Categories
мэдээ цаг-үе

​Хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах боломж нээгдэж байна

2015 оны долдугаар сард батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хууль энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд, тэр тусмаа жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх таатай боломж нээгдэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци 2012 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгөнөөс гадна хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх зүйн орчин бүрдэж, түүнийг бодитой хэрэгжүүлэхэд нэн чухал хүчин зүйл болох хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан ажиллаж эхлэхэд бэлэн болжээ.
Цахим мэдээллийн сангийн гол зорилго нь тухайн хөдлөх хөрөнгийн хувьд үүссэн барьцааны эрхийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээллэхээс гадна барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг тогтоох юм билээ. Интернэтэд холбогдсон хэн ч барьцаанд байгаа хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг харчихна, хөдлөх хөрөнгө барьцаалж буй банкны ажилтан тусгай кодоор нэвтрээд барьцааны мэдэгдлийг хэдийд ч оруулах боломжтой гэх мэт давуу талуудтай цахим мэдээллийн сангийн нээлт энэ сарын 20-нд болох юм байна.
Нэг талаас үл хөдлөх хөрөнгийн барьцааны шаардлагыг хангаж чаддаггүйгээс болж зээл авч хүчирдэггүй жижиг дунд бизнесийнхнийг дэмжсэн, нөгөөтэйгүүр эдийн засаг тэлэхэд өгөөжөө өгөх энэ хуулийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо зэрэг байгууллага Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байгаа юм билээ.
Төслийн менежер Б.Батмөнх “Цахим мэдээллийн сангийн зорилго бол барьцаанд авсан тухайн хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг тогтоох бүртгэл огт биш юм. Таван сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй бизнес эрхлэгч байлаа гэж бодъё. Энэ тоног төхөөрөмжийг барьцаанд авсан банк барьцааны гэрээ хийснийхээ дараа цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг оруулна. Энэ нь тухайн тоног төхөөрөмжийн хувьд энэ банкны барьцааны эрх байгаа шүү гэсэн нотолгоо л юм” гэсэн тайлбар хийлээ. Хууль батлагдаж, цахим сан ажиллаж эхэлснээр бизнес эрхлэгчдэд бас нэг том давуу үүсч байгаа юм байна. Таван сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжөө “А” банкинд нэг сая төгрөгийн барьцаанд тавьсан бизнес эрхлэгч маргааш нь “Б” банкин дээр очоод нөгөө тоног төхөөрөмжөө барьцаалж дахиад зээл авах боломжтой аж. “Б” банкны зээлийн мэргэжилтэн цахим мэдээллийн сангаас хайлт хийн өмнө нь “А” банкны барьцаанд тавьсан талаарх мэдээллийг хараад “Таван сая төгрөгийн зах зээлийн үнэтэй тоног төхөөрөмжийг нэг сая төгрөгийн барьцаанд тавьсан юм байна. Энэ тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ өндөр учраас манай банк ч барьцаалж зээл өгч болох нь.
Зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсч тоног төхөөрөмжийг борлууллаа гэхэд өгсөн зээлээ буцаагаад авах боломж бидэнд байна” гэсэн дүгнэлт хийгээд зээл олгох боломжтой аж. Тоног төхөөрөмжөө барьцаалсан бизнес эрхлэгч банкинд заавал үлдээх шаардлагагүй, барьцаанд тавьсан эд зүйлсээ ашиглаад бизнесээ үргэлжлүүлээд явах боломжтой нь энэ хуулийн хамгийн том давуу тал юм байна.
Хөдлөх хөрөнгө гэдэгт эдийн болон эдийн бус хөрөнгүүд багтаж байгаа юм билээ. Эдийн бус гэдгийн наад захын жишээ нь Оюу толгой компанитай хийсэн ханган нийлүүлэлтийн гэрээ байж болох юм. Ганц Оюу толгой компанитай ч биш, ямар ч газартай хийсэн бизнесийн амжилттай, тогтвортой гэрээ хэлцлээ барьцаалах боломж бизнес эрхлэгчдэд үүсч байна гэсэн үг. Жилийн турш тийм бүтээгдэхүүн нийлүүлэх юм, орлого нь орж ирэхээр зээлээ төлнө гээд санхүүжилт татах боломж жижиг, дунд бизнесийнхэнд нээгдсэн гэж ойлгож болно.
Жижиглэнгийн худалдаа эрхэлж буй, лангуу түрээслэн ажиллуулж байгаа, эргэлтийн хөрөнгө муутай бизнес эрхлэгчдэд ч ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль өгөөжөө өгнө. Лангуун дээрх бараагаа барьцаалаад банкнаас зээл авах боломж хуулиар нээгдэж байна. Банкны барьцаанд тавьсан бараагаа багасгахгүй, байнгын худалдааны эргэлттэй байхад л зээлж авсан мөнгөө эргэлдүүлж өсгөөд байх боломж бүрджээ.
Арилжааны банкууд Олон улсын санхүүгийн корпорацийн энэ чиглэлээр хийсэн сургалт, мэдээлэлд оролцсоор өнөөг хүрчээ. Шинэ боломж бий болж байгаа болохоор банкуудын зүгээс ч хөдлөх хөрөнгө барьцаалаад зээл олгоод эхлэх болов уу.
Сонирхуулж хэлэхэд ОУСК энэ хөтөлбөрийг дэлхийн 30 гаруй улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Хэрэгжүүлсэн зарчим нь манай улсад хэрэгжүүлж байгаатай яг адилхан гэнэ. Өнгөрсөн жилүүдийн түүхээс харахад сайн хэрэгжсэн жишээнүүд олон юм билээ. Манай улсын оршдог бүсэд гэхэд л Вьетнам улс сайн жишээнд ордог аж. Урд хөршид энэ хууль бүр 2007 оноос хэрэгжсээр өнөөг хүрчээ. Өдийг хүртэл хөдлөх хөрөнгө барьцаалж олгосон зээлийн хэмжээ хэдэн триллион доллараар хэмжигдэж байгаа аж.
Ер нь хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгож буй сайн жишээ болсон улсуудын хувьд жижиг, дунд бизнес нь мэдрэгдэхүйцээр хөгжсөн гэж эдийн засагчид онцолдог. Төсөв улайсан, санхүү хүндхэн ийм үед хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл дагаж жижиг дунд бизнес сэргээд ирвэл эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Categories
мэдээ цаг-үе

​З.Нарантуяа: Намын дэд даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа

“Өдрийн сонин”-ы 2017 оны хоёрдугаар сарын 15-ны лхагва гаригийн №041 (5608) дугаараас авав.

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган хаалтаа хийлээ. намрын чуулганы хугацаанд Их хурал үүргээ хэр биелүүлэв?
-Намрын чуулган зайлшгүй хэлэлцэх хууль тогтоомжийн төслүүдээ хэлэлцэж, шийдвэрлэсэн ч эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх том төслүүдээ эхлүүлж чадсангүй. Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр олох ажилд ахиц гарахгүй байгаагаас шийдлээ хүлээсээр үлдлээ. Энэ чиглэлд УИХ, Засгийн газрын хамтын ажиллагаа чухал байгаа нь харагдаж байна.
-Төсөв батлахаас эхлээд олон чухал асуудал шийдсэн ч гэлээ өмнөх парламентын үед санаачилсан хуулиудын нэрийг өөрчлөөд баталчих шиг болсон?
-Ач холбогдлын хувьд ижил гэхдээ зөвхөн нэр нь өөрчлөгдсөн хэд хэдэн хууль батлагдсан нь үнэн. Тухайлбал, төрийн сургалтын сан, боловсролын зээлийн сан хоёр зорилго зохицуулах харилцааны хувьд ижил л дээ.
-Таны хувьд намрын чуулганаар ямар асуудалд төвлөрөн ажилласан бэ?
-Эдийн засаг, төсөв, санхүү хүндрэлтэй байгаа учраас энэ удаад энэ чиглэлийн хууль тогтоомжууд дээр илүү анхаарч ажиллалаа. 2017 оны төсвийн тухай хуулийг аль болох хэмнэлттэй, орлого, зарлагаа зөв тооцоолсон байх зарчимд нийцүүлэхийн тулд хэд хэдэн зарчмын саналуудыг гаргаж, төсөлд тусгуулж чадсан. Төрийн сангууд, төрийн өмчит үйлдвэрийн газруудын ашиг, орлогыг хяналттай байлгах чиглэлээр УИХ-ын тогтоолыг Төсвийн байнгын хорооноос гаргуулад идэвхтэй ажилласан. Бондын хөрөнгийн зарцуулалтын байдал, үр ашигт хяналт тавих, Хөгжлийн банкны үйл ажиллагааны хууль эрх зүйн орчинг илүү сайжруулах чиглэлд анхаарч, Эдийн засгийн байнгын хорооны гишүүдтэй хамтран хуулийн төслийг өргөн барьж, батлуулж амжлаа.

-ОУВС-гийн мэргэжилт-нүүд манай улсад ажиллаж байна. Гуравдугаар сард багтаад “стэнд бай” хөтөлбөрт хамрагдах боломж бий юү?

-Монгол Улсын Засгийн газар өөрөө идэвхтэй байр сууринаас хандаж, яриа хэлэлцээрээ тууштай үргэлжлүүлж, амжуулахын төлөө ажиллах хэрэгтэй байна. Тодорхойгүй, санал хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхгүй цаг нэлээд алдсан.
-ОУВС-гийн зүгээс манайд ямар шаардлага тавьж байгаа бол. Хамрагдчихлаа гэхэд мөнгө нь хэдийд орж ирдэг юм бэ?
-Төсөв санхүүгийн нөхцөл байдал улам л муудах хандлагатай болсон учраас тавих шаардлага илүү хатуу болж байгаа. Мөнгө яг хэдийд орж ирэхийг одоо хэлэхэд эрт байна. Сангийн яамнаас энэ талаар тодорхой мэдээлэл авах хэрэгтэй.
-Хэрэв “Стэнд бай”-д хамрагдчихвал ээлжит бус чуулган зарлах уу. Мөн төсөвт тодотгол хийж таарах байх. Төсөвт тодотгол хийвэл аль салбарт голдуу зарцуулах вэ?
-Тийм шаардлага бараг гарахгүй болов уу гэж харж байна. Хэлэлцээр эцэслэгдээгүй байна. валютын сангийн удирдах зөвлөлийн хурлаар шийдэгдэж байж, чуулганаар хэлэлцэгдэнэ.

-МАН-ын гишүүд оны дараачаас эхлээд гадны хөрөнгө оруулалтууд орж ирнэ гэж байсан. Хаанаас, ямар хөрөнгө орж ирэх гарц харагдаж байгаа вэ?

-УИХ-ын Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодоор албан ёсоор яригдсан зүйлүүд одоогоор алга байна.
-Гуравдугаар сард төлөх өрийг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ. Зарим гишүүд Хөгжлийн банкны өрийг асуудалгүй төлнө гэхээр зарим нь төлж чадахгүй гэх юм?
-УИХ Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, балансыг нь цэгцэлж өгсөн. арилжааны банкууд дээр бондын тодорхой эх үүсвэрүүд бий. Ерөнхий сайд ч 580.0 сая ам.долларыг төлчих боломж байгаа гэдгийг мэдэгдсэн. Өчигдөр УИХ-аас “Эрдэнэтийн үйлдвэр” ХХК-ийн хувьцааны 49 хувийг худалдан авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас хувьцааг нь төрд авахдаа хөгжлийн банк, ХХБанкинд байгаа эх үүсвэрүүдээс суутгуулан тооцох тогтоол гаргасан. Энэ гүйлгээ ойрын хугацаанд хийгдвэл асуудал харин хүндэрнэ.
-Хөгжлийн банкны тухай хуулийг УИХ-аар баталлаа. Уг хууль хэрэгжиж эхэлснээр ямар эерэг нөлөө гарах вэ?
-Хөгжлийн банкны хувьд эрхлэх үйл ажиллагаа нь тэлж, жишиг санхүүгийн байгууллагуудын хэмжээнд хүрэх боломж нээгдэж байгаа. Хамгийн гол нь удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлийг санхүүгийн мэргэжлийн хүмүүсээр сонгон шалгаруулалтын зарчмаар бүрдүүлэх хуулийн шаардлага тавигдаж байгаа. Мөн үйл ажиллагааг нь үнэлж, дүгнэх санхүү, зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүд, зээл, активыг ангилж, хянах журам зэргийг нь Монголбанк тогтоож, хяналтаа тавьж байхаар болсон.
Санхүүжүүлэх төслийн хувьд Монгол Улсын хөгжлийн дунд хугацааны баримт бичигт тусгагдсан эдийн засгийн хөгжлийг дэмжих, экспортыг дэмжих, импортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үр ашигтай төслүүд байх шаардлага тавьсан.
Төсвөөс эргэн төлөгдөх нөхцлөөр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх тохиолдолд тухай тухайн жилийнхээ төсөвт заавал тусгагдаж байх зохицуулалтыг Төсвийн тухай хуульд оруулахаар Эдийн засгийн байнгын хорооноос төсөл өргөн баригдсан. Энэ төсөл ирэх хаврын чуулганаар яригдана.
-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар МАН-ын гишүүд хоёр талцчих шиг боллоо. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-УИХ-ын тогтоолыг батлахын эсрэг байсан. 49 хувийг худалдан авсан ажиллагаа хууль бус байсан гэдгийг нь үгүйсгэсэн хэрэг биш. Хууль бус гэж үзсэн ажлын хэсгийн дүгнэлт өөрөө хангалттай нотолгоо муутай байсныг, мөн Тогтоолын заалтууд өөрөө гарсныхаа дараа хэрэгжүүлэх боломжгүй, эрх зүйн үр дагавар, ач холбогдол муутай байсан учраас.
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс “Эрдэнэт”-ийн 51 хувийг шалгах санал гаргаж байгаа. Уг асуудал юу болсон бэ?
Энэ тухай саналаа УИХ-ын даргад хүргүүлсэн байгаа. Даргын захирамжаар ажлын хэсэг томилогддог. Томилогдох байх гэж бодож байна. Сая 49 хувийг хууль бусаар тодорхой этгээдүүд эзэмшсэн байна гэж үзэж шалгасан, харин одоо 51 хувийн хувьцаа маань байна уу үгүй юу гэдгийг зайлшгүй үзэх шаардлага бий болчихоод байгаа. Дотоодын компаниудын гадаадын банкнаас авсан, найдваргүй болсон зээлийн барьцаа болсон, уг барьцаа хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангах олон улсын шүүхийн шийдвэр гарсан тухай мэдээллүүд гарсан учраас.
-Сар гаруйн дараа Таван толгойн гэрээ дуусна. Таван толгойг цаашид хэрхэн хөдөлгөх бол?
-Энэ асуултыг Засгийн газраас асуусан нь дээр байх. Надад тодорхой мэдээлэл алга.
-Танай нам нийт гишүүдийнхээ санал асуулгаар даргаа сонгосон. Шинэ даргын баримтлах мөрийн хөтөлбөр гарсан уу. Та намын гишүүдтэйгээ уулзаж, намтайгаа холбоотой байгаа юу?
Намын даргад нэр дэвшигчид тус бүртээ мөрийн хөтөлбөртэй сонгуульд оролцсон. Гишүүд түүнийг нь үнэлж, сонгосон гэж ойлгож байна. Энэ удаагийн Намын VII Их хурлаар намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтүүд бас батлагдана. Намын үзэл баримтлал мөн гишүүдийн дунд хэлэлцэгдэж байгаа. Шинэ дарга үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ агуулгатай нийцүүлж, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд хийх ажлын төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө гаргах байх.
-Ардчилсан намын VII их хурлын талаар ямар дүгнэлттэй байна?
АН-ын шинэчлэл маш амжилттай эхэлж байна. Анх удаа даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох сонгууль явуулж үзлээ. Анх удаа улс орон даяар ийм хэмжээний сонгууль маргаан багатай амжилттай боллоо. Таван сум барьсан нэр дэвшигчид намаа таван тийш нь хуваана гэж тохуурхаж байсан хүмүүс, улс төрийн хүчин байсан. Хариулт нь өнөөдөр бүгдээрээ нийлж суугаад сонгуулийн үр дүнгээ хүлээн зөвшөөрч, Их хуралд ирсэн 3000 орчим гишүүд дотоод сонгуулийн үр дүнгээ баталгаажуулж, шинэ даргаа батламжилж чадаж байгааг хараад энэ нам эвтэй нэгдэлтэй байхын чухлыг ойлгож чадсаныг харууллаа гэж бодож, журмын нөхдөөрөө бахархаж суулаа. Намтайгаа холбоотой байлгүй яахав. УИХ дахь намын бүлэг гишүүдийг намын гишүүд дэмжигчидтэйгээ ойр байж, тэднээр дамжуулж, УИХ-аас батлагдаж байгаа хууль тогтоомжийн төсөл, бодлого шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгуулах ажилд нь тусалж байдаг гол гүүр.
-Гол гүүр гэснээс таныг Парламентын асуудал хариуцсан намын дэд даргад нэр дэвшүүлэх сураг байсан?
УИХ-д суудалтай намууд бүлэг байгуулж ажилладгийн зорилго нь бүлгээрээ дамжуулж, сонгуульд дэвшүүлж орсон намынхаа мөрийн хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилтыг хууль тогтоомжид тусгуулахын төлөө хамтаараа ажиллах явдал байдаг. Хэдийгээр ард түмнээс шууд сонгогдсон төлөөлөгч ч гэсэн улс төрийн намын нэрийн өмнөөс нэр дэвшсэний хувьд ингэж багийн зохион байгуулалтад орж ажиллах шаардлага зайлшгүй гардаг юм байна. Нам гишүүд, дэмжигчид, иргэд олон түмний санал бодлыг сонсох ажлыг зохион байгуулж, УИХ-ын гишүүддээ дамжуулдаг байх эргэх холбоог сайн ажиллуулахын тулд намын нэг дэд дарга заавал УИХ-ын гишүүдээс байж энэ ажлыг хариуцвал үр дүнтэй байхаар харагдаж байгаа учраас эмэгтэй гишүүний хувьд нам, бүлэг хоёрынхоо хоорондын гал тогоог уялдуулах чимхлүүр ажлыг хариуцъя гэдэг утгаар дэд даргад нэрээ дэвшүүлэх бодолтой байгаа. Энэ ажилд би л их зохицох юм шиг санагдаад. Нөхцөл шаардлагыг ойлгож, нөхөд маань хүлээж авах байхаа гэж бодож байгаа (инээв).Дүрмийн дагуу Их хурлаар биш, ҮЗХ шийддэг.

Categories
мэдээ цаг-үе

​Амьдрал буцалсан хорооллын гудамж

III, IV хорооллын Тумбааш дэлгүүрээс Москва их дэлгүүр хүртэл 800 метр орчим газарт зуу гаруй хүн гар дээрээс худалдаа эрхэлж байна. Хүний хөл тасардаггүй энэ хэсэгхэн газарт бяцхан зах бий болжээ. Аав, ээжийгээ дагаж яваа бяцхан хүүхдүүд гудамжинд дэлгэсэн олон янзын тоглоом руу нүд унагаж явах нь, “удахгүй хоёулаа хостой болоод бэлэг авна аа” гэж ярилцах залуу охид, “алим мандарин хоёр килограммыг нь 6000 төгрөгөөр аваарай” гэж хашгирах нь гудамжны захын энгийн нэг төрх юм. Өчигдөр гэгээн хайрын өдөр болохоор зах зээлээ мэдэрч зүрхэн хэлбэртэй шоколад, хос бамбарууш, улаан сарнай худалдаалж буй иргэд овоо орлоготой байгаа нь анзаарагдлаа. Зүрхэн хэлбэртэй дээр нь хос хун урласан хар цагаан шоколад 4000-25000 төгрөг, Golden gobi шоколад 3000-8000 төгрөг, улаан сарнай ширхэг нь 2000, чихмэл бамбарууш 5000 төгрөгөөс дээш ханштай байв.

Цааш явж байтал 25000 төгрөгөөр тэмээний ноосон майк хоёрыг, тэмээний ноосон бүсийг 10000 төгрөгөөс хямдруулаад 9000 төгрөгөөр авч буй худалдан авагчтай таарлаа. Хүнд хэрэгтэй, дулаан эд юм уу гэж бодоод цагаан сараар дотнын хүмүүстээ бэлэглэх гээд авчихлаа гэж байна. “Танай бүтээгдэхүүнийг өөр хаанаас худалдан авч болох вэ” гэхэд худалдагч ах “Ээрмэлийн үйлдвэр, Нарантуул захад зарагдаж байгаа. Гэхдээ үйлдвэрийн үнээр биш. Би зуу гаруй ноосон бүс авчраад өдөрт нь дуусгаж байна. Үйлдвэр дээр оёогоо дийлэхгүй байгаа” гэв.
Дэлгүүрүүдэд 25000 төгрөгөөр зарагдаж байсан орос цамц 10000, футболка 8000, бэлгийн савлагаатай “Тод” оймсыг үйлдвэрийн үнээр буюу 1900 төгрөгөөр хүмүүс худалдан авч байлаа.
Түүний цаахна талд Хаан банкны АТМ төвийн урд хүмүүс бужигнаж байна. “Lays” чипс ямар үнэтэй вэ”, “Wawel чихрээс арвыг авъя” гэх хүмүүс тал талаас нь бүчжээ. Хоёр худалдагчийн нэг нь худалдан авсан бүтээгдэхүүнийг шалмаг гэгч нь савлаж, нөгөө нь бүтээгдэхүүнийхээ үнийг хүн бүхэнд хэлж өгөхийг хичээж, бас хажуугийн лангуу руу задгай мөнгөнд харайлгаж байна. Дотроо арван ширхэгтэй, цагаан сараар хүүхдэд өгөхөд тохиромжтой вафль печень 1000, дэлгүүрт дор хаяж 3000 төгрөгөөр зарагддаг “Lays” чипс 2000, “Troli” ууттай чихэр бөөндөө 900, шилтэй крем 2500 төгрөгөөр зарагдаж байв.
Энд мөн дөрвөн талт хүүхдийн монгол малгай 25000, лоовууз 20000, бүрх малгай 35000, охидын дээл 35000, толгойн гоёл 5000, хөөрөгний даалин 5000-55000, бяцхан хув хөөрөг даалинтайгаа 10000, эмэгтэй хүн барихад тохиромжтой ясан хөөрөг 25000, дунд гарын мана хөөрөг 250 мянган төгрөгөөр зарагдаж байсан нь хүмүүсийн сонирхлыг их татаж байв.
Тэндээс холгүй байх Нарлаг дэлгүүрийн өмнөх талбайд Оросоос ирсэн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүд зарж буй эмэгтэйд олон нийтийн цагдаа гэсэн бичиг бугуйндаа хадсан хоёр хүн мэдэгдэл өгч байхтай таарлаа. Жимс жинлэж худалдаа хийж байсан эгч “Манай төр нээрээ хэцүү шүү” гэж хэн нэгэнд хандах аятай үглэх нь тод сонсогдов. Та энд хэзээнээс зогсож байгаа вэ гэхэд “Энд зогсоод хоёр сар болж байна. Урьд нь Меркури захад зогсдог байсан ч тэнд хүн цөөтэй, орлого муу болохоор энд ирсэн. Би Нарлаг дэлгүүрт сард 300 мянган төгрөгийн татвар төлдөг. Гэтэл олон нийтийн цагдаа, төр засгаас арав хоногт нэг удаа мэдэгдэл хүргүүлж торгууль тавьдаг. Төр засаг амьдрах гэж хичээж яваа иргэдээ дэмждэггүй юм гэхэд торгууль тавьж, хөөж туудгаа больчихмоор санагддаг. Өдөрт дунджаар 100 мянган төгрөгийн худалдаа хийдэг” гэж ярилаа.
Энд бас цагаан идээ, хонины гулууз, үхрийн өвчүү, дотор гэдэс зардаг болжээ. Архангайн Цахираас ирсэн Н.Баярхүү ах “Бид үзэсгэлэн дээр мөн цагаан идээгээ борлуулж байгаа. Хонины гулууз кг нь 4500, өвчүү кг нь 6500, тогооны өрөм 10000, ааруул 15000, сарлагийн сүү 3000, хонины цувдай 5000, толгой 1500 төгрөгийн ханштай байна. Хорооллын иргэд “Хүчит шонхор” оролгүй надаас өдөрт гурваас таван хонины гулууз авдаг. Энд мэргэжлийн хяналт, цагдаагаас шахалт их үзүүлдэг юм байна. Бидэнд хэрэгтэй, янз бүрийн найрлагагүй цагаан идээ борлуулж байна гэж ард түмэн биднийг өмөөрдөг” гэв.
Сурвалжлага хийж явахдаа энд худалдаа эрхэлж буй хүмүүсийг ерөнхийд нь хоёр ангилж болохоор санагдлаа. Эхнийх нь цаг үе, баяр ёслолыг тохиолдуулж эрэлттэй бүтээгдэхүүнийг богино хугацаанд эргэлдүүлж ашиг хүртэгсэд. Тэдний тухай дээр дурдсан.
Харин хоёр дахь нь он удаан жил нэг төрлийн бараа бүтээгдэхүүнээ зарж, байнгын худалдан авагчтай болсон хүмүүс. Тэдний нэг нь арван жил үнэртэй ус, зузаан нимгэн трико зарж буй Тунгалаг эгч юм. Тэрбээр, “Эгч нь анх Дэнжийн мянга, Нарантуул зах дээр зогсдог байсан. Энд хүний хөл ихтэй болохоор ирсэн. Манай энд голдуу өрх толгойлсон эмэгтэйчүүд хоёр идэхгүй, хоосон хонохгүй, хэнийг ч царайчлахгүй амьдралаа залгуулах гэж зогсдог. Түмнийхээ буянаар хоёр оюутнаа болгоод л байна. Энд өвөл зогсоход л хамгийн хэцүү. Эсгий гутлаасаа салчихсан, хаврын урь орчихсон сайхан л байна” гэв. Биднийг ийн ярилцаж байх зуур дунд насны гурван эмэгтэй гэдэсний даруулга, өгзөг өргөгчтэй триког сонирхлоо. 10000 төгрөг гэхэд хорооллын дэлгүүрт хорин мянгаар зарж байсан шүү дээ гээд худалдан авч байна. Хэд хэдэн охид, залуус Chanel, Boss уснаас үнэртэж, цацаад авлаа. Тунгалаг эгч “Манай уснууд том дэлгүүрүүдэд зарагддаг устай адил ч жижиглэнгээр граммыг нь 1000 төгрөгөөр савлаж зардаг болохоор хүмүүс их авдаг. Зун болохоор эмээ, өвөө нар сувилалд явах гэсэн юм гээд саваа бариад ирнэ шүү дээ. Хавар дөрвөн сараас долоон сар хүртэл орлого сайтай байдаг” гэлээ.
Хорооллын дэлгүүрээр хэсэх далимдаа мартсанаа санаж, санаснаа гүйцэлдүүлж явах хүмүүс их бага хэмжээгээр худалдаа хийж, өөрөө өөртөө ажлын байр бий болгосон иргэд эдийн засагт хувь нэмрээ оруулж байлаа. Тийм болохоор эдгээр хүмүүсийг торгож, хөөх бус тодорхой татвар, хураамжаа аваад худалдаа наймааг нь хийлгэх хэрэгтэй гэх хүмүүс олон байлаа. Учир нь эдгээр иргэд төрөөс ажлын байр нэхэх бус харин ч өөрсдийгөө ажлын байраар хангаж тодорхой хэмжээний татвар хураамж төлж байгаа юм. Энэ мэтчилэн гудам хорооны захыг дэмжих нь хувь хүн болоод эдийн засагт ашигтай. Өнөөгийн лангуу, байрны түрээс нэмэгдсэн үед иргэд гэрийнхээ гадаа наймаа хийх нь хамгийн хямд бараа үйлчилгээ үзүүлэх боломжтой юм. Зарим гадны орнуудад гудамжиндаа бүү хэл гэрийнхээ үүдийг дэлгүүр болгосон тохиолдол олон байдаг. Энэ нь иргэдэд олон давуу талыг авчирдаг. Нэг хэсэг гэрийнхээ гадна наймаа хийнэ, нөгөө хэд нь гэрийнхээ гаднаас хэрэгцээтэй бараагаа худалдаж авна. Лангуу, дэлгүүрийн түрээс төлөхгүй учраас барааны үнэ нь хямдхан байдаг. Мөн баяр ёслолын үеэр зах, томоохон дэлгүүрүүдээс бараа бөөндөх мэт давхар ажиллагаа, замын түгжрэл зэрэг асуудал үүсдэггүй. Энэ жишгийг гэр хороололд тогтоох боломжтой юм. Төр тэднийг хааж боож торгож шийтгэхийн оронд тодорхой хэмжээний хураамж аваад зөвшөөрөл олгох нь ажлын байрыг нэмэгдүүлэхээс гадна эдийн засагт бараа үйлчилгээний эргэлтийг хурдасгахад нөлөөлдөг. Жижиглэнгийн буюу өрхийн ч гэж нэрлэж болох иймэрхүү наймааг төр дэмжээд өгвөл иргэд төрөөс ямар нэг юм нэхэхгүйгээр өөрсдийгөө аваад явчихна.
Б.НАРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Түвдэнгийн Борыг нөхдийнх нь хамт хорооход нэг нь амьд үлдсэн байдаг

“Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу” нийтлэл “Өдрийн сонин”-д гарсныг уншаад Н.Банди гуай бидэнд хандсан юм. Тэр үеийн үйл явдлын гэрч болох хүмүүстэй уулзаж явсны хувьд Улсын баатар Т.Борын талаар сонсч дуулснаа Н.Банди гуай бидэнтэй хуваалцлаа. Хустайн цогцолборт газар төвийн захирал байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Та Т.Борын тухай юу ярих гээд биднийг зориод ирэв ээ?
-Би Өмнөговийн Ханбогд гээд Цогтцэций сумын залгаа сумын хүн л дээ. Цэрэгт байхдаа Түвдэнгийн Борыг хорооход оролцсон хүнтэй уулзаж явсан юм. Тэгээд л танай сонинд Түвдэнгийн Борын тухай нийтлэл гарахаар олзуурхаад хүрээд ирлээ.
-Тэр хүмүүс нь одоо байдаг уу?
-Байхгүй болсоон. Т.Борын амь үрэгдсэн талаар барин тавим мэдэх хүмүүстэй тавь гаруй жилийн өмнө уулзаж, асууж, шалгааж явсан болохоор чиний бичсэнийг би сониноос уншаад энэ талаар хүмүүст ойлгуулах нь зөв болов уу гэж бодоод хүрээд ирлээ. Би 1960-аад оны сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цэргийн алба хааж байхдаа Т.Бор болон түүний нөхдийг егүүтгэхэд оролцсон нэгэнтэй уулзаж, чухам юу болсныг яриулсан юм. Тэр хүнийг Пагамын Гөлөгөө гэдэг байсан. Намайг уулзах үед тэр хүн Цогтцэций сумын Билгэх бригадад хоньчин байсан. Гөлөгөө гэдэг хүн Түвдэнгийн Борыг алахад оролцсон Лувсандорж гэдэг хүний төрсөн дүү.
-Тэр хүн энэ тухайгаа танд бүгдийг ярьсан хэрэг үү?
-Тэгсэн юм аа. 1932 оны хавар тэднийх Заарагийн уснаас баруун өмнө гурван гэрээр хаваржиж байжээ. Тэгэхэд Гөлөгөө хэдий 22 нас хүрсэн том эр ч гэрийнхнийхээ үгнээс гардаггүй, адуунаасаа унаагаа солиод уначих мэдэлгүй, бүрэг ноомой нэгэн байж. Тэр нэг өдөр Гөлөгөө хоньтойгоо хамт хээлтэй үнээгээ хариулаад гэрээсээ холгүйхэн явж байтал хургалсан хоньд нь төлдөө тэмүүлж, гэр рүүгээ явах гээд нар баруунаа ташсан ч хонио хотлуулах болоогүй болохоор хониныхоо өмнө гарч арайхийн тогтоож байтал тэднийхээс нэг бараан морьтой хүн Заарагийн усыг чиглэн хар хурдаараа давхиж, хойноос нь хоёр гурван морьтой хүн хар хурдаараа элдэж харагдсан гэдэг. Түрүүчийн хүн Заарагийн усны хонхор руу далдарч, түр азнаснаа хэдүүл болон гарч ирэн араас нь хөөж яваа улсуудыг тосч очсон гэдэг. Тэр бүхнийг харж зогссон Гөлөгөө захалсан хонинуудаа эргүүлчихээд довон дээр гарч хартал нөгөө хүмүүс бүгд мориноосоо буучихсан харагдаж. Тэднээс нэг хүн мориндоо мордон Гөлөгөө рүү ирсэн нь түүний ах Лувсандорж байсан юм билээ.
-Та тэртээ тавиад жилийн өмнө сонссон зүйлсийг яасан тод санаж байх юм.
-Өө, элдэвт дуртай хүн шүү дээ. Би ер нь бага залуудаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан юм. Сонин содон түүх, адармаатай сонирхолтой зүйлийг их сонирхож, хүн хартай уулзан, бичиж тэмдэглэж явдаг. Тэгээд ч тэр яриа миний сонирхлыг ихэд татсан болохоор санаанаас огт гардаггүй юм. Мөн Гөлөгөөгийн хувьд ч тэр хэзээ ч санаанаас нь гараагүй үйл явдал болохоор та нарын хэлдгээр надад өнгөтөөр нь ярьж өгсөн хэрэг шүү дээ.
-За хоёул түрүүчийн яриа руу оръё. Ах нь ирээд юу болсон бэ?
-Ах нь Гөлөгөөд “Чи наад хонь, үхрээ орхи. Өөрсдөө гаднаа очно биз. Чи надтай хамт яв” гэж хэлж. Өнөөх залуу яахав дээ. Ахынхаа үгнээс зөрөх биш, араас нь давхиж. Нөгөө хүмүүс ч тэр хоёртой зэрэг шахуу тэдний гэрийн гадаа ирэв. Очиход нь хэсэг хүн хүлээстэй байсны дотор цэнхэр дээлтэй, дунд зэргийн нуруутай, хорь орчим насны шавилхан бүсгүй байж. Гэрээс хоёр хүн гарч ирснийг тэд хамжин барьж хүлжээ. Гэрт ортол Гөлөгөөгийн таних, тэдний нутгийн ногооны Сандаг, бартаг Лут, их толгой Лувсандорж гурав хүлээтэй байсныг суллажээ. Ингээд нар жаргахаас өмнө тэд Лүнгийн хийд рүү явсан байгаа юм. Ах нь мөн л дүүгээ хамт яв гэж. Шөнө Лүнгийн хийд дээр очиж, хүлээтэй хүмүүс буюу Түвдэнгийн Бор тэргүүтэй хүмүүсийг нэг муу шавар тагзанд хорьж л дээ. Гөлөгөө юу болж байгааг нарийн ойлгоогүй гэсэн. Ахаасаа асуухаас айж чимээгүй л дагаад явж. Энэ хүмүүсийг яагаад хүлж байгаа юм бол гэж бодон жасын гэрт орж унтахаар хэвттэл Сэрээ тайжийн жонгиносон дуу хадаж, хэн нэгнийг зодож занчиж байгаа чимээ гарч. Өдөр нь Сэрээ тайж өнөөх цэнхэр дээлтэй бүсгүйг “Улааны муу өлөгчин чи хаачиж яваа вэ. Биднийг барих гэж яваа юу. Аз чинь дутаж дээ. Хойд насандаа бариарай гэж хорсон хэлэхэд бүсгүй “Тийм ээ, бид эсэргүү та нарыг барих гэж явсан” гэж хачин тайвнаар хэлж байсан аж. Гөлөгөө тэр үед Сэрээ тайжийг яагаад эсэргүү гэж байгаа юм бол. Энэ танихгүй хүмүүс юун хүмүүс юм бол гэж гайхширсаар нам унтчихсан гэдэг. Өглөө ах нь сэрээгээд “Морьд бариад ир” гэж. Холдоогүй хоносон чөдөртэй морьдоо бариад ирэхэд нь өнөөх хүлээстэй хүмүүсийг шавар тагзнаас гаргаж байжээ. Үдэш таван хүн байсан өглөө зургаан хүн болчихож. Бүгдийнх нь нүүр ам булуу болтол хавдаж, цус нөж наалдаад хатчихсан байв. Өнөө хэдийг зайдан моринд мордуулж, хөлийг нь доогуур нь холбон уяж, хүлээг нь тайлаад дээлийнх нь ханцуйгаар унийн мод оруулан тэлж, цааш авч яван Тугийн цохионы зүүхэн талын жалганд ирж, мориноосоо бууцгаан, нөгөө авч явсан хүмүүсээ мориноос буулган, дахин хүлж, чирч гулдран аваад явав.
-Өнөөх Т.Бор нарын хэдэн залуусыг тэр цохион дээрээс түлхэж алсан гэдэг байх аа…
-Аан тийм, тэр цохио мөн, мөн. Сэрээ тайж Гөлөгөөг “Морьд харж бай” гэж. Нэлээд удаж байтал буун дуу гарсан гэдэг.
-Нөгөө хэдийг буудчихсан хэрэг үү?
-Гөлөгөөгийн ярьснаар эсэргүү гэгдэх өөрийнх нь ах болон хамт явсан хүмүүс буцаж ирэхэд хүлээстэй байсан хэдэн нөхдөөс хэн ч байгаагүй гэдэг. Их толгой Лувсандорж нь “Яасан адтай өлөгчин бэ” гэсээр ирэхэд нь Сэрээ тайж “Тэр сүрхий залуучуудын эвлэл гэдэг нь одоо үхсэн хүүрийг нь босгоод ирэхийг харах юмсан” гэж ярилцаж байсан гэх юм билээ. Ингээд Гөлөгөө гэртээ ирэхэд гэрт байсан эмэгтэйчүүд “Юу болов“ гэлцэн асуухад “Бүгдийг нь алчих шиг боллоо” гэж л дээ. Хүүхнүүд “Бурхан гончигсум минь” гэлцээд зул өргөн залбирцгааж.
-Танд ярьсан тэр Гөлөгөө гэдэг хүн жаахан давс хужир нэмж ярьсан юм биш биз дээ. Яг л кино шиг яриад байх чинь….
-Би чамд ярьсныг нь л дамжуулж байгаа. Тэр үед тийм л юм болж.
-За тэгээд цааш нь юу болсон юм?
-Хэд хоногийн дараа ах Лувсандорж нь давхиж ирээд “Одоо хоёулаа явахгүй бол болохгүй. Хонь малаа орхи” гээд ойрхон байсан адуунаасаа урьд нь огт унуулдаггүй хоёр сайхан морь барьж өгчээ. Хаашаа явж байгааг ч мэдэлгүй ахыгаа дагаад Гөлөгөө явж. Замд нь тэдэнтэй ногооны Сандаг, үеийнх нь залуу Гомбодорж хоёр нийлжээ. Тэд өдөр нь ууланд бүгж, шөнөөр явдаг байв. Гөлөгөө бол эхэндээ хаашаа явааг ч мэдээгүй гэдэг. Гэтэл хил давахаар явж байж л дээ. Үүнийг мэдээд нөгөө Гомбодорж хэмээх үеийн залуутайгаа ярилцан “Хоёул сэмхэн буцъя” гэлцэн зугтах гэж яваад нөгөө хэддээ буцаад баригдчихаж. Ингээд гурав дахь хоногтоо тэд хил давсан байдаг. Хоёр залууг зугтаж магадгүй гээд морийг нь цулбуурдан хөтөлж хил гарсан гэдэг.
-Тэр үед зарим айл хил давчихсан л байсан байлгүй дээ. Эсэргүү гэгдээд нутаг хошуугаа орхиж их олон өрх айл нүүсэн гэдэг биз дээ.
-Хилийн цаана ар Монголоос баян голдуу айл нүүж гарсан байсан хэрэг. Тэгээд өнөөх Гөлөгөө маань Содномынх гэдэг баян айлын тэмээ хариулж, гэдэс тэжээх болсон юм билээ. Хүн алсан хэргээр баригдана гэж л ах нь болон нөгөө хүмүүс тэгэж дайжиж явсан хэрэг л дээ. Хил давж ирсэн улсын зарим нь өдөр шөнөгүй архидаж, даалуудан, хамаг хөрөнгө мөнгөө мөрийтэй тоглоомд өгч, зарим нь буцаж хил даван хулай дээрэм хийдэг нь ч байж.
-Өнөөх хамт хил гарсан Гөлөгөөгийн ах Лувсандорж, бусад хүмүүс хаачсан юм бол?
-Хил даваад амьдрах гэж янз янз болцгоосон биз. Сүүлд ахыгаа нас барсан л гэж дуулсан юм билээ. Ингэж зүдэрч явахдаа гэр орноо их санаж, нутгийн зүг харахаар буцаад явмаар санагддаг байсан гэж Гөлөгөө хэлж байсан. Нөгөө айлд хэсэг зарагдаад унаж очсон морьд нь ч үхэж, Содном гэдэг айл ажлын хөлсөнд нэг үрээ өгсөн нь ч бас үхэж. Сүүлд нь хүнээс хавх гуйж, үхсэн малын сэг дээр зүүж, үнэг авлаж, түүгээрээ ганц дээлийн даалимба худалдаж аваад түүнийгээ бааданд бүсэлчихээд явж байхад гэр оронтой болсон юм шиг сайхан санагдаж билээ гэж Гөлөгөө надад дурсаж байсан. Тэгээд бага сага наймаа хийдэг болж, азаар баян Хорол гэдэг хүний охин Дэмбэрэлтэй дотносон, ханилсан юм билээ.
-Тантай уулзсаныг бодоход нутагтаа буцаж иржээ дээ..
-1945 онд Монгол-Зөвлөлтийн цэрэг Хятадыг чөлөөлж, элгээ бэтгэртэл санаж явсан нутаг руугаа очих боломж олдсон юм билээ. Гэхдээ төрсөн нутагтаа шууд очвол баригдаж магадгүй гээд Дорноговь аймгийн нутгаар хил даван Монголдоо ирж, Хатанбулаг суманд хэсэг амьдарсан юм билээ. 1953 оны тавдугаар сарын нэгэнд хоёр буутай хүн ирж баривчлаад аваад явж. Тэгээд өнөөх хэргийн учир хорин жил хоригдох ял сонсчээ. Гэвч таван жил хоригдож, таван жилийн ажлын хоног авч, 1958 онд суллагдсан юм билээ. Гөлөгөө хэлэхдээ “Миний дүйнгэ маанагаас тэр хүмүүсийн амь үрэгдсэн. Тэр шөнө би мордож давхиад Шанхайн цэргийн ангид хэл хүргэсэн бол тэд амь аврагдах л байсан байх. Надад тийм ухаан төрөөгүй. Тэр бүү хэл юу болж байгааг ухаарах сөхөө ч байгаагүй” гэж ярьсан.
-За их сонин түүх байна. Харин танд Т.Борын тухай өөр сонссон зүйл хэр байна. Түвдэнгийн Бор үнэхээр түүхэнд байдаг шиг алдартай, гавьяатай хүн мөн үү. Эсвэл цаг үеийн шаардлагаар ухуулга хийж яваад, золгүй үхлээр хорвоог орхисон нь түүнийг баатар болгочихов уу?
-Түвдэнгийн Бор 1932 онд 19 настай байсан юм. Би Борыг тийм гавьяатай хүн гэж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хил давуулаад айл нүүлгэхийн эсрэг ухуулга хийж явсан хүн юм билээ. Тэр үед 19 настай эмэгтэй Эвлэлийн үүрийн дарга болно гэдэг нэлээд сэргэлэн, галтай цогтой хүн байсан байж таарна. Эндээс эргүүлээд бодоход тэр амь гуйж байгаагүй. “Залуучуудын эвлэл мандтугай” ч юм уу нэг тийм юм хэлсэн шиг байгаа юм.
-Үзэл сурталд хэт автчихсан, жаахан бүсгүй л байсан юм биш үү. Эх орныхоо төлөө ямар баатарлаг гавьяа байгуулсан юм бол. Харин ч тэр ухуулганд оролгүй хил давж чадсан хүмүүс нь амьд мэнд үлдсэн нь одоо харахад зол юм шиг. Хэрэв Т.Бор нар шиг хүмүүс ухуулж сэнхрүүлэн хил давж явахыг нь хориглоогүй бол илүү олон хүн амьд мэнд үлдэх ч байсан юм бил үү?
-Би тэрийг дүгнэж цэгнээд яахав. Т.Борын үхлийн тухай би нэлээд зүйл бас сонссон. Цогтцэций сумын Их Шанхай нэгдлийн дарга байсан Д.Норовдорж (Нутгийнхан нь Момоо гэж авгайлдаг) гуай Т.Борын алагдсан талаар надад нэлээд зүйл ярьсан. Т.Борд Улсын баатар цол нэхэн олгох үед Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос олон арга хэмжээ зохион байгуулахдаа Т.Бортой хамт эсэргүү нарт баригдсан ч азаар амьд гарсан Сайнбаяр гэдэг хүнийг Дундговь аймгийн Өлзийт сумаас урьж ирүүлэн, тэр аллага болсон Тугийн цохион дээр аваачиж яриулсан юм билээ. Сайнбаярын ярьсныг Норовдорж гуай надад ярьж өгсөн юм. Архангай, Хөвсгөл аймагт “Хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” ид өрнөж байх үед Өмнөговь аймагт бас үймээн самуун дэгдэж, Дэл хөнжил уулаар нутагтай Дэлэгсамба гэгч хамсаатнуудынхаа хамтаар Монголд шинээр тогтсон ардын засгийг эсэргүүцэн айлуудыг хил давуулах гэж бужигнуулж өгч дээ. Зарим айл нь ч бас нүүж суух дургүй байсан л гэсэн. Тэр үед аймаг, сумын албаны хүмүүс айл хэсч ард иргэдэд ухуулан сэнхрүүлж, нүүж болохгүй гэж явж. Т.Бор ч бас тэгж үүрэг аван ухуулга хийж явж л дээ. Тэгж явахдаа л эсэргүү нарын хамсаатан гэх үү, эсэргүү гэх үү өнөөх ногоон Сандаг, бартаг Лут, нарыг бариад Гөлөгөөгийн ах Лувсандоржийг барихаар очиход цаадах нь морьтой зугтаж. Хувьсгалт залуучуудын эвлэлийн залуусын хоёр нь барьсан улсаа харж үлдээд гурав нь Лувсандоржийн араас явж л дээ. Лувсандорж зугтаж явахдаа Заарагийн усан дээр байсан Сэрээ тайж нарын хүмүүст хэл хүргэж, тэд Гөлөгөөгийн дээр өгүүлснээр араас нь хөөж явсан гурвыг тосч очин барьж, гэртээ ирж, тэнд үлдсэн хоёрыг бас барьж, өөрийнхөө гурван хүнийг сулласан юм байна. Сайнбаярын ярьснаар тэд тавуул эсэргүү нарт баригдсан ч Лүнгийн хийд дээр хоносон шөнө сумын дарга Мөнхөөг нэмж барьж иржээ. Гөлөгөөгийн хэлснээр өглөө нэг хүн нэмэгдчихсэн байсан гэдэг нь тэр юм.
-Бусад үйл явдлыг та түрүүнд ярьчихсан болохоор Тугийн цохион дээр юу болсон нь сонин байна л даа.
-Өглөө нь тэднийг Тугийн цохион дээр авчраад цохионы өврийн том чулуун дээр сумын дарга Мөнхөөг хонь мэт өрлөн алж, бусдыг нь овооны орой руу чирч гулдран гарчээ. Тугийн цохио нь араасаа налуу, өвөр энгэр нь эгц цавчим, 5-6 метр өндөр цохио.
-Киноноос харахад айхтар өндөр цохио хаднаас л уначихдаг биз дээ…
-Орой дээрээс нь хүнийг түлхчихэд бэртэж гэмтэнэ үү гэхээс үхэж үрэгдэхээр өндөр халил биш. Эсэргүүнүүд ганц цахиур буутай, тэр нь ганцхан пан гээд л дуусаа. Дахиж цэнэглэх зав ч байгаагүй юм байлгүй, хүлээстэй хүмүүсийг нэг нэгээр нь цохион дээр дамжилж аваачин, толгойгоор нь хад саваад доош хаяж байжээ. Сайнбаярын хар багаасаа өвөр түрийдээ орж тоглож өссөн Ёндон гэгч тэдгээр эсэргүүнүүдийн нэг байж. Ёндон тэр үед харуул хийж ойролцоох толгой дээр сууж байж. Хүмүүсийг алсны дараа Сайнбаярыг хамгийн сүүлд үлдээн өнөөх найз нөхөр явсан Ёндонгоос “Энийг алах уу, яах уу” гэж асуухад “Ал, ал” гэж хашгирч. Тэгээд нэгнийх нь найз учраас тарчлаахгүй алах гээд дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөн цааш харуулан суулгаж байгаад цахиур буугаараа бууджээ. Сайнбаяр түрүүлгээ харан унасан ч толгой нь дээлээр тунтраастай, ухаан алдаагүй байж. Нөгөө эсэргүү гэгдэх хүмүүсийн нэг нь ирж, үхсэн эсэхийг шалгаж байгаа бололтой хөл рүү нь өшиглөж үзсэнээ “Энэнээс авах юм юу байдаг билээ” гэж асуухад нөгөө нь “Гаансыг нь ав” гэж. Гутлын түрийнээс нь гаансыг нь аваад тэд явцгаажээ. Буцаад ирж магадгүй гээд Сайнбаяр хөдөлгөөнгүй удаан хэвтэж. Босоод хартал эргэн тойронд хэн ч байхгүй болохоор нь уулнаас бууж, хөндий уруудан сажилжээ. Сум хөндий цээжээр нь нэвт гарч цус их алдсан тул тамир тасарч явж чадахаа болиод сүүлдээ мөлхжээ. Хэсэг хэвтээд өндийж хартал ойролцоо тэмээтэй хүн явах нь харагдаж. Хамаг чадлаараа хашгирч, даллатал хүрээд иржээ. Нэлээд настай хөгшин хүн байж. Сайнбаяр ч чадахаараа л тайлбарласан юм байх. Хөгшин ойртсон ч үгүй, дуугарсан ч үгүй, хэсэг харж байснаа яваад өгч гэнэ. Гэтэл төд удалгүй өнөөх хөгшин буцаж ирэхдээ нэг домботой юм, модон тагштай үлдээгээд явжээ. Хамаг чадлаа шавхан өнөөх домбонд мөлхөн хүртэл ингэний шар тос самарсан, шар будаатай цай байж. Түүнийг ууж тэнхэл ороод босч сажилсаар айлын бараа харж амь аврагдсан юм билээ. Сайнбаярын сүүлд ярьснаар Т.Бор тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой, ханилж суухаар ярилцсан байжээ. Сумын захиргаанаас үүрэг аваад хөдөө явчихаар санаа нь зовоод очиж, хамт явж байгаад баригдсан нь тэр.
-Тэдгээр хүмүүсийг алсан зарим нь хил гарч, бусад нь баригдсан уу. Тэр тухай та юм сонсч байв уу?
-Би Цогтцэцийд цэргийн алба хааж байхдаа Лүнгийн хийдэд шавилан сууж байсан бас нэг хүнтэй уулзаж байсан юм. Одоо нэрийг нь мартжээ. Тэр хүн тэгэхэд арваад насны л хүүхэд байсан гэсэн. Аллагын урьд өдөр Т.Бор өөр нэг хүний хамт Лүнгийн хийд дээр ирж, тэднийд унд цай ууж, явахдаа Заарагийн ус орно гээд явсан байдаг. Хэдийд, хаана тэр эсэргүүнүүдийг бариад Жигмэд тойны Лувсандоржийнд очсон юм бол, мэдэхгүй. Эсэргүүнүүд тэднийг Лүнгийн хийд дээр авчирч хонодгийн маргааш өглөө айгаад хөдөө гэр рүүгээ явган гүйчихсэн, дахиж хийд рүүгээ очоогүй гэж ярьж байсан. Харин намайг Цогтцэцийд байхад мөнөөх үст Ёндон сумын төвд амьдарч байсан юмдаг. Гэвч нутгийн хүмүүс түүнийг тэр үеийн тухай огт ам ангайдаггүй, маш зожиг, түгжигдмэл хүн гэцгээдэг тул би түүнтэй уулзаагүй юм.
-Та энэ бүх түүхийг сонссон хүн. Борыг баатар байх ёстой хүн гэж бодож байна уу?
-Би бодсон л доо. Баатар гэж хэнийг хэлэх вэ гэж. Хамгийн аймшигтай юм бол үхэл. Тэгээд үхлээс айдаггүй хүнийг л баатар гэдэг юм бол энэ хүн баатар хүн. Бас үхлээс айхгүйдээ хүн ардад хэрэгтэй юм хийж явсан. Тэр ухуулга хийгээд үлдээсэн хэсэг улс байж л таарна. Гэхдээ буруудсан гэх нь хаашаа юм. Хил гарсан олон хүн нь буцаж ирсэн. Төрсөн нутаг үнэ цэнэтэй шүү дээ. Энэ хэрэг 80 гаруй жилийн өмнө болсон байна. Би одоо ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Ямар ч байсан л Бор гэдэг хүн үхлээс айдаггүй хүн байж гэдгийг л хэлэх гэсэн юм.
Categories
мэдээ цаг-үе

С.Бямбацогт: Хүний эрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой ярилцлаа.


-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Их хурал дэмжлээ. Уг хуулийн төсөлд зарчмын шинжтэй ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Намрын чуулганы төгсгөлд хэлэлцэх эсэхийг нь шийдсэн чухал хуулиудын нэг нь яах аргагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлтийг тухайн ажиллагаанд оролцож байгаа оролцогчдын эрх зүйн байдлыг хэрхэн сайжруулав гэдгээр тайлбарлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаас оролцогчийн эрхийг нэлээн дэлгэрэнгүй тодорхой болгох боломж нөхцөлийг тусгаж өгсөн. Тухайлбал, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрч хохирогчийг хамгаалах талаар зохицуулалт байхгүй. Харин шинэ төсөлд гэрч хохирогчийг хамгаалах талаар тусгай бүлэг оруулсан байх жишээтэй. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд гэрч хохирогчид ямар хамгаалалтын арга хэмжээ авч болох вэ гэдгийг нарийвчлан зааж өгсөн.

-Тахарын алба татан буугдсан. Түүнээс хойш гэрч, хохирогчийг хамгаалах байгууллагагүй болсон. Гэрч хохирогчийг хамгаалах ямар зохицуулалт орсон бэ?

-Тухайн хүний нийтэд танигдаж болох мэдээллээс гэрч хохирогчийн мэдээллийг түр хугацаагаар арилгах, улсын бүртгэлээс гэрч хохирогчид холбоотой мэдээллийг түр нууцлах арга хэмжээ авахаар тусгасан. Гэрч, хохирогч өөрийн биеэр мэдүүлэг өгөх боломжгүй, амь нас, аюулгүй байдалд нь тодорхой заналхийлэл учирсан тохиолдолд өмгөөлөгчийг нь байлцуулан гэрч, хохирогчоос дуу, дүрсний бичлэг ашиглан авах боломжийг суулгаж өгсөн л дөө.

Тахарын албаны чиг үүрэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт шилжсэн. Тиймээс энэ асуудлыг орхигд-сон гэж ойлгож болохгүй.

-Таслан сэргийлэх арга хэмжээг уг хуульд хэрхэн суулгаж өгсөн бэ. Сэжигтнийг баривчлах хугацаа 72 цаг байсныг 24 болгосон гээд байгаа?

-Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, хугацааг нь богиносгосон. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 72 цаг баривчлаад үргэлжлүүлэн сэжигтнээр 14 хоног цагдан хорьж болохоор заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд сэжигтнийг цагдан хорих тухай асуудал байхгүй. Сэжигтнийг баривчлах хугацааг 24 цаг болгосон. Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийн хувьд хувийн баталгаа гаргах, зорчих эрхийг хязгаарлах төрлүүд нэмэгдсэн л дээ. Энэ нь аль болох цагдан хорихгүй байх үүднээс тухайн хүний зорчих эрхийг хязгаарлаад өөрийн орон гэр, ажил үүргээ биелүүлээд явах боломж бүрдүүлж байгаа юм.

-Тухайн хүнийг гэм буруутайг нь тогтоогоогүй байж хорьчихоод дараа нь нотлох баримтаа цуглуулдаг гэдэг шүүмжлэл бий…

-Сэжиг таамгаар хүнийг баривчилж, үргэлжлүүлээд 14 хоног цагдан хорьж байгааг дээр ярьсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд таслан сэргийлэх үйл ажиллагааны үндсэн хугацаа хоёр сар хүртэл байдаг. Шинээр боловсруулж буй хуулийн төсөлд нэг сар болгосон. Цагдан хорих дээд талын хугацаа 24 сар байсныг 18 болгохоор тусгаад байгаа. Сэжиг таамгаар хорьдог, яах нь мэдэгдэхгүй олон хоногоор саатуулж байна гэсэн иргэдийн гомдол их байдаг. ШШГЕГ-ын судалгаанаас үзэхэд 2014 онд 1863 хүн баривчилснаас 72 цагийн хугацааг дуусгаад баривчлах байрнаас 650 хүнийг суллаж, 913 хүнийг 14 хоногийн хугацаатай сэжигтнээр цагдан хорьсны дараа сулласан байдаг. 2016 онд гэхэд эндээс 300 хүн нь яллагдагчаар татагдаж, цагдан хоригдсон. Өөрөөр хэлбэл, нийт баривчилсан иргэдийн дөрөвний гурав нь буюу 75 хувь нь хэрэгт ямар нэгэн холбогдолгүй байсан гэсэн үг.

-Хүний эрхэд л халдаад байгаа юм биш үү, тэгвэл?

-Энэ нь өөрөө шалтгаан, баримт нотолгоогүйгээр хүнийг барьж саатуулдаг байж болзошгүй гэх үндэслэл гарч ирж байна. Хууль шүүхийн байгууллага гарцаагүй нотлох баримтад үндэслэж байж хүний үндсэн эрхэд халддаг байх ёстой гэсэн шаардлагаар уг өөрчлөлтийг хийж байгаа юм.

-Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын үед дуу, дүрсний бичлэг хийх юм гэсэн. Ямар тохиолдолд үүнийг ашиглах юм бол?

-Хуульд туссан учраас заавал хэрэгжүүлнэ. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх, давхар дуу дүрсний бичлэг хийх, шүүх хуралдааны тэмдэглэлийг гараар бичихийн хажуугаар дуу, дүрсэнд буулгахаар заасан байгаа. Хэрвээ дуу, дүрсний бичлэг, гараар бичсэн тэмдэглэл хоорондоо зөрвөл дуу, дүрсний бичлэгийг барихаар хуульд заасан. Нарийвчилсан зохицуулалт багтсан учраас практикт хэрэглэхэд дөхөмтэй гэж үзсэн юм.

-Хялбаршуулсан журам гээд байгаа. Энэ хялбаршуулсан журмынх нь давуу тал нь юу вэ?

-Хялбаршуулсан журам аль болох процессыг хялбаршуулж, оролцогчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэхэд чиглэж байгаа. Одоогийн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх гэсэн бүлэгт Эрүүгийн хуулийн хөнгөн ангиллын гэмт хэргийн зүйлээр нь заасан. Үүнийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно гээд заачихсан. Дээр нь нэмээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн яллагдагч өөрөө хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргавал энэ дагуу явахаар заасан байгаа. Гэхдээ яллагдагч прокурор яллах дүгнэлт үйлдэхээс өмнө гаргах ба мэдээж яллагдагчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадаж болохгүй. Яллагдагчаас өөрөөс нь хүсэлт бичих, шүүх хурлын үеэр өөрөөс нь “Та гэм буруугаа өөрөө, сайн дураараа хүлээсэн үү” гэдгийг тодруулж асуух гээд бүх зохицуулалт орсон.

-Яллагдагч гэм буруугаа хүлээлээ, хохирлоо яаралтай барагдуулсан тохиолдолд яах юм бол. Хохирлыг нь барагдуулчихаад байхад л явдал суудал нь суудаггүй тал бий?

-Эрүүгийн хуульд заасны дагуу ялыг хөнгөрүүлэх үндэслэл болно. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг барагдуулахад энэ чухал. Байцаан шийтгэх ажиллагааны зардал багасна. Яллагдагч цаг хугацаа алдахгүй, үүнийг дагаад зардал чирэгдэл багасна шүү дээ.

-Тухайн хүний гэм буруутай эсэхийг гагцхүү шүүх тогтооно гэдэг ч зарим хууль хяналтын байгууллага “Тухайн хүнийг ийм хэрэг үйлдсэн” гэдгийг урьдчилан зарладаг байдал түгээмэл. Түүнийг шалгаад эхэллээ ч гэдэг юм уу, ямар нэгэн байдлаар мэдээлэл түгээчихдэг. Ийм байж болох уу?

-Олон улсын эрх зүйн хэм хэмжээнд хүнийг шүүхийн өмнөх шатанд гэм буруутан шиг харьцахыг хориглосон байдаг л даа. Үндсэн хуульд шүүх л гэм бурууг нотолж тогтооно гээд заачихсан юм. Яллагдагчийг гэм буруутай гэж шүүхийн шийдвэр гарахаас өмнө прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэн ч бай, урьдчилан дүгнэлт өгөх боломжгүй. Шүүх эцэслэн шийдвэрлэнэ гэсэн агуулгаар орсон. Хуулийн байгууллагын албан хаагчдын хууль зөрчсөн үйл ажиллагаанаас учирсан хохирлын нөхөн төлөх зохицуулалтыг төсөлд оруулсан. Үүнд, тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр олон нийтэд зарлаад шүүхийн цагаатгах тогтоол гарсан, эсвэл гэм буруугүй нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд хэрэг үүсгэж шалгах болохоороо олон нийтэд долоо хоногийн дотор мэдээлэх үүргийг тусгасан. Манайхан нийтэд зарлаад хаячихдаг, хэрэг нь хаагдаад хэрэгсэхгүй болохоор зарладаггүй. Нөгөө хүн нь олон нийтэд гэмтэн болоод л нэр төр, амьдралаараа хохироод дуусдаг. Ийм байж таарахгүй. Мэдээллийн хэрэгслийн ямар төрлөөр тухайн хүний талаар мэдээлэл цацсан, түүгээрээ залруулга хийдэг байхыг үүрэг болгосон.

-Мэдээллийг хэвлэлийн хурал зарлаад сүржин тараадаг мөртлөө сүүлд нь хэвлэлийнхнийг буруутгах зүйл анзаарагддаг. Залруулга гаргаж шахдаг тал бий. Хэвлэлийн хурал хийж мэдээлэл өгсөн бол тэгж залруулга хийнэ гэсэн үг үү?

-Тэгэх шаардлагатай.

-Тухайн мэдээлэл хийсэн байгууллага залруулга гаргах ёстой байх, тийм үү?

-Тэгнэ.

-“Сэжигтэн гээд орхичихдог. Буруу ч юм уу, буруугүй ч юм уу бүү мэд. Нэг түдгэлзүүлснээ эргээд сэргээлээ” гэдэг. Хуулийн байгууллага дур зоргоороо түдгэлзүүлдэг, шалгахгүй орхидог асуудалд хариуцлага тооцох уу?

-Хууль зөрчсөн ажиллагаанаас үүдсэн хохирлыг нөхөн барагдуулах гэсэн хэсэгт тодорхой заасан. Тухайн хүнийг хууль бусаар сэжигтэн, яллагдагчаар тооцож, яллагдагчаар татсан, хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан, цагдан хорьсон нөхцөлд тухайн хүнд учирсан хохирлыг нөхөн төлөх тохиолдлуудыг тодорхой заасан. Нөгөө талдаа энэ хуулийн төсөлд сэжигтнээр татаад шууд цагдан хориод явах зохицуулалт байхгүй. Сэжигтэн гэж гэмт хэрэг үйлдэж байгаад үйлдэл дээрээ баригдсан, 24 цагийн дотор баривчлагдаж байгаа хүнийг хэлэхээр байгаа юм. Сэжигтэнг цагдан хорихгүй. Сэжигтний талаар хэрэг бүртгэлийн арга хэмжээ явуулж, ийм хэрэг гарсан байна уу, энэ гэмт хэргийг үйлдсэн байна уу гэдэгтэй холбоотой баримт материал цуглуулсны эцэст яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсний дараа тухайн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тусгасан. Энэ нь хүний эрхийг хамгаалах талд чухал ахиц гарч байгаа гэж үзэж байгаа.

-Олны анхаарлыг татсан хэргийн шүүх хурал хаалттай болж байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллага болоод иргэдийн шүүмжлэлд өртөхөд хүргээд байна. Ер нь нээлттэй байж болдоггүй юм уу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд төрийн нууцтай холбоотой насанд хүрээгүй хүүхдийн эрх ашгийг хамгаалахдаа холбоотой шүүх хуралдааныг хаалттай бусад нөхцөлд нээлттэй хийхээр зохицуулсан.

-Төрийн нууцтай холбоотой хэсгийг нь нууцлаад бусдыг нь нээлттэй явуулж болох уу?

-Шүүх хурлыг тэр чигээр нь, эсвэл тодорхой хэсгийг хаалттай явуулах зохицуулалт төсөлд байгаа. Төрийн нууцтай холбоотой хэсгийг нууцлаад бусад хэсгийг нээлттэй явуулах ёстой. Аль болохоор нээлттэй байх зарчимтай. Хаах тохиолдол нь гагцхүү энэ хуульд заасан цөөхөн байх шаардлагатай гэсэн үг.

-Шүүх олон хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг. Энэ зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт орж байгаа юу?

-Одоогийн хуулийн төсөлд шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар заасан. Гол зорилго нь шүүхийн бэлтгэл хангах, шүүх хуралдаанаас хэрэг буцах явдлыг хаах зорилгоор урьчилсан хэлэлцүүлэг бий болгосон. Энэ нь оролцогч эрхээ хамгаалах бас нэг боломж. Хохирогч, яллагдагчийн өмгөөлөх эрхийг хассантай холбогдох хязгаарлалт, хуульд заасан тохиолдолд өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан ч байдаг юм уу, энэ бүх ажиллагаанд гомдол гаргаж, хэргийг үнэн зөв шийдэх нөхцөлийг хангаж, бэлтгэл ажлыг цэгцлэх боломж бүрдүүлж байна гэсэн үг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хийх байсан ажлыг мөрдөгч хийгээгүй байх тохиолдол байдаг. Хохирогч, хохирогчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргаад байхад хүсэлтийг нь хангах эсэх нь мөрдөгчийн үзэмжийн асуудал болсон байдаг. Хэчнээн их хүсэлт гаргасан ч мөрдөгч шаардлагагүй гэж үзвэл орхичихдог. Ингэж эрх нь зөрчигдсөн хүмүүс урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүхэд танилцуулаад хэргийг буцааж, мөрдөн байцаалтыг зохих хэлбэрээр нь явуулах боломжтой болсон. Нөгөө талдаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр шүүх хуралдааны товыг талуудын саналыг харгалзаж, шүүх тогтоохоор байгаа. Энэ нь өмгөөлөгч ирээгүй, прокурор ажилтай гэх мэтчилэн шүүх хуралдаан хойшлох боломжгүй гэсэн үг. Мэдээж оролцогч талууд боломжит цагаа хэлж хоорондоо тохирно гэсэн үг. Урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буруу бүрдүүлж ирсэн хэргийг буцаах боломж шүүхэд нээлттэй байгаа. Харин үндсэн хуралдаанаас прокурорт хэргийг буцаах явдлыг хуулийн төслөөр халсан байгаа. Хэргийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх мөрдөн шалгах ажиллагааны аргууд нэмэгдсэн. Хэргийн материал цуглуулах боломжтой арга хэрэгслүүд илүү нэмэгдсэн. Дээр нь нууц мөрдөн шалгах ямар ажиллагаа хийж болох вэ гэдэг төрлүүд орж ирсэн.

-Мөрдөн байцаагчийн мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн зохицуулж байна вэ?

-Мөрдөгч бие дааж хийх таван мөрдөн шалгах ажиллагаа, дээр нь прокурорын зөвшөөрөлтэй хийх 21 ажиллагаа байгаа. Үндсэн хуульд заасан хүний суурь эрхэнд буюу хүний бие болоод эд зүйл рүү халдаж нэгжлэг хийх, харилцаа холбооны сүлжээгээр дамжсан мэдээлэл авах гэх мэтчилэн ажиллагааг прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийнэ.

-Шүүгчийн захирамжийн хугацааг хэрхэн уялдуулах вэ?

-Тухайн хүнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр саатуулах хугацаа 24 цагаас хэтэрч болохгүй. Энэ 24 цагт багтаагаад мөрдөгч, прокурор, шүүх ажиллах ёстой. Энэ 24 цагт шүүгч захирамж гаргасан бол шууд суллах ёстой. Энэ нь тухайн үйл явдал, цаг хугацаанд хуулийн байгууллага, албан хаагчдыг хамгийн хурдан, шуурхай ажиллах явдлыг хангах агуулгатай.

-Мэдүүлэг авах нэрийдлээр иргэдийг хүлээлгэж, дахин дахин дуудаж залхаадаг явдал бий. Энэ тал дээр анхаарсан болов уу?

-Мөрдөгч тухайн хүний байгаа газар нь очиж мэдүүлэг авч болно. Өөрөө дуудаад мэдүүлэг авч болно. Гэхдээ мөрдөгчийн дуудсан цагт ирэхгүй байлаа гээд хууль зүйн үр дагавар үүсэхгүй. Одоо бол мөрдөгч “Дуудсан цагт ирэхгүй бол шууд цагдан хорино шүү” гэдэг зүй бус байдал үүсгэдэг тал бий. Хэрэв хүнийг зайлшгүй дуудаж байцаах шаардлагатай бол мөрдөгч прокурорт танилцуулаад прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахаар зохицуулсан. Өөрөөр хэлбэл, прокурор тухайн хүнийг дуудах үндэслэл байна уу гэдгийг нягталсны үндсэнд өөрийнхөө мэдэгдэх хуудсыг өгнө гэсэн үг. Тэгээд ирэхгүй бол албадан ирүүлнэ. Тэгэхээр мөрдөгч хохирогчийг өдөр болгон дууддаг, үүдэндээ хүлээлгэж залхаадаг байдал хаагдана гэж үзэж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн онцлог зохицуулалтуудыг багцлаад нэрлээч гэвэл та юуг тодотгох вэ?

-Хохирогчийн эрх, эрх зүйн байдал сайжирсан. Буцаагдсан хуулийн төсөлд хохирогч, хохирогчийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулахгүй байхаар заасан байсан. Хохирогчийн эрх ашгийг прокурор төлөөлж оролцоно гэсэн утгаар орсон. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний эрхүүдийг зөрчиж байгаа юм. Одоо хохирогч оролцогч болж шүүх хуралд оролцоно. Гэм буруутай нь нотлогдохгүй байхад л нотлоод ир гээд шүүх нь яллагч тал болчихсон буцаадаг ойлголтыг халсан. Гэм буруутай нь нотлогдохгүй бол цагаатгах суурь зарчмыг шүүхэд хэрэгжүүлнэ гэсэн үг. Хоёрдугаарт, шүүхээс хэрэг буцдаг байсан. Урьдчилсан хэлэлцүүлгээс ч шүүхээс ч хэрэг буцахаар зохицуулалттай байсан. Одоо шүүхээс хэрэг буцахааргүй зохицуулалт орсон. Гуравдугаарт, мөрдөн шалгах ажиллагааны мөрдөгчийн бие дааж явуулах тав, нийт явуулах 21 мөрдөн шалгах ажиллагааны 11-ийг шүүх, 10-ыг прокурор олгохоор заасан байсныг прокурор олгохоор болсон. Үндсэн хуульд прокурор хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд хяналт тавина гэж заасантай нийцүүлсэн гэсэн үг. Бүхэлд нь дүгнэвэл Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүх шатанд хангагдах ёстой гэдэг гол зарчмыг энэ хуулийн төслийг боловсруулахдаа баримталж ажиллалаа.


Categories
мэдээ цаг-үе

Төв аймгийн Батсүмбэр суманд өвөлжиж буй улсын аварга саальчин Ц.Цэцэгмаагийнд өнжлөө

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарын өмнө Засгийн газраас улсын аварга малчин, саальчин, тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил улсын аварга саальчнаар таван хүн шалгарсны нэг болох Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн малчин Цэнд-Аюушийн Цэцэгмаагийнд өнжлөө.

Тэднийх сумаасаа баруун хойд зүгт долоон километр зайтай Нэгдүгээр фермер хэмээх газар нутагладаг юм байна. Биднийг очиход Ц.Цэцэгмаа гуай гэртээ ганцаараа байж таарав. Тэрбээр “Та нар чинь ярьж байгаад ирэхгүй дээ. Эмээ нь гадуур хэдэн үхрийнхээ өвс, тэжээлийг нь тавьж өгөх ажилтай явж байлаа. За хүүхдүүд минь гэрт орцгоо” хэмээн нэлээн тэвдсэн аятай урилаа.

Хашаан дотор нь газар тариалангийн багаж хэрэгсэл, жижиг “пад пад” трактор болон саяхан шороо асгаж засч янзалсан бололтой гэрийн буурь харагдлаа. Цэцэгмаа гуай цай аягалах зуураа “Манай өвгөн өглөө хот руу явсан. Удахгүй ирэх байх. Би энд ганцаараа ойр зуурын аж ахуйн ажил хийж байлаа. Манай халтар үнээ өнөө, маргаашгүй тугаллах гээд байгаа юм. Түрүүн үхрийн саравчинд орж, тэжээл зуурч өгчихөөд гарч ирж байгаа нь энэ” гэлээ. Энэ үеэр хөрш айлынх нь эмэгтэй орж ирээд “Цэцэгмаа гуай та наад сүү, сааль болсон хувцсаа тайлаад гоё дээлээ өмсчих. Би хоол, цай бэлдье” хэмээн хэлэв. Аварга маань зүгээр сууж чаддаггүй, их ажилсаг хөдөлгөөнтэй хүн ажээ.

Тэднийх “Алатау” хэмээх сүүний чиглэлийн гуч гаруй үхэртэй гэнэ. Өвлийн улиралд сүүний гарц мууддаг учир өглөө, оройдоо хоёр л удаа үхрээ саадаг юм байна. Нэг үнээнээс таваас найман литр сүү гардаг гэнэ. Харин өдөрт дунджаар 150-200 литр сүү сааж, хотын сүүний үйлдвэрт нэг литрийг нь мянган төгрөгөөр тооцон нийлүүлдэг байна. Харин зундаа сүүний гарц сайжирдаг ч үнэ ханш нь 350 төгрөг хүртэл унадаг гэнэ.

ААВ, ЭЭЖДЭЭ Ч ХЭЛЭЛГҮЙ ИЛГЭЭЛТЭЭР БАТСҮМБЭРТ ИРЖ СААЛЬЧИН БОЛЖЭЭ

Ц.Цэцэгмаа гуай энэ нутагт анх 1973 онд илгээлтээр ирж, ажиллаж, амьдарснаас хойш өдгөө дөчин дөрвөн жил мал маллаж, саальчин хийж байгаагаа дурслаа. Уг нь тэрбээр Булган аймгийн Могод сумын уугуул хүн аж. 1954 онд Цэнд-Аюушийн удаахь охин болон мэндэлжээ. Далан нэгэн онд Хишиг-Өндөр сумын сургуулийг дүүргэж, Төв аймгийн Заамар сумын Хөдөө аж ахуйн ТМС-т хуваарилагдан суралцаж 1973 онд төгсчээ. Анх ТМС-д хамт суралцаж байсан найзтайгаа Батсүмбэрийн сангийн аж ахуйн баруун фермерт саальчнаар ажиллах илгээлт авч, Заамараас ачааны машинд дайгдан хотыг зорьжээ. Тухайн үед илгээлт авсан залуучуудад 14 хоногийн чөлөө олгодог байсан гэнэ. Харин аварга саальчин маань чөлөө ч авалгүй, гэр орондоо ч хэл дуулгалгүй шууд л хотыг чиглэсэн аж. Улмаар хотод ирж нагац ахаа сураглаж явсаар долоон буудалд амьдардаг хэмээн сураг сонсчээ. Гэвч яг хаана амьдардаг болохыг нь мэдэж чадаагүй гэнэ.Өглөө болгон найзтайгаа хамт нагац ахаа олж уулзахаар долоон буудлын айл өрхөөс сураглаж хэрэндээ л их явдаг байж. Харин эрэл сурал болж буй хамаатных нь нэр нь Б.Зөнөг гэнэ. Тэр хавийн оршин суугчдаас “Танай энд Зөнөг гэдэг нэртэй хүн амьдардаггүй биз” хэмээн сураглахад дургүйцсэн янзтай хариулдаг байж. Зарим нь бүр “Зөнөг өө” гэж уулга алдан инээдэг байсан гэнэ. Хамаатнаа олж уулзаж чадалгүй явсаар улсын баяр наадмын өмнөх өдөр нь найзтайгаа хамт эрлийн ажлаа үргэлжлүүлэх гээд гэрээсээ гарч явтал яг хажуугийн хашаан дотор нь Зөнөг гуай үхрээ саачихсан сууж байсан аж. Ингэж хамаатантайгаа уулзаж бөөн баяр хөөр болсон гэнэ. Мөн ээжийнх нь дүү Б.Дорж гэдэг хүн Батсүмбэрийн сангийн аж ахуйд техникч хийдэг байж. Цэцэгмаа гуай 19 настайдаа илгээлтээр Батсүмбэр сумын Нэгдүгээр фермерт ирж саальчин болжээ. Тэр үед улсын төвлөгөө биелүүлэхийн тулд нэг саальчин өдөрт хорин таван үнээ сааж, 200 гаруй литр сүү бэлтгэн өгөх үйлдвэрлэлийн даалгавартай. Ингэхдээ өглөө таван цагт, өдөр 12-т, орой наймд, шөнө 12 цагт үнээгээ саадаг байжээ. Фермерийн 400 гаруй үхрийг 16 саальчин саадаг байсан тухай ярилцлаж суутал гаднаас гэрийн эзэн С.Дамба гуай тортой зүйл барьсаар ороод ирлээ. Ц.Цэцэгмаа гуай “Өө ашгүй, хөгшин маань хүрээд ирлээ. Хотоос сонины хүмүүс ирсэн. Зураг авах гээд байна. Хурдан дээлээ өмсчих” хэмээв. С.Дамба гуай Баянхонгорын гаралтай гэнэ. Батсүмбэрт анх гурван настайдаа гэр бүлийн хамт ирж суурьшчээ. Улмаар 1974 онд фермерт аж ахуйн ажил хийж байхдаа ханьтайгаа танилцаж, гэр бүл болсон гэнэ. Эднийх дөрвөн хүүхэдтэй. Ууган охин Д.Батцэцэг нь Булган аймгийн Орхон суманд малчин, том хүү Д.Батдэлгэр нь Эрдэнэт хотод хувийн бизнес эрхэлдэг, отгон хүү Д.Эрдэнэхүү нь фермерийн цахилгаанчин хийж, эхнэр, охиныхоо хамт аав, ээжийнхээ хажууд мал маллах арга ухаанд давхар суралцдаг аж. Бэр нь ээжийнхээ сүү саалийн ажилд нь оролцож, дэм болдог байна. “Алсдаа отгон хүүдээ мал хөрөнгөө өвлүүлэн үлдээнэ дээ” хэмээн аварга саальчин ярилаа.

1996 оны зун III хороололд сүү борлуулдаг худалдаачдын хамт

НАМАЙГ МОСКВА ЯВЖ БАЙСАН ГЭХЭЭР ХҮМҮҮС ИТГЭДЭГГҮЙ ЮМ

1977 онд Ц.Цэцэгмаагийн ажил хөдөлмөрийг нам засаг, Залуучуудын байгууллагаас өндрөөр үнэлж “Залуу аварга малчин” цол олгожээ. Мөн Москва, Новосибирск рүү хорин нэг хоног аялах эрхээр шагнасан гэнэ. Тухайн үед хань С.Дамба нь цэрэгт байсан юм байна. Түүнийг цэрэгт байхад ар гэрээс нь “Нөхөр Дамбын эхнэр Цэцэгмаа нь Залуу аварга малчин цол хүртсэн тул 48 цагийн чөлөө олгоно уу” гэсэн цахилгаан иржээ. Ийн баяр хөөр болсоор гэртээ иртэл хань нь хойшоо аялах бэлтгэлээ базааж байж. Ажил үйлсээрээ шалгарсан арван хэдэн залуучууд тухайн үеийн залуусын мөрөөдөл болж байсан алтан Москвагийн зүг хүлгийн жолоо залахдаа хөдөлмөр зүтгэлийн үр шим гэдгээ ухаарч улам шамдан ажиллахын хүслэн оргилж байлаа. Ингэж явахдаа үзэж харсан сурч мэдсэн зүйл хэмжээлшгүй их, олон сайхан найз нөхөдтэй болсноо аварга маань дурсах ажээ. “Өмнө ном сонин дээрээс л зургийг нь харж байсан Москвагийн Улаан талбайд өөрийн биеэр очиж үзнэ гэж зүүдлээ ч үгүй байлаа. Их Орос орны байгаль, холын цуутай хотын үзэмж нүд алдам сайхан.Зөвлөлтийн ажил амьдралтай танилцаж өдөр бүр шинэ содон зүйл олж мэдэх нь нэн сонин. Миний амьдралын хамгийн сайхан мөч тэр байсан” хэмээн инээмсэглэн хэллээ. Хожим ач, зээ нар нь орос хэлний ном уншиж байхад нөгөө алдарт Улаан талбайн зураг гарч иржээ. “Эмээ нь энэ сайхан газар очиж байлаа шүү дээ” хэмээн заахад хүүхдүүд нь итгэхгүй байсан гэнэ. Энгийн саальчин эмээгээ ид хийж бүтээхийн төлөө зүтгэдэг залуу насандаа ямар хүн байсныг нь багачууд болоод бусад хүмүүс мэдээгүй биз ээ. Ц.Цэцэгмаа гуай “Одоо ч тэр сайхан үеэ дурсаад хүнд хэлмээр санагддаг. Гэвч намайг Москва явж байсан гэхээр хүмүүс итгэдэггүй юм” гэлээ.

МАЛДАА ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ХАНДАЖ БАЙЖ Л АШИГ ШИМИЙГ НЬ ХҮРТЭНЭ

Цагаан сүүний буян их ээ.Нэгэн насны минь амьдралыг тэтгэж байгаа хэдэн үхэртээ байнга санаа тавьж хэвтэр бууцыг нь хуурай байлгах хоол тэжээлийг нь тохируулах гээд малчин саальчин хүний ажилд цаг нар гэж байдаггүй ч насаараа хийсэн ажил болохоор өөрийгөө голохгүй зүтгэж л байна. Малдаа хоёргүй сэтгэлээр хандаж байж л ашиг шимийг нь хүртэнэ шүү дээ. Манай Батсүмбэр чинь нийслэл хотынхоо иргэдийн сүүний хэрэглээг хангаж байдаг фермерийн том аж ахуйн газар. Үнээ мал гэдэг чинь аманд л юм өгөхийн хэрээр сүүгээ өгдөг амьтан. Бусад нутгийн малчид, фермерчид манай эндээс цэвэр цусны сүүний чиглэлийн үүлдрийн үхэр авах гэж их ирдэг. Эдгээр хүмүүс аль болох том дэлэнтэй үхэр сүү сайтай гэж боддог. Үхэр хичнээн том дэлэнтэй байлаа гээд сүү сайн гардаг гэсэн үг биш л дээ. Бид үхэр худалдан авч байгаа улсуудад “Сүү сайтай үхэр дэлэндээ биш хэлэндээ байдаг юм” гэж хэлдэг. Учир нь үхэр гэдэг амьтан хоол тэжээлээс шалтгаалж мах сүүний ашиг шим нь өсдөг. Ямар хэмжээнд идүүлж, усалж байна, тэр чинээгээр сүүгээ өгдөг амьтан л даа. Сүүлийн жилүүдэд өвс тэжээлийн өртөг өндөр, бидний гар дээрээс авч байгаа сүүний үнэ хямд болохоор жижиг фермерүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад бэрхшээлтэй байна. Манай тэжээлийн аж ахуйнууд үйлдвэрлэсэн тэжээлээ гадаадад гаргадаг болсон нь үнийн өсөлтөд нөлөөлөөд байна уу даа. Хэн нь ч гэсэн ашиг харж ажил хийдэг болохоор үүнийг буруутгаад ч яахав. Тэгэхээр өөрсдөө л өөрийнхөө хэрэгцээний хадлан тэжээлийг бэлтгэх нь чухал байгаа юм. Гэтэл хөрөнгө мөнгөтэй, танил талтай нь хадлангийн талбайг хашиж авчихаад таван үхрийнхээ сүүгээр амьдралаа залгуулж байгаа хэсэгт нь хадах талбай олдохгүй байгаа зовлонг Ц.Цэцэгмаа гуай өгүүлж байлаа. Эднийх наймдугаар сард хадландаа гарч 20-30 машин өвс, бага хэмжээний ногоон тэжээл бэлтгэж авдаг гэнэ. Тэгээд бусад хэрэгцээний өвс тэжээлээ худалдан авдаг юм байна. Нэг уут тэжээлийг ойролцоогоор арван хоёр мянган төгрөгөөр авдаг бөгөөд зун бол арай хямд байдаг ажээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Эрдэнэтолгой хэмээх газарт 1984 оны хавар халуун ам бүлээрээ

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГЭНД МАНАЙХ ХҮМҮҮСИЙН ХӨЛД ИХ ДАРАГДАНА ШҮҮ

Удахгүй болох цагаан сарын баяраар “Улсын аварга саальчин” хэмээх хүндтэй цолоо гардан авах Ц.Цэцэгмаа гуай “Энэ жил чинь сүрхий хүйтэн өвөл болж өнгөрөх юм яриад байсан. Харин ч дулаахан, өнтэй жил гарч байна” гэлээ. Удахгүй болох цагаан сарын баярын тавгийн боов, идээ цагааг нь бага хүүгийнхэн нь бэлтгэн авч өгөх юм байна. “С.Дамба ах, Ц.Цэцэгмаа эгч хоёр манай багийн ахмадууд болохоор айл саахалт, фермерийн бүх хүмүүс энэ хоёр хөгшинтэй золгохоор ирдэг” хэмээн тэдний хөрш эмэгтэй хэлж байв. Энэ үеэр Ц.Цэцэгмаа гуай “Цагаан сарын баяр сайхан. Шинийн нэгэнд манайх хүмүүсийн хөлд их дарагдана шүү. Тэр өглөө манай өвгөн хүүгээ дагуулаад Мандал овоон дээр гарч ирэх жилийнхээ зүг мөрөө гаргадаг юм. Хөгшин бид хоёр тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр зочдын гар цайлгах бэлэг хотоос захиулсан байгаа. Одоо цагт юмны үнэ өсөөд байдаг хэрнээ чанар нь бүр муудах болж. Энэ хэдэн хүүхдэдээ хүний нүүр улайлгахгүй гайгүй юм авч явуулаарай гэж хэлсэн. Өчигдөр манайх буузаа хийсэн. Нас ахих тусам хэдэн хүүхдүүд минь бид хоёрт их тус болж байна. Манай бага хүү “Аав, ээж хоёр минь өөрсдийгөө ядраагаад байлгүй дулаахан гэртэй сууж бай л даа” гэдэг юм. Бид хоёр чинь хүүхэд ахуй наснаасаа мал дагаж, ам тостож яваа улсууд. Яаж зүгээр суух билээ. Хүн хөдөлгөөнтэй байж гэмээн эрүүл саруул амьдарна. Өдгөө бид хоёр дал төхөж яваа ч дөчин настай залуучуудаас дутахгүй шүү (инээв). Аварга болсон малчдад иж бүрэн гэр өгч байгаа гэж дуулаад өчигдөр Эрдэнэхүү гэрийн буурь янзалсан юм. Энэ жил өвгөн бид хоёр шинэ гэртэй цагаална” хэмээн нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан буй Цэцэгмаа гуай олон жилийнхээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэнд сэтгэл хангалуун байгаа нь илт харагдлаа.

Э.МӨНХТҮВШИН

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
мэдээ цаг-үе

Лхасүрэнгийн Энхбаатар: Аавыг минь “Гарын таван хуруу”-гийн Шагдараас өмнө “Төгсгөл”-ийн Мөнхөөгийн дүрээр хүмүүс сайн таньдаг байсан

Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Лхасүрэнг “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээр танихгүй хүн ховор. Түүний тухай “Найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн” хэмээх ном саяхан гарчээ. Ингээд нэрт жүжигчин, найруулагч Лхасүрэн агсны хүү Энхбаатартай ярилцлаа.


-Лхасүрэн гуай аль нутгийн хүн бэ. Урлагийн зам мөрд хэрхэн орсон юм бол?

-Аав минь Завхан аймгийн Алдархаан суманд 1946 онд төрсөн. Багаасаа олон төрлийн дугуйлан секцэнд хамрагддаг нийгмийн идэвх сайтай байсан юм билээ. Пионерийн ордонд жүжгийн дугуйланд явж анх урлагт сонирхолтой болсон гэдэг юм. Тэр дугуйланд Чүлтэмжамц гуай, дараа нь Дугар гэж эмэгтэй багшилдаг байжээ. Хэдэн жилийн өмнө Пионерийн ордны 60 жилийн ой болоход аав Дугар багшдаа очиж золгоно гээд явж байсан юм.

Улмаар аав минь Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театр урлагийн дээд сургуульд элсэн ЗХУ-ын ардын жүжигчин, найруулагч И.М.Тумановын ангид суралцан найруулагч мэргэжил эзэмшсэн. Түүнээс хойш Улсын хүүхэд-залуучуудын театрт жүжигчин, ерөнхий найруулагч, уран сайхны удирдагч, Эрдэнэт хотын театрт 1987-1989 оны хооронд хүртэл ерөнхий найруулагч, УБИС, СУИС-д насан эцэслэтлээ багшилж олон сайхан шавь өлгийдөн авсан даа.

-Саяхан амьдрал, уран бүтээлийнх нь тухай ном гарсан байсан. Энэхүү ном хэрхэн бүтсэн юм бол?

-Өнгөрсөн жилийн хавар аавын минь найз орчуулагч Норовын Пүрэвдагва ахтай таарсан юм. Тэрээр аавын тухай ном гаргах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Надад маш сайхан санагдсан. Учир нь би аавынхаа тухай ном хийчих юмсан гэсэн хүсэлтэй байсан хэдий ч юунаас яаж эхлэх, бичих учраа ч олохгүй явсан юм. Аавын минь 70 насны ой өнгөрсөн онд тохиосон учир ном хийх бодол л хамгийн түрүүнд төрж байсан. Миний зүгээс аавынхаа тухай баримт, сэлт зэргийг цуглуулах үүрэгтэй. Н.Пүрэвдагва ах Д.Отгонбаяр сэтгүүлчтэй холбож өгч, энэ хүн “Найруулагч, багш Лайхансүрэнгийн Лхасүрэн” номыг бичсэн.

-Аавын тань бүтээсэн дэлгэцийн бүтээлүүдээс “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрийг мэдэхгүй хүн ховор байх. Ер нь хамгийн анх ямар уран бүтээлд тоглож байсан юм бэ?

– Миний аавын “Ацаг шүдний зөрөө” киноны Сорвит, ”Гарын таван хуруу”-гийн Шагдар, “Говь Хянганд тулалдсан нь” киноны Лувсан, “Би чамд хайртай” киноны захирал болон “Болд хэрхэн хатаагдсан нь”-ы Корчагин,”Ромео Жульетта хоёр”-ын Ромео зэрэг дүрүүд үзэгчид, мэргэжил нэгт нөхдийнхөө хүндэтгэлийг хүлээдэг. Хамгийн анхны дэлгэцийн дүр нь “Тус биш ус” киноны гол дүр болох Осорын дүрийг бүтээсэн. Дараа нь “Агуйн нууц” киноны багшийн дүр, “Төгсгөл” киноны Мөнхөө гэсэн дүрүүдэд тоглосон доо. Алдарт “Гарын таван хуруу”-ны Шагдарын дүрийг бүтээхээс өмнө “Төгсгөл”-ийн Мөнхөө гэдэг дүрээр нь хүмүүс сайн таньдаг байсан шүү. Шагдарт тоглосны дараа хүмүүс “Нөгөө Мөнхөө чинь Шагдар болчихжээ” гэдэг байсан.

-Харин танд “Гарын таван хуруу” киног анх үзчихээд ямар сэтгэгдэл төрж байв?

-Ямартай ч энэ кино Дархан хотод хийгдэж байсан юм. Би долдугаар ангид байсан. Тухайн үед одоогийнх шиг уран бүтээлчдийн гэр бүлийнхнийг киноны нээлтэд урина гэсэн ойлголт байгаагүй. Кинонд тоглосныг нь мэдээд байдаг ямар кинонд тоглосон тухай, хэзээ хаана нээлтээ хийх зэргийг нь мэддэггүй байлаа. Хүүхэд болоод ч тэр үү, анзаардаггүй л байсан байх. Гэтэл нэг өглөө ангийн маань хүүхдүүд “Танай аав хүнтэй үнсэлцдэг кинонд тоглосон байна лээ. Чи үзээч” гээд билет авчирч өгч билээ. Тэр үед хүмүүс үнсэлцэж байгааг харуулсан монгол кино бараг л гараагүй байж дээ. Тийм болоод ч тэр үү, ангийнхнаасаа их ичиж билээ.

Би багын л их гөжүүд, зөрүүд хүүхэд байсан л даа. Жаахан загнуулчих юм бол долоо хоног гэрийнхэнтэйгээ дугардаггүй байв. Кино үзсэн биш нөгөө гөжүүд зан нь хөдлөөд аавтайгаа долоо хоног дугараагүй. Ээжээр дамжуулж аавтайгаа харьцаад л. Аавыгаа хүнтэй үнсэлцдэг кинонд тоглолоо гээд уурлаж байгаа нь тэр. Тийм л хөгтэй юм болж билээ. Харин нэг удаа манай нагац өвөөгийн хөрш нь “Танай хүргэн Мөнхөө, Осор гээд овоо дориун дүрд тоглоод байсан. Шагдар гээд муухай дүрд тоглочихжээ. Муухай харагдаж байгааг нь” гэсэн гэдэг. Аавын минь ээж, аав хоёр эрт бурхан болчихсон юм билээ. Тиймдээ ч эмээ, өвөө хоёр аавд минь их сайн. Хүү шигээ л хайрладаг байсан даа.

Ер нь аавтайгаа хамт явж байгаа үед хүмүүс “Өнөөх Шагдар явж байна” гэдэг байсан. Харин миний үеийн хүүхдүүд “Муухай Шагдар явж байна” гэвэл би зодолдох нь холгүй юм болно. Аав минь бол тоохгүй л дээ. Эргээд бодоход Шагдарын дүр хүмүүст маш сайн хүрч, басхүү залуучуудад ухаарал өгч чадахуйц болсны илрэл юм даа.

-Та найруулсан кино, жүжгийнх нь тухайд дурсаач?

-“Эхнэр нөхрийн элгийн паян”, “Ханиа сонгосон нь”, “Дурлалын нулимс”, “Оргодлын паян”, “Хүн хөрөө” гэх зэрэг кинонууд найруулж хийсэн. Ж.Б.Мольер “Бэрд”, “Аргагүйн эрхэнд оточ” гэсэн хоёр жүжиг орчуулсан. Зун зусланд гарчихаад шөнө ч унтахгүй ширээний чийдэн асаачихаад орчуулаад суудаг байлаа. Аав ажил нь амарчихаад байхад унтахгүй юм л гэж боддог байсан. Тэр хөдөлмөр нь талаар болоогүй тэр хоёр жүжиг нь Монголын театруудын урын санд тоглогдоод явж байна.

-Лхаасүрэн гуайн шавь нараас дурсахгүй юу. Тасралтгүй уран бүтээлээ хийж буй хүмүүс цөөнгүй бий гэж сонссон…

– Аав минь олон сайхан дүрээрээ мөнхөрснөөс гадна үл тасрах урлагийн галыг маналцаж, уран бүтээл туурвиж байгаа олон сайхан шавь нартай. Тухайлбал, 1987 оны төгсөгчид болох Эрдэнэтийн театрын Баярмагнай, “Язгууртан” театрын Наран-Амгалан, МҮОНТВ-ийн хөтлөгч Цовоо нар, 1992 оны төгсөгчид болох гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Ж.Оюундарь, С.Өлзийхүү, Хүрлээ, 1995 оны төгсөгчид болох Ундармаа гээд олон уран бүтээлч төрсөн. Мөн УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин, “Маск” продакшны жүжигчин Мөнхсайхан, Гэрлээ байна. Энэ уран бүтээлчид өдгөө урлагт өөрийн гэсэн байр суурьтай болж хэдийнэ өндөрлөгт гарчээ. Аавын минь хөдөлмөр талаар болоогүйн илрэл гэж боддог. Оюутнууд нь “Багш оюутнуудаа аливаа зүйлийг өөрөөр нь эрж олуулж, бодуулж хөгжүүлэхийг эрхэмлэдэг. Нэг хайрцагт оруулахыг хүсдэггүй. Хүн бүрийг өөрийнхөө чаддаг, сонирхдог зүйлээр нь хөгжүүлэхийг боддог” гэж хэлдэг юм. Ер нь ч тийм л зарчимтай хүн. Надад ч гэсэн бэлэн зүйл хэлж өгөхийг боддоггүй. Аль болох өөрөөр минь судалж, мэдүүлэхийг хүсдэг байсан. Энэ нь сурч буй хүндээ асар ач холбогдолтой. Миний аав сайн аав, сайхан багш байсан даа. Шавь нартайгаа их ойр дотно байсан. Шавь нар нь манайд их ирнэ. Хонож өнжөөд л зарим нь бүр амьдардаг ч байлаа.

-Та эхээс хэдүүлээ вэ. Аавынхаа мэргэжлийг эзэмшсэн хүн бий юү?

-Миний ээж Төв аймгийн Өндөрширээт сумын уугуул, бага эмч мэргэжилтэй хүн байдаг. Аав, ээж хоёр минь хоёулаа II сургуулийг төгссөн юм. Нэг сургууль байснаас гадна анх бие биенээ таньдаг болсон түүх нь их хөгтэй. Аав минь урлаг, спорт гээд бүхий л зүйлд идэвхтэй сурагч байсан гэдэг. Нэг удаа сургуулийнх нь спартакиад болж л дээ. Ээж их муу гүйдэг болохоор барианд орж чадахтай үгүйтэй, бахардчихсан гүйж байж. Гэтэл аав ирээд чирж гүйсээр байгаад барианд оруулчихаж л дээ. Барианд ороогүй хүүхэд нь муу гардаг байсан юм билээ. Гэхдээ ээж аавд гүйж чадахгүй бахардаж байхад нь чирж гүйлээ гээд их уурласан гэдэг шүү. Ингэж л анх бие биенээ мэддэг болж яваандаа танилцаж гэр бүл болцгоосон юм билээ.

Би эцэг, эхээс гурвуулаа. Аав, ээж хоёр минь уул нь хоёр хүү, нэг охинтой хүн юм. Уул нь гэсний учир нь миний ах одоо байдаггүй. Ах минь урлагийн хүн байсан. Гуравдугаар ангиа төгсөөд Украин руу балетын сургуульд явсан. УДБЭТ-д балетчинаар ажиллаж байгаад өвчний улмаас бурхан болсон юм. Би айлын дундах хүү. СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Дүү минь зураач мэргэжилтэй. Тэгэхээр гурван хүүхэд нь гурвуулаа л урлагийн талын мэргэжилтэй болсон байна. Аав минь харахад их том биетэй, сүрлэг харагддаг хэдий ч дотроо маш зөөлөн хүн байсан. Ямар сайндаа л хүүхдүүдээ нусны алчуураар зоддог байх вэ дээ. Ах бид хоёрыг дүрсгүйтээд хэрэг тарих юм бол нусны алчуураар л цохих, илэх хоёрын хооронд хүрдэг байсан гэдэг. Бид хоёр ч сүйд болоод уйлдаг байсан гэдэг юм. Ер аав минь надад айхтар гар хүрч байсныг би мэдэхгүй. Тийм л их хайранд өссөн дөө.

-Лхаасүрэн гуай хэнтэй их найзалж, нөхөрлөдөг байв?

-Багаасаа л Нямгаваа, Мөнхдорж, Доржсамбуу найруулагч нартай их нөхөрлөдөг байсан. Мөн Хүүхдийн театрынхан их ирдэг. Жанчивдорж, Дашхүү ахтай их дотно. Жанчивдорж ах манайхаар орж гардаг байсан. Намайг “Чи миний өвөр дээр өссөн нөхөр шүү дээ” гэдэг байж билээ. Мөн УДЭТ-ын дарга байсан Зориг багштай ойр дотно. Сайхан найзууд байсан. Зориг багшийг бурхан болоход нь бичсэн дурсамж байдаг. “Тэр минь одоо алга, тэгэхэд би тэнэгтээд л энд байж байх юм даа” гэж эхэлдэг юм. Найзалж, нөхөрлсөн хүмүүсдээ үнэнч, уужуу тайвуу сэтгэлтэй хүний хайлан байсан даа аав минь.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Гончигийн Тэрбиш: Увсынхан надад хайртай байдаг юм

Г.Тэрбиш зурган илэрцүүд

Монгол Улсын гавьяат жүжигчин, найраг баянхуурч, хөгжмийн зохиолч Г.Тэрбиштэй уулзаж хөөрөлдлөө.


-Уулзсан хүмүүс нэг л цөвүүн цагт арга ядан аж төрж буй юм шиг их эвэр хошуулцгаах юм. Та сайхан өвөлжөөд байна уу?

-Сайхан өвөлжиж байна. Он сайхан гарлаа. Би ард түмний хайрыг нөмөрч, хайранд хучигдаж амьдарч байна. Манай Бавуугийн Лхагвасүрэн “Ээжийн цагаан сүү нөмөрч өссөөн” гэдэг шиг жаргаж л явна. Энэ оны босгон дээр олон сайхан найрагчтай ойртож танилцлаа. Ардын уран зохиолч, “Болор цом”-ын эзэн, их эрдэмтэн Б.Ринчений шавь Т.Галсан ахтай өнгөрөгч намар төрийн шагналт хөгжмийн зохиолч Г.Бирваа багшийн ойгоор Баянхонгор явахдаа бүүр сайхан дотнослоо.

-Та хоёр чинь өмнө нь хамтарч уран бүтээл хийх ч юм уу, хундага дарсны ард хамт сууж байгаагүй хоёр уу?

-Тэнгэр бид хоёрыг тэгж учруулаагүй байхгүй юу. Би Улаанбаатар хотод долоодугаар ангийн хүүхэд байхдаа орж ирэхдээ Галсан найрагчийг “Төрд тэрсэлсэн, Баянхонгорт тэмээчнээр цөлөгдсөн хүн юм гэнэ ээ. Их сургуулийнхаа ромбыг малгай дээрээ зүүчихээд “Би энэ сүйхэлжинг зүрхээрээ аваагүй тархиараа авсан юм” гэж хэлдэг ёж үгсийг нь мэддэг байснаас Галсан гуайг алиа шогч, ардын ерөөлч хүн байна даа гэж боддог байлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даваадашийн цолны мялаалгын найран дээр бид хоёр “километр” зайтай суусан юм. Нацагийн Жанцанноров багшийн ардын жүжигчний найран дээр бас л ойрхон сууж чадаагүй. “Өрөөсөн жигүүртэй шувуу” гэж дууны шүлгийн номоо нэгэнтээ өгснийг нь Шувуун фабрикийн уран бүтээлийн гэртээ орхичихсон. Харин намар хамт явахдаа гайхамшигтай соён гэгээрүүлэгч хүн гэдгийг нь мэдэрсэн. Тэгээд Галсан гуайд хамтарч дуу зохиоё гэсэн санал тавьсан юм.

-Өвгөн найрагч тэгсэн юу гэж байх юм бэ?

-Мөрдорж багш ардын богино дууг завхай дуу гэдэг байсан юм. Тиймээс би Галсан гуайд “Та надад завхай дууны шүлэг зохиогоод өг. Хошин дуу байвал бүүр сайн” гэлээ. Тэгсэн саяхан утасдтал “Хүрээд ир” гэж байна. Очтол “Тэмээчний омогшил” гэж их сайхан дууны найраг өглөө. Би гэртээ ирүүт аялгуу хийсэн. Баянхонгорын уугуул хүү, алдарт гарч яваа дуучин Баярмагнайгаар дуулуулах гээд байж байна.


-Та сүүлийн үед ямар уран бүтээл туурвиж байна?

-Би соёлын гавьяат зүтгэлтэн, хошин шогийн нэрт мастер И.Цэрэнжамц ахтай “Учиртай дөрвөлжин” гэж мюзикл дуурь хийж байгаа юм. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавих гэж байтал соёлын тэргүүний ажилтан, дуучин Нарантуяагийн Гантулгыг маань даргынх нь ажлаас өөрчилчихлөө. Уг нь овоо л ажиллаж байсан юм.

-Та чинь тэтгэвэртээ суугаагүй хэрэг үү. Одоо хүртэл Цэргийн дуу, бүжгийн чуулгадаа ажилласаар байгаа юм уу?

-Чөлөөт уран бүтээлч болсон ч аккордианаа мөрнөөсөө тайлаагүй хэвээр, хөгжмөө туурвисаар явна. Гавьяаныхаа амралтанд гарсан ч гэсэн гандан буурахгүй л явна.

-Та ч урын сандаа овоо олон дуутай даа?

-Дан хөгжмийн бүтээл, найрал дуу, нийтийн болон мэргэжлийн дууны 450-иадхан бүтээл байна.

-Олонд танигдсан бүтээлүүд тань ч үнэхээр сайхан шүү?

-“Сайн байна уу, ээж ээ”, “Эрээн нуур”, “Наадмын морьдын тоос”, “Наран тотгот наадам”, “Увс нуур”, “Ганга нуур”, “Найман нуур”, Г.Жанчив агсны дуулсан “Дэлгэр мөрөн”, гавьяат жүжигчин Г.Батбаярын дуулсан “Галшарын унага”, дуурийн алдарт дуучин П.Ганбат агсан эхэлж дуулаад сүүлд нь ардын жүжигчин А.Дашпэлжээгийн дуулсан “Тольтой мөнгөн эмээл” гээд лус савдгийг баярлуулсан нэлээд олон дуу бий. Би уран бүтээл хийхдээ тооны төлөө хөөцөлдөөгүй. Хэдхээн дуу зохиогоод ард түмнээ, байгаль хангайгаа баярлуулъя гэж анх бодсон. Сүүлд бүртгээд үзтэл өдий тооны юм болж. Хаяж гээгдсэн ч байгаа л байх. Энэ дуунуудын ихэнх нь дуулах эзнээ хүлээж байгаа. СУИС болон бусад урлагийн сургуулиудаас олон дуучин төгсөж байна л даа. Гэхдээ л надад дуулагдаагүй дуу их байгаа.

-Эзнээ олоогүй хэд орчим дуу байх юм?

-Дуулагдсан зуу орчим дуу байгаа болов уу. Радиогийн алтан санд бараг зуугаад дуу байгаа байх. Дуунаас гадна тайзны бүжгийн хөгжим, олуулаа бүжгийн аяз нэлээд бий. Тухайлбал, ансамблийн “Морьт цэргийн бүжиг”, “Тангаргийн баяр”, “Уран хээ” гээд гавьяат Ламжав гуайн дэглэсэн бүжгийн хөгжмүүд өнөөдөр хүртэл тоглогдсоор байгаа. Мэргэжлийн марш, цэргийн дуунууд ч ЦДБЭЧ-ын урын санд их байгаа. За, дөрөв таван симфони байна. Гар хуруу загатнасандаа би энэ олон бүтээлийг туурвиагүй. Төр нийгмийн захиалгаар бүтээсэн л гэж боддог. Эцэг, эхээс төрөхөд л ийм сайхан үйлийн үртэй байсан юм байлгүй.

-Уран бүтээл туурвихыг зохиолч В.Инжанаши “Тамын жаргал” гэсэн маягтай бичсэн байдаг даа?

-Тэгж хэлж болно. Би бясалгал хийдэг хүний хувьд муу юм яримааргүй байна. Гэхдээ наад үг чинь үнэн шүү. Бид өөрсдөө л тархиа зовоож байж оюунаа шавхаж бүтээж байгаа учраас ард түмэн хүлээж авч байгаа. Тэгээгүй, зүгээр л нэг “Эрээн нуур”, “Дэлгэр мөрөн” гээд шүлстээд хаячихсан ая байсан бол яалаа гэж энэ дуунуудыг говь-алтайнхан, хөвсгөлийнхөн амны уншлага болтол дуулах вэ дээ. Хэрвээ нэг халтуурны аятай байсан бол “Увс нуур” дуу яалаа гэж увсынхны сүлд дуу болов гэж.

-Увсынхан ч нутгийнх нь бөх түрүүлэнгүүт “Увс нуур”-ыг дуулаад л Төв цэнгэлдэхийг долгисуулаад хаячихдаг юм билээ?

-Харин тэгдэг юм байна лээ.

-Сүлд дууг нь зохиож өгсөн гээд увсынхан танд шагнал урамшуулал өгсөн тохиолдол байна уу?

-Увс аймгийнхан надад их хайртай байдаг юм. Увс аймгийн ерэн жилийн ой болоход урьсан. “Тэр далай их наадамд хутгалдаж очоод намайг тоох хүн байгаа ч уу” гэж бодоод очоогүй. 2005 онд Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Увс нуур” дууг сүлд дуугаа болгож баталсан юм байна. Тэгсэн цахим ертөнцөд “Гавьяат жүжигчин Г.Тэрбиш “Увс нуур” дууг зохиож өгсөнд увсынхан талархаж америк жийп бэлэглэв” гэж тавьсан байна лээ. Хэзээ нэг цагт надад тийм сайхан унаа өгөх юм байна гэж би хувьдаа баярлаад байгаа. Тэр машинаа унаад би хаа хүрнэ гэж бодож байна.

-Хаа хүрнэ гэж?

-Говь-Алтайгаа нэг орно. Сайхан шүү дээ.

-Та ч тэгвэл бүтээлээрээ мундаг “баяжаа” л байгаа хөгжмийн зохиолч байна даа?

-Өө, би баян. Хорин нэгэн аймагт зөндөө малтай. Адуу мал сүргээрээ л байгаа. Бөхчүүд бол нэхэл хатуутай учраас хүн мал бэлэглүүт л маргааш нь очоод тамгалж тэмдэглээд авчихдаг юм. Айлын хүргэнийг “Цэргийн шалдан банди” гэж ярьж байдаг даа. Би тэрэн шиг л цэргийн шалдан банди юм чинь Увсаас, Өмнөговиос, Дундговиос яаж малаа цуглуулж чадахав. (инээв) Манай Говь-Алтайн Жаргалан сум хүртэл “Эрээн нуур”-ын хорин таван жилийн ойгоор таван хошуу мал өгсөн. Би одоо хүртэл нэхэж авч чадаагүй л явна. Тэр малчныхаа ч хөлс цалинг өгч амжаагүй л байгаа.

-Өвлийн идшээр харин ч нэг айдаггүй юм биш үү, та?

-Тэр олон малчдынхаараа очдоггүй, эргэж уулзахгүй болохоор хаа, ямар мал байгааг ч мэддэггүй. Итгэлт баян байсан бол ч “Дотроо дугуйтай нь хээлтэй мал” гээд л нэг бүрчлэн данслаад авах байх л даа. Малчдынхаараа ч бууж амжихгүй. Хаа нэгтээ очингуутаа тоглочихоод, ансамблийн муу автобусандаа суугаад буцчихаж байгаа юм чинь. Малын эзэн тааралдвал гэргийнхээ өгсөн боодолтой бэлгийг гардуулж “Таван хошуу мал маань өсөх болтугай” гэж ерөөхөө бас мартахгүй ээ. Энэ гоё шүү. Дорнодын Хөлөнбуйрт ч илүү нугаламтай хонин сүрэг надад байж л байна. Гавьяат жүжигчин Гончигийн Жанчив шүлгийг нь бичсэн “Хөлөнбуйр нутаг” гэж сайхан дууны минь буян тэр.

-Яг одоо ямар уран бүтээл туурвиж байна?

-Оны зааг дээр “Сүлд” телевизийн “Эрдэнийн эрхи” нэвтрүүлэгт гурван ч найрагч бүсгүйтэй хамт оролцсон юм. “АПИ-МОН” амьд зөгийн эмнэлгийн захирал, яруу найрагч Жалбуугийн Ганчимэг “Арван хоёулаа билээ, бид” шүлгээ уншсан. Би тоо орсон шүлэг дуу болдоггүй гэж бодож явдаг байлаа. Тэгсэн тэр шүлэг аялгуу дагуулж бичигдсэн шүлэг байх юм. “Тэнгэрийн шившлэг” номыг нь харж байгаад эл шүлгээр дуу хийлээ. Тэр бол бадагт хэлбэрийн биш дууль дуу болсон. Өмнөд Монголын дуучин Тэнгэр “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо “Би хамгийн анх “Сайн байна уу, ээж ээ” хэмээх монгол дууг дуулж сурсан” гэхэд би их баярласан. Ээжийгээ мэнд сэрүүн байхад 1968 онд Барилгын хоёрдугаар батольоны барилгачин, байлдагч түрүүч байхдаа би энэ дуугаа зохиож байсан юм. Ж.Ганчимэгийн “Тэнгэр” гэж их сайхан шүлэг байна аа.

“Сартайхан байлаа ч

Салхитайхан байлаа ч

Хөх тэнгэр та

Эзэн заяаны ээлтэй бурхан

Ээжийн адилаар биднийг ивээдэг ээ

Энэрэлт тэнгэр ээ” гэсэн шүлэгт аялгуу зохиож Тэнгэр хэмээх тэр том дуучнаар дуулуулъя гэж бодлоо.

-Найраг баянхуур үнэхээр эгшиглэнтэй хөгжим шүү. Та хөгжим гэдэг жинхэнэ утгаар нь амилуулдаг болохоор ч тэгж санагддаг байж магадгүй. Хэдэн насандаа анх дарж сурав. Таны залгамж болсон пиано аккордианч төрөх нь үү?

-Шатрын агуу их мастер Фишер “Танаас илүү шатарчин байна уу” гэхэд “Одоохондоо би л байна даа” гэсэн гэдэг. Мухамед Али бас тэгсэн гэдэг шиг одоохондоо би л Монголдоо энэ хөгжмөөр дагнан тоглож байна даа. Энэ хөгжмийг чинь уг нь “Тэврээд явдаг төгөлдөр хуур” гэж дэлхий даяар үнэлдэг юм шүү дээ. Төгөлдөр хуурыг бол тийм ч амар хөдөө гадаа аваад явчихгүй еэ дээ. Тэгэхэд найраг баянхуур авсаархан, хамгийн гол нь төгөлдөр хуурын тоглох бүх аялгууг гаргадаг. Оросын яруу найрагч Евгений Евтушенко Монголд айлчлаад буцахдаа Бал даргад “Танайх говьтой, хангайтай үнэхээр сайхан орон юм. Даанч авьяастныг бордох газар л байхгүй юм” гэсэн гэдэг шиг найраг баянхуурын нэг ангийг урлагийн сургуулиуддаа байгуулчихвал Монгол Улсад их л хэрэгтэй байсан юм. Тэгэхэд өнөөдөр морин хуурын төчнөөн анги, төгөлдөр хуурын зөндөө анги байдаг. Төгсөгчид очоод хөгжимдье гэсэн ч дуугарахгүй, хөггүй хэдэн эвдэрхий төгөлдөр хуураас өөр юм театр, чуулгуудад нь байдаггүй. Энэ их харамсалтай хэрэг шүү. Монголд сонсголоороо болон ноот хараад тоглочихдог мэргэжлийн шахуу баянхуурч, аккордианч олон бий. Миний хувьд таван настайгаасаа аман хуур тоглож сурсан юм. Аймгаас нутаг заагдсан тэнсэн ялтай Дашпунцаг гэдэг хүн манай Жаргаланд шохой шатаах ажил эрхэлдэг байсан. Тэр Дашпунцаг гуай охиндоо, надад, манай эгчид нэг нэг аман хуур авчирч бэлэглэсэн юм.

-Өө бас сонин л тохиол юм даа?

-Миний бага эгч Цагаач гэж хөдөлмөрийн баатрын болзлыг хоёр гурван ч удаа хангасан шувуучин хүн байлаа. Тэр үед бид гурав аман хуур гэж гайхамшигтай дуу ордог хөгжим гэдгийг огт мэдэхгүй худлаа л шүгэлдүүлж үлээгээд л орилуулж явдаг байлаа. Миний ууган ах Содномцэрэн гэж Завхан аймагт сургууль төгссөн мундаг нягтлан бодогч хүн байлаа. Энэ өндөр ахыг аав Завханы Цагаанчулуутаас адуу малын өр нэхээд ир гэсэн чинь авлаганд пягтруул гэдэг юм аваад ирдэг байгаа. Цагаанчулуут чинь Цэрэнпунцаг гарьд, агуу дуучин Адарсүрэн аваргуудын нутаг шүү дээ. Пягтруулыг Жамцын Бадраа багш эгшигт хайрцаг гэж мөн гоё нэрлэсэн юм шүү. Нөгөө эгшигт хайрцгаар чинь “Учиртай гурван толгой” дуурь, Оросын мундаг симфони оркестр сонссоор байгаад урлагийн анхны мэдэгдэхүүнтэй болсон. Тэр үед манай сумын кино механикч байсан Чойдог ах манай Завхан гол багт ирж кино гаргахдаа миний аман хууранд “Хүмүүн төрөлхтөн”-ий аяыг тоглолоо. Энэ Чойдог ах ноот мэдэхгүй мөртлөө хөгжмийн мундаг сонсголтой хүн байсан. Хожим “Алтай” чуулгын хөгжмийн найруулжуулгыг хийдэг хөгжмийн зохиолч хүн байсан. Тэгж л хөдөөгийн эгэл жирийн хүү би анх аман хуурыг дуу оруулж болдог гайхамшигтай амьтай хөгжим юм байна гэдгийг мэдэрсэн дээ. Жаргалантын Нурамтын овоог тахих наадамд Батсуурь ах түрүүлж, би их баярлан хадны цуурайтай нийлүүлэн аман хуураа үлээж байсан минь одоо бодоход анхны хөгжмийн бүтээл маань байж. Хожим би ахдаа зориулж “Аварга Батсуурь” гэдэг дуу хүртэл зохиосон.

-Монгол Улсын аварга Шаравын Батсуурь таны хамаатан юм уу?

-Тэр том бөх чинь миний нагац ах л даа. Бид хоёр чинь эгч дүүсийн хүүхдүүд байхгүй юу. Тиймээс миний гар чинь ийм том байгаа юм. Даанч би мэх сураагүй. Нохой мордох ганцхан мэхтэй. Тэр мэхээрээ ансамблийн хэд хэдэн нөхөртэй мөрий тавьж давж л байлаа. Аман хуур сурсны дараа сургуульд орсон хойно аав Шуя хотод үйлдвэрлэсэн гармони хөгжим авч өгсөн. Аав, Чойдог ах, Говь-Алтайг эрүүлжүүлсэн эмч Галсангийн Миеэжав гэж Монгол Улсын циркийн нэгдүгээр зэргийн калернитчин нар миний анхны багш нар болсон доо.

-Мундгуудаас хэн таны багш байв?

-Самбын Гончигсумлаа багш байна. Ерээд онд картын барааны үеэр багш гэртээ их урина. Очихоор ганц юм задална. Тэгтлээ нэг их уугаад байдаггүй хүн шүү дээ. Хамгийн гол нь уухаасаа илүү ярьж сууж юмаа үлдээх ухаан нь байхгүй юу. Тэрбиш гэдэг хүүд өөрийнхөө явсан зам мөрийг, өөрийнхөө багш, алдарт хөгжимчин Түдэв гүнийг ярьж үлдээх гэж дуудаж, дөрөвдүгээр дэлгүүр рүү хамт алхаж, картын бараанд дугаарлаж зогсдог байсан юм билээ. “Түдэв багш хуучраар гайхамшигтай тоглодог учраас Богд хаанаас гүн цолоор шагнагдсан юм билээ” гэдгийг ойлгуулах гэж дууддаг байж. Гончигсумлаа, Бирваа, Хаянхярваа нарын Монголын хөгжмийн бурхадтай хөдөө гадаа хамт явж, ойр дотно явахдаа “Энэ чинь зүүд үү, юу вэ” гэж өөрийгөө чимхэж үзэх нь халаг хувь заяагаараа бахархдаг байсан даа.


Categories
мэдээ цаг-үе

С.Болд-Эрдэнэ: “Чингис хаан” дууг анх дуулсан хамтлагийнхан бидэнд хамтран дуулах санал тавьсан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр саяхан нээлтээ хийгээд буй “Хоёр амь” киноны гол дүрийг бүтээсэн билээ.


-Саяхан “Хоёр амь” уран сайхны кино нээлтээ хийлээ. Та энэхүү киноны гол дүрийг бүтээжээ. Энэ дүрийн хамгийн их сэтгэлийг тань татсан зүйл юу байв?

-“Хоёр амь” кино хамгийн анх “Өргөл” гэсэн нэртэй байсан юм. Харин дараа нь “Хоёр амь” гэж нэрийдсэн л дээ. Бид зохиол дээрээ хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Зураг авалтдаа өнгөрсөн оны найман сард орж 40-өөд хоног ажилласан юм. Би гол дүр болох нэгэн аавын дүрийг бүтээлээ. Энэхүү кинонд миний дүрд тохиолдож буй үйл явдлууд нь маш хурц. Тиймдээ ч надад таалагдсан гэж болно. Ерөнхийдөө уг кино маань аав, хүү хоёрын харилцаа болоод эцэг хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө юу хийж чаддаг юм бэ гэдгийг харуулснаараа онцлог.

-Германы “Чингис хаан” хамтлагийн Чингис хаан дууг “Драмын дөрөв” хамтлаг дуулжээ. Энэхүү дууг яагаад дуулах болов?

-“Чингис хаан” дуу бол Германы “Чингис хаан” хамтлаг дуулж хүмүүст хүргэсэн дуу л даа. 1979 онд Евровижн дууны уралдаанд Баруун Герман улсыг төлөөлөн оролцсон бүтээл юм. Бид энэ дууг Монголын Үндэсний радио, телевизийн 2015 оны “Баярын мишээл” нэвтрүүлэгт зориулж дуулсан. Биднийг түүхэн сэдэвт дуу дуулаачээ гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгж л энэ дууг анх дуулах болсон л доо. Харин энэхүү дуулсан бичлэг маань сошиалд цацагдсанаар хүмүүс чамгүй сонсож байх шиг байна. Тэр дундаа ОХУ, Буриад, өмнөд монголчуудад маань илүү хүрсэн байна лээ. Мөн энэ дууг хамгийн анх дуулж байсан “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлчид бидний дуулсныг олж сонссон байна лээ. Тэд бидэн рүү цомгоо явуулсан. Монголчууд өөрсдөө баатрын хувцастай, “Чингис хаан” дууг нь дуулсан нь магадгүй их сонирхолтой санагдсан байх. “Чингис хаан” хамтлагийнхан “Бид Монголд очиж та бүхэнтэй хамт баатрын хувцас өмсөөд дуулмаар байна” гэсэн хүсэлт тавьсан л даа. Биднийг Европ руу очиход хүнээр холбоо барих хаяг зэргээ явуулсан байсан юм. Даанч бидний зав болоогүй. Одоохондоо тэрхүү саналыг ажил болгож амжаагүй л явна. “Драмын дөрөв” хамтлагийнхан тус, тусынхаа ажлыг хийгээд тун чиг завгүй л байна. Хамтлагийнхаа ойд яг сайн төвлөрч чадахгүй л юм. Ямартай ч тусдаа болон хамтарсан уран бүтээлүүдээрээ цомог хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Та бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар гуайн хүү шүү дээ. Урлагийн төлөө бүхий л амьдралаа зориулсан энэ хүнээс магтаал, зэмлэл хэр их сонсдог байв?

-Аавдаа оюутан байх үедээ шүүмжлүүлдэг байсан. Өөрийгөө дайчлахгүй, сэтгэхгүй, бодохгүй байна гэдэг байлаа. Тэр л сэтгэлд минь их үлдсэн дээ. Жүжигчин хүн үг дааж сурах хэрэгтэй л дээ. Зэмлэлээ гэхэд гутраад байхгүй, магтлаа гэхэд нисчихгүй байх ёстой. Үүнийг л оюутан байх хугацаанд минь ойлгуулсан гэж боддог. Ер нь аав минь намайг айхтар их зэмлэж эсвэл магтдаггүй байсан. Гэхдээ миний аав үр хүүхэд, хань ижилтэй болоход, драмын театрт жүжигчнээр орж, уран бүтээл тасралтгүй хийсээр явааг минь хараад баярлаж л байсан болов уу. Тэр бүхнийг ил хэлж хөөргөөд байдаггүй ч сэтгэл дотроо баярлаж, бахархаж байсан гэж боддог.

-Та МУГЖ С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” дууны клипэнд аавтайгаа хамт тоглож байсан. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд надад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” гэсэн сайхан уран бүтээл хийж байгаа тухайгаа ярьсан юм. Харин тэрхүү дууны клипэнд намайг аавтайгаа хамт тоглоочээ гэсэн санал тавьсан л даа. Анх юу ч бодохгүй л тэр клипэнд тоглож байлаа. Залуу ч байж дээ. Одоо эргээд харахад нэгэн уран бүтээлд аавтайгаа хамт тоглоод, тэр нь дэлгэцэнд мөнхрөөд үлдчихсэн болохоор маш их баярладаг.

Дэлгэцийн бүтээл гэдэг тийм л давуу талтай байх юм. Дурсамж болж үлдсэн болоод ч тэр үү, их гоё санагддаг. Б.Ганболддоо их баярлаж явдаг даа.

-Хүүхдүүд тань урлагийн хүн болох сонирхолтой болов уу. Хэрэв болно гэвэл та яаж хүлээж авах вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин маань урлагийн хүн болох сонирхолтой байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаараа СУИС-д нэгдүгээрт, МУИС-д ч дээгүүр жагссан юм. Миний хувьд урлагийн хүн байна гэдэг амаргүй гэдгийг мэдэх учраас тийм ч таатай байгаагүй. Ялангуяа эмэгтэй хүнд бүр ч хэцүү. Ирээдүйд эзэгтэй, ээж болно. Гэр бүлээ халамжлахын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг амар биш. Гэхдээ мэдээж сонголтыг бол охин минь хийсэн. Их эргэлзсэн л дээ. Одоогоор МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаа. Эмээ нь урлагийн хүн болгох дуртай байсан. Бүр СУИС-д шалгалт өгөхөд нь хүртэл бэлдсэн шүү. Ээж минь “Миний охинд авьяас байсан юм даа” л гэдэг юм.

-Ээж тань таныг ч гэсэн СУИС-д ороход бэлдсэн гэдэг бил үү?

-Тийм шүү. Ээж минь жүжигчин хүн л дээ. Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Цэрэндагва, Мягмарнаран гэсэн хоёр мундаг Ардын жүжигчинтэй суралцаж төгссөн. Нэргүй гэж хүн байдаг. Жүжигчин мэргэжлээрээ ажиллаагүй ч Соёлын орднуудаар найруулагч хийж байсан. Хувийн үзүүлбэр ихтэй хүн л дээ.

-“Гамлет” театрын тайзнаа хэзээ дахин амилах бол?

-Манай театр гэгээн хайрын баярыг тохиолдуулаад “Парисын дарь эхийн сүм” мюзиклыг тоглох гэж байна. Харин гуравдугаар сар бүрийг сонгодог жүжгийн сар болгон зарласан байдаг юм. Энэ үеэр “Гамлет” дахин тоглогдоно.

-“Гамлет” жүжигт хүний гавлын яс хэрэглэгддэг. Үүнтэй холбоотой нэгэн дурсамж байдаг юм билээ…

-Гамлет бол амьдралын утга учир, мөн чанарыг хайгаад л яваа юм л даа. Товчхондоо, яагаад бүгд мөнх бусыг үзээд байгаа юм бол, бид яаж амьдрах ёстой юм бол гэдгийг л хайж яваа дүр юм. Бүх л зүйл эхлэл, төгсгөлтэй байдаг. Тэр дундаа хүний амьдрал. Баян тансаг, эрх мэдэлтэй байна уу гэдэг огт хамаагүй. Бүгд л мөнх бусыг үзэж хохимой толгой болдог. Энэ тухай “Гамлет”-д өгүүлдэг учир гавлын яс ашигладаг юм.

“Гамлет”-ын дүрийг хамгийн анх Жамсранжав гуай бүтээж байсан шүү дээ. Харин анх тавигдаж байх үедээ гавлын яс байгаагүй болохоор цаасаар хийгээд орлуулж байсан юм билээ. Жүжгийн үеэр цохиход нь яс цохиж байгаагаас өөрөөр дуугараад, бас цоорчихсон гэдэг байх шүү. Жинхэнэ гавлын яс байвал хүмүүс сэртхийж, илүү их хүн ойлгож, мэдрэмжийг нь зөв авах нь мэдээж. Үүнийг Жамсранжав гуай мэдсэн учраас “Намайг бурхан болохоор миний гавлын ясыг авчирч театрт минь өгөөрэй” гэсэн гэдэг. Бодитой байлгах нь зүйтэй юм байна ч гэж бодсоноос гадна урлагт тэр дундаа театртаа үнэн зүрх сэтгэлээ зориулсан хүн байсан учир тэгж хэлсэн байх. Тэр үгнээс урлагийн төлөө гэсэн чин сэтгэл харагдаж байгаа биз.

-Ариун сүм гэгддэг театрын босгыг давна гэдэг амаргүй. Таны бодлоор театрын уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Энэ хүнийг өнгөлөөд байвал юм гарах нь, дүр төрх нь ч өвөрмөц юм, авьяас чадвар ч байна тиймээс театрт хэрэгтэй гэж дүгнэвэл театрт авдаг. Гэхдээ шууд биш шүү дээ. Эхлээд театрын дэргэдэх студидээ авдаг юм. Түүнээсээ жилийн дараа ч юм уу, шигшиж байгаад театрын жүжигчин болгодог. Би 1999 онд СУИС-ийг төгссөн. Мөн л дээрх зарчмын дагуу орж байлаа. Театрт ороод хамгийн анх У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” гэсэн жүжигт тоглосон. Дараа нь “Улаан дарвуулт хөлөг онгоц”, “Сэтгэлд нууцлагдсан амраг” гэсэн жүжгүүдэд тоглож байлаа.

Театр бол босго өндөртэй газар. Тиймээс бүхий л зүйлээ зориулж, сэтгэл зүрхээ гаргаж байж энд үлдэнэ. Мөн жүжигчин хүн олон найруулагчтай ажиллаж, тогтмол бэлтгэл сургуулилт дор туршлагажиж хүнээс үг дуулж сурдаг. Нэг том сонгодог жүжигт тоглосны дараа нэг их сургууль төгссөнтэй дүйцэхүйц болдог гэж ярьдаг. Алдаа оноогоо дэнсэлж, илүү хүчтэй болгодог. Театрын жүжигчин хүн ийм л онцлогтой. Театр бол тухайн хүнд өсөж дэвжих том боломжийг өгдөг ариун сүм шүү дээ.

-Та “Хөлтрөг” уран сайхны киног найруулж байсан. Цаашид кино найруулах уу. Ажиллаж буй кино бий юү?

-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. “Мэргэжлээс илүү хүсэл мөрөөдөл чухал” гэсэн гоё үг байдаг шүү дээ. Хүсэл мөрөөдөлтэй байж л даль жигүүр ургана гэж боддог. Тиймээс ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл бий.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Дөчин жилийн ойтой золгож буй Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн нэг ангийнхан

Хүмүүн заяанд анги хамт олон хэдэнтээ тохиож болох авч алсрах тусмаа ээнэгшин санагалзах балчир насны он жилүүд найман жилийн нэгэн ангийнхны сэтгэлд л мөнхөд хоногшин үлдэх бөлгөө. Ээжийнхээ мөөмнөөс гараагүй балчирхан наснаасаа авахуулаад өөрсдийгөө эрийн цээ, бүсгүйн зиндаанд хүрлээ гэж гэнэхэн сэтгэлдээ омогших хүртлээ бүтэн найман жилийг нэг танхимд үймүүлж бужигнаж, үсэрч наадаж өнгөрөөсөн болохоор арга ч үгүй биз ээ. Ийм нэгэн ангийнхан болох Ховд аймгийн Чандмань сумын найман жилийн сургуулийг 1969-1977 онд суралцан төгссөн хамт олныг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Тэд наймдугаар ангийн хоёр бүлэгт тавин тавуулаа төгсчээ. Үүнээс арваннэг нь аймгийнхаа ерөнхий боловролын сургуульд үргэлжлүүлэн суралцаж, тав нь техникумд, арав нь Техник мэргэжлийн сургуульд хуваарилагдаж, 19 сурагч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан байна. Энэ онд төгсөлтийнхөө 40 жилийн ойг ёслон тэмдэглэж, уулзалт зохион байгуулах тухай ангийн дарга Б.Сэмүүхэн хэлж байв. Ойн арга хэмжээнийхээ хүрээнд төрөлх сургуульдаа төгсөгчдийн нэрэмжит ногоон төгөл байгуулах, спорт урлагийн өдөрлөг зохиох зэрэг олон төрлийн ажлыг төлөвлөжээ. Тус төгсөлтийн хоёр анги сургуульдаа анх удаа төгсөгчдийн бүтээлч ажлыг санаачлан Л.Бэгз багштай наймын “А” ангийнхан сургуулийн цаг уурын ажиглалтын талбай, Р.Батдэлгэр багштай наймын “А” ангийнхан сургуульдаа ногооны зоорь хийж байгуулан хүлээлгэн өгч байжээ. Тэр үеийн хөдөөгийн сургуулийн ахлах ангийн сурагчид ямаа самнах, малын хашаа хороо засах, хадлан бордоо гээд нийтийг хамарсан ажилд нэг биш удаа оролцож явахдаа хөглөж, хөгжилдөж явснаа дурсацгаана. Эдний ангийн Б.Мөнхсайхан гэдэг нөхөр тухайн үед хүмүүсийн ам дамжин ярьдаг байсан “Хар гар” хэмээгдэх аймшгийн яриаг давс хачир нэмэрлэн ярьж охидыг нойргүй хонуулсан хийгээд, нутгийнхаа Цагаан голын хадлан дээр Б.Мэндбаяр “Цагаан тэмээ” гэж нэрлэдэг олиггүй муухай аалзыг оосорлож гэрийн баганаас уяж орхисноос болж, гал тогооны охид боорцгоо түлж сүйд болох шахсан хөгжилтэй дурсамж дэлгэв. Залуу байхдаа бие биетэйгээ уулзахдаа гэр бүлтэй болсон үгүйг нь, идэрхэн үедээ хэдэн хүүхэдтэй болсныг асуудаг байсан бол өдгөө ач, зээ нарынхаа тоог асууж, амар мэндээ эрэх болсон гэнэ. Багш, эмч, инженер, санхүүч, жолооч, холбоочин, мужаан, малчин гээд төрөл бүрийн ажил мэргэжилтэй энэ анги хамт олны дундаас од болж онцгойрсон нь үгүй ч салбар салбартаа нэр хүндтэй, үнэнч шударга, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэн үр хүүхэд, ач зээ нараа тойруулан бусдын адил амьдарч яваа улсууд байдаг аж.

Нэг мянга есөн зуун далан долоон оны төгсөлтөөс өдгөө Д.Саруул, Ё.Наранцэцэг нар нь Дархан-Уул аймагт эмч, Ц.Батсуурь нь Эрдэнэт хотын дунд сургуулийн багш, Д.Цэрэн нь Зүүн-Хараад, Д.Бямбахамба, Б.Баасанхүү нар нь Батсүмбэрт таван хошуу малаа өсгөн аж төрөн амьдарч яваа юм байна. Бусад нөхөд нь Монгол орныхоо өнцөг бүрт ажиллаж, амьдарч, хэд хэдэн нөхдүүд нь гадаадад амьдардаг ч үргэлж холбоотой байдаг гэнэ. Эднийг холбож байдаг чухал үүрэгтэй ангийн анд нь Дэмбэрэлийн Хүрэлцоож ажээ. Тэрбээр Улаанбаатар Төмөр замд вагоны машинистын ажилтай юм байна. Түүний санаачилгаар өнгөрсөн хугацаанд хэд хэдэн бэсрэг уулзалтыг зохион байгуулжээ. Анх нэгдүгээр ангид нь тосон авч мэлмийг нь нээсэн ачит багш Д.Нямжав, наймдугаар анги төгсгөсөн Р.Батдэлгэр багш нар нь гэр бүлийн хүмүүс аж. Өдгөө шавь нартайгаа үе тэнгийн юм шиг ануухан буурлууд байдаг гэнэ. Мөн ангийнхнаас нь Сэрж Цэвэлмаатай, Бямбахамба Баасанхүүтэй учир заяагаа холбосон өрх айл болжээ. Нэг ангиас төрсөн эдгээр гэр бүлд найз нөхөд нь хамгийн их очих дуртай гэнэ. Хүлээн авч байгаа ангийн хосууд нь ч хөөр баяр болж, хүүхэд ахуй насныхаа дурсамжуудыг ам булаалдан ярьж баясдаг бололтой. Харамсалтай нь ирж буцдаг хорвоогийн үйлээр Сэрж анд нь бурхны оронд залраад удаагүй байгаа юм байна. Сумынхаа баяр наадамд бүтэн долоон жил босоо байсан аймгийн начин цолтой сайн анд нөхрөө ангийнхан нь халаглан дурсацгааж байлаа. Эдний ангиас Б.Мэндбаяр, Ж.Энхтөр нар нь сурлагаараа сайн хүүхдүүд байсан тухай ангийн дарга Б.Сэмүүхэн дурсаж байв. Энэ үеэр ангийн анд Ж.Энхтөр “Гэхдээ сахилгын асуудал ярихад хоёулаа толгой дээгүүрээ сум тавиулсан тарвага шиг нугдайн, урд суудаг хүүхдийнхээ ардуур тонгойдогсон” хэмээв. Тэр айхтар сахилгын доголдол гэдэг нь хичээл дээр ярих, хааяа охидоо шоглох төдийхөн ажээ. Ж.Энхтөр нь төгсөлтийнхөө уулзалтад зориулж

Алдаа оноо хоёр минь

Аяны замын нугачаанд бий

Амьдрал дүүрэн нас минь

Алсаас ирсэн ухаарал байна

Ангийн минь мөнгөн цонхоор

Алтан наран мандана даа

Анд нөхөд минь бүгдээрээ

Ахин уулзаж жаргая даа гэсэн үгтэй дуу хийж байгаа гэсэн шүү.

Нэгэн анги хамт олон гэгдэж сурагчийн ширээнд тохой нийлүүлэн суусан цагаасаа тооцвол бараг хагас зууны туршид үерхэн нөхөрлөж алс буйдхан нэгнээ сураг тавин анирдах энэ эрхмүүдийн уулзаад ярилцдаг гол сэдэв нь эрдэм номын их өргөө төрөлх сургууль, үе үеийн багш нар, сурагч хонгор насны гэгээн дурсамжууд ажээ. Аль хэзээний өвөө эмээ болж, нас намба нь тогтсон нэгэн ангийнхан маань уулзахаараа яг хүүхэд насандаа очдог гэнэ ээ. Та бүхний төгсөлтийн 40 жилийн ойгоо тэмдэглэж хүүхэд насандаа эргэж очих тэр баярт учралыг эргэн сурвалжлахаа амлаж энэхүү тэмдэглэлээ түр завсарлая.

Э.МӨНХТҮВШИН