Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын иргэний харьяаллаа сэргээх хүсэлтийг манай албаныхан хүлээж аваагүй гэх мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байгаа. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас энэ мэдээлэлд албан ёсны тайлбар гаргажээ. Уг тайлбарт “Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан тухай мэдээлж байна. Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2013 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай Д.Мөнхбаярын гаргасан хүсэлт, баримт бичгийг манай байгууллага хүлээн авсан байна.
Хүсэлт, баримт бичгийг нь хянан шалгахад Газрын даргын 2002 оны 94 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй. Харьяатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсаныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй юм. Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3/1679 дугаар бүхий албан бичгээр буцаан хүргүүлсэн байна. Д.Мөнхбаяр нь хуульд заасны дагуу татгалзсанаас хойш зургаан сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгох хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой болно. Мөн ОХУ-ын иргэн Karuev Vladimir /Халимагийн дуучин Цагаанзам, 1957 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн/ нь тус байгууллагаас иргэний харьяаллын талаар зөвлөгөө авсан бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын харьяат болох хүсэлт, баримт бичгээ манай байгууллагад албан ёсоор ирүүлээгүй байгаа болно” гэжээ.