Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

“Реал Мадрид” шигшээд шалгарлаа

Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” клуб өнгөрсөн шөнө Германы “Байерн Мюнхен”-ийг талбайд нь 4:0 харьцаатай бут ниргэж, Аваргуудын лигийн шигшээд шалгарлаа. Хоёр тоглолтын нийлбэрээр 5:0. Тэд ийнхүү 2002 оноос хойш 12 жилийн дараа финалд өрсөлдөх эрхтэй болж байгаа юм.

Өнгөрсөн шөнийн тоглолтод Серхио Рамос /16\’, 20\’/, Криштиан Рональду /34\’, 90\’/ нар дубль хийснээр өрсөлдөгчөө төвөггүй буулган авчээ. Рональдугийн хувьд Аваргуудын лигт 16 гоол оруулснаар шинэ амжилтын эзэн болж байна.

Өнгөрсөн улиралд хагас шигшээ шатанд Испанийн “Барселона”-г хоёр тоглолтын нийлбэрээр 7:0 харьцаатай буулгаж авсан “Байерн”-ийн хувьд энэ жил аваргаа хамгаалж, түүхэн амжилтын эзэд болохоор зүтгэж байсан юм. Уг нь тэдний хувьд дотоодын лигтээ түрүүлэх болзлоо хэдийнэ хангачихсан, тоглогчид сэтгэл зүй болоод бие махбодийн хувьд харьцангуй давуу байдалд байсан билээ.

Одоо “Реал Мадрид” ирэх тавдугаар сарын 24-нд Португалийн Лиссабон хотноо болох аваргын төлөөх тоглолтод нутаг нэгт “Атлетико Мадрид” болон Английн “Челси” клубын ялсантай нь тоглоно. Тус хоёр багийн хариу тоглолт өнөө шөнө Лондон хотын “Стэмфорд Бриж” цэнгэлдэхэд болох билээ. Тоглолт Улаанбаатарын цагаар 02:45 цагт эхэлнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Баясгалан моно жүжгийн тоглолт хийнэ

УДЭТ-ын жүжигчин Д.Баясгалан “Моно жүжгийн өдрүүд” тоглолт хийхээ зарлалаа. Тэрбээр ирэх тавдугаар сарын 2-нд “Би Эдит Пиаф байна”, “Бенефис”, тавдугаар сарын 3-нд Б.Галааридын “Тэнгэрийн аялгуу” моно жүжгүүдийг тоглох аж. Д.Баясгалан саяхан Косово улсад болсон Олон улсын театрын наадмаас”Би Эдит Пиаф байна” жүжгээр гран при шагнал хүртээд буй юм.

Categories
мэдээ соёл-урлаг

”Kush & Oyuka” дэлхийн жааз хөгжмийн өдрөөр тоглоно

ЮНЕСКО-гоос 2011 онд жааз хөгжмийг “Дэлхий нийтийн эрх чөлөө, бүтээлч байдлын илэрхийлэл” гэж тодорхойлсон бөгөөд дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг Олон улсын жааз хөгжмийн өдөр болгон тунхагласан.

Энэ өдрийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж байгаа ба Парис, Шинэ Орлеон, Нью-Йорк болон Вашигтон зэрэг хотуудад жааз хөгжмийн одод цугласан томоохон тоглолтууд зохион байгуулагдаж байгаа юм.

Жааз хөгжим нь дэлхийн хөгжмийн түүхэнд нөлөө үзүүлсэн Америкийн алдартай хөгжмийн урсгалуудын нэг бөгөөд Америкийн соёл мэдээллийн төвөөс Олон улсын жааз хөгжмийн өдрийг тэмдэглэн “Kush & Oyuka” жааз хамтлагийн тоглолтыг зохион байгуулж байна.

Тоглолт өнөөдөр 19.00 цагт  Улаанбаатар хотын төв номын санд байрлах “Америкийн соёл мэдээллийн төв”-д болно. Энэ тоглолт нь жааз хөгжмийн сарыг олон нийтэд сурталчлан, Америкийн соёл мэдээллийн төвийн 10 жилийн ойг угтсан дөрөв дэх үйл ажиллагаа юм. Тоглолт үнэ төлбөргүй ба олон нийтэд нээлттэй болох нь ээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хүүгүй ломбард” нээлтээ хийнэ

 “Оюунлаг” продакшны бүтээл “Хүүгүй ломбард” бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл болно. Киноны зураг авалт дууссан бөгөөд тавдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ. Кино найруулагчаар Д.Отгонбаяр, Г.Сэр-Од нар ажилласан бөгөөд Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагчийн шавь нар ажилласан байна.   

