Categories
мэдээ цаг-үе

Б.Дашзэвэг: Би зодог тайлчихлаа

Соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын тоймч Б.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Сэтгүүлзүйгээс зодог тайлах ёслол тань сайхан болж өнгөрчээ. Телевизийн тайзнаа сөгдөж, микрофоноо үнсч хүндэтгэл үзүүлсэн тань сэтгэл хөдөлгөсөн шүү?

-Миний хувьд радио, телевизээр дуу хоолойгоо хүргэсний 50 жилийн ой тохиож байна. Одоогоос 50 жилийн өмнө Монголын радиогийн хүүхдийн “Өглөөний мэнд” нэвтрүүлгээр мэдээ уншиж сэтгүүлчийн ажлаа эхлүүлсэн. Тэр бол нэвтрүүлэгч, хөтлөгч, сурвалжлагч гэх мэргэжлийн минь гараа байсан. Сэтгүүлзүйн салбарт зүтгэсэн 50 жилийн минь ойн хүрээнд гурван гол үйл явдал болох юм. Нэгдүгээрт, миний ажлын гараа болсон Монголын Үндэсний олон нийтийн телевизийн их студид баяр хүргэх нэвтрүүлэг хийсэн. Хүмүүс надад баяр хүргэсэн, би хүмүүст баярласнаа илэрхийлсэн юм. Хоёрдугаарт, “Би олон улсын сэтгүүлч” гэдэг үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд сурвалжлагчийн зүүдэг үнэмлэхээс авахуулаад, ажлын аппарат, хэрэгсэл, дэлхийн олон орноос авчирсан янз бүрийн эд, дурсгалын зүйлс, уран бүтээл, ном зохиол, CD, DVD дэлгэгдэнэ. Их сонирхолтой үзэсгэлэн болно. “Blue mon” цамхгийн нэгдүгээрт давхарт гарах юм. Тэр үзэсгэлэнгийн үеэр шинэ номын нээлтээ хийнэ. Шинэ номын маань нэр “Гайхуулж, шуугиулж амьдрах сайхан” гэж. Миний зохиосон,

…Ганцхан олдох насандаа

Гайхуулж явалгүй ч яах

юм бэ гэдэг дуу бий. Та бүхэн мэднэ дээ, “Амьдрах сайхан” гэж дуу байдгийг. Энэ ном бол хүмүүсийг дурсан санасан тэмдэглэл юм. Хүмүүсийн тухай ном. Миний уран бүтээлийн нэгдүгээр сэдэв бол хүн.

-Гуравдугаарт нь?

-50 жилийн хөдөлмөр, уран бүтээлийн хүндэтгэлийн ёслол болно. Дуу хууртай, хоол ундтай, үзэсгэлэнтэй

нэг ёсны цэнгүүн болох юм. Ийм л гурван үйл ажиллагаа төлөвлөсөн дөө.

-Та зодог тайлах ёслолынхоо талаар сонирхуулахгүй юу?

-Үндэсний телевизийн “Монголын нэг өдөр” нэвтрүүлгээр баяр хүргэх нэвтрүүлэг маань явсан. Тэрэн дээр би зодог тайлсан. Тэрийг та бүхэн үзсэн бол сонин байж болох юм. Би хоёр шавьдаа цом гардуулсан. Тэр цом их сонин. Номон дээр микрофон, үзэг байгаагаар дүрсэлсэн. Баяр хүргэх нэвтрүүлгийн маань хамгийн гол цөм нь би их студидээ сөгдөөд, камер руу очоод адис аваад үнсч байгаа юм. Намайг тэгж зодог тайлахыг хараад миний жижигхээн ач уйлсан. Би ч бас уйлсан, мэдээж хэрэг. Сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч, ГовьАлтай аймгийн төлөөлөгч, уран бүтээлчид үг хэлсэн. Миний арван жилийн багш ирж баяр хүргэсэн нь их сайхан. Ингэж л зодог тайлах үйл явц болов оо.

-Таныг 50 жил ээлжийн амралтгүй ажилласан гэдэг. Үнэн үү?

-Үнэн, үнэн. Радио, телевизээр дуу хоолойгоо 50 жил тасралтгүй хүргэжээ. Тэр байтугай ээлжийн амралт гэдэг юмыг ч аваагүй ирсэн байна билээ. Гадаадад найман жил, бусад үед нь эндээ байжээ. Монголын олон улсын сэтгүүлч гэдэг үнэмлэхийг социализмийн үед Чехословакийн нийслэл Прагт төвтэй байгууллагаас, ардчилал, өөрчлөлт, даяарчлал гараад ирэхээр Брюселльд төвтэй Олон улсын сэтгүүлчдийн байгууллагаас авсан анхных нь сэтгүүлч байгаа юм.

-Та сэтгүүлзүйгээс зодог тайлчихлаа. Одоо тэгэхээр DZ man дууны уран бүтээлрүүгээ илүүтэй анхаарал хандуулах нь уу гэж таамаглаж байна?

-Бие дааж гаргасан 12 ном байна. Бие дааж гэх юм уу даа, тэгж хийсэн баримтат болон уран сайхны 18 кино байна. Нийтийн дуу 20-иод байна, хүмүүсийн мэддэг. Рок поп, электро хөгжмийн найман дуутай цомог байна. “Цэнгэн хөгжилдье” гэж зодог тайлах ёслолын үеэр дууллаа шүү дээ, би. Мөн клип, DVD долоон ширхэг, CD зургаан ширхэг. Хийсэн юм асар их. Гэхдээ нэг юмыг олон хийе гэж боддоггүй. Уучлаарай, зарим сэтгүүлч, зохиолч 20, 50, 60 ширхэг ном гаргасан байдаг. Миний хувьд арав гаруй номтой ч ном тус бүр минь өөр. Өөрөөр жанрынх. Сэтгүүлчийн замын тэмдэглэл, үргэлжилсэн үгийн зохиол, яруу найраг, гадаад хэлний сурах бичиг гээд янз бүр. Уран бүтээл асар их байна. Тэрнийгээ л нэг ёсондоо тайлагнаж байгаа юм.

-Интернэт гэж байхгүй, мэдээллийн хэрэгсэл ховор байсан цагт гадаадад өрнөж байгаа үйл явдлыг танаас л сонсоцгоодог байлаа?

-Олон улсын сэтгүүлч болно гээд Монгол Улсын их сургуулийн гадаад хэлний ангид орсон юм. Хэлийг нь мэдэж байж олон улсын сэтгүүлч болно. Би их сургуулийг төгсөхдөө орос, франц хэлтэй төгссөн. Мэдээг яаж авдаг байсан бэ гэхээр гадаадын радио сонсоно. Гадаад яамны дипломат сурвалжлагчийн үнэмлэхтэй. Тус яаманд очоод гадаадаас ирж байгаа франц хэл дээр хэвлэгдсэн сонинг гуйж аваад тодорхой хугацааны дараа

буцааж өгдөг байлаа. Мэдээг тэгж л их зовж хийдэг байсан сан. Одоо бол гэртээ хариад ганцхан товч дарахад л бүх юм англи, герман, франц хэлээр гараад ирж байна.

-Та Германы Берлин хотод нэлээд удаан ажилласан байх аа?

-Би Европын холбоонд найман жил сурвалжлагч

байсан. Эхлээд Брюселльд байснаа наашлаад л наашлаад л байсан. Надад улсаас тэнд амьдрах байрны мөнгө өгдөг байсан юм. Наашлах тусам байрны түрээсийн үнэ хямдарна. Брюселлиэс Берлинд ирэхэд түрээсийн үнэ нэг дахин хямдардаг байсан юм. Европын холбооны улсад сурвалжлага хийгээд явахад маш амархан. Машинаар бараг нэг өдрийн дотор бүгдийг нь тойрчихсон ш дээ. Өнгөрсөн хугацаанд би дэлхийг гурван удаа бүтэн тойрсон байна лээ.

-Ямар ажлаар вэ. Сурвалжлагаа хийж яваад уу?

-Яагаад тойрчихов гэхээр машинаар яваад тойрчихоогүй. Социализмийн үед Хятад, Орос таагүй харилцаатай байлаа. Тэгэхэд би Нью-Йоркт очиж НҮБ-ын чуулганыг сурвалжлахдаа одооных шиг Бээжин-Токио гээд нисчихдэггүй байлаа. Тэр үед Москва-Парис-Исланд гэж нисээд харин буцахдаа НьюЙорк- Токио-Улаанбаатар

гэсэн чиглэлээр ирдэг байлаа. Чуулган сурвалжлахын тулд дэлхийг бүтэн тойрч байгаа биз. Тэгж л дэлхийг гурван удаа тойрсон доо.


Categories
мэдээ цаг-үе

Монгол эхийн цагаан сүүгээр амласан дэлхийд цараатай ОРОС найрагЧ

С.Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургуульд сурч байхад Очирбатын Дашбалбар багш өрнө, дорнын уран зохиолын хичээл заадаг байв. Зохиолч, яруу найрагчдыг дагуулан ирж оюутан бидэнтэй уулзуулна. Нэгэнтээ яруу найрагч Шаравын Сүрэнжав гуайтай ирсэн өдөр ангийн цонхон цаана цасан бударч, ёстой л нэг малгайлах шиг болж байв. Балбар багшийн сэтгэл их хөдөлсөн янзтай босож ирэн цонхоор санаашрангуй ширтэнгээ нааш цааш холхин алхаж “Цагаан цасан бударна

Утас дамжих шиг гулсана…

Цагийн цагт амьдрах юм сан

Угтаа, бүтэхгүй л биз дээ.

Хэн нэгний сүнс

Орох цагаан цас шиг

Хэл улгүй замхран

Огторгуйд хөөрөн бударна

Цагаан цасан бударна

Цаашдаа би ч бутарна

Үхнэ гэж гунихгүй

Мөнхөрнө гэж горилохгүй

Од биш, цас биш болохоор

Огтоос шидэд би итгэхгүй

Орчлон дээр ахиад би

Хэзээ ч, хаана ч ирэхгүй

Ахархан наслахдаа тэгээд

Аминаасаа илүү юуг хайрлав

Хэний зэрэгтэй явав гэж

Хилэнцээ би бодох юм…

Ширхэг томтой цасан

Шимшрэн цайран лавсаж

Миний болоод хүний

Мөр улыг дарна

Мөнхрөх хүчин үгүй ч

Мөнхүү найдвар гэвэл:

Орос хэрвээ байвал,

Би байх нь мэдээж ээ” гэж гуниглангуй агаад цоглог уншихад оюутан бид ёстой нэг ангайтал сонсож, бишрэн байж билээ. Тэрээр “Евгений Евтушенко гэж мэдэх үү, та нар. Мишигийн Цэдэндорж энэ шүлгийг янзтай орчуулсан байгаа биз” гэж ноцтой гэмээр ноцсон халуун харцаар ширтэж байсныг санаж байна. Мөнөөхөн шүлгийг ч “Зөвлөлтийн шилдэг яруу найраг” номын нэгдүгээр ботиос олж уншин тэр дорхноо л цээжилсэн нь цас будрах болгонд л санаанд ордог хэвээр.

Зөвлөлт холбоот улс болон Оросын их яруу найрагч Евгений Евтушенко 1933 оны долоодугаар сарын 18-нд Эрхүү мужийн Доод Үдэд төржээ. Наяад оны эхээр манайд айлчлал хийхдээ тэрээр “Би монгол эхийн ариун цагаан сүүг хөхөж хүн болсон хүн” гэж хэлсэн нь монголчуудын сонирхлыг өөрийн эрхгүй татсан аж. Сибирийн төмөр замын Зима гэдэг эл өртөө Эрхүүгээс баруун хойшоо 230 километрт оршдог, оросууд хожмоо Ока болгосон, буриадаар Аха хэмээх их голын зүүн эрэгт байдаг аж. Зима гэдэг нь орос хэлний өвөл гэсэн үгтэй ямар ч хамаагүй, буриад үгнээс гаралтай бөгөөд цөллөгийнхнийг буриадууд зэмтэй хүмүүс гэж хэлдэг байснаас Зима гэдэг нэр үүссэн гэсэн яриа байдаг. Е.Евтушенког эх нь 22 настайдаа төрүүлэх үед тарчиг цаг ч таарч, залуу эхийн хөх сүү муутай учир хүүгээ цатгаж чадахгүй, арга барагдаж эрэл сурал болж байтал амаржаад удаагүй нэг залуухан эх таарчээ. Тэр ээж буриад хүн байж. Ингэж ирээдүйн их орос найрагч тэр буриад монгол эхийн ангир шаргал уургийг хөхөж хүн болсон байна. Найрагч “Би хожим хойш, урагш олон явахдаа тэр өртөөгөөр байнга дайрдаг. Дайрах болгондоо тэр буянт эхийн шарилд цэцэг тавьдаг заншилтай болсон” гэсэн байдаг.

Евтушенко хамтралд ажиллаж, Казахстаны Алтайд хайгуулаар явж, 1949 онд анхны шүлгээ хэвлүүлж, 1952 онд анхны номоо гаргаж байв. Тэр жилдээ Евтушенко Оросын Зохиолчдын Эвлэлийн хамгийн залуу гишүүн болсон юм. Түүнийг Никита Хрушевын цаг үеийн буюу 1960-аад оны уран бүтээлчдийн тэргүүлэх төлөөлөл гэж үздэг. 1961 онд түүний хамгийн алдартай найраглал болох “Бабий Яр” хэвлэгдсэн нь жүүдүүдийн эсрэг нацистуудын Киевт үйлдсэн хядлагын тухай байжээ. Уг найраглалдаа Евтушенко түүхийг гуйвуулж байсан Зөвлөлтийн бодлогыг, ЗХУ дахь анти-семитист үзлийг шүүмжилсэн юм. Евтушенко “Ирээдүйн хайгуулчид”, “Гурав дахь цас”, “Газрын эн”, “Ялдам сэтгэл”, “Братскийн УЦС” зэрэг олон ном түүвэр хэвлүүлсэн бөгөөд “Зима өртөө”, “Умардын нэмэгдэл”, “Арван гурав”, “Бүрэн өсөлт” зэрэг найраглал, “Гурав дахь цас”, “Агуу их санаачлагчдын засмал зам”, “Амлалт” зэрэг шүлгүүд нь ихэд алдаршжээ. Түүнээс гадна тэрбээр “Нислэг”, “Хүүхдийн цэцэрлэг”, “Сталиныг нутаглуулсан нь” кинонд тоглосон юм. Евгений Евтушенкогийн зохиолоор хөгжмийн зохиолч Д.Д.Шостакович “13 дугаар симфони” болон “Степан Разинг цаазалсан нь гэдэг симфони найраглал зохиосон аж.

Социалистуудад тэрслүү үзлээрээ адлагдаж амьдарсан ч, рок одоос ч илүү алдартай болсон түүнийг нацистуудын яргаллыг сэтгэлд нэвчтэл бичсэн “Өртөө хавцал” найраглалаар нь дэлхий нийт андахгүй. Энэ алдартай найраглалыг нь соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй орчуулагч монгол хэлнээ буулгаж, “Цог” сэтгүүлд нийтлүүлж байв. “Өртөө хавцал” найраглалд

“…Дөрвөн сарын мөчрийн нахиа шиг

Ариухан, энхрийхэн болчихов.

Надад ч бас хайр буй,

Үггүйгээр тэрнийгээ хэлчихэж чадна.

Нүдгүйгээр тэрнийгээ илчилчихэж чадна.

Хамгийн гол нь

Хайртынхаа нүдийг л харахдаа байдаг.

Харах нь багадвал үнэрлэх нь гол байдаг.

Хайр минь тэр ээ.

Унасан навчийг үнэрлэж болохгүй.

Уужим тэнгэрийг тэвэрч болохгүй.

Хамгийн ариухан нь л,

Хамгийн энхрий нь л-

Харанхуйн дунд

Хоёр биеэрээ тэврэлдэх нь чухал аа” гэсэн уянгын мөрүүд бий. Евтушенко “Сталиныг залгамжлагчид” шүлгээ гаргасан нь Сталинизмын үзэл Зөвлөлтөд үргэлжилсээр байгааг шүүмжилжээ. Энэ шүлэг анх “Правда” сонинд нийтлэгдсэн ба үүнээс хойш 1986 он хүртэл ЗХУ-д ганц ч удаа дахин хэвлэгдээгүй юм. Тэр 1965 онд яруу найрагч Иосиф Бродскийг баривчилсныг эсэргүүцсэн захидал илгээж, 1968 онд Чехословакт ЗХУ цэргээ оруулсныг эсэргүүцсэн захидал эрх баригчдад илгээж байжээ. Чехословакт түрэмгийлэл эхэлснээс хоёр хоногийн дараа Евтушенко “Прагад танкнууд явж байна” нэртэй эсэргүүцлийн шүлгээ зохиосон юм. 1989 онд сонгуулиар Ардын хурлын депутат болсон Евтушенко 1991 онд Борис Ельцинийг дэмжиж байжээ. Дараа нь Чеченьд дайн эхлүүлснээс болоод Ельцинтэй харилцаа муудсан юм. Төрийнхөө тэргүүнтэй муудсан Евтушенко 1991 онд АНУ-д шилжин очиж Америк-Москвагийн хооронд нүүдэллэн амьдрав. Тэрээр “Би Америк улсын хүндэт иргэн. Оклахома мужийн оршин суугч, хотын хүндэт иргэн нь. Тэд өөрсдийн их сургуулиа сурталчлах болохоор миний зургийг нийтэлчихдэг. Эдний хувьд би сургуулийн таних тэмдэг. Тэд надад хайртай, би бас тэдэнд хайртай. Орост намайг ингэж хайрлаж хvндлэх байсан болов уу. Эсвэл аль нэгэн тосгонд нэг муу байшинд ясаа тавих байсан биз” гэж Америкийн сэтгүүлчид ярьсан удаатай.

Монгол эхийн сүү хөхөж хүн болсон дэлхийд цуутай орос найрагч Евгений Евтушенко АНУ-ын Оклахомад дөрөвдүгээр сарын 1-ний өдөр 84 насандаа тэнгэрт дэвшив. Өнгөрөгч сарын 31-нд бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэн Евтушенко эхнэр, хоёр хүүгийнхээ дэргэд эцсийн амьсгалаа хураажээ. Нобелийн шагналт зохиолч Александр Солженицыний бэлэвсэн эхнэр Наталья Солженицына түүний тухай “Евтушенко цэл залуудаа ч, цал буурал ахуйдаа ч жинхэнэ домог болсон хүн байсан. Тэр бол өөрийнхөөрөө амьдарч, жинхэнэ иргэний байр сууринаас бичдэг байсан” гэж Оросын төв телевизэд ярьсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин яруу найрагчийн гэр бүлд эмгэнэл илэрхийлснийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээлсэн. Песков “Евтушенко бол агуу яруу найрагч байсан ба түүний үлдээсэн өв Оросын соёлын салшгүй хэсэг юм” гэсэн байна. Евтушенко өөрийгөө Москвагийн дэргэдэх зохиолчид голдуу амьдардаг Переделкино хэмээх тосгонд Нобелийн шагналт зохиолч Борис Пастернакийн булшны дэргэд хөдөөлүүлэхийг гэрээсэлжээ.


Categories
мэдээ цаг-үе

А.Амарсайхан: “Тоншуул”-ын дугаар ирэхэд “Коби”-гийн пүүз авсан юм шиг л баярладаг хүүхэд явж дээ

“Тусгай салаа” ОАК-ны уран бүтээлчид

Шог зохиолч, шог зураач Алтангэрэлийн Амарсайхантай уулзаж ярилцлаа. Түүнийг “Хэцүү анги”, “Тусгай салаа” киноны зохиолч гэдгээр нь мэддэг.


-Юуны өмнө танд баяр хүргэе. Саяхан таны зохиолоор бүтээсэн “Тусгай салаа” кино Берлиний кино наадмын шагнал хүртсэн.

-Баярлалаа. Кино бол багийн уран бүтээл. Тэгэхээр амжилт маань манай багийн амжилт. Энэ киног бүтээхэд бие сэтгэл оролцсон бүх уран бүтээлчид болоод Монголын Зэвсэгт хүчний нийт офицер ахлагч, бие бүрэлдэхүүн ялангуяа жирийн бор цэргүүддээ баяр хүргэе.

-Таныг зохиолчид “Тоншуулын Амараа” гэлцдэг байсан. Дараа нь “Тусгай салааны Амараа” болсон. Одоо нэр өөрчлөгдөх болов уу?

-Энэ киногоор овоглосон уран бүтээлч олон. Хоёр киноны минь дүрүүдээр нэршсэн яваа хэд хэдэн жүжигчин бий. Тэднийг хүмүүс бүтээсэн дүрийнх нь нэрээр дуудаж харьцдаг. Тэр бүрт би өөрөө нэрээ дуудуулсан юм шиг л баярладаг. Кинонд хамтран ажилласан найруулагч, жүжигчин, зураглаач бүх мундаг хүмүүстээ залбирч дараагийн уран бүтээл хийх урмаар тэтгэгдэж байдаг даа. Зохиолч болгон л өмнө хийснээсээ илүү сайн, илүү олон хүний таашаал хүртсэн, илүү “дуу шуу” хадаасан бүтээл хийх юмсан гэж толгой гашилгаж явдаг болов уу. Би ч бас илүү чанартай сайн бүтээл туурвичих юм сан гэх мөрөөдөлтэй товчлуур торчигнуулсаар л сууна. Гэхдээ юм үзээд, ном уншаад байх тусам л агуу бүтээл биш аль болох энгийн хэрнээ уран содон юм хийх юм сан гэж толгой гашилгадаг боллоо. Энгийн зүйлийн наадтайх содон гайхалтайг олж харж чадна гэдэг л зохиол оролддог хүн бүхэнд байх ёстой хамгийн эрхэм чадвар болов уу. Цаад нууцыг нь биш наана ил байгаа шигтгээг.

-Үзээд, уншаад гэж хэлснийг тань өлгөж авъя. Ингэхэд хаанахын хэнийг уншаад байна?

-Киногоор өвчилсөн чигээрээ л байна даа. Их уншсан хүн болж омойтоод яах вэ, би ч бусад зохиолчдыг бодвол бага уншдаг хүн. Олон ном биш онцгой хэрэгтэй номоо л олж унш гэж зөрүүдэлдэг гэх үү. Хааяа “цэнэг” авмаар болохоороо Анатолий Буйловын “Их нүүдэл”-ийг бариад авдаг. Энэ номыг хэд ч уншсан юм бүү мэд. Аханья надад монгол өвгөн л гэж санагдаад байдаг. Наанаа энгийн ахуй юм шиг хэрнээ цаанаа асар гүн юм өгүүлсэн зохиол. Ц.Гомбосүрэн гуай гайхамшигтай орчуулсан.Онолоос Кристофер Воглерийн “Зохиолчийн аялал” номыг их барьж авдаг болоод байгаа. Орос хэл дээр цахимаар татаад, эхэлж уншихдаа огт ойшоогоогүй. “Америк кино бол өөр. Монгол хүн монгол киногоо л хийх ёстой” гэх сэтгэхүйгээр хандаад, таашаахгүй яваад байсан хэрэг л дээ. Гэтэл энэ номыг надад “Боролдой” Мягмар ах шинээр нээж өгчихөөд байна. Буцаад барьж аваад байх тусам шинэ олж хараагүй зүйлс гарч ирээд байх нь сонин. Өөрийнхөө бичсэн киногоо ч Воглерийн бодож боловсруулсан тиг гортигоор задалж үзээд, юун дээр оносон, юун дээр алдсан, юуг тэс өөрөөр хийснээ хараад байх тусам, номыг ахиж унших хэрэгтэй болоод байдаг. Манайд орчуулагдаж гарсан Дэвид Троттьерийн “Кино зохиолчийн библи” номыг ч их барьж авдаг. Энгийн зүйл дэх уран содон зүйлийг олж харж сурахад яалт ч үгүй Холливүүдийн зохиолчдын баримталдаг онол тусалдаг.

-Кинонуудаа эргээд харахад юун дээр оносон юун дээр алдсан байх юм?

-Киног минутаар нь хуваагаад эхний тэд дэх минутад дуудлага орж ирэх ёстой, дараа нь тэд дэх минутад эргэлзээ үүсгэх ёстой, хугацааны дөрөвний нэгээс босгыг давж, тусгай ертөнц лүү унах ёстой гэх зэргээр хугацаагаар нь маш нарийн хуваагаад эргэлтүүдийг нь заагаад өгчихдөг. Холливүүдийн кинонуудыг үзэхэд яв цав тэр тигээр хийчихсэн байдаг. Кино яг талдаа ороход л гол баатар нь үхэл сэхлийн зааг дээр ирчих жишээтэй. Би энэ бүтцийг нилээн алдаж хийгээд зарим зүйлээ сунжруулчихсан байдаг. Харин зөрчлүүдээ их зөв гаргаад сайн хөгжүүлж, дүрүүдээ хооронд нь сайн орооцолдуулж хэлхэж, зангидаж өгч чадсан. Хамгийн оносон зүйл нь дүрийн ааш араншин, зан чанар, хэлж зуршсан үг, алдах эрхэм зүйл гээд тодотгож, зурж өгөх тал дээр маш оновчтой шийдлүүдийг хийгээд явчихсан. Дүрүүд маань л киног аваад явчихсан гэхэд хилсдэхгүй ээ.

-Нэг зүйлийг сөргүүлж асуух гижиг хүрчихлээ. Та эхлээд онол судалсан бол түмэнд хүрсэн хоёр киногоо бичиж чадах байсан уу?

-Үнэнээ хэлэхэд өөр тийшээ хадуураад явчих байсан байх. Яг ийм бүтцээр нь бичихгүй дээ. Эхлээд ВГИК төгсчихөөд дараа нь кино зохиол бичих тухай бодоогүй, хэдэн шог өгүүллэг, телевизийн цөөн хошин зохиомж бичсэнээс өөр туршлагагүй хэрнээ “ар халхын тэнэг зориг” гаргаад кино зохиол, тэр тусмаа олон ангит кино зохиол шүүрээд авчихсан хүн. Гэхдээ хонон өнжин сууж, олон кино үзэж, судалгаа хийсэн. Бага сага юм уншаад, санамсаргүй эргэлтээс эхлээд онолын аар саар зүйлсийг мэддэг болчихсон байсан.

-Барууны онолын эсрэг хийчихсэн зохиол танд байх юм уу?

-Байна аа. Кино зохиолчдод зориулсан бүх гарын авлага “Өвөрмөц төрхтэй гол дүр бий болго. Түүнийхээ бярыг сорих хүчирхэг өрсөлдөгч – эсрэг дүр сэд. Дараа нь сэтгэл хөдөлгөм түүх бодож ол” гэх үгийг эхний хуудсууддаа заавал өгүүлсэн байдаг. Гэтэл би “Тусгай салаа”-гаа эсрэг дүргүйгээр хийчихсэн. Дүрүүд хоорондоо зөрчилдөж сөргөлдөөд байдаг ч бүгдээрээ сайн сайхны бэлгэдэл болсон эерэг дүрүүд байдаг. Дурлалдаа шатчихсан хөөрхөн бүсгүй Анужинг эсрэг дүр гэх үү, эсвэл нөхрөө харамлаж харддаг, тэр хэрээрээ халамжилж хайрладаг Тамир бүсгүйг сөрөг дүр гэх үү. Эд бол яавч сөрөг дүр биш. Тухайн ангийн үйл явдлаасаа шалтгаалаад хөдөөний цайлган хүү Дэндэвийн эсрэг дүр нь хотын баян айлын чиг шугамдаа тууштай хүү Сүлд болоод ирнэ. Дараагийн ангид Сүлдийн эсрэг дүр нь Хурц захирагч болчихно гэх зэргээр эсрэг дүрүүдийн үүрэг нь шилжээд, хувираад яваад байсан байдаг.

-Сэдвээ жаахан өөрчлөе. Бараг л бүх зохиолчид шүлэг бичиж уран зохиолд анхны шангаа татсан байдаг. Таныг харин тэс өөр зүйл бичиж эхэлсэн гэж сонссон юм байна.

-Би анх шог өгүүллэг бичиж эхэлсэн. Суманд орос хэлний багш байхдаа ханын сонинд багш нараа элэглэж зураад, сургууль хэт халснаас сурагчдын үзэгний бэх буцалж байгаа тухай шог өгүүллэг бичсэн. Бодит байдал бол эсрэгээрээ сумын сургууль огт халдаггүй, хүүхдүүдийн үзгэн дэх бэх бараг л хөлдчихдөг байсан хэрэг л дээ. Тэгтэл сумын шинэ жилд бүжиглэх л гэж ирдэг хүмүүс, бүжгээ мартаад миний ханын сонин дээр овоороод инээлдээд байсан. Тэгээд л сумын ард түмэнд шог өгүүллэг хүргэж болсон юм яагаад төвийн сонинд бичиж, зурж болдоггүй билээ гэх зориг орсон. Гуч дөхсөн насандаа анхны шог зургаа “Өнөөдөр” сонинд, шог өгүүллэгээ “Улс төр” сонинд хэвлүүлж байлаа.

-Уран бүтээлд замчилсан багш тань хэн бол?

-Дамдинсүрэнгийн Сэрээтэр гэж Говь-Алтайн яруу найрагч, сэтгүүлч хүн бий. Түүний эрхлэн гаргадаг “Цахиур Төмөр” сонинд би анхны бүтээлүүдээ гаргаж энэ сониноор хүмүүжсэн хүн. Дараагийн нэгэн том багш бол Бадам-Очирын Галаарид анд минь. Хөлд орж, тэнцэж ядсан анхны сурвалжлагаа биччихээд очиход минь “Овоо шүү” гэж урам өгсөн хүн. Миний гаргасан бүх номыг шүүн тунгааж, “Хэцүү анги”-ийг бичиж байхад минь том зөвлөх болж байсан эрхэм дээ. Самандарын Цогтбаяр зураач бол миний шог зургийн багш, “Тоншуул” сэтгүүлдээ том албан тушаалд авч намайг бойжуулсан буянтан. Цогоо ах, Галаа хоёрыгоо би багшаа гэж боддогоо огт хэлээгүй яваа. “Өдрийн сонин”-оор улс даяар зарлан байж хэлэх билэг ерөөл тохиолоо. Одоо эндээсээ гараад албан ёсоор хадгаа барьж очно оо. Хэвлэлийн хүрээлэнгийнхэн, МУБИС-ийн сэтгүүлзүйн тэнхимийнхэн бол миний сэтгүүлзүйн багш нар.

-Эр хүн амжилттай яваа бол ард нь заавал нэг бүсгүй байдаг гэдэг. Гэр бүл, эцэг эхийнхээ тухай яривал?

-Миний хань Ш.Цэвэлмаа гэж бүсгүй бий. “Таван Богд Вашёкү” компанийн хүний нөөцийн менежер, миний бүтээлийн том “шүүмжлэгч” хүн дээ. Бидний мэдэх “Нагоми”, “Сакура” гээд ресторануудын сүлжээнд хэн ажиллахыг мэддэг ажилтан нь. Харин аав ээж хоёр минь хоёулаа багш хүн. Аав Б.Алтангэрэл Говь-Алтайн Боловсролын хэлтэст 1990 оныг хүртэл ажилласан, сүүлд аймгийн нэгдүгээр сургуульд багшилсан, ээж Х.Загдаа аймгийн нэгдүгээр сургуульд монгол хэл, уран зохиолын багшаар насаараа ажилласан хүн бий. Намайг ганган дэгжин хувцсаар биш шүүгээ дүүрэн уран зохиолын номоор гоёж өсгөсөн бурхад. Ээжийн захиалсан “Цог”, “Тоншуул” сэтгүүлийн шинэ дугаар ирэхэд одооны хүүхдийнхээр бол “Коби” цувралын шинэ пүүз авахуулчихсан юм шиг л баярладаг хүүхэд явж дээ.

-Уран зохиолд аав ээж дуртай болгожээ. Харин шог зураг руу яаж яваад татагдчихсан юм бол?

-Хүүхэд байхдаа зурдаг, улсын уралдаанд гуравдугаар байрт ч шалгарч байлаа. Гэтэл тэр үед “Залуу зохион бүтээгч” дугуйлан гэгч гарч ирээд намайг зургийн дугуйлангаас урвуулчихсан. Аравдугаар анги төгстөлөө нисэхийн зохион бүтээгч болно гэсэн хэт дэвэргэн мөрөөдөлтэй явжээ. Намайг суут зохион бүтээгч болчихоор миний онгоцыг хийх гэж Монгол Улсын гурван сая хүн бүгдээрээ нисэхийн үйлдвэрийн салбарт ажиллах байсан юм уу. Хожим шог зургийг 1998 оны үеэс зурж эхэлсэн. 2004 оноос “Тоншуул” сэргэхэд баярлаад л зургуудаа илгээдэг болсон хүн дээ. Одоо бол “Mongolian Economy” сэтгүүлд шог зургуудаа тогтмол нийтлүүлж байна.

-Таныг бас комикс зураад байгаа гэж сонссон.

-Хүүхдийн “Hero” гээд комикс цувралд зохиолч, зураачаар ажиллаж байна. Нэртэй шог зураач Л.Өлзийбат ах, зураач Б.Цолмонбаяр нартай хамтарч энэ цувралаа гаргадаг. Нийт 20 цуврал гаргахаар төлөвлөснөөс одоо долоо дахь ном дээрээ ажиллаж эхэллээ. “Hero” маань удахгүй телевизийн зурагт зохиомж болохоор яригдаад байгаа. Монголчууд XIII зуунд яагаад хүчирхэг болсон, тэр үеийн баатрууд яаж аж төрж, тулалдаанд хэрхэн ухаан зарж, ялалт байгуулдаг байсан тухай өгүүлдэг. Хүүхдүүдэд мэдлэг олгож, зөв хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор бүтээгдсэн ном юм.

-Сүүлийн үед ямар шинэ кино бичив?

-МҮОНТ-д залуусын сэдэвтэй кино бичсэн, тун удахгүй зураг авалт эхэлнэ. Турк улстай хамтарсан, олон улсын төсөл болж байгаагаараа онцлог. Эртний баатрууд ч мэр сэр үзэгдээд, орчин үеийн залуусын хайр дурлал ч буцлаад байхаар өвөрмөц бүтэцтэй зохиол хийсэн. Манай киноны гол дүр хамтлагийн гоцлол дуучин, бүдүүка хочтой хөдөөний гэж адлагдсан мяраалаг охин тэмцэж, унаж боссоор том од болно. Кино хийх явцтай зэрэгцээд хамтлагаа шалгаруулаад явчихна. Уртын дууны микс хувилбаруудыг гаргаж орчин үеийн хөгжимтэй дуулуулна. Залуусыг солонгос дуу биш өөрийн дуугаа шүтдэг аялдаг болгох нь бидний нэг том зорилго.

-Үнэхээр сайхан зорилго тавьжээ. Ингэхэд та өөрөө уртын дууны хоббитой байх аа?

-Сонин шүү, наяад оны сүүлээр би Орост сурч байхдаа уртын дуунд гэнэт дурлаад эхэлсэн. Бусад оюутнууд шиг “Битлз”, “Смоуки” сонсоод л, диско хөөгөөд явдаг ч өрөөндөө ганцаараа үлдсэн үедээ уртын дууны пянз тавьчихаад бодол болоод хэвтэнэ. Галаарид бид хоёр өөр сургууль хэрнээ оюутны байр ойрхон, ердөө л замын хоёр талд амьдардаг байлаа. Галаа надаар дуулуулаад л сонсоод л суудаг, би “мундаг” уртын дуучин уригдаад л. Эхэндээ буруу зөрүү дуулсаар сүүлдээ ямар ч гэсэн хэдэн дуу аялжсурсан. Найранд очвол дуугүй дүмбийж суухгүй л хүн.


Categories
мэдээ цаг-үе

Манай продакшн уран бүтээлийн хойшлуулж болшгүй ажилтай учир “Азтай бадарчин”-д орж чадаагүй

“Х-ТҮЦ” продакшны менежер, жүжигчин С.Батзоригтой ярилцлаа.


-Монголын хошин урлагийн их наадам болох “Азтай бадарчин” зохион байгуулагдахаар болжээ. Уран бүтээлчид ч хэдийнэ өрсөлдөж эхэлсэн байна. Харин Х-Түц продакшнаас нэг ч уран бүтээлч оролцоогүй байсан?

-Манайх уран бүтээлийн хойшлуулж болшгүй ажил давхацчихсан учраас “Азтай бадарчин”-д орж чадаагүй. Тухайн өдөр нь оролцох боломжгүй байгаа юм. Ерөнхийдөө Х-Түц продакшны 20 жилийн ой маань энэ онд тохиож байгаа. Ойн хүрээнд тайз, дэлгэцийн чамгүй олон бүтээл хийх шахуу төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоогоор манай шилдгийн шилдэг тоглолт Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд үргэлжилж байна. Харин энэхүү тоглолтоо өндөрлөөд Увс, Ховд, Завхан гээд баруун аймгууд руу аялан тоглолтоор явахаар зэхэж байгаа. Манай хамт олон 15 жилийн өмнө л баруун аймгууд руу аялан тоглолтоо хийж байсан юм билээ. Энэ мэтчилэн ажлууд хөвөрч байна.

Ямартай ч манайхаас бусад бүхий л хошин урлагийн продакшнууд маань орж байна лээ. Найз нөхөд, ах нар оролцож байгаа. Хамт олныхоо зүгээс бүгдэд нь амжилт хүсье.

-Таны бодлоор бусад хошин урлагийн продакшнуудаас Х-ТҮЦ юугаараа онцлог вэ?

-Х-ТҮЦ продакшны уран бүтээлчид бүхий л төрөл жанрт хөрвөж чаддагаараа онцлог. Дэлгэцийн, драмын, хошин урлагийн гэх мэт. Драмын төрлөөр таван жүжиг хийж байсныг та бүхэн сайн мэдэж байгаа байх. Монголд анх удаа драмын жүжиг шагийн тасалбартай болж тэсрэлт хийж байсан шүү дээ. Мөн Найдандорж гуай болон Одноо эгч маань продакшны найруулагчаар ажилладаг. Бид найруулагчтай продакшн гэдгээрээ онцлог болов уу. Түүнчлэн хошин урлагийн жүжигчдийг үзэгчид гаднаасаа жүжиглэдэг гэх мэтээр шүүмжилдэг. Харин манай хамт олон үзүүлбэрүүдээ аль болох логиктой, дэс дараалалтай байлгахыг зорьдог юм.

-Та аль нутгийн хүн бэ?

-Би Төв аймгийн Угтаалцайдам сумаар овоглож явдаг. Аавыг минь Сүхбаатар гэдэг. Багш мэргэжилтэй хүн байлаа. Харин ээж минь санхүүч мэргэжилтэй Мөнхцаг гэж хүн байдаг юм. Уул нь аав, ээж хоёр минь Увс аймгийн Сагил сум болоод Ховд аймгийн уугуул хүмүүс л дээ. Гэхдээ манайх Төв аймгийн Угтаалцайдам суманд суурьшсан айл. Анги нэгтгэл гэж байхад ээж нярав хийж, аав ТМС-д багшилдаг байсан юм. Харин намайг хоёрдугаар ангид байхад манайх хот руу нүүсэн. Гэсэн ч би зуны амралтаараа сумандаа ирж морь их унадаг хүүхэд байсан даа.

-Жүжигчин болсон түүхээсээ хуваалцаач?

-Аав минь намайг Хүүхдийн ордны Драмын дугуйланд бүртгүүлснээр жүжигчин болох эхлэлийг минь тавьсан. Гэхдээ аав үүнээс өмнө бөх болгох гэж нэг үзсэн юм. Би ч сонирхолгүй учир болж чадахгүй нь ээ л гэлээ. Гэтэл шатарчин болгоно л гэж байна. Нэг хэсэг тэмцээн уралдаанд оролцоод муугүй явсан шүү. Харин энэ бүхнээс илүү урлаг талдаа их сонирхолтой хүү байсан. Шүлэг уншина, дуу дуулчихна. Ангийнхаа урлагийн үзлэгийн бүхий л үзүүлбэрт орчихдог нөхөр байсан юм. Үүнийг минь ч аав ажигласан болохоор урлагийн хүн болгох гарааг нь тавьсан байх. Харин Хүүхдийн ордны Драмын дугуйлангаа төгсөөд СУИС-д тайз, дэлгэцийн жүжигчний ангид ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийн удирдлаган дор суралцаж эхэлсэн.

-Х-Түц продакшны жүжигчнээр хэзээнээс ажиллаж эхлэв. Ер нь яагаад хошин урлагийн жүжигчин болохоор шийдсэн юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө юм байна шүү. Сургуулиа төгсчихөөд байж байтал Х-Түц продакшн жүжигчин шалгаруулж авах гэж байгаа тухай багш минь хэлсэн юм. Тухайн үед жүжигчин Батаа ах “Мөрөөдлийн театр”-т ороод удаагүй байсан үе л дээ. Ингээд л шалгаруулалтад тэнцэж, продакшныхаа хамгийн залуу жүжигчин болж байлаа. Үнэнийг хэлэхэд оюутан байх үед минь Х-Түц продакшнд ажиллана гэдэг мөрөөдлийн л зүйл байлаа шүү дээ. “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” зэргийг үзэгчдэдээ хүргэчихсэн. Үнэхээр л сүрдмээр, бахархмаар санагддаг байсан юмдаг. Ямартай ч би өөрийгөө азтай хүн л гэж боддог юм. Одноо эгч, Онон ах гээд манайхан ярьдаг л даа. Бид Жамсранжав, Гантөмөр гуайтай тайзнаа хамт тоглож явлаа. Бид их азтай, басхүү сайхан түүхийг бичиж үлдээж чаджээ гэж хэлдэг юм. Ингээд бодохоор залуус бид ч гэсэн азтай. Учир нь хошин урлагийн түүхийг бичилцэж яваа энэ сайхан хүмүүстэй хамт тайзнаа гарч байна гэдэг бас л нэгэн сайхан түүхийг бичиж байгаа хэрэг шүү дээ.

Харин хошин урлагийг сонгосон тухайд би оюутан байх үедээ бүхий л төрөл жанраар маш сайн тоглодог болохыг хүсдэг байлаа. Харин энэ дундаас хошин урлаг бол хамгийн хэцүү нь гэж би боддог. Тиймдээ ч энэ төрөл, жанрыг сонгосон юм.

-Х-Түц продакшнд ороод хамгийн анх ямар үзүүлбэрт гарч байсан бол?

-Драмын дугуйлан болоод оюутан байх үедээ тухайн жүжгээс дуртай дүрээ сонгоод л тоглох боломжтой байдаг. Тэр тайзан дээр ёстой л өөрийнхөөрөө Онон, Одноо болоод л жүжиглэнэ шүү дээ. Харин мэргэжлийн жүжигчин хүнийг угтаж буй тэр тайз бол маш өөр. Тун хариуцлагатай. Тиймдээ ч эхний үзүүлбэр маань амаргүй даваа байсан. Анхны үзүүлбэр маань МУГЖ И.Одончимэг эгчтэй хамт Юндэн, Нансалмаа болсноор эхэлсэнд би их баярлаж явдаг даа. Гэхдээ тухайн үед сандарч, тэвдэж их л хөглөсөн.

-МУГЖ Баттулга буюу Аглуу продакшнаасаа гараад жил тойрох гэж байна. Ямар шалтгаанаар гарсан нь одоог хүртэл тодорхой биш байгаа. Ер нь яагаад гарах болсон юм бэ?

-Би энэ тухай хэлж мэдэхгүй байна. Аглуу ахаас асуусан нь дээр болов уу. Гэхдээ бид хамтарч уран бүтээл хийхгүй байлаа гээд холбоогүй, бие биендээ нуруугаа харуулсан юм байхгүй. Холбоотой л байдаг.

-Та “Итгэл” киноны гол дүрд тоглосон. Ер нь кинонд тоглох санал хэр их ирдэг вэ?

-Миний хувьд өнгөрсөн 2016 он уран бүтээлийн олз омог ихтэй сайхан жил байлаа. “Итгэл” кинонд гол дүрд тоглосон. Өнгөрсөн зун хэд, хэдэн киноны зураг авалтад орсон. Мөн кино саналууд багагүй ирж байна. Үндсэн ажлынхаа хажуугаар амжуулахыг зорьж байгаа. Хамт олны минь л ач гавьяа л даа. Энэ сайхан хүмүүсийн ачаар танигдаж, хүний нүдэнд өртөж байна гэж боддог юм.

-Өмнө нь нэвтрүүлэг хөтөлдөг байсан гэсэн үү?

-Хоёрдугаар курст байхдаа С1 телевизийн “Боролдой, Долдой” гээд нэвтрүүлгийг хөтөлдөг байсан. Цалинтай, бас телевизээр гарчихна. Тийм болохоор их додигор оюутан байж билээ. Бас цалин буусан үедээ найз, нөхдөө хуушуур, буузанд даачихдаг байсан шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Эхнэр маань “Bimex” компанийн ахлах менежер хийдэг. Удахгүй бүр олуулаа болно гээд бодчихсон л явж байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Г.Энх-Амгалан: “Морьтон циркийн гайхамшиг” тоглолт маань арван нэгэн жилийн дараа үзэгчдэдээ хүрч байна

Монголын үндэсний “Аса” циркийн уран сайхны эрхлэгч, соёлын тэргүүний ажилтан Г.Энх-Амгалантай ярилцлаа.


-“Морьтон циркийн гайхамшиг” тоглолт циркийн манежнаа тоглогдож эхэллээ. Та тус тоглолтын талаар яриач?

-Монголын үндэсний цирк дөрөвдүгээр сарын 1-5-ны өдрүүдэд “Морьтон циркийн гайхамшиг” тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барьж байна. Бид өмнө нь олон улсын цирк, арслан барсыг үзэгчидтэйгээ уулзуулж байсан бол ээлжит сонирхолтой тоглолтоо сурагчдын амралтыг угтан толилуулж байгаа юм. “Морьтон циркийн гайхамшиг” тоглолт маань арван нэгэн жилийн дараа үзэгчдэдээ хүрч байна. Ер нь морьтон цирк нь хүүхэд залууст монгол ахуйг урлагаар дамжуулан таниулах боломжтой гэж ойлгож болно. Тухайлбал бугуйл, ташуурыг гарамгай эзэмшсэн байгаа байдал, монгол хүн морьтойгоо байхдаа ямар эрэмгий дайчин байдаг зэргийг харж болдог онцлогтой үзүүлбэр л дээ.

-Тоглолтод нийт хичнээн морьтон циркийн жүжигчид оролцож байгаа бол?

-Энэхүү тоглолтыг Бүгд Найрамдах Солонгос Улсын Чежү аралд морьтон циркийн гайхамшгийг хүргэж, Монголоо сурталчилж яваа залуус маань үзэгчдэдээ толилуулж байна. Бид энэхүү жүжигчдээ эх орондоо ирсэн завшааныг тохиолдуулан Монголынхоо үзэгчидтэй уулзуулах ээлжит хөтөлбөрөө эхлээд байгаа нь энэ юм. Мөн энэ удаагийн тоглолтод монгол мориор үзүүлбэрээ үзүүлнэ. Тэр дундаа манай циркт байдаг, сургуулилттай найман шарга мориор оролцож байгаа. Учир нь морьтон циркийнхээ сацуу монгол морины хүч чадал, гайхамшгийг энэхүү манежандаа үзүүлэхийг зорилоо. Хүний нүдийг баясгаж, сэтгэлийг огшоосон сайхан үзүүлбэрүүд тоглогдож байгаад бид баяртай байна.

-Морьтон циркээс гадна ямар үзүүлбэрүүд тоглогдож байгаа вэ?

-“Морьтон циркийн гайхамшиг”-аас гадна циркийн бүхий л үзүүлбэрүүд тоглогдож байна. Үүнд уран нугаралт, агаарын гимнастик, акробат, олс, ташуур, жонглёр, алиалагч, хүүхдүүдийн хамгийн их сонирхдог илбийн үзүүлбэр ч гэсэн багтаж байгаа. Алиалагчийн үзүүлбэрийг Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Мандах-Оргил маань толилуулах юм.

-Циркийн уран бүтээлчид үзэгчдэдээ цаашид ямар үзүүлбэрүүдээр бэлэг барих бол. Мэдээж төлөвлөсөн ажлууд байгаа байх?

-Мэдээж үзэгчдэдээ зориулсан хөтөлбөрүүд бий. Гэхдээ энэ хөтөлбөрүүдээ тухайн цаг бүрт нь дэлгэвэл сонирхолтой болов уу гэж бодож байна. Ямартай ч “Хүүхдийн баяр”-т зориулж үзэгч хүүхдүүддээ томоохон гэнэтийн бэлэг барина гэсэн зорилттой ажиллаж байна даа.

-Одоогоор Монголын үндэсний “Аса” цирк хичнээн уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Манай циркт харьяалагддаг арваад хамтлаг байдаг. Харин эдгээр хамтлагийн 90 орчим уран бүтээлч бий. Түүнээс гадна залуу, хойч үеэ бэлдэх зорилготой уран нугаралтын академийг нээгээд жил тойрох гэж байна. Одоо бол зөвхөн уран нугаралт гэхгүй циркийн бүх төрлөөрөө элсэлт авч, академи маань өргөжсөн. Академид 100 гаруй суралцагч хамрагдаж, бидний залгамж халаа болж байгаад бид сэтгэл тэнүүн байгаа шүү. Мөн сонирхогчид ч хичээллэдэг. Заавал циркийн жүжигчин болно гэхгүй хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхээс гадна, бие галбираа зөв хөгжүүлэх зорилготой хичээллэдэг залуус ч тус академид цөөнгүй.

-Манай циркийн жүжигчид олон улсын тэмцээн уралдаанд багагүй амжилттай оролцдог. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Манай цирк уран нугаралтаараа одоо ч гэлтгүй, өмнө нь ч тэр дэлхийд гайхагддаг байсан. Одоо дан ганц уран нугаралт гэлтгүй бусад үзүүлбэрээрээ ч амжилт гаргаж байна. Эдгээр амжилт гаргаж буй уран бүтээлчид маань бүгд манай циркт харьяалагддаг уран бүтээлчид юм. Жүжигчид маань цирк дээрээ л ирж бэлтгэлээ хангацгаадаг. Гал голомт нь энд юм болохоор эндээ л ирцгээх нь дамжиггүй шүү дээ. Ямартай ч олон улсын циркийн тавцанд Монголынхоо нэрийг гаргаж яваа жүжигчдэдээ баяр хүргэе.

-Циркийн ихэнх үзүүлбэрүүд эрсдэлтэй, эр зориг шаардсан байдаг. Ер нь ажлын аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажилладаг бол?

-Бид тоглолтод орохын өмнө жүжигчидтэйгээ хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажлын талаар заавар, зааварчилгаа өгч, гэрээ хийдэг. Айхтар эрсдэл учрахгүй байлаа ч гэсэн ханиад хүрчихсэн, тухайн үзүүлбэрээ үзүүлж чадахгүй байх тохиолдол гарч болно. Ийм тохиолдолд бид заавал үзүүлбэрээ үзүүл гэж шаардахгүй. Энэ мэтчилэн нарийн зүйлүүдээ тохиролцсоны үндсэн дээр жүжигчдээ тоглолтод гаргадаг. Ер нь бол цирк амьд урлаг шүү дээ. Өмнөхөөсөө хуулбарлаад, эсвэл бэлэн зүйлээ дүрсээр ч юм уу тавьчихаж болохгүй. Яг л тухайн цаг мөчид өөрсдөө гарч үзүүлбэрээ үзүүлдэг онцлогтой урлаг.

-Циркийн ямар үзүүлбэрийг үзэгчид илүүтэй сонирхдог бол?

-Сүүлийн жилүүдэд үзэгчид эргээд циркийн урлагийг сонирхдог болсон байна. Залуучууд, хүүхдүүд их ирдэг болсон. Өмнө нь харж үзээгүй амьтдыг их сонирхож байна. Мөн илбэ, алиалагчдын үзүүлбэр сонирхол татахгүй байна гэж байдаггүй. Төдийлөн ирж үздэггүй хүмүүс урлаг соёлын тоглолт дээр үзсэн акробат, илбийн үзүүлбэрийг үзчихээд манай циркийн жүжигчид ийм мундаг юм уу гэж гайхах нь энүүхэнд шүү. Монголынхоо жүжигчдээр бахархах сэтгэл төрж байгаад нь их баярлаж явдаг юм. Ямартай ч жилээс жилд циркийн үзэгчид улам олширч байгаа.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Хаврын ядлага, мөхөл дагуулдаг

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэх цаг. Хаврын улирал гэдэг амьтны аймгийн хувьд шинэ жилийн эхний өдрүүд нь. Шувууд, хоёр нутагтан, хэвлээр явагч, загас, буга гөрөөс, аргаль угалз, янгир гээд энэ хорвоогийн бүхий л амьтад бүл нэмэх үе. Шинэ ногоонд цадаагүй ч аль хэдийнэ амсчихсан байгаа. Нарлаагүй, төллөөгүй, их амар амгаланд умбаагүй амьтан Монголын талд лав байхгүй.

Яг өдийд Монгол орны хамгийн жижиг шувуу Шар түрүүт Элсэг хаа байсан Австралиас 20 мянган километр замыг туулан Буйр нуурт буудаллана. Тэндээ үүрээ засч, өндгөө дарна. Өвөг тогоруу, борцгор хотон, хэдхэн грамм жинтэй уран шувуу хүртэл дэлхийн хамгийн өндөр Гималайн нурууг давж ниссээр эх орондоо ирсэн байгаа. Монголчууд анх XIII зуунд дархалж байсан хун шувуу найман зууны дараа ч нутаг руугаа тэмүүлсэн хэвээрээ. Дэлхийд дэндүү цөөхүүлээ үлдэж улаан номонд орсон цасны хажир, явлаг сар, гангар хун, халбаган хошуут, хурагч бор, хурган тутгалжин, хар өрөвтас ч үржиж төлжихийн тулд Монголын хаварт буудаллаж байгаа болов уу.

Хорвоогийн хамгийн тэнэмэл нохой зээх хүртэл орхигдсон нүхэнд түр саатаж үр төлөө гэж, дэлхийд ховор Монголд л цөөхөн үлдсэн Уссурын Хандгай Нөмрөгийн наад хөндий рүү ирж Цагаан зээрийн сүрэгт холилдон чимэг нэмдэг үе. Ичигсэд аль хэдийнэ хөдөлж зурам зугаалж, тарвага нарлаж, баавгай хоол эрэн доншуучилж яваа. Голын эх загасаар хахаж, ус утгах зайгүй байгаа байх. Усны гүн, эргүүлэгтэй газрын ероолд жилийн ихэнх хугацааг үддэг хилэм загас хүртэл энэ л цагт бусад загасны адилаар гүехэн газарт хүрч түрсээ шахдаг. Нэг ёсондоо Монгол нутагт урин улирал ирж, Монголын амьтны аймгийн нэгэн шинэ мөчлөг эхэлж хөдөө нутагт зэрлэг амьтад хөлхөж байгаа.

Монголчууд эрт дээр үеэсээ зөвхөн хаврын энэ л цаг буюу үржлийнх нь үед ямар ч амьтны амийг таслахыг ихэд цээрлэдэг байсан. Хээрээс ан хайх нь бүү хэл хотноосоо мал нядалдаггүй цээртэй. Хавар өдийд амьтны амь бүрэлгэхгүй тааваар нь байлгадаг нь устаж алга болохоос сэргийлэх хамгийн шилдэг арга. Гэвч өнөөдөр цаг өөр болсон. Амьтай бүхнийг хэзээ ч хамаагүй хядах болж. Жишээлбэл, сүүлийн хэдэн жилийн хаврын хаварт монголчууд яргуй идсэн бор гөрөөсний цусанд шуналаа. Харамсалтай нь эцэнхий бор гөрөөсөнд аяга цуснаас нь өөр ашиглах зүйл огтхон ч байхгүй.

Үс нь гуужиж, арьс нь нимгэрч, мах нь улаан зовлого болсон учраас цусыг нь сороод үлдсэнийг нь хаяад явдаг. Үүний үр дүнд өнчирч хоцорсон янзага мөн хорогдоно. Ингэснээр бор гөрөөсний тоо толгой нь эрс багассан үзүүлэлт бий. Бор гөрөөсний ирээдүй Шарангад цөөврийн тавиланг давтах магадлал тун өндөр болсон нь энэ. Монголчууд малгай өмсөхийн тулд Шарангад цөөвөргүй болсон гашуун түүхтэй улс. Шарангад цөөврийн арьсан малгай нэгэн цагт Монгол орны говь нутагт моод болсон учраас хядлага эхэлж, мөхлөөр дууссан. Үүнтэй ижлээр яргуй идсэн бор гөрөөсний цус хүний биед тустай үгүйг нь мэдэхгүй атлаа сүргээр нь хядаж мөхлийг нь ойртуулж байна.

Хаврын хядлага үүгээр зогсохгүй. Ичээнээсээ гарсан баавгай их тарган, бас нойрмог байдаг гээд нэг чөтгөр нь цуурчихаж. Үүнийг сонссон хүмүүс энэ эгзгийг нь тааруулан баавгай унагаж өөх, соёо, доньд, саврыг нь нөөцөлж, махыг нь зулгаах санаархал бас л газар авчээ. Гэтэл өвөлжин өөхөө шатааж, өлөн зэлмүүн яваа өвс, махаар хооллогч хүрэн баавгай яаж өнөөдөр тарган байх билээ. Эцэж шуугдаад, үс нь гуужиж, арьс нь нимгэрсэн байдаг учраас амины гарз. Зарим орнууд заанаас зөвхөн соёог нь авахын тулд хядаж устгасан шиг Монголын аль ч улиралд хамгийн ихээр хулгайн анд нэрвэгддэг амьтан баавгай байсаар байна. “Ходоод руугаа хор чихдэг болсон учраас органик зүйл л тустай” гэж орчин цагийн монголчууд ойлгоод зэрлэг амьтад руу дайрч байгаа нь энэ. Гэвч зэрлэг амьтад ямар өвчин тээж явааг хэн ч мэдэхгүй. Анх ДОХ гэдэг өвчин сармагчингаас хүнд халдсан гэгддэгийг санаж явахад илүүдэхгүй баймаар.

Одоогийн АНУ, Англи, Орос, Франц, Испани зэрэг орнууд дайн байлдааны болоод их өлсгөлөнд нэрвэгдсэн үедээ дорго хүнсэндээ хэрэглэдэг байж. Бүр махных нь хэрэглээний дийлэнх хувийг эзэлдэг тохиолдол ч байсан байна. Харин манай улсын ангийн махаар өөрийгөө тордохыг хичээгсэд үүнийг буруугаар ойлгосон бололтой. Доргоны мах идвэл сайн гэсэн ганцхан бодлын дор устгал явуулж байна. Жилийн дөрвөн улиралд дорго хайсан “хүн цөөврүүд” мөн ч олон амьтны амь тасалдаг гэсэн. Ядаж хавар агнахаа болих шаардлага байна. Шалтгаан нь дээрх хөгжингүй орнууд хэцүү үедээ доргоны мах идэж байсан болохоос ямар нэгэн эмчилгээний зориулалтаар ашиглаж байсан тохиолдол байхгүй. Хүний биеийг сайжруулж, хууч өвчинг илааршуулах нь худлаа гэдгийг үүнээс харж болно. Нөгөөтэйгүүр дорго гэх амьтан хамгийн ихээр нян бактери тээгч хулгана, зурам зэрэг нэг нүхэнд сүрэглэж амьдардаг мэрэгчдийг барьж идэх нь сэжиг төрмөөр зүйл.

Хотон шувууны хувь тавилан мөн л мөхлийн ирмэгт байгаа. Их нууруудын хотгорт цөөн тоогоор ирдэг хотон шувууг Монголын моринд хорхойтой баячууд бараг устгасан. Наадмаас өмнө дөмөг хусууртай болохын тулд дөнгөж ирсэн хотон шувууг буудан хороож хошууг нь тас цавчин авч байна. Ингээд үүрэндээ үлдсэн өндөг нь хагарч амжилгүй хатаж хорчийн, хагарч бяцарсаар устаж байгаа юм. 2009 онд 40 гаруйхан хотон Их нууруудын хотгорт ирснийг судлаачид хэлж байсан. Түүнээс хойш олширч байгаа сайн мэдээ лав дуулдаагүй. Хятадуудаас улбаатай “хунгийн мах хамгийн тэжээллэг хүнс” гэсэн ойлголт байдаг. Үүнийг сонссон хүмүүс мөн л хун шувуун дээр бууныхаа овоо харааг тааруулах болсныг амьтан хамгаалагчид мэдээлэх болсон. Ятууны мах ядаргаанд сайн гэсэн үг бас бий. Энэ үг тухайн шувууг зүйл, аймгаар нь устгах сэдэл нь. Хойлгийн мах зүрхэнд сайн гэдэг. Хавар шувуу элбэг үед их хэмжээгээр агнан борцолж хатаах болсон гэж байгаа. Ийнхүү ашиг олох, арилжаа наймааны сэдлийн дор хаврын улиралд олон тооны шувууд өндгөө ч гаргаж амжилгүй хорогдож байна.

Гэвч бидний анхаарах зүйл бас нэг бий. Орон, орон дамжсан, сүрэг, сүрэг шувууд Монголын тэнгэрт л холилдон сүлэлдэж байгаа. Болгоомжлох ёстой зүйл зөвхөн энэ. Шувууны ханиад, халуун орны тахал, бусад шувуунаас хүнд, хүнээс хүнд дамжиж болох бүхий л өвчинг тэд тээж ирдэг. Тэгэхээр насаа уртасгах гэж зэрлэг амьтдын мах зулгааж байгаад энэ хаврыг ч өнгөрөөж чадахгүй болох эрсдэл бий. Үүний зэрэгцээ хавар өдийд нэг амины цаана дахиад хэд хэдэн амь байдаг гэж үзээд үргээж цочоохыг ч цээрлэдэг байсан эцэг өвгөдийнхөө уламжлалыг бид өнөөдөр тасалж байна.

Энэ бүхэн мөн л усны амьтдад хамааралтай байдаг ажээ. Зарим загас устахын зэрэгцээ хүний эрүүл мэндэд нэн эрсдэлтэй байдаг. Голын эх, гүехэн устай газарт Монголын бүх загас, төрөл хамааралгүй цугларч түрсээ шахаж байгаа болохоор элбэг, их хэмжээгээр нөөцлөх боломжтой үе байж магадгүй. Өгий нуур өөр бусад газарт ч үүнийг далимдуулсан загасчид дэгээгээ шидээд эхэлчихсэн сурагтай байна. Хувингаар хутгаж загас барьдаг үе гэж тодорхойлох нь ч бий. Гэтэл түрсээ шахаж амжаагүй загасыг их хэмжээгээр барьснаар тоо толгой нь цөөрөх улмаар ховордох магадлалтай. Харин хүний эрүүл мэндэд нэн эрсдэлтэй гэдэг нь мөнөөх нүүдэлчин, усны шувуудын тээж ирдэг томуу, тахал мөн л эндээс хүнд халддаг.

Зарах, ашиг хонжоо хайх, эмчилгээнд тустай эд эрхтэнг нь авах, цуглуулгаа арвижуулах зэрэг түмэн шалтгаанаар ангийн улиралд гэлтгүй, хаврын тарчиг цагаар ч зэрлэг амьтдыг хядаж байгаа жишээ үүгээр дуусахгүй. Эрт дээр үеэс монголчууд зарим зэрлэг амьтны эд эрхтэнг эмийн зориулалтаар ашигладаг байсан байх. Харин шинжлэх ухаан хөгжсөн энэ үед боловсруулж, ариутгаагүй элдэв ургамал, ангийн мах хэрэглэж байж шинэ төрлийн өвчин олохоос урьдчилан сэргийлэхийг анхааруулах болсон.


Categories
мэдээ цаг-үе

“Стандарт” банкинд өгөх 51 сая ам.долларыг Ш.Батхүү, Ч.ганзориг, Д.сугар, Т.очирхүү нараар төлүүлье

-АРБИТРЫН ШҮҮХ, ОЛОН УЛСЫН ШИНЖЭЭЧИД Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШ ГЭДГИЙГ БАТАЛЖЭЭ-

“Жаст” группийн ерөнхийлөгч ш.Батхүү Монголын “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэвч Ш.Батхүү авсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрсэн. Иймд “Стандарт” банк Монгол Улсын засгийн газраас Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг нэхэмжилж эхэлсэн. Дээрх банк Засгийн газраас Ш.Батхүүгийн тавьсан өрийг нэхэмжлэх болсон шалтгаан нь хэрэв банкинд тавьсан зээлээ эргүүлэн төлж чадахгүйд хүрвэл миний өмнөөс “Эрдэнэт” үйлдвэр төлнө” хэмээн гэрээ байгуулсан юм. Мөн ш.Батхүү “стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга асан т.очирхүү нар баталгаа гаргаж, гарын үсэг зурсан. тиймээс Монгол Улсын Засгийн газар өрийг батлан даасан гэсэн үг хэмээн үзсэн юм. “Стандарт” банк манай улсын Засгийн газрыг Арбитрын шүүхэд өгч, өрөө нэхэмжилсэн. Арбитрын шүүхийн маргаан хэдэн жилийн турш үргэлжилсэн. тэгвэл “Стандарт” банк арбитрын шүүхэд ялалт байгуулж, Засгийн газар 51 сая ам.долларыг нэгэнт төлөхөөр болжээ. Энэ талаар Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Өмнөд Африкийн “стандарт” банкнаас зуу гаруй сая долларын өр төлнө гэж яригдаж байсан. Энэ асуудал явсаар 51 сая ам.доллар дээр тулчихаад байгаа. Өөрөөр хэлбэл, арбитрын анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн газар 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Энэ асуудлыг манай талаас хүлээн зөвшөөрөөгүй учир давж заалдах шатны шүүхэд хандсан. лондонд энэ асуудлыг шийдвэрлэх үйл явц сар гаруйн хугацаанд үргэлжилж байна” хэмээн мэдэгдсэн юм. лондон хот дахь олон улсын арбитрын шүүхэд манай улсын газар ялагдсан шалтгаан нь Ш.Батхүүд зээл авахад баталгаа гаргаж өгсөн “Эрдэнэт” үйлдвэрийн дарга ч.Ганзориг, төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан д.сугар, УБтз-ын дарга Т.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон явдал юм. үүнийг үндэслэн Арбитрын шүүх Өмнөд Африкийн “Стандарт” банкинд Монгол Улсын засгийн газар 51 сая ам.долларыг төлөх шийдвэр гаргасан байна.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ МАН ТӨР БАРЬЖ БАЙХ ҮЕД БАРЬЦААНД ТАВЬЖ БАЙЖЭЭ

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 140 сая ам.долларын зээл авсан нь 2013 онд ил болж шуугиан тарьсан. Өмнөд Африкийн “Стандарт” банк Засгийн газраас 140 сая гаруй ам.доллар нэхэмжилсэн албан тоотыг 2013 онд илгээсэн юм. Тэр нь “Жаст” группийн захирал Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргэж төлөөгүйтэй холбоотой өрийн бичиг байсан билээ. Албан тоотод Засгийн газрыг 140 сая ам.долларын өрийг барагдуулаагүй тохиолдолд Арбитрын шүүхэд хандана хэмээн “Стандарт” банкнаас мэдэгдсэн аж. Ингээд дээрх хэрэг мандаж эхэлсэн билээ. Төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилсэнтэй холбоотойгоор Засгийн газар хуралдаж энэ асуудлыг хэд хэдэн удаа хэлэлцсэн. Засгийн газар хуралдаж, Хууль зүйн яамнаас чиглэл өгч прокурор, мөрдөн байцаагч, шинжээчдээс бүрдсэн ажлын хэсэг гаргасан. Яахаараа “Эрдэнэт” үйлдвэрийг Ш.Батхүү барьцаанд тавьчихдаг юм бэ. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавих эрх мэдлийг хэн олгосон юм бэ гээд хариулт нэхсэн олон асуулт ар араасаа урган гарч ирсэн юм. Удалгүй бүх зүйл тодорхой болж асуултын хариулт ар араасаа цувран олон нийтэд ил болсон. “Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүү МАН төр барьж байхад буюу С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2009 онд зээл авсан байдаг. Ш.Батхүү нь Ерөнхий сайд асан С.Баярын баруун гарын хамгийн ойр дотнын хүн гэдгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Эндээс эхлэн Ш.Батхүү “Стандарт банкнаас зээл авахад тухайн үеийн Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар батламж бүхий баталгаа гаргаж, гарын үсэг зурсан гэх асуудал босч ирсэн. Ш.Батхүүг “Стандарт банкнаас зээл авахад батламж гаргаж өгсөн гэгдээд байгаа Ерөнхий сайд асан С.Баяр, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.очирхүү нарыг УМБГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААЛЖ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН, ЗУРААГҮЙ”

Хууль хяналтын байгууллага хэргийг шалгаж, Ш.Батхүү “Стандарт” банкнаас зээл авахын тулд бүрдүүлсэн материалтай нь танилцсан. Баталгаа гаргаж өгсөн гарын үсэг “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарынх мөн эсэхийг шинжлүүлсэн байдаг. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийнхэн “Гарын үсэг төстэй байна” гэхээс өөр тодорхой хариу ирүүлээгүй байдаг юм. Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх асуудал нийгэм даяар шуугиан тарих үед сэтгүүлчдэд “Хадгаламж” банк юунаас болж дампуурсан, олон овоотын ордын нөөц худлаа, ТӨХ болон уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ын дарга нар “Стандарт” банкнаас зээл авах үед баталгаа гаргаж гарын үсэг зурсан нь үнэн” гэж мэдээлэл хийсэн. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар “Бид гарын үсэг зураагүй. Бидний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна” гэж хууль хяналтын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хуурамч гарын үсэг, жинхэнэ гарын үсэг гэсэн хоёр зөрүүтэй мэдээллээс болж “Стандарт” банктай холбоотой асуудал ганцаанд орсон. Ш.Батхүү нарт холбогдох хэргийг тухайн үеийн УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгасан. Ш.Батхүүг Нийслэлийн прокурорын газраас 2013 оны есдүгээр сарын 23-нд хорих шийдвэр гаргасан. Түүнтэй хамт Төрийн өмчийн хорооны хоёр томоохон албан тушаалтанг хорьж байсан. Ш.Батхүүд Эрүүгийн хуулийн 233.1, 233.2 дугаар зүйл ангиар Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. дээрх зүйл ангийн заалтад “Тамга тэмдэг, бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэрэг нь батлагдсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ялаар шийтгэнэ” хэмээн заасан байдаг. ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдан хоёр сар гаруй хоригдсон “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн биеийн байдал муудсан. Улмаар “Хорих ангид эмчилгээ хийлгэх боломжгүй, нарийн мэргэжлийн эмч нараар эмчилгээ хийлгэх шаардлагатай байна. чихрийн шижин өвчтэй бөгөөд өвчин нь хүндэрсний улмаас хөл, гар нь мэдээ алдсан” гэх эмчийн оноштойгоор УКТЭ-т хэвтэн эмчлүүлж байв. Түүнийг нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь ШШГЕГ-ын харьяа ангийн алба хаагчид ээлжлэн харгалзаж байв. Ингээд удалгүй түүнийг батлан даалтад гаргасан юм.

“ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ БАРЬЦААНД ТАВЬСАН Ш.БАТХҮҮ, Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАР ҮЙЛДСЭН ХЭРГЭЭ “СЭГСЭРЧ” УСНААС ХУУРАЙ ГАРСАН НЬ

Хоёр жил гаруйн хугацаанд шалгагдсан Ш.Батхүү нарт холбогдох хэрэг 2015 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Өршөөлийн хуульд хамрагдсан. Монгол Улсыг онц их хэмжээний өрөнд оруулж, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг ингэж л юу ч болоогүй мэт “замхарсан” байдаг. Өршөөлийн хууль гарсан даруйд Ш.Батхүү “Би “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн” хэмээн хэргээ хүлээчихсэн. Ш.Батхүү дээрх хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн өөрөө гол буруутан болсон шалтгаан нь Өршөөлийн хууль гарсан даруйд холбогдох хэргээ хурдан шүүхээр шийдвэрлүүлэх зорилготой байсан нь тодорхой юм. Ш.Батхүү гол буруутан болох шалтгаан нь шоронд суухгүйгээр уснаас хуурай гарах боломж нь Өршөөлийн хууль байсан аж. Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурж “Стандарт” банкнаас мөнгө зээлсэн гээд хэргээ хүлээчихсэн учир “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.очирхүү нарт холбогдох хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон байна.

Ч.ГАНЗОРИГ, Д.СУГАР, Т.ОЧИРХҮҮ НАРЫН ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШГЭДГИЙГ АРБИТРЫН ШҮҮХ ТОГТООЖЭЭ

Монголын хууль хяналтын байгууллага “Ш.Батхүү хуурамч гарын үсэг зурсан байна. “Эрдэнэт” үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан Д.Сугар, УБТЗ-ын дарга Т.Очирхүү нар энэ хэрэгт огт хамааралгүй. Тэд буруугүй юм байна” гэж үзээд хэргийг шийдчихсэн. Гэтэл олон улсын шинжээчид тэдний гарын үсэг мөн байна гээд баталчихлаа. Мөн Лондон хот дахь Арбитрын шүүх ч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж зээл авахыг Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар зөвшөөрч, албан ёсны тамга дарж өөрсдийнхөө гарын үсгийг зурсан байна хэмээн үзсэн байна. Ингээд манай улсын Засгийн газрыг 51 сая ам.доллар өгөх шийдвэрийг гаргаад байна. Төрийн өмчийн Бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-осор хэвлэлд мэдээлэл өгөхдөө “Стандарт банкинд өгөх 51 сая ам.долларыг Ш.Батхүү төлөх ёстой” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж зээл авахад баталгаа гаргаж өгсөн хэрэгт Арбитрын шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон Ч.Ганзориг, Д.Сугар, Т.Очирхүү нар ч гэсэн төлөх ёстой. Тэд албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргасны гайг Засгийн газар цаашлаад Монголын ард түмэн үүрэх ёсгүй юм. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан гэх хэргийг сэргээн шалгаж, холбогдох хүмүүст зохих ял шийтгэлийг нь өгөх асуудал ч үүний дараа босч ирэх ёстой.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Жефри С Гленн: Элэгний өвчлөлийг бүрэн эмчлэх боломжтой. Дараагийн шатны шинэ эм хүртэл гарсан

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд манай улс АНУ-тай хамтран ажиллаж эхлээд байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын “Гилайд Сайнс” компанийн үйлдвэрлэсэн Харвони зэрэг дөрвөн төрлийн эмийг Монголд оруулж ирээд байгаа. Өндөр үр дүнтэй “Харвони” эмийг бүтээсэн эрдэмтдийн нэг АНУ-ын Стэнфордын их сургуулийн доктор Жефри С.Гленн манай улсад ирж албаны хүмүүстэй уулзаад уржигдар буцсан юм. Нутаг буцахынх нь өмнөхөн түүнтэй уулзаж ийнхүү ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулаач. Ямар чиглэлээр мэргэшсэн, хэзээнээс эм, эмийн бэлдмэлийн чиглэлээр ажиллав. Монголд ирсэн гол зорилгынхоо тухай сонирхуулаач?

-Намайг Жеффри С. Гленн гэдэг. АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор мөн Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирлаар ажилладаг. Би сүүлийн 30 гаруй жил элэгний В, С, D вирусийн судалгаа, элэгний хорт хавдрын чиглэлийн судалгаанууд дээр ажиллаж байна. Эмч, эрдэмтэн хүний гол зорилго нь дэлхийн шинжлэх ухаанд гарч буй шинэ ололтуудыг нээн илрүүлж түүгээрээ хүмүүсийг эмчлэх байдаг. Ийм учраас эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн цагаасаа эхлэн эмийн хөгжүүлэлт, өвчтөнүүдийг анагаах эм бүтээхэд чиглэн ажилласан. Аль ч улсын иргэн энэхүү эмийг аваад уух боломжтой байх ёстой. Монголд ирсэн зорилго маань үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, Монгол Улс элэгний хавдар, элэгний хатуурлын нас баралт, элэгний В, С, D вирусийн тархалтаараа дэлхийд тэргүүлж байгаа. Энэ нөхцөл байдлыг өөрчлөх боломж Монгол Улсад байна. Тиймээс шинэ загварын дагуу ажлаа эхлүүлэхэд болохгүй зүйл алга гэж харж байгаа.

-Энэ их элэгний өвчлөлийн үед Харвони эмийг нээж, монголчуудад хүртэл боломжийн үнээр хүргэж буйд бид баяртай байгаа. Та Харвони эмийг хэрхэн нээж үйлдвэрлэлд, эмчилгээнд нэвтрүүлсэн бэ. Энэ яг ямар үйлчилгээ найрлагатай эм юм бэ?

-Харвони гэдэг үйлдвэрийнх нь нэршил. АНУ-ын “Гилеад Сиансес” компани үйлдвэрлэн гаргаж байгаа. Энэ эмийн найрлагын гол үйлчилгээ үзүүлдэг бодис софосбувир нь нуклейдын аналоги. Өөрөөр хэлбэл, бидний биеийн генийн мэдээллийг агуулж байгаа РНК, ДНК-тэй төстэй байгалийн молекулын эдийг модификаци хийгээд эм болгон хөгжүүлсэн, шинэ төрлийн, дэлхийн шинжлэх ухаанд хувьсгал гаргасан эм юм. Софосбувирыг бүтээх гол үйл явц Стэнфордын их сургуулийн дэргэд байрлах Швейцарийн Рош компани дээр явагдаж байлаа. Энэ эмийн нээлтийг хамтран зүтгэгч эрдэмтэд маань хийсэн. Софосбувир үнэхээр гайхалтай, үйлчилгээ өндөртэй сайн эм. Гэхдээ софосбувирыг илүү сайжруулсан дараагийн хэлбэрийг бид гаргаад авчихсан. Софосбувирын нэг дутагдалтай тал нь гэвэл ходоодонд ороод шингээлт муутай байдаг. Үүнийг цаашид сайжруулах боломжтой. Шингээлтийг сайжруулна гэдэг нь хоол боловсруулах эрхтний замаар дамжаад элгэнд очих идэвхтэй бодисын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. Эмчилгээний хугацааг богиносгох бас нэгэн шинэ боломж гарч ирсэн. Одоо бол нийт эмчлэгдэж байгаа хүмүүсийн 95-аас дээш хувь нь гурван сарын дотор, 12 долоо хоногийн дотор эмчлэгдэж байна. Үүнийг дараагийн шатны шинэ эмээр сар буюу дөрвөн долоо хоног түүнээс ч богино хугацаанд эмчлэх боломжтой болоод байгаа юм. Софосбувир нь 1 point 0 буюу Харвонигийн дараагийн шатны эмийн хувьд эсрэг дархлаа тогтох барьер нь маш өндөр.

-Элэгний хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны шинэ аргыг нээсэн юм байна. Энэ нь ямар эмчилгээ юм, Харвони эмээс ямар ялгаатай, онцлогтой вэ. Элэгний ямар, ямар вирус өвчлөлийг эмчлэх боломжтой вэ?

-Элэгний 8-9 төрлийн вирус байдгаас дэлхий даяар хамгийн их тархалттай таван төрлийн вирус байдаг. Шинжлэх ухааны хэллэгээр элэгний хепатитын А, В, С, D, Е гэсэн вирусийн төрлүүд. Үүнээс А, Е вирус цочмогоор өвдөөд зөв эмчилгээгээ хийлгээд, хүн биеийнхээ дархлааны системээр эдгээж чаддаг. В, С, D вирусийн хувьд архагшдаг байнгын вирус тээгч болдог. В вирусийн хувьд өвдөөд эдгээд байгалийн вирусийн дархлаатай болох боломжтой. С вирусийн хувьд байгалийн дархлаа тогтдоггүй. Дараа дахин халдвар авч өвчлөх боломжтой. D вирус маш хурдан хугацаанд элэгний хавдар, хатууралд хүргэдэг. Вирусийн халдвар гэдэг бол генийн мэдээлэл агуулсан, эсийг гэмтээдэг хүний биед маш жижиг хэмжээтэй, гадны биет орж ирж байна гэсэн үг. Вирусийн архаг халдвартай гэдэг нь байнгын вируст тээгч. Элэгний эсүүд үхжээд хорт хавдар болдог. Элгийг хүний биеийн цэвэрлэх байгууламж гэж хэлж болно. Манай судалгааны баг элэгний хатуурал, В, С, D вирусийн эсрэг шууд үйлчилгээтэй эмийг бүтээж ажиллаж байгаа. Элэгний хорт хавдрыг эмчлэх дараагийн шатны маш гайхалтай шинэ эмийг гаргаж авсан. 2015 онд Монголд ирэхэд 25-30 насны залуус гуравдугаар шатны хатууралтай, элэгний циррозтой, В, С вирусийн давхар халдвартай, эмчлэгдэх боломжтой юу гэж асууж байсан. Тэднийг хараад эмч, мэргэжилтний хувьд Монгол оронд би чадах бүх зүйлээ хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Үүнээс хойш “Оном” сангийн эрдэмтэд, Монголын эрдэмтэдтэй энэ чиглэлээр илүү нарийвчилсан судалгааны ажлуудыг хийх, хамтран ажиллах, шинэ нээлт хийсэн эмүүдээ Монголд нэвтрүүлэх, Монголын ард иргэдэд эх орондоо эмчилгээ хийлгэх боломжийг нь олгох зорилготой ажиллаад явж байна. Элэгний вирусуудыг эмчлэх боломжтой. Учир нь шинжлэх ухаан асар хурдацтайгаар хөгжиж байна. Бид ч шаргуу ажиллаж байгаа тул эмчлэх боломжтой гэж харж байгаа.

-Шинэ эмчилгээг хэзээ Монголд нэвтрүүлэх вэ?

-Маш хурдан хугацаанд нэвтрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Бид энэ удаагийн айлчлалаараа элэгний хорт хавдар, элэгний В, D, С вирусийн шинэ эмчилгээнүүдийг Монголд нэвтрүүлэх гол зорилготой ирсэн. Элэгний хорт хавдрын хувьд бүх л төрлөөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, албаны хүмүүстэй уулзаж эмчилгээний нэн шинэ арга эмчилгээний талаар иргэдэд нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Монголын вируст хепатитын эсрэг явуулж байгаа ажлууд дэлхийд жишиг болж байгаа. ДЭМБ, энэ чиглэлээр судалгаа хийж буй эрдэмтэд АНУ-ын Эрүүл мэндийн хүрээлэн, халдварт өвчин судлалын төв зэрэг олон байгууллагын анхаарлын төвд байгаа. Саяхан АНУ-ын Шинжлэх ухааны академи, элэгний В, С вирусийг устгах стратегийг гаргасан. Энэхүү стратегийг гаргахдаа хоёр орныг онцгойлон дурдсан байсны нэгдүгээрт Монгол байлаа.

-Элэгний өвчлөл манай улсад нас баралтын тэргүүлэх шалтгаан болоод байгаа. Энэ өвчнөөс монголчууд хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ. Яаж эмчлэх нь хамгийн үр дүнтэй байна вэ?

-Би дөрөв дэх удаагаа Монголд ирж байна. Энэ өвчлөл үнэхээр Монгол хүмүүсийн амьдралд ямар их хор нөлөөтэйг ойлгож, мэдэрч байгаа. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг түрүүлж авалгүй өвчний араас явна гэдэг бол хамгийн хэцүү. Эрт илрүүлж, урьдчилан сэргийлж байж элэгний вирусийн халдвараас урьдчилан сэргийлнэ. Энэ бол цусаар дамжиж халддаг, арьс салст гэмтээсэн бүх төрлийн ажиллагаа, мөн бэлгийн замаар халдах боломжтой. Халдвар аваагүй эрүүл байгаа иргэдийг халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллээр хангах хэрэгтэй. Мөн түүнчлэн Монголд D вирусийн халдварын тархалт өндөр байгаа нь сонирхол татаж байгаа юм. Тиймээс бид энэхүү чиглэлд цаашид судалгааны олон ажил хийх шаардлагатай байна.

-Бусад орны туршлагаас сонирхмоор байна. Манайхтай адилхан элэгний өвчлөл өндөртэй байж байгаад энэ өвчнөөс салж чадсан улс орнуудын ямар сайн жишээ байдаг вэ?

-Элэгний вирусийн халдвар дэлхий даяар өндөр буюу ДЭМБ-ын судалгаагаар 400 орчим сая хүн элэгний вирусийн архаг халдвартай байна. Элэгний С вирусийн голомтыг 2020 он гэхэд устгах хөтөлбөрийг Монгол, Гүрж, Египет, Исланд, Австрали зэрэг олон улс дэвшүүлсэн. Үүн дээр нэмэгдэж АНУ-ын ШУА-иас 2030 он гэхэд элэгний В, С вирусийг устгах стратегийг сая гаргасан. АНУ-д элэгний В, С вирусийн халдвартай гурван сая орчим хүн байдаг. Өмнө нь дурдсанчлан энэхүү стратеги дээр зөвхөн хоёр орныг л жишээ болгосон. Египет улсад ойролцоогоор зургаан сая хүн элэгний С вирусийн архаг халдвартай байдаг бөгөөд 2016 онд нэг сая орчим хүнээ эмчилж, эдгээсэн гайхалтай амжилт гаргасан. Мөн бусад орны туршлагууд байна. Жишээлбэл, Гүрж улс нь АНУ болон бусад орнуудтай хамтран маш сайн ажиллаж байгаа.

-Элэгний вирусийн эсрэг Харвони зэрэг эмийг уугаад вирус устлаа гэхэд дахин халдвар авахгүй гэх баталгаа бий юү. Халдвараас хэрхэн сэргийлэх вэ?

-Элэгний С вирусээр өвчилсний дараагаар тогтвортой дархлаа тогтдоггүй, эмчилгээний дараагаар дахин халдвар авах эрсдэлтэй. Тийм учраас танай улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй С вирусийн голомтыг устгах энэ хөтөлбөр нь энэхүү халдварыг дахин авах эрсдэлийг бууруулна. Өөрөөр хэлбэл, халдварын голомтыг устгаж чадвал энэ өөрөө урьдчилан сэргийлэх нэг арга юм.

Sofosbuvir /ledipasvir бүхий элэгний С вирусийн эсрэг эмчилгээ хэрэглэсэн үед дахин халдвар авах боломжтой. Жишээлбэл Египет улсад хэдийгээр олон хүн эмчлэгдэж байгаа хэдий ч дахин халдвар авах эрсдэлийг бууруулж чадаагүйн улмаас жилдээ 200-гаас 300 мянган хүн дахин халдвар авч байна.

Элэгний вирус нь цусаар дамждаг тиймээс арьс салстыг гэмтээсэн, цустай харьцах зүйлсээс сэргийлэх хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ, шивээс хийлгэх нь нэгэн том эрсдэл юм.

-Эмчилгээний дараа дархлаа сэргээх бэлдмэл зэргийг хэрэглэх ёстой юу. Хэрхэн гам барих вэ?

-Дархлаа сэргээх эм бэлдмэлийг хэрэглэхдээ үнэхээр анхааралтай байх хэрэгтэй. Дархлаа сэргээх гэсэн нэрийн дор маш олон хуурамч зүйл дэлхийн зах зээл дээр байдаг. Тийм болохоор үүнийг авч хэрэглэхдээ мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, дэлхийн стандартад нийцсэн мэргэжлийн эмчилгээний дагуу эм бэлдмэлийг авч хэрэглээрэй гэж зөвлөмөөр байна. Элэгний С вирусийн эмчилгээ хийлгээд вирус нь устсан тохиолдолд дахин эм авч хэрэглэх шаардлага байхгүй. Аливаа эм бодис гэдэг бол нэгэн төрлийн хор учраас эмийг эмчийн зааваргүй, мөн хэтрүүлэн ууна гэдэг маш буруу. Энэ тал дээр Монголчуудыг анхаараарай гэж хэлье.

Categories
мэдээ цаг-үе

Цэргийн эмчилгээний Ц.Ламзав багшийн дэггүй 27 хөвгүүн

1987 оны зун. Ангийн багш дэд хурандаа Ламзавтай Улиастайн Эмнэлэг сургалтын батальонд цэргийн цугларалтанд.

Социализмын үеийн зарим ном, кинон дээр ангийн багш нь хүүхдүүдийнхээ төлөө араас нь цуцалтгүй явдаг үзэгдэл гардаг даа. Яг тэрэн шиг 27 оюутан хөвгүүдийнхээ төлөө бүх насаараа анхаарал тавьж ирсэн Ц.Ламзав багшийн ангийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Анагаах ухааны их сургууль цэргийн эмчилгээний дөрөвхөн анги төгсгөсний хамгийн сүүлчийн төгсөлт болох 1988 оны цэргийн эмчилгээний ангийн дэггүй 27 хөвгүүний нөхөрлөл насан туршдаа үргэлжилсээр л. Тэдний анги анагаахад дан хөвгүүдтэй гэдгээрээ тодоос тод ялгарна. Цагаан халаадны оронд цэргийн хувцас өмсөх нь олонтаа. Ангийн багш дэд хурандаа Ц.Ламзав нь Ленинград хотноо Мечниковын нэрэмжит улсын эмнэлгийн академийг төгссөн, анагаах ухааны дэд эрдэмтэн, доктор хүн. Хөмсгөө зангидаж ярьдаг, маш их зарчимч, цэвэрч цэмцгэр гэж бузгай. Ямар сайндаа сургуульдаа “Цэмцгэр Ламзав”-аар дуудуулж байхав. Хавар субботник болоход анги даасан бусад багш нар нийлж шуугилдаж байхад, манай багш “Оюуны хөдөлмөрийн би хааяа нэг гар хөлөө хөдөлгөхөд сайн” гээд бидэнтэй мөр зэрэгцэн ажилладаг байсан. Ажил завсарлахад том цүнхнээсээ тэр үеийн төгрөг дөчийн талхан дээр орос масло түрхэж, арав жарын зузаан хэрчим хиамтай хүний тоогоор хүн бүрт хоёр талх бидэнд гаргаж өгдөг байсан гэж оюутнууд нь одоо хүртэл үүнийг дурсан ярьдаг. Оюутан цагийн дурсамжит үеэс хойш 29 жил өнгөрчээ. Цэргийн командаар хүмүүжсэн цэргийн цолтой сургууль төгссөн 27 бакаль өнөөдөр Монголын эрүүл мэндийн салбарыг өнгөлж явна. Хамгийн мундаг чадвартай мэс засалч, сэхээний эмч нар хэн байна, тэд энэ ангийн хөвгүүдийн нэг нь байж таарахаар салбарын мундгууд олонтой юм байна. Захаас нь аваад нэрлэхэд, “Номуун” клиникийн эмнэлгийн дарга анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Жанчив, Улсын I эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх бөгөөд Эрүүл мэндийн яамны нойрсуулагч, мэдээгүйжүүлэлтийн ерөнхий зөвлөх Ц.Ганбат, I эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар, III төрөх эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал С.Ганболд, Халдвар судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиникийн их эмч, дэд хурандаа З.Мягмаржав, “Гарьд манлай” хувийн эмнэлгийн дарга З.Цэгмид, Баянзүрх дүүргийн гэмтэл, мэс заслын эмч Ж.Нямжав, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгчдийн тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн мэс засалч, клиникийн профессор Д.Жаргалсайхан, “Монгол хьюндай” солонгос эмнэлгийн дарга Д.Мөнхбат, Дорноговь аймгийн мэс заслын зөвлөх эмч Л.Баярсайхан, Эрдэнэт хотын мэс заслын эмч Д.Хэнчбиш, Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Т.Баянмөнх, Х.Төлеген Казакстанд эмнэлгийн дарга, Зүүнбаян цэргийн госпитальд эмч байсан Ц.Ганбаатар, Зүүнхараагийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Г.Ганбаатар нарыг нэрлэж болно. Г.Ганбаатар бол гарын дүйтэй. “Мартаж үл болно” кинонд Сүхбаатарын хөшөөг яг ижилхэн хийсэн, түүний хийсэн сийлбэр ур хийцээрээ алдартай. Тэрээр оюутан байхдаа шалгалтын хуудасны буланд тамгатай цаас дардаг байхад яг адилхан тамга сийлж дэггүйтэж байсан түүхтэй. “Монгол фитнесс” бодибилдинг төвийн захирал П.Зориг бол Монголд анхны фитнесс төвийг үндэслэгчдийн нэг, анагаахын талаас нь судалсан.

1985 он III курс. Урд эгнээнд Мягмаргариг, Жаргалсайхан, Жанчив. Арын эгнээнд Баяраа, Мөнхбат, Ганболд.

Гэмтлийн эмнэлэгт мэс засалчаар ажиллаж байсан П.Зориг эмчийн хобби нь хувийн бизнес нь болжээ. Хувийн бизнес эрхэлж буй хэд хэдэн хүн бий. “Монгол гүрмэл” хэвийн боовны үйлдвэрийн захирал Л.Мягмаржав, Цогтбаатар нар байна. Цэргийн эмчилгээний анги төгссөн болохоор бүгд ажлын гараагаа цэргийн ангиас эхэлсэн түүхтэй. Армиас тэтгэвэртээ гарсан хэд хэдэн хурандаатай. Одоо ажиллаж буй хурандаа нарыг дурдвал Цэргийн госпиталын дарга бөгөөд хурандаа С.Батболд, Өмнөд Суданд эмнэлгийн багийн даргаар ажиллаж байгаа хурандаа Г.Наранхүү нарыг нэрлэх байна. Ангийн 27 хөвгүүний дийлэнх нь доктор, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч нар гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй байх. Өдгөө ангийн хөвгүүдээс зургаа нь бурхан болжээ. Талийгаач Б.Эрдэнэбат маань Дархан хотын нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр олон жил ажилласан, нэртэй сайн эмч байсан. Дангаа маань гэмтлийн мэс засалч. Хөдөө Завхан аймагт эмчээр ажиллаж байхдаа нас барсан. Г.Батболд манай ангийн ганц Сүхбаатарын цалинтай шилдэг оюутан байсан. Анагаах ухааны сургуульд багшааар ажиллаж байсан. Отгонбаатар цэргийн төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийн эмч байсан. Мөн цэргийн төв эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эрхлэгч байсан Ш.Батсайхан, Дархан хотын “Цээнэ” эмнэлгийн захирал дүрс оношилгооны эмч Ч.Амаржаргал нар маань бидний хажууд алга байна хэмээн дэргэд байхгүй болсон ч зүрх сэтгэлээрээ хамт байдаг андуудаа дурсан ярьцгаасан юм. Ц.Ламзав багшийн ангийнхан дэг журам маш өндөртэй, нэгнийхээ үгэнд одоог ч хүртэл орно. Байнга цуглана. Бараг өдөр болгон уулздаг гэсэн. Бидний хамгийн хайртай, чухал хүн бол багш маань. 1982 оноос хойш ноднин жил бурхан болтлоо 35 жилийн турш ангийнхантайгаа нэг ч холбоо таслаагүй уулзалддаг, амьдрал ахуйд нь тус хүргэх гэж явдаг байсан талаар дурсав.

Ангийн багш, клиникийн профессор Ц.Ламзав

Багш нь бүх шавь нарынхаа төрсөн өдрийг мэддэг, хэн хүнээс урьтаж хамгийн түрүүнд утасдаж баярын мэндийг заавал хүргэдэг уламжлалтай байжээ. “Өндөр аав” шиг 27 шавийнхаа араас хөөцөлдөн тусалдаг ч эргээд шавь нараасаа тус авах тун дургүй, бусдаас тусламж авдаггүй хатуу зарчимтай “айхтар” хөгшин байсан гэнэ. Ангийнхан жил бүрийн цэргийн баярын өдрөөр багштайгаа уулзахдаа амьдрал ахуйн “илтгэл”-ээ тавина. Ламзав багш маань бидний бүх юм байсан. Яг л аав шиг минь гэж шавь нар нь нэгэн дуугаар хэлнэ. Багшийн гэргий орос эмэгтэй Анна эгч бидний ээжийгээс дутахгүй сэтгэл тавина. Гадаад явдлын яаманд бичээчээр ажиллаж байсан. Багшийнх маань хүүхэдгүй байсан бөгөөд бид яг үр хүүхэд шиг нь л байсан даа. Багш орос школтай. Гадуур хэзээ ч хоол идэхгүй, үргэлж гэрээсээ бэлдсэн хоол авчирна. Гэрт нь гэнэтийн зочин ирвэл урьдчилж хэлээгүй гээд хаалгаа тайлдаггүй. Гаднаасаа харахад хямсгар юм шиг хэрнээ сэтгэл доторх нь ямар агуу том ертөнц байсан бэ гэдгийг бид гайхан шагширмаар. Анагаах ухааны сургуульд зөвлөх багшаар ажиллаж байхад нь бид багш дээрээ байнга очно. Дэнхийсэн юмнууд, одоог хүртэл багшаасаа салдаггүй нөхдүүд гэж бусад багш нар нь хэлдэгсэн. Оюутан байхад Ж.Жанчив маань сонгуулийн хүмүүсийг гэртээ оруулалгүй нохой өөдөөс нь тавьсан хэргээр сургуулиасаа хөөгдөхдөө тулахад багш хойноос нь хөөцөлдөж байж авч үлдсэн. Манай ангийн нэг хүүхэд сургуулиа төгссөнөөс хойш нэг хэсэг архи их уув аа. Багштайгаа дөрөв, тавуулаа бид Таван буудлын тэнд гэрээс нь олж уулзаад, багш чанга дуугаар загнаад л байлаа. Үнэхээр архи уух хэмжээ нь дууссан уу, багшийн үг ой тоонд орсон уу архи уухаа шууд больчихсон юмдаг. Одоо тэр андын маань аж амьдрал нь өнгөтэй, дарга нөхөр болсон доо гэж ярив. Наранхүү маань олон дүү нартай өнчин өрөөсөн өссөн. Нараагийн араас багш хөлөө хугартал явсан даа. Хаана ч Нараагаа хамгаална. Сахилгагүй, хичээлээ тасална, шалгалт болоход ард нь өнгөлзөөд сууна. Тэгж чирсээр байгаад төгсгөж билээ. Нэгэнтээ охид олонтой сургуульд сурч байсных анагаахаас тал хувь нь эхнэр авчээ. Багш маань эхнэрүүдийнх нь хүртэл араас нь санаа тавина. Манай бэр онц сурдаг гэж ирээд л ярих. Нэг удаа залуухан эмэгтэй багш шалгалт авч байв аа. Багш маань орж ирээд суучихсан, залуу багш та хянаж байгаарай түр гарчихаад ирье гээд гараад явлаа. Бид багш руугаа пир хийтэл гүйж очоод, багш үүдэнд харуулаар Зориг зогс, Батболд тэр буланд харж бай гээд л бид ч билетээ сөхөөд хараад л гэж оюутан цагийн тухай хууч дурсав. Бидний амьдрал ахуй бүгд багштай маань холбоотой. Бид одоо ч нэгнийхээ үгийг маш сайн сонсоно. 30 гаруй жил нэгнийхээ жаргал зовлонг хуваалцаж байна. Нэг удаа багшийгаа баярлуулахаар бээжин шарсан нугас аваад оройхон хаалгыг нь тогшив оо. Хаалгаа онгойлгоогүй. 10 цагаас хойш ирсэн, бэлэг сэлт юм өгөх гэлээ гээд оруулаагүй юмдаг. Гэхдээ багшийгаа бид гэнэдүүлнэ ээ. Багшийнхаа 80 насны ойг тэмдэглэхдээ гэрийнхэнд нь нууцаар хэлж 20 гаруй хүний хоол бэлдчээрэй гэчихсэн. Багш хэрэв сонсчихвол ой энэ тэрийг тэмдэглүүлэхгүй л гэнэ. Багшдаа хэлээгүй учраас гялс хаалга онгойнгуут бид чихэлдээд гүйлдээд орчихсон. Хэрэв цөөхөн хүн байсан бол багш шууд хөөгөөд гаргана л даа. Нэгэнт хорин хархүү ороод ирсэн учраас яаж чадалгүй, тэгээд багшийнхаа 80 насны ойг сайхан тэмдэглэсэн юм. Ингэж л багшийг гэнэдүүлэхгүй бол манай багш хүнээс юм авахдаа маш нарийн, харин өгөхдөө харамгүй. Нэг юм гуйх гэвэл 10 хоногийн өмнөөс урьдчилж асууна. Завтай юу гээд л. Тэр нь тухайлбал, захаас хоёр шуудай байцаа авах хэрэг гарвал унаа гуйх гэж бөөн юм болно. Тэгээд хүргэж өглөө гээд харамгүй том бэлэг заавал өгнө. Ийм л хүн байсан. Манай ангийн дарга Мягмаргариг Польшид удаж байгаа тул Зориг маань ангийн дарга болсон. Төгсөлтийн 20 жилийн ойн баярын дараа бид орой хуралдаж байгаад Зоригийг халж Жанчивыг тавьсан. Одоо энэ нөхөр халагдах болчихоод байгаа гэж яриад хөхрөлдөв.

2017 он. III сар.

Ангийн хөвгүүд өдгөө 50 насыг хэдийнэ гарсан ч өдөр бүр биентэйгээ холбогдоно, групп чаат бичнэ, салахгүй. Тэд багшийгаа эмнэлэгт хэвтүүлэх болбол өөрөөс нь асуухгүй. Тал талаас мөнгө цуглуулж байгаад бөөн төлөвлөгөө зохиож хуйвалдаж байж хэвтүүлнэ. Нэг удаа багшийгаа Хандгайт дахь цэргийн амралт руу авч явахдаа багшийнхаа ангийн хүүхэд, найз Моломжамц генералыг цуг авч явахаар болжээ. Гэтэл утсаар ярихдаа мөнгөний тухай нэг нь ам алдчихсан чинь багш “Та нар муухай юм хийх гээд байна. Та нар мөнгө өгөх гээд байна. Би буулаа” гэв. Багшийн хөл нь хугарчихсан байсан үе л дээ. Та хөл муутай, хаа холдох юм. Бидэнтэй яв гэж хүчээр шахам хэлсээр цэргийн амралтад амрааж билээ. Жанчив маань докторын хамгаалалтад орох гэж байхад бидэн рүү залгаад цаадах чинь хамгаалалтад орлоо. Та нар очиж байна уу гэж утасдана. Тэгээд тэнхим рүүгээ утас цохиж “Миний шавь зэрэг хамгаалах гэж байна” гэж захина. Ингэж л бидний араас үргэлж санаа тавина. Оюутан байх үеийн онигоогоо эргэн дурсан ярьж баахан хөхрөлдөцгөөсөн юм. Өвөрхангайн Ганболдыг чавка гэж хочилдог. Анхны хичээл дээрээ цүнхгүй гартаа юу ч бариагүй иржээ. Бид хаанаас дэвтэр гаргах бол гэж хараад байлаа. Тэгсэн чинь хромон гутлынхаа түрийнд 12 мөнгөний нимгэн дэвтэр хийчихсэн байсансан. Чавка гэдэг нь бид нар нийлж доргиход, биднийг хооллодог, арчилдаг, загнадаг, араас үглэдэг байсан нэгэн. Одоо ч тийм байгаа гэв. Микрийн Зориг (Малыш) ангиасаа хамгийн том биетэй мөртлөө насаараа хамгийн бага нь. Орос сургууль төгссөн учир монгол хэлэнд маруухан байлаа. Ярих гэж тамлан, бичих гэж бүүр алинг нь алдуулна. Гэхдээ л ангийнхандаа хичээлийг орос хэлнээс чадахаараа хөрвүүлж тайлбарладаг байлаа. Нэг удаа нягт гэдэг монгол үгийг хэлэх үг баахан тата тунгадаж байсан гэнэ. Ийнхүү Ц.Ламзав багштай нэг ангийнхантай уулзахад цагаан атаархал төрөхөөр насан туршийн сайхан нөхөрлөлийг олж харсан юм. Хүний дээд гэж нэрлэж болохоор Ц.Ламзав хэмээх багшийн тухай бас танин мэдэх завшаан гарсан юм. Дараа жил энэ ангийнхны 30 жилийн ой болно. Зад авна аа гэж хэлэх ч цуглахаараа ууж сүйд болохгүй дээ гэлцэх. Жаргал, зовлонгоо хуваалцаж, эрүүл мэндийн энхийн манаанд тэргүүлж яваа эмч ангийнхнаар бахархсанаа нуух юун.

Б.ДОЛЗОДМАА

Categories
мэдээ цаг-үе

М.Оюунчимэг: Татвар нэмэх дээр ул суурьтай хандах шаардлагатай

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй ярилцлаа.

-Хаврын чуулганы эхэнд ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд төсвийн тодотголыг хэлэлцэн батлах учиртай. МАН-ын бүлэг мэдээж төсвийн тодотголыг батлах байх. Засгийн газар ямархуу тодотгол оруулж ирсэн бол?

-Төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай ч гал унтраах маягаар хийж болохгүй. ОУВС-гийн зүгээс хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн тодотгол хий гэж хэлээгүй. “Танай төсөв, эдийн засгийн систем буруу яваад байна, алдаагаа зас, сахилга баттай бай” гэсэн. Төсвийн тодотголыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байхад татвар дээр зайлшгүй өөрчлөлт оруулах зүйлс байгаа нь харагдсан. Гэхдээ Сангийн яам хангалттай хэмжээнд төсвийн тодотгол оруулж ирж чадсангүй. Хувь хүний орлогын албан татвар, Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэх гэхээсээ илүүтэй олон улсын зах зээлд нүүрс, зэсийн үнэ нэмэгдэж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгааг бодолцох ёстой. Тиймээс орлого, зарлага дээрээ анхаарч ОУВС-гийн шаардлагыг хангасан төсвийн тодотгол хийх боломж бий. Тэр утгаараа бид төсвийн тодотголыг эргэж харах ёстой. Эдийн засаг амаргүй байгаа тул архи, тамхины онцгой албан татварыг нэмэх нь зөв. Мөн авто бензин, дизель түлшний онцгой албан татварыг бүгдийг нь нэмэх нь буруу.

-Яагаад?

-Судалгаанаас харахад импортоор орж ирж буй шатахууны 70 гаруй хувийг нь дизелийн түлш дангаараа эзэлж байна. Уул уурхай, барилга гээд томоохон салбаруудад дизель түлшийг түлхүү хэрэглэдэг. Тиймээс дизель түлшний онцгой албан татварыг илүүтэй нэмж, иргэдийн амьжиргаанд шууд тусдаг А80, 92 бензиний татварыг бага зэрэг нэмэх ёстой гэдэг ч юм уу шатлалтай байх нь зөв байх. Ингэлээ гээд нэг их зөрүү алдагдал хүлээхгүй. Сүүлийн дөрвөн жилд цалин нэмээгүй, тэтгэврийг 20 мянган төгрөгөөр нэмсэн байхад цалингийн орлоготой хөдөлмөр эрхлэгчдийн нуруун дээр ачаа үүрүүлж илүү татвар нэмж болохгүй. Зөвхөн цалингаасаа орлого олдог хүмүүст ачаалал нэмж татварын орлого, НДШ-ийн орлогыг нэмэгдүүлж давхар татвартай болгож магадгүй байна. Үүнийг эргэж харах хэрэгтэй. Төсвийн орлого, зарлагаа харж байгаад төсвийн тодотголдоо өөрчлөлт оруулах боломжийг хайх ёстой л доо. Түүнээс биш ОУВС-гийн бүх шаардлагыг хүлээж авах боломжгүй.

-Хувь хүний орлогын албан татварыг яагаад нэмж байгаа юм бол. Бүлгийн хуралд орж мэдээлэл хийсэн хүмүүс ямар хариу өгч байна вэ?

-ХХОАТ-ыг нэмэх болсон шалтгааныг Сангийн яамныхан бондтой холбон тайлбарласан. Бонд татварын хувь хэмжээнд хэр ачаалал үүрүүлж байгаа юм бэ гээд судлаад үзэхээр нөлөөлөл нь тун бага байна. Бонд худалдан авсан аж ахуйн нэгжүүдийн бондын хүү татваргүй тул давхар ашиг олдог. Бонд хүүгийн татвар төлөхгүйн дээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 10-25 хувь хөнгөлүүлдэг. Арилжааны банкууд бонд худалдаж авах гээд байдгийн учир нь энэ. Тиймээс бонд татварт нэг их нөлөө үзүүлэхгүй тул ХХОАТ-ыг нэмэх асуудлаа бондтой холбон тайлбарлаж байгаа нь өрөөсгөл юм.

Түүнчлэн хадгаламжтай л бол хүүгийн орлогын 10 хувийг авна гэж байна. Эдийн засаг хүнд байгаа. Иргэд өөрсдийнхөө хэмжээнд хэдэн төгрөг цааш нь хийж, байрны зээлд хамрагдах гээд урьдчилгаа мөнгө цуглуулаад банкинд хадгалуулсан хүмүүсийн хүүгийн орлогоос татвар авч болохгүй. Эдийн засаг хямрал дундаж болон дунджаас доогуур иргэдэд хамгийн хүнд тусч байгаа. Чинээлэг дундаж давхаргаа дэмжье гэж ярьдаг. Үнэхээр л тийм юм бол хадгаламжийн хүүнд татвар ноогдуулахдаа шатлалтай болгох зөв. Төсвийн зарлага тал дээрээ “шүүсээ” шахах хэрэгтэй. Энэ тал дээр Сангийн яам дутуу ажиллачихав уу гэж харж байгаа.

-Хэт өндөр цалин авч байгаа төрийн албан тушаалтнуудын цалин сүүлийн үед анхаарал татаад эхэллээ. Зарим нь бүр цалингаа нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байх жишээтэй…

-Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудын цалинтай холбоотой асуудал яригдаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд хоёр талдаа маргаантай байгаа тул зориудаар ийм мэдээлэл гаргаж байгаа эсэхийг мэдэхгүй. Гэхдээ тус үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нь 10 сая, захирал нь 20 сая төгрөгийн цалинг нэг сард авдаг байж болохгүй. Ард түмнийхээ нуруун дээр татвар нэмэх гэж байгаа юм бол өндөр цалинтай хүмүүсийн цалингаас заримыг нь яагаад хасч болохгүй гэж.

Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудал нэлээд эсэргүүцэлтэй тулгарах шинжтэй байна. Олон улсын жишигт Тэтгэврийн даатгалын шимтгэлтэй холбоотойгоор 62-65 настайд нь тэтгэвэрт гаргадаг юм билээ. Хэдийгээр бид 2036 онд тэтгэврийн насыг 65 болгоно гэж байгаа ч энэ тал дээрээ анхаарч үзэх шаардлага бий. Тэтгэврийн нас нэмэх асуудлаа хөгжингүй орнуудад байдаг гэж тайлбарлаад байгаа л даа. Монгол Улс хөгжингүй орон уу гэдгээ бодолцох ёстой. Энэ мэтчилэн зайлшгүй анхаарал хандуулах зүйлс байгаа ч бид төсвийн тодотголоо зайлшгүй батлах хэрэгтэй. Гэхдээ татвар нэмэх асуудал дээр ул суурьтай хандах шаардлагатай.

-Засгийн газар төсвийн тодотголоо оруулж ирэхдээ зарлагаа нэмэгдүүлчихээд татварыг мөн нэмэхээр оруулж ирсэн нь маргаан дагуулаад байна. Засгийн газар урсгал зардлаа нэмэх шаардлага байгаа юм уу?

-Орлогоо 500 тэрбумаар нэмж, зарлагаа 173 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. “Яагаад сайд нарын багц дээр зарлага нэмэгдчихэв” гэсэн асуудал бүлэг дээр яригдсан. Өмнөх Засгийн газрын үед Хөгжлийн банкин дээр төсөвлөсөн зүйлс байсан юм билээ. Үүнийг нь автоматаар яамд руу хуваарилсан. Түүнээс биш төсвийн тодотголоор сайд нарын багц нэмэгдээгүй гэж байсан. Ерөнхий сайд төрийн эрх мэдэлтнүүдийн тансаглалыг зогсооно, төрийн алба чадварлаг цомхон байх ёстой гэчихээд үүнийхээ эсрэг явахгүй байх.