Баянзүрх дүүргийн XIII дугаар хороолол дахь “Петровис”-ын шатахуун түгээх станцын ойролцоогоос эрэгтэй хүний цогцос олджээ. Тухайн хэсэгт газар шорооны ажил хийж байх үеэр цогцсыг олсон байна. Цогцосыг жил гаруйн өмнө булсан бололтой гэсэн таамаг байна. Энэ хэсэгт барилгын ажил явуулж байсан болохоор газарт булсан цогцосны толгой, гавлын орчимд ихээхэн гэмтсэн байжээ. Хэргийн газрын үзлэг хийж байгаа болохоор илүү мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.
Category: мэдээ
“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл 7 хоног бүрийн даваа гаригт мэдээлэл хийхээр төлөвлөсөн. Ерөнхий сайдын ахалсан энэ зөвлөл 30 гишүүнтэй, 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс ажиллаж байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
Зөвлөл долоо хоногийн мягмар, пүрэв гаригт хуралдаж, шинэ санаа, төлөвлөгөө хэлэлцэж, шинэ зөвлөмжийг Засгийн газар, Ерөнхий сайдад өргөн барина. Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай. Үүнийг хэрхэн 20 тэрбум доллар болгох вэ гэдэгт, ялангуяа, өмчийн эрх, татварын асуудалд зөвлөл анхаарч ажиллана гэлээ. Энэ асуудлаар шинэ санаа, санаачилгыг Засгийн газрын “11 11” төв нээлттэй сонсч эхэлсэн, бизнесийн холбоодоор дамжуулан гишүүдээсээ санал цуглуулж, боловсруулж байна. Ирэх долоо хоногт шинэ мэдээлэл хүргэх болно гэж Эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.
Энэ хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн цементийн шинэ үйлдвэр болон манай улсын цементийн хэрэглээний талаар танилцуулга хийлээ.
Тус үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэнэ, энэ нь манай улсын нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэж байна. Импортоор авдаг 80 сая долларын цементийн хэрэглээгээ дотооддоо хангаж чадахаар болжээ.
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад ҮХАА-н дэд сайд Ц.Туваан, Б.Цогтгэрэл нар оролцож, тус салбарт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа танилцууллаа.
Мал аж ахуй, мал эмнэлгийн чиглэлээр 2014 онд төсвийн хөрөнгөөр нийт 19.9 тэрбум төгрөгөөр 24 удаагийн тендер болон төсөл сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 83 хувь нь гэрээ байгуулж, хэрэгжилтийн шатандаа, 17 хувь нь үнэлгээ хийх, гэрээ байгуулах шатандаа явж байна гэж дэд сайд Ц.Туваан мэдээллээ. Сүүний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 27.7 сая ам.долларыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсний дагуу ашиг шим ихтэй сүүний чиглэлийн үхэр импортлон нутагшуулах зорилгоор төсөл сонгон шалгаруулж, шалгарсан аж ахуйн нэгжүүдэд 13.4 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гарчээ. Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын ойролцоо сүүний чиглэлийн 300 үнээтэй 25 эрчимжсэн ферм байгуулж, нийслэлийн сүүний хангамжийн асуудлыг шийдэх юм. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 24 аж ахуйн нэгжид 38 тэрбум 130 сая төгрөгийн зээл олгожээ. Зээл авсан аж ахуйн нэгжээс 14 нь махны чиглэлийн үхрийн аж ахуй, 3 нь махны чиглэлийн хонины аж ахуй, 4 нь гахайн аж ахуй, 3 нь тахианы аж ахуй эрхэлж байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15.0 сая мал төллөж, 14.8 сая төл бойжиж, төл бойжилтын хувь 98.9 хувьтай байна гэж дэд сайд мэдээллээ.
Энэ онд 304.5 мянган га талбайд улаан буудай, 15.5 мянган га талбайд төмс, хүнсний ногоо 8.3 мянган га талбайд, малын тэжээл 10.3 мянган га талбайд, тосны ургамал 24.1 мянган га талбайд, нийт 373.5 мянган га талбайд тариалалт хийнэ. Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас худалдан борлуулах импортын үрийн буудайн үнийг 880.0-830.0 мянган төгрөгөөр дотоодын үрийн үнийг 680.0 мянган төгрөгөөр тогтоож, 20 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, намрын ургацаас нөхөн бүрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 144.3 мянган га талбайд үр тариа, 3.7 мянган га талбайд төмс, 2.0 мянган га талбайд хүнсний ногоо, 18.8 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Тариалалтад зориулан 552 аж ахуйн нэгж, иргэнд 2.39 мянган тонн шатахуун, 220 аж ахуйн нэгж, иргэнд 8.2 мянган тонн улаанбуудайн үр, 245 аж ахуйн нэгж, иргэнд 7.9 тонн ургамал хамгааллын бодисыг хөнгөлөлттэй нөхцлөөр гэрээ хийж зээлээр олгоод байна.
Импортыг орлож, экспортыг нэмэгдүүлэх 888 төслийн 587 нь буюу 66 хувь нь ҮХААЯ-тай шууд холбоотой гэж дэд сайд Б.Цогтгэрэл хэллээ. Ноос, ноолуур, оёдлын салбар, хүлэмжийн аж ахуй, сүүний чиглэлээр хэрэгжиж байгаа төслүүдийг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа. Ноолуурын салбарт 33 төслийг 33.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж, хэрэгжилтийн үе шатандаа явж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-аас орон нутгийн төсвийн ил тод байдлыг хоёр дахь удаагаа үнэлсэн судалгааны тайланг мэдээлэхээр хэвлэлийн хурал хийв. Орон нутгийн төсвийн нийт зарлага 2013 онд 1.8 орчим их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьд хүрч, өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин өсчээ. “Жил бүр ийнхүү өсөн нэмэгдэж буй төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэдэд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсөв захиран зарцуулагчдын хариуцлагыг дээшлүүлэхэд орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлыг хангах нь нэн чухал үүрэгтэй” гэж тэд үзэж байна.
2013 оны 10 дугаар сараас 2014 оны хоёрдугаар сар хүртэл дөрвөн сарын хугацаанд 2013 оны орон нутгийн төсвийн үйл явц, батлагдсан төсөв болон төсвийн холбогдолтой гарсан шийдвэр, баримт бичгүүдийн ил тод байдлыг үнэлжээ. “Судалгааны дүн орон нутгийн төсвийн ил тод байдал хангалтгүй хэвээр байгааг харууллаа” гэж Нээлттэй нийгэм форумынхан дүгнэж байна. Аймаг, нийслэлийн дундаж оноо 36 буюу нийт авбал зохих онооны дөнгөж гуравны нэгд хүрч байна. 2011 оны судалгаагаар энэ оноо 35 байсан юм. Энэ нь төсвийн ил тод байдлыг хангах талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилт орон нутгийн захиргааны байгууллагуудын анхаарлын төвд ороогүй байгааг харуулж байна. Төсвийн явцын талаар иргэдэд мэдээлэл өгдөггүй, хаалттай учраас санал бодлоо илэрхийлэх, тусгах ямар ч боломжгүй байсныг олж тогтоожээ. Нийслэл Улаанбаатар хот дангаараа харьцангуй өндөр оноо авсан нь газар зүйн хувьд алслагдсан аймгуудтай харьцуулахад илүү таатай нөхцлийн илрэл болохоос биш, төсвөө иргэддээ илүү нээлттэй байлгадаг гэсэн үг биш аж.
2011 оны судалгаанаас хойш хоёр жилийн хугацаанд төсвийн эрх зүйн зохицуулалт үндсээрээ шинэчлэгдсэн нөхцөлд энэхүү судалгаа явагдсан. Төсвийн тухай хуулийг шинэчлэн баталж, түүнд орон нутгийн төсвийн эрх мэдлийг өргөжүүлэх чиглэлээр Орон нутгийн хөгжлийн сан, түүнийг бүрдүүлэх, зарцуулах, тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх дараалал , арга замын талаар баг, хороодод олон нийтийн нээлттэй санал асуулга явуулах тухай олон чухал зохицуулалт орж, хэрэгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн журам, дүрмийг Сангийн сайдын тушаалаар батлан мөрдөж байна.
Түүнчлэн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх чөлөөний тухай хууль” Батлагдаж төсөв, х уда лдан авах а ж и ллагааны ил тод бай длыг хангах нэлээд нарийвчилсан заалтуудыг тусгасан Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс “Иргэдийн оролцоотой төсвийн менежмент”-ийн санаачилга гаргаж үндэсний хэмжээний хэд хэдэн удаагийн форум зохион байгуулав. Анх удаа 2013 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж болох баг, хороодод хэлэлцүүлэг өрнөж, аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд санал асуулга явуулсан нь янз бүрийн шалтгааны улмаас учир дутагдалтай байсан хэдий ч орон нутгийн иргэдийн анхаарлыг энэ зүгт хандуулсан чухал алхам боллоо.
̄Үүний зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс төсвийн ил тод байдлыг сайжруулах чиглэлээр төрөл бүрийн санал, санаачилга гаргаж ажилласны нэг нь 2012-2013 онд “Иргэд төсвөө хянана” төрийн бус байгууллагын сүлжээнээс “Орон нутгийн төсвийн ил тод, нээлттэй байдлын загвар стандарт”-ыг боловсруулсан юм. Энэ баримт бичигт орон нутгийн төсөв, Орон нутгийн хөгжулийн сангийн худалдан авах ажиллагаатай холбоотой эрх зүйн олон тооны, заримдаа өөр хоорондоо зөрчилдсөн зохицуулалтуудыг нэгтгэж энгийн, ойлгомжтой загвар хэлбэрт оруулсан аж.
Аймаг, нийслэлийн төсвийн ил тод байдлын үнэлгээний дээд оноо нь 55.
“Дунджаас дээш (43-аас дээш оноотой)” үнэлгээг Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Ховд, Увс, Өмнөговь аймгууд авсан бол “дундаж (30-42 оноотой)” үнэлгээг Улаанбаатар хот, Хэнтий, Архангай, Булган, Дархан-Уул, Дундговь, Орхон, Сүхбаатар аймгууд авчээ. Харин Дорнод, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Баян-Өлгий, Сэлэнгэ, Баянхонгор аймгууд “дунджаас доош (30 хүртэл оноотой)” түвшинд үнэлэгдсэн байна.
Энэ нь аймаг, нийслэлийн түвшинд төсвийн ил тод, нээлттэй байдал “нэн хангалтгүй байна” гэсэн өмнөх судалгааны үр дүнтэй адил байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, төсвийн ил тод байдлыг хангах талаар хууль тогтоомжид хангалттай олон заалт тусгагдсан боловч орон нутгийн удирдлагууд төдийлөн ач холбогдол өгсөнгүй хэмээн дүгнэж болохоор байна.
Өвөрхангай аймгийн Хархорин суманд байрлах Эрдэнэзуу хийдийн “Хархорин” музейд өнгөрсөн шөнө 01-03 цагийн орчимд хулгай орж, түүхийн нэн ховор үзмэрүүд, үнэт эд зүйлс алдагджээ. Одоогийн байдлаар хэргийн газарт Өвөрхангай аймгийн цагдаагийн газрынхан үзлэг шалгалт хийж буй бөгөөд музейг хамгаалалтад аваад байгаа аж. Гэмт этгээдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ. Хархорин сумын Засаг дарга Л.Энхбатаас “Одоогоор юу, юу алдагдсан нь тодорхойгүй байна. Мэдэгдэж байгаагаар нэг эртний алтан бурхан алга” хэмээн мэдээлжээ.
Э.Номин
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэд, хэдэн асуудлын хүрээнд хуралдсан байна. Энэ долоо хоногийн чуулганаар Өрийн удирдлагын тухай хууль, 2014 оны Төсвийн хүрээний мэдэгдэлээр Монгол Улсын өрийн таацыг нэмэгдүүлэх тухай орж ирэх гэж байгаа. Энэ асуудал дээр тус намын бүлэг онцлон ярилцсан гэнэ. Өнөөдөр Монгол Улсын иргэн бүр дөрвөн сая төгрөгийн өртэй байгаа бол Засгийн газрын өргөн мэдүүлснээр баталбал таван сая 84 мянган төгрөгийн өртэй болно түүний дараа жил иргэн бүр 6.4 сая төгрөгийн өртэй болно гэдгийг Ардын намынхан мэдэгдсэн юм. Өрийн таацыг нэмэгдүүлбэл энэ онд Засгийн газар 6.1 их наяд төгрөгийн зээл авах боломж нээгдэнэ. Дараа жил 2.8 их наяд төгрөгийн зээл авах бол 2016 онд 2.2 их наяд төгрөгийн зээл авах боломж бүрдэх юм байна. Өнөөдрийн зээлтэйгээ нийлүүлбэл дөрвөн жилийн хугацаанд 19.3 их наяд төгрөгийн өрөнд оронд гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт мэдэгдлээ. Өмнө авсан зээлээрээ дорвитой зүйл хийгээгүй тул Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжихгүй гэдэг байр суурь нэгджээ. УИХ зөрчилтэй хуулийг баталж болохгүй. Төсвийн тухай хууль Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг өмнө нь баталсан хирнээ үүнтэйгээ зөрчилдсөн хуулийг батлах гэж байгааг хэлсэн юм. Хууль зөрчдөг хууль баталдаг парламенттай, хуулиа уландаа гишгэдэг Засгийн газартай болчихвол аж ахуй нэгжүүд хууль биелүүлэх шаардлага байна уу гэв.
Сүүлийн үед гэмт хэргийн нөхцөл хүндэрч байгааг онцлоод өнгөрөгч долоо хоногт гарсан аймшигтайгаар амиа алдсан хоёр бүсгүй, цэргийн албан хаагч амиа алдсан болон аав нь хоёр хүүгээ машинд шатаасан, гэм буруу нь тогтоогоогдоогүй иргэн амиа алдсан тул эдгээрт холбогдох албаны хүмүүсийг байлцуулан бүлгийн хуралдаан дээрээ мэдээлэл сонсчээ. Гэм буруу нь тогтоогдоогүй хүмүүсийг хорьж байгаа нь хүний эрхийг зөрчсөн явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс бүлгийн гишүүд цаашид анхаарна гэв. УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, УИХ-аас томилогддог Хүний эрхийн үндэсний комиссынхон ажлаа хийхийг шаардана гэдгээ бүлгийн дарга илэрхийлэв. Энэ долоо хоногт Газрын тухай хуулийг хэлэлцэх хуулийг Засгийн газар эргүүлэн татаж авах хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ. Учир нь уг хууль нь Үндсэн хуулийн дараа хэлэлцэгдэх хэмжээний язгуур хууль тул ард түмнээс санал авах шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр мэдээлсэн юм.
Э.ЭНХ
Монголын үндэсний их сургуулийн оюутнууд болон “Энигма” компанийн төлөөлөгчид өнөөдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны гадна жагсаал зохион байгууллаа. Жагсаалд “Байгаль дэлхийгээ хамгаалъя”, ”Төсвийн мөнгийг үргүй зарахаа больё” гэх уриа лоозон барьсан 100 гаруй оюутнууд оролцжээ.
Өнгөрсөн жилээс эхлүүлсэн Зайсангийн тусгай хамгаалттай газарт цахилгаан шугам барих нэрээр зам дагуух мод, сөөгийг гэмтээж, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулж байна хэмээн жагсагчид хэлж байв. Тэд уг ажлыг гүйцэтгэж буй “Сөүл” группийн “Мантууш” ХХК-ийг Монгол Улсын хуулийг уландаа гишгэж байна гэх тайлбарыг мөн өгч байлаа.
Байгаль орчин, ногоон хөгжилийн яамны Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан А.Долгормаа жагсаалд оролцогчдын тавьж буй асуудлын талаар “Зайсан толгойн орчим цахилгааны шугам тавих ажлыг бид улсын төсвөөр гүйцэтгэж эхлэн, ажлаа явуулж байгаа нь үнэн. Гэхдээ тэр ажлын хүрээнд байгаль орчинд халтай зүйл юу ч хийгээгүй. “Энигма” ХХК болон МҮИС-ийн өмчийн багахан газарт хоёр ширхэг цахилгааны мод татаж оруулсныг энэ хүмүүс эсэргүүцэж байгаа гэж ойлголоо” гэв.
Э.Номин
Бүгд Найрамдах Турк Гадаад хэргийн сайд Ахмет Давутолу Монгол Улсад айлчлахаар болсон байв. Гэтэл энэ сарын 13-нд Сома хотын далд уурхайд дэлбэрэлт болсон учраас тэрээр айлчлалаа хойшлуулжээ.
Энэхүү дэлбэрэлтийн улмаас одоогийн байдлаар 301 хүн амь насаа алджээ. Үүнээс гадна газар дор аврал эрсэн 400-гаад иргэн байгаа юм байна. Иймээс тус улс осол болсноос хойш гурван өдрийн турш Турк улсад гашуудал зарлаж төрийн дээд албан тушаалтнууд гадаад дахь айлчлалаа цуцлаад байгаа аж.
М.Ундрам
Ерөнхий сайд Н.Алтанхуяг удахгүй энэ сард багтаан ОХУ-д айлчлах гэж байгаа юм байна. Тус улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины санаачилгаар олон улсын эдийн засгийн форум болох гэнэ. Энэ уулзалтад Оросын талаас манайхыг урьжээ. Чуулганы үеэр Ерөнхий сайд Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж магадгүй гэнэ. Орос, Хятадын хооронд тавих таван шугамын асуудлыг Монголоор дайруулах талаар болон хоёр орны харилцааны талаар санал солилцох бололтой.
М.Ундрам
МАН-ынхны хийж байгаа улс төрийн акцууд тааварлахын аргагүй болжээ. Үзмэрч, мэргэндээ таах гээд байгаа юм биш. Ерөөсөө энгийн ойлголт, логик дараалалгүй гэнэтийн шийдвэрүүд нь гайхаш төрүүлэх боллоо. Уг нь улс төрийн тулхтай хүчин, манайдаа институц болтлоо төлөвшсөн намын байгууллага гэж ойлгодог байлаа. Өөрсдөө тэгж сурталчлан, давуу талаа дөвийлгөдөг байсан. Гэвч тэдний гаргаж байгаа хийдэл, үзүүлж байгаа байдал нь нэг л биш ээ.
Эдийн засгийн байдал нэгэнт амаргүй болсныг тэнд суугаа 76, энд байгаа бүгд л ярьцгаах болсон. Тиймдээ ч сүүлийн хэдэн сарын турш эдийн засгаа тогтворжуулна, идэвхжүүлнэ, эрчимжүүлнэ гэж ирээд УИХ хуралдсан биш бил үү. Засгийн газраас оруулж ирсэн санал дээр сөрөг хүчин болох МАН өөрийн саналаа тусгамаар байна гэсэн. Үүнийг нь нөгөө хэд нь хүлээж аваад төсөлдөө багтааж байгаа харагдсан. Бүр хоёр талаас ажлын хэсэг хамтран байгуулж ирээд энэхүү төлөвлөгөөгөө баталсан шүү дээ. Нээрээ ч эдийн засгийн хямралтай үед эрх баригч, сөрөг хүчин гэлтгүй аль аль талаасаа нийлээд ингэж байгаа нь яамай даа гэж бодогдсон.
Энэхүү эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг тал талаасаа санал нэгдэн батлаад хэдхэн хонож байтал МАН-ынхан тэс өөр юм яриад ороод ирлээ. Төслөө батлаад яг долоо л хонолоо. Ерөнхий сайд УИХ-ын чуулган дээр 100 хоногт юу хийхээ дэлгэрэнгүй танилцуулаад дөнгөж дуусаад гадны хүмүүстэй уулзалт хийж байхад нь сөрөг хүчний намын дарга М.Энхболд бараа бологчдоо баахан хэвлэлийнхэнтэй дагуулаад өрөөнд нь дайраад орлоо. Шаардлага гардуулна гээд байсан болохоор нь Ерөнхий сайд уулзалтаасаа аргагүй эрхэнд завсарлага авсан юм уу даа. Үнэндээ оруул гэсэн саналуудыг нь оруулж, хоёр талаасаа ажлын хэсэг байгуулж нэг шийдэлд хүрч, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраараа “Эдийн засгийг эрчимжүүлэх төсөл нь сайн болсон” гэдэг урмын гэмээр үг хэлүүлээд байсан болохоор нь юун шаардлага гэж бодсон биз.
Гэтэл арав хоногийн дотор асуудал шийдэхгүй бол огцруулна шүү гэдэг шаардлага хүргүүлж байх юм. 100 хоногийн дараа л хариуцлага ярина гээд байсан хүмүүс чинь юун арав хоног яриад унав аа. Уг нь эрх баригчид нь ажлаа эзэнжүүлэх юм болоод, сөрөг хүчин нь ард түмний өмнөөс хяналт тавих юм болоод байсан. Хэд ч хонолгүй өмнөхөөсөө өөр юм бариад ороод ирэхийг нь харвал энэ МАН чинь яачихав аа гэж халагламаар. Хэлсэн ярьснаасаа буцаад л, ухаан санаа нь орж гараад байгаа хүнийг орон гаран амьтан гэдэгсэн. Намыг юу гэмээр ч юм бэ дээ.
МАН-ынхны сүүлийн үед гаргах болсон авир аашийг нь харвал орон гаран байтугай гаран, гаран болчихсон гэмээр байна. Гурван сар хэлэлцэж ард нь гарчихаад, үүнийгээ эхний шатанд ажил хэрэг болгож, эдийн засгаа идэвхжүүлнэ гэчихээд арван хоногийн дотор тэс хөндлөн юм яриад, шаардаад байгаа нь ганц энэ явдал ч бус сүүлийн үед МАН-ынхны үйлдлүүд нэг л биш ээ. Өвөрхангайн тойргийн маргаантай асуудлын үед “АН-ынхан өөрийнхөө гишүүдийг оруулж ирж тангараг өргүүлэх гэж байна” гэцгээн МАН-ынхан буйдантай суулт гэдгийг түүхэнд анх удаа Төрийн ордонд хийсэн дээ. Тэгж сөрж байснаас нь харвал Өвөрхангайгаас энэ парламентад төлөөлөл орж ирэх ёсгүй, эсвэл МАН-ын хоёр л төлөөлж суухаар байсан юм шиг аашилж байлаа. Гэвч АН-ын хоёр нөхрийг тангаргаа өргөх үед МАН-ын гишүүд элгэндээ гараа наагаад л Төрийн дууллыг дагаад дуулж байсан шүү дээ. Нэг өдөр хэлж байснаа таг мартаад, маргааш нь өөрийг яриад зогсч байдаг нь энэ намынхны онцлог болжээ.
Одоо ам.долларын ханш өссөн гээд Засгийн газартай өглөө бүр хэрүүл хийж суух юм. Тэгж яривал долларын ханшийн өсөлтийг хариуцах газар нь Монголбанк. Монголбанкны удирдлагыг томилдог, эднийхийг мэдэх ганц газар гэвэл УИХ шүү дээ. Тэгвэл УИХ долларын өсөлтөд хариуцлага хүлээх газар юм байна. Харин УИХ-ын бараг тэн хагас нь МАН-ынхан. Тэгэхээр тэд олон түмнийг төөрөлдүүлж, зорилготойгоор шороо үмхүүлэх, чулуу хөөлгөх арга хэрэглээд байна уу даа. Яагаад МАН-ынхан ингэх болов.
Боловсон хүчин сайтай, улс төрийн тулхтай, нийт эрх ашиг, ард олныхоо төлөө шийдвэр гаргадаг ганц нам гэж сүүлийн хорин жил өөрсдийгөө тодорхойлсон доо. Эрх барихаа байж, хариуцлага хүлээхээ байчихаараа яасан ч хамаагүй гэж бодож байгаа юм болов уу. Эсвэл өөр учир шалтгаан байна уу. Уг нь өнөөдөр нэг юм ярьж, маргааш нь өөрийг яриад эхэлдэг тэр нь өмнөхөөсөө тэс өөр утгатай логик дараалалгүй байна. Нэг бол тэдний бүхий л бузар булхайг мэддэг ямар нэгэн хүчин цаана нь байна. Олон жил эрх барьсан МАН-д алдаа, оноо байлгүй яав гэж. Тэрийг нь мэддэг, бидний мэдэхгүй нэг хүчин цаана нь бий учраас өнөөх “хар гараа” дохих тоолонгоор ярьсан тохирсноо алга урвуулахын агшинд мартахаас өөр аргагүй болчихдог юм уу.
Эсвэл тэд өнөөгийн эрх баригчидтай ямар нэгэн тохироо хийхдээ ийм арга ашигладаг болсон юм байна. Тэднээр өөрсдөдөө ашигтай ямар нэг шийдвэр гаргуулах гэхээрээ шаардлага хүргүүлж, улс төрийн шалтаг гаргаж асуудал босгодог. Өнөөх хэд нь амыг нь таглахын тулд наймаалцдаг. Харин үүнийг нь ойлгохгүй ард иргэд учрыг нь олохгүй гайхаж хоцордог. Тэгээд эцсийн бүлэгт хоёр тал чухам л ард түмний төлөө бүгдийг хийх юм ярьж, завсарлага авч, шаардлага хүргүүлсэн болоод дуусдаг. Бас ард түмний төлөө тэр бүгдийг нь хүлээж авч биелүүлсэн болж жүжиглэдэг. Хэрэв тиймгүй бол ийм алхмууд хийх үү. МАН-ынхан хүнээр бол орон гаран бүр гаран гаран болж гүйцэж дээ.