УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайд Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар гишүүдийн дунд Х.Баттулга сайдын хүсэлтийг авья гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад 26 гишүүнээс 14 нь дэмжиж, Х.Баттулга сайдын хүсэлтийг хүлээн авлаа.
Category: мэдээ
Сангийн сайд Ч.Улаан Засгийн газрын 11-11 төвд ажиллаж, эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа танилцууллаа. Тэрээр Улсын Их Хурлын даргад “Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл, “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн төслүүд өргөн барьснаа хэлээд эдгээр хуулиуд батлагдснаар бизнес эрхлэгчдэд ямар нааштай нөлөө үзүүлэх талаар тайлбарлалаа.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд олон нэр төрлийн тоног төхөөрөмж шаардагдахаас гадна тэдгээрийг дотоодын үйлдвэрийн компаниудаас хангахад хугацаа алдах, зарим нэр төрлийн тоног төхөөрөмжийг дотоодоос нийлүүлэх боломжгүй зэрэг шалтгааны улмаас хэмжилт, тохируулга, угсралтын болон суурилуулах тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах нь зүйтэй гэлээ. Дээрх хоёр хуулийн төсөл батлагдсанаар аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, өрсөлдөх чадвар нэмэгдэн, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой гэж Сангийн сайд үзэж байна.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэмэгдсэн өртөгийн албан татварын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртэлх аж ахуйн нэгжүүдийн төлсөн НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор хуулийн төсөлд тусгасан гэдгийг хэллээ. Сангийн сайдын эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хугацаанд хийх ажлаа танилцуулсан цахим ярилцлагыг 3700 орчим хүн үзэж, мэдээлэл авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх асуудлаарх УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуй /ҮХАА/-н сайд Х.Баттулгыг сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Хамтарсан байнгын хорооны хуралдаан 30 гишүүнтэйгээр үргэлжилж байгаа бөгөөд хуралдааны эхэнд Засгийн газрын шийдвэрийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт, тодруулга авч эхлээд байна. Тухайлбал, Ж.Энхбаяр гишүүн Х.Баттулга сайдыг ямар шалтгаанаар сайдын ажлаасаа чөлөөлөгдөж байгааг тодруулахад ҮХАА-н сайд Х.Баттулга “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-аар хэлэлцэж, унагасан. Миний бие энэ төслийг батлах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Гэвч хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тиймээс би өгсөн саналынхаа дагуу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн” гэлээ.
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2014.05.14/ үдээс өмнө хуралдаж Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нар тус салбарын сайдуудын төсвийн багцын өөрчлөлтийн талаар товч танилцуулсан юм.
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны төсвийн нийт багц 74 тэрбум 939,7 сая төгрөгөөр батлагдсан бөгөөд үүнээс 62 тэрбум 591 сая төгрөг нь урсгал зардал, 12 тэрбум 348,7 сая төгрөг нь хөрөнгийн зардал байна. 2014 оны төсвийн хуульд тодотгол хийх болсонтой холбогдуулан Засгийн газраас урсгал зардлыг 10-30 хувиар багасгах чиглэл өгсний дагуу сайдын 2014 оны төсвийн урсгал зардлаас 938,9 сая төгрөг тодотголоор хасагдахаар болж байна. Энэ хасагдаж буй мөнгөн дүнд бичиг хэрэг, тээвэр шатахуун, мэдээлэл сурталчилгааны зардал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал, гадаад болон дотоод томилолт, төвлөрсөн арга хэмжээ зэрэг 16 зардлын ангиллаас хасагдаж, зардлын ангилал бүрээс 2,0-20,7 хүртэл хувиар буюу 2,6 саяас 451,1 сая төгрөгөөр багасах тооцоо гарчээ.
Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулиар Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төсвийн Ерөнхийлөн захирагчийн төсвийн урсгал зардлыг 128,1 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардлыг 57,7 тэрбум төгрөг нийт 185,8 тэрбум төгрөгөөр баталсан байна. Төсвийн тодотгол хийхтэй холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар урсгал зардлыг 100,0 хүртэл тэрбум төгрөгөөр бууруулахаар хэлэлцэж, урсгал зардлыг 6,0 тэрбум төгрөгөөр бууруулахаар болсон байна.
Хэлэлцүүлгийн шатанд хийгдсэн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингээд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.
Үүний дараа Ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан танилцуулга хийв.
Мэдээлэлд дурдагдсанаар, “Ноос, ноолуур боловсруулах салбар Монгол Улсын боловсруулах аж үйлдвэрийн голлох салбарын нэг бөгөөд 2013 оны байдлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 19 хувийг эзэлж байгаа бөгөөд ноолуур боловсруулах 130 гаруй үйлдвэрт 8000 гаруй хүн ажиллаж байна. Ноос, ноолуурын салбарын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих бодлогын хүрээнд 2011-2012 онуудад ноос, ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгч 65 компанид 140 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг Засгийн газрын бонд арилжаалсан хөрөнгөнөөс санхүүжүүлэн 5 жилийн хугацаатайгаар олгосон. Үр дүнд нь 2012 онд үндэсний үйлдвэрүүд 2168 тн ноолуур худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30 хувиар өссөн. Мөн Чингис бондоос 68,0 сая ам.долларын зээл олгох асуудал шийдэгдэж, өнөөдрийн байдлаар нийтдээ 65 төсөл дэмжигдэж банкинд шилжүүлснээс 34 төсөлд 58,1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарч 32,1 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Ноолуурын салбарт эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 280 тэрбум төгрөгийн зээлийг Монгол банкны санхүүжилтээр олгох шийдвэр гарч, 22 үйлдвэрийн хүсэлтийг арилжааны банкуудад хүргүүлээд байна. Ноолуур барьцаалан зээл олгох ажил эхлэлтийн байдалтай байгаа” гэсэн юм. Түүнчлэн тус салбарын хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэлд дурдагдсан. Ноолуур боловсруулах үндэсний үйлдвэрлэгчид хөнгөлөлттэй зээлийг удаа дараалан олгох шийдвэр гарч байгаа хэдий ч барьцаа хөрөнгөгүйгээс арилжааны банкны шалгуурыг хангаж чадахгүй зээлээ цаг хугацаанд нь авч чадахгүй байгаа. Иймд нийт ноолуурыг 100 хувь худалдан авахад 360-400 тэрбум төгрөг шаардлагатай гэлээ. Мөн 2012 оны байдлаар ноос, ноолуур угаах суурилагдсан хүчин чадал түүхий эдийн нөөцөөсөө 1,5 дахин их байгаа бол ээрэх, нэхэх үйлдвэрлэлийн хүчин чадал нөөцөөсөө 2 дахин бага байгаа. Ингэснээр түүхий эдийн нөөц, боловсруулах хүчин чадлын зохистой харьцаа алдагдаж, ноолуурын 30 орчим хувийг гүн боловсруулах хүчин чадал суурилагдсан тул ээрэх, нэхэх, сүлжих хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Чингис бондоос зээл олгож байгаа боловч худалдан авч байгаа тоног төхөөрөмжийг барьцаалах боломжгүйгээс зээлийн хэмжээ бага, салбарын хэмжээнд хүчин чадлыг шаардагдах хэмжээнд нэмэгдүүлэх боломжгүй байдалд байгаа гэв.
Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон, Л.Эрдэнэчимэг, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан нар асуулт асууж санал хэлсэн.
Тухайлбал, Б.Гарамгайбаатар гишүүн, хавтгайруулсан зээл өгч байгаа нь дэмжлэг биш. Зөвхөн зээл олгосноор бодлого хэрэгжихгүй. Хамгийн гол нь яамнаас ямар бодлого хэрэгжүүлж байгаа болон өмнөх яамны үйл ажиллагаатай харьцуулахад ямар дэвшилд хүрэв гэдгийг тайлагнах хэрэгтэй гэлээ. Г.Баярсайхан гишүүн хэлэхдээ, ноос ноолуурын салбар чухал салбар. Үе үеийн засгийн газар энэ салбарт асар их анхаарал тавьж ирсэн. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам энэ салбарыг шинэ шатанд гаргах талаар санаачилга гарган ажиллаж байгаа ч цаашид Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бодлогын хувьд шинэчилж эрчимжүүлэх зайлшгүй шаардлага байна гэв.
Ингээд хуралдаанаар ноолуурын салбарын бодлогын хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулах саналыг гишүүдийн олонхи дэмжиж Ажлын хэсгийн ахлагчаар тус Байнгын хорооны дарга Г.Баярсайханыг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Өнөөдөр орой Каннын олон улсын кино наадам эхэлж албан ёсоор нээлтээ хийх юм. 67 дахь удаагаа болж буй уг наадам нь 12 хоног үргэлжлэх бөгөөд нээлтээ Францын найруулагч Оливье Даанагийн “Монакогийн гүнж” киноогоор хийх гэнэ. Уг бүтээлийг Оскарын шагналт нэрт жүжигчин, Монакогийн гүнтэй гэр бүл болсон Грейс Келлигийн амьдралаар сэдэвлэн хийжээ. Гол шагналын төлөө дэлхийн 11 орноос ирүүлсэн 18 кино өрсөлдөх юм. Энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд Францын жүжигчин Кароль Буке, Америкийн жүжигчин Уиллем Дефо, Мексикийн жүжигчин Гаэль Гарсиа Берналь, Өмнөд Солонгосын жүжигчин Чон До Ен нар оржээ.
Ю.Дэлгэр
Монгол бөхийн өргөөнд энэ сарын 16-нд болох Модон морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Барилдаанд аймаг бүрийн дэвжээг төлөөлсөн улсын цолтны баг, аймаг, цэргийн цолтны баг, сумын цолтон залуу бөхчүүдийн баг, нийт гурван баг оролцох гэнэ.
Үндэсний спортын V их наадам, Морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” хэсгийн барилдааны хуваарь
Нэгдүгээр тойрог
А. Б. В.
Улсын цолтон:
Таванхан – Булганхангайн хүчтэн Их Монголын хүчтэн – Хантайшир Увснуур – Дорнын хүчтэн
Бөхбилэгт – Хөвсгөлийн хүчтэн Дүнжингарав – Засагт ханы Завхан Ховд – Говийн хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Таванхан – Хутагтын хүчтэн Их Монголын хүчтэн – Жавхлант Увснуур – Таван богдын бүргэд
Бөхбилэгт – Их богд Дүнжингарав – Ажнай Ховд – Дорнод нутаг
Хөвсгөлийн хүчтэн – Булганхангайн хүчтэн Засагт ханы Завхан – Хантайшир Түшэээт ханы аварга – Хан Хэнтийн аварга
Хоёрдугаар тойрог
Улсын цолтон:
Булганхангайн хүчтэн – Хөвсгөлийн хүчтэн Хантайшир – Засагт ханы Завхан Дорнын хүчтэн – Говийн хүчтэн
Таванхан – Бөхбилэгт Их Монголын хүчтэн – Дүнжингарав Увснуур – Ховд
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Хутагтын хүчтэн – Булганхангайн хүчтэн Жавхлант – Хантайшир Таван богдын бүргэд – Хан Хэнтийн аварга
Их богд – Хөвсгөлийн хүчтэн Ажнай – Засагт ханы Завхан Дорнод нутаг – Түшээт ханы аварга
Таванхан – Бөхбилэгт Их Монголын хүчтэн – Дүнжингарав Увснуур – Ховд
Гуравдугаар тойрог
Улсын цолтон:
Бөхбилэгт – Булганхангайн хүчтэн Дүнжингарав – Хантайшир Ховд –Дорнын хүчтэн
Хөвсгөлийн хүчтэн – Таванхан Засагт ханы Захвхан – Их Монголын хүчтэн Говийн хүчтэн – Увснуур
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Бөхбилэгт – Хутагтын хүчтэн Дүнжингарав – Жавхлант Ховд – Таван богдын бүргэд
Хөвсгөлийн хүчтэн – Таванхан Засагт ханы Завхан – Их Монголын хүчтэн Түшээт ханы аварга – Увснуур
Булганхангайн хүчтэн – Их богд Хантайшир – Ажнай Хан Хэнтийн аварга – Дорнод нутаг
Дөрөвдүгээр тойрог
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Хутагтын хүчтэн – Их богд Жавхлант –Ажнай Таван богдын бүргэд -Дорнод нутаг
Таванхан – Булганхангайн хүчтэн Их Монголын хүчтэн – Хантайшир Увснуур – Хан Хэнтийн аварга
Бөхбилэгт – Хөвсгөлийн хүчтэн Дүнжингарав – Засагт ханы Завхан Ховд – Түшээт ханы аварга
Тавдугаар тойрог
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Хөвсгөлийн хүчтэн – Хутагтын хүчтэн Засагт ханы Завхан – Жавхлант Түшээт ханы аварга – Таван богдын бүргэд
Булганхангайн хүчтэн – Бөхбилэгт Хантайшир – Дүнжингарав Хан Хэнтийн аварга – Ховд
Их богд – Таванхан Ажнай – Их Монголын хүчтэн Дорнод нутаг – Увснуур
Өнөөдөр баруун зүгийн нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна. Цаашид Монгол орны нийт нутгаар цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа учраас нийт малчид ард иргэд бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Хаврын улиралд байгалийн гэнэтийн үзэгдэл гарч цасан болон шороон шуурга шуурах үер хүн эндэж мал хорогдох аюул өмнө нь гарч байсан тул малчид ард иргэд тогтмол цаг агаарын мэдээг сонсож малаа бэлчээрлүүлэх шаардлагатай байна.
2014 оны 5 дугаар сарын 15-наас 2014 оны 5 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөвөөс хархад 15-нд баруун болон төвийн нутгаар,16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд зарим газраар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи 15,16-нд говийн нутгаар секундэд 12-14 метр, 18-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр орой Засгийн газраас УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн байна. Тодруулбал, өөрийн хүсэлтээр сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөх эсэх талаар Засгийн газар саналаа хүргүүлжээ.
Засгийн газраас ирүүлсэн тогтоолын төсөлд, “Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна. УИХ-ын чуулганаар хэлэлцэж өгнө үү” гэжээ. Ингэхдээ Х.Баттулга сайдыг Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлсүгэй гэсэн тогтоолыг хавсаргажээ. Засгийн газраас энэхүү хүсэлтээ Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр, УИХ-д хэлэлцүүлэхээр хүргүүлснийг тодотгож байна. Засгийн газрын тогтоолыг доор хавсаргав.
Эрүүл мэндийн яам өсвөр насны охидын жирэмслэлттэй холбоотойгоор мэдээлэл хийлээ. НҮБ-ын Хүн амын сангийн тайланд хөгжиж байгаа орнуудад жил бүр 7 саяас дээш тооны охид 18 нас хүрэхээсээ өмнө хүүхэд төрүүлж байгаа талаар дурджээ. Хүүхэд насандаа ээж болж байгаа энэхүү үзэгдэл нь өсвөр үеийнхний жирэмслэлтийн асуудлыг гэр бүл, хамт олон, төр засгийн үйл ажиллагаатай холбон үзэх цаг болсныг илтгэж байгаа.
Манай орны хувьд 1997 оны байдлаар 1000 амьд төрөлтийн 38 нь өсвөр насны ээж байсан бол 2000 он гэхэд энэ тоо 14 болтлоо буурч байжээ. Гэсэн ч 2006 оноос өсч 1000 амьд төрөлт тутмын 33 нь өсвөр насны ээж байна.
Энэ мэдээллийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас өсвөр насны охидыг жирэмслэлтээс хэрхэн хамгаалах, яамнаас ямар бодлого барьж байгаа тухай тодрууллаа.
Ж.Амарсанаа: Хууль бусаар үр хөндөлт хийсэн эмчид захиргааны арга хэмжээ авна
-Өсвөр насны охидын жирэмслэлт сүүлийн жилүүдэд байнга өсч байгааг мэдээллээ. Нэг хэсэг нь хүүхдээ төрүүлж байхад нөгөө хэсэг нь үр хөндөлтийг сонгодог. Яамнаас энэ чиглэлд ямар байдлаар анхаарч ажиллаж байгаа вэ?
-Бид анхаарч ажиллаж байгаа. Гэртээ үр хөндөлт хийхийг бид эсэргүүцдэг. Эмчийн хяналтгүй үр хөндөлт хийх нь хувь хүнд төдийгүй, эмнэлгийн салбарт ч маш их бэрхшээл авчирдаг. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбарт төдийгүй хүн амын бодлогод муугаар нөлөөлж байна.
-Монгол улсын хэмжээнд хувийн эмнэлэг хичнээн байна. Ихэвчлэн хувийн эмнэлгээр үр хөндөлт хийлгэдэг шүү дээ?
-Маш их шүү дээ. Нарийн тоог Нийслэлийн эрүүл мэндийн газраас авч болно.
-Хууль зөрчин өсвөр насны охидод үр хөндөлт хийсэн тохиолдолд эмчид ямар хариуцлага тооцдог вэ?
-Хууль зөрчиж үр хөндөлт хийгээд, түүнээс шалтгаалж ямар нэгэн хүндрэл, эндэгдэл гарсан тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авна. Манай яамны зүгээс захиргааны арга хэмжээ авдаг. Эмчийн эмчлэх эрхийг нь цуцлах, цалингийн тодорхой хэмжээгээр торгох, цаашлаад ажлаас нь халах хүртэл арга хэмжээ авна. Гэхдээ эрүүгийн шинжтэй бол Хуульзүйн яамтай холбогдоно л доо.
-Яамнаас өсвөр насны охидод чиглэсэн сургалт сурталчилгааны ямар ажил хийж байна. Ялангуяа жирэмслэлтээс сэргийлэх тал дээр?
-Олон арга хэмжээ авч байгаа. Хамгийн гол нь жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөх асуудал чухал. Сэргийлэх тал дээр олон улсын байгууллагуудтай хамтраад арьсан доорх суулгацыг нэвтрүүлсэн. Энэ нь 2-3 жил жирэмслэлтээс аюулгүйгээр хамгаалах боломжтой суулгац. Ард түмэнд хангалттай мэдээлэл хүрээгүй байгаа учраас хэрэглээ маш бага байна. Цаашлаад жирэмслэлтээс хамгаалах маш олон арга байгаа.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр Төрийн өмчийн хорооны нэхэмжлэлтэй МАН-д холбогдох хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцсэн. Дээд шүүхээс Тусгаар тогтнолын талбай 1 тоот хаягт байршилтай В.И.Лениний музейн барилга нь төрийн өмч болохыг тогтоож, МАН-ын эзэмшил, ашиглалтаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат энэ асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ шийдэл хүч түрсэн, дээрэнгүй байдлаар асуудалд хандсан. УДШ-ийн шийд гарсан ч бид Ерөнхий шүүгчид хандана. Эрх барьж байгаа хүчин дээрэнгүйгээр булааж авдаг асуудал үүслээ. Шинэ нөхцөл байдал үүслээ гэдэг үндэслэлээр хувьчлагдсан объектыг буцаан авч байгаад харамсаж байна” гэлээ