Categories
мэдээ цаг-үе

Цагаан-Эхийн Баярт: “Уурга” кинонд тоглохдоо хорин найман настай байсан

Оросын алдарт найруулагч Никита Михалковын 1991 онд бүтээсэн “Уурга” кино Венецийн кино наадмын “Алтан арслан” шагнал авч, 1993 онд Европын шилдэг киногоор шалгаран, Европын киноны “FELEX” шагнал, мэргэжлийн “Ника” шагнал хүртсэн түүхтэй. Эл кино тухайн жилдээ дэлхийн кино урлагийн хоёр том шагнал болох “Алтан Бөмбөрцөг”, Оскарын шагналд шилдэг гадаад хэл дээрх кино номинацид нэр дэвшиж байв. “Уурга” киноны зохиолыг Рустам Ибрагимбеков, Никита Михалков нар бичиж, гол дүрд ардын жүжигчин Владимир Гостюхин тоглож, хөгжмийн зохиолчоор Эдуард Артемьев ажиллажээ. Хятадад ажиллаж буй жолооч Сергей машинаа голд суулгах үед монгол айлын эхнэр нөхөр хоёр Гомбо, Пагма нар түүнд тусална. Гомбо Хөх хот руу оростой цуг орж ирж түүнд мөн дахин тус хүргэнэ. Оросын алдарт найруулагч Никита Михалков наяад оны дундуур энэ сэдвээр манайтай хамтарч кино хийх хүсэлт тавьсан ч бүтэлтэй хариу дуулаагүй байдаг.

Михалков Хятадад хүсэлт тавьж, үзэл сурталчдыг нь хулхидан байж киногоо хийсэн байдаг. Орос жолоочийг малчин өвөр монгол хүн аварсан тухай баримтат киноны зураг авна гэж заль хэрэглэсэн гэдэг юм. Тиймээс уг киноны зарим хэсэг баримтат кино маягтай болсон. “Уурга” тухайн үедээ дэлхийн томоохон кино театруудад гарчээ. Пагма нэрээр тоглосон жаргал эдлүүлдэг эмэгтэй болох өвөрлөгч дуучин Бадамаа манай СУИС-ийг төгсөөд Өмнөд Монголын алдарт дуучин болсон байна. Гол дүрд тоглосон Цагаан-Эхийн Баяртын хувьд ӨМӨЗО-ны Шилийн голд төрсөн монгол хүн. Дэлгэцнээ шавилхан биетэй болов уу гэмээр харагддаг ч нүүр тулаад танилцахаар Эзэн Чингисийн өрлөг баатрын шинжтэй өргөн ханхар, өндөр сайхан эр байна. Тийм ч учраас түүний дүр төрх аугаа Никита Михалковын нүдэнд өртөө биз ээ. Баярт олон жилийн өмнө Франц руу гарч одоо Испанид амьдарч байгаа юм билээ. Тэрээр ӨМӨЗО-ны олон ангит уран сайхны кинонд тоглох зуураа Монгол Улсад Парисын анд телевизийн найруулагч Б.Бат-Эрдэнэтэйгээ уулзахаар ирсэн үед түүнтэй танилцаж хөөрөлдлөө. Баярт дэлхийн хэмжээний од үзэсгэлэнт бүсгүй Францын алдарт жүжигчин Моника Беллучитай хамт кинонд тоглож байжээ.

-Таныг барууны оронд амьдардаг гэж сонссон. Монголд хэзээ ирэв?

-Монголд ирээд долоо хонолоо. Би нэг кинонд тоглож байгаа. Тэр дүрийнхээ зураг авалтыг түр завсарлуут найзтайгаа уулзахаар ирсэн. Монголын үзэгчид маань намайг сайн танихгүй байх. Монгол Улсынхаа киночидтой уулзах ажлаар ирсэн. Өмнө нь би арван хоёр жилийн өмнө нэг ирж байлаа. Миний мэргэжил жүжигчин. Миний хувьд Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны хүн. Дунд сургуулийн аравдугаар ангиа төгсөөд цэргийн алба хаасан. Цэргийн албаа хааж ирснээс хойш жүжгийн ажилд сонирхон оролдох болсон доо.

-“Уурга” кинонд ямар тохиолоор тоглох болов?

-Тэр тухай яривал бас их урт үлгэр юм аа. Тэр чинь ерэн он юм байна. Байгууллага бүхэнд бүдүүн, ачааны машин байдаг байсан. Бүдүүн машинаараа ачаа ачиж зөөврийн орлогоороо ажилчдынхаа аж амьдралд тусалдаг байсан. Тэр үед Хөх хотоос тор түүхээр (юм ачихаар. сур) явсан юм. Ээж нуураас давс ачаад Сайханд буулган, Сайханаас буцаж ачаа ачиж ирнэ. Ирж очих замдаа нэг хоногийн газар л даа. Нэг удаа Ээж нуураас давсаа ачаад гартал бороо орж шалбаагтаад замдаа дөрөв ч хонолоо. Энэ үеэр Хөх хотын Кино үйлдвэрт ажилладаг найзтайгаа очиж уулзтал “Чи ашгүй ирчихэв үү. Гадаадын хэдэн хүн ирчихээд жүжигчин сонгож байна, юун бахтай юм бэ” гээд дагуулаад явлаа. Дагаж ороод уулзтал камер энэ тэр барьчихсан гадаадын дөрөв, таван хүн байна. Өвөр Монголын Кино үйлдвэрийн дарга Мэргэчхүү гуай “Баяртай байна аа, авиан тасгийн гол дүр” гэж танилцуулаад (пробонд оруулаад. сур) дуустал, тэр киноны дэд найруулагч нь дуулуулж зураг авчихаад явсан. Би юм бодсонгүй ээ.

-Шалгуулсан дороо тэнцлээ гэж хэлээгүй юм байна аа даа?

-Дараа өдөр нь Хөх хотоос ачаагаа ачаад, байгууллагадаа хариад хүлээж байтал хоёр, гурван сарын дараа “Танай байгууллагын хүнийг чинь сонгочихлоо, одоохон наашаа явуул” гэж утсаар ярьдаг юм. Би тэр үед хошууны Ардын төлөөлөгчийн хурлын байнгын хорооны төрийн албан хаагч л хүн байхгүй юу. Тэгээд Хөлөнбуйрт очиж гурван сар тоглон, тэр киногоо барсан. Долдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл зураг авсан юм.

-Никита Михалков гэж дэлхийд алдартай кино найруулагч. Хамтран ажиллахад хэлний бэрхшээлээс өгсүүлээд ойлголцоход хэцүү байв уу?

-Би тэр хүнийг Никита Михалков гэх тийм алдартай хүн гэж огт мэдэхгүй шүү дээ. Анх Нисэхийн буудал дээр л давхар хантаазтай нэг хүн л юм яриад л байсан. Хөлөнбуйраас явахад үлгэрийнхээ (кино зохиолынхоо) талаар л орчуулагчаар дамжуулаад яриад байгаа юм. Тэгсэн тэр хүн л Никита Михалков гуай байсан юм билээ. Тэгээд зураг авалтынхаа талаар заалгаж ойлгож аваад тоглоход нэг их бэрхшээл байгаагүй. Ер нь гайгүй шүү. Орой болгон цуглаж зохиолоо ярьж, “Амьдралаас гажуудуулахгүй үнэнд ойртуулна” гэж зөвлөж байгаад бичсэн шүү. Жүжиг нь гайгүй сайхан байсан. Би эхлээд гол дүрд тоглож байгаа гэдгээ мэдээгүй.

-“Уурга”-д тоглохдоо та хэдтэй байв?

-Хорин найман настай байсан.

-Өмнөд Монголоос туслах найруулагч хүн ажилласан уу?

-Байгаагүй. Харин туслагч гээд нэг хятад хүн байсан. Тусалж байгаа гээд гар дор нь л гүйдэг хүн. Өөрийнх нь туслах найруулагчид гээд харин гурав, дөрвөн хүн ирсэн байсан.

-“Уурга” кино Өмнөд Монголд хэр их гарсан бол?

-Ер нь гараагүй шүү. Хятадад бараг нэвтрүүлээгүй. Ойрхноос зурагтаар ганц нэг гарсан гэсэн.

-Танаас нэг зүйл асуухгүй бол ердөө болохгүй нь. Тэр кинонд уургаа газарт зоож босгож байгаад үүлэн борооны ажил хийдэг дээ. “Монголчуудад ийм ёс байдаггүй, найруулагч нь орос хүн болохоор биднийг доромжиллоо” гэж нэг хэсэг шуугьсан даа?

-Монголчуудад уургаа босгодог ёсон байсан байна аа. Хижиг өвчний үеэр сэрэмжлүүлэг болгож уургаа босгодог, тэрийг холоос үзсэн хүн ойртож ирэлгүй ярьдаг байсан байгаа юм. Хижиг өвчин чинь их аюултай халдварт өвчин болохоор ингэж сэрэмжлүүлдэг байж. Харин энэ ёсыг найруулагч маань арай өөр өнцгөөс кинондоо оруулсан байх.

-Та өөр ямар, ямар кинонд тоглов?

-Өмнөд Монголд тавьсан Чингис хааны холбогдолтой бүх кино, жүжигт миний дүр байгаа.

-Баасанжав гуайн тоглосон “Чингис хаан” олон ангит кинонд тоглож байсан гэж үү?

-Тэр цуврал кинонд тоглоогүй. 1985 оны, 1997 оны “Чингис”-т тоглож байсан. Өөр бас нэг Чингисийн тухай үлгэрт (уран сайхны. сур) кинонд тоглосон. Одоо ӨМӨЗО-ны далан жилийн ойд зориулсан хорин ангит кинонд тоглож байна. Ирэх оны долдугаар сард Өмнөд Монголын “Одон” телевизээр гарна.

-Та төрж өссөн Өмнөд Монголынхоо олон алдартантай найз байлгүй?

-“Чингис хаан” киноны жүжигчин Баасанжав гуай, алдарт дуучин Тэнгэр нараас өгсүүлээд олон сайхан найз нөхөд байна. Тэнгэртэй бүүр их найз. “Уурга” кинонд тоглосны дараа Тэнгэрийн гэрт уригдаад хонуут өнжүүтээр найрлаж байсан. Баасанжав гуай бол миний яриан байхгүй сайхан ах шүү дээ.

-Таны аав, ээж ямаршуухан аж төрөлтэй хүмүүс байв?

-Аав маань улсын албан хаагч, ээж малчин хүн. Ах дүү долуулаа, гурван эгч, гурван ахтай. Би айлын отгон хүү. Хүү маань арван гурав хүрч байна. Би “Уурга”-д тоглосныхоо дараахан Парисын нэг жүжгийн хүрээлэнтэй гэрээ хийж тэнд очсон юм.

-Монголд ирээд хаа очиж үзэв?

-Чингис хааны том хөшөөтэй газар очиж үзлээ.

-Цонжин болдог уу?

-Тийм ээ. Тэнд л очлоо.


Categories
мэдээ цаг-үе

Бөхөх одны гэгээ

Зохиолч, орчуулагч Х.Хангайсайханы “Бөхөх одны гэгээ” өгүүллэгийг хүргэж байна.

Амьдралдаа би тэр авгайг тийм сайхан явахыг харна гэж бодоогүй шүү. Тэгж бодохоос ч өөр аргагүй, үүр цүүрээр босоогүй айлын хаалга балбаж, хэрэгтэй юм шиг заавал онгойлгуулж ороод архины мөнгө гуйж, хэдэн төгрөг авахаас нааш албатай юм шиг гарахгүй, сөхрөн уйлан дуулан гуйдаг хүнийг тэгж бодохоос өөр яах билээ? Нүүр царай, үс зүс гэж авах юм байхгүй, шуудхан хэлэхэд эмгэн шулам шиг тэр амьтнаас сэжиглэхдээ бид мянган төгрөг өгч салахын түүс болж, хаалгаа хааж авдаг байлаа. Архичдын уудаг “найрка” гэж нэрлэх хорт шингэний үнэ болох мөнөөх мянган төгрөг салгаж авбал тэрээр тэнгэрийн умдаг атгасан юм шиг баярлан, хэнийг ч болов үнсэх гэж зүтгэн, архи, тамхи үнэртсэн хошуугаа цорвойх нь бүх биеийн жихүүдэс хүргэнэ. Тийм байдалтай манайд олон өглөө, үдэш “хүч түрэмгийлэн” орж ирсэн болохоор бид түүнээс бүр залхаж гүйцсэн юм…

Тэр авгай чухам хэдийд манайд анх ингэж ирснийг би мэдэхгүй. Түүний, төрсөн дүүгээсээ өргөж авсан ганц охин болох Бүжингаа гэж тав, зургаан насны бяцхан охин манай бага охинтой хамт нийлж тоглодог болсноос л хамаг хэрэг үүдсэн билээ. Тэднийх бүр манай гудамжны эсрэг талын орон сууцны хуучин байранд амьдардаг айл. Нөхөр, ганц төрсөн хүүхэд нь хэдэн жилийн өмнө автомашины ослоор нас барсан юм гэнэ билээ. Ингэж бяцхан охин, охиныг өргөж авсан эжий хоёр амьдрах болжээ. Уг нь энэ авгай залуу зандан насандаа урлагт авьяасаа сорьж, муугүй бүжигчин байжээ. Улсын урдаа барьдаг бүжигчин урт хугацаагаар чөлөө, амралт авч урлагийн чухал ажлыг хийдүүлэх, таслах ёсгүй гэсэн хатуу журамтай байж, байгалиас заяасан төрөлхийн авьяасаа амьдралынхаа гялсхийн өнгөрөх зурвас үед чухамхүү эх орондоо зориулж, гадаад, дотоодод улсынхаа нүүр тахлаж өнгөрөөжээ. Хар багаасаа бүжиглэсэн учир дөч гараад л өндөр насны тэтгэвэртээ суусан аж. Түүнийг бас биеийн хэв галбир эвдэрнэ, энээ тэр гэсэн амь, албаны бодол, дарамтаас болж ганцаас илүү хүүхэд төрүүлж чадаагүй гэх юм билээ. Олон ч удаа үр хөндүүлж, бие болон сэтгэлийн зовлон амссан нэгэн гэж дам дуулснаа эргэн санав.

“Нөхөр нь цэргийн дарга байсан, хүүтэйгээ автын ослоор нас барсан, тэгээд сэтгэл санаагаар унаж, гашуун нясуун ундаагаар сэтгэлээ засдаг биз дээ. Яахав зайлуул, ядарсан амьтан, хөөрхий…” хэмээн эхнэр маань нэгэнтээ түүнийг өрөвдөн ярьсан юм. Би ч бас тэгэхэд “Ядарсан биш, задарсан авгай …” гэх гэснээ “Зовлон гэдэг хэцүү, хэнд ч ялгалгүй ирдэг хорвоо. Нөхөр, хүүхдээсээ тэгж хагацсан өдий насны эмэгтэй яаж ч сэтгэл, санаагаар өөдрөг байх билээ. Хөөрхий тэгж л гунигаа тайлж, тайтгардаг биз. Гэхдээ ухаант хүмүүн гэдэг амьтан зовлон даадаг гэдэг биз дээ…” гэж гүймэгхэн бодоод өнгөрсөн билээ. Гэтэл ёстой нөгөө даврах гэгч болдог байгаа… Эхэндээ манайхаар долоо, арав хоногтоо нэг ирж, “Бэлэн архи байвал өгөөч. Гэрт хүн ирлээ. Дараа аваад өгчихье. Архи байхгүй бол шил архины мөнгө зээлдүүлээч…” гэнэ. Бид аль байсныг нь өгдөг байлаа. Эхнэр ээлжийн, би өдрийн ажилтай тул хэн манайхаас хэзээ юу авсныг тэр бүр ярилцаад байхгүй. Харин нөгөө авгай сүүлдээ бүр өдөр өнжилгүй шахам, бүр орой, өглөөгүй ирж архины тухай “асуудал” болдог боллоо. Бодоод, ярилцаад байсан чинь надаас авсан архи, мөнгөө надад, эхнэрт ч өгөөгүй, эхнэрээс авснаа бас хэнд ч өгөөгүй болж таарлаа. Нэг өглөө хар үүрээр амьтан босоогүй байхад хүн хаалга нүдэж, бүр муу юм бодогдуулахад хүргэв. Өтөл настай хөгшчүүлтэй улс бид юу эс бодох билээ. Тэгтэл мань архичин хар авгай. Шал согтуу, шүлсээ үсчүүлэн, мэндийн ч зөрөөгүй:

– Алив, нэг шил юу… Эс … Эсвэл мян… мянган төгрөг… гэж үгээ зөөн бөгцийсөн, ёстой хөсрий царайтай юм хөл дээрээ тогтож ядан байв. Миний сэжиг хүрч, уур оволзоно гэдэг жигтэйхэн, хэлэх үгээ олж ядахдаа:

– Ёстой хуцваа, чи… гээд хүчтэй түлхээд хаалгаа татлаа. Тэгтэл хаалганы цаана арай л ойчсонгүй бололтой:

– Миний дүү, чи эгчийгээ бодооч ээ. Тэгж болохгүй ш дээ, энэ чинь, Ий ий…” гээд уйлан дуугарав. Би “Муу архичин хар авгай баашилж байгаагий нь…” гэж амандаа үглээд хаалгаа янгинатал түгжсэн тул тэрбээр хаалганы савхан мод хэдэнтээ самраад нээрээ удтал енгэнэтэл уйлж байгаад чимээ тасарч билээ.

Сүүлд бодохноо тэр авгай бараг довжоон дээр сөхөрч үсээ зулгаасан санагддаг юм. Түүнээс хойш тэр манайд дахиж ирээгүй юм. Харин нэгэнтээ би гудамжны эсрэг талын хүнсний дэлгүүрээр ажил тарснаас хойш нэлээд орой ороход мань авгай таарав. Дэлгүүрт худалдагч, тэр хоёроос өөр хүнгүй шахуу байлаа. Нэг бага насны хүүхэд юу ч юм авч гарч явлаа. Авгайн хувцас, хунар, нүүр, ам гэж тааруухан. Гэхдээ тэр нэгэн өглөө ирдгийгээ бодоход арай дээр. Хувийн дэлгүүрийн худалдагч авгайгаас шил юм гуйсан бололтой. Нэлээд царайчлангуй зогсоо нь илт байлаа. Цаадах нь энэ хүний зовлон мэдэх авч ер тоосон шинжгүй:

– Хэн минь (Тийм ээ, түүний нэрийг хэн ч мэддэггүй байсан юм. Архичин хар авгай л гэнэ) явж үз. Худалдан авагчдад битгий саад бол… гэж илт хөөж, салахын түүс болж байлаа. Авгай, намайг дэлгүүрт орж очиход цочих шиг болсноо, төдөлгүй царай нь арай баясангуй болж:

– Оо, Дамдин дүү минь. Сайн уу? Танайхан сайн уу?.. гэж зориг муутайхан мэнд мэдэв. Дэлгүүрийн худалдагч бид хоёр луу ээлжлэн нэлээд сүрхий харснаа:

– За, сонин л юм байна. Архичин авгай, албан хаагч, дарга залуу хоёр танил байдаг… гэж нэг бодлын үнэнхүү гайхаж, нөгөө бодлын ёжилж хэлэв. Би ч энэ хоёр хүнийг аль алиныг нь сайн мэдэх тул:

– Үгүй яахав даа, энэ хүнийг танихгүй хүн манай энэ хороонд байхгүй байх аа. Бас намайг ч танихгүй хүн байхгүй. Олны танил л хүмүүс байгаа биз… гэж бас нэг бодлын бяцхан заль гаргаж, нөгөө бодлын үнэнийг хэлэв. Авгай, хэдийвээр цагаандаа гарсан архичин ч гэсэн хулмалзаж байнаа. Би дэлгүүрт мах, ногооны үнэ сонирхож бараг зүгээр шахуу орсон тул юу авах билээ. Хэдэн хором саатаад гарав. Гэтэл авгай ч миний хойноос дагаад гараад ирлээ шүү. Тэгснээ нэг л зориг муутайхан:

– Үгүй, эгч нь… гээд надаас харц дальдрав. Би ч “Нүүр өгөхгүй дээ…” гэж бодсон авч, яагаад ч юм сэтгэлийг нь нэг ч болов засах санаатай:

– Таныг юм хүртэхгүй байгаа гэсэн яалаа? гэвэл авгай муухан инээмсэглэх аядаад:

– Харин, одоо, би… гэж хэдэн эв хавгүй үг хэлэв. Би түүний нүүр лүү эгцлэн харж:

– Таны нүүр царай чинь гайгүй байна, одоо цаашдаа ингээд явбал бүр сайн болно шүү дээ гэвэл, авгай царайчлангуй инээмсэглээд:

– Дамдин… Эгчдээ ганц мянган төгрөг өгчих, тэгэх үү? гэж түгдрэлгүй асуув. Би ч энэ удаад сэтгэл нэг л уярч, өөрийн эрхгүй, гар минь энгэрийн халаас руу явлаа. Энэ мөчид авгайн нүүр чухамхүү баяраар яаж гийснийг үгээр хэлэх аргагүй. Би халаасаа тэмтрэн байж мянган төгрөг гаргаж өгөхдөө:

– Эгч минь, одоо, ганц муу охиноо бод л доо. Бас биеэ бод. Таны биеийг төмрөөр хийгээгүй шүү дээ гэвэл, авгай мянган төгрөгийг нэг л яаралгүй авч, нэгэнтээ шүүрс алдаад:

– Их баярлалаа, дүү минь. Эгч нь тэгнээ… гээд цааш эргэв. Би ч гудамж хөндлөн гарлаа. Тэр өдрөөс хойш хэдэн сар өнгөрч, авгай ч, түүний өргөмөл охин ч харагдахгүй байсныг би огт анзаарахгүй явжээ. Нэгэнтээ охин минь “Бүжингаа” гэж ярихын улмаас би “Харин тэд яасан бэ?” гэж гэрийнхнээсээ асуув. Охин минь “Бүжингаагийн ээж нь архи уугаад болохгүй болохоор Бүжингаа гомдоод, уурлаад өөрийн төрсөн ээж, аав хоёр дээрээ оччихсон. Ирэхгүй гэсэн. Тэр архичин ээж нь хойноос нь очиж авчрах гээд чадахгүй байгаа. Одоо тэр архичин ээж нь ч энэ гэртээ байхгүй” гэж ярив. Эхнэр ч хажуунаас нь “Тэд энд байхаа больсон гэнэлээ. Бүжингаа, нялх охин тэр архичин авгайн хажууд яаж байх вэ дээ. Төрүүлсэн эх, эцэг нь аваа биз…” гэснээр бидний яриа дахин тэдний тухайд гараагүй уджээ.

Харин өнгөрсөн хаврын нэгэн нарлаг, тогтуун өдрийг би одоо ч сайн санаж байна. Тэр өдөр тохиолдсон үйл явдлын тухайд би гэрийнхэндээ бүр баяр хөөр болгон ярьж билээ. Дөрвөн сарын сүүлчээр юмдаг. Намайг хотын төв номын сангийн буудал дээр буутал, нүдний буланд нэг л танил эмэгтэй өртлөө. Лавлан харвал нөгөө архичин хар авгай аж. Юу вэ, ёстой төрөл арилжсан мэт байв. Хөх торгон дээл, нарийхан шар дурдан бүс, өндөр өсгийтэй, урт түрийтэй сүүлийн үеийн загварын хар гутал… түүнд зохисон гэдэг жигтэйхэн. Үс, гэзгээ ч засуулсан, нүүр амаа будсан нь гайхалтай. Тавь гарсан настай авгай гэхэд хорин тавт шиг харагдсан шүү. Би бүр уулга алдан мэндэлсэн гээч. Харин авгай над руу үнэнхүү баяртай харж, сэтгэлээсээ инээж, мэндэлснээ:

– Эгч нь тун яарч явна!.. гээд зөрж одов. Тэр хаашаа ч юм үнэнхүү яарч явсан юм. Дахин над руу эргэж ч хараагүй. Харин би түүнийг холдон, олны урсгалд далд орон ортол зогсон харж билээ. Тэр, тэгэхэд ёстой хорин насандаа Улсын дуурь бүжгийн театрт бүжиглэж байсан шигээ төсөөлөгдсөн шүү. Яг тийм л бүжигчин гоолиг бүсгүй явсан байх. Цагтаа тэр одоогийн хэллэгээр бол ёстой “Од” байсан буй заа. Од гэснээс “Бөхөх одны гэгээ дэндүү хурц байдаг” гэж би нэгэнтээ номноос уншсан ч бил үү, эсвэл хэн нэгнээс сонссон санагдана. Энэ бүхнийг өгүүлэхийн учир гэвэл, тэр хүнийг нас баржээ гэж өнөөдөр манай гэрт яриа болж байгаатай холбоотой юм шүү дээ, хөөрхий!..a

Categories
мэдээ цаг-үе

Сангийн аж ахуйн салдаггүй хэд

Төв аймгийн Жаргалантын арван жилийг 1983 онд төгссөн охид хөвгүүд манай булангийн зочид. Уг нь эдний төгсөлт дөрвөн бүлэгтэй. Гэхдээ өнөөг хүртэл “а”, “б”, “в”, “г” гэж ялгарахгүйгээр биенээ гэсээр яваа нэг ангийнхан. Дундаа “нэг ангийнхан” гэсэн групптэй. Эмнэлэгт хэвтсэн, дотнын хүнээ алдсан гээд зовлон тохиолдсон нэгнийгээ мартана гэж үгүй. Ямар сайндаа л саяхан хагалгаанд орсон ангийн охиноо бөөнөөрөө эргэж очоод “Гранд мед” эмнэлгийнхнийг гайхашруулахав дээ. Цэцэгмааг нь эмчилсэн эмч нар “Та нар тэгээд үнэхээр нэг ангийнхан юм уу. Бүлэг ялгарахгүй ийм дотно хэрэг үү” гэж ирээд гайхацгааж. 1983 оны арвынхан “Нэг ангийнхан” групп дээрээ өдөр тутмын амьдралаа хүүрнэн өгүүлэх нь холгүй юм болдог гэнэ. Асуудал гарсан нэгэндээ сэтгэлээрээ цуглуулсан таван төгрөгөө бариад очдог халуун сэтгэлтэй 1983 оны төгсөлтийнхөн сургуультайгаа холбоотой ямар ч арга хэмжээнд бөөнөөрөө шуугиад очдогоо ярив. Цэцэгмаа, Гантогоо, Норовжав, Алиманцэцэг дөрөв ангийнхнаа төлөөлж ирсэн юм. Тэдэнд “а”, “б” гэж бүлгэрхэх юм үнэндээ алга. Цэцэрлэгээсээ хамт байсан жаалууд нэгдүгээр ангид хамтдаа орж, нэгээсээ дөрөв, таваасаа найм, наймаасаа аравт дэвшицгээсэн ч найзуудын дотно харилцаатай ижилдэцгээж. Сангийн аж ахуйн хүүхдүүд болсон хойно хөдөлмөр зуслан, тариа, ногооны талбай, жимсний сад, саалийн ферм гээд хавар, зун, намаргүй ангиараа элдэв ажилд дайчлагдана. Давжаа алим, чацаргана, лууван, байцаа, төмс гээд хураагаагүй жимс ногоо үгүй гэнэ. Хавар, намрын хөөртэй өдрүүд тэднийг нэг анги мэт ижилсүүлсэн бололтой. Цэцэгмаа “Лууван хураавал луувангаа иднэ, арай л төмс идээгүй байх” гэж хошигнож байна. Хавар хичээл тарангуут жимс, ундааны цехэд ажиллаж ном, дүрэмт хувцасны мөнгөө олдог хүүхэд зөндөө байж. 800 үнээний фермд ажилласан өдрүүдээ дурсахдаа охид инээд алдаад жигтэйхэн. Майханд багшийнхаа хүүхдийг харж хоноод буханд дайруулах дөхсөн Оюунбилэг, чихэнд нь хорхой орсон Баярмагнайгийн чихэнд сүүлний тос халааж хийгээд царцааж хөглөсөн Чукагийн паян гээд охидын дурсамж дуусах шинжгүй. Алимаа Тогоо хоёр үнээ сааж, Баярмаа Бямбажав хоёр хоол хийдэг байсан л гэнэ, Гантогоо Алимаа хоёр загсаасан өрмөө алдчихаад сандарсан л гэнэ, хулгайд алдсан өрөм, талхыг нь адуу манасан хөвгүүд туучихдаг байсныг тээр сүүлд мэдсэн л гэнэ. Тэртээх өдрүүдийг өнгөтэй будагтай нь санаад дуу шуутай байна гэж.

Саалийн фермийн хөгжилтэй өдрүүдийг залгаад дээс, резин, сагс тоглож, тэшүүрээр гулгаж өнгөрөөсөн сумын төвийн хөөртэй өдрүүдийн дурсамж үргэлжлэв. Цэцэгмаагаар тэшүүр заалгаад сүүлд улсад гэж яригдах тамирчин болсон Тэгшжаргал, хагассайн бүрд болдог сургуулийн бүжгийг цагаан парчикаа толийтол индүүдээд хүлээдэг байсан охид, вальсаар гайхуулдаг Гэрэлчимэг, Бямбатогтох, Гантулга, Энхжаргал, Цэрмаа, Эвлэлийн үүрийн хурлын өмнө гитардарж “венсремос” дуулдаг улс төрийн дууны хамтлагийнхан, онц сурлагатнуудад очдог өвлийн өвөөгийн алим, иштэй чихэр, нар хамба, баавгайтай чихэрхэн багтдаг бэлгийг хоног тоолон хүлээдэг байсан ахлах ангийнхан, Жаргалант тойрсон сумдаас ирсэн өөр зуураа амь гэж жигтэйхэн дотуур байрны хэд… 1983 оны төгсөгчдийн тухай дурсамж хэдэн ч цаг өрнөж мэдэхээр юм. Цуглаж суусан дөрөв сурлагаараа үеийнхнээсээ онцгойрсон Энхбаяр, Мөнх-Уул, Өрнөхбаатар, Баярмаа, Алиманцэцэг, Оюунтунгалаг, Түмэндалай, Алтаннавч, Баярмаа, Баасанжав, Түдэвваанчиг, Мөнхжаргал, Баярмагнай, Байгальмаа Лхагвадулам, Аюурзана, Эрдэнэцэцэгийгээ дурсав. Онц сурлагатнуудын нэг Норовжав “Хүн үлдээгээд байна, манайхан гомдох вий дээ” гэж байна.

Бүлэг ялгахгүй ижилдэх болсонд багш нар нь ч нөлөөлжээ. “б”, “в”-г дааж авсан орос хэлний Хонсол, математикийн Цэрэнпил хоёр гэр бүл гэнэ. Паралель анги дааж авсан гэр бүлийн хоёр уралдаан тэмцээний үеэр ангийнхнаасаа болж өөр зуураа цагаан маргаан дэгдээдэг байж. Шавь нар нь багш нараа магтана гэж жигтэйхэн юм. Зун ангиараа багшийндаа очдогоо баахан ярив. Цэрэнпил багшийнхаа гэрт хүүхдүүд нь юм шиг л хонож өнжицгөөдөг нэг ангийнхан сургуулийнхаа 30 жилийн ойгоор хоёр багшийгаа дагуулаад Монгол орныхоо үзэсгэлэнт байгалиар аялжээ. Монголоороо аялчихаад Бээжин явсан аж. Мөн л ангиараа, гурван багштайгаа хамт. “А”-гийн Эрдэнэчимэг багшийн нөхөр нь тухайн үед хичээлийн эрхлэгчээр ажиллаж байж. Хичээлийн эрхлэгч байсан Самбуу багшийгаа дотночилдог нь ийм учиртай юм байна. Биологийн Насанхүү, математикийн Цэрэнбалжир, физикийн Жадамбаа гээд багш нарын тухай нандин дурсамж хөврөв. Дэгжин ганган, математикийг ой тойнд буутал хачин энгийн заадаг гэж Цэрэнбалжир багшийгаа магтаж байна. Физикийн Жадамбаа багшийг сургуулиараа Жа гэж хүндэтгэн дууддаг байсан гэнэ. Дотуур байрыг давхар хариуцдаг Жабагшийгаа Норовжав “Багш биднийг өглөө эртээ гэгч уулан дээр гарч билетээ унш гээд сэрээнэ. Одоо эргээд дурсах нь ээ уулан дээр дээл нөмрөөд хичээлээ уншиж суусан тэр мөч их гоё санагддаг. Үнэхээр хүүхдийн төлөө бүхнээ зориулдаг хүн байж билээ” гэж дурсав.

1983 оны төгсөлтийнхөн өөрсдийгөө шилжилтийн үеийг хэцүү туулсан гэж тодорхойлов. Гадаад дотоодод эрдэм номын мөр хөөгөөд дөнгөж ажилд орох цагт нь ерээд он залгасан гэнэ. Цэцэгмаа “Би хойно сургууль төгссөн юм. Төгсөөд иртэл ардчилал залгасан л даа. Яаман дээрээ очоод томилолтоо авна гэж бодож явсан ч огт өөр орчин угтсан. Цагийн байдал бусгаа, яамныхан бараг биднийг ад үзээстэй. Битгий ирээсэй гэж бодож байсан байх” гэж байна. Нэгдүгээр эмнэлэгт арга зүйчээр ажилладаг Гантогоо “Бид чинь хуваарь авахдаа хүртэл хүйсээрээ хэлмэгдсэн” гээд мушилзав. Тэр үед математикийн багшийн таван хуваарь ирлээ гэхэд гурав нь хүү, хоёр нь охин гэх мэтээр хүйсээр нь өгч байж. Сурлагаараа дээгүүр жагссан сурагчдын ихэнх нь охид байсан гэнэ. Охид хүйсийн хуваарилалтаас болоод өөрөөсөө муухан сурдаг хөвгүүнийг урдуураа оруулахаас аргагүйд хүрч байжээ. Эдний төгсөлтийнхөн инженерүүд олонтой юм байна. Норовжав холбооны инженер, Мөнх-Эрдэнэ барилгын зөвлөх инженер гээд жагсаавал олон хүний нэр гарах бололтой. Хөдөө аж ахуйн дээдийн хуваарийг нэлээд олон нь авчээ. Эдний анги гурван эмчтэй. Оюунтунгалаг, Аюурзана Булгамаа нар эмч мэргэжил сонгожээ. Булгамаа нь Польшид мэргэжлээрээ ажилладаг юм байна. Сургуулиа төгсөөд л нэгдүгээр эмнэлэгт эмийн санчаар орсон Байгальмаа нь өнөө ч тэндээ ажилладаг гэж ангийн охид ам нийлүүлэв. Гавьяа шагнал гэвэл салбарын тэргүүн олонтой анги юм. Хөдөлмөрийн хүндэт медальтнууд ч нэлээд хэд бий гэнэ. Охид ангийнхаа Болдбаатарыг “Алтан гадас”-тай гэцгээв.

Сангийн аж ахуйн сургуульд тохой нийлүүлснээсээ хойш өнөөг хүртэл биенээ гэсээр яваа энэ ангийнхан ойрын өдрүүдэд дахиад л цуглаад эхэлж. Сумынхаа 90 жилийн ойд тус дэм болох гэж ойрхон уулзангаа яриа хөөрөө өрнүүлэхээр товложээ. Бүгдээрээ жирийн л сайхан амьдралтай, зарим нь ач зээгээ харж халамжилж яваа 1983 оны арвынхан өнгөрсөн жилээс шинэ жилээ хамтдаа угтдаг болж. Ёолкоо ирэх жилээс уламжлал болгох санаатай байгаа гэнэ.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Ноён Бондгор: Ноён Бондгор биш харин Цагаанравдангийн Амарбаяр гэж дуудуулахыг хүсч байна

Ц.Амарбаяр буюу “Ноён” Бондгортой ярилцлаа. Тэрээр тун удахгүй “Монголд төрсөн минь учиртай” тоглолтоо хийхээр болсон байна.


-“Монголд төрсөн минь учиртай” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтод тань хичнээн уран бүтээлчид оролцох бол?

-Тоглолт маань дөрөвдүгээр сарын 15-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно. Би тоглолтынхоо зар сурталчилгаан дээр ямар уран бүтээлчид оролцох тухайгаа тавиагүй байгаа. Учир нь уран бүтээлч хүн бүрт тоглолтоо хийх зорилго байдаг. Миний хувьд өөртөө итгэлгүй байгаа юм шиг хэдэн гавьяатын нэр тавьж, эсвэл тоглолтыг бизнес болгож болсон болоогүй хэдэн дуу дуулаад хүмүүсийн халаасан дахь мөнгийг авахыг хүсдэггүй. Тоглолтыг хийж бүтээсэн зүйл минь хэр хэмжээнд явна вэ гэдгийг үзэх, сорих шалгуур л гэж боддог. Миний хувьд арван жил энэ урлагийн зам мөрөөр явж байна. Энэ хугацаанд хөдөлмөрлөж, зүтгэж явсны минь үр шим энэ тоглолтоор гарах болно. Тэгэхээр хэний ч тоглолт гэдэг нь мэдэгдэхгүй олон хүний нэр зоохыг хүсэхгүй байна л даа. Зөвхөн “Ноён Бондгор”-ын тоглолт гэдэг талаас нь хүлээж аваасай гэж бодож байна.

-Тоглолтоо яагаад “Монголд төрсөн минь учиртай” гэж нэрлэх болсон юм бэ?

-Монголд хүн бүхэн учиртай төрсөн. Ер нь бүх зүйл учиртай. Миний дуучин болсон болоод өөрийн тань түмэн олонд мэдээлэл хүргээд явж байгаа зэрэг гээд бүгд л учиртай байгаа. Миний хувьд яагаад Монголд төрсөн учраа олсон шүү. Харин ямар учиртай гэдгээ тоглолтоороо тайлагнахыг хүсэж байна. Мөн үзэгч түмнээ эх нутагтаа ямар учиртай төрснөө ярилцацгаая, дуулцгаая гэж уриалах байна.

-“Би Бондгор биш” гэсэн нэртэй цомгоо гаргасан. Мөн л цомгийн нэр анхаарал татаж байлаа. Энэ тухай яриач?

-Сүүлийн үед надад энэ нэрний тухай асуудал их бодогдож эхлээд байна л даа. Ер нь хүний эцэг эх үр хүүхдэдээ сайн сайхан, эрүүл энх байлгах гэж бэлгэ дэмбэрлийг нь бодож нэр хайрладаг. Гэтэл одоо өнөөх “Нэр бүтэн заяа” гэдэг ойлголт бүр алга болжээ. Хэн хүссэн нь л нэгнийхээ нэрийг товчилж, өөрчилж янз бүрээр дуудах болсон байх юм. Тэгэхээр одоо залуус маань энэ буруу хазгай зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Бид ийм байхад үр хүүхэд минь бидний өгсөн нэр алдрыг хүссэнээрээ солих элийрэл рүү явна гэсэн үг шүү дээ. Үүний оронд бүтэн нэрээрээ дуудуулж дүүрэн жаргалаа эдэлье л дээ. Энэ нь гоё биш гэж үү.

-Тэгэхээр та “Ноён Бондгор” биш Ц.Амарбаяр гэж дуудуулахыг хүссэн хэрэг үү?

-Аав, ээж өвөө, эмээ минь намайг бүр жаахан байхад “Бомбоолой”, “Бондгор”-оо гэх мэтээр өхөөрдөж, хайрлаж дууддаг байсан. Энэ нэр минь найз нөхөд, анги хамт олны минь дараа нь урлагийн замд ороход минь хүртэл хамтдаа явсаар өнөөг хүрчээ. Харин урлагт орход Ноён гэдэг үг нэмэгдсэн шүү. Мэдээж энэ нэр минь ээж, аавын минь өгсөн нэрнээс илүү түмэн олонд хүрч, цуурайтаад явж байгаад залуу хүний хувьд бахархалтай явдаг л юм. Гэхдээ ямар ч хүнд аавынхаа нэр алдрыг дуурсгаж, ижий, аавдаа бахархуулж амьдрах шиг сайхан зүйл байхгүй байх.

Түүнчлэн хайрласан нэр алдрыг нь үр хүүхэд нь сайн сайхнаар дуудуулах жаргал байдаг болов уу. Яахав, хайртай хүүгээ өхөөрдөж, хайрлаж Бондгор гэж дууддаг байсан хэдий ч аав минь намайг Амарбаяр гэж нэрлэсэн шүү дээ. Тийм учраас би олон мянган үзэгч цугласан тэр их танхимд Цагаанравдангийн Амарбаяр гэж дуудуулахыг хүсч байна. Энэ ч утгаараа цомгоо “Би бондгор биш” гэж нэрлэсэн. Цомгийн нэр маань нэг бодлын заль юм л даа. Бондгор биш гэхээр хэн билээ гэж хүн бодно байх. Тэр үед нь л би бол Ц.Амарбаяр шүү гээд хэлээд өгчихье гэсэн л ухаан юм.

-Таны “Ээжийгээ зүүдэллээ” гэсэн уран бүтээл үзэгчдэд хүрсэн. Энэ дууг дуулах болсон тухайгаа яриач?

-Энэ дууны аяыг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Пүрэвсүрэн, үгийг П.Далай тэрлэсэн юм. Би Пүүжээ ахтайгаа олон сайхан уран бүтээлүүд хийж байсан л даа. Миний “Амжилт хүсье”, “Миний найз”, “Хайрын солонго” гээд маш олон уран бүтээл дээр хамтарч байлаа. Нэг өдөр би Пүүжээ ахын студи дээр яваад орлоо. Төгөлдөр хуурын ард намуухан хөгжим дараад л сууж байдаг юм байна. Надад нэг ч аавын тухай дуу байдаггүй болохоор аавын тухай дуутай болох зорилготой очсон хэрэг. Гэтэл Пүүжээ ах хэлж байна. “Би удахгүй тоглолтоо хийнэ. Тоглолт дээрээ ээждээ зориулж дуулахаар нэг дуу хийлээ. Ах нь өөрийнхөө хийсэн цөөхөн дууг сонсч л огшиж уйлж байсан юм. Нэг нь чиний “Миний найз” дуу байсан бол өнөөдөр зохиосон ээжийн дуугаа сонсоод яалт ч үгүй уярчихдаг байна шүү. Ах нь нэг дуулаад өгье” л гэлээ. Сонстол үнэхээр сайхан дуу байсан. Би зүгээр ч сонссонгүй. Утасныхаа дуу хураагуур дээр бичээд авчихлаа. Маргааш нь яаруу сандруу ая данг нь тааруулж дуулаад, тоглолтоос нь өмнө бариад очсон юм. Ер нь дуу эзнээ олж, тэр агшинд уран бүтээл төрдөг байх гэж би боддог юм.

-Саяхан үзэгчдэд хүрсэн “Сайн аав” киноны “Амьдрал” дууг дуулсан байсан. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авав?

-Энэ их сайхан дуу л даа. Гэхдээ “Амьдрал” дууг яг энэ кинонд зориулж хийгээгүй юм. Өмнө нь энэ дууг хамгийн анх Мөнх-Амьдрал гэж миний хуурай дүү дуулж байсан. Нандинцэцэг гээд бүсгүй шүлгийг нь бичиж Мөнх-Амьдрал аяыг нь хийсэн байдаг юм. Гэхдээ би дуулахдаа шүлгийг нь УИХ-ын гишүүн С.Жавхлан ахаараа нэмүүлж бичүүлсэн. Ингээд дуу маань гараад удаагүй байхад “Сайн аав” киноны дуу болгоочээ гэсэн санал ирсэн юм. Яг энэ кинонд тохирох дуу байна гэсэн учир би ч гэсэн дуртай зөвшөөрсөн. Хүмүүсийн сонсох дуртай дуу болсонд баяртай байгаа.

-Гэр бүлд тань урлагийн хүн байдаг уу. Яагаад дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Би нэг ахтай, эхээс хоёулаа л юм. Би урлагийн гэр бүлд төрж өссөн юм шүү дээ. Өвөөг минь Баатарын Лхаасүрэн гэдэг. Бүжиг дэглээч, бий биелгээ судлаач хүн байсан. Өвөөгийн маань судалсан онолоор одоо болтол СУИС, ХБК зэрэг сургуулиудад зааж байгаад баяртай байдаг даа. Мөн дэглэсэн бүжгүүд нь өнөөг хүртэл тоглогдсоор байгаа. Мөн эмээ минь Долгор гэж уртын дууч байлаа. Ээж, аав урлагийн хүмүүс учир би эмээгийнхээ гар дээр л өсөж, хүмүүжсэн. Эмээгийнхээ дуулахыг сонсож, бүүвэйлэгдэж өссөн учир дуучин болсон юм болов уу даа.

Харин аав минь бүжгийн багш бол ээж минь Хилийн цэргийн урдаа барьдаг ганц бүжигчин байлаа шүү дээ. Монгол Улсын гавьяат бүжигчин Эрдэнэчимэг гэж хүн байдаг. Одоо бол ээж, аав хоёр минь хувийн бизнесээ хийгээд явж байна.

-Таныг урлагаас тэс ондоо мэргэжилтэй гэж сонссон…

-Би ШУТИС-д компьютер программистын мэргэжлээр гуравдугаар курс хүртлээ суралцаж байсан. Гэхдээ гуравдугаар курсээсээ хойш би их сургуульд сурах шаардлагагүй болсон. Сургууль надад хэзээ ч амьдралын ухаан, хүндлэлийг заахгүй юм байна гэдгийг ойлгосон хэрэг. Харин одоо би амьдралын их сургуульд сурч байна. Би сургуулиа хаяад Самандын Жавхлан гэдэг их сургуульд элссэн юм. Энэ сургуульд би үхэн үхтлээ л суралцана гэж боддог. Миний хийж бүтээж буй бүх зүйл энэ сургуулиас авч буй абшиг гэж болно. Ер нь өөрийгөө онц сайн сурч байгаа гэж бодож байгаа шүү. Хүмүүс “Чи Жавхланг л дагаад байх юм” гэдэг л юм. Надад бол Монголоо гэсэн сэтгэлтэй ахыгаа дагахад алдах зүйл байхгүй гэж боддог. Хамтдаа л Монголоо гэсэн сэтгэлээр зүтгээд явж байна. Болохгүй зүйл байхгүй шүү дээ. Бид хоёрыг эх оронч үзэл, Монголоо гэсэн сэтгэл нэгтгэж нэгэн зүгт байлгаж чаддаг юм. Ер нь ах минь луйвар хийдэг дарга нар шиг надаар мөнгө тараалгаад яваагүй. Харин надаар Монгол гэсэн сэтгэлгээг сурталчлуулж уран бүтээл хийлгэж байна. Наад захын жишээ л гэхэд ийм ялгаа байна даа.

-Улс төрд орох бодол бий юү?

-Шаардлагатай бол орно шүү дээ.

-Гэр бүлээ танилцуулаач. Хүүхэдтэй болж амжсан уу?

-Миний эхнэрийг Золзаяа гэдэг. СЭЗДС-ийг дүүргэсэн. “Тэгш нийгэм” ТББ-ыг ажиллуулж байна. Тэгш эрхийг бий болгох, зөв, сайхан зүйлийг түгээхийн төлөө тэмцдэг. Санал, санаачилгаа хамтдаа гаргадаг ч миний хувьд уран бүтээл рүүгээ илүү анхаарлаа хандуулж байна.

