Categories
мэдээ цаг-үе

Д.Чулуунжав: Монголчууд мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хуультай байх хэрэгтэй

Судлаач, профессор Д.Чулуунжавтай ярилцлаа.


-“Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөө”, “Бизнес болчихсон шашинд шинэчлэл хэрэгтэй” гэсэн таны хоёр нийтлэл цахим ертөнцөд шуугиан дэгдээж байна. Яагаад ингэж үзэх болов?

-Шинжлэх ухааны академид би 42 жил ажилласан. Энэ өгүүлэл, судалгааны ажил бол миний 42 жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Судалгааны бүтээлийн эмхэтгэлийн гутгаар дэвтэр маань “Шашны тухай зүйлүүд” нэртэйгээр удахгүй худалдаанд гарах гэж байна. Гэхдээ энэ тухай ярихын тулд эхлээд монголчуудын оюун санааны амьдралын тухай ярих нь зөв гэж бодож байна.

-Тэгвэл нүүдэлчин монголчуудын оюун санааны амьдрал бусад ард түмэнтэй харьцуулахад ямар онцлогтойгоор хувьсаж, хөгжиж ирсэн бэ?

-Монголчуудын оюун санааны амьдралын түүх тэдгээрийн нүүдэлчин ахуйгаас шалтгаалсан өвөрмөц замыг туулжээ. Цаг үетэй нь холбож улируулан нягталж аман зохиол, түүх, домгоос нь үзэх аваас монгол хүний сэтгэл зүй, ухамсарт айдас, хүйдэс, өвчин шаналлаас үүдсэн мухар сүсэг (анхан үеийн), бөөгийн шүтлэг, суурин иргэдийн томоохон шашны нөлөө, Бурханы шашны гурван удаагийн дэлгэрэлт, марксизм-ленинизмийн шашинчлагдсан түрэмгийлэл, элдвээр хиртсэн либерал ардчиллын хийрхэл, анархизм гээд ер аливаа нийгэмд нэвчдэг, дайрдаг бүхэн л байжээ. Монгол мэргэдийн философи сэтгэлгээ, танин мэдэх арга зүй, логикт гэнэн материализм ба урсгал диалектикийн элементүүд, идеализмын элдэв зүсмийн илрэлүүд, сэтгэлгээний туйлшрал, түүхэн хязгаарлагдмал байдал, үзэл сургаалыг шашинжуулж хиртүүлэх согог гэх мэтийн үзэгдлүүд бүгд бүртгэгдсэн. Тэдгээр алдаа, согогийн шүүмжлэл амаар болон бичгээр үлдсэн байдаг.

Үүнээс гадна дэлхийн том шашнууд хүчтэй хөгжиж нийгмээ бүхэлд нь эзэмдэх болсон бүс нутгуудаас монголчууд хол хөндий, оорцог оршин байсны улмаас христ хийгээд лалын шашны нөлөөнд эргэлтгүй автахаас “аврагдсаар” ирсэн байна. Мөн үүнд нүүдэлчин монголчуудын байгаль дэлхийтэй харьцах болон биологийн шинжлэх ухааны талаарх өргөн дэлгэр мэдлэг нь ч нөлөөлсөн гэж хэлж болно. Ер нь монголчуудын оюун санааны амьдрал бүр анхнаасаа л практик амьдралд яг таг суурилсан, мэдлэгийг дээдэлсэн, үнэнд ойр, худал хуурмагаас хол хөндий, бөө мөргөлд ч яадгаа алдталаа автагдчихсан байгаагүй.

Тэгж явсаар эцэс сүүлдээ үеэ нэгэнт өнгөрөөсөн бөө мөргөлөөс салж Бурханы шашинд орсон байгаа юм. Улмаар нийгмийн бүхий л давхаргын хүмүүс дарга, цэрэггүй шашин шүтдэг болсон. Нэг л жишээ татахад, өнөөдөр дунд сургуулийн сурагчид төгсөлтийн шалгалтаа өгөхийн өмнө, ямар мэргэжил сонгохоо зурхайчаас асууж, ганданд мөргөж даатгадаг болоод байна. Гэтэл шалгалтаа амжилттай өгөх эсэх нь тэдний хичээл зүтгэлээс, ямар мэргэжил сонгох нь хүсэл мөрөөдлөөс нь шалтгаалах зүйлс шүү дээ.

-Буддын шашин анх хэзээ, яагаад манайд орж ирсэн юм бол. Монголчууд Буддын шашин суртлыг зээлдэж, хуулж дэлгэрүүлсэн юм уу. Эсвэл Буддагийн онол, сургаалыг судалж, эзэмшсэн юм уу?

-Бурханы шашинг Монголд дэлгэрүүлэх оролдлого нийтдээ гурван удаа хийгдсэн байгаа юм. Эхнийх нь монголчуудын анхны эзэнт гүрэн болох Хүннүгийн үед Жагараас түрэг хэлтэн улсуудаар дамжин орж иржээ. Хүннүгийн ноёд, язгууртны хүрээнд дэлгэрч эхэлж байсан боловч мөнхүү үеийн дайн, самууны нөхцөлөөс шалтгаалан газар авч, бэхжиж чадалгүй байсаар орхигдож мартагджээ. Хоёр дахь дэлгэрэлт нь Годан хаан ба Сажа бандидагийн уулзсан XIII зууны дунд хэрээс XV зууны дунд хүртэл үргэлжилжээ. Удаахь гурав дахь дэлгэрэлт нь XVI зууны эцсээс XX зууны дунд хүртэлх үеийг хамарч байгаа юм. Эдгээр нь нийтдээ нэг мянга орчим жилийг дундаа хоёр завсарлан багтааж байна.

Монголчууд Буддын шашинг анх шинжлэх ухаан гэж боддог байсан. Үнэхээр ч тийм байсан үе бий. Сүм хийдийн хажууд суралцана гэдэг бол их дээд сургуульд орсонтой ялгаагүй. Яагаад гэвэл эмч нарыг сүм дуганд 14 жил бэлдэж, онош тавьдаг, тан барьдаг, биечлэн эмчилдэг маарамба болгодог байсан. Зурхайчид, тоо боддог хүмүүсийг, мужаан, дархныг хүртэл бэлддэг байж. Бурханы шашны шүхэр доор бүх л мэдлэг байсан. Тэр ч бүү хэл Бурханы шашин суртал Монгол даяарт түгэн дэлгэрснээр Монголын оюунлаг хүмүүс төвд, самгарди хэл, бичиг сурч Энэтхэг, Төвдийн нэр алдар нь дэлхийд цуурайтсан их бичгийн хүмүүсийн зохиол бүтээлтэй танилцаж бүр гүнзгий судалж, тайлбар, шүүмж бичиж, гол чухал олон асуудлаар Монголын эрдэмтдийн гэх ном, бүтээл бичих, хэвлэх болсон.

Энэтхэгийн Нагаржуна, Асанга, Васубанду, Дигнага, Аръядева, Шантидева гэх мэтийн эрдэмтэд, Төвдийн Зонхова, Хайдав, Жалцов, Жамъяншадав, Монголын Лувсанпэрэнлэй, Ишбалжир, Лувсандагвадаржаа, Лувсанчүлтэм, Агваанхайдав, Агваанбалдан нарын ном, бүтээлийг хүрээ, хөдөөгүй лам хуврагууд судалж, гол чухал зүйлүүдээр нь ном хаялцаж, дээд цол олох дамжаа барьж, сав болон шим ертөнц, хүний сэтгэхүйн нууцад цаашлан нэвтэрцгээж байх болжээ.

Монголын уламжлалт мэдлэг, ухаан тэгж Энэтхэг, Төвдийн эрдэмтэн мэргэдийн олж хуримтлуулсан их сан хөмрөгөөр баяжиж XIX зууны дунд, сүүлч үе гэхэд оргил цэгтээ хүрэн цэцэглэсэн юм.

-Тэгвэл Бурханы шашин шинжлэх ухаанч чанараа хэзээ алдаж, шашин болсон юм бэ?

-Нийтийн тооллын VII зуунаас XVI зууныг хүртэлх мянган жилийн дотор Бурханы шашин Төвдөд нутагшин хувьсахдаа ихэд хиртэж, шинжлэх ухаанч шинж нь тасралтгүй буурсаар байжээ. Улмаар Төвдийн зарим том лам, хутагт хувилгаадын ном, ёсоо огоорсон үйлдлүүд ихэсч, нэр хүнд нь унаж эхэлсэн байна. Яг энэ үеэс буюу XVI зууны дунд хавиас Монголд ихэд төвдөчлөгдсөн Бурханы шашин дэлгэрснээр олон жирийн монгол хүн хутагт, хувилгаад, гэгээнтэн болцгоожээ. Чухамдаа тэр шашинжиж хиртсэн байдлаараа Монгол даяарт дэлгэрсэн тул тэрхүү хир буртаг нь Монголын хутагт, хувилгаадад халдаж доройтох, мөхөхийн үрийг бас зэрэгцүүлэн тарьсан юм. Тэр цаг үеэс хойш Буддагийн сургаал номлолыг шашинжуулах бусармаг үйлс 2500 орчим жил үргэлжилжээ.

Энэ сөрөг үзэгдлүүдийн эсрэг Монголын ариун явдалт, шударга гавж нар үгээ хэлж, шүүмж бичиж, олшруулан тарааж, тэмцэж эхэлсэн юм. Тухайн цаг үеийн шашин суртал, ёс журам, дэг, зан үйл, лам хуврагийн биеэ авч явах соёл, хэм хэмжээнд шинэчлэл хийх шаардлага гарчихаад байгааг ариун явдалтан хамба, цорж, гэсгүй нар олж хараад ийм ажлыг эхлүүлэхийн төлөө буйгаа илэрхийлцгээж, бүр бусдыгаа уриалж байв. Тухайлбал, Нийслэл хүрээний их хамба Агваанхайдавын бичсэн “Бурханы шашин их эрдэнэ бээр (шашин нь өөрөө) арван зүгийн ялгуулсан бурхан бодисадва сэлтэд илгээсэн захиа бичиг, “Хонь, ямаа, үхэр гурвын хүүрнэсэн яриа”, “Ламын залбирал” хэмээх судрууд, мөн Агваанбалдан цоржийн “Чирданжи намшаг” зэрэг олон ном, зохиолд ном, нэр ёсоо алдсан хутагт хувилгаадыг хурцаар шүүмжилж, шашин номын үйлсийг ариусгах, шинэтгэхийн чухлыг учирлан өгүүлжээ.

-Бурханы шашинг Монголд дэлгэрүүлэх нь ашигтай гэж үзээд манай ноёд анх авсан юм биш үү?

– Бурханы шашинг Монгол даяар дэлгэрүүлэх замаар монголчуудыг оюун санааны хувьд нэгтгэх, нэг шашин шүтээнийг тойруулан Ар, Өвөр, Цахар, Барга, Буриад, Ойрд бүгдийг эв найрамдалтай, нэгдсэн захиргаа, төв төртэй болгохыг хичээн энэ зорилгын үүднээс Халх ба Ойрадын ноёд далдуур тохиролцон Чингисийн угсааны Автай сайн хан Гомбодоржийн нуган үр Занабазарыг Монголын Бурханы шашны тэргүүнээр өргөмжилсөн нь тухайн цаг үедээ зөв сонголт байв.

Монголчуудын энэ санаачилга Далай ламд ч бас таалагджээ. Энэ нь монголчууд Бурханы шашин сурталд бүрэн эзлэгдэхийн дохио байлаа. Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Далай лам Жонан Дарнатын XV дүрийн хувилгаан Гунгаанимбогийн удаахь дүр мөн байна хэмээн айлдаж баталгаажуулжээ. Гунгаанимбо бол Монголд Бурханы шашинг дэлгэрүүлэхэд онцгой хүчин зүтгэл гаргасан хувилгаан бөгөөд 1634 онд Халхад нас баржээ. Занабазар хүү дараа жил 1635 онд төрсөн бөгөөд 1639 онд түүнийг Дарнатын гэгээний удаахь дүр хэмээн зарласан нь зүйд нийцсэн арга хэмжээ байжээ. Бурханы шашинг шинэ тутам хүлээн авсан Монголын сүсэгтэн олныг энэ тэр гэгээнтэн, хутагт, хувилгаадын хойд дүрүүдэд мөргүүлж, шүтүүлж байх нь шашин номын ашиг, сонирхолд тун ч нийцтэй байсан биз. Гэвч хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулдаг арга хэмжээ нь дорхноо л улс төрийн, эдийн засгийн, бизнесийн, бүр булхай луйврын шинжийг олж төрөл арилжаад зальжин ихэс дээдсээс гэнэхэн сүсэгтэн олныг мэхэлдэг гох дэгээ, өгөөш болж хувирчээ.

-Шашин бол хүнийг дотроос нь бүтээдэг үнэт зүйл гэж философичид өндрөөр үнэлдэг шүү дээ?

-Шинжлэх ухаан талаас нь тэгж үздэг. Гэтэл өнөөдөр лам нар тэр үүргээ гүйцэтгэхгүй байна. Өвчтэй, зовлонтой, эрүүл саруул, гэрлэсэн, сөнөсөн бүх хүмүүсийг цуглуулаад дунд нь ганцхан ном уншаад юуг нь засч чадах вэ. Харанхуй шөнө явж байгаад янз бүрийн юмнаас айгаад галзуурах шахсан хүнийг ганцааранг нь хүлээж аваад, асуугаад яриад, тайвшруулаад, шөнө тийм юм байж болно, чи айсан, зовсон, ичсэн байна. Энэ юмыг унтахынхаа өмнө уух юм бол зүүдэлж, айж цочихгүй гэж ухуулж, сэтгэлзүйд нь нөлөөлөх хэрэгтэй.

Монголчууд өнөөдөр хувь заяагаа итгэж, сүсэглэж даатгаад үнэтэй цэнэтэй бүхнээ олон хойт дүрийн Далай лам, Банчин Эрдэнэ, хутагт хувилгаадад үе үеэрээ улиран, ээлжлэн барьсаар 400 гаруй жилийн дотор Монголын бараг бүх баялаг Төвдийн сүм хийдүүд рүү урсан оджээ. Алт, мөнгө, үнэт үс, эдлэл, эрдэнийн чулуу, эмийн ургамал, эмээлтэй морьд, ачаатай тэмээд гэх мэтийн асар их баялгийн үнэ, өртөг нь төвд хэлээр уншуулж сонссон ном, гуулин бурхад, хонх, дамар, эрхи, сахиус, тахилын цөгцнүүд мэтийн зүйлс болж хувирсан юм. Үүнийг тэгш, шударга солилцоо байсан, лам хувраг, хутагт хувилгаадын сүсэгтнүүдэд үзүүлсэн үйлчилгээний тоо, чанар, үр дүнд нийцсэн төлбөр байсан гэх үү?

Үзэл санаа, онол сургаалыг “үйлдвэрлээд” экспортолж болно. Гагцхүү үүнд элдэв заль, булхай, луйвар байж таарахгүй билээ. Үзэл санааг үнэлж, худалдан авч болно. Оюун санааны амьдрал бол өөрийн гэсэн хэрэгцээ, хэрэглээтэй байдаг. Гэхдээ мөнхүү хэрэгцээгээ “хуурамч, хулхи” бүтээгдэхүүнээр хангах гэж “тэнэгтвээс” юу юугаа алдаад, юу ч үгүй хоцордгийн жишээг холоос эрэх хэрэггүй юм.

Буддын шашин өнөөдөр Монголын ядуурлын, мунхарлын, хүн ам цөөрсний, газар нутгийнхаа тавны гурвыг хоёр хөршдөө алдсаны, цэрэг зэвсгийн хүч чадалгүй болсны шалтгаан болчихоод байна.

-Өнөөдөр Монголд Бурханы шашныг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлж байгаа лам, хутагт хувилгаад байна уу?

-Жагар, Энэтхэг, Төвдийн гүн ухааны сургаал Буддын гүн ухаанд шингэсэн юм. Тэгэхээр энэ нь нэг ёсондоо сав болон шим ертөнцийн тухай, нүгэл буяны тухай Дорно дахины гүн ухааны сургаал энд агуулагдаж байна. Хоёрт, Дорно дахины анагаахын ухаан Бурханы шашинд агуулагдаж байгаа. Хятад, Энэтхэг, Бирм, Монголын анагаах ухаан Бурханы сургаалын шүхэр дор орсон. Энэ бол шашнаас тусдаа зүйл.

Буддын сургаалын шинжлэх ухаан, мэдлэгийн талыг голчлоод явж байгаа хүмүүс бий. Тэд бол Чойрын номтой улсууд. Эдгээр хүмүүс нь орчин үеийнхээр бол дорно дахины философичид, эмч нар юм. Тэд шинжлэх ухааны шугамыг бариад явж байна. Мөн одон орон судлалыг төвдүүд зурхай, мухар сүсэг болгосон.

-Бизнес болсон буддын шашинд ямар шинэчлэл хэрэгтэй байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт, анхнаасаа шинжлэх ухааны шинжтэй байсан шашинг мухар сүсгээс салгах хэрэгтэй. Монголын үндэсний телевизээр “Ариусахуйн гүмүда” гэж нэвтрүүлэг явдаг. Тэр нэвтрүүлэгт оролцож байгаа энд тэндхийн хамба нар өөрсдөө “Монголчууд хурал ном сонсохдоо төвд хэл ойлгохгүй учраас юу ярьж байгааг нь ойлгохгүй, тэр ярьж байгаа зүйл нь тус болох байх гэсэн үүднээс мухар сохроор залбираад сууж байна” гэж ярьцгааж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч төр, шашин хоёр тусгаарласан. Төр, шашин хоёр тусдаа байх ёстой. Гэтэл өнөөдөр Монголын төр мөнгө гаргаж төв ганданд том обьект барьж өгч байна. Манай төрийн зүтгэлтнүүд гүнзгий шүтлэгтэй болчихсон, лам нартай зэрэгцэж суугаад бүх юмаа хийдэг болжээ. Тэгэхээр тэднийг харсан жирийн иргэд юу гэж ойлгох вэ. Тэднийг Далай ламыг шүтэж, гандангийн хамбад даалгахаар их хуралд сонгогдож, сайд болдог юм байна гэж ойлгож байна.

Буддагийн сургаал номлол нь анхандаа хувь хүмүүний амьдрал, аж байдал, оюун санааны ертөнц, зовлон жаргал, зорилго тэмүүлэлтэй холбоотой нийгэм-философи, ухамсар, сэтгэлзүй, танин мэдэхүйн гол чухал асуудлуудыг шинжилж, учир утгыг нь тайлж олон нийтэд сурталчлан гэгээрүүлэх шинжтэй, тухайн цаг үедээ шинжлэх ухааны гэгдэхээр мэдлэг, мэдээлэл, дүгнэлтийг агуулсан ихээхэн дэвшилттэй үзэгдэл байсан. Энд хойт нас, шашин төр хослох тухай байгаагүй. Түүнийг төвдүүд гаргаж ирсэн. Будда, “Миний сургаалыг сонс, судал, таалагдвал амьдралдаа хэрэгжүүл, гэгээр. Түүнээс биш намайг шүтэж болохгүй ” гэж өөрийнхөө амаар хэлсэн гэдэг.

Винайн ёсонд Бурханы шашинд өөрийгөө зориулна гэдэг нь хүн лам болъё гэж шийдвэл багшид шавь орж, мал аж ахуй, аав ээжээсээ салаад, эхнэр авалгүй хүрээ хийдэд амьдарч Бурханы зүтгэлтэн болдог. Тэр хүн номоо уншина, бясалгана, улам гүнзгийрүүлнэ, тэндээ нэг насаа зориулж аль болох бурхан болохыг хичээх юм. Тэгээд бурхан болоод махан биеэ энэ дэлхийд үлдээгээд сүнсээ авч бурхдын оронд очоод мөнхийн хутгийг олох ёстой. Төвдүүдийн суртлаар бол. Гэхдээ тэгнэ гэж Будда өөрөө сургаагүй. Мянган жилийн дараа төвдүүд Буддагийн сургаалыг шашин болгож авахдаа энэ мэтээр өөрчилж, бусад улсад тараагаад, түүнээсээ ашиг олж эхэлсэн байгаа юм.

-Саяхан УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, Н.Оюундарь нар “Төр сүм хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Энэ талаар?

-Тийм. Өнөөдөр манайд эцэг, эх нь юу ч мэдэхгүй хүүхдээ гандан хийдэд дагуулж очоод номын дуу сонсгох нэрээр алгыг нь хавсруулаад сөхөрч суулгадаг. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа хэрэг. Эцэг, эх нь хүүхдийнхээ сонголт хийх эрхэд халдаж, өөрийн шүтдэг шашинг хүчээр ухамсарт нь суулгаж байгаа явдал юм. Ингэснээр ирээдүй хойч үе минь Бурханы шашинг, сургаал номлолыг нь ойлгохгүй мухраар шүтэж нэг насаа барна гэсэн үг. Монголчууд ийм маягаар мухар сүсэгт хөтлөгдөж явбал хойч үе минь шинжлэх ухаанд итгэхээ байх нь. Үүний эсрэг хууль хэрэгтэй байна.

Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхамдолгор: Цэнхэр, ягаан тасалбараар авсан хувьцаанд 10 мянгаас 10 сая төгрөгийн ногдол ашиг бий

“Ард санхүүгийн нэгдэл”-ээс “Хөрөнгө оруулалтаа амилуулах аян” зарлажээ. Тодруулбал, энэ сарын 16-наас 21-нийг хүртэл тус санхүүгийн нэгдлээс иргэдэд хувьцааны талаарх бүх төрлийн зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм байна. Тухайлбал, 1990 оны өмч хувьчлалаар иргэдэд цэнхэр, ягаан тасалбар тараасан байдаг. Уг тасалбарыг хэрхэн ашиглах, хувьцаандаа яаж хяналт тавих, ирэх жилүүдэд болох төрийн өмчийн хувьчлалд хэрхэн оролцож, хөрөнгө оруулалт хийх зэрэг талаар зөвлөгөө өгч байна. Тиймээс хувьцааны талаар “Ард Секюритиз” үнэт цаасны компанийн хөрөнгө оруулалтын менежер Б.Лхамдолгортой ярилцлаа.


-1990 оны өмч хувьчлалыг иргэдэд цэнхэр, ягаан тасалбарыг хувьцаа хэлбэрээр тараан хийсэн. Энэ тасалбарыг одоо ашиглах боломжтой юу?

-Ерэн оны өмч хувьчлалаар иргэд цэнхэр, ягаан тасалбар авч аж ахуйн нэгжүүдийн хувьцаа эзэмшигч болсон. Үүнээс хойш тус өмч хувьчлалаар авсан хувьцаагаа үр ашигтай ашигласан, хөрөнгөндөө хяналт тавьж, хуулиар олгогдсон хувьцаа эзэмшигчдийн эрхээ хэрэгжүүлсэн хөрөнгө оруулагчид байхад, хувьчлалаар авсан хөрөнгөө ашиглаж, хөдөлгөөнд оруулаагүй иргэд бас байна. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Үнэт цаасны төлбөр тооцооны төвд 250 мянга орчим иргэн ногдол ашиг болон ногдол хувиа хөдөлгөөнд оруулалгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ хөрөнгийн төвлөрөл одоогоор 10 гаруй тэрбум төгрөг болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэд ямар компанийн хувьцаа авснаас хамаарч нэг хүнд 10 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн ногдол ашиг хуримтлагдсан байгаа юм. Гэтэл иргэд энэ их хөрөнгөө хөдөлгөөнд оруулалгүй, идэвхгүй хадгалж, үнэгүйдүүлсээр байгаа юм. Иргэд тус ногдол ашгаа ашиглаж үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт хийж, хувьцаагаа хөдөлгөөнд оруулах хэрэгтэй.

-Иргэдийн ихэнх нь цэнхэр, ягаан тасалбараа үнэгүй, хэрэггүй болсон гэж ойлгодог. Энэ ямар учиртай юм бэ. Тухайн тасалбараа хадгалаагүй иргэд, хаана хандаж, өөрт хичнээн хувьцаа байгааг хэрхэн мэдэх боломжтой вэ?

-1990-1994 онд иргэн бүрт хувьцаа хэлбэрээр цэнхэр, ягаан тасалбар тараасан. Тэгэхээр 1980 оноос өмнө төрсөн бүх хүнд ийм хувьцаа очсон гэсэн үг. Харин 1980 оноос хойш төрсөн хүмүүсийн хувьцаа эцэг, эхийнх нь нэр дээр бичигдсэн байгаа. Тиймээс иргэд өөрт нь хувьцаа байгаа эсэхийг мэдэхийн тулд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр паспорттойгоо очоод дансаа шүүлгэх хэрэгтэй. Тэгээд үнэт цаасны брокерын компани дээр очиж зөвлөгөө авч, хуримтлагдсан ногдол ашиг болон эзэмшиж буй хувьцаагаа хөдөлгөөнд оруулж болно. Тухайн үед 500 кампанийн хувьцаа тарааснаас 235-нь одоо Хөрөнгийн биржид хувьцаат компани хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, бусад компаниуд нь дампуурч эсхүл хэлбэрээ өөрчилж биржийн бүртгэлээс хасагдсан байгаа. Нэг ширхэг ч байсан таны хувьцаа бол хөрөнгө. Тиймээс хүн ямар хөрөнгө эзэмшиж буйгаа мэдэж, түүндээ анхаарал тавьдаг байх хэрэгтэй. Аль болох хөрөнгөө үнэгүйдүүлэхгүй байх хэрэгтэй. Өнөөдөр гэхэд л цэнхэр, ягаан тасалбар авч байсан нэг харилцагч ирээд, хувьцаагаа шүүлгэхэд өөрийнх нь хувьцаа долоон сая төгрөгийн үнэлгээтэй, бэлэн мөнгөөр авах ногдол ашиг нь 1.7 сая төгрөг болчихсон байна шүү дээ. Тэр хүн өнгөрсөн 20 гаруй жилд хувьцаагаа нэг ч удаа шалгаагүй байж. Гэхдээ заримынх нь дампуурсан байгаа. Тиймээс иргэн бүр хувьцаагаа байгаа эсэхийг шалгуулах хэрэгтэй. Цаашид Төрийн өмчийн хувьчлалууд болно. Тиймээс иргэд хувьцааны талаар мэдлэг, мэдээлэлтэй байж, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.

Иргэд дансанд нь ногдол ашиг орсон бол түүнийгээ хөдөлгөөнд оруулах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар ч үнэ цэнэгүй, хүү бодогдохгүйгээр байршиж байна. Иргэд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дээр очиж дансаа шүүлгэж, хуулгаа аваад манай компани дээр ирж хаана хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байна гэдэг дээр зөвлөгөө авч, брокерын үйлчилгээ авах боломжтой. Манайх Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй ихэнх компанийн судалгааг тогтмол хийдэг тул зөвлөх болон жуулчлалын үйлчилгээг өндөр түвшинд хийж байна.

-Хувьцаагаа яаж үнэд хүргэх вэ?

-Цаашид үнэд хүрэх сайн компанийн хувьцаа бол хадгалаад явж болно. Үнэ цэнэд хүрэхгүй байвал зараад, өөр ашигтай компанид хөрөнгө оруулах хэрэгтэй. Манай компани өнгөрсөн онд ийм юм хийсэн, цаашид төлөвлөж буй ажлаа хувьцаа эзэмшигчдэд танилцуулдаг, засаглал сайтай компанид хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тухайн компани хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг нь хамгаалдаг, хөрвөх чадвартай байх ёстой. Сайн компанийн хувьцаа авахгүй бол үнэгүйдэх магадлал өндөртэй. Жишээлбэл, “Говь” Хувьцаат компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа тогтмол хийж, хөрөнгө оруулагчдад мэдээлэл хүргэдэг. Нөгөө талаас Хөрөнгийн биржид бүртгэлтэй боловч үйл ажиллагааны мэдээллээ хувьцаа эзэмшигчдэдээ хүргэдэггүй компаниуд бас байна.

-Хувьцаа арилжаалагдахгүй, иргэд хувьцааны талаар мэдлэггүй байх нь эдийн засагт ямар сөрөг нөлөөтэй вэ?

Хувьцаа хөдөлгөөнд орохгүй, хөрөнгийн зах зээл хөрвөх чадваргүй байна гэдэг чинь эдийн засгийн цусны эргэлт зогсож буйтай адил бөгөөд асар сөрөг нөлөөтэй байхгүй юу. Иргэд хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болчихвол эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн үг. Тиймээс иргэдийг хөрөнгийн зах зээлийг сонирхооч ээ, ирээдүйд ямар байгууллагууд өмч хувьчлалд орох вэ, хэрхэн хувь эзэмших вэ зэргээ мэддэг болооч гэж хэлмээр байна.

-Тэгвэл хөрөнгийн зах зээл хөгжөөд, иргэд олноороо хувьцаатай болчихвол эдийн засагт наад зах нь ямар өөрчлөлт гарах вэ?

-Зээлийн хүүгийн түвшин буурна. Жишээлбэл, иргэд мөнгөө банкинд дээд тал нь 15 хувийн хүүтэй хадгалуулдаг. Банк иргэд, аж ахуйн нэгжүүдэд тэр мөнгийг нь 20-24 хувийн хүүтэйгээр зээлдүүлдэг. Банкнаас зээл аваад тогтмол төлдөг аж ахуй нэгжүүд бол санхүүгийн сахилга баттай байна. Тэд томоохон санхүүжилтээ хөрөнгийн зах зээл дээрээс хувьцаа болон бонд гарган татах хэрэгтэй. Энэ нь эргээд зах зээлд хүүгийн түвшинг бууруулах томоохон хөшүүрэг болно.

-Банкны хадгаламж, хувьцаа хоёрын гол ялгаа юу вэ. Иргэд яагаад хувьцаатай байх ёстой юм бэ?

-Банкинд мөнгө хадгалуулах нь хуримтлал. Богино хугацааны хэрэглээний хуримтлал. Тухайн банк ашигтай ажиллалаа гэхэд танд ногдол ашиг орохгүй. Харин хувьцаа гэдэг нь хөрөнгө оруулалт. Тухайн компанид хөрөнгө оруулалт хийгдэж байна гэсэн үг. Тухайн компанийн бодит эцсийн ашгийг хувьцаа эзэмшигчид хүртэнэ. “Ард санхүүгийн нэгдэл” ашигтай ажиллалаа гэхэд хувьцаа эзэмшигчийн хөрөнгийн үнэ цэнэ өснө. Нийт масс тухайн компанийн олж байгаа ашгаас хүртэх ёстой, тийм болохоор компанийн засаглалаа сайн хэрэгжүүлдэг, идэвхтэй компанийн хувьцааг худалдаж авах хэрэгтэй.

-Их хэмжээний мөнгөтэй хүн л хувьцаа худалдаж авах боломжтой гэх ойлголт нийгэмд байдаг?

-Хөрөнгө оруулалтын хамгийн анхны хувилбар бол хувьцаа. Жишээлбэл, үл хөдлөх худалдан авч хөрөнгө оруулалт хийгээд, түрээсийн төлбөрөөр орлого олж, үнийн өсөлтөөс ашиг хүртэж болно. Тэгтэл үл хөдлөх хөрөнгө авахад хамгийн багадаа 100 сая төгрөг шаардлагатай. Хувьцаа гэдэг маань бага багаар хэсэгчилж авч болдог. Хувьцаа тухайн компаниасаа хамаараад янз бүрийн үнэтэй. Жишээлбэл, “Монгол шуудан” компанийн нэгж хувьцаа 340 төгрөг, тэгэхээр 340 төгрөг буюу ганц ширхэг чихэрний үнээр ч та хувьцаатай болж болно. “Монгол шуудан”-гийн хувьцаа яг жилийн өмнө 200 төгрөг байсан бол одоо 340 төгрөг болоод өсчихсөн. Хувьцаа эзэмшигчид нь 70 хувийн ашиг хүртчихээд байж байна. Оруулсан мөнгөнийхөө хэмжээгээр ашиг хүртэнэ. Хэрэв иргэн арилжааны банкинд мөнгөө хадгалсан бол нэрлэсэн хүү буюу дунджаар 15 хувь авах байлаа. Гэхдээ эрсдэлийг тооцоолох хэрэгтэй. Яагаад гэхээр 1000 төгрөгөөр авсан хувьцааны ханш унаад 100 төгрөг болчихсон тохиолдол байна. Энэ мэт зүйлээс болоод иргэд хувьцааны талаар буруу ойлголттой байдаг. Сайн компанийн хувьцааг сонгохын тулд сайн зөвлөгөө өгдөг брокерын компани сонгох нь чухал.

-Тэгэхээр хүн болгон шахуу хувьцаатай болчихвол манай эдийн засгийн хямрал арилах магадлалтай гэж ойлгож болох уу?

-Хүн болгон хөрөнгийн зах зээлийг сонирхдог болчихвол шинэ, шинэ бүтээгдэхүүн гарах боломж нэмэгдэнэ. Тухайн компанийг санхүүгээр дэмжиж өгч байна гэсэн үг. Тухайн компани нь хувьцаа эзэмшигчдийнхээ мөнгөөр томоохон хөрөнгө босгоод, үйл ажиллагаагаа тэлнэ, олон ажлын байр бий болно. Компаниудын үйл ажиллагаа жигдрээд, ашигтай ажиллаад ирэхээр эргээд эдийн засагт сайнаар нөлөөлнө. Мөн хувьцаа бол хөрөнгө учраас хүн бүр хөрөнгөтэй болж байна гэсэн үг. Та тэнд мэргэжлийн ажлаа хийгээд явж байхад, хувьцаа эзэмшдэг компанийнхан чинь таны өмнөөс ажиллаад, таны мөнгийг өсгөж байна гэсэн үг. Япон улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хөрөнгийн зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцож хувьцаа эзэмшдэг. Энэ нь тус улсын хөгжлийн гол тулгуур, үйлдвэрлэл хөгжих нөхцөл байж чадсан. Гэтэл манай улсад нийт санхүүгийн зах зээлийн таван хувийг хөрөнгийн зах зээл эзэлж, арилжаа нь идэвхтэй бус байна.

– “Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцаа хэдэн төгрөгөөр арилжаалагдаж байна вэ?

-“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нэгж хувьцааны үнэлгээ 2517 төгрөг байгаа. Бид хаалттай хүрээнд хөнгөлөлттэй үнээр буюу 2100 төгрөгөөр санал болгож байна. Манай компанийн хувьцааг 2100 төгрөгөөр авах боломжтой.

Н.ГАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

В.Путины эрин үеийн Оросын гадаад бодлогын 10 онцлох шинж

Б.Ельцин 1999 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгчийн ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр шийдсэнээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Тэрээр тухайн үед Засгийн газрын тэргүүн байсан В.Путинд ажлаа хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш 16 жил өнгөрчээ. В.Путин улс орныг удирдах ажлыг хүлээн авах үед ОХУ-ын эдийн засаг хүнд байсан төдийгүй улс орных нь нэр хүнд дэлхийн тавцанд нэлээд уначихсан байсан. Богинохон хугацаанд хэд хэдэн Ерөнхий сайд солигдсоны дараахан дахин нэгэн шинэ, залуу улстөрчийг гаргаж ирэхэд олон түмэн гайхаагүй. Харин Оросыг удирдаж чадна гэдэгт бараг бүгд эргэлзэж байсан гэдэг.

Д.Путин хоёр ч удаа улиран сонгогдсон тул 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар “Нэгдсэн Орос” намаас түүний дотнын хамтрагч Д.Медведевийг дэвшүүлсэн юм. Тэрээр ялалт байгуулж төрийн тэргүүний ажлыг хүлээн авсан боловч үнэндээ бүх эрх мэдэл Ерөнхий сайдын албыг хашиж байсан В.Путины гарт байсан гэдэг. Үүний дараа хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг дөрвөөс зургаан жил болгон өөрчилж В.Путин ч дахин төрийн тэргүүнээр сонгогдсон. Ирэх 2018 онд ОХУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох ёстой. Харин хуульд өөрчлөлт оруулснаас хойш 2017 онд ээлжит бус сонгууль явуулах талаар нэг хэсэг Орост яригдсан. Ингээд В.Путин ОХУ-д засгийн эрхэнд гарснаас хойш тус улсын гадаад бодлогод гарсан онцлох шинж чанаруудыг дурдъя.

1. М.Горбачевын үеэс барууны орнууд, тэр дундаа АНУ-тай харилцах харилцаанд маш том өөрчлөлт гарч сайжирсан. Зөвлөлтийн задрал, шилжилтийн үе гээд амаргүй даваанууд тулгарч Оросын эдийн засаг туйлдсан тул барууны орнуудаас санхүүгийн дэмжлэг авахаас өөр арга байгаагүй. Ялангуяа олон улсын санхүүгийн байгууллагуудаас тусламж хүртэхийн тулд баруунтай найрсаг харилцаатай байхаас өөр сонголт байсангүй. Хамгийн гол нь Зөвлөлт задарсны дараа Орост ардчилсан нийгэм байгуулах талаар ярьцгааж байсан үе. Үүнд барууны орнууд итгэж байсан. Харин В.Путин засгийн эрхэнд гарснаасаа хойш баруунтай харилцаа сайнгүй болсон. Эдийн засаг нь сэргэсэн Оросын эрх баригчид дэлхийд өөрийн нөлөөгөө тогтоох бодлого баримтлах болсон.

2. В.Путины үед ОХУ нь БНХАУ-тай харилцаагаа онцгой сайжруулсан. Оросын баруунтай харилцах харилцаа муудахын хэмжээгээр зүүн өмнөд хөрштэй харилцаагаа сэргээсэн юм. Учир нь дэлхийн тавцан дээр хамтрагч зайлшгүй хэрэгтэй болсон. Тиймээс эдийн засаг нь эрчимтэй хөгжиж, нөлөөтэй болж байгаа Хятадтай эвсэх нь Оросын гадаад бодлогын нэг чухал хэсэг болов. Хятадын хувьд ч Оростой хамтрах нь ашигтай. Дэлхийн улс төрийн байдал өөрчлөгдсөн энэ үед найрсаг харилцаатай байх нь хил залгадаг хоёр улсын аль алинд нь чухал. Гэхдээ Орос, Хятад хоёрт зөрчилдөөнтэй асуудлууд маш их бий. Газар нутаг, хүн амаараа тэргүүлдэг БНХАУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Оросын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын нэг чухал хэсэг.

3. В.Путины гадаад бодлогын онцлогийн талаар ярихад дахин Б.Ельциний үеийг дурдахаас өөр аргагүй. Б.Ельциний шийдэж чадаагүй, тулгамдсан асуудлын нэг нь Чечень байсан. Тус бүс нутагт олон жилийн туршид үргэлжилсэн тэмцлийг зогсоохын тулд В.Путин цэргийн хүч хэрэглэж байдлыг намжаасан. Тэрээр терроризмтой тэмцэх асуудалд онцгой анхаарал хандуулах болсон нь энэ үеэс эхлэлтэй. Исламын бүлэглэлүүдийн алан хядах ажиллагаа ямар аюултай гэдгийг оросууд өөрийн биеэр үзэж, дан ганцаараа тэмцэх утгагүй гэдгийг ч ойлгосон. Алан хядагчдын үйл ажиллагаа идэвхжиж байгаа энэ үед аль ч улстай энэ чиглэлээр хамтран ажиллана гэдгээ Оросын Ерөнхийлөгч нэг бус удаа хэлж байсан юм.

4. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ОХУ нэлээд чухал үүрэг гүйцэтгэдэг. ШХАБ нь албан ёсоор 2001 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз, Узбекстаны санаачилгаар байгуулагдсан бөгөөд цэргийн эвсэл биш гэдэг. Евразийн бүсэд орших улс орнуудыг нэгтгэсэн тус байгууллагыг НАТО-гийн эсрэг байгуулагдсан хэмээгээд терроризм, салан тусгаарлах үзэлтнүүд, хар тамхины хууль бус наймаатай тэмцэх зорилготой гэдэг. ШХАБ-аар дамжуулан Евразийн бүс нутагт нөлөөгөө бэхжүүлэхийн тулд Кремль тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж онцгой анхаарал хандуулж байгаа. Тиймээс ч жил бүр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад санхүүгийн чамгүй дэмжлэг үзүүлдэг.

5. ОХУ, барууны харилцаанд хамгийн их хүндрэл учруулж байгаа асуудлын нэг бол Украин. Украины улс төрийн хүчнүүдийн засгийн эрхийн төлөөх тэмцэл нэлээд хэдэн жилийн өмнөөс эхэлж, Орос, Америкийг дэмжигчид хэмээн талцсан. Баруунаас нэлээд хүчтэй дэмжлэг авч буй одоогийн эрх баригчид Европын Холбоонд элсэх хүсэлт гаргасан нь Орост огтхон ч таалагдаагүй. В.Путин байр сууриа тавьж өгөхгүй хэмээн Крымыг хүчээр ОХУ-д нэгтгэсэн. Зүүн Украинд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байхад Крымыг ийнхүү хүчээр авсан явдлыг шүүмжилсээр байгаа.

6. В.Путины АНУ болон барууны орнуудад байр сууриа тавьж өгөхгүй гэдгийн бас нэгэн илэрхийлэл нь Сири. Баруун болон Оросыг дэмжигчид хэмээн мөн л хоёр тал болон дайтаж буй тус улсын байдал хүнд хэвээрээ байна. Барууны орнууд Б.Асадыг огцрохыг шаардаж, улс орон нь дайны галд автаад байхад В.Путин Сирийн Ерөнхийлөгчийг Москвад урьж авчран дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь дэлхийн улс төрийн байдлыг нэлээд хүндрэхэд хүргэсэн билээ. Үүний дараа Оросын эрх баригчид Крымыг хүчээр нэгтгэсэн шигээ Сири рүү цэргээ илгээсэн юм.

7. Хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд орж байсан улс орнуудтай аль болох сайн харилцаатай байх нь В.Путины гадаад бодлогын бас нэг онцлог гэж болно. Оросын эрх баригчид хуучныг сэргээж хөрш улс орнуудыг нэгтгэсэн эвсэл байгуулах бодлого баримталж байгаа талаар судлаачид нэг бус удаа бичсэн байдаг. Оросыг тойрон улс орнууд түүнд нэгдвэл хамгийн түрүүн Узбек, Туркмен, Беларусь орно гэдэг. Гэвч хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас В.Путиныг тууштай эсэргүүцдэг орон ч нэлээд бий. Эстони, Латви, Литва зэрэг Балтийн тэнгисийн орнууд хамгийн түрүүн үүнийг эсэргүүцнэ.

8. ОХУ, барууны харилцаа ээдрээтэй байгаа хэдий ч В.Путин Европын Холбоонд онцгой анхаарал хандуулдаг. Тус холбоо зүүн зүгт хүрээгээ тэлсээр Оросын хилд бараг тулж ирчихээд байгаа. Түүнээс гадна Европт нөлөө бүхий улс орнууд түүнд багтдаг. Ямар ч байсан В.Путин Европын Холбоотой хэл амаа ололцож, аль болох сайн харилцаатай байхыг хичээдэг. Хамгийн гол нь газрын тос, хий зэрэг түүхий эдийг нь худалдан авдаг хамгийн гол түнш нь баруун Европын орнууд. Гэвч харилцаанд нэлээд зөрчил үүссэн нь тус улсын эсрэг хориг тавихад хүргэсэн. Тиймээс тус холбоотой харилцаагаа шинэ түвшинд гаргана хэмээн 2020 он хүртэлх гадаад бодлогодоо тусгасан байдаг.

9. Ази Номхон далайн бүс нутагт өөрийн нөлөөгөө алдахгүй байх нь В.Путины гадаад бодлогын бас нэгэн онцлог шинж болсон. Тиймээс ч өнгөрсөн жил ОХУ-ын гадаадын бодлогыг тодорхойлсон баримт бичигтээ тус бүс нутагт онцгой анхаарал хандуулан ажиллана гэдгээ дурдсан байдаг. Ингэхдээ AСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн ажиллагааны нийгэмлэгийн гишүүн орнуудтай харилцаагаа хөгжүүлнэ гэдгээ ч онцгойлон дурдсан байдаг. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах үүднээс тус нийгэмлэгийн гишүүн орнуудын Батлан хамгаалах яамны сайдуудын уулзалтад онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. Евразийн бүс нутаг дахь нөлөөгөө ШХАБ-аар дамжуулан бэхжүүлэх бол Зүүн Өмнөд Ази дахь нөлөө АСЕАН-аар дамжих ёстой. Тиймээс “Ази-Европ” форумд онцгой анхаардаг.

10. Шинэ он гарахаас өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин гадаадын бодлогынхоо ерөнхий зарчмыг тодорхойлсон баримт бичгийг олны хүртээл болгосон юм. Түүндээ Ази Номхон далайн бүс нутагт ямар бодлого баримтлахаа дурдаад Япон, Монголыг онцгойлон дурджээ. Тус бүс нутгийн аюулгүй байдлыг хангаж, сайн хөршийн харилцааг хөгжүүлэхийн тулд Японтой харилцан ашигтай хамтран ажиллаж, Монголтой уламжлалт нөхөрсөг харилцаагаа бэхжүүлэх бодлого баримтална гэдгээ онцолсон байна.


Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрэнбат: Өмнөх Сонгуулийн хуулийг хэвээр нь үлдээхээр боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Цэрэнбаттай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар та ажиллаж байсан. Гэсэн ч хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар боллоо. Хуулийн төслийг яагаад буцаахаар болов?

-Хуулийн төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй 149 санал гарсан. Гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй санал хэт олон байна гэдэг шүүмжлэл хэлж байсан. Мөн Сонгуулийн тухай хуульд нэгтгэсэн гурван хуулиас нэгийг нь салгаж аваад 189 зүйл заалтыг нь хүчингүй болгож байснаас цогцоор нь шийдэх ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байсан. Тиймээс сонгуулийн өмнө хуульд өөрчлөлт оруулж байхаар өөр цаг үед нэмэлт, өөрчлөлтийг хийх нь зөв гэж үзсэн.

Манай нам ямар ч хууль тогтоомж, бодлого шийдвэр боловсруулахдаа иргэдийнхээ нийтлэг эрх ашиг болон олон улсын гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүрэг, хэм хэмжээгээ дагаж мөрддөг. Тэр утгаараа хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахаар болсон. Парламентад суудалтай улс төрийн намууд уг хууль дээр санал нэгтэйгээр зөвшилцөх ёстой гэдгийг голлон анхаарсан хэрэг л дээ. Тиймээс МАН бүлгийн ээлжит бус хуралдаанаар уг хуулийн талаар хэлэлцээд хууль санаачлагчид нь буцаая гэсэн байр сууринд хүрсэн юм. Бүлгийн шийдвэрээр хуулийн төслийг буцаахаар болсон гэж ойлгож болно.

-Хуулийн төслийг өргөн барьсан цагаас хойш нэлээд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Заавал уг хуулийн төслийг өөрчлөх шаардлага байсан юм уу?

-2016 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн парламент анхдугаар болон ээлжит бус, намрын ээлжит чуулганаараа хуулийн хүрээнд хүлээгдсэн хуулиудаа хэлэлцсэн. Төсвийн тухай хуулийг батлах гээд зав чөлөөгүй байхад энэ хуулийг оруулж хэлэлцэх боломжгүй байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан гишүүд парламентад суудалтай намууд ойлголцчихвол цаг алдалгүй батлах боломжтой гэж үзсэн байх. Одоо бол хугацааныхаа хувьд сонгуулиас өмнөх 150 хоногтоо амжихааргүй болоод байгаа юм. Хууль батлагдсаны дараа сонгуулийн өдрийг товлон зарлах учиртай. Энэ нь бас хугацаатай. Энэ мэтчилэн нөхцөл байдлууд тулгарсан.

-Танай бүлгийн гишүүдийн байр суурь нэгдэж чадахгүйн улмаас буцаагаад байгаа юм биш үү?

-Таатай нөхцөл, цаг хугацаагаа бид мэдрэх хэрэгтэй. Зөвшилцөлд хүрч чадахгүй бол энэ хууль батлагдсан ч, эс батлагдсан ч эсэргүүцэлтэй тулгарах байсан. Ерөнхийлөгчийн сонгууль Монголын ард түмэн Төрийн тэргүүнээ сонгох сонгууль. МАН 65 суудал авчихаад хүч түрэн баталлаа гэхээс илүүтэй сонгогчид сонгууль өгсөндөө сэтгэл хангалуун үлдэх учиртай.

Өмнөх парламентын үед олон нам суудалтай байх үед баталсан хуулийг МАН өөрсдөдөө ашигтайгаар өөрчлөх нь гэсэн мессэж явсан. “Ганц намд зориулж хууль баталж байна” хэмээн шүүмжилж байгаа хүмүүс мөн л өөр нэг хүнд зориулж энэ хуулийг өөрчлөх санал тавиад байгаа.

-Ерөнхийлөгчийн сонгууль тэгэхээр өмнөх хуулиараа явах уу?

-Тэгнэ. Өмнөх Сонгуулийн хуулийг хэвээр нь үлдээхээр болж байгаа юм. Манай бүлгийн дүгнэлтэд байгаагаар нийтээр нь зарчмын хувьд тусгайлан дахин боловсруулахаар болсон. Ерөнхийлөгч, УИХ-ын болон аймаг, нийслэл, орон нутгийн сонгуулийн хууль гэж хуулиудыг тус тусад нь гаргах, хуулиудын алдааг засч сайжруулах ёстой гэж бүлэг үзсэн.

-Эгүүлэн татсан хуулиар ямар алдааг засах гэж байсан юм бол?

-Санал авах байранд санал өгч байгаа сонгогчдын саналд хөндлөнгөөс нөлөөлөх, санал өгөх явцад асуудал гарах гэдэг заалт бий.

-Тэгээд…

-Саналд хөндлөнгөөс нөлөөлсөн сонгуулийн санал авах байранд байгаа албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр торгох гэсэн заалт оруулж байсан юм, уг нь. Одоогийн хуулиар “иргэнийг” гэсэн байгаа. Гэтэл тэнд сонгуулийн тойрог, хэсгийн хороодоос томилогдсон албан тушаалтнууд ажилладаг. Энэ мэт хуулийн нэр томьёололд оруулах зүйлс байсан. Нам, хамтарсан намууд, хуулийн этгээд гэж бичих ёстой байтал нам, хамтарсан намууд, этгээд гэсэн заалт хүртэл бий. Гадаадад оршин суугаа сонгогчид гэх ёстой байтал гадаадад байгаа гэх жишээтэй. Хөнгөн хуумгай баталсан хуулийн алдаануудыг засъя гэдэг утгаар ажлын хэсэг ажилласан юм. Гэсэн ч зарим улс төрийн хүчин “Өөрсдөдөө ашигтай хууль хийх гэж байна” гээд мушгин гуйвуулсан. Тэгвэл одоо бид тэдэнд ашиггүйгээр нь үлдээчихье.

-Өнөө 149 саналын дийлэнх нь найруулгын шинжтэй байсан юм биш үү?

-Уг нь тийм. Хэтэрхий их устай хууль байсан болохоор усыг нь шахаж байсан юм. Гэсэн ч манай нам улс төрийн шийдвэр гаргасан. Дээрээс нь хүч түрэх биш ард иргэдийн эв нэгдэл, ойлголцол дээр маргаангүйгээр сонгууль явуулъя гэж МАН зорьсон юм. Улстөрийн нөхцөл байдлыг нь үнэлж дүгнээд намын бүлэг энэ удаа өөрчлөх гэж байгаа нь буруу гэж үзээд хууль санаачлагчид нь буцаалаа.


Categories
мэдээ цаг-үе

Биднийг тойрсон төмөр замууд

Төмөр зам гэхээр геополитик, танк, буутай цэрэг яриад суучихдаг манай улсын хувьд хандлагаа өөрчлөхөөс аргагүй нь гэх бодол сэдэл төрөхөөр үйл явдал цэнхэр гариг даяар өрнөж байна. Таван толгойгоосоо Хятадын хил хүртэл нарийн царигийн төмөр зам барьж, нүүрсээ тээе гэхээр ийм юм яриад суучихдаг улс дэлхийд биднээс өөр алга. Дэлхий төмөр замын эдийн засгийн ашгийг хэрхэн харж байгааг сүүлийн үед өрнөсөн, өрнөж буй бүтээн байгуулалтуудаар нотолъё.

БЭЭЖИНГЭЭС ЛОНДОН РУУ ТӨМӨР ЗАМААР АЧАА ТЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

Бээжингээс Лондон хүртэл төмөр замаар ачаа тээвэр хийгээд эхэлчихлээ. Энэ маршрут Монголын өмнөд бүсийг захлан өнгөрнө. Барилгын материал, цүнх, чемодан, хувцас зэрэг бүтээгдэхүүн ачсан галт тэрэг Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг 56 орныг дайрч, Лондонд 18 хоногийн дотор хүрнэ, дэлхийн хамгийн урт төмөр замын шугам нээгдлээ гэж ирээд шуугьж байна. Азийн ачаа тээврийн хамгийн том цэг болох урд хөршийн хувьд энэ удаагийн аварга бүтээн байгуулалт төмөр замаар дэлхийг сүлжих том алхмынх нь нэг. Манайхны хөмсгөө зангидаж ирээд ярьдаг танк ачсан галт тэрэг гэх мэтийн үлгэрт дэлхий итгэдэггүйн бэлээхэн жишээ. Урьдын цагт Хятадаас Европ хүрэх ачааг далайгаар тээдэг байсан бол одоо ийм зовлонгоосоо салах том бодлого хэрэгжүүлж байгаа. Олон улсын төмөр замын эвлэлээс гаргасан нэг тооцоо бий. Урд хөршийн төмөр замын нийт урт 2010 онд мянга гаруйхан км байж. Гэтэл ердөө гуравхан жилийн дараа 103 мянган км болж дэлхийд гуравт бичигдэж байсан юм. Тэр үед Хятадын удирдлагууд “2025 онд төмөр замынхаа уртын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлнэ” гэж амбицалж байв. Энэ сарын 1-нд Жэжян мужийн Иу өртөөнөөс Лондонг зорьсон анхны ачаа 12 мянган км зам туулна. Хятадуудын төмөр замаар дэлхийг хэрж байгаагийн нэг том жишээ мөнөөсөө мөн. Лондонгийн хувьд урд хөрштэй төмөр замаар холбогдсон Европын 15 дахь хот. Газраар төмөр замаар ингэж хурдлах нь далайгаар тээснээс хоёр дахин бага хугацаа зарцуулна, агаарын тээврээс хоёр дахин хямд гэсэн давуу талтай. Манайхны болгоомжилдог Хятадын хөрөнгө оруулалтыг Их Британийн Ерөнхий сайд “Хоёр улсын харилцааны алтан үе үргэлжилж байна. БНХАУ олон тэрбум долларын ашигтай чухал хөрөнгө оруулалт хийлээ” хэмээн сайшааж. Шинжаан, Казахстан, Төв Азийн орнуудыг дайран өнгөрөх энэ шугам Ази, Европыг хамгийн дөт байдлаар холбодог торгоны зам дагуу байрлаж байгаа юм. Бээжин, Лондонг холбосон маршрут БНХАУ-ын даргын “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын нэг. “Шинэ Торгоны зам” ч хэмээдэг. Шинэ Торгоны зам хуурай замаар Азийг Европ, Ойрхи Дорнодтой холбох хэтийн зорилготой. Төсөл хэрэгжсэнээр 4.4 тэрбум хүн амтай, 21 их наяд ам.долларын бараа эргэлттэй шинэ эдийн засгийн бүс бий болно гэдэг. Тэгэхээр төмөр замаар дэлхийг сүлжих Хятадын амбиц ингээд зогсохгүй гэсэн үг. Лав л 2020 он гэхэд Пакистан, Балба, Энэтхэгтэй төмөр замаар холбогдох төлөвлөгөөг аль хэдийнэ гаргачихаад байгаа. Нэг зүйлийг нэмж хэлэхэд Хятадын “Нэг бүс, нэг зам”-ын эхний алхам нь Бээжин-Лондон байсан юм. Энэ төслийн хүрээнд Хятад улс Европт төмөр замаар хүрэх гурван чиглэл төлөвлөж байсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Эхнийх нь Хятад-Казакстан-Европ, хоёр дахь нь Хятад-Монгол-Орос -Европ, гурав дахь нь Хятад-Орос-Европ. Хоёр дахь хувилбар буюу манайхаар дайрах маршрут хасагдсан байх магадлалтай гэсэн болгоомжлол бий.

“Нэг бүс, нэг зам” төслийн хүрээнд Хятадын Торгоны зам, Оросын Транс-Сибирийн төмөр замууд нийлнэ гэж ярьдаг. Энэ аварга сүлжээнд Монголын “Талын Зам”-ыг холбохоор төлөвлөсөн байгаа. Үүнийг ярихын тулд Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засгийн коридор гэсэн том сэдвийг хөндөх хэрэг гарна.

ХЯТАДААС ОРОСЫГ ЗОРИХ ГАЛТ ТЭРЭГ АМАР МӨРНӨӨР СҮНГЭНЭНЭ

Хятад, Оросыг холбох төмөр зам ч манай улсыг тойрсон төмөр замын бас нэгэн том маршрут. Бээжингээс Москваг зорих галт тэрэг Амар мөрөн дээгүүр сүнгэнэнэ. Гүүрийн бүтээн байгуулалтад зарах мөнгөн дүн нь 400 сая ам.доллар. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан буюу RDIF, Хятадын хөрөнгө оруулалтын компани хамтарч байгаа. Энэ төмөр замаар жилд 21 сая тонн ачаа тээвэрлэнэ, сая гаруй хүн зорчино гэсэн тоо дуулддаг. Хятадын Тунцзян хотыг ОХУ-ын Нижнеленинсктэй холбох уг төмөр зам 2019 онд ашиглалтад орно гэж буй. Хоёр хөрш маань төмөр зам дээр дотно холбоотой ажилладгийн бас нэг жишээ нь Москва, Шаньси муж хооронд шууд галт тэрэгний шугам нээгдсэн явдал. Өөр нэг үйл явдлыг сануулъя. Зилинь мужийн төлөөлөгчид Приморийн хязгаар дундуур Владивосток хүртэл хурдны төмөр зам тавих санал гаргасан удаатай. Энэ санал ажил болбол Орос-Хятадыг холбосон анхны хил дамнасан хурдны төмөр зам зурайна. Хятадуудын хувьд баргийн зүйл дээр “а” гэж дуугарахгүй, цаанаасаа дохиотойгоор хөдөлж байж л ийм жинтэй санал тавьдаг. Товчхондоо төр засгийнхаа сонирхлыг илэрхийлсэн хэрэг. Оросын Приморийн хязгаарын тэргүүн энэ төслийг дэмжиж байгаагаа хэлчихсэн. Тэд ч Хятадаас ялгаагүй, юу юуны духанд хүрэлгүй “за зүй” гэж их мэдэгч царайлаад байх нөхөд биш.

ЦААСНААС ХЭТРЭХГҮЙ ЯВАА ГУРВАН УЛСЫГ ХОЛБОСОН “ТӨМӨР ЗАМ”

Уг нь бидэнд Европ, Азийг холбох өндөр боломж бий. Хятад, Орос гэдэг хоёр их гүрний голд оршдог гэдэг утгаараа. Нэг жилийн дотор Хятад, Монгол, Оросын хооронд 3.7 сая зорчигч зорчиж, 24.6 их наяд кг ачаа тээвэрлэгдсэн гэх статистик бий. Манайх экспортынхоо 80 хувийг Хятадад нийлүүлдэг. Оросын худалдааны хамгийн том түнш нь Хятад. Жилд ойролцоогоор 40–50 тэрбум долларын худалдаа хийдэг.Хоёр хөршийн худалдаа эргэлт 2020 онд 200 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тоо дуулддаг. Зүүн Өмнөд Азийн орнууд, Европын холбооны худалдаа эргэлтийн хэмжээ 2014 онд 246 тэрбум евро хүрч байж. Энэ хэмжээ алсдаа илүү томорно гэсэн таамаг байгаа. Ази, Европыг холбосон их мөнгө хол байна гэж бодоход хоёр хөршийнхөө ачаа, барааг тээвэрлүүлээд суухад л дажгүй мөнгө олчих боломж харагдаж байна. Төдийгөөс өдий хүртэл цааснаас хэтрэхгүй яригдаж байгаа Монгол-Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгох тухай яриа бий. Аятайхан ярьж тохирч чадвал өмнө ярьсан аварга сүлжээнд нэгдчих боломж уг нь байгаа. Гурван улсыг холбосон төмөр зам сүүлийн жилүүдэд гурван улсын Ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээний гол сэдэв болж буй ч тэр гээд хэлчихээр ахиц анзаарагдахгүй өнөөг хүрсэн нь харамсалтай үнэн. Хатуухан хэлэхэд судална, ярилцана гэсэн албаны хуурай үг төдийгөөс хэтрэхгүй яваа.

Ази, Европын нийт тээврийн хоёр хувь нь төмөр замаар дамждаг, энэ хэмжээг 2030 онд найман хувьд хүргэнэ гэсэн багцаа таамаг байдаг. Ази Европ тивийн хооронд төмөр замаар тээвэр хийхэд дунджаар 24 өдөр зарцуулдаг бол далайн тээвэр үүнээс хоёр дахин урт хугацаа авдаг гэдэг. Ингээд харахад хугацаа бага, үнэ хямд төмөр замын тээвэр алсдаа моодонд орох нь хэтээсээ тодорхой асуудал. Дахиад хэлэхэд хоёр тивийг холбосон ашигтай байрлалд орших бидэнд том боломж байгаа гэсэн үг.

Төмөр замаа яаж барих вэ, бидэнд технологи нь байхгүй, нарийн өргөн царигийн аль нь зөв бол, аюулгүй байдлаа бодвол нарийнаар барихгүй байсан нь дээр гэх мэт улиг болсон тайлбарууд үнэндээ жижиг асуудал. Хятадын төмөр замын бодлого, инженерчлэл саяхныг хүртэл гаднаас хараат байсныг түүхээс нь харчихаж болно. Манайх оросуудаар төмөр замаа бариулсан, одоо ч төмөр замын тодорхой хувийг тэд эзэмшдэг гэж ярьдаг шиг хятадууд ч 150 жилийн өмнө британичуудаар анх төмөр замаа бариулж байсан. За тэгээд Япон, хуучны ЗХУ, Франц, Германы оролцоо төмөр замын хөгжилд нь тод мөртэй. Бусдаар төмөр замаа бариулж, бусдаас төмөр замаараа хараат байсан урд хөрш өнөөдөр өндөр хурдны галт тэргээ, хурдны галт тэрэг сүнгэнэдэг төмөр замаа өөрсдөө бүтээж байна. Урд хөршийн төмөр замынхныг гаднаас хуулсан энэ тэр гэсэн шүүмжлэл дуулддаг. Гэхдээ тэгснийхээ хүчинд л өнөөдөр төмөр замаар дэлхийг хэрсэн улс болж чадсан. Бидний хувьд ч ялгаагүй бусдын зүйлсийг өөриймшүүлээд, хоёр том гүрэнтэйгээ бодлоготой харилцаж байгаад, Азиас Европыг чиглэсэн төмөр замыг нутаг дээгүүрээ татуулаад авах боломж бий.


Categories
мэдээ цаг-үе

Ар Монголоос Америкт очсон хоёр дахь хүн

Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз Ц.Оюундарийн бүтээл болох “Дүрвэгсдийн жимээр” хэмээх баримтат кино толилуулав. Уг кинонд хэдэнтээ дурдагдсан, бичлэг яриа нь мөн гарсан Жамбалдорж ламтанд миний бие 2009 онд золгон, бичил ярилцлага авч байсан юм. Тэгэхэд ламтан зуун насыг зооглоод байлаа. Өдгөө монголчууд АНУ-д олон болсон боловч төмөр хөшигний үед яг тусгаар тогтносон Монгол Улсаас ирсэн хүн гэвэл хэдий шууд ирээгүй боловч Дилав хутагт, Жамц гуай хийгээд энэхүү Жамбалдорж лам нар л байлаа. Тиймээс энэ хүний яриа бол АНУ дахь монголчуудын анх үеийн түүх болох юм. Энэ уулзалтаас хойш гурван жилийн дараа ламтан 103 насандаа жанч халсан билээ. Ингээд 2009 онд уулзаж ярилцсан тэрхүү сурвалжлагаа та бүхэнд хүргэж байна.


Зуу гэж сайхан нас шүү. “Зуун насыг насалж, зургаадай таяг тулаарай” гэж ерөөдөг. Зуун насыг насалсан ч.. гэх мэтээр бичих нь огт боломжгүй зүйлийн тухай ярьж байгаа мэт. Нэг зуун жилийг барууны хэлэнд бүр онцгойлон үзэж century, век хэмээн тусгай өөр нэр ч өгсөн байгаа. Тэгвэл тэр ховор зуун насыг ануухан туулаад буй халх монгол өвгөн ламтай АНУ-ын Нью-Жерси мужид золгох хувь өнгөрсөн хулгана жилийн сүүлээр тохиолоо.

Монгол лам нарын суудаг Ницан хийдийг зорихоор бүрдсэн багаа танилцуулбал, Америкийн монголчуудын Соёлын холбооны (MACA) удирдах зөвлөлийн гишүүн Цагаанбаатар, түүний гэргий Вашингтон хот орчмын монголчуудын холбооны гишүүн Алимаа, Монгол Улсын Элчин сайдын яамны консул Алтангэрэл, үүнийг тэрлээч миний бие, бүгд үр хүүхдүүдийн хамт Ди Си хотоос замд мордсон юм. Далайн эрэг дээр очиж түр саатаад Ницан хийдэд очиход биднийг түвд лам нь хүлээн авлаа.

90 НАСТАЙ ЁНДОНЖАМЦ ЛАМ

Хүмүүс 100 настныг л голлон яриад байгаа болохоос Ницан хийдэд бас 90 настай монгол лам байгаа шүү дээ. Нэр нь Ёндонжамц. Ёндонжамц гуай Өмнөд Монгол Жирэмийн аймгийн Сөнөд Вангийн хошууны уугуул, есөн наснаас хийдэд шавилан суусан хүн юм байна. 15 нас хүрэхдээ аль хэдийнэ өдий төдий судрыг цээжээр унших болсон тэрбээр 21 насандаа Түвдэд очин ном үзэж эхэлжээ. Гэвч 40 настайд нь Хятадын түрэмгийлэл эхэлсэн тул Балбад зугтан гарсан байна. Ёндонжамц гуай тэнд Дээрхийн гэгээнтний ах, саяхан жанч халсан Индианагийн их сургуулийн багш асан, монголчуудын Дакцэр ринбүүчи гэдэг Түвдэн Норов гуайтай хамт сурч байжээ. Дараа нь Энэтхэгт суурьшаад, 1968 онд АНУ-д ирсэн байна. Ёндонжамц гуай хүүхдүүдийг маань өхөөрдөн үнсээд сайхан хууч дэлгэлээ. “Энэ өвөл гурван есөөр Монголд их хүйтэрсэн байна. Энэ их сайн юм. Гурван есөөр хүйтэрвэл хавар сайхан болдог юм. Гурван есөөр хүйтрэхгүй байвал харин хаврын хүйтэн гэж айхтар юм бий дээ” хэмээнэ. Бие тэнхээ нь хэр байгааг асууваас “Ямар ч байсан сүмээ гурав тойроод байгаа, харин энэ Жамбал 10 тойрчихдог” гэнэ.

ДАН ӨӨХӨН БУУЗ ИДСЭЭР 100 ХҮРСЭН

Хэрхэн ийм урт наслав, ямар зоог барьдаг вэ хэмээн Жамбалдорж гуайгаас хүн бүр л асуудаг гэнэ. Гэтэл Жамбалдорж гуай хар залуугаасаа ердөө өөхөн бууз идсээр өдийг хүрчээ. Өөхтэй бууз биш шүү, өөхнөөс өөр юу ч үгүй бууз. Түвд ламтайгаа түвдээр ярьсаар гарч ирээд биднийг харуутаа шууд монголоор ярьж эхлэв. “Би ер зуун настай хүн гэж хараагүй, одоо өөрөө зуу хүрэхээр бүр ер юм мэдэхгүй болчих юм байна шүү дээ. Хоёр чих юм сонсохгүй, хоёр нүд юм үзэхгүй…” хэмээсээр яриагаа эхлэв.

Жамбалдорж гуай бол яг Ар Монголоос АНУ-д ирсэн хоёр дахь хүн болох юм. Анхных нь Дилав хутагт. Дилав хутагтыг асран хамгаалахаар Энэтхэгээс уригдан иржээ. Уугуул нутаг нь Богд Түшээ гүнгийн Говь Мэйрэг Вангийн хошуу, одоогийнхоор бол Өмнөговь аймгийн Гурвансайхан сумын нутаг юм.

ХУТАГТ БАГШ МИНЬ ЗАХИСАН

Жамбалдорж гуай бол Дилав хутагтын шадар шавь нь. Багшийнхаа тухай ярихдаа “Хутагт багш минь” хэмээн сүсэлнэ.

Үхэл яахав, тэгээд л ирээд, үхэлгүй дээ. Үхэхэд бас сүмээ бодох юм. Хутагт багш маань “Чи гомбоогоо л сайхан босгоод аваарай, энэ газар нь их сайхан газар байгаа юм шүү” гээд л айлдсан сан… Энд юу ч байгаагүй шүү дээ. Дан мод байсан юм, шээдэг газар ч байхгүй. Би анх ирчихээд нэг айлд байлаа. Бүгд ажилдаа явчихна. Хаана шээхээ мэдэхгүй, гараад модны завсар ороод шээчихдэг байсан юм.

-Ингэхэд та хэдэн онд энд ирсэн юм бэ?

-Тэр оныг ер мартаад байдаг.

-Хэдэн настай байсан юм бэ?

-Жар хүрээгүй ээ, тавь дөнгөж гарч байсан, тавин нэгтэй байсан юм уу. Их залуу байлаа. Жагараас ирээд одоо нэг тавиад жил болж байна уу даа. Тэгээд багшийн нөлөө, халимаг хүмүүс туслаад л ийм гомбоо босгосон доо. Хутагт багшийн л ач. Хурлаан л барьчихвал та нар болно гээд л айлддаг сан.

-Жагарт хаана, хэдэн жил амьдрав?

-Доржээлин, Галинбуу гээд байдаг юм. Тэнд арван хэдэн жил болсон доо.

ГОВЬ ГУРВАН САЙХАНД ОДОО ТАНИХ ХҮН БАЙХГҮЙ

-Та Өмнөговийн хүн гэсэн байх аа? Хамаатан саднаас тань байдаг болов уу?

Балдан засаг, Говь гурван сайханд таних хүн үлдээгүй ээ. Нутгаасаа би арван естэй гарсан хүн. Улааныхан гэж аюул гарсан юм. Гэр орноо хаяад олон хүн зөвхөн амиа л авч гарч байлаа. Анх ч гайгүй шиг байсан юм аа. Улам чангараад л байлаа. Цэргүүд ч ирээд, дуран мурангаараа хараад л. Хувилгаан Очирдарь гэж манай их сайхан багш байсан юм. Тэр энэ тэр хүмүүсийг чинь улааныхан бариад аваад явчихлаа. Сайхан хурал ном хурдаг Хувилгаан Очирдарь багшийг Хүрээнд аваачаад шоронд хорьсон байгаа. Тэгээд л Даа Хүрээнд Ардын намынхан гэж их олон муу хүн иржээ гээд л хүмүүс яриад байдаг. Хүн барьж аваад л явдаг, алга болчихдог. Араас нь асуудаг хүн байхгүй. Алчихдаг бололтой. Тийм болоод ирэхээр чинь амиа л авч гарахаас аргагүй болно. Манай нутаг Өмнөд Монгол руу ойрхон байсан, тэгээд гэр гэрээрээ ар араасаа гараад гараад явсан даа. Өмнөд Монгол чинь тэр цагт их сайхан байлаа шүү дээ. Дархан Бэйл, тэгээд хоёр Сөнөдийнхөн Монголоос гарч ирэв үү, тэндээс тэр тэр тэгж гарч ирээд гээд л бидэнд их сайн.

Шууд явсаар Гүмбумд хүрч өвөлжчихөөд, дараа нь Алшаад ирлээ. Алшаа гэж их айл аа. Овоо малтай ч байлаа. Гэтэл газрын хор гэж нэг айхтар юм байна аа. Хатангир гэж хорыг нь идээд адуу, хонь, ямаа их үхэж байна аа. Тэмээ бол гайгүй. Сайхан айраг уудаг байсан, адуу үхээд, галзуураад байхгүй. Алшаад хэдэн тэмээтэй тэгж нэг өвөлжөөд. Тэгээд Дархан Бэйлийнд ирсэн, тэгтэл нөгөө Алшаагийн тэмээ тэнд баас алдаад, Дархан Бэйлийнд тэсдэггүй. Багш минь “Амьтны лай гэж тийм юм байдаг юм” гэж байнга айлддаг, тэр л болсон доо. Адуутай байхаар адуу нь хордоно, тэмээтэй болохоор тэмээ нь тэсэхгүй. Дөрвөд Дархан Бэйлийнд арваад жил бас суусан.

ЯПОН ГЭЖ ГАЙ, ХЯТАД ГЭЖ ГАЙ

Дандаа жаргалтай байна гэж байдаггүй юм даа. Зовлон гараад л ирдэг юм. Хэдэн жил сайхан байсан, Япон гээд бас нэг гай гараад ирлээ. Зүгээр суулгахгүй. Орон нутагтаа л бай гээд явуулахгүй. Тэгэхдээ тэр Дархан Бэйлийн заасан нутагт сууж байхан нэг ч хятад байхгүй, их сайхан байсан. Тэгж байтал хавар болсон, хятад ирж байна аа. Намар нь манай айл гүү бариад, сайхан адуутай байлаа. Тэгсэн нэг шөнө нөгөө хятадууд бүх адууг маань туугаад аваад явчихсан. Багшийн маань л хэлдэг тэр, дандаа сайн байгаад байдаггүй гэж. Тэгээд Сөнөд гэдэг газар хятад гайгүй ирээгүй байна гээд дахиад л нүүлээ. Тэгж байсан ашгүй японууд алга боллоо. Тэгтэл манай халхаас олон цэрэг ирлээ дээ. Дахиад л улаан болох нь гээд бүгдээрээ дахиад л зугтаалаа. Уг нь Богдын Хүрээнд лам нь ламаараа, хар нь хараараа их л сайхан байсан гэдэг, одоо бол лам хувраг элдэв хүнийг чирээд гулдраад л аваад явдаг, тэндээ алчихдаг болсон байна. Өмнөд Монгол тэгж бас улаан болоод бас л цаашаа зугтаасан даа.

-Та Гүмбумд хэзээ очсон юм бэ?

-Банчин Богдыг тэнд морилоход саатсан юм. Банчин Богд нутагтаа морилох нь гээд л Өмнөд Монголоор чинь нэг юм болов доо. Үзэмчин, тэр юу юу юм, бүгд л Банчин Богдыг залаад л… Одоо тэгээд манай Монгол чинь хурал номоо хураад сайхан болсон гэсэн дээ. Эхнээсээ тэгээд л сайхан явах байсан юм. Хурал ном хурсан хүнийг л учиргүй алаад эхэлсэн юм даа. Энэ яасан хүн бэ? Лам байна. Ална аа л гэдэг. Тэгээд л алаад байна. Тун зовлонтой болсон. Хэнийх нь мэдэхгүй нэг их мал хураагаад, туугаад аваад явна. Одоо гэхдээ сайн сайхан болно оо. (Амандаа маани уншив). Манай Монголд чинь өвөл их гайгүй сайхан байлаа гэнэв дээ. Энд дулаан газар байхаар цасаа мартаж. Цас ороод малынхаа хороог өдөржин малтаад хонохоор өглөө нь дахиад л цас дарчихсан байдагсан.

-Таныг багад нутагт чинь ямар хийд байв?

-Манай хийдийг Байшинтын хийд гэдэг байсан юм. Нэг долоо, найман зуутай. Бас хувилгаан багшийн хийд гэж нэг хурал байлаа. Манай нутагт бол ер нь арван гурван хурал байсан юмаа гэж хүн ярьдаг, би бага байсан болохоор мэддэггүй юм.

-Нутгийг тань хуучин нэрээр чухам юу гэдэг байв?

-Богд Түшээт гүн. Говь хошууны Мэйрэг Ван гэдэг. Сөнөдийн хойт талын нутаг.

100 настай өвгөн ламтан ийнхүү цаг илүү тасралтгүй хуучлав. Олон сайхан үүх түүх хуучлуулаад л баймаар байсан ч бие нь чилээрхэх болов уу хэмээн эмээж, ламтанг амраалаа. Ингээд хажуу гэрийнх нь яг зэрэгцээ орших Ницан хийдээр оров. Олон сонин зураг байна. Ялангуяа Дилав хутагтын сонирхолтой зургууд байхыг даанч залуу түвд лам нь тайлбарлаж чадахгүй юм. Бүр социализмын үеийн хорин төгрөг өргөсөн байх нь нүдэнд дулаахан, бас содон харагдана. Энэ хорин төгрөг монголчууд хэр эртнээс энэ сүмд ирж байсныг харуулах мэт.

Зуутай, ертэй хоёр монгол лам ийнхүү АНУ-д сүм бариад, хурал ном хуран, сүсэгтэн олондоо буян болсоор сууна. Тэднийг залгамжлах монгол лам байхгүй ч манай Элчин сайдын яамнаас ийнхүү анхааран, холбоо тогтоосон нь сайн хэрэг боллоо. Дилав хутагтын гэрээс, хөрөнгөөр монгол лам нарын барьсан энэ сайхан сүм эсгий туургатан олон монголчуудын эв нэгдлийн илэрхийлэл, цугладаг газар болсоор ирсэн, цаашид ч болсоор байх буй заа.

Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Утаанаас салах гэсэн биш Улаанбаатараасаа салах болох нь ээ

Сүүлийн үед хэсэг бүлэг хүн гэнэт сэрсэн мэт утаатай тэмцэх тухай ярих болж. Үүнийг нь дарга нар ч дуртай хүлээн зөвшөөрч утаатай хотод амьдарч болохоо байлаа, гамшиг боллоо гэж халаглаж байна. Утаанаас болж урд замаа харж явах битгий хэл гүнзгий амьсгаа авахад ч хэцүү байгаа нь үнэн. Угаасаа сүүлийн хэдэн жил нийслэлчүүд иймэрхүү дүр төрхтэйгөөр өвөлждөг болсон. Арай л хиар цохиулсан мэт угаартаж үхээгүй байна. Утааны хор уршгийн талаар мэргэжлийн байгууллагууд байнга анхааруулга, сэрэмжлүүлэг өгч байгаа. Нүүрснээс нүүрсхүчлийн исэл их хэмжээгээр ялгардаг нь хүний цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийн замыг түгжиж уушги, бөөр, цусан хангамжийн янз бүрийн өвчлөлд хүргэдэг. Утаанаас болж зүрхний шигдээс, багтраа өвчинтэй болохоос гадна дутуу төрөлт нэмэгдэж байгаа нь наад захын жишээ. Мөн бага насны хүүхдүүдийн өсөлтөд аажмаар нөлөөлж давжааруулдаг гэхчилэн утааны хор уршгийн талаар бичээд байвал мөд дуусахгүй урт жагсаалт гарах нь дамжиггүй.

Нийслэлчүүд гудамж талбайдаа бие биетэйгээ мөргөлдөх нь холгүй шахам зөрж байгаа ийм үед төр засгийн удирдлага утааны асуудалд анхаарлаа хандуулж байгаад гайхаад байх ч юм алга. Гэхдээ тэд утааг ингэж арилгая, агаарын бохирдлыг ингэж бууруулъя гэсэн ямар ч зөв шийдэл олохгүй байна. Ерөнхий сайд нь хүртэл өнөөг хүртэл утааг арилгах дорвитой арга олоогүй гэдгээ хэлсэн. Төр түшилцэж буй Их хурлын гишүүд нь ч гэсэн сав л хийвэл гадаад явж туршлага судлахгүй бол чадахгүй байна гэдэг. Эсхүл утаанаас болж та нар ингэж хордож байна гэсэн популизм ярихаас хэтэрсэнгүй. Харин сүүлийн үед айхтар мэргэн шийдэл олсон мэт ам булаалдан бахархалтайгаар ярьж буй сэдэв нь Улаанбаатар хотыг хаяж нүүх тухай асуудал болжээ. Тэдний ярьж буйгаар манай хот эргэн нөхөн төлжиж чадахгүй, ногоон байгууламж нь хорт утаагаа задлах чадваргүй, хөрсний асар их бохирдолтой болсон юм байх аа. Санаан зоргоороо ингэж ярьж байгаа цэцэн мэргэн улс Лондон хот хоёр мянган жилийн настай гэдгийг мэдэх болов уу. Ром хотыг манай эриний өмнөх зуунд байгуулсан гэдгийг дуулсан болов уу. Балар эртний түүхтэй эдгээр хот байгуулагдаад удаагүй байхдаа цэвэр, бохирын системтэй байсан гэж үү. Анх байгуулах үедээ хөрсөн доогуураа сантехникийн шугам угсарч бохироо соруулсаар өнөөг хүрсэн гэх гээд байна уу. Тийм хот дэлхий дээр хаа ч байхгүй. Бүгд л олон зуун жилийн дараа хотынхоо асуудлыг шийдсэн байдаг. Хэдэн зуун сая хүн амтай орчин үеийн хотууд бүгд л манай Улаанбаатар шиг замналаар замнасан байж таараа. Сүүлийн зуун жилд л иргэдийнхээ эрүүл, тав тухтай амьдрах нөхцөлийг сайжруулж технологийн дэвшлийг ашиглаж эхэлсэн биз. Түүнээс өмнөх олон мянган жилд яг л манайх шиг ил задгай бие засан амьдарсан байж таараа. Агаарын бохирдол, утаа бол тэртээ тэргүй их хотуудын туулаад ирсэн зовлон. Хэдэн арваадхан жилийн өмнө Бээжин, Лондон тэргүүтэй дэлхийн томоохон хотууд утааны асуудлаа шийдэх гээд ядаж байсан гэдгийг битгий мартаарай.

Тэндхийн иргэд хувцсаа угаагаад хатаах гээд тохохоор өнгө нь мэдэгдэхгүй тортог болж байсан цаг саяхан. Тэглээ гээд тэд хотоо орхиод нүүгээд явчихсангүй. Харин ч тархи толгойгоо зөв ажиллуулан гарц шийдэл олоод өнөөгийн дүр төрхөө бүрдүүлсэн. Тэдэнтэй харьцуулбал Улаанбаатар хот цэл залуу байтугай нялх балчир гэж хэлж болохоор насжилттай. Хэдэн зуун байтугай мянган жилийн настай хотууд хөрсний бохирдол дээд цэгтээ гэж яриагүй байна. Гэтэл Улаанбаатарын хөрсний бохирдол дээд цэгтээ хүрлээ гэж амныхаа зоргоор ярьж байгаа нь зүгээр л худлаа шалтаг юм.

Манай хот 378 жилийн түүхтэй. Бидний өвөг дээдэс аятай тухтай, тааваараа амьдраад болоод л байсан. Хөрсний бохирдлыг үүсгээд байгаа гэр хорооллын жорлонгийн тухай асуудал их л удаж сүүлийн 50 жилд яригдаж байгаа биз дээ. Тэрнээс өмнө бид хөрсний болоод агаарын бохирдол гэж мэддэг ч үгүй байсан. Ингээд бодохоор Ром, Лондонтой харьцуулахад манай хотын хөрс бохирдох яагаа ч үгүй байгаа.

Өнөөдөр хотын төв цэгээс дуртай зүг рүүгээ харж байгаад тавхан км давхихад л онгон дагшин байгальтай учран золгоно. Тарвага хошгирч цагаан уул, далан түрүү цэцэг найгасан үзэсгэлэнт байгальтай газар хүрч очно. Ийм газрыг бохирдсон гэдэг юм уу. Голын усны чимээ хоржигнож өвсний чийг үнэртэж байгаа газрыг аюултай гэдэг юм уу. Ерөөсөө хот зах руугаа жаахан л тэлэхэд цэвэр тансаг агаартай болчихно. Ийм байхад Улаанбаатараас нүүе гэж ярьж буй төрийн түшээд ямар учиртай улс вэ. Зүгээр л ажил хийхгүй, эсхүл хийх ажлаа саармагжуулах гэсэн башир арга шүү дээ. Санаатай, эсвэл санамсаргүйгээр гэдгийг нь мэдэхгүй юм. Ямартай ч ингэж хэлж байгаа төрийн түшээд нийслэл хот төдийгүй улс эх орныг хөгжүүлэхгүй, нэг алхам ч гэсэн урагш алхуулахгүй байх өчүүхэн санааг дотроо агуулж явдгаа илэрхийлж байгаа хэрэг.

Манай сонины нэгдүгээр орлогч эрхлэгч, төрийн шагналт, нийтлэлч Д.Цэнддоогийн судалгаа бий. “Нүүдэлчид аливаа асуудлыг зугтаж шийддэг. Асуудал тулгарахад яаж шийдэх вэ гэж бодохоос залхуурсандаа зүгээр л нүүчихдэг” гэж. Үнэхээр л тийм. Нүүдэлчин монголчуудын тархинд хамгийн түрүүнд орж ирж байгаа санаа нь зугтах. Зугтаагаад явчихвал асуудлыг ардаа орхиж байна гэж эндүүрдэг. Яахав харанхуй, бүдүүлэг байсан тэр үед тийм л аргатай байсан юм байгаа биз. Одоо бол тийм биш шүү дээ. Техник технологи дээд зэргээр хөгжсөн орчин үеийн нийгэмд бид амьдарч байна. Гэтэл эрт балрын сэтгэхүйгээсээ яагаад салахгүй байна вэ. Нүүдэлчин монголчуудын түүхэндээ анх удаа бий болгосон сая давсан хүн амтай хотыг устгах гэсэн санаатай бодлого явж байна гэж хийрхээд ч яахав. Гэхдээ л биднийг залан чиглүүлж буй төр засгийнхны санаанд хамгийн түрүүнд ийм шийдэл орж ирсэн байна. Гарц олж шийдэл хайхаас залхуураад зүгээр л бөөнөөрөө нүүгээд зугтаачихъя гэж санал болгож байгаа. Тэгчихээд үүнийгээ асуудал шийдчихлээ гэж гайхуулан ярихыг нь сонсоод өмнөөс нь ичиж үхмээр юм.

Улаанбаатар хот бол Монгол Улсын эдийн засгийн гол цөм, хөдөлгөгч хүч. Олон хүн бөөгнөж байж л эдийн засаг бий болдог. Хэр олон хүн нэг дор төвлөрнө тэр хэрээр эдийн засаг хүчирхэгжих учиртай. Гэтэл өсөн өндийж буй эдийн засгийг задлахаар санаархаж буйг юу гэж хэлэх вэ. Зөөлнөөр гэмт хэрэг гэж болно. Харин хатуугаар бүр юу ч гэж хэлж болно. Ийм шийдвэр гаргах гээд, яриад сууж байгаа төрийн түшээдийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж хэлж ч болох юм. Ер нь тэгээд өөрсдийнх нь ярьж буйгаар нүүгээд явлаа гэхэд Улаанбаатарт хэн үлдэх вэ. Гэр хорооллынхон утаан дундаа бөртийгөөд хоцрох юм уу. Өөрсдөө эхэлж нүүж явчихаад эргэж ирээд гэр хорооллын утааг арилгая гэж яриад байна. Хамт амьдарч байхдаа утааг шийдэж чадаагүй байж хаяж зугтсан хойноо асуудлыг шийднэ гэж байх уу. Эсвэл өөрсдөө эрүүл агаарт нүүж очсон хойноо эргэж хараад үлдсэн хэд рүүгээ хэлээ гарган хохь чинь гэж хэлэх гээ юү.

Ер нь цаашид улс төр хөөхгүй, улс төрийн тавцангаас арчигдах хүсэлтэй хүн л Улаанбаатарыг нүүлгэнэ гэж ярьдаг юм. Улаанбаатарчууд бид тэнэг биш. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон Х.Нямбаатар гэдэг гишүүн “Та нарыг хаяад бид утаагүй газар очно” гэж ярьж байна лээ. УИХын гишүүн Улаанбаатарыг нүүлгэх тухай ярьж болох л байх л даа. Ингэж ярьснаараа тэр хүн улстөрч болоогүй байна гэдгээ л харуулж байгаа юм. Та нарыг утаатай чинь орхиод бид цэвэр агаарт амьдарна гэж сэрүүн зүүдэлж байгаа нь улс төрд ирээдүйгээ хүн гэдгээ харуулж буй хэрэг. Тэгээд ч энэ хүнийг дахин сонгож болохгүй гэдэг нь түүний үгнээс харагдаж байна. Монголын энэ том эдийн засгийг задлан буталж, цаашлаад үгүй хийхээр оролдож буй хүн цаашдаа монгол төрийн төлөө зүтгэж чадах уу. Бид өмнө нь Улаанбаатараар оролдсон хүн улс төрөөс арчигддаг тухай сануулан бичиж байсан. Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон хэдэн гишүүн ингэж ярихад нь манай сонин шүүмжлэн бичээд нам болгож байлаа. Тэрийг одоогийн Их хурлын гишүүд мэдэхгүй байна. Улаанбаатарчууд дуугүй харж байгаад та нараар нийслэл хотоо устгуулна гэж хэзээ ч байхгүй. Хүч нөлөө нь та нарын бодож байгаа шиг сул дорой биш. Хотынхныг төр засаг барилцаж буй хэдхэн хүн басах болоогүй шүү. Хотын утааг хотод нь л шийдэх ёстой. Өөр гарц байхгүй. Улаанбаатар хоттой байж гэмээнэ хотын асуудлыг шийднэ. Хотгүй болсон хойноо ямар юмныхаа асуудлыг шийдэх гээд байгаа юм бэ. Өөрсдөдөө болон үр хойчдоо санаа зовсон хэсэг хүн утаанаас салгаад өг гэж ярьсан биш сүүлдээ бүр Улаанбаатараасаа салах юм болох нь л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Эдийн засгийн ийм хямралд дахиад орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх ёстой

Ж.Ганбаатар зурган илэрцүүдУИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Эдийн засгийн хямралаас гарахын тулд үндэсний компани, үйлдвэрлэгч бизнесмэнүүдээ дэмжих ёстой. Монголын баялаг болсон эдгээр хүмүүсээ эн тэргүүнд түших нь хамгийн зөв гарц гээд байгаа шүү дээ?

-Худалдаа наймааг бизнес биш гэж ойлгодог нь өнгөрсөн нийгмийн буруу ойлголтын үлдэгдэл. Та бүхэн түүхийн сурвалжуудыг анзаарахад хэдэн зуу, олон мянган жилийн тэртээгээс худалдаа хаана хөгжинө, тэнд хөгжил байдаг. Энэ бол бүх зүйлийн зангилаа. Торгоны зам, Газрын дундад тэнгист маш сайн төвлөрлийг бий болгож чадсан. Төвлөрлийг бий болгож чадсан нь л хөгждөг байхгүй юу. Үүний орчин үеийн алтан жишээ бол Нью-Йорк, Сингапур, Хонгконг, Лондон. Эдгээр хотуудад юу үйлдвэрлэдэг билээ. Төдийлөн үйлдвэрлэл хөгжүүлээгүй байдаг. Тэгсэн хэрнээ тэнд бүх мөнгийг төвлөрүүлж чадаж байна. Том хотууд ерөнхийдөө ийм байна.

Би энэ УИХ-д гишүүнээр сонгогдоод тав, зургаан сар болж байгаа. Харахад аман дээрээ бизнесийг хөгжүүлнэ, бизнес эрхлэгчид бол бидний хөгжлийн гарц, үүн дээрээ л тулгуурлах ёстой гэж ярьж байгаа боловч бодит байдал дээрээ үүнээс хойшоо сууж байна. Үүнийг харсан япон, америкчууд “Монголын ардчилсан нийгэм, эдийн засгийг ойлгохгүй байна” гэж яриад байгаа юм. Төрд л байвал мундаг гэдэг ойлголтыг хүн болгон ярьж байна. Газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүс юм л бол “Төрийн анхааралд аваач ээ”, “Төр анхаараач ээ. Төрийн бодлогоор дэмжээч ээ” гэдэг. Бүгд ингээд сурчихсан. Төрөөс үл хамааралтайгаар л хөгждөг байх ёстой, эхлээд. Үйлдвэрлэл, бизнес явсаар, хөгжсөөр тодорхой түвшинд хүрээд өрсөлдөөн нь хөгжингүй орнуудын түвшинд хүрсний дараа л төрийн оролцоо тодорхой хэмжээгээр хэрэгтэй болж эхэлдэг. Аман дээрээ ардчиллыг дэмжиж, эдийн засгийг либерал болгоё гэж байгаа боловч үндсэн ойлголтоор нь эдийн засгийн харилцаагаа ойлгохгүй байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотойгоор нэг зүйлийг хэлэхэд, хувьчилж авсан арга нь луйврын шинжтэй байвал тэр нь буруу. Үүнд хариуцлага тооцох нь зөв. Монголын хувийн компани 49 хувийг авна гэдэг бол хамгийн том амжилт. Тэрийг зөв аргаар авчраад монголчууд өөрсдөө 49 хувийг нь эзэмшиж байгаа бол сайн. Үүнд бол ярих юм байхгүй. “Эрдэнэт” рүү янз бүрийн бүтээгдэхүүн шахаж байсан улс төрийнхний гар, хөлийг нь хааж чадаж байгаа бол сайн. Бүх юмыг төрд байлгана гэдэг бол хамгийн муу менежмэнт.

-Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүд яг энэ өнцгөөс нь их ярьж байгаа харагддаг?

-Эдийн засгийн байнгын хороон дээр олон удаа хэлсэн. Төрийн өмчит компаниуд дийлэнх нь ашиггүй ажиллаж байгаа. Энэ юуг хэлж байна вэ гэхээр ялангуяа сүүлийн 25 жилийн турш төрийг авч явсан хүмүүс эдийн засгийг ойлгохгүй байгаагаа л үүгээр харуулж байгаа юм. Углуургаар нь бүгдийг нь ойлгохгүй байна. Хаалттай хуралдаан болбол энэ талаар нэлээд тодорхой ярья гэж төлөвлөж байгаа.

-Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай хууль, Татварын тухай хуулиудыг хэлэлцэж байхад та “Та нар бизнес хийнэ гэж юу байдгийг мэддэггүй. Ямар хэцүү байдгийг ойлгодоггүй. Дороо хүн ажиллуулаад сар болгон цалинтай байлгахын төлөө яаж зүтгэдгийг мэдэх үү” гээд сүүлийн үед бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдийн эрх ашгийг хөндсөн зүйл заалт хуулийн төслүүд дээр орж ирж байгааг шүүмжилсэн?

-Би өөрийнхөө тойргийн дунд сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд төсөл бичих уралдаан зарлаж байгаа. Бизнесийн төсөл бичих уралдаан юм. Яагаад ийм уралдаан зарлахад хүргэв гэвэл 2000-2005 оны үед хүүхдүүд “Би ийм угаалгын газар ажиллуулах гэсэн юм”, “Ийм нэг юм хийх гэсэн юм” гэсэн санаачилга их гаргадаг байсан. Гэтэл одоо толгойтой хүн болгон л яаж төрд ажилд орох вэ, эсвэл гадагшаа яажшүү гарч ажиллах вэ, мэргэжлээрээ гадны нэг компанид ажиллая гэж хүсдэг болсноос биш өөрөө бизнес хийх сонирхол нь буучихсан. Өөрөө тэгээс нь эхэлж бизнес хийх сонирхолгүй болчихсон. Зурагтаар гарч байгаа шоунуудыг харахад л илт. Гэхдээ би тэдгээр шоунуудыг шүүмжлээгүй шүү. “Авьяаслаг монголчууд”, “Universe best songs” зэрэг шоунууд нийгмийн бүтээлч биш хэсэг рүү хандаж байна. Бизнесмэнүүд суучихаад төсөл шалгаруулаад худалдаж авдаг Америкийн том шоу байдгийг та бүхэн мэднэ. Тэр шоуг Монголд санаачилъя гэж бодож байгаа. Нийгэмд жаахан хөдөлгөөн оруулж бизнес хийх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй. Би бизнес хийж байж л амьдралаа авч явах юм байна гэдгийг ухаарах нь зүйн хэрэг. Гэр бүлийн хоёр хүн хоёул төрд ажиллавал ирээдүйд амьдралын гарц хэцүү шүү. Явцын дунд төсвөөс юм хумсалдаг, төсвөөр тэжээгддэг амьдрал жамаа дагаад ил тод гарч ирээд багасаад явчихна. Нэг нь сонирхлынхоо дагуу төрд ажиллаад явж болно. Нийгмийнхээ төлөө боловсролоо зориулахын төлөө тэгж явах нь зөв. Гэхдээ нэг нь бизнес хийж байж ар гэрийн амьдралаа авч явна шүү дээ. Зарим сургуулиудад би лекц уншихдаа төр ирээдүйд маш цомхон, хүчтэй хүмүүсийн амьдардаг салбар болох ёстой гэж хэлдэг. Жишээ нь, 50-60 мянган хүнтэй байхад л болно. Өнөөдөр 250 мянган хүнийг тэжээж байна. Цомхон байх ёстой.

Бизнес хийх сонирхлыг хүмүүст сайн төрүүлээч ээ. Түүнээс биш дуу дуулах, дугуйгаар явж, турникэндээ сайн байх ёстой ч гэх шиг. Тэр тэмцээнд орж болно. Гэхдээ хүн болгон тийм биш байгаасай гэж бодож байна. Бизнес эрхлэх сонирхол л их байх ёстой. Үүний төлөө л би энд дөрвөн жил сууна гэж бодож байгаа. Төрд удаан ажилласан, олон сонгогдсон хүмүүс “Төрийн ажлын туршлагатай”, “Би төрийн хүн ш дээ”, “Би төрийн хүн учраас төрийн ажил хийнэ ээ” гэдэг. Зарим үед бизнестэй холбоотой хууль эрхзүйн бичиг баримт боловсруулахад оролцдог. Гэтэл бизнесийн ямар ч туршлагагүй хүн бизнесийг зохицуулна гэдэг бол хэцүү. Сэтгүүлзүйн ямар ч туршлага, мэдлэггүй хүн энэ салбарыг чинь зохицуулна гэвэл та бүхэн бас нэлээд юм ярина даа. Огт бизнес хийж үзээгүй. Хадаас хадах нь бүү хэл хоёр хүн цалинжуулж үзээгүй, хармаанаасаа мөнгө гаргаж сураагүй ийм хүмүүстэй юу ярих вэ. 500 хүнийг цалинжуулъя гээд сард сая төгрөг өгнө гэвэл 500 сая төгрөг хэрэгтэй. Сая төгрөг гэдэг бол дундаж цалин. 500 сая төгрөгийг хүнд сар болгон гаргаад дээр нь нийгмийн даатгал, татвараа нэмбэл нэлээд болно шүү дээ. Энэ чинь өөрөө маш том эрсдэл. Тэр хүн тэрбумаас илүүг олж байж тэр хүмүүсийг цалинжуулна. Үүн дээр л энэ нийгэм хөдөлж Монгол Улс хөгжиж байгаа. Хөгжил гэдэг үүн дээр л явж байгаа. Би өмнө нь нийслэл, дүүргийн ИТХ-д сууж байсан болохоор улсын төсвийг өнөөдөр л хараад шогшроод байгаа юм биш. Энэ бүхнийг эдийн засаг талаас нь хүмүүс сайн ойлгохгүй байна л даа. Үүнийг хурдан засах ёстой.

-Төр засгийн зүгээс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ хэмээгээд янз бүрийн л алхам хийж, татварын хөнгөлөлт ч үзүүлэхээр болж байна?

-Та 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоё гэдэг зүйлийг ярьж байх шиг байна. 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг жижиг дунд үйлдвэрлэгч мөн гээд хуульд заачихсан байгаа. Бүх аж ахуйн нэгжүүдийг энэ хөнгөлөлтөд хамруулах ёстой гэдэг дээр би анхнаас нь дуугарч байгаа. Манай намын бүлэг, Засгийн газар дээр тэгэх боломжгүй л гэж байгаа л даа. Гэхдээ нэг, хоёрхон компанид зуу гаруй тэрбумаар нь өгчихдөг. Идэж шамшигдуулж байгаа асуудал нь хэдэн их наядаар яригдаж байхад бүхэл бүтэн 750 мянган хүн ажиллаж байгаа энэ жижиг, дунд үйлдвэрийн салбарт хорин хэдхэн тэрбум төгрөгийн л асуудал байгаа. 20 хэдэн тэрбум төгрөг гэдэг бол та бидэнд, хувийн компанийн хувьд их мөнгө ч улсын төсөвтэй харьцуулбал энэ чинь харьцангуй гайгүй мөнгө. Энэ их хэцүү цаг үед бүх компанийнхаа татварыг багасгаснаараа мэдээж төсөвт 23 тэрбумаар ачаалал үүснэ. Нөгөө талдаа ямар ач холбогдолтой вэ гэхээр төр рүү орж ажиллах гэж байсан эсвэл гадагшаа явж ажиллах гэж төлөвлөж байсан хүмүүс гурав, тав, арван хүн цалинжуулаад бизнес хийж эхэлнэ. Тэр хэрээр төсөв нэмэгдэж, төсвийн дарамт багасна. Тэр хүн чинь татвар төлөхгүй ч нийгмийн даатгал, шимтгэл төлнө, хувь хүний орлогын албан татвар ч төлнө. Энэ утгаар нь харвал нэгээс хоёр жилийн дотор 23 тэрбумаас чинь илүүг төсөвт өгнө. Халамж авч байгаа хүмүүс нь шинээр бий болсон компанид орж ажиллана. Тэгэхээр үүнийг том хараасай гэж бодож байна. Ингээд ярьчихаар Ганбаатар өөрийнхөө компанийг уг хөнгөлөлтөд оруулах гэж байна гэж зарим хүн ойлгоод байх шиг байна. Сүүлдээ би инээх ч биш, уурлах ч биш тийм сонин байдалд орж байгаа юм. Би олон удаа хэлж байгаа, манай “Оргил” худалдааны төв бол үйлчилгээний салбарт сардаа 1.5 тэрбумаас илүү тэрбум төгрөг олдог. Ингэж хэлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм (инээв). Өмнө нь бизнес хийдэг УИХ-ын зарим гишүүн өөрийнхөө бизнесийг зарим зүйл дээр холбож байсан болохоор ийм хардалт их байдаг юм байна. За яах вэ, улстөрч чинь сайнаар хэлүүлэхгүй, муугаар хэлүүлэхгүй байна гэж байдаггүй юм байна. Хүн болгонд очоод өөрийгөө тайлбарлалтай нь биш. Хүн ойлгохоороо л ойлгоно биз.

-Та УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар ажилладаг. Эдийн засгийн хямралаас гарахад үйлдвэрлэлээ сэргээх хэрэгтэй гэдэг дээр олон хүн санал нэгддэг. Харин таны хувьд?

-Импортыг хаачихаад экспорт руу чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжиж байна гээд Монгол Улсыг хэтэрхий өндөр өртөгтэй улс болгочихов оо. Үүн дээр болгоомжилж байна. Энгийн жишээ татъя л даа. Хувцас хунараа зөвхөн Монголдоо л хийнэ гэвэл хилийн цаана маш хямдхан, хилийн наана маш үнэтэй болно гэсэн үг. Тэгвэл бид маш үнэтэй нийгэмд амьдарна. Та үнэтэй орон сууцанд хамгийн үнэтэй хаалга хэрэглэнэ. Хамгийн үнэтэй хувцас өмсөнө. Тэгэх юм бол өнөө контарбанд цэцэглэнэ. Бидний олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг байхгүй болно гэсэн үг. Тэгэхээр бид энэ бүхнийг хооронд нь ялгаж салгах хэрэгтэй. Тэртэй тэргүй дэлхий даяарчлагдаж байгаа үед алийг нь дэмжих ёстой вэ гэдгээ харах ёстой шүү. Аль үйлдвэрээ дэмжиж, алийг нь хөл дээр нь босгох вэ гэдгээ сайн харах хэрэгтэй. Эдийн засгийн энэ байдлаас гарахад ганцхан хүний томьёолол бүтэхгүй. Олон талаас нь харах ёстой. Гишүүдийн ярьж байгаагаар том төслүүдээ хөдөлгөж, гадны зээл тусламжийг оруулж, экспортод бүтээгдэхүүнээ гаргаж байгаа үйлдвэрүүдээ дэмжих ёстой гэдэг дээр санал нэг байна. Харин цаашдаа яавал ийм байдалд дахиж орохгүй вэ гэдгийг ярих хэрэгтэй. Яагаад байн байн ийм байдалд орох ёстой юм. Нийгмээрээ бизнес эрхлэх сонирхолтой байх ёстой. Нийгмээрээ шүү дээ. Дарга болж байгаа хүнийг хэвлэл мэдээллээр түлхүү гаргахаар дарга л мундаг гэсэн ойлголтыг өгдөг. Нэг дарга гарч ирээд “Би төдөн тийм үйлдвэрийг хаалаа, боолоо. Тийм тушаал гаргалаа. Тэр тушаалаар төчнөөн үйлдвэрийн үүдийг хаасан. Би ийм тийм стандарт гаргасан” гэж ярьдаг. Энэ бүхэн нь хүний бизнес эрхлэх сонирхлыг шууд хаачихдаг. Ийм дарамттай байдаг. Сайд дарга нар тэр хийсэн ажил, гаргасан тушаалаа дотооддоо л ярих ёстой. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах ёсгүй. Энэ бүхнийг бодох хэрэгтэй. Цаашдаа ийм байдалд орохгүйн тулд хүмүүст бизнес эрхлэх сонирхлыг нь төрүүлэх хэрэгтэй.

Гэтэл одоо төрд орж ажиллахыг хүн болгон л хүсч байна. Жишээ нь, “Манай компанид орооч, ажиллаач” гэхээр “Үгүй ээ. Төрд л ормоор байна. Мэргэжилтэн ч болтугай хийгээд явмаар байна” гэж байна. Яг үүнтэй адил бизнес хийх сонирхолтой хүмүүсийг л бий болгох хэрэгтэй. “Авьяаслаг монголчууд”-тай зэрэгцүүлээд бизнесийн төсөл бичдэг шоуг хиймээр байна шүү дээ. Уг шоуг санаачлаад араас нь дэмжээд явах сонирхол байна. Энэ шоу чинь Америкт жинхэнэ утгаараа гарчихсан. Д.Трампийн анх санаачилсан шоу шүү дээ.

-Монголчуудын сэтгэлгээнд л асуудал байгаад байна гэж үү?

-Та дархан аварга бол дээшээ, мундаг дуучин бол дээшээ, та хамгийн мундаг шүлэг уншдаг бол дээшээ, бүжигчин бол дээшээ, балетчин дээш, хошин шогийн жүжигчин бол дээшээ гэдэг. Гэтэл бизнес хийж байгаа хүнийг адгийн шулаач, панзчин, наймаачин чи холд гэдэг. Энэ чинь өөрөө ойлголтын зөрүүг харуулж байгаа байхгүй юу. Юу ч гэж хэлмээр юм. Заримдаа миний инээд хүрээд суудаг юм. Янз янзын мессэж ирж л байдаг. Ойлголтын зөрүү гэж энийг л хэлж байгаа юм. АНУ, Европт би иймэрхүү зүйлс яривал нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэгтэй адил мэдээжийн юмыг энэ хүн яасан их ярьдаг юм бэ гэж гайхах байх.


Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл зүйч Ш.Батболд: Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг ичихээ болих юм

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Ш.Батболдтой ярилцлаа.


-Монголчууд маань улам л амиа бодсон, сувдаг шунахай болоод байна уу даа. Сэтгэл зүйд аминч үзлийг юунаас эхтэй гэж үздэг юм. Аминч үзэл сэтгэлзүйн хэвийн үзэгдэл мөн үү?

-Эгоизм буюу хувиа хичээх үзэл хүн бүрт байдаг. Яагаад гэвэл тухайн хүнийг би гэдэг үзэл нь бусдаас ялгаж байдаг. Хувиа хичээх үзэл нь нийгэмших, иргэнших явцад нийгмийн хэм хэмжээ, ёс суртахуунаар хязгаарлагдаж байж хүн төлөвшдөг. Харин монголчуудад хувиа хичээх үзлийн хамгийн хурцадмал хэлбэр болох өөрийгөө дөвийлгөх үзэл хэрээс хэтэрсэн гэдэг нь ажиглагдаж байна. Энэ нь амиа хичээх үзлээс илүү хор уршиг ихтэй. Хувиа хичээх нь тухайн хүнд хортой байдаг бол өөрийгөө дөвийлгөх нь нийгэмд, харилцаж байгаа хүмүүстээ муугаар нөлөөлдөг. Хүнийг адгууснаас ялгаатай болгодог гол зүйл нь оюун ухаан, ёс суртахуун. Ёс суртахууны орон зай багасаад эхлэхээр өөрийгөө дөвийлгөх үзэл их болчихдог. Ёс суртахуунгүй болчихоор хүнээс төрөл бүрийн бүдүүлэг зан авир гарч эхэлдэг. Энэ талаар Зигмунд Фрейд “Ичих мэдрэмжгүй болох нь тэнэглэлийн эхний шинж” гэж бичсэн нь бий. Ичих мэдрэмжгүй байх гэдэг нь ёс суртахууны цензур тухайн хүний үйлдэлд илрэхээ байхыг хэлж байна. Тэнэгрэлийн эхний шинж ичиж зовохоо болих гэдэг үнэн болж таарч байгаа юм.

-Гадаа гудамжинд ил бие засах, шүлс нусаа хаях, нэгнийхээ урдуур дайрах зэрэг үйлдлүүд манайханд их ажиглагдах гээд байдаг. Тэнэгрэлийн шинж тэмдэг нь ичиж зовохоо байх гэж та хэллээ. Мэдээллийн, хөгжлийн эрин зуунд бид яагаад тэнэг бүдүүлэг хэвээрээ байгаа юм бэ?

-Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ гэхээр орчиндоо дасан зохицох чадвартай, орчныхоо талаар зөв ойлголттой хүнийг хэлдэг. Нийгмийн дунд биеэ хэрхэн авч явах, хүмүүстэй хэрхэн харьцах вэ гэдэг нь ёс суртахууны хэм хэмжээнд захирагдаж явдаг. Манайд өнөөдөр эрх мэдэлд хүрэхийн тулд юугаа ч золиослоход бэлэн, зальтай, юмыг аргалдаг, хуурдаг хүмүүс олон болчихоод байгаа нь гамшиг. Эдгээр шинж нь оюун ухаанлаг, ёс суртахуунлаг шинж огт биш. Өөрийгөө дөвийлгөх үзэлтэй, өөрийгөө бүхний төвд тавьдаг хүмүүс дээр, дооргүй их болсон. Эрх баригчид ард иргэдээ бодохгүй, ард иргэд нь төр барьж байгаа хүмүүсээ хүндлэхгүй. Бүгдээрээ нэг нэгнээ үгүйсгэж, үл хүндэлж, огт хүлээн зөвшөөрөхгүй харилцаа ёс суртахууны хоосон орон зайг эзэлчихээд байгаа учраас л дээрх үйлдлүүд гараад байгаа юм. Чойжамц хамбын хэлсэнчлэн “УИХ-ын гишүүн телевизээр гарсан чинь идэж уудгийг нь гайхаад л, нэг мисс хүүхэн гарсан чинь энгэр султайг нь гайхаад, хэний ч танихгүй нэг хүн телевизээр гарахад, “ашгүй одоо дуугүй өнгөрөх байлгүй” гэж бодтол дарвайсан шар юм чинь юу гээд байгаа юм” гэж нэг гэр бүл хэлсэн гэдэг шиг монголчууд монгол хүнээ үзэж чадахаа байчихаад байна. Энэ нь ухаангүй, тэнэг мулгуу гэхээс илүүтэй ёс суртахуунгүй болсныг илтгээд байгаа юм. Дээр дооргүй бие биенийхээ дээр илүүрхэж гарах гэсэн, амьтанлаг араатанлаг сүргийн сэтгэхүй давамгайлчихаад байгаа хэрэг. З.Фрейд “Ёс суртахуун байхгүй болчихвол амьтанлаг араншин гарч ирдэг” гэж хэлсэн байдаг. Угтаа ёс суртахууны цензур л хүний хэлэх үг, хийх үйлдлийг хянадаг.

-Монголчуудаас адгууслаг араншин илрэх нь түлхүү болоод байна гэсэн үг үү?

-Ёс суртахуунгүй байдал нь араатанлаг үйлдэл хийхэд хүргэдэг. Ёс суртахуун, хүндлэл, хүлээн зөвшөөрөл байхгүй бол хэн хүчтэй нь оршихын тулд далд тэмцэл, хүчирхийлэл, мунхаглал яваад байгаа хэрэг. Наад зах нь дурын жолооч бие биенээсээ өрсөж урдуур орох гэж дайрцгаадаг, харааж зүхдэг, хаа сайгүй шүлсээ хаядаг гэх мэт үйлдлээр илэрч байгаа. Энэ бүхний цаана байгаа сүргийн инстинкт чинь хуйларч дагадаг, туйлшрамтгай, ухаалаг бус, бухимдалд суурилсан сэтгэл хөдлөлд захирагддаг. Хэрэв ёс суртахуунлаг мэдрэмж байхгүй бол амьтнаас ялгагдах зүйл байхгүй гэж үзэж болно. Нийгмийн харилцааг зохицуулдаг бичигдсэн болон бичигдээгүй хууль байна уу гэвэл байгаа. Гэхдээ тэрийг хэн ч хүлээн зөвшөөрдөггүй, дагадаггүй. Нэгнийхээ хийсэн зүйлийг нөгөөх нь үгүйсгэдэг, шүүмжилдэг, харлуулдаг. Үүнээс улбаалаад бодлогын залгамж халаа, тогтвортой байдал гэж үнэндээ байхгүй болчихсон. И.Майскийгаас эхлээд К.Аяако, Удо Б.Баркманн, Ю.Н.Кручкин зэрэг гадны олон эрдэмтэн үүнийг хэлж байсан, одоо ч хэлээд л байгаа.

-Яаж ёс суртахуунтай болох вэ?

-Хүн болгон өөрөөсөө эхлэх ёстой. Бид биесээ шүүмжлэхгүй, өөлөхгүй, харилцан бие биенээ хүндэтгэж байж өөрчлөгдөнө. Монгол хүн гэж нэгтгэж байгаа нийтлэг үнэт зүйлсээ огт ухаараагүй хүмүүс. Зарчимч шаардлага тавьж чаддаггүй шүүмжилдэг. Шүүмжлэлийнх нь цаана хувийн жижигхэн амбиц, өөрийгөө дөвийлгөх үзэл нь нуугдаж байдаг. Өнөөдрийн энэ байдал өөрчлөгдөхгүй, арав хорин жил болох юм бол энэ улс оршин тогтносон хэвээр байх уу, үгүй юү гэдэг ноцтой байдал ч үүсч мэднэ. Хоёр хүн эвтэй бол төмөр хүрээ мэт. Хорин хүн эвгүй бол эвдэрхий балгас мэт гэдэг. Бид хоорондоо эв түнжингүй, ард түмэн нь төр засгаа шүүмжлээд төр засаг нь ард түмнээ буруутгаад хоёр тийшээ хараад байвал хөндлөнгийн улсын идэш болно. Тэр намын, тэрний хийж байсан юм гэж юу байсан юм, би өөрөөр хийнэ гээд нурааж хаяад дахиад хийдэг. Ёс суртахуунлаг, бие биенээ хүндэтгэж байж нийгмийн харилцаа эрүүл болж хөгждөг гэдгийг ойлгох ёстой. Нэг хүн ёс суртахуунтай байх юм бол 1-2 хүнд нөлөөлнө, тэр нь цаашаа өөр бусад хүмүүст нөлөөлнө. Хүүхдийг багаас нь өөрөөсөө ялгаатай хүмүүстэй харилцах, ойлголцох, хамтран ажиллах, хүндэтгэхэд системтэй сургах ёстой. АНУ, Канад, Өмнөд Солонгосын суурь боловсрол хүн болгох, иргэншүүлэхэд чиглэсэн хичээл дөрвөн наснаас нь эхлээд ордог юм билээ.

-Бидний өвөг дээдсээс монгол ухаан хүмүүжлээр байгаль дэлхий, хүний жам ёсны харилцааг амьдрал дээр энгийнээр зааж сургаж ирсэн. Энэ хүмүүжил, сургаал яагаад алдагдав?

-Ардчилсан нийгэмд шилжээд бараг 30 жил боллоо. Энэ хугацаанд материаллаг зүйлийн хувьд ололт амжилт олсон болохоос сэтгэлгээний хувьд өөрчлөлт гараагүйгээр барахгүй ухралт болсон. Яагаад гэхээр нийгмийн сэтгэл зүйд нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоонд шилжихэд суурь үнэт зүйлийн шилжилт дагаад өөрчлөгдөх ёстой байдаг гэж үздэг. Ийм үнэт зүйлийн шилжилт одоог хүртэл явагдаж байгаа, гэхдээ ухарч явж байна. Урьд нь коммунист ёс зүй, хамтын соёл гэж байлаа. Гэтэл үүний оронд ямар үнэт зүйл, этик бий болов гэхээр хариуцлагагүй, дураараа, сүргийн инстинкт л бий боллоо. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрх гэдэг үнэт зүйлийн оронд дураараа дургих, хэн зальтай нь тэсч үлдэх, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэл, мөнгөтэй болох шунал эзлээд байна. Эрх чөлөө ямагт хариуцлага, ёс суртахуунтай холбоотой байдаг. Ийм хариуцлага, ёс суртахуун байхгүй болохоор өөрийгөө дөвийлгөсөн бүдүүлэг түрэмгий байдал хамаг орон зайг эзэлчихээд байна. Уг нь бусад орон иргэншсэн, ёс суртахуунтай хүнийг бодлогоор, системтэйгээр төлөвшүүлдэг юм билээ. Япончуудын бага боловсролын хөтөлбөрт япон хүн хэн юм бэ гэдэг ойлголтыг дөрвөн настайгаас нь эхлэн өгдөг, суурь үзэл баримтлал нь “боловсрол хүнийг хүндлэхээс эхэлдэг” гэж үздэг юм билээ.

-Боловсролыг багаас нь олгох ёстой гэдэг маргаангүй үнэн. Монгол хүний онцлог, ёс суртахуунд тохирсон боловсрол олгоход уг нь боломжгүй зүйл баймааргүй юм?

-Бүгдээрээ суугаад хийе гэхээр бие биенээ хүлээн зөвшөөрдөггүй. Нэг нь бодлого ярихаар нөгөөх нь процесс ярьж маргадаг. Бие биенээ сонсдоггүй, хүндэлдэггүй нь гол тулгамдсан асуудал. Бүгдээрээ бүх юмны заавал дээр нь байх гэдэг болохоор. Тамын тогооны үлгэр чинь бодит байдал дээр энэ.

-Аминч үзэл, өөрийгөө дөвийлгөх үзэл сэтгэлзүйн нэг төрлийн өвчин үү?

-Өвчин биш. Ёс суртахуун, хүмүүжлээр хязгаарлагдаж байх ёстой зүйл нь манайд жолооноосоо алдуураад хэвийн хэмжээнээс хэтэрчихээд байгаад гол асуудал нь байгаа юм. Монголчууд социализмын үед ажилчин гаралтайгаараа бахархдаг байсан бол одоо чинь бүгдээрээ Чингисийн удам, том тайж, мундаг ламын удам болчихсон байгаа юм биш үү.

-Өөрийгөө бодох, аминч үзэл цус ойртолтын шинж тэмдгийн нэгд орно гэдгийг судалгаагаар тогтоосон. Магадгүй монголчуудын цусанд аминч үзэл байгаа юм биш биз дээ?

-Хувиа хичээх үзлээс өөрийгөө дөвийлгөх үзэл давж гарсан. Нийгмийн сэтгэл судлалд хувиа хичээх, хамтач гэсэн хоёр үзэл байдаг гэж үздэг. Уг нь манайхан онолын хувьд хамтач үзэлтэй гэдэгт ордог. Нутаг усныхан, хамаатан саднаа гэдэг боловч тэр бүхний дээр өөрийгөө л тавьж үзэх жишээтэй. Тэр урьд нь тийм л юм байсан, хэзээ ийм болчихоов, энэ ч дээ гэх мэтээр л хардаг. Хамтач үзлийн хамгийн гол шинж нь “би” гэхээс илүү “бид” гэх үзэл байдаг. Гэвч монголчууд тийм биш. Өрнийн ч биш, дорнын ч биш өвөрмөц сэтгэлгээтэй. Түүхэн тодорхой үед энэ нь давуу тал болж байсан бол одоо үгүй.

-Нутгархдаг, жалга довны үзэл сэтгэл зүйн талаасаа өнөөдөр хэвийн үзэгдэлд орох уу. Сэтгэл зүйч үүнийг юу гэж хардаг нь сонин байна?

-Бүх улс оронд байдаг үзэгдэл боловч манайд хэвийн сэтгэл зүйн үзэгдлийн хэмжээнээс хальж гарсан. Бид хоорондоо аймгархаж нутгархаж байгаа ч гадныханд монгол хүн л гэж харагдана. Тэр намын, нам дотроо тэр аймгийн хүний хийсэн ажил, харин одоо би өөрийнхөө аймаг маягаар хийнэ гээд байгаа нь наад зах нь бодлогын залгамж, уялдаа холбоо байхгүй болгох цаашлаад энэ монголчууд гуйвамтгай, хэлсэн үгэндээ хүрдэггүй гэсэн дүр төрхийг л гадныханд бий болгоод байгаа биз дээ. Бүр тодорхой жишээн дээр таны дурдсан судалгаагаар нэг аймаг, сумынхан хоорондоо гэрлэж цус ойртолт бий болсноор оюуны болоод бие бялдрын хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа байдал юм. Цус ойртолтын оюун ухаанд нөлөөлдөг хамгийн наад захын нөлөө нь ёс суртахуунгүй, бүдүүлэг үйлдэл шүү дээ.

-Энэ явсаар юунд хүргэх вэ. Энэ бүхэн яаж зөв голдрилд орох вэ?

-Бухимдалд суурилсан сөрөг сэтгэл хөдлөлийн хэлбэр хуримтлагдаад хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болчихоод байна. Энэ байдал цаашид даамжрах юм бол үндэсний хэмжээний дотоодын үймээн самуун болохыг ч үгүйсгэхгүй. Хүн болгон дор бүр өөрийн хандлагаа өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй. Нэг монгол хүн нэгнээ хүндлээд гарцан дээр зам тавьж өгөхөөс л эхэлж болно. Нэг хүний нийгэмд үзүүлэх нөлөө их чухал. Нэг хүн зөв бодолтой, хандлагатай байхад гэр бүлдээ нөлөөлдөг. Гэр бүл нь өөр бусад хүнд, бусад гэр бүлд нөлөөлөх жишээтэй. Олонхи нь болохгүй байна гэдгийг шүүмжлэхээс биш бодитой зүйл хийдэггүй, фэйсбүүк, ширээний араас бусдыгаа шүүмжлээд, үгүйсгээд, үе үе туйлшраад байна. Тамхи татдаг хүмүүсийн 80 хувь нь зүрх судасны өвчнөөр нас бардаг гэдэг судалгааг уншаад тамхи татдаг хүмүүсийн 80 хувь нь би тэр хүмүүсийн тоонд орохгүй гэж үздэг шиг сэтгэлзүйн үзэгдэл манайд ноёлж байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Р.Гончигдорж: Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй юм

УИХ-ын гишүүн асан, АН-ын ҮЗХ-ны гишүүн Р.Гончигдоржтой ярилцлаа.


-Ардчилсан намын шинэчлэлийн талаар өнөөдөр ид яригдаж байна. Гэхдээ шинэчлэл хийнэ гэхээр хаанаас, юунаас, юуг нь шинэчлэх ёстой юм бэ?

-Ардчилсан нам хүчтэй байх ёстой. Хүчтэй байхын тулд дотооддоо ардчилалтай, нээлттэй, гишүүдийнхээ оролцоог хангасан, шийдэлтэй, улс орны хөгжлийн бодлогоо төлөвлөдөг, бодлого гаргахдаа судалгаан дээр тулгуурладаг байх ёстой. Ардчилсан нам ард түмний хүлээлт, итгэл найдварыг тээж явдаг хүчтэй улс төрийн хүчин. Тэр утгаараа ардчилсан намын жижигхэн алдаа том болж харагддаг. “ард түмэн ардчилсан намд хайртай” гээд хэлчихэд буруудахгүй гэж боддог. Хүн хайртай хүнээ багахан алдаа гаргахад нь “Том алдаа байна” гэж хараад засахын төлөө явдаг. Харин хэнд ч хамаагүй хүн алдахад түүний алдааг анзаардаг хүн байдаггүй. Би өөдрөг хүн. Ардчилсан нам болохоо байлаа, нураад уначихлаа гэдэг уруу дорой байдлаар яавч шинэчлэлийг хийж чадахгүй. Энэ шинэчлэлийн эхлэл нь Ардчилсан намын даргыг нийт гишүүдээсээ сонгох сунгаа. Манай намын нийт гишүүдийн шударга оролцоог бүрэн хангахаас биш цаг зуурын оролцогчид битгий байгаасай. Намын даргад нэр дэвшсэн таван нэр дэвшигчийн эв нэгдлээр илэрхийлэгдсэн үйл ажиллагаа болж байгаа гэдгээ харуулж чадвал намын шинэчлэл эхэлчихлээ гэж бардам хэлж болох. Намын шинэчлэлийн нэг том алхам ингэж л харагдах учиртай юм. Тиймээс үр дүнгээсээ илүү процесс нь чухал.

-Жаахан тодруулахгүй юу?

-Хэн намын дарга болох вэ гэхээсээ илүүтэй намын даргын сунгаа хэрхэн зөв явагдав, сунгаа яаж намын жирийн гишүүдэд хамааралтай, хариуцлага хүлээсэн хүмүүсийн түвшинд эв нэгдлийг хэр хангаж байна вэ гэдэг нь хамгийн чухал. Ардчилсан нам шинэчлэлээ хийж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээ байх хэрэггүй. Эхний алхмаа хийж чадах ёстой.

-Танай нам заавал сонгуульд ялагдсаны дараа шинэчлэл хийх ёстой байсан юм уу. Эрх мэдэлтэй байх үедээ хийж болоогүй юм уу. Эрх мэдлийн төлөөх тэмцэлдээ энэ бүхнийг сөхөөрч амжаагүй юу?

-Ардчилсан нам байнгын үйл ажиллагаатай байсан. Тухайлбал, “Монгол хүн-2020” хөтөлбөрийг боловсруулахын тулд 2008 оноос эхлэн ард түмнээ, гишүүдээ сонсох аянг эхлүүлсэн. Тухайн үед Н.Алтанхуяг намын дарга, Д.Эрдэнэбат намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Энэ хоёр хүн сайн ажилласан. Монгол Улсаа бүтэн тойрч 78 мянган км явсан. Ард түмэн, намын гишүүдийнхээ санаа оноог сонссоны дүнд “Монгол хүн-2020” хөтөлбөрөө боловсруулан 2008-2012, 2012-2016 он хүртэл хоёр том сонгуульд орох мөрийн хөтөлбөрөө гаргаж ирсэн юм. 2008-2012 оны хооронд мөрийн хөтөлбөрийн эхний үе шат хэрэгжиж, өнгөрөгч дөрвөн жилд хоёр дахь үе шат нь үргэлжилсэн. Ардчилсан нам нээлттэй, бодлого тодорхойлогч болохыг зорьж шинэчлэл хийгээд явж байсан. Харин ямар ч шинэчлэл байгаагүй юм шиг ярьж болохгүй. Үгүйсгэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаггүй юм. Заавал үргэлжлэл дээр суурилсан шинэчлэл гэж байдаг. Үргэлжлэл дээр суурилахдаа алдаагаа ухаарч түүнийгээ давтахгүй, юун дээр онов гээд түүнийгээ баталгаажуулдаг хоёр баганан дээр явдаг. Ингэж явж байсан л даа.

Та харин сонгуульд ялагдсаныхаа дараа гэж байна. Би энэ сонгуульд ялагдсан шалтгааныг хэд хэдэн хүчин зүйлээс болсон гэж хардаг. Нам шинэчлэгдэж чадаагүй, хуучинсаг байсандаа ялагдчихсан гэж боддоггүй.

-Тэгээд юунаас болсон гэж?

-Хэд хэдэн шалтгааныг ярьдаг. Нэгдүгээрт, намд үүрэг хариуцлага хүлээсэн хүмүүсийн нэгдмэл байдал хангагдаж чадаагүй. Нэгдмэл байдал хангагдаж чадаагүй байхад түүн дээр дөрөөлж тодрох гэсэн улс төрийн тоглогчид олширсон.

-Нам дотроо юу?

-Нам дотроо. Бараг л намгүйгээр улс төр хийчих юм шиг байдал хэт газар авсан юм. Түүнчлэн нам хамаарахгүйгээр эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн тоглолтууд хүчээ авсан. Тиймээс бидний хүрэх зорилгод энэ бүхэн хамгийн том саад болсон. Намын шинэчлэл хийж байгаа бол үүнийг гаргахгүй байх арга хэмжээг авч, ийм байдлыг таслан зогсоох ёстой. Намынхаа дотоод зөрчил дээрээс ганцаарчилсан тоглолт хийж гарч ирэх гэсэн хүмүүс, эсвэл нам хооронд зөвшилцөж тэндээс нийтлэг улс төрийн эрх ашиг биш тодорхой улс төрийн эрх ашгийн төлөөх тэмцлээ дарж чаддаг болох хэрэгтэй юм. Үүнийг дарж чадах зоримог, нэгдмэл, хариуцлагатай үйл ажиллагаа руу орж чадвал Ардчилсан нам өөрийн хүчирхэг байдлаа сэргээж чадна. Миний хамгийн харамсдаг зүйл нь Засгийн газраа огцруулсан явдал. Огцруулах ямар шалтгаан байв, огцруулсныхаа дараа өөр улс төрийн тавцанд гол өрсөлддөг намтайгаа сонгууль угтсан он жилүүдэд хамтрахын төлөө явав гээд асуулт гарна.

-Танаас л асуучихмаар асуулт байна даа?

-Хамтарч засаг байгуулахын төлөө Ардчилсан намынхаа Засгийн газрыг унагасан. Түүнээс биш засаг уначихаад МАН-тай нэгдчихсэн зүйл огт биш. Энэ манай намын хамгийн буруу алхам болсон. Засгийн газар нь хэвээрээ, бид бүтээн байгуулалтаа үргэлжлүүлээд явсан бол үр дүн өөр байх ёстой байлаа. Гэсэн ч бид бүтээн байгуулалтаа улс төрөөрөө зөвтгөж чадаагүй юм. Тиймээс бидний хийсэн бүтээн байгуулалт ард түмэнд хамаагүй байлаа. Бүтээн байгуулалт иргэдэд хэдий өгөөжтэй байсан ч сонгууль гэдэг чинь улс төрийн харилцааны зүйл. Түүнээс бүтээн байгуулалтын сонгууль биш шүү дээ. Тэр цагаас хойш “Ардчилсан намынхан өөрсдийнхөө Засгийн газрыг унагаадаг”, “Өөр намтай нэгдэн албан тушаалын төлөө бүлэглэл болон явлаа” гэсэн бүхий л шүүмжлэл гарсан. Энэ үгийг нам дотроо хамгийн их ярьж байсан хүмүүс хувийн улс төрөө хийж чадсан. Сонгуулийн үр дүн ч үүнийг харуулсан. Миний юу гэж байгааг мэргэн уншигчид ухаад ойлгочихно.

Хоёрдугаарт, Сонгуулийн хуулийг өөрчилсөн нь манай намын том алдаа. Улс төрийн намууд сонгуульд орох “тоглоомын дүрэм”-ээ боловсруулан ордог. Гэтэл манай намынхан сонгуулиас хэдхэн хоногийн өмнө Сонгуулийн хуулиа өөрчилсөн. Та санаж байгаа бол “Үндсэн хууль зөрчсөн ийм зүйлд оролцохгүй” гээд чуулганы хуралдааныг би орхин гарч байсан. Жижиг тойргоор сонгуульд орно, ийм болгож чадна гэсэн улс төрийн намын мэхэнд л манайхан унасан байхгүй юу. Тухайн үеийн сөрөг хүчин үүнийг мэдэж байсан учраас нэг мандаттай тойргууд дээр МАН-ын бүх хүн дөрвөн жил ажилласан. Дөрвөн жил яаж ажилласан бэ гэдэг нь тодорхой. Тэдний хувьд ард түмний сайн сайхны төлөө хийсэн бүтээсэн бодлогоор оролцоогүй нь ойлгомжтой. Сонгуулиар АН-д санал өгсөн нийт сонгогчдын хувь 2012 оны сонгуулийг хувь хэмжээтэй ойролцоо байсан. Улс төрийн үнэлгээний үнэлэмжээр Ардчилсан нам 30 гаруй суудал авах л байлаа. Тиймээс ялагдсан гэдэг үгийг би гутранги хэлбэрээр хэлэхгүй. Сонгуулийн хуулийн гэнэтийн өөрчлөлтөөс болсон.

-Танай намын фракцуудын зөрчил, удирдах түвшний хүмүүсийн эрх ямбын төлөөх тэмцлээс болж ийм байдалд хүрсэн юм биш үү. Шинэчлэл эхэлж байна гээд байгаа ч сунгааны дараа байдал дээрдэх үү?

-Намын өмнө үүрэг хүлээсэн бид мэтийн хүмүүсийн ноцтой алдаа байхгүй юу. Үүнд намын жирийн гишүүдийн буруу байхгүй. Фракц эрх мэдлийн төлөө яваад эхлэхээрээ л бурууддаг.

-Өнгөрсөн он жилүүд ийм байдалд л үргэлжиллээ…

-Өнгөрсөн он жилүүд гэж урт хугацаанд ярьж болохгүй. 2012 оны сонгуулийн өмнө ч гэсэн фракцууд байсан. Тэд нийтлэг эрх ашгийн төлөө ойлголцоо бүрдүүлээд явж чадсан. Засгийн эрхийг бариад явж байхад “Бид болж байна” гэж бодохоосоо өмнө “Би болохгүй байна” гэж боддог хүмүүсийн үйл хөдлөл нь хурц болдог юм билээ. Үүнээс үүдэж фракц эрх мэдлийн төлөөх фракц болж хувирдаг юм байна лээ. Сүүлийн үеийн фракцууд нийтлэг эрх ашгийн төлөөх фракц биш. Фракцын өөрчлөлт нь эрх мэдлийн фракцын өөрчлөлт болж өөрчлөгдсөнтэй холбоотой. Ямар шинэ фракцууд, ямар шинэ нэр томьёонууд гарч ирсэн билээ. Эргээд санаарай. Одоохон бид үүнийгээ засах зайлшгүй шаардлагатай.

-АН-ын дарга бол танай намд үлдсэн цорын ганц албан тушаал гээд байгаа. Үүний төлөө фракцууд үхэн хатан тэмцэлдээд байгаа юм биш үү?

-Энэ бол албан тушаал биш. Албан тушаалын төлөөх фракцаас болж ийм байдалд хүрсэн. Түүнээс биш хамгийн том үүрэг хүлээсэн хүнээ л сонгох гэж байгаа процесс. Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдгээр дамжуулан Ерөнхий сайд болох хүслээр сунгаанд оролцож байгаа хүмүүс больчих хэрэгтэй. Харин намаа ялуулахын төлөө үүрэг хүлээсэн тийм л дарга ус агаар шиг хэрэгтэй байна. Ардчилсан намын дарга албан тушаал сонирхогчдоос биш үүрэг хүлээгчдээс багаа бүрдүүлэх ёстой. Энэ таван хүнээс хэн нь ч гарч ирсэн нөгөө дөрөв нь багийн бүрэлдэхүүнд байна л гэж бодож байгаа. Тэгж байх хүнээ голохгүй байх ёстой юм. Тэгж байх хүмүүс нь энэ марафонд оролцсон нь миний үүрэг гэж бод. Үнэхээр тийм сэтгэл харагдаж байгаа бол тэр хүнээ сонго. Тийм зүйл харагдахгүй байгаа бол манай намын гишүүд битгий сонго.

-Танд арай дөнгүүр нь хэн юм шиг санагдаж байна вэ?

-Шууд хэлэх боломжгүй. Миний энэ хүсээд байгааг хэн илүү хангаж байна вэ гэдгийг манай намын гишүүд уншаад шүүг л дээ. Бодоод хариугаа олог. Энэ нь чухал байхгүй юу. Шинэчлэл гэдэг чинь цоо шинэ зүйл биш. Шинэ зүйл гэдэг чинь сайтар мартагдсан хуучин зүйл шүү дээ. Сайн бодоорой. Манай намынхан сайтар мартагдсан тэр хуучин зүйлээ гаргаад ирээрэй.

-Залуучууд нь “Ахмадууд зайгаа тавь, зайлаад өг” гээд шууд ил цагаан хэлцгээх юм байна шүү дээ?

-Тэр залууст намын Их хурал хариуг нь өгчихсөн байх. Ингэдэггүй юм. Залуус гэдэг бол ахмадуудынхаа үргэлжлэл болон гарч ирдэг юм. Ахмадуудынхаа мэдэж байгаа, бодож буй түвшин рүү, сэтгэл рүү өөрсдөө хүрээд ир. Үүний дараа тэднийхээ залгамж болоод явдаг юм гэдгийг ойлгуулсан байх гэж бодож байгаа. Бүтээлч хүн юмыг засдаггүй. Шинээр хийдэг. Нэр дэвшигчид нь хөгшин залуу, шинэ хуучнаараа ялгараад бүтэхгүй шүү. Сунгаа эхэлснээс хойш “Хуучин торхонд шинэ дарс исгэдэггүй” гэдэг яриа сонссон. Харин би “Хагсаа нь гараагүй торхонд халбага айраг ч тогтдоггүй” гэж хэлмээр байгаа юм. Монголчууд эхлээд хагсааг нь гаргадаг байхгүй юу. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг байх аа. Ардчилсан намынхан саалиа хураахын тулд саваа зөв сонгох учиртай. Тиймээс тэдний хагсаа нь арилаагүй л байна.

-Энэ намд өнөөдөр амин чухал шаардлагатай шинэчлэл юу байх бол?

-Сэтгэлийн шинэчлэл хэрэгтэй. Хүний оюун санааг өөрчилнө гэдэг хэцүү. 1990 онд ардчилал ялж өмнөх үеийн бэлэнчлэх хэвшмэл сэтгэлгээг арилгаж, шударга тэгш боломжийг бий болгосноор би өөрөө өөрийнхөө амьдралыг авч явна гэдэг сэтгэхүйг суулгахад бэрх байсан. Гэхдээ хийж чадсан. Намаа шинэчилье гэж ярьж байгаа энэ үед манай гишүүдийн сэтгэлийн шинэчлэл хамгийн чухал. 1992, 1996, 2000 оны сонгуульд манай гишүүд ямар сэтгэлээр оролцдог байлаа. Тэр сэтгэл өнөөдөр үгүйлэгдэж байна. Түүнчлэн сонгогдсон бол хариуцлагаа хүлээдэг зарчим эргээд үйлчлэх ёстой. Энэ сэтгэлүүд хоорондоо маш сайхан уягддаг байсан юм. Ямар нэг өгөө авааны зүйл байсангүй. Бид ялуулчихлаа гэж байхад нөгөөх нь та нар намайг ялуулчихлаа гэдэг байв шүү дээ. Сэтгэлийн шинэтгэл хийгдсэн байхад энэ бүхэн хоёр талаасаа их сайхан уулзана.

-Зарим нэр дэвшигчид 20 мянган төгрөг өгье, надад саналаа өгөөрэй гээд яваа талаар мэдээлэл бий. Ийм нэг сэтгэхүй арилахгүй нь ээ?

-Ардчилсан намын энэ том шинэчлэлийг 20 мянган төгрөгөөр худалдаж авч болдоггүй юм. Хэрэв тийм хүн байгаа бол өөрөөсөө ичих хэрэгтэй. Нэрээ татах хэрэгтэй. Таны саналыг худалдаж авъя гээд ирж байгаа бол “Уучлаарай. Таны мөнгө надад хэрэггүй. Харин таныг ямар бодолтой хүн бэ гэдгийг мэдэж авлаа” гээд тэр мөнгийг нь буцааж өгөөд өөр сонголт хийх ёстой. Тийм болохоор л би сэтгэлийн шинэчлэл гэж дээр дурдсан юм шүү дээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН