Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын хоёрдугаар уралдаан өнөөдөр Эрдэнэт хотноо эхэлж байна. Орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд төгөлдөр хуурыг сурталчилж, хөгжмийн боловсрол олгох зорилгоор тус уралдааныг “Эрдэнэт авьяастан” ТББ-ынхан Орхон аймагт зохион байгуулж буй юм.
Тус уралдаанд хот, хөдөөгийн төгөлдөр хуур сонирхон суралцагч 4-18 насны 200 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлсэн байна. Оролцогчид ганцаарчилсан болон хосын төрлөөр өрсөлдөх ба СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын мэргэжлийн багш нар шүүн явуулах аж. Уралдааны шагналтангууд ням гарагт тодорно.
Category: мэдээ
-“Бейзмент” компани Хөтөлийн цементийн үйлдвэрийг хөл дээр нь босголоо-
Монгол Улс өөрсдийн гараар, өөрсдийн хөрөнгөөр юу ч хийгээгүй, ганц байшин босгосон билүү, нэг бал үйлдвэрлэсэн билүү гэж халаглацгаадаг. Тэгвэл одоо хэлэх үгтэй боллоо. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг өргөтгөж шинэчиллээ. 2009 онд Хөтөлийн цементийн үйлдвэрийнхэн салбарын сайдаа очиход “Гаднаас цемент оруулж ирээд байвал Хөтөлийн 10 мянган хүний аж амьдрал хөсөр хаягдана” хэмээн бухимдаж байсан бол одоо санаа зоволтгүй боллоо. Хэдийгээр өргөтгөл гэх боловч хуучин үйлдвэрийнхээ дэргэд бүр том, хүчин чадал нь дөрөв дахин илүү цоо шинэ үйлдвэрийг жил зургаан сарын дотор барьж дуусгаад ашиглалтад оруулсан нь энэ. Хөрөнгө оруулагч нь нь үндэсний “Бейзмент” компани юм. Үйлдвэрийг босгох санхүүжилтэд нь Улаанбаатар, Худалдаа хөгжил, Хөгжлийн банкны оролцоо байсан. Засгийн газар ч хангалттай дэмжжээ. Үйлдвэрийг байгуулахад ХБНГУ-ын компани зөвлөсөн бол тоног төхөөрөмж нийлүүлэгчээр БНХАУ-ын “Жансү Пенгфей групп” ажиллажээ. Барилгын зураг төслийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Барилгын зураг төслийн институт гаргаж. Барилгын угсралтыг Бээжин хот дахь “Шоган” групп хийсэн байна. Энэ бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалсан болгон үйлдвэрийн нээлтийн ёслолд ирсэн байв. Арга хэмжээ өнгөрсөн лхагва гаригт боллоо. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт хийсэн учраас үйлдвэрийн нээлтийг үнэнхүү сүр хүчтэй улаан хивсний ёслол болгон тэмдэглэв. Монголчууд юм хийж чаддаг юм байна гэдгээ гайхуулахыг хичээж байна. Газар газрын мэргэжилтнүүд ирж үзээд “Энэ бол цементийн үйлдвэр мөн юмаа” л гэцгээж байсан. Үйлдвэрийн гаднаасаа харагдах байдал, босгосон барилга байгууламж, сунайсан урт агуулахууд, дотор нь суурилуулсан техник технологиуд ярих юмгүй. Орчин үеийн цементийн үйлдвэр нэг иймэрхүү байдаг гэнэ. Харин тоног төхөөрөмжүүд нь “тэтгэвэртээ” гарчихсан учраас хуучин үйлдвэрийн үйл ажиллагаа нь одоогоор түр зогсчихсон юм байна. 500 мянган тоннын хүчин чадалтай энэ үйлдвэр 30 гаруй жил ажиллах хугацаандаа гурван сая гаруй тонн цемент үйлдвэрлэсэн түүхтэй. Энэ үйлдвэр цементийг нойтон аргаар боловсруулдаг байсан.
Ер нь манайд байгаа цементийн үйлдвэрүүд цөм нойтон аргын технологитой. Хар ухаанаар бол түүхий эдээ усаар зуурдаг гэсэн үг юм уу даа. Тэгвэл Хөтөлийн цемент шохойн шинэ үйлдвэр хуурай аргын технологитой. Дэлхий нийтэд хэрэглэж байгаа орчин үеийн энэ технологийг Монголдоо анх удаа нэвтрүүлж байна гэсэн үг. Мэргэжлийн хүмүүсийн тайлбарлаж байгаагаар цементийн түүхий эд болох шохойн чулуу, нүүрсийг эхлээд бутална. Түүнийгээ түүхийн эдийн агуулахад аваачаад илүүрээр зүсч, төмрийн хүдэртэй хольж, найрлагыг нь жигдрүүлнэ. Дараа нь халуун хийгээр хатаана. Тэндээсээ дулаан солилцуурын цамхагт аваачиж халаагаад ус чийгийг нь зайлуулсны дараа хатаах ажлыг бүрэн автоматжуулалтын системээ хийнэ. Хамгийн сүүлд түүхий эдээ хөргөсний дараа буталж, нунтаглаад төмөр зам, авто замаар ачилт хийдэг байна.
Энд онцолж хэлэх өөр нэг зүйл нь Хөтөлийн цемент-шохойн хуучин үйлдвэрийн 30 жилд гаргаж авсан гурван сая тонн цементийг шинэ үйлдвэр нь ердөө гурван жилийн дотор үйлдвэрлэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Гэхдээ “Бейзмент” компанийн гүйцэтгэх захирал Г.Энхбаяр “Бид анхнаасаа агуулахаа барьж, тоног төхөөрөмжөө суурилуулахдаа жилд хоёр сая тонн цемент үйлдвэрлэнэ гэж тооцоолсон. Тиймээс цаашдаа үйл ажиллагаа жигдрээд ирвэл энэ хэмжээндээ цемент гаргах бүрэн боломж бий” гэсэн юм. Үнэндээ Монгол Улс өнгөрсөн 2013 онд нийтдээ хоёр сая гаруй тонн цемент хэрэглэсэн байна. Үүний 40 гаруйхан хувийг дотоодын компаниуд хангасан гэж байгаа. Хөтөлийн “Цемент шохой”, “Эрэл цемент”, “Налгар түшиг”, “Централ Ашиан цемент” компаниуд өнгөрсөн жил нийлээд 500 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэж. Үлдсэн цементийг бид гаднаас авч, бөөн доллар урсгасан гэсэн үг. Эндээс Монгол Улсын цементийн зах зээл дээр гадныхан тоглож, ашиг олдог, дотоодын компаниуд уналтад орсон гэдэг нь харагдаж байгаа юм. Гэвч ухралтад Хөтөлийн “Цемент шохойн” үйлдвэр одооноос цэг тавих нь ойлгомжтой боллоо.
Энэ үйлдвэр дангаараа Монгол Улсын цементийн хэрэгцээг хангачихаар байгаа нь “Бейзмент” компанийн захирлын үгнээс тодорхой байна. Гэхдээ Монголд хот, хөдөөгүй байшин барилга олноор сүндэрлэж, цементийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсч байгаа учраас энэ тооцоолол өөрчлөгдөх нь дамжиггүй. Тэгсэн байлаа ч Хөтөлийн үйлдвэр Монгол Улсын цементийн хэрэгцээний тал хувийг хангах нь баараггүй болжээ. Шинэ үйлдвэрийн ач тус, давуу чанарыг дурдаад байвал олон. Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэр одооноос эхлээд цахилгааны хэрэглээгээ 45 хувиар хэмнэх юм байна. Усны хэрэглээ нь багассанаас гадна хорт утаа ялгаруулахгүй учраас байгальд ямар ч хор нөлөөгүй болжээ. Хамгийн гол нь нэг тонн цементээ зах зээлийн үнээс 20 хувиар хямд борлуулах боломж бүрдэж байгаа нь сайшаалтай.
Ингээд үйлдвэр аль хэдийнэ ажлаа эхэлчихсэн юм байна. “Эхний удаад 80 мянган тонн цемент тээрэмдчихлээ. Ямар ч асуудал алга. Одоо үйлдвэр зогсоно, гацна, ажилчид маань ажиллаж чадахгүй нь, хүндрэл бэрхшээл учрах нь гэх мэтийн элдэв зовлонтой үгс бидний үгийн санд байхгүй гэдгийг баттай хэлье. Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэрт ямар ч хүндрэл байхгүй, ажиллахгүй байх шалтгаан алга. Цаашдаа эрч хүчтэй ажиллаж, дотоодынхоо цементийн хэрэгцээг хангана” хэмээн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Батдорж итгэлтэй ярьж байв. Тэрээр цааш нь “Цемент-шохой” төрийн өмчит компани үндэсний хөрөнгө оруулалттай “Бейзмент” ХХК-тай хамтран шинэ үйлдвэр байгуулж нээлтээ хийсэн нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хамгийн тод жишээ боллоо. Манай үйлдвэр олон улсын стандартад нийцсэн, импортын цементтэй өрсөлдөж чадахуйц өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаас хямд үнээр борлуулна. Улсынхаа хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад улам их хувь нэмэр оруулахын төлөө зүтгэж ажиллах болно” гэж байлаа. Нээлтээ хийж байгаа энэ үйлдвэрээс тэр өдөр “Ремикон”, “Техник импорт” зэрэг компанийнхан цемент худалдан авч байлаа. “Техник импорт” компанийн захирал Д.Ганцэцэг “Бид Хөтөлийн цементийн үйлдвэрийн байнгын үйлчлүүлэгч. Ээлжит цементээ авахаар ирэхдээ үйлдвэрийн нээлтийн арга хэмжээтэй таарсандаа баяртай байна” гэв.
Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэр 920 гаруй ажилтантай. Хятадаас авдаг цөөн хэдэн гэрээт ажилчин байдаг нь энэ дотроо багтдаг. Сэлэнгэ аймгийн Хөтөл хотын ард иргэдийн ганц амьжиргаа нь мөн энэ үйлдвэр. Тэд энд л ажиллаж, амьдралаа залгуулдаг. Үе удмаараа ажиллаад ирчихсэн хөтөлчүүд шинэ үйлдвэрийнхээ нээлтэд баяр, бахдалтайгаар ирцгээсэн байлаа. Ажилчид нь ч бөөн баяр. Ажиллах нөхцөл сайжирлаа, одоо ажлаар тасрахгүй нь гэсэн урамтай, нээлтийнхээ арга хэмжээнд толгой дээгүүр сууцгаана лээ. Үйлдвэрт олон жил ажилласан экскаваторын машинч Д.Пүрэвдорж “Бидний амьдралын баталгаа болсон үйлдвэр маань шинэчлэгдэж байгаад маш их баяртай байна. Үйлдвэрийг маань орчин үеийн шаардлагад нийцүүлж өөрчилж өгсөн үндэсний компаниуддаа талархаад сууж байна. Монголчууд бид гар, сэтгэл нийлбэл ийм сайхан зүйлийг бүтээж чаддаг юм байна гэж бодоод бахдаад сууж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ үндэсний бүтээн байгуулалтын энэ ажлыг сайшаан магтаж байлаа. Тэрээр “Засгийн газраас 2014 оныг Монголдоо бүтээх жилээр зарлаж, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэржилтийг дэмжиж ажиллаж байна. Хөтөлийн цементийн үйлдвэр энэ шаардлагад бүрэн нийцсэн үйлдвэр юм. Энэ үйлдвэрээс гадна Дорноговь аймагт жилд хоёр сая 240 мянган тонн цемент үйлдвэрлэх гурван үйлдвэр байгуулагдаж байна. Ирэх жил ашиглалтад орох юм. Энэ мэт үндэсний томоохон үйлдвэрүүдэд Чингэс бондын хөрөнгөөс дэмжлэг үзүүлнэ” гэдгээ амлав. Дараа нь дагалдан очсон хийгээд нээлтэд оролцогчдын хүмүүсийн хамтаар үйлдвэрийг албан ёсоор нээж, тууз хайчлан кноп дарлаа.
Хөтөлийн “Цемент-шохойн” үйлдвэр, Монголын үндэсний “Бейзмент” компанитай бүтээгдэхүүн хуваах арван жилийн гэрээний дагуу ажиллаж байгаа юм. Гэрээний хугацаа дуусахад долоон жил үлджээ. Одоогийн байдлаар Бейзмент компани нийтдээ 160 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихээд байгаа юм. Нийтдээ 250 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн тэд удахгүй үйлдвэртээ нэмж төмөр замын цогцолбор, ил уурхайн ажлуудыг хийхээр зэхжээ. Тэд гэрээнийхээ үлдсэн долоон жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын зардлаа нөхнө. Үүний дараа “Цемент шохойн” үйлдвэрийг улсад 100 хувь хүлээлгэн өгнө гэж байна. Ямартай ч Монгол Улсын барилгын салбарт том гавьяа бүтээж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулсан “Бейзмент” компанид талархах хүн энэ өдөр олон байлаа.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ өдөр “Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр”-ээр орсон юм. Тус үйлдвэрт өргөтгөл шинэчлэлт хийснээр жилийн дөрвөн улиралд байнгын ажилтай болсон байлаа. Мөн “Эрэл” цементийн үйлдвэрийн ажилтай Ерөнхий сайд танилцсан юм. Тус үйлдвэр өнгөрсөн онд 50 гаруй мянган тонн цемент үйлдвэрлэжээ. Харин өнөө жил 100 мянган тонныг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ
– Түүнийг зүрхний шигдээс буюу инфаркт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ –
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Газрын тосны дарга асан Д.Амарсайханыг нас барах хүртэл нь юуны учир эмчилгээ хийсэнгүй вэ. Дээрээс түүнийг эмчлэх шаардлагагүй гэсэн чиглэлийг эмч нарт хэн өгөв. Энэ олон асуултад олон нийт хариулт нэхсээр байна. Уг хэргийн эргэн тойронд юу болж өнгөрснийг эх сурвалжуудаас авсан мэдээллийн дагуу тоймлон хүргэе.
Тэр өдөр чухам юу болсон бэ?
Тэр өдөр Д. Амарсайхантай уулзахаар түүний ах Цагдан хорих 461 дүгээр ангид иржээ. 12.00 цагийн үед тэрбээр ахтайгаа уулзсан байна. Харин дараа нь Д.Амарсайхан өмгөөлөгчтэйгөө уулзах хүсэлт гаргасан гэнэ. Уулзалт 15.00 цагт болох байжээ. Иймд хорих ангийн хянагч нар Д.Амарсайханыг хүлээлгийн өрөөнд аваачсан байна. Хүлээлгийн өрөө нь өмгөөлөгч, сэжигтэн нарыг уулзуулдаг өрөө. Харин өмгөөлөгч Т.Нямдорж тухайн үед өөр хүнтэй уулзаж байсан тул Д.Амарсайхан дээрх өрөөнд өмгөөлөгчөө хүлээгээд сууж байсан аж. Тав орчим минутын дараа Д.Амарсайханы орилох чимээ гарсан байна. Хянагч нарыг очиход талийгаач газар уначихсан “Би үхлээ” гэж хэлсээр ухаан алджээ. Энэ түүний сүүлчийн үг байсан аж. Талийгаачийг ухаан алдсаны дараа өмгөөлөгч Т.Нямдорж өрөөнд орж ирж, араас нь хорих ангийн эмнэлгийн эмч нар ирж, Д.Амарсайханд хиймэл амьсгаа хийж, яаралтай тусламж үзүүлсэн боловч сэхэл аваагүй гэнэ. Талийгаач 16 цагийн орчим нас барсан гэж Цагдан хорих төвийн эмч нар хэлж буй юм.
28 хоног сэжигтнээр хоригджээ
2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш нийтдээ 28 хоног Д.Амарсайханыг цагдан хорьсон байна. Энэ хооронд Д.Амарсайханы эрүүл мэндийг хариуцсан хорих эмнэлгийн эмч талийгаачийг найман удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулсан гэнэ. Мөн биохимийн шинжилгээ авчээ. Нийтдээ давхацсан тоогоор 25 удаа өмгөөлөгчтэйгөө уулзжээ. Ар гэрийнхэн нь найман удаа эргэж очжээ.
Өмгөөлөгч, шийдвэр гүйцэтгэх газрынхны өгч буй зөрүүтэй мэдээллүүд
Д.Амарсайханы өмгөөлөгчид арав гаруй удаа хууль хяналтын болон Цагдан хорих 461 дүгээр анги болон тус ангийн эмнэлгийн удирдлагад өвчнийх нь онош болон түүхийг хуулбарлан, эмчлүүлэх шаардлагатай гэдэг хүсэлтийг тавьсан гэдгээ хэлж буй. Харин ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дарга Б.Амардорж сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө “Талийгаачийг цагдан хоригдоод 28 хоног болоход өмгөөлөгч нь хоёр удаа хүсэлт гаргасан. Нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх, нөгөө нь Д.Амарсайханы эрүүл мэндийн байдлын тодорхойлолтыг гаргаж өгөөч” гэсэн. Энэ хүсэлтийнх нь дагуу бид холбогдох арга хэмжээг авч, хүсэлтүүдийг биелүүлсэн. Гэхдээ тухайн үеийн авсан шинжилгээнүүдийн дүнг харахад зайлшгүй эмнэлэгт хэвтүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан юм билээ” гэж мэдэгдсэн. Юутай ч ШШГЕГ болон өмгөөлөгч нарын ярьж буй зүйл хоорондоо зөрж байгаа юм. Өмгөөлөгч нар нь талийгаачийг бие муутай байсан. Тархины судасны хатууралтай, тэрнээсээ болж толгой нь их өвддөг байсан. Тиймээс өвчин намдаах эм уудаг гэж хэлж байв. Харин ШШГЕГ-ынхан талийгаачийг “Хоригдох хугацаандаа ямар нэгэн байдлаар биед нь өөрчлөлт гарсан, хүндэрсэн зүйл гараагүй. Өөрөө ч гэсэн хоригдож байх хугацаандаа эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамрагдах талаар санал гаргаж байгаагүй” гэдэг тайлбарыг өгч буй юм.
Энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэв
Төрийн онцгой обьектод хоригдож байсан Д.Амарсайханыг нас барсан шалтгааныг тогтоохоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангийн Ерөнхий эмч, ахлах дэслэгч Б.Дарханбат “Амарсайханд эмчилгээ хийж болохгүй гэсэн чиг үүргийг дээрээс өгсөн” гэж талийгаачийн ар гэрийнхэнд хэлсэн байдаг. Дээрээс өгсөн чиг үүргийг аваад эмч хүн өвчтөнд яагаад эмчилгээ хийгээгүй вэ. Үүнд хариулт авахын тулд ийн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн талийгаачийг батлан даалтад гаргаагүй гэх шалтгааныг хуулийн холбогдох албан тушаалтнууд гаргаж өгч, үндэслэлээ тайлбарлан байцаалт өгөх болсон байна. Тэднээс мэдүүлэг авсны дараа хэнд нь эрүүгийн хэрэг үүсгэж хариуцлага тооцохоо мөн шийдэх гэнэ.
Талийгаачийн үхлийн шалтгааныг зүрхний шигдээс буюу инфаркт болсон гэж урьдчилсан байдлаар дүгнэж байгаа гэнэ. Зүрхний шигдээсээр Д.Амарсайхан нас барсан ч тодорхой хэмжээгээр эмчийн хяналтанд байж, эмчилгээ хийлгэсэн бол үхэлд хүрэх аюулд орохгүй байсан тухай учир мэдэх хүмүүс ярьж байгаа юм. Хорих ангийн эмнэлгийнхэн шинжилгээ хийхэд болон эмчийн үзлэгт найман удаа орсон нь үнэн бол ямар нэгэн байдлаар өвчтөний биеийн аль эрхтэн нь өвдөж буйг мэдэх ёстой. Түүнд нь тохирсон арга хэмжээг эмч авсан бол гэдэг асуудлыг нарийн мэргэжлийн эмч нар тавьж буй юм байна. Гэхдээ энэ бүхэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр удахгүй ил болох биз ээ.
Баянгол дүүргийн цагдаа прокурор, эмч нар задлан хийж байгаа аж. Энэ ажлыг Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яамны хамтарсан ажлын хэсгийн хяналтан дор явуулж буй гэнэ. Ар гэрийнхэн нь шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа энэ асуудлаар холбогдох газруудад хандаж, асуудлыг гаргаж тавих гэнэ. Харин өнөөдрийн байдлаар хуулийн байгууллагад гомдол гаргаад буй аж.
Зохих ёсны эмчилгээ хийлгэж чадаагүй нас барсан Д.Амарсайханы үхэл хуулийн байгууллагынхны үнэн нүүр царай ялзралыг илчиллээ. Магадгүй олон хүний амийг ийм аюулд өртөхөөс хамгаалж өөрийнхөө амийг золиосоллоо гэж хэлэх ч хүмүүс байна. Дахин ийм зүйл хэнд нэгэнд тохиолдуулахгүйн тулд хуулийн салбарын холбогдох албан тушаалтнууд болон эмч нарт хатуу арга хэмжээ авах ёстойг ч хэлж буй юм.
Д.Тана
-Ц.Мөнхбаяртай шоронд, торны хоёр талаас ярилцлаа-
Г.ЖАМЪЯН (МУСГЗ)
Усгүй болох гэж байж, алтаар яах юм!
Улсгүй болох гэж байж, амиар яах юм!
(Ц.Мөнхбаярын хаалттай шүүх хурал дээр хэлсэн үг)
-Сайн байна уу, дүү минь! (Торны, дөнгөж хацар багтах нүхээр үнсэхчээн боллоо)
-Монгол хүний амны бэлгээр сайн гэх үү дээ. Шоронд хүн сайн байна гэхэд хэцүү шүү дээ.
-Бие нь яаж байна?
-Бие гайгүй дээ. Жаахан турсан байгаа биз дээ. Орь дуу тавьсан өвчин байхгүй. Гэхдээ шорон чинь хүнийг цаагуураа л сульдуулчихдаг юм байна.
-Хоол нойрондоо хэр зэрэг байна?
-Хоол яах вэ, дотор махныхаа хоолны нормыг идчихээд л байгаа. Нойронд тааруу, хилс хэрэгт тарчилж байгаадаа үргэлж бухимдалтай байх болохоор, тийм сайхан унтаж амарч чадахгүй л дээ.
–Хилс хэрэгт гэснээс, та нарыг чинь хаалттай шүүх хурлаар тасалж, 22 жилийн ял оноосныг хэвлэл мэдээлэл, ам дамжсан ярианаас мэдэж байгаа. Ер нь юу болсон юм бэ?
-Эрх баригчдын даалгавраар цагдаа, тагнуулынхны найруулсан том жүжиг л дээ. Бид бол эх орноо хайрлах, газар шороогоо хамгаалах, түүний гол баримт бичиг болох “Урт нэртэй хууль”-ийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцсэн. Засгийн газар энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байна гээд Улсын дээд шүүх шийдвэрээ гаргачихсан нөхцөлд бид олон сар жилээр тэмцсэн. Гэтэл, Засгийн газар нь шүүхийн шийдвэрийг ч, бидний тэмцлийг ч тоож үзээгүй газар шороогоо харийнханд худалдсан, гол усаа бузарлуулсан хэвээр байлаа. Манай хөдөлгөөнүүд арга тасрахдаа “Дохио өгье”, “Сүрдүүлж үзье”, “Та нар эх орноо худалдвал ийм тэмцэлд хүрч болзошгүй шүү” гэдгийг үзүүлэх зорилгоор буу зэвсэг аваачиж тавьсан нь үнэн.
-Та нарыг чинь, ордны цэцэрлэгт буудаж түйвээсэн бололтой сурталчилгаа явж “зандалчлах” билүү, миний л хувьд амьдралдаа дуулж сонсоогүй зүйл ангиудаар шийтгэчих шиг болсон. Тэгээд би хаалттай шүүх хурлын дараа “Сүрдүүлэг” гэсэн материал хэвлүүлсэн. Түүндээ “Д.Сүхбаатарын талбайг хүний цусаар угаасан нь зүгээр л явж байдаг, тэнгэр рүү буудсан нь шоронд хатаж байдаг!!! гээд бичсэн. Тэр сониноо чамд явуулсан, авсан биз дээ?
-Тэр сонин чинь надад ирээгүй. Үнэн юмыг бол зам зуураас нь хураагаад авчихна шүү дээ. Одоо болтол үзээгүй л байна. Буудахын хувьд бол би буун дуу дуугаргаагүй юм. Биднийг “буудсан”, “бөмбөг, тэсэрч дэлбэрэх зүйл нууцаар тавьсан”, “Террорист үйл ажиллагаа явуулсан”… гэхчлэн бүгд цагдаа, тусгайгийнхны найруулсан инээдтэй жүжгээр ялласан. Худлаа юмыг бид хүлээгээгүй л дээ. Тулгаад тасалчихаж байгаа юм. Тийм худал, гүтгэлгийн шүүх хурал хийхийн тулд, урьдчилан хорих төвд, хаалттай хийж байгаа юм. Би бодож байсан л даа. “Цагдаа, тагнуулынхан бол эрх баригч улс төрийн хүчний даалгаврыг л биелүүлж байгаа. Харин шүүх, прокурор чин үнэн зөвөөр шийдэх байх” гэж найдаж байсан. Гэтэл тэгдэггүй юм байна. Өөрсдийнхөө, их мөнгө цалин амлачихсан шүүгч, прокуроруудаар шийдүүлчихдэг юм байна. Бид, Улсын дээд шүүх буюу Хяналтын шатны шүүхэд гомдлоо гаргах гэж байна. Засгийн газрыг буруутай хэмээн шийдвэр гаргаж байсан Дээд шүүх, шийдвэрийг нь биелүүлэхийн төлөө тэмцэж байсан биднийг суллачих байх гэж найдаж байгаа.
–Та нарыг барьж хорьчихоод, олон түмнийг хоёр кг махны үнээр хуурч, улс орноо өрний яндан цагаан морь шиг болгочихоод дээгүүрээ ч ханаж цадвал цадахаар л болж байх шиг байна. Зарим нь түрүү талаасаа оргож гарцгааж байна гэх юм. Та нар ер нь мэдээллээс хэр зэрэг хол байдаг юм. Шоронд чинь телевиз байна уу, сонин хэвлэл очдог уу?.
-Мэдээллээс хамгийн хол хүмүүс бид л байдаг. Телевиз бол байхгүй. Хааяа үзэх тохиолдол гарвал шүүмжлэлтэй зүйл, үнэнд ойр дөт зүйлийг бол үзүүлэхгүй л дээ. Төр засаг нь ард түмнээ жаргааж байна гэсэн зүйлийг бол үзүүлэх л байх. Шоронд сонин хэвлэл бараг очихгүй дээ. Урьдчилан хорих төвд хоригдож байхдаа би хэдэн сонин захиалж уншдаг байсан. Манайхан намайг шоронд анх удаа хэвлэл захиалсан хүн гэж цаашлуулдаг байлаа. Дамжингаас хаа нэгтээ газар ачигдаж очих болно. Тэндээ бол, үнэнийг бичдэг хэвлэл сонинуудаа захиална аа. Сүүлийн үед мэдээллээс нэлээн холдоод байна. Та зарим зүйлийг сонирхуулахгүй юу?
-Хамгийн сүүлийн сониноос гэвэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх байсан Л.Гансүх, хууль хяналтын байгууллагад шалгагдах болохоороо оргоод гарчихлаа гэнэ. Хүмүүсийн цуу яриагаар бол, дээрээс зориуд зохион байгуулалттай оргуулсан л гэх юм. Их хэмжээний мөнгө ч авч гарсан бололтой. Энэ чинь нөгөөх, хамтарсан Засгийн газрын үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байхдаа цулайтал баяжчихсан залуу шүү дээ. Оюутолгойн гэрээг улс орон ард түмэндээ ашиггүй, зөвхөн өөрсдийн ашиг сонирхлыг бодож алдаатай хийсэн гэгддэг гурван сайдын нэг нь. Түрүү Д.Зоригт сайд нь гадаадад гараад сураг тасарсан. Одоо Л.Гансүх нь оргоод явчихлаа. Ганцхан С.Баярцогт нь үлдээд байгаа. Жаахан эвгүй “үнэр” авбал гадагшаа гарахад бэлэн байцгааж байгаа юм биш үү? “Мартсанаас мал мэнд үү?” гэгчээр, чамайг таслагдах үед хэд хэдэн хүн сүрдүүлж дарамталж их мөнгө авсан гэж хуулийнханд мэдүүлээд байсан. Тэр юу болсон бэ?
-Хүнийг ядарч явахад дээрэлхэхгүй амьтан байдаггүй юм байна. Шалгуулж, зөрчилтэй гараад арга хэмжээ авагдах гэж, бидний өмнө гуйж царай алдаж байсан хүмүүс гүтгэж эхэлсэн шүү дээ. Түүнийг нь цагдаа, хуулийнхан өлгөж аваад сүр бадруулж байгаа нь тэр. Бидэнд, дарамтлаад авчихсан зүйл байхгүй. Тэр гүтгэгчид “хушуугаа худалдагчид”, надтай улаан нүүрээрээ уулзах цаг бий байх. Цагдаа хуулийнхан дунд шударга сайн хуульчид олон байна аа. Тэр хүмүүсийн гүтгэлгийг үнэнээр нь тогтоосон.
-Эргэлт хэр зэрэг ирэх юм дээ?
-Ирнээ ирнэ. Урьдчилан хорих төвд бол хэцүү л дээ. Хүмүүсийг бараг оруулахгүй. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Г.Уянга мэтийн цөөн хэдэн хүн уулзсан. Үнэн сэтгэлээсээ ярилцсанд баярлаж байгаа. “Дамжинд” ирсээр л хүмүүстэй нэлээн уулзаж байна. Гэр бүлийнхнээс гадна ойр дотно нөхөд, иргэний хөдөлгөөнийхөн ирж байна. Овоо мэдээлэл авч байна. Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах гэж байгаа тухай хальтхан сонслоо. Энэ талаар та л нэлээн мэдээлэлтэй байгаа даа?
-Миний хувьд хэвлэлийн мэдээнээс хэтрэхгүй байна. Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Баярцогт Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулъя гэсэн санал тавьж, Монгол Ардын Намынхныг уриалж байна билээ. Хүмүүсийн зарим нь энэ саналыг дэмжиж байх шиг. Масс бол үүнийг “хамтарч идэх хувилбар” гэж үзэж байна. “Олонхи, Монголыг мөлжөөд дуусч байна. Үлдсэн жаахныг нь Үндэсний эв нэгдлийн Засгийн газар нэрээр дуусгачихъя гэсэн бодлого” гэсэн санаа бодолтой хүн ч таарч байна. Бас “Тэд нарын залийг мэдэхгүй биш, Монголын эдийн засаг сульдаж доройтоод ирэхээр Монгол Ардын Намынхныг урьж нэг хөнжилд ороод 2016 оны сонгууль ойртохоор хаяад явдаг зангаа гаргаж, хамаг бурууг Монгол Ардын Нам руу чихэх гэж байгаа юм” гэсэн хардлага ч сонсогдож л байна. Юутай ч Монголын төр хямрах нь хямарчихлаа. Улс орон, ард түмний төлөө санаа зовж байгаа хүн бий гэж үү?! Бараг бүгдээрээ л ашиг сонирхлын хувийн тоглолт хийгээд бужигнаж байх шив дээ.
-Яана даа ах минь, Улс орон маань хэдэн үеэрээ төлж барахгүй өртэй, нутаг орон маань гадныхны барьцаанд сэг-нүх болоод үлдэж байгаа, хүн ард нь гуйлгачин болчихоод байхад, эрх баригчид нь нэмж өр тавих л юм бодоод сууж байдаг, болж байгаа юмуу? Миний бодлоор бол дэндүү харамсалтай байна. Сөрөг хүчин, намууд, Үйлдвэрчний байгууллага, Иргэний хөдөлгөөнийхөн гэж байгаа юмуу? ! Харсаар байгаад Чингэсийн Монголыг ийм байдалд хүргэчихмээргүй байна. Шоронд, миний бухимддаг л юм энэ.
-Өргөст торны дотор хичнээн бухимдаад яах билээ дээ. Шоронгийн хуяг, ажилтнууд та нарт ер нь ямраар хандах юм?
-Тэд, бидэнд хүндэтгэлтэй ханддаг юм шүү. Зорьж яваа үйлсийг маань сайн ухаарсных байх. Би чинь заримдаа бухимдаад тэднийгээ хатуухан хэлчихнэ. Уужрахаараа уучлалт гуйна. Тэд бол, төрийн албанд зүтгэх гэж л тангараг өргөсөн хүмүүс. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Эрх баригчдын үүргийг л биелүүлж байгаа хүмүүс гэж, би цайруулж боддог л доо. Өнөөдөр тэдэнд төрийн хууль биш, эрх баригч намын шахалт л үйлчилж байгаа гэдэг нь нууц биш.
-Эрх баригчдад бол та нарыг ямар ч аргаар хамаагүй хорьж л байх шаардлага бий юу?
-Тэгэлгүй яахав. Иргэний нийгэм, иргэний хөдөлгөөнийг өнөөгийн эрх баригчид багалзуурдан дарж байгаагийн тод жишээ энэ юм даа. Биднийг 22 жилийн хорих ялаар шийтгэснээр иргэний нийгэм, хөдөлгөөнүүдийг нухчин дарж, ард түмний хөлийг “чөдөрлөлөө” гэж бодож байгаа байх. Тэд, хүчийг буруу үнэлж байна. Харин ч хурцалсан шүү. Олон арван шинэ хөдөлгөөнүүд нэмэгдэж, зуу давлаа. Магадгүй, нэгэн цагт бидний сууж байгаа энэ торонд өнөөгийн удирдлагууд сууж байхыг байг гэх газаргүй л болов уу. Эх орон ард түмнээ гэсэн сэтгэл зүрхтэй, шинэ залуу, шударга дайчин үе өсч торниж байгааг эд нар тооцоолох чадваргүй байна.
-Иргэний хөдөлгөөнийхнөөс хамт ял эдэлж байгаа хүмүүс хаа хаана байна?
-Урьдчилан хорих төвд байцгаасныг одоо салгаад ачиж байна. С.Дашцэрэнг Дарханд, Д.Төмөрбаатарыг Өвөрхангайд, Ж.Ганболдыг Дарь-Эхийн салбарт, Г.Болдбаатарыг Амгаланд, намайг одоо шийдэх байх.
-Өөрөө хаана очих бодолтой байна. Санал асуудаг юмуу, үгүй юу?
-Хоригдол хүнээс санал асуух юм байхгүй шүү дээ. Хархорин руу сураг дуулдаж байсан. Би бол тийшээ дуртай л явна. Хотоос гармаар байна. Энэ утаа тоосондоо дарагдаж, гишгэж байгаа газар нь хүртэл “хороор” дүүрсэн ийм газар амьдармааргүй байна. Хөдөө, эрүүл агаартай газар намайг ажиллуулаасай! Би хаашаа ч оргоод явчихгүй. Надад гадаадад байтугай дотооддоо орон байр байхгүй. Эрх баригч хэдэн хүнд биш, эх орондоо хийж бүтээнэ гэдэг сэтгэлээр, хаа ч би хүний доор орохгүй ажиллана. Агрономич мэргэжилтэй хүний хувьд, хорих ангидаа хүнсний ногоо тарьж өгье. Жимсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгсөн ч болж байна. Мал аж ахуйд бол юу ч хийсэн чадна. Малыг нь өөриймсөг сэтгэлээр сайн маллаж өгье. Надаас юунаас нь бэргээд байгаа юм! Би шударга үнэний төлөө, нутаг орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, эх орноо хараад элэг эмтэрч яваа жирийн л нэг эр хүн. Намайг шантруулж, мохоож дарж авна гэвэл санааны гарз. Би, шударга бус үйлстэнтэй эцсээ хүртэл тэмцээд л үхэх хүн. Хүн, нэг л үхдэг биз дээ. Би өнөөдөр үхэхэд энэ хүмүүс маргааш цааз ял сонсох ч юм билүү. Уучлаарай ах минь. Ам нээснийх, уушги нээ! гэсэн үг байдаг даа.
-Та түрүү “гадаадад байтугай дотооддоо ч орох орон байхгүй” гэлээ. Ар гэрийн амьдрал ер нь ямар байна аа?
-Эхнэр маань дөрвөн хүүхэдтэйгээ түрээсийн өрөөнд хөөгдөн хөөгдөн хоргодож байна. Хүүхдийн том нь оюутан. Ядарч л явах шиг байна. Над ч болж байна л гэдэг юм. Багацуул нь ирж энэ торны завсраар хацраа үнсүүлдэг юм даа. Заримдаа ч “Хэрэг хийгээгүй байж, энэ бүлэг хүмүүсээр ингэж ч тоглуулах гэж дээ!” хэмээн гомдож л байх юм. Гомдоод би яахав дээ.
-Таны байгаль орчныг хамгаалахад зүтгэсэн зүтгэлийг үнэлж Олон улсын байгууллага өндөр дээд шагналаа хүртээж байсан. Тэр байгууллага хүмүүс, өөрийн чинь энэ байдлыг мэдэж байгаа юу?. Уулзаж учирч, таны төлөө санаа тавьж байна уу?
-Олон улсын байгууллагууд бидний тухай мэдсэн. Уулзаж учирсан. Байнгын санаа тавьж байгаа. Олон улсын хүний эрхийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн чиг хандлага бий. Би болон манай нөхөд жаахан хүлээзнэж байхыг хүссэн. Яагаад гэвэл бид Улсын дээд шүүхэд гомдол гаргаж байгаа. Үнэн хэрэгтээ бол бид чинь Улсын дээд шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 1249 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа Засгийн газарт эсэргүүцэл үзүүлсэн юм. Тиймээс Улсын дээд шүүх бидний гэм буруугүйг тогтоож суллах байх гэж итгэж байгаа. Суллах байтугай цагаатгах байх гэж бодож байна. Улсын дээд шүүх, Засгийн газрын алдаатай бодлогыг хөхиүлэн дэмжихэд хүрвэл бид Олон улсын байгууллагуудад хандана.
-Таслан шийдвэрлэх хаалттай хуралдаан дээр та “Усгүй болох гэж байж алтаар яах юм. Улсгүй болох гэж байж амиар яах юм! гэж хэлсэн байдаг. Өнөөдөр энэ үгээ эргэцүүлэн бодоход ямар байна?
-Харийнхан Монголын баялгийг дур мэдэн ухаад, усаар нь угаагаад гадагшаа зөөж байна. Та хөдөө яваад хараарай. Тэр аяараа онгорхой нүх, хортой булингартай ус л үлдэж байна шүү дээ. Усгүй боллоо. Жилд хэдэн зуу, мянгаараа харийнхан орж ирээд монголчуудаас давуу эрх мэдэл эдлэн, юу ч хийхээс буцахгүй болсон байна. Тэд, жирийн монгол хүнээс хэд дахин илүү цалин хангамж эдлэн, Монголын эзэн шиг загнах боллоо. Газар нутгийг маань хэсэглэн хувааж, арваас жаран жил, зуун жилээр эзэмших нууц хэлэлцээ хийж байна. Тэр бүхний цаана тэрбум тэрбумаар тооцогдох авлига явж байгааг үгүйсгэх аргагүй. Аргагүйн эрхэнд л Төрийн ордон дээр алаг далбаа минь намирч, төв талбайд Д.Сүхбаатарын хөшөө сүндэрлэж үлдлээ дээ. Хэзээ энэ бүхнийг арчиж хаях юм, мэдэхгүй. Улсгүй болох гэж байж амиар яах юм!.
Дугаар шилжих мөчид Ц.Мөнхбаярыг Өвөрхангай аймгийн Хархорин дахь хорих анги руу ачжээ.
Бямбасүрэнгийн Идэрзаяа гэгч Баянзүрх дүүргийн нутаг Хар хошуу уулын ойролцоо хоёр эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн гэдгээ хүлээгээд байгаа. Бүрэн бус дунд боловсролтой түүнийг хэн болох, 23 наслахдаа юу хийж байсан, ямар хэргээр ял эдлэж байсан талаар “Өдрийн сонин” өмнөх дугаартаа өгүүлсэн билээ. Сэжигтэн 19, 20 настай хохирогчидтой танилцаад, дагуулж кафед архиа уусан байдаг. Энд нэг зүйлийг онцлоход тэдэнд үйлчилсэн кафе, дэлгүүр Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчиж, 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн. Магадгүй, үйлчилгээний байгууллагынхан хуулиа ягштал баримталж “21 нас хүрээгүй хүмүүст архи зарахгүй” гээд халгаагаагүй бол хохирогчид амьд байх байсан болов уу. Дунд сургуулийн сурагчдаас судалгаа авахад 70 гаруй хувь нь согтууруулах ундаа хэрэглэж үзсэн гэж хариулсан байдаг. Энэ хэрээр үйлчилгээний байгууллагууд хуулиа мөрдөхгүй байна гэсэн үг. Хүний санаанд багтамгүй хэрцгий гэмт хэргүүд шил шилээ даран гараад байгаагийн нэг шалтгаан энэ. Тиймээс хүн амины ноцтой хэргийн хохирогч болсон 19, 20 настай эмэгтэйчүүдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн кафе, дэлгүүрийг онцолж сурвалжиллаа.
Оюунчимэг: Тэд насанд хүрсэн юм шиг харагдсан гэсэн
Цайз захын урд байрлах “Саруул тэнгэр” цогцолборын 45 дугаар байрны нэгдүгээр давхарт байдаг “АВВА” кафе, пабад өчигдөр очлоо. Биднийг 14.00 цагийн орчимд очиход үйлчлүүлэгч байсангүй. Үйлчлэгч бүсгүй хоолны цэс дөхүүлж өгчихөөд “Хоол гарахгүй шүү” гэв. Өөрөөр хэлбэл, цэсэнд бичигдсэн хоолоо хийдэггүй, зөвхөн архи, пиво, ундаа, усаар үйлчилдэг бололтой юм. Хүн амины хэрэг гарахын өмнө Б.Идэрзаяа, Э.Золбоо нар хохирогчидтой хамт энэ кафед үйлчлүүлсэн бичлэг бий. Тэр бичлэгтэй харьцуулж доторхи байдлыг ажиглахад сандал, ширээний бүтээлгүүдээ сольжээ. Кафены дотор ханыг “АВВА” хамтлагийнхны зургаар чимж. Цэсэн дээрх архи, дарс, хоолны үнэ, тэйкний цаана өрсөн виски, дарснуудыг харахад басчиг жижиг газар биш бололтой. Тэр хавьдаа л тухтай, хүний анхаарал татахаар тохижуулсан харагдана. Тэйкний хажууд “21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэж самбар дээр бичсэн байна. Тэр самбарын дээд талд хяналтын камер байрлуулжээ. Үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн бичиг баримтуудаа жаазанд хийгээд тавьсан харагдана.
Зөөгчөөс нь “21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилж болох уу” гэж асуухад “Би ажилд ороод хоёр л хонож байна. Эзэд үйлчлүүлэгчдийн бичиг баримтыг шалгаж бай гэсэн. Тиймээс бичиг баримтыг нь үзэж байгаа” гэсэн юм. Мөн тэрбээр “Эзэд хамаагүй хүнд юм хэлж болохгүй гэсэн” гээд дуугарсангүй. Тиймээс “АВВА” кафе, пабны эзэн Оюунчимэгтэй утсаар холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Танай зөөгч 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилсэн байна. Ингэж болдог юм уу?
-Болохгүй. Манай зөөгчид үйлчлүүлэгчдийнхээ бичиг баримтыг шалгаад сурчихсан.
-Гуравдугаар сарын 6-ны орой 23.00 цаг өнгөрч байхад 19, 20 настай хоёр эмэгтэй хоёр залуутай хамт танай кафед пиво уусан бичлэг байна шүү дээ?
-Зөөгч тэр дөрвөөс бичиг баримтыг нь шаардсан гэсэн. Тэгэхэд “Бичиг баримт байхгүй. Бид насанд хүрсэн хүмүүс” гэж хэлсэн гэсэн. Харахад 21 нас хүрээгүй гэж хэлэхээргүй хүмүүс байсан гэсэн. Тэгээд л үйлчилсэн юм билээ.
-Насанд хүрсэн юм шиг харагдвал архи зарж болно гэсэн үг үү?
-Тийм биш л дээ. Тэр зөөгч маань төрчихсөн эмнэлэгт байгаа. Яагаад ийм юм болчихов гээд асууж л байна. Эхлээд гурван пиво авсан байна лээ. Дараа нь нэмж пиво авсан гэсэн гэв.
АВВА кафены эзэн сэтгүүлчид ийм хариулт өгсөн. Харин “12 дугаар анги төгсч байгаа юм. Хонхны баяраа дуусгаад хэдэн цаг сууя. Ганц хоёр пиво уух боломж байгаа юу” гэж асуухад “Орой ирээд уулзаад ярилцъя. Халуун хоол ундаар үйлчлэх бол асуудалгүй. Харин архи зарахад асуудал гарна. Гэхдээ ирэхээр чинь ярилцъя” гэлээ.
Бичиг баримтыг нь шалгадаг гэсэн ч….
Сэжигтэн Б.Идэрзаяа Э.Золбоо болон танилцсан хоёр эмэгтэйтэйгээ гуравдугаар сарын 7-ны 00.30 цагийн орчимд АВВА кафе, пабны дэргэдэх “Анар” мини маркетаар үйлчлүүлсэн байдаг. Тэндээс сойз, боорцог тэргүүтнийг авсан нь нотлогдсон. Бид Анар мини маркетад орж энэ тухай асуухад худалдагч нь “Манайхаас сойз, боорцог л авсан. Бичлэг нь ч бий. Тэр “Давсны булаг” гэдэг дэлгүүрээс архи авсан юм биш үү. Тэгээд ч бид үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгаж байж архи зардаг” гэлээ. Ингэж ярилцсанаас цаг шахмын дараа 20 нас дөхөж яваа бололтой залууд пиво зарахдаа бичиг баримтыг нь шалгасангүй. Тэгэхээр кассан дээрээ хүмүүсийн бичиг баримтыг харж үйлчилдэг нь худлаа болж таарав. Дэлгүүрүүд архи, пиво авсан хүний иргэний үнэмлэхийг харах ёстой гэхээр уншигчдад үнэмшилгүй байх. Яагаад гэвэл үйлчилгээний байгууллагуудад ийм жишиг тогтоогүй. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2.2-д “21 нас хүрээгүй, эсхүл согтуу хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэж заасан. Үүнийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 150-200 мянган төгрөгөөр торгох хуультай. Нэг жилийн дотор энэ зөрчлөө давтсан бол 200-250 мянган төгрөгөөр торгож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг цуцлахыг хуульчилжээ.
Б.Баатархүү: Захын баар 19 настай хүнд согтууруулах ундаагаар үйлчилж байгаа
Нийслэлд согтууруулах ундаа худалдан, түүгээр үйлчилдэг 3400 гаруй цэг бий. Тэдгээр аж ахуйн нэгжид бүх шатны Засаг дарга, цагдаагийн байгууллага, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллага, мэргэжлийн хяналтын газар хяналт тавих үүрэг хүлээсэн байдаг.
19, 20 настай эмэгтэйчүүдэд согтууруулах ундаагаар үйлчилсэн кафены талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хүсэхэд Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Тэр кафенд зохих шалгалтыг хийж, байцаалт авч байгаа. Нэрийг нь хэлэх шаардлагагүй. Захын кафе, бааранд 19 настай хүн дагуулаад ороод үз. Бүгд адилхан байгаа. Ганц тэр газрыг онцолж мэдээлэх шаардлагагүй” гэж хариулсан юм. Хууль хэрэгжихэд хяналт тавих үүрэг хүлээсэн цагдаагийн байгууллага ийм байр суурьтай байхад кафены зөөгч “Царайг нь харахад 21 нас хүрсэн мэт харагдсан” гэж хариулахад гайхах юм алга.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс энэ талаар тодруулахад болсон явдлыг мэдээгүй байв. Учрыг тайлбарласны дараа “Та ирээд гомдлоо гаргавал бид шалгаж болно” гэсэн хариултыг авлаа.
Ц.Өрнөх
Тэнэгэр тавиун, уудам дэлгэр Монгол нутагт эрчим хүч үйлдвэрлэж Азиар нэг цацах нөөц хахаастай байна. Нар, салхи, нүүрс, занар, нефть, тэр байтугай элснээс ч эрчим хүч гаргах боломжтой. Ийм боломж нөөцийг эцэг өвгөд бидэнд үлдээсэн. Буурлын буян энэ их баялаг дээрээ будааны хүүхдүүд шиг хэрэлдсээр цаг алдлаа. Одоо боллоо, хэрэгжүүлэх төслүүдээ ярьцгаая, ажил болгоцгооё. Монгол Улс бол эрчим хүчний диваажин болох орон мөн.
Нар, салхи нь нэг дор төвлөрсөн манайх шиг орон дэлхийд ховор гэдгийг олон улсын шинжээчдийн баг их дээрээс хэлсэн. Тэд бүр Монгол Улс эрчим хүчний хомсдолд орчихоод айлаас цахилгаан гуйж суух улс биш гэсэн. Үүнд нь дүгнэлт хийсэн манайхан судалгаа шинжилгээний ажлуудыг 2012 оноос эхлүүлсэн юм. Эрчим хүчний яам санаачлан Зүүн хойд Ази буюу Орос, Солонгос, Японы эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран судалгаа хийжээ. Судалгаагаа төсөл болгон хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Төслийн нэр Гобитек. Монголын говийн бүс нутгуудыг түшиглэн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх учраас энэ нэрийг өгчээ.
Сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө Сахарын цөлийн дараа ордог манай говьд эрчим хүчний парк байгуулах талаар гадныхан анхаарч олон улсын чанартай хурал, зөвлөгөөнийг чамлахааргүй зохион байгуулж ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болсон олон улсын хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Япон, БНАСАУ зэрэг орнуудын төлөөлөгчид оролцсон. Энэ нь Азийн орнууд Монголд сэргээгдэх эрчим хүчний аварга үйлдвэрлэл явагдана хэмээн харж байгаатай холбоотой. Монгол орон нь жилийн 365 хоногийн 294 өдөрт нартай байдаг. Салхины хурдтай. Эдгээр үзүүлэлтүүдээрээ Азийн орнуудаас илт давуу гэдгийг судлаачид баталж байна. Гобитекийн судалгаанаас үзвэл Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц 13000 тераВатт цаг гэж байгаа. Энэ нь 13000 тэрбум килоВатт цагтай тэнцдэг юм байна. Үүний 4800 тераватт цаг нь нарнаас, 8100 тераватт цаг нь салхинаас хуримтлагдах боломжтой. Мэдээж шавхагдашгүй энэ их нөөцийн дийлэнх нь Монголын говьд ногддог. Өнөөдөр Монгол Улс ойролцоогоор жилд дөрвөн тераВатт буюу дөрвөн тэрбум киловатт цаг цахилгаан хэрэглэдэг. Цахилгааны хэрэглээ нэмэгдлээ гэхэд 2020 онд 10 тэрбум килоВатт цагт хүрэх тооцоо бий. Эндээс харвал манай улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгч болсон тохиолдолд өөрсдийгөө хангаад зогсохгүй эрчим хүчээ экспортлох хэмжээнд очих юм.
Геологчид 1980-аад оны дундуур манай улс 20 тэрбум тонн шатдаг занарын нөөцтэй гэсэн тойм судалгаа хийжээ. “Шатдаг занар хэмээх харахад шавар шиг эдийг шатааж эрчим хүч гаргаж болдог. Мөн газрын тостой төстэй шатах тослох материал ялгаж авдаг. Тиймээс энэ нь яах аргагүй ашигт малтмал юм” гэж геологийн ухааны доктор Д.Бат-Эрдэнэ хэлсэн. Одоо дэлхий дээр Эстони, Бразил, АНУ, Хятад зэрэг улс л шатдаг занарыг олборлож, цахилгаан станцын түлш, шатахуун гаргаж авах хэлбэрээр ашиглаж байгаа аж. Эдгээр улс ч шатдаг занарын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тэр дундаа Балтийн тэнгисийн эргээр нутагтай Эстони улс газрын хөрсөндөө шатдаг занараас өөр баялаггүй. Тиймдээ ч чөдрийн ганцаа ашиглах технологийг сайтар хөгжүүлж чаджээ. Манай цахилгаан станцууд элбэг нөөцтэй хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэдэг шиг эстоничууд станцуудаа шатдаг занараар галладаг. Тэгэхээр бид энэ талын технологи өндөр хөгжсөн дээрх улсууд, ялангуяа Эстони мэт эртний харилцаатай оронтойгоо харилцаагаа улам эрчимжүүлэх хэрэгтэй. Ингэж бид их хэмжээний нөөцтэй занараа ашиглаж эрчим хүчний асар их нөөцийг бий болгож чадна.
Эрчим хүчний бас нэг эх үүсвэр бол мэдээж газрын тос. Монгол Улс шатахуунаа 100 хувь Оросын холбооны улсаас авч байснаа сүүлийн жилүүдээс арай өөр болж хэд хэдэн эх үүсвэрээс авч эхлэв бололтой. Хуучин бол Дорноговийн Зүүнбаян, Дорнодын Тамсагийн сав газар тосны нөөц илэрсэн ч оросууд 20 сая тоннын нөөцтэй, 10 хувь нь ашиглагдана гэсэн зөвлөмж өгчээ. Гэтэл энэ бүхэн худлаа болж зөвхөн 1998 онд илэрсэн Дорнод аймгийн Матад, Дорноговийн Тамсагт илэрсэн Газрын тосны нөөц 119 сая баррель болсон. Түүнээс хойш ч нэмэгдсэн. Нууцлаад байгаагаас бус. Тус газарт “Петрочайна Дачин Тамсаг” ХХК “Даншен Газрын Toс” ХХК нийт 12 жил хайгуулын туршилтын олборлолт хийж байгаа.
Эдгээр компаниуд 200 газрыг цооноглон өрөмдөж 3,7 сая баррель тос олборлосон. Энэ тоо сүүлийн жилүүдэд эрс өссөөр байгаа. Долоо хоногт 27 вагон тос ачуулдаг. Нэг баррель тос 160 литр, нэг тонн тос 7,40 баррельтай тэнцдэг юм.
Энд эрчим хүчний эх үүсвэр болох боломжтой элсний тухай дурдах ёстой. Элсийг эрчим хүчинд хэрхэн ашиглаж болох талаар эрдэмтэй хүмүүс бодож сэтгэж бас нээлт хийсээр ирсэн. Тэдний нэг нь суут эрдэмтэн Францын физикч Жолио Кюри юм. Тэрээр дэлхийд нарнаас бууж буй гэрлийн дулааны эрчим хүчийг шууд барьж ашиглах санааг дэвшүүлжээ. Тэгэхдээ Сахарын цөлийн элснээс тусгай тоног төхөөрөмжөөр нарнаас бууж буй цацраг идэвхийг нь барин авч ашиглах тооцоо гаргажээ. Сахарын цөл дэх элснээ бууж буй нарны гэрлийн радиацын ядаж арван хувийг тэрхүү тусгай төхөөрөмжөөрөө барьж авч ашиглах юм бол манай дэлхийнхний тэр үеийн эрчим хүчний бүх хэрэгцээг хангаж чадах юм байна гэсэн тооцоо хүртэл хийсэн байдаг. Сахарын цөлөөс Монгол Улс маань хол байгаа ч гэсэн их хэмжээний элсэн говьтой манай улсын хувьд бодох санах юм байх ёстой. Түүний нэг хэлбэр нь элс, шавар, ус болон өтгөн тос холилдсон тостой элс манай говьд байсаар байгаа юм. Газрын гүнд тийм ч дор биш бол ухаж гаргаад ус юм уу химийн бодисоор тосыг нь ялган авч болно. Хэрвээ хэт гүнд байгаа бол тэгэх бололцоо одоогоор байхгүй. Харин тэр гүнд нь халуун уураар халааж царцмал өтгөн тосыг шингэрүүлэн шахаж авах технологи дэлхийд хэдүйн бий болсон.
Дараагийн манайхаас гардаг эрчим хүчний эх үүсвэр бол мэдээж нүүрс. Манай улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173.3 тэрбум тонн, цаашдаа өсгөх магадлалтай гэж тогтоосон бөгөөд 21,5 гаруй тэрбум тонн нүүрсний нөөцийг урьдчилсан болон нарийвчилсан хайгуулын үр дүнгээр тогтоосон 15 сав газрын хүрээнд 300 гаруй орд, илрэл байгаа бөгөөд Монгол Улс нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд багтдаг. Улсын болон хувийн хэвшлийн хөрөнгөөр хийгдэж байгаа геологи хайгуулын ажлаар нүүрсний нөөц жилээс жилд өсөн нэмэгдэж байна. 2007-2011 онуудад хайгуулын ажлаар тогтоогдож улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэгдсэн нүүрсний нөөц 12.3 тэрбум тонн, 2012 онд 4.9 тэрбум тонноор нэмэгдсэн байна. Гэхдээ энд алс хэтийн нэг гэм байна. Нүүрс шатааж эрчим хүч гаргадаг аргаас улс орнууд татгалзах шат руугаа орж шинэ технологийн эрэлд өдөр шөнөгүй явж байна. Нүүрсний асар их нөөцтэй манай улсын хувьд энэ нь эдийн засаг талаасаа сайн юм огт биш. Гэвч бид дэлхий нийтийн чиг хандлагыг дагахаас өөр аргагүй. Тэртэй тэргүй бэлэн, хэдэн мянган тонноор нь газраас ухаж гаргаад говьд овоолчихсон байгаа нүүрсний талаар хүн бүхэн мэдэж байгаа. Нүүрс худалдаж авч эрчим хүчиндээ хэрэглэе гэсэн улс орон бүрт манайх нээлттэй байгаа. Үнэ хөлсөн дээрээ тохирч чадвал тэгээд л явчихна. Манайхны зүгээс дэд бүтцээ төгс шийдэх л асуудал.
Энэ бүхэн хэрэгжиж, ажил болж гэмээнэ экспортлох эрчим хүчний маань худалдан авагч нь хэн байх вэ гэвэл судлаачдын үзэж байгаагаар Солонгос, Япон улсууд том худалдан авагч байх өндөр магадлалтай. Магадлалтай ч гэх юмгүй Япон улс нь өнөөдөр ч Монголоос эрчим хүч авах тухай яриа гаргадаг. Солонгос бол эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдийнхээ 96 хувийг гаднаас импортолдог. Ойрхи Дорнодын орнуудаас газрын тос, байгалийн хий зэрэг өртөг өндөртэй бүтээгдэхүүнийг худалдан авч, эрчим хүч үйлдвэрлэдэг. Япон улсын хувьд нийт эрчим хүчнийхээ 11.3 хувийг атомын цахилгаан станциар хангадаг байсан ч айхавтар цунамигаас хойш цөмийн станциудынхаа заримыг устгаж эхэлсэн. Ингэснээр энэ улсын атомын цахилгаан станцаасаа авдаг байсан эрчим хүчний хэрэглээ нийт эрчим хүчнийх нь 4.2 хувьд хүртлээ буурчээ. Одоо тус улсын эрчим хүчний хэрэглээний ихэнх нь гаднаас импортолдог газрын тос, байгалийн хий, нүүрсэнд түшиглэж байна. Эдгээр түүхий эд нь үнэтэй учраас япончууд сүүлийн үед өөр эрчим хүчний эх үүсвэр хайж эхлээд байгаа юм. Хэрэв тэд цөмийн реакторуудаа бүрэн хаах шийдвэр гаргачихвал цахилгааны хомсдолд орно. Олон улсын шинжээчдийн тооцоо ийм байгаа учраас л Монгол Улсаас сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх эрэлт хэрэгцээ үүснэ хэмээн хэлж ярьж байгаа юм. Бас нэг том хэрэглэгч бол Хятад улс. Хятадууд салхин станц байгуулж байгаа үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүр байгаа ч алсдаа эрчим хүчний дутагдалд орох төлөвтэй байгааг шинжээчид ажигласан.
Энд хөршүүдээ, ойр харьцаж болох орнуудаа орхиж болохгүй. Тухайлбал хойд хөрш маань байна. Орос орон нарны элч багатай. Энэтхэг болохоор эсрэгээрээ нар байлаа гэхэд салхи үзэгддэггүй. Тэгэхээрээ тэд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх талаар нэг их яриад хэрэггүй болчихож байгаа. Ийм болохоороо л тэд Монголоос эрчим хүч импортлох бүрэн боломжтой гэж үздэг. Ер нь Азийн олон орон манайхыг, манай сэргээгдэх эрчим хүч бодитой болохыг битүүхэндээ харсаар. Азийн эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 13000 тераваттад хүрнэ гэсэн тооцоотой. Цахилгааны энэ хэрэглээг Монгол Улс дангаараа хангаж чадахаар нөөцтэй нь дээр дурдсан тоонуудаас харагдаж байгаа биз дээ. Эрчим хүчний яамтай хамтарч судалгаа хийсэн Япон, Солонгос, Оросын судалгааны хүрээлэнгүүд ч энэ бүх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрчээ
Хэц дээр ульж буй чоно
“Хэц дээр өлийж суугаад ульж буй чоно шиг” гэж түүнийг Дөнгөтийн Цоодол найрагч нэгэнтээ хэлсэн удаатай. Эл зүйрлэлийг нь Жагдалын Лхагва өлгөж аван “Цоодол чи цаадахыгаа тун онож хэллээ. Яруу найрагчид үнэхээр нарийн мэдрэмжтэй шүү” хэмээн ихэд үнэлсэн дуулддаг. Тэрхүү, хэц дээр ульж буй чоно бол төрийн шагналт зохиолч Балжирын Догмид юм. Мань хүн “Улаан тарианы хүүхнүүд” зохилоороо кино хийх гээд манаргаж яваа. Уг киноных нь найруулагчаар “Монгол кино нэгтгэл”-ийн Ж.Солонго ажиллаж буй. Тэр хоёр хэрэлдэхдээ хэрэлдэж, хэлцэхдээ хэлцэж юм юм л болж байгаа нь мэдээж. Хоёулаа омголон гэж жигтэйхэн, шазууртай эрчүүд л дээ. За тэр яахав. Маньд падгүй.
Харин Догмид зохиолчийн тухай нэг “юм” хиймээр санагдаад болдоггүй. Сүүлийн үед сонин хэвлэлд яриа хөөрөө нь ч тэр бүр гараагүй билээ. Ингээд түүн рүү шууд л ярихаар шийдлээ. “Таны тухай нэг юм бичих гээд ээ” гэж хэлэх нь юу юм. Зүгээр л хаагуур юу хийж явааг нь тандах маягтай ярилаа. Утсаа авч байна аа. “Улаан тарианы хүүхнүүд”-тэйгээ зууралдаад тун завгүй байна уу гэхэд, “Кино ч яахав явдгаараа явж байгаа. Ах нь одоо Алтанширээгээ зорьж явна” гээд тун чиг сэтгэл хангалуун байгаа нь илт. Бодол санаа нь хэдийнэ Алтанширээдээ оччихсон, Өлзийт хайрханыхаа орой дээр гүйгүүл морин мэт хөлсөө шилгээн буй нь дамжиггүй. “Ямар ажлаар нутаг руугаа явж байна даа” гэхэд “Клипний зураг авах гээд явж байгаа юм” гэв. -Юун клип билээ,
-Хэдэн жилийн өмнө нутагтаа очтол муухай гандуу байсан. Тэгээд Өлзийт хайрханаа тахилаа. Бороо хур ч асгаад сайхан болсон. Тэр цагаас хойш жил бүр тахиж байгаа юм. Ерээд оны дундуур “Өлзийт хайрхан” гэсэн шүлэг бичиж, түүнд минь Л.Галмандах ая хийсэн юм. Тэгээд уг дуундаа клип хийх санаатай нутаг руугааа явж байна даа. Дулмаагийн Ганхуяг гавьяат дуулах юм. Бид хоёрын хооронд иймэрхүү яриа өрнөлөө. “Та дууныхаа шүлгээс хэлж өгөхгүй юу” гэхэд уриалгахан нь аргагүй уншлаа. Ус нутгаа зорьж яваа зохиолчийн сэтгэл ёстой нөгөө “Аргагүй амрагийг дарж дарж орхисон шанз” гэдэг шиг л байна. Бусад үед Догмид зохиолчоос утсаар шүлэг сонсоно гэж санасны гарз. “Битгий хуц” л гэх байх. Ингээд аатай омогтой зохиолч маань намрын хонгор салхины үзүүрийг имрэх адил шүлгээ уншлаа даа.
“Өлзийт хайрханы нартай бороо нь
Өдөржин, шөнөжин зүсэрнэ ээ
Өгөөмөрийн толгодын алаг солонго нь
Өрхөө татах бүсгүйчүүдийг гоёно оо
Өлзийт хайрханы морин зэрэглээ нь
Өлзий утсан хээтэй дээ
Өвдгийг чинь дэрлэн зүүрмэглээд
Өвөө, эмээ болж зүүдэллээ
Даанчиг хол явсан чамайг минь
Дагуулаад ирдэг бурхан ч байдаг болоосой…”
гэж дуулж байгаа мэт уянгатай уншив. Хорин зургаахан настайдаа хорвоог орхисон анхны ханиа санаж уг шүлгээ бичиж дээ гэхэд, тийм юм аа гээд “Хайрхандаа ханиа дагуулаад очно доо хэмээн архидаж, онгирч сагсуурч байтал тэр маань нэг л өдөр холоо явчихсан” гээд хоолой нь зангирав. Бид хоёрын яриа ч тэгсгээд өндөрлөлөө. Эндээс л эрхэм зохиолчийн тухай бичил туурвилаа эхэлнэ дээ.
Тэрээр анхны ханьтайгаа хэрхэн учирснаа ярих дуртай. Бүр нэг чин сэтгэлээсээ, дотроо онгойтол, хэр баргийн хүн харц дальдрахаар нүдэндээ нулимс гүйлгэнүүлж байгаад ярих дуртай. Дөрвөн сайхан үрийг нь төрүүлж өгсөн бүсгүйд үйлийн үргүй хайртай байсан юм билээ. Сайншандаас Зүүнбаян хүрэхээр довтолгож явахад зам дээр гар өргөөд зогсож байсан арван жилийн сургуулийн цагаан фаарчиктай охин хань нь байсан гэдэг ээ. Ердөө тавьхан километр яваад машинаас буухдаа өнөө нялх амьтан чинь өөрөөсөө олон ах, дээр нь архи ханхлуулчихсан эрийг эхнэр нь юм шиг сугаджээ. Ийм л түүх. Есдүгээр ангид орох жилээ том хүүгээ төрүүлж сургуулиа орхисон байгаа юм. Уг бүсгүйг Догмидтой ханилахад олон хүн харамсч байсан гэх. “Эрх дуураараа өссөн айлын ганц хүү, архи дарсанд дуртай, шүлэг зохиол гэсэн овлигогүй, сэтгэл нь сэрвэлзсэн ийм нэг хар юмтай энэ сайхан охин яана даа” гэж байж. Олны хэлснээр би ханиа баллаагүй ээ хэмээн бардам хэлдэг. “Суман даргын охин” өгүүллэгээ, “Анхны хайрын дууль” кино зохиолоо тэрээр ханьдаа зориулсан байдаг шүү.
Мань эрийн ууж наргиж, уйлж дуулж, уймарч туймарч, бүтээн туурвиж, асан мандаж явсан он жилүүдийнх нь тухай нэгд нэгэнгүй өгүүлнэ гэвэл барагдахгүй. “Түүний хувийн амьдралын үүх түүх роман шиг санагддаг юм… Салхи шиг зоргоороо омголон эр дээ” гэж сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг бичсэн нь бий. Үнэхээр туулж өнгөрүүлсэн он жилүүд нь домог түүх шиг санагддаг. “Урлаг соёлын сайхан хүмүүстэй, дуулдаг хуурддаг ертөнцийн гоё хүүхнүүдтэй хорин хэдэн жилийг найрын ширээний ард нанчид өргөж өнгөрөөсөн дөө” хэмээн төрийн шагналт зохиолч маань хэлдэг. Ууж идэж байснаа тэр хэнээс ч нуудаггүй. “Нуугаад яах юм. Тэртэй тэргүй ард түмэн мэдэх юм чинь” гэнэ. Хоёр мянга гурван оны өвөл байна уу даа, Догмид зохиолч “Хөх тэнгэрийн зарлиг” өгүүллэгээрээ оны шилдэг бүтээлд олгодог “Алтан-Өд”-ийн шагнал авсан юм. Дуурийн театрын тайзан дээр олны өмнө шагналаа гардчихаад, өргөмжлөл, цомоо сугандаа хавчуулж байгаад баярын сэтгэгдлээ хуваалцаж билээ.
“Би энэхэн амьдралаа хоёрхон зүйлд зориулжээ. Нэг нь архинд, Дорноговьд намайг хэрхэн ууж явсныг та бүхэн мэднэ дээ. Нөгөө нь уран зохиолд юм. Чивчирсэн сайхан бүтээл төрүүлэх гэж шаналж явдаг хүндээ, би” гэсэн утгатай үг хэлэхэд танхим дүүрэн цугласан олон их л тааламжтай хүлээж авсан юмдаг. Тэрээр Санхүүгийн сургуулийн нэгдүгээр ангийн оюутан байхдаа алдарт Чойжилын Чимидтэй хамт “Шархад”-нд хэвтэж байсан гэдэг. Чимид гуай мань хүнээс “Чи энд яах гэж ирсэн юм” гэхэд “Архинаас гарах гэж” гээдэхэж. Тэгсэн Чимид “Чи ороогүй байж гараад байхдаа яадаг юм. Битгий инээд хүргээд байгаарай” гэсэн удаатай. Энэ мэт түүний архитай нөхөрлөж явсан дурсамжаас нь хуваалцвал сонин л байдаг.
Түүнийг нэг удаа Чойжилжавын Билигсайхан доктор бут авч билээ. “Утга зохиол” сонины тэргүүн нүүрэн дээр Догмид багш(С.Эрдэнэ)-аасаа өгүүллэг хулгайллаа гээд л. “За өнөө Догмид ч улаан галзуу юм Билигсайхан дээр очих нь мэдээж. Яахлаараа намайг чи хулгайч зэлгийчээр минь дууддаг юм гээд асна” хэмээн зохиолч нөхөд нь дамшиглаж байсан. Билигсайхан доктор дээр тэгж очсон эсэхийг мэдэхгүй юм. Харин сонинд ярилцлага өгч уг шүүмжид хариу барьсан байдаг. “Билигсайхан намайг Эрдэнэ багшийнхаа бүтээлээс өгүүллэг хулгайлсан мэтээр бичиж, шүүмжийн сумаар зүрх рүү буудаж л байна. Би ийм буудалтад тэгж амархан сөхөрчих хүн биш. Эрдэнэ агсан бол миний ганц багш бөгөөд уран бүтээлд минь хамгийн өндөр үнэлгээ тавьсан хүн. Тэр амьд сэрүүндээ “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа, Догмид том амьтан даа, базарваань. Өгүүллэгийн хувьд толгойд гарсан хүн шүү гэж миний бүтээлд үнэлгээ өгсөн байдаг юм. “Өдрийн сонин”-ы 1999 оны 161 дугаарт бий дээ. Та хэд олоод харчихаарай. Би тэгж багшийнхаа богц руу гараа дүрж нүгэл үйлдэхгүй ээ” гэж хэдэрлэсэн нь бий.
“Хэц дээр ульж буй чоно”-ын тухай өгүүлэхэд гарцаа байхгүй дурсагдах хүн нь Жагдалын Лхагва юм. Богино өгүүллэгийн мастер тэрхүү эрхмийг Догмид зохиолч дандаа дурсана. Тэр хоёрын үерхэл нөхөрлөл, зохиол бүтээлийн тухай олон бичигдсэн дээ. Харин тэр дундаас хоёрхоон дурсамжийг сөхюү. Ерээд оны эхээр өнөө Догмид чинь сүрхий улс төржсөн аж. Их хуралд Дорноговиос дэвшихээр болжээ. Ерөнхий менежерээрээ мань Лхагваагаа авсан байна. “Толгодын цаана ингэ буйлна” ном хэвлэгдэн шуугиан тарьчихсан, кино зохиолууд нь олныг хуйлруулчихсан Жагдалын Лхагва шиг нэр хүндтэй хүн тухайн үед Дорноговьд байгаагүй гэдэг. Аймгийн төв уулзалт хийж байтал ерөнхий менежер нь алга гэнэ. “Золиг чинь уугууд л явчихлаа даа. Уулзалт дуусахаас өмнө ирчихгүй байгаа. Түүний амнаас гарсан нэг үг ч үнэтэй” хэмээн нэр дэвшигч бодож сууж.
Тэгтэл Лхагва нь уулзалт дуусахын өмнөхөн сүүтийтэл ороод ирсэн гэнэ. Бүдэгхээн гэрэлтэй уулзалтын танхимын ханыг налсан шигээ индрийн зүг хандаж байх юм гэнэ. Догмид ч дотроо баярлаад, за болж. Балгасан ч гол ажлаа мартаагүй л явна. Ер нь халмагхан байж л цаад чинь учиртай үг хэлнэ дээ гэсэн юм бодоод Лхагваагаа лут гэгч зарлан тайзнаа урьчихаж. Тэгтэл ерөнхий менежер нь яасан гэж бодно. Өнөө нэр дэвшигчээ хайр найргүй балбасан байгаа юм. “Дорноговьчууд минь та хэд намайг Догмидыг дэмжих гэж ирсэн гэж бодож байна уу, үгүй юм аа. Бид бүгд мэднэ. Хориод жил манай аймгийн архины лангууг хоосолсон хүн бол Догмид. Өөрийгөө олигтойхон аваад явчихаж чадахгүй энэ хүнээр төр бариулна гэж юу байхав. Түүнийг битгий дэмжээрээ. Догмид намайг өөрийг нь дэмжихээр ирсэн хэмээн бодож байж магад. Тэгвэл горьдсоны чинь гарз” гэсэн байгаа юм. Ингээд Догмид зохиолчийн Их хурлын гишүүн болох хөг өнгөрсөн түүхтэй.
Өөр нэг дурсамж бий. Тэр бол үнэхээр сэтгэл гогдсон дурсамж шүү. Юу вэ гэвэл агуу их Жагдалын Лхагва цаг бусаар хорвоог орхиход Балжирын Догмид нөхрийн ёсоор нутаглуулсан гэдэг. Бүр тодруулбал, өөрийнхөө газарт нутаглуулсан байна. Мань хүн Алтан-Өлгийд газар авахаар албаны хүнтэй уулзжээ. Бүрлээчийгээ Монголын нэрт зохиолч, суут хүн л гэсэн байна. Үнэн л дээ. Турьхан бүсгүй “Уучлаарай, төр засгийн түшээ, дарга сайд байсан хүмүүс, мөн төрийн шагналт, гавьяат цолтой эрхмүүд Алтан-Өлгийд нойрсдог юм. Харин таны энэ хүн чинь…” гэтэл Догмид уурлаж, учирлаж, гуйж нэг үзсэн байгаа юм. Гэвч яая гэхэв, журам бол журам. “Лхагва минь Алтан-Өлгийд л нойрсох учиртай” гэснээс өөрийг бодох сөхөөгүй явсан Догмидод нэгэн мэргэн санаа төрчээ.
Газар олгогч бүсгүйгээс шуудхан “Төрийн шагналт зохиолч Догмид газраа авч болох уу” гэж асуужээ. Үгүй ээ, та чинь… гэтэл яах ийхийн зуургүй газраа авч, өөрийгөө амьдаар нь “оршуулчихаад”, Алтан-Өлгийд анд нөхрөө нутаглуулан сэтгэл жаахан ч гэсэн өег байсан болов уу. Ерөөсөө энэхэн дурсамжаас Догмид гэж хэн бэ, Жагдалын Лхагва гэж хэн байв гэдэг нь тодхон харагддаг. Догмид бол авьяастай хүнд хэтэрхий хайртай нэгэн. “Авьяасын дэргэдүүр хэнэггүй өнгөрөх шиг эвгүй зүйл уран бүтээлч хүнд үгүй” гэж Долгорын Цэнджав нэгэнтээ хэлсэнчлэн “Монголын утга зохиолд Алтанширээгээс тодорч, цээжний хэдэн морьдын дунд салхи татуулах эрхэм зохиолч дараа үеийнхээ хуруу дарам хэдэн дүү нарт хайртай явдаг. Тэдний нэгэн бол Арлааны Эрдэнэ-Очир. Түүний талаар Балжирын Догмид аагьсан сайхан хөрөг бичсэн дээ, “Дулаан харын ууланд Саран хөхөө донгодно” гэж. Ер нь Догмидоор өөрийнхөө тухай бичүүлэх, бүр давраад шараа тайлуулах гэдэг бол ховорхон хувь тохиол.
“Ус уухын заяа” туужаа биччихээд тэрээр шөнө дөлөөр дээл нөмрөн гарч, би агуу зохиол биччихлээ ш дээ гэж говийн дурдмал тэнгэрийг цууртал орилсон гэдэг. Ааг омог нь зодгондоо багтаж ядсан зохиолч бол яалт ч үгүй Балжирын Догмид юм аа.
Түүний “Хонгорзул гэж адис авмаар сайхан бүсгүй, хоймортоо залаад мөргөмөөр янжинлхамын бүрэлбаа…” хэмээн эхэлдэг аатай шүлэг бий. Хоёр жилийн өмнө байна уу даа эрхэм зохиолчтой Бөхийн холбооны дэд тэргүүн, доктор Довдонгийн Данзангийн өрөөнд таарлаа. Кофе уунгаа өнөө шүлгийнх нь талаар асуулаа. “Хонгорзул уу” гэж түр бодлогоширсноо “Сайхан л амьтан байсан даа. Ер нь төгс төгөлдөр зүйл чинь л жинхэнэ бүтээл төрүүлдэг байхгүй юу. Надад “Хонгорзул” шиг олон шүлэг бий. Тэднийгээ хүнд үзүүлээд гайхуулаад байдаггүй. Ер нь өөрсдийгөө сүрхий гэж боддог муусайн юмнуудын дэргэд би чинь яруу найрагч байхгүй юу” гэсээр гараад алга болж билээ.
Бид газар нутгаа ашиглаж чадаж байна уу. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод л чихэлдэж, шахалдан, бухимдаж амьдарч байна. Дөрвөн уулын дундах давчуухан газар нутаг дээр л хөгжил дэвшлийг бий болгох гэж зүтгэцгээнэ. Өмнөговь зэрэг цөөн хэдэн аймагт уул уурхайн компаниуд газрын баялаг ашиглаж байна. Өөрөөр цэлийсэн их тал нутгаа ашиглаж чадахгүй л байна даа гэх бодол дорнын их талаар явж байхад бодогдов. Үнэхээр л нийслэл хотоос гараад 50 километр хүрэхгүй давхиад цэлийсэн хээр нутаг угтана. Манай орны зүүн хэсэгт уул, толгод гээд нүдэнд бүртийх ч зүйлгүй өнжмөл шаргал өвс найгасан тал нутаг байх. Мэнэнгийн их тал, Хөх нуур, Эрээнцавын их талд хэдэн малчин усаа бараадаж малаа бэлчээн аж төрцгөөнө. Туулаад барамгүй цэлийсэн их талыг огт ашиглахгүй өдий хүрч байна. Энд хэдэн ч том хот босгож болохоор. Хэнтийн нуруу, Минжийн хангай, Хөвсгөлийн их тайга нутаг гээд хүний хөл хүрээгүй газар олон. Усанд нь метр гаруй урт тул загас сэлээд, ан амьтад дүүрэн идээшлэх. Морь, онгоцноос өөр зүйл хүрэхгүй ян сарьдаг хөвч, тайга огт эзэнгүй байна. Ядахдаа өгөрч унасан модыг нь ашиглаж болмоор. Тэнд унанги мод дүүрэн байна лээ. Баруун тал Алтайн нурууны ар, өврөөр говь, хангай хосолсон газар нутаг мөн л эзэнгүй. Баруун аймгийн ихэнх иргэд хот руу нүүгээд ирцгээсэн. Цавчим өндөр уулс бүхий нутаг хэзээд ашиглахад бэлэн байна. Эзэнгүйдсэн энэ газар нутаг дээр дэлхийд гайхагдсан олон хот, тосгодыг босгож болмоор санагдана. Бид энэ их газар, нутгаа хэзээ бүрэн ашиглах юм бол доо.
Э.Хүрэлбаатар
Өсвөр насны хүүхдийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах С.Зориг агсаны нэрэмжит “WANPAKU SUMO” тэмцээнийг энэ сарын 23, 24 нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо Монголын сумо бөхийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. Монгол-Японы соёлын харилцаа үүсэн хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа аж. “JCI Улаанбаатар Централ”, “JCI Токио” зэрэг байгууллагын санаачилгаар Монголын сумо бөхийн холбоо, “Зориг” сан хамтран уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү тэмцээн 4-11 насны таван ангилалаар болно. Тэмцээнд оролцсон тамирчдыг насны ангилал тус бүрд 1, 2, 3-р байрт цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль болон сумогийн цолоор шагнах аж. Энэ сарын 1-20-ны хооронд явагдаж байна
Татварын буцаан олголт эхэлжээ
Хувь хүний орлогын албан татварын 2013 оны буцаан олголтын хоёрдугаар ээлжийн мөнгийг иргэдийн дансанд байршуулж эхэлсэн байна. Анх удаа орон сууц худалдан авсан, их, дээд сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд хуульд заасан эрхийнхээ дагуу улсад төлсөн татварынхаа тодорхой хувийг буцаан авдаг. 2013 оны буцаан олголтын материалыг энэ оны эхнээс хоёрдугаар сарын 10 хүртэл татварын бүх хэлтсүүдээр авч дуусгасан аж.
Тухайн үед нэгдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд материалаа өгсөн иргэдийн буцаан олголтыг өнгөрөгч сард олгож дууссан бол хоёрдугаар ээлжийн буцаан олголт энэ долоо хоногоос эхэлжээ. Харин хугацаандаа амжиж материалаа бүрдүүлж өгсөн ч мэдээлэл зөрсөн иргэдэд буцаан олголт очихгүй гэдгийг анхаарууллаа.