Одоогоор хүүхэдтэй болоогүй байна. Оройхон гараад ширүүхэн дайрна гэдэг шиг л юм болох гээд байна шүү. Ямартай ч олон хүүхэдтэй болно гэсэн бодолтой байдаг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Анхзул: Балетыг бүх бие, сэтгэхүй, тархиараа бүжиглэдэг

Энэ сарын 20-22-ны өдрүүдөд Токио хотноо болж өнгөрсөн “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд амжилттай оролцож хүрэл медалийн эзэн болсон 11 настай Б.Анхзул охинтой уулзаж ярилцлаа. Түүнийг Монголын сонгодог урлагийн төлөөлөл болох авьяастан хэмээн мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байна.


-Олон улсын нэр хүндтэй балетын уралдаан болох “The World Ballet Trial” (To­kyo stage-2)” уралдаанд амжилттай оролцсон байна, баяр хүргэе. Сайн яваад ирсэн үү?

-Баярлалаа. Энэ сарын 21-23-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын уралдаан “The World Ballet Trial” тэмцээний 10-13 насны ангилалд амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Хамгийн түрүүнд намайг энэхүү амжилтанд хүрэхэд маш их хичээл зүтгэл гаргаж бэлтгэж, зааж зөвлөсөн МУУГЗ Н.Энхтуяа болон “Монголын Үндэсний Балетын сургууль”-ийн багш МУГЖ Д.Алтанхуяг, Б.Батболд, Ц.Жаргалан, С.Ганбат багш нартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мундаг гайхалтай багш нарынхаа үргэлжлэл хойч үе нь болж байгаадаа их баяртай байна.

-Уралдааны хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар улсын балетчид байв. Хэдэн хүүхэдтэй өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болов?

-Хятад, Сингапур, Япон, БНСУ-ын нийт 120 гаруй хүүхэд оролцсон. Би бага насны хүүхдийн ангилалд 36 хүүхэдтэй өрсөлдөөд хүрэл медалийн эзэн болсон. Мөн дээр нь Бүгд Найрамдах Солонгос Улсад суралцах эрхийн бичгээр шагнуулсан. Ийм өндөр амжилт гаргаж чадсандаа үнэхээр их баяртай байна. Энэ тэмцээнд “Нойрсож буй гүнж”-ийн хөх шувууны гурван акт бүжгээр бусад хүүхдүүдтэй өрсөлдсөн.

-Олон улсын тэмцээнд ямар шалгуураар тэнцэж оролцсон бэ?

-Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ивээл дор МУГЖ Д. Алтанхуягийн нэрэмжит балетын анхдугаар их наадам “Монголын үндэсний балет”-улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлсэн. Ингээд “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн бичиг авсан юм.

-Олон улсын ийм томоохон тэмцээнд оролцоход хэцүү байв уу. Хөл нь өвдсөн үү?

-Хэлний хувьд сайн ойлголцож чадахгүй бэрхшээлтэй байлаа. Монголын үндэсний балетын сургуулийн Японд суудаг Б.Батболд багш их туслалцаа дэмжлэг үзүүлсэн. Миний бэлтгэл хийх заалыг бэлдэж өгч, яаж бүжиглэх талаар зааж зөвлөж, бүхий л зүйл дээр гүн туслалцаа үзүүлсэн багшдаа маш их баярласан. Тэмцээнд орохын өмнөх өдөр нь бэлтгэл хийгээд хөл цэврүүтэж бүжиглэхэд хөл өвдөөд их сандарсан. Маргааш нь тэмцээн дээрээ юу ч болоогүй юм шиг бүжиглэж чадсан. Яагаад гэхээр Н.Энхтуяа багшийнхаа хэлсэн “Маш их зоригтой итгэлтэй байгаарай, алдсан ч алдаагүй юм шиг маш тайван байх хэрэгтэй шүү” гэсэн зөвлөгөөг бодоод бүжиглэсэн дээ.

-Шагнал гардаж авч байсан үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Гүнзгий амьсгалаад аймаар догдлоод л нүднээс нулимс гараад л ээж аав багш нар маань нүдэнд харагдаад л их гайхаж, сандарч, баярласан. Дашрамд хэлэхэд энэ амжилтыг гаргахад маш олон зүйл надад нөлөөлсөн. Нэгдүгээрт, олон мундаг авьяастай багш нар бүхий л үед намайг дэмжиж өгдөг. Монголын үндэсний балетын сургуулийн найзуудын маань намайг явахад хэлж байсан урам зориг оруулах олон сургамжит үг маш их хүч өгсөн. Хоёрдугаарт, миний бүхий л хүсэл сонирхлыг дэмждэг, намайг өсгөж хүмүүжүүлж өдий зэрэгтэй өсгөсөн аав, ээжийн ач гэж бодож байна. Та нартаа маш их хайртай шүү.

Хэзээнээс балетаар хичээллэж эхэлсэн бэ?

-Анх зургаан настайдаа сонирхогчийн үүднээс “Шелкунчик” балетын сургуульд сурч эхэлсэн. Балетын урлагийн үндэс суурийг Номин-Эрдэнэ багш тавьж өгсөн. Багшийнхаа удирдлага дор гурван жил суралцсан. Балетын урлагийг үндэслэгч П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг анх удаа 2014 онд Монголд тоглогдож байна. “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин МУГЖ Д.Алтанхуягийн найруулан тавьсан энэ алдарт бүжгэн жүжигт мэргэжлийн сургуулийн бус 300 гаруй хүүхдээс шалгарч гол дүрд тоглосон. Амжилттай тоглоод МУГЖ Алтанхуяг багшийн нэрэмжит Монголын Үндэсний Балетын сургуульд үнэгүй суралцах эрхээр шагнуулсан. Одоо тэндээ суралцаж байгаа.

-Балетын урлагт хөл тавихад нөлөөлсөн хүчин зүйл юу байсан бэ?

-Би багын бүжиг бүжиглэх дуртай байв. “Шелкунчик” төгөлдөр хуурын сургуульд сурдаг байхад хажуу ангид балетын анги хичээлдэг байсан юм. Бүжигчин охидыг харж балетаар хичээллэх хүсэлтэй болсон. Гэр бүлийнхэн маань намайг энэ урлагт оруулсан. Мөн балетын урлагаар хичээллэхэд намайг маш сайн дэмжиж өгдөг.

-Балетаар хичээллэхэд ямар шалгуурууд байдаг вэ?

-Би мэргэжлийн балетчин биш суралцагч. Гэхдээ балетчин болохын тулд сонсгол, нуруу, царай, биеийн галбир, сунгалт, бүжгийн эвсэл зэрэг маш олон шалгууртай. Энэ шалгуурт тэнцэхээс гадна балетын урлагт чин сэтгэлээсээ хайртай, зөвхөн энэ урлагийн төлөө амьсгалж, зүрх нь цохилж зүтгэдэг байх ёстой. Балетын урлаг бол цэл залуу насны урлаг юм. Балетыг бүх бие, сэтгэхүй, тархиараа бүжиглэдэг. Хөл цэврүүтэж өвдөх үе гарна, энэ бүхэнд асар их сэтгэлийн бэлтгэлтэй, хаттай байх шаардлагатай гэж боддог.

-Балетаар хичээллэдэг учраас зав багатай байдаг уу. Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Дугуй унах дуртай. Би ерөнхий боловсролын “Шинэ үе” дунд сургуулийн зургадугаар ангид суралцдаг. Өглөө хичээлдээ явчихаад хичээлээ тараад, үргэлжлүүлээд балетын хичээлдээ явдаг. Иймээс надад зав чөлөө маш бага. Заримдаа хичээлээсээ хоцрогдох тохиолдол гарна. Гэхдээ энэ бүхнээ амжуулаад амжилттай суралцахын төлөө зүтгэж байна.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Маш олон тэмцээнд оролцож өөрийгөө улам хөгжүүлж алдартай балетчин болно. Дахин өөрийн улс орон болон аав, ээжийнхээ нэрийг сайн сайхнаар гаргахын төлөө хичээж илүү сайн суралцана даа. Том том зорилгууд байгаа.

-Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай сонины хамт олонд болон Монголын үндэсний балетын сургуулийнхандаа өндрөөс өндөр амжилт хүсье.

Н.ГАНЧИМЭГ

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн шинэ тэрбумтан буюу “Snapchat”-ийн Эван Спигел

“Snapchat”-ийг үүсгэн байгуулагч Эван Спигелийн хөрөнгө энэ сарын 1-ний байдлаар 6.2 тэрбум ам.долларт хүрсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Хөрөнгийн хэмжээ нь богино хугацаанд асар хурдтай нэмэгдэж дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын цээжин хэсэг рүү “давхиж” байгаа түүнийг “26 настай залуу дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтад хурдтай явж байна”, “23-хан насандаа тэрбумтнуудын жагсаалтад нэр бичигдсэн Спигелийн нийт хөрөнгө 6.2 тэрбум ам.долларт хүрээд байна”, “Энэ эрчээрээ явбал Спигел “Фэйсбүүк”-ийн Марк Цукербергийн амжилтыг эвдэж мэдэх нь”, “Богино хугацаанд өөрийн хүчээр ингэж тэрбумтан болсон залуус хэр олон байдаг вэ” гэх мэтээр онцолж байна. Гар утсаараа зураг авахаар нохойных шиг чихтэй болж урт гэгчийн хэлээ унжуулдаг хөгжилтэй аппликейшн байдаг шүү дээ. Манайхан энэ программыг ашиглан зургаа янз бүрийн байдалтай даруулсан байдаг. Энэ snapchat гэдэг юмыг зохион бүтээсэн үүсгэн байгуулагч нь Эва Спигел юм.

Эван Томас Спигел 1990 оны зургадугаар сарын 4-нд Лос-Анжелест төржээ. Стэнфордийн их сургуульд сурч байхдаа тэрээр Браун, Бобби нартай танилцсан бөгөөд тэр үед тэд “Snap” компаниа үүсгэн байгуулсан байна. Их сургуулийн оюутнууд лабораторийн хичээл дээрээ өвөрмөц маягийн мессенжер зохиоё. Бичсэн мэдээ, харилцан бичилцсэн бичвэр, зураг сэлт нь тодорхой хугацааны дараа өөрөө устчихдаг байх нь аюулгүй байдал талаасаа хүмүүст таалагдах байх гэсэн санаан дээр тэд нэгдээд snapchat буюу тухайн үед Pictaboo-гоо нийтэд танилцуулжээ. Pictaboo-д 127 хэрэглэгч бүртгүүлсний дараа Браун “Энэ миний санаа байсан. Тиймээс компанийнхаа 30 хувийг эзэмшинэ” гэсэн нь хамтрагчдад нь таалагдаагүй учир нөгөө хоёр нь түүнийг компаниасаа гаргаж, түүний аккаунтуудыг нь блоколжээ. Энэ бол 2011 оны үе. Snapchat-ийн үүсэл эндээс эхтэй.

Ингээд Бобби, Спигел Pict­aboo-гийнхоо нэрийг Snap­chat болгоод хэрэглэгчдээ ахлах ангийн сурагчид байхаар төсөөлж байтал тэр хүрээнээс хальжээ. Энэ нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж 2013 онд “Фэйсбүүк”-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг компанийг нь гурван тэрбум ам.доллараар худалдан авахыг санал болгоход татгалзсан нь тухайн үед шуугиан дэгдээж байсан юм. Алдрын оргилд мөн л гайхамшигтай байдлаар хүрээд байсан Цукербергийн саналаас ийнхүү татгалсан нь эргээд “Snapchat”-ийг дэлхийд сурталчилсан том сурталчилгаа болсон гэж дүгнэх нь бий. Магадгүй тэр үед “Snapchat”-ийг “Фэйсбүүк”-ийн сүрэнд алга болно гэж таамаглаж байсан нь өнөөдөр ийнхүү няцаагдаж байгаа юм. Мэргэжлийн улсууд нь Snap­chat-ийг дагавар программ, хачир төдий аппликейшн маягийн хэмжээнд үнэлсэн нь эндүүрэл байсан гэдэг. 2014 онд “Snapchat” компанид “DST global” сангаас хөрөнгө оруулах үед тус компанийн нийт үнэлгээ хэдийнэ долоон тэрбум ам.долларт хүрээд байлаа. Тэр үеэс “Snapchat”-д хөрөнгө оруулах саналд дарагдаж 2015 онд тус компани 200 сая ам.доллар, өнгөрсөн оны эхээр 175 сая ам.доллараар хөрөнгөө зузаатгасан билээ.

“Snapchat” Америк, Канадад л гэхэд 60 сая гаруй хэрэглэгчтэй болоод байна. Дэлхийн 161 сая хүн өдөрт дунджаар хагас цагийг “Snapchat”-д зарцуулж байгаа нь яалт ч үгүй компанийн үүсгэн байгуулагчдын хөрөнгийг нэмж байгаа үзүүлэлт мөн. Нэг секундэд 9000 пост “Snapchat”-д ордог.

Спигелийн аав Ж.В.Спигел, ээж Анн Мелисса нар нь хоёул хуульч мэргэжилтэй улсууд бөгөөд хүүгээ багаасаа л дайчин чанартай, нэг зүйлд төвлөрвөл ард нь гарч байж санаа амардаг хүү байсан тухай ярьжээ. Спигелийг оюутан байхдаа энд тэнд ажиллаж, “Red bull”-д хүртэл дадлага хийж байхдаа цалин авч байгаагүйг нь онцолсон байна.

Оюутны ширээнээс л цахим ертөнцөд хөл тавьж өдгөө дэлхийн долларын тэрбумтнуудын жагсаалтад нэр төртэйгөөр бичигдэж байгаа Эван Спигелийн хувийн амьдрал ч олны анхаарлыг татдаг. Спигел 2014 онд Нью-Йорк хотноо болсон “Louis Vuitton”-ий үдэшлэг дээр загвар өмсөгч Миранда Керртай анх танилцсан бөгөөд дараа жилээс нь хосууд харилцаатай болж улмаар өнгөрсөн оны долдугаар сард сүй тавьсан юм.

Спигел өнгөрсөн онд дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгөөрөө дэлхийн баячуулын 854 дүгээрт эрэмбэлэгдэж байсан бол жил хүрэхгүй хугацаанд хөрөнгө нь 2.6 тэрбумаар нэмэгдсэн нь түүнийг энэ эрчээрээ дахиад гурван жил явбал тэргүүлэх хорин тэрбумтны жагсаалтад орох залуу баян болно гэж таамаглаж байна.

Snapchat-ийн хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бизнес эрхлэгчдэд “Фэйсбүүк”-ээс гадна өөр сувгаар сурталчилгаагаа хүргэх томоохон боломжийг бүрдүүлдэг гэж үздэг. Хэрвээ танай компани бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд, хилийн чанадад таниулахыг хүсч байгаа бол snapchat нэг том боломж гэдгийг ажиглагчид хэлдэг, зөвлөдөг.

Манайхан “Твиттер”-т ухаан муутай хүн алга, “Фэйсбүүк”-т царай муутай хүн алга гэдэг. Харин “Snapchat” нь хөгжилдөх, хөгжилтэй байх газар. Энэ чанар нь л “Snapchat”-ийг үүсгэн байгуулагчдыг ийнхүү баян болгоод байгаа юм. Нөгөөтэйгүүр Эван Спигелийг баячуудын эгнээнд хүч түрэн зогсолтгүй дээшилж байгааг “Дэлхий нийт элэгсэг, найрсаг, хөгжилтэй байхыг илүүд үзэж байгаа нь баячуудын эгнээнд “Snapchat”-ийн 26 настай залуу орж ирснээр харагдаж байна” хэмээн дүгнэж байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ганхуяг: Татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй

УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Д.Ганхуягтай ярилцлаа.


-Хөгжлийн банкныхаа бондын 580 сая ам.долларыг манай Засгийн газар “Хуралдай” хэмээх бондоор солилоо. Япон улсаас 850 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон гээд эдийн засаг талын зүйлс нэлээд яригдаж байна. АН-ынхан зээл авлаа гээд мөн ч их баалуулж байсан байх аа. Та эдгээр үйл явдлуудыг хэрхэн харж байна вэ?

-Бид л янз бүрээр яриад байдгаас биш жамаараа л яваа юм. Ам.доллар олдог зэс, төмрийн хүдэр, нүүрс, алт гээд дөрвөн төрлийн экспортын бүтээгдэхүүн байдаг. Манайх ихэвчлэн түүхийгээр нь гаргадаг тул зах зээлийн үнэ нь хэлбэлзэлтэй байдаг л даа. Экспортын түүхий эдийн ханш унахаар манай эдийн засаг дагаад уначихдаг. Санаатай ч юм уу, санаандгүй ч юм уу “Чи унагаасан, би унагаасан” гээд талцдаг юм. Гэхдээ зах зээлийн нийгэмд бүтээгдэхүүний зах зээлийн үнэ эрэлт, хэрэгцээн дээр суурилдаг. Тэр утгаараа жамаараа яваа гэсэн юм. Түүхий эдийн зах зээлийн үнийг улстөрчид шийддэггүй гэдэг нь ойлгогдож байгаа байх. Зах зээлийн нийгэмд зээл авдаггүй иргэн, аж ахуйн нэгж, улс гэж байхгүй болов уу. Зээл авах ёстой. Гэхдээ хамгийн ашигтай эргэн төлөгдөх төсөл, хөтөлбөрт мөнгөө зарцуулах шаардлагатай.

-ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болж зургаан төрлийн татварыг нэмэхээр болж байна. Зургаан төрлийн татварын нэмэгдэл нь иргэд гэхээсээ илүү чинээлэг давхаргынханд хамаарна гэж байна л даа. Эдийн засаг амаргүй байгаа үед татвар нэмэх нь хэр зөв шийдэл вэ?

-Японы талаас олгохоор болсон 850 сая ам.долларын зээл ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд олгогдох юм. Японы Засгийн газар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны нөлөө бүхий оролцогч. Тэр утгаараа орж ирнэ. Татвар нэмэх тухайд эрх баригчид олон улсын байгууллагад иргэд, аж ахуйн нэгжүүдийн татварыг нэмнэ гэж амласан бол тэрийгээ хэрэгжүүлэх байх. УИХ-д хангалттай олонхитой учир тэгж амласан байх. Гэвч эрх баригчид урсгал зардлаа танах олигтой алхам хийхгүй байгаа нь харамсалтай. Төр засаг өөрсдийнхөө урсгал зардлуудыг танах ёстой. МАН, түүнчлэн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхгүй болохоор төр, засаг улмаар намуудад итгэх олон түмний итгэл улам алдардаг. Тэд шинэ төрлийн татвар бий болгохгүй, татвар нэмэхгүй, иргэд, аж ахуйн нэгжийг өрийн дарамтаас гаргана, өр зээлэнд баригдлаа л гээд байсан. Ачир дээрээ энэ бүгдийнхээ эсрэг явж байгааг хүн бүхэн харж байгаа байх. Энэ байдал нь “түмэн олон зүтгэ, бид тансаглая” гэсэнтэй агаар нэг сонсогдож байна. Нэн тэргүүнд татвар нэмэхээсээ өмнө урсгал зардлаа танах хэрэгтэй. Ядаж л бүтцийн өөрчлөлт хийж яамдын тоог цөөлөх шаардлага бий. Олон улсын дундаж жишиг 10 яамтай байхад л болно. Дэд сайд, орлогч нар гээд зардал хэмнэвэл олон боломж байна. Сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй болжээ. Тэр нь үе үеийн эрх баригчид Засгийн газар, УИХ л зөвхөн улс орныг хөгжүүлэх, түүнчлэн авч явж байгаа юм шиг ойлголтыг өгдөг. Энэ алдаагаа засмаар байна. Үнэндээ бол улс орны хөгжилд, иргэн бүрийн оролцоо, хувийн хэвшлийн үйл ажиллагаа хамгийн чухал. Өнөөдөр манай улсын ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бий болгодог. Тиймээс төр засаг энэ хувийн хэвшил, дундаж давхаргыг дэмжих бодлого, механизмаа зөв болгох цаг нь болсон.

Гадны хөрөнгө оруулалт буурлаа л гэдэг. Зах зээлийнхээ зарчмаар ашигт малтмалын зах зээлийн үнэ буурчихсан тохиолдолд тэр салбарт сайн үеийнх шиг хөрөнгө оруулалт хийхгүй л болов уу даа. Гэх мэтчилэнгийн асуудлууд бий. Улстөрчид холбогдох төрийн байгууллагынхаа судалгаанд үндэслэж ялангуяа эдийн засаг, санхүү, төсөв мөнгөтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлдэг байж болохгүй. Дураараа улстөржсөөр байвал тун муу уршиг гарсаар байх болно. Манайхан тухайлбал намууд дотооддоо муулалцаад сэтгэл ханамж авч байгаа ч ачир дээрээ мэдээллийн энэ зуунд дэлхийн эдийн засаг хавтгай, зах зээл дээр бүх улсууд хоорондоо өрсөлдөж байгааг анзаармаар байна. Энэ байдлаас болоод манай улсын гадаад дахь нэр хүнд унаж, зээлжих зэрэглэл буурдаг. Ингээд ирэхээр зээл авъя гэсэн ч зээлийн хүү өндөр тусдаг. Манайхан дотооддоо шийдчих зүйлсээ өөрсдөө шийдчих хэрэгтэй байна.

-Олон улсын зах зээл дээр экспортын бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэллээ. Эдийн засагт эерэг нөлөөлөл гарах л байх даа. “Эрдэнэс Таван толгой” гэхэд уурхайн аман дээрээсээ 72.5 ам.доллараар нүүрсээ борлуулж байна гээд байгаа?

-Мах комбинатын ямаа гэгчээр 400-500 тонныг л 72.5 ам.доллар ч бил үү, тэгж гэрээлсэн байх. Бодит байдал дээрээ уурхайн аман дээр 50-60 ам.доллар байгаа болов уу. Үүнийг тодруулах шаардлагатай. Хамгийн гол нь бид худалдан авагчийн өрсөлдөөнийг бий болгох шаардлагатай болсон. Ганц модны боомт хүртэлх төмөр замаа тавих, энэ боомтыг олон улсын боомт болгох, транзит тээврийн тариф зэрэг асуудлаа нэн яаралтай шийдэх хэрэгтэй. Төр засгийн зүгээс үүнийг зайлшгүй хийх үндсэн ажил нь. Баялаг нь байна, эрэлт байна, бусад нь аяндаа болно. Таван толгойн ордоос Ганц модны боомт хүртэлх төмөр зам барих төсөл нь манай төмөр замын сүлжээн дотроо хамгийн ашигтай төсөл. Тиймээс энд зээл, улмаар санхүүжүүлэгч хангалттай олдоно, өөрсдөө барьчихвал бүр сайн. Таван толгойн ордыг хөгжүүлэх ажилтай энэ төмөр зам барих ажлыг заавал уях шаардлагагүй. Иймэрхүү асуудлуудаа шийдчих хэрэгтэй л дээ.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс мэдээлэл хийж Чалкод төлөх 350 сая ам.долларын өрийг бүрэн барагдуулж дууслаа гэсэн. Одоо бол Чалкотой үнийн тал дээр өөр байр суурь барьж, эдийн засагт илүү ашигтай хувилбараар явах ёстой болов уу гэж харагдаад байна. Таны бодол ямар байгаа бол?

-Өрсөлдөөнийг бий болгох ёстой. Зүүн Цанхиас олборлож байхад нэг кг нүүрс гарсан ч Чалкод өгөх гэрээтэй байсан. Энэ гэрээний Нүүрсний үнийг тооцох аргачлал нь манайд тийм ашигтай бус. Нэгэнт гэрээ байгуулсан учир өөрчлөх боломжгүй байсан тул баруун Цанхид гүний гааль нээж ажиллуулсан. Энэ үеэс баруун Цанхийн нүүрс үргэлж зүүн Цанхийн нүүрснээс өндөр үнэтэй борлогдож ирсэн. Шалтгаан нь худалдан авагчдыг хооронд нь өрсөлдүүлэх боломжинд байдаг. Харин шийдлийн Засгийн газрын үед баруун Цанхийн нүүрсний экспортыг түр зогсоосон гэсэн. Нүүрсэн дээр экспортын нэг цонхны бодлого маш чухал. Нэг орд дээр гурван дөрвөн компани байхад ганц худалдан авагчтай байдаг л даа. Тиймээс эцсийн дүндээ үнийн хувьд хямд тусчихаад байдаг юм. Үүнийгээ шийдэх ёстой. Мөн боомтын үнэ, уурхайн аман дээрх үнэ, угаасан нүүрсний боомт болон уурхайн аман дээрх үнэ зэрэг үнүүдээ сайн ялгах хэрэгтэй. Боомтын үнэд тээврийн зардал ордог.

-Танай намыг засаг барьж байхад нүүрсний үнэ тийм ч өндөр байсангүй. Дээр нь нам дотроо талцаад бүр балласан. Харин МАН-ынхан засгийн эрх барьснаас хойш нүүрсний үнэ өслөө ч гэдэг юм уу иймэрхүү эерэг зүйлс ажиглагдаж байна. Нэг үгээр хэлбэл АН-ынхан азгүй юм уу ч гэж болохоор санагдаж байгаа юм…

-Цаг хугацааны л асуудал байх. Гэхдээ хүнд үед төр, түмэн олныхоо төлөө зүтгэж, ачаа үүрнэ гэдэг чинь чухал байхгүй юу. Алт Монголдоо үлддэг болсон. Нефть боловсруулах үйлдвэрийн эрх зүйн орчин тэр чигтээ бүрдчихлээ. Тусгай зөвшөөрлүүдийг хаачихсан байсан бол шударгаар олгогдоод эхэлсэн гээд олон эерэг зүйл бий. Төрийн алба халаа сэлгээтэй байдаг. Тэр дагуу л явж байна. АН-ынхан засгийн эрхэнд байхад экспортын түүхий эдийн үнэ унаад хүнд л байсан. Тиймээс уул уурхай дахь хөрөнгө оруулалт буурах нь ойлгомжтой байсан юм. Харамсалтай нь бурууг хэн нэгнээс хайгаад байсан юм шүү.

-Та намынхаа дотоод асуудалд хэр оролцож байна вэ. ҮБХ-ны сонгуульд нэр дэвшсэн үү. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гээд асуулт гараад эхэлчихэж. Таныг нам дотроо сунгаанд орно гэсэн яриа ч гарсан байна лээ?

-Ардчилсан нам гишүүн төвтэй байх шинэчлэлээ хийж байна. Ардчилсан хийгээд парламентын засаглалтай улс төрийн нам байнга шинэчлэгдэж байх шаардлагатай. Энэ хүрээнд үйл ажиллагаа явж байна. Миний хувьд Архангай аймгаас ҮБХ-ны гишүүний сонгуульд нэр дэвшихээр аймагтаа очоод ирсэн. Намынхны сэтгэл хангалуун, алдаа оноогоо дүгнэсэн уулзалт болж өнгөрсөн. Ер нь Ардчилсан намын тоглоомын дүрэм ил тод байдаг. Манай намын хувьд улс төрийн намуудын шинэчлэлийн давалгааг эхлүүлж чадлаа. АН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахдаа сунгаагаар гаргаж ирэх байх. Намын зарим нөхдүүд “Чи сунгаанд оролц” гэдэг зүйл ярьж л байна.

-Та тэгээд оролцох юм уу?

-Одоогоор шийдсэн зүйл алга.

-Ардчилсан нам шинэчлэлийн давалгааг эхлүүлсэн гээд байгаа нэг хэсэг нь шүүмжлээд байх юм. Танай нам үнэхээр шинэчлэгдэж чадах уу?

-Хувь зохиолоор ч гэдэг юм уу намын өмнөх дүрмийнх нь автор нь би байгаа юм. Тухайн үед Р.Гончигдорж дарга намын дарга байсан. Олон намын дүрмийг харьцуулан судалж байж гаргаж ирсэн. Хэрэгжүүлээд явсан бол арай өөр байх байсан болов уу. Найман жил Их хурлаа хийж чадалгүй, сүүлдээ ҮЗХ-ныхоо хурлыг ч хийж чадахаа байсан, тэгэхээр шийдвэр гаргах бүтцээрээ асуудлаа ярьж чадахгүй болноо доо. Намын Их хурлаар баталсан дүрмээ сайн харах ёстой. Энэ дүрмээр намын даргын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Тиймээс тэр хүн хариуцлагаа хүлээнэ. Сонгуульд оролцох аливаа шийдвэрийг олонхиороо гаргадаг ч хариуцлагаа намын дарга хүлээдэг. Гэтэл эсрэгээрээ эрх мэдэл багатай намын даргын шийдвэрт фракцуудын нөлөөлөл их ордог байсан. Тиймээс намын даргын эрх мэдлийг өндөрсгөж, өөрөө шийдвэрээ гаргаад яв гэсэн дүрмийг Их хурал баталсан. Энэ нь улс орны хэмжээнд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлье гэдэг хандлагатай уялдаж байгаа. 3000 хүн хуралдаж намын дотоод сонгуулийг хийе гээд шийдчихээд байхад цөөн хэдэн хүн таалагдахгүй байна гээд байх нь ч хаашаа юм.

Улс төрийн шинжлэх ухаанд улс төрийн мөнгө гэх ойлголт бий. Энэ мөнгөтэй холбоотой асуудлыг шийдэхгүй бол авлигаас эхлээд олон зүйл дээр хүнд байна л гэж харж байна. Улс төрийн мөнгө гэдэг нь улстөрч, сонгууль, улс төрийн намтай холбоотой мөнгө санхүүжилтийг хэлээд байгаа юм. Өндөр хөгжилтэй орнууд үүнийг маш сайн шийдсэн байдаг. Бид энэ чиглэлд бодлогоо гаргаад явж байгаа тул цаашид АН-ын шинэчлэлийн хүрээнд энэ асуудлыг зөв шийдэх болно.Бидний хувьд зүг чигээ зөв гаргаад явж байна.

-АН Их хурлаараа дүрмээ шинэчлэн баталсан ч Улсын дээд шүүхээс бүртгээгүй. Намын дүрэм боловсруулах ажлын хэсэгт багтаж ажилласан хүний тань хувиар яагаад ийм зүйл болов гэж асуумаар байна?

-Тодруулах зүйл байна гэж үзсэн юм болов уу гэж харж байгаа. Их хурлаар намын дүрэмд хоёр, гуравхан өөрчлөлт орсон. Намын дүрэм иж бүрэн шинэчлэгдээгүй. Би Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байсан. Монгол Улсад өнөөгийн байдлаар улс төрийн эрх чөлөө бол байгаа гэж боддог. Улс төрийн эрх чөлөөний хувьд, Үндсэн хууль болон холбогдох хуулиудад нээлттэй, улс төрийн намын дотоод асуудалд нь оролцохгүйгээр томьёолсон байдаг шүү дээ. Үүнийг манай шүүхийнхэн анхаарч байгаа байх. Сунгаан дээр асуудал байна уу гэж хувь хүнийхээ талаас бодсон. АНУ гэхэд Ерөнхийлөгчөө сонгох гэж гурван жил үзэж байгаа биз дээ. Ардчилсан орнуудад улс төрийн эрх зүйн орчинг нээлттэй байлгадаг. Энэ жишиг манайд байгаа гэж ойлгож байна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Өнөөдөр болох оффшорчдыг эсэргүүцэх жагсаалд МАХН-ынхан оролцоно гэсэн сураг сонсогдож байна?

-Төрийн бус байгууллагууд оффшор дансны эсрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа. Гадаадын оффшор дансанд байгаа мөнгийг татаж оруулж ирэх, тэрийг эзэмшиж буй төрийн албан тушаалтнуудыг эргүүлэн татах тухай шаардлага тавих юм билээ. Уг арга хэмжээг албан ёсоор дэмжиж оролцохоо илэрхийлсэн. Өнөөдөр эдийн засаг, улс төрийн байдал хүнд байна. Тогтолцооны шинж чанартай хямрал нүүрлэж байна шүү дээ. Яг нарийндаа яривал өнгөрсөн дөрвөн жилд АН засаг барьсан болохоороо, эсхүл 2016 оны УИХ-ын сонгуулиар МАН ялалт байгуулж олонхи болсноос хамаарч хямраагүй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд тогтолцооны маш том гажуудалтай болчихож. Үүний шалтгаан нөхцөлд зөв анализ хийж хямралаас гарах бодлогоо тодорхойлох ёстой. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23.5 тэрбум ам.доллар байна. Гэтэл оффшор бүсэд данс эзэмшиж буй хүмүүсийн нэр дээр нийт 17.5 тэрбум ам.доллар бий. Энэ мөнгийг оруулж ирээд гадаад өрөө тэглэчих юмсан. Яагаад гэвэл оффшор дансанд байгаа мөнгөний гарал үүсэл Монгол Улсын газрын баялагтай шууд холбоотой. Оффшорт хар тамхины, терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах үйл ажиллагаа гэхчилэн хууль бус мөнгөний асуудал яригддаг. Ийм газарт Монголын мөнгө яаж очсон байх вэ. Маш хялбар аргаар лиценз ашиглан олсон мөнгө л тэнд байгаа. Ер нь бол оффшор бүсэд хадгалж буй мөнгөний уг гарлыг олох хэцүү биш. Хууль, цагдаагийнхан ажиллах юм бол маш хялбархан тогтооно. Энэ бүхэн нийгмийг бухимдуулаад байна шүү дээ. Монголын бүх баялаг 200-хан гэр бүлд оччихож. Тиймээс тэмцэх гээд байна. Тэснэ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэхэв. Иргэд тэсрэхэд бэлэн болчихлоо. Магадгүй 1990-ээд онд Европт эхэлсэн өөрчлөлт, хувьслын шуурга манайд болох гээд байна.

-Хууль санаачлаад явж байгаа. Баталчихаар хэрэгжих байлгүй дээ?

-Хуультай болно гэж аль эртнээс л ярьсан шүү дээ. С.Баярцогтын оффшортой холбогдсон тухай асуудал яригдаж байхад л хууль батална гэж байсан. Тэр нь одоо хүртэл байхгүй. Гэхдээ аргагүй шүү дээ. Энэ парламентын гишүүдийн 95 хувь нь том, жижиг бизнес эрхлэгчид. Уул уурхайн олигархиуд дотор нь байгаа. Бүгд жижиг тойрог дээр мөнгө тараагаад гараад ирсэн. Ингэх суурийг нь МАНАН тавьж, Үндсэн хуулийн Цэц хэрэгжүүлсэн. Сонгуулийн үеэр хөдөө орон нутгийн иргэд ойр хавийнхаа дэлгүүрт ямар ч өргүй болж байлаа. Ингэж л мөнгөтэй хүмүүс төрийн эрхийг гартаа авч байна. Уг нь Монголын баялаг ард түмний мэдэлд байх ёстой шүү дээ. Н.Энхбаяр дарга Ерөнхийлөгч байхдаа Оюу толгой, Таван толгойн 51 хувиас доошгүй нь ард түмний мэдэлд байх ёстой гэдэг байсан. Ард түмний хяналтад байж гэмээнэ үр өгөөжөө хүртээнэ. Саяхан бас “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал сөхөгдлөө. Монголын талын эзэмшилд бүрэн оруулсан нь амжилт. Гэхдээ асуудлыг УИХ хэлэлцэх ёстой байсан шүү дээ. Гэтэл ерөөсөө л бие биенийгээ нухчин дарах гэж оролдож байна. Цөөхөн монголчууд бид хоорондоо өрсөлдөөд ялалт байгуулахгүй. Бид зөвшилцлийн замаар явах ёстой. Хамтарч ажиллах хэрэгтэй байна. Элдэв хэрэгтэй, хэрэггүй асуудлаар нэгийгээ гэмтэн болгодог тогтолцоотой болчихож. Тэрийгээ хэрэгжүүлэхдээ төрийн цагдааг зэвсэг болгон ашиглаж байна. 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд юу боллоо доо. Дөрөв, таван зуун цагдаагаар бүслүүлж байгаад Н.Энхбаяр даргыг баривчлаад явсан. Үндсэндээ тэнд цагдаагийн хэрэг юу байсан юм бэ. Ингэж хагаралдуулж байгаа байхгүй юу. Баянзүрх дүүрэг дээр гэхэд тэр контор руу орохын тулд яах гэж цагдаагийн хүчийг ашиглаад байгаа юм бэ. Иргэдийг иргэдийнх нь өөдөөс тавиад байна. Ер нь улс төрийн намуудаас болж иргэд хоорондоо талцаад байдаг. Би ТББ-уудтай хамтарч судалгаа хийлээ. 22235 төрийн албан хаагчийг 2016 оны сонгуулиас хойш ажлын байрнаас нь халж, чөлөөлсөн байна. Талцаж, улстөржсөнөөс болж байгаа шүү дээ. Гэхдээ 2012 онд АН олуулаа болоод халж, сэлгэсэн нь үнэн. Энэ удаад МАН-ынхны ээлж ирж. Ингэж монгол төрийн залгамж чанарыг үгүй хийгээд байна. Нэгийгээ албан тушаалаас нь унагаж өшөөгөө авлаа гэж хүртэл ярьж байна шүү дээ.

-Яг ийм байдлаас буюу манай нам, танай нам гэдгээс болж Завханы Идэр суманд ажлаасаа халагдсан эмэгтэй өөрийгөө шатаан амь насаа алдчихлаа. Төрийн ажил ингэж явж болдог юм уу?

-22 мянган албан хаагчийн ихэнх нь нам дагаж явсныхаа төлөө албан тушаалд очсон хүмүүс. Ажлын туршлагатай хүнийг өөрчлөөд оронд нь МСҮТ төгссөн нэг залууг аваачиж тавьчихаад байна. Ийм байдлыг ажлаа хийж явсан хүмүүс яаж тэвчих юм бэ. Тэсэхгүй болоод эрдэнэт хүний амь эрсэдлээ шүү дээ. Маш харамсалтай үйл явдал. Ийм асуудлыг нэн даруй таслан зогсоох ёстой. Энэ асуудлаар Монголын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллага Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад мэдэгдэл хүргүүлж байгаа. Хэрэглэгчийн, монгол хүний эрхийг ингэж зөрчиж байхад бид хөгжлийн тухай яриад ч хэрэггүй. МАХН-ын гишүүн байсан хүн над дээр ирээд уулзаж байна. Намын ялгаварлан гадуурхалтаас болж Монголд амьдрах аргагүй боллоо гээд хүний эрхийн байгууллагын тодорхойлолт авсан. Ийм байдлаар эх орондоо тайван амьдрах боломжийг өгөхгүй байна.

-Та түрүүн зөвшилцөл хэрэгтэй гэлээ. Хэдэн жилийн өмнө МАН, МАХН хоёр нэгдэх тухай асуудал яригдаж байгаад чимээгүй болчихлоо. Одоо уг асуудал сөхөгдөж байгаа юу?

-Сая ийм санал ирж байна лээ.

-МАН-аас уу?

-Тийм. Ард түмэн, олон нийтийн хүсэлт байгаа тул хамтран ажиллая гэсэн.

-Ямар хариу өгөв?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө юм уу, эдийн засаг хүндэрсэн байгаа үед ийм санал ирж болно л доо. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, монгол хүн эх орондоо жаргалтай сайхан нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хамтарч ажиллаж болно. Үндсэндээ МАН, АН-д үзэл бодлын том ялгаа байхгүй.

-МАН-ын тавьсан саналын дагуу танай нам хамтарч ажиллах уу?

-Би шууд хэлчихье. Мэдээж өнөөгийн нөхцөлд энэ боломжгүй зүйл. Яагаад гээч. Өнөөдөр олигархиуд, луйварчид, эх орноо худалдсан нөхдүүдээс салаагүй байхад ард түмний эрх ашгийг илүүтэй хамгаалж буй МАХН-ын хувьд ийм алхам хийж болохгүй. Гэхдээ энэ бол манай намын гишүүдийн ярилцаж гаргасан шийдвэр биш. Би хувь хүнийхээ хувьд ийм байр суурьтай байна. Бусад маань ч ойролцоо үзэл бодолтой байгаа байх.

-Нэгэнт МАН хамтран ажиллах санал тавьсан юм бол тэрийг нь зөвшөөрөөд Н.Энхбаяр даргыгаа сонгуульд нэр дэвшүүлэхээр тохиролцож болохгүй юу?

-Н.Энхбаяр дарга яагаад тохиролцож байж нэр дэвших ёстой гэж. Тэр хүн хэнээс, ямар авлига авсан юм бэ. Тийм зүйл байгаа юм уу. Ах дүү нар нь “Өргөө” зочид буудалд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Тэр нь одоо орон нутгийн өмч хэвээрээ байгаа. Талбайн хажуу талын газар ч ялгаагүй Улаанбаатар хотын өмчид бүртгэлтэй. Гэмт хэрэг байхгүй. Монгол Улсын эрүүгийн хуульд байхгүй зүйл. Тийм болохоор цагаатах болно.

-Хэзээ цагаатна гэж?

-Цаг хугацааны л асуудал. Тэртээ тэргүй цагаатгах өдөр бий болно. Ял аваад, ялаа эдлээд, уучлагдаад дууссан. Ялтайд тооцох хугацаа гэж зүйл яриад байдаг. Тэр асуудлыг хуулиар шийдээд дуусчихсан.

-Танай намынхан ялтайд тооцох хугацаа дууссан гэдэг ч хуулийн байгууллага болоогүй гэж шийдээд өнгөрсөн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлээгүй биз дээ?

-Хууль бус үйл ажиллагаа байхгүй юу. Эрх мэдэлтэй улс төрийн хүчнийхэн эрх мэдэлгүй байгаа өрсөлдөгчөөсөө айсандаа хийж буй ажил шүү дээ. Дахиад ийм үйлдэл хийж магадгүй. Х.Тэмүүжин гишүүн нэг удаа хэлсэн биз дээ. Н.Энхбаяр төрийн алба хашихад саад байхгүй гэж. Гэтэл цаанаас нь шахалт үзүүлээд дахиж тийм зүйл ярих хэрэггүй гэсэн байх. Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарсан шүү дээ. Саяхан бас Улсын Дээд шүүхээр орж “Ялтайд тооцох хугацаа дуусаагүй” гэх цагдаагийн бичгээр сонгуульд оролцуулаагүй нь буруу байна гэдгийг тогтоосон шийдвэр гарлаа. Ерөөсөө тодорхой шүү дээ. Чамайг харсаар байтал эмэгтэй хүн байхад чинь эрэгтэй гэж ярьж, хэлсээр байгаад эмэгтэй хүн биш гэсэн бичиг хийгээд байвал яах вэ. Тэрэн шиг гэмт хэргийн тухай асуудал огт байхгүй. Яахав Н.Энхбаяр даргыг гэмт хэрэгт холбогдуулаад улс төрөөс ангид байлгах сонирхол бүлэглэлд бий. Гэхдээ энэ бол гарц биш. Монголын ард түмний таван хүн тутмын гурав нь, гурван хүний хоёр нь Н.Энхбаярыг хүсэж байгаа.

-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?

-Дэвшиж л таараа шүү дээ. Нэр дэвшихэд ямар нэгэн хаалт байхгүй. Хэрэв ямар нэгэн хаалт гаргаж тавьбал Монголын ард түмэн эсэргүүцнэ.

-Тэгвэл МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяр нэр дэвших нь гэж ойлгож болох нь ээ?

-Дэвшинэ. Манай намд нэр дэвших өөр хүмүүс хангалттай бий.

-Гэхдээ л сонгуулийн өмнө нэр дэвшинэ гэж байгаад сонгууль дөхөхөөр болиулчихдаг биз дээ?

-Тэгж хэлмэгдүүлдгээ болих хэрэгтэй байхгүй юу. Айж суухаа болиод өрсөлдөх хэрэгтэй. Зөвшилцөөд ажиллах хэрэгтэй. Зөвшилцөл гэдэг бол хэлмэгдүүлсэн нь уучлал гуйгаад, хэлмэгдсэн нь гоморхолгүй ажиллах ёстой. Түүнээс өөр гарц Монгол Улсад байхгүй.

-Эдийн засаг хүнд байна. УИХ-ын дарга Япон улсад айлчлах үеэрээ 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирч байх шиг байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын өмнө ингэж өр нэмэгдүүлж байгааг хэрхэн харж байна вэ?

-Чингис бонд, Самурай бондын зээл оруулж ирэх үед би УИХ-ын гадна байсан. Тэр үед бондын мөнгийг хэн авсан гэж. МАН, АН-ын хэдэн олигархи хуваагаад авсан биз дээ. Одоо өрөө төлөх үед ганц Н.Батбаярыгаа бариад яадаг юм. Бүгдээрээ төлөх хэрэгтэй. Шоронд суулгаад ч яахав дээ. Мөнгө идсэн нь үнэн бол төлүүлнэ биз. Тэгэхгүйгээр та нарын цалингийн татварыг нэмэгдүүлж өр барагдуулна гээд ОУВС-гийн өмнө сууж байгаа нь ичгэвэртэй. Ард түмэн ч зөвшөөрөхгүй. Одоо харин улс орны хөгжлийн бодлогод чиглэсэн зээл авч болно.

-ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд татвар нэмэх хэрэгтэй болж байна. Ингэж ард түмний нуруун дээр ачаалал үүрүүлэхээс өөр арга алга уу?

-Боломжоо сайн судлах хэрэгтэй. Бизнесийн орчин, аж ахуй эрхлэх орчинг сайжруулж өгөх зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр хоёр улсын хил дээр байгаа чөлөөт бүсийг ашиглахгүй байгаа. Үүнийгээ сэргээгээд монгол үйлдвэрлэлээ дэмжиж болно. Дээрээс нь төрийн албаны бүтэц данхар хэвээрээ л байна. Тэр дэд сайдуудаар яах гээд байгаа юм бэ. Би хоёр ч давхар дээлтэй ажиллаж болоод л байсан. Хоногт 20 цаг ажиллахдаа эрүүл мэндийн салбарыг давхар хариуцаад явсан. Засгийн газрын ордны хашааг хар л даа. Дүүрэн “Ланд круйзер”, “Лексус” машин зогсож байна. Улаанбаатар хотод ийм өндөр үнэтэй, шатахуун их иддэг унаагаар яах гээд байгаа юм бэ.

-МАХН-ын зүгээс Үндсэн хуулийг шинээр боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан гэсэн. Хэрхэн шинэчилсэн юм бэ?

-Ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, монгол хүн төвтэй шинэ Үндсэн хууль боловсруулж өргөн барьсан. Монголын том хуульчид, эдийн засагчид, төр засгийн мэргэжилтнүүд, төр засгийн ахмад зүтгэлтнүүд хамтран ажилласан. Гол үзэл санаа нь монгол хүнийг төрийн төв болгосон. Мал биш, монгол хүнээ төрийн хамгаалалтад авмаар байна. Ажил, бизнес эрхлэхэд нь аливаа нэгэн байдлаар хязгаарлалт тавихгүй.

-УИХ-аас байгуулагдсан Үндсэн хуулийг шинэчлэх ажлын хэсэгтэй хамтраад явсан нь дээргүй юү?

-Хамтраад явж болно. Хүн төвтэй монгол төрийн концепцтэй болох Үндсэн хуулийн шинэчлэл боловсруулсан газар алга. Одоо бол хамтарч ажиллана. Энэ тал дээр хамтрах саналаа бүгдэд нь тавьсан. Өнөөдрийн байдлаар шинэ Үндсэн хуулийн талаар ард түмнийхээ саналыг аваад эхэлчихсэн.


Categories
мэдээ цаг-үе

Ирээдүйн инженер, математикчид оюун ухаан, ур чадвараараа өрсөлдөж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, багш нарын дунд жил бүр зохион байгуулагддаг бүх төрлийн олимпиадын хоёрын даваа өчигдөр эхэллээ. Тухайлбал, Монгол Улсын гавьяат багш С.Цагааны нэрэмжит нийслэлийн шилдэг математикч багш, сурагчдыг шалгаруулах олимпиад Сүхбаатар дүүргийн нэгдүгээр сургууль дээр зохион байгуулагдсан юм. Олимпиад хоёр өдөр үргэлжилж өнөөдөр дүнгээ гаргах бөгөөд нийслэлийн 50 гаруй сургуулийн 700 шахам сурагч, 100 гаруй багш оролцож байна. Энэ жилийн хувьд Монголын математикийн олимпиадын хорооноос бодлогыг боловсруулж, засалт, дүгнэлтийг хариуцан ажиллаж байгаа ажээ. Өчигдөр V-XII ангийн сурагчид, бага, дунд ангийн багш нар эхний өдрийн бодолтоо хийсэн юм.

О.Наранчимэг: ЭНГИЙНЭЭС НАРИЙН РУУ ГЭСЭН ЗАРЧМААР МАТЕМАТИКИЙГ ОЙЛГУУЛДАГ

Энэ үеэр улсын математикийн багш нарын олимпиадын хоёр удаагийн аварга, “Орчлон” сургуулийн багш О.Наранчимэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрбээр, “Улсын олимпиадад анх 2004 онд оролцож байлаа. Тухайн үед юу ч мэдэхгүй ороод шууд хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш есөн жил медальгүй, тусгай байр эзэлж байгаад 2012 онд алт, 2013 онд мөнгө, 2014 онд алтан медаль хүртэж байлаа. Энэ жил гурван бодлого ирснээс сая хоёрыг нь л бодлоо. Өнөөдрийн дүнгээ харж байгаад маргааш хэдэн бодлого бүтэн бодож, хэдэн бодлого хагас бодох вэ гэдэг тактикаа боловсруулна” гэсэн юм. Түүнээс математикийн хичээлийн сайхан нь юундаа байдаг вэ гэхэд “Математик бол өнгөрснөө үгүйсгэдэггүй, харьцангуй тогтвортой шинжлэх ухаан гэдгээрээ давуу талтай. Миний хувьд бага ангийн багш болохоор математикийг аль болох амархан, гоё хичээл гэж сурагчдад ойлгуулахыг хичээдэг. Заримдаа тоглоомын аргаар заадаг. Бодлогоо таних аргад сургачихсан байхад хүүхэд аяндаа математикт дуртай болдог. Дунд ангийн сурагчдад бол энгийнээс нарийн руу гэсэн зарчмаар явдаг. Амархан бодлого өгч бодуулсаар, өөртөө итгэлтэй болоод ирэхээр нь арай хүнд бодлого өгдөг. Нэг төрлийн бодлогыг олон дахин бодуулахаар би чадаж байна гэж боддог. Тэгэхээр нь жаахан өөрчлөөд өгөх жишээтэй. Ингэж явсаар байгаад сурагчид нэг мэдэхэд хүнд бодлогыг ч боддог болчихдог” гэж ярилаа.

Эхний өдөр дунд ангийн сурагчид дөрвөн бодлогыг 150-180 минутад боддог бол ахлах ангийн сурагчид, багш нар хоёр өдөр тус бүр 270 минутад гурван бодлого бодож эцсийн дүнгээ сонсдог байна. Ингээд өнгөрсөн жилийн математикийн улсын олимпиадад анги дэвшин оролцож аварга болсон нэгдүгээр сургуулийн есдүгээр ангийн сурагч Б.Батмэндээс өнөөдрийн сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Б.Батмэнд: МАТЕМАТИКИЙГ БОДОЖ БАЙГАА АРГА НЬ УРАН НАРИЙН БАЙХ ТУСАМ ИЛҮҮ ИХ ТААШААЛ АВДАГ

Тэрбээр “Би математикийн олимпиадад хоёрдугаар ангиасаа оролцож эхэлсэн. Намайг жаахан байхад ах маань математикийн олимпиадын аварга болж байсан. Ахаараа бахархаж, хичээгээд байвал медаль авдаг юм байна гэж бодож эхэлсэн. Ах минь одоо Америкт Google компанид программ хангамжийн инженерээр ажилладаг. Тийм болохоор би ирээдүйд сайхан амьдрахын тулд өдөрт тогтмол зургаан цаг математикаа давтдаг” гэсэн юм. Түүнээс математикаар хичээллэхийн юу нь сайхан бэ гэхэд “Математикийг бодож байгаа арга нь хэр уран гоё байна гэдгээс хамаараад маш их таашаал авдаг. Бага ангидаа нийслэлээс гурван удаа мөнгөн медаль авч байсан. Монголын математикч бүхэн олон улсын IMO олимпиадад амжилттай оролцохыг хүсдэг. Би ч мөн адил тэр олимпиадаас алтан медаль авахын тулд мэрийж байгаа” гэж ярилаа.

Дашрамд сонирхуулахад, энэ жилийн математикийн улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт доктор Д.Шагдар багшийн нэрэмжит болж зохион байгуулагдах ажээ.

ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ОЛИМПИАДЫН ХОЁРЫН ДАВААНД 560 ГАРУЙ БАГШ, СУРАГЧ ОРОЛЦОЖ БАЙНА

Мөн энэ өдөр Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнхандын анх санаачлан зохион байгуулсан техник технологийн олимпиадын хоёрын даваа 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилээс тус олимпиадыг МУ-ын гавьяат багш М.Цэрэнханд, Н.Лхагва, Н.Бавуужав, Н.Батбаяр нарын нэрэмжит болгож буйгаараа онцлогтой юм. Техник технологийн олимпиадад дүүрэг бүрээс шалгарсан 560 гаруй багш, сурагчид техник спорт, зураг урлал, дизайн гэсэн гурван төрлөөр ур ухаанаа уралдууллаа.

О.Батжаргал: СУРАГЧИД ЯМАР БҮТЭЭЛ ХИЙЖ, ЯАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ, ТЭВЧЭЭР ГАРГАЖ БАЙГААГ АНХААРЧ, ДЭМЖЭЭСЭЙ ГЭЖ БОДДОГ

Энэ удаагийн олимпиадад усан техник загварын төрлөөр хоёр сурагч, авто загвараар нэг хүүхэд бэлтгэн оруулж буй Ган зам хорьдугаар сургуулийн багш О.Батжаргалтай цөөн хором ярилцлаа. Тэрбээр, “Миний хувьд 2004 онд их сургууль төгсөөд энэ сургуульд багшилж эхэлсэн. 2005 оноос олимпиадад оролцож байна. Бэлдсэн шавь нар маань чамгүй амжилт гаргаж байгаа. Усан техник загварыг сонирхож, тэр чиглэлээр хүүхдүүд бэлтгэдэг. Техник спортын чиглэлээр хүүхдүүд бэлтгэнэ гэдэг бол улс оронд маш том хөрөнгө оруулалт оруулж байна гэж боддог. Энэ жил нэгдүгээр шатанд дөрвөн төрлөөр таван хүүхэд оролцож, тавуулаа хоёрдугаар шатанд оролцох эрх авсан. Гэвч өнөөдөр хувийн шалтгааны улмаас хоёр хүүхэд орж чадахааргүй болчихоод байна. Хүүхдүүдийн бүтээлүүдийг харж байхад деталь эд ангиуддаа их анхаарсан, сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж чаджээ. Миний хувьд техник технологийн олимпиадын улсын аваргад нэг удаа тусгай байр, нэг удаа есдүгээр байр эзэлж байсан. Шавь нараа бэлтгээд өөрөө оролцоход хүндрэлтэй байдаг. Улс орны ирээдүй болсон инженер техникийн боловсрол эзэмшиж байгаа сурагчид ямар бүтээл хийж, юу хүсч мөрөөдөж, яаж хөдөлмөрлөж, тэвчээр гаргаж байгааг холбогдох албаны хүмүүс анхаарч, дэмжээсэй гэж боддог” гэв. Түүнээс энэ жилийн олимпиадад өгөгдсөн даалгавар урьд жилүүдийнхтэй харьцуулахад ямар байсан талаар тодруулахад “Усан загварын хувьд 1945 оны дайнд оролцож явсан ЗХУ-аас 500 ширхэг үйлдвэрлэгдэж Герман улс руу шилжсэн торпет Г-5 байлдааны сөнөөгч онгоцны загварыг хийж байна. Ер нь бол их хүнд загвар. Автомашин дээр бартаат замын хаан гэгддэг ГАЗ-66 машин өгөгдсөн. Тэмцээний үеэр техникийн саатал, хүүхдийн өөрийн ур чадвараас шалтгаалаад алдаа дутагдал гардаг. Гэхдээ сурагчдын ур чадвар жилээс жилд сайжирч байна” гэлээ.

Мянганбаяр: УРАН НИСЛЭГ БУЮУ F2B ТӨРЛӨӨР ӨРСӨЛДӨЖ БАЙГАА ТУЛ НИСГЭГЧИЙН УР ЧАДВАРААС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

Усан загварын ангилалд онгоцоо шалгуулаад гарч ирсэн Сонгинохайрхан дүүргийн XII сургуулийн есдүгээр ангийн сурагч Даваасүрэнгээс сэтгэгдлийг сонссон юм. Тэрбээр “Техник технологийн олимпиадад усан загварын төрөлд зургадугаар ангиасаа хойш орсон. Энэ жилийн шалгаруулалтын онцлог нь ганцаарчилж дүнг нь хэлж өгч байна. Зураг, их бие дээр бага оноо авч, гүйцэтгэл дээр 70 хувийн оноо авлаа. Усан онгоцоо бэлэн болгох гэж хоёр, гурав хоног нойргүй хоносон. Мотор их биетэйгээ нийлээд 400-500 мянган төгрөгийн зардал гарсан” гэв. Түүний дараа өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн XI ангийн сурагч Мянганбаяр онгоцоо цэцэрлэгт хүрээлэнд хөөргөхөөр явж байхтай таарлаа. Тэрбээр энэ спортоор гурав дахь жилдээ хичээллэж байгаа бөгөөд өнгөрсөн жил нийслэлд гуравдугаар байр эзэлжээ. Түүнээс энэ жилийн даалгаврын талаар тодруулахад “Уран нислэг буюу F2B төрлөөр өрсөлдөж байна. Тийм болохоор нисгэгчийн ур чадвараас их зүйл шалтгаална. Онгоцоо зохион бүтээх гэж гурван сар хөдөлмөрлөсөн. Ингэж их хөдөлмөрлөсөн ч зарим хүүхдүүд онгоцоо нисгэх үедээ алдаа гаргаж чанга унагах тохиолдол байдаг. Чанга унагах юм бол мотор нь эвдэрч их хохирол амсдаг” гэж ярьсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Монголын төр бизнесээсээ томорсон учраас эдийн засаг унах гээд байна

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Эдийн засгийн орчин ямар байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Эдийн засгийн орчин ямар байвал хамгийн сайн бэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй болов уу. Эдийн засаг гурван зүйлээс бүтдэг. Эхнийх нь төр. Төр өөрөө ажил олгогч. Зам, газар гээд нийтийн хэрэглээний хөрөнгө оруулалт хийгч. Үүнийг төрийн худалдан авалт гэдэг. Төрийн худалдан авалт ихэнхдээ татварын орлогоос бүрддэг. Хоёрдугаарх нь бодит хэрэглээ. Хувийн салбарын, хувь хүний, компаниудын худалдан авч буй хэрэглээ. Гуравдугаарх нь хувийн салбарын хөрөнгө оруулалт. Энэ гурвын нийлбэр нь дотоодын нийт бүтээгдэхүүн. Дээр нь гадаад худалдааны тэнцэл нэмэгддэг. Энгийнээр тайлбарлавал экспортоос импортыг хасаад гарсан зөрүү. Сая дурдсан дөрвөн зүйлийн тухайд систем учраас өөр өөрийн харьцаатай байж явах учиртай. Энэ дөрвийн харьцаа ямар вэ гэдгээс эдийн засгийн орчин хэр байх нь хамаарна.

-Төр, хэрэглээ, хувийн салбарын хөрөнгө оруулалт гурвын харьцаа ямар байвал эдийн засгийн таатай орчин бүрдэх вэ?

-Улс орон хэр зэрэг хөгжсөн, эдийн засаг нь ямар салбар дээр тогтдог вэ гэдгээс хамаараад харьцаа нь бага зэрэг өөр өөр байдаг. Гэхдээ төрийн хэрэглээ өнөөдүүлээсээ бага байх ёстой.

-Манайд бол эсрэгээрээ юм байна. Төр нь хэтэрсэн хэрэглээтэй, бизнест оролцох өндөр сонирхолтой, тэгж ч чаддаг, чадахынхаа хэрээр саад болдог…

-Санал нийлж байна. Төр эдийн засгийн тал нь болчихсон. Зээл аваад байгаа учраас улам томроод байна л даа. Төрийн оролцоо хэт их гэсэн шүүмжлэлийн эхний том шалтгаан нь энэ. Хоёрдугаарт, төрд бусдаасаа ялгаатай нэг чадвар бий. Төрөөс өөр хэн ч татвар авахгүй. Төр өндөр татвар авч томрохын хэрээр өнөөдүүл нь жаахан болчихдог.

-Хэрэглээ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасна гэж үү?

-Тийм. Хэрэглэх, хөрөнгө оруулах юмыг нь татвар гээд авчихаад байгаа учраас багасч, жижгэрэхээс аргагүй л дээ. Төр татвар авна гэдэг нь нийгмийн хэрэглээг багасгаж буй хэрэг. Хувийн компаниудын хөрөнгө оруулалтыг ч багасгаж байна.

-Татвар өндөр гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгчид жижиг, томгүй хэлдэг. Татварт хамгаа тавиад туугаад байгаагийн цаад шалтгаан нь таныхаар юу вэ?

-Төрд байгаа хүмүүс мэдлэггүй, ойлголтгүй байна. Үүнээс гадна санаатайгаар, өөрөө л сонгогдож байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага ч тод анзаарагддаг. Төр гадаадаас зээл аваад өөрийгөө томруулаад байсан. Мөнгө орж ирэх хэрээр эдийн засаг том харагдах нь ойлгомжтой. Өнөөг хүртэл тэгж харагдаж байсан шүү дээ. Гэтэл авсан өрөө төлье гэтэл өнөө мөнгө нь алга болчихсон. Төр мөнгөгүй гэдэг нь тодорхой боллоо. Уугаад идчихсэн хэрэг. Гарцгүй болоод ирэнгүүтээ хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт хоёр руугаа орж байгаа юм. Цээж нь, толгой нь томроод л байна. Хөл нь жил ирэх бүр жижгэрээстэй. Эдийн засаг уначих гээд байгаа нь ийм учиртай. Эдийн засгийн таатай орчинтой улс байя гэвэл компаниудынх нь бизнес сайн байх учиртай. Бизнес сайн гэхээр борлуулалт дажгүй байж таарна. Борлуулалт сайн байх шалтгаан нь худалдан авагч. Худалдан авагчид олон, бүтээгдэхүүн худалдаж авах хэмжээний орлоготой үед бол борлуулалт сайн байна. Мэдээж худалдан авагчдын хэрэгцээтэй зүйлийг үйлдвэрлэж байж компаниуд ашигтай ажиллана. Миний үйлдвэрлэдэг юмыг та үйлдвэрлэдэг байлаа гэж төсөөлье. Тантай өрсөлдөхийн тулд би чанар, үйлчилгээндээ анхаарна. Бид хоёрын дунд тийм шударга өрсөлдөөн байгаа бол эдийн засгийн орчин эрүүл саруул гэсэн үг.

-Шударга өрсөлдөх орчин байхгүй гэсэн том зовлон манайд бий шүү. Шалтгаан нь юундаа байна аа?

-Шалтгаан нь ойлгомжтой. Би шийдвэр гаргагчидтай ойр дотно, миний хүн тэнд байгаа бол би танаас түрүүлж мэдээлэл авч байна. Хоёрдугаарт надад нэг боломж бий. Хөнгөлөлттэй зээл тусламж, хандив зэрэг янз бүрийн дэмжлэгийг танил талтайгаараа мөн л би түрүүлж авч байна. Ийм нөхцөлд та яаж ч хичээгээд надтай өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл миний зардал хамаагүй хямдхан. Учир нь та бид хоёрын зардлын суурь өртөг нь банкны хүү. 16 хувийг банкинд өгөөд өөрөө таван хувийн ашиг гаргадаг бизнес гэж одоо цагт оршин тогтнох боломжгүй. 20 хувийн ашигтай бизнес хаана байгаа юм. Хоол унд гэх мэт хэдхэн бизнес л бий.

Энэ өрсөлдөөн дээр орон даяар акцент хийсэн учраас хүмүүс төр засаг руу шилжчихсэн хэрэг. Тэгэхээр төр нь томроод, хүмүүсийн бүтээе өрсөлдье гэсэн уур амьсгал алга болж, төрөөс юм авъя гэсэн хандлага руу орчихоор эдийн засгийн орчин уначихаж байгаа юм.

-Манай төр бизнес хийх дуртай. Уул уурхай гэх мэт ашиг ихтэй салбарт аль болох олон компанитай байх сонирхолтой, үйлдвэрүүдээ өөрөө барина гэж дайрдаг буруу зантай. Монгол гэдэг улс хөгжихгүй байгаа том шалтгаан энэ гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Ер нь тийм. Төр болж өгвөл бүхнийг авчих гээд байгаа юм. Жишээ хэлье. Саявтар Ханбогдод зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн шийдвэр гаргачихлаа. Төр барих нь л дээ, янз нь. Урт хугацааны, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд ашиг нь хэзээ буцаж нөхөгдөх нь тодорхой биш эрсдэлтэй зүйлд төр цэцэрлэг, сургууль барих мөнгийг зарж болохгүй. Нийгэмтэй хамаатай хөрөнгө оруулалт бол төрийн үндсэн үүрэг. Манай дарга нар гадаадад очоод бид тийм юм барина, ингэнэ тэгнэ гэдэг. Толгойд нь хувийнх нь компани байна уу, төр байна уу гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй санагддаг юм. Ойлгодоггүй.

-Та яг голыг нь олоод хэлчихлээ. Шийдвэр гаргагчдыг анзаараад байх нь ээ, хувийнхаа компанийн төлөө ажиллаад байгаа нь илт анзаарагддаг тохиолдол олон шүү…?

-Зарим тодорхой төслүүд дээр хувийн компани байна уу даа гэж би харж байгаа. Жишээлбэл тавдугаар цахилгаан станц. Арван жил боллоо. Арван удаа шав тавилаа. Том төслүүдийн тухайд төр засаг солигдох тусам нэг төслийг мартагнуулж байгаагийн гол шалтгаан бол тухайн даргын толгойд хувийн компани нь юм уу, түншийнх нь компани яваад байна. Би тэгж харж, ойлгож байгаа. Тийм учраас өмнөх түүхийг нь, өмнө нь хийсэн ажлыг арилгаад өөрөө хийх гэж үздэг. Монголын төр засаг, Засгийн газар дунджаар нэг жилийн настай юм шүү дээ. Ганцхан жилийн дотор дарга болж сурч ч амжихгүй байна. Тэгээд л хамаг юм солигддог. Бид ардчилсан зах зээлийн нийгмийг зүг чигээ болгосон. Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм байгуулъя гээд явж байгаа. Чөлөөт зах зээл гэдэг бол өрсөлдөөн, чөлөөт үнэд суурилсан байдаг. Гэтэл төр томроод, бүхнийг мэддэг амьтан болоод хувирчихлаа л даа. Төр хичнээн бүгдийг мэддэг лут амьтан боллоо ч гурван сая иргэнээс илүүг мэддэг байж таарахгүй. Гурван сая хүнд гурван сая толгой, зургаан сая нүд бий. Төр томроод ирэнгүүт хэт үнэтэй байна гээд үнэ тогтоож эхэлсэн. Монголын эдийн засгийн дампуурлын суурийг үнэ тогтоохтой цуг эхэлчихсэн юм. Социализм үнэ тогтоосоор байгаад сөнөсөн. Ямар ч үнийг төр урт хугацаандаа тогтоож чаддаггүй, тийм боломж ч байхгүй. Хамгийн том жишээ гэвэл ипотек, шатахууны үнэ байна. Шатахууны үнэ тогтооно гээд импортолж байгаа компаниудтай нь тухайн үеийн төрийн эрх мэдэлтнүүд ширээн доогуур, дээгүүр тохиролцсон. Хөнгөлөлттэй зээл өгч, татвараас чөлөөлөөд үнээ барь гэчихсэн. Дэлхийн үнэ буурчихсан үед энэ шийдвэр шатахуун импортлогчдод найр боллоо л доо. Хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй архи уусан. Дэлхийн үнэ гурав дахин унасан байхад “Үнээ барь гээ биз дээ дарга аа” гэсээр өнөөдөртэй золгосон. Дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдэнгүүт одоо бид барьж чадахгүй гэж байгаа юм.

-Яагаад зарим бизнес ийм онцгой инкубаторт байна вэ гээд харахаар төртэй хамаатай бизнес учраас гэсэн хариу гардаг. Шатахуунаас гадна тариа, будаа гурил гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бизнес ч төрөөс мөнхийн татаастай. Төрд байгаа хүмүүсийн хувийн сонирхол энэ салбарт байна гэсэн хардлага дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд шатахуунтай адил зарчмаар явж байгаа. Гурил хийнэ гэдэг гаднаасаа бол сайхан ажил. Гоё харагддаг. Гэхдээ яг таны гэрт очдог гурилын бодитой зардал хэд вэ гээд харахаар танд өгч буй үнээс өндөр байгаа юм. Үнэгүй өгсөн түлш шатахуун бүтээгдэхүүний үнэд тооцогддоггүй. Гаднаас үр тариа авч чадахгүй бол өлсөж үхэх учраас гэдэг утгаар нь харвал хэрэглээн дээр нь татаас өгөх ёстой. Авч чадахгүй хүнд нь өгөх ёстой болохоос бүгдэд нь өгөх учиргүй. Ингэж өгөх нь энэ бүхнийг зохицуулсан яам, газар, дарга удирдлагуудад ашигтай. Тэд өөрсдөө энэ бизнес рүү орчихсон хэрэг. Энэ хүмүүс тухайн бизнесийн монополиуд нь болсон учраас тэр л дээ. Элеватор, талбайг нь авчихсан, нийлүүлэлтийг нь өөрсдийнх нь компани хариуцаж байгаа. Ингэж бодлоготойгоор зохион байгуулагдсан авлигаас болоод бид өнөөдөр ийм намганд орчихсон.

-Зэс хайлуулах, газрын тос боловсруулах гээд хөгжилд нөлөөлөх том төслүүдийг төр өөрөө хэрэгжүүлэх гэж зүтгээд гацаагаад байна л даа. Төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой төслүүд гэж байх уу?

-Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Макгилл Бьюкенен гэж хүн байсан юм. Би тэр хүнтэй уулзаж байсан. Тэр хүн “Төр хамгаалах бүтээх гэсэн хоёр үүрэгтэй” гэж хэлсэн байдаг юм. Хамгийн гол нь хамгаалах. Төр хүний аюулгүй байдал, амь нас, эрх, хөрөнгийг хамгаалдаг. Учир нь хүн үүнийгээ өөрөө хамгаалж чаддаггүй юм байна л даа. Төр байгуулагдсан гол шалтгаан нь ерөөсөө энэ. Хувь хүн хийж чадахгүй хэдэн юм бий. Тухайлбал нийгмийн дэд бүтэц. Төрийн бүтээх үүргийн нэг жишээ нь зам. Зөв явъя гэвэл төр бүгдийг хүнээр хийлгэх хэрэгтэй. Татвар авах нь л төрийн үүрэг. Хамгийн эхэнд хамгаалах гурван зүйлээ л хийх ёстой. Хувийн сектор хийж чадахгүй зэр зэвсгийн гэх мэт үйлдвэрийг төр хийхээс өөр аргагүй. Төр бүтээх, хамгаалах ажлаа хийснийхээ дараа нь өөр зүйл рүү орох учиртай. Төр зэс хайлуулах шаардлагагүй. Онгоцтой байх хэрэггүй. Харин онгоцны буудлыг бол барьж болно. Төмөр замын замыг нь барьж болно, дээр нь явах зүйл төрд хамаагүй. Дээр нь үйл ажиллагаа явуулж буй компаниуд сөнөнө үү, мандана уу төрд падлийгүй. Харин төмөр замын хоёр компанийн нэг нь нөгөөгөө сөнөөхөөр оролдвол хөрөнгийг хамгаалах үүргийнхээ дагуу төр зогсоох ёстой. Төр ямар үүрэгтэй болох, 27 жилийн өмнө бид ямар нийгмийг сонгосон, хаашаа хүрэх гэж байгаагаа өнөөдөр мартсан нь харамсалтай. Гэтэл төр үндсэн үүргээ “Намайг ахиад сонгох ёстой” гээд бодчихсон явж байна.

-ОУВС-гийн шаардлага нөхцөлүүдийг эрх баригчид хүлээгээд авчихлаа. Иргэдэд, компаниудад ачаа болсон хатуу нөхцөлүүд хэрэгжих нь дээ…?

-Бид намагт орчихлоо гэж түрүүн хэлсэн дээ. Одоо биднийг энэ намгаас татаж гаргах зүйл хэрэгтэй. Татаж гаргах хүмүүс нь саяын нөхцөлүүдийг тавьсан. Ийм нөхцөл тавихад та бид хоёрын түрүүн ярьсан зүйл бас нөлөөтэй. Татвараа аваад зээлд хамрагдах нь тодорхой болж байна. Татвар авах хэмжээгээр компаниудын хөрөнгө багасна гэдгийг ойлгохгүй байна. ОУВС-тай, өөр зуураа ч ярихгүй яваа нэг том зүйл бий. Өмнө нь авсан мөнгө хаачсан бэ гэдгийг ярихгүй байна л даа. Тэр мөнгө хаашаа орсон тухай хөндлөнгийн тайлан алга. Бондын мөнгө хаачсан бэ, зээлээр авсан мөнгийг хэн авав гэсэн асуултын хариу хэрэгтэй. Өгөөжтэй, өгөөжгүйгээр нь ялгах учиртай. Хэзээ ч зам барьж байгаагүй компани барина гэж бөөн мөнгө аваад замын компанийг гуйгаад явж байх жишээний. Бондын мөнгийг яаж зарсны наад захын жишээ. Зуучилсан хүн нь, өгсөн хүн нь хувиа авдаг. Үүнийг авлига гээд байгаа юм. Харамсалтай нь бид энэ талаар ярихаас хэтрэхгүй байна. Иргэд сонсоод л өнгөрч байна. Удахгүй биеэрээ мэдрэхээрээ хэлж яриад эхлэх байх. Авдаг цалингийнхаа 30 хувийг алга болсны дараа ойлгох болов уу. Ардчилсан нийгэмд энэ мөнгө хаана байна, ил тод болгооч гэсэн шаардлагыг иргэд нь тавьдаг. Тэгж сураагүй, чадаагүй цагт Монгол Улс ядуу хэвээрээ байна гэдгийг өнөөдөр зарим нь ойлгосон. Ойлгоогүй нь тэс хөндлөн юм шаардаад явж байна. Ихэнх нь мэдлэггүйгээсээ, гүнзгий ойлгоогүйгээсээ болж ингэж яваа.

-ОУВС-гийн татвараа нэм гэсэн шаардлага компаниудад ачаа болох нь тодорхой. Уг нь алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудаа хувьчлах гэх мэт төрөөс өөрөөс нь хамаарах гарцууд харагдах юм. Татвар нэмэхээс өөр ямар арга гарц байна вэ?

-Төрийн бизнесийн оролцоог эрс багасгах ёстой. Төрийн аппаратын брюкрат системийг хямдхан, жижигхэн болгох учиртай. Дэд сайд гэх мэт дэмий албан тушаалуудаа болимоор байгаа юм. Ингэж чадвал өчнөөн мөнгө хэмнэнэ. Төрийн нэртэй бүх компанийг хувьчилж хувийн секторт өгөх хэрэгтэй. Гэхдээ хувьцаат компани хэлбэрээр.

-Уул уурхайн салбарт төр зайлшгүй оролцох ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Уул уурхайд төр оролцох зайлшгүй шаардлага байхгүй. Төрийн хамгийн өгөөжтэй хийж чадах зүйл бол зам. Замыг манайх шиг ядуу улс 30, 40 жилийн дэд бүтцийн зээлээр барих хэрэгтэй. Дэлхийгээр дүүрэн зээл байна. Надад өгөхгүй, гэхдээ төрд бол өгнө. Учир нь Монгол гэдэг улс 30, 40 жилийн дараа алга болохгүй. Их мөнгөтэй, зориулалтын сантай газарт жилийн нэг, хоёрхон хувийн хүүтэй дөчин жилийн хугацаатай зээл асуудал биш. Өөр зүйлд төр оролцох ямар ч шаардлага байхгүй. Зам бариад л болоо. Бусад салбарт төр оролцох ёстой гээд байгаа нь цаанаа ганцхан шалтгаантай. Төрд ороод баяжъя гэсэн мөрөөдөлтэй, баяжиж чадаад байгаа, үе дамжаад хөрөнгөжиж буй хүмүүст л ашигтай эд. Төрийн мөнгөөр хийсэн зүйлийн тайланг гаргадаггүй, иргэд нь мэдлэггүй, идэвхгүй, хоосон ярихаас хэтрэхгүй газарт л авлига цэцэглэдэг.

-Энэ янзаараа яваад байвал алсдаа яах бол?

-Авлига цэцэглэхийн хэрээр нийгмийн тэгш бус байдал гүнзгийрнэ. Удлаа гэхэд хорь, гучин жил үргэлжилнэ. Эцэстээ зад үсэрнэ. Хүмүүс тэвчихээ байгаад босоод ирнэ. Тэр цагт мөнгөтэй боломжтой хэсэг нь хөрөнгөө аваад гараад явчихсан байна. Арчаагүй хэд нь үлдэнэ гэсэн үг. Нэг бол шашнаараа ялгарч байлдана, эсвэл үлдсэн ганц дарангуйлагчаа ээлжилж магтаж, мөргөж амьдарна. Ийм байдалд хүрсэн улс орон өчнөөн. Бид тэр зүг рүү хурдтай гэгч нь явж байна. Баялгийг бүтээж хүртдэг болохоос түрийвчээ даллаад авдаггүй. Гэтэл өнөөдөр иргэд түрийвчээ даллаад авч болно гэж бодоод байна л даа. Харанхуй, унтаа байна. Хоёр унтаа хүн бие биенийгээ сэрээдэггүй юм. Нэг нь сэрсэн байж нөгөөгөө сэрээнэ. Түнэр харанхуйд хэн нэг нь түрүүлж гэрэл асаах ёстой биз дээ. Би тийм байхыг хичээж байна. Хүн бүр л хичээх ёстой. Сэрчихээд чимээгүй яваа хүн олон байгаа нь харамсалтай.