Categories
мэдээ цаг-үе

Д.Арвинтай тооцоо бодох ажил эхлэв

Эдийн засаг таагүй энэ өдрүүдэд уул уурхайгаас гадна таг зогссон нэг салбар бол барилга. Барилгын компаниуд ташраараа зээлээ төлж чадахгүй, ам.долларын ханшийн галзуурлаас болж өчнөөн алдагдал, зардалтай зутруу байгаа. Бараг цугаараа шахуу зогсолт хийж, ажилчдаа тодорхойгүй хугацаагаар цалингүй амраагаад удаж байна. Хэтээсээ хэцүүдсэн барилгын компаниудаас Д.Арвингийн компанийг ганцааранг нь сугалж аваад АТГ-аар шалгуулаад эхэлчихлээ. Хэд хэдэн байрны газрыг барьцаалж зээл авсан, зарим иргэний ордерыг бас барьцаалсан гэж буруутгаж байгаа бололтой. Үнэн хэрэгтээ Д.Арвингийн хүүгийн толгойлдог ”Их өргөө” компани ганцаараа ингэж “том толгойлсон” юм биш л дээ. Тухайн үед хэрэгжиж байсан гэр хорооллыг барилгажуулах бодлогын хүрээнд олон арван компани өчнөөн айлын газрыг чөлөөлж, байр барьж өгөх гэрээ байгуулсны нэг нь эдний компани.

Эдийн засаг хямарч барилгын компаниуд таг зогсохоос өмнө орон сууцаа барьж газраа өгсөн гэр хорооллынхныг тухтай сууцанд оруулж, банкны зээлээ төлсөн нь ч бий. Д.Арвины компани шиг хэл амтай суугаа нь ч ганц, хоёроор тогтохгүй. Яг нарийндаа төрийн алдаатай, уялдаа, залгамжгүй бодлого л барилгын салбарыг ийм байдалд хүргэсэн. Өмнөх Төв банк барилгын салбарыг ажлын байр олноор бий болгодог, үйлдвэрлэлийг дэмжих том суурь гэж хараад найман хувийн зээл гэх мэт хөтөлбөрүүдээр дэмжсэн учраас овоо бүтээн байгуулалт өрнөсөн юм. Харин энэ засгийн үед ерөнхийлөгч нь солигдсон Монголбанк орон сууцны хямд хүүтэй зээлд учиргүй найр тавихгүй гэсэн бодлого барьж байгаа. Ийм шалтгаанаар ихэнх барилга борлуулалтгүй гээд зогссон, нэлээд хэсэг нь эхэлсэн ажлаа дуусгаж чадахгүй банкны хүүнд дарлуулж суугаа. Барилгын салбар ташраараа хэцүүдсэн шалтгаан ерөөсөө энэ.

Тэгэхээр Д.Арвингийн компанийг онцолж шалгаад эхэлснийг улс төрийн тооцоо бодож байгаагийн л нэг хэлбэр гэж харахаас өөр гаргалгаа алга. Засаг барьж буй МАН Д.Арвинтай тооцоо бодохгүй бол өөр хэнтэй ч тооцоо бодох билээ. З.Энхболдтой нийлж намаа муухай харагдуулж, бүр намынхаа хүнийг ялаад УИХ-ын гишүүн болж байсан хүн шүү дээ. УИХ-ын гишүүнээр ажилласан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар идэвхтэй байсныг нь хэлэх юм биш. Ингээд харахаар энэ удаагийн үйл явдал яалт ч үгүй улс төрийн золиос. Газраа барьцаалж зээл аваагүй компани барилгынхан дотор байхгүй. Хаа сайгүй л байгаа зовлон, гарцаагүй бодитой байдал.

Шаазгай алаад өлгөхөөр бусад шаазгай шавахаа больдог гэсэн айхавтар үг бий. Дэлгээд тавьсан ааруулнаас самардаад байдаг шаазгайнуудыг ингэж хашраадгийг мэдэхгүй монгол цөөн. Нэгийг нь алаад өлгөчихөөр нөгөөдүүл нь хий шаагилдахаас хэтэрдэггүй, аарууланд нь ойртохоо байдаг даа. АТГ-аас Д.Арвины компанийг шалгаж эхэлсний цаана ийм л утга, агуулга нуугдаж байна.


Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Хүрэлбаатар: Туулын эргийг арваад баян эзэмшиг, жирийн иргэд ч адилхан эзэмшье гэдгийг сурвалжлагаараа хөндсөн

Туул голын ай сав газрыг Монголын эрх мэдэлтэй, толгой баячууд бүхэлд нь авч, жирийн иргэд Туул голын орчим хөл тавих эрхгүй болсон тухай “Өдрийн сонин” онцолж, цуврал сурвалжлага хүргэсэн нь нийгэмд шуугиан болоод байна. Туул голын эрэг дагуу нөхцөл байдал ямар болсон талаар газар дээрээс нь сурвалжилсан “Балдорж” шагналт, “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах, тоймчдын албаны сэтгүүлч Э.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Та “Алтан туул, Алтан туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ” хэмээх цуврал сурвалжлага бэлтгэсэн. Сурвалжлага бэлтгэхдээ хэдэн өдрийг зарцуулсан бэ?

-Туул гол Хэнтийн нуруун дахь Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуур, Номингийн голоос эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгадаг. Ингэхдээ Хэнтий, Төв, Сэлэнгэ тэргүүтэй таван аймгийн 37 сум, нийслэлийн долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Монголын нэн ховор ан, амьтан, загас, жараахайтай тунгалаг сайхан гол эх авсан газруудаасаа урссаар нийслэл хотод ирж байгаа юм. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн цэнгэг сайхан устай голыг дагаж Тэрэлжээс эхэлж амралтын газрууд бий болсон байдаг. Улмаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо буюу Гачууртын голын хоёр талаар зай завсаргүй амралтын газрууд ажиллаж байгаа. Урсгал дагуу Баянзүрх дүүргийн товчооноос эхлээд Сонсголонгийн гүүр хүртэл голын хойд талаар барилгын хотхонууд, урд эргийн дагуух бүх газрыг сөөм ч завсаргүйгээр цөөхөн хэдэн хүмүүс буюу арав гаруй компани, аж ахуйн нэгж, улс төрийн нэр нөлөө бүхий хүмүүс зай завсаргүй авсан байгаа юм.

Энэ талаар сурвалжлахаар “Өдрийн сонин”-оос надад томилолт өгч гэрэл зурагчны хамт Туул голын эрэг дагуу дөрвөн өдөр явж, судалгаа хийсэн. Сонсголонгийн гүүрнээс голоо дээш өгсөн явж сурвалжлагаа бэлтгэсэн. Туул голын эрэг дагуу Сонсголонгийн гүүрнээс эхлээд өч төчнөөн барилга баригдаж байна. Сонсголонгийн гүүрний баруун талд “Элеганс” гээд нэлээн том, тансаг зэрэглэлийн хотхон баригдаж, барилгын явц бараг 90 хувьд хүрсэн байна лээ. Тэр хотхон наран шарлагын газар, амралтын бүс байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр хэсгээс эхлэн дээш өгсөхөд Туул голын эргийг тулгаад завсаргүй барилгууд бариад эхэлчихсэн байна. Зайсангийн гүүр орчимд баригдсан хэдэн арван хотхон бий. Зайсангийн бурхантай хөшөөний эсрэг талд “MCS”-ийн барилга баригдсан байгаа. Тус барилгыг голын эрэг дээр шороо асгаж хучилт хийгээд талбай засч байгаад барьчихсан юм билээ. Залгуулаад “Оюуны ундраа” группийн худалдааны төв, бар, рестораны зориулалттай том шилэн барилга бий. Түүний хажуугаар их том хашаа хашаалчихсан удахгүй барилгын ажил эхлэхэд бэлэн болсон байдалтай байсан.

-Тэгэхээр Туул голын эрэг тэр чигтээ эзэнтэй болчихсон юмаа даа?

-Туул голын эрэг дагуу хүн орох ямар ч зай завсаргүйгээр залгуулан хашаанууд үргэлжлэн барьсан байна. Үндсэндээ замын урд талаар улстөрчид, тэдгээр нөлөө бүхий хэдэн хүн хойд талаар цөөн хэдэн хөрөнгөтэй хүн авчихсан байна. Газраа барилгын ажилд хэрэглээд байдаг хоёр метр өндөртэй цэнхэр, саарал өнгөтэй хашаануудаар хашаалсан байсан. Эсвэл эвгүй гишгэвэл хүн сүлбүүлж мэдэхээр сараалжин хайсан хашаанууд байгаа юм. Иймэрхүү байдалтай Туул голын эргийг цөөхөн хүн хэдэн га-гаар нь хашаалаад авчихсан байна.

-Эзэн нь хэн гэдгийг мэдэх боломжтой байх юм уу?

-Эдгээрийг гаднаас нь хараад хэнийх вэ гэдгийг мэдэх боломж байхгүй. Харуул хамгаалалтынхантай нь уулзаад ч нэмэргүй. Бараг хамгаалагчид нь жинхэнэ эзнээ хэн гэдгийг мэдэхгүй. Дээрээс нь хууль хяналтын байгууллага болон МХЕГ, НМХГ-аас Туул голын эрэг орчмоор 2011 оноос хойш ямар ч шалгалт хийгээгүй юм билээ. Богдхан уулын захиргаа, Туул голын ай сав хамгаалах газар гээд төрийн байгууллагуудын мэргэжилтнүүд хүртэл тэнд хэн гэдэг хүн хэчнээн га газар ямар зориулалтаар авсныг мэддэггүй юм билээ. Мөн Нийслэлийн газрын алба болон Байгаль орчны яамнаас иргэн Бат тэнд тийм газрыг аялал жуулчлалын зориулалтаар авсан гэх бүрэн бус, тодорхойгүй мэдээлэлтэй сууж байдаг юм билээ. Гэвч бодит байдал дээр жирийн иргэнээр халхавчилж томчуудын авсан газрууд байгаад байдаг. Иргэн Бат гэдэг хүн нь юу хийдэг талаар судалж үзэхэд тодорхой эрхэлсэн ажилгүй байдаг. Тэгсэн мөртлөө ямар ч компани, мөнгөний эх үүсвэргүй хүн хэдэн зуун сая төгрөг гаргаж тэр газрыг хашаалаад авчихсан байдаг. Сонин байгаа биз. Үүний цаана юу байгааг, хэн байгааг төрийн байгууллагынхан мэдэхгүй байна гэдэг өөрөө асуудал дагуулж байгаа хэрэг. Зарим газрыг хашаалаад орхичихсон байдаг юм билээ. Эзэнгүй юм уу гэхээр хүмүүс байнга эргэж тойрч, тордож янзлаад байдаг. Ийм маягаар Туул голын урд эргийг арав хүрэхгүй хүн эзэмшээд авчихсан. Тэр хүмүүсийг судлаад үзэхээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн захирал эсвэл төр, засгийн өндөр албан тушаал хашиж байсан, байгаа сайд, дарга, бизнесмэнүүд байдаг юм.

-Туул голын эрэг дагуу газар олгож болдог юм уу?

-Би үүнийг судалсан. Хуульдаа тийм нарийн заалт байдаггүй юм байна. Туул голын эрэг дагуу гэхээр Усны тухай хуулийг бид үзэх ёстой. Дээр нь Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар Туул голын эрэг дээр 50 метрээс ойр зайнд аялал жуулчлалын чиглэлээр болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохыг хориглочихсон байгаа. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”. Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заагаад өгчихсөн байгаа. Гэвч дээрх хуулиудын нэг заалт битгий хэл бүгдийг нь зөрчөөд Туул голын эргийг хэдэн хүн эзэлчихсэн. Бүгд байшин, орон сууц, хотхон, худалдааны төв гээд олон жил ашиглагдах барилгууд барьж байна. БОАЖЯ-наас зарим нь аялал жуулчлалын зориулалтаар газар түр эзэмших буюу таван жилийн хугацаатай эрх авдаг ч хэдэн арав битгий хэл зуун жил ашиглах байшин сав бариад тохижсон байгаа нь тухайн хуулийг төдийгүй Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг анхнаасаа мөрдөхгүй, холбогдох албаныхныг хуурч, эсвэл хуйвалдаж газрын эзэмших эрхтэй болсныг илтгэхээр байгаа юм. Ингээд би Туул голын эрэг дагуу, онцгой болон энгийн хамгаалалтын бүсэд баригдсан, баригдаж байгаа барилгуудыг эсэргүүцэж, эздэд нь хандаж “Та нар хууль зөрчиж байна” гэж бичсэн. Барилгын тухай хууль, журам, дүрмийг зөрчсөн атлаа “Манайх хууль зөрчөөгүй ээ” гээд манай сонин руу албан бичиг хүргүүлж, хууль хяналтын байгууллагад хэд хэдэн компани, аж ахуйн нэгж гомдол гаргаад байна.

-Эдгээр иргэнд газрын зөвшөөрлийг хаанаас олгосон байдаг вэ?

-Ихэнхийг нь аялал жуулчлалын чиглэлээр ашиглана гэх үндэслэлээр Байгаль орчны яамны төрийн тусгай хамгаалалттай сав газрын хамгаалах газраас тодорхой хугацаатай эзэмшлийн газрын зөвшөөрөл олгосон байдаг. Ер нь Богдхан уулыг тойрсон газрыг аялал жуулчлалын бүс байгуулна гэдэг үндэслэлээр зөвшөөрөл олгоод тэр нь одоо дандаа орон сууцны барилга болсон байгаа. Яг л тэр жишгээр явсан байна лээ. Хуулиараа нийслэлийн газрын албанаас хууль бусаар хашаа баривал буулгадаг ч тэр хүмүүсийн газар дээр цагдаа, МХЕГ, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрынхан гээд аль нь ч шалгадаггүй. Эх сурвалжийн мэдээлснээр шалгуулдаг ч үгүй, шалгасан ч асуудал үүсгэдэггүй юм гэсэн.

-Таны сурвалжлагад иргэд Туул голын эрэг рүү орж салхилж, зугаалах боломжгүй болсон тухай гарсан байсан. Үнэхээр хаагуур нь ч орж болохооргүй болсон байна уу?

-Тэгэлгүй яахав. Тав, зургаахан жилийн өмнө иргэд Туул гол руу явахдаа Зайсан руу автобусанд суугаад л орчихдог байлаа. Туул голын эрэг дагуу хэн ч зугаалж болдог байсан. Тэгээд ч нийслэл хотын урд хэсгээр урссан Туул гол түүнийг дагасан бургастай шугуйтай учраас хүмүүс салхилж амрах дуртай байдаг юм. Зун болохоор нийслэл хотынхон бараг тэр чигээрээ Туул гол руугаа явдаг шүү дээ. Гэвч одоо Зайсангаас эхлээд Туул голын эрэг рүү очих ямар ч боломжгүй хашаалчихсан. Хойд талаар нь Монголын томоохон бизнес эрхлэгч “Номин констракшн”, “Хурд” группийнхэн барилга бариад хамгаалалт гаргачихсан байгаа. Хотхон нь том том хашаатай учраас түүгээр дамжиж Туул гол руу орох ямар ч боломжгүй. Голын урд талаар нь хүмүүс орох боломжтой байсан ч мөн л хашаалаад авчихсан байгаа. Харин Туул голын эрэг дагуу “Ард түмний талбай” гээд нэрлэчихсэн сөөм газар бий. Тэр нь Бөөгийн овоо буюу Бага тэнгэрийн амны эсрэг талд байрладаг. Тэр талбай дээр зун нийслэлийн иргэд очоод хөл гишгэх зайгүй болдог. Иргэд салхилан зугаалаад зориулалтын сүүдрэвчинд настай хүмүүс шатар тоглоод байж байдаг. Хажууд нь бага насны хүүхдүүдээ салхилуулаад хэсэг амардаг юм. Туул гол руу ингэж их хүмүүс очдог байхад нэр бүхий хэдэн компани газрыг нь булаачихаж, тэднийг хууль хяналтынхан цэгцэлж дийлэхээсээ нэгэнт өнгөрсөн юм бол ядаж газраасаа хасаад хүмүүст амрах ахиухан талбай гаргаж өгөх хэрэгтэй гэдэг санааг сурвалжлагадаа гаргасан.

-Сурвалжлагаараа өөр санал санаачилга гаргасан уу?

-Гэхдээ сурвалжлагаараа тэр хүмүүсийг барилгаа нураа, Туул голоос холд, хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж хэлэхийг хүсээгүй. Хамгийн гол нь Туул голын эрэг дагуу эрх мэдэл, албан тушаалтай хүмүүс очиж барилга барьж болж байгаа бол жирийн иргэд яагаад барилга барьж болдоггүй юм бэ. Энгийн иргэд, дундаж давхаргынхан барилга баримаар байна шүү дээ. Товчоор хэлбэл, Туулын эргийг арваад баян эзэмшиг, жирийн иргэд ч бас тэдэнтэй адилхан эзэмшмээр байна шүү дээ гэдгийг цуврал сурвалжлагаараа хөндсөн юм. Ер нь бол Туул гол хэдхэн хүний өмч биш. Цөөхөн хэдэн хүн тэр газрыг аялал жуулчлалын зориулалтаар гэх нэрээр төрийг ч, хуулийг ч, иргэдийг ч хуурч хашаалж авах нь буруу. Нийслэлийн сая гаруй иргэн Туул гол дээр очиж зун амралтаа өнгөрүүлмээр байна. Тэгэхээр эдгээр компаниас 20, 20 метрийн эргээс татаж иргэдэд зай талбай гаргаж өгмөөр байна. Хүмүүс тэндээ салхилж, зугаалдаг баймаар байна. Чадалтай нэг нь аятайхан, тухтай байшин бариад амьдраг. Хууль дүрэм хүмүүст эрх тэгш үйлчилдгийн адил тэндэх үйл ажиллагаа ч бүгдэд хүртээлтэй баймаар байна гэдэг утга санааг гаргахыг зорьсон. Туул голын эрэг, тэр тусмаа нийслэлийн урдуур урсаж байгаа хэсгийн ашигтай талбай нь яагаад эрх мэдэл бүхий хэдхэн хүний өмч болох гэж. Хууль, дүрмээ сахиж мөрдөж чадахгүй байгаа бол нийт иргэдэд эрхийг нь өг, хуваалц гэсэн санаа юм л даа.

-Сонсголонгийн гүүрнээс доош яагаад газар авдаггүй юм бол?

-Туул гол нийслэл хотод ирэхдээ сайхан тунгалаг байдаг. Гэвч Сонсголонгийн гүүрнээс доош ус бохирдолтой байдаг учраас барилгын компаниуд авахгүй байгаа юм. Сонсголонгийн гүүр орчимд Төв цэвэрлэх байгууламжийн бохир үнэр яаж үнэртдэг билээ. Дээр нь тэр хавиас Арьс, ширний үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн бохирдол Туул голд цутгаж Төв аймгийн Алтанбулаг сумын газар нутаг руу урсдаг. Ингэхдээ маш их бохирддогийг хүн бүхэн мэдэж байгаа байх. Энэ мэт бохирдлоос үүдэн Туул голыг дагасан сумд, орон нутгийн ард иргэд арьсны ямар нэг харшил, өвчтэй болж, мал нь хүртэл хордож эхэлсэн байгаа. Бүр Туул голын эрэг дагуу байрладаг сумд өвчлөл их байдаг гэсэн судалгаа тооцоо гаргасан байдаг юм билээ. Үүнтэй холбоотойгоор холбогдох газрууд “Арьс, ширний үйлдвэрийг нийслэлээс гаргая, Туул голын эрэг дагуу байрлаж байгаа архи, пивоны үйлдвэрүүдийг холдуулъя, Төв цэвэрлэх байгууламж бохироо цэвэрлэж чадахгүй байна” гэдэг ч үр дүнд хүрсэн ажил өнөөг хүртэл хийгээгүй л байна.


Categories
мэдээ цаг-үе

Л.Чинбат: Би улс төрд орохгүй, үр хүүхдэдээ ч улс төрөөс хол бай гэж захидаг

БОХИР ГЭДГИЙГ НЬ МЭДСЭЭР БАЙЖ УЛС ТӨРД ОРОХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.


-“Авьяаслаг монголчууд” шоуг чамгүй өндөр зардлаар хүргэсэн гэж дуулсан. Ирэх жил хийхгүй гэж шийдсэн нь зардал мөнгөнөөс болсон уу?

-Зардлын хувьд алдагдалтай ч оюуны үнэ цэнэ, өгөөжийн хувьд үнэлшгүй зүйл л дээ. Монголчуудын 87 хувь нь үзнэ гэдэг бол асар өндөр үзүүлэлт. Зардал мөнгөнөөс болж энэ шоуг хийхгүй гэж шийдээгүй. “Авьяаслаг монголчууд”-тай дүйхээр өөр контент оруулж ирэх гэж байгаа. Хоёр жил өнжөөд үргэлжлүүлэх бодол бий. Шоунд хөлс, хүчээ шавхаж ажилласан хүмүүсээ амраахаас гадна эдийн засгийн нөхцөл байдал ч өнжөөх шалтгаан болсон. Нийтээрээ хямарсан учраас ийм далайцтай контентыг санхүүжүүлээд явах боломж том компаниудын хувьд ч хэцүү болчихлоо. “Хас” банк, “Скайтел” шиг том компаниуд ивээн тэтгэсэн учраас л “Авьяаслаг монголчууд” шоуны ард гарсан.

-Ялагчийг сонгоход эргэлзэхээр олон авьяастан оролцсон шүү. Та хэнийг нь онцгойлж дэмжиж байв?

-Шижирбатыг онцгойлж дэмжиж байсан. Энэ залуугийн үзүүлсэн номер дуу дуулахтай адил биш, асар их хөдөлмөр шаардсан бүтээл.

-Нууц биш бол “Авьяаслаг монголчууд”-ын дараа оруулж ирэх контентоо сонирхуулаач?

-Хэд хэдэн хувилбар бий. Гэхдээ яг одоогоор тэр энэ гэж хэлэх боломж бол алга. Ер нь дэлхийн хэмжээний том контентыг оруулж ирэхэд нэг том асуудал байна. Студи түрээслэх их зовлонтой юм. Зарим нь хэт үнэрхэж хэдэн зуун сая төгрөг нэхнэ, өчнөөн зардал гаргаж хагас сар зүтгэж байж тайз босгочихоор нэг өдрийн дотор буулгаад гар гэнэ. Энэ мэт олон бэрхшээл байсан. Тэгэхээр цаашдаа студийн асуудлаа шийдэж байж том хэмжээний ажил хиймээр юм билээ.

-Саймон Коулын баг “Авьяаслаг монголчууд”-д хэр сэтгэл хангалуун байсан бэ?

-Ирсэн хүмүүс нь “Ийм нөхцөлд ийм чадварлаг түвшинд хийнэ гэж төсөөлөөгүй шүү. Азидаа дээгүүр орохоор чанартай хийлээ” гэж үнэлсэн.

-Мэдээж дэлхийн хэмжээний шоу учраас шаардлага стандарт өндөр байх нь тодорхой. Санаачлагчдынх нь зүгээс шаардлагаа тавихаас гадна, зөвлөгөө дэмжлэг үзүүлж байсан уу?

-Ийм байх ёстой гэсэн стандарт тавьснаас ингэ тэг гэж зөвлөгөө дэмжлэг үзүүлээгүй. “Яг ийм байх ёстой” гэсэн стандарт тавьчихаар тэрүүгээр нь явахаас өөр аргагүй юм билээ. Тийм учраас чанартай контент болсон байх. Манай хүмүүс ч их зүйл сурсан. Монголын телевизийн салбарт маш том шинэчлэл, юугаар ч үнэлшгүй тайзны соёлыг өгсөн. Хамтарч ажиллах, цагаа барих соёлд сургасан. Хийж байгаа зүйлийнхээ сайхныг мэдэрнэ гэдэг бас л гоё мэдрэмж. “Авьяаслаг монголчууд”-д ажилласан хүмүүсийн дараагийн хийх ажлынх нь эхлэл зөв тавигдана гэдэг миний хувьд том олзуурхал.

-“Монгол HD” телевиз “Монгол масс медиа”-тай нэгдэнэ гэж үнэн үү?

-Миний хувьд яг нарийн юмыг нь мэдэхгүй. Гэхдээ зарчмын талаас бол гадарлана. Хэвлэл мэдээллийн салбар эрүүл, үнэн бодит мэдээлэл хүргэдэг, санхүүгийн хувьд ивээн тэтгэгчдээсээ хамааралгүй болох хэрэгтэй. Энэ зарчмыг барья гэдэг үүднээс гарсан санаа л даа. “Монгол масс медиа”-тай ярьж байгаа зүйлс бий. Дамжуулагч кабелийн компаниуд үзэгчээс авдаг мөнгөнөөсөө уран бүтээлчдэд нэг ч төгрөг өгдөггүй. Харин одоо дэлхийн зарчмаа дагаж үзэгчээс авдаг төлбөрөө контент үйлдвэрлэгчидтэйгээ тэгш хуваах ёстой гэж үзэж байгаа. Өргөн нэвтрүүлгийнхэн хөрөнгө хөдөлмөр зарж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэтэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь хэн нэгэн авч цацсаныхаа төлөө бусдаас мөнгө аваад байдаг. Энэ байдлаас татгалзъя, орлогоо хуваах зарчимд шилжих ёстой гэсэн асуудал яригдсан. Хэвлэл мэдээллийнхэн ингэж байж л санхүүгийн хувьд бие даана. Ийм болж байж л соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлэх боломж нь бүрдэнэ. Үүн дээр нэгдээд хууль санаачлах гэх мэт ажлууд хийгээд эхэлсэн юм билээ.

-Таны эрхэлдэг бизнесүүдээс “Монгол HD” зардалтайдаа орох уу?

-Тэгнэ. Хамгийн их зардалтайд орно. Миний хувьд монголчуудаа эрүүл хүнсээр хангахын төлөө зүтгэж ирсэн. Гэтэл нөгөө талд оюуны хэрэгцээ гэж айхтар юм бий. Үнэн бодит мэдээлэл авч чадахгүй явна гэдэг түнэр харанхуй байна гэсэн үг. Харанхуйгаас гарах шийдэл нь ерөөсөө л бодитой мэдээлэл. Телевизийн салбарт хөрөнгө оруулаад яваагийн минь учир энэ. Би телевизийнхэндээ “Та нар жанжин шугамаа барих ёстой. Хэн нэгний халаасны хүн байж болохгүй” гэж хэлдэг юм. Хэнээс ч хамааралгүй, дарамт шахалтгүй хүн хэнээс ч юуг ч гүйцэд, тултал нь асуух зоригтой байдаг. Бие даасан үзэл бодолтой, зөв хамааралтай боловсон хүчин бэлдэхийн тулд би хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулдаг. Заавал “Монгол HD”-д ажиллах ёстой гэхгүй. Манайд ажиллаж байгаад өөр газар орсон ч эхлэл нь зөв тавигдсан хүн буруу тийш хазайхгүй. Энэ бол миний хийж буй хөрөнгө оруулалтын өгөөж.

-Цаашдаа сонин, сайт нээж медиа групп болох сонирхол бий юү?

-Зах зээл биднийг чирч явна шүү дээ. Өргөн нэвтрүүлэг цаашид тодорхой хугацаанд орон зайгаа алдахгүй орших байх. Гэхдээ дэлхийн жишгийг харахаар өөр чиглэл рүү ороод эхэлчихлээ. Тэгэхээр ирээдүйд бид зөвхөн өргөн нэвтрүүлгээ л хийнэ гэж суугаад байвал хөгжлөөс хоцорно. Телевизийн салбар өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа учраас хөгжөөд явах нь тодорхой. Сонин, сайттай болно гэсэн бодол бол байхгүй. Хэрвээ тийм бодол байсан бол аль хэдийнэ сонин, сайттай болчих байсан. Монгол HD үндэсний телевизийн үүргийг жинхэнэ утгаар нь гүйцэтгэж байгаа гэдэгт би итгэдэг. Телевизийнхэндээ ч “Монголын үндэсний телевизийн үүргийг Монгол HD гүйцэтгэж байгаа шүү. Монголын үндэсний телевизэд улс төр ордог, улс төрөөс тодорхой хэмжээнд хамааралтай байна. Та нарт тийм хамаарал байхгүй. Ийм учраас ард түмний жинхэнэ төлөөлөл болох ёстой” гэж байнга хэлдэг. Цаашдаа “Монгол HD”-гийн тодорхой хувийг олон нийтэд хувьчилж, жинхэнэ утгаар нь үндэсний телевиз болгох хүсэл, зорилго бий.

-Цаашдаа гэдэг нь хэчнээн жилийн дараа гэсэн үг вэ? Таны ярилцлагыг уншиж суугаа хүмүүст хувьцаагаа хэзээнээс зарах бол гэсэн хүлээлт үүсэх л юм байна…?

-Яг одоо төчнөөн хувийг нь зарна гэхээр хүмүүсийн халаас ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал, амьжиргааг хувьцаа авахаар хэмжээний болтол энэ телевизийг унагаачихгүй ажиллуулах нь миний үүрэг. Монгол HD гэсэн телевизийн тодорхой хувийг худалдаж авах чадвар иргэдийн олонхид бий болж, эрх ашгаа хамгаалуулах хэмжээнд ажиллуулаасай гэсэн хүсэл маань хэзээ нэгэн цагт биелнэ гэдэгт эргэлздэггүй. Түүнээс биш нэг хүнд, надад байхдаа гол нь биш л дээ. Олон нийтийн эрх ашгийг хамгаалдаг, олон нийт нь хөрөнгө мөнгөө оруулж аваад явдаг болох л миний зорьж байгаа чиг.

-Л.Чинбат гэдэг хүнд нэр цэвэр, хөлс хүчээрээ өдий өндөрлөгт хүрсэн гэсэн том давуу тал бий. Ийм шалтгаанаар таныг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх бодол одоогийн төрийн тэргүүнд бий гэх юм. “Монгол масс медиа”-тай “Монгол HD” нэр холбогдсон цаад шалтгаан нь энэ гэх мэтээр ярьж байна. Бодохоор оргүй мэдээлэл биш ч юм шиг…?

-Тийм юм байхгүй. Би улс төрд орлоо гэхэд хэн нэгэн хүний хүслээр шийдвэр гаргахгүй. Орохдоо тулбал өөрөө, хүсэл зоригоороо орно. Дайнд цэрэг мордож байгаа юм шиг шаардлага гардагтай адилхан нөхцөл үүсвэл улс орон, тусгаар тогтнолынхоо төлөө гэж бодоод орно. Түүнээс биш одоогоор улс төрд орох ямар ч бодол алга. Ахиад хэлэхэд амьдралыг минь миний өмнөөс шийддэг хүмүүсийн л гаргасан яриа болов уу.

-Ирэх сонгууль, магадгүй тэрний дараагийн сонгуулиар байдал яаж ч эргэх юм билээ. Хүний үзэл бодол, байр суурь өөрчлөгдөж болно шүү дээ?

-Таны хэлсэн хугацаанд улс төрд орно гэсэн бодол байхгүй. Хийж байгаа бизнес маань ирэх жилүүдэд Монголд хэрэгтэй. Хийе гэсэн бүхнээ хийж гүйцээгүй байна. Өнгөрсөн дөрвөн жилээ алдчихлаа. Өнөөдөр гээд ярихад л ахиад нэг жил алдах гэж байна. Ийм байтал эхлүүлсэн ажлаа дундаас нь хаяад явах утгагүй болчихож байгаа юм. Тэгэхээр миний хувьд бизнесээ сайн хийх нь л чухал байна. Ер нь тэгээд өөр өөрийнхөө ажлыг сайн хийвэл Монгол Улс ядах юмгүй хөгжинө шүү дээ.

-Таны хүүхдүүд улс төрөөс хол байдаг. Бизнесээ, санасан сэдсэнээ саад төвөггүй хийхийн тулд улс төрд орохоос өөр арга алга гээд хүүхдээ улс төрд оруулчихсан бизнесмэн цөөнгүй бий. Танд тийм бодол төрдөг үү?

-Бухимдал бол байна. Ганц надад биш, бүх ард түмэнд. Гэхдээ бухимдал байна гээд тийшээ давхиад орох бодол алга. Үнэндээ манай гэр бүлийн анхдагч хүсэл зорилгод улстөрч болъё гэсэн хүсэл, төлөвлөгөө байхгүй. Орох шаардлагагүй гэсэн зарчим барьдаг. Яагаад гэхээр улс төр үнэхээр бохир. Бохир гэдгийг нь мэдсээр байж тийшээ орохыг хүсэхгүй байна. Тийм ч учраас үр хүүхдэдээ улс төрөөс хол бай гэж захидаг.

-Гэхдээ танд улс төрд орооч гэсэн санал бол ирнэ биз?

-Байнга шахуу ирдэг.

-Намын томчуудаас санал тавьсан удаа бий юү?

-Юу гэж тийм хүмүүс надад санал тавих вэ дээ. Өөрсдөө болох гээд амь тавьж байгаа улс надад санал тавиад сууна гэж байхгүй шүү дээ.

-Улстөрчид дунд тулхтай мундгууд цөөнгүй бий. Таны хувьд энэ л сайн даа гэж бодож, харж явдаг улстөрч гэвэл хэнийг онцлох вэ?

-Би нам бус. Гэхдээ үзэл баримтлал, мөн чанар талаасаа зөв хүмүүсийг дэмждэг. Аль аль намд нь тийм хүмүүс бий. Гэхдээ тун цөөн дөө. Р.Амаржаргал суурьтай, боловсролтой, эдийн засгийн зөв хараатай. Нямдорж шударга, зоригтой хэлдэг цөөхөн улстөрчийн нэг. Сүүлийн үед Т.Аюурсайхан барьж авах ёстой асуудлуудыг зоригтой хөндөөд байх шиг. Хамгийн гол нь үнэн байгаасай. Өнөөдөр Монголд өөрчлөлт хийж чадах зоригтой хүн хэрэгтэй байна. Тийм хүнгүй бол энэ улс нурж унахад ойрхон болчихлоо. Энэ Засгийн газарт сэтгэл байна, харамсалтай нь чадвар, зориг алга. Зориггүй, эрс шийдвэр гаргаж чадахгүй хүмүүст итгэхэд хэцүү. Амьдрал дээр шийдэл гаргаж чадахгүй цаг алдаад байх юм. Янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийг итгэтэл нь дагуулаад өөрчлөлт хийгээд, ийм хэцүү байдлаас гараад ирэх чадалтай хүн л Монголд хэрэгтэй байна даа.

-Х.Баянмөнх аварга тэргүүтэй хэсэг бөхчүүд танд Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллах санал тавилаа гэж хэсэг шуугьсан. Хэр бодитой мэдээлэл вэ?

-Бодитой мэдээлэл. Саяын санал тавьсан аваргууд гурван жилийн өмнө ч бас надтай яг энэ асуудлаар уулзаж байсан юм. Тэр үед би “Одоохондоо ийм юм бодох зав алга байна. Хоёрдугаарт, та нар нөгөө талтайгаа учраа олчих. Учраа олсныхоо дараа энэ саналаа тавихад болохгүй юмгүй. Ийм маргаантай юм руу бол орохгүй” гэсэн хариу өгсөн. Энэ намар дахиад ирлээ л дээ. Миний хувьд хүндэлж явдаг аваргууд маань ирээд санал тавихад үгүй гэж хэлээгүй. Гэхдээ өмнөх үгээ хэлсэн. “Та нар учраа олооч ээ. 25 жил маргалдсаар өнөөг хүрлээ шүү дээ. Учраа олсны чинь дараа бөхийн холбоог тэргүүлэхэд татгалзах юм алга. Монголын ард түмний соёл, хүндэтгэл, хайрыг шингээсэн сайхан спорт. Бидний үүх түүх, соёл энэ спортоор дамжиж илэрч байдаг. Тэр утгаараа хүндэтгэж хандахаас аргагүй. Монгол Улсын зургаан аварга гарын үсгээ зураад хандана гэдэг түүхэн үйл явдал. Хэн хүнд тохиогоод байхгүй хувь заяа. Учраа олоод хурлаа хийчих, намайг сонгочихвол татгалзахгүй” гэсэн хариу өгсөн. Хоёр талаасаа учраа олчихоосой гэж бодож байгаа. Бүгдээрээ л энэ спортод элэгтэй, хайртай улс. Нэг тал нь хийсэн юмтай, нөгөө тал нь монгол бөхдөө амьдралаа зориулаад ирсэн улс. Миний хувьд яагаад учраа олдоггүйг нь ойлгодоггүй.

-Монгол гэдэг улсын соёл, түүхийн уламжлалыг тээгээд ирсэн энэ өвөрмөц спортын холбоог тэргүүлэх үүрэг танд ирвэл хамгийн түрүүнд юу хийх бол?

-Их спортод амжилт гаргах тулгуур нь ерөөсөө л үндэсний бөх гэж би хардаг. Тэгэхээр Монголын үндэсний бөх үеийн үед орших ёстой, байх учиртай спорт. Монгол бөхийн нэр хүнд сүүлийн үед маш их унасан. Хамгийн эхлээд ярих зүйл бол сахилга бат. Бөхчүүд янз бүрийн хэрэг төвөгт орооцолдож байна. Бас допингод нэр холбогдож байна. Монголчууд хүү төрвөл бөх болгоно гэдэг улс. Энэ сайхан спортоо авч үлдэхийн төлөө хийх хамгийн эхний ажил бол доппингоос нь холдуулах. Нэг нь чадал, хөлсөө шавхаж арав хорин жил хөдөлмөрлөөд юм авдаггүй, нөгөөх нь цөөхөн жил барилдаад доппинг хэрэглэж цол аваад байж таарахгүй л дээ. Энэ жилийн наадмаар нэг тоогүй зүйл анзаарагдсан. Хэтрүүлээд хэлэхэд, Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан улс хоёр тал болчихсон. Ийм байж болохгүй. Бүгдээрээ л монголчууд шүү дээ. Цөөхүүлээ байж дотроо хуваагдаад жалга довны үзлээр хандаад байж таарахгүй. Би Монголын үндэсний бөхийн холбоог тэргүүлбэл жалга довны үзэл, доппинг, даваа гүвээн дээр мөнгө төгрөг өгдөг байдлыг цэгцлэхийн төлөө ажиллана. Бас бөхчүүд барилдаж байгаагийнхаа хэрээр орлого олдог болох учиртай. Нэг барилдаанд орлоо гэхэд даваа бүр нь үнэлгээтэй болчихвол олон асуудал цэгцэрнэ. Олсон орлого нь амьдралд нь нөлөөлөхөөр болох ёстой. Монголын үндэсний бөх бол бие даагаад санхүүжээд явах боломжтой спортын төрөл.

-Таныг чөлөөт бөхийн холбоог тэргүүлж эхлэх үед бөөн хэл амтай байсан хэр нь, ажиллах хугацаанд чинь аятайхан болсон. Гэтэл тэнд өнөөдөр дахиад бөөн маргаан, үл ойлголцол дэгдчихлээ…?

-Намайг чөлөөт бөхийн холбоонд очиход ихэнх аваргууд тэнд барилддаг байсан. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аварга гэхэд наанаа таараад байгаа хэрнээ цаанаа таарахгүй байсан нь үнэн. Бөөн хэл амтай. Би нэг ч хүний хэл ам хэрүүлийг хүлээж аваагүй. Зөвхөн урагшаа харж л ажилла гэсэн. Сүүлдээ бүгдээрээ ойлголцсон л доо. Үр дүнд нь амжилт гарсан. Харамсалтай нь таны хэлсэнчлэн чөлөөт бөх буцаад өнөөх голдрил руугаа орчихлоо. Маргалдаад хуваагдаад эхэлсэн нь сайн зүйл огтоосоо биш.

-Үндэсний бөхийн холбоо танд яаж харагддаг бол. Танд энэ талаар хэлэх үг байгаа л байх…?

-Үндэсний бөхийн холбоо хэн нэгэн хүний өмч биш. Ард түмний бахархал болсон спорт. Р.Нямдорж гуай энэ спортод хувь нэмрээ оруулсан нь үнэн. Хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ одоо бусдыгаа ойлгох хэрэгтэй. Дахиад хэлэхэд Монголын үндэсний бөхийн холбоо Р.Нямдорж, Х.Баянмөнх гэдэг хоёр хүний хоорондоо тэмцдэг тэмцлийн талбар биш. Монголын ард түмний хүндэлдэг спорт. Тийм учраас тэд хувийнхаа эрх ашгийг хойш нь тавиад нийтийн эрх ашгийг өмнөө тавих ёстой. Энэ үгийг аль алинд нь танай сониноор дамжуулаад хэлье.

Үргэлжлэл дараагийн дугаарт

Categories
мэдээ цаг-үе

Монголын онгоцны билетийн шагчид биднийгээ яаж шулдаг вэ?

Лондонгоос Сингапур руу нисэхэд 295 евро буюу 783 мянган төгрөг бол Улаанбаатараас Сөүл рүү нисэхэд 2.6 сая төгрөг төлж байна

Та таксинд суухдаа нэг километрийг нь 800 төгрөгөөр тооцоод таван км газар явбал 4000 төгрөг өгч таарна. Түүнээс хол явбал аягүй бол өнөө таксины жолооч баярлан “Хол явж их мөнгө орууллаа” гээд км-ийг нь 700 төгрөгөөр тооцож урамшуулал маягийн юм үзүүлж мэднэ. Гэтэл өөр нэг таксины жолооч таныг суулгачихаад таван км явсны дараа 20 мянган төгрөг нэхвэл яах вэ. Нүд орой дээрээ гарч хэлэх үг олдохгүй, хэрэлдэх ч сөхөө төрөхгүй мэл гайхна биз. Тэгтэл манайд үйлчилгээ явуулж байгаа онгоцны билетийн кассууд яг иймэрхүү зарчмаар монголчуудаа шулж байна. Манайд Z24, МИАТ, Airmarket зэрэг салбартаа тэргүүлдэг билетийн касс олон. Тэдгээр кассуудтай холбогдож тасалбар захиалж үзлээ л дээ.

Сар гаруйн хугацааны дараа Улаанбаатараас хөдөлж БНСУ-ын нийслэл Сөүлээр дайраад АНУ-ын Нью-Йорк хот орох тийз захиалав.

Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн тийз энгийнээр хоёр талдаа 1167000-1207000, бизнес ангилал нь хоёр талдаа 2600000-2616000 төгрөгийн ханштай байна. Улаанбаатар-Сөүл-Нью-Йорк гэсэн чиглэлийн нислэгийн тасалбар энгийн ангиллаар хоёр талдаа 2375500-3545000 төгрөг байна. Харин бизнес ангилал нь хоёр талдаа 8250000-12284000 төгрөгийн үнэтэй байх юм.

Бид ерөөсөө онгоцны тасалбар гэдэг зүйл ийм үнэтэй байдаг байх нь, ер нь онгоцоор олон улсын нислэг хийнэ гэдэг чинь сар руу аялах дайны л хөрөнгө шаарддаг юм гэх мэтээр төсөөлдөг. Хуучин бол манайхан онгоцны тийз бичүүлнэ гэж бөөн юм болдог байв даа. Гүйж очоод нислэгийн компанийн онгоц хөөрөх цаг, үлдсэн суудал зэрэгт зохицуулан өөрийнхөө нисэх хугацааг тогтоолгодог байлаа. Үүнээс болоод онгоцны тийз бичүүлнэ гэдэг асуудал яагаад ч юм “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёны цол зэрэг нэмэх гэж Их хүрээг зорьж байгаатай адил хэцүү хүнд даваа гэдэг сэтгэхүй суучихсан. Энэ сэтгэлгээгээрээ зах зээлийн нийгэмд шилжээд хорь гаруй жил болчихсон ч онгоцны тийз гэдэг зүйлийг их л том үйл явдал мэтээр хүлээж авсаар ирлээ. Тийм ч болохоор онгоцны тийзийн захиалгын кассуудын хэлсэн үгэнд ороод юу дуугарнав, тэр тоонд нь захирагдаад билетээ дуугүй авчихдаг. Гэхдээ аль болох эртнээс олон сарын өмнөөс захиалбал хямд тусдаг, бас ирж очих билетээ нэг газраас захиалбал бүр ч хямдардаг гэдгийг өнгөрсөн хугацаанд мэдэж авсан нь болж дээ.

Гэхдээ гадаад дотоодод ажил төрлөөр нисдэг буюу онгоцны байнгын зорчигчдын хувьд ямар билетийн кассанд хандаж, ямар сайтуудаар тасалбар худалддаг, хэзээ яаж захиалж, ямар чиглэлээр нисвэл хямд үнээр нисч болохыг мэддэг болчихсон. Ингэж өөрийн тийзийг хэл усны мэдлэг, боловсролынхоо хүчээр хямдхан олж авдаг нь тийм ч олон биш шүү дээ. Хөдөөний малчин, аймгийн төвийн эмч АНУ-д суугаа хүү дээрээ очихоор болбол Монголд байгаа онгоцны тийзийн касс дээр очиж л тасалбараа авна. Хэрэвзээ цаг нь тулчихсан байвал билетийн кассынхны аманд нь багтаад л хэдэн төгрөгийн ч үнэтэй бай хамаагүй тийзээ өвөртлөөд Америкийг зорьж таарна. Аз болж Америкт байгаа хүү нь тэндээ идээшчихсэн, хэл ус нь сайн, сэргэлэн бол аав ээжийгээ хэзээ яаж хаанахын онгоцоор авчрахаа мэдэх учир тийзийн асуудлыг нь эртнээс хямдаар зохицуулчихаж дөнгөх байх л даа.

Улаанбаатараас БНСУ-ын нийслэл Сөүл хот ороход 1990 км. Улаанбаатараас Баян-Өлгий аймгийн төвөөс цааш Сагсай сум орох дайны замыг туулахдаа бид билетийн кассуудад багаар бодоход ирж очихын 1167000 төгрөг, ихээр бодоход 2616000 төгрөг өгч байна гэж ойлгох нь.

Юу ярина вэ энэ чинь, олон улсын нислэг, үйлчлүүлэгч цөөн, зах зээл нь хумигдмал учир цөөн тооны эдгээр онгоцны тийзийн кассууд чинь харин ч аль болох уг салбараа авч явах гэж мэрийж, боломжоороо л ажиллахыг хичээж байна гэж хэлж мэдэх юм л даа. Гадаад хэл мэддэг, цахимаар захиалга өгч чаддаг, интернэтийн орчинд гайгүй сэргэлэн ажиллачихдаг нөхдүүд л үнэндээ энэ тийз захиалгын ажлыг хийгээд сууж байгаа шүү дээ. Тэднийг хэл мэддэгээрээ түрий барьж монголчуудаа шулж байна гээд хэлэхэд буруудахгүй. Уг нь хэл мэддэг нь өнөөдүүлдээ тусалдаг нь бидний эртний ёс заншил сан. Тэгтэл мэддэгээрээ мэддэггүйгээ дээрэлхээд ч байгаа юм шиг толгойг нь эргүүлж онгоцны тийзийг ингэж ч дамлах гэж.

Лондонгоос Сингапур руу нисэхэд 10841 километр зам туулдаг бол Улаанбаатар Сөүл хоорондоо 1990 километрийн зайтай.

Бид Улаанбаатараас Сөүл рүү онгоцоор нисэхийн тулд 1167000-2616000 төгрөг зарцуулж байна. Гэтэл Лондонгийн иргэд Сингапур руу ирэхийн тулд 10 мянган км замыг онгоцоор туулсныхаа төлбөрт ирж очихын 295-425 евро буюу 942880-1205824 төгрөг өгч байна. Бид Лондонгоос Сингапур руу нисэх 10 мянган км замын зардлыг нийслэлээсээ Сөүл хүрэхийн хороонд өгчихөж байна гэж тооцоолж болж байна.

Монголчууд дэлхийн зах зээл дээрх үнээс тав дахин өндөр үнээр онгоцоор нисч байгаа гэсэн үг. Лондонгоос Сингапур руу 12 цаг нисээд буусныхаа дараа “Хөөх энэ чинь юу болж байна аа. Лондонгоос Сингапур руу 295-хан еврогоор ирчихлээ гэж үү” хэмээн Сингапурын нисэх онгоцны буудалд дуу алдан Монголд байгаа тийзний шагчдыг бодоод толгой сэгсрэн зогссон хүн байвал тэр чинь монгол л хүн байсан байж таараа.

Чукчаг цагдаа нар алтны хулгайд сэжиглээд алтаа хаана нуусныг нь орчуулагчаар дамжуулан асуудаг. Тэгтэл чукча юу гэж алт нуусан газраа хэлэхэв. Ууртай байцаагч хөмсөг зангидан “Алтаа хаана нууснаа хэлэхгүй бол чамайг буудлаа” хэмээн хэлснийг орчуулагч нь дамжуултал хөөрхий муу чукча “Би алтаа майхны хойно газар ухаад нууснаа хэлэхгүй” гэдэг. Энэ үгийг сонссон орчуулагч нь “Энэ хүн алт нуусан газраа хэлэхгүй гэнэ ээ” гэтэл ууртай байцаагч чукчаг буудаад унагачихдаг тухай онигоо бийсэн. Яг л үүнтэй адил

гарна” гэв.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас нийт 59 архи, спиртээс дээж авч, шинжилгээнд хамрууллаа. Үйлдвэрийн технологийн уснаас дөрөв, спиртээс 13, архинаас 42 дээж авсан. Үйлдвэрийн технологийн дөрвөн дээж стандарт хангасан гэж гарсан. Спиртийн 13 дээж мөн шаардлага хангасан.Урьдчилсан байдлаар архинд ямар нэг стандартын зөрчил гараагүй гэж үзэж байна. Мөн тухайн нас барсан хүмүүсийн цуснаас ч этилийн спирт илрээгүй. “Найрсаг” архины хувьд хатуулгийн хэмжээ хүрээгүй гэж дүн шинжилгээгээр гарсан. Гэхдээ энэ нь хүний аминд хүрэх асуудал биш. Урьдчилсан байдлаар “Гайхмаараа” шил арчигч шингэнийг ууж хэрэглэсэн байх магадлалтай гэх дүгнэлт гаргаад байна. Архи, спиртэнд хийсэн шинжилгээний талаар тодруулж хэлбэл, спиртийн 13 дээж 100 хувь MNS1782014 стандартын шаардлагыг хангасан. Мөн 42 архины дээжийн 85.7 хувь нь MNS1792000 стандартын манай онгоцны тийзийн кассууд хэл мэддэг, тийз захиалж чаддаг, интернэтэд гайгүй ажиллачихдагаар элэг барин монголчуудаа дээр өгүүлсэн чукчатай зүйрлэн өндөр үнэтэй тийзээр “зумлаж” байна.

Тэгтэл дэлхийн жишгийг анзаараад байхад онгоцоор нисэх тасалбар шиг хямд зүйл үгүй гэдэг нь Лондонгоос Сингапур руу нисэх онгоцны тийзийн үнээс л харагдаж байна. Баруунд хүмүүсийн хувьд онгоцоор нисэх нь цаг хэмнэх л шидтэйгээс биш үзэж харах зүйлгүй, элдэв хор нөлөө, гэнэтийн учрах аюул их зэргээрээ зорчих дуртай тээврийн хэрэгслүүдийнх нь адагт тооцогддог юм билээ.

Онгоцоор нисэх, таксигаар явахыг хооронд нь жишиж боломгүй ч ямар ч хүн бодсон ижил тээврийн хэрэгслээр ижил зайнд ижил хурдаар явсан хүмүүс хоёр өөр төлбөр өгнө гэдэг чинь яав ч шударга зүйл биш. Хэл ус мэддэг, гадаад харилцаа холбоо сайтай хүмүүс нь билетийн касс ажиллуулаад элэг нэгтнүүддээ хямдхан тасалбарыг үнэ хүргэж зарах нь бас л шударга бус үйлдэл. Сингапурын иргэд Лондонд 10 мянган км замыг онгоцоор туулахдаа 295-хан евро төлж байхад яагаад бид энүүхэн энд байдаг Сөүлд онгоцоор буусныхаа төлөө 2.6 сая төгрөг төлж байгаа юм. Энэ чинь тэгээд ариун явдал уу, манайхаан. Энэ шударга бус үйлдэлд холбогдох газрууд нь анхаарал хандуулж, хохирч байгаа иргэдээ өмгөөлөх цаг нь аль хэдийнэ болчихсон байна.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг МАН-ын бүлгийн гишүүд өргөн барьсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй хэмээн тус намын бүлэг үзсэнээр хууль санаачлагчид нь буцаахаар боллоо. Таны хувьд эхнээс нь уг хуулийн төслийг эсэргүүцэж байсан шүү дээ. МАН-ын бүлгийн байр суурийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Энэ хуулийг баталлаа гэж бодоход Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах байсан гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж ирсэн. Хэн ч хамаагүй жирийн иргэн ҮХЦ-д гомдол гаргахад энэ хууль унах байсан юм. Өмнө нь Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд бүлгийнхээ ажлын хэсгийг ахалж байсан. Дараа нь АН, МАН-ын гишүүд хамтраад “Энэ хуулийг баталъя” гээд оруулж байсан юм. МАХН-аас Д.Тэрбишдагва, МҮАН-аас Н.Батцэрэг нар ажлын хэсэгт орж байлаа. Тухайн үед “Ёстой сайн хууль боллоо” гээд бүгдээрээ л ам уралдан ярьцгааж байсан биз дээ. Харин би “Энэ хуулийг баталж болохгүй ээ. Парламентын сонгуулийг хүчээр хийж магадгүй. Орон нутгийн сонгууль явлаа гэхэд Ерөнхийлөгчийн сонгууль нэлээд юм болно доо” гэдгийг хэлж л байсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг өөрчлөх нь зөв. Гэхдээ хуулийн дагуу л орж ирэх ёстой. Яагаад гэхээр өнгөрсөн жил Сонгуулийн нэгдсэн хууль гэж баталсан хэрнээ энэ удаа Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Гэсэн ч Сонгуулийн нэгдсэн хуулийг хүчингүй болгох ямар нэгэн зүйл орж ирээгүй. Сонгуулийн нэгдсэн хуулийг хүчингүй болголоо гэхэд УИХ, орон нутгийн сонгууль хуульгүй болох юм. Тиймээс шинэчилсэн найруулгаар оруулж ирэх ёстой байв.

Нэг үгээр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль гэсэн гурван хуулийн төсөл орж ирэх ёстой байтал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль гэсэн ганцхан төслийг оруулж ирсэн юм. Харамсалтай нь одоогийн хуулийн гуравны нэгийг нь хүчингүй болгох заалтаар оруулж ирсэн. Техник ажлыг нь харахаар алийг нь хүчингүй болгох вэ гэдэг асуулт гарсан. Ц.Нямдорж гишүүний 78 зарчмын санал бусад гишүүдийн хэлээд буй 70 санал гээд 148 саналыг баталлаа гэж бодоход Сонгуулийн нэгдсэн хуулийг яах вэ гэдэг асуулт гарч ирнэ.

Нүдээ аниад дуртай дуртайгаа хүчингүй болгоод явах байсан уу. Ийм юм байхгүй. Тиймээс энэ бүхэн улстөржсөн шийдвэр байгаагүй, цэвэр хуулийн асуудал байсан. Энэ хуулийн гуравны нэгт нь нэмэлт, өөрчлөлт оруулахаар уг хууль чадамжгүй болох тул эмх замбараагүй байдал үүсэх байлаа. МАН-ынхан үүнээс айсан. Түүн дотор байгаа заалт бүрийг шүүгээд үзэхэд маш түвэгтэй байдалд хүрэх байсан юм. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, З.Нарантуяа нар хуулийг өргөн барьсан.

-Таныг хуулийн төслийг өргөн барьсан гээд таны зураг хөрөг хүртэл яваад байсан даа?

-Би өргөн барилцаагүй ээ. Юу гэж өөрийнхөө өргөн барьсан хуулийг эсэргүүцдэг юм. Тэр хуулийн төслийг би өргөн барилцаагүй байхад өргөн барьсан гээд гүтгэж байгаа нь тухайн хүний ёс зүйтэй холбоотой. Би чинь эрүүл ухаантай хүн байна даа, арай ч дээ бас. Өөрөө хуулийн төсөл өргөн барьсан бол түүнийгээ эсэргүүцнэ гэдэг маш тэнэг үйлдэл. Би тийм хүн биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль 103 заалттай. Гэтэл 148 нэмэлт өөрчлөлт оруулах санал гарчихсан. Хуульд 50-иас дээш хувийн өөрчлөлт орвол шинэчилсэн найруулга буюу шинэ хууль орж ирдэг. Энэ нөхдүүд хуулийн усыг нь шүүсэн гэж яриад байгаа. Үнэндээ хуульд “Ус шүүнэ” гэдэг хэллэг байдаггүй. Зарчмын зөрүүтэй саналаар өөрчилсөн, өөрчлөөгүй л гэж бий. Ажлын хэсэг гарч хуульд нэмэлт, өөрчлөлт хийдэг. Гэхдээ өргөн барьсан хуулиасаа давсан нэмэлт, өөрчлөлт гэж байдаггүй. Ийм утгагүй зүйл явсан байхгүй юу.

-Үндсэн хуулийн Цэц дээр очоод унах нь тодорхой байсан юм бол МАН-ынхан үүнийг мэдэхгүй өргөн барина гэж баймааргүй юм даа…

-МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших байсан хүнээ санаатайгаар хорлох гэж байсан юм болов уу гэж харж байлаа. “Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан болгон дайсан биш”. Хуучин хуулийг засах ёстой гэвэл засах ёстой. Засахдаа хуулийн хүрээнд дэгийнхээ дагуу явдаг болохоос дургүй хүнээ хорлох гэж байгаа юм шиг ийм зүйл хийх гэж байсан юм. Сонгуулийн өмнө тавдугаар сард энэ хууль ҮХЦ дээр очоод хүчингүй болох нь тодорхой. Цэцийн гишүүд чинь хуульчид. Ингээд хүчингүй болсон үед ямар хуулиар сонгууль явах вэ гээд ойлгомжгүй байдал үүсэх байв. Ноцтой биз. АН, МАН, МАХН-аас нэр дэвших гурван хүний хуулийн маргааны үед яах вэ гэдэг асуудал үүснэ. Хууль бус зүйлийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. “Төрийг бужигнууллаа” энэ тэр гээд манай Ц.Нямдорж гишүүн арай дэндүү улстөрждөг хүн. Ц.Нямдорж гишүүний хувьд хуульч, ахмад хүн гээд хүндэлмээр зүйл байдаг ч хүнийг нь заримдаа шүүмжилмээр санагддаг. Өмнө нь Х.Тэмүүжин хуулийн төсөл өргөн барихад нь би нэхэж шаардаад байхад “Баасанхүү гэдэг хүн бүтэн сар УИХ-ыг бужигнууллаа” гээд хүний нэр төрд халдаад байхаар нь “Ард түмэн харж байгаа даа” гэж бодоод л өнгөрсөн. Тиймээс ард түмнээрээ тоглох хэрэггүй л дээ. Одоогийн буцсан энэ хуулийг ч гэсэн хууль дүрмийнх нь хүрээнд ярьж байгаа юм. Ирээдүйд болох аюулаас нь сэрэмжлүүлсэн.

-Гэхдээ МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхэд таныг ганцаарчилсан шоу хийгээд байна гэдгийг байнга шүүмжилж ирсэн. Уг нь МАН-ынханд ашигтай биш бүх нэр дэвшигчдэд хэрэгтэй хууль байсан гэсэн. Таныг мөн хуулийн төсөлд санал оруулах гэж зүтгэсэн ч ороогүй болохоор тэглээ гэх юм…

-Тийм зүйл огт байхгүй. УИХ-ын гишүүн зарчмын зөрүүтэй санал бичгээр гаргадаг. Ажлын хэсгийн ахлагчид ганц санал бичгээр өгсөн ч тэд дэмжээгүй. Бид “суудал бүхий нам” гэдгээ тодорхойлох ёстой. Тодорхойл гэдэг нь бүлэгтэй бол бүлгийн шийдвэр, бүлэггүй бол гишүүдийн шийдвэр байх ёстой гэж зарчмын санал оруулсан юм. МАН-ынхны дэмжсэн санал бүр нь хууль зөрчсөн. Тухайлбал, “суудалгүй нам хамтарч биш дэмжиж оролцоно” гэдэг заалтыг өргөн барьж, ажлын хэсэг нь суудалгүй намд хамааралгүй гээд аваад хаячихсан. Парламентад суудалгүй намууд чинь “Сонгуульд ямар нэгэн байдлаар оролцох эрхийг боогдууллаа” гээд Цэцэд хандана. Нэр дэвшүүлэх эрх нь суудалтай намд хамаатай болохоос улс төрийн эрхийг нь хаагаагүй.

Тэд хамтраад юм уу, дэмжээд явъя гэхэд “Энд ямар заалт алга” гээд явах болсон тул Цэц дээд унах л байлаа. Энэ мэтчилэн зүйлс бий. Манай гишүүд “Баасанхүү улстөржлөө” гээд яриад байх юм.

Үнэндээ бол улс төрийн албан тушаалтан ажлаа л хийж байгаа юм шүү дээ. Бодитой зүйлийг байгаар нь ярьж байна. Чуулганы хуралдааныг сурвалжилдаг сэтгүүлчийн хувиар та харж л байгаа байх. Би бүр сүүлдээ санаа зовоод хамгийн сүүлд асуултаа асуудаг юм бил үү гэж бодох болсон. Энэ гишүүд чинь хууль хэлэлцэхээ болиод миний үгийг хэлэлцдэг болчихлоо. Миний хэлсэн үгийг “Буруу байна, муу байна, муухай байна” гээд дайрдаг. Би яагаад заавал тэдэн шиг сэтгэх ёстой юм бэ. Хувь хүн гэдэг утгаараа би алдаатай, буруу зүйл ярьж болно. Энэ чинь хуульд байгаа нэг санал. “УИХ-ын гишүүн үг хэлэх, хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх” гээд хуультай юм байгаа биз дээ. МАН-ынхан миний үгийг биш хуулиа хараад ярь л даа. Ерөөсөө намайг амлаад авчихсан юм шиг л байдаг боллоо. “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг Баасанхүү шоудсаар байгаад буцаалгачихлаа” гээд шал худлаа мессэжийг МАН-ынхан тараагаад байх юм. Надаас болоод буцаачихсан юм биш. Өөрсдөөсөө болоод буцсан. Энэ хууль МАН-ынхны маш том хагарлыг харуулсан. Тэдний намаас хэн нэр дэвших гэж байгаа билээ. Тэр хүндээ зориулсан торхтой дарь бэлдсэн юм. Хүчээр хуулиа батлаад явсан бол энэ торхтой дарь сонгуулийн өмнө дэлбэрэх байсан. Хохирлыг нь хэн амсах юм. Нэр дэвшигч нь шүү дээ. Би хэн нэгний талд биш хуулийн талд л байгаа. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан Н.Энхболд гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өргөн барьсан. Энэ хүн одоо хаана байна. Сүүлийн үед сураггүй болж байр суурь илэрхийлэхгүй байгаа биз дээ. Хэдэн залуу гишүүдээрээ бамбай хийгээд алга болчихдог. Н.Энхболд гишүүн өмнө нь ажлын хэсэг ахалж байхдаа яагаад муу хууль баталсан юм. Одоо яагаад сайн хууль гэж яриад байгааг хэн ч асуудаггүй. Хоорондынхоо зодоон, хэрүүлд намайг битгий хавчуулаад бай гэж хэлмээр байна.

-Ерөнхийлөгчийн сонгууль Сонгуулийн нэгдсэн хуулиараа явах байх тийм үү?

-Тэгэхээс өөр ямар ч арга байхгүй. Одоо сонгуулийн тов зарлах тогтоолын төслөө оруулж ирэх ёстой. -Парламентад суудалтай гурван нам, нэг бие даагч УИХ-д суудал авсан. Гурван нам ч яахав хүнээ илгээчих байх. Бие даагч гишүүн С.Жавхлан өөр улс төрийн намтай хамтарч хүн нэр дэвшүүлэх эрхийг хаалаа хэмээн мэдэгдсэн дээ?

-МАН-ын 65 гишүүний 20 нь 20 өөр намд ороод хүн нэр дэвшүүлэх хэр боломжтой вэ. Боломжгүй шүү дээ. Бие даагч байх эсэх нь хэнд ч хамаагүй. Улс төрийн намд иргэд санал өгдөг. Тэр саналаар төр бариулах шийдвэр гаргадаг. Саналынх нь хэмжээгээр төрөөс санхүүжилт өгдөг. Суудал бүхий гэдэг үг чинь их хурлын гишүүн гэдгээрээ бус намын оролцоотой байх юм. Өөрөөр хэлбэл, би намаасаа гарч өөр намд орж болно. Гэхдээ МАХН суудал бүхий нам хэвээрээ байна. Учир нь ард түмэн энэ намыг сонгосон байхгүй юу. С.Жавхлан гишүүн өөр намд орж болно, болохгүй гэдэг нь тэр хүнтэй холбоотой яриад байгаа юм биш.

Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль, бусад хуулиудын аргачлал нь энэ. Харин суудал бүхий нам суудалгүй намтай хамтарч болно. Үндсэн хуулиар суудалгүй нам суудалтай намтай хамтрах эрх нь бий.

-Та сонгуулиас өмнө МАН-ынхны торхтой дарийг устгаад өгсөн юм байна гэж ойлголоо. Энэ хүмүүс танд талархлаа илэрхийлэх юм уу?

-Тэр хүмүүсийн ёс суртахууны асуудал. Бүх намд зөв хүн, бүх намд буруу хүн байна. Зөв хүмүүс нь нэг талдаа гарч энэ улсыг хөгжүүлээсэй гэж хүсдэг. Улс төрд олон нүүр хэрэггүй, нэг л нүүр хэрэгтэй. Ард түмэн нэг нүүрээр нь л үнэлдэг.

-Хэдхэн сарын дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Зарим намуудын нэр дэвших хүн тодорхой гэх юм. Танай нам хэнийг өрсөлдөөнд оруулах гэж байна вэ?

-Намууд ямар хүнийг нэр дэвшүүлэх нь тэдний эрх. Би “МАХН заавал хүн дэвшүүлэх ёстой” гэдэг хатуу байр суурьтай байгаа.

-Тэр нь хэн юм бэ?

-Н.Энхбаяр дарга дэвшвэл сайн. Би Н.Энхбаяр даргыг битгий дэвш гэж байгаа юм биш. Гэхдээ хуулийн гарц, боломж, улстөрчдийн дарамт, шахалтаас болоод дэвшүүлэхгүй боллоо гэвэл өөрийнхөө оронд өөр хүнийг дэвшүүлэх ёстой. Ард түмэн манай намыг суудалтай болгож өгсөн болохоор тэдний өмнө хариуцлага хүлээгээд сууж байгаа. Биднийг суудалтай болгож өгөөч гэж сонгуульд орчихоод суудалтай болоод “Бид больё” гэж болохгүй. Манай намд гурван боломж бий. Нэгдүгээрт, АН юм уу МАН-тай хамтраад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болно. Ил тод ард түмэнд үүнийгээ хэлэх хэрэгтэй. Эсвэл дангаараа хүнээ дэвшүүлж болно л доо. Эс бөгөөс суудалгүй намуудыг цуглуулж байгаад дундаасаа нэр дэвшүүлэх хэрэгтэй. Трамп, Путин шиг хэнийг ч байж болно. Харин ямар ч алхам хийхгүй бол улс төрийн нам гэдэг байр сууриа алдаж байгаа хэрэг. Хэрэв ингэж боломжоо ашиглахгүй гэвэл би улс төрийн өөр сонголт хийх магадлал үүснэ.

-Өөр сонголт оо. Та намаа солих гэж байгаа юм уу?

-Хатуухан хэлэхэд би намаа солих уу гэдэг дээр тулна. Би биш бол хэн ч биш гэж болохгүй гэж байгаа юм.

-Н.Энхбаяр дарга нэр дэвшвэл сайн гэлээ. Гэхдээ Эрүүгийн хуулиар ялтайд тооцогдох хугацаа нь дуусаагүй?

-Улсын дээд шүүх нэр дэвших боломжийг нь олгосон. Өршөөлийн хуулиар Эрүүгийн хуулийн 75 дугаар зүйлийг хүчингүй болгосон. Хууль нэг л тайлбартай байдаг. Монгол Улсад ганц хуульч байдаг юм биш. Ядаж байхад тэр нь Ц.Нямдорж биш. Хэдэн мянган хуульч манайд бий. Тэд 78 дугаар зүйлийг хүчингүй гээд байхад уг зүйлийг хэрэглэе гээд байж болохгүй биз дээ. Тэгэхээр 78 дугаар зүйлийн дагуу шийдвэр гаргая гэхээр Өршөөлийн хуулиар тэр нь байхгүй болчихсон. Тиймээс боломжтой. Нэг хүнийг дэвшүүлэхгүй гээд байгаа бол хоёр дахь хүнээ манай нам нэр дэвшүүлэх хэрэгтэй.

-Н.Энхбаяр дарга нэр дэвшдэггүй юм бол дараагийн нэр дэвших боломжтой рейтинг өндөр байгаа нь та юм биш үү?

-Биш ээ. МАХН-аас нэр дэвшүүл гэдэг хууль байхгүй. МАХН нь хүнийг дэвшүүл гэж байгаа юм. Аль ч намын хүн байж болно. Монгол Улсын уугуул иргэн, сүүлийн таван жил Монгол Улсад байнга оршин суусан байх ёстой. Дээрээс нь 45 нас хүрсэн байх ёстой гэдэг шалгуур байгаа болохоос ямар нэгэн намын гишүүн бай гэдэг ямар ч шалгуур байхгүй. Ардчилсан нам, Ардын намаас орж ирээд манай намын нэр дээр нэр дэвшиж болно.

-Та 45 нас хүрсэн үү?

-Хүрээгүй. Тэгээд ч би нэр дэвшихгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг чинь өндөр босготой байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр том хариуцлага үүрдэг. Нэг нь дотоодын эв нэгдлийг хангах, хоёр дахь нь гадаадын геополитикт оролцох явдал. Өнөөдөр нэг гараараа Хятадаа, нөгөө гараараа Америкаа муулаад явж болохгүй. Тэр утгаараа Л.Эрдэнэчулуун гуайг хэлээд байдаг нь тийм юм. Монгол Улсын гадаад харилцааг үе удам дамжин авч явсан Лувсан гуай гэж гадаад харилцааны агуу хүн байлаа. Байман Ханд гуай гэж мундаг хүн байсан юм. Удмыг нь хөөгөөд явбал алтан ургийн хүн л дээ. Үүнийг бүх хүн хүлээн зөвшөөрдөг. Жинхэнэ монгол хүн байгаа биз дээ. Үе дамжин дипломат албанд зүтгэсэн. АНУ-д Элчин сайд, НҮБ-д олон жил суусан ийм хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшвэл ямар байх вэ. Ц.Гомбосүрэн гуай шиг хүн яагаад нэр дэвшиж болохгүй гэж. Гэхдээ энэ хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэж байгаа юм биш. Монгол ард түмэн иймэрхүү хүмүүсийг сонгооч ээ гээд хэлээд байгаа юм. Л.Түдэв гуай шиг хүнийг яагаад сонгож болдоггүй юм бэ. Хэрэв түүнийг сонгосон бол дотоодын эв нэгдлийг хангаж, алт ухаж, бизнес сэтгэлгээгээр асуудалд хандахгүй байлаа. Тэр хүнд үсрээд л хэдэн ном байх байв. Мэдлэг, оюун ухааных нь хэмжээгээр “Манай Ерөнхийлөгч мундаг хүн” гээд яриад явах боломжтой байсан. Гэхдээ ард түмэн өөр сонголт хийсэн. Бид олон удаа алдаж болохгүй. Нэг алдвал тэнэг гэдэг юм. Хоёр алдвал гэнэн тэнэг, гурав алдвал усан тэнэг гэхээс өөр сонголт арга алга. Монголчууд бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно. Өмнө нь Ерөнхийлөгч байсан хүмүүсээ сайн бод. Тэдэнтэйгээ харьцуул. Засгийн газрын ажлыг хийдэг байж болохгүй. Харамсалтай нь манай Н.Энхбаяр дарга хууль болгонд өөрчлөлт хийсээр байгаад бараг Засгийн газрын эрх мэдэлтэй юм шиг болсныг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч үргэлжлүүлж байна. Үүнийг бид өөрчлөх хэрэгтэй.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын манлай харцага, “Өвөө” багшийнд өнжлөө

Энэ удаад бид Монгол Улсын манлай харцага, бөхчүүд дундаа “Өвөө” багш хэмээн хүндлэгддэг Чойдорын Өвгөнхүүгийнд өнжлөө. Өнгөрөгч баасан гаригт “Өвөө” багштай Бөхийн өргөөнд уулзах цаг товлоод очиход, “жилд нэг авдаг цолны урамшуулал, амралтын өдөр зохион байгуулагдах “Харцага” цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны урилгаа авах гэж ирсэн” тухайгаа хуучилсан юм. Эндээс гараад бид өөрийнх нь нэрлэснээр “өвгөчүүлийн” гэгдэх ахмадын хорооллыг зорилоо.

Гэрт ормогц зээ охин А.Энэрэл нь “Өвөө ирлээ” гээд гүйж ирж үнсүүлэх нь өхөөрдмөөр. “Өвөө” багш жинхэнээсээ өвөө болж 12 ач зээгийн өмөг түшиг болсон нь энэ ажээ. Монгол Улсын манлай харцага Ч.Өвгөнхүү өнөөдөр Энэбиш даргынхаа өгсөн хоёр өрөө байранд охин, хүргэн, зээ хүү Билгүүн, зээ охин а.Энэрэл нарынхаа хамт эгэл даруухан амьдарч байна. Том өрөөнд ормогц Чингистэй хивс, хивсэн дээр олимп, тив, дэлхийн аваргаас хүртэж байсан медаль бүхий туузаа өлгөсөн нь шууд нүдэнд тусна. Жүдогийн дэлхийн аварга, Самбо бөхийн дэлхийн аваргын мөнгө, хүрэл медалиас эхлээд Москва, Мюнхэний олимпод оролцож байсан дурсгалын медалиуд нь түүний бөхийн спортод зориулсан дусал хөлс бүрийн гэрч болон дурайх ажээ.

Харин хойд хананд байрлах хүрэн шүүгээнд нутгийн шүтээн “алтан овоо”, хань ижлийнхээ хөрөг зургийг байрлуулсан байх юм. Тэртээ 1966 онд нэг нэг чемодантай хоёр талаас нийлж, таван охин, хоёр хүүг нь төрүүлж өгсөн хань Н.Цагаандарь нь хорвоогийн мөнх бусыг үзүүлээд гурван оныг үджээ. Охин Ө.Үржинбадам нь цай унд дөхүүлэх зуураа “Бид аавд хань болоод хамт байдаг юм. Та хоёр сайхан ярилцана биз” гээд гарлаа.

Ч.Өвгөнхүү багш, “Зээ хүү Билгүүнийгээ барилдаж магадгүй гэж горьдож сууна.Одоогоор надад баригдаж, барилдахгүй л байгаа. Гэхдээ бөх, морь хоёрыг гэмтээж болдоггүй юм. Цаг нь ирэхээр болох биз” гээд хүүгээ өхөөрдөн харна. “Өвөө” багшийн өргөсөн эцэг Дашням хүүдээ үрээний эмээл, хулсан лимбэ, мөнгөн аяга зэхэж, “Миний хүү бөх болно” гэдэг байж.

Бөхийн спортод анх хөл тавьсан үеэ “1963 онд “Хөдөлмөр” нийгэмлэгийн спорт танхимд хоёр нөхрийн хамт бөх үзэхээр очиход тасалбар ав гээд хавьтуулдаггүй. Цэргийн залуучуудад тасалбар авах мөнгө байхгүй тул барилдах цэргүүд аргалаад ортол жижүүр өвгөн шүүгчдэд гурван цэрэг дайрч орлоо гээд хов хүргэсэн юм билээ. Ингээд урьд өмнө заал танхимын барилдаанд нэг ч удаа үзэгдэж байгаагүй гурван цэрэг нэгийн даваанд хоёр аварга, нэг арслангийн аманд “зөөлөн боов” болж очсон юм. Би тэр жил улсын наадамд түрүүлж, улсын арслан болсон Ж.Мөнхбатын аманд очсон. Муу эрийн шийдсэн мэх гэгчээр унах нь тодорхой юм чинь гэж бодоод золгонгуутаа тонгортол залуу арслан унаж танхим даяар шуугиад явчихсан. Барилдаан өндөрлөмөгц нутгийн ах улсын начин Дашдаваагийн аав Лувсандорж гуай ирж “Нутгийн дүү миний хүүд хань болох нь” гээд арван төгрөгөөр мялааж байсан” гэж дурсав. Дараа жил нь армийн аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан болж. Тэр барилдаанд 18 давсан Д.Сэрээтэр, Т.Артаг, Шаравдоржтой хамт дөрвүүлээ цэргийн арслан цол хүртсэн юм байна. Ингэж л “Алдар” нийгэмлэгийн бөх болжээ.

Ч.Өвгөнхүү багшийн амьдралыг ардын арми, “Алдар” нийгэмлэггүйгээр төсөөлөх аргагүй. Тийм ч болохоор “өвөө” багш “Гитель үзэх үү” гэсээр нөгөө өрөөнөөс энгэр дүүрэн одон, хошууч мөрдэстэй гителиэ авчирч үзүүллээ. “Тухайн үед манай ранг хошууч байсан. Одоо бол дэд хурандаа болсон. 2016 онд “Алдар” спорт хорооны 70 жилийн ойгоор дэд хурандаа цолоо зүүчих гэхээр нь, яах вэ, надад хошууч цол минь ээлтэй гээд бөөн инээдэм болсон” гэж байна.

XX зууны манлай начин Ч.Өвгөнхүү гуайн зургийн цомогт монгол бөхийн нэгэн жарны түүх дурайх аж. Түүний зургийн цомогт Хадаа аваргын зураг нэлээд харагдсан тул сайхан дурсамж хуваалцаач гэхэд, “Хадаа маань түмний хайртай бөх, миний хайртай шавь байлаа. Анх 1970 онд 18 настай цэрэг Холбооны 13 дугаар ангид ирэхэд нь “Алдар” нийгэмлэгтээ авч бөхөөр хичээллүүлсэн. Улсын наадамд хоёр түрүүлсэн. Түүнээс ч их амжилт гаргах боломж байсан. Хүнд муу санадаггүй цаас шиг цагаан хүн байсан даа. Манайхантай их дотно. Том хүүгийн минь хуримыг зохион байгуулж байлаа шүү дээ. Мөн шавь нараасаа Ч.Бээжин аваргадаа их хайртай. Уг нь анх Бээжин гуай миний багш байсан юм. Дараа нь би багш нь болсон. Нас, цолны хувьд надаас илүү ч “багш аа” гэж дуудна. Бидний үе тийм л дэгтэй байлаа” гэсэн юм. Тэрбээр 1972 онд биеийн тамирын дасгалжуулагч, багшийн ангийг Х.Баянмөнх, З.Ойдов, Чанрав нарын арав гаруй нөхдийн хамт дүүргэж байжээ.

Хайрт шавь Хадаа аваргын хамт

Таныг бөх сонирхогчид үүнээс илүү амжилт үзүүлэх чадалтай байсан гэж ярьдаг. Энэ талаар санаа бодлоо хуваалцаач гэхэд, “Илүү амжилт үзүүлэх бяр, хүч, ухаан сэтгэл зүйн бэлтгэл бүрэн байсан ч аз од тойрчихсон юм болов уу гэж харамсан дурсах мөч олон тохиож байсан. Би 1972 онд дасгалжуулагч болсон. Багш хүн өөрөөсөө илүүтэй шавьдаа анхаарал хандуулж, өөрийгөө гаргуунд нь гаргадаг гэдэг. Үүнээс гадна яг ид барилдаж байх үед самбо бөхийн Олон улсын аварга шалгаруулах тэмцээн гурван жил дараалан Москва хотноо долдугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагддаг байсан. Жин хасч барилдчихаад арванд улсын наадамд барилддаг байлаа. Тэгэхдээ нэг нь тав даваад, хоёрт нь дөрөв давсан юм. Гэхдээ яахав, олон хүнийг бөхийн ертөнцөд татан оруулснаараа бахархаж явдаг. Шавь нар маань амжилт гаргавал өөрөө гаргаснаас ялгаа юу байхав гэж боддог” хэмээсэн юм.

Монгол түмний их баяр цагаан сар хаяанд ирээд байна. Ертөнцийн гурван баяны нэгд багш хүнийг оруулж болох шиг санагддаг. Таны цагаан сар хөл ихтэй болдог байх даа гэхэд, “Манайх цагаан сараа Улаанхуаранд байдаг гурван өрөө байрандаа гаргадаг. Самбо, жүдогийн гавьяат багш Машбат дасгалжуулагч, Дашдаваа начин хоёр маань бурхан болсон болохоор очиж золгох хүн байхгүй. Тийм болохоор цагаан сараар шавь нараа хүлээж л суух болж дээ. Ц.Магалжав, Анхбаяр хоёр заавал ирдэг. Ер нь бол 500 гаруй хүн ирнэ. Бөхийн өргөөнд болдог битүүлгийн үеэр Баянхонгорын Баасанхүү багштайгаа уулздаг” гэлээ.

Өвгөнхүү харцага цай ойчлонгоо “Одоо ч тэгээд намайг мэдэх, тоох хүн цөөрч байна даа. Цэргийн ерөнхий сургууль дээр бэлтгэл хийж байгаа Сүхбаатарын бөхчүүд дээрээ хааяа очдог. Зундаа “Хайрын бэлэг” амралтанд очиж, “Жавхлант шарга” дэвжээн дээр сайн дураараа бэлтгэлд гардаг. Дээхнэ үед Даншиг наадмын шөвгийн наймд Сэцэн хан аймгийн зургаан бөх үлддэг байлаа. Чүлтэм аварга, Өсөхбаяр аварга, Буянтоо аварга гээд сайхан бөхчүүд байсан. Манай аймаг орон нутгийн удирдлагууд бөхчүүдээ дэмждэггүй. Уг нь манай улсад ганц байдаг спортын дэд доктор Нямаа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумынх. Бид хоёроос гадна хоёр гурван ч багш бий. Гэтэл манай аймгаас сайн бөхчүүд гарахгүй байгаа нь орон нутгаас дэмжихгүй байгаагаас болж байна гэж боддог. Намайг улсын начин болох үед Увс аймагт улаан гуталт Цэрэндорж, Гэлэгжамц гэж хоёр бөх л байсан. Өнөөдөр Увс аймагт 38 улсын цолтон төрөөд байна шүү” хэмээн хуучлав.

Таныг сайн бөх, сайн дасгалжуулагч байснаас гадна Бөхийн өргөөг босгоход гар бие оролцож явсан гэдэг. Монгол орныг тойрч хандив цуглуулж явахад тохиолдсон хөгжилтэй явдлаасаа хуваалцахгүй юу гэхэд, “Би 1990 онд тэтгэвэртээ гарч, хоёр жил гэртээ суусан. Тэгээд Монголын үндэсний бөхийн холбооны “Итгэмжит элч” болж хандив цуглуулахаар 18 аймгийг тойрсон. Монголын ард түмэн бөхдөө хайртай болохоор хаана ч очсон хоосон буцаагаагүй. Эхэндээ гуйх арга эвээ олохгүй жаахан будилсан. Даваасамбуу гуай бид хоёр хамт явсан. Бөх хүн хоосон хонохгүй гэдэг үг үнэн шүү. Хаана ч явсан нялх балчраасаа эхлээд бүгд хүндэтгэж, бололцооныхоо хэрээр мөнгө өгч байсан. Хөдөөнийхөн тэр бүр мөнгөтэй байх нь ховор учраас мал их өгсөн. Тухайн үед Бөхийн холбоо намайг жаахан гомдоосон доо. Тэгээд “Алдар” нийгэмлэгт зөвлөх дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн юм” гэлээ.

1967 оны Улсын баяр наадмын зургаагийн даваанд уран мэхт улсын арслан Ч.Бээжинг хоёр дахиа өвдөг шороодуулсан нь

“Гарьд магнай” кинонд Гомбо аваргын дүрийг бүтээсэн талаараа “Ж.Бунтар найруулагч миний цэрэг Д.Батдоржийг Далайцэрэнгийн дүрд тоглуулахын тулд надад дүр өгсөн юм. Намайг цэргээ өгөхгүй гээд уурлаад байхаар надад дүр өгсөн хэрэг. Би үүнээс өмнө “Хань” кинонд тоглох гэж бүтэн сар Тэрэлжийн эрэг дээр зураг авалт хийлгэсэн хүн байхгүй юу. Гэтэл кино гартал би бараг харагддаггүй. Ингээд кинонд их сүжиг муутай болчихсон байсан үе. Ж.Бунтар гуай “Танай салааны энэ цэрэг л яг таараад байна. Энэ цэргээ өгчих л дөө” гэхэд нь “Энэ хүү чинь жүдо бөхийн шигшээ багийн цугларалтад дуудагдаж байгаа бөх хүн. Тэгж бэлтгэлийг нь таслуулахгүй” гэж ширүүхэн хэлээд “Хань” кинонд хэрхэн тоглосноо дурсаад амжсан юм. Гэтэл Ж.Бунтар гуай “Энэ удаад танд том аваргын дүр өгнө” гэхээр нь зөвшөөрчихлөө. Ж.Бунтар найруулагч тэр үед манай салаа цэргийг авахдаа “Алдар”-ын дарга асан Б.Тавхай гуайд нэг ноёны дүр өгсөн юм. Гэтэл кино гарахад тэр дүр огт гараагүй” гэж дурсав. Харцага яриагаа “Тэр үед Далайцэрэн бид хоёрын хайн унадаг хэсгийн зургийг авахдаа Далайцэрэн биш та давж буй мэт гэхдээ хайн байдлаар уна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр ердөө нэг л удаа тэр зургийг авахуулахад Ж.Бунтар гуай “Яг болсон. Жинхэнэ гоё зураг боллоо. Ахиад та давтаж чадахгүй” гэж хэлсэн. Сүүлд Сүрэнжав гуай “Гарьд магнай” кинонд тоглосон хүмүүсийг цуглуулсан. Тийм уулзалт их гоё болдог юм билээ. Одоо нэг тэгж бөөгнүүлээсэй гэж боддог. Нас ахихаар тиймэрхүү юм сонирхдог юм байна. Кино гарсны дараа Ж.Бунтар найруулагч намайг “Монгол кино үйлдвэр дээр очоод хоёр цаг суугаад шалдан зургаа зуруулаач” гэсэн. Би үндэс, самбо, жүдогийн гурван бөхийн төрлөөр дасгалжуулагч хийж байсан болохоор очиж амжаагүй. Гэр орондоо ч харагдаж үзэгдэх нь ховор байсан даа. Хэрвээ зуруулсан бол жинхэнэ монгол бөхийн дүртэй хүн байна гээд дахиад киноны пробонд орох боломжтой байсан юм билээ” хэмээн үргэлжлүүлэв.

Гурван удаа гавьяатад тодорхойлсны дараа 1992 онд тэтгэвэрт гарсныхаа эцэст гавьяат цол хүртжээ. Биеийн тамирын хороо болон “Алдар” нийгэмлэгээс тодорхойлолт явуулсан гэнэ. Тухайн үед Н.Гэрэлсүрэн гэж хүн “Нэг хүнд хоёр газраас тодорхойлолт ирэхийг ерөөсөө үзээгүй. Үүнийг шалга, зальтай хүн байна” гэж байж. Дамбасүрэн гэдэг хүн шалгаад “Үнэхээр юм хийсэн хүн байна” гэж байжээ.

Ч.Өвгөнхүү харцага өнөөдөр нас сүүдэр дал хол гарсан ч тавьтай юм шиг дэвхэлзэж явах нь бөхийн спортод нэг насаа зориулсных нь буян заяа гэлтэй.

Түүний алдрын буланд “Ахмадын дэлхийн аварга”-ын хүндэт өргөмжлөл, жүдо бөхийн тавдугаар дангийн сертификат хүндтэй байр эзэлж байна. Жирийн малчны гэрт төрж, өнчин өрөөсөн ганцаар Улаанбаатар хотод илгээлт өвөртлөн ирж байсан Ч.Өвгөнхүү харцагын алдрын булан таван охин, хоёр хүү, ач зээ нарынх нь хамгийн нандин өв болжээ.

Б.НАРАНЧИМЭГ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Амьдралоги” киноны амжилт юу байв

Шинэ оны анхны шөнө Оросын нэрт найруулагч Э.Рязановын “Учрахын заяа буюу ууранд суусан паян” (“Хувь заяаны эргүүлэг” гэх нь ч бий) гэж гайхамшигт романтик инээдмийн киног дахин үзсэн юм. Дараа нь, энэ сарын 2-нд нээлтээ хийсэн “Амьдралоги” романтик инээдмийн киног мөн үзлээ. Үзэгчийн хувьд ямартай ч шинэ оныг романтик инээдмийн кинонуудаар эхлүүлсэндээ баяртай байна.

ДҮРИЙН НАМТАР

“Учрахын заяа буюу ууранд суусан паян” киноны хувьд дэлгэцэнд гарч эхэлснээсээ хойш өдгөө 31 жилийг ардаа үдсэн ч үргэлж шинэ соргог, гайхамшигт чанараа хадгалсаар буй чансаатай кино. Гэхдээ Оросын нэрт найруулагч, кино зохиолч А.Червинскийн томьёолсноор “…зөвлөлтийн кинонууд хэтэрхий нуршуу эхлэлтэй байдаг” гэдэгтэй зарим талаар санал нийлэх боловч, түүнд бас сайн тал бий. Тухайлбал, дээрх киноны гол баатар жил бүрийн 31-ний өдөр найзуудтайгаа ууранд сууж, улмаар үдэж буй хуучин оныхоо муу муухай бүхнийг үлдэн хөөдөг уламжлалтай гэдгийг харуулах зорилготой киноны эхний 10 минут нь хэдий уйтгартай мэт боловч дүрийн намтрыг бүтээлчээр бүтээж буй хэрэг юм. Уг киног анх удаа үзэж буй тэвчээргүй үзэгч бол шууд л сувгаа сольчихно биз. Гэвч бид дараа нь ямар хөгийн, санаанд багтамгүй зүйл болохыг мэддэг. Дүрийн намтаргүйгээр, хөлчүүрхсэн эр Москвад биш Ленинград хотод, танихгүй эмэгтэйн гэрт хэрхэн сэрж, ямар авир ааш гаргахыг харан баясаж үнэмшихэд хүндрэлтэй шүү дээ. Тэгтэл орчин үеийн кино өөр болсон. Өөрөөр хэлбэл, киноны гол дүрийн намтрыг бүтээхдээ аль болох хүний анхаарал, сонирхлыг татахуйц үйл явдлаас нь шууд эхлүүлдэг болсон. Энэ нь өнөө үед манай кино урлагийнхны даган мөрдөж буй Холливүүдийн кино форматын ололттой чанар юм. “Амьдралоги” уран сайхны кино ч энэ зарчмаас хазайсангүй.

Ингээд гол ажилдаа оръё. Салах өргөдөл өгсөн гэр бүлийн хоёрыг эвлэрүүлэн жуучлах журмын дагуу гурван сарын хугацаанд бодож үзэхийг хүссэн тогтоол шүүхээс гаргаж буйгаар кино эхэлнэ. Энэ нь “Амьдралоги” киноны LogLine буюу суурь санаа гэр бүлийн харилцаан доторх хөрөлт, хямралын үеийг хэрхэн даван туулах тухай санаан дээр үндэслэсэн болохыг илтгэнэ.

Нэгэн төсвийн байгууллагын химийн лабораторийн эрхлэгч Сэтгэлсайхан (жүжигчин Ж.Мөнхсайхан) орон тооны цомхотголоор ажлаасаа халагдах дээрээ тулжээ. Учир нь хугацаа зарсан судалгааны ажил нь ямар ч үр ашиггүй байгаад удирдлагууд нь сэтгэл дундуур байгаа бололтой. Тиймээс химич эдэмтэн Сэтгэлсайхан туслах ажилтны хамт цэнэгээ удаан барьдаг шинэ төрлийн зай (батарей) зохион бүтээх ажлынхаа гол туршилтыг байгууллагынхаа лабораторид хийнэ. Гэвч туршилт амжилтгүй болж, Сэтгэлсайхан ажлаасаа халагдах нь тодорхой болов. Түүгээр зогсохгүй байгууллагын лабораторио дэлбэлсэн тул өрөнд ороод ажлаасаа халагдаж байна. Улмаар эхнэрийнхээ (жүжигчин Г.Ундармаа) хурааж хуримтлуулсан хадгаламжийн мөнгийг авч “дэлбэлсэн” лабораторийнхоо засварын төлбөрт өгөх болж байна. Энэ үед эхнэр Ундармаа нь (киноны дүрийн нэр нь мөн Ундармаа) нөхөртөө хандан “Чи таван сая төгрөг төлбөрт өгөх нь битгий хэл, хоёр сая төгрөг гар дээрээ тавьж үзээгүй биз дээ” хэмээн банкны теллерийн дэргэд бүдүүлэг авирлах нь нөхрийнхөө цалин орлогыг илт голж, түүнээс залхсан гэсэн дүрийн намтрыг мөн харуулж байна.

Ямартай ч байгууллагатайгаа төлбөр тооцоогүй болсон мань эр буцаад ажилдаа орчихож юуны магад гэсэн горь тээн ажлынхаа үүдээр хэдэнтэй эргэлдэж туслахаасаа “улс төрийн нөхцөл байдал”-ыг битүүхэндээ тандана. Гэвч тусыг эс олов. Энэ бол Сэтгэлсайхан гэдэг гол дүрийн намтрыг үзэгчдэд уйдаахгүйгээр өгүүлж буй сонирхолтой хэлбэр юм. Сэтгэлсайханыг яагаад лааз өшиглөж явааг мэдсэн үзэгчид дараа нь яах бол гэсэн хүлээлттэй болж киноны үйл явдал улам сонирхолтой болохын хэрээр дүрийн зорилго тодорно. Сэтгэлсайхан ямраар ч болов ажил орлоготой болж, эхрийнхээ хурааж хуримтлуулсан мөнгийг эргүүлэн өгөх, улмаар эхнэрээсээ салахгүй байх гэсэн зорилготой болохыг үзэгч түвэггүй ойлгоно. Эхнэр Ундармаа нь шүүхэд гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгчихсөн, шүүхээс гурван сарын хугацаанд эвлэрэхгүй бол гэр бүл цуцална гэдгийг мэдэгдчихсэн ийм эгзэгтэй үед Сэтгэлсайхан гэр бүлээ аварч үлдэхийг хичээж байна. Азаар хуучин ажлынх нь туслахын идэвх санаачилгаар мань эр нэгэн их сургуулийн харуул хамгаалалтын ажилтан болно.

Сэтгэлсайхан бол зузаан линз зүүдэг, хоёр гурван ээлжийн нэг ижил загварын богино ханцуй, босоо захтай сорочик цамцаа шашны номлогч шиг үргэлж хоолойдоо тулган товчилдог, хормойг нь мөн өмд рүүгээ эв хавгүй чихэж өмсдөг, дээр нь кет жийчихсэн гээд харагдах байдлаасаа илт доожоогүй, номын хүн. Ийм байтал сургуулийн хамгаалагч болж дүрэмт хувцастай тов хийсэн эр болчих нь үзэгчийн анхаарлыг дараа нь яах бол гэсэн хүлээлтээр эрхгүй татна. Кино найруулагч Г.Бадамрагчаагийн “Орчин үеийн кино зохиолын онолын үндэс” номд “Сайхан амьдрах” гэдэг зорилготой дүр идэвхгүй, харин “амьд үлдэх” гэсэн зорилготой дүр бол маш идэвхтэй юм” гээд, “Үзэгчид баатрыг аймхайгаас зоригтой, тэнэгээс ухаантай, бүтэлгүйгээс азтай болж хувирч байгааг үзэх дуртай байдаг” гэсэн нь дүрийн өсөлт хөгжилт юм. Сэтгэлсайхан маань бүтэлгүй эрдэмтнээс, сургуулийн хамгаалагч болон хувирч байна. Энэ нь мэргэжлийн хувьд зиндаа буурч буй боловч, эр хүний хувьд өсөлт хөгжилт юм. Гэтэл тэрээр эхнэрийнхээ багшилдаг сургуулийн хамаалагч болсноо сүүлд мэднэ. Бүр ганц охин нь хүртэл тэр сургуулийн оюутан байж таарна. Үүгээр Сэтгэлсайхан гэх эр эрдэм шинжилгээний ажилд хамаг цагаа зарцуулахаас биш амьдрал ахуй, адаглаад охин нь ямар сургуульд сурч байгааг мэддэггүй амьдралын идэвхгүй нэгэн байсныг гэрчилнэ. Ингээд нэгэн гэр бүл нэгэн сургуулийн багш, оюутан, хамгаалагч болж, бусдад энэ байдлаа мэдэгдүүлэхгүйг хичээнэ.

Нэг үдэш сургуулийн захирал Чимэгцохио (жүжигчин О.Энхтуул) сургуулиасаа гарч явтал бүлэг залуус Чимэгцохиод хорт шингэн үнэртүүлж муужруулаад цүнхийг дээрэмдэхийг завдана. Тэгтэл захирлын туслах, жолооч (жүжигчин Энхбаяр) араас нь гарч ирж таарсан тул бүлэг залуустай нүцгэн гараараа үзэлцэн цохиж унагахыг нь унаган олонхийг хэвтүүлчихээд байтал нэг нь түүнийг модоор цохиод унагачихна. Харин хамгаалагч маань хэрэг явдал бараг өндөрлөсөн хойно гарч ирээд азаар хамгийн сүүлийн дээрэмчинг бороохойдож унагах аж. Энэ үед Чимэгцохио захирал ухаан сэргэн босч ирээд энд тэндгүй хөглөрөн унасан залуусын дунд ганц хамгаалагч нь бороохойгоо барьсан хэвээр зогсож байгааг хараад үнэхээр чадвартай сайн хамгаалагч ажилд авчээ хэмээн сэтгэл нь догдолж, улмаар түүнд дурлах үндсэн нөхцөлийг бүрдүүлэв. Үнэн хэрэгтээ бол Сэтгэлсайханд зүгээр л аз таарсан төдий гэдгийг мэдэж байгаа үзэгчдэд энэ нь хөгжилтэй, инээдэмтэй билээ. Үнэхээр аливаа кинонд киноны зарим дүрийн мэдэхгүй байгааг мэдэж байх нь үзэгчдэд давуу байдлыг үүсгэж, тэр хэрээр таашаал төрүүлдэг. Энэ зарчим “Амьдралоги” кинонд нэвт шувт шингэжээ.

ЖИРЭМСНИЙ ТЕСТ БУЮУ ГЭНЭТИЙН БЭЛЭГ

Ганц бие Чимэгцохио захирал Сэтгэлсайханд дурлаж буйг, нөхрийнхөө гэр бүлээ гэсэн чин халуун сэтгэлийг мэдэх болсон Ундармаа багшийн хахир хатуу ааш авир аажмаар зөөлөрч хамаг учир нөхөрт нь биш өөрт нь байж болзошгүй гэж сэтгэх болов. Тэгтэл хосуудын ганц охин нь жирэмсэн болж, эцэггүй хүүхэд тээсэн нэгэн болов. Үүнийгээ аав, ээждээ хэлэхээс эмээнэ. Нэгэн удаа хогийн саванд хаячихсан жирэмсний тестийг нь Сэтгэлсайхан санамсаргүй олж үзээд зургаан сар тусдаа унтсан эхнэртээ гомдох болов. Тэгтэл сургуулийнх нь Бат багш (Жүжигчин Н.Онон) л эхнэрт нь тал засч харагдаад хардах сэтгэлийг нь улам дэвэргэж орхино. Удахгүй өвөө болох гэж байж эмээгээ хардаад бөөн будлиан хутгах аж. Эцэст нь хамаг хэргийн зангилаа тайлагдаж бие биенээсээ хөрсөн хосууд бие биедээ шинээр дурлана. Шинэ жилийн орой Ундармаа бүсгүй Сэтгэлсайханд гэнэтийн бэлэг барьсан нь жирэмсний тест байв. Мөн Сэтгэлсайхан болон түүний туслах нарын сэдсэн шинэ төрлийн батарей зохион бүтээх ажил амжилттай болж тэднийг баяжуулах аж. Гэтэл бас Сэтгэлсайханы шадар туслах эрдэмтэн нь хүргэн нь болж байна. Гэхдээ зээгийнх нь жинхэнэ эцэг биш гэдгийг мэдэхгүй байгаа. Ер нь мэдсэний ч хэрэггүй биз ээ.

Романтик гэхээсээ инээдмийн өнгө аяс нь давамгайлсан мөн олон асуудлын ээдрээ зангилааг тайлсан ийм нэг кино бүтээгдсэнд баяртай байна.

Уншигчдадаа ойлгомжтой болгоход “Амьдралоги” гэх нэр нь амьдрал гэх нэр үгэнд Грегийн “логос” буюу судлах гэдэг үгний логи залгавар залгаж “Амьдрал судлал” гэсэн үг бүтээж буй хэрэг юм гэнэ билээ. Бямбын Ринчен абугай байсан сан бол энэ нэрний тухайд “Монгол гутал өмсөөд зангиа зүүчихсэн хүн шиг” гэх байсан болов уу. Миний л хувьд киноны нэр өвөрмөц гэхээсээ илүү монгол хэлийг харьчилж “монголчилсон”-д нь сэтгэл дундуур буйгаа Ундарлоги тэргүүт уран бүтээлчдэд нь хаяглая.

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Хорлоогийн Баянмөнх: Намхай аваргын дархан мэхийг номдоо тодорхой бичиж оруулсан

Монгол Улсын дархан аварга, доктор Хорлоогийн Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов, мэхийн чуулган судар” хэмээх гурван ботийг бүтээн туурвиж монгол түмнийхээ алган дээр тавьж байна. Монгол бөхийн мэхний их судрыг бүтээсэн эрхэмтэй хөөрөлдлөө.


-Таны дөчөөд жилийн хөдөлмөрөө зориулан бүтээсэн номыг хэн хэн ариутган шүүв?

-Номын мялаалга үгийг Монгол Улсын төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн Чингис хаан одонт соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, туульч өөлд Тангадын Галсан, Монгол Улсын арслан, спортын гавьяат дасгалжуулагч, дэд профессор Лувсанчимэдийн Сосорбарам, шинжлэх ухааны доктор, спортын гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Лувсанзундуйн Ням, Монгол Улсын начин, боловсролын доктор Бүдээбазарын Адьяахүү нар бичиж ариутган шүүсэн. Номын сэцдийн зөвлөлд маш их баярлалаа. Ардын уран зохиолч Т.Галсан гуайн “Бүргэд бүргэдийн шүүрлэг өөр

Бөх бөхийн мэх нь өөр

Бүүвэй бүүвэйн уянга өөр” гэдэг үг юутай үнэн.

-Монгол бөхийн барилдааны ов мэхийг та найман үндсэн хэсэгт ангилан судалсан гэсэн. Ямар мэхүүд байна?

-Барьцгүй хийх, цэрвүү барьцнаас хийх, элэг бүсний барьцнаас хийх, хав золгож хийх, шуудагдаж хийх, давхар мэх, хариу мэх, угсраа мэх гэсэн найман ангилалд хуваагдаж байна.

-Та даншгийн их аварга Ш.Намхайгийн дархан мэхийг таамаглан нэлээд судалсан гэл үү?

-Намхай аварга ямар мэхтэй хүн байв гэсэн асуултыг олон бөхөд тавьж байлаа. Дархан аварга Б.Түвдэндорж гуай “Мөрний барьцаас халаад гар дээгүүрээ арьс татаж байгаа юм шиг хөврүүлж татаж хаядаг байсан” гэж настайчуул хэлдэг юм билээ гэж байсан. Аварга Ж.Цэвээнравдан, даян аварга Н.Жамьян, даншгийн заан Д.Содном, Д.Гарамбазар нарын олон бөхөөр Намхай аваргын дархан мэхийг яриулж, бөхийн сургууль дээрээ нээлттэй хэлэлцүүлэг зохиож байлаа. Тэр бүхэн номд тодорхой орсон л доо.

-Дэлхийн аварга бөх Зэвэгийн Ойдов гуайд зориулсан хөшөө боссон. Таны хөшөө Увс аймгийн Улаангом хотын цэнгэлдэхэд бослоо. Ямаршуухан сэтгэгдэл төрдөг юм байна?

-Амьддаа хөшөөгөө босгуулна гэдэг ховорхон л үйл явдал. Ард түмэн бөхөөрөө бахархаад хөшөөг нь босгож байгаа юм. Увс аймагт босгосон хөшөө чинь иж бүрэн хөшөө шүү дээ. Эргэн тойрондоо арслан, бар, заантай, Монголын анхны мянган жилийн настай хөшөө гэж ярьдаг юм билээ. Өмнө нь хийсэн хүмүүсийн хөшөө бол шавар цементээр хийсэн цээж баримал байдаг бол энэ хөшөө маш сайн чанарын хөшөө гээд байгаа. Увс аймгийн ерэн жилийн ойгоор л босгосон эд.

-Таны монгол бөхийн ертөнцөд оруулсан гавьяа яндашгүй. Биеэр байгуулсан хөлсөн гавьяанаас гадна номын цагаан буян үйлдэж сайхан ном судар бүтээлээ. Гэлээ ч хүний хорвоо гэдэг сайн, муу янз бүрээр л хэлэгдэж явдаг нь жам. Таныг монгол бөхийг баруун, зүүн Монголын бөхчүүд гэж хоёр хуваасан нүгэлтэн гээд бас үздэг шүү дээ?

-Монгол бөхийг хоёр хуваасан гэдэг арга байхгүй үнэн зүйл байхгүй юу. Улсын наадамд Увс аймгаас хүн барилддаггүй байсан шүү дээ. Дээр үед даншиг наадам, ардын хувьсгалын наадмуудыг ч манай Увсын бөхчүүд мэддэггүй байсан. Алс хол газар учраас ирж чаддаггүй ч байж. Надаас эхлээд улсын наадмын дэвжээн дээр Увсын бөхчүүд гараад ирсэн.

-Увсын долоон хар гэж алдартай бөхчүүд гарч ирсэн дээ?

-Увсын долоон хар гэж гарч ирээд л, наадамд нь арав түрүүлээд ирэхээр хүмүүс бидний эсрэг бодолтой болоод ирдэг юм байгаа биз дээ. Тэгээд л “Увсын бөхтэй харьцах нь, Баянмөнхтэй харьцах нь” гэсэн үзэл гараад ирсэн. Тэгсэн чинь одоо сүүлийн үед “Увс болоод Увсын бөхтэй харьцах нь” гээд эхэллээ шүү дээ. Одоо Архангай, Говь-Алтайгаас ч олон сайхан бөх төрөөд ганцхан Увсын бөхчүүдтэй тэмцэнэ гэсэн юм алга болж байна. Бүх л нутгийнхан нэг нэгэндээ багш, шавь болоод холилдчихлоо. Надад гэхэд Увсын биш хэдэн зуун сайхан шавь нар байна. Миний энэ номыг бүтээлцэхэд энд тэндхийн өчнөөн олон шавь минь оролцлоо. Одоо бол би үүнд эмзэглэх юм байхгүй. “Хагас зуун жилийн ганцаардал” гэж дурдатгалын номдоо хангалттай бичсэн шүү дээ. Хойч үедээ санамж болгож спорт ийм байдаг юм шүү гэж бичсэн хэрэг л дээ. Хаанахын ч спортын салбарт ийм зүйл байж л байдаг. Хамгийн гол нь хэмжээ дамжаатай л байх ёстой. Дээшээ халиад улс төртэй хутгалдаж болохгүй.

-Таныг Бөхийн өргөөг авах гээд үзэлцээд байдаг гэсэн яриа байдаг даа?

-Бөхийн өргөөг надад мөнгөөр өгсөн ч би авахгүй гэж байгаа шүү дээ. Би өөрийн дөрвөн өрөө байраа хоёр өрөө болгодог юм бил үү гэж бодоод яваа хүн. Хөгшин бид хоёр одоо хоёулхнаа амьдарч байна. Дал, наян метр квадрат өрөө чинь томдоод байна шүү дээ. Цэвэрлэхэд ч хэцүү юм. Байраа жижиглэж хоёр өрөө болгодог юм бил үү гэж байхад Бөхийн өргөөгөөр юугаа хийдэг юм. Тэр новшийн хог шороог цэвэрлэнэ гэж лай байхгүй юу. Надад энэ тухай бодсон бодол нэг ч удаа байхгүй. Ер нь бөхчүүд дотор хувьчилж авъя гэж бодсон хүн нэг ч байхгүй.

-Ач, зээ нараас чинь бөх болчихоор хүн анзаарагдаж байна уу?

-Байгаа байгаа. Бэлтгэлээ хийцгээгээд байж л байна. Би ч өөрөө бэлтгэл сургууль хийгээд зовлон их үзсэн болохоор нэг их бөх болгочихъё гэж хүчлээд байдаггүй юм. Өөрснөө л мэдэг. Барилдвал барилдаад, барилдахгүй бол байг. Заавал миний зовлонг туулж, миний замаар явах албагүй шүү дээ.

-Та ч сүүлийн жилүүдэд морь мал сойгоод уяач болоод байгаа даа. Адуу чинь хаагуур нутаглаж байна?

-Адуу маань Төв аймгийн Сэргэлэн суманд байна. Богд уулын энгэрт хэсэг нь байгаа. Гачууртад манай хашаанд ч байна. Адуун дээрээ саяхан хүртэл очоод л ирлээ. Энэ номын их ажлаас болж би сүүлийн арван хоёр жил маш их завгүй байлаа. Мэхний зураг авдаг хүн, шивдэг бичээч хоёр гэхэд арван хоёр жил надтай адил зав зайгүй шахуу л ажиллалаа. Зураг авахуулдаг хүүхдүүд, зураг авах газраас өгсүүлээд их л ажил болж байж гурван ботио гаргалаа даа.


Categories
мэдээ цаг-үе

Утга зохиолын нэгэн үеийг өндийлгөсөн “Монголын нууц товчоо” сургуулийн анхны төгсөлт

Ангийн хэсэг нөхөд Б.Батхүүгийн “Орчлон” тоглолтыг зохион байгуулахаар Багануур руу явж байгаа нь. 2001.04.20

Яруу найрагч болох чин хүсэлдээ хөтлөгдсөн залуусын цээжинд өөрөөс нь мундаг яруу найрагч байхгүй мэт ёстой л цанхтай азарга шиг омголон амьтад 2000 оны хонгор намар цуглаж байж. Тэр оны есдүгээр сарын нэгний өдөр Монголын зохиолчдын эвлэлийн дэргэд “Монголын нууц товчоо” хэмээх утга зохиолын дээд сургууль анх өрхөө татсан түүх бий. Утга зохиолд элэгтэй, яруу найргаар баахан өвчилсөн залуусыг Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсан хаа газраас цуглуулж анхны сэтгүүлч-утга зохиолын ажилтны ангиа нээж байсан нь тэр. “Монголын нууц товчоо” хэмээх энэ сургуулиас Монголын утга зохиол, сэтгүүл зүйн нэгэн цаг үеийнхэн яалт ч үгүй өндийсөн билээ. За даа, сэтгүүлч болно гэхээсээ өмнө өөрсдийгөө том яруу найрагчид тооцсон залуус л Зохиолчдын эвлэлийн гурван давхрыг бужигнуулж байсан аж. Тус сургуулийн сэтгүүлч-утга зохиолын ажилтны анхны төгсөлтийнхнийг энэ удаа “Нэг ангийнхан” буландаа онцоллоо. Ихэнх оюутнууд аравдугаар ангиа төгсөөд их сургуулийн босго алхдаг байсан бол тэдний хувьд 18-40 насны 30 оюутан анх элссэн ч арвуулаа төгссөн юм байна. Шүлэг бичих дуртай олон залуус элсэн орсон ч замын дундаас яруу найраг гэхээсээ илүүтэй өөр зүйлийг сонирхож “Утга зохиол гэдэг өөр зүйл байдаг юм байна” гэдгийг ухаарсан зарим нь өөр сургуульд шилжсэн байх юм. Хэнтийгээс Оросын Холбооны Улсын Буриад улсын алдарт яруу найрагч Мэлс Самбуевайгийн нэрэмжит олон улсын яруу найргийн наадмын гран при шагналт Б.Батхүү, Богд уулын баруун суганаас Ж.Болд-Эрдэнэ, Ш.Уянга нартай хамт шүлгээ дуудаж утга зохиолын хүрээнийхэнд эчнээ танил болсон Д.Гомбосүрэн, Өвөрхангайгаас Цэдэндоржийн Батбаяр, Түмэндалай, Өмнөговиос Уранчимэг, Завханаас Г.Золбаяр, Дорноговийн Алтанширээгээс Сэрдамбын Боргил, Санзайгалсангийн Ууганбаяр, Хөтөлөөс Ц.Бүдрагчаа, Эрдэнэтээс М.Отгонбаяр, Ховдоос Х.Насанжаргал, Урантуяа, Саруулжаргалант, 1997 оны “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт зохиолч Жагзамын Сарантуяа Дундговиос XX зууны шилдэг 100 хүүхдийн зохиолд “Бордоотой бороо”, “Сүүдэр хүү” зэрэг бүтээл нь багтсан нэрт зохиолч Самбуугийн Надмидын охин, хүүхдийн зохиолч Мандал, орчуулагч Туяа гээд утга зохиолд ойр явсан, үеийнхэндээ тоогдсон уран бүтээлчид энэ л ангиас төрөн гарчээ. Д.Гомбосүрэнгийн хэлснээр бол хөгшин голдуу оюутнууд сурч байсан юм байх. Ангийнх нь эрчүүд бол автобусанд голдуу туулайчилдаг, өвлийн хүйтэнд сургууль дээрээ хичээл давтах нэрээр хоночихдог сайн эрс байжээ. Энэ ангийнхны давуу тал нь нэрт судлаач Х.Сампилдэндэв, Ч.Билэгсайхан, Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Д.Чинзориг нараас номын дуу сонсож байсан азтай. Багш нараас хамгийн залуу нь “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо. Харин ангийн багш нь Төрийн шагналт яруу найрагч Дамбын Төрбат юм. С.Ууганбаяр Алтанширээ сумандаа мал маллаж байгаад Багшийн коллежид оюутан дүүгээ эргэхээр есөн сард ирэхэд нь “Миний нутаг сайхан” гээд яруу найргийн наадам болоход анх удаа тайзнаа гарч шүлэг унших завшаан тохиож. “Улаанбаатар” чуулгын байранд болсон тэр яруу найргийн наадамд “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж түрүүлж байсан юм. Шүүгчээр нь Х.Сампилдэндэв, Д.Төрбат, Б.Ичинхорлоо нар сууж, Д.Төрбат найрагч наадмын дараа Ууганааг “Хаана юу хийдэг хүүхэд вэ” гэхээр малчин гэтэл “Сурах хүсэл байвал хүрээд ирээрэй” гэчихээд яваад өгч. Дүүгийндээ нэлээд хэд хонож байтал сумынх нь сургуулийн багшаар дамжуулан ирж уулзах хэрэгтэй байна гэхээр нь Монголын зохиолчдын эвлэлийг хүнээр заалгаж аваад очсон тэр цаг үе нь оюутан болох эхлэл байж. С.Ууганбаяр “Манай С.Боргил л уруу татан оруулсан юм” гэтэл Д.Гомбосүрэн “Намайг ч гэсэн Боргил оруулсан юм. Дэнжийн мянга дээр мах зарах гээд бэлтгэлийн өмдтэй, өнөөх нь уранхай, хөлөндөө бахиал өмссөн, халамцуу чигээр минь охь, бохь нь ханхалсан амьтныг зохиолчдын хороон дээр дагуулж ирээд шууд л сургуульдаа оруулсан юм” гэлээ. Манай сургууль чинь авьяастай хүүхдүүдийг нээх зорилгоор авч ирсэн юм шүү дээ хэмээн “даналзана”. Аравдугаар сарын эхээр анх хичээлдээ ирсэн С.Ууганбаярын хичээлийн анхны өдөр “Хэнтийн” хэмээн нутаг усаараа овоглож, өөрийгөө савдагт хайрханд бодсон их эр “Орчлон” нэртэй шүлэг уншсан нь тун дажгүй санагдаж байсан аж. Ингэж л нөхөрлөл эхэлжээ.

С.Боргил, С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн, Б.Батхүү нар 2002 онд 1000 оюутны байрны зүүн талд Орос цэргийн оршуулгын газрын хашууханд таван ханатай гэрт хамт амьдарцгаажээ. 1000 оюутны байрны дэргэд байдаг болохоор “1004” оюутны байр хэмээн таван ханатай гэрээ нэрлэжээ. Тэр гэр нь Д.Гомбосүрэнгийнх (Гоёо) агаад тэдэн дээр нэмээд Гоёогийнх нь эхнэрийн дүү нар гээд ер нь бол өнөр өтгөн амьдарцгаажээ. Тэдэн дээр нэмэгдээд ангийнхан нь, яруу найрагчид гээд хөл толгой нь мэдэгдэхгүй шахам байх нь элбэг. Нэг өдөр мөнгөгүй болцгоож Д.Гомбосүрэн гэр бүлээ тэжээхээр Богд уул руу самранд явлаа гээд гарчээ. Үүрээр хөө хортог болсон хүн хар гөрөөс шиг юм нэг шуудай самар тэврээд ороод ирж. Ууганаа ч өөрийг нь тэжээхээр яваад ийм болоод ирсэн найзаа шоолж зүрхлэлгүй сууж байтал харин С.Боргил хөнжлийнхөө дээгүүр харж байснаа пөг пөг инээтэл Батхүү нь “Нэгийгээ зовж зүдэрч яваад ирэхэд шооллоо” хэмээн хавар цагийн эцсэн хонь шиг үс унгасаа цувуулсан хөнжилдөө цагариглаад хэвтэж байсан аж. Хүн хар гөрөөс шиг найзаа цэвэрлэж аваад хичээлдээ явах гэтэл унааны мөнгөгүй байсан тул Боргил нь уут дүүрэн самраа тэвэрч аваад зарахаар гарчээ. Төд удалгүй инээд алдсан хүн л гар утсаар яриулдаг эгчид бөөндчихлөө гээд орж ирснээр тэд мөнгөтэй залгаж байсан түүхээ ярьцгаав. Өнөө хэд мөнгөтэй болсон тул алийн болгон унаанд үнэгүй явахав гээд мөнгөө өгцгөөжээ. Батхүү, Боргил нар тролейбус руу харснаа “муу уяатай нохой дандаа хичээлээс хоцрооно. Өвөл нь хөргөгч шиг, зун нь жигнүүр шиг” гээд хэзээ ч дахин суухгүй мэт ярьж байтал мөнгөө төлөөгүй гээд тролейбуснаас хөөгдөхөд нь хараад хоцордог зүг нэг охин жуумагнан инээж байж. Өнөө хоёрынхоо өмнөөс баахан ичицгээжээ. Ийм дүр зургийг нь эвдэн өнөөх Гоёо автобусанд чанга дуугаар шууд л шүлэг уншаад эхэлж. Хүмүүс ч нэлээн гайхаж байсан байх тийм ээ хэмээн өөр хоорондоо инээлдэн суусан юм.

Тэд оюутан байхдаа нэг өдөр ярилцаж байгаад Монголын утга зохиолд нэрнийхээ үсгээр “БаГомБоУу” хэмээх шинэ урсгал оруулж ирье гээд ярьтал Батхүү “Тэр нь ямар шүлэг байх вэ” гэснээр эрлээ эхлүүлж шөнийн нойроо барсан гэдэг. Тэр шүлэг нь мөр бүхэн нь есөн үгтэй, есөн мөртэй 81 үгнээс бүтэх ёстой гээд сүрхий яриа болсон ч олигтой үр дүнд хүрээгүй тул тэгсгээд бүлгэм татан буугджээ.

Тэднээс арай амьжиргаатай нь Д.Гомбосүрэн. Амьжиргаатай гэдэг нь ангийнхаа гурван найзыг тэжээхийн дээр гэр бүлээ хамтад нь авч явдаг сүрхий эр байсан гэнэ. Бүх эрх мэдэл Гоёогийнх нь гарт байдаг, ер нь түүний хэлснээр бүгд яах ийхээ зохицуулна. Гэр бүлийнхээ төсвийг захиран зарцуулагч нь Гоёо тул өнөө хэд нь дагахаас өөр аргагүй. Одоо харин Богд уулынхаа баруун энгэрт малаа маллан, шүлгээ бичсээр суудаг аж. Д.Гомбосүрэн нь оюутан байхдаа “Олон намрын бүсгүй” гэж гайхалтай шүлэг тэрлэсэн юм байх. С.Ууганбаяр “Гоёогийн энэ шүлэг миний мэдэхийн 10 гаруй эзэнтэй. Энд тэнд явж байхдаа нэг бүсгүйд очоод чамд ийм нэг шүлэг зориулж бичлээ гэдэг. Орой нь эхнэртээ очоод ханьдаа зориулж ийм нэг шүлэг биччихээд ирлээ” гэж байгаад л уншиж өгдөг байсан гэнэ. Тухайн үед энэнээс өөр гайгүй шүлэг байдаггүй байсан юм уу, энэ шүлгээ л уншаад явдаг байсан гээд хүд хүд инээнэ.

Дөрвүүлээ нэг өдөр тойрч суугаад “Ингэж амьдарч бүтэхгүй нь” гэж ярилцаад байшин барихаар болж. Цаахна талд нь “Цайз” зах байдаг тул морин тэргээр зах зөөж, шар шавраар шавахаар тохироод байсан гэнэ. Банзнуудаа буулгачихаад байж байтал С.Боргил “Би унд хийж байя” гээд гэр рүү яваад орсон байна. Өнөө гурав ч гортиг, чиг ус юм болж байгаад овоо том байшин барихаар болж. С.Боргил нь унд бэлдчихээд өнөө хэдийгээ дуудахаар гараад иртэл байшингаа бараг босгочихсон байжээ. Энэ талаараа С.Ууганбаяр “Боргилыг гараад ирэхэд бид бараг байшин барьчихсан байсан юм. Гэр барихаас хурдан байшин барина гэж юу байхав. Бас болоогүй наран талдаа хоёр том цонхтой, зах банзаараа бас тасалгаа хийчихсэн” гээд инээмсэглэв. Дранкаа хадаж, шар шавраараа шавахчаа аядсан байна. Ер нь бол байшин барих ямар ч төсөөлөлгүй дөрвөн нөхөр ингэж байшингийн зах зухаас зууралдаж байгаад мөнгөгүй болоод ажил нь зогсчээ. Намар Ууганаа нь Дорноговиос гэрээ авч ирэн хамар хашаанд нь шахам барьж өрх тусгаарласан гэнэ. Өвөл нь түлээгүй болж Гоёо, Ууганаа хоёрынх өнөө дутуу барьсан байшингаа буулгаж түлээд нэг өвлийг дааралгүй давсан байх юм. Бас л хөөний эрс байсан байгаа биз.

Шүлэг, яруу найргаар өвчилж явсан тэдний ангийнхан яруу найргийн наадмуудад их оролцдог ч нэгийн даваанд голдуу хасагдана. Орой гэртээ харихаар цахилгааны мөнгөө төлөөгүй гээд тогийг нь тасалчихсан байдаг тул лаагаа асааж аваад байр эзлээгүй яруу найргийнхаа наадмын талаар, тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлэг тааруухан байсан тухай ярьцгааж сэтгэлээ амраагаад унтацгаадаг байж дээ гэцгээнэ.

Оюутан байхдаа ангиараа “Тамгатай айраг” хэмээх яруу найргийн цэнхэр номоо гаргаад “цэнхэр ус”-аар даруулаад жигтэйхэн байцгаасан нь 2003 он хавьд аж. Д.Пүрэвдорж багшийнхаа хичээл дээр юм үзээгүй царайлж бүгдээрээ номоо эргүүлж суутал багш нь “Шинэ ном гарахад үнэр нь хүртэл сайхан байдаг юм. Та нар ч мэдрэхгүй л дээ. Мэдрэх шинжтэй шүлэг наад номонд чинь алга байна лээ” гэснээр ангиараа алгадуулаад авах шиг болжээ. Ангийн найз Ц.Батбаяр нь хичээлээсээ нэлээд хоцрон орж иртэл Пүүжээ багш нь “Манай Өвөрхангайд нэг дарга байсан юм. Түүн дээр ажилтан нь орж ирэхэд “Даш минь чиний наад гутал дээр тариа тарихаар болжээ” гэсэн гэдэг” хэмээн битүү хатуухан гутлаа цэвэрхэн өмсөж байхыг сануулж байсан гэдэг. С.Боргил, Д.Гомбосүрэн хоёр араас нь орж иртэл Боргилд хандан “Өөрийгөө аугаа их гээд бодчихоор алс хэтдээ цааш явахад газар олдохгүй чамд л хэцүү байна даа. Яагаад хичээлийн цагаар архи уугаад байна” гэхэд “Би уугаагүй Ш.Цогт ахын шарыг нь тайлах гэж нэг шил авч өгсөн” гэтэл Д.Пүрэвдорж агсан “Чи Цогтод шил архи авч байгаа юм бол Явуу, Гайтавт ёмкосоор нь авч өгөх үү. Гомбосүрэн гэж нэг хөөтэй төлөг шиг юм байна. Одоо бүр эргүү хурга шиг боллоо. Хүний хөл гүйцдэг хүн тэр хүнтэйгээ явдаг юм” гээд л банга хүртээж. Үүнийг сонсож суусан Ж.Сарантуяа хамт суугаа охинтойгоо юм ярин инээж байтал “Сарантуяа гэж үрээ байдас дагуулсан зөнгөр гүү шиг юм. Чамд ном сурах шинж байна уу” гээд л хандыг нь дарж байсан тухай ярьцгааж мундаг хүн байсан даа хэмээн захирал багшаараа бахархана. Энэ мэтчилэн хөөтэй зүйлс их болдог байжээ. Уг нь бол Пүүжээ багшаас нь өөр хүн хичээл орвол С.Боргил “Тэнгэрийн шувуу шиг эмнэг цагаан заяа Тэнгисийн салхи шиг зоргоороо цыган бүсгүй” гээд л, Гоёо нь “Аяа миний хайр Авдрын ууланд аргалаа түүж яваа Асах галын дөлийг Ар нуруундаа тээж яваа”, Б.Батхүү “Орчлонгийн гоёл магнайдаа байдаг Одод тэнд нь чуулдаг” гэх мэтчилэнгээр шүлгээ уншаад хичээлийг ерөнхийдөө хийдүүлдэг байцгаажээ.

Нэг өдөр Пүүжээ багш нь нэрт судлаач Ч.Билэгсайханы хамт ирээд шүлгээ унших боломж олгоход бүгдээрээ л уншицгаасан юм байх. Д.Гомбосүрэнг “Шүлэгтэй өтөлж яваа юм, хөөрхий”, Хөтөлийн Ц.Бүдрагчааг “Юу ч уншихгүй, чи яаж шүлэг бичдэг юм”, Эрдэнэтийн М.Отгонбаяр гэх бүсгүйг “Чи айлын нөхөр харсаар яваад дуусч байгаа хүн үү”, Ууганааг “Намайг алдахын тоогоор чулуундаа цав авч зовсоор Намхан болсон толгод минь” гээд унштал “Тэр муу хөөрхий толгодод бүтэн чулуу үлдээгүй байх даа, энэ Ууганбаярын царайг хараад байгаарай” гээд бараг л дахин шүлэг бичмээргүй болтол нь зад шүүмжилжээ. Х.Насанжаргал харин “Балчирхан байхдаа би халтархан жаал байсан Багана тэвэрч айлын боорцог горьддог байсан” гээд уншихад нь “Ядаж өөрсдийнхөөрөө байж сур” гээд Насаад нь гурав, бусдад нь онц муу дүн тавьсан тийм ээ, хэмээн хөхрөлдөцгөөнө.

Тэд ямар ч хичээл орсон шүлэг бичээд суудаг, шүлгээс өөр зүйлийг тэр бүр тоогоод байдаггүй хэнэггүйхэн, хээрийн салхи шиг эрх дураараа явж. Аминдаа тулахаараа шалгалтаа аргалаад өгчихөө мэднэ. Сэтгүүлчийн ангийн яруу найрагч оюутнууд энд тэнд очиж тоглолт их хийдэг байж. Уг нь ашиг олох гэж тоглолт хийдэг ч олсон юм нь гавьж байгаагүй юм билээ. 2001 онд Хэнтийн Батхүү нь Багануурт “Орчлон” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн юм байна. 2004 онд сургуулиа төгсөөд ангийнхан нь нутаг нутаг руугаа амьдрал хөөн явсан тул хотод ойроороо С.Ууганбаяр, Д.Гомбосүрэн, Б.Батхүү, Н.Мандал, Ж.Сарантуяа нар сэм уулзалддаг гэнэ.

Нэг өдөр англи хэлний шалгалт авч байтал нэгэнт хэл мэдэхгүй юм чинь зүгээр сууж байхаар гээд С.Ууганбаяр “Харийн хэл сонсож

Хэлгүй болсон Ууганаа

Холын аялгуу сонсож

Дүлий болсон Гоёо

Гадаадад очсон шиг

Гайгүй болсон Боргил

Балар цагийн сармагчин шиг

Балай болсон Батхүү

Бидэн дөрвийн заяа

Бийрийн үзүүрт байна уу

Багшийн тавьсан дүнд байна уу” гэхчилэн бичиж байтал Гоёо шалгалтын цаасыг багшид нь аваачиж өгснөөр хэрэг мандах байх гэтэл багш нь харин ч хадгалаад үлдсэн байна лээ гэцгээнэ.

Ангийхнаасаа Сэрдамбын Боргилтой 2007 оноос хойш хэн ч уулзалдаагүй юм байна. Усанд хаясан чулуу шиг ор сураггүй болсон гэдэг. Монголын утга зохиолын хүрээнийхэн хүртэл түүнийг хаачсан талаар нь одоо болтол сураг ажиг тавьсаар байдаг билээ. Өнгөрсөн цаг хугацаа тэдний амьдралд уран бүтээлд унаж, боссон он жилүүд байжээ. Гуниг баяр нь хүртэл ижилхэн мэт нөхдөө он цагийн цаанаас дурсахад хөнгөн инээмсэглэл зүрх уясган тодордог хэмээцгээж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Э.Цэндбаатар: Тулаан болгон хүнд байдаг ч Оки ахтай тулалдахад л үнэхээр хэцүү байсан

“Рио-2016” олимпийн тавдугаар байрын шагналт, боксын улсын шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Цэндбаатартай ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногт болсон Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ-д Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалайтай тулалдаж, түрүүлсэн. Аваргын төлөөх хамгийн ширүүн тулааныг та хоёр үзүүллээ?

-Миний хувьд энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-ын жинд өгсөж тулалдсан. Мэдээж хэрэг энэ жинд тулалддаг манай улсын шилдэг тамирчин бол Д.Отгондалай ах шүү дээ. Өнгөрсөн зуны “Рио-2016” олимпод Оки ахтайгаа хамт явж, хагас сарын хугацаанд хэн хэнийхээ бэлтгэл сургуулилтыг хангаж, эх орныхоо нэрийг гаргасандаа баяртай байгаа. Энэ хүнтэй анх удаа боксын рингэд тулалдаж, хожсондоо сэтгэл их өндөр байна. Тулаан болгон хүнд байдаг. Тэр дундаа Оки ахтай тулалдахад л үнэхээр хэцүү байсан. Тулалдахаасаа өмнө юу ч бодолгүй гарсан. Зөвхөн өөрийнхөө гаргах тоглолтдоо л анхаарсан. Би энэ хүнтэй яаж тоглох вэ, хэрхэн хожих вэ гэдгээ л бодож байлаа. Тэгээд өөрийнхөө бодсоноор ажиллаж, хөдөлж тулалдсан даа. Тулалдааны явцад Оки ах бид хоёрын зүүн талын хөмсөг задарч цус их гарсан. Их ширүүн тулаан болсон доо.

-Д.Отгондалай гавьяатын тулалдааны онцлог нь юу вэ?

-Оки ах маш хурдан хөдөлгөөнтэй. Хөлний ажиллагаа, хамгаалалт, довтолгоо гээд бүх зүйл нь сайн. Бас их мэдрэмжтэй.

-Боксчин хүний эрхэм чанар юу юм бол?

-Тэсвэр, тэвчээр. Дээр нь хөдөлмөр. Тэвчээртэй, хөдөлмөрч байхад бусад нь болчихно доо. Бусдыг ялахаас илүү өөрийгөө ялж сурах л чухал. Тэгж байж л амжилтад хүрнэ шүү дээ.

-Хэзээнээс боксын спортоор хичээллэх болов?

-Анх 2008 онд Спортын төв ордонд Чөлөөт бөхийн секцэнд орох гэж яваад нагац ахтайгаа санаандгүй таарсан юм. Тэгсэн ах маань “Чи боксын сэкцэнд орохгүй юм уу. Ах нь чамайг шууд оруулаад өгье” гэж хэлж билээ. Ингэж л анх нагац ахынхаа саналаар боксын спортод хөл тавьсан. Мөн Монголын боксын спортын хамгийн анхны олимпийн аварга Э.Бадар-Ууган, мөнгөн медальт П.Сэрдамба ах нарынхаа гаргасан амжилтаар хөглөгдөж, олимпийн медаль хүртэхэд нь монгол хүн гэдгээрээ омогшиж байсан маань энэ спорт руу сэтгэл шулуудан орох шалтгаан болсон.

-Олимпод ч тэр, бусад томоохон тэмцээнд ч тэр танаас илүү санаа зовдог хүн багш тань байсан болов уу. Энэ спортоор хичээллэж эхэлсэн үеэс өдийг хүртэл хамт байгаа боксын анхны багш тань хэн бэ?

-Тэгэлгүй яахав. Намайг өдий зэрэгтэй авч яваа, эрдэнээс илүү үнэтэй сургаалаа хайрладаг, бүх үед хажууд минь байж ирсэн хүн бол Олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын боксын есөн удаагийн аварга, одоо долоо дахь жилдээ дасгалжуулагч хийж байгаа Б.Энхтайван багш маань юм. Залуу тамирчдыг өөрийн хүүхэд шиг санаж бүх зүйлийг сайн зааж өгдөг. Багшдаа шавь орсондоо баярлаж явдаг.


Боксын УАШТ-ий аваргын төлөөх тоглолт

-Та анх ямар тэмцээнд оролцож байв. Тэр үеийн сэтгэгдлээ хуваалцвал?

-Би 1996 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Анх Монгол Улсын гавьяат дасгалжуулагч агсан Б.Олзод багшийн нэрэмжит тэмцээнд оролцож, түрүүлж байлаа. Түүнээс хойш өсвөрийн залуучуудын аварга, улсын аварга, нэрэмжит тэмцээнүүдэд оролцож аварга болж байсан. Эхний тэмцээний сэтгэгдэл гэдэг ямар ч тамирчин хүнд чухал юм шиг санагддаг. Анхны тэмцээнд оролцож, рингэн дээр гарахаас өмнө яагаад ч юм сэтгэл санаа их тайван байсан. Одоо ч гэсэн тив, дэлхийн тэмцээнд оролцож, тулалдахаасаа өмнө өөрийгөө зоригжуулж, тайвшруулж чаддаг. Ер нь тэмцээн бүрт өөрийн хэмжээнд амжилттай оролцсон гэж боддог. Баярласан мөч олон бий. Тэмцээнд явж чадаагүй, гомдолтой үлдсэн мөч ч бий. 2015, 2016 оны улсын аварга болчихоод байхад Азийн аварга, Дэлхийн аваргын тэмцээнд явуулаагүйд миний хувьд гомдолтой үлдсэн.

-Өмнө нь ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2012 онд хүүхдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Мөн 2013 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. 2013 оны насанд хүрэгчдийн УАШТ-ээс алтан медаль хүртсэн. 2014 онд боксын дүрэм шинэчлэгдэж насанд хүрэгчдийн тэмцээнд 19 наснаас дээш насны тамирчид оролцоно гэж заалт гарснаар миний нас хүрэхгүй, тэмцээндээ оролцоогүй. Харин өнгөрсөн жил Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон олимпийн эрхийн төлөөх тэмцээнд Гватемала улсын Р.Донисыг 3:0-ээр ялж, олимпийн эрхээ авсан.

-Анхны олимпдоо амжилттай оролцож, медалийн төлөөх тулаан хийсэн. Тухайн үед манай боксчдын сүүлчийн найдвар та байлаа шүү дээ. Ер нь олимпийн ринг хатуу байсан уу?

-“Рио-2016” олимпод арван есөн настайдаа оролцсоноороо их бахархдаг. Анх Рио де Жанейро хотод очиход уур амьсгал, цагийн зөрүү гээд юм бүхэн надад тохироогүй. Гэхдээ хэд хоног бэлтгэл сургуулилтаа орчиндоо тохируулж хийсээр овоо гайгүй болсон. Эхний тулаанаа Кенийн тамирчинтай хийж, 3:2 харьцаагаар ялсан. Би их тайван байсан. Бэлтгэл ч сайн байлаа. Дараагийн тулаанаа дэлхийн аваргын хүрэл медальтай Беларусийн тамирчинтай хийж, хожсон. Харин хүрэл медалийн төлөөх Америкийн тамирчинтай хийсэн тулаан хүнд болсон. Тухайн үед надаас бусад нь тэмцээндээ оролцож, тулаанаа хийчихсэн байв. Хамгийн сүүлд миний тулаан үлдчихсэн болохоор бүх хүний анхаарал миний тулаан дээр төвлөрчихсөн байлаа. Ойр дотнын хүмүүс маань “За одоо медалийн төлөөх тоглолтууд үлдлээ. Энэ тулаанд л хамаг хүчээ гаргаж сайн тоглоно шүү” гэж хэлсэн. Ингэж хүн болгоны анхаарлын төвд байх чинь ёстой хэцүү юм билээ. Хүрэл медалийн төлөөх тулаанд Америкийн тамирчинг ялах бүрэн боломжтой байсан. Гэвч тэр боломжоо ашиглаж чадаагүй. Шийдсэн зүйлүүдээ л хийсэн. Гэхдээ нэг л болж өгөөгүй. Магадгүй туршлага дутсан болов уу. Гэхдээ би тэндээс медальгүй ч гэлээ, их том юмтай ирсэн. Тэр бол бэлтгэлээ сайн хийе, цаашид хичээе гэсэн том урам зориг. Яаж ажиллах вэ гэдэг талаар дотроо бодож ирсэн зүйлүүд байгаа. Цаашдаа туршлагажиж илүү их хичээх болно. Миний зорилго том, хүрэхэд тийм ч хол биш гэж боддог.

Э.МӨНХТҮВШИН