Бангладешийн Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон тухай бид мэдээлсэн билээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүчтэй салхи салхиж, аадар бороо орсноос осолдсон байна. Нас барагсдийн тоо 22-д хүрч 100-аад хүн сураггүй хэвээр байгаа гэнэ.
Category: мэдээ
“Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярын ярилцлага манай “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт гарсан билээ. Тэрбээр ярилцлагадаа хориход ямаршуу байгаагаа дурдаж, “Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна” хэмээн өгүүлсэн байсан.
Төрийн ордны гадна тэсрэх бөмбөг тавьсан, галт зэвсэг авч явсан хэргээр хорих 461-р ангид хоригдоод долоон сар болсон, харин өнгөрсөн шөнө түүнийг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу шилжүүлжээ. Ц.Мөнхбаяр болон эл хэрэгт холбоотой зургаан хүний давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн сарын 8-нд Нийслэлийн шүүхэд болсон юм. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт долоон жил, Г.Болдбаатарт зургаан жил 11 сар, Д.Төмөрбаатарт 10.6 жил, Ж.Ганболдод нэг жилийн хорих ял, н.Дашцэрэнд хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэднийг өөр өөр хорих ангид хорьсон бололтой.
Э.Номин
Яармагийн гүүрний ойролцоо автобус шатсан байна гэсэн дуудлага өглөө 10.30 цагийн үед ирсэн байна. Аврах гал унтраах ангийн багийнхан галыг бүрэн унтраасан гэнэ. Шатсан автобусанд хүн байгаагүй бөгөөд эвдэрсэн тул засварын төв рүү хүргэхээр чирч явж байсан аж. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2012 оноос хэрэгжиж байгаа. Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн ууулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг тавдугаар сарын 18-наас зургадугаар сарын 7-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон үйл явдалд зориулсан музейн нээлтэд оролцлоо. Хоёр ихэр цамхагийг нурах үед амьд гарсан иргэд болон тэр үед ажиллаж байсан аврах багийнхан зэрэг хүмүүс нээлтийн ажиллагаанд хүрэлцэн очсон байна.
“Аль-Каида” бүлгийнхэн Дэлхийн худалдааны төвийн байр руу халдсан явдлын улмаас 3 мянган хүн нас барсан билээ.
“Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотод 2014 онд хэрэгжүүлэх зам барилгын ажлууд энэ сараас эхэлсэн. Энэ онд тус төслийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх 1.5 км авто зам, Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил, Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил, Сүхбаатар дүүрэг, “Цэцэг” төвийн уулзвараас урагш Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын арын замтай холбох 0.45 км авто зам болон Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эрэг дагуу Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн аймгууд руу явах замын уулзвар хүртэл 33 км үргэлжлэх Туулын хурдны замын ажил зэрэг 10 гаруй уулзвар, замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг эхлүүлэх юм.
Төслийн хүрээнд 2014 онд зам барилгын ажил хийх уулзвар, замуудын байршил:
1. Хан-Уул дүүрэг, Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын баруун талаар Ажилчны гудамжтай нийлэх 1.5 км авто зам.
2. Сүхбаатар дүүрэг, 100 айлын уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил.
3. Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил.
4. Сүхбаатар дүүрэг, “Цэцэг” төвийн уулзвараас урагш Сөүлийн гудамж, Баянгол зочид буудлын
арын замтай холбох 0.45 км авто зам.
5. Сонгинохайрхан дүүрэг, “Монос”-ын уулзвараас Нисэх-Яармагийн уулзвар хүртэл 5.5 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажил.
6. Сонгинохайрхан дүүрэг, “Өнөр” хорооллын арын замыг 21 дүгээр хорооллын замтай холбох /Москва хорооллын араар/ 1 км авто зам.
7. Сонгинохайрхан дүүрэг, “Өнөр” уулзвараас зүүн тийш үерийн далан дагуу 10 дугаар хорооллын уулзвар хүртэл 1.44 км авто зам.
8. Хан-Уул дүүрэг, Удирлагын академийн арын замыг “Жапан” тауны замтай холбох 0.74 км авто зам.
9. Баянзүрх дүүрэг, Шар хадны автобусны эцсийн буудлаас Улиастайн гүүртэй холбогдох 6.6 км авто зам.
10. Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эрэг дагуу Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн аймгууд руу явах замын уулзвар хүртэл 33 км үргэлжлэх Туулын хурдны зам.
Бангладешийн нийслэл Дакки хотын ойролцоо орших Менгхна голд 150 зорчигчтой хөлөг онгоц осолдсон байна. Хүчтэй бороо орж байсны улмаас усан онгоц хөмөрсөн бөгөөд аврах багийнхан тусламж үзүүлж байгаа гэнэ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр найман хүнийг уснаас гаргаж авсан тухай мэдээллээ. Орон нутгийн Цагдаагийн газрын даргын мэдэгдсэнээр хөлөг онгоц усанд живсэн тул аврах ажиллагаанд нэлээд хүндрэл учруулж байгаа гэнэ.
Өмнө нь манай улс шатахууныхаа 90 гаруй хувийг хойд хөршөөс, 70 гаруй хувийг нь “Роснефть” гэдэг ганцхан компаниас авч байсан бол өнөөдөр Оросоос бензин, дизель, түлшнийхээ 74 орчим хувийг, “Рос¬нефть”-ээс нийт хэрэглээнийхээ 35 орчим хувийг хангаж байна. Хойд хөршөөс шатахуунаараа хамааралтай байдал илт багассан гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад “Роснефть”, “Дитэко”, “Газпром”, “Газпромсалават”, “Чайна ойл” зэрэг компани, Орскнефтегеосинтез, Яиск, Мозырск, Новополоцк үйлдвэрүүд шатахуун нийлүүлж байна. Улсаар нь яривал ОХУ, Белорусь, Солонгос, Хятад, Коста Рика, Латви, Литва, Малайз, Польш, Сингапур зэрэг улсууд манай нийлүүлэгч болжээ. Сүүлийн үед “Роснефть” үнээ буулгах санал тавьжээ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн нь үүнтэй холбоотой аж.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас өмнө бид “Роснефть”-ийн үнийг хүлээдэг байв. Жишээ нь тавдугаар сард шатахууны үнэ ямар байхыг дөрөвдүгээр сарын 29, 30 юм уу, тавдугаар сарын эхний өдрүүдэд тэднээс авдаг байсан юм. Өмнөх сараасаа 200 ам.доллараар нэмсэн саналыг хүртэл Оросын талаас хэлж байж. 2013 оны гуравдугаар сард гэхэд л Аи-92 нэг тонн нь 1100 гаруй ам.доллар байснаа 1380 ам.доллар хүрч өсч байсан жишээг албаныхан дурдав. Ямар ч хугацаа өгөхгүйгээр ингэж огцом үнэ нэмэгдэхэд компаниуд үнээ нэмэхээс аргагүй болдог байж. Засгийн газраас татварын хөнгөлөлт энэ тэр гээд зохицуулалт хийх боломж ч гардаггүй байжээ. Уул уурхайн яамнаас 2013 оны эхнээс шатахууны үнээ дэлхийн зах зээлийн жишгээр тохиръё гэсэн саналыг “Роснефть”-д хэд хэдэн удаа тавьсны эцэст гуравдугаар сараас нь олон улсын биржийн үнэ дээр суурилсан томьёогоор үнээ тооцохыг нийлүүлэгч талаас зөвшөөрсөн байна. Тодруулж хэлбэл Италийн Fob med Italy хөрөнгийн биржийн түүхий тосны үнэ дээр шатахууны төрөл тус бүрд нь ялгаатай үнэ нэмж авах, зарах ханшаа тогтоодог болж. Нэмж тооцох ам.долларын хэмжээг 70-280-ын хооронд тогтоожээ. А-80 дээр 70 ам.доллар, дизель дээр зундаа 195, өвөлдөө 235 ам.доллар, Аи-92 дээр 280 ам.доллар нэмж өгч, авалцахаар тохироонд хүрсэн байна. Италийн хөрөнгийн бирж дээр энэ сард түүхий тосны үнэ 900 ам.доллар байлаа гэхэд нэг тонн Аи-92-ыг 1180 ам.доллараар худалдаж авна гэсэн үг. Ингэснээр “Роснефть” ямар үнэ санал болгох бол гэсэн эргэлзээ болгоомжлол арилжээ. Тухайн сард шатахуунаа ямар үнээр авахыг биржийн үнэ хараад мэдчих бололцоотой болсон нь энэ тохиролцооны олзуурхмаар тал болж. Дэлхийн зах зээлээс хамаарсан үнэ үйлчилж эхлэнгүүт шатахууны үнэ төрөл бүрдээ 200-250 ам.доллараар буурчээ.
Манай улс Сингапур, Япон, Солонгос, Беларус, Латви, Литва зэрэг улсуудаас Тянжинь боомтоор дамжуулан шатахуун авч байгаа аж. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөсөн учраас дотоодын нийт хэрэглээнийхээ 50-60 хувийг урд хөршөөр дамжуулан авах техникийн боломжтой болоод байгаа гэнэ. Өмнө нь хоёр вагон зэрэгцэж зогсоод шатахуун шилжүүлэн ачих боломжтой байсан бол одоо 8-10 вагон зогсч байгаад шилжүүлэн ачилт хийх боломж нээгджээ. Урьд нь 6000 метр кубын багтаамжтай хадгалах сав байсан бол өдгөө 20 мянган метр кубын багтаамжтай шатахуун хадгалах сав Замын-Үүдэд байна. Урд хөршөөс нэг сард 50 мянган тонн шатахуун асуудалгүй оруулаад ирэх хүч бололцоо бүрдсэн гэсэн үг. 2012 онд Хятадаас зургаа, долоохон мянган тонн шатахуун импортолж байсан бол өнгөрсөн жил 170 мянган тонн шатахуун авчээ.
Шатахуун нийлүүлэлт нь буураад ирэнгүүт үнэ буурах тохиролцоон дээр Оросууд нааштай хандаж эхэлсэн байна. “Роснефть”-ийн төлөөлөл манай улсад хоёр ч удаа ирснээс энэ сонирхлыг нь харж болно. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин хүртэл манайд ирээд буцсан билээ.
Таатай мэдээ дуулгахад ирэх зунаас оросууд өнөөдрийнхөөс ч эерэг нөхцөлөөр шатахуун нийлүүлж эхлэх нь. Тун удахгүй Италийн биржийн биш Сингапурын биржийн үнэд түшиглэсэн ханш хойд хөршөөс орж ирэх шатахууны үнэд нөлөөлж эхлэх юм байна. Манай улсын оршин буй Азийн зах зээл гэдэг нь Сингапурын биржийн эхний давуу тал бол Италийнхаас хямд гэсэн өөр нэг эерэг тал бий аж. Сингапурын бирж дээрх түүхий тосны үнэ дээр тонн тутамд нь өгөх нэмэгдэл ч өмнөхөө бодвол дажгүй хямдхан гарч. 40-70 ам.доллар гэж тохирчээ. Эхлээд оросууд 100 ам.доллараас дээш гэж байсан ч Ангарскийн үйлдвэрээс наашаа ирэх зардал тонн тутамд үүнээс бага байх ёстой гэсэн Уул уурхайн яамныхны байр суурь, санал хүсэлт тэдэнтэй ийм эерэг тохироо хийхэд нөлөөлжээ.
Сингапурын биржийн түүхий тосны үнэ одоогийнхоос өсөхгүй бол бид зургадугаар сард өнөөдрийнхөөс ч хямд үнэтэй шатахуун хэрэглэх бололтой. Тонн нь 900 ам.доллар болж хямдарна гэсэн тоо ч яригдаж байна.
1380 ам.доллар байсан шатахуун өнөөдөр 1000 орчим ам.доллар болж буусан ч бензин, дизелийн жижиглэнгийн үнэ яагаад буухгүй байна вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Шалтгаан нь долларын ханшийн өсөлт аж. Уг нь 1385 байсан шатахууны үнэ 1000 орчим ам. доллар болно гэдэг нь шатахуун литр тутамдаа 400 орчим төгрөгөөр хямдарсан гэсэн үг. Гэтэл долларын ханш эсрэгээрээ мөн л энэ хавьцаа төгрөгөөр өссөн. Шатахууны үнийг буулгах яриа хэлэлцээр өрнөж байхад 1380-тай байсан ам.долларын ханш өнөөдөр 1800 гарчихсан. Шатахууны үнэ хөдлөхгүй байгаагийн шалтгаан нь энэ аж.
Ирэх зургадугаар сараас Сингапурын биржийн үнэд суурилсан ханш үйлчлээд эхлэхээр шатахууны үнэд эерэг хандлага гарах нь бараг л тодорхой болжээ. Салбарын яамны зүгээс шатахууны хилийн үнэ одоогийнхоос буухад жижиглэнгийн үнэ дагаж буух нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тонн тутмынх нь үнэ 50 ам.доллараар буулаа гэхэд 25 ам.долларыг нь татварт авъя, харин үлдсэнийг нь жижиглэнгийн үнийг бууруулахад зарцуулах хувилбар яригдаад эхэлжээ. Тэгэхээр Сингапу¬рын бирж дээр түүхий тосны үнэ өслөө гэхэд шатахууны үнэ өсч, буурлаа гэхэд шатахууны үнэ буудаг орчин тун удахгүй бүрдэх бололтой. Уул уурхайн яамны хувьд шатахууны хэрэглээнийхээ 60 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь гуравдагч эх үүсвэрээс авна гэсэн бодлого барьж байгаа аж.
“Нефть бүтээгдэхүүний нөөц ихэссэн нь шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгсний нэг давуу тал” гэж Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн онцоллоо. Хөнгөлөлттэй зээл өгөхөөс өмнө манай улсын шатахууны нийт нөөц 15 хоног байж. Зээл өгсний дараахан Засгийн газар доод тал нь 30 хоногийн шатахууны нөөцтэй байх ёстой гэсэн журам гаргажээ. Өчигдрийн байдлаар манай улс 44 хоногийн шатахууны нөөцтэй байна.
Ц.БААСАНСҮРЭН
461 дүгээр хорих ан¬гийн хүлээлгийн танхимд өмгөөлөгчтэйгээ уулзахаар хүлээж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханы бие нь муудаж гэнэт нас барсан билээ. Тус хорих ангийн эмнэлгийн дарга Дарханбат, эмчлэгч эмч Отгонбаатар нарын ар гэрийнхэнд нь болон өмгөөлөгч нарт нь хэлсэн үг олны анхаарлыг татаж байна. Тэр нь “Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж дээрээс чиг үүрэг өгсөн” гэдэг үг.
Дээрээс чиг үүрэг өгөхөөр хүнийг эмчлэхгүй үхтэл нь байлгаж болдог юм уу. Тэр чиг үүргийг хаанаас, хэн өгөв. Хорихын эмнэлгийн дарга Дарханбат эмчлэгч эмч Отгонбаатар нар энэ асуултанд хариулах хэрэгтэй. Хүнийг ингэж болдог юм уу, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч Бямбадорж, хяналт тавьж байсан прокурор Сарангэрэл, шүүгч Ё.Цогтзандан нар энэ талаар тайлбар хийх хэрэгтэй. Удаа дараа эмч¬лүүлэх шаардлагатай байна гэж өмгөөлөгчид нь хандаж өвчнийх нь онош болон түүхийг нь хуулбарлаад батлан даалтад гаргаж өгөөч гээд байхад яагаад хориод байсан юм бэ. Энэ хүмүүст хариуцлага хүлээлгэх үү. Өвчтэй хүнд эмчилгээ хийлгүй зүгээр байлгаад байна гэдэг өөрөө үхэл рүү түлхсэнээс өөрцгүй. Авлигатай тэмцэх газар үүнийгээ тайлбарлах хэрэгтэй. Эмч нарын үг оргүй биш байх. Тэдний үгийг ар гэрийнхэн нь ч сонс¬лоо. Өмгөөлөгч нар нь эмч нарын хэлснийг баталж байна. Олон нийт энэ талаар чинь шуугиж байна. Монголын хо¬рих ангид өвчтэй хүн эмчлүүлж байгаад амиа алдаж байсан тохиолдол бий. Харин өвчтэй атлаа дээрээс өгсөн чиг үүргийн дагуу эмчлүүлэх эрхээ хасуулан, үхлээ хүлээж байгаад нас барсан түүх сүүлийн 20 жил гараагүй гэдгийг хуульчид хэлж байна. Тэдний зарим нь Авлигатай тэмцэх газрынхан бусдыг хэрэгт сэжиглэн хорьж байгаад хэргийг нь хүлээлгэдэг ялзарсан арга нь ил боллоо гэж ч байна. Үүнийг гэрчлэх бас нэгэн яриаг хүргэе. Энэ бол Д.Амарсайханыг нас барахад дэргэд нь байсан гэх өмгөөлөгч Т.Нямдоржийн яриа.
Т.НЯМДОРЖ: ТЭР ЧИГ ҮҮРГИЙГ ГУРВАН ҮСЭГТЭЙ БАЙГУУЛЛАГААС Л ӨГСӨН ГЭЖ ОЙЛГОГДОЖ БАЙГАА
-Таныг талийгаачийг нас барахад дэргэд нь байсан гэсэн. Чухам юу болсон юм бэ?
-Өнгөрсөн мягмар гаригт уулзахаар очсон боловч уулзаж амжаагүй. Хорих 461 дүгээр ангийн уулзалтын өрөө шилэн ханаар тусгаарлагдсан байдаг. Хоёр талаас харилцуур аваад ярьдаг. Намайг уулзах гээд очиход ухаан алдчихсан байсан. Би цонхны цаанаас хальт хараад өнгөрсөн. Маш их харамсалтай явдал боллоо. Төрийн тусгай харуул хамгаа¬лалттай газар байсан хүн амиа алдлаа. Ямар учраас Д.Амарсайхан нас барав гэдгийг шалгах байгууллага нь ч шалгаж эхлээгүй байна. Мөн шинжилгээний байгууллагын дүгнэлт гараагүй байна. Тийм болохоор энэ талаар ярих арай эрт санагдаж байна.
-Шинжилгээний байгууллагын дүгнэлт гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хэлж байгаа юм л даа. Энэ дүгнэлтээр үхлийн шалт¬гаан нь тодорхой гарах байх. Тэрийг үндэслэж энэ тухай ярих хэрэгтэй болно.
-Тэгэхээр Д.Амарсайхан гэдэг хүний үхэлд хэн буруутай вэ гэдэг асуудал сөхөгдөж байна?
-Хорих ангийн эмч эмчил¬гээний ажилтнуудын асуудал биш цаашлаад хуулийн байгууллага, тэнд ажиллаж байгаа ажилтнуудын хууль бус үйлдэл хөндөгдөнө. Мөн хорих газрынхан энэ хүнийг хоригдож байхад хэрхэн харьцаж байсан гэх мэтээр олон ноцтой зүйлс дэлгэгдэж болзошгүй. Тэ¬гэ¬хээр шүүх эмнэлгийн шинжилгээний дүн чухал гэж онцлоод буй юм. Шууд хорих байгууллага, хуулийн салбарынхан үйлчлүүлэгчийг минь үхүүлчихлээ гэж хэлэхгүй. Гэхдээ төрийн байгууллагын хараан дор, хамгаалалттай онцгой обьектод байсан хүнд яагаад эмчилгээ хийлгэхгүй байсаар байгаад нас барахад хүргэв. Энэ хүртэл нь яагаад зүгээр хараад суусан юм бэ.
-Тэр өдөр ямар хэргээр талийгаачтай уулзахаар очсон юм бэ?
-Манай үйлчлүүлэгч анх уулзахдаа ойр ойрхон очиж уулзаж байх хүсэлт тавьсан юм. Өөрийнх нь хүссэнээр болж өгвөл өдөр бүр, болохгүй бол долоо хоногтоо хоёр, гурав ирж уулзаж байхыг өмгөөлөгчөөсөө хүссэн. Талийгаач бодвол хо¬ригдож буй өрөөнөөсөө өдөр болгон гарч агаар амьсгалахыг хүсч байсан байх. Камерт өдөр бүр хо¬ригдохоор тэр өрөө¬нөөсөө хүн гарахыг л хүснэ шүү дээ. Би болж өгвөл ойр ойрхон очихыг боддог байсан. Аль болох зав гаргаад очиж байсан. Тэр өдөр түүнтэй холбогдуулан шалгаж байсан хэргийн шүүх хурлын тов гарсан байсан. Шүүх хурал ирэх лхагва гаригт буюу энэ сарын 21-ний өдөр болох байсан юм. Энэ талаар болон биеийнх нь байдлыг мэдэхээр тэр өдөр очсон.
-Хуулийн байгууллагынхан талийгаачийг хүнд өвчтэй гэж мэддэггүй байсан юм биш үү. Хэрэв мэдэж байсан бол арай ч энэ хүртэл нь явуулахгүй байлгүй дээ?
-Хорих ангийн эмнэлгийнхэн ямар өвчтэйг нь мэдэж байсан. Өмгөөлөгчид нь удаа дараа хэлж шаардаж байсан. Эмнэлгийнхэн нь ”ойлгож байна” л гэдэг. Тэгсэн атлаа эмнэлэгтээ хэвтүүлж ч эмчлүүлэх арга хэмжээ аваагүй. Тэд шинжилгээ хийж байсан уу, хийж байсан. Д.Амарсайханы бие муу байгааг ч мэдэж байсан. Бид нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатайг нь ч хэлж л байв. Хуулийн байгууллагынханд байнга биеийн байдал нь хүнд байгааг ч хэлж байсан.
-Заавал түүнийг хорих хэрэг ер нь байсан юм уу. Гадуур байлгаж яагаад болоогүй юм бол?
-Үүнийг хуулийнхнаас л асуух хэрэгтэй. Талийгаачийн гадаад паспортыг хураагаад авчихсан. Улсын хилээр гарахыг нь хориглосон. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтынх нь үйл ажиллагаа дууссан. Гэрийнхээ хаягийг өөрчилж, солиогүй байхад хэргийг нь прокурорт шилжүүлэхдээ түүнийг хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөрдөн байцаалтын үйл ажиллагаанаас оргон зайлж болзошгүй хэрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлнө гэх мэт хэд хэдэн зүйлийг хардаг. Гэхдээ энэ арга хэмжээг авахдаа үндэслэлтэй байх ёстой. Харин Д.Амарсайханыг хо¬рих ямар ч үндэслэл байгаагүй. Дахиж түү¬нийг хорихдоо таслан сэргийлэх арга хэмжээг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа.
-Уучлаарай, танаас хорих 461 дүгээр ангид байхад чинь чухам юу болсныг дэлгэрэнгүй яриулмаар байна. Учир нь талийгаачийг нас барахад хорихын ка¬мерийн бичлэг хийг¬дээгүй, ажиллаагүй гэсэн мэдээлэл тархаад байна?
-Уулзалтын өрөөнд сэжигтнийг авчраад дараа нь өмгөөлөгчийг нь дууддаг. Тэгээд уулзаж харилцуур авах гэтэл талийгаач газар унасан. Шилэн хананы цаанаас ийм л зүйл харсан. Маш их өвдөлт тархинд нь өгсөн байх. Орилоод л унасан. Юу болсныг мэдээгүй. Намайг очиход ухаан алдаад уначихсан байсан. Үйлчлүүлэгчийг маань ухаангүй болсны дараа намайг оруулсан. Эмч нар нь 30 орчим минут хиймэл амьсгаа хийсэн боловч ухаан оролгүй нас барсан.
-Энэ хооронд өөр хүмүүс рүү холбогдох ч юм уу ямар нэгэн арга хэмжээ та авсан уу?
-Арга ядаад би, яаралтай түргэн тусламж дуудсан. Олон удаа залгасан боловч 103-аас хүн ирээгүй. Ямар учраас ирэхгүй байгааг нь асуухад “Манайх төр засгийн тусгай харуул хамгаалалттай обьектод очиж түргэн тусламж үзүүлдэггүй. Эрүүл мэндийн сайдын тушаал бий. Энэ дагуу яаралтай тусламж үзүүлэх боломжгүй гэж хэлсэн.
-Ар гэрийнхэн нь талийгаачийг өнгөрснийг мэдээд хүнд байгаа гэсэн. Ээжийнх нь бие муу байна ч гэж сонсогдож байна?
-Ар гэрийнхэнтэй нь манай өмгөөлөгч Пүрэвлхам арай ойр харилцаатай. Энэ талаар түүнээс асуу. Би сайн мэдэхгүй байна.
-Талийгаачийн дүүг бас энэ хэрэгт холбогдуулан хорьсон, бие нь муу байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?
-Тийм, дүүг нь бас хорьсон бие нь тааруу байна. Бас л нарийн мэргэжлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай хүн.
-Хорихын эмнэлгийн дарга болон эмчлэгч эмч нар нь ар гэрийнхэнд нь “Д.Амарсайханыг эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээ¬рээс өгсөн гэж хэлсэн. Тэр дээрээс гэдэг нь хаанаас гэсэн үг вэ?
-Хориход хоригдож буй дүү нь “Таныг хэвтэж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн гэнэ” гэж хэлсэн гэсэн. Мөн талийгаачийг нас барсны дараа ар гэрийнхэн нь хорих ан¬гид ирэхэд тус ангийн эмнэлгийн дарга Дар¬ханбат эмчлэгч эмч Отгон¬баатар нар “Эмнэ¬лэгт хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн” гэж хэлж байна лээ. Тэгэ¬хээр энэ үг үнэн бололтой.
-Дээрээс тэр чиг үүргийг хэн өгөөд байна аа. Өмгөөлөгч хүний хувьд танд тааварлаж байгаа зүйл бий юү?
-Гурван үсэгтэй байгууллагаас л өгсөн гэж ойлгогдож байгаа. Эмч нар нь ч тэгж ярьсан байна.
-Тэгвэл тэр байгууллага чинь Авлигатай тэмцэх газар биш үү?
-Тэр гурван үсэгтэй байгууллага л тийм үүргийг өгсөн байх. Тэгж үзэхээр харагдаж байна.
Д.ТАНА
-АВЛИГЫН ГЭМТ ХЭРГИЙГ МӨРДӨГЧ ХАНГАЙН ТҮҮХ-
Авлигын гэмт хэргүүд илрүүлж буй мөрдөгч нарын багийн ажиллагааны талаар үзүүлэх телевизийн олон ангит уран сайхны киноны гол дүр, мөрдөгч Хангайд тоглосон “Line action” продакшны захи¬рал, жүжигчин Б.Болдбаатартай ярилцлаа.
-Таны гол дүрд нь тоглосон “Ус дээшээ урсдаг” телевизийн олон ангит уран сайхны кино орой бүр “NTV” сувгаар гарч байна. Энэ киногоор дамжуулан авлигын хор уршгийг олон нийтэд ойлгуулах зорилготой гэсэн. Зорилгоо хэр биелүүлсэн бүтээл болсон гэж бодож байна вэ?
-Найз Д.Цогт маань “Ус дээшээ урсдаг” киноны Хан¬гайн дүрийг санал болгосон юм. Би ч уриалгахан хүлээн авсан. Зохиолтой танилцах явцад авлигын хор уршгийн тухай эргэцүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байлаа. Энэ кино бидний эргэн тойронд болж байдаг жижиг сажиг гэмт хэргүүдийн тухай биш. Өнгөц харахад тааж мэдэхийн аргагүй тийм нарийн төвөгтэй, өөрөөр хэлбэл цагаан захтнуудын гэмт хэргийн тухай өгүүлдэг. Нэг улсын төдийгүй олон улсын хэмжээнд хүртэл сөхөгдөх магадлалтай тийм том хэргүүд. Хангайн баг тэр хэргүүдийг мөрдөж илрүүлэх хэмжээний ур чадвар, мэдлэгтэй хүмүүс. Миний хувьд, ийм л мөрдөгчийн дүрийг бүтээх гэж зорь¬сон. Үүргээ хэрхэн гүйцэтгэснийг үзэгчид маань одоо шүүж байгаа болов уу.
-Авлига хээл хахуультай холбоотой бодит түүхүүд гардаг гэсэн, үнэн үү?
– Энэ цувралын зохиол дээр бүхэл бүтэн зохиолчдын баг ажилласан. Зохиолч, хуульч, сэтгүүлч гээд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс. Тэд хэрэг нь шийдэгдсэн хийгээд одоо мөрдөгдөж байгаа олон хэргүүдтэй танилцаж маш их судалгаа хийсэн юм билээ. Тэндээс төрсөн санаануудаа уран сайхны хэлбэрт оруулж баяжуулан бичсэн зохиол. Тэгэхээр бодит хэргийн тухай гэхээсээ илүү тэдгээрээс санаа авч түүнийгээ уран сайхны хэлбэрт оруулсан гэвэл онох байх. Үзэгчид анзаарсан бол анги бүрийн эхэнд “Энэ цувралд гарч буй баатрууд, тэдэнд тохиолдсон явдал, хууль сахиулах байгууллагын бүтэц, мэргэжлийн ангилал, эрхэлсэн ажлын хуваарь бүгд зохиомол болно” гэсэн бичиг гарч байгаа.
-Киноны туршид Хан¬гайгийнхан хичнээн хэрэг илрүүлдэг вэ?
-Нийт 28 ангитай цувралд долоон өөр гэмт хэргийг илрүүлдэг. Тэгэхээр дөрвөн анги тутам нэг шинэ хэрэг гарна гэсэн үг. “Ухаантан ч алддаг”, “Нигүүлсэл”, “Гэмшил”, “Тангараг”, “Ариун шүтээний харц”, “Нар шингэхгүй”, “Урвагч” нэртэй нийт долоон зохиол уншсан даа.
-Зохиолын хувьд аль нь хамгийн сонирхолтой байсан бэ?
-Ер нь бүгд л авлига, хээл хахуулийн хэрэгтэй холбогдох сонирхолтой түүхүүд байсан. “Ухаантан ч алддаг” хэмээх эхний хэрэг Югославт сурч байхдаа танилцсан найзуудын тухай. Югославт иргэний дайн дэгдэж оюутнуудыг нутаг буцаадаг. Тэр үед нэг нь тэнд үлдэн үндэстэн дамнасан зэвсгийн наймаа эрхэлдэг гэмт бүлэгт гишүүнээр элсэнэ. Нөгөөх нь Орост сургуулиа үргэлжлүүлэн төгсч хожмоо цагдаагийн хурандаа болдог. Зэвсгийн наймааны хэрэгт орж явсан Золбаяр нутагтаа ирж суурьшсан ч буяны сан байгуулсан нэрээр үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийнхээ мөнгийг угаах ажлыг үргэлжлүүлсээр байдаг. Хэрэг бишидсэн үед цагдаагийн хурандаа найзаа¬раа туслуулна. Урлаг судлаачаар сурч байсан ч цагдаагийн хурандаа болох хувь тавилантай Эрдэнэ найзынхаа “жижиг сажиг” асуудлыг зохицуулж өгдгөө нөхөрлөлийн төлөө хэмээн итгэдэг. Тэрээр найзыгаа зэвсгийн хууль бус наймаа эрхэлдэг гэдгийг мэдэх нь бүү хэл гадарлаа ч үгүйд хэргийн гол нь оршдог. Гэмт бүлэглэлийн гишүүн найз нь уран зураг цуглуулах хоббитой дээр нь дөрөөлөн үндэстэн дамнасан гэмт бүлэглэлийн үйл хэрэгт зүтгүүлж байсныг тэр нэг л өдөр ухаардаг.
Аргалж зохицуулсан тус бүрийнхээ тө¬лөө найзаасаа ав¬даг байсан уран зургууд нь сүүлдээ авлига, хээл хахууль байс¬¬ныг ой묬гоод амиа хорло¬дог юм.
-“Ариун шү¬¬тээний харц” гэхээр гэмт хэрэг гэхээсээ уран зохиол санаанд бууж байна?
-“Ариун шүтээний харц” болохоор Монгол Улсын хосгүй үнэт өвд бүртгэлтэй Ногоон дарь эх бурхан алдагдаж буй тухай хэрэг л дээ. Мөн л үндэстэн дамнасан соёлын өвийн гэмт хэргийн бүлгийн гар хөл болсон гаалийн ажилтан гардаг. Алдагдсан Ногоон дарь эхийн гарвал түүхийг өөрчлөн Парис хотноо дуудлага худалдаанд оруулах гэж байхад нь Хангайн баг олж авч улмаар буцаан авчрахаар хөөцөлдөж буйгаар үйл явдал өрнөдөг.
-Мөрдөгч Хангайн дүр танд таалагд¬сан учраас тоглохоор шийдсэн үү?
-Сайн эрийн тухай өгүүлсэн үлгэр домог, ном зохиолын дүр манай ард түмний дунд эртнээс түгээмэл байж. Эрийн сайн Хан Харангуйгаас эхлээд Юндэн гөөгөө, Цахиур Төмөр ч гэдэг юм уу. Хангай ч ялгаагүй ард түмний хүсэмжит монгол эр хүн, сайн эрийн нэг дүр. Энэ цувралын зохиолчид орчин үеийн монгол комиссарын дүрийг зуржээ гэж би ойлгосон. Харин киногоо зурагтаар гарч эхэлснээс хойш өөрийгөө харлаа. Миний бүтээсэн Хангай нилээн уриалгахан, эелдэг, инээмсэглэсэн Хангай болчихож. Энэ магад зохиолчдын зурах гэсэн Хан¬гайгаас арай өөр болчихоо юу даа гэж бодож байна.
-Хангай гэж гоё нэр юмаа. Ямар нэг учиртай өгсөн нэр үү?
– Нэр бас учиртай юм билээ. Уг нь анх Төмөр гэж нэрлэж байж. Энэ киноны ажлын нэр нь “Төмөр ба түүний нөхөд” гэсэн. Орос түүх санаанд орж байгаа биз. Тэгээд зохиолчид өөр өөрсдийн нэрийг дэвшүүлээд үндэслэлээ бусдадаа тайл¬барлаж хамгаалсан юм билээ. Эцэст нь санал хураалт явуулахад С.Энхцэцэгийн Хангай гэдэг нэрийг бүгд дэмжсэн гэсэн. Бас Домог гэж хочтой байхаар тохирч байсныг зохиолчид ярьсан. Харин зохиолд энэ хочийг хэрэглээгүй. Хожим Хангайн түүх үргэлжилбэл Домог Хангай болчихсон гарч ирж ч магадгүй юм. Ажил үйлс, туулсан замнал нь түүнийг ийм хочтой болгох нь байна шүү дээ.
-Монгол маягийн Катани эсвэл Бондийн дүрийг гаргах суурийг тавилаа гэж ойлгож болох уу?
-Магадгүй л юм. Энэ дүр цаашаа улам хөгжих бүрэн магадлалтай.
-Та “Х-ТҮЦ” хамтлагийн “Сэргээш” цувралд Юндэнгийн дүрийг бүтээсэн. Олон нийтэд ч их таалагдсан дүр. Хангайд тоглох болсон нь Юндэнгийн дүртэй холбоотой гэж дуулсан. Үнэн үү?
-Юндэнг бүтээсэн маань Хангайд тоглохоор сонгогдоход нөлөөлсөн тал бий. Хангай, Юндэн хоёрын аль аль нь ард түмний хүсэл сэтгэлийг шингээсэн дүрүүд гэдгээрээ ижил төстэй. Ялгаа нь гэвэл, Хангай бол орчин үеийн хүн. Мэргэжлийн ур чадварын хувьд дэлхийн энд хүрсэн, харин хүнийхээ хувьд тийм ч нээлттэй биш. Юндэн бол илүү романтик дүр. Хайр дурлалд зүрх сэтгэлээ зориулсан, шударга, цайлган бас гадаад үзэмж сайтай.
-Киноныхоо дууг өөрөө дуулсан нь үзэгчдийг бас их татсан байна билээ…
-Юндэнд тоглохдоо дуулж байсан. Түүнээс хойш арав гаруй жилийн дараа дахин дуулж гарч ирж байгаа нь энэ. Би 53 дугаар сургууль төгссөн юм. Орцны гитарчдын нэг явлаа. Орцны акустик ямар гайхалтай гэж санана.
-Та үе үе гарч ирснээ нуугдчихдаг жүжигчин шиг санагддаг…
-Тэр үнээн. Учир нь би хоёр удаа амьдралын эрхээр жүжигчний ажлаа орхиж байсан хүн. Эхлээд Орост ВГИК-д сурч байгаад наймаа хийх гэж хаяж байлаа. Дараа нь “Х-ТҮЦ”-д гэрээт жүжигчин байснаа Солонгост хар ажил хийхээр хаяж байсан. Эцэст нь юу ойлгосон гээч… Төөрсөөр төрөлдөөн гэдэг шиг, урлаг л миний амьдрал юм байна гэдгийг ойлгосон. Төөрч будилж явсны эцэст урлагаар амьдрах учиртайгаа ой тойндоо ортол ухаарч ав¬лаа. Урлагийн тэнгэр үнэнч зүтгэсэн хүмүүсээ харж үздэг гэдэгт би одоо бүрэн итгэсэн. Дахин урлагаа орхихгүй.
-Таны суралцсан Оросын Бүх ард түмний кино урла¬гийн дээд сургууль ч алдартай сургууль шүү?
-Тиймээ, тэнд сурсан зүйлс өнөө хэр намайг чиглүүлж яваа. Эхлээд В.Г.Чумак гэж алдартай хүний шавь болж зураглаачийн мэргэжилд суралцсан. Дараа жил нь Сергей Юсов, Алексей Баталов нараар жүжигчний ур чадварын хичээл заалгасан. Царцаа Намжилын үлгэрийг санаж байна уу. Лам багш нь “Чи одоо харь даа, зам зууртаа харин харсан үзсэнээ сайн тогтоогоод яваарай” гэж. ВГИК-д хоёрхон жил суралцсан минь миний жү¬жигчний мэргэжлийн суурь болсон юм билээ. Тэр мэргэ¬жилдээ л би тууштай байх ёстой байж гэж одоо боддог.
-Таны дотор уран бүтээлийн санаа, төслүүд буцалж байх шиг байна?
-Тийм ээ, өөрийн уран бүтээлийн замыг тодотгон зурах санаатай л гүйж явна. Хэд хэдэн төслийн санаа бий… Удахгүй хэрэгжүүлж эхэлнэ ээ…
М.УУГАН-ЭРДЭНЭ