Categories
мэдээ улс-төр

“Бүтээн байгуулалтын цаг”-т Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд шийдвэрлэсэн эхний ажлуудын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын цаг”-аар танилцууллаа

5 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  

Жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртлэх  аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан, УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

Дорноговь аймагт жилд 2 сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд ашиглалтад орох гэж байна. Бизнес эрхлэгчидтэй уулзахад ийм том хэмжээний үйлдвэр байгуулахад тоног төхөөрөмж шинэчлэх, үйлдвэрээ өргөтгөх шаардлагатай байна. НӨАТ-ын татвар өндөр төлдөг, энэ асуудалд  Засгийн газар зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийналбан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртлэх хугацаагаар хойшлуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ингэснээр бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн албан татвар төлөгчийн төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцааж олгох тухай хуулийн төслийг УИХ-д энэ долоо хоногт өргөн барихаар шийдвэрлэсэн гэлээ.

Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хувь 70 орчим хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ. 

Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын менежментийг зөв хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил тэгш эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн төсвийн хувьд цалин, хөлснөөс бусад бараа, үйлчилгээний зардлыг 20-иос доошгүй хувь бууруулах, орон тоо нэмэх шийдвэр гаргахгүй байх, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх, гадаад албан томилолтын зардлыг тэвчих, зайлшгүй тохиолдолд зорчих төлөөлөгчийн тоог хязгаарлах, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх, дүрэмт хувцсыг гамтай хэрэглэж, эдэлгээний хугацааг уртасгах замаар хэмнэлт бий болгох, дүрэмт хувцасны загварыг 10 жилийн дотор өөрчлөхгүй байх зэргийг Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Аймаг, сумын төвд дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барьж буй иргэд ипотекийн зээл авах боломжтой болсон бөгөөд орон нутагт ипотекийн зээлийн хүү  зээлийн хүү 7 хувь байхаар шийдвэрлэлээ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. 400 гаруй км энэ зам ашиглалтад орвол нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой.

Австри улсын 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэндийн салбарт, тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,  Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг байгуулах, УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, гал унтраах техник, тоног төхөөрөмж, Төрийн тусгай албаны эмнэлэгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Эдийн засгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

№ Шийдвэрлэсэн асуудал Гарах үр дүн, ач холбогдол

1 Гаалийн албан татвараас, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ба үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа байна. Иймд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилийн хугацаагаар сунгаж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн.

2 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био болон инновацийн технологи агуулсан бүтгээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуулийн 3.2-т “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийналбан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртлэх хугацаагаар хойшлуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой байна.

 3 Төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний тухай Төсвийн урсгал зардлыг 10-30 хувиар багасгана. Төсвийн албан хаагч, ажилчдын цалин хөлс хасагдахгүй.

 4 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар татварын 2 дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулсан.

1.     Албан татвар төлөгчийн төлсөн 2 хувийн татварыг буцаан олгох; 

2.     Албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх;

3.     Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг электрон хэлбэрт оруулах;

4.     Хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх;

5.     Татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, албан татвар төлөгч, суутгагч, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлсон.

5 Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Төсвийн зардал багасна. Менежментийн зөв хэлбэрт орно. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил эрхтэй оролцох нөхцөл бүрдэнэ.

6 “Засгийн газрын автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл Төсвийн зардал багасна. Менежментийн зөв хэлбэрт орно. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил эрхтэй оролцох нөхцөл бүрдэнэ.

7 Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл Аймаг, сумын төвд дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барьж буй иргэд ипотекийн зээл авах боломжтой болно. Аймаг, сумын төвийн ипотекийн зээлийн хүү 7 хувь болно.

  8 Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Төрийн өмч эзэнтэй болно.

  9 Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл Алтанбулаг худалдааны төвийн үйл ажиллагааг эхлэнэ.

  10 “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах тухай Нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжирна.

  11 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Үнийн зөрүү гэдэг асуудал байхгүй болно. Нэмэлт ажил хийнэ гэдэг асуудал арилна. Хугацаа сунжирч үргэлжилдэг асуудал байхгүй болно.  Ажлын гүйцэтгэлийн чанар сайжирна.

 12 Эдийн засгийн өршөөлийн тухай хууль Далд эдийн засгийн нөлөө буурна. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

  13 ТӨХ-Лондонгийн хөрөнгийн бирж групп хоорондын байгуулсан гэрээнд тусгагдсан 2012 оны 1,5 сая ам.долларын төлбөрийн асуудал Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх

  14 Виз хөнгөвчлөх тухай Монгол улс руу визгүй зорчих орны тоо нэмэгдэнэ. Жуулчны тоо нэмэгдэнэ.

  15 Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай Австри улсын 40 сая еврогийн хөнгөлттэй зээлийг доорх чиглэлд зарцуулна. Хавдар судлалын үндэсний төвийн эд, эс шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж; Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг; Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмж; УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, Гал унтраах техник, тоног төхөөрөмж; Төрийн тусгай албаны эмнэлэгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авах

  16 БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай Төслийн нэр:Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын төсөл

Төслийн нэр:”Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэх дэд төслүүд, Туулын хурдны зам (урьдчилсан байдлаар дөрвөн дэд төсөл, Яармагийн гүүр орсон)

      

Categories
мэдээ нийгэм

“Fashion TV” Монголын загварын шоуг дэлхийн 193 оронд сурталчилна

Ноос, ноолууран хувцас үйлдвэрлэгч “Говь” компани Монголын үндэсний дизайнеруудын холбоотой хамтран ноолууран бүтээгдэхүүний “Nomadic Chic by Gobi Cashmere” загварын шоуг зохион байгуулах гэж байна. Энэхүү загварын шоу нь  анх удаагаа, бүжиг болон нугаралт хосолж байгаагаараа онцлог аж. Монголын нэр хүндтэй бүхий л загварын агентлагийн нэртэй модель, загвар өмсөгчид оролцохоос гадна, мэргэжлийн бүжигчид, нугараачид “Говь”-ийн хувцсыг өмсөж үзүүлбэр үзүүлэх юм. Бас нэг онцлох зүйл нь “Nomadic Chic by Gobi Cashmere” шоуг загварын ертөнцийн хамгийн том “FTV” суваг сурвалжилж, дэлхийн 193 оронд цацах гэнэ. Мөн АНУ алдарт топ модель Тайра Банкийн удирдан явуулдаг “American next top model” шоуны шүүгч, зурагчин “Jo Lance” хүрэлцэн ирнэ. Тус загварын шоу ирэх 16-ны өдөр “Мираж” зоогийн газарт болно. 

Э.Номин

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина

Бороо цасны улмаас нийслэлчүүд усан дундуур туучиж, усны гутал эрэлттэй бараа болоод байгаа. Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэдээнээс харвал  улаанбаатарчууд энэ ондоо ус туучих аюулаас гэтлэх бололтой.  Улаанбаатар хотод энэ онд 15  байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын  21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн  5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн  1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх  2.3 км замд, Гандийн гудамж буюу Дүнжингаравын уулзвараас Чингисийн өргөн чөлөө хүртэлх замд,  Хан-Уул дүүрэг, 120 мянгат, 19-р хорооллын доторх замд зам талбайн борооны ус зайлуулах шугам барина.  Өнгөрсөн онд Олимпийн гудамж ба Их сургуулийн гудамжинд борооны ус зайлуулах нэмэлт шугам, шүүрт худаг хийх ажил эхэлсэн бөгөөд  “Улаанбаатар нэгтэл” ОНӨААТҮГ  тус ажлыг гүйцэтгэж энэ оны  долдугаар сард ашиглалтад өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм байна.

1 Чингэлтэй дүүргийн 5, 6-р хорооны нутаг дэвсгэр дэх зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил 9 талст оргил ХХК 30%

2 Амгалан-Ботаникийн троллейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр  хүртэлх 2.3 км замын талбайн борооны ус зайлуулах шугамын ажил Набсан ХХК Үнэлгээ хийгдэж байгаа

3 ЧД, 1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22- р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил Үнэлгээ хийгдэж байгаа

4 БГД, 3-р хороо, Төмөр замын ЗЦГ, “Ган зам” зочид буудлын орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил Нэмэх сүлжээ ХХК 25%

5 БЗД, 13-р хороолол, 21-р байр орчмын зам талбайн  доторхи зам талбайн борооны ус зайлуулах шугамын ажил Үнэлгээ хийгдэж байгаа

6 Хувьсгалчдын гудамж, Зурагтын шинэ эцсээс Баянхошууны тойруугийн уулзвар хүртэлх 4.6 км авто замын борооны ус зайлуулах шугамын ажил  

7 Олимпийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажил НҮ-ийн УБ нэгтгэл 10%

8 Улаанбаатар хотын авто замын борооны ус зайлуулах шугам, шүүрт болон үзлэгийн худгийн засварын ажил НҮ-ийн УБ нэгтгэл 30%

9 СБД-ийн 1 ба 5-р хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол доторх замын борооны ус зайлуулах шугамын ажил Гринмаунт ХХК 5%

10 Дүнжингарав худалдааны төвийн замаас Улиастайн замын уулзвар хүртэлх 6.0 км Хансуун зам ХХК 10%

11 СБД Бээжингийн гудамжны 0.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт Эхлээгүй байна.  

12 Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13,7 км авто замын борооны ус зайлуулах шугамын ажил НКВ ХХК Эхлээгүй байна.

13 ЭТӨЧөлөөнөөс Сэлбийн баруун эргээр Бээжингийн гудамж хүртэлх 0.7 авто зам Оч наран ХХК  

14 Доржийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажлын үлдэгдэл ажил Беринг ХХК 75%

15 Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 0.64 км авто замын борооны ус зайлуулах шугамын гаргалгаа шугам Дагшин харгуй ХХК 90%

Categories
мэдээ улс-төр

МАН төсвийн тодотголыг халтуурдсан гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлэг  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар  мэдээлэл хийлээ.

“2014 оны Төсвийн тодотгол халтуурдсан  тодотгол болсон” гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Улаан ирэх зургадугаар сард төсөвт дахин сайжруулсан тодотгол хийнэ гэж хэлсэн билээ.

МАН-ын бүлгийн хуралдаанаар мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн аж.  Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулсан хэрэг биш, одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг муу болгосон төсөл гэж МАН-ын бүлэг үзжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг хууль оруулж ирж байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө уучлалт гуйж, одоогийн хуулиа хэрэгжүүлэх ёстой.  Ер нь  хөрөнгө оруулагчид тогтвортой, тодорхой орчин хүсч байгаа. 34 хүртэл, 51 хувь хүртэлх гэдэг нь хэд ч байж болох, наймаалцахаар оруулж ирсэн нь хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа учраас энэ асуудлыг тодорхой болгох ёстой” гэлээ.

2014 оны Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн хямралаас хурдан гарах гарц юм. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталсан. Энэ тогтоолыг баталсны дараа хамгийн их хүлээж байсан зүйл бол бизнесийн орчинг сайжруулж, ард түмний амьдрал сайжруулна гэсэн хүлээлт байсан.  Гэтэл өнгөрсөн хугацаанд ярьж байсан эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээнүүдээс нэг нь ч Төсвийн тодотголд суугаагүй байна. Өнөөдөр бид нэг өдөр алдвал нэг улирлаар хойшлохоор байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэхээс гадна өөрсдөө бас идэвхжих хэрэгтэй байна. 2014 оны Төсвийн тодотголд эдийн засгийн хямралаас гарах гарцаа суулгахыг сануулсан. Жишээлбэл, төрийн данхайсан бүтэц орж ирсэнгүй. Уг нь данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулах боломж байсан. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан алдаатай  төсвийн тодотголын төслөө эргүүлэн татахыг санал болгож байна” гэсэн юм. Харин АН-ын бүлгийнхэн хуралдааны мэдээллээ маргааш хийнэ гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Хэрэглээний үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдлыг мэдээлэв. Оны эхний дөрвөн сарын байдлаар хэрэглээний үнийн улсын индекс 2014 оны дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 1,0 хувь, өмнөх оны мөн үеэс 12,3 хувиар өслөө. Ерөнхий индекс өмнөх сараас1,0 хувиар  өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ, дүнгээрээ 2.1 хувь, бөс бараа , гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.7 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.3  хувь өссөн нь нөлөөлжээ. 

Мөн энэ хугацаанд 26488 эх амаржиж өмнөх оны мөн үеэс 3,6 хувиар, хүүхдийн тоо 3,8 хувиар өссөн байна. 

Хүний хөгжил сангаас 2014 оны эхний дөрвөн сард 18 хүртэлх насны хүүхдэд 77.8  тэрбум төгрөг олгожээ.   

Ус цаг уурын хүрээлэнгийн мэдээгээр  азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж 2014 оны дөрөвдүгээр сард  Улаанбаатар хотын баруун дөрвөн замын орчимд  28 удаа, 32-ын тойргийн  орчим 11 удаа  хүлцэх хэмжээнээс давсан байна.  

Төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 3 дугаар сард өмнөх сарынхаас 1.1 хувь, 2014 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувиар суларчээ. Төгрөгийн юаньтай харьцах нэрлэсэн дундаж ханш 2014 оны 4 дүгээр сард 286.6 төг болж, өмнөх оны мөн үеийнхээс 57.5 төг буюу 25.1 хувиар суларчээ. 

 Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 246 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 138 хэрэг буюу 2.3 дахин өссөн байна.

Улаанбаатар хотод 2014 оны 4 дүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол 4 гарч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт  тохиолдол 162 болжээ.

Categories
мэдээ нийгэм

Толгой нь тасарсан эмэгтэйн цогцос олдсон талаар ЦЕГ-аас зарлалаа

Баянзүрх дүүргийн  IX хорооны  Хар хошуу гэх газарт уулын оройгоос  толгой нь таслагдсан, маш олон гэмтэлтэй хоёр эмэгтэйн цогцос олдсон талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Хохирогч эмэгтэйн нэг нь 1995 онд төрсөн Өвөрхангайн харъяат эрхэлсэн тодорхой ажилгүй БЗД-ийн XIX  хороонд оршин суугч Б гэгч байжээ. Нөгөө нь 1994 онд төрсөн Ховд аймгийн харъяат Х байжээ.  Эмэгтэйчүүдийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт сэжиглэн хоёр этгээдийг барьж, 461 дүгээр хорих ангид хорьж байгаа аж. Сэжигтэн И нь эмэгтэй, 1991 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй. Нөгөөх нь БЗД-ийн  XX хороонд оршин суугч  З гэгч байжээ. Сэжигтэнүүд хэрэг үйлдэх үеэрээ ууж согтуурсан байжээ. Хохирогчид архи уусан байсан эсэх нь задлан  шинжилгээний дүгнэлт гарахад тодорхой болно. Хохирогч эмэгтэйн  толгойг амьд байхад нь эсвэл өөд болсон хойно нь тасалсан эсэх нь мөн задлан шинжилгээний хариу гарсны дараа тодрох гэнэ.

 Мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хохирогчид болон сэжигтэнүүд сэжигтэн З-гийнд танилцаад, ууж согтууран муудалцсны дараа ийм хэрэг гарсан байж болзошгүй байна.

Д.Сар     

Categories
мэдээ нийгэм

Том эмнэлгүүд цусны даралтын аппаратуудаа баталгаажуулаагүй байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нар хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу эмнэлгийн шинжилгээ, эмчилгээ, оношлогоонд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийн хэмжилт үнэн зөв эсэх, даралтат савны угсралт, ашиглалт, аюулгүй ажиллагааг шалгалаа. Шалгалтад улсын клиникийн төв эмнэлгүүд, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамрагдсан байна.

“Хэмжүүр, хэмжих хэрэгслийн хэмжлийн нэгдмэл байдлыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлэхэд  дээрх байгууллагууд багаас дунд эрсдэлтэй гэж үнэлэгдлээ. Харин “Даралтат савны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар нэгдүгээр  төв эмнэлэг  33.3 хувь буюу дунд эрсдэлтэй гарсан бол хоёр, гуравдугаар эмнэлэг, төвүүд 57.71.9 хувь буюу их эрсдэлтэй байна. Иймээс дээрх газруудын “Байгууллагын дотоод хяналтын журам”-д техникийн хяналтын асуудлыг тусгахыг зөвлөлөө.   

Эмнэлгүүд “Хэмжих хэрэгсэлд баталгаажуулалт, шалгалт тохируулга хийх гэрээ”-гээ Стандартчилал, хэмжил зүйн газартай байгуулан тогтоосон хугацаанд хэмжих хэрэгслийг баталгаажуулалт, шалгалт тохируулгад хамруулсан. Нэгдүгээр эмнэлэг хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор хүчилтөрөгчийн хангамж хэвийн, найдвартай байх нөхцлийг бүрдүүлсэн ололттой тал байна.

Гэхдээ цусны даралт хэмжих зориулалттай аппаратыг  бүрэн баталгаажуулаагүй, хоёрдугаар эмнэлгийн 100 гаруй аппаратын баталгаажуулалтын хугацаа дууссан, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв огт баталгаажуулаагүй, барилгын зоорийн давхарт болон шаардлага хангахгүй байр талбайд хийн баллон хадгалсан зэрэг 90 зөрчил илэрлээ. Улсын байцаагч нар дөрвөн зөрчлийг газар дээр нь арилгуулж, таван албан шаардлага өгч, 50 гаруй эмч, инженер техникийн ажилтанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн байна.  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Буянт-Ухаа1 хорооллын үлдсэн 224 байрыг хэрхэхийг Засгийн газар шийднэ

Төрийн орон сууцны корпорацийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од “Хагас галзуу юм шиг л сууж байна” гэв.  “Буянт-Ухаа1” хорооллын сугалаанд оролцогчдоос байранд орох эрх авсан нэг нь баяртай, аваагүй нэг нь гомдол санал тээн Төрийн орон сууцны корпорацийг зорьцгоож байна. Олон хүн сугалаанд хожсон эсэхээ лавлахаар энд иржээ. Сугалаанд аз таараагүй хүмүүсийн хувьд үлдсэн 224 байрыг яах бол хэмээн сонирхож буй. Энэ талаар Т.Гэрэлт-Одоос лавлав. 9094 хүн ТҮЦ машинаар бүртгүүлсэн тухай ТОСК-ийнхан өмнө нь мэдээлж байсан. Гэтэл сугалаанд оролцох эрхтэй хүмүүсийн тоо 5935 буюу харьцангуй доогуур гарсан нь ямар учиртайг түүнээс мөн асуулаа. 

-Залуу гэр бүлийн 42.32  м кв байрны хувьд гэхэд 48 хүн бүртгүүлснээс 26 хүн журмын шаардлага хангасан. Ийм байдлаар захиалагчдын тооноос байрны тоо илүү гарсан. Үлдсэн байранд иргэдийг мэдээж оруулна. Өнөөдрөөс эхлээд худалдаж авах байрныхаа давхар, хаалгыг иргэд сонгож байгаа. 45 хоногийн хугацаанд  урьдчилгаа төлбөрөө төлөөд, гэрээгээ хийх учиртай. Банкны зээл хөөцөлдөх 60 хоногийн хугацаа бий. Эдгээр төлбөрүүдийг хугацаандаа  хийж чадаагүй тохиолдолд гэрээ цуцлагдах юм. Эндээс байр үлдсэн тохиолдолд үлдсэн байруудыг бүгдийг нийлүүлж байгаад хэрхэхийг манай саналыг харгалзан, Засгийн газар шийдвэр гаргах юм гэлээ. Тавдугаар сарын 23-нд Буянт-Ухаа1 хорооллыг гүйцэтгэгчээс нь  хүлээж авах аж. Сугалаагаар байр авах эрхтэй болсон 5935 хүний 946 нь төрийн албан хаагч бол залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 594 болжээ. 

Б.Эгшиглэн      

Categories
мэдээ нийгэм

Хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөжээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт, Шар хадны эцсийн автобусны буудлын орчмоос өнгөрсөн лхагва гаригт /V.7/ 25-35 насны хоёр эмэгтэйн цогцос олдсон байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр энэ хэрэг санаатай байж болзошгүй бөгөөд нэг хохирогчийн толгой тасарсан, нөгөөгийн хөл, гар нь тасарсан байдалтай байсан байна.

Гадны нөлөөтэй, онц хэрцгийгээр хөнөөгдсөн 25-35 насны хоёр эмэгтэйн цогцос олдсонтой холбогдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс энэ хэргийн талаар өнөөдөр 14.00 цагт албан ёсны мэдээлэл хийх юм байна.

Э.Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Нийслэл ЖДҮ-ийг дэмжих сантай болно

Монгол банк жижиг дунд үйлдвэрлэгч 2000 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн дунд судалгаа явуулахад 1400-аад нь үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлэхэд санхүүжилтийн хэрэгцээ зайлшгүй хэрэгцээтэй гэсэн хариу өгчээ. Тэдгээрт хөнгөлттэй нөхцлөөр тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагын хүрээнд Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журмын төсөл”-ийг хэлэлцжээ.

Хөнгөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг цаашид “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар дамжуулан хийх бөгөөд журмаар зохицуулж өгөх юм. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу тухайн жилд ямар салбарт дэмжлэг үзүүлэх шаардлагатайг тодорхойлж,  жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зорилтыг дэвшүүлнэ. Үүний дагуу арилжааны банкинд зээл хүсэгчийн төслийг хүлээн авч, шалгаруулалтыг тухайн банк хийнэ. Харин аль банк энэ шалгаруулалтыг хийж, зээл олгох эрх авах уу гэдгийг нийт арилжааны банкуудаас сонгон шалгаруулалт хийх гэнэ. Тухайн банкны шалгуурыг давсан төслүүдтэй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл танилцаж, зорилтод нийцэх эсэхээс хамаарч Батлан даалтын сангаас санхүүжүүлэн, хөнгөлттэй зээл олгох юм. Харин сүүлийн шалгаруулалтыг хийх сангийн зөвлөлд холбогдох албан тушаалтнаас гадна жижиг дунд үйлдвэрийн чиглэлийн төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулахаар тусгажээ.

Энэ жил нийслэлийн төсөвт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд таван тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнээс гурван тэрбумыг Батлан даалтын санд төвлөрүүлж, иргэдэд зээл олгохоор төлөвлөж байгаа юм. Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх журмын төслийг дэмжсэн бөгөөд НИТХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

М.Эрдэнэ