадны хүн орох бол хотхоны хашаагаар дамжих шаардлагатай болно. Гэхдээ харуул хамгаалалтын ажилтнууд хаашаа, хэн гэдэг айл руу орох гэж байгааг камерын тусламжтайгаар бүрэн хяналтдаа байлгадаг. Хэрэв Туул голын эрэг рүү шууд явах юм бол хамгаалалтын ажилтнууд барьж аваад цагдаа дуудаад өгчихнө. Цагдаа нар бусдын хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр саатуулан шалгаад голын эрэг орж салхилах биш шоронгийн хаалга татах дээрээ тулна. Голын хойд талын эргийг тэр чигт нь эзэмшиж, хөл гишгэх зайгүй хотхон барьсан дөрвөн компани байдаг. Эрүүгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд нийлээд ч дийлдэхээ байсан “Стандарт групп”-ийн барилгууд энд сүндэрлэнэ. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл дээрх группийн газар бий.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Найман нуур” компанид анх Хан-Уул дүүргийн I хорооны нутагт Их тэнгэрийн амны гүүрний баруун талд амралт, зугаалгын зориулалтаар зургаан га газрыг эзэмшүүлсэн байна. Энэхүү газрыг “Стандарт групп”-д шилжүүлэх шийдвэрийг 2001 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга гаргаж байсан аж. “Стандарт групп” газраа зориулалтаар нь ашиглалгүй хадгалж байгаад 2004 онд дахин томруулсан гэнэ. Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар зургаан га газрын хэмжээг 90034 ам метрээр нэмэгдүүлсэн байдаг аж. Энэ мэт явсаар 23.3 га болгосон байна. Анх амралт, зугаалгын зориулалтаар эзэмшүүлсэн газар орон сууц, үйлчилгээний зориулалтынх болж хувирчээ. 15 жилийн хугацаатай энэхүү гэрчилгээг тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр олгосон байдаг аж. “Стандарт групп” өөрийн охин компани болох “Могулимбиз”, “Жививентури”, “Идэр-Интернэшнл” –ийн нэр дээр газраа хуваан эзэмшүүлэх болжээ. “Стандарт групп”-ийн барилгын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас гурван ч удаа зогсоож, акт тавьсан байна. Туул голын эргийн бургасыг огтолж, дээр нь барилга барьсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч хууль хэрэгжиж “чадалгүй” барилгууд сүндэрлэжээ. “Стандарт групп”-ийн захирал нь Д.Батаа гэж хүн байдаг гэнэ. Энэ хүний ард талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байсан юм.

МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУД ХУУЛЬ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫГ ЭЗЭГНЭЖ БАЙНА

“Номин Констракшн Девелопмент групп” ХХК-тай “River Garden” төсөл хамтран Богдхан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газарт 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй таун хаус, пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга барьжээ. Мөн “Маршал таун” хотхон, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү хурд” хотхоны барилгууд энд сүндэрлэнэ. Эдгээр хотхон бүгд Туул голын эрэг дээр хууль зөрчин баригдсан гэдгийг хууль хяналтынхан мэднэ.

Мөн Туул голын урд талын эрэг дээр Зайсангийн гүүрний зүүн талд бурхантай хөшөөний эсрэг талд Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bel­la vista” гэх тансаг хотхон сүндэрлэнэ. Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байх ёстой хуулийг дээр дурдсан бүх барилга, орон сууц, хотхон илтэд зөрчжээ. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заажээ. Гэвч дээрх барилгууд эдгээр заалтыг бүгдийг зөрчсөн ч тэдэнд хэн ч хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоож дийлэлгүй өдгөөг хүрчээ. Үүнд хяналт тавьсан хууль хяналтын байгууллага гэж огт байхгүй. Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bella vista” хотхоныг гэхэд л Туул голын эргийг шороогоор дүүргэж, тэгшилж байгаад л барьсан байдаг. Цэлгэр том цонхоор нь зуны цагт голын ус мэлтэлзэнэ. Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди амьдарч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр түрээсэлж, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар амьдарч байгаа билээ. MCS группийн “Bella vista” гэх тансаг хотхонтой хаяа дэрлэн “Оюуны ундраа” группийн барилга сүндэрлэж, голын эргийг дагаад өндөр хашаа барьжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг чуулганаар хэлэлцэхээр боллоо. Ноднин нэг хуулиар бүх сонгуулийг явуулахаар болчихоод ийм хурдан өөрчлөх шалтгаан юу байсан юм бол?

-2015 онд өмнөх парламентын үед УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг нэгтгэн нэг болгоё гээд Монголын Сонгуулийн тухай хууль гэж баталсан. Энэ хуулиар бүх сонгуулийн хуулийг зохицуулах концепци гарч, нэгтгэн нэг хууль болгосон. Уг хуулийн хүрээнд УИХ, орон нутгийн сонгуулийг зохион байгуулсан.

Уг хууль практик дээр хэрэгжээд эхлэх үед хуулийг хэрэгжүүлж буй болон хуульд хамрагдаж буй хувь хүн, албан байгууллагын зүгээс маш их гомдол ирсэн. Ялангуяа хуулийг голлон хэрэгжүүлэгч Сонгуулийн ерөнхий хороо, сонгуулийн байгууллагуудын зүгээс хууль хэрэгжихэд УИХ, орон нутгийн сонгуулийн ялгааг сайн гаргаж өгөөгүй, зарим зүйлийг орхигдуулсан, сонгуулийн онцлогийг бага тусгаснаас шалтгаалан сонгууль явуулахад хүндрэл гарсан гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс эдгээр хуулиуд тус тусдаа байвал илүү үр дүнтэй юм байна гэсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталъя гээд нэр бүхий гишүүд энэ сонгуулийн хуулийг өргөн бариад байгаа. 1993 онд анх Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэж гарч анхны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж байлаа. Түүнээс хойш найман удаа өөрчилсөн. Энэ удаа шинээр бие даасан хэлбэртэй орж ирж байгаа юм. Нийтдээ 14 бүлэг 104 зүйлтэй шинэ хууль орж ирсэн.

-Энэ хуулийн онцлог нь юу юм бэ?

-Өмнөх хуулиудад гарсан алдаа, оноог тунгаасан. Ялангуяа нэгдсэн хууль байх хүрээнд бий болсон хүндрэлийг засч сайжруулах тал дээр нь түлхүү анхаарсан.

-Танай намынхан чинь зөвхөн өөрийнхөө намаас нэр дэвшиж байгаа хүнд тааруулсан хууль батлах гээд байгаа юм биш үү?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоотойгоор Үндсэн хууль болон бусад хуулиудад тодорхой заалтууд байдаг. 45-аас дээш насны, сүүлийн таван жил Монгол Улсад оршин суусан, Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй гээд заачихсан. Ерөнхийлөгчид хэн нэр дэвшүүлэх вэ гэдгийг ч тодорхой заагаад өгчихсөн юм. Энэ нь парламентад суудалтай намын хүрээнд л хамаарна. Дээд шүүхийн холбогдох тайлбар нь хүртэл гарчихсан байгаа. Тиймээс ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын парламентад суудалтай гурван улс төрийн хүчнээс нэр дэвшинэ.

-Бие даагчийн хувьд аль нэг намд элсвэл тухайн намаас нэр дэвшүүлэх боломж бий юү?

-Бие даан УИХ-ын гишүүн болсон С.Жавхлан аль нэг намд орвол парламентад суудалтай гэж үзэхгүй гэж байгаа юм. Нэг үгээр хэлбэл, тэр намаас нэр дэвшүүлэх эрхгүй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль өмнө нь бидний 20 гаруй жилийн турш хэрэгжүүлсэн хуулиудтай үзэл баримтлалын хувьд ойролцоо. Гэхдээ илүү боловсронгуй болсон заалтуудыг суулгаж өгсөн.

Өнгөрөгч УИХ-ын сонгуулийн үеэр сонгогч гэж хэнийг хэлэх вэ, сонгогчийн шилжих хөдөлгөөн ямар байх вэ, иргэний шилжих хөдөлгөөн ямар байх вэ гэдгийг хооронд нь хольж хутгах, ойлголтын зөрүү гарсан. Ялангуяа сонгуулийн нэгдсэн хуультай болсны дараа илүү тод ажиглагдсан л даа. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг чинь УИХ, орон нутгийн сонгуулиас ялгаатай юм. Учир нь хоёр шатлалтай явдаг. Ард түмнээс санал авч сонгогдсон хүн, УИХ-аар орж баталгааждаг. Ерөнхийлөгчийн сонгуулиар нэг хүнийг сонгодог тул гадаадад байгаа иргэд саналаа өгөх эрх нь энэ хуулиар нээгдэж байгаа. УИХ, орон нутгийн сонгууль чинь мажоритар системээр явагдаж байгаа тул гадаадад амьдарч буй иргэд тухайн тойрогт нэр дэвшигчдэд санал өгөх асуудал нь хаалттай байлаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуулиар бид нээж өгч байх жишээтэй.

-Цэргүүдийн асуудал бас хөндөгдөөд байсан уу?

-Хилийн цэрэгт алба хааж байгаа иргэдийн сонгуулийг хэрхэн өгүүлж, сонгогчоор яаж бүртгэх вэ гэдэг асуудал шийдлээ ололгүй үлдсэн байсан. Гэх мэтчилэн олон асуудлууд байсан тул Сонгуулийн Ерөнхий хороо, сонгууль зохион байгуулж буй байгууллагууд холбогдох судалгааны байгууллагаас гаргасан дүгнэлтийг харгалзсан. Тухайлбал, өмнө нь сонгуулийн нэгдсэн хууль гаргахдаа сонгуулийн хуульд хэдийд нэмэлт, өөрчлөлт оруулах вэ гэдэг хаалтыг хийж өгөөгүй байсан. Өмнө нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд ямар нэгэн өөрчлөлт хийхийг хуулиар хориглож байсан. Хүний эрхийн тухай үндэсний хөтөлбөрт ч гэсэн сонгогчдын эрх ашгийг дээдлэх үүднээс сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчөлт оруулахыг хориглож байсан ч өмнөх Их хурал сонгуулийн санал өгөх өдөр хүртэл бараг өөрчлөлт хийсээр байгаад орж ирсэн. Тиймээс энэ удаагийн хуулиар 150 хоногоор хязгаарлаж байна. Нэг үгээр хэлбэл, сонгууль болохоос таван сарын дотор ямар нэгэн байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглож байгаа. Энэ нь эрх барьж буй юм уу, аль нэг улс төрийн хүчинд давуу талыг бий болгохгүй байх, сонгох, сонгогдох эрхэд сөргөөр нөлөөлж байна гээд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хязгаарлаж байх жишээтэй. Гэх мэтчилэн нэлээд олон асуудлыг энэ хуулиар тодорхой болгосон.

Сонгуулийн тов зарлах, сонгуулийн санал авах өдрийг зарлах асуудлыг хоёр удаа Их хурлаар оруулж тусдаа тогтоол гаргаж байсныг болиулж байгаа. Энэ мэтчилэн процедурын болон үйл ажиллагааны зохицуулалтуудыг хийж өгсөн. Сонгуулийн ерөнхий хороогоор дамжигдан хийгдэж байсан эрх мэдлүүдийг задалж, ойлгомжтой болгож өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг бүхэлд нь аваад үзэхээр өмнө нь манайд мөрдөгдөж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн суурин дээр өнөөдөр үүсээд буй алдаа оноог тусгасан юм. Аливаа сонгуулийн хууль сонгогчийн эрх ашгийг дээдэлсэн, сонгогчдод нэн ойлгомжтой, сонгогчийн сонгох, сонгогдох эрхээ хангахад чиглэгдсэн байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг аль нэг дарга, намд таалагдах гэж гаргаж болохгүй. Эсвэл тэдний эрх ашигт нийцүүлсэн хууль гаргаж болохгүй л гэж байгаа юм.

Сонгуулийн хууль чинь ардчиллын амин сүнс болсон эрх зүйн баримт бичиг. Тэр утгаараа иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангасан, нийтийн эрх ашгийг дээдэлсэн хууль гараасай гэж хүсч байна.

-Гэхдээ оны өмнөхөн хуулийн төслийг өргөн барьчихаад нэгдүгээр сарын 15-ны дотор багтааж батална гэдэг чинь бушуу туулай борвиндоо баастай гэгч болох гээд байгаа юм биш үү?

-Хуулийн төслийг боловсруулах явцад парламентад суудал бүлэгтэй намууд болох АН, МАН-ынхан ярилцаж, намуудын төлөөллийг багтаан хуулийн төслийг өргөн барьсан. Тиймээс хуулийн төсөл аль аль бүлэг дээрээ дэмжлэг авсан болохоор хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Парламентын шатандаа сайтар ярилцсан болохоор хууль хугацаандаа батлагдах боломжтой.

-Гэхдээ Ардчилсан намын бүлгийн дарга хэвлэлийн хурлын үеэр хуулийн төсөл ирээгүй гэдэг зүйлийг мэдэгдсэн. Тэр утгаараа чуулганаар хэлэлцэх боломжгүй гэж байсан л даа…

-Энэ хуулийн төсөл арванхоёрдугаар сарын 26-ны өдөр өргөн баригдсан. Бүх гишүүдэд и-мэйлээр болон цаасаар тараагдсан. Тиймээс АН, МАХН, бие даагч гээд ялгаад байсан зүйл байхгүй байлгүй дээ. Хуулийн хүрээнд л явах байх.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тов хэдийд зарлагдах вэ?

-Хууль батлагдсаны дараа товыг зарладаг. Эхлээд хуулиа баталчихъя. Монголчууд нэг үеэ бодоход шат шатны сонгуулийг явуулаад сурчихлаа. Тэр утгаараа сонгуулийн ардчилал манайд хэлбэржин тогтож байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн санал асуулгын давхар явуулчих хэрэгтэй байгаа юм. Ард түмэн нэмэлт, өөрчлөлт хийх ёстой гэвэл хийх хэрэгтэй. Монголчууд маань үгүй гэх юм бол тэгээд цэг тавиад хаах цаг нь болсон.


Categories
мэдээ цаг-үе

Жүжигчин Н.Онон: Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай “Чи жүжигчин болж чадна. Үзээд алд” гэж билээ

“Х-ТҮЦ” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Н.Ононтой ярилцлаа.


-Шинэ жилийн баяр болоход “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээр юу гарах бол гэсэн хүлээлттэй хүмүүс цөөнгүй байдаг. Энэ жилийн дугаар үзэгчдийг мөн л хөгжөөж чадсан. Тэр дундаа үзэгчид “Монгол тулгатны нэг эрхэм” үзүүлбэрийг онцлох байх?

-“Х-ТҮЦ” продакшн “Өвлийн инээмсэглэл” гэх шинэ жилийн баярт зориулсан нэвтрүүлгээ 12 дахь жилдээ хүргэлээ. Бид үзүүлбэрүүдээрээ үзэгчдэдээ инээд бэлэглэхээс гадна үзэл бодлоо илэрхийлж, аливаа болж бүтэхгүй байгаа зүйлсийг хөндөхийг зорьдог. Энэ удаа авлига гэсэн сэдвийг хөндсөн. Та бид адилхан л сайхан амьдрахыг хүсдэг. Гэтэл ганц нэг хүн буруу зүйл хийж гоё амьдраад байж болохгүй. Тиймдээ ч энэ талаар дуугарах нь зүйтэй гэж бодсон. Дуугарахын тулд энгийн хөгжөөнт нэвтрүүлэг байж арай таарахгүй байсан л даа. Хүмүүст хүрсэн, томоохон нэвтрүүлгээр төлөөлүүлэх хэрэгтэй юм байна гэж манай хамт олон ярилцаж “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг сонгосон. Гэхдээ маш болгоомжтойгоор ажилласан.

Ер нь бол “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орсон бүх хүн авлига авдаггүй гэвэл бас өрөөсгөл ойлголт болох байх. Тиймдээ ч манайхан энэхүү нэвтрүүлэгт орсон хэн нэгэн авлигачийг төлөөлүүлж “Монгол тулгатны нэгэн эрхэм” гэж нэрлэсэн. Хэн гэдэг нь тодорхойгүй гэсэн үг шүү дээ. Ингээд л нэвтрүүлгээ бэлдсэн дээ. Бас үзэгчдээ хөгжөөхөө ч мартаж болохгүй. Шинэ жилийн үдэш үзэгчдэдээ инээд бэлэглэхээр сар гаруй хугацаанд 40-өөд уран бүтээлч ажилласан.

-Тус нэвтрүүлгийг “Univision” болон “IPTV” сувгуудад төлбөртэй байршуулсан. Жил бүр үнэгүй үздэг үзэгчид багагүй бухимдалтай байгаа нь ажиглагдсан. Энэ тухай санал бодлоо хуваалцаач?

-Бид иймэрхүү хэл ам гарна гэдгийг мэдэж байсан л даа. Гэхдээ үзэгчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Үнэндээ бид ашиг хонжоо харж төлбөртэй сувгуудад тавиагүй. Дээр хэлсэнчлэн 40 минутын нэвтрүүлгийг бэлдэхэд маш олон хүний хөдөлмөр шингэсэн. Тиймдээ ч маш их хөрөнгө, мөнгө зарцуулдаг. Энэ бүхнийг л олохын тулд төлбөртэй сувагт байршуулсан. Мэдээж өмнө нь төлбөргүй гаргадаг байсан гэх байх л даа. Бид хамгийн анх “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгээ “ТВ9” телевизтэй хамтран хийж эхэлсэн. Дараа нь “UBS” телевизтэй хамтран хийдэг болсон юм. Тиймээс өмнө нь бидэнд хүндрэл бага байсан юм шиг санагдаж байна. Харин өөрсдөө бие дааж хийхийн тулд ивээн тэтгэгч байгууллагуудтай байх шаардлага гарна. Яг үнэндээ ивээн тэтгэгч байгууллагууд олшроод ирэхээр уран бүтээл маань уран бүтээл биш болчих гээд байдаг талтай. Хэтэрхий их сурталчилгаа орчих юм бол үзэх юмгүй болчихно шүү дээ.

Миний бодлоор үзэгчид яагаад 5000 төгрөг төлөөд баярынхаа үдэш инээд, хөөртэй зүйл үзэж болохгүй гэж. Тэр гэрийнхэн бүгд 5000 төгрөгөөр үзчихнэ. Нэг удаа кино үзэхээс хямд байна шүү дээ. Манайхан уран бүтээлчдийг үнэлж сурах цаг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ үзэгчдийнхээ бухимдлыг бол ойлгож байна. Ямартай ч “Өвлийн инээмсэглэл” нэвтрүүлгийг үзэх сонирхолтой байгаа нь мэдрэгдэж байна. Өнгөрсөн арав гаруй жил алдаа, оноотой байсан ч үзэгчид маань бидний энэ нэвтрүүлгийг үзэхийг хүсдэг юм байна гэдгийг маш сайн ойлголоо.

-Өнгөрсөн намар хоёр ч шоу тоглолт хийсэн. Одоогоор ямар ажлууд төлөвлөөд байна вэ?

-Бид орон нутгаар тоглолтоо хүргээгүй байсан. Тиймээс яг одоо орон нутгаар явахаар манай залуус бэлдэж байгаа. Мөн хавар тоглолтоо хийх болно. Харин зун кино хийх бодолтой байгаа.

-“X-Түц” продакшн байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хичнээн тоглолт хийсэн байдаг бол. Тооцож үзэв үү?

-Манай продакшн байгуулагдаад 20 жил болж байна. Саяхан хичнээн тоглолт хийсэн юм бол гээд Одноо тооцож байсан шүү. Ер нь жилд гурван удаа тоглолт хийдэг гэхээр 20 жилд 60 гаруй шоу, тоглолт хийсэн байж таарах нь. Мөн телевизийн 10 гаруй нэвтрүүлэг хийсэн байна. “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц”, “Хориотой жүжиг”, Сосорбарам ахтай хамтарч Айн Рэндийн либертари үзлийг харуулсан хоёр жүжиг тавилаа. Мөн “Сэргээш-I, II, III”-ыг үзэгчид сайн санаж байгаа байх. “Болсон явдал, “Миний хөрш чөтгөр” гээд бүрэн хэмжээний хоёр кино хийсэн байна. Ингээд бодохоор цаг хугацаа их хурдан юм.

-“Х-ТҮЦ” продакшныхан УДЭТ-ын жүжигчид байсан. Анх театраас гарахдаа юу хүсэж мөрөөдөж байв. Тэр зорилгодоо хүрсэн үү?

– Театрт байх үедээ Одноо, Аглуу бид хэд хамтарч тоглолт хийж үзье гэж ярилцсан юм. Тэр тоглолтыг Найдандорж найруулагч найруулаад “Х-ТҮЦ” гэж нэрлэж байлаа. Харин дараа нь нэг тоглолт хийх гээд реклам сурталчилгаа цацчихсан байтал театрын найруулагч Баатар хурал хийгээд биднийг тоглолт хийж болохгүй гэсэн юм. Нэгэнт тоглолт хийнэ гээд реклам сурталчилгаагаа цацчихсан болохоор театраасаа нүүр будгаа аваад шууд гарсан даа. Ер нь ч бид театраас гарахдаа дураараа уран бүтээлээ хийе гэж бодож шийдсэн юм. Өөрийнхөө үзэл бодлоор хүссэн зүйлээ хийе гэж гарсан гэж ойлгож болно. Театрын жүжигчинг уран сайхны удирдлага ямар жүжигт тоглуулахыг хүснэ, түүнд л тоглоно. Тиймдээ ч бид дураараа уран бүтээлээ хийж алдаа, оноогоо өөрсдөө дүгнэхийг хүссэн юм. Үндсэндээ өөрсдийнхөө төлөө явж үзье л гэж бодсон.

-Та яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Зүгээр л хор, шар юм даа. Аав, ээж хоёр маань эмч болохоор намайг эмч болгоно гэдэг байсан юм. Би дунд сургуулиа төгсчихөөд яахаа мэдэхгүй л байлаа. Харин нөгөө ангийн хоёр хүүхэд ОХУ-ын жүжигчний сургуульд тэнцчихсэн байна гэж дуулддаг юм байна. Хүүхэд юм болохоор сонирхоод очлоо. Н.Нямгаваа найруулагч шалгаж авч байна. Даанч шалгалт нь дуусчихаж. Гуйж байгаад шалгууллаа. Шалгасан хүмүүс нь намайг “Чи хэзээ ч урлагийн хүн болж чадахгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь л шар хөдлөхгүй юү.

Мөн намайг урлагийн хүн болгоход миний нагац эгч хамгийн их түлхэц болсон. Маш их тусалсан. Тэр үед намайг жүжигчин болж чадах үгүйг минь шалгуулахаар Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай дээр авч очсон юм. Харин Гомбосүрэн гуай “Миний олон жилийн туршлага байна. Чи жүжигчин болж чадна, чадах хүүхэд байна. Үзээд алд. Хэрэв чадахгүй хүн байсан бол би үнэнийг л хэлнэ” гэж билээ. Тэр том хүн тэгж хэлэхэд л маш их урам орж билээ. Тэгээд л СУИС-ийн оюутан болж, жүжигчин болох гараа минь эхэлсэн түүхтэй юм.

-Таныг “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны зураг авалтын үеэр эмэгтэй хүн байна гэж андуурсан гэдэг…

-“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны олны хэсэгт оюутнуудыг тоглуулахаар болсон юм. Би ч Чингис хааны тухай кинонд тоглох юм чинь баатарт тоглочих санаатай үсээ айхтар ургуулчихсан. Урт ургачихсан болохоор нь боочихдог байлаа. Бас одооных шиг тарган ч байсангүй. Цав цагаан царайтай, сахал самбаа ч байхгүй, бүлтгэр нүдтэй өө сэвгүй л амьтан байж л дээ. Киноны найруулагчаар Балжинням гуай ажиллаж байлаа. Бид баатрын хувцас өмсчихсөн олны хэсэгт тоглодог байсан юм. Балжинням найруулагчийн нүдэнд өртчих юмсан гэсэн бодолтой морь унаад л давхиад байв. Намайг тоосон ч юмгүй. Бүр олны хэсэгт ч оруулахгүй, гарах гэхээр л дуудаад байдаг байгаа. Гэтэл Балжинням найруулагч “Тэнд яагаад эмэгтэй хүүхэд морь унаад давхиад байгаа юм. Морь малнаас унаад бэртчихвэл яана. Болиул” гэсэн нь тэр юм билээ л дээ. Бас тэр үеэр нэг оюутан эмэгтэй хүүхэд гэж андуураад их шохоорхсон байдаг юм. Сүүлдээ танилцаад бөөн инээдэм болж байсан даа. Ер нь тэгээд урт үстэй байхад хүмүүс эмэгтэй хүн гэж их андуурдаг байлаа. “Эгч ээ, ард чинь оочер захья” ч гэсэн удаа бий шүү.

-Урлагийн хүний хамгийн жаргалтай мөч ямар үед тохиодог юм бол?

-Бүтээл амжилттай болоод нүүр бардам ёслох тэр мөч л хамгийн жаргалтай үе байдаг юм даа.

-“Сайн уу, амьдрал минь-2” киноны ерөнхий продюсероор ажилласан. Залуу уран бүтээлчидтэй ажиллах ямар байсан бэ?

-“Сайн уу, амьдрал минь-2” киноны найруулагчаар З.Батболд ажилласан. “Сайн уу, амьдрал минь”, “Боолын гэрээ”, “Гоёлын даашинз” зэрэг киноны найруулагч хийж байснаар нь үзэгчид сайн мэдэх байх. Болдоо бид хоёрын бодсон зүйл нь залуу уран бүтээлчдийг гаргах байсан юм. Одоо “X-ТҮЦ” продакшн ч юм уу, ер нь миний үеийн уран бүтээлчид залуу үеэ бэлдэж, тэдэнд зүг чигийг нь олоход туслах хэрэгтэй. Залуучуудыг хоолтой нь залгуулах ёстой юм. Энэ олон авьяаслаг залуус хаачихаа мэдэхгүй, учраа олохгүй байсаар нас нь явчихна. Тиймээс энэ киногоороо залуусыг олны танил болоосой, амьдралдаа нэг том алхам хийгээсэй гэж хүссэн.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

Ч.Лодойдамбыг шинээр нээхийн учир

-ИХ ЗОХИОЛЧ Ч.ЛОДОЙДАМБЫН МЭНДЭЛСНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД-

Баруун гар талаас зохиолч Ч.Чимэд, Б.Ринчен, Ч.Лодойдамба, Э.Оюун, Ч.Лхамсүрэн. 1956 он

XX зууны Монголын томоохон сэхээтэн Чадраабалын Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохионо. Тэрээр 1917 онд Засагт хан аймгийн Засагт ханы хошуунд Цогтын Чадраабалын хоёр дахь хүү болон мэндэлсэн Олхонуд овгийн хүмүүн байв.

Эцэг Чадраабал нь монгол бичиг сайтай, үлгэр тууль хайлдаг, уран барилдаанч, мэргэн харваач, сайн уяач байсан нь Ч.Лодойдамба хожим нь зохиол бүтээлдээ монгол ахуйн нарийн ширийнийг тодорхой тусгахад хүчтэй нөлөөлжээ. Баруун хилийн түүхэнд сайн саар үйлийн аль алинаар тод нэртэй үлдсэн Дамбийжаа лам шалж гуйсаар нэгэн сайн морийг нь авчихаад үнийг нь өгөлгүй хулгайгаар явчихсанд зэвүүрхэн нутгийнхаа Дуламсүрэн тайжтай хамт хөөж очоод явгалж орхисон нь Чадраабалд хожим нь нутгаа орхих нэгэн шалтгаан болсон гэдэг. Ц.Чадраабалын охин Ч.Цэндсүрэн “Хожим нь Дамбийжаа хүч чадалтай болсон үедээ Засагт ханы хүрээнд ирмэгц манай аавыг сураглаж олж авчрахыг тушаасан байж. Аав түүний ирснийг мэдмэгц хөтөлгөө морьтой зугтаан зайлдаг байсан юм гэнэ лээ. Тэгэхээр нь Жа лам гэгч тэрбээр аавын адуу малаас хөөж аваад явчихдаг байжээ. Энэ явдал аавыг минь нутаг орноо орхин гарах нэг шалтгаан болсон юм билээ” гэж дурссан нь (Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба, амьдрал уран бүтээл” Сөүл., 1998) ном сударт буй.

Хувь тавилангийн энэхүү эргэлт монголчуудад нэгэн сайн сэхээтнийг бэлэглэсэн гэж хэлж болно. Чадраабалынхан ийнхүү 1921 оны үесээр Хүрээний орчимд нүүн ирж суурьшсан нь Ч.Лодойдамба Улаанбаатарын үлгэр жишээ дунд сургууль (Одоо нийслэлийн нэгдүгээр дунд сургууль)-ийг амжилттай дүүргэж, цаашдаа эрдмийн мөр хөөхөд нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн “Манай сургуульд гурвын нэг гэж сурлага сайтай хүүхдүүдтэй тэргүүний анги байсан билээ. Тэр ангид Лодойдамба сурдаг байв” гэж “Миний хань Чадраабалын Лодойдамба” (УБ., 2011) номд бичжээ. Ч.Лодойдамба дунд сургуулиа амжилттай дүүргээд Улаан-Үдийн “Монгол рабфак”-д онц сурч, ЗХУ-ын том хотуудаар шагналаар аялж байжээ. Ийнхүү амьдралын их замд хөл тавьсан Ч.Лодойдамба тухайн цаг үеийнхээ Монголын нийгмийн амьдралд тод мөр үлдээсэн том сэхээтэн болсон бөгөөд “Тунгалаг Тамир” романы зохиолч гэдгээрээ алдаршсан хүн юм.

Их зохиолчийн мэндэлсний 100 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар саналаа өгүүлэх ялдамд Ч.Лодойдамбын туулсан амьдралаас юу юуг нь тодлон дурсах ёстойг сөхөн сануулах, шинээр хөндөхийг хичээе.

Эн тэргүүнд Ч.Лодойдамбын Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Тэрээр 1944-1955 онд МАХН-ын Төв хороонд лектор, Лекторын товчооны эрхлэгч, Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчийн алба хашиж байв. Энэ үе бол Монголын төр урлаг соёлын бодлогодоо онцгой анхаарч, алсыг харсан өргөн цараатай ажил эхлүүлж байсан онцгой цаг үе юм. Ч.Лодойдамбын эрхэлж байсан албан тушаал нь түүнийг төрөөс явуулж буй урлаг соёлын бодлого тодорхойлогч гол хүмүүсийн нэг болгосон бөгөөд тухайн үед болон түүнээс хойших он жилүүдэд энэ чиглэлээр гарсан томоохон шийдвэрүүдэд тэрээр ямар үүрэг оролцоотой байсан, ямар байр суурь баримталсан, ямар санаачилга гаргаж ажил хэрэг болгосныг тусгайлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд гүйцэтгэсэн үүргийг нь илүү тодлох асуудал өнөөдөр эзнээ хүлээж байна. Энэ он жилүүдэд Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын бодлогыг зангидах хэмжээний боловсон хүчин болж чадсаны нотолгоо нь 1959 онд Соёлын яамыг татан буулгаж, оронд нь Урлагийн хэрэг эрхлэх хороо байгуулахад нэгдүгээр орлогч дарга болж, 1961 онд Соёлын яамыг дахин байгуулахад нэгдүгээр орлогч сайдаар нь томилогдоод насан элтлээ уг албыг хашсан түүх нотолно.

Судлаач Б.Мөнхбаяр “Энэ хугацаанд тэрээр… төрөөс соёл, урлагийн талаар явуулж буй бодлогыг нэгтгэн зангидаж, удирдан хэрэгжүүлж байв” гэж дүгнэсэн (Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба” УБ., 2014) нь Ч.Лодойдамбын амьдралын сүүлийн 30 жилийн үйл ажиллагааг ганцхан өгүүлбэрт базсан оновчтой үнэлэлт юм. Мөн янз бүрийн эх сурвалжуудад дурдагдаж буй салангид баримтуудыг анхааран нягталбал өгүүлэн буй сэдвээр Ч.Лодойдамбын хийж бүтээсний ул мөр нэлээд тодорхой болж байна. Тухайлбал, тэрээр Монголд дуурийн урлагийг хөгжүүлэх талаар эртнээс шат дараатай бодлогыг чамбай хэрэгжүүлсэн нь анзаарагдаж байна. Түүнийг МАХН-ын Төв хороонд урлагийн асуудал хариуцаж байх үед буюу 1947 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн Улс төрийн товчоо 2 тоот тогтоол гаргаж “Театрын цаашдын хөгжил ба опер, балетын хэсгийг байгуулах бэлтгэл ажлыг хангах”-ыг үүрэг болгосон бол 1952 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хурлаараа “үндэсний дуурийн урлагийг хөгжүүлэх ба дуурийн мэргэжлийн дуучдыг бэлтгэх зорилгоор… авьяас чадвартай шинэ дуучдыг сонгож олох тусгай комисс байгуулсугай” гэсэн тогтоол гаргаж, “Улсын хөгжимт драматик театрын дэргэд оперын студи байгуулж хичээллүүлэх”-ийг үүрэг болгож байжээ. Монголын театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1947 оны 2 тоот тогтоолыг “Манай орчин үеийн Дуурь бүжгийн театрын эхлэлийг тавих нөхцөлийг бүрдүүлснээрээ онгой ач холбогдолтой” (С.Дашдондог “Хөгжим дуурь балет судлал” УБ., 2013) гэж үнэлсэн байдаг.

Дуучин Г.Хайдав 1954 онд ЗХУ-д дуурийн дуучны мэргэжлээр төгсөж Монголын анхны мэргэжлийн гоцлол дуучин болсон, үндэсний боловсон хүчнүүдээ хөгжмийн зохиолч, бүжиг дэглэгч, бүжгийн багш, концертмейстер, балетчин, хөгжмийн удирдаач зэрэг мэргэжлээр гадаадын орнуудад сургаж эхэлсэн зэрэг хожмын үйл явдлуудад Ч.Лодойдамбын удирдсан МАХН-ын Төв хорооны Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн үүрэг оролцоо ихээхэн байсан нь судалгаагаар тодрох нь дамжиггүй юм.

Судлаач Б.Мөнхбаяр “Ч.Лодойдамба сайд… Улсын хөгжимт драмын театрыг Улсын драмын театр, Улсын дуурь бүжгийн театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулан хөөцөлдсөөр 1963 оны тавдугаар сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чаджээ” гэж ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлөөс хэвлэн нийтлэхийг зөвшөөрсөн “Чадраабалын Лодойдамба” номдоо бичсэн нь үндэсний хоёр том театрын маань түүхэнд тодоор бичигдэн үлдэх ёстой баримт юм.

Ч.Лодойдамба сонгодог урлагаас гадна орчин үеийн урлагийн чиглэл урсгалуудыг Монголд бий болгох талаар анхаарч, бодлогоор дэмжиж байсан шинэлэг сэтгэлгээтэн байжээ. Монголын анхны рок поп хамтлаг “Соёл Эрдэнэ” үүссэн түүх үүний нэг том жишээ юм. Энэ тухай нийтлэлч Д.Батбаяр “1969 оны шинэ жилээр Монголд ирсэн СЭВ-ийн төлөөлөгчдийн цайллага дээр Соёлын яамны дэд сайд Ч.Лодойдамба Ардын дуу бүжгийн чуулгын дэргэдэх Б.Наранбаатар, Ж.Батсайхан, Б.Эрдэнэхуяг, Д.Цэрэнбат нарын ятгын дөрвөлийг дуучин Г.Түмэндэмбэрэл, Н.Гэрэлт-Од хоёртой нь авч очжээ. Тоглолтын дараа Ч.Лодойдамба залуусыг дуудаад “Английн “Цох хорхой” гэдэг дөрвөн залууг мэдэх үү, та нарт боломж өгвөл тийм хамтлаг болж чадах уу?” гэж асуусан гэдэг. Бүх зүйл эндээс л эхэлжээ (Д.Батбаяр “Соёлын үрийг таригсад” нийтлэл. 2012.08.09) хэмээн бичсэн байна. Үүнийг нь тус хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Б.Наранбаатар нотолж “Соёлын яамны орлогч сайд Лодойдамба гуай гадаад, дотоод их явдаг. Тэгэхдээ сонсдог, мэддэг хүрээ нь өөр байдаг байсан байгаа юм. Тэгээд нэг өдөр “Цох хорхой” гэж хамтлаг байдаг, та нар мэдэх үү. Тийм хамтлаг болж чадах уу гэж байна. Загатнасан газар маажчихаж байгаа юм. Ингэж л хамтлаг байгуулагдах эхлэл тавигдсан” (Ж.Баярсайхан “Монгол туургатны хөгжмийн зохиолч Б.Наранбаатарынх”. “Өдрийн сонин”. 2015 он) хэмээн дурсчээ. Монголын рок поп урлагийн хөгжлийн түүх ийнхүү Ч.Лодойдамбаас эхэлж буйд урлаг судлаачид энэ эрхэм хүний мэндэлсний 100 жилийн ойгоор анхаарал хандуулах буй за.

Ч.Лодойдамба Монголын урлаг соёлын залуу авьяастнуудыг тодруулж дэмжих талаар цаг ямагт анхаарч, уран бүтээлчийн хувьд өсч дэвжих, шинийг хийж бүтээхэд нь түлхэц үзүүлдэг шилдэг удирдагч байжээ. Тэрээр залуу дуучин Л.Эрдэнэбулганыг Европын орнуудаар тоглох урлагийн багийн бүрэлдэхүүнд явж байхад нь Болгарын хөгжмийн дээд сургуульд шалгуул гэсэн цахилгааныг тэнд суугаа Элчин сайд Цэдэндамбад илгээснээр Монгол Улс нэгэн сайн найруулагчтай болсон. “Хүүе хаая гэх хүнгүй өнчин өрөөсөн намайг их урлагийн зам руу хөтлөн оруулсан Чадраабалын Лодойдамба гэх агуу хүнийг би энгэртээ нөөлөгтэй элгэндээ нөмөртэй хан уул гэж хүндэтгэдэг” (Норовын Гантулга. “Их хувь заяаны эзэн Лхагвын Эрдэнэбулган” ярилцлага. “Өдрийн сонин”. 2016.) хэмээн Л.Эрдэнэбулган энэ тухай хэлжээ. Ардын жүжигчин, дуурийн алдарт дуучин Х.Уртнасан “1960-аад оны үед Ардын жүжигчин Г.Хайдав, А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж нар дэлхийд дээгүүрт ордог Москвагийн хөгжмийн сургуулийг онц дүнтэй төгсөөд ирсэн шижигнэсэн залуус байлаа. Тухайн үед зохиолч Ч.Лодойдамба Соёлын яамны сайд байсан юм. Тэд л ярилцаад намайг Болгарт мэргэжил дээшлүүл гэсэн. Ардын жүжигчин А.Загдсүрэнгийн дараа дуулах хүн хэрэгтэй. Энэ хүүхэд л ирээдүйтэй” гээд сонгосон юм.” гэж дурсан өгүүлснээс харахад Ч.Лодойдамба сайдын үед Монгол төрийн урлагийн бодлого ямар алсын хараатай байсан нь харагдана.

“Нийслэл хүү” киноны гол дүрийн жүжигчин Ж.Бүрэнбэхийн “Гол дүрээ хайж жил гаруй болсон. Тэр хугацаанд олон хүн шалгуулсан гэсэн. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байлаа… “Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар Драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ” гэсэн ярианаас Ч.Лодойдамбын уран бүтээлчдээ сайн мэддэг, хаана ямар бүтээлд тоглуулахыг хүртэл олоод харчихсан байдаг жинхэнэ удирдагч, манлайлагч хүний дүр төрх тодорно.

Нэрт балетмейстер Б.Жамъяндагвын “Учиртай гурван толгой” гэдэг энэ сайхан эмгэнэлт зохиолыг бараг хошин шог болгоод шахам найрлаад дуусгачихлаа. Чи бод доо. Шекспирийн “Отелло” эмгэнэлтэйгээр төгсдөг. Гэтэл Отелло нас барчихаад байхад найр хийснээр дуусгаж болохгүй биз дээ. Зохиолчийн санааг тэгж өөрчилж болохгүй. Манай “Учиртай гурван толгой”-г тэгсэн байгаа юм. Үүнийг чи л өөрчлөн яг утга санааных нь дагуу найруулж чадна. Хэзээ нэгэн цагт бүжгэн жүжиг болгоорой” гэж Ч.Лодойдамба гуай хэлсэн” (С.Тулга “Б.Жамъяндагва: Бүжгэн жүжиг гэдэг ухааны урлаг юм” ярилцлага. 2015.07.02 гэх дурсамж, “Зуны нэг орой салхинд гарч явахдаа бид хоёр уран бүтээлийн тухай ярилцаж суугаад би “Манай театрын урлагт бүжгэн жүжиг их үгүйлэгдэж байна шүү дээ” гээд өөрийн санаагаа хэлсэн юм. Тэгсэн чинь Лодойдамба маань “Чи ийм тодорхой санаа хэлж, дотроо бодолтой яваа хүн өөрөө бичээч дээ гэхлээр нь энэ үгэнд зоригжиж, хэд хэдэн цомнол бичсэн” гэсэн академич Б.Ширэндэвийн дурсамж (Ч.Дагвадорж “Академич Б.Ширэндэв” УБ., 1997) зэргээс харахад Ч.Лодойдамба Монголын театруудын хөгжил, ялангуяа сонгодог урлагийн хөгжилд онцгой анхаарч, бүтээлийн санг нь арвижуулах талаар хүртэл санаа тавьж, тодорхой хүмүүст захиалга хүртэл өгч байсан нь тодорхой байна. Өөрөө ч бас дуурийн цомнол бичилцсэн. Урлаг судлаач Ж.Болормаа “1957 оны долдугаар сарын 7-нд С.Гончигсумлаа “Үнэн” дууриа Д.Сэнгээ, Ч.Лодойдамба нарын цомнолоор зохиожээ. Тэрээр энэ дууриараа монгол дуурьт байгаагүй үглэл дуу (ари), бодрол дуу, хоршил, гурвал зэрэг өрнийн дуурийн гол төрлүүдийг Монголын дуурийн урлагт анх хэрэглэжээ” (Ж.Болормаа “Дэлхийн дуурийн урлаг ба Монголын дуурийн урлагийн үүсэл, хөгжил” илтгэл. 2012 он гэж энэ талаар дурдсан нь буй. “Үнэн” бол Монголын үндэсний дуурийн эхлэл, гараа нь юм. Ч.Лодойдамбын энэ мэт хичээл зүтгэл, үйл хэргийг нягтлан судалж, Монголын урлаг соёлын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж байгаагүйгээс зөвхөн зохиолч гэдгээр нь л мэддэг хүмүүс олширчээ.

Ч.Лодойдамба 52-хон насалсан ч нэгэн биеэс хэтийдсэн ихийг амжуулж бүтээсэн хүн юм. Улсын бодлого захиалгаар ЗХУ-д төмөр замын курс дүүргэж Улаанбаатар нарийн төмөр замын депогийн машинчаас ажил амьдралын гараагаа эхэлсэн түүний багшийн хөдөлмөр, эрдэм судлалын ажил, төр нийгмийн зүтгэлтний хувьд юу хийж бүтээсэн, Улсын радио хорооны орлогч дарга байхаасаа эхлэн сэтгүүлзүй, хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмэр, Монголын кино урлагийн хөгжлийг хэрхэн дэмжсэн гээд түүний амьдралын мөчлөг, үйл ажиллагаа болгон нь судлаачаа хүлээж байна.

Тэрбээр хорин хэдхэн наснаасаа эхлэн багшилж, Төмөр зам холбооны сургуульд физик, МУИС, Намын дээд сургуульд түүх, гүн ухааны хичээл зааж байжээ. 1959-1970 онд Ази, Африкийн эв санааны нэгдлийн Монголын хорооны даргаар ажиллан Монголын бодлогыг гадаадад таниулж, АИХ-ын депутатаар хоёронтоо сонгогдсон төр нийгмийн зүтгэлтэн байв.

Ч.Лодойдамба МУИС-ийг түүхч мэргэжлээр төгссөн бөгөөд ЗХУКН-ын дэргэдэх Нийгмийн ухааны академид “Монголын орчин үеийн драматургийн үзэл санаа, дүрүүд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ. Түүний бичсэн эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмжүүд, уншсан лекц илтгэлүүд, мөн албан ажлын шугамаар боловсруулсан баримт бичгүүд, түүний оролцсон хурлын тэмдэглэлүүдийг тулхтайхан судлах нь үндсэндээ Монголын төрөөс 1940-1970-аад оны хооронд урлаг соёл, шинжлэх ухаан, утга зохиолын салбарт хэрэгжүүлсэн бодлого, алхмууд, эдгээр салбарын хөгжлийн түүхийг нарийвчлан тодотгоход тустай юм.

Тухайлбал, “1954 онд МАХН-ын Төв хорооноос Шинжлэх ухааны хүрээлэнгийн ажлын тухай авч хэлэлцээд Хөдөө аж ахуйн, Нийгмийн ухааны, Байгалийн ухааны гурван сектор нэмж байгуулах… эрдэм шинжилгээний мэдээ сэтгүүл гаргаж байхыг зөвшөөрч, МАХН-ын XII их хурлаас ШУ-ы талаар МАА, Газар тариалан, Аж үйлдвэр, Барилгын хөгжлийн практикийн чухал асуудлуудыг боловсруулах, Шинжлэх ухаан үйлдвэрлэлийг нягт холбон ажиллах зорилт дэвшүүлснээс гадна эрдэм шинжилгээний ажилтнуудыг аспирантур, докторантурт бэлтгэх ажлыг нэмж ойрын жилүүдэд БНМАУ-ын Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох нөхцөлийг бэлтгэхээр заажээ” (Г.Ганзул “ҮТА-ын сан хөмрөгт хадгалагдаж буй Шинжлэх ухааны академийн хөмрөгийн баримтын тухай”, 2011 гэсэн нь Ч.Лодойдамба МАХН-ын Төв хороонд Шинжлэх ухаан, урлаг утга зохиолын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан үетэй давхцаж байгаа нь Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох асуудалд түүний оролцоо зайлшгүй байсныг нотлох баримт юм. Ямар түвшинд оролцсон гэдгийг тодлох нь судлаачдын үүрэг билээ.

Харин Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбыг Монголын анхны роман “Алтайд”, XX зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “Гарын таван хуруу”, “Итгэж болно” зэрэг жүжиг, “Энэ хүүхнүүд үү” кино зохиол зэрэг олон сайн бүтээл туурвисан зохиолчийнх нь хувьд боломжийн түвшинд судалж Б.Ганбат “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба: амьдрал, уран бүтээл”, Б.Мөнхбаяр “Чадраабалын Лодойдамба (Намтар уран бүтээлийн товчоон) гэсэн бие даасан хоёр ч ном гарсан билээ. Зохиолчийн хань, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэнгийн “Миний хань Чадраабалын Лодойдамба” дурсамжийн ном бас судалгааны үнэтэй эх сурвалж болсон гэдгийг хэлмээр байна.

Ч.Лодойдамба 1917 оны хавар төрсөн боловч албан ёсны бичиг баримтад нь наймдугаар сарын 20 хэмээн бичигджээ. Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг Ч.Лодойдамбын мэндэлсний тэгш ойг Монголын төр засаг өмнө нь дандаа есдүгээр сард тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ онд ч бас тэр уламжлалыг давтаасай хэмээн хүснэ.

Төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг, Урлагийн хэрэг эрхлэх хороо, Соёлын яамны нэгдүгээр орлогч сайдын албыг насан элтлээ нэр төртэй хашсаных нь хувьд Монгол Улсын Засгийн газрын ХЭГ, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам зохион байгуулж, нэгдмэл удирдлагаар хангана гэдэгт итгэж байна. АИХ-ын хоёр удаагийн депутат байсных нь хувьд УИХ зүгээр хараад суухгүй нь лавтай. ШУА, МЗЭ, МСНЭ, СУИС, төв орон нутгийн соёл урлагийн байгууллагууд энэ ажлыг талархан дэмжиж, өөр өөрийнхөөрөө хувь оролцоо нэмэх нь дамжиггүй. Үр хүүхдүүдийнх нь үүсгэн байгуулсан “Чадраабалын Лодойдамба” сан ч бас тодорхой ажлууд төлөвлөж байна.

1940-өөд оноос хойш Монголын төрөөс шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиолын талаар явуулах бодлогыг зангидалцаж, амьдралынхаа сүүлийн 11 жилд гол ачааг нь үүрч, зохион байгуулж, удирдаж байсан төрийн зүтгэлтнийх нь хувьд Ч.Лодойдамбыг түүхт ойнх нь жилд шинээр нээн таниулах нь тэр их хүмүүний өмнө ач санасан сайн үйлс мөнөөс мөн бүлгээ.

Б.Галаарид

Categories
мэдээ цаг-үе

​Д.Чойжамц: Төгс буянтын зурхай бол монголчуудын ахуй амьдралд зохицсон сарны тоолол, тиймээс цагаан сар хоёрдугаар сарын 27-ндоо л болно

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамцтай уулзаж ярилцлаа.

-Цагаан сар дөхөхөөр л хэзээ тэмдэглэх талаар манайхан санал хуваагдаад хоорондоо үзчихдэг. Энэ жилийн хувьд Хятад зэрэг Азийн орнууд нэгдүгээр сарын 27-нд тэмдэглэх, харин манайд Төгс буянтын зурхайгаар хоёрдугаар сарын 27-нд хаврын тэргүүн сарын шинийн 1-ний баяраа тэмдэглэх тухай маргалдаад эхэллээ. Бурханы шашинт монголчуудын хүндэлж явдаг хүнээс энэ тухай лавлах нь зүйтэй байх гэж бодож ирлээ?

-Зурхайч хүнээс л асуумаар юм байна даа хө.

-Таны бодол уншигчдад маань чухал байна л даа?

-Богд хаант Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж Богд Жавзандамба хутагт хаан ширээнд заларсан үеэс Олноо өргөгдсөний он тоолол, Төгс буянтын зурхайн ёсоор явна гэж шийдсэн байдаг. Манжийн дарлалаас гарч, Төгсбуянт зурхайн ёсоор явнаа гэсэн шүү дээ. Бусдын эрхшээлд, Манжийн дарлалд явсан учраас шар зурхайг хэрэглэж явсан үе бий. Сүм хийдийн газрууд Төгс буянт зурхайгаа баримталдаг. Яагаад гэвэл хурал ном хурахад Төгс буянтын зурхай их дөхүү, монголчуудын амьдралтай ойр. Монголчууд чинь сарны хэлбэрийг хардаг.

Сар ямар хэлбэртэйг хараад “Өнөөдөр шинийн найман, шинийн гурван, шинийн таван байна” гэж төдөх юмгүй хэлдэг. Тиймээс Төгс буянтын зурхай бол нүүдэлчин амьдралаас урган гарсан, нүүдэлчин ахуй амьдралд маш ойрхон зурхай юм.

-Шар зурхай Төгс буянтын зурхайгаас ямар ялгаатай байна?

-Шар зурхай суурин амьдралтай хүмүүсийн зохиосон зурхай учраас өдрүүдээ шахаад хийчихдэг. Сарын өдрүүдийг шахаж хийдгээрээ ялгаатай. Төгс буянтын зурхай нь сарны хэлбэрийг авч явдаг учраас шар зурхайгаасаа арай ондоо. Монголчууддаа яг таарсан. Сарын зарим нэг өдөр шинийн долоон хоёр байх жишээний. Орчин үеийн шинжлэх ухаанаар ярих юм бол сар, дэлхий хоёрын ойртох, холдох зайнаас хамаарч байгаа юм. Сар, дэлхий хоёр холдчихоод байгаа үед хоёр хоночихоод байхад сарны хэлбэр огт өөрчлөгдөхгүй байгаа юм. Тэрэн дээр нэмэлт хийдэг. Ойртсон үед дорхноо сарны хэлбэр өөрчлөгдчихөж байгаа учраас шинийн долооных биш шинийн наймны сарны хэлбэртэй болчихож байгаа учраас өдрийг нь тэгж тааруулдаг. Нүүдэлчин амьдрал сарныхаа хэлбэрийг л дагаж ирсэн. Манай шашны номлол ч сарны хэлбэрээр явж байгаа зурхайгаараа хурдаг. Жишээ нь, хорин есөнд хамгийн нарийсаад бараг харагдахгүй болчихсон үед хорин еснийхөө хурлыг хурдаг, битүүнд бол саргүй байх үе болохоор битүүний хурлаа хурдаг. Шинийн найманд сар яг тал дугуй, хорин хоёронд бас тал дугуй болдог. Энэ хэмжээсүүдээр хурал номоо хурдаг.

-Төгс буянтын зурхайн талаар дэлгэрэнгүй хүүрнээч?

-Төгс буянтын зурхайг Цахар гэвш Лувсанчүлтэм шинэчлэн тиглэсэн. Цаг хугацаа чинь бас үе үе шинэчлэгдэнэ л дээ. Григорийн тоолол хүртэл арван өдрийн зөрүү гарчихаад Европын эрдэмтэд өөрчилж байсан. Тэр үед манай билгийн тоололд хүртэл өөрчлөлт гарч, Цахар гэвш Лувсанчүлтэм гуай өөрчилсөн түүхтэй. Төгс буянтын зурхайг Цахар гэвш зохиочихсон гэж үзэж болохгүй. Жарнаар тооцоход одоо арвандолоодугаар жаран явж байна шүү дээ.

-Зуунд шилжүүлбэл эртний тоолол болох нь байна шүү?

-Төгс буянтын зурхай есөн зуу гаруй жил явж байгаа зурхай юм. Урагшлуулбал 1027 оноос эхэлсэн, Чингис хааны үеийг дамнаад явж байгаа зурхай байх нь ээ дээ. Урьд эрт цагт ширээн дээр тавьдаг цаг гэж байсан биш, сарныхаа хэлбэр дүрсийг авч явсан сайхан зурхайгаа л ашиглаж ирсэн байдаг. Ийн мөрдөж явж байгаад Ардын хувьсгалын үед хаагдсан. 1931 оноос бил үү дээ, европ тооллыг авч шинэ жил тэмдэглэж эхэлсэн байгаа биз дээ. Энэ үеэс нэг хэсэгтээ өнжиж, 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үе өнгөрөөж байж, 1944 онд Гандантэгчинлэн хийд дахин сэргэсэн. Тэр үеэс Төгс буянт зурхайн ёсоо дахин сэргээж хурал номоо хурж эхэлсэн. Яагаад гэвэл хурал ном маань Төгс буянтын зурхай хэмээх литгүйгээр байхгүй байх байсан учраас сэргээсэн түүхтэй. Энэ тооллын дагуу Нинжбадгар гуай тэргүүтэй одон орны эрдэмтэд манай лам нарыг урьж аваачин шинжилгээ судалгаа хийж, “Малчдын календарь” нэрээр гаргадаг болсон. Энэ маягаар 1990 он хүргээд үүнээс хойш Төгс буянтын зурхайн ёсоороо явж байгаа.

-Шар зурхайгаар явах ёстой гэж зарим хүмүүс яагаад зүтгээд байдаг юм бол?

-Ардчилал гэдэг чинь янз бүрийн л үзэл бодолтой хүмүүс гарч ирдэг талбар шүү дээ. Тийм янз бүрийн хүмүүсийн л “Шар зурхай нь үнэн зөв” гэх хандлага гараад байх шиг байдаг юм. Ер нь монголчууд эртнээс нааш хэрэглээд ирсэн зурхайгаа л дагаж мөрдөх нь ёсонд зөв юм л даа.

-Заримдаа сар нь тохирсон атлаа нэг өдрийн зөрүү гарлаа гээд байдаг шүү дээ. Энэ ямар учиртай юм бол?

-Богд хаан ширээнд суусны дараа хятадууд хүрз зээтүүгээ ирлээд “Танай цагаан сарыг улаан сар болгоно” гэж сар шинийн баярыг будилуулах гээд байсан байдаг. Тийм учраас Богд хааны зарлигаар Монголын цагаан сарыг Хятадын цагаан сараас нэг өдрөөр зөрүүлж тэмдэглэхийг зурхайчдаа даалгасан юм билээ.

-Далай лам Монголд айлчилсан нь өмнөд хөрштэй улс төрийн сөргөлдөөнд хүргэлээ гэж манай улстөрчид сүржигнээд, БНХАУ-аас уучлал гуйлаа ч гэх шиг их юм дуулдах юм. Монгол Улс тусгаар улс юм чинь Бурханы шашныхаа амьд бурханыг эх орондоо залах нь аль нэг улсад огт хамаагүй асуудал биз дээ?

-Дээрхийн гэгээнтэн манай улсад есөн удаа заларсан. Коммунизмын үед хоёр удаа заларч байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар сүсэгтэн олны сүсэг бишрэл чөлөөтэй болсон. Энэ бол хуулийн заалттай зүйл. Сүм хийдийн харилцааны хуульд ч “Төр шашны хэрэгт хутгалдан орж болохгүй. Шашин төрийн хэрэгт хутгалдаж орж болохгүй” гэсэн тодорхой заалттай. Энэ хуулийн дагуу л бид Дээрхийн гэгээнээ эх орондоо урин залдаг байсан. Есөн удаагийн заллагыг сүм хийд, сүсэгтэн олон, лам хуврагууд бүгдээрээ эрэлт хүсэлтээрээ багшийгаа залсан. Үүнд ямар нэгэн улс төр ордоггүй. Ирээд шашныхаа ажлыг хийдэг, сүсэгтнүүддээ ханддаг. Багш маань ганцхан монголчуудад ч биш ерөөсөө л хүн төрөлхтний хоорондын харьцаа, бие биетэйгээ эвсэг бүлээн байх, найрсаг хандах, дотоод сэтгэхүйн сайн сайхан байхын тухайд ном айлддаг. Үүнийг л Монголын ард түмэнд хэлдэг. Залуучуудад ч уламжлалт зан заншил, соёл, шашнаа дээдлэх, тэрнийг судалж үзэх талаар асуулт хариулт маягаар сайхан уулзалт зохиодог шүү дээ. Тэрнээс улстөржсөн ганц ч зүйл ярьж байгаагүйг манай сүсэгтэн олон сайн мэднэ дээ.

Categories
мэдээ цаг-үе

О.Алтангэрэл: С.Зоригийн хэргийн захиалагч талыг үргэлжлүүлэн шалгаж байх магадлал тун өндөр байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн шүүх хурлын талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа. Төрийн нууцад хамааралтай гэх нэрийн ард өнөөдөр эргэлзээ дагуулсан олон зүйл үлдэж буй учраас хуульч, өмгөөлөгчийн байр суурийг хүргэе.

-18 жилийн турш илрээгүй байсан хэрэг илэрч, С.Зоригийн амь насанд халдсан хүмүүст шүүхээс ял сонсголоо. Олны анхааралд орсон энэ хэргийг бүхэлд нь хаалттай, тодорхой мэдээлэлгүй нууц явуулахаас өөр аргагүй байсан хэрэг үү?

-Энэхүү хэргийг мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн байна. Эргээд санах юм бол 18 жилийн турш ажлын хэсгийн хайгуул зөвхөн Монголд төдийгүй тив алгасан хийгдэж ирсэн. Европт тусгай ажиллагаа явуулж хүн барьж ирлээ, АНУ-д хүн барилаа гэсэн мэдээлэл ч гарч байсан. Өнгөрсөн хугацаанд явуулсан үйл ажиллагаа бараг бүхэлдээ нууцаар явагдсан байх үндэслэлтэй. Нууцаар үйл ажиллагаа явуулсан энэ бүх үйл явдлын зах зухаас нь олон нийт дөнгөж сонсч ирсэн. Аливаа улс орны хуулийн байгууллагын гүйцэтгэх ажил, энгийнээр бол тагнуулын үйл ажиллагаа маш нууц байдаг. Мөн төрөл бүрийн нууц ажиллагаанд оролцогч, хэрэгжүүлэгч тусгай ажилтны нэр нууц байх учиртай. Тэгэхээр шүүх хурлын явцад нотлох баримтыг шинжлэн судлах явцад олон төрлийн нууц задрахаас сэргийлэн шүүх хуралдааныг хаалттай явуулахаас өөр аргагүй байсан болов уу. Энэ талаас нь харвал шүүх хурлыг хаалттай нууц явуулахаас өөр арга байхгүй. Гэхдээ ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хүнийг яллаж л байгаа юм бол нэгэнт бий болсон нотлох баримт нь өөрөө нууц байх ёсгүй. Үнэхээр шүүх хурлыг нээлттэй хийх бололцоо байхгүй байсан юм бол манай шүүхийн практикт байгаагаар хэрэг шийдвэрлэж дууссаны дараа ямар үндэслэлээр энэ хэргийг шийдвэрлэсэн бэ гэдгээ олон нийтэд тайлбарладаг.

-Шүүх хурлаар шүүгдэгч гурван хүнийг С.Зоригоос гадна өөр бусад хүмүүсийн амь насанд халдсан гэж ялласан байсан. Тэдгээр хүмүүс хэн байв. Хохирогчдын ар гэрийнхэн шүүх хуралд хохирогчоор оролцсон уу, үгүй юу гэх мэт асуулт үлдэж байна?

-Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн хэлснээр яллагдагч нарыг С.Зоригоос гадна дөрвөн хүний амь насыг хөнөөсөн хэргээр ялласан гэсэн. Шүүгдэгчид гэмт хэргээ нуун далдлахын тулд дөрвөн хүний амь насыг хохироосон гэсэн мэдээллийг хуулийн ажилтнууд өөрсдөө хэлчихлээ. Тэгвэл энэ дөрвөн хүний амь нас ямар байдлаар яаж хохиров. Гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн юм, шүүх хурлаар нийт хичнээн нотлох баримтыг шинжлэн судлаад хэдийг нь үндэслэлтэй гэж үзсэн юм. Ямар үндэслэл дээр ял оногдуулсан гэдгээ шүүх тайлбарлахгүй бол энэ хэрэг олон нийтийн хувьд урагшаа ахисан зүйлгүй үлдлээ.

-Нас барсан дөрвөн хохирогчийн мэдээлэл нь төрийн нууцад хамаарах уу?

-Хамаарахгүй. Гарсан гэмт хэрэг нууцад хамаарахгүй. Хүний үхлийг нууц гэж дарж болохгүй. С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурлаас гадна дөрвөн хүний амь насыг хөнөөсөн шүүх хурал давхар болоод өнгөрсөн байгаа биз. Дөрвөн хүнийг хөнөөсөн гэж тогтоогдсон байтал тэр дөрвөн хүн хэн байсныг хэн ч ярихгүй, ар гэрийнхэн нь хохирогчоор шүүх хуралд албан ёсоор ороогүй харагдаж байна. Гэмт хэргээ нуун дарагдуулах үүднээс дөрвөн хүний амийг хөнөөсөн гэх таамаглалыг л үлдээлээ. Түүнчлэн энэ хэрэгт яллагдагч шүүгдэгчээр гурван хүнийг ялласнаас биш захиалагч нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй, шийдвэрлэгдээгүй үлдэж буй нь харамсалтай.

-Захиалагч нь энэ шүүх хурлаар гарч ирсэнгүй, ял авсангүй үлдлээ. Хэрэв захиалагч нас барсан байлаа гэхэд шүүхээс шийдвэр гардаггүй юм уу. Эсвэл энэ хэргийн захиалагч талыг үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж үзэхээр байна уу?

-Шүүх хурлаас ялласан зүйл ангийг нь харахад захиалагч нь Монгол Улсад байхгүй байна уу эсвэл нас барчихсан юм болов уу гэсэн хувилбараар бодогдохуйц байна. Энэ хэрэг шийдвэрлэгдсэний дараа талийгаач С.Зориг агсны дүү С.Оюуны гаргасан мэдэгдлээс үзэхэд энэ хэрэг бүрэн шалгагдаж дуусаагүй юм байна.

Одоо захиалагчтай холбоотой шалгах ажиллагаа явагдаж байх магадлалтай юм байна гэж бодогдсон. Хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан хохирогч талын өмгөөлөгч “Энэ хэрэг шалгагдаж дуусаагүй юм байна” гэж үзсэнээс нь харахад захиалагч талыг эрэн хайх, шалгах ажиллагаа цааш үргэлжилж байна гэж уншигдаж байна. Хуулиараа захиалагч тал ял шийтгэлгүй өнгөрнө гэж байхгүй. Захиалагч тал гүйцэтгэгчтэй нэгэн адил ял шийтгэл хүлээх ёстой. Гэтэл олон түмний нүдэн дээр захиалагч байна гэж шүүх дүгнэсэн мөртлөө захиалагчийг нь ил гаргасангүй, шийтгэсэнгүй. Хэрэв захиалагч нь хэрэг хүлээх чадваргүй буюу нас барсан тохиолдолд шүүх заавал зарлах үүрэг хүлээхгүй ч шүүх шийтгэх тогтоолоо бичихдээ хэний захиалгаар вэ гэдгээ, хэрэв илрүүлээд олчихсон бол тэрний захиалгаар энэ хэрэг үйлдэгдсэн болно гэж бичигдэж таарна. Энэ бүхнээс үзэхэд энэ хэрэг цаашаа үргэлжлэн шалгагдаж, захиалагч талыг шалгаж байх магадлал тун өндөртэй.

-Энэ хэрэгт С.Зориг агсны гэргий Б.Булган хохирогчоор оролцов уу, гэрч үү, эсвэл гэмт хэрэгт оролцогч талын нэг байв уу?

-Уг нь хохирогч байсан. Дараа нь хоригдсон. Хохирогчийг хорихгүй л дээ. Хорьж байна аа гэдэг нь сэжигтэн, яллагдагч байсан гэсэн үг. Шүүх хуралдаанд хохирогчийн хувиар лав оролцсонгүй. Мөн шүүгдэгч ч болсонгүй. Эсвэл сэжигтэн байж байгаад холбогдогч биш болсон байж болно.

Магадгүй Б.Булгантай холбоотой хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж дуусаагүй юм болов уу гэсэн таамаг тавигдахаар байна. Эхний ээлжинд гүйцэтгэгчдийг шийтгэчихэж байгаа юм байна гэж ойлгосон.

-Ял авсан хүмүүсийн өмгөөлөгч нарыг ярилцлага, мэдээлэл өгөхийг хориглосон байна лээ. Төрийн нууцад хамаарах хэрэг учраас өмгөөлөгч нар ярилцлага өгч болохгүй гэж гарын үсэг зурсан гэсэн?

-Хэрэг доторх төрийн нууцыг битгий задал гэж гарын үсэг зуруулснаас биш өмгөөлсөн хүнийхээ талаар ямар байр суурьтай байснаа битгий хэл гэж гарын үсэг зуруулаагүй байж таарна. Өмгөөлөгч хүн шүүх хуралдаанд орохдоо өөрийнхөө үйлчлүүлэгчийн ялыг хөнгөрүүлэх тактиктай орсон юм уу, эсвэл бүр цагаатгуулах байр суурьтай орсон юм уу гэдгээ олон нийтэд хэлж болох л байхгүй юу. Энэ нууц зүйл биш. Хохирогч талын өмгөөлөгч шүүх хурлын дараа давж заалдана гэж ярьсан байна лээ. Давж заалдана гэдэг чинь бид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна гэдгээ илэрхийлсэн хэрэг. Энэ хэрэгт шийтгэгдсэн хүмүүс гянданд хоригдохоор болсон. Чанга дэглэмтэй гяндангийн ялтан жилдээ нэг удаа гурван цаг хүртэлх уулзалт хийх эрхтэй болдог. Тэгэхээр энэ хүмүүс хэргийнхээ талаар ч юм уу өөрсдийгөө өмгөөлөх байр суурийг илэрхийлэх бүх бололцоо нь үндсэндээ хаагдчихаж байгаа юм. Нэгэнт шүүгдэгч хүмүүст эрхээ хамгаалах бололцоо үлдэх боломжгүй болж байхад шүүх болон энэ хэргийг мөрдсөн ажлын хэсгээс хүмүүсийг хилсдүүлээгүйгээр ял оногдуулсан гэдгээ олон нийтэд заавал мэдээлэх хэрэгтэй. Одоо мэдээлэл өгөхөд оройтсон гэж бодохгүй байна. Монгол Улсын шүүхийг гэмгүй хүмүүсийг авчраад жүжиг тоглуулаад 20 гаруй жил хилсээр оногдуулчихлаа гэдэгт хуульч хүнийхээ хувьд яагаад ч би итгэхгүй байна. Харин хэргийн зах сэжүүр баримтаас олон нийтэд тодорхой хэмжээгээр мэдээлж, дэлгээсэй гэж хүсч байна. Үнэндээ гадуур таарсан хүн болгон л гэмгүй хүмүүсийг шийтгэчихсэн юм биш үү гэж ярьж байна.

-Яллагдсан хүмүүсийн ар гэрийнхнийг төрийн нууц задруулав, ярилцлага мэдээлэл өгч болохгүй шүү гэж удаа дараа хэлсэн байдаг. Энэ нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл үү, үгүй юу?

-Төрийн нууцыг хамгаалах ёстой хүмүүс нь хамгаалах ёстой болохоос биш шүүгдэгч хүмүүсийн ар гэрийнхэн нь хамгаалах үүрэг хүлээхгүй. Ойр дотнын хүмүүсээ өмгөөлж дуугарах эрх хэнд ч бий. Тухайлбал, гэрийн гаднаас нь цагдаа хүн бариад явсан бол тэрийгээ ярих нь төрийн нууцад хамаарчихгүй. Ардчилсан нийгэмд хүн өөрийнхөө үзэж харснаа чөлөөтэй илэрхийлэн ярьж, ойр дотнын хүнээ өмгөөлөн дуугарах эрхтэй. Хэрэв төрийн нууц нэрийн дор тодорхой эрхийг нь хязгаарлаж байгаа бол энэ ардчилал, шударга шүүх засаглал биш.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

“Сэрэлт”-ийн Бумаа буюу жүжигчин Т.Цэвээнжавын хүү Б.Батцэвээн: Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юм шиг л сайхан санагддаг


“Сэрэлт” киноны Бумаа нэрээр нь орчин үеийн театрын урлагийн нэрт зүтгэлтэн, Монголын XX зууны манлай эмэгтэй жүжигчин, Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавыг танихгүй хүн ховорхон. Тэрээр нэгэнтээ “Жүжигчин хүн олон дүр бүтээснээрээ бус харин аль нэг дүрийг төгс төгөлдөр бүтээж байж амжилтад хүрнэ. Жүжигчин хүн нэг дүрийг давтагдашгүйгээр бүтээх ёстой. Энэ их чухал шүү. Бумаагийн дүрд тоглосны дараа дахин өөр ээжийн дүрд тоглоход Бумаа харагдахгүй байх ёстой” хэмээн 1963 онд кино драмын ангийн оюутнуудад зөвлөжээ. Түүний төрөлх авьяас, эл зарчим хосолж тайз, дэлгэцнээ давтагдашгүй дүрүүдээ мөнхөлсөн нь дамжиггүй. Ийнхүү Монголын тайз, дэлгэцийн урлагт 1950-1960-аад оны үед од болон гялалзаж байсан тэрээр эдүгээгээс 100 жилийн тэртээ мэндэлжээ. Ингээд түүний хүү Батзундуйн Батцэвээнтэй ярилцсанаа хүргэж байна.


-Энэ жил Т.Цэвээнжав гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохиосон бэ?

-УДЭТ-аас тэгш ой нь тохиож буй тайз, дэлгэцийн алдартнуудаа хүндэтгэн, уран бүтээлийн дээжээс нь үзэгч олондоо хүргэх “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” хүндэтгэл ёслолын үйл ажиллагаа зохиодог. Үүнтэй холбоотойгоор ээжийн минь мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Монгол талаасаа нэгдүгээр хүн” хүндэтгэлийн тоглолт болсон. Мөн “Алтан тайзны эзэд-Бид мартахгүй” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Энэ жил олон ч сайхан уран бүтээлчийн тэгш ой давхцаж байгаа юм билээ.

-Ээж тань аль нутгийн хүн бэ. Эхээс хэдүүлээ вэ?

-Миний ээж 1916 онд Дорнод аймгийн Матад сумын нутаг Цагаан дэрс гэдэг газар энгийн малчин айлд төрсөн. Ээж минь эхээс долуулаа. Айлын ууган охин. Дүү нарынх нь үр удам нутагтаа аж төрөн амьдарч байгаа. Харин хамгийн бага дүү нь хотод ажиллаж, амьдарч байсан.

-Таны ээж урлагт анх хэрхэн хөл тавьж байсан юм бол?

