Categories
мэдээ цаг-үе

Зургаан залуу заан буюу цагаан сарын бөхийн өнгө

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609), 045 (5612) дугаарт

Цагаан сарын барилдаанд 11 дараалан түрүүлсэн Бат-Эрдэнийг Сүхбат ерэн есөн онд баруун гараараа далавчлан гуядаж хаяснаар бөхийн нэгэн шинэ үе гарч ирснийг Монгол даяар зарлан тунхагласан юм. Жижиг Сүхбат Бат-Эрдэнэ аваргыг тэгэхэд анх удаа хаясан юм биш. Ерэн долоон онд байна уу даа, чансаа өндөр бөхчүүдийн тойргийн барилдаанд их аваргыг өөрийн хадам аав болох Баянаа аварга, одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж нарын өмнө аваачиж байгаад уран гоё тонгорч хаясан. Спортын төв ордонд бөхийн барилдаан болдог байх тэр үед юм. Сар шинээр аваргыг анх хазайлгахад Бөхийн өргөө дүүрэн цугласан олон баяр хөөртөө бахдаж ядан оволзоод л босоод ирсэн сэн. Сар шинийн барилдаан гэдэг ийм л үүх түүх, өнгө жавхаатай олон түмний сэтгэлд үлддэгээрээ үнэ цэнэтэй юм.

А.Сүхбат тэр жил зургаагийн даваанд Одгэрэл зааныг тунаж долоогийн даваанд Цэрэнпунцаг заан (одоогийн гарьд)-ыг давж наймд Өсөхбаяр заан (дархан аварга)-ыг мөн л тунан давж түрүү үзүүрт Бат-Эрдэнэтэй үлдэж байв. Монгол бөхөд нэгэн үзэгдэл болсон зургаан залуу зааны үе эхэлсэн нь тэр байв. Тэр жилийн наадмаар Ганбат Балжинням аваргаар долоо давж заан болсноор зургаан залуу заан ид жагсаж ирсэн юм. Их шөвгийн наймд Бат-Эрдэнэ аварга Хатансайхан начинг, Балжаа аварга Мөнх-Эрдэнэ арсланг амласнаар зургаан зааны дөрөв нь буюу Цэрэнпунцаг, Гантогтох, Өсөхбаяр, Сүхбат нар тунаж үлдэж байлаа. Цэрэнпунцаг тэр гурваас Сүхбатыг амлаад тахимаа өгсөн. Сүхбатын шуугиан дэгдээдэг цагаан сараар Дорноговь аймгийн харьяат улсын начин Алтангэрэлийн Хатансайхан тун сайн барилдсан. Дашзэвэгийн Эрдэнэбат заанаар тав давж дунд шөвөгт шалгарахад нь үзэгч олон “Хатансайхан маань бараг л начнаа баталчихлаа” гэж инээд наргиан болгож байлаа. Залуу заануудын нэг Увсын Баруунтурууны Батжаргалын Ганбат ерэн найман оны сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа Өсөхбаяр заан, Мөнх-Эрдэнэ арслан нарыг өвдөглүүлж үзүүрлэн шуугиан тарьсан. Тэгвэл хоёр мянган оны цагаан сараар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул, даншгийн алдарт Буянтоо аваргын удмын бөх Цэрэндашдоржийн Магалжав гэж шоволзсон цагаан залуу мөн л дуулианы эзэн болсон юм. Улсын цолгүй бөх тэрээр Баярсайхан заан, Балжаа аварга нарыг тав, зургаагийн даваанд өвдөглүүлж, Сүхбат зааныг долоогийн даваанд бариан зөрөөн дээр ард нь гарч давснаар үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үлдсэн. Бараг л түрүүлэхээ алдсан. Бөх сонирхогч олон түрүүлснээс дутуугүй баярлаж, Магалжавыг дэмжиж хайрласан юм даг.

Хоёр мянга нэг онд Агваансамдангийн Сүхбат арслан цолтой хоёр дахиа түрүүлсэн. Өсөхбаяраар зургаа, Цэрэнпунцагаар тунаж долоо давж түрүү үзүүрт Сумъяабазартай үлдэж байгаа юм. Сумъяабазар нь болохоор Ганбат, Гантогтох нарыгаа дараалан тунаж даваад, их шөвөгт Бат-Эрдэнэ аваргыг унагаж, түрүү, үзүүрт гарч ирж байгаа юм. Ингэж л өнөө зургаа чинь хоорондоо гал маналзтал үзэж байлаа. Бөх судлаач, бөхчүүдийн хэлдгээр “Монгол үндэсний бөхийн барилдааныг урлаг болтол нь хөгжүүлсэн” тэдний барилдаан хэрхэн үзүүштэй, амттай болдгийг уншигч олон бүгд мэднэ. Хоёр мянгаад оны эхэн үеийн буюу залуу заанууд хоорондоо тамираа тасартал хүчийг үзсэн барилдааны бичлэгүүд “youtube”-ээр дүүрэн бий. Хоёр мянга нэг оны сар шинийн бичлэг ч бий. Сүхбат баруун хөлийг нь хонгодоод дайрахад Сумъяабазар дагуулаад тонгордог. Хоёулаа л тархиараа газар шаагаад унадаг. Гэвч Сумъяагийн толгой түрүүлж хүрсэн гэж үзсэн. Харин 2002, 2003 оны сар шинийн барилдаанд Долгорсүрэнгийн Сумъяабазар дараалж түрүүлсэн. Эхний жил уран барилдаанч начин Мижиддоржийн Жамънпүрэвээр тав, Өсөхбаяр, Сүхбат нараар тунаж зургаа, долоо даван түрүү, үзүүрт Ишдоржийн Доржсамбуу заан (одоогийн гарьд)-тай үлдэж түрүүлсэн бол дараа жил нь Гантогтохоор тунаж зургаа, Одгэрэлээр тунаж долоо даван Сүхбат аваргатай даагаа нэхэж барилдаад давж түрүүлсэн юм. Тэр жил Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат уран барилдаант начин Наранцэцэгийн Бүрэнбаатар Батзориг заанаар тунаж тав, Бат-Эрдэнэ аваргаар зургаа давж их шөвөгт шалгарч байсан удаатай. Тухайн үед зургаан залуу заанаас гадна Дамирангийн Бумбаяр, Ишдоржийн Доржсамбуу, Очирын Одгэрэл, Чогсомын Батзориг, Цэдэвийн Мягмарсүрэн нарын хүчтэй заанууд, мөн Жамъянпүрэв начин ид үздэг байлаа. Энэ хэдийн дундаас шинэ залуу бөх дээшээ гарч ирнэ гэдэг үнэндээ амаргүй байсан. Тэдний хооронд хоёр мянгаад оны үеийн бөхийн барилдаан өрнөдөг байв.

2004, 2005, 2007 онын сар шинийн барилдаанд Гэлэгжамцын Өсөхбаяр аварга түрүүлсэн байдаг. Эхний жилээ түрүүлэхдээ Ганбат заан (арслан)-аар зургаа, Мягмарсүрэн заанаар долоо, Доржсамбуу гарьдаар найм давсан бол хоёр дахь жилээ мөн л Ганбатаар долоо, Сумьяабазараар найм давж түрүүлсэн нь бий. 2005 оны их шөвөгт Өсөхбаяр, Сумъяабазар, Ганбат, Чогсомын Батзориг энэ хэд үлдсэн бол 2007 онд мөн Өсөхөө, Сумъяа, Ганбат гуравтай Цэдэвийн Мягмарсүрэн заан шалгарч байх жишээний. Тэгээд л төрийн наадамд олонтаа үлдсэн жишгээрээ Сумъяа, Өсөхөө аваргууд түрүү үзүүр булаалдаж Өсөхөө аварга түрүүлж байсан. Хоёр мянга найман онд Ишдоржийн Доржсамбуу гарьд сар шинийн барилдаанд анх удаагаа түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Дугардоржийн Батбаяр начин үзүүрлэв. Тэр жил түрүү үзүүрт баттай хүрнэ гэж ард түмний итгэл хүлээлгэж байсан Сумъяабазар аваргыг Завхан аймгийн Идэр сумын харьяат залуу бөх Жаргалсайхан (одоогийн гарьд) дотуур хутгаж, ар бөгсөөр нь суулган шуугиулж байсан удаатай. Ингээд хоёр мянга есөн онд Батжаргалын Ганбат мөн л анх удаагаа түрүүлж, бөхөд хайртай түмнээ баярлуулсан. Хоёр жилийн дараа тэрээр төрийн наадмын түрүү бөх болж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Ганбат арслан цагаан сарын барилдаанд ч, төрийн наадмын түрүү үзүүрт ч хоёуланд нь Өсөхөө аваргатай үлдэж давж байсан юм.

Ганбатыг улсын наадамд түрүүлэх Сүхбат аварга дээс тоглож байгаа охин шиг жигтэйхэн дээр үсэрч баярлаж буй нь тод харагддаг. Зургаан залуу заанаас ганцаархнаа бууриа сахин цолтойгоо хоцорсон түүнийг арслан боллоо хэмээн ард түмний баяр бахдалын нэгэн дүр зураг тэр болов уу. Ганбат арслангаас монгол бөхөд бас нэгэн шинэ үе орж ирсэн нь хоёр арван оны цагаан сараар хэмжигддэг. Тэр жил Санжаадамба гэх залуу До.Ганхуяг арслан, Өсөхөө аварга нарыг бараг л гарынхаа үзүүрээр нударчихаад салхилчихсан. Цэргийн арслан цолтой залуу тийнхүү сар шинийн барилдаанд түрүүлж нэгэн амжилт тогтоосон бол удаа ч үгүй Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Шарын Мөнгөнбаатар гэж залуу мөн л аймгийн арслан цолтойдоо түрүүлсэн юм.

Ингэж наяад оны дундуур эхээс мэндэлсэн Санжаадамба, Мөнгөнбаатар хоёр сар шинийн барилдаанд улсын цолгүй байхдаа түрүүлж байлаа. Санжаа нь өнөөдөр аварга цолтой, харин Мөнгөө нь аанай л аймгийн арслан хэвээр байх шив дээ. Эрхэмбаяр аварга, Рагчаа гарьд хоёрыг эс тооцвол хоёр мянга арван оноос хойших сар шинийн барилдаанд Сүхбаатарын Мөнхбат, Чимэдрэгзэнгийн Санжаадамба, Цэдэвийн Содномдорж гээд үе чацуутан буюу наяад оны залуучууд түрүүлээд байгаа. Рагчаа гарьдын түрүүлэх жил онгодтой сайхан барилдсан бөх бол Оргихын Хангай юм. Ховд аймгийн Буянт сумын уугуул, ээжийнхээ талаас Засагт ханы хөх харчуудын нэгэн алдарт Шаравын Батсуурь аваргын удамд хамаардаг тэрээр Мөнхбат аварга гээд бүгдийг дараалуулж орхиод түрүү үзүүрт гараад ирсэн. Яг Рагчаатай гардгийн даваан дээр Мягаа заан, Батзориг заан гээд нутгийн ах, багш нар нь очиж нэгийг зөвлөсөн. Рагчаад унаад өгчих өө, ийм залуудаа түрүүлбэл улсын өндөр цолонд хүрч чадахгүй гэх ухааны сургаал хэлсэн байж магадгүй. Дараа нь тийм таамаг бөх сонирхогчдын дунд байсан. Батзориг, Мягаа нар тэгж хэлсэн нь бас учиртай.

Тухайн цагт Санжаадамба заалны бүхий л барилдаанд түрүүлдэг хэрнээ улсын наадмын дөрвийн даваанд унадаг байв. Ямар сайндаа Давааням зааны хүү Лхагвадорж начинг “Санжаадамбын эрлэг” гэж байхав. Мөн Мөнгөнбаатар цолгүй бөх түрүүлээд улсад бас л хоёр, гурваас дээш давахгүй байсан. Энэ бүхнийг бодолцож Хангайг унаж өг гэж хэлсэн байж болох талтай. Цагаан сарын барилдаан ийм л яриа хөөрөөтэй болж тухайн жилийнхээ онцлогийг хадгалдаг. Харин хоёрхон хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан хэрхэн болох бол. Архангай аймгийн Булган сумын харьяат Рэнцэнбямбын Пүрэвдагва, Увс аймгийн Давст сумын харьяат Пүрэвийн Бүрэнтөгс гээд хоёр идэрхэн арслан байна. Өнгөрөгч жилийн наадмаас хойш, хэдхэн хоногийн өмнө болсон “Их Монгол” Шаравжамц аваргын нэрэмжит цагаан сарын сорилго барилдаан хүртэлх томоохон барилдаануудад ихэвчлэн түрүүлсэн. Тухайлбал, Пүрэвдагва наадмын дараахан болсон даншиг наадамд түрүүлж, даншгийн аварга цол, эзэн хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийн шилдэг бөхчүүдийн барилдаан, мөн Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны ойн “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх чансаа өндөр бөхчүүдийн барилдаан, Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний ой зэрэг барилдаануудад түрүүлсэн бол Бүрэнтөгс Юмжаагийн Цэдэнбалын 100 насны ой, Их Монгол аваргын наадам зэрэгт түрүүлээд байна. Ер нь Пүрэвдагва бол Даш начинг өмсөж шидээд, Санжаа аваргыг дунгуйлдаж татаад гойд байгаа л даа.

Энэ хоёр арслангийн цаана өнгөрөгч жилийн наадмын 1024 бөхийг магнайлсан Санжаадамба аварга, хийгүй нягт барилдаантай Ховдын Пүрэвсайхан заан, сүүлийн зургаан жил төрийн наадамд тасралтгүй шөвгөрсөн амжилт үзүүлээд буй Гончигдамба гарьд, түрүү жилийн цагаан сарын тэргүүн бөх Содномдорж харцага, үймээн бужигнаан тарьж мэдэх Баасанхүү харцага, Эрдэнэбатын Даш начин гээд олон бөхчүүдийн нэр дурдагдана. Хорин хоёр насандаа төрийн наадамд түрүүлж халхын их хүчтэн Мөөеө аваргын түүхэн амжилтыг давтсан Энхтөгсийн Оюунболд арслан ч дээгүүр барилдаж таараа. Ингээд тааварлаад үзэхээр өнгөө жилийн цагаан сарын барилдаан үзүүштэй сайхан болох нь дамжиггүй юм.


Categories
мэдээ цаг-үе

Э.Жигмэддорж: Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай Ловон ширээтийн эрдэм чадлын талаар өөрт тохиолдсон явдлыг дурссан байдаг

Монгол Улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Э.Жигмэддоржтой ярилцлаа.


-Наймдугаар Богд гэгээнтнээ сунтаг айлтгаснаар Галсангийн Рэнцэндоржийг Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны ширээт ламын дөрөвдүгээр дүрээр тодруулсны 120 жилийн ой тохиог тэмдэглэн өнгөрүүлсэн юм байна. Ловон ширээт ламын үүх түүхээс яриагаа эхлэх үү. Та энэхүү ялгуусан эрдэм чадалтай хүний тухай ном бүтээл гаргажээ?

-Тэгсээн, ноднин “Хошуу даасан хувилгаан лам” (Ловон ширээт Рэнцэндоржийн намтрын балархайг тодруулахуй) нэртэй судалгааны ном гаргаж, нутгийн олны хүсэлт, дэмжлэг, Ловон ширээтийн удам судрын хүмүүс төрөл садныхны оролцоотойгоор Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны туурь дээр энэ алдарт ламын суваргыг босгосон. Судалгааны явцад бид Ловон ширээт судлалыг бас урагш ахиулж, тэр алдарт хүний төрсөн болоод тодруулсан, Ловон ширээтээр заларсан он зэргийг архивын баримт сэлтэд тулгуурлан зөв тогтоож, цаазлуулсан гэж үздэг байсныг залруулж хөдөө нутагтаа өөд болсныг нь тодруулсан юм.

-Ловон ширээт лам хошуу нутгаа даасан хосгүй эрдэм чадалтай хувилгаан байсан гэдэг. Энэ хүний тухай ярихаар мэдээж Бишрэлт гүн Сундуйн тухай, мөн цаашлаад Түшээт ханы тухай дурсаж таарах нь?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Хүрээ нь нэр эрдэм ном төгс, анагаах увдис чадварыг биедээ нэвт шингээсэн нэр алдар бүхий олон тооны маарамба нартай байснаараа онцлог юм. Хошууны хүрээ хийдэд шавилан сууж байсан С.Цэрэндагва лам Хүрээний маарамба нарын тухай “Манай нутаг олон сайхан маарамбатай байсан юм шүү. Сосоржав гуай бол Хүрээний толгой маарамба байлаа. Хүрээний мамба дацанг тэргүүлдэг байсан. Авзага хайрхны ар Уртын хүн. Миний мэдэх маарамбууд гэвэл Сосоржав, Балдан, Бат, Цэвэл, Жавзмаа гавж маарамба, Гэцлэн аймгийн хоёр Гомбожав буюу бор Гомбожав, бага Гомбажав, Цэдэвбазар, Чог, Раднаабазар, Пүрэв (шар), Далхжавын Сандагжав, Сэдэд, Гочоо, Х.Чимэд-Осор, тарган Банзар, халбага Дорж, Чойдорын Алтангэрэл нар юм. Одоо бол манай нутаг олон эмчтэй байгаа юу даа. Гол нь орон нутагтаа эмч нараа бэлтгэдэг байжээ” хэмээн бахархан ярьж байсан нь үүний нэгэн баталгаа билээ. Бишрэлт гүн Сундуйн хувьд ХХ зууны эхэн үеийн Монголын түүхэнд өөрийн гэсэн ул мөрийг үлдээсэн түүхэн зүтгэлтний нэг юм. Тэрбээр Чингис хааны алтан ургийн тайж гаралтай, албан бичигт өгүүлснээр “…төрөлхийн цэцэн ухаантай, монгол бичигт боловсорсон…” язгууртан байсан бөгөөд түүний намтар, үйл ажиллагаа өнөөг хүртэл судлаачдын анхаарлыг татсаар байна.

Ловон ширээт хувилгаан ламын тухай олон хууч яриа тархсан байдаг. Тэр бүхнээс түүхч Дамбын Доржсүрэн гуай олж сонссоноо эмхэтгэн “Ловон ширээт” гэдэг товхимол гаргаж байсан. Бид бас хэд хэдийг олж нэмсэн. Сонирхолтой нь Ц.Дамдинсүрэн гуайд Ш.Гаадамба гуай “Бохоодой Зундуй” гэж хүн Ловон ширээтийн эрдэм чадлыг өөрт тохиолдсон явдлаар дурсан өгүүлснийг Ц.Дамдинсүрэн гуай сийрүүлэн бичиж аваад дор нь Ш.Гаадамба ярив гэж бичсэн баримт олдсоныг дээрх номд оруулсан.

-Ширээт ламын эрдэм чадлын тухай домог түүх шиг л яригддаг. Хамбын ямба, ном билэгт гэдэг бол зүгээр ч нэг хүнд олгочихдог цол хэргэм биш байх. Энэ тухай та тодорхой ярихгүй юу?

-Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны хамбын ямба, номч билэгт, дөрөвдүгээр дүрийн Ловон ширээт Галсангийн Рэнцэндоржийн намтар, түүхэнд холбогдох баримт Монгол Улсын Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архив болон “Монгол улсын шастир” зэрэг түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг юм. Сурвалжид тэмдэглэснээр Ловон ширээтийн хоёр, гурав, дөрөвдүгээр дүрийг хошууны ноёд, лам нараас Халхын шарын шашны тэргүүн Богд Жавзандамба хутагтад сунтаг айлтгаж, Богд гэгээний лүндэнгээр тодруулж байжээ. Халхын шарын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагт бээр Бадаргуулт төрийн XXI (1895) оны хөхөгчин хонь жил Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны Галсангийн хөвгүүн Рэнцэндоржийг ловон ширээт ламын дөрөвдүгээр дүр мөн хэмээн айлдаж, тамгагүй хутагтаар өргөмжилсөн бөгөөд тухайн үед Рэнцэндорж хөвгүүн таван настай байжээ. Энэ тухай албан бичигт: “…хойд дүрийг Бадаргуулт төрийн хорин нэгэн (1895) онд Богд гэгээнээ сунтаг шүүсэнд нэг биш хэд хэдэн хүүхэд тохирсон тул тэдний нэрийг цаасанд алт буюу мөнгөн бумбанд хийж савхаар шового татсанд (сугалаа сугалах мэт) Галсангийн Ринчиндоржийг ловон ширээт мөн хэмээв. Дөрвөн үе залав” гэжээ.

Ловон ширээт хувилгаан 1902 онд Богд Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газар Бат-Оршил өргөхөд бараалхан мөргөсөнд Богдоос түүнд хамбын ямба, соном хадаг шагнасан ба мөн онд Гүмбүм хийдэд ном хуруулан буян үйлдэж, Гүмбүм сүмийн хамба ламаас шар шүхэр, дадар бэлгэнд авчээ. Баримтад бичсэнээр “…Бадаргуулт төрийн XVII онд Гүнбум хийдэд хурал хуруулж, буян үйлдсэн тухай Гүмбум хамбаас шар шүхэр, дадар, барсын сүүл хос дайгаар шагнан өгчээ. Мөн онд Очирдара Богд гэгээнтнээ дөрвөн аймаг, шавь таван газраар Бат-Оршил /21б/ өргөхөд бараалхан мөргөх тухайд Ринчиндоржид хамба ямба, соном хадаг шагнажээ”.

Архивын баримтаас үзвэл, Рэнцэндорж хувилгаан бээр хамбын ямба, номч билэгт цолтой, ловон тушаалтай, ширээт лам байв. Тухайлбал, Үндэсний Төв Архивт буй Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошууны 1918 оны хүн ам, мал хөрөнгийн тооллогын бүртгэлд “Манай хошууны хамбын ямба, номч билэгт ловон ширээт хувилгаан Рэнцэндорж” хэмээн бичсэн нь үүний баталгаа юм.

-Нэрт түүхч Д.Доржсүрэн “Ловон ширээт” ном бичиж, уг хүний тухай судлалыг эхлүүлжээ. Улсын төв архивын хөдөлшгүй баримт, Богд хааны бадаргуулт төрийн зарлиг зэргийг тодорхой гаргасан байна лээ. Энэ тухайд ярихгүй юу.

-Ловон ширээтийн талаарх судалгааны явцад бид түүхч Д.Доржсүрэн гуайн өөрийн гараар хийсэн Бишрэлт гүний хүрээний тойм зургийг хувийн архиваас нь олсон. Доржсүрэн гуай өөрөө багадаа хүрээндээ цөөн жил шавилан сууж байсан юм билээ. Уг зурагт Сундуй гүн, Ловон ширээтийн өргөө ойролцоо байсныг дүрсэлсэн байдаг. Энэ бол Хошуу ноён, Ловон ширээт хоёр ойр дотно харилцаатай байсныг гэрчлэх наад захын баримт.

Ширээт ламын хоёрдугаар дүр Гончигийн Лувсандэндэв, гуравдугаар дүр Жаргалын Ёндондорж, дөрөвдүгээр дүр даруй Галсангийн Рэнцэндорж юм. Энэ тухай “Монгол улсын шастир”-т “Жанч халсны хойно хоёрдугаар үеийн хувилгааныг VII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Гончигийн хөвгүүн Лувсандэндэв мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залж шашин амьтнаа ихэл тустай явж жанч халсны хойно гуравдугаар үеийн хувилгааныг VIII Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Жаргалын хөвгүүн Ёндондоржийг (21а) мөн хэмээн зааж айлтгаснаар мөн сүмд залжээ. Жанч халсны хойно дөрөвдүгээр үеийн хувилгааныг Очирдара Богд гэгээнтнээ сунтаг айлтгасанд Галсангийн хөвгүүн Ринчиндоржийг Лонбумба ширээт мөн хэмээн зааж айлтгаснаар харьяат сүмд залж шашин хурлыг дэлгэрүүлэн суулгажээ” гэсэн байна. Эндээс Бишрэлт гүний Хүрээний үе үеийн ловон ширээт хувилгаан нь “шашин амьтнаа тустай”, “шашин хурлыг дэлгэрүүлэн явж”, сүсэгтэн олон түмнийг буян номын үйлээр тэтгэж байсныг харж болно. Нутгийн ард олны дунд ловон ширээт хувилгааныг “өндөр дүр”, “номч дүр”, “догшин дүр”, “тарган дүр”, “хайлдаг дүр” хэмээн цээрлэн нэрлэж байсэн гэдэг.

-Ловон ширээт ламын судлал амжилттай үргэлжилж байгаа юу?

-Ловон ширээт хувилгаан бол сүм дуганы дотор тусгайлан зассан арслант ширээнд залран хурал номын үйлийг удирдаж, Хүрээ хийд, ард олны дунд үлэмж нэр хүндтэй, хошуу даасан хувилгаан лам, мэргэч төлгөч, үзмэрч хүн байжээ.

Нутгийн ард олны дунд ам дамжин ирсэн хууч яриа, домог зэргээс үзэхэд хувилгаан бээр анх тодорсон үеэс жанч халах хүртлээ номын хүчээр олон түмэнд буян үйлдэж, хүмүүний итгэл бишрэлийг хүлээж, шавь нартаа дотоод сэтгэлийн ариусал, гэгээрэл, амар амгаланг мэдрүүлж, өвчин зовлон, гай түйтгэрээс авран хамгаалж байсныг олон жишээгээр өгүүлж болно.

Ловон ширээт өргөөндөө заларч байгаа сургаар хошууны сүсэгтнүүд ном хуруулах, сан тавиулах, сэржим өргүүлэх, уул овоо тахих, мэргэ төлгө тавиулах зэрэг олон зүйлийн арга засал хийлгэхээр хувилгаанд бараалхан адис хүртэх бөгөөд үргэлжид хөл ихтэй байсан тухай нутгийн буурлууд хуучилдаг юм.

Монголын буддын шашны түүхээс үзэхэд, сүсэгтэн олон буян хураахын тухайтад арван хар нүглийг цээрлэхийн сацуу бурхан шүтээнд өргөл, лам хуврагт өглөг өргөж, бурхан маанийн хүрд, номын бар, суварга бүтээж байжээ. Энэ лугаа адил Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний Хүрээний туурин дээр сүсэгтэн олны дэмжлэгээр хошуу даасан хувилгаан лам ловон ширээтийн суварга босгосон, цаашид шашин соёлын дурсгалт газар, цэцэрлэгт хүрээлэн болгож өргөжүүлэхэд нутаг орныхон анхаарч байгаа. Ловон ширээт судлалын тухайд цаашид Халхын Түшээт хан аймгийн Бишрэлт гүний хошуу төдийгүй Эрдэнэ дайчин вангийн хошуу, Жонон гүний хошуу, Үйзэн гүний хошуу, Хатанбаатар вангийн хошууны үүх түүхийг судлах замаар судалгааны хүрээг улам өргөжүүлэх бололцоотой гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

“Цагаан сарын барилдаанд Монголын хүчит их аваргууд түрүүлдэг байв. Сүүлийн жилүүдэд шинэ залуу бөхчүүд магнайлах болжээ”

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №042 (5609) дугаарт

Зураг дээр зүүн гараас: Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, С.Цэрэн, Д.Хадбаатар нарын хүчит их аваргууд. 1990-ээд он

“Цагаан сарын барилдаан төрийн наадмын дараа эрэмбэлэгддэг, аргагүй чансаатай том барилдаан юм. Бэлгэ дэмбэрэл, ёс жаягаа бодож манай бөхчүүд үнэнчээр барилддаг. Буулт, суулт огтхон ч байхгүй шүү дээ. Хамгийн шударга сайхан барилдааныг үзье гэвэл цагаан сарын бөхөө л харчих” гэж ахмад бөхчүүд хэлдэг нь нь учиртай биз. “Жаран таван оны сар шинийн барилдааны их шөвөгт Бээжин, Баянмөнх, Дамдин аварга бид дөрөв үлдэж, Дамдин аварга Баянмөнхтэй үзэж, Бээжин бид хоёр тунасан. Тухайн үед ид гарч ирж байсан Баянмөнхийг төрийн наадамд тав дараалж түрүүлсэн хашир аварга Дамдин аргалчихсан. Ингээд түрүү үзүүрт Данигай аваргатай үлдэж, би гэдэг хүн түрүүлж байлаа. Цагаан сарын барилдааны он дарааллыг эргээд харж байх нь ээ, Монголын домогт их аваргууд ихэвчлэн түрүүлж байсан. Харин сүүлийн үед залуу бөхчүүд түрүүлдэг болж” гэж 1963 оноос буюу сар шинийн барилдаан албан ёсоор зохиогдож эхэлснээс хойш өнөөг хүртэл тавь гаруй жил сар шинийн барилдааныг тасралтгүй үзэж, эхлээд барилдаж, нас ахисан хойноо хөлийн цэцээр ажиллаж, сүүлдээ үзэгчийн суудлаас харж ирсэн өвгөн арслан Сосорбарам гуай хуучилж байна.

Тэрээр цагаан сарын барилдаантай холбогдуулж өнөөгийн бөхчүүд болоод хуучны бөхчүүдийн ялгааг бас айхтар онож хэлсэн юм. “Монгол бөх сүрхий хөгжиж байна. Өнөөгийн бөхчүүд жилийн дөрвөн улиралд байнгын бэлтгэлтэй байдаг болж. Жар, далаад оны үед чинь цагаан сараар 64 бөх барилдуулах гээд тоо нь гүйцдэггүй, эгээтэй л үүдний жижүүр өвгөнийг хүртэл нүцгэлүүлэх нь холгүй юм болдог байв. Гэтэл өнөөдөр 256 бөх зодоглоход цаана нь хичнээн олон залуу хүчтэнүүд тоо гүйцсэн гээд хасагдаж байна. Цагаан сарынхаа барилдаанд айхтар сүрхий бэлдэж, зодоглоцгоодог болжээ. Бидний үед орой 19 цагийн алдад ажлаа дуусгаж аваад цагаан сарын барилдаанд очиж зодоглоно. Шөнө болсон хойно нэг юм дуусч, шөнө гэрээдээ алхана. Такси, унаа тэрэг гэж байсан биш. Хаа байгаа Баянхошууны эцэс, Яармагийн дэнж рүү бүгдээрээ бөхийн далбаа шуудгаа хийсэн цүнхээ үүрчихээд шуугилдаад алхана. Явсаар гэр гэртээ очиход хүүхдүүд хүлээж ядаад унтчихсан, тэднийгээ сэрээж босгоод битүүрдэг сэн, ийм л байлаа шүү дээ” хэмээн энгийн сайхан хууч дэлгэлээ.

Саяхан “Их Монгол” Шаравжамц аваргын 140 жилийн ойд зориулсан цагаан сарын сорилго барилдаан болсон. П.Бүрэнтөгс,Н.Батсуурь, Э.Оюунболд, Р.Пүрэвдагва нарын энэ цагийн шилдэг арслангууд манлайлсан 224 бөхийн барилдаанд 100 шахам аймаг, цэргийн цолтой бөхчүүд хасагдлаа гэж тайлбарлагч хэлж байна лээ. Ингээд бодохоор Монголын эрчүүд бүгд л барилддаг хүмүүс болсон юм уу даа. Ямар чиг л байсан монгол бөхийн барилдаан үзүүштэй сайхан болж байна. Энэ жилийн цагаан сарын барилдаан хэд хэдэн зүйлээр онцлог болно. Тухайлбал, улсын аварга цолтой гурван бөх зодоглоно. Хэрвээ Өсөхөө аварга барилдвал дөрвөн аварга зодоглох нь. Дээрээс нь өнгөрөгч наадмын 1024 бөхийн барилдаанд шинээр арслан, заан цол хүртсэн бөхчүүд зодоглоно. Мөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авна. Сар шинийн дараа баахан маргаан дагуулахыг үгүйсгэх аргагүй. Битүүний өдрийн барилдаан 14 цагт эхэлдэг. Харин өнөө жил 12 цагаас эхлэх шийдвэр гарсан. Үндсэндээ бөх эртээ дуусах магадлалтай.

Цагаан сарын бөхийн хуучийг хэлж яаж барахав. Домог түүх мэт л яригддаг. Далан найман оны сар шинийн барилдааны зургаагийн даваанд Баянаа аварга залуу заан Цэрэнтогтоход уначихаад гайхаад зогсоод байсан гэдэг. Цэрэнтогтох туг рүү гүйгээд явчихсан. Баянаа аварга зогсоод л байж. Буцаж ирээд тахимаа авах гэтэл сүрхий цочисноо, би нээрээ уначихсан юм уу гэсэн гэдэг. Тухайн үед дандаа давж, өрсөлдөгч бөхөөсөө тахим авч байсан хүчит их аварга анх удаа дор даваанд унаж, гарцаа байхгүй “шок”-нд орно гэдэг тэр. Ийм л хууч өрнөдөг юм. Ингээд сар шинийн барилдааны он дарааллыг эргэж сөхье.

Наян онд Дагвасүрэнгийн Хадбаатар аварга түрүүлж бөхөд хайртай олон түмнээ баярлуулсан удаатай. Тэрээр түрүү үзүүрт Доноровын Долгорсүрэн заантай тунаж үлдэн монгол гутлыг нь сугартал дүүгүүрдэн хүч бяраар илүүрхэж түрүүлсэн байдаг. Хадаа аваргын тэрхүү барилдааныг “араажив”-аар бөх сонсож суусан олон өөрсдөө түрүүлсэн мэт баярлаж байсныг хүмүүс дурсдаг юм. Дараа жил нь Мөнхбат аварга зургаа дахиа түрүүлж, Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн байна. Тэр жилийн барилдааны шуугиан нь Говь-Алтайн Нэмэхбаяр гэдэг залуу байжээ. Сүүлд буюу наян зургаан онд улсын цолонд хүрсэн тэрээр Хайдав арслангаар гурав, Долгорсүрэн заанаар дөрөв, Галдандагва начингаар тав давж шуугиулжээ. Гурвын давааны төгсгөлд Дамдингийн Галдандагва начин Булганы Жамцын Борыг, Ёндонгийн Ишгэн Сүхбаатарын Жанцангийн Чулууныг амлаж, Ховдын Баатархүү, Өмнөговийн Багахүү нар тунаж байсан удаатай. Баруун Алтай сумын Адууч даргын хүү, Монгол Улсын гавьяат тамирчин Баатархүү начин Багахүүгээр гурав даваад Мядагийн Мөнгөн арсланг заан цолтой ид байхад нь дөрвийн даваанд өвдөглүүлж бас л дуулиан дэгдээсэн. Сонирхуулахад, Дамдин аварга тавын даваанд долоон бөхөөс ам сонсохдоо баруун жигүүрийг манлайлан барилдаж байсан Мөнхбат аваргыг амласан байна. Энэ нь Спортын төв ордонд цугласан олон болоод хөдөө орон нутагт арааживаа чагнаж суугаа сонсогч түмэнд бас л нэг ярианы сэдэв болох нь мэдээж. Данигаа аваргын уг шийдвэрийг зарим нь Мөөеөгийнхөө түрүүлэх замыг эртнээс зассан гэдэг бол зарим нь залуучуудаас халгаад яалт ч үгүй Мөөеөгөө авсан гэж барин тавим хэлдэг юм.

Цэрэнтогтох аваргыг түрүүлэх (1983 он) жил Дэндэвийн Амгаа заан үзүүрлэсэн. Амгаа заан шөвгийн дөрөвт Баянаа аваргыг өвдөглүүлсэн нь олон түмнийг оргилон баярлахад хүргэсэн байна. Увс аймгийн Наранбулаг сумын харьяат Санжжавын Сүхбаатар заан тэр жил залуу бөх байхдаа хоёрын даваанд Өлзийсайханы Эрдэнэ-Очир арсланг, гуравт Дашжамц начинг тунаж, дөрөвт Чимэдийн Гочоосүрэн зааныг орхиод дунд шөвөгт үлдэж байжээ. Наян дөрөв, наян таван оны сар шинийн барилдаанд Хадаа аварга аанай л дараалан түрүүлжээ. Эхний жил нь өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг их шөвөгт өвдөглүүлж, түрүү үзүүрт Ёндонгийн Ишгэн зааныг орхисон бол дараа жил нь мөн л мөнхийн өрсөлдөгч “онжав” Цэрэнтогтохтойгоо үлдэж түрүүлжээ. Наян таван оны сар шинээр Цэрэн аварга гурвын даваанд Эрдэнэ-Очир арсланг амлаад унасан бол дараагийн даваанд Сосорбарам арслан мөн л амлаж аваад унасан байна. Барилдааны дундуур Со арслан Цэрэн аваргад “Эрдэнэ-Очирыг хоёулаа элбээд ч барсангүй дээ” гэж хэлэн олныг хөгжөөж байжээ.

Наян долоон оны сар шинийн барилдаанд Одвогийн Балжинням аварга начин цолтой түрүүлж шуугиан дэгдээсэн удаатай. Өмнө нь буюу жараад оны сүүлээр Өвгөнхүү начин цолтой түрүүлсэнээс хойш сар шинийн барилдаанд начин цолтой бөх түрүүлээгүй байсан юм. Балжаа аварга тэр жил С.Эрхэмбаяр, Р.Давааням, Д.Баяраа, Ө.Тулгаа нартай гурвын даваанаас аваад л тунасан байдаг. Тунасан бүгдээ орхисоор түрүү үзүүрт Цэрэнтогтох аваргыг өвдөглүүлсэн юм. Тэр жилийн цагаан сараас луу жилтнүүдийн үе эхэлсэн байдаг. Дүгэржавын Хишигдорж хэмээх Архангайн өндөр залуу Дүвчин, Мягмар нарын хүчтэй заануудыг гурав, дөрвийн даваанд унагаж олны хараанд өртсөн нь “Батцэнгэлийн динозавр”-уудын нэг Хишигдорж заан билээ. Тэр жил гэдэг шиг байх аа, хорьдугаар зууны манлай онигооч, цэргийн Агвааны Тэгшээ агсан Ундрав Пүрэв заан, С.Цэрэн аварга хоёрыг нэг, хоёрын даваанд тэнгэр харуулчихсан байдаг. Ингээд наян найман оноос Бат-Эрдэнэ аваргын он жилүүд эхэлсэн түүхтэй.

Бат-Эрдэнэ аварга наян найман оны сар шинээр анх түрүүлсэн юм. Мань хүнд одоо л цагаан сараар төд өд түрүүлсэн, рекорд тогтоосон энээ тэрээ нь хамаагүй байх. Их хуралд удаа дараа сонгогдсон нэртэй парламентч, төрийн сайд, том амьтан даа, базарваань. Ерөнхийлөгч л бодогдож байж магад. Түүнээс бол цагийг эзэлсэн хүчит аварга маань цагаан сарын барилдаанд 13 түрүүлж, үлэмж амжилт тогтоосон юм шүү дээ. Харин 13 дахиа түрүүлэхдээ яалт ч үгүй алдаа хийчихсэн. Их хурлын танхимаас ирээд, Өсөхөө, Сумъяабазар нарын идэрхэн аваргуудыг дараалуулж хаяад, бөхийн өргөөнд дүүрэн цугласан олон ундааны саваар нүүлгээгүй юу. Тэр л жаахан дэмий юм болчихсон л доо. Арван гурван түрүүнийхээ анхныхыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул “Алдар” нийгэмлэгийн бөх Бандийн Ганбаатараар хүртэж байсан. Заан цолтой ид байсан аварга гурвын даваанд Өвөрхангайн өндөр Д.Эрдэнэбат зааныг, дөрөвт Баян-Өлгийн Бахыт харцагыг, тавд Д.Мягмар зааныг, зургаад О.Балжинням аваргыг начин цолтойд нь тунаж орхисон байдаг. Д.Мягмар заан тавын даваанд таван бөхөөс ам сонсохдоо Бат-Эрдэнийг амласан. Бөхчүүд болоод олон түмний яриагаар бол тунаанаас гаргаж, ялангуяа Дамдингийн Баяраатай тунахаас нь урьтаж даваа ахиулсан гэх юм билээ. Тэр нь ч үнэн байх. Учир нь өнгөрсөн жилийнх нь цагаан сарын барилдаанд Б.Бат-Эрдэнэ дөрвийн даваанд Д.Баярааг амлаж барилдаад унаж байсан. Тухайн үед Бат-Эрдэнэ аваргын хатуухан учраануудын нэг Баяраа гарьд байсан байгаа юм. Мягмар заан хэрвээ амлаагүй бол Баагий аварга Баяраа гарьдтай яалт ч үгүй л тунах байж. Баяраа гарьд, Ишгэн зааныг тунаж хаян шөвгөрсөн байдаг. Баяраа тэр жилийнхээ наадамд одтой сайхан барилдаж заан цол хүртсэн байна. Наян найман оны барилдаанд хоёр бөх бусдаасаа жаахан онцгой байлаа. Нэг нь гавьяат тамирчин Жамцын Даваажав. Тэрээр Өвөрхангайн С.Дамдинбазар начин, Ч.Гочоосүрэн заан, П.Дагвасүрэн арслан нарыг өвдөглүүлж тавын даваанд Б.Ганбаатар арсланд унасан билээ. Даваажав ч аргагүй ясны бөх дөө. Ид үедээ улсын наадамд цөөхөн зодоглосон. Гадагшаа дотогшоо тэмцээн уралдаан гэж яваагүй бол ядаж л заантай шүү гэх яриа гарч байв. Нөгөө нэг нь Увсын Тэсийн Дэчингийн Жавзанжамьян начин. Арван найм, есөн настай залуу идэрчүүдийн улсын аваргад оролцож мөнгөн медаль хүртээд цагаан сарын барилдаанд Н.Бүрэнзэвсэг, Д.Баатаржав, Д.Амгаа нарын хүчтэй заан, начингуудыг дараалуулан орхиж бага шөвөгт шалгарч байлаа. Мань хүн улсын цолтнуудын аманд гарахаасаа л Амгаа зааныг ноёлдог байж. Сонирхуулахад, ерэн хоёр онд Амгаагаар тав давж начин болсон юм.

Дараа жил нь Б.Бат-Эрдэнэ аварга хоёр дахиа түрүүлж, Х.Баянмөнх аварга үзүүрлэсэн. Их шөвөгт М.Мөнгөн арслан, С.Сүхбаатар заан нар үлдсэн. Баянаа аварга Сүхээ зааныг амлаад, Мөнгөн, Бат-Эрдэнэ хоёр тунасан юм. Мөнгөн арслан ирэн дээрээ байгаа залуу хүчтэнд одоогийн хэллэгээр бааварласан гэдэг шүү. Бат-Эрдэнийг хүчээр түлхэж хананд аваачиж наагаад л, үзэгчдийн суудал руу хэд хэд аваачаад л. Мөнгөн арслан маань арай л харьчихаагүй, омогтой байж дээ. С.Сүхбаатар заан начин цолтойгоо их шөвөгт үлдсэн. Тэрээр ерэн оны наймдугаар сард Хэрлэнгийн хөдөө аралд болсон Нууц товчооны ойгоор заан болсон билээ. Наян есөн оны сар шинийн барилдааны хоёрын даваанд Ж.Ганболд зааныг, гуравт мөн л нэг нутгийн Г.Намсрайжавтай тунаж, дөрөв, тавд П.Дагвасүрэн, Б.Ганбаатар нарын арслангуудыг орхисон байна. Тэр жил шуугиулсан бөхчүүдийн нэг нь Сэлэнгэ аймгийн арслан Жүрмээгийн Ганзориг. Бие галбир, гараа дэвээ, уран хурц дайчин барилдаан, хэлбэр хийцээрээ А.Сүхбат аваргатай төстэй гэгддэг, бас чиг үймээний л эзэн байлаа даа.

З.Дүвчин, Д.Мягмар нарын хүчтэй заануудыг хоёр, гурвын даваанд өвдөглүүлж Ц.Баярсайхан зааныг начин байхад нь тунаж унаж байсан. Ц.Баярсайхан заан гурвын даваанд Балжаа аваргаар давсан. Үндсэндээ Балжаа аварга заан цолтойдоо түүнийг амлаад унасан юм. Учир нь тухайн сар шинийн барилдааны өмнө үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж Бат-Эрдэнэ түрүүлэн, Балжаа хоёрт орж заан, Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. Балжаа ердөө хоёрхон унаатай байв. Бат-Эрдэнэ, Баярсайхан хоёрт л унасан. Тиймийн учир даагаа нэхэж Баярсайханаа амласан байдаг. Тэр жилээс хойш улсын аваргад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол өгөөгүй билээ.

Ерэн онд Б.Бат-Эрдэнэ гурав дахиа түрүүлж, Д.Цэрэнтогтох аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Б.Ганбаатар арслан Ө.Тулгаа заан нар үлдсэн юм. Өлзийн Тулгаа зааны “Увсын Хархираагийн сангийн аж ахуйн бөх” хэмээн дуудуулан ид барилдаж байсан он жилүүд нь гарцаа байхгүй ерээд он юм. Тээврийн тэрэгтэйгээ Увсаас битүүний өдөр давхин ирж Спортын төв ордны өмнө зогсоод аяны тоосоо ч гөвж амжилгүй зодоглож байсан жилүүд нь. Тулгаа заанд ард түмэн ямар их хайртай байсан гэж санана. Ерэн оны цагаан морин жилийн сар шинийн барилдаанд идэрхэн заанаа шөвгөрөхөд Монгол даяараа л баярласан даа. Тэрээр Цэдэндамбын Баярсайхан зааныг гурвын даваанд амлаж унагасан байдаг. “Тулгаа ч хатуухан ам авч байна даа. Өнөө жил ч өнгөтэй байгаа юм байна” гэх яриа ихээ эрт чих дэлсэж байсан дуулддаг. Дөрөвт Мядагийн Мөнгөнийг, тавд Хорлоогийн Баянмөнх аваргыг өвдөг шороодуулсан. Өнгөрсөн жилийнх нь барилдаанд түрүү үзүүр булаалдсан Баянаа аварга “Тулгаагаа арай ч намайг туучихгүй байх гэж бодоод авсан чинь буруудлаа” хэмээн амаа барьсан удаатай. Тэрхүү барилдаанд Говь-Алтайн Энхжаргал, Завханы Нармандах, Дармаабазар, Хэнтийн Баяраа, Дорнодын Чимэддорж гээд аймаг, цэргийн дэрсхэн арслангууд туйлж өгсөн байгаа юм. Ухаандаа, хоёрын даваанд Энхжаргал нь С.Хүрэлбаатар зааныг, Чимэддорж нь Ишгэн зааныг, Нармандах нь Баяраа заан (одоогийн гарьд)- ыг, Баяраа нь Агвааны Норов начинг, Дармаабазар нь Гүсэмийн Жалаа начинг өвдөглүүлсэн байх жишээний.

Ерэн нэгэн оноос сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож эхэлсэн түүхтэй. Монгол Улс ардчиллын замналаар замнасан он жил үүдийн эхлэл. Нэгдэлчдийн баярт зориулсан гэдэг ч юм уу, эс бөгөөс Монголын радио, телевизийн улсын хорооны нэрэмжит гэх албаны соц үг, ойлголтууд гээгдэж “Билгийн улирлын арвандолдугаар жарны цагаагчин хонин жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаан” хэмээн бөхийн тайлбарлагч Шагдарын Чанрав, Агвааны Ганбаатар нар ард түмний сэтгэлд нэг л дотнохон хүргэж эхэлсэн дээ. 256 бөхөөс Б.Бат-Эрдэнэ аварга найм даван манлайлж, Бандийн Ганбаатар арслан үзүүрлэсэн. Их шөвөгт дархан аварга Д.Цэрэнтогтох, улсын заан С.Сүхбаатар үлдсэн байдаг. Улсын цолгүй хоёр бөх тав давж дунд шөвөгт шалгарсан нь Дуламжавын Мөнх-Эрдэнэ, Гунгаасамбуугийн Бат-Амгалан нар байлаа. Д.Мөнх-Эрдэнэ арслан тэр жилийн цагаан сараар цэргийн арслан цолтой зодоглож гуравт Нэргүйн Түмэннаст начинг, дөрөвт Болдын Жавхлантөгс харцагыг, тавд онжав Ч.Бямбадоржтойгоо тунаж орхисон юм. Мөнх-Эрдэнэ Бямбадорж хоёрын хооронд тухайн цагаас галтай барилдаанууд эхэлсэн түүхтэй. Улсын наадамд ч тэр, цагаан сарын барилдаанд ч тэр мань хоёр олон удаа тунасан. Ихэвчлэн Бямбадорж заан унаад шарандаа уйлдаг байлаа. Ерэн гурван оны наадам байна уу даа, өнөө усан бороотой жил мань хоёр бас л тунаад. Мөнх-Эрдэнэ Бямбадоржийгоо устай хонхор руу палхийтэл нь шидээгүй юу. Заан цолонд зүтгэж байсан Бямбадорж уйлчихсан монгол гутлаа тайлаад хөлийнхөө жийргийг мушгиад сууж байсан түүхтэй.

Их шөвөгт үлдсэн улсын цолгүй нөгөө нэг бөх нь Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Монгол Улсын начин Гунгаасамбуугийн Бат-Амгалан. Тэрээр гурвын даваанд Сэлэнгийн Ж.Ганзоригтой тунаж, дөрөвт аварга О.Балжиннямыг, тавд Дамдингийн Баярааг өвдөглүүлсэн байна. Бас л хатуу учраанууд. Ж.Ганзориг тухайн үед хэрхэн шуугиулдаг байв, за тэгээд Балжаа аваргын төрийн наадамд түрүүлдэг жил, Баяраа гарьд ч ид байсан үе. Ийм л ланжгарууд Бат-Амгалан начин залуу бөх байхдаа цувуулж хаясан байгаа юм. Тухайн үеийн “Спортын мэдээ” зэрэг сонинуудад Г.БатАмгалан, Д.Жавзанжамьян нарын тухай их гардаг байв. Цаашаа хол явна гээд л. Харамсалтай нь, тэр хоёр начнаар л тогтсон доо. Дараа жил нь Б.Бат-Эрдэнэ аварга тав дахиа түрүүлж, О.Балжинням аварга үзүүрлэсэн. Их шөвөгт Баянаа аварга, Баяраа гарьд нар үлдсэн байна. Тухайн барилдаанд том, жижиг хоёр бөх цойлчихсон байдаг. Том нь Жигмэдийн Оргилболд начин. Жижиг нь Агваансамдангийн Сүхбат аварга. Ж.Оргилболд начин залуу бөх зодоглож Пунцагийн Сүхбат гарьдыг заан цолтой ид байхад нь хоёрын даваанд, Булганы Равдангийн Лхагвасүрэн начинг гуравт, Дуламжавын Мөнх-Эрдэнээр тунаж дөрөв, Говь-Алтайн Содномын Эрхэмбаяр начингаар тав давж их шөвгийн наймд Дамдингийн Баяраатай тунаад унасан байна. Өндөр нам хоёр залуу үзэгчдийг жинхэнэ байлдан дагуулж тэр жилийн яриа хөөрөөний эзэн болжээ. Оргилболд том Сүхбат хоёрын барилдаан их удаан үргэлжилсэн гэдэг. Дараагийн даваа нь эхэлчихээд байхад давалцаагүй байжээ. Гол нь Оргио байж байгаа нь өөрөө содон. Унасан ч, давсан ч инээж байдаг гарьд маань хоёр метр хол гаран өндөр товарищид яах аргагүй унаж тахимаа өгчихөөд инээж нэг, ярвайж нэг үзсэн сураг бий. Төрийн наадамд дөнгөж үзүүрлэчихсэн арслан, аварга цол л нүдэнд нь харагдаж байсан Пунцагийн Сүхбат заан (одоогийн гарьд)-ыг Оргилболд үнэндээ тамласан байгаа юм. Ёстой уйлах ч биш, инээх ч биш болгосон гэдэг. Даян аварга Агваансамдангийн Сүхбат мөн л залуу бөх зодоглож нэгийн даваанд Төв аймгийн Баянцогт сумын харьяат, аймгийн арслан Бямбын Шаравдоржийг, хоёрт улсын заан Ж.Ганболдыг, гурав, дөрөв, тавд Тэрбишийн Нармандах, Лүндэгийн Бадарч, Гэлэгийн Намсрайжав нарын хүчтэй харцагуудыг дараалуулан орхижээ. Биеэр жижиг хэрнээ уран дайчин барилдаантай, шөрмөстэй залуу эхний даваанаас олны анхаарлыг татсан байна. Улсын цолонд хамгийн ойрхон бөх гэгддэг Шаравдорж арслангийн баруун хөлийг нь авч ард нь гараад хаяжээ. Ганболд заан, Нармандах, Бадарч нарын өндөр биетэй хүчтэнүүдийг ч хөлд нь ганцхан сууж бужигнуулаад л тэнгэр харуулчихаад байж. Тавын даваанд Намсрайжав харцагыг тийм жижиг биетэй хэрнээ нохой мордоод хаячихсан гэдэг. Үзэгч, сонсогч олон шавайгаа ханатал баярласан нь мэдээж. А.Сүхбат аварга Намсрайжавыг нохой мордож унагахдаа хөлөө эвгүй гишгэн доголчихсон байна. Ингээд түүнийг зургаагийн даваанд Баянаа аварга амласан гэдэг.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлийн ханш өнөө жил харьцангуй хямд байна Жанрайсиг

Энэ хэт хутга эрчүүдийн анхаарлыг хамгийн их татаж байгаа гэнэ

Нийт 30 гаруй байгууллага, хувь хүн оролцож байгаа болохоор сонголт сайтай, хамгийн өргөн хүрээнд болж буй үнэт эдлэлийн худалдаа гэсэн. Энэ жилийн тухайд үзэсгэлэн болон худалдаа гэсэн хоёр хэсэгтэй үргэлжилж байлаа. Үзэсгэлэнгийн хэсэгт VII-VIII зууны Монголын эртний бүтээлүүдээс эхлээд XX зууны эхэн үеийн соёл, заншлыг харуулсан бүтээлүүд тавьжээ. Ингэхдээ буддын шашинтай холбоотой бүтээлүүдийг энэ жил онцлон сонирхуулж байгаа гэнэ. Баримлын, танка зургийн, зээгт наамлын, гоёл чимэглэлийн бүтээлүүдийг зорьж очсон хүмүүс ихэд сонирхож байв. Энэ хэсэгт XIX-XX зуунд хамаарах наймдугаар Богдын цуглуулгад байсан мөнгөөр бүтээж алтаар шарсан хэт хутга, XVIII-XIX зууны үеийн торго, металл утас, даавуу, шүр, сувдаар бүтээсэн монгол зээгт наамлын бүтээл, мөн үед урласан шороон будаг, алтаар бүтээсэн Рэгдэн Дагвын дэлгэмэл зураг, XVII зууны үеийн зэс хөөмөл, байгалийн шороон будгаар бүтээсэн 110 см-ийн хэмжээтэй Гомбо (Махгал) бурхан, XVII зууны үед байгалийн шороон будгаар зурсан Ванчин ламын ордны зураг, XVIII зууны үед байгалийн шороон будаг, алтаар бүтээсэн Дүйнхорын хот мандал зэрэг түүхийн үнэт өвүүдийг дэлгэжээ. Энэ хэсгийн хамгийн сонирхол татах зүйл нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн мэлмийгээр болгоогч буюу логшвара Жанрайсиг бурхан байлаа. Хүрэл цутгамал, алтан шармал энэхүү бурхан Монголд дөрөв, дэлхийд 18 ширхэг байгаа гэсэн. Монголд байгаа дөрвийн гурав нь Чойжин ламын сүм музей, Занабазарын музей, Гандантэгчинлэн хийдэд хадгалагдаж байгаа гэнэ. Үзэсгэлэнд байгаа Жанрайсиг “Арт хаус” галерейн захирал А.Алтангэрэлийн хувийн цуглуулгынх. Тэрээр Занабазарын бүтээлийн цуглуулгаараа дэлхийд алдартай. Уг бурхнаа 2009 онд Францын Засгийн газрын урилгаар тус улсад гаргасан үзэсгэлэнгийнхээ үеэр олонд танилцуулж байсан гэнэ. Харин сүүлд Бээжинд болсон хувийн үзэсгэлэнгийнхээ үеэр олны хүртээл болгожээ. Дэлхийд 18 ширхэг байгаа уг бурхан ихэвчлэн 50-80 см-ийн хэмжээтэй байдаг гэнэ. Буддын шашны баримлын урлагийн гайхамшигтай бүтээл болсон уг зогсоо баримал дэлхийн үнэт эдлэл цуглуулагчдын анхаарлыг ихэд татдаг гэсэн. Уг бүтээлийн талаар А.Алтангэрэл “Өндөр гэгээн Занабазарын XVII зууны үед бүтээсэн бүтээлүүд дэлхийн хүн төрөлхтний урлагийн санд оруулсан хамгийн том үнэт өв. Баримлын урлаг, бурхны зургийн урлагийг өндөр зэрэгт хүргэж монгол хүний оюуны царааг бүтээлээрээ дамжуулан дэлхийд хүргэсэн. Бидний дунд бурхан буддатай уулзсан хүн байхгүй. Харин урлагаар дамжуулан бурхан, хүн хоёрыг уулзуулсан” гэв.

Худалдааны хэсэгт төрөл бүрийн үнэт чулуугаар хийсэн хөөрөг бий. Цаг хугацааны тухайд XVIII зууны үеийнхээс эхлээд орчин үеийн хөөргүүд байна. Үнийн хувьд хэмжээ, хийц, чулуу, он цагаасаа хамаарч 200 мянгаас 200 сая төгрөгийн үнэтэй. Хүмүүсийн сонирхол янз бүр. Олон жилийн настай буюу XVIII, XIX зууны үеийн хөөрөг худалдан авч үр хүүхдэдээ өвлүүлэх сонирхолтой нь байхад орчин үеийн хийцтэй шинэ хөөргийг эрхэмлэх нэгэн ч бий. Орчин үеийн хөөрөгний тухайд хэлбэр хийцээрээ өмнөх үетэй харьцуулшгүй болсон гэнэ. Энэ талаар А.Алтангэрэл “Орчин үеийн дархчуулын ур чадвар XIX, XX зууныхнаас хол давсан. Эртний бүтээлүүдийг хол давсан бүтээл урладаг боллоо” гэж байлаа. Алт, мөнгөн аяганы соёл ч мөн маш нарийн хөгжиж байгаа гэсэн. Үнэт эдлэлийн чулууг алт, мөнгөтэй хослуулж дэлхийд гайхагдах ур хийцтэй аяга, идээний таваг, айрагны сав зэргийг бүтээх болжээ. Цайны домбыг гэхэд мөнгөөр бүтээж алтаар шармалдан дээр нь үнэт эдлэлийн чулуугаар чимэглэчихэж. Ингэж монгол ахуйн хэрэглээний эд зүйлийг соёлын үнэт өв болгон хадгалдаг юм байна.

“Тахиа жилийн гоёл-2017” үзэсгэлэн худалдааны бусдаас ялгарах онцлог нь чанар гэсэн. Эндээс сүүлийн үеийн монгол дархчуулын хамгийн чанартай, ур ухаанаа шавхсан дээд зэрэглэлийн бүтээл худалдаж авах боломжтой. Үнийн хувьд өнөө жил үнэт эдлэл харьцангуй хямд байгаа гэсэн. Өмнөх таван жилтэй харьцуулахад хамгийн доод үнээр бүтээлүүдээ худалдаж байгаа гэж зохион байгуулагчид нь ярьж байна лээ.


Мөнгөөр бүтээж, алтаар шарсан эрдэнийн чулуун чимэглэлтэй цайны домбо


Өндөр гэгээн Занабазарын бүтээл Логшвара Жанрайсиг

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.ДАНЗАН: Энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан 12 цагаас эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Довдонгийн Данзантай ярилцлаа.


-Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Таны хүүхэд ахуй үед энэхүү баярыг хэрхэн тэмдэглэдэг байв?

-Цагаан сарыг их өргөн сайхан тэмдэглэдэг байсан.Хожим л энэ бол зөвхөн нэгдэлч малчдын баяр гээд төв газрын ажилчин албан хаагчдад хамаагүй юм шиг үзэж байсан тал бий. Бага байхад цагаан сарыг тэсэн ядан хүлээдэг байлаа. Манай нутгийхан чинь өвлийн идшээ хийхдээ эмэгтэй хүүхдэд өвчүү, эрэгтэй хүүхдэд үнхэлцэг, гургуул зэргийг зориуд бэлддэг байсан.Цагаан сараар түүнийгээ хувь болгож хүүхдүүдэд өгдөг байлаа. Манай аавын ах нь цэргийн алба хааж, Халх голын дайнд оролцож ирээд удалгүй нас барчихсан юм байна лээ. Тэр авга ахын маань хүү миний ах болоод манай гэрт өссөн юм. Бид хоёр тэр ахынхаа одон медалиудыг нь хуваагаад энгэртээ зүүчихдэг, бусад айлын хүүхдүүдийг бодвол одонтой цагаалдаг байж билээ. Шинийн нэгний өглөө урд талынхаа овоон дээр гарч идээ будаагаа өргөнө. Үүнийг манай нутагт “Дээр мөргөх” гэж ярьдаг юм. Аавын минь ах лам хүн байсан болохоор тэр хүний зөндөө бурхан байсан. Нууж хааж л авч үлдсэн байх. Тэр бурхдыг зөвхөн цагаан сараар л гаргаж дэлгээд даруйхан буцаагаад хураачихна. Бурхан шүтээнийг ад үзсэн айхтар үе байсан л даа.

-Битүүний өдөр гэхээр хамгийн түрүүнд бөхийн барилдаан л санаанд ордог. Тэр үед энэ өдрийн барилдааныг хэрхэн хүлээн авдаг байв?

-Цагаан сарын барилдааныг 1963 оноос л Монголын радиогоор дамжуулж эхэлсэн. Тэр үед “Эх орон-52” гэдэг радио хүлээн авагч байсан юм. Тэр нь айл бүрт байхгүй. Манай хажуу айлд тэр хавийн улсууд бөөгнөөд л сонсдог байв. Түвдэндорж, Дамдин, Цэвээнравдан, Чимэд-Очир, Бээжин гээд домогт их аваргуудаас гадна Мөнхбат, Баянмөнх нарын идэр залуучууд хүч түрэн гарч ирж байсан үе. Ер нь манай аваргууд цагаан сарын барилдааны дийлэнх түрүүг эзэлдэг.1968 оноос Нэгдлийн холбооны дээд зөвлөл, Мэдээлэл радио телевизийн улсын хороо гэдэг байгууллагууд энэ барилдааныг телевиз радиогоор шууд дамжуулж эхэлсэн дээ. Миний хувьд 1973 оноос эхлэн цагаан сарын барилдааныг зурагтаар үзэж эхэлсэн юм байна. Хэн ч байсан нутаг усаа гэдэг юм болохоор Д.Мягмар зааныг л их хардаг байлаа. Бусад үзвэр урлагийн адилаар бөхийн барилдаан стресс гэж яриад байгаа хүний сэтгэлийн дарамт, санаа зовнилыг мартагнуулж тайвшруулдаг хүнд их өгөөжтэй сайхан цэнгэл юм даа. Бөхийн барилдааны урлаг, хийж байгаа мэх, үйлдэж байгаа ёслол, дэвээ шаваа үнэхээр гайхамшигтай. Нэг талбайд хорин хэдэн хос гарч барилдах боломжтой учраас сонирхсон барилдаанаа түүж харах сонголт сайтай. Тийм учраас бөх үзэж суухад уйдах ч юм уу, өөр зүйлд анхаарал хандуулах зав байдаггүй юм. 256 бөхийг 3-4 цагийн дотор барилдуулаад хамгийн шилдгийг нь тодруулчихна. Гэтэл Японы сумо бол дөчин хэдэн бөхийг 15 хоног барилдуулж байж шилдгийг нь тодруулж байна (инээв). Ингэхээр манайх арай боловсронгуй байгаа биз. Энэ сайхан дэг соёл, уламжлалыг манай залуучууд шимтэн сонирхож, үндэснийхээ бөхөд татагдаж байгаа нь сайшаалтай. Бөхийн өргөөнд болж байгаа энэ олон бөхчүүдийн уран сайхан барилдаан, түүнийг шуурхай зохион байгуулж байгаа нь залуучуудыг өөрийн эрхгүй татаж байна. Үүнд би их баярлаж явдаг. Хэрэв тиймгүй бол нөгөө л баар цэнгээн, интернэт гээд айхтар юм руу хандах нь их болно. Тэндээс үнэн юм, сайн сайхан зүйлийг олж авна гэдэг худлаа. Юмны учрыг олоогүй хүмүүс тааварлаж хэн нэгнийг гутааж бичихдээ дуртай.

-Сар шинийн баярт зориулсан барилдааны билет нь олдохгүй, дугаар их үүсгэдэг, дамлан худалддаг гэх мэт яриа их байдаг?

-Хүмүүс үзэх дуртай үзвэрийнхээ тасалбарыг дугаарлаж зогсож байгаад л авдаг. Энэ нь зүйн хэрэг. Тэр тусмаа сар шинийн баярын бөхийн барилдаан жилд нэг л удаа болдог. Олон жилийн туршлагаас харахад зарагдаж байгаа тасалбарын тоо нэг л хэмжээнд байдаг.Үүнийг илүү гаргаж цааш нь дараад дамлаад хэн нэгэн хүн ашиглаад байгаа юм байхгүй.Нөгөө талаар онлайнаар зарах асуудлыг бид судалж үзээд монгол бөхийн үзвэрт тохиромжгүй юм байна гэж үзсэн. Өнгөрсөн 2016 онд хоёр ч компани бидэнд санал тавьж хамтран ажиллах гэж үзсэн, болоогүй. Аливаа хөгжил дэвшил сайны хажуугаар саар нь бас зэрэгцээд байж байдаг.Монгол бөхийн өргөөнд интернэт WIFI ажиллуулах санал шаардлага байнга тавигддаг. Тэр цацагдаж байгаа хэт богино долгион эр хүний нөхөн үржихүйд сөрөг нөлөөтэй учраас бид хэдэн мянган эрчүүд цугладаг бөхийн өргөөнд зохисгүй гэж үзээд нэлээд хугацаанд хориглосон. Аргагүйн эрхэнд олны шаардлагаар нээсэн. Би бол энэ долгионыг хаалгах л саналтай байгаа. Амьтан дээр туршаад батлагдчихсан юмыг ахиж хүн дээр туршаад хэрэггүй шүү дээ.

-Нөгөөдөр болох барилдаанд аваргууд маань ирж барилдах уу. Энэ өдрийн барилдааны тухайд онцлон ярихгүй юу?

-Жил бүрийн сар шинийн баярт зориулсан бөхийн барилдаан уламжлалаа хадгалсан сайхан барилдаан болдгоороо онцлогтой. Цагаан сарын барилдаанд улсын аварга, арслан цолтой болоод бусад бөхчүүд маань бүгд зодоглох байх. Өнгөрсөн жилүүдэд бөхийн барилдаан 14 цагаас эхэлдэг байсан. Харин энэ жилийн цагаан сарын бөхийн барилдаан 12 цагаас эхэлнэ. Ингэхээр бөхийн барилдаан оройтож дуусахгүй гэсэн үг. Битүүний өдөр айл, өрхийн ажил их шүү дээ. Тийм учир бөхчүүд эртхэн ирж, хувцас хунараа солин дэвжээн дээр гарсан байх шаардлагатай. Мөн нэгийн даваанаас эхлээд сонирхолтой сайхан барилдаан болох нь дамжиггүй.

-Нийслэл хотын маань хүн ам хурдацтай өсч байгаагийн хэрээр монгол үндэснийхээ бөхийг үзэж харах хүмүүсийн тоо өсч байгаа. Бөхийн өргөөний одоогийн хүчин чадал багтаамжийн талаар та юу хэлэх вэ. Өргөтгөж, шинэчлэх ажил хийгдэх үү?

-Их хүнд хэцүү үед бөхөд хайртай монгол түмнийхээ буянаар босгосон өргөө. 1992 онд энэ өргөөг босгох гэж зорьж явахдаа 2030 он хүртэл монголчуудын хэрэгцээг хангана гэж тооцсон юм. Бөхийн барилдааны хувьд энэ хугацаанд болох байх. Яахав, улс орны эдийн засаг сайжраад ирвэл хэн нэг нь санаачлаад өргөтгөх ч юм уу, бүүр сайхан орд өргөө барихыг үгүйсгэхгүй. Биднийг анх энэ ажлыг эхлүүлэхэд хэн ч шахаж шаардаагүй. Ерээд оны эхээр улс орны амьдрал ямар байсныг хүн болгон мэднэ. Дэлгүүрийн лангуун дээр талх, давс хоёроос өөр зүйл байгаагүй шүү дээ. Монголынхоо бүх аймаг сумаар орсон, олон компанийн дэмжлэгийг авч ихээхэн бэрхшээлийг туулж байж, их олон хүний уйгагүй зүтгэл сэтгэлээр босгосон.Энэ өргөөнд зөвхөн үндэсний бөхийн төдийгүй урлаг соёлын томоохон арга хэмжээнүүд зохиогдож байна. Одоогоор үндэсний бөхийн таван төрлийн барилдаан тогтмол зохиогддог. Тухайлбал, өсвөрийн бөхчүүдийн барилдаан, нийтийн монгол бөхийн барилдаан, сумын заануудын барилдаан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан, улсын цолтой бөхчүүдийн барилдаан гээд, удахгүй аймгийн цэргийн начингуудын барилдааныг шинээр зохион байгуулах гэж байна. Анхны барилдааныг Мамбадацан хийдтэй хамтран хийх бөгөөд цаашдаа уламжлал болгон явуулах учиртай. Энэ бол барилдах гээд хамаг юмаа зориулаад бэлтгэл хийгээд байгаа бөхчүүдийн барилдах боломжийг нь хангаж өгч байгаа хэрэг. Учир нь улс, аймгийн цолтой хүчит бөхийн барилдаанд аймгийн начингуудын дийлэнх нь багталгүй хасагддаг. Чухамдаа тэдний дунд ирээдүйн сайн бөхчүүд байгаа.Барилдаад байгаагаараа тэд бүгдээрээ улсын том цолтой бөх болчих гээд байгаа ч юм биш. Барилдаанаас олж авах юм маш их, бие хаа нь эрүүл чийрэг, гоо сайхан байхаас гадна хүмүүжил ёс зүйн агуу том соёл үндэсний бөхийн барилдаан дотор явж байдаг байхгүй юу. Түүнийг манай залуучууд олж хараад үндэснийхээ бөхөөр хичээллэх нь их болж. Үүнд нь бөхийн холбооны бодлого, нөхцөл бололцоогоор нь хангаж байгаа үйл ажиллагаа зөв зүйтэй нөлөөлж байгаа.

-Улсын баяр наадмын бус үеэр бас допингийн шинжилгээ авч байхаар болсон байна лээ, энэ талаар ойлголт өгөөч?

-Ер нь аливаа спорт гэдэг бол өөрөө шударга ёсны зарчим дээр тулгуурлаж байх ёстой. Дээр нь спортоор хийчээллэж байгаа хүмүүсийн эрүүл мэнд, генийг хамгаалах нь нэн чухал. Манай үндэсний бөхийн цолтнууд л дэлхийн бөхийн барилдаанд амжилт гаргаж байна шүү дээ. Тэгэхээр бид монгол бөхийнхөө цэвэр ариун байх зарчмыг хадгалах хамгаалах нь зүйн хэрэг. Тийм учраас хэн юу гэж хэлэх нь хамаагүй тэмцээд допингийн асуудлыг зогсоогоод авах нь чухал юм. Допингийн шинжилгээг ямар үед хэнээс авах талаар журам гаргасан байгаа. Уг журмаар бөхчүүдийн нэрлэж байгаа болон үзэгчдийн нэрлэж буй бөхчүүд өөрөө шинжилгээ өгье гэж хүсч байгаа бөхчүүд, мэргэжлийн хүмүүсийн зааж буй бөхчүүд, тогтмол шөвгөрч байгаа бөхчүүд гэхчилэн заачихсан байгаа. Мөн улсын баяр наадмаар дөрөв давчихаад унаж байгаа улсын цолтой бөхчүүдээс авна гэсэн заалт орсон. Бөхчүүд өөрсдөө хариуцлагатай байх хэрэгтэй. Ямар ч шалтгаанаар бай, ямар ч эм тариа хэрэглэсэн бай, тухай бүрт нь тэмдэглэл хийлгээд баримтжуулж бай гэсэн шаардлага тавина.Сэргээшийн төрлийн эм бэлдмэлүүд маш олон төрлийн бодисоос бүрддэг юм байна. Жирийн хүн бол өвчнөө хурдан илааршуулахыг л бодно харин тамирчин хүн өвчнөө анагаахын хажуугаар яг юу хэрэглэж байгаагаа зайлшгүй мэдэж байх шаардлагатай байдгаараа илүү их хариуцлага үүрнэ.

-Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар улсын начин цол хүртсэн Б.Ганзоригийн цолыг нь хурааж, Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилээр хасах тухай шийдвэр гаргасан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Энэ бол Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссын шийдвэр. Бөхийн холбооны шийдвэр биш гэдгийг хэлмээр байна. Бөхийн холбоо дур мэдэн шинжилгээ аваад байгаа юм биш. Монгол Улсын хуульд бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах ёстой гээд заачихсан. Энэ дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссоос ажлын хэсэг гаргаж бөхчүүдээс шинжилгээ авах ажлыг хариуцдаг. Улмаар итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлдэг. Худлаа шинжилгээ гарах ямар ч үндэслэлгүй. Ийм учраас шинжилгээний дүн болоод бусад зүйлийг хардаад байх шаардлагагүй. Допингийн төрлийн бодис илэрсэн бөхөд хариуцлага тооцох тухай хууль бий. Үүний дагуу Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс санал гаргадаг. Гэхдээ үүний өмнө Бөхийн салбар хорооны гишүүд хуралдаж анхны саналыг гаргадаг юм. Энэ хуралдаанд допингийн гол мэргэжилтэн болох Монгол Улсын гавьяат эмч Насанбат гуайг урьж, оролцуулсан салбар хорооны гишүүдэд допингийн тухай болоод хоёр бөхөөс илэрсэн бодис чухам ямар бодис болохыг тодорхой тайлбарлуулсан юм. Насанбат эмчийн ярьснаар бол хоёр бөхөөс хоёр өөр төрлийн бодис илэрсэн байгаа юм. Тухайлбал, улсын начин цол хүртсэн Б.Ганзоригоос бүх цаг үеийн туршид хэрэглэхийг хориглосон, хүний биед байдаггүй хүч тамир нэмэгдүүлэгч бодис илэрсэн. Бүх цаг үед гэдэг нь тэмцээн болон тэмцээний бус үед хэрэглэхийг хориглосон заалттай гэсэн үг. Б.Ганзоригийн хувьд цолыг нь хураах шийдвэрийг баяр наадам зохион байгуулах үндэсний хороо гаргасан. Одоо Ерөнхийлөгч эцэслэн шийдэх учиртай. Харин Б.Баатарцолоос мелодиниум гэдэг зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй бодис илэрсэн. Энэ бодис нь хүний биед байдаг, хэрэглэсэн тохиолдолд жил хүртэлх хугацаагаар хүний биед хадгалагддаг онцлогтой. Дэлхийн олон улсын допингийн эсрэг агентлаг уг бодисыг 2016 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн допингийн төрөлд оруулсан байдаг. Сорьцонд 1000-5000нг/мл байвал тухайн улс өөрийн дотоодын дүрмээрээ шийдэж болохыг дэлхийн допингийн эсрэг агентлагаас зөвлөмж болгосон байдаг юм. Гэтэл Б.Баатарцолоос 1300 нг/мл хэмжээтэй илэрсэн. Нөгөө талаас энэ бодис илэрсэн тамирчны цол, медалийг хураах шиийдвэр бараг гаргаагүй олон улсын жишиг байна. Тухайлбал, ОХУ-ын нэрт тамирчин Шараповагийн сорьцоос энэ бодис илэрсэн ч уралдаан тэмцээндээ оролцсоор байгаа юм байна. Тэр зөвхөн ивээн тэтгэгчдээ л алдсан. Тиймээс энэ бүх байдлыг харгалзан үзээд бөхийн салбар хорооноос оруулсан саналыг үндэслэн Б.Баатарцолын барилдах эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан. Саяхан сорьцонд уг бодис 100 нг/мл-ээс дээш хэмжээтэй илэрвэл допинг хэрэглэсэн гэж үзэх тухай заалттай зөвлөмж ирээд байгаа юм. Тэгэхээр мелодиниум хамаагүй гэж бодож болохгүйг манай бөхчүүд цаашид анхаарах хэрэгтэй.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхуягаас Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдүүлэг авчээ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг өчигдөр дуудаж байцаалт авлаа. Түүнийг байцаах ажиллагаа зургаан цаг орчим үргэлжилж, 16:00 цагийн үед дууссан юм. АТГ-аас ямар хэрэгт холбогдуулан АТГ-аас байцаалт авсан талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар болон УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаярын хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авсан байна. Тодруулбал, Засгийн газраас Хөгжлийн банкаар дамжуулан хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар мэдүүлэг авсан гэнэ. Тэр дундаа шинээр зам барих тендерт шалгарсан компаниудын талаар асууж тодруулжээ. Мөн Н.Алтанхуягаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тендертэй холбоотой асуудлаар ч мэдүүлэг авсан аж.

“НАМАЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЧИХВОЛ ХАМАГ ХЭРЭГ НЬ ИЛРЭХ ГЭЭД БАЙГАА АЙДАС, ХҮЙДЭСТЭЙ ЦӨӨХӨН ХҮН БАЙДАГ” ГЭВ

Н.Алтанхуяг өчигдөр АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирэх үедээ сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Таныг авлигатай тэмцэх газраас удаа дараа дуудаж, байцаалт авч байгааг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэж үзэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

-Намайг Ерөнхийлөгч болчихвол хамаг хэрэг нь илрэх гээд байгаа айдас, хүйдэстэй цөөхөн хүн байдаг.Тэд иймэрхүү ажлыг намайг Ерөнхий сайд байх үеэс хийгээд удаж байна. Би төрд ажиллаж байх хугацаандаа ард түмэн, хөгжлийнхөө төлөө чөмгөө дундартал зүтгэсэн. Улсын мөнгөнөөс идэж, уух нь битгий хэл надад тийм бодол ч төрж байгаагүй. Намайг болон бүлгийнхнийг ямар нэгэн байдлаар хэдэн төгрөгтэй холбох гэсэн бодлого, төлөвлөгөөт ажиллагаа зургаа долоон жил үргэлжилж байна. Тэгээд ямар нэгэн зүйл гарахгүй болохоор ойр дотнын хүмүүсийг маань шоронд хийж, миний юу хийснийг хэл гэдэг болсон.

-Таныг өөрийн төрөл төрөгсдөдөө тендер хууль бусаар авч өгсөн гэж сэжиглэж байгаа гэсэн үнэн үү?

-Би дахин итгэлтэйгээр хэлэхэд надад улсын мөнгөнөөс идсэн зүйл байхгүй. Хэрвээ идсэн бол өнөөдөр би ингээд зогсч байхгүй. Тав, зургаан жил болж байхад шийддэгээ шийдээд, дуусгачих хугацаа өнгөрсөн. Харин сая гэхэд “Эрдэнэт”-ийг улайм цайм луйвардаад авчихлаа. Нэг зүйлд санаа их зовж байна. 1990 оны Ардчилсан хувьсгалыг бид хийхдээ цөөхөн хүн баяжаад, олонхи нь ядуурах тийм нийгмийн төлөө яваагүй. Би Их сургуулийн багшийн ажлаа орхиод улс төрд орохдоо монголчууд бүгд сайхан амьдрах, эрх чөлөөтэй тэр нийгмийн төлөө явсан. Гэтэл одоо яаж байна. “Эрдэнэт”-ийг хулгай дээрмээр авчихаад бөөн юм болж байна. Таван толгой, Оюу толгой дээр ч бас их зүйл хийгдсэн. Тэрбээр мэдүүлэг өгснийхөө дараа сэтгүүлчдэд тайлбар хийгээгүй юм.

Н.АЛТАНХУЯГИЙН ХОЛБОГДСОН ДӨРВӨН ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТЕНДЕРИЙН ХЭРЭГ

АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг тендерийн асуудлаар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа билээ. Хэргийн талаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “БСШУЯ-наас зарласан Сонгинохайрхан дүүргийн XI цэцэрлэгийн гаднахыг тохижуулах тендер, Нийслэлийн ЗДТГ-аас зарласан, мөн дүүргийн XIII хорооны IX байрны гаднах талбайг тохижуулах тендер, тус дүүргийн Тамгын газраас зарласан 19 байршил дахь гадна талбайг тохижуулах тендер зэрэг нийт дүнгээр дөрвөн тэрбум гаруй төгрөгийн үнэ бүхий тендерт “Алтан тэнгэр”, “Ар дааган” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж хууль бусаар шалгарсан байдаг. Түүнчлэн эдгээр аж ахуйн нэгжийн санхүүгийн байдлыг шалгахад ихээхэн зөрчил илрэхээс гадна Н.Алтанхуягийн төрсөн эгчийн хүүхэд болон түүний эхнэр Ц.Насанбат зэрэг бусад хүний хувийн харилцах дансанд тендерийн санхүүжилтийн мөнгөний зарим нь шилжсэн байна. Энэ мэт хөрөнгө, мөнгө шамшигдуулсан байж болзошгүй үйлдлүүдэд ах дүү, төрөл садан, найз нөхдийн холбоогоор хамтран оролцсон байх магадлалтай нөхцөл илэрч байгаа” хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийж байсан. Н.Алтанхуягийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263.2, 270 дүгээр зүйлийг үндэслэн АТГ-аас хоёр ч удаа дуудаж байцаасан. Түүнийг шалгаж байгаа хуулийн заалтуудыг танилцуулах юм бол Эрүүгийн хуулийн 263.2-т “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Харин 270.1 дүгээр зүйл. Хууль бусаар хөрөнгөжих буюу 270 1.1-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэжээ. Харин 270 1.2-т “Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо гадна онц их хэмжээгээр эд хөрөнгө, орлого олсон нь тогтоогдсон бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүмүүс нэр дэвших вэ

Юу юугүй л Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал хэдийнэ орсныг харж болохоор байна. Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн хэмээн заасан байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Төрийн тэргүүнээр П.Очирбат нэг удаа, Н.Багабанди хоёр удаа, Н.Энхбаяр нэг удаа, Ц.Элбэгдорж хоёр удаа туурга тусгаар Монголын эв нэгдлийн илэрхийлэгчээр ажилласан байдаг. Төрийн тэргүүний сонгуульд парламентад суудалтай улс төрийн хүчин нэр дэвшүүлэх эрхээ эдлэх бөгөөд бусад намууд дэмжиж, хамтарч сонгуульд орж болох юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намаас гурван нэр дэвшигч тодрох учиртай.

АРДЧИЛСАН НАМААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИХ СОНИРХОЛТОЙ ЕСӨН ХҮН БИЙ

Өнгөрөгч оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт бус ялагдал хүлээсэн тус намынхан ойрдоо хөл хөдөлгөөнтэй байна. Намынхаа нийт гишүүдийн дунд нээлттэйгээр намын даргын сонгуулиа явуулж, С.Эрдэнийг намын даргаараа батламжилж, Д.Эрдэнэбатыгаа УИХ дахь АН-ын бүлгийн дарга болгож, Ц.Туваанаар намынхаа гол тогоог бариулж эхэлсэн гээд яах аргагүй анхаарлын төвд байгаа юм. Эл намынхан дотоод сонгуулиа зохион байгуулсан хэмээн ам бардам байгаа ч тэд “ялагдсан нам” гэдэг нэрнээсээ салах болоогүй байна. Удахгүй намынхаа дэд дарга нарыг дөрөв эсхүл тав байхаар томилох сураг гарч буй. Намын шинэ удирдлагуудын эхний том ажил нь ирэх зургадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Ерөнхийлөгчийн сонгуульд тус намаас хэн нэр дэвших нь таамаг төдий байгаа ч С.Эрдэнэ даргын хэлснээр бүх гишүүдийнхээ оролцоотойгоор Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах бөгөөд тавдугаар сарын 6-7-нд Их хурлын гишүүдийн төлөөлөгчийн нууц санал хураалтаар тодруулна.

Ардчилсан намын даргад нэр дэвших хүсэлтэй есөн хүний нэр яригдаж эхлэв. Цагтаа Ардчилсан нам, “Шинэчлэл”-ийн Засгийн газрыг тэргүүлж явсан Н.Алтанхуягийн нэр дуулдаж байна. Түүний хувьд саяхан болсон намын даргын сунгаанд нэр дэвшин өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Нэг сунгаанд улдсан ч дахин сунгаанд орж намынхныхаа дэмжлэгийг авч болох. Гэсэн ч Ардчилсан намаас гаднах тойрогтоо ямар харагдах вэ гэдгээ бодолцох учиртай болов уу. УИХ-ын гишүүн, намын дарга, Ерөнхийлөгчийн сонгууль гээд гурав дараалан нэр дэвшихээр бол түүнийг албан тушаалын араас улайрагч мэт харагдуулж болох юм.

Аль ч цаг үед ард түмнийхээ дунд өөрийн рейтингийг алдаагүй улстөрч мэдээж Р.Амаржаргал. Засгийн газраа муу ажиллаж байна гээд огцруулахыг нь дэмжээд кноп дарчихдаг. Түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл МАН-аас нэр дэвшигчийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болж очно гэсэн яриа бий. Гэхдээ энэ олон жил парламентад суухдаа юу ч хийгээгүй хүн Ерөнхийлөгч болоод юм хийх үү хэмээх яриа гарчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж буй Ц.Баярсайханы нэр мөн яригдах болсныг ойрын эх сурвалж өгүүлэв. Янз бүрийн зүйлд нэр холбогдож байгаагүй түүний хувьд өөрөө хүсэхгүй ч намынхан нь дэвш гэвэл өрсөлдөөд явахаас өөр замгүй гэж байв. Амбицаа дийлэхгүй яваа олон хүний дэргэд нуруутай гэдэг ч МҮДН фракц намынхаа анхан шатанд “хөлгүй”. Тэрбээр МҮДН фракцийн төлөөлөл.

Цагтаа Чингисийн талбайд тракторчдын жагсаал хийж, УИХ-ын гишүүн, Хотын даргаар ажиллаж байсан гэхээр хэн гэдэг нь тодорхой. Э.Бат-Үүлийг С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан шалгаж эхэллээ гэдэг мэдээлэл цацагдсан цагаас хойш манай сонин дээр ганц хоёр нийтлэл бичиж тавьсныг эс тооцвол усанд хаясан чулуу мэт алга болсон. Харин намынхаа долдугаар Их хурлын тайзнаа гарч үг хэлж, намын даргадаа амжилт хүсч байсан. Чимээгүй “дайсан” хамгийн аюултай гэж ярьдаг. Тэрбээр нам гүмхэн байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол бий гэнэ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааныг мөн нэр дэвшинэ гэх болов. Хөвсгөл аймагт Их хурлын сонгуулиар нэр дэвшин өвдөг шороодсон ч намын даргын сунгаанд өрсөлдөнө гэж байгаад хазаараа татсан. Ямартай ч энэ удаагийн намынхаа сунгаанд оролцох тухай чих дэлсэж байна.

Баянзүрх дүүргээс гурван удаа Их хурлын гишүүнээр сонгогдож байсан гишүүн асан “Бридж” хэмээх Д.Ганхуягийг нэр дэвших бодолтой яваа хэмээн эх сурвалж өгүүлэв. “Шонхор” фракцид харьяалагддаг түүний хувьд намынхаа сунгаанд гайгүй оролцож мэднэ гэх юм билээ. Өөрөө бол “Дэвших эсэхээ шийдээгүй” гэдэг зүйл ярьж байгаа юм. Учир нь “Шонхор”-ынхон нам дотроо хамгийн том нөлөөллийг тогтоогоод буй.

Өөр нэг сонирхолтой нэр дуулдах болсон нь “Буян” хэмээх Базарсадын Жаргалсайхан. Цагтаа ардчиллын анхдагч болон явсан тэрбээр Бүгд найрамдах намыг байгуулан өрх тусгаарлаж байсан түүхтэй. Тэгвэл АН-ын даргын сунгааны өмнө намын гишүүнчлэлээ сэргээж, С.Эрдэнийг дэмжээрэй хэмээн уриалж явсан нь ердөө ганц сарын өмнөх явдал. Тэдний хооронд ямар тохироо өрнөснийг таах аргагүй. Америкт Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп Ерөнхийлөгч болж байхад Монголд яагаад Буян Жагаа Ерөнхийлөгч болж болдоггүй юм гэсэн яриа хүртэл гараад амжжээ.

“АПУ”-гийн хэмээх тодотголтой Г.Батхүүгийн нэр мөн Ерөнхийлөгчийн сунгаанд яригдаж байгаа аж. Түүний хувьд МоАН фракцийн төлөөлөл бол тус фракцаас мөн УИХ-ын гишүүн Л.Болдын нэр яригдаж эхэлсэн. Г.Батхүүгийн хувьд намын даргын сунгаандаа нэр дэвшинэ хэмээн материалаа бүрдүүлж өгөхөөр Сонгуулийн хороо руугаа очиж явах замдаа бараг нэр дэвшихээ больж буйгаа хэлсэн гэдэг. Л.Болдын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцох уу гэхэд “Харж байгаад болно” гэдэг хариу өгч байсан. Эдгээр нэр дэвшигчдээс хэн нь намынхаа нийт гишүүдийн олонхийн саналыг авч, Их хурлаасаа баталгаажсан нь нэр дэвших юм.

МАН-ААС ГУРВАН НЭР ДЭВШИГЧ НАМ ДОТРОО “ҮЗЭХ ҮҮ”

Эв эеийг үргэлж сахидаг хэмээгддэг МАН-ынхан энэ удаагийн сонгуульд хэнийг ч нэр дэвшүүлсэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь тодорхой. Парламентад үнэмлэхүй ялалт байгуулсан тус намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах цаг болоогүй гэж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийгээд эхэлсэн гэж харахаар байгаа. Учир нь намаасаа нэр дэвших хамгийн өндөр магадлалтай МАН, УИХ-ын дарга М.Энхболдын хувьд амралт, ажлаа зохицуулан орон нутагт ажиллаад эхэлсэн. Ойрын өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзалт хийж байгаа талаарх мэдээлэл цацагдах болсноос харж болно. Энэ нь ч түүнийг баталж байгаа гэх юм билээ. Хэрэвзээ Төрийн тэргүүний сонгуульд орохгүй гэсэн бол тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбат бус М.Энхболд дарга ажиллах байлаа. Засгийн ажил тааруу байвал Ерөнхий сайдын нэр хүнд унадаг гэдгийг мэдэхийн дээдээр мэддэг тул өөрт оногдох хариуцлагаа Ж.Эрдэнэбатад шилжүүлж байсан нь үүний хамгийн том нотолгоо байв.

Нам дотроо хийгээд бусад намаас нэр дэвшигчдийн хамгийн том өрсөлдөгч одоогийн МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд. Нам дотроо өөрийн байр суурийг бататгахын тулд бүхий л шатандаа ажиллаж байгаа хэмээн МАН-ынхан нь ярих болсон. Магадгүй нам дотроосоо өрсөлдөгчгүйгээр шууд нэр дэвших мандатаа аваад гарч ирж ч мэднэ. Намын даргаар ажиллаж байхдаа УИХ, орон нутгийн сонгуульд намаа ялуулсан нь түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хангалттай том шалтгаан мөн. Улстөрч хүн ямар ч үед хатуу байх ёстой гэдгийг тэр өөрийнхөө биеэр харуулж байв. 2013 оны аравдугаар сарын 29-ний өдөр тус намын Бага хурал хуралдаж намын даргаа сонгох санал хураалт явуулсан. Намын даргад нэр дэвшсэн өдөр нь түүний аав өөд болж тус намын хурал гурван цаг гаруй завсарлаж байлаа. Үдээс хойш үргэлжлүүлэн хуралдсан намынхаа Бага хуралд ирж оролцон 90 гаруй хувийн дэмжлэг авч намын даргаар сонгогдож байсан нь дөрвөн жилийн өмнөх мөчлөгт хамаарна.

МАН-ын хувьд Ардчилсан намынхан шиг нам дотроо сунгаа энэ тэр гэлгүй нэг өдөр хуралдаад асуудлаа шийдчихдэг. Намынхаа Удирдах зөвлөлөөс оруулж ирсэн нэрсийг Бага хурлаараа санал хураалтын журмаар шийддэг. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд Бага хурлаараа дөрвөн хүний нэр оруулж ирсэн ч Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин нарын оноо тэнцэн дахин санал хураалт явуулахад Б.Бат-Эрдэнэ илүү санал авч нэр дэвшиж байв. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд намын экс дарга Ө.Энхтүвшин нэр дэвшиж магадгүй талаар намынхан нь яриад эхэлжээ. Дэмжлэг ч гайгүй байгаа сурагтай. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар боломжоо алдсан түүний хувьд энэ удаа өөрийгөө сойгоод үзэх сонирхол бий бололтой. УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн хувьд ноён нуруутай, тулхтай улстөрч хэмээн намынхандаа төдийгүй иргэдэд үнэлэгддэг. Нам нь олонхи болж Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох чуулганы хуралдааны үеэр намын дарга М.Энхболдыг Ерөнхий сайд болсонгүй хэмээн “зад” шүүмжилж байлаа. Магадгүй хожмын нэр өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх процесс өрнөхөд нэр цэвэр Их хурлын дарга нам дотроо өөртэй нь өрсөлдөж магадгүй гэж бодсон ч байж мэдэх юм. Ямартай ч чуулган, байнгын хорооны хуралдаан бүрт үг хэлж ад болдоггүй ч үе үе хэлэх үгээрээ намын даргаа “чимхэж” харагддаг.

Өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй хэмээн зарласан ч Ц.Нямдорж гишүүний хувьд өрсөлдөж болох хувилбаруудын нэг хэмээн намынхан нь үзэж байгаа бололтой. Түүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалаар улс төрийн карьерыг улам өсгөж яваа. Оюу толгой гэдэг ганц сэдвийг барьж авч дөрвөн жил ярьдаг нь С.Ганбаатар биш байсан гэдэг нь “Эрдэнэт” үйлдвэрийн жишээгээр Ц.Нямдорж гишүүн дээр харагдаж байгаа юм. Түүний хувьд УИХ-ын гишүүнээр долоо, Хууль зүй дотоод хэргийн сайдаар гурав, УИХ-ын даргаар нэг удаа ажиллаж байсан туршлага бий. Түүний хувьд Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс бусад өндөр албан тушаалыг хашсан. Тиймээс төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөж магадгүй хэмээн яригдаж байна. Одоогийн байдлаар намын даргаасаа илүү рейтинг өндөртэй байгаа гэнэ. Тэдний дундах өрсөлдөөнийг ажиглах л үлдлээ.

МАХН-ААС НЭР ДЭВШИГЧИЙГ Н.ЭНХБАЯР Л ШИЙДНЭ

МАХН-д парламентад цор ганц суудал авч ирсэн нь О.Баасанхүү гишүүн. Оны өмнөөс л тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлага бүртээ Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар үг цухуйлгаж, зарим үед дипломатч Ц.Гомбосүрэн, Л.Эрдэнэчулуун гуай нар шиг хүн хэрэгтэй гэж ярьж байгаа. Манай сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж болох найман хүний нэр байгаа талаараа мэдэгдсэн ч хэн хэн бэ гэдгийг нь хэлэхгүй гээд “гөжчихсөн”. Гэхдээ О.Баасанхүү гэхээсээ илүүтэй намын дарга Н.Энхбаярын мэдлийн шахуу асуудал л даа. Н.Энхбаяр УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг намдаа урьсан гэдэг мэдээлэл гарсан ч О.Баасанхүү гишүүн эрс үгүйсгэсэн. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Удвалаар туг тахисан МАХН-ынхан энэ удаа хэнээр сор залах нь одоогоор тодорхойгүй. МАХН-ынхан АН эсвэл МАН-тай болон бусад намтай хамтарч сонгуульд орохгүй гэвэл дангаараа нэг хүнийг нэр дэвшүүлнэ. Тус намынхны дунд одоогоор яригдаж буй ганц хүн нь Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатар юм байна. Гэхдээ хувийн шугамаар Н.Энхбаяр даргатай хүмүүс уулзаж байгаа ажээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Үйлст: “Таны ааш, араншин хувь заяаг тань тодорхойлдог юм шүү”

Монголын мэргэшсэн сэтгэл судлаачдын үндэсний төвийн сэтгэл судлаач Ж.Үйлсттэй ярилцлаа.


-Арван гурван аашаа нуумааргүй байна гээд дуу хүртэл байдаг. Ер нь хүний ааш араншинг хэрхэн судалсан байдаг юм бол?

-Хүний ааш, араншинг ерөнхийд нь олдмол буюу төрөлхийн гэж ангилдаг л даа. Зан төлөв бол олдмол. Харин темперамент төрөлхийнх. Зан төлөв нь амьдралын явцад бүрэлдэн бий болдог олдмол шинж чанартай. Хүний түргэн ширүүн, уур уцаартай, зөөлөн тайван, эмзэг мэдрэмтгий, санаачилгатай байх зэрэг нь темпераментаасаа шалтгаадаг юм. Нийт дөрвөн темперамент байдаг. Тухайлбал, холерик темпераменттай бол цочмог, шаралхуу, хурц бөгөөд хурдан омголон зантай, түргэн ааштай, дүрсхийн уурлах нь цөөнгүй. Тогтворгүй боловч дайчин байдалтай, урам зориг нь хувирахдаа түргэн, орчиндоо маш идэвхтэй ханддаг шинж чанаруудаар илэрнэ. Холерик темпераменттай хүний онцлог нь өөрийгөө басамжлан үзвэл сөрж гөжих, муухай аашлах зэрэг. Харин бусдын бодолд өдөгдөн дагах нь ховор. Бие даасан байдалд нь саад учруулбал амархан уурлах, ууртай омогтойгоор хариултыг нь өгдөг. Ийм шинжтэй. Харин сангвиникт гавшгай сэргэлэн, юм юмыг сонирхдог, сэтгэлийн хөдөлгөөн нь гүнзгий биш, орчиндоо хандах нь идэвхтэй, хэнэггүй занд дургүй хэв шинжийн хүмүүс багтана. Сангвиник темпераменттай хүмүүс сэтгэл санаагаар унах нь ховор, бусдаас түрүүлж хүмүүстэй ажил хэргийн холбоо тогтоох санаа сэтгэлийн харьцааг амархан тогтоодог, хамт олон дотор хэнээс ч түрүүнд байр сууриа олдог. Бачимдан бухимдах нь ховор, зөрчил мөргөлдөөнд оролцох боловч больж няцах нь түргэн, өөрийгөө магтаж гайхуулах нь түүнд жирийн хэрэг мэт сэтгэгдэл төрүүлэх боловч дутагдлаа нуулгүй ил тод ярьж, шүүмжлэлийг дуртайяа хүлээж авч чаддаг. Флегматик хүмүүс бол хүчтэй хэв шинжтэй боловч хөшүүн. Тайван дөлгөөн тогтуун байдалтай, дуу цөөн, биеэ барих сэтгэлийн гадаад илрэл сул. Меланхолик нь буурьтай дүнсгэр зан бөгөөд зарим талаар бүрэг ноомой байдал гаргана. Даалгасан ажилд хариуцлагатай хандаж үүргээ заавал биелүүлэхийг хичээдэг, ажлын чанар нь ч сайн. Шинэ нөхцөл байдалд дасахдаа муу, гомдомтгой, сэтгэл санааны хувьд өөрийгөө ганцаардуулж бодох, сэжигч, өөнтөгч зантай, сайшаах буруушаах үед амархан хүлээн авч зөв ойлгодог. Сэтгэлээр унах нь асар их гэх мэт. Ерөнхийдөө хүнээс гарч буй эерэг, сөрөг хандлагуудад хүний төрөлхийн зан төлөв маш их нөлөөлдөг.

-Зан төлөв төлөвшихөд юу нөлөөлдөг вэ. Үүнээс болж үүсч буй сөрөг хандлагууд юунаас үүсдэг юм бол?

-Хүүхэд наснаасаа эхлээд л бид бүхэн харилцаанд орж эхэлдэг. Гэр бүлийн харилцаа нь цэцэрлэг, сургууль цаашлаад нийгэм гэх мэт өргөжөөд явдаг. Харилцаа өргөжих хэрээр хүний үзэл бодолд өөрчлөлт ороод явдаг юм. Энэ явцад зан төлөв бүрэлдэн бий болдог. Харин сөрөг сэтгэл хөдлөлүүд нь сэтгэлийн шарх авснаас үүсэх нь элбэг. Ингэхээр бага насанд хамгийн дотно эсвэл хүндэлдэг хүн нь урмыг нь хугалах, сэтгэлийн шарх үлдээх нь сөрөг зан төлөвтэй болох үндсийг тавьж өгдөг байх нь.

Ер нь аливаа хүн 12 нас хүрэхэд аль хэдийнэ төлөвшчихсөн байдаг. Яахав 12-18 нас хүртэл нь эцэг, эхчүүд чиглүүлж болох л байх. Харин нас биед хүрсэн хүнийг өөрчлөх боломжгүй. Тэгэхээр тэрхүү бага насанд сэтгэлийн шархаар үүссэн сөрөг зан төлөв насанд хүрсэн ч байсаар л байдаг байх нь. Гэвч ихэнх хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд юу үзэж туулснаас шалтгаалдаг гэдгийг төдийлөн анзаардаггүй.

-Тэгвэл зохисгүй ааш авир, сөрөг зан байдал нь хүний амьдралд өөрөөр хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Хэрэв таны нойр чинь хулжаад, үргэлж таагүй мэдрэмж төрөөд, муу муухай зүйл тохиолдоод байвал таны бодол болоод зан төлөв, дадал зуршил тань сөрөг байгаагийн илрэл. Тэгэхээр таны сөрөг хандлага бодол үйлдлээр тань дамжиж амьдралын бүхий л талбарт нөлөөлж байдаг байх нь. Таны ааш, араншин хувь заяаг тань тодорхойлдог гэдэг шүү дээ. Үүнийг л хэлээд байгаа юм. Мөн сөрөг зан байдал нь өөртөө болон бусдад, мөн амьдралдаа сэтгэл ханамжгүй болж аливаа зүйлээс таашаал авч чадахаа болино. Ганцаардах, хэн ч өөрийг нь тоохгүй байгаа мэтээр мэдэрч стресст амархан өртөх цаашлаад сэтгэл гутралд орох хүртэл аюултай байдаг.

Түүнчлэн хүн уулзах хүнээ өөрөө л дууддаг гэдэг. Сайн хүнтэй сайхан зүйл ярих уу, муу хүнтэй олиггүй юм ярих уу гэдэг нь таны л зан араншин, үзэл бодлоос хамаарна.

-Харин зан аашийн хувьд тайван тогтуун байж, эерэг хандлагатай байхын тулд яах ёстой вэ?

-Үүн дээр нэг жишээ ярья л даа. Би нэг удаа гудманд явж байлаа. Хоёр хүү миний хажуугаар өнгөрсөн юм. Гэтэл нэг нь хажуугаар гарахдаа над руу нулимчихсан. Би эргэж хараад яаж байна, ингэж болдоггүй юм байхгүй юу гэсэн. Харин өнөөх хүү намайг эргэж хараад уурлаж, загнаж, хашгична л гэж бодсон байх. Нүд нь сортолзоод зогсож байснаа намайг тэгж хэлэнгүүт их гайхсан янзтай “Уучлаарай эгч ээ” гээд гүйгээд явчихсан. Хэрэв намайг уурласан бол чулуу шидэх ч энүүхэнд байх байсан биз. Хүн сөрөг хандлагатай байх юм бол тийм л хариу авдаг. Тэгэхээр энэ надтай ингэж харьцаж байгаа бол би ч гэсэн тэгж харьцана гэж болохгүй. “Юу тарина, түүнийгээ хураана” гэдэг шүү дээ.

Мөн сургуулиа төгсчихөөд нэг газар хүний нөөцийн менежерээр ажилд орсон юм. Намайг ажилд ороход тэрхүү хамт олон хоорондоо бараг л мэндэлцгээдэггүй байсан. Харин би ажилд орсон цагаасаа эхлээд бүх хүнтэй сайхан мэндэлдэг байлаа. Гэтэл гурван сарын дараа гэхэд тэр хамт олон бүгд хоорондоо сайхан мэндэлцгээдэг болсон. Би хүмүүстэй мэндэлж эхэлснээр хамт олондоо эерэг хандлагыг төрүүлж, миний үнэлэгдэх үнэлэмж хүртэл дээшилж байгаа юм. Өнөөх л ааш, араншин, зан төлөвөөс таны амьдрал шалтгаалаад байна шүү дээ.

Хүмүүсийн одоогийн амьдрал, харилцаа хандлага нь хүүхэд насанд ямар амьдрал үзэж туулснаас шалтгаалдаг гэдгийг дээр хэлсэн шүү дээ. Харин хүмүүс өнгөрсөнд болсон муу муухай, таагүй бүхнийг мартах гэж хичээгээд байдаг. Энэ нь буруу юм. Тэр бүхэн мартагдаагүй, сэтгэлийн мухарт тань үлдчихсэн байгаа. Иймд бусдыг уучилж өршөөж, өнгөрөөж сурах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өмнөд монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг вэ

Өмнөд Монгол цагаан сар зурган илэрцүүдЦагаан сар, наадам. Монгол туургатны олон зууныг дамжин ирсэн уламжлалт баяр. Монголчуудын өв соёлыг тээсэн энэ уламжлалт ёс заншил өнөө ч дэлхийн өнцөг бүрт ямар нэгэн хэмжээгээр тэмдэглэгдсээр байна.

Энэ ёслолын хамгийн том зураг нь бид буюу Монгол Улсаар овоглосон иргэний үнэмлэхтэй иргэд. Энэ тухай 1960-аад онд Унгарын эрдэмтэн бичихдээ “Олон зууныг дамжин ирсэн Цагаан сар хэмээх баярыг эрх баригчид хориглосон ч монголчууд тэмдэглэсээр байна. Эрх баригчид мэдсэн ч, мэдээгүй дүр эсгэж байгаа нь энэ баяр хэнд ч, юунд ч дарагдахгүйг харуулна” хэмээн бичжээ. Харин эрдэмтэн Б.Ринчен “Тунгалаг тамир”, “Цагаан сар” зэрэг зохиолуудын ядуулаг дүрүүдийг “ядмагхан улс төр” гэж нэрлэсэн гэдэг. “Өдрийн сонин”-ы залуу сэтгүүлч “Залуус цагаан сараас төвөгшөөх хэрэггүй” гэж бичсэн байна. Энэ бүхнээс харвал бидний хойч үе ч энэ баярыг тэмдэглэсээр байх нь гарцаагүй.

Харин гадаадад байгаа монголчууд хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхвол зарим тохиолдолд цагаан сарын ёс уламжлал мартагдах тал руугаа явж байгаа тухай зарим судлаачид ярьдаг. Энэ удаа өмнөд монголчууд цагаан сараа хэрхэн тэмдэглэдэг талаар зарим зүйлийг сонирхуулъя.

Бидний ярьдгаар өвөр монголчууд буюу БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны монголчууд монгол бичгээс эхлээд олон зүйлийг тээж үлдсэн. Тэд цагаан сараа Хятадын хуулиар тэмдэглэдэг боловч монгол өв соёлоо маш их дээдэлнэ. БНХАУ-ын харьяа монголчуудыг ихэнх тохиолдолд өвөр монгол гэж ярьж, бичдэг. Хятад талаасаа яривал өвөр буюу өвөрт, дотоодод байгаа гэсэн утга. Хятадууд 1921-1949 он хүртэл өмнөд монголчуудыг дотоод, бидний монголчуудыг гадаад, ар монгол хэмээн хилээр зааглан нэрлэсээр иржээ. Харин өнөөгийн ӨМӨЗО-ны монголчууд бидний өмнө зүгт оршдог тул бид өмнөд монголчууд гэж бичиж байна.

Өмнөд монголчууд өвлийн адаг сарын 23-нд гал тахих ёслол үйлдэнэ. Дээхнэ үед 23-нд ядуус, 24-нд хэргэм зэрэгтнүүд гал тахидаг байсан бол өнөө цагт бүгд 23-нд тахидаг болсон аж. Гал тахих ёслол нь хонины өвчүүг хөх, улаан, цагаан, цэнхэр, шар торгоор ороож шатаахыг хэлнэ. Өмнө нь тэд бүтүүний өдөр нүүдэл суудал хийдэг байсан бол одоо гэрийн эд хогшлоо гаргаж, шороо тоосыг цэвэрлэж гэртээ буцаан оруулах үйлдлээр нүүдэл суудлыг орлуулна. Жил нь орж байгаа хүнд ойр дотнынхон нь шинэ дээл, адуу мал бэлэглэнэ. Өмнөдүүд цагаан сарын идээ шүүсээ дал дөрвөн өндөр, хуруудыг хэвлэж хийсэн хагас дугуй боовоор бэлдэнэ. Хагас дугуй боовоо долоог нийлүүлж, бүтэн тойрог болгон долоон үе өрж гадна хүрээ болгоно. Дотор нь мөн долоон үеэр хэвлэсэн дугуй боов өрж, гадна хүрээнээс дээш гурван үе илүү тавина. Мөн бидэнтэй адил бууз, банш бэлдэнэ. Идээ будааны үндсэн ундаа архи, цай. Цагаан сараар золгож байгаа хүмүүстээ жижигхэн аяганы ёроолоор багахан хэмжээний цай амсуулах төдийхнөөр өгнө. Харин архийг бол заавал гурван хундага уулгана.

Монголын идээ шүүс

Өмнөдүүдийн золгох ёс биднийхээс тэс өөр. Ахмад настай нь сууж үр хүүхдүүд нь ирээд бидний ярьдгаар товаришлах буюу зүгээр л гар бариад болоо. Хэн нэгэн ахмадтайгаа гэр бүлээрээ золгох тохиолдолд өрхийн тэргүүн л гарын бэлэг өгнө. Өмнө нь ахмадуудтай золгохдоо архи өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд сүү өгөх нь ихэсч багаа аж. Монголд сурч байгаа өмнөд монгол оюутнуудын яриагаар бол энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн архи биш сүү өргөх уриалгатай холбоотой. Сүүлийн жилүүдэд өмнөдүүд цагаан сараар өөрсдийн үйлдвэрлэсэн зүйлээ хэрэглэх уриалга гаргаж байгаа бөгөөд энэ нь ч хэрэгжиж жижиг, дунд үйлдвэрүүд нь богино хугацаанд томорч байгаа гэнэ. Золголт хийсэн өндөр настан золгосон бүхэндээ гарын бэлэг өгнө. Гарын бэлэг нь ихэнхдээ 50-100 юань. Гарын бэлгийг зөвхөн ойр дотнын өндөр настандаа л өгнө. Залуус болон саднууд бие биедээ айлчлахдаа ямар нэг бэлэг солилцохгүй. Хуулиар цагаан сараар өмнөдүүд долоо хоног амардаг. Гэхдээ золголт 15 хоног үргэлжилнэ. Гэхдээ шинийн таванд хэн ч холын замд гардаггүй сонин уламжлалтай. Цагаан сараар өмнөдүүд хөгшин залуугүй монгол дээлээр гоёно. Залуус дээл өмсөх нь багасч байгаатай холбогдуулан Өмнөд Монголд дээлтэй холбогдсон олон арга хэмжээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн есдүгээр сард оюутнууд хичээлийн нэг өдрөө монгол дээлний өдөр болгохыг уриалж, муугүй хэрэгжиж байгаа тухай өмнөдөөс суралцаж байгаа оюутнууд ярьж байна. Мөн зарим урлагийн арга хэмжээнд дээлтэй ирсэн залууст суудал сонгох, түүгээр ч зогсохгүй үнэгүй үзүүлэх зэрэг урамшуулал ихээр дэлгэрч байгаа аж. Өмнөдүүд манайд үйлдвэрлэсэн урт түрийтэй гутлаар сүүлийн үед ихээхэн гангарах болжээ.

Өмнөд Монголын идээ шүүс

Цагаалганы хуруудыг малтай айл зунаас эхэлж хураана. Мөн шүүсний хонийг өөрсдийн идэштэй хамт бэлдэнэ. Өмнөдүүд мах ихээр хэрэглэнэ. Хоёр охинтой эхнэр, нөхөр жилд цагаан сарын ууцнаас гадна нэг үхэр, хоёр хонь хэрэглэнэ. Түүнээсээ хамгийн ахмад настандаа дээж хүргүүлнэ. 2012 онд нэг хонь 1200 юань буюу 432 мянган төгрөгт хүрч байсан бол өнөөдөр 500 юань буюу 180 мянган төгрөг байгаа гэнэ. Харин гарын бэлэгт өгдөг архи нь 30-40 юань. Өмнөдүүд цагаан сард нэг өрх дунджаар 3000 орчим юань зарцуулна. Өмнөдүүдийн цагаан сар элбэг дэлбэг боловч Цагаан сарын баяр дуусахад идээ шүүс нь бас дуусна. Тэд биднээс ялгаатай нь том жижиг ууц, мөнгөн аяга, үнэтэй дээл, мөнгөн бүсээр өрсөлдөхгүй.1949 оны ардын хувьсгалаас өмнө тэдэнд цагаан сарын баяраас өөр баяр байсангүй. Өмнөд Монгол орон даяар нэгдсэн наадам хийдэггүй байж. Харин өнөөдөр аймаг, хошуу бүхэн эрийн гурван наадам хийдэг болсон. Мөн олон улсын хэмжээний баяр, Валентины баяр гэх мэтийг чөлөөтэй тэмдэглэх болжээ. Сонирхолтой нь, өмнөдийн залуус өнөөг болтол Валентины баярт хайнга хандана. Хот сууринд боловсрол эзэмшсэн цөөн залуус нэлээн шохоорхдог аж. Сүүлийн үед өмнөдийн залуус гадаадад сурч дотооддоо бизнес хийх сонирхол нэмэгдэж байна. Зарим залуус Цагаан сарыг ингэж олон хоног тэмдэглэхэд таатай хандахгүй байгаагаа илээр илэрхийлдэг болсон аж. Учир нь олон хоногийн амралт бизнест нь муугаар нөлөөлдөг. Гэхдээ л өмнөдүүдийн хамгийн том баяр нь мэдээж цагаан сар. Олон хоногийн амралттай цагаан сарын үеэр хоолны газрууд маш их ашиг олно. Томоохон зоогийн газрууд урьдчилан захиалга авна. Өмнөдүүд гэртээ цагаалахаас гадна хамаатан, төрөл садан, найз нар нийлж хоолны газар цуглах хоббитой. Энэ үеэр тэд өнгөрсөн жилд олсон олз, мэргэн санаа хөгтэй явдлуудаа бие биедээ хуучилж ихэнх цагаа барна.Өмнөдөд барууны кино гаргадаг телевизийн ганц суваг байдаг. Өмнөд Монголын эрх баригчид цагаан сарыг улам төгөлдөржүүлэх арга эрэлхийлсээр ирсэн гэнэ. Тэд энэ баяраар дамжуулж үндэсний өв уламжлалаа авч үлдэхийг оролддог аж.

Харин овог, дошоо сахиж үлдсэн бидний цөөн монголчуудын цагаан сарын баяр жил ирэх тусам өргөжиж байгаа ч, зарим талаар шүүмжлэл дагуулах болж байна. Тэтгэврийн хөгшдийн цагаан сараа тахлах үндсэн хөрөнгө нь тэтгэврийн зээл. Хэдхэн хоног идэх идээ будаанд ямар ч тэтгэврийн хөгшин багаар тооцоход 3-5 сарын тэтгэврээ золино. Гар дагуулж харсан хөгшид хүүхэд бүрт гар цайлгах ёслол үйлдэнэ. Социализмын үед энэ нь бэлгэдлийн чанартай байсан бол сүүлийн жилүүдэд зэрэг зиндаа, бэл бэнчингийн өрсөлдөөн болж хувирч байна. Төр засгийн тэргүүнүүд нь ч нэг өрөөнд шинэлж байгаа байж тус бүртээ өндөрлөг гэдгээ харуулах мэт өөрсдөөсөө өндөр боов өрж өрсөлдөнө. Энэ бүх өрсөлдөөний хөлд орлого багатай иргэд нэрвэгдэж нэрэлхүү зандаа автаж төрийн өндөрлөгүүдээс дутахгүй гэсэн ууц, боовны зарлагад нухуулна.

Мэдээж энэ баярыг тэмдэглэх нь соёлын том өв уламжлал. Гэхдээ бэлгэдэл, ёс заншлаас илүүтэйгээр өнгө мөнгөний өрсөлдөөн болгох нь зохимжгүй. Бидний бэлтгэдэг идээ шүүс ч эрүүл ахуйн нөхцөлийг хангаж байгаа нь эргэлзээтэй. Цагаан сараар тавьсан ууц, боовыг хэд хоног идэх нь ч тодорхойгүй. Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг эмч нар анхааруулдаг. Бас нэг ноцтой асуудал нь цагаан сарын үеэр хоолны хордлого нэмэгддэг тухай түргэн тусламжийн эмч нар ярьдаг. Энэ мэтчилэн цөөнгүй асуудал цагаан сарыг дагадаг болсон. Зүй нь энэ баярыг ашиглаад хойч үедээ мэндлэх, хүндлэх ёс монгол хэлнийхээ уламжлалт хэллэгийг хэвшүүлж сургавал хэн хэндээ хэрэгтэй л дээ.

Х.БАТТӨГС

Categories
мэдээ цаг-үе

​Монгол бөхийн амьд домог “Хоёр Мөнх” сар шинийн барилдаанд анх хүч үзсэн түүхтэй

Зүүн гараас Баянаа, Мөөеө, Цэрэнтогтох аваргууд

“Билгийн улирлын арвандолдугаар жарны…” гээд цагаан сарын бөх эхлэх бахтай сайхан. Битүүний өдрийн үдээс хойшхон айл бүхний хөглөрсөн их ажил нэг л мэдэхэд цэгцэрчихсэн, бүх зүйл эрэмбэ дараатай, хүн бүхэн монгол ёс төрөө дээдэлсэн тийм л цаг дор хаврын тэргүүн сарын шинийн нэгний бөхийн барилдааны гурвын даваа эхэлдэг сэн. Аварга, арслангуудын цолыг ээлж дараалан дуудахад, монгол хүн болж төрсний ид хав эрхгүй мэдрэгдэж, ямар чиг л эрийн цээж тэвхийгээд ирнэ. Уртын дууны шуранхай хадаад, цэнхэр дэлгэцээр домогт хүчтэнүүдийн алдар сууг бахдан өгүүлээд сар шинийн барилдаан ид дундаа өрнөнө. Хөдөө, төв суурин Монгол нутгийн аль чиг газар бүрийд цагаан сарын бөхийн хууч, таавар таамаг хөвөрч буй нь мэдээж. Жил жилийн наадам сайхан гэдэг шиг, бөхчүүдийн тухайн жилийн жилийн өнгө жавхааг шинжиж, хийморь лундааг нь бадраадаг сар шинийн барилдаан цаанаа л үзүүштэй сайхан. Монгол бөхийн амьд домог болсон “Хоёр Мөнх” тэртээ жараад оны цагаан сарын баярт анх удаа учраа таарсан нь бий. Мөн халхын их хүчтэн Дашдоржийн Цэрэнтогтох аварга жавхгар бор залуу анх цагаар сараар л үймээн шуугиан тарьж, Хадаатайгаа зэрэгцэн гарч ирсэн түүхтэй.

Төрийн наадамд арав гаруй жил босоо байж, ард түмэн Бат-Эрдэнээс өөр нэр мэдэхгүй, ямар сайндаа л монголчууд түрүүлсэн бөхдөө БатЭрдэнэ гэдэг нэр өгдөг гэх онигоо хүртэл гарч байсан тэр л цагт жижиг Сүхбат гэж шоволзсон залуу тэр жилийн цагаан сараар цагийн эзэлсэн их аваргыг унагаж, бөхөд хайртай ард түмнээ цэнгүүлж байсан удаатай. Сар шинийн барилдаан ийм л гойд онцлогтой байдаг юм. Хэдхэн хоногийн дараа болох “Алтан унжлагат” хэмээх тахиа жилийн сар шинийн барилдаан бахтай сайхан болноо. Нэг үеэ бодоход монгол бөхөд олон сайхан хүчтэнүүд зэрэг зэрэг төрж байна. БатЭрдэнээс өөр аваргагүй, МөнхЭрдэнээс өөр арслангүй байсан цаг саяхан. Тэгвэл өнөө жилийн цагаан сараар ГунАажавын Эрхэмбаяр, Чимидрэгзэнгийн Санжаадамба, Сүхбаатарын Мөнхбат нарын аваргууд, Пүрэвийн Бүрэнтөгс, Намсрайжавын Батсуурь, Энхтөгсийн Оюунболд, Рэнцэнбямбын Пүрэвдагва нарын арслангууд, Батнасангийн Гончигдамба гарьд, Батжаргалын Батмөнх, Баатархүүгийн Пүрэвсайхан нарын заанууд болоод өнгөрөгч жилийн түрүү бөх Цэдэвийн Содномдорж харцага нар зодоглоно. Энэ хэдэн хүчтэний дунд л сар шинийн барилдааны бөхийн таавар эргэлдэх нь мэдээж. Дээрээс нь уран барилдаант харцага Төрөөгийн Баасанхүү, сүүлийн үеийн барилдаануудад өнгөлж байгаа, бөх сонирхогчдын анхаарлыг хамгийн ихээр татаж буй Эрдэнэбатын Даш гэж эвгүй начин бий. Их шөвгийн дөрөвт гозойгоод зогсож байхыг үгүйсгэх аргагүй ээ.
Ингээд бөхөө дээдэлдэг, сар шинийн барилдаанаа тэсэн ядан хүлээж суугаа уншигч олондоо жил жилийн хууч, сонин сайхнаас хүргэе. Цагаан сарын бөхийн барилдаан жаран гурван оноос эхэлсэн түүхтэй. Нэгдэлч малчдын баяр гэх тодотголтой анхны барилдаанд жаран дөрвөн бөх хүч үзсэнээс дархан аварга Мөнхбат зургаа даван түрүүлжээ. Үзүүрт нь Хөвсгөл аймгийн Цагаан үүр сумын Уйлган голоос төрсөн гурван аваргын нэг уран барилдаант Чойжилын Бээжин аварга үлдсэн байна. Их шөвөгт Өлзийсайханы Эрдэнэ-Очир, Лувсанчимэдийн Сосорбарам нарын хүчит арслангууд үлдсэн байна. Тэр жилийн барилдаанд “хоёр Мөнх” анх удаа учраа таарсан тухай дээр өгүүлсэн. Баянаа аварга тэгэхэд аймгийн начин цолтой залуу зодоглон дунд шөвөгт шалгарч Мөөеө аваргыг заан цолтой байхад нь тахимаа өгч байж. Жаран гурван оны улсын наадамд Мөнхбат аварга Сосорбарам, Мижиддорж нарын арслангуудыг найм, есийн даваанд цувуулан орхиж түрүүлсэн юм. Цагаан сарын барилдаанд сайн барилдсан бөх тэр жилийнхээ наадмаар өнгөлж барилддагийн жишгийг тийнхүү Мөөеө аварга тогтоож байсан удаатай.
Залуу бөх Баянмөнх мөн л тэр жилийн наадмаар улсын арслан Гялдангийн Цоодолоор тав давж улсын цолны босго алхаж байв. Жараад оны дунд үеийн цагаан сарын барилдаан арван хэдэн бөхийн хооронд өрнөдөг байсныг ахмад бөхчүүд болоод бөх судлаачид хэлдэг юм. Арван хэдэн бөх гэдэг нь Дамдин аварга, хоёр Мөнх, Бээжин, Цэрэн аваргууд, Чойжилсүрэн, Мижиддорж, ЭрдэнэОчир, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангууд, Зундуй, Өвгөнхүү, Дашдаваа нарын начингуудыг хэлж байгаа хэрэг. Эдгээр бөхчүүдтэй Өмнөговийн Дэмүүл, Булганы тэмээ өргөдөг Жамьяандорж, Дорнодын Түвшин нарын бөхчүүд хөдөөнөөс ирж хүч сорино. Энэ хэд дундаа мэдээж хоёр Мөнх нь онцгой байж таарна. Мөөеө, Баянаа аваргууд цагаан сарын барилдаанд тус тусдаа долоо, найман удаа түрүүлсэн түүхтэй. Жаран зургаан онд Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Ж.Мөнхбат, С.Цэрэн нарын таван аварга манлайлж боссон барилдаанд залуу заан Х.Баянмөнх анх удаа түрүүлжээ. Тэрээр их шөвөгт Дамдин аваргыг, үзүүр түрүүнд тухайн он жилүүдэд төрийн наадамд босоо байсан Мөнхбат аваргыг орхиж түрүүлсэн байна. Тэр жилийн сар шинийн барилдаанд Архангайн Чулуутын Түзэлийн Зундуй заан их шөвөгт шалгарсан удаатай. Таван аварга зүүн баруун жигүүрийг манлайлсан баярт Пагмын Аюуш арслан Баянхонгор аймгийн Богд сумаасаа ирж барилдсан нь бөх сонирхогч олныг баярлуулжээ. Аюуш арслан дөчин есөн оны улсын наадамд Батсуурь аваргатай үлдэж түрүүлсэн. Гэвч түүнд арслан цолыг нь өгөлгүй, худлаа барилдаж нам засгаа доромжилсон хэмээн наадмын комиссоос шийтгэл хүлээлгэж байсан удаа бий. Сар шинийн барилдаанд улсын начин цолтойдоо түрүүлсэн бөх цөөн. Түүний анхдагч нь Чойдорын Өвгөнхүү (одоогийн харцага) юм. Тэрээр жаран есөн оны сар шинийн барилдаанд Чойжилын Бээжин аваргатай үлдэж түрүүлсэн байдаг. Өвөө харцага тухайн наадмаа дурсахдаа бас нэг инээдэм хавчуулсан хууч дэлгэдэг юм. Тэр жилийн цагаан сарын өмнөхөн мань хүн өсгийгөө гэмтээжээ. Тэгээд Догоо (Долгорсүрэн заан)-гоо дагуулаад битүүний урьд өдөр гэртээ иржээ. Түүндээ учраа хэлээд “маргааш хоёулаа аягүй л бол тунана шүү. Тэгэхээр чи давах юм шүү. Найз нь хөл гэмтэлтэй учир цаашаа олигтой барилдаж чадахгүй байх. Хоёр Мөнх эзгүй байна, цаана чинь. Цэрэн аварга, Бээжин хоёрын нэр л яригдаад байна. Гэхдээ чамд тун боломж байгаа” хэмээн баахан авч өгч л дээ. Ингээд барилдаан эхэлдгээрээ эхэлж, дөрвийн даваанд өнөө хоёр чинь баараггүй тунажээ. Гарцаагүй давах байсан Долгорсүрэн Өвгөнхүүгээ дүүгүүрдэж хаяна гэж зүтгээд өөрөө ойчсон гэдэг. “Олны өмнө яалт ч үгүй суун тусаад ойчсон Долгорсүрэнгээ давсан гэлтэй нь биш. Би өөрөө л туг тойрсон доо” гэж Өвгөнхүү харцага дурссан нь бий. Долгорсүрэндээ бууж өгнө гэж байсан Өвгөнхүү тэр жилээ шууд түрүүлсэн нь бас сонин шүү. Юм гэдэг учиртай л байдаг хойно.
Далаад оны цагаан сарын барилдаанд Мөөеө, Баянаа аваргууд болон Жамбалын Хайдав, Пүрэвийн Дагвасүрэн, Мядагийн Мөнгөн нарын арслангууд, Дасрангийн Мягмар, Доноровын Долгорсүрэн нарын заанууд, ГовьАлтайн Дүгэрийн Цэрэндаш, Увсын Дамирангийн Баатаржав, Төмөрийн Артаг, Булганы Чимэдийн Лундаа, Дамдингийн Галдандагва нарын хүчтэй начингууд шуугиулж байжээ. Далан нэгэн онд өндөр ойн одтой бөх гэдгээрээ зартай Сэрээтэрийн Цэрэн аварга, Дамдин аваргатай үлдэж түрүүлж байсан.
Спортын ордонд цугласан олон “Ойн одтойгоороо Цэрэн түүрүүлнэ биз” гэцгээж байсан гэнэ. Үнэхээр ч монгол бөхийн гучин хоёр шинжийг хадгалж төрсөн гэгддэг Цэрэн аварга түрүүлсэн байна. Далан хоёр оны сар шинээр ГовьАлтайн Хөх морьтын Ундрахын Пүрэв заан Дашдоржийн Цэрэнтогтох аваргыг начин цолтой байхад нь гурвын даваанд, Сосорбарам, Дагвасүрэн нарын арслангуудыг дөрөв, тавын даваанд дараалуулан өвдөг шороодуулж их шөвөгт Дамдин аваргыг давснаар Баянаатай үзүүр түрүүнд үлдэж байжээ. Тэр жилийн цагаан сарын шуугианы эзэн нь Пүрвээ заан байсан байна. Хөх морьт гэхээр л сэтгэл сэрхийдэг нэртэй дипломатч Дагвын Цахилгаан гуай тэр жил Пүрвээгээ үзүүрлэхэд жигтэйхэн баярласан гэдэг юм. Архи уудаггүй хүн чинь давах бүрт нь уугаад бараг л түрүү үзүүрт үлдэхэд нь “больчихсон” байсан гэдэг. Сар шинийн барилдаанд шуугиан тарьж гарч ирж буй бөх ус нутгийн олноо ямар их баярлуулдаг гэж санана. Хэдэн жилийн өмнө дөө, Мөнгөнбаатарыг түрүүлэхэд наран ургах зүг Сүхбаатар нутгийнхан мөн ч их баярлацгааж байлаа. Тэр жил Доржсамбуу гарьдаа түрүүлэхэд Булган хангай нутгийнхан аанай л баярлалдаж, ус нутагтаа очин шинэлж байхад хүн бүхэн нэг л их баяр хөөртэй, бүгд л түрүүлчихсэн мэт ид хавтай байж билээ. “Хоёр Мөнхийн хэн нь түрүүлэх бол, Данигай (Дамдин) аварга ч хариагүй ид л байгаа шүү дээ, за тэгээд Чойжилсүрэн, “тэмээ өргөдөг” Жамъяндорж, Эрдэнэ-Очир, Сосорбарам, Мижиддорж, Өмнөговийн Дэмүүл гээд аатай хэдэн арслан байна. Цэрэн, Бээжин аваргууд ч баллана даа” гэх яриа далаад оны эхэн үед газар авч байсан цаг. Тухайн он жилүүдэд эдгээр хүчтэнүүдээс гадна Дагвасүрэн, Хайдав, Долгорсүрэн, Лундаа, Өвгөнхүү гээд мөн л аварга амьтад ар араасаа төрөн гарч ирж байсан.
Далан зургаан онд Мөнхбат аварга тав дахиа түрүүлж Сосорбарам арслан үзүүрлэж байсан. Төв аймгийн хоёр хүчтэнтэй их шөвгийн гуравт Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын заан Дасрангийн Мягмар начин цолтой үлдэж байлаа. Мягмар заан Ёндонгийн Ишгэнээр дөрөв, Дүгэрийн Цэрэндашаар тав, Жамбалын Хайдаваар зургаа давж шөвгөрөөд Мөөеө аваргад тахимаа өгч байсан. Төв аймгийн хүчтэнүүд түрүү үзүүр булаалдсан наадамд “Бүрэнгийн бүдүүн гуят” гэгддэг Мөнхийн Загдсүрэн начин Хэнтийн Барамсай заанаар гурав, Сэрээтэрийн Цэрэн аваргаар дөрөв давж байсан удаатай. Далаад оны сүүл үеэс хоёр Мөнхийн халааг “Алдар”-ын тамирчид болор Цэрэнтогтох, Хадаа нар залгаж авсан байна. Тухайлбал, далан найман оны сар шинээр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Дашдоржийн Цэрэнтогтох аварга заан цолтойдоо хоёр Мөнхийг дараалуулж өвдөглүүлээд түрүүлж байсан түүхтэй.
Цэрэнтогтох аварга тэр жилийнхээ наадамд Дамдин, Баянмөнх, Мөнхбат аваргуудыг 7-9 даваанд дараалуулж орхин түрүүлж Улсын арслан цол хүртэж байсан юм. Тэр жилийн гурвын давааны төгсгөлд Ё.Ишгэн Дундговийн “харлаг” хэмээх Жавзмаа начинтай, Д.ЦэндАюуш Архангайн Гүсэмийн Жалаа начинтай, З.Дүвчин Цэвээнжавын Ванчигцэрэн начинтай тус тус хүч үзсэн байна. Ишгэн, Цэнд-Аюуш, Дүвчин нарын заанууд начин цолтой байсан үе юм. Далаад оны төгсгөл наяад оны эхээр Булганы Дэндэвийн Амгаа, ГовьАлтайн Рэгжийбуугийн Давааням, Өвөрхангайн Ёндонгийн Ишгэн, Зэвэгийн Дүвчин, Увсын Өлзийн Тулгаа нарын хүчтэй заануудтай БаянӨлгийн Однойн Бахыт, Ховдын Адуучийн Баатархүү, Булганы Жамцын Бор, Дундговийн Цэгмидийн Улаанхүү, Өмнөговийн Дашдуламын Багахүү, Өвөрхангайн Довдонгийн Дашжамц, Сүхбаатарын Жанцангийн Чулуун гээд ёстой л нөгөө “боодогны чулуу” шиг барихад халгамаар нөхдүүд ихэвчлэн тунадаг байсан. Дээр нь Бандийн Ганбаатар арслан, Дамдингийн Баяраа гарьд нар нэмэгдэж таарна.

Үргэлжлэл бий