Categories
мэдээ цаг-үе

Б.Галиндэв: Монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэж боддог

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 105 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртсэн Отгонтэнгэр Их сургуулийн багш, философийн ухааны доктор, профессор Б.Галиндэвтэй ярилцлаа.


-Философийн багш мэргэжлийг яагаад сонгох болов. Энэ салбарт хичнээн жил багшилж буй талаар тань яриагаа эхэлье?

-Би уг нь цэргийн хүн байсан. 1967 онд Цэргийн ерөнхий дээд сургууль анх байгуулагдахад курсантаар элссэн юм. Сургуулиа төгсөөд цэргийн ангид ажиллаж байгаад Оросын цэргийн улс төрийн академид сурч, философийн багш мэргэжил эзэмшсэн. Миний хувьд философи бол амьдралын утга учрыг олох, дотоод сэтгэл рүүгээ өнгийж харах, амьдарч буй нийгмийнхээ учир утгыг олох, бидэнд тавигдаж байгаа аливаа асуудалд үнэнийг эрж хайсан хариу өгөх зориулалттай мэдлэгийн салбар учраас сонирхсон гэж үзэж болно. Мөн бидний үеийнхэн арван жилийн дунд сургуульд байхдаа уран зохиол уншдаг, өөр хоорондоо ярилцдаг байсан туршлага, сонирхол маань тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх гэж боддог. Философийн багш болоод Батлан хамгаалах Их сургуульд 11 жил, Отгонтэнгэр Их сургуульд 22 жил ажиллаж байна.

“Соёмбо” сонинд эх оронч үзлийг философи талаас нь тайлбарласан ярилцлага өгснийг тань уншиж байсан. Эх оронч үзлийн талаар товч ярихгүй юу?

-Өнөөгийн нийгэмд эх оронч үзлийн талаар эргэлзээтэй ойлголт яваад байна. Хүн сайхан л амьдарч байвал хаа ч байсан яадаг юм. Эх оронч үзэл хэрэггүй гэсэн ойлголт нэг хэсэгт нь байна. Миний хувьд энэ үзлийг уриалан дуудаж, хүлээн зөвшөөрдөггүй. Миний бодлоор хаана ч амьдарсан болно, эх оронч үзлээр яадаг юм гэж үзэж байгаа хүн эд материалын хойноос хөөцөлдсөн хүн болж хувирна. Хүн гэдэг чинь ганцхан материаллаг эд зүйлийг хэрэглэгч биш. Хүн бол оюуны үнэт зүйлсийг эзэмшиж байж өөрийнхөө үнэ цэнэ, нийгэмд эзлэх байр сууриа, амьдарч яваа утга учраа ойлгодог. Эх оронч үзэл гэдэг бол Монгол Улсынхаа сайн иргэн болох тэр хязгаар цэгээс эхэлдэг гэж оюутнууддаа хэлдэг.

Ардчилсан нийгэмд амьдарч буй иргэн бүр өөртөө ногдсон үүргийг яв цав биелүүлж байх явдал маш хэрэгтэй байна. Энэ байдлаар иргэн бүр өөр рүү гээ харахаас эх оронч үзэл эхлэх ёстой, эх оронч үзлийн гол цөм гэж боддог.

-Та философийн салбарт ямар чиглэлээр мэргэшиж доктор, профессорын зэрэг хамгаалав. Хичнээн судалгааны бүтээл, ном туурвисан бэ?

-Цэргийн академид сурч байх үеэсээ л би ёс суртахууны асуудлыг сонирхсон. Ёс суртахуун бол хүн төрөлхтний мөнхийн асуудал. Хүмүүс бүгдээрээ бурхан болж заяагдаагүй учраас ёс суртахуунаас сайн ч, муу ч зүйл гарч байдаг. Сүүлийн үед ёс суртахууны асуудал хурцадсан. Үүнд, хэд хэдэн шалтгаан бий.

Нэгд, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнтэй холбоотой хүмүүсийн ёс суртахууны үнэлэмж 180 градус өөрчлөгдсөн. Хуучин нийгэмд үнэ цэнэтэй байсан ёс суртахууны үнэт зүйлсийг үгүйсгэсэн. Хоёрт, ёс суртахууны боловсрол хүний толгойд хийсвэр байдлаар оршдог. Ёс суртахуун үйлдэл болохдоо бусдаас үлгэр жишээ авдаг. Ёс суртахууныг хүн ахмад үеэ, бусдыг дуурайж эзэмшдэг. Бидний үед Дамдинсүрэн гуай шиг эрдэмтэн, Эрдэнэ шиг зохиолч болох сон гэж хүсдэг байсан. Гэтэл өнөөгийн нийгэмд үлгэр дуурайл үзүүлдэг хүнгүй болчихоод байна. Улстөрчид, өндөр дээд албан тушаалтнууд маань авлигачид, оффшорчид, улс төрийн хариуцлага хүлээж чадахааргүй хүмүүс болж хувирсан. Гэхдээ залуусын бахархан дуурайх хүмүүс нь нийгмийн амьдралаас нууцлаг, нам жим ажиллаж амьдарч байгааг хэлэх хэрэгтэй. Д.Урианхай гэж гайхамшигтай эрдэмтэн ажиллаж хөдөлмөрлөөд явж байгааг залуу үе мэдэхгүй байна. Тийм хүмүүсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах хэрэгтэй. Би “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” гэдэг буланг үргэлж уншдаг. Нийгэмд их ач тустай зүйл гэж үздэг. Гуравт, дээд боловсролын тогтолцоонд хүнийг хүн болгодог нийгэм, хүмүүнлэгийн ухааны хичээлийг үнэлэхээ больсон. Түүнийг дагаад ёс суртахууны хүмүүжил, итгэл үнэмшил алдагдаж байна.

Би жил бүр оюутнуудаар ёс суртахууны талаар эссэ бичүүлдэг. Оюутнууд “шударга байлаа гээд би өөрөө хохирохоос өөр юм алга” гэж хэлдэг. Энэ бол оюутан залуучуудын нийгэмдээ өгч байгаа том үнэлгээ юм. Тэгэхээр нийгмийн ухааны багш нар үнэнийг хэлэх нүүргүй болж, өнөөгийн нийгэмд ёс суртахууны үнэлэмж ийм хандлагатай болсон. Энэ эмзэг асуудлаар гурав, дөрвөн ном бичсэн. “Өөрчлөлтийн үеийн ёс суртахууны асуудал”, “20, 21 дүгээр зууны Монголын нийгмийн ёс суртахууны төлөв байдал” гээд өөрийнхөө хэмжээнд нэлээн том ном бичсэн. 2014 онд “Хүний төрх”, 2016 онд “Хүн байх ухаан” гэсэн номуудыг монгол хүний ёс суртахууны яс модыг зөв бүтээхсэн гэдэг утгаар бичсэн.

-Оюутнуудын нийгэмд өгч байгаа том үнэлгээ болсон асуултад та хэрхэн хариулдаг вэ?

-Тэдэнд хандаж, өнөөдрийн үзэгдэлд хууртаж болохгүй. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулайг гүйцнэ” гэдэг үгийг монголчууд олон зуун жил хэлсэн. Энэ бол монголчуудын том найдвар. Нэг талаасаа биелсээр ирсэн. Шударга бус хүн сайхан амьдарч байгаа юм шиг харагдаж болно. Энэ бол ирээдүйгүй. Хоёрт, чи цоо шинэ залуу үе. Танай үеэс сайн сайхныг бид горьдож байна. Өнөөдрийн эрх мэдэл рүү явж байгаа хүмүүс бол ёс суртахууны хувьд алдагдсан хүмүүс гэж хэлдэг.

-Багш бүрт өөрийн гэсэн арга барил байдаг. Та оюутнуудад философийг яаж ойлгуулдаг туршлагаасаа хуваалцаач?

-Би оюутнууддаа “Өнөөдөр чамд философийн хичээл зааж байгаа нь хоёр асуултад хариулт өгөх зорилготой. Нэгт, Би хэн бэ? гэсэн асуултыг өөртөө тавь. Хоёрт, Би хэн болж байж энэ ардчилсан нийгэмд сайхан амьдрах юм бэ? гэсэн асуултад хариулт олж чадах юм бол философийн хичээл өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн гэж ойлгох хэрэгтэй” гэдэг. Философи их олон талтай болж байна. Сүүлийн үед шашин, сонгодог урлагтай нийлэгших болсон. Би оюутнуудад шалдар булдар ном битгий унш. Цагийн гарз гэж хэлдэг. Толстой, Достоевский, Кафка, Камю, Сартрыг унш. Ингэж байж ухаарч, хүн болно гэдэг. Уран зохиолоор дамжиж философид дурлах, философиор дамжаад шашны утга учрыг ойлгох хэрэгтэй. Ингэж философийг бусад хичээлтэй онь холбож нийлэгшүүлж явуулмаар юм шиг санагддаг. Ер нь хүн философи, шашин, уран зохиолоор дамжуулж өөрийгөө дотроосоо бүтээх ёстой. Өөрөө өөрийгөө дотроосоо бүтээсэн хүн өөртөө ч, нийгэмдээ ч хэрэгтэй хүн болдог. Гаднаас нь бүтээсэн хүн хэн ч биш болдог юм.

Үүнээс гадна өнөөгийн нийгэмд оюутнууд асар их мэдээлэлтэй байдаг болсон. Энэ нь нэг талаар давуу тал, нөгөө талаар сонсож дуулсан бүхнээ эргэцүүлж бодох анализ хийх сэтгэлгээний чадвар муу байна. Тийм болохоор олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үзэж сонирхдог сониуч хүнийг биш, аналитик сэтгэлгээтэй уншигчдыг бэлдэх хэрэгтэй. Бид ч үүнд хувь нэмрээ оруулмаар санагддаг.

-Анализ хийх чадвар хүнд яаж төлөвших вэ?

-Задлан шинжлэх сэтгэлгээг багаас нь ёстой л цэцэрлэг, ясли, дунд сургуулиас нь төлөвшүүлмээр байна. Манай оюутнууд гэлтгүй бид ч хүний хэлсэн юмыг яг тэр чигээр нь хүлээж авдаг нь туйлын үнэн. Хүн бүр өөрийн гэсэн шүүлтүүртэй, хүний хэлсэн үгийг бодож тунгаагаад авах гээхийн ухаанаар хандаж хэд хэдэн сайн санааг нийлүүлээд өөрөө шинэ санаа, мэдлэг бүтээж чаддаг байх хэрэгтэй. Ерөнхий боловсролын сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс гадна эцэг, эхчүүд үүнд чухал үүрэгтэй. Эцэг, эхчүүдийг нийгэмшүүлж хүн болгомоор байна. Өөрсдөө хүн болж төлөвшөөгүй байж нэг хүнийг төрүүлдэг. Хүн болоогүй гурван хүн яаж нэгнийгээ хүн болгох вэ гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Миний харж байгаагаар 1980 оноос хойш төрсөн нөхдүүд нэлдээ уран зохиол уншаагүй байна. Зүгээр л үздэг, сонсдог хүмүүс. Тэднийг би алдагдсан үе гэж нэрлээд байгаа. Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн тухай их ярьж байна. Асуудлын гарцыг хуулийн заалтаас хайгаад хэрэггүй гэж боддог. Үүнийг хувь хүний оюун санаанаас эрэх хэрэгтэй. Тухайн хүнд нинжин сэтгэл байна уу, гэр бүлээ аваад явах ухаан байна уу гэдгийг анхаарах нь зүйтэй. Гэр бүлээ авч явж чадахгүй бухимдахын эрхэнд гэр бүлээ хүчирхийлж байна. Өнгөн талаас нь бол хууль, эрхзүйн заалт байх нь зүйтэй л байх.

-Философийн шинжлэх ухаан шашинтай нийлэгжиж байна гэлээ. Монголд шашны олон урсгал орж ирж байна. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

-Шашин гэдэг бол хүн төрөлхтний амьдралд онцгой ач холбогдолтой. Мухар сүсэг, гэгээрэл гэсэн хоёр талтай. Зан заншил ихдэх тусам мухар сүсэг болдог. Шашин гэдэг хувь хүний амьдрах арга болж болохгүй. Буддын шашны сүм хийдүүд бизнесийн байгууллага болсон тул Буддын шашны үнэнийг хоосон чанар, шүтэн барилдлага, үйлийн үрийг залууст ойлгуулах үндсэн үүргээсээ ухраад байна. Хүн ямар шашин шүтэх нь хүний оюуны эрх чөлөө. Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн шашинтай байх ёстой болов уу. Миний бодлоор бидний ойлгож байх ёстой, хамгийн үнэн, шинжлэх ухаанч шашин бол Буддын шашин юм.

-Таны санаанаас гардаггүй, сэтгэлд тод үлдсэн шавь бий юү?

-Санаанаас гардаггүй шавь нар байдаг. Цэргийн сургуульд байхад Энхбаяр гээд оюутан байсан. Тэр сүнсний тухай курсын ажил бичсэн юм. 1985 онд сүнсний тухай ярина гэдэг сайхан юм биш. Тэр нөхөр өдий төдий материал цуглуулаад сүнс байдгийг нотолсон. Тэгэхэд нь би “Чиний бичсэн юм сайн, материал цуглуулсан хөдөлмөр чинь сайн байна. Гэхдээ миний итгэл үнэмшилтэй нийцэхгүй байна” гэж хэлж байсан.

Отгонтэнгэрт багшилж байхад Удамцэнгэл гээд япон хэлний ангийн оюутан байлаа. Төгсөөд нэлээн хэдэн жил болж байна. Японы сонгодог уран зохиолыг сонирхдог, түүгээрээ надтай санаа нийлдэг байсан юм. Японы сонгодог уран зохиолоор “Хүний асуудал” гэсэн дипломын асуудал бичиж хамгаалсан. Сургуулиа төгсөөд Японы соёлын төвд ажиллаж байгаад Япон руу сурахаар явсан гэдэг. Нобелийн шагналт Ясунара Кавабатагийн өгүүллэгүүдийг орчуулж хэвлүүлсэн. Их сайн шавь. Шадар сайд У.Хүрэлсүхийн ангийнхан манай цэргийн сургуулийг 1989 онд төгссөн. Сэтгэлгээ, хүн чанарын хувьд содон төгсөгчид байсан.

-Сүнс байдаг гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, нотолсон гэдэг шүү дээ. Та одоо итгэдэг үү?

-Үгүй. Тэр бол тодорхой хэсэг бүлэг хүний санал бодол, судалгааны ажил юм. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлэхэд, би оюутнууддаа шинжлэх ухаан гэдэг юм руу нүүрээ харуулаач гэж хэлдэг. Энэ нийгмийг төөрөгдлөөс гаргах зүйл бол шинжлэх ухаан. Хоёр жилийн өмнө Английн эрдэмтэн нэг судалгаа хийсэн. Ямар ард түмэн шинжлэх ухааныг сонирхож, итгэдэг юм гэхэд Швед, Швейцарь, Англи, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын нэлээд хэсэг нь шинжлэх ухаанд итгэдэг гэсэн дүгнэлт гарсан. Сүүлийн үед хойт насны тухай, сүнсний тухай их ярих болж. Би залхуураад, хичээлээ хийхгүй байгаа оюутанд хандаж, “Чи өнөөдөр нэг л залхуураад байна. Хойт насандаа мундаг хүн болох гээд байна уу даа” гэж ёжилдог.

-Философич хүний тань хувьд асуухад өнөөгийн нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл юу байна?

-Өнөөдөр Монголд хамгийн их дутаж байгаа зүйл бол хүн хүнээ хайрлах хайр. Улаанбаатарт хамгийн их илүүдэж байгаа зүйл бол утаа.

Б.Наранчимэг

Categories
мэдээ цаг-үе

Эх орноо өрнөөс гаргах “Өдрийн сонин”-ы уриалгыг иргэд дэмжиж байна

Шинэ Засгийн газар байгуулагдаад л мөнгө төгрөггүй учир ажил хийх боломжгүй байгаагаа дахин дахин зарлаж эхэлсэн. Мөн гаднаас авах зээл тусламж нь ч бүтэлгүй байгаа тухай мэдээлж байна. Засгийн газар хагас жил орчим ажиллахад гомдоллохоос өөр олигтойхийсэн ажил алга. Үйл явдлыг чамгүй удаан ажигласны эцэст “Өдрийн сонин” нэгэн уриалга нийгэмд гаргасан юм. “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх уриалга нийтлэлээрээ бид гаднаас авах зээл тусламж Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилалд халтай юм бол дотоодоосоо мөнгө босгох боломж байгаа тухай бичсэн. Эдийн засгийн хямралын энэ үед монголчууд өөрт байгаа хөрөнгө, мөнгөө төрд хандив, зээл хэлбэрээр өгөх, томхон компаниуд татвараа урьдчилан төлөх гэх мэтээр мөнгө босгож, сөхөрсөн эдийн засгаа сэргээхийг манай сонин нийгэмд уриалсан билээ. Энэ нийтлэл маань олон түмний сэтгэлд ихэд нийцжээ. Тиймээс ч нийтлэлийг маань дэмжсэн иргэдийн санал хүсэлт, захидлууд бидэнд ирсээр байна. Хөгшид“тэтгэврээ өгье” гэж хандаж байхад малчид “хэдэн хонь хандивлах гэсэн юм” хэмээн хөдөөнөөс утас цохиж байна. Мөн жижиг бизнес эрхлэгчид “Өвлийн дулаан гутал, хувцас өгье” гэж байх жишээтэй. Гадаад зах зээлээс хөрөнгө мөнгө босгох, эдийн засгаа сэргээх ажил тань бүтэмж муутай бол ард түмэн чинь тусалж дэмжихэд бэлэн байна шүү. Үүний жишээ болгон уншигчдаас ирсэн зарим захидлыг нийтэлж байна.

БҮХ НИЙТЭЭР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЬЕ

ЧД-ийн VI хорооны иргэн, өндөр настан Боржигон овогт Н.Баатар

Хүн төрөлхтний түүхнээ олон чухал алхам дэвшил хийсэн монголчууд хамгийн их ардчилал, эрх чөлөө, ил тод, үнэнч шударга үйлстэй ард түмэн билээ. Өвөг дээдэс, эзэн богд Чингис хааныхаа билэг сургаалыг дагах эв эе, эдийн засаг, үзэл санааны дархлаа л Монгол Улс монгол түмэн, Монгол орон оршихуйн үндэс буй заа. Гэтэл сүүлийн зуу шахам жил юу хийчих вэ?

Бүх юмаа сайн бодож боловсруулаагүй дутуу дулимаг хийснээс нийгмийн дийлэнх нь ядуу хоосон, итгэл үнэмшилгүй эх захаа алдаж төр улс минь өр ширэнд баригдан иргэд нийгмийн итгэл найдвар, холбоо гагнаас нь суларч манайхны бодож олсон гажиг зэвүүн “улс төрийн” гэх сүржин угтвартай намчирхсан эрх мэдэл эд хөрөнгийн бүлэглэлүүд идэвхжиж байгаа нь муу зүйл. Хоёр их гүрний завсар хүн амын ихэнх ядуу зэрэг түүхэн эгзэгтэй нөхцөл байдалд Монгол Улс үндэстэн тэсч үлдэхүй нь эх түүх, соёл, амьдрах ухаандаа түшиглэн нэг эзэн номлолтой Үндсэн хуулийн энхтайванч хүчирхэг эдийн засаг, өндөр зохион байгуулалттай орон байх ёстой.

“Өдрийн сонин” дээр гарсан “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” хэмээх нийтлэлийг дэмжиж байна. Одоо бид бүх нийтээрээ төр улсаа, ард түмэн эх орноо ойрын үед эдийн засгийн хямралаас гаргаж цааш хөгжүүлэхээр эх оронч сэтгэл санаа, хөдөлмөрөө дайчилцгаая. Үүнд нэмэр хандиваа оруулцгаая гэж өвгөн би уриалан “Монголоо хөгжүүлье сан” байгуулах санаачилга гарган нийт ард иргэд, үйлдвэр аж ахуй, байгууллага өргөнөөр оролцохыг уриалж байна. Энэхүү санд би өөрийн зүгээс алтан аяга нэг ширхэг, бэлэн мөнгө нэг сая төгрөг, хоёр сая төгрөгийн үнэ бүхий “Монгол” гэдэг танин мэдэхүй, бахархлын ном хоёр зуун ширхэг бүгд найман сая төгрөгийн зүйл хандивлаж байна. Монгол хүн бол хүн төрөлхтний олон мянганы нүүдлийн соёл иргэншлийг үүсгэгч, түгээн дэлгэрүүлэгч, сонгодог хэлбэрт дэвшүүлэн авч явагч мөнийн хувьд сайн санаат улс орон ард иргэд олон улсын байгууллагын хандив дэмжлэгийг авах эрхтэй хэмээнэ.

“Монголоо хөгжүүлье сан” Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд Сангийн яаманд төвлөрч төгрөг валютын данс, үнэт эдлэл биет зүйлийг бүртгэн авч үнэлэн хаана юунд зарцуулахаа Засгийн газар шийдвэрлэж тайлан баланс гаргуулна. “Монголоо хөгжүүлье сан”-гийн хүндэтгэлийн баганыг Налайхын гурван замын уулзвар-өндөрлөг, 22-ын товчооны уулзварт тусгай зураг төслөөр ирээдүйд байгуулах нь зүйтэй.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

“ӨДРИЙН СОНИН”-Д ИЛГЭЭХ АХМАДЫН ҮГ

БГД VI хороо, өндөр настан Ч.Цээпил

2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн сонинд “Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг уриалж байна” гэсэн гарчиг нүднээ тусаж ёстой л загатнасан газар маажив гэгч боллоо. Юуны урьд сэтгэлийг минь сэргээж баясал төрүүлсэн та нартаа талархлаа илэрхийлье. Учир юунд байгааг товчхон хэлье. Хэдийгээр би 80 дөхөж яваа ч гэсэн хөдөлмөрлөх эрч хүч сэтгэлийн гал цог минь буураагүй хийх л юмсан, бүтээх л юмсан нийгэмдээ болон бусдад тустай юм хийхсэн гэсээр өдий хүрлээ. Нас бие элэгдэнэ, тамир тэнхээ суларна, ухаан санаа уймарна харин Монголоо гэсэн сэтгэл үс шиг бууралтаж нуруу шиг бөгтийж хөл шиг майжийдаггүй юм байна.

Хэрэв ийм тусламжийн хөдөлгөөн өрнөвөл би сарын тэтгэврээ өгье. Бусад ахмадууд маань дэмжинэ. Гаднаас гуйлга гуйх шаардлагагүй. Боломж их бий, боломжоо ашиглацгаая. Монгол маань баян. Ядуу хүн цөөхөн шүү дээ. Тулган шаардах биш сэтгэлээрээ шийдэх асуудал тул олны санаа оломгүй далай гэдэг шүү дээ. Төрөөс элдэв халамж тусламж мөнгө нэхдэг зүйлд ялгавартай байгаасай гэж бодном. “Зуун загас бэлэглэхийн оронд нэг загас барих аргыг зааж өг” гэсэн орос ардын үг бий. Хэтэрхий их халамж амласаар байгаад хөдөлмөрлөх дургүй, зүгээр сууж тэжээлгэх хандлага бий болчихжээ. Арвангуравдугаар сарын цалин ч гэх шиг, төрийн албан хаагчид, банк болон татварынхан ажилчдадаа шагналын журмаар хэдэн арван сая төгрөг өгсөн гэх мэт зүйл гарч л байна. Төмөр нүүрээ ийм л зүйлд гаргаасай. Энэ мэтээр төр мөнгөө хуримтлуулж өрнөөс гарах гарц байх шиг санагдана.

2017.01.01

ХАНДИВЛАЖ ТУСАЛЦГААЯ, ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ АВАРЦГААЯ

Цагаан бөө овгийн Бумбажавын Пунцагийн Луузангийн Дамбадорж (Монгол Улсын гавьяат багш, профессор)

Өдрийн сонин”-д гарсан уриалгыг уншаад эх орон, эдийн засгаа дампуурахаас аврахад түмэн олны дүйд орж тэтгэврийн нэгэн өвгөн би 180 мянган төгрөгөөр өчүүхэн хандив өргөх хүсэлтэй байна. Есийн тооны бэлгэдэлтэй 18-ын учир гэвэл Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Арвайхээрийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Төгрөг сумын говь нутгийн ядуу ард Цагаан бөө овгийн Пунцагийн Луузан (16 хүүхэд бидний эцэг, 1888 онд төрсөн), Бүгтэр овгийн Гэндэнгийн Лхагсам (16 хүүхэд бидний эх, 1888 оных, 15 удаа төрсөн, нэг удаа ихэр гарсан гэдэг, 5-6 хүүхэд нь нялхдаа эндсэн аж), ах Л.Бууч (1912), эгч Л.Дулам (1915), Л.Долгор (1917), Л.Соль, (1919), Л.Лхамцэрэн (1921), ах Л.Сангидорж (1923), Л.Цэрэндорж (1925), Л.Самдан (1927), нэр мартсан (1932-33 оноос өмнө төрсөн байх), отгон хүү Л.Дамбадорж (1934) ийм 18 хүн нэг бүрийн тоогоор нэг нэг түмэн төгрөг, нийт 180 мянга юм. Цагаан бөөгийнхөн гэж 300 гаруйхан жилийн дотор бусад олон овог удмынхантай ураг барилдаж өсөн үржсээр учир тоймгүй олуулаа болсон юм билээ. (2013 онд ургийн уулзалтад ирсэн нь хоёр мянга гаруй хүн байсан), тэдэндээ хандаж төр засагтаа бага ч багадахгүй, их ч ихдэхгүй гэсэн зарчмаар Цагаан бөө овгийн тэр гуайн тэр гэсэн нэр алдраараа хандив өгөөсэй хэмээн уриалж байна. Өвгөн би 1964 оноос Худалдааны техникумд, 1970 оноос МУИС-д одоо хүртэл олон багшийн эгнээнд багтаж ажилласны ачаар түм гаруй шавьтай болсон гэж боддог.

Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүй, цаас хэдий нимгэн ч чичихээс нааш цоордоггүй гэдэгчлэн тэр олон мянган шавь нартаа, тэднийхээ үр ач нарт хамтад нь хандаж эх орондоо хандив өргөөсэй хэмээн хүсэж байна. Тэрчлэн хамт ажиллаж ирсэн үе үеийн олон багш нартаа, найз нөхдөдөө, танил талынхандаа энэ уриалгаа хандуулж буй санаа минь бас үнэн.

“Өдрийн сонин”-д уриалга гаргасан Н.Гантулга хэмээх эрхэм нөхөрт гүнээ талархаж буйгаа илэрхийлэхийн ялдамд та аль нэг банкинд данс нээлгэж орон даяар “Өдрийн сонин”-оороо зарлах байх гэж бодном. Хяналт хямгадалтыг нь ёсоор болгочих нь зайлшгүй. Хандив цуглараад ирэхээр нь, тухайлбал, төчнөөн сая болохоор нь “Өдрийн сонин”-ыхон төр засагтаа ёс төртэйгөөр хүлээлгэж өгсөөр, түмэн олондоо мэдээлсээр байхад нэг мэдэхэд л их том өрийг төлөөд барчихсан байж байх биз ээ. Тэгэхдээ хугацаа их давчуу болсон байна шүү!

Санаж байвал бүтнэ, сажилж явбал хүрнэ, ганцаас газар дүүрнэ гэдгээр дуслаас далай болно оо! Сайн үйлс дэлгэрэх болтугай!

2016.12.29

Categories
мэдээ цаг-үе

Б.Гарамгайбаатар: Нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг намын гишүүд олж харах ёстой

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатартай ярилцлаа.


-Ардчилсан намын даргыг сонгох сонгууль үргэлжилж байна. Явцын талаар мэдээлэл өгөхгүй юү?

-АН-ын VI Их хурлын шийдвэрээр даргаа сонгох сунгаа болж байна. Таван нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Саналын үеийн үйл явцыг сайн мэдэхгүй. Сурталчилгаа Хэнтий аймгаас эхлэх үед очиж оролцсон. Ер нь намын даргын сунгааг гишүүд хүсэн хүлээж байсан нь тодорхой. Нэр дэвшигчдэд намын зүгээс тодорхой болзол тавьсан. Бие бие рүүгээ дайрахгүй, намынхаа эсрэг зүйл ярихгүй байх гэхчилэн шалгууртай. Гэхдээ нэр дэвшигчид сурталчилгааны эхний өдрөөс журмаа зөрчиж байна. Ялангуяа сүүлийн үед нэлээн идэвхжиж байгаа тухай мэдээлэл бий. Гэхдээ АН-ын даргын сунгаа боломжийн хэмжээнд, хэвийн явагдаж байна гэж үзэж байгаа. Намын гишүүдийн сэтгэлд хүрч байгаа болов уу гэсэн бодол бий. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр гишүүдийн сэтгэлд нийцэж байгаа байх. Сунгаанд эргэж хармаар, нэр дэвшигчид анхаармаар зүйл их харагдаж байна.

-Даргад өрсөлдөх хүн 500 сая төгрөг тушаасан. Энэ хэр зүйтэй шийдвэр вэ?

-Нэр дэвшигчид намын даргад өрсөлдөхдөө тодорхой хариуцлага үүрэх шаардлагатай. Нам улсын төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авдаггүй. Өөрсдийгөө бүрэн хариуцдаг. Тэр утгаараа намын даргад өрсөлдөж буй хүн тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдэх ёстой. Сонгуулийн хорооноос тодорхой нөхцөл тавьсан юм билээ. Уг нөхцөл зөвшилцлийн дунд багассан гэсэн. Нэр дэвшигчдээс авсан мөнгөөр сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Нэг ёсондоо эргээд өөрсдөд нь зарцуулж байна. Түүнээс биш нам ямар нэгэн байдлаар бүх мөнгийг нь хамаад авчихсан хэрэг биш.

-Нэр дэвшсэн таван хүн намын даргын шаардлагад нийцэж байгаа юу. Ер нь таныхаар хэр боломжийн хүмүүс өрсөлдөж байгаа вэ?

-АН-ын нэг онцлог бий л дээ. Аль болох нээлттэй байдаг. Бид хаагдмал нам биш. Хүсвэл өөрсдийнх нь оролцоог аль болох хангадаг. Түүнээс биш ямар нэгэн байдлаар чи болохгүй, чадахгүй гэх зүйл ярьдаггүй. Энэ утгаараа хүсэл эрмэлзэлтэй хүн бүрт даргын сунгаанд нэр дэвших эрх нээлттэй байсан. Гэхдээ миний бодлоор намын даргын ч тэр, бусад албан тушаалд ч тэр, тодорхой шалгуур заавал байх ёстой. Нэг ёсондоо АН 25, 26 жилийн дотор өсөж өндийж явсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Намын үйл ажиллагаа унаж, босож, сэхэж явахад гар бие оролцож байсан хүмүүс өрсөлдөөнд орж байвал зүгээр. Тэгэхгүйгээр хаа хамаагүй газраас хэн дуртай хүн гүйж ирээд намын сунгаанд оролцож, янз бүрийн байдлаар үймүүлэх аяс ажиглагдвал буруу. Тийм дүр төрх тодорхой түвшинд харагдахаар юм билээ. Ер нь бол АН-ыг шинэчлэх хөдөлгөөний байр байдлыг анхааралтай ажиглахад үймэн хутгах өнгө аяс гаргах төлөвтэй байна. УИХ-ын сонгуулийн өмнө болон VI Их хурлын бэлтгэл ажлыг хангаж байхад иймэрхүү төрх нэлээн анзаарагдсан. Гишүүд бол бүгдээрээ намын шинэчлэлийг хүсч байгаа. Тодорхой хэмжээнд салхи оруулахыг хүсч байгаа хэдий ч маш их туйлшрал байгаа нь худлаа биш.

-Намын шинэчлэлийн асуудал яригдаж байгаа хэдий ч даргын сунгаанд өрсөлдөж буй хүмүүсээс тэгтлээ их зүйл хүлээгээд нэмэргүй болов уу гэж анзаарагдаж байна?

-Надад ч гэсэн тийм сэтгэгдэл төрж байгаа. Яагаад вэ гэхээр нэр дэвшигчид тухайн намыг хэрхэн шинэчлэх вэ, одоо юу нь болохгүй байна вэ гэдэгт үндэслэн мөрийн хөтөлбөрөө боловсруулах ёстой. Гэтэл гишүүдийн хүсэн хүлээж буй шинэчлэл авчрах мөрийн хөтөлбөр харагдахгүй байна. Зөвхөн би гэдэг хувь хүнээ л тодорхойлоод байна. Нэг талаас би бол залуу хүн, залуус энэ намыг авах ёстой, хөгшчүүл зайгаа тавьж өг гэдэг. Нөгөөдүүл нь залуус орж ирэх цаг арай болоогүй байна гэхчилэн сурталчилгаа явуулж байгаа. Намын гишүүд нэр дэвшигчдийн хэлж, ярьж буй үгэн дотроос шинэчлэл хийж чадах эсэхийг олж харах ёстой. АН яг ямар нам бэ гэдгийг нэр дэвшигчид хэлж чадахгүй байна. Баруун төвийн нам юм бол ямар чиг хандлагатай вэ гэдгийг ярихгүй юм. Уг нь АН-ын дүрэм муу биш. Өнөөдөр мөрдөж буй дүрмийг би сайн гэж хэлэхээр байна. Хамгийн гол нь дүрмэн дотор байгаа олон заалт хэрэгжихгүй байгаа. Тэдгээрийг буцааж хэрэгжүүлэх ёстой. Дээрээс нь нэмээд цаг үетэйгээ тохирсон өөрчлөлт оруулах хэрэгтэй. Миний бодлоор АН баруун төвийн үзэл бодлыг барьдаг консерватив нам. Үндэсний уламжлалаа хадгалдаг, барууны консерватив намуудын холбоонд элссэн байдаг. Тиймээс улс төрийн энэ чиг баримжаагаа илүү хадгалж дүрмээ шинэчлээсэй гэж бодож байна. Ер нь АН адармаатай түүхтэй. Олон нам нийлэхдээ үзэл бодлын маш их зөрүүтэй байлаа. Тэр нь яваандаа фракцуудыг үүсгэж улмаар ашиг сонирхлын хэлбэр рүү шилжчихсэн. Угтаа бол АН гурван үндсэн үзэл бодолд тулгуурласан нам. Социал демократ нам, МоАХ, МҮДН-ынхан нийлж консерватив нам үүсгэн байгуулсан. Магадгүй олон үзэл бодол биелэлээ олохгүй явсаар байгаад өнөөдрийн энэ барууны ч, зүүний ч, төвийн ч биш хачин будлиантай чиг баримжаатай болчихсон байх. Энэ үзэл бодлыг юун түрүүнд зааглаж өгөх хэрэгтэй. Ялгааг гаргахад одоо мөрдөгдөж буй дүрмээ сайн хэрэгжүүлэх ёстой байх.

-АН дотроо хагаралтай байдаг нь өнгөрсөн дөрвөн жилд илт харагдсан. Одоогийн намын даргын сунгаанд ч гэсэн иймэрхүү зүйл харагдаад байх шиг ээ?

-Ер нь АН-ын ялагдлын гол шалтгааны нэг нь дотоод зөрчилдөөн. Үүнээсээ болж бид ард түмний саналыг алдсан. Түүнээс биш гадна талаас дайсан хайгаад хэрэггүй. Нэг ёсондоо гурван намын суурин дээр байгуулагдсан АН сүүл рүүгээ зөвхөн албан тушаал, ашиг сонирхлын фракцуудыг бий болгосон байна. “Шонхор”, “Нэг ардчилал”, “МҮАН-ын нэгдэл” гэхчилэн олон фракцийн үйл ажиллагааг хараад байхад албан тушаал, ашиг сонирхлын төлөө л яваад байдаг. Сүүлд гарч ирсэн АН-ыг шинэчлэх хөдөлгөөнийхөн ч тэр. Эд АН-ыг сонгодог утгаар нь шинэчлэхийн төлөө яваагүй. Гаднах өнгөлөн далдлалт нь шинэчлэл. Үнэн чанартаа дандаа гомдоллогсдын бүлэглэл шүү дээ. Эсхүл ажил төрөл, албан тушаалгүй хоцорсон нөхдүүдийн зохион байгуулалтад орж байгаа нэг хэлбэр.

-Тийм хүмүүс намыг шинэчилж чадах уу?

-Намын даргад нэр дэвшиж буй хүмүүс ийм фракцийг байхгүй болгох ёстой. Байхгүй болгох гол зам нь АН баруун төвийн буюу консерватив нам гэдгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүс үлдэх ёстой. Бусад нь эртхэн өөр өөрсдийнхөө замаар яваасай гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ мэдээж хэрэг нам тарж бутрахыг хэн ч хүсэхгүй. Өдий олон жил үйл ажиллагаа явуулахдаа үзэл бодол нь ойролцоо төвлөрдөг болсон бол шинэчлэл хөдөлгөөнд нэгдээд явахыг үгүйсгэхгүй. Тэгэхгүйгээр яг хуучнаараа яваад амжилт олохгүй. Таван нэр дэвшигчийн сурталчилгааны тоглолтыг нэлээн харлаа. Ж.Батзандан гэхэд тухайн тойргийн сонгогчдын уур амьсгалыг мэдэрч байгаад тоглолтоо хийгээд явж байна. Мэдээлэл муутай хүмүүст Ж.Батзандангийн яриа гоё сонсогдож байж магадгүй. Л.Гантөмөрийн хувьд баруун төвийн либерал үзэл баримтлалыг барина гэж байгаа мөртлөө өмнөх үе рүүгээ дайрсан үйлдэл гаргаж эхэлсэн. Зөвхөн өөрийгөө дээш гаргах гэсэн оролдлого болохоос биш яг АН-ын төлөөх шинэчлэл байхгүй. С.Эрдэнэ намынхаа 26 жилийн түүхийг хамгаалж буй мэт харагддаг хэдий ч мөн л эрх дарх бий болгох гэсэн оролдлого ажиглагдаж байгаа. Н.Алтанхуяг онол биш хийсэн бүтээсэндээ тулгуурлан үйл ажиллагаа явуулах шинжтэй харагддаг. Д.Эрдэнэбатын тухайд хамгийн зөв чигийг барьж байх шиг байна. Гэхдээ нийт намын гишүүд л шийднэ. Тэд хэнд, ямар оноо өгөхөө өөрсдөө л мэднэ. Арай илүү эрүүл сэтгэж байгаа нь Д.Эрдэнэбат юм болов уу. Энэ үүднээс түүнийг дэмжиж байгаа.

-Өнгөрсөн дөрвөн жилд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс намынхаа шинэчлэлийн асуудалд анхаарал хандуулахгүй байх шиг харагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт нар энэ асуудлаас их хол яваа мэт байгаа?

-Ер нь бол намын гишүүний хувьд шинэчлэлийн асуудалд санаа тавьж, үзэл бодлоо илэрхийлж байгаа. Гэхдээ залуучуудын хэлж буйгаар хаагаад, цензурдээд, хайрцаглаад байгаа юм алга. Тийм зүйл хийхгүйн тулд тодорхой нэр бүхий хүмүүс шинэчлэлийн асуудлаас зайгаа авчихсан байгаа. Аль болох зайнаас харахгүй бол муу бүхнийг тэдэн рүү чихнэ. Тиймээс шинэчлэл хийх гэж байгаа хүмүүсийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээсэй гэсэндээ холхон байна. АН-ын гишүүд тэнэг хүмүүс биш. Тавын таван хүн нэр дэвшиж байхад зөв сонголтоо хийгээд явах байх.

-Ер нь намын шинэчлэлийн асуудал даргаас нэлээн хамааралтай болох нь ээ?

-Уг нь VI Их хурлын өмнө АН дүрмээ шинэчилье гэж байсан. Үүний дараа намын даргынхаа сунгааг хийх гэж байлаа. Нэг ёсондоо дүрмэндээ тохирсон намын даргатай болох гэж байсан. Гэтэл одоогийн нөхцөл байдал өөр байна. Их хурлын дараа шинэ уур амьсгал бий боллоо. Энэ дагуу эхлээд даргаа сонгоно. Дарга гарч ирж байж дүрмэнд өөрчлөлт хийх шийдвэр гарсан. Тэгэхээр ямар даргатай болсноос хамаарч АН ямар дүрэмтэй болох вэ гэдэг зүйл рүү орчихлоо.

-Уг нь эсрэгээрээ явах ёстой байсан юм биш үү?

-Буруу гэж хэлэхэд эрт байна. Магадгүй тухайн дарга болсон хүн өөрийнхөө үзэл бодолд тулгуурласан дүрэм бий болгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ миний харж буйгаар манай намын дүрэм консерватив намын дүрмийн дагуу хийгдэх ёстой. Ингэж чадахгүйгээр АН-ын шинэчлэл харагдахгүй.

-Хөгжлийн банктай холбоотой асуудал сөхөгдсөн. Энэ банкаар орж ирсэн гадны хөрөнгийг танай намынхан идэж уугаад дуусгасан мэт ярих юм?

-Нээлттэй ярьж байгаа асуудал. Ардчилсан намынхан шахаж шаардаж байж бүх нууц мэдээллийг ил гаргуулж байх шиг байна. Цаашид улам тод болно. Хэн нь хэн бэ гэдэг цаашид үүнээс илүү тодрох байх. Өнөөдөр би энэ асуудлыг тухайн үед ингэж шийдсэн гэдгийг ярих илүүц биз. Шалгадаг байгууллага нь шалгаад учрыг нь тогтоох байлгүй. Гэхдээ нэг зүйлд харамсаж байна. МАН-ынхан урагшаа харж ажиллаж чаддаггүй гэдгээ алхам тутамдаа харуулах юм. Ер нь юм хийх чадваргүй улс шиг байна. Ардчилсан намын алдаан дээр яаж улс төрийн тоглолт хийх вэ гэдгийг бодохоос улс эх орноо урагшлуулах тухай огт бодохгүй юм. Тэдний өөдөөс янз бүрийн авир гаргаж үг хэлэх шаардлагагүй. Удахгүй учир зүй нь олдоно биз. Мэдээж хэрэг ажил хийсэн хүмүүст алдаа байгаа байх. Гэхдээ их биш байх гэж бодож байна. Тэгээд ч саяхан УИХ-ын тогтоол гарчихлаа. Хөгжлийн банкны хөрөнгийг зөв зүйтэй зүйлд зарцуулсан юм байна гэдгийг тогтоосон. Энэ шийдвэрийг МАН-ынхан гаргасан.

-Хөгжлийн банктай холбогдуулан таныг шалгаж байгаа гэсэн. Тэр шалгалт юу болсон бэ?

-Мэдэхгүй байна. Намайг шалгаж байгаа зүйл одоогоор мэдэгдэхгүй байгаа. Хэрвээ шалгаж байгаа бол намайг дуудаж, асуумаар юм. Хоёрдугаарт, би яагаад Хөгжлийн банктай холбоотой асуудалд шалгагдаж буйгаа ч мэдэхгүй байна. УИХ-д байхдаа би Эдийн засгийн байнгын хорооны даргаар болон УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан. Хөгжлийн банкны асуудал энэ хоёр албан тушаалтай ямар ч хамааралгүй бүтцийн удирдлагатай. Баримт байгаа бол гаргаж ирэх хэрэгтэй ш дээ. Б.Гарамгайбаатар гэж хүн ийм асуудлаар Хөгжлийн банктай холбогдож байгаа гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хороон дарга байгаад бондын мөнгийг захиран зарцуулах ажиллагаанд оролцсон гэж хардаж байж магадгүй. Гэтэл тэр үед Ерөнхийлөгчийн шийдвэрээр Бондын зөвлөл байгуулагдсан. Тэр зөвлөлд санхүүжилт олгож болох эдийн засгийн үндэслэлтэй аж ахуйн нэгжүүд нь энэ байна гэх санал өгч байсан. Зарцуулалт зөв явж байна уу гэдгийг Төсвийн байнгын хороо хянадаг. Дарга нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн байсан шүү дээ. Энэ мэтээр ялгаа салгааг нь зөв олох хэрэгтэй. Түүнээс биш Ардчилсан намынхныг буруутгадаг шуурсан үйл ажиллагаа явуулж байгаа бол эцэст нь өөрсдийнхөө хар толгойг цусдах вий дээ. Тэгэхээр надад одоохондоо ярих зүйл алга. Хэрэв задлаад ярь гэвэл зөндөө юм ярьж болно.

-Одоогийн Засгийн газрыг ямар түвшинд ажиллаж байна гэж дүгнэж байгаа вэ?

-Би Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлэхийг зөв гэж бодохгүй байна. Ажил хийвэл боломж зөндөө бий. Ажил хийх чадваргүй юм байна, зөвхөн урдахаа ухаж амьдрах юм байна гэдэг нь тодорхой харагдаж байгаа болохоор юу ч ярих вэ. Гадны хөрөнгө оруулалтыг зогсоох ажлыг хэн эхлүүлсэн юм. МАН-ынхан. Г.Занданшатар гишүүн хуулийн төслийг санаачилсан. Гэхдээ би МАН-д буруу өгье гэж бодохгүй байна. Тэртэй тэргүй өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн суурийг МАН-ынхан тавьсан гэдэг тодорхой. МАН засгийн эрх авсан энэ үед төрийн байгууллагад ажиллаж буй хүмүүс өөрсдөө нэг ч ажил хийж чадахгүй байна. Хүний бөгс ухаж, цүнх барьж явахдаа л сайн улсууд төрд ажиллаж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Төрийн өндөрлөгүүд эрх үүргээ хуваарилж чадахгүйгээс болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу

“Өдрийн сонин”-ы №007 (5574) дугаараас

УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа.


-Ардчилсан шинэ Үндсэн хуулиа баталсны 25 жилийн ой тохиож байна. Таны хувьд 1992 оны Үндсэн хуулийг батлалцаж явсны хувьд 25 жилийн өмнөх цаг үеийг эргэн дурсахгүй юу?

-Үндсэн хуулийг төрүүлнэ гэдэг амаргүй ажил. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталж байх үе чинь 1991-1992 оны зааг. Шинэ нийгмийн тогтолцоонд шилжих шилжилт ид үргэлжилж байв. Иргэдийн амьдралд өөрчлөлт гарах нөхцөл бүрэлдэж байгаа үед Монгол Улсын Үндсэн хууль ямар байвал зүгээр вэ гэдгийг 430 гаруй депутат хэлэлцсэн юм. Тэр үед Үндсэн хуулийг хэлэлцэж байхад “Ямар удаан хуралддаг юм. Наадахаа одоо боль” гэхчилэн нийгмийн зүгээс зарим талдаа тэвчих аргагүй байсан л даа. Бага ярьж ихийг хийнэ гэсэн их бүтээн байгуулалтын үе байлаа. Бид удаан хуралдсан Үндсэн хуулийг олон талаас нь хэлэлцэж баталсан. Тэр утгаараа энэ Үндсэн хууль 25 дахь жилдээ хэрэгжээд явж байна. Өмнөх Үндсэн хуулийн өөрчлөлтүүд 20 жилийн давтамжтай явдаг байсан. 20 жил гэдэг нийгмийн хөгжилд маш том хугацаа. Тухайлбал, 1924 оны Үндсэн хууль 1940 онд өөрчлөгдсөн. Энэ хооронд нийгэмд асар их өөрчлөлт гарсан. Хоёрдугаарт, 1940 оны Үндсэн хууль 1960 онд дахин өөрчлөгдсөн юм. Түүнээс хойш 1992 он хүртэл жижиг өөрчлөлт хийсэн явдал бий. Тэгэхээр 1992 онд шинээр батлагдсан Үндсэн хууль маань өнөөдөр 25 жилтэй золгож байгаа нь нийгмийн маш урт хугацаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог хүмүүс тэр үеийн АИХ-ын депутатаар сонгогдож байсан. Түүнээс биш АИХ-ын депутатууд гэж формальний хүмүүс байсан гэж ярьдаг. Нэг намын хүмүүсийг сонгосон болохоор тэр намынхаа үзэл бодолд хадагдсан хүмүүс шүү дээ гэж сурталчилсан. Тийм биш гэдгийг энэ Үндсэн хуулийг батлах явцад харуулсан. Үнэхээр нэг намын үзэл бодолд хадагдсан байсан бол Үндсэн хуулийн шинэчлэл явахгүй байсан.

-25 жилийн өмнөх Үндсэн хууль тухайн цаг үедээ нийцэж байсан байх. Өнөөдөр харин Үндсэн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай гэх юм?

-Одоо бол нэг л хэвийн саарал урсгал яваад байна. Цаашдаа ийм нэг хэвийн зүйл явсаар байх уу. Дээр хэлсэн 20 жилийн үечлэлд Монголын нийгэмд маш том өөрчлөлтүүд гарсан юм. 1992 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголын нийгэмд тийм өөрчлөлт гарсан уу. 25 жилийн дараа шинэ өөрчлөлтөө хүлээж байгаа зүйл нь юу байгаа юм бэ гэдэг чинь өөрөө тодорхойгүй байгаа юм. 1924-1940 оны хооронд феодалын нийгмийн тогтолцоог өөрчилж социалист нийгмийн тогтолцоонд шилжсэн болохоор Үндсэн хуулийг өөрчилж байсан. 1940-1960 оны хооронд нийтээрээ нэгдэлжих хөдөлгөөн ялж, социализмын бүтээн байгуулалт гэсэн цоо шинэ зүйлийг эхлүүлж байсан. Үндсэн хууль гэдэг чинь ийм зааг үеүдэд өөрчлөгддөг болохоос өөрчлөхийн тулд Үндсэн хуулийг өөрчилдөггүй. Одоо харин ямар шинэчлэлийг хүлээж байгаа юм. Надад лав харагдах юм алга. Өндөр сайхан байшингуудаа бариад, олон машин, зам талбайтай болно гээд яваад байвал яваад л байна. Хэрэв ингэж бодож байгаа бол энэ Үндсэн хууль байхад л хангалттай. Авлига, хээл хахуулиас салах том гарц хайж байгаа юм уу.

-Та юу гэж бодож байна вэ?

-Тийм зүйл харагдахгүй л байна шүү дээ. Би 16 жил шинэ гээд байгаа энэ Үндсэн хууль дээр ажилласан. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийг 1998 онд өөрчилсөн. Үүнийг олон нийт хүлээж аваагүй. Одоо болтол зарга болсоор л байна. Үндсэн хуульд дордуулсан гээд байгаа долоон өөрчлөлт хийсэн нь цаг үеийн жижиг зүйл л байсан. Үндсэн хуульд өөрчлөлт хийх бусад хуулиар зохицуулчих асуудал байсан байхгүй юу. Монгол Улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллах хүнийг долоон удаа буцаасан тухай асуудал нь томилогдох хүн, томилох хүн хоёрын хоорондын асуудал л байсан юм. Ийм жижиг зүйлийг хараад Үндсэн хуульдаа гар хүрч байлаа. Өмнөх парламентын үед Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдахад би түүнд нь орсон. Л.Цог ахалж байсан юм. Бид ярилцаад Үндсэн хуулийг өөрчлөх юм бол маш сайн ярилцаад, нухацтай хийх ёстой гэсэн. Өөрчлөлт нь 10 гаруй зүйлийн дотор л байна гэж үзсэн. Өөрчлөлт оруулах ажлын хэсгийг дахин байгуулж Н.Батбаяр гишүүнээр ахлуулсан. Бид нэг хэсэг асуудлыг боловсруулан өргөн барьсан ч тэр үед ажлын хэсэг дээр яригдаагүй зарим зүйлийг оруулчихсан байсан тул ажлын хэсгийн санал зөрсөн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу гэдгийг ард түмнээр хэлэлцүүлээд зөвшөөрч байвал шууд өөрчлөлт оруулах байсан юм. Цаг хугацааны хувьд ч боломжгүй болсон.

Ер нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг саналыг ард түмний зүгээс тэр бүр гаргаад байдаггүй. Харин Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэдэг зүйлсийг УИХ, Засгийн газар л гаргачихаад байдаг юм даа. Ялангуяа Засгийн газар их сонирхолтой байдаг гээч. Тэд өөрсдийнх нь эрх багадаад байна гэдэг. Хоёрдугаарт, Засгийн газар чинь тогтворгүйтээд байна. Нэг Засгийн газрын нас хоёр жил хүрэхгүй байна гэдэг. Үүнийг судалж үзэх ёстой. Мөн Ерөнхийлөгчийн эрх хэмжээ хэтэрч байна гээд өөрсдийг нь хэлмэгдүүлж байна гэсэн утгатай зүйлийг Засгийн газар ярьдаг. Нийгмийн амьдралд зайлшгүй хэрэгтэй, Үндсэн хуулийн хүрээнд асуудлаа ярих ёстой гэж үзсэн үед нь өөрчлөлт оруулах ёстой. Төрийн өндөрлөгүүд эрх үүргээ хуваарилж чадахгүйгээс болж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь буруу.

-Гэхдээ өнгөрөгч парламентын үед баталсан хуулиуд Үндсэн хуулийн Цэц дээр очоод унадаг байсан. Хууль нь нийгэмдээ таарсан байтал Үндсэн хууль нь таарахгүй байна гэдэг шүүмжлэл байсан даа…

-УИХ-ын хууль Үндсэн хууль дээр очоод унаж байгаа нь буруу биш. Тэгж явуулж байхаар тэнцвэржүүлж байхаар хийсэн юм. Их хурлаас баталсан хууль Цэц дээр очоод унахаар манайхан муу хууль гаргаад байна гэдэг. Хууль тогтоох процессыг зөв голдрилд нь оруулахын тулд зайлшгүй байж байх ёстой механизм. Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульд нийцсэн хууль гаргахыг шаардаж байх ёстой. Ерөнхийлөгч зарим хуулиуд дээр хориг тавих ёстой байтал тэгэхгүй байгаа. Ерөнхийлөгчийн хориг, Үндсэн хуулийн шийдвэр нь хуулийг зөв гарах тал дээр дөхөм болгож байгаа юм. Байх ёстой процесс байж байгаа нь тэр. Зарим хүмүүс Үндсэн хуулийн Цэцийг өөрчилж шүүх байх ёстой гэдэг. Миний хувьд гадаад орнууд манай Үндсэн хуулийн Цэцийн туршлагыг судлахад гэмгүй гэж боддог.

-Үндсэн хуулийн Цэцийг манаачийн үүргээ тааруу биелүүлж байна гэдэг зүйл ярьдаг шүү дээ. Машин тэрэг авлаа гэдэг асуудал гараад л байсан?

-Цэцийг толгойлж байгаа хүмүүсийн арга барил, ёс зүй, удирдлагын соёл, зарчмыг хэр сайн сахиж чадах вэ гэдгийг харуулж байгаа болохоос Цэцийн буруу гэж байхгүй. Цэцэд ирсэн Засгийн газрын нэг заргыг аятайхан болгож өгөөд машин авахаар болчихжээ гэдэг асуудал нь өөрөө Үндсэн хуулийн асуудал биш, Цэцийн асуудал биш, удирдлагын шударга ёсны асуудал юм. Цэц гэдэг байгууллага байгаа нь буруу биш бөгөөд тэр байгууллагын эрх хэмжээг буруугаар ашиглаж байгаа хүний буруу. Цэцийн удирдах албан тушаалтны буруутай үйлдлийг Үндсэн хуулиас болжээ гэж тайлбарлаж болохгүй. Засгийн газар тогтворгүй байгаа нь Үндсэн хуулийн буруу биш, харин ч эсрэгээрээ өөрсдийнх нь хариуцлага, үйл ажиллагааны алдаатай байдлаас болдог. Тиймээс Засгийн газар Үндсэн хуульд бурууг чихэх шаардлагагүй.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг ард нийтээсээ асуух ёстой гэдэг байр сууриуд гарч эхэллээ. Та ямар бодолтой байна вэ?

-Ард түмнээсээ асууна гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. Нэг хэсэг томьёолол гаргачихаад түүнийгээ зөв үү, буруу юу гэдэг зүйлийг асууна гэж байгаа бол хэцүү л дээ. Бүх хүн түүнийг судалж, мэдээгүй байдаг. Зүгээр л дэмжье, дэмжихгүй гэдэг санал өгвөл энэн шиг өрөөсгөл зүйл байхгүй. Үндсэн хуулийг ард түмэнтэйгээ ярилцъя гэдэг чинь хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүтэн жилийн аян өрнүүлэх ёстой л доо. Ямар өөрчлөлт оруулах вэ гэдгээ тодорхой болгоод ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа бол ард түмэнтэй ярилцаж байгаа тэр юм. Харин санал асуулгаар шийдье гэж байгаа бол одоогийн Үндсэн хуульд зааснаар Ард нийтийн санал асуулгын тухай хууль бий. Уг хуулиар тодорхой асуудал буюу нийгэмд тулгамдсан шийдэж чадахгүй байгаа асуудлыг яаж шийдэхээ асууя гэж байгаа бол болно. Тэгвэл нэгээс хоёрхон л асуудал байна. Манай намынхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ухаантай ажиллаж чадвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бий. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад эрх зүйн талаас нь анхаарах байдлаар хийж болно.

-25 жилийн өмнө Үндсэн хууль батлалцаж байхад маш олон саналууд гарч байсан гэдэг. Тухайлбал, та ямар саналууд гаргаж байв. Хэр дэмжлэг хүлээж байсан бол?

-1992 оны Үндсэн хуулийг хэлэлцэж байхад би маш олон санал гаргаж тэднээс хамгийн ончтой нь “Засгийн эрх ард түмний мэдэлд байна” гэдэг томьёоллыг оруулж байсан юм. Сүүлийн үеийн процессоос харж байхад ард түмнээсээ асууя гэдэг зүйл гарч байна. Тиймээс ард түмний засаглал хэвээрээ байх юм байна гэж бодож сууна. Тэр утгаараа миний хэлж байсан томьёолол ач холбогдолтой байсан байж гэж харагдаж байгаа. Энэ цаашаа үргэлжлэх байх.


Categories
мэдээ цаг-үе

С.Мөнгөнцэцэг: Монголын дуурийн дуучдын хоолой байгаль дээрх үнэт чулуу шиг. Түүнийг засч өнгөлөх нь чухал

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Ж.Вердийн “Трубадур” дуурь саяхан эгшиглэсэн. Энэхүү дуурийн гол дүр болох Леонораг Монгол Улсын гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг амилуулсан юм. Түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.


-Таны амьдралтай “Трубадур” дуурь салшгүй холбоотой гэж сонслоо. Энэ тухайгаа хуваалцаач?

-“Трубадур” бол Ж.Вердийн оргил бүтээлүүдийн нэг. Маш тансаг, бас цоглог. Амьдралд болж буй хүмүүсийн зөрчилдөөн, сэтгэл хөдлөлийг Ж.Верд хөгжмийн хэмнэлээр илэрхийлж чаддаг. Тийм болоод ч тэр үү, түүний бусад бүтээлүүдээс ялгагддаг. Анх сонсож байгаа хүмүүст хөгжим нь ойлгоход эвтэйхэн. Мөн хүнийг соронз мэт татаж чаддаг гэж би боддог юм. Миний амьдралд ч тэр нь батлагдсан гэж хэлж болно. Би Болгарт очоод хоёр жил болж байлаа. Тэр үед нөхөртэйгөө танилцаад удаагүй байсан. Бид хоёрын амьдарч байсан хотод “Трубадур” тавигдахаар болсон юм. Тэр ч бүү хэл миний төрсөн өдрөөр гарах байсан нь их олзуурхууштай байлаа. Ингээд төрсөн өдрөөрөө тэрхүү дуурийг үзсэн. Манай хүн анх удаа дуурь үзсэн нь тэр байсан юм.

Дуурьт нэгэн эмэгтэйд дурласан төрсөн ах, дүү хоёрын сөргөлдөөнийг харуулдаг. Гэхдээ тэр хоёр төрсөн ах, дүү гэдгээ мэддэггүй. Тэр нь дуурийн төгсгөлд тайлагддаг юм. Харин дуурийн нэгдүгээр үзэгдэл дээр ах, дүү хоёр Леонораг булаацалдаж хамтдаа дуулдаг хэсэг байдаг л даа. Тэр хэсгийг сонсоод л манай нөхөр дуурьт бүр дурлачихсан. Дуурь дуусаад л “Чи энэ дуурийг хэзээ дуулах вэ” гээд л шалгаагаад эхэлсэн. Тэр дуурийг үзчихээд гарч явахдаа нөхөртөө мэргэжлээ сайхнаар ойлгуулсандаа баяртай байсны сацуу “Трубадур”-ыг л дуулж байж би энэ хүнд дуурийн дуучин гэж ойлгогдох нь гэсэн даалгавартай гарч байлаа. Тиймдээ ч бүтэн жил “Трубадур”-ын нотыг сугавчилж явсан. Надад юм хэлж өгөх хүсэлтэй, чадвартай хүмүүс рүү аваад л очдог байлаа. Өнөөх л даалгавраа биелүүлэхийн тулд шүү дээ. Түүнийхээ үр дүнд маш олон зөвлөгөө, зааварчилгааг сонссон. Олон хүний заавар, зөвлөгөө бичигдсэн “Трубадур” дуурийн тэр нот одоо хүртэл надад байдаг.

Гэхдээ тухайн үедээ би шууд “Трубадур”-ыг шүүрч авч дуулаагүй. Учир нь энэ дуурь дуулаачаас хоолойны хүч, цараагаас гадна техник маш их шаарддаг. Миний хоолой боловсорч гүйцсэн хойно энэ дуурийг дуулах юм байна. Тиймээс хугацаа шаардлагатай, хэзээ нэгэн өдөр дуурийн дуучин болсон цагтаа дуулна гэсэн бодол тээсээр л явсан даа.

-Та одоогоос хоёр жилийн өмнө “Трубадур” дуурийг дуулж байжээ. Нөхөр тань хэрхэн хүлээж авч байв?

-Тийм шүү. Тэр үед гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон дуурийн гоцлооч Эрдэнэ-Очиртой хамтран дуулж байсан. Энэ удаад хамтрагчид маань бүрэн солигдож гоцлооч, соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайван, Б.Батжаргал нартай хамтарч байна. Дуурь түүгээрээ онцлог байдаг л даа. Тоглолт бүрт заавал нэг дүр өөрчлөгддөг. Мөн сонгодог урлаг гүйцэтгэл хийж буй уран бүтээлчээсээ хамаарч тоглолт бүр шинэлэг байдаг юм. Тиймдээ ч Леонорагийн дүрийг хэн яаж амилуулах нь вэ гэдгийг үзэхээр дуурийн урлагийг шимтэн сонсогчид дахин үзэхээсээ уйддаггүй. Намайг “Трубадур”-ыг дуулахад манай нөхөр бусад дуурьт гарч байхаас илүүтэй анхаарал хандуулж, үзэхээр яарч байсан.

-Спортлог охин дуурийн дуучин болсон нь сонирхолтой санагдаж байна. Дуучин болсон тухайгаа яриач?

-Би Төв аймгийн уугуул. Миний ээж, аав урлагийн хүмүүс биш л дээ. Би айлын том охин. Гурван эрэгтэй дүүтэй. Багын л эрэлч, хайгуулч, сониуч хүүхэд байсан. Хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, теннис, хөнгөн атлетик, хөгжим, бүжиг, жүжгийн дугуйлан гээд явж үзээгүй дугуйлан үлдээгүй байх. Тэр ч бүү хэл дугуйны секцэнд хүртэл яваад аавдаа шоолуулж байлаа. Бүх л зүйлд өөрийгөө сорьж үзсэнээрээ хүүхэд буруутдаггүй юм билээ. Тэгж л урлагийн хүн болох хүсэлтэйгээ мэдэрсэн дээ. Гэхдээ би санамсаргүйгээр л СУИС-ийн дуулаачийн ангид орсон юм. Учир нь кино, драмын ангид орох сонирхолтой байсан боловч манай Төв аймагт дуулаачийн хуваарь ирж таарлаа. Тэр үед ямартай ч СУИС-д оръё. Дараа нь кино, драмынхаа ангид орж болох байх гэсэн бодолтой байв. Гол зорилго нь л жүжигчин болох байсан хэрэг. Ямартай ч дуулаачийн ангидаа ороод эхний хоёр сар ч боллоо. Харин тэр үед миний мэргэжлийн багш гавьяат жүжигчин Дашиймаа надад маш их урам өгч, хонгилын үзүүрт гэрэл байна шүү гэдгийг ойлгуулсан. Надад “Дуурийн дуучнаас микрофонгүй тэр орчинд оркестр болоод хоорыг давж гоцолж дуулахын тулд хоолойны чадал, техник маш их шаарддаг. Мөн сайхан бие галбир чухал байдаг. Чи өөрөө европ төрхтэй. Энэ бүхэн чамд бүгд байна. Ерөөсөө л чи боловсрох хэрэгтэй. Тэгж л чадвал чи маш сайн дуурийн дуучин болж чадна” гэсэн юм. Түүнээс хойш дуурь их үздэг болсон доо. Дуурь үзээд нэг зүйлийг сайн ойлгож авсан. Дуурийн дуучин дуулахаас гадна дүр бүхнээ амилуулж жүжиглэдэг юм байна гэдгийг ойлгосон. Харин нэгдүгээр курсээ төгсөхдөө л би дуурийн дуучин болохоор шийдчихсэн байсан. Хэзээ ч эргэж буцахааргүй болтлоо дурлачихсан байлаа.

Харин хоёрдугаар курс төгсөхдөө гавьяат жүжигчин Банди гуайн нэрэмжит Мэргэжлийн залуу дуучдын Улсын анхдугаар уралдаанд ороод гуравдугаар байрт орсон. Үнэхээр миний багш эргэлзэж байсан үед минь урам өгч, гэрэл гэгээ хайрлаж чадсан. Болгарын хөгжмийн академид дуурийн дуулаачаар сурах хуваарь ирж, түүнд өрсөлдөж тэнцсэн минь амьдралын сайхан мөчүүдийн нэг байлаа. Мэргэжилдээ эргэлт, буцалтгүй дурлачихсан учраас бүх л сэтгэлээ гарган суралцдаг байв. Тиймдээ ч өдий зэрэгтэй явж, энэ тайзан дээрээ байгаа гэж боддог.

-Та Болгарын дуурийн театрт ажиллаж байсан. Тэр карьераа орхиод Монгол руугаа явах сонголтыг хийхэд хэцүү байв уу?

-Болгарын дуурийн театрт хоёр жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Европын орнуудаар олон улсын дуурийн составд орж гол дүрд нь дуулж явлаа. Миний карьер гэрэл, гэгээтэй байсан л даа. Гэхдээ нөхөртэйгөө танилцаад бараг долоон жил болчихсон байсан учраас үр, хүүхэдтэй болохыг хүссэн юм. Тэгээд л Монгол руугаа явахаар шийдсэн. Харин нөхөр маань сонголтыг зөвхөн надад л үлдээсэн. Монголд очоод сонголтдоо хэзээ ч харамсахгүй гэж бодож л хийсэн юм. Маш хэцүү сонголт байсан. Энэ чигээрээ цааш үргэлжлүүлээд явбал хэр хол явах байсан бол гэсэн бодол мэдээж төрдөг л байв.

Гэхдээ л би хүүхэдгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байлаа. Өнөр өтгөн, элэг бүтэн гэр бүлтэй болохыг маш их хүссэн. Тийм болохоор сонголтдоо хэзээ ч харамсдаггүй. Яахав, би дуурийн дуучин тиймээс хань ижил, үр хүүхэд надад хэрэггүй гэж явж болох л байх. Ер нь ч дэлхийн хэмжээний карьер эмэгтэй хүнээс тийм л зүйлийг шаарддаг. Тиймдээ ч ихэнх эмэгтэй дуурийн дуучид хүүхэдгүй, зарим нь ганцхан хүүхэдтэй. Хоёроос дээш хүүхэдтэй хүн өдрийн од шиг л байдаг. Учир нь театрууд төлөвлөгөөгөө шахаад олон жилээр гаргачихсан байдаг болохоор жирэмслэх, хүүхдээ төрүүлчихээд эргээд формондоо орох гэсэн ойлголт байдаггүй.

-Одоо ам бүл хэдүүлээ вэ?

-Миний хүсэл биелсэн. Гурван хүүхэдтэй. Сүүлийн гурван жилд хоёр хүүхдээ гаргасан. Гэсэн хэдий ч тайзнаасаа удаан хөндийрөөгүй. Ажил, амьдралаа зохицуулаад явж байна даа.

-Та энэ онд тоглолтоо хийнэ гэсэн үү?

-Энэ онд маш их зүйлийг төлөвлөж байна. Хувийн уран бүтээлээ хийхийн тулд маш их цаг, хөлс хүч, өндөр зэрэглэлийн форм шаардлагатай. Дээд зэргийн формтой байж цаг хагас, хоёр цагийн тоглолтод дуулах чадвартай байна. Бие даасан тоглолтод дуу, аринууд ч бай, дуэт ч байсан гэсэн мэргэжлийн дуучны чадал чансааг тэр бүтээлүүд шалгадаг. Ямартай ч намраас бие даасан тоглолтоо хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ ямар сэдвээр хийх болоод онцлог нь юу байх вэ гэдгээ хараахан бодоогүй байгаа. Мөн өмнө нь дуулж байгаагүй хоёр ч дуурийн гол дүрд гарна.

-Дуурийн дуучдын амжилтын буухиа үргэлжилсээр байна. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Манайхан маш авьяаслаг, байгалиасаа заяасан нөөцтэй хүмүүс. Тэр дундаа Монголын дуурийн дуучдын хоолой яг байгаль дээр байж байдаг үнэт чулуу шиг л санагддаг. Яг Монголын минь байгалийн баялаг шиг гэж хэлж болно. Харин түүнийг өнгөлөх нь чухал. Тэгж чадвал маш их нөөц, боломж бий. Мэргэжлийн сургуулиуд болоод театр маань өнөөдрийн дуучдыг сайн өнгөлж байгаа. Тиймээ ч дуурийн дуучид дэлхийн хэмжээнд чадал, чансаагаа илэрхийлж байгаа юм. Ер нь манайхан сүүлийн найман жил Монгол гэх нэрийг дэлхийд тамгалж чадлаа гэж би нүүр бардам хэлэх дуртай. Тэр дундаа эрэгтэй хоолойгоор дэлхийг бишрүүлж чадаж байгаа. Түүний жишээ болж Г.Ариунбаатар, Э.Амартүвшин, Э.Анхбаяр гээд залуус дэлхийд дуулаад эхэллээ шүү дээ. Тэр хэмжээгээрээ Монголын сонгодог урлагийг сурталчилж чадаж байна. Ер нь гадны удирдаач, уран бүтээлчид ирээд манай дуучдын ур чадварыг магтацгаадаг. Манай театрын үндсэн бааз нь маш сайн бэлтгэгдсэн байдаг. Одоо улам хөгжихийн тулд шинэ залуу боловсон хүчинтэй болох шаардлагатай гэж бодож байна.

-Та мөрөөдлөө биелүүлсэн үү?

– Ер нь уран бүтээлч хүний хүсэл, мөрөөдөл хязгааргүй. “Дон Жуан” дуурийн Донна Анна, “Травиата” дуурийн Виолеттаг дуулах юмсан гэсэн хүсэл бий. Хэдий том том дүрд дуулж байгаа ч гэсэн би Виолеттаг яаж гоё хөнгөлж, техникүүдийг гаргаж дуулахав гэсэн бодлууд байдаг юм. Тэр техникүүдийг сурснаар би хэрхэн хөгжив гэх мэт. Харин хувь хүнийхээ хувьд мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Маш сайхан ханьтай, үр хүүхдүүдтэй. Тиймээс одоо уран бүтээл дээрээ илүү анхаарах бодолтой байна.

О.Ариунцэцэг

Categories
мэдээ цаг-үе

П.Сэргэлэн: ОХУ-тай хамтарч мал эрүүлжүүлэх хөтөлбөрийг дөрвөн жилийн турш хэрэгжүүлнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Мичин жилийн өвөл хүндхэн болох нь гэж ярьж байсан. Өнөөдрийн байдлаар өвөлжилт ямархуу байна вэ?

-Арванхоёр болон нэгдүгээр сарын эхээр цаг агаарын байдал харьцангуй тогтуун, таатай байна. Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар цас их орж хүйтний эрч чангарсан. Ялангуяа хангайн болон хойд нутгаар цас их орсон. Үүнээс улбаалж 13 аймгийн 119 сумын өвөлжилтийн нөхцөл байдал хүндэвтэр байгаа. Хэрэв цаашид цас их орж шуурвал өвөлжилт хүндрэх төлөвтэй. Зүүн аймгуудын тухайд өнгөрсөн зун гантай байснаас болж мал сүрэг тарга тэвээрэг сайн аваагүй. Говийн бүс нутаг харьцангуй гайгүй байна. Манай яаман дээр өвөлжилтийн ажлыг зохион байгуулах штаб ажиллаж байгаа. Бүх аймаг, сумтайгаа холбогдож уялдаа холбоотой ажиллаж байна. Засгийн газрын зүгээс тогтоол, шийдвэр гарч өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа хангайн бүс нутагт 11 тэрбум төгрөгийн өвс тэжээл хүргэсэн. Бэлтгэл ажлын хувьд улс болон аймгийн хэмжээнд сайн байгаа. Сумдын түвшинд зарим нь өвсөө бэлдэж чадаагүй байна. Үүнийг яамны зүгээс шийдвэрлэж шаардлагатай өвс, тэжээлийг хүргүүлэх арга хэмжээ авлаа. Мөн сайдын зүгээс өвөлжилт хүндэрсэн нутгуудад тусламж үзүүлэх уриалга гаргасан. Энэ хүрээнд тусламжийн бараа, өвс тэжээл, элгэвч, нэмнээ зэргийг малчдад илгээх гэж байгаа. Энэ долоо хоногт тусламжийн цуваа эхнээсээ хөдөлнө.

-Өнөөдрийн байдлаар зудтай аймаг бий юү?

-Зуд гэхээс илүүтэй цас их орсон аймгууд бий. Цаашид цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн зүйл хамаарна. Аль болох хүндрэл багатайгаар өвлийг өнөтэй даваад гаръя гэдэг үүднээс манай яам малчидтайгаа байнга холбоотой, хамтран ажиллаж байгаа.

-ХХААХҮЯ-наас мах, сүүний аян эхлүүлэх гэж байгаа гэсэн. Уг аяныхаа талаар танилцуулахгүй юу?

-Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр батлагдсан. Энэ хүрээнд мах, сүүний аян явуулахаар төлөвлөсөн. Мөн удахгүй үйлдвэржилтийг дэмжих 21:100 хөтөлбөр батална. Мах, сүүний аян маань энэ 21:100 хөтөлбөртэй уялдаж явах юм. Өнөөдөр Монгол Улс сүүний нийт хэрэгцээнийхээ 60 хувийг гаднаас оруулж ирдэг. Дотоодынхоо хэрэгцээг хангах байтугай гадагшаа экспортлох хэмжээний сүүний нөөцтэй мал аж ахуйн орон мөртлөө импортоор орж ирсэн хуурай сүү хэрэглэж байна гэдэг харамсалтай. Тиймээс бид сүү боловсруулах үйлдвэр байгуулахад анхаарахаар болсон. “Mongolian dry milk” гэж дотоодын компани идэвхтэй ажиллаж байгааг Засгийн газар бодлогоор дэмжиж байна. Тус компани Японоос хуурай сүүний жижиг оврын үйлдвэр худалдан авч албан ёсоор үйл ажиллагаа явуулах гэж байгаа. Эхний ээлжинд сүүний гарц сайтай бүс нутагт үйлдвэр байгуулна. Нэлээн дорвитой ажилласны дүнд эхний үйлдвэрүүд ороод ирчихсэн. Энд хөдөө орон нутагт хуурай сүүний үйлдвэр байгуулах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжид зориулсан сургалт зохион байгуулна. Японы талаас сургалт зохион байгуулах мэргэжилтэн ирнэ. Тэр хүн хуурай сүүний технологи, үйлдвэрлэлийн бүхий л стандартыг зааж өгөх юм. Мөн бид Монгол Улсын үйлдвэржилтийн төлөвлөгөө гаргаж байна. Газрын зургаа түшиглээд аль аймагт ямар үйлдвэр байгуулбал үр ашигтай байх вэ гэдгийг тооцоолж байна. Ингэж хаана, ямар үйлдвэр байгуулахыг бүсчлэн тодорхойлж өгөхгүй бол ашигтай гэсэн рүү хүн бүр зүтгээд бусдыгаа татаад унагаачихдаг. Тиймээс Монгол Улсын аж үйлдвэрийн зураглал гаргаж байна. Үүнд түшиглэн 21:100 хөтөлбөрийн төлөвлөгөөг гаргана.

-Хуурай сүүний үйлдвэр байгуулах сургалт хэзээ эхлэх вэ. Ямар хүмүүс хамрагдаж болох вэ?

-Үнээ нь сүүний гарц сайтай хангайн бүс нутгийн малчид, үйлдвэр эрхлэгчид хамрагдаж болно. Энд сургалтад сууж технологио мэдэж аваад нутагтаа очиж ажлын байр бий болгон дотоодын хуурай сүү үйлдвэрлэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй. Бид эхлээд юун түрүүнд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болчихвол цаашлаад экспортлох хэмжээнд ярьж болно.

-Хэрэв дотоодынхоо сүүний хэрэгцээг хангах хэмжээнд хүрч ажиллаж чадвал импортын сүүний нийлүүлэлтийг хязгаарлах уу?

-Бид Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ хүрээнд хүлээсэн үүрэг бий учраас импортын сүүг хилээр нэвтрүүлэхгүй гэсэн хориг тавьж болохгүй. Нэгэнт тослог өндөртэй монгол малынхаа сүүг орчин үеийн технологиор боловсруулж чадвал тэртэй тэргүй импортын сүүний хэрэглээг багасгана.

-Хуурай сүүний үйлдвэрийг хэдэн аймагт байгуулах вэ. Эхний ээлжийн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох вэ?

-Эхний ээлжинд 60 үйлдвэр оруулж ирж байгаа. Яваандаа зах зээлийн судалгаа, тооцоо гарахаар цаашид хэрхэн нэмэгдүүлэх нь тодорхой болох юм. Говийн бүс нутагт л гэхэд ингэний сүүг хуурай болгож болно. Дөрөв, тавдугаар сараас эхний үйлдвэрүүд ашиглалтад орно гэсэн тооцоо бий.

-Гэхдээ монголчууд хуурай сүүг төдийлөн таашаадаггүй байж мэднэ. Шингэн сүү л голдуу худалдан авдаг биз дээ?

-Манай улсын сүүний үйлдвэрүүд Австрали зэрэг улсаас хуурай сүү импортлон оруулж ирдэг. 17 үйлдвэр хуурай сүү худалдан авч байгаа. Тэдний хэрэгцээг ядаж хангачихъя л даа. Мөн шингэн сүүг удаан хадгалж болдоггүй учраас хуурай сүү хэрэгтэй. Хуурай сүү болголоо гэхэд янз бүрийн химийн бодис ашиглахгүй. Өнөөдөр манай улсын сүүний хэрэгцээг хангаж байх ёстой сүү бэлчээртээ байдаг. Малчид үнээ, хонь, ямаагаа саахгүй байна. Одоо үйлдвэртэй болчихвол сүүгээ саагаад байх боломжтой.

-Махны чиглэлээр ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ. Махны экспортын талаар сүүлийн хэдэн жил ярьж байгаа ч гэлээ дорвитой хөдлөхгүй байх шиг байна?

-Одоогийн байдлаар 8000 тонн мах экспортод гаргачихаад байна. Намайг ажлаа хүлээж авах үед 3000 тонн мах экспортод гараад байсан. Орос, Хятад руу гарч байгаа. Яахав далайцтай, их хэмжээгээр экспортолж одоохондоо чадахгүй байна. Уг нь ажил хэргийн уулзалтын дүнд нэмж Хятадын хоёр ч боомтоор мах гаргахаар тохироод байсан боловч хойшилсон. Эргээд хамтын ажиллагааг сайжруулахын тулд уулзалтууд зохион байгуулж байна. Үр дүн нэлээн нааштай байгаа. ОХУ-ын тухайд мөн л нааштай хариу ирсэн. Оны өмнө тэндхийн мэргэжилтнүүд ирж манай улсын махны үйлдвэрүүдийг аттестатчилсан. Хариу нь энэ сард ирнэ. Үүний дагуу экспорт нэмэгдэх байх. Хамгийн гол нь бид ОХУ-тай монгол малыг эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины шийдвэр гарч дөрвөн жилийн хугацаанд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг зохион байгуулна. Маш өндөр үр дүн хүлээж байгаа. ОХУ-ын мэргэжилтнүүд энэ сард ирж судалгаа хийнэ. Үүндээ тулгуурлан ямар үе шаттай, хэдий хэрийн санхүүжилттэй хөтөлбөр байх, ямар мэргэжилтэн шаардлагатай вэ гэхчилэн ажлын төлөвлөгөө гаргана. Бүх бодлогын асуудлуудаа тохирч ажлаа эхлүүлнэ. Бид махаа экспортод гаргахын тулд нэн тэргүүнд малаа эрүүлжүүлэх шаардлагатай. Ямар ч улс орон малын өвчин гарсан газраас мах авахыг хүсэхгүй. Яамны зүгээс Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн барьсан. Уг хууль батлагдвал бид улсын мал эмнэлэгтэй болно. Мал эмнэлгийг улс, аймаг, сумын хэмжээнд сэргээж аваад хуваарьт үйлчилгээг цаг тухайд нь хийх юм. Вакциныг технологийн горимын дагуу хийдэг, түүнд хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байхгүй бол малын өвчлөлийн асуудлыг тавиад туучихсан гэхэд болохоор болсон байна.

-ОХУ-ын мэргэжилтнүүд өөрсдөө манайд ирж мал эрүүлжүүлж эхэлбэл дараа нь экспортод гаргахад ч дөхөм болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Бид ОХУ-тай дөрвөн асуудал ярьсан. Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөртэй хамтарч ажиллах, махны экспорт, үрийн будааны нийлүүлэлт, хил орчмын худалдаа зохион байгуулах. Уг асуудлыг тус улсын Хөдөө аж ахуйн сайд хүлээж аваад хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Нэгэнт малаа эрүүлжүүлээд эхэлбэл цаашид малын үржилд анхаарна. Сүүлийн хэдэн жил бид үржлийн асуудлыг хойш тавьсан. Тиймээс яам бодлогын түвшинд анхаарч ажиллана. Түүнчлэн эрүүл малаа яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал бий. Манай улсын бүх мал өвчтэй биш шүү дээ. Ийм малаа яаж баталгаажуулах вэ гэдэг дээр анхаарал хандуулах ёстой.

-Намраас хойш малын өвчний талаар ярьж байгаа. Тэнд ч цэцэг өвчин гарлаа, энд ч шүлхийтэй байна гэх юм. Дарж чадахгүй байна уу?

-Ажлаа хүлээж авахад хамгийн эхэнд нүүр тулсан асуудал шүү дээ. Цэцэг, шүлхий, мялзан зэрэг өвчинг хяналтдаа авсан. Бүх төрлийн өвчний вакцин оруулж ирлээ. Хамгийн сүүлд цэцэг өвчний вакцин ОХУ-аас авсан. 5.5 тэрбум төгрөгөөр авах байсныг салбарын сайдтай нь ярилцаж байгаа, 1.5 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Одоо энэ вакциныг цэцэг өвчин гарсан бүс нутагт хийж байгаа.

-Биокомбинатын асуудал юу болсон бэ. Унгараас хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа сураг дуулдаж байсан?

-Биокомбинатыг сэргээх тухай асуудал найман жил яригдсан. Би аравдугаар сарын сүүлээр Унгар улсад айлчлахдаа тэндхийн Хөдөө аж ахуйн болон Гадаад худалдааны сайдтай уулзаад ирсэн. Унгарын Засгийн газраас 25 сая ам.доллар нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар болсон. Энэ сарын сүүлээр юм уу ирэх сарын эхээр төслийн үйл ажиллагааг нээнэ. Биокомбинатын төсөл хэрэгжсэнээр барилга байгууламж, тоног төхөөрөмжийн шинэчлэл явагдаж бид өөрсдөө вакцин үйлдвэрлэж эхлэх юм.

-Манай улс нэг жилд гаднаас хэдий хэрийн өртөгтэй вакцин худалдаж авдаг юм бэ?

-Жилд 15-20 тэрбум төгрөгийн вакцин худалдан авч байгаа. Дотооддоо үйлдвэрлэж эхлэхээр дор хаяж тээвэр, гаалийн зардлыг хэмнэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор 3-4 дахин бага мөнгө вакцинд зарцуулах байх.

-Малчдын амьдрал амаргүй байгаа. Малчдыг мөнгөжүүлэхийн тулд яамны зүгээс ямар бодлого баримталж байна вэ?

-Мах, сүүний хөтөлбөр болоод мал эрүүлжүүлэх аян зэргийг малчдад зориулсан. Мал нь эрүүл болчихвол мах, сүүнээс гадна арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүнээ борлуулахад хялбар болно. Орлоготой болгохын тулд түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх ёстой. Уламжлалт тогтолцоог эргэж сэргээснээр улсын төсөвт дор хаяж гурван их наяд төгрөг орж ирнэ. Түүхий эдээ бид өөрсдөө амжилттай бэлддэг болчихвол их чухал. Түүхий эд бэлтгэхдээ буруу технологи хэрэглэснээс болж 40 хувийг нь гологдол болгодог. Хагас дутуу боловсруулсныг хувь хүмүүс авч бага багаар хил гаргаж байгаа. Үүнд ямар ч нэгдсэн бодлого байхгүй. Үүний эсрэг арга хэмжээ авна. Түүхий эдээ бэлтгэхээс эхлээд хадгалалт, тээвэрлэлт, худалдаанд хүртэл өндөр стандарт тавьж ажиллана.

-Атрын гуравдугаар аян эхлүүлэхээр болсон гэсэн. Энэ хүрээнд ямар зорилго тавин ажиллаж байна вэ?

-Атрын гуравдугаар аянг үргэлжлүүлж сэргээе гэсэн зорилго тавьсан. Бид улаан буудайн дотоодын нийт хэрэгцээгээ хангаж чадаж байна. Үүнийг улам сайжруулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөлд тохирсон үртэй болохыг зорьж байгаа. Тариаланчдаа техник технологи, тоног төхөөрөмж, үрийн будаагаар нь нэлээн сайн дэмжих бодлого баримталж байна. Ирэх жилүүдэд бид 600, 700, 800 мянган тонн улаан буудай хурааж авах боломжтой. Тариаланчдын зарим нь нэг га усалгаагүй талбайгаас 45 цн ургац хурааж авч байна. Энэ тоо бидэнд боломж бий гэдгийг харуулж байгаа юм. Улаан буудайгаар тогтохгүй хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангахаар зорьж байгаа. Монгол байцаа гэхэд арав, арваннэгдүгээр сард дуусчихдаг болохоор Хятадаас оруулж ирдэг. Тэгэхээр байцаагаа яаж удаан хадгалах арга технологийг нэвтрүүлье. Аж ахуйн нэгжүүд маань эхнээсээ ийм технологи оруулаад ирчихэж.

-Тариаланчид техник, тоног төхөөрөмж худалдан авахад хөнгөлөлт үзүүлээч гэдэг?

-Бодлогын хэд хэдэн арга хэмжээ авна. Гол нь тариаланчдад үнэхээр хэрэгтэй байдаг зөв тоног төхөөрөмж оруулж ирэх ёстой. Манайхан ОХУ, Беларусийн техник авах дуртай байдаг юм байна. Сүүлийн үеийн комбайнууд шатахуун бага зарцуулдаг, эдэлгээ удаантай болж байгаа. Беларусиас тоног төхөөрөмж худалдан авахаар гэрээ хэлэлцээр хийх гэж байна. Беларусийн Засгийн газраас бүх төрлийн тоног төхөөрөмжийг 20 жилийн хугацаатай нийлүүлье, хүүг нь өөрсдөө хариуцъя гэсэн санал тавьсан.

-Та түрүүн ОХУ-аас үрийн будаа худалдаж авах тал дээр хамтран ажиллана гэсэн. Тэндээс манайд агуулахдаа олон жил хадгалсан муу үр орж ирдэг гэх хэл ам гардаг биз дээ?

-Монголчууд үрээ зарахаас үрээгээ зар гэдэг. Сайн чанарын зөв үрээр тариалсан байхад ургац алдахгүй. Өнөөдөр манайд үрийн аж ахуй алга. Атрын гуравдугаар аяны хүрээнд үрийн аж ахуйтай болох төлөвлөгөө, зорилго бий. Энэ ажлыг ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай хамтарч хэрэгжүүлнэ.

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрт өнгөрсөн хэдэн жил 700 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл гэж байгаа болохоор том үйлдвэрлэлийн хэмжээнд ярихад хэцүү. Ноос, ноолуурын үйлдвэр, Дарханы арьс, шир, нэхийний хэдэн гайгүй ажиллаж байгаа үйлдвэр бий. Хүнсний үйлдвэрийн тухайд ажил нь маш сайн явж байгаа шүү дээ. Гол нь үйлдвэрлэгчдээ дэмжих хэрэгтэй. “Монголд үйлдвэрлэв” нэртэй жижиг, дунд үйлдвэрийн үзэсгэлэнг Улаанбаатар хотдоо хоёр ч газар тогтмол гаргахаар ярилцаж байна. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төрийн худалдан авалтаар дэмжинэ. Мөн хил орчмын худалдааг нэлээн дорвитой зохион байгуулна.


Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад: Жараад оны эхэн үеэс наяад он хүртэлх хугацаа бол Монголын дууны урлагийн “Их ургац”-ын он жилүүд байсан

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангадтай ярилцлаа.


-Баруун Монголын олон ястны өлгий Ховд аймгийн дундуур мяралзан урсах Буянт голын хөндийд та төрж өссөн хүн. Ус нутаг болоод “Тунгалаг Буянт” дуу төрсөн түүхээс яриагаа эхлэх үү?

-Хүний төрсөн нутаг гэдэг сайхан. Жаргалант, Сутай, Мөнххайрхан, Цамбагарав, Баатархайрхан, Алтанхөхий зэрэг мөнх цаст уулсаар хүрээлэгдсэн, Буянт, Ховд, Минжит Булган голууд, Хар ус, Хар, Дөргөн нууруудтай, олон үндэстний өлгий Ховд нутгаа бодохоор сэтгэл минь үргэлж гэрэлтэй сайхан санагддаг. Ийм нутагт төрж, өссөн болохоор магтахгүй байхын аргагүй юм. Нутгаа гэсэн сэтгэл маань надтай мөнхийн хамт оршино. “Тунгалаг Буянт” дууг анх дуулсан би их азтай хүн шүү. Тухайн үед анх дуулж байхад эх орон, төрсөн нутаг гэдгийг төдийлөн сайн мэдрээгүй байж. Хүүхэд байсан болохоор тэр. Одоо бодоход ямар их хувь тавилан байсан юм бэ дээ. 1954 оны наймдугаар сард Ховд аймгийн соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан юм. Энэ арга хэмжээн дээр тоглогдох нутгийн зохиолчдын уран бүтээлүүд их хэрэгтэй болсон. Тухайн үед манай нутгийн театрын хөгжимчин Гончиг гуай, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав багш нарын “Цэцэг нуурын хошуунд” нэртэй хөгжимт драмын жүжиг Ховдын театрт тавигдаж байлаа. Мөн нутгийн зохиолч А.Дашням гэдэг хүн төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванган багштай нийлж, “Тожоо жолооч” жүжиг тавьж байлаа. Энэ мэт уран бүтээлийн баялаг хөтөлбөр гаргаж, нийслэлд арга хэмжээнд оролцсон юм. Үнэнхүү олон ястны өлгий нутаг учраас гаргаж байгаа уран бүтээлийн чанар чансаа өндөр байсан. Тухайлбал, “Алтайн магтаал”-ыг Д.Лувсаншарав багш олон хоолойнд найруулж тавьсан. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Цэдээ гэдэг хүн төв театрын тайзан дээрээс хөөмий хэмээх сонсголонтой урлагийг нийслэлчүүдэд анх сонордуулсан нь их өвөрмөц болсон. Энэ үеэр Ховдын арван жилийн сургуулийн сурагч би тэр том тайзан дээр гарч “Тунгалаг Буянт” дууг дуулсан түүхтэй. Энэ дууны аяыг Ховдын театрын хөгжимчин Чандмань сумын уугуул Ч.Балдан гуай зохиож, шүлгийг нь мөн театрын жүжигчин, дуучин Д.Лхашид гуай бичсэн юм. Энэ хоёр эрхэм дуугаа Д.Лувсаншарав, Л.Ванган багш нарт сонсгож, зарим үг, аяыг нь бага зэрэг засварласнаар “Тунгалаг Буянт” хэмээх сайхан дуу төрсөн түүхтэй. Тэр үед шууд дуулаад л хүнд хүрнэ гэж юу байхав. Анх “Тунгалаг Буянт”-ыг дуулж эхлэхэд Л.Ванган багш “Чи чинь Ховдын хүүхэд шүү дээ. Буянт гол танай Хөхсэрхийн нуруунаас 200 гаруй километр урсаад Хар ус нуурт цутгадаг байх аа. Ховдын олон ястан энэ голоос ундаалж, ургацаа хурааж авдаг. Энэ нутагт төрснөөрөө бахархан, сэтгэл дотроо төсөөлөн харж дуулаарай”гэж билээ. Тэгээд л би дуулсан. Өдий жар, далан жил дуулагдана гэдгийг ч тэр үед би яаж мэдэх билээ. Энэ дуу миний өдий зэрэгтэй явж байгаагийн эх ундарга юм. “Тунгалаг Буянт” дуу минь намайг энэхүү насанд ундаалж тэтгэж яваа бурханы өглөг хэмээн залбирч явдаг юм даа.

-“Тунгалаг Буянт” дуугаа дуулахаар танд хүүхэд насны гэгээн дурсамжийг тодхон санагдуулдаг байх. Бага балчир насаа дурсвал?

-Би 1936 онд Ховд аймгийн Буянт сумын Буянт голын хөвөөнд төрсөн хүн. Манайх Буянт сумын Цагаан овооны нэгдүгээр багт харьяалагдана. Ер нь бол малчин хүний хүүхэд ямар байдаг тэр жамаар л өссөн. Намайг зургаан настай байхад манайх аймгийн төв рүү нүүж, суурьшсан юм. Тухайн үед байгаль дэлхий онгон дагшин, хүн бүр байгаль орчинтойгоо зөв харьцдаг, ёс суртахуунтай сайхан цаг үе байлаа. Манай нутгийн Улаан харгана гэдэг газар айлууд их зусдаг л даа. Гэхдээ хаана ямар айл буусан нь харагдахгүй их шигүү улаан харганатай газар. Хаа нэгтээ нохой хуцах чимээнээр л айлаа олно. Голоосоо жаахан хөндийхөн шиг гараад ирэхээр ямаан харгана их ургана. Тэр дотор явахаар энд тэндээс туулай үсрэн гарч ирээд дэгдэн алга болдог байв. Хүүхэд байхдаа Ямаан харганад очиж туулайн бүжингүүдтэй хөөцөлдөж тоглодог байсан даа. Харин одоо тэр их харгана, хаа сайгүй булт үсрэн гарч ирдэг туулайнууд байхгүй болсон юм билээ.

-Жар, далаад оны үед таны дуулж байсан дуунууд ард түмний зүрх, сэтгэлийг уяраан жаргааж байсан болов уу?

-“Хар ус нуурын шагшуурга”, “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Жаргаах зүрхэн”, “Гоёхон чимэг ч юм уу даа”, “Намрын шөнө” зэрэг энэ сайхан дуунууд чинь яг тэр үед л олон түмэнд хүрч байсан. Ер нь 1960 оны эхэн үеэс 70, 80-аад оны эхэн үе хүртэлх хугацаа Монголын дууны урлагийн “Их ургац”-ын он жилүүд байсан юм. Тухайн үеийн авьяаслаг мэргэжлийн хөгжмийн зохиолчид чинь бие биенээсээ урам авч, сайхан уран бүтээлүүдийг зэрэг шахуу төрүүлдэг байлаа. Нөгөө талаас нийгмийн захиалга ч байсан юм уу даа. Тухайлбал, Хөгжим бүжгийн сургуульд Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Жамбалын Шараа гуай “Хар ус нуурын шагшуурга” дуугаа зохиож байхад, нэрт хөгжмийн зохиолч, ардын жүжигчин, төрийн шагналт С.Гончигсумлаа гуай Монголын радиогоор “Жаргаах зүрхэн” дуугаа ард түмэндээ сонордуулж байх жишээтэй. Ингэж л уран бүтээлчдийн онгод хөвөрсөн он жилүүд байлаа. Урлагийн энэ “Их ургац”-ын үед чинь би дуу хайх биш харин ч шилж байгаад, өөрийнхөө хоолойнд тохирсон тэр уран бүтээлийг сонгон авдаг байлаа. Монголын радиогийн “Алтан сан”-д бичүүлсэн дуунуудын ихэнх нь яг тэр цаг үеийн уран бүтээлүүд байдаг.

-Дорнын их яруу найрагч Б.Явуухулан Хар ус нуурыг үзээд сэтгэл нь их уярч, “Хар ус нуурын шагшуурга” хэмээх дууны шүлгийг тэрлэсэн гэдэг?

-Тэр үед манай улсад Зөвлөлтийн хэсэг зохиолчид ирсэн юм. Ингээд Б.Явуухулан гуай хүлээн авч уулзаад эх орныхоо байгалийн сайхныг харуулах зорилгоор намар Ховд аймагт ирж л дээ. Мөнх цаст уулсын оройгоор будан манан татаад, Хар ус нуурын мандал дээгүүр бөлбөө цэцэгс хөвөн, хулсан шагшуурга нь салхины аясаар найгаад Ховдын намар чинь уянгатай шүү дээ. Байгалийн гайхамшгийг үзэж, харсан зохиолчдын сэтгэл хөдлөхгүй гээд яах билээ. Б.Явуухулан гуай Хар ус нуурын хөвөөнд амарч явахдаа шүлгээ цаасан дээр буулгасан юм гэнэ лээ. “Хар ус нуурын шагшуурга” шүлгээ Шараа гуайд ая хийж өгөөч гэж өгсөн нь их сонин. Шараа гуай бол говийн хүн шүү дээ. Сүхбаатар аймагт Ганга нуур л гэж бий. Хар ус нуур шиг том нуур байхгүй газар. Тэгээд Ж.Шараа гуай энэ дууны шүлгийг анх уншаад шууд л сэтгэлд нь Хар ус нуурын халгиа цалгиа харагдаж, намрын салхинд исгэрэх шагшуургын чимээ сонсогдсон гэдэг. Б.Явуухулан гуай ч тэр шүлгийг нүдэнд харагдтал бичилгүй яах вэ.

-Таны урын санд олон сайхан дуу бий. Бүгд л ард түмний сэтгэлд үлдэж, одоо ч дуулагдаж байна. Тухайн үеийн хөгжмийн зохиолчид, яруу найрагчдын бүтээсэн зарим уран бүтээлийг хүлээн авч дуулаагүй татгалзаж байсан удаа бий байх даа. Ер нь дуучин хүн ямар байвал зохилтой юм бол?

-Тухайн үеийн шинэ дуу, шинэ уран бүтээлийн чанар хүртээмж одооныхоос хэд дахин илүү байсан. Нэг дуугаа хэд дахин дуулж, хоолойгоо бичүүлэн, техникийн хүчээр өөрчлөх гэх зүйл тэр үед байсангүй. Монголын радио дээр очоод дуугаа ганц хоёр удаа давтаж дуулаад л хадгалуулдаг, ард түмэндээ шууд сонсгодог байлаа шүү дээ. Тэр үед шинэ дуугаа надаар дуулуулах гэсэн зарим нэг хөгжмийн зохиолчдыг гомдоож л байсан байх.Хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээсэн дууг дуулж олон түмэнд хүргэнэ гэдэг чинь маш том хариуцлага, итгэл найдвар байхгүй юу. Тийм учраас өөрийн хоолойд тохирсон, үг аялгуу нь сэтгэлд буусан бүтээлийг барьж авах нь илүү дөхөмтэй. Тэгж л байж урын сангаа баяжуулна. Хүний авчирч өгсөн дуугаар уран бүтээлч хүний урын сан бас баяжаад байхгүй. Өөрт тохирсон уран бүтээлийг эрэл хайгуул хийж олж авдаг юм. Тухайлбал, би дандаа марш хэлбэртэй дуу дуулаад хол явахгүй шүү дээ. Учир нь миний хоолой уянгын дуу л дуулахад илүү хүний сэтгэлд хүрдэг. Тийм учраас уран бүтээлч хүн өөрийгөө хэн бэ гэдгээ бодолцох хэрэгтэй л дээ.

-Алтан үеийн дуунуудыг залуу уран бүтээлчид шинэчлэн дуулж өргөн түмний сонорт хүргэдэг. Та үүнийг дэмждэг үү?

-Ахмад үеийхний дуулсан сайхан уран бүтээлүүдийг баяжуулаад дахиж шинэ үеийнхэндээ хүргэе гэдэг санаа зөв л дөө. “Миний Улаанбаатар”-ыг Оросоо шиг, “Алтан шар зам”-ыг Банзрагч шиг, “Чандмань эрдэнэ”-ийг Адарсүрэн шиг сайхан дуулж байгаа залуучууд байна. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийгөө тодорхойлсон шинэ уран бүтээлтэй, урын сантай болох хэрэгтэй байгаа юм. Хэрвээ дуулахаар бол тухайн дууг агуулгыг нь хадгалж анх дуулсан дуучнаас илүү чадварлаг, хөгжим найруулгыг нь улам төгөлдөржүүлж дуулах учиртай. Эс тэгвээс зохиогчийн эрх хөндөгдөнө. Ер нь хүний хийж бүтээсэн бүтээлийг орчин үед “баяжуулж байна” гэсэн нэр дор тухайн дууны утга санаа, ая донжийг нь алдагдуулж хэрхэвч болохгүй. Тухайлбал, “Уяхан замбуутивийн наран”, “Түмний эх”, “Дуртмал сайхан” гээд уртын сайхан дуунуудаа орчин үежүүллээ гээд юу нэмэх юм. Үг, аялгууг нь яаж өөрчлөх юм. Орчин үед техник технологийн хөгжлийг дууны урлагт их ашиглах болж. Энэ ч цагаа дагаад хувьсан өөрчлөгдөхийн жамаар зөв л байх.

Гэхдээ байгалиас заяасан хоолойн цар хүрээ улам хүчирхэгжиж, хөгжиж байх учиртай. Бидний үед хөдөө бригадаар явахад задгай талбай, том, жижиг зааланд микрофонгүй л дуулдаг байлаа. Тавь, жаран хүнтэй симфони оркестртой дуулахад түүнийг давж л дуугарахгүй бол юуных нь дуучин байхав дээ. Одоо манай дуурийн дуучид яг хоолойныхоо хүч чадлаар дуулж байна. Энэ бүхнээс суралцах хэрэгтэй.

-“Жаргаах зүрхэн” дууг С.Гончигсумлаа гуай таны хоолойнд зориулан аяыг нь зохиосон гэдэг. Тэр аугаа хүн танд зориулан дуу хийсэн гэхээр бахархалтай санагддаг уу?

-С.Гончигсумлаа гуай миний хоолойнд зориулан бичсэн нь үнэн л дээ. Тухайн үед идэр залуу байж. Монголын хөгжмийн урлагийн ноён оргил болсон С.Гончигсумлаа гуай тэр дууны нотон дээр хуучин монгол бичгээр “Авьяаслаг нөхөр Б.Зангадын хоолойнд зориулан бичсэн Сэмбийн Гончигсумлаа” гээд биччихсэн байсан юм. Ингэж бичсэнийг нь хүн олонд үзүүлж, онгирмоор санагддаг байлаа. Гэхдээ тэгж явах ёс суртахуун, зав ч надад байгаагүй юм. Одоо нас өндөр болохоор онгироод хаа хүрэх вэ. Ер нь манай нутгийнханд онгироо сагсуу зан байдаггүй. Хийморилог бөгөөд даруу занг эрхэм болгодог улсууд л даа (инээв). Монголын дууны урлагийн ноён оргилууд болсон С.Гончигсумлаа, Ж.Бадраа нарын “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадам” хэмээх дуунууд нь өдгөө тавь, жаран жил ард түмний дунд дуулагдаж байна. Цаашдаа хэдэн зуун жил дуулагдсаар л байх мөнхийн уран бүтээл шүү дээ. “Сүлд модны наадмын дуу” гэхэд л сая тавин дөрөв дэх жилээ үдэж, тавин тав дахь жилээ угтан авлаа. Энэ хугацаанд үе үеийн уран бүтээлчид шинэ жилийн өчнөөн дуу хийсэн. Нийгэм хичнээн өөрчлөгдөв.Тэглээ гээд хоцрогдолгүй, дуулагдсаар байна гэдэг бол үнэхээр агуу байгаа биз.

-“Алтан намар” дууны тухайд?

-1982 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос санаачлан МАХН-ын Төв хорооны дэмжлэгээр “Алтан намар” хөгжмийн наадмыг уламжлал болгон явуулж байх шийдвэр гарч уг наадмыг нээж, хааж байх сүлд дууны уралдаан зарласан юм. Зохиогчдынх нь нэрийг нууцлан шалгаруулсан уг уралдаанд ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, эрдэмтэн зохиолч Д.Цэдэв нарын бүтээл “Алтан намар” дуу шалгарч надад дуулах завшаан олдсон. Би энэ дууг төрсөн нутгаараа их баримжаа авч сэтгэл зүрхэндээ нутгийнхаа намар цагийг төсөөлж дуулсан. Хожим Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар хамтран дуулах санал тавьж, би залуу уран бүтээлчдийг дэмжих, тэднээс бас суралцах үүднээс энэ дуугаа шинэчлэн дуулж бичүүлсэн. Бас л гучин хэдэн жил дуулагдсаар байна.

-Энэ цагийн дууны урлагийн талаар таны бодлыг хуваалцвал?

-Залуучууд өсч өндийж сайхан уран бүтээл хийх хүсэл зорилго дүүрэн байгаа нь их харагддаг. Түүн дотроо Монголын дуулаачийн урлаг дэлхийн дэвжээнд нэгэнт гарчээ. Э.Амартүвшин, Г.Ариунбаатар, Б.Гомбо-Очир, Ч.Энхтайван, Ө.Уянга, С.Наран, Б.Эрдэнэтуяа гээд өдий төдий сайхан дуучин байна. Эдний чинь өсч өндийх замыг нь тавьсан хүмүүс гэвэл Ц.Ерөө, А.Бүтэд, Х.Уртнасан за тэгээд В.Оросоо, Д.Банзрагч, Н.Норовбанзад, Д.Түмэндэмбэрэл, П.Адарсүрэн гээд мундагчууд байхгүй юу. Сайн бүтээл сайн дуучдыг ургуулаад гаргаад ирдэг юм. Н.Жанцанноров, Б.Шарав, Ц.Нацагдорж, Х.Билэгжаргал, Ц.Чинзориг нарын сайхан бүтээлүүд орчин цагийн дууны урлагийн хөгжлийн суурь нь юм. Үүнээс улбаалан шинэ залуу уран бүтээлчид сайхан бүтээл олныг хийж байна. Энд би ахмад уран бүтээлчийн хувьд сэтгэл дүүрэн байдаг. Пүрэвжавын Ганбат гэж манай нутгийн сайхан хүү байлаа. Одоо манай дуурийн дуучдын дэлхийн тавцанд амжилт гаргах суурийг нь тавьсан хүн шүү дээ. Тийм учраас манай залуу уран бүтээлчид ахмад үеэсээ сайн суралцах хэрэгтэй. Тэдэнд туршлага, арга барил зайлшгүй чухал. Зөвхөн уран бүтээлийн хувьд ч биш. Зөв явж, зөв амьдрахын тухайд ч суралцах, сургамж авах юм их бий шүү.

-Та биеэ их сайхан авч явах юм. Ная гарсан гэж хэлэхээргүй л харагдаж байна. Энэ урлагтай амьдралаа холбосных болов уу?

-Бурхан намайг дуулуулах л гэж хүний хорвоод илгээсэн гэж боддог. Тийм учраас мэргэжилдээ их хайртай.Москвагийн Чайковскийн нэрэмжит консерваторт миний багш хуучнаар ЗХУ-ын гавьяат жүжигчин Анна Александровна Солвоева гэж урлагийн профессор, их театрын дуучин агуу хүн байлаа. Тэр хүн надад дуулах эрдмийн хажуугаар хүн байхын, биеэ хэрхэн авч явахын ухааныг зааж өгсөн. Багш маань дуучин хүн архи уух, тамхи татах, зугаа цэнгэлд автахаас болгоомжлох ёстойг надад суулгаж өгсөн. Энэ маань миний насан туршийн дагаж явах хэвшил болон тогтжээ.Насан өндөр боллоо гээд биеэ задгай тавьж болохгүй ш дээ. Хүн хэзээ ч, хаана ч нэгэндээ хүндэтгэлтэй хандах ухааныг ард түмэн надад хүртээсэн. Энэ хүндэтгэлийг алдахгүйн учир би түмэн олныхоо хайр хишигт ханцуй дотроо залбирч явдаг.

Одоо ч ард түмэн минь намайг хөгшин гэж голохгүй дуулах урилга өгсөөр л байна. Би тэгэхэд нь уруу царайлаад юм уу, таяг тулаад тайзан дээр гарвал ямар сайн байхав. Намайг үзэж сонсож байгаа олон түмний сэтгэл санаа ямар байхав. Өдий зэрэгтэй яваа минь яах аргагүй их урлагийн буян. Хүний төлөө сайхан сэтгэл өвөрлөж явна гэдэг их хариуцлага шүү. Хүн дандаа мөнгөтэй явна гэж байхгүй. Автобусны мөнгөгүй үед гэртээ алхаад харьчих чадалтай байх хэрэгтэй шүү дээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлтэйгээ шатсан Б.Отгонбаатар гэгч бие хамгаалагч байсан нь үнэн үү?

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хаалттай болж сэжигтнээр татагдсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээ буюу чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон билээ. Гэвч С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан хүмүүс С.Зоригоос гадна дөрвөн хүний аминд хүрсэн гэх мэдээллийг Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр өгсөн. Энэ үг олны анхаарлыг онцгой татаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар С.Зоригийн амь насыг хөнөөхдөө өөр нэгэн хүнтэй хамтарч хэргийг үйлдсэн бололтой. Бүр тодруулбал, дөрөвдөгч этгээд бол захиалагч талын бие хамгаалагч залуу байсан хэмээн таамаглаад буй. Бие хамгаалагч хэмээх залуу гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж хэргийн тухай ам нээж болзошгүй учир Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар өөрсдийн хамсаатан болох залууг эхнэр, хоёр хүүхэдтэй нь галдан шатааж санаатайгаар амь насыг нь бүрэлгэсэн хэмээн хаалттай болсон шүүх хурлаар үзжээ. Тодруулбал, арваад жилийн өмнө 2006 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт нэг айлын дөрвөн хүн шатаж нас барсан хэрэг гарч байжээ. Тус сумын иргэн О-гийн гэрт шөнийн 03:00 цагийн орчимд гал гарч, тэрээр эхнэр М, хоёр хүүхдийн хамт угаартаж нас барсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэг гардаг өдөр иргэн О-гийн эхнэр М-ийн төрсөн өдөр болжээ. 22:00 цагийн орчимд О хоёр хүүхдийн хамтаар дэлгүүр орж, эхнэртээ хоол хийж өгөх гэж байгаад халуун тогоогоо залгаатай орхисон нь гал гарах шалтгаан болсон хэмээн галын дүгнэлтэд дурдсан байжээ. Тухайн үед шатаж нас барсан иргэний ар гэрийнхэн галын дүгнэлттэй танилцаж, О-гийнх арав орчим жил цахилгааны монтажаа солиулаагүй байсан учраас галын шалтгаан цахилгааны буруу ашиглалтаас үүдсэнийг хүлээн зөвшөөрч байсан гэнэ.

Ц.АМГАЛАНБААТАР, Б.СОДНОМДАРЖАА, Т.ЧИМЭГЭЭ НАРЫН ХАМСААТАН ХЭМЭЭХ Б.ОТГОНБААТАР ГЭГЧХЭН БЭ

Нас барсан О буюу Б.Отгонбаатар гэгч нэр бүхий улстөрч агсны хувийн бие хамгаалагч байсан учир ийн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбож байгаа хэмээн эх сурвалж мэдээлж байгаа. Талийгаач Б.Отгонбаатар 1978 онд Эрдэнэт хотод төрсөн. 1994 онд Орхон аймгийн III найман жилийн дунд сургуулийг төгссөн, дунд боловсролтой хүн гэнэ. Тэрээр Орхон аймгийн Баян-Өндөр суманд эхнэр, хоёр хүүхэд болон төрсөн ээж С-ийн хамт амьдардаг байсан аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Отгонбаатар нь нутгаасаа гарч байгаагүй бөгөөд бие хамгаалагч гэхэд харьцангуй намхан нуруутай нэгэн байжээ. Бие хамгаалагчийн заавал эзэмшсэн байх бие хамгаалах спортоор хичээллэж байсан эсэх нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Ер нь бол нэн бүрхэг намтартай нэгэн гэж болно. Зарим эх сурвалж Б.Отгонбаатарыг бие хамгаалагч байсан гэхэд нь эргэлзэж байгаа юм билээ. Хэн нэгэн том улстөрч, бизнесмэний аюулгүй байдлыг хангаж байгаа итгэлт хүн нь хэзээ ч гэр хорооллын хэмжээнд дорой амьдардаггүй. Нийгмийн асуудлаа бүрэн шийдсэн байдаг. Харин Б.Отгонбаатар нь гэрт, тодорхой ажилгүй, зах хавиар хааяа нэг түүхий эд авч харагддаг байсан нь хэн нэгний гар хөлийн үзүүрт зарагдаж амьдралдаа нэмэр болдог байсныг гэрчилж байх шиг. Энэ мэтээр түүний тухай батлагдаж, нотлогдоогүй мэдээллүүд мэр сэр байна. Тэрээр олон хүүхэдтэй айлын бага хүү бөгөөд ээж нь одоо ч байдаг гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний бие нь тааруу эмнэлэгт байгаа бололтой.

Ц.Өлзийжаргал: АМ ЗУРАГ ЯАЖ ГАРСАН БОЛОХЫГ МЭДЭХГҮЙ ЧХЭРЭГТ АВАГДСАН ЗУРАГТАЙ АДИЛХАН БАЙСАН

Энэ талаар Улсын ерөнхий прокурорын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хяналтын прокурор Ц.Өлзийжаргалтай ярилцлаа.


-Хэргийг үйлдсэн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэргийг нуун далдлах зорилгоор дөрвөн хүнийг галдан шатаасан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, дөрөвдүгээр байрны 42 тоотод байх гэртээ онц харгис, хэрцгий аргаар бусдад алагдсан хэрэг гарсан. Эрүүгийн хэрэгт Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Уг хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн. Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нар дээрх хэргийг үйлдсэн болохоо нуун далдлах зорилгоор, бүлэглэн 2006 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б.О-г гэртээ амарч байх үед нь галдан шатааж, эхнэр, насанд хүрээгүй хоёр хүүхдийн хамт биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь мэдсээр байж, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар санаатай алсан болохыг тогтоож, эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг бүрэн шалгаж дуусгаад хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх шийдвэрлэсэн.

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн захиалагчдын хэргийг яагаад тусгаарласан юм бэ?

-С.Зоригийн амь насыг хохироосон хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь үйлдсэн болохыг тогтоож эдгээр гүйцэтгэгчдэд холбогдох үйлдлийг шалгаж дуусгаад, прокурор шүүхэд шилжүүлсэн. Захиалагчдад холбогдох хэрэгт шалгах зүйл байгаа учир тусгаарлан шалгаж байна. Энэ хэргийг Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө тусгаарлаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байсан юм. Захиалагчдад холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа ажлын хэсгийг шинэчилж, нэмэлт бүрэлдэхүүнтэйгээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах ажлын хэсгийг байгуулсан. Хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх үүргийг Ерөнхий прокурор өгсөн байгаа.

-Энэ хэргийг улс төрийн зорилготой захиалгат аллага хэмээж байсан ч Эрүүгийн хуулийн заалтаар шийтгэсэн нь хүмүүсийн анхаарлыг татаад байгаа?

-Хэргийг илрүүлж, тогтоогоогүй байхад улс төрийн зорилгоор үйлдэгдсэн аллага гэж манай улстөрчид ч ярьж, хэвлэл, мэдээллийн байгууллагууд ч бичиж, нийтэлсээр ирсэн. Энэ хэргийг илрүүлэхээр тагнуул, Мөрдөн байцаах газар, цагдаа, прокурор гээд хууль хяналтын байгууллагууд олон жил хүч тавин ажиллалаа. Эцэст нь хэргийг илрүүлээд шийдчихээр энэ чинь тийм байх ёсгүй гээд яриад, бичээд байна.

-Нууцын зэрэглэлтэй хэрэг гэж шүүх хуралдааныг хаалттай явуулсан. Нээлттэй явуулах боломж байгаагүй юм уу?

-Хэргийн хувьд нууцын зэрэглэлд орж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. С.Зориг нь тухайн үед Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан. Мөн хэргийг улс төрийн сэдэлт зорилгоор үйлдсэн байж болзошгүй гэх мэтээр олон таамаг дэвшүүлж, олон талаас нь шалгаж байсан шүү дээ. Тиймээс мөрдөн байцаалтын ажиллагаагаар төрийн нууцад хамаарах олон баримт цугларсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтын 80 хувь нь прокурорын зөвшөөрөлтэй явуулсан гүйцэтгэх ажлын арга хэрэгсэл ашиглаж авсан баримт сэлтээс бүрдэж байна. Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан.

-Хүмүүсийн бас нэг анхаарлыг татаад байгаа зүйл бол ам зураг. Анхны ам зураг Б.Содномдаржаагийн зурагтай таарч байгаа нь үнэн үү?

-Хэвлэл болон сайтаар тавигдсан ам зураг хаанаас яаж гарсан болохыг мэдэхгүй байна. Гэхдээ хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан.

АМ ЗУРГИЙГ ОДООГИЙН ЗУРАГТАЙ ХАРЬЦУУЛАХАД

Шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж ял оногдуулсан. 18 жилийн дараа илэрч буй энэ хэргийн сэжигтнүүдийн ам зураг гэж тухайн үед гарч байж. Ам зургийг одоогийн гэмт хэрэгтнүүдтэй харьцуулан харъя.

Б.Содномдаржаагийн зураг

Энэхүү ам зургийг Б.Содномдаржаагийн зурагтай харьцуулахад төстэй байна уу? 18 жилийн хугацаанд хүнийн царай хэр өөрчлөгдөх вэ? Улсын хяналтын прокурор хэргийн талаар ярилцлага өгөхдөө “Хэрэг шалгах явцад Б.Содномдаржаагийн төрх, анхны хэрэгт авагдсан ам зурагтай адилхан байсан” гэж хэлсэн нь бий.

Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын зураг

Гэрчүүдийн мэдүүлгээр гэмт хэрэгтнүүд С.Зоригийг хөнөөх үедээ нэгнээ Батаа, Оюунаа гэж дуудсан тухай яригддаг. Батаа, Оюунаа гэх хоёр хүний дээрх ам зураг гэмт хэрэгтнүүд болох Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нартай хэр төстэй харагдаж байна вэ? Мөн энэ хэрэгт нас барсан Отгонбаатар гэх хүний нэр гараад байгаа.

С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарахад газар дээр нь очсон цагдаа нар Б.Булганаас байцаалт авахад “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр байсан ба бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан” хэмээн мэдүүлсэн байдаг.

Тухайн үед гэмт хэрэгтнүүдийн ам зургийг гэрчүүдийн мэдүүлэг дээр үндэслэн гаргаж, улс орон даяар эрэн сурвалжлах ажлыг эхлүүлж байжээ. Гэрчийн мэдээлэл дээр үндэслэн гарсан сэжиг бүхий хүмүүсийн тухай ингэж дүрслэн хэлж байсан юм байна.

-Үсээ зүүн гар тийшээ налуулсан, царай, нүдний хэлбэр нь анхны ам зурагтай тун төстэй, давхраагүй нүдтэй, 34-35 орчим насны, 169-172 орчим см өндөртэй, яльгүй махлагдуухан, задгай энгэртэй ноолууран цамцтай, чернилэн ягаан брюктэй, ботинктой, догшин, хогийн биш жирийн л нэг байдаг л хvн. Тэгсэн атлаа уйтгартай, гунигтай юм шиг бор царайтай хүүхэд байсан. Дуу хоолой нь шингэвтэр, намуухан, зөөлхөн ярьж байсан.

-Дунд зэргийн нуруутай, махлаг биш, бас тийм ч туранхай биш, анхны ам зурагтай их төстэй, бор ноосон цамцтай, чернилэн өнгөтэй брюктэй, буржгардуу, тачирхан үстэй, зүүн гар тийшээ үсээ налуулсан, нас нь лав гуч гарсан, тийм ч унжгар бус биетэй, зөрөөд өнгөрөхөд анхаарал татахааргvй, бөглүүдүү дуутай, жирийн л байдаг царайтай, хүйтэн, зэвүүн харагдахааргүй, хүн рүү эгцэлж хардаггүй тийм хүн байсан гэх мэтээр гэрчилсэн тухай урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан аж.

Хэрэв одоогийн гэмт хэрэгтнүүд 18 жилийн өмнө гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх аваас тухайн үедээ 17-23 насных байсан болж таарна.

Г.Батбаяр: НАСБАРСАН ХҮНИЙ МЭДЭЭЛЭЛ НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРАХГҮЙ

Мөн энэ хэргийн талаар өмгөөлөгч, хуульч Г.Батбаяраас зарим зүйлийг тодрууллаа.


-Бусдын захиалгаар, шунахай сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар үйлдсэн гээд байгаа. Шунахайн сэдэл гэдгийг хуулийн заалтад юу гэж заасан байдаг вэ?

-Шунахайн сэдэл гэдэг нь хүний өмч, эд хөрөнгийг их, бага нь хамаарахгүйгээр булаан авах зорилготой аминд нь хүрэхийг хэлдэг. Тус хэргийг харахад өөр гэмт хэргийг халхавчлах зорилгоор үйлдсэн байж болзошгүй. Өөрөөр хэлбэл, С.Зоригийг хөнөөсөн хүнийг захиалгаар алсан гэж үзнэ. Шүүх хурлаар С.Зоригийн аллага биш өөр хэрэг шүүсэн гэж харагдаж байгаа.

-Ямар хэрэг нууцын зэрэглэлд хамаардаг юм бэ?

-Хэргийн ихэнх нотлох баримт буюу үйл явдал төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой учир шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулсан хэмээсэн байна лээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд шүүх хурал нээлттэй, хаалттай явуулах талаар тодорхой заасан. Насанд хүрээгүй хүн болоод төр, байгууллагын нууцтай холбогдолтой асуудлыг хаалттай хэлэлцэнэ хэмээн заасан байдаг. Харин бусад бүх хэргийг нээлттэй явуулдаг. Хэсэгчлэн буюу төрийн нууцтай хэсгийг хаалттай хуралдаад бусад хэсгийг нээлттэй хуралдана гэсэн заалт байдаггүй.

-Цорын ганц амьд гэрч болох Б.Булганыг яагаад хэргээс хассан юм бэ?

-Сэжигтэн, яллагдагчаар шалгагдаж байсан учраас гэрчээр оруулах боломжгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй гэж үздэг юм.

-Нас барсан хүний мэдээлэл нууцын зэрэглэлд хамаарах уу?

-Хамаарахгүй. Амьд хүнд нэр төр, хувь хүний нууц гэж бий.


Categories
мэдээ цаг-үе

Утааны голомтод өнжсөн нь

Утаан дундаас Улаанбаатар харагдахгүй байна. 2016.01.07-ны 10:00 цаг.

Манай сонины “Танайд өнжье” булангийн багийнхан энэ удаа аль нэгэн айлыг онцолсонгүй. Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндэд хамгийн том аюул болоод буй утаан дундаас сурвалжлагаа бэлтгэлээ. 2011 оноос хойш утааны эсрэг 200 гаруй тэрбум төгрөг зарцуулаад байгаа ч өнөөдөр ямар нэгэн эерэг үр дүн гараагүй байна. Бямба гаригийн өглөөний найман цагт Таваншараас Толгойтын урд замаар өгслөө. Орбитын замаас гэрлээ асаасан машинууд Толгойт руу орж ирнэ. Утаан дунд машиныхаа гэрлийг асаахгүй явна гэдэг тулаанд гар нүцгэн орохтой ижил юм. Толгойтын зам гэж там юм аа. Утаан дундаас урд замаа харалгүй энхэл донхол руу давхиад орчих жолооч хэд хэд таарав. Саарал верна аксент унасан Пүүжээ хэмээх ахын машины дугуй хагарчээ. Өөрөө ч нэрээ хэлээгүй юм, гар утсаар л “Пүүжээ байна аа, Орбитын салдгийн энд дугуй хагарчихлаа” гээд хэн нэгэнд дугуй захиж байв. Утааны талаар яриа өдөх санаатай яваад очтол манийг ч тоох юм алгаа. “Энэ муу нүүгэлтсэн утаанаас болж л зам харагдахгүй дугуйгаа хагалж байхгүй юу” гээд цааргалах янзтай. Толгойтын айл бүрийн яндангаас хар хөх утаа суусаглана. “Содмонгол” бензин түгээгүүрийн доохно талд нүүрс зардаг хүмүүс ойр зуурыг ярилцан байх. Таксины жолоочтой мэнд ус мэдэлцэн утааны талаар сурвалжлага бэлтгэж яваагаа дуулгахад “Өнөөдөр утаагүй л байна ш дээ. Яг утаатай өдөр нь ирсэн бол чи бид хоёр бие биенийгээ харахгүй дээ” гээд зураг хөрөг авахгүй шүү гэснээ машиндаа суучихлаа. Харин Сонгинохайрхан дүүргийн хорьдугаар хорооны иргэн Д.Дашзэгвэ гуай бидний ярилцахыг сонсож зогссоноо “Би Толгойтод 10 гаруй жил амьдарч байна. Анх нүүж ирэхэд утаа гайгүй байсан. Одоо бол гамшиг аа, гамшиг. Утаа улам нэмэгдээд хэцүү л байна. Энэ дарга нар нь утаа багасгана гэж их мөнгө авсан гэж дуулсан. Юу хийдэг юм бүү мэд. Манайх төслийн “Хас” зуухтай. Утаа бага гаргана гээд хоёр жилийн өмнө өгсөн. Нэмэр алга л байна. Нүүрс түлж байгаа үед мянган утаагүй зуух тараагаад нэмэргүй гэдгийг нь харцгаалаа. Борлогдохгүй байгаа тэр байрнуудаа хямд үнээр иргэдэд өгчихвөл л утаа багасна байх. Ерөнхий сайд тогны үнийг тэглэнэ гэсэн, тэр үр дүн хэр байхыг мэдэхгүй. Тэтгэврийн ганц бие хөгшин би гэхэд тэр үнэтэй халаалтыг нь лав гэртээ тавьж чадахгүй. Аль ч нам нь гарсан, энэ утаа байх л юм байна шүү дээ. Утаагаа алга болго гэж Бат-Үүлд хэлээрэй” гэв. “Э.Бат-Үүл хотын дарга биш шүү дээ” гэтэл “Ямар хүн болсон юм” гээд асууж байлаа. Толгойтоос Эх нялхас руу шууд явлаа. Өглөөний есөн цаг өнгөрч нар хөөрчихсөн байсан ч Эх нялхас, Зурагт хавь битүү манантай мэт утаандаа сааралтана. “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн” монголчууд нүүрсний угаарт ийнхүү аж төрсөөр л байна. Нүүрс зарж буй хүнтэй хууч хөөрөх гэсэн боловч “Өөрөө нүүрс зарж байж утааг буруутгах нь хаашаа юм” гэснээс өөр зүйлийг ярьсангүй. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумаас ирсэн малчин Д.Пүрэвдорж “Хотын утаа аймаар байна. Чанга юм байна. Телевизээр утаа их байна гээд байсан чинь хотод ирсэн бүр аймаар байдаг юм байна. Дарга нар нь идэж уудгаа болиод ажлаа хийвэл утаа багасах юм болов уу. Маскийг нь олж авч чадаагүй, аргаа бараад ороолтоороо амаа таглаад явж байхав дээ. Энэ хотынхон чинь утаа их байна гэчихээд эндээ л шигдээд байх юм. Нэг дэхэд бушуухан Түмэнцогт руугаа явах минь л гэж бодож байна. Хотын утаа чинь дэлхийд нэгт орж байгаа гээ биз дээ. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд нь та нартай адилхан утаагаар амьсгалдаг байлгүй дээ. Тэр хүмүүс над шиг үр хүүхэдтэй байлгүй дээ. Яагаад Монголын ирээдүйг ингэж баллах гээд зүгээр суугаад байгаа юм бол” гэсээр ороолтоороо амаа битүү ороож аваад цааш алхлаа. Амралтын өдөр болоод ч тэр үү, айлуудын яндангаас утаа цоролзож эхэллээ. Энэ олон яндангаас олгойдон хөөрөх энэ утаа бидний уушгиар дамжин бүх эрхтэнд муугаар нөлөөлж байгаа даа гэж бодохын зуур хэнд ч юм гомдох сэтгэл төрнө. Бид Чингэлтэй дүүргийн долдугаар хороо буюу Баянхошууны колонк дээр ирлээ. “Зэрэглээнд төөрсөн янзага шиг чи минь хаашаа одов доо” гэдэг шиг ганц хоёр зураг авчихаад ирье гэсэн зурагчин маань машинаас буугаад л харагдахаа байлаа. Хоолой хорсгом утаа, замын халтиргаа хоёр тэнд өөрийн ноёрхлоо тогтоожээ. Хэдэн км-ийн цаанаас ирж байгаа мэт ёлтойсон гэрэлтэй машинууд давхилдах нь биднээс хэдхэн алхмын цаана болж байх жишээтэй. Тэр хавиас хотын төвийг харна гэдэг амаргүй. Угаасаа харагдах ч үгүй юм билээ. Долдугаар хорооны иргэн Нэгдүгээр эмнэлгийн асрагч Н.Эрдэнэчимэг “Утаа ер нь л хэцүү шүү. Өнөөдөр харин ч гайгүй байна. Зарим өглөө бие биенийхээ нүүрийг ч харж чадахгүй шүү. Жаахан хүүхэд аваад гарах ямар ч боломж алга, үнэхээр нэмэр алга байна шүү дээ, миний дүү. Утааг багасгахын тулд манай ийшээ халуун, дулааны шугам л татаад өгчих. Төр засгаас өөр хүсэх зүйл алга. Ингэхгүйгээр энэ утаа арилна гэж байхгүй ээ. Манайх 2005 оноос хойш энд амьдарч байгаа. Анх ирэхэд утаа байдаггүй байсан ч сүүлийн зургаан жил утаа эрс нэмэгдсэн. Энэ зам руу гарч ирэх гэж утаанд бөгшүүлж ханиалган гурван удаа замдаа амарч байна үү дээ. Амьдрахад үнэхээр хэцүү байна. Нас ч тавь гарчихлаа. Тэтгэвэрт гараа л бол утаанаас зугтаж холхон амьдаръя л гэсэн бодолтой байна. Ач, зээ нар маань Улаанбаатарт амьдрах үнэн хүнд байна. Утаа багасгана гээд төслөөр хөнгөлөлттэй зуух өгсөн. Одоо ч манайд байж л байна. Тэгж их мөнгө зарцуулчихаад утаа багассан зүйл алга. Ээжийнх “Өлзий”, манайх “Дөл”, хүүгийнх маань “Хас” зуухыг нь авсан. Гардаг утаа нь гарсаар л байна. “Хүрд” компанийн утаагүй зуух гээд байхаар нь авсан чинь ялгаагүй утаа гарч л байна. Яндангаас утаа гарч байгаа бол агаарын бохирдол байсаар л байна гэсэн үг. Зуух, утаагүй түлш, нүүрсээр утааг шийднэ гэж байхгүй. Манай Нэгдүгээр эмнэлгийн Уушгины тасаг хөл гишгэх зайгүй байна. Утаанаас болоод ханиад хүрээд шууд хатгаа болж байна. Утааны өвчлөл маш их байгаа болохоор эмнэлэг ачаалал ихтэй байгаа. Өвөлдөө утаатай, зундаа шарилжтай ер нь л хэцүү байна шүү. Хүүхдүүд маань ач, зээ нарыг салхинд гаргана гээд манайд аваад ирдэг юм. Би ирэхээр нь гаргадаггүй. Ийм утаанд яаж салхилуулах юм бэ. Төр засаг юугаа харж, юу хийгээд байгаа юм бэ. Дарга нарын хийж бүтээж байгаа зүйлс иргэдийн амьдралд тус болж байгаа зүйл алга” гэсээр ажилдаа явсан юм. Тэр их утаан дунд ирж байгаа хүн битгий хэл автобус ч харагдахгүй түвэгтэй байлаа. Тэндээсээ “Далан давхар”-ын замаар Дэнжийн мянга руу явлаа. Зурагчин маань ганц хоёр кадр буулгах санаатай чимээгүй хотын захад машинаа тавиад өгсөв. Өндөрлөг газар ирэнгүүт утаа арай л бага байх юм. Харин зуны цагт хот алган дээр тавьсан мэт харагддаг газрууд битүү утаатай байсан тул “Энэ газар хэзээ ч хот байгаагүй” гэсэн мэт нүдэнд өртөх ганц ч орон сууц харагдсангүй. Буцаад уруудах замд гэр хорооллын айлууд гудамжиндаа угаадсаа цацаж, үнс нурмаа ил задгай хаа сайгүй хаядаг нь нэн тодхон байв. Гэрийнх нь үүднээс хоёр алхаад хашааных нь хаалга байх. Харин тэр хаалганаасаа нэг алхам ч хүрэхгүй зайд үнс, угаадас нь холилдон үнэр танар ч гэж хэцүүхэн байх юм. Өндөрлөг газраас хотынхоо барааг харж чадаагүйдээ сэтгэл жаахан гундуухан Дэнжийн мянгын баруун талаас нь орлоо. Тэр уулын бэлээр байгаа айлууд хашаандаа машины дугуйнуудыг ундуй сундуй болгочихсон зарим нь галын түлээ шиг өржээ. Гэрээс гарч ирсэн залуугийн гэрийн яндангаас үл мэдэгхэн утаа суунаглах бөгөөд нэг дугуй барьсаар орлоо. “Лав гал түлэх биз” гэх бодол төрсөн юм.

Дэнжийн мянгад амьдардаг Д.Нанжид гуай “Улаанбаатар хотын иргэдийг бүгдийг нь орон сууцанд оруулж байж л утаа багасна. Түүнээс биш гал түлж, энэ олон машин явж байгаа үед утаа арилна гэж байхгүй ээ. Ямар ч дарга гарч ирсэн үр дүн гарахгүй байна. Эзэнгүй олон байрандаа бага төлбөрөөр иргэдийг оруулдаг юм уу, яадаг юм. Энэ утаа тийм амархан арганд орчих эд биш. Утаа зун л арилна. Түүнээс нааш арилахгүй. Манай Дэнжийн мянгын бараг бүх айл л утаагүй зуух авсан байх. Нүүрсээ түлж байгаа юм чинь хортой угаар гарна л гэсэн үг. Манайх хоёр утаагүй зуух авсан. Хоёулаа л утаа гарч байна. Би 1982 оноос хойш Дэнжийн мянгад амьдарч байгаа. Би 20 жил нүүрс түлж байгаа. Гэхдээ ноднин, уржнан, энэ жилийнх шиг их утаатай байсныг санахгүй юм. Орой бол хамар амаар утаа саагах нь холгүй байдаг. Манай Дэнжийн мянгаар утаа их гаргадаг машинуудыг бага явуулмаар байна. Энэ төрийн түшээд чинь дээшээ гарахаараа амаа үдүүлчих юм. Утаанаас гадна замын халтиргаа гэж айхтар байна. Би л гэхэд автобусны буудал руу ирэх замдаа хоёр удаа өнхөрч ойчиж байж ирлээ. Энэ хувцас харахгүй юу. Гар хөлөө хугалчих гээд маш хэцүү. Цас ч яахав, байгалиас орсон юмыг яая гэхэв. Энэ утааг л хүмүүс өөрсдөө бий болгоод байгаа болохоор өөрсдөө л арга хэмжээ авах хэрэгтэй” гэсээр “Дэнжийн мянга-Зайсан” чиглэлийн автобусанд суулаа. Дэнжийн мянгаас Баянбүрдийн тойрог руу явахад утаа арай л бага байв. Нарны тусгал ч илүү тод. Иргэн Л.Борчулуун “Улсын төсвөөс их хэмжээний мөнгө аваад ажил хийнэ гэсэн хүмүүс нь дорвитой ажиллахгүй байна. Төсөвлөсөн мөнгийг нь цааш нь зувчуулаад байдаг юм биш үү. Утаагүй зуух ч гэж юу байхав дээ. Утаа гаргаж л таараа. Утаагүй зуух авч тавьсан нүүрсэнд жаахан хэмнэлттэй л юм билээ. Гэхдээ л утаа гарч байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ гээд байна лээ. Энэ нь хэрэгждэг бол сайн л байна. Гэхдээ цахилгааны хүчдэл нь дийлэхгүй. Тэрнээсээ ч олон сөрөг үр дагавартай. Цахилгаан халаагуур залгангуут хэдэн цаг болоод хүчдэл нь дийлэхгүй унтарчихдаг. Улаанбаатарынхаа иргэдийг орон сууцжуулах хэрэгтэй. Ард түмэндээ янз бүрийн гох дэгээ тавилгүй өгчихөж болдоггүй юм уу. Арилжааны банкуудтайгаа ярих хэрэгтэй шүү дээ. Гэр хороолол руу дэд бүтэц татна гэж хэдэн жил үлгэр ярилаа. Ер нь утаагаар бизнес хийдгээ л больчих” гэхэд гэргий М.Оюунчимэг нь “Хөгшин бид хоёр Налайхад амьдарч байгаад тэтгэвэртээ гараад сургуульд сурч байгаа хүүхдүүдээ бараадан хот руу ирсэн юм. Хотод 2001 оноос хойш амьдарч байгаа. Утаа үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчихлээ. Төр засаг иргэдээ аюулгүй, утаагүй орчинд амьдруулъя гэж байгаа бол орон сууцжуулах хэрэгтэй. Бид хоёр гэхэд л нэгнийхээ тэтгэврийг байрныхаа лизингэд өгөөд миний тэтгэврээр амьдарч болж л байна. Тэгэхгүй бол хэцүү” гэлээ. Бидний мэдэхээр 32-ын тойргийн авто засваруудаар орлоо. Учир нь засварын газруудын яндангаар хар утаа олгойдон байсан тул “Приус машины батарей” хэдээр солих вэ хэмээн асуух зуураа танай засвар халаалтаа юугаар шийдсэн бэ гэхэд “Ажилласан маслоор энэ зуух ажилладаг юм. Тогонд залгахад болоо. Нүүрс хийнэ гэхгүй амар” гэж байв. Тэр хавийн хэд хэдэн газар иймэрхүү байдлаар халаалтаа шийджээ. Ажилласан маслоор халаалтаа шийдсэн нь маш дулаан орчныг бүрдүүлдэг ч тэнд удаан байхын эцэсгүй өмхий үнэртэнэ. Өнөө маслоных нь үнэр гэж байсан юм. Тэндээсээ шууд Баянхошуу руу явлаа. Замаараа гэр рүүгээ машины дугуй бариад орж байсан айлын урдуур гарахад гэрийнх нь яндангаас хар утаа олгойдон байсан нь хаймар түлж байгаа нь үнэн болохыг батлав. Баянхошууны 76 дугаар сургуулийн нэрээ хэлэхийг хүсээгүй багш “Энэ утаа үнэхээр эмгэнэл болчихоод байна. Болдог бол хэдэн хүүхдээ аваад хотоос гарч хичээл заах юмсан” гээд яваад өглөө. Харин Зүүнсалаа, Баруунсалаа, Баянхошууны тойрог руу дөхөх тусам үүлэн дундуур давхиж явна уу гэлтэй замаар яваа явган зорчигч ч харагдахгүй өтгөн утаа руу яваад орчихлоо. Уулзварын гэрлэн дохио батарей нь суусан гэрэл шиг бүдэг бадагхан сүүмэлзэнэ. Машинд явахад ч утаа үнэртээд үнэндээ хэцүү. “Хилчин” хотхонд амьдардаг Н.Алтанзул “Би гурван хүүхэдтэй. Гурван хүүхдээ утаанд байлгах хэцүү байна. Ямар сайндаа маргааш (бямба гаригт) хүүхдүүдээ хөдөө явуулах гээд байж байна л даа. Хоёр жилийн өмнө “Хилчин” хотхоны энэ хавь гайгүй байсан. Энэ жил бүр аймаар болчихлоо. Ялангуяа өглөө, оройдоо зам ч харагдахгүй хэцүү. Утааны эсрэг хорооноос явуулж буй арга хэмжээнд оролцдог. Гоё гоё юм яриад хэрэгжихгүй л байна” гэсэн юм. Тэндээс Таван шар руу уруудах замаараа Содон, Орчлон хороолол руу явлаа. Хэдэн орон сууцаа тойроод гэр хороолол байх тул нэлэнхүйдээ утаатай. Үнэндээ хэдэн давхар орон сууц болохыг тоолох гэж хичээсэн ч барсангүй. Дээр хэлсэн үнс нурам, угаадсаа гудамжиндаа асгасан дүр зураг дээр дурдсан бүх газарт хамгийн түгээмэл байсныг хэлэх нь зөв байх. Өдөр явсан маршрутаараа орой 20 цагаас 23 цаг хүртэл явлаа. Хамгийн их утаатай нь Дэнжийн мянга, Баянхошуу, Зурагт, Эх нялхас байлаа. Бүх машин холын гэрлээ асаасан явах бөгөөд ихдээ л 30-40 км цагийн хурдтай явахгүй бол юу ч мөргөж мэднэ. Үзэгдэх орчин шөнийн харанхуйдаа бус утаан хөшигнөөс болж ийн хязгаарлагдаж байсан юм. Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ утаан хөшиг хэрэглэж байсан талаар түүхэнд бичсэн байдаг. Өнөө цагт харин үр хойч нь өөрсдийнхөө утаан хөшгөн дунд өөрсдийгөө мөхөөсөөр байна.

Уулан дээрээс авсан Дарь-Эх, Долоонбуудал, Чингэлтэй орчмын зураг. 12:00 цаг

Одоо хотын зүүн хэсгийн сурвалжлагыг хүргэе. Өглөөний 08:00 цагийн орчимд “Сансар”-ын арын дэнж дээрээс хотын төв талбайн зүг харвал юу юугүй асгах гэж буй аадрын бараан үүл шиг өтгөн хар утаа багшран чихэлдэж, үзэгдэх орчны байдал хоёр, гурван зуун метрээр хязгаарлагдаж байв. Учир нь энэ дэнж, уулын хэвгий, гуу жалга ихтэй тул айл амьтан ч багатайн дээр өндрийн салхи утаа униарыг хуралдахын завдалгүй хийсгэн сарниачих аж. Дэнж уруудан буух тусам үзэгдэх орчны хүрээ улам хумигдаад, илт нүүрс үнэртэн, хоолой ам гашуу оргиулна. Яг л нуурын эргээс гүн рүү нь алгуурхан урагшлах тусам хөл алдам их усан мөр даваад ирэх шиг амьсгал давчдуулж байв. Гэвч бид ийм усан дунд, биш ээ утаан дунд аж төрсөөр байгаа нь хачирхалтай хэрэг юм.

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Дарь-Эхийн гэр хорооллоор хэсэг алхав. Хашаа хороогоо тэлж томсгосоор хоёр машин зөрөхтэй үгүйтэй болсон нь машины дугуйнд зүлгэгдсээр мөсөн коток шиг болчихжээ. Хий эргэчихмээр газарт хэн нэгэн айлын хүн үнсээ гарган хээвнэг асгах нь харин ч буянтай үйлс мэт. Хашааны булан тохойд хөлдүүс болсон гөлөг, няц дайрагдсан муур хэвтэж байх нь өвөл цагийн хахир хүйтэн байдлыг улам ч тодосгох шиг. Эвгүйхэн гишгэвэл халтирч унаад бэртэх, эсвэл өөд уруугүй давхих машины дугуйн доогуур орчихоо байг гэхэд үнс нурамтай холилдож мэдэх замаар хашааны ёроол даган гэлдрэх хүүхэд, хөгшид, эмэгтэйчүүдийн хөл тасрахгүй. Гэтэл бас ярдаг ноход нь хашааны цаанаас гэнэт хуцан, тасар татчих гээд уушги зүрх амаар гаргах шахна. Өнөөгийн манай нийслэл хот, гэр хорооллын өнгө төрх нэг иймэрхүү л байна. Дээр нь бас энэ утаа униар нэмэгдчихээр юу болдог гэж санана. Үүнд хэн бүхэн санаа зовж, сэтгэл нь түгшиж байгаа ч яах учраа олохгүй байна. Ингээд, БЗД-ийн II хорооны иргэн Б. Шүрэнцэцэгтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

УТААНЫ ЭСРЭГ ЖАГСААЛД НИЙСЛЭЛИЙН БҮХ ИРГЭНОРОЛЦОХ ХЭРЭГТЭЙ

-Танай энэ хавь их утаатай юм байна. Ер нь байнга ийм байдаг уу?

-Хүйтрэх тусам улам л утаатай болоод байна. Уг нь манай энэ хэсэг чинь Сэлбийн хонхрыг бодвол гайгүй өндөрлөг газар. Гэвч сүүлийн үед утаа нь салхинд туугдахаа больчихсон юм уу. Эсвэл салхи салхилахаа больчихсон юм уу, бүү мэд. Нэг л бүүдгэр саарал орчинд амьдрах боллоо. Хүүхэд, хөгшид их мэдрэмтгий юм. Жаахан даарч хөрвөл л ханиад хүрчих гээд, дархлаа нь илт доройтойж байгаа. Ээж маань манай хашаанд амьдардаг юм л даа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Энэ өвөл ханиад томуу хүрэх нь ямар байна, цэцэрлэг сургуульд явж байна уу?

-Би гурван хүүхэдтэй. Том нь дөрөвдүгээр анги, дундах маань цэцэрлэгт явдаг. Багыгаа би гэртээ хардаг. Хоёр томыгоо зун хөдөө явуулчихдаг юм. Хөдөө айраг цагаан дээр нэлээд борогшоод ирдэг болохоор энэ өвөл бас харьцангуй гайгүй л байна. Харин бага маань өнгөрсөн жилээс хойш хоёр, гурван ч удаа хатгаа туссан. Амьсгалж буй агаар, амьдарч буй орчин нь ийм болохоор арга ч үгүй юм болов уу даа. Сүүлийн үед гэрээр, хөрвүү аргаар эмчилж байна. Тэгэхгүй бол энэ эмнэлгүүд чинь битүү л байгаа сурагтай. Тэгээд ч олон хүнтэй газар эргэж ханиад хүрээд байх юм билээ.

-Танайх халаалт, дулаанаа яаж шийдэж байна. Гэрт амьдарч байна уу, байшинд уу?

-Манайх өнгөрсөн намар байшин барьж орсон. Ханан пийшингээр халаадаг. Гэрт амьдардаг байхад дулаан маш их алддаг байж. Шөнө босч галдаа нүүрс нэмэхгүй бол өглөө их хүйтэн байдаг байсан. Харин одоо өглөө, оройд л пийшингээ галлаж байгаа.

-Ерөнхий сайд, цахилгааны шөнийн тарифийг тэглэх шийдвэр гаргасан. Халаалт, дулаанаа цахилгаанаар шийдэх боломж танайд бий юү?

-Уг нь нөхөр маань шалны халаалт тавина гэж байсан ч энэ өвөл амжаагүй. Тиймээс одоо ханан пийшингээс өөр шийдэл алга.

-Агаарын бохирдол, гамшгийн хэмжээнд хүрээд буй энэ байдалд танайх ч мөн хувь нэмэр оруулж байгаа юм байна шүү дээ?

-Мэдэж байгаа. Гэвч одоо яалтай билээ. Өөрсдөө осгочихгүйн тулд галлах, нүүрс түлэхээс өөр арга алга. Санаагаар болдог бол газраа байраар солимоор л байна. Манайх ч бас дулаахан, тохилог амьдрахыг хүсч л байна шүү дээ. Уг нь манай газрыг гурван өрөө байр болох юм байна гэж үнэлсэн. Гэтэл тэр гэр хорооллын дахин төлөвлөлт нь одоо хаана ч яваа юм бүү мэд. Ямар сайндаа л өөрсдөө арай тохилог дулаахан амьдаръя гэж энэ жил байшин барьж ороод байна гэв.

Эндээсээ зүүн тийш уруудан явсаар “Монел”-ийн бөөн хар утаа руу урьдын адил, усанд хөл алдах шиг явж орчихов. “Цагаан даваа”-ны энгэр алсад харагдана. Ундуй сундуй, энд тэнд овоолсон шороон дундуур хэсэг явав. Газраас юу ч юм түүгээд байгаа хэсэг хүмүүсийг чиглэн явсаар хүрч очив. Барилгын хог дээрээс түлш түүж байгаа нэгэн гэр бүлийнхэн аж. (Гурван хүүхэд, нэг том хүн, бас нэг хар нохой) Анхандаа би тэднийг барилгын хэв хашмалд ашигладаг хар панерын хамхархай түүгээд байгаа юм байна гэж ойлгож байв.

“Энэ юу гэдэг газар вэ” гэвэл “Монел” гэж байна. Та нар юу түүгээд байгаа юм бэ гэхэд гурван хүүхдийн арай том нь “Хар цаас” гэв. Хар цаасаар яах гэж байгаа юм гэж асуувал “Хайлуулах гэж байгаа юм” гэж ширэлдсэн урт үсээ ар шил дээрээ годойлгон боосон дээлтэй эр хариулав. Харин түүнтэй зэрэгцэн “Түлэх гэж байгаа юм” гэж мөнөөх жаал хэлсэн билээ. Тэгтэл мөнөөх эр над руу нэг муухай харчихаад “Юун зураг аваад байгаа юм бэ” хэмээв.

Эндээсээ мөн л “Долоон буудал”, “Хайлааст”-аар явж утааны гамшгийн талаар зарим иргэдийн санал бодлыг сонслоо.

Гэртээ гал түлэх хар цаас, дугуйны хаймараа түүгээд явцгааж байгаа нь. 2017.01.07

Чингэлтэй дүүргийн XVI хорооны иргэн Ч.Буян-Оршихтой уулзлаа.


-Нийслэлийн утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд буй. Танай энэ хавь яг л утааны голомтот газар байна?

-Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хааж боогдуулж байгаа олон хүчин зүйлийн нэг нь энэ утаа. Би энэ газар (Хайлааст) хүүхэд байхаасаа амьдарч байна. Сүүлийн тав, зургаан жилд утаа эрс нэмэгдэх болсон. Ингээд харахад уулын энгэр, хазгай хэвгий газар гэлтгүй жилээс жилд айлууд ирж буусаар л байна. Манай энд дандаа баруун аймгуудаас шилжин ирсэн айлууд сууршиж байна. Ах дүү, хамаатан саднаа бараадаж байгаа нь тэр. Арга ч үгүй биз дээ. Манай улсын нийт хүн амын бараг тал нь энд (нийслэлд) байдаг гээ биз дээ. Тэгэхээр утааг бууруулахын тулд хүн амын төвлөрлөө задлах ёстой. Үүнийг төр засаг хийх үүрэгтэй. Улаанбаатарын газар нутгийг Монгол Улсын нийт нутаг дэвсгэртэй харьцуулахад өчүүхэн жижиг шүү дээ. Гэтэл бид яагаад энэ алгын чинээхэн газраа шахцалдаад амьдраад байгаа юм бэ гэдэгт л хамаг учир байна.

-Та утааны эсрэг ард иргэдийн жагсаалыг дэмжих үү?

-Тэгэлгүй яах вэ. Оны өмнөхөн төв талбай дээр болсон цуглаанд би оролцсон. Ард иргэд өөрсдийн дуу хоолойг төрд хүргэхийн тулд бүр олуулаа жагсах хэрэгтэй. Тэгж байж тэдний дүлий чихэнд үгээ хүргэнэ. Дахиад жагсаал болох сураг байсан, би оролцоно. Харин энэ жагсаалд иргэд идэвхгүй байгаад гайхаж байна.

Г.ЛХАГВАДОРЖ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Хаалттай чуулганаар үнэнийг ярилцаж, хямралыг давах гарцаа тодорхойлмоор байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Засгийн газар хоёр сарын өмнө эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөрийн дагуу ажиллавал эдийн засаг богино хугацаанд сайжирна гэж их л сүртэй ярьж байсан. Тэр хөтөлбөр юу болсон бэ. Ажил нь явж байгаа юу?

-Өмнөх Засгийн газруудын үед ч ялгаагүй эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр гаргаж л байсан. Гэвч тэр нь хэрэгждэггүй, ёстой олны хэлдгээр сүржин нэртэй, даржин хөтөлбөр болон дарга нарын шүүгээнд тоосонд дараастай үлдсэн дээ. Хэрэгжилтийн талаар огт дүгнэж ч байгаагүй юм билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Мэргэжлийн Засгийн газар энэ алдааг битгий давтаасай гэсэн үүднээс төслийг УИХ-аар хэлэлцүүлэхэд нэлээд ажилласан. УИХ-ын гишүүд санаа оноогоо хэлж, олон улсын жишигтэй харьцуулан судалж, “шүүсийг” нь боломжийн түвшинд шахсан гэж бодож байгаа. Бас дутуу дулимаг зүйл байхыг үгүйсгэхгүй. Өмнө нь нэг Байнгын хороонд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавихыг даалгаж ирсэн. Харин энэ удаагийн хөтөлбөрт холбогдох Байнгын хороо тус бүр хяналт тавьж ажиллана. Хугацаандаа хэрэгжээгүй бол хариуцаж ажилласан албан тушаалтанд зохих хариуцлага хүлээлгэж, хэрэгжилтийн явцыг зургаан сар тутамд дүгнээд мэдээлж байна гэсэн хариуцлага хяналтын хөшүүрэг тусгасан байгаа. Гэхдээ заавал ингэж хянуулж, шахуулж ажиллах ёсгүй л дээ. Засгийн газар, яам, агентлаг, газрууд хөтөлбөрийн дагуу хийгдэх ажлуудад маш шуурхай, ажил хэрэгч хандаж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Одоогоор хөтөлбөрт тусгагдсан ажил, асуудлууд шийдэгдэж байгаа харагдахгүй юм. Хэдэн сарын дараа Байнгын хороодын шалгалтын үед баахан цаас үзүүлж, шалтаг тоочоод өнгөрөөх вий дээ гэж болгоомжилж сууна. Хямрал улам гүнзгийрч байхад нэг л их амарсан, баярласан, гадаадад зугаалсан, ажил цалгардуулсан шинжтэй байх юм. Төрийн ордон, яамдын өрөө танхим 24 цагт ч гэрэлтэй байж ажиллацгааж баймаар. Гэтэл ажлын цаг дуусав уу, үгүй юу тарцгаачихдаг. Манай улсын эдийн засгийн байдал улам дордож байна, зээлжих зэрэглэл нь бүүр CAA1 рүү орлоо. Дахиад нэг алхвал дампуурлаа зарлахад хүрэх нь байна шүү дээ. Ийм байхад төрийн түшээд, төрийн албан хаагчид бүгдээрээ л сэтгэлээ чилээж, ухаанаа уралдуулж, цаг хором бүрийг үр дүнтэй ашиглах ёстой. Монгол төрийн тэргүүн нь хүртэл амандаа ус балгасан мэт таг чиг. Засгийн газар нь яст мэлхий шиг хурдтай байгаа цагт ажил урагшгүй байна. Аль хэдийнэ л “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах бололцоо байлаа. Гэтэл хэрхэх нь тодорхойгүй байсаар ОУВС-гийн оны өмнөх хурлаас хоцорчихлоо. Одоо гурван сард хуралдах хуралд амжих нь уу гэдэгт эргэлзэж эхэлсэн. Харж суугаад хямралаас гарахгүй, хамтдаа зогсоо зайгүй зүтгэж, хөдөлмөрлөж байж даван туулна шүү дээ.

-Эдийн засгийн онцгой нөхцөл байдалд байна гэдгээ ухаарахгүй байна гэсэн үг үү?

-Ганцхан Монгол Улсад л ийм хүндрэл, бэрхшээл тулгарчихаад байгаа юм биш. Олон улс гүрэнд иймэрхүү онцгой нөхцөл байдлаас хэрхэн гарч, хөгжиж байсан түүх, сургамж бий. Тухайлбал, 1930-аад оны эхээр дэлхийн эдийн засгийн хямрал болоход АНУ хямралаас гарах “100 хоногийн төлөвлөгөө”гэж гаргаж байсан бөгөөд тэр 100 хоногийнхоо хугацаанд маш дэвшилттэй олон хууль боловсруулж асуудлаа шийдэж байсан юм билээ. Гэтэл шинэ засаг байгуулагдаад, эдийн засгийн хүндрэлийг даван туулах тусгай хөтөлбөр батлаад хэр хугацаа өнгөрөв дөө. Засгийн газар нь ч тэр, УИХ нь ч ялгаагүй нэг л үлбийсэн, дайчин, ажил хэрэгч биш. Зарим үед УИХ-ын чуулганы үеэр хэлэлцэх асуудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байна шүү дээ. Гишүүд нь хуралдаа ирэхгүй. Таслаад алга болчихно. Яах гэж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдсоноо, тэр үед юу ярьж иргэдийн элч болсноо ч мартчихдаг юм биш үү. Эдийн засгийн хямралыг гэтлэх хөтөлбөрийн дагуу ийм асуудлыг, ийм хууль эрх зүйн өөрчлөлтийг шуурхай хиймээр байна гээд оруулж хэлэлцүүлж ч байгаа юм алга даа.

-Нэг ёсондоо Засгийн газар болоод УИХ-ын гишүүд ажлаа юунаас эхлэх, юу хийхээ сайн мэдэхгүй байна уу?

-Хямрал нэг өдрийн дотор бий болчихдоггүй. Асуудал ужгирч, буруу шийдлүүд ар араасаа хөвөрч, овоорсоор өнөөдрийн байдалд хүрсэн. Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрийн гурван өндөрлөгөөс эхлээд Засгийн газар, УИХ, бүх яам, агентлаг, газрууд хамтарч ажиллаж, улс орноо хүндрэлээс гаргамаар байна. Хийх хүнд арга олдоно, хийхгүй хүнд шалтаг олдоно гэдэг шүү дээ. Хүндрэлийг даван туулъя гэсэн чин сэтгэл байвал гарц олдож л таараа. “Өдрийн сонин” эрвийх, дэрвийхээрээ хөдөлж, эх орноо өрнөөс гаргахыг уриалсныг би хувьдаа дэмжиж байгаа. Муу нуухаар сайн илчил гэсэн үг бий. Үнэхээр байдал бишдэж байгаа учраас ард түмэндээ үнэнийг хэлэх, тусламж гуйх цаг нь болсон ч байж мэднэ. Нэр хүндээ унагачихна гэж ойрын явцуу эрх ашигт уягдаж хойшлуулсаар илүү их гарз хохирол амсахыг байг гэхгүй. Гуравдугаар сард эхний зээлээ төлж чадахгүй бол Монгол Улс төлбөрийн чадваргүйд тооцогдоно гээд олон зүйл шийдлээ хүлээж байна. Дэлхий дахинд Монголыг дефолт боллоо гээд зарлачихвал нөгөө хүсээд байгаа хөрөнгө оруулалт нэмэгдэх үү. Эдийн засгийн үзүүлэлт нь дордохоор мөнгө зээлүүлэх ч улс олдохгүй болж, тавих нөхцөлүүд хүртэл хүндэрнэ. Төрийн залгамж бодлого алдагдсан, хэлсэн ярьснаа хэрэгжүүлдэггүй, нэг сайд гарч ирээд өөр зүйл ярьж өмнөхөө үгүйсгэдгээс болоод “Монгол тууштай биш, улс төрийн нөхцөл байдал нь байнга хувирч, бодлого нь тогтворгүй” гэсэн тоогүй имижтэй болчихлоо. Энэ бол ард иргэдийн буруу биш. Төр жолоодож, бодлого тодорхойлж байгаа том толгойлсон амбиц ихтэй богино ухаантнууд, явцуу эрх ашигтнуудын үйлдсэн гай.

Өмнөд солонгосчууд 1998 оны Ази тивийн хямралд хамгийн ихээр өртсөн. Ард түмнээсээ тусламж гуйхад иргэд нь гартаа зүүсэн бөгжөө хүртэл мултлаад төв банкныхаа эрдэнэсийн санд тушааж байсан юм гэсэн. Тэгэхээр Өмнөд Солонгос энэ сорилтыг төр засгийн мэргэн бодлого, солонгос хүн нэг бүрийн хүчин зүтгэл, улс орноо гэх чинхүү сэтгэлээр хамтдаа давсан гэсэн үг. Олны хүч оломгүй далай. Уг нь Монгол Улс ингэж хямрахааргүй байсан юм шүү дээ. Буруу бодлого, будлиантай улстөрчид, хувийн эрх ашигтаа дэндүү автсан түшмэдтэйгээсээ болоод ийм байдалд хүрчихлээ. Одоо нэгэнт үүссэн нөхцөл байдлыг шүүмжлээд суух биш гарз, хохирол багатайхан шиг даван туулах шийдвэрлэх цаг үе ирлээ. Энэ сургамжаас ухаарч, төрийн бодлогоо ч эргэн харж, гүйж түйж мөнгө олохоороо баруун, солгойгүй цацалгүй, хуримтлалын сандаа байршуулан өсгөж, хүн бүрийг ажилтай, орлоготой болгохыг зоримоор байна. Түшээдээсээ эхлээд хүн бүр хөдөлмөрч, ажилсаг байж монгол хөгжинө. Миний хувьд “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлье гээд санаачилга гаргаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай хүртэл уулзан бүлгийн хурал дээрээ танилцуулсан. Бүгдээрээ л зөв зүйтэй гэж байсан. Гуравхан сая хүн амтай мөртлөө 60 гаруй сая малтай, үр тариа хураалтаараа гурилын үйлдвэрлэлийг бүрэн хангах ургац хурааж авсан, асар их байгалийн баялагтай, өргөн дэлгэр газар нутагтай, өв их соёл түүхтэй бидэнд асуудлуудаа шийдээд хямралаа даваад гарах нөөц, боломж байна.

-Таны санаачилсан “Ажилсаг Монгол хөтөлбөр” хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа юу?

-Монгол Улсыг яавал тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах вэ, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх вэ гэсэн эрэл маань эртнээс эхлэлтэй. 2007 онд “Хүнс, хөдөө аж ахуй-хөгжлийн гарц” хэмээх ном бичиж байлаа. Олон ч судалгаа хийлээ, оюуны бядтай “ланжгарууд”-тай санал солилцлоо. Шинэ цагийн сэтгэлгээтэй, өндөр боловсролтой залуустай ч зөвлөлдлөө, амьдралын хар ухаантай өвгөдтэйгөө хуучиллаа, хөгжсөн орнуудын туршлагатай танилцлаа, цөөнгүй номын хуудас эргүүллээ. Улс орныг хөгжүүлэхэд уул уурхай, боловсрол, дэвшилтэт технологи, гадаад харилцаа гээд олон талын оносон бодлогын огтлолцол давхцаж байх нь чухал ч гэлээ хөгжил дэвшлийн түлхүүр нь үнэндээ монгол хүн. Юуны түрүүнд хөгжил, дэвшлийг авч явах “Монгол хөдөлгүүр-монгол хүн”-ээ гурван чиглэлээр хөгжүүлэх алхам хийх түүхэн шаардлага бий болжээ.

Нэгдүгээрт, төрийн бодлогоор ажилсаг, хөдөлмөрт дурласан иргэдийг бэлдэх, ирээдүйн үйлдвэрээ гартаа аваад удирдаад, өөрөө ажиллаад явах “мэргэжлийн мастер эзэд”-ийг төрүүлэх, бойжуулах нэгдсэн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх, эдгээр хүмүүсийн удирдан авч явах хамгийн олон ажлын байр бий болгож чаддаг жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарыг бүх л чиглэлээр хөхиүлэн дэмжих. Хоёрдугаарт, төрийн аливаа нэг байгууллагад ажиллах хүнийг шалгаруулах, бэлдэх, сонгох, хянах, дадлагажуулах, боловсруулах улмаар дэвшүүлэх, тогтолцоог шинэ боловсронгуй шатанд гаргах, төрд ажиллагсдын сахилга хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх. Гуравдугаарт, эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид тал талаас нь хүүхэд бүрийг балчир наснаас нь эхлэн хөдөлмөрч, зөв хүмүүжилтэй, бүтээлч, эх оронч монгол хүн болгож хүмүүжүүлэх, монгол хүний үнэт зүйлийг алхам тутамд нь төлөвшүүлэн хэвшүүлэх нь чухал байна.

-Хөгжлийн гарцыг та юу гэж харж байна вэ?

-Монголын эдийн засгийн үндэс суурийг бүтээгчид нь яах аргагүй хувийн хэвшлийнхэн. Өнөөдөр ч эдийн засгийн өнгөтэй, өөдтэй бүхнийг жинхэнэ баялаг бүтээж байгаа хөдөлмөрч хүмүүс бий болгож байна. Монголын авралын гарц нь ажилсаг монгол иргэн бид өөрсдөө л байна. Тэр хол байгаа хэн нэг зээл өгж байгаа банк, хүн бидний Монголыг хөгжүүлэх үү. Хөгжлийн түлхүүр нь, хөдөлгүүр нь бид л өөрсдөө байх ёстой. Ажилсаг хүн шударга, хариуцлагатай байж чаддаг. Сахилга хариуцлага, дэг журамтай, хийж бүтээх зорилгоо өөртөө хатуу тавьсан ажилсаг, хөдөлмөрч хүн төрийн ч бай хувийн ч, оюуны ч салбар бай хаана ч, ямар ч ажил дээр үр дүн гаргадаг. Энэ бүхэн нь үндэсний шавхагдашгүй баялаг юм. Төрийн бодлогоор ажилсаг монгол иргэнээ бэлдэх, хувь хүнийг хөгжүүлэх нь хөгжлийн хурдыг нэмэх, дундаж давхаргаа тэлэх, цаашлаад хөгжлөөрөө түүчээлсэн Монгол Улсыг бүтээнэ. Ингэснээрээ “Дэгтэй Монгол дэлхийд ч манлайлна” гэж боддог.

Монголчууд бидэнд байгалиас заяагдсан онцлог өгөгдөл бий. Хаана нь очсон монголчууд ажилсаг, авхаалжтайгаараа гологддоггүй. Харин ч монгол хүний чадавхи, санаж, сэрэхүйн мэдрэмжээрээ хавь илүү гэж хүлээн зөвшөөрөгддөг. Хүний нутагт очихоороо магтуулаад байдаг, харин эх орондоо байхаараа яахлаараа залхуу, арчаагүй, ажилгүйгээрээ цоллуулаад байдаг билээ бид чинь. Энд л хэргийн учиг буй юм. Иргэд нь ажилтай, орлоготой болоод ирэхээр халамж горьдохоосоо илүү бүтээхэд шунана, тэмүүлнэ. Хөдөлмөрт шунасан, дурласан иргэд олшрох тусам аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ шинэ салбарууд нээгдэн олон аж ахуйн нэгж байгуулагдана, бүтээн байгуулалт нэмэгдэнэ. Тэр хэрээрээ улсын төсөвт цугларах орлого өснө. Төсөвт төвлөрөх хөрөнгө төдий чинээ зузаарахаар буцаад нийгэм болон оюуныхаа салбарт хөрөнгө оруулна. Ингээд Монгол Улс дотоодынхоо нөөцөд тулгуурласан эдийн засгийн хүчирхэг хөдөлгүүртэй болж, харийнхан нүүр буруулахад өнөөдрийнх шиг өр зээлэндээ идэгдэж, гадаадын зээл, тусламж, хөрөнгө оруулалт саарахаар савлаж, ашигт малтмалын үнийн хэлбэлзэлд нэрмүүлэхгүй бусдаас үл хамаарах өөрийн гэсэн дархлаатай болно. Хөдөлмөрт дурласан ард иргэдтэй улс гүрнүүд унаж доройтдоггүй, өөдлөн дэвждэгийг олон улс орон бидэнд харуулаад байна. Манлайлагч болох ёстой УИХ ба Засгийн газар дорвитойхон ажлууд санаачлан, ард түмнээ уриалан дуудаж хүн бүрийг бүтээлчээр оролцуулан хөтөлбөр, төлөвлөгөөнийхөө хэрэгжилтийн төлөө бүтээлчээр ажилламаар байна. Бидэнд алгуурлах эрх, амраад байх цаг алга.

-Та Хаалттай хуралдаан хийх санал гаргаад байгаа. Ямар асуудал хэлэлцэх шаардлагатай байгаа юм бэ?

-Хаалттай хуралдаан гэхээр Д.Тэрбишдагва гишүүн нууц, булхайтай асуудал ярих нь гэж бодох хэрэггүй. Манай зарим улстөрчид телевизийн камер харахаараа цөс нь хөөрөөд, дуу хоолой нь өндөрсөөд, харагдах байдалдаа илүү анхаараад асуудлын мөн чанарт хандахгүй тал бий. Улс оронд маань хямрал нүүрлэчихлээ. Зөв онош тавьснаар зөв эмчилгээ хийгдэх болно шүү дээ. Хууль тогтоогчид нь ямар нөөц бололцоо байна, яаж манлайлж ажиллах ёстой вэ гэхчилэн олон асуудлаа ний нуугүй ярья гэсэн юм. Эдийн засгийн хямралын үндсэн шалтгаан болох улс төрийн хямрал, өнөөгийн засаглалын тогтолцооныхоо зарим гажуудлаа аль болох хурдан арилгах хэрэгтэй байна. Саяхан УИХ-ын дарга ОХУ-д ажлын айлчлал хийхэд Оросын талын зарим хариуцлагатай албан тушаалтны хэлсэн зүйл үнэний хувьтай л даа. Бодлого нь тогтвортой бус, бүх шатандаа ажил хэрэгч бус, хэлсэн ярьсан, тохирсон зүйл нь байнга л өөрчлөгдөж, хувьсаж байдаг мөн бидний хэт улстөржилт нь гадныханд, тэр дундаа хамгийн ойрхон хөрш улсуудад ийм л ойлгоц, сэтгэгдэл төрүүлдэг. Хөршөө сонгох боломжгүй л дээ. Дотоодын тулгамдсан асуудлуудаа тодорхой болгож, эрэмбэ дараалалд оруулмаар байна. Хамгийн түрүүнд бид гадаад бодлогодоо ямар байр суурь баримтлахаа тодорхой болгоё гэж хэлмээр байна. Хоёр хөрштэйгөө хамтдаа хөгжих асуудлыг бодлогын хэмжээнд ярих ёстой. Нэгэнт стратегийн түншлэл байгуулсан юм чинь түүнийхээ дагуу эдийн засаг, улс төр, нийгэм, боловсрол гээд бүхий л салбарт ойлголцож ажиллах хэрэгтэй. Стратегийн түншлэлийн хүрээнд манай улсаар төмөр зам, авто зам, нефтийн хоолой, хийн хоолойгоо явуулж хамтарч ажиллах талаар дорвитойхон яримаар байна. Дэлхийн хөгжил өндөртэй, ардчилсан улс орнууд Монгол Улсыг маань төв Азидаа үлгэр жишээ ардчилсан улс орон гэж 26 жил хөөрөгдлөө. Бид ч тэднийг гуравдагч хөрш хэмээн олонд зарладаг. Харин эдийн засгийн хүнд нөхцөлд байгаа ийм цаг үед хоёр хөрш улс маань туслах юм уу, гуравдагч хөршүүд дэмжих үү гэдгээ ч ний нуугүй ярьцгаамаар байна. Төв Ази дахь ганц ардчилсан улсаа хүнд хэцүү нөхцөл байдалтай байхад дэмжиж туслахгүй юм уу гээд гадаад бодлогын хэмжээнд яагаад ярьж болохгүй гэж. УИХ-ын гишүүд төрийн гурван өндөрлөгийнхөө гадаадад очоод юу гэж ярьж явааг тодорхой мэдэхгүй байгаа. Гадаадын нэг улсад ойр ойрхон хугацаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь дараалан айлчилж байсан цаг бий. Ингэж явахдаа юу гэж ярив. Ямар улс бидэнд тусалж дэмжье гэсэн, ямар нь татгалзаж байна вэ гэхчилэн асуудлуудыг ний нуугүй ярилцан хаалттай хуралдах санал тавьсан юм. Тэгэхгүй бол нэг нь Далай ламын асуудал яриад, нөгөө нь эсрэг бодлого баримтлаад байж болохгүй. Хэн аль улсад хэдэн удаа очсон, юу тохирсон, юу нь биелэгдэж, юу нь биелээгүйг нэг бүрчлэн “хар хайрцаг” дотроо дүгнэж гаргамаар байна. Ингэвэл тухайн улстай аль асуудлыг ямар түвшинд ярих вэ гэдгээ шийдэж болно шүү дээ. Тэрнээс биш хэдхэн хүний энд тэнд очоод тохирсон зүйлүүд бас зөв гарц, зөв шийдвэр байж чадах уу, түүнээс гадна бүгдээрээ сайн хэлэлцвэл харин гадаад, дотоодын бүх нөөц бололцоог бүрэн хамарсан, бүх хөдөлгүүрийг иж бүрэн дайчилсан хямралаас авран гаргах, сайн шийдвэр, нэг гарцын бодлого гарна гэдэгт итгэж байгаадаа энэ саналыг тавиад байгаа юм.

-Хаалттай хуралдаан хийвэл том төслүүдээ хэрхэн урагш хөдөлгөх талаар ярина биз дээ?

-Бүгдээрээ сууж байгаад асуудлаа ний нуугүй ярьж хуралдъя. Бүтэн долоо хоногоор, сараар ч хамаагүй хэлэлцэж ярилцахаар зөв санаа, сайн шийдвэр гарч ирж л таараа. Камергүй учраас популизм ярьж худлаа дүр эсгээд байх шаардлагагүй болно шүү дээ. Үнэхээр аль нь зөв шийдэл вэ гэдгийг чин сэтгэлээсээ ярилцъя гээд байгаа хэрэг л дээ. Засгийн газар бол Их хурлын гишүүдээс улс орны асуудлыг нуугаад хэрэггүй. Оюу толгойн гэрээг маш буруу хийсэн гэдгийг тухайн үед нь хатуу шүүмжилж, сайжруулах чиглэлээр олон удаа шаардлага тавьж байсан. Одоо бүгд араас нь үнэхээр Монголдоо үр дүн муутай, хариуцлагагүй гэрээ болсон хэмээн хий хоосон шогшрон ярьж байна. Одоо яаж сайжруулах уу гэдэг гарц хайх хэрэгтэй. Таван толгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүдээ иж бүрнээр нь зураглаж зөв гарц олъё. Бид нэг том ордоо үр ашигтайгаар зөв ашиглаж чадвал Монгол Улсаа хэдэн жилдээ л тэжээх боломж бүрдэнэ. Мөн хөдөө аж ахуй, газар тариалан болон бусад салбаруудаа цаашид ямар бодлогоор яаж дэмжин хот хөдөөгүй хөгжүүлэхээ ч бас тодотгох ёстой. Улс орон даяар жижиг дунд үйлдвэрлэл, хөдөлмөрөөрөө нэгдсэн хоршооллуудыг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй байна. Нэн ялангуяа эх орны түүхий эд дээрээ тулгуурласан импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн, олон ажлын байр бий болгосон зорилтоо хатуу барьж ажилламаар байна.Эцэст нь монгол үндэстнийг зангидах тогтолцооны өөрчлөлтөө хэрхэх, одоогийн засаглалын тогтолцоо зөв үү гэдгээ хэлэлцье. Магадгүй энэ хамгийн чухал, эхлээд хэлэлцэх ёстой асуудал ч байж мэдэх юм. Бидэнд одоо намчирхал, улстөржилт, талцал тун ч хэрэггүй байна. Улс орон, үндэсний аюулгүй байдалдаа санаа зовж байгаа учраас л хаалттай хуралдаан хийе гэсэн санаачилга гаргаад байгаа юм. Монгол чинь эцэгтэй улс. Төрийн тэргүүн маань зунжингаа олон улсын төрийн тэргүүнүүдтэй янз янзаар л уулзсан. Тэдэнтэй бодлогын, хөгжлийн түвшинд юу ярьсан юм бэ. Энэ бүхнээ гишүүддээ мэдээлэл өгөн харилцан хэлэлцмээр байна. Миний хувьд асуух асуултууд, тавих саналууд ч их байна.

-Та оны өмнө Ерөнхийлөгчид хаалттай хуралдаан хийх саналаа тавьсан. Энэ сард багтаж хуралдах болов уу?

-Ерөнхийлөгч миний саналыг сонсож хүлээж авсан.Энэ сардаа багтааж хаалттай хуралдаан хийх болов уу л гэж найдаж, хүлээж байгаа. Үнэндээ бид хүлээгээд байх цаг тун алга даа.

-Гишүүн болгон гаднаас мөнгө зээлж өр нэмэгдүүлэх тухай л ярих юм. Дотоодын нөөц бололцоо гэж манай улсад байдаггүй юм уу. Тэрийг яагаад ярьдаггүй юм бэ?

-Гадаадаас хэдэн ногоон олоод ирчихвэл бүх зүйл болчих мэт ярьж байгаа. Одоогийн нөхцөл байдалд гаднаас тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай байгаа нь үнэн боловч бид өөрсдөө цаашид яаж хөгжих бодлогоо тодорхой болгох нь чухал. Бидэнд боломж байхгүй биш байгаа. Энэ талаар би өмнө нь хэлсэн. Гол хөдөлгөх зүтгэх хөдөлгүүр бид өөрсдөө. Үүнд өнөө миний хэлээд байдаг “Ажилсаг монгол хүн” шүү дээ.

-Намчирхахгүй, улстөржихгүй ажиллах ёстой гэж түрүүн ярьсан. Танай намын хувьд талцахгүйгээр ажиллах боломжтой байхад яагаад дорвитой ажил хийхгүй байна вэ?

-Манай намынхан нэгэнтээ 65-уулаа болж, үнэмлэхүй олонхи болсон учраас сайн ажиллах үүрэгтэй.

-Хэзээнээс тэгж ажиллах юм бэ. Таны ярьж буй шиг өдөр, шөнөгүй ажиллах нь битгий хэл зарим үед ирц хүрэхгүйн улмаас чуулган, байнгын хороогоо ч хуралдуулж чадахгүй байна шүү дээ?

-Мань мэт нь шаардаж байгаа. Би чуулганы хуралд цагтаа ирж оролцдог. Бид цагтаа ирж, ирц бүрэн байж аль ч хурлаа хийх ёстой шүү дээ. Манай Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ширээн дээр гишүүдийнхээ нэрсийг бичээд тавьдаг болсон. Ичихгүй бол суудлаа хоосон харагдуулна биз. Монгол төрийн түшээ бусдыгаа манлайлахын дээдээр манлайлж ажиллах ёстой биз дээ. Зарим нь бүр тэнд очих шаардлагагүй гэдэг гэсэн. Больё, чадахгүй юм байна гэдгээ эртхэн хэлэх хэрэгтэй. Цаана чинь чадахгүйг нь хийчих, эрдэм мэдлэгээр толгойгоо цэнэглэсэн “ланжгарууд” зөндөө бий. Заримдаа ер нь энэхүү байдал тун гайхшралд хүргэдэг. Компанийнхаа ажлыг зэрэгцүүлээд хийгээд амжуулаад, томруулаад явдаг хүмүүс ч цөөнгүй. Нэгэнт сонгогдсон бол хоёргүй л сэтгэлээр ажиллах хэрэгтэй л дээ.

-Хуралдаа ирэхгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцох уу. Ингээд толгойг нь илээд яваад байх юм уу?

-Нэгэнт сонгогдсон юм чинь гээд “дөрвөн жил зөнгөртөөд явж байя” гэж хандаж болохгүй. Үр хүүхэд, найз нөхөд, сонгосон иргэдээсээ ичмээр байна. Үүрийн жингээр малдаа санаа зовин хаврын хавсарга, өвлийн хүйтнийг ч хайхралгүй гарч нэг ч өдөр амралгүй ажилладаг малчин, өглөө эрт босоод сургууль, цэцэрлэг яслидаа явдаг хүүхдүүдээс ич. Хичээлээсээ хоцорчлоо гээд уйлж байсан бяцхан хүүхдүүд хүртэл дайралдаж байлаа. Парламентын гишүүд өглөө 9 цагт ажилдаа ирэхгүй болохоор нь чуулганы хуралдааны цагийг 10 цаг болгосон. Энэ айхтар хүйтэнд хүртэл гэр хорооллын жаахан хүүхдүүд автобус унаа дамжин дамжин 8 цагт сургууль, цэцэрлэгтээ очиж болоод байхад халуун байранд амьдардаг, хурдан унаатай дээр нь бас байсан байгаагүй цалингаа бүрэн авдаг төрийн түшээд нь цагтаа ирж хурлаа ч эхлүүлж чадахгүй байна шүү дээ. Ийм хариуцлагагүй байдлаас болоод ард түмэн улстөрчдөд итгэхгүй байна. Юун манлайлах байтугай үнэлэмж, нэр хүнд нь унаж байна. Ард түмний түмэн зөв. Хоцорсон, тасалсан цагуудыг нь өдөр нэг бүрчлэн гаргаж, долоо хоногоор, сараар, улирлаар нэгтгэж хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нь нийтэд мэдээлж байх хэрэгтэй. Бид хурлаа найман цагт ч эхэлсэн болно шүү дээ. Энэ нь УИХ-ын гишүүний эрх, нэр төрд нь халдаж байгаа явдал биш. Бүүр цаашлаад идэвх, оролцоо, санаачилгатай байдал зэргийн статистик мэдээг гаргаж олон нийтэд цацахад ч буруудахгүй. Бид эрх эдлэх гэж биш үүрэг хүлээх гэж сонгогдсон шүү дээ.

-Он гарчихлаа. Энэ оны эдийн засгийг ямархуу дүр зургаар харж байгаа вэ?

-Нөхцөл байдал амаргүй байгаа нь үнэн ч ирээдүйг өөдрөгөөр төсөөлж байгаа. Би өөрөө өөдрөг хүн шүү дээ. Тийм болохоор энэ эгзэгтэй, хямралын үед эх орныхоо эрх ашгийг бодоод амарч, ямбалахыг биш ажлынхаа цагийг уртасгаж, шөнө дөлгүй сууж ажилламаар байна. Төрийн гурван өндөрлөгөөс эхлээд төрийн албаныхан ажлын зургаан өдөртэй болох хэрэгтэй, нэн ялангуяа энэ хямралын үед. Нэг өдрийнхөө ажлын үр бүтээмжийг улсдаа хандивлая. Дэлхийн эдийн засгийн номонд “Чи бизнесийн салбарт ажиллах гэж байгаа бол нэгдүгээрт эрүүл мэндээ хар. Хоёрдугаарт, ажил хэрэгч шинж чанар, сахилга батаа хар. Өдөр бүр 14 цагаас доошгүй хугацаанд ажиллаж чадна гэвэл бизнест ор, дараа нь том амжилт гаргах боломжтой гэж бод” гэсэн алтан зарчим байдаг. Ямар ч япон, солонгосчуудтай уулзаж байхад хэцүү хүнд байдлаас гарахын тулд өдөрт тэд дөрөв, тавхан цаг л унтдаг байсан гэж ярьдаг. Монгол Улсын хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжих олон арван төсөл, арга хэмжээнүүд байна. Эдгээрийнхээ эрэмбэ, дэс дараалал, логик уялдаа, явц байдал болоод зарим нэгний нь үр өгөөжийг нь ч эргэж харах хэрэгтэй. Үүний тулд бүх намууд цаашлаад салбарын эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэн гээд олон хүн, олон газраас саналыг авч нэгтгэн, эрэмбэлж эхний цөөн хэдийг нь бүрэн хэрэгжүүлэхэд л эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдалд эерэг өөрчлөлт мэдрэгдэхүйц бий болно. Ингэж чадвал одоогийн энэ хямралт эдийн засаг аяндаа сайжирна. Дэлхий нийт ч хүлээн зөвшөөрч ажил хэрэгч байдлыг маань үнэлж гараа сунгана.

-Оны эхний улиралд гаднаас долоон тэрбум ам.доллар орж ирнэ гэх яриа сонсогдож байгаа. Хаанаас тийм их мөнгө орж ирэх юм бэ?

-Долоон тэрбум ам.долларыг хаанаас, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй авах гэж байгаа талаар нарийн мэдээлэл алга. Яригдаж байгаа хэдий ч албан ёсоор бүлэг дээр болон Байнгын хороон дээр танилцуулсан зүйл байхгүй. Гадагшаа явж эх үүсвэр хайж байгаа нь үнэн. Харин хямд эх үүсвэртэй мөнгө олдож байна уу, үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй байна даа.

-Тийм их мөнгө өгөх улс байгаа юм болов уу?

-Дэлхий нийтэд мөнгө байгаа л даа. Бид өөрсдөө дотооддоо зөв менежмэнт, төлөвлөгөө хийвэл дорхноо л наашаа эргэнэ. Ямар улстай хэрхэн хэлэлцээр хийхээс бүх зүйл шалтгаална.

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах ажил юу болж байгаа вэ. Зарим нь хоёрдугаар сард мөнгө орж ирнэ, эсвэл зургадугаар сараас наашгүй гэж яриад байх юм?

-ОУВС-гийн мэргэжилтнүүд энэ сарын 20-доор манай улсад ирэх юм билээ. “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тэртэй, тэргүй ойлгомжтой байгаа. Засгийн газар байгуулагдаад хугацаа алдалгүй шуурхай хэрэгжүүлэх байсан юм. Он гараад зээлжих зэрэглэл нэг алхмаар ухарлаа. Дэндүү удаан, асуудлыг дор нь шийдэж чаддаггүйгээс болж байдал дордож байгаа. Бүх юмыг төгс төгөлдөр болгох гэж харсаар байгаад хамаг цагаа алдаж байна. Бүр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг шиг юм болчихлоо. Цаг алдаж байна гэж дахин хэлмээр байна. Асуудлыг зоригтой шийд, үр дүн гарга. Үр дүн гарахгүй бол “Уучлаарай, би буруу шийджээ” гээд огцроод явчих ёстой. Тэгэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш үлбийгээд яваад байж болохгүй л дээ.

-“Стэнд бай”-д хурдан хамрагдах сонирхол улстөрчдөд байхгүй байгаа юм биш үү. Хэтэрхий чанга хараа хяналтаас жийрхээд байх шиг харагдах юм?

-Өмнөх он жилүүдэд дэлхийн санхүүгийн байгууллагууд зөвхөн өөрсдийнхөө тулган шаардлагаар манайд хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь нууц биш. “Стэнд бай” ч анх хэрэгжихдээ буруу зөрүү тулгалт их хийж байсан гэдэг. Зөвхөн Монголд ч биш. Хөтөлбөр хэрэгжүүлсэн улс орнуудад ийм шүүмжлэл гарах болсон учир сүүлийн жилүүдэд бодлогодоо өөрчлөлт оруулж илүү уян хатан хандах болсон юм билээ. Тиймээс манай тал санал гаргаад хөтөлбөрийг өөрсдийнхөөрөө боловсруулж болох боломж бий.

-Одоо манай улсын өр хэдий хэмжээнд байгаа юм бэ. Ирэх гуравдугаар сард бондын зээлийг хугацаанд нь төлж чадах уу?

-Монгол Улсын нийт гадаад өр 2016 оны эхний хагас жилийн байдлаар 23.4 тэрбум ам.доллар. Үүний 4.7 тэрбум ам доллар нь Засгийн газрынх, 17.0 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнх, 1.8 тэрбум ам.доллар нь Монгол банкных гэсэн тоон баримтууд яригдаж байгаа.

-“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал юу болж байгаа вэ. Ажлын хэсэг шалгалтаа хийж дуусаагүй юу?

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авсан процессыг УИХ-д ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Хэрээс хэтэрсэн улстөржилтөөс залхсан иргэд баримттай, бодитой дүгнэлт гаргахыг хүсч, хүлээж байгаа нь мэдээж. Их хурал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү худалдан авалтыг ямар хөрөнгийн эх үүсвэрээр хийв, татвар төлсөн эсэх, худалдан авсан үйл явцыг цаг хугацааны дарааллаар шалгаж тогтоохыг зорьж байна.

Засгийн газрын хаалттай хуралдааны материалтай танилцахад хэд хэдэн сайд УИХ-аар хэлэлцүүлэх санал гаргасан байдаг юм билээ. Стратегийн ач холбогдолтой орд газар гэдэг утгаараа ч тэр, хоёр улсын Засгийн газар хооронд 2004, 2007 оны хэлэлцээрийн дагуу ч энэ асуудлыг гарцаагүй УИХ-аар хэлэлцүүлж шийдэх байсан. Засгийн газрын хаалттай хуралдааны дараа Сангийн яам хоёр ч нууц тогтоол гаргасан байдаг. Энэ мэт олон ойлгомжгүй шийдвэр гарчихсан учраас “Эрдэнэт”-ийн асуудлыг зайлшгүй судлах шаардлага үүссэн. Ерөнхий сайдад хууль зүйн зөвлөгөө өгөх хамгийн ойрын газар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэргэдэх хуулийн хэлтэс. Засгийн газрын хоёр удаагийн хуралдаан дээр уг хуулийн хэлтсээс энэ асуудлыг УИХ-аар оруулах ёстой гэж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт зөвлөсөн байхад үл тоосон юм билээ. Энэ асуудлаар Хууль зүйн байнгын хорооноос гаргасан ажлын хэсэг хурдан ажиллаж дүгнэлтээ танилцуулах ёстой. Энэ дүгнэлт дээр үндэслэн би өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлэх болно.

-Таван толгойг хөдөлгөх хувилбарууд яригдаж байгаа. Ямар хувилбар яригдаж байна вэ?

Таван толгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг олон жил тэжээнэ. Энэ ордоо Оюу толгой шиг өгөөж тааруухан, хөрөнгө оруулагч талд илүү давуу боломж олгосон байдлаар гэрээ хийж хэрхэвч болохгүй. Тиймээс илүү ухаалаг, оновчтой бодлого барьж, үр ашигтай нөхцөлөөр эргэлтэд оруулах нь чухал юм. Гэхдээ өмнөх шигээ бас улстөржүүлээд, гацаагаад, хугацаа алдаад байх шаардлагагүй. Төмөр зам, цахилгаан станц гээд бүтээн байгуулалтыг хэрхэн хийхээ давхар тооцоолох ёстой.

М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсгийнхний боловсруулсан төслөөр явуулах гэж байгаа бололтой байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Таван толгойн төслийг аль болох богино хугацаанд, яаралтай хөдөлгөх, цаг алдахгүйн тулд өмнөх тендерийн ялагчидтай өмнөх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал солилцохыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна. Үүнээс харахад Хятадын Шинхуад 49 хувийг нь оператороор оруулахаар тусгаж Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг хийж байгаа юм шиг байна лээ. Гэхдээ гэрээний төслийг УИХ-д оруулж ирсний дараа судалж, танилцаж байж байр сууриа илэрхийлье. Таван толгойн нүүрсний ордыг үр өгөөжтэй ашиглах хамгийн эхний гарц бол яах аргагүй төмөр зам. Одоогийн байдлаар Таван толгойн нүүрсийг Гашуунсухайтын хилийн боомт руу зөвхөн ачааны машинаар тээвэрлэж байна. Төмөр замаар тээвэрлэхээс хоёр дахин илүү зардалтай. Байгаль орчинд үзүүлэх хор хөнөөл ч ихтэй. Энэ бүхнийг харгалзан УИХ-аас 2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого баталсан байдаг. Үүнд Таван толгой -Гашуунсухайтын чиглэлийн 225 км урд чиглэлийн төмөр зам барина гэж тусгагдсан байгаа. Энэ төмөр замыг хэрхэн барих, хөрөнгийг яаж босгох гээд сайтар тооцоолох асуудлууд олон бий.