Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

Бразилийн шигшээ багийнхны нэрс тодорчээ

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнийг нутагтаа хүлээн авах Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Луиз Фелипе Сколари өчигдөр /V.07/ ДАШТ-д эх орноо төлөөлөх 23 тоглогчийн нэрийг зарласан байна.

ДАШТ-д оролцох Бразилийн багийн бүрэлдэхүүн:

Хаалгач: Жулио Сезар (Торонто, Канад), Жефферсон (Ботафого), Виктор (Атлетико Минейро)

Хамгаалагч: Данте (Байерн Мюнхен, Герман), Дэвид Луиз (Челси, Англи), Энрике (Наполи, Итали), Тиаго Силва (ПСЖ, Франц), Даниэл Алвес (Барселона, Испани), Майкон (Рома, Итали), Марчело (Реал Мадрид, Испани), Максуэлл (ПСЖ, Франц)

Хагас хамгаалагч: Фернандиньо (Манчестер Сити, Англи), Эрнанес (Интер Милан, Итали), Луиз Густаво (Вольфсбург, Герман), Оскар (Челси, Англи), Паулиньо (Тоттенхэм, Англи), Рамирез (Челси, Англи), Уиллиан (Челси, Англи)

Довтлогч: Бернанд (Шахтёр Донецк, Украин), Фред (Флюминенс), Халк (Зенит Санкт-Петербург, ОХУ), Жо (Атлетико Минейро), Неймар (Барселона, Испани)

Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

УРУГВАЙ Хоёр удаагийн дэлхийн аварга баг

2014 он спорт сонирхогчдын хувьд “Өндөр жил” гэхэд хилсдэхгүй. Дөрвөн жилд нэг удаа зохиогддог хөлбөмбөгийн ДАШТ энэ зун Бразил улсад эхэлнэ. Манай сонин энэ спортын том цэнгүүнийг угтан ямар улсын шигшээ баг дөмөгхөн тоглож дээгүүр давхих вэ гэдгийг  цувралаар танилцуулж байна. 

Бразил, Аргентин хэмээх газар нутаг, эдийн засаг, соёл урлаг, хүн амынхаа тоо хэмжээгээр дэлхийд дээгүүр бичигдэх гүрнүүдийн дунд Уругвай гэх жижигхэн улс бий. Жижигхэн нутагтай, дөрвөн сая хүрэхгүй хүн амтай, эдийн засгийнхаа гол орлогыг мал аж ахуй (ихэвчлэн хонь), загас агнуур, газар тариалангаас олдог, дайн байлдаан, хар тамхины наймаа байхгүй амгалан тайван улс. Гэхдээ НҮБ-д бүртгэлтэй 193 улсаас өөрсдийгөө ялгаж цоллуулах нэг онцлог энэ улсад байна аа. Тэд 1930 онд хөлбөмбөгийн анхны ДАШТ-ийг нутагтаа зохиож дэлхийн аварга хэмээх эрхэм цолыг анх хүртсэн хүмүүс билээ. Уругвайн шигшээ баг хоёр удаа дэлхийн аварга болж гурван удаа (1954, 1970, 2010 онууд) хагас шигшээд шалгарсан бөгөөд ийм амжилтыг зөвхөн Бразил, Герман, Итали улсууд л үзүүлсэн гээд бодохоор хүн амынхаа тоогоор манайхтай ойролцоо улсын хувьд бахархмаар амжилт биш гэж үү. Бразилийн ард түмнийг нийтэд нь уйлуулж, 300 орчим хүн амиа хорлоход хүргэж байсан 1950 оны зургадугаар сарын 15-ны өдрийн финалын тоглолтын ялагч Уругвайн шигшээ баг өнөөдөр энэ цаг үед юу үзүүлж чадах вэ, тэр нэгэн он жилийн үйл явдлыг давтаж чадах болов уу гэдгийг жаахан судалъя.

Уругвайн шигшээ багийн ноён нуруу:

Фернандо Муслера, Мар¬тин Сильва, Диего Лугано, Максимилиано Перейра, Мар¬тин Касерес, Эгидио  Аревало, Диего Перес, К.Родригес, Гаргано, Гастон Рамирес, Форлан, Стуани, Луис Суарес, Кавани. 

Багийн ахлах дас­гал­жуулагч Оскар Вашингтон Табарес

2010, 2011 оны Ла­тин Америкийн шилдэг дас­гал­жуулагч, багаа тивийн аваргын алтан медаль, 2010 оны Африкийн ДАШТ-ий дөрөвдүгээр байрт хүр­гэж чадсан нь 67 настай дасгалжуулагч Уругвайн шиг­шээ багийг амжилтад хүргэх нэгээхэн том хэсэг нь мөн үү гэвэл яах аргагүй мөн. Гэхдээ бүх шилдэг дасгалжуулагчийн хэрэглэдэг нэг зарчим буюу цагийг нь олж багаа шинэчлэх, “шинэ цус юүлэх” аргыг ор тас мартсан, өөрт үнэнчээр өчнөөн жил зүтгэсэн “хуучин цэргүүдээ” ашиглах нь хэт сунжирч байгааг тэр олж харахгүй байх шиг санагддаг. Энэ удаагийн мундиалд очиж байгаа 32 багаас овоо хөгшин багийн нэг нь уругвайчууд билээ. Тэдний багийн гишүүдийн шигшээдээ тоглосон тооны нийлбэр 800-гаас хол давсан гэсэн тооцоо гарсан байна лээ. Дунджаар нэг тоглогч 40 удаа шигшээдээ дуудагдсан гэсэн үг. Олигтойхон залуучууд байхгүй тул Лугано, Форлан мэтийнх нь тоглоод байна гэж бодвол том эндүүрэл шүү. Жишээ нь, Уругвайн идэрчүүд 2011 онд ДАШТ-д мөнгөн медаль авч залуучууд нь дараа жил нь бараг л алт авах шахсан. 

Сайн тал

Пөөх энэ Уругвайн шигшээ багийн урд талыг хар даа. Луис Суарес, Эдинсон Кавани, Кристиане Стуани, Диего Форлан гээд цаана нь энэ жил сайн тоглож байгаа Гонзало Кастро, Николас Лопес гэх мэтчилэн нэрлэж болно. Бас нэг онцлог нь эдгээр довтлогч нараас нэг нь ч гэмтээгүй, бүгд өөр өөрийнхөө дотоодын тэмцээнүүдэд гайхалтай тоглолт үзүүлээд манаргаж явна. Суарес Англид яаж галзуурч байгааг харахад л болно биз дээ. 

Хаалгач сайн. Фернандо Муслер гэдэг дөлгөөн харцтай залуу Туркийн “Галатасарай” багийн хөгжөөн дэмжигчдийн хайрыг хүлээсэн итгэлтэй тоглолтыг энэ жил үзүүлж байгаа. Сая аваргуудын ли¬гийн тэмцээний үеэр ажиг¬лахад тэр багаа хэцүү үед нь аврах, итгэлтэй тоглолтоороо хамгаалалтын тоглогчдод нөлөөлөх авьяас нь улам сайжирсан харагдана билээ. 

Сул тал

Мэдээж нөгөө дээр ду¬рьдсан өндөр нас. Нэн ялангуяа хамгаалалтын шугаман дээр зогсох хөлбөмбөгчид бүгд шахуу 30 хол давсан настай, 90 минутын ачааллыг даах уу, үгүй юу гэдэг нь асуудалтай болчихсон нөхдүүд бий. Хэт хэвийсэн нас, хагас хамгаалалтын хэсэг дээр ч яригдана. Эгидио Аревало, Диего Перес, Горгано гэхчлэн гучин настангууд хамгийн их гүйдэг хэсэг дээр тоглох бөгөөд үнэхээр сайн бэлдэж очихгүй бол тоглолтын бүтэн хугацааг хэмнэл алдалгүй өнгөрөөнө гэж даанч чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл хагас хамгаалагчдын ухаалаг тоглолт, хурц хараанаас довтлогчдын хувь заяа ихээхэн шалтгаалдаг болчихсон энэ цаг үед байг гэхэд Лэмпардын хэмжээнд тоглохоор хагас хамгаалагч яг одоогоор Уругвайд алга байна. Хэдийгээр Суарес нэлээн хойш татаж өөрийн талбайгаасаа довтолгоонд оролцдог ч гэлээ Кавани мэтийн бусад нь зөвхөн дамжуулалт хүлээгээд, төвийн шугамаас хэтрэлгүй зогсож байдаг муу зуршлыг тооцоолох хэрэгтэй. 

Энэ удаагийн ДАШТ өчнөөн олон жилийн дараа Латин Америкт болж байгаа. Латин Америкт зохиогдсон зургаан ДАШТ-ий хоёрынх нь түрүүг авсан Уругвайн шигшээ багийнхныг товч танилцуулахад иймэрхүү байна. Өнгөрөгч зууны 80-аад оноос эхлэн уналтад орж нэг хэсэг дэлхийн шилдгүүдийн эгнээнээс чимээгүйхэн сугаран үлдэж байсан энэ шигшээ баг харин сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд огцом сайжирч аль ч насны ангилалд дэлхийн шилдгүүдийн эгнээнд эргэн ирж байна. Бразилд зохиогдох ДАШТ гэдэг нь бараг л Уругвайд зохиогдож байна гэхээр ойрхон тул хөгжөөн дэмжигчид ч гэлээ боломжийн их цугларна гэсэн үг биз дээ. Бид Бээжинд болсон олимпийн үеэр бокс, бөхийн танхимыг хоёр биш хорин сая хүнтэй улс мэт дүүргэж байсантай адил юм болох нь ойлгомжтой билээ. Суарес “Ливерпүүл” хоёр энэ жил азтай байгаа. Суарес Уругвай хоёр бас азтай байх ч юм билүү хэн мэдлээ. 

Д.БАТ-ЭРДЭНЭ

Д.ДАВААСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн Засаг даргын орлогч асан Ш.Энхбатыг авлигын хэргээр шалгаж байна

-ТҮҮНИЙГ ХУВЬ ХҮМҮҮСТ ЖОНШ ОЛБОРЛОХ ГАЗАР ОЛГОЖ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВСАН ГЭЖ БУРУУТГАЖ БУЙ ГЭНЭ-

Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбатыг  бусдаас авлига авсан хэргээр Авлигатай тэмцэх газрынхан өнгөрсөн сарын сүүлчээр цагдан хорьжээ. Түүнийг бусдаас авлига авсан гэх мэдээллийн мөрөөр шалгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энэ сарын эхээр харин шүүхийн шийдвэрээр түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ. Түүний оронд О.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг  Засаг даргын орлогчоор томилсон бололтой. О.Бат-Эрдэнэ энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө аймгийн МАН-ын дэд дарга, аймгийн II сургуулийн захирлын албыг хашиж байсан аж. 

“Уг нь Засаг даргын орлог­чийг ИТХ-аар оруулж томилох ёстой. Гэтэл өчигдрийн 11.00 цагийн Засгийн газрын теле хуралд оролцохоор О.Бат-Эрдэнэ орж  ирсэн. Үүнээс нь аймгийн удирдлагууд Ш.Энхбатын оронд О.Бат-Эрдэнэ болсныг мэдсэн. ИТХ-д түүний талаар ямар нэгэн асуудал орж ирэлгүй томилсон байх. Аймгийн Засаг дарга ямар шийдвэр гаргасныг одоохондоо мэдэхгүй” гэж ИТХ-ын зарим төлөөлөгч ярьж байв. Тэдний нэгнээс “Ямар учраас Ш.Энхбатыг ажлаас нь чөлөөлсөн юм бол” гэж асуухад “Бид нарийн ширийн зүйл мэдэхгүй байна. Өнгөрсөн хоёрдугаар сараас хойш түүнтэй холбоотой үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл аймгаар яригдах болсон. Хуулийн байгууллага болон аймгийн Засаг даргаас Ш.Энхбаттай холбоотой албан ёсны мэдээлэл ирээгүй учраас хэлж мэдэхгүй байна. Гурван сарын эхээр аймгийн эмнэлэгт хэвтэж, дараа нь “Оргил” сувилалд хэвтэж буй сураг гарсан. Тэгээд л чимээгүй болсон” гэв.  Хуулийн эх сурвалж харин Ш.Энхбатыг хувь хүмүүст жонш олборлох газар олгож  хариуд нь их хэмжээний мөнгө авсан гэж буруутгаж буй тухай хэлэв. 

Ш.Энхбатаас хэргийнх нь талаар тодруулахад “Энэ талаар би мэдээлэл өгөх боломжгүй байна. Прокурорт шилжихээр нь ярья” гэв.

Ш.ЭНХБАТ ГЭЖ ХЭН БЭ?

Ам бүл тав. Эхнэр хүүхдүү¬дийн хамт амьдардаг. Малын их эмч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. 1972-1982 онд дунд сургууль, 1982-1984 онд ЗХУ /хуучнаар/ Ойн ТМС , 1987-1995 онд ХААИС, 2003-2004 Удирдлагын академи төгсчээ. 1984-1987 онд Дундговь аймгийн Ойн аж ахуйд техникчээр ажлын гараагаа эхэлж байсан байна. Дараа нь 1995-1998 онд аймгийн ХХААГ-т мал эмнэлэгт ариун цэврийн их эмч, 1998-2001 онд аймгийн ХХААГ-ын дарга, 2001-2006 онд аймгийн Ардчилсан намын нарийн бичгийн дарга, -2006-2008 онд “Наранцацралт” сангийн Дундговь аймаг дахь төлөөлөгчийн газрын захирал, 2008-2013 онд Өлзийт сумын Засаг дарга,  2013 оноос Дундговь аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байв.  2012 оноос аймгийн ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд “Нарны хүлэг” уяачдын холбооны гүйцэтгэх захирлаар сонгогдсон байна. 2006 онд МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль”, 2007 онд МоАХ-ны дээд шагнал “Эрх чөлөөний одон”, 2011 онд “Алтан гадас” одон, 2012 онд МоАХ-ны “Тусгаар тогтнол” одон зэрэг шагналаар шагнагдаж байжээ.

 Г.ЯЛГУУН

Categories
гадаад мэдээ

Цагаан ордон руу нэвтрэхийг завдав

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Цагаан ордонд нэгэн ер бусын явдал болсон байна. Ерөнхийлөгчийн охид Саша, Малия нарын сууж явсан цувааг “Honda Civic” маркийн машин даган Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан хэрэг гарчээ. Хамгаалалтын  албаныхан гадны машин цувааг дагаж явааг тэр дор нь анзаарч Ерөнхийлөгчийн ордны үүдэнд ирэхэд нь зогсоосон байна. Хэргийн учрыг олохын тулд Цагаан Ордон руу нэвтэрдэг бүх хаалгыг түр хааж нэг ч хүн оруулж  гаргаагүй гэнэ. Энэ хэргийг Холбооны татварын албаны ажилтан, 55 настай Мэтью Иван Голдштейн гэгч үйлджээ. Түүнийг бусдын газар нутаг дээр хууль бусаар нэвтэрсэн хэргээр буруутгаж  шалгахаар цагдаагийн хэлтэс дээр аваачжээ. Холбооны татварын албаны ажилтан яагаад ингэх болсон нь одоогоор тогтоогдоогүй байна.  

Categories
мэдээ спорт

“Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээнд бүртгүүлээрэй

Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. 

Энэ жил олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь 06 дугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг бүртгэх ажил үргэлжилж байна.

Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. Уг тэмцээний хамрах хүрээ болон оролцохыг хүссэн иргэд хэрхэн оролцох талаар танилцуулъя.

 Тэмцээн – 1. Марафон:

18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээнийг зохион байгуулна.

Гүйгчдээс бүртгэлийн хураамж авна. Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, алчуур, танилцуулга, гүйлтийн маршрут зэргийг олгоно. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй, амжилтыг тооцохгүй байх юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй болно гэдгийг анхаарна уу.

 Тэмцээн– 2. Сонирхогчдын гүйлт:

Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна.

–           17 нас хүртэл       4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           18-35  нас             8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           36- 49  нас            5000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

–           50-иас дээш нас  4000 м  /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/

   Гүйлтэд оролцогчдод энгэрийн дугаар олгоно.

 Тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ

• Бүртгэл  06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/-ын өрөөнд яваглаж байна. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно.

• Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

• Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна.  Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

•   Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.

• Гүйлтийн  42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны өргөн чөлөөний автобусны 4 буудлыг шилжүүлнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр “Улаанбаатар хотын авто замын хэт  ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс шийдвэрлэсэн.

Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22 чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Зарим автобусны маршрут давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд буудал руу гүйцэт оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байгаа учраас  зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болж эхний ээлжинд 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон юм.

Энэ ажлын хүрээнд  Хөдөө аж ахуйн яамны урд тал, Max mall Их дэлгүүрийн баруун тал, Баруун дөрвөн зам, Улсын Их дэлгүүрийн баруун урд /замын урд талд/ зэрэг байршлуудад автобусны зогсоол хийхээр Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ ажлаа эхлүүлээд байна.  Ирэх долоо хоногийн Даваа гарагт эдгээр зогсоолуудын ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Нэгнийгээ хөнөөж, оюутнуудыг барьцаалсан хэрэг гарчээ

Хан-Уул дүүргийн  XII  хорооны нутаг дэвсгэр биокомбинатын ойролцоо “Био агро” гэх мод үржүүлгийн газарт “Цэцэрлэгжилт” компанийн ажилтан хүний амь хөнөөж, арван оюутныг барьцаалсан хэрэг өчигдөр үүрээр гарчээ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнууд мод үржүүлгийн газарт суулгац тарьж байсан юм байна.  Хотын төвөөс зайдуу болохоор тэндээ байрлан ажиллаж байжээ. Хэрэг гарахын урьд  өдөр буюу энэ сарын 6-нд  ажлаа тарсны дараа тус компанийн ажилтнууд мөнгөө нийлүүлж архи, пиво бусад зүйлийг биокомбинатын хүнсний дэлгүүрээс  худалдан авч уусан байна. Тэд шөнөжин архидаж байгаад үүрээр  хоорондоо маргалдаж улмаар зодоон цохиондоо тулсан гэнэ. Ийн хоорондоо зодолдож байгаад Дорнод аймгийн харьяат 1989 онд төрсөн Б гэх 25  настай залуу хамт ажиллаж байсан  Г-ыг зодож аминд нь хүрсэн гэнэ. Мөн Ж гэх залууг  зодож хүнд гэмтжээ. Тэрбээр хүний амь нас хөнөөгөөд зогсохгүй тус компанид гэрээгээр ажиллахаар ирсэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн арван оюутныг барьцаалж, “Та нарыг бүгдийг чинь ална” хэмээн айлган сүрдүүлж, хутга тулгасан аж. 

Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 утсанд 03:00 цагийн орчимд нэгэн иргэнээс “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнууд хоорондоо зодолдоод байна. Хурдан ирж салгахгүй бол нэгнийхээ аминд хүрч байх шиг байна” гэсэн мэдээлэл  ирсэн байна.  Дуудлагын дагуу “Эрхэс” 102 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн ахлах дэслэгч  Н.Дашцэрэнгээр ахлуулсан баг хэргийн газар дээр очсон байна. Цагдаа нарыг хэргийн газарт очиход Б гэх залуу  дадлага хийж байсан арван оюутныг жагсаагаад  зогсоочихсон “Хөдлөх юм бол хутгална. Цагдаа нар эндээс холд. Хэрэв холдохгүй гэвэл  энд байгаа оюутнуудыг ална” гэж сүрдүүлсэн байна.  Бүр зарим оюутны хоолойд хутга тулгасан гэнэ.  Барьцаалагдсан МСҮТ-ийн арван оюутны гурав нь эрэгтэй, долоо нь эмэгтэй, 16-18 насных байжээ. 

Цагдаа нар шуурхай арга хэмжээ авч барьцаалагч этгээдтэй ярилцлага хийсэн байна. 20 гаруй минут ярилцлага хийж оюутнуудыг суллаж явуулахаар  тохирч, шуурхай байдлаар хэлэлцээр хийсэн гэнэ. Ингэж барьцаалагдсан оюутнуудыг суллаж  гэмт этгээдийг хүний амь дахин хөнөөхөөс өмнө баривчилжээ. Ингээд хэргийн газарт үзлэг хийх үед нэг иргэн бусдад зодуулсан байдалтайгаар амиа алдсан байжээ. Мөн “Цэцэрлэгжилт” компанийн ажилтан хүнд бэртэж ухаан алдсан байдалтайгаар олдсон байна. Бусдад зодуулан ухаан алдсан иргэнд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлжээ. Тэрбээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал тааруу байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. 

Нэгнийгээ хөнөөж, оюутнуудыг барьцаалсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхан шалгаж байна. Мөрдөн байцаалт эхэлж байгаа бөгөөд барьцаалагдсан оюутнуудаас гэрчийн мэдүүлэг авч эхэлжээ. Мөн “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнуудаас ямар учраас хоорондоо маргалдаж, зодолдох болсныг хэн нь Г-г зодож аминд нь хүрсэн болохыг тогтоохоор ажиллаж байна. “Цэцэрлэгжилт” компанийн ажилтнуудаас авсан анхны мэдүүлгээр “Цэцэрлэгжүүлэлтийн мэргэжилтэй  Б гэх залуу   Г, Ж нарыг зодсон” гэж мэдүүлээд байгаа юм байна.   

Бусдын амийг хөнөөж, оюутнуудыг барьцаалсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б “Хэргийн талаар огт санахгүй байна. Олон шил архи уусан болохоор юу ч санахгүй байна” гэхээс өөр зүйл ярихгүй байгаа гэв. Түүнийг ШШГЕГ-ын харьяа  цагдан хорих  төвд саатуулжээ.

Э.ХҮРЭЛ

Categories
гадаад мэдээ

Украины цэргүүд Славянскт дахин тусгай ажиллагаа явууллаа

Уржигдраас өчигдөрт шилжих шөнө Украины цэргүүд Донецк мужийн Славянск хотод дахин тусгай ажиллагаа явууллаа. Энэ үеэр хотын захад хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон тухай оршин суугчид мэдээлэв. Бүх л шөнийн туршид  бүх дүүрэгт буудалцаан болж оршин суугчид гадаа гарахаас айж ажил дээрээ хоносон байна. Украины цэргүүд хотын телевиз зэрэг стратегийн чухал ач холбогдолтой хэд хэдэн газруудыг эзлэн авахаар тэмцэж Оросын талыг дэмжигчид эсэргүүцэл үзүүлсээр байна. 

Мөн Донецк мужийн Мариуполь хотод ч тусгай ажиллагааг зохион байгуулжээ. Уржигдар өглөө хар хувцастай хүмүүс хотын зөвлөлтийн байрыг эзлэн авч дотор нь байсан Оросын талыг дэмжигчдийг гаргаж төв талбай дээр байсан майхан зэргийг бульдозер машинаар зайлуулжээ. Энэ үеэр Орон нутгийн хүчний байгууллага Оросын талыг дэмжигч 11 хүнийг баривчилсан байна. Ийнхүү Украины эрх баригчид зүүн нутгийг мэдэлдээ авахаар нэлээд хэдэн хоногийн туршид цэргийн ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрсэнгүй. 

Categories
гадаад мэдээ

Тэмээний ханиад өвчин газар аваад байна

Ойрхи Дорнодын орнуудад MERS-CoV  буюу тэмээний ханиад хэмээх аюултай өвчин  газар аваад байгаа билээ. Анагаах ухааны түүхэнд урьд өмнө  ийм өвчин гарч байгаагүй бөгөөд маш аюултай хэмээн ДЭМБ-аас анхааруулж буй. Гэтэл Индонезийн Хойд Суматра мужид тэмээний ханиад өвчний халдвар авсан байж болзошгүй нэг хүн нас барсан тухай мэдээллээ. Тэрээр саяхан Саудын Аравид очиж мөргөл үйлдээд ирсэн бөгөөд хэдэн хоногийн туршид халуурч, хоолой нь боож амьсгалж чадахгүй гэхчлэн тэмээний ханиад өвчний бүх л шинж тэмдэг илэрсэн аж. Түүнд нарийн шинжилгээ хийх гэсэн боловч гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй гэнэ. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт мөн Саудын Арави яваад ирсэн 50 настай эмэгтэй эмчлүүлж байгаа. Түүнийг мөн тэмээний ханиадны халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Моника Левински Б.Клинтоны талаар ярьжээ

1998 онд Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгч Билл Клинтонтой учир ургуулж дуулиан тарьж байсан Моника Левински хэмээх бүсгүй олон жилийн дараа ам нээлээ. Өдгөө 40 настай тэрээр Америкийн “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн үеийн дуулиант амьдралынхаа талаар дурсжээ.  М.Левински “Энэ харьцаа амьдралд маань сайн зүйл авчраагүй. Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой нэр холбогдсондоо харамсч явдаг. Бид хоёрын хувьд харилцан тохиролцсоны үндэс дээр дотнын харилцаанд орсон. Учир нь аль аль нь үүнийг хүсэж байсан. Гэхдээ Б.Клинтон бид хоёрын хооронд болсон явдалд би одоо ч харамсаж явдаг” гэжээ. Уг явдлаас хойш өнөөдрийг хүртэл түүнийг гутаан доромжилж ирсэн гэнэ. Билл Клинтон өөрийгөө хамгаалахын тулд хүнлэг бус загнасан гэдгийг ч хэлжээ. Учир нь экс төрийн тэргүүний удирдлага дор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн, шүүх прокурорын газраас бүх бурууг өөрт нь тохсон агаад  амьдралд нь хар толбо үлдээсэн байна. М.Левински энэ явдлаас болж олон жил ажилгүй байснаас гадна гадаа гудамжинд явж байхад нь хүмүүс өөрийг нь таньж, гар хуруугаараа чичилдэг байжээ. Мөн шар хэвлэлийнхэн  түүний талаар байнга бичдэг зэрэг нь өөрийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн гэв. Моника Левински “Vanity Fair”-т өгсөн ярилцлагадаа олон жилийн дараа Б.Клинтонтой холбогдсон явдлын талаар ярих болсноо “Над шиг ийм байдалд орж, доромжлуулсан олон хүнд  энэ нь тус болж магадгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн зарим сонин энэ талаар мэдээлэл өгснийх нь төлөө 10 сая ам.доллар амлаж байсан ч татгалзаж байснаа өгүүлжээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч асантай учир ургуулсан нь олон нийтэд ил болсны дараа нэг бус удаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ.