Categories
мэдээ цаг-үе

Хабиб зодолдсонгүй. Яагаад вэ

-ЭНЭ ЖИЛИЙН ХАВРЫН УЛИРЛЫГ ЧИМЭХ ЁСТОЙ БАЙСАН ХАМГИЙН ҮЗҮҮШТЭЙ, СОНИРХОЛТОЙ ТЭМЦЭЭН ХАЧИН УТГАГҮЙ ШАЛТГААНААС БОЛЖ ХОЙШЛОГДЛОО-

“Би өглөөнөөс үдэш хүртэл бэлтгэл хийж зөвхөн энэ өдрийг хүлээж байлаа. Намайг дэмждэг үнэнч хөгжөөн дэмжигчид минь, би зөвхөн та нарыгаа баясгах гэж тэмцэж байсан юм шүү. Та нартаа үргэлж баярлаж явдаг. Намайг уучлаарай. Надаас үл шалтгаалах, амалж үл чадах хүчин зүйлс байх юм гэдгийг ойлгоорой”

Сүүлийн үед спорт сонирхогчид, тэр дундаа залуучуудын анхаарлыг тун их татах болсон тэмцээн бол яах аргагүй холимог тулаан буюу ММА билээ. Бүтэн биеийн контакттай зодооны төрлүүдийг бөх, жүдотой хольж, хориглох чиглэлийн хамгийн бага дүрэм дор үзэлцдэг энэ спорт хөгжөөд удаагүй байгаа ч гэлээ өнөө цагт боксоос ч илүү залуу үеийнхнийг “шууруулах” болсны шалтгаан юу вэ. Тун энгийн. Энд жинхэнэ эрчүүд, жинхэнэ тулаанаар “ясаа цайтал” тулалдаж чаддаг учраас хэмээн тайлбарлах нь бий. тэгээд ММА-гийн төрлөөр тэмцээн явуулдаг UFC хэмээх байгууллагын тулаанчдын нэр хүнд асар их өсч, тэдний зодооныг үзэгчид тэсэн ядан хүлээдэг болжээ. ийм нэг тэмцээний оргил нь болох оху-ын хабиб нурмагомедов, Ану-ын тони Фергюсон нарын зодоон өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдох байсан юм. овоо хэдэн сарын туршид хэвлэл мэдээллээр “байлдаж” хөгжөөн дэмжигчдийгээ бэлэн байдалд оруулаад байсан уг тэмцээн эхлэх хугацаанаасаа хэдхэн цагийн өмнө цуцлагдаж буйгаа зарлаж түмэн олныг гайхшруулав. жингээ зохих хэмжүүр хүртэл хасч чадаагүй, хасахын тулд саунд сууж байхдаа ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэн тэндээ “бөөрний ажиллагааны дутагдал, бүрэн хэмжээний сулралтай” гэсэн онош тогтоолгон тэмцээн эхлэхээс гуравхан цагийн өмнө энэ хаврын хамгийн хүлээлттэй, олны сонирхлыг тоймгүй татаж байсан тулааныг үгүй хийлээ. Яаж ийм “тахир дутуу” хүн UFC-гийн шилдэгт тооцогдон мөн л шилдгүүдийн нэгт нэрлэгддэг Фергюсоны эсрэг зодолдох байсан юм болоо гэдэг эрүүл асуулт заавал босно оо доо. Тэгэхээр жин хасна гэдэг юу вэ, жингээ хассан тамирчин хэр хугацааны дараа сэргэлт авч өрсөлдөх хэмжээнд очдог вэ гэдэг асуултууд бас ургах бололтой. ингээд хабибын талаар оросын нэгэн хэвлэлд хэрхэн өгүүлснийг толилуулъя.

Хабиб өнөөдөртөө хөнгөн жинд (70,3 кг) зодолддог. Тэр энгийн үедээ бараг л 90 кг орчмын жинтэй байдаг гэлцдэг. түүний ярьснаар бол бэлтгэл их хийгээд штанганд удаан суугаад ирэхлээр булчингийн масс их нэмэгддэг юм гэнэ лээ. тэмцээн эхлэхээс өмнө хэрхэн жингээ хасдаг тухай өөрийнх нь үгийг сонсъё.

“Би одоо 85 кг-ын жинтэй байгаа. тэмцээн эхлэхээс сарын өмнө өглөө, өдөр, орой эрс шахуу бэлтгэл хийгээд байвал 81 кг хүртэл жин буудаг. тэмцээнээс хорь хоногийн өмнө хоолны дэглэм сахиж 4-5 кг хасдаг. Энэ үед зөвхөн жимс, салат, ногоо идэж ус ууна. хийжүүлсэн ус, гурилан хоол хасагдлаа гэсэн үг. Бас мах хасагдаж загас л хааяа иднэ. долоо хоног үлдсэн үед өдөрт зөвхөн найман литр ус ууж байгаад нэг хоногийн өмнө больдог юм. тэгэхэд бие махбодь устайгаа хамт дөрөв орчим кг жинг “гадагшлуулчихдаг”. Үлдсэн 3-4 кг жин бол миний жинхэнэ зовлон шүү дээ. Холын зайд гүйх, саунд суух, уураар цохиулах гээд хачин их зовлонтой аргуудыг хэрэглэнэ.

Харин жин дээр зогсохоос хэдхэн цагийн өмнө жиндээ орж чадаагүй байвал зүрх зогсоох дөхдөг битүүрэх аргыг л хэрэглэхээс аргагүйд хүрдэг” гэж ярьж байсан. тэр нэгэнт л ингэж зовлон чирч жиндээ ордог юм бол жин өгсөөд зодолдох юм уу, эсвэл эртнээс жингээ хасч болдоггүй юм уу гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Энд бас нэг нууц байдаг юм байна. Хабиб шиг хүмүүс их жинг бага хугацаанд хасаад хүнээр түшүүлэх нь холгүй жинлүүр дээр зогсож зохих хэмжээст багтаж чадсан аваас маш бага хугацаанд сэргэлт авдаг. хэтрүүлж хэлэхэд хувцас солих өрөөнд ороод жаахан амраад бага сага юм идчихэд л “босоод” ирдэг. Зовлон байхгүй эртээ жиндээ орсон өрсөлдөгчөө бодвол ийм хүмүүс сэргэхдээ чадал чансаа, булчингийн масс нь хамаагүй илүү болчихдог давуу талтай гэнэ. Сөрөг тал нь хэт их жин хассанаасаа болж бүрэн сулралд орох. Хабибд яг ийм юм тохиолдож. тэгээд ч нурмагомедовын баг тамирчнаа ухаан алдах үед буруу эмнэлэгт хандаж хугацаа, боломжоо алдсан. Манай эмнэлгийн штаб руу залгасан бол бид босгож чадах байлаа гэж UFC-гийн ерөнхийлөгч дэйн уайт хэлсэн байна лээ. Ямар ч байсан хүсэн хүлээж байсан тун сонирхолтой тулаан нэг иймэрхүү асуудлаас шалтгаалан хойшлогдлоо. Эсвэл хэзээ ч тулалдахааргүй болж байж ч магадгүй.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Э.Анар: Төв банкнаас төлбөрийн системд хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарч байна

Монголбанкны Төлбөр тооцоо бүртгэлийн газрын захирал Э.Анартай ярилцлаа.


-Төлбөрийн систем гэж юу вэ. Яагаад төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих нь Төв банкны үндсэн үйл ажиллагааны чиг үүрэгт хамаардаг гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Төлбөрийн систем гэж юу болохыг маш товчоор хэлбэл, энэ нь эдийн засаг дахь хурдны зам юм. Тодруулбал, төлбөр гүйцэтгэгчээс илгээсэн төлбөрийг хурдан, найдвартай хэлбэрээр төлбөр хүлээн авагчид хүргэж өгдөг систем гэж ойлгож болно. Эдийн засаг дахь бараа, ажил, үйлчилгээний худалдаа, худалдан авалтын төлбөрийг бэлэн бус хэлбэрээр хийхдээ төлбөрийн системээр дамжуулан гүйцэтгэдэг. Иймд, төлбөрийн системийн үйл ажиллагаа нь төлбөр тооцооны харилцаа үүсч байгаа нийгмийн бүх давхарга, хувь хүн, байгууллага төрийн байгууллагыг хамарч байдаг. Энэ утгаараа төлбөрийн системийн найдвартай, тасралтгүй ажиллагаа нь санхүүгийн тогтвортой байдлыг хангах, төгрөгт итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг бэхжүүлэх үндсэн зорилготой байдаг.

Төлбөрийн системээр хийгдэж байгаа гүйлгээний 2016 оны статистик мэдээнээс үзэхэд нийт 1.6 сая гүйлгээ хийгдсэнээс 97 хувийг бага дүнтэй гүйлгээ эзэлж байна. Энэ нь дүнгийн хувьд бага боловч хамрах хүрээний хувьд иргэд, олон нийтийг илүү хамардаг, 24/7 зарчмаар ажиллаж байгаа бага дүнтэй гүйлгээний системийн ач холбогдлыг харуулж байна.

Төв банкнаас хэрэгжүүлж буй төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх гол суваг нь төлбөрийн систем байдаг. Өнөөдрийн байдлаар их дүнтэй төлбөр тооцооны системээр хийгдэж байгаа өдрийн гүйлгээний дүнгийн 60 орчим хувийг төв банкны гүйлгээ эзэлж байна. Статистик мэдээнээс үзэхэд 2016 оны байдлаар нийт 157.8 их наяд төгрөгийн гүйлгээ хийснээс 100 орчим их наяд төгрөгийн гүйлгээг Төв банк хийжээ. Иймд, их дүнтэй төлбөрийн системийн тогтвортой, шуурхай ажиллагаа нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах гол нөхцөл болдог.

-Монголбанк санаачлан Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл бэлтгэн УИХ-д өргөн барьсан шүү дээ. Энэ хуулийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл хүргэхгүй юү?

-Одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжид төлбөрийн системийн үйл ажиллагаа, түүнд оролцох эрх бүхий этгээд болон Төв банкны гүйцэтгэх үүрэг ба хяналтыг тусгаагүй байдаг. Техник, технологийн дэвшлийг дагаж төлбөрийн системийн үйл ажиллагаа өргөжиж, шинэ төлбөрийн хэрэгсэл, төлбөрийн үйлчилгээ бий болж байгаа тул төлбөрийн системийн үйл ажиллагааг бүхэлд нь цогц байдлаар зохицуулах шаардлагатай байна. Түүнчлэн, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд Төв банкнаас төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт тавих эрх үүргийг хуульчлах зайлшгүй шаардлага гарч байна.

-Тэгвэл Монгол Улсын төлбөрийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Монголбанк, Дэлхийн банктай хамтран техник туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд “Монгол Улсын үндэсний төлбөрийн системийг хөгжүүлэх стратеги”-ийг 2016 онд батлан гаргалаа. Энэхүү баримт бичиг нь Монгол Улсын төлбөрийн системийг олон улсын стандартад нийцүүлэн хөгжүүлж, боловсронгуй болгох дунд хугацааны төлөвлөгөө юм. Түүнчлэн, Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны туслалцаатайгаар “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд Монголбанкны дотоод төлбөр, тооцооны систем, бага дүнтэй гүйлгээний системийг тус тус шинэчилж, банк хоорондын их дүнтэй гүйлгээний “Банк сүлжээ” систем, бага дүнтэй гүйлгээний системийг шинэчилснээр багц гүйлгээг нэг дор илгээх, харилцагчийн зөвшөөрөлтэйгөөр дебит гүйлгээг гүйцэтгэх зэрэг төлбөр тооцооны шинэ боломжийг бий болгох юм.

-Цахим мөнгө, төлбөрийн картад олон улсын стандартыг нэвтрүүлнэ гэж байгаа. Ямар стандарт нэвтэрснээр ямар өөрчлөлт орох вэ?

-Төслийн хүрээнд төлбөрийн ₮ карт”-ыг олон улсын стандартын дагуу чиптэй болгоно. Энэхүү чип стандартыг нэвтрүүлснээр “₮ карт”-ын гүйлгээнээс гарах эрсдэл буурч, хулгайн болон залилан мэхлэх гүйлгээг хийх боломжгүй болох юм. Мөн чип технологид суурилсан төлбөрийн картыг зайнаас уншуулж төлбөр гүйцэтгэх стандартыг нэвтрүүлж байгаа.

-Үндэсний төлбөрийн системийн хууль эрх зүйн орчинг зөв бүрдүүлж чадвал санхүүгийн хөгжлийн зөв, шинэлэг ажлын эхлэл гэж үздэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Өнөөдрийн байдлаар төлбөрийн системийн хууль, эрх зүйн орчин тодорхойгүй байгаагаас төлбөрийн системийн үйл ажиллагаанд хэн, хэрхэн оролцох, ямар шалгуур тавигдах, хариуцлага, хяналтыг хэрхэн тогтоох зэрэг нь хуульчлагдаагүй тул төлбөр тооцооны шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, төлбөр тооцооны үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломж хязгаарлагдмал байна. Хууль зүйн орчинг тодорхой болгосноор техник технологийн дэвшилд суурилан энэхүү салбар маш хурдацтайгаар хөгжиж, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах шинэ хэрэгсэл, шинэ боломж бий болж, төгрөгт итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ.

-Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаар одоогийн мөрдөж байгаа төлбөр тооцооны шимтгэлд ямар өөрчлөлт орох вэ?

-Хууль батлагдсанаар банкуудын үзүүлж байгаа төлбөр тооцооны үйлчилгээний шимтгэлд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй.

-Тэгвэл одоогийн хуулиар төлбөр тооцооны шимтгэлийг банкууд өөрсдөө тогтоодог. Харин хууль батлагдсанаар Монголбанкнаас төлбөр тооцооны шимтгэлийн дээд хязгаарыг тогтоох зохицуулалтыг багтаасан гэж байгаа. Ингэснээр ямар үр дүн гарах вэ?

-Хууль батлагдсанаар төлбөр тооцооны үйлчилгээнд бодит бус, хэт өндөр шимтгэлийг тогтоохоос сэргийлэх, нэг үйлчилгээнд хоёр банк оролцож байгаа тохиолдолд шимтгэлийг хэрхэн хуваарилах, шинэ үйлчилгээг дэмжих зорилгоор түүнээс авах шимтгэлийг хэт бууруулахгүй байх зэрэг зохицуулалтыг Монголбанк хийх боломжтой болж, төлбөрийн системээр үйлчлүүлж байгаа харилцагчийн эрх ашгийг хамгаалах юм.

-Өнгөрсөн онд 2016 онд банк хоорондын цахим худалдааны төлбөр тооцоог дамжуулдаг болсон. Энэ нь ямар давуу талтай, үүн дээр ямар шинэчлэл нэмэгдэн орж байгаа вэ?

-Банк хоорондын цахим худалдааг нэвтрүүлснээр аливаа худалдаа эрхлэгч нь өөрийн цахим хуудсыг заавал бүх банктай холбох шаардлагагүй, зөвхөн нэг банктай холбон төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлснээр бүх банкны (ХААН банкнаас бусад) картаар төлбөр хүлээн авах боломжтой болсон. Цаашид цахим худалдааг ашиглан олон улсад худалдаа хийх, бараа үйлчилгээгээ борлуулсны төлбөрийг нь хүлээн авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр үндэсний үйлдвэрлэгчид олон улсын зах зээлд өрсөлдөх боломж нээгдэх, гадаад валютын орох урсгал нэмэгдэх сайн талтай гэж бид үзэж байгаа.

-Цахим картын үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлж, интернэт үйлчилгээг хөгжүүлэх олон заалт туссан байгаа гэсэн. Тухайлбал, ямар заалт туссанаар ямар үр дүнтэй байх вэ?

-Картын болон интернэт үйлчилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх талаар тусгайлан заасан заалт, зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үүнийг Монголбанкнаас тогтоох журам, заавраар зохицуулах нь зүйтэй байх.

-Монголбанкны зөвшөөрөлтэйгөөр “Төгрөг” гэдэг нэртэй төлбөрийн карт гарч байгаа. Энэхүү картыг улам боловсронгуй болгох талаар ямар санаачилга гарч байгаа вэ?

-Үндэсний төлбөрийн карт “₮ карт”-ыг 2012 онд Монголбанкнаас санаачлан, шинээр нэвтрүүлж, дотоодын зах зээлд ашиглаж эхэлсэн. Монголбанкны санаачилгыг банкууд дэмжиж, “₮ карт”-ыг өргөнөөр ашиглаж эхэлсэн бөгөөд өнөөдөр нийт төлбөрийн картын зах зээлийн 70.3 хувийг “₮ карт” дангаар эзэлж байна. Олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагатай хамтран “₮ карт”-ыг хосолсон брэнд хэлбэрээр гаргах боломжийг Монголбанкнаас 2014 онд нээж өгснөөр банкууд хосолсон “₮ карт”-ыг гаргаж, “₮ карт” олон улсад гадаад валютын төлбөр, тооцоонд ашиглагдах болсон. Үүний хамгийн тод жишээ нь “₮ карт” Union Pay International (UPI) хосолсон брэнд карт бөгөөд энэ картыг эзэмшигч нь UPI-ийн сүлжээ орсон бүх оронд өөрийн “₮ карт”-ыг саадгүй ашиглах боломжтой юм. Монголбанк нь олон улсын төлбөрийн картын үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллагатай хамтран хосолсон “₮ карт” гаргаж олон улсад хэрэглэх боломжийг улам нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

-Шинэ хуульд төлбөрийн системийг боловсронгуй болгож шинэчлэхээс гадна Үндэсний төлбөрийн системийн ил тод байдлыг дэмжсэн ямар өөрчлөлт орж байгаа вэ. Ер нь төлбөрийн системийн ил тод байдал, шилэн байх тухай асуудал яригддаг уу?

-Төлбөрийн системд баримтлах бодлого, үйл ажиллагааны журам, нийт төлбөрийн системийн статистик мэдээг Монголбанк цахим хуудсандаа олон нийтэд ил тод байршуулдаг. Төлбөрийн системээр дамжиж байгаа гүйлгээний ихэнх хувь нь иргэд, хувь хүн, хувийн байгууллагын гүйлгээ байдаг бөгөөд эдгээрийн нууцлал нь хуулиар хамгаалагдсан байдаг учир шилэн байлгах боломжгүй. Иймд төлбөрийн системийн үйл ажиллагааг ил тод байлгах асуудал хурцаар тавигдаж байгаа гэж бодохгүй байна.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

Мими гэдэг нунтаг бодис хэрэглэгчдийн тоо өсчээ

Мими гэх бодис нь кафейн буюу сэргээш агуулсан, донтуулах бодис аж. Түүний 90 хувьд агуулагдах кафейн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад албан ёсоор ороогүй боловч хүний төв мэдрэлийн системд нөлөөлж, хүнийг нойргүйжүүлэх үйлчилгээтэй юм байна. Уг бодисыг удаан хэрэглэвэл тархины наалданги, булчингийн сулрал үүсгэж, аажмаар үхэлд хүргэдэг гэнэ. Манай улсад уг бодисыг хэрэглэгчийн зах зээл аль хэдийнэ бий болчихжээ. Үүгээр ч зогсохгүй мансуурагчдын тоо өсөх хандлагатай байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн юм. Тухайлбал, Орон нутгийн эх сурвалжийн мэдээллээр Өмнөговь аймаг дахь Шивээ хүрэн, Гашуунсухайтын боомтоор нүүрсний экспорт хийдэг жолооч нар холын замд ядрах, физиологийн хувьд сульдах үед уг өөрчлөлтүүдээ даван туулахын тулд богино хугацаанд сэргээх үйлчилгээтэй мими мансууруулах төрлийн бодисыг хэрэглэдэг гэв. Гашуунсухайтын боомт орчимд нэг удаагийн хэрэглээний мимиг 2000 төгрөгөөр худалддаг гэх мэдээлэл байна. Мөн Өмнөговь аймгийн зарим айл өрх, гэр гуанзанд хүртэл дээрх бодисыг хямд үнээр худалддаг болсноор багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Анх энэ бодисыг нүүрс тээвэрлэдэг хятад жолооч нар хэрэглэдэг байсан бол 2008 оноос эхлэн монгол жолооч нар мэр сэр хэрэглэдэг болсон. Эхэндээ Ханбогд, Цогтцэций, Гурвантэсээс нүүрс тээвэрлэдэг жолооч нар хэрэглэдэг байсан. Энэ хэрээр хэрэглээ улам тэлж, тус аймгийн төвийн айлууд дээрх бодисыг худалдаалдаг болжээ. Сүүлийн үед хүүхдүүд хэрэглэх болсон. Тиймээс энэ бодисын хэрэглээг дотооддоо хууль тогтоомжоор зохицуулах хэрэгтэй” хэмээн онцолж байлаа.

Мими хэмээх бодисыг зарж борлуулдаг бүлэглэл бий болжээ

Мими хэмээн нэрлэх нунтаг цагаан бодисыг Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь аймагт хүн бүр сайн мэддэг, нийслэлд ч их хэрэглэх болсон байна. Уг бодисыг хар тамхины нэг төрөл гэж ойлгож болно. Түүнийг Таван толгойн нүүрс тээвэрлэдэг жолооч нар нэг кг-ыг нь урд хөршөөс найман мянган юаниар худалдан авч дотооддоо оруулж ирээд хоёр граммыг нь таван мянган төгрөгөөр борлуулдаг юм байна. Ийм төрлийн наймаа 2000 оноос анх Өмнөговь аймгийн хилээр орж ирж, тэр цагаас хойш дөрвөн бүлэглэл уг бодисыг оруулж ирэн дамладаг болж. Тухайн үед цагдаагийнхан мэдэхгүй байсан уу, эсвэл мэдэн будилсан уу энэ хэргийн мөрөөр тэр бүр орохгүй байсан аж. Ингээд нутгийн иргэдээс “Залуучууд энэ бодисыг ихээр хэрэглэж, гэртээ хонохгүй, эсвэл хэрэглэсний дараа хэдэн хоногоор унтахгүй” байна хэмээн гомдол гаргаснаар 2012 оноос мими хэмээх бодисын аюул, хор уршиг нь олон нийтэд ил болсон байна. Ганц Өмнөговь ч биш, дээр дурдсан хэд хэдэн аймагт энэ бодисын наймаа газар авах болсон нь Цагдаагийн ерөнхий газар энэ хэргийн мөрөөр мөрдөж эхлэх болсон шалтгаан нь аж. Тухайлбал, Таван толгойн нүүрс тээвэрлэдэг хоёр жолооч оруулж ирж байгааг илрүүлэн шалгаж эхэлсэн. Хэдийгээр хоёр хүн байсан ч ийм төрлийн наймаа эрхлээд багагүй мөнгө олж байгаа 20 орчим монгол, урд хил дээр мими нунтгийг монголчуудад бөөнддөг хэд хэдэн бүлэг хятадууд байгааг иргэдийн ам дамжсан мэдээллээр цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Мими нунтгийг жолооч нар анх дамжуулан хэрэглэж байсан бол өдгөө өсвөр насны охид, хөвгүүд ч хэрэглэх болжээ. Залуус хэрэглэж байгаа тохиолдол Дундговь аймагт мөн бүртгэгдсэн байна. Ямартай ч хар тамхины хэргүүдийн хажуугаар жижиг гарын мими нунтгийн наймаа газар авч байгааг цагдаагийнхан эхнээс нь илрүүлж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.

Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.


-Мими хэмээх нунтаг бодисыг хэрэглэх хэрэглэгчдийн тоо өссөн байна. Энэ асуудал дээр хэрхэн хяналт тавьж байна, шалгаж байгаа юу?

-Цагдаагийн байгууллага хяналт тавьж байгаа. Монгол Улсын хилээр хууль бусаар эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн хүмүүсийг шалгаж байна. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газар хяналтдаа авч хууль бус бодис хэрэглэж байгаа болон иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийсэн. Иргэдээс ирсэн гомдол мэдээллийг баримтжуулан шалгах ажлууд хийгдээд явж байна.

-Мими бодис нь хар тамхины төрөл үү?

-НҮБ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтад байгаа зүйлсийг мансууруулах бодис гэж үздэг. Тэрхүү бодисын жагсаалтад Мими гэх бодис байдаггүй. ДЭМБ-аас хор хөнөөлийг нь судалж үзээд хүн хэрэглэж болно гэсэн зүйлийг эм гэж нэрлэдэг. Мими бодисыг албан ёсоор зарахыг хүлээн зөвшөөрөөгүй. БНХАУ-д үүнийг мансууруулах бодис гэж үзсэн байдаг. Нэг ёсондоо нойр хүргэдэггүй, ядраадаггүй гэх сэргээшийн төрлийн бэлдмэл юм. Уг бодисыг юунаас гаргаж авсан нь тодорхойгүй, хор хөнөөлийг нь нэг ч эрүүл мэндийн байгууллага судлаагүй байна. Хүмүүс тодорхойгүй ийм бодисыг өөрийнхөө бие дээр туршиж үзээд байх юм. Тиймээс иргэд өөрийнхөө эрүүл мэндийн төлөө бодолтой, ул суурьтай хандах хэрэгтэй. Ойрын ганц, хоёр жилдээ хор уршиг нь мэдэгдэхгүй байж болно. Нас ахихаар хорт хавдар үүсгэнэ гэдгийг сайн бодох хэрэгтэй.

-Цаашид цагдаагийн байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Цагдаагийн байгууллага иргэддээ аливаа эрсдэл, гарз хохирлыг амсуулахгүйн тулд байнга урьдчилан сэргийлж, сэрэмжлүүлж, анхааруулж байдаг. Ер нь хувь хүн бүр өөрийнхөө төлөө ухамсартай байх хэрэгтэй. Хамгийн гол нь иргэн хүн бүр эрүүл энх, аюулгүй орчинд амьдрах ёстой шүү дээ. Тиймээс иргэдийгээ амар хялбар зүйлийг ашиглаж битгий эрүүл мэндээрээ хохирооч ээ гэж хэлье гэв.

Допинг, сэргээш болон адил төстэй бэлдмэлийг анхандаа тураал, хэвтэрт орсон, эсвэл хүнд хагалгаа хийлгэсэн хүний биеийг богино хугацаанд сэргээх, тэнхрүүлэх зорилгоор гаргаж авч хэрэглэдэг байсан. Харин одоо хүмүүс их ядарсан үедээ сэргээшийн төрлийн бэлдмэлийг хамаагүй хэрэглэдэг болж. Энэ нь өнөөдөр иргэн та эрүүл байгаа ч, цаашдаа таны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг сайн бодох хэрэгтэй. Монгол хэлнээ сэргээш хэмээн орчуулагдсан допинг нь түр хугацаанд хүн амьтны эд эсийг сэргээх ч хожим эрүүл мэндэд маш хортой нөлөө үзүүлдэг болох нь батлагдаж, нотлогдсон байдаг.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Итгэл, зүтгэлээр жигүүрлэсэн он жилүүд буюу “нефть”-ийн гавьяат Б.Сүхбаатар

Б.Сүхбаатар зурган илэрцүүд

Нефть байхгүй бол хүн төрөлхтөний хэрэглэж буй өдөр тутмын зүйлсийг хэрхэн бүтээхийг төсөөлөшгүй. Бидний унаж буй машин, барьж буй утас, бичиж буй бал гээд нефтьгүйгээр бүтсэн зүйл нэн ховор…Энэхүү нэн чухал бөгөөд хариуцлагатай салбарт өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс дунд ажиллаж буй эрхэм бол “Нефтийн Сүхбаатар” мөн. Учир нь тэрээр салбартаа дархлагдсан “Дархан Аварга”, энгийн даруу атлаа “Эрхэм” нэгэн. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат Эдийн засагч гэх цол тэмдгээр энгэрээ мялаах мөчид түүний сэтгэлд нь, зүрхэнд нь бичигдсэн нефтийн салбарын талаар цөөн хором хөөрөлдлөө. Ингээд “Сод Монгол Групп” ХХК-ийн Худалдаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Б.Сүхбаатарын ярилцлагыг хүргэж байна.


-Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм нэр хүндтэй шагналыг гардан авсан танд баяр хүргэе.

-Баярлалаа. Нефть хангамжийн салбарт 30 гаруй жил ажиллаад өнөөдөр Монгол Улсын Гавьяат Эдийн засагч хэмээх эрхэм хүндтэй шагналыг авлаа. Би улсад нийт 40 гаруй жил ажилласан бөгөөд үүнээс 30 гаруй жил тасралтгүй нефть хангамжийн салбарт ажилласан байна.

1992-98 ОНЫ ХООРОНД 18 АЙМГИЙН 370 ГАРУЙ СУМАНД ШТС БАРЬЖ БАЙВ

-Анх 1976 онд Нефть хангамжийн төв бааз гэж нэг байгууллагатай. Бусад нь орон нутгийн харъяалалтай ийм л байгууллага байсан. Удалгүй 1978 онд Нефть хангамжийн удирдах газар, Тээврийн яамны дэргэд байгуулагдаж, нефть хангамжийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх анхны суурь тавигдсан юм.

1990 онд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих түүхэн үед нефтийн салбарын хөгжил ч бас өөрчлөгдсөн. 1991 онд Нефть хангамжийн нэгтгэл байгуулагдаж, улсын хэмжээнд шатахууны бие даасан бодлого боловсруулах, гадаад дотоодын худалдаагаа бие даан хийх түүхэн таатай боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нефтийн ситем нэг компани болж чадаагүй.

1991 оноос эхлээд хуучин социолизмын үеийн тогтсон бүтэц задраад нефтийн бүтээгдэхүүний хангамж, үйлчилгээ гээд бүх зүйлийг гардан хийх болсон. Ийм л хүнд үед бидэнд гадагшаа хийх төлбөр тооцоо хийх санхүүгийн эх үүсвэр байхгүй хүндрэл үүсч байлаа Үүнийг шийдвэрлэхийн тулд орон нутгийн бүх нефть баазыг Нефть хангамжийн нэгдлийн харъяа, босоо удирдлагын тогтлолцоотой байгууллага болгосон. Ингэснээрээ орон нутагт борлуулсан борлуулалтын бүх орлого нэг дор төвлөрч, шатахуун авах дотоодын мөнгөний эх үүсвэртэй болж чадсан. Эндээсээ орон нутгийн нефть хангамжийн бааз, салбаруудад төсөв олгодог болсон. Ингэж эхний том өөрчлөлтийг хийсэн. Өөрөөр хэлбэл, нефть гэдэг айл улсын хэмжээнд нэг компани болж чадсан. Гэтэл хөдөө аж ахуйн нэгдэлд байсан шатахуун түгээх станцууд нэгдлийн өмч. Тэгэхээр тэнд шатахуун түгээх, зарж борлуулах, хүн байхгүй. Гэтэл биднийг суманд шатахуун хүргэж өгөхгүй байна гэдэг шүүмжлэл Засгийн газраас ирсэн. Ингээд тухайн үеийн Хөдөө, аж ахуйн сайд Ц.Өөлдтэй уулзаж, хөдөө орон нутгийн бүх шатахуун түгээх станцуудаа манай байгууллагад шилжүүлбэл бид улсын хэмжээнд шатахуунаар хангах боломжтой болно. Хоршооллын өмчид шатахуун өгөхөөр нэгдэл тарсан учраас авдаг хүн алга, борлуулаад мөнгийг нь өгдөг хүн алга. Ингээд Хөдөө аж ахуйн яам шийдвэр гаргаж, орон нутгийн 215, Сангийн аж ахуйн 88 шатахуун түгээх станцыг манай байгууллагын харьяанд шилжүүлсэн. Гэтэл бодит байдалд бид нэг сав, нэг хүн л хүлээж авч байж билээ. Ингээд бид 1992 -1998 он хүртэл 6 жилийн хугацаанд 18 аймгийн 370 гаруй суманд ШТС барьж, бүх стандартыг бий болгосон. Энэ ажилд манай нефтийн салбарын удирдлагууд бүгд гар нийлж

сайхан ажилласны үр дүнд нефтийн нэгдсэн том сүлжээ Монгол Улсад үнэ цэнэтэй том компани болж чадсан. Энэ түүхэн үүргийг гүйцэтгэснийг минь өндрөөр үнэлсэн гэж бодож байна. Нөгөө талдаа энэ салбарт ажиллаж алтан сайхан үеэ өнгөрөөсөн олон сайхан буурлууд, өнөөдөр ажиллаж байгаа олон сайхан залуусын ажлыг д авхар үнэлсэнд баяртай байна.

УЛСЫН ӨМЧИЙГ ЭЗЭНТЭЙ, БҮРТГЭЛТЭЙ БОЛГОСОН ТЭДНИЙ ГАВЬЯАГ ТӨР МАРТАХГҮЙ!

-Би Төрийн өмчийн хороонд найман жил ажилласан. Энэ хугацаанд нийт ажилтнуудынхаа хүчээр бид хамтдаа төрийн өмчийн бүртгэл, тайлан мэдээллийн нэгдсэн тогтлолцоог бий болгож чадсан. Өөрөөр хэлбэл, төр өмчөө жил бүр тайлан бланс гаргаж, улсын хэмжээний 5800 байгууллагын өмчийн балансыг нэгтгэж, нэгдсэн санхүүгийн тайлан гаргах боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ ажлыг маань ч гэсэн үнэлж, өнөөдөр Гавьяат эдийн засагч цол хүртээсэн гэж ойлгож байгаа. -1996 онд Төрийн өмчийн хорооноос нефтийн хувийн компаниудаа дэмжин, зах зээлд өрсөлдөгч бий болгох чиглэлээр даалгавар өгч ажиллуулж байв. Хувийн компанийн шатахууныг авч хадгалах, гадаад зах зээл олж өгөх, дотоодын зах зээлийн тодорхой хувийг тасалж өгөх, шатахуун борлуулахад нь туслах, шаардлагатай бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр дэмжиж, өнөөдрийн нефтийн компаниуд үүсгэн байгуулагдаж байсан юм.

-Ажил мэргэжил гэдэг хүний хувь тавилангаар зурсан зураг биш харин сонголт байдаг. Та нефтийн салбарт орсон шалтгаан нь юу байв

-Намайг Санхүү эдийн засгийн техникумд сурч байхад Тээврийн яаманд баримтын шалгалт хийлгэхээр дуудсан. Ингээд шалгалт хийж дуусахад “Маш сайн” гэсэн үнэлгээ авч байсан. Удалгүй Шатахуун тээврийн нэгдүгээр баазад баримтын шалгалт дахин хийхээр үүрэгдэв. Гэтэл залуухан Сүхбаатар нэг жолооч давхар падаан оруулсныг илрүүлээд, давхар нефть баазад шалгуулж, баталгаажуулахад дахин зөрчлүүд илэрсэн. Тэгээд Нефть баазын дарга Жамц гуай өрөөндөө намайг дуудаж билээ. Залуу хүн эрч хүчтэй яваад очлоо. Гэтэл үүдэнд нь Тээврийн яамны санхүүгийн ахлах мэргэжилтэн Ванган гэдэг хүн бас ирсэн байна. Тэгсэн надад хөдөлмөрийн дэвтэр нээж өг, төгсөөд шууд Нефть баазад ажилла гэсэн үүрэг өгчихлөө. Ингээд сургуулиа төгсөөд Нефть баазад ажиллах болсондоо. Энэ цагаас хойш өнөөдрийг хүртэл түүхэн амьдралыг туулж явна. Энэ хугацаанд 1983-1990 он хүртэл хоёрдугаар гарын үсэг зурдаг байлаа. Харин 1990-2002 он буюу хувьчлал явагдах хүртэл нэгдүгээр гарын үсэг зурдаг болсон. Тэргүүн дэд захирал, дэд захирал, хийхдээ нефтийн салбарын системийн бүхийл шинэчлэлийг хийсэндээ. Мэдээж удирдагч хүн санаачлан манлайлах үүрэг байсан. Мөн Олон улсын нягтлан бодох бүртгэлд шилжүүлэх асуудлыг гардаж, хамт олныхоо хүчээр хийсэн. Тухайн үед, Говь, АПУ, МИАТ зэрэг компаниуд 400 мянга гаруй ам.доллараар гаднын компаниудаар хийлгэж байхад би хамт олонтойгоо энэ ажлыг гардан гүйцэтгээд 40 мянган ам.доллар төлж, Голландын мэргэжлийн байгууллагаар хөндлөгийн үнэлгээний аудит хийлгэхэд, “Маш сайн” гэсэн үнэлгээ авч, Сангийн яамнаас “нэг номерын гэрчилгээ” авч байсан.

-Энэ салбарын сайхан зүйл нь юунд оршдог вэ?

-Нэг чиглэлийн дагнасан бизнес. Мөн маш хурдан эргэлддэг бизнес.Тэр хирээр таниас ухааны, сэтгэлийн хурд шаардана. Оруулсанхөрөнгө оруулалт нь эргэж төлөгдөх чадвар өндөртэй. Энэ утгаараа их өвөрмөц, үүнийгээ дагаад технологи нь галын аюулгүй ажиллагааны нарийн шаардлагыг хангаж ажиллахыг шаарддаг нь өндөр шаардлагууд бий. Манай нефтийн салбарт ажиллаж байгаа хан бүхэн хөдөлмөр аюулгүй байдалд л онцгой анхаардаг даа. Тиймдээч технологийн аюулгүй ажиллгааны сургалт үүнд чиглэсэн байдаг. Амьдралын нэг хэсэг болсон нефтийн салбар өөрөө миний амьдралын гэрэл гэгээтэй нандин дурсамж бүхнийг шингээсэн, басхүү ирээдүйд энэ салбарын хөгжил хэрхэн явагдах итгэл, төсөөллийг надад харуулдаг. Ажил бүхэн сайхан тэгэхээр хаана хөдөлмөр байна тэнд хүн, түүх, итгэл, сэтгэл бий дээ…

-Таныг яриаг сонсож байхад, өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх нефтийн салбарын түүх таны сэтгэлд бас зүрхэнд бичигдсэн байна. Таны харж буйгаар Монголын нефтийн салбарын хөгжил аль зүгт явж байна вэ. Ямар ахиц дэвшил гарч байна. Мөн бид цаашид юунд анхаарах шаардлагатай байна?

-Нефтийн салбар техник технологийн хувьд үнэхээр өндөр түвшинд очлоо. ШТС-ын хошуунаас гарсан бүтээгдэхүүн, агуулахаас гарсан бүтээгдэхүүн програмчлагдаад, хамгийн сүүлд тайлан бланс болоод, эцсийн дүгнэлттэй гарах хэмжээнд хүртлээ хөгжжээ.

Б.СҮХБААТАР: МОДОН САМПИНГААС КОМЬПЮТЕР ХҮРТЭЛ БАСХҮҮ УРТ ХУГАЦААГ ТУУЛСАН ДАА

Анх сампингаар боддог байлаа. Дараа нь буюу 1970 оны үед анх калкулятор гарсан. Ингээд 1980 оны үеэс тооны машин гарсан бол 1990 оноос эхлэн компьютер хэрэглэж ирлээ. Энэ үед бид нефтийн бүтээгдэхүүний гурван төрлийн балансныхаа хоорондын бүх уналтыг нь олж харж байж, шатахуун алга болж уу үгүй юу гэдгийг гаргадаг байлаа. Харин одоо бол бүх зүйл программчлагдаж, цаг хугацаа хэмнэдэг болжээ. Үүнийгээ дагаад нефтийн салбарын системчлэл бүхэлдээ илүү боловсронгуй, илүү нарийн болж байна. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүн 100 хувь хараат байдлаар хөгжиж ирсэн нь үнэн. Бид 1993 оноос 2002 он хүртэлх хугацаанд үүнийг 30 хувиар бууруулсан. Өөрөөр хэлбэл нэг улсаас биш, олон улсаас нефтийн бүтээгдэхүүнийг импортолдог болсон. Бид БНХАУ-аас нефть импортолж эхэлмэгц ОХУ нефтийн бүтээгдэхүүнийхээ үнийг буулгаж, дэлхийн зах зээлийн үнэ ханшаар шатахуунаа нийлүүлж эхэлсэн. Мэдээж нефтийн зах зээл дэх өрсөлдөөн чухал байсан.

ДАРААГИЙН АЛХАМ БОЛ ДОТООДДОО НЕФТИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ…

Бид жилдээ нефтийн бүтээгдэхүүн импортлоход жилдээ нэг тэрбум ам.доллар зарцуулж байна. Тиймээс дараагийн бидний хийх том алхам бол дотооддоо нефтиэ боловсруулах үйлдвэр байгуулах асуудал. Энэ нь цаг хугацааны хувьд маш чухал асуудал. Үүний бодит баталгаа бол өнөөдрийн эдийн засгийн байдал мөн. Дорнод аймгаар явж байхад нэг сая 500 мянган тонн түүхий нефтийг урд хөрш рүүгээ гаргаж байна. Үүнийгээ бид дотооддоо боловсруулаад дотоодын хэрэгцээгээ хангаад явах бүрэн боломж бидэнд бий. Үүнийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулаад, зорилт тавин ажиллаж байгаа нь сайшаалтай. Төр засгийн зүгээс нефтийн үйлдвэр байгуулах асуудалд онцгой анхаарал хандуулж олон жил ярьж байгаа. Улс орны эдийн засгийн болон иргэдийн амьжиргааны түвшинталаас нь ч ач холбогдол өгч, зоригтой зорилт тавин ажиллах цаг тулан ирсэн. Ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаа. Үүнийг дагаад үйлдвэрүүд олноор байгуулагдана, ажлын байр бий болно, техникийн дэвшил Нөу-Хоу нэвтэрнэ, долларын ханшны өсөлтийг хязгаарлана гэх мэт бололцоо боломжууд ирээдүйд харагдаж байна. Үйлдвэр байгуулагдсанаар, Монгол Улсын нефть хангамжийн салбар нь ард түмэндээ өгөөжөө өгсөн, эх орныхоо хөгжилд үнэтэй бас бодитой хувь нэмрээ оруулдаг салбар болно.

НЕФТИЙН САЛБАРЫН “ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ” Ж.МАНЬБАДАР БОЛ ХУГАРАШГҮЙ НОЁН НУРУУ БАЙСАН…

-Би ахлах эдийн засагчтайгаа төлөвлөгөө хийнэ. Түүнийгээ Сангийн яаманд очиж хамгаалдаг байсан. Хамгаалж чадахгүй унана. Улсын төсөв дутна. Тэгэхээр нь “Нефтийн импортонд 10 мянгыг нэмчих” гээд л улсын төсөв задалчихна. Тэгээд захиралдаа загнуулдаг байж билээ. Манай захирал Ж.Маньбадар гэж хүн хариуцлагатай, зарчимч хүн байсан юм. Манай нефтийн загалмайлсан эцэг л дээ. Энэ хүн бүхий л ажил амьдралаа нефтийн салбарт бүрэн зориулсан хүн. Харамсалтай нь энэ түүний гавьяаг төр засаг үнэлж, гавьяат шагнал олгож чадсангүй, бурхны оронд одсон доо. Нефтийн салбарынхан бүгд л энэ хүний гараас гарч, хүн болцгоосон. Үнэхээр шаардлага өндөртэй зарчимч, хугарашгүй ноён нуруу гэдэг бол энэ хүн л байсан даа.

-Монголын нефтийн салбарын томоохон төлөөлөл “Сод Монгол Групп” ХХК-д та дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа. Монгол Улсын Топ татвар төлөгч “Сод Монгол Групп” ХХК-ийн онцлог юу вэ.

-Сүүлийн дөрвөн жил би “Сод Монгол Групп” ХХК-д ажиллаж байна. Энэхүү группын Ерөнхийлөгч Ц.Анандбазартай бол 1995 оноос хамтран ажиллаж эхэлсэн. Тухайн үед “НИК ТОС” компани “НИК” ХХК болсон. Би “НИК ТОС” компанийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Харин Ц.Анандбазар манай охин компаниудын дунд бие даасан “ЛБЛ” төрийн бус байгууллагын захирлаар ажиллаж байсан. Ц.Анандбазар бол залуу, басхүү асар их эрч хүчтэй хүн. Түүний залуу насны дуусашгүй эрч хүч, аагь нь өнөөдөр энэ том группыг

хөл дээр нь босгож, Монгол Улсын нефтийн салбарт өрсөлдөхүйц хүчтэй компанийг байгуулж чаджээ. Сайхан хамт олны дунд орж, өөрийнхөө мэддэг чаддаг бүхнээ зааж, сургаж, басхүү өөрөө бас суралцаж явна. Ц.Анандбазар бол сэтгэлгээний асар их хурдтай, бүтээгч бизнесмэн. Тиймдээ ч Монгол Улсад голлох үүрэг гүйцэтгэдэг нефтийн салбарт амжилт олсон. Өнөөдөр 35 компани 1200 ШТС-аар Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч ажиллаж байна. Энэ зах зээлд “Сод Монгол Групп” ХХК баттай байр сууриа олж чадсан. Бид сүүлийн нэг жилд үйл ажиллагааныхаа хүрээг тэлж хөдөө орон нутагт ШТС, шатахууны агуулах барьж, манайхан хүрч чадахгүй, борлуулалт хийх боломжгүй байсан 247 мянган тонн бүтээгдэхүүн борлуулдаг зах зээл рүү орж чадлаа. Өнгөрсөн жил Дорнодод 5, Өвөрхангайд 2, Хөвсгөлд 3 ШТС-ыг агуулахтай нь барилаа. Энэ нь компанийн борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны хүрээ, харилцагчдын тоогоор бусад компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх таатай боломж бүрдэж байгаа гэж харж байна. Цаашдаа хүрээгээ зогсолтгүй тэлнэ.

-Таны цаашдын амьдралд аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Ш.Бямбацогт: Би эфирт гарахдаа хамгийн дотно хүнтэйгээ ярьж байна гэж боддог

Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ММ агентлагийн нэвтрүүлэгч Шагдаржавын Бямбацогттой ярилцлаа. Тэрээр саяхан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаалгаад байгаа билээ.


-Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртлээ. Танд баяр хүргэе. Энэ баярт мэдээг хэзээ сонсов?

-Хоёрдугаар сарын 22-ны 17 цаг 28 минутад 26-гаар эхэлсэн дугаар залгадаг юм байна. “Сайн байна уу? Шагдаржавын Бямбацогт гуай юу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас ярьж байна. Та МУСГЗ гэх эрхэм цол хүртжээ. Танд баяр хүргэе” л гэлээ. Юу юугүй л хоолой зангираад ирдэг юм билээ. Утсаа салгачихаад бараг таван минут шахуу салфетиктай зууралдсан байх шүү (инээв). Өөрийн эрхгүй л нулимс гараад байсан. Мэдээж баяр, догдлолынх байх нь дамжиггүй. Хэрэв арав гаруйхан жил ажилласан бол төрийн энэ том шагналыг авахгүй, авсан ч хийж бүтээсэн зүйл бага тул догдлохгүй байсан болов уу. Би энэ их айлын босгыг алхаад 26 жил болсон байна. Тиймдээ ч миний хамт олон, найз нөхөд, инженер техникийн ажилчид, зураглаач, сэтгүүлч, редактор, үйлчилгээний ажилчид, үзэгч, сонсогч түмнийг минь л төр үнэллээ дээ гэж яалт ч үгүй догдолж баярласан.

Би өдий зэрэгтэй явж байна гэхээр бас муугүй хүн байх нь гэж дүгнээд байна л даа. Энэ бүхний үндэс суурь бол 50 жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн телевиз, 80 гаруй жилийн түүхтэй Монголын Үндэсний радиогийн үе үеийн уран бүтээлчдийн минь ёстой л чөмгөө дундартал ажилласан тэр он жилүүдийн л шим юм даа. Тэр шим нь намайг өдий зэрэгтэй болгосон. Тэгэхээр төр үе үеийн бүхий л уран бүтээлчдийг хамтад нь шагналаа гэж ойлгож байна. Тиймээс хамт олондоо баярлаад, үзэгч түмэндээ мэхийгээд ханашгүй юм даа. Монгол төрийн дуу хоолой болсон нэвтрүүлэгчдийн алтан гинжийг таслахгүйгээр үргэлжлүүлж мөн хойч үедээ ч үлдээх болно гэж хэлмээр байна.

-Та Монголын Үндэсний олон нийтийн радио телевизэд орж байсан тухайгаа яриач. Ер нь яагаад телевизийн салбарыг сонгох болсон юм бэ?

-Намайг энэ их айлд орох үед Радио телевизийн улсын хороо гэсэн нэртэй байлаа. 1987 оны үед юм даа. Миний ээж, аав хоёр намайг ажиглаж, сонссон юм шиг байгаа юм. Юу гэхээр би “БНМАУ-ын Ардын их хурлын депутат Хорлоогийн Баянмөнх, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын спортын гавьяат мастер” ч гэдэг юм уу эсвэл “Монгол ардын хувьсгалт намын төв хорооны нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга нөхөр Юмжаагийн Цэдэнбал үг хэлнэ” гэх мэтээр радиогоор ярьж байгаа хүмүүсийг их дуурайдаг байлаа. Надад их гоё сонсогддог байсан юм. Дээрээс нь сургуульд байхдаа дуу, бүжигт дуртай урлагт сонирхолтой хүүхэд байсан л даа. Энэ мэт зүйлсийг ажиглаад л аав минь намайг нэвтрүүлэгч болох сонирхолтой юм байна. Радио телевизийн улсын хороо руу л дагуулаад очъё гэж бодож л дээ. Арван жилээ төгсчихөөд л шууд очсон юм. Хүмүүс ярьдаг л даа “Намайг шалгуулахад 300, 400 гаруй хүн байсан. Би түүнээс цойлж гарч ирсэн юм” гэх мэтээр. Миний хувьд бол тийм зүйл байгаагүй. Аавыгаа дагаад л сонирхлоороо ирж байлаа. Аав минь тэр үед бас арын хаалга юу билээ гэж бодсон шиг байгаа юм. Тэгээд л нутгийн хүн энэ телевизэд байгаа болов уу гэж асууж, сурж л дээ. Би Хэнтий нутгийнх юм. Манай нутгаас телевизийн дарга байсан МУСГЗ Жаргал, нэртэй сэтгүүлч парик Жагаа, нэвтрүүлэгч Харцага гэсэн хүмүүс ажиллаж байсан. Ингээд л аав минь хамгийн түрүүнд Харцага ах дээр дагуулаад очсон юм. Архаг уран бүтээлчдэд ч шалгууллаа. “Гайгүй шүү. Бас чиг дажгүй хоолойтой хүү байна” гэж хэлсэн. Тэгээд л ажиллаж эхэлсэн дээ.

-Арван жилээ төгсөөд л шууд ажилд орчихсон хэрэг үү?

-Тийм. Би Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилээ төгссөн. Түүнээс хойш л телевиздээ ажиллаж байна. Эхлээд туслах найруулагчийн туслахаар орсон. Дараа нь туслах найруулагч болоод цаашлаад дагалдан нэвтрүүлэгч хийж эхэлсэн дээ. Харин нэвтрүүлэгч гэх үнэмлэхийг 1993 онд авсан юм. Хүн бүхний л сайн сайхан талаас суралцахыг хичээдэг байлаа. Хамгийн их заавар зөвлөгөөг Харцага ахаасаа л сонссон. Мөн МУСГЗ Цэенханд, Чулуунбат, Батбаяр, Доржбат, Жанцан ах, Хишигээ, Рагчаа эгч гээд энэ бүх л хүмүүсийн заавар, зөвлөгөөг сонсч байлаа.

-Анх эфирт гарч байсан үеэ дурсаач. Их сандарч байв уу?

– Эфирт гарах юмсан гэсэн дэврүүн хүсэл их байлаа. Закадраас “Сайн байна уу?” ч гэдэг юм уу ганц үг хэлчихвэл тэрэн шиг том гавьяа байхгүй мэт санадаг байж билээ. Нэвтрүүлэг, кинонд барагтай л бол дуу оруулахгүй. Харин яг эфирт гарахдаа залуу байсан болоод ч тэр үү, их эмээж байсан. Гэхдээ телевизэд ажилд орсноосоо бүр хойно ил гарч байгаа юм шүү дээ. Нэвтрүүлгийн сүүлчийн шат дамжлага бол нэвтрүүлэгч байдаг. Нэвтрүүлэгчид сэтгүүлч, редакторын бэлтгэсэн шив шинэхэн, халуун талхыг хүлээн авдаг юм. Харин түүнийг хүлээн авагчдадаа халуунаар нь, энд тэндээс нь эмтлэлгүйгээр хүргэх нь нэвтрүүлэгч бидний хамгийн чухал үүрэг. Ер нь бол бид төр, ард түмэн хоёрыг холбогч гүүр учраас үнэний дуу хоолой байх нь зүйн хэрэг. Энэ чухал үүргийг гүйцэтгэж байгаа учраас бахдалтай, нөгөөтэйгүүр хариуцлагатай байх хэрэгтэй гэж боддог доо.

Миний бодлоор МҮОНРТ-ын мэдээ, нэвтрүүлгүүд бусад телевизүүдийнхийг бодвол сонгодгоороо байдаг. Давс, хачиргүй үнэнийг ярьдаг. Нэг нэвтрүүлгийн ард сэтгүүлч, редактор, зураглаач, найруулагч, инженер техникийн ажилчид гээд бүхэл бүтэн баг бүрэлдэхүүн ажиллаж байдаг юм. Зарим хувийн телевизүүдийн нэвтрүүлгийг зураглаач, сэтгүүлч хоёр л хийж байх шиг харагддаг. Гэхдээ баг бүрэлдэхүүнээрээ ажиллавал илүү мэргэжлийн байна гэж би ойлгоод байгаа юм. Ер нь ч тэгээд чаддаг, мэддэг юмаа сайн хийдгийн тод жишээ бол МҮОНРТ гэж боддог шүү.

-Хөтлөгч, нэвтрүүлэгч болох хүсэл, мөрөөдөлтэй олон хүүхэд, залуус бий. Та тэдэнд болоод залуу нэвтрүүлэгчдэд юу гэж зөвлөмөөр байна вэ?

-Хэвлэл мэдээллийн байгууллагууд олширсон байна. Мэдээж залуу сэтгүүлчдээ харна, сонсоно. Ил шүүмжлээд байх дургүй л дээ. Тааралдах юм бол хэд гурван зөвлөгөө өгдөг л юм. Аливаа зүйлийг хар, муухайгаар нь биш арай өөр өнцгөөс дулаан, эерэг талаас нь хүргэвэл зүгээр байгаа юм даа гэх мэтээр санаа, оноогоо хэлнэ. Мөн хүнтэй ярилцаж байхдаа нүд рүү хараад яривал их зүгээр. Гэм хийчихсэн юм шиг айж, хулмаганаад доош хараад байж болохгүй. Дотно ярилцлагын нэвтрүүлэг хийж байгаа тохиолдолд сайхан яриа өрнөхгүй шүү дээ. Харин нэвтрүүлэгчдэдээ үгээ зөв тасалж, хуваарилалтаа зөв хийх хэрэгтэй байгаа юм даа гээд үглэх маягтай хэлдэг юм. Ер нь бол микрофон, камерын өмнө буюу эфирт гараад миний ээмэг, уруулын будаг ямар харагдаж байгаа бол эсвэл зангиа, хослол минь зүгээр байгаа болов уу гэж бодоод байх юм бол тэр бүтээл хэзээ ч үзэгч, сонсогчдод хүрэхгүй. Миний хувьд эфирт гарахдаа дотоод сэтгэлдээ хамгийн дотны хүнтэйгээ ярьж байна гэж боддог. Тэгвэл таны хүргэх гэж буй бүтээл тань бүх хүнд ойлгомжтой очно шүү дээ. Хэн ч ээж, аавтайгаа ярьж байхдаа түгдэрч, гацдаггүй биз дээ. Ямартай ч хэвлэл мэдээллийн салбарт зүтгэж байгаа уран бүтээлчдийн минь зам мөр нь дардан байх болтугай. Хэн нэгэн улстөрчийн халаасанд битгий ороосой, сэтгүүлч хүн учраас өөрийн гэсэн жанжин шугамтай байгаасай гэж хүсэж байна.

-Аавыг тань урлагийн хүн гэж сонссон. Аав, ээжийнхээ тухай яриач?

-Миний аавыг Шагдаржав гэдэг. Хан Хэнтий чуулгын хөгжмийн удирдаач хийж байгаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Харин ээж минь эмч мэргэжилтэй. Мөн тэтгэвэртээ гарчихсан. Өвөө, эмээгийн үүрэг гүйцэтгээд Хэнтий нутагтаа амьдарч байна даа. Харин миний хань англи хэлний багш мэргэжилтэй бүсгүй байдаг. Би цэцэг шиг гурван охинтой. Том нь гадагшаа мастер хамгаалахаар явсан. Дундах нь ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Харин бага охин минь нэлээн сүүлд гарсан юм. Энэ жил нэгдүгээр ангид орсон.

-Та хэр сайн аав бэ. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хэр байдаг бол?

-Гэр бүлдээ аль болох их цаг хугацааг зориулах юмсан гэж боддог. Хааяа зав зай гарах юм бол хоол хийх дуртай. Рестораны хоолыг харж байгаад л дараа нь хийчихнэ. Эсвэл жор зохиогоод ч юм уу, шинэ хоол хийх дуртай шүү. Ер нь миний хувьд залуу байхдаа ар гэрийг яалт ч үгүй хойш нь тавьсан. Харин сүүлийн гурав, дөрвөн жилийн өмнөөс гэр бүлдээ зарцуулах цаг зав арай ихэссэн гэж болно. Өмнө нь ёстой л байгууллагаа боддог байсан. Байгууллага гэхээсээ өөрийгөө бодож байгаа хэрэг л дээ. Сайн ажиллаж гайгүй цалин авчих юмсан л гэж. Мэдээж хичээж ажиллаж байгаа учир сайхан бүтээл үзэгч, түмэндээ хүргэчих юмсан гэсэн хүсэл байлгүй яахав. Нойр хоол, өвчин зовлонг умартан өдөр шөнөгүй л ажилладаг байлаа. Баяр ёслол, хагас бүтэн сайн гэж мэдэхгүй. Шинийн нэгний өглөө гэрийнхэнтэйгээ ч золгоогүй ажил дээрээ л байж байна. Би аав, ээждээ ойрын хэдэн жил очиж золгосонгүй. Аав, ээж минь л ирж золгоно. Эрхэм сайхан цол авсан хэрнээ мөн адил очиж золгоогүй л явна. Би аав, ээждээ очиж золгъё гэж хэлээд ажлаасаа чөлөө авч үзээгүй. Би өөрөө хуучны ч гэдэг юм уу, хоцрогдсон социалист үзэлтэй хүн шиг байгаа юм. Энэ бас их нөлөөлдөг байх.

-Гадуур явахад тань хүмүүс мэдээж таньдаг байх. Ямар ямар хандлагууд гардаг вэ. Хөгтэй зүйл тохиолдож байсан уу?

-Энэ сайхан ажил, мэргэжлийн минь буян юм даа. Бүгд л сайхан эерэг хандлагаар хүлээж авдаг. Энд тэнд хөдөө, гадаа явж байхад сайхан мэндэлнэ. Ер нь эхлээд голцуу манай хамаатан бил үү, хэнсэн билээ дээ гэж хардаг шиг байгаа юм. Хараад л “Сайн уу, сонин сайхан юу байна” гэдэг юм. Би тэгэхээр нь энэ чинь хэнсэн билээ гээд бас бодчихно. Энэ мэтчилэн таньж ядаад л байдаг байсан. Сүүлдээ бол ойлгосон л доо. Зурагтаар харсаар байгаад нэг л их таньдаг зүс царай, дуу хоолой болчихдог юм билээ. Тэгээд л таарсан хүмүүс их таньдаг хамаатан садан шигээ бодоод андуураад байдаг байх нь. Өнөөх таньж ядаад байсан хүн чинь “Өө нэвтрүүлэгч маань байна шүү дээ” гээд л сүүлд нь хэлдэг юм. Иймэрхүү хөгтэй зүйлүүд тохиолдолгүй яахав. Энэ сайхан итгэл, инээд баяслынх нь хариуд нэвтрүүлгээрээ л үгийг нь үг шиг хүргээд, утгыг нь сайхан гаргачих юмсан гэж хичээж явдаг даа.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Жорлонгийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа газар засаглал муу байна гэж үздэг юм билээ

-ЭНЭТХЭГТ E-TOILET ГАРЧ ИРЖЭЭ-

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр цагаан сарын өмнөхөн FSM буюу үгчилбэл “Өтгөн, бохирын менежмэнт”-ийн олон улсын хуралд оролцоод иржээ.

-Та жорлонгийн менежмэнтийн асуудлаар хуралд оролцоод ирсэн гэсэн үү?

-“Билл ба Мелинда Гейтсийн сан”-гаас зохион байгуулдаг “Өтгөн, бохирын менежмэнт”-ийн дөрөвдүгээр хуралд оролцоод ирлээ. Хүний ялгадастай холбоотой асуудлыг хэлэлцдэг хурал юм байна. Гуравдугаар хурлаас нь эхлээд монголчууд оролцож эхэлсэн юм билээ. Энэ хурлаар голдуу жорлонг яаж зохион байгуулбал бохир ус хөрсөнд нэвчихгүй, хүний эрүүл мэндэд гай болохгүй байх вэ гэдгийг хэлэлцдэг. Хүний эрүүл мэндийн тухай хурал гэж болно. Бас өтгөн ялгадсаар орчноо бохирдуулахгүй байх талаар ярилцдаг. Энэ удаагийн хуралд 65 орноос мянган төлөөлөгч оролцсон. Анх цөөн хэдэн усны инженер, эрүүл мэндийн ажилтан л оролцож 100 гаруйхан төлөөлөгчтэй хуралдаж байсан бол, хоёр дахь удаагаа 300, гурав дахь хурал нь 700 хүнтэй болж байжээ. Энэ удаа олон мянган хүн оролцох хүсэлт тавиад, зөвхөн мянгыг нь шилж оруулсан гэсэн. Энэ асуудалд дэлхий нийтээрээ анхаарч эхэлжээ.

-Таныг хамгийн их жорлон ярьдаг улстөрч гээд урьсан гэл үү?

-Би өмнө нь УИХ-ын гишүүн байхдаа Билл Гейтсийн сан дээр биечлэн очиж байсан. Хог хаягдлын хуулийн төслийг боловсруулах явцдаа Монгол дахь бүх цэвэрлэх байгууламжуудаар явж, сантехникийн шугам хоолой, цэвэрлэх байгууламжуудад байгаа өтгөн, лагийн асуудлаар шийдэл хайсан юм. Тийм учраас энэ шийдлийг гаргаж байгаа инженерүүдтэй уулзахаар 2015 онд Билл Гейтсийн санд очсон. Тэр үед энэ сангийн инженерүүд намайг “Janickiomni proces­sor” гэдэг өтгөн лаг, ялгадсыг боловсруулдаг машиныг зохион бүтээж байгаа үйлдвэр дээр аваачиж, туршилтын тоног төхөөрөмжтэй танилцуулж байлаа. Дараа нь АСЕМ-ын өмнө цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарахын тулд олон жил хуримтлагдсан лагийг хуурайшуулж, хатаах, үнэргүй болгох хөрөнгө мөнгийг улсын төсөвт тусгуулах талаар судалгаа хийж байхдаа мөн энэ сангийн инженерүүдэд хандаж байлаа. Олон удаа тэдэнтэй энэ асуудлаар холбогдсон учраас намайг урьсан байна лээ. Урилгыг нь хүлээж аваад “Уучлаарай, би УИХ-ын гишүүн, сайд байхаа больсон. Та нар намайг урихын оронд шийдвэр гаргагчдаас урьж болно шүү” гэж хариу бичсэн л дээ. Гурван сарын дараа “Танай Засгийн газраас БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргыг мэргэжилтнүүдтэй нь урихаар боллоо. Гэсэн ч та биечлэн ирж, технологийн сонирхолтой мэдүүллүүдийг авч болно” гэсэн. Тэнд очоод миний сонирхсон зүйл бол хөдөө орон нутаг, том, жижиг хотууд өтгөн лагийн асуудлаа яаж зохицуулах вэ? Сүүлийн үеийн технологи юу байна. Монголд авчихмаар юм юу байгааг судлахаар очсон. Энэ хурал Энэтхэгт болсон л доо. Энэтхэгийн Ерөнхий сайдын эхний амлалт нь “Цэвэрхэн Энэтхэг орныг бий болгоно” гэжээ. Ерөнхий сайд Модигийн хамгийн том амлалт нь энэтхэгчүүдийн жорлонгийн асуудлыг шийдэх юм байна л даа. Энэтхэг орон даяар жорлонгийн менежмэнтийг сайжруулах кампанит ажил өрнөж байна. Жорлонгийн менежментийг сайжруулахын тулд улс төрийн шийдэл нь юу байсан, санхүүжилтээ яаж шийдсэн, ямар зохион байгуулалт хийснийг нь сонирхож олон хуралдаанд суулаа. Нэлээд их зүйл мэдэж авсан. Ер нь жорлонгоо шийдэж чадахгүй байна гэдэг бол зохион байгуулалт муу байгааг харуулдаг юм байна. Ард түмнээ гэгээрүүлэхэд анхаарал тавихгүй байгааг, хамгийн гол нь засаглал муу байгааг харуулдаг юм байна л даа. Засаглал сайтай газар жорлон сайтай байдаг юм байна, Мөнгө нь хамгийн түрүүнд чухал зүйлдээ хүрдэг гэсэн үг юм байна. Ерөөсөө энэ бол засаглал, улс төрийн асуудал шүү гэж их яригдсан.

Гэхдээ яг барууны стандартаар бүх жорлонг төвлөрсөн шугамд холбоод, усаар түрдэг болгоно гэвэл дэлхийн усны нөөц хүрэлцэхгүй, бүтээн байгуулах мөнгө хүрэлцэхгүй. Ийм учраас хямд өртөгтэй, ус бага шаардсан жорлонгийн шийдлүүдийг маш их ярьсан. Би гурав хоногийн үнэ төлбөргүй хурлаас гадна нарийн технологийг газар дээр нь хэрэгжүүлж байгаа бизнесийнхэн, инженерүүдтэй уулзах төлбөртэй семинарт нь бас суулаа. Янз бүрийн технологи судалсан. Тийм учраас инженерүүдэд эдгээр шийдлийн талаар тусгайлан яриа хийхээр шийдсэн юм. Миний хувьд Janickiomni pro­cessor гэдэг төхөөрөмжийг 2005 оноос хойш сонирхсон л доо. Хүний өтгөн ялгадас цэвэрлэх байгууламжийн лагийг шатааж, цахилгаан, дулаан гаргаж авна. Ус, барилгын материал үнс гаргаж авна. Энэ машины гаргаж байгаа бүтээгдэхүүн Монголд тохирч байгаа юм. Одоо ч Европ, Америкт өргөн хэрэглэгдэж байгаа бусад бүтээгдэхүүнүүд байна л даа. Тэд өтгөн ялгадас лагаар брикет түлш хийж байгаа юм. Түлш хийж байгаа том машинууд Монголд соёлын хувьд тохирохгүй л дээ. Яагаад гэвэл хүний ялгадсаар хийсэн түлшийг галдаа хийх байгууллага ч, хүн ч олдохгүй.

-Дарханд Германы МомоII төслийн шугамаар гэр хорооллын айлуудын ялгадсыг цуглуулж, метан хий болгож цахилгаан гаргах туршилт хийж байсан. Юун дээр гацсан гэхээр өвөл ялгадас нь хөлдчихөөр халаах боломжгүй болсон гэсэн?

-Өтгөн ялгадаснаас хий гаргаж авах нь Монголд ашиггүй юм билээ. 24 цаг ажиллаж чадахгүй, халуун дулаан оронд тохиромжтой юм байна. Аялал жуулчлалын бааз дээр, эсвэл малчид зуслан дээрээ, орон нутгийн мод зүлэг тарих хэмжээний газарт ялгадаснаас бордоо гаргаж авч болох юм билээ. Томоохон хэмжээнд тогтвортой ажиллуулъя гэвэл бидэнд хамгийн сүүлд гарч байгаа шинэ технологи хэрэгтэй. Бохирын ялгадасны бүхэл бүтэн үйлдвэрлэл цоо шинээр гарч ирж байна. Хүний өтгөн ялгадас эхний түүхий эд нь, эцсийн бүтээгдэхүүн нь юу байхыг улс болгон өөрийн онцлогт тохируулан сонгодог юм байна. Халуун орнууд бол эцсийн бүтээгдэхүүн нь био хий, бордоо байдаг. Хүйтэн сэрүүндүү Европын орнуудын эцсийн бүтээгдэхүүн нь брикетэн түлш. Манайх шиг галдаа бохир зүйл хийхийг цээрлэдэг орон Африкт хэд хэд бий. Уганда, Танзаны иргэд монголчууд шиг мал аж ахуйтай, галын соёлтой. Галын соёлтой орнуудтай нэг баг болоод өөрсдөдөө тохирсон эцсийн бүтээгдэхүүн хайсан. Бидэнд тохирсон эцсийн бүтээгдэхүүн нь цахилгаан, дулаан гаргадаг үйлдвэрлэл тохиромжтой гэж үзсэн. Өөрсдөөсөө сэжиглэхгүйгээр жижиг орчинд ялгадаснаас гаргасан бордоо хэрэглэж болох юм байна. Том хотод бол цахилгаан гаргадаг машин тохиромжтой гэж үзсэн. Гурав хоног хуралдахад өтгөн ялгадсыг тээвэрлэдэг, бордоо хийдэг, био хий гаргадаг, цахилгаан гаргадаг, жорлон үйлдвэрлэдэг янз бүрийн бизнес эрхлэгчид ирсэн. Энэ бизнес рүү залуучууд их орж байгаа юм билээ. Хамгийн их амжилтад хүрч, саятан болсон бизнес эрхлэгч нь эмэгтэй хүн байна. Сенагал улсын Дакар хотын өтгөн ялгадсны 10-ны нэгийг л боловсруулдаг гэсэн. Тэр эмэгтэй бол Монголд тохиромжтой гэж үзээд байгаа технологийг хэрэглэсэн байна лээ. Эхэндээ био хий гаргаж байсан. Сүүлдээ ачааллаа дийлэхээ байгаад цахилгаан, ус гаргадаг үйлдвэр ажиллуулдаг болсон юм билээ. Угандагийн ажилгүй орлогогүй байсан нэг залуу жорлонгийн бизнес рүү ороод улс орондоо хамгийн алдартай бизнесмэний нэг болжээ. Хүмүүс бол хамгийн бохир, хоцрогдсон ажил гэж боддог. Гэтэл хамгийн сүүлийн үеийн технологи хэрэглэж байж жорлонгийн бизнес босч ирнэ гэсэн дүгнэлт хийж байна лээ. Жорлонгийн ялгадсыг цуглуулах, тогтвортой зөв ажиллуулахад маш хэрэгтэй зүйл нь мэдээллийн технологи юм байна. Энэтхэг, Африкт ч энэ төрлийн бизнест мэдээллийн технологи маш их хэрэглэж байна. Аппликейшн, Call centre өргөн нэвтэрч байж амжилтад хүрдэг гэж яригдсан.

-Жорлонгийн бизнес мэдээллийн технологитой яаж холбогдож байна вэ?

-Энэтхэгт e-toilet гэж гарч иржээ. Тэр жорлонгийн үүдэнд хүн сууж мөнгө хураахгүй. Зоос хийгээд орж бие засдаг. Бие засангуут автоматаар ус шүршээд цэвэрлэчихдэг. Хүн орвол улаан гэрэл асч, гарахаар нь ногоон гэрэл асдаг. Жорлон дүүрэхээр Call centre рүүгээ дохио өгдөг юм байна. Дуудлагаар очиж жорлонгоо султгадаг үйлчилгээ бий болжээ. Хөрс бохирдуулахгүй маш олон төрлийн жорлон гарчээ. Энэ жорлонг бүтээх, ашиглах, цэвэрлэх бүх үе шатууд мэдээллийн технологитой холбоотой. Мэдээллийн технологи дэлхийн ариун цэвэрт шинэ боломж авчирчээ.Энэтхэг олон хүн амтай. Гар утсан дээрээ аппликейшн татчихдаг. Танд хамгийн ойрхон байгаа жорлон гэсэн мэдээлэл байдаг.

Аливаа улс орны улстөрчид нь жорлонгийнхоо асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй бол асуудал шийдэгдэхгүй гэж ярьж байна лээ. Жорлон бол хүний эрүүл мэнд, амьд явах эрхийн асуудал, байгаль орчин, боловсролын асуудал юм. Хүний эрхэмсэг амьдрах эрхийн асуудал юм. Хүний эрхэмсэг амьдрах асуудлыг шийдсэнээр маш олон асуудлыг шийдэж чаддаг. Жишээлбэл, Энэтхэг жорлон барих мөнгөгүй байжээ. Бид жорлонгийнхоо санхүүжилтийг яаж шийдсэн гэж их асуусан.Ойрын үед гэдэсний халдварт өвчнөөр өвдсөн хүмүүстээ зарцуулсан мөнгийг тооцож үзсэн чинь асар их тоо гарчээ. Гэдэсний халдварыг 50 хувиар бууруулж, үүнд зарцуулж байсан мөнгийг жорлонд зарцуулъя гэжээ. Гэдэсний халдварт өвчнөөс хэмнэсэн мөнгөний өчүүхэн хэсгээр жорлон барихад эрүүл мэндийн зардал маш их хэмнэгдсэн байна. Жорлондоо мөнгөө зарцуулахгүй мөртлөө гэдэсний халдварт маш их мөнгө зарцуулж байж.

Моди Ерөнхий сайд Цэвэр хот, цэвэр дүүрэг, цэвэр мужийн рейтинг гаргасан. “Гадаа бие засдаггүй хот” гэж нэр томьёо байгаа юм. Ийм хот болохын тулд нэгдүгээрт, гэдэсний халдварт өвчин буурсан, хоёрдугаарт, км тутамд жорлон байх ёстой. Тэнд манайхан шиг хашаатай биш. Жорлонгийн нүх ухах ч зайгүй шавааралдаж амьдардаг юм байна л даа. Тийм хүмүүсийн дунд 500 метр тутамд жорлон байх ёстой гэсэн стандарт гаргажээ. Моди Ерөнхий сайд болоод 30 сая жорлон байгуулсан гэнэ.

-Ямар жорлон үйлдвэрлээд байна вэ?

-Орон нутгийн онцлогоос болоод өөр өөр. Малайзад бол төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон жорлонгууд бий болгосон байна. Энэтхэгт бол төвлөрсөн шугам сүлжээ хангалтгүй газруудад султгадаг жорлонгууд байгуулсан. Америкт бол нийтийн хуурай жорлонгууд байдаг гэж яригдсан.

-Хуурай гэдэг нь юу билээ?

-Шээс нь тусдаа урсдаг. Өтгөн нь өөр саванд ордог. Тэр нь хуурай учраас удаан дүүрдэг. Хурлын үеэр үзэсгэлэн зөндөө гарсан. Өтгөн ялгадас цуглуулаад, төвлөрсөн цэгт хүргэж өгөх чинь хэцүү бизнес юм байна. WASH Ac­tion ТББ-ынхан зөвхөн өтгөн ялгадас тээвэрлэдэг машин хийж байна. Тэр нь манайхны амьжиргаа цагаан гэж нэрлэдэг шиг жижиг машин дээр өтгөн ялгадас цуглуулдаг танктай. Тэр машин нь цэвэрлэх байгууламж шиг өтгөнийг нь ялгаж аваад, шингэнийг нь саарал ус болгоод гаргадаг. Саарал усаараа замын дагуу мод усалчихаад, өтгөнөө цуглуулаад төв цэвэрлэх байгууламжид тушаадаг юм билээ. Тэр машин Монголд тохиромжтой. Зах зээлд хэдхэн сарын дараа гарна гэсэн. Тэр машин 10 мянган долларт л багтах юм.

Энэтхэгийн Засгийн газраас гаргасан олон нийтийн боловсролд зориулсан энэ календарь дээр хүүхдэдээ зориулж мөнгө хураадаг, тэтгэвэрт гарахдаа хэрэглэнэ гэж мөнгө хураадаг бол одоо жорлонгоо сайжруулна гэж мөнгө хураадаг боллоо гэх мэтээр бичсэн байна. Ирээдүйгээ төлөвлөхдөө жорлонгоо хамт төлөвлөж байгаа гэсэн утга санаатай.


Categories
мэдээ цаг-үе

Гэрээслэл

Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамбын “Гэрээслэл” өгүүллэгийг хүргэж байна.

Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.

Ханд гуай шиг өндөр настай эмгэд олон үгтэй, ярианд дуртай байдаг. Ялангуяа хуучны юм залуугийн явдлыг нь асуувал цэцэглэж явсан ид сайхан насаа бодож сэтгэл санаа нь сэргэн яриа нь төгсгөлгүй болдог шүү дээ. Харин Ханд гуай бол тийм биш ажээ.

Амарч байхдаа ганц өгүүллэгийн материал олж авъя гэж бодоод Ханд гуайтай хэд дахин ярих гэж оролдоод чадсангүй. Энэ тухайгаа Юндэн гуайд гомдон хэлэхэд “Манай ээж урьдах явдлаа ярих тун дургүй. Би хүү нь гэхэд уг нутаг гарал үүслийг нь мэдэхгүй. Эцэг минь ямар хүн байсныг ч ярьж өгөөгүй. Тэгээд би чинь Хандын Юндэн гэж эхээрээ овоглодог хүн шүү дээ” гэжээ.

Ханд гуайгаас юм сонсох хүсэл надад их байлаа. Энэ эмгэний түмэн үрчлээс болсон гонзгой бор нүүр, илч гал нь бараг алга болсон цийлэм нүдний цаана урт удаан амьдралын сонин хачин юм нуугдаж байгаа нь тодорхой. Энэ том цоожтой хаалганы цаана мөн ч их юм буй даа. Гэвч нээх арга нь даанч олдохгүй болохоор яая гэх билээ дээ. Амралт минь дуусч явахаар бэлтгэж байтал Ханд авгай орж ирээд бэргэний хийж барьсан цайг ууж хэсэг дуугүй сууснаа:

-Хүү минь чамайг юм бичдэг гэлцэх юм. Yнэн үү? гэж асуув.

-Тийм ээ. Би зохиолч хүн бас сонины газар ажилтай гээд л өөрийнхөө тухай товч ярьж өглөө. Ханд гуайн асуултыг сонсоод над сонин юм сонсох үлэмж горьдлого буй болсон билээ. Гэтэл дуугардаггүй. Доош харан цай ууж дууссан шаазангийнхаа хээг үзэж байлаа. Энэ үед түүний нүүр харагдсангүй. Гэвч тэр хээг анхааран сонирхож байгаа биш гэдгийг би мэдэж байв. Учир нь дотоод сэтгэлийн гүн бодолд дарагдаад сууж байгаа хүний нүүр нүд далд байвч судас амьсгаа дотор нь болж байгаа их зүйлийг илтгэх ёс бий. Ханд гуайн судас нь гүрвэлзэн, чичирч, хааяа хааяа дотроо гүн санаа алдаж байлаа. Тэгээд над руу үлэмж зөөлөн нүдээр харснаа “Хүү минь манайд ор. Эмээ нь цай чанасан юмсан” гээд босов. Би түргэн босож гэрт нь орлоо. Бүр олбог засжээ. Суумагц аагтай давстай, тос даасан шаргал цай өгч, хуруу зузаан өрөм, бэлцийсэн цагаан ааруул өмнө минь тавив. Идэж ууж байтал эмээ над руу ширтэн хэсэг ажсанаа урт гэгч нь санаа алдаад “Эмээ нь хүүдээ нэг юм яривал чи олон хүнд хэлж өгч чадах уу? Yнэн зөвөөр нь бичээд л сониндоо хэвлүүлж болохсон болов уу гэж байгаа юм шүү дээ” гэлээ.

-Чадалгүй яахав, эмээ минь. Энэ чинь миний хийдэг ажил.

-Эмээ нь нас өндөр болж удахгүй энэ хорвоогоос салан, эсгий гэрээс гарч хээрийн гэртээ очих цаг ойртлоо. Залуу хүмүүст хэлмээр юм байна. Би арван найман настай байхдаа сэтгэлдээ хүнд шарх олсон юм. Тэр шарх эдгэрээгүй. Эдгэрэх ч үгүй гээд дуу нь тасарч доош харахад хэд хэдэн том нулимс тасран унав. Би гайхан харсаар л. Ханд гуай алгуураар толгойгоо өргөж намайг эргэж харлаа. Усан хөшиг татсан нүд нь чичирч байгаа уруулд мухардсан гэмшил дүүрэн. Дотно хайрт хүнээ нас барахад нь очиж чадаагүй хүн “Амьсгал нь тасрахад байж чадсангүй ээ. Халаг” гээд толгойгоо нүдэх гэж байгаа хүнийг харсан бол Ханд гуай яг л тийм байлаа. Ханд гуай гарынхаа араар нулимсаа арчиж сэтгэл нь шулуудсан бололтой займчин суудлаа зассанаа зэвхий бөгөөд шийдэмгий дуугаар “Би залуудаа нутаг хошуундаа гайхагдсан сайхан хүн байсан юмсан. Чи ч үнэмшихгүй байх даа. Гэвч тийм л байсан” гээд арга нь барагдсан нүдээр намайг харлаа. Yнэндээ ч өмнө минь сууж байгаа эмгэн олонд гайхагдсан сайхан хүүхэн байсан гэхэд үнэмших юм тун ховор бөгөөд гагцхүү жар гаруй жилийн өмнөхөө ярьж байгаа шүү дээ гэж ухаан санаандаа бодож сэтгэлээ хүчлэн үнэмшүүлэхийг хичээж байлаа. Эмээгийн нүдэнд сэтгэлийн гүний баярын оч гялсхийж өчүүхэн мишээл жавьжинд нь тодрох мэт.

-Манайх үргэлж л Жамбал гэдэг айлтай хамт байдаг байлаа. Тэдний ганц хүү Юндэн бол надаас гурав ах. Бид хоёр хар бага наснаасаа хамт тоглож өсөөд намайг арван зургаан нас хүрэхэд Юндэнгийн зан нэг л биш болоод хувирав. Тэр яавал л надад сайн юм хийх хүсэлтэй. Миний юу л хэлснээс зөрдөггүй болов. Хүн өнгөрсөн юмыг эргэцүүлэн бодоход тэр үед огт ажиглагдаагүй юм тодрон учир нь олдоогүй юмны учир олддог шүү дээ. Ялангуяа сэтгэлд гүн үлдсэн юмыг эргэцүүлэн бодоход харамсах, баясах зүйл мөн ч их гардаг ажээ. Юндэнгийн зан мөн ч өөр болж билээ. Юндэнгийн алхам бүр, хөдлөх бүрээс над хязгааргүй сэтгэлтэй нь илэрхий байж л дээ. Заяагүй хүний хөлд нь ембүү тавихад дээгүүр нь сохор хүн болж нүдээ аниад гарсан гэдэг. Би Юндэнгийн тэр сайхан сэтгэлийг олж харахгүй байлаа. Түүнийг багаасаа тоглож өссөн сайн нөхөр минь гэж бодохоос түүнд хайр сэтгэл надад байсангүй. Намайг хүсэж мөрөөдсөн улс ёстой л захаас аваад байдаг байв даа. Гаднаас харвал Юндэнд гойд юмгүй. Ялангуяа олон хүний нүд булаасан залуугийн цагт бол шохоорхож хармаар юм түүнд байгаагүй. Жижигхэн биетэй, хонин бор нүдтэй гонзгой царайтай. Эцэг нь багад нь миний өөдөс гэж өхөөрдөн нэрлэснээс аав ээж нь Өөдөс гэж дуудна. Харин сүүлдээ Юндэн уцаарлаж байгаад болиулсан юмсан. Миний дэргэд Өөдөс гэж хэлүүлэх тун дургүй сэн. Гэвч дотор нь уу, ёстой л хүн байсан юм сан. Хүний сайхан дотроо нууц байдаг болохоор олж харахад тун хэцүү. Амьдралын эгзэг таниагүй залуугийн цагт бол бүр ч хэцүү.

Хүүхэнтэй айлд хүн цугладаг. Хүрдтэй айлд буян цуглардаг гэгчээр нутгийн харцуул манайд цугларна. Би тэдний дунд барьцгүй хөвнө. Тэдэнтэй цэц булаалдаж үг хаялцаж байхыг хараад Юндэн бухимдаж ууртай болдог байсан. Гэвч би түүнд нь огт юм бодохгүй. Харин ч инээд хүрдэг байсан билээ гээд эмгэний хоолой зангирахад дуу нь тасрав. Эмээ хэсэг дуугүй байснаа урт гэгч санаа алдаад толгойгоо хэдэн удаа сэжилснээ, нэг өдөр Юндэн хамт хот арилгаж байгаад “Хоёулаа сууж хамт амьдаръя. Ханд минь чамдаа би хязгааргүй дасжээ” гэж палхийтэл шууд хэлдэг байна шүү гээд эмгэн инээмсэглэх мэт болсноо, ер нь Юндэн бүрэг мэт боловч бодсоноо эв хавгүй цөл цал гэтэл цөмийг хэлдэг хүн байсан юмсан. Нэг өдөр манай үнээ тугал нийлж орхиод намайг ээж минь загнаж байхад Юндэн дув дуугүй зогсож байснаа “Дулмаа гуай минь. (Дулмаа гэдэг чинь манай ээжийн нэр) Тугал эхтэйгээ нийлээ л биз. Цайны сүүгүй бол манайхаас ав. Хандыг хичнээн аашлаад тэр хөхсөн сүүг та олж авахгүй” гэж билээ гээд Ханд гуай үгээ таслав. Ханд гуайн нүд нь сэргэж тод инээмсэглэл нүүрэнд нь тодров. Чухам энэ үед “Yнэхээр залуудаа сайхан хүүхэн байсан болов уу?” гэдэг зурвас бодол маний сэтгэлд орж ирлээ.

“Би Юндэнгийн үгийг юмны чинээ ч бодолгүй тоглоом болгож өнгөрүүлэв” гэж хэлэхэд Ханд гуайн нүүрэнд тодорсон баясгалан хусагдан алга болов. Нэгэн хэсэг чимээгүй болов. Би чингээд гэж ярианы үргэлжлэлийг хүсмээр байсан авч “Арай ингээд зогсохгүй байх” гэж горьдоод тэсэв. Yнэхээр Ханд гуай бүдэг дуугаар “Тэр үед би нутгийн Гончиг гэдэг залуутай сэтгэлтэй болоод нууц уулздаг байсан. Намрын үдэш юмсан. Хонь хотолж байгаад Юндэн урьдахаа давтаж хэлэхэд нь би тэр яриаг займруулах гэж “Чи ганцаараа гучин тэмээгээр Хүрээ жин тээж чадах уу” гэлээ.

-Чингэвэл чи баярлах уу гэж асуув.

-Эр чадалтай ажилч хүнийг хараад хэн ч баярлана шүү дээ гэв. Ингэж ярьснаас хойш удалгүй Юндэн айлын гучин тэмээг хөлсөлж аваад ганцаараа хүрээ жинд явчихлаа. Би юу хэлснээ ор сураггүй мартчихаад “Энэ хүйтэнд гучин тэмээгээр ганцаараа явдаг бас онгиргон амьтан юм даа. Нүд улаан, мөнгө цагаан л гэдэг болж байна. Амиа алдах гэж байгаа юм” гэж Гончигийн шоолон инээхэд хамт инээж байж билээ гээд эмгэний хоолойноос хачин авиа гарснаа зангираад тагжрав. Эмгэн тулганы захын үнсийг мойног болсон бор хуруугаараа оролдож газар ширтэн дорой дуугаар

-Намайг арваад айлынх хүүдээн гуйхад аав, ээж өгөхгүй байлаа. Гэтэл хошуу ноёны хүүд гуйхад ухаан жолоогүй баярлан зөвшөөрөв. Би очихгүй гэж уйлан хайлан гуйсан. Огт тус болсонгүй. Энэ бүхнээ Гончигт хэлж даруй түргэн оргож зайлъя гэлээ.

-Бид хоёр оргоод хаа зайлах вэ?

-Оргохгүй бол өнгөрлөө. Чи ойлгож байна уу?

-Орон гэр мал хөрөнгөө хаяад хүний нутаг, гүний газар яаж амьдрах юм бэ?

-Хайр сэтгэл залуу нас байна. Яагаад ч болсон амьдарна. Эндээс зайлъя.

Гончиг эхлээд оргохыг зөвшөөрөхгүй байлаа. Гэвч би уйлж уурлан эцэст нь боож үхнэ гэж баймаажин оргох болоод өдөр цаг болзоод яг явах дээрээ дургүйд хүчгүй гэгчээр баригдаж Гончиг хүний хүүхнийг эцэг, эхийн зөвшөөрөлгүй оргуулах гэсэн хэрэгт орж хошууны хар гэрт хоригдов. Би ч чанд хараанд орж гэрээс дагалтгүй гарахаа болив. Мордуулах хоног ойртсоор л байлаа. Нэг өдөр Юндэн жинтэйгээ ирээд гэртээ ч орсонгүй хотны хажууд зогсож байсан надтай уулзан шууд л өврөөсөө бор цаасанд боосон мөсөн чихэр гаргаж өгөв. Харвал хоёр хацар хамрын үзүүр нь хөлдөж барзайн шархалсан байлаа.

-За би гучин тэмээгээр ганцаараа жин тээвэрлээд ирлээ. Чи баярлаж байна уу? гэж нүдэнд нь гал гялалзан бахдаж ядсан баяртай хэлэв.

-Иш Юндэн минь би гэдэг хүн түмэн зовлонд учраад байна гээд бүх болсон юмаа ярилаа. Юндэнгийн баяр бахдал бялхан гэрэлтэж байсан царай нь барайн, гялалзан байсан нүд нь бүдэг мохоо болсон юмдаг.

-Хандаа “чи Гончигоос өөр хүнд сэтгэлгүй юү?” гэж намуу дорой дуугаар асуув.

-Yгүй. Гончигоос бусад хүн над огт хэрэггүй. Би яасан заяагүй амьтан бэ? гээд уйлав.

Юндэн арга нь барагдан хэсэг зогссоноо “Хандаа. Уйлаад яах вэ. Би” гээд үгээ тасалж над руу удтал ширтэв. Хойно бодоход тэр нүдэнд мөн ч их юм байж билээ гээд эмгэн над өөд арчаагүй нүдээр харснаа үргэлжлүүлэн

-Энэ үед эх нь бидний дэргэд ирж “Та хоёр сүүлд ярь даа. Миний хүү халуун цай уу, Иш энэ хацар, хамар нь” гээд Юндэнг аваад явлаа. Хэд хоног Юндэн надтай уулзсангүй. Зайлаад л байлаа. Жинд явж олсон мөнгөөрөө хоёр сайн морь худалдаж авлаа. Нөгөөдөр намайг мордуулна гэж юм бэлтгэж байв. Нэг орой тугал уяж байхад Юндэн дэргэд минь ирж “Чи Гончиг үгүй бол үхнэ гэдэг чинь үнэн үү?” гэж шивнэн асуув.

-Өөр би яахав дээ гээд уйлав.

-Чи надтай оргохгүй юү. Би чамд мөн ч сэтгэлтэй дээ.

-Гончиггүй бол би хаашаа ч явахгүй. Мордуулах болбол энэ хойт хадан дээрээс үсэрч үхнэ гэлээ. Юндэн гарыг минь чанга гэгч барьж урт бөгөөд тасалдуулан санаа алдаад “Маргааш орой сэрэмжтэй байгаарай” гээд шууд эргэв. Юу болохыг мэдсэнгүй. Маргааш нь орой болов. Юу ч болсонгүй унтахаар хэвтэв. Гэвч нойр хүрсэнгүй. Чимээ чагнан сэтгэлд минь ямар нэгэн горьдлогын зул асаж хэвтэн байтал гэрийн ард нэг л ер бусын чимээ гарлаа. Би хэвтээгээрээ шахам хувцаслаж гарах гэтэл хүмүүс сэрэв. Би ч үсрэн гарлаа. Хүмүүс ч босоцгоов. Гэрийн хойно очвол эмээлтэй хоёр бараан морьтой хүн зогсож байлаа.

-За бушуухан морд. Баригдвал баларна шүү. Хойноос буутай хуягууд нэхэж байгаа гэсэн. Гончигийн дууг таниад шууд мордлоо. Гэрээс хүмүүс шуугилдан гарахад бид хоёр морины хурдаар давхиж байлаа. Тэр морьдын хурдан гэдэг нь. Гончиг түрүүлэн, би дагаад юм ярих чөлөө завгүй довтолгов. Хойноос чимээ гарсангүй. Yүр цайхад мэдэхгүй газар ирсэн байлаа. Арав гаруй хоног явж хошуу алгасаад харь нутагт очиж айлын мал хариулан амьдрав гээд эмээ дуугаа хурааж хэсэг болсноо уйлж тасалдсан дуугаар Гончигийг хар гэрээс оргуулж хуягийн буудсан суманд өртөгдөн амь нь гарахдаа “Хандад би оломгүй сэтгэлтэй юмсан. Миний хоёр морь та хоёрыг жаргалд хүргэг. Бушуухан яв” гэж Юндэн хэлээд амьсгал хураасан гэдэг гээд Ханд гуай дуугүй болов. Бүх бие нь салганан шанааны нь арьс татвалзана. Нэлээд удсаны дараа нам бөгөөд сэтгэлийн гүн тослог дуугаар «Хүү минь би сайхан сэтгэлийн их хайрыг амсаж эдэлж чадах хүн байсан юмсан. Гэвч түүнийг харж чадаагүй хажуугаар нь өнгөрсөн. Тэр их сэтгэлээс үлдсэн юм гэвэл шаналж харамссан бухимдал, Юндэнгийн нэрийг өгсөн хүү хоёр л байна гээд дуугаа таслахад эмгэний нүднээс бөөн бөөн нулимс тасран хацрынх нь үрчлээг дагаж урсахад жавьжаараа шимэн залгиж байлаа. Би Гончигийн тухай асуумаар байсан авч нэг л асуух зүрх хүрсэнгүй. Бас л Ханд гуайн сэтгэлийн гаслан над аяндаа дамжиж дотор минь нэг л эвгүй болов. Гэтэл Ханд гуай шийдэмгий зэвхий дуугаар “Жил болоод хэвлийд минь хүүхэд буй болов. Гэтэл Гончигийн зан хувирч малыг нь хариулж байсан айлын буцмал хүүхэнтэй сэтгэлтэй болоод удалгүй тэднийд хүргэн орлоо” гэхэд “Ямар муухай хүн бэ” гэж өөрийн эрхгүй дуу алдав.

-Иш хүү минь муухай юу байхав дээ. Юндэнгийн сэтгэлийг түүнээс болгосон шүү дээ. Бүхэл насандаа гэмшиж Юндэнг бодож, Юндэнг харж зүүдэндээ түүнтэй ярьж явлаа. Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол гагцхүү алдаж л болохгүй. Хүний сайхан дотроо нууц байдаг юм даа. Хүү минь чи миний энэ ярьсныг заавал сонинд бичээрэй. Амьдралын замд гарч яваа залуу хүмүүст хэрэг болж магад. Энэ бол миний хүнд хэлж өгөх гэсэн амьдралаас үлдсэн ганц зүйл байгаа юм гээд шавхийтэл босож шууд гарсан юм. Тэр орой Ханд гуайн бие муудаж хүү нь эмчид явж бид тэдний гэрт цугларав. Ханд гуайн царайнд хөнгөн мишээл тодроод үг хэлэх гэснээ хоёр дахин эвгүй зогисоод “Юндэн минь” гээд талийгаач болсон билээ. Би Ханд гуайн ярьсныг нэмээгүй бас хасаагүй. Yнэхээр ч амьдралын замд гарч яваа залуу хүмүүст “Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол алдаж болохгүй” гэсэн Ханд гуайн үг чухлаас чухал биз ээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Бавуугийн ЛХАГВАСҮРЭН: Би чинь уул, аав хоёроороо овоглодог юм байна гэж бодогдоод хязгааргүй их баярласан даа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Бавуугийн Лхагвасүрэн гуайн гэрт шинийн тавны өдөр яваад орлоо. Гэрээр нь дүүрэн хүн сууцгааж байна. Орчуулагч Ж.Нэргүй гуай босоод зогсчихсон саяхан Дорнод аймагт болж өнгөрсөн “Болор цом”-ын сонин сайхныг ярьж байв. Мань эр “Энэ жилийн “Болор цом”-ын тэргүүн шүлэг болбоос дадайст шүлэг гэж Б.Батсайхан өөрөө хэлж байна. Дадайзм гэдэг нь гэнэн хүүхдийн сэтгэлээр ертөнцийг хардаг модернист урсгал юм байх” гээд л гар хуруугаа гозгонуулаад ярьж өгч байна. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан Р.Самдандовжид ярианд нь оролцон “Болор цом”-ын эргэн тойрныг ярьж байв. Харин Алтан унжлагат хэмээх тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай гэрийнхээ хойморт тамхиа цэнхэр утаа суунаглатал баагиулан суух аж. Гэргий С.Баасан нь ирсэн зочид гийчдэд үйлчлээд тун завгүй. Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй ярилцсанаа хүргэе.


-Хөдөлмөрийн баатар болсонд юуны өмнө баяр хүргэе. Хөдөлмөрийн баатар болж байгаа гэдгээ хэдийд мэдсэн бэ. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Одоогоос найман жилийн өмнө намайг Нийслэлийн иргэдийн хурлаас хөдөлмөрийн баатарт зөвшөөрсөн бичиг гарч байна гэж сонсогдсон. Тэгээд л сураггүй болчихсон. Болоогүй л юм байлгүй гэсэн юм бодоод өнгөрсөн. Тэгсэн цагаан сарын өмнө Монголын төр Хөдөлмөрийн баатар болголоо. Шагнал авахаас хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ц.Баярсайхан ярьсан. Ямар шагнал өгөх гэж байгаа гэдгээ тодорхой хэлээгүй. “Та хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд л яваад очсон. Шагнал авахаас өмнө хүмүүс мэдчихээд баяр хүргээд эхэлсэн. Ингээд яваад очтол Хөдөлмөрийн баатар болж байгаа Ерөнхийлөгчийн зарлигийг хамгийн түрүүнд уншсан. Монголын уран зохиолд оруулж байгаа хувь нэмэр гээд л маш тодорхой хэлсэн. Үүнийхээ дараа Өнжүүл сумын харьяат Бавуугийн Лхагвасүрэнд хөдөлмөрийн баатар цол олголоо гэсэн. Өнжүүл сумын гэж хэлэнгүүт хачин их баярласан. Дээшээ нэг юм огшоод л ирж байгаа юм. Нутаг гэдэг яасан ч хүчтэй зүйл байдаг юм бэ. Би чинь уул, аав хоёроороо овоглодог юм байна гэж бодогдоод хязгааргүй их баярласан даа.

-Таны хамгийн их баярлаж байсан цаг мөч хэдийд вэ. Анх сэтгүүлд хоёр шүлгээ хэвлүүлчихээд баярлаж байсан. Дараа нь төрийн шагнал авч байхдаа их баярлаж байсан гэж ярьсан байдаг?

-Тийм ээ. Төрийн шагнал авахдаа үнэндээ маш их баярлаж байлаа. Лүнгийн сургуулийн тавдугаар ангид байхад утга зохиолын дугуйлан хичээллэдэг байлаа. Аймгийн Туул гээд сэтгүүл гардаг байсан юм. Тэр сэтгүүлд хэдэн шүлгээ явуулсан. Тэгсэн Хоолонд, Оргил гэсэн нэртэй хоёр шүлгийг минь хэвлэчихсэн байсан. Аав минь миний хоёр шүлэг аймгийн “Туул” сэтгүүлд хэвлэгдсэн байсныг уншаад сүрхий баярлаж билээ. “Миний хүү шүлгээ бичээд бай. Миний хүүгийн шүлэг аймгийн “Туул” сэтгүүлд гарсан байна” гээд л их баярлаж байлаа. Ингээд долдугаар ангиа төгсөөд хот орсон. Шүлгээ бичээд л, зургаа зураад л яваад байсан. 1962 оны намар Зохиолчдын хороон дээр шүлгээ бариад очлоо. “Намар цагийн сар”, “Багийн шархнаас асгарсан дурьдатгал”, “Миний хэлний зүй” гэсэн аар саархан хэдэн шүлэг байсан юм.

Тухайн үед авч явсан хэдэн шүлгээ С.Дашдооров гуайд уншуулахаар өглөө. Тэгсэн удалгүй шүлэг маань хэвлэгдээд гарчихдаг юм байна. Тэгсэн “Нэг их авьяастай хүүхэд гарч ирж байна” гээд л утга зохиол, яруу найргийн хүрээнийхэн шуугиад эхэлсэн. Тэрийг дагаад алдар, хүнд ч ирсэн. Эрт ирсэн магтаалаас болоод би 1982 он хүртэл номоо гаргаж чадаагүй. Тэгсэн Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нарын хурал дээр Явуу багш “Энэ хүүхдийн номыг гаргачих юмсан” гэж хэлсэн. Тэгээд л “Уянгын тойрог” гэх нэртэй жижигхэн номоо анх гаргаж байлаа. Анхныхаа номыг гаргаад хоёр жилийн дараа “Цагаан тэнхлэг” номоо гаргасан. Анхны номыг бодвол арай зузаан. Гэхдээ жижигхэн ном байсан даа. Ингэж л шүлгийн түүвэр бэсрэгхэн хоёр номоо гаргаж байсан түүхтэй. Тэгсэн 1990 онд хоёрхон ном гаргасны төлөө надад Төрийн шагнал өгсөн юм. Төрийн шагнал авч байгаа гэдгээ сонсоод гайхах баярлах тэгэхэд л их зэрэгцэж байсан. Тэр үед баярлахаасаа илүүтэй гайхах нь давуу байсан. Өөрөөр хэлбэл, би шагналд бэлтгэгдсэн хүн биш. Шагнал хүссэн хүн биш байсан болохоор хязгааргүй их баярлаж байсан даа.

-Төрийн шагнал авч байгаа гэдгээ яаж мэдсэн бэ. Зохиолчдын хорооны үүдний өрөөнд анх мэдсэн гэдэг байх аа?

-Төрийн шагнал авах гэж байгаагаа мэддэг өдрийн өглөө Зохиолчдын хорооны жижүүрийн хажууд сууж байсан юм. Тэгсэн зохиолч Д.Мягмар гуай “Төрийн шагналын хуралд явлаа. Чи хүлээж байгаарай” гэж хэлчихээд гараад явсан. Тэр жил төрийн шагналыг ард түмнээс захидал авч байж өгсөн юм. Хэр олон хүсэлт захидал авсан хүнд шагнал өгсөн байдаг. Би өөрийгөө төрийн шагналд нэр дэвшчихсэн гэдгийг мэдчихсэн байсан. Тийм болохоор хороон дээр хүлээгээд сууж байтал 10:00 цаг өнгөрч байхад Д.Мягмар гуай ороод ирсэн. Тэгснээ “За би чамайг нэг үнсчихье. Чи төрийн шагнал хүртлээ” гэж хэлж билээ. Зохиолчдын хорооны жижүүрээр Нанзадын Надмид гэж зохиолч ажиллаж байлаа. Ингэж л төрийн шагнал авсан гэдгээ зохиолчдын хорооны жижүүрийн ширээний хажууд сонсож байлаа. Түүн шиг сайхан эгшин байгаагүй. Одоо болтол миний санаанаас ер гардаггүй юм. Тэр жил Р.Чойном, Ш.Гаадамба гуайд нэхэн олгож, Хөгжмийн зохиолч Хангал бид дөрөв авч байлаа. Намайг авах үед аав минь амьд сэрүүн байсан юм шүү дээ. Аавдаа төрийн шагнал авлаа гэдгээ хэлсэн. Ганц хүү нь шагнал авч байхад миний аав баярлалгүй яах вэ. Жигтэйхэн өмөлзөөд л үнсээд л сүйд болж байсан даа. Аавдаа би төрийн шагнал авснаа үзүүлсэн. УИХ-ын гишүүн байснаа ч үзүүлсэн. Миний хүү ийм багцааны амьдрах юм байна гэдгийг ойлгоод л бурхны оронд одсон байх даа. Харин ижий минь намайг зураач л болох болов уу гэж бодож байсан байх.

Ижийгээ амьд ахуйд номын зураг зураад л явдаг байсан. Би найзуудынхаа, үеийнхнийхээ бүгдийнх нь номны зургийг зурж өгсөн хүн шүү дээ. Зураачийн амьдралаар л явдаг байсан цаг үе юм. Ижий минь амьддаа миний бичсэн ганцхан юмыг уншсан. Тэр үед миний гэргий нисэх клуб төгсөөд шүхрийн спортоор хичээллэж байлаа. Тэгээд “Шүхэр цэцэг” гээд найраглал бичээд “Улаан од” сонинд тавьсан. Тэр шүлгийг ижий минь хүнээр уншуулсан байсан. Тэгээд л их баярласан байх. Хүүгийнхээ талаар зураг зурах юм байна. Шүлэг ч бичих байх гэсэн тоймтойхон бодолтой л 44 –хөн насандаа өөд болсон. Ижийдээ ямар хүү болохоо үзүүлж чадаагүй азгүй л үрийн нэг дээ гэж одоо бодож явдаг. Гэхдээ яах вэ элдвийн хэл аманд орж ижийнхээ ясыг өндөлзүүлээгүй. Үүндээ баярлаж явдаг хүн дээ, би. Хоёрхон номоор төрийн шагнал авна гэдэг санаанд багтахгүй л зүйл байсан. Бусад хүний санаанд ч ороогүй байх. Алдар хүнд надад эрт ирсэн. Тэрнээс хойш Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Тамгагүй төр жүжгийг Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд маргааш нь надад Соёлын гавьяат өгч байсан. Шагналуудыг ч авсан даа. Сая монгол одонгийн дээд Сүхбаатарын одон хүртлээ. Амьд байх гэдэг яасан ч сайхан юм бэ гэж бодож сууна даа, ах нь.

-Хөдөлмөрийн баатар болчихоод гэртээ ирэхэд юу бодогдож байсан бэ. Унасан газар, угаасан ус, аав, ээжийнхээ тухай илүү их бодсон байх?

-Миний хүүгийн зурсан аавын минь хөрөг байдаг юм. Хаана ч очсон нүд нь дагуулж хараад байгаа юм шиг зурсан зураг бий. Тэгээд л аавынхаа зурагны өмнө удаан зогссон. Тэр үед миний аав “Шагнал авдаг сайн хүү шүү” гэж баярлаагүй байх. “Яахав дээ, миний ганц хүү хүний дайтай яваа юм байна” гэж баярласан байх гэж бодогдож байна лээ. Намайг алдартай том хүн байхаас илүү амьд, эрүүл саруул байхад минь илүү их баярладаг хүн байсан. Хүний эцэг, эхэд энгэртээ одонтой ч бай одонгүй ч бай үрээ харж л байвал хамгийн үнэтэй байдаг байх гэж л ойлгосон. Миний аав тийм л хүн байгаа юм. Ижий минь ч гэсэн тэгэх л байсан байх. Ганцхан хүүтэй хүн чинь хүүгээ амьд байхыг л юу юунаас илүү чухалчилдаг болохоос хүний дээр яваасай гэж боддоггүй байх.

-Таны хүүхэд насны талаар асуумаар байна. Мэдээж Монголын төрт ёсны баяр цагаан сарын баяр болж байна. Таны хүүхэд ахуйн цагаан сар хэрхэн болдог байв?

-Аав минь улсын хянан шалгах газарт ажиллаж байсан юм. Тэгсэн ижийгийн бие өвдөөд тааруу байсан. Намайг долоон настай байхад ээж хагалгаанд орсон юм. Ингээд агаар салхинд гаргана гээд намын илгээлт аваад хөдөө гарсан байдаг. Аав Төв аймгийн Лүн сумын Сум нэгдлийн даргаар очсон. Тэнд л би долдугаар анги төгстөлөө байсан. Лүн сум миний хоёр дахь нутаг. Лүн миний өссөн нутаг, ухаарсан газар. Тийм болохоор би их хайртай байдаг юм. Туул гол сумын төвийн урдуур тохойрч урсаад л даанч сайхан нутаг. Хуучнаар Хүнцэлцавчидхан уулын хошуу Мэргэн Алтгантайн сум гэж байсан юм билээ. Да лам Цэрэнчимэд, улс төрийн зүтгэлтэн агуу Төмөр-Очир гуайн төрсөн нутаг шүү дээ. Ном эрдмийн судалтай газар. Сайхан уул усан дунд өссөн дөө. Намайг бага байхад цагаан сарыг малчдын баяр гэж тэмдэглэдэг байсан. Одоог бодвол хөдөө юм болохоор идээ цагаа элбэг дэлбэг байсан. Гэхдээ одоогийнх шиг идээ цагаа нь эрээн алаг биш байлаа. Сумын төвийн хүүхдүүд айл болгоноор орж бэлэг авна. Намайг хүүхэд байхад цагаан сар дутуу юмгүй сүлэлдсэн сайхан баяр болдог байлаа. Нутгийнхаа хүүхдүүдтэй нийлээд л сумын төвийнхөө айл болгоноор ордог байж. Нэг зүйлийг яримаар санагдаж байна. Гэхдээ цагаан сартай холбож байгаа юм биш шүү. Намайг багад нялуундуу яриатай айлын эгч нар байдаг юм. “Хөөрхий Бавуу даргын ганц хүү. Хөөрхий минь гэж” гээд л чихэр атгаад өгч байгаа эгчийн чихэр цөөхөн байдаг.

Тэгэхэд “За нусаа гоожуулсан золиг зүггүйтээд л байгаарай чи” гээд загнаад өгч байгаа айлын эгчийн чихэр их элбэг байдаг байсан. Загнаж байгаа эгчийн өгсөн чихэр атга дүүрдэг. Нялуурч аргадаж өгсөн эгчийн чихэр цөөхөн юм шиг санагддаг байлаа. Хүүхэд байхдаа үүнийг их мэдэрдэг байсан даа. Хүмүүний зан чанарын орчлон тэндээс эхэлдэг юм болов уу даа. Миний хүн танихын орчлон тэндээс эхэлсэн юм болов уу гэж боддог. Ширүүн дуугарсан, зандарсан болгон хайр байдаг юм байна гэдгийг л тэндээс ойлгосон. Одоо үед хүн муу хэлүүлэх дургүй, дандаа магтуулж байх санаатай болжээ. Гэхдээ хүн ямар ч том хүн боллоо, ямар ч өндөр албан тушаалд очлоо ч гэсэн алдаагаа хэлүүлэхээс айдаггүй байх ёстой. Чиний алдааг хэлж байгаа, чиний бурууг ярьж байгаа хүн чамд хязгааргүй элэгтэй хүн гэдгийг ойлгож аваасай гэж боддог юм. Миний зан чанарын орчлон таних зүйл өчүүхэн юмнаас л эхэлсэн нь энэ дээ.

-Та өөрийнхөө утга уран зохиолд оруулсан багш нарынхаа талаар дурсан ярих уу. Б.Явуухулан багшийнхаа талаар бичсэн дурдатгал байдаг?

-Миний анхны номыг өлгийдөж авсан хүн гэвэл Бэгзийн Явуухулан. Миний номыг редакторлосон хүн. Багшийнхаа талаар бичсэн “Хөөрхий” гээд дурдатгал байдаг. Намайг шүлэг яруу найраг бичиж эхэлсэн тэр үед сайд нарын зөвлөлийн 312 дугаар тогтоол гэж уран бүтээлийн тогтоол гээд маш тодорхой бичсэн тогтоол байдаг байв. Нэг мөр шүлэг хэвлүүлэхэд 1-5 төгрөг. Нэг хэвлэлийн нүүр бол 8001100 төгрөг гээд үнэлгээг нь тогтоочихсон. Маш сайхан тогтоол байсан. Хэвлэгдсэн шүлэгнүүд дээр редактор үнэлгээг нь тавина. Тогтоолын дагуу миний хэвлэгдсэн шүлэгнүүд дээр Явуу багш минь дүн тавьсан. Багш дандаа тав тавьсан байсан. Ганцхан “Жаргалын мянган татлага” найраглал дээр дөрөв тавьсан байсан. С.Баасан бид хоёр анхныхаа номыг хэвлүүлээд 7000 мянга гаруй төгрөг авсан. Гар дээрээ тавьж үзээгүй их мөнгө тухайн үедээ авч байлаа. Гэртээ зурагт, хөргөгч аваад л сайхан байж билээ. Уран бүтээлийн үнэлгээ тийм хатуу чанга. Спорт гээд жижигхэн клише бичихэд л 17 төгрөг авна. Над шиг олон хүүхэдтэй хүнд хоёр өдрийн хоолны мөнгө болдог байлаа. Социализмын үед хийсэн хүндээ тэгж сайхан өгдөг байжээ. Явуу багш миний “Элий” гэдэг шүлэгний ард ганцхан “Хөөрхий” гэдэг үгийг тавьсан байсан.

Уулын хэцийн салхинд сүүлний ширэлдээ задалж

Усан дээр буусан саранг тэнцүү хуваан залгилж

Адуу ингэж нэгэн гүүний унага мэт явав ч

Овоон дээр тавьсан алиныхаа яснаас түрүүлж үргэж явах бол доо гэж дууссан юм. Тэгсэн Явуу багш “Бол доо хөөрхий” гэж тавьсан байсан. Нэмж бичсэн үгийнхээ талаар надад юу гэж хэлсэн бэ гэвэл “Нөхөр минь бол доо гэхээр хараал байна шүү дээ. Тавлаад байна шүү дээ чи. Хөөрхий гэж хэлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Агуу их мэдрэмж гэдэг чинь энэ байхгүй юу. Тэр үед толгой руу цохиод авах шиг л болсон доо. Тэгж л редакторлож өгсөн. Миний анхны номны оршилд их сайхан зүйл бичсэн. Явуу багш надад их сайн байсан. Үүнийг мэдэх хүмүүс байгаа л байх. Дурдатгал, дурсамж худлаа болсон өнөө цагт мэдэхгүй нэг нь алдартай хүний нэрийг бурхан болсон хойно нь сайхан ашиглаж байна даа гэж хэлэх байх.

-Таны зарим нэг зан байдлыг харахаар аархуу хүн юм уу гэж харагддаг. Дархан аварга “Хаях би яараагүй байхад унах чи юунд нь яардаг юм” гэж наадмын талбай дээр аархаж явсан шиг шүүгч нь зөв шүүдэг юм бол энэ жилийн “Болор цомд” би түрүүлнэ гэж хэлж явсан удаатай?

-Хүн хаанаас эхэлдэг вэ гэхээр эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн. Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан. Яагаад ч юм бэ өөрийгөө яруу найрагч болчих юм шиг боддог байлаа. Зураач болно гэдгээ аль эрт мэдэрсэн. Яагаад гэвэл удамшил байдаг юм. Миний дөрвөн хүүхэд зураач, миний ач нар хүртэл зураач, гарын дүйтэй юм. Яруу найраг гэдэг чинь өөрөө омголон зан нэхдэг. Яруу найрагчдын онгирч байгаа, сагаж байгаа алдаагаар хүмүүс хооллож, муу хэлж байгаад би дургүй. Тэр их тааруу хоол байх гэж боддог. Тэд онгирохоос, дарвихаас, огшихоос өөр арга байхгүй улсууд. Яруу найрагчид согтуу байсан ч заавал үнэтэй үг хэлдэг юм шүү.

-Таны Монголын утга зохиолын салбарт хийж бүтээсэн зүйлсийн талаар асуумаар байна. Та өөрийгөө юу хийж, бүтээсэн гэж боддог вэ?

-Би зохиолчдын хорооны даргаар гурван жил ажилласан. 13 хүүхдийг Багшийн дээдэд утга зохиолын анги байгуулаад оруулж байлаа. Миний оруулсан шавь нар Монголын уран зохиол, яруу найргийн салбарын өнгөнд нь явж байна. Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа нэг удаагийн хурлаар 36 зохиолчийг шагнуулж байлаа. Бадраа, Нямдорж нартаа байшин авч өгч байсан юм. Хүн хийсэн юмаа ярих сайн ч юм биш. Гэхдээ асуусан болохоор хариулъя. Монголын уран зохиол, театр урлагийн салбарт өөрийгөө булган сүүлтэй байсан гэж бодож явдаг. Яагаад ингэж бардам хэлж байгаа юм бэ гэхээр миний “Илдэн уулсын цуурай”, “Зүүдний говь” бүтээлээр хөгжлийн зохиолч Ц.Чинзориг төрийн шагнал авсан. Миний “Ламбугайн нулмис” дууриар Х.Билэгжаргал төрийн шагнал, найруулагч Б.Баатар “Атга нөж” жүжиг найруулсныхаа төлөө, Д.Сосорбарам Чингис хааны дүрд тоглосныхоо төлөө төрийн шагнал хүртэж байлаа. Тэгэхээр би булган сүүлтэй байсан гэж бардам хэлж, бодож явдаг. Би найман хүүхэлдэйн жүжиг бичсэн байна. Драмын жүжиг арав гаруй, дуулалт жүжиг есийг, кино тавыг, дуурь нэгийг, ард түмэн амандаа хүлхэж явдаг 60 гаруй дууны шүлэг бичсэн. Энэ мэтээр тоог нь нийлүүлээд байх юм бол нэлээд юм болдог юм байна. Германд миний “Тэнгэрийн цоорхой” гээд ном хэвлэгдэж гарсан. Солонгост хоёр ч шүлгийн түүвэр гарсан. Хятадад мөн л шүлгийн түүвэр хятад хэлээр гарсан байна лээ. Миний шүлгийн түүврийг орчуулсан орчуулагч тэр жилийнхээ орчуулагчдын дээд шагнал хүртсэн. Жижиг сажиг шүлгүүд олон оронд орчуулагдаж хүмүүст хүрсэн байдаг. Солонгосын хоёр том сургууль дээр очиж уулзалт хийсэн. Германы зургаан хотод уулзалт хийсэн гээд яриад байвал хийсэн ажил их бий. Хүмүүс намайг юу ч хийгээгүй хүн гээд ярьдаг л юм байна лээ. Гэхдээ энэ болгонд гомдох юм байхгүй. Дэлхий шигээ алаг амьдрал, өдөр шөнө болдог шиг сайн муугаар хэлүүлж яваад дуусдаг юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?

-Би жил бүр ижийдээ зориулаад нэг дуу хийчихдэг юм. “Сүүгээр бүтсэн бурхан ээж”, “Ижий минь дэргэд байвал” гээд л ээжийнхээ тухайн хийсэн дуу олон бий. Саяхан ижийнхээ тухай бичсэн нэг шүлэгт ая хийлгэхээр хөгжмийн зохиолч Б.Бямбабаярт өгчихсөн. Удахгүй сайхан дуу төрөх байх. Монголд танго их цөөхөн юм гээд Л.Балхжавт “Үзэсгэлэнт минь” гээд дууны шүлэг өгсөн. Л. Балхжавын төгөлдөр хууран дээр миний шүлэг байж байгаад дуу болсон бололтой. “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн дуулаад л байна. “Угтаалцайдамын Хадаа” гээд миний бичсэн шүлгээр хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун ая хийсэн. Дуучин Л. Банзрагч дуулж магадгүй гэсэн сураг гарч байна. Миний хувьд ижийгээ бодож хийсэн бүтээл их үнэтэй болдог. Ижийгээ бодож гарсан өглөө зорьсон ажил минь сайхан бүтдэг. Ижий минь сонсохгүй ч гэсэн дуу хийе гэж бодоод л хийдэг юм.

-Та “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо ардын дуу шиг дууны шүлэг бичих юмсан гэж дандаа боддог гэж ярьж байсан?

-Өдөрт би мөр тавихгүй өнжиж чаддаггүй. Өвчнөөр ярих юм бол шүлэг бичих дон минь хүнд үедээ орчихсон. Миний шүлэг бичих дон архаг. Үүнийг үхэл л эдгээх болов уу гэж бодож байгаа. Ардын дууны шүлэгтэй дүйх сайхан шүлэг бичиж чадахгүй юм байна лээ. Хүн чадахгүй юмаа шуудхан хэлчих хэрэгтэй. Ардын дууны шүлэгтэй дүйх шүлэг бичдэгсэн бол дээлэндээ битгий хэл дэлхийд багтахгүй явмаар байна. Ийм ухаантай ард түмний хэчнээн жил билүүдчихсэн хоёр талдаа иртэй хутга шиг тийм дуу хийж үзэхсэн гэж дандаа боддог. Монголын ардын дууны яруу найраг гэдэг агуу. Хүн сөгдөх юмандаа сөгдөж, чадахгүй юмаа чадахгүй гэдгээ хэлэх ёстой.

-Хүмүүс таны тухай ярих бүртээ таны нэрний өмнө дандаа аавын тань нэрийг байнга хэлдэг. Танд ямар санагддаг вэ?

-Эцгийн минь нэрийг өдөрт миний нэрнээс илүү хэлэх юм даа. Уулзсан хүн бүр эцгийн минь нэрийг маани шиг л хэлдэг. Аавынхаа нэрийг хэлүүлэх их сайхан байдаг. Аавыг минь таньдаг байсан хүн тааралдаасай, ижийг таньдаг хүн тааралдаасай гэж боддог. Жоохон хүүхэд хүртэл Бавуугийн Лхагвасүрэн гээд л хэлдэг. Үүнд их баяртай байдаг.

-Яруу найрагч, зохиолчоос гадна аав хүнийхээ хувьд та ямар хүн бэ?

-Хэдэн хүүхдэдээ нэг их сайн эцэг байгаагүй байх. Гэхдээ айхын бараа байсан. Хүүхдүүдээ нэг их загнаад байдаггүй. Бүр муухай ч харж чаддаггүй хүн шүү дээ. Ганц хүний хүүхэд байсан болоод ч тэрүү олон хүүхэдтэй байх сайхан. Айлын ганц хүү гэдэг бол баярлах гуних хоёрт л ганцаарддаг. Ганцаар газар дүүрнэ гэж ярьдаг. Одоо олон сайхан үр хүүхэдтэй болсон. Ач нар маань хүүхэд гаргаж байна шүү дээ. Олон гучтай болж байна. Хасар Францаас ярьж байна. “Аав аа, хүн чинь хүүхэд дээрээ давтагддаггүй юм байна” гэж хэлсэн. Тэгснээ “Ач дээрээ их давтагддаг юм байна. Миний хүү яг та. Ааш араншин бүх юм нь таныг дуурайчихсан байх юм” гэж ярьж байна лээ.

-Та Монгол орныхоо талаар юу гэж бодож явдаг вэ. Энэ талаар асуугаад энэ удаагийн ярилцлагыг өндөрлөж байна.

-Аль ч газар нь ямар ч цэцэг ургадаг шиг хаанаас нь ч суут ухаантан төрдөг дэлхийн магнай газар гэж Монгол орноо боддог.


Categories
мэдээ цаг-үе

Д.Улаан: Гэр бүлийн шүүх байгуулах цаг үеийн шаардлага бий болсон

Монгол Улсын шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн тайланд дурдсанаар иргэний хэргийн шүүх өнгөрсөн онд Гэр бүлийн эрх зүйн 4674 маргаан шийдвэрлэснээс 2980 гэрлэлт цуцалжээ. Өнгөрсөн баасан гаригт гэр бүлийн маргаан шийдвэрлэх ажиллагааг нэг цэгт төвлөрүүлсэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн III байрны нээлт болсон юм. Гэр бүлийн маргааны шалтгаан, шүүхэд хандсан хосыг эвлэрүүлэх боломж хэр байгаа талаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Улаантай ярилцлаа.


-Шүүхэд салах өргөдлөө өгсөн хосыг эвлэрүүлэх оролдлого үр дүнгээ өгч байна уу?

-Гэр бүлийн харилцаа бол нийгмийн бусад харилцаанаас өвөрмөц, нандин. Тиймээс гэр бүл сална, харилцаагаа эцэслэнэ гэдэг тийм амар шийдэх асуудал биш. Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийн хувьд зөрчилдөөн нь даамжирсан, харилцаагаа үргэлжлүүлэхгүй гэж бат итгэсэн байдаг. Тиймээс бусад маргаантай харьцуулахад эвлэрэл харьцангүй бага. Гэр бүлээ авч үлдэх эерэг ойлголт төрүүлэхэд их ажиллагаа шаарддаг.

Гэр бүл бол төрийн үндэс гэж үздэг шүү дээ. Гэр бүлийн баталгааг бэхжүүлэх, хүүхдийг элэг бүтэн өсгөх, хүчирхийллээс ангид байлгахад төрөөс авч байгаа арга хэмжээнүүдийн нэг нь шүүх хуралдаанаас өмнө гэр бүлийг гуравдагч этгээдийн оролцоотойгоор эвлэрүүлэх юм. Гуравдагч хүний оролцоотойгоор гэр бүлийн гишүүд ярилцаж, ойлголцох, цаашлаад үр хүүхдээ өнчрүүлэхгүй байх үүднээс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль батлагдсан.

-Гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлагч заавал ажиллахыг хуульчилсан. Хосуудтай хэр хугацаанд ажилладаг вэ?

-Эвлэрүүлэн зуучлалын хугацаа 30 хоног. Аль нэг тал хүсвэл дахин 30 хоногоор сунгаж болдог. Энэ хугацаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах, мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзуулж зөвлөгөө өгүүлэх, хамтран ярилцах, ганцаарчлан уулзах зэрэг ажиллагаа явуулдаг. Мөн өөрсдөө хүсвэл ойр дотнын ах дүү, найз нөхөдтэй нь уулзах ярилцлага зохион байгуулдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль батлагдаад удаагүй байгаа. Хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдийн мэдээлэл нэгдсэн санд бүртгэгдэхээр болсон. Хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагуудтай эвлэрүүлэн зуучлагчид хэр холбоотой ажилладаг вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл цоожтой хаалганы цаана үйлдэгддэг, нууцлагдмал гэмт хэрэг. Хохирогч нь гэр бүлийнхээ нэр хүнд, үр хүүхдээ бодоод тэр бүр ил гаргадаггүй. Мөн янз бүрийн хамаарлаас үүдэж хүчирхийлэл дунд байдаг. Шинэ хуульд хүчирхийлэгчийг сургалтад хамруулах, ёс зүй болоод сэтгэл зүйг нь засах талаар заалтууд орсонд талархаж байгаа. Дан ганц шийтгээд байх биш тухайн гэр бүлийг хүчирхийлэлгүй, бат бөх байлгахын тулд урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сургах, шийтгэх гэх зэрэг бүхий л зүйлийг хуульд тусгасан.

Бидний хувьд сэтгэлзүйчидтэй байнга хамтран ажилладаг. Шүүхэд мэргэжлийн сэтгэлзүйч ажиллаж, гэр бүлд зөвлөгөө өгдөг. Мөн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл гүүр болдог. Мэргэжлийн сургалт, уулзалтыг байнга зохион байгуулдаг.

-Ихэнх улс оронд гэр бүлийн маргааныг тусгай шүүх шийддэг. Орчин нөхцөл, бусад хүмүүсээс тусгаарлах шаардлага гэх зэрэг хүний эрх талаас нь үзвэл гэр бүлийн шүүх тусдаа байх ёстой гэдэг. Манайд ийм шаардлага бий болов уу?

-Гэр бүлийн маргааныг шийддэг бие даасан шүүхтэй болох цаг үеийн шаардлага бий болсон. Гэр бүл бол нийгмийн гол харилцаа, төрийн үндэс. Тиймээс гэр бүлийн маргааныг шийддэг бие даасан шүүхтэй болох ёстойг судалгааны дүн ч харуулдаг. Жил ирэх тутам гэр бүлийн маргаан ихэсч байна. Гэр бүлийн маргаан бусад хэргээс онцлогтой. Гэрлэлтээ цуцлуулах гэж шүүхэд хандсан хүмүүс нууцлаг байхыг хичээдэг. Эргээд эвлэрсэн ч шүүхээр явснаа бусдад мэдэгдэхийг хүсдэггүй. Тиймээс энэ төрлийн маргааныг шийдэж байгаа байгууллагын ажиллах орчин, тэнд байгаа хүмүүс бүгд тэр онцлогт тохирсон байх шаардлагатай. Ядаж л үр хүүхдэд нь эерэг ойлголт өгөх нөхцөл шаарддаг. Гэр бүлийн амгалан тайван байдлыг хангах, бат бэх байлгахын тулд төр бодлогоо гүнзгий хэрэгжүүлээсэй гэж хүсдэг.

-Гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандаж байгаа хүмүүсийг ажиглахад салалтын гол шалтгаан нь юу байна вэ?

-Залуучууд сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандаж байгаа нь ажиглагдах боллоо. Нийгмийн асуудал ч гэр бүл салалтад нөлөөлж байна. Нэг нь гадаадад олон жил ажилладаг. Хоёр биенээсээ олон жил тусдаа амьдрахаар ойлголцохоо болих, бие биенийгээ үл хүндлэх асуудал бас байна. Архидалт бас салалтын том шалтгаан болдог. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоож, нэгийгээ гомдоох тохиолдол цөөнгүй байна. Гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон, хүний гэр бүлийг үймүүлсэн хүмүүст хариуцлага тооцуулах хууль хэрэгтэй байна гэж ярих хүмүүс маш олон байдаг. Миний гэр бүлийг үймүүлж, үр хүүхдийг нь өнчрүүлж байгаа хүнд хариуцлага тооцуулахын тулд цагдаад хандах уу, шүүхэд хандах уу гэж асуусан хүмүүс олон бий. Хосын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлээс гадуурх харилцаанд төрөөс арга хэмжээ авах нь чухал гэж бодогддог.

1980-аад оны гэр бүлийг одоогийнхтой харьцуулъя. Тэр үед гэр бүл чөлөөт цагаараа гэртээ хамт, халуун дотно уур амьсгалтай байсан. Гэтэл одоо бүгд утсаа оролдох, телевиз үзэх гэх мэтээр тус тусдаа ажилтай болчихсон. Үүнийг судалгааны байгууллагууд зургаар илэрхийлсэн байдаг. Шинэ технологийг буруутгах аргагүй ч цахим ертөнц бий болсноор амьд харилцаа багассан. Эвлэрүүлэн зуучлалаар уулзуулахад “Энэ надтай ярилцдаггүй. Дэргэд утсаа оролдоод инээгээд суугаад байдаг” гэж гомдоллох хүмүүс байдаг. Ярилцъя гэхээр утсаараа өөр хүнтэй харилцаад, ар гэрийнхэнтэйгээ ярьдаггүй. Хайр сэтгэл нь хөрсөн гэхээсээ илүүтэй өнөөх нь зуршил болчихсон. Гэтэл эхнэр, нөхөр нь надтай ярилцахгүй, миний үгийг сонсохыг хүсэхгүй байна гэж гомдож явсаар салах шийдвэр гаргасан тохиолдол цөөнгүй бий. Сэтгэлзүйч ажиллаад, хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулахад ийм хүмүүс ойлголцдог.

Үүнээс гадна манайх, танайх гэж талцах, гэр бүлээсээ илүү аав ээж, ах дүүгээ илүү үзсэнээс болж маргалдсан хүмүүс ч байдаг. Гэр бүлийн зөрчилдөөнд энэ асуудал зонхилох хувь эзэлдэг. Үүн дээр гэр бүлийн хүмүүжил чухал санагддаг.

-Ямар шалтгаантай салсан гэр бүлийг эвлэрүүлэхэд хамгийн хэцүү байдаг вэ?

-Монголчууд гэр бүлийн нэр хүндийг маш их боддог. Үр хүүхдээ бодож байна гэж тэвчсээр л байдаг. Ингэж явж явсаар эцэст нь “Би яагаад ингэж амьдрах гэж” хэмээн тэсэрч, салах шийдвэр гаргадаг. Нас ахисан хүмүүс салахаар шүүхэд хандаж байгаа нь ихэнхдээ ийм шалтгаантай. Тийм хүмүүс шийдвэрээ өөрчилдөггүй учраас эвлэрүүлэх боломж хомс байдаг.

-Улс төрийн амлалтаас үүдсэн гэр бүлийн харилцаа, маргаан бас их бий болсон гэдэг. Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг төрөөс өгч байсан үед хуурамч гэрлэлтээ цуцлуулахаар хандсан хүмүүсийн тоо ч ихэссэн гэдэг юм билээ?

-Төрөөс гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөг өгнө гэснээс болж тохиролцоод гэрлэлтээ батлуулсан, одоо салмаар байна гэж хандсан хүмүүс 2014 онд их байсан. Одоо харьцангуй цөөрсөн. Ер нь “500 мянгын гэр бүл” дууссан гэж ойлгож болно. Гэрлэлт батлуулчихаад ямар ч холбоогүй олон жил болсны дараа шүүхэд хандахад “500 мянган төгрөгийг одоо надад өгөхгүй бол гэрлэлтээ цуцлуулахгүй шүү” гэж ярих хүн хүртэл байсан.

-Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох хуулийн төсөл бас яригдаж байгаа. Үүнээс үүдэж хүмүүс гэрлэлтээ цуцлуулж төрөөс мөнгө авах хандлага үүсэх вий гэсэн болгоомжлол байна.

-Хоёр талтай. Өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж өгөх нь ахуй амьдралыг нь дээшлүүлэх төрийн бодлого. Гэхдээ манайхан аливаа асуудалд туйлширч хандах талтай. 500 мянган төгрөг өгч байхад мөнгө авах гэж гэрлэлтээ батлуулсан хүмүүс цөөнгүй байсан шиг заль гарахгүй гэх үндэслэлгүй. Ганц бие бол гадаад явах боломж бүрдэнэ гэж нэг хэсэг туйлширч гэрлэлтээ хиймлээр цуцлуулах хандлага байсан. Түүн шиг тэтгэмж авахын тулд гэрлэлтээ цуцлуулах оролдлого хийхийг үгүйсгэхгүй.

-Эвлэрүүлэн зуучлалаар эвлэрсэн хос дахиж салахаар шүүхэд хандах тохиолдол бий юү?

-Миний хувьд эвлэрүүлэн зуучлагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд эвлэрч яваад дахин маргалдах, салахаар шүүхэд хандсан цөөн гэр бүл бий. Харин эвлэрүүлээд явсан гэр бүл нэгнийгээ хүчирхийлж, ямар нэгэн байдлаар гэмт хэргийн хор хохирол учруулсан асуудал гараагүй. Ер нь эвлэрсэн хосуудын олонхи нь бие биеэ ойлгож, хүндэлж гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалахыг ухамсарласан байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Иргэд хууль санаачилж, санал асуулга явуулах эрхтэй болно

Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн талаар хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидтэй ярилцлаа.


-Юуны өмнө Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл хүргэхгүй юү?

-Иргэдээс төрийн шийдвэр гаргахад шууд оролцох эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хуульд байгаа хэдий ч түүнийг хэрэгжүүлэх механизм эрх зүйн зохицуулалтгүйн улмаас практикт хэрэглээгүй өнөөдрийг хүрчээ. Ард нийтийн санал асуулгын тухай хууль анх 1995 онд батлагдаж, 2016 онд шинэчилсэн найруулгыг хийсэн ба 20 гаруй жилийн хугацаанд үйлчилж буй энэ хуулиар ард нийтийн санал асуулга нэг ч явуулж байгаагүй. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төсөлд тусгаснаар иргэдийн санаачилга төрийн шийдвэр болох, тусгагдах боломж илүү бодитой болно. Өөрөөр хэлбэл, иaргэд УИХ-ын болон ИТХ-аар ямар асуудлыг хэлэлцүүлэх талаар дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй болно. Мөн ард нийтийн санал асуулга, орон нутгийн санал асуулгыг явуулъя гэж санаачилж болохоос гадна Үндсэн хуульд заасан гурван хууль санаачлагчид иргэд тодорхой хуулийн төсөл, саналаа хэрхэн уламжлахыг тодорхой болгоно. Энэ хуулиар дээр дурдсан үндсэн гурван асуудлыг зохицуулахаар тусгасан. Иргэдийн санаачилга, санал асуулгын үр дүн нь хууль зүйн үр дагавар бүхий албан ёсны шийдвэрээр баталгаажна. Зөвхөн төрийн байгууллагын санаачилгаар дээрээс доош чиглэсэн байдлаар бус харин иргэдийн санаачилгаар доороос дээш чиглэсэн байдлаар төрийн байгууллагаас шийдвэр гаргах боломж бүрдэнэ.

-Тэгэхээр иргэд хууль санаачлагч болох эрхтэй болно гэсэн үг үү. Ямар эрхзүйн хүрээнд үүнийг явуулах вэ?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /26.2/ зааснаар УИХ-ын гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй бөгөөд энэ хуулийн төслөөр тодорхой хуулийн төслийн саналаа иргэд уламжлах харилцааг илүү тодорхой, ойлгомжтой зохицуулж байгаа юм. Одоо бол иргэд тойргоос сонгосон гишүүддээ эсвэл өөр хууль санаачлагчид энэ хуульд ийм өөрчлөлт оруулмаар байна, ийм хууль батлуулах хэрэгтэй байна гэж уламжилдаг ч тэрийг нь авч үзэх эсэх нь гишүүний үзэмжийн асуудал байдаг. Харин энэ асуудлыг нарийвчлан хуульчилснаар байдал өөрчлөгдөнө. Нийт гурван сарын хугацаанд 5000 хүн гарын үсгээ зурж, СЕХ-гоор шалгуулаад бэлэн боллоо гэхэд УИХ-ын гишүүнд эсвэл Засгийн газар, Ерөнхийлөгчид уламжилж хүргүүлэх юм. Ингээд ирсэн хуулийн төслийн саналыг албан ёсоор санаачлаад явж болно. Хэрвээ хууль санаачлагч үгүй гэж байвал үүнийгээ олон нийтэд үндэслэлтэйгээр тайлбарлах ёстой болно.

-Зарим тохиолдолд иргэдэд чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцдэггүй, дардаг гашуун түүх байдаг. Үүнд иргэд хяналт тавих боломжтой болох нь ээ?

-Энэ харилцааг тус хуулийн төслөөр хоёр механизмаар зохицуулахаар тусгасан. Манайд иргэд орон нутгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хуралд, УИХ-ын гишүүддээ аливаа нэгэн хуулийг баталж өгөх талаар санал хүсэлтээ хүргүүлдэг ч тэр нь заавал асуудал болж орох, хэлэлцэгдэх эсэх нь ерөнхий өргөдөл гомдлыг хүлээж авч шийдвэрлэдэг явцтай адилхан. Заавал хүлээж авч хэлэлцэх үүргийг шийдвэр гаргагчид хүлээдэггүй. Харин энэ хуулийн төслөөр иргэд хоорондоо саналаа нэгтгэж, УИХ-д бол сонгуулийн эрх бүхий таван мянган иргэн 90 хоногийн хугацаанд, ИТХ-д тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн сонгуулийн эрх бүхий нийт иргэний нэг хувьтай тэнцэх тооны иргэд гарын үсгээ 45 хоногийн дотор цуглуулсан тохиолдолд УИХ, ИТХ-аас тухайн хууль, асуудлыг чуулган, хурлын хуралдааны дэгийнхээ дагуу заавал хэлэлцэж шийдвэрлэх байдлаар зохицуулсан. Харин уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь УИХ-ын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал байх юм. Харин аль нэг хууль санаачлагчаас УИХ-д албан ёсоор өргөн мэдүүлээгүй хуулийн тухайд бол иргэд энэ УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах санаачилга гаргах боломжгүй. Энэ зөвхөн өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн тухайд боломжтой зохицуулалт. Харин хэн ч УИХ-д өргөн мэдүүлээгүй хуулийн төслийн санал байгаа бол иргэд дараагийн нэг механизм болох 5000 иргэн хамтраад хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчдад уламжлах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

-Тэгэхээр УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурал (ИТХ)-д иргэд саналаа хэрхэн тусгуулж явах вэ?

-Дээр нэрлэсэн хоёр механизм байна. Түүнээс гадна гурав дахь механизм нь нийтийн санал асуулгыг иргэдээс санаачлах боломжтой. Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуулийг 1995 онд анх баталж, 2016 онд засч сайжруулсан ч нэг ч удаа хэрэглэж байгаагүй гэдэг нь эргээд тэр шийдвэрийг хууль санаачлах гурван эрх бүхий этгээдээс буюу дээрээс санаачилдаг тогтолцоотой холбоотой. Энэ хугацаанд иргэдийн дунд энэ ч асуудлыг тэр ч асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдчихдэг бол гэсэн яриа гардаг л байсан. Гэвч нэг ч удаа зохион байгуулж байсангүй. Харин энэ хуулийн төслөөр дээрээс санаачлахаас гадна иргэдээс санал санаачилга гаргах боломжийг хангаж өгч байна. Иргэд чухал гэж үзсэн, орон нутагт нь тулгамдсан, үндэсний хэмжээнд шийдвэрлвэл зохих асуудлаар санал асуулга явуулъя хэмээн санаачилж болно. Ингэхдээ хуулийн төсөл боловсруулах явцад олон янзын санаа байснаас Үндсэн хуулиас бусад хуулийг баталснаас хойш нэг жилийн хугацаанд хүчингүй болгох асуудлаар санаачилга эхлүүлж болно. Гэхдээ нарийн шалгуур, үйл явцыг хангах шаардлагатай. Эхлээд санаачлагчдын бүлгээ байгуулаад, бид ийм зорилготой, энэ хуулийг ард нийтийн санал асуулгаар хүчингүй болгуулах хүсэлтэй гэдгээ албан ёсоор илэрхийлнэ. Ингээд СЕХ-нд бүртгүүлж гарын үсэг цуглуулж эхэлнэ гэдгээ зарлуулна. Хууль зүйн яамаар хянуулна. Орон нутгийн санал асуулга явуулахаар иргэдээс санаачилсан тохиолдолд ч тодорхой шаардлагууд бий. Санал асуулга явуулах иргэдийн санаачилгыг дэмжиж улсын хэмжээнд сонгуулийн эрх бүхий иргэдийн дөрвөн хувьтай тэнцэх тооны гарын үсгийг зургаан сарын хугацаанд, орон нутгийн хэмжээнд тухайн орон нутгийн сонгуулийн эрх бүхий иргэдийн хоёр хувьтай тэнцэх тооны иргэдийн гарын үсгийг гурван сарын дотор цуглуулсан тохиолдолд санал асуулга явуулах шийдвэрийг холбогдох төрийн байгууллагаас гаргана гэж байгаа.

-Ерөнхийлөгчийн хоригийн төслийг иргэд санаачилж болох уу?

-Энэ хуулийн төслөөр иргэдээс сонгож байгуулдаг төлөөллийн байгууллага болох УИХ, ИТХ-ын шийдвэр санаачлах, хэлэлцүүлэх талаар зохицуулахаар тусгасан. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх рүү халдахгүй юм.

-Иргэдийн санаачлах хууль тодорхой ямар хязгаартай байх вэ. Хариуцлагагүй гишүүдийг огцруулах боломж байх уу?

-Санал асуулга явуулахдаа ийм ийм асуудлаар боломжгүй гэдгийг нэлээд нарийн гаргаж өгч байгаа. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, төсөв ба үүний тогтвортой байдал, гамшгаас хамгаалах, онц болон дайны байдал зарласан үед зэвсэгт хүчин ашиглах, эсвэл цэрэг хөдөлгөх харилцааг зохицуулсан хууль тогтоомжийг иргэдийн санаачилгаар санал асуулгаар шийдвэрлэх асуудалд хамаарахгүй байхаар тусгасан. Орон нутгийн хувьд нэмээд тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар иргэдийн санаачилгаар санал асуулга явуулахыг санаачлахгүй. УИХ-ын гишүүдийг огцруулах асуудал энэ хуулийн төслөөр хөндөөгүй.

-УИХ-ын чуулганы ирц дандаа сайн байдаггүй. Цөөн тооны УИХ-ын гишүүд Монголын хувь заяаг шийдвэрлэх хууль тогтоомж батлах нь учир дутагдалтай санагддаг. Үүнд иргэд хяналтаа, оролцоогоо хэрхэн тавьж байхаар тусгасан байгаа вэ?

-УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгох эсэх асуудлаар тухайн хууль тогтоомж батлагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ард нийтийн санал асуулга явуулахаар санаачлах эрхтэй байхаар заасан тул энэ нь өөрөө иргэний хяналт болох юм. Иргэдийн дэмжиж буй, санаа зовж буй асуудал, чухал гэж үзэж буй асуудлын талаар болон зөвхөн УИХ-ын гишүүд ба намын санал харгалзах бус иргэдийн санал, байр суурийг хууль батлахдаа харгалзана. Үгүй бол магадгүй иргэдээс тухайн хуулийг хүчингүй болгоё гэсэн санал асуулга санаачилж болзошгүй. Ингэснээрээ цөөхөн хүний саналаар хууль тогтоох гэхээсээ илүү ба иргэдээс хүлээн зөвшөөрөгдсөн байдлаар хууль тогтоох механизм руу чиглэх боломжтой. Иргэд хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжлах, УИХ эсвэл ИТХ-аараа өөрсдийн асуудлуудаа хэлэлцүүлэх, бүр болохгүй бол ард нийтийн эсвэл орон нутгийн санал асуулга явуулах замаар иргэд өөрсдийн дуу хоолойг төрд, төлөөллийн байгууллагуудад хүргэх боломжийг бий болгох юм.

-Төрийн шийдвэр гаргалтад иргэдийг татан оролцуулах боломжтой, иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх ижил төстэй цөөнгүй хуулиуд урьд нь батлагдсан байдаг. Гэтэл иргэд өнөөдрийг хүртэл саналаа бодитойгоор оролцуулж чадаагүй ирсний гол шалтгаан, сул тал юу вэ?

-2013 оноос хэрэгжиж эхэлсэн Төсвийн тухай хууль, 2015 онд батлагдсан Хууль тогтоомжийн тухай, Нийтийн сонсголын тухай, Захиргааны ерөнхий хууль гээд иргэний оролцоог хангахад ахиц дэвшилтэй хуулиуд батлагдсан.

“Иргэний оролцооны талаарх Монгол Улсын хууль, эрхзүйн актын хэрэгжилтэд мониторинг, эрхзүйн орчны нөхцөл байдлын дүн шинжилгээ” судалгааг Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны хийсэн. Судалгаагаар Монгол Улсын нийт хүчин төгөлдөр хуулиудын 105 нь иргэний оролцооны талаар тухайлбал, төрөөс мэдээллийг хүртээмжтэй байлгах, ил тод байдлыг хангах, шийдвэр гаргахдаа иргэдээс саналыг нь авах буюу зөвлөлдөх, иргэний идэвхтэй оролцоог хангах, иргэний хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт байгаа боловч Монгол Улсын Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлалын дагуу иргэдийн оролцооны талаарх холбогдох хуулийн зохицуулалт нь харилцан адилгүй, нэгдмэл зохицуулалтгүй байна хэмээн хөндлөнгийн судалгааны байгууллагаас дүгнэсэн байна. Энэхүү судалгааны дүгнэлтэд дээрх хуульд иргэдийн мэдээлэл авах, идэвхтэй оролцох, хяналт тавих зэрэг үндсэн зохицуулалтыг хуульд тусгасан хэдий ч иргэдийн санал, хүсэлтийг хэзээ, хэрхэн авах, түүнийг шийдвэр гаргахдаа хэрхэн үндэслэх талаар зохицуулалтгүй, оролцоог хэрхэн хэрэгжүүлэх арга замыг тодорхой заагаагүй, иргэдийн хэдэн хувиас санал авсан бол хүчинтэйд тооцох, санал аваагүй бол ямар үр дагавар үүсэх, санал авсан асуудал, шийдвэрийн талаар иргэдэд эргэж мэдээлэх зэрэг асуудал нь зохицуулалтгүй.

Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудад иргэний оролцоо, санаачилгын талаар ямар нэг байдлаар дурдаж, агуулгад нь янз бүрийн байдлаар тусгасан байдаг ч эцсийн мөчид дарга, эрх мэдэлтний зүгээс алхам хийж түүнийг нь дэмжихгүй л бол шийдвэрт хүрэх боломжгүй тогтолцоотой хэвээр байна. Иргэдийн улс төрийн үзэл бодлыг нэгтгэн төлөөлөх, улс төрийн эрхийг нь төлөөлөн хэрэгжүүлэх гол институт болох намд итгэл итгэл мөн их муу байгаа. Энэ нь цаашид төр, иргэнийг холбох, төрөөс гарч буй шийдвэрийг амьдруулах механизм бий болгох, эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байна.

Б.ДОЛЗОДМАА