Харин киноны гол дүрд “Маск” продакшны жүжигчин Э.Алдар, “Эмоци” продакшны жүжигчин Г.Анхбаяр, залуу жүжигчин Э.Мөнхсоёл нар тогложээ. Мөн  Ардын жүжигчин Г.Мягмарнаран, СТА Б.Баатархүү, МУСТА Ш.Алтанцэцэг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин  СТА Г.Алтаншагай, “Маск” продакшны жүжигчин СТА Ц.Ганзориг, МУСТА Г.Чулуунцэцэг, “ТВ-Коктейль” хамтлагийн жүжигчин СТА Д.Энхбаяр, “Шилдэг өнгө” продакшны жүжигчин Б.Даваажав, “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин СТА Р.Адьяа нар тоглосон байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Х.Тэмүүжин сайд, давхар дээлтнүүдийн асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 09.00 цагт эхэлнэ. Эхэнд нь “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлээд Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ний тухай хуулийн төслийг хэлэлцнэ. Дараагаар нь Х.Тэмүүжин сайдын асуудлыг шийднэ. Олны анхаарлын төвд ороод байгаа эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан боловч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас ийн хойшилж, өнөөдөр хэлэлцэхээр товлоод байгаа билээ.

Ямартаа ч АН-ын зүгээс Х.Тэмүүжин сайдыгаа авч үлдэнэ гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Мөн олон нийт, ард түмэн ч түүний хууль, шүүхийн салбарт хийсэн шинэчлэлүүдийг хүлээн зөвшөөрч, огцруулах асуудлыг эсэргүүцээд байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Согтуу залуус “Counter strike” тоглоомд гардаг шиг л буудалцжээ

Энэ сарын 27-нд өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Жаргалант суманд хүн амины хэрэг гарсан билээ. Жаргалант сумын иргэд “Сэлэнгэд айлын мал маллаж байсан нэг залуу эзнийхээ машин, бууг хулгайлаад зугтаж явсан юм биш үү. Тэгээд Загдалд ирээд бас нэг малчин залуутай архи ууж байгаад биенээ хутгалж, буудалцсан юм дуулдсан. Сэлэнгээс зугтаж явсан тэр залуу хэрэгт холбогдоод шалгагдаж байхдаа оргоод манай суманд ирсэн гэж сонссон” хэмээцгээж байлаа. Сумын төвд дэлгүүр, хоршоо, банкаар үйлчлүүлж байсан хүмүүс “Өчигдөр манай суманд хүн амины хэрэг гарсан гэнэ. Сэлэнгэд айлын мал малладаг байсан залуу энд ирээд айлын туслах малчныг долоо хутгалаад алчихаж”, “Цагдаа нар хүн алсан залууг баривчлахаар очиход өөдөөс нь буудсан гэсэн”, “Хутгалуулсан залуу эмнэлэгт ирээд сэхэл авахгүй байсаар нас барсан юм биш үү”, “Сэлэнгээс ирсэн залуу нь нас барсан юм уу, нөгөөх нь амиа алдсан юм уу, бүү мэд. Ямар ч л байсан хүн нас барсан гэнэ лээ” хэмээн ойр зуураа ярьцгаах аж. Жаргалантынхан эл хэргийн талаар 28-ны өглөө л сонсчээ. 

Сумын цагдаагийн хэсэгт очиход хаалгыг нь том хар цоожоор цоожилчихож. Үүд хавиар нь хөлхөх хүмүүс “Цагдаа нар Загдал руу явсан байх. Тэнд хэрэг гарсан гэсэн” хэмээв. Тэндээс Загдал баг руу хөдөллөө. Хэрэг Загдал багаас баруун хойш нэлээд зайтай байх Бүрэгтий гэх газарт болсон юм байна. Хэрэг гардаг өдөр буюу 27-ны өглөө найман цаг өнгөрч байхад хөх өнгийн портертой нэгэн залуу Загдал багийн урдуур хойгуур өнгөрч, баахан холхисон талаар нутгийнхан ярьж байлаа. Тухайн үед тэндхийнхэн нэг их анзаарахгүй “Ямар айлын хүргэн юм бол. Хэнийд ирсэн юм бол” хэмээцгээгээд өнгөрч. Тэгтэл өнөөх залуу баг дундуур машинтайгаа давхиж, нутгийн залуусыг өдөж, хор­гоож өөрийгөө шийдсэн нөхөр, юунаас ч айдаггүй, хэнийг ч болов цохиод унагачихдаг шилийн сайн эр мэтээр ярьж байжээ.  

Түүнийг харсан хүмүүс намхан нуруутай, бор ца­райтай, саравчтай малгайтай явсныг хэлж “Халаасандаа гараа хийчихсэн, их л таа­халзсан алхаатай залуу байсан. Архи үнэртүүлчихсэн. Гэхдээ яадгаа алдталаа уугаагүй харагдсан” хэмээлээ. 

Тэр залуу мотоцикльтой малчидтай уулзан “Сэлэнгэ явах гэсэн юм. Таван литр түлшээр дугуй солихгүй биз. Арын давхар дугуйнуудаараа солино шүү” хэмээн явсан гэнэ. Тэгтэл өдөр 14.00 цагийн алдад тэрээр багийн хойд хөндийд машин дээрээ мотоцикль ачиж байж. Хажууд нь бордуу хүрэмтэй, гэзэгтэй залуу зогсч харагдсан гэнэ. Түүнээс хойш хөх портертой залуу дахиж харагдаагүй гэлээ. 

 
Харин Бүрэгтийнхэн болсон хэрэг явдлын талаар ийн ярилаа. 

Сэлэнгэд айлын мал малладаг А.Амартүвшин гэх залуу эзнийхээ ачааны машин, “ТОЗ-8” маркийн калибр бууг хулгайлаад зугтжээ. Тэрээр хулгайн хэргээр өмнө нь хэд хэдэн удаа ял эдэлж байсан бөгөөд ийм хэргээр эрэн сурвалжлагдаж байсан нэгэн юм байна. Түүнийг Чингэлтэй дүүрэгт айлын зуслангийн байшинг ухсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байсан ч оргож Сэлэнгэд очсон аж. Тэнд нутгийнхны итгэлийг олж аваад машин, бууг нь хулгайлсан юм байна. 

А.Амартүвшин нэгэн залуутай хамт явж байжээ. Тэд хулгайн машинаараа Сүмбэрт очоод Бор гэх залуутай тааралдсан гэнэ. Бор бол Жаргалантын уяач Батаагийн адуучин бөгөөд Бүрэгтийд эхнэр, хүүхдүүдийнхээ хамт амьдардаг нэгэн байсан тухай Загдал багийнхан ярилаа.

А.Амартүвшинтэй цуг явсан залуу Борын танил байсан учир залуус шар айраг ууцгааж, нэлээд наргижээ. Бор тэр өдөр Улаанбаатар хотоос харьж явсан бөгөөд залуус түүнийг гэрт нь хүргэж өгөх далимаар архи нэмж уухаар Бүрэгтийд очсон юм байна. Залуус нэлээд согтоцгоож, А.Амартүвшин дагуулж явсан залуутайгаа муудалцаж, түүн рүү хутга барин дайрч гар руу нь гурван удаа хутгалжээ. Танилаа цусанд хутгалдаад хэвтэж байхыг харсан Бор А.Амартүвшинтэй гар зө­рүүлж ноцолдсон байна. А.Амартүвшин машинаа асаагаад зугтжээ. Тэгтэл Бор том буу гаргаж ирээд мотоцикльтойгоо араасаа нь нэхсэн гэнэ. Өнөөх буугаараа  хэдэнтээ буудаж орхитол машин гэнэт зогсчихож. Энэ дүр зургийг харвал хэнд ч айдас хүрэхээр байсныг үйл явдлыг харсан гэрч ярьжээ. Бор А.Амартүвшингийн аминд хүрчихлээ хэмээн айж, цочролд ороод мотоциклио унаад алга болсон гэнэ. Харин айж балмагдсан А.Амартүвшин машиныхаа суудлын ард байсан калибраа аваад уул руу гүйжээ. 

Гартаа хутгалуулсан залуу цус алдаж нас барсан бол Бор одоо болтол олдоогүй байгаа гэнэ. Өчигдөр Жаргалантын хэсгийн төлөөлөгчөөс түүний талаар асуухад “Олдсон эсэхийг нь мэдээгүй байна. Зүүнхараагийн мөрдөн байцаагчаас энэ талаар мэдээлэл ирүүлээгүй байна” гэсэн хариулт өгсөн юм. 

Борын барьж явсан буу нь уяач Батаагийнх байсан гэнэ. Портер машины радиаторыг задартал нь буудсанаас үзэхэд нэлээд хүчтэй галт зэвсэг байсан бололтой.

А.Амартүвшин буугаа барьж гүйсээр нэгэн малчныд орсон байна. Тэрээр “Би гэмт хэрэгтэн. Шоронд орж байсан. Дахиж шоронд орохоосоо айхгүй байна. Харин  Бороос айж байна. Тэр том буу бариад намайг хөөж байгаа” гэж ярьж байжээ. Түүний хоёр гар нь нэлдээ цусанд будагдсан байсан гэнэ. А.Амартүвшин тэр айлаас гараад уул даваад зугтжээ. Энэ бүхнийг харсан гэрчүүд Загдал сумын Засаг дарга руу утсаар мэдээ дуулгаж, цагдаагийн тусламж дуудсан юм байна. 

Хэрэг хормын төдийд болоод өнгөрчээ. Малаа хариулж явсан малчид энэ хэргийг харсан байна. Буун дуу ажин түжин байсан хангай дэлхийг сэрээх мэт хэнгэрэг хагалам чанга дуугарсан гэнэ. Хэргийг харсан нэгэн залуу “Тэнд аймаар юм болж байна. Тусламж дуудахгүй бол болохгүй нь. Яг л “Counter strike” тоглоом дээр алан хядагч руу шагайж байгаад буудаад, буудалцдаг шиг буу барьцгаагаад гүйлдэж буудалцаад байна. Буудуу­лахаасаа өмнө эндээс холдъё” гэчихсэн сандарчихсан гүйж явсан гэнэ.

Тэндхийнхэн “Бор өөрийгөө хүний аминд хүрчихсэн гэж бодоод энд тэнд очоод амиа хорлочихсон биш байгаа даа. Эсвэл хаа нэгтээ бүгж байж болох юм” хэмээцгээж байлаа.

А.Амартүвшин цагдаа­гийнханд бууж өгсөн бөгөөд түүнийг хэрэг гардаг өдрийн орой нь барьж саатуулсан юм байна. 

Нутгийн зарим залуус “Байлдаан тулалдаантай кинон дээр гардаг шиг л юм Бүрэгтийд болсон гэсэн. Малаа хариулж, уулан дээр суусан хүмүүс харсан байна лээ. Буудалцаад, хөөцөлдөөд, машин тэрэг болоод айхавтар юм болсон. Хэрвээ зогсоох гэж очсон бол өөрсдөө буудуулах байсан биз. Ухаанаа алдталаа архидсан юм шиг байна. Эрүүл хүнээс тийм үйлдэл гарах уу” гэж ярьцгааж, “Бүх юм архинаас болж байгаа юм” хэмээж байлаа.

Бор уяач Батаагийнд хоёр жилийн өмнөөс адуучнаар ажиллах болсон бөгөөд ойр тойрныхон нь түүнийг “Ажилсаг, амьдралын төлөө явдаг сайн залуу. Түүнийг олоод хүний аминд хүрээгүй гэдгийг нь дуулгачихвал нэг ч гэсэн айл элэг бүлэн үлдэх юм даа. Хэдэн нялх хүүхдүүд нь өнчирвөл яана” хэмээн харамсч байлаа.  

Д.САРУУЛ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН


Categories
мэдээ цаг-үе

Дүүргүүдийн хэлтсийн дарга нар татвар төлөгчдийн мөнгөөр Европ руу аялна

-ТЭД ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН ТЭМЦЭЭН ҮЗЭХИЙН ТУЛД ТӨСВӨӨС 100 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ГАРГУУЛЖЭЭ-

Дүүргүүдийн Худал­даа, үйлчилгээний хэлт­сийн дарга нар өнөөдөр Европын орнуудыг зо­ри­лоо. Аяллын багт Нийс­лэлийн Захирагчийн алба­ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс бо­лон дүүргүүдийн Ху­дал­даа үйлчилгээний хэлт­сийн дарга нар багт­жээ. Тэд ийн аялах бол­сон шалтгаанаа Ев­ропын орнуудын худал­даа үйлчилгээний бай­­гууллагуудын турш­­­­ла­га судлах гэж тайлбарласан юм. Мөн Германы Франкфурт хотод тавдугаар сарын 3,4-нд болох Үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах тэм­цээнийг үзэх юм байна. Дараа нь Итали, Герман, Франц зэрэг улсуудаар арав хоног аялах аж. Аяллын зардлыг нэг хүний арав гаруй сая төгрөгөөр тооцож төсвөөс гаргаж байгаа юм байна. Эдийн засаг хямарсан үед хэлтсийн дарга нар 100 гаруй сая төгрөгөөр тэмцээн үзэж, зугаална гэхээр иргэд дургүйцэх нь гарцаагүй. Тийм ч учраас чухам ямар хөтөлбөртэйгээр, ямар зочид буудалд байрлаж, хаагуур явахаа сайтар нууцлахыг аяллын багийнханд сануулжээ. Тухайлбал, Налайх дүүр­гийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга А.Туяабаатар өөрийгөө ямар, ямар улсаар явахаа мэдэхгүй гэсэн юм. Багануур дүүр­гийн Тохижилт, үйл­чилгээний газраас тодруулахад ч “Мэдээлэл өгөх шаардлагагүй. Хэний мөнгөөр хаашаа явах нь та бүхэнд хамаагүй” гэдэг хариултыг өглөө. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас явах хүн нь бэлтгэлээ хий­гээд завгүй байгаа аж. Сонгинохайрхан дүүргийн Худалдаа, үйлчилгээний газрынхан “Энэ бол бай­гууллагын дотоод асуудал. Хэдэн төгрөгөөр туршлага судлаад ирж болно шүү дээ. Улсад хохирол учруулахуйц их мөнгө биш” гэж тайл­барласан юм. 

Аялал жуулчлалын компаниуд Европын хоёр орноор долоо хоног аялуулахдаа гурван сая 680 мянган төгрөг авдаг. Үүн дээр онгоцны зардал нэмэгдээд долоо орчим сая төгрөгөөр Франц, Итали аялаад ирэх боломжтой. Тэгвэл Герман, Франц, Италиар аялах дарга нар төсвөөс 10 гаруй сая төгрөг аваад бусад зардлаа өөрсдөө хариуцахаар болжээ. 

Германы Франкфурт хотод болох Үсчин, гоо сайханчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос эмэгтэй тайралтын төрөлд гурав, боди арт төрөлд нэг, гоо сайхан, нүүр будалтын төрөлд хоёр гоо сайханч оролцох юм. Мөн Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн Ж.Довчинсүрэн эмэгтэй, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Одхүү эрэгтэй үсчдийн шүүгчээр оролцохоор өчигдөр явжээ.  Хэлтсийн дарга нар тэднийг дэмжихээс аяллаа эхэлж байгаа юм байна.

 Ц.ӨРНӨХ


Categories
мэдээ соёл-урлаг

Яагаад “Ус дээшээ урсдаг”-ийг 28 ангит киноноос үзээрэй

“Ус дээшээ урсдаг”
хэмээх телевизийн олон ангит кино “Тэнгис” кино
театрт  нээлтээ хийлээ. Телевизийн
28 ангит киногоор авлигын хор хөнөөлийг харуулсан уг
киног “NTV” телевизийн уран бүтээлчид АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн
санхүүжилтээр Монгол Улсад Азийн сангийн хэрэгжүүлж буй “Ил тод
байдал сайн засаглалыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Глоб интернэйшнл ТББ,
“Зориг” сантай хамтран бүтээжээ. Авлигын хор хөнөөлийг харуулсан онц сонирхолтой
детектив 28 ангит уран сайхны киноны уран бүтээлчид өчигдөр үзэгчидтэй уулзаж дурсгалын зураг татуулсан юм. Энэ сарын 28-наас эхлэн үдэш бүр 22.00 цагт
авлигын эсрэг мөрдөгч Хангайн түүхийг “NTV” телевизийн дэлгэцээр үзэгчдэд
хүргэх юм байна. Уг киноны дөрвөн анги тутамд үйл явдал нь өөрчлөгдөн ар
араасаа авлигын хэргүүд задран сонирхолтой үйл явдлууд өрнөнө.

Киноны таван гол дүр буюу мөрдөгч Хангайд
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Болдбаатар, ахмад Амарт жүжигчин
Д.Хосбаяр, дэслэгч Мөнхөөд жүжигчин н.Бямбацогт, Тогост Соёлын тэргүүний
ажилтан, жүжигчин Н.Отгонтогос, Саруулд жүжигчин Б.Батсүх нар тогложээ.

Харанхуйд бүдчин яваа нэгэн залууг отож
зогссон залуу хутгалаад хутгаа ойролцоох гараж руу шидээд зугтана. Харин
түүнийг булан тойрч ч амжаагүй байхад өөр нэгэн этгээд буудан бас л ул мөрөө
баллан алга болно. Чухам хэн юуны учир энэ бүхнийг хийсэн нь тодорхойгүй хэдий
ч мэдэгдэж буй зүйл нь хутгалуулсан залууг Саруул гэнэ. Саруулыг хутгалсан хүн
бол шоронгоос гараад удаагүй байгаа “хутга” хочит Хуягаа. Саруул,
Хуягаа хоёр сайн найзууд бөгөөд яагаад нэгнийхээ аминд халдах болсон,
“хутга”-ыг хэн буудаж хөнөөсөн гээд хариултаа нэхсэн олон асуулт
хуулийнхны өмнө тулгарна. Энэ хэргийг Цагдаагийн нэгдүгээр хэсэг ахлагч Амар
хариуцаж ажиллана. Харин нөгөө талд өөрийн хүслээр ажлаасаа чөлөөлөгдсөн
комиссар Хангайг хэн нэгэн хөлсөлж, Саруулыг хайлгаж эхэлнэ. Комиссар Хангай нь
ахмад Амарын багш. Энэ бол “Ус дээшээ урсдаг” телевизийн олон ангит киноны
нэгдүгээр анги. “Ус дээшээ урсдаг” олон ангит киног зургаан зохиолч,
хоёр зөвлөх, 200 жүжигчин, арын албаныхан нийт 400 гаруй хүн зургаан сарын
хугацаанд бүтээжээ. Уг киноны хөгжмийн зохиолчоор Г.Ганга ажиллажээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Цэнхэр униар дунд талстах цагаан сувд DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС ДАРААХ НИЙТЛЭЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.


Хөх пансан хөшиг шиг униар дундаас
чанх дээшээ пуужин харвах гэж байна уу гэмээр сонин бодол төрөх ажгуу. Дундаа ямар
ч завсар зайгүй жижигхэн талбарт нүүр нүүрээрээ наалдан байж, улам л өөдөө дүүлсэн
нарийн шовх барилгуудыг нь харах бүрийд тийм нэг сэтгэгдэл тархинд харвана. Үндсэндээ
бодол санаа жингүй­дэж, сайхан гэгч уртаар амьсгал авмаар санагдаж байгаа хэрэг
ээ.

Онгоцноос буухуйд л хүлэг морин адил
угтаж авсан шар автобус маань уухилсаар байгаад ноёлог уулсын оргилд гараад ирлээ.
Азийн цагаан сувд Хонкон­гийн хамгийн өндөр цэг дээр хүрч ирсэн минь энэ.

Тэрхүү тэгш өндөрлөгөөс л сүүлийн
он жилүүдэд эдийн зас­гийн хөгжил, бүтээн байгуулал­таараа дэлхийд тэргүүлж, цээжний
морьд шиг өнгөлж яваа уг орныг бүрэн тольдох боломжтой ажээ. Унаа минь өнөөх өндөр
уулыг хэдэнтээ бүслүүрдэн ороож, нарийн замаар тэлүүрдэн зүтгэсэн. Хажуугаар машин
өнгөрөх нь яг л шүргэчихэж байгаа юм шиг санаг­дана. Зам нь тийм нарийн. Энгийн
олон барагтай л бол уг өндөрлөг рүү зүтгэдэггүй гэсэн. Учир нь нарийн зам дээр шүргэлцэх
юм уу, ямар нэгэн аваар хийхэд оргил руу зүтгэж байгаа бүх машин нам зогсох аж.
Хэргийн эзэн бараг л толгойгоо тасдуулахаас наагуур юм болдог гэнэ. Төлбөр тооцоо
нь ч санаанд оромгүй өндөр. Тэнд бол жуулчид л автобус хөлөглөөд очно.

Үндсэндээ жуулчдын заавал үзэх газрын
нэг тэрхүү ноёлог сайхан уул бөлгөө.

Уул гэхээр манайхан алсаас дүнхийж
лүглийсэн уулс шигээ бодож байж магад. Гэвч хонконг­чууд уулыг үнэндээ “амьтан”
болгосон байгаа юм. Дундуур нь нүхлэх, ар өврөөр нь жимбийтэл байшин барилга сүндэрлүүлэх
бол наад захын асуудал даа. Ер нь арлын орныхны амьдрал тийм билээ. Жинхэнэ ногоон
хот, ногоон байгууламж, ногоон ирээдүй гэж үүнийг л хэлэх байх гэх бодол өөрийн
эрхгүй төрж байв. Түмэн зүйлийн цэцэгсийн содон сайхан үнэрт илбүүлж, нов ногоон
мөчир дээрээс нисч буух шувуудыг харахуйд гэгээн тунгалаг орон зайд яалт ч үгүй
умбана даа. За тэгээд үзэж харах зүйл мундахгүй. Орон орноос ирсэн залуустай цуг
л туугаад байна шүү дээ. Дэлхийн алдартай одод, нэр­тэй удирдаг­чидтай тэнд нэг
уул­заад авна. Ухаандаа Барак Обама­гийн ширээнд тухалж, утсаар нь ярьж, Жорж Буштай
гар барьж, Мерлин Монротой патераа та­туулж, Дэвид Бэкхэмтэй хөлбөмбөгийн ногоон
тал­байд өрсөлдөх эрх олдож байгаа хэрэг.

Шөнө оройхон буудлаасаа гарлаа. Гол
зорилго маань ганц нэг пиво уух санаатай. Төөрч будлиад балрах вий гэсэндээ бидний
хэсэг залуус түр орогнож байгаа гэрээсээ холдохыг бодсонгүй. Тэрүүхэнд байх нэгэн
уушийн газар орлоо. Шөнийн 00:00 цагийн үед юм. Мухлаг адил жижиг, жижиг өрөө­нүүдэд
хүн пиг дүүрэн. За даа, нөхдүүд ч нам авч байна даа гэсэн юм бодтол бүгд хоол идэж
байна. Манайхаар бол үдийн цайндаа орж байгаа мэт хоолыг таваг тавгаар нь гөрж байна
шүү. Шар айраг шимж суугаа хүмүүс олны дунд бас чиг байх юм аа. Харин бид хэдийг
нэг дор захиалга өгөхдөө арваад “шил”-ийг авч байхыг хараад зарим нь гайхаа байлгүй.

Уушийн газрын эзэн шар халимаг­тай
эмэгтэй. Үйлчлэгчдээ хятад аялгатай хэлээр жаахан зандрангуй. Наашаа хандахдаа англиар
яриад туяарангуй. Шар халимагаа гялалзтал тосолчихож. Үснийх нь тос нүүрэнд нь тунараа­гүй
байлтай, нүүр ам нь бас л гялтганаад. Мань хүн шөнө арван хоёр цагт ороход ямар
нэгэн зүйл идэж байсан, гурван цаг орчим суугаад гарахад ам нь бас л завгүй байв.
“Та хэд Японоос ирсэн үү” гэж асууж байсан. Ер нь хонконгчууд ихэвчлэн Японых уу
гэж асуугаад байсан шүү. Бид шар айрагтаа жаахан халамцсан ч байх. Учир нь нэгэн
дуугаар далайн эрэг дээр очъё, бараг л далайд сэлнэ гэх нь холгүй гадуур багагүй
сэлгүүцсэн. Гайхалтай нь буудлын ойр хавьд далай байгаагүй л дээ. Тэгээд яахав,
сүүлдээ эцээ биз. Савлуур дээр сууж доторх халуунаа бага ч болов гадагшлуулаад
“Regal” бууд­лынхаа зүг алхсан даа, хөөрхий.

Амрагчид нэг давхрын ресто­ранд өглөөний
цайгаа ууна. Төрөл бүрийн хоолноос юу дуртайгаа сонгох буюу. Арван хэдэн давхар
буудалд хэдэн зуун хүн байрлаж байгаа нь тодорхой. Цайны цагаа­саа жаахан хождонгуй
ороход зарим үед суудал ховор. Гадны­хантай хамт сууна. Нэг өглөө энэтхэг хоёр бүсгүйтэй
суудал зэрэгцэж таарлаа. Бие галбир тэгш сайхан, дөлгөөхөн хар нүднээс нь ухаарал
гэрэлтсэн, тийм нэг гоё “амьтад” байв. Хоорондоо хаа нэг шивэр авир хийх юм. Би
ямар ойлгох биш. Цай, кофе авахаар босоход араас нь ширтэх л харин аятайхан шүү.

Тийн суух ахуйд хоёр хоногийн өмнө
усан онгоц дээр тунгалаг нүднээсээ нулимс унагаж, гуниг гутралаа дааж ядахдаа далай
руу үсрэх гэж зүтгэсэн турьхан бүсгүйн дүр төрх нүдэнд харагдаж байлаа. Зэргэлдээ
ширээнд хар арьст хоёр бүсгүй, цагаан арьст хоёр залуугийн хамт цайлж суув. Энэ
тэрийг ярилцан инээд цацрааж суусан нь их л жаргалтайн шинж. Залуу хосууд гар гараасаа
барил­цахыг нь ажихуйд алаг эрээн бөмбөг шиг л харагдаж байлаа. Бүсгүйчүүдийнх нь
буржгар үс шанх түүшээ дагаж намирсан нь даанч нэг анзаарагдахгүй дээ. Харин амраг
залуу нь бүсэлхийгээр нь тэврэх бол өөр. Хар берзинтэн гэрийг цагаан шар бүслүүрээр
ороосон юм шиг тодоос тод.

“МИАТ” компанийн Хонконг дахь төлөөлөгчийн
газрын менеже­рүүд зав л гарвал “За та хэд шопинг хийх үү” гэнэ. Зочид “тэгье” л
гэнэ. Тэгээд л гарч өгнө дөө. Олны хөлгүй урсгалд залуургүй завь шиг явах нь бий.
Тодорхой нэгэн газрын үүдэн дээр цаг товлож, эргэж уулзах болзоо тавиад тал тал
тийшээ бутарч одно. Цаг болоогүй байгаа, болзсон газраа эргээд олох байгаа гэсэн
бодол бүгдийнх нь сэтгэлд хадаатай боловч дэлхийн олон арван орны мянга мянган хүн
зөрж өнгөрөх үйлчилгээний газрын хаалгыг татсан л бол хэсэгтээ ухаанаа алдана. Манайхаар
бол “Нарантуул” зах шиг газар том том брэнд дэлгүүрүүдийн ойролцоо байх аж. Захаас
нь худалдаа хийхгүй бол өнөө брэнд дэлгүүрээс нь санаснаа авна гэдэг бэрх. Үнэ гэдэг
нь талийж өгнө шүү дээ. Захынх нь гудамжны үзүүрээс нэг л атгасан бол хөлгүй их
далайд тэр чигээрээ умбалаа гэсэн үг.

Өнөө болзоо молзоо ор тас мартагдаж
байгаа юм. Гэхдээ тэр ирсэнгүй гээд нэгийгээ хүний нутагт хаяад явахгүй нь дамжиггүй.
Хонконгийн зах чинь үнэ өртгөө буулгана гэдгийг харин ч нэг үзүүлж өгдөг юм байна.
Эхлээд хэлсэн үнээр нь худалдаа хийгээд байсан маань буруудлаа гээд явсан газрынхаа
сониныг дуулгана даа. “Нэг нөхрөөс үүнийг сонирхтол хоёр зуун хонконг доллар гэдэг
юм. Үнэтэй байна гэсэн чинь өөрөө хэдэд авах юм гэв. Тэгэхээр нь тавин доллар гэлээ.
Уурлаад тооныхоо машиныг шидчихдэг байгаа. Цаашаа эргээд явтал араас ирж зүүгдээд
жараар ав даа гэсэн дээ” хэмээх яриа буудлаа зорих замд өрнөж байлаа.

Ч.Дэлгэрцэцэг хэмээх бүсгүйтэй Хонконгийн
төвөөр түр алхлаа. Өмнө нь Швейцарьт амьдарч байгаад хоёр жилийн өмнө арлын энэ
оронд хөл тавьсан гэнэ. Тэрээр Монгол орноо ихэд санаж буйгаа, багадаа урлаг соёлд
тун сонир­холтой уран нугардаг, хөгжим тоглодог байснаа дурссан. Манай сониныг ихэд
таашаадаг, болж өгвөл интернэтээр уншдагаа хэлсэн юм. Ер нь намайг “Өдрийн сонин”-ы
сэтгүүлч юм байна гэдгийг нэрийн хуудаснаас минь мэдчи­хээд их л нааштай хандаж,
амьдарч буй хотынхоо сонин хачнаас мэдэх бүхнээ л ярьсан билээ.

Задгай хоолны газраас би шар айраг,
мах, ороомог маягийн зүйл авч, мань хүн хүйтэн ундаа шимсэн шигээ хол ойрыг хуучлав.

Түүний ярианаас ямар нэгэн нэмэр хачиргүйгээр
хүргэе л дээ. “Цэнхэр униар татаад, болортон тунгалагшаад гээд өөрөө их уянгын зүйрлэж
хэлэх юм. Ингэж саарал­таад байгаа чинь униартаад, манантаад байгаа зүйл огтхон
ч биш ээ. Энэ бол утаа юм. Гэхдээ манай Улаанбаатарын утаа шиг хоолой хорсгохгүй.
Хятадын үйлдвэрлэлийн томоохон цөм нь болох Гуанжу муж эндээс холгүй байдаг. Тиймээс
тэрхүү үйлдвэр­лэлийн утаа тортог нь наашаа ирж агаарыг бохирдуулж байгаа хэрэг.
Хонконгчууд агаарын бохирдлын тухай сүүлийн үед их ярьж байгаа. Томоохон бодлого
ч хэрэгжүүлж байгаа. Хоёр жилийн өмнө би анх ирчихээд цэнхэр манан татсан хот байна
даа гэж бодож байв. Яг үнэндээ үгүй юм билээ” гэв.

Мөн тэрээр нэг зүйлийг ихэд бухимдангуй
ярьсан юм.

Чухам юу вэ гэвэл нэг хятад хөгжимчин
өөрийгөө монгол гэж олонд зарлаад, Хонконгийн нэгэн театрт юм уу даа тоглолт хийсэн
аж. Дээгий монгол хөгжимчний тоглолт гээд ихэд баяр баяс­галантай, ажил алба бүх
зүйлээ орхиод очжээ. Тэгээд ой нь гутаад, өнөө тоглолтыг нь шууд орхиод явсан гэнэ.
Тэнд байсан бүх хүмүүс Монгол гэж л ойлгож байгаа. Ийм урлагтай, тийм нэг ядмагхан
ард түмэн л гэж бодно ш дээ хэмээн чин сэтгэлээсээ хэлэхэд хоолой нь зангирч байсан.
Тэрхэн агшинд харь нутагт суугаа залуу бүсгүйг өөрийн эрхгүй өрөвдөх сэтгэл төрж
байлаа.

Ази тивдээ “Дэлхийн улс” гэж өөрсдийгөө
цоллох дуртай, түүндээ ч бүрэн дүүрэн хүрч чадсан Хонконгт цөөн хэд хоносон тэмдэг­лэлээ
тоймлон хүргэхэд ийм байна. Нисэх онгоцны буудал руу өнөө л шар автобустайгаа галигуулж
явахад далай зөөлнөөр давал­гаалж, усан онгоцууд зөрөлдөн, цонх бүрээсээ хувцас
хунар зүүлттэй, ойроос анзаарч харсан хүнд нэвсийсэн мэт санагдахаар байшин барилгууд
нь ард хоцорч байлаа. Цагаан саарал униар дунд цагаан сувд хот үлдэж байгаа нь энэ.
Дөнгөж ирсний шөнө далайн хөвөөн дээр сувдран талстаж байсан тийм л өнгө жавхаагаар
сэтгэлд минь үлдлээ дээ, Хонконг.

Н.ГАНТУЛГА
Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар