Categories
мэдээ нийгэм

Микроавтобусныхан хариугаа шаардлаа

Бага оврын автобуснуудын чиглэлийг өөрчилж, богино шугамд
явуулах болсны улмаас микроны жолооч, кондукторууд өнгөрсөн сарын 25-нд жагссан
билээ. Жагсаалын үеэр тэд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд албан шаардлага
хүргүүлжээ. Эл шаардах бичгийнхээ хариуг авахаар 60 гаруй микро автобусны 120
гаруй хүн дахин цуглав. Өглөө 07.00 цагаас эхэлсэн цуглаан 11.00 цаг хүртэл
үргэлжилсэн юм. Хэдий олон хүн цугласан ч хуучин чиглэлээр явуулж өгөх
хүсэлтийнхээ хариуг авч чадаагүй байна. “Э.Бат-Үүл дарга Нийслэлийн нийтийн
тээврийн газар хариу өгсөн гэсэн. Бидэнд энэ талаар тодорхой хариу, мэдээлэл
алга” хэмээн жолооч, кондукторууд хэлж байлаа. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгч Б.
Эрхбаяр “Бид нэг компанийн нэр дор нийтийн тээврийн үйлчилгээнд
арав гаруй жил хүчин зүтгэчихээд амьдарлаараа хохирч үлдлээ. Парк шинэчлэлээр
3-5 жил болоод нэг машин сольдог. Байнга муу муухайгаараа чичлүүлж, цагдаад
торгуулж явдаг. Арван жилд нэг ч удаа ээлжийн амралтгүй, өдөр шөнөгүй хүчин
зүтгэж байсан. Эцсийн дүнд нь бид шаардлага хангахгүй байна гэсэн нэрээр
хаягдлаа” хэмээж байв. “Микро автобуснуудыг хуучин шугамаараа нийтийн тээврийн
үйлчилгээ эрхлэх хугацааг хоёр жилээр сунгаж өгөөч. Бидэнд бололцоо олгооч.
Эсвэл төрөөс зохион байгуулж, микроны хоёр жолооч нарын дунд нэг том оврын
автобус өгөөчээ. Хэрвээ тэгэх юм бол өнөөдөр ч хамаагүй микрогоо зогсоож болж
байна. Бид нарыг нэг өглөө ингээд хоолноос нь салгачихаж болохгүй биз дээ”
хэмээн бага оврын автобусныхан  ярьж
байлаа. 

Мөн тэд “Микро автобусны шугамыг өөрчилсөн нь иргэнд ч
хохиролтой. Иргэд микрогоор хотын нэг захаас нөгөө зах хүртэл саадгүй явдаг
байсан бол одоо хоёр, гурав дамжиж байна. Ажлаасаа хоцорч байна. Автобус нь
хүрэлцэхгүй байна. Үүнийг зорчигчид ч хэлж байгаа” гэсэн юм.
Бага оврын автобусууд  хөдөлгөөний
ачаалал түгжрэл үүсгэдэг тул төв орчмын
гол гудамж, замуудыг өнгөрсөн сараас хаахаар болсон. Тодруулбал, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхсын
баруун уулзвараас Их тойруугийн Ногоон нуурын гудамжны уулзвар хүртэл, Ногоон
нуурын гудамжны уулзвараас Цагдаагийн гудамжны уулзвар хүртэлх замын зүүнээс
баруун чиглэлд
хөдөлгөөнийг хязгаарлажээ. Гэсэн ч
нийтийн тээврийн үйлдвэрчний холбоо болон туслах чиглэлийн түр хорооны
төлөөллүүд одоохондоо хуучин чиглэлээрээ үйлчилгээ явуулж байх шийдвэр гаргаад
буй.

Э.Номин

Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Ж.Амарсанаа: Нийт хүн амын 15 хувь нь С вирустэй гэсэн судалгаа бий

-ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ЭСРЭГ ЭМИЙГ ХЯМД ҮНЭЭР АВАХААР БОЛЖЭЭ-

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа АНУ-д олон улсын хуралд оролцох үеэрээ элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг Монголдоо хямд үнээр худалдан авч хэрэглэх тухай ярилцаж тохиролцжээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

  -Элэгний С виру­сийн эсрэг эмийг монголчууд хямд үнээр хэрэглэх болж байгаа тухай дуул­лаа. Та энэ талаар мэдээлэл өгөөч? 

-АНУ-ын “Glead science” компани “Sofosbuvir” хэмээх элэгний С вирусийг эмчлэх эмийг өнгөрсөн арван­хоёрдугаар сараас эмчилгээнд нэвтрүүлсэн. Би Сан-Франциско хотод очиж энэ компанийнхантай уулзахдаа Монголд элэгний С вирусийн тархалт өндөр байд­гийг хэлээд, энэ эмийг хөнгөлөлттэй үнээр манай улсад нийлүүлэхийг хүс­сэн юм. Эмийн компа­нийнхантай уулзах цаг авахад АНУ дахь Монголын Элчин сай­дын яамны консулын газраас их тусалсныг хэлэх хэрэгтэй. Нэг курс эмчилгээг АНУ-даа 84 мянган ам.доллараар хий­дэг юм байна. Харин манай улсад зургаан сарын курс эмчилгээний эмийг 1800 ам.доллар буюу АНУ-ын зах зээ­лийн үнээс 44 дахин хямдаар нийлүү­лэхээр боллоо.

Эмийн томоохон үйлдвэрүүд шинэ бүтээг­дэхүүнээ хямд­руулдаггүй. Буурай хөгжилтэй орнуудад эмийн хадгалалт, хэрэглэх горимыг алдах эрсдэлтэй тул тэр бүр нийлүүлдэггүй. Гэтэл манай улсад уян хатан хандсанд баярлаж байгаа.

-Тэгвэл  эмийг Монголд хэзээнээс нийлүүлэх бол?

-Компанийн төлөөл­лүүд тавдугаар сарын сүүлээр юм уу зургадугаар сарын эхээр Монголд ирнэ. Тэр үед ямар боломж байна гэдгийг нухацтай ярилцана. Монголд шинэ эмийг бүртгэх дүрэм журам гэж бий. Монгол Улс энэ асуудалд илүү  ач холбогдол өгч, ард түмнийхээ эрх ашгийг бодоод хурдан хугацаанд эмийг бүртгэх ямар боломж байна гэдгийг ярина. Ердийн бүртгэлийг хүлээвэл дор хаяж нэгээс дөрвөн жил хүлээх болно. Нэг жилийн өмнө ч гэсэн эмийг хэрэглэж, олон хүний амь насыг аврах нь чухал гэж бодож байна. Яагаад гэвэл, энэ компани  дэлхийн цөөхөн хэдэн оронд хямд үнээр  нийлүүлэхээр төлөвлөсөн байсан. Үүний нэг нь Монгол байгаасай гэж хүсч байна. 

-Элэгний С вирусийн эсрэг эм оруулж ирэхээр бол­лоо гэсэн мэдээл­лийг сонссон зарим иргэд болгоомжтой хандаж байна.  Шинэ эм учраас туршилт болчих вий гэсэн яриа гараад байгаа юм билээ?

-Би өөрөө элэг суд­лаач, элэгний эмч хүн. Тийм учраас хаана, ямар  сайн эм гарч байгааг сонирхож, судалж байдаг. Хам­гийн сүүлийн үеийн судалгаагаар нэг компанийн бүтээг­дэхүүн маш сайн үр дүниэй байгаа нь “Glead science” компани “Sofosbuvir”. Эмийн судалгааг дөр­вөөс таван жилийн өмнө хийж эхэлсэн. Эхлээд суурь судал­гаа хийгдээд дараа нь клиникийн судалгаа хийж, гурван үе шатаа даваад гарч ирсэн эм. 2013  оны арванхоёрдугаар сард АНУ-д бүртгэгд­сэн. АНУ-ын эм бүртгэлийн агентлагт бүртгэгдэнэ гэдэг бол маш олон үе шатын судалгааг давж гарч ирдэг учраас энэхүү  бүтээгдэхүүн  чанартай, найдвартай гэдэгт эргэлзэхгүй байна. Миний хувьд олон улсын хурлуудад сууж байхдаа энэ эмийн талаар олон удаа сонсож,  үр дүнг нь мэдэж байсан учраас нэг өдрийн өмнө ч гэсэн Монголд оруулж ирье гэж бодсон. АНУ руу явах шалтгаан маань эмийн компанитай уул­зах байгаагүй. Жилд олон дахин томи­лол­тоор явж чадах­гүй учраас нэг явсан дээрээ нэг ажлыг ч гэсэн бүтээе гэж бодоод тэр компанийн байран дээр нь очоод  энэ эмийг Монголд бүрт­гүү­лэх хүсэлтэй бай­гаа­гаа ярьсан. Энэ эмийг АНУ-д одоо хэрэг­лэгдэж байгаа. Тийм учраас хэтэрхий их болгоомжлох шаард­лагагүй. 

-Эмийн үйлчил­гээний талаар мэдээ­лэл өгөхгүй юу. Одоо манайд хэрэг­лэж байгаа эмчил­гээнээс юугаа­раа давуу талтай юм бол? 

-“Sofosbuvir” элэгний С вирусийн 70-80 хувийг устгах чадвартай. Харин манайд одоо хэрэг­лэж байгаа интерферион 60-70 хувийн эмчилгээний үр дүнтэй ч гаж нөлөө ихтэй. Халуурна, бөөл­жинө, дотор муухай оргино, үс унана. Тийм учраас өвчтөнүүд маань эмчилгээ хийж байгаад дундаас нь хаядаг. Бас нэлээд үнэтэй. Монголд жилийн курс эмчилгээ нь 12-15 мянган ам.доллар байдаг. Өөрөөр хэлбэл, С вирус­тэй өвчнүүд бүгдээрээ эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа нь хоёр гол шалтгаантай. Эмийн гаж нөлөө  нь хүчтэй, бас үнэтэй. Харин “Sofosbuvir” гаж нөлөө бага. Толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг нөлөө ажиглагдана. Гэхдээ энэ нь эмчилгээний явцын дунд арилна гэж үзэж байгаа. 

-Монгол Улсад элэгний вирусийн эмчилгээ ямар түвшинд байна вэ?

-Бид энэ тал дээр дэлхийн хөгжлөөс хоёроос гурван жилээр хоцорч яваа. Өөрөөр хэлбэл, нэг хоёр жилийн өмнөөс шинэ эмнүүд гарч ирсэн. Энэ хоцрогд­лоо нөхөхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Энэ эмийг хямд оруулж байж одоо манай өвчнүүдэд тул­га­раад байгаа асууд­лыг шийднэ. Өөр элэгний С вирусийн эсрэг шинэ эмчилгээнүүдийг сонирхож үзсэн. Өнгөрсөн  жил хоёр шинэ эм нэвтэрсэн. Тэр хоёр эмийн үр дүн нь одоогийн бидний оруулж ирэх гэж байгаа эмнээс нэлээд бага, гаж нөлөө нь өндөр байсан учраас  Монголд оруулж ирэ­хийн төлөө хөөцөл­дөөгүй юм.

-Манай хүн амын хэдэн хувь нь С вирусээр халд­варлан өвчилдөг юм бол? 

-Хамгийн сүүлийн 2007 онд хийсэн судал­гаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэсэн дүн гарсан. Энэ нь долоон хүн тутмын нэг нь С вирустэй гэсэн үг. Дэлхийн улс орнуудаас Монгол, Египет С вирусийн  халд­вар өндөртэй оронд тооцогддог. Элэгний С вирус нь өвчлөлийн явц удаан. Цусаар дамжин халд­даг. Эхээс урагт халдварлах магадлал долоон хувьтай байдаг. Хүний нас ахих тусам элгийг хатууруулж, хатуурлаас хавдар үүсдэг. Яг халдвар авсан даруйдаа хүнийг цочмог үрэвсэл өгч, үүнээсээ болоод хурдан хугацаанд нас барах тохиолдол байхгүй. Монголд элэгний өвчнөөр олон хүн нас бардаг. 

-Элэгний С вирусийн халд­вараас яаж урьд­чилан сэргийлэх вэ. Салбарын яам­наас урьдчилан сэргийлэх тал дээр хийж байгаа ажил байна уу?

-Урьдчилан сэр­гийлэх нь хамгийн чухал. С вирусийн халдвар дамжих гол замууд цус. Эрүүл мэндийн байгууллага, гоо сайхны газруудын явуулж байгаа үйл ажиллагаанаас шалт­гаалж хүмүүст халдвар дамжиж бай­на. Ялангуяа гоо сайхны газрууд батга хатгаж, шахдаг хэрэгслүүдээр дам­жих, мөн ардын зүүн эмчилгээ, шүд­ний эмнэл­гүү­дийн эмчилгээний хэрэгслүүдийг дутуу ариутгаж, өөр бусад хүмүүст эмчилгээ хийс­нээс халдвар дам­жиж байна. Үсчинд ч гэсэн үс зах­лах хэрэгслийг ариут­гадаггүй нь халд­в­ар дамжих бас нэг шалтгаан болж байна. Тиймээс нэг удаагийн хэрэгсэл хэрэглэх нь зүйтэй юм. 

-Тэгвэл шүдний эмнэлэг, гоо сайхны газруудад эрүүл мэндийн яамнаас хяналт тавьж, заавар, зөвлөгөө өгдөг үү?

-Бидний хувьд зөрчил илэрсэн газ­руу­дын үйл ажил­лагааг нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох ажлыг хийж байна. Өнгөрсөн жил шүдний эмнэлгүүдэд шалгалт хийсэн. Нийтдээ 16  газар зөр­чил илэрснээс наймыг нь хаасан. Үлдсэн газруудынх нь тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож, зохих арга хэмжээг авсан. 

Х.ЦЭНД-АЮУШ

Categories
мэдээ нийгэм

Хоггүй Улаанбаатарын төлөө хотын мэр бид хоёрын хийж чадах ажил

Улаанбаатарыг хогноос нь салгахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй нь тодорхой болов.  Эх хүний хувьд би хүүхдэдээ “Хогоо гудамжинд хаяж болдоггүй юм шүү” хэмээн сургаж чадна. Бас иргэний хувьд хогоо гудамжинд хаяхгүй, хогийн сав тааралдтал тэсч сурсан. Сэтгүүлчийн хувьд хоггүй хотын төлөө үзэг цаас нийлүүлж сууна. Харин манай хотын  дарга энэ талаар юу хийв. Хотыг хогноос нь салгахад хотын даргын шийдвэр жин дарах нь зүй. Үнэгүй тарааж байгаа  ногоон уутных нь ач холбогдлыг нийслэлийн иргэд нэг л сайн ойлгохгүй яваа. Уут тарааж эхлэхээс өмнө ч нийслэлчүүдэд хогоо хийгээд хаячих элдэв муусайн уут олддог л байсан. Хэрвээ энэ уут хог ангилан ялгах зориулалттай байсан бол ач холбогдолтой эд. Ангилж ялгасан хогоо дахин боловсруулах үйлдвэр олон бол  бүр ч догь. 

“Уул шугамандаа бол” хогны уут тарааж байсан улс орны түүх нэг, хоёроор зогсохгүй. Ерээд оны Тайпэй хотод ч хог хаягдлын уул овоо үүсч байжээ.  Асуудлаа шийдэхийн тулд Тайваны Засгийн газраас  “Хогны уут” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Гурван жил хэрэгжсэн энэхүү хөтөлбөр нь “Хог хаягдал дахин боловсруулах хөтөлбөр”-ийн бэлтгэл болсон аж.  Хогны уут үнэгүй тарааж байсан ч дараа нь иргэд хогоо ангилж хаяж дадсаны дараа  уутаа үнэлэх болсон. Тайваньчууд хогноосоо салахын тулд ямар стратеги барив?  

Эхлээд тэд  хаягдал дахин боловсруулах стандарт батлаж, хууль журамдаа өөрчлөлт оруулсан аж. Дараа нь хогийн уут үнэгүй тарааж эхэлсэн.  Гуравдугаарт нийтийн эзэмшлийн газруудад хог ангилж хаях зориулалттай хогийн савнуудыг хангалттай нийлүүлжээ. Дөрөвдүгээрт олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хүчтэй өрнүүлэв. Тавдугаарт хоёрдогч түүхий эд хүлээн авах цэгүүд болон хог хаягдал  дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжсэн юм билээ.  

Манайхан хог түүдэг хүмүүст таатай биш ханддаг. Харин хотыг хогноос нь салгахад ихээхэн үүрэгтэй энэ хүмүүсийн хөдөлмөр үнэлэгдэх тусам энэ төрлийн ажлын байр олширч, хотын хог ч багасдаг нь бусад олон орны туршлагаас илэрхий. Ядаж л хоёрдогч түүхий эдийг тогтсон үнэ ханшаас доогуур үнэлэхгүй байхыг хуульчилж, хаягдал түүхий эд авдаг цэгүүдээ оршин суугчдадаа мэдээлэх хэрэгтэй аж. Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн байршил тодорхой бол иргэд хогоо хаана мөнгөөр солихыг мэдэж авна гэсэн үг.  Хан-Уул дүүрэгт  “Нийтийн зар мэдээний самбарт” хог дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршил, утасны дугаарыг бичиж мэдээлсэн туршлага ч  байна.  Дүүргийн хэмжээнд ийм самбар 270 байдаг гэсэн.  Хаягдал түүхий эд авдаг цэгүүдийн мэдээлэл бүхий ном ч хэвлэгдэх сурагтай.

Яагаад бид хогоо ангилж хаях ёстой вэ? 

Нийслэлд үүсч буй хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой хог хаягдал эзэлдэг.  Одоогийн байдлаар  үүний зөвхөн 7,6 хувийг нь л ангилж ялгаж чаддаг гэсэн судалгаа бий.  Бусдыг нь ландфилл буюу хөрсөөр дарж булах аргаар булшилдаг.  Хогийн цэг дээр ажилладаг 20-30 хаягдал түүдэг хүн  энэ их хогийн уул овоог бүхлээр нь ялгаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр хог үйлдвэрлэж байгаа эхний цэг буюу  хэрэглэгчтэй тулж ажиллах хэрэгтэй байгаа биз.  Иргэд хогоо ангилж хаядаг бол хотын хог 50 хувь багасах учиртай. Хогоо ангилж хаядаг болгоход хотын дарга ногоон уут тараахаас гадна их юм хийх хэрэгтэй  байна даа.

Б.ЯНЖМАА                   

Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга сайдыг явуулбал Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөх гэнэ

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байхыг хориглох хуулийг санаачлагчид нь буцаасны маргааш Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга албан тушаалаа өгөх хүсэлтийг гаргасан. Дээрх хуулийн хүрээнд Засгийн газар хэрхэх бол гэсэн хүлээлт ард түмний дунд байсан бол одоо Х.Баттулгыг яах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Түүний хүсэлтийг УИХ гэхээсээ илүүтэй АН-ын фракциуд шийдэх бололтой. Өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайдтай уулзаж “2016 он хүртэл эвтэй байя. Олонхиороо албан тушаалд чинь  үлдээе” гэсэн хүсэлтийг тавьжээ. Гэтэл үүнтэй зэрэгцээд тухайн өдөр АН-ын зарим фракц бүлэглэлүүд “сэм” уулзаж байр сууриа нэгтгэсэн байна. Ингэхдээ “түүний хүсэлтийг хүлээж авъя” гэж тохиролцсон сурагтай. Тэгэхээр асуудал хаашаа ч эргэж магадгүй байгаа бололтой. 

Асуудлыг УИХ-аар хэлэлцэхэд чуулганы дэгийн тухай хуулийг баримтална. Дэгийн тухай хуулийн зургадугаар бүлэг 391-1-д “Засгийн газрын гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана” гэжээ. Тэгэхээр үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороод энэ долоо хоногт хэлэлцэж шийдвэрээ УИХ-д хүргүүлэх аж. УИХ мөн л хуулийн дагуу асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Ингэхдээ ил санал хураалт явуулж Засгийн газрын гишүүнийг чөлөөлөхийг олонх дэмжвэл батлагдсанд тооцох юм байна. Тэрчлэн Х.Баттулга сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ дахь нам эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх боломжтой гэж хуульд заажээ. Товчхондоо чөлөөлөх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг аль нэг намын бүлэг хөндлөнгөөс оруулж хэлэлцүүлэх боломж байгаа гэсэн үг. Мөн Засгийн газар тухайн сайдад итгэл хүлээлгэж байгаа тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх бас нэг боломж байдаг юм байна. 

Ер нь Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх хууль ямар ч байлаа гэсэн эрх баригчид дотооддоо тохиролцоо хийж МоАХ-ны сэтгэл ханамжийг дээд зэрэгт хангасан цагт 2016 он хүртэл Засгийн газарт ямар нэгэн хөдөлгөөн орохгүй. Харин тохироо наймаа хийгдэхгүй фракц хоорондын үл ойлголцол хэвээр үргэлжилбэл нэг бус нэлээд хэдэн сайдын суудлыг шинэчлэх, өөрчлөх, улмаар Засгийн газрыг унагах асуудал хөндөгдөх тухай ярьж эхэлжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Х.Баттулга сайд нар хэл амаа ололцохгүй бол өргөдлөө өгөх дараагийн хүн нь Зам, тээврийн сайд А.Гансүх байна гэдгийг эх сурвалжууд өгүүлж буй. Өргөдлөө өгөх шалтгаан нь төмөр замын царигийн асуудал. Зам, тээврийн яамны боловсруулсан царигийн бодлогод Эдийн засгийн хөгжлийн яам санал оруулахдаа анх байснаас нь эсрэгээр нь болгож өөрчилсөн нь томоохон маргаан, хагарлын эхлэл болжээ. Тиймдээ ч А.Гансүх сайдыг “Албан тушаалаасаа буух өргөдлөө өг” гэж МоАХ хийгээд Х.Баттулга сайд шахаж эхэлсэн гэх мэдээлэл байна. 

Хэрвээ төмөр замын царигийг Х.Баттулга сайдын хүсч байгаагаар баталбал асуудал намдах төлөвтэй байгааг улстөрчид ярьж эхэлжээ. Харин эс зөвшөөрвөл А.Гансүх сайдын дараа Шонхор фракцаас Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар огцрох өргөдлөө өгч магадгүй гэсэн таамаглал байна. Ингээд өргөдлөө өгсөн сайд бүрийг явуулаад байвал эцэст нь Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөх хэмжээнд хүрч магадгүй байгаа ажээ.

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

Нэг лифт тутамд тендер зарлаж сүржигнэх нь хэнд ашигтай вэ?

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас  саяхан “Нийтийн
зориулалттай орон сууцны барилгын
цахилгаан шатны шинэчлэлт”-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах
тендер зарлажээ.  20 лифт тус бүрт тендер зарлаж буй аж. Энэ тендерт
дөрвөн компани оролцох саналаа хүргүүлээд буй 
аж. Нэг лифтийн эрх авахын тулд дээрх дөрвөн компани  тендер тус бүрт 80
гаруй материал бүрдүүлэх болж
байгаа юм. Өмнө нь 10-15 лифтийг багцлаад 
нэг тендер зарладаг байсан бол энэ удаа тус бүрт нь тендерт оролцохын
тулд
бичиг цаасны их ажил өрнөх болжээ. Энэ нь оролцогч компаниудын бухимдлыг
төрүүлээд
байгаа аж.

Нөгөөтэйгүүр  нэг лифт тутамд тендер зарлаж буй нь аж ахуйн
нэгжүүдийг чирэгдүүлсэн, өнөө төрийн албаны хүнд суртал арилаагүй байна гэсэн шүүмжлэлийг
араасаа дагуулж буй гэнэ.  Нийслэлийн худалдан
авах ажиллагааны газраас зарласан энэ тендер нь 
нэг талаараа олон аж ахуй нэгжийг тендерт  оролцуулах бодлого баримталж буй ч үнэн чанартаа
тендерийг аль эрт нэг аж ахуй нэгжийг оролцуулахын тулд эртнээс бэлдсэн, төлөвлөсөн
арга байж болохыг  зарим эх сурвалж хардаж
буйгаа нуусангүй. Учир нь   өнгөрсөн жил энэ
тендерт орж лифт тавих  эрх авсан атлаа  ажлаа гүйцэтгээгүй компаниуд бас бий гэнэ. Ийм
аж ахуйн нэгжүүдийг Сангийн яамны бүртгэлд оруулдаг аж. Бүртгэлд орсон бол тухайн
аж ахуйн нэгж “хар дансанд” орлоо гэсэн үг. Өнгөрсөн жил харин Сангийн яам яагаад
ч юм ийм бүртгэлээ хийгээгүй алгассан байна.

Энэ бүртгэлд орсон бол тухайн цаг хугацаандаа
ажлаа гүйцэтгээгүй компаниуд дахин тендерт орох боломжгүй болдог аж. Анхаарал татсан
бас нэг зүйл нь энэ жилийн тендерийг  төсвийг
нь өсгөсөнд байна гэж үзэх мэргэжлийн хүмүүс ч байна. Энэ он гарсаар Барилга, хот
байгуулалтын яам гэхэд 120 лифтэд нэг тендер зарлан сонгон шалгаруулжээ. Гэтэл  төрийн дунд албанд  болохоор 
нэг лифт тус бүрт тендер зарласныг 
ойлгох хүн байхгүй байгаа юм.

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт
жилд 100-аас доошгүй, нийт 400 гаруй цахилгаан шат шинэчлэхээр зааж, санхүүжилтийг
нь төсөвт тусгаж өгчээ. Тиймээс 2015 он гэхэд 490 орчим цахилгаан шат солихоор төлөвлөж
байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан 265 цахилгаан шатыг яаралтай солих
шаардлагатай байгаа тухай мэргэжлийн хүмүүс хэлж буй юм. Стандартын шаардлага хангасан,
хамгийн хямд цахилгаан шат 20 мянган ам.долларын үнэтэй гэж тооцон 1,5 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг нийслэлийн төсвөөс авахаар болсон. Улаанбаатар хотын хэмжээнд одоогийн
байдлаар 3000 орчим лифт үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа бий. Тэгвэл лифтүүдийн
дийлэнх нь ОХУ-д үйлдвэрлэсэн, ашиглах хугацаа нь дууссан байдаг гэдгийг Нийслэлийн
өмчит Улаанбаатар лифтийн үндэсний газраас мэдэгдэж байсан удаатай. Гэтэл энэ ажлын
хүрээнд хийж буй тендерүүд захаасаа аван иймэрхүү байдлаар хуудуутай явж байна гэж
үзэх хүмүүс гарах болж буй юм.

Уг нь Нийслэлийн өмчит “Улаанбаатар лифт” ХХК
ШӨХТГ-тай хамтран нийслэлийн хэмжээнд орон сууцуудын цахилгаан шатуудад шалгалт
явуулж, үйлдвэрлэсэн он, ашиглах хугацаа, хэдэн хүн даах чадвартай, хэдий хүртэл
ашиглах боломжтой болон бусад мэдээллүүдийг байршуулах үүргийг өгч байсан. Ингэснээр
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд байх “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас
баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм,
жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн
шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах эрхтэй” гэсэн заалтын
дагуу иргэд эрхээ хангуулах эрхтэй болсон. Гэтэл тендерт оролцчихоод  авсан ажлаа гүйцэтгэдэггүй, тавьсан лифт нь асуудал
дагуулдаг аж ахуйн нэгжүүдэд тодорхой шалгуур тавих шаардлагатай байгааг мэргэжлийн
хяналтын байгууллагаас удаа дараа сануулж буй юм. Он гарсаар шинэ тавьсан лифт хурдаа
алдах төмөр бэхэлгээ нь саарах гэх мэтээр олон удаа зөрчил гаргаж байжээ. Үүнээс
болж хүний амь эрсдээгүй ч лифтийн асуудалд анхаарлаа хандуулахгүй бол магадгүй
барилгын салбараас болж амиа алдагсдын тоог нэмэх хандлагатай байгааг хэлэх хүн
ч байна.

Г.ЯЛГУУН

Categories
гадаад мэдээ

Украинд 100 сая ам.долларын тусламж үзүүлэх гэнэ

Сенатын гишүүн Жон
Маккейн АНУ-аас Укрианд 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээр ажиллаж
байгаа тухай
мэдэгдсэн байна. АНУ-ын Сенатын гишүүн үүнтэй холбогдуулан тусгай хууль
боловсруулж өргөн барихаар ажиллаж байгаа гэнэ. 
Ийнхүү Украины батлан хамгаалах салбарыг дэмжих аж.  Ж.Маккейн энэ
талаар ярихдаа “Ингэснээр  ОХУ Украин зүүн эсвэл өмнөд нутгийг эзлэхийг
завдваас хариуг барих болно гэдгийг В.Путинд харуулах юм” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Оклахома түймэрт автаад байна

АНУ-ын Оклахома мужийн
газар нутагт нэлээд хэдэн газар ойн түймэр гарчээ. Үүний улмаас хэдэн арван
байшин шатаж нийтдээ 1.5 мянган га газарт шатаж байгаа гэнэ. Гатри хотын
ойролцоох ойн түймэр хүчтэй салхитай байгаагаас хурдтай тархаж байгаа тухай
мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Алмаз үйлдвэрлэдэг болно

Алмазны олборлолт нь
хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд хамгийн хохиролтой,  хортой нөхцөлийг бий болгодог ажээ.  Тиймээс үүнийг өөрчилж, химийн аргаар алмазыг гарган авах технологийг нээсэн байна. Тухайлбал, Стэйнфордын их
сургуулийн хэсэг судлаачид лабораторийн аргаар алмаз гарган авчээ. Тэдний энэхүү ажил тун ч амжилттай
болсон ба хатуулаг, чанар зэрэг нь байгалийн алмазаар дутахааргүй гайхалтай
алмазыг гаргаж авсан гэнэ.

Тэд Канадын “BHP Billiton” компанийн “Ekati” ордоос олборлож
авсан алмазтай хиймлээр гарган авсан алмазаа харьцуулахад ялгагдахгүй байж
чадсан байна

Э.НОМИН

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эх баригчдын өдөр

Жил бүрийн тавдугаар сарын 5-нд олон
улсын эх баригчдын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Манай улсад энэ жил эх баригчдын өдрийг “Хүйн ээж бид, айл
бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэх юм байна.

Мөн энэ өдөр нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл
мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж буй 180 эх баригч нарт “Эх
баригчдын дуу холой” сэдэвт зөвлөлдөх сургалтыг зохион байгуулах аж. Уг сургалт ЭМЯ-ны Мэдээлэл сургалтын төвийн Б танхимд зохион
байгуулагдана. 

Э.Эрдэнэ

Categories
баннер нийтлэлийн-баннер энгийн-нийтлэлийн-баннер

1987