Categories
мэдээ цаг-үе

Мадонна, Майкл Жексоноос ч алдартай “JOY” хамтлагийнхан монгол бүсгүйчүүдэд зориулан дууллаа

Австрийн Бад Ауссье хотод анх үүсгэн байгуулагдсан “Joy” хамтлаг Монголд өчигдөр тоглолтоо хийлээ. Хамтлагийн уран бүтээлчид энэ сарын 6-ны өдөр Монголд ирсэн юм. “Crocus Event Hall” клубээс өнгөрөгч зууны ная, ерээд оны диско үдэшлэгийг тогтмол зохион байгуулж байгаа юм. Энэхүү үдэшлэгт гадаадын хамтлаг дуучид ирж оролцдог уламжлалтай бөгөөд өнгөрөгч онд “London Beat”, “La Bouche” зэрэг хамтлаг ирж уг үдэшлэгт оролцож байсан удаатай. Харин энэ удаад Австрийн “Joy” хамтлагийн уран бүтээлчид ийнхүү урилгаар хүрэлцэн ирж, өчигдөр 20 цагт “Crocus Event Hall” танхимд тоглолтоо толилуулсан юм. Тоглолтод “Шар айраг” хамтлаг оролцож “Smokie” ковер тоглолтоороо үзэгчдэд сюрприз барилаа. Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан “Mongolian Girls” гэж дуугаар бүсгүйчүүдэд бэлэг барив. “Joy” хамтлагийн үүсгэн байгуулагдсан түүхээс товч өгүүлбэл, ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Fred¬dy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байжээ.

1997 онд хамтлагийн унаган хоёр гишүүн болох Freddy Jaklitsch болон Man¬fred Temmel нар тусдаа гарч “Seer” нэртэй шинэ хамтлаг байгуулсан юм. Энэ нь хожим Австрийн хөгжмийн түүхийн нэгэн шилдэг хамтлаг болсон байна. Гэвч 2008 онд Manfred Temmel “Seer” хамтлагаасаа гарчээ. Хамтлагийн бүрэлдэхүүнд ийнхүү өөрчлөлт орж байсан ч 2010 онд хамтлагийн унаган гурван гишүүн Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Tem¬mel нар хамтлагийнхаа 25 жилийн ойгоор эргэн нэгджээ. 2010 оны аравдугаар сарын 30-нд “JOY” хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг дөрвөн хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан аж. 2011 оны долоодугаар сарын 15-нд “JOY” хамтлаг Эстонийн “Viljandi Retro Fest” танхимд Латви, Эстонийн долоон мянга гаруй үзэгчдэд тоглолтоо толилуулав. Тус хамтлагийнхан 2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-гоос зохион байгуулдаг “Dis¬co-80” шоу арга хэмжээнд оролцож эхэлсэн байна.

Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна. 1982 онд зохиогдсон “Eu¬rovision” дууны уралдаанд Австрийн дуу хөгжмийг тодорхойлсон тэдний “Sonn¬tag” дуу шилдэг аравт багтаж Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч гол хамтлагуудын нэг болсон юм. “JOY” гэдэг нь 1985 онд хамтлагийн гишүүн Michael Scheickl-ийн бичсэн анхны синглийн нэр бөгөөд энэ үеэс эхлэн хамтлагийн тухай хэвлэлүүдэд нийтлэгдэж эхэлсэн байна. Тэдний дараагийн сингл болох “Touch By Touch” нь шууд л Европын топ 20 бүжгийн чаартад багтаж Австрийн үндэсний шилдэг дууны нэгдүгээрт жагсав. Энэ цомог нь Австри, Португаль, Испани зэрэг орнуудад тавин мянган хувь борлогдож “Golden Sta¬tus” шагналыг хүртэж байсан юм. Тэдний гурав дахь сингл болох “Hello”-г Michael Sche¬ickl бичсэн бөгөөд мөн л тэр даруйдаа хит болж Австрийн Үндэсний жагсаалтад болон Европын орнуудын шилдэг жагсаалтад жагсаж байсан юм. Энэ альбом нь 30 гаруй оронд борлогдсоноор “JOY” дэлхий дахинаа нэрд гарах эхлэл болжээ.

Мөн сингл байдлаар гаргаагүй ч “Valerie” нэртэй трак нь “Krugozor” сэтгүүл, флекси сингл хэлбэрээр гаргасан хувилбар нь зүүн Европт хит болж, хэдэн жилийн дараа Унгарт “In¬flagranty” хамтлагийн ковер хийж “Te meg en” нэртэйгээр гаргасан хувилбар нь хит болов. Хамтлагийн дуунууд нь эерэг өнгө аястай бөгөөд улс төрийн үг хэллэг ордоггүй тул 1986-1987 онд Зүүн Европт үүссэн коммунист үзэл баримтлалын хуваагдал буюу Iron Curtain-ийн ард “Ein Kessel buntes” теле шоунд “DDR-Dance Dance Revolu¬tion” хэлбэрээр тоглож байсан цөөхөн хамтлагуудын нэг болсон юм. 1986 оны зун тэд хоёр дахь цомгоо “Joy And Tears” нэртэйгээр гаргав. Нийтэд танилцуулагдахаас өмнө цомгийн өмнөтгөл болгон гаргасан “Japanese Girls” сингл нь тэднийг Азид таниулсан юм. 1986 онд “JOY” хамтлаг Өмнөд Солонгос улсад Мадонна болон Майкл Жексон нараас ч илүү нэр хүнд бүхий хамтлагт тооцогдохоор санал авч байсан юм. Улмаар тэд Бангкок, Хонгконг, Сингапур, Тайвань, Сөүл зэрэг хотуудад аялан тоглолт хийсэн байна.

БНСУ-ын нийслэл Сөүл хотод 12 мянга гаруй үзэгчидтэй хоёр удаагийн тоглолт хийж “Jamsil Olympic” цэнгэлдэх бүхэлдээ дүүрч байсан бөгөөд “Japanese Girls” дууныхаа өөрчилсөн хувилбарыг “Korean Girls” нэртэйгээр тоглож байжээ. Азийн аялан тоглолтынхоо дараа тэд АНУ-ын Калифорни, Сан-Жойс хотын “Shrine Audi-torium” театр, Хятад, Вьетнамд тоглолтоо хийсэн юм. Мөн 1987 оны зун Португаль, Испани, Итали улсуудад тоглолтуудаа хийж “Destina¬tion Heartbeat” нэртэй нэгэн трак бичүүлсэн нь “Flucht in der Tod” киноны дуу болсон байна. Мөн тэр жилдээ “Best of JOY” буюу хамтлагийн шилдэг дуунуудын цоморлигоо гаргаж байв. Энэхүү цомог компакт диск дээр бичигдсэн нь дижитал ертөнцийн эхлэлийг тавьсан бүтээл болсныг онцлох нь зүйтэй. 2010 оны аравдугаар сарын 30-нд “JOY” хамтлаг “Legends of Retro FM” тоглолтоо Москва хотод хийж, хамтлагийнхаа шилдэг дөрвөн хит дууны шинэ хувилбарыг maxi-CD хувилбараар гаргасан юм. 2011 онд тэд Enjoy нэртэйгээр шинэ цомог гаргажээ. Тус цомогт 10 шинэ трак болон Touch by touch, Valerie зэрэг хуучны алдартай дуунуудын тракууд багтсан байдаг. Тус цомгийн арын бүх бокал хоолойг Michael Sche¬ickl бичүүлсэн бөгөөд цомог Австрийн үндэсний чартад 21 дүгээр байрт жагсаж байжээ. Тус цомгийг 2011 оны есдүгээр сард ОХУ-д “CD-Land” студи, Унгарт “Hargent Media” студи тус тус борлуулан олон нийтэд хүргэжээ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Базарсүрэн: Харааны бэрхшээлтэй тамирчдад мэх заахдаа дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих хэрэгтэй байдаг

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор энгэрээ мялаасан Монголын самбо, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, Олон улсын хэмжээний мастер Чоёндоржийн Базарсүрэнтэй ярилцлаа.


-Танд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч болсонд баяр хүргэе. Ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхэлж байв. Хичнээн жил дасгалжуулагч хийсэн бэ?

-Би “Хоршоолол” нийгэмлэгийн “Харцага” клуб дээр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Баатаржав багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Ер нь оюутан байхаасаа л клуб дээрээ очиж хүүхдүүдийг бэлтгэл хийлгэдэг байсан. Би Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн л дөө. Харин XI сургуулиас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Ажиллаж байх хугацаандаа Үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалт эхлэх гэж байгаа тухай сонссон. 1996 оны арванхоёрдугаар сард гэсэн үг л дээ. Сонгон шалгаруулалтад эмэгтэй жүдо бөхийн шигшээ багийг хөгжүүлсэн Буядаа, Машбат багш хоёр маань нэг баг болж мөн би Эрдэнэбат ахтай хамтран өрсөлдөж байлаа. Ингээд 1997 онд дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тушаалаар тухайн үеийн Биеийн тамир спортын үндэсний төвийн жүдо, самбо бөхийн анхны эмэгтэй багийн дасгалжуулагч гэсэн хариуцлагатай ажилд томилогдсон юм.

-Хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан гэсэн. Харин жүдо бөх рүү урвах болсон шалтгаан нь юу байсан бэ?

-Би арван жилийн сурагч байхаасаа эхлээд л спорттой холбогдож эхэлсэн л дээ. Хөнгөн атлетик, сагсан бөмбөг гэх мэт спортоор хичээллэж тэмцээн, уралдаанд оролцдог байлаа. Гэхдээ миний хувьд аав, өвөө минь бөх хүмүүс учраас бөхийн спортод илүү сонирхолтой хүүхэд байсан. Тухайлбал, миний нагац эмээ Луу гүний Галсанхүүгийн Вандан аваргын том охин юм. Харин миний аав үндэсний бөхөөр барилддаг начин цолтой мөн самбо, жүдо бөхийн анхны шигшээ багийн тамирчдын нэг. Тиймдээ ч бөхийн спорт, тэр дундаа жүдо бөхийг сонгон хичээллэх болсон. Гэхдээ барилдах сонирхолтой байсан хэдий ч намайг арван жилд байхад эмэгтэй бөхчүүд хараахан барилдаж эхлээгүй байлаа. Тиймээс арван жилд байхдаа буюу 1987 онд Спортын төв ордонд зээрэнцэг, бөөрөнцгийн төрлөөр хичээллэдэг байсан.

-Вандан аваргын үр удам гэж дээр ярилаа. Ингэхэд гэр бүлд тань аваргыг залгамжилсан бөх хүн бий юү?

-Өвөөг минь жин тээдэг, хөдөлмөрч, их бяртай хүн байсан гэдэг. Жин тээж байхдаа хэвтсэн буурыг өргөчихдөг бяр тэнхээтэй хүн байсан гэдэг. Мөн хүзүүнээс мөр хүртэлх зай нь хоёр төө байсан гэх мэт үлгэр, домог шиг яриа сонсож байсан.

Вандан өвөө минь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь миний эмээ юм. Ганц хүүтэй хүн байсан. Харин хүүгийнх нь хүү аймгийн заан цолтой Мөнхжаргал гэж ах минь байдаг. Одоо Архангай аймгийн Батцэнгэл сумандаа амьдарч байна. Өөр барилдсан залуучууд байхгүй. Харин намайг дагаад хэд, хэдэн охид жүдогоор барилдсан шүү. Олон улсын хэмжээний мастер цолтой хэдэн охид бий.

-Таны шавь Б.Ууганхүү “Рио-2016” паралимпийн наадмын жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэн. Ер нь хэзээнээс пара тамирчдыг бэлтгэж байна вэ?

-Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн захирал доктор, профессор Лхагвасүрэн багш маань 2004 оны Афины паралимпийн наадам үзэхдээ харааны бэрхшээлтэй болон хараагүй тамирчид барилдаж болдог юм байна гэдгийг мэдсэн юм билээ. Харин ирснийхээ дараа надад харааны бэрхшээлтэй тамирчид дасгалжуулах санал тавьсан л даа. Тухайн үед би “Монгол охид” клубт дасгалжуулагчаар ажиллаж байсан. Миний хувьд чадах болов уу яах бол гэж их эргэлзэж байлаа. Харин Лхагвасүрэн багш 2005 онд харааны бэрхшээлтэй эрэгтэй жүдочдын дунд хоёр жингийн төрлөөр тэмцээн хийсэн. Тухайн үед багш маань “Одоо энэ залуучуудтай ажиллаж сайн тамирчин бэлтгэх хэрэгтэй. Базарсүрэн минь, энэ бол хүмүүнлэгийн ажил шүү. Чи ийм сайхан эмэгтэй тамирчид бэлтгэж чадсан юм чинь энэ залуучуудыг амжилтад хүргэж чадна” гэж хэлсэн. Түүнээс хойш л пара тамирчдаа бэлтгэж байна даа.

-Анх хөгжлийн бэрхшээлтэй тамирчидтай ажиллахад ямар хүндрэлүүд тулгарч байсан бэ?

-Мэдээж хүндрэлтэй зүйлүүд тохиолдож байсан. Хүмүүс төдийлөн ойлгохгүй, заал талбай ч олддоггүй байлаа. Харин Үндэсний биеийн тамирын дээд сургуульд болон Спортын төв ордонд жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэлээ хийж дууссаных нь дараа бэлтгэл хийх боломж олддог байсан. Миний хувьд залуу байсан болоод ч тэр үү, ярихаасаа эхлээд л туршлага дутдаг байсан шүү. Энгийн тамирчдад мэх зааж байгаа тохиолдолд энэ мэхийг хараад сураад аваарай ч юм уу, дагаад хийгээрэй гэж хэлнэ. Харин харааны бэрхшээлтэй тамирчдад тэгж хэлж болохгүй шүү дээ. Тиймээс дотор сэтгэлд нь харагдтал дүр, зураг үзүүлж ярих ёстой юм билээ. Мөн өөрийн биеэр бэлтгэл сургуулилтаа заах шаардлагатай болдог. Миний ямар мэхийг яаж хийж байгааг тамирчид гараараа мэдэрч сурдаг юм. Тэд минь ч өндөр мэдрэмжтэй байдаг. Бас сул хараатай тамирчид бусдадаа зааж хамтарч ажилладаг. Энэ нь ч тэдэнд давуу тал болдог гэж хэлж болно. Ингээд бэлтгэл сургуулилт хийлгэснийхээ дараа тамирчдаа заавал гэрийнхэнд нь хүлээлгэж өгнө. Ер нь харааны бэрхшээлтэй тамирчидтай ажиллах хүнд ажил л даа. Гэхдээ цаг хугацаа ч хурдан юм даа. 12 жил пара тамирчидтайгаа хамтарч ажиллаж байна. Тус бүр гурван паралимпийн наадам, Азийн наадамд баг тамирчдаараа амжилттай оролцжээ. Цаашид ч улам их амжилт үзүүлнэ гэдэгтээ итгэлтэй явдаг шүү.

-Паралимпийн наадмын хүрэл медальт Б.Ууганхүү хэзээнээс таны шавь болж, их спортоор хичээллэж эхэлж байв?

-Б.Ууганхүү 2010 оноос эхлэн пара жүдогоор хичээллэж байгаа. Тэрээр 2011 онд Хараагүйчүүдийн дэлхийн наадамд оролцохдоо харааны ангиллаа тогтоолгоод B3-т багтсан. Ерөнхийдөө хараагаа 80-аас дээш хувьтай алдсан хүмүүс пара жүдогийн тамирчин болдог юм. Ямартай ч өнгөрсөн жилийн “Рио-2016” паралимпийн наадамд Б.Ууганхүү маань хүрэл медаль хүртэж түүхэн амжилт үзүүлсэнд хамгаас их баяртай байна. Б.Ууганхүүгээ хөтлөөд дэвжээн дээр гарахад сандралгүй маш тайван байсан. Яагаад ч юм, надад бас итгэл төрөөд болчих юм шиг л санагдаад байлаа. Тухайн үед “Чадна биз дээ. Энэ тамирчинг заавал хожих ёстой шүү” гэж хэлсэнд Ууганаа маань “Чадна аа багш аа. Би хичээнэ” гээд л дэвжээнд гарсан. Хэлсэндээ ч хүрч дөрөвхөн секундын дотор л өрсөлдөгчөө буулгаж авсан. Тухайн үед маш их баярлаж, бахархаж байлаа. Шантарч, төвөгшөөлгүй зорьсондоо хүрэхийн төлөө хичээсэн минь талаар болоогүйд хамгийн их баяртай байгаа.

-Одоо пара жүдочид бэлтгэл сургуулилтаа хаана хийж байгаа вэ?

-Бидэнд тусад нь зориулсан бэлтгэл сургуулилтын заал талбай байдаггүй л дээ. Жүдо бөхийн шигшээ багийн тамирчдынхаа заал, талбайд хуваарийн дагуу бэлтгэл сургуулилтаа базааж байна. Жил ирэх тусам харааны бэрхшээлтэй хүүхэд, залуус жүдогоор хичээллэхээр бидэнд хандах нь ихэсч байгаа. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, сумдын маш олон тамирчид ирж оролцдог болсон.

-Таны дасгалжуулагч хийж байсан “Монгол охид” бөхийн клубээс гурван ч гавьяат төрсөн байна. Түүний нэг нь яах аргагүй олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа шүү дээ. Эдгээр шавь нарынхаа тухай яриач?

-Самбо бөхийн дэлхийн аварга Батдэмбэрэл, жүдо бөхийн олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Дэлхийн аваргын хүрэл медальт Бундмаа нар маань “Монгол охид” клубээс төрөн гарсан гавьяатууд юм. Манай Бундмаа клубт орохоор 1997 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумаас зорьж ирж байсан. Бундаа их адтай. Ямар ч зүйлд эв дүйтэй шүү. Бас их хор шартай. Харин Сумъяагийн аав нь охиноо манай клубт оруулахаар 2004 оны наймдугаар сарын сүүлээр байна уу даа, ирж уулзаж байсан юм. Ингээд манай клубт 2007 он хүртэл хичээллэсэн. Энэ хугацаанд спортын мастерын болзол хангаж “Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багт харьяалагдахаар болсон. Сумъяагийн онцлог нь маш их бяртай. Залхуугүй, шантардаггүй, аливаад тууштай чанар нь өнөөдрийн амжилтад хүргэлээ гэж би боддог юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Мөнхцэцэг: Ирэх хаврын чуулганаар Соёлын тухай хуульд онцгой анхаарал хандуулан ажиллана

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгтэй ярилцлаа.


-Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Төрийн түшээ бүсгүйн хувьд та энэ өдрийг ач холбогдлыг хэрхэн чухалчилдаг вэ?

-Энэ өдөр дэлхийн бүсгүйчүүд эрхээ эдэлдэг. Эрхийг тодотгосон өдөр учраас эхчүүд, ижий, бүсгүйчүүдийн баярын өдөр болсон байна. Би дэлхийн эд эсийн нэгэн адилаар энэ өдөрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Өчигдөр төрийн төлөө зүтгэж буй бүсгүйчүүдээ УИХ-ын дарга хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Мөн мянган эмэгтэйн чуулган Төрийн ордонд боллоо. Орчлонгийн бүх цэцэг тал талд ургадаг шүү дээ. Түүнтэй адил орчлонгийн нэгэн цэцэг болсон эмэгтэйчүүд маань Төрийн ордноо гэрэлтүүлэн өнгө нэмж чуулсан. Тэд нартаа болон Монголынхоо бүх сайхан ээж, эмэгтэйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ сайхан баярын өдрийн мэндийг хүргэе.

-Намрын чуулган завсарласан хугацаанд хаагуур ямар ажил амжуулав?

-Тойргоороо явж байгаад ирлээ. Манай тойргоос тодорсон аварга малчин, алтан төлийн эздийн шагналыг гардуулаад ирсэн. Малчин түмэн маань өвлийг өнтэй даваад хаврын урин цагтай золголоо. Хүн зоны сэтгэл тэнэгэр сайхан байна лээ. Ер нь манай Говьсүмбэр, Дорноговь аймгийн малчид урьд өмнө байгаагүй олон амжилт дагууллаа. Улсын аварга малчин олон төрсөн байна. Хошой аварга малчин, алтан төлийн эзэдтэй боллоо. Малчидтайгаа уулзаад явж байхад намрын чуулганаар хэлэлцэж баталсан олон хуульд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байсан. Ялангуяа малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулиудад талархаж байна лээ. Төр засгийн бодлого шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн дээ.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Энэ чуулганы хугацаанд та ямар хуулийн төсөл дээр голлон ажиллахаар төлөвлөж байгаа вэ?

-Өөрийнхөө харьяалагдсан Байнгын хороогоор хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Зарчмын зөрүүтэй саналд өөрийн санал бодлоо илэрхийлээд явж байна. Удахгүй Соёлын тухай хуулийг хэлэлцэх байх. Үүнд идэвхийлэн ажиллана гэж бодож байгаа. Сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд манай улсын соёлын бодлого нэлээн алдагдсан. Аливаа улс гүрэн өөрсдийн гэсэн соёлтой байж гэмээнэ тусгаар тогтнолтойгоо байдаг. Гэтэл өнөөдөр соёл шиг хэрэггүй зүйл алга болчихож. Соёлын байгууллага, соёлын төлөө зүтгэж буй хүмүүсийн хөдөлмөр бүтээл үнэ цэнэгүй яваад байна. Тиймээс уг хууль зайлшгүй хэрэгтэй. Би энэ салбараас төрсөн хүний хувьд уг хуулийг УИХ-аар маш хурдан батлуулж хэрэгжүүлнэ гэж бодож байгаа. Мөн Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд хөдөөгийн иргэд маш их анхаарал хандуулж байгаа юм билээ. Тэдний саналыг уг хуульд нэлээн сайн тусгаж өгнө гэж бодож байна. Малын удмын сангийн хуульд ч анхаарал хандуулан ажиллана. Монгол мал эрүүл байж гэмээнэ монгол хүн эрүүл амьдарна. Монгол Улсын бэлчээрийн даац хүнд байдалд хүрч байна. Ялангуяа говь, хээрийн бүсэд цөлжилт, талхлагдсан байдал газар авч байгаа. Уул уурхайгаас үүдэлтэйгээр мал эрүүл байх баталгаагүй болчихлоо. Гол ус их ширгэж байна. Энэ мэтчилэнгээр байгалийн зохицолдлогоо алдагдаж байгаа үзэгдэл газар авч байгаа. Үүнтэй холбоотойгоор Малын удмын сангийн хуульд анхаарах асуудал их бий. Ер нь хийх ажил олон. Хууль санаачилж оруулахаас илүүтэй хэрэгжилтэд анхаарал хандуулах хэрэгтэй байна.

-УИХ-ын ээлжит бус чуулган зарлах байх. Тов сонсогдож байна уу?

-Ээлжит бус чуулганыг тухайн цаг үеийнхээ нэн даруй шийдэх ёстой асуудлыг шийдэхийн тулд хуралддаг. Цаг үеийн шаардлага бий юү гэвэл бий. Тэгэхээр удахгүй тов зарлах байх. Одоохондоо мэдэгдэж байгаа юм алга.

-Та өнгөрсөн чуулганы үеэр гадаад руу нэлээн олон удаа томилолтоор явсан. Ирэх чуулганы үеэр гадаад томилолтууд хэр ихтэй байх бол?

-Ирэх хаврын чуулганы хугацаанд гадаадад ажиллах бүх томилолтоо цуцалсан. Нэн хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Бас тойргийнхоо иргэд, сонгогчидтой илүү холбоотой байж уулзалт хийх хэрэгтэй. Миний хувьд хоёр аймгийн нутаг дэвсгэрээс сонгогдсон цорын ганц гишүүн. Тэр утгаараа нэлээн хол зам туулж байж дараагийн сумдаа очдог. Хоёр аймаг маань хоёулаа тусдаа нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай. Тэр утгаараа хоёр хүний явдлаар явах хэрэгтэй болж байна. Тиймээс хаврын цагт тойрогтоо нэлээн сайн ажиллахын тулд гадаад томилолтуудаа цуцалсан байгаа.


Categories
мэдээ цаг-үе

“Хуралдай” бондын хүү 7.6 хувь байна

Өдгөөгөөс таван жилийн өмнө Сү.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа авсан Евро бондын 580 сая ам.долларын эргэн төлөлтийг хийх гэж Ж.Эрдэнэбатын Засгийн газар хэрэндээ эрвийж, дэрвийлээ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байж ард нь гарахаас өөр замгүй гэж байсан ч сар шинийн өмнөөс “Хуралдай” хэмээх шинэ бондын сураг гарч эхэлсэн. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр яалт ч үгүй ийм бонд гарч 580 сая ам.долларын зээлээ төлж байгаа аж. Үлдсэн 20 сая ам.доллараа Монгол Улс бэлнээр нь авахаар болсныг эх сурвалжууд хэлж байсан юм. Ямар ч гэсэн Монгол Улс дефолт зарлаж түмний өмнө шившгээ дэлгэхээргүй болжээ.

Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын “Хуралдай” бондоор солих саналыг Евро бонд эзэмшигчдэд тавьсан байна. Евро бондыг авахдаа 5.7 хувийн хүүтэй авч байсан. Сангийн сайдын хэлснээр хоёр тал “Хуралдай” бондын хүүг 7.6 хувь байхаар долоон жилийн дараа эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр тохирсон байна. “Хуралдай” бондыг маргааш олгож магадгүй талаар зарим эх сурвалж өгүүлэв. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хэлснээр түрүүчийн Засгийн газрын үед гаргасан бонд 10.8 хувийн хүүтэй байсан бөгөөд үүний дэргэд 600 сая ам.долларын үнэ бүхий “Хуралдай” бондын хүү бага юм.

Харин Чингис бондыг 4.1 хувийн хүүтэй авч байсны дэргэд бол өндөр байгаа нь манай орны эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамаарч байгаа юм билээ. “Чингис” бондыг гаргаж байхад манай улсын өрийн хэмжээ 28 хувь байсан бол өнөөдөр аль хэдийнэ 100 гаруй хувьд хүрчихээд байгаа. Андеррайтер компаниудаар “Credit Suisse”, “JP Morgan” ажилласан талаар “Bloomberg” мэдээлж байсан. “Хуралдай” бондын хувьд олон улсын бондын хоёрдогч зах зээлд 2013 оноос хойш анх удаа Монголоос гаргасан бондын үнэ ханш дээд цэгтээ хүрээд байгаа гэнэ. Сангийн яам уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсч эхэлсэн учир Хөгжлийн банкны бондыг шинэ бондоор солих ажил амжилттай хэрэгжинэ гэж үзсэн бололтой.

Нэг үгээр хэлбэл, бид өмнө нь байсан өндөр хүүтэй өрөө бага хүүтэй өрөөр өөрчилж, хугацааг нь сунгаж, хүүг нь бууруулсан гэсэн үг юм. Тиймээс энэ нь ямар нэгэн шинээр тавьсан өр биш юм байна. Цаашдаа зах зээлд эерэгээр нөлөөлж, гадны хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийнхэн гадны бизнесийнхэнтэй хамтран ажиллах боломжийг илүүтэй нээж өгч байгаа юм. Гадны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх чухал гарц бөгөөд гадныхны биднийг хардаг нүд өөрчлөгдөх эхлэл нь “Хуралдай” бонд болно гэдгийг эдийн засагч, “Ард” санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хэлж байлаа.

“Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ын хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлсэн гэх мэдээлэл байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ цаг-үе

О.Алтангэрэл: Цагдаагийн алба хаагч жирэмсэн хүн, хүүхдэд тусгай хэрэгслийг хэрэглэх ёсгүй

“Өдрийн сонин”-ы №054 (5621) дугаараас авч нийтлэв

Баянзүрх дүүргийн Засаг даргыг өнгөрсөн пүрэв гаригт хууль бусаар томилсонтой холбогдуулж, иргэд эсэргүүцлээ илэрхийлсэн. Тухайн үед цагдаа нар иргэд рүү нулимс асгаруулагч цацаж, албадан хөөсөн. Энэ талаар хуульч О.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Тухайн үед цагдаа нар иргэд рүү газ цацаж, бороохой ашиглан албадан хөөсөн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд юу гэж заасан байдаг юм бэ?

-Одоо мөрдөгдөж буй Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагч тусгай хэрэгсэл, мэх хэрэглэхдээ тодорхой дүрэм, журам баримтална гэсэн байдаг. Тэрхүү журмын дагуу хэрэглэх ёстой гэсэн үг. Үүн дотроо янз бүрийн нөхцөл, шалтгаан заасан байдаг. Тухайлбал, цагдаагийн алба хаагч жирэмсэн хүн, хүүхдэд тусгай хэрэгслийг хэрэглэх ёсгүй. Ер нь тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө анхааруулах заалтууд байдаг. Цагдаагийн албаны тухай хуулиар төрийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан тохиолдолд тэрийг нь албадан тараах эрх цагдаа нарт байгаа. Гэхдээ урьдчилан бүх шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан байх ёстой юм. Мэдэгдлийг шат дараатай хүргүүлсэн байх, зохих шаардлага тавих ёстой. Ийм арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн тусгай хэрэгслийг яг хууль журмын дагуу хэрэглэх ёстой юм.

-Тухайн үед байсан иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Мөн жирэмсэн хүн хүртэл байсан гэсэн. Тэгэхээр ийм үед цагдаа нар хууль журмын дагуу ажиллаагүй гэсэн үг үү?

-Илт жирэмсэн хүн байж байхад газ хэрэглэсэн байна лээ. Энэ нь Цагдаагийн албаны тухай хуулийн тусгай хэрэгслийг хэрэглэх журмыг шууд зөрчсөн хэлбэр юм. Ингэж огт болохгүй. Дараа нь цагдаагийн байгууллага мэдээлэл хийсэн. Тэгэхдээ бид газ хэрэглээгүй. Тусгай хэрэгсэл хэрэглээгүй гэж ярьцгаасан. Гэтэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан бичлэг дээр тодорхой хүмүүсийг газдаж байгаа хэсэг бүр тодорхой харагдаж байсан шүү дээ. Бас нэг олон нийтийн анхаарлыг татсан зүйл бол цагдаа нар нэр, хувийн дугаараа яагаад нууцлав аа. Цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэхдээ иргэнд бичиг баримтаа заавал үзүүлэх ёстой. Энэ талаар цагдаагийн албаны тухай хуульд тодорхой заасан байдаг.

-Цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэхдээ заавал албаны хувцсаа өмсөж, мөрдэс тэмдэг зүүсэн байх ёстой биз дээ?

-Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн алба хаагчид мөрдэс тэмдгээ тийм үеэр авна ийм үеэр хэрэглэхгүй гэсэн заалт байхгүй. Энгийн хувцастай цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж болно. Хамгийн гол нь цагдаагийн алба хаагч бичиг баримтаа шалгуулна гэж тодорхой заасан байдаг. Ингэхгүй бол цагдаа гэж мэдэхгүй шүү дээ. Дараа нь иргэн хүн хаана, хэнд гомдол гаргах уу гэдэг асуудал гарч ирнэ.

-Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бус томилсон үеэр цагдаа нар нэр, тэмдгээ нууцалсан нь хууль зөрчсөн үү?

-Зохион байгуулалттайгаар бүгдийнх нь нэр усыг ингэж далдалж үйл ажиллагаанд оролцох ёсгүй. Энэ үйлдэл бол Цагдаагийн албаны тухай хуулийг илтэд зөрчиж буй явдал мөн.

-Тухайн үед иргэд цагдаагийн алба хаагчдыг бичиг баримтаа үзүүл гэхэд үзүүлэхгүй байсан гэсэн?

-Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжилсан үед байсан хүмүүс цагдаа нарт шаардлага тавьж, бичиг баримтаа үзүүл ээ гэхэд үзүүлэхгүй байсан гэсэн. Энэ бол гарцаагүй зөрчил мөн. Бичиг баримтаа танилцуулаагүй байдал олон нийтэд маш таагүй харагдаж байна лээ. Уг асуудлыг дүгнээд хэлэхэд цагдаагийн албаны тухай хууль, тусгай хэрэгсэл, мэх ашиглах журам, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм, Цагдаагийн алба хаагчийн сахилгын дүрэм гээд энэ бүх актуудыг хэд хэдэн байдлаар зөрчиж буй байдал харагдсан гэсэн үг. Гэхдээ цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаа. Тухайн нөхцөлд ийм үйл ажиллагаа явуулах хууль зүйн үндэс байсан. Тэгэхдээ үүргээ гүйцэтгэхдээ бүх журам, процессуудыг баримталж байх ёстой. Үүний улмаас л үүргээ гүйцэтгээгүй, журмаа биелүүлээгүй харагдаж байгаа юм. Энэ байдлаас болоод иргэд цагдаагийн алба хаагчдад тавих үнэлэмж доогуур болж байгаа юм. Тэгэхээр цаашид цагдаагийн нийт бие бүрэлдэхүүнд албадан тараах үйл ажиллагаан дээр ямар стандарт, дүрэм журам баримтлах вэ, нэг болон түүнээс дээш хүнд тусгай хэрэгслүүдийг хэрхэн хэрэглэх ёстой вэ гэдэг талын сургалт, бодитой үр дүн хэрэгтэй байна.

-Тэр үед ихэнх хэвлэл мэдээллийнхнийг оруулаагүй гэсэн. Энэ талаар та тодруулаач?

-Би телевиз үзэж байсан л даа. “Сошиалаар сэтгүүлчдийг оруулахгүй байна аа. Ганцхан TV5 телевизийн ажилтнуудыг орууллаа” гэсэн байсан. Яагаад ганцхан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг оруулсан юм бэ. Үнэхээр л хязгаарлаж байгаа бол телевиз, сонин, сайт бүгдийг нь оруулахгүй байх ёстой биз дээ. Тэгснээ нэг өнцгөөс мэдээ материал дамжууллаа. Иймээс энэ тал дээр зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцож, арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ эрх нь хуулийн байгууллагад байгаа. Иргэд хууль сахиулагчид, цагдаа нарт хуулиа сахиж ажиллах шаардлага тавих нь зүй ёсны хэрэг. Одоо олон асуудлыг ил болгох хэрэгтэй. Хэний үүрэг даалгавраар ийм ажиллагаа явагдсан юм бэ. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид байсан уу, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга нь өөрөө байсан уу. Эсвэл энэ үнэхээр нийслэлээс байна уу, ямар нэг нам хүчний байгууллага оролцсон уу гэдгийг тодорхой тайлбарлаж өгмөөр байна. Монголын цагдаа нар ямар ч үед үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж ирсэн. Хамгийн том зовнил бол улс төрийн тэмцэл. 2008 оны долдугаар сарын нэгэнд үүргээ гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид хилсдэж шоронд суугаад дууссан ш дээ. Улстөрчид бол ингээд л хаяна. Харин цагдаагийн алба хаагчид хууль зөрчсөн болно. Дээрээс нь хэрэгт буруутан болж, хохирно. Аль ч цаг үед иргэд, цагдаагийн алба хаагчид улс төрийн золиос болох ёсгүй. Ингэхгүйн тулд цагдаагийн алба хаагчид цагдаагийн байгууллага хуулиа мөрдөх ёстой. Мөн иргэд цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг сахиж, биелүүлэх ёстой.

Цагдаагийн байгууллагын явуулж буй үйл ажиллагаанд процесс зөрчсөн, алдаа гаргасан зүйлүүд байна.Энэ нь хэнээс шалтгаалсан юм бэ гэдгийг нухацтай авч үзэх ёстой. Ямар ч хамаагүй аргаар цагдаа нар болон бусад ажилтныг уг үйлдлийг таслан зогсоо гэж улстөрчдийн, улс төрийн албан тушаалтнуудаас ийм үүрэг даалгавар явж байгаа бол маш буруу юм. Үнэхээр үүргээ гүйцэтгэж байгаад цагдаа нар алдаа гаргасан бол өөр хэрэг. Цагдаа нарыг хууль зөрчихөд хүргэсэн үү, цагдаа нар өөрсдөө хууль зөрчсөн үү. Энэ нь асуудлын гол зангилаа. Яг үүргээ гүйцэтгээд явж байгаа цагдаагийн ахлагч, офицер бол тушаалын дагуу ажиллаж байгаа.

-Цаашид дахиад иймэрхүү үйлдэл давтагдвал ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Монголын цагдаагийн байгууллага нэгж дээр үүрэг гүйцэтгэх тохиолдолд цагдаагийн алба хаагчдыг яг хуульд нийцүүлж ажиллуулах хэрэгтэй. Хэрхэн зөв ажиллах вэ гэдэг тал дээр сургалт явуулж, анхааралдаа авч ажиллах хэрэгтэй. Ингэхгүй бол үнэндээ манай цагдаа нар өдөр шөнөгүй ажилтай байдаг. Өглөө ажилдаа гараад бүр орой гэртээ очдог. Тэгэхээр өөрсдөд нь дахиж сурч боловсрох цаг зав туйлаас хомс, мэдээлэл авах цаг ч гардаггүй. Амьдралын хамгийн хүнд бэрх, муу муухайтай нүүр тулж явдаг хүмүүс. Энэ нийгмийн амгалан тайван байдлыг бий болгож, сахиж буй улс. Зав чөлөө байдаггүй. Энэ талаар цаашид үйлдэл, үйл ажиллагааг нь яаж хуульд нийцүүлэн ажиллах дээр анхаарал хандуулах цаг болжээ.

Б.УРАНЧИМЭГ

Categories
мэдээ цаг-үе

Б.Түвшинтөгс: ОУВС-гийн хөтөлбөрийн хамгийн чухал нөлөө нь тогтвортой бодлого, сахилга бат

МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгстэй ярилцлаа.


-ОУВС урьдчилсан байдлаар нөхцөлүүдээ танилцуулаад байгаа. Энэхүү нөхцөлүүдийг биелүүлж хөтөлбөрт хамрагдсанаар манай улсын эдийн засагт ямар эерэг болон сөрөг нөлөө гарах вэ?

-Хоёр төрлийн нөлөө харж байгаа. Эхний буюу уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх. Бодлогын тогтолцоогоо сахилга баттай болгож макро эдийн засгийн тогтолцоо ямар байх ёстой, юун дээрээ анхаарах ёстойгоо нарийн тодорхойлно. Үүгээрээ маш чухал ач холбогдолтой. Бодлогоо нарийвчлаад тодорхой болгохоор гадныхны хүлээлт ч тодорхой болно. Энэ улс ийм бодлого баримталж байгаа юм байна, ийм асуудалд төр нь оролцох юм байна, хувийн хэвшил нь үүнийгээ шийдээд явчих юм байна гэдэг тодорхой болно. Ийм үед хөрөнгө оруулалт хийхэд санаа зовох зүйл гарахгүй. Тэгэхээр нэг ёсондоо уг хөтөлбөрийн хамгийн чухал зүйл нь тогтвортой бодлого, сахилга бат. Өнөөгийн хямралыг давж гарахыг тэгтлээ чухал гэж харахгүй байгаа. Тэртэй тэргүй бид өмнө нь хямарч л байсан. Түүнийг даваад гардаг. Харин зөв тогтолцоо бидэнд байсангүй. Уг нь 2008, 2009 онд бид санхүүгийн сахилга батгүй байвал ямар байдалд хүрдгийг туулж мэдэрсэн. Гэхдээ тэндээс хангалттай хэмжээнд суралцсангүй. Хоёрдугаар нөлөө нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах замыг зааж өгнө. Илүү тодорхой болгоно. Ялангуяа дотоодын ч бай, гадны ч бай хөрөнгө оруулагчид илүү тодорхой мэдээлэлтэй болно. Хөрөнгөө оруулсны маргааш бодлого өөрчлөгдөх болов уу гэх айдасгүй болох юм. Ийм хоёр давуу талтай.

-ОУВС орлого, зарлагад шалгуур нөхцөл тавьсан. Ер нь хэр боломжийн нөхцөлүүд тавьсан гэж харж байгаа вэ?

-Өөр арга гэвэл үнэхээр хэцүү. Тэгэхээр маш боломжийн нөхцөл тавьсан гэж харж байгаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 10 гаруй хувьд хүрсэн нь асар өндөр тоо. Ийм байдал зөвхөн 2016 онд ажиглагдаагүй. Өмнөх хоёр, гурван жилд иймэрхүү л дүр төрхтэй байсан. Жил бүр төсвийн алдагдал өсөж явлаа. Үүнийгээ дагаад улсын өр нэмэгдэнэ. Улс алдагдлаа нөхөхийн тулд зээл авдаг. Тэр нь өндөр хүүтэй болохоор төсөвт маш их дарамт учруулж байгаа. Зээлийн хүүгийн төлбөрт л гэхэд 900 гаруй тэрбум төгрөг төлж байна. Долоон их наяд төгрөгийн нэг нь зээлийн хүүнд яваад байна гэдэг эдийн засаг ямар хэцүү болсныг харуулж байгаа. Тиймээс үүнийг шийдэх ёстой. Гадны хөтөлбөртэй ч бай, үгүй ч бай Монгол гэдэг улс оршин тогтнож байгаа бол шийдэхээс өөр гарцгүй.

-Орлого нэмэгдүүлэх найман боломжийг нэрлэсэн. Хэр бодитой боломжууд вэ. Ард түмний нуруун дээр хамаг ачаагаа үүрүүлэх нь гэж яриад байгаа?

-Орлого нэмэгдүүлэх боломж хэрэгжих боломжтой. Харин ард түмний нуруун дээр ачаа үүрүүлж байгаа юу гэвэл тийм. Татвар нэмж байна гэдэг чинь л ард түмний нуруун дээр ирэх ачаалал ихэснэ гэсэн үг. Гэхдээ хадгаламжийн хүүгийн орлогод татвар оногдуулна гэдэг нэг асуудал. Хадгаламжтай буюу хадгалах боломжтой иргэн, өрхөд ачаалал оногдуулж байна гэсэн үг. Гэхдээ нийт хадгаламжийн 90 орчим хувь нь хүн амын таван хувьд оногддог. Тэгэхээр маш багахан хувьд жаахан илүү ачаа үүрүүлнэ гэсэн үг. Дунд болон доод түвшний иргэд үүнд өртөхгүй.

-Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар аваад эхлэхээр иргэд арилжааны банкуудаас мөнгөө татаж байгаа байх. Энэ нь эргээд эдийн засагтаа хэрхэн нөлөөлөх вэ?

-Банкнаас хадгаламжаа авсан иргэн хаана мөнгөө хийх вэ. Манайханд сонголт маш цөөхөн. Хөрөнгийн бирж дээр очоод хувьцаа болгоё гэхээр одоогоор тийм хэмжээнд хүрээгүй байна. Иргэд сохроор хувьцаа авахаас өөр аргагүй. Эсвэл Засгийн газрын бонд руу хөрөнгөө оруулж болно. Мөнгөө хадгалах өөр сонголт байхгүй. Яахав, бие биедээ зээлүүлж болох ч маш их эрсдэлтэй. Тиймээс иргэд хадгаламжаа татаад сүйд болохгүй байх гэж бодож байна. Түүнээс шалтгаалж эдийн засаг айхтар савлахгүй.

-Шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлнэ гэж байгаа. Тэр үед Засгийн газар шатахууны үнийг бодлогоор барих боломж бий юү?

-Тэрийг шатахуун импортлогч болон Түлш, эрчим хүчний газар л мэдэх байх. Бидэнд нарийн мэдээлэл алга. Ямартай ч одоогийнх бол маш их татаастай үнэ. Тэр нь байхгүй болоод татварыг өсгөчихөөр байдал сайнгүй болох биз. Гэхдээ Засгийн газар, шатахуун импортлогч компани хоорондоо ямар гэрээ хийхээс шалтгаалах байх.

-Хөтөлбөр батлагдаад хэрэгжиж эхэлсэн хойно иргэдэд шууд нөлөөлөх үү. Илт мэдрэгдэж ачаалал авах үе нь хэзээ байх бол?

-Нийтийн дунд маш том төөрөгдөл яваад байх шиг байна. Юу вэ гэхээр ОУВС манай улсын төсөвт шууд таван тэрбум ам.доллар өгчих гэж байгаа мэтээр ойлгож байгаа. Тийм биш. Төлбөрийн тэнцлийн алдагдалд зориулж 440 сая ам.доллар өгч байгаа. Энэ мөнгө төсөвт ямар ч хамаа байхгүй. Хоёр тэрбум ам.доллар нь свопын хэлэлцээр рүү шууд орж байгаа. Үлдсэн гурван тэрбум ам.долларын асуудал бий. Гэхдээ тэр мөнгөний зарцуулалт, задаргааг хэн ч ярихгүй байна. Том тоог нь ойролцоогоор л таамаглаж байгаа. Энэ мөнгө орж ирэхээр иргэдийн амьдралд шууд нөлөөлөх үү гэвэл үгүй. Хамгийн гол найдлага тавьж буй зүйл нь шууд бус нөлөөлөл. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой болохоор гадны хөрөнгө оруулалт орж ирээд хөтөлбөр хэрэгжүүлж магадгүй. Энэ үед ажлын байр шинээр нэмэгдэж иргэдийн амьдралд нөлөөлөх боломжтой. Бид тэрэнд л найдаж уг хөтөлбөрийг оруулж ирсэн. Түүнээс биш макро эдийн засгийн бодлого хэн нэг иргэнд нөлөөлөхгүй.

-Төсвийн тодотгол яригдаж байна. УИХ-ын гишүүд мөнгө орж ирэхээр төсвийн зарлагыг нэмэгдүүлэх гэж төсвөө тодотгох мэтээр яриад байгаа. Гэтэл ОУВС-гийнхан одоо байгаа зардлаа дахиад жаахан хасаадах гэсэн шаардлага тавьж байгаа биз дээ?

-Нэг тохирсон нөхцөл нь Сангийн яамнаас төсвийн нийт зарлагын дүнг оруулж ирнэ. Түүн дээр зарлага нэмэх гэж байгаа бол хаа нэгтэйгээс нь яг тэр дүнгээрээ хас гэж шаардаж байна. Тэгэхээр Сангийн яамнаас оруулж ирсэн төсвийн зарлагын нийт дүн өөрчлөгдөхгүй. Тэгж байж орлоготой уялдуулна.

-Дотоодын нөөц бололцоогоо ашиглаад орлого нэмэгдүүлэх гарц харагдаж байгаа юу?

-Байлгүй яахав. ОУВС-тай тохирч байгаа нөхцөлүүдийг нь харахаар манай зүгээс эрсдэл багатай байдлаар орлогоо төсөвлөж чадсан. Өөрөөр хэлбэл зэс, алт, нүүрсний үнэ өнөөгийн түвшиндээ байж чадвал манай улсын макро эдийн засгийн байдал нэлээн сайжрах төлөв харагдаж байгаа. Том том төслүүдээ хөдөлгөе гэж ярьж байгаа. Тэд бүгдээрээ эерэг нөлөө үзүүлнэ.

-Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажил явагдах уу. Энэ жилийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд байна шүү дээ?

-ОУВС-гийн манайд хэрэгжүүлэх гэж байгаа нь дэд бүтэц хөгжүүлдэг, үйлдвэр барьдаг хөтөлбөр биш. Цэвэр макро эдийн засгийн тогтворжуулалтад зориулагдсан. Төлбөрийн тэнцэл, төсөв санхүүгийн бодлого, мөнгөний бодлогод л хамаатай. Энэ хүрээнд ОУВС-тай тохирсон.

-Валютын ханш хэрхэх бол. Одоогоор ам.долларын ханш бага зэрэг буурч байна. Цаашид яах вэ?

-Валютын ханшид үндсэндээ хоёр зүйл нөлөөлж байгаа. Монголын эдийн засаг руу ам.доллар орж ирээд л байвал төгрөгийн ханш чангарна. Нөгөө талаас мөнгөний нийлүүлэлт ихэсвэл төгрөгийн ханш суларна. Ийм хоёр зүйлийн тэнцвэр дээр валютын ханш тогтож байгаа.

-ОУВС-гийнхан мөнгөний бодлогыг нэлээн хатуу барих юм шиг байна лээ.

-Миний харж буйгаар мөнгөний бодлогыг хатуу барих шаардлага ажиглагдахгүй байна. ОУВС-гаас авч буй 440 сая ам.доллар манай улсын валютын нөөцийг зузаатгахад зориулагдана. Тэгэхээр манай улсад байгаа валют ихэснэ гэсэн үг. Нөгөө талаас инфляцийн түвшинг хараад мөнгөний нийлүүлэлт хэр их нэмэгдэх вэ гээд бодохоор мөнгөний бодлогыг сулруулах боломж бий. Өнөөдөр гурван хувийн инфляцитай байгаа. Ийм байхад чангалах тухай ярих утгагүй. Төв банкны гол зорилго ханш биш инфляци.

-Ер нь ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжлээ гээд иргэдийн амьдралд шууд нөлөө байхгүй гэж үзэж болох уу?

-ОУВС-гийн бодлогын гол анхаарч буй зүйл бол иргэдийн түвшинд томьёологдохгүй. Макро эдийн засгийн хэмжээнд л асуудлыг ярьж байна. Гэхдээ иргэдээс хол тасархай бодлого уу гэвэл бас үгүй. ОУВС нийгмийн халамжийн бодлогыг нэлээн хумьж байгаа. Аль ч орны Засгийн газар нийгмийн халамжийг өргөжүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс нийгмийн халамжид хэт их анхаарал хандуулбал төсөв хүндэрнэ. Тиймээс ОУВС нийгмийн халамж руу хэт их чиглэсэн бодлогыг санхүүжүүлдэггүй. Үүгээрээ иргэдийн амьдралд нөлөөлөх байх. Гэхдээ нийтээр нь халамжийг зогсоохгүй шүү дээ. Хавтгайрсан халамжийн бодлогоос зайлсхийе гээд байгаа юм. Зорилтот бүлгээ зөв тодорхойлж халамжийн бодлогоо хэрэгжүүлнэ. Үүнийг зөв гэж бодож байгаа.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр улс орон дампуурдаг гэх ойлголт бий. Манай улсад уг хөтөлбөр хэрэгжихдээ үр дүнгээ өгөхгүй байх нөхцөл бий юү?

-Дэлхийн улс орнуудад иймэрхүү хөтөлбөр зөндөө хэрэгжиж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлэх нөхцөлүүд нь маш их ялгаатай. Манай улсын хувьд огт мэдэхгүй хөтөлбөр рүү явж ороогүй. Өмнө нь хоёр ч удаа амжилттай хэрэгжүүлж байсан. Нөгөө талаас 2000 оны дундуур ОУВС-тай холбоотой нэлээн ширүүн мэргэжлийн маргаан гарч байсан юм. ОУВС хөтөлбөрөө боловсруулахдаа улс орнуудыг хэтэрхий нэг загвараар явуулаад байсан. Үүнийг мэргэжилтнүүд эсэргүүцсэн. Тэрнээс хойш тухайн улс орны нөхцөл байдалд тохирсон өөрчлөлтүүд хийж эхэлсэн. Одоо бол манай улсад тохирсон бодлого дэвшүүлээд байгаа. Тэгэхээр одоо айх хэрэггүй. Улс орны нөхцөлийг дордуулж байсан жишээнүүд бий ч өнөөгийн нөхцөлд манайд нэг их хамаарахгүй болов уу. Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. ОУВС-д ажилладаг эдийн засагчид нь мэргэжлийн хувьд дээд түвшнийх. Эдийн засгийн ухаанаар докторын зэрэг хамгаалж байгаа хамгийн чадвартай хүмүүсээс шилж авдаг. Бусад олон улсын байгууллагуудаас үүгээрээ давуу талтай. Хамгийн гол нь бид нэг ойлголцолтой байх ёстой. Хатуу дүрэмтэй хөтөлбөр биш.

-Хатуу биш гэхээр бид жилийн дараа ч юм уу, нөхцөлүүдээ өөрчлөх санал тавьж болно гэсэн үг үү. Гурван сар тутмын шалгалтыг амжилттай даваад байвал тэдний бодлого зөөлрөх үү?

-Улирал тутамд манай банк санхүүгийн байгууллагад үнэлгээ хийгээд явна. Гэхдээ эдийн засаг гэдэг бол маш өргөн хүрээнд эргэлддэг салбар. Өнөөдөр гарсан өөрчлөлтийн үр дүн тэр дороо мэдрэгдэхгүй. Хүнд байдлаас гарахад хугацаа хэрэгтэй. Тэгэхээр жилийн дараа гэж яривал арай эртдэх байх. Гэхдээ 2008, 2009 онд төсвийн орлого нэмэгдсэн болохоор иймэрхүү хатуу хөтөлбөрийн хэрэгцээ багассан учраас харилцан тохиролцоод хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Үүн шиг боломж гарахыг үгүйсгэхгүй.

-Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт хоёр ч удаа хамрагдаж байлаа. Одоо энэ хөтөлбөр гурван жилийн хугацаанд хэрэгжээд эдийн засгийн тогтолцоо эрүүлжих байх. Тэрний дараа дахиад ийм байдалд орохгүй гэх баталгаа бий юү?

-Нийгмийн ой санамжид л найдаж байна. Бид алдаанаасаа нэг, хоёр удаа суралцана. Гурав дахь удаагаа алдахгүйг хичээнэ.


Categories
мэдээ цаг-үе

Борхүүгийн Батсайхан: “Болор цом”-д хэн ч түрүүлсэн бай над шиг л муулуулах байсан

Яруу найрагч Б.Батсайхан гэргий, хүүгийн хамт. 2017.03.05

“Болор цом” наадмын тэргүүн шагналт яруу найрагч, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын дарга Борхүүгийн Батсайханыг нийслэл хотод хүрэлцэн ирэхэд уулзаж хөөрөлдлөө.


-Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам жил жилийн улсын баяр наадмын бөх шиг дуулиан шуугиантай болдог. Өөрөө Дорнод аймагт саяхан болсон “Болор цом” наадмын тэргүүн шагналт найрагчаар тодорлоо. Цахим ертөнцөөр өөр рүү чинь нэлээд дайралт хийв үү дээ?

-Жил болгон л түрүүлсэн “Болор цом”-ын эзэн рүү дайрч байдаг болсон доо. Тэр наадам, шүлэг, найрагчдаа алинд нь ач холбогдол өгөөд байгаа нь мэдэгддэггүй. Намайг элдвээр л хэлж байна. “Болор цом”-д анх удаа орсон, битүү морь л гэж байна. Цомыг жаран сая төгрөгөөр худалдаж авлаа гэж байна. Тийм их мөнгөтэй бол би ядаж ганц өрөө байр худалдаж авдаг юм байгаа биз дээ. Дорнод аймгийн Засаг даргын авгайн дүү гэх мэтээр элдвээр хэлж байна. Тэр худалдаж авлаа гэж байгаа хүмүүст би их баярлаж байгаа. Би мөнгөлөг, өнгөлөг харагдаж байгаа юм байна. Тэр хүмүүс утга зохиолыг худалдаж авдаггүй юм гэдгийг ойлгохгүй л байгаа юм байх даа. Утга зохиол гэдэг бол үнэлшгүй үнэ цэнэтэй зүйл шүү дээ. Утга зохиолын эцсийн оргил цэг бол “Болор цом” биш. Гэхдээ яруу найрагчид болоод уншигч олон түмний хамгийн түм уулзалт гэдэгтээ л үнэ цэнэ нь оршдог. Тухайн жилийн монгол түмний хүсэн хүлээдэг хамгийн том найргийн үдэш бол “Болор цом” шүү дээ. Хамгийн сайхан нь үзэгчидтэйгээ уулзаж байгаа яруу найрагчдын л баяр байгаа юм.

-Өөрөө яах аргагүй л Сүхбаатар аймгийн уугуул хүн биз дээ. Яахаараа Дорнодын Засаг даргын авгайн дүү, хүргэн хүү гэж хэлэгдэх болов. Танай эхнэр Дорнодынх юм уу?

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган хүн. Миний аав Нанзадын Борхүү гэж барилгад насаараа жолооч хийсэн хүн. Бурхан болоод хэдэн жил болж байна. Ээж минь Дамдингийн Адьяа гэж хүн одоо хотод аж төрж байна. Би таван дүүтэй. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо ах бид хоёр нэг сумынх. Нутагтаа ажиллаж байгаад, хотод оюутан болж ирээд, сургуулиа төгсөөд “Сэрүүлэг”, “Хонгор зул”, “Өнөөгийн төрх” сонинд ажиллаж байсныг та сайн мэднэ дээ. Манай эхнэр болохоор Булган аймгийн Сайхан сумын харьяат Нямсүрэнгийн Мөнхдэлгэр гэж хүн байна. Бид хоёр хүүтэй. Ууган хүү тавдугаар ангид, бага хүү дөрвөн настай ийм л энгийн нэгэн гэр бүл. Дорнодын Засаг даргыг ч би яс юман дээрээ огт танихгүй шүү дээ. Сая “Болор цом”-ын үеэр л анх удаа гар барьж танилцсан. Бусдын хэл амны бай болох шалтгаан юу вэ гэвэл “Болор цом”-ын оройн хүлээн авалт дээр Засаг дарга Бадамсүрэн гэдэг хүн “Манай ээж Сүхбаатарын Онгоных юм. Онгоны хүн цом авч байгаад би баяртай байна” гэж хувийн талархал илэрхийлэхгүй юү. Тэр үгнээс л улбаалж ийм яриа гарсан байх. Ээжийнх нь нутгийн хүн түрүүлсэнд тэр хүн баярлаж болно оо доо. Дорнодын хүн амын далаад хувь нь Сүхбаатар гаралтай хүмүүс байдаг. Тэрнээс биш би Дорнодоос хүн тэгтлээ танихгүй л хүн шүү дээ. Ээждээ би “Та Дорнодод тийм мундаг арын хаалгаддаг хүнтэй байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм” гэж наргиан болгож хэлж байлаа (инээв). Тэнгэрт одсон их найрагч Данзангийн Нямсүрэн, Очирбатын Дашбалбар нарын маань гэгээн сүнс нутагтаа Янжинлхам бурхнаа залъя гэсэн авшиг ч байсан юм уу. Тэрний зарч улаач болж “Болор цом” хүртлээ гэж бэлгэшээж байна даа.

Холбоотой Зураг-Сургууль соёл хаана дүүргэв?

-Онгон сумандаа дунд сургууль төгсөөд уурын зуухны галчаар гурван жил ажиллаж байгаад Утга зохиол нийгмийн ажилтны сургуулийг дүүргэсэн. Удирдлагын академийг төгссөн.

-“Болор цом”-д түрүүлэх даваандаа та “Тэр эмэгтэй” гэдэг шүлгээ уншсан юм уу. Энэ шүлгийг чинь бас “Ээжийгээ тэр эмэгтэй гэлээ” гэж нэлээд шүүмжлэх шиг болов оо доо?

-“Тэр эмэгтэй” шүлгээ уншсан.

“Тэр эмэгтэйд би хайртай

Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай

Даарсаар очиход минь угтан авч

Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг

Гоо үзэсгэлэнт тэр хүнээс

Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ

Тэр эмэгтэйд би хайртай

Тэртээ холоос ч угтдагт нь дуртай

Халууцсаар очиход минь тосон авч

Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг

Гомдоох ердөө боломжгүй тэр хүнээс

Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ

Жирийн л нэг монгол эмэгтэйгээс

Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ

Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг

Ээж гэдэг” гэсэн шүлэг байгаа юм.

-Таныг энэ шүлгээ дадаист урсгалын шүлэг гэсэн гэж байсан?

-Энэ шүлэг маань шүүгчдийн таашаалд нийцсэн юм байгаа биз дээ. Урсгал чиглэлийн хувьд хүн бүхэн л өөрийнхөөрөө тайлбарлах байх. Бидний мэддэг изм-ээс гадна уран зохиолын учиргүй олон изм байгаа шүү дээ. Эцсийн дүнд би утга зохиол судлаач, шүүмжлэгч биш. Ер нь тэгээд жил бүрийн “Болор цом”-ын тэргүүн найрагчийг сайн ч шүлэг уншсан, тааруу ч шүлэг уншсан шүүмжилж байдаг болчихсон нь улиг домог болж байна.

-Энэ найргийн наадамд хэдэн удаа оролцов?

-Би нийтдээ арван нэгэн удаа шүлгээ өгч, долоо найман удаа гучид шалгарч, хоёр гурван удаа арван тавд үлдэж, Өвөрхангайд болсон “Болор цом”-д айрагдаж байлаа. Энэ жилийн “Болор цом”-ын салхийг хагалж, түрүү жилийн цомын эзэн Эрдэнэбаатарыг шүлгээ уншсангүй гэж шүүмжилж байна. Хүнд хувийн хүндэтгэх шалтгаан байж болно шүү дээ. Цахим ертөнцөөр үзэл бодлоо илэрхийлэгчдэд хариуцлага тооцдоггүйгээс хүнийг их харлуулах юм. “Болор цом” авсандаа би мэдээж баярлаж л байна. Намайг мянга харлуулж доош нь хийлээ гээд “Болор цом”-ыг буцаагаад авахгүйгээс хойш дэмий юм баймаар. Магадгүй, өөр хүн авсан бол бас л муулуулж байгаа. Хэн ч авсан ялгаагүй л муулуулах байсан.

-Баруун-Уртын төвд хаана амьдарч байна даа?

-Баруун-Урт хотынхоо долдугаар багийн 52 айлын дөрвийн хоёр тоот гэсэн хаягт амьдарч л байна.

-“Жаахан шарга” театрын дарга саяхан болов оо доо?

-“Жаахан шарга” театрын даргын албыг “Болор цом”-ын эзэн болсны мялаалганд өглөө гээд шуугиж байна. Тэгдэг л юм бол жил бүхэн “Болор цом”-ын эздийг албан тушаалаар мялаагаад байх нь ээ дээ, янз нь. Энэ театрын даргын сонгон шалгаруулалтад “Болор цом”-оос өмнө орчихсон байсан хүн шүү, би. Ажлаа хүлээж авах л “Болор цом” наадам болсны дараа болсон болохоос биш. Мялаалгасаад байсан юм ер байхгүй. Өмнөх ажлаа хийгээд гишгэж байгаа газраа л харж явъя. “Жаахан шарга” маань анх Соёлын ордон байж байгаад театр болсноосоо хойш 25 жилийн ойгоо хийсэн. Дал наяад ажилтан албан хаагчидтай томоохон театр л даа. Миний өмнөх дарга театрын маркетинг, менежмэнтийг нэлээд хөгжүүлсэн. Миний хувьд уран бүтээлч хүн даргаар очсоных урлагийн язгуур тал руу түлхүү анхаарна. Манай Сүхбаатар аймгаас төрөн гарсан төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын мэндэлсний 60 насны ой энэ онд тохиож байгаа. Юун түрүүнд их найрагчийн үр хүүхэд, гэр бүлийнхэн болоод аймгийнхаа Засаг даргатай энэ их хүний тэгш ойг тэмдэглэх талаар ярилцахаар төлөвлөөд байна. Одоогоор хугацааг нь товлоход бэрх байна. Яагаад гэхээр манай аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гараад тодорхой хугацаагаар хөл хорио тогтоогоод байгаа.

-“Болор цом” авчихлаа. Одоо номоо гаргана биз?

-“Хөх үдшийн цагаан шувуу” шүлгийн номоо 2010 оны нэгдүгээр сарын 20-нд хэвлүүлж байлаа. Энэ номыг маань ивээн тэтгэсэн Дээд монголчууд, “Дэлхийн сонор” компанийн захирал Цэрэндаш, яруу найрагч Бүргэд, хэвлэхийн захирал Хасар нар маань одоо гарах шинэ номыг маань хөндлөн, босоо хоёр монгол үсгээр хэвлэж өгөх болсонд баяртай байна даа.

Categories
мэдээ цаг-үе

П.Насанжаргал: Арьс ширний салбар бүтээгдэхүүний төрлөө гадаад зах зээл рүү чиглэсэн уургийн бүтээгдэхүүнээр баяжуулах шаардлагатай

Хөнгөн үйлдвэрийн судалгаат уршилт үйлдвэрлэл бизнесийн АРМОНО корпорацийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор П.Насанжаргалтай ярилцаж арьс ширний салбарын талаар санал бодлыг нь хуваалцлаа.

-Та Армано корпорацийн үйл ажиллагааны талаар манай уншигчдад сонирхуулахгүй юу?

-ХҮСТҮБ-ийн АРМОНО нэгдэл анх 1970 онд “Арьс, шир, савхин эдлэлийн үйлдвэрийн туршлага, шинжилгээний төв” нэртэйгээр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас 45 жилийн хугацаанд арьс ширний үйлдвэрлэлийн салбарт малын гаралтай түүхий эдийг иж бүрэн боловсруулах техник, технологийн дэвшлийг судлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, арьс ширний үйлдвэрлэлийн ойрын болон хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлох, экспортын нөөц, үр ашгийг нэмэгдүүлэх, үндэсний стандартыг боловсруулах, мөрдүүлэх, бүтээгдэхүүний чанарт лабораторийн шинжилгээ, баталгаажуулалт хийх зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн юм. Одооч гэсэн анх байгуулагдсан үндсэн чиг үүргээ алдаагүй арьс ширний салбартаа эрдэм, шинжилгээ туршилт, судалгаа, инноваци мэргэжлийн үйлчилгээ явуулж байна. АШҮ-ийн нэгдэл 80-90-д онд жинхэнэ үйлдвэрлэл технологийн паркийн системээр ажиллаж гадаад экспортын 10 % дангаараа хангаж байсан үед арьс ширний эрдэм шинжилгээ туршилтын төв нь хөгжлийн цөм болж байсан шалтгаан нь судалгаа хөгжилд их ач холбогдол өгч байсны үр дүн гэж би боддог. Бэлчээрийн малаж ахуйтай манай орны хувьд арьс ширэн түүхий эд нь гэмтэл ихтэй, савхи, нэхий хувцасны зах зээлд гадаад зах зээл байтугай дотоодын зах зээлийн шаардлагад нийцэхэд хүнд байна. Харин арьс ширэн түүхий эд бол эрдэс баялаг биш байнга нөхөн сэргээгдэж байдаг уураг агуулсан үнэт түүхий эд, монголчууд бидний баялаг юм. Иймд арьс ширний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд одоогийн нөхцөл байдал, дэлхий дахины чиг хандлагад тохирсон гарц олох шаардлагатай

-Таны бодлоор тэр гарц ямар байж болох вэ?

-Арьс ширний салбарыг яг одоогийн нөхцөл байдалд тулгуурлаад 2 үндсэн чиглэлээр хөгжүүлбэл илүү үр дүнтэй байх болов уу гэж мэргэжлийн хүний хувьд боддог.

Нэгдүгээрт нь уургийн боловсруулалтын чиглэлд анхаарах ёстой. Арьс ширний боловсруулалт u237 нь байгалийн өндөр молекульт нэгдэл болох 20 гаруй төрлийн аминхүчлүүдийн найрлага бүхий коллаген уургийг физик-хими, механик аргаар боловсруулж хэрэглэгээний бүтээгдэхүүн болгохын тулд олон нэр төрлийн химийн бодис ашигладаг цэвэр химийн үйлдвэрлэл бөгөөд шинжлэх ухаан, инновацид суурилуулан хөгжүүлбэл ногоон үйлдвэрлэл болон хөгжих боломжтой.

ХҮСТҮБ-ийн АРМОНО корпораци нь 2013 онд “Малын гаралтай түүхий эдээс уураг боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломж” сэдэвт судалгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн харъяа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй хамтран хийсэн юм.

Дэлхий даяар байгаль экологийн асуудлууд, уургийн бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлагаас үүдэн арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүний уламжлалт хандлага сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгдөж байна.

Арьс шир боловсруулалт биотехнологи, өндөр технологи руу шилжиж, арьсны коллаген уургийн бүтээгдэхүүн болох хиамны хальс, коллагены утас, эмний капсул, техникийн болон хүнсний желатин, арьсан даавуу, гоо сайхны бүтээгдэхүүн, коллагены бэлдмэл, эмчилгээний бодисууд зэргийг гарган авч байна.

Арьс ширний боловсруулах технологийн норм ашиглалтын тооцоогоор идээлээгүй год, сүүл, зудад хорогдсон малын арьс, шир, идээлсэн зах, өөдөс, халим, хуулдас, зоргодос мэтийн их хэмжээний хатуу хаягдал гарч байна. Энэ хаягдлын агууламжийн 30 орчим хувь нь коллагены уураг бөгөөд 3000-4000 тн цэвэр уураг хаягдаж байна гэсэн үг юм. Үүн дээр амьдын гэмтлээс болсон ашиглалтгүй арьсан түүхий эдийг нэмж тооцвол хэд дахин их тоо гарна.

Дээр дурдсан судалгаагаар коллагены уургаар энгийн технологийн хүрээнд тэжээл, цавуу, бордоо, техникийн желатин, биотехнологиор хиамны хальс, уургийн гидролизат, дүүргэгч, арьс ширний тос, нанотехнологийн хүрээнд хүнсний нэмэлт тэжээл, эм бэлдмэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хиймэл эрхтэн үйлдвэрлэх боломжтой.

Монгол орны коллаген уургийн агууламж бүхий бүтээгдэхүүний экспортыг Бельги, Голланд зэрэг улсуудтай жишиж үзвэл Бельги улс 2,7 сая малтай бөгөөд уургийн агууламж бүхий эм, гоо сайхны бэлдмэл, мэс заслын утас, уургийн гидролизат үйлдвэрлэж 127,0 тэрбум ам.долларын, Голланд улс 5,6 сая малтай баколлагены уургийн агууламж бүтээгдэхүүн үйлдвэрлэж 35,1 тэрбум ам.долларын экспорт тус тус хийдэг байна.

Харин Монгол улс 70,0 орчим сая малтай боловч коллагены уургийн агууламж бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй, эсрэгээрээ хиамны хальс, хүнсний желатин, техникийн желатин, мэс заслын утас, гоо сайхны бүтээгдэхүүн маш олон төрлийн уургийн агууламж бүхий бүтээгдэхүүнийг өндөр үнээр импортолж байна. Коллаген, кератины уургийн агууламжтай бүтээгдэхүүн гэвэл ноос, ноолууран болон бага зэргийн арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн экспортолж байна.

Химийн бодис ашиглаагүй, генийн өөрчлөлтгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөх хандлагатай өнөө үед бид дээрхи байдалд дүгнэлт хийж бэлчээрийн монгол малын био түүхий эдийг орчин үеийн өндөр технологийн шийдлээр боловсруулах үндэсний технологийн аргуудыг судлан бий хэрэгтэй.

Судалгаа хөгжилд тулгуурласан био, нанотехнологийн шийдлээр монгол малын коллагены уураг агуулсан түүхий эдийг гүн боловсруулалт хийн, аж үйлдвэр, гоосайхан, хүнс, анагаахын салбарт илүү өндөр үнэ цэнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр эдийн засгаа төрөлжүүлж, экспортыг нэмэгдүүлэн, импортыг багасгах боломж бүрдэх юм.

Хоёрдугаарт арьсан бэлэн бүтэгдэхүүнүүддээ анхаармаар байгаа юм. Арьсан бүтээгдэхүүний хувьд дэлхийд ахины хэрэгцээ, шаардлага, моодны чиг хандлага ч өөрчлөгдөж байна. Арьсыг орлосон синтетик материалууд ч их гарч байна. Харин арьсан гутлын хэрэгцээ бол байсаар байна. Тийм учраас бид арьсан бүтээгдэхүүнээ гутлын үйлдвэрлэлийн чиглэлээр түлхүү хөгжүүлэх ажлуудыг одооноос эхлэн хийх хэрэгтэй юм.

Спорт, тусгай зориулалтын зарим гутлуудыг эс тооцвол одоохондоо бидэнд ажлын, өдөр тутмын, хүүхдийн гэсэн 3 төрлийн гутлын ерөнхий хэрэгцээ байна. Бид ажлын болон малчдын гутлын дотоодын хэрэгцээгээ тодорхой хэмжээнд хангаж байгаа.

Өдөр тутмын гутлууд, хүүхдийн гутлуудын ихэнхи нь импортын бүтээгдэхүүнээр хангагдаж байна гэж ойлгогдож байна. Манай орны хүн амын 38% буюу 1,14 сая нь 0-18 насны хүүхдүүд бөгөөд жилд 8-9 сая хос гутлын u245 хэрэгцээ байгаагаас хүүхдийн гутал 3–5 сая хос шаардлагатай. Үндэсний үйлдвэрлэчдээс хүүхдийн гутал үйлдвэрлэлээр маш амжилттай ажиллаж буй Хос-Аз тэргүүтэй цөөн үйлдвэрлэгчдийг дурдахгүй өнгөрөх аргагүй. Өдөр тутмын болон гоёлын гутлаа байя гэхэд бид ядаж хүүхдүүддээ зориулсан гутлаа өөрсдөө үйлдвэрлэх хэрэгтэй. Гэвч дотоодын үйлдвэрлэгчдэд маань дараах асуудлууд тулгарч байна.

-Монгол хүүхдийн хөлийн антропометрийн судалгаа мэдээлэл нас, хүйсний ангиллаар хийгдээгүй учраас яг монгол хүүхдэд зориулсан хэвлүүр ашиглан гутал үйлдвэрлэх боломжгүй байна.

-Хүүхдийн гуталд тусгайлан зориулсан эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан материалууд байхгүй.

-Нийт иргэдийн гутлын эрүүл ахуй, ач холбогдол, хор нөлөөллийн талаархи талаархи мэдлэг муу байна.

-Хүүхдийн гутлын тусдаа стандарт байхгүйгээс эрүүл ахуйн хяналт хийх боломжгүй байна. Гаднаас орж ирж буй импортын гутлуудын гадуур, дотуур ул, улавч, дээд биений болон дотор хэсэг нь эрүүл мэнд, стандартын шаардлага хангахгүй материалаар хийгдсэн, хэлбэр загварын хувьд монгол хүүхдийн хөлийн анатомийн онцлогт тохироогүй, чанарын үзүүлэлт нь Монгол орны 4 улирлын уур амьсгалын шаардлага, амьдралын хэв маягийн онцлог зэргийг хангахгүй байна. Үүнээс болж үүсч буй хор нөлөөлөл маш их бөгөөд хүүхдүүдийг маань өнөөдөр гуталтай ч ирээдүйд өвчтэй болгож байна. Жишээ нь: мөөгөнцөртөх, хөлийн нум хавтгайрах, хэлбэр алдагдах, аарцаг нуруу, тулгуур эрхтний гажиг, бөөр нурууны өвчлөл, эвэршилт, хэлбэр алдалт, захын мэдрэлийн хүндрэл, хумсны ургалт зогсох, буруу ургах цаашилбил тулгуур эрхтний гажиг үүсч төв мэдрэлийн системд хүртэл нөлөөлөх аюултай. Энэ байдал цаашдаа даамжирвал үндэсний аюулгүй байдалд заналхийлэх магадлалтай. Улс үндэстний оршин тогтнол, хөгжлийн үндэс нь эрүүл хүүхэд, боловсролтой иргэд байх ёстой гэж нэгэн ухаантай хүн хэлсэн байдаг.

-Тэгэхээр гутал үйлдвэрлэлд монгол хүний хөлийн анатомийн онцлогт тохирсон хэвлүүр ашиглах ёстой гэсэн үг үү, энэ талаар тодорхой тайлбар өгөөч?

-Улс үндэстэн болгон бие бялдар, эрхтэн тогтолцоо, хөлийн анатомийн ма ш өвөрмөц онцлогтой бөгөөд тэр дундаа u236 монгол хүний хөлийн антропометрийн хэмжээсүүд нь европ болон бусад азийн ард түмнээс илт өөр юм. Иймд импортын гутлууд, европ стандарт хэмжээсээр үйлдвэрлэсэн гутлууд нь монголчуудын хөлд тохирохгүй байна. Бид монгол хүүхдүүддээ зориулан байгалийн гаралтай материалаар хийгдсэн, дулаахан, амьсгалдаг, уян зөөлөн, хөнгөн, эвтэй, хөлийн хурууны хөдөлгөөн чөлөөтэй, эрүүл мэнд, ариун цэвэр, хүүхдийн гуталд тавигддаг стандартын шаардлагыг дээд зэргээр хангасан гутлуудыг үйлдвэрлэх ч ёстой, чадах ч үүрэгтэй.

Материалуудын хувьд хүүхдэд зориулсан тусгай технологиор боловсруулсан хромгүй арьсаар хийсэн, бензидины уламжлал бүхий азо будаг, хүнд металл, пентахлорфенол гэх мэтийн хорт бодис агуулаагүй байх шаардлагатай. Гутал нь хэрэглэгчийн шаардлага, П.Насанжаргал: Арьс ширний салбар бүтээгдэхүүний төрлөө гадаад зах зээл рүү чиглэсэн уургийн бүтээгдэхүүнээр баяжуулах шаардлагатай нас хүйс, бүтээгдэхүүний онцлог, загвар, эвтэй байдал, зориулалт, материалаас хамаараад, хамгийн олон стандартын шаардлагатай бүтээгдэхүүний тоонд ордог байтал манайд гутлын стандартууд зориулалтын дагуу байхгүй байна. Байсан ч хангалтгүй хэмжээнд байна л даа. Гуталд стандарт байх ёстой гэдгийг мэргэжлийн хүмүүсийг эс тооцвол мэдэх хүн ч цөөн байна. Хөгжилтэй орнуудад хүүхдийн хөл тавхайн хөгжил, гутлын хэвлүүрийн стандартчиллын судалгааг 10-15 жил тутамд болон нийгэм эдийн засаг, гадаад орчны өөрчлөлтийн үед хийдэг жишээ байна. Бид энэ жишээгээр ажиллаж монгол хүүхдийн гутлын стандартуудыг судлан бий болгох хэрэгтэй. Миний мэдэх туршлагаар чех гэх мэтийн орнуудад хүүхдүүд сургууль дээрээ гутлаа заавал сольж өмсдөг, хүүхдийн гутлын эрүүл ахуй нь тулгуур эрхтний хөгжил, хүний эрүүл мэндийн суурь болно гэсэн үндэслэлээр энэ асуудалд маш их ач холбогдол өгдөг юм. Харин манай хүүхдүүд сургууль дээрээ өвлийн хүнд гуталтайгаа өдөржин өнждөг, эсвэл синтетик материалаар хийсэн спорт гутлыг улирлын сонголтгүйгээр өмсдөг эмгэнэлтэй бодит байдал байна. Гэтэл нэг загварын буюу формын гутал, хувцасны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний зогсолтгүй байнгын эрэлт нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх нэг чухал гарц, арга зам бөгөөд хөгжингүй орнуудын дээрхи u242 туршлагыг бид эх орондоо хэрэгжүүлэх нь зүйтэй. Өргөн уудам нутаг, дөрвөн улиралтай, цаг уур, амьдралын өвөрмөц хэв маягтай манай орны хувьд гутлын үйлдвэрлэлийг кластерийн зохион байгуулалтаар хөгжүүлэх нь хамгийн боломжтой юм. Манай арьс ширний салбарын шинэ хөгжлийн гарц байх уургийн бүтээгдэхүүний болон хүүхдийн гутлын үйлдвэрлэл кластераар хөгжих урьдчилсан нөхцөл, суурь үндэслэл нь өөрийн орны онцлогт тохирсон орчин үеийн өндөр технологийн ололт, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, эрдэм шижилгээ, судалгаах өгжлийг дэмжих, хөгжүүлэх замаар л бүрдэх боломжтой гэж мэргэжлийн судлаачид бид үзэж байна.

-Салбарынхаа асуудлаар илэн далангүй ярилцсан танд баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

“Монголын нууц товчоо”-г удам дамжин судалж буй Гаадамбын Билгүүдэй

Монголын нэрт эрдэмтэн Ш.Гаадамбын хүү Билгүүдэйтэй хөөрөлдөх завшаан тохиосон юм. Тэрбээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэндээ 30 шахам жил судлаач, эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд сая хоёрдугаар сард сонгон шалгаруулалтаар хүрээлэнгийнхээ захирлаар томилогджээ.

Доктор, профессор Г.Билгүүдэйн ажил дээр шинийн тавны өдөр буюу өнгөрсөн баасан гаригт зорьж очиход өрөөнд нь Хэл зохиолын хүрээлэнгийн өмнөх захирал академич Л.Болд, тууль судлаач эрдэмтэн Р.Нарантуяа гуай нар байсантай таарав. Бидний эхний яриа Ш.Гаадамба гуайн тухай хөөрөлдөөн байв. Учир нь академич Л.Болд Ш.Гаадамбын шавь, тодруулбал багшаасаа болж хэл шинжлэл рүү орох болсон түүхээсээ хуучилсан юм. ардын уран зохиолч Ш.Сүрэнжав Болд гуайг тавдугаар ангийн сурагч байхад нь Га багштай анх танилцуулж байж. Хожмоо 1966 онд Л.Болдыг Га багш их сургуульд гараасаа хөтлөн оруулжээ. Гаадамба багш их сургууль дээр утга зохиолын дамжаа хичээллүүлдэг байж. Гэтэл Болд гуай мундаг найрагч, зохиолчдын дунд өөрийгөө голоод тэр дамжаанд нь суухгүй таслаад яваад байж. Га багш нэг удаа таараад Болдоос асууж “Чи яагаад харагдахгүй байгаа юм бэ” гэхэд нь эмээхдээ хэл шинжлэлийн Ш.Лувсанвандан багшийн дамжаанд хичээллэж байгаа гэж худлаа хэлжээ.

Аавынхаа 50 насны ойн үеэр

Академич Л.Болд энэ тухайгаа хуучлахдаа “Би чинь багшдаа худлаа хэлснээсээ болоод л хэл шинжээч болох амьдралын замаа сонгосон түүхтэй” гэж өгүүлж сууна.

Г.Билгүүдэйг Завхан аймгийн Шилүүстэйд гурван жил орос хэлний багшаар ажиллачихаад 26 настай залуу хархүү Хэл зохиолын хүрээлэнгийн хаалгыг тогшиход Р.Нарантуяа угтан авч байсан тухай тууль судлаач Нараа эгч дурсав. Одоо бид чинь хамгийн мундаг хүнийгээ хүрээлэнгийнхээ захирлаар тавьчихсан байна. Бидэнд бас захиж хэлэх зүйл байгаа болохоор ажлын энэ өдөр дотоод яриатай сууж таарлаа гэсээр Л.Болд, Р.Нарантуяа нар гарч одсон юм.

Г.Билгүүдэй Гаадамба гуайн тав дахь хүүхэд. Гурван эгч, нэг ах, нэг эрэгтэй дүүтэй. Аав маань зохиол бичихээс гадна зураг их гоё зурдаг байсан. Миний ах Г.Бэрхээдэй аавын тэр авьяасыг өвлөсөн, ДУДС төгсөөд монгол зургаар мэргэшсэн хүн байсан. Дүү Г.Бүрэндэй маань компьютерийн программист мэргэжилтэй. Оюу толгойд шинжээчийн ажил хийж байна. Эгч нар маань салбар салбартаа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад зарим нь гарсан байна гэж ах дүүсийнхээ тухай яриа өрнүүлэв.

Ц.Дамдинсүрэнгийн гэр музей

Монголын утга уран зохиолын ноён оргилын нэг болсон нэртэй аавынхаа үргэлжлэл болж хийж туурвиж байсан ажлыг нь тодотгож яваа хүүгийн хувьд бид хоёрын яриа аанай л Гаадамба гэх нэрт хүмүүний тухай үргэлжилсээр. Утга уран зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан Ш.Гаадамба гуай анх 1958 онд Орост суралцаж байхдаа академич Ц.Дамдинсүрэн рүү захиа бичин зөвшөөрөл авч Монголын нууц товчоог судлах болжээ. Ингээд 1961 онд “МНТ бол XIII зууны уран зохиолын дурсгалт бичиг мөн” сэдвээр дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ. Энэ цагаас хойш Монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судалж “Нууц товчооны нууцыг нээгч” гэсэн хүндлэлийг олсон юм. Сонирхолтой нь хүү Билгүүдэй Монголын нууц товчоо судлалаар докторын зэрэг хамгаалсан, удам дамжсан судлаач юм. Энэ тухай Г.Билгүүдэй дурсахдаа “Орос хэлний дээд сургуулиа төгсөөд хөдөө багшилж байхад аав надад үүрэг өгч, Унгарын эрдэмтэн Лигети гуайн латин галигаас монгол бичигт буулгуулж байсан. Энэ нь намайг Нууц товчоотой нарийн сайн танилцуулах зорилготой байсан болов уу гэж бодогддог” хэмээн дурсав. Билгүүдэйн бага нас Герман элчингийн урд байрлах “Багш нарын 28” нэртэй байранд өнгөрчээ. Тус байранд Б.Ринчен, Ш.Лувсанвандан, Я.Цэвэл, Т.Пагваа гээд их сургуулийн алдартнууд байдаг байв. Билгүүдэй багадаа Ринчен баавайн ач хүү Лигдэнтэй ойр цуг тоглож өсчээ. Билгүүдэйн ээж Д.Дулмаа хүүхдийн цэцэрлэгт бүх насаараа тогооч хийсэн. Их тайван дөлгөөн зантай хүн байсан, ээжийнхээ тэр занг би дуурайсан гэж ярив. Ээж нь 50 гаруй насандаа хүндээр өвдөж бурхан болжээ. Аав, ээж тань үр хүүхдэдээ юу өвлөж үлдээв гэж асуухад бага насны нэгэн дурсамжаасаа ярьсан юм. Нам төрийн хатуу цаг дор Ш.Гаадамба гуай арга хэмжээ авахуулж МУИС-ийн Тэнхимийн эрхлэгчийн ажлаасаа халагдаж, Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолчоор гурван жил ажиллах болжээ. Ихэвчлэн гэртээ сууж бүтээлээ туурвидаг байсан байна. Энэ үед дөрөвдүгээр ангийн сурагч Билгүүдэйн бөөр нь өвдөж хичээлдээ явалгүй хэдэн сар гэртээ хэвтэх болж. Орос хэлний сургалттай 23 дугаар дунд сургууль учраас аав миний орос хэл болон бусад хичээлийн даалгаврыг хийлцдэг байсан. Нэг удаа тооны хичээл дээр хоёулаа нэг бодлогыг зэрэг бодож хариугаа тааруулах болсон. Билгүүдэй аав бодчихсон юм чинь гэж бодоод аавынхаа хэлсэн хариуг тэр чигээр нь дэвтэр дээрээ биччихжээ. Гэтэл багшаасаа палийсан томоос том хоёр гэсэн дүнг авч. Аав маань буруу хариуг мэдсээр байж надад хэлээгүй учрыг нь муу дүн аваад л ойлгож билээ. Өөрөө утгыг ухаж сайн ойлгох ёстой гэсэн сургаалыг ингэж ой тойнд ортол минь өгч билээ гэж дурсав. Аав маань юу унших үгүйг огт зааж зааварладаггүй байсан. Манайх өрөөгөөрөө дүүрэн номтой айл байсан болохоор аав биднийг ямар ч хамаагүй ном унш гэдэгсэн. Би хүүхэд байхдаа орос, монгол хэл дээрх олдсон ном болгоныг уншдаг байлаа. Одоо санахад аав өөрийнхөө биеэр үлгэр дуурайл үзүүлдэг байж гэж бодогддог юм. Ээж маань тогооч болохоор өглөө эрт ажилдаа явна, аав бүтээл туурвилаа шөнө орой сууж хийдэг, нэг иймэрхүү айл байсан даа. Аавын минь өв бол биднийг өөрийн үлгэр дуурайлаараа сурч боловсрохыг сургасан гэж боддог гэж ярьсан юм. Одоо ч Билгүүдэй аавынхаа бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэх ажлаа хийсээр л байгаа билээ. Г.Билгүүдэйг их сургуульд орох болоход аав нь Билгүүдэйгээс асуулгүйгээр Орос хэлний багшийн дээд сургуульд бүртгүүлчихсэн байв. “Та яагаад намайг орос хэлний ангид оруулчихав аа” гэхэд “Орос хэл хэрэгтэй. Их сургуульд орвол “Га”-гийн хүүхэд гээд хичээл заахгүй байж магадгүй. Монгол хүн чинь хөтөлгөө морьтой явж байгаад морио сэлгээд уначихаж болдог. Тиймээс миний хүү сургуулиа төгссөний дараа монгол хэлний чиглэлээр явж болно шүү дээ” гэж учирлан хэлж байсан аж. Тиймдээ ч аавынхаа хэлсэн чиг шугамын дагуу Билгүүдэйн амьдралын зам мөр явсан болох нь харагддаг. Тэрээр Хэл зохиолын хүрээлэнд уран зохиолын тасгаас ажлын гараагаа эхэлжээ. Орчин үеийн Монголын уран зохиолын товч түүхийг Хэл зохиолын хүрээлэнгийнхэн бичиж Н.Энхбаяр, Х.Мэргэн тэргүүтэй орчуулагчдын групп орос хэлээр орчуулж байсан аж. Залуу ажилтан Билгүүдэй орос хэл рүү орчуулсныг нь хянан тулгах ажлаас хүрээлэнгийн анхны ажлын эхлэл тавигдсан. Ингээд 1994 онд Хэл зохиолын хүрээлэнгийн салбар нэгж болох Ц.Дамдинсүрэнгийн гэр музейн эрхлэгч Ц.Дамдинсүрэнгийн отгон шавь болох хэл бичиг судлаач Р.Отгонбаатарын туслахаар ажиллаж байгаад хоёр жилийн дараа тус музейн эрхлэгчээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Биднийг ярилцаж суух үед Р.Отгонбаатар гуай өрөөнд орж ирж таарсан юм. Р.Отгонбаатар гуай одоог хүртэл Хэл зохиолын хүрээлэндээ, Ц.Дамдинсүрэн багшийнхаа модон ширээн дээр эрдэм номынхоо ажлыг хийж суудаг. Гадаадад олон жил багшилсан, хэл судлаач Р.Отгонбаатар бол Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Ц.Дамдинсүрэнгийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, ном бүтээлийг үрэгдүүлэлгүй тэр чигээр нь хадгалж музей байгуулахад асар их хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн болохыг ярилцах зуураа мэдэж авав. Билгүүдэй гэр музейг хүлээж авснаас хойш одоог хүртэл гэр музейгээ өөд нь татаж чамгүй их ажил хийсэн болохыг нь гэр музейд хүрч ирээд харсан юм. Компьютер өргөн дэлгэр байгаагүй үед Билгүүдэй бичгийн машин дээр гараараа шивж музейн картын бүртгэлийг нягт нямбайхан хийж байжээ. 1998 онд Ц.Дамдинсүрэнгийн 90 насны ойд зориулж монгол номын бүртгэлийг хэвлүүлжээ. Тухайн үед ном хэвлүүлэх мөнгө улсаас гаргахгүй байсан учир Билгүүдэй танилаасаа зээлж байж ном хэвлүүлж байсан байна. Цөөн тоогоор хэвлэсэн уг номыг өдгөө гадны, дотнын эрдэмтэд олж авах юмсан гэж нэхдэг гэнэ. Тиймээс шинэчлэн засч дахин хэвлүүлэн гаргах гэж байгаагаа хэлсэн. Гэр музейд Ц.Дамдинсүрэнгийн гэр бүлийн хөрөг өлгөөтэй байсныг хараад бидэнд товчхон түүхийг хүүрнэсэн юм. Ц.Дамдинсүрэнгийн том хүү Лев Цендина 1942 онд Улаанбаатарт төрсөн. Дунд хүү Константин Цендина. Бага хүү Михаил Цендина буюу Миша ах Дамдинсүрэн гуайн мэргэжлийг өвлөж, түвд, монгол хэл судлаачаар Оростоо ажилладаг. Бага охин Анна Цендина Оросын Хүмүүнлэгийн ухааны их сургуульд багшилдаг. Монголд нэрээ дуурсгасан эрдэмтэн эмэгтэй дээ. Сүүлийн үед Монголдоо зун болгон ирж байгаа. Отгонбаатар бидэнтэй хамтарч аавынхаа бүтээл туурвилыг хэвлүүлэхэд анхаарч тусалж ажилладаг гэв. Ц.Дамдинсүрэнгийн гэр музейд түвд, монгол нийлсэн 10 мянга гаруй ном бий гэнэ. Ц.Дамдинсүрэн гуайн номын хавчуурга гэж өөхөн цагаан чулуу харагдав. Г.Билгүүдэй Дамдинсүрэн баавайг амьд сэрүүнд нь сайн таньдаг, хүүхэд байхдаа гэрээр нь орж гардаг байсан учрал ерөөл бас бий. Намайг их сургуулиа төгсч байхад Дамдинсүрэн гуай нас барсан. Манай аав, Дамдинсүрэн гуай хоёр багш шавийн гэхээсээ илүүтэй анд найзын харилцаатай байсан. Дамдинсүрэн гуай аавд маань номоо бэлэглэхдээ “Сайн нөхөр Ш.Гаадамбад дурсгав” гэж бичдэг байсан. Ц.Дамдинсүрэн гуай аав хоёр нэгнээ таньдаггүй байхдаа уран зохиолын сэжмээр холбогдсон түүхтэй. Ц.Дамдинсүрэн гуайн “Бух Гомбо” өгүүллэг гарсны дараа олон шүүмж бичсэний хариуг аав бичсэн байдаг. Энэхүү маргаанаас үүдэж уран зохиолын онолын үндэс гэх нэр томьёо өргөнөөр хэрэглэгдэх болсон. 1964 онд Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн талаар зохиолч Ч.Лодойдамбын дэвшүүлсэн саналтай маргаж “Нэгэн гайхалтай өгүүллийн тухай” гэдэг шүүмжийг “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлсэн нь тухайн үед хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байсан гэдэг. Үүний хариуд Ч.Лодойдамба “Баримт түшиж ярих сайхан” гэдэг өгүүллийг бичив. Маргааныг үргэлжлүүлж хариу бичих гэтэл дээд газраас энэ маргаанаа зогсоо гэсэн шийд гарч хариуг нь бичээгүй гэж ярьдаг байсан. Энэ нь манай утга зохиолын түүхэнд “Хоёр Дамбын маргаан” гэдэг нэр алдартай болон үлдсэн тухай сонирхуулж ярив.

Г.Билгүүдэй гуайн барьсан хөөрөг нэлээн дээр үеийн, Түвдийн “ба” дөрвөлжин үсэгтэй, орос тэвнээр халбага хийсэн халтар манан хөөрөг анхаарал татахуйц харагдсан юм. Энэ таны аавын хөөрөг үү гэхэд “Манай аавын бага ах Дорж ахын барьж байсан хөөрөг. Ах Дорж маань 34 насандаа гавж болсон, 1937 онд хэлмэгдэж, Лхүмбийн хэргээр 84 гавж баригдсанаас амьд үлдсэн 14 хүний нэг” гэв.

Г.Билгүүдэй аав Ш.Гаадамбын хамт

Ш.Гаадамба, М.Гаадамба гэж овог нь хоёр янзаар бүтээл дээр нь байдаг тухай асуухад өвөө Шанжмятав маань уран сайхан бичдэг Булган аймгийн Могод сумын хүн. Аав маань зарим бүтээл дээрээ М.Гаадамба гэж Мятавын М үсгийг авч бичсэн байдаг” гэсэн юм. Ш.Гаадамба гуай 1993 оны зургадугаар сарын 5-ны өдөр Их сургуулийн гудамжинд гэрийнхээ ойролцоо гэнэт цус харваж 68 насандаа таалал төгсчээ. “Би тэр үед гэртээ байж байсан. Аав маань бухимдалтай байсан үе л дээ. Анхны Ерөнхийлөгчийн сонгууль болоход зохиолч Л.Түдэвийг дэмжиж Булган аймаг руу сонгуулийн ажил руу явсан юм. Аавтай маань хамт явах хүн олдоогүй. Ирээд ард түмэн АН-аас нэр дэвшсэн П.Очирбатыг сонгох нь байна аа даа. Ард түмэн уг нь Л.Түдэвийг сонгосон бол дээр л байсан юмсан гэж сонгууль болоогүй байхад аясыг нь мэдэрч хэлж байсан. Тэр үед ардчилал гараад бүх нийтийг монгол бичигтэн болгоход үүнд ихэд дургуйцэж ингэж болохгүй дээ гэж бухимдаж байсан” гэв.

Гэр бүлийн хамт

Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнд байхдаа Ардчилсан холбооны анхны салбар байгуулагдахад дэмжиж, ордон тойрсон жагсаалд оролцож явсан түүх бас бий. Г.Билгүүдэй хоёр хүү, нэг охинтой. Том хүү Гэрээдэй мэдээллийн технологи, компьютер дизайны мэргэжил эзэмшсэн, хоёр дахь хүү Бэхээдэй нь Унгарт мастерт сургуульд явсан. Бага охин Заяа оюутан юм байна. Гэргий Л.Батсүрэн маань Оюу толгойд менежэрээр ажилладаг хэмээн гэр бүлийнхнийгээ товчхон танилцуулав.

Доктор, профессор Г.Билгүүдэй Хэл зохиолын хүрээлэнгийн ажлынхаа хажуугаар дээд сургуульд багшилдаг, тэнхимийн эрхлэгчээр олон жил ажилласан. 2003 оноос хойш Улаанбаатар их сургуулийн Монгол хэл, утга соёлын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад Хэл зохиолын хүрээлэнгийн захирал болоод тэнхимийн эрхлэгчийн ажлаа шүүмжлэгч доктор Ш.Баттөрд саяхан хүлээлгэн өгчээ. Улаанбаатар их сургууль бол Хэл зохиолын хүрээлэнгийн харьяан дор байгуулагдсан, багш боловсон хүчнээ хүрээлэнгээсээ авдаг тухай олон жил ажилласан сургуулийнхаа тэнхимийн эрхлэгчийн өрөөгөөрөө орохдоо ярьж явав. Түүний өрөө маш их номтой харагдсан. Гаадамбын Билгүүдэйтэй уулзахад хийж бүтээсэн зүйл ихтэй ч эгэл даруухан аж төрж судалгаа шинжилгээгээ хийж яваа эрдэмтдийн нэг юм гэж бодогдсон юм.

Б.ДОЛЗОДМАА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын гавьяат эдийн засагч Ш.Батбаяр: Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг

Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан, Соёл-Эрдэм дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, профессор Шийлэгийн Батбаяртай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат эдийн засагч цолоор шагнагдсан танд баяр хүргэе. Шинийн дөрөвний өдөр л ажлаа хийгээд сууж байх юм аа, та?

-Баярлалаа. Энэ сайхан жилийн босгон дээр төр хийсэн ажлыг минь үнэлсэнд талархаж байна. Нэг зүйл хэлэх үү.

-Тэг л дээ…

-“Залуучуудад гавьяат өгдөг. Тэр гавьяатын цол тэмдэгтэй хамт сар бүр тодорхой хэмжээний мөнгө улсаас авдаг байхгүй юу. Тиймээс алсдаа үүнийгээ хорьж, одоохондоо татгалзах хэрэгтэй” гэж ярьсан хүн нь би л дээ. Чамд өгчихвөл яах нь вэ харъя гэсэн шиг гавьяат цол өгчихлөө.

Би 70 гарлаа эдийн засаг, нийгмийн салбарт өөрт байгаа бүхнээ зориулж яваа хүн. Анх Эдийн засгийн дээд сургуулийг төгсөөд Шинжлэх ухааны академийн Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхлээд Хөдөлмөр, нийгмийн хангамжийн улсын хороо буюу бидний хэлдгээр цалин хөлсний хороонд ажиллаж эхэлснээс хойш хөдөлмөрийн салбарт өнөөдрийг хүртэл зүтгэж явна. Сүүлийн 40 гаруй жилийн ажил амьдрал маань хөдөлмөрийн салбартай салшгүй холбоотой явж ирлээ. Нэг хэсэг Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөлийн даргаар ажиллаж байлаа. Социализмын үед үйлдвэрчний зөвлөл чинь Аж байдлын яамархуу байсан гээд бод доо. Үүний даргаар ажиллана гэдэг чинь өнөө л хөдөлмөрийн салбартайгаа “зууралдаж” байна гэсэн үг. Дараа нь Улаанбаатар хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны нэгдүгээр орлогч даргаар очихдоо хүртэл нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн салбараа л хариуцаж байсан. УИХ-ын гишүүн байхдаа Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдаж байв. 2000-2004 оны хооронд гэхэд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажилласан. Сайдаар ажилласан он жилүүд маань төрд зүтгэх сүүлийн жилүүд байсан юм. Түүнээс хойш “Соёл-Эрдэм” дээд сургууль, янз бүрийн төсөл хөтөлбөрүүд дээр ажиллахдаа нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн чиглэлээр л явж иржээ. Ухаандаа бол, Монгол Улсын гавьяат эдийн засагч биш Нийгмийн хамгааллын гавьяат ажилтан гэдэг цол байсан бол түүнийг л хүртэх ёстой байсан байх.

-Гэхдээ та чинь эдийн засагч мэргэжилтэй биз дээ?

-Тэгэлгүй яахав. Эдийн засгийн дээд сургуулийг Аж үйлдвэрийн эдийн засагч, төлөвлөгч мэргэжлээр төгссөн хүн шүү дээ. Социализмын үеийн миний хөдөлмөрийн намтар, зах зээлийн нийгэмд ажилласан хөдөлмөрийн намтар хоёр яг тэнцүү.

-Тэнцүү гэдэг нь…

-24, 24 жил хоёр нийгмийн үед ажилласан байна. Тэр утгаараа би өөрийгөө өнгөрсөн нийгмийн хүн гэж үздэггүй. Шинэ нийгмийн хүн гэхээр бас биш болчих гээд байдаг нэг тийм хүн дээ. Хоёр нийгмийн дунд 24 24 жил ажилласан энэ цаг үед Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдлаа. Би шагнал энэ тэр гээд яваад байдаг хүн биш. Гэхдээ авах цаг нь болсон юм байна гэж бодож суулаа.

-Та хоёр шинэ, хуучин хоёр нийгэмд аль альд нь тэнцүү цаг хугацаанд төрийн алба хашжээ. Хоёр өөр нийгмийн эдийн засаг, нийгмийн талбарт ямар өөрчлөлтүүд гарсан бол?

-Өөрчлөлтийн хувьд маш олон зүйл өөрчлөгдсөн. Эдийн засгийн хүч социализмын үеэс хэдэн арав дахин нэмэгдсэн. Капитализм сайндаа ч биш. Нийгмийн хөгжлийн чиг хандлага нь ийм болчихсон юм. Төлөвлөгөөний эдийн засаг, санхүүгийн эдийн засаг гэхчилэн эдийн засгийн олон хүчин зүйлс социализмаас капитализмд очихдоо бараг хүчингүй болох явдагт их байдаг. Социализм, капитализмын үед аль алинд нь хүчин төгөлдөр хоёр мэргэжил байдаг нь нягтлан бодох, хөдөлмөрийн эдийн засаг. Хөдөлмөрийн эдийн засаг гэдэг нь хэн, юуг, хэдий хугацаагаар хийх вэ. Түүнд хэдэн төгрөг өгөх вэ, улсын хэмжээнд хэчнээн хүн ажиллаж, хэдэн төгрөг болох вэ гэдгийг тооцдог тул аль ч нийгэмд энэ аргаар явдаг. Хөдөлмөрийн эдийн засаг бол хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн үнэлгээ, хөдөлмөрийн бүтээмж юм. Энэ аль ч цаг үед хүчингүй болдоггүй. Одоо ч тэр зарчмаараа явж байна. Тиймээс надад мэргэжлээ солих шаардлага гараагүй. Энэ сургуульдаа хөдөлмөрийн эдийн засаг, хөдөлмөрийн норм, хөдөлмөрийн зохион байгуулалтын хичээл зааж байна. Хөдөлмөрийн чиглэлээр би 40 гаруй жил ажилласан тийм л хүн.

Таны асуусанчлан өөрчлөлтүүдийн тухайтад эрс ялгаа бий. Өмчийн харилцаа өөрчлөгдсөн, хувь хүмүүсийн идэвх дээр тулгуурладгаас эхлээд олон зүйлийг хэлж болох. Гэхдээ хөдөлмөрийн эдийн засаг дээр тулгуурладаг зарчим өөрчлөгдөөгүй. Социализмын үед нэг хүн өдөрт 40 ширхэг талх хийдэг байсан бол өнөөдөр ч гэсэн 40 ширхэг талх хийж байгаа. Технологи нь л өөрчлөгдөөгүй бол социализмын үеийн хөдөлмөр, капитализмын үеийн хөдөлмөр яг адилхан. Гагцхүү хийсний дараа тэр талх борлогдох уу, үгүй юү, хүний хэрэгцээг хангаж чадаж байна уу, үгүй юү гэдэг нь л өөр. Өөрийн мэргэжлийн хүрээнд л ярьж байна шүү. Улс төрөөс эхлээд бусад зүйлс танигдахын аргагүй өөрчлөгдсөн.

-Та Эдийн засгийн хүрээлэнд эрдэмтнээр ажиллаж байгаад төрийн албанд шилжиж сүүлд нь УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртлээ явсан байдаг. Энэ бүх замналыг эргэн харахад ямар мэдрэмж төрдөг бол. Бэрх зүйлс их байв уу?

-Сургуулиа төгсөөд л Эдийн засгийн хүрээлэн гэж шинэ тутам байгуулагдсан хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар залуухан хүү анх очиж байлаа. Тэнд дөрвөн жил ажиллаж байтал Эрдэмтэн нарийн бичгийн дарга болгочихдог юм. Надтай хамт мундаг хүмүүс зэрэгцээд ажиллаж байтал эрдмийн зэрэггүй намайг ингээд дэвшүүлчихсэн. Албан тушаалынхаа рольд итгээд туршлага багатай хүн захиргааны ажил, эрдэм шинжилгээний ажлаа хийдэг байлаа. Гэтэл Хөдөрмөр, нийгэм хамгамжийн улсын хорооноос Хөдөлмөрийн институт шинээр байгуулагдсан гээд намайг захирлаар явъя гэлээ. Би ч үг дуугүй л явсан. Тэнд ажиллаж байгаад Улаанбаатар хотын захиргаанд хоёр жил ажиллаж байтал зах зээлийн нийгэм гарч ирсэн. Тухайн үед намыг шинэчлэх бүлгийн гишүүн болчихсон явлаа. Тэгсэн МҮЭ өөрчлөгдөхөөр болж намайг Төв зөвлөлийн даргаар одоогийнхоор ерөнхийлөгчөөрөө авсан. Тэнд хоёр жил ажиллахдаа үйлдвэрчнийг тогтоон барих үүргээ биелүүлсэн. Одоо хэр нь хэвээрээ байгаа ганц байгууллага шүү дээ. Гэхдээ нэлээд ардчилагдсан, түүнийг нь би хийсэн.

1992 оны УИХ-ын сонгуульд намайг намаас нэр дэвшүүлсэн. Миний сонирхол уг нь МҮЭ-дээ л байх гээд байсан юм. 1996-2000 оны хооронд хоёр удаа Их хурлын гишүүнээр сонгогдож, 2000 онд нам ялаад намайг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар томилсон.

-Таныг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байх үед нийгмийн халамж, даатгал жинхэнэ утгаараа хөлөө олж эхэлж байсан үе. Тэр цаг үеийг өнөөдөртэй харьцуулахад ямар бодол төрж байна вэ?

-Намайг УИХ-ын гишүүн байхад Хөдөлмөрийн яам байсан. Одоогийн системийн үндэс болсон зүйлсийг Хөдөлмөрийн яам боловсруулж, би Их хуралд оруулдаг байлаа. Нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлтийн үндэс 2000 он гэхэд тавигдаж, хэрэгжилт нь намайг сайд байх үед таарч байх жишээтэй. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Гадаадад ажиллах хүч оруулах, гаргах тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын тухай хууль гээд одоо ч мөрдөгдөж буй хуулиудын үндсийг тавьсан. Өнөөдрийг хүртэл хуулиуд хэрэгжиж байгаа нь дэлхийн зах зээлийн хөгжилд нийцсэн зүйлсийг л Монголын хөрсөн дээр буулгаж авч ирсэн юм. Түүнээс цоо шинэ нээлт хийчихсэн юм биш. Цаг үеэ олсон байж дээ гэж харж байгаа. Нийгмийн даатгал гэхэд ард иргэд болон байгууллагаас Нийгмийн даатгалын санд тушаадаг хувь хэмжээг нэмэгдүүлсэн байх жишээтэй. Зүй тогтлынхоо хүрээнд хүний ачаанд үүрэгдэх зүйл ч нэмэгдсэн. Гэхдээ хаа очиж ард түмэн сайнаар хүлээж авсан юм. Үүний хажуугаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухай гэж нэлээд социалист шинжтэй хууль батлагдсан. Улсын төсвийн гурван хувийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан руу шууд оруулдаг. Гадаадад гурван жил дамнасан хэрүүл болдог зүйлийг гурван долоо хоногийн дотор шийдэж байлаа. Тухайн үед Сангийн сайд төсвийн гадуур төсөв боллоо гээд эсэргүүцэж л байсан. Өөрийн нэр хүнд Засгийн газрын дэмжлэгээр бүтсэн юм. Одоо болтол хэрэг болж байна.

-Эдийн засгийн хямрал бодит утгаараа манайд нүүрлэчихлээ. Эдийн засгийн салбарт олон жил ажилласан хүний хувьд хямралыг даван туулах боломжийг юу гэж харж байна вэ?

-2016 оны дунд хүртэл эдийн засаг элгээрээ хэвтсэн нь үнэн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас эхлээд гадны байгууллагууд үүнээс цааш унаж болохгүй гэдгийг хэлчихсэн. Сүүлийн зургаан сард Засгийн газар солигдсон ч эрс өөрчлөлт хийх боломж байсангүй. Ямар ч байсан аяндаа өөдлөх төлөв рүүгээ орчихлоо. Гэхдээ энэ ондоо эдийн засгийн өсөлт гарна гэдэг юу л бол. “Хонгилын үзүүрт гэрэл аслаа”, “Онгоцны хушуу өндийлөө” гэж ярьдаг байлаа. Одоо бол онгоцны хушуу өндийж байна гэж ойлгож болно. Нэг зүйл хэлье. Би улстөржих дургүй ч заавал хэлэхгүй бол болохгүй зүйл байна. МАН-ыг засгийн эрх барьж байхад ард түмэн хүлээцтэй байдаг юм. МАН-ынхан буруу хийлээ гэхэд хэтрүүлэхгүй, идлээ гэхэд хэтрүүлэхгүй гэж боддог итгэл өнөө хүртэл байсаар байгаа. Нэгдүгээрт, ард түмний итгэл байгаа учраас онгоцны хушуу өндийхөд нөлөөлж байна л даа. Хоёрдугаарт, олон улсын байгууллагууд манайхыг эрх барихад бас нааштай ханддаг юм. Туйлширч дөвчигнөхгүй, фракцалж нааш цааш болохгүй тул тогтвортой хөгжил байна гээд нааштай ханддаг. Гуравдугаарт, азных ч байдаг юм уу юуных ч байдаг юм экспортын түүхий эдийн ханш өсөөд ирдэг. Ийм нөхцөлд би өөдрөгөөр харж байгаа. 2018-2019 оноос эдийн засгийн өсөлт нэлээд сайн гарах болов уу гэж боддог. Үүнийг сая авсан Олон улсын валютын сангийн хөтөлбөр харуулж байна. ОУВС манай намтай ажиллаад сурчихсан. Манай намынхан ч гэсэн цаад нөхдүүдийн болзол тулгалтыг зоригтойгоор хүлээгээд авчихдаг. Учир нь ард түмний дэмжлэгт найддаг. Тахиа жилийг бэлгэ дэмбэрэл энэ тэр гэхээсээ илүү хөгжлийн бодит хандлагаараа наашлах жил л гэж харж байгаа. Хөдөлмөр тэртээ тэргүй хүн ажиллаж, ажлын байраар хангагдах ёстой. Юм наашилна гэдэг чинь хөрөнгө оруулалт орж ирж ажлын байр бий болно гэсэн үг.

-Та МАН, ОУВС хамтран ажиллаад сурчихсан гэлээ. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрт олон удаа хамрагдах нь эрсдэлтэй гэж байгаа. Грек, Украины хувь заяа хүлээж байна гэх юм. Манайхны алдаа юу вэ?

-Бид дотоодын хүчин зүйлсээрээ хөгжиж чадахгүй улсын нэг.

-Мал аж ахуйн салбар энэ тэр нь яачихсан юм бэ. Тийм нэмэргүй салбар уу?

-Нэмэртэйгээр барах уу. Маш их нэмэртэй. Гэхдээ хөгжлийн хурдасгуур биш байхгүй юу. Хөгжилд хурдасгуур хэрэгтэй байдаг бөгөөд тэр нь гадаадын хөрөнгө оруулалт байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт зогссон үед дотоодынхоо нөөц боломжоор маш аажуухан хөгжлийн замаар явна. Тэр нь ч бас тогтвортой хөгждөггүй. Тиймээс өнгөрсөн үеийн алдаа фракц, зөрчил байсан тул гадаадын хөрөнгө оруулалт нүүрээ буруулсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг яльгүй зардал, яльгүй мөлжлөгөөр хүлээж авахгүй бол орж ирэхгүй. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалт одоо наашлах байх. ОУВС-тай гэрээ байгуулна гэдэг бол гадны хөрөнгө оруулагчдад нааштай урилга болж харагддаг. Хятад, Орос хоёр хөрш хүртэл монголчууд ОУВС-тай тохирч чадах нь уу үгүй юү гэдгийг л харж байгаа. Хятад одоо хөнгөлөлттэй зээлээ өгч, оросууд амласнаа өгөөд эхэлбэл дэлхийн орнууд энэ мэтээр хандах учиртай юм. Монголынхоо эдийн засаг, хөгжлийг би бараанаар харахгүй байна. Энэ Засгийн газар бодлогын ноцтой алдаа хийхгүй. Харин хэтэрхий хаширлаж, болгоомжилж байгаад хугацаа алдаж мэднэ.

-Манайх ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж эхлэх гэж байна. Халамжийн чигийн бүх зүйлсээ л бараг зогсоо гэсэн байна лээ. Яах ёстой юм бол?

-Намайг сайдаар ажиллаж байхад арай ч өнөөдрийнх шиг хавтгайрсан халамж олгож байгаагүй. Жинхэнэ зорилтот бүлэгтээ чиглэсэн зүйлсийг эхлүүлсэн боловч үе үеийн Засгийн газрууд дөрвөн жилийн хугацаатай тул үргэлж популист амлалт өгдгийн гайгаар ийм болсон. АН, МАН аль нь ч ялгаагүй тийм болж. Үүнийг нь ОУВС үргэлж өөнтөгчөөр хардаг. Залуухан дуучид гавьяат болж сар бүр нийгмийн халамжийн сангаас мөнгө авч байна. Энэ нийгмийн халамж мөн үү. Хэт ингээд ирэхээр халамж, даатгал хоёр нь ялгагдахаа байдаг. Яг ийм төрх манайд бий болчихлоо. Үүнийгээ өөрчил гэж валютын сан шаардаж байгаа юм билээ. Энэ нь зөв шүү. Хүүхэд л бол хүүхэд гэсэн популист үгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө өгөх нь ч бас зөв зүйл биш. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж байгаа нь энэ гээд 2007 онд нийгмийн даатгалын шимтгэлийг эрс бууруулсан юм. Тэр парламентад бизнесийнхэн маш их орж ирсэн байсан үе. 19 хувь байсан татварыг 14 болгож, компаниуд татвараа нуухаа болино энэ тэр гэсэн гоё юм ярьсан. Үнэндээ тийм зүйл байдаггүй юм. Уг нь шимтгэлээрээ өөрийгөө санхүүжүүлэх ёстой нийгмийн даатгал 30 хувиа улсын төсвөөс авна гээд завхарсан юм болсон. ОУВС нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээгээ өсгө гээд зөв хэлсэн байна лээ. Дэлхий дээр НДТ нь 14 хувьтай улс гэж бараг байдаггүй. Скандинавын орнууд гэхэд цалингийнх нь 30-40 хувь байдаг. Бодоход хүртэл хэцүү байгаа биз. Гэтэл манайх 14 хувь. Ядаж үүнийг шат дараатайгаар 19 хувь болго гэсэн ОУВС-гийн чиглэлийг дэмжиж байгаа.

-Манайхны авдаг цалин нь хэд билээ. Ингээд нэмээд явчихаар ард түмэндээ л хямралын ачаагаа үүрүүлэх гээд байгаа юм биш үү?

-Ингээд л яриад байвал ярьж болно. Цалин хангалттай юу үгүй юү гэдэг чинь тухайн үеийн худалдан авах чадварын асуудал. Манай тэтгэврийнхний 90 хувь нь хамгийн бага тэтгэвэр авч байна. Монгол Улсын дундаж цалин 800-900 мянга. Тэгэхээр бага биш. Тэтгэвэр нь харин түүний 30 хувь. Үнэхээр бага. Өөрийнхөө ирээдүйн цалин болох тэтгэврийн өндөр байлгахын тулд өнөөдөр зарим золиос гарах ёстой. Манайхан тэтгэврийн бөөн бөөнөөр нь ч өгч болдог эсвэл хасч болдог зүйл мэт ойлгох юм. Тэтгэвэр гэдэг бол хойшлуулсан цалин. Хойш тавьсан хоол. Өнөөгийн нэмэгдүүлэх гээд байгаа шимтгэл чинь өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг л нэмэгдүүлэх юм шүү дээ. Тэр бүү хэл үе үеийн Хөдөлмөрийн сайд нар нь ч ойлгож байгаагүй юм. Н.Номтойбаяр эрх биш ойлгосон байна лээ.

-Манайхны авч буй цалингийн хэмжээ ер нь ямархуу байгаа бол?

-Хамаагүй бага. Цалин нэмнэ гэдэг чинь хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой. Цалин бага байна гээд хамаагүй нэмчихвэл инфляцийг хөөргөднө. Монгол Улсын ерөнхий бүтээмж муу байгаа үед энэ асуудлыг хөндөж болохгүй. 2012 онд эдийн засаг 17 хувиар өсөхөд дундаж цалинг өсгөх боломж гарч байсан.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын тал дээр салбар яам ямар бодлого барьж байна гэж харж байгаа вэ?

-Аль ч засгийн үед сайд нар онолоо барьж ирээгүй. Тэр тусмаа манайд онол барьж ажиллана гэдэг хэцүү. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам хөдөлмөрийн асуудлаа орхигдуулан халамжийн асуудлаа барьчихдаг. Энэ Засгийн газар гарснаас хойш юу хийлээ дээ. Гэртээ хүүхдээ харж байгаа эхчүүдэд цалин олгоно гээд. Малчдыг маш хүнд нөхцөлд ажилладаг гээд тэтгэвэрт гарах насыг нь таван жилээр наашлууллаа. Малчдыг хүнд нөхцөлд ажилладаг гэж би хувьдаа боддоггүй. Гэтэл хүнд нөхцөл гэж байх жишээтэй. Энэ нь гэхдээ яамны дур зоргын асуудал биш. Намыг нь сонгуульд ялуулж энэ Засгийн газрыг байгуулахад ард түмнээс санал авсан мөрийн хөтөлбөрт нь бичигдсэн эд л дээ. Сонгогчид магадгүй үүнийг нь хараад санал өгчихсөн байж болно. Трамп гэхэд ард түмэндээ амласан амлалтаа хамгийн эхэнд биелүүлж эхэлж байгаа биз. Ард түмэн МАН-д 65 суудал өгсөн болохоор үүнийгээ биелүүлэх нь зүйл ёсны асуудал. Гэхдээ нийгмийн хувьд сайхан боловч зөрчилтэй тулгарна.

-Таныг УИХ-д, Засгийн газарт байхад эдийн засаг, улс төр хоёр хутгалдсан байв уу. Өнөөдөр бол хүзүү сээрээрээ холбогдчихоод үгүй мөн хэцүү байх шиг байна?

-Угшил нь хуучин нийгмийн үеийнхэн байсан болохоор эдийн засгийн асуудлыг нэгдүгээрт тавьдаг байсан. Тэр үед цалин, тэтгэвэр нэмэх боломж гарч ирсэн ч П.Жасрай гуай “Дараагийн Засгийн газар гарч ирэхэд мөнгө хэрэгтэй байдаг юм байгаа биз дээ” гэж байгаад цалин нэмэлгүй унасан. Өнөөдрийнх шиг биш эдийн засгаа урдаа тавьж ирсэн нь харагдаж байгаа биз. Одоо бол улс төр гээд популист амлалтуудаа нэгдүгээрт тавьдаг болсон. Аливаа Засгийн газар амиа л бодно биз дээ. Түүнээс биш ирээдүйн тухай 10 жилийн дараахыг харна гэж байхгүй. Улс төрийн цикль эдийн засгийн цикль хоёр нийцэхгүй байна. Манайд гурван аюултай зүйл байгаа нь уул уурхайн цикль, эдийн засгийн хямралын цикль, улс төрийн цикль. Үүнийг даван туулахын тулд алсын хараатай эдийн засагч, Засгийн газар хэрэгтэй. Уная гэсэн Засгийн газар алсын хараатай бодлого барих болдог. Засгийн газар унахгүй гэвэл өнөө маргаашаа аргацаасан популист амлалтаараа явдаг. Аль ч засгийн үед байдаг зүйл.

-Та “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлд байсан байх аа. Өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон эх захгүй зүйлс яригдаж байна. Та ямар байр суурьтай яваа бол?

-“Эрдэнэт” үйлдвэрийн анх байгуулагдахад нь одоогийнхоор болж ТУЗ-ийн гишүүн байсан юм. Тэр үед “Эрдэнэт” үйлдвэр чинь Монголын талд тийм ч ашигтай байгаагүй нь сүүлд мэдэгдсэн. Одоогийн энэ асуудлынх нь хувьд хоёр талаар хэлбэр хөөцөлдөөд байна л гэж харж байгаа. “Эрдэнэт” үйлдвэрийг Монголын тал авсан нь зөв. Гэхдээ хуулийн дагуу хийгдээгүй юм байна л гэж харагдаад байна. 49 хувь нь улсад байх ёстой, хувийн хэвшилд байх нь зөв гэж ярихгүй. Хуулийн дагуу л явах ёстой байсан. Хууль зөрчин УИХ-ын эрх мэдлийг эдлүүлэхгүйгээр Засгийн газар шийдсэн бол болохгүй.

-Та хэд хэдэн чухал бүтээлийг монгол хэлнээ буулгасан мундаг орчуулагч хүн шүү дээ. Орчуулгын ажлаа хийж байгаа юу?

-Миний хувьд муу ном бичсэнээс сайн ном орчуулах ёстой гэж боддог. Тэр утгаараа Кэйнсийн “Хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө мөнгө, хүү зээл” номыг орчуулсан. Насандаа хийсэн ганц сайн бүтээл минь гэж боддог шүү. Мэргэжлийн хүмүүс хэл найруулгаасаа эхлээд дажгүй болжээ гэж үнэлсэн. Дараа нь “Кэйнс ба Хаек” номыг орчуулсан. Удахгүй хэвлэгдэх байх.