-Ээж минь 20 нас хүртлээ эцэг, эхтэйгээ хамт амьдарч байгаад аавтай гэр бүл болсон юм билээ. Миний аавыг Батсундуй гэдэг. Унаган хотын хүн. Матад суманд цэргийн алба хааж байхдаа ээжтэй танилцаж л дээ. Аав Матадын наймдугаар Хуягт дивизийн Улс төрийн удирдагч албан тушаалтай офицер явсан хүн. Харин 1936 онд хот руу явахдаа ээжийг аваад хамт ирсэн юм билээ. Хотод ирээд шаазан ваарны үйлдвэр, гар оёдлын артельд ажил хийж байсан. Ээж дуу, хуур бүжиг наадамд дуртай хүн байсан учраас сайн дурын уран сайханчдын дугуйланд явдаг байж. Харин дараа нь Хөгжим бүжгийн сургуульд орж суралцсанаар жүжигчин болох эхлэл нь тавигдсан. Сургуулиа төгсөөд л 1944 онд театрт жүжигчнээр орсон юм билээ.

-Г.Цэвээнжав гуай тайз, дэлгэцийн олон сайхан дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээсэн. Тиймээс ч найруулагч, театр судлаачид их үнэлдэг…

-Театрт жүжигчнээр орсноос хойш ээж минь тайз, дэлгэцнээ олон сайхан дүр бүтээсэн байдаг. 1947 онд А.Корнeйчүкийн “Платон Крeчeт” жүжгийн Кeрeстина Пахиповнад тоглохдоо нас ахисан боловч угийн хөдөлмөрч зангаараа улаан цэргийн эмнэлэгт сувилагч хийдэг, бүхний хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан сэтгэлт ганц биe, наргианч авгайн дүрийг бүтээсэн бол, 1948 онд Д.Намдаг, Ш.Нацагдорж нарын “Залуу үe” жүжгийн багш Оюуны дүрд тоглож, сурган хүмүүжүүлэгч хүний ажигламтгай, шийдэмгий чанарыг сайн үзүүлж чадсан байдаг юм. Харин 1951 онд Ойдовын “Далан худалч” жүжгийн Пагма авгайн дүрд тоглохдоо залуу үeдээ завхай явдлаар амьдралаа хийж явсан, тэжээж өсгөсөн Алимаа охиноо баян пүүсийн өвгөн Луухаанд худалдаж өөртөө ашиг олох гэсэн эрээ цээрээ алдсан, шунахай авгайн дүрийг чадварлаг бүтээж үзэгчдээс өндөр үнэлэлт авсан байдаг. Мөн 1954 онд А.Островскийн “Аянга” жүжгийн гол баатар харгис Кабаниха авгай, мөн Дэн И Хэгийн “Буурал бүсгүй” жүжгийн Хуан Муд тоглохдоо харгис, дотуур тамиртай эмэгтэйн дүрийг бүтээсэн бол 1960 онд Ж.Цэрэнгийн “Будамшуу” инээдмийн жүжигт мөн л чадварлаг тоглосон байдаг. Театрын жүжигчин байсан учраас төдийлөн олон кинонд тоглож чадаагүй болов уу. Хэдий цөөн кинонд тоглосон ч ээж минь Монголын кино урлагт цайлган цагаан сэтгэлтэй шударга, наргианч зантай эмэгтэйн дүрийг мөнхөлж чадсан юм. Түүний нэг нь 1957 онд хийгдсэн “Сэрэлт” киноны цайлган цагаан сэтгэлтэй Бумаагийн дүр яах аргагүй мөн. Энэхүү кинонд орос эмчийг угтаж, дэлгүүрээс юм худалдан авч, шал угааж, бичиг заалгаж байгаа болон лавлаа Дашийг зэмлэн загнаж байгаа зэрэг нарийн тоглолт нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй татдаг. Энэ бүхэн нь кино урлагт цоо шинэ дүр болсон хэмээн судлаачид үнэлдэг юм билээ. Мөн 1970 онд “Хүргэн хүү” киноны Дэмбэрэлийн ээж Санжид зэрэг олон сайхан ээжүүдийн дүрийг бүтээсэн. Найруулагч, зохиолч хоёрын дутууг гүйцээж сэтгэдэг гэж урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт кино найруулагч Р.Доржпалам хэлсэн байдаг юм. Р.Доржпалам гуайн 1959 онд хийсэн “Морьтой ч болоосой” киноны Дондогийн ээж Ханд, 1963 онд “Энэ хүүхнүүд үү” киноны нэгдлийн дарга Жамцын гэргий Долгор, “Хөхөө гэрлэх дөхлөө” зэрэг кинонуудад тоглосныг ард түмэн мэдэх байх. Мөн театр судлаач С.Дашдондог “Театрын урлагийн зарим зүтгэлтэн” номдоо “Т.Цэвээнжав өөрийн тоглох дүрийн мөн чанарыг ухаанаараа зөв олж чаддаг, хэтрүүлэг чимэглэлийг эгзгийг нь олж, жүжиглэлтээрээ авцалдуулж чаддаг, уран сэтгэмж, дүрийн баяжуулалт сайтай, инээдмийн дүрийг бүтээх ур, чадварын хувьд гадаадын нэрт жүжигчидтэй мөр зэрэгцэх авьяастан” хэмээсэн байдаг. Ээжийн минь авьяас билгийг үнэлж 1956 онд Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнаж байсан. Ямар ч дүрийг чадварлаг бүтээдэг, байгалиас заяасан авьяас билигтэй хүн байж дээ, ээж минь. Ээжийнхээ тоглосон киног үзэхэд дэргэд байгаа юм шиг л сайхан санагддаг даа.

-Таны бага нас театртай салшгүй холбоотой байх. Тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

-Ээжийгээ дагаад театрт их ирдэг байлаа. Ээжийг тайзан дээр гарсан үед хөшигний ард л сууж байдаг байв. Нэг удаа ээж тайзан дээр жүжиглэж байгаад буцаж орохдоо миний байгаагийн эсрэг тал руу яваад хөшигний ар руу орчихож л дээ. Тэгсэн би араас нь дагаад алхаж байсан гэдэг. Тухайн үед Б.Жигмиддорж, Е.Гомбодорж, Д.Ичинхорлоо, Д.Цэрэндулам, Г.Гомбосүрэн гээд алтан үеийн сайхан жүжигчид их байсан даа. Хүүхэд цөөн байсан болоод ч тэр үү, томчууд намайг их цаашлуулдаг байж билээ.

-Ганц хүүгээ их эрхлүүлдэг байсан биз?

-Ээж, аав хоёр минь намайг их эрхлүүлнэ. Гэхдээ буруу эрхлээгүй гэж боддог юм. Миний ээж шулуун шударга зантай, ухаалаг мөртлөө хүүхэд шиг гэнэн цайлган хүн байсан. Хамт ажилладаг байсан хүмүүс нь ч тэр тэгж дурссан байдаг юм. Хэдий урлагийн төлөө зүрх сэтгэлээ зориулж зав, зай муутай байдаг байсан ч хань ижил, үр хүүхдэдээ их халамжтай, сайхан хүн байсан даа. Амралтын өдрүүдээр янз бүрийн сайхан хоол хийнэ. Бас их цэвэрлэгээ ч гэсэн хийдэг байв. Маш цэвэрч, нямбай хүн байлаа шүү дээ.

-Ээжтэйгээ хамт тайз, дэлгэцнээ гарч байсан үе байдаг уу?

-Ганц нэг бий шүү. Театрт 1957 онд “Страконицын хөөрөгт цоорч” гэж жүжиг тавигдаж байсан. Тэр жүжигт ээж минь олон хүүхэдтэй, цагаан цайлган сэтгэлтэй эхийн дүрд тоглодог байв. Тэр олон хүүхдүүдийнх нь нэгэнд нь би тоглодог байсан юм. Гэхдээ юм ярихгүй л дээ. Тайзан дээр гарч ээждээ тэврүүлдэг хэсэгт ордог байсан. Намайг байхгүй үед театрын комендантын хүү тоглодог байсан юм билээ. Мөн “Сэрэлт” киноны зураг авалтад явж байсан. Гэхдээ бас л жаахан байсан болохоор тэр бүр сайн мэддэггүй юм. Ямартай ч майханд унтаад үлддэг байлаа. Харин кинонд хэдэн лам хүүхэд бөмбөг хөөгөөд гүйж явдаг хэсэг гардаг даа. Тэр хэдэн хүүхэд дунд би орж байсан юм.

-Танайхаар урлагийнхан их зочилно биз?

-Манайхаар урлагийнхан их ирдэг байсан. Ээж минь найрсаг, зочломтгой хүн байсан болоод ч тэр үү, хөл тасардаггүй байлаа. Ичинхорлоо, Хандсүрэн гуайтай их үерхдэг байсансан. Манайд ирж их хуучилцгаадаг байж билээ. Мөн Лха.Долгор эгчийнхтэй зусланд хамт гардаг байлаа.

-“Арын албаныхан” киног ээжид тань зориулж хийсэн гэдэг?

– Тийм шүү. 1971 онд Чимид гуайн “Арын албаныхан” гэж жүжгийг тавих боллоо. “Хүүгээ дайнд алдсан эхийн дүрийг надад зориулж бичсэн гэнэ” гэж байсныг санадаг юм.

-Ээж тань их сайхан дуулдаг хүн байсан гэл үү?

-Ээж их сайхан дуулдаг хүн байсан. Шүлэг ч сайхан уншдаг байсан даа. “Цуурай” өгүүллэг, “Платон Кречет” жүжгийн К.Рахиповнагийн монолог зэргийг их уран уншдаг байсан. Бас их уран хүн байлаа. Монгол дээлийг их гоё оёно. Би ээжийнхээ хийж өгсөн хувцаснуудаар их гангардаг байсан даа. Пальто, өмд цамц, малгай гээд урлахгүй юм үгүй.

-Т.Цэвээнжав гуайн хөшөө төрсөн нутагт нь бий. 2014 онд босгосон байх аа?

-Тийм шүү. Матад сумын 90 жилийн ойгоор ээжийн минь хөшөөг босгох санаачилга гаргасан юм. Бид ч дэмжиж, сайхан хөшөөг нь босгосон. Ээжийнхээ нутгаар жил бүр очно гэсэн бодолтой л байдаг юм.

-Таныг урлагийн хүн болгоно гэдэг байв уу?

-Би арван жилээ төгсчихөөд ээждээ шалгуулж үзсэн юм. Харин шалгалтад нь тэнцээгүй шүү. Аав минь урлагийн авьяасгүй хүн байсан. Би аавыгаа дуурайсан юм шиг байгаа юм. Тиймдээ ч би хуульч мэргэжил эзэмшсэн. Энэ чиглэлээрээ ажиллаж байгаад одоо тэтгэвэрт гарсан. Ер нь ээжийн минь авьяасыг өвлөсөн хүн ач, зээ нарт нь байхгүй дээ. Бүгд л өөр, өөр чиглэлээр мэргэжил эзэмшсэн байна.

О.АРИУНЦЭЦЭГ