Categories
мэдээ

Соёмбот уулын түймэр гадны нөлөөтэй байжээ

Хаврын хуурайшилтын
улмаас гал түймрийн дуудлага буурахгүй байгаа аж. Өнгөрсөн 5-ны өдөр л гэхэд Хан-Уул
дүүргийн II хорооны нутагт, Богдхан уулын Соёмботой уулын өвөр талын хэсэг талбайг
хамарсан түймэр гарсан билээ. Түймрийг Аврах гал унтраах 14 дүгээр ангийн тасаг
шуурхай ажилласны дүнд унтраасан. Нийтдээ 3,5 га орчим газар галд автсан байна.
Гал гарсан шалтгаан, хохирлын хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд өчигдөр
шалгажээ. Шалгалтын явцад эл түймэр гадны нөлөөтэй болох нь тогтоогдсон аж. Одоо
эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар албаныхан мэдээллээ.

Түүнчлэн өнгөрсөн  долоо хоногт обьектын гал түймрийн  нийт 22 дуудлага ирсэн байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тамхичид гишгэх газаргүй

Тамхины хяналтын хууль гарсан биш ганц далайлгадаг юмтай боллоо. Өглөө
автобусанд явж байсан чинь жолооч тамхи баагиулж яваа харагдав. “Сайн байна уу.
Нийтийн тээврийн хэрэгсэлд  тамхи татаж
болохгүй шүү дээ. Хуулиар хориглосон юм ” гэчихлээ. Жолооч тамхиа цонхоор шууд
л чулуудчихав. “Анх удаа л надад ингэж хэлж байна. Хэрвээ хүмүүс хэлбэл тамхи
татахгүй л дээ” гэж байна аа бас. 
Цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд салхилуулж 
явахад тамхи зуусан  хүн мэр сэр
тааралдана. Хууль гарсан болохоор ч  тэр
үү шаардлага тавихаар чих зөөлөнтэй хүлээж авдаг юм.

 АН-ын УИХ дахь  бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Би тамхи
татдагийнхаа төлөө яагаад ял үүрэх ёстой юм” гэж хуулийн төслийн өөрчлөлтийг
хэлэлцэх үеэр өөрийгөө өмгөөлсөн  байна
лээ. Бусдыг хордуулж байгаагийнх нь 
төлөө тамхичидийг дарамтлах нь зүйн хэрэг шүү дээ. Одоогийн УИХ-ын
гишүүн Ц.Оюунгэрэл  хэдэн жилийн өмнө
“Аавыгаа Америкт урих гэсэн чинь тамхи татдаг болохоор нь өрөвдөөд байна.
Америкт тамхичин хүнд гишгэх газар байхгүй” гэж ярьж байсан юм. Монголд ч гэсэн
тамхичин хүнд гишгэх газар байхгүй болгох хэрэгтэй. Тамхичид ч гэсэн тамхи
татах газар байхгүй гэж гоншигноод байх 
хэрэггүй шүү дээ. Тамхи татахгүй бол эрүүл мэндэд нь л сайн биз дээ.

Б.Янжмаа      

Categories
мэдээ

Сэтгүүлч Б.Ганчимэгийн нийтлэлч Баабартай хийсэн ярилцлага, наран мандах зүгийн хилчдийн амьдралыг уншаарай


“Өдрийн сонин”-ы лхагва
гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын гарт очлоо. Энэ удаагийн
дугаарын нэгдүгээр нүүрээс арванхоёрдугаар нүүрт “Наран мандах зүгт эх орны хил
тайван байна” гэсэн сэтгүүлчийн томилолт багтсан байна. Урин цагийн элгэн дээр
Монгол орны хил ямархан байгаа тухай нийтлэлийг уншаарай. Мөн нэгдүгээр нүүрээс
долдугаар нүүрт “Солонгосчууд наашаа кимчи, сөжүгээ зөөж байхад монголчууд тэнд
“Мах импекс”, “Сүү”-гийн бүтээгдэхүүний хэрэглэж чадахгүй байна гэсэн асуудал
дэвшүүлсэн нийтлэл багтлаа. Өнөөдөр харь оронд амьдарч буй монголчууд эх
орноосоо ааруул, ээзгий, борц тэргүүтнийг хил гаалиар нэвтрүүлэх гэж бөөн
асуудал болдог. БНСУ руу нууцаар нэвтрүүлж байгаад баригдвал есөн сая орчим
төгрөгийн торгууль төлдөг бол харин солонгосчууд манай оронд өөрсдийн дураар
хэрэглэх бүтээгдэхүүнүүдээ оруулж ирдэг. Уг нийтлэлээр хоёр орон харилцан тэгш
эрх эдлэх ёстойг хөндсөн юм.

Тэгвэл сүүлийн үед
манайхан сансар огторгуйг дурандах сонирхол их болсон. Сансар огторгуй, одон
орон хардаг сонирхогчийн дуран гурван сая төгрөгийн үнэтэй юм байна. Энэ тухай манай
сурвалжлагч сурвалжилсан байна. Эл сурвалжлагыг нэгдүгээр нүүрээс
арваннэгдүгээрт нүүрт нийтэлжээ.

Хоёрдугаар нүүрт улс
төрийн цаг үеийн мэдээллүүд багтсан бол “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар
нүүрээс дөрөвдүгээр нүүрт нэрт нийтлэлч Баабартай сэтгүүлч Б.Ганчимэгийн
ярилцсан “Нэмж сүйтгэх юм байхгүй болсон байх аа” хэмээх сонирхолтой ярилцлага
багтлаа. Улс төрийн хоёроос тавдугаар нүүрт эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн боловсруулсан санал хэвлэгдлээ.

Дэлхийн мэдээ уламжлал
ёсоор есдүгээр нүүрт багтсан бол арвангуравдугаар нүүрт “Удам судар” булан
багтсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай агсны зээ охин
Б.Ариунзаяа өвөөгийнхөө тухай ярьсан байна. Арвандолдугаар нүүрт цаг үеийн
мэдээлэл багтсан бол арваннаймдугаар нүүрт кино ертөнц хэвлэгдлээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нисванис”-ын Амгаа залуу уран бүтээлчдийг дэмжинэ

Амьд хөгжим сонирхогч залуу уран бүтээлчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэдэнд дэмжлэг үзүүлэх байгууллага ховор байдаг гэхэд болно. Тэгвэл  “Улаанбаатар” чуулга, Монголын “Инди” хөгжмийн холбоотой хамтран залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, цуврал тоглолт зохион байгуулахаар болжээ.  Түүнчлэн Монголын орчин үеийн амьд хөгжмийн холбоо нээгдсэнийг өнөөдөр албан ёсоор танилцуулав. Тус холбоог “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан санаачлан байгуулжээ.

Залуу уран бүтээлчдийн цуврал тоглолтыг “UB night” хамтлагийн “Cover” тоглолтоор эхлүүлж байгаагаа тэд өнөөдөр зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр онцлов.Тэдний тоглолт тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас ердөө ганцхан удаа тоглогдох нь ээ. Уг тоглолтын үеэр нийт 26 дууг дуулах бөгөөд дэлхийд алдартай хамтлаг, дуучдын бүтээлүүдээс гадна монгол дуучдын дуунуудаас хөгжим сонирхогч залууст хүргэх ажээ.  

Өнөөдөр болсон хэвлэлийн бага хуралд “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан, “Инди” хөгжмийн холбооны тэргүүн Л.Энх-Амгалан болон “UB night” хамтлагийн ахлагч Г.Даваасүрэн нар оролцсон юм.

Categories
мэдээ улс-төр

“Анд хүүхдүүд” ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатартай “Анд хүүхдүүд” ТББ-ыг үүсгэн байгуулагч Ё.Баяраа, Германы “Autismus Deutschland E.V” байгууллагын ерөнхийлөгч, хатагтай М.Камински нар уулзав. Эдгээр байгууллага нь аутизмтай хүүхдүүдэд туслах, тэднийг жирийн хүүхдийн нэгэн адил орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, төр, засгийн анхаарлыг чиглүүлэх зорилготой юм.

Аутизм нь Монголд цоо шинэ ойлголт бөгөөд тухайн улс орны хүн амын нэг орчим хувьд илрэх магадлалтай байдаг аж. Аутизмтай хүүхдүүд хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй боловч уйгагүй заслын үр дүнд нийгэмд дасан зохицож, байр сууриа олох бүрэн бололцоотой гэж үздэг байна. Гэвч өнөөдрийн байдлаар Монголд аутизмтай хэмээн бүрэн оношилсон тохиолдол байхгүй, бусад өвчнөөс салгасан ойлголтгүй явж ирсэн  гэдгийг тэд хэлж байлаа.Уулзалтын үеэр “Анд хүүхдүүд” ТББ, ХБНГУ-ын “Autismus Deutschland E.V” байгууллагын төлөөллийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан Монгол Улсад аутизмын асуудлаар эрдэм шинжилгээний хурал, сургалт явуулах боломж нөхцөлийг судлан үүнд туслалцаа дэмжлэг үзүүлэх талаар санал дэвшүүлэв.

Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатар тэдний саналыг судалж үзнэ гэдгээ илэрхийллээ. 

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, А.Бакей, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Сү.Батболд, Н.Батцэрэг нарын өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

 Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Ингээд байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй учраас хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болсон юм.

 Одоо Засгийн газраас өнгөрсөн сарын нэгний өдөр өргөн мэдүүлсэн Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Categories
мэдээ улс-төр

888 төсөл бүрт хэрэгтэй байгаа зээлийг бүрэн олгоно гэв

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гаригт болдог Шинэчилж шийдье 222 уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо. Тус уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нар оролцож Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох 888 төслийн санаачлагч, мэргэжлийн холбоодын төлөөлөл нарт нэгдсэн мэдээлэл олгож, тулгамдсан асуудалд нь хариулт өглөө.

Засгийн газраас 888 төсөл нийт нэг их наяд төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн. Үүний Чингис бондоос үлдсэн 400 орчим тэрбум төгрөг бий. Мөн Самурай бондын 400 тэрбум төгрөг юунд зарцуулагдаагүй бэлэн байгаа. Харин үлдсэн 200 тэрбум төгрөгийг нь улсаас санхүүжилт авсан төслүүлийн өөр эх үүсвэрээр орлуулах замаар тэндээс татах боломжтой хэмээн Ерөнхий сайд хэллээ.

Шалгараад буй 888 төслийг судлах судалгааны ажлын хэсэг ажиллаж, төслүүдийг ангилж, мэдээллийн сантай болсон. Мөн төсөл санаачлагч нартай холбогдож ажлын явцыг дор бүр нь тайлагнаж байсан. Ингээд эхний ээлжинд төсөлүүдийн санхүүжилтыг арилжааны банкуудаар дамжуулан олгохоор тогтсон. Ингэхдээ арилжааны банк төслийг таван ангилалаар судлан Хөгжлийн банкинд мэдэгдэж бондын хөрөнгөнөөс санхүүжилтыг татах юм. Төслийг бүлэг болгон хуваарилах таван ангилал:

-Тухайн төсөлд шаардагдах хөрөнгөний 1/3 -нээс илүүгүйг зээлэх хүсэлттэй төслийг ангилах. Тус бүлэгт хамаарах төслүүд хамгийн эхэнд санхүүжилтээ авах юм байна.

-Харин 1/3-нээс илүү хэмжээтэй зээл хүссэн төслийг нэгтгэн судлах аж.

-Мөн санхүүжилт олгох үзүүлэлтүүдийг бүрэн хангасан ч барьцаа хөрөнгө нь багадаж буй төслүүд хэмээх бүлгийг нэгтгэнэ. Үүнд шинээр байгуулагдаж буй Үндэсний даатгалын корпорациар даатгал гаруулж барьцаа хөрөнгийн дутууг нөхөж болно. Мөн одоо ажиллаж буй Зээлийн батлан даалтын сангаар барьцаа хөрөнгөө нөхөж болох юм.

-Тооцоо судалгаа дутуу хийгдсэн төслүүд. Энэ бүлэгт тооцооллыг дэлгэрэнгүй гаргаж чадаагүй төслүүд хамаарна. Тооцоолол дутуу байх нь зээлжих эрх хаагдах үндэслэл болно. Тиймээс эдгээр төслүүдийг боловсоруулан хэрэгжих боломжтой хэмжээнд нь хүргэж өгөх арга хэмжээг авна.

-Огт хэрэгжих боломжгүй төслүүд. Энэ нь банкны шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй, авсан санхүүжилтээ эргэн төлөх чадваргүй, хийсвэр төслүүд юм. Энэ бүлэгт хамрагдсан төсөлд санхүүжилт олгогдохгүй.

Мөн хоёр тэрбум төгрөг хүртлэх зээл хүссэн 579 төслийг бий. Эдгээр төсөлд зориулан Чингис бондын хөрөнгөөс 100 тэрбумыг Жижиг дунд үйлдвэрлэлийн санд байршуулж олгохоор болсон гэдгийг Хөгжлийн банкны захирал танилцууллаа.

Харин төсөл санаачлагчдын зүгээс зээлийн хүсэлт төрийн байгууллагуудаар яваад, шат шатандаа танагдан, анх хүссэн хэмжээнээсээ хоёрооё гжрав дахин бага болон ирж байна гэх гомдол гарсан. Тухайлбал, “Экспрессив” ХХК-ийн захирал Г.Майцэцэг “Манай компани л гэхэд анх Чингис бондын эх үүсвэрээс таван тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан. Гэтэл яаман дээр хоёр тэрбум болж буураад, арилжааны банкин дээр очоод 750 орчим сая төгрөг л болж буурсан. Арилжааны банкууд эрсдлээ үүрч байна гээд ингэж бууруулаад байна шүү дээ” гэсэн.

Энэ талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Тийм зүйл огт байх ёсгүй. Мөнгийг өгвөл өгсөн шиг өгөх ёстой. Дутуу алсан могой шиг байлгаж болохгүй. мөнгө өгнө гэж хэлчихээд амсуулаад л өнгөрөх юм бол авсандаа гай болж, өгсөндөө зовлон болно. Дахиж тийм асуудал гарвал шууд Засгийн газарт хандаарай. Бид арга хэмжээ авах боломжтой. Яагаад гэвэл эх үүсвэрийг нь бид гаргаж өгч байгаа” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд төрүүлэхэд ТААЛАМЖТАЙ улсын жагсаалтад Монгол 88-д бичигджээ

“Save the children” олон улсын байгууллагаас хүүхэд төрүүлэхэд тааламжтай улсын жагсаалтыг 2014 оны байдлаар гаргажээ.

Уг жагсаалтад манай улс 88 дугаарт бичигдсэн байна.

Энэхүү жагсаалтад дэлхийн 178 орон бичигдсэн бөгөөд Хойд Солонгос, Косово, Палестин зэрэг улсуудыг хамруулаагүй байна.

1 Финланд           61 Хятад                121* Марокко

2 Норвеги             62 ОХУ                   121* Руанда

3 Швед                 63 Казахстан           123 Сан Томе Принсип

4 Исланд              64 Эквадор              124 Сенегал

5 Нидерланд        65* Румын                125 Вануату

6 Дани                  65* Тринидад Тобаго 126* Экваторын Гвиней

7 Испани               67 Венесуэл              126* Гватемал

8 Герман              68 Малайз                   128 Бутан

9* Австрали           69 Оман                       129 Лаос

9* Бельги               70 Багамын арлууд     130* Бангладеш

11 Итали                71 Алжир                     130* Лесото

12 Австри               72* Перу                       132 Камбож

13 Швейцар            72* Тайланд                133 Уганда

14 Португал             72* Украйн                  134 Тажикстан

15 Сингапур             75 Өмнөд Африк           135 Микронези

16 Шинэ Зеланд         76 Бразил                 135 Танзани

17 Словени                77 Ливан                    137 Энэтхэг

18 Канад                    78* Эль Салвадор       138 Мозамбик

19 Ирланд                  78* Фижи                     139 Свазиланд

20* Франц                   80 Сэйнт Люсиа           140 Соломоны Арал

20* Грек                       81 Иран                         141 Зимбабвэ

22 Люксембург            82 Туркменистан           142 Камерун

23 Эстони                    83 Албани                       143 Кени

24* Чех                          84 Капе Верде               144 Мадагаскар

24* Литви                      85 Колумб                      145 Замби

26* Беларус                   86* Белиз                      146 Афганистан

26* ИБУИНВУ                86* Сэйнт Винсент Гренадини 147 Бурунди

28 Израйл                      88 Монгол                      147 Пакистан

29 Польш                       89 Шри Ланка                   149 Этиоп

30 Өмнөд Солонгос        90 Мальдив                     150 Гана

31 АНУ                            91 Ямайка                        150 Судан

32 Япон                          92 Молдов                        152 Эритрей

33 Хорват                         93* Болив                        152 Того

34 Латви                          93* Вьетнам                     154 Малави

35 Куба                            95 Армени                          155 Мавритан

36 Серби                         95 Йордан                           156 Коморын арлууд

37 Кипр                            95 Никарагуа                      157 Мьянмар

38 Саудын Араб                98 Гүрж                             158* Конго

39 Коста Рика                    99* Азербайжан                   158* Өмнөд Судан

40 Македон                        99* Суринам                       160 Жибути

41 Мальта                         101 Тонга                             161 Буркина Фасо

42 Гренада                        102 Доминикан                      162 Йемен

43 Аргентин                       103 Намиби                           163 Гвиней

44 Болгар                           104 Ирак                               164 Папуа Шинэ Гвиней

45* Монтенегро                    105 Парагвай                       165 Бенин

45* Словак                           105 Филиппин                       166 Гамби

47 Чили                                 107 Гондурас                        167 Либери

48 Босни Герцеговина           108 Киргизстан                   168 Гайти

49 Барбадос                          109 Панам                            169 Зааны ясан эрэг

50 Бахрейн                            110 Зүүн Тимор                     170 Чад

51 Катар                                111 Узбекистан                      171 Нигерия

52 Арабын Нэгдсэн Эмират   112 Гайана                           172 Сиерра Леон

53 Уругвай                                113 Индонези                      173 Төв Африкын БНУ

54 Мексик                                 114 Габон                             174 Гвиней-Биссау

55 Унгар                                   115 Сири                                175* Мали

56 Маврика                                116 Балба                             175* Нигер

57 Кувейт                                   117 Египет                            177 Ардчилсан Конго

58 Ливи                                      118 Самоа                             178 Сомали

59* Тунис                                   119 Ангола    

59 Турк                                      120 Ботсван

Categories
мэдээ нийгэм

Нийслэл Дэлхийн зөнтэй хамтарна

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын төлөөлөлтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Хоёр тал хүүхдийн эрхийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, хүүхдийг аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах аж. Мөн хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, хүүхдийг хууль бус хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, дүүрэг, хороо тус бүрт хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагааг бэхжүүлэх асуудлуудыг санамж бичигт тусгажээ.

Үүнээс гадна сургууль завсардсан, сургуульд огт суралцаагүй хүүхдүүдийг анхан шатны болон ерөнхий боловсрол нөхөн эзэмшихэд нь дэмжлэг үзүүлж,  сургуулийн өмнөх боловсролыг дэмжих юм байна. 

Categories
мэдээ нийгэм

Татвар төлөгчдийн сар эхэллээ

Жил бүрийн тавдугаар сарыг улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”  болгосон. 15 жилдээ зохион байгуулагдаж байгаа татвар төлөгчдийн өдрийг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор өнгөрөөх аж. Үндэсний татварын алба уг өдрүүдээр татварын хуулийг сурталчлах, татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх, сургалт явуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагааг явуулах аж.  Мөн энэ үеэр татварын албад татварын албаны үйл ажиллагааг сайжруулах, үйлчилгээг өргөтгөх чиглэлээр ТЕГ-аас явуулах “Санал асуулгын хуудас” –аар татвар төлөгчдөөс санал авч дүгнэх, “Татвар төлөгчдөд зөвлөгөө өгөх байр”-аар үйлчлүүлж буй татвар төлөгчдийн дэвшүүлсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхюм байна.