Categories
мэдээ цаг-үе

Хувиараа таксинд явдаг жолооч ба гэмт хэргийн үүр уурхай

Таксины жолоочид эд зүйлсээ дээрэмдүүлсэн онц ноцтой хэргүүд ар араасаа цувран гарах болжээ. Тэр тусмаа хувийн машинаар таксинд явдаг жолооч нар эмэгтэйчүүдийг дээрэмдэх, зодох зэрэг хүний санаанд оромгүй үйлдэл гаргах болсон байна. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран “Такси” гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна.

“ХОС ТАКСИ” БУЮУ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭЭРЭМДЭХ АРГА

Нийслэлийн шуурхай удирдлагын төвд Г.Батсүмбэр гэх иргэнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуудлага ирсэн гэнэ. Тэрбээр “Такси бариад гэр рүүгээ явж байтал гэнэт өөр машин урдуур орж зогсоод мөнгө, эд зүйлс дээрэмдчихлээ” гэсэн байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар дуудлагын дагуу очиж хэргийг шалгаж эхэлжээ. Таксины жолооч болон хохирогч нар “Машинтай явж байтал гэнэт цагаан өнгийн автомашин урдуур дарж орж ирээд зогсоосон. Машинаас баг өмссөн гурван залуу гарч ирээд зодож эхэлсэн. Биднийг зодож байгаад цүнх, гар утас, тухайн өдрийн орлого мөнгийг аваад явсан. Айж сандраад машины улсын дугаарыг нь харж чадаагүй” хэмээн мэдүүлжээ. Хохирогч Г.Батсүмбэр түрүүвчтэй мөнгө, гар утас, алтан бөгж зэргээ дээрэмдүүлсэн байна. Цагдаа нар хэргийг шалгасан боловч дээрэмчдийн талаар тодорхой мэдээлэл олдоогүй байжээ. Гэтэл үүний дараа нийслэлийн хэмжээнд таксины жолооч болон зорчигчдыг дээрэмддэг хэрэг ар араасаа цувран гарчээ. Энэ хэрэг гарахаас өмнө ч дээрхтэй ижил үйлдлээр дээрэмдүүлсэн хэд хэдэн иргэн гомдол гаргаж байсан аж. Гэхдээ дээрх хэрэг хотын төвөөс зайдуу, хяналтын камер байхгүй, гэр хорооллын гудамжинд гарсан байжээ. Мөн таксины жолоочийг дээрэмчид зодсон гэх боловч ямар нэгэн гэмтэл огт учруулаагүй байсан аж. Харин таксигаар үйлчлүүлж байгаа зорчигчийг хүнд гэмтэл учруулан зодож, зүүж явсан гинж, гартаа зүүсэн бөгж, халаасанд нь байсан мөнгийг хүртэл авсан байна. Эндээс цагдаа нарт хэргийн зангилаа тайлагдаж эхэлсэн байна. Таксины жолооч нар хос таксигаар явж дээрэм хийдэг болохыг тогтоожээ. Таксины жолооч хотын төвөөс зайдуу газраас хүн авдаг. Жолооч үйлчлүүлэгчийн байр байдлыг харж байгаад нөгөө машиндаа мэдэгддэг. Ингээд аль боломжтой газрыг хүлээж байгаад гэмт хэргээ үйлддэг байна. Таксины жолооч нарыг бусадтай бүлэглэн гэмт хэргээ үйлдэж байгааг цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа хийж барьж авсан аж.

“НОХОЙТОЙ ТАКСИ”

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн“Такси” арга хэмжээний үеэр таксины жолооч нарын өөр хууль бус үйлдлүүдийг илрүүлжээ. Баянгол дүүргийн Их Наран руу хүргүүлсэн үйлчлүүлэгч эмэгтэйг таксины жолооч айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Хорооллын автобусны эцсийн буудлаас “Өргөө” кино театраар хойш явж гэрийнхээ ойролцоо хүргүүлжээ. Ажлаасаа гэртээ хүргүүлэхдээ 3500 төгрөг гардаг аж. Тэгсэн таксины жолооч “10 мянган төгрөг гарсан байна. Шөнө өндөр тарифаар явж байгаа” гэжээ. Үүнээс болж тэд хоорондоо муудалцсан гэнэ. Зорчигч эмэгтэй 3500 төгрөг өгчихөөд буух гэсэн аж. Гэтэл жолооч машиныхаа багаажийг онгойлгосон байна. Гэтэл багаажнаас нохой үсрэн бууж ирж, зорчигч эмэгтэй рүү дайрч эхэлжээ. Нохойд хазуулахгүйн тулд арга буюу нэхсэн 10 мянган төгрөгийг нь өгсөн аж. Таксины жолооч машинаасаа бууж нохойгоо багаажны савандаа хийгээд хөдөлсөн гэнэ. Энэ мэт сургуулилттай нохой машиндаа авч явдаг таксины арав гаруй жолооч баригджээ. Тэднийг бусдыг айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан байна. Гэвч үйлчилгээнд авсан мөнгө нь 10-20 мянган төгрөгийн хооронд байсан учир эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж чадаагүй байна. Нохойтой жолооч нар цагдаа нарт “Шөнө орой явахаар хүмүүс мөнгөө өгөхгүй тохиолдол их гардаг. Мөн биднийг зодох, дээрэлхэх тохиолдол байнга гарч байна. Тиймээс гөлөг байхаас нь нохойтойгоо явж байгаа. Гомдол гаргасан хүн мөнгөө дутуу өгөөд байсан. Мөн хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн. Тиймээс нохойгоо гаргаж ирсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГҮҮД

Таксины жолооч нар үйлчлүүлэгчээ зодож дээрэмдсэн хэрэг байнга гардаг. Мөн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэг ч цөөнгүй. Баянгол дүүргийн VII хороо “Тэнгис” кинотеатрын орчмоос такси барин үйлчлүүлсэн иргэн Б нь таксины жолоочид зодуулж, дээрэмдүүлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Таксины жолооч 23 настай эрэгтэй Ө нь согтуу байсан бөгөөд иргэн Б-г зодож гар цүнх түрийвч, гар утсыг нь дээрэмдэн авсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Түүнчлэн таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Даландавхар буюу оршуулгын газарт аваачин хүчиндэхийг завдаж, эсэргүүцэл үзүүлснийх нь төлөө зодож амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг хоёр жилийн өмнө гарч байсан. Талийгаач эмэгтэйн цогцсыг цагдаа нар Даландавхарынойролцоох жалганаас олсон байдаг.Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зэрэмдэглэж хутгалсан хэрэг 2015 онд гарсан. Төлбөр мөнгөний асуудлаас болж эмэгтэйн цээж, гаранд нь хутгалсан байдаг. Мөн ганцаараа такси барьсан эмэгтэйг хотоос зайдуу аваачиж мөнгийг нь дээрэмдсэн хэрэг ч хэд хэдэн удаа гарсан. Таксины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгчийг зодож, хоолойг нь боож ухаан алдуулаад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг өдөр бүр гарч байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж мэдэгдэж байна лээ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ЗАЛИЛСАН НЕОН ГЭРЭЛ

Хувиараа таксинд явдаг жолооч нарын олонх нь машиндаа неон гэрэл суулгасан байдаг аж. Учир нь уг гэрлийн тусламжтайгаар жолооч нар зорчигчдоос илүү мөнгө авах боломжтой байдаг гэнэ. Неон гэрэлд аливаа юм сайн анзаарахгүй бол өнгө нь хувирч харагдах нь элбэг. Тиймээс ийм гэрэлтэй машинаар үйлчлүүлэгчид дунд хэдэн төгрөг өгч байгаагаа анзаарч сайн хардаггүй хүн цөөнгүй байдаг аж. Үүнийг таксины жолооч нар овжин ашигладаг гэнэ. Үүнээс гадна үйлчлүүлэгч жолоочид бүхэл мөнгө өгдөг байна. Жолооч мөнгийг нь солиод “Та мянган төгрөг өгсөн байна шүү дээ” гэдэг аж. Үйлчлүүлэгч тухайн үедээ өнгө нь сайн тодорч харагдахгүй байсан ч сандарч, мянган төгрөг буцааж аваад өөр бүхэл мөнгө өгчихдөг байна. Мөн гэрээсээ мөнгө авч гарч ирэх гээд барьцаанд нь эд зүйлсээ үлдээгээд явдаг. Таксины жолооч түүнийг нь аваад явчихсан тохиолдол их гардаг аж. Тухайлбал, өнгөрсөн цагаан сарын өмнөхөн нэгэн иргэноёдолчноос шинэ дээлээ авчихаал такси бариад гэртээ харьсан байгаа юм. Тэгсэн мөнгө нь дутаад гэртээ орох болж, дээлээ үлдээчихээд ороод гараад ирэхийнх нь хооронд таксины жолооч яваад өгсөн байж. Тэгсэн цагаан сар болж, өнөөх эр нэгэн хамаатныдаа очиж золготол нөгөө таксины жолооч дээлийг нь өмсчихсөн хэнэг ч үгүй сууж таарсан гэнэ. Энэ мэт хувиараа таксинд явдаг жолооч нар гэмт хэргийн үүр уурхай болж байгааг албаны эх сурвалж онцолж, сонор сэрэмжтэй байхыг, аль болох албан ёсны эрхтэй такси компаниар үйлчлүүлж байхыг уриалж байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюундарь: Надад сайд болох амбиц байгаагүй

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарьтай ярилцлаа.


-Та Олон улсын манлайлагч хөтөлбөрт хамрагдаж байгаа гэсэн үү. Ингэхэд манлайлагчид юун тухай ярилцдаг вэ?

-Их Британийн Засгийн газрын “Олон улсын манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байгаа. Орон орны салбартаа тэргүүлэгч хүмүүсийг цуглуулж, олон улсын түвшинд ирээдүйд тулгарах бэрхшээлүүдийг хамтын ойлголцлын аргаар хэрхэн шийдэх арга замыг ярилцдаг зөвлөгөөний байгууллага. 2013 оноос Их Британийн Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн юм билээ.

-Ирээдүйд тулгарах бэрхшээлийг хамтын ойлголцлын аргаар шийднэ гэхээр сонирхолтой юм аа?

-Дэлхий нийтийн үнэт зүйл өөрчлөгдөж байна шүү дээ. Бид даяарчлагдсан дэлхийд амьдарч байна. Нэг улс зөвхөн өөрийнхөө хүчээр хөгжинө гэж үгүй. Бүгд нэг нэгнээсээ хамааралтай болсон. Энэхүү харилцан хамааралтай болсон дэлхийд гол рольтой улс орнууд ямар шийдвэр гаргахаас шалтгаалж, дэлхий нийтийн эдийн засаг, худалдаа, улстөр, хөгжлийн бодлого өөрчлөгдөхөд хүрч байна. Жишээлбэл, бид саяхан л ардчилсан хувьсгал хийчихлээ, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлнэ гээд явж байтал өнөөдөр барууны эдийн засгийн онол бас өөрчлөгдөөд эхэллээ. Д.Трамп гарч ирээд Хятадтай хийх худалдаа эдийн засгийн харилцаагаа эрс хязгаарлана, Америкаа агуу болгоно гэж зарлахад “Тэгвэл Америкгүй дэлхийд бид хэрхэн ажиллах вэ” гэдэг асуулт аргагүй гарч ирж байна. Нэг ийм шийдвэрээс шалтгаалж бүс нутгийн эдийн засаг, худалдаа, ядуурал, ажлын байр гэх мэт маш олон асуудалд шинэ шийдэл нэхэгдэнэ гэх мэтээр ярилцсан. Европ гэхэд л Их Британийн Засгийн газар өөрсдөө ч сонгуулийн дүнд бэлэн байгаагүй үед ард түмэн нь Европын холбооноос гарна гэсэн шийдвэр гаргачихсан. Одоо түүнийгээ яаж хэрэгжүүлэх вэ гээд бөөн бодлого болж байна. Бидний жишиг болгож ирсэн улсууд өнөөдөр агуу гүрэн байхаа больж байгаа үед бид тэдэнтэй яаж харьцах вэ, шинээр дараагийн агуу гүрэн хэзээ төрөн гарах вэ зэрэг олон асуудлаар хамтарч ярилцсан. Энэ яриа зөвлөгөөн цаашид ч тасралтгүй үргэлжлэх байх.

-Сүүлийн гурван зуун жил хоёр том хөрш маань Монголоос шалтгаалахгүйгээр шийдвэр гаргаж ирлээ. Харин даяаршил Монголд боломж олгох уу, ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Танилтай бол талын чинээ гэдэг бол олон улсын тавцанд маш зөв бодлого. Хувь хүн ч танилтай бол олон асуудлыг шийдэж чаддаг шүү дээ. Бид зөвхөн хоёр хөрштэйгээ л харьцаад байх юм бол дэлхий ертөнцөд танигдаагүй хаагдмал орон болчихно.Иймд олон улсын хүрээнд аль болох танилын хүрээгээ өргөжүүлэх ёстой. Тэгж байж Монгол Улс өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ. Өнөөдрийн байгаа нөхцөл байдал, зуун жилийн өмнөхөөс нэг их ялгаагүй дээ. Угаасаа л Монгол Улс хоёр хөрш, бусад орнуудад өөрийгөө яаж хүлээн зөвшөөрүүлэх вэ гэсэн асуултанд хариулах гэж байнга л хичээж ирсэн. Гэхдээ хоёр хөршийн хувьд хоёулаа авах сонирхолтой, гээх сонирхолгүй учраас бидний оршин тогтнох нэг том баталгаа тэр байж ирсэн. Тийм учраас дэлхийн тавцанд аль болох олон танилтай л байх учиртай. Энэ тал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн хугацаанд гайгүй ажилласан гэж боддог. Бусад асуудлаар алдсан оносон байхыг үгүйсгэхгүй.

-Гурван улсын Ерөнхийлөгч уулзаж байгаа нь хэлбэрийн хувьд Монголыг тоож байгаа юм шиг харагдана л даа. Үнэхээр агуулгын хувьд биднийг тоох шалтгаан байгаа болов уу?

-Ерөөсөө тоохгүй байсан бол хэлбэрдэх ч шаардлага байхгүй шүү дээ.

-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед Хятадаас өөр манайд мөнгө өгөх улс орон олдохгүй боллоо гэдэг нь олон хүнд болгоомжлол төрүүлж байх шиг?

-Бид дэлхийн бүх орнууд тэмүүлж байгаа хоёр том зах зээлийн хажууд байгаа шүү дээ. Тархи толгойд байгаа үзэл суртлаасаа ангижраад зүгээр л дэлхийн хамгийн том зах зээл гэж хармаар байгаа юм. Гэтэл тэр том зах зээлд хүрэх гэж олон улс орнууд далайг гатлан очиж байна. Гуравдагч ямар ч улстай бид харьцсан энэ хоёр хөршөөр заавал дамжина. Түүнээс биш хятад хүнтэй харьцахаар хятад болчихгүй шүү дээ.

-Олон нийт хуучин улс төрчид, увайгүй тоглоомын дүрмээс залхаж байна. Шинэ зарчимтай улстөрчид хэзээ гарч ирэх бол. Тийм боломж харагдаж байна уу?

-Бид социализмын үед өссөн, дайсагналцсан, хувьсгалжсан сэтгэхүйтэй. Нэг юмыг хийхийн тулд нөгөөг заавал устгах гэж үздэг. Юм бүхэн хувьсгалын аргаар явдаггүй. Шилжилт хийгддэг. Энэ нь цаг хугацаа шаардана. Шинэ хүмүүс гарч ирж, шинэ дүрэм зохиогдож, шинэ зарчим үйлчилж болно. Гэхдээ хуучин хүмүүс тэрийг шилжүүлж авч явна. Аль нь хүчтэй түрж орж ирж байна, түүгээрээ л явна. Түүнээс биш хуучин хүмүүсээсээ бүгдээс нь татгалзаад, шинэ хүмүүс гаргаж ирнэ гэж байхгүй. Өнөөдөр шинэчилье гэж яриад дүрмээ өөрчилж байна, зарчмаа тодорхойлж байна, дотоод ардчиллыг хөгжүүлэх гээд нийтийн дундаас намын даргаа сонгож чадаж байна. Фракцыг устгая гэнгүүт устахгүй шүү дээ. Түүнийг чинь хүн тээж яваа. Механикаар устгагдахгүйгээс хойш түүнгүйгээр асуудлыг шийддэг өөр зарчим гаргаж ирэх гэж эрэлхийлээд нийтийн дунд сунгаа явууллаа. Энэ үйл явц удаан хугацаанд үргэлжилнэ. Үүнийг нэг хэсэг нь үл итгэж хүлээж авна. Нөгөө хэсэг нь эргэлзэнэ. Энэ бүхнийг тэвчих, хүлээн зөвшөөрөх, итгэхгүй байгаа улсуудад итгүүлэхийн төлөө хэрхэн ажиллах нь намын даргын асуудал.

-Та бол хүний хуучныг дэмжсэн үү, шинэ хүмүүс гарч ирэх ёстой гэдэг хүлээлттэй санал нийлж байв уу?

-Би тухайн үедээ олон нийтийн ажил хийж байсан учраас намын сунгаанд шууд оролцох боломж байгаагүй. Гэхдээ хөндлөнгөөс хараад дотор хүнд маань хоёр янзын зөрчил үүсч байлаа. Нэгдүгээрт нь олон нийтийн яриад байгаа шинэ үеийг гаргаж ирэх, дэмжих гэдэг утгаараа Л.Гантөмөр байна уу, Ж.Батзандан нь байна уу дэмжиж болмоор. Гэтэл нөгөө талаасаа бид ямар тавцан дээр тоглож байгаа билээ. Олон жилийн туршлагатай бурхи гэж болохоор улстөрчид голлосон, тоглоомын дүрэм нь бохир тавцан дээр байна. Энд соёлтой, зодоонд оролцож үзээгүй залуу хүн туршлагагүйтэх магадлалтай гэсэн эргэлзээ байнга төрж байсан. Эргэлзээ олон хүнд байвал дараагийн хүн гарч ирдэггүй. Шинэ хүнийг сонгож гарч ирэх хөрс суурь нь одоохондоо бий болоогүй л байна гэсэн үг. Тийм учраас хуучин хүн нь дээр гэж олонхи нь бодсон байна шүү дээ. Түүнийг нь хүндэтгээд явахаас өөр замгүй.

-Та гэнэт АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болсон нь сонин байсан л даа. Б.Дэлгэрмаа генсекээр ажиллаж байхдаа төмөр хатагтай гэдэг хоч хүртсэн. Та бол ямар нэгэн хочгүй үлдсэн санагдана. Гэсэн ч намын гал тогоонд ширүүхэн үзэлцэх хэрэг гардаг байх?

-Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг юм болсон. 2012 онд нам ялсан, бүх хүн төрийн албанд оччихсон, нам дээр хүн байгаагүй. Гэтэл намын өмнө орон нутгийн, Ерөнхийлөгчийн гээд хоёр том сонгууль байсан. Энэ хоёр сонгуулийг удирдах хүн гэдэг утгаар л намайг тавьсан болов уу. Түүнээс биш намайг сонгодог утгаараа улстөрийн гал тогоонд хутгалдуулахаар оруулсан гэж боддоггүй. Өгөгдсөн үүрэг даалгаврыг амжилттай хэрэгжүүлээд, намаа гурван сонгуульд ялуулсан. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, 2014 оны Говь-Алтай аймгийн дахин сонгуульд ялуулаад, үүргээ биелүүллээ гэж үзээд ажлаа өгсөн юм. Нэг их аймаар үзэлцээд байх ч юм болоогүй, сонгуулиас сонгууль гэсээр байгаад дууссан шүү дээ.

-Өмнө нь Засгийн газар байгуулж байхад таны нэр сайдад яригдаад байсан. Та сайд болох амбицтай юу эсвэл зүгээр л гэрэл цохиулах зорилгоор таны нэр яригдсан юм болов уу ?

-Тэр бол зүгээр л таамаг байсан. Надад тийм амбиц байгаагүй.

-Таныг хаана юу хийж байгаа бол гэж хүмүүс сонирхож байгаа. Ирээдүйгээ хэрхэн төлөвлөж байна даа?

-Мэдээж эхлүүлсэн олон ажил байсан. Уран бүтээлчийн хувьд 2010 оноос хойш ажиллаж байгаа түүхэн баримтат кино цувралууд бий. Түүн дээрээ үргэлжлүүлэн ажиллана. Маш их ажилтай байсан учраас тэднийгээ энд тэндэхийн фестивальд явуулах, чулуу болгоход цаг зарж байгаагүй. Бүтээлийг үзсэн залуус “Сургалт хийж өгөөч, зохиолоо үзүүлээч” гэж их хүсдэг. Тиймэрхүү ажилдаа цаг гаргана. Дор хаяж 10 гаруй баримтат кино бичсэн байна. Түүхэн баримтат кино бичих арга туршлагаараа гарын авлага маягтай ном хийх санаатай. Угаасаа энэ чинь Берклид үзсэн мастерын хичээлийн нэг хэсэг шүү дээ. Би яруу найргийн орчуулгад нэлээд цаг зарцуулсан. Өнгөрсөн хугацаанд нэлээд хэдэн шүлэг орчуулсан. Энэ наймдугаар сард Дэлхийн яруу найргийн академийн ээлжит их чуулган болох юм. Түүнийг угтаж, Америк яруу найргийн орчуулгын ном гаргах бодол бий. Уран бүтээлдээ зарцуулах хувь хүний төлөвлөгөө нэг иймэрхүү. Бас нэг төсөл эхлүүлж байгаа. Европт амжилттай хэрэгжүүлээд, Дундад Азид одоо хэрэгжиж байгаа. Ази, Номхон далайн бүсэд 2018 онд нээхээр бэлтгэж байгаа “Ирээдүй хойч үеэ тандан судлах” ЮНЕСКО-гийн том төсөл бий. Энэ төслийн удирдагчаар ажиллаж байна. Европын дөрвөн том сэтгэл зүйч эрдэмтэн 156 сэтгэл зүйн асуулттай судалгаа эхлүүлсэн юм байна л даа. Түүнийгээ ирээдүйг авч явах 18-20 насны залуучуудаар бөглүүлж үзжээ. Францын телевиз түүнийг нь сайшаан шүүрч авсан. Бид залуусаа таньж мэдэж байж, ямар бүтээгдэхүүн хийх вэ, ямар нэвтрүүлэг хийх вэ, ямар тогтолцоог бий болгох вэ гэдгийг тодорхойлно. Капитализм, коммунизм гээд хар, улаан өнгө байсан. Берлиний ханаар тусгаарлагдсан систем задран унахад бид барууныхныг харж дуурайсан болохоос биш, яг энэ дайсагналцалгүй дэлхий дээр хэрхэн яаж оршихыгоо бүрэн тогтоож чадаагүй. Берлиний хана нурсан ч үзэл бодол, угаагдсан тархи толгой, бүх юм хэвээрээ үлдсэн. Энэ бүхэн яваандаа байхгүй болж, шинэ үнэт зүйлийг энэ хүмүүс бий болгоно. Иймд эднийгээ маш нарийн судлах ёстой юм байна гэсэн судалгааны сонирхолтой төсөл юм. Вэб сайтыг нь Монголдоо нээж, дэлхий нийтийн харьцуулсан судалгаанд монгол залуусаа оруулах ёстой. Эндээс маш сонин дүгнэлтүүд гарна. Үүнд цагаа зарцуулъя гэж бас бодож байна.

-Улс төрчийн хувьд хүсэл мөрөөдөл бий юу?

-Нэг хэсэг улс төрөөс хол байж, олон нийтийн ажил хийж байсан учраас одоохондоо улстөр рүү шууд шумбаад орчихъё гэсэн бодол алга. Ажиглагчийн байр суурьтай байгаа. Мэдээж дүүргийн намдаа бүртгүүлээд, намын гишүүнчлэлээ сэргээсэн.

-Сэтгүүлчдийн хувьд таны нэг өгүүлбэр содон туссан. Карьераа ахиулахын тулд улс төрийг ашиглах ёстой гэлүү?

-Энэ нийгэмд мэргэжлийн хүмүүс мэргэжлээрээ карьер хийх боломжгүй байна. Заавал улстөрөөр дамжиж шат ахидаг гажиг тогтолцоо бий болчихсон. Энэ салбарт гайгүй юм хийчихье гэхээр радио телевиз гэдэг маань техник хөрөнгө оруулалтаас маш их хамаардаг. Шийдвэр гаргадаг, мөнгө зарцуулдаг түвшинд хүрье гэвэл заавал улс төр рүү орох ёстой болдог. Салбартаа ажил хийх боломжийг л эрэлхийлсэн хэрэг шүү дээ.

-Ингэхэд та ОНРТ-ийн захирлын ажлаа өгөхгүй гэж нэлээд “гүрийлээ”. Нэгэнт өөр нам гарч ирсэн юм чинь энэ суудлыг яаж ийж байгаад булааж авах нь тодорхой байсан л даа. Та юунд найдсан юм бэ?

-Бид чинь эрх зүйт нийгэм байгуулахаа Үндсэн хуулиндаа тунхаглачихсан шүү дээ. Эрх зүйт нийгэм гэдэг маань үнэмлэхүй олонх болсон ч бай, ялагдсан ч бай, эрх мэдэлтэй ч бай, үгүй ч бай, бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байж, хууль зарчим нэг ижил үйлчлэхийг хэлдэг. ОНРТ-ийн хуульд тэр 15 хүн л ерөнхий захирлыг сонгоно гэж заасан. Ерөнхий захирал нь аль нэг намаас тавигдсан бол дараагийн нам ялахаараа авч хаяна гэсэн хуулийн заалт байхгүй. Үнэмлэхүй ялсан гэж эрдэж бардаж, бүх төрлийн шалгалт оруулж, ажлыг маань авах гэж улайран тэмцсэн нь энэ нам зарчмыг уландаа гишгэснийг л харуулсан. Надаас юу ч гарахгүй гэдэгт итгэлтэй байсан учраас “гүрийсэн”. Тэгээд шалгалт оруулаад дийлэхгүй болохоороо УИХ оролцож, улс төржсөн дүгнэлтүүд гаргаж байгаа юм. Ийм буруу жишиг тогтсонд харамсч байна. Өмнө нь сайн муу хэлүүлж байсан ч Наранбаатар гэдэг хүн есөн жил тогтвортой ажилласан. Яагаад гэхээр тэр бүх хугацаанд дандаа хамтарсан засагтай байсан юм билээ. Аль аль нь унагачихвал өөрийнхөө хүнийг томилж чадахгүй гэсэн айдас байсан. Гэтэл одоо үнэмлэхүй ялангуутаа хүч түрж байна. Зарчим байхгүй болсон. Үлгэр дуурайлал болох ёстой ах нам ОНРТ-ийн хуулийн үзэл санаа, зарчмыг хүндэтгээд ганцхан жил тэсэх боломж байсан. Гэвч тийм алсын хараа дутаж, адгуу, атгаг байсанд нь харамссан.

-Сэтгүүлзүйн чиглэлээр Берклид ном сонссон хүн та л байна. Сэтгүүл зүй хаашаа явж байна вэ. Задлан шинжилсэн сэтгүүл зүй Монголд хөгжихгүй байна гэж та хэлсэн байна лээ?

-Мэдээллийн эрин зуун, нийгмийн сүлжээ хөгжсөнөөр эх сурвалжийг сэтгүүлч хайж явах шаардлагагүй болж байна. Эх сурвалжийг улстөрчид өөрсдөө сошиалаар тавьчихдаг болсон. Би ийм үзэл бодолтой байна. Ийм хуулийн төсөл дээр ажиллаж байна гээд. Урьд нь үүнийг сэтгүүлч гүйж очиж авдаг, эрж хайж олдог байсан. Гэтэл одоо бүх юм нээлттэй болчихлоо. Энэ олон мэдээллийн эх сурвалжуудыг задлан шинжилж, дүгнэлт хийж, урьд хойчтой нь харьцуулж, түүхийг нь эрэн сурвалжилдаг хэлбэр дутагдаад байгаа юм. Энэ хүн ийм чиг баримжаатай учраас ингэж яриад байгаа юм, өмнө нь ингэж ярьж байсан хүн өнөөдөр ингэсэн байна гээд анализ хиймээр байгаа юм. Гэтэл мэргэжлийн сэтгүүлзүй маань энэ ажил руу орохгүй сошиал медиа, иргэний сэтгүүлзүйтэй адилхан мэдээлэл тавиад байна. Гэтэл тэр мэдээллийг чинь сэтгүүлчтэй, сэтгүүлчгүй хүмүүс олоод мэдчихдэг болжээ. Иймд сэтгүүлчийн ажил илүү гүнзгийрэх ёстой. Олон жил сэтгүүлчээр ажилласны хэрэг юу билээ. Урьд нь хэн ч юу ярьсныг, яаж ийж байсныг мэднэ. Гүнзгийрэх боломж бааз суурь мэргэжлийн сэтгүүл зүйд бий.

-Мэргэжлийн сэтгүүлчид, сошиал медиа гээд тулалдаад байдаг. Сошиалтай сэтгүүлч яаж амжилттай хамтарч ажиллах вэ?

-Миний ойлгож байгаагаар сошиалыг гурван янзаар ашиглаж болно. Нэгдүгээрт мэдээллийн эх сурвалж болгож ашиглана. Хоёрдугаарт нь хийсэн бүтээлээ хүмүүст хүргэх, маркетингийн чиглэлээр ашиглаж болно. Гуравдугаарт хийх гэж байгаа юмандаа олон нийтийн оролцоог хангахад хэрэглэж болно. Би энэ сэдвээр материал бичих гэж байна гээд сошиал дээр тавихад маш олон сонирхолтой эх сурвалжууд гэнэт гарч ирдэг. Оролцоог хангах буюу гурав дахь чиглэлээр МонголHD-гийн Э.Лхагва харин гайгүй үр дүнтэй ажилладаг. Хэлэлцүүлгийнхээ сэдвийг урьдчилж тавиад, сонирхолтой санаа оноо хэлсэн хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа харагддаг. Энэ мэтээр нийгмийн сүлжээг үр дүнтэй ашиглаж чадвал уламжлалт хэвлэл мэдээллийн салбарт хөгжлийн боломж бий.


Categories
мэдээ цаг-үе

Ардын жүжигчин Д.Ухнаа: Төрийн дээд шагнал хүртэх тэр мөчид цээж дүүрэн амьсгаа авмаар санагдаж байсан

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч Данзанваанчигийн Ухнаатай ярилцлаа.


-Юуны өмнө танд Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэнд баяр хүргэе. Төрийн дээд шагнал хүртсэн сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Өрөөндөө сууж байтал Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаж байна. “Ухнаа гуай танд баяр хүргэе. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин боллоо. Ерөнхийлөгч таныг “Олон жил урлагт зүтгэн, ажилласан. Тэр хүний хөдөлмөрийг үнэлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тийм болохоор маргааш өглөө 11:30 цагт Засгийн газрын ордны үүдэнд байж байгаарай” гэв. Ингэж хэлэхээр нь юу болж байна вэ л гэж бодсон. Нөгөөтэйгүүр би их урлагт 54 дэх жилдээ зүтгэж байна. Тийм болохоор Ардын жүжигчин болоход болохгүй ч юм юу байхав. Хийсэн бүтээсэн зүйлээ би өөрөө мэдэж байгаа. Олон түмэн харсан байх. Төр засаг миний хийсэн хөдөлмөрийг олж харан, дүгнэж байгаа юм байна” гэж бодсон. Миний өдийг хүртэл урлагт зүтгэхдээ урдаа тавьсан чин зорилго минь Ардын жүжигчин болох л байсан. Би аавдаа амлаж байсан амлалтандаа хүрлээ. Намайг урлагийн сургуульд ороход ээж минь эсэргүүцэж, эдийн засгийн сургуульд ор гэж хэлдэг байсан. Харин сүүлд урлагийн сургуульд ороход аав минь “Миний хүү өөрийнхөө сонирхлоороо орсон бол боллоо” гэсэн юм. Тухайн үед би аавдаа “Урлагийн төлөө сэтгэл зүрхнээсээ зүтгэж, төрдөө, түмэн олондоо танигдах болно” гэж амлаж билээ. Ижий, аавын минь буян заяа, олон түмний минь энэрэл хайр түшиж энэхүү эрхэм цолыг хүртлээ.

Мөн Монголын рок, поп урлагийг хөгжүүлэхэд зохих хэмжээгээр ажилласан. Тэр хүрээнд хамтран ажилласан олон сайхан урлагийн нөхөд, “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгынхан маань ардын цолтон болоход нөлөөлсөн байх. Миний авсан цол дан ганц өөрийн хичээл зүтгэл биш ээ. Эдгээр бүх хүмүүсийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх шингэсэн. Ерөнхийлөгчөөсөө төрийн дээд шагнал гардан авах тэр мөчид цээж дүүрэн амьсгаа авмаар санагдаж байсан. Урлагийнхны хамгийн дээд алдар шүү дээ.

-Төрийн ордноос гараад хамгийн түрүүнд театр дээрээ очсон уу?

-Ардын жүжигчин гэсэн тэмдгээ зүүчихээд төрийн ордноос гараад шууд л Дуурийн театрын хаалгаар орж, 1960 онд анх “Учиртай гурван толгой” дуурийн “Юндэнгийн дагуулаар” анх гарч байсан тайзандаа мөргөсөн. Тэр үед “Энэ тайзан дээр гарах гэж ямар замыг тууллаа” гэсэн бодол төрж билээ. Дараа нь ажил амьдралаа эхлүүлж байсан Дуурийн театрын Найрал дууны ангидаа цэцэг бариад орсон. Тэгсэн миний сууж байсан сандал дээр нэг хүүхэд сууж байна. Тэр хүүд би “Наад суудал дээр чинь суусан хүн Ардын жүжигчин болдог юм байна шүү” гэж хэлээд цэцгээ өгсөн. Шоконд орсон уу, яасан таг дуугай гайхаад миний өөдөөс харж билээ. Ингээд намайг анги дотор бүгд хүлээн авч баяр хүргэсэн дээ. Энэ ангийн хаалгаар 1960 оны есдүгээр сарын нэгэнд хөл чичрэн анх орж ирсэн цагаас хойш өдий хүртэл урлагт зүтгэлээ. Би хөдөлмөрлөсөн байх аа. Тийм ч учраас энэхүү цолыг надад олгосон байх.

Төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав багштайгаа

-Их урлагт анх хөл тавьсан үеэ дурсвал?

-1960 онд Дорноговь аймагт арван жилээ төгссөн сурагч дуучин болох хүсэлтэй нийслэлд ирж, Дуурийн театрт орохоор тэр орчмоор долоо хоног эргэлдсэн. Тухайн үед “Энэ төмөр хаалганы цаана ямар их хувь заяатай хүмүүс байдаг бол оо” хэмээн бодож байлаа. Яг долоо дахь хоногийн өглөө энэ харагдаж байгаа дөрвөн давхар улаан байрны хаалганы урд зогсож байтал (өрөөнийхөө цонхоор заав) нүдэнд дулаахан өндөр хүн гарч ирэн “Ямар хэргээр явна” хэмээн асуув. Хот хүрээ газар таних хүнгүй, хилэн цамцтай, хар өмдтэй, сурагчийн дүрэмт хувцастай хүүхэд “Ах аа би шалгуулах гэсэн юм” гэв. Тэгсэн нөгөө өндөр ах намайг хэсэг харж зогссоноо “Чи дуулдаг юм уу. За дагаад яв” гэж байна. Ингээд Дуурийн театрын хоёр давхарт одоогийн Ардын жүжигчин А.Долгорын өрөөнд ортол Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Д.Лувсаншарав багш байсан юм. Тэр үед багш төрийн шагнал, хөдөлмөрийн баатар цол аваагүй байлаа. Тэгээд намайг шалгав. Би “Мандах наран” хэмээх монгол ардын дуу дуулсан юм. Шалгаруулалтад хэрхэн орж, юу хэлж, ямар байдалтай байснаа санахгүй доголон, нэг л мэдэхэд Сүхбаатарын талбай дээр алхаж билээ. Юутай ч Д.Лувсаншарав багш маргааш өглөө есөн цагт ирээрэй гэсэн. Нэг үгээр бол эхний шалгаруултад тэнцчихсэн байхгүй юу. Баярласан сэтгэгдлээ нутагт үлдсэн гэрийнхэндээ хэлэх гээд холбоон дээр очлоо. Тухайн үед ямар гар утас гэж байсан биш. Бөөн юм болж холбогдоно. “Байна уу Дорноговь, байна уу Улаанбаатар” гэж хэлээд л тасарчихдаг хэцүү байв. Маргааш өглөө ирээрэй гэсэн үгийг нь санаад тэр шөнө миний нойр хүрсэнгүй. Шөнөжингөө брюк, хорин дөрвийн цагаан цамцаа индүүдэнгээ (индүүндээ цог хийнэ) “Би ингээд орлоо гэж үү, ямар азтай юм бэ” гэж дахин дахин бодож баярлана. Ингээд өглөө эрт босож, индүүдсэн өмд, цамцаа өмсч, Улсын Хөгжимт театр буюу одоогийн Дуурийн театр руу явлаа. Есөн цагаас ир гэсэн ч би хагас цагийн өмнө очив. 1960 онд Улсын Хөгжимт театр дотроо хүүхдийн, дуурийн, драмын гэсэн гурван театр байсан юм. Гэхдээ дуурийн театрт дуурь тоглогдоогүй байсан үе л дээ. Ийм гоё театрт ормоор санагдаад манаачаас нь гуйлаа. Цагаасаа эрт ирсэн болохоор оруулахгүй гэнэ. Гуйсаар байгаад дотогшоо орж, хоёр давхрын цонхны урд очиж хүлээн зогсох зуур их гоё хувцастай, нүүрээ будчихсан, үнэртэй ус үнэртүүлсэн ах, эгч нар холхилдон алхахыг хараад “Би үнэхээр энэ газар орлоо гэж үү” гэж бодож, өөртөө итгэж чадахгүй л баярлаж билээ. Ийн бодож байх зуур найрал дууны ангийн дарга Долингорт тоглодог Норсонжав гуай “Шинээр орох гэж байгаа дагалдан хүүхэд чи юу. За ийшээ ор” гээд ангийн хаалга онгойлгов. Яваад ортол их гоё хувцастай олон хүн сууж байдаг байгаа. Хаалга онгойх чимээнээр над руу бүгд хардаг юм байгаа биз дээ. Миний нүүр улайгаад, дотор пал хийгээд л явчихлаа. Хаалганаас үүд, хоймрын хэртэй зайнд яваад хоёр хүний голд хүн суугаагүй хоосон сандал байсан юм. Тухайн үед би тэр сандал дээр яаж очиж суусан юм бүү мэд. Ингээд багш “Өвдөг дээрээ хоёр гараа тавиад нуруугаа тэгшлээд цэх суу” гэж хэлээд анхны гаам дуулуулав. Олон хүн зэрэг дуулахыг анх сонсоод ямар гоё юм бэ гэж бодсон. Ийн давтан дуулж суутал бас шинээр ирсэн бололтой, монхор хамартай залуу сууж байна. Ингээд эхний дасгал завсарлаж, суралцагч нар ангиас гарлаа. Хамгийн сүүлд би гарах гэтэл нөгөө монхор хамартай залуу “Чи шинээр ирсэн үү” гэв. Тэр хүн бол нөгөө алдарт Хаданбаатар Магсаржав кинонд тоглодог Эрдэнэбулган байсан юм. Ингэж л бид хоёр танилцаж билээ. Тэр цагаас эхэлэн өдий хүртэл тавь гаруй жил нөхөрлөж байгаа миний хамгийн дотно уран бүтээлийн найз минь юм. Тухайн үед багш нар дагалдан сурагч нарт театрын хөгжим, эд зүйлд хамаагүй хүрч болохгүй шүү гэж анхааруулдаг байв. Эрдэнэбулган бид хоёр хөгжим тоглох их дуртай. Тэр сайхан төгөлдөр хуур, бусад хөгжмийн зэмсгийн хажуугаар өнгөрөхдөө үүнийг тоглож үзэх юм сан л гэж боддог байлаа. Ингэж бодож явсаар хэдэн хоног болов. Нэг өдөр би “Эдгээр хөгжмөөр тоглож үзэе” гэж Эрдэнэбулганд хэллээ. Мань хүн “Яаж тоглох юм. Багш хүрч болохгүй гэсэн биз дээ” гэж байна. Ингээд бид хоёр театрын жижүүр өвгөнийг найрахаар боллоо. Орой ажил тарсны дараа Лодой гуайд пироник авч өгөөд, хамт цай ууж, ая тал заслаа. Тэр зуур би “Лодой гуай, бид хоёр найрал дууны анги руу орлоо. Багш нотоо харж, давт гэсэн” гэж хэлтэл “За за, тэг тэг” гэж хэлээд оруулахыг зөвшөөрлөө. Эрдэнэбулган чинь намайг бодвол хөгжимчин хүн л дээ. Аккордион их сайн тоглоно. Би бол төгөлдөр хуурын даралт дээр ганц хоёр дарж, үл ялиг ая оруулчихдаг ухаантай. Ингэж л анх хөгжимд хүрч үзэж билээ. Театрт орсноос хойш хадланд явж, жорлонгийн нүх ухаж, ойр зуурын аж ахуйн ажил л хийдэг байлаа. Ингэж явсаар арваннэгдүгээр сар гарч байтал найрал дууны Ухнаа, Эрдэнэбулган хоёроор театрын манаач хийлгэнэ гэдэг юм байна. Театрын төмөр хаалганы хажуугийн шавар амбаарт бид хоёр дах нөмөрч, буу үүрэн харуулд гардаг боллоо. Аж ахуйн дарга “Та хоёр шөнө унтаж болохгүй шүү. Улаан складан дотор театрын үнэтэй цэнэтэй эд зүйлс их бий. Хулгайд алдчихсан байваа. Хамаг юм алга болбол шоронд орно шүү” хэмээн анхааруулна. Бид хоёр манаанд гарах тоолондоо “Хэзээ жүжигчин болдог юм бол оо, хэзээ энэ мундаг хүмүүс шиг тайзан дээр гарах юм бол доо” гэж ярилцдаг байлаа. Аж ахуйн ажил өдөр болгон хийлгээд байхаар нь сүүлдээ театраас гарахаар шийдэж багштайгаа очиж уулзав. Манай багш нэрт кино жүжигчин Жамбалын Занабазар гэж сайхан хүн байлаа. Хүмүүс “Ардын элч” киноны Дарьбазарын дүрээр нь сайн мэдэх байх аа. “Багш аа, бид хоёр ерөөсөө больё оо. Жорлонгийн нүх ч ухлаа, өвсөнд ч явлаа, манаач хийлээ. Одоо гаръя” гэв. Тэгсэн багш их ууртайгаар “Суу та хоёр. Олон юм ярилгүй даалгасан ажлыг хийж бай. Угаасаа ингэдэг юм. Бид нарыг бас ийм ажил хийгээгүй гэж бодож байна уу. Үүнээс долоон дор юм хийж л байсан. Дуугүй ажлаа хий. Ирээдүйн гавьяат ч юм уу, дарга нар ч юм уу, урлагийн том хүмүүс болохыг чинь яаж мэдлээ” гэдэг юм байна. Тухайн үед гавьяат болно гэж санаанд ч ороогүй зүйлийг багш нар ярьсан болохоор “Бид хоёрыг ч мөн доромжилж байна даа” гэж санан инээлдлээ. Гавьяат хэмээх цолтой хэдхэн хүн л байсан цаг. Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Цэвээнжав гуай нар шүү дээ. Энэ хэдэн хүнийг чинь хараад бурхан шиг л санадаг байв. Тийм байхад бид хоёрыг энэ аугаа хүмүүс шиг болно гэж хэлэхэд нь итгэж чадахгүй байсан хэрэг. Ингээд бид хоёрын дагалдангийн хугацаа дуусч, шалгалт авч жинхэлсэн юм. Нэг мянга есөн зуун жаран онд улаан театрт орсноор миний амьдрал эхэлсэн дээ. Ороод долоон жилийн хугацаанд ханьтайгаа учирч, хүүхэдтэй болсон. Тэнд л би Марксизмын оройн дээд сургууль төгсөж, найрал дууны ангийн эвлэлийн үүрийн дарга болж, улмаар Дуурийн театрын эвлэлийн хорооны дарга болсон. Нөгөө муу хөдөөний Ухнаа чинь театрт дээрээсээ гурав дахь хүн болсон доо. Тухайн үед Нам, Эвлэл, Үйлдвэрчин гэсэн гурван байгууллага бүх л зүйлийг шийддэг байсан цаг.

-Таныг Болгар улсад суралцаж төгссөн гэдэг. Өөр хаана ямар сургуулийг төгссөн бэ?

-Дуурийн театрт ажиллаж байхдаа гадаад руу урлагийн сургуульд явах юмсан гэж боддог байлаа. Тэгсэн нэг өдөр Болгарт сургуульд суралцах хуваарь ирдэг байна шүү. Ингээд шалгаруулалт боллоо. Мөн ансамблиас Гэрэлт-Од шалгуулж байна. Гэрэлт-Од чинь тухайн үедээ нийтийн дууны од байлаа. Одоогийнхоор бол С.Жавхлан л байхгүй юу. Баян-Өлгийгөөс театрт надтай цуг дагалдан хийж байсан Хавлааш. Тэгээд шалтгалт өгсөн чинь Хавлааш, бид хоёр тэнцчихдэг юм байна. Харин Гэрэлт-Од од юм чинь дуулаад тоосон ч үгүй. Ингээд байж байтал ганцхан хуваарь л байна гэнэ. Хавлааш, бид хоёр чинь долоон жил театрт хамт байсан болохоор хоорондоо сүрхий найзууд. Тийм болохоор хамтдаа явах санаатай байгаагаа Соёлын яаманд илэрхийллээ. Тэгсэн хоёр хуваарь гаргаад өглөө. Гэтэл нэг нь Москва, нөгөө нь Болгар болж таарлаа. Бид хоёр дахиад Соёлын яаманд нэг газар луу л явна гэдгээ хэллээ. Тухайн үед би Эвлэлийн хорооны дарга байсан болохоор яаманд нэр хүндтэй байлаа. Улмаар 1967 онд Болгарын Хөгжмийн дээд сургуульд хамт явж, сурсан даа. 1972 онд сургуулиа дүүргэж ирээд хожим наян онд Москва хотын Театр урлагийн дээд сургуулийн дээд дамжааг эстрад, концерт, шоуны найруулагчаар мэргэжил дээшлүүлсэн юм.

-Та “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгатай хамт өдгөө дөч гаруй жил урлагт зүтгэсээр иржээ. Анх энэ хоёр чуулгатай урлагийн зам мөрөө холбож байсан дурсамжаасаа дэлгэвэл?

-Нэг мянга есөн зуун далан хоёр онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийг төгсч ирэх үед Улсын филармони анх байгуулагдаж байлаа. Даргаар нь төрийн шагналт, ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач Цэгмидийн Намсрайжав ажиллаж байсан юм. Тухайн үед Соёлын яаманд “Би Дуурийн театрт очихгүй. Шинэ байгуулагдсан филармонид очъё” гэж хүсэлт гаргаж билээ. Ингээд филармони байгуулагдаад анхны гоцлол дуучнаар миний бие ажилласан. Өмнө нь Улсын симфони найрал хөгжим гэж байхад анхны дуучнаар ардын жүжигчин Б.Зангад гуай ажиллаж байсан санагдана. Намайг филармонид орох үед Улсын ардын дуу, бүжгийн чуулгад ажиллаж байсан “Соёл-Эрдэнэ” хамтлаг, Радио телевизийн улсын хорооны дэргэд байсан “Баянмонгол” чуулга, Улсын симфони найрал хөгжмийг нэгтгэж 1972 оны долдугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын тогтоолоор Улсын филармони байгуулагдаж байлаа. Энэ он жилүүдээс эхлэн миний бие симфони найрал хөгжимтэй дуулж, орон нутагт урлагийн бригадаар “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгатай хамт явж дуулж эхэлсэн түүхтэй. Тухайн үед хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байсан “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ”, Симфони найрал хөгжмийн урлагийн бригадын ахлагчаар гучин жил ажилласан. Анх “Баянмонгол”, “Соёл-Эрдэнэ” чуулгын захирлаар Лхагвасүрэн, Батбаяр хэмээх хоёр хүн томилогдсон юм. Гэхдээ надад “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг уран бүтээлийн хувьд хариуц гэсэн намын даалгавар өгсөн. Түүнээс хойш дээрхи хоёр чуулгатай ойртон ажиллаж, хөдөө аялан тоглолт хийхдээ хөтлөн явуулж, улмаар эстрадынхантай холбогдсон түүхтэй. Би “Соёл-Эрдэнэ”-ийг ой хагастай, “Баянмонгол”-ыг хоёр “настай” байхад нь хүлээж авсан. Тухайн үед 18, 19-тэй хүүхдүүд байсан шүү дээ. Уран бүтээлүүд нь миний толгойд байдаг. Нэгэн үе “Соёл-Эрдэнэ” “Камертон” шиг л байлаа. “Баянмонгол” чуулга ч ялгаа байхгүй. Эднээр Монголын ард түмэн хэсэгтээ л хүмүүжсэн, цэнэглэгдсэн. Тэд маань бас нэгэн үеийг сэргээн босгосон анхдагч нар. 1971-1972 оны үед л юмдаг. “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулгыг анх гарч ирж байхад нь хөрөнгөтний дуу дуулдаг, энэ тэр гэдэг байлаа. Хаашаа явах вэ, яах урлаг, соёл юм, хаанахын дуунууд дуулаад байна вэ, тэр чиглэл, жанр нь мөн үү, биш үү гэж хандаж байсан удаа ч бий. Тэр ч утгаараа уран бүтээлийг нь Соёлын яаманд үзүүлж, хянуулдаг байсан. Ингэж хянахыг зарим хүн эсэргүүцдэг байлаа. Харин миний хувьд энэ их зөв зүйтэй ажил байжээ гэж боддог. Сайн уран бүтээл гаргахын тулд мэргэжлийн хүнээр сонсгож, зөвлөгөө авах нь чухал. Тийм ч учраас одоогийн залуучууд 60-70 онуудад дуулагдаж байсан ахмад хамтлагийн дуулсан дууг сэргээн дуулж байна. Орчин үеийн хөгжмийн зохиолчдын зохиосон аяыг, яруу найрагчдын шүлгийг нь голж байна. Үүн дээр дуу зохиогчид анхаарах хэрэгтэй. 1974 онд Намын төв хорооны үзэл суртлын хэлтэс, Соёлын яамны уран сайхны зөвлөлтэй хамтран “Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтыг хянадаг байлаа. Улсын филармонийн орлого, үзвэрийн төлөвлөгөөгөө биелүүлэхэд “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол” чуулга асар их үүрэг гүйцэтгэсэн. Яагаад гэвэл, тэднийг хүн их үздэг. Гадаад хэргийн яамны хажуу дахь муужгайн байшин байна шүү дээ. Энд л хүмүүс тоглолт үздэг байлаа.Тоглолт болох сургаар билет нь эрт дуусчихдаг. Тоглолт эхлэх үед үзэгчдийн дунд тэмцэл өрнөдөг байв. Тэр олон мянган иргэдийг хэв журманд оруулахын тулд усаар шүршиж, цагдаагийн албан хаагчид нохойтойгоо тэмцдэг байлаа. Үзвэрт тэгэж их дайрч ордгийг би анх тэгэхэд л гайхан харж байсан юм. Ингээд тоглолтын дараа удирдах зөвлөлийнхөн хурал хийлээ.“Соёл-Эрдэнэ”-ийн тоглолтыг цаашдаа яаж олон түмэнд эмх цэгцтэйхэн шиг үзүүлэх вэ гэсэн асуудал хөндөгдсөн. Гэхдээ нийгмийн зайлшгүй нэг хэрэгцээ болсон учир яаж ийж байгаад л үзүүлэх ёстой байв. “Соёл -Эрдэнэ” бол Монголын рок, поп урлагийн үндэс суурийг яах аргагүй тавьсан хамтлаг. Харин “Баянмонгол” чуулга жааз оркестрын анхдагч нь биш юм шүү. Улсын циркт 1941 онд жааз хөгжмийн хамтлаг байгуулагдсан. “Баянмонгол” чуулга долоо дахь нь шүү дээ. Өнөөдрийг хүртэл тэд ажиллаж, амьдарч, үйл ажиллагаагаа явуулж байна. Яг ийм л бүтэцтэй оркестр дэлхийд байдаг. Хаа ч адилхан. “Баянмонгол” чуулга 1983 он буюу ганцхан жилийн дотор 155 удаа тоглолт хийж байсан удаатай. Нэг сард арван удаа тоглож байжээ. “Соёл-Эрдэнэ”-ийн тухайд 1983 онд 166 удаа тоглосон. Улсын филармониор жишээ аваад үзэхэд тэр үед 566 удаа тоглож байлаа. Ингэж л ажиллаж байлаа, ийм л ачаалалтай байсан юм.Тэр цагаас хойш Монголд шинээр төрөн гарсан эстрадын олон хамтлагуудад урлаг, уран бүтээлийнх нь талаас зөвлөж, хамтран ажилласан.

-Дуучдаа аваад хот, хөдөөгүүр өдөр болгон шахуу давхидаг байсан байх. Ер нь ямаршуухан хүнд нөхцөлтэй тулгарч байв даа?

-“Соёл-Эрдэнэ” хамтлаг анх гарч ирж байхдаа “Битлз” шиг байсан. Тэдний араас “Өргөө”, “Айзам”, “Инээмсэглэл” зэрэг хамтлаг гарч ирсэн. Тус хамтлаг хөдөөд цахилгаан хөгжим гэдэг юмыг анх үзүүлсэн юм. Ер нь хөдөөгүүр явж байхад “Битлз”-ийнхэн ирсэн юм шиг суман дээр ч бужигнаад л, аймагт болохоор хаалга үүд эвдчих гээд, хүмүүс морь, мотоцикль, машинтай даган, сумаас сум дамжиж тоглолтыг нь үздэг байлаа шүү дээ. Нийтдээ 250 суудалтай танхимд япон хөгжим тавьчихаад Монголд эстрад хөгжим хөгжүүлнэ гээд л. Тэр үеийг өнөөдрийн өндөрлөгөөс харахад маш урт зам туулж, багагүй зүйл бүтээжээ. Тийм ч учраас “Соёл -Эрдэнэ” хамлагийг шинэ ба дунд үеийнхэн хүндэтгэж явдаг. Зууны манлай “Соёл -Эрдэнэ” хамтлагаас нэг ардын жүжигчин, найман гавьяат төрсөн. Ийм хамтлаг Монголд байхгүй ээ. Анхны “Алтан пянз” ч “Соёл-Эрдэнэ”-ийнх. Бас 1000-аад дуутайгаараа анхдагч нь болсон хамтлаг шүү дээ. “Шалзат баахан шарга”-ыг рок дуурь хэлбэрээр Монголд анх тоглосон. “Зургаа дөчин тав, зургаа дөчин тав” нь ч гэсэн манай анхны хип хоп дуу байхгүй юу. Миний санаж байгаагаар “Соёл-Эрдэнэ” хамтлаг нийтдээ 20-иод зүйлээр анхдагч болсон байдаг. Их ажил аа даа, энэ чинь. Тэгэхээр урлагийн түүхэнд алтан үсгээр нэрээ мөнхжүүлэх хамтлаг яах аргагүй мөн өө дөө. Энд нэг зүйлийг хэлье. Тухайн үед гарч ирсэн “Соёл-Эрдэнэ”, “Баянмонгол”, “Инээмсэглэл”, “Айзам”, “Өргөө”, сүүлд гарч ирсэн “Хурд”, “Харанга” гэх зэрэг хамтлагууд их сайхан монгол нэртэй байжээ. Харин сүүлийн үед цаг өөр болоод ч тэр үү хамтлаг, дуучдын нэр гадаад нэршилтэй болсон байна. Уг нь би монгол нэртэй байлгахыг хичээсэн боловч миний охины хамтлаг “Киви” гэсэн нэртэй гараад ирдэг байгаа. Тэгэхээр нь яагаад ийм нэр өгснийг нь асуулаа. Киви жимс чинь гурван өнгөнөөс бүрддэг юм байна. Манай гурав чинь (Киви хамтлагийн гишүүд)гурван өөр царайтай охидууд шүү дээ. Мөн хамгийн амтлаг жимс, тэр ч утгаараа охидын хамтлаг учраас билэгшээсэн байх. Тэр үеэс хойш “За даа гадаад нэр тийм л хэрэгтэй байгаам байж дээ” гэж бодсон. Сүүлийн хорин жил монгол нэртэй хамтлаг гараагүй л байна шүү дээ.

-Ухнаа гэхээр л уралдаан, тэмцээн зохион байгуулж буй дүр тань санаанд буудаг шүү. Өнөөдрийн энэхүү өндөрлөгөөс эргээд харахад урлагийн төлөө ямар ажлуудыг хийж ирсэн байна вэ?

-Би уралдаан, тэмцээн явуулах хоббитой. Тэдгээрийг зохион байгуулна гэдэг их ажил л даа. Их урлагт хөл тавьснаас хойш өдийг хүртэл нийт 5157 концертонд хөтлөгчөөр ажилласан. Төрийн болон баяр ёслолын хүндэтгэлийн концертууд, Улсын филармонийн сонгодог, эстрадын тоглолтууд, уран бүтээлчдийн тайлан тоглолтууд, гадаа талбай, стадионы шоу хөтөлбөр зэрэг 325 арга хэмжээнд найруулагч, ерөнхий найруулагчаар ажиллажээ. Энэ бүх зүйл миний хувийн дэвтэр дээр он сар өдөртэйгөө байгаа. Олон улсын эстрадын дуучдын “Хөх Монгол” наадмыг санаачлан 20 жил зохион байгуулж, монгол дууны наадам болгосон. Ахмад эстрадын дуучдын тоглолтыг санаачлан нэг хөтөлбөрийг байнга дүүрэн үзэгчтэй 518 удаа тоглуулсан нь Монголдоо анхдагч болсон. Өөрөө санаачлан 1975 оноос өдий хүртэл 196 уралдаан тэмцээн зохион байгуулсан байна. Тухайлбал бяцхан эстрадын дуучдын уралдаан, залуу эстрадын дуучдын уралдаан, гадаадын дуучдын дунд “Монгол дууг хэн сайн дуулах вэ”, мэргэжлийн дуучдын дунд “Зохиолын дууны найр”, “Ардын эрхийн хит парад”, төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийн дунд симфони оркестртой “Ардын дууг хэн сайн дуулах вэ” уралдаан, рок поп дуучдын наадам, “Сайхан хос”, “Моод эстрад”, “Найман гитарын цуурай”, “Жентельмен залуу”, “Хөдөөгийн одод Улаанбаатарт”, Хятад, Япон, Итали, Турк, Франц, Солонгос, Орос дууг хэн сайн дуулах вэ уралдаан, “Азийн алдарт гурван тенор”, “Улаанбаатарын мөнгөн шөнө”, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг найман удаа, “Эх орны гавьяатууд” зэрэг уралдаан, тэмцээнүүдийг зохион байгуулсан байна. Мөн 1981 онд Сочи хотод “Красная Гвокдика” олон улсын поп, рок дуучдын уралдаанд, Германд болсон “Дрезден-85”, Чехсловак улсад “Братиславская лира-86”, Польш улсад “Сопод-87”, Болгар улсад “Золотой орфей-88” зэрэг уралдаанд шүүгчээр ажилласан байх юм.

-Таныг хийж бүтээсэн болоод бусад сонирхолтой тоо баримтуудаа тэмдэглэдэг гэж сонслоо. Хэзээнээс ингэж дэвтэр дээрээ тэмдэглэхээр болсон бэ?

-Миний тэмдэглэсэн дэвтэр хэд хэд бий.(Ширээнийхээ нүднээс хар хавтастай гурван дэвтэр гаргаж үзүүлэв) Анх 1974 онд Улсын симфони найрал хөгжимтэй гоцлол дуучдын концертыг найруулсан гэж байна. Тэгэхээр тэр үеэс эхэлсэн байх. Дэвтэр дээрээ тэмдэглэсэн хэдэн тоо баримтаас дурдъя. Тухайлбал гадаадын 72 орноос 2800 гаруй жүжигчдийн тоглолтыг хүлээн авч, Монголынхоо ард түмэнд сонирхуулсан байна. Мөн 8783 дуутай, 31 дууны түүвэртэй. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарч өдийг хүртэл 7867 утасны дугаартай дэвтэр ашигладаг. Энд бас 1983 оноос одоог хүртэл албан ажлаар өрөөндөө 14578 хүнтэй уулзсан гэж тэмдэглэсэн байна. Хувийн сонирхлоор цуглуулсан 72 орны жижиг архины цуглуулгатай. Монголын уран бүтээлчдийн 500 гаруй фото зургийн цуглуулгатай л даа. Энэ бүгд миний амьдралдаа хандах, ажилдаа идэвхтэй байх зарчим юм.

-Ингэхэд та мэргэжил, мэргэжлээр нь ангилаад л уралдаанаа зохион байгуулчихдаг юм уу?

-Ер нь бол тийм. Худалдагч, эмч, багш, жолооч, нисгэгч, бөхчүүд, офицерууд, тэр байтугай компанийн захирлуудын дунд төрөл бүрийн уралдаан зохион байгуулдаг. “Хүрэн хаалгатай дэлгүүр”, “Багшийн алдар”, “Суман цагаан хөлөг”, “Дуунд дуртай компанийн захирлууд дуулж байна” гэх мэт өвөрмөц нэртэй уралдаанууд бий. “1960-1970-аад оны дууг хэн сайн дуулах вэ” гэдэг уралдааныг залуучуудын дунд зохион байгуулж байлаа. Залуус дуулаг л дээ. “Амрагийн дуу”, тэр сайхан “Өргөн Сэлэнгэ”, “Орь залуу нас”, “Ээждээ” дуу хаа байна. Ерөөсөө байдаггүй. Бас нэг сонин ажил бол 1000 хурандаа, дэд хурандаагийн баяр хийсэн. Улсын циркт тэрхүү арга хэмжээг зохион байгуулахад бүгд дүрэмт хувцастайгаа, бөөн одон медальтай улс л ирж байлаа. Надад 78 настай нэгэн хурандаа дараа нь хэлж байсан юм. “Ухнаа минь, их баярлалаа. Миний хувцас 19 жил эвхээтэй байсан. Тэгээд үхэх л юм бодож байлаа. Дүрэмт хувцсаа өмсөх газар байхгүй. Гудамжинд ямар өмсөөд явалтай биш. Баяр, наадамд биднийг урихаа больсон. Ёстой л эвхээтэй нь дуусах юм бодсон. Миний хувцсанд салхи оруулж өглөө” гэж.

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангад гуай “Жараад оны эхэн үеэс наяад он хүртэлх хугацаа бол Монголын дууны урлагийн “их ургац”-ын он жилүүд байсан” хэмээн хэлсэн байдаг. Алтан үеийнхний тухайд дурсвал?

-Үнэн л дээ. Ер нь тэгэхдээ 1960-1970-аад он бол манай нийтийн дууны оргил үе байсан. Ямар мундаг яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучидтай байсан гэж санана. Ийм учраас дөч, жаран жил дуулуулж байна. Өнөөдөр дуулаад байгаа дуунууд хэдэн жилийн настайг бид хэлж мэдэхгүй. Хамгийн харамсалтай нь сүүлийн үед монгол аялгууг их эрлийзжүүлж байна. Энэ бол аюул. Төрөлхийн сайхан хоолойтой монголчууд маань хачин эрлийзжсэн дуу дуулаад хүүхдүүдийн хоолой хэцүүдлээ. Дандаа хагас хоолойгоор дуулдаг. Өнгөө гаргахгүй байна. Европт арван хүн дотор дуулдаг хоёр л хүн бий, бусад нь чадахгүй. Манайд арван хүн байлаа гэхэд арвуулаа дуулна. Тэдгээрээс найм нь сайн дуулдаг. Хоёр нь бүр гайхалтай. Ийм л авьяастай байхгүй юу. Тийм учраас монгол аялгуу, монгол хөгжим, монгол шүлгээр “амьсгалмаар” байна. Энэ сайхан дуунуудынхаа хүрээнд олон уралдаан явуулсан. Соёл, урлагийн их сургуулийн багш нар их мэрийдэг. Эстрадын дууны ангид “Өргөн Сэлэнгэ”-ийг өгч байна. Эстрадын дуу биш шүү дээ. Гэхдээ сураг, мэдэг. “Ямар гоё дуунуудтай байсан юм бэ” гэж бэлтгэл ангийнхан, хоёр, гуравдугаар курсийнхэн хэлдэг шүү дээ. Өнөөдрийн дуунууд ч яах вэ дээ. Цагийн юм цагтаа дуулагдана.

-Та их говийн хүн. Төрж өссөн нутгийнхаа талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Дорноговь аймгийн Дэлгэрхэт буюу одоогийн Иххэт сумын Холбоо гэдэг газар төрсөн. Хүүхэд байхдаа бусдын л адил хурга, ишигтэй ноцолдож, морь унах дуртай жаал байлаа. Зургаан настай хүүхэд морь унаж байхад ээж минь “Энэ жаахан амьтнаар морь унуулж болохгүй” гэж эсэргүүцдэг, болгоомжилдог байсан юм. Манай нутаг их сайхан. Ардын жүжигчин цолны зарлигаа уншуулчихаад маргааш өглөө нь нутаг руугаа гарсан даа. Шинийн нэгний өглөө яг цол хүртсэн цагтаа нутагтаа очоод Баян-Өлзийт хэмээх уулан дээр гарч нар мандахыг харж зогсонгоо “Зургаан настайдаа гарсан жаахан хүү чинь өдгөө ардын жүжигчин болоод төрөлх нутагтаа ирлээ” гэж залбиран сүү өргөсөн. Говийн наран яаж манддаг билээ. Сайхан шүү дээ. Ийн залбирч зогсоход багадаа морь уралдаж, хонь хариулж байсан газар, хүүхэд ахуй цаг нүдэнд минь харагдах шиг л болсон. Би жилд нэг удаа нутагтаа очиж ийн залбирдаг юм. Нутаг амьтай хүн л дээ. Мөн сумынхаа театр буюу соёлын төвдөө мөргөдөг. Манай нутгийн Соёлын төвийн дарга Мөнхжаргал гэж мундаг ажиллагаатай хүн бий. Миний хэлсэн болгоныг хийдэг. Тийм ч учраас аймагтаа 12 удаа шилдэг Соёлын төвөөр шалгарч байсан.Сумынхаа соёлын төвд “нууц ноёнтон” мэтээр үргэлж л зөвлөж ирсэн дээ.

-Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун амь, бүлээн цусаа урсган тэмцэж явсан Монгол Улсын баатруудын нэг Д.Данзанваанчиг агсан таны аав гэдгийг олон түмэн мэднэ. Аавынхаа тухай дурсахгүй юу?

-Миний аав 1939 онд цэргийн албанд ирж цэрэг, бага дарга, дунд, ахлах офицерын албан үүргийг 1972 он хүртэл гүйцэтгээд насны тэтгэвэрт гарсан. Монгол ардын армийн хуягт бригадын миномёт пулемётын наводчик байхдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг цөмлөн Японы милитаристуудыг бут цохиход баатарлаг байлдаж, дайны талбарт дайсны суманд оногдож, таван удаа хүн шархдаж байсан гэдэг. Гурван хоног улаан цусан дотор хоол, цайгүй шархтайгаа цусаа гожуулан хэвтэж байхад нь цэргийн эмнэлгийнхэн олсон байдаг. Эмч нар очиход маш хүнд байдалтай байсан гэдэг. Сүүлд аав минь “Тэр үед би үхэж болохгүй, нутаг усандаа, Ухнаадаа очно доо гэж бодон ёстой л амьдрахын тулд шүд зуун тэвчиж байлаа” хэмээн ярьдаг юм. Энэ үнэхээр баатарлаг явдал шүү. Миний аав баатар хүн учир хүү нь ч гэсэн аливаа зүйлд хариуцлагатай хандаж, аавынхаа нэрийг сэвтээхгүй авч явах нь чухал гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Аав ч надад ингэж захидаг байлаа. “Миний хүү нэрээ гаргаж, олон түмэндээ түшигтэй хүн болоорой” гэж. Тэр цагаас өдийг хүртэл аавынхаа нэрийг бодож, амьдралд, урлагт зүтгэсээр явна. Хүүхэд байхад аав энд тэнд урилгаар очиж, уулзалт хийдэг байлаа. Баатар дээшээ, Баатар дээшээ л гэж хүн болгон хүндэлдэг. Автобусанд явсан ч суудал тавьж өгдөг байсан. Баатрын үнэмлэхтэй учир үнэгүй явна. Тийм хэдхэн л хүн байсан даа. Ийм сайхан нэр төртэй ааваараа их бахархдаг. Тэр үеэс эхлэн олон түмэндээ нэртэй, алдартай явах чинь ямар гоё юм бэ л гэж бодсон. Хожим театрт орохдоо ч бодсоор ирсэн. Нэр алдартай хүний хүүхэд өндөр хариуцлагатай байх учиртай. Ирэх жил аавын минь 100 жилийн ой тохиох гэж байна. Энэ хүрээнд эртнээс олон ажил төлөвлөсөн байгаа. Нутгийнхаа арван жилийн сургуулийг аавынхаа нэрэмжит болгох, алдрын танхим, сургуулийн үүдний талбайг тохижуулах бодолтой байна. Сумын төвд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулна.

-Таны аав таван баатрын хамт нэг өдөр Улсын баатар цолоор шагнуулсан гэсэн байхаа?

-1945 оны есдүгээр сарын 26-нд Бага хурлын тэргүүлэгчдийн зарлигаар Дайны талбарт өөрт оногдсон үүргээ гарамгай биелүүлсэн гэж аавыг минь Л.Аюуш, С.Дампил, хошууч Т.Дүүдэй, холбоочин М.Жанчив, хурандаа Д.Нянтайсүрэн нартай нэг өдөр “БНМАУ-ын баатар” цолоор шагнасан. Дэлхийн II дайны төгсгөл болсон, Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгасан 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор Монгол Улс дэлхийн хүн төрөлхтний өмнө тусгаар улс гэдгээ батлан харуулсан. 2005 онд Монгол Улсын баатруудын үр хүүхэд, ач зээ, зээнцэр нарын санаачлагаар сайн дурын үндсэн дээр “Үхэвч үнэн холбоо”-г байгуулсан. Монгол Улсын төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан баатруудынхаа тухай үр хойчдоо ойлгуулах, тэдний баатарлаг үйлсийг мөнхжүүлэх зорилготой. Энэхүү холбоо маань албан ёсны бус төрийн бус байгууллага юм. Д.Нянтайсүрэн баатрын хүү Сүрэнхорлоо бид хэд нэг өдөр ярилцаж байгаад “Баатруудын хүүхдүүд” холбоо байгуулъя гэсэн санааг гаргаж байсан. Тэгээд холбоо нээхээр болоод намайг тэргүүнээр ажиллах үүрэг өгдөг байгаа. Би тухайн үед “Энэ их ажлын хажуугаар би яаж хийх вэ” гэж байсан ч энэ үүрэг надад оногдсон юм. Үндсэндээ баатруудын хүүхдүүдийн нийлээд байгуулсан холбоо байгуулагдаад өдгөө арван хоёр жил болжээ.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ цаг-үе

“Эмээлт” захад ноолуур 80 мянган төгрөгийн үнэтэй байна

Энэ хаврын анхны ноолуур эхнээсээ ченжүүдийн гарт ирээд эхэлж байна. Өчигдөр бид “Эмээлт” зах орж тэндхийн нөхцөл байдал, ноолуур болон бусад түүхий эдийн үнэ ханш зэргийг сурвалжиллаа. Гэхдээ сар шинийн баяр болоод өнгөрсөн, мал төллөөд эхэлчихсэн, малчид ямаагаа самнаж жигдрээгүй байгаа үе болоод ч тэр үү тус захад нэлээд эл хуль, хөл хөдөлгөөн багатай амралтын байдалтай ч юм шиг л байна. Бид ноолуур авч буй томоохон түүхий эдийн төв хайж давхисаар “Эмээлт” захын хамгийн цаад талд буюу хөдөө орон нутгаас орж ирдэг замд байх түүхий эдийн цэгээр орлоо. Тэднийх анхныхаа ноолуурыг 70 мянган төгрөгөөр өнөөдөр худалдаж авлаа. Ойрхон байх айл хэдэн ямаа самнаж тушаасан гэж байв. Хонины нэхийг өлөнтэй нь 1000 төгрөгөөр, ямааны арьсыг 35 мянгаар худалдаж авч байгаа гэнэ. Энэ түүхий эдийн цэгийн ажилтан Г.Мөнх ярихдаа “Одоогийн байдлаар ноолуур болон арьс шир тушаахаар ирэх хүн, ноолуур авах гэсэн ченжүүд ч ховор байна. Зарим ченжүүд ноолуур авахаар Төв аймаг явцгаасан байгаа, зарим сумаар очоод ноолуураа цуглуулаад явчихдаг юм. Ер нь ноолуурын анхны үнэ 70 мянган төгрөгөөс эхэлж байна. Ойрын хоёр, гурван өдөр цас орж хүйтрэх юм байна лээ, малчид энэ хүйтнийг өнгөрөөгөөд ямаагаа самнацгаах байх. Тэгэхээр ирэх амралтын өдрүүдэд ноолуур тушаах гэсэн иргэд ирээд ноолуур тушаалт жигдэрч эхлэх болов уу гэж бодож байна” гэлээ.

Ер нь ойрхон байх сумынхан гэхээс бусад нь заавал “Эмээлт” зах орж ноолуураа тушаах гээд байдаггүй аж. Учир нь ченж нар “Эмээлт” зах дээр авдаг ханшаараа өөрсдөө яваад ноолуураа авчихдаг юм байна. Түүхий эдийн цэгүүдээр ороод, ноолуур авах уу гэхэд хэр хэмжээтэй гэхээсээ илүү хаанахын ноолуур бэ гэж их асуух юм. Учир нь Дорнодын ноолуур хамгийн өндөр үнэтэй, дараагаар нь Хэнтий болон Хөвсгөл аймгийн ноолуур ордог гэнэ. Ченжүүд олон жилийн туршлагаар ноолуурыг хараад хаанахын, хэзээ самнасан ноолуур болохыг таньчихдаг аж. Яагаад гэхээр зүүн аймгийнхан хамгийн эрт буюу гуравдугаар сарын сүүлээс дөрөвдүгээр сарын эхэн үе гэхэд ямаагаа самнаад бараг дуусчихдаг, эрт самнадаг болохоор хялгасгүй цэвэр ноолуур гардаг байна. Харин Хөвсгөл аймгийн ямааны ноолуур байгаль цаг уурынхаа онцлогоос болоод ч тэр үү оройтож самнасан ч хялгас гээд байх зүйлгүй байхаас гадна өндөр чанартай байдаг аж.

Хонины нэхий хураасан байдал

Хялгасгүй буюу одоо гарч буй шинэхэн ноолуурыг ченжүүд 7075 мянган төгрөгөөр авч байна. Ер нь ноолуур хялгасгүй байх тусам л өндөр үнэтэй байдаг аж. “Эмээлт”-ийн түүхий эдийн зарим цэгүүдийн ноолуур авдаг ченж нь байхгүй, манаач нар нь байж таарсан бол ноолуур аваад эхэлчихсэн анхны 3-10 кг ноолуураа авчихлаа гэх төвүүд ч нэлээд олон байна лээ. Тухайлбал, Булгантамир төвийнхөн гэхэд л эхнийхээ найман кг орчим ноолуураа авчихлаа, ойрхон байх айлуудын тушаасан ноолуур. Ноолуур гарч жигдрээгүй байна энэ сарын 20ны үеэр ноолуур гараад жигдэрчихнэ. Ноолуурын ид үеэр Хэнтий аймаг руу явж ноолуур авах бодолтой байгаа гэж байв.

Өнгөрсөн жил хамгийн эхний ноолуурыг 80 орчим мянган төгрөгөөр авч байсан ч ханш нь унаад, 40 хэдэн мянга руу орж сүүлдээ буцаад 68 мянга хүртэл өссөн байна. Ноолуурын ханш ямар байхыг мэдэхийн тулд ямааны арьсны үнийг харах хэрэгтэй байдаг гэнэ. Энэ жилийн хувьд ямааны арьсны ханш ер унахгүй 3538 мянган төгрөгт хүрээд байгаа аж. Мөн Хятадын юанийн ханш өссөн байгаа учир ханш унахгүй л бол ямааны ноолуур энэ жил эхний үнээрээ шахуу байх боломжтой гэж ченжүүд тайлбарлаж байна. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд зүүн аймгуудын ноолуур тушаагдаад дуусахын үед бусад аймгуудын дулаарсан хойно самнасан хялгастай ноолуур ихээр гарчихдаг болохоор ханш нь унадаг байсан гэж байна. БаянӨлгий аймаг хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын дунд үе хүртэл ямаагаа самнадаг гэнэ. Гэхдээ иргэд ноолуураа заавал ченжийн гар дамжуулахгүйгээр үндэснийхээ ноолуурын үйлдвэрт тушаачих хэрэгтэй, үйлдвэрүүд ченжүүдийн авч байгаа үнээр л авдаг шүү дээ гэх хүмүүс таарч байлаа.

“Эмээлт” захын ченжүүд худалдан авсан ноолуураа ихэвчлэн Хятад руу гаргадаг бол зарим нь дотоодынхоо үйлдвэрт тушаадаг байна. Гэхдээ хятадууд түүхий эд авахгүй гэвэл үнэгүйдэх тохиолдол их байдаг аж. Тухайлбал, хятадууд өмнө нь тэмээний ширийг худалдаж авдаг байсан болохоор зарим ченжүүд энэ өвөл нэлээд хэд хэдэн тэмээний шир авчихжээ. Гэтэл хятад ченжүүд гэнэт тэмээний шир авахаа больчихсон гэнэ. Тиймээс хэрэггүй болсон гэх ширээ хашаанд хураачихсан байна лээ. Мөн хонины нэхий үнэгүйдээд байна нэмж авахгүй, арай гэж ганц нэг үйлдвэрт тушаадаг хэмээн хашаандаа 20 мянган ширхэг хонины нэхий хураачихсан түүхий эдийн цэгтэй ч таарлаа.

Эмээлтийн ихэнх түүхий эдийн цэгүүд ноолуурыг 70 мянган төгрөгөөр авч байсан бол хятад ченжтэй нэг кг ноолуурыг 80 мянган төгрөгөөр авна гэж байна. Гэхдээ шууд 80 мянга гээд хэлчихдэггүй юм байна. Тэнгэр гэх хятад ченжтэй түүхий эд авах цэгээр орлоо. Тэрээр эхлээд ноолуур 70 мянган төгрөгөөр авна гэж байв. Харин бид таван кг шинэ ноолуур байна, ноолуур 80 мянга гэсэн сурагтай байна шүү дээ, 80 мянгад л өгчихмөөр байна гэхэд тийм өндөр үнэд хүрээгүй шүү дээ. 75 мянгад авъя гэчихээд, төд удалгүй за яахав 80 мянгад өг өг, 80д бол авчихаж болно доо гэж байна лээ.

“Эмээлт”ийн түүхий эдийн төвүүдийн манаач нар болон туслахууд нь монголчууд байх боловч эзэд нь ихэвчлэн хятадууд байдаг бололтой юм. Өнгөрсөн жил юань 303 төгрөг байхад ноолуур 80 мянга хүрч байсан юм чинь энэ жил юань 350357 төгрөгтэй тэнцэж байгаа болохоор ноолуурын ханш унана гэж айхгүй байж болно, ямартай ч эхний ханш 70-80 мянгын хооронд байна гэх ченж олон байв.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын цэргийн зориулалттай онгоц Чингис хаан нисэх буудалд ослын буулт хийлээ

АНУ-ын цэргийн зориулалттай “Боинг С17” загварын ачаа тээврийн онгоц Улаанбаатарт ослын буулт хийлээ. Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдээлснээр Катараас Улаанбаатарын чиглэлд нислэг үйлдэж байсан АНУ-ын цэргийн зориулалттай уг агаарын хөлгийн дөрвөн хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болсон тул ийнхүү ослын буулт хийсэн байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудлын талбайд 13 цаг 59 минутад газардсан уг хөлөг найман хүний экипажийн бүрэлдэхүүнтэй байжээ. Тус олон улсын нисэх буудлынхан хөлгийг амжилттай буулгахад бэлэн байдлыг хангаж ажилласан бөгөөд 18 цагийн үед “Нисэх буудлын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна” гэсэн мэдээлэл өгсөн.

Улаанбаатарт АНУ-ын цэргийн зориулалттай хөлөг ослын буулт хийснийг хүмүүс янз бүрээр тайлбарлаж “Хятад, Оросын дээгүүр тагнуул хийж явсан онгоц байх”, “Монголд зэвсэг үлдээх гэж ирсэн”, “Катарын онгоц юм бол сайн шалгах хэрэгтэй”, “АНУ-ын онгоц эвдэрнэ гэж байхгүй. Эвдэрлээ ч Монголд газардана гэж байхгүй” , “Энхийг сахиулахын багийнхныг авч явахаар ирсэн” гэх мэтээр өөр өөрсдийнхөө таамаглалыг дэвшүүлж байлаа. АНУ-ын хувьд өмнө нь С17 онгоцтой холбоотой тайлбарыг нэг бус удаа хийж байсан. “Цэргийн тээврийн онгоцыг байлдааны онгоцтой андуурч болохгүй. С17 бол байлдааны онгоц биш” гэсэн тайлбар өгч байжээ.

Боинг C17 “Глоубмастер” III бол Америкийн нэгдсэн улсын цэрэг-стратегийн зориулалттай онгоц. Одоогоор ийм агаарын хөлөгтэй улс АНУ-аас гадна Австрали, Канад, Энэтхэг, Кувейт, Катар, Эмират гэсэн зургаан оронд л бий. Уг онгоцны нислэгийн жин нь 265 тонн бөгөөд онгоцны өөрийн жин нь 122 тонн юм байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал. 13:59 цагт

Олон улсын Стратеги судлалын хүрээлэнгээс дэлхийн хамгийн хүчирхэг агаарын хүчинтэй арван улс орныг тодруулахад АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Энэтхэг, Герман, Өмнөд Солонгос гэсэн улсууд орсон байдаг. Тэрэн дундаа АНУ-ын агаарын хүчин 5573 онгоц, 329638 бие бүрэлдэхүүнтэй бөгөөд дээрх онгоцны 3990 нь агаарын хүчинд, 1213 нь агаарын үндэсний гвардид, 370 нь агаарын хүчний нөөцөнд харьяалагддаг гэнэ. Мөн нисгэгчгүй автомат жолоодлоготой 180 орчим онгоцтой. Ийм хүчирхэг агаарын хүчинтэй орны цэргийн онгоц манайд гэгээн цагаан өдрөөр газардсан нь яалт ч үгүй анхаарал татлаа.

Манайд газардсан Боинг C17-г 1991 оноос үйлдвэрлэж эхэлжээ. Гэхдээ иймэрхүү хүчирхэг онгоц бүтээх талаар Америкийн инженерүүд 1980-аад оноос судалгаа, шинжилгээний ажил явуулсаар иржээ. 316 сая ам.долларын өртгөөр бүтдэг уг онгоц нь цэрэг, ачаа тээвэрлэх, эмнэлэг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай үед эмнэлгийн байр болох болон шүхэрчдийг буулгах үүрэгтэй тээврийн хөлөг. 1990 оноос уг онгоцыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд дээр дурдсан зургаан оронд нийлүүлжээ. АНУ-ын хувьд 1970-аад оноос олон талын үүрэг гүйцэтгэх, даац сайтай тээврийн хөлөгтэй болох эрэлд гарсан бөгөөд тэдний хүслийг Дуглас Мак Доннеллын бүтээсэн С17 биелүүлсэн нь энэ. Дуглас уг загвараа “Боинг”-д танилцуулсан нь амжилттай болж 1993 онд эл онгоцны жигүүрийн хэсгийг сайжруулж туршилт хийсэн нь шалгалтад тэнцэж улмаар “Globemaster III” гэх нэрийг авчээ.

С17-гийн дотоод байдал

С17-г цэргийн тээврийн хамгийн алдартай хөлөг гэдэг. Мөн хүний гараар бүтсэн аварга хөлөг онгоцнуудын нэгд зүй ёсоор оруулдаг юм. Онгоцны урт 53 метр бөгөөд далавчны нийт урт 52 метр аж. Pratt and Whitney F117-PW-100 гэх дөрвөн хүчирхэг хөдөлгүүртэй.

Ачааны хэсгийн тасалгаа нь 27х5.5 метрийн хэмжээтэй, 3.76 метрийн өндөртэй юм байна. Танк, хуягт, ачааны машин зэргийг ачих чадалтай. Манайд газардсан С17-г Катараас хөдөлсөн гээд буй. Катар улсын хувьд 2009 онд анхны С-17 онгоцоо авсан бол 2012 онд дөрөв дэх С17-гоо худалдаж авчээ. Харин барууныхан “Катар тав дахь С17-гоо захиалах тохиролцоогоо 2015 оны зургадугаар сард хийсэн” хэмээн таамагладаг юм байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн гадаадад хийх зарим чухал айлчлалд зориулж Ерөнхийлөгчийн лимузин машинуудыг С17-гоор тээвэрлэдэг аж.

Categories
мэдээ цаг-үе

Д.Тэрбишдагва: Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Эдийн засгийн хямрал үргэлжилж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд энэ оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн харж байна вэ. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлнэ гээд байгаа шүү дээ?

-Эдийн засаг хүнд байгаа нь үнэн боловч үүнийгээ яриад байх шаардлагагүй. Хямралаас гарах арга замаа бид бодох хэрэгтэй. Эдийн засаг ийм хүнд байгаа үед олон улсын дэмжлэг, тусламж бидэнд тодорхой хэмжээнд шаардлагатай. Гэхдээ бид үргэлж гаднаас зээл тусламж, дэмжлэг аваад байх ёстой юу.

-Та юу гэж бодож байна?

-Тийм биш. Гадны дэмжлэг, тусламж шаардлагатай байгаа хэдий ч өөрсдөө бид энэ хүндрэлээс яаж гарах вэ гэдгээ бодох ёстой. Тиймээс ажилсаг монгол, хөдөлмөрч монгол, ажил хэрэгч Монголыг бий болгох шаардлагатай юм. Өнөөдөр бид зээл тусламж авна л гэж ярьж байна. Авсан зээл тусламжаа бид үр ашигтай зарцуулж чаддаг бил үү гэдэг дээрээ анхаарах ёстой. Зээл тусламж авлаа гэхэд үр ашигтай зарцуулж чаддаг тийм хүмүүсээ бэлдэж шаардлагатай. Сүүлийн хэдэн жил манай улс нийгмийн халамжийн чиглэлд түлхүү анхаарч, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж чадсангүй. Сая ХБНГУ-д айлчлахдаа нэг жижиг хотоор очлоо. Тэр хотын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний салбарын 80 хувийг 10-аас доош ажилтантай үйлдвэрлэлүүд бий болгодог гэж байсан. Жижиг дунд үйлдвэрлэл ямар чухал вэ гэдэг нь харагдаж байгаа биз. 5-10 хүнтэй аж ахуйн нэгжүүд орчин үеийн инновацийг ашиглан үйл ажиллагаа явуулж чадвал ямар үр дүнд хүрч болохыг харлаа.

Манайхан болохоор томоохон уул уурхайн төслүүдийг л ярьдаг. Жижиг дунд үйлдвэрлэлүүд ч гэсэн маш чухал байхгүй юу. Манай орны экспортын нийт бүтээгдэхүүний 80-90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Тэнд ажилладаг хүмүүсийн тоо 3-4 хувийг эзэлдэг. Тэгэхээр олон хүнийг ажлын байртай болгох уу эсвэл цөөн хүн ажиллуулж тэр үйлдвэрлэлээсээ хишиг хүртэх юм уу гэдгийг бодох ёстой.

-Таныхаар яах ёстой гэж. Ер нь бол нийтээрээ ажилтай байж л өрхийн орлого нэмэгдэх байх л даа?

-Миний хувьд инновацид тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байдаг.

-ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд долоон төрлийн татварын нэмэгдүүлнэ гэж байсан. Хэрэв татвар нэмэгдчихвэл таны яриад байгаа жижиг дунд үйлдвэрүүдэд дарамт болох уу?

-Татварыг нэмэх үү, үгүй юу гэдгийг бид эргээд ярьж болно. Зах зээлийн нийгэмд татвар төлөх нь хүн бүрийн үүрэг байхгүй юу. Тиймээс татвараас бүх зүйлийг чөлөөлж, нийгмийн халамжийг өргөн хүрээнд хамруулдгаас болж бид орлого олдоггүй улс болж хувираад байна. Тэр утгаараа үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж олон хүнийг ажлын байртай болгож байгаа аж ахуйн нэгж бүрийг дэмжих ёстой. Татваруудыг нэмж, хасах асуудлыг Засгийн газар өөрөө шийдээд явах нь зөв юм. Тэгэхгүйгээр заавал гадныхны шахалтаар татвар нэмж болохгүй л дээ. Нэмэхийг бид нэмье, хасахыгаа ч бас хасъя гэдэг шийдвэрээ Засгийн газар өөрөө гаргах ёстой байхгүй юу. Үнэхээр татвар нэмэх гээд байгаа бол ард түмэн ойлгоно шүү дээ. Тухайлбал, алтны татвар, архи, тамхины онцгой албан татварыг нэмэх хэрэгтэй. Заавал гадны хүмүүсээр шаардуулж байж нэмэх ямар шаардлагатай юм бэ. Хүний гараар могой бариулна гэдэг шиг гадаадынхан тэгж байна гэх юм бол энэ нь учир дутагдалтай. Гадны дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа хүмүүс нь шахаад байгаа мэт ойлгуулж болохгүй.

-2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байх үед татвар нэмнэ гээд Засгийн газар оруулж иртэл танай намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаад дэмжээгүй биз дээ. Ийм нөхцөлд Засгийн газар яаж ажиллах ёстой гэж?

-Бүлгийн гишүүдийн байр суурь янз бүр л байсан байх. Бүлэг болон УИХ дээр би архи, тамхины татварыг тодорхой хэмжээгээр нэмэх ёстой гэж хэлж байсан. Засгийн газар Их хуралд асуудал оруулж ирсэн бол түүнийгээ хамгаалах ёстой. Түүнээс асуудал оруулчихаад та нар шийд гээд хаячихаж болохгүй. Хэрэв ингэх юм бол асуудал оруулах ч шаардлагагүй. Асуудал оруулна гэдэг чинь бодож боловсруулж, төлөвлөж, судалгаа тооцоон дээр суурилж оруулж ирснээ хамгаалах явдал юм.

-Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ гэж байсан ч чуулган зарлагдсангүй. Уг нь төсвийн тодотголоо батлаад ОУВС-гийн Захирлуудын зөвлөлийн хурлаар оруулах ёстой юм билээ?

-Өчигдөр Германаас ирсэн болохоор мэдээлэл авч амжаагүй байнаа. Миний хувьд ээлжит бус чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэнэ л гэж ойлгож байсан. Гайхаад л сууж байна даа. Уг нь ээлжит бус чуулган зарлана шүү, бэлэн байгаарай гэж хэлсэн л дээ. Судалж үзсэнийхээ дараа ярьсан нь дээр байх.

-Эдийн засгийг тэтгэчих ямар салбарууд харагдаж байна вэ?

-Эдийн засгийн эерэг нөлөөлөл харагдаж эхэлсэн. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр өсч байна. Малын гаралтай түүхий эд тэр тундаа ноос, ноолуурын үнэ өсөх хандлагатай байгаа гээд яривал болж байна л даа. Бид түүхий эдээс хамааралтай улс болж болмооргүй байгаа юм. Түүхий эдийн үнэ өсөхөөр эдийн засаг нь өсөөд уруудахаар дагаад урууддаг байж болохгүй. Олон орны туршлагыг судалж үзэхэд эдийн засгийн хөдөлгүүр нь алт, ноолуур, нүүрс, мал аж ахуй биш юм билээ. Харин гол цөм нь хүн. Хүнээ хөгжүүлсэн газар баялаггүй байсан ч хөгждөг. Түүхий эдийн үнэ өсөөд эдийн засагт өөрчлөлт гарч болох ч хүнээ хөгжүүлээгүй бол буцаад л урууддаг. Хүн бүр ажилтай байх энэ чиглэл рүүгээ л хандах ёстой. Ингэж улс хөгжинө.

-2017 оны төсвийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг гурван хувь гэж гаргасан ч ОУВС -0.2 хувь гэсэн байх юм. Яагаад ийм зөрүү гарчихав аа?

-Эдийн засгийн өсөлтийг өндөр гаргах боломж бий. Үүний өмнө хийх ажлууд ч их байна. Бид гадны зээл, тусламжаар хөгжинө гээд бадар бариад явах юм бол улс орон хөгжихгүй. Авсан зээлээ үр дүнтэй ашиглах л чухал. Монгол хүн л өөрийгөө хөгжүүлэхгүй бол өөр хэн ч хөгжүүлэхгүй. Өнөөдөр түр зуур амь аргацааж хэдэн төгрөг авч байвал болоо гэдгээр асуудалд хандаж болохгүй. Хэдэн жилийн дараа Монгол Улс ямар үр дүнд хүрэх вэ гэхэд ажлын байр, үйлдвэрийн эзэд олноороо бий болчихсон, өндөр мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон байх ёстой.

-Засгийн газар евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор сольж байгаа нь хэр оновчтой шийдэл вэ. Өнөөдрийн нөхцөлд үүнээс өөр хувилбар байхгүй гэх юм билээ?

-Бондын эргэн төлөлтийг хийхгүй бол Монгол Улсын нэр хүнд олон улсад улам л унах эрсдэлтэй. Тиймээс ямар ч байсан эхний удаа төлж байгаа нь зөв. Бидэнд хүүгийн дарамт үнэхээр дарамт болж байгаа. Бага хүүтэй бонд авах ёстой л доо. Бага хүүтэй бондоо өндөр хүүтэй бондоор сольж байгаа нь харамсалтай. Өмнөх бондын мөнгөнүүдийг үр ашигтай зүйлд зарцуулсан бол өөрөө өөрийгөө эргэн төлөөд явах учиртай юм. Гэсэн ч тэгж чадаагүй, бид.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон юм чинь гадны хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх байх гэсэн найдлага бий. Та ямар бодолтой яваа бол?

-Гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэнэ. Ингэхийн тулд төр засаг нь тогтвортой, хоорондоо зөрчил багатай, хэлсэндээ хүрдэг байвал хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжтой. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулагчдыг бэлдэх хэрэгтэй. Гадны хөрөнгө оруулагчид ороод ирлээ гэхэд мэргэжилтэй ажилтан манайд хэд байгаа билээ. Хөрөнгө оруулагчдын хэмжээнд сэтгэдэг, хамтран ажиллагч хэд байгаа юм. Тиймээс бид хүнээ л бэлдэх шаардлагатай. Гадны хөрөнгө оруулагчид чухал, дотоодын хөрөнгө оруулагчдаа дэмжих нь түүнээс ч илүү чухал.

-Таныг зарим гишүүдийн хамт ХБНГУ-д айлчлал хийгээд ирсэн гэж дууллаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн асуудал хөндөгдсөн байх гэж бодсон юм л даа…

-ХБНГУ-ын Бундестагийн урилгаар бид айлчлаад ирлээ. Хоёр жил тутам хоёр орны парламентын бүлэг бие биенээ харилцан урьдаг юм. Тэр хүрээнд яваад ирлээ. Ноднин Германы талаас манайд айлчилсан бол энэ удаа бид айлчиллаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Д.Мурат, Д.Цогтбаатар, Д.Гантулга гэсэн бүрэлдэхүүнтэй яваад ирсэн. Германы тал маш өндөр хэмжээнд хүлээж авсан. Монголын парламент, Германы Бундестагийн хоорондын харилцааны талаар болон хийсэн ажил, хийгдэх зүйлсийн тухай ярилцлаа. Хоёр орны парламентын бүлгийн ажлууд идэвхтэй явж ирсэн юм. Тэднээс туршлага судлахаар зүйлс ч бий. Германы парламентын бүлгийн дэд даргатай уулзаж санал солилцсон. Мөн Бундестаг дээр биднийг урьж танилцуулан, Ангела Меркель баяр хүргэсэн гээд уулзалт өргөн хүрээнд өрнөсөн.

Германы талаас Афганистанд алба хааж байгаа цэргүүдэд сэтгэл хангалуун байгааг уулзсан хүн бүр хэлж байсан. Манай батлан хамгаалахынхан өндөр хэмжээнд бэлтгэгдсэн гэдгийг онцолж байлаа. Миний хувьд гадаад бодлого, хамтын ажиллагааны чиглэлээр ярилцсан. Эдийн засгийн хямралтай үед Монгол Улс гадаад дотоодын зээл тусламж авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Мөн эдийн засгийн хямралыг даван туулахад хэрхэн хамтран ажиллах талаар яриа өрнүүлсэн. Мөн Германд боловсон хүчин бэлдэх талаар яриа өрнөсөн юм. Ялангуяа Германд мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх тал дээр жижиг дунд үйлдвэрийн эздийг бэлдэх, их, дээд сургуульд суралцагчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Миний яриад байдаг ажилсаг монгол хүнийг бий болгоё гэвэл үйлдвэрийн эздийг бэлдэх ёстой юм. Германд бол нэгдүгээрт мэргэжилтэй ажилтан бэлдэх, хоёрдугаарт гар урчууд, мастерууд буюу жинхэнэ үйлдвэрийн эздийг бэлддэг, гуравдугаарт ажил дээр сургаж авч онолын мэдлэг олгодог системтэй юм билээ. Энэ тал дээрээ манай улстай хамтран ажиллаач гэдэг хүсэлт тавихад нааштай хүлээж авсан. Миний айлчлалаас яаран ирэх болсон шалтгаан нь ирэх пүрэв гаригт Төрийн ордонд Германд сургууль төгсөгч 1000 хүний чуулга уулзалтыг хийх ёстой юм.

-Германд ер нь хэчнээн хүн сургууль төгссөн байдаг вэ?

-30 гаруй мянган хүн сургууль төгссөн байдаг. Тэднээс 1000 хүний төлөөлөл оролцсон чуулга уулзалт болох юм л даа. Чуулга уулзалтын үеэр Германы парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йохан Фухтел 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айлчилна. Айлчлалынхаа үеэр чуулга уулзалтад оролцож үг хэлэхээр болсон. Айлчлалын 30 гаруй хүний бүрэлдэхүүнд улстөрч, бизнесийн салбарынхан ирнэ.

-Германд боловсрол эзэмшсэн 30 гаруй мянган хүн байдаг юм бол хэр үр бүтээлтэй ажилладаг юм бэ?

-Тэнд сургууль төгссөн хүмүүс өөр өөрийнхөө хэмжээнд маш сайн ажиллаж байгаа нь судалгаанаас харагддаг. Ялангуяа эрдэм шинжилгээний тал дээр хэнийг ч дагуулахааргүй болж. Өөрөө өөрийгөө аваад явж байгаа нь сайн хэдий ч баг болж улс орныхоо төлөө ажиллах боломжийг энэ чуулга уулзалтаар олгох юм. Улс орныхоо хөгжлийг Герман маягийн сахилга бат хариуцлагатай болгохын тулд “Ажилсаг Монгол-Хөгжлийн тулгуур” нэрийн дор энэ чуулга уулзалтыг зохион байгуулж байна.

-Германчууд Монгол Улсын аль салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байдаг вэ?

-Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжин орсны дараа хамгийн их тусламж үзүүлсэн орон Япон. Харин Герман түүний араас хоёрдугаарт бичигддэг юм. Германчууд манай улсад үнэнийг хэлэхэд болгоомжтой ханддаг. Учир нь төр засаг нь өөрчлөгдөж тохирсон ажил буцах эрсдэлтэй гэж болгоомжилдог. Германы ноу хау дэлхийд номер нэг. Манай улсад байгалийн гаралтай түүхий эд, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд нь байна уу, байна. Хоёр том зах зээл байна уу, байна.

Тиймээс манай оронд хөрөнгө оруулаад Герман стандартын бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллаач ээ гээд хөрөнгө оруулалт татах тал дээр нэлээд ярилцаж байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцөл гайгүй болчихвол тэд найдвартай хөрөнгө оруулагч мөн үү гэвэл мөн.


Categories
мэдээ цаг-үе

Тэнгэрт хадсан үнэтэй “Caffe Bene”-ээс өндөр татвар авах ёстой

Солонгосын кофены сүлжээ “Caffe Bene”-ийн 20 салбар Улаанбаатарт ажиллаж байна. Ихэнх салбар нь халуун кофе, бельги вафль, итали желато фраппено, коктейль, нарийн боов, хачиртай талх, шоколадтай мока болон олон төрлийн кофегоор үйлчилдэг юм байна. Өдрийн цагаар интернэт хэрэглэх, тухтай сууж ярилцах, ном унших зэрэг сонирхолтой залуус ихэвчлэн “Caffe Benе”-гаар үйлчлүүлдэг аж. Гэхдээ “Caffe Bene”-ийн кофе манайд найман мянган төгрөгийн үнэтэй байхад зоогийн газарт нэг аяга монгол сүүтэй цай 300-500 төгрөгийн л үнэтэй байна. Тэгэхээр нэг талаараа манайхан хэтэрхий соёлтой, боловсон юм үзсэн, тансаг хүн болж харагдах гэж хийрхэж үйлчлүүлсээр “Caffe Bene” зэрэг гадныхны хоол, цайны газруудын үнийг тэнгэрт гаргаж байна гэж ойлгож болох нь. Угтаа бол 500 төгрөгийн сүүтэй цай 8000 төгрөгийн үнэтэй кофе тийм ч их ялгаагүй. Энэ салбарын зах зээлд ажиллаж буй нөхдүүд кофены ид шидийг олон янзаар магтаж мэдэх юм. “Caffe Bene” гэхэд л кофены гол түүхий эд болох борголыг тариан талбайгаас хэрэглэгчдэд шууд хүргэдэг гэх тайлбартай аж. Тэгвэл энэхүү боргол нь яг монгол хүний хэрэглэх зайлшгүй шаардлагатай ундаа мөн үү, үүнийг цэвэр фермээс нь нийлүүлж буй гэдгийг хэн батлах вэ, монголчууд заавал гадны соёлыг даган дуурайх албатай юу зэрэг олон асуулт урган гарна. Монголчууд эрт дээр үеэс гүрж ногоон цайг сайтар буцалгаж, үнээний сүүгээр сүлсэн жинхэнэ монгол цай хэрэглэсээр өдий хүрсэн. Монголын зэрлэг догшин байгальд ургадаг энэхүү цайны ургамал нь биеийн ядаргаа тайлах, тайвшруулах, ясны хугаралт, бэртэлт, арьсны болон ходоодны өвчин зэргийг анагаах олон шидтэй.

Манайхан гадны кофег сонирхон хэрэглэж болох ч Монголын уламжлалт сүүтэй цайнаас 20 дахин үнэтэй хэрнээ яг адилхан татвар төлдөг нь шударга бус юм. Өөрөөр хэлбэл, “Caffe Bene”-гийн татвар худалдаалагдаж буй кофены үнэтэйгээ дүйцэхүйц буюу монгол сүүтэй цай зардаг хоолны газрын татвараас даруй 20 дахин их байвал болж байна. Дээрх асуудалтай холбогдуулан өчигдөр “Caffe Bene”-ээс өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.

Үйлчлүүлэгч О.Батцэцэгээс зарим зүйлийг тодруулахад “Caffe Bene” хэтэрхий үнэтэй санагддаг. Гэхдээ найзуудтайгаа ярьж суухад амар гээд хааяа орж ирдэг юм. Бусад хоолны газруудад тухтай суух боломжгүй байдаг болохоор хэцүү. Гэхдээ завгүй, ажил ихтэй үедээ монгол хоолны газраа ороод л 500 төгрөгөөр цай юм уу кофе аваад уучихдаг. Харин энд бол кофе доод тал нь 5000 төгрөг гэхээр 10 дахин үнэтэй байгаа биз. Манай монголчууд өөрсдөө “кофе шоп” ажиллуулаад, боломжийн үнэтэй, боломжийн орчинтой байвал бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд их зүгээр юм болов уу гэж боддог” гэв. Харин Сүхбаатар дүүргийн иргэн Б.Отгонбаяр ярихдаа “Caffe Bene”-ээр үйлчлүүлэх бараг шаардлагагүй шүү дээ. Нэг амралтын өдрөөр хүүхдүүдтэйгээ гадуур явж байгаад баруун дөрвөн замд байрлах салбараар нь үйлчлүүлээд, хоёр хүүхэддээ нэг, нэг аяга хөөрүүлсэн сүү, хоёр хачиртай талх авсан юм. Гэтэл бидний нүдэн дээр үйлдвэрийн савтай сүүг задлаад, халаахгүйгээр аягалаад соруул хийгээд өгчихөж байгаа юм. Хүүхэд уух сүү шүү халаагаад өг гэж гуйж байгаад халаалгасан. Гэтэл төлбөр нь 20 гаруй мянган төгрөг болж байгаа юм. Ийм өндөр үнээр зардаг байж үнээний цэвэр сүү хөөрүүлж өгөх хэрэгтэй биз дээ” гэж ярилаа.

Манайхны хийх ажилгүй, хий дэмий цагийг өнгөрүүлдэг хэт завтай баярхуу занг нь ашиглан ингэж их ашиг олдог байх нь гэж ойлгож болохоор байна. Улаанбаатарт 20 салбартай ажиллаж байна гэдэг нь манайхны мөнгө гадагшаа их хэмжээгээр урсаж байгаа хэрэг. Гэвч бид татварын зөв бодлогоор, монголчуудынхаа мөнгийг эх орондоо үлдээж чадахгүй байна. Татварын болон бизнес, үйлчилгээний зөв бодлогогүй манайхны сул талыг ашиглан гадныхан тэр дундаа солонгосчууд хоол, цайны салбараар амжилттай тоглолт хийж байгаа нь энэ. Тухайлбал, өчигдөр V сургуулийн эсрэг талд байх “Caffe Bene”-ээр ороход үдийн алдад 10 гаруй үйлчлүүлэгчтэй байв. Нэг ширээнд оюутан бололтой хоёр эмэгтэй суугаад, хэрчим бялуу, аяга жимсний шүүс ууж харагдлаа. Энэ хоёрын тооцоо ойролцоогоор 17 мянган төгрөг болох аж. Тэдний цаана гурван залуу захиалгаа өгөлгүйгээр утсаа оролдоод 30 минут хэртэй суулаа. Мөн нэг ширээнд суусан залуу биднийг үйлчлүүлээд гартал ном уншиж, жижиг нөөтбүүкээрээ интернэт орох ажилтай сууж байв. Мөн гэр бүлээрээ болон найз нөхдөөрөө хамтдаа үйлчлүүлээд гарах хүмүүс орж, гарч зөрөлдсөөр байх юм. Монгол цайны газруудаас ялгагдах онцлог нь гэвэл захиалга өгөөгүй хэн нэгнийг, эсвэл кофегоо уугаад дууссан нэгнийг гарахыг шаардаж хөөж гаргадаггүй юм байна. Өөрөөр хэлбэл, эелдэг аргаар ингэж мөнгө олж байна цаадуул чинь. Гэтэл манайхан үйлчилгээний соёл дээрээ алддаг байх нь.

Мөн зав ихтэй залхуу монголчууд үүнд нь дурлаж, суусаар халаасан дахь хэдэн төгрөгөө энд тушаагаад гардаг бололтой юм.

Солонгос, Америк болон Европын орнуудад кофе уух соёл нэлээд хөгжсөн байдаг. Гэхдээ манайд үйлчилгээ явуулж буй ихэнх кофе шопууд өндөр хөгжилтэй дээрх улс орнуудын кофеноос өндөр үнэтэй байгаа юм. Тухайлбал, Европт нэг аяга кофе Монголд зарагддаг “Caffe Bene”-ийн кофены үнэтэй бараг адилхан байдаг. Иргэдийнх нь орлого өндөр ч кофены үнэ нь бараг гэртээ кофе чанахаас хямд байдаг тул гадныхан өглөөний цайгаа ихэвчлэн кофе шопд уучихдаг юм байна. Гэтэл амьжиргааны түвшин цалингийн хэмжээ нь дэлхийн улс орнуудын сүүл мушгиж буй манай монголчууд өөртөө дэндүү ахадсан үнэтэй кофе ууж өөрсдийгөө эдийн засгийн хямралд оруулж буй нь харамсалтай.

Өөрөөр хэлбэл, ажилгүй, залхуу хэрнээ бусдад баян харагдах гэсэн ядуу монголчуудын ядуу сэтгэлгээгээр далимдуулан, монголчуудын халаасыг сэгсэрч буй “Caffe Bene”-ээс өндөр татвар авдаг болох зайлшгүй шаардлагатай. Эдийн засгийн хямралын энэ үед татварын бодлогоор зарим зүйлд өөрчлөлт оруулж, үйлчилгээний байгууллагуудыг үнэ ханш, олдог орлогоор нь ангилж харах хэрэгтэй. Хэт өндөр үнэтэй, гадныхны үйлчилгээний байгууллагуудыг өөгшүүлэн дэмжиж, өөрсдөө хохирч хоцордог улс манайхаас өөр бий юу.

Н.ГАНЧИМЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Ичинхорлоо: С.Баяр гуай нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд харуулчихвал миний эсэргүүцэл дуусна

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригаас буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөс эхлэн Лондон хот дахь Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа тайван жагсаал хийж, олны талархлыг хүлээгээд байгаа Г.Ичинхорлоотой ярилцлаа. Тэрээр Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух Элчин сайд С.Баярын томилгоог эсэргүүцэн ийн жагсаж буй юм. Жагсаал одоо хүртэл цагийн хуваарийн дагуу үргэлжилж буй бөгөөд жагсаалд оролцогчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна.


С.БАЯР ГУАЙГ САЙДААР ТОМИЛОГДОЖ БАЙГААГ СОНСООД ДОТОР МУУХАЙ ОРГИСОН

-Гуравдугаар сарын 8-ны өдөр та ганцаараа Лондон хотноо С.Баярыг эсэргүүцэн тайван жагсаал эхлүүлсэн шалтгаанаа тайлбарлахгүй юу?

-Энэ өдрийн мэндийг танай хамт олон болон уншигчдад тань хүргье. Эсэргүүцлээ илэрхийлэх шалгаан нь өнөөгийн Монголын нийгэмд үүсэн бий болсон энэ их эцэс төгсгөлгүй уналт завхрал нь өнгөрсөн 26 жилийн туршид улс орныг удирдаж явсан хүмүүсийн зөвхөн өөрсдийнхөө төлөө гэж ажиллаж ирсэнтэй шууд холбоотой. Би утааны эсрэг ээж, аавуудын хоёр дахь жагсаалыг дэмжин, Лондон дахь бусад дэмжиж буй хүмүүсийн төлөөлөл болсон ээжүүд хүүхдүүдийн хамт Монгол Улсын Элчин сайдын яамны гадаа нэг өдөр зогссон. Яагаад гэвэл хүн амьсгалж болохгүй, хүүхэд амилж чадахгүй болсон ийм гамшгийг сонсоод эх хүний хувьд, ар гэрийнхэн ахан дүүсээ бодоод би зүгээр сууж чадаагүй. Гэхдээ миний хувьд энэ бүх гамшгийн уг үндэс шалтгаан нь Монголын төр, улс төр, улс төрчид, улс орныг удирдаж авч яваа хүмүүс. Тиймээс тэдэнтэй нүүр тулж асуудлыг шийдэх нь чухал. Арваннэгдүгээр сард С.Баяр гуайг сайдаар ирэхээр томилогдож байгааг сонсоод, нөгөө С.Баярцогтын мартсан нэг сая долларын данс илэрсэний дараа тэр хүн энд тэнд даргалаад яваад байхыг хараад дотор муухайрдаг байсантай адилхан энэ хүнийг Элчин сайд болж ирнэ гэдгийг сонсоод бас л дотор муухай оргисон юм. Тэгээд би Английн парламентад Монголыг хариуцсан бүх намын бүлгийн дарга парламентын гишүүн James Grey-тэй холбогдож, өөрийн санаа зовж байгаа Улаанбаатарын утааны гамшгийн түвшин болон улс төрийн авлига хоёрын талаар, ялангуяа их хэмжээний эх үүсвэр нь тодорхойгүй мөнгийг гадаадад үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт, борлуулалтаар угаасан гэж харагдаж байгаа нэрээ цэвэрлээгүй хүн элчингээр ирэх гэж байгааг эсэргүүцэж буйгаа илэрхийлж и-мэйл солилцсон юм.

-Хариу и-мэйл ирсэн үү?

-Хариу и-мэйлд эх орныхоо төлөө санаа зовж байгаа сэтгэлийг маань ойлгож байгаагаа илэрхийлээд, эдгээр асуудлууд бол зуун хувь Монголын Засгийн газар болон УИХ-ын хариуцлагын асуудал гэдэг хариулт өгсөн. Тэгэхээр энэ нь миний хувьд Монголын төр засгийг сонгодог ардчилсан орны ард түмэн төр засгаасаа болон холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэх эрх, ёстой гэдгийг л давхар баталж хэлж өгсөн хэрэг болсон.

Тэгээд Элчин сайдын яамаар дамжуулж Монгол Улсын Засгийн газар, УИХ-д утааны эсрэг даруй арга хэмжээ авах, С.Баярыг нэрээ цэвэрлэхээс нааш сайдаар ирэхийг эсэргүүцэж жагсахад бэлэн байгаагаа илэрхийлсэн шаардлага бичиг дамжуулаад хариу хүлээсэн. Хариу ирээгүй нэг сар гаруй боллоо. Утааны эсрэг дорвитой юм хийхгүй юм байна гэдгийг ч Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргилын англи хэл дээр гардаг “Дипломат” гэдэг мэдээллийн эх сурвалжид саяхан өгсөн ярилцлагаас сонсож ойлгосон. Дээр нь С.Баяр гуай Английн Хатан хаантай уулзаж байгаа зургийг онлайнаас харсан. Би чинь монгол хүн, Монголын ард түмний нэг. Өнгөрсөн 26 жилд жирийн ард түмний туулсан жаргал зовлонг адилхан туулж яваагийн хувьд одоо буруу юмны төлөө чимээгүй сууж чадахгүй гэдгээ илэрхийлж, С.Баярын томилгооны эсрэг Элчин сайдын яамны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэгээд ч гуравдугаар сарын 8 болох гэж байсан. Энэ өдөр өөрийн үзэл бодлыг илэрхийлэхгүй байж чадсангүй.

ЗӨВХӨН МИНИЙ ЭСЭРГҮҮЦЭЛ БИШ, МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ЭСЭРГҮҮЦЭЛ ГЭДГИЙГ БАТАЛЖ ХАРУУЛСАН

-Тэр өдөр С.Баяр таньтай уулзахаар цаг товлосон ч та өөрийн хүсэлтээр хойшлуулсан гэж байсан. Яагаад?

-Энэ жагсалт онлайн хүрээнд маш хурдан түгж олон хүн сонирхсон тул би жоохон дэлгэрэнгүй тайлбар хийх хэрэгтэй болов уу гэж бодлоо. Би өмнө нь утааны эсрэг жагсахдаа Элчин сайдын яамны байрладаг дүүргийн цагдаагийн газар учраа хэлж зөвшөөрөл авсан юм. Цаашид ч жагсаж магадгүй гэдгээ илэрхийлсэн. Гэхдээ нэг удаа өгсөн бичгийхээ хариуг хүлээж орхисон байсан. Мартын 8 болох гэж байдаг, нэг сар гаруй хариу ирэхгүй болохоор нь нилээн бодож байгаад, бас хэд хэдэн хүмүүстэй өөрийн бодлыг хуваалцаж байгаад гуравдугаар сарын 6-нд цагдаагийн газар “Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхээ хамгаалах өдөр жагсахаар боллоо” гэдгээ дахин мэдэгдсэн. Тэр мэдээллийг цагдаагийн газраас Монгол Улсын Элчин сайдын яам руу дамжуулсан байсан. Үүнийг Элчин сайдын яамны ажилтан над руу гуравдугаар сарын 7-ны өдөр утсаар ярьж хэлсэн юм.

-Яг юу гэж хэлсэн бэ?

-Энэ яриандаа 1. Элчин сайдын яам Монгол Улсын хуулийн дагуу 8-нд амарна. Тэгээд таныг ирэхэд ажлын бус өдөр тул хүмүүс байхгүй байх шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Бас эмэгтэйчүүдийн баярын өдөр эргэн тойронд байгаа эмэгтэйчүүдээ баярлуулах ажилтай байгаа гэдгээ дурьдсан. 2. Таныг үзэл бодлоо илэрхийлж жагсах гэж байгааг чинь хүндэтгэж байна.

Бид шинэ сайдад цагдаагийн газраас ирсэн мэдээллийг уламжилсан. Сайд таньтай уулзаж өгөх материал байгаа бол биечлэн гардуулж өгч болно гэсэн зүйлүүдийг хэлсэн юм. Хариуд нь нэгэнт би хуулийн дагуу юм хийх хүсэлтэй байгаа болохоор та нарыг энэ өдөр амарна, ар гэрийнхнээ баярлуулна гэдгийг чинь хүндэлж байна. Тайлбар өгсөнд баярлалаа. Тиймээс заавал гуравдугаар сарын 8-нд уулзана, бичиг өгнө гээд байх юм надад байхгүй. Гэхдээ би өөрөө 8-нд очдогоороо очно. Надад энэ өдөр нь чухал гэдгээ хэлсэн. Харин бичиг баримт шаардлагаа өөр өдөр өгч болно гэж байгаа бол надад асуудал байхгүй. Тиймээс тэр өдрөө надад мэдэгдэнэ үү л гэсэн. Гуравдугаар сарын 7-нд 17 цаг өнгөрч байх үед над руу элчингээс залгаж “Гуравдугаар сарын 9-нд сайд 11-12 цагийн хооронд тантай уулзах цаг гаргая гэж байна” гэж дамжуулсан юм. Би ч зөвшөөрсөн. Яагаад гэвэл 12-15 цагийн хооронд жагсах байсан тул өмнө нь уулзаж болох юм байна гэж бодсон. Ингээд 8-ны өдрөө жагсаад, орой нь хэдэн зургаа фэйсбүүк дээрээ болон Утааны эсрэг ээж аавуудын групп, Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах Ард Түмний Онц Түр Зөвлөл ТББ гэсэн хоёр групп дээр шэйр хийгээд унтсан. Үүрээр утас тачигнаад эрт сэрсэн. Энэ мэдээлэл онлайнаар маш хурдан тарж, хүмүүс их харсан байна лээ. Олон хүн чатаар орж ирж хандсан. Тэгээд энэ зөвхөн миний эсэргүүцэл биш Монголын ард түмний нэгдсэн эсэргүүцэл гэдгийг баталж харуулсан болохоор би ганцаараа очиж уулзахаа хойшлуулж маргааш өглөө ажил эхлэнгүүт 9:00 цаг өнгөрөөгөөд би элчингийн ажилтанд нэг удаа хойшлуулах хүсэлтээ тавьсан. Өөртэйгөө ижил бодолтой хүмүүсийн бодол сэтгэгдлүүдийг нэгтгэж байгаад бэлэн болохоороо уулзъя. Надад хугацаа хэрэгтэй гэж хэлсэн.

-Энэ тайван жагсаал хэзээ хүртэл үргэлжлэх вэ. Маш олон хүн нэгдэхээ илэрхийлэн дэмжиж байсан?

-Өнгөрсөн гурав хоногт маш олон хүн дэмжиж байгааг харлаа. Гэхдээ яг бодитоор хэдэн хүн нэгдэхийг хармаар байна. Үүнд хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс бодит дэмжлэгийн тоо, цар хүрээг харагдтал үргэлжлүүлэх бодолтой, бэлтгэлтэй байна.

БИ ХҮНЭЭС АЙХААР ЮМ ХИЙЖ БАЙГАА ГЭЖ БОДОХГҮЙ БАЙНА

-Та С.Баярын оффшор данс, гадаадад байгаа хөрөнгийн талаар нилээд зоригтой дуугарч байна. Баримтууд танд хангалттай бий юу?

-Америк улсад худалдаж авсан, зарсан долоон байрыг нь Голомт.мн сайт буюу УИХ-ын гишүүн байсан Г.Уянгын нийтэд мэдээлж, АТГ шалгахыг шаардсан эх сурвалжийг би өөрөө интернэтээр орж харсан л даа. Бас олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн эх сурвалж дээр охид нь оффшор дансуудтайг харсан. Үнэхээр ороод харахаар нүдэнд илт харагдаад байна. Тэгээд Монголынхоо байдлыг харьцуулаад үз л дээ… Асуух, шалгах эрхтэй шүү дээ. Хариулахгүй бол энэ талаар судалмаар байна. Цааш нь мэдмээр байна. Би цаг заваараа “International Compliance Associa­tion” гэдэг олон улсын санхүүгийн гэмт хэргийн эсрэг мэргэжилтэн бэлтгэдэг мэргэжлийн байгууллагын хичээлүүдээс судалж байгаа. Эндээс харахад мөнгө угаасан гэж харагдаж байгаа үйлдлүүд. Тиймээс насаараа улс төрч байсан энэ хүн энэ их хөрөнгийнхөө эх үүсвэрийг нийтэд ойлгомжтой болгохгүй бол би Элчин сайдаар ирэхийг чинь эсэргүүцэж байна гэж байгаа юм.

-Иймэрхүү улс төрчийн эсрэг ганцаар зогсох нь маш аюултай байж болох юм. Та энэ талаар бодож үзсэн үү?

-Би хүнээс айхаар юм хийж байгаа гэж бодохгүй байна. Миний өдөр тутмын амьдралын үйлдлүүд хуулийн дагуу байх ёстой. Энэ орны хуулийг дагах эрхтэй бас хариуцлагатай. Би ардчилсан, хууль дүрэмтэй оронд, хууль дүрмийг нь дагаж мөрдөөд 19 дэх жилдээ амьдарч байна. Энэ орон намайг надаас илүү мэднэ. Тиймээс би хуулийн дагуу холбогдох байгууллага, хүмүүст мэдэгдэж өөрийн үзэл бодол, зөв гэж итгэсэн итгэл үнэмшлээрээ эсэргүүцэж байгаа зүйлээ хуулийн дагуу тайван хийх болно. С.Баяр гуай өөрийнхөө нэр төрийг хамгаалаад хуулийн дүрмийн дагуу хөрөнгийнхөө эх үүсвэрийг ил болгож нэр цэвэр гэдгээ Монголын ард түмэнд батлаад харуулчихвал миний зорилго биелж, миний эсэргүүцэл дуусна.

-Жагсаал хийж байхад Лондонгийн цагдаа болон иргэд та бүхэнтэй ирж уулзан, ярилцаж байгаа нь гэрэл зургийн хальсанд буусан байсан. Тэдний харилцаа, хандлага ямар байв аа?

-Англичууд болон Британи хүмүүст энэ бол энгийн зүйл. Ардчилал гэдэг чинь нийгэмд болохгүй байгаа зүйлээ бүгдээрээ ил гаргаж, ярилцаж, авч хэлэлцэж шаардлагатай гэвэл жагсаж тэмцэж байгаад ч гэсэн хуулийнхаа дагуу асуудлаа шийдээд сурчихсан ард түмэн. Тиймээс уулзсан бүх хүн “амжилт хүсье” л гэж байна. Цагдаа нар ч адилхан. Тэд угаасаа энд Монгол Улсын Элчин сайдын яамны өмнө өдөртөө 12-15 цагийн хооронд хөдөлгөөнгүй жагсаал болж буйг мэдэж байгаа. Эргэн тойрны дүүргийн цагдаагийн газрууд ч мэдэж байгаа. Бас Элчин сайдын яамдыг хариуцсан тусгай цагдаагийн албаныхан ч мэдэж байгаа. Тиймээс бидний болон элчингийнхний хоёр талын аюулгүй байдлыг адилхан сахиулахад анхаараад өдөртөө ирж очоод явж байгаа.

БӨМБӨРЦӨГИЙН ХОЁР ТАЛД ЭМЭГТЭЙЧҮҮД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙХАД ХОЁР ӨӨР ДҮР ЗУРАГ ХАРАГДСАН НЬ ХҮМҮҮСИЙН АНХААРАЛД ХҮРСЭН ЮМ БАЙНА

-Тэр өдөр Монголд тайван жагсаал хийсэн эмэгтэйчүүдийг цагдаа нар барьж буй бичлэгийг та харсан байх. Монгол эмэгтэйчүүд нэг цагт хоёр өөр газар жагсаал хийхэд эх орондоо жагсаал хийснийг нь авч яван тайлбар авсан байдаг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Хүмүүсийн тэвчээр хаа сайгүй барагдсан шүү дээ. Би тэр эмэгтэйчүүдийг дэмжиж байна. Монголд ардчилал байхгүй. Шилжилтэн дундуур эцэс төгсгөлгүй явуулж залхааж, хэдхэн хүн дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Үүнээс хойш тэвчихгүй. Ардчилал гэж юу вэ гэдгээ мэдрээгүй хүмүүс улсыг 26 жил самарсан. Бөмбөрцөгийн хоёр талд эмэгтэйчүүд, ээжүүд эх орон, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөгийн байгаа байдалд тэвчээр нь барагдаад өөрсдийнхөө чадахаар тайван эсэргүүцэл илэрхийлж байхад хоёр өөр дүр зураг харагдсан нь хүмүүсийн анхааралд нэг талаараа илүү хүрсэн юм байна гэж ойлгосон. Тиймээс миний бас ингэж ил гарч ирж эсэргүүцлээ илэрхийлсэн нэгэн зорилго нь ардчилсан нийгэм гэдэг чинь ийм байдаггүй, ингэж явах ёсгүй, ийм хүмүүс авч явдаггүй юм гэдгийг харуулах гэсэн юм. Нэгэнт одоо олон хүн энэ эсэргүүцлийг үргэлжлүүлэхийг хүсэж байгааг харж байгаа болохоор бүгдээрээ ардчилсан оронд юм яаж явагддагийг давхар дараа дараагийнхаа хийх алхмуудаараа харж авцгаая гэж бодож байна. Дээр нь хүнлэг ардчилсан оронд хувиа бодсон, улсаа, ард түмнээ хохироогч хүн төлөөлөн ирэх орон зай байдаг эсэхийг мэдмээр байна.

-Та энэ тэмцлээ ямар үр дүнд хүрэх хүртэл үргэлжлүүлэх вэ?

-Монголчуудын 26-27 жилийн өмнө хүссэн тэр нийгмийг жинхэнээсээ бий болгох цаг нь болсон. Тэр өөрчлөлтийг хийх цаг нь ирсэн. Ард түмэн нүдээ нээж нэгдэх, зөв сонголтоо хийж чаддаг болох зайлшгүй цаг нь ирсэн. Тиймээс би тэр өдрийг хармаар байна. Харин өнөө маргаашдаа энэ эсэргүүцлээ үргэлжлүүлж, өдөр бүр Элчингийн өмнө очих болно (Хагас бүтэндээ хувийнхаа аж амьдралыг зохицуулна).

-Та Лондон хотод ямар ажил хийж байна вэ. Ямар мэргэжилтэй вэ. Өөрийн талаар товч танилцуулна уу?

-Би яг одоогоор Английн “Рharmaceutical” компанид хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байна. Хажуугаар нь өнгөрсөн хоёр жилийн туршид би өөрийн бие даасан ажлуудыг хийх гээд санхүүгийн зууч, хувь хүний болон удирдахуйн ухааны сургалт, ганц биеэр өрх толгойлсон эцэг, эхтэй айлуудын хүүхдүүдэд тусалдаг байх сан гэх мэт хэд хэдэн чиглэлээр суурийг нь тавиад явж байгаа. Албан ёсоор сурсан мэргэжлийн чиглэл гэвэл банк санхүүгийн чиглэлээр хоёр бакалавр, нэг магистр гээд Англи, Монголын гурван их сургуульд нийт арван жил суралцаж төгссөн.

Эх сурвалж www.medee.mn

Categories
мэдээ цаг-үе

Ч.Содбилэг: Чингисийн удмын гүнжтэй сууж байж хаан суух эрх нь баталгааждаг байсан

“Сэнтий түшсэн хатад” номын зохиолч, хятад судлаач Ч.Содбилэгтэй ярилцлаа.


-“Сэнтий түшсэн хатад” номын санаа нэлээд эрт орж ирсэн үү. Дунд сургуульд байхдаа л хатдын тухай мэдээ, баримт цуглуулж байсан санагдана?

-Анх материал цуглуулж эхэлсэнээс хойш долоон жил өнгөрсөн байна. Тэр үед би дунд сургуульд сурч байсан. Гэхдээ тэр үеийн материалын олдоц сайн биш. Түүнээс хойш түүхийн эх сурвалжууд үзээд, улам гүнзгийрүүлэн судлах тусам хатдын тухай ялангуяа Юань гүрний хатдын тухай маш их мэдээлэл байна. Энэ сэдвийг гүнзгийрүүлж судалсан нь дээр юм байна гэж үзсэн. Нөгөө талаар Юань гүрэн оршин тогтнох хугацаанд улс төрийн гол түлхүүрийг нь атгаж байсан хүмүүс хатад юм билээ. Яагаад гэхээр хааныг тэнгэрт хальсны дараа шинэ хаан өргөмжлөх асуудлыг хааны бэлэвсэн их хатан зохион байгуулдаг. Тийм учраас Юань гүрний улс төрийн түүхийг хатадгүйгээр төсөөлөх боломжгүй. Тэр үеэс л Юань гүрний үеийн хатдыг судлах нь сонирхолтой төдийгүй бас ач холбогдолтой юм байна даа гэж бодсон. Би нэг юм хийхээрээ нухаж, яст мэлхийний хурдаар ажилладаг. Уран бүтээлийг үйлдвэрлэж болдоггүй.

-“Сэнтий түшсэн хатад” номонд хэдэн хатны түүх орсон бэ?

-Суурин орны төрийн албан хэрэг хөтлөлтийн соёл нэлээд сайн байсан. Юань улсын судар гэдэг төрийн үндсэн эх сурвалжид 100 орчим хатны тухай мэдээлэл их бага хэмжээгээр байгаа юм. Юань гүрний гурван их хатны түүхээр төлөөлүүлж, бусад товчхон намтартай, жижиг үйл явдалд оролцсон хатдын тухай тэдний түүхэнд шингээж, бичсэн. Хоёрдугаар хэсэг нь Солонгосын вангийн хатан болсон найман монгол гүнжийн тухай түүх бий. Маш их материалтай. Өдөр, сар, цагаар нь тэмдэглэж үлдээсэн түүх байдаг.

-Дунд сургуульд байхдаа Юань гүрний түүхийн ном гаргаж байсан. Сурагч байхдаа аль хэдийнэ ирээдүйн судалгааныхаа эхийг тавьжээ?

Багаасаа хятад судлал, Юань гүрний үеийн түүхийг маш их сонирхдог байсан учраас үүнгүйгээр өөрийнхөө амьдралыг төсөөлөх аргагүй. Энэ бол миний амьдралын утга учир болсон. Монгол хэл дээрх түүхийн эх сурвалжууд ховор. Хятад, перс хэлээр бичсэн эх сурвалжууд олон учраас түүх бичиж байгаа хүн сурвалжийн хэлгүйгээр чамбай материал бичих боломжгүй. Бусдаас дам ишилсэн мэдээ сурвалж худлаа байх нь ч бий. Үндсэн эх сурвалжид тулгуурлаж бичсэн нь дээр гэж боддог. Юань гүрний оршин тогтнож байсан хугацаанд бичигдсэн бүх л сурвалжууд хятад хэл дээр байдаг. Тухайн үед Юань гүрэн Солонгос, Вьетнам, Лаос гэх мэт Зүүн Азийн орнуудыг захирч байсан шүү дээ. Тэд ч бас хятдаар албан хэрэг хөтөлдөг байсан учраас эдгээр орны төрийн түүхэн сурвалжуудыг бас үзэх боломжтой. Тэнд монгол хатдын тухай нэлээд дэлгэрэнгүй тэмдэглэл бий шүү.

-Хатдын түүх их зузаан ном болжээ?

-Цуглуулсан материалаасаа их хассан. Ямар агуу мундаг хатад вэ гэх мэт сэтгэл хөдлөлд автахгүйг хичээсэн юм. Сурвалжийн мэдээ баримт шинжлэх ухаанч таамаглалд тулгуурлаж бичихийг оролдсон л доо.

-Энэ олон хатдын дундаас таны сонирхлыг хамгийн их татсан түүхт хатан нь хэн байв?

– Энэ номын 60 гаруй хувийг Тогоонтөмөр хааны солонгос хатны түүх эзэлдэг. 1333-1370 он хүртэл төр барьсан хаан. Тогоонтөмөр хааны их хатан нь Солонгосын Хэнжү хотоос олзлогдсон шивэгчин эмэгтэй. Шивэгчин хаанд таалагдаад 1340 онд бага хатан болжээ. 1365 онд их хатан болгоод, солонгос хатнаас төрсөн эрлийз хүү Аюуширдарийг Юань гүрний хунтайжаар өргөмжилсөн. Солонгос хатан зөвхөн солонгос хүмүүсийг дэвшүүлдэг байсан учраас Юань гүрний төрийн эрх мэдэл сүүлдээ солонгосчуудын гарт орсон гэж болно. Нөгөө талаар тэр хатан эх орондоо сайн нэртэй байгаагүй. Солонгосыг олон удаа уулгалан довтолж, ах, дүү төрөл төрөгсөд нь хатны нэрээр эх орондоо зоргоороо, харгис хэрцгий авирласан түүх бий. Тийм учраас солонгос хатан эх орондоо үзэн ядагдсан хүмүүсийн нэг байсан. Хонгарид гэх мэт ноёрхогч овгуудаас сонгогдсон охид хатан болох нь тодорхой. Харин хариас олзлогдож ирсэн шивэгчин Ки Монголын их Юань гүрний хатан болно гэдэг гайхалтай.

-Онцгой ухаан, чадвар байна л даа. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй хүүхэн байлаа гэхэд тэр том өндөрлөгт гарч ирнэ гэдэг амаргүй?

-Зальжин, сэтгэл хөдлөлд автдаггүй, цэцэн сэргэлэн хүн байсан гэж сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Солонгос эмэгтэйг хатан болгоно гэдэг монгол, хятад ноёдын зүгээс маш их эсэргүүцэлтэй тулгарч, цус асгаруулсан олон удаагийн тэмцэл болжээ. Олон хуйвалдаан тэмцэл дундаас солонгос хатан ялж, тодорч гарч ирнэ гэдэг энгийн биш хүн байсан нь тодорхой л доо. Улс төрийн ямар ч дэмжлэг байхгүй нөхцөлд ноёрхогч бүлгүүдтэй тэмцэлдэнэ гэдэг маш их ухаан шаардана шүү дээ.

-Солонгосчууд түүхэн хүмүүсийнхээ тухай кино хийдэг. Тэр хатны тухай кино хийсэн болов уу?

-Солонгосчууд түүхэн сэдвийг орхигдуулдаггүй. ТV -5 телевизээр “Бүргэдийн дэвэлттэй бүсгүй” гэж кино гарсан шүү. Ки хатны тухай олон ангит кино хийсэн байна лээ. Гэхдээ тэр киног солонгосчууд шүүмжилсэн. Ки хатныг эерэг талаас нь гаргасан боловч, олон зууны турш уламжилсан харгис, элэг нэгтэнүүддээ хүйтэн хөндий хандаж байсан гэдэг ойлголт байсан учраас сайнаар хүлээж авахыг хүсээгүй шиг байгаа юм.

-Тэгвэл монгол гаралтай, маш сонирхолтой санагдсан хатан байв уу?

-Хөхчин гэж хатан байдаг. Хубилай хааны бэр л дээ. 1250-иад оны үед Хубилай хараахан хаан болоогүй Хойд Хятадын нутгийг захирч байсан. Өвөрмонголд ан гөрөө хийж яваад ам нь цангаж, эзгүй газар айлд очжээ. Тэнд арав гаруй насны охин байж. Охины сэргэлэн ухаантайг ажиглаад бэрээ болгосон байдаг. Хөхчин Хубилай хааны ууган хүү Чингимийн хатан болсон. Чингим нь 1286 онд нас нөгчсөн. Хубилай хааныг нас барсны дараа Хөхчин хатан улстөрийн том тэмцэлд ялж, өөрийн отгон хүү Төмөрийг их хаан болгож чадсан. Хөхчин хатны хийсэн олон ажил үлдсэн байдаг. Утай уул домгийн сэтгэлгээгээр Манзушир бурхны заларч, бясалгадаг газар учраас монголчууд олон удаа сүм бариулсан байдаг. Хөхчин хатан энэ уламжлалаар тухайн үед Утай уулын хамгийн том сүмийг бариулсан. Тэр нь одоо ч бий. Хөхчин хатны зээ охин Сэнгэраги Хятад газар өссөн, суурин орны соёлд их мэдрэмжтэй эмэгтэй байж л дээ. Тухайн үедээ Хятадад байсан урлаг соёлын хосгүй өвүүдийг цуглуулаад одоогийн хэлээр үзэсгэлэн гаргадаг байсан. Хатны цуглуулж байсан ховор зураг, уран бичлэгүүд,ваар, чимэглэл Бээжингийн хааны ордны музей, Тайваний хааны ордны музейд бий. Олон сая доллараар үнэлэгддэг дурсгалууд. Урлагийн ховор бүтээлийн үнэ цэнийг мэддэг байна гэдэг нь нүүдэлчдийн иргэншлээс аль хэдийнэ алсраад суурин соёлд гүнзгий автсаны шинж шүү дээ.

1956 онд Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн нар Хойд Солонгост айлчлахдаа, Солонгос улсын вангийн хатан болсон алтан ургийн гүнж Будаширын бунхныг үзэж сонирхжээ. 1365 онд Будашир гүнж нас нөгчихөд түүний нөхөр Конминъ ван гурван жил мацаг барьж, гашуудсан гэдэг.

-Монгол гүнж нар хэдийгээр улстөрийн зорилгоор хүчээр шахуу харьд очдог байсан ч хайр дурлалын сайхан түүх бий л байх?

-Алтан ургийн гүнж нар Солонгосын вангийн хатан болдог уламжлал байсан. Үүгээр нь дамжуулж, монголчууд Солонгосын төрийн хэрэгт гүнзгий хутгалддаг байжээ. Сүүлд Будашир гэж гүнжийг Солонгосын Конминъ ванд хатан болгож өгсөн байдаг. Энэ ван Будашир гүнжид маш их сэтгэлтэй байж. 1365 онд төрөхийн хүндрэлээр нас барахад нь гурван жил мацаг барьж, төрийн хэрэгтээ ч анхаарал тавихгүйгээр, энэ хатны төлөө гашууджээ. Улсын сан хөмрөгөө хоослон байж хатандаа бунхан бариулсан. Энэ бунхныг 1300-гаад оны сүүлээр барьсан. 500 жилийн дараа 1956 онд Хойд Солонгост анх удаа айлчилсан Монголын нам төрийн удирдагчдад бунханыг үзүүлсэн түүхтэй. Ю.Цэдэнбал, Ц.Дүгэрсүрэн, П.Шагдарсүрэн нар Монгол гүнжийн бунханд очиж хүндэтгэл үзүүлжээ. Энд XIV зууны дунд үед Солонгосын хойгийг захирч байсан Конминъ ван болон түүний монгол хатан Будашир нарыг оршуулсан болохыг тэдэнд тайлбарлаж өгсөн гэдэг.

-Хаад ноёдын ургийн хэлхээний ард улстөрийн том бодлого явж байсан гэдэг. Чингисийн удмын гүнж нар бэр болж очсон орондоо маш их эрх мэдэлтэй байсан. Үнэхээр хүчтэй ар талтай байсан болохоор тэр байх л даа?

-Солонгост очсон монгол гүнж нар улстөрд нь маш их хутгалдсан байдаг. Вангуудаа үл тоомсорлодог. Солонгосын ванг цохиж зодсон тохиолдол ч байжээ. Гүнжийг уурлуулж хилэгнүүлэх юм бол Юань гүрнээс маш их том дарамт ирдэг. Гүнжийг гомдоосон Солонгосын ванг Түвдэд цөлөх, вангийн сэнтийгээс нь буулгах тохиолдол ч байжээ. Монгол гүнж нарыг стратегийн чухал байрлалтай, ач холбогдолтой газрууд руу явуулж байсан. Чингис хаан Алтан улсыг эзлэхдээ Алтан улсын хилийг сахидаг байсан Онгуд аймгийн толгойлогчид охиноо өгсөн байх жишээтэй.

-Сүүлд манж нар ч хятадуудтай цус холилдохыг таашаадаггүй, монголчуудтай ураг барилдах дуртай байсан гэдэг?

-Монголчууд 200 жил дэлхийд ноёрхсон болохоор цус нь брэнд гэдэг ойлголт үүсгэсэн байна л даа. Оросын хаад ч гэсэн монгол удмын гүнжтэй гэрлэж байж хаан суух эрх нь баталгааждаг. Манжууд ч гэсэн Чингис хааны удмын гүнжтэй суувал хаан суух эрх нь баталгааждаг. Тийм ч учраас Энхамгалан хааны эмээ нь монгол. Өсгөсөн асрагч эх нь монгол гэх мэтчилэн. Манжийн хаад монгол хатадтай байсан. Хятадын сүүлчийн эзэн хаан Пу И ч монгол гаралтай хатантай байсан шүү дээ. Монгол хатдын эцгүүд нь манжийн төрд нөлөөтэй том сайд язгууртнууд байсан.

Солонгосын вангууд монголчуудын ноёрхол унах хүртэл монгол хатадтай байжээ. Монголчуудын соёл, улс төрийн нөлөө удтал хадгалагдаж байсан л даа. Тэр байтугай Солонгосын сөжү монголчуудаас гаралтай юм билээ. Хубилай хааны цэргүүд Япон руу дайрсан шүү дээ. Хубилай хааны цэргийн хуаран Солонгосын Аньдон хотод байрлажээ. Монгол цэргүүд арак гэдэг нэртэй архи ууж байсан нь нутгийнханд таалагдаж, түүнээс үүдээд хожим сөжүг гаргаж авах үндэс болсон юм билээ. Шатдаг архи гэсэн утгатай үг.

-Түүхчид хатдын түүх гэх мэтээр нарийвчилсан түүхүүдийг гаргаж ирээд байвал удахгүй Жангүм шиг олон түүхэн хүний тухай кино, зохиол мэндлэх байх гэж найдаж байна?

-Би ч бас тэгж найдаж байна. Мартсанаас Жангүм шиг монгол оточ, тогооч байжээ. Хүсэхүй гээд Юань гүрний хааны ордны отчийн хүрээлэнгийн захирагч хүн. Хоолны тухай “Идээ ундааны товчоо” гээд маш том ном бичсэн байдаг. Ордны зоогт ямар ямар хоол багтдаг. Хүний эрүүл мэндэд тустай хоол гэх мэт уламжлалт анагаах ухааны тухай ном бичсэн хүн. Жангүмаас зэрэг зиндаагаараа мэдээж илүү гарна л даа. Номыг нь өвөрмонголчууд монгол хэлээр орчуулсан байдаг. Маш их алдартай ном. Цадталаа битгий ид, өлсөтлөө битгий яв гэж сургасан байдаг. Тэр номд хэдэн зуун төрлийн хоолны эмчилгээний жорууд бий.

-Номын хавтасны богтого малгайтай хатдын зураг бодит уу?

– Хатдын богтого малгай дээр тогосын өд хатгадаг байсан. Утай ууланд тусгайлан үржүүлдэг тогосны аж ахуй байжээ. Хатан болсон хүнийн богтого малгайд тэндэхийн тогосны өд хатгадаг байв. Юань гүрний үед суурин соёлтой учраас хаад хатдын хөргийг өөрсдийг нь харж зурсан байдаг.

-Цаашдаа ямар судалгаанд төвлөрөх вэ?

-Голдуу Юаний түүхээр дагная гэж бодож байгаа. 97 жил оршин тогтносон гүрэн болохоор нэг хүн насаараа судалсан ч барахгүй л дээ.

Хатдын тухай ном бичихэд хамгийн хэцүү зүйл юу байв?

-Сурвалжууд, баримт материал тодорхой. Харин түүнийг яаж эвлүүлж бичих вэ гэдэг хүнд. Он дарааллаар нь эрдэм шинжилгээний өгүүлэл байдлаар биччихэж болно шүү дээ. Арай жаахан өөр хэлбэрээр бичихийг хичээсэн. Яаж бичих вэ гэдэг дээр толгойгоо гашилгасан.

-Их гүрний хувцас загвар бусад оронд моод болдог. XIII зууны монгол хувцасны загвар олон оронд ул мөрөө үлдээсэн гэдэг?

-Улс орон бүр ахуй амьдралдаа тохирсон хувцасны загвартай. Богтого малгай бол бусад оронд байхгүй. Өндөр дээд эрх мэдлийг илтгэдэг. Хатад японы самурай шиг дух хэсгээрээ халзалж үсээ хусдаг байжээ. Юань гүрний үед олон хатад цаазлагдаж, улс төрийн тэмцлийн золиос болсон байдаг. 1320-иод оны дунд үеэс монгол хаад хэсэг хугацаанд Хятадын эзэн хаадын уламжлалт хувцсыг ёслолын хувцас болгон хэрэглэсэн байдаг. Суурин оронд хагас зуун жил амьдрахаар соёлын нөлөөнд автана л даа.

-Монгол хатад эрх мэдлийн төлөөх цус урсгасан тэмцэлд гүнзгий оролцож байсан нь ямар учир шалтгаантай вэ?

-Монгол хатад бусад орны хатдаас илүү төрийн хэрэгт оролцож байжээ. Яагаад гэхээр нүүдэлчдэд эхийн эрхт ёсны үлдэгдэл хадгалагддаг. Хоёрдугаарт Күнз, Христ, Ислам гэх мэт эмэгтэй хүнийг дорд үздэг суурин орны соёлын хандлага монголчуудад байгаагүй учраас эмэгтэйчүүд төрийн хэрэгт чөлөөтэй оролцдог байсан. Төрүүлсэн хүүгээ хаан болгох хатдын тэмцэл ширүүсэх тусам их гүрний хүч суларч, төрийн тогтвортой байдал алдагдаж мөхөлд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж боддог. Хүүгээ хаан болгохгүй бол хатад амьд явах баталгаагүй болох эрсдэлтэй цаг үе байсан л даа. Өөр хатны хүүхэд хаан болчихвол хаан угсааны бусад эрчүүдийг өрсөлдөгч гэж хороох үзэгдэл түгээмэл байлаа. Амьд явъя гэвэл тэмцэлдэхээс өөр сонголт байгаагүй. Бас эрх мэдэлд шуначихвал гарна гэж үгүй, улам л гүн рүү нь сорогдсоор байдаг түүхийн жам ч бий.

-Алтан ургийн гүнж нараас илүү Чингис хааны бэрүүд улс төрд онцгой нөлөөлсөн үе байсан гэдэг?

-Өгөөдэй хааныг нас барсны дараа Дөргөнө хатны улстөрийн оролцоо нэмэгдсэн. Монголын анхны төр барьсан хатан шүү дээ. Түүнээс хойш шинэ хааныг сонгох их хуралдайг хатад удирддаг болжээ. Гүюг хааныг тэнгэрт хальсны дараа Огул Хамиш хатан төрийн хэрэгт оролцож, сүүлдээ Сорхагтани хатан улс төрийн тэмцэлд ялж, хүүгээ хаан болгосон. Мөнх хааны үед энэ байдлыг эцэс болгох гээд ямар ч хатнаа төрийн хэрэгт оролцуулдаггүй. Оролцохыг завдсан өчүүхэн тохиолдлыг ч зүгээр өнгөрөөдөггүй, маш хатуу шийтгэдэг байсан. Тийм учраас хатан нь улс төрийн ямар нэг жин нөлөөгүй болоод Мөнх хааны дараа хүүхдүүд нь биш дүү нь хаан ширээнд өргөмжлөгддөг шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

З.Нарантуяа: “Хуралдай” бондын нөхцөл санхүүгийн үр ашгийн хувьд өмнөхөөсөө ашиггүй

УИХ-ын гишүүн З.Нарантуяатай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж төсвийн тодотголыг хэлэлцэхгүй болж. Хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэх юм байна. Евро бондын эргэн төлөлтийн асуудлыг шийдсэн хэмээн тайвширчихав уу гэж ойлголоо. Та харин ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн сайд төсвийн тодотголыг өргөн барина хэмээн мэдэгдэж байсан ч одоогоор өргөн бариагүй байна. Төсвийн тодотголоо өргөн бариагүй тул ээлжит бус чуулган зарлагдсангүй. Гишүүд ээлжит бус чуулган зарлагдана гэсэн хүлээлттэй байсан ч МаН-ын бүлгийн даргын хэлснээр төсвийн тодотголыг энэ сард хэлэлцэхгүй нь ойлгомжтой боллоо. Тиймээс хаврын чуулганд шилжиж байх шиг байна.

-Эдийн засаг ийм хүнд байхад хугацаа хожих нь эдийн засагтаа л нэмэртэй баймаарсан. Бондын эргэн төлөлтийн асуудлыг өөр бонд босгох замаар шийдсэн нь алгуурлах шалтгаан болох уу?

-Ямар шалтгаанаар төсвийн тодотголоо өргөн бариагүйг мэдэхгүй. Цаана нь өөр учир шалтгаан байх шиг байна. Евро бондын эргэн төлөлтийн нөхцлийг өөр бондоор сольсон нь бүх асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Төлбөрийн тэнцлийн болон төсвийн алдагдал байсаар байгаа тул алдагдлыг нөхөх хувилбарыг шийдэлгүйгээр цаашид эдийн засгаа сэргээх талаар ярих ямар ч боломжгүй. Тиймээс Засгийн газар төсвийн тодотголоо яаралтай өргөн барьж хаврын чуулганы эхний өдрүүдийн хуралдаанаар хэлэлцэх байх гэж найдаж байгаа. -Өнгөрөгч долоо хоногт та болон танай бүлгийн зарим гишүүд ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нил Сакертай уулзсан. ОУВС-гийн төлөөлөгч уулзалтын үед ямар байр суурь илэрхийлсэн бэ. Хэдийгээр хөтөлбөрт хамрагдана гэдгээ тохирсон ч төсвийн тодотголоо заавал хийх ёстой гэдгийг хэлж байсан л даа?

-ОУВС-ийн Захирлуудын зөвлөлийн хурлыг дөрөвдүгээр сарын 10-нд хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд хурлаас тав хоногийн өмнө Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт, 2017 оны төсвийн тодотгол, дагалдах хуулиудаа баталсан байх, хоёрдугаарт, банкуудын үйл үйл ажиллагаанд хөндлөнгийн дүгнэлт гаргах аудитын байгууллагаа сонгосон байх, гуравдугаарт, Монголбанк төсвийн шинжтэй аливаа санхүүжилтийг гаргахгүй гэдэг баталгаагаа гаргаж, хөтөлбөрт хамрагдах хүсэлт захиагаа Засгийн газарт хүргүүлсэн байх тохиролцоотой гэдгийг хэлсэн. Тиймээс цаг хугацааны хувьд нилээд шахуу болсон байна.

-ОУВС-гийн төлөөлөгчөөс танай бүлгийн гишүүд ямар зүйлсийг илүүтэй сонирхов. ОУВС-гийн суурин төлөөлөгч юу гэж байх юм?

-Хөтөлбөрийн нөхцлийн хувьд Сангийн сайд мэдээлсэн. 440 сая ам.долларыг шууд Монголбанкинд байршуулж төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулж, валютын нөөцийг нэмэгдүүлэх гэж байгаа нь зөв гэж бодож байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНСУ, Япон улсын засгийн газрын өгөх гурван тэрбум ам.долларын заримаар нь төсвийн алдагдлыг нөхөж, дотоодын өртөг өндөртэй Засгийн газрын бондын хүүгийн төлбөрийг бууруулж байгаа нь яах аргагүй хийх ёстой зүйл.

Харин Солонгос, Японы эх үүсвэрээр тодорхой төслүүдийг санхүүжүүлнэ гэж тохиролцож байгаа хэдий ч ямар төсөл гэдгээ тодруулаагүй, Засгийн газрын түвшинд шийдвэрлэнэ гэж байгаад АН-ын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Эдийн засгийн хувьд үр ашигтай, экспортын орлогыг нэмэгдүүлэх зөв төслийг сонгох нөхцлийг хөтөлбөртөө тодорхой тусгаж өгөхийг хүссэн.

Мөн ОУВС төсвийн хэмнэлтийн тал дээр бага анхаарсаныг асууж тодруулсан. Тухайлбал, төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулах, бүтцийн өөрчлөлт хийх талаар хөтөлбөрт огт тусгагдаагүй. Эсрэгээрээ нийгмийн халамжийн зардлыг хэвээр хадгалж, татваруудыг нэмж байгаагийн учир шалтгааны талаар харилцан ярилцсан.

Ерөнхийдөө валютын сангийн хөтөлбөрийн үр дүнг дүгнэж харвал Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд эрүүлжүүлэх суурь өөрчлөлтүүдэд бага анхаарч, ойрын хугацааны гал унтраах тал руу илүү анхаарсан харагдаж байгааг хэлсэн.

АН-ын бүлэг ОУВС-ийн хөтөлбөрийг зарчмын хувьд дэмжиж байгаа хэдий ч хэд хэдэн зүйл дээр илүү үр дүнд хүргэх хувилбаруудыг анхаарч үзэхийг санал болгосон. Жишээлбэл, урсгал зардлыг танаж, хэмнэхгүйгээр хөрөнгө оруулалтын зардлыг царцааж байгаа нь дунд, урт хугацаанд эдийн засгийг боомилох муу талтай. Тиймээс дэд сайдууд, Засаг дарга нарын орлогчид, бүтцийн хувьд нийлүүлж болох агентлагуудын зарим удирдлагууд, сангууд гээд урсгал зардал их гаргаж байгаа үйл ажиллагаа, хөрөнгийн зардлуудыг танах нь оновчтой бодлого болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн сонгуулиар амласан амлалтуудыг хэрэгжүүлэхээр хийгдэж байгаа нийгмийн халамжийн санхүүжилтүүдийг түр зогсоож, нөхцөл байдал сайжрахын хирээр хэрэгжүүлэх боломж байгаа. Хамгийн гол нь ард иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, амьжиргааны өнөөдрийн хүрсэн түвшинг аль болох бууруулж, муутгахгүйгээр бусад боломж нөөцөө ашиглахыг хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас шаардах нь зөв юм.

-Евро бондын эргэн төлөлтийг “Хуралдай” бондоор солих нь хэр зөв шийдэл вэ?

-Тулсан төлбөрөөс гарч, нэг удаадаа амьсгаа авч байгаа нь сайн ч яг эдийн засаг, санхүүгийн үр ашигтай байдал талаасаа ашиггүй хувилбар. Учир нь 100, 200 сая ам.долларыг нь ч гэсэн дотоод боломжоосоо төлөөд үлдсэн дүн дээр нь шинэ бонд гаргасан бол ашигтай байх байсан. Хүүгийн зардлын хувьд өмнөхөөсөө дордсон. Өмнө нь бондын жилийн хүү 5.5 хувь байсан бол энэ бондын хүү 7.7хувь болсон. Энэ бондын эргэн төлөлт 2024 онд хийгдэнэ. Нэг үгээр хэлбэл, энэ Засгийн газрын үед амсхийх боломж ч дараагийн Засийн газрын хувьд өрийн хэмжээ тэр хэвээрээ л үлдэж байна.

-Эдийн засаг хямралтай байгаа энэ үед татваруудыг нэмэх нь хэр оновчтой шийдэл вэ. Хувийн хэвшлийнхэн ихээр хаалга барьж байгаа үед дарамт болно гэж харах хүмүүс нэлээд байна?

-Татвар тус бүр дээр ярих нь илүү оновчтой байх. Төсвийн нийт орлогын хувьд татварын болон татварын бус аль аль бааз сууриа нэмэх шаардлагатай байгаа. Зарим төрлүүдийн татварыг нэмэх боломжтой. Гэхдээ тухайн төрлийн татварыг нэмсэнээр хэдэн хүнийг хамрах вэ, татвар төлөх боломжтой хүмүүст татвар тавьж байна уу, боломжгүй хүмүүс дээр нэмэлт дарамт болох гэж байна уу гэдгийг сайн тооцоолж үзэх хэрэгтэй. Жижиг хадгаламж эзэмшигчдийн хувьд татвар төлөх хүнд байх. Бензин, шатахууны импортын татварыг нэмлээ гэхэд шууд утгаараа тээврийн зардал дээр нэмэгдэнэ. Тиймээс шатахууны импортын татвар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг шууд нэмэгдүүлдэг тул өнөөдрийн нөхцөлд нэмэр болохоосоо илүү дарамт болж очно. Хөдөлгүүрийн багтаамж өндөр авто машинуудын татварыг нэмэхэд болно гэх мэт Засгийн газраас төсвийн тодотгол, дагалдаж батлагдах татварын хуулиудын төсөл өргөн баригдаагүй байна. Өргөн баригдсаны дараа нь сайтар судалж байж АН байр сууриа илэрхийлэх болно.

-Төсвийн хэмнэлтийн талаар?

-Төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулна гэж ярьж байгаа Засгийн газрын үйл ажиллагааг дэмжиж байгаа. Гэсэн ч ярьж байгаа шигээ бодит байдалд хэмнэлтийг дорвитой хийгдэж байна уу гэвэл үгүй. Шилэн дансаа ч хөтлөхөө байсан. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдад асуулга тавиад гурван сар болж байна. Таг чиг л байх юм. Хаврын чуулган эхлээд сайдуудын төсвийн зарцуулалтын явц байдлын тайланг Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор хэлэлцүүлнэ гэж төлөвлөж байгаа.

-Эдийн засаг хүнд байгаа ч нүүрсний үнэ нэмэгдсэн гээд сайн мэдээ дуулдах л юм. Эдийн засагт эерэг үр дүнгүүд хэр ажиглагдаж байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн гээд байгаа шүү дээ?

-Нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед тэдгээрийн экспортын хэмжээг нэмэгдүүлэх бодит боломжоо ашиглаж чадвал их хэрэгтэй байна. Энэ чиглэлийн төслүүдийг хөдөлгөх хувилбар дээрээ бүлгийн гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж чадвал цаг хожино. 2017 оны төсвийг батлахдаа таван том төслийг хөдөлгөн эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэж тооцсон. Гэвч Сангийн сайдын хэлснээр Гацууртын орд хөдөлж, бусад нь хөдлөхөөргүй болж байх шиг байна. Энэ Засгийн газрын хамгийн чухал ажил боловч ахихгүй байгаа нь харамсалтай.

-Сангийн сайдын хэлснээр төрийн албаны данхар бүтцийг багасгах шийдэл нь боловсрол, эрүүл мэнд, онцгой, цагдаагийн алба хаагчдаас хоёр хүн тэтгэвэрт гарахад оронд нь нэг хүн ажилд авах, бусад салбаруудаас тэтгэвэрт гарахад хүн ажилд авахгүй байхаар болсон байна лээ…

-Энэ хувилбарыг дэмжиж байгаа. Гэхдээ хэлбэрийн төдий биш чанарын хувьд төрийн албанд бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байгааг илүү анхаарвал сайн. Жилд хэдэн хүн тэтгэвэрт гардаг, тухайлбал 2017-2020 онд тэтгэвэрт гарах хүн хэд вэ, хоёр хүний оронд нэг хүн эргүүлж авахад хэдэн жилийн дараа төрийн алба байх ёстой хэмжээндээ хүрч очих вэ гэдэг тооцоонд суурилж бодох хэрэгтэй. Эрх баригч намынхан маань төрийн албанд сүүлийн дөрвөн жил 40-өөд мянган илүүдэл хүн шургалсан гэж улс төр хийх дуртай. Тэгвэл хөтөлбөрийн үр дүнд 40 мянган илүү орон тоо хэмнэгдсэн байх ёстой болноо доо.

-Төсвийн тодотголыг харж байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг угтчихав уу гэж хардаж болохоор байна. Учир нь халамжийн чиглэлийн мөнгөнүүдээ танаагүй байж нэмээд халамж өгч эхэлсэн байна л даа?

-Хардлага биш. Улс төр ойлгодог хүн бүр үүнийг тэгж харж байгаа. Тиймээс төсвийн тодотголоо хурдан хийж, эдийн засгаа эрүүлжүүлэх бодлого руугаа шууд орчихож чадахгүй байна. Сонгуулийн үр дүнг бодолгүй Сангийн сайдын хэлсэнчлэн улсаа нэгдүгээрт тавьж чадах байхаа гэж найдаж байна.

-Засгийн газар байгуулагдаад хагас жилээс хавьгүй их хугацааг үдсэн байна. Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?

-Би Засгийн газрыг удаан ажиллаж байна гэж их шүүмжилдэг. Харин сүүлийн үед энэ бодол өөрчлөгдөж байгаа. Засаг нь ажиллах гээд зүтгэж байхад бүлэг нь дэмжихгүй унагаж буй олон асуудал гарлаа. Сая л гэхэд Сангийн сайд төсвийн тодотгол бэлэн, Засгийн газар дэмжсэн, одоо УИХ-ын асуудал гэсэн боловч чуулган зарлагдсангүй. Тиймээс асуудал Засгийн газартаа биш бүлэгтээ байгаа юм уу гэсэн бодол төрөх болсон.

-Гэхдээ процесс өмнөх Засгийн газар, парламентиудын үед байсан л асуудал. Үүнийг шийдэх гарц нь юу вэ?

-Үндсэн хуулиар л шийднэ. Хоёр гурван асуудлын хүрээнд Үндсэн хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий болсон. Ялангуяа Засгийн газрын эрх мэдэл, Гүйцэтгэх засаглалыг хэрэгжүүлж чадах чадамжийн хувьд үндсэн хуулийн зохицуулалтыг илүү боловсронгуй болгох нь чухал байна.

-Ардчилсан намын шинэчлэл явагдаж байна. Намынхаа тал дээр ямар байр суурьтай байгаа вэ. Ардчилсан намынхны хувьд нэгдэж чадаж байна уу?

-Намын гишүүд намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тойрч ярилцдаг, олон ургальч үзэлтэй байх нь зөв. Гэхдээ нам бүхэлдээ нэг л байгууллага тул эцсийн бодлого, шийдвэр дээрээ нэгдмэл байр суурьтай байж, зангидагдаж байх учиртай. Намыг дэмжигчид намаас гаргасан эцсийн шийдвэрийг л дэмжиж, сонгуульд саналаа өгдөг. Гэтэл манай намынханы хувьд зангидагдаж чаддаггүй нэг том дутагдал байна. Энэ дутагдал одоо ч ажиглагдаж байна. Өөр өөрийнхөөрөө зүтгэж, бие биедээ тулган шаардлага хүргүүлсэнээр хэн ч хожихгүй, эв нэгдэлгүй, удирдлага зохион байгуулалт муутай нам болгож харагдуулж байна. Ялангуяа дотоод асуудлаа нийгмийн дунд шууд л гаргаж, маргалдсаар нэрээ барж ялагдсан. Зөрчлөө намынхаа тогоон дотроо шийддэг соёл, журамд шилжиж, цаг үедээ тохирсон байдлаар шинэчлэлээ эрчимжүүлэхэд ялангуяа намын нэрийн өмнөөс нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болж байсан, төрийн өндөр албан тушаал хашиж байсан, энэ намын нүүр царай болж байсан хүмүүс маань илүүтэй анхаарч, манлайлж, намын удирдлагаа тойрч ажиллаасай гэж уриалмаар байна. Улс төрийн том намын хувьд их ялагдлын дараа намын удирдлагуудаа тойрч ажиллах цаг гэдгийг л ойлговол шинэчлэл шуурхай, үр дүнтэй явагдана. Жирийн гишүүд бидний хувьд намынхаа шинэчлэлд итгэл дүүрэн байгаа.

-Ардчилсан намынхан дотоод сонгуульд нэр дэвшигчдээсээ мөнгө авч эхэллээ хэмээн шуугиж эхэллээ. МАН-ын 60 тэрбум шиг 10 тэрбумыг босгох ажилдаа орлоо гэж шүүмжилж байгаа дээр ямар бодолтой байгаа вэ?

-Намын дотоод сонгуулийн явуулахад тодорхой хэмжээний зардал гарна. Ямар нэгэн байдлаар сонгуульт албан тушаалд нэр дэвшиж байгаа хүмүүс тодорхой хэмжээний дэнчин тавьж сонгуулийг санхүүжүүлэхгүйгээр ялагдсан намыг дэмжих хандивлагч нар олдохгүй.

Харин дэнчингийн хэмжээ тохирсон хэмжээ мөн үү гэдгийг тооцоон дээр суурилж, дотоод сонгуулийн хороо эргэж харах байх. Намын бүх гишүүдийн татвар гэхэд 268-хан сая л болох учраас сонгууль явуулахад хүрэлцэхгүй нь ойлгомжтой. Бие биенээ буруутгах өнцгөөс нь биш харилцан ойлголцох талаас нь асуудалд хандвал шийдлийн гарц байгааг дэнчинг эсэргүүцдэг талынхан маань ойлгоосой гэж хүсч